Categories
мэдээ цаг-үе

Арнауд Суарат: Оюу толгойн ирээдүй гэгээтэй байна

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

“Рио Тинто” компанийн Зэс, очир эрдэнийн группийн гүйцэтгэх захирал Арнауд Суараттай ярилцлаа.

-Таны талаарх мэдээллийг сонирхож байхад дэлхийн олон оронд очиж ажиллаж байсан, бараг тив болгонд хөл тавьсныг тань анзаарлаа. Та хаана мэндэлсэн бэ?

-Би Францын Бургундид төрсөн. Тэндээ 16 нас хүртлээ амьдраад түүнээс хойш дэлхийг тойроод л амьдарч, ажиллаж эхэлсэн дээ.

-Уул уурхай, эрдэс баялгийн салбарт хэд дэх жилдээ ажиллаж байна вэ?

-25 гаруй жил энэ салбарт ажиллаж байна. Энэ хугацаанд дэлхийн бүх л тивд хөл тавьж ажиллалаа, Антарктидийг эс тооцвол (инээв). Өмнөд Африк, Бразил, Венесуэл, Энэтхэг гээд олон оронд очиж ажилласан. Хоёр жилийн өмнө одоо хашиж байгаа Зэс, очир эрдэнийн группийн гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаа хүлээж аваад Монголд ажиллах сайхан завшаан тохиолдсон. Монголд ирэхийг мөрөөддөг олон хүний нэг нь би байсан шүү. Ажлаа хүлээж авчхаад Монгол гэдэг их гоё оронд очих нь ээ гэж дотроо битүүхэндээ догдолж байлаа. Ажил хүлээж авсан намар, есдүгээр сард байхаа анх удаа Өмнөговьд, Оюу толгойд очиж ажилласан. Онгоцноос буухад бороо орчихсон, зүлэг, ногоо тэгширсэн газар угтсан л даа. Түүнээс хойш Монголд олон удаа ирлээ, Оюу толгойд олон очиж ажиллаж байна. Хамгийн сүүлд өнгөрсөн бямба гаригт Зэс, очир эрдэнийн группийн Удирдах бүрэлдэхүүн, Монгол Улсын Засгийн газрын албаны хүмүүс, мөн гүний уурхайн гол ханган нийлүүлэгчидтэй хамт гүний уурхайн бүтээн байгуулалтын үйл ажиллагааны явцтай танилцаад ирсэн. Энэ үеэр анхдагч бутлуур суурилуулах “Аварга” хэмээн нэрийдсэн байгууламжийн нээлтийн ёслолд оролцсон.

-Оюу толгой бол Монгол Улсын хувьд маш чухал төсөл. Зарим талаар түүхэн ач холбогдолтой төсөл ч гэгдээд байгаа. Монгол Улс яалт ч үгүй Оюу толгойг түшиглэж хөгжиж байна?

-Оюу толгой төсөл “Рио Тинто” болон Монголын ард түмэн, нийт хувь нийлүүлэгч, хувьцаа эзэмшигчдэд бүгдэд нь маш чухал ач холбогдолтой. Оюу толгой бол гайхалтай төсөл. Дэлхий дээр хэрэгжиж байгаа хамгийн томоохон гүний уурхайн төслүүдийн нэг. Өнөөдрийн байдлаар долоон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийчихсэн, гүний уурхайн бүтээн байгуулалтад таван тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд явж байна. Өөрөөр хэлбэл нэг жилд нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орно гэсэн үг. Ингэснээрээ ил болон гүний уурхайгаас аль алинаас нь олборлолт хийх бололцоог бүрдүүлнэ.

Өнөөдөр Оюу толгойд 14 мянга гаруй ажилтан байна. Түүн дээр манай ханган нийлүүлэгч 700 гаруй компаниудын ажилчдын тоог нэмбэл нийт энэ төсөлтэй холбоотой ажил эрхэлж байгаа 55 мянган хүн бий. Манай 14 мянган ажилчдын 94 хувь нь монголчууд. Ажиллах хүчтэй холбоотой үзүүлэлтүүдийг ярихад миний хувьд бахархалтай байдаг.

Өмнө нь ажиллаж байсан туршлага дээрээ үндэслээд харахаар ийм богино хугацаанд тухайн үйл ажиллагааг явуулж байгаа улс орнуудын иргэд нь ийм өндөр хувьтайгаар ажил эрхэлж байсан тохиолдол гарч байгаагүй.

Уурхайн үйл ажиллагааг эрхэлж авч явах үүрэг хүлээсэн компанийн хувьд мэдээж хэрэг бид уурхайн зураг төсөл, төлөвлөлтийг мэргэжлийн өндөр түвшинд хийгээд барьж бүтээн байгуулаад уурхайн үйл ажиллагааг эрхэлж явуулахаас гадна дэлхийд тэргүүлэх компанийн хувьд Монгол Улсад олон улсад тэргүүлэх стандарт, туршлага, мэдлэгийг авчрах үүргийг бас хүлээж байгаа. Энэ хүрээнд монголчуудыг сургах, бэлтгэх, энэ уурхайг авч явах боловсон хүчнүүдийг бэлдэж ажиллаж байна. Бидний хувьд ажилчдаа, гэрээт компаниудтай нь зааж сургаж байгаа нь зөвхөн Оюу толгойн тусын тулд биш л дээ. Ханган нийлүүлэгчидтэйгээ ярьж байхад эндээс сурсан, мэдсэн зүйлээ өөрсдийнхөө үйл ажиллагаанд нэвтрүүлснээрээ бусад оролцож байгаа төслүүд дээрээ ч Оюу толгойн тэргүүн туршлагуудыг нэвтрүүлж буйгаа хэлж ийм жишээ олон байгааг онцолж байсан. Би үүний өмнө өнгөрсөн нэгдүгээр сард ирсэн. Тэр үеэрээ, Оюу толгой, “Рио Тинто”-гийн хувьд хамгийн тэргүүн зэргийн зорилго болох аюулгүй ажиллагааны хүрээнд хамгийн нэр хүндтэй группийн шагнал болох Гүйцэтгэх захирлын нэрэмжит “Аюулгүй ажиллагаа”-ны шагналыг Оюу толгойн ажилчдад гардуулж өгсөн.

-“Рио Тинто” компани жил бүр уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа компаниудаас нэгийг шалгаруулж энэ шагналыг олгодог байх аа?

-Тийм, тийм. Дэлхий даяар үйл ажиллагаа явуулж байгаа уурхайнуудынхаа аюулгүй ажиллагааны үзүүлэлтүүдийг нэгтгээд Гүйцэтгэх захирлын баг, Гүйцэтгэх захирал өөрөө хамгийн сайн үзүүлэлттэй уурхайг сонгодог л доо. Үүгээр 2017 оны үзүүлэлтээр Оюу толгой уурхай шалгарсан юм. Баяжуулах үйлдвэрийнхээ үйл ажиллагааг эхлүүлээд тавхан жил болж байгаа залуу хамт олон гэхэд Оюу толгой “Рио Тинто”-гийн хамгийн тэргүүн, шилдэг туршлагуудыг сурч, туршлага хуримтлуулж “Рио Тинто”-гийн хэмжээнд тэргүүлэх хэмжээний аюулгүй ажиллагааны үзүүлэлттэй байгаа нь Оюу толгойн ажилчин, боловсон хүчин ямархуу ур чадвартайг харуулсан том нотолгоо. Үүн дээр нэмж хэлэхэд таван жилийн дотор Оюу толгойн хамт олон дэлхий дээрх хамгийн аюулгүй үйл ажиллагаатай уурхайн нэг болсны зэрэгцээ хүдэр олборлох үйл ажиллагаа, баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг хамгийн үр бүтээлтэйгээр эрхлэн явуулж байгаа.

-Одоо та бүхэн юун дээр анхаарал хандуулж ажиллаж байна вэ. Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна?

-Бидний хувьд одоо дэлхий дээр томоохонд тооцогдох гүний уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлээд явж байна. Энэ бол маш том, аварга, цогц төсөл байх болно. Төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд тал талын хүчин чармайлт, оролцоо хэрэгтэй. Тэр дундаа “Рио Тинто”-гийн ноу-хау, шилдэг технологиуд оролцоно. Мөн ханган нийлүүлэгчид, Оюу толгойн ажилтан, ажилчдын ур чадвар, мэдлэг, туршлага бүхэн цогцолж байгаа энэ гүний уурхайг амжилттай бүтээн байгуулж байж тэргүүлэх гүний уурхай болгоно гэж зорьж ажиллаж байна.

Оюу толгой гүний уурхайн төсөл бол хувьцаа эзэмшигч, оролцож байгаа бүх талуудад маш чухал төсөл. Тэр дундаа гүний уурхайн анхны хүдрийг 2020 онд гаргаж авна гэж тооцож байгаа. Тухайн цаг үе бол дэлхий нийтээрээ эрэлт, нийлүүлэлтээс үүдэлтэйгээр зэсийн үнэ нэлээн сэргэх хандлагатай байх юм. Ийм цаг үед давхцаж таарч байгаа.

Дараагийн бас нэг чухал гэж үзэж байгаа шалтгаан юу вэ гэхээр гүний уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэхээр өнөөдөр үйлдвэрлэж байгаа металлын хэмжээ гурав дахин, түүнээс ч илүү хэмжээгээр нэмэгдэх тооцоо байгаа. Борлуултын орлого нэмэгдэхээр тэр хэрээр Монгол Улсад төлөх татвар, хураамжийн хэмжээ өснө. Ингэснээр эдийн засагт үзүүлж байгаа эерэг нөлөө улам бүр нэмэгдэнэ. Тэгэхээр эндээс хувьцаа эзэмшиж буй талууд бүгд үр ашгийг нь адилхан хүртэнэ. Монголын ард түмэн томоохон хэсгийг нь хүртэх нь зайлшгүй.

-Оюу толгойд очиж үзээгүй, уурхайн үйл ажиллагааны талаар төдийлөн мэдээлэлгүй хүмүүст тус уурхайн нэг өдрийг сонирхуулна уу. Мэдээж уурхайн үйл ажиллагаа зогсолтгүй үргэлжилдэг?

-Оюу толгойд очих болгондоо хамгийн түрүүнд анзаардаг зүйл бол манай ажилчид. Маш урам зоригтой, маш аз жаргалтайгаар ажил хөдөлмөрөө эрхэлж байгаа хүмүүсийг харахад таатай байдаг. Ил уурхай дээр очно уу, эсвэл засвар үйлчилгээний хэлтэст очно уу, гүний уурхай руу орно уу аль нь ч ялгаагүй, хаана ч очсон тэнд урам зориг, аз жаргалтайгаар ажил хөдөлмөрөө эрхэлж байгаа хүмүүстэй тааралддаг. Мэдээж уурхайн үйл ажиллагаа цогц, нарийн, олон шат дамжлагатай өрнөж байгаа. Тэнд хүдрээ олборлолтод бэлдэж байна, олборлосон хүдрээ том тэрэгт ачаад тэндээсээ хүдрийн дамжлагуудаар дамжаад баяжуулах үйлдвэр рүү ордог.

Тэндээс баяжуулагдаж, савлагдаад худалдан авагчдад хүргэдэг маш цогц нарийн үе шат дамжлагуудтай. Энэ бүх нарийн ширийн ажлуудыг хийж байгаа хүмүүсийн 94 хувь нь монголчууд. Энэ бол гайхалтай үзүүлэлт. Энэ ажлуудыг хийхдээ аюулгүй ажиллахад нь хүмүүсийг сургаж дадлагажуулах нь хамгийн чухал. Ямар нэгэн аюул, осолгүйгээр энэ ажлуудыг хийж гүйцэтгэх ёстой. Ийм ч учраас Оюу толгойн хамт олон маань Гүйцэтгэх захирлын “Аюулгүй ажиллагаа” шагналыг авахад маш их бахархах сэтгэл төрж байсан.

-Оюу толгой хөдөлж эхэлснээр Монголын уул уурхай, эрдэс баялгийн салбарт уул уурхайн соёл гэж зүйл нэвтэрсэн. Манай уул уурхайн салбарын сахилга бат, аюулгүй ажиллагааг нэг шат ахихад “Рио Тинто”, Оюу толгой нөлөөлсөн гэж хэлж болно?

-Баярлалаа. Бид цаашид ч Монголын үндэсний компаниудад манай аюулгүй ажиллагааны соёлоос суралцахад нь дэмжлэг үзүүлж ажиллахад бэлэн байна. Тухайлбал, саяхан бид “Эрдэнэт” үйлдвэртэй аюулгүй ажиллагаа, эрүүл мэнд, байгаль орчны чиглэлээр хамтарч ажилласан гэрээгээ үргэлжлүүлэхээр болсон. Энэ хүрээнд бид өөр өөрсдийн тэргүүн туршлагуудыг харилцан солилцох чиглэлээр ажиллаж байгаа. Үүнээс гадна ханган нийлүүлэгч компаниуддаа Оюу толгойгоос сурсан аюулгүй ажиллагааны соёл, туршлагаа үйл ажиллагааныхаа бусад хэсгүүдэд ч нэвтрүүлж ажиллаарай гэж зөвлөж, тэдэнд дэмжлэг үзүүлж ажиллаж байгаа.

-Улаанбаатарыг чиглэсэн нүүдэл үргэлжилсээр л байна. Эдийн засаг, зах зээл төвлөрч байгаа газар руу тэмүүлдэг нь бичигдээгүй хууль. Харин Өмнөговь аймаг, тус аймагтай хиллэдэг аймгуудын хувьд нийслэлийг бараадах үзэгдэл харьцангуй багассан нь Оюу толгойтой холбоотой гэж тайлбарлаж болох уу?

-Оюу толгой бол Монгол Улсын хэмжээнд, орон нутгийн хэмжээнд аль алинд нь эерэг нөлөө үзүүлж байгаа ийм уурхай. Бид дотоодын бизнес, дотоодын ханган нийлүүлэгч, үйлдвэрлэгчдийг дэмжихийн тулд “Монголд үйлдвэрлэв” гэдэг тусгай бодлогыг хэрэгжүүлээд багагүй хугацаа өнгөрч байна. Үүний үр дүнд олсон амжилтууд гэвэл, аюулгүй ажиллагааны хувцас хэрэглэлүүдийг зохих хэмжээгээр дотоодын бэлтгэн нийлүүлэгч, ханган нийлүүлэгчдээс авч эхлээд байгаа. Орон нутгийн зарим ханган нийлүүлэгчдийг ч үүнд татан оролцуулж байгаа. Ханган нийлүүлэлт худалдан авалтын бодлогын хүрээнд нэг гол анхаарч байгаа чиглэл бол дотоодын компаниудтай ажиллах. Өнөөдрийн байдлаар гүний уурхайн бүтээн байгуулалтын хэмжээнд зарцуулж байгаа нийт мөнгөний 86 хувь нь дотоодын компаниудад зарцуулагдаж байгаа. Тэр хэрээр дотоодод үлдэх мөнгөний хэмжээ нэмэгдэж байна.

-Эдийн засагт нааштай өөрчлөлтүүд ажиглагдаж гэгээ тусч байна. Та сая 2020 оноос Оюу толгойн гүний уурхай олборлолтоо хийж эхлэх тухай дурдлаа. Эрдэс баялгийн салбарт 25 жил ажиллаж байгаа мэргэжлийн хүний хувьд Оюу толгойн 10 жилийн дараахь байр байдлыг тодорхойлбол?

-Юуны өмнө нэг зүйл хэлэхэд Оюу толгойн ирээдүй маш их гэгээтэй байна. Яагаад вэ гэвэл дэлхийд томоохонд тооцогдох гүний уурхайг барьж байгуулж байна. Жилд нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг гүний уурхайн бүтээн байгуулалтад зарцуулж байна. Энэ бүхнийг хийхдээ мэдээж хэрэг Монгол Улсын Засгийн газар, хувь нийлүүлэгчдийн хооронд байгуулсан суурь баримт бичгүүдийн үндсэн дээр энэ хөрөнгө оруулалтыг хийж байгаа. Эдгээр нь уурхайн үйл ажиллагааг явуулах гол үндэс суурь болж байгаа. Монгол Улсын Засгийн газар, “Туркойз Хилл”, “Рио Тинто” компаниуд хамтдаа Монгол Улсын төлөө, хувь нийлүүлэгчдийн төлөө, уурхайн үйл ажиллагаа, бүтээн байгуулалтыг амжилттай явуулж байна. Мэдээж бид хамтдаа ажилласнаар Оюу толгойн ирээдүй гэрэл гэгээтэй байлгаж, дэлхийн хамгийн шилдэг уурхайг бид бүхэн хамтдаа барьж байгуулж байна гэдгээ нотлон харуулна.

Өнгөрсөн долоо хоногт би Чилийн Сантьяго хотод зэсийн салбарын хамгийн томоохон хурлуудын нэг болох “CESCO”-д оролцож илтгэл тавьсан. Илтгэлдээ Оюу толгойн талаар нэлээд дэлгэрэнгүй ярьж, Монгол Улстай хамтраад уурхайн том бүтээн байгуулалт хийж байгаагаа танилцуулсан. Дэлхий нийт, олон нийт Монгол Улс, “Рио Тинто” хамтран хамгийн том, хамгийн шилдэг ийм уурхайг хэрхэн бүтээн байгуулж байгааг маш ихээр сонирхож, ажиглаж байгаа. Манайхаар ийм нэг үг байдаг юм, “Бид нэг завинд суусан” гэж. Ийм болохоор бид хамтдаа Оюу толгойг бүрэн амжилтад хүргэхийн төлөө гар нийлэн ажиллах ёстой.


Categories
мэдээ цаг-үе

Д.Дэрмээ: “Чоно” сэрж байна

“Чоно” хамтлагийн ахлагч, дуучин Д.Дэрмээтэй бэлтгэлийнх нь үеэр ярилцлаа.


-Танай хамтлаг тоглолт хийх гэж байгаа юм байна?

-Энэ сарын 20-нд “Crocus event hall”-д тоглоно.

-Тоглолтын нэр?

-“Чоно-2018: Чоно сэрэв” гэдэг нэртэй.

-Та нар хэр их “унтсан” юм?

-Долоо, найман жил “унтчихлаа” шүү дээ. Би “унтаагүй”, харин манай хоёр гишүүн “унтсан”. Одоо харин манай хамтлаг сэрж байна.

-“Чоно” хамтлаг хэдэн гишүүнтэй юм бэ?

-Үндсэн гурван гишүүнтэй, туслах хоёр хөгжимчинтэй. Үндсэн нэг гишүүн маань “Хурд” хамтлагт орсон.

-Хэн?

-Гитарчин Д.Мөнхбат. Одоо бол манайх өөр туслах хөгжимчидтэй нийлж тоглолтдоо бэлтгэж байна.

-Танай хамтлаг байгуулагдаад хэдэн жил болж байна вэ?

-Хамтлаг байгуулагдаад үндсэндээ 18 жил болж байна. Идэвхтэй үйл ажиллагаа явуулсан нь 10 жил. 2000 онд байгуулагдсан гэдэг ч үнэндээ 1999 онд байгуулагдаж байсан юм. Сүүлийн найман жил хамтлаг маань уран бүтээл хийгээгүй. Харин би дангаараа уянгын поп дууны чиглэлээр дуунууд гаргаж хамтлагийн ажлаа зогсоохгүй явж ирсэн.

-“Сүүлчийн хичээлийн дараа хаачих вэ” жүжгийн дуу, “Залуу нас” зэрэг дуунууд нэгэн үе залуусыг байлдан дагуулсан шүү. Одоо ч сонссоор байгаа?

-“Сүүлчийн хичээлийн дараа хаачих вэ” жүжгийн дуу 2002 онд гарсан. Энэ хоёр дууг үе үеийн залуус сонсох дуртай байдаг юм. 2016, 2017 оны төгсөгчид ч энэ дууг их сонсдог. Төгсөгчдийн хонхны баярын үдэшлэг, цэнгүүн дээр очиж энэ дуугаа их дуулдаг юм. Тийм болохоор хүмүүс сайн мэддэг.

-Амьд хөгжмийн хамтлаг ямарваа үйл ажиллагаан дээр уригдаж очиход хүмүүст илүү үнэ цэнийг мэдрүүлдэг. Бүхэл бүтэн хамтлагаараа, тоног төхөөрөмж, хөгжмийн зэмсгүүдээ барьж очоод тоглодог болохоор хүний ой тойнд ч илүү бууж, тэр хэрээр үзэгчдийг сэтгэл ханамжтай үлдээдэг байх шүү?

-Амьд хөгжмийн хамтлаг гэдэг том агууламжтай л даа. Фонограм тавиад ганц дуучин дуулах ч бас өөр агууламжтай. Үүнийг залуус маань ойлгож эхэлж байгаа болов уу гэж бодож байна. Хуучин энэ талаар ойлголт бага байсан шүү. Жишээ нь, нэг дуучин ирээд сая төгрөг аваад дуулж байхад зургаа, долоон хүний бүрэлдэхүүнтэй хамтлаг тийм хэмжээний мөнгөөр дуулах зэрэг харьцангуй зүйлс бий л дээ.

