Categories
мэдээ нийгэм

Төмөр замын дарга нарыг шийтгэдэггүй юм аа гэхэд шагнадаг нь дэндсэн хэрэг

Зам, тээврийн хөгжлийн яамныхан ажлын байрандаа архидаж 38 настай залуу бусдын гарт амь насаа харамсалтайгаар алдсан хэргийн араас Улаанбаатар-Сайншандын чиглэлийн галт тэрэг Дорноговь аймгийн Айраг суманд осолдсон нь нийгмийг бүхэлд нь цочроосон билээ. Ослын улмаас гэмтэж бэртсэн хүмүүст эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, замыг яаралтай засварлах гээд дээр дооргүй хэд хоног бужигнав. Үүнтэй зэрэгцэн ЗТХ-ийн сайд нар ажлаасаа өөрсдийн хүсэлтээр татгалзаж байгаагаа ёс зүйтэй алхам хийлээ гэцгээсэн. Шил шилээ даран гарсан ийм айхавтар үйл явдал болж байхад хэн ч “Би сайдаа хийсээр байх болно” гэж хэлэх боломжгүй л дээ. Ноцтой осол ЗТХЯ, уг салбарыг бүхэлд нь доргиож сайд, дэд сайд, газрын дарга нь бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох нь тодорхой болоход орны хүмүүс нь эхнээсээ тодров. Сайд нь зэмлэл хүртэж байхад төмөр замын дарга нар нь ч бас юм дуулах байх гэсэн таамаглал байлаа. Гэтэл юун зэмлэл, буруутгал хүлээх вэ бүр эсрэгээр нь яамныхаа дэд сайдын суудлыг бэлэглэж урамшуулж л байх. Шийтгэхийн оронд сайдын суудлаар шагнаж байгааг ер ойлгохгүй нь.

Төмөр замын шат шатны дарга нар “Осол байгалийн гамшиг, давагдашгүй хүчин зүйлээс болсон. Хүний буруутай үйл ажиллагаа байхгүй” гэж нэгэн дуугаар тайлбарлацгааж байгаа. Энэ сарын 15-нд “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн удирдлагууд болох Д.Жигжиднямаа, нэгдүгээр орлогч дарга И.В.Милостных нар үүсээд буй асуудалтай холбогдуулж хэвлэлийн хурал зарлав. Тэдний ярианд мөн л өөрсдийгөө өмөөрсөн өнгө аяс цухалзаж, байгалийн давагдашгүй хүчин зүйл, байгалийн гамшиг, үерээс болж осол болсон гэдэг үгсийг давтаж “Ийм осол зөвхөн Монголд гардаг юм биш” гэж байлаа. “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаа “Суурь бүтцийн ихэнх хувь нь хуучны модон дээр шороогоор чигжээстэй 90-50-ын зам байгаа. Энэ онд манай их засвар хийгдэж дуусаагүй 404 км дутуу төмөр зам байсан. 404 км гэдэг бол гол зам. Яг энэ осол гарсан 747 дугаар километрт засвар хийгдээгүй. Тус замд хамгийн сүүлийн их засвар 1997 онд хийгдсэн. Бүх гол замаа төмөр бетон дээр хайрган чигжээс рүү шилжүүлж амжаагүй. Дараа дахин ийм асуудал гарахыг үгүйсгэхгүй” гэж ярьснаас дүгнэвэл яг ч цэвэр байгалийн буруу биш бололтой. Энд хариуцлагагүйн буруу бийг энгийн хүн ч ойлгоно.

Олон улсад гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл болон хүнд нөхцөл байдал гэж юу вэ гэдгийг маш нарийн тогтоож тухайн улсын нөлөө бүхий, хариуцлагатай албан тушаалтан мэргэжлийн хүмүүстэй зөвлөлдөж дүгнэлт гаргасныхаа дараа “Манай улсад давагдашгүй хүчин зүйл буюу Force majeure тохиолоо” гэж албан ёсоор зарладаг журамтай. Гэтэл манайд зүгээр л нэг байгууллагын дарга гарч ирээд “Энэ осол байгалийн давагдашгүй хүчин зүйлээс боллоо” гэж хээвнэг өгүүлж суух.

Учруулсан материаллаг хохирол, усанд автсан талбай, үерийн улмаас амь үрэгдсэн хүний тоо зэргээс хамаарч үерийг бага хэмжээний, их хэмжээний, сүйрүүлэх хэмжээний, гамшгийн хэмжээний гэж ерөнхийд нь дөрөв ангилдаг юм байна. Төмөр замын дарга нарын яриагаар вагон осолддог өдөр гамшгийн хэмжээний үер буусан байгаа юм. Гэтэл онцгой байдлын мэргэжилтний тайлбарлаж буйгаар тус газарт тухайн өдөр бага хэмжээний үер буусан гэж үзэх талтай гэнэ. Төмөр замын удирдлагуудын хэлээд байгаа гамшгийн хэмжээний үер гэж чухам юуг хэлдэг вэ гэхээр нэг болон хэд хэдэн гол мөрний сав газар нийтдээ үерт автаж, үерийн бүсэд хүн амын ахуй амьдрал, аж ахуйн үйл ажиллагааны хэвийн хэмжээ бүрэн алдагдаж, хүмүүсийн амь насанд аюул, эд материалын их хэмжээний хохирол учрахыг хэлдэг аж.

Ер нь үер бууж болзошгүй, үерээс урьдчилан сэргийлэх хамгаалах тусгай журам байдаг. Үер бууж мэдэхээр газрын хөрсөнд ус шингэх байдлыг нэмэгдүүлж, барилгажаагүй газрыг хамгаалах, хөрсний ургамлан бүрхэвч болон газрын гадаргын ус хүлээн авах чадварыг нэмэгдүүлэх, ус шингээх суваг, шуудууны тоо, чанарыг нэмэгдүүлэх ажлыг зайлшгүй хийсэн байх ёстой гэнэ. Тэр бүү хэл гэнэт ус их хэмжээгээр түрж орж ирвэл түүнийг хураах, саатуулах усан сан байгуулж, хаалт, далан босгож суваг шуудуу татдаг юм байна. Олон улсад төмөр замын байгууллагууд нь ийм арга замаар галт тэрэгнийхээ замыг үерээс хамгаалдаг. Гэтэл манайд ийм ажил хийх байтугай 1997 оноос хойш буюу сүүлийн 21 жил их засвар хийгээгүй замд гэнэт хүчтэй бороо ороод ус урсч орж ирэхэд замын ивээс болж байсан сул шороо нь угаагдахгүй гээд яах юм. Бодит байдал ийм байхад алдаа, мадаг гаргаж томоохон хэмжээний осол гаргасан төмөр замын байгууллагын даргыг “Чи мундаг байна” гээд ЗТХ-ийн дэд сайдаар томилж байгаа нь Монголын ард түмнийг тохуурхсан хэрэг боллоо. Наанаа осол гаргаж, хариуцлага алдсан ноцтой хэрэг гаргасан сайдыг огцруулж, шийтгэж байгаа юм шиг харагдуулчихаад цаагуур нь өмнөхөөс нь нэг их ялгагдахааргүй хүнийг оронд нь тавьж жүжиглэж байгаа мафийн ажиллагаа ЗТХЯ дээр өрнөж байна. Төмөр замын тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцаж байсан даргыг ЗТХ-ийн сайдаар тавьчихаж байгааг нь ард түмнээр тохуурхаж басамжилж байна гэхгүй өөр юм гэх юм. 17 мянга гаруй төмөр замчид дотроос дэд сайд хийчих, үерээс хэрхэн хамгаалдаг тухай, замаа яаж арчилж, болзошгүй нөхцөл байдалд хэрхэн ажиллах вэ гэдгийг яс махандаа шингэтэл мэдэрсэн жинхэнэ төмөр замчин хүн олон бий дээ, уг нь. Гэтэл яагаад хариуцлага алдсан, хариуцлага хүлээх ёстой албаны хүмүүсийн нэгийг дэд сайдын суудлаар мялаачихав. Сайд, дэд сайдыг суудлаас нь буулгаж, шударга ёсыг сахиулж байгаа юм шиг жүжиг тавьчихаад оронд нь өөрийн талын, мафийн бүлэглэлийнхнээ хамгаалах хүнийг томилж байгааг зөвтгөх арга алга. ЗТХЯ гэсэн энэ газар мафийн бүлэглэлийн оромж болж тэнд мафийн гар хөл болсон хүмүүс өрөө тасалгаа, суудал, албан тушаал бөглөж төрийн жинхэнэ албан хаагч, мэргэжилтнүүдийн мэдлэг боловсролыг хүчээр, айлган сүрдүүлэх замаар ашиглахдаа гэр бүл, үр хүүхдийг нь барьцаалж байгаад тендерийн материал бүрдүүлүүлж, зарлагдсан тендертээ “Наад материалаа шалгаруул” гэж дарамталж хөлждөг хэсэг бүлэг байдаг тухай зарим баримт ч ил болж байна. Мафийн дарамтад орсон төрийн жинхэнэ албан хаагчид юун ажлаа хийх манатай яамнаасаа яаж амьд мултрах вэ гэдэг айдаст ээрэгдэж эцэст нь эх орноосоо хүртэл дүрвэсэн байх юм. Мафиудын зуулттай харцан дор төрийн шударга албан хаагчид хуяг руугаа эгцэлж харж чаддаггүй ялтнууд шиг бөхийж байна.

ЗТХЯ-нд мафийн бүлэглэлийн паразитууд төрийн албан хаагч, чадварлаг боловсон хүчнүүдийг бяр чадал, харцаараа хөдөлгөж төрийн ажилд саад тээг болж, рецетив маягаар шунал хүслээ гүйцэлдүүлж байсан нь эхнээсээ ил болж байгаа юм. Эдийн засгийн бүлэглэл, мафижсан этгээдүүд үүрээ засчихаад байгаа энэ яам уул нь Монгол Улсын Засгийн газрын хууль хэрэгжүүлэх хамгийн том гол байгууллагуудын нэг юм шүү. Дэд бүтцийн салбарт хорт хавдар үүсгээд байгаа мафийн бүлэглэлийг хөөх цаг нь болсон. Тэд хэзээ ч эх орныхоо төлөө, ард түмний аж амьдралын төлөө ажиллахгүй. Өөрсдийнхөө л эрх ашиг, эздийнхээ даалгаврыг л гүйцэтгэдэг. Ямар сайндаа шийтгэх ёстой дарга нараа сайдын суудлаар шагнаад байж байхав дээ.


Categories
мэдээ цаг-үе

Ардын жүжигчин Б.Зангад: Тоолоход наян нас өндөр ч эргээд бодохоор богино хугацаа шүү

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Б.Зангадтай ярилцлаа.


-Та Монголын урлагийн сор болсон алдартнуудын тухай хөрөг-дурсамж бичжээ. 24 хүний тухай дурсамж биччихээд байгаа гэв үү?

-Хүний хорвоод хүн болж амьдарна гэдэг их үүрэг хариуцлага юм. Амьдралын явцад олж авсан туршлага, бүтээл мөн хүний хайр, итгэлийг дааж амьдарна гэдэг аугаа том философи л доо. Тийм учраас Монголын урлагт өөрийнхөө байр суурийг эзэлж байсан, олон арав, зуу зуун бүтээлээр мөнхөрч үлдсэн тийм сайхан аварга хүмүүстэй хамт байж нөмөр нөөлөгт нь амьдарч байсан, уран бүтээлээ туурвиж байсан тэр цагаа энэ насныхаа өндөрлөгөөс эргэн харж дурсах сэтгэл надад төрсөн юм. Би үзэг цаас нийлүүлж үзээгүй хүн. Хүний хийсэн бүтээлийг түмэн олонд түгээж сурталчлахын тулд сэтгэлээрээ дуулж, хөгжимдөж сэтгэлийн сайхан цэнгэл эдлүүлэх, буян үйлдэх, шинэ юм сэтгүүлэх, бодуулах тийм зорилгоор өөрийнхөө бүтээлийг хийж ажиллаж амьдарч байсан бол өнөөдөр тэр аугаа улсуудаа дурсах нь надад сонин ч юм шиг, сайхан ч юм шиг. Тэднийг мэдэх хүмүүс ховордсон учраас би гэрч болох учиртай. Тэдний хийж бүтээснийг би баталгаажуулах ёстой. Бүрэн дүүрэн биш байлаа ч гэсэн ямар хүн байсан бэ гэдэг хүн талаас нь ойлгуулах юмсан гэж бодоод бурхны оронд морилсон 24 уран бүтээлчийн тухай дурсамжийг бичлээ л дээ. Монголын нэрт хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа гуай, Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн гуай, Г.Бирваа, Д.Лувсаншарав гуай, Э.Оюун, Ж.Чулуун, циркийн Т.Цэнд-Аюуш, Ц.Намсрайжав, манай нутгийн дуучин А.Загдсүрэн, Ц.Пүрэвдорж гуай, Л.Ванган, Э.Чойдог, Ж.Бадраа, Л.Дорж, Ж.Дорждагва, Д.Банди, Н.Цэгмид, М.Яасай, А.Таяа, Г.Дашдаваа, Д.Жанчив, П.Ганбат, Ц.Батчулуун гээд олон сайхан хүмүүсээс надтай арай ойр ажиллаж амьдарч байсан гэдгээрээ энэ 24 уран бүтээлчийг би түүж авсан юм. Одоо би дараагийн ажилдаа орчихоод байна. Амьд сэрүүн байгаа ахмад үеийнхэн, хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Л.Цогзолмаа гуай, ардын жүжигчин, манай нэртэй уртын дуучин Ч.Шархүүхэн, уран нугараач ардын жүжигчин, төрийн шагналт Б.Норовсамбуу гэх мэтийн улсуудынхаа тухай үргэлжлүүлэн бичих төлөвлөгөөтэй байгаа.

-Хэзээнээс эхэлж та дурсамж бичиж эхлэв. Бичихээсээ өмнө сэтгэлдээ олон жил бодож явсан байх даа?

-Сэтгэлдээ удаан бодсон. Жил гаран л бичиж байна даа. Заримыг нь сонин хэвлэлд өгсөн. Дандаа л “Энийг нэг хэвлүүлээд өгөөч” гэж цаас бариад гүйхийнхээ оронд бичээд хадгалчихаад зохих ёсны мэдлэг, боловсролтой улсуудаараа үзүүлж харуулаад тэгээд л ном гаргах бодол өвөрлөж явна.

