Өнөө жил монгол хүн олимпийн наадмаас медаль хүртсэний 50 жилийн ой тохиож байгаа. Монголчууд 1968 оны Мексикийн олимпоос чөлөөт бөхийн төрлөөр нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн нь Монгол Улсын спортын түүхэнд “Олимпийн анхны медаль” хэмээн тодоор бичигдэн үлдсэн. Ж.Мөнхбат аварга 87 кг-ын жинд мөнгөн медаль, 78 кг-ын жинд Т.Артаг, 70 кг-ын жинд Д.Сэрээтэр, 52 кг-ын жинд Ч.Дамдиншарав нар тус тус хүрэл медаль хүртэж Монгол Улсын Олимпийн анхны медальтнууд гэгдэж олны хайр талархлыг хүртсэн билээ. Олимпийн анхны медальтнуудын нэг Ч.Дамдиншарав багш өдгөө чөлөөт бөхөөрөө дагнан ажиллаж, хойч үе залуустаа бөхийн эрдмээсээ хуваалцсаар яваа. Түүнтэй утсаар холбогдтол “Бугын сангийн аж ахуйн аманд бөхчүүдтэйгээ наадмын бэлтгэлд гарчихсан байгаа. Өвөрхангайн “Их Монголын хүчтэн” дэвжээнийхэнтэйгээ байна” гэж сураг өглөө.
Уулзах товоо тогтоогоод бөхийн гал дээр нь яваад очив. Бөхчүүд зодог шуудагтайгаа хясааны наана өглөөний бэлтгэлээ хийж байна. Өвөрхангай бөхийн галыг улсын арслан Д.Ганхуяг ахалж, дасгалжуулагчаар нь улсын арслан Б.Ганбаатар, улсын начин, гавьяат дасгалжуулагч Д.Пүрэвсүрэн, зөвлөх дасгалжуулагчаар нь Ч.Дамдиншарав багш ажиллаж байна. 1985 оны улсын наадмын түрүү бөх улсын арслан Б.Ганбаатар гартаа уртавтар хар мод барьчихаж. Түүгээрээ бөхчүүддээ жавтий хүртээж байгаа харагдана. Авч шидүүлж байгаа нэгнийг “Чи даавуун малгай юу. Хүний толгой дээр унадаг” гэж чанга хэлтэл бүгд инээлдлээ. Арслан бөхчүүддээ үг хэлэхдээ ёжилж, шоглосон өнгө аяс оруулах бөгөөд дуу нь ч чанга. Харин Д.Пүрэвсүрэн багш залуу бөхчүүдтэй тулж ажиллаж мэх зааж, барьцыг нь хүртэл зааж байлаа.
“За, Ядамаа, Лхагваа хоёроос өөр нэг ч унаагүй хүн байна уу”, “Ядамаа, Лхагваа хоёр үзээд боллоо шүү”, “Өнөөдөр Мөнхболдын төрсөн өдөр юм байна ш дээ. Даанч бяртай байсан юм аа. Учраануудаа авч шидээд сүртэй байсан юм” гэж багш дасгалжуулагчид нь бөхчүүдтэй ярьж халуун яриа өрнүүлэх завсраа “Ээ, чи наад хөлөө яагаад хаячихаад байгаа юм бэ”, “Алив зүтгээч, явсхий. Яагаад суугаад байна, бос”, “Дорвитойхон шиг хөдөл” гэх зэргээр зааж зааварлана. “Их Монголын хүчтэн” дэвжээнийхний байрласан газар бол Хилийн 0208 дугаар тусгай салбар “Хилчин” спорт хорооны амралтын газар юм. “Хилчин”-ий бөхчүүд болоод сурын харвааны тамирчид нь мөн адил энд наадмын бэлтгэлээ хангаж байна. Өвөрхангайн галд улсын арслан Д.Ганхуяг, улсын заан Б.Сайнбаяр, Т.Санчир, улсын харцага Х.Гантулга, улсын начин Д.Пүрэвсүрэн, Д.Батбаяр, Л.Наранбаатар, П.Ганхүү, Б.Сангисүрэн, Б.Сугаржаргал, Л.Батзориг, Ц.Чимэддорж, аймгийн хурц арслан Д.Цэвэлсодном, аймгийн арслан Б.Батдорж, Г.Отгонбаатар, Ж.Наранбаатар, Т.Ядамсүрэн, Б.Цэдэнсодном, Б.Лхагважав нарын улс аймгийн цолтой 60 орчим бөх байна. “Хилчин”-ий бөхчүүдтэй нийлбэл бараг 100 хүрэх юм байна.