-“Чоно” хамтлагийнхныг “Хурд” хамтлагтай холбож ойлгоод байдаг?

-“Хурд” хамтлагийнхан манай хамтлагт дуу зохиож өгдөггүй. Бидний өмнөөс бичлэгт ороод, бидний өмнөөс гитар, бөмбөр тоглодог тийм дэмжлэг байхгүй. Бэлтгэлийн байр зэрэг материаллаг зүйл дээр тусалдаг л даа. Сүүлийн жилүүдэд бид өөрсдөө харьцангуй учраа олдог болчихлоо. Анх гарч ирж байхад туршлагатай энэ ах нараасаа дэмжлэг, туслалцаа авч байсан зүйл их ээ. “Хурд” гэлтгүй олон хамтлагийнхан бидэнд тусалдаг.

-Ах нар тань урлагийн хүмүүс болохоор та багаасаа л энэ ертөнцөд татагдан орсон байх. Өөр мэргэжил, өөр орчны талаар төсөөлж байв уу?

-Тийм бодол миний ой тойнд байдаггүй шүү дээ. Би яагаад ч юм өөрөө дуулж сурсан, өөрөө гитар тоглож сурсан. Би өөрөө дууны ая зохиож сурсан. Өөрөө шүлэг бичиж сурсан. “Би хүсээгүй”, “Хайлж урсаж байна” дуунууд, цомгууддаа багтсан бүтээлүүдийн 90-ээд хувийнх нь үг, аяыг зохиосон. Хөгжмийн найруулга, хөгжмийн зохиолоо өөрөө бичээд бүхнийг өөрөө хийдэг. Энэ бүхнийг харахаар надад цаанаасаа тодорхой хэмжээний авьяас заяасан юм болов уу гэж боддог.

-“Хурд”, “Чоно”-ыг хамаатуулаад, адилхан гээд байдаг ч хөгжмийн талаасаа огт өөр хоёр хамтлаг шүү дээ?

-Манайх рок алтернатив хамтлаг. 2000-аад оны үед дэлхийн хэмжээнд эстрад хөгжимд эриний шинэчлэлийн үе ирж байсан. Рок хөгжим алтернатив шинэ хөгжмийн давалгаа руу орж ирсэн. Тэр үед манайх гарч ирж шинэ юмыг Монголдоо харуулсан гэж боддог юм. “Хурд” хамтлагийнхны дүү нар гэдгээр нь биднийг шууд хүлээж аваад байсан. Түүнээс биш хийж байгаа уран бүтээл, уран бүтээлдээ оруулж байгаа замнал, хэлж байгаа үг, илэрхийлж байгаа хөгжим огт өөр юм л даа. Манай хамтлагийн “Хүсэл”, “Зөрөг цэцэг” гэж хоёр дууны хөгжмийг “Хурд” хамтлагийн “Аавдаа би хайртай”, “Буцааж нэхэхгүй хайр” зэрэг хит дуунуудыг зохиосон С.Ишхүү ах хийсэн. “Хүсэл”, “Зөрөг цэцэг” гэсэн хоёр дуу маань “Хурд” хамтлагийн зарим дуутай ойрхон сонсогддог байж болох юм. Тэрнээс хойш гарсан бүтээл огт өөр. Үүн дээр би нэг зүйл хэлэхийг хүсдэг юм. “Хурд”, “Чоно” гэсэн хоёр хамтлагийг юугаар нь ялгах вэ гэвэл хөгжмийн өндөр мэдрэмжтэй, хөгжмийн боловсролтой хүмүүс “Танай хоёр хамтлаг огт өөр” гэж хэлдэг. Шууд хэлэхэд хөгжмийн мэдрэмж сулхан хүмүүс “Та нар адилхан. Чи Цогоо ах шигээ дуулдаг” гэж хэлдэг. Бид хоёрын дууны өнгө огт өөр. Дууны хайрцагт тавьж буй тавилт, үгний тавилтууд ч огт өөр.

-Таныг хэдтэй байхад “Хурд” хамтлаг байгуулагдав?

-13, 14-тэй л байсан. Хөгжмүүдийг нь зөөгөөд л хойд талын ажлуудад нь тусалж гүйдэг байлаа.

-Таныг ах нарынхаа нөлөөнөөс ангид байж чадсан. Тэднээс ангид байхын төлөө тэмүүлдэг гэдэг нь харагдаад байдаг юм. Угтаа бол биеийн амрыг бодоод ах нараа дагаад хамтлагт нь явж байж болох л байсан. Та тэгээгүй?

-Тэгэх шаардлагатай. Би уран бүтээлч хүний хувьд үлдэх хэрэгтэй. Би яаж үлдэх вэ гэдэг нь сонин байхгүй юу, эстрад урлаг, Монголын хөгжмийн түүхэнд. Тэгэхээр өөрийн гэсэн үзэл бодол, өөрийн гэсэн хөгжим, өөрийн гэсэн стиль, жанраа тусад нь гаргаж байж би үлдэж чадна. Тэр бүхнээ гаргаж чадахгүй, хэн нэгний, аль нэг хамтлагийн нөлөөнд орж явбал би үлдэж чадахгүй гэдгээ маш сайн ойлгодог. Энэ урсгал, энэ ойлголтоо би цаашид улам батжуулна гэж боддог юм.

-Хүмүүс таныг ах нарынхаа дэмжлэгээр энэ их өндөрлөгт амархан гарч ирсэн гэж боддог. Гэтэл ямар ч хүн амжилтын өөд тэмүүлж байхдаа хэлж баршгүй их зовлон бэрхшээл саад туулдаг шүү дээ?

-Их л амар байсан гэж бодоод байдаг юм. Надад хэд хэдэн хүн тэгж хэлж л байсан. Би өөрийнхөө мэдрэмжээрээ энэ зүйлийг маш сайн ойлгодог. Тэгэхээр бид яаж энэ том ханыг давж өөрсдийн “Чоно” гэсэн өнгө төрх, хоолойгоо гаргах вэ гэдэг нь эхэн үед их хэцүү байсан л даа. “Хурд”-ыг дуурайж “Хурд” шиг байх уу, эсвэл огт өөр стильтэй байх уу гэдэг сонголт бидэнд гарч ирсэн. Миний хувьд хамтлагийнхаа дуу, өнгө гээд бүхнийг тодорхойлдог болохоор тухайн үед “Манай хамтлаг, тэс өөр хөндлөн байх болно. Тийм байж Монголын эстрад урлагт өөрийн гэсэн өнгө төрх, орон зайг үүсгэж чадна” гэж шийдээд алтернатив стилийг сонгосон. Бид төрсөн ах, дүү нар боловч бидний өнгө, төрх өөр.

-“Чоно-2018: Чоно сэрэв” тоглолт нэг удаа тоглогдох уу?

-Тэгнэ.

-Тасалбараа хаагуур зарж байгаа вэ?

-1900-1950 лавлах болон www.ticket.mn-ээр захиалж авч болно. Тасалбар худалдаанд гараад гурав, дөрөв хонож байна. “Чоно” хамтлаг эргэж нэгдлээ гээд ганц хоёр удаа бэлтгэл хийгээд тоглолт тавих гэж байгаа юм биш. Бид жилийн өмнөөс төлөвлөж, уран бүтээлээ туурвиж эхэлсэн. 2016 оны сүүлээс тоглолтын ажлаа эхлүүлсэн. Энэ хугацаанд 6-7 клип гаргалаа. 2-3 хуучны бүтээлээ энэ цаг үеийн шинэ уран бүтээлчидтэй хамтран шинээр дууллаа. Одоо бид юу хийхээр зорьж байна вэ гэхээр тоглолт хийж ашгийн хойноос явахыг хүссэнгүй. Бид маш сайн уран бүтээлийг, “Чоно” гэж ямар сайн хамтлаг вэ гэдгийг л харуулахыг зорьж байна. Энэ тоглолт дээр “АПУ”, “Эрэл” компанитай хамтран ажиллаж байгаа. Өнөө үед тоглолт зохион байгуулахад их хэмжээний мөнгө хэрэгтэй. Тэр бүхнийг, бусад бүх зардлыг “Чоно” хамтлаг өөрсдөө л гаргаж байгаа. Бид өөрсдийн гэсэн хүчийг харуулах, “Чоно” эргэж гарч ирэв, сэргэв гэдэг тэмдэглэгээг түүхэнд “Чоно-2018: Чоно сэрэв” гэж үлдээхийг хүсч байна.

-Та бүхний хувьд хамтлагаа “Чоно” гэж нэрлэсэн нь цаагуураа энэ хийморьлог амьтны сүр хүчийг бэлгэдсэн нь тодорхой. “Чоно” хэмээн дуудуулах нь магадгүй зарим талаараа эрч хүчийг өгдөг ч байж мэднэ?

-Тэгэлгүй яахав. Өдөр тутам бэлтгэл хийх, бидний дуу хоолой, нэгдээд амьд хөгжмөө дуугаргах болгонд мэдрэгддэг зүйл бол чоно. Нэр бол цаагуураа том агууламжтай. Ганцхан Монгол ч гэлтгүй дэлхий даяараа хөх чоныг хүндэлдэг. Энэ амьтны эр зориг, амьдрах ухааныг биширдэг болов уу. Хамтлагаа “Чоно” гэж нэрлэсэн нь бидний юуг илэрхийлэх гээд байгаа дуу хоолой, характер, хэв маягийг энэ нэр тодорхойлдог гэж бас боддог шүү.

-Та сая бэлтгэлийн үеэр дууны дундуур хөөмийллөө?

-Бидний зорьж байгаа нэг зүйл бол Монголын язгуур урлагийг рок хөгжимтэй хослуулж шинэ өнгө төрхийг тодорхойлж гаргаж ирнэ. Бид азичуудаас юугаараа ялгаатай вэ. Бид азичуудтай адилхан төрхтэй. Монгол хүн, монгол туургатнууд азичуудаас юугаараа ялгагдах вэ гэхээр үндэсний өв соёлоороо л ялгарна. Бусдаараа бол юугаар ч ялгарахгүй. Тэгэхээр үндэсний өв соёл, язгуур урлагаараа л ялгарах болохоор бид энэ урлагийг рок хөгжимтэй хослуулж гаргаж ирнэ.

-Танд хөөмий заадаг багш бий юу?

-Багш байхгүй. Мэргэжлийн хэмжээнд хөөмийлж чадахгүй л дээ. Би бас уртын дуу дуулдаг. Уртын дууны багш байхгүй. Мундаг уртын дуучдын дууг сонсч байгаад л дуулж сурсан.

-Дуулах дуртай уртын дуунууд гэвэл?

-“Эрдэнэ засгийн унага”-ыг шуранхайлчихна шүү. “Хүрэн толгойн сүүдэр”, “Жаахан шарга” гээд дуунууд байна аа, байна. Саяхан нийтэд цацсан “Уухай” дуун дээрээ шуранхайлсан.

-Урлагийн хүмүүсийг харахад дуу хөгжим хөөцөлдсөн, баргийн юманд санаагаа чинээлдэггүй амар хүмүүс гэж хардаг ч үнэндээ хамгийн эх оронч хүмүүс урлагийнхан байдаг юм шиг ээ?

-Монголчууд гадны соёлыг хэтэрхий их шүтээд байна. Боловсролдоо сайн анхаарах хэрэгтэй байна. Ёс зүй гэдэг юмыг уландаа гишгэчихэж. Салбар салбартаа хүн болгон ёс зүйтэй байх ёстой. Тэгж байж улс эх орон хөгжинө. Хамгийн гол зүйл бол өв соёл, “Би монгол хүн” гэдэг утга учрыг л маш сайн эрхэмлэх ёстой юм. Гадны соёлыг хэт их шүтэж байна, хэт их баруунжиж эхэллээ. Бид яаж дэлхий дээр оршин тогтнох вэ гэхээр өв соёл, ёс заншлаа л найдвартай барих. Ингэж байж л оршин тогтноно. Тэгэхгүй бол одоо ингээд л задарна. Энэ бол хамгийн үнэн зүйл.


Categories
мэдээ цаг-үе

Б.Эрдэнэбулган: Хөхний эрүүл мэндийн төв бүхий л оношилгоо, шинжилгээг хийж байна

Хөхний эрүүл мэндийн төвийн төслийн удирдагч, анагаах ухааны доктор Б.Эрдэнэбулгантай ярилцлаа.


-Нийгэмд маш их хэрэгтэй төв үүдээ нээжээ?

-Миний хувьд 2010 оноос хойш хэд хэдэн төсөл дээр ажиллалаа. Хөхний эрүүл мэндийн төв бол хийж байгаа төслүүдийн минь нэг л дээ. Гурван жилийн өмнө энэ төслийг боловсруулж бичээд, судалгааг нь хийсэн. Монгол Улсын хэмжээнд хөхний эрүүл мэндийн асуудал орхигдчихоод байгаа салбар. Хөхөөр дагнасан, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байгаа эмнэлэг байхгүй. Зөвхөн Хавдар судлалын эмнэлэг дээр хөхний асуудалтай хүмүүс хандаж ирдэг. Хортой хавдрын асуудлыг уг эмнэлэгт шийдчихэж байгаа юм. Гэтэл хөхний хувьд ганц хавдраас гадна өөр олон асуудал гардаг. Буглаа, бэрсүү, хоргүй хавдрууд, гормоны өөрчлөлтүүд, шалтгаангүй өвдөөд байдаг гэх мэт маш олон төрлийн эмгэг байдаг. Ингэж өвдөж байгаа хүмүүс хаана хандах вэ гэхээр очих, хандах газар байдаггүй. Боломжтой нэг нь гадагшаа явж үзүүлнэ. Гэтэл хүн болгон тэгж явж чадахгүй. Тийм учраас энэ асуудлыг шийдэх гарц нь юу байх вэ гээд эхлээд төрд санал тавьсан юм. Төр үүнийг тодорхой хэмжээнд ач холбогдол өгч хүлээж аваагүй. Ингээд 2015 оноос хойш Солонгос, Япон гээд гадна, дотны хөрөнгө оруулагчидтай холбогдож явсаар эцэст нь монголчуудтайгаа хамтраад энэ эмнэлгийнхээ үйл ажиллагааг эхлүүлчихээд байна. Үйл ажиллагааг нь эхлүүлээд сар орчим болж байна.

-Одоогоор ямар үйлчилгээнүүд үзүүлж байна вэ?

-Манай төв оношилгоо болон зөвлөгөө өгөх түвшинд ажиллаж байна. Хөхний оношилгоонд өвөрмөц шинжилгээнүүд бий. Маммограф бол хамгийн чухал шинжилгээ. Хоёрдугаарт, хоёр төрлийн хэт авиа буюу эхо аппараттай. Эход харна, дараа нь маммографийн шинжилгээ хийнэ. Тэгээд эмчийн үзлэг, зөвлөгөө бий. Өдрийн эмчилгээ, туяаны хордлогыг тайлах эмчилгээ хийлгэх тохь тухтай орчинг бүрдүүлчихээд байна. Мөн хөхнөөс эд авдаг шинжилгээ, цусны бүх төрлийн шинжилгээг хийж байгаа. Хөхний толгойноос гардаг шингэнийг шинжилдэг цитологи буюу эсийн шинжилгээ бас авдаг. Хөхний эмгэгийн бүх оношлогоог хийж байна гэсэн үг. Манай төвийн хажууд “Бонавита” лаборатори бий. Тэнд бүхий л шинжилгээгээ хийлгэдэг.

-Үйлчлүүлэгч хэр их ирж байна?

-Хандалт байна. Түвэгтэй хэцүү нэг зүйл байна. Боловсон хүчний асуудал хүнд байна. Хөхний салбар Монголд хөгжөөгүй. Тэрнийгээ дагаад хөхний чиглэлийн эмч мэргэжилтнүүдийг боловсруулаагүй. Үүнийг цаашид бодлогоор хөгжүүлэх ёстой юм байна. Зөвхөн Хөхний эрүүл мэндийн төвд биш бусад эмнэлэгт хөхний чиглэлээр ажиллах шаардлагатай боловсон хүчнийг бодлогоор бэлтгэх хэрэгтэй байна.

Монголд хөхний чиглэлээр ажилладаг гарын таван хуруунд багтах цөөхөн хүний хоёр нь болох Монгол Улсын хүний гавьяат эмч Р.Асай, тэргүүлэх зэргийн эмч П.Төгсжаргал нар Хөхний эрүүл мэндийн төвийн зөвлөх эмчээр ажиллаж байгаа. Энэ хоёр хүн улсын хэмжээн дэх хөхний өвчний асуудлыг шийдэж чадахгүй учир цаашид энэ чиглэлийн эмч нарыг гадаадад сургая гэсэн бодол байдаг юм. Миний хувьд тус төвийн менежмент, удирдлагын багт нь ажиллаж байгаа.

-Хөхний эрүүл мэндийн төв байгуулагджээ гэх мэдээг дуулсан хүмүүс оношилгооны төлбөрийг нь ихэд сонирхож байна?

-Багцын үзлэг гэж тариф гаргачихсан байгаа. Эмч үзээд, зөвлөгөө өгөөд, маммограф, эхо оношилгоо хийлгэхэд багцаараа 50 мянган төгрөг. Энэ бол боломжийн үнэ. Энэ төслийг хэрэгжүүлэхдээ ашиг олохгүйгээр хувийн байгууллага оршин тогтноход бэрх гэдгийг бодолцсон. Гэхдээ ашиг гэхээсээ илүүтэй энэ салбарт тулгараад байгаа асуудлыг шийдэхэд ямар гарц байна вэ гэдэгт анхаарч байгаа л даа. Түүнээс биш айхавтар өндөр өртөгтэй шинжилгээ авна гэвэл энэ салбар маань хөгжихгүй, урагш явахгүй. Аль болохоор хүртээмжтэй, хяналтыг олон удаа хийх зэргээр үйлчлүүлэгчдэдээ ээлтэй байдлаар үйл ажиллагаагаа явуулж байна.

-Одоогоор ачаалал хэр байгаа вэ. Өдөрт хичнээн хүнийг оношилж байна вэ?

-Хоёр зөвлөх эмч маань шаардлагатай үед очиж зөвлөгөө өгч байгаа. Үндсэн нэг эмч маань хамаг сэтгэл зүрхээ зориулан их л ачаалалтай ажиллаж байна даа. Өдөрт 8-10 орчим хүн үзэж байгаа. Нэг хүнд зарцуулах хугацаа урт шүү дээ, 30-40 гаруй минут.

-Танай төвтэй ямар утсаар холбогдох вэ?

-77550007, 70009096 дугаарын утсуудаар холбогдож болно.

-Хөхөө тэмтрэхэд ямар нэгэн юм гарт мэдрэгддэг ч тэр нь хүүхэд төрүүлэхээр алга болчихдог гээд тоохгүй байх нь бий. Бас горьдоно, эрнэ гэж бий. Горьдсон үед бариа хийлгэх, элдэв юмаар илж маажих, домнох зэргээр аргалцгаадаг. Энэ мэт ардын арга засал хэр зөв бэ?

-Хөх нь өвдөж зангирахад хаашаа очих вэ гээд арга нь мухардаад л хүмүүсийн сайн гэж хэлдэг бариач, домч дээр очоод байдаг. Үүнтэй би зарим талаар санал нийлдэг, зарим талаар нийлдэггүй. Хөхүүл эмэгтэйчүүд горьдчихлоо гэдэг. Хөхний сүү үйлдвэрлэдэг булчирхайнаас хөхний толгой хүртэл суваг бий. Тэр сувгаар сүү дамждаг. Тэр нь бөглөрчихдөг.

-Юунаас болж?

-Энгийн үгээр сүү нь гашилна гэсэн үг. Ээдмэг шиг болчихоор нарийхан сувгаараа гарч чаддаггүй. Сүүний булчирхай сүү үйлдвэрлээд байдаг. Суваг нь бөглөрчихсөн байвал сүү нь нэмэгдээд тэлэгдээд томроод зангирчихдаг. Зарим илээч, бариач хүмүүс бариад тэр бөглөрсөн сувгийг нь нээчихдэг. Тэгэхээр дотор нь байсан сүү нь гадагшилчихаар эдгэчихлээ гэж ярьдаг. Гэхдээ хөхний бүх асуудал дээр бариа, иллэг байх ёстой гэж ойлгож болохгүй. Жирэмсэн биш, хөхүүл биш эмэгтэйчүүдийн хөхөн дээр юм гарлаа гэхэд бариулаад зүгээр болно гэж байхгүй.

