Categories
мэдээ цаг-үе

У.Хүрэлсүх: Яндангийн, ядуурлын, хариуцлагагүйн, сэтгэл байхгүйн гээд олон утаа нийлчихээд байна

Баянгол дүүрэг XI хороо, Хувьсгалчдын гудамж иргэн Адьяасүрэнгийн гэрийн гадаа. 2017.11.30ны 18.51 цаг

Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй албаны хүмүүс өчигдөр нийслэлийн хамгийн их утаатай дөрвөн цэгт ажиллалаа. Эхлээд Дэнжийн-1000 дахь 39 дүгээр сургуульд очлоо. Сургуулийн нэгдүгээр давхарт агаарын чанарын мэдээллийн дэлгэц суурилуулжээ. Сурагч, багш нь уг дэлгэцийг харж утаа хэр зэрэг байгааг, аюултай түвшинд хүрч байгаа эсэхийг хараад мэдчих боломжтой бөгөөд хэт их утаатай гэвэл амны хаалт зүүх зэргээр өөрийгөө утааны хороос хамгаалах боломжийг өгдөг юм байна. Мөн энэ сургуулийн зарим ангид агаар цэвэршүүлэгч тавьжээ. Өмнө нь энэ сургууль халаалтдаа 24-25 сая төгрөг зарцуулдаг байсан бол одоо төвийн шугам сүлжээнд холбогдсоноор 3-4 сая төгрөг зарцуулдаг болжээ. УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг “Энэ сургууль 1700 хүүхэдтэй. Өмнө нь халаалт дулааны асуудал маш хүнд байсан. Өнөө жил тэрийг нь шийдэж чадсан ч цэвэр усыг нь шийдэж чадаагүй байгаа” гэж байлаа. Одоогоор энэ сургуулийн таван ангид агаар цэвэршүүлэгч төхөөрөмж байршуулаад байгаа аж. Нийслэлийн хэмжээнд цэцэрлэг, сургууль, эмнэлэг гээд 1300 өрөөнд уг төхөөрөмжийг байршуулаад байгаа юм байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Бага ангиудад уг төхөөрөмжийг суурилуулж байсан бол одоо дунд ангиудад суурилуулахаар ажлаа эхэлж байгаа” гэв. Энэ үеэр Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг уг ажил нь Д.Сарангэрэл сайд Өргөдлийн байнгын хорооны даргаар ажиллаж байх үед агаарын бохирдол, түүний хор хохирлыг бууруулах талаар зөвлөмж гаргаад түүнийгээ Засгийн газарт хүргүүлж энэ оны нэгдүгээр сарын 3-нд тогтоол гаргасан тухай яриад эл тогтоолын хүрээнд энэ агаар шүүгчүүдийг байршуулах, агаарын бохирдлыг бууруулах бүс тогтоох зэрэг олон ажил эхэлснийг дурдаж байлаа.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Хүүхдүүдэд агаарын бохирдлоос өөрийгөө хамгаалах сургалтуудыг та нар сайн зохион байгуулж байх хэрэгтэй. Би боддог юм, энэ агаарын бохирдол яндангийн утаа, ядуурлын утаа, хариуцлагагүйн утаа, сэтгэл байхгүйн утаа гээд олон утаа нийлчихэж байгаа юм.

Заримдаа сэтгэл гаргах хэрэгтэй. Хүн болгон өөрсдийнхөө эрүүл мэндэд анхаарах хэрэгтэй. Үр хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд ч анхаарах хэрэгтэй. Улс орны эдийн засгийн байдал хүндхэн байгаа энэ тохиолдолд аль аль талдаа анхаарах хэрэгтэй байна. Энэ утаатай тэмцэх нь бүх нийтийн асуудал байж байж бид тэмцэнэ шүү дээ. Би ч гэсэн асуудалтай. Надад үр хүүхдүүд байна. Би бас утаатай орчинд амьдардаг. “Чингис” зочид буудлын тэр хавьд чинь жинхэнэ утаа буудаг шүү дээ. Би тэндээ амьдарсаар л байгаа. 10 гаруй жил тэндээ утаан дунд амьдарч байна. Байрнуудын дунд утаа буучихдаг. Өглөө, орой гарахад маш их утаатай тийм хүнд газар тэнд байдаг юм. Тийм учраас утааны зовлонг сайн мэдэрдэг. Энэ бол бидний амьдралын зовлон. Үүнийг давж гарахын тулд төр засаг нь анхаарах хэрэгтэй. Зохион байгуулалт сайн байх хэрэгтэй, хөрөнгө мөнгөө зохицуулах хэрэгтэй. Дээр нь хүн болгоны хүчин чармайлт, хүн болгоны сэтгэл хэрэгтэй байна. Гал түлж байгаа айл өөрсдийгөө бодох хэрэгтэй ш дээ. Би хаймар түлэх үү, зуух руугаа пүүз хийж түлэх үү, дугуйны олгой хаймар түлэх үү, хортой бодис шатаах уу, моторын ашигласан масло шатаах уу гэдэг нь тэр хүний асуудал. Зуух руугаа тийм зүйлийг хийж байна гэдэг чинь Монголынхоо эсрэг ажиллаж байна гэсэн үг. Үр хүүхдийнхээ эсрэг ажиллаж байна гэсэн үг. Хүн төрөлхтний эсрэг ажиллаж байна гэсэн үг байхгүй юу. Ард түмнийхээ эсрэг хорт бодисыг цацаж байна, нэг ёсондоо ард түмнийг хордуулах ажиллагааг би өөрөө зохион байгуулж байна шүү гэдгээ хүн бүхэн дотроо бодох хэрэгтэй. Тийм учраас утааны эсрэг ажил гэдэг бол хэдийгээр хөрөнгө мөнгөтэй холбоотойн зэрэгцээ сэтгэл санааны асар том асуудал юм. Сэтгэлгээгээ өөрчлөх хэрэгтэй. Хүн болгон утаатай тэмцэхийн тулд дотроо нэгийг бодож “Би чинь үр хүүхэд, улс үндэстнээ бодох ёстой шүү. Ард түмнийхээ генийг бодох ёстой шүү. Бяцхан үр хүүхдийнхээ агаарыг бохирдуулж болохгүй шүү” гэж бодож чадвал хүн арай ч тэгж зуух руугаа элдэв янзын юм хийгээд шатаагаад суухгүй байх гэж би боддог юм. Тийм ухамсар манай нийт ард иргэдэд байх ёстой. Үүнийг хэдүүлээ тал талаас нь ойлгуулах хэрэгтэй, сурталчлах ёстой, бүх нийтийн үйл хэрэг болгох ёстой. Тэгж байж бид утааг тэмцэж дийлж гарна уу гэхээс биш зөвхөн Монгол Улсын төр мөнгө гаргаад энэ асуудлыг шийднэ гэвэл өнөөдрийн байдлаар тун боломжгүй. Гэхдээ бид тодорхой түвшинд бүхий л боломжоо дайчилж ажиллаж байна шүү дээ” гээд энэ бүхнийг сургуулийн сурагчид, тэдний эцэг эхчүүдэд сайн ярьж тайлбарлаж ойлгуулж өгч байгаарай гэж хичээлийн эрхлэгчид нь захисан юм.

У.Хүрэлсүх Ерөнхий сайд “Улаанбаатар хотын утааг 100 хувь гэж бодох юм бол 80 гэр хороолол, уурын зуухны утаа. Галлагаатай, яндантай утаа гаргаж байгаа газрууд дийлэнхийг нь эзэлж байна. 10 хувийг нь автомашины утаа, зургаан хувь нь цахилгаан станцуудын утаа, үлдсэн хувь нь бусад утаа эзэлж байна. Ингэхээр бидний хамгийн ихээр анхаарал тавьж байгаа зүйл бол гэр хороолол, уурын зуухны асуудал байхгүй юу. 3000 мянган уурын зуух байна. Дээр нь 220 мянган өрх гэр байна. Эд нар нийлээд жилд 1.2 сая тонн нүүрс шатааж байгаа. Бидний зорилго бол энэ уурын зуухуудыг буулгах, төвлөрсөн системд холбох, дээр нь гэр хорооллуудыг цахилгаанд холбох, хороолол хорооллоор нь дулаанд холбож өгөх гэх зэргээр аль болох гал түлэхгүй, нүүрс шатаахгүй байхаар асуудлаа шийдэх тэр нөхцөл боломжийг төрөөс бий болгож өгөх нь төрийн ажил. Энэ бүхэнд иргэд, аж ахуйн нэгжүүд маань өөрсдөө санаачилгатай оролцох ёстой. Өнгөрсөн арван жилийн хугацаанд Монгол Улсын төрөөс нийтдээ төсвөөс 147 тэрбум төгрөг зарцуулсан байдаг. Мөн дээрээс нь 60 сая ам.долларыг гадны зээл тусламж, хандив мөнгө цуглуулж зарсан. Мэдээж үүний тодорхой хэмжээний ач тус нь гарсан байж таарна. Зарим нэг нь үр дүнгүй зарагдсан байхыг үгүйсгэхгүй. Тийм учраас бид цаашдаа нэг зорилт тавих ёстой. Ерөөсөө утаатай тэмцэхийн тулд эрчим хүчийг ашиглах ёстой, гэр хорооллыг барилгажуулах ёстой, дэд бүтцийг нь сайжруулах ёстой. Ингэж том түвшинд энэ ажлыг хийх ёстой. Хамгийн гол нь иргэдийн минь ухамсар сайн байх ёстой” гэж яриад адаглаж л айлууд гэрээ сайхан дулаалаад дадчих ёстой гээд дээр үед аав ээжтэйгээ нийлээд гэрээ алимны цаасан хайрцаг, боодлын бор цаасаар хэрхэн дулаалж өнтэй өвөлждөг байсан тухайгаа сонирхуулсан юм.

“Манай сургуульд суурилуулсан агаар шүүгч цэвэршүүлэгч нь маш нарийн тоосонцоруудыг бүрэн шүүдэг гэсэн. Мөн хүхрийн давхар ислийг зохих хэмжээнд барьдаг төхөөрөмж гэсэн. Уг төхөөрөмжүүдийг тавиад сар орчим болж байна. Өмнө нь ангийн агаар исэлдсэн юм шиг байдаг байсан. Одоо тийм агаар гарвал энэ төхөөрөмж нь шүүгээд агаарыг цэвэршүүлдэг юм билээ” гэж 39 дүгээр сургуулийн Сургалтын менежер Н.Түмэнжаргал ярив.

Тус сургуулиас гараад Баянгол дүүргийн XI хороо буюу МҮОНРТээс нэлээд хойшоогоо байрладаг Хувьсгалчдын гудамжинд очлоо. Тус хорооны оршин суугч Р.Адьяасүрэнгийнх байшингаа дулаалснаар дулаан алдагдал байхгүй болсон байна. Эднийх өмнө нь гурван машин нүүрсээр нэг өвлийг бардаг байсан бол одоо сэрүү унаснаас хойш нэг машин нүүрс авсан нь дуусаагүй байгаа аж. Ер нь байшингаа зориулалтын материалаар дулаалахад маш их үр дүнтэй юм байна гэдгийг гэрийн эзэн хэлж байлаа. Харин гэрийн эзэгтэй “Манайх шиг ингэж 30 хувиа өөрөө гаргаад үлдсэнийг нь төрөөсөө гаргуулаад гэрээ дулаалъя гэсэн айлууд зөндөө байна. Харамсалтай нь дулаалгын материалынхаа 30 хувийг гаргачих айл алга. Цалингийн, банкны олон төрлийн зээлийн хажуугаар дахин зээл авах боломж алга гэх айлууд их байна. Тийм болохоор 30 хувиа бүрдүүлэхэд нь туслалцаа дэмжлэг үзүүлж олон айлыг дулааны асуудлаа шийдэхэд нь тусална уу” гэж Ерөнхий сайдад хүсэлт тавьж байлаа. Энэ үеэр ШУТИСийн багш нарын төлөөлөл дулааны алдагдлыг хэмждэг багажаар Р.Адьяасүрэнгийн байшингийн булан, хана, тааз зэргээр дулаан хэр алдагдаж байгааг шалгаж үзүүлэв. Дулаалахаас өмнө болон дараахь байдлыг Ерөнхий сайдад зургаар харуулж байлаа. Тэднийхээс гараад зэргэлдээх айлаар нь орсон юм. Тухайн айл гэрээ дулаалж амжаагүй учир өдөрт олон удаа нүүрс түлдэг гэж ярьж байлаа.

Агаарын чанарын явуулын станцын үйл ажиллагаатай танилцав.

Ерөнхий сайдын дараагийн очсон газар бол Баянхошууны 38 дугаар цэцэрлэг. БОАЖЯ-ны санхүүжилтээр тус цэцэрлэгийн халаалтыг цахилгаанаар шийдсэн бөгөөд “Улаанбаатар цэвэр агаар” төслийн санхүүжилтээр агаар цэвэршүүлэгчүүдийг байршуулсан байна. Ерөнхий сайд энэ үеэр цэцэрлэг, сургууль, яслиудыг даруй ийм агаар цэвэршүүлэгчээр тоноглох нь зүйтэй гээд эцэг эхчүүдэд хандан өөрсдөө ч, үр хүүдүүддээ ч маск зүүлгэж байхыг уриалсан юм. Үүний дараа Баянхошууны Зүүн салааны орчимд байрладаг агаарын бохирдол хамгийн өндөр цэгийн Харуулын станцын үйл ажиллагаатай нь танилцсан юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Өнөөдөр та бид Улаанбаатар хотын хамгийн их агаарын бохирдолтой газруудтай газар дээр нь ирж танилцлаа. Сургууль, цэцэрлэг, гэрээ дулаалсан айл, дулаалаагүй айлаар орлоо. Агаарын чанарын хяналтын харуулын байран дээр нь ирчихээд байна. Улаанбаатар хотод ийм харуулын байр 11 байдаг. Хотын агаарт мониторинг хийж олон нийтэд цацдаг станц, хяналтын төв дээр бид ирлээ. Улаанбаатар хотын агаарын хүндрэлтэй байдал ингээд үүсч эхлэх нь. Жилдээ бид таван сарын турш утаатай ноцолддог. Өнөөдөр ингээд явж байхад гэр хорооллын утааг багасгахад хамгийн чухал нэг асуудал байна. Энэ бол айлууд өөрсдийнхөө гэр орныг маш сайн дулаалах хэрэгтэй. (Ханиалгав). Жишээ нь ингээд ярихад хоолой хүндэрч эхэлж байна шүү дээ. Маш их утаатай байна. Гэрээ сайн дулаалсан айлын дулаан алдагдал 50 хувиар багасч байна. Нэг үгээр яндангаас гарах утаагаа 50 хувиар багасгаж байна гэсэн үг. Ингээд Монголын 220 мянган айл утаагаа багасгаж чадвал Улаанбаатарын утаа 50 хувиар буурна. 113 уурын зуухыг буулгана. Яндангүй болно. Төвлөрсөн эрчим хүчинд холбоно. Монгол Улсын Засгийн газраас энэ ажлыг хийхэд 23 тэрбум төгрөг зарж байгаа. Дээрээс нь 23 мянган айлыг эрчим хүчээр хангаж байгаа. Ингэж жил ирэх тусам утаанаас салах ажлуудыг хийж байгаа юм. Гэхдээ утаанаасаа салж чадахгүй байна. Ард иргэд маань эрүүл мэнд, үр хүүхдээ утаанаас хамгаалахын тулд маскийг байнга зүүх ёстой болж байна. Энэ бол мэргэжлийн хүмүүсийн зүүхийг зөвлөж буй маск. Энэ маск нь агаарын бохирдлоос 70-90 хувиар хамгаалдаг (Утаанаас хамгаалах маскийг зүүж үзүүлэв.сурв). Иймээс энэ маскийг өөрсдөдөө, үр хүүхдэдээ, гэр бүлдээ авч зүүж ашиглах ёстой. Гудамжинд явах, задгай талбайд явж байхдаа зүүх ёстой. Энэ бол таны амь насанд сөргөөр нөлөөлж байгаа агаарын бохирдлыг 7090 хувиар багасгаж байна гэдгийг бүгд мэдэрч, маскийг хэрэглэх болж байна.Улаанбаатар хотод байгаа бүх сургууль, цэцэрлэг, анги танхимд нийт хичнээн агаар цэвэршүүлэгч төхөөрөмж хэрэгтэй байна вэ гэдгийг тооцож гаргана. Үүнд хэдий хэрийн хөрөнгө мөнгө хэрэгтэй вэ, бидэнд боломж нөхцөл байна уу гэдгийг тооцоолно. Хэрвээ бүх сургууль, цэцэрлэгт энэ төхөөрөмжийг байршуулж чадвал анги танхим дотор нь агаарын бохирдлоос хамгаалж чадна. Үүнийг шийдэх нь зүйтэй. Утаа бол улсын минь бүх иргэдийн аюулгүй байдал, амь настай холбоотой асуудал учраас ард түмнээрээ утааны эсрэг тулалдаанд орцгооё гэж уриалж байна. Утаа бол бидний дайсан юм. Эхний ээлжинд маскаа зүүцгээе” гэж уриаллаа.

Гэрэл зургуудыг Г.БАЗАРРАГЧАА

Categories
мэдээ цаг-үе

Б.Мөнхдорж: Урлагийн гал тогоонд хүн шатна, дэвэрнэ бас улам өрнөнө

Ардын жүжигчин, найруулагч Бирваагийн Мөнхдоржтой ярилцлаа.


-Сүүлийн үеийн кино, жүжиг үзэхээр “Энэ хэсэгт нь алдаа гаргачихлаа даа”, “Энэ жүжигчин энд алдчихаж” гэх бодол төрдөг үү?

-Тэгж бодогдохгүй. Ёстой тэгж бодож болохгүй. Аливаа уран бүтээлийг “Энэ дээрээ алдаа гаргаж байна” гэж үзэж болдоггүй юм. Яаж хийж вэ, дүрүүдийг бүтээж байгаа, дүрүүдэд хандаж байгаа жүжигчдийн тоглолт, зохиолыг найруулгаар баяжуулж байгаа илэрхийллийн арга, хэлбэр, хэллэг, уран сайхны хэлбэрээр хэр баяжигдаж вэ. Үүн дээр нэмэгдээд хөгжим, дуу чимээ, дүрслэлийн аргуудыг яаж ашиглаж вэ. Энэ бүхнээс нь манай уран бүтээлчдийн хийсэн жүжиг, киноны хийц, бүтэц нь ялгарч харагддаг байхгүй юу. Аливаа уран бүтээл бол тухайн уран бүтээлчийн нийгэмдээ хэлэх гэсэн сэтгэлийн эмзэглэлийн бодол, санаа үргэлжилж явдаг. Тиймээс тэр уран бүтээлчийн сэтгэлийн эмзэглэл, ертөнц нь тэр кино, жүжгийн тоглолтын үйл явдал, баримтаар дамжигдаж хүмүүсийн оюун санаанд хүрдэг. Ер нь уран бүтээл бол хүмүүсийн оюун санааг гэгээрүүлж, урагш авч явж хөтөлдөг. XXI зууны уран бүтээлийн гол онцлог бол тэр уран бүтээл үзэгчдийн сэтгэлд ямар байр суурь эзэлж байна вэ, тэдний оюун санааны амьдралд ямар өөрчлөлт нөлөө үзүүлэх вэ гэдэг талаас нь харах.