-1950, 1960-аад онд хүний чанар сайн байсан ч жил ирэх тусам чанар нь муудаад одоо хүн чанар үгүй боллоо гэх юм. Та манай нийгмийн үлгэр жишээ авах олны танил, хүндэт хүний хувьд үүнд ямар бодолтой явдаг вэ. Яагаад хүн чанар гээгдээд байна вэ?

-Нийгэм өөрчлөгдөж. Нам төртэй улс байлаа. Нам төртэй улс гэж ярихад би чинь хуучны хүн шүү дээ. Ер нь дээр үед монгол хүн, Монгол Улс гэдэг чинь өв уламжлалаа маш чанга хадгалж ирсэн, ах захаа мэддэг, ёс жаягаа хүндэтгэдэг, хүнийг хүний ёсоор нь хардаг. Хүнийг хүн гэж хардаг байснаас биш мөнгөөр дамжуулж хүнийг хардаггүй байсан юм.

Би нэг жишээ ярья л даа. 1955 он. Одоогоос бараг жараад жилийн тэртээ. Би Ховдын арван жилийн есдүгээр ангийн сурагч байхдаа Варшавт болох Дэлхийн залуучууд, оюутнуудын V фестивальд оролцохоор Улаанбаатарт ирээд байлаа. Тэр үед би хэнхэг хүүхэд ч байсан юм уу даа. 1954 онд Ховдын театрын соёл урлагийн өдрүүд Улаанбаатарт болоход би Улсын Хөгжимт драмын театр, Соёлын яамныхан гээд олон хүмүүстэй ойр дотно харилцаатай, тэднийг ихэд хүндэтгэж, өөрийгөө хэрдээ бас танилцуулах гэж оролдож явсан байх л даа.

Тэгтэл намайг Варшавын фестивальд оролцох гээд хотод ирчихсэн байхад Хөгжимт драмын театрын захиргаанаас Чойжамц гэдэг даргаас надад захиа шуудангаар очсон байгаа юм. “Ховдын арван жилийн есдүгээр ангийн сурагч Баартуугийн Зангад” гэж хаягласан захиа сургуульд ирэхэд “Сурагч Зангад фестивальд оролцохоор Улаанбаатар явсан” гэж тэр захиаг буцаасан байгаа юм. Тэгтэл Төв шуудан тэр захиаг буцаад ирэхээр нь Улсын ардын дуу, бүжгийн чуулгаас намайг эрж олоод өнөөх захиаг өгч билээ. Юманд тийм хариуцлагатай ханддаг байжээ. Энэ хүүхэд, энэ ахмад хүн, энэ сайд дарга гэж ялгахгүйгээр арван жилийн хүүхдэд хүртэл захиа бичиж байсан байж шүү. Улсын төв театрын хамт олноос, Л.Ванган багш, Н.Цэгмид багш, Чойжамц дарга надад захиа бичиж байсан байгаа юм. Тэр захиа нь надад бий. Би өнөөдөр тэр баримтыг хараад намайг хүн гэж тоожээ. Хүний хорвоод хүн болж төрөөд ирсэн жаахан хүүхдийг хүүхэд байна аа, энэ юм мэдэхгүй, энэ юм ойлгохгүй гэдэг талаас нь биш, хүн учраас хүнд нь хариу өгөх ёстой гэсэн ойлголт, сэтгэхүйгээр намайг гололгүй захидал бичсэн тэр ахмад үеэ одоо эргэж санахаар үнэндээ гайхалтай улсуудтай, гайхалтай улсуудын нөмөр нөөлөгт гайхалтай амьдарч байж дээ гэж бодож байна.

-Та урлагийн алтан тайзнаа алдар хүндийн оргилд хүрч ард түмний хүндлэлийг одоо ч мэдэрсээр яваа ахмад уран бүтээлч. Гэхдээ хүмүүс алдартай хүнийг тэтгэвэртээ суусан хойноо ч тансаг баян, ер бусын жаргалтай, ямар ч байсан өөрөөс нь илүү дээр амьдардаг байх гэж төсөөлөөд байдаг?

-Тэгцгээдэг. Би ядуу тарчиг амьдрал дундаас гарч ирсэн хүн. Би сэтгэлээрээ бол цатгалан явж байгаа л даа. Сэтгэлээрээ баян гэдэг маань миний уран бүтээлийн урын санд 200, 300-гаад дуу байна. Би тэр дуунуудаа дуулж, сэтгэлийн цэнгэл эдэлж, ард түмнээ соён гэгээрүүлж байсан түүхэн үеэ эргэн дурсахаар сэтгэлээрээ ямагт цатгалан явдаг. Тэр үед мөнгөний хойноос дуулдаг дуучин байгаагүй юм. Мөнгөний хойноос жүжиглэдэг жүжигчин, хөгжимчин, удирдаач, бүжигчин байгаагүй. Монгол орны хаана, аль өнцөг буланд ямар салбарт хүн амьдарч байна вэ. Тэр хүмүүст очиж урлаг уран сайхан, гоо сайхныг хүргэе гэсэн тийм зорилттой байцгаасан. Төр нь ч тэр зорилтоо хэрэгжүүлж байсан. Атарт, говьд тэр олон шижигнэсэн залуучуудын дунд, хашаа хороо барьж, худаг ус гаргаж, өргөн айлсалт, хадлан тариалан, тариа хураалт бүхэнд Монголын урлагийнхан нойр хоолоо умартан хол ойр гэлтгүй, улирлын хатуу, хүйтнийг үл мэдэрч үүргээ гүйцэтгэж явсан тийм аугаа хүмүүс.

Урлагийн хүмүүс тэр их тансаг орчинд тансаг ажиллаж амьдарсаар насны төгсгөлдөө ч тансагладаг гэж ойлгоод байдаг. Тийм биш. Ядуу амьдрал дундаас, харцын дундаас, Монголын ард түмний язгуур дундаас гарч ирсэн ийм авьяастнууд шүү дээ. Саалийн үнэртэй ээжийн хормойноос зүүгдэж өссөн хүүхдүүд өнөөдөр дэлхийн дуучин болчихоод явж байгаа.

Хүний хорвоод ирчихээд зорилготой амьдарна гэдэг хүн болгоны толгойд шингэсэн том асуулт. Эцсийн эцэст хүний хорвоод насны өндөрлөгт хүрээд ирэхээр ямар ч мэргэжлийн хүн эрэгтэй, эмэгтэй байлаа ч өнгөрүүлсэн амьдралаа заавал нэг эргэж хардаг. Би нүгэл хийв үү, буян хийж ирж үү. Манай ахмадуудын дунд нүгэл хийсэн нь маш ховор. Голдуу бүгдээрээ эх орон, улсынхаа төлөө өөрсдийнхөө хийж бүтээхийн онгод хийморь нь цалгисан үедээ л ажиллаж амьдарсан. Өнөөдрийн Монголын хөгжлийн нүүр царай энэ ахмадуудын нуруун дээр тээгдэж ирсэн. Хөл нь майга, нүд нь хараагүй, таяг тулсан, нүүр нь үрчийсэн өвгөчүүл бол Монголын хөгжлийг нуруундаа үүрч ирсэн аугаа хүмүүс шүү гэдгийг энэ залуу үеийнхэн маань их сайн бодож сэтгэж байгаасай гэж боддог юм. Ингэхийн тулд юм их унш. Энэ өвгөчүүл чинь хэзээ ч өөрсдийгөө магтаж бичээгүй. Яруу найрагч, хөгжмийн зохиолч, зохиолчдын бичсэнийг уншиж амьдралтай танилцаж “Миний аав, ээж ийм амьдралыг туулж иржээ. Тансаглаж байгаагүй юм байна. Хөдөлмөрлөж байжээ” гэдгийг л ойлгож хараасай. Амьдралдаа үнэнч яв. Ахмад үеийнхэн амьдралдаа үнэнч явсан шүү. 10, 20 хүүхэд төрүүлсэн азай буурлууд тэднийхээ ач буяныг эдлээд сайхан амьдарч байна. Инээд баясал дүүрэн амьдарч байгааг алийг тэр гэх вэ.

-Та нэгэн удаа “Би урлаг уран сайхан, дуу яриад залхлаа. Харин ээжийн тухай, эхийн хайрын тухай, хүн энэ орчлонд яах гэж ирсэн тухай яримаар санагдаад байх боллоо. Тэр тухай ярих цаг минь болжээ” гэж байсан шүү дээ?

-(Инээв). Ингээд ярихаар их сонин юм л даа. Хүний ухаан төлөвшиж суухад тодорхой хугацаа байх шиг байна аа. Хорин хэдэн нас бол хийсч л явдаг нас юм байна. Хийсээд л хаана наргиан цэнгээн байна, хаана л сайхан инээдэм баяр баясгалан байна. Тэр рүү л тэмүүлж явдаг. Залуу нас гэдэг хаана л сонин юм байна, тэр рүү л харайж хашхичиж явдаг. Тэр үедээ би эцэг эхээс төрсөн үү ч гэдгээ аягүй бол мэдэхгүй. Хорвоогийн хаанаас гараад ирснээ ч мэдэхгүй тэгж явдаг тодорхой нас байдаг юм шиг байна. Ер нь амьдрал дээр ажиглалт хийгээд байхад, өөрсдийнхөө өсч өндийсөн цаг үеийг бодохоор эмэгтэй хүн эрэгтэй хүнээс арай түрүүнд ухаан суудаг. Ээж, аавдаа арай элгэмсэг ханддаг. Сэтгэл нь ээж, аав руугаа тэмүүлж явдаг.

Эрчүүдийг хараад байхад хэнэггүй ч гэмээр тийм зан их гаргадаг бололтой. Эр хүний ухаан явц дундаа газар авах юм л даа. Хэдийгээр дараа нь ухаан суух ч арай илүү сэтгэж, илүү боддог. Эмэгтэйчүүд үр хүүхдээ өсгөх, ач, гучаа хүмүүжүүлэхийн төлөө илүү хандаад байдаг. Насны өндөрлөгт ирээд “Ээж, ааваа баярлуулж байхгүй яав даа” гэж бодно. Сэтгүүлч Д.Хатанбаатарын “Ээждээ захидал бичээрэй” ном бол бидний ширээний ном. Бид тэр номоос их санаа авдаг. Бид ээждээ хайртай, аавдаа хайртай л гэнэ. Жигтэйхэн хайртай л гээд байдаг мөртлөө өдөр болгон ярьж чаддаггүй. Өдөр болгон тэднийхээ амар мэндийг асуудаггүй. Ажил төрөлдөө ч түүртдэг биз. Ээж, аавынхаа туулж ирсэн амьдралыг л үр хүүхэд нь туулж яваа шүү дээ. 70, 80, 100 нас өндөр нас боловч яг амьдраад ороод ирэхээр маш богино хугацаа юм байна. Тоолохоор наян нас өндөр нас боловч туулсан амьдралаа дүгнээд цэгнээд үзэхээр бас ч богино шүү. Богино санагддаг. Хүн нас өтлөөд ирэхээр ам, санаа хоёр л үлддэг юм (Инээв). Ийм ч юм хийх юмсан, тийм ч юм хийх юмсан гэж санаад байдаг, амаараа яриад байдаг. Хийх бүтээх үе нь өнгөрөөд чадал нь мохоод, оюун ухаан нь хүчрэхээ больчихсон, сэтгээд бодоод байдаг ч тэрийгээ хийж хэрэгжүүлэх чадал нь мохчихсон байдаг.

Эх хүн гэдэг чинь аугаа л даа. Эх л байсан цагт хүн төрөлхтөн байна. Миний хоёр охин байдаг юм л даа. Хоёулаа гадаадад байдаг юм. Өдөр болгон ярина. Ээж нь тэрэнд нь их дуртай. Ээж хүн чинь үр хүүхдийнхээ дууг сонсч байж баярладаг байхгүй юу (Нулимс нь цийлэгнэв.сурв) Түүнээс биш өгөө аваа, эд бараа ярихаасаа илүү охидынхоо дууг сонссон үедээ ээж нь жигтэйхэн их баярлаж их нялхамсдаг. Тийм сайхан юмыг ээж хүн сэтгэлдээ тээж явах юм даа. Сайхан сэтгэлийг өвлөж үлддэг нь ээж л юм. Хүү нь буруу юм хийлээ ч ээж нь сэтгэлдээ өмөөрч явдаг. Миний хүү арай тийм юм хийхгүй. Миний хүүг андуу ташаа харсан биз гэж дандаа л хамгаалж явна. Эцэг хүн зарим үед чанга байдаг боловч өтлөөд ирэхийн цагт сэтгэлийг нь хорвоо уярааж өгөх юм даа. Яаж ч хатуу загнаж чадахаа больдог.


Categories
мэдээ цаг-үе

​Ц.Хүсэлбаатар: “Нинжин сэтгэл” бол ханьдаа зориулж бүтээл хийнэ гэсэн хүслээс минь үүдсэн зохиол

“Шилдэг өнгө” продакшны продюсер, найруулагч Ц.Хүсэлбаатартай ярилцлаа.

-Танай продакшныхан ээлжит уран бүтээл болох “Нинжин сэтгэл” уран сайхны киноныхоо зургийг аваад өнөө зун нэлээд завгүй байх шиг байсан шүү?

-Тийм тийм. “Нинжин сэтгэл” гэдэг нь ажлын нэр л дээ. Киноныхоо нэрийг одоогоор тогтоогүй байна. “Нинжин сэтгэл” гэж зохиолынхоо нэрээр явж байна. Энэ кино хүний сайхан сэтгэл, хүний сайхан сэтгэлийн ялалтын тухай өгүүлэх бүтээл л дээ. Зохиолынхоо нэрээр л явж байна. Түүнээс биш кинондоо нэр өгөөгүй байж л байна. Үүн дээр жаахан маргаантай л байгаа (инээв).

-Кино тань хэзээ дэлгэцэнд гарах вэ?

-Ирэх сарын 27-нд дэлгэцэнд гаргана гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна, амжвал шүү дээ.

-“Нинжин сэтгэл” киноны багт манай шилдэг уран бүтээлчид багтсан байна билээ?

-Энэ кинонд өмнө нь олон уран бүтээл дээр хамт ажилласан хүмүүстэйгээ дахин хамтран ажиллаж байгаа. Кино зураглаач Н.Баттуяатай өмнө нь “Аюултай харилцаа”, “Сүүлчийн бүжиг” кинонд хамтран ажиллаж байсан. Жүжигчдийн хувьд Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Төмөрхуяг, Н.Золбоот, миний хань С.Өлзийхүү, жүжигчин Г.Отгонцэцэг, драмын театрын өсч яваа сайн жүжигчин Б.Одончимэг, жүжигчин П.Шүүдэрцэцэг, миний охин Х.Баярмаа, мөн жүжигчин Л.Эрдэнэ-Очир байна. Бид хоёр нэг ангийн хоёр. Очироо маань (Л.Эрдэнэ-Очирыг хэлэв) урилгаар манай кинонд тоглосон. Ер нь олны сонирхлыг татах маш сайн уран бүтээлчид цугласан шүү. Манай гэрэлтүүлэгч Очирбат олон кинонд явсан чадварлаг уран бүтээлч. “Галзуу зугаалга”, “Ядуугийн зовлон” кинон дээр надтай өмнө нь хамтарсан.