-Хөхөө юманд цохиулахад үед хөндүүрлэх, хатуу юм тэмтрэгдэх, бэрсүүтэх зэрэг шинж тэмдэг илрэхэд “Хүүхэд төрүүлэхээр алга болчихдог” гээд байдаг. Энэ нь ямар учиртай юм?

-Жирэмсэлсэн үед төрөхөд бэлтгэгдээд сүүний булчирхайнууд хөгжөөд эхэлдэг. Тэр үед заримдаа гормон, шүүрэл ялгардаг. Шүүрэл ялгарлын явцад зарим нэг бэрсүү хайлаад урсаад алга болох тохиолдол байдаг. Гэхдээ бүх бэрсүү тэгж алга болохгүй шүү. Сүүний булчирхайны эсийн гаралтай, холбогч эсийн гаралтай гээд бэрсүүнүүд маш олон янз.

-Ямар төрлийн бэрсүү байна вэ гэдгийг дээр дурдсан оношилгоонуудаар гаргаад ирнэ биз дээ?

-Зангилаа, бэрсүү байвал заавал мэргэжлийн эмчид хандаж шинжилгээ өгөх ёстой. Шинжилгээ нь ч шат дараалалтай. Шууд хатгаж эдийн шинжилгээ авна гэж байхгүй. Эхлээд хөхний зураг авахуулаад эход оношилно. Эхний хоёроор оношлогдохгүй бол эдийн шинжилгээ авна.

-Сүүлийн жилүүдэд хөхний хорт хавдрын тохиолдол ихсээд байгаа. Энэ нь юутай холбоотой вэ?

-Ихсээд байгаа шалтгаан нь хөгжингүй орнуудын соёл орж ирсэнтэй холбоотой. Европын холбооны улс ялангуяа Герман, Австри, Белгид эмэгтэйчүүдийн хувьд номер нэг өвчин нь хөхний хавдар болоод байна. Хөхний хавдрыг эмчилж дийлэхгүй байна шүү дээ. Би саяхан Европын холбооны улсад болсон олон улсын хуралд оролцоод ирлээ. Тэр хурал дээр хөхний хорт хавдрын тухай л ярьсан. Монголд элэгний хорт хавдар, элэгний өвчлөлийг хамгийн их ярьж тэмцэж байгаа бол тэнд хөхний хавдартай тэмцэхийн төлөө зүтгэж байна.

Яагаад энэ өвчин газар аваад байна вэ гэхээр тэнд төрөлт байхгүй болсон. Төрөлт орой болсон. Хөхний хавдрын гол шалтгаан бол хэт орой төрөх, сарын тэмдэг орой ирэх. Хоёрдугаар том шалтгаан бол хүүхдээ хөхөөр хооллохоо больсон. Сүү үйлдвэрлэдэг булчирхайнууд сүү үйлдвэрлэлээ ч тэрийгээ гадагшлуулахгүй болохоор дотроо буглаад, эсүүдийн бүтэц алдагдаад эхэлдэг. Зориулалт нь сүү үйлдвэрлэхээ болиод эхэлдэг. Тэр нь явсаар хавдар болчихдог.

-Тэгэхээр хугацаандаа төрөх ёстой, хүүхдээ аль болох хөхөөрөө удаан хооллох ёстой байх нь?

-Тийм. Аль болох хугацаандаа төрөх ёстой. Хүүхэд төрүүлэх идэвхтэй нас гэж байдаг шүү дээ. Тэр хугацаандаа төрөх хэрэгтэй. Хүүхдээ хөхөөр хооллож байх ёстой.

-Ээжүүд хүүхдээ аль болох эрт хөхнөөс нь гаргаад бор хоолонд оруулах гээд байдаг болчихсон?

-Дээхнэ үед ээжүүд хүүхдээ гурав, дөрвөн нас хүртэл нь хөхүүлдэг байсан. Тэр нь муу юм биш байжээ. Хэт эрт хүүхдээ хөхнөөс нь гаргах нь нэг талаар ээжид өөрт нь, хөхөнд нь сөрөг нөлөөтэй. Тийм учраас үүнд хүмүүс мэдээлэл сайтай байх хэрэгтэй.

-Ямар давтамжтайгаар хөхний үзлэгт орох ёстой юм бэ?

-Олон улсын жишгээр 40-өөс дээш насны эмэгтэйчүүд жилд нэг удаа заавал хөхний урьдчилан сэргийлэх үзлэгт орж байх ёстой гэж заадаг. Харин 40 хүртэл насны эмэгтэйчүүд гурван жилд нэг удаа үзлэгт орж байх ёстой. Энэ бол бүр тогтчихсон хугацаа. 40 нас хүрсэн л бол “Би эрсдэлтэй бүлэг рүү орлоо” гэж үзээд жил бүр хөхний үзлэгт орно.

-Эцэг эхчүүд охиныхоо хөх ургаж эхэлсэн үеэс л хөхний үзлэгт оруулж хэвших хэрэгтэй юм байна?

-Ер нь бол тийм шүү. Эхнээсээ л хөхний эрүүл ахуйн зөвлөгөө авах ёстой. Төрсөн эх тодорхой хугацааны дараа шалгуулж байх ёстой. Манай программд үйлчлүүлэгчийн мэдээлэл суучихдаг. 40 хүртэл насны үйлчлүүлэгч өнөөдөр манай төвөөр үйлчлүүллээ гэхэд гурван жилийн дараа энэ өдрөөс долоо хоногийн өмнө программ автоматаар тухайн үйлчлүүлэгчийн мэдээллийг гаргаж ирж сануулна. Тэр дагуу манай ажилтнууд үйлчлүүлэгч рүү утсаар холбогдож “Хөхний үзлэгт орох хугацаа тань болсон байна” гэж сануулна. Үүнтэй адил 40-өөс дээш насны үйлчлүүлэгч рүү яг жилийн дараа программын сануулсны дагуу холбогдож үзлэгтээ орохыг сануулах юм.

Мөн ажил дээрээ эсвэл гэртээ хүүхдээ хараад гарч чадахгүй байгаа үйлчлүүлэгч рүү төвийнхөө зориулалтын эмнэлгийн машиныг илгээж очиж авна. Төв дээрээ авчраад шинжилгээг нь хийлгэж эмчид үзүүлчихээд буцаагаад гэрт нь хүргэх delivery үйлчилгээг нэвтрүүлээд байна. Бусад оронд үйлчилгээний ийм соёл байна аа гэдгийг монголчууддаа тодорхой хэмжээгээр ойлгуулахсан гэхдээ л ийм ажлуудыг хийгээд байна.

-Танай төвөөр үйлчлүүлж шинжилгээ хийлгэсэн хүмүүс дунд хорт хавдар илэрсэн тохиолдол гарсан уу?

-Гурав, дөрвөн хортой хавдрыг илрүүлсэн. Энэ бол тохиолдлын хувьд өндөр үзүүлэлт. Ер нь нийгмээ дагаад хортой хавдар зөвхөн хөх гэлтгүй ихсээд байгаа. Дээрээс нь янз бүрийн сүлжээний бүтээгдэхүүн, гормон агуулсан бүтээгдэхүүнүүд булчирхайлаг эд эрхтэнийг гэмтээгээд байдаг. Нойр булчирхай хамгийн өртөмтгий, бөөрний дээд булчирхай, хөх зэрэг булчирхайлаг эрхтнүүд өртөж байна. Би одоо Хавдар судлалын эмнэлэгт эмчээр ажилладаг. 2010-2014 оны хооронд АҮШУИС-ийн Хавдар судлалын тэнхимд багшилж байсан болохоор энэ бүхнийг онолын талаас маш сайн мэдээд байна.

Цаашид бид 40-өөс дээш насны 100 бүлэг хүнийг урьдчилсан үзлэгт оруулаад явлаа гэхэд ямар нэг муу юм болоход эрт оношилно гэсэн үг шүү дээ. Эрт оношлох нь амьдралын чанарыг уртасгаж өгдөг. Хавдар судлалын зарчим гэж бий. Эрт оношилгоо бол урт наслалт. Энэ хоёр бол шууд хамааралтай. Орой оношилгоо-богино наслалт гэсэн урвуу хамааралтай байдаг.


Categories
мэдээ цаг-үе

Б.Алтанцэцэг:Сөрөг мэдээлэл их уншвал донтуулдаг

Сэтгэл судлалын үндэсний төвийн сэтгэл судлаач Б.Алтанцэцэгтэй ярилцлаа.


-Өнөөдрийн нийгэм маш их бухимдалтай байна. Нийгмээ дагаад хүмүүс ч бухимдалтай болцгоочихсон. Ийм үед хүн яавал бухимдахгүй байх вэ?

-Улирал солигдох үед хүний бие махбодь, биологийн цаг түүнд дасахад тодорхой хугацаа шаардагддаг. Ялангуяа манайх шиг эрс тэс уур амьсгалтай оронд цаг агаар хүний сэтгэл зүйд хэрхэн нөлөөлж байгаа нь ил тодорхой харагддаг. Хаврын өдрүүдэд сульдах, сэтгэл санаа тогтворгүйтэх үзэгдэл хүн бүрт их, бага хэмжээгээр илэрч байгаа. Ийм тогтворгүй үед нэг зүйл төлөвлөснөөр бүтэхгүй бол бухимдах, тэр бухимдлаа гадагш цацаж эргэн тойрны хүмүүстээ халдаах үйлдлүүд их ажиглагдаж байна. Бид бүгдээрээ л нийгмийн амьтан учраас хамтдаа эвээ олоод амьдрах нь бидний үүрэг. Заримдаа таны төлөвлөгөөнөөс аливаа зүйл гажиж болно, үүнийг хүлээн зөвшөөрчих юм бол юмс их амархан, хялбар санагдаж эхэлнэ. Ер нь бүхнийг хяналтандаа байлгах гээд эсвэл бүхнийг өөрийнхөөрөө байлгах гээд хичээгээд байдаг төгс төгөлдөрт дурлагч хүмүүс л хамгийн их бухимдалтай байдаг. Заримдаа танаас огт хамааралгүй хэн нэгэн ирээд танд стрессээ “наачихаж” магадгүй, энэ үед аль болох анхаарлаа өөр зүйлд хандуулж мартах нь зөв сонголт. Хэн нэгэн таны өдрийг тэр чигт нь стресстэй, бухимдалтай болгож хувиргахыг бүү зөвшөөрөөрэй. Мөн болж өгвөл таныг стресстүүлдэг, бухимдал ихтэй газраар явахгүй байх, яаж цагаа зөв зохицуулбал нийгмийн стресст бага өртөх вэ гэдгээ ч бодож үзэж болно. Жишээ нь, яг ажил эхлэх есөн цагийн үед хүн бүр л ажил руугаа яараад сандруу байдаг. Энэ үед та замын түгжрээнд стресстдэг бол гэрээсээ жаахан эрт гараад үзээрэй.

-Өглөө гэрээсээ гараад замын түгжрэлээс эхлүүлээд бухимдуулах зүйл олон. Хүмүүсийн хөмсөг зангидсан царай, харилцааны соёлгүй байдал, эргэн тойрны болж бүтэхгүй байгаа зүйлс гээд орой гэртээ ирэх хүртлээ бухимдсаар л байдаг?

-Өмнө хэлсэн шиг манай нийгэмд төгс төгөлдөрт тэмүүлэгч перфекшинистүүд болоод бүхнийг өөрийнхөөрөө байлгах гэсэн айлын эрх хүүхдүүд олон байна. Энэ үед та өөрийнхөө сэтгэл зүйг хамгаалах хэрэгтэй болно. Сэтгэл зүйн дархлаагаа нэмэгдүүлэх хэрэгтэй гэсэн үг. Нэг хүн эвгүй харахад эсвэл эвгүй үг хэлэхэд эмзэглээд, өөртөө тусгаж аваад байвал өөрт хэцүү. Мөн та өөрөө ч бусдад сөрөг сэтгэл хөдлөл тараагаад байгаа юм биш биз гэдгээ бодоод үзэхэд гэмгүй. Бид ихэвчлэн бурууг бусдаас хайх гээд өөрөөсөө бусдыг хамаатуулж ярих гээд байдаг.

-Стресстэй нийгэмд амьдарч байгаа ч амар амгалан, баргийн юманд уурладаггүй төлөв төвшин хүмүүс байдаг. Тэд ямар учраас ингэж бухимдахгүй амьдарч болоод байна вэ?

-Хэд хэдэн зүйлээс шалтгаалж байгаа. Нэгдүгээрт, өөрийнх нь төрөлх зан чанар нөлөөлж байгаа байх. Төрөлхийн тайван темпераменттай хүмүүс байна, флегматик болон меланхоликууд. Эдгээр хүмүүсийн тархины мэдээлэл дамжуулах, цочролд хариу үзүүлэх хурд удаан байдаг учир гаднаа тайван, дөлгөөн харагддаг. Холерик болоод сангивиник хүмүүст аливаад түргэн хариу үзүүлэх гээд байдаг.

Хоёрдугаарт, өөрийгөө тайван байлгаж сурсан хүмүүс байна. Өөртөө аль болох цаг гаргадаг, өөрийгөө хайрладаг хүмүүс баргийн зүйлд стресстэж өөрийгөө зовоодоггүй. Энэ хүмүүс иог, фитнесст явж дасгал хийх, ногоо идэх гэх мэт амьдралын хэв маяг нь илүү эрүүл байдаг. Тэр хэрээрээ стресс багатай байдаг. Өөрөөр хэлбэл урьдчилан сэргийлдэг гэсэн үг. Бас дотроо стресстэй, бухимдалтай байгаа ч гаднаа түүнийгээ илэрхийлдэггүй, тайван байдлаа хадгалахыг хичээдэг хүмүүс байна. Энэ бол цэвэр сонголтын асуудал. Би бухимдлаа бусдад цацах уу, эсвэл өөртөө хадгалаад шийдэх үү гэдэг. Тэгэхээр нэг талаасаа энэ хүмүүс эргэн тойрноо хүндэлж байна гэсэн үг. Гэхдээ стресс бухимдлаа тайлах зөв арга нь дотроо хадгалж түгжих биш юм шүү. Аль болох эрүүлээр гадагшлуулж байгаарай, жишээ нь зааланд тоглох, дуу дуулах, хоол хийж идэх гээд олон арга байна.

-Монголчуудын улстөрждөг зан, улстөржимтгий байдал нь эргээд өөрсдийг нь бухимдуулаад байдаг байх шүү. Энгийн иргэн улстөрөөс ангид байвал уг нь амар юм даа?

-Нэг талаасаа улс төрийн оролцоотой байх нь сайн зүйл. Ялангуяа залуучуудын дунд. Харин үүнийг стрессээ гадагшлуулах арга мэтээр хэрэглээд байгаад л асуудал байгаа болов уу. Уурлаж бухимдсан үедээ хүн болгон их бага хэмжээгээр хэн нэгнийг буруутгамаар санагддаг. Сөрөг хандлагатай болчихдог учраас эргэн тойрны болж бүтэхгүй байгаа зүйлс улам тод харагдаж эхэлдэг. Энэ үед нүдэнд тусдаг, эргэн тойронд байдаг зүйл нь улс төрийн мэдээ болж таардаг. Бүр зориудаар сайтуудын коммент хэсэгт уур бухимдлаа гадагшлуулдаг хүмүүс ч байна. Сөрөг мэдээг их уншаад байхаар донтуулах эффекттэй байдаг. Тэндээс авсан сэтгэл хөдлөлөө ахиж мэдрэх гээд анхных шиг нь мэдрэгдэхгүй болохоор улам их уншаад байдаг. Тиймээс танд иймэрхүү шинж илэрч байвал өөрийгөө хянах, үйлдлээ анхаарах цаг болжээ гэсэн үг.

-Интернэтэд зүсэн зүйлийн мэдээлэл бий. Элдэв гэмт хэргээс эхлүүлээд жихүүдэс төрөхүйц явдал гээд тоочвол хэрэггүй мэдээ сэлт их. Тэр болгоныг уншсанаар өөрийгөө сайн дураар бухимдуулж байна гэж үзэж болно биз дээ?

-Яг тийм. Нэг талаасаа энэ төрлийн мэдээг их уншаад байвал та цаг зав ихтэй байна аа л гэсэн үг. Завтай хүмүүс сөрөг зүйл ярьж, энэ талаар уншиж, бусдадаа түгээх нь их. Нөгөө талаас та өөртөө бага зэрэг сэтгэл хангалуун бус байгааг илтгэж байна. Ялангуяа хүүхэд төрүүлсний дараахь сэтгэл гутралын үед илэрдэг нэг шинж нь ээжүүд олон нийтийн сүлжээн дээр сөрөг зүйлс их түгээж, бичдэгээс харагддаг. Энэ нь тэд хүүхдээ харж удаан гэртээ байснаасаа болоод нийгмээс тусгаарлагдсан, бусдад хэрэггүй хүн боллоо гэх мэдрэмж, дээрээс нь биеийн хувьд ядарсан, даавар тогтворжоогүй учраас сэтгэл хөдлөл тогтворгүй байгаа зэргээс шалтгаалдаг. Хэрвээ танд энэ зүйл тохиолдож байвал хүүхэд томорч, биеийн байдал эргээд энгийн үеийнхдээ шилжиж, магадгүй ажилдаа эргээд ороход сэтгэл санаа сайжирна гэдгийг санаарай. Товчхондоо та сөрөг зүйлсэд их ач холбогдол өгөөд эхэлвэл өөрөө сэтгэл зүйн хувьд асуудалтай байна, өөртөө цаг гаргах хэрэгтэй байна гэдгийг илтгэж байгаа том шинж тэмдэг гэж ойлгож болно.

-Хүн гэртээ орж, гэр бүлийнхээ халуун дулаан уур амьсгал дунд стресс, бухимдлаа мартдаг бол одоо үед гэр нь стресс үүсгэгч болчихоод байна уу даа гэж харагдах юм. Эхнэр нөхрийн харилцаанаас авахуулаад тоочих зүйл олон л байх аж?

-Ялангуяа хүүхдүүдэд хэцүү байна. Хүүхдүүд эцэг эхээсээ хамааралтай байдаг. Эцэг эхийн сэтгэл санаа ямар байна хүүхэд яг л тийм байна. Хэзээ аав, ээж хоёр минь муудалцах бол доо гэж байнга түгшдэг хүүхдүүдийн сэтгэл санаа их тогтворгүй, савалгаатай байдаг. Гэр бол бидний тайвшрах, өөрсдийгөө цэнэглэх газар юм. Түрүүн ярьсанчлан нийгмийн стресст өртсөн бол үүнээс ангижрахад тусалдаг газар нь гэр юм. Гэтэл энэ газар стресстэй болоод эхлэхээр хүүхэд, насанд хүрэгчидгүй бүгд цөхөрч эхэлдэг. Өөрсдийнхөө сэтгэл санааг дээрдүүлэх гэж оролдож байгаа нь насанд хүрэгчдэд архи уух, хүүхдүүдэд гэрээсээ гарч тэнэх зэргээр илэрч байна.

-Хүн бухимдахгүйн тулд амьдралдаа ямар зарчмыг мөрдлөг болговол зүйтэй вэ?

-Хамгийн зөв гарц нь хүн бүр сэтгэл зүйн хэвийн тогтвортой байдлыг биеийн эрүүл мэндийн нэг хэсэг гэж хүлээн зөвшөөрч анхаарал тавьдаг болох юм. Сэтгэл зүйн боловсролоо дээшлүүлэхэд цаг заваа зарцуулаарай, бие дааж уншаарай, сэтгэл судлаачтай уулзаж зөвлөлддөг болоорой гэж хэлмээр байна. Үүнээс гадна хүнийг бухимдуулдаг хэдэн шалтгаанууд байдаг. Гомдох, үзэн ядах, хүлээн зөвшөөрөхгүй байх гэх мэт. Тиймээс миний зөвлөх зарчмууд гэвэл, бусдад бүү гомд, бусдыг бүү гомдоо, уучилж болохоор бол уучил, болохгүй бол уучлахгүй гэдгээ хүлээн зөвшөөрөөд март, асуудал гарсан бол шийд, сонголтоо хурдан зөв хийхийг хичээ.

-Юунд ч битгий санаа зов, бүх юмыг цаг хугацаанд даатгаад орхи гэж зөвлөөд байдаг. Ингэх нь хэр зохимжтой вэ?

-Асуудал байгааг анзаарсан бол шийдэхийг хичээ, өөрийнхөө төлөө үйлдэл хий. Хүмүүсийг гурав ангилж болж байна. Нэгдүгээрт, асуудал байгааг мэддэггүй, хоёрдугаарт, асуудал байгааг мэдсэн ч үйлдэл хийдэггүй, гуравдугаарт, асуудал байгааг мэдсэн даруйд үйлдэл хийж эхэлдэг. Үйлдэл хийдэг хүмүүс илүү тайван, сэтгэл ханамжтай амьдрах хандлагатай байдаг. Жишээ нь, өглөө бүр ажлаасаа хоцроод яаран сандрах, үүнээсээ болоод өдөр нь түгшүүртэй эхэлдэг хүн байлаа гэж бодъё. Энэ хүн үүнийгээ анзаарах, анзаарсан бол гэрээсээ арай эрт гардаг болох уу, үгүй юу гэдэг нь хувь хүнээс өөрөөс нь хамаарч байна гэсэн үг.

