Categories
мэдээ соёл-урлаг

​“Despacito”

Пуэрто-Рикогийн поп дуучин Луис Фонсигийн “Despacito” дуу youtube-ийн хамгийн өндөр хандалттай дуугаар шалгараад байна. Өчигдрийн 18 цагийн байдлаар “Despacito” 4971026718 буюу 4.9 тэрбум гаруй хандалттай явж байлаа. “Gangnam style” дуугаараа шуугиан дэгдээж К-поп урсгалыг дэлхий даяар сурталчилж чадсан БНСУ-ын дуучин PSY ч мөн адил 2012 онд ингэж шуугиан дэгдээж Канадын алдарт дуучин Жастин Биберыг ардаа орхиж байсныг хөгжим сонирхогчид мэднэ. “Gangnam style” дуу одоогоор 3.1 тэрбум хандалттайгаар youtube-ийн жагсаалтын дөрөвдүгээр байрт явж байгаа юм.

“Despacito” дуу өнгөрсөн оны нэгдүгээр сард youtube-т байршсан цагаасаа дэлхий нийтийг байлдан байгуулж, энэ дуу цангинаагүй газар, тосгон, гацаа, сонсоогүй хүн гэж бараг үлдээгүй байх.

Дуучин Луис Фонси реппер Дэдди Янкитай хамтран энэ дууг анх дуулахдаа ингэж дэлхийг байлдан дагуулна чинээ мөрөөдөх байтугай төсөөлөөгүй аж. Гарсан даруйдаа Латин Америкийг байлдан дагуулж бусад орны хөгжим сонирхогчдын анхааралд өртжээ. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Жастин Бибер “Despacito”-г Луис Фонси, Дэдди Янки нартай хамтран ремикс хувилбарыг нь дуулсан нь энэ бүтээлийг англи хэлээр ярьдаг орнуудад түгэхэд маш их хувь нэмэр оруулсан байна.

“Despacito” гэх латин үгийг англиар “Slowly” буюу “Удаан” хэмээн орчуулдаг юм байна. Дууны шүлэг нь янаг тачаангуй, эрэгтэй, эмэгтэй хүний нэгнээ хүсэмжилсэн өнгө аясыг илэрхийлсэн бөгөөд романтикаар, зөөлнөөр, удаанаар тэмүүлэх гэсэн өнгө аясыг илэрхийлэхдээ эмэгтэй хүний гоо сайхныг магтан дуулсан утга агуулгыг гаргажээ.

Удаанаар…

Анхилхан хүзүүг чинь амьсгалаараа төөнөе

Амраг минь зөөлнөөр шивнээч

Чи надгүйгээр байж чадахгүй

Удаанаар…

Би чамайгаа удаанаар зөөлхөн үнсье

Хана, хэрмийг түшээд

Гоо сайхан биеийг чинь илбэхийг хүсэж байна

Дээш, дээшээ

Дээш, дээшээ

Чамайг үсээрээ наадан бүжихийг харахыг хүсэж байна

Аядуу зөөлөн хөдөлгөөн, хэмнэлийг чинь мэдрэхийг хүсэж байна

Хонгор минь чамайгаа дуу алдахад

Би нэрээ мартталаа мансуурсан байдаг

Удаанаар…

1996 онд “Макарена” дуу Billboard-ийн шилдэг 100 дууг тэргүүлснээс хойш уг жагсаалтад латин дуу багтаагүй байсан юм. Харин 21 жилийн дараа “Despac­ito” Billboard-д тэргүүлсэн нь латин дууны амжилтын буухиаг үргэлжүүлснээрээ онцлог.

Жил гаруйхан хугацааны дотор энэ дууны уран бүтээлчид олон шагналын эзэн болоод байна.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Америкийн хөгжмийн авардст гурван номинацид нэр дэвшиж хоёрт нь шагнал хүртсэн бол Грэмми авардс, Латин Америкийн хөгжмийн авардст тус тус гурван номинацид нэр дэвшиж, “Latin Gram­my Awards”-ийн дөрвөн гол номинацийн шагналыг хүртсэн. Ингэснээр тус дууны уран бүтээлчид Америкийн дуу бичлэгийн холбооны “Di­amond” шагналыг хүртсэн анхны Латин Америк хүмүүс болжээ.

Луис Фонси 2015 оноос хойш дорвитой бүтээл гаргахгүй, уран бүтээлийн ажил нь зогсонги болоод байв. Ингээд хамтран ажилладаг дуу бичлэгийн студийнхэндээ “Хүмүүс сонсоод л өөрийн эрхгүй даган дуулдаг тийм гоё дуутай болмоор байна. Их эвтэйхэн, эвлэгхэн хөдөлгөчихөөр аядуухан хэрнээ хэмнэлтэй хөгжилтэй дуу хийцгээе” гэж санал гаргажээ.

Панамын дуучин, ая зохиогч Эрика Эндэр яг түүний сэтгэлд нийцэх бүтээлийн санаагаа гаргаад, хөгжмийг нь сонсгохоор Майами дахь Луис Фонсигийн гэрт очжээ. Луис сонсонгуутаа “Үүнийг далайн эрэг дээр хийцгээе” гэжээ. Ингээд Фонси дууны дундуур реппер дуулуулах шаардлагатай гэж үзээд Дэдди Янкид интернэтээр санал тавьжээ. Ингэж “Despacito” дуу бүтэж Пуэрто-Рикод төдийгүй Латин америкчуудын сонсох дуртай дуу болжээ. Удалгүй дуугаа дүрсжүүлж улмаар youtube-т байршуулсан нь энэ дууг бүтээсэн уран бүтээлчдийг хагас жил хүрэхгүй хугацааны дотор алдартай хүмүүс болгосон байна. Луис Фонси “Энэ дуу латин хүмүүсийг аз жаргалтай гэдгийг дэлхий нийтэд харуулж чадсан. “Despacito” дуунаас латин америкчуудын аз жаргал, эрч хүч, бас дур булаам тачаангуй, эрх чөлөөтэй байдал мэдрэгддэг” гэж тодорхойлжээ.

“Despacito” дуу 45 гаруй орны хөгжмийн жагсаалтыг тэргүүлсэн бөгөөд дэлхийн олон оронд уг дууг янз бүрийн арга техник, хөгжмийн зэмсгээр амилуулсан. Монголчууд хүртэл ятга, морин хуураар “Despacito”-г тоглож интернэтэд байршуулаад байгаа билээ.

Youtube-ийн хамгийн их хандалттай клипүүд

Categories
мэдээ цаг-үе

Монголчуудын 2.1 сая нь фэйсбүүкийн хэрэглэгч

Марк Цукерберг зурган илэрцүүд“Фэйсбүүк” нийгмийн сүлжээний үүсгэн байгуулагч Марк Цукербергийн хөрөнгө дөрвөн тэрбум ам.доллараар хорогдоод байна.

“Facebook” компани олон нийтийн сүлжээний 50 сая орчим хэрэглэгчийн мэдээллийг цуглуулж, АНУ-ын сонгуульд ашигласан тухай дуулиан шуугиан дэгдэж байна. Үүнээс үүдэж тус компанийн хөрөнгө оруулагчид хөрөнгөө татах, шүүхэд нэхэмжлэл гаргах зэргээр асуудал улам хүндэрч компанийн хувьцааны үнэ 7-8 хувиар унаж, компанийн үнэлгээ 60 тэрбум ам.доллараар мөн “Фэйсбүүк” нийгмийн сүлжээний үүсгэн байгуулагч Марк Цукербергийн хувийн хөрөнгө дөрвөн тэрбум ам.доллараар хорогдоод байгаа юм.

2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулиар Дональд Трампын сонгуулийн компанит ажилд тусалсан мэдээллийн дүн шинжилгээний “Cambridge Analytic” компани фэйсбүүкийн 50 сая орчим хэрэглэгчийн мэдээлэлд нэвтэрч, сонгуульд ашигласан болохыг хэвлэлийнхэн ил болгосон нь энэ бүх дуулианыг эхлүүлсэн юм.

Шүүхэд нэхэмжлэл гаргагчид хэрэглэгчдийн зөвшөөрөлгүйгээр хэдэн сая хүний хувийн мэдээлэлд нэвтрэх боломжийг гуравдагч талд олгож, хувь хүн, хэрэглэгчийнхээ хувийн мэдээллийг хамгаалахтай холбоотой дүрмээ ноцтой зөрчсөн учир хөрөнгө оруулагчдад нөхөн төлбөр олгох тухай ч дурджээ. Эхэндээ хөрөнгө оруулагчид нь энэ талаарх мэдээллийг няцаасан байр сууринаас хандаж байсан ч “Фэйсбүүк” нийгмийн сүлжээний үүсгэн байгуулагч Марк Цукерберг компаниа улс төрийн зорилгоор ашиглаж, хэрэглэгчдийн нууц мэдээллийг задруулсан ноцтой зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрсөн нь олон сая хүний анхаарлыг татсан билээ. М.Цукерберг “Бид буруугаа хүлээж, Конгрессын өмнө хэргээ шүүлгэхэд бэлэн байна. Мэдээлэл алдагдаж, олон улсын улс төрийн түвшний том асуудал гарна гэж төсөөлөөгүй. 2015 онд үүнтэй адил асуудал үүсэхэд хүчтэй арга хэмжээ авах ёстой байжээ. Маш их харамсаж байна” гэсэн утгатай зүйлс ярьсныг олон улсын томоохон ажиглагчид “Хүмүүсийн хувьд фэйсбүүкийг яагаад ч юм 100 хувь найдвартай гэж итгэж байсан. Харин Марк Цукербергийн мэдэгдэл үүнийг үгүйсгэж, хэрэглэгчдийнхээ мэдээллийг бусдад арилжсан гэдэг нь батлагдлаа” хэмээн дүгнэсэн юм.

Фэйсбүүкт бүртгэлтэй болсон цагаасаа хойш олон тоглоом, аппликейшн татаж, тоглоом, сонжоо бөглөх, ямар нэгэн уралдаан тэмцээнд бүртгүүлэхдээ фэйсбүүкээрээ нэвтэрсэн бол та дараахь тохиргоог хийж тухайн аппликейшнуудыг устгах ёстой юм байна. Фэйсбүүкийнхээ цэс (menu) рүү ороод Тохиргоо (Setting) гэсэн сонголтыг хийнэ. “Account Settings”-руу ороод “Apps” дээр дарна. “Logged in with Facebook” буюу фэйсбүүкээрээ нэвтрэн орсон зүйлсийн жагсаалт руу ороход таны нэвтэрч орсон аппликейшнуудын жагсаалт гарч ирнэ. Тус бүрийнх нь ар дахь remove товчийг дарж устгана. Мөн таны фэйсбүүкийн найзуудын хэрэглэдэг аппликейшнууд, таны дата буюу хувийн мэдээллийг тань цааш дамжуулж байх магадлалтай учир “Logged in with Facebook” цонхны доорх “Platform” хэсэг рүү орж идэвхгүй буюу “No” гэснийг нь сонгох ёстой юм байна.

Энэ үүссэн нөхцөл байдлаас үүдэж фэйсбүүкийн хэрэглэгчид дээрх зөвлөгөөний дагуу зарим анхан шатны арга хэмжээ авч, ноцтой мэдээлэл, гэрэл зураг, материалуудаа фэйсбүүк дээрээ хадгалахаас татгалзаж, өөр зүйл дээр архивлаж авах явдал их байгаа юм байна. Зарим хэрэглэгчид фэйсбүүкийг хатуу дүрэмтэй болгож, хэрэглэгчдийнхээ мэдээллийг хамгаалах тал дээр маш чанд ажиллах ёстой гэж шаардаж байгаа аж. Дэлхий даяар “#DeleteFacebook” нэртэй фэйсбүүкээс татгалзах аян өрнөж алдартнууд уг аянд нэгдэж байгаагаа илэрхийлж фэйсбүүк хаяг, хуудсаа албан ёсоор устгаж байгаагаа эхнээсээ зарласаар байна. Энэ аяныг түүчээлж байгаа алдартны нэг бол “WhatsApp”-ын үүсгэн байгуулагч Брайан Эктон. Хятад зэрэг улс фэйсбүүкийг анхнаас нь иргэдийнхээ мэдээллийг хулгайлах зорилготой хэмээн сэрдэж энэ тал дээр хатуу байр суурь баримталсаар ирсэн. Фэйсбүүк идэвхтэй хэрэглэдэг орнуудын хэрэглэгчид сүүлийн өдрүүдэд “Facebook” компани руу захидал олон мянгаар нь бичиж “Цаашид бид яах ёстой юм бэ” гэсэн гомдоллосон, эргэлзсэн асуулт тавьж байгаа аж.

Дэлхийн бусад орнууд ч энэ өрнөж буй асуудлыг чихнийхээ хажуугаар зүгээр өнгөрүүлэхгүй, ард иргэд, фэйсбүүк хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийг хадгалах тал дээр санаа зовниж үндэсний хэмжээний дата компани, мэргэжилтнүүдтэйгээ нийлж гарц хайж эхэлсэн байна.

“Фэйсбүүк хэрэглээ Монголд-2018” судалгаанд дурдсанаар манай улс дахь фэйсбүүк хэрэглэгчдийн тоо 2017 онд 1.7 сая байсан бол 2018 оны хоёрдугаар сарын байдлаар 2.1 саяд хүрчээ. Монгол Улсын фэйсбүүк хэрэглэдэг 18-с дээш насны нийт хүн амын 66 хувь нь 18-34 насныхан. Энэ үзүүлэлт 2017 онд 70 хувь байжээ. Мөн энэ оны хоёрдугаар сарын байдлаар нийт фэйсбүүк хэрэглэгчдийн 52 хувь нь эмэгтэй, 48 хувь нь эрэгтэйчүүд байгаа юм. Үүнээс үзвэл Монголд гурван хүн тутмын хоёр нь фэйсбүүк хаягтай гэсэн үг. “We are social” байгууллагаас жил бүр гаргадаг Сошиал медиа, интернэт хэрэглээний статистик тайланд Монголд гар утсаар фэйсбүүкт холбогддог хэрэглэгчдийн хувь 95 хувьд хүрчээ. Мөн ахимаг насны эмэгтэйчүүдийг үеийнх нь эрчүүдтэй харьцуулахад фэйсбүүкт илүү идэвхтэй байдаг нь судалгаагаар тогтоогджээ. Дээрх тоо баримтаас үзвэл Монголын хүн амын 60 гаруй хувь нь фэйсбүүкт бүртгэгджээ. Хэрэвзээ фэйсбүүк үнэхээр хэрэглэгчдийнхээ мэдээллийг арилждаг, улс төрийн зорилгоор хэрэглэгчдийнхээ мэдээллийг хэн нэгэнд хуваалцдаг бол энэ ноцтой, үндэсний аюулггүй байдалд нөлөөлөхүйц хэмжээний асуудал.

Тэгэхээр бид фэйсбүүк шиг үндэсний хэмжээний аппликейшнтэй болох ёстой юм байна гэсэн хувилбар гарч ирж байгаа юм. Дэлхийн зарим орнууд фэйсбүүк, твиттер, инстаграм зэрэгтэй өрсөлдөхүйц хэмжээний томоохон аппликейшнуудыг бүтээгээгүй ч улс дотроо хэрэглэдэг, нийгмийн сүлжээний бүтээгдэхүүнүүдтэй болчихоод байгаа. Зарим нь фэйсбүүкийг хэрэглэхийг зорьж өөрсдийн бүтээсэн аппликейшнуудаа хэрэглэхийг уриалдаг.

“Фэйсбүүк, твиттер зэрэг нийгмийн сүлжээнүүд нь хэрэглэгчдээсээ биш, хөрөнгө

оруулагчдаасаа санхүүждэг. Эхлээд хөрөнгө оруулагчдаас хөрөнгө татаж хөл дээрээ босож, дараа нь бирж дээрээс мөнгө босгодог. Монголчууд тийм хэмжээний нийгмийн сүлжээг хийж чадахгүйдээ биш, түүнийг дэмжих хөрөнгө оруулагч байхгүйд л хамаг учир байгаа юм. Шууд гаргаад ирэх бэлэн зүйл байхгүй ч аливаа юмыг эхнээс нь сурч суралцаж бий болгодог. “Фэйсбүүк” чинь нэг л өдөр гэнэт гарч ирээгүй. Гаргаж ирэхийн тулд 10 жил хөдөлмөрлөсөн байдаг шүү дээ. Тийм болохоор хөрөнгө оруулагчид нь байвал монголчууд “Фэйсбүүк”-ээс илүү гараад байхааргүй ч, дутахааргүй үндэсний хэмжээний нийгмийн сүлжээг бий болгочихож чадна. Нөөц бололцоо, боловсон хүчнүүд нь бий” гэж “Датаком” ХХК-ийн үүсгэн байгуулагч Д.Энхбат ярилаа. Ингэхээр бид үндэсний аюулгүй байдал, иргэдийнхээ хувийн мэдээллийг хамгаалахын тулд үндэсний хэмжээний нийгмийн сүлжээтэй болох шаардлага тулгарчихаад байна.


Categories
мэдээ цаг-үе

“Хурд” -ын философи

Хамтлагууд тодорхой хэмжээний өндөрлөгт гарчихаад тал тал тийш тараад явчихдаг, ямар нэгэн баяр ёслолыг тохиолдуулаад дахин эргэн нийлж уран бүтээл хийж, ганц удаа тоглоод л буцаад алга болчихдог жишээ олон. Гэтэл “Хурд” хамтлаг 25 жилийн турш хамт байж, уран бүтээлээсээ нэг ч өдөр хөндийрөөгүй. Үйлдвэр комбинат дахь бэлтгэлийн байрандаа сүүлийн арван жилийн турш ганц ч өдөр алгасахгүй, ганц ч бэлтгэл таслахгүй уран бүтээлээ явуулж байна. Тоглолт хийж, шинэ уран бүтээл гаргаж өнөө цагийн рок, попын ертөнцөд өөрсдийн орон зайгаа улам тэлж хүчирхэгжсээр байна. “Хурд”-ын үйл хэрэг одоо цаг дээр яригдаж байгаа биз, “Тэгж байна”, “Ингэж байна” гэж. Монголын урлагт “Хурд” хамтлаг 25 жил болох хугацаанд анхны шүтэн бишрэгчид дээр нь дараагийн хоёр үе нь нэмэгдэж фенүүд нь залуужиж, Ази, барууны орнуудад шүтэн бишрэгчид нь өдөр өдрөөр өсөж байна. Тэд “Бид чөлөөт уран бүтээлч” гээд бэлтгэлээ цалгардуулж ганц ч өдөр бэлтгэлээ таслаагүй. Өдөр болгон бэлтгэлдээ очиж, хурууны хээгээр ирцээ бүртгүүлдэг төрийн зарим албан хаагчдаас ч илүү ажилдаа үнэнч зүтгэдэг. “Хурд”-ынхан цаг үргэлж бэлтгэлээ хийж, бөмбөрөө нүдэж, гитараа хөглөж студидээ дуу бичиж, шинэ дууны шүлэг, яруу найраг эрэл сурал хийж, хажуугаар нь дуунуудаа дүрсжүүлэх ажлаа амжуулж тасралтгүй ажилладаг. Мэдээж, хүн 25 жилийн турш нэг л ажлаа, нэгэн хэвийн юм хийгээд байхаар уйдах, зугтах мэдрэмж төрж өөр ажил, хамт олон хайж мэднэ. Харин “Хурд”-ын залуус энэ бүхэнд тэвчээртэй, уйгагүй хандаж 25 жилийн турш хамтлагийн ажлаа хийж, Цогоо дуулсаар л явна. Хамтлагийн ахлагч Д.Ганбаяр “Бид үүнээс өөр юу хийж чадах юм бэ. Энэ бол бидний талхаа олж иддэг ганц арга. Тийм болохоор талхтай байхын тулд бид өдөр болгон бэлтгэлээ хийж байна. Хүн чаддаг ганц юмаа л сайн хийх хэрэгтэй” гэж ярьсан удаатай.

Тэдэнд бөмбөрөө нүдэхээс, бэлтгэлээ хийхээс ч дургүй нь хүрэх тохиолдол байлаа ч бэлтгэлийнхээ байранд ирж цугладаг. Тэднийг хэн ч бэлтгэлдээ ир гэж шаардаагүй байхад дүү нар нь түрүүлж ирээд Д.Ганбаяр ахаа хүлээж л суудаг. Ийм их хүмүүжил, хүндэтгэл, уйгагүй зан ховор шүү. Тэд “Бид алдаршлаа” гээд өөрсдийгөө дөвийлгөж, өндөр такстай тоглолт хийж, тоглолтынхоо тасалбарыг үнэд хүргээгүй. Тэд нэр хүндтэй боллоо гээд өөрсдийгөө “ваакум”-жуулаагүй. Харин ч нэр алдрын оргилд гарах тусмаа бөхийж, мэхийж, Монголын ард түмэн, шүтэн бишрэгчдэдээ зориулж дуртай дууг нь хийж өгч, дуулсаар явна. Явцуу хүрээ, хэсэг бүлэг хүмүүст л зориулагдсан гэмээр сонгодог мэтийн зарим урлагийнхан уран бүтээлээ тухайн хүрээний үзэгчдэдээ л хүргэдэг гэж хээнцэрлэж тансаг байдал гаргадаг бол “Хурд” хүн бүхэнд зориулж, дуртай, таалагдсан дууг нь тус бүрт нь зохиож дуулдаг. Тиймээс “Аавдаа би хайртай”, “Ээждээ”, “Би Монголтойгоо адилхан”, “Эх орон” гээд олон хит дууг нь гадаадад амьдарч байгаа монголчууд төдийгүй эх орондоо байгаа иргэд ч нулимстай дуулах нь бий.

“Хурд” хамтлагийн энэ баримталж ирсэн зарчим, нийтэд хандаж буй хандлага, биеэ авч яваа даруу байдал бол маш том философи юм. Юманд уйгагүй, чин шударга, тасралтгүйгээр зүтгэсээр байдаг, дургүй хүрэх үедээ ч “Бид бэлтгэлээ хийх ёстой” гэж шүд зуун тэвчсээр байх тэр ухааныг “Хурд”-ын философи гээд байгаа юм.

Энэ бол одооны залуус гэлтгүй хүн бүрт дутагддаг чанар. Хэрэв монголчууд бид “Хурд”-ын философиор явбал эзэмшсэн, сонгосон ажил, мэргэжлээрээ амжилттай ажиллаж, улс эх орныхоо бүтээн байгуулалтыг гайхамшигтайгаар хурдлуулна, томоор ярихад шүү дээ. Тогтвор суурьшилгүй, “Тэгж байгаад энэ муу ажлаасаа гарч өөр гоё ажилтай болно оо” гэж мөрөөдөгсөд зөндөө. Ийм сэтгэлгээгээр ажилдаа хандсан хүний ажил урагшлахгүй, тэрийгээ дагаад амьдрал нь ч дэвждэггүй. Нэг л их билэг ухаан, авьяастай, олон гадаад хэлтэй, гадаад дотоодод сурсан дипломтонгууд. Гэвч тэднээс “Хурд”-ын философийн дайны юм гардаггүй. Тийм сэтгэлийн хатгүй болохоор дороо хий самардаж санаа нь хоёрддог. “Хурд”-ынхны амнаас л лав энэ олон жилийн турш “Манай хамтлаг дэлхийд нэр нь түгсэн алдартай хамтлаг болно” гэсэн үг гарч байгаагүй юм шүү. Харин энэ их хөдөлмөр, уйгагүй байдлаа “Ингэж л бид талхаа олж иддэг” гэж даруухан тайлбарладаг. “Хурд”-ын философиор бид урдах урдах ажлаа тасралтгүй, уйгагүй хийсээр байх ёстой, эцсийг нь үзтэл тэр л ажлаа хийгээд байх хэрэгтэй юм. Монголчууд бид нэг өдөр гялалзтал сайн ажиллаад түүндээ сэтгэл ханаад, маргааш өдөр нь ямар ч ажлыг хаяад явдаг. Амьдралын ийм хэвшил нь өөрсдийг нь амжилтад хүргэлгүй хорлоод байдаг. Уйдсан ч бай, сонгосон ажлаа л цааш үргэлжлүүлээд явбал тэр нь хэвшил болж зовлон байхаа больж, эзнээ талх байтугайд хүргэдгийг “Хурд” хамтлагийнхан харуулж байна.

Хамтлагууд дундаас амьд хөгжмийн хамтлагийн шүтэн бишрэгчид илүү үнэнч байдаг гэдэг. Үнэнч шүтэн бишрэгчдэд нь ч “Хурд”-ын философи нөлөөлдөг бололтой. “Хурд”-ын тоглолтын тасалбарыг авах гээд өмсөж явсан савхин хүрмээ зарсан фен залуу, “Хурд”-ынхны зурагтай сонины хайчилбар цуглуулж, Хүүхдийн баяр болгоноор “Хурд”-ынханд бэлэг авчирч өгдөг эмээ гээд энэ хамтлагийн шүтэн бишрэгчид олон байдаг тухай тус хамтлагийн ахлагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Ганбаяр өнгөрсөн оны арванхоёрдугаар сард “Өдрийн сонин”-д “Нүргэлүүлээд өгнө өө” хэмээх гарчигтай ярилцлага өгөхдөө дурдаж байсан билээ. Тэрээр ярилцлагын үеэр “Олон жилийн өмнө Төв аймагт жаахан охин зургийн дэвтэр дээр наагаад, гялгар уутанд хийчихсэн асар олон цуглуулгаа танилцуулж билээ. “Хурд”-ын талаар сонин дээр гарсан бүх л мэдээ сэлтийг зураг хөрөгтэй нь хайчилж хадгалсаар ирсэн байсан. Тэр охинтой дахин таарахсан гэж бид боддог юм. Нэр усыг нь мартжээ. Харвал ч танина л даа. Одоо хаана, юу хийж яваа бол оо” гэж сурагласан юм.

Төв аймгаас Б.Лхамжав гэх эмэгтэй холбогдож “Танай сонинд өгсөн Д.Ганбаяр ахын ярилцлагыг олж уншлаа. Түүний хайгаад байгаа шүтэн бишрэгч нь би байгаа юм аа. 21 жилийн турш “Хурд”-тай холбоотой сонины хайчилбаруудыг цуглуулж байна” гэсэн юм.

“Хурд” хамтлагийн шүтэн бишрэгч Б.Лхамжав: “Хурд” бол миний нэг хэсэг

Ингээд “Хурд” хамтлагийн үнэнч шүтэн бишрэгч, түүх нийгмийн ухааны багш Б.Лхамжавтай ярилцсанаа хүргэж байна.

-“Хурд” хамтлагийг хэдэн настайгаасаа сонсож эхэлсэн бэ?

-Энэ талаар яривал их урт түүх болно доо. Би багадаа тархи, нугасны хүнд өвчнөөр өвдсөн, бие муутай хүүхэд байлаа. Дунд ангид байхаас л байсхийгээд бие өвдөөд хичээлээсээ чөлөө аваад эмнэлэгт, гэртээ хэвтчихнэ. Гэртээ олон хоногоор хэвтэнэ. Хэвтэж байхдаа уйдна гэж жигтэйхэн. Тэр үед ямар азаар манайд “Хурд”-ын нэг хуурцаг байж таарсан юм бэ дээ. Тэгэхэд “Ээждээ” дуу нь дөнгөж гарчихаад байсныг ч хэлэх үү, ХИТ болж, клипэн дээр нь нэг даруухан ах урт үсээ задгай тавиад толгой сэгсрээд дуулна. Ямар гоё дуулдаг ах вэ гээд л бодоод өнгөрдөг байлаа. Харин тэр хуурцгийг нь сонссоноос хойш нэг л мэдэхэд энэ хамтлагийн дуунуудад дуртай болчихсон байсан. Тэрнээс хойш 21 жилийн турш “Хурд” хамтлагийн үнэнч фен гэгдээд явж байна даа.

-Тус хамтлагийн ахлагч Д.Ганбаяр олон мянган фенүүд дундаасаа таныг онцолсон шалтгаан нь юу юм бол оо?

-2000 оны УИХ-ын сонгуулиар юм, тэр үед “Хурд” хамтлаг “Эрэл” компанитай хамтарч ажилладаг байсан болохоор “Эрэл-Хурд” гэж нэртэй байлаа. Эх орон-Монголын ардчилсан социалист намаас нэр дэвшигчдийг дэмжээд тус хамтлагийнхан Төв аймагт очиж тоглолт хийсэн юм. Тэгэхэд би 14 настай байсан юм. “Хурд”-ынхны сонин хэвлэлд гарсан зураг хөргийг нь дагнаж цуглуулаад хоёр гурван жил болчихсон байлаа. Би тэр тоглолт дээр цуглуулгаа бариад очлоо. Анх удаа би шүтэн биширдэг хамтлагийнхныхаа барааг харж байгаа нь тэр. Хөл газарт хүрэхгүй, тэнгэрт хөөрч байгаа юм шиг бөөн баяр хөөр болж байгаа юм. Тоглолтын дараа автобусанд нь ороод гарын үсгүүдийг нь авахад “Хөөх чи ямар мундаг юм бэ” гэж гайхацгааж магтаж билээ.

-Шинэ дуу, уран бүтээлийг нь хэр хурдан олж сонсдог байв?

-Надад олддог зүйл нь сонин. Гэрэл зураг, фото нь бол олдоно гэж байхгүй. Аймгийн холбооны доор шуудан хүргэж, авдаг газрын тэнд жижигхээн тасаг байсан юм. Тэндээс очиж сонин худалдаж авна. Сонинуудыг эргүүлээд л зогсчихно. Сонин зардаг эгч намайг бүр мэддэг болчихсон. Байгаа бүх сониныг нь эргүүлж “Хурд”-ын тухай мэдээ, нийтлэл, өчүүхэн төдий цээж зураг нь нийтлэгдсэн ч байсан тэр сониныг худалдаж авдаг байлаа. Тэр үед сонин 300 төгрөгийн үнэтэй байсан юм. Дөрөв, тавдугаар ангийн хүүхэд 300 төгрөг гэдэг чинь их мөнгө. Жаахан охиныхоо хобби, сонирхлыг дэмжиж тусалдаг байсан эмээ, өвөө, ээждээ баярлаж явдагаа илэрхийлж байна.

-Нэг хамтлагийг олон жилийн турш шүтээд байхаар тэр хамтлагийнхаа гишүүн тус бүрийн амьдрал, ааш авирыг мэддэг болчихдог байх даа?

-Саяхан би “Хурд” хамтлагийн нэгэн шүтэн бишрэгчтэй танилцсан юм. Би тэр эгчид “Цогоо ах нэг их гоё гэр бүлтэй болоосой. Хараад л баймаар гэр бүл байдаг даа. Хоёр биенээ тэнгэрт тултал магтаад л үнэн голоосоо нэгнээрээ бахархаад үр хүүхдээ дагуулаад явж байгаа гэр бүл байдаг даа. Тийм л гэр бүлтэй болоосой гэж би чин сэтгэлээсээ боддог юм” гэж ярьж байсан юм. “Хурд” хамтлаг бол миний нэг хэсэг дээ.

-Таны цуглуулганд юу юу байдаг вэ?

-Би саяхан сонины хайчилбаруудаа тоолоход 1633 ширхэг зураг байна лээ. Зургаан хуурцаг, найман цомог, 2003 оноос хойших бүх тоглолтынх нь тасалбар байгаа. Бүгдийг нь үзсэн гэсэн үг. 2003 онд хотод оюутан болж ирээд л тоглолтыг нь үзэх боломж бүрдсэн л дээ.

-Нэг хамтлаг, дуучныг ингэж олон жилийн турш үнэнчээр шүтэн бишрэх нь тухайн хүнд юу өгдөг юм бэ?

-Би өөрт тохиолдсон зүйлээ ярья л даа. Ангийнхан, үеийнхэн маань намайг өвчнөөр минь далимдуулж шоолоход надад эмзэг тусдаг байсан, охин хүүхэд болохоор эмзэг байхаас ч яахав. Сэтгэл хэцүү үед “Хурд”-ын дууг сонсоход өөрийн эрхгүй тайвшраад гоё юм мөрөөдөөд сэтгэл минь амгалан болчихдог байсан юм. Арай өөр, задгайдуу хэв маягийн хамтлагийг шүтээнээ болгосон бол би өсвөр насандаа задарч, эвдрэх байсан болов уу гэж боддог юм. “Хурд” хамтлагийнхан чинь тийм биш. Олуулаа өссөн, хар бор амьдралаас гарч ирсэн хүмүүс учраас надад сайнаар нөлөөлсөн гэж боддог.

-Та бүх дууг нь мэдэх нь тодорхой байх?

-Бардам хэлнэ шүү, тэрнийг бол. Онгирч байгаа ч юм биш. Дууны нот нь эхлээд 2-3 такт явахад л тийм дуу гээд нэрийг нь хэлээд бүх шүлгийг нь цээжээр нь уншиж чадна (Инээв).

-“Хурд”-ын дууг сонсохгүй удаж байсан тохиолдол бий юу?

-Сонсохгүй удахаар өлсгөлөн хүн шиг болчихдог ш дээ. Зун Дундговь аймагт очоод нэлээд удлаа. Сар гаран боллоо. Тэгтэл Дундговьд том даншиг боллоо доо. Тэрэн дээр “Харанга” хамтлаг дууллаа. Уг нь их мундаг хамтлаг. Тэгтэл би дуунуудаас нь ямар ч мэдрэмж аваагүй. Танихгүй хүнтэй яриад байгаа юм шиг ерөөсөө ой тойнд бууж өгөхгүй байсан юм. Мэддэг дуу яваад байгаа ч надад дасал биш санагдаад болохгүй байсан. Тэгээд гэртээ ирээд “Хурд”-ынхаа хэдэн цомгийг ээлжилж сонссон чинь хичнээн их тайвширсан гээч. Хүн чинь их хачин байдаг юм байна (Инээв).

-Оюутан хүнд тоглолтын тасалбар худалдаж авна гэдэг том асуудал шүү?

-2004 онд “Монголд төрсөн” тоглолт нь боллоо. Тэрийг үзэх гэсэн чинь мөнгө байдаггүй. Тасалбар нь 15 мянган төгрөгийн үнэтэй. Тэгэхэд би дөнгөж хоёрдугаар курс. Надад 15 мянган төгрөг бол чанга. Тэр үед надад байсан үнэ цэнтэй ганц юм нь монетон бөгж. Эмээ маань намайг оюутан болоод хот руу ирэхэд “Түмний олон, ганган охидын дунд орно. Энийг зүү” гээд тэр бөгжийг өгч байсан юм. Ломбард энэ тэрд түр тавиад эргүүлээд авчихаж болно гэж яагаад ч бодоогүй юм. “UB palace”-ийн гадаа очсон чинь 15 мянган төгрөгийн тасалбарыг хүмүүс 50 мянган төгрөгөөр шаглаж байлаа. Би өнөө бөгжөө тасалбараар солиод дотогшоо орчихож билээ.


Categories
мэдээ цаг-үе

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Ханзны хатан хаадын хилэнц”

Зохиолч, нийтлэлч Ж.Наранагийн “Ханзны хатан хаадын хилэнц” романы тухай товч өгүүлье. Яагаад ч юм чухамхүү энэ сэдвээр урьд нь тухайлан уншиж байгаагүй тул шинэ үеийн бидэнд ихэд сонин сэтгэгдэл төрүүлэхээр, басхүү маш сургамжтай сэдэв шиг санагдлаа. Ганц нэг кинонд зурвас гараад өнгөрдөг, өнгөрсөн зууны эхэн үеийн хот хүрээний амьдралын толь болсон хятад данжаадын авгай хүүхнүүдийн талаарх бодол маань бас нэлээдгүй баяжиж үлдлээ.

Уншигч би бээр бодохдоо тухайн үедээ өнгө мөнгөөрөө гайхуулсан, ааш аагаа багтаасандаа хөгшин хужаа нартай дэр нэгтгэчихээд, хар тамхинд донтон, хувь заяагаа ээдүүлсэн тэдгээр хүүхнүүд дуртайдаа задарч явсан улсууд юм даа хэмээн бодож байсан минь зарим талаараа ташаа байсан мэт ээ. Тухайн үеийн Хүрээний хүн амын тоотойгоо харьцуулаад үзэхээр аргагүй жин дарах бурхны олон шавь нарын тоо нь нэг зуун мянгад хүрч, энэхүү романд гарч буй гол баатар Дийдэнханд бүсгүйн аавын хэлдгээр “Тоотой хэдэн ноёд, баяд нь тоосон хүүхнүүдээ их, бага хатан болгож аваад, арчаатай гэгдсэн арилжаа наймаа эрхэлдэг монгол эрчүүдийн цацаа цалгиатай амьдрал нь нэг харахад сэргэн мандаж, нөгөө харахад модоо барьчих шахаад, арчаагаа барсан арай дорой хэсэг нь арав таван мөнгөөр бусдад зарцлагдахаас илүү гарч чадахгүй, Гандан хүрээ хийдээр дүүрэн шавилан сууж, улаан шарыг намируулан бурхны ном бувтнах чөлөөндөө хаа нэгтээ зугаа гаргахдаа хүүхэдтэй болгон хаяхаас илүү гийгүүлж чадахгүй эрчүүдтэй тийм бурангуй нийгэмд охид бүсгүйчүүд нь амьдралын эрхээр хятад цагаачидтай ил, далд ханилахдаа хүрч байсан” юмсанжээ. Аргагүйн эрхэнд богтлогдож очих нэг нь байхад, ов мэхэнд нь орж, залуу насны гэнэн цайлган зангаараа хавханд орж, хашаанд хоригдсон хүүхнүүд ч бас байж. Өнгө дагаж мөнгө зарлагадаад, нэг өдрийн жаргал нь мянган өдрийн зовлон болох нь ч буй гэдгийг уг зохиолд их энгийн үгээр атлаа санаанд тод үлдтэл дүрслэн өгүүлж чаджээ.

Нэгдүгээр дэвтэрт нь өнгөрсөн зууны 1920-иод оны дундаас 1960-аад оны дунд хүртэлх нийслэл Улаанбаатар хотын хүн зоны амьдралыг Дийдэнханд, Дариймаа хэмээх хоёр бүсгүйн болон тэдний эцэг эх, хамаатан садны амьдралаар тод томруун өгүүлсэн бөгөөд хувь заяаны эргүүлэгт орсон хоёр бүсгүй хятад хүмүүстэй дэр нэгтгэснээр ямаршуухан амьдрал туулж өнгөрсөн талаар маш сонирхолтой өгүүлэхдээ тэдний үр хүүхдийн амьдралыг хамтад нь толилуулж, удам судар, хүний ген гэдэг хүмүүний амьдралд ямар их чухаг нандин, хайрлаж хамгаалж явууштай юм бэ гэдгийг онц сонирхолтойгоор хүүрнэн толилуулсан.

“Хүний буян хүнд наалддаггүй” гэсэн үг бол энэхүү зохиолын гол үзэл санаа нь бөгөөд ахархан зуурын жаргал ганц биеэрээ ч дуусаж болох нигуртай гэдгийг, хүн гэдэг амьтан өөрсдийн үр удамдаа цэвэр нэр төр, удам судрын буян заяа, тэгш дүүрэн буян нүнжигээ үлдээх ёстойн чухлыг өгүүлсэн байна. Өнгөц харахад “хоёрхон биеэрээ үйлдэх тэр нэгэн жаргал” нь хожмоо үр хүүхэд, ач зээ, жич жичинцэр хэмээх тунчиг олон хүмүүсийн хувь тавиланг “шийддэг” гэдгийг уг зохиолд үйл явдлын гогцоо бүрээр сүлэлдүүлэн харуулжээ.

Харин хоёрдугаар дэвтэрт нь Дийдэнханд Лиү данжаад хоёрын ганц охин Байхуарын тухай өгүүлэхдээ 1970-аад оны дунд хүртэлх тухайн үеийн нийгмийн бодит тусгал болох Хятадын эрлийз, хурлийз хэмээх хүмүүсийн тухай давхар өгүүлж, олон сонирхолтой хэсгүүдээр тодотгосон нь уншихад сонирхолтой, басхүү тэдний өнгөрүүлсэн хувь хүмүүний жаргал зовлонгийн тухай, тэдэнд хандах тухайн үеийн нийгмийн уур амьсгалыг хамтад нь мэдэж авах боломжтой юм байна.

Хятад хүмүүний мөн чанар, дотоод сэтгэлийг тольдон харсан монгол хүний өнцгөөс бичсэн энэхүү хос роман нь өгүүлэмж энгийн мөртлөө сонирхолтой, зохиолын ерөнхий чиг нь амьдралын бодит байдлыг ятган үнэмшүүлэх тал барьсан, зөвхөн тухайн өнгөрсөн нийгмийнхээ тухай бус харин ч өнөө үед байнга л амны уншлага болсон “Энэ ч хятадын эрлийз, тэр ч бас хурлийз” хэмээн нэг нэгнээ хар таамгаар хардан бусниулдаг, дур дураараа цусны шинжилгээ хийдэг аливаа үйл явдалд углуургатай хандахын чухлыг тодотгон өгүүлсэн гэж болно. Гадаадын эрстэй, тэр тусмаа хятад, вьетнам гэх эрчүүдтэй ил цагаан хэлхэлдэн цэнгэж буйгаа олон нийтийн сүлжээгээр тунхаглан зарлаж, ичиж айхаа умартан баясах болсон өнөө цагийн хүүхнүүдийг бага ч атугай сэхээрэхэд энэ мэт зохиолыг нэг уншаад авах нь юутай ч нэгийг бодож, хоёрыг тунгаахад нь тус болж ч мэднэ.

Өнгөрсөн зууны үйл явдлыг өгүүлж буй мэт боловч харин ч өнөө цагийн энэ мэт явдлын тухай тодорхой өгүүлсэн ийм нэгэн уншууртай зохиол манайд одоо бестселлер болоод байна.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Гамшгийн дуут дохиог цагдаа, түргэний тэрэгнийхтэй андуурав

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Гамшгийн аюулын зарлан мэдээлэх дохио улс орон даяар дуугарлаа. Жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх пүрэв гаригт энэ дохиог дуугаргаж дадлага сургуулилтыг зохион байгуулдаг.

Чингэлтэй дүүргийн нэлээд ачаалалтай, хүний хөдөлгөөн ихтэй газар бол Долоон буудлын эцэс. Энд банк, дэлгүүр, эмийн сан, ломбард, дархны газар, гутал засвар, такси үйлчилгээ, гуанз, худалдаа наймаа гээд үйлчилгээний бүхий л газар төвлөрсөн, аль ч цагт, хэдийд ч хүний хөл тасардаггүй хэсэг. Дохио дуугарахаас өмнө тэнд очлоо. Долоон буудлын эцэст такси, автобусны зогсоолын ойролцоо гамшгийн дуут дохио зарладаг төхөөрөмж байдаг юм байна. Зарласан ёсоор 16:00 цагт гамшгийн дуут дохио дуугарахад иргэд айж сандарсангүй. Худалдаа наймаагаа үргэлжлүүлж, автобус, унаандаа сууж, авто машинууд замын хөдөлгөөндөө оролцож, явган зорчигчид гарцаар гарах гэж ногоон гэрэл хүлээнэ. Дуут дохио эхлээд гурван минут хэртэй дуугарахад иргэд ер нь тоосонгүй. Автобус хүлээж зогссон хүмүүс үргэлжилсэн чанга дуу гаргах дуут дохионы төхөөрөмж рүү гайхацгаан хүзүүгээ сунган харах юм. “Энэ яагаад дуугараад байна аа” гэсэн шиг зарим нь хөдөлгөөнгүй зогсоод дуут дохионы төхөөрөмжийг харсаар.

Дуут дохионы дор наймаа хийж зогссон эмэгтэйчүүд “Яасан ядаргаатай юм” гэхэд тэр хавиар явсан зарим нь чихээ дараад зугтлаа. Дохио хоёр дахиа дуугарахад худалдааны төвийн үүд, банкны АТМ-д дуугаарлаж байсан иргэд мөн л гайхсан байртай “Юу болоод байна аа” гэх. Дуут дохионы дундуур цагаан хоолойгоор гамшгийн үеийн дуут дохио дуугарч байгааг сануулахад иргэд “Энэ юу гээд байгаа юм”, “Юу гэнэ вэ” гэж юу болоод байгааг мэдсэн шинжгүй. Наймаачин эмэгтэйчүүд “Энэ яасан ядаргаатай юм. Хэр удаан дуугарах юм бэ” гэж тээршаана.

Тэндээс хөдлөөд Сүхбаатар дүүргийн 51 дүгээр цэцэрлэг дээр очлоо. Хүүхдүүд толгойгоо тэврээд нэг дороо бөөгнөрөөд суучихаж. Багш нар нь “Хүүхдүүд ээ бөөгнөрөөрэй, бөөгнөрөөрэй” гэнэ.

Дуут дохио дуугараад дууссан ч хүүхдүүд босохгүй толгойгоо тэвэрсээр. Тус цэцэрлэгийн бэлтгэл бүлгийнхэн дээр очлоо. Хүүхдүүдээс юу болоод байгааг асуухад “Агаарын дохио дуугарч байгаа юм” гэлээ. Ийм дохио яагаад дуугарч байгаа юм гэвэл “Өөрсдийгөө хамгаалах ёстой” гэцгээв. Юунаас өөрсдийгөө хамгаалж байгаа юм гэж лавлавал “Хатуу бөмбөг, чулуу, борооноос толгойгоо хамгаалж байгаа” гэж нэг нэгнээсээ уралдан хариулж байлаа. Зарим хөвгүүд “Үгүй ээ, гал командын машины дуу яг ингэж дуугардаг юм” гээд дуут дохиог дуурайж дуугарна. Зарим нь энэ чинь “Цагдаагийн машин” гэцгээв.

51 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч М.Мөнхбаяртай энэ үеэр уулзахад “Эхний дохиогоор л бид хүүхдүүдээ цэцэрлэгээс гаргаж аюулгүй бүсэд гаргасан. Манай цэцэрлэгт жил бүр ийм сургалт явагддаг болохоор ямар нэг хүндрэл гарсангүй” гэлээ. Тус цэцэрлэгийн арга зүйч Д.Оюунсүрэн “Манай хүүхдүүд ямарваа нэг юм болвол гадаа гарч аюулгүй бүс дээр цуглараад хэвшчихсэн. Ноднин хороо болгон дээр гамшгаас хамгаалах арга хэмжээг зохион байгуулсан юм. Тэгэхэд манай цэцэрлэг дээр шар усны үерээс хамгаалах сургалтыг зохион байгуулсан. Сая дуут дохиогоор аюулгүй талбайд яаж гарах сургалтыг хийлээ. 2-5 насны хүүхдүүд хэдийгээр балчир ч гэлээ бид энэ сургалтыг тайлбарлахдаа ямар нэг тойруу утгаар биш шууд гамшгаас хамгаалах дуут дохио шүү гэж үнэнийг нь хэлж ойлгуулдаг. Газар хөдлөх, үер усны болоход ийм дохио дуугарвал өөрийгөө хамгаалахын тулд хамгийн түрүүнд ангиасаа гарахдаа толгой дээрээ гараа юмуу, ном тавьж гарна. Тэгээд багшийнхаа заавраар, багшаа дагаад цэцэрлэгийн гурван талын хаалганы аль нэгээр нь гарч аюулгүй бүсэд цугларна шүү гэдгийг хэлж өгдөг” гэлээ. Хүүхдүүдэд гамшгийн дуут дохионы талаар өмнө нь олон удаа тайлбарласан ч яг дуут дохио дуугарах мөчид зарим нь “Багш аа, энэ тоглоом уу, ямар гоё тоглоом бэ” гэж асуусан гэнэ.

2013 оноос хойш ийм сургалтыг жил бүр хийдэг болохоор ахлах бүлгийн хүүхдүүд нь дүү нараа бодвол дуут дохионы талаар илүү мэдлэгтэй байдаг юм байна. Тэд “Бид аюулаас өөрсдийгөө хамгаалж байгаа юм. Толгой дээр юм унана гээд толгойгоо хамгаалдаг” гэцгээнэ.

Энэ үед дуут дохио дахиад дуугарахад хүүхдүүд дахин аюулгүй бүсэд цугларцгаалаа. Малгайгаа өмсч байдгаараа бөгтийж гараа толгойноосоо өчүүхэн ч холдуулахгүй хурцгаав. Дуут дохион дуугарахаа больсон ч хүүхдүүд гараа толгойноосоо салгасангүй. Бэлтгэл бүлгийн багш Б.Дуламсүрэн “Дуут дохио дуугарахад хүүхдүүд багш нарынхаа үгийг сонсч ангиас гарахдаа хана налж, юмнаас болгоомжилсон аятай их л анхаарал сэрэмжтэй гарч ирсэн. Өмнө нь хүүхдүүдэд сайн тайлбарлаж өгчихсөн болохоор айх, уйлах, сандрах зэргээр ямар нэгэн юм болсонгүй. Сургалтын номын дагуу боллоо” гэж байлаа.

Дуут дохиогоор хотын төвд үйл ажиллагаа эрхэлдэг зарим компани, байгууллагуудын ажилтнууд газар хөдлөлтийн үеийн аюулгүй ажиллагааны “Нуугд-Суу-Хүлээ” зарчмыг баримтлан өрөө тасалгаандаа аюул багатай байрлалд өөрийгөө хамгаалах арга хэмжээг авч, ширээн доогуур орох, даацын хана, булан тохойд зогсчээ. Хоёр дахь дохио дуугарсны дараа барилга, объектыг орхин гарах, гараараа болон гарын доорх зүйл ашиглан толгойгоо хамгаалж “Гүйхгүй, Эргэж буцахгүй, Хашгирахгүй, Түлхэлцэхгүй” гэсэн зарчмаар барилгын аврах гарцаар гарч, аюулгүй зай талбайд цугларч дадлага сургуулилтад оролцсон байна. Мөн Сүхбаатарын талбайд ойрхон байрладаг төрийн захиргааны байгууллага, аж ахуй нэгжийнхэн дуут дохиогоор төв талбайд цуглан гамшгийн эсрэг сургуулилтад хамрагдсан бөгөөд энэ үеэр онцгой байдлын албаныхан гамшгийн нөхцөлд хэрхэн ажиллаж, шуурхай тусламж үзүүлэхийг зэргийг зөвлөсөн юм.

Иргэдийн хувьд гамшгийн аюулаас сэргийлсэн дуут дохио дуугарахад түргэний машин, цагдаагийн машины дуут дохиотой андуурах зэргээр анзаараагүй бол зарим нь “Дохио дуугарна гэж мессэж ирээд байсан. Энэ л юм байна даа” гэцгээж байлаа.

Гамшгийн аюулын зарлан мэдээлэх дохио дуугарахад ихэвчлэн ямар нэгэн объектоос гарах тухай л сурталчилаад байдаг мөртлөө гудамж талбайд явж байгаа, автобусаар зорчиж байгаа, гудамжинд худалдаа наймаа хийж байгаа иргэн уг дуут дохиогоор ямар арга хэмжээ авах тухай сургалт дутмаг нь харагдлаа.

Долоон буудлын эцэст дуут дохио дуугарах үеэр түр саатахад тэнд гамшгийн аюулын зарлан мэдээлэх дохио дуугарч байгаа гэдгийг мэдэж, эргэн тойрны хүмүүстээ “Энэ чинь аюулын дохио шүү” гэж хэлж дуулгаж байгаа хүн байсангүй. Хэрвээ жинхэнээсээ үер, шуурга, газар хөдлөлтийн дохио дуугарвал иргэд маань дуут дохионы төхөөрөмж рүү харж гайхаж гөлөрч байгаад л аюулд өртөж мэдэхээр юм гэсэн болгоомжлол төрлөө. Дуут дохиог дуугарч эхэлснээс нь дуусан дуустал гартаа тортой хүнсээ барьсан чигтээ таг гайхаж зогссон нэгэн настай эрийг хараад ийм бодол төрсөн билээ. Цаашид ийм сургалт, сургуулилтыг хийхдээ зөвхөн хотын төв гэлтгүй захын гэр хорооллуудын хүн ихээр төвлөрдөг иймэрхүү газруудад зэрэг зохион байгуулбал ганц ч болтугай иргэн гамшгийн аюулын зарлан мэдээлэх дохиог цагдаа, түргэний тэрэгний дуут дохионоос ялгаж сурахын сацуу, гайхаж гөлрөхийнхөө оронд аюулгүй бүсийг олоод очих ёстой гэдгийг мэдээд авна даа. Тэгэхгүй бол гамшгийн аюулын зарлан мэдээлэх дохио дуугарахаар чихээ дардаг, уурладаг, гайхдаг хүмүүс гэр хороололд их байна шүү.

Categories
мэдээ цаг-үе

Хувьтад төөрсөн таван настай охин буюу “Хээрийнчоно”-ны түүх

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Одоогоос 52 жилийн өмнө буюу 1966 оны тавдугаар сарын 15-нд Архангай аймгийн Цэнхэр сумын Бүрд багийн малчин Готовсүрэнгийн отгон охин, таван настай Лхамсүрэн хонинд яваад цасан шамарганаар алга болжээ. Охиноо олоогүй ар гэрийнхэн нь цөхрөнгөө барж ламаар хойдохыг нь уншуулжээ. Гэтэл тус багийн бага сургуулийн галч С.Сумъяа Лхамсүрэн охиныг Хувьт хэмээх газраас олж аав ээжид нь эсэн мэнд хүргэж өгсөн юм байна. Энэ түүхийг тус сумын иргэд одоо ч ам дамжуулан ярьдаг. Охиныг аварсан С.Сумъяатай ярилцлаа.


-Та тэр үед хэдэн настай байсан бэ?

-18 настай байлаа.

-Чухам юу болсон талаар сонирхуулахгүй юу?

-1966 оны тавдугаар сарын 15-ны өдөр. Хуучин социалист нийгмийн үед тэр өдөр чинь мал мах авдаг өдөр байсан юм. Би тэр үед бригадын бага сургуульд галчаар ажилладаг байлаа. Тэр өдөр их сайхан дулаахан байсан юм. Би ч орой гэртээ харьчихаад маргааш нь сургууль дээр ирлээ. Үдийн алдад захирал биднийг дуудаад хуралдлаа. “Өчигдөр орой Готовсүрэн ахын бага охин нь хониндоо яваад төөрчээ. Аав, ээж нь “Хонио туугаад ир” гэсэн байна. Охиныг явсны дараа цасан шамарга тавьсан. Охиныг одоо болтол олоогүй” гэдэг юм байна. Хонь нь ирчихсэн, охин нь алга. Улсууд охиныг эрээд байдаг. Арваад хүн өдөржингөө эрээд олсонгүй” гэлээ. Тэгээд “Охиныг эрцгээе” гэж Намын үүр, сургуулийн захиргаанаас шийдээд тэр өдөр бараг гучаад хүн эрэлд гарсан юм. Охины алга болсон газар нь хадтай, модтой. Зүйрлэж хэлбэл энэ Богд уулын ар шиг тийм газар. Дов сондуул, нүх жалга, мод бүгдийг нэгжицгээлээ. Харуй бүрий болж юм харагдахаа байлаа. Тэгээд эрлийн баг маань бууж Готовсүрэн ахынд цуглаад маргааш эрлээ үргэлжлүүлэхээр боллоо.

Маргааш нь 80-аад хүн эрэлд гарлаа даа. Морьтой, явган, таяг тулсан эмээ, өвөө нар гээд бүгд хөдөллөө. Бид ар газрыг нэгжээд яваад байлаа. Тэр арыг нэгжээд хоёр, гурван өдөр яваад олдоггүй. Эрлийн дөрөв дэх өдөр нь би сургууль дээрээ өнжсөн юм. Тэр өдөр багийн төвөөс сумын төв, нэгдлийн дарга тэргүүтэй хариуцлагатай хүмүүст болсон явдлыг мэдэгдэж, таван настай охин алга болоод дөрөв хонолоо гэдгийг дуулгаж тусламж дуудацгаасан. Сумаас аймгийн төв рүү мэдэгдэж эрлийн тав дахь өдөр нь аймгаас хүмүүс ирсэн.

Готовсүрэн гуай цөхрөөд хэд хэдэн ламд үзүүлэхэд бүгд охиныг нь нас баржээ гэсэн байгаа юм. Готовсүрэн гуай өөрөө лам байсан, шүтлэгтэй хүн. Манай аав дээр үед бас лам байсан, гандан хийдэд суудаг, алт мөнгөний дархан, бариа засал хийдэг, зоос гүйлгэдэг, анчин, эх барьдаг, хүн эмчилдэг мундаг авьяас билэгтэй хүн байсан юм.

-Архангайд дээхэн үед олон ч сүм хийд байсан шүү дээ?

-Манай бригадын төвд том хийд байсан юм билээ. Тэр хийдийг байхад л сууж байсан хүмүүс байхгүй юу. Аавыг минь Готовсүрэн гуайнд очтол алга болсон Лхамсүрэнгийн хойдохыг дөрөв таван ламаар уншуулж байсан гэсэн. “Охин минь нас барчихжээ. Олдохгүй байна” гэцгээсэн байгаа юм. Аав “Охин чинь амьд байна. Та нар зоос гүйлгэж, чулуу татдаг байж яагаад амьд гэдгийг нь мэдэхгүй байгаа юм. Наад номоо боль” гэж уурлаад тэднийхээс гараад ирсэн гэдэг.

-“Сэрэлт” кинон дээр гардаг шиг л юм болж дээ. “Охин чинь хойд насандаа хонин гүрвэл болж төрнө” гэдэг шиг?

-Намайг ажлаас иртэл аав минь зоос гүйлгэж, чулуу татаж сууж байснаа “Энэ хүүхэд амьд байна. Энүүхэн энд Хувьтын тэнд байна. Миний хүү маргааш тийш яв” гэлээ. Хувьт нь зүүн тийшээ урссан горхитой. Охин нар буруу тойрсоор 20 гаруй км явчихсан гэсэн үг л дээ, аавын төлгөөр. Хоршооны манаач Сэр-Од ахтай Хувьт руу явахаар тохирлоо. Маргааш өдөр нь сургуулийн захирал намайг эрэлд гар гэж хөөх шахуу хэллээ. Би 15 цагийн үед сургуулиасаа хөдлөөд гэртээ очоод морио эмээллээ. Сэр-Од ах ч ирлээ. Хоёулаа буугаа үүрчихлээ. Хувьтаар давлаа. Хөндлөн булаг гэдэг даваатай ар байдаг юм. Дээгүүр нь Сэр-Од ах, би модны дундуур явлаа. Цаашаа явж байтал нэг чандага модон дотроос ухасхийлээ дээ. Чандагыг буудах гэхээр хөдлөөд болдоггүй. Хөөцөлдөж явсаар нэлээд холдчихлоо. Буцаад ирэхэд морь минь зогссон газраа байж л байсан. Анчдын морь эзнээ чимээгүй хүлээгээд сурчихсан байдаг юм. Морь руугаа дөхөөд очтол шогшоод цааш явчихлаа. Шогшсоор усны захад очоод идээд эхэллээ. Тэгэхээр нь морио орхичихоод дөрвөн том цохионы хамгийн том цохион дээр нь гараад баруун тийшээ хүн тавьдгийн Шар тээгийн тийшээ дурандаад л байлаа. Тэгээд буцаад горхио уруудаад дурандтал нэг хүн байна аа. Үс нь салхинд хийсэж байна. Усны захад суучихсан, доошоогоо бөгтийгөөд л юм түүж идээд байх юм. Улаан дээлтэй гарсан гэсэн, яг мөн дөө. Гэзэг нь салхинд хийсээд. Би нүдэндээ итгэхгүй дөрөв таван удаа дахин дахин дурандлаа. Доошоо суугаад юм түүгээд л идэж байгаа бололтой. Өвс түүж идэж голоо зогоож байгаа бололтой гэж бодоод буугаад очлоо доо. Хүүхэд рүү дөхөөд 50-иад метр ойрттол өнөөх чинь зугтдаг байна шүү. Би мориноосоо үсэрч л буугаад араас нь гүйж очоод хормойдож бариад авлаа. Хүүхэд ч уйлдаг юм, би ч уйллаа. Хоёулаа цурхиртал уйллаа. “Чи хаачив аа” гэвэл “Хонь, хонь хаана байна” гээд байх юм. Би “Хонийг чинь олсоон, гадаанаа байгаа. Чи хаагуур явав аа” гэхээр “Би яваад л байсан” гэх юм. Хоёулаа уйлаад л. Морин дээрээ охиныг урдаа дүүрэх гэхээр урагшаа хардаггүй. Над руу эргэж харж суух гээд болдоггүй. Би эмээлийнхээ ард суугаад, охиныг эмээл дээрээ суулгаж байгаад ярилцлаа. “Чи хаагуур юу хийв” гэвэл “Би хонио хайгаад байсан” гэж байна. “Чи горхины захад юу хийж байв” гэж асуутал “Би ус уугаад өлсөөд ногоо зулгааж өвс идсэн” гэж байна.

-Тавхан настай охин шүү дээ?

-Охин “Би модон дотор л яваад байсан. Шөнө унтаж байсан чинь чоно улиад байсан. Чоно хажуугаар яваад байсан” гэж байна. Хувьтын горхины цаагуур хадтай. Охиноос “Хаана хонож байв” гэж асуусан чинь “Би тэнд хадны доор хоносон” гээд горхины цаадах хад руу зааж байна. “Тэнд унтаад, энд ирж ус уугаад дахиж унтаад өвс идсэн” гэж байна. “Одоо чи хаачихна вэ” гэж асуутал “Хонио хайна” гэдэг юм. Ээж, ааваа ерөөсөө дурсахгүй байгаа юм. Санаанд нь орж, ярьж байгаа юм нь л хонь. Хонины хойноос л явсан хүүхэд, хонио л ярьж, ус ууж, өвс идсэнээ яриад байгаа юм.

Хөндлөн булгаар даваад охины аавынх нь ах Гомбын фермд очлоо. Замаасаа Сэр-Од ахыг дуудаж олж авлаа. Сэр-Од ах гайхаад юм ч дуугарч чадахгүй бид хоёрын ард явж байснаа доошоо давхиад алга болчихлоо. Ферм дээр очтол фермийнхэн бүгд гаднаа зогсож байна. Нөгөө хүүхэд маань мориноос буудаггүй. Надаас тас тэврээд “Буухгүй” гээд болдоггүй. Фермийнхэн бид хоёрыг эмээлтэй нь өргөөд буулгалаа. Гомбо ах “Хамаагүй юм өгдөггүй юм шүү. Сүү, хярам өгөөрэй” гэлээ. Хөөрүүлсэн сүү өгтөл гуд гуд залгилаад уучихлаа. Нэг гамбир өглөө. Өөр хүн дээр очдоггүй. Гамбираа над руу хараад л идээд байгаа юм. Тэндээс хөдлөхөд бид гурвыг фермийн хориод хүн морьтойгоо дагалаа даа. Наадам болж байгаа юм шиг. Зарим нь түрүүлж очоод гэр орныхонд нь хэл дуулгах гээд давхиад явчихлаа. Охин надаас өөр хүн рүү хардаггүй, өвөр рүү минь толгойгоо нааж байгаад л гамбираа яах ийхийн зуургүй идээд дуусгачихсан.

-Хүний эцэг, эхийн горьдлого тасардаггүй. Охиныг нь олоод очиход ямар байдалтай угтав?

-Биднийг дөхөөд очтол ээж нь муураад л унаад өглөө. Хүмүүс нүдэндээ нулимстай угтацгаалаа. Мориноос минь бид хоёрыг өргөж буулгалаа. Эмнэлгийн тэрэг, сэргийлэгчид ч ирчихэж. Ээж нь ухаан ордоггүй. Охин аавдаа ч очихгүй, надаас зулгаагаад байдаг. Гэрт хүмүүс багтахаа байлаа. “Гараад байж бай” гэсээр гаргалаа. Ээж нь сэхээд ухаан оронгуутаа охиноо барьж аваад уйллаа. Тэднийх зургаан хүүхэдтэй. Таван охин, нэг хүүтэй. Алга болсон Лхамсүрэн чинь таван охиных нь отгон нь байхгүй юу. Ээж нь охиноо тэвэрч аваад л уйлаад нэлээд юм боллоо. Эмч хажууд нь сууж хамарт нь юм үнэртүүлнэ. “УАЗ 469” машинтай сэргийлэгчид надаас тайлбар авлаа. “Багийн дарга Дагвадорждоо хэлээрэй. Чамд медаль өгнө” гэж хэлээд тэр хүмүүс яваад өгсөн.

-“Шударга журам” медаль юм болов уу?

-Бодвол тийм л байх. “Материалаа заавал явуулаарай” гээд л тэр цагдаа нар явчихлаа. Нар ч жаргалаа. Хүмүүс гэр гэртээ харьцгаалаа. Готовсүрэн ах авдраа уудалж байгаад дээр үеийн самбай хадаган дээр 10 төгрөг тавиад “Ах нь дүүдээ нэг морь, тугаллаад гурав хонож байгаа үнээ өгье. Маргааш ирээд аваарай” гэж байна. Би ч их баярласан гэж жигтэйхэн. Гэртээ очлоо. Аав маань лааны гэрэлд ном уншаад сууж байна. Би юу болсныг нэгд нэгэнгүй ярилаа. “Надад медаль өгөх юм байх аа, аав минь. Дагвадоржоор тодорхойлолт хийлгээд гарын үсгийг зуруулаарай” гэсэн гэлээ. Аавдаа хадаг, 10 төгрөгийг нь өглөө. Ээж маань ч баярлаж байна. Тэгтэл аав “Готовсүрэнгийнх хүүхнүүд голдуу олон хүүхэдтэй айл. Морийг нь авъя, үнээг нь авахгүй ээ” гэж байна.

Маргааш нь сургуулийнхан намайг магтлаа, аавыг минь ч магтаад “Гоорон ах шиг мэргэч төлгөч хүн байхгүй” гээд ам уралдан сайшаалаа даа. Манай нутгийнхан аавыг минь Гоорон гэж авгайлдаг байсан юм. Сургууль ч амарлаа, айлууд тал тал тийшээ нүүлээ. Тэгээд л тэр үйл явдал намжсан даа.

-Тухайн үеийн хөдөөний таван настай хүүхэд гэдэг малд нүдтэй, гар хөлийн үзүүрт зарагддаг хэрэндээ л хатуужилтай байж дээ?

-Одооны хүүхэд байсан бол уйлаад сүйд болох байсан байх. “Чоно улиад л хажуугаар яваад байсан” гэж байгаа юм. Би энэ болсон үйл явдлыг олон жил сэтгэлдээ хадгалж явлаа л даа. Г.Лхамсүрэнд “Хоёулаа энэ болсон явдлыг нийтэд хүргэе. Түүх болгож үлдээе” гэсэн чинь ихэд татгалзаж “Би одоо юу ч санахгүй. Жаахан хүүхэд байсан шүү дээ. Надад ярих юм байхгүй. Би мэдэхгүй шүү дээ. Би хонинд яваад төөрсөн нь үнэн, та намайг олсон нь үнэн” гэдэг юм.

Г.Лхамсүрэнг найман нас хүрээд сургуульд ороход нь үеийнхэн нь, ангийнхан нь “Хээрийн чоно” гээд хоч өгчихсөн юм билээ. Лхамсүрэн гэж нэрээр нь дуудахгүй, “Хээрийн чоно”-оо гэж дууддаг байсан. Саяхан нутгийн золголт болоход ангийнхан хүүхдүүд ирсэн. Тэд ч “Хээрийн чоно” гэж ярьж байгаа юм. Тийм болохоор Лхамсүрэн маань тэр хочноосоо ичдэг ч юм уу, энэ талаар ярих дургүй байдаг юм шиг санагдсан.

-Тэр гэнэтийн гэмээр айдастай тав хоног Лхамсүрэнгийн ой санамжид хэр ул мөрөө үлдээсэн бол. Одоо ой модоор явахдаа, чонын улиан сонсоод айдаг болов уу?

-Лхамсүрэнг олоод Хөндлөн булгийн даваа руу давахад охин аав, ээж, гэр орноо сураглаж ерөөсөө яриагүй. Хонь хаана байна, хонь хаачив гээд байсан. Битүү модтой, хоёр уулыг тойрохдоо 20 гаран км газрыг туулсан байгаа юм. Их хэцүү замтай газар. Тийм болохоор охин хонио л хайж явснаас өөр бусад юманд анхаарлаа төдийлөн хандуулаагүй байх гэж боддог юм.

-Г.Лхамсүрэн одоо хаана байна вэ?

-Цэнхэр сумын Бүрд багтаа амьдарч байна. Малчин. Энд нэг хүү нь Яармагт хийдэд лам, нэг охин нь “Хаан” банкинд теллер хийдэг юм. Бас нэг охин нь Цэнхэр суманд бага ангийн багш. Хөдөө хоёр хүү нь малчин. Ийм өнөр өтгөн айлын эзэгтэй болсон доо.

-Хэрвээ тэр үед та Лхамсүрэнг олоогүй байсан бол яах байсан бол?

-Буруу тийш эргээд бүр төөрөөд алга болчих ч байсан юм билүү. Эсвэл чоно нохой таарсан бол яана гэж бодогдоно шүү. Цэрэгт ирээд хүмүүст ярихаар намайг их хүндэлнэ. “Сумъяа хүүхэд олсон юм гэнэ лээ” гэнэ. Манай нутгийнхан надад үнэхээр сайн хандана. Нутагтаа очихоор Лхамсүрэнгийн ах дүүс надад байдгаа бариад л хамаг бүхнээ дэлгэж дайлж цайлаад сүрхий байдаг юм. Би чинь сумандаа их нэр хүндтэй хүн шүү (инээв). Ямартай ч танай сонинд тэртээ 52 жилийн өмнө болсон ийм нэг явдлыг ярьж байгаа минь болсон бодит үйл явдлыг архивлаж үлдээж байгаа хэрэг юм шүү. Аягүй бол хэдэн жилийн дараа Цэнхэр сумын Бүрд бригадын “Хээрийн чоно” гээд хүмүүс буруу зөрүү юм ойлгочих болов уу гээд энэ бүхнийг ярилаа.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Хулан: “Сараана” кинонд эх, хүү хоёрын тухай уянгалаг түүх өгүүлнэ

“Сараана” Монголын уран сайхны кино энэ сарын 27-ноос Юнивишн, Скаймедиа, Лүүк ТВ, DDISH-ийн кино сангаар үзэгчдэд хүрч эхэллээ. Сүүлийн үед кинонууд кино театрт нээлтээ хийж үзэгчдэд хүрсний дараа төлбөрт суваг буюу IPTV-гээр гардаг болсон. Харин “Сараана” киноны уран бүтээлчид заавал театрт биш гэртээ суугаад шинэ киног гэр бүлээрээ, илүү тухтай шимтэн үзэх боломжийг ийнхүү бүрдүүлсэн байна. “Мэгүүн энтертайнмент”, “Hollandmark” студийн хамтын бүтээл болох “Сараана” киноны голд дүрд СТА, жүжигчин Б.Хулан, Э.Мөнхтөр, залуу жүжигчин Ц.Эрхэмбаяр нар тогложээ. Киноны уран бүтээлчид “Танд манай кино өнөө цагийн эгэл хүний амьдралын аз жаргал, үнэ цэнэ болоод эх үрийн хайрын тухай өгүүлэхээс гадна эмэгтэй хүний сэтгэлийн нандин уянгыг мэдрүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм. Тус киноны гол дүрд тоглосон жүжигчин Б.Хулантай ярилцлаа.


-Киноныхоо нээлтийг кинотеатрт хийлгүй шууд IPTV-ээр үзэгчдэдээ хүргэж байгаа нь сонирхолтой юм?

-Сүүлийн үед уран бүтээлчид бүтээлээ IPTV-д зориулж хийдэг болчихжээ. Манай киноны зохиолч С.Ангараг “IPTV-д зориулж уран сайхны кино хийе” гээд санал тавьсан. Киноны ажил амжилттай болж энэ сарын 27-нд нээлтээ хийлээ.

-Кинонд эгэл амьдралын уянгалаг түүхийг өгүүлнэ гээд байгаа?

-Бидний өнөөдрийн бодит амьдрал дээр өрх толгойлсон маш олон эмэгтэй байгаа шүү дээ. Тэдний л нэг болсон хүүтэйгээ үлдсэн эмэгтэй амьдралд тулгарах олон бэрхшээлийг давахдаа хэрхэн зөв амьдрахын төлөө тэмүүлж байгаа тухай өгүүлэх кино.

-Сараана цэцгийг эмэгтэй хүнтэй зүйрлэдэг гэх юм?

-Хүмүүсийн мэддэгээр Лили цэцэг шүү дээ. Кинонд лили цэцгийн утга агуулгыг тэр чигээр нь гаргахыг хичээгээгүй л дээ. Лили өөрийн гэсэн онцлогтой цэцэг юм байна билээ. Үнэрээ удаан хадгалдаг, зарим цэцэгтэй харьцуулбал илүү удаан насалдаг. Эмэгтэй хүн ч энэ цэцэгтэй адил үзэсгэлэнтэй атлаа тэвчээртэй, ухаалаг. Тэр утгаар нь киног “Сараана” гэж нэрлэсэн болов уу.

-Киноны зохиолч танд киноны гол дүрийн саналыг тавихад ямар сэтгэгдэл төрсөн бэ?

-Маш их таалагдсан. С.Ангараг бид хоёр их олон жил үерхэж байгаа найзууд юм байгаа юм. “Найз нь ийм нэг зохиол дээр ажиллаж байна. Энэ киноны гол дүрд чи л таарах юм шиг санагдаад байна” гэсэн. Зохиолоо аваад уншихад надад их таалагдсан.

-Өрх толгойлсон эмэгтэйд хамаг бурууг өгдөг хандлага бий л дээ. Гэтэл тэр эмэгтэйчүүд маш их бэрхшээлтэй тулгарч үр хүүхдийнхээ төлөө цуцашгүйгээр зогсож чаддаг шүү дээ?

-Нийгэмд тийм ойлголт их байдаг шүү. Өөрөөсөө болоод л нөхрөөсөө салчихлаа гэдэг ч юм уу, тийм яриа их бий. Миний хувьд амьдрал дээрээ өрх толгойлсон эмэгтэй гээд олон жил явж байна. Гэтэл чухам юу болсон, цаана нь юу тохиолдсон, дотоод сэтгэлд нь юу болоод байгааг мэдэхгүйгээр дур дураараа ярихыг нь би ч өөрөө зөндөө л сонсож байлаа. Гэхдээ өрх толгойлсон эмэгтэй гээд л ноомойсон, нурмайсан байдаггүй юм. Дийлэнх нь лили цэцэг шиг хүчтэй, эрчтэй байдаг. Би хүүхнүүдийгээ мундаг хүчтэй байна гэж боддог ш дээ.

-Кинонд таны хүүд тоглосон Ц.Эрхэмбаяр өмнө нь “Марко Поло” кинонд Хубилай хааны бага насны дүрийг бүтээж байсан авьяаслаг нэгэн байна лээ?

-Тийм шүү, би мундаг хүүтэй хамтарч тоглосон. Хүүхэдтэй ажиллахад хэцүү байдаг. Үгээ яг бичсэнийх нь дагуу хэлэх гээд ч юм уу, хэт хичээх тал бий бий. Ер нь кинонд тоглоход хүүхэд ч бай, том хүн ч бай энгийн байх тусмаа кино амьд байдаг болов уу гэж боддог. Манай Эрхэмбаяр их хичээж ажилласан. Их хөөрхөн хүү.

-Таны тоглосон кинонуудын аль дүр нь тантай илүү төстэй зан араншинтай вэ. “Болсон явдал” киноны дүр тань тантай төстэй юу?

-(Инээв). Би амьдрал дээрээ наад дүрийн чинь эсрэг шүү дээ. Тэр чинь орилж хашхирсан, ааштай хүүхний дүр. Хүмүүс намайг бодит амьдрал дээр чи тэр дүртэйгээ адилхан зан ааштай юу гэж асуугаад байдаг юм.

-Таны нэг хэсэг кинонд тоглохгүй байж байгаад “Сараана”-д тоглов уу даа?

-Бараг хоёр жил гаран өнжсөн. Хувийн ажилтай байгаад завсарласан. Энэ киноны өмнө Хөх хотод “Одон” телевизийн 14 ангит цуврал кинонд тоглочихоод ирсэн. Хөх хотоос ирээд удалгүй “Сараана“ киноны ажилдаа орсон юм.

“Сараана” киног үзсэн хүмүүс их ам сайтай байна. Ээж, хүү хоёрын амьдралын тухай өгүүлсэн кино гэхээр хар бараан, уйтгартай зүйл гарахгүй л дээ. Их уянгалаг сайхан түүхийг өгүүлдэг. Дэлгэцэнд гараад хэдхэн хонож байгаа ч хүмүүст таалагдаж байх шиг байна.

Ц.Эрхэмбаяр: Ээжээсээөөрхүндэрхлэхэдихсонин байсан шүү

“Сараана” Монголын уран сайхны киноны гол дүрд тоглосон Ц.Эрхэмбаяртай ярилцлаа.

-Та өмнө нь хичнээн кинонд тоглож байсан бэ?

-Нэлээд хэдэн кинонд жижиг дүрүүдэд тоглосон л доо. Харин “Сараана” кино бол миний гол дүрд нь тоглосон анхны кино минь.

-Монголын кино урлагийн өнөө цагийн мундаг залуу жүжигчидтэй хамтран ажиллахад ямар байсан бэ?

-Хичээлийнхээ хажуугаар зураг авалтаа үргэлжлүүлэхэд зарим талаар хүндрэлтэй байсан ч киноны багийнхан болоод аав, ээж минь их тусалсан. Хулан эгч мундаг жүжигчин байна лээ. Миний дүр бол ээждээ их эрхэлдэг дүр л дээ. Тэврээд үнсүүлээд л. Анх ээжээс минь өөр хүн намайг эрхлүүлж үнсэхэд эвгүй байсан шүү (инээв). Их сонин байсан. Гэхдээ кино багийнхантай хамт байрлаж, хамт ажилладаг байсан болохоор дасаад ирэхэд гайгүй болчихсон.

-Зураг авалтын үеэр аав, ээж хоёр тань дэргэд тань байсан уу. Эсвэл кино багийнхантай хамт байх нь кинондоо илүү ороход дөхөм байв уу?

-Би одоо 13 настай болохоор аав, ээжийгээ дэргэдээ байлгаагүй л дээ. Тэглээ ч тэр хоёр маань ажилтай, зав муутай болохоор кино багийг ахалсан Дуулга ах намайг бүрэн хариуцаж хоол унднаас эхлүүлээд бүх юмыг минь зохицуулж гэр, дугуйлан, сургууль дээрээс минь очиж авч, хүргэж өгч байсан.

-Та Монголын Хүүхдийн ордны драмын дугуйланд сурдаг гэсэн. Хэдэн жил сурч байна вэ?

-Би одоо наймдугаар ангид сурч байгаа. Анх нэгдүгээр ангидаа энэ дугуйланд орсон.

-Урлагийн олон төрөл жанр бий шүү дээ. Тэр дундаас яагаад жүжигчний ур чадварыг сонирхох болсон юм бэ?

-Ээж маань намайг их даруухан болохоор нээлттэй, хүнд өөрийгөө илэрхийлдэг болоосой гээд энэ дугуйланд оруулсан л даа. Дугуйлан дээр маань реклам, кино, зохиомжид тоглуулах сонгон шалгаруулалт их болдог юм. Реклам, клип зэрэгт тоглоод ирэхээр урам ороод гэх үү дээ энэ урлагт дуртай болчихсон. Одоо бол дугуйландаа явах их дуртай. Монголын Хүүхдийн ордны болоод энд тэнд хүүхдээр хөтлүүлдэг арга хэмжээнүүдэд хөтлөгчөөр ажилладаг.

Манай дугуйланд янз бүрийн дүрийн сонгон шалгаруулалт их ирнэ. Тэр сонгон шалгаруулалтад хүүхэд бүр орж шалгуулах боломжтой байдаг юм. Бүгд шалгаруулалтад тэнцэх хүсэлтэй болохоор их олуулаа өрсөлдөнө. Манай ордон дээр болдог сонгон шалгаруулалт их ширүүн болно шүү. Дүр тохироосой гэж их хүсэцгээнэ.

-“Сараана” кинонд тоглоход ямар сэтгэгдэл төрөв. Кино маань уянгын сайхан кино шүү дээ?

-Гоё байсан. Би чинь амьдрал дээрээ ээждээ их тусалдаг л даа. Хоёр дүүтэй, айлын ууган хүүхэд болохоор ээждээ тусалж хоол унд хийхээс эхлүүлээд бүхнийг амжуулахыг хичээдэг. “Сараана” кинонд тоглоход надад их дөхөм байсан гэх үү дээ. Миний бүтээсэн дүр мөн л ээждээ их тусална. Гэртээ өдөр ганцаараа байхдаа хоол унд хийж, гэр орныхоо ажлыг зохицуулна. Хичээлээ хийхийн хажуугаар бас ээждээ нэмэр болох гээд цагийн ажил хийдэг ажилсаг хүүгийн дүр. Би айлын ууган хүү болоод ч тэр үү ээждээ эрхлээгүй их удсанаа киноны зураг авалтын үеэр мэдэрсэн л дээ. Хулан эгчид их эрхэлсэн (Инээв).


Categories
арын-нүүр булангууд мэдээ

Өнгө өнгийн такси, өөр өөр үнэтэй

Томоохон хотуудын нийтийн тээврийн үйлчилгээ, хүн тээврийн нэлээд хувийг такси компаниуд нуруун дээрээ үүрч явдаг. Харин манайд таксины компани ашиггүй учир хоосон орон зайг нь хувийн тэрэгтэй хүмүүс нөхөж байна гэдэг. Үдэш орой замын дэргэд гараа өргөхөд ямар ч хамаагүй жижиг тэрэг ирэхээр суучихдаг. Тэр такси биднийг гэрт минь хүргэх эсэхийг мэдэхгүй, тэр талаар юу ч бодоцгоохгүй. (Таксины жолоочийн үйлдсэн гэх гэмт хэргүүд өдөр бүр гардаг) Зорьсон газраа ирлээ гэхэд өөр өөр үнэ хэлнэ. Зарим нь бүр маршрут гаргаад тариф тогтоочихсон байдаг. Бензин, тос үнэртсэн, хир тоостой суудалтай, салж унах гэсэн жижиг тэрэг, тохилог, аятайхан такси хоёр ижилхэн тарифтай. Хувийн тэргэнд суучихаар хүний машинд дайгдаж, гуйж суусан юм шиг, ер нь жолоочийнх нь аясаар. Жолооч нь тамхи татвал дагаж дам тамхидалтад өртөнө. Ярианы сэдвийнх нь дагуу ам дагуулж тэрхэн зуур буу халахгүй бол төлбөр дээр мөнгө нэмж мэдэх.

Жуулчид “Улаанбаатарт такси маш ховор. Зөвхөн тусгай дугаар руу утасдаж дууддаг. Замын хажууд гар өргөхөд ирж зогссон жижиг тэрэгний жолоочид итгэж болохгүй” гэж нэгэндээ зөвлөж “Монгол руу аялал, жуулчлалаар явахаар төлөвлөсөн бол анхаарах 20 зүйл”-ийнхээ эхэнд Улаанбаатарын хувийн таксичдаас болгоомжил гэсэн байна билээ шүү. Такси компаниуд шинээр нээгдэх боломжгүй юм бол энэ халтуурчдаа чиглэл чиглэлээр нь багцалж баг, хоршоо болгож зохион байгуулалтад оруулмаар байна. Хүнээс мөнгийг нь авах гэж байгаа бол үйлчилгээ үзүүлэх ёстой гэдгийг нь нэг удаа ч болов хэлээд өгөхсөн. Тэгж байтал сайхан цаг ирж, алаг бөөртэй таксинууд олшрох нь мэдээж.


Categories
мэдээ цаг-үе

Дэлхийн хамгийн үнэтэй алмаас “Ягаан од” 83.2 сая долларын үнэтэй

Катийн зүүж буй энэ бөгжний анхны эзэн нь Диан гүнж

Одоо дэлхий дээр жилд 100 орчим тонн синтетик алмаас үйлдвэрлэж, үйлдвэр болон гоёл чимэглэлд ашиглаж байна. Алмаасны чанарыг 4С гэсэн хэмжигдэхүүнээр үнэлдэг. С-carat буюу жин, С-clarity буюу тунгалаг байдал, C-color буюу өнгө, C-cut буюу зүсэлт гэж.

Дуудлага худалдаагаар хамгийн өндөр үнэ хүрч зарагдсан алмаасуудын нэгдүгээрт, “The Pink Star” алмаас, 83.2 сая ам.доллар. 59.60 каратын энэхүү ягаан алмаас нь одоогоор дэлхийн хамгийн үнэтэй очир эрдэнэ гэгддэг. Хоёрдугаарт, “The Wittelsbach-Graff” алмаас 80 сая ам.доллар. Гүн хөх өнгөтэй уг алмаас нь 31 карат. Гуравдугаарт, “The Graff Vivid Pink” алмаас. 46 сая доллар. Английн тэрбумтан Графф Лауресийн уг алмаасыг 2010 онд 46 сая доллараар худалдан авчээ. Энэхүү ягаан алмаас нь 24.78 карат.

Харин “Кохинур” алмаасыг ямар ч дуудлага худалдаагаар оруулахгүй, ямар ч үнээр авах боломжгүй, үнэлэхийн аргагүй үнэт эрдэнэс гэж үздэг. 105 каратын уг алмаасын нэрийг утгачилбал “Уулсын гэрэл”. Энэтхэгээс гаралтай уг эрдэнэсийн төлөө дундад Азийн орнуудын хаад, ноёд хоорондоо тэмцэлдэж байжээ. Одоо уг алмаас Лондонд буй. Жуулчдын хамгийн ихээр зорьж очиж үздэг гол үзмэрүүдийн нэг нь.

Алмаас ховор учраас үнэтэй гэж ойлгодог. Гэтэл тийм ч ховор биш гэнэ. Харин түүний маш бат бөх чанарыг эвдэж үнэт эдлэл хийх явц нь өөрөө өртөг ихтэй учир тухайн эдлэлийг үнэтэй болгодог аж. Тиймдээ ч дэлхийн түүхэнд нэрээ үлдээсэн, одоо ч үнэт эдлэл сонирхогчдын атаархлыг татдаг алмаасан шигтгээтэй бөгжнүүд очир эрдэнийн үнэ цэнийг улам бататгаж байгаа юм. Алмаасан шигтгээтэй бөгжнүүд олон зууныг элээн, олон эзний гарыг дамжихдаа элдэв түүх, домог яриагаар хачирлагдаж бидний үед иржээ.

Холливудын од Грэйс Келлигийн зүүдэг байсан алмаасан бөгж дэлхийн хамгийн алдартай үнэт чулуунуудын нэгд зүй ёсоор тооцогддог. Жүжигчин бүсгүйг Монако улсын гүнж болгосон энэхүү сүйн бөгж нь 10.47 карат бөгөөд одоо дөрвөн сая доллараар үнэлэгддэг. Түүний хуримын ёслолыг 30 сая хүн үзсэн байдаг.

Хунтайж Уильяамын гэргий Кэйт Миддлетон гүнжийн зүүж буй 12 каратын сафир чулууг очир эрднээр тойруулан чимсэн бөгжний анхны эзэн нь Диана гүнж байжээ. Уэйлсийн хунтайж Чарьлзын эхнэр Диана гүнжийн сүйн бөгж анх 60 мянган ам.долларын үнэтэй байсан ч эзэн хааны гэр бүлийн хувьд үнэлж болшгүй чухал эрдэнэ болсон тул түүхэн дэх хамгийн нандин эрдэнэсүүдийн тоонд тооцогддог.

Лийрэн хэлбэртэй, шар очир эрдэнийг Өмнөд Африкаас олсон бөгөөд 110.3 карат. “Нарны дусал” нэртэй уг алмаасан бөгж 10.9 сая доллараар зарагджээ. Уг алмаасыг 2010 онд олсон бөгөөд шинжилгээгээр 1-3 тэрбум жилийн настай гэж тооцоолсон байна.

Алдарт жүжигчин Элизабет Тэйлор энэ алмаасан бөгжиндөө маш их хайртай байжээ

Алдарт жүжигчин, сайхан бүсгүй Элизабет Тэйлор алмаасанд дуртай, алмаасан эдлэлийн хорхойтон байсныг урлаг судлаачид мэднэ. Тэрээр үнэт эдлэлийн томоохон цуглуулгатай байжээ. 33 каратын, тунгалаг, өө сэвгүй цагаан алмаасан бөгжиндөө хамгийн их хайртай байсан гэдэг. Нөхөр Ричард Буртон нь түүнд бэлэглэж байжээ.

I Наполеоны илдний бариул дээр, XV Людовик хааны титэм дээр гялалзаж Регентийн очир алмаас

Олон зуун жилийн турш түүхийн элдэв нугачаа, цаг төрийн үймээнийг даван туулж өнөө бидний үед ирсэн алмаасууд бий. Хараал шингэсэн, эзэд нь амиа алддаг, далдын хүчний хорлолтой гэх мэтээр “цоллогдож” ирсэн очир алмаасууд одоо дэлхийн өнцөг булан бүрт музейн үзмэр болон нийтэд дэлгэгдэж байна. Маш ховор хийцтэй, тансаг эрдэнэс учир харсан хүний харааг булааж, атаархах, шунах сэтгэлийг нь хөдөлгөдөг учир нүдний хор орж эздэдээ ээлгүй байсан байх магадлалтай гэж тайлбарладаг юм.

XVII зууны үед Султан хааны мэдэлд ирж байсан “Spoonmaker’s Diamond” алмаас нь 86 каратынх. Хааны угсааны олон эмэгтэйчүүдийн тэргүүн гоёл нь болж байсан энэ эрдэнэс Туркийн Топкап ордны музейд хадгалагдаж байгаа юм байна. Түүхэнд алдаршсан бас нэг алмаас бол “Орлов”-ын алмаас. Дэлхийн хамгийн том таван алмаасын нэг болох уг очир эрдэнэ нь Оросын Их Екатерина хатан хааны гоёл байжээ. Хатан хааны дотны хүн Григорий Орлов алмаасыг хатанд бэлэглэсэн түүхтэй. Тиймээс “Орлов”-ын алмаас гэж нэрлэх болсон бөгөөд Энэтхэгээс гаралтай үнэт чулуу. Орлов үнэт эрдэнэсийг хатан хаанд бэлэглээд хариуд нь сэтгэл зүрхийг нь эзэмдэж, гэргийгээ болгож авна гэж мөрөөддөг байжээ. Мөрөөдөл нь биелээгүйд ганцаардан шаналсаар нас барсан гэдэг.

Одоо Луврт хадгалагдаж байгаа Регентийн очир алмаас нь 410 карат. Энэ алмаас цагтаа I Наполеоны илдний бариул дээр, XV Людовик хааны титэм дээр гялалзаж байж. Энэ мэтээр дэлхийн улс орнуудын түүхэнд алмаас тодорхой хэмжээгээр мөрөө үлдээсэн байдаг. Харин Монголын Эзэнт гүрний үед Чингис хааны цэргүүд дэлхийн талыг эзэлж байсан ч үнэт эрдэнэс, тэр дундаа алмаасанд амиа тавьж, шунаж байгаагүйг түүхээсээ бид мэднэ. Хэрэвзээ Чингис хаан очир эрдэнэ, үнэт эрдэнэст дуртай нэгэн байсан бол одоо бид Чингис хааны алмаасан бөгж, алмаасан шигтгээтэй илд гэх мэтээр ярьж л байх байсан болов уу.

Грэйс Келлигийн зүүдэг байсан энэхүү алмаасан бөгж дэлхийн хамгийн алдартай үнэт чулуунуудын нэг

Гэхдээ хүн төрөлхтөн алмаас гэдэг эрдэнийн чулууны өнгө, тансаг үзэмжид нүд унагадаг ч очир эрдэнийг “Тэнгэрийн чулуу” хэмээн хүндэтгэсээр ирсэн байдаг. Алмаас зүүсэн хүнийг цахилгаан цахидаггүй, гэнэтийн ус үер хамж явдаггүй гэдэг номтой. Тийм ч болохоор Буддын шашинт улс орнууд алмаасыг оройн дээд Очирвааньтай эн зэрэгцүүлэн биширсээр ирсэн байдаг. Манайд ч ялгаагүй энэ үеэс эрдэнэсийн чулууг дээдлэн, өндөр гавьяа байгуулсан хүнд олгодог Монгол Улсын Баатар цолны тэмдгэн дээр таван ширхэг алмаас эрдэнийг таван хошуу хэлбэрээр шигтгэсэн байдаг юм.

Categories
мэдээ нийгэм

Галд шатдаггүй, тэсгим хүйтэнд хөлддөггүй “Усны баавгай”

Антарктидын далайн гүнд амьдардаг, шинжлэх ухаанд бүртгэгдээгүй байсан шинэ төрөл зүйлийн “Усны баавгай”-г эрдэмтэд 2005 оны үед илрүүлсэн юм. Хэмжээний хувьд баавгайтай адилтгаж боломгүй ч төрх байдал, хөдөлгөөн нь баавгайтай төстэй учир “Усны баавгай” гэж нэрлэж байгаа юм. Шинжлэх ухааны нэршил нь Tardigrades буюу Тихоходка. Тихоходка тэмтрүүлийн үүрэг бүхийн найман хөлтэй, 0.5-1.5 мм урттай, тод улбар шар өнгөтэй, зөөлөн бүрхүүл бүхий хумстай.

Тихоходка буюу “Усны баавгай”-г дэлхий дээрх хамгийн амь бөхтэй, мөнхийн гэмээр долоон организмын нэгд тооцдог. Цельсийн хасах 273-аас нэмэх 151 хэмд амьд байх чадвартай. Мөн цацрагийн нөлөөллөөс дэлхий дээрх аливаа амьтны үхлийн тунгаас 1000 дахин их хэмжээнд тэсэж үлдэж, агааргүй орчин болон ямар ч чийггүй нөхцөлд 10 жил амьдардаг гэхчлэн энэ “Усны баавгай”-н гайхамшигтай, үнэмшмээргүй чадварууд их байна.

Тихоходкаг сүүлийн арав гаруй жил маш нарийн судалж байгаа ч 1773 онд анх ийм амьтан далайн гүнд амьдардаг гэдгийг нээж байсан бөгөөд одоогоор 900 орчим төрлийг нь далайн гүн, өндөр уулс, элсэн цөлөөс илрүүлжээ.

“Усны баавгай”-г Өмнөд туйлын тэсгим хүйтэн, Сахарын цөлд аваачиж, зориуд бэлтгэсэн -273 хэмд, +151 хэмд амьдруулахад ердөөсөө тоосон шинжгүй байсан гэнэ. Энэ чанар нь эрдэмтэн судлаачдын анхаарлыг татсан учир “Усны баавгай”-г задгай сансарт 10 хоног ямар ч агаар, ус болон бусад хүчин зүйлгүйгээр өндөр даралтад байлгахад мөн л тэсээд гараад иржээ. Тиймдээ ч энэ бичил амьтан олон мянган жилийн турш далайн гүнд, тас харанхуй орчинд амьдарч, олон удаагийн хүнд шалгарлыг даван туулсан гэсэн үг.

Их Британийн Антарктидийн судалгааны хүрээлэнгийн доктор С.Мак-Иннес “Тихоходкаг микроскопоор харахад алхаж байгаа нь баавгайтай маш төстэй. Конус хэлбэрийн ам, гэрэлд мэдрэмтгий нүдтэй. “Усны баавгай” өндөглөдөг. Хөлнүүд нь ухрах болон аврахад маш сайн зохицсон. Янз янзын өнгөтэй тохиолддог ч түгээмэл өнгө нь улбар шар” гэжээ. Цаг уурын ямар ч өөрчлөлт, цацраг туяанд амьд үлдэх онцгой чадвартай “Усны баавгайг” дэлхий дээр амьд үлдэх хамгийн өндөр чадвартай ба бичил амьтан байх магадлалтай гэдэг таамаглалыг эрдэмтэд дэвшүүлсэн юм. “Усны баавгай” далайн гүнд 75 мянган атмосферийн даралтан дор амьдардаг. Гэтэл ихэнх бичил биетэн гурван мянган атмосферийн даралтад л амь тавьдаг.