-Ингэхэд “Ядуугийн зовлон-3” гэж анги гарах юм биш биз?

-“Ядуугийн зовлон-3” гэж байхгүй байх аа (инээв). Гэхдээ таныг ингэж асуухаар бас гуравдугаар анги хийж болох ч юм уу гэж бодол төрж байна шүү.

-“Нинжин сэтгэл” киноны тухай яриандаа эргэж оръё. Гол дүрд нь жүжигчин С.Өлзийхүү тоглосон уу?

-“Загасчны морь усгүй” гэгчээр би ханьдаа зориулж нэг ч бүтээл хийж байгаагүй юм билээ. “Чамдаа зориуллаа” гэж би юм хийгээгүй байжээ. Ингээд яваад байж бас болохгүй биз дээ. “Нинжин сэтгэл” бол ханьдаа зориулж бүтээл хийнэ гэсэн хүслээс минь үүдэж гарсан зохиол.

-1990-ээд оноос хойших монгол кинонуудыг багцлаад харахаар тодорхой дүр дүрслэлүүдийг голдуу тусгасан байдаг. Эхэн үедээ траншейны амьдрал, архидалт, үхэл хагацал зэрэг хар барааныг голдуу өгүүлдэг байсан бол 2000 он гараад комеди чиглэлийн кино ихээр бүтээгдсэн. Харин сүүлийн жилүүдэд өгүүлэмж нь арай өөр түвшин рүү шилжээд байна уу даа гэж анзаарагдах болсон?

-Зохиолын чанар сайжирч байна гэсэн үг. Аргагүй л дээ. Бид чинь дэлхийн шилдгүүдийг үздэг ард түмэн шүү дээ. Манайд мэдээлэл харилцаа, дэд бүтэц маш сайн хөгжсөн. Тэр чинээгээрээ гаднаас авч байгаа мэдээллүүд маань өндөр түвшнийх. Өндөр түвшинийх нь мэдээлэлд хүрэх хэмжээний юм хийхгүй бол үзэгчид хүлээж авахгүй. Тиймээс бүтээлийн чанар “CJ” интертайнмент, Холливудын хэмжээнд хийгдэж байгаа бүтээлийн хэмжээнд очно. Тэр хэмжээгээр гадныхан Монголыг сонирхоод эхэлчихсэн. “Энэ жижигхэн орон” гээд биднийг тоодоггүй байсан юм шиг байна лээ. Одоо харин анхаарлаа хандуулж эхэлсэн. Манайд контентийн албан ёсны дистрибютр компаниуд үйл ажиллагаагаа явуулаад эхэлчихсэн. Тэд чинь гадны зах зээл, прокатууд дээр монгол бүтээлүүдийг танилцуулаад эхэлчихэж байгаа юм. Тэгэнгүүт л гадныхан сонирхож эхэлж, зах зээлийн цэвэр өрсөлдөөн эхэлсэн. Тунгалагхан өрсөлдөөн явж байна. Ийм өрсөлдөөнөөр манай кино урлагийн салбар нэг нэг шатаар ахиад л яваад байна. Ийм учраас чанаржаад байгаа юм.

-Нөгөөтэйгүүр кино хүний сэтгэл рүү улам өнгийх болжээ?

-Хүний дотоод сэтгэл рүү өнгийх шаардлагатай болж байна. Өнөөдрийн нийгмийн харилцаа нь тийм болчихож. Хөрөнгөтний нийгэм, зэрлэг капитализмд бид амьдарч байна шүү дээ. Зэрлэг капитализм гэж юу байдгийг бид биеэрээ туулж байна. Аймаар юм байдаг юм байна. Хүн чанар гэдэг юм алга болж, зүгээр л хөрөнгө мөнгөний төлөө, баян байхын төлөө, нэг нь нөгөөгөөсөө илүү байхын төлөө өрсөлдөөнөөр явж байна л даа. Энэ нь хүний сэтгэлийн мөн чанарыг давчихаад байгаа юм. Хүн энэрэнгүй, ухаантай амьтан. Муухай амьдаръя гэж хэн ч боддоггүй шиг хэн нэгнийг хорлоё гэж хэн ч бодохгүй. Өрсөлдөөн л хүнд ийм юмыг өгч байна. Би хэн нэгнээс л илүү байхгүй бол тэр хүн надаас илүү гарчих гээд байгаа учраас. Ингэж нэгнээсээ илүү байхын төлөө тэмцэх нь амьдралын зэрлэг өрсөлдөөн болчихоод байна. Амьтанлаг. Зэрлэг байгаль дээр адгуус амьтад өлсөхгүйн тулд бусад амьтдыг алж иддэгтэй адилхан бие биенээ барьж идэх үйл явц руу яваад байна. Гэхдээ энэ үйл явц аяндаа алга болох байх. Энэ зүйл аяндаа алга болоход урлаг, уран бүтээлч бидний хувьд нэмэр маш их бий. Хүний сэтгэлийг зөөллөж өгөх хэрэгтэй. Ингэж болохгүй юм аа. Ингэвэл зөв юм. Бурхны сургаалд ч бий. Тэр нь эцсийн гаргалаа юм. Энэ бол өршөөх сэтгэл. Бусдыгаа өршөөх сэтгэл. Бусдаас илүү гарахын төлөө зүтгэхгүй байх сэтгэл. Байгаадаа сэтгэл хангалуун амьдрах сэтгэл. Чи өнөөдөр хоолтой байна уу, хоолтой байна. Өдөрт гурав хооллож байна. Билл Гэйтс бас өдөрт гурван удаа л хоол иддэг. Илүү их мөнгөтэй гээд өдөрт 300 удаа хоол идэхгүй шүү дээ (инээв).

-Энэ киноны өмнө “Аюултай харилцаа”-г үзэгчдэд хүргэсэн билүү?

-Үгүй. “Галзуу зугаалга” кино байсан.

-Ямартаа ч “Аюултай харилцаа” кино үзэгчдийн хүлээлтээс давсан бүтээл болж чадсан байсан. Сүүлийн үед танай продакшны кинонуудыг хараад байхад action тал руу яваад байна уу?

-Зүгээр л хүнийг сургаад “За, хө…” гэж яриад нэмэргүй шүү дээ. Сургаалыг сонирхолтой хэлбэрээр хүнд хүргэх хэрэгтэй гэж боддог юм. Би залуудаа сонирхолтой уран бүтээл үзүүлье л гэж боддог байсан юм. Зүгээр л энэ бол ажил, шоу. Үүгээр би хоолныхоо мөнгийг олно гэдэг утгаар ханддаг байсан чинь удаан ажиллаад туршлага суугаад нас ахисных ч юм уу, бусдад хэрэгтэй юм хэлчих юмсан, хүнд нэг ч гэсэн юм ойлгуулчих юмсан гэдэг хүсэл төрдөг болсон. Энэ ч үүднээс “Аюултай харилцаа” гэдэг кино төрсөн. Би олон хүнд тус болсон юм шиг байна лээ. Зарим нэг хүн ярьж л байсан.

-“Аюултай харилцаа” киноны тэр хүүхэн ч зарим хүнийг айлгаж орхисон?

-Энэ бол байж болох зүйл шүү дээ. Байж болно. Тэр киноны тухайд бол хорхойг модоор хатгачихаад ууртайг нь гайхав гэдэг шиг л юм болсон. Зүв зүгээр амьдрал нь голдрилоороо сайхан явж байсан, нэлээд бардам зантай нэгэн бүсгүйг өдөж доромжилчихоод зүгээр л хаяна гэвэл тийм юм байдаггүй байхгүй юу. Хэзээ ч би чамд доромжлуулахгүй гэдэг үүднээс л энэ зөрчил үүсчихэж байгаа биз дээ. Тэр хүн өөрийгөө доромжлуулахыг хүсэхгүй. Өөрийгөө хүндэлдэг, тэр болтол том компанийг аваад явчихсан бизнес эрхлэгч эмэгтэй гол нь тэр залуугаар дутахгүй л дээ. Гэхдээ тэр хүний сэтгэлд ямар юм сэрэв гэхээр “Би хэнд ч доромжлуулахгүй” гэдэг юм л сэрчихэж байгаа юм. Үүн дээр л миний яриад байгаа өршөөх сэтгэл байх ёстой байхгүй юу. Чи хэн нэгэнд доромжлуулсныхаа хариуг заавал авах ёстой гэж үү. Үгүй ч байж болно шүү дээ. Энэ талаар Бурхан багшийн сургаал, мөн Библд заачихсан байдаг юм. Нэг хацрыг чинь алгадвал нөгөө хацраа өг! Сохрын газар сохор, доголонгийн газар доголон. Энэ сургаалууд чинь нэг юм хэлээд байгаа биз. Яг л ийм юмнуудыг хүмүүст хэлээд л байх ёстой юм шиг ээ.

Миний хувьд нийгмийн салбарт ажиллаж байгаа сэтгүүлчдийн ажлыг бахархаж боддог. Багш нарын хийхгүй байгаа ажлыг тэд хийж байна. “Чи хог битгий хаяач ээ”, “Туул голыг бохирдуулаад байна аа. Гол усаа бохирдуулах чинь муухай юм байгаа юм шүү дээ” гэж хэлээд байдаг. Үүнийг хүүхдүүд цэвэр тунгалаг оюун ухаандаа зөв тусгаад авчихдаг. Хүүхдэд бусдыг хайрлах ёстой гэдгийг хэлээд ойлгуулаад өгөх ёстой. Яагаад өшөө авах хэрэггүй юм бэ. Яагаад доромжлуулсныхаа хариуг доромжлолоор авахгүй байх ёстой юм бэ гэдгийн учир начрыг нь хэлээд тайлбарлаад байвал зүгээр. Тэгэхгүйгээр учир битүүлэг байж болохгүй. “Чи гэрийн босгон дээр зогсч болохгүй” гэж загнахынхаа оронд ийм ийм учраас босгон дээр зогсч болдоггүй юм аа гээд тайлбарлаад өгөх ёстой. “Чи газарт гадас шаачихаад нүхийг нь бөглө. Муу ёр” гэнэ. “Хаалга битгий алдалж зогсоод бай” гэцгээдэг. Энэ бүхнийхээ цаад учрыг томчууд бид мэдэж авчихаад хүүхдүүдийнхээ асуултад уйгагүй тайлбарлаж хариулж байх ёстой. Энэ чинь нийгэмдээ гүйцэтгэж байгаа аав, ээжийн үүрэг байхгүй юу. Хүмүүст ойлгуулж байх ёстой. Тэр ч утгаараа энэ “Нинжин сэтгэл” кино энэ тухай өгүүлнэ. Хүний хайрлах, өрөвдөх нинжин сэтгэл хар мууг хөөж зайлуулдаг. Тэрний дараа амьдрал илүү гэрэл гэгээтэй сайхан болдог. Хүний амьдралд юу ч, ямар ч гай гамшиг тохиолдож болно. Юунд ч өртөж болно. Тэглээ гээд мууг муугаар битгий хариулаач дээ. Энэ кинон дээр дахиад бас нэг өөр зүйл харагдана. Үйлийн үр гэж юм байгаа шүү. Чи ямар нэг буруу үйлийг санаатай болон санаандгүйгээр хийх аваас тэрний үр дүн нь чамд ийм айхавтар тусна. Гэхдээ үйлийн үрийг нимгэлдэг цорын ганц арга байдаг юм байна гэдгийг ойлгосон миний л ойлголт л доо. Зүгээр л хүлцэнгүй байх.

-Бүх зүйлд хүлцэнгүй байх ёстой гэж үү?

-Бусдад доромжлуулаад бай гэсэн үг бас биш. Чи өөрийнхөөрөө л бай. Өөрийнхөө л хийж чадах юмаа хамгийн сайн чаддагаараа хий. Хэн нэгэнтэй өөрийгөө битгий харьцуулж өрсөлд. Тэрийг бусад хүмүүс харж байгаа. Нэг мэргэжлээр ажиллаж байгаа хоёр хүн хоёулаа чадвартай байлаа гэж бодъё. Энэ тохиолдолд та зүгээр л ажлаа хий. Түүнээс биш “Энэ надаас илүү ажиллалаад байна” гэж битгий бод. Зүгээр л өөрийнхөө хийж чадах юмаа хамгийн үнэнчээр, хамгийн сайн чадах хэмжээндээ тултал хийхээр аяндаа л бүх шагнал ирдэг. Тэгж харагддаг юм байна.

-Та анх ямар бүтээл найруулж үзэгчдэд хүргэж байсан юм бэ?

-Миний анхны оролцсон, хоёрдугаар найруулагч, кино зохиолчоор ажилласан бүтээл гэвэл “Бор чоно” гэж кино байдаг юм.

-Хэдэн онд юм?

-1994 он. Одоо “Юнивишн”-ий Кино санд байгаа. Би өөрөө тэр киноныхоо нэг жижигхэн хэсэгт тоглосон байдаг юм. Нэг их туранхай, өндөөр нарийхан (инээв). 1992 онд “UBS” телевизийн захирал Балхаа ах (Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Балхжавыг хэлэв.сурв) надад курсийн ажлаа телевиздээ хийхийг зөвшөөрч би Цэндийн Доржготовын зохиолоос сэдэвлээд “Мөнхийн ус” бүтээлээ хийж байлаа. Балхаа ах залуусыг их сайхан дэмждэг хүн шүү дээ. Тийм нэг дэлгэцийн бүтээл байдаг юм. Түүнээс өмнө 1990 онд Монголын үндэсний телевизийн “Соронз” теле жүжигт ажиллаж байлаа. Эдгээр бүтээлүүдээс хойш би анх удаа бие дааж, найз Ганхуяг, ханьтайгаа хамтраад зохиолыг нь бичсэн кино гэвэл “Бүтэлгүй новш” инээдмийн уран сайхны кино. Энэ кино 1998 онд хийгдсэн.

-Жүжигчин Бооёо гол дүрд нь тоглосон?

-Тийм. Н.Ариунболд гол дүрийг нь бүтээсэн кино.

-Та одоогоор хичнээн кино найруулж дэлгэцэнд гаргачихаад байгаа юм бэ?

-“Нинжин сэтгэл” бол миний 11 дэх бүтээл. Бие дааж хийсэн 11 дэх бүтээл болж байна.

-Таныг үзэгчид анх найруулагч гэхээсээ илүүтэй жүжигчин гэж хүлээж авсан?

-Тэгж хүлээж авах нь аргагүй юм. 1990 онд Монголын үндэсний телевизэд “Мэлмий” нэгдэл байгуулагдаад тус телевизийн дэргэд Жүжигчний сургалтын студи бий болсон юм. Миний багш Энхжаргал тэр студийг нээсэн. Цэргээс халагдаж ирээд энэ студид ажиллаж байх хугацаандаа “Шармал толь” зэрэг телевизийн хэд хэдэн цуврал бүтээлд тоглосон юм. Түүгээр минь л намайг хүмүүс жүжигчин гэж хүлээж авсан байдаг. Түүнээс биш надад өөр жүжиглээд сүйд болсон юм байхгүй шүү дээ.

-Та аавтайгаа улам адилхан болжээ. Танд Богдын дүр бүтээх ч юм уу, ямар нэг түүхэн дүрийн санал ирдэг үү?

-Өөр хэнтэйгээ адилхан байх вэ дээ (инээв). Би жүжигчин биш шүү дээ. Чадахгүй ш дээ. Жүжигчин хүний ажил тусдаа. Адаглаж л хөдөлгөөний эвсэлтэй байх хэрэгтэй. Сайхан дуулдаг, хуурддаг байхаас авахуулаад бие бялдрын хүмүүжилтэй байх ёстой. Надад тэр нь байхгүй л дээ.

-Урлагийнхны амнаас “Урлаг хатуу, хэцүү салбар. Үр хүүхдээ л хол байлгах минь” гэдэг үг их сонсч байлаа. Гэтэл танайх гэр бүлээрээ жүжигчид. Гурван үеийн жүжигчид?

-Тийм шүү, гурван үеийн жүжигчид. Эмчийн гэр бүлийнхэн эмч л болдог. Санхүүчийн гэр бүлийнхэн санхүүч. Хуулчийн гэр бүлийнхэн хуульч. Инженерийн гэр бүлээс инженерүүд л төрөөд байдаг. Ар араасаа залгаад л мэргэжлийг нь өвлөдөг. Тэрэнтэй л адилхан байхгүй юу. Яагаад вэ гэвэл энэ салбарт ойрхон өсчихөж байгаа юм. Миний охин аль хар нялхаасаа, мэдээ орох цагаасаа л “Бат-Өлзий гэж жүжигчин байдаг юм байна”, “Өө, энэ Эрдэнэзаан ах байна. Энэ Баярмагнай ах байна” гээд л бид нартай цуг ууж идээд л, хүүхдүүд маань хоорондоо тоглоод л өссөн. Шинэ бүтээл болгоны нээлт дээр очиж үзэгчдийн суудлаас биднийг харна. Зохиол бүтээлээ хийх гээд ширээний ард маргаад л хэрэлдэж байхад хажууд зогсч байгаа хүн өөр хэн болж хүмүүжих юм. Өөр хүн болох их хэцүү шүү дээ. Би бас тэгж боддог байсан минь бас буруу юм билээ. Хүнээр өөрийнх нь дуртай юмыг л хийлгэвэл амжилт гаргана. Дургүй юманд нь хичнээн загнаад сургаж ажиллууллаа ч үр дүн гарахгүй. Тоо сонирхохгүй байхад нь “Би багадаа тоонд муу байсан. Одоо манайд санхүүч хэрэгтэй байна. Чи санхүүч бол” гэх нь буруу юм байна гэдгийг ойлгосон. Ингэж явсан хүмүүс байна. Хүчээр оруулсан сургуулийг нь дүүргэчихээд л “Би жүжигчин болно” гээд мэргэжлээ хаясан хүмүүс байна. Тэгж хүүхдүүдийнхээ амьдралаас жил, сарыг нь авах шаардлагагүй юм байна гэж ойлгосон. Манай бага хүү эмч болох гээд л явж байгаа. Зөв үү, буруу юу мэдэхгүй л байна.

Нэг их сайхан жүжигчин, найруулагч, зураглаачийг юу ч биш болгоод тавьж байгаа юм биш биз дээ гэх жаахан айдас байна. Гэхдээ хүү маань өөрөө тэр мэргэжилдээ дуртай юм шиг байгаа юм. Би бүр багаас нь тэгээд үглэчихсэн юм. “Чи урлагийн хүн болохгүй шүү” гэдэг маанийг өдөр болгон уншаад айлгаад хаячихсан ч байж мэднэ. Тэгтэл зүрх сэтгэлийн дуудлага нь наашаа л байдаг юм шиг байна лээ. Мэдэхгүй, Бурхан өршөөг. Яах юм, ямар хүн болж хувирах юм бол (инээв).

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хотынхон бид зүхээд байдаг хөдөөнийхөн рүүгээ очиж жилийнхээ стрессийг тайлах юм даа

Нийслэлийнхэн бид зүхээд, элдвээр гоочлоод байдаг хөдөө, хөдөөнийхөндөө л очиж бүтэн жил хуримтлагдсан стресс, ядаргаагаа тайлж дараа жилийн зун хүртэлх эрч хүчээ олж авах юм. Бусад цагт хотынхны хөдөөнийхний тухай ярьж буй хандлагаар бол “Нийслэлийнхэн хэзээ ч хөдөө очиж доошоо орохгүй” юм шиг л ойлгогддог. Гэтэл бодит байдал дээр эсрэгээрээ.

Наймдугаар сарын дунд үеэс хөдөө гадаа гарсан хүмүүс хотдоо эргэн ирж, хажуугаар нь орон нутгийн иргэд ч хүүхэд шуухдаа сургууль соёлд оруулах гэж бөөнөөрөө Улаанбаатар руу зүглэдэг. Өчигдрийн 12:00 цагийн байдлаар Монгол Улсын хүн ам 3.220.149 болж байгааг Хүн амын цагийн танилцуулгад мэдээлсэн байлаа. Улаанбаатар хотод 1.4 сая хүн суурин суудаг гэхээр үүн дээр орон нутгийн орж, гарсан иргэдийг нэмбэл 8-9 дүгээр сард нийслэлд Монгол Улсын хүн амын 70-аад хувь нь төвлөрдөг гэсэн үг. Тийм ч болохоор есдүгээр сарын сүүл хүртэл хотын хөл хөдөлгөөн эх захаа алдаж түгжрэл, ачаалал дээд цэгтээ тулдаг. Уулзвар, гарц болгонд шахуу шүгэлтэй цагдаа зогсч, банк, санхүүгийн байгууллага, их, дээд сургууль гээд албан байгууллагуудын дараалал ихэсч худалдаа, үйлчилгээний төвүүд үйлчлүүлэгчээр хахна.

Тэгж байтал сэрүү унаад ирэхээр гэр хорооллын яндангуудаас утаа баагиж эхэлнэ. Ингээд хотын гулгаатай, утаатай хүнд хэцүү урт сарууд үргэлжилнэ дээ. Утаа, гулгааны хажуугаар байр, машины лизинг, улс төрийн асуудал, жагсаал цуглаан, зээл бонд, хээл хахууль, авлига, элдэв дуулиант гэмт хэрэг, уул уурхай, эрдэс баялаг гээд нийслэлийнхний толгойг өвтгөх, сэтгэл зүйг хямраах асуудал бишгүй их. Нийгэм даяараа хямарч, хүн болгоны амнаас “Амьдрал хэцүү байна, бүх юм УИХ-ын 76-гаас болж байгаа юм, муу авлигачид эх орны баялгийг тонож гүйцлээ” гэх зүхэл унаж ер нь бүтэж байгаа юм үгүй болж, ирээдүй хар бараанаар төсөөлөгдөөд ирнэ. Ийм хүнд сэтгэл зүйтэй байхад шинэ жилийн дараачаасаа Валентин, Цагаан сар, Мартын найман, Цэргийн баяр гээд болсон болоогүй дараалсан олон баяр, архидалтыг давах гэж хамаг юмаа шавхаж, авдрын ёроолоо малтаж модоо барихын наагуур амьтас хавартай, дөрөвдүгээр сартай золгодог билээ.

Энэ их асуудал болгондоо хөдөөнийхнийг зүхэж, орк моркоор нь дуудна. Жаахан л бүтэл муутай яваа нэгнээ “Хөдөөний орк”, “Хөдөөний соёлгүй мал” гэдэг. Есдүгээр сард түгжрэл нэмэгдэхээр “Муу хөдөөний малууд машин барьж чадахгүй түгжрүүлээд байх юм” гэнэ. Утаа ихсэхээр “Хөдөөний оркууд хотод орж ирээд байр худалдаж авч чадахгүй байж уул, үерийн аман дээр гэрээ бариад нүүрс түлээд байна” гэх. Томоохон баяруудын үеэр хоол хүнсний үнэ нэмэгдэхээр “Малчид мах, ууцаа үнэтэй зараад цагаан идээндээ гурил, ус холиод байна” гэж ам уралдан муулцгаана. Хөдөөнийхний шилжих хөдөлгөөнийг хязгаарлаж сум, аймгийн төвд нь шингээх хэрэгтэй гэж дээр дооргүй нэг л ёозгүй ярина. Муу хүнийг ямар нэг юмтай зүйрлэхээрээ хөдөөний халтар, соёлгүй амьтан гэж хэлэх нь заримдаа жудаггүй л сонсогддог. Хотынхны стресс, бухимдал дуусна гэж байх биш. Сайхан хувцастай гоё хүмүүс алхах ч хөмсөг нь зангирч харц нь хилэнтэй.

Тавдугаар сар гараад цаг жаахан уяраад, тэнгэр хангай ээлээ хайрлаад ирэхээр хотынхны сэтгэл ч бас уясаад ядарч сульдсанаа сая мэдэж майхан сав, газан плитка, шорлогны төмөр, аяны хөнжлөө зэхэж эхэлнэ. Машин тэргээ янзалж сэтгэл нь хотдоо тогтохоо болино. Энэ үеэс хотынхны хувьд хөдөөнийхөн шиг зочломтгой, сайхан зантай, сайхан сэтгэлтэй хүн үгүй болж эх орноо, сайхан байгалиа магтан дуулна. Гар утасныхаа дугаарын жагсаалтыг гүйлгэж хөдөөний хамаатныхаа Жи-мобайлын утсыг олж аваад хэдийгээр очихоо, хэдүүлээ явахаа хэлж дуулгаж “Ах аа, эгч ээ” болно. Бүтэн жил хуримтлагдсан бөөн стрессээ “үүрээд” машиндаа чихэлдэж аваад хөдөө гардаг. Бүгд шахуу хөдөө гарчихаар наадмын дараа хот эзгүйрч нийслэл маань ажин түжин болдог. Гэрлэн дохион дээр хоёр, гуравхан л машин ирж зогсоод нэг бодлын амар.

“Ээ тэгж говьд очиж хонин гүрвэл болоод яах вэ хө. Яаж говьд амьдардаг байна аа”, “Хөвсгөл гэж хогийн цэг болсон газар. Болвол Байгаль нуур юм уу, Хайнанд очиж л далайн эрэг бараадвал зүгээр. Парисын цамхаг, Нью-Йоркоор орж Чэжүд амраад ирвэл гоё оо” гэж ярьдаг мөртлөө хотынхон маань Хөвсгөлийн хөвөөгөөр хөглөрч, говь, элс, тал гэлтгүй л эх орондоо шагай шиг асгардаг. Хаа сайгүй л, хөдөөгүүр дүүрэн л амрагч, зугаалагчид, хотынхон. Байгалийн үзэсгэлэнт газар, төрсөн нутаг ус, рашаан сувилал, амралтаар зунжингаа явж л хамаг стрессээсээ салсан хотынхон яг өдийд буюу наймдугаар сарын дунд үеэс хот руу буцаж ирдэг. Ингэж л улаанбаатарчууд жилийн турш зүхээд байсан хөдөөдөө сар гарны хугацаатай амарч бүтэн жилийнхээ алжаал ядаргаа, бухимдлаа “тайлж” хаячихаад хотдоо хөл тавина.

Бөөн бөөнөөр нь хамаатан саднаа хүлээж авч бараг суурь хониор хорхог, шорлогт өгсөн хөдөөнийхөн “Дараа жил ирж сайхан амраад аваарай” л гэнэ. Зургадугаар сараас наймдугаар сар хүртэл хамаатан садан, хотоос ирсэн ах дүүсийнхээ хөлд дарагдсан хөдөөнийхөн сэтгэл нь бас хөдөлж тэднийгээ дагаж ус голд сэлж, жимсэнд явж, шорлогноос нь амтархаж, хот газрын идээ будаанаас нь амсч ажлаа баахан алдана. Наадмын дараа намар гэдэг бол хамаатнууд явсаны дараа л намрын ажилдаа сая ханцуй шамлан ордог болжээ.

22-ын товчоогоор орж ирээд л “Хөдөөний оркууд” гээд үглээд эхэлдэг нь хотынхны нэг өвчин л дөө. Түүнээс биш яг ч хөдөөний иргэд, хамаатан садан, ахан дүүс, малчдаа тэгж хэлье гэж боддоггүй юм шиг байгаа юм. Амны уншлага гэх үү дээ. Хот руу чиглэсэн хөдөлгөөн энэ долоо хоногоос идэвхжиж байна. Одоо нийслэлийнхэн маань ажил төрөлдөө орж, хүүхдүүдийнхээ цэцэрлэг, сургууль, дүрэмт хувцасны асуудлыг шийдэж өнөөх их стрессийн далай руугаа “шумбана”. Хөдөөнийхнөө ч муулах л байх. Гэм биш зан нь юм. Гэлээ гээд яах вэ дээ. Ирэх зун дахиад л хөдөө рүү явцгаана. Хөдөөний ахан дүүс та нар маань хадлан тэжээл, өвлийн бэлтгэлдээ одоо ингээд ор доо. Хотын бид яахав та нартаа очиж сайхан амарлаа. Ажил төрлийг чинь хангалттай л алдууллаа. Стресстэж, үзэгдсэн бүхнээ муулаад сурчихсан хотынхондоо та нарыг оркоор нь дууддагт юм битгий санаарай. Хот зан гээд ойлгочих. Бид дараа жил та нар руугаа дахиж очно оо, хөдөөнийхөн минь.