-Зарим хүн бухимдаж байгаа үедээ “Би зүгээр ээ” гээд байдаг. Бухимдалтай байгаа хүний гаргадаг зан ааш ямар байдаг вэ?

-Ихэвчлэн хоёр төрлөөр бухимдалтайгаа тэмцдэг. Нэг нь үгүйсгэх, дарах, тайван байгаа мэт дүр эсгэх. Нөгөө нь гадагшлуулах, бусдад ярих, илэрхийлэх зэрэг юм. Би зүгээр ээ гээд байгаа хүмүүс дарах аргыг хэрэглэдэг гэсэн үг. Энэ үед өөрт нь их хэцүү. Стресс удаан хугацаанд үргэлжилдэг. Бас бөөгнөрсөөр нэг өдөр “дэлбэрэх” аюултай. Байнга гадагшлуулаад, яриад байвал бас сурчихдаг, ойрхон ойрхон бухимдах гээд байдаг болчихдог. Бухимдалтай байгаа хүнийг таних хамгийн энгийн арга нь тэр хүн юмыг ихээхэн сөргөөр харах гээд байдаг болчихдог. Ярианых нь агуулгад “Үгүй ээ”, “мэдэхгүй ээ”, “гэхдээ л…”, “чадахгүй” гэх мэт үгүйсгэсэн утгатай үгнүүд их орж ирдэг.

-Удаан бухимдаж явсанаар тухайн хүний сэтгэл болоод бие махбодид ямар сөрөг нөлөө гардаг вэ?

-Хамгийн наад зах нь эмэгтэйчүүдийн гэдэс сунаж эхэлнэ. Стрессийн гэдэс гэдэг. Энэ нь хоол боловсруулах үйл ажиллагаа муудсантай холбоотой. Мөн зүрх өвддөг, аймхай болно, нүдний хараа муудна. Дархлааны систем муудсанаар өвчинд өртөмтгий болно. Сэтгэл зүйн хувьд уурладаг, бухимддаг нь зуршил болох эрсдэлтэй. Байнга уурлаад байвал сурчихдаг. Ялихгүй зүйлд хүчтэй стрессддэг болчихдог. Мөн сэтгэл хөдлөл тайван биш байснаар анхаарал төвлөрөл болон шийдвэр гаргах чадвар муудна гээд нэрлээд байвал олон сөрөг нөлөө бий.

-Хүнийг бухимдаж байгааг танихад хялбар байх. Тэгвэл бухимдалтай нийгэм, бухимдалтай хамт олонд ямар сөрөг үр дагавар гарч ирдэг вэ?

-Ярилцлагын эхэнд дурдсан шиг бухимдал халдварладаг. Ажлын байран дээр бухимдлаа илэрхийлэх эсэх, яаж илэрхийлэх нь байгууллагын соёлоос их хамаарна. Анхнаасаа нэг нэгнээ хүндэлдэг, эрүүл соёлтой бол асуудал үүссэн ч эрүүлээр шийдчихнэ. Мөн зарим стресс өндөртэй ажлууд байна, ялангуяа харилцааны, үйлчилгээний ажлууд. Төдий чинээгээрээ хүндээ илүү анхаарч стресс менежмент, ангер менежмент хичээл сургалтуудад хамрагддаг байвал сайн. Ажлын байран дээр бид амьдралынхаа ихэнх цагийг өнгөрөөж байгаа шүү дээ. Энд бухимдалтай болоод эхэлбэл хүнд сэтгэл зүйн хувьд их дарамт болж эхэлнэ.

-Бухимдаж эхэлж байгаагаа мэдвэл ямар арга хэмжээ авах вэ?

-Эхний ээлжинд тайвшир. Тайвшрах дасгалууд байна. Иогт явах нь үр дүнтэй. Дараа нь бухимдаад байгаа шалтгаанаа ол. Дараа нь үүнээс болж ахин бухимдахгүйн тулд юу хийх хэрэгтэйгээ бод, ямар нэг шийдвэр гарга. Танаас хамааралгүй асуудал бол аль болох зайгаа барь. Та өөрчилж болохоор зүйл байвал өөрчлөх гээд үз. Танаас хамааралгүй хэрнээ өөрчилж болохгүй, орхиод явж болохгүй зүйл байвал хүлээн зөвшөөр.

Монголчууд сэтгэл мэдрэмжээ үгээр илэрхийлдэг болоход илүү анхаарах хэрэгтэй юм шиг санагддаг. Яагаад, юуны учраас бухимдаад байна гэдгээ гэр бүлдээ ярьж байгаасай. Болохгүй зүйл байвал хэлж, болж байгаа зүйлсээ ч хэлж, нэг нэгэнтэйгээ ярилцдаг байх ёстой. Бүхнийг дотроо хадгалаад түгжчихвэл дараа нь эрүүл бусаар гадагшилдаг юм шүү.


Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

С.Баяр, Ч.Сайханбилэг шиг зориглох Ерөнхий сайд нар ойрын үед төрөхгүй

1990-ээд оноос хойш Оюу толгойн орд улстөрчдийн хувьд хэрүүлийн алим, талцах талбар нь байсаар ирсэн. Тал талаас нь шүүмжилж, хөрөнгө оруулагчдыг үргээж байснаас биш ажил хэрэг болгохоор сэтгэл, зориг шулуудсан хүн үгүй байлаа. Тэгтэл 2009 оны намар тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр Оюу толгойн гэрээнд гарын үсэг зурснаар уул уурхай, эдийн засаг төдийгүй улс эх орны ирээдүй, иргэдийн ахуй амьдралыг дээшлүүлэх маш том ажлыг эхлүүлсэн юм. Үүгээрээ түүхэн болоод гавьяатай үйл хэргийг С.Баяр Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа эхлүүлсэн. Эрдэнэтээс дөрөв дахин их ашигт малтмалын нөөцтэй Оюу толгойн ордыг ашиглаж эхэлсэн нь Монголын төдийгүй дэлхийн хэмжээнд томоохон үйл явдал болсон. Тийм ч болохоор С.Баяр “Оюу толгойн гэрээнд гарын үсэг зурсан минь том гавьяа” хэмээн ярьсан нь яалт ч үгүй үнэн. Оюу толгойгоос өөр ийм хэмжээний өөр ямар том төсөл хөдөлснийг хэлэх хүн байна уу.

Оюу толгой хөдлөхөөс өмнө 2008 онд манай улсад нийт 709 тэрбум төгрөгийн гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирж байсан бол 2009 онд 801 тэрбум, 2010 онд нэг их наяд 25 тэрбум төгрөг гадаадын шууд хөрөнгө оруулалтын шугамаар улсын эдийн засагт шингэж байжээ. 2011 онд Оюу толгой төслийн хөрөнгө оруулалт эрчимжсэнтэй холбоотойгоор гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ дөрвөн их наяд төгрөгт хүрсэн нь Монгол Улсын хувьд дээд амжилт болж тэмдэглэгдсэн гэж болно. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ дөрвөн их наядад хүрсэн 2011 оноос монголчууд “Хүний хөгжил” сангаас сар болгон 21 мянган төгрөг авч, оюутан, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ч тодорхой хэмжээний мөнгийг сар бүр олгож, аймаг, сум бүрт төсвөөс олгох хөрөнгийн зардлыг нэмэгдүүлж, манай эдийн засаг тухайн онд 17.3 хувиар өссөн нь мөн л хамгийн дээд үзүүлэлт болсон. Эдийн засаг 17.3 хувиар өслөө гэдэг сайхан мэдээг бүгд сонсоод баярлаж “Хүний хөгжил” сангийн мөнгөнд дугаарлаж, сар болгон Оюу толгойн үр шимээс хүртэж байснаа та бүхэн санаж байна уу. Хоёр жил гаруй хугацаанд улсаас ингэж мөнгө авч байснаа мартаагүй биз дээ. Энэ бүхэн бол Оюу толгойг хөдөлгөсний л ач тус байсан. Одоо ч Оюу толгой хөдөлж байгаагийн хүчинд Монголын ард түмэн хоёр идэхгүй, хоосон хонохгүй болоод л байна.

2012 оны сүүлээс ажиглагдаж эхэлсэн дэлхийн эдийн засгийн хямрал Монгол Улсад нөлөөлж 2013 онд байдал хэцүүдэж эхэлсэн. Эдийн засгийн бүхий л салбар уналтад орж, Монголын эдийн засаг дэлхийн уул уурхайн зах зээлийг дагаад хямарсан. Оюу толгойн ордын 20 хувь болох ил уурхайг ажиллуулж эхэлснээр эдийн засгаа бид 17.3 хувьд хүргэж байсан. Энэ хямралаас болж Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажил гацаж, 80 хувийг бүрдүүлж байсан далд уурхайг ашиглалтад оруулах зайлшгүй шаардлага тулгараад байсан юм. Ингээд 2015 оны сүүлээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Оюу толгойн далд уурхайн 4.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээг Дубайд үзэглэж эдийн засгийн гацааг арилгасан бас нэгэн гавьяатан.

Хэрвээ 2015 онд Дубайн гэрээг байгуулаагүй байсан бол Монгол Улс дэлхийн эдийн засгийн хямралд өртөх байтугай, дампуурахад сүүлчийн ганц шидэмс нь тасрахад бэлэн байсан. 2008-2009 онд үргэлжилсэн дэлхийн эдийн засгийн хямрал, 2013 оноос одоо хүртэл үргэлжилж байгаа олон улсын хямралд Монгол Улс Оюу толгойнхоо хүчээр л хөл алдахгүй, элгээрээ мөлхчилгүй явсаар ирсэн. Нийгэм, эдийн засгийн хямралт хэдэн жилийн хар бараан шөнийг та бид Оюу толгойн нөмрөөр л давж үүр хаяарууллаа. Одоо эдийн засагт өсөлт ажиглагдаж, гэгээ тусч эхэллээ. Монголчуудын хувьд хямрал цагийн жамаар, аяндаа арилж байна гэхээсээ илүүтэй Оюу толгойн далд уурхай хөдөлж эдийн засагт өсөлт гарч байна гэж тайлбарлах нь зүйтэй. Гэтэл улс эх орноо, ард түмнээ хүнд үеүдэд чирч гаргаж гавьяа байгуулсан Ерөнхий сайд нараа гэмт хэрэг хийсэн хэмээгээд шоронд хорьж байна.

Өнгөрсөн оны байдлаар Оюу толгойн Монгол Улсад зарцуулсан мөнгөн хөрөнгө долоон тэрбум ам.доллар, гүний уурхайн төсөл дээр монгол компаниудтай байгуулсан гэрээний дүн 1.4 тэрбум ам.доллар давж 2017 онд л гэхэд 180 сая ам.долларыг татварт төлж, 5.7 сая ам.долларыг Өмнөговь аймгийн тогтвортой хөгжлийн төслүүдэд оруулаад байгаа аж. Нийтдээ 2010-2017 оны хооронд дотоодын худалдан авалтдаа 2.2 тэрбум ам.доллар зарцуулчихаад байгаа юм байна.

Оюу толгойг хөдөлгөх ёсгүй, хэвтэж л байх ёстой байсан гэж эх орончид хэлдэг. Хэвтэж болно л доо. Хэрвээ хэвтэж л байсан бол Монгол Улс эдийн засгийн хямрал, донсолгоонуудыг яаж туулж гарч ирэх байсан бэ.

Оюу толгойг хөдөлгөсөн, ард түмнээ хоолтой байлгасан Ерөнхий сайд нарыг шоронд хийсэн бол араас нь “Таван толгойн хөрөнгө оруулагчийг сонгож, хэлэлцээр хийх” үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан Монгол Улсын сайд асан М.Энхсайханыг чичлээд эхэллээ. Байдал нь бүр дэн дун болоод ирж байх шиг байна. Яагаад ч юм Эрдэнэт, Таван толгой, Оюу толгой гээд бүгдийг гацаах гэсэн гинжин хэлхээ яваад байх шиг байна. Эрдэнэтэд хулгай нүүрлэчихээд байгааг та бид харж байна. 49, 51 хувь гэж хуваагдчихаад хоёр талаас нь хулгайлцгаасан байгаа бол Оюу толгойг улстөржилтөөр гацаачихаад байна. Эрдэнэтэд хийсэн хулгайн хэргээ дарахын тулд Оюу толгой дээр ингэж зориудаар шуугиан дэгдээж байгаа юм.

Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкныхан удаа дараа бидэнд “Танай улс Оюу толгойнхоо хүчинд амьдраад байна шүү” гэдгийг сануулаад байгаа. Өөрсдийн хулгайгаа нуух гэж Оюу толгой дээр гаргаж байгаа улстөржилтөөс үүдэж дэлхийд нэр хүндтэй Рио Тино компанийн хувьцааны үнэ ханш буурч байна. Бага багаар сэргэж байсан гадны хөрөнгө оруулагчдын нааштай байсан хандлага үүнээс болж татрахыг үгүйсгэх аргагүй. Монголчууд аа, цаашид хэдүүлээ яаж амьдрах болж байна аа. Эрдэнэт, Оюу толгой, Таван толгой, төмөр зам, цахилгаан станд гээд бүтээн байгуулалт, уул уурхайг хөдөлгөсөн болгоныг шоронд хийгээд байхаар юу болох вэ. Ажил хийсэн болгоныг барьж хориод байвал энэ улсад чинь юм хийх эр зоригтон үгүй болох нь. Эсвэл ОХУ, БНХАУ-ын тусламжаар амиа зогоох хувилбарыг сонгож хоосон хармаандаа гараа хөлөргөж гудамж метрлэх болж байна уу. Шонгийн модны ухсан нүхээ бүтээн байгуулалт хэмээн ойлгож сүү дусааж, нийтийн бие засах газар байгууллаа гээд тууз хайчилсаар байх юм уу.

Ерөнхий сайд Ү.Хүрэлсүх юуг ч хөдөлгөж чадахгүй. Улстөрийн оноо авахын тулд яахав авлигатай тэмцэж байна гэж шуугиан дэгдээсээр хугацаагаа өнгөрөөх байх л даа. Яагаад вэ гэвэл тэр айж байгаа, юм хийхээс эмээж байгаа. Хэрэвзээ зоригтой хөдөлж, шийдвэр гаргаж ажиллавал дараагийн Засгийн газар гарч ирээд өөрийг нь өчиггүй баривчилж хийрхсэн ард түмэн нүүр рүү нь нулимна гэдгийг мэдэж байгаа.

Юм хийсэн хүмүүсийг ингэж баривчилж шоронд хийгээд байхаар эх орон, ард түмнийхээ төлөө зоримог шийдвэр гаргах Ерөнхий сайд гарч ирэх үү. Лав л ойрын арван жил С.Баяр, Ч.Сайханбилэг шиг Ерөнхий сайд дахин төрөхгүй шүү.

Ийм их улстөрждөг, хийрхсэн ард түмнийг хоолтой байлгахын тулд ажил хийгээд хариуд нь шоронд орохыг хэн хүсэх юм бэ.

Монголын хамгийн анхных гэж хэлж болохоор том хөрөнгө оруулалт, барууны гуравдагч хөршийн дэмжлэгээр хөдөлсөн Оюу толгой гацах шинжтэй болчихлоо, эх орончид оо. Монгол Улс яаж хөгжих юм? Оюу толгойн гэрээг байгуулахад байлцсан Б.Бямбасайхан, С.Баярцогт нарыг ч хорьчихлоо. Өрнөж байгаа үйл явдлыг гайхан харж суугаа Оюу толгойн хөрөнгө оруулагчид “Бидэнтэй гэрээ хийсэн болгоныг шоронд хийгээд байх юм уу. Бүх гэрээ хэлцлээ Арбитр дээр тохиролцож байя” гэж байна.

Хийрхсэн ард түмнийг хоолтой байлгах гэхдээ л хийсэн ажлууд шүү дээ, уг нь. Хулгайгаа нуух гэсэн, атаа жөтөө, хувийн өс хонзонгоо тайлах гэсэн хэсэг бүлэг этгээдүүдийн захиалгаар л энэ хүмүүсийг ар араас нь шоронд хийж байна. Хийж, бүтээсэн хүнээс алдаа олох шиг амархан юм үгүй. Юм хийж байгаа хүн л хамгийн их шүүмжлүүлдэг хойно. Бурхныг ч хүртэл шүүмжилдэг ард түмний төлөө ямар ч Ерөнхий сайд чөмгөө дундартал, үсээ цайтал зүтгэлээ ч хожим нь ингэж зэмлэл хүлээх байтугай төмөр торны цаана суудгийг бүгд харж байна. Алдаа олъё гэвэл юунаас ч алдаа олдоно. Өө эрвэл өндөгнөөс өө гардаг гэдэг дээ. Ард түмнээ хоолтой байлгах гэж толгойгоо гашилгаж, томоохон төслүүдийг хөдөлгөсөн Ерөнхий сайд нарыг бөөнөөр нь барьж аваад хориод байгаа нь үнэхээр ч Монгол Улсын гадаад нэр хүндэд халтай л даа.

Нөгөөтэйгүүр хойшид Монгол Улсад юм хийх Ерөнхий сайд нарын зоригийг энэ бүхнээрээ мохоож байна. Зүтгүүргүй, хүчгүй галт тэргийн цуваа хаана хүрнэ гэж вэ. Зүтгүүргүй бол тэр галт тэргүүд зам дээрээ зэвэрнэ. Хүчит хөдөлгүүр, зүтгүүрээ тасалж хаяад байвал байрнаасаа хөдлөхгүй шүү.

Categories
мэдээ цаг-үе

Д.Алтанхуяг: Бие минь харьд байгаа ч сэтгэл минь Монголдоо шүү

Монгол Улсын гавьяат жүжигчин, балетчин Д.Алтанхуягтай цахимаар холбогдож ярилцлаа.


-Та одоо хаана, ямар ажлаар явж байна вэ?

-Би хэд хоногийн өмнө Японы Токио хотоос Нью-Йоркт ирчихээд байна.

Тэнд Олон улсын тэмцээний шүүгчээр ажилласан юм. Тэр тэмцээнд 220 гаруй оролцогчидтой есөн орны бүжигчид, залуу, өсвөр үеийн балетчид цугласан.

-Та АНУ-д ер нь суурин байгаад байх шиг байна. Хамгийн сүүлд Монголд хэзээ ирсэн бэ?

-Манай гэр бүл Нью-Йоркт суурин байгаа. Сүүлд Монголд өнгөрсөн арванхоёрдугаар сард “Цөмөөхэй” балетаа тоглож дараа нь хоёрдугаар сард Олон улсын тэмцээнийхээ бэлтгэл ажлаар Монголдоо очсон. Ер нь байнга тасралтгүй холбоотой ажилладаг болохоор бие минь харьд байгаа ч сэтгэл минь Монголдоо шүү дээ .

-АНУ-ын Бостон балет компанийн гоцлол бүжигчнээр ажиллаж байгаа хэвээрээ байх нь ээ?

-“Бостон балет”-д үндсэн бүжигчнээр ажиллахгүй байгаа. Харин олон улсад аялан тоглох менежментийн тал дээр бол харилцаатай ажилладаг.

Одоо Нью-Йоркт “Сирио Коллектив” гээд өөрсдийн байгуулсан компанидаа их цаг зарцуулж байна. Яваандаа олон улс, тэр дундаа Ази тивтэй ойрхон ажиллах төлөвлөгөө байгаа. Мэдээж Америкийн талтай байнга ажил, амьдралын холбоотой явна л даа.

-Та сая олон улсын тэмцээний бэлтгэл гэж ярилаа. Хэзээ болох тэмцээн юм. Бэлтгэл ажил нь хэр яваа вэ?

-Энэ тэмцээн маш өргөн утга агуулгатай. Том тэмцээн манай эх оронд болох гээд байна. Манайд дэлхийн урлаг болох балетын урлаг хөгжөөд 60 гаруй жил болохдоо олон сайхан уран бүтээлчид энэ урлагт бие, сэтгэлээ зориулан, зориулсаар байгаа билээ.

Иймд манай улс нэгэнт хөгжчихсөн энэ сайхан урлагаараа дамжуулан эх орноо олон нийтэд сурталчилах, мэргэжлийн үүднээс асар олон давуу тал олж авах гээд энэ тэмцээний ач холбогдлыг яривал их урт жагсаалт болно шүү. Ирэх сарын 30-наас зургадугаар сарын 2-ны хооронд Улаанбаатар хотод уг тэмцээн маань болно.

-Одоогоор хичнээн орны балетчид оролцохоо илэрхийлээд байна вэ?

-Эл тэмцээн маш чухал өнцгөөс бидний ирээдүйн үнэлэмжийг дэлхий дахинд харуулна гэдгийг л маш сайн ойлгож дор бүрнээ хариуцлагатай гүйцэтгэл сайтай ажиллах нь тэмцээний зохион байгуулагчид болон манай хамт олноос хамаарч байна.

Тэмцээн болно гэснээс хойш олон улсын балетын ирээдүй болсон залуу уран бүтээлчид сонирхох, гайхах зэрэгцэн хүлээн авч байна. Зарим монголчууд ч ийм том тэмцээн эх оронд нь зохиогдох гэж байгааг дуулаад гайхаж байна шүү. Одоогоор Хятад, Орос, Солонгос, Куба, Сингапур, Япон, Казахстан, Герман, Филиппин зэрэг орны балетчид оролцохоо илэрхийлээд байна. Оролцогчдыг дагаад энэ урлагт дуртай сонирхдог үзэгчдээс эхлүүлээд мэргэжлийн олон хүн ирэх хандлагатай байгаа. Жишээлэхэд, Сингапураас 7-9 оролцогч орох байх, түүнийг дагалдан 14 хүн хамгийн багадаа ирнэ. Тэдэн дунд эх орондоо их зүйл бүтээсэн хүндтэй алдартай хүмүүс багтаж байгаа гэхээр та бүхэнд бас энэ тэмцээний ач холбогдол эхнээсээ харагдаж байгаа байх. Мөн Хятад улсаас их сургууль, Шанхайн Балетын төв, Урлагийн яамны өндөр албан тушаалтнууд ирнэ. Энэ мэтээр маш олон ажил бидний хэлдгээр хөшигний ард өдөр шөнөгүй үргэлжилж байна даа.

Бид тэмцээнийхээ бэлтгэлийг эртнээс базаасан. Энд нэг зүйл дурдахад, манайд болох олон улсын балетын тэмцээний өмнө БСШУ-ы сайдын ивээл дор хоёр дахь удаагаа зохиогдох гэж буй өсвөр, залуучуудын 6-18 насны хооронд болох балетын тэмцээн бий. Түүнд оролцоод хоёрдугаар шатандаа тэнцсэн 12 наснаас дээш оролцогчид маань олон улсын тэмцээнд оролцох эрхтэй болж байгаа юм. Олон улсын тэмцээнд оролцсон Монголын шилдэг оролцогчдоос дараа дараагийн олон улсын тэмцээнд оролцох урилга хүлээн авна гээд шаталсан боломжууд нээгдэнэ гэсэн үг л дээ. Шанхайд ирэх наймдугаар сард Олон улсын балетын тэмцээн болно. Тэр тэмцээнд оролцоход зардлыг нь 100 хувь даах юм. Ингэхээр энэ тэмцээн маань дэлхийд хамгийн өндөр шагналын сантай тэмцээн байгаа.

-Өмнө нь манайд ийм том хэмжээний, өргөн цар хүрээтэй балетын уралдаан болж байсан уу?

-Үгүй, анх удаа болно. Манай агентлагийн Эрдэнэбат захиралтай анх энэ тэмцээний талаар ярьж эхэлснээс хойш олон хүн сайхан хүлээн авсан. Харьяа яамны сайд Цогзолмаа дэмжиж, бүр Ерөнхий сайдад уламжлан танилцуулсан. Энэ удаад Олон улсын тэмцээнийхээ Удирдах зөвлөлийг байгуулан, тэмцээний хороо гэж шинээр гаргах юм. Мөн Монгол Улсад Балетын сургууль жинхэнэ утгаараа асар өндөр зэрэглэлд байх талаар хэлэлцэх арга хэмжээнүүд ч болно.

Балетын сургууль бол бидний ирээдүй хойч үед үгүйлэгдээд байгаа зүйл. Би олон улсын тэмцээнд оролцох гээд зардал хайгаад бөөн юм болдог байлаа. Зардлаа олж очоод өрсөлдөж байхдаа гадны бүжигчдийг хараад “Энэ тэмцээн эх оронд минь болж байсан бол ямар гоё угтан авч байх байсан бол доо” ч гэж бодогдоно. Өвдөж байхад ганцаараа байх хэцүү, шүүгчдийг хараад би Монгол гэсэн шиг бүхнийг тэвчээд тайзан дээр гардаг байлаа. За тэгээд хамт олон, гэр бүл, ах эгч нар хажууд байх шиг сайхан зүйл хаа байх вэ дээ. Дэмжигчидтэйгээ ямар хамт гадагшаа бөөнөөрөө явж чадах биш. Энэ үүднээсээ манайд болох олон улсын тэмцээнийг боломж гэж би харж байгаа.

-Та хэзээ эх орондоо ирэх вэ?

-Тэмцээнийхээ ажлаа бодвол одоо ч яваад очмоор байна. Гэхдээ энд төлөвлөсөн ажлуудаа дуусгаад тэмцээн болохоос хэд хоногийн өмнө очно. ДБЭТ, болон Яамны газрын дарга Сэргэлэн, Нийслэлийн Соёл урлагийн газрын хамт олон, Соёл урлагийн агентлаг, Монголын Балетын Хөгжил сан, Монгол Улсын консерватор, Соёл урлагийн их Сургууль, Засгийн газар гээд холбогдох хүмүүс, ажлын хэсгийн хамт олон, мөн сайн дурын ажилтан залуус гээд бид олон улсын тэмцээнийг анх удаа хийхэд бэлэн болсон байгаа. Мэдээж эхнийх алдаа оноо, боломж, ойлгох, ойлгохгүй зүйл их л гарч байгаа ч бид үүнийг хийснээрээ дараа дараагийн ажилдаа туршлага хуримтлуулна гэж найдаж байна.

-Монгол сонгодог урлагийн театртай гэхээр гайхдаг цаг хэдийнtэ өнгөрсөн. Монголд дэлхийн шилдэг найман балетчины нэг байдаг гэхээр зарим үзэгч итгэдэггүй?

-Би бол ардын авьяастны өлгий Ховд аймгаас төрсөн Ардын биелээч Дугараагийн хүү Алтанхуяг. Дотооддоо балетаар бэлтгэгдэн гарсан анхны ангийн төгсөгч. Багаасаа аавыгаа даган урлагт дуртай болсон хүүхэд. Хэрвээ балетчин болоогүй бол ардын бүжигчин байх байсан. Балет дэлхийн өнцөг булан бүрт хөгжиж байна. Бүжгээр бол балет нь дэлхийн хэл гэж ойлгож болно. Бид хэлгүй бол хөлгүй гэдэг. Бүжиг бол бидний амьдралын баяр баясал гунигаа илэрхийлдэг сэтгэлийн хэллэг, үүнийг дэлхий дахинаар, урлагаар дамжуулан хоорондоо холбогдож байгаа илэрхийлэл гэж ойлгоцгоодог. Иймээс бид дэлхийн энэ хэлийг мэдэж, шинэ үг бүрийг нь үр хүүхдүүддээ сургаж байх юмсан. Энэ их урлагийг зөв хурдацтай хөгжүүлэх л хэрэгтэй байна даа.

Би мундаг биш ээ, бас л сурах гээд мэдэхгүй зүйл ихтэй хүн энд байна.

-Хүн өнгөрсөн үеийн үргэлжлэл. Энэ урлагт хөтөлсөн эрхэм хүмүүс, багш нарынхаа тухай дурсвал?

-Энэ урлагт хөтөлсөн аав маань, сурах гэж тэвдэж явахад минь тусалсан ах, дүү төрөл төрөгсөд, анд найзууд, ачит багш нар, сургууль, театрын хамт олон, гадна дотны гэлтгүй сэтгэл гаргасан хүмүүсийн ачийг хийж буй үйлээрээ хариулж хойч үеийнхэндээ мөн тэдэнтэй адил тус хүргэж ухаан зарж явах юмсан гэж дотроо бясалган явдгаа илэрхийлье. Их урлагийг анх эх оронд минь хөгжүүлэхэд зориулсан тэр их сэтгэлд нь бишрэн Монголд болох гэж буй Олон Улсын Балетын анхдугаар уралдааныг ардын жүжигчин, Төрийн шагналт Б.Жамьяндагва гуайн нэрэмжит болгож байгаад баяртай байна. Та бүхэн бултаараа дэмжин оролцоорой.


Categories
мэдээ цаг-үе

Ү.Хүрэлбаатар: Л.Чинбат бол МҮБХ-ны албан ёсны тэргүүн

Монголын Үндэсний бөхийн холбооны Цэцдийн зөвлөлийн дарга, Соёлын гавьяат зүтгэлтэн Үржингийн Хүрэлбаатартай ярилцлаа.


-Уг нь монгол бөх бол монголчууд, монгол эрсийн цог заль, хийморийг бадраадаг сайхан салбар. Гэтэл МҮБХ-ны удирдлагын төлөө дархан аваргааасаа эхлүүлээд УИХ-ын гишүүд, яруу найрагч, бизнесмэн гээд л салбар салбарын хүмүүс олон жилийн турш хэрүүл тэмцэл хийж “Танайхан, манайхан”-даа тулж байгаа нь бөхийн хорхойтон, ард түмэнд таатай санагдахгүй байгаа бололтой?

-Бидэнд ч гэсэн таатай санагдахгүй байгаа. Нийгмийн сэтгэлзүйгээр тоглоом хийгээд, бөхчүүдийн дунд үл ойлголцол бий болгоод байх нь хэн нэгэн хүнд ашигтай байх шиг байна. Тэр үүднээсээ маргаантай байгаа юм шиг байдал харагдаад байгаа болохоос биш угаасаа энд маргаан байхгүй болчихсон юм. Өөрөөр хэлбэл аливаа маргааны эцсийн дүгнэлтийг шүүх л хийдэг. Монгол Улсын гурван шатны шүүхээр МҮБХ-ны маргаантай байгаа гэдэг зүйлийг аль хэдийнээ шийдчихсэн юм. Монголын шүүх энэ маргааныг нэг талд нь гаргаад тавьчихсан. Ингээд шийдчихээд байхад хэрэгжилт дээр нь асуудал гаргаад байна шүү дээ. Шийдвэрийг нь зориуд хэрэгжүүлэхгүй тийм байдал үүсгээд байгаа нь гайхал төрүүлж байгаа юм. Би саяхан болсон явдлаас эхэлж ярья л даа. 2018 оны гуравдугаар сарын 22-ны өдөр Бөхийн өргөөн дээр дуулиантай юм болж TV5 телевизээр цацагдсан даа.

-Шүүхийн шийдвэрийнхэн МҮБХ-ны хаалгыг өшиглөлөө. Улсын гарьд Н.Ганбаатар нүцгэллээ гэдэг үйл явдлыг хэлж байна уу?

-Нийслэлийн Шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх газраас МҮБХ-нд шүүхийн шийдвэрийг танилцуулах ажиллагаа явагдсан. Тэр шийдвэр нь гуравдугаар сарын 24-нд хуралдах гээд байгаа VIII “Их эе” гэдэг чинь хууль бус, хууль бус гэдгийг нь нотолсон шүүгчийн захирамж тогтоол гарчихаад байна. Тийм учраас уг хурлыг хийж болохгүй гэсэн агуулгатай захирамж. Мөн МҮБХ-ны тамга тэмдгийг бүрэн эрх нь дуусгавар болсон Р.Нямдорж гэдэг хүнийг ашиглахыг хориглосон шүүхийн шийдвэр. Ийм хоёр захирамж, шийдвэрийг танилцуулах гэж очсон. Хүлээж аваагүй. Сүүлд нь хаалга үүдийг нь эвдээд бүрэн эрхийнхээ хүрээнд Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас албан бичгийг танилцуулсан.

Гэтэл холбогдох байгууллага нь очиж ингэж танилцуулаад байхад олон түмэн харсан даа, дэд тэргүүн Д.Данзан “Наад шийдвэрийг чинь даваа гаригт авна аа. Наана нь авах боломжгүй” гэж хэлсэн. Тэгж хэлэнгүүтээ баасан гаригт нь мөнөөх шүүхийн шийдвэрээр хориглосон Их Эе гэх хурлаа хийчихсэн. Шүүхийн албадан хэрэгжүүлэх үйл ажиллагааг санаатай, зохион байгуулалттайгаар эсэргүүцэж, Монгол Улсын гурван шатны шүүхийн шийдвэрийг уландаа гишгэж хурлаа хийж байна. Үүнийг олон нийт юу гэж харж байна вэ гэхээр энэ асуудал бас л маргаантай, шүүх нэг талд нь шийдээгүй юм байна гэж ойлгоод байна. Гэтэл шүүх аль хэдийнэ маргааныг эцэслээд цэгцэлчихсэн. Өнөөдрийн (өчигдөр) байдлаар гэхэд Цэцдийн зөвлөл гэх эрх зүйн чадамжгүй хурлыг хийж тэр нь орон даяар цацагдаж байна. Шүүхийн шийдвэрийг дахиад л зөрчлөө. Хуулийг үл хэрэгжүүлдэг эрх дархтай хүн гэж байх ёсгүй.

-Р.Нямдоржийн эсрэг талынхан, Л.Чинбатын хүмүүс гэхчлэн “цоллох” юм?

-Манай тал, танай тал гэж яримааргүй байгаа юм. Олон нийтэд хоёр тал болгож харагдуулаад байгаа нь хэдхэн хүний л тархи угаалт юм л даа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаныхан албан ёсоор хуралдуулахгүй байх гэх шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэн хууль бусаар хуралдсан тэр хурлын талаар энд жаахан тодруулж ярих шаардлагатай байна.

Энэ оны гуравдугаар сарын 14-ний өдөр гарсан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид асуудлыг яаж шийдэв гэхээр “Хариуцагч Р.Нямдорж нэхэмжлэгч “Монголын үндэсний бөхийн холбоо” ТББ-ын улсын бүртгэлийн гэрчилгээ болон тамга тэмдгийг ашиглахгүй байхыг даалгаж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсугай” гэсэн байгаа юм. Үүнийг гардуулах гэсэн чинь тийм эсэргүүцэлтэй тулсан. Бас нэг гол шийдвэр нь энэ байна (Харуулав.сурв). Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны гуравдугаар сарын 20-ны захирамжаар “МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн 2017 оны зургадугаар сарын 22-ны өдрийн хурлын “Их эе”-ийн хурал зарласан тогтоолыг хүчингүйд тооцуулах тухай агуулгатай байх тул уг тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбогдох тодорхой ажиллагаа явуулахгүй байхыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авах үндэслэлтэй” гэж хариуцагч МҮБХ-нд даалгасан шийдвэр гаргасан. Энэ нь сая гуравдугаар сарын 24-нд болсон хурлыг хориглосон заалт байгаа байхгүй юу. Энэ хоёрыг л гардуулах гэж очсон хэрэг. Гардуулсан, хүлээн авсан. Тэгсэн мөртлөө хурлаа хийсэн.

-Тэгэхээр одоо сонгогдоод байгаа тэргүүн, хийгээд байгаа хурал нь хууль бус байх нь?

-Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Оюуны өмч, улсын бүртгэлийн Ерөнхий газрын дарга Р.Содхүүд мэдэгдэл хүргүүлсэн. Уг мэдэгдэлд дурдсанаар Шүүхийн шийдвэрийг үл тоон тохуурхан хуралдсан хууль бус хурлаас гарсан шийдвэрийг Улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэхгүй байхыг даалгасан.

Тиймээс сая хуралдаж Б.Бат-Эрдэнийг сонгосон хурал, одоо (өчигдөр) хуралдаж байгаа Цэцдийн зөвлөлийн хурлаас гарсан бүх шийдвэр хүчингүй гэсэн үг. Ингээд яриад эхлэхээр юм их нарийн хөвөрнө. Шүүхийн шийдвэр гарсан гэдгийг Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх газраас албан ёсоор очиж гардуулаад байхад хүлээж авахгүй эсэргүүцсэн. Ингэж болох уу. Жирийн иргэн ингэсэн бол тэр дор нь гавлаад л авч явах байх. Төрийн нэрийн өмнөөс шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлж буй төрийн байгууллагыг ингэж доромжилж болохгүй. Үүнийг тус газрынхан зүгээр орхиогүй. Дахин мэдэгдэл явуулсан. “Гуравдугаар сарын 24-нд хуралдуулсан байх тул уг хурлын шийдвэрийг үндэслэн хуулийн этгээд бүртгэлд өөрчлөлт оруулахгүй байхыг мэдэгдье” гэсэн. Өөрөөр хэлбэл Б.Бат-Эрдэнэ тэргүүн болсон гэх мэт энэ хурлаас гарсан бүх шийдвэр хүчингүй. Тэгэхэд өнөөдөр яаж байна. Дахиад л шүүхийн шийдвэрийг дэвсэллээ.

-Цэцдийн зөвлөл хуралдаж байна.

-Яг одоо (өчигдөр) Цэцдийн зөвлөлийг хуралдуулж байна. Шүүхийн шийдвэрийг гардуулах үеэр танхайрсан учир Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн II хэлтэст зөрчил шалгуулах тухай хүсэлт гаргасан. “2018 оны гуравдугаар сарын 22-ны өдөр мэдэгдэх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад иргэн Нямдоржийн Ганбаатар, хуулийн этгээдийн менежер гэх С.Гантөр нар нь шийдвэр гүйцэтгэгчид хүч хэрэглэн эсэргүүцэл үзүүлж, шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудсыг урж, гадуур хувцсаа тайлж хэрүүл маргаан үүсгэн, бусдыг өдөөн хатгаж, амгалан тайван байдал алдагдуулж, нийтийн эмх замбараагүй байдал үүсгэн, хэв журмыг зөрчсөн үйлдэл гаргасан тул Зөрчлийн хуулийн тодорхой заалтуудаар шалган шийдвэрлэхийг хүсье” гэж бичиг явуулсан байна. Мөн тус газраас “Иргэн Р.Нямдорж, Д.Данзан нар нь мэдэгдэх хуудсыг хүлээн авахаас татгалзаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулан хууль сахиулагчийн үйл ажиллагааг эсэргүүцсэн үйлдэл, эс үйлдэхгүйг гаргасан учир Эрүүгийн хуулийн тодорхой заалтуудаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж өгөх”-ийг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн II хэлтсээс хүссэн бичгээ явуулчихаад байгаа. Р. Нямдоржийн төрсөн дүү нь Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд даргаар ажиллаж байгаа. Одоо уг асуудалд хэрхэн хандахыг ард түмэн хараарай.

-Сая таны нэр дурдсан хүмүүс одоо цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа юм байна?

-Шалгагдаад долоо, найм хонож байгаа. Тэгсэн хэрнээ өнөөдөр хурал хийгээд зогсоцгоож байна. Бидний хувьд маргаан яриад, хоёр тал болоод талцаад байгаа юм байхгүй. Тухайн үед маргаан байсан. Маргааныг Монгол Улсын гурван шатны шүүх аль хэдийнээ шийдчихсэн. Р.Нямдоржийн яриад байдаг “Би найман хүний илүү саналаар ялсан” гэдэг чинь аль дивангаравын үед буюу 2003 онд шүүхээр тогтоогдахгүй байна гээд шийдчихсэн зүйл. Хоёр тал шүүх дээр өөр өөрсдийн байр суурийг ярихад Р.Нямдорж бүр 2003 онд ярьж байсан юмаа одоо ч ярьсаар байгаа. Өөр ярих зүйл түүнд байхгүй л дээ. “Шүүхийн шийдвэр буруу. Тийм учраас би хэрэгжүүлэхгүй” гэж тэр байнга хэлдэг. Улсын дээд шүүхийн шийдвэрийг иргэн хүн, нэг төрийн бус байгууллагын хүн ингэж дураар тайлбарлаж болохгүй. Тэр тусмаа өөрийгөө хуульч гэж ярьдаг Р. Нямдорж бүр болохгүй. Энэ чинь зориудын үйлдэл болоод явчихаж байна. Ийм танхай байж болдог юм уу.

Монгол Улсын төрийн байгууллага ажлаа хийж байна. Тухайлбал Монгол Улсын гурван шатны шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Улсын бүртгэлийн газраас байцаагчийн дүгнэлт гаргаад Р.Нямдоржийн хэрэглэж байсан, шүүхээр хүчингүй болсон, хууль бусаар ашиглаж байгаа Улсын бүртгэлийн гэрчилгээ, тэмдгийг хүчингүй болгож шийдсэн.

-Хэзээ?

-Энэ сарын 3-нд. Мөн тэр өдөр Улсын бүртгэлийн гэрчилгээг шинээр болгож хууль ёсны хурлаас сонгогдсон тэргүүний мэдээллийн баталгаажуулсан. Уг гэрчилгээн дээр Лхагва овогтой Чинбатыг тэргүүн болохыг Улсын бүртгэлийн байгууллага тодорхойлчихсон. Асуудал ингэж бүр шийдэгдчихсэн байгаа биз дээ.

-Хууль бус гэдгийг нь гурван шатны шүүхээр тогтоочихоод байхад хууль бус тэргүүн, хууль бус хурал болж, хууль бус тамга тэмдэг дарж байна гэх гээд байна уу, та?

-Энд нэг ноцтой юм байгаа юм. Хууль баталдаг, хуулийн хэрэгжилтэд хяналт тавьдаг Улсын Их Хурлын гишүүн ийм илэрхий, шүүхийн шийдвэрийн эсрэг хуралд оролцоод, хурлыг удирдаад, өөрөө Тэргүүнээр сонгогдчихоод явж байгаа нь анхаарал татаж байна. Наанаа нанжин хээтэй, цаанаа шалбааган хээтэй байж болохгүй шүү дээ. Шүүхийн шийдвэрээр хүчингүй гэсэн шүүгчийн тогтоолыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн эрх бүхий байгууллага хүлээлгэн өгөөд байхад тэр нь ихээхэн дуулиан тарьж Шийдвэр гүйцэтгэлийнхэн хаалга үүдийг нь эвдээд шийдвэрээ өгч авалцах гэж бөөн асуудал үүсч түүнийг нь орон даяар харж байхад, Р.Нямдоржийн хүүхэд нь цамнаж хувийн хөрөнгөө хамгаалж байгаа юм шиг танхайрч байхад Б.Бат-Эрдэнэ түүнийг олж хараагүй, мэдээгүй байна гэж лав байхгүй. Монгол Улсад хууль тогтоох, хуулийн хэрэгжилтэд хяналт тавьдаг УИХ-ын гишүүн, дөрвөн удаа сонгогдож Улсын ерөнхийлөгчид хүртэл нэр дэвшиж байсан Б. Бат-Эрдэнэ ингэж увайгүй аашилна чинээ хэн бодох билээ. Гэтэл улайрсан бух шиг хөндөлсөөд л байгаа биз дээ. Үүний цаана ямар эрх ашиг байна вэ?

-Энэ маргаан их л эртнээс эхтэй дээ. Хэзээнээс эхэллээ дээ?

-Энэ чинь бүр 2002 онд МҮБХ-ны IV “Их эе” гэж болсон юм. Тэр хурлыг дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ аварга, А.Сүхбат аварга, Ерөнхий аудитороор сүүлд ажиллаж байсан А.Зангад, мөн миний бие гэсэн таван хүн хурлын Тэргүүлэгчээр ажилласан юм. Их Эе хуралдагаа раа хуралдсан. Харин сүүлийн ганц асуудал дээр будлиан гарсан. Тэр нь тэргүүнийг сонгох асуудал байсан. Сүхбаатар, Нямдорж хоёр өрсөлдсөн. Би хүртэл нэр дэвшчихсэн байсан. Нэгэнт ам нээснийх энд нэг зүйлийг хэлчихье. МҮБХ-ны тэргүүнд хэд хэдэн хүн нэр дэвшсэн юм. Намайг ас нэр дэвшүүлсэн байсан. Ингээд хурал завсарласан. Завсарлагаанаар Р.Нямдорж надаас гуйсан юм “Сүхбаатарыг сөрөг талынхан оруулаад ирлээ. Эд нар нэлээд санал авах юм байна. Чи бид өрсөлдвөл санал хуваагдаж Сүхбаатар гарч ирэх нь ээ. Чи нэрээ татчих” гэсэн. Би ч нэрээ татсан. Сүхбаатар, Нямдорж хоёр өрсөлдсөн. Тооллогын комиссын даргаар улсын заан Ж.Ганболд ажиллаж байсан. Тооллогын талаар маргаан гарсан юм. Тэгээд тооллогын комиссын тогтоолыг баталж чадаагүй юм. Ингээд хурал тарчихсан. Р.Нямдорж “Би найман хүний илүү саналаар ялсан. Тиймээс тэргүүнээр сонгогдсоныг минь тогтоож өгнө үү” гэж шүүхэд хандсан. Тэгээд гурван шатны шүүхээр явсан ч ялагдсан. Ингээд 2003 оны долдугаар сарын 1-нд Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүхээс тогтоол гаргасан. Үүнд Р.Нямдоржийн хүсэлт тогтоогдохгүй байна. Тиймээс МҮБХ-ны тэргүүнийг сонгох асуудлаар “Их эе”-ийг 2003 оны гуравдугаар улиралд багтаан зохион байгуулахыг Цэцдийн зөвлөлд үүрэг болгосон. Зүй нь бол Цэцдийн зөвлөл Тэргүүнийг сонгох асуудлаар хуралдаад ээлжит бус “Их эе”-ээ зарлаад л тэргүүнээ сонгочих ёстой байсан. Р.Нямдорж Цэцдийн зөвлөлийг хуралдуулахгүй байсан. Явсаар байгаад 2014 онд Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Цэцдийн зөвлөлийг албадуулж хуралдуулж ээлжит бус Их эеийг хуралдуулах ажлын хэсгийг томилсон. Тэр ажлын хэсгийн ахлагчаар миний бие томилогдсон юм аа.

-Нэг маргаан бүхэл бүтэн арваад жил үргэлжилжээ?

-Энэ бол шуудхан хэлэхэд Р. Нямдорж, Д. Данзан хоёрын амьдрах арга. Шүүхийн шийдвэрийг үл хэрэгсэж, сая самарсан шиг маргаан үүсгээд л хаячихдаг. Түүнийг нь гурван шатны хурлаар шийдвэрлэх гээд гурван жил болчихдог. Түүнээс ч илүү удна. Энэ хэнд ашигтай вэ гэвэл Р. Нямдорж, түүнийг тойрон хүрээлэгчдэд л ашигтай. Тухайлбал Шүүхийн шийдвэрээр албадаж хуралдуулсан Цэцдийн зөвлөлийн хурлыг бас л үймүүлэх гэж оролдсон. Тэр нь хэдэн жилийн ажил болсон. 2016 онд хуралдах гэсэн чинь бас хуралдуулахгүй, ирц бүрдүүлэхгүй дахиад л маргаан үүсгэсэн. Энэ мэт маргаан үүсгэсээр байгаад 2017 онтой золгочихож байгаа юм. 2017 оны тавдугаар сарын 28-ны өдөр арайхийж “Их эе” хуралдаад тэр хурлаас Л.Чинбат тэргүүнээр сонгогдсон.

-Шүүх шийдвэрээ гаргачихлаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэрийг танилцуулчихлаа. Одоо хууль хяналтын байгууллагын дараагийн авах ажиллагаа юу байх юм. Одоо яах вэ?

-Шүүхийн шийдвэр гарчихлаа. Гэрчилгээ нь хүртэл бидэнд ирчихээд байна. Асуудал нэгэнт шийдэгдчихсэн. Хуучин тамга, гэрчилгээ хүчингүй болчихсон. Тэгээд ч хэрэглэхийг нь хориглосон шүүхийн шийдвэр гарчихсан. Бүгд л хуулийн дагуу шийдвэрлэгдсэн зүйл. Бид бол хуулийн дагуу л явж байгаа. Одоо шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажил л үлдэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрынхан ажлаа хийх гэж үзэж байна. Хаалга үүдийг нь эвдэн байж орж шүүхийн шийдвэрийг танилцуулсан. Гэхдээ энэ бүхэнд нөлөө, дарамт байсаар байна. Шүүхийн шийдвэрийн хэрэгжилтийг удаашруулаад байгаа нь Б.Бат-Эрдэнэ гишүүнтэй холбоотой байж гэх хардлага бодитой болж байх шиг байна.

-Та нар одоо юу хийх вэ?

-Шүүхийн шийдвэрийг харж байна. Гурван шатны шүүхийн шийдвэр нэгэнт гарчихсан. Үүнийг хэрэгжүүлэх л ёстой. Л.Чинбат бол МҮБХ-ны албан ёсны тэргүүн. Энэ хүнийг ажлаа хийх боломжийг нь хангаж өгөх ёстой. Элдэв гүтгэлэг дайралт тамтгаа алдлаа. Намайг бол яахав, юу ч гэж доромжилж гутааж болно. Харин Монгол Улсын хөдөлмөрийн баатар, нэр цэвэр Л. Чинбатыг гутааж болохгүй. Алдас болно. Түүнд тамга тэмдгийг нь өгөхгүй хичнээн хугацаа өнгөрөв дөө. Даан ч хайран цаг хугацаа. Үүн дээр маргаан гараад удлаа. Одоо бол асуудал өөр болж байна. МҮБХ-ны тамга тэмдэг, Улсын бүртгэлийн гэрчилгээ шинээр олгогдчихлоо.

Хэн нь хууль зөрчөөд байна вэ, хэн нь буруу зүйл хийгээд байна вэ гэдэг нь ил тод л харагдаж байгаа биз. Би өнөөдөр нэг юмыг хариуцлагатай хэлмээр байна, Р.Нямдорж, Б.Бат-Эрдэнэ хоёрт. Р.Нямдорж өөрөө хуульч хүн. Дээд шүүхийн шийдвэр гарсан өдрөөсөө хүчинтэй гэж Үндсэн хуульд заачихсан байгаа. Дээд шүүхийн шийдвэрийг буруу гэж тайлбарлаад байгаа нь хуульч хүний хувьд хэр ёс зүйтэй үйлдэл вэ. Шууд хэлэхэд Р.Нямдоржийн ард Б.Бат-Эрдэнэ аварга ямагт байсан. Өнөөдөр харин Б.Бат-Эрдэнэ ил гарсан. Хууль тогтоогч, УИХ-ын гишүүн, дөрөв дэх удаагаа сонгогдсон, Хууль зүйн байнгын хорооны дарга байсан хүн өнөөдөр хуулиа зөрчөөд явж байна. Тэр хүн дархан аварга цолоо хуулийн дархан аварга гэж андуураагүй байлтай. Хуулийн өмнө тэр бид хоёр адилхан эрхтэй иргэд. Шүүхээс энэ хурал чинь хууль бус шүү гэж нотлоод байхад хоёр ч удаа дахин дахин хурал хийж орон даяар цацаад байгаа нь энэ хоёр хүний арга барил нэг, алганы ар, өвөр шиг адилхан байна л гэсэн үг. Тийм учраас Р.Нямдоржийг Б.Бат-Эрдэнээр сольсон нь зөвхөн дээлээ л сольж байгаа юм. Тийм болохоор бодлого нь хэвээрээ, бүтэц нь хэвээрээ. Магадгүй тодорхой ашиг сонирхол, эдийн засаг, мөнгө санхүүгийн сүлжээ байхыг үгүйсгэх арга байхгүй. Бид хууль зүйн дагуу асуудлыг тавьж байна. Хууль асуудлыг шийдчихсэн. Харин тэдэнд нийгмийн сэтгэл зүйгээр багахан тоглоорой, юманд цаг хугацаа гэж байдаг юм шүү гэж хэлмээр байна.

Categories
мэдээ цаг-үе

Парламент “The Voice of Mongolia” шоу биш

УИХ-ын Хаврын чуулган энэ сарын 5-нд нээлтээ хийсэн. Энэ удаагийн чуулганаар олон чухал асуудал, сэдвийг хөндөн хэлэлцэнэ. Үүгээрээ уг чуулганы нээлт хэн бүхний анхаарлыг татаж байсан юм. Яагаад вэ гэвэл гацсан, гаргалгаа шаардлагатай болоод байгаа асуудал, хууль, хуулийн төслүүд батлагдаж шийдвэрээ олбол улс эх орны хөгжил нэг алхам ч болтугай урагшлах учиртай. Гэтэл манай улс төрийн хүрээнийхэн, том, жижиг намууд, улс төрөөр хийрхэгчид, иргэний элдэв хөдөлгөөнийхөн ямар нэг шоу хүлээж байгаа мэт чуулганы нээлтэд хэн бүхнээс илүү чих тавин “шүлсээ залгицгаасан” . Эгээтэй л “The Voice of Mongolia” шоуны эхлэх цагийг хүлээгээд хамаг ажлаа орхиод буйдандаа шигддэг шиг л тэд хамаг анхаарлаа Хаврын чуулган руу чиглүүлж хоногийг нь хуруу даран тоолж, амьсгал даран хүлээцгээсэн. УИХ-ын чуулган чинь чухал сэдвээр хуралдаж, хэрэгтэй шийдвэр гаргадаг газар гэхээсээ шоуны ордон, шоу үзүүлдэг “мухар” мэтээр харагдаж байгаа нь харамсалтай. Гэхдээ парламентыг шоу шиг харж байгааг нь эрс буруутгах аргагүй. Чуулган нь өөрөө шоу шиг болчихсон. Дуулдаг шоунд хэн түрүүлэх вэ, хэнийг хасах вэ, хэн хэн юу гэж ярих вэ, хэнээр ямар дуу дуулуулах вэ гэдэг нь урьдаар төлөвлөсний дагуу өрнөдөг шиг чуулганы хуралдаанууд ч тавилттай, зохиолтой.

Сөрөг нам нь эсрэг дүр үзүүлж шүүмжилж гарна. Тэгсэн хэрнээ цаагуураа гар гараа бариастай. Намын гишүүд нь дотроо талцана. 32, 33-ын бүлэг гэж нэг нэгэн рүүгээ дайрна, нэгнээ өмгөөлсөн үг шиднэ. Тэгснээ гэнэт л Засгийн газраа, Ерөнхий сайдаа огцруулцгаая гэж ил, далд гарын үсэг цуглуулж Засгийн газрын ажлыг ганхуулах гэж мэрийнэ. “Учиртай гурван толгой” гэдэг бол чуулган хэмээх тавилттай жүжигт гурав байтугай, 30, 40, 70 толгой гарч ирж Хоролмаа, Нансалмаа, Балганы дүрээрээ “тодрох” гээд “уралцана”. Нэг нэгнээ идсэн ууснаар нь дуудалцаж, сүүлдээ авгай хүүхний асуудал, үр хүүхдийнх нь ажил амьдралыг сөхөлцөж “Чамайг ална тална, шоронд хатаана” гэж шоронжсон үгсээр бие биеэ булдаг. Детектив, action маягийн иймэрхүү юм ярьцгааж улс төрийн скандал ар араасаа цувардаг. Ийм л эхлэл, өрнөл, зангилаа, тайлалтай улс төрийн ээлжит скандал эхлэхэд хоёр хоног үлдэж байгаа болохоор цаг тоолон суугаа нь аргагүй юм.

Ард түмэн ч “Чуулган эхлэх нь” гэсэн хүлээлттэй ч тэдгээр 76 гишүүн, УИХ-аараа бах таваа хангах гэж догдлоостой. “Манай тэнэг гишүүдийг хар даа” гэж ирээд л ярьсан, хэлсэн болгоныг нь мушгин, буруушааж амнаасаа олигтой үг унагахгүй, гишүүдийн талаар. Гишүүд нь ч гэж гишүүд “Өвөл болохоор даардаг даа, өвсөн доогуур шургадаг даа” гэдэг хүүхдийн дуу шиг л “гэнэн” тэнэг юм ярихаас эхлүүлээд хэл амны бай болох юмаа өөрсдөө хэлж доог тохуу болно. “Одоо ингээд хавар болохоор дулаарна. Утаа багасна” эсвэл “Одоо өвөл боллоо, хүйтэрнэ” гэх мэтийн мэдээжийн юм ярих буюу гэнэт л олны хараанд өртөх гэхдээ үнэн үг хэлсэн болж харагдах гээд иргэдээ нутаг усаар нь доромжлохоос эхлүүлээд жендерийн асуудлыг хөндсөн ч юм яриад шүүмжлүүлж, нийгмийг хагаралдуулаад авсан үйл явдал ч болсон. Тийм ч болохоор ард түмэнд 76 гишүүн шиг тэнэг хүмүүс үгүй. Хэн нэгнийг муулчлахаар болвол 76 гишүүнтэй зүйрлэж “Үхэр шиг тэнэг мулгуу гишүүд шиг” гэх.

Тэгтэл тэр УИХ-ыг бүрэлдэхэд, тэр хүмүүсийг сонгогдоход саналаа өгч, дээшээ гаргасан нь ард түмэн өөрсдөө байдаг. Өөрсдийнхөө сонголтыг өөрсдөө ингэж үгүйсгэж харлуулах нь уг нь ёс зүйгүй үйлдэл дээ. Сонголтынх нь л хариу шүү дээ. УИХ-ыг ингэж олны хэл амны бай болгож, тохуу бүхний цэг болгож байгаа зүйл нь УИХ-ын чуулганыг телевизээр шууд дамжуулж буйтай холбоотой. Телевизээр гарч байгаагаа далимдуулаад, ард түмэн, гурван сая иргэний өмнө үг хэлэхдээ шоудаж, жүжиглэнэ. Зурагтын камер өөр рүү нь чиглэхийг сайн ч мэдэрнэ. Үзгээ аваад, хөмсөгөө зангидаад чухал зүйл бодож байгаа мэт харагдахыг хичээгээд үг хэлэх гэж уралдацгаадаг.

Гишүүд болоод ард түмний энэ явцгүй байдал явж явж энэ улсын хувь заяа, хүн бүрийн цаашдын амьдралтай нягт холбоотой. Хараалгуулсан, хараалгасан юм хэзээ юм болж байлаа, хэзээ ажил нь бүтэмжтэй байлаа. Иргэд нь өөрсдийн сонголтоор гаргаж ирсэн УИХ-аараа бах таваа ханган байж дооглох нь, томрон томорсоор Монгол Улсын хувь заяанд ч толбо болж мэдэх юм гэдгийг ухаарах хэрэгтэй. Доог тохуу нь явсаар “Ерөөсөө Ерөнхийлөгчийн засаглалтай болъё. Тэрэн шиг, үүн шиг удирдагч хэрэгтэй. УИХ-аар яадаг юм бүр тараая. Парламентын засаглалаас татгалзъя” гэдэгт тулж ирдэг. Үүн шиг буруу үг, өгүүлбэр үгүй шүү. Ёстой тийм юм байдаггүй юм. Монгол Улс парламентийн засаглалтай байх ёстой.

Манай хоёр хөршийг хар л даа. Хоёулаа авторитар дэглэмтэй. Өөр өөрийн гэсэн удирдагчтай болчихлоо. Парламентийн засаглалаас татгалзах ёстой гэж зүтгэдэг хэсэг бүлэг нөхөд “Авторитар байх нь тоталитар байхаас дээр хувилбар нь. Манайх шиг ардчилсан дэглэмтэй улсад авторитар дэглэм яг тохирно” ч гэж мэдэмхийрдэг. Нэг буюу хэсэг хүмүүсийн захиран дарангуйлах улстөрийн дэглэм манайд ёстой хэрэггүй. Харин авторитар дэглэмтэй хоёр хөршийнхөө дунд Азидаа Ардчиллын баян бүрд болно гэж олон жилийн өмнөөс ярьж байснаа бодит ажил болгох боломж бүрдэж байгааг ард түмэн ухаарч парламентын засаглалтай байхыг дэмжиж Ардчиллаа хамгаалах ёстой. Энэ бол Монгол Улсын хувь заяаг хамгаалж байна гэсэн үг.

УИХ-ын чуулганы хуралдааныг телевизээр шууд дамжуулж болохгүй гэдгийг манай “Өдрийн сонин” удаа дараа бичдэг. Парламентын хуралдааныг телевизээр дамжуулахаар чуулган чинь сонгуулийн шоуны үргэлжлэл болчихоод байгаа юм.

УИХ-ын зарим гишүүн ч үүнийг дэмжиж эхний ээлжинд Байнгын хорооны хуралдааны үеэр зурагтын зураглаачдыг хурлын танхимд орж ирэхгүй байвал зүгээр байна. Камер харангуутаа л гишүүд маань хэлэлцэж байсан асуудлаа мартаад зангиагаа засч, үсээ илээд сэдвээс өөр юм яриад байна гэсэн санал гаргаж тэр нь ч хэрэгжсэн. Үүн шиг УИХ-ын чуулганыг зурагтаар шууд дамжуулахгүй байвал маш сайн байна. Гишүүд зурагтын камер харахаараа “Даллуур харсан тарвага шиг хошгороод босоод ирдэг”-ээ өөрсдөө ч хүлээн зөвшөөрсөн. “Хошгорчих”-оороо зурагтаар худал худал юм яриад, худал мэдэгдэл хийгээд гэнэт л тойргоо яриад эхэлдэг. Эсвэл ямар нэг шоунд оролцож байгаа юм шиг сенсаци дэгдээмээр, олны дургүйцлийг төрүүлмээр, хэн нэгнийг үзэн ядмаар юм яриад ард түмэн, нийгмийн сэтгэл санааг үймүүлээд эхэлдэг. Нийгмийг худал зүйлд турхирч байсан тохиолдолд ч олон шүү дээ. Ард түмэн УИХ-ын чуулганыг тусгай зохиол, олон “найруулагч”-ийн тавилттай явдаг шоу гэдгийг төдийлөн анзаардаггүй учир УИХ-ын гишүүдийн тэрхүү айхавтар мэдэгдэл, мэдээлэлд итгээд төөрөөд бужигначихдаг. Гишүүдийн зурагтаар гарахдаа ард түмэн, сонгогчдод таалагдах гэсэн тэр их хийрхлээс бол Монгол Улсад хэрэгтэй ганц ч шийдвэр УИХ-аас гарч чадахгүй байна.

Татварын тухай хууль, Улс төрийн намуудын тухай хууль, Сонгуулийн тухай хууль зэрэг хуулийн төслүүдийг заавал ард түмний нүдэн дээр зурагтаар хэлэлцээд байх шаардлага байдаг юм уу. Үүнийг дагасан элдэв зүйлс нь эргээд улс эх орны хувь заяанд нөлөөлөхүйц хэмжээнд хүрээд байдаг болохоор манай сонин парламентын чуулганыг телевизээр дамжуулахгүй байх шаардлага тавьдаг. Өнөөдөр ч тавьж байна.

УИХ-ын чуулганы үйл ажиллагаанд нөлөөлж дорвитой шийдвэр гарах замыг хааж байгаа бас нэг гажуудал байгаа юм. Чуулган дээр хэлэлцэж буй асуудлаар хэн нэгэн гишүүний ярьсан анхаарал татахуйц үг тэр өдөртөө, бүр тэр долоо хоногтоо сенсаци дэгдээж тухайн үгийг нь мушгиж, тэр үгэнд холбогдсон үйл явдал ар араасаа хөвөрч хэлэлцэж байсан хуулийн төсөл, тогтоол шийдвэр нь салхинд замхарчихдаг. Тийм учраас УИХ-ын гишүүний хэлсэн үгийг архивлаад дараагийн сонгууль хүртэл нууцалж, хаалттай байлгах хэрэгтэй байна. Дараагийн сонгууль болж УИХ-ын танхим шинээр бүрэлдэж гишүүд тангаргаа өргөсний дараа өмнөх УИХ-ын гишүүдийн чуулган дээр хэлсэн үгийг ил болгодог байх ёстой.

Энэ бүхний нөгөө талд “УИХ-ын чуулганаар юу хэлэлцсэн, гишүүд, нам, эсвэл ямар байр суурьтай байсныг яаж мэдэх болж байна аа” гэсэн асуулт ургана. Чуулганы дараа намын бүлгүүд гарч ирээд ямар хуулийн төслийг хэрхэн хэлэлцсэн. Эх баригч нам болоод сөрөг хүчин ямар байр суурьтай байсан. Ямар шийдвэрт хүрсэн зэргийг багцлаад мэдээлчихээд байхад болж байгаа юм.

Тэгэхгүй бол та бүхэн хар л даа. Чуулганаар нэг асуудал хэлэлцдэг. Чуулганы хуралдаан дуусангуут гишүүд танхимаас “бууж” ирээд дор бүрнээ хэлэлцсэн асуудлаар өөрсдийн бодол, хүний бодол, гадны захиалгатай бодлоо хавчуулаад солиорцгоогоод, тэрийг нь нийгэм нь ямар нэг шүүлтүүргүйгээр хүлээд авчихдаг. УИХ-ын гишүүд нийгмийг ингэж самардаг. Үүнээс нь үүдээд нийгэм даяар нэгнээ үгүйсгэсэн, буруутгасан, хэнийхээ ч үгийг тоохоо байсан, монгол нь монголоо зөвшөөрдөггүй байдал улам даамжирч хэрээс хэтрээд байна.

Энэ удаагийн чуулганаар “Эрдэнэт” үйлдвэрийн 49, 51 хувь, “Стандарт” банкны асуудал, С.Зориг агсаны амь насыг бүрэлгэсэн хэрэг, уул уурхай, нүүрсний салбар гээд хүлээлт үүсгээд буй олон асуудлыг хэлэлцэнэ. Энэ асуудлуудаа УИХ-ын чуулган дотроо, зөвхөн парламентаараа ном журмынх нь дагуу, “хошгорч” элдэв янз болохгүйгээр шийдвэрлэх нь нэн тэргүүнд хийх ажил. УИХ-ын чуулганыг телевизээр дамжуулахгүй, гишүүдийн хэлсэн үгийг гадагшаа задлахгүйгээр гол асуудалдаа анхаарлаа хандуулж ажиллах нь УИХ-ын 76-д хамгийн чухал л даа. Ховч авгайн үлгэрээр төрийн ажилд хандаж, шоуны хэлбэрээр яваад байвал төрийн ажил ч, улсын хувь заяа ч уруудна. Парламент “The Voice of Mon­golia” шоу биш шүү.

Categories
мэдээ цаг-үе

Б.Ууганцэцэг: Хүн харилцаан дотор л аз жаргалтай болдог

Сэтгэл судлалын үндэсний төвийн гүйцэтгэх захирал, сэтгэл судлаач Б.Ууганцэцэгтэй ярилцлаа.


-Эрдэмтэд олон жилийн турш судалгаа, эрэл хийсний үр дүнд хүнийг аз жаргалтай болгодог хамгийн чухал зүйлийг олсноо зарласан. Тэр судалгаагаар хүнийг хайр аз жаргалтай болгодог гэжээ?

-Хайр-харилцаа. Ер нь бол харилцаа. Хайр гэдэг нь ганц бие дээр яригддаггүй. Хоёр болон түүнээс дээш хүн дээр яригдаж байгаа юм. Хайр гэдэг харилцаа. Хүмүүс хоорондоо харилцаа тогтоосноор бидний амьдрал утга учиртай болдог. Хүн харилцаанаас өөрийгөө ойлгож, эргээд нөгөө хүнээ мэдэх бололцоотой гэдэг талаас нь хийсэн судалгаа байдаг.

-Манайхан “Энэ ингээд хайр даадаггүй юм” гэцгээгээд байдаг. Хайрыг нь даахгүй байхад үргэлжлүүлж хайрлана гэдэг хайрлагч хүнээс маш их тэвчээр шаардах хэрэг болов уу?

-Нийтлэг байдлаар харахад бид хайр гэдгийг буруу тодорхойлоод байдаг. Эрхлүүлж байгаагаа, юм хэлэхгүй өөгшүүлж байгаагаа хайрлаж байна гэж ойлгоод байгаа байхгүй юу. Тэр хүнийг өөгшүүлж, буруу юм хийсэн ч дахин давтан хийх боломжийг нь олгоод байна гэдэг чинь хайрлаж байна гэсэн үг биш. Хайр өөрөө олон загвар, хэлбэртэй. Хайр болоход олон юм хэрэгтэй. Итгэл, хүндлэл, халамж байх ёстой. Үр хүүхдээ хайрлах эцэг эхийн хайр. Найзууд нэгнээ хайрлах, эсвэл эцэг эхээ хайрлах хайр байна уу энэ бүхэн итгэл, хүндлэл, халамж дээр тулгуурлаж зогсдог. Итгэдэг байх, хүндэлдэг байх, дээрээс нь халамжилдаг байх нь хайрын гурван тулгуур, багана. Тухайн хүнээ халамжлаад эсвэл хэтэрхий итгээд байгаа ганц шинжээ хайр гэж андуураад байдаг. Хайр болоход энэ гурван зүйл бүрдэж байж “Энэ хайр юм байна” гэж тодорхойлдог.

-Сүүлийн үед бурханлаг бай, нигүүлсэнгүй бай, юмыг уучилж өршөөдөг бай, хүлцэнгүй, тэвчээртэй бай гэсэн зөвлөгөө нийгмийн сүлжээнд их явж байна. Зарим нь шашинлаг шинжтэй сургаал ч байх нь бий?

-Бидний амьдралын бүхий л харилцааг хууль зохицуулж чадахгүй. Хуулийн зохицуулж чадахгүй зүйл дээр заавал ч үгүй шашны ойлголтууд орж ирдэг. Биднийг итгэл бишрэлээр маань дагуулж, сайн байлгахын тулд хэлж байгаа нэр томьёо нь шашин тал руугаа байж болох юм. Тийм хэдий ч хүний амьдралд гол үйлдлүүдийг нь өөрчлөх, тийм үйлдэл рүү чиглүүлж байгаа загвар юм болов уу. Бурханлаг бай гэхээр агаар дээр хөвөөд нисэхгүй ч гэсэн аль болохоор өөрөө өөртөө болон бусдад ууч сэтгэлээр хандаж, бусдыг боддог байх. Бурханлаг байх гэдэг нь сэтгэл судлалын хэлэн дээр юу гэж хөрвүүлэгдэх вэ гэхээр юманд наанатай цаанатай байх л гэсэн үг. Юмны нэг талыг бариад байхгүй гэсэн үг. Юманд ууч сэтгэлтэй, нөгөө хүнд ямар байгаа бол “Энэ хүн ямар шалтгааны улмаас ингэж хэлэх болов” гэж шалтгааныг нь боддог байна гэдэг бурханлаг шинж. Бид одоо юуг хэлээд байна вэ гэхээр тэр хүний гаргасан үйлдлийг нь хараад зөв бурууг нь дэнслээд байгаа юм. Гэтэл тухайн хүний үйлдлийн цаана тэр үйлдлийг хийх болсон шалтгаан гэж нэг юм байгаа шүү дээ. Тэрийг чинь л монголчууд юу гэж хэлээд байгаа юм бэ гэхээр “Юманд наанатай цаанатай ханддаг шүү. Бас хүнийг ойлгодог шүү” гэдэг чинь л тэр шалтгааныг нь олж хэлээд байгаа хүнийг л хэлээд байгаа юм. “За энэ маань хэлье гэж хэлээгүй, хэл нь халтираад хэлчихсэн байх”, “Үүнийг хийе гэж хийгээгүй байх. Ард нь зайлшгүй энэ хүнд ямар нэг шалтгаан байсан болоод л ийм юм хийчихлээ дээ” гэж боддог хүнийг л наанатай цаанатай, ухаантай хүн гэдэг. Үүнийг л бид ууч сэтгэл гээд байгаа юм. Үүн дээр яалт ч үгүй хүний үзсэн, мэдсэн, харсан, уншсан туршлага чухал. Ялангуяа ахмадаас сонссон үг гэдэг бол үүнд маш их нөлөөтэй. Юмыг уучилдаг байх, юманд хурдан түргэн ханддаггүй байх. Ер нь хурдан түргэн хандана гэдэг уурлахын эх үндэс. Уурлана гэдэг нөгөө хүнээ гомдоохын үндэс. Уурлуулж байна гэдэг эргээд тэр хүн нь нөгөө хүндээ юм санахын үндэс. Юманд тунгаах, бодох сэтгэл бага болоод байна л даа. Англи хэлнээс орчуулагдсан нэг зүйл бий. Шүүмжлэлт сэтгэлгээ гэж. Үүнийг бид шүүмжлэл гэдэг талаас нь хараад юмыг шүүмжлэх ёстой юм байна гэж ойлгоод байдаг. 2000 оноос хойш, сүүлийн хориод жилд монголчууд маань шүүмжлэлт сэтгэлгээ гэж байх ёстой юм байна гээд байдаг. Тэгтэл тэр чинь шүүмжлэлт сэтгэлгээ биш тунгаан бодох сэтгэлгээг хэлээд байгаа юм. Юмыг тунгааж боддог, яагаад ингэсэн юм бол, ямар учраас ингэсэн юм бол, шалтгаан нь юунд байгаа юм бол гэж тунгаан бодох нь бидний хувьд бага болчихжээ. Настайчуул “Юм болоогүй байхад түрүүнд хөдөллөө” гэж ярьдаг даа. Юмны түрүүнд дуугардаг, юмны түрүүнд хөдөлдөг, сэтгэл хөдлөл харилцаагаа удирдаж чаддаггүй, тийм нэг зан бидэнд яалт ч үгүй суучихлаа. Гэхдээ энэ нь монгол хүний уг мөн чанарт байсан зүйл үү гэхээр тийм биш.

-Монгол хүн юманд уужуу ханддаг?

-Тийм. Юманд тайвуу ханддаг, боддог. Хэлэх гэж байгаа үгээ боддог. Юмны түрүүнд дуугарахгүй байх, хэлэх гэж байгаагаа дотроо сайн бод, тунгаа гэдгийг суулгаж ирсэн. Уг нь бид тийм хүмүүс байхгүй юу. Бид угаасаа ууртай, бухимдуу эсвэл ийм байсангүй. Монголчууд бид нэгнийгээ маш сайн уучилж чаддаг, өршөөж чаддаг, сэтгэлээ цайруулж чаддаг. Бидний хувьд хамгийн том баяр бол Цагаан сар. Өнгөрсөн жил болсон, өмнөх жил болж өнгөрсөн бүх юмнуудаа тайлаад бие биетэйгээ золгодог. Өмнө нь байсан бүх юм цагаадлаа, одоо хоёулаа харилцаагаа эргээд шинээр эхлүүлье гээд ах дүү, амраг садан, найз нөхөд эвлэрдэг. Харилцаагаа дахиад шинээр эхлүүлэх боломжийг манай уламжлал, баяр маань хүртэл олгоод байдаг. Гэтэл бусад улсын хувьд харилцаандаа дахин эхлэх, шинэчлэх боломж байна уу гэж харахаар хэцүү. Бид энэ бүхнийг баяраараа, уламжлалаараа, хийж ирсэн заншлаараа цайруулж, эерэг болгож ирсэн. Тийм болохоор юман дээр бодолтой, юмны түрүүнд гүйлгүй, сэтгэлийн хөдөлгөөнөө барих ёстой. Сүүлийн 20-иод жилд сэтгэл судлалд нэг чухал салбар гарч ирсэн, EQ гэж. Бид IQ буюу оюун ухааны чадамжийг сайн мэддэг. Оюун ухааны чадамжаас EQ (Emotional Quotient) буюу сэтгэлийн хөдөлгөөнөө удирдаж залуурдах тэр чадвар хүнд илүү чухал юм байна. Хичнээн мундаг оюун ухаантай байгаад байдаг. Хүнд түүнийгээ ойлгуулдаггүй, хүнийг ойлгодоггүй. Тэр хүн нийгэмдээ хэлхээ холбоо, өөрийнхөө ач холбогдлоо үзүүлж чадахгүй байгаа байхгүй юу.

EQ-гийн асуудал үнэхээр тулгамдаж байна. Одоогийн монголчууд тэр дундаа улаанбаатарчуудын тулгамдсан асуудал. Нэгнийгээ ойлгох, нийгэмд хүлээцтэй байх. Юманд нэг секунд ч болтугай тэсэх нь маш чухал. Мөрийг нь ялимгүй шүргэхэд л уурлана. Тэсрэхэд л бэлэн явдаг. Лифтний урдуур ороход л цохиод авахад бэлэн. Замын хөдөлгөөнд оролцож байхад ногоон гэрэл асч эхлээгүй байхад, дөнгөж асахад л араас сигналддаг. Энэ чинь сэтгэлийн хөдөлгөөнөө өөрсдөө удирдаж чадахгүй байна, өөрөө тэр юмандаа дадаж чадаагүй байна гэдгийг л харуулаад байгаа юм.

-Муудалцсан, өөрийгөө гомдоосон хүнээ мартдаггүй. Бүр насан туршдаа түүндээ хонзогнож үр хүүхдээ хүртэл тэр хүний эсрэг болгодог. Нэг хүнд ингэж олон жилийн турш таагүй сэтгэгдэлтэй явах нь тухайн хүндээ ямар хортой вэ?

-Тэмдэглэлт баярууд маань сэтгэлээ цайруулах боломжийг олгодог. Тэдгээр баяртаа хэр шингээж байна вэ гэхээр бас их учир дутагдалтай. Идэж ууж баярлахаасаа илүүтэй, харилцааны нөхцөлөө сайжруулах, өмнө нь байсан харилцааны үе шатаа дахин нэг шатаар ахиулах зэргээр бололцоо олгох ёстой. Тэгэхгүй бол сэтгэлээ цайруулж, цагаатгахгүй “Тэр тэгсэн, энэ надад ингэж хандсан” гэдэг бодлоо 10, 20, 30 жил тээгээд явчихаар эхлээд зан харилцаанд нь нөлөөлж байгаад сүүлдээ авир араншинд нь нөлөөлж эхэлдэг. Ууртай болдог. Хүн өөртөө нэг юм оруулахад сав нь дүүрнэ шүү дээ. Түүндээ бачуурдаг, уурладаг, стресстдэг, орилдог, хашхирдаг. Эсвэл юм болгоныг буруу талаас нь хардаг болчихдог. Юманд ууч сэтгэлээр хандаж уучилна гэдэг энэ сэдвийг хөндөн ярилцаж байгаа маань нийгэмд маш их хэрэгтэй. Энэ сэдвээр ярилцаж байгаадаа сэтгэл зүйч хүний хувьд баярлаж байна.

-Хайр дутагдсан хүн, хайрлагдаж байгаа хүний хооронд асар их ялгаа харагддаг. Хайр дутагдсан хүнийг хайрлаж эхлэхэд ямар эерэг өөрчлөлтүүд гарч ирдэг вэ?

-Хүн харилцаа, хайр, халамжаар байнга цангадаг. Хүний үндсэн таван хэрэгцээ бий. Хайрлуулах, халамжлуулах, хүндэтгэх, хүнийг хайрлах хэрэгцээ нь чухал шатанд орж явдаг хэрэгцээ л дээ. Хайрынхаа хэрэгцээг мэдэрч чадахгүй байгаа хүн яадаг вэ гэхээр ерөнхийдөө хийрхэл ихтэй байдаг. Бусдыг буруутгах, өөрийгөө буруугаар, доогуур үнэлэх, эсвэл өөрийгөө хэт их дөвийлгөх, бусдыг үнэлэхгүй, бусдад хүндэтгэлгүй хандах зэрэг олон сөрөг шинжүүд илэрдэг. Ер нь бусдаар хайрлуулаагүй хүн хайрын өлсгөлөнд орчихдог. Өлссөн хүнд хоол, цангасан хүнд усыг нь өгөх ёстой. Тэрэнтэй адилхан хайраар дутсан хүнийг хайрлах ёстой. Хайрлуулах гээд байгаа тухайн хүнийг бид мэдэрдэггүй. “Энэ угаасаа тэнэг, мангар юм байна. Хүнтэй нийлдэггүй, зожиг юм” гэдэг ч тэр хүн цаанаа халамжлуулах, хайрлуулах, хүндлүүлэх хэрэгцээ нь дээд зэрэгтээ тулчихсан явж байдаг. Нийгмийн өдөр тутмын амьдралыг харж байхад бид нэгэндээ аятайхан үг хэлдэг бил үү. Нэгэндээ сайхан урам өгдөг бил үү. Гаргасан алдааг чинь уучиллаа гэж нүүрэн дээр нь хэлдэг бил үү. Энэ их дутагдалтай. Сайхан үг, урмын үг, дэмжлэгийн үгээр дутаад байгаа хүн хайрын өлсгөлөнд нэрвэгдчихсэн байдаг.

-“Би чинь өнчин өрөөсөн, багаасаа л ядуу тарчиг өссөн юм”, “Би эцэг, эхээ алдсан, азгүй хүн”, “Ээж минь намайг багад хаяад явчихсан”, “Би бусдаас эрхтэн дутуу” гэх мэтээр өөрийгөө өрөвдүүлэх гэсэн, хэн нэгэнд гомдоллосон, өөрийгөө л өнчирч хагацахын зовлонг амсч яваа мэтээр ташаардаг хүмүүс бий. Энэ сэтгэлгээнээсээ яаж гарах ёстой вэ?

-Үүнийг бид яаж харах ёстой вэ гэхээр би дээр ярьсан, цангасан хүнд ус өгдөг, өлссөн хүнд хоол өг гэсэн шүү дээ. Тэр хүмүүс чинь бидэнд дохиогоо өгөөд байгаа байхгүй юу. Намайг хайрлаач ээ, намайг хараач ээ, энд нэг зовсон, шаналсан хүн байна шүү гэдгээ шууд ил хэлэхгүйгээр дам байдлаар өөр үгээр илэрхийлээд байдаг. Тэгж шаналж байгаа хүмүүсийг эргэн тойронд байгаа хүмүүс нь зөвөөр харж, хүлээж авах ёстой. Зөв харсан юмаа зөв хэлэх ёстой. Зарим хүнд зөөлөн, заримд нь хатуу үг ташуур болох нь бий. Байгаа үнэнийг нь зөвөөр нь, сэтгэл зүйг нь эвгүй байдалд оруулахгүйгээр, шархлуулахгүйгээр бид оновчтой үгийг хэлэх хэрэгтэй. Бид яадаг вэ гэхээр тухайн хүнийг тойроод л тэр хүний тухай ярьж л байдаг. Нэг ч хүн ойртож очиж юм хэлдэггүй. Тухайн зовж байгаа хүнийг тойрч байгаа тойргийг задлаад тойргийн гадна байгаа хүмүүс тэр хүн дээр нэг нэгээрээ эсвэл хэсэг бүлгээрээ очиж тусламж үзүүлэх ёстой. Энэ бол маш сайн жишээ. Тийм учраас нийгэм хамт олны дунд зөв хүн төлөвшдөг гэдэг чинь тэр. Харилцаан дотор л хүн аз жаргалтай болдог. Бүх хүнд зовлон бий. Бүх хүнд жаргал бий. Хүн болгон өөрийн гэсэн зовлон, жаргалтай. Үүнийг л бид сэтгэл зүйн хувьд ойлгох хэрэгтэй. Энийг сэтгэл зүйн боловсрол гэж нэрлэдэг. Фэйсбүүк, инстаграмаас зарим хүн дандаа жаргаад байгаа юм шиг харагддаг, гудамжинд алхаад явахаар зарим хүн дандаа зовоод байгаа юм шиг харагддаг. Тэгтэл тийм биш. Бүх хүний ард жаргал бий. Бүх хүний ард зовлон бий. Ингэж л бид юмыг зөв тэнцвэржүүлэх хэрэгтэй. Зовж шаналж байгаа хүнд очоод зөв, үнэн үгийг олж хэлж байна гэдэг EQ-тэй хүний шинж. EQ өндөртэй хүмүүс байна, тийм хүмүүсийг бий болгоно гэдэг бол нийгмийн маш чухал үнэт зүйлийг бүтээж байна гэсэн үг. Тийм учраас хоорондоо ярьдаг байх, нэгнийхээ асуултад хариулдаг байх, нэгнийгээ сонсдог байх гэдэг чинь өөрөө маш чухал ур чадвар болоод байна. Үүнийг манайхан тоодоггүй. Та долоо хоногт хэдэд нь хүнийг сонсдог юм. Хэдэд нь хүнээс асуудаг юм, хэдэд нь хүнийг ярихад дэмждэг юм гэдгээ бодох ёстой. Хүнийг юу хамгийн аз жаргалтай болгодог вэ гэхээр бусад хүний танд өгч байгаа тусламж, та буцаагаад бусдад өгч байгаа тусламж биднийг баланслуулдаг байхгүй юу. Хэн ч надад туслахгүй, хэнд ч би туслахгүй бол тэр хүн харилцаанаас өөрийгөө хүн гэж мэдрэхгүй байгаа. Би хүн гэдгээ ойлгохгүй байгаа байхгүй юу. Харилцаанаас өөрийгөө ойлгож байгаа хамгийн гол арга зам бол бусдад туслах, бусдаас туслалцаа авах. Гэтэл бусдаас тусламж аваад яадаг юм гэдэг хүмүүс бий. Тэд бүгдийг чадаж байна гэж ойлгоод байдаг. Бусадтай харилцаатай байхын тулд бусдаас дэмжлэг, туслалцаа авч байх ёстой. Туслалцаа гэхээр материаллаг зүйл бодоод байдаг.

-Бясалгал хийж, иогоор хичээллээд байгаа хүмүүс чухам юуны тулд тэгж суугаад байдаг юм?

-Бид түмэн шидийн дуу шуугиан, гэрэл, үнэр зэрэг тоо томшгүй мэдээллийг мэдрэхүйн эрхтэнүүдээрээ дамжуулан авдаг. Тэр болгон нь тархины тодорхой үелзлүүдийг бий болгож сэтгэлийн хөдөлгөөнүүдийг бий болгодог. Таагүй үнэр үнэртвэл сэтгэл тавгүйрхэнэ, дургүй өнгөтэй харвал тэрнээсээ холдох зэргээр бид хариу үйлдэл үзүүлдэг. Тэр олон үелзлүүдээ тайван байлгахын тулд л бясалгал, иог зэргээр хичээллээд байгаа байхгүй юу. Тархиныхаа олон хэлбэлзлүүдийг багасгаж, тархиа тайвшруулах, нэг үелзэлд оруулахын тулд бясалгал гэх мэтийн өөрөө өөртэйгөө харилцах, дотогшоо хандах, өөрийгөө сонсох зүйлийг хийгээд байгаа юм.

-Та сэтгэл судлаач, мэргэжлийн хүний хувьд монголчуудад хандаж яавал аз жаргалтай байхыг зөвлөнө үү?

-Юуны төлөө амьдраад байгаа вэ гэдэг зорилгоо маш сайн тодорхойл. Зорилго тань хэрэгжих явцдаа дандаа хүмүүстэй хамт явна. Хүмүүстэй ойлголцох, хүмүүст өөрийгөө зөв ойлгуулах, хүмүүсийг зөв ойлгох чиглэлд сайн анхаараарай гэж хүсье.


Categories
мэдээ цаг-үе

Н.Наранбаатар: Хамгийн аз жаргалтай тэр мэдрэмжийг л хүлээж байна

Гэрэл зургийг Г.БАЗАРРАГЧАА

Улсын филармонийн гоцлол дуучин, Соёлын тэргүүний ажилтан Н.Наранбаатартай ярилцлаа.


-Та хотын унаган хүүхэд үү. Хаана төрсөн бэ?

-Миний төрсөн нутаг Баянхонгор аймаг. Дунд ангид байхдаа хотод орж ирсэн.

-Жазз хөгжим, жаззын ертөнцөд нэвтрэхэд мэдээж эргэн тойрны хүмүүс, орчин тань нөлөөлсөн байх?

-Миний аав Соёлын төвийн захирал байсан. Аав минь хөгжимчин, аймагтаа нэртэй, улсын том том уралдаануудад өндөр амжилт гаргадаг байсан хамтлагтай байсан юм. Жазз хөгжмийг хотын, урбан гэж хэлэх нь бий. Гэтэл энэ хөгжим хар арьст, ядуу боолчуудаас гаралтай. Зовлон, зүдгүүр, уй гашуугаас ч энэ хөгжим үүссэн гэж ярьцгаадаг.

Энэ хөгжим түүхэнд тэмдэглэгдээд 140 гаруй жил болж байгаа. Би энэ хөгжмийн урсгалд дуртай, дунд ангид байхаасаа л сонсч эхэлсэн болохоор жазз хөгжим бол миний салшгүй нэг хэсэг л дээ. Монголд жазз хөгжим өндөр хөгжиж байна. Тэр хөгжил дотор нь жаахан ч атугай нэг хэсэг нь байхсан даа гэж бодож хичээдэг чармайж явдаг шүү.

-Та Элвис Пресли, Майкл Бубле, Франк Синатра нарыг шүтэн биширдэг. Таныг жазз ертөнцөд эргэлт буцалтгүй оруулсан, танд нөлөөлсөн дуу, кино гэвэл?

-Бидний багад хүүхдүүд “The Backstreet boys, “Камертон” хамтлаг, поп хатагтай Б.Сарантуяа, Т.Ариунаа, Элтон Жон гээд дуучин, хамтлагуудын дууг сонсдог байсан. Франк Синатрагийн “When I was seventeen” дууг нь анх сонсч байлаа. Мөн түүний “My way” дууг сонсоод өөрийн эрхгүй жаззад татагдаж эхэлсэн. Тэр үед сонгодог дуучин болохсон гэж мөрөөддөг байсан. Тэр мөрөөдөл минь намайг хөтлөөд л яваад байгаа байх л даа.

-Жазз хөгжим дуугарч байгаа газар цаанаа л хөгтэй, хөөртэй, хөгжөөнтэй. Өмсч зүүснээс нь эхлүүлээд жазз дуучдын тайзан дээр биеэ авч яваа байдал цаана л анги шүү?

-Дотроо маш олон төрөлтэй. Энэ сарын 14-нд болох “Come fly with me” тоглолт маань swing концерт байх юм. Энэ нь жаззын бас нэгэн том хэлбэр юм гэдгийг ирсэн хүмүүс мэдрэх байх. Жазз концерт гэсэнгүй. Яагаад swing гэж нэрлэв ээ гэхээр тоглолт маань өгсөлттэй, уналттай, өгсөлттэй. “Come fly with me” дуу бол Франк Синатрагийн бас л алдартай дуу. Хүмүүс намайг яагаад гадаад дуу дуулаад байдаг юм гэх нь бий. Ковер дуу ч гэдэг. Энэ дууг үүссэн цагаас нь хойш энэ жанраар дуулдаг бүхий л дуучин дуулсан. Гадны тоглолтуудад дандаа л гадны бүтээлүүдийг дуулдаг. Тэрийг ковер гэдэггүй. Тийм учраас үүнийг тэгж хэлж болохгүй. Бидний өөрсдийн оюунаа шингээж байж найруулгыг нь хийсэн бүтээлүүд байна. Өөрсдийн гэсэн бүтээлүүд ч байна. Монголын гоё гоё дуунуудыг swing болгоход ямар сонсогддог юм бэ гэдгийг харуулахыг хичээж байна.

-Та ямар төрлөөр нь дуулдаг гэсэн үг вэ?

-Миний дуулдаг төрлийг crooner гэдэг юм. Майкл Бубле, Франк Синатра нар том төлөөлөгчид нь.

-“Донжтой бүсгүй”, “Захиа”, “Энэ хүүхнүүд үү”, “Энэ дурлал гайхамшигтай” гээд та өөрийн гэсэн олон сайхан уран бүтээлтэй. Дуучин Ука, Хулан нартай хамтарч сайхан дуунууд гаргаж байна?

-Баярлалаа. “Чамайг хүлээнэ” дуу хөгжим сонирхогчдын дунд хандалт өндөртэй яваа.

-Хөгжмийн ямар төрөл жанрыг сонсдог вэ гэдэг нь тухайн хүний хувцаслалт, биеэ авч яваа байдлаас нь харагддаг. Таны тоглолтыг үздэг, жазз сонсдог хүмүүс өөр бусад хөгжмийн урсгалыг сонсдог хүмүүсээс юугаараа өөр байдаг вэ?

-Маш гоё байдаг. Өөрийгөө олчихсон. Өөрийнхөө сонсох юмаа мэдчихсэн. Тэрнээсээ ямар таашаал авдгаа мэддэг бие хүмүүс байдаг юм. Манайд жазз сүүлд л хөгжиж байгаа болохоос биш дэлхий дээр 100 гаран жил хөгжчихсөн, Европ, Ази. Японд асар сайн хөгжчихсөн. 1930-аад оноос хойш Шанхайд өндөр хөгжсөн. “Баян Монгол” чуулга маань 50 жилийн ойгоо тэмдэглэж байгаа. Монголд жазз хөгжимд тавин жилийн өмнө эхлэл, суурь нь тавигдсаар өнөөдөр бидний үед ирээд байна.

-Монголын хамгийн алдартай жазз дуу гэвэл. Ямар дууг мэргэжилтнүүд онцолдог вэ?

-Эхнээс нь жазз дуу гэж зориулж хийгээгүй болохоор тэгж хэлэх хэцүү л дээ. Хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав гуайн дуунуудыг жазз болгоход гоё болдог. “Би чамд хайртай”, “Ийм нэгэн сэтгэл” зэрэг дуунуудыг жазз хувилбараар дуулаад цомог гаргасан л даа. Германд жазз дуучнаар суралцаж байгаа миний хуурай дүү Энхжаргал С.Гончигсумлаа гуайн алдартай дуунуудаар мөн цомог гаргасан.

-Жазз хөгжим танд юу өгсөн бэ?

-Амьдралаас авч байгаа аз жаргал, амьдралын цаашдын чиг шугам, бүх зүйлийг тодорхойлж өгсөн хөгжим. Намайг жазз дуучин гээд байдаг юм. Би бол зүгээр л дуучин. Гэхдээ жаззаа ч дуулна, поп дуугаа ч дуулна.

-Дуучин Укатай хамтарч дуулсан “Энэ хүүхнүүд үү” дууны хөгжмийн найруулга маш сайн. Урлагт синкретизм гэх ойлголт байдаг юм. Хоёр өөр он цагт туурвигдсан бүтээлийг нэг дор зангидаж, сүлэлдүүлэхийг хэлдэг. “Энэ хүүхнүүд үү” киноны хөгжмөөс сэдэвлэсэн нь онцгой болсон байна билээ?

-Сонсох хүмүүс нь сонсоно. Зарим нь сонсоход бэлтгэгдээгүй байж магад. Хурцадна гэдэг ч юм уу, сонин сонсогдоод байж мэдэх юм. Энэ юу вэ, энэ дуу юу, дүү нар минь та нар юу л хийгээд байна даа гэсэн. Эсрэгээрээ надад маш гоё санагдсан. Ука бид хоёрт огт өөр, сайхан мэдрэмж өгсөн. Клип нь ч тэр. Маш их таалагдсан. Одоо шүүмжилж байгаа ч хэдэн жилийн дараа сонсоход өөр сонсогдож магад.

-Дуучид хойноо бүтэн хамтлаг зогсоогоод өөрөө урд нь гарч тайзан дээр бөгжний шигтгээ шиг л гялалздаг. Гэтэл тэгж зогсохын тулд, тоглолт хийхийн тулд олон сарын өмнөөс бэлтгэдэг юм шиг байгаа юм?

-Тоглолтоо төлөвлөсөн цагаас эхэлж толгой ажиллаж эхэлнэ. Хөгжмийн найруулга, дууны сонголт гээд л ажил их. 2-3 сарын өмнөөс тоглолтын ажилдаа орохгүй бол оройтдог. Амжихгүй. Бүх юм жин тан болоод тоглолтын үндсэн бэлтгэл сарын өмнөөс эхэлдэг.

-Зарим дуучид тоглолтын өмнөх хэдэн өдөр чимээгүй орчинд тайвширч амардаг юм билээ. Харин та тоглолтын өмнө яадаг вэ?

-Тайз, гэрэлтүүлэг яаж байна гээд л дунд нь явна. Уг нь дуучин хүн бясалгаад гэртээ ч юм уу, өөр намуухан газарт төвлөрөөд амраад байж байх хэрэгтэй юм. Тэр тайз, жижиг сажиг эд зүйл, тасалбар гээд бүх асуудлыг хаях хэрэгтэй. Даанч манай өнөөдрийн нөхцөлд тэгэх боломж алга. Гэхдээ миний ард баг ажиллаж байгаа. Тоглолтын үеэр миний сэтгэлд хүрэхгүй нэг л зүйл гарвал тэр чинь надад маш их уналт болно. Тэрнээс болгоомжлоод бэлтгэлийн үеэр дунд нь ганц хоёр удаа явж байвал зүгээр байдаг юм.

-Гурван сарын турш бэлтгээд сүүлийн нэг сард нь шахуу хөдөлмөрлөөд тоглолт болоход тайзан дээр гарлаа. Тоглолт тань хэдэн цаг үргэлжлэх вэ?

-Хоёр цаг гаран болно.

-Хоёр цагийн турш дууллаа. Бүх юм номын журмын дагуу боллоо, тэгээд хөшиг хаагдлаа. Яг тэр агшинд танд ямар мэдрэмж төрдөг вэ?

-Хамгийн аз жаргалтай тэр мэдрэмжийг л би хүлээж байна. Үзэгчид гоё, хөгжимчид маань алдаа мадаггүй, миний зүгээс бүхнээ гаргачихаад хөшиг хаагдсаны дараа тайзны ард авах эхний амьсгаа бол энэ бүх ажлын хамгийн гоё дүгнэлт байх болно.

-Жазз дуучинд ам барина гэсэн ойлголт байхгүй. Яагаад гэвэл хойно нь хөгжмийн бүхэл бүтэн хамтлаг тоглож байгаа шүү дээ?

-Ямар ч төрөл, жанрт дуучны ур чадварыг шаардана даа. Хойноо оркестр суулгачихаад урд нь зогсоод тэгж хуурна гэж хэзээ ч байхгүй. Оркестртой дуулж байгаад алдаж магадгүй. Тэр мөчид тэр алдаанаас яаж гарах вэ гэдэг асуудал байнга л тохиолдож байдаг. Тэрийгээ яаж эвтэйхэн аргалж гарах вэ гэнэ. Гэхдээ их биш л дээ. Маш том алдаа биш л дээ. Амьд юм гэдэг чинь цаанаасаа амьд байх ёстой.

-Хоолойгоо яаж хамгаалдаг вэ. Тоглолтын өмнө хоолой өвдөж ханиад хүрвэл хэцүүднэ байх даа?

-Тэгэх юм бол дууслаа гэсэн үг. Хоолойнд хэтэрхий ачаалал өгөөд, бие ядарсан байвал үрэвсэх магадлал өндөр. Тийм учраас хоолойгоо гамнах хэрэгтэй. Дуучин хүний гол зүйл чинь хоолой. Дээр нь сэтгэл гэж том юм бий. Сэтгэл, хоолой хоёроороо бүхнээ хүмүүст илэрхийлдэг. Хоолойны эмч дээр хааяа очиж үзүүлнэ. Шинэ жилийн үеэр бид маш өндөр ачаалал авдаг. Өвлийн ид хүйтнээр тоглолтын лакан гуталтайгаа л гүйнэ. Тэр үед хоолой өвдвөл үнэхээр хүнд. Оргил хэсгээр нь хоолой цуцаад өвдөж эхэлнэ. Фитнесс хийгээд гэдэсний булчинтай болдог шүү дээ. Тэрэнтэй адилхан хүн дуулаад дасгал хийгээд байвал юу ч тохиолдсон даваад гарах хэмжээнд хоолойныхоо булчинг хөгжүүлчихсэн байдаг. Би ч гэсэн хоолойныхоо булчинг хөгжүүлэх гээд хичээж л байна. Бие өвдөж байсан ч хоолой хэвийн гарах ёстой.

-Нэг дууг хэд дахин давтаж өөрийн болгодог юм бэ?

-Яг төд дуулж өөрийн болгоно гэж хэлэхэд хэцүү. Маш олон дуулна. Дуулах тусам өөрийн болдог. Жижиг нугалаа, жижиг амьсгааг яаж зөв гаргах вэ гээд л нэг дууг хэдэн мянган удаа дуулж байж биеийн маань нэг хэсэг шиг болж байгаа юм. Хэдэн сар, жил дуулсны дараа тэр дууг зохиогч нь анх зохиохдоо яг юу бодож бүтээсэн бэ гэдгийг ойлгож байх жишээний.

-Энэ сарын 14-нд болох тоглолтынхоо тухай сонирхуулаач. Уран бүтээлчид заавал баяр ёслол тохиолдуулж дуулдаг болж. Дөрөвдүгээр сарын 14 гэдэг нь ямар нэг утга агуулж байна уу. Хоёрдугаар сарын 14, гуравдугаар сарын 14 гээд сар болгоны 14-нийг хайр сэтгэлтэй холбоод байдаг тал бий дээ?

-(Инээв). Гэхдээ та гоё талаас нь харсан байна. 2012 оны дөрөвдүгээр сарын 13-нд анхны тоглолтоо хийж байсан юм. Тэр тоглолт миний хувьд маш том гараа байсан л даа. Амжилттай ч болсон. Тэр үеэс миний урлагийн замнал эхэлсэн. Тийм болохоор бэлгэдлээ бодоод дөрөвдүгээр сарыг сонгосон юм. Өдрөө сонгохдоо бямба гаригийг онцлоод 14-нийг товлосон. Баяр ёслолоор тоглолт хийх нь зөв ч яагаад заавал баярын өдөр гэж. Баярын өдрөөр бол дуртай, дургүй хүмүүс л албадлагаар шахуу тоглолт үзнэ шүү дээ. Баярын бус өдөр хийхээр яг тэр хөгжмийг сонсъё гэсэн хүмүүс ирдэг. Хүмүүст тасалбар шахна гэдэг асуудалд би дургүй. Тайзан дээрх дуучин, үзэгчид нь сэтгэлээрээ холбогдож байж л тэр тоглолт жинхэнэ тоглолт болж дуусна уу гэхээс биш хэн хэнийгээ үл ойлгосон байдал байж болохгүй байх аа.

-Жазз төрлөөр амжилттай дуулж яваа цөөн дуучны нэг нь та. Танд урилга хэр ирдэг вэ?

-Манай арга хэмжээн дээр жазз, сонгодог дуу дуулах хэрэгтэй байна гэсэн урилга их ирнэ. Сүүлийн жилүүдэд ийм урилга их ирэх болсон. Одоо бол шинэ дуучид, хөгжимчид гарч ирж байна. Том төсөл ч хэрэгжиж үр дүнгээ өгч байна. Шинэ дуучид, шинэ уран бүтээлчид гарч ирэх тусмаа энэ урлаг хөгжинө. Олон жазз дуучин гарч ирээсэй гэж их боддог юм.