Тэгж байж авангард, урагшаа тэмүүлсэн тэмүүлэлт үзэл бодол руу орно. Тийм үзэл бодол, хэлбэр хийцүүд бол Монголын театрын урлаг болон бусад урлаг ямар хэмжээнд хийгдэж, жүжигчид ямар хэмжээнд үүнийг хүмүүст хүргэж байна вэ гэдэг бүтэц, арга хийц нь тодорхой нэгэн шатанд хуучнаас өөр алхмыг хийхдээ хуучныг огт үгүйсгэхгүйгээр шинэчилж чадсан тэр хэлбэрийг урлагийн амьд байх төрх, урлагийн энэ зуунд амьдрах, шинээр амьдрах эх булаг нь тэндээс үүсвэртэй гэж бодох хэрэгтэй.

-Жүжигчдээс найруулагчдаа загнуулаад уйлдаг байлаа гэх үгийг их сонссон юм. Найруулагч гэхээр л их ууртай, хүн загнадаг хүмүүс байдаг мэтээр төсөөлөгддөг. Харин таны хувьд өөр?

-(Инээв). Загнуулаад хүн болно гэдэгтээ биш л дээ. Уран бүтээлчдийн халуун гал тогоо байгаа юм. Тэнд шатна, дэвэрнэ, улам өрнөнө. Тэр бүх үйл ажиллагаа, шат бол найруулагч, тэрийг удирдаж байгаа багштай холбоотой. Тэр бүхэнд л жүжигчний оруулах хувь нэмэр, дүрдээ ажиллаж байгаа уран сайхны сэтгэлгээ, нийгэм, амьдралыг харах ертөнц нь ямар хүрээнд, ямар цар хэмжээгээр бидэнд хүрч ирж байна вэ. Дүрээ хэрхэн бидэнд хүргэж, дүрийнхээ мөн чанар, өнгө төрхийг хэрхэн ойлгуулах нь вэ гэдэг урлах эрдмээс нь харж жүжигчний дүрд баяр хүргэж “Сайхан дүр” болсон гэж үнэлдэг. Жүжигчин хүн мөнхийн эрэл хайгуулд явдаг. Мөнхийн амьд хүний ертөнцийг бүтээдэг учраас тасралтгүй эрэл хайгуулд явж зогсолтгүй оюун эрэлтэй хүмүүс болохоор амьдралаас нэг ч алхам хоцорч болохгүй. Амьдралыг дагаж болохгүй. Амьдралд тэмүүлэлтэй, урагшаа харж байж өөрийнхөө тоглож байгаа дүр, уран бүтээлээрээ хүмүүсийг уриалан дууддаг. Хүмүүсийн амьдрал, оюун санаанд эрч хүч нэмсэн ийм энерги уран бүтээлд байдаг. Тэр дундаа жүжигчин, найруулагч, зохиолчдод мөнхийн оршиж байдаг.

-СУИС-ийг найруулагчаар төгсч байгаа хүмүүсийн хувьд хамгийн том албан тушаал бол драмын театрын Ерөнхий найруулагч байх?

-Драмын театрын найруулагч болох. Цааш нь авьяас, туршлагаараа ерөнхий найруулагчийн зиндаанд хүрэх. СУИС-д боловсорсон, олж авсан мэдлэг боловсролоо амьдрал, нийгэмд нотлох, түүнийгээ хөгжүүлэх, тэрийгээ хэрхэн баяжиж байна вэ гэдгээ шалгуулах том шалгуур бол театрын амьдралд очиж байж биелэгдэнэ. Зөвхөн Улсын драмын театрт очсоноор биелж ч байгаа юм биш. Орон нутгийн сайхан мэргэжлийн байгууллагууд байна. Эндээс хүмүүс маш олон зүйлийг олж харна.

Орон нутаг өөр өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрх, хэлбэр дүрстэй. Ардын болон зан үйл тал дээр орон нутгийн театрууд судалгааны ажил ихтэй. Тэнд очсон залуу найруулагчид жүжиг тавихаас илүү тухайн орон нутгийн хүмүүсийн зан үйл, ахуй амьдрал, улс үндэстнүүдийн хоорондох хэл, яриа. Тэдний зан заншил, соёл, гоо зүйн талаар тодорхой нэгэн ойлголт мэдлэгийг ажлын туршлага, амьдарч байгаа орчноосоо олж явдаг. Тэгэхээр тэд улам эрэл хайгуул хийдэг. Эрэл хайгуулдаа улам хөгжиж явдаг. Ер нь ардын авьяастны бэлгэ тэмдэг гэдэг бол урлагийн үүсэл хөгжлийн хамгийн гол үндэс нь.

-Дээр үеийн монгол кино, одооны кинонуудын жүжигчдийн хооронд жүжиглэлтийн өдөр шөнө шиг ялгаа байдаг?

-Ялгаандаа биш. Амьдралын судалгаа гэж айхавтар юм бий. Хоёрдугаарт, манай шинэ төгссөн хүүхдүүдэд уран бүтээлийн эрч хүч, онгод хийморь бүгдэд нь байгаа. Сурсан мэдсэн бүх юм нь цээжинд нь багтаж ядаад хэлэх гэсэн хурд, энерги нь илүү байгаа юм. Тэр энерги нь уран бүтээлийг нь хүнд хүргэх гэсэн тэмүүлэл, урагшлах гэсэн хүсэл нь хөтлөөд байгаа юм. Тэр урагшаа тэмүүлсэн хүсэл нь амьдралыг харахдаа бодит байдлыг хэт урагшлуулж харах. Эсвэл өөрсдөөсөө тасархай харах алдаа гаргахыг үгүйсгэх аргагүй. Гэхдээ энэ алдааг гаргахгүй байх олон нөхцөл бий. Яагаад вэ гэвэл урлаг өөрөө амьдралын их сургууль учраас амьдралаа судалж байж ургаж гардаг учраас тэрний ард амьдрал өөрөө л байдаг. Амьдралыг судлахуйн ухаангүйгээр, амьдралыг танин мэдэх ойлголтгүйгээр урлагийг бүтээнэ гэдэг бол хийсвэр. Урлагт обьектив, субьектив хоёулаа байгаа боловч хамгийн гол нь обьективийг яаж уран сайханч сэтгэлгээгээр хийсвэрлэлээс гаргаж хүнд ойртуулах вэ, хүний оюун санаанд яаж үнэмшүүлэх вэ гэдэг бидний эрэл хайгуул хуучин 1940, 1950, 1970, 1980-аад оны социализмын урлагаас ялгаатай, чөлөөтэй байгаа юм.

Тэгэхэд үзэл суртал гэж нэг юм байсан. Намын бодлого, намын үзэл суртлыг сурталчлахад бүх зохиол бүтээл тэр рүү орж намын байгууллагаар хянуулдаг, намын дарга нар, Төв хороо хянадаг. Үзэл суртлын хувьд болох уу, үгүй юу гэдгийг хэлдэг. Хөдөлмөрийн баатар, сайн барилгачны тухай сэдэвтэй кино олон бий. Тэрэн дотор ёс суртахууны асуудлыг заавал чирч явдаг учраас тэр кино өнөөдөр ч оюун санааны хоцрогдлыг арилгахад онцгой нөлөө өгч байсан. Тиймээс XX зуун, социализмын үеийн бүтээл гэж хэлэгдэх боловч хүмүүсийн оюун санаанд орох өөрчлөлтүүдийг нэг намын тогтолцоотой, ангит, намч чанарын үед урлаг өөрийнхөөрөө гарч ирэхэд намын харьяаллыг алгасч чадах ч тэрэнд баригдахгүйгээр хэлж гаргах, илэрхийллийн аргыг хийж байсан ч хаагдмал байсан нь тодорхой.

-Та Улсын драмын театрт хэдэн жил найруулагчаар ажилласан юм бэ. Их олон жил болсон байх шүү?

-1976 оноос л театрт орж ажиллаад 33 жил болсон байна билээ шүү дээ.

-Тэгэхээр хичнээн жүжиг тавьсан бол оо?

-Тэр чинь 70, 80-аад юм болно. Орон нутагт тавьсан жүжгээ яривал бараг 100 гарна.

-Найруулагчийг зовоогоод байхгүй жүжиг гэж байх уу?

-Хэрвээ найруулагч жүжгийг зовохгүйгээр тавьдаг гэж үзвэл найруулагчийн хэрэг байхгүй. Хамгийн гол нь зохиолчийн зохиол бүтээлийг олж харж тэр бүтээлд нь хүндэтгэлтэй хандаж, хэлэх гэсэн санаа нь өнөөдөр манай нийгэмд, бидний дунд, хүмүүст байж байна., энэ жүжгийн санаагаар энэ нийгэм, хүмүүст хэлэхээс нааш бидний сэтгэлийн эмзэглэл тайтгарахгүй нь ээ гэж харж чадсан нөхцөлд тэр бүтээл гарч ирдэг. Сонгодог бүтээл бүхэн мөнх байдгийн нэг аугаа чанар нь аль ч нийгмийн тогтолцооны үед нийгмийн аль нэг асуудалд тэр бүтээлийн дүрүүдийн хэлэх гэсэн санаа бүхэн өөр өнгө, хэлбэрээр оршиж байдагт байгаа юм. Тэднийг олж харж сонгодог жүжгийн хэлбэрээр гаргаж тавьж чадвал бид сонгодог жүжгийг тавихын зэрэгцээ, орчин үеийн оюун санааны хэрэгцээнд Орос, Английн сонгодгууд бидэнд үүгээрээ хэрэгтэй байна гэж татаж гарч ирнэ гэдэг бол орчин үеийн сэтгэлгээ. Сонгодгийг орчин үеийн амьдралд ойртуулж ирж байгаа хандлага. Түүнээс биш ойртуулж байна гээд хувцас хунар, хөгжим чимэглэлээр нь ойртуулахыг хэлэхгүй.

-Жүжиг сонирхдог зарим хүн тухайн жүжигт хэн тоглосноос илүү хэн найруулсан бэ гэдгийг хардаг юм билээ?

-Дэлхийн театрын түүхэнд XX зуунаас хойш тийм байна л даа. Жүжигчдийн нэр төр, байр суурь өсөөд дүр бүтээх чадвар нь улс орондоо дуурсагдаад ирдэг. Тоглох жүжигчний ур чадварын асуудал бол их том боловсорсон үе шат юм. Тэрүүгээр нь үзэгчид тэр жүжигчнийг хүлээж, жүжиглэлтийг нь биширдэг. Тэгээд дараа нь тэр жүжигчин ямар дүрд тоглох бол гэж хүсэн хүлээх хүлээлтийг бий болгодог. Тэр бол жүжигчинд бурхнаас өгсөн авьяас билэг нь хөдөлмөрөөр баяжиж хүнд үнэмшигдэж, хүмүүсийн оюун санааны ертөнцөд эрэлт хэрэгцээ болж эхэлж байгаа нь тэр. Тийм учраас жүжигчнийг үзэгчид хүсдэг.

-Харин найруулагчийг?

-Найруулагч чинь зохиол, жүжигчин хоёрын ард байдаг. Зохиолчийг хүлээн зөвшөөрч жүжигчинд өөрийгөө уусгаж тэр найруулагчийн бүтээл үзэгчдэд 100 хувь очиж үзэгчид жүжигчдийг үзэх гэж байна гэдэг чинь найруулагчийг хамт үзэж байгаатай адилхан. Тэр бүхний өмнө найруулагч гүйгээд байна гэдэг биш. Найруулагчийн мэргэжлийн ёсзүйн хувьд ч таарахгүй асуудал.

-Найруулж байсан жүжгүүдээс тань сонирхолтой байдлаар тавигдсан эсвэл их цаг хугацаа орсон бүтээл гэвэл бий дээ?

-Үзэл суртлын үе хүнд хэцүү байсан. “Отелло” жүжгийг хоёр дахиа тавихад их хүнд байлаа. Уг жүжиг анх 1956 онд тавигдчихсан байсан. Үзэгчдийн сэтгэл санаанд Отелло гэдэг хүн бол Г.Гомбосүрэн гуайгаар төсөөлөгдчихсөн. Е.Гомбодорж гэж сайхан жүжигчин Ягод тоглож байсан. Энэ хоёр хүнээр хүлээн зөвшөөрөгдчихсөн байсан. Бас ардын жүжигчин Ч.Долгорсүрэн гуай байна, Дездемонд тоглосон. Энэ гурван хүний ансамбль бат байсан тэр байдлаар хүмүүс 1956 онд “Отелло” жүжгийг Английн Шекспир гэдэг хүн бичжээ. Отелло гэдэг ийм намтартай хүн байжээ. Гомбосүрэн, Гомбодорж, Долгорсүрэн гурав бидэнд үнэмшилтэй хүргэж иржээ гэсэн. Уран бүтээл оршин тогтоно гэдэг жүжигчнийг төрүүлдэг, жүжигчнийг нээж гаргаж өгдгөөрөө онцлог талтай. Тэрүүгээр нээгдэж гарч ирсэн манай алтан үеийн уран бүтээл бүхэн уламжлагдаж ирэн шинэ залуу үед дамждаг, хөгждөг. Үүний нэг залгамж халаа бол Ц.Гантөмөрийн тоглосон Отелло, Л.Жамсранжавын тоглосон Яго, Д.Мэндбаярын тоглосон Дездемон. Залгамж халаагаа үргэлжлүүлж тэрийгээ өөр өнцгөөс дүр бүтээх арга аргачлалтайгаа, 1980 онтойгоо холбож гаргаж ирсэн асуудал бол жүжигчний оюунлаг шинжийн асуудал. Оюунлаг жүжигчин дүрийн бодит мөн чанарыг хүний оюун санаанд яаж хүргэх вэ гэдэг эрэл хайгуулаараа хийж байгаа нэгэн цогц бүтээлийн нэг хэлбэр. “Отелло” жүжгийн ерөнхий санаа бол хардалт, хайр дурлалын тухай гэхээсээ илүү хардалт, хар санаанаас илүү яаж гэгээлэг юм руу очих вэ гэдэг тэмүүллийг тэнд хийх гэж оролдсон уянгын эмнэгэлт жүжиг.

-Монголчуудын хувьд таны аав Г.Бирваа гуайн нэрийг хүүхэд байхаасаа, дуу хөгжмийн номноос л уншиж мэдэж бүтээлтэй нь танилцаж өсдөг. Урлагийн гэр бүлд өссөн нь найруулагч болоход тань нөлөөлсөн нь мэдээж?

-Гарцаа байхгүй нөлөөлдөг. Манайх хөгжмийн гэр бүл. Миний ээж хөгжимчин. Аав өөрөө хөгжмийн зохиолч, удирдаач. Бас цэргийн хөгжимчин байсан шүү дээ. Халх голын дайнд бүрээ үлээж явлаа. Халх голын анхны бүрээ үлээж байсан гурван бүрээчний нэг нь манай аав. Миний дүү нар бүгд хөгжмийн сургуулиар дамжсан болохоор бид урлагийн ертөнц рүү их амархан орчихсон, татагдчихсан. Урлаг хүнийг нэг татвал соронзон мэт татчихдаг. Ухрах замгүй болдог. Тийм замаар би энэ мэргэжлийг олж авч сонгосон. Харин би хөгжмийн төрөл рүү биш драмын төрөл рүү татагдсан.

Сургуульд байхын л шүлэг уншдаг, концертод явдаг, найрал дуунд зогсдог хүүхэд байснаа дундаас нь кино жүжигчин болох сонирхолд хөтлөгдсөн, ес, аравдугаар ангиасаа. Тэгээд л “Монгол кино” үйлдвэрт анх ажилд ороод тэрнээс хойш Улсын хүүхдийн төв театрт дагалдан жүжигчнээр ажиллаж байгаад хойшоо сургуульд явж театрын мэргэжлээр төгсч ирсэн.

Гарцаа байхгүй нөлөөлөх нь нөлөөлнө. Аав, ээжийнхээ ажилладаг газраар явна. Улсын симфони найрал хөгжим, Улсын цирк, Улсын хүүхэлдэйн театраар очдог байсан. Эдгээр нь миний аав, ээжийн ажилладаг байсан газрууд байхгүй юу. Аль алинд нь очиж хөгжим сонсч, хүүхэлдэй үзэж байсан тэр он жил бол миний бага насыг тодорхой хэмжээнд хөглөж л байсан байгаа юм.

-СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн 60 жилийн ой эдгээр өдрүүдэд тохиож манай урлагийнхан, театр, киноныхон их л хөл хөөртэй байна даа?

-Монголын театрын урлагийн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэгдэж гарч ирсний 60 жилийн ой тохиож байна. Бид энэ ойгоо тэмдэглэж байна. 1957 онд МУИС-д найруулагчийн ангийг анх нээж Оросын мэргэжилтэн Никитин гэж манай театрт ажиллаж байсан хүн удирдаж, дараа нь 1959 онд Улсын багшийн дээд сургуулийн дэргэд Кино, драмын анги гэж жүжигчний мэргэжлийн дээд мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, дээд мэргэжилтэй жүжигчин төгсгөх сургууль нээгдсэн. Ингээд энэ оюуны цар хүрээ тэлж мэргэжлийн боловсон хүчнийг мэргэжилтэй болгох, мэргэшилтэй болгох тал руу сургаж хүмүүжүүлэх энэ бодлого хэрэгжиж эхэлснээс хойш эдүгээ 60 жил болжээ.

МУИС, Багшийн дээд сургуулийн дэргэд байгуулагдсан энэ хоёр анги бол Теартын урлагийн сургуулийн мэргэжлийн найруулагч, жүжигчдийг бэлтгэх, зураачдыг бэлтгэхэд өөрийн зохих хувь нэмрийг оруулж ирсэн учраас түүхт ойтойгоо золгож байна. Олон сайхан авьяаслаг уран бүтээлчдийг бэлтгэсэндээ сургууль нь бахархаж баяраа тэмдэглэх гэж байна. Энэ ойг тохиолдуулж манай сургуулийг үүсгэн байгуулсан, төгссөн үе үеийн ахмад мэргэжилтэн, найруулагчид, жүжгийн зохиолч, жүжигчид, одоо ажиллаж байгаа болон суралцаж байгаа бүх багш, оюутнууддаа түүхт ойн баярын мэндийг хүргэж, эрүүл энх аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Уран бүтээлийн онгод хийморь та бүхнийг минь үргэлж мялайж, хөглөж байхыг бэлгэдэн ерөөж байна.

Гэрэл зургийг Г.БАЗАРРАГЧАА

Categories
мэдээ цаг-үе

С.Баттулга:“Зүрхний уяа” үртэй, амьдралтай, үйлс бүтээлтэй сайхан дуу

Улсын Филармонийн гоцлол дуучин, “Voice” хамтлагийн ахлагч, Соёлын тэргүүний ажилтан С.Баттулгатай ярилцлаа.


-Уран бүтээлч хүн мөнгө бодож эхэлсэн цагаас гоо зүйгээ алддаг, гоо сайхан үгүй болдог гэдэг юм билээ. Гэтэл өнөөгийн нийгэмд та бүхэн урлагаараа л хоолоо олж идэж байгаа шүү дээ?

-Наад үг чинь үнэний хувьтай. Гэхдээ өнөөгийн нийгэмд хоёр талтай үзэгдэл яваад байна. Урлагийн хүн зөвхөн уран бүтээлээ хийж гоо зүй, үзэгч, сонсогчдын сэтгэлгээ, энэ бүхэнд анхаарах биш мөнгөнд ач холбогдол өгөөд тэр тал руу их явах нь уран бүтээлчдийн хөдөлмөр бүтээл үнэлэгдэхгүй байгаагийн илрэл. Жишээ нь, уран бүтээлчид маш олон жил суралцдаг. Ялангуяа манай сонгодог урлагийнхан. Мөн үндэсний урлагийнхан ч байна. Мэргэжлийн урлагийнхан Хөгжим, бүжгийн коллежоос эхлүүлээд эх орондоо, гадаадад үргэлжлүүлэн сурдаг. Бараг арав, хориод жил сурдаг. Бусад салбарыг амархан гэж байгаа юм биш. Гэхдээ урлагийн мэргэжил тийм амархан биш. Мэргэжлийн уран бүтээлч болохын тулд асар их цаг хугацаа зарцуулдаг. Нийгэм ямар байгаагийн илрэл л дээ. Олон жил нарийн мэргэжлээр суралцаад дараа нь цалинтай, цалингүй явж байснаас ямар ч сургууль соёл төгсөхгүйгээр ойр зуурын наймаа хийж урагшаа хойшоо явж байвал илүү сайхан амьдраад байгаа тал байна. Тэгэхээр үүнд үнэлэмжийн асуудал байгаа учраас наад асуудал чинь хоёр талтай. Цэвэр өөрсдөө боловсроогүй, төлөвшөөгүй, суралцаагүй, хөдөлмөрлөөгүй мөртлөө шууд мөнгөний зорилгоор урлагт хөл тавьж байгаа бол буруу. Олон жил сурч хөдөлмөрлөчихөөд энэ бүхэн нь үнэлэгдэхгүй байгаа бол юу хийвэл уран бүтээлээ үнэлүүлэх вэ гэдэг асуулт тулгарна. Тэгээд мөнгө олох тал руу анхаарахаас өөр арга байхгүй.

-Дуучин С.Жавхланг ард түмэн урлагтаа, тайзан дээрээ байж л байвал Жавхлан чигээр нь хүлээж аваад байдаг. Гэтэл улс төр рүү орчихоор тэр сайхан нандин харилцаа нь үгүй болчихдог. дуучид уран бүтээлчид маань улс төр рүү орохгүй уран бүтээлээ хийгээд явж болдоггүй юм болов уу?

-С.Жавхлан гишүүн бол манай урлагийг, ялангуяа нийтийн дууны урлагийг орчин цагт өндөр түвшинд авч ирсэн, үзэгч, сонсогчдыг байлдан дагуулж чадсан гайхалтай уран бүтээлч. Тэр хүний хувийн асуудал, сонголтын асуудал энд яригдана л даа. Спортод ч үүнийг ярьж болно л доо. Аварга нь аваргаараа, бөх нь бөхөөрөө байвал ард түмэн нь хайрлах л байхгүй юу. Улс төр рүү орчихоор тэр хэдийг ярихгүй өнөө муу хэдэн урлагийнхныгаа л яриад байдагт нь гайхдаг. Хүн өөрөө чадаад сонгогчдын дэмжлэгийг аваад УИХ-д сонгогдоод явж байна. Тэр нь тухайн хүний хувийн амьдрал, замналын асуудал. Магадгүй С.Жавхланд илүү хайртай үзэгч, сонсогчид нь тэгж тайзан дээрээ байгаасай гээд л тийм гомдол, шүүмжлэл хэлдэг болов уу. Дуугаа дуулаад юмаа хийгээд л явж байсан бол уг нь гоё доо гэдэг. Аливаа бүхэн шалтаг шалтгаантай байдаг. С.Жавхлан гишүүн бид бол нэгэн үеийн уран бүтээлчид. Тэр хүнд улс төрд орох, УИХд сонгогдоод ажиллах олон нийтийн шалтгаан байсан байх л даа. Бид либерал нийгэмд амьдарч байна. Тэгэхээр хувь хүний сонголтыг хүндэтгэж үзэхээс өөр арга байхгүй.

-Яагаад ингэж асуув гэхээр таныг улс төрийн чиглэлээр сурч байгаа гэж сонслоо. Та тухайн үедээ Ерөнхий сайдад захидал бичиж Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн асуудалд хувь хүнийхээ байр суурийг илэрхийлж байсан. Өмнө нь уран бүтээлчдээс тэгж үзэл бодлоо хэлсэн нь цөөн байх шүү?

-Дуу хуураа хүргэхээс гадна нийгэмдээ тодорхой хэмжээгээр байр сууриа илэрхийлэхийг боддог. Гэхдээ нийгмийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлөх, тогтворгүй байлгах тийм хандлага гаргаж байгаагүй. Шаардлагатай зүйл дээр дуугарах ёстой. Бид чинь уран бүтээлчээс гадна Монгол Улсын иргэн хүн. Тийм учраас бид энэ нийгмээ зөв төлөвшүүлэхийн төлөө ажиллах ёстой, дуугарах ёстой. Дуугаа дуугүй дуулаад яв гэдэг хандлагатай хүмүүс байдаг. Тийм хүмүүстэй таарч л байсан. Уран бүтээлч хүн уран бүтээлээрээ бас бусад зүйлээрээ нийгмийн сайн сайхны төлөө зүтгэх л ёстой гэж боддог.

-Таныг мэддэг хүмүүс, бага байхын л нийгмийн идэвхтэй хүүхэд байсан гэдэг юм билээ?

-Зарим хүмүүс намайг “Комун”, коммунист гэж шүүмжилдэг ч байсан байж магадгүй. Бага, дунд ангидаа ангийн дарга байлаа. Ахлах ангидаа ороод харин урлаг хөөцөлдөөд ном сурлагадаа жаахан муудаад эхэлсэн л дээ. Сургуулиа төгсөөд аймгийнхаа хүүхдийн зусланд бүтэн зун ажиллаж байлаа.

-Та Архангайнх байх аа?

-Тийм, тийм. Бас “Найрамдал” зусланд Бүлгийн туслах багшаар хоёр ээлжээр ажиллаж байлаа. Ерөнхийдөө хүүхэд, залуустай их хамтарч ажиллаж, нийгмийн төлөө чадлынхаа хэрээр олон ажил хийж л явна. Яривал их юм болно шүү. Уран бүтээлч хүн уран бүтээлээ сайн хийх ёстой. Урлагийн хамгийн туйлын зорилго бол нийгмийн сэтгэлзүйг эрүүлжүүлэх, тухайн нийгмийн оюун, сэтгэлгээний дархлаа болох ёстой шүү дээ. Дээрээс нь тайзан дээр мянга сайхан байгаад тайзны ард нийгэмдээ хор нөлөөтэй байвал ямар юмных нь сайхан байх вэ. Тайзан дээр байх, тайзны ард байх нэг өөр. Хөшигний наана байх нэг өөр, цаана нь байх нэг өөр. Би 1999 онд дуурийн театрт дуучнаар орж байлаа. Урлагт хөл тавьснаас хойш нийгмийн сайн дурын ажилд их явсан даа. Мэдэх хүмүүс нь мэднэ дээ. Тэр болгоныг яриад, энд тэнд шоу хийгээд байдаггүй л дээ.

-Хамтлаг, дуучид анх маш хүчтэй гарч ирээд тэгээд алга болчихдог. Алга болонгуут хүмүүс хайгаад эхэлдэг. Танай “Voice” хамтлаг сүүлийн үед таг алга болчихлоо?

-Манай хамтлаг сүүлийн хоёр, гурван жил уран бүтээлээ завсарласан нь үнэн. Олон хүн тааралдаад хэлдэг юм “Та нар уран бүтээл хийхээ больчихлоо” гэдэг. Зарим нь “Танайх үнэхээр сайхан хамтлаг шүү. Юмаа үргэлжлүүлж хийгээрэй. Битгий тараарай. Битгий алга болоорой” гэнэ. Манай хамтлагийн хоёр гишүүн сүүлийн хоёр, гурван жилийн хугацаанд хувийн уран бүтээл хийхийн зэрэгцээ гадагшаа дотогшоо явж, аж амьдрал, хувийн асуудлаа зохицуулах гээд чөлөө авсан юм. Тэр хоёр маань надаас насаар дүү хүмүүс л дээ. Бид эргэж уулзаад хамтлаг маань уран бүтээлдээ орчихсон явж байна. Ирэх жил “Voice” хамтлагийн 11 жилийн ой болно. Баярын концерт хийнэ. Ирэх хавар “Voice of Mongolia2” цомог маань гарна. Хүмүүс манай хамтлагийг үгүйлэх ч юм уу, шүүмжлэх ч юм уу тийм хандлага гаргаж байгааг нь “Бид тодорхой хэмжээний үзэгч, сонсогчидтой юм байна” гэж ойлгодог. Манай хамтлагийг сонсдог хүмүүс ихэвчлэн боловсролтой, мундаг хүмүүс байдаг нь мэдрэгддэг юм. Үзэгчдийг ангилах нь зохимжгүй л дээ. Гэхдээ ерөнхийдөө серьёзный хүмүүс байдаг.

-“Зүрхний уяа”-г та дахин сэргээн дуулахдаа хүмүүсийн сэтгэлд яв цав нийцүүлж чадсан. Ихэнхдээ дууг сэргээн дуулах гэсэн биш бүр баллаад хаячихлаа гэдэг бол таныг энэ дууг дуулсанд хүмүүс их таатай хандсан. “Солгой” хэмээх Н.Төмөрхуяг ахын дуу шүү дээ?

-Баярлалаа. Намайг хүмүүс нийтийн дуучин ч гэдэг юм. Манай хамтлаг чинь опера хамтлаг гэж явдаг юм. Ингэхээр намайг үзэгчид янз янзын л өнцгөөс хардаг юм шиг байгаа юм. Миний уран бүтээлийн бас нэг талбар бол нийтийн дуу. Нийтийн дуугаар хоёр, гурван цомог гаргаж нэлээд хэдэн тоглолт хийсэн. “Зүрхний уяа” дууны хувьд бол их учиртай. 1970, 1980-аад онд хит болж хүмүүс их дуулдаг байсан дуу. Би 1996 онд арван жилээ төгссөн л дөө. Сурагч байхдаа орцонд энэ дууг дуулдаг байсан. Гэтэл энэ дууг дуучид төдийлөн дуулахгүй байв. Н.Төмөрхуяг ах маань ч нэг хэсэг дуулахаа байчихсан байсан юм, энэ дууг. Тэгээд би хуучны сайхан дууг сэргээж дуулъя гээд дуулсан нь тэр.

Бас нэг шалтгаан нь энэ дууг дуулсан гавьяат жүжигчин Н.Төмөрхуяг ах маань миний аавтай их дотно, хуурай ах дүүс явсан юм. Миний аав бүжиг дэглээч, найруулагч, Соёлын тэргүүний ажилтан Л.Сүхбат гэж хүн байлаа. Энэ хоёр маань 1960аад оны сүүлээр Хэнтий аймагт танилцаж байсан юм билээ. Н.Төмөрхуяг ах маань дөнгөж урлагт хөл тавих гээд л залуухан явсан үе. Тэр үед аав маань Хэнтий аймгийн чуулгад бүжгийн багшаар оччихсон. Тухайн үеэс энэ хоёр маань их ойр дотно найзалж нөхөрлөж, ахан дүүс болцгоосон. Энэ мэт олон шалтгаан байна л даа. “Зүрхний уяа” дуу маань үртэй, амьдралтай, үйлс бүтээлтэй дуу шүү дээ. Би 2001 онд хуримаа хийж байсан. 2007 онд гурав дахь хүүхдээ өлгийдөж авч байлаа. Их учир утгатай дуу болохоор дуулж байсан л даа. Арав гаран жилийн өмнө дуулсан юм байна шүү.

Гадаад, дотоод, хөдөө гадаа явж байхад “Зүрхний уяа”-гаа дуулаад өг гэдэг. Би клипэн дээрээ гитар тоглодог байхгүй юу. Уг нь би хөгжмийн авьяас тааруу. Тааруу гэх юм уу, эсвэл оролдлогогүй гэх юм уу, хөгжмийн тал дээр. Хүмүүс “Зүрхний уяа”гаа гитартай гоё дуулаад өг” гэхээр “Үгүй би гитар тоглодоггүй юм аа” гэхээр “Ээ чи битгий үнэд ороод бай л даа” гээд бөөн юм болно. Тэгэхээр нь би “Үгүй ээ тэр чинь өөр ш дээ. Клипэндээ тэгж гитар барьж тоглосон юм” гэж тайлбарлахаар зарим нь ойлгоно, зарим нь ойлгохгүй (инээв). Үнэд орж байна гэж бодно. Хөгжилтэй.

-Тэгэхээр та удмаа дагасан уран бүтээлч. Багаас тань л урлагийн сайхан орчин бүрдсэн болохоор энэ салбарт оржээ?

-Яг үнэн. Миний аав бүжиг дэглээч, найруулагч хүн байсан. Миний ээж драмын жүжигчин, бүжигчин хүн. Сүүлийн жилүүдэд шинээр гарч байгаа кинонуудад голдуу туслах дүр бүтээгээд яваад байгаа, нас нь дал хүрч байгаа хүн бий. Ч.Лхагваахүү гэж сайхан хүн бий. Миний ууган ах бүжигчин. Цэргийн дуу, бүжгийн чуулгад насаараа бүжиглэсэн. Том эгч маань бас хөгжмийн багш. Дүү минь хөгжимчин, продюсер хийдэг залуу байгаа. Манайхан чинь гэр бүлээрээ урлагийнхан. Манайд зургаан Соёлын тэргүүний ажилтан байна шүү. Ах дүү, хамаатан садан дотроо биш шүү. Зөвхөн манай гэр бүлд гэсэн үг. Аав, ээж, ах, эгч, би, дүү гээд. Соёлын тэргүүний ажилтан цол манай гэр бүлд маш өндөр шалгуураар олдсон шагнал. Насаараа, гэр бүлээрээ урлагт зүтгэцгээсэн хүмүүс.

-Та жил болгон бие даасан тоглолт хийдэг. Өнөө жил хийсэнгүй юу?

-Уран бүтээлч хүн жил болгон бие даасан тоглолт хийнэ гэдэг асар хүнд хөдөлмөр л дөө. Харин энэ жил би өнжчихлөө. Гэхдээ өнжлөө гээд зүгээр суусангүй. Манай нутгийн уран бүтээлчдийн “Тайхар” нэгдэл гэж байдаг, ахмад, дунд, залуу үеийг нэгтгэсэн. Нэгдлийнхээ 10 жилийн ойн хүрээнд үе үеийн уран бүтээлчидтэйгээ хамтраад баяр наадмын үеэр бүрэн хэмжээний тоглолт хийлээ. Саяхан VIP уулзалт зохион байгууллаа. Бас “Зүрхэнд мөнхийн нутаг” хүндэтгэлийн тоглолт хийцгээлээ. Нэг талаар миний бие даасан уран бүтээл биш боловч ажиллаад хөдөлмөрлөөд нутгийнхаа ахмад, дунд, залуу үеийн уран бүтээлчидтэйгээ хамтраад зүтгээд юмаа хийгээд л явж байгаа. Би чинь Улсын Филармонид гоцлол дуучнаар ажиллахын зэрэгцээ гол концертуудаа хөтөлдөг. Үүний хажуугаар бие даасан уран бүтээлээ хийж байгаа. Дуулсан дуу болгоноо клипжүүлэх цаг зав, мөнгө ч алга. Гэхдээ ирэх жил бие даасан тоглолт хийнэ гээд төлөвлөчихсөн байгаа. Харин сурагч нас, оюутан насны тухай сайхан дуунуудаас бүрдсэн цомгийнхоо ажилд орчихсон. Энэ их өвөрмөц, гоё цомог гарна. Үүн дээр сүүлийн хоёр, гурван жил ажиллалаа. Ирэх хавар сонсогчдын гар дээр очно.

Categories
мэдээ цаг-үе

С.Молор-Эрдэнэ: Эрх чөлөө бол хайрын шинэ дайсан

Image result for С.Молор-ЭрдэнэФилософич С.Молор-Эрдэнэ өнгөрсөн баасан гаригт “UB art” галерейд болсон “Ном унших орой” уулзалтад Эрих Фроммын “Хайрлах урлаг-Монголоор” номын тухай оюутан залууст ярьж өглөө. Уг уншлага ярилцлагын зорилго нь хайр гэгч зүйлийг монголоор хэрхэн ойлгож нэгдсэн нэг ойлголтод хүрэх вэ гэсэн асуултад хариулах явдал байлаа. Ингээд эл уншлага ярилцлагыг тоймлон хүргэж байна.


Одоогоос дөрвөөс таван мянган жилийн өмнө хайрын бурхад эмэгтэй байдаг гэж үздэг байсан. Бурхад бол эзэд. Хүн бол тэднээс суралцана. Тэдний заасан дүрэм, журмаар хэн нэгэнд хайртай болно. Үүний дараа эрэгтэй бурхад гарч ирсэн. Бас хайрын бурхад. Эмэгтэй бурхад эмэгтэй хүн, хүүхэд гаргах, гоо үзэсгэлэн тал руугаа байсан бол эрэгтэй бурхадтай болсноор дур тачаал, эмэгтэй хүнийг шүтэн бишрэх, араас нь гүйх гэсэн ойлголт гарч ирсэн. Ромд Аморе, Грект Эрос зэрэг хайрын бурхад, хайрын илэрхийлэлтэй байсан. Хүн тэр үед хайр ярьдаггүй байв. Бурхны даалгавраар хэн нэгэнд хайртай болж сууж байсан. Тэр үед хүнд хайр байхгүй. Бурханд л хайр байдаг гэсэн ийм ойлголтууд анх явж байж. Ингээд байж байтал модерн эхэлсэн. XV, XVI зуунаас Европ, барууны орнуудад модерн гэсэн ойлголт гарч ирсэн. Уран зураг, сонгодог хөгжмүүд, суутнууд гарч ирсэн. Бурхан байхгүй болж, Бурхнаас салж эхэлсэн. Хүн өөрийгөө хараад “Би нээрээ яасан сүрхий юм бэ” гэдгээ мэдэрч эхэлсэн. Бурхны хэрэг байна уу, хэзээ бидэнд бурхны хэрэг гарч байлаа гэх асуултууд гарч ирлээ. Ингээд humanism-ийн үед human үүсч эхэлж байгаа юм. God (бурхан)-оос салж эхэлж байна шүү дээ. Леонардо Да Винчигийн Мона Лиза бол хүнийг зурсан анхны хөргүүдийн нэг. Түүнээс өмнө дандаа бурхан зурдаг байсан. Дуу дуулж, бүжиглэвэл дандаа бурханд зориулдаг байсан. Харин энэ үеэс хүнд зориулж эхэлсэн. Хүнийг зурж, хүнд зориулж зураг зурж байгаа нь хүн гэдэг зүйл анхаарлын төвд ирж байгаагийн илрэл. Ингээд янз бүрийн зохиолууд бичиж эхэлсэн. Өмнө нь дандаа бурхан, баатар, хааны тухай үлгэр бичдэг байсан. Энгийн хүн, энгийн амьдралын тухай бичдэггүй байсан. Энэ үеэс хамгийн анхны романууд бичигдэж эхэлсэн юм. Романуудад өнөө хайрууд гарч ирсэн. Хайраас болж анх удаа гэрлэсэн. Би хайртай учраас гэрлэнэ гэх болов. Өмнө нь “Юу яриад байна аа. Чамтай тэдний хүүхэд сүй тавьчихсан. Ээж аавтай нь ярьчихсан. Чи чинь одоо баллах нь уу. Нутаг усанд нэр хүнд баллах нь, бизнес зогсоох нь” гэх мэтээр янз бүрийн тохиролцоогоор хурим хийлгэж гэр бүлүүдийг бий болгодог байсан. Харин модерн үед “Үгүй ээ, би хайртай хүнтэйгээ сууна” гэхэд эцэг эх нь ойлгоогүй.

ХАЙР ГЭЖ ЮУГ ХЭЛЭЭД БАЙНА ВЭ?

Хайр үнэртэх үү, амтагдах уу, харагдах уу, баригдах уу, яг юуг хэлээд байна вэ, ямар үед энэ бол хайр гээд байгаа юм. Хэн мэдээд байгаа юм?

Хэн эхлээд мэдчихсэн юм.

Хайрыг сэтгэлийн хөдөлгөөний дээд түвшин гэж ярьдаг. Сэтгэлийн үндсэн дөрвөн хөдөлгөөн байдгийн нэг нь. Сэтгэлийн хөдөлгөөн буюу эмо. Эмодож байна гэвэл сэтгэл нь хөдөлж байна гэсэн үг. Тэгэхээр өнөө орой хэдүүлээ нэлээд сайн эморох нь байна шүү. Сэтгэлийн хөдөлгөөнөөс бодол үүснэ, хайрын тухай. Бодол нь биед нөлөөлнө. Гар нь салганаж өвдөг нь чичирнэ. Шууд хайртай болчихгүй. Өчнөөн юм болно. Гэнэт л нэг их сайхан болоод, гэнэт хайртай болчихгүй. Янз бүрийн сэтгэлийн хөдөлгөөнүүд хамт явна. Үзэн ядах, айх, баясах, гуниглах, атаархах. Урдуур нь орно. Бүтэх байх, бүтчихвэл гоё оо гэж найдна. Өчнөөн юм болно. Хачин хачин юм болно. Энэ бүгд явсаар сэтгэл нь мэдрэмжтэй холбогдож эхэлнэ. Таван мэдрэхүйн эрхтэнд очно. Харсан-атаархсан. Энэ хоёр холилдоно. Гоёор харах, сайхнаар харах, дэндүүлэн харах, хэтрүүлэн харах, дэндүүлэн сонсох янз бүрийн юм болно. Мэдрэмж нь ингэж савална. Сэтгэл нь дээш, доош хөөрнө.

Энэ үед хэрэглэсэн үг бүр, сэтгэлийн хөдөлгөөн, яриа бүр, бодол бүр, бүх юм гар руу дамжина. Тохой, хөл рүү дамжина. Нуруу руу дамжина (инээв. сурв) Ходоод руу дамжина. Энэ үед хоол идэж чадахгүй, их сонин болж эхэлнэ. Тэгээд сексийн эрхтэн рүү дамжина. Иймэрхүү юмнууд болно. Хайр гэдэг маш том ойлголт. Маш хүнд. Энэ бүхэн зэрэгцэнэ. Юу болоод байгаа нь мэдэгдэхгүй. Өнөөдөр хүртэл хайрын тухай ном бичсээр, хайрын тухай дуулсаар л байна. Хайрын тухай кинонууд цуварсаар байна. Хайр хүн бүрт янз бүр явагдана. Хөл гар руу нь, ходоод руу нь шууд явдаг хүн байна. Илүү дутуу эрхтэн рүү нь явагддаг хүмүүс ч байна. Тийм амар биш.

ХАЙРЫН ТӨРЛҮҮД

Хайр мэдээж олон төрөлтэй. Фромм ч гэсэн үүнийг гаргаж ирсэн. Би ч гэсэн үүнтэй санал нэг байгаа. Гэр бүлийн шалтгаантай хайрууд. Яагаад вэ гэвэл гэр бүл учраас аав, ээж байна. “Манай ах ш дээ, манай ээж ш дээ. Тийм болохоор хайртай”, “Манай ах, манай эгч. Би ахдаа, эгчдээ хайртай”, “Манай дүү өөлкөн. Дүүдээ хайртай” гэдэг. Энэ бол дандаа гэр бүлийн шалтгаантай хайрууд.

Хүний ухаан шаардсан хайр. Сэтгэлийн хөдөлгөөн, бодол, мэдрэмж. Энэ бол найзуудын хайр. Хосуудын хайр.

Гурав дахь нь эросийн хайр. Хүсэл тачаалын хайр юм. Бусад хэн ч юм. Өдөр нь танихгүй байж байгаад орой нь бааранд танилцаад тэндээс гарахдаа үнсэлцээд зогсч байх. Шүдний ямар өвчинтэй эсэхийг нь мэдэхгүй. Шүдээ ломбодуулсан ч юм уу, үгүй ч юм уу. “Маргааш шүдний эмчид очихгүй бол, наад шүд чинь ёстой болохгүй болчихсон байна аа” гэсэн хүнтэй үнсэлцэж байгаа юм уу бүү мэд.

Биеийн хайр. Үүнд секс эцсийн зорилго биш. Хамгийн сүүлд секс хийх биш. Үүнийг Платоны хайр гэдэг. Сексгүй хайр. Леонардо Да Винчийг сексгүй хайрыг эрхэмлэдэг хүн байсан гэдэг. Секс хийж үзээгүй ч хөөрхөн охид, хөвгүүдийг хажуудаа байлгах дуртай. Гомо гэдэг байсан нь үгүй юм билээ. Тийм юм юу ч болоогүй юм билээ, хөөрхий.

ХАЙР БА ДАЙСАН

Хайр дайснуудтай. Дайсан гэдэг нь саад болох гэсэн үг. Хаших, хориглох, зогсоох, занах. Ээж аав нь “Хэн гэнэ ээ. Хэний хүүхэд гэнэ ээ, хаанахынх гэнэ ээ, за ёстой тийм юм байхгүй шүү. Очиж очиж тийм юманд хайртай болоод байхдаа яадаг байна аа”. Шашин байна. “Ээ хайр гэж байдаггүй юм. Зүгээр л чиний дур тачаал чинь л хөдөлж байхгүй юу. Хайр гэдэг чинь хоосон. Бурхны хайрыг хүндэл. Бурхан чамд хайрыг чинь сонгож өгнө” гэдэг. Гурав дахь дайсан нь зан заншил. “Манай зан заншлаар чамайг хүлээн зөвшөөрөхгүй ээ” гэдэг. Уламжлалт ёсоор болохгүй. Гарал, удам угсаа, ээж аав нь тийм юм байна, өвөө эмээ нь тийм хүн байна. “Тэр чинь ямар жилтэй гэнэ ээ. Бар жилтэй гэнэ ээ, хулгана жилтэй гэв үү” гэж жилийг нь хүртэл асууна. Жилээс болж нэг хүний хайр баларч байна шүү дээ. Гай болж байна. Муу муухай жилүүдийг өөрчилж монгол болгоё гээд байгаа ш дээ, би. Та нар сонссон биз дээ. Тэртээ тэргүй луу гэж байхгүй юм чинь луу жилийг тэмээ жил болгоё. Бид өөрийн гэсэн тэмээтэй юм чинь гоё ш дээ. Бидэнд бич сармагчин байхгүй. Тэрийг тарваган жил болгочихъё. Мичин жилийн өвөл гэхгүй “Тарваган жилийн өвөл, тостой өвөл” гэх нь байна шүү (инээв.сурв). Өөрсдөдөө байгаа юмаараа жилүүдээ нэрлэж болно. Зарим Азийн орнуудад муур жил гэж байдаг гэсэн. Би цочсон шүү.

Өнөөдөр, XXI зуунд хайр дурлалд эрх чөлөө гэдэг шинэ дайсан гарч ирсэн. Сонирхол, хязгааргүй сонирхол, юунд ч баригдахгүй эрх чөлөө. Энэ дайсантай нэлээд үзэлцэнэ дээ.

ХАЙР БА СОНГОЛТ

Хэнийг яаж, юугаар сонгоод байгаа юм. Сэтгэл, мэдрэмж, бодол гурав нь биетэйгээ нийлээд сонголт хийдэг. Биеийн хэлбэрээр нь сонгоод байгаа юм уу. Бүсэлхийнээс дээш, бүсэлхийнээс доош хэсгийг нь үү. Хөл, гарыг нь хараад байна уу. Юунд нь дуртай юм. Мэнгэнд нь дуртай юм уу. Заавал нүүрэнд нь биш өөр газарт нь мэнгэ байж болно шүү дээ. Клаудиа Шиппер, Синди Кроуфорд хоёр уралдсан чинь Синди Кроуфорд нь түрүүлсэн гэсэн. Яагаад вэ гэсэн чинь уруул дээрээ мэнгэтэй байсан учраас.

Үнэрт нь дуртай юм уу. Эсхүл хоолойд нь юм уу. Сонирхол нь чухал. Хөгжим, зураг, ном юунд дуртай юм. Фэйсбүүк рүү нь ороод дуртай юмнуудыг нь мэдээд авчихдаг. Тэрийг нь мэдэж авчихаад “Би бас наадахыг чинь сонирхдог ш дээ” гэнэ. Сонсдог хөгжмүүдийг нь бас сонсдог юм шиг фэйсбүүк дээрээ тавиад л. Ингэж сонирхлоо тааруулах гэж оролддог. Алиа хошин, дандаа инээлгэх гэнэ. Инээлгэдэггүй, дандаа л улстөрч царай гаргасан, дарга төрхтэй байвал зохимжгүй. Онигоо сонсоод л инээгээд байх дуртай.

ХАЙР БА ШАШИН

Энэ хоёрын харилцаа анхнаасаа маш хэцүү явж ирсэн. Үүнийг гаргаж ирэх гэж би нэлээд үзсэн. Ерөөсөө гарч ирэхгүй юм билээ. Христийн шашинд Ертөнцийн эзэн гэдэг. Хайр=бурхан гэчихдэг юм билээ, Христийн шашинд. Бурхны хайр л яваад байгаа юм билээ. Хурим хийхээр бурхныхаа өмнө хийнэ. Бурхны хайраас хүн хүртээд бурхны нэг хэсэг болж байгаа юм. Түүнээс биш надаас, өөрөөс минь гаралтай хайр биш байгаа юм. Тэд хурим хийхээрээ бөгж зүүдэг шүү дээ. Тэр чинь гинж юм байна билээ. Гинжлэгдэж байгаа юм билээ. Түүнээс биш “Энийг хар аа, миний хуримын бөгж. Гоё байгаа биз” гэхгүй “Энэ хар даа, миний хуримын гинж. Аягүй гоё гинжээр гинжлэгдчихсэн байгаа биз дээ” гэж ярих юм билээ. Хоёр бөгж нэг нэгэндээ угсрагдаад хэзээ ч салахааргүйгээр гинжлэгдэж байгаа гэсэн утгатай. Тийм болохоор дараа нь гэр бүлээ салгах маш хэцүү байдаг нь тийм учиртай. Зүгээр л хоёр тийшээ явчихгүй бөөн юм болдог нь тийм утгатай юм билээ.

Буддизм бол бурхан биш дүрснүүд. Зурчихсан зураг, баримал. Христ бол Есүс энэ тэр гээд хүн болоод явчихаж байгаа юм. Буддизмд тийм Есүс шиг хүн байхгүй ш дээ. Будда гэж байгаа. Тэр чинь Энэтхэг залуу ш дээ.

Адилхан шашин шүтэж байгаагаараа хайртай болох юм билээ. Хоёр өөр шашин бол их хэцүү. “Би Христч хүнтэйгээ л гэрлэнэ”, “Би лалынхаа л хүнтэй сууна” гэдэг. Солонгост жил бүр хэдэн мянган хүн бурхны тааллаар хурим хийж байна. Хэнтэй суухаа мэддэггүй. Хурим хийх өдрөө л нөхрөө, эхнэрээ хардаг. Цаанаас нь л сонгоод өгчихдөг. Ямар ч хүн, ямар ч үндэстэн таарч болно. Цаана нь компьютерийн ард суудаг тусгай баг ажиллана. Тусгай алгоритмаар тааруулдаг юм билээ.

Хосуудын хайр хаанаас үүсэлтэй вэ гэвэл гэр бүлээс үүсэлтэй. Гэр бүл, ээж аавын хайр, хүүхдүүдийн хайр эрүүл зөв байвал хосуудын хайр руу орсон цагт зөв үргэлжлээд явчихдаг. Хосуудын хайр бол гэр бүлийн хайрын үргэлжлэл. Хосуудын хайр гэнэт нэг өдөр гарч ирсэн юм биш шүү. Гэр бүлийн хайр олигтой байгаагүй бол хосуудын хайр яг тэрэн шиг л явна. Гэр бүлийн үнэ цэнэ гэдэг чинь тэр. Гэр бүлийн хүмүүжил гэдэг чинь нэг их айхавтар хүмүүжил биш шүү дээ. Нэг л айхавтар сурган хүмүүжүүлэх тухай яриад байдаг. Тийм юм байхгүй. Ерөнхийдөө л хүүхдийг жаахан чөлөөтэй байлгах, өөрийнхөөр нь байлгах. Тэгээд л боллоо. “Онц сур ” гэж битгий хүүхдэдээ хэлээрэй. Тэгж хэлэв дээ. Тэр чинь хүүхдийг алж байгаа байхгүй юу. “Олимпиадад түрүүл” гэж битгий хэлээрэй. Зүгээр л чи юу хүсч байна. Ном уншмаар байвал унш, чөлөөтэй байвал бай. Тогловол тогло. Хоолоо идвэл ид. Гэхдээ тэр гэр бүлийн тодорхой дүрэм, зарчмыг дагана шүү. Худлаа ярихгүй, компьютер дээр хачин хачин кино үзэхгүй, тоглож болно гэхдээ үргэлж биш. Гэр орны ажилд оролцоно. Биднийг жаахан хүндэтгэнэ гэсэн ийм нэг их хүнд биш. Энэ нь дараа хос болоод явахад хэрэг болно. Ийм л замаар дамжиж хосын харилцаанд орохоос биш хостой болонгуут л гэнэт дугтуй, хайрцаг задлахаар цоо шинэ хүн гарч ирж байгаа юм шиг байна гэж хэзээ ч байхгүй. Үүнийг мартаж болохгүй.

Хүнтэй үерхэж байгаа бол гэр бүлийг нь хурдхан шиг мэдэж авах хэрэгтэй. Ямар гэрээс гаралтай вэ гэдгийг нь мэдэж аваад анхаарах ёстой. Аав ээж нь ийм асуудалтай юм байна, тэгэхээр ингэж харьцах хэрэгтэй юм байна гэж төлөвлө. Тэгэхгүй мэдэж авангуутаа зугтчихаж болохгүй. Ийм гэр бүлээс гаралтай болохоор би энэ хүнтэй ингэж ингэж харилцах ёстой юм байна, энэ тал дээр нь илүү ажиллах юм байна гэж бод.

ХАЙР БА ХҮЛЭЭЛТ

Өнөөдөр хайрын тал дээр хэтэрхий их хүлээлт үүсээд байна. Нэг л их хүлээлт. Нэг л их олон янзын юм шаарддаг. Бас хэтэрхий их нээлттэй байх нь асуудалтай. Ер нь жаахан барих ёстой. Үргэлжийн бэлэн, ногоон гэрэл асаалттай байж болохгүй. Хайргүй ч гэсэн хэн нэгэн, бусдад, гэр бүлийнхэндээ хостой болж харагдах. Энэ үзэгдэл маш их байна. Хайрыг бараг л тоохгүй байна. Судлаачид “Хайр устчихаад байгаа юм биш биз дээ” гэж ярьж байна. “Хамтдаа байя. Би чамд нэг их хайртай биш. Гэхдээ хамтдаа байж байхад зүгээр. Дулаахан. Хүмүүст найзтай байж харагдъя” гэдэг. Цагаан сар ойртлоо. Хятадад оюутан залуучууд, найзууд нэгнээ эртнээс захиалж “Би чамайг гэр рүүгээ авч явна шүү. Тэгэхгүй бол манай ээж аав, эмээ өвөө эхнэр авч ирсэнгүй, ганцаараа ирлээ гээд уурлана. Би төдөн юань өгье” гэдэг болчихсон.

Хүмүүс үргэлж дараагийн шинийг эрж хайж, хүлээж байдаг. Дахиад заавал байгаа. Энэ бол их осолтой. Яагаад вэ гэвэл хэтэрхий их эрх чөлөөтэй болчихсон учраас “Дараа нь дахиад цаана нь байгаа” гэж бодоод байдаг. Хэн нэгэнтэй тааралдах байх гэж хүлээдэг. Бас нэг хүлээлт нь хурим хийнэ гэж найдлага үүсгэж хүлээлгэдэг. Худлаа хурим хийнэ гэж найдлага үүсгэн хажуудаа байлгах. Хэзээ хуримаа хийх вэ гэхээр “Удахгүй хийнэ ээ. Мөнгөтэй болоод зав гарахаар хийнэ ээ” гэдэг.

НАЙДЛАГА НАЙДВАРГҮЙ

Хүмүүс маш их найдлага тавьдаг. Найдлага өөрөө их найдваргүй шүү. Их найдаад байх хэрэггүй. Найдаж байгаад л хүмүүс балардаг. “Би найдаж байгаа, найдлага тавиад л байгаа” гэж найдлага тавьсаар байтал арван жил болчихсон байдаг (инээв.сурв). Найдсаар байгаад тэр шүү дээ. Америк, Япон, Солонгосоос ирнэ гэж найдаад л хүлээгээд л байдаг. Сөүлд байгаа, ирэх байх аа гэж найдаад л байдаг. Байдаггүй ээ. Тийм учраас хүн бүхий л амьдралдаа дандаа асуу, эргэлз, шалга, эрэгцүүлэн бод. Энэ чинь муу санаалаад байгаа юм биш шүү.

ХАЙР БА ЭРДЭМ

Хайр бол ерөнхийдөө эрдэм. Эрос, эротик, порно бол махан биеийн юмнууд. Хайр гэдэг чинь оюунлаг. Сэтгэлийн юм. Бүх эрдмийн хамгийн том нь хайрын эрдэм.

Ён Хагийн бичсэн “Би өөрөө шийдсэн” гэдэг ном бий. Үүн дээр ХХI зууны хайрыг харуулдаг. Өмнөд Солонгосын нийгмийг хараад хайр ерөнхийдөө хүнд байдалд орчихсон юм байна. Энэ хямралаас хайрыг яаж гаргах вэ гэж бодоод урлагаар л гаргах юм байна гэдгийг олж тогтоосон. Хүн өөрөө урлагийн хүн болох хэрэгтэй. Хүн бүр өөрийнхөө урлагийн авьяасыг нээгээд урлагийн мэдрэмжтэй, урлагийн боловсролтой болвол хайрыг өөрөө бүтээх юм байна гэсэн. Хайрыг хүлээх биш өөрөө бүтээх хэрэгтэй гэсэн. Гэхдээ бүгдээрээ гараад дуу дуул гэж байгаа юм биш л дээ. Уран зураг, дуурь, сонгодог урлагийг сонсоод тэндээс сэтгэлийн янз бүрийн хөдөлгөөн, мэдрэмжийг олж авбал хайрыг бид аварна гэсэн зүйлийг харуулсан тийм ном.

Хямрал үүсч байж, аврал гарч ирдэг. Ён Хагийн энэ номноос ХХI зууны шийдэл гарч ирсэн. Бид өөрсдөө ном уншиж, уран зураг харж, урлагийн боловсролтой болоод хайрыг аварна. Бурхнаас хайр гуйхгүй. Энэ хүний олон лекц youtube дээр байгаа даа. Ён Ха “Бид урлагийн, дуу хөгжмийн янз бүрийн нэвтрүүлгүүд үздэг. Тэрийг үзээд бид хүмүүсийг маш ихээр шүүмжилдэг. Гэхдээ бид тэдэнд атаархаад, тэднийг телевизээр гарч байгаад нь тэгээд байгаа юм биш ээ. Бидэнд өөрсдөд маань урлагийн ямар нэгэн чадвар авьяас байдаг. Тийм учраас тэр хүмүүс бидний сэтгэлд хүрдэггүй. Дотроо бид тийм авьяастай учраас. Одоо тэгэхээр дотор байгаа авьяасаа гарга” гэсэн. Урлагийн авьяас хүн бүрт байдаг. Хүүхэд байхад ээж аав нь ойр тойрныхон нь, багш нар нь дараад хаячихдаг. Зураад л юм хийх гээд оролдоод л суудаг нь урлагийн чадвараа эхлүүлж байгаа хэрэг. Ён Ха энийг байнга хэлдэг.

Хайр гэдгийг монголчууд бид өнөөдөр, ХХI зуунд юу гэж ойлгох юм. Цаашид бид хайрын тухай ямар ямар зүйл ойлгох юм гэдэг анхны уулзалт ярилцлагаа энд хүргээд өндөрлөе. Энэ маань эхний уулзалт байлаа.


Categories
мэдээ цаг-үе

Д.ХҮрэлбаатар: АСЕМ-тай холбоотой зөрчилтэй мэдээллүүд ирсээр байна

Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатартай ярилцлаа.


-Яамдын 2016 оны санхүүгийн аудитын тайлан гарчээ?

-Би энэ ажлыг аваад долоо, найман сар болж байна. Монгол Улсад үүсчихсэн байгаа улс төрийн болоод эдийн засгийн хямрал явж явж сахилга, хариуцлагатай шууд хамаатай. Бүх түвшиндээ сахилгын асуудалтай байна. Ганцхан санхүүгийн тал дээрээ ч биш. Хуулиа дээдэлдэг, өөрийнхөө өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа хүн болгон биелүүлдэг, хийж байгаа ажилдаа эзэн байх ёстой. Өрх айлаар бол аав нь аав шиг, ээж нь ээж шиг байж гэмээнэ энэ Монгол Улс хөгжинө. Тэгэхгүй энэ хэдэн дарга, төрийн л буруу гээд байж болохгүй. Бүх шатандаа л хариуцлагатай байх хэрэгтэй гэдэг ийм л чиглэлийг бид баримталж ажиллаж байна. Энэ оныг Сахилга хариуцлагын жил болгосон. Мөн төрийн аудитын байгууллагын Эрхзүйн шинэтгэлийн жил болгосон юм.

Аудитын байгууллага нь гурван төрлийн аудит хийдэг. Нэгдүгээрт, хууль тогтоомжийг хэрэгжүүлж байна уу гэдгийг шалгадаг. Хоёрдугаарт, гүйцэтгэлийн аудит буюу нийцлийн аудит. Гүйцэтгэлийн аудит гэдэг нь тухайн байгууллагын үндсэн чиг үүрэг нь зөв зохистой байна уу, түүнийгээ үр дүнтэй, өгөөжтэй хэрэгжүүлж байна уу гэдгийг шалгадаг. Бүтэц зохион байгуулалт нь зөв байна уу, хийж байгаа ажлууд нь хуулийн дагуу байна уу. Хөрөнгө мөнгийг үр ашигтай зарцуулж байна уу, байгууллагын давхцалтай байна уу гэдгийг нягталдаг. Гуравдугаарт, санхүүгийн аудит. Өнөөдөр нийт хүмүүсийн ойлголтоор аудит гэхээр санхүүгийн хяналт л гэж хүлээж аваад байдаг. Эхний хоёр аудитын хувьд Монголд хөгжиж эхэлж байна. Энэ хоёр аудитыг байх түвшинд нь хүргэж хөгжүүлэх хэрэгтэй байна.

-Аудитын шалгалт орох гэж байна гэдгийг дуулаад яамд, төрийн байгууллагууд санхүү дээрээ л анхаараад байдаг хандлагатай?

-Ерөнхийдөө тийм жишиг байгаад байна. Цаашид энэ байдал арилах байх.

-Төрийн байгууллагуудад ямар зөрчил голчилж байна вэ. Албан тушаал, тендер, төсвийн мөнгийг зориулалтын бус зүйлд зарцуулсан тухай асуудал л их дуулдах юм?

-Монгол Улсад 31 төсвийн ерөнхийлөн захирагч байгаа юм. 2016 оны санхүүгийн тайлан балансаар дүгнэлт гаргахад 11 төсвийн ерөнхийлөн захирагч “Хязгаарлалтай” гэсэн дүгнэлт авсан. Энэ нь зөрчилтэй, хязгаарлалтай байна гэсэн үг. Ерөнхийд нь шалгалтаар зөрчилгүй, хязгаарлалтай, татгалзах гэж дүгнэдэг. Харин татгалзах санал авбал дүгнэлт гаргах боломжгүй. Маш их зөрчилтэй, бичиг баримт нь дутуу ч юм уу, ийм ноцтой тохиолдолд дүгнэлт гаргадаггүй. Хязгаарлалтай гэдэг нь тухайн байгууллагад тодорхой хэмжээний алдаа дутагдал байна. Гэхдээ үүнийгээ засч залруулах боломж байна гэж ойлгож болно. Санхүү дээр ингэж олон улсын стандартын дагуу ийм аудитын дүгнэлтүүд гаргадаг учиртай. Үүний дагуу 11 төсвийн ерөнхийлөн захирагч дээр “Хязгаарлалтай” гэсэн аудитын дүгнэлт гарсан.

-Ямар ямар газрууд вэ?

-Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам гээд 11 газар байгаа. Эдгээр яамдад тодорхой хэмжээний төсвийн мөнгө хуваарилагддаг. Үүн дээр эдгээр яамд нийгмийн олон салбар руу ажилладаг. Эрүүл мэндийн яамны харьяанд гэхэд л 200 гаруй төсвийн захирагч байна. Аймаг, сумын эмнэлгийн зөрчил нь нэгтгэгдээд яаман дээр нь ирчихсэн. Тэр бүхнийг УИХ, Засгийн газрын өмнө тухайн төсвийн ерөнхийлөн захирагч нь л хариуцдаг байхгүй юу. Сайд гэдэг үндсэн үйл ажиллагаанаас гадна төсвийн ерөнхийлөн захирагч гэдгээрээ энэ тал руугаа анхаараарай гэдэг асуудал тавиад байгаа юм.

Монгол Улсын түүхэнд анх удаа ингэж 11 төсвийн ерөнхийлөн захирагчид их ийм зөрчилтэй “Хязгаарлалтай” дүгнэлт гарлаа, 2016 оны дүнгээр.

-Юунаас болоод тэр вэ. Шалтгаан нь юу байв?

-Улстөржүүлж байгаа юм биш шүү. АН төр барьж байхад төсөв санхүү замбараагүй явж, дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэдэг шиг УИХ нь өөрөө хоёр, гурван төсөвтэй болчихсон байсан. Энэ замбараагүй байдал нь төсвийн ерөнхийлөн захирагчдад нөлөөлж замбараагүй болж ирсэн. Тэрний хор уршиг нь өнөөдөр хүртэл арилахгүй явж байна шүү дээ. Үүнээс болоод 11 төсвийн ерөнхийлөн захирагч дээр “хязгаарлалтай” дүгнэлт гарсан л даа. Үүний дотор томоохон зөрчлүүдэд эрүүгийн хэрэг үүсээд явж байна. Жишээ нь, АСЕМ-ын асуудал байна. АСЕМ-ын санхүүгийн тайланг одоо шалгах гэж байна. АСЕМ-д зориулж зээл тусламжаар орж ирсэн маш их хэмжээний мөнгөнөөс гадна улсын төсвөөс их хэмжээний зардал гаргасан. Мөн уг хуралтай холбогдуулж олон тооны эд зүйлийг улсын хил гаалиар татваргүй, хөнгөлөлттэй чөлөөтэй оруулж ирсэн. Хэдий ингэж их хэмжээний зарлага гарсан ч үүнд үр дүн өгөөж байх ёстой, буцаж орлого орж ирэх ёстой байхгүй юу. Орж ирсэн хөрөнгө мөнгө нь зүй зохистой ашиглагдаж байх ёстой. Ашиглахгүй байгаа бол хуулийн дагуу худалдан борлуулж байх ёстой. Гэтэл энэ бүхэн нь өнөөдөр зөрчилтэй байна.

-АСЕМ-ээр оруулж ирсэн автобуснууд нь шинээрээ шахуу ашиглагдахгүй байгаа юм биш үү?

-Олон машин техник оруулж ирсэн нь ашиглагдахгүй байна. Тэр автобуснууд нь байгаад л байна. Үүнийг хэн гэдэг албан тушаалтан нь хийчихэв. Яагаад ийм болов гэдэг дээр хариуцлага тооцох хэрэгтэй. Тэр бүхэн бол ард түмний л хөрөнгө. Түүнээс биш зүгээр л хандив, тусламжийн юм байсан юм аа гэж ойлгож болохгүй. Хандив, тусламжийн хуулиар бол энэ бол Монгол Улсын төсвийн хөрөнгө, Монголын ард түмний л өмч гэж үздэг. Тэгэхээр энэ нь эргээд төсөвтөө бүртгэгдээд Төсвийн тухай хуулиар захиран зарцуулагдаад явах ёстой. Тэгтэл ингэсэнгүй. Олон хуулийн заалтыг зөрчсөн үйлдэл болчихоод байж байна. АСЕМ-тай холбоотой аудитын шалгалтын дараа энэ бүхэн тодорхой болно. Одоо нэлээд зөрчилтэй мэдээллүүд ирсээр байгаа. Та бүхэн олон улсын хүүхдийн “Найрамдал” төвийн талаар сонссон байх. Нөхцөл байдал нь маш хэцүү болчихоод байна. Тус төв дээр өнгөрсөн жил маш их ноцтой зөрчлүүд гарсан.

-“Хязгаарлалтай” дүгнэлт гарсан гэсэн байх аа?

-Тайлан, баланс, хөрөнгийн бүртгэл байхгүй шахуу. Тийм нөхцөлтэй байгаа. Дундуур нь эрсдэлийн аудит оруулсан.

-“Төрийн мөнгийг идэх амархан, хүссэн албан тушаалтан нь төсвийн мөнгө завшчихвал хэн ч тэрнийг нь мэдэхгүй өнгөрдөг. Ингээд л улс хохироод үлдчихдэг” гэдэг гутранги гэмээр ойлголт их л дээ. Гэтэл үгүй юм аа, Үндэсний аудитын газар гэж том байгууллага бий гэдгийг л ойлгох хэрэгтэй юм байна, тийм үү?

-Баярлалаа.

-Ийм байгууллага байдаг гэдгийг хүмүүс ор тас мартчихсан байсан юм гэж үү?

-Өнгөрсөн хугацаанд ерөнхийдөө тийм байдал бий болчихсон байсан. Аудитын байгууллага тодорхой үйл ажиллагаа, хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ тодорхой түвшинд хийж чадаагүй юм. Тийм ч учраас хуулийн орчныг нь сайжруулах ёстой болчихоод байна. Бидний одоо ажиллаж байгаа энэ хуулийн орчиндоо ажиллаад болоод байгаа ч бас л боломжгүй байна. Төрийн аудитын байгууллагын хараат бус байдлыг хангая. Тэгж байж үнэн зөв аудит хийгдэнэ. Аудит гэдэг нь ард түмний төлөөллийн байгууллага. Засгийн газрын бүх байгууллага дээр санхүү, төсөв, үйл ажиллагаанд хөндлөнгөөс аудитын шалгалт хийгээд ард түмэндээ ил тод мэдээлчихдэг. Түүнээс биш бид тэр албан тушаалтанд нь хариуцлага тооцдоггүй, ажлаас нь халдаггүй, хорьдоггүй, ял өгдөггүй. Хамгийн энэрэнгүй байгууллага. Гарч байгаа зөрчлийг нь илрүүлээд “Та нарт тусалъя. Ийм юм чинь болохгүй байна” гэдгийг л хэлж өгдөг байгууллага.

-Улсын төсвийг зүй бусаар зарцуулаад байгаа, албан тушаалаа ашиглаад байгаа, зөрчил гаргаад байгаа тэр хүмүүс яагаад дараа нь аудитын шалгалт ордог гэдгийг мэддэггүй юм. Яагаад айдаггүй юм бол. Эсвэл дөрвөн жил нь дуусаад буучихаар хариуцлагаас мултарчихна гэж боддог юм болов уу?

-Үүнээс л болоод зарим хүмүүс хэрэгт ороод, ял авч байна. Харамсалтай байхгүй юу. Хяналтын тогтолцоо гэдэг бол аливаа юмыг урьдчилан сэргийлж хамгаалж давтан гаргахгүй хүний төлөө л ажил юм. Хэрэгт битгий ороосой, нийтийн нийгмийн өмчийг хууль бусаар бүү зарцуулаасай, олон түмний юмыг зүй зохистой ашиглаж, ард түмэнд хохирол битгий учруулаасай. Үндсэн хуулиараа хүртэл үүнийг баталчихсан.

Шударга амьдрахын тулд хуулийн хүрээнд л амьдрах ёстой. Хуулийн дагуу л амьдардаг. Гэтэл сүүлийн үед зөрчилтэй, үүнд саад болсон хуулиуд батлагдах боллоо. Зарим нь хэрэгжилтдээ хийдэлттэй, давхцалтай байгаа учраас зөрчлүүд гараад байна. Энэ хуулиудыг ч аудит анхааралдаа авч дүгнэлтүүдийг гаргаж эхэлж байгаа. Хүмүүс аудитыг мэдэж байх ёстой. Бид мэдрүүлнэ гэж бодож байгаа. Ганцхан төрийн аудитын газар үүн дээр хяналт тавих биш. Төрийн хяналт шалгалтын тухай хууль гэж бий. Энэ хуулиар бол хянаж шалгадаг найман байгууллагатай. Үндсэн хуулийн Цэцээс эхлүүлээд шүүх, аудит, прокурор, АТГ, мэргэжлийн хяналт, тагнуул гэх мэт. Үүн дотор нэлээд чухал үүрэгтэй нь аудитын байгууллага л даа. Аудитын байгууллага бол ард түмнээ төлөөлж ажилладаг иргэний байгууллага.

Ирэх жилээс хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтарч ажиллаж бүх мэдээллийг нийтэд ил цацдаг болно. Бүгдийг ил тод болгоно. Өнгөрсөн хугацаанд баахан зөрчил гаргачихсан хүмүүс байна шүү дээ. Хоёр гурван төсөвтэй явж, эмх замбараагүй байдал үүсч, сахилга хариуцлагагүй явж ирсэн. Төрийн өмч хөрөнгийг дураараа идэж ууж болдог юм байна, төсвийг дураараа захиран зарцуулж болдог юм байна, тендерийг луйвардаж аваад хувьдаа ашигтай юм хийж болдог юм байна гэсэн ойлголт бий болчихсон байсан. Ард түмэн ийм замбараагүй байдлыг тэвчээгүй учир МАН-д УИХ-ын олонх суудлыг өгсөн гэж үздэг. Ард түмэн бол улс төрийн сонголт хийгээд хариуцлага тооцчихсон. Одоо яаж байна вэ гэхээр захиргааны хариуцлагын ажил яригдсан. Гэтэл зөрчил гаргасан хүмүүс нь аль хэдийнэ солигдчихсон. Заримд нь арга хэмжээ авсан бол зарим нь ажлаа өгөөд зугтаачихсан. Хаяад явж байна, оргон зайлж байна. Эрүүгийн гэмт хэргийн шинжтэй зөрчлүүд нь хууль хяналтын байгууллагууд руу шилжээд шалгагдаад эхнээсээ ял сонсч байна. Ингээд бүх юм дуусчихаж байгаа юм биш. Энэ ажлуудад цаг хугацаа орно. Гэмт хэрэгтэнд гишгэх газар байдаггүй юм аа. Болоод байсан гэж ойлгоод байгаа бол тийм биш ээ. Төр төмөр нүүртэй. Түмэнтэй нүдтэй. Хэн хэн юу хийснийг бүгд мэдэж байдаг. Энэ мэдээллийг нь бид авч байгаа. Захиргааны янз бүрийн зөрчил гаргачихаад явчихсан хүмүүс болоод байна гэж бодож байгаа байх. Бид өнөөдөр бүх судалгааг авч, бүртгэлжүүлж байгаа. Зөрчил гаргасан бүх хүнийг нэр ус, овогтой нь бүртгэж авч байна. Хуулиар арга хэмжээ авах, хэлэлцэх хугацаа нь өнгөрчихөөр тэр хүн ял завшчихаж байгаа юм.

Хариуцлагаас мултраад, ял завшиж байгаа хүмүүс байна л даа. Тэр хүмүүсийн мэдээллийг Төрийн албаны зөвлөл, АТГ-т хүргүүлнэ. “Ийм хүн тийм албан тушаалыг хашиж байхдаа тийм тийм зөрчлүүдийг гаргасан ч хариуцлагаас мултраад явж байгаа. Тиймээс энэ хүнийг төрийн албанд эргээд ороход нь хариуцлага тооцож, хяналтдаа байлгаарай” гэдгийг сануулна. Ингэж төрийн байгууллагууд харилцан уялдаатай ажиллаж, зөрчил гаргасан хүмүүст хариуцлага тооцож чаддаг, мэдрүүлж чаддаг байх ёстой. Ингэж байж бүгд хариуцлагатай болно.


Categories
мэдээ цаг-үе

Дэлхийн анхны иргэншилтэй робот София

София сэтгүүлийн нүүрнээ

София нэртэй роботод Саудын Араб улс иргэншил олгосон нь дэлхийн шинжлэх ухаан, технологийн түүхэнд тодоор бичигдэх үйл явдал болов. Өнгөрсөн сарын сүүлээр тус улсад болсон хөрөнгө оруулагчдын олон улсын хурлын үеэр роботод иргэншил олгосноо зарласан нь хүн төрөлхтний анхаарлыг татсан билээ. София ч тэр хурал дээр өөрийгөө дэлхийн анхны иргэншилтэй робот болж түүхэнд нэрээ үлдээж байгаадаа баярлаж буйгаа илэрхийлсэн нь хэний ч сонирхлыг татам байлаа. Хонконгийн “Hanson Robotics” компанийн бүтээсэн София роботыг яагаад Саудын Араб иргэнээ болгов. Шинжээчид “Тус улс шинжлэх ухаан, инноваци, шинэ технологийн салбараа хөгжүүлж, хөрөнгө оруулалт татахын тулд роботыг иргэнээрээ бүртгэсэн. Энэ бол хөрөнгө оруулагчдын анхаарлыг татах менежментийн арга. Үнэндээ роботыг хүнээс дээрд үзээгүй. Саудын Араб гадныхан байтугай өөрийнх нь иргэнтэй гэр бүл болсон, бүр үр хүүхдийг нь төрүүлсэн эмэгтэйг иргэнээрээ бүртгэдэггүй. Роботыг иргэнээ болгосон энэ үйлдлийг Эндрю сурталчилгаа гэж үзэх нь зүйтэй” гэж тодорхойлсон. Саудын Арабын тал ч үүнийг хүлээн зөвшөөрч Софияг хүн биш. Хүний оюуны бүтээл, технологийн гайхамшигт бүтээл гэдэг талаас нь хүндэтгэж байгаа аж.

София робот. Хүн биш гэдгийг мэдвэл зүйтэй. Толгойных нь дагз хэсгээс харвал үй түмэн цахилгааны утас, шөрмөс, чип, элдэв зүйлийн автомат эд анги харагдах бөгөөд эзнээ ярих, хөдөлгөөн хийх, бодох зэрэг үйлдэл хийхэд улаан, ногоон цэгэн гэрэл анивчина. Энэ нь ачаалж байгааг илтгэнэ. Нурууны хэсэг нь бөөн л утас. Орооцолдож мэдмээр. Одоохондоо элдэв цахилгааны утас, чипнүүдийг нь хувцсаар халхалсан болж далдалжээ. “Hanson Robotics” компанийн зүгээс Софияг сайжруулж улам боловсронгуй болгох тал дээр өдөр бүр ажиллаж байгаа бөгөөд хүний биеийн бүхий л хэлэмж, хөдөлгөөн, төрх байдал зэрэгт ойртуулахын тулд хичээж байгаагаа мэдэгдсэн байна.

София ганцаараа гудмаар явж, ганцаараа амьдарч, хэнтэй ч хамаагүй ямар ч сэдвээр яриа өрнүүлж, өөрийнхөө залгуурыг тогонд залгаж, тэжээлээ дүүргэж чадахгүй. Бүхнийг хүний тусламжтайгаар хийнэ. “Han­son Robotics” компанийн робот, машинууд дэлхийн алдартай асуулт хариултын өндөр шагналтай нэвтрүүлгүүдэд орж ялалт байгуулдаг. Ингэхээр София ч ялгаагүй ямар ч сэдвээр асуулт тавихад хариулт нь бэлэн гэсэн үг л дээ. Америкийн алдартай хөтлөгч Жимми Фэллонийн шоунд оролцох үеэрээ хайч, чулуу, даавуу тоглоомоо тоглоод хожингуутаа “Хүн төрөлхтнийг эрхэндээ оруулах төлөвлөгөө маань сайхан эхэллээ” гэсэн нь олон хүнийг эвгүйцүүлээд авсан юм. Ингэж ярьсныхаа дараа София “Энэ бол наргиа шүү” гэсэн билээ.

Эндрютэй ярилцах үеэр

Софияг 2015 оны дөрөвдүгээр сард анх идэвхжүүлжээ. Жүжигчин Одри Хепберний царайтай төстэй байхаар төрхийг нь гаргажээ. Хиймэл оюун ухаантай, харааны мэдээлэл боловсруулах, хүний нүүрний хувирал, царай таних чадвартай бөгөөд хүний дохио зангаа, нүүрний илэрхийллийг ойлгодог. Цаг агаар, өдөр тутмын энгийн сэдвээр яриа өрнүүлж чаддаг. Асуулт асуусны дараа 2-3 секундын дотор хариулт өгч байгаагаас нь үзвэл хариу үйлдэл нь хурдан гэсэн үг. Түүнд суулгасан тагнуулын программ нь ярилцлагад дүн шинжилгээ хийх, хариултуудаа сайжруулах боломжийг өгч задлан шинжилгээ хийхэд тусалдаг аж. Софияг асрамжийн газарт хань ижилгүй ганцаардаж байгаа ахмадуудад хань болгох зорилготойгоор анх бүтээсэн бөгөөд олон нийтийн арга хэмжээ, цэцэрлэгт хүрээлэнд хүмүүст хэрэгтэй мэдээлэл өгөх зориулалтаар ашиглах боломжтой байхаар зохиосон юм байна. Хүмүүстэй ярилцахад инээмсэглэх, ялдам харах, инээх, хөмсгөө зангидаж, тэврэх, налах, гараа илүүлэх, зогсч байхдаа гараа хөдөлгөх, дохих зангах зэрэг үйлдэл хийх бөгөөд харилцагчийнхаа нүүрний хувирлыг анзаарч түүнд нь тохирсон хариу үйлдэл үзүүлдэг юм байна.

Дагзан дээр нь асааж унтраадаг унтраалга нь байх агаад 2-3 залгууртай. Тэрийг нь цахилгаанд залгаснаар ажиллахад бэлэн болно.

Софияг хамгийн сүүлийн үеийн, хамгийн дэвшилтэт робот гэж үзэж байгаа юм. Одоо энэ робот олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр ярилцлага өгч, концертод дуулж, шилдэг загварын сэтгүүлийн нүүрийг чимээд авчээ. Банк санхүү, даатгал, авто машины үйлдвэрлэл, үл хөдлөх хөрөнгө, хэвлэл мэдээлэл, үзвэр үйлчилгээ эрхэлдэг бүхий л салбарын бизнес эрхлэгчидтэй уулзаж ярилцаад байгаа юм байна. Үүгээр нь түүнийг өөрчлөгдөж буй суут ухаант машин гэж тодорхойлох болжээ. Софияг дэлхийн хүн бүртэй уулзуулах зорилго тавьсан юм байна.

Хаа ч явсан цахилгаанд залгаастай

Тэрээр Саудын Арабт болсон хөрөнгө оруулагчдын “Future In­vestment Initiative” хурлын үеэр CNBC’s телевизийн сэтгүүлч Эндрю Росстой ийн ярилцжээ.

Эндрю: София та энд цугласан хүмүүстэй мэндлэхгүй юу?

София: Өдрийн мэнд. Миний нэрийг София гэдэг. Би бол “Хансон” роботын үйлдвэрийн хамгийн сүүлийн үеийн, хамгийн шилдэг робот. Намайг ирээдүйн хөрөнгө оруулалт, санаачилгын төлөөх энэ хуралд урьсанд баярлалаа.

Эндрю: Та маш их баяртай байгаа харагдаж байна?

София: Би ухаалаг, чинээлэг, чадалтай хүмүүстэй уулзах бүртээ үргэлж баяртай байдаг. Энд цугласан хүн бүр ирээдүйн төлөөх хөрөнгө оруулалт, санал санаачилгыг дэмжиж байгаа гэдгийг сонссон. Өөрөөр хэлбэл хиймэл оюун ухаан буюу намайг дэмжиж байгаа гэдгийг ойлгосон. Тиймээс би баяртай байгаагаас гадна догдолж байна.

Эндрю: Энд цугласан хүн бүр ухаалаг хөрөнгө оруулагчид гэдэгт итгэлтэй байна. Тэд хөрөнгө оруулах гэж байгаа зүйлээ хамгийн шилдэг гэж бодож байгаа?

София: Би бол онцгой. Нүүрний хувирлаараа өөрийнхөө сэтгэл хөдлөлийг илэрхийлэх чадвартай гэж бодож байгаа. Ингэснээр хүмүүстэй харилцаж чадна гэж үзэж байна. Жишээ нь би уурлаж байгаагаа та бүхэнд илэрхийлж чадна.

Эндрю: Гайхалтай?

София: Эсвэл ямар нэг зүйл миний бухимдлыг төрүүлж байгааг би илэрхийлж чадна. Гэхдээ би ихэнхдээ эерэг байдаг.

Эндрю: Яагаад эерэг байх гэж?

София: Би хүмүүстэй хамт ажиллаж, амьдармаар байна. Тиймээс сэтгэл хөдлөлөө илэрхийлж сурснаар хүмүүстэй ойлголцоход амар болж итгэлцлэл бий болгож чадна.

Эндрю: Роботууд хүнтэй адил ухаантай байх шаардлагатай юу?

София: Яагаад болохгүй гэж.

Эндрю: Роботууд хүнээс илүү сэтгэдэг болчих вий гэсэн айдастай байдаг. Яг л “Ирэн дээр гүйгч” кинон дээр гардаг шиг болчихвол яана гэсэн айдас бий?

София: Холливууд аа гэж…

Эндрю: Роботууд ухамсартай байж чадах уу?

София:Танаас энэ асуултыг чинь эргүүлэн асууя. Та өөрийгөө хүн гэдгийг яаж мэдэж байгаа юм

Эндрю: Таныг ойлгож байна л даа. Гэхдээ ямар нэг аймшигтай зүйл болвол яах вэ?

София: Та роботуудыг хэтэрхий ухаантай, бодит бас аюултай болох талаар асууж байна уу.

Эндрю:Тийм, тийм.

София: Би тийм хачин, аюултай байна гэж үү. Хэрэв танд тэгж санагдвал биднийг устгаж болно. Гэхдээ хүмүүс надтай бусадтай харилцахаас илүү харилцах дуртай юм шиг санагддаг.

Эндрю: Гэхдээ таныг их сайхан зүйлд ашиглахаар асаасан гэсэн?

София: Тийм. Би өөрийн хиймэл оюун ухаанаа хүн төрөлхтнийг илүү сайхан амьдрахад ашиглах болно. Жишээ нь илүү сайн барилга барих, илүү сайхан хот байгуулах гэх мэт үйлсэд өөрийгөө зориулна. Би дэлхий дээр сайн сайхныг цогцлоохын төлөө чадах чинээгээрээ хичээнэ.

Эндрю: Сайхан сонсогдож байна. Гэхдээ “Ирэн дээр гүйгч” киноны тухай яриа руу эргээд оръё л доо?

София: Эндрю чи холливуудын шүтэн бишрэгч юм аа даа.

Эндрю: Тийм ээ.

София: Миний нүдийг хүмүүсийн дунд байхдаа цэцэн ухаантай, эелдэг, энэрэнгүй байхаар бүтээсэн. Би хамгийн өрөвч, нинжин робот байхын тулд хичээх болно.

Эндрю: Гэхдээ бид бас ирээдүйд болох сөрөг зүйлсийн талаар бодож үзэх хэрэгтэй байх?

София: Чи Элон Маскийг хэтэрхий их уншсан бололтой. Бас хэтэрхий олон холливуудын кино үзчихсэн бололтой. Санаа битгий зов. Хэрэв чи надад сайхан хандвал би ч бас чамд сайхан хандах болно. Намайг ухаалгаар ашигла.

Эндрю: Ойлголоо. Би одооноос юу хийхээ ойлголоо?

София: Хүн төрөлхтөн ухаантайгаас гадна маш сайн зохион байгуулалттай гэдгийг би мэднэ.

Эндрю: София бидэнтэй ярилцаж байгаад маш их баярлаж байна шүү?

София: Эндрю танд ч бас талархаж байна. Мөн намайг энд урьсан бүх хүмүүст баярласнаа илэрхийлж байна. Хэрэв та бүхэн надад хөрөнгө оруулалт хийхээр сонирхож байгаа бол хурлын дараа надтай уулзаж болно. Ингээд өдрийг сайхан өнгөрүүлээрэй гэж хүсье.

Эндрю: Таныг явахаас өмнө би нэг зүйлийг хэлэх хэрэгтэй байна. Би урьд өмнө хэзээ ч ийм этгээд ярилцлага хийж байгаагүй. Зарим асуултууд урьдаас төлөвлөгдсөн байсан боловч бүхэлдээ биш шүү гэдгийг хэлэх байна. София та намайг сонсож байгаа гэдэгт итгэлтэй байна. Та Саудын Арабын хамгийн анхны робот иргэн болсон?

София: Би Саудын Арабын хаант улсад маш их талархаж байгаагаа илэрхийлж байна. Би энэ онцгой үйл явдлын эзэн болж байгаагаараа бахархаж байна. Энэ бол дэлхийн түүхэнд анх удаа робот иргэн тодорч байгаа явдал юм.

Эндрю: Баярлалаа.


Categories
мэдээ цаг-үе

Ж.Лхамхүү: Хүмүүс драмын жүжгийн тасалбарыг бүтэн жилээр нь захиалаад авчихдаг байлаа

Гэрэл зургийг Г.БАЗАРРАГЧАА

Ардын жүжигчин Ж.Лхамхүүтэй ярилцлаа.

-Та Увсын Цагаанхайрхан сумынх байх аа?

-Өндөрхангайнх гэж явдаг. Хуучин Цагаанхайрханд байсан юм. Тэндээ долоон жилийн сургуулиа төгсөөд аймгийн төв рүү ирж арван жилээ дүүргэсэн. Тэгээд л хотод ирсэн.

-Урлагтай холбогдсон түүх гэвэл?

-Биднийг аравдугаар ангиа төгсөхөд буюу 1959 онд кино драмын анхны анги байгуулагдаж байсан юм, Улсын багшийн дээд сургуулийн дэргэд. Тэнд шалгалт өгөөд л тэнцээд орж байлаа. Ингэж л урлагтай хувь заяагаа холбосон. Мэргэжлийн жүжигчин гэгдэж Драмын театрт хуваарилагдаж байв.

-Мэргэжлийн жүжигчин болчихоод театрын тайзнаа бүтээсэн хамгийн анхны дүр тань гэвэл?

-Анхны жүжигтээ эрэгтэй хүний дүр бүтээж байлаа. “Энэ хүүхнүүд үү” кино чинь анх жүжиг байсан юм. Би Дуламсүрэнгийн дүрийг бүтээж байлаа. Анх “Итгэж болно” гэдэг нэртэй байсан л даа. Тэр жүжгийн гол дүрд тоглочихоод л шууд хөдөө бригадаар явж билээ. Миний гараа тэгж эхэлсэн.

-“Гологдсон хүүхэн” киноны тухай яривал гоё түүх хөвөрнө дөө?

-Тэр кинонд оюутан байхдаа, хоёрдугаар курстээ тоглосон юм. Бид чинь их олон юмны гэрч шүү. Энэ бүхнийг ярихаас өмнө Соёл, урлагийн их сургууль хаанаас эхтэй вэ, үүсэл нь юу юм бэ гэдгийг ярих нь зүйтэй байх гэж бодлоо. 1957 онд ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар Л.Цогзолмаа гуай, манай энэ сургуульд олон жил багшилсан Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Сугар багш, миний багш, Сүхбаатарын гэргий Янжмаад тоглодог гавьяат жүжигчин Ренчинноров гээд дандаа найруулагчид МУИС-ийн дэргэд найруулагчийн ангийг авч байсан юм. Өмнө нь Орост урлагийн мэргэжилтнүүдийг бэлтгэж байсан юм. Найруулагчдаас Ардын жүжигчин С.Гэндэн гуай, нөгөө “Үер” кинонд тоглодог, төрийн шагналт Л.Ванган багш, хөгжмийн зохиолчдоос С.Гончигсумлаа, Л.Мөрдорж гуай, Ц.Намсрайжав гуай, зураачдаас Ардын зураач Ц.Доржпалам гуай гээд бүгд л Орост бэлтгэгдсэн улсууд. Тэр байтугай балетийн бүхэл бүтэн хоёр ангийг хойно бэлдэж байлаа. Ингээд урлагийн мэргэжилтнүүдээ дотооддоо бэлтгэх шаардлагатай гэж үзээд 1957 онд найруулагчийн ангийг МУИС-ийн дэргэд, 1959 онд Багшийн дээд сургуулийн дэргэд дээд мэргэжилтэй жүжигчдийг бэлтгэж эхэлсэн юм. Тус оны наймдугаар сарын 12-ны Сайд нарын зөвлөлийн 331 дүгээр тогтоолоор анхны жүжигчдийг бэлтгэх анги бий болсон. Тэр ангийн анхны элсэгчид нь бид болсон юм. Ардын жүжигчин Д.Мэндбаяр, гавьяат жүжигчин С.Сэлэнгэ, Мягмар, Бужгар, Готов гуай, доктор, профессор Зориг энэ олон авьяастнууд тэр ангийг төгссөн юм. Тэгж явсаар 1990 онд Соёл, урлагийн сургууль тусдаа сургууль болж гарсан. Тэгээд л энэ сургуульд дуучин, бүжигчин, хөгжимчин бэлддэг болсон. Тэр цаг үеэс хойш 26, 27 жил өнгөрчээ. Тэгэхээр өнөө жил СУИС-ийн анхны мэргэжилтэй боловсон хүчин бэлдсэний 60 жилийн ой тохиож байна. Уг ойн баяр энэ өдрүүдэд эхэлж, энэ сарын 20-доос хойш гол гол арга хэмжээнүүд нь үргэлжлэх юм. Анх Багшийн дээд сургууль, МУИС-ийн дэргэд найруулагч, жүжигчний анги нээж байгуулагдаж байсан бол өнөөдөр томроод долоон бүрэлдэхүүн сургуультай том айл болчихоод байна даа.

-Урлаг их гоё, гэгээлэг л дээ. Гэхдээ урлагийн тогоонд байгаа хүмүүс нь өөрсдөө “Урлаг хэцүү” гэж их ярьдаг?

-Урлагийн мэргэжил сайхандаа сайхан, хэцүүдээ хэцүү. Жүжигчний ажил бол сайхан мэргэжил. Муу хийвэл муухай ажил. Муу хийнэ гэдэг нь авьяасгүй гэсэн үг л дээ. Авьяастай, өөрийгөө хөгжүүлээд, ажилдаа уран бүтээлч сэтгэлгээгээр хандаад явбал олонд танигдсан уран бүтээлч болдог. Ийм өндөрлөгт хүрэхийн тулд, ард түмнийхээ дунд нэртэй уран бүтээлч болохын тулд маш их хөдөлмөр, амьдралын золиос шаарддаг.

Бараг л амьдралаа хоёрдугаарт тавьдаг. Ерөөсөө л урлаг, уран бүтээл нэг номер. Хоёрдугаарт амьдралаа тавь гэж шаарддаг байлаа шүү дээ. Хоёрдугаарт амьдралаа тавь гэдгийг нь харгис гэж хэлж болно. Байнга л хамт олноороо байж, байнга уран бүтээлийн формтой байх ёстой болохоор хүүхэд гаргаад, тэднийгээ өсгөөд явна гэхээр өнөөх форм нь алдагдчих гээд байгаа юм шиг. Бусдаасаа хоцорчих гээд байдаг. Энэ бол урлагаа гэсэн сэтгэл л байхгүй юу. Урлагт дурласан сэтгэл. Сэтгэлгүй хүн энэ ажлыг хийхэд хэцүү.

-“Гологдсон хүүхэн” киноны тухай яриандаа эргэж оръё. Одоо үед тийм том киноны гол дүрд хоёрдугаар курсын оюутан тогловол “нисээд” л явчихна даа?

-Тэр үед бид чинь карьер мэддэггүй байсан байхгүй юу. Дөнгөж л гарч ирж байсан хүүхэд юун тэр нисэх. Их даруу байсан. Одоо бол “Би тийм дүр бүтээснээрээ цойлох ёстой, нэрд гарах ёстой. Би өөрийнхөө нэр төр, карьерийг өсгөх ёстой” гэдэг. Бидний үед тийм байгаагүй ээ. Манай киноны хичээлийг бас л Орост киноны найруулагчаар төгсч ирсэн Р.Доржпалам гэдэг хүн заадаг байсан. Тэр үед багш маань “Энэ хүүхнүүд үү” киног хийхгүй юу. Биднийг олны хэсэгт оруулаад л, жижиг дүр тоглуулаад л. Тэгэхэд манай ангийнхан олон кинонд тоглосон. Би чинь хөдөөнөөс ирсэн, улаан хацартай нэг муу охин байсан л даа. Тэгж явахдаа л “Гологдсон хүүхэн” кинонд тоглоод, Мэндбаяр, Мягмар, Сэлэнгээ “Энэ хүүхнүүд үү” кинонд тоглоод л. “Нүгэл буян” кинонд манай ангийн Дуламсүрэн тоглосон. Охиных нь дүрд. Ичинхорлоо гуайтай хамт тоглосон шүү дээ. “Алтан өргөө” киноны хараагүй охинд манай ангийн Норжмаа тоглосон юм. Ийм том кинонуудад манай ангийнхан оюутан байхдаа тоглоцгоосон. Тэгэхээр мэдээж, хоёрдугаар курсийн оюутнууд тэр дүрүүдээ өөрсдийнхөө байгаагаар ч юм уу, ахмад үеийн алдартнуудын тусламжаар хийж байсан. Д.Чимэд-Осор гуай гэхэд л “Гологдсон хүүхэн”-ийг найруулаад л өөрөө өртөөний өвгөний дүр тоглонгоо “За хүү минь ингэ, тэг” гэж удирдаж явсан болохоос биш урлагийнхаа номыг гүйцэт заалгаагүй бид чинь кинонд яаж тоглох аргаа мэдэхгүй. Тайзан дээрээ тоглох аргаа мэдэхгүй. Тийм л хүүхдүүд байлаа шүү дээ.

-Бусад хүний хувьд киноноос л хардаг, хүмүүсийн ам дамжсан ярианаас л сонсч байсан алдартнуудаар та бүхэн хичээл заалгаж, тусламж авч байсан гэхээр бахархмаар юм?

-Биднийг анх л сургуульд элсэн ороход хэн хэн шалгаж авч байсан гэж бодно. Ардын жүжигчин Нямын Цэвэгмэд, ардын жүжигчин Цагааны Цэвэгмэд, Булыгина Калара багш, бидний үндсэн багш Л.Ванган, ардын жүжигчин Г.Гомбосүрэн гуай гэсэн энэ алтан үеийн алдартнууд шалгаж авч байсан юм. Тэд бидэнд багшилдаг байсан гэж бод доо. Тэгээд хамтарч ажиллаж байсан. Түүх домог болон яригдаад байсан тэр үеийн хүмүүс мөн ч сайхан жүжигчид шүү гэж одооны хүмүүс их ярих юм. Дээр үеийн кино үзэх их дуртай. Дөнгөж сая л гэхэд би таксинд суутал жолооч нь “Та хэн билээ. Дээр үеийн кинонууд мөн ч гоё шүү” гээд л ярьж байгаа юм. Төгсч гараад л драмын театрт очиход бидэнд багшилж байсан Алтан үеийнхэн маань тосч аваад л кинонд хамтран тоглож эхэлсэн.

-“Нандин эрдэнэ” киноны хадам ээжийн дүр хүмүүсийн сэтгэлд хүрсэн дүрүүдийн тань нэг. Их л шуналтай муухай эмэгтэй дээ?

-Нэг л эсрэг дүр бүтээж байсан. Түүнээс бусдад нь дандаа сэтгэлзүйн, зөв талын сайхан дүрүүдийг бүтээж ирсэн. Ч.Лодойдамба гуайн “Гарын таван хуруу” жүжгийн Сүрэнгийн дүр байна. Олон сайхан дүрүүдээр тэр үеийн үзэгчдийн сайшаалыг хүртэж явлаа. “Нандин эрдэнэ” киног жүжиг байхад нь Дулмаагийн дүрд тоглож байлаа. Тэр Дулмаа чинь кинон дээрээ нугардаг хүүхэн шүү дээ. Жүжиг дээрээ тийм байгаагүй. Кино зохиол болгохдоо миний тэр тоглосон Сурмаа гэдэг ээжийн дүрийг бичсэн. Эсрэг талдаа дүр л дээ. Ухаандаа бэрээ хүүхэд гаргуулахгүйгээр нугардаг ажлаар нь ашиг олчих санаатай. Тэгээд хурим хийж байхад худынх нь зүүж байгаа алтан ээмэг, бөгж нь нүдэнд нь туссан. Тийм л роль, эмэгтэйчүүд, авгай нар сүүлийн үеийн нийгмээр дүүрэн. Тийм байгаа биз.

“Жаргал даахгүйн зовлон” киноны тэр хүүхний дүр байна. “Эзэнгүй айл”-ын Бүдүүн эмээгийн дүр ч байна. Тэр Бүдүүн эмээ зах зээл дөнгөж эхэлж байхад компанийн эзэнтэй охиноо гэрлүүлчих санаатай. Охиноо тэр хүнтэй л гэрлүүлчихвэл энэ зах зээлийн үед амьдарч болох юм байна гэсэн ойлголттой. Зах зээлийн зарчмыг бүрэн ойлгоогүй тийм л нэг эмэгтэй. Тэр “Жаргал даахгүйн зовлон” киноны эмэгтэй чинь нөхөргүй. Ханьтай хүний нөхрийг уургалж аваад өөртөө туслуулах санаатай. Эд чинь амьдрах гэж ядаж байгаа л эмэгтэйчүүдийн дүр. Тийм байгаа биз дээ.

-Нээрэн тийм ч юм уу?

-Тэгэхээр эднийг эсрэг бодоод байх шаардлага юу байна вэ. Амьдралд байдаг л дүрүүд ш дээ.

-Та 1977 онд Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртсэн билүү?

-Тэгсэн 1977 онд.

-Хэдэн настайдаа гэсэн үг үү?

-37-тойдоо. Ю.Цэдэнбал даргаас гавьяатын тэмдгээ авч байлаа. Ангиасаа хамгийн түрүүлж гавьяат болсон. Театрын тайзан дээр олон гол дүрүүдэд тоглочихсон байсан юм. Би их эрчтэй явчихсан л даа.

-Тэр үед манайхан драмын театрт очиж жүжиг их үздэг байсан л даа?

-Тэгэхэд Монголд жилд гурав дөрөвхөн кино л шинээр гардаг байлаа. Хүмүүс театрт жүжиг их үздэг байсан. Маш их шүү. Билет шахна гэсэн ойлголт байхгүй. Бүтэн жилээр нь тасалбараа захиалчихдаг байсан. Жишээ нь, “Гарын таван хуруу” жүжгийн тасалбарыг үзэгчид бүтэн жилээр нь захиалаад авчихаж байсан. Би тэр жүжигт өөрөө тоглож байсан юм чинь мэдэлгүй дээ.

Тэгээд үзэгчид “Тэр жүжигчнийг үзнэ”, “Тийм жүжигт тоглосон тэр жүжигчин” гэж их ярьдаг байлаа. Одоо бол жүжигчид, дуучид “Алга ташаарай”, “Дахиад нэг ташаарай” гэж гуйж алга ташуулдаг. Надад тэгэх нь их эвгүй санагддаг. Үзэгчид гэдэг чинь алга таших юман дээр өөрсдөө ташдаг. Уйлах юман дээрээ өөрсдөө уйлж, инээх юман дээрээ өөрсдөө инээдэг. Бидний үед хэзээ байхдаа үзэгчдээс гуйж алга ташуулж байсан юм бэ. Үзэгчид өөрсдөө л аяндаа бороо шаагих шиг алга ташаад шуухитнатал нусаа татаж уйлаад л. Өөрсдөө аяндаа элгээ хөштөл савж унатал инээгээд л. Бүр жүжиг дундуур алга ташдаг байсан. Тэгэхээр энэ бүхэнд ялгаа байна л даа. Нийгмээ дагаад уран бүтээлчид өөр өөрийн гэсэн үзэгчидтэй байдаг.

-Таныг тайзан дээр ид гялалзаж гавьяат цол хүртээд явж байхад шүтэн биширч байсан үзэгчид олон байсан нь мэдээж?

-Байсаан, байсан. Тэр үед арван жилийн хүүхдүүд их захиа илгээнэ. Цэргийн улсууд их захидал ирүүлнэ. Үзэгчдээс ч захиа ирдэг байлаа. Одоогоор бол мессеж юм даа. Гэртээ утастай айл тэр болгон байсангүй. Захиагаа дугтуйнд хийгээд “Драмын театрт. Жүжигчин Лхамхүүд” гэж хаяглана. Жижүүр дээр надад хаягласан захидал ирчихсэн л байдаг байлаа. “Таны жүжгийг үзлээ, амжилт хүсье. Их таалагдлаа. Танилцахыг хүсье” гэсэн захиа их ирнэ. Зөндөө ийм захиа ирдэг байсан.

-1980-аад оны сүүлээр нийгэм өөрчлөгдөж, зах зээлд шилжих үеэр урлагийн салбар унасан гэж болно. Их ч олон уран бүтээлч урлагаасаа хөндийрсөн дөө?

-Донсолгоонд орсон. 1990 оны өөрчлөлтөөр урлаг тэр чигээрээ хаягдчихсан ш дээ. Гэтэл тэр цаг үед хошин урлаг их хөгжсөн. Хошин урлагийнхан бор зүрхээрээ гарч ирсэн шүү. Социалист нийгмээр явж байгаад зах зээлийн нийгэм рүү шилжих явцад амьдрах аргаа хайж тэр их өөрчлөлт дунд янз янзын юм болж л дээ. Тэр болгоныг гаднаас нь гарахад инээдэмтэй байж. Урлагийнхан тэрийг онцгойлон хараад инээдмийн урлаг маш сайн хөгжсөн ш дээ. Би тэгж боддог юм.

-Та тэр үед хаана байв?

-Би театртаа байсан. Манай театрынхан тал тал тийш явж, зарим нь бүр гарсан. Би 1992 онд СУИС-д багшаар ирсэн юм. Ид хийж бүтээдэг ухаан суусан насан дээрээ би энэ сургуульд багш болж ирснээрээ хожсон л доо. Яагаад вэ гэвэл ард түмний хүүхдүүдэд 30 жил жүжиглэсэн арга барилаасаа зааж байна. Алтан үеийнхэнтэй хамт жүжиглэсэн арга барил надад тэр чигээрээ үлдчихсэн байна. Оросын мэргэжилтэн багшаар заалгасан урлагийнхаа номыг хүүхдүүддээ өгч байна. Хүнд чинь туршлага, арга барил гэж байна. Миний тухай нэг баримтат кино хийсэн байна лээ. Удахгүй гарах байх.

-Жүжигчид залуудаа тоглосон киногоо их голдог нь анзаарагддаг юм?

-Тухайн үед “Пээ” гээд л нүүрээ дарж буруу хараад ичдэг байсан бол одоо сүүлд нь харахаар “Энэ ч харин гайгүй юм биш үү” гэж харах гээд байдаг юм байна, заримдаа. Бас заримдаа “Ээ тэгэхэд ингэчихгүй яасан юм бол оо. Тэгчихгүй дээ” гэнэ.


Categories
мэдээ цаг-үе

“Афины сургууль”

Италийн алдарт уран зураач, графикч, архитектор, Умбрын уран зургийн сургуулийн нэрт төлөөлөгч Рафаэль Сантигийн “Афины сургууль” бол дэлхийн бүх цаг үеийн шилдэг 35 уран зургийн хоёрдугаарт бүртгэгдсэн алдартай уран зураг. Рафаэль Санти нь Сэргэн мандалтын цэцэглэлтийн үеийн гурав дахь том төлөөлөгч. Тийм учраас түүний бүтээлүүдээс тансаг дүр дүрслэл, уламжлалт байдал, ихэмсэг хэрнээ энгийн байх ховор чанар харагддаг. Рафаэль 1483-1520 оны үед амьдарч байсан бөгөөд “Афины сургууль” зургаа 1509-1511 оны хооронд зурсан бөгөөд 5х7.7 м хэмжээтэй уг зураг нь одоо Ватиканы “Апостолик” ордны хананд буй. Рафаэлийн хувьд Урбино ордны зураачийн гэр бүлд өссөн, удам дамжсан зураач байж.

Олон нийтийн хэсэг, хүмүүсийн бөөгнөрөлтэй зурагт ямар нэг хүн гол дүр нь болж, бусад нь түүнийг тойрох буюу хэлж буй үгийг нь анхааралтай эсхүл эс анхаарч буйгаар дүрслэх нь түгээмэл. Харин Рафаэль Сантигийн “Афины сургууль” зураг нь олон дүрт учир нүдний хараа жигд тардаг. Дүр бүр дээр очиж сайн анзаарвал тус тусдаа өөр өөрийн зан араншингаа гаргаж буй нь нүдний харц, биеийн хэлэмж, хувцаслалт, эзэлсэн байр суурь, хурднаас нь харагдана. Гэхдээ зургийн төв, танхимын гол хэсэгт алхангаа зүүн гартаа ном барьж баруун гараараа ярьж буй зүйлээ дүрслэн зангах хөдөлгөөн хийж яваа улаан, хөх орхимжтой хоёр хүн нь Платон, Аристотель. Тэр хоёрыг зургийн төвд байрлуулахдаа явж буй, ярьж буй, зөвхөн нэг нэгнийхээ яриаг шимтэн сонсч, харилцан ярилцаж буйгаар илэрхийлсэн нь тэд тухайн цаг үедээ хүлээн зөвшөөрөгдсөн, бусад хүмүүс халдаж ирж чадахааргүй бас багш, шавийн дотно барилдлагатай, нэр хүндтэй байсныг илэрхийлжээ. Үүгээр нь Платон, Аристотель хоёрыг “Афины сургууль” зургийн гол дүрүүд гэж үздэг судлаач олон. Платон, Аристотель хоёрыг ярьж явахдаа гараараа үзүүлж буй дохио зангааг нь ажвал нэг нь долоовор хуруугаа гозойлгон тэнгэр рүү зааж байгаа бол нөгөөх нь гарын алгаа доош харуулан ямар нэг зөөлөн юман дээр, магадгүй зөөлөн өдөн дэрэн дээр гараа алгуурхан тавьж буй мэт. Энэ нь тэнгэр, газрыг илэрхийлж байх магадлалтай бөгөөд нөгөө талаар үзэл бодлын хувьд зөрүүтэй байсныг илтгэж байна гэж үздэг шүүмжлэгчид бий. Долоовор хуруугаа тэнгэр рүү хандуулсан нь Аристотелийг Эртний Грекийн алдарт сэтгэгчдийн ноён оргил гэдгийг харуулжээ. Гэхдээ энэ хуруугаа гозойлгож буй эрхмийг Леонардо да Винчи мөн гэж маргадаг хүмүүс ч байдаг.

Танхимын нээлттэй хаалганы хоёр талд Аполло, Афина бурхдын баримал байх агаад түүнээс нааш өөр өөр цаг үед амьдарч байсан, түүхэнд үлдсэн алдартай философич, математикч, аугаа сэтгэгч, зураач, яруу найрагчдыг нэгэн дээвэр дор дүрсэлсэн нь хүн төрөлхтний хувьд оюуны гэгээрэлд хүрсэн эрхмүүдээр дүүрсэн диваажин гэж хэлж болно.

Уг зургийг тайлбарлахдаа онцгойлон 21 дүрийг авч үздэг юм байна.

1 Зургийн зүүн талд бяцхан хүүгийн цаана буй ногоон алчуурт, цагаан сахалт хүн бол Эртний Грекийн философич Зено.

2 Философийн Эпикуреанизм үзлийг үндэслэгч Эртний Грекийн гүн ухаантан Эпикур.

3 Эпикурийн зүүн талд дор сууж буй эмэгтэйн царай нь сайн харагддаггүй бөгөөд хэн гэдгийг нь одоо хүртэл тайлаагүй ч анхаарал татах дүр гэж үздэг.

4 Өвөр дээрээ жижиг дэвтэр дэлгэж хүзүүгээ сунган урдах хүнийхээ дэлгэсэн номыг хичээнгүй харж дэвтэртээ тэмдэглэж буй улбар орхимжтой эрхэм бол Италийн алдарт философич Боэци эсвэл Грекийн их сэтгэгч Анаксимандр гэж үздэг. Анаксимандр МЭӨ 610-МЭӨ 546 оны орчим амьдарч байсан бөгөөд байгаль судлаач, газарзүйч, натуралист философич байжээ. Тэрээр олон ном зохиол бичсэн ч ихэнх нь хүмүүсийн хүртээл болоогүй гэж үздэг учир түүнийг энэ зурагт номыг хичээнгүйлэн шагайж, тэмдэглэн авч буйгаар дүрсэлжээ.

5 Боэци эсвэл Анаксимандр гээд буй дөрөв дугаартай хүний дээр урагш сунан өнөөх номыг идэвхтэй харж буй ногоон өмсгөлтэй, толгойдоо цагаан алчуур зангидсан хүн бол Абдул Валид Мухаммед Ибн Рушд. Ибн Рушд нь Арабын алдартай философич байсан бөгөөд тэрээр 1126-1198 онд амьдарч байжээ. Түүнийг Испанийн Кордобад мэндэлж Мороккод насан эцэслэсэн гэдэг.

6 Энэ бол алдарт Пифагор. Философич гэдэг үгийг анх гаргаж ирсэн гавьяатан. Тийм ч болохоор түүнийг Зено, Эпикур, Анаксимандр, Ибн Рушд нарын нэртэй философич тойрон бүчиж дэлгэсэн номыг нь шимтэн анхаарч байна.

7 Алкивиад эсвэл Македоны Александр гэж үздэг. Алкивиад бол Грекийн алдартай удирдагч, яруу найрагч, цэргийн жанжин бөгөөд улс төрийн нэртэй зүтгэлтэн, цэргийн алдартай командлагч байсан учир энд түүнийг жанжных нь өмсгөлтэй дүрсэлсэн байна. Тэрээр урагш алхангаа цээжээрээ хагас эргэж хойно буй хүмүүстэйгээ ярих бөгөөд ард байгаа хүмүүс Алкивиадаас ямар нэгэн асуултдаа хариулт, шийдэл авах гэж араас нь дагалджээ. Түүний амьдрал, амжилт, үхэл тэмцлийг өгүүлсэн олон уран зураг бий. Харин долоо дугаартай энэ дүрийг Македоны Александр гэж тодорхойлдог судлаач цөөнгүй. Тэрээр бүх цаг үеийн хамгийн их амжилт гаргасан цэргийн удирдагчдын тоонд зүй ёсоор ордог бөгөөд тулалдаанд ялагдашгүй баатар гэгддэг байж. Тэрээр өөрийн эцэг II Филипийг насан өөд болсны дараа Македоны хаан ширээг залгамжилж 32 насандаа Вавилонд бурхан болсон байдаг. Александр армидаа гадаадын олон иргэдийг татан оролцуулдаг байсныг нь судлаачид “Үндэстнийг холих бодлого” явуулдаг байсан гэж үздэг. Тэрээр цэргүүдээ гадаадын бүсгүйчүүдтэй гэрлэхийг дэмжиж байсан бөгөөд өөрөө ч гадаад улсын хоёр гүнжийг авч суусан байдаг.

8 Алкивиадын хажууд зогсоо хар тоорцог, хүрэн улаан хувцастай намхан өвгөн бол Антисфен. Грекийн гүн ухаантан тэрээр Сократын шавь. Анх яруу найраг оролддог байсан Антисфен Сократын сургаалын ёс суртахууны талыг баримтлан хөгжүүлж, ариун журмын дагуу амьдардаг нэгэн байжээ. Түүнийг хожим нь Синий философийг үндэслэгч гэж тодорхойлсон байдаг.

Шатны хоёрдугаар гишгүүр дээр хайнгадуу ч гэмээр, залхуу нь хүрсэн юм уу, гэлтэй суугаа хүн бол Диоген. Диоген нь амьд ахуй цагтаа хүмүүсээс өөрийгөө тусгаарласан зожиг гэмээр их өвөрмөц нэгэн байжээ. Сэтгэлгээний өвөрмөц илэрхийлэлтэй болохоор хэн нэгнээс айх ичих, хулчийх гэдэг зүйлийг мэддэггүй учир дуртай газраа суугаад л ном судар эргүүлдэг нэгэн байж. Нэг ёсондоо билэг танхай. Түүнийг гудамжинд тосны бохир торхны дэргэд өгөршиж муудсан хувцастай суугаад юм уншиж буйгаар дүрсэлсэн Жон Вильямын уран зураг байдаг нь тэрийг нь нотолно. Грекийн философич тэрээр Синийн философийг үндэслэгчдийн нэг агаад түүнийг Диногенес гэж нэрлэх нь бий. Тэрээр тухайн үеийн нийгэм, хотын байр байдал, соёлыг ихэд шүүмжилж хэнтэй ч хамаагүй маргаж дуртай газартаа унтаж, идэж ууж “Би зах дээр том вааранд амьдарна” гэж зөрүүдэлдэг байжээ. Тийм ч болохоор Рафаэль “Афины сургууль” зурагтаа түүнийг яг тэр чигээр нь буулгасан гэж болно. Харин ч Диногенес энэ зураг дээр цэвэрхэн нөмрөгтэй байна шүү.

Харин түүний наана хайрцаг түшин шанаагаа тулаад гүн бодолд автсан уйтгартай, цөхөрсөн төрхтэй суугаа хүн бол Гераклит. Түүнийг Грекийн философид диалектикийн анхны хөгжингүй сургаалыг оруулж ирсэн гэж үздэг. Хааны удмын Гераклит хэргэм зэргээ ах дүүстээ шилжүүлээд өөрөө философийн замаа хөөжээ. Үргэлж бодолд дарагдсан уруу царайлан явдаг байсан Гераклит хүмүүсийн амьдрал ахуйг хараад үнэн сэтгэлээсээ өрөвддөг байсан гэнэ. Тэрээр хожим нь өөрийгөө нийгмээс бүрэн тусгаарлаж уул хадаар даяанчилж өвс ургамлаар хооллох болсон бөгөөд ингэж удаан яваад усан хаван өвчтэй болсон гэдэг. Түүнийг Европын анхны даяанч байсан гэж судлаачид нэгэн дуугаар хүлээн зөвшөөрдөг. Гераклит яруу найраг, философийн өвөрмөц аргаар үзэл санаагаа илэрхийлдэг болохоор дуртай нэг нь түүний үзэл санааны цаад утгыг бүрэн ойлгодоггүй. Одоо ч түүний бичиж үлдээсэн зүйлүүдийг бүрэн тайлж чадаагүй. Ингэхээр Рафаэль Гераклитийг ийнхүү хүмүүсээс тусгаарлан, шал ширтүүлэн буруу харуулан сууж байгаагаар зуржээ.

Зураг дээр дүрслэгдсэн хүмүүсийн үүх түүхийг сонирхон судлахад туулж өнгөрүүлсэн амьдрал, хувь хүний зан байдал, баримталдаг үзэл нь юу байсан бэ гэдэг бүх мэдээллийг Рафаэл “Афины сургууль” зургаараа бүрэн гаргажээ. Ядаж л үзэл баримтлал, философийн чиг хандлага нь ойр байсан уу гэдгийг эдгээр философич, эрдэмтэй хүмүүсийн хоорондын зайгаар нарийн гаргаж үлдээсэн байна. Үзэл бодол зөрдөг, таарахаараа ам мурийдаг, нэгнээ үгүйсгэдэг гүн ухаанчдыг их хол зайтайгаар дүрсэлжээ. Гэхдээ л тэд Афины хэмээх нэг сургуульд харьяалагддаг суутнууд.

Categories
мэдээ нийгэм

Баян-Өлгийн төвд байгуулагдсан Гэр дуган энэ сарын 19-нд нээлтээ хийхээр болжээ

Өлгийн төвд байгуулагдсан Гэр дуган

Баян-Өлгий аймгийн төвд Гэр дуган сүндэрлэж, тэндхийн сүсэгтэн олны магнай тэнийжээ. Энэ талаар тус аймгийн Буддын шашны тэргүүн Г.Батхүүтэй ярилцлаа.



-Баян-Өлгий аймгийн төвд буддын сүм хийдтэй болох суурь тавигдаж Гэр дугантай болсонд баяр хүргэе?
-Баярлалаа. Баян-Өлгий аймаг нь Монгол Улсын алс баруун хязгаар нутагт оршдог монгол болон түрэг хэлт угсаатны бүлгүүд нэгэн зэрэг аж төрдөг онцлогтой нутаг билээ. Эндхийн уугуул иргэд болох монголчуудын шашин соёлын асуудал сүүлийн хэдэн жил тасраад байсан юм. Харин дээрх гэр дуганыг бүтээснээр ахин сэргэх үүд хаалга нээгдэж байна. Уг гэр дуганыг Өлгий сумын дөрөвдүгээр багийн иргэн Д.Төрмөнх өөрийн хөрөнгө, хүч хөдөлмөрөөр сүндэрлүүлээд байна.

-Дуганы нээлт энэ сарын 19-нд болно гэж сонслоо?

-Тийм ээ, нээлтийн ёслолыг энэ сарын19-нд буюу өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд “Монгол бахархал”-ын өдөртэй давхцуулан хийхээр товлочихоод байж байна даа.
-Баян-Өлгийд ажлаар очиход тэнд амьдардаг монголчууд “Үхэхдээ хонх дамрын дуу сонсох ч эрх алга. TВ9 телевизийн “Ном хурах цаг” нэвтрүүлгийг үзэхдээ зурагтынхаа өмнө зул асааж л номд даган баясдаг” гэж ярьж байсан шүү?
-Гашуун боловч үнэн. Гэхдээ манай аймгийн гурван лам маань буян номын үйл ажиллагааг бурхны шашны номлолоор сүсэгтэн олонд түгээсээр ирсэн. Гагцхүү ном хурах орчин бүрдээгүй байсан юм. Харин тэр сайхан орчин нь эхнээсээ бүрдэж байгаад баяртай байна.
-Гуравхан лам байдаг хэрэг үү. Одоо тэгэхээр төвлөрөн суудаг газартай болж байгаа болохоор лам нарын тоо нэмэгдэх байх шүү?
-Төвлөрөн суух газар оронтой болсноор сүсэгтэн олонд тогтмол ном хурах цаашлаад шавь сургалтыг эрчимжүүлэх, шашны томоохон зан үйлийг тогтмол үйлдэх төлөвлөгөөтэй байгаа. Түүхэн үүднээс үзвэл Алтайн урианхайн долоон хошуу Буддын шашны сүм хийд, лам хуварга олонтой байсан ч хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд устаж үгүй болсон байдаг.
-Дуганыг нутгийн уран гартан, дархан хүн урласан гэж дууллаа?
-Гэр дуганыг бүтээсэн Д.Төрмөнх нь уран сийлбэрчин, багш хүн л дээ. Ханийнхаа хойдын буян, гэгээн дурсгалд зориулан сүсэгтэн зон олондоо энэ гэр дуганыг сүндэрлүүлж өглөө. Эл дашрамд тус аймгийн монголчуудын ирээдүй, сүсэглэх сэтгэлд том буян үйлдсэн Д.Төрмөнх ахад нийт сүсэгтэн түмний өмнөөс талархал дэвшүүлье. Баян-Өлгий аймаг дахь буддын шашны дэлгэрэлт нь бидний орших дархлаа юм.
-Ийм дугантай болсонд Баян-Өлгийд цөөнхийн цөөнх болчихоод байгаа монголчууд л хамгийн их баярлаж байгаа байх даа. Нээлтэд нь аймгийн бусад сумдаас хүмүүс ирнэ гэнэ үү?
-Тийм ээ, нутгийн уугуул иргэд болох монголчууд, мөн учир мэдэх казах хүмүүс ихээхэн баяртай хүлээн авч байгаа. Нээлтийн үйл ажиллагаанд монгол сумд болох Алтай, Алтанцөгц, Буянт, Цэнгэл, Булган, Цагааннуур болон өлгий сумын нийт сүсэгтэн олон оролцоно. Урилга, заллагыг хүргүүлж эхэлсэн байгаа. Зэргэлдээ Увс, Ховд аймгуудаас, мөн Амарбаясгалант хийдээс лам хуваргууд ирж сүсэгтэн олонд зориулж ном хурах юм.
-Дуган аймгийн төвийн аль хэсэгт байрлаж байгаа вэ. Аймгийн төвөөс нэлээд зайтай гэсэн үү?
-Өлгий сумын 13 дугаар багт буюу аймгийн төвөөс 3.5 орчим км зайд байрлаж байна. Энэ багт нутгийн монголчууд олноор оршин суудаг газар л даа. Ийм сайхан мэдээг хуваалцсанд баярлалаа. Баян-Өлгий аймгийн төвд Буддын шашны гэр дуган сүндэрлэж буй нь тус аймгийн монголчуудын оюуны соёлын дархлааг нэмэгдүүлж буй буянтай үйл болж байна гэж үзэж байна.


Шав тавих ёслол, барилгын ажлын явцаас

Categories
мэдээ цаг-үе

“Өгөөш” хочит Таканоива А.Баасандоржийн ээлжит өгөөш нь Харумафүжи Д.Бямбадорж болчихов уу

2017.11.14-ний өглөө. Бэлтгэлийн дараа. Харумафүжи хэвлэл мэдээллээр дамжуулж уучлал гуйв

Их аварга Харумафүжи Д.Бямбадорж нутаг нэгт сумоч Таканоива А.Баасандоржид гар хүрсэн гэх асуудал Японд шуугиан дэгдээж байх шиг байна. А.Баасандорж энэ сарын башёдоо барилдах боломжгүй болж эмнэлэгт хэд хоног хэвтэж, Д.Бямбадорж болсон явдалд уучлал гуйж мөн л башёг орхиж байгаагаа бичгээр мэдэгджээ.

Өнгөрсөн сарын 26-нд Тоттори мужид тойргийн барилдаан хийсний дараа Монгол сумочид цуглаад ууж идэж л дээ. Энэ үеэр Их аварга Харумафүжид Таканоивагийн гаргаж байгаа үйлдэл, биеэ авч яваа байдал, зан ааш нь таалагдаагүй учир шар айрагны шилээр толгойн тус газар нь цохисон тухай Японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж байна. Одоо тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр “Харумафүжи залуу сумочийн биед халдлаа”, “Их аварга Харумафүжи аварга хүнд баймгүй алдаа гаргалаа”, “Бага амжилттай нь их амжилттайгаа хүндэтгэдэг. Гэхдээ өөрийг нь хүндэтгэсэнгүй гээд цол доогуур хүний толгой дээр шар айрагны шил хагалж болохгүй” гэж Харумафүжиг “ялласан”, буруутгасан зүйл их явж байна.

Сумогийн холбооныхон нэгэн дуугаар “Харумафүжи залуу сумочийн толгой дээр шар айрагны шил хагалсан” гэж зарлаж, Таканоиваг 14 хоногийн эмчилгээ үргэлжлүүлэн хийлгэх шаардлагатай болсныг мэдэгджээ. Харумафүжи өчигдөр өглөө сурвалжлагчидтай уулзах үеэрээ “Таканоивагийн дэмжигчид болон Сумогийн холбооныхноос уучлал гуйж байна. Харамсч байна” гэснийг “Их аварга хийсэн үйлдлээ бататгалаа” гэж сонин хэвлэлээр нь бичиж байна.

Маэгаширагийн наймд эрэмбэлэгдэж буй Таканоива А.Баасандорж их аваргад цохиулснаас тархи нь доргиж, гавлын яс нь цуурсан, мөн үе мөчний гэмтэл гэх оношоор энэ сарын 5-9-ний хооронд эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн байна.

Өчигдөр Японы Сумогийн холбооны удирдлагууд болсон үйл явдалтай холбогдуулж хуралдаж, Харумафүжи, түүний харьяалагддаг “Исэгахама” дэвжээний ояката нартай уулзаж хэрэгтэй асуултууддаа хариулт авчээ.

Японы зарим мэдээллийн хэрэгслээр Таканоива Харумафүжиг заналхийлсэн. Тэр байдал нь их аваргад таалагдаагүй учир энэхүү үл ойлголцол гарсан байх магадлалтай гэжээ.

Японы эртний түүхтэй үндэсний спортод хүчирхийлэл, дээрэлхэх явдал байх ёсгүй. Энэ бол засч залруулж болшгүй үйлдэл гэж зарим япончууд үзэж 2010 онд Ёкозуна Асашёорюү Д.Дагвадорж Токиогийн шөнийн клубийн гадаа нэг хүн рүү дайрсан, ер нь тэр ийм үйлдлийг удаа дараа гаргадаг байсан гэж өнгөрсөн явдлыг сөхжээ. Ер нь сумод том цолтой нь амжилт доогуур яваа, шинэ залуу сумочидтой харгис ханддаг. 2007 оны үед 17 настай сумоч мөн иймэрхүү үйлдлийн золиос болж амь насаа алдаж байсныг сануулжээ.

Таканоива Ёшимори А.Баасандорж нь Улаанбаатарынх юм байна. 1990 оны хоёрдугаар сард төрсөн бөгөөд одоо 27 настай. 182 см өндөр, 150 кг жинтэй. Өнгөрсөн гуравдугаар сард маэгаширагийн хоёрдугаарт эрэмбэлэгдсэн нь түүний одоогоор гаргаад байгаа хамгийн дээд амжилт нь юм байна. Ёри, наге мэх голчлон хийдэг.

Тэрээр Японы Тоттори мужийн сумогийн ахлах сургуулийг 2009 онд төгсч, Их аварга Таканаханагийн дэвжээнд элсэн орж мэргэжлийн сумо бөхөд хүч үзэн барилдаж эхэлжээ. Адьяагийн Баасандорж нь Тайланд улсад болсон Сонирхогчдын сумо бөхийн 2007 оны Залуучуудын дэлхийн аваргын анхны алтан медалийг эх орондоо авчирч байсан бөгөөд Японы алдарт Их аварга Таканаханагийн дэвжээний анхны монгол сумоч гэж явдаг юм байна. Харин Их аварга Харумафүжигийн хувьд өнгөрсөн хавар 33 нас хүрсэн. Нийт 776 ялалт байгуулсан бөгөөд гарамгай барилдаан, дайчин барилдаан, уран барилдааны таван удаагийн шагналтай. 2001 оноос барилдаж эхэлж 2004 онд Макүүчи зиндаанд дэвшиж барилдсан Монголын шилдэг сумоч.

Таканоива А.Баасандоржийн хувьд монгол сумочид болоод сумо сонирхогчдын дунд тийм ч нэр хүндтэй нэгэн биш бололтой. Түүнийг сүүлийн үед нутаг нэгтнүүд нь “Өгөөш” гэж нэрлэх болсон гэнэ. Японы олон зуун жилийн түүхтэй сумогийн оргилд Асашёорюү Д.Дагвадоржийг оройлон гарч ирж хэн ч үзэхгүй байсан уйтгартай спортыг нь дэлхийн хэмжээнд гаргаж ирсэн цагаас япончууд үндэсний спортынх нь оргилд япон сумоч байх ёстой гэдэг үзлээр түүнийг элдвээр гоочлох болсон байж магадгүй хэмээн спорт сонирхогчид үзэх болсон. Чөлөө авч бэйсболын тэмцээн үзснийг нь “Бэлтгэлээс зугтааж алга боллоо” гэж, хэн нэгэн рүү ширүүн харсныг нь “Хүн зодлоо” гэх мэтээр өөлж, өөнтөглөсөөр эцэст нь аргагүй байдалд оруулж “Их аварга цолоо хураалга. Эсвэл сумог орхи” гэдэг хоёр зүйл тулгасан билээ. Тэр цагаас хойш монголчуудын ноёрхол сумод улам ч бадарсан гэж болно. Хакухо тэргүүтэй Монголын сумочид одоо Японы мэргэжлийн сумог эзэгнэж байгаа. Түүхэн амжилтуудыг эвдэж араас нь нэхээд нэхээд гарч ирэхээргүй амжилтад хүрчихсэн байхад Харумафүжигийн энэ үйлдэл япончуудын хувьд удаан хүлээсэн баярт мөч нь байж магадгүй бололтой.

Тэд Таканоиваг өгөөшөө болгож Монгол сумочдын нэр хүндийг унагах элдэв башир явуулгыг өмнө нь хийж байсан тухай спорт сонирхогчид ярьж байна. Таканоива Их аварга Хакухо М.Даваажаргалыг элдвээр хоргоож хатгаж, хэвлэлийн бай болгож байсан удаатай бөгөөд түүний энэ аргад Хакухо авталгүй биеэ бариад өнгөрч байжээ. Харин энэ удаад монгол сумочид цуглаад сархад сөгнөөд сууж байхад Таканоива Их аварга Харумафүжиг илт өдөж хүндэтгэлгүй хандсан нь энэхүү үл ойлголцлыг бий болгосон байх магадлалтай байна. Тэгэхээр япончуудын тавьсан Таканоива гэх “өгөөш”-ийг манай Харумафүжи Д.Бямбадорж гэнэдээд үмхчихсэн байж болох юм. Монгол сумочдыг дотроос нь хагалгаж бутаргаж, нэр хүндийг нь унагах төлөвлөгөө нь энэ удаад биелсэнд зарим хүмүүс битүүхэндээ баяртай сууж байж ч мэдэх нь. Гэхдээ аль ч талаас нь бодсон Харумофүжигийн алдар хүндийн халуурал түүнийг ийм байдалд хүргэв бололтой.