Categories
их-уншсан туслах-ангилал

Төрийн дээд өндөрлөгүүдээс анх удаа зөв санаа сонслоо

УИХ-ын 2018 оны хаврын ээлжит чуулганы хаалтын ажиллагаан дээр УИХ-ын дарга М.Энхболд их зөв үг хэллээ. Түүний хэлсэн үгийг уламжлалт хэвлэл болоод цахим мэдээллийн хэрэгслүүд төдийлөн хэрэгссэнгүй өнгөрөөчихөв. М.Энхболд дарга “Үг, үйлдэл бүхнээ хянан нягталж, төв голчийг баримтлан бие, ухаанаа тэгшлэн засаж явах нь бидний нэр төрийн хэрэг төдийгүй хүндэт үүрэг юм. УИХ-ын гишүүний эрхэм хүндэт алба бол шагнал биш. Харин шалгуур сорилт юм шүү гэдгийг сануулж хэлэхийг хүсч байна” гэж хэлсэн үгэндээ онцолсон юм.

Төрийн хүн үг, үйлдэлдээ анхаарч төв голч үзлээр биеэ хянаж ярьж буй үг, хийж байгаа үйлдэл нь төв байх ёстой. Гэвч энэ ёс зүй Монголын төрд үнэхээр үгүйлэгдэж байна. Манай УИХ-ын гишүүд, төрийн эрхмүүд танхимдаа суугаад, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр юу гэж ярьцгаадаг билээ. “30 гэр бүлийг устгана”, “Монголын төрөөс хулгай хийсэн хулгайч”, “Хонзонгоо тэгж авна” гэх мэтийн увайгүй үгс л амных нь уншлага болчихсон. Ийм үгс төрийн өндөрлөгөөс, УИХ-ын гишүүдийн амнаас цуурайтах нь энгийн үзэгдэл шахуу болтлоо олширчээ. Эрхэм гишүүдийн үг, үйлдлүүдийг эргэн санацгаая л даа, зах зухаас нь. Хүчин хийж, бэлэг эрхтэнийхээ зургийг ийш тийш илгээж, нэг нэгнээ хулгайчаар нь дуудаж, хаанаас яаж мөнгө, нүүрс хулгайлж, хулгайлсан мөнгөөрөө хаана, юу хийж хэрхэн казинодсоныг нь УИХ-ын чуулганы танхимд хээвнэг ярьсан шигээ сууцгааж байдаг.

Төрийн түшээд нь ийм олхиогүй байдалтай, нэгэнтэйгээ гудамжны этгээдүүд шиг харьцаж бүдүүлэг үг унагаад байхаар ард түмэн яг тэр үйлдэл, үгийг нь дагаж эвдэрч, тэр байдлаар нь төрийн түшээдийг хүлээж аваад байдаг талтай. Хэрвээ УИХ-ын гишүүд нэгнээ “Хатагтай”, “Ноён” хэмээн хүндэтгэлийн үгээр хүндэлж харьцвал ард түмэн энэ үгсийг нь дуурайж, нэг нэгэнтэйгээ хүндэтгэлтэй харьцаж эхэлнэ. “Унтаж байхад чинь хорлож ална”, “Хажуу бөөр рүү чинь хутга шаана шүү” гэж яривал тэрийг нь ард түмэн нь дүрэм мэт дагаж тэр үйлдлийг хийчих гээд байдаг. Ард түмний эв нэгдэлгүй, нэгэнтэйгээ дайсагналцдаг байдал нь явж явж төрийн түшээдийн хэлж ярьж байгаа үг, үйлдэлтэй шууд хамааралтай. Угтаа ард түмэндээ үлгэр жишээ болох үг хэлж, зоригжуулж, сайн сайханд уриалсан, болж бүтэж байгаа юмыг дэмжсэн эерэг үг хэлж байх учиртай. Харамсалтай нь Монголын нийгэмд ийм зүйл байхгүй болоод удаж байна. Тэр хэрээр нийгэм ирээдүйдээ итгэхээ больж, эвдэрч, эмтэрч байна. Харин энэ их эвдрэл дунд УИХ-ын дарга М.Энхболдын хэлсэн дээрх үг цаг үеэ олсон, бодож боловсруулсан үг байлаа шүү. Энэ утгаараа манай төрийн өндөрлөгүүдийн амнаас гарсан анхны зөв санаа нь энэ болов.

Орчин үед өрсөлдөгчөө уг үндсээр нь үгүй хийх, эсвэл нэг тал нь дангаараа хожоод нөгөө тал нь хохирч үлдэнэ гэдэг ойлголт байхаа больсон. Үүнийг орчин үеийн дэлхийн харилцаанаас харж болно. Хэдий үзэл бодол зөрчилдөөнтэй, ямар нэг сэдэв дээр маргаантай байдаг хоёр тал, баруунтан, зүүнтэн гэж хуваагддаг ч эцэст нь зөвшилцөж тохиролцдог. АНУ, Хойд Солонгосын асуудал, Сирийн дайн гээд манай дэлхий дээр талцсан үйл явдлууд өрнөсөөр. Ингэж хоёр тал өөр өөрийн байр суурийг илэрхийлж зүүн, баруун тийш харлаа ч аль ч тал нь ялалт байгуулдаггүй, асуудал нь улам хурцаддаг. Харин дэлхийн харилцаа ерөөсөө л голч төв үзлийг эрхэмлэж, тэр л цэгт уулзаж бүхий л асуудлаа даруухан, хүлээцтэйгээр шийдээд удаж байна.

Баруун, зүүний аль алиных нь эрх ашгийг хөндөхгүйгээр голыг нь олсон, талуудыг сэтгэл ханамжтай үлдээхдээ хоёр талын хүлээн зөвшөөрсөн доод хэмжээнээс нь доордуулахгүйгээр голчийг олсон хувилбараар л олон улсын харилцаа зохицуулагддаг. Жишээ нь, Хойд Солонгос, АНУ-ын харилцааг хөндлөнгөөс харахад юу юугүй дүрэлзээд асчих гал мэт харагдаж байтал аль аль талынх нь эрх ашгийг хөндөлгүйгээр бас хэн хэнд нь ашигтай хувилбараар зохицуулах гарцыг олчихоод байна. Аливаа асуудалд гарц заавал байдаг. Дэлхийд ингэж аливаа асуудлын голчийг олдог харилцаа ид ноёлж байна.

Манайд Таван толгойг хөдөлгөж болохгүй, хөдөлгөж болно гэдэг хоёр тал болчихоод олон жил хэрэлдсэн. Аль алиных нь ашиг сонирхол, хүсэл биелэхгүй байсан учир энэ том төслийг зориуд гацаагаад байсан гэсэн үг л дээ. Харин одоо Таван толгойг тэр хоёр талын хэн хэнийх нь ашиг сонирхлыг харгалзан үзсэний үр дүнд хөдөлгөөд байгаа гэсэн үг. Хэрвээ аль нэг талд нь бат зогссон хэвээр байсан бол энэ төсөл хэзээ ч хөдлөхгүй, гацаатай чигээрээ үлдэх байлаа.

Уг төсөл дээр голч үзлээр хандсаны дүнд төсөл хөдөлж ард түмэн хоолтойгоо үлдэж, улс эх орны эдийн засагт түлхэц өгөх нэг том хөдөлгүүр асч байгаа юм.

Өрсөлдөгчөө, нөгөө талынхнаа, өөр нам, бусад улстөрчдийг бүгдийг нь үгүй хийгээд алж талаад, буудаад газрын гаваар оруулчихна гэсэн тийм гэнэн мөрөөдөл нь алсуураа том эрх ашгийг хүчтэй хөндөж, бүгд л хохирч хоцордог. Иймд төв голч үзлээр явахаас өөр арга үгүй. Хуучин бол Монголын төр засгийн удирдагчид харьцангуй зөв, эв нэгдэл эрхэмлэсэн, төрийн түшээгийн ёс зүйгээ дээдэлж ихэд бодож тунгаан байж үг хэлдэг байжээ. Сүүлд Ерөнхийлөгч П.Очирбат “Монголыг Азийн бар улс болгоно” гэсэн нь тухайн үед монголчуудыг доргиож сэргээж, үнэхээр итгэл төрүүлж “Азийн бар болж чадна” гэсэн мөрөөдлийн галыг иргэн болгоныг зүрхэнд асааж чадсан сан. Ерөнхий сайд асан П.Жасрай элгээрээ хэвтчихсэн байсан дотоодын үйлдвэрлэл сэргэж, ажлын байр нэмэгдэж эхлэхэд “Хонгилын үзүүрт гэрэл аслаа”, “Нисэх онгоцны хошуу өндийлөө” гэж ярьсан нь цаг үеэ тодорхойлсон, нөхцөл байдлыг ончтойгоор илэрхийлсэн түшээгийн үг болж чадсан бөгөөд тэр цагаас хойш монголчууд сайн цагийн эхлэл, сайн мэдээ дуулаад “Хонгилын үзүүрт гэрэл аслаа” хэмээн бэлгэшээдэг болсон дог. Мөн Ерөнхийлөгч асан Н.Багабанди 2005 оны УИХ-ын хаврын чуулганы нээлт дээр “Урт шар дээлтээс болгоомжил” гэж ярьсныг хүмүүс хаврын урт өдрүүд ирж, хаана хаанаа бүсээ чангалах хэрэгтэйг сануулж ёгтоллоо гэж үзсэн бол нөгөө хэсэг нь шар дээл өмсдөг Н.Энхбаярыг хэлсэн гэж тайлбарлаж байсан билээ.

Ямартаа ч энэ ёгт үг нэг хэсэгтээ л дээр дооргүй хүн бүрт юм бодогдуулаад амжсан юм. Энд бас Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн “Хэлэх бол хийхийн тал” гэдэг үгийг онцлууштай. Аливааг ор тас мартахаас илүүтэй хэлж ярьж санаж явбал бүтдэг гэдэг өөдрөг үзлийг тэрээр энэ үгээрээ нийгэмд хүчтэй хүргэсэн. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хэлсэн “Эвтэй байхдаа хүчтэй” гэх үг бас л нийгэмд давалгаалсан юм. Чингис хааны үеийн мэргэн үгнээс эш татсан гэх энэ үгийг зарим хүмүүс эвлэлдэн нэгдээд улсаа хувааж идэхийг хэлжээ гэж сөргүүлж ч тайлбарлаж байсан удаатай.

Ер нь эвтэй байхын гол нь голч төв үзэл. Нийгмээрээ нэг тал руугаа хазайж, шуурахад нийгэм өөрийн гэсэн тормозоо гишгэдэг байх ёстой. Зүүнтэн, баруунтан гэж талцаж туйлширсны үр дүнд 36 мянган иргэнээ хэлмэгдүүлсэн. Социализмын үед нэг орныг хэт тахин шүтэж шуурсны үр дүнд үндэсний баялаг, үндэсний хөрөнгөтөнтэй болж амжаагүй. Дараа нь өмч хувьчлал гэж шуурснаас бий болгосон жаахан юмаа үрэн таран хийсэн. Ардчилал, хүний эрх чөлөө гэж шуурснаас ардчиллын мөн чанарыг одоо хүртэл ойлгоогүй л тарамдуулж явж байна. Элдэв янзын хатгаас, дотоод гадаадын түлхээс байдаг л байх. Нэгнээ үзэж чадахаа байж, нэг нэгэнтэйгээ дайсагналцаж, хэт нэг тал руу туйлширч савладаг болсон энэ цагт төв голч байхыг сануулсан УИХ-ын дарга М.Энхболдын үг зөвхөн улстөрчид гэлтгүй бүгдэд хамаатуулсан зөв үг байлаа.

“Үг, үйлдэл бүхнээ хянан нягталж, төв голчийг баримтлан бие, ухаанаа тэгшлэн засаж явах нь бидний нэр төрийн хэрэг төдийгүй хүндэт үүрэг юм”. Энэ үүргээ төрийн түшээд биелүүлж эхэлбэл тэднийг дуурайдаг, үлгэр жишээгээ хэмээн хардаг ард түмэн нь аяндаа дагаж үг, үйлдлээ хянаж эхлэх нь ойлгомжтой. “Ууцыг дал дагадаг, уулыг мод дагадаг” гэгчээр ард түмэн нь сонгосон түшээдээ л дагана шүү дээ.


Categories
мэдээ цаг-үе

Наадмын сүлд дуу “ТОЛИН ХУЛ”

…Толин хулын тоосонд хийморь зүггүй наадам

Торгон жолоо өргөхөд нулимс тогтохгүй наадам

Толин хулын төвөргөөнд тугаа өргөсөн Монгол оо…

Энэ гурван мөртийг уншихад “Толин хул” дууны ая өөрөө л аманд ороод ирнэ. Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Ц.Чулуунбатын аялгуу, УИХ-ын гишүүн асан, тод манлай уяач Г.Батхүүгийн шүлгээр бүтсэн “Толин хул” дуу бол Монгол наадмын сүлд дуу гэж хэлэхэд нэг их буруудаад байхгүй болов уу. “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэнгийн дуулж олон түмэнд хүргэсэн “Толин хул” бол анхны зориулалтаасаа хальж ард түмэнд түгсэн алдартай бүтээл. Энэ дууны хөгжим явж эхлэхэд нартай, хуртай, хуушууртай, айрагтай, майхантай, талтай, цэцэгтэй, бөхтэй, морьтой, суртай, дуутай, хууртай, инээд баясалтай, учран золгохын ерөөлтэй, бэлгэ дэмбэрэлтэй, дээлтэй, хөөрөгтэй, далбаатай, есөн хөлт цагаан тугтай, түрүү бөхтэй, арслантай, аваргатай наадам хүн бүрийн сэтгэл зүрхэнд ургаж “Наадам хурдан болоосой” хэмээн өөрийн мэдэлгүй дуу алдахад хүргэдэг билээ. Долдугаар сар гаруут л хүн бүрийн сэтгэл нэг л хөнгөрөөд ам л нээвэл наадмаар хаана байх тухай, аль наадмыг үзэх тухай, сум, аймгуудын наадмын товыг бие биеэсээ сурагласан бүх л юм баяр бахдалын шинжтэй, юм хүлээж догдолсон, нэг л том үйл явдалд бэлдсэн хүмүүс болчихдог. Энэ үед “Толин хул” дууг хаана нэгтээ, эхлэлийнх нь хөгжмийг нь сонсвол бүжиглэдэггүй хүн ч хуурын татлага, бөмбөрийн хэмнэлийг нь мэдэрч,

…Газар үнэрлэн омогшиход толгод хотойно

Хазаар даран тэмүүлэхэд дэлхий атирна

Зурхай эргэж гарахад наран сугарна

Зуныг элдэж хурдлахад дээл сэмэрнэ

Зуныг элдэж хурдлахад дээл сэмэрнэ хэмээн даган дуулж найгадаг. Хүмүүс машиныхаа урд хэсэгт далбаа хатгаад машиндаа “Толин хул”-ыг эгшиглүүлчихсэн байхыг харвал дагаад л давхичихмаар, хамтдаа дуулмаар тийм ховор сайхан, эерэг зөөлөн хэрнээ омогших мэдрэмжийг төрүүлдэг. Тод манлай уяач Г.Батхүүгийн Толин хул бол домогт хүлэг. Хул азарга Хэнтийн Баянхутаг сумын харьяат Дамдинжавын унаган адуу. Хул азарга аймгийнхаа наадамд хоёр удаа айрагдаад байхдаа Тод манлай уяач Д.Даваахүүгийн нүдэнд тусчээ. Д.Даваахүү гуай “Аргагүй хурдан хүлэг Хэнтийд байна. Тэрийг ав” гэж зөвлөснөөр Г.Батхүү 1995 онд тухайн үедээ нэлээд өндөр үнээр худалдан авч сүрэгтээ нийлүүлсэн байдаг. Тэр жилээс хул азаргыг Г.Батхүүгийнх хэмээн цоллох болж духан дээрх толь мэт сарыг нь бэлгэдэн Толин хул гэж нэрийдэх болж. Ингээд шинэ эзэндээ ирсэн жилээ 1996 оны улсын наадамд түрүүлж уясан эзэн, унасан хүүхэд, хурсан олныг баярлуулсан бол дараагийн хоёр жил улсад айрагдаж, Хархоринд болсон анхны “Их хурд” наадамд дөрөвт ирж айрагдсаныг монголчууд, моринд дуртай хүмүүс мэдэх.

Г.Батхүү уяач Толин хулаа шүтнэ. Тийм ч болохоор хул азаргадаа зориулж “Толин хул” гэж шүлэг бичсэнээ 2001 онд “Харанга”-ын Чука буюу хөгжмийн зохиолч Ц.Чулуунбатад үзүүлтэл ихэд дуртай хүлээн авч хөгжмийг нь хэдхэн хоногт бичиж, дуучин Лхагваагаар дуулъя гэдэг дээр санал нэгдсэн байдаг. Наадмын өмнөхөн дуу бэлэн болж Г.Батхүү CD-нд дуугаа хуулж аваад уяан дээрээ очоод морины хүүхдүүддээ сонсготол хоёр, гурван удаа сонсоод л дагаж дуулж байсан гэдэг.

Дууны үг, ая сүлэгдэнэ гэж энэ л дээ. Анх удаа сонсоход л сэтгэлд бууж, санаанаас гардаггүй, чихэнд хоногшдог сайхан дуунууд бий. Тэдний нэг нь “Толин хул”. Монголын нийтийн дууны шүлгийг ерөнхийд нь ажиглахад дөрвөн мөрт яваад дахилттай. Дахилт нь хоёр юм уу, дөрвөн мөрттэй. Ойролцоогоор 3-4 бадагтай. Гэтэл “Толин хул”-ын бадгууд нь таван мөртэй, дахилт нь гурван мөртэй. Дөрөв-хоёр-дөрөв-хоёр эсвэл дөрөв-дөрөв-дөрөв гэсэн давталтыг “Толин хул”-ын шүлэг тав-гурав-тав-гурав гэсэн сондгой сөөлжилтөөр өөрчилсөн. Энэ содон сөөлжилт дууны хөгжимд нөлөөлж хэмнэл нь өндөр уулсын оргил шиг шовх, хурц, хурдтай атлаа баяр жаргал мэдрүүлж, эмнэг сургаж байгаа ч юм шиг, эсхүл хурдан морины нуруун дээр салхи татуулан давхиж байгаа ч юм шиг, цэцэг ногоон талд биелээд ч байх шиг, олуулаа тойрон бүжээд ч байгаа юм шиг мэдрэмж өгдөг сөн.

Хурдан морьд амгайгаа зажлан үүрсэхэд уяа сэргэж, арайчүү нэг тогтооход цулбуур эрчилж аймгийнхаа наадмын галыг тойрохдоо хурсан олны харааг булаадгийг уяач хүн л сайн мэднэ. Тийм ч болохоор Г.Батхүү,

…Амгайгаа зажлан үүрсэхэд уяа сэргэнэ

Арай ядан тогтооход цулбуур эрчилнэ

Аймгийн галыг тойроход хараа булаана

Аядуу уртад сойход салхи амарна

Аядуу уртад сойход салхи амарна гэж шүлэглэжээ.

Монголын рок поп, эстрад урлагт өөрийн арвин сан хөмрөгтэй болж, хүмүүсийн зүрх сэтгэлд хоногшсон олон сайн бүтээлтэй “Харанга”-ын Чукагийн хувьд “Толин хул” дууны хөгжмийг зохиох хүртлээ морь малд тийм ч ойр хүн байгаагүй гэдэг. Ямар сайндаа,

…Хазаар даран тэмүүлэхэд дэлхий атирна

Зурхай эргэж гарахад наран сугарна гэдэг мөртөөс “Зурхай эргэнэ” гэж юу гэсэн үг вэ гэж Г.Батхүү уяачаас асуух вэ дээ. Дуучин Х.Лхагвасүрэнгийн хувьд ч морины тухай дуу дуулна гэхэд өөрт нь нэг л бууж өгөхгүй байсан гэдэг. Ямартаа ч “Толин хул” дуу телевиз, радио, цахим сүлжээгээр тархаж Цагаан сар, наадмын үеэр хамгийн олон хандалт, санал авах болсон нь уг дууны уран бүтээлчдэд урам өгсөөр байна. Жил ирэх тусам, жил жилийн наадмаар “Толин хул”-аар эхэлдэггүй наадам, “Толин хул”-гүй аймаг, сумын наадам ч байхаа больж, морь мал мэддэггүй, моринд мордож үзээгүй “Би цэвэр готын хүн” гэж өөрсдийгөө нэрлэдэг залуус хүртэл,

Толин хулын тоосонд хийморь зүггүй наадам

Торгон жолоо өргөхөд нулимс тогтохгүй наадам

Толин хулын төвөргөөнд тугаа өргөсөн Монгол оо хэмээн дуулах болсон. Нөгөө талаар энэ дуугаар дамжуулж морь уяхын сайхан, уяач байхын жаргал, хурдан морьгүй бол наадам ямар уйтгартай вэ гэдгийг харуулчих шиг болдог. Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбат наадмаар уядаг ганцхан морьтой. Тэр нь “Толин хул”. “Толин хул” сүүлийн 16, 17 жил улсын наадамд “түрүүлж” байгаа хэмээн ярих дуртай. Ц.Чулуунбат “Би морь сонирхдоггүй байсан юм. “Толин хул”-ын хөгжмийг зохиож байх үед Г.Батхүү маань намайг морины сунгаан руу аваачиж үзүүлсэн л дээ. Тэнд сэтгэл хөдлөл дээд цэгтээ хүрч морьд, хүүхдийн гийнгоо, нар, тэнгэр, тал гээд бүх л юм амьд, гайхалтай, гоё харагдсан. Байгалийг хурдан морь, гийнгоотой хослохоороо үгээр илэрхийлэхийн аргагүй төгс зохицолтой болдгийг анх мэдэрсэн. Ингээд л би тэр цагаас хойш хурдан морины уралдаан үзэх болж, хурдан морь, уяачийн жаргал, зовлонг зах зухаас нь мэдрэх болсон. “Толин хул” дуу надад тийм сайхан зүйлийг өгсөн, мэдрүүлсэн хайртай уран бүтээл минь” гэж ярьснаас нь үзвэл “Толин хул” дуу түүнд хурдан морины ертөнцийг нээгээд өгчихжээ гэж дүгнэж болох.

Арвайн домог сэдрэхэд өвгөд хуучилна

Адтай гийнгоо цангинахад асар эзгүйднэ

Үрээ морьдын давхианд дагуул олширно

Түрүү магнайд ирэхэд нь хадаг ховордоно

Түрүү магнайд ирэхэд нь хадаг ховордоно

Яг л наадмын зураглал. Гийнгоо дуу тээр тэндээс цангинаж, алс холоос хурдан морьд бариа руу ойртоход асар майхан эзгүйрч хүн бүр бариа руу хошуурч айрагдсан хүлгийн хөлсөнд хүрэх гэж, хадаг зүүх гэж тэмүүлцгээдэг. Энэ мөчид хүн бүрийн царайнд баяр тодорч, морины хөлстэй алгаараа нүүрээ арчиж, малгайгаа илж хийморио сэргээдэг.

Үеийн үед наадамчин олныг баясгаж, торгон жолоо өргүүлж байсан алдарт хүлгүүдэд зориулсан сайхан дуу, магтаал олон. Тэрэн дундаас түмэнд хүрч, олны таашаалд нийцсэн морьдын тухай дуу мөн чиг олон. Харин сүүлийн хорин жилд наадмыг аялгуугаараа, шүлгээрээ “Толин хул” шиг тасралтгүй чимсэн сайхан дуу өөр бараг алга шив. Дууны яруу найраг, хөгжмийн ертөнцийг анзаараад байхад зохиосон дуугаа гэнэт хүчтэй, эсвэл зохион байгуулалттайгаар олон нийтэд цацаж, хүчээр ард түмний сэтгэлд “хоногшуулах” гэсэн оролдлогууд сүүлийн арав шахам жилд их гарах болсон. Ер нь юмыг хүчлэх тусмаа үнэгүйддэг. Тэр л зарчмаар өнөөх алдар “горилсон” дуунууд нэг л зуны настай байдаг. Тэгэсхийгээд мартагдчихдаг. Гэтэл “Толин хул” дуу яван чангарч он жил өнгөрөх тусам, жил жилийн наадмыг улам ихээр чимж, “Толин хул”-гүй бол ямар ч наадам, наадам биш болох хэмжээнд энэ уран бүтээл үнэлэгдэж, цойлж явна. “Толин хул” зуун, жаран дамжин дуулагдсаар байгаа үндэсний хит дуунуудын араас нэхэж салхи татуулан “давхиж” явна.


Categories
мэдээ цаг-үе

Хорин жилийн өмнө өвөөтэйгөө үзсэн наадам

Зүүн гар талаас гурав дахь нь манай өвөө. 1980-аад оны дундуур

Төв аймгийн Зам анги Хархорин чиглэлийн зам барихаар бригадаар гарчихсан байлаа. Зам барих явцад чанарын хяналтыг өдөр тутам, цаг болгонд тавьж байснаар уг зам барих ажил анхны дотоодын хяналттай шинэ зам гэдгээрээ олон хүний анхаарлыг татаж байсан юм даг. Манай аав “Укладчик” буюу асфальт дэвсэгчийн оператор, ээж гар ажилчин. Өвөө маань манаач. Харин би өвөөгийнхөө “тогооч”-оор тэр зун ажиллаж билээ.

Бид өвөөгөө Хөгшин аав гэцгээнэ. Хөгшин аав бид хоёр бригадаас бүр наана, замын ажлын эхэнд үлдсэн хэдэн техник, бага сага мод, чулуу мэтийн материалаа манадаг ажилтай. Өглөө унтаж байхад дарга нар ирж манаачийн сонор сэрэмжийг шалгана. Хөгшин аав годхийгээд босч дарга, даамал, инженерүүдтэйгээ уулзана. Бид хоёр дөрвөн дугуйтай вагончиктай. Хоёр давхар, модон ортой. Дөрвөн хүн амьдрах “хүчин чадалтай”. Жижигхэн түмбүүчигтэй. Доод талын орны банзыг сөхөөд хувцас, хунар элдэв хог новшоо хийчихнэ. Нэг буланд нь өндөр зуухтай. Манай өвөө насаараа тээврийн жолооч хийсэн хүн. Нэр нь Ядамын Баакаа. Баян-Өлгий, Ховд, Увсынхан “Баакаа жолооч” гэхээр андахгүй. Насаараа гартаа ачааны машины жолоо барьсан болохоос гурилын элдүүр барьж үзээгүй, гал тогооноос даанч хол хүн байлаа. Цайгаа нэг юм чанаад уучихна. Цуйван, бууз, банз, хийцтэй цай, будаатай хоол, гоймонтой хуурга мэтийн “нандин” хоол хийх үед би “мастер” тогоочийн дүрд орж, харин өвөө миний туслах болно. Манай өвөө хоолонд тааруу. Нэг удаад аяганы дундуур хоол идвэл их юм. Өвөө шөнө дунд, үүрээр босч манааны газраа эргэдэг ажилтай. Өдөр нь бид гадаа л сууна. Өөр юу хийх юм. Манаач гэдэг чинь ёстой уйтгартай, хийх юм байхгүй ажил байдаг юм билээ л. Заримдаа бага үд гэхэд өвөө алга болчихно. Тэгээд оройны хоолны өмнө инээчихсэн хүрч ирнэ. Тэр хавийн өвөгчүүлтэй нийлж данхтай шимийн юм, хултай айраг тавьж байгаад муушигдсанаа ярина. Өвөө айраг уусаар байгаад хоолонд сайжирч нэг дор хоёр аяга хоол идчихдэг боллоо. Тэндхийн өвөө нартай нийлж бага сага хараал ч сурч авчээ, бас болоогүй. Намайг цуйван хийхэд гурил шарж тус болж байгаад гараа зууханд түлчихээд “Пиддаа, пиддаа” гэж байна.

Өглөө ид сайхан унтаж байхад вагончик маань газар хөдөлж байна уу гэлтэй нааш цааш ганхана даа. Дайвалзаад учиргүй. Тэр хавийн айлуудын үхэр мал ирчихээд манай муу “байшин”-д биеэ үрж загатнаагаа гаргаж байгаа нь тэр. Ойр орчим тарвагатай болохоор аав ажлынхаа чөлөө заваар ирж намайг дагуулж ганц хоёр тарвага агнаж өгч бид хоёрын тогоог тосолж өгчихөөд бригад руугаа явчихна. Өвөө айраг эргүүлээд таван гар суучихаар би өдрийн цагаар манаачийн үүрэгт ажилд хүсэн хүсээгүй “томилогдоно”. Хүмүүс зам асууж ирнэ, айл сураглана, “Шатахуун байхгүй биз. Зам анги юм чинь байгаа даа, зарчих” гэнэ. Манай урдуур Хархориныг зорих машинууд өдрөөс өдөрт нэмэгдсээр байлаа. Зам ангийн бригад Хархориноос 30 гаруй км зайнд байрлаж байсан санагдана. Би “байшин”-гийнхаа шатан дээр суучихаад аман хуур “хангинуулна”. Хажуугаар өнгөрсөн хүмүүс намайг ёс юм шиг харж, зарим нь гар даллан мэндчилдэг байв.

Хүмүүсээс сураг сонсоход Хархоринд анх удаа их том наадам болох гэж байгаа бололтой. Тийм болохоор хүмүүс тэр наадмыг зорьж байгаа нь энэ гэдгийг их сүүлд мэдэв. Сүүлдээ машинууд одооных шиг түгжрэх шахуу л ар араасаа өдөр, шөнөгүй гэлдэрцгээх боллоо. Даншиг ч гэнэ үү, “Их хурд” ч гэнэ үү их л мундаг наадам болох гээд Монгол орны тал бүрээс наадамчин олон цуглаж байгааг мэдлээ. Хөгшин аав бид хоёр дээр Зам ангиас бараг хүн ирэхгүй. Дарга нарын хааяа хийдэг шалгалтыг эс тооцвол бид хоёрт хэцүү юм ер алга байлаа. Зам дагуу бүх юм ил ч нэг ширхэг ч эрэг, боолт, банз хулгайд алдсангүй. 1998 он гэхээр одоогоос яг хорин жилийн өмнө болж таарч байна шүү.

Шинээр тавьж байгаа замын цаагуур гаргасан түр замын ачаалал илт нэмэгдэж, давхилдсан машинуудын тоосонд бид хоёр, хэдэн техниктэйгээ дарагдлаа. “Засс наадам маадам ямар хамаа байна, хэццц” ухааны юм бодоод тоохгүй байсан миний сэтгэл хөдлөөд эхэллээ дээ. Сураг сонсох нь ээ, манай бригадынхан тэр наадам руу явах гэж байгаа бололтой. Тэгэхтэй зэрэг л нутаг руугаа гүйх гэж байгаа адуу шиг муу вагончиктоо тогтохоо байлаа. “Бид хоёрыг хүн чинээ тоохгүй байгаа юм даа. Хоол хүнс дууслаа. Ямар юмаа идэж ууж байгаа бол гэж боддоггүй юм байх даа. Усанд сироп найруулж уусаар байтал биеэр түүхий туурлаа” гээд л орж гарч үглэлээ дээ, би. Угаасаа даруу, чимээгүй суудаг өвөө маань юу ч хэлсэнгүй. Уг нь хүнс ирэх ёстой сон. Тэгж байтал аав, ээж ирж нар гарав. Бид хоёрыг наадам үз, тэр хооронд бид хоёр манаач хийж байя. Бригад дээр бараг хүн амьтан байхгүй. Та хоёр бригадаас унаа олоод наадам үз гээд надад найман мянган төгрөг өгөв. Баяжчихлаа. Наадам дээр очоод “Чокопэй” иднэ гэсэн бодол л төрлөө. Ингээд өвөөтэйгөө анхдугаар “Их хурд” наадмыг үзэхээр Хархорин, Орхоны хөндийг зорив.

Усан бороо хувин хувингаар цутгаж байгаа юм шиг асгарна. Худалдаа наймаа эрхэлж байгаа хүмүүс бараагаа хумьж гялгар уут нөмөргөнө. Хүмүүс шүхэр, саравч, майхан, хуушуурын гэр гээд энд тэнд хорно. Усан бороо зүсэрнэ. Хаана барилдаан, хаана морь нь уралдаад байгааг мэдэх юм алга. Өвөөгөө дагаад худалдаа наймаан дундуур явж гарлаа. Өвөө нуруугаа үүрчихсэн, харин би норчихсон амьтан араас нь дагаастай. Дайгдаж ирсэн “Фургон”-оо олоод жигтэйхэн баярлалаа. Өвөө усан бороон дунд толгойндоо тор углачихаад л барианы ойролцоо очоод зогсч байгааг нь харлаа. Аавын өгсөн мөнгөөр юу авахаа мэддэггүй. Олон эрээн мяраан бараа харчихаар юу авахаа мэдэхээ байчихдаг юм байна билээ. Ямар ч байсан бид нэг нэг ундаа авлаа, би өнөө “Чокопэй”-гоо бас хэдэн сироп авлаа. Ингээд наадмаас хийсэн миний “шоппинг” өндөрлөв. Бороо асгасаар л. Бороотой ч болзоондоо гэсэн шиг хүмүүс наадамласаар л. Би залхаж эхлэв. Өвөөгийн хормойноос үе үе татаж “Харья” гэнэ. Бидний ирсэн унаа буцах болсон тул өвөөтэйгөө “Фургон”-доо суулаа. Бороонд норсон хувцастай хүмүүс нэгэндээ наалдаж дулаацах гэнэ. Үл мэдэг чичирцгээнэ. Шавартай, устай замаар давхиулсаар сая нэг юм бригад дээр ирлээ.

Шал дэмий наадамд явсандаа урам ч хугарах шиг. Гэнэт гэдэс өлсч байгааг мэдлээ. “Түй, дугуй хуушуур идэх байсан юм. Мартчихаж”.

Бид хоёр гэж усан хулгана амьтад вагончиктоо хүрэв. Аав “Та хоёр хүнс дуусч байгаа гэж бригад руу хэл хүргүүлэхгүй яасан юм. Гурил, будаа, тос, мах авчирчихсан шүү” гээд цуйвангаар дайллаа. Маргааш нь ч бороотой. Нөгөөдрөөс тэнгэр онгойж наадамчид буцаж эхэллээ. Хархориныг зорьж байсан машины цуваа Улаанбаатарыг чиглээд манай урдуур шунгинаад өнгөрөв. Тэднийг хараад ер сэтгэл хөдөлсөнгүй, “Ирэх жилийн наадам хол байна даа, хол байна даа” гэж шүүрс ч алдсангүй. Наадамд шал дэмий очиж нороод, даараад ирсэн гомдол минь арилахгүй л байлаа. Хөгшин аав намайг аргадаж “Хоёулаа дугуй хуушуур хийж идэх үү” гэж царайчилна. Анх удаа дугуй хуушуур хийж үзлээ. Нар сар гэрэлтсэн, их л том талбайтай, тос нь гоожсон шаржигнасан гамбирнууд. Бид хоёр сүүтэй цайндаа хөшиглөж хоёр өдрийн турш идсэн дээ.

Жил жилийн наадам өөр өөр өнгө, дурсамжийг сэтгэлд үлдээдэг. Тэр жилийн тийм нэг наадам, ийм дурсамж үлдээжээ. Тэгэхэд би 13-тай, өвөө маань, 63 нас сүүдэртэй байж шүү. Одоо би наадмаар бороо орохгүй ч шүхэр заавал авч явдаг “заншил”-тай.

Categories
мэдээ цаг-үе

Д.Батаа: Домог болсон “Хар” аварга минь цэнгэлдэх дүүргээд гараад ирдэг сэн

Волейболын спортын дэд мастер Д.Батаатай ярилцлаа.


-Таныг бага залуугаасаа л бөхчүүдтэй ойр байж, тэдэнтэй нөхөрлөсөөр ирсэн гэж сонссон?

-Би Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн. 1969 оны намар Улаанбаатар хотын Барилгын техникумд суралцаж байхдаа волейболын спортоор хичээллэж эхэлсэн л дээ. 1970 оны БНМАУ-ын Залуучуудын анхны аварга шалгаруулах тэмцээнд “Барилгачин” нийгэмлэгийн нэрийн өмнөөс оролцож багаараа мөнгөн медаль хүртэж байлаа. 1970 оны намар хоёрдугаар курст манай ангид “Их монгол” Шаравжамцын зээ улсын начин Т.Дэмбэрэлсамбуу орж ирж билээ. Би олон бөх найзуудтай байсан. Өвөрхангайн улсын начин Ч.Даваасүрэн, Архангайн заан Х.Галиндэв, улсын заан Ч.Гочоосүрэн, аймгийн заан Ш.Баянзул, Булганы арслан С.Дорж, Увсын заан Ц.Пэрэнлэй, Өвөрхангайн улсын заан Ё.Ишгэн, дархан аварга Д.Цэрэнтогтох, улсын начин, Багшийн сургуулийн М.Баатар, улсын начин Г.Жалаа, улсын начин Ц.Ванчигцэрэн нартай үерхэн нөхөрлөж тэдний барилдааныг үзэж, тэднийг давахад нь баярлаж, унахад нь гоморхож явлаа. Ер нь халхын сайхан залуучуудтай нөхөрлөж явснаа санахад, миний өвөг аав Арван баядын алдарт бөх “Тоомсог” Шагжийн буян нөлөө ч байсан болов уу гэж боддог юм. Би 48 дахь жилдээ үндэсний бөхөө хөгжөөн дэмжиж байна.

-Тэр үеэс л найзуудаа дэмжиж бөх үзсээр байгаад бөхийн хорхойтон болжээ?

-Би 1970 оны өвлөөс эхлэн Дэмбээ (Т.Дэмбэрэлсамбуу)-г дагаж, үндэсний бөхийн барилдаан тогтмол үзэж эхэлсэн. 1972 оны хавар Дэмбээгийндээ Д.Цэрэнтогтохтойгоо танилцаж билээ. Цээеээ маань тэгэхэд Зүүнбаянд цэрэгт байсан, “Алдар”-ын чөлөөтийн аваргад ирсэн гэж байсан. Дараа нь улсын баярын өмнө 1972 оны долдугаар сарын 09-ний өдөр Улсын багшийн дээд сургуулийн автобусны буудал дээр цэрэг хувцастай Цээеэтэй тааралдлаа. Амар мэндээ мэдэлцэж “Бэлтгэл хэр хийв” гэвэл “Яахав гайгүй шүү. Гурав давах хэмжээнд хийсэн гэж бодож байна” гэхээр нь “Хавар уулзаж байхыг бодвол нэлээд зузаарч, сайхан болсон байна шүү дээ. Үзээд байхад юунаас ч айх юм чамд алга” гэсэн чинь “Гурав давбал долоо хоногийн чөлөө өгнө гэж Даш багш хэлсэн” хэмээж билээ. Тэгээд баяр наадам болдгоороо болж Д.Цэрэнтогтох зургаа давж чимэгтэй “Улсын начин” цол авах нь тэр. Дараа нь уулзаад ярилцахад “Чи намайг их зоригжуулсан шүү. Гурвын даваанд Булган аймгийн арслан Х.Сүхбаатарт луйвардуулах шахав. Хаячихаад байхад “Би давсан” гээд гүрийгээд, харин засуул Лүгдэв гуай “Сүхбаатар аа, чи сая цэрэгт унасан шүү дээ” гэж байж тахимаа авсан шүү” гэж билээ. Тэр жилийн наадмын түрүү үзүүр бөхийн тааварт яригдаж байсан улсын начин Ч.Лундаагаар дөрөв, аварга Ч.Бээжингээр тав давж, арслан П.Дагвасүрэнгээр зургаа давж өсөх идэр начин цол авсан юм.

-Д.Цэрэнтогтох аваргын санаанаас тань гардаггүй, дурсамжтай барилдаан гэвэл?

-“Алдар” нийгэмлэгийн аварга шалгаруулах бөхийн барилдаан юм. 1975 оны дөрөвдүгээр сарын дундуур болсон. Тэр өдөр ажлын өдөр байсан санагдана. Чөлөөт бөхийн шигшээ багийнхан Америкт “Дэлхийн цом”-д яваад ирж. “Алдар”-ын аварга шалгаруулах тэмцээнээс шалгарсан нь УАШТ-д орох эрхтэй болох учир Д.Цэрэнтогтох, Д.Хадбаатар хоёрын хооронд гол барилдаан болох байв. Тэмцээнийг Дэмбээтэй очиж үзэж Цээеэ (Д.Цэрэнтогтох)-гийн дээлний захыг Дэмбээ мушгиж суулаа. Батлан хамгаалах яамны ангиудаас ирсэн жараад бөх шатарчилж 5-6 өдөр барилдаж, хаалтын сүүлчийн өдрийн барилдаан дээр Батлан хамгаалах яамны орлогч сайд нь Д.Хадбаатарт хоёр өрөө байрны түлхүүр гардуулж баяр хүргэв. Хад (Д.Хадбаатар) ч хийморь, зоригтой гэж жигтэйхэн. Цээеэ, Хад хоёр үзүүр түрүүнд үлдэхэд “Алдар”-ын заал пиг дүүрлээ. Барилдаан удсангүй эхлээд Цээеэ баруун хөлийг нь аваад хойш хөөгөөд унагахад гутал сугарч дахин барилдаж ард талд гарч хаяж билээ. Тэр үед Цээеэ маань эмнэг адуу шиг хэнтэй ч удаж барилдаж байгаагүй хурд, хүч сэрвүү мэхээр бүх асуудлыг шийдвэрлэдэг байв. Армийн аварга бөх болж 1975 оны улсын аваргад орж хоёрдугаар байр эзлэн улсын заан цолоос нэг даваа дутаж билээ.

-Тэр үед аваргуудын барилдааныг хэр үздэг байв, хоёр Мөнхийн?

-1974 оны дөрөвдүгээр сарын 22-нд Лениний мэндэлсний 90 жилийн ойд зориулсан барилдаан Спортын төв ордонд ажлын өдөр болж хоёр Мөнх үлдсэн байсныг яг дэргэдээс нь үзэж билээ. Хоёр дархан аваргын барилдаж байгаа нь бух мөргөлдөж байгаа юм шиг. Тас нис хийгээд барьц халалцаж байгаа нь ямар аймшигтай гэж санана. Холоос үзэж байхад яг юу болж байгааг мэдэх биш. Энэ барилдаанд Х.Баянмөнх аварга түрүүлсэн. Одоо ид барилдаж байгаа аварга, арслангууд бас тэгж их хүч гаргаж тас нис хийтэл барьцаа сольж барилддаг байлгүй.

-Д.Цэрэнтогтох аваргыг нутгийнхан нь гэлтгүй монголчууд “Хар” аварга хэмээдэг байсан. Тэр нэр домог мэт л дуулддаг байлаа?

-Би найзыгаа Цээеэ гэж дууддаг байсан. Нутгийнхан нь “Хар” аварга гэж их хүндэлнэ. Цээеэ маань тэр нэрэндээ ч их дуртай, “Хар” аварга аа гэхээр таатай хүлээж авна. Домог болсон “Хар” аварга минь наадмаар дэвээд гараад ирэхэд цэнгэлдэх дүүрэх шиг л санагддаг байж билээ. Тийм л нөмөр нөөлөгтэй, сайхан монгол бөх байсан юм, миний найз чинь.

1980 оны дөрөвдүгээр сар. Москва. Улаанталбай. Д.Батаа найз Д.Цэрэнтогтохтойгоо тааралдаж Монголын чөлөөт бөхийн шигшээгийнхэн АНУ руу “Дэлхийн цом”-д оролцохоор нисэхийн өмнөхөн энэ зургийг дурсгал болгон татуулжээ.

-Тэр үед бөхийн найраа, начны найраа гэж юм байв уу?

-Тэр үед үндэсний бөхийн барилдаан цөөн болдог байлаа. Гэхдээ бүтэн сайнд 12 цагаас “Хөдөлмөр”-т, 15 цагаас Спортын төв ордонд, 17 цагаас “Хоршоолол”-д, хааяа байгууллагын ой, гадаадын зочид төлөөлөгчдөд зориулсан барилдаан болно. Гэхдээ тэр барилдаанууд яс болно. Цагаан сараар 128 бөх, бусад заалны барилдаанд голдуу 64 бөх барилдана. Жилдээ нийгэмлэг, их дээд сургуулиуд, бөх ихтэй томоохон албан газрууд аварга шалгаруулж хотын аварга, УАШТ, спартакиадын аварга болдог байсан юм. УАШТ, спартакиадаар цол гуншин өгнө. Тэр үед үзүүр түрүүнд, их, дунд, бага шовогт үлдэнэ гэсэн тааварт улсын арслан Ж.Хайдав, М.Мөнгөн, улсын заан Ө.Тулгаа, улсын заан Д.Мягмар, улсын заан Р.Давааням, улсын начин Д.Цэрэндаш, аварга Ч.Бээжин, улсын гарьд Д.Баяраа, улсын заан Д.Долгорсүрэн, Ё.Ишгэн, З.Дүвчин, улсын начин Д.Галдандагва, улсын харцага Ч.Лундаа, улсын заан Д.Лхагвасүрэн, Д.Амгаа, улсын харцага Ж.Бор, улсын аварга Д.Хадбаатар, улсын арслан П.Дагвасүрэн, Ө.Эрдэнэ-Очир, Л.Сосорбарам, арслан Г.Дэмүүл нарын бөхчүүд ордог байлаа. Тэр үед начны хавтгайрсан найраа байгаагүй юм. Гарцаагүй олон жил сайн барилдсан бөхчүүдийг дэмждэг байсан. Жишээ нь, улсын баяр наадамд дөрвөн удаа дөрөв давж байсан Булганы арслан Г.Лхагвадорж, гурван удаа дөрөв давсан Булганы арслан Х.Сүхбаатар, хоёр удаа дөрөв давсан Увсын арслан Б.Намжин, Ё.Доржготов, Булганы Г.Нансал нар улсын цол авч чадаагүй нь ямар шударга барилдаж байсныг гэрчлэх байх.

-Допингийн асуудал үнэхээр хүнд байна аа. Үүнд та бөх сонирхогч хүний хувьд ямар бодолтой явдаг вэ?

-Бөхчүүдийн хувьд бүгдээрээ хүч оруулагч витамин, уурагт, эмийг наадмаас наадмын хооронд хэрэглэдэг нь нууц биш болоод удаж байна. Гэхдээ допингийн шинжилгээний хариу их эргэлзээтэй. Хэний сорьцоос допинг илрүүлэх вэ гэдэг нь хэсэг бүлэг хүмүүсийн л дурын асуудал болсон гэж харагдаад байдаг юм. Одоо бол үндэсний бөх мэргэжлийн түвшинд хүрсэн гэж үзэж болно. Бөхчүүдийн амьдралын эх булаг нь энэ спорт болсон. Энэ зөв. Харин начны найраа 250-300 сая төгрөгт хүрсэн нь дэндүү харамсалтай. Шударга барилдаад цолонд хүрвэл гайхалтай. Ноднин улсын арслан Н.Батсуурь П.Бүрэнтөгс нарыг цувуулж хаяж улсын начин болсон Д.Тамир шиг барилдах хэрэгтэй. “Бөх хүн бүдүүн өвсөнд” гэдэг үг бий. Том цолтой бөхчүүд сэтгэл зүйн хувьд их болгоомжтой хандаж байгаад унах тал бий л дээ. Хэн ч хэнийг хаяж, хэн ч хэнд унадаг цаг болсон юм хойно. 1970-1980 оны дархан аварга Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Д.Цэрэнтогтохын үе биш шүү дээ. Одоо бүх юм хачин сонин болсон, хүн нь хүнээ алдсан цаг ч юм уу даа гэж зарим талаар бодогдох юм. Дархлаа тогтсон улсын аварга, арслангүй болсон цаг шүү дээ.

-Өнөө жилийн баяр наадмын барилдаан ямар болох бол оо. Таавраасаа хуваалцахгүй юу?

-Улсын начин цолыг 5-6 аймгийн арслан, заан цолтой бөхчүүд авах болов уу. Хамгийн их хөлс хүч гаргаж хөдөлмөрлөсөн аавын хүү түрүүлэх нь гарцаагүй. Би аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар, Баянхонгорын Б.Эрдэнэхүү нар улсын начин болоосой гэж бодож байна. Аварга Ч.Санжаадамба, улсын арслан П.Бүрэнтөгс, Э.Оюунболд, Ц.Содномдорж, улсын гарьд Б.Гончигдамба, улсын заан Н.Жаргалбаяр, Н.Түвшинбаяр, Б.Пүрэвсайхан, улсын харцага М.Бадарч, О.Хангай, улсын начин Ө.Бат-Өлзий нараас их шөвөгт үлдэж, улсын гарьд Б.Гончигдамба түрүүлэх болов уу гэж бодож байна. Хэн тайван цагт их хөдөлмөрлөж бэлтгэл хийж хөлс их гаргана, тэр хүн ялалт байгуулах нь гарцаагүй. Баяр наадмын ногоон дэвжээ хэнд түрүү өгөхөө өөрөө мэддэг юм.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Х.Баянмөнх аварга бөхчүүдийг гялалзтал сайхан барилдахыг уриалав

Дархан аварга Х.Баянмөнх өчигдөр бөхчүүдэд хандан дараахь уриалгыг гаргасан байна. Тэрээр “Монголын үндэсний их баяр наадмын чимэг болж зүлэг ногоон дэвжээн дээр эр бие, эрэлхэг зориг гарган ясныхаа хөлсөөр ахан дүүс болсон зодог шуудагны садан төрөл Та бүхэнд баярын мэнд хүргэж аз жаргал, сайн сайхны ерөөл дэвшүүлж мэндчилж байна. Нийгмийн шилжилтийн ороо бусгаа цагт, үзэл бодлын зөрчилдөөн та биднийг тойрсонгүй. Гэхдээ хэний ч үзэл баримтлалыг үл ойшоон монгол хүний нинжин сэтгэл, хүнлэг ёс, гүндүүгүй сайхан ноён нуруу, ёс суртахуун, эр зориг, золбоо хийморь, хоёр нүүргүй шударга үйлс, алдар гавьяа, өнгө зүс, нэр төрийг тээж явдаг заяагдмал үүргээ нэр төртэй биелүүлж зөвхөн зүлэг ногоон дэвжээн дээрээ барилдааны дүрмээ ямар ч зөрчилгүй биелүүлж, эр бяраа үзүүлж, ов мэх давамгайлсан зориг төгөлдөр сайхан барилдаанаараа наадамчин олноо баярлуулан цэнгүүлэхийг цагийн байдал та биднээс шаардаж байна. Өвгөд дээдэс үе үеийн аваргуудын хүч чадал, авьяас чадвараа сорьж өргөн олон түмнээ цэнгүүлж явсан зүлэг ногоон талбайгаа ихэд дээдлэн бөх хүний хатан тэвчээр, голч ухаан, хэзээ ч хувирч ганхахгүй ноён нуруутай байж, шударга үнэнчээр монгол ёс суртахуунтай барилдах нь “Аварга” цол хүртсэнээс илүү нандин чанар гэдгийг ямагт санаж, өөртөө хэлж биелүүлж байхыг сануулж, захиж зөвлөж байна.

Монгол орон даяар 330 орчим сум 21 аймаг, хот, Төв цэнгэлдэх хүрээлэнд барилдах 512 бөх нийт 25 мянга орчим бөх бурхнаас заяасан үүргээ сайтар ойлгож, эзэн Чингис хааны гол хүч болж хамтран зүтгэж, Хамаг Монгол Улс хаан төрөө байгуулж явсан түүхэн улбаагаа дээдлэн, өөрийн жижиг эрх ашгаа умартан тэвчиж, төр ард түмний бат нэгдэл болсон их баяр наадамдаа гялалзтал сайхан барилдахыг уриалж, сануулж, захиж байна. Цаашид албан тушаал, эрх мэдэл танил талаараа түрүү барьж хууль шүүхийн шийдвэрийг уландаа гишгэдэг увайгүй үйлдэл, зөрчигдсөн эрх, олгогдоогүй цол, гүтгэлэг доромжлол, хуйвалдаан дарангуйллыг таслан зогсоож бөхчүүдийнхээ эрх ашгийг хамгаалж ажиллах болно” хэмээжээ.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Есөн хөлт цагаан туг залах торгон цэргүүдийн бэлтгэл жигдэрчээ

Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн Хужирбулан дахь сургуулилтын талбайд өчигдөр 08 цагт очлоо. Энд Монгол төрийн их наадмын есөн хөлт цагаан туг залах торгон цэргүүд бэлтгэлээ базааж байгаа юм. Тус ангийн захирагч, хурандаа Л.Батболд биднийг угтан аваад бэлтгэл хийж байгаа офицер, цэргүүдтэй уулзаж, морьдын бэлтгэлийг сонирхохыг зөвшөөрөв. Өглөөний 05:30 минутаас тэд бэлтгэлээ хангаж өглөөний гүйлтээ хийж ирээд цайгаа уучихаад морьдоо унаад бэлтгэлийн талбайд очиж өдрийн цайны цаг хүртэл халуун нар, аагим халуун, усан бороог ч үл ажран бэлтгэлээ хийж, хөдөлгөөн бүрээ жигдэлж амжжээ. Төрийн ордноос есөн хөлт цагаан тугийг аваад Төв цэнгэлдэх хүрээлэнд байрлуулаад буцаан Төрийн ордонд тугаа залах гэсэн энэ маршрутын турш хийх бүх хөдөлгөөнийг өдөрт хорь гаруй удаа давтана. Гэхдээ морьдоо ядраахгүйн тулд бэлтгэлээ үе үе завсарлуулна.

Өчигдөр тус ангийн малын эмч Б.Энхболд морьдоо шинжиж дархлаа сайжруулах витамин, үрэвслээс урьдчилан сэргийлэх тарилгыг зарим морьдод тарьж байлаа. Хүн хаврын цагт ч юмуу, ядарсан үедээ амин дэмтэй, тамир тэнхээ сайжруулдаг дусал тариа хийлгэдэг шиг төрийн хариуцлагатай албанд торгон цэргүүдтэй хамт зүтгэж байгаа найман шарга, хоёр загал, хар, хээр, хүрэн зүсмийн 22 адууг наадмын өмнө эмчийн үзлэгт оруулж шаардлагатай бол ингэж тарьдаг юм байна. Яагаад гэвэл эдгээр морьдын хувьд сар гарны өмнөөс ижил сүргээсээ холдож наадмын бэлтгэлд гарахдаа өдөрт олон тооны бэлтгэл хийхдээ унаачаас гадна 20-32 кг-ын жинтэй их туг, хөл туг өргөх учир яалт ч үгүй тамир тэнхээтэй байх нь чухал. Торгон цэргүүд ч гүйлтийн бэлтгэлийнхээ дараа хүчний, сунгалтын дасгал заавал хийдэг. 32 кг-ын жинтэй тугийг хөдөлгөөнгүйгээр Төрийн ордноос Төв цэнгэлдэх рүү залахад дунджаар 40 минут болдог учир тэр хугацаанд мэдээж маш их хүч, тэсвэр тэвчээр шаардах нь ойлгомжтой.

Өдөрт 10 цагийг бэлтгэлдээ зориулна. Ангийн захирагч Л.Батболдын хувьд 2012 оноос хойш долоо дахь жилдээ наадмын бэлтгэлд ийн гарчихаад байгаа туршлагатай нэгэн. Тэрээр “Бид Шажин хурахын аманд бэлтгэлээ хийж байгаад энд ирсэн. Маргаашнаас хотын төв рүү дөхөж Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хашаанд бууж Төв цэнгэлдэх рүүгээ ойртоно доо” гэж байлаа.

“Анхаар! мориноос”, “Морь! шилжүүл”, “Анхаар! марш”, “Анхаар! зогс”, “Зүүн тийш эргэ” гэсэн командуудаар цэргүүдийн алхаа нэгэн хэмнэлээр газар бөмбөрдөхөд “Нээрэн 11-ний өглөө наадам ингэж эхэлдэг дээ” гэж бодогдож байлаа. Энэ үеэр ангийн захирагч “Өлмий дээрээ, өлмий дээрээ” гэж цэргүүддээ хандан тушаана. Морьд ч бэлтгэлдээ дассан нь илт. Амгай, дөрөөгөөрөө чимээлэх байтугай ялаархсан ч шинжгүй, эзнийхээ хөдөлгөөнийг мэдэрч байгаа мэт хөдөлгөөнгүй зогсоно. Зүс ижилссэн морьд ямар ч илүү дутуу хөдөлгөөн хийхгүй аж.

Энэ үеэр Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн Ажиллагааны удирдлагын тасгийн дарга, хошууч Д.Хашхүүтэй ярилцлаа.

-Энд ирэхээс өмнө Шажин хурахын аманд бэлтгэл хийжээ?

-Зургадугаар сарын 13-наас 22ны хооронд Шажин хурахын аманд бэлтгэл хийсэн. Морьд маань Хэнтий аймгаас 232 дугаар ангиас ирдэг.

-Аль сумаас вэ?

-Дэлгэрхаан.

-Найман шаргын бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон уу. Шинэ, залуу шарга нэмэгдсэн үү?

-Өөрчлөлт ороогүй байгаа. Ойрын гурван жилдээ шинээр шарга нэмэгдээгүй.

-Найман шаргыг бүрдүүлэхдээ хаанаас яаж авдаг вэ. Тааралдсанаа энэ сүрэгт нийлүүлдэггүй байх?

-232 дугаар ангийнхан Дорнод, Сүхбаатар зэрэг адуу сайтай газруудаар явж сүргээ өөрