Лабораторийн туршилт хийж байгаа нь
Анагаах ухааны доктор, хүний их эмч, дархлаа судлаач Д.Мандахнарантай ярилцлаа.
-Та докторын зэргээ Япон улсад хамгаалсан билүү?
-Тэгсэн. Японы Токушимагийн их сургуульд хамгаалсан. 2010 онд АШУҮИС-ийг хүний их эмчээр төгсөөд Үений мэс заслын эмчээр хоёр жил сурч, ажиллаж байгаад 2012 оноос тус сургуулийн Бичил амь, дархлаа судлалын тэнхимд багшилсан. 2013 оны дөрөвдүгээр сард Япон улсын докторын шалгаруулалтад тэнцсэн юм. Ингээд Япон улсын Токушима хотын Токушимагийн их сургуульд Геномын институт, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн дэргэдэх лабораторид суралцаад одоогоос яг жилийн өмнө дархлаа судлалаар анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан.
-Таны судалсан сэдэв?
-Элгэн доторх цусны замын хорт хавдар өвчний эсийн дохиоллын механизмын зарим замуудыг судалсан. Маш олон хүн эсийн доторх механизмыг судалдаг. Би зөвхөн нэг хэсгийг нь л судалсан гэсэн үг. Түүний дархлаа зохицуулагч эстэй холбогдолтой үүргүүдийг судалж шинжлэх ухаанд бага зэрэг шинэ мэдлэг нэмэрлэсэн.
-Ямар ч өвчний үед нэг нэгэндээ “Дархлаагаа сайжруул” гэж хэлцгээдэг. Мөн монгол хүн угаасаа дархлаа сайтай байсаар ирсэн гэж ярих нь бий. Үндэстэн болгоны дархлаа харилцан адилгүй байдаг юм уу?
-Хүн хүний үзэл бодол өөр л дөө. Гэхдээ би шинжлэх ухааны талаас нь тайлбарлая. Шинжлэх ухаан бол нотолгоонд суурилсан мэдээлэлд үнэмшдэг зүйл. Ямар ч шинжлэх ухааны үндсэн арга нь туршилтын арга байдаг. Түүнээс биш таамаглана гэвэл хүн болгон өөр өөрөөр таамаглана. Жишээ нь, “Архи уухаар элэг өвддөг юм” гэж хэлэх хүн байхад “Үгүй ээ, өвддөггүй. Яадаг ч үгүй юм” гэж таамаглах ч хүн байна. Архи уугаад нас барсан хүний элгийг зүсээд архи уугаагүй хүнийхээс ямар ялгаатай байна вэ гэдгийг харах нь л нотолгоо байхгүй юу.
Тийм учраас шинжлэх ухаан бол нотолгоонд суурилдаг. Нотолгоонд суурилсан мэдээллийг гаргаж авахын тулд нэн тэргүүнд таамаг дэвшүүлдэг. Таамгаа зөв, бурууг нь нотлохын тулд туршилт хийдэг. Туршилт хийхдээ хүн дээр туршиж болохгүй учраас загвар амьтан дээр туршдаг. Жишээ нь, лобараторийн хулгана байна. Хүн, хулгана хоёрын ген 95, 96 хувь ойролцоо байдаг байхад хүний хувьд хятад, монгол, орос хүний ген тодорхой хэмжээгээр өөр байна гэсэн ойлголт байхгүй. Харин генүүдийнх нь зарим эсүүд нь өөр өөр ажиллаад үс, нүдний өнгө өөр байх жишээтэй. Хэрвээ монгол хүн удмын хувьд тийм ялгаатай байсан бол гадаад хүнтэй гэрлээд хүүхэд гарахгүй байсан.
Хүний хувьд дархлаа хэвийн, сайн байдаг гэж үздэг. Насанд хүрсэн хүний хувьд шүү. Үүнд монгол, орос гэж яриагүй. Тухайн хүн өвчин үүсгэгчидтэй амьсгалах зэргээр харилцаанд ордог учир түүний эсрэг дархлаа тогтчихсон байдаг. Хүүхэд олон дахин өвдөөд байдаг чинь дархлаа тогтох, тэдгээрийг таних шатанд яваад байгаа гэсэн үг. Хүүхэд жилд арван удаа ханиад хүрдэг бол том хүн 2-3 гурван удаа хүрэх жишээний. Дархлаа нь таньдаг болчихдог. 2000-гаад оны үед дэлхийд дархлааны шинжлэх ухаан сайн хөгжөөгүй байсан болоод ч тэр үү. Янз янзын л шалтгаан байдаг байх. Тухайн эмч нарын өөрийгөө хөгжүүлж байгаа байдал нөгөөтэйгүүр зах зээлд тоглолт хийж байгаа янз бүрийн эмийн компаниудын рекламны нөлөөгөөр дархлаа гэдэг нэг юм байдаг, даанч тэр нь их амархан муудчихдаг. Гэхдээ тэрийг засдаг, тэгэхийн тулд төрөл бүрийн арга хэрэглэнэ гэсэн ойлголт бий болчихсон. Гэтэл шинжлэх ухаанд тийм юм байхгүй. Хүний дархлааг муутгадаг хэд хэдэн шалтгаан бий. Тэрнээс бусдаар бол дархлаа тийм амархан муудчихдаггүй юм. Дархлаа гэдэг нь хүний биед дархлааны гэх тодорхой нэр бүхий эсүүд байгаа. Тэдгээр эсийн тоо хэмжээ ихэсч байна уу, багасч байна уу. Хэмжээндээ байна уу гэдэг нь л дархлааны тогтолцооны үндсэн үзүүлэлт болж байгаа юм. Цусны цагаан эс нь дотроо олон янз. Цагаан эс дархлааны эсүүд боловч яг л цэрэг армитай адилхан явган цэрэг, танктай цэрэг, дарга гээд үүрэг зориулалтаасаа хамаараад олон янз. Эдгээр эсүүдийн тоо хэмжээ зохистой хэмжээнд байвал хүний дархлааг хэвийн гэж үздэг.
-Хүний дархлааны эсийг хэмжээндээ байгаа эсэхийг үздэг аппарат Монголд орж ирсэн гэж дуулсан юм байна?
-Саяхан болтол үүнийг үзэх аппаратгүй байсан. Их үнэтэй төхөөрөмж. Өнгөрсөн оноос АШУҮИС-д Герман улсын хамгийн сүүлийн үеийн аппаратыг суурилуулсан. Урсгал эсийг тоолдог аппарат л даа. Эсийг нэг нэгээр нь урсгаад тоолдог. Зөвхөн энэ аппаратыг авчраад зогсохгүй эмч нартаа сургалт хийж чадавхижуулаад дархлааны талаарх хуучирсан ойлголтуудыг нь шинэчилж өгч байгаа.
-“Манай энэ дархлаа муутай шүү. Сонсоод л ханиад хүрчихдэг” гэдэг. Төрөхөөсөө л дархлаа муутай, өвчлөмтгий байна гэж байх уу?
-Тухайн хүний удмын онцлог. Дархлаа муутай гэж хэлж болохгүй л дээ. Ханиад олон төрлийн үүсгэгчтэй. Олон төрлийн вирус бий. Ханиадыг ерөнхийд нь хоёр том бүлэгт хувааж болох юм. Хамрын ханиад, томуу гэж. Томуу бол вирусээр үүсгэгддэг аюултай өвчин. Харин түгээмэл тохиолддог байнга шахуу хүрэх гээд хүрчихвэл тэгэсхийгээд эдгэчихээд байдаг нь хамрын ханиад. Олон төрлийн үүсгэгчээр дамждаг. Эдгээр үүсгэгчийн заримд нь тэсвэртэй хүн байхад зарим нь тэсвэргүй байх тохиолдол байдаг. Зарим нь эдгээрт өртөмтгий бол зарим нь тэсвэртэй. Энэ нь дархлаа муутай байна гэсэн үг огт биш. Томууны вируст өртөмтгий хүн гепатетийн вируст тэсвэртэй байж болно. Эсвэл гепатетийн вируст өртөмтгий, шарлачих гээд байдаг хүн томуугийн вируст тэсвэртэй байж болно. Энэ бол эцэг эхээс авсан удмын мэдээлэл, тэдгээрийн хоорондын харьцаа, конбинацитой холбоотой. Хэвийн явсаар 18 нас хүрчихсэн хүний дархлааг хэвийн гэж үзнэ. Ер нь дархлаа муутай гэж хэлэхээсээ илүүтэй дархлаа дутмагшилтай байж болзошгүй гэж сэжиглэх шалгуурууд байдаг. Гэхдээ ихэвчлэн хүүхдүүдэд. Идээлүүлэгч халдвар гэж аюултай халдвар бий. Олон дахин өвчлөх, байн байн эмчлүүлэх, эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн ч гурван сарын дараа дахин сэдрэх, зарим эмгэгтэй хавсарлавал “Энэ хүүхэд дархлаа дутмагшилтай биш байгаа” гэсэн сэжиглэх таамаглал гарна. Гэвч энэ нь маш ховор тохиолддог. Тэгээд тэр хүүхдийг эмнэлзүйн нарийн шинжилгээнд оруулсны дараа дархлаа нь дутмагшилтай бол аль дархлаа нь дутмагшиж байна гэдгийг тогтоож оношилдог юм. Тэгэхээр гадуур явж байгаа мэдээллүүд бол үнэнд үндэслэгдээгүй, цуу үгийн шинжтэй байдаг.
-Багадаа өвчин их ээрдэг байсан хүүхэд том болоод өвдөхөө больдог. Харин багадаа өвчин хэлж байгаагүй хүүхэд нас биед хүрээд өвдөх нь олонтаа. Энэ нь дархлаатай холбоотой юу?
-Тийм байсан байж магадгүй юм гэж таамаглаж болох юм. Тухайн үед тэр хүний дархлааг үнэлж үзээгүй учир “Багадаа дархлаа муутай байжээ. Одоо дархлаа тань хэвийн болжээ” гэж мэргэлж байгаа юм шиг хэлж чадахгүй. Багадаа өвдөж байгаагүй ч нас биед хүрээд өвчинд өртөмтгий болсон хүний хувьд эцэг эхийнх нь хүүхдээ өсгөсөн орчинтой хамаатай байж болзошгүй. Хүүхэд байхдаа гэрээсээ цөөхөн гардаг байсан байж болно. Том болоод олон хүнтэй харилцаад “Нарантуул” захаар орох зэргээр гадны хүмүүстэй харьцаад эхэлнэ. Тэрэн дунд сүрьеэ, ханиадтай янз бүрийн хүн явж байгаа. Тэдгээрээс ялгарч байгаа бүх вирустэй харилцаанд ороод явдаг. Монголчууд хүүхдээ гэртээ өсгөдөг. Тийм болохоор багадаа элдэв өвчинд өртөхгүй явсан байж болох юм гэж таамаглаж болох талтай. Гэрээсээ гардаггүй хүүхэд байвал ээж, ааваар нь дамжиж орж ирсэн ганц нэг ханиадны вирусийг авч ханиад хүрч байсан байж болно. Олон жил гэрийн орчинд байсан хүний дархлаа өмнө нь хараагүй вирусүүдийг харж таньж эхэлдэг. Гэтэл гадаа өссөн хүүхэд эрүүл чийрэг байдаг гэдэг нь багаасаа олон төрлийн өвчин үүсгэгчтэй харьцаад явсан учраас дархлаа нь таньдаг болчихсон байдаг.
-Хүүхдийг гадаа элс шороон дээр тоглуул. Болбол шороо идүүлэх хэрэгтэй гэдэг. Энэ дархлаатай нь элдэв өвчин үүсгэгчийг танилцуулж байгаа арга байх нь ээ?
-Хөгжсөн орнуудад харшил их байдаг юм. Ард түмний дунд нэг ташаа ойлголт байдаг. Дархлаа муудахаар харшилтай болдог гэдэг.
-Тэгдэг.
-Үгүй. Харшил гэдэг нь цэвэр дархлаа тогтолцооны өвчин юм. Яадаг өвчин юм гэхээр хэвийн орж ирж байгаа хоол, унд, өмсч хэрэглэж байгаа эд зүйлсийг хэвийн биш, аюултай юм байна гэж таниад хүчтэй идэвхижиж түүний эсрэг довтолж биеэ хамтад нь гэмтээж байгаа тэр эмгэгийг харшил гэж нэрлээд байгаа юм. Энэ юунаас болж байна вэ гэхээр удмын хүчин зүйл. Үүн дээр нэмэх нь хүрээлэн байгаа орчин. Удмын ямар нэгэн эрсдэлтэй дархлаа бүхий хүн багадаа гадаад орчны янз бүрийн олон төрлийн зүйлтэй харьцаж байгаагүй, хэт цэвэрч бол том болохоор хэвийн зүйл орж ирэхээр түүнийг нь танихгүй довтлоод байдаг. Яагаад гэвэл хүүхэд байхдаа тэрийг хараагүй юм чинь. Гэтэл хөдөө аж ахуйтай ойр байсан, малын ялгадастай харьцдаг, түүхий жимс ногоо ганц хоёр удаа хазаж үзсэн хүүхдүүдийн дархлаа нь тэр бүхнийг ялгаад сурчихсан байдаг. Энэ аюултай, энэ нь аюулгүй. Энэ нь хоолны уураг байна, харин энэ нь аюултай өвчин үүсгэгч уураг байна гээд ялгаад сурчихдаг. Тиймээс харшлыг иргэншлийн өвчин гээд байгаа нь ийм учиртай. Манай Монголын хувьд хот, орчны бохирдол гэдэг зүйл яалт ч үгүй нөлөөлөөд байна. Утаа, хар тугалгын бохирдол, тоосжилтын бохирдол зэрэг хүчин зүйлүүд нөлөөлөөд байгаа.
-Хүний бие организм гэдэг бол барагтай юманд өртөхөөргүй хамгаалалттай юм байна шүү, уг нь. Зөв л ажиллуулбал?
-Хүний цус нь эсийн хэсэг, шингэн хэсгээс тогтдог. Цусны улаан эсүүд нь цусны үндсэн үүргүүдийг гүйцэтгэдэг. Ялтаст эс нь цус тогтооход оролцдог. Цагаан эс нь дархлааных. Энэ эс нь олон янз бөгөөд ихэвчлэн харь биологийн биетийг устгахад зориулагдсан удмын кодтой байдаг.
-Дархлаагаа дэмжихийн тулд адууны махтай, сармистай шөл, халуун аарц, чацаргана уу гэдэг?
-Дархлааг муутгадаг хэд хэдэн шалтгаан бий л дээ. Монголчууд бидний хувьд цацрагийн аюул харьцангуй бага шүү дээ. Хорт зуршлаас хол байх ёстой.
-Архи, тамхи…?
-Ялангуяа тамхи дархлаа төдийгүй олон төрлийн халдварт өвчний батлагдсан эрсдэлт хүчин зүйл юм. Стрессээ дасгал хөдөлгөөн, сэтгэлзүйн аргаар зөв тайлах. Хоол тэжээлээ зохицуулж ажил амьдралын тэнцвэрээ зөв байлгавал хүний дархлаа хэвийн байх боломжтой.
Хоёрдугаарт, чацаргана, адууны мах дархлааг сайжруулдаг, дэмждэг эсэх дээр батлагдсан судалгаа хараахан алга байна. Энэ бол ардын уламжлалт ажиглалт. Ажиглалтаар үнэхээр тийм байгаа эсэхийг үгүйсгэх арга байхгүй. Гэхдээ адууны мах, чацаргана, аарц хэрэглэхийг буруушаахгүй. Харин дархлаагаа дэмжинэ гээд батлагдаагүй, олон төрлийн эмийн бодисуудыг хэрэглэх нь аюултай. Тэдгээр эмүүд өнөөдөр таны биед ямар нэг сөрөг нөлөө үзүүлэхгүй байгаа ч 10, 20 жилийн дараа таны биед ямар сөрөг нөлөө гарахыг хэлэхэд хэцүү. Дархлааг дэмжих ямар нэг эм хэрэглэх гэж байгаа бол болж өгвөл зааврыг нь өөрөө уншаад баталгаатай эсэхийг нь лавлаж үйлчилгээг нь анзаараад эмчтэйгээ зөвлөх ёстой болов уу.
-Дархлаа судлалын шинжлэх ухааны нөлөөгөөр олон халдварт өвчин, вирусүүд устсан. Амжилт нь жил ирэх бүр нэмэгдээд байгаа гэдэг байхаа?
-Энэ шинжлэх ухааны амжилт гэвэл дархлаажуулалтын вакциныг гаргасан. Вакциныг гаргасан нь дэлхийн хүн ам зургаан тэрбум болж өсөхөд нөлөөлсөн. Цагаан цэцэг өвчнийг ор мөргүй алга болгосон. Монгол Улсад байсан халдварт саа, татран зэрэг өвчнүүд эрс багасч зарим өвчнийг бүрэн устгасан гэж НҮБ-аас гэрчилгээ хүртэл авсан тохиолдол бий. Дархлаа судлалын шинжлэх ухааны том амжилтуудын нэг нь эдгээр юм. Одоо дархлаа судлалын шинжлэх ухаан хорт хавдрын эсрэг тэмцэж эхэлж байна. Халдварт өвчнүүдийн эсрэг ихэнх шийдлийг олчихсон, вакцинжуулалтаар. Нэг хэсэг шувууны ханиад, амьсгалын цочмог халдварт САРС гарсан. Энэ бүгдийг вакцинжуулалтаар алга болгосон. Одоо байхгүй шүү дээ. Халдварт өвчнүүдийг ингээд дараад байж болох юм байна гэж учраа олчихсон учраас одоо хорт хавдрын эсрэг дархлаажуулалтыг яаж ашиглах вэ, сүрьеэ зэрэг тэсвэртэй халдварт өвчнүүдийн эсрэг дархлаажуулалтыг яаж үр дүнтэй хийх вэ гэдэг ийм хоёр үндсэн чиглэлээр дархлаа судлалын шинжлэх ухаан ажиллаж байна.
-Та одоо хэдэн настай вэ?
-Би хэдхэн хоногийн өмнө 31 нас хүрсэн.
-31 настай гэхэд их ч мэдлэг хуримтлуулж амжжээ?
-Одоогоор оюутнуудад хичээл зааж байна. Үнэнээ хэлэхэд Монгол Улсдаа хэрэгтэй, бодит ажил одоогоор хийж амжаагүй явна. Гадаадад юм хийж өгсөн ч тэрнээсээ тодорхой хэмжээгээр мэдээлэл аваад хүрээд ирчихсэн гэх үү дээ.
-Та хэдэн орны хэл сурсан бэ?
-Англи хэлтэй. Анхан шатны япон хэлтэй.
-Үеийнхээ залууст хандаж хэлмээр ч юм уу эсвэл өөрийнхөө олж авсан зүйлээсээ хуваалцвал?
-Монгол хэл маань аугаа. Аялгуу сайхан монгол хэл гэдэг. Биднийг зайлшгүй нэг үндэстэн гэж илэрхийлэх дархлаа, үндэсний дархлаа бол монгол хэл минь юм. Гэхдээ монгол хэлээр гурван сая хүн л ярьдаг. Дэлхийн мэдлэгийг авахын тулд олон тэрбум хүний ярьдаг хэлийг утга, уянгын хэмжээнд биш юмаа гэхэд мэдээлэл солилцох хэмжээнд сурах хэрэгтэй. Энэ хэл бол ерөөсөө англи хэл. Тэгэхээр хамгийн чухал англи хэлийг сайн сурах. Хэл сураад эхлэхээр хүний хандлага, соёл өөр болоод ирнэ л дээ. Гэхдээ манай залуус санасныг бодоход хурдан сайжирч байгаа, нэн ялангуяа доод үеийнхэн маань. Иймээс ирээдүй маань сайхан болно гэж бодож байгаа. Тийм ч болохоор би Монголдоо ирсэн. Гадны улсууд юу ч мэдэхгүй ирсэн хүнийг юм юмны зах зухтай болгоод бэлтгэж аваад нутаг руу нь явуулахгүй байхыг боддог. Гэхдээ мэдээж эх орон бол эх орон л байдаг хойно.