Бугын сангийн аж ахуйн энэ амралтын газарт Өвөрхангай бөхчүүд 1998 оноос наадмын бэлтгэлээ базааж улсын аварга, арслан, улсын олон цолтонтой болсон болохоор энэ газартаа их сүсэгтэй “Ивээлээ өгсөн нутаг” гэж бүгд магтах аж.
Өглөөний барилдаан дуусч, сунгалтаа хийж эхэлцгээлээ. Ч.Дамдиншарав багштай бэлтгэлийн бааз руу түрүүлээд хөдлөв. Нүүрний гэрүүдийн дундах нь арслан Б.Ганбаатар, Ч.Дамдиншарав багш хоёрын гэр. Гэртээ урьж орууллаа. Ч.Дамдиншарав багш “За энэ хоёр ор бол арслан бид хоёрын бие хамгаалагч, туслахуудынх” гэж баруун, зүүн хатавчны хоёр ор руу заагаад инээлээ. Бие хамгаалагч юу байх вэ арслан, зөвлөх дасгалжуулагч хоёрын ойр зуурын ажлыг нь амжуулдаг хоёр шавь нь л даа.
Ч.Дамдиншарав багш “Энэ олон хүүхдүүд дунд чинь хөлбөмбөгийн хорхойтнууд олон бий. Өглөө 07 цагт босоод орой 22.30 минутад унтчихсан байх ёстой. Дэглэм алдагдчих байх гээд оройн цагаар хөлбөмбөг үзэхийг нь хориглоод байгаа” гэлээ. Хясааны дор, голын хөвөөнд бэлтгэл, сунгалтаа хийгээд дууссан бөхчүүд гэр рүүгээ цуварсаар айсуй. Эхэлж ирсэн бөхчүүд зодог, шуудгаа хатааж, гутлынхаа оймсыг бүслүүрээс хавчуулах нь хавчуулж, гэр дээр тавих нь тавьжээ. Өдрийн хоол банштай ногоотой шөл, гоймонтой хуурга. Арслан, багш хоёрын “бие хамгаалагч”-аар Бат-Өлзий сумын залуу бөх С.Буянбадрах, сумын заан Г.Идэрдорж хоёр ажиллаж байна. Ч.Дамдиншарав багш жингээ ерөнхийд нь хянаж, буулгаж байгаа учир өглөөгүүр ахиухан хоол идээд, өдөр багахан шигийг зооглоод оройд дан ногоо идэж байгаа гэнэ. Хоол унд болсны дараа бөхчүүд тус тусын гэр, байшиндаа орцгоолоо. Өдрийн амралтын цаг нь.
Б.Ганбаатар арслан дээр бөхчүүд орж ирж хаана, юу нь өвдөж байгаа, яах тухай зөвлөж, гараа яаж боох, бэртлээ эдгэтэл хүчтэй хөдөлгөөн хийхгүй байж биеэ гамнах, ямар тан уух тухай ярилцах бөгөөд зарим нь хот руу ухасхийгээд шарлага хийлгэчихээд ирье гэж зөвшөөрөл хүсч байлаа.
Ч.Дамдиншарав багш орныхоо толгойд байсан цүнхээ ухаад медалион болон зурагт хуудас, гэрэл зураг гаргаж ирлээ. Монгол хүн олимпийн наадмаас медаль хүртсэний 50 жилийн ойд зориулж Ч.Дамдиншарав багшийн нэрэмжит олон улсын тэмцээнийг нутаг усныхан нь Өвөрхангай аймгийн Засаг даргын тамгын газар, “Аса” сан, Үндэсний олимпийн хороо, Чөлөөт бөхийн холбоо сайхан зохион байгуулж өгчээ. Өнгөрсөн сарын 22-24-нд Арвайхээр хотод болсон энэ тэмцээн түүний сэтгэлд ихэд нийцэж, олон хүнд баярласнаа илэрхийлж байлаа. Ардын багш Ч.Дамдиншарав “Зургадугаар сарын 23-ныг Олимпийн өдөр гэдэг бол манайх одоогоос 50 жилийн өмнө 1968 оны аравдугаар сарын 20-нд олимпийн анхны медалиа хүртсэн учир тэр өдрийг Олимпийн анхны медаль авсан өдөр гэж ач холбогдол өгч тэмдэглэдэг” гээд одоогоос 50 жилийн өмнө медалийн тавцанаа зогсч байсан торгон агшныг нь буулгасан гэрэл зургийг харууллаа. “Энэ их сонин зураг. Монголд байдаггүй байсан зураг байхгүй юу. Японд байдаг монгол охин олимпийн аварга Наката” гээд медалийн тавцанд аваргын алтан медаль хүртээд дэргэд зогсч буй хүнийг заагаад “Энэ хүний гэрт нь очоод энэ зургийг авчирсан. 50 жилийн өмнө манайд өндөр чанарын зургийн техник хэрэгсэл байсан биш. Энэ бол хэвлэлд нэг ч гараагүй” зураг гэж тодотголоо.
Арслан Б.Ганбаатар гадаалж сууж байснаа “Манай хоёр цэрэг байна уу, байхгүй байна уу” гэж асуувал Ч.Дамдиншарав багш “Нэг нь байхгүй байна, нэг нь байна аа” гэж хариулав. Б.Ганбаатар арслан өнөө нэг “бие хамгаалагч”-даа хандан “Чи юу хийгээд байна” гэвэл “За би, хувцасаа гаргаж байна. Одоохон багш аа” гэлээ. Арслан “Хоол унд юу болж байна. Очоод мэдээд ир” гэж тэд хоорондоо ярьж байгаа нь дуулдлаа.
Ч.Дамдиншарав багш “Олимпоос медаль авсан 25 хүн байдаг юм. 25 медальтан 26 медальтай. Түвшинбаяр хоёр медальтай. 25 хүнээс 20 нь амьд сэрүүн байна. Өнгөрсөн сард Олимпийн хороо маань Мексикийн олимпт оролцсон хүмүүсээ хүлээж авсан юм. Очсон чинь тавхан хүн байсан шүү. Би “Бусад нь хаачсан юм бэ” гэж асуусан. Тэр олимпт оролцсон тамирчин, дасгалжуулагч нийлсэн 20 гаруй хүнтэй багаас тавхан хүн л үлджээ. Манайх чөлөөт бөхөөс гадна гимнастик, хөнгөн атлетик, дугуй, буудлага гэсэн төрлүүдээр өрсөлдсөн санагдана. Тэгээд яах вэ, цаг хугацаа гэдэг тийм хурдан юм. 50 жил гэдэг гайгүй л их хугацаа шиг хэрнээ эргээд харахад богинохон ч юм шиг. 50 жилийн өмнө ид сайхан гялалзсан байсан улсууд маань бурхны оронд оджээ. Сүүлийн нэг жилийн хугацаанд таван сайхан хүнээ алдлаа. Манай Мөнхбат аварга, гавьяат Дамдин, олимпт оролцож байсан Нацагдорж гээд нэрлэвэл харамсалтай л байна” хэмээснээ дуугаа хураалаа.
Тэгснээ “Өнөө жил яах вэ, Монгол хүн олимпоос медаль авсны 50 жилийн ойгоо манай салбарынхан тэмдэглэх гэж байна. Бид дөрвүүлээ олимпийн медаль авсан юм. Сэлэнгэ аймагт манай Оюунболдын хөшөөг босгосон. Булганд 1980 оны олимпийн мөнгөн медальт Даваажавын хөшөөг босгох гэж байна. Увсад Артагийн маань хөшөөг босгох гэж байна гэх мэтчилэн. Мөн олимпийн медальтнуудын нэрэмжит тэмцээнүүд аймгуудад боллоо” гэж ярилаа.
Олимпийн анхны медаль хүртсэний 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан түүний нэрэмжит тэмцээнд олон улсын өсвөр, залуучуудын ангиллын тамирчид ирж оролцжээ. Тамирчдын шагнал урамшууллыг Асашёорюү Д.Дагвадорж дааж ивээн тэтгэсэнд баярлаж байгаа илэрхийлээд “Аса чинь манай аймгийн бөхийн холбооны тэргүүн болсон шүү дээ. Бөхийн гал гарснаас хойш хэд хэдэн удаа ирж биднийг эргэж нөхцөл байдалтай танилцаад явсан” гэлээ. Мөн УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, С.Чинзориг сайд нар тэмцээнд оролцсон гадны 300 гаран тамирчдын хоол, байрыг зохицуулж ивээн тэтгэсэнд Ч.Дамдиншарав багш талархжээ.
Тэрээр “Унасан газар, угаасан усныхан маань, өвөрхангайнхан маань надад өөрийнхөө аймгийн хамгийн дээд шагнал “Алтан соёмбот” шагнал өгсөн. Тийм том шагнал байдаг юм байна. Өндөр Гэгээн Занабазар соёмбо үсгийг зохиосон. Тэр хүн өвөрхангайнх шүү дээ. Ийм шагнал өгсөнд настай хүний хувьд их баярласан. Түүнчлэн Бат-Өлзий сумын бөхийн холбоо, Гучин-Ус сумынхан надад өргөө цагаан гэр бэлэглэсэн. Энэ бүхэнд ахмад хүний хувьд сэтгэл өндөр байгаа. Бие эрүүл саруул байвал сэтгэл санаа ч залуу байдаг. Ганбаатар арслан намайг “Алдар”-ын дасгалжуулагч байхад миний цэрэг байж 1985 оны улсын наадамдаа түрүүлж байсан. Ганхуяг арслан байна, бас. Манай аймгийн чөлөөт бөх, үндэсний бөхийн бөхчүүд бүгд миний шавь. Эд нар маань намайг уриад энэ олон бөхчүүд, багш нарыг сурган хүмүүжүүлж, өөрийнхөө мэдлэг чадвар, туршлагаа өгөөч ээ гээд энд ажиллуулж байгаа юм” хэмээлээ. Нэг үеэ бодвол манай аймгийн сайн сайн бөхчүүдийн тоо цөөн болсон, 1980-аад оны үед улсын наадмын найман бөхийн дөрөв нь манай аймгийнх байдаг байлаа. Одоогийн байдлыг тэр үеийнхтэй харьцуулбал амжилтын түвшин доогуур байгаа. Гэхдээ олон сайхан залуучууд байна. Аварга, арслангуудаа залгаж гарч ирэх олон залуу бөх зөндөө байна гэж ярилаа.
Өвөрхангайнхан нутгийн бөхчүүдээ дэмжиж идээ шүүс илгээнэ. Ачааны машинаар хонь явуулдаг байсан бол өнөө жил цагийн байдал хэцүү байгаа учир мах явуулжээ. Эдний дэвжээ сар бүр шилдэг бөхөө шалгаруулж, барилдаан зохион нэлээд идэвхтэй үйл ажиллагаа явуулдагаараа бусад дэвжээнээс ялгагддаг. Сар бүр аль нэг сум нь барилдаан зохиож бөхчүүд нь идэвхтэй барилдаж нутгийн зон олон нь ч зорин ирж шимтэн үздэг.
Ч.Дамдиншарав багш Д.Ганхуяг арслангийн гэрээр биднийг дагуулж орлоо. Арслан орондоо орчихсон унтах гэж байна. Тавагтай идээнээсээ амсуулаад “Наадам дөхсөн болохоор надаас яриа аваад яах вэ, миний дүү” хэмээлээ. Ч.Дамдиншарав багш “За одоо манай менежерийн гэрээр орно оо” гээд захын гэр рүү дагууллаа. Аймгийн арслан Ц.Жамсранг эдний дэвжээнийхэн “Менежер ээ” гэж дууддаг аж. Ц.Жамсран арслан “Миний менежер гэж юу байх вэ. Менежер гэж нэртэй л яваад байдаг ш дээ” гэж инээснээ “Манай дэвжээ байгуулагдаад 20 жил болж байна. Энд байрласнаас хойш манайх амжилт үзүүлсэн. Энэ хангай чинь бидэнд ээлтэй. Аварга төрлөө, арслан төрлөө, заан төрлөө, харцага төрлөө. Начингууд өчнөөнөөрөө төрлөө” гэж ярилаа. Өнөө жилийн хувьд аймгийнхаа галд гарах бөхчүүдэд тодорхой хэмжээний шалгуур тавьж шигшиж авчээ. Бэлтгэлд хамрагдсан байдал, өнгөрсөн жилийн наадмаас энэ жилийн наадам хүртэл заалны барилдаанд гаргасан амжилтыг нь харгалзаад 60-аад бөхийг галын бэлтгэлд хамруулжээ. Түүнээс биш оргил үедээ эдний галд бараг 100 шахам бөх наадмын бэлтгэлдээ гарч байжээ.
Аймгийн арслан Ц.Жамсрантай ийн ярилцаж суутал гадаа өсгөгчөөр,
… Дээдсээс өвлөсөн малчин заяа
Дэлхийд ховорхон морьтой заяа гээд дуу цангиналаа. Юун дуу хуур билээ гээд харвал дээлтэй баахан хүмүүс. Дээлний хийцийг нь харвал Өмнөд монголчууд. Үзэмчин, барга улсууд бололтой. Өмнөд Монголын Шилийн гол аймгийнхан Ар Монголд аялж яваа нь энэ гэнэ. Тэднийг эндхийн найзууд нь угтан авч ардын дуу бүжгээрээ мэндчилж байлаа. Тэгтэл Өмнөд Монголын алдарт бөх, аварга Эрдэнэбаяр тэдгээр хүмүүсийн дотор явж байлаа. Ч.Дамдиншарав багшийг өнөөх зочид бүгд таньж гар барин мэндчилж, хөөрөглөнө. Ч.Дамдиншарав багш аварга Эрдэнэбаяраас “За чиний нас сүүдэр хэд хүрч байгаа билээ” хэмээн сонирхон асуувал “Чамайг бодвол би хүүхдээрээ байгаа” гээд бөөн инээдэм болцгоолоо.
16.30 минутад “Их Монголын хүчтэн” дэвжээ, “Хилчин” спорт хорооны хамтарсан бэлтгэл эхэллээ. 100 орчим бөх тусгайлан засч усалж, тордсон зүлэгтэй талбайд гарч ирлээ. Эхлээд дэвээ шаваагаа давтлаа. Даваа нь золгоцлоо. Энэ үеэр багш, дасгалжуулагчид нь сүүдрэвчний ойролцоо сууж шавь нартаа зааварлана. Улсын начин Н.Бүрэнбаатар “Хилчин” спорт хорооныхоо тухай танилцуулж “Энд улсын мэргэн Б.Ёндонгоор ахлуулсан сур харвааны тамирчид бий” гэлээ.
Ч.Дамдиншарав багш “Бөхчүүдийг наранд түлээд арьсыг нь хэтэрхий борлуулж, харлуулах дэмий байдаг юм. Жаахан цайвар байх тусмаа том, сүртэй харагддаг. Наранд хэт борлочихоор жижиг харагдаад байдаг талтай” гэж ярьснаа “Үгүй ээ, чи наад хөлөө яагаад хаячихаж байгаа юм” гэсээр бөхчүүдийн зүг одлоо.
Монголын спортын түүхэнд олимпийн анхны медалийг хүртсэн эрхэм дөрвөн тамирчны нэг, ардын багш Ч.Дамдиншарав чөлөөт бөх, үндэсний бөхөд өөрийнхөө туршлага, мэдлэг чадвараа зориулж бөхийн дэвжээн дээрээ, зүлэг ногоон зүлгэн дээр бөхийнхөө төлөө ийнхүү зүтгэж, хөдөлмөр, хөлс, оюун бүхнээ дайчлан байна. “Багш хүн шавь нараа сайн тамирчин болгохоос илүү, зөв хүн болгон төлөвшүүлэх нь эрхэм болой” гэж хэлсэн өөрийнх нь үгийг энд онцолъё. Ч.Дамдиншарав багш “Спорт хүнд асар өндөр төлөвшил өгдөг. 50 хүүхэд зэрэг бөхөөр хичээллэхэд тэднээс тав нь л амжилт үзүүлдэг. Харин үлдсэн хүүхдүүд нь сайн хүн болдог” гэсэн юм.
Гэрэл зургуудийг Г.БАЗАРРАГЧАА