Categories
мэдээ цаг-үе

Ардын дуунд мөнхөрсөн булга

Булга нь Хойд Америкаас гаралтай бөгөөд суусрын овгийн өмхий хүрэн, үен, солонгын төрөлд багтдаг юм байна. Монголд Орхон, Сэлэнгийн сав, Эг, Үүр, Хараа, Ерөө, Хүдэр, Туул, Зэлтэр Шишгэд, Тэсийн голын сав дагуу тархсан махчин амьтан. Суусар, өмхий хүрэнтэй ойролцоо нарийхан урт гуалиг биетэй бөгөөд хурдан шалмаг хөдөлгөөнтэй, ондатр буюу заарт харх, минж, халиуны адил хагас усны амьдралтай. Усанд сэлэхдээ сайн, цэнгэг устай гол, мөрөн бараадан амьдардаг.

Загас, мэлхий, оготно, шувуу, өндөг, усны төрөл бүрийн хорхой шавьж, хавч, зөөлөн биетнээр хооллоно. Эрэгчин булгын биеийн урт 38-58 сантиметр, биеийн жин нь 1.5-4 килограмм бол эмэгчнийх нь 33-49 сантиметр урт, 0.8-2.2 килограмм жинтэй байдаг аж. Үнэг, шилүүс, баавгай, халиу, зарим махчин шувууд булгаар хооллодог. Булга голын эрэг доогуур нүх ухаж үүр хэвтрээ засч амьдарна. Ороо нийллэг нь гуравдугаар сарын дунд үеэс дөрөвдүгээр сарын дунд үе хүртэл үргэлжилж дунджаар 2-4 зулзага төрүүлнэ. Дөнгөж төрсөн зулзага нүд нь аниатай, тачир үстэй, 25-35 гр, 10 см урттай байх бөгөөд 30-36 хоногийн дараа нүдээ нээнэ. Хоёр нас хүрээд үржилд ордог. Булга 8-12 жил насалдаг.

Газарзүйн бүсээс хамаарч Хэнтийн булга хар хүрэн, хар, мөнгөлөг сортой халтар хүрэн, Хөвсгөлийнх хүрэн шаргал, шар хүрэн халтар зүстэй байдаг аж. Булга сахлаг зөөлөн торгомсог үстэй. Толгойн хэсэг их биеэсээ цайвар, зоо нурууныхтайгаа ерөнхийдөө ижил боловч арай цайвар хүрэн. Мөч нь богино, бахим. Өехийдөө шаргалдуу толботой ч хааяа толбогүй байх нь бий.

Булга холимог тэжээлтэй. Улирлын байдлаар идэш тэжээл нь өөрчлөгдөнө. Зун нь туулай, бусад жижиг сээр нуруутан амьтдаар хооллох бол өвөл нь цас, хүйтнээс болж жимс жимсгэнээр хооллодог гэнэ. Үен, хотны үеэн, зарим шувууг ч ангуулчлах агаад заримдаа чоно, баавгайн мөрийг дагаж барьсан амьтдынх нь үлдэгдлийг иднэ. Авгалдай, нялцгай биетнээр хооллох дуртай бөгөөд урд савраараа загас барьж иддэг.

Булганы тархац, өсөлтийн өөрчлөлтөд нөлөөлж буй гол хүчин зүйл нь хууль бус агналт. 1910-1920 оны хооронд улсын хэмжээгээр жил бүр 4000-5000 ширхэг булганы арьсыг бэлтгэн нийлүүлж байсан бол аажмаар тэр тоо нь багасч, 1927-1929 он 300-500 болтлоо буурч байжээ. Монгол Улс 1953 оноос булга агнахыг хориглосон бөгөөд 2012 онд ховор амьтнаар бүртгэсэн юм байна.

Булга нь Оросын Уралын нуруунаас Сибирь, Монголын хойд хэсэг, Хятад, Японы Хоккайдо, Польшийн Скандинавын орнуудад тархсан. Орост зэрлэг булгыг агнасан хэвээр байгаа гэнэ. Гэхдээ үслэг эдлэлийн зах зээл дэх булганы арьсны ихэнхийг булга үржүүлгийн фирмээс нийлүүлдэг. Фирмийн үүлдэржүүлсэн булгын зүс нь цагаанаас хар хүртэл олон төрөлтэй. Фирмийн булгыг бяслаг, өндөг, загас, мах, нохойн тэжээл, цацагт хяруулын элгээр тэжээх бөгөөд 3000 булгатай фирм нэг өдөрт хоёр тонн гаруй хоол хүнс зарцуулдаг аж. Нэг булган дээлэнд дунджаар 50-55 булганы арьс ордог.

2-4 сартай булганы үс, сор хамгийн үнэтэйд тооцогддог учир булганууд фирмд нэг нас хүртлээ тэжээгдэнэ гэж байхгүй. Булгыг эхлээд алчихаад дараа нь арьсыг нь хуулахад сор нь уначихдаг учир сорыг нь алдагдуулахгүй гэж цахилгаанаар цохиулж байгаад амьдаар нь арьсыг нь хуулдаг. Ингэж арьсаа хуулуулсан булга 10-15 минут болоод амь тавьдаг гэнэ. Энэ арга нь хүнлэг бус харгис, амьтдын эрхийг ноцтойгоор зөрчиж байгааг олон нийт эсэргүүцсээр байгаа ч булганы арьсны эрэлт багасаагүй бөгөөд булган дээлний зах зээл ч хумигдахгүй байгаа билээ.

Монголчуудын хувьд булганы арьсаар эрт дээр үеэс гоёж ирсэн ард түмэн. “Монголын нууц товчоо”-нд Ван хан Тоорил Тэмүүжинд хандан

…Булган дахын чинь хариуд

Бутарсан улсыг чинь

Бөөгнөрүүлж өгье

Хар булган дахын чинь хариуд

Хагацсан улсыг чинь хамтатгаж өгье хэмээсэн тухай гардаг. Үүнээс үзвэл манай ихэс дээдэс эрт үеэс л үслэг анд хорхойтой, үнэт арьсан дээл, дахаар өвч бүрхдэг байсан гэдэг нь харагдана. Тэр уламжлал явсаар Их хүрээний гангачуул булган захтай дээл, булган малгай, булган хантааз, булган ханцуйтай дээлээр гоёж байсан нь ардын дуунд ч үлдсэн байдаг билээ.

“Янлин хуар” дуунд “Булган чиг нударгаа шалчийтал уйлав аа” гэж хайртай хүнээ санан харуусан суухдаа булган ханцуйгаа шалчийтал уйлсан тухай гардаг дуу бий. Усны амьтны сор нь барагтай бол буудаггүй арьсаар хийсэн ханцуйгаа шалчийтал уйлсан гэдэг нь хэрхэн гашуудсаныг нь ийнхүү илэрхийлж байгаа юм.

Одоо л бид булган дээл, малгай муухай, амьтны арьсыг нөмрөхөө больцгооё гэж байгаа ч угтаа бол энэ их хахир хүйтэн өвөл, эрс тэс уур амьсгалыг даван гарахад тусалсан илч ихтэй хувцаснуудын нэг нь булган дээл, хантааз, малгай л байсан шүү дээ, бидэнд. Гэхдээ түүхэн цаг хугацаа наашлах тусам, монголчуудын амьдралын хэв маяг суурин руу шилжих болсон үеэс буюу 1880-1940 оны хооронд монголчуудын хувцаслалт, дээлний хэв маягт булганы арьс оруулга маягаар орж ирэх болжээ. Дээлнийхээ зах, ханцуйг булганы арьсаар эмжих болсон байна.

“…Булган чиг нударга нь

Бугуйгаа дагана аа…

…Халиун чиг нударга нь

Ханцуйгаа дагана аа” хэмээн дуулцгаадаг билээ.

Булгыг фирмүүд хайр найргүй нядалж байгаа бичлэг дэлхий даяар тархаж хүмүүсийн жигшлийг төрүүлснээс биш монголчуудын хувьд булганы тоо толгойд өөрчлөлт оруулахгүйгээр, засаг захиргааныхаа зөвшөөрлийн дагуу анчин гэх хүмүүс нь жилд тодорхой тооны булгыг агнадаг байж. Түүнээс биш их хэмжээгээр агнахыг жирийн иргэд нь ч ойшоодоггүй байсан байна.

Харин 1920 оны үед жилд их хэмжээгээр агнаж байсан нь гадны захиалга, тэр дундаа орос ах нарын хийсэн ажил байсан гэдэг. Булганы арьсыг баян, чинээлэг, гангачуул өмсдөг гэхээсээ илүүтэй хувь заяа өндөр, улс орон, нутаг хошуундаа гавьяа байгуулсан хүний өмсгөл, гоёо гэж үздэг байсан бөгөөд хэн нэгнийг шагнах тохиолдол гарвал булган дээл, булган зах бэлэглэж ирсэн нь түүхэнд үлдсэн байдаг юм.


Categories
мэдээ нийгэм

Ш.Ариунжаргал: Уушгиа цэвэрлэх гол арга нь ууланд алхах

Монголын уламжлалт анагаах ухааны их эмч Ш.Ариунжаргалтай ярилцлаа.

-Монголчуудын хувьд өнгөрсөн ная, ерээд жил Европ эм, эмнэлгээр явж ирсэн. Харин сүүлийн жилүүдэд уламжлалт эмнэлгээр эмчлүүлж, тан хэрэглэх нь нэмэгдэж байгаа нь анзаарагдаж байна?

-Тийм шүү. Дэлхий нийтээрээ эмийн бус эмчилгээг сонирхон сонгож үйлчлүүлдэг болсон. Манай улс ДЭМБ-ын гишүүн 191 орны Уламжлалт анагаах ухааны төрийн бодлоготой 25 орны нэг бөгөөд эрүүл мэндийн тогтолцоонд уламжлалт анагаах ухааны эмчилгээ албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн улс. Аль ч шатлалын эмнэлэгүүдэд уламжлалт эмчилгээний тасаг нэгж ажиллаж байгаа. Дорнын анагаах ухааны онцлог нь бие махбодыг нэгдмэл нэг тогтолцоо гэж үзээд өвчтөний өвөрмөц чанар, нас, тамир тэнхээ, амьдралын хэв маяг цаг улирлын байдалд тохируулж эмчилгээг хийдэг.

-Уламжлалт анагаах ухааныг Европ эмчилгээтэй хослуулбал үр дүн нь өндөр гардаг гэж сонссон?

-Уламжлалт анагаах ухааныг өрнийн анагаах ухаантай хослуулж олон төрлийн эмчилгээгүй гэгдэх өвчнийг эмчилж болно. Сүүлийн үед элбэгшээд байгаа бодисын солилцооны эмгэгүүд тухайлбал хэрх, тулай, судасны бөглөрөл гэх мэт эмгэгүүд эмчлэгдэх бололцоотой болсон. Уламжлалт анагаах ухаанаа орчин цагийн эмчилгээтэй хослуулан хэрэглэж чадвал эдгэрэлт удаан тавилан муутай олон өвчнийг эмчилж бас амьдралын чанарыг сайжруулж болно. Даралт ихсэх зүрх судасны дутагдалд орсон, харвалт, саажилт өгсөн тохиолдолд зүү хануур их үр дүнтэй. Зарим мэргэжлийн бус хүмүүс хануур эмчилгээ үр дүнтэйг ашиглаж замбараагүй хатгалт хийж энэ эмчилгээний нэр хүндийг унагаж байна. Хятадад ухаангүй байх үеэс нь комын байдалтай өвчтөнд зүү тавьдаг. Манайд эсрэгээрээ хурц үеийг намдсаны дараа зүү эмчилгээ хийхэд мэдрэлийн эс сэргэхээсээ аль хэдийн өнгөрч саажилт гүнзгийрэх юм уу эсвэл сэргэлт авах нь удаан байдаг. Би дотны хүмүүсдээ харвалтын үед зүү тавьж байсан. Санаснаас илүү үр дүнд хүрч байсан удаатай.

Манайхан Монголдоо эмчлэгдэх бололцоотой нурууны өвдөлт суудлын мэдрэлийн дарагдлыг гадаадад явж эмчлүүлдэг. 53 сая төгрөгөө өгөөд нурууны өвчнөө эмчилж чадаагүй гэсэн хүнийг эмчилж байлаа. Нугас дарагдаж нуруу хугараагүй бол хагалгаанд орох шаардлага байдаггүй. Шморлын ивэрхий суудлын мэдрэлийн дарагдал зүү эмчилгээгээр эмчлэгддэг. Ялангуяа залуу хүмүүс яарч битгий хагалгаа хийлгээрэй гэж зөвлөмөөр байна. Судасны бөглөрөл уламжлалт эмчилгээгээр эмчлэгддэг. Энэ өвчнөөс болж хөл гараа тайруулах хүртэл хүндэрдэг. Үхжил үүсээгүй эрт үед нь хануураар эмчилдэг. Гуяны артерийн бөглөрөлтэй, хөлийн венийн судасны тромбозтой хөл хавдаж өвддөг, явахад хэцүү гэсэн зовиуртай нэг өвчтөн маань ажлаа хийгээд явж л байгаа.

-Ардын эм эмчилгээ, уламжлалт эмчилгээ гэхээр манайхан Хятад, Энэтхэг, Түвдээс гаралтай мэт ойлгоод байдаг. Гэтэл Монголын уламжлалт анагаах ухаан гэж бие даасан ухаан байсан юм билээ. Тэр ч бүү хэл төөнүүр, хануур заслыг Монголоос гарал үүсэлтэй гэж сонссон?

-Дэлхийн анагаах ухааны түүхэнд монголчуудын оруулсан хувь нэмэр бол хануур төөнүүр засал эмчилгээ юм. Монгол нутгаас олдсон археологийн олдвороос анагаах ухаан өндөр хөгжиж байсан нь харагддаг. Дайн байлдаан ахуйн холбоотой гэмтлийг эмчилж, тархинд хагалгаа хийж байсан нь Увс аймгийн Улаангом сумын Чандмань уулын булшнаас олдсон гавлын яснаас харагддаг. Аливаа цус алдалтыг төөнөж хавдар хаванг хатгаж эмчилдэг, яс хугарлыг барьж боож анагаасаар ирсэн ард түмэн шүү дээ.

Монголын уламжлалт анагаах ухаанд заслыг үндсэнд нь зөөлөн, ширүүн, хатуу засал гэж гурав ангилдаг. Зөөлөнд жин, шавар, рашаан, ороох, илж барих засал, ширүүнд ханах, төөнөх, хатгах, хатуу засалд хагалах, огтлох, хусах, гаргах гэх мэт үйлдлүүд орох бөгөөд соруул засал нь эмчилгээний бие даасан арга бөгөөд шивүүр самнууртай хавсран хийдэг юм.

-Барууныхан Азийн уламжлалт анагаах ухааныг ихэд сонирхож, биеэ эмчлүүлэх болсон гэсэн. Ер нь химийн гаралтай эм, тарианаас татгалзаж байгалийн гаралтай эм, уламжлалт эмчилгээг шүтэх хандлага бий болчихоод байна уу даа, Европт?

-Баруунд дорно дахины өвдөлт намдаах аргууд ихээхэн дэлгэрч байна. NBA-гийн тамирчид, Холливудын одод бумба тавиулж, зүүгээр өвдөлт намдаасан тухайгаа мэдээлсэн байсан. АНУ 130 сая хүнтэй. Өвчин намдаах эмийн хэрэглээгээр улс нь тэргүүлдэг болохоор Ерөнхийлөгч нь өвдөлтийг хурдан намдаах эмийн бус эмчилгээг дэмжихээ илэрхийлсэн нь сайшаалтай. Манайд харин Америкт хэрэглэхээ больсон Ибупрофен эмийг их хэмжээгээр зарах юм, эмч нар ч уухыг зөвлөөд байх юм. Зүрх судас гэмтээдэг болох нь судалгаагаар тогтоогдсон . Өвчин намдаах үр дүнтэй гол арга бол зүү, бариа байдаг. Тархи доргилтыг хөдөлгөөн хориглож нэгээс зургаан сар хэвтүүлж эмчилдэг бол манайхан барьж эмчилдэг. Шинжилгээ өндөр хөгжсөн энэ үед тааж эм тариа хэрэглэдгээ болих хэрэгтэй. Эмийн буруу хэрэглээнээс болоод нянгийн хоруу чанар ихэсч эмчилгээгүй гэсэн оноштой хүмүүс элбэгшсэн. Их эм тариа бичвэл сайн эмч гэж ойлгодог, хүчтэй эмчилгээг урьдал болгодог байдлыг болих хэрэгтэй. Цус өтгөн байна. Аспирин уу, гепарин тариул гэдэг. Гэтэл энэ эм тариаг насан туршдаа хэрэглээд л явах уу. Уламжлалт анагаах ухаанд цус шингэлдэг тангууд, хануур, зүү, бариа, соруул засал эмчилгээ хийлгэж эрүүл байх боломж байна шүү дээ

-Манай улсын хувьд ч уламжлалт анагаах ухааны салбарыг хөгжүүлэх тал дээр анхаарал хандуулж саяхан Төрийн ордонд том чуулган болсон шүү дээ. Ерөнхий сайдын ивээл дор болсон билүү, уг чуулган?

-Энэ сарын 8-нд Монголын Уламжлалт анагаах ухааны Олон улсын анхдугаар Их хурал Төрийн ордонд боллоо. Монголчууд дан ганц уул уурхайн баялаг шүтэх биш өв уламжлагдан ирсэн оюуны их ундарга болсон уламжлалт анагаах ухаанаа дэлхийд таниулъя, анагаахын аялал жуулчлалыг хөгжүүлье гэсэн санаачилгууд их хурал дээр яригдлаа. Манайд хууль эрх зүйн хүрээнд дүрэм журмаа боловсруулж эмчилгээний стандартыг баталчихвал ажиллах боловсон хүчин хангалттай бий. Төр засаг минь эрт дээр үеэс бидэнд уламжлагдан ирсэн монгол анагаах ухаанаа ойлгон дэмжиж Монголыг зорин ирэх жуулчид олон болоосой гэж бодож байна.

-Өвчин үүсгэгч нянгууд эм, тариандаа дасаад мутацид орсон болохоор баргийн юманд дарагдахаа болиод байна?

-ДЭМБ хүнд хоргүй, химийн бүтэцгүй ургамлын гаралтай эмийн бүтээгдэхүүнийг хэрэглэж аль болох антибиотик, дааврын гаралтай эм тарианаас татгалзахыг уриалсан. 1942 онд антибиотикийг нээгээд зуу гаруй эм шинээр гарсан ч эргээд жар орчмыг нь хэрэглэхийг хориглосон . Манай уламжлалт эмийн үйлдвэрийн зонхилон хэрэглэгддэг тангууд туршилтаар батлагдаад үйлдэл, үйлчилгээ нь хүнд хоргүй зарим эмчилгээгүй гэсэн өвчнийг анагаах чадвартай нь батлагдсан. Гаднаас ирж байгаа байгалийн гаралтай сүлжээний бүтээгдэхүүнүүд ургамлын гэж байгаа ч химийн зарим боловсруулалтад орсон байдаг. Бас үнэ өндөр. Солонгос тангийн хувьд мөн л адилхан түүхий эдээр хийгддэг мөртлөө үнэ нь зуу дахин үнэтэй. Тан сайн мэдэхгүй өвчтөнд үзлэг оношлогоо хийх чадваргүй эмийн харилцан уялдааг зохицуулж чадахгүй сайн дурын уран сайханчид их олширчихоод байна. Үнэхээр хүн эмчлэх сонирхолтой авьяастай бол сурах хэрэгтэй.

-Эмд дасал болно гэдэг шиг танд дасал болно гэж байх уу. Тангийн орц найрлагад эх оронд минь ургадаг эмийн өвс, ургамал байдаг биз дээ?

-Эм танд дасал болно гэж байхгүй. Харин биеийн байдалд зохицуулж танг сольж уух шаардлагатай. Мэргэжлийн хяналтын химийн лаборант “Шахмал эмийг шатаахад гурван өдөр зарцуулдаг. Харин тан бол хурдан шатдаг” гэж ярьж байсан. Миний хувьд шаардлагатай эм тариаг тантай хамт хэрэглэхэд харин ч үйлдэл нь сайжирч эмийн гаж нөлөөг дардгийг мэдэрсэн.

-Өнөө жилийн ханиад шууд л хүндэрч хатгаа болчихоод байх шиг байна. Ханиад томуу дэгдэж байдал хүнд л байгаа бололтой?

-Жил ирэх тусам ханиадны вирус нянгийн хоруу чанар ихэсч байгаа. Эмийн замбараагүй хэрэглээ нэмэгдсэн. Тухайн жил ямар вирусийн халдвар тархаж ямар эмийг яаж хэрэглэх вэ гэдэг зөвлөмж гардаг. Энэ жилийн томуугийн вирус их хурдан хүндэрч ларингит трахей бронхит хатгаа болж байгаа. 39 хэмээс дээш халуурч амьсгаадах, таталт өгөх шинж байвал эмнэлэгт хэвтэж эмчлүүлнэ. Бага зэрэг халуураад ханиаж байвал эмчид үзүүлээд гэрээр эмчилгээ хийлгээрэй. Аньс, үзэмний шүүс халуун сүү ээлжлэн ууна. “Мана-4” тан халуун бууруулж үрэвсэл дарж дархлаа сайжруулдаг . Уушгины халуун арилгагч “Лоцод”, “Гүнсэл” нян нядлах “Лидэр-7” танг эхэн үед ууна. Архагшаад үе мөч өвдөх шинжтэй бол “Сэндэн”, “Бойгар” орсон тангууд уудаг. Заслаас бумба, бариа утлага хийх нь их үр дүнтэй. Хүүхдийн ханиадыг зөв эмчилбэл дахин дахин тусаад байдаггүй. Европ эм тариа хэрэглэсний дараа урхаг үлддэг тул үргэлжлүүлэн уламжлалт эмчилгээ хийлгэхийг зөвлөе. Хүүхдэд “Үзэм-7” танг байнга өгөх хэрэгтэй. Хүүхдэд давхар витамин D өвлийн цагт өдөр бүр эмчилгээний хэмжээгээр өгч чийг татдаггүй, агаар сайн нэвтрүүлдэг дулаан хувцсаар хувцаслах хэрэгтэй. Хүүхэд хөлрөөд байвал эрдэс, витамин D-гийн шинжилгээ өгч эмчийн заавраар эмчлээрэй. Хүүхэд архаг бронхит юм уу сульдаагаар өвдсөн үед хөлөрдөг.

-Утаанаас болоод эрүүл уушгитай хүн алга болжээ. Уушгиа цэвэрлэх, цэвэр байлгах ямар арга байна вэ?

-Уушги цэвэрлэх гол арга нь ууланд алхах. Шилмүүст ойд хоёр цаг алхахад нус цэр гараад цээж онгойдог. Энэ нь уушги цэвэрлэгдэж байгаагийн шинж. Зуны цагт саам ууж айргаар бие угаах нь ханиаднаас сэргийлэх үр дүнтэй арга даа. Хүүхдийг дулаан цагт бүр хөдөөний цэвэр агаарт хөл нүцгэн сайн гүйлгэж борогшуулбал барагтай ханиад хүрэхгүй, хүрсэн ч нус гоожоод өөрөө аяндаа эдгэчихдэг.

Ханиад ойрхон хүрээд байвал үнэгний уушги, махаар шөл хийж уух тустай. Гэр орондоо байнга чийгтэй цэвэрлэгээ хийж утаа багатай үед агаар оруулж хэвших нь зөв юм. Гэртээ том навчтай, модорхог ургамал тарих нь агаар сайн цэвэрлэдэг. Амьсгалын дасгал байнга хийж, иогоор хичээллэх их үр дүн өгдөг. Түүнчлэн халуун сүү, шөл ууж сайн хөлрөх нь өвчинг гадагшлуулдаг.

Уушги цэвэрлэдэг тан гэвэл “Жуган 25”, “Үзэм 7”, цэр ихтэй үед “Сроол 4”, хий ханиалгатай үед “Агар 8”, хоолой сөөж байвал “Лиш-6”, “Даль 16” хэрэглэнэ. Эмчилгээний хувьд бумба тавьж, зөгийн балтай татлага, зүү, төөнүүр зэрэг нь сайн нөлөө үзүүлж байгаа. Гэхдээ тааж эм тан хэрэглэхийн оронд эмчид үзүүлж шинжилгээ хийлгэсний дараа тохирсон эмчилгээ хийлгэхийг зөвлөж байна.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Дунд давхаргыг дуусгах бодлого

Шинэ оны эхний өдрөөс гурван төрлийн татвар нэмэгдэнэ. Үүний дотор Хувь хүний орлогын албан татварыг шатлалтай нэмэгдүүлэх бөгөөд цалин, хөдөлмөрийн хөлс болон түүнтэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод 10-25 хувиар дөрвөн шатлал бүхий татвар ногдуулах юм. 1.5 сая төгрөг хүртэлх цалинтай бол одооных шигээ 10 хувийг нь татварт өгдгөөрөө өгнө. Харин 1.5-2.5 сая төгрөгийн цалинтай бол 15 хувь, 2.5-3.5 сая төгрөгийн цалинтай бол 20 хувь, 3.5 саяас дээш цалинтай бол 25 хувийг тус тус Хувь хүний орлогын албан татварт суутгуулахаар болж байгаа юм. Ингэснээр 10-15.4 хувийн татварын ачаалал иргэдийн нуруун дээр очиж байна. Татварын энэ бодлогыг харахад яалт ч үгүй Монголын нийгмийн дунд давхаргыг дуусгах, доод давхарга руу нь уусгах гэсэн бодлого яваад байгаа юм.

Үнэндээ нийгмийг дээд давхарга нь биш дунд давхарга нь чирдэг. Аливаа нийгмийн дунд давхаргын нийгэмд эзлэх хувь аль болох их байхын хэрээр эдийн засгийн өсөлт нэмэгддэг. Нийгмийн дунд давхаргын өсөлт эдийн засгийн өсөлттэй шууд хамааралтай гэсэн үг. Дундаж давхаргын айлуудын хэрэглээ их, хэрэглээний нэр төрөл нь олон учраас худалдан авалт их хийдэг болохоор ямар ч бизнест түлхэц болдог эерэг нөлөөтэй. Тийм ч учраас дундаж давхаргыг баялаг бүтээгчид, баялаг бүтээхийг өдөөгчид гэдэг. Түүнчлэн нийт хадгаламжийн дийлэнхийг энэ давхаргынхан бүрдүүлдэг болохоор тухайн улсын санхүүгийн аюулгүй байдлыг барьж байдаг гол хүмүүс. Мөн дундаж давхаргынхан эрүүл мэнддээ ихэд анхаарч, боловсролд ихээхэн ач холбогдол өгдөг нийгмийг хүчирхэг, эрүүл байхад нөлөөлдөг гол үндэс нь гэж үздэг. Гэтэл 2018 оны эхний өдрөөс хэрэгжиж эхлэх ХХОАТ нь өнгөц харвал “баячууд”-ын хөрөнгөнөөс хумслаад улсдаа оруулаад эргээд ядуусаа тэжээх гэж байгаа мэт ташаа сэтгэгдэл төрүүлж байгаа юм. Дундаж давхаргынхныг хэзээ ч баячууд гэдэггүй юм л даа, уг нь. Үнэндээ уг татвар нь Монголын хүн амын дийлэнх хувийг эзэлж байгаа ядууст огтоос хамаагүй юм. Ерөөсөө дундаж давхаргынхныг мөлжих, татварын дарамтад оруулж хөлийг нь сульдааж сөхрөөгөөд эцэст нь Монголыг дундаж давхаргагүй болгох л хахир бодлогыг эхлүүлж байгаа юм. Одоогийн байдлаар та бидний дунд 1.5 саяас дээш төгрөгийн цалин авдаг иргэд гэвэл үнэндээ гялайсан, гялгардуухан манай дунд давхаргынхан л байна шүү дээ. Тэд нийт хүн амын 35 хувийг эзэлж байгаа гэх боловч сүүлийн жилүүдэд хувийн бизнесүүд дампуурч, олон компани үүдээ барьсантайгаа холбоотой хувь нь буурсаар байгаа юм. Тэгтэл 3.5 сая байтугай, сард хэдэн төгрөгийн цалин авдгаа ч мэддэггүй, орлого, ашгийнхаа хэмжээг мэддэггүй маш олон баячууд Монголоор дүүрэн л байна даг. Тэднээс татвар авах, татвараар жигдлэх татварын бодлого алга л байна. Баячуудаас татвар аваад ядуусыгаа харж үзмээр юм, энэ үед. Үгүй яахав тэд бизнес эрхэлж байгаа болохоор аж ахуйн нэгжийн татвараа төлдөг байх. Гэхдээ 10 хувийн татвараа төлчихдөг юмаа гэхэд орлого нь нэмэгдээд татварын шатлал нь өсөөд ирэхээр 25 хувийн татварыг төлөхгүй байхын тулд компаниа хэдэн хэсэг болгож салгаж, задалж татвараас яаж л бол яаж зугтаах түм буман аргатай. Тэр томчуулынхаа орлоготой яг таг тооцоо бодож чадахгүй байж 1.5 саяхан төгрөгтэй дундчуулыг уг нь оролдохгүй байвал зүйгээрсэн.

Дунд давхаргыг дэмжинэ, нийгмийн дунд давхаргын хүрээг тэлнэ гэж бүгд л ярьдаг хэрнээ ингэж татвараар дарамталж нийгэмд эзлэх хувь хэмжээг нь бууруулахаар зүтгэсэн нь хэний санаа, хэний сэдсэн ажил вэ.

Сарын 1.5 сая төгрөгийн цалинтай иргэн 170 мянган төгрөгийг, 2.5 сая төгрөгийн цалинтай бол 330 мянгыг, 3.5 саяас дээш цалинтай бол 615 мянган төгрөгийг тус тус татвар өгнө гэсэн үг.

Сүүлийн мэдээгээр 900 мянга орчим татвар төлөгч бүртгэлтэй байгаа бөгөөд нийт татвар төлөгчдийн 95 орчим хувь нь 10-аас бага хувиар татвар төлөх юм. Үлдсэн таван хувь нь буюу дунд давхаргынхан татварын шатлалд хамрагдаж 10 хувиас их татвар төлөхөөр байгаа нь харамсалтай. Дундаж давхаргынхнаа ингэж дарамталж шим шүүсийг нь сорж, доод давхарга руу “өшиглөсөн”-ийнхөө үр дүнд 2018 онд татвараас 51.5 тэрбум төгрөг олно гэж үзэж байгаа юм.

Хүн амын дунд явуулсан судалгаагаар уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын сарын дундаж цалин хамгийн их буюу 2.2 сая төгрөг байгаа юм. Гэтэл эл салбарт ажиллаж байгаа иргэдийн хувьд мэргэжлээс шалтгаалах өвчин, хүнд нөхцөл, гэр орноосоо жилийн ихэнх хугацаанд хол байдаг гэдэг шалтгаануудын дэргэд тэр авч байгаа цалин нь үнэндээ хангалтгүй. Уурхайчид ирэх оноос хэрэгжиж эхэлж байгаа уг татварыг эсэргүүцэж өөрсдийнх нь эрхийг зөрчиж, ялгаварлан гадуурхаж байгаа гэдгийг сошиалаар илэрхийлж байна. Үнэндээ Монголын нийт өрхийн тавхан хувь буюу 43.3 мянган нь л 2.1 саяас дээш төгрөгийн орлоготой. Тэр орлогыг нь өрхийн гишүүдийнх нь тоонд хуваавал ямар тоо гарахыг та бид мэднэ.

Харсаар байж бүхэл бүтэн нэгэн чухал давхаргыг устгах гэсэн энэ татварын бодлогыг хэрэгжүүлэхээс нь өмнө зогсоож, эргэж харах нь зүйтэй. Ажил төрөл хийж гэр орноо тэжээж, ахан дүүсээ өөд нь татдаг анхиатай нэгнээ бид хэзээнээс хайрлаж хүндлээд аль болох дараа болохгүйсэн гэж хичээдэг. Гэтэл энэхүү татварын хуулиар бол тэр анхиатай, арчаатай, толгой сийрэг нэгнээ ажлаас нь гаргаад ам бүлээрээ, бөөнөөрөө гэрийн мухар сахиж утаа баагиулсан ажилгүй хэдэн юм л болчих гээд байна даг. Дэмжиж дээшлүүлж, хамтаараа жаргалтай амьдрахын оронд бүгдийг нь ядуусын давхаргад харьяалуулах гээд байгаа нь яавч монгол хүнээс гарах ухаан биш ээ.


Categories
мэдээ цаг-үе

Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан: Г.Гомбосүрэн гуайгаас өвлийн өвгөний хариуцлагатай албыг хүлээн авч, цааш нь залгуулж явна

Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Жаргалсайхантай ярилцлаа.

-Та өвлийн өвгөн хэмээх энэ сайхан нэр хүндтэй албыг аваад хэд дэх жилтэйгээ золгож байна вэ?

-2004 оноос эхэлсэн гэхээр 13 дахь жилдээ өвлийн өвгөн болж байна шүү дээ. Нэг үе өнгөрчихөж шүү. Цаг хугацаа хурдан байна даа, тийм ээ.

-Өвлийн өвгөн болсноос хойш танд ямар өөрчлөлт гарсан бэ. Ялангуяа сэтгэлзүйн талаас…?

-Өвлийн өвгөний тухай ярихаар Г.Гомбосүрэн гуайн тухай ярихаас өөр аргагүй. Тэр аугаа жүжигчин Монголын ард түмний зүрх сэтгэлд өвлийн өвгөнийг амьд гэдгийг мэдрүүлж үлдээсэн. Тийм болохоор тэр сайхан хүний тухай ярихгүй өнгөрч боломгүй. Энэ хүнээс өвлийн өвгөн гэдэг сайхан дүр төрхийг өвлөж аваад цааш нь үргэлжлүүлээд явна гэдэг мэдээж надад маш их үүрэг хариуцлага өгсөн. Өвлийн өвгөн болсноос хойш надад маш их өөрчлөлт гарч ирсэн. Би Г.Гомбосүрэн гуайгаас маш олон зүйлийг нь өөртөө хадгалж авсан. Хамгийн нэгдүгээрт, тэр хүний гадаад төрх байдал. Биеэ яаж авч явж байна, олон хүний өмнө яаж үгээ хэлж, ярьж байна вэ. Энэ бүгдийг нь би хараад, уламжлаад яг тэр байдлаар нь авч явах юмсан гэсэн тэр бодол, мэдээж би Б.Жаргалсайхан гэх хувь жүжигчин ч гэлээ хичнээн яаж ч жүжиглээд Г.Гомбосүрэн гуайг дуурайгаад түүнийг дуурайж чадахгүй. Гэхдээ тэр хүний алхаа гишгээ биеэ авч яваа байдал зэргийг нь аль болох өөртөө шингээж авч явахыг хичээж явдаг. Тэгэхээр би өвлийн өвгөн гэдэг энэ дүрд шинэ жилээр хувирч байна. Ингэснээрээ жил жилийн арванхоёрдугаар сар миний хувьд онцгой сар байдаг. Цаанаас л бүх юм сайн сайхан эрчимтэй болчихдог. Очсон газар болгондоо, байгууллагууд, хүүхдүүд дээр очихдоо хэлж байгаа үгс минь дандаа сайн сайхныг бэлгэддэг. Үүнийг хүлээж авч байгаа, сүлд модны баяраа тэмдэглэж байгаа хүмүүсийн харц, хүлээж авч байгаа байдал нь чин үнэнээсээ байдаг байхгүй юу. Тэр нь аугаа гоё байдаг.

-Тийм шүү. Хүүхэд гэлтгүй томчууд хүртэл өвлийн өвгөн хараад баярладаг?

-Сая хэд хэдэн газраар орж шинэ жилд нь уригдаж явахад ахмадуудаа урьсан байна лээ. Дал, ная гарчихсан буурал толгойтой хөгшчүүлдээ өвлийн өвгөнөөр бэлэг өгүүлж байна. Ямар гоё юм. Өнөөдүүл чинь өвлийн өвгөнөөс бэлэг авч байгаадаа хачин их баяртай байна аа. “Өвөөдөө үнсүүлнэ ээ” гээд л зүтгэнэ. “За миний хүү өвөөгийнхөө насыг аваарай” гэхээр “Баярлалаа, гялайлаа” гээд баярлахын дээдээр баярлаж байгаа юм. Тэгэхээр Монголын ард түмэнд шинэ жилийн өвлийн өвгөний дүр төрх зүрх сэтгэлд нь үнэхээр үлдчихсэн юм байна гэдгийг бүрэн ойлгодог юм.

-Г.Гомбосүрэн гуайн өмсч байсан өвлийн өвгөний өмсгөлийг анзаарахад цан хүүрэг татуулаад айсуй мэт сэтгэгдэл төрүүлэхээр нэг тийм цагаан өнгө голчилдог байсан шүү. Дээл нь цэнхэр байсан даа?

-Г.Гомбосүрэн гуайн өвлийн өвгөнд тоглож байсан он жилүүдийнх нь зургуудыг харжээ байхад эхлээд цэнхэр дээлтэй байснаа дараа нь цагаан дээлтэй болсон байна лээ. Цагаан дээл, цэнхэр нөмрөг, улаан залаатай малгайтай байх нь ер нь зөв юм байна гэж боддог юм л даа. Монголчууд бид чинь цагаан өнгийг их сайхан бэлгэдэж ерөөдөг. Дараагийн он жил нь цоо шинэ, цав цагаахан, дээр нь юу ч бичээгүй түүхийн нэгэн шинэ он байдаг. Цэнхэр нөмрөг нь номин хөх тэнгэрээ бэлгэдэж, монгол гутал, улаан залаатай малгайгаа өмсөөд “Улаан залаат монголчууд” гэж ерөөгөөд явдаг шүү дээ. Тэр утгаараа энэ хувцас цаанаасаа их учир жанцантай.

Бурхны Цагаан өвгөн гэж байдаг, том эрхтэй. Тэр миний сэтгэлд их дотно бууж ирдэг байхгүй юу. Тэрнээс бараг сэдэвлэж гарсан болов уу ч гэж боддог. Буриадууд 2008 оноос Цагаан сараа маш өргөнөөр тэмдэглэж эхэлсэн. Манайд өвлийн өвгөн шинэ жилээр гарч ирдэг бол буриадад цагаан сараар гардаг байхгүй юу. Буриадууд цагаан сараар өвлийн өвгөн гардаг тухай ярихдаа яг миний энэ бодож байсныг ярьсан юм. Гэхдээ биднээс арай өөр нь өвлийн өвгөн нь Цагаан өвгөний эрхийг нь зүүдэг. Буриадууд намайг нэг удаа цагаан сараараа урилаа. Орон орны өвлийн өвгөнийг урьсан л даа, тэгэхэд. Оросын Дед Мороз, Солонгосын өвлийн өвгөн, Санта Клаус гээд өвлийн өвгөд ирсэн. Би зургаа дахь билүү, долоо дахь орных нь өвлийн өвгөн болж уригдаж очсон юм. Тэр үед би буриадын өвлийн өвгөнийх нь тухай асуухад яг миний бодож байсныг хэлсэн л дээ. Цагаан өвгөнөөс гарал үүсэлтэй гэж байсан. Би тэгж цагаан сараар нь очиж бэлгээ тарааж, бүр хөдөө орон нутгуудаар нь явж бэлгээ тараасан юм. “Монголоос ирсэн өвлийн өвгөн” гэхээр сүйд болдог юм билээ.

-Өвлийн өвгөнгүй шинэ жил гэхээр уйтгартай ч гэх үү, нэг л юм дутуу мэт санагддаг. Шинэ жилийн баяр дээр өвлийн өвгөн ороод ирэх ч бас гоё шүү. Цасан охид, ойн амьтдаа дагуулаад ороод ирвэл бүр ч сайхан?

-Хүмүүс ярьж л байдаг юм “Өвлийн өвгөн ганцаараа явж байна, нэг цасан охинтой явж байна” гэж. Хэдүүлээ явах нь тэр өвлийн өвгөний дүрд хувилж байгаа тэр хүмүүсийн л бодол. Миний хувьд олон цасан охидоо дагуулаад, ойн амьтдаа дагуулаад явах үнэхээр их дуртай. Би чинь ер нь байнга л олон цасан охин дагуулж явдаг шүү. Цасан охид тойрон бүжих их гоё.

-Шинэ жил дөхөж албан байгууллагууд гаднаа гацуураа чимээд хэрэндээ л баярын уур амьсгал орж байгаа ч Хүүхдийн ордон шиг ийм гоё чимэглэлтэй газар алга байна шүү. Хүүхдийн инээд хөөр цалгиж бялхаж, шинэ жилийн баярыг чин сэтгэлээсээ тэсэн ядан хүлээсэн л хүмүүс байна даа, энд?

-Энэ дунд чинь хүрч ирээд бэлтгэл сургуулилтаа хийгээд явчихаар хүүхдүүдтэй яг адилхан болчихож байгаа юм. Дунд нь ороод л тоглож бүжиглээд л ямар гоё гээч. Энд чинь ямар ч элдэв бодол санаа байхгүй, гэнэн цайлганаараа байгаа хүүхдүүд байдаг. Гэрэл гэгээ цацарсан сайхан газар. Шинэ жилийн үеэр энд чинь хүүхдүүдийн авьяас нь буцалж, авьяасаа үзүүлэх гэж бэлтгэл сургуулилтаа хийдэг. Ер нь аливаа юмны, жүжиг ч бай, кино ч бай, тайзны уран бүтээл ч бай хамгийн сайхан юм нь юу вэ гэхээр ард талд зовж шаналаад л. Уран бүтээлээ хийх гээд л. Ажлаасаа болж хоорондоо маргалдана, зөвшилцөнө, инээлдэнэ, ханиалдана. Тэр болгон л хамгийн гоё мөч нь байдаг. Тэгээд жүжиг бэлэн болоод үзэгчдээс халуун алга ташилт авна гэдэг бүр гайхамшиг. Гэхдээ л тэрийг үзэгчдэд хүргэхийн тулд бид яаж бэлтгэл, сургуулилт хийж байна. Тэр нь хамгийн гоё дурсамжтай зүйл нь болж байдаг шүү.

Гэрэл зургуудыг Г.БАЗАРРАГЧАА

-Та өнөө жил хэзээнээс шинэ жилийн арга хэмжээнд уригдаж эхлэв?

-Энэ сарын 4-нөөс албан газруудын шинэ жилд уригдаж явж байна. Албан газруудыг харж байхад шинэ жилийн баяраа их сайхан хийдэг болжээ. Шинэ жил болгон л сайхан байдаг. Гэхдээ бүр л сайхан болоод байна. Ялангуяа манай монголчууд чинь бэлгэдэл боддог ард түмэн. Улиран одож байгаа он жилээ сайхнаар үдэж ирээдүйг сайхан байхыг бэлгэдэж сүлд модны баяраа баяр хөөртэйгээр сайхан хийдэг. Ажиглаж байхад өвлийн өвгөн заавал байх хэрэгтэй юм байна гэдгийг хүмүүс их хэлдэг юм. Гол нь өвлийн өвгөнөөс ерөөлийн сайхан үг сонсч, өвлийн өвгөнөөс бэлэг авна гэдэг үнэхээрийн сайхан. Үгүй ээ мөн их гоё юм аа. Бэлэг авчихаад инээгээд л баярлаад харна. Таньдаг хүмүүс ч надаас бэлэг авч л байдаг. Тэр үед бэлэг авч байгаа хүн маань ч, бэлэг өгч байгаа өвлийн өвгөн нь ч биенээ таньдаг гэж харьцахгүй байгаа юм.

Хэдийгээр өвлийн өвгөн гэдэг нь хийсвэр сэтгэлгээ ч монголчуудын хувьд өвлийн өвгөн амьд байдаг гэдэг сайхан зүйл сэтгэл зүрхэнд нь хоногшоод үлдчихсэн. Тэгэхээр л эргээд Г.Гомбосүрэн гуайгаа ярихаас өөр аргагүй болдог юм. Манай ард түмний зүрх сэтгэлд өвлийн өвгөнийг тэгж үлдээж чадсан, энэ дүрийг тийм сайхан бүтээсэн аугаа хүн байж. Тэгэхээр энэ хүний үлдээсэн эл дүрийг ямар ч байсан их сайнаар үргэлжлүүлээд авч явах нь л хамгийн гол зүйл.

-Та айлд урилгаар очно биз дээ?

-Хааяа очно.

-Таныг жинхэнэ өвлийн өвгөн гэж итгээд, танд хандаж байсан тохиолдлууд бий л байх?

-Манайхны ах дүү нарын хүүхдүүд өвлийн өвгөнд хандсан хүсэл, мөрөөдлөө бичнэ. Ийм тийм бэлэг авна гэдгээ бичнэ. Жаахан хүүхдүүд нь намайг танихгүй. Энгийн үед “Жагаа ах аа, Жагаа ах аа” л гэнэ. Өвлийн өвгөний хувцсаа өмсөнгүүт “Өвөө, өвөө” гэнэ. “За хүүхдүүд минь та нар хүслээ бичсэн үү” гэхээр “Үлдээсэн” гэнэ. Тэгээд бэлгүүдийг нь өгнө дөө. Ингээд явахаар болж захиасаа хэлнэ. “Ирэх жил аав, ээждээ тустай байгаарай. Үгэнд нь орж байгаарай. Хичээл номондоо сайн сураарай. Ирэх жил сайхан бэлэг авчирч өгнө” гэхээр “Тэгнэ ээ, би ирэх жил их сайн байна. Би ирэх жил тийм тийм юм хийнэ. Тэгж хүсч мөрөөдөж байна. Та гоё бэлэг авчраарай” гэцгээнэ.

Хүүхдүүд их үнэмшилтэйгээр хандана. 2005 билүү, 2006 онд билүү Хүүхдийн ордны Харшийн сүлд модны наадам дээр сэтгэл догдлуулсан нэг сайхан үйл явдал болсон юм. Зургаан настай хүүхэд бэлэг авсан юм. Тэр хүүхэд өмнө нь хараагүй байж. Мэс заслаар хараа ороод анх удаа шинэ жилийн баяр гэдгийг үзээд өвлийн өвгөнийг харсан нь тэр байж л дээ. Тэгээд би тэр хүүхдэд бэлэг өгч байлаа. Тэр хүүхэд гайхаад л, хараад л. Тэр хүүхдийг харахаар надад бахархмаар ч юм шиг, сэтгэл нэг л хөдлөөд ч байх шиг үнэхээр гоё байсан. Олон хүүхэд бэлэг авна. Бүгдэд нь бэлэг өгөх дуртай. Энд чинь жинхэнэ бужигнана шүү дээ. Хачин гоё.

Арваннэгдүгээр сарын сүүлч хүртэл ажил төрлөөр янз янзын л хүнтэй утсаар холбоо барина. “Байна уу, хэн бэ” гэхээр “Хасар Жагаа мөн үү” гэнэ. Тэгээд арванхоёрдугаар сарын нэгэн болонгуут “Өвгөн Жагаа мөн үү” гээд л эхэлнэ (Инээв). Тэгэхээр нь “Тийм ээ, тийм. Мөөн мөн. Цас мөсний орноос өвлийн өвгөн аав нь ярьж байна” (Өвлийн өвгөний баргил хоолойгоор ийн ярив.сурв) гээд өөрийн эрхгүй ингэж дуу хоолойгоо өөрчилж яримаар санагдана. Өөрийгөө уядаг морь гэдэг шиг (Инээв). Арванхоёрдугаар сарын 1-н болонгуут өвлийн өвгөний хувцсаа гаргаж ирээд арчилгаа, цэвэрлээ хийнэ. Цагаан сараар бид чинь хамаг юмаа гаргаад саваадаад гөвдөг шиг.

-Таны гэргий Г.Урнаа эгч их тусална биз?

-Уугий (Гэргийгээ хэлэв.сурв) эгч нь яг энэ үед бүгдэд нь оролцоно. Бүх юмаа хамтдаа хийнэ. Гэр бүлээрээ бөөн хөдөлгөөнд орно, арванхоёрдугаар сард.

-Та манай сониноор дамжуулан Монголын нийт ард түмэндээ сайхан мэндчилгээ дэвшүүлнэ үү?

-Айлчлан ирж байгаа 2018 ондоо монголчууд маань төрлөөрөө түвшин амгалан байж, гутамшигт муу үйл үл учралдаж, бадралт сайн үйл бүхэн дэлгэрч байх болтугай. Монголчууд бидэнд хийж чадахгүй зүйл үгүй. Аливаа үйлийг хийж бүтээхийн тулд хүн эрүүл байх ёстой. Тийм учраас монголчууд минь эрүүл байх ёстой. Эрүүл мэнддээ анхаарч байгаарай гэж захья. Ирж буй 2018 он монголчууд бидэнд хөгжил дэвшлээр дүүрэн, амжилт бүтээлээр арвин бялхам сайхан он жил байхын ерөөлийг дэвшүүлж байна.

Categories
мэдээ цаг-үе

Г.Пүрэвдорж: Бээжин утаа гаргадаг юм болгоныг болиулж агаарын бохирдлоос салсан

Гэрэл зургийг Г.БАЗАРРАГЧАА

Доктор Г.Пүрэвдоржтой ярилцлаа.

-Нийслэл хотод яг одоо тулгарч байгаа хамгийн том асуудал нь утаа. Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулах, арга зам, боломжууд гэвэл юу байна вэ?

-Эх газрын эрс тэс уур амьсгалтай Монгол орны хувьд хот суурин газрын хамгийн аюултай зүйл нь утаа. Намайг хүүхэд байхад буюу 1970-аад оны үед хөдөөнийхөн “Өвлийн улиралд Улаанбаатар хотод очиход агаар нь муу, уушги муудчихаар газар байна” гэж ярьдаг байсан юм.

Би 1986 онд эрдэм шинжилгээний ажилтан болсон. Тэгэхэд Улаанбаатар хотын агаарын бохирдол болохоо байчихсан байна гээд Дэнжийн мянгад дулаан хураагуур, цахилгаан зуух гэдгийг тавьж байлаа. Тэр үед би III цахилгаан станцад ажиллаж байсан учраас тэр зуухыг гэртэй нь иж бүрнээр нь судлах завшаан тохиолдсон юм. Түүнээс хойш гучин хэдэн жил болчихож дээ. 31 жилийн турш утаатай тэмцсээр ирсэн ч өнөөдөр утаа гамшгийн түвшинд ирчихлээ. Үүнийг төрийн гурван өндөрлөг уулзаж ҮАБЗ “Улаанбаатар хотын утаа гамшгийн хэмжээнд хүрчээ” гэдгийг зарлаад холбогдох газруудад даалгавар өгч байсан билээ. Өмнөх Ерөнхий сайд Улаанбаатар хотыг цахилгаан халаагуурт шилжүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Өнөөдөр харж байхад өнгөрсөн 30 жилд хийсэн хамгийн өнгөтэй, өөдтэй ажил нь Улаанбаатар хотын гэр хорооллын айлуудыг цахилгаан халаагуурт шилжүүлэх байжээ.

У.Хүрэлсүх сайд айлуудаар орж утаатай хэрхэн тэмцэж байгаатай танилцахад цахилгаан халаагууртай айлууд асуудлаа бүрэн шийдсэн нь харагдаж байна лээ. Үүнээс үзэхэд Улаанбаатар хот утаанаасаа салах нэг арга нь цахилгаан халаагуурт шилжих нь нэг боломж юм гэж харж байна.

2016 онд “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах арга зам, боломжууд” гэсэн хурал болсон юм. Уг хурал дээр агаарын бохирдол яагаад үүсээд байна, түүнийг бууруулах ямар арга байна вэ гэдэг дээр эрдэмтэн, судлаачид ярилцсан. Улаанбаатар хотын агаарын бохирдол юунаас үүдэлтэй вэ гэхээр өвлийн хүйтэн сэрүүний улиралд асуудал үүсдэг болохоос биш бусад үед нь гайгүй. Монгол оронд өвлийн улиралд гаднах агаарын температур буураад ирэхээр инверцийн үзэгдэл болдог.

-Инверци гэдгээ энгийн үгээр тайлбарлахгүй юу?

-Агаарын тогтонги үе. Улаанбаатар хотод, ялангуяа Туул голын хөндийд агаарын тогтонги үед тогтдог. Агаар хөдлөхөө байчихдаг. Өрхийг нь бүтээчихсэн гэр шиг л болчихдог. Улаанбаатар хотод хоёр хоног л утаа гарахад хүн амьдрахын аргагүй болчихож байгаа юм. Үүнийг зүйрлэн хэлэх юм бол өрхийг нь бүтээчихсэн гэрт нэг хүн тамхи татаад байвал гайгүй. Таван хүн хоёр юм уу, таван өдөр нэгэн зэрэг тамхи татчихвал тэнд хүн амьдарч чадахгүй. Үүн шиг л болчихож байгаа юм. Энэ бол байгалийн үзэгдэл. Байгалийн үзэгдлийг хүн яаж ч чадахгүй. Тийм учраас энэ их утаанд бид ялагдаад байгаа юм. Үүний эцсийн шийдэл бол байгалийн үзэгдэл байж агаар тогтчихоод байгаа учраас энэ дотор утаа гаргахгүй болбол л асуудал байхгүй болно. Өрхийг нь бүтээчихсэн гэрт хэн нэгэн тамхи татахгүй байхад л болно гэсэн үг.

-Хэрвээ Улаанбаатар хот салхины ам, салхитай газарт анх байгуулагдчихсан бол ийм асуудал үүсэхгүй байж. Тийм үү?

-Тийм, тийм. Салхитай газарт байгуулагдчихсан байсан бол ийм асуудал байхгүй. Түрүү үед хотыг төлөвлөхдөө салхигүй, намуухан газруудад хотыг барьдаг байжээ. Одоо бол хүн ам их хэмжээгээр суурьшаад эхлэхээр салхитай газарт барихгүй бол болохоо байж байгаа юм. Та Дорнод аймгийн Чойбалсан хотыг үзсэн үү.

-Үзсэн?

-Чойбалсанд би зөндөө очиж байсан. Тэнд очих бүрт станцын яндан перпендикуляр байдаг байхгүй юу. Тал газар, салхитай газарт инверцийн үзэгдэл тогтохгүй. Инверцийн үзэгдэл хэзээ гардаг юм гэхээр цаг уурчдын судалснаар, 7-8 м/секунд салхитай болоход инверци буюу агаарын тогтонги байхгүй болчихдог. Салхи гарангуут утаа алга болно.

-Цаг агаарын мэдээгээр ихэвчлэн “Улаанбаатарт салхи 6-10 м/сек” гэж ярьдаг?

-Та нар судалж болно. 6-10 м/секунд хурдтай салхитай гэвэл тэр өдөр бараг салхигүй гэсэн үг. Ер нь салхигүй байна гэвэл утаатай байна гэсэн үг. Салхины давтагдлыг аваад үзвэл нэлээд хоногуудад нь агаарын тогтонги үе бий болчихоод байгаа юм.

-Лондон хотын 1900-гаад оны эхэн үеийн утааг юутай ч зүйрлэшгүй гэж ярьцгаадаг. Энэ удаад тэр холын зүйлийг яриад яахав. Энүүхэнд байх, урд хөршийнхөө туршлагыг бид ярих нь зүйтэй байх. Бээжин хот утаанаасаа салаад эхэлчихлээ. Өндөр насжилттай машин, үйлдвэрүүдээ хотоос гаргаж, шингэрүүлсэн хийг бүхий л хэрэгцээндээ нэвтрүүлж байна?

-Би сүүлийн үед Бээжин орсонгүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээс харахад Бээжин хот утаанаасаа салчихжээ. Инверцийн үзэгдэл хаа сайгүй л тогтоно. Инверцийн үед утаа гаргах юм бол л утаатай болно. Тийм учраас Хятадын Засгийн газраас Бээжин хотод утаа гаргадаг юмыг л болиулж байгаа байхгүй юу. Тэр олон айл, жижиг, хувийн уурын зуух, нүүрс түлдэг бүхий л цэгийг болиулаад, утаа гаргадаг машинуудыг зогсоогоод эхлэхээр утаа гаргах нь багасна. Утаа гаргахгүй болоод эхлэхээр аяндаа Бээжин хот утаагүй болчихно. Ийм л юм байгаа юм. Гэтэл манайх олон жилийн туршид дандаа л буруу аргаар тэмцэж ирсэн байхгүй юу. Хятад улсын хувьд утаанаас салсан гол арга нь ердөө шинжлэх ухаандаа тулгуурласан явдал. Шинжлэх ухаанд тулгуурлах, шинэ, зөв зүйтэй технологийг нэвтрүүлэх нь аливаа хүндрэлээс гарах гол арга. Ер нь хүн төрөлхтний өмнө тулгарсан аливаа бэрхшээлийг шинжлэх ухаанд тулгуурлаж л даван туулж ирснээс биш хар бор аргаар зүтгээд байвал мухардлаар төгсдөг нь олон.

-Ерөнхий сайд У.Хүрэлсүх утааны голомтуудаар явж нөхцөл байдалтай танилцах үеэрээ утааны эсрэг нийтдээ 147 тэрбум төгрөг, зээл тусламжаар 60 сая ам.доллар зарцуулсан талаар ярьж байсан?

-Утаанд маш бага мөнгө зарцуулсан. ДЭМБ-ын судалгаа байдаг юм. Улаанбаатар хотын иргэд утаанаас болж жилд 400 сая ам.долларыг эрүүл мэнддээ зарцуулж байна гэдгийг тогтоосон.

-Арай л их юм аа?

-400 сая ам.доллар буюу нэг их наяд төгрөгийг иргэд утаанаас болж эрүүл мэнддээ зарцуулж байна. Та утаанаас болж харшилтай болж, ханиад хүрч, хордлогод орж хатгаа авахад эмнэлэгт хэвтэх, ажлын чадвараа алдах зэрэгт тодорхой хэмжээний мөнгө зарцуулна. Эм тариа гээд нэрлэвэл их мөнгө гарна.

-Утаанд хордож, хатгаа авч эмнэлгээр явахад шинжилгээ, оношилгоо, эмчилгээнд нийтдээ 500 мянга орчим мянган төгрөг зарцуулж, энэ хооронд ажлаа хийж чадаагүйгээс цалингүй хоцрох жишээний?

-Нэг л иргэн утаанаас болж нэг удаад ийм хохирол амсч байна. 1.3 сая хүний хэд нь ханиад хүрч, хатгаа авч, утаанд хордох вэ. Тэр тоонд үржүүлээд үзэхэд тэр утааны эсрэг зарцуулаад байна гэдэг 147 тэрбум төгрөг бол өчүүхэн мөнгө шүү. Олон жилийн турш л утааны эсрэг мөнгө зарцуулж байна. Энэ жил гэхэд цахилгаан халаагуурт зургаа, долоон тэрбумыг л нөхөн олговорт өгч байгаа юм. Жил жилээр нь иймэрхүү мөнгө төсөвлөөд нийтэд нь бодоход 147 тэрбум л болж байгаа юм. Сүүлийн 30 жил утаанд дарлуулахдаа жилд 200 сая ам.долларыг утаанаас гаралтай элдэв өвчинд зарцуулсан гэж бодвол нийтдээ хэдэн төгрөг болох вэ, бараг зургаан тэрбум ам.доллар болно биз дээ. Ийм их мөнгөөр иргэд, улс орон минь хохирсоор иржээ. Тэрний дэргэд тэр 147 тэрбум төгрөг, 60 сая ам.доллар юу ч биш.

Тэгэхээр Улаанбаатар хот утаанаас салах гол арга нь утаа гаргадаггүй технологийг нэвтрүүлэх хэрэгтэй. Цахилгаан халаагуур, хийн халаагуур гэх мэт утаа хамгийн бага гаргадаг аргууд руу шилжих хэрэгтэй. Гал түлдэг юм болгон л утаа гаргадаг.

-Утаанаас салах олон арга байна. Бараг бүгдийг нь ярьдаг ч хэрэгжүүлдэггүй. Бэлээхэн Бээжингийн жишээ байхад ч үл тоох. Тэгэхээр эхлээд сэтгэхүйдээ утаанаас салъя, салцгаая гэсэн зүйлийг л маш сайн суулгах хэрэгтэй юм биш үү?

-Нүүдлийн соёл иргэншил нь монголчуудын сэтгэлгээнээс арилаагүй. Таных ч, минийх ч арилаагүй. Би Улаанбаатарт нүүж ирээд бараг 40 жил болж байна. Тэгэхэд миний өнөө малчин сэтгэхүй одоог хүртэл арилаагүй. Хэдэн үе өнгөрч байж тэр сэтгэлгээ арилах байх. Тэгэхээр манайхан хөдөөнийхөө сэтгэхүйгээр л сэтгээд байгаа юм, Улаанбаатарт нүүж ирж байгаа улс. Төрөөс тэрүүнд нь таарсан бодлого явуулах ёстой. Монгол гэртэй ерөөсөө ноцолдох хэрэг байхгүй. Дандаа монгол гэртэй ноцолдсоор ирсэн нь өнгөрсөн 30 жилийн алдаа. Улаанбаатар хотын гэр хорооллын айлуудын ихэнх нь орон сууцанд орохыг хүсч байгаа. Жижигхэн байшин ч атугай барьсан айлыг сайн дулаалуулаад л цахилгаан халаагуур, дэвшилтэт технологийн аргуудыг хэрэглүүлэх хэрэгтэй. Гэрт ерөөсөө дэмжлэг үзүүлж болохгүй. Хажуу талын байшинтай айл нь байшингаа сайхан дулаалаад гар хөлөө нүүрсэнд халтартуулахгүй, ая тухтай дулаахан амьдраад байгааг гэрт амьдарч байгаа хөрш нь хараад аяндаа дуурайна.

-Дуурайна, барьцана гэдэг чинь монголчуудын сайн хийж чаддаг “ажил”-уудын нэг шүү дээ?

-Хөдөө малчдыг цахилгаанжуулах чиглэлээр ажилласан юм. Монголын хөдөөгийн малчид бүрэн цахилгаанжсан. Монголын сэтгэхүйгээр бол бие биенээ дуурайж шинэ технологийг нэвтрүүлэн амьдардаг байхгүй юу.

Тэр маягаар Улаанбаатар хотыг аль болох сууцжуулах хэрэгтэй. Сууцыг дулаалах хэрэгтэй. Дулаалгатай байшинтай айл маш бага цахилгаан хэрэглээд эхэлбэл бусад нь дуурайгаад л эхэлнэ. Авгай нь хэлнэ. “Чи энэ Балдангийнхныг хараач” гээд л эхэлнэ. Тэгэхээр төрөөс маш богино хугацаанд маш их мөнгийг зарцуулах хэрэгтэй байна. Тэгэхгүй бол жил бүхэн 400 сая ам.доллараар иргэд маань хохироод байвал хүндрэлтэй.

Улаанбаатар хотод агаарын тогтонги гэх байгалийн үзэгдэл байгаа учраас элдэв дээдийн арга хэрэглэнэ гэж ярьцгаагаад нэмэргүй.

-Том сэнс байршуулна, Богд уулыг нүхэлж утааг нь гаргана гээд л ярьцгаадаг?

-Утааг нь сорно, салхилуулна гэдэг. Тэр бүхэн бүгд худлаа. Гагцхүү утаа гаргахгүй л байх ёстой. Утаа гаргахгүй байх арга маш цөөхөн. Нэгдүгээрт, цахилгаан халаагуур тавьж болно. Маш бага утаа гаргадаг хийн халаагуур байж болно. Өндөр үнэтэй технологи хэрэглэж байгаа бол байшин, барилгынхаа дулааны алдагдлыг бууруулах хэрэгтэй. Хүн бүр хэмнэдэг суурин соёл иргэншил рүү дамжих ёстой.

-Цахилгаан халаагуурт шилжихэд хүчин чадал нь бага байгаа биз дээ?

-Станцыг нь барих хэрэгтэй. Гурван жилд иргэд маань эрүүл мэнддээ утаанаас болж нэг цахилгаан станц барих мөнгө буюу 1.2 тэрбум ам.долларыг алдаж байна.

Categories
мэдээ цаг-үе

Р.Батсайхан: Одоо дунд давхаргынхан хүчтэй эсэргүүцэж гарч ирнэ

“Nirunfilm” студийн продюссер, найруулагч Р.Батсайхантай ярилцлаа.


-“Hero” интертайнментийн Б.Баатар, та гээд ид хийж бүтээж яваа туршлагатай бол туршлагатай, ур чадвартай бол чадвартай найруулагчдыг хараад байхад улс төртэй их орооцолдох юм?

-(Инээв.)

-Улс төр, сонгуульд аливаа уран бүтээлчид хутгалдчихаар хувь үнэлэмж нь буурчихдаг юм шиг анзаарагддаг?

-Надад улс төртэй айхавтар хутгалдаж яваа юм алга л даа. Ер нь бол ийм нэг зовлон Монголд ажиглагдаад байгаа юм. Киноны хувьд Монголын зах зээл бага байхгүй юу. Солонгосын киночидтой уулзахад “Манайх 50-хан сая хүн амтай. Бид ерөөсөө ашиг олдоггүй юм” гэж байсан. Оросууд 130 сая хүн амтай. Оросууд бас “Хэцүү байна” гэдэг. Тэгэхээр Монголд киногоор амьдраад явна гэдэг бодит байдал дээр хүнд. Асар их сэтгэл, асар их дураар явж байдаг юм. Урлаг чинь нэг талдаа асар их дур хүслээр явна л даа. Тийм л юм. Улс төр рүү найруулагчид ороод байгаа юм үгүй. Б.Баатарын “Монгол тулгатны 100 эрхэм”, “Зуун чухал сэдэв” гэдэг нэвтрүүлгүүдийнх нь сэдэв нь улс төртэй холбогдоод байгаа болохоор тэгж харагдаад байгаа болов уу. Мань хүн өөрөө учиргүй намд элсээд улс төр хийгээд яваад байгаа юм харагдахгүй байна. Захиалгаар ажил хийх тиймэрхүү зүйл байхаас шууд улс төр рүү ороогүй. Шалтгаан нь их энгийн. Зах зээл нь жаахан. Ингэж хэлдэг юм билээ. Тухайн газар нутаг дээр амьдарч байгаа хүмүүсийн ядаж зургаан хувь нь ямар нэг кино үзвэл тэр киног хийсэн хүмүүс алдагдалгүй ажиллалаа гэж үздэг.

-Тэгэхээр чинь Улаанбаатарт…?

-Тааруухан шүү дээ. Та бод л доо. Улаанбаатар 1.3 сая хүн амтай. Нэг киног 100-гаад мянган хүн үзнэ гэж бараг байхгүй.

-Үзэхгүй юу?

-Онцгой ховор. Ихэнхийг нь харахад өр зээл тавиад л. Хараад байхад тэгэсхийгээд л кино хийхээ больцгоогоод л байна. Яагаад гэвэл цаана нь эдийн засгийн утга учир байна шүү. Байнга алдагдал, өрөнд ороод цуврал гинжин хэлхээнд орж болохгүй. Бүгд дэс дарааллаад л ашиг олоод байгаа юм байхгүй. Тэгэх нь тооны хувьд боломжгүй. Эдийн засгийн хувьд ч тэр.

-Одоогоос 5-7 жилийн өмнө киночдоос “Монголын кино сэргэж байна” гэх үгийг их сонсдог байлаа. Кино театрууд үүдээ дэлгэж, кинонууд ар араасаа нээлтээ хийж байлаа, тэгэхэд?

-Тийм өөдрөг хандлага байж болно л доо. Сэргээд ч байгаа юм шиг. Бодитоор бол хэцүү шүү дээ. Сэргэж байна гэдэгт би юуг ойлгох юм. Тоог ойлгох юм уу, орлогын хэмжээг нь ойлгох юм уу. Техник технологийн хувьд мэдээж хөгжлөө дагаад сайжирчихаж байгаа юм. Сүүлийн үед өндөр чанарын камер гарчихсан. Тийм утгаараа өнгө зүс, хэлбэрийн хувьд сайжирчихсан юм шиг харагдаж болно. Тэр бол юу ч биш. Кинонд тэр сонин биш. Агуулга, борлогдох чадвар чухал.

Жишээ нь, Канадын цаатнууд дээр үеийн DV камераар кино хийчихсэн байгаа юм. Чанарын үзүүлэлт нь бага 720х5х76. Одоо бол 2к, 4к. Одоогийнхоос чанараар дөрөв дахин бага тийм камераар хийсэн кино. Тэр киног 300 мянган доллараар хийгээд 16 сая доллар олчихсон байдаг юм. Та бүхэн тэр киног харвал “Ээ ийм кино байдаг юм уу” гэнэ дээ. Гэрийн бичлэг шиг л юм байгаа. 300 мянгаар хийгээд 16 саяыг олно гэхээр тэнд нэг юм байсан байна аа даа, тийм ээ. Манайхан чинь хөөрхий аминдаа үзсэн киногоо дуурайгаад сайн хийх гэж оролдоод л. Тэглээ гээд агуулга нь борлогдохгүй байгаа байхгүй юу. Контент нь борлогдохгүй, тоогдохгүй байна. Америкчуудыг л сайн дуурайсан байна. Өөр юу гэдэг юм. Ийм болчихоод байгаа юм. Тэр утгаараа сэргэсэн гэдэг нь ямар өнцгөөс харснаасаа хамааралтай.

-Тухайн үед олон кино нээлтээ хийсэн дээ?

-2011-2013 оны хооронд Монгол Улс чинь өөрөө орлого олоод галзуурлаа л даа. Тэр үеийн нөлөө байж болох юм.

-Киног тухайн цаг үеийн тусгал гэж ойлгож болно, тийм ээ?

-Тийм.

-Дээр үеийн кино гоё. 1990 оноос өмнөх кинонууд л гоё гээд байдаг нь ямар учиртай юм?

-Тэр чинь догма л даа.

-Догма?

-Хоосон ойлголт. Худал, бэлэн ойлголт. Хэд хэдэн хүчин зүйл байгаа юм, тэр үеийн кино сайн байжээ гэх. Гэтэл бодитоор бол хэцүү. Жишээ нь, зохиол, агуулгыг нь аваад үзвэл марзан тал руугаа шүү дээ. Энгийн логикгүй.

-Жишээ нь ямар кино вэ?

-“Ардын элч” киног аваад үзье. Энэ киног бүгдээрээ гоё гэдэг. Тэгтэл агуулга нь ийм байхгүй юу. Кино эхлэхэд ардууд тойрч суугаад “Ардын засаг руу бичиг явуулъя. Хэн явах вэ. За Бадарч авч яв” гэдэг. Тэр бичгийн агуулгыг тэнд байгаа хүмүүс бүгд мэдэж байгаа. Нэг нь чангаар дуудаад уншчихсан байхгүй юу. “Хязгаар нутгийн ард түмэн бид ардын засгийг дэмжиж байна” гэдэг ийм л захиа. Энэ захиаг Бадарч аваад давхисан чинь хурал дотор цуг суусан урвагч Дүлзэн цагаантнуудад очиж “Эд нар ийм бичиг хийгээд хүрээ рүү аваад явж байна” гэж хэлэнгүүт “Тэр бичгийг битгий явуул. Барьж ав” гэдэг.

“Хязгаар нутгийн ард түмэн бид ардын засгийг дэмжиж байна” гэсэн тэр захиа цагаантнуудын гарт очсоноор үнэндээ ямар аюул учрах юм. Хэрвээ тэр захианд нь “Энд хэдэн цагаантнууд байна. Хоёр их буутай, тэдэн винтовтой, тэдэн хүн байна” гэвэл аюултай мэдээ. Гэтэл зүгээр л “Хязгаар нутгийн ард дэмжиж байна” гэсэн л бичиг байсан. Ийм утгагүй бичгийн араас хөөцөлдөөд Бадарчийг алдаг. Бадарч үхэхдээ Дарьбазарт “Энэ бичгийг Сүхбаатарт аваачиж өг” гэдэг. Ингээд хөөрхий Дарьбазар өөрийнхөө амийг золиод гэр бүлээ эрсдэлд оруулна. Гэр бүл нь түмэн бэрхийг туулаад Сүхбаатар дээр ороод ирсэн чинь өөдөөс нь “Аа чи нөгөө хэн үү” гээд л тэр хүнийг хичнээн зовж тэмцэлдэж ирснийг анхаарахгүй “Бичиг аваад замд чинь нэг орос цэрэг аварсан. Би мэдэж байгаа” гэсэн шиг. Энэ контент бүхэлдээ утгагүй, хоосон юм байхгүй юу. Гэтэл яагаад энэ киног сайн гэж бодоод байна вэ гэхээр нэгдүгээрт давтамжийн асуудал байна.

-Цөөхөн кинотой байсан шүү дээ?

-Цөөхөн кинотой байсан. “Монгол кино” үйлдвэр оргил үедээ жилд арван кино хийж байсан. 1980 онд Филатова хүүхдийн жил гэж зарлаж хүүхдийн кинонд илүү төсөв тавиад тэр жил арван кино хийсэн нь Монголын киноны түүхэнд хамгийн том тоо байсан. “Ардын элч”-ийг бид шинэ жилээр нэг үзээд Цагаан сараар дахиж үзэж наадмаар бас үздэг байсан. Жилд багадаа гурав үздэг байсан болохоор бүр цээжилчихнэ.

Хоёрдугаарт, телевиз нь зөвхөн тэгш тоотой өдрүүдэд гардаг байсан юм. Мягмар, пүрэв, бямбад. Тэгэхээр маш их хүсч хүлээж байж үзнэ. Өөр үзэх юм байхгүй. Сүүлдээ бүр цээжлээд киноны дүрүүдийн үгүүдийг хэлдэг болно. “Сайхан сайхан хүүхнүүдийг бариад л байх уу” гэх мэтээр.

-“Чи ингэж явж байдаг бий вий”…?

-Тийм. Ингээд их сайхан хоногшоод сүүлдээ киноны үг нь ардын үг ярианы нэг элемент болоод дотно болчихдог. Түүнээс биш яг одоо “Ардын элч” гараад тэрнийг та мөнгө төлөөд үзнэ гэвэл асуудалтай. Социализмын үед чинь хурал хийсээр байгаад дуусдаг тийм үйл явдалтай кино байлаа шүү дээ. Кино эхлээд хурал. Хурлын завсраар зусланд гэртээ нэг ирнэ. Тэгээд буцаад л хуралдаа. Тийм кино гэж юу байдаг юм.

-Тэрийг чинь хүмүүс үзээд л байдаг байсан?

-Өөр сонголт байхгүй юм чинь. Тэгээд нэг киног олон дахин үзээд байхаар ээнэгшчихдэг. “Ардын элч”-ийг ур чадвар талаас нь эхнээс нь дуусах хүртэл нь харвал зураг авалтаас эхлүүлээд алдаа их бий. Юу нь тэр киног үнэ цэнтэй харагдуулаад байдаг вэ гэхээр тэр үедээ нэлээд үнэтэй хальсаар хийсэн. Нэг кино хийх гэж улсаараа хөдөлдөг байсан шүү. Хүн бүхэн тэрэнд оролцоно. Малчид нь малаа өгөөд нэг кинонд жил гарангийн хугацаа зарцуулаад өртөг шингээгээд. Тэр утгаараа ямар нэг юм тэр кинонд байгаа юм. Үнэлэхүйц юм байгаа юм. Мөн дээр үетэйгээ ойр байсан болохоор хувцас хунар, эдлэл хэрэгслийн хувьд ч ойр. Одоо бол дээр үеийн хувцас гэхээр хиймэл, концертын хувцас шиг юм өмсөөд байна. Тэр үед чинь Богдын хатны дээлийг хураагаад драмын театрын жүжигчдийн хувцсанд өгчихсөн байсан гэдэг шүү. Баячуудын хэрэглэж байсан дан оригиналь юмнуудыг хураагаад драм, дуурийн театрт өгчихсөн байсан. Гэх мэтчилэнгийн янз бүрийн юм нөлөөлсөн байх магадлалтай.

-Дээр үеийн кинонд олон зүйл зарцуулсан нь харагддаг. Ялангуяа цаг хугацааг. Киноны үйл явдал нь жилийн дөрвөн улирлын турш үргэлжилдэг. Гэтэл одоо манай киночид ихэвчлэн зуны дэлгэр цагт зураг авалт авчихаад есдүгээр сард оюутан цуглахаар тэр киногоо нээдэг. Эсвэл өвөл хийсэн киногоо гуравдугаар сард Мартын наймнаар нээдэг. Киногоо нээдэг хоёр л үетэй. Зун хийсэн киноны үйл явдал нь зун өрнөсөөр дуусдаг. Өвөл хийсэн нь өвлөө харуулдаг. Дөрвөн улирлыг харуулах нь бараг байдаггүй?

-Тийм ээ, тийм. Баялаг байх ёстой. Дүрслэлийн хувьд ч тэр. Гэхдээ яахав дээ киноны үйл явдлаасаа болно шүү дээ. “168 цаг” гэж кино үзсэн үү. Хадны засвар хавчуулагдчихаад гараа сугалах гээд л байдаг (инээв).

-Үзсэн?

-Тэр чинь 168 цагийгн үйл явдлыг л харуулсан кино. Тэгэхээр киноны зохиолоосоо л хамаарна л даа. Зохиол ямар байна тэрийгээ дагана. Гэхдээ мэдээж түүхэн, хүний амьдрал намтрыг харуулсан кино таны хэлснээр тодорхой он цагийг мэдрүүлэхээр байх ёстой л доо.

-Танай “Нирун фильм” байгаа юу?

-Байж л байгаа. Голдуу захиалгатай юм л хийдэг юм. Эрсдэлгүй (инээв). Баримтат кино, сурталчилгааны реклам гээд л тиймэрхүү юм хийж байгаа.

-Ойрын хугацаанд дэлгэцнээ гаргах том бүтээл, төлөвлөж байгаа юм бий дээ, танд?

-Хоёр л гэж хэлэх юм даа тийм кино хийх гээд бодчихсон юм. Мөнгө төгрөг гээд хүмүүс их чухалчлаад байна шүү дээ. Мөнгөний мөн чанар, хүнд үзүүлж байгаа нөлөөний тухай өгүүлэх хос кино хийж байна. Хоёр ангит биш. Биеэ даасан хоёр жижиг кино. Нийлэхээрээ нэг санаа илэрхийлнэ. Тэр киноныхоо нэгийг нь хийчихээд байна. Нөгөөдхийг нь хийх гэсэн чинь мөнгө олдохгүй байна. Орхичихоод л байж байна.

-Монголын нийгмийг ерөнхийд нь харахаар танд юу харагддаг вэ. Эдийн засгийн хямрал дээр улс төрийн байдал утга учиргүй болж бүх юм уялдаа авцалдаагүй болоод ирж байна уу даа?

-Би саяхан нэг номын редактораар ажилласан юм. “Тоталитар дэглэмээс гажуудсан ардчилал руу” гэдэг ном. Михайл Клима гэж Чехийн улс төр судлаачийн бүтээл л дээ. Уг номыг редакторлаад сууж байхад яг Монголд болсон бүх үйл явцыг тэр ном дүгнээд зураглаад хийчихсэн байгаа юм.

Ганцхан Монгол биш юм байна. Хуучин коммунист орнуудыг нийтэд нь хамарсан үзэгдэл байгаа юм. Бүгдээрээ тоталитар дэглэмд байлаа шүү дээ. Тэгж байгаад тэр нь задраад бүгдээрээ гоё ардчилсан болж хөгжинө гэж бодож байж л дээ. Бидний төсөөллөөр бол Чех биднээс илүү ардчилагдаад аль хэзээний барууны сонгодог ардчилалд хүрчихсэн гэж бодож байтал тэр номыг уншвал үгүй юм байна гэдгийг ойлгосон. Коммунист дэглэмээс салсан орнууд ерөнхийдөө хоёр замаар явсан байна. Нэг зам нь лалын орнууд, дундад Ази, станы орнууд байна шүү дээ. Тэд бүгд авторитори дэглэм рүү гулсаад орчихсон. Лалын соёл, хүмүүжил нь угаасаа тийм. Нөгөө зам нь зүүн Европ, төв Европын орнууд гажуудсан ардчилал руу орчихсон. Монгол тэр гажуудсан ардчилал руу орчихсон юм билээ.

Тэрийг уншихаар яг л Монголыг уншаад байгаа юм. 2003 онд Чехийг ардчилалын үлгэр жишээ гэж ярьж байж. “Чех яаж ардчилал хийснийг хар та нар!” гэж байсан.

-Хэдхэн жилийн өмнө Монголыг бас тэгсэн шүү дээ. Бид магтуулж байсан?

-Монголыг хар! Азийн ардчиллын баян бүрд, ардчиллын арал энэ тэр гээд байсан. Чехийг 2003 оноос “Ардчиллыг Чех шиг завхруулж байгаа улс алга” гэх болсон. Үлгэрийн гэмээр ардчиллыг цэцэглүүлж байсан орон яав аа гэмээр болж эхэлсэн. Тэрэнтэй адил Монгол тийм болчихсон юм.

Нэг л их мундаг ардчилал яриад байсан хааччихав аа, яачихав аа. Бүх юм нь газардаад алга болчихсон. Тэр номыг уншихаар Монголын нийгэмд юу болоод өнгөрөв өө, цаашид юу болох вэ гэдэг нь бэлээхэн байж байгаа юм. 2015 онд бичигдсэн ном. Тэгэхээр тэд биднээс хоёр жилийн өмнө яваад байна аа даа. Ардчилал яагаад өөдтэй яваагүйн шалтгаануудыг биччихсэн байгаа юм.

Нэгдүгээр үндсэн шалтгаан нь өмнөх нийгмийн хамаарал гэж байдаг юм байна. Хоёрдугаарт өмч хувьчлал буруу явагдсан. Өмчийн тухай ойлголт нь бүрдээгүй, буруу ойлголттой, хамгийн гол нь аж ахуй эрхлэх чадваргүй, худалдан авах чадваргүй үед өмчийг өгчихөөр яахаа мэдэхээ байчихдаг юм байна. Миний мэдэх маш олон хүн цэнхэр, ягаан тасалбараар аж ахуй нэгж худалдаж аваад яахаа мэдэхээ байхаараа тоног төхөөрөмжийг нь сугалж төмрийн хогонд тушаагаад хамгийн ойр санагдсан нь баар байсан учраас бараг бүгд шахуу баартай болсон ч мэдээж дампуурна шүү дээ. Эсвэл Тохиролцооны дэлгүүр нээсэн. Толгойд нь орж байсан бизнес нь тэр байхгүй юу. Чехэд бас яг ингэсэн байна лээ.

Бас нэг сул тал нь өмнө нь засаглаж байсан, өмнөх нийгмийн удирдаж байсан нам, удирдагчдыг тэр хэвээр нь үлдээчихсэн. Манайх бас тэгсэн. Тэр нь шинэ нийгмийг байгуулж чадахгүй, ардчиллыг буруу ойлгож, гажуудуулж завхралын эхлэлийг тавьчихсан гэж байгаа юм. Тэгээд Чехэд манайхтай адил МАНАН үүссэн. Гол хоёр нам нь үгсдэг. Шударга бусын хонгил. Хуулийн байгууллагад өөрсдийнхөө хүмүүсийг дарааллуулаад суулгачихдаг юм байна ш дээ. Хэрэг бүртгэх, мөрдөх, шүүх, ял оноох, хянах гэх мэт бүх процесст өөрийнхөө хүнийг тавиад хүссэн хэргээ тэр дамжлагуудаар оруулаад гаргачихдаг. Энэ зүйл Чехэд бас явагджээ. Нэгнээ тагнадаг, чагнадаг хэрэг тэнд бас гарсан.

Ардчилал гажуудахад хүргэсэн шалтгаанууд дотор бас нэг юм байна билээ. Хүчтэй иргэний нийгэм нь байхгүй болчихсон. Өмнөх нийгэмд манай иргэний нийгэм хуурмаг байсан. Үйлдвэрчний эвлэл, Эмэгтэйчүүдийн холбоо, Залуучуудын холбоо нь хуурмаг. Бүгдээрээ намын дайчин туслагч, шадар үүрэгтэй. Иргэний нийгэмтэй юм шиг харагдуулдаг байсан. 1990 он гарангуут Монголын Хувьсгалт залуучуудын эвлэл нэртэй байснаа Монголын залуучуудын холбоо болох жишээний. ТББ болчихсон юм шиг харагдуулж хуураад байгаа юм. Мөн чанар нь байж л байсан.

Төр, бизнес гэж хоёр юмны голд иргэний нийгэм хяналт шахалт хийж явахгүй бол төр, бизнес хоёр холилдчихдог. Үүнийг клиентлизм гэж байгаа юм.

-Харилцан бие биедээ үйлчилж, ашиг сонирхол, түрийвч нь нэгдчихсэнийг хэлж байгаа биз дээ. Яг л манай өнөөгийн улс төрийн үнэн төрх байна л даа?

-Бизнесийнхэн төрийнхнийг дэмжиж албан тушаалд гаргачихаад түүнээсээ үйлчилгээ авна. Тендерээ авна, төрийн элдэв захиалга авна. Клиент-Клиент гэсэн харилцаа. Үүнийг хэн хянаж, хэн болиулдаг юм гэхээр нэгдүгээрт, иргэний нийгэм. “Хөөе! Та нар болиоч ээ. Битгий тэврэлдээд бай. Шударга бай” гэдэг. Хоёрдугаарт хүчтэй хэвлэл байх ёстой. Манай хэвлэл, иргэний нийгэм хоёр маань тэр үүргээ бүрэн дүүрэн хийж чадахгүй байгаа юм.

Бидний гажуудаад байгаагийн бас нэг том шалтгаан нь хэвлэл нь шударга бус зүйлийг хүчтэй шахаж чадахгүй байна. Зүгээр л өнгөц. Бандаашны шуугианд л оролцоод байгаагаас биш ноцтой зүйлүүдийг гаргаж ирж тавьдаггүй. Жишээ нь, 60 тэрбумын араас ноцтой сурвалжлаад явсан нь хэн байгаа юм. Доржзодов гэдэг хүн л ганцаараа мэдэгдэл хийгээд суугаад байдаг. Хүчтэй иргэний нийгэм, хүчтэй хэвлэлгүй учраас ардчилал улам гажуудаж байна. Ардчиллаа гажуудлаас гаргая гэвэл иргэний нийгэм, хэвлэл нь хүчтэй байх ёстой. Тэгэхгүй ингээд хэвлэл нь бизнес, улс төрийнхний өвөрт байгаад л байвал улам гажуудаад баларна. Хамгийн муу жишээ бол Болгар гэсэн. Гэмт хэрэгжсэн, эрүүгийн маягийн төртэй болчихсон. Бүх юмаа хяналтдаа оруулчихсан. Монголд ойрын үед болох үйл явдал Чехэд болчихжээ.

-Наадах чинь л сонин байна. Тэр номонд тэгээд юу гэж байх юм бэ дээ?

-Одоо дунд давхаргынхан хүчтэй эсэргүүцэж гарч ирнэ. Дунд давхаргын эсэргүүцэл яаж илэрдэг юм бэ гэхээр Монголд өнгөрсөн сонгуулиар цагаан сонголт гэж юм гарч ирсэн. Энэ нь дунд давхаргын хүчтэй эсэргүүцлийн нэг илрэл. Чехэд яаж илэрсэн бэ гэхээр пропорцианаль системтэй. Нам бүр 400 хүний нэр жагсаадаг юм байна. Намын дарга, нэр нөлөө бүхий хүмүүс нь дээгүүр бичигдэнэ ээ дээ. Манайд ч жагсаалтын эхэнд бичигдэх гэж алаан болдог шүү дээ. Тэгтэл сонгогчид нь жагсаалтын хамгийн доор бичигдсэн хүмүүсийг сонгочихсон. Тэгэхээр өнөө “Бандааш” гэдэг шиг тиймэрхүү хүмүүс ороод ирнэ дээ.

Дунд давхаргын өөр нэг хүчтэй эсэргүүцэл нь агшин зуурын нам, агшин зуурын улстөрч гэж үзэгдэл гарч ирдэг.

-Өнгөрсөн сонгуулиар ХҮН нам хүчтэй гарч ирээд алга болсон шүү дээ?

-Тэгсэн. ХҮнам агшин зуурын нам болохоо дөхсөн. Тэдний алдаа нь юу вэ гэхээр өмнө нь өөр улс төрийн намд байсан хүмүүс нийлээд нам байгуулчихаар үнэмшилгүй байсан. Агшин зуурын улстөрч гэж үзэгдэл байна. Слован улсад Миро Церарын нам байгуулагдаад зургаан сарын дотор сонгуульд ялаад Миро Церараа Ерөнхий сайд болгосон.

Одоо ер нь сонгуульд үнэмлэхүй ялна гэж байхгүй болсон. Монголд ирэх сонгуулиар 30 хувиас дээш санал авах нам гарахгүй. Дэлхий даяар хандлага нь тийм байна. Австрид 31 настай залуу Ерөнхий сайд болж байна. Канадад бас нэг залуу улс төрд хүчтэй гарч ирж байна. Дэлхий даяар дундад давхаргын хүчтэй эсэргүүцэл гарч, тогтчихсон том намуудыг дэмжихээ больчихоод байна. Улстөрийг бүрдүүлж байгаа цөм хүчнүүдийг дэмжихээ болиод тэдэнд дургүйцэх сэтгэлээр хаа хамаагүй амьтдыг сонгож гаргаад байгаа байхгүй юу. Тийм үзэгдэл манайд одоо болно.


Categories
мэдээ цаг-үе

Фэйсбүүкээс “Та зүгээр үү”, “Би танд тусалж чадах уу” гэсэн асуулт ирвэл та өөрийгөө бишиджээ гэж бодох нь байна шүү

Амиа хорлох, өөрийгөө гэмтээхээс урьдчилсан сэргийлэхэд зориулагдсан тусгай баг фэйсбүүкт ажиллаж байна

Өсвөр насны хүүхэд фэйсбүүкээр live буюу шууд бичлэг хийж байгаад амиа хорлосон харамсалтай хэрэг гарсан билээ. Энэ нь дэлхий нийтийн анхаарлыг татаж цаашид ийм маягаар амиа хорлогчид шууд бичлэг хийж, гэрээслэлээ хэлдэг болчихвол яах юм бэ гэсэн болгоомжлол үүссэн. Үүнд фэйсбүүкийн эзэн Марк Цукерберг ч эмзэглэж буйгаа илэрхийлж “Хиймэл оюун ухаан тухайн хэрэглэгчийн сэтгэл санааны байдлыг урьдчилан тооцоолж, ямар нэгэн аргаар тусалдаг болно” гэж ярьж байсан нь эхнээсээ ажил хэрэг болж байна.

Хиймэл оюун ухаан нь сэжигтэй хэрэглэгчийн оруулж байгаа пост, сэтгэгдэл, өөр дээрээ цуглуулж байгаа материал болон сонирхон орж байгаа хуудсууд, голчлон үзэж байгаа киноны төрөл зэрэгт нь нарийн дүн шинжилгээ хийж бусад хэрэглэгчидтэй харилцаж байгаа байдал, бусдын зүгээс ирж байгаа хариу үйлдэл зэрэгт нь дүгнэлт хийдэг юм байна.

Энэхүү тагнуулын программ нь фэйсбүүкийн хоёр тэрбум хэрэглэгчээс сэжигтэй пост, бичлэгүүдийг илрүүлэх чадвартай бөгөөд амиа хорлож болзошгүй нөхцөл байдалд орчихоод байгаа хэрэглэгчдийг эрт илрүүлж амиа хорлохоос аврах нөхцөлийг бүрдүүлнэ гэж үзэж байгаа аж.

Хиймэл оюун ухаан тухайн хэрэглэгчийн сүүлийн саруудад оруулсан бүхий л санал сэтгэгдэл, зочилсон хуудас зэрэг түүхийг нь сөхөж задаргаа хийж түүнээс нь дүгнэлт гаргаж амиа хорлох сэдэлтэй, болзошгүй, амиа хорлоход ойртчихсон байна гэдгийг тооцоолно. Ингээд фэйсбүүкийн хиймэл оюун ухаан амиа хорлож болзошгүй хэрэглэгч рүү “Та зүгээр үү”, “Би тусалж чадах уу”, “Танд хэн нэгний тусламж хэрэгтэй юм шиг байна” гэх мэт анхаарал тавьсан асуулт ирүүлнэ. Хэрвээ та тэр агшинд хэн нэгэнтэй ярих, аль нэг хүн рүү видеогоо явуулах хүсэлтэй байвал хиймэл оюун ухаан шууд л дуудлага хийхэд нь тусалж “Та түр хүлээгээрэй. Хоёулаа өөр сэдвээр ярилцъя” гэж аль болох тайвшруулж, бодол санааг нь эргүүлэх тал дээр ажилладаг юм байна. Бүр шаардлагатай үед хиймэл оюун ухаан тухайн хэрэглэгчийн байршлыг тогтоогоод амьдран байгаа газрынх нь харьяа цагдаагийн газар руу мэдээлэл өгдөг юм байна.

АНУ-д уг хиймэл оюун ухааны тусламжтайгаар сэтгэл санаа нь таагүй байгаа хэрэглэгчдийг илрүүлж чаджээ. Тус улс туршилтын журмаар уг программыг ашиглаж үзээд ихэд үнэлсэн бол Европын холбоо болоод бусад орнууд уг программыг тагнуулын зорилготой байж магадгүй хэмээн үл итгэсэн байр сууринаас хандаж байгаа юм байна.

Мөн түүнчлэн хүчирхийлэл, аллага, гэмт хэргийн шинжтэй бичлэгүүдийг хиймэл оюун ухаан “Хүний амь насанд аюултай байж магад” гэж ялган тусгай алба руугаа явуулах бөгөөд нэмэлтээр ажиллаж байгаа 3000 гаруй ажилчид энэ мэт видеог үзэж аюултай эсэхийг нь нягталдаг ажээ. Хэрвээ эцэг нь согтуу орж ирээд гэрийнхэндээ агсам тавьж биед нь халдахаар давшлахад хүүхэд нь тэр хооронд бичлэг хийгээд фэйсбүүктээ оруулчихлаа гэж бодъё. Тэр дор нь хүмүүс бичлэгийг үзээд уурласан, уйлсан эможуудыг дараад олон хүн зэрэг шейрлээд эхэлбэл хиймэл оюун ухаан ажиллаж уг бичлэгээ тусгай ажилчид руугаа илгээнэ. Тусгай ажилчин уг бичлэг бодит, яг одоо үйлдэгдэж байгаа учраас байршлыг нь тогтоогоод харьяа цагдаагийн газарт нь мэдээлнэ.

Марк Цукерберг “Манай багийн хүмүүс чадварлаг ч гэлээ бүх бичлэгийг нягталж амжихгүй байх магадлалтай. Тийм зүйл тохиолдвол биднийг буруутгах гэж битгий яараарай” гэсэн байна.

Хиймэл оюун ухаан хүүхэд оролцсон порно зураг, бичлэг зэрэг зохисгүй бичлэгийг хэдхэн секундэд илрүүлэх бөгөөд амиа хорлох тухай пост оруулахад тухайн постын дор хамгийн эхэлж сэтгэгдэл бичсэн хүн рүү нөхцөл байдлыг танилцуулсан зурвас илгээх бөгөөд “Таны найзад хүнд асуудал тулгарсан юм шиг байна. Та аль болох өөдрөг зүйл бичиж, хийх гэж буй алхмаас нь холдуулах хэрэгтэй” гэсэн зөвлөмж явуулдаг бөгөөд тэр даруйд нь гэр бүл ойр дотны найзууд руу нь хиймэл оюун ухаан зурвас илгээх замаар амиа хорлохоос нь сэргийлэх арга хэмжээ хурдан шуурхай авдаг юм байна.

Амиа хорлох, өөрийгөө гэмтээхээс урьдчилан сэргийлэхэд зориулагдсан фэйсбүүкийн дээрх тусгай багийнхан дэлхий даяар тархан байршсан бөгөөд 24/7 буюу 24 цагаар амралтгүйгээр ажиллаж эхэлжээ. Уг багийнхан өнгөрсөн есдүгээр сард Энэтхэгт амиа хорлох гэж live хийж байсан хүнийг хиймэл оюун ухааны тусламжтайгаар яаралтай илрүүлж зохих арга хэмжээг авахад нь тусалсан байна.

Фэйсбүүкийн хиймэл оюун ухааныг бүтээгчид “Энэ бол терминатор биш. Хиймэл оюун ухаан бол хүний оюун ухаанаар алгоритмчлагдсан ухаалаг систем. Нэг үгээр зохиомол тархи” гэжээ.

София нэртэй роботод Саудын Араб улс иргэншил олгож шуугиан дэгдээсэн билээ. Уг роботыг асрамжийн газарт хөгшчүүлтэй ярилцах, тэдэнтэй харилцах үүрэгтэйгээр анх бүтээсэн байдаг. София асрамжийн газрын хэн нэгэн настан дээр очоод “Өнөөдөр тэнгэр цэлмэг байна шүү. Хэд хоногоос цас орох мэдээ дуулдсан” гэж энгийнээр яриа өдөж харилцагчаа яриандаа татах тактикаар анхаарлыг нь татдаг. Үр хүүхэд нь эргэж ирэхээ больсон, ганцаардсан ахмад настанд София таатай сэтгэгдэл төрүүлж чаддаг бөгөөд яриандаа хөгжилтэй зүйл оруулж заримдаа онигоо ярьдаг аж.

Дэлхий хувьсан өөрчлөгдөж, улс орнууд өдөр ирэх бүр хурдацтай хөгжиж байгаа энэ үед хүн хүнтэйгээ харилцах, нэгнээ сонсох нь багассан учир София роботоос эхлүүлээд фэйсбүүкийн хиймэл оюун ухаан нь хүнтэй харилцаж, бүр амь насыг нь хамгаалж эхэллээ. Хиймэл оюун ухаантай роботууд асрамжийн газрын асрагч, хүүхэд асрагч, үүдний угтагч, экспо яармаг худалдааны танилцуулагч зэрэг хүний хийх ёстой, хүн хүнтэйгээ харилцах ёстой болдог чухал ажлын байрууд дээр очоод байна. Роботууд хүний орон зайг булаагаад байгаа юм биш. Харин бидний үлдээчихээд байгаа хоосон орон зайг бөглөж байгаа нь энэ л дээ.

Японы эрдэмтэд “Хиймэл оюун ухаан хэдийгээр хүнийг орлох боломжгүй ч хүн төрөлхтөн энэ зарчмаар ийм байдлаар цааш явбал сүүлдээ хүнтэй харьцахаас илүү роботтой харьцах нь амар хялбар гэдэг хандлага руу орох нь л хамгийн том аюул байж мэднэ” гэсэн нь нэгийг бодогдуулна.

Categories
мэдээ цаг-үе

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Хайртыгаа битгий мартаарай”

Уг нь бол хайртай, амраг сэтгэлтэй хүнээ мартана гэж байдаггүй. Хайрын сэтгэл гэнэт л ул мөргүй болох ч юм уу, эргээд харахад л алга болчихдог зүйл биш. Хичнээн гомдол тээн хоёр тийш саллаа ч, хайрын сэтгэл нь сэвтлээ ч хайрын сэтгэл хайрынхаараа үлддэг. Насан багын хайр, анхны хайр, оюутан цагийн хайр дурлал, идэр насанд учирсан хоёр, цайгаа хамтдаа суугаад хувааж уух нэгэн гээд нас насанд хайр, хайрт байх ажгуу. Эсвэл анхны харцаар л дурлаад бие биедээ татагдсан ч заяа төөрөг нийлээгүй үхэн үхтэлээ нэгнээ дурсан хайрладаг хүмүүс ч буй. Хүн хэдий хөгширч, өөр тивд амьдарлаа ч, анги нэгэнтэй гэр бүл боллоо ч насан багын хайр, анхны хайраа сэтгэлийнхээ мухарт өөрөө ч мэдэлгүй санагалзан байдаг. Эсвэл мартчихсан гэж боддог ч түүнийг нь санагдуулах ямар нэгэн дурсамж, дуу, яриа гарахад сэтгэл нь анхных шигээ догдолдог. Ийм болохоор хайртай хүнээ мартана гэж байдаггүй. Харин яагаад Ж.Заяабаатар асан “Хайртыгаа битгий мартаарай” гэж өгүүллэг бичсэн юм бол. Хүмүүс хайртаа мартчихдаг болохоор, мартчих гээд байдаг болохоор эрхэм найрагч маань тэртээ он жилүүдэд “Хайртыгаа битгий мартаарай” гэж бичиж бидэнд захиж үлдээжээ.

Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт зохиолч, яруу найрагч Ж.Заяабаатар 1991 онд 25 насандаа “Хайртыгаа битгий мартаарай” нэртэй богино өгүүллэгийн номоо 10 мянган хувь хэвлүүлсэн нь тухайн үедээ уншигчдын дунд эрэлт болж, залуухан найрагч олонд танигдаж уг номоороо МЗЭ-ийн шагнал хүртэж байсан түүхтэй.

“Хайртыгаа битгий мартаарай” ном бол яг энэ цаг үед залуусын гэлтгүй хүн бүрийн унших ёстой ном. Ялангуяа хайр сэтгэл, гэр бүлийн тал дээр асуудал гаргадаг, ааш зан нь хаврын тэнгэр шиг хувирч зүрх сэтгэлээ өөрөө ч мэдэлгүй шүүрэн шанага шиг болтол нь сийчсэн хүнд нэгийг бодуулж, хоёрыг ухааруулах л бүтээл. Энэхүү номонд нэлээд хэдэн өгүүллэг багтсан.

Хилийн застав, хилийн заставын бэр гэж чухам ямар хүн байдаг, хайрын сэтгэлийг нэг л хөргөвөл яаж ч уучлал эрж өвдөг сөгдөн мөргөсөн ч буцааж хэвэндээ ордоггүйг, үнэнч бус загнах нь гал халуун хайрыг дахиж сэргэхгүйгээр газрын гаваар оруулчихдагийг өгүүллэгүүд нь өгүүлнэ. Хүний амьдралд байдаг л асуудал мэт боловч зохиолчийн бичлэгийн ур чадвар таныг аяндаа хөтлөөд явчихна.

Хайртай хүн нь тав, гурван жилийн хугацаагаар эр цэргийн албанд мордоход үнэн сэтгэлээрээ эр нөхрөө хүлээн суух бүсгүй байхад цээжинд нь бүлээн нулимсаа урсган байж “Хүлээнэ ээ” хэмээн хэлснээ мартаад өөр нэгнийг даган одох бүсгүй байх. “Хайртай, хүлээнэ ээ” гээд хоцорсон бүсгүй нь хилийн заставынх нь даргын гэргий болоод өлгийтэй хүүхдээ тэврээд онгоцноос буугаад ирнэ гэдэг хэнд ч төсөөлөгдөшгүй их урвалт. Нулимсаа залгин, гомдлоо даран байж тэр бүхнийг хараад албаа хаана гэдэг далай мэт тэвчээр.

Нэгнээ ойлголгүй, залуу халуун насны ааг омгоор омголон загнаж урлагийн ажлыг нь хөнгөн хийсвэр, хормой султай хүний хийдэг зүйл гэж хэлж гомдоож байсан бүсгүй нь тэртээ он жилүүдийн хойно нутагт нь бригадаар ирж дуулах. Дуулах дуулахдаа хайрын тухай дуулах. Харамсан, гомдон, хайр эрэн дуулах. Царайг нь харахаас гэрэвшээд дууг нь холоос сонсчихоод гэртээ орж ирээд уйлан суух эр. Цагийг эргүүлж болдог бол, цаг хугацааг буцаадаг бол залуу насандаа очоод алдаагаа засахсан хэмээн машид ихээр харамсах.

“Хайртыгаа битгий мартаарай” бол миний ширээний ном л доо. Хамгийн нандин номнуудын маань нэг нь. Энэ номыг оюутан ахуй цагаасаа өдийг хүртэл жилд хэдэн удаа уншив. Бүх өгүүллэгийг нь цээжээрээ мэдэх ширээний ном маань. Энэ ном бүхэлдээ “Хайртай хүнээ уучилж сур. Хайрлаагүй цаг хугацаа чинь насны эцэст маш их зовлон болж сэтгэл зүрхийг чинь урж хэмлэж байдаг. Бас хайртай хүндээ үнэнч бай. Ямар ч сайн сайхан, муу муухай зүйл тохиолдсон бай бүхнийг сөрөөд үнэнч л зогсч бай. Хорвоогийн хамгийн чухал зүйл бол хайр. Хайр бол аз жаргал юм” гэдгийг хэлж өгдөг юм.

Ж.Заяабаатар асан уг номоо бурхны таалалд очихоосоо өмнө дахин хэвлэж нийтэд түгээсэн билээ. Гадуур худалдаанд ганц хоёр байж магад. Та бүхэн олж уншаарай. Бид чинь хайртынхаа дэргэд байгаа хэрнээ л түүнийг мартчихдаг тийм хэцүү цаг үед амьдарч байгаа болохоор эрхэм зохиолчийн бичиж үлдээсэн үгийг төгсгөлд нь хэлье. ХАЙРТЫГАА БИТГИЙ МАРТААРАЙ.


Categories
мэдээ нийгэм

Ж.Нарана: Сэхээрээч

Зохиолч, нийтлэлч Ж.Наранатай ярилцлаа. Тэрээр фэйсбүүкт олон мянган дагагчтай бөгөөд уншигчдын хүсэлтээр постуудаа эмхэтгээд “Миний л бодлууд” цуврал ном бичсэн билээ. Түүний номуудыг дэлхийд тархан суугаа монголчууд өргөнөөр уншдаг юм.


-Та фэйсбүүк, цахим орчимд их идэвхтэй байгаа харагддаг. Хүмүүс “Ажлаа барсан юмнууд л фэйсбүүк, твиттерт байдаг”, “Хамаг цагаа интернэтэд дэмий өнгөрөөх юм” гэх нь бий?
-Бидний насныхан бол тэтгэврийнхэн. Би нэг, хоёр жилийн дараа л тэтгэвэрт гарлаа. Миний бодлоор харин ч эсрэгээрээ, тавиас дээш насны улсууд фэйсбүүк, твиттерт илүү их идэвхтэй байгаасай. Арван хэд, хорин хэдтэй хүүхдүүд өдрийн нэг сельфи зураг оруулж байснаас юмыг мэддэг, таньдаг, тунгаадаг, ухааруулдаг, хүнд хэлэх юмтай, туулсан амьдралтай хүмүүс нь одоогийн нийгмийн болох болохгүй байгаа түгжрээнд санаа зовох ёстой. Хүмүүс зөвхөн машины түгжрээ яриад байгаа байхгүй юу. Монголын нийгэм тэр чигээрээ түгжирчихсэн. Оюун санаа, боловсрол, мэдлэг, хүний мөн чанар бүх юм нь түгжрээнд орчихоод байна. Гарц гаргалгаа байхгүй болчихсон, бүгдээрээ яахаа мэдэхээ байчихсан. Томчууд нь ч, багачууд нь ч түгжирчихсэн. Монголчууд ер нь түгжрээтэй байна. Утаандаа ороод төөрчихсөн. Хаашаа явж байгаа юм бүү мэд. Өнөө хүмүүнлэг энэрэнгүй ардчилсан нийгэм байгуулна гэсэн. Тэр нь хаана яваа юм бүү мэд. Үүнийг хэн нэгэн хүн ирээд хийхийг хүн бүхэн хүлээгээд байгаа байхгүй юу. Ганц сайн гар хэрэгтэй байна, Путин шиг ганц гар байхад болох гээд байна гэдэг. Гэтэл үгүй. Д.Сүхбаатар жанжны үг бий ш дээ. “Ардын элч”-ийн Ариунааг хүлээж аваад “Улс орныг төвхнүүлэхэд хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй. Тулга хүү та хоёр маш их үүрэг гүйцэтгэлээ” гэдэг биз дээ, кинон дээрээ. Яг түүн шиг би, та, миний охин бүх хүн нийлээд “Бид ингэж амьдарч болохгүй ээ. Ингэж түгжирч, ингэж харанхуй байж болохгүй” гэдгийг л ямар нэгэн байдлаар ухамсарлах хэрэгтэй байгаа юм. Ухамсарлахын тулд эхлээд ойлгоно шүү дээ. Ойлгуулах нь хэн юм бэ гэхээр ямраар ч бодсон “Ах нь дүүгээ сургадаг” гэдэг үг үүн дээр гарч ирээд байгаа юм. Ах нь дүүгээ сургадаг ийм л ард түмэн юм бол ахмадууд нь үгээ хэлэх хэрэгтэй байна. Гэхдээ бид хэлж байгаа нь энэ гээд “Үхсэн хойноо, одооны хүүхдүүд хэрэг алга аа. Ёстой ингэдэггүй байхгүй юу” гэвэл нэг өөр хэрэг. Энэ бол доромжлол тал руугаа явчихаж байгаа юм. Ингэхээр хүн хүлээж авахгүй. “Хүүхдүүд ээ, ингэмээр байна. Чи ингээд байна. Чиний хурд дутаад байна. Чи буруу хөдлөөд байна. Чи хурдтай, ухаантай байна. Ер нь юм хийвэл хийчих гээд байна шүү. Чамд юм байна, өгөгдөл байна. Буруу хөдлөөд байна. Энэ нь хүн чанарын хувьд жаахан тиймхэн юм аа даа” гэж ойлгуулж хэлэх хүмүүс хэрэгтэй. Тийм ч учраас ахмадуудыг харин ч идэвхтэй фэйсбүүкдээсэй гэж боддог.
-Таны мэргэжил багш гэсэн байх аа?
-Тийм ээ, би багш шүү дээ.
-Юуны багш вэ?
-Орос хэлний багш.
-Багшаараа ажиллаж байгаад…?
-Үгүй үгүй. Энэ талаар яривал сонины нүүр хүрэлцэхгүй юм болно. Номондоо энэ талаар бичсэн болохоор номуудыг минь уншсан хүмүүс намайг сайн ойлгодог. Багш гэдэг чинь онцлогтой мэргэжил. Хоёрхон үгээр ойлгуулдаггүй. Хоёрхон үгээр ойлгуулж болох ч тэрийг нь шавь нь мартчихдаг байхгүй юу. Тухайн үед их сайн ойлгоно, хүүхдүүд. Маш сайн ойлгоно. Тэгээд л мартчихдаг. Багш хүн давтан давтан үглэж байж юмыг телевизийн реклам шиг дахин дахин зааж ойлгуулдаг. Тэгж байж сая сургадаг. Реклам шиг ойлгуулахын тулд ээж шиг үглэдэг мэргэжлийг багш гэдэг байхгүй юу. Сурган хүмүүжүүлэгч. Гоё мэргэжил ш дээ. Сургана, хүмүүжүүлнэ. Тийм ч болохоор хуучин чинь сургалт, хүмүүжлийн ажил гэж их ярьдаг байлаа шүү дээ. Одоо тэр бүхэн байхгүй болчихсон. Механизм доголдчихсон. Түг таг, түг таг гэсэн дуу орчихсон машин шиг. Манай нийгэм тийм л болчихсон.
-Орос хэлний багшаас зохиолч болчихсон гэхээр зарим хүн таныг мэргэжлийн бус гэж хэлж байсныг сонссон юм байна?
-Мэргэжлийн бус хүн гэхэд та үгүй ээ мөн айхавтар бичжээ гэдэг байхгүй юу (инээв). Би боддог юм. Миний диплом дээр “Та зохиолч” гэсэн зүйл байхгүй л дээ. Гэтэл Орос хэл-Утга зохиолын багш гэдэг мэргэжлийн дипломыг надад өгчихсөн байдаг. Утга зохиол гэдэг юм яваад байгаа биз дээ. Тээр жил мэргэжлийн зохиолчдыг Багшийн дээдэд дөрвөн жил бэлтгэж, хичээл заасан шиг тийм хичээлийг бид чинь таван жилийн турш судалсан юм шүү дээ, бурхан минь! Сурлаа гээд дипломоо гардаж авсан. Таван жил сурахдаа утга зохиол, уран зохиол гэж юу юм бэ, энэ нь хүний амьдралд яаж нөлөөлдөг юм бэ гэдгийг бид заалгачихсан. Би 1988-1993 онд суралцаж төгссөн юм. Тэр үед “Болор цом” гэж айхавтар наадам байлаа. Ид хүчээ авч байсан үе нь. Монголын уран зохиолын хичээлийг Нямцэрэн багш маань заадаг байлаа. Тэр хүнийг одоо би ихэд талархан дурсдаг юм. Тухайн үед тэр багшийг оюутан бид нар нь их үзэн яддаг байж билээ. “Болор цом”-д уншсан бүх шүлгүүдийг цээжлүүлдэг байлаа. Дээрээс нь “Тэхийн зогсоол”-оос эхлүүлээд байж болох бүхий л хувилбараар Монголын шилээвэр болсон яруу найргуудыг “Тэнэгэр говийн тэмээчин бүсгүй…” гээд л цээжлүүлнэ. “Хөх торгон дээл” гээд л явж өгнө шүү дээ. Тэр үед бид “Ёооё, эцсийн эцэст бид багш болно. Зохиолч болохгүй ш дээ” гэж уурладаг байлаа (инээв). Цээжээр уншиж байхдаа гацаж түгжирвэл багш маань “Шалгалтанд оруулахгүй” гэнэ. Тэгэхээр чинь бид тэр шүлгүүдийг цээжлэхээс өөр аргагүй. “Сэрүүн сэлбэ гол”-ыг чинь хачин мундаг цээжилдэг байлаа шүү дээ. Сэлбэ голын амь тасрах нь ээ гээд л уншина. Гэтэл Сэлбийн голын хөвөөн дээр өнөөдөр би амьдарч байна. Нээрэн амь нь тасрах нь ээ. Долоон жилийн өмнө энд манайх нүүж ирсэн. Өглөө болгон Сэлбэ голоо харж, кайф авдаг байсан. Ямар сайхан байсан гээч. Гэтэл Сэлбэ гол нь бараг алга. Эрэг дээр нь битүү байшин барилга. Тэгэхээр утга, уран зохиол хүний амьдралд их хэрэгтэй, хүнийг ухааруулдаг. Уран зохиол гэдэг нь урнаар зохионо гээд байгаа юм. Гэтэл урнаар зохиохгүй, байдлыг зүгээр л энгийн үгээр хүмүүст багш хүн яаж ойлгуулдаг юм. Яг түүн шиг ойлгуулахад миний энэ нийгэмд улсын хөрөнгөөр бүтэн 15 жилийн турш эрдэм ном сурсны гавьяагаа одоо гаргах гээд ноцолдоод байгаа байхгүй юу. Би энэ улсдаа өртэй. Бүр стипендтэй сурдаг байсан. Тэгэхээр бидний үеийнхэн улсдаа өртэй хүмүүс. Тэрийгээ төлөх ёстой.
-Та маш энгийн хүн юм. Харилцахад амар сэтгэгдэл төрүүлж байна?
-Би их энгийн хүн. Хүмүүс намайг анх хараад “Ээ, энэ эгч чинь бөөн маяг юм. Ааштай байх даа” гэж боддог гэнэ ээ (инээв). Яг ингээд яриад суухаар “Хөөх та ийм энгийн хүн байсан юм уу” гэдэг. Энгийн байна гэдэг хээ шаагүй, хамаагүй, бүдүүлэг байна гэсэн үг биш шүү. Энгийн байна гэдэг ердөө л нэг нэгэнтэйгээ байгаа түвшиндээ харьцахыг хэлнэ.
-Манай нийгэмд багтай хүмүүс их шүү дээ. Бүр гэртээ ч багтай жүжиглэдэг?
-Маш их жүжиглэдэг. Их хүнд. Ерөөсөө авцалдахгүй. Хүний байгаа байдал гэж нэг юм бий шүү дээ.
-Юунаас болоод ингээд байна вэ. Монголчууд ийм байгаагүй?
-Байгаагүй. Ерөөсөө ийм байгаагүй. Дамаа бидний үеийнхэн нэгэн жигд л өссөн. Жигд сургууль, жигд форм, ээж аавынх нь байр байдал ч жигд, гэр орны байдал нь ч жигд. Ерөнхийдөө тийм байсан байхгүй юу. Гэтэл харамсалтай нь яг одоо энэ үед Зайсанд өсч байгаа хүүхэд, хойд уулан дээр өсч байгаа хүүхэд хоёрын хооронд газар тэнгэр, гал ус шиг ялгаа байна. Энэ хүүхдүүдийн ялгаа хэдэн жилийн дараа гарах вэ гэхээр тун удахгүй гарна. Тун удахгүй шүү. Арваад жилийн дараа Монголын нийгэмд юу болно гэж бодож байна вэ.
-Юу?
-Асар их өөрчлөлт болно.
-Ялгарал гарах юм уу?
-Ялгарал гарахаасаа гадна одооны энэ баячууд, эрх мэдэл атгасан хүмүүсийг нэгэн бодлын өрөвддөг. Яагаад вэ гэхээр дэлхий дээр хөрөнгөтөн, муухай үзэлтэй улсууд зуунаас зуунд дамжин маш ихээр байлаа л даа. Олон зууныг дамжсан хөрөнгө гэж байдаггүй юм байна. Рокфеллерийнхнийг их ярьдаг. “Рокфеллерийнхэн мундаг. Одоо ч тасраагүй явж байна” гэлцдэг. Гэтэл тэр удмын сүүлийн удмынхан нь яачихсан юм бэ. Хоорондоо гэрлээд байсан чинь цус ойртчихсон. Хэдийгээр тансаг амьдрал, юугаар ч үл дутагдах, мөнгийг санаснаараа зарцуулах ийм амьдралыг хойч үедээ үлдээсэн юм шиг боловч нөгөө талаасаа нийгмийн дунд торойж амьдрах, нийгмийн дунд багталцаж амьдрах, нийгмийн дунд чихэлдэж амьдрах гэдэг чинь бүгд ялгаатай болчихоод байна. Торойно гэдэг чинь түмнээс төгөлдөр. Багталцан амьдарна гэдэг чинь та бид шиг л дунд нь сайхан явдаг. Чихэлдэнэ гэдэг өнөө бөбө, лааз. Хүний яаж явах, яаж амьдрах тухай зураг төөрөг байдаг гэсэн. Гэхдээ л хүн нэг амьдарна шүү дээ. Бид нэг л амьдрахдаа их сайхан оронд төрчихсөн байхгүй юу. Охин бид хоёр Монголд төрсөндөө баярладаг юм. “Бурхан минь, Африкт төрсөн бол хоёулаа яанам билээ” гээд. Азийн эвгүй эвгүй орнууд ч байна шүү дээ. Монголд төрнө гэдэг нь өөрөө их том заяа. Гэтэл энэ том заяаг манай томчууд яагаад ойлгохгүй, дэлхийн томчуудын хэрэглэдэг хамгийн муу муухай аргыг хэрэглэж зөвхөн өөрсдийгөө боддог энэ аргыг сонгож авав. Яагаад ард түмэндээ хүссэн хэмжээгээр нь биш юмаа гэхэд зүгээр л нормаль амьдрах бололцоогоор нь хангаж чадсангүй вэ. Энэ талаас нь би тэр хүмүүсийг өрөвддөг. Хүүхэд нь нүдээ нээгээд л “Range”, нүдээ нээгээд л “G класс”-нд өсчихлөө шүү дээ. Тэд юу ч мэдэхгүй. Гэтэл хүний амьдрал дандаа ингэж явахгүй. 12, 24, 36, 48, 60 нас гэсэн үечлэл бий. Энэ үечлэлийн аль нэгэнд хүн юмаа үздэг. Олон хүний амьдралыг судлахад энэ үечлэлүүдэд үзэх юмаа үздэг. Юмаа үзсэн үедээ архичин, гуйлгачин юу байдаг юм, нийгмийн хамгийн доод цэгт очиж тулдаг. Чадалтай нь гарч ирдэг. Бусад нь өнгөрдөг. Социализмын үеийн 40, 50 мянгатын тэр олон сайд дарга нарын үр сад яав. Мундаг сэхээтнүүдийн хүүхдүүд яав. Цаанаас нь дуулгасан юмыг даван туулах сэтгэлийн хат дутсанаас асар олон сайхан залуус, миний үеийн зөндөө сэхээтнүүд гудамжинд гарсан. Гутраад архи ууна. Уухаараа нэгэндээ гомдоллоно. Тэр амьдралыг хажуудах хань нь дийлэхгүй, хаяад явна. Ингээд бүр урууддаг. Ийм өрөвдмөөр цикл хүний амьдралд байдаг юм билээ.
-Тэгэхээр энэ цикл өнөөгийн энэ гаараад байгаа нөхдүүдэд ч эргэнэ гэж хэлэх гээд байна, тийм ээ?
-Энэ өнөөдрийн айхавтар гайхуулаад байгаа мундаг хүмүүсийн хүүхдүүд тэр цикл дээрээ очихоороо яах бол гэж бодохоор өмнөөс нь би зовдог. Айдаг. Гэтэл Улаанбаатарын хойд уулан дээр байгаа, Яармагт өссөн хүүхдүүд циклээ багадаа үзчихэж байна шүү дээ. Модоо хөрөөдөж, түлээгээ зэхэж усаа зөөсөн тэдгээр хүүхдүүд үзэхээ үзчихсэн болохоор томрохын хэрээр гэрэлтэй амьдрал руу хөл тавьдаг. Тийм учраас өнөөгийн Зайсанд өсч байгаа нөхдүүд хойд уулынханд тавиулна. Тавиулах тавиулахдаа тэгээрээ тавиулна. Яагаад гээч “Бид Америкт байшинтай. Болохгүй бол тэрэндээ амьдарна” гэдэг. Гэтэл хүн болж төрчихөөд төрсөн газар орондоо тэнүүн сайхан, нүүр бардам “Манай энэ баян ийм мундаг. Ард түмэндээ ийм гоё юм бүтээж өгсөн шүү дээ” гэж хэлүүлэх нь бас сайхан. Ийм баячууд байдаг. Төрж өссөн тосгоноо харж үздэг баян байдаг. Энэ бол утоп биш. Яагаад манай энэ баячуудаас “Би III төрөхөд төрсөн юм. Энэ миний унасан газар” гэж бодоод орчин үеийн тоноглолоор тоноглоод өгөх хүн гарч ирдэггүй юм. Чадна шүү дээ, эд нар. Хүсэхгүй л байгаа юм.
-Таны фэйсбүүкт бичсэн нийтлэлүүдийг хүмүүс ихэд шимтэн уншдаг?
-Нийтлэл гэдэг үгийн үндсийг нь аваад үзэхээр хүмүүст нийтлэг зүйл бичих ёстой. Хүмүүний амьдралд ямар нийтлэг алдаа, оноо байна вэ, хэн нэгнийг ухааруулах. Миний ганцхан өгүүлбэрийг хүн шүүрээд авч болно шүү дээ. Өөрчлөлт, шинэчлэл өөрөө зөвхөн хувь хүн дээр биш нийгэмд давхар явж байх ёстой. Тэгэх юм бол хүмүүс ч бас дагаж өөрчлөгддөг.
-Монголд Ардчилал буруу замаар яваад байна. Одоо цөвүүн цагт амьдарч байна. Бүх юм сайжирч зөв голдиролдоо орохын өмнөх хэцүү үед бид амьдарч байна гэцгээдэг?
-Үнэн байж болох талтай шүү. Ардчилал гарцаагүй буруу явчихсан. Буруу явчихсан болохоор би бас засалцах гээд гар бие оролцоод л яваад байна. Би Ардчилал гарч байхад оюутан байсан, оюутны холбооны гишүүн байсан. Ардчиллын төлөө тэмцсэн, Алтан гадас одон маань байж л байна. Ардчиллыг буруу явуулахад би харин гар бие оролцоогүй. Эхлэхэд нь байсны хувьд үүнийг би засалцах ёстой гэдэг бодол байдаг. Намайг хүмүүс “Наймаачин авгай ингэж байгаа бол бид нар тэр байтугайг нь хийхгүй яадаг юм” гэдэг. Гэтэл миний уг натур хэзээ ч наймаачин байгаагүй байхгүй юу.
-Бизнес шүү дээ?
-Монгол хэлэнд наймаачин юм байна л даа. Соёлтой, гадаад хэлэнд бизнес. 2000 онд “Өнөөдрийн азтан” танин мэдэхүй нэвтрүүлэгт ороод түрүүлж байлаа. Талийгаач Ц.Балдорж санаачлаад өөрөө хөтөлж явуулж байсан нэвтрүүлдэг л дээ. Тэр нэвтрүүлгийн сүүлийн шатанд би нэг залуутай тунаж үлдсэн. Миний өрсөлдөгч бол сургуулиа алтан медальтай төгссөн, олимпиадуудаас медаль хүртсэн, компанийн захирал Түмэннаст гэдэг мундаг хүн байсан л даа. Тэр хүн найман асуултад зөв хариулсан юм. Би найман асуултдаа зөв хариулаад ес дэх асуулт руугаа ороход өнөө өрсөлдөгч маань тайзнаас буусан. Тэгээд би 14 дэх асуулт дээрээ алдсан. Их азгүй. “Генерал Исмүс гэдэг цол хаана үүссэн бэ” гэсэн асуулт байсан. Би уул нь Америк гэж хариулмаар л байсан юм. Гэтэл Орост хайртай хүн их хэцүү. Орос гэж хариулаад алдчихсан (Инээв). Хэрвээ 14 дэх асуултаа зөв хариулсан бол сүүлийн асуулт нь “Энэ нэвтрүүлгийн ивээн тэтгэгч компанийг нэрлэнэ үү” гэсэн автомат асуулт байсан л даа. Ингэж би 14 дэх асуулт дээрээ баарч байсан байхгүй юу. Тэр үед би шуугиан тарьсан юм. “Гуравдугаар хорооллын лангуун дээр суудаг эгч ёстой алаад хаясан. Лангууныхан чинь ийм айхавтар байдаг юм уу”, “Өө энэ лангууныхан чинь сонин унших завтай байдаг байхгүй юу” гэх мэтээр ярьцгаасан. Тэр бол сонин уншдагтаа ч биш л дээ. Ерөнхийдөө хүний, хүн төрөлхтний мэдэх ёстой энгийн асуултууд байсан. Хүн мэдэж байх ёстой, заавал мэдэх ёстой зүйл байдаг шүү дээ. Олимп хаана үүссэн бэ гэхэд хүн мэдэж л байх ёстой биз дээ. Тэр л байхгүй юу. Хүн арван жил, их сургууль, өөрөө бие дааж мэдэх ёстой, юм юмны захтай л байх ёстой. Нийгмийн иргэн хүн ямар нэг юм ярихаар амаа ангайлгаад “Ай, тийм үү” гэж өөдөөс нь гайхахааргүй л байх ёстой. Би бол болох болохгүйн заагт амьдарч яваа эмэгтэй. Болно гэдэг юмны дагуу явдаг. Болохгүй гэдэг зүйлийг хэзээ ч зөрчиж байгаагүй. Нийлж улсын хөрөнгө хулгайлъя гэвэл “No” л гэнэ.
-Та фэйсбүүкт олон дагагчтай, постуудаа эмхэтгэж цуврал гаргаснаас гадна өөр олон номны зохиогч. Та энэ бүхнээрээ нийгэмд ямар мессеж өгөхийг зорьдог вэ?
-Сэхээрээч. Очнитесь. Очнись гэдэг үг чинь төөрөлдөөд дамартчихсан нөхрийг оросууд барьж аваад сэгсрээд “Очнись!” гэдэг байхгүй юу. Чи сэхээрээч, юу болчихоод байгаа юм бэ гэж байгаа юм. Сэрээч гэж байгаа юм биш. Би Монголын нийгмийг сэхээрээч гэж хэлж байна. Ингэж явж болохгүй. Бүх түвшиндээ түгжирчихсэн. Би дандаа бичсээр байгаад зангирахаа больчихсон. Зангирах үе минь өнгөрчихсөн. Сошиалд эхэлж ороход зангирдаг юм байна лээ шүү дээ. Хэрвээ нийгмээ өөрчилмөөр байгаа бол амьдралаа өөрчилмөөр байгаа бол өнгөрсөн 27 жилд самарсан боловсролын салбараа өөд нь тат. Үүний үр дүн нь бидэнд арван жилийн дараачаас мэдрэгдэнэ. Энэ салбарыг л сэхээгээгүй цагт хичнээн гоё байшин бариад нэмэргүй, хичнээн гоё машин унаад нэмэргүй, хичнээн гоё дуурь, балетыг хүчээр үзүүлээд нэмэргүй. Манай боловсролын салбарыг бодлоготойгоор гадныхан унагаж чадлаа шүү дээ. Маш мундаг систем байсан. Хүнд тал бүрийн мэдлэг мэргэжил олгодог, хүнийг хүн болгодог систем байсан гэдгийг одоо ойлгож байна. Тэр гоё боловсролыг 27-хон жилийн дотор самраад хаячихлаа. Тийм болохоор надад их гунигтай байгаа. Наад зах нь зөв бичих дүрмийн журамласан 700 үг гэдэг юм гаргаж ирлээ. Олон жил мөрдөж ирсэн дүрмээрээ оролдож самраад “Бай-цай” гэж хятадаар хэлэх ямар хэрэг байна. Зүгээр л “Байцаа” байсан биз дээ.

Categories
мэдээ цаг-үе

Д.Ганбаяр: Нүргэлүүлээд өгнө өө

Урлагийн гавьяат зүтгэлтэн, “Хурд” хамтлагийн ахлагч Д.Ганбаяртай тоглолтын бэлтгэлийнх нь үеэр уулзлаа.


-Танай хамтлаг энэ байранд бэлтгэл хийгээд нэлээд удчихлаа шүү?

-Ес дэх жилээ болж байна уу даа.

-Энэ юуны зориулалттай байр юм?

-Анх энэ байр ийм шал, таазтай байгаагүй юм.

-Подвал байсан юм уу?

-Подвал ч биш. Анх иргэний хамгаалалтын зориулалтаар функер хийх гээд бэлдэж байсан юм билээ. Энд тэнд шороо овоолоод том том хоолой татаад орхичихсон байсан газар байлаа. Бүх шороог нь зөөж гаргуулаад энэ байрны албан байгууллагатай нь тодорхой хэмжээнд ярьж хөөрөөд засч янзалж байгаад орсон шүү дээ. Маш их хөдөлмөр, хугацаа шаардсан. Барилгын нэг бригад орсон байх шүү. Эндээ студитэй, бэлтгэлээ хийчихнэ.

-Амьд хөгжмийн хамтлагуудад бэлтгэл хийх байр бол нэгдүгээрт тавигдах зүйл шүү. Танайх энэ байранд ортлоо их л олон газраар дамжсан байх даа?

-Олон газар дамжсан. Нэг бэрхшээл нь амьд хөгжим тоглодог гэдгээрээ хэцүү. Бэлтгэлийн байр нь нийтийн орон сууц дунд байж болохгүй, албан газруудад байж болохгүй. Амьд хөгжим тоглодог хамтлагуудын нэг номерын асуудал бол бэлтгэлийн байрны асуудал. Хамтлагууд Улсын филармони, Драмын театр гээд ээлжлээд энд тэнд очиж бэлтгэлээ хийдэг. Ер нь бусад хамтлагаа сонсоод байхад тогтвортой байртай байх асуудал хэцүү байдаг юм шиг байна лээ. Ер нь бол хэцүү л дээ. Хүндрэлтэй зүйл их гарна. Хотын төвд бэлтгэл хийж үзлээ. Хүмүүс орж ирээд бэлтгэлийг минь хараад суучихдаг. “Гарч бай, ажлаа хиймээр байна” гэж хэлж болохгүй. Найз нөхөд, хэн ч бай орж ирнэ. Хөгжим дуугарч, хөг аялгуу эгшиглэж байгаа газар хүн орж ирээд сонирхоод суучихдаг. Тэр байдал нь бидэнд ажил хийхэд бас хэцүү санагдана. Нөгөө талаас байнга хөгжим дуугараад байхаар хүмүүс сонирхож орж ирээд байдаг байхгүй юу. Хэн хэндээ тийм хүндрэлтэй. Энэ байранд бид ороод ес, арван жил болж байна. ТЭЦ IV-ийн харьяа төрийн өмчит энэ газарт бид түрээсийн төлбөрөө төлөөд зохих журмын дагуу л амьдраад, ажлаа хийгээд явдаг юм.

Анх орохдоо хоёр талаасаа харилцан тохиролцож засвараа хийцгээсэн. Бид чинь эрчим хүчний салбарын баяраар олон ч удаа тоглож өгч байлаа. Тухайн үеийн удирдлагууд нь бидэнд энэ байрыг гаргаж өгөх тал дээр сэтгэл гаргасан л даа. Гол нь хөгжимд хайртай, хөгжмийг ойлгодог хүмүүс их тус болсон. Тэр бүхний тусаар бид ийм байранд ажиллаж байна.

Энэ байр чинь хүний хөлөөс зайтай, дээд талд спорт заал бий. Пижигнүүлээд нүдэж байхад юу ч сонсогдохгүй. Хана нь маш зузаан. Биднийг бэлтгэлээ хийгээд байж байтал гадаа цөмийн бөмбөг дэлбэрлээ гэж бодъё л доо. Бэлтгэлээ хийж хийж байгаад гараад иртэл бид л үлдчихсэн байх вий дээ л гэмээр (Инээв).

-“Хурд” хамтлагийн хэдэн жилийн ой болж байна вэ?

-2018 онд 25-ны жил орж байна шүү дээ.

-Шүтдэг хамтлаг нь уран бүтээл хийгээд оргилоод байхаар фенүүд нь дагаж оргилдог. Уран бүтээл хийхгүй нам жим болчихоор бас л тэгчихдэг?

-Тэгэлгүй яахав дээ. Одоогоос хорь гаруй жилийн өмнө, 1995 онд “Хурд” хамтлаг анхны “Хар салхи” тоглолтоо хийхэд тэр үед төрж байсан, хоёр, тав, найман настай байсан охид, хөвгүүд бол манай хамтлагийн дууг сонсч өссөн хүүхдүүд. Аав, ээж нь “Цэргийн бодол”-оос эхлүүлээд эх орон, аав, ээжийн тухай сайхан дуунуудыг өдөр болгон, машиндаа явж байхдаа, гэртээ амарч байхдаа сонсоод л, телевизээр нь манай клипүүд гардаг байсан үе болохоор тэр бүхэн тэдний зүрх сэтгэлд хоногшчихсон. Энэ 25 жилд “Хурд”-ын фенүүд эргээд залуужсан. Бүхэл бүтэн хоёр, гурван үед “Хурд” оршин тогтносон нь зөвхөн “Хурд”-ын хүч чадал биш. Ард түмэнгүйгээр “Хурд”-ын тав, зургаан залуу орилоод хэрэггүй шүү дээ. Тэгэхээр өнөөдөр тоглолтуудаа эргээд харахаар тухайн үед нэг, гурван настай байсан, чихэнд нь “Цэргийн бодол” гэх мэт бидний анхны бүтээлүүд хоногшчихсон хүүхдүүд одоо амьдрал үзээд нэгээс хоёр хүүхэдтэй болоод иржээ. Тэд ингээд өөрсдөө амьдрал дээр гарч ирээд эргээд л манай хамтлагийн нөгөө “Ханьдаа дуулъя”, “Миний найз миний дайсан боллоо гэж үү” гэдэг ч юм уу. Мөн “Чимээгүй ирэх дурлал” дуунуудыг сонсч эхэлдэг.

-Таныг ингээд хамтлагийнхаа дуунуудыг нэрлэхэд ая нь шүлэгтэйгээ аманд аялагдаж байна?

-Бага нас нь өнгөрөөд их, дээд сургуульд элсч ороод төгсөхдөө нэгнээ тэвэрч уйлалдаад эх орныхоо зүг зүг рүү салан оддог. Энэ бүхэнд “Хурд”-ын дуу хамт л явж байдаг. Гадаадад гарлаа. Тэндээ очоод “Хайрын улаан сарнай”-г сонсч байна. Эх орон, элгэн садан, ээж аав, найз нөхдийнхөө тухай дууг сонсч байна. “Хурд”-ын дуунуудыг ингэж мөнхөд байдгийн учир нь тийм. Тэр үеийн таван настай хүүхдүүд өнөөдөр 28-30 настай залуучууд, бүсгүйчүүд болчихоод хүний хань, хүүхдийн эцэг эх болж байна. Тэдний хүүхдүүдэд “Хурд”-ын дуу дахиад л нөлөөлж байгаа байхгүй юу. Үе үеэрээ сайн бүтээл, “Хурд” хамтлагийн маневр, хийц, дууны үгийн шилэлт сонголт, аялгуу, наалдалт, найруулга бүх юм нь амьдралтай ойрхон учраас оршин тогтноод байна. Оршин тогтнож байгаагийн цөм нь мэдээж үзэгч олон.

Бид чинь ажилгүй хүмүүс шүү дээ. Улсад ажил хийж үзээгүй. Өнөөдөр бид дуугаар амьдардаг. Дуугаа талх болгодог увидастай гэх юм уу, эсвэл аз гэх юм уу. Аав ээжээс авсан энэ сайхан хүмүүжил. Тэгээд түмэн олонтойгоо явах ийм л тавилантай нэг гэр бүл. Гэр бүл гэдэг чинь маш их хайр байдаг. Хайр байна гэдэг чинь хүндлэл байна гэсэн үг. Хайр, хүндлэл хоёулаа байхад оршин тогтнох суурь эх үндэс нь бий болдог. Яагаад вэ гэвэл хэн нь ч хэнийгээ орхиж явахгүй. Энэ л манай хамтлагийн үндэс суурь юм даа.

-Ихэнх хүнд “Хурд”-ын дуутай холбоотой дурсамж байдаг юм шиг ээ. Эсвэл танай хамтлагийн ямар нэг дууг сонсохоор хуучин дурсамж нь сэдэрдэг ч юм уу?

-Сэтгэлд нь хоногшиж үлдсэн юм хүн бүхэнд бий. Амьдралд ээдрээ байлгүй л яахав. Эхнэр нөхөр, гэр бүлд маргаан гарч л байдаг. Аав ээж нь манай хамтлагийн “Ханьдаа дуулъя”, “Аавдаа би хайртай” дууг хүүхдүүдээ анх мэдээ орж эхлэхээс нь л дуулж, сонсгосон байдаг. Би олон хүнээс сонсч байлаа. Аав ээжийгээ маргалдахаар манай хамтлагийн дуртай дууг нь ч юм уу, эсвэл “Ханьдаа дуулъя” дууг тавьчихдаг гэсэн.

“Ханьдаа дуулъя” дуу,

…Хань минь чи тийм цаг ирвэл дэндүү хайр итгэлийг минь санаад

Халуухан нөмрөөсөө намайг буцаахаа азнаач

Амьдрал мэдэхгүй би чинь чинийхээ л дэргэдээс холдвол

Салхи даган жиндэн өтөлнө… гэдэг сайхан үгтэй.

Ингэж л “Хурд”-ын дуу тэр айлын хүмүүжил, дотоод уур амьсгал, гэр бүлийн халуун дулаан амьдралд нөлөөлөх нь өндөр байгаа юм л даа. Гэр бүл салаад л явж байна. “Зураг шиг бүсгүй” ч гэдэг юм уу. Анхны хайр болгон ямар бүтдэг ч биш. Ер нь бол жижиг бага насанд шохоорхол л байдаг. Тэр нь яваандаа хайр болдог ч гэдэг юм уу. Дуу болгоны цаана нэг түүх, дуу болгоны цаана хэн нэгэн хүний амьдрал яваад байгаа юм. Энэ цаг үед хурд ингэж байгаа нь нэг талаас бид их л азтай хүмүүс юм аа. Түмэн олон, ард түмнээрээ хүрээлүүлээд тэжээлгэж байна шүү дээ. Гэхдээ бид зүгээр суугаад тэжээлгэдэггүй. Оюуны асар их бүтээл гаргадаг. Хүмүүс хармаанаасаа эргэлт буцалтгүйгээр 20, 30 мянган төгрөгийг эргэлзээгүйгээр шууд гаргаж “Хурд”-ын тоглолтыг үзэж дэмжинэ гэдэг чинь бидний хийсэн бүтээлүүд хүмүүст их сайхан хүрдгийн нэг хэлбэр. Энэ их хайрыг л дааж явах ёстой. Энэ хайрыг бид хүндэлж биширч, түмэн олондоо залбирч явах л ёстой байхгүй юу.

-Хамтлаг, дуучдын шүтэн бишрэгч дундаас амьд хөгжмийн хамтлагийн шүтэн бишрэгчид нь илүү “амьд” байдаг. Нэгэн оюутан танай тоглолтын тасалбарыг авах мөнгөгүй болохоор “UB palace”-ийн гадаа зогсоод тоглолтыг тань чагнаж даган дуулж байхыг мэдэх юм?

-Ээ… (Уулга алдав). Нэг талаасаа тийм гоё үнэнч фэнтэй болчихсон байна гэдэг бол бахархмаар. Манай тоглолтууд дээр мэр сэр залуучууд ирчихээд манай хамгаалагчдад ханддаг. Манайхан чинь их зөөлөн шүү.

-Одоо ингээд зөөлөн гээд хэлчихээр ирэх сард болох тоглолтод чинь залуус тэгж орох гээд зүтгэчихвэл яана?

-(Инээв). Сэтгэлээсээ, дотроосоо хөгжимд дурлачихсан, “Хурд”-ын дууг сонсдог, дотроо шүтчихсэн, дуртай гэдэг нь нүднээс нь харагддаг юм. Үнэхээр тийм хүүхдүүдийг дагуулаад л тоглолт руу оруулж байсан тохиолдол бий бий.

Дараа нь түүхээ ярьдаг. Савхин хүрмээ зараад “Хурд”-ын тоглолтыг үзэж байсан тухайгаа өнөөдөр хүртэл ярьдаг фэн залуу маань байгаа шүү дээ. Савхин хүрмээ заран заран байж шүү. Гэхдээ их хямдхан зарсан гэж байгаа юм. Тоглолт эхлэх гээд байдаг, хүмүүс ороод байдаг. Мөнгөгүй. Тэгээд яахав өмсч явсан аятайхан савхин хүрэм хүрмээ зараад тоглолт үзсэн байдаг. Тэр тухай ярьж бидэнтэй одоо ч холбоотой явдаг юм тэр залуу. “Хурд”-ын дууг сонсохоор л савхин хүрэм нь нэг бодогддог гэсэн. Тийм л үнэнч. Гоё байгаа биз дээ.

-Танай хамтлагийг сонсдог гадныхан гэвэл?

-Гадны хүмүүс маш их болоод байна. Тоо нь нэмэгдээд байна. Урд зүг, Европ гээд хаана ч очсон биднийг ойлгохгүй, мэдэхгүй хөгжим сонсдог хүн гэж алга шүү. Ялангуяа сүүлд Шведэд очиход манай хамтлагийг сонсдог тав, зургаан швед залуучууд биднийг зорьж ирсэн. Бидний талаарх мэдээллийг интернэтээс анх олоод судлаад дуу уран бүтээлийг маань сонсоод таалагдсан гэсэн. Норвегид бас байна. Германд бол зөндөө байна даа. Хоёрдугаарт, хэлийг нь мэдэхгүй, ойлгодоггүй ч гэсэн Ар Монголын “Хурд” хамтлаг Өмнөд Монголын хот, сум, хошуудаар маш их очиж тоглодог болсон. Шанхай, Мьянмар, Вьетнамын хил дээр зохиогддог рок фестивальд очиж оролцдог боллоо. Тэнд Монгол байтугай, Өмнөд монгол хүн ганц ч байхгүй. Тэнд бид монголоороо л дуулдаг. Тэрбум гаруй хүнтэй Хятад улсын хөгжим сонирхдог залуус “Хурд” гэж Ар Монголын ийм нэг хамтлаг байдаг гэдгийг бараг бүгд гадарладаг болчихсон гэхэд болно доо. Түүнээсээ урагшлаад Тайвань, Тайланд руу хүрээ тэлэгдээд л байна. Олон ч уралдаан, рок фестивальд оролцдог ш дээ.

-Арванхоёрдугаар сар гаргаад “Хурд” хамтлаг “Никитон” хамтлагтай хамтраад тоглолт хийхээр болжээ?

-Хамтарсан тоглолт гэдэг нь нэг талаасаа их сайхан юм байгаа юм. Энэ цаг үед эвдрэлцэх, холдох, биенээ үзэн ядах үзэгдэл ялангуяа улс төр дээр их ажиглагдаж байна. Монгол монголоо гээж, Монгол монголоо хайрлахгүй, биенээ хайрлахгүй, хүндлэхгүй болж байна. Бидний гол зорилго бол бид хэдүүлхнээ шүү дээ, адилхан л монголчууд. Яагаад нэгнээ хүндэлж ярьж ойлгож болдоггүй юм бол оо. Энэ улстөрийнхөн, том том дарга нарыг ч гэсэн юм бодоосой гэж бодсон юм. Өнөөдөр Монголын рок поп, эстрад урлагт өөрсдийнхөө хийж бүтээсэн хөдөлмөрөөрөө “Хурд”, “Харанга”, “Никитон” хамтарч тоглож байсан. Тэр бол эв нэгдэл. Нэг нэгэндээ хүндлэл үзүүлэхгүй бол хэн хүндлэл үзүүлэх юм бэ. Бид л үлгэр жишээ үзүүлэхгүй бол өөр хэн үзүүлэх юм. Улс төр л лав биш юм байна. Улстөрийнхнөөс нөхөрлөл, сайхан инээмсэглэл алга. Сайхан чин сэтгэлээсээ инээмсэглэдэг улстөрч алга болчихож. Бүгдээрээ л үрчийсэн, урвайсан, бие биенээ хардсан, сэрдсэн тийм байдал үүсчихээд байна уу даа. Унжгар дорой байхын эхлэл нь энэ улс төрчдийн увайгүй яриа юм. Хүүхэд залууст яасан үлгэр дуурайлалгүй байна аа. Уг нь улс төрч хүн гэхээр бидний багад их өөр байсан санагдах юм. Их л гоё хүмүүс байсан юм. Дарга гэхээр л гоё.

-Дарга, дарга гэцгээж хүндэлж. Даргын хүүхдүүд ч аав, ээжийнхээ нэрийг сэвтүүлэхгүй гэж ихэд хичээдэг байж?

-Даргын хүүхэд хүртэл аавынхаа далбаан дор ухамсартай, хүмүүжилтэй, бусдад сайнаар нөлөөлдөг, гоё байж. Одоо бол эсрэгээрээ. Яагаад вэ гэвэл энэ бүхэн аав ээж, миний үеийнхэнтэй холбоотой. Төрийн гурван өндөрлөгөөс эхлүүлээд бүхий л шатанд миний үеийнхэн байна. Яг манай үеийнхэн улс төр, бизнес, урлагийн тавцан дээр бүгд л толгой байна л даа. Уг нь хүмүүжил сайтай, мундаг хүмүүс байх ёстой юм. Тэгээд яагаад ингээд байдаг юм бол оо. Улс орноо муухай харагдуулаад байна шүү гэдэг дээр л сэтгэл их эмзэглээд байдаг юм.

Иймээс бид ярилцаад “Хурд”, “Никитон” хамтраад нэгдүгээрт, эв нэгдэлтэй, хоёрдугаарт нэг нэгэндээ хайртай байя л даа. Үүнийг л бид дуугаараа, уран бүтээлээрээ дамжуулна. Хамтарсан тоглолт тэртэй тэргүй хүн болгоны сэтгэлд баяр болж харагдана. Сэтгэл нь хөглөгдөнө, хөөрнө, баярлана. Яагаад дандаа гудамжаар дүүрэн хоёр гараа унжуулсан, хагас доошоо харсан, зовсон, сэтгэл нь гундсан хүн их болчихоод байна шүү дээ. Цоглог байя, бүгдэд нь нөлөөлж чаддаггүй юм аа гэхэд сав байрных нь боломжоор нь хүмүүс орж үзээд нэг удаа ч гэсэн сэтгэлийн их таашаал аваг гэсэн бодлоор “Никитон” хамтлагтайгаа хамтарч ийм тоглолт хийх гэж байгаа юм.

-Хоёр өдөр тоглох билүү?

-Хоёр өдөр тоглоно.

-Арванхоёрдугаар сарын 9, 10-нд байх аа?

-Тийм тийм. Хоёр хамтлагийн хамгийн хамгийн хит дуунууд эгшиглэнэ. Хоёр хамтлаг нийлээд 25, 26 дуу дууллаа гэхэд гурван цагийн концерт шүү дээ. Бүрэн хэмжээний тоглолт. UB паласт болно. Энэ тоглолтоороо бид хайр гэдэг үгийг л дахин дахин хэлмээр байна. Хэн ч бай нэгнийгээ хүндэтгэж хайрлах ёстой гэсэн ийм л уриагаар энэ тоглолтоо хамтарч хийж байна. Манай рок поп дотор ойлголцдоггүй хүмүүс байдаг. Бас ойлголцоход хэцүү хүмүүс байдаг. Гэхдээ бид бие биенээ ойлгож, ойлголцохгүйтэйгээ ойлголцож, хүн хэлээрээ мал хөлөөрөө гэдэг шиг адилхан л уран бүтээл хийгээд явж байна. Бусад уран бүтээлчдээ ч уриалж байна. Хайр бэлэглэмээр байна. Монголчуудад хайр дутаад байна. Монголчуудад гоё инээмсэглэл дутаад байна. Гэтэл утаа нь эхэлчихлээ. Тэгээд дээрээс нь улс төр ингээд бужигнаад байхаар яасан ч гунигтай юм бэ дээ, гурай юм бэ дээ гэж харагдах юм. Энэ болгоноос л түмэн олноо тодорхой хэмжээгээр чирч гаргах ёстой, манлайлж явах ёстой, урлагийн хүмүүс. Сэтгэл их өндөр, өег байх ёстой.

-Амьд хөгжим сонирхогчдын хувьд “Никитон”, “Хурд” хоёр хамтарч тоглолт хийх гэж байгаа нь тоглолт гэхээсээ илүүтэй баяр, шинэ жилийн бэлэг мэт л санагдаж байгаа байх?

-Ер нь тэгж бодож болно ш дээ. Энэ бол бэлэг. Үүнийг ер нь уламжлал болгоё гэсэн бодолтой байгаа. Жил болгоны арванхоёрдугаар сарын эхний долоо хоногийн амралтын хоёр өдөрт тааруулж урлаг, хөгжмийн ийм том баярыг хийж байя гээд эхлэлийг нь манай хоёр хамтлаг тавьж байна.

Энд нэг зүйлийг хэлэхэд энэ жил мундаг улс төрч гэж битгий шалгаруулаасай. Мундаг улстөрч гэж хэн ч харагдахгүй байна шүү. Тийм номинаци зохиож хэн нэгнийгээ битгий худлаа шагнаарай гэж хэлье. Өнөө жилийн хувьд Монголд мундаг улс төрч байхгүй байгаа шүү. Би л хэлж байгаа болохоос түмэн олны л үг шүү. Тэр нь их онигоотой санагдаад байдаг юм. Гадныханд тийм шагнал, номенаци байдаг юм уу. Шагнал өгөхийн өвчин туссан биш дээ. Урлаг ярьж байгаад улс төр ярьчихлаа. Уг нь би улс төр ярих дургүй. Улс төр бол бөөн бухимдал.

Бидний энэ удаагийн тоглолт маш сонирхолтой байх болно. Шилдгийн шилдэг дуунуудаа дуулна. Бид олон ч хоног бэлтгэлээ хамтарч хийж байгаа. Маш сонин сонин сюрприз бий. Дуу, урлагийн маш гоё ертөнцийг тэр хоёр өдөрт мэдрүүлнэ. Ирсэн хүний сэтгэлд түүх болон үлдэх тийм тоглолт болно.

-Тоглолтын нэр “Нүргээн”?

-“Нүргээн” шүү дээ. Үнэхээр нүргэлүүлээд өгнө өө.

-Танай хамтлагийн хуурцаг, цомог, сонины хайлчилбарыг олон жилийн турш цуглуулж байгаа, бүх дууг тань цээжээр мэддэг үнэнч фэнийг тань мэдэх юм байна?

-1996, 1997 оны үед байх аа. Жаахан охин зургийн дэвтэр дээр наачихсан, гялгар уутанд хийчихсэн асар олон цуглуулгаа танилцуулж билээ. “Хурд”-ын талаар сонин дээр гарсан бүх л мэдээ сэлтийг зураг хөрөгтэй нь хайчилж хадгалсаар ирсэн байсан. Тэр охин ч биш, тийм маш олон фэн байдаг юм, би зөндөө сонссон. “Нүргээн” тоглолтоос өмнө “Хурд”-ын тухай гарсан анхны сонин хэвлэлээс нь эхлүүлээд одоог хүртэл хайлчилбар хийж байгаа хүн ирэх юм бол би ногоон гэрлээр л тоглолтоо үзүүлнэ шүү. Фэйсбүүк, цахим хөгжчихсөн байхад “Хурд” хамтлагтайгаа холбоо барихыг хичээгээрэй. Фэйсбүүкт ороод ирвэл би байж л байна. Манай хамтлагтай холбоотой тэр сайхан түүхүүдийг цуглуулдаг хүмүүс Монголын өнцөг булан бүрт байдаг. “Хурд”-ын хайчилбарыг цуглуулдаг эмээ ч байдаг юм. Хороололд амьдардаг эмээ л дээ. Одоо холбоо тасарчихаад байна. Жил болгон Хүүхдийн баяраар бидэнд бэлэг авчирч өгдөг байсан сан. Хэрвээ “Хурд”-тай холбоотой хайчилбар, ямар нэгэн юм цуглуулдаг хүн байвал би шалгаруулаад тоглолтоо үзүүлэхэд бэлэн байна шүү гэдгийг “Өдрийн сонин”-оор дамжуулж хэлж байна. Нүргэлүүлээд өгнө өө, нүргээн болно оо. Нүргээнэ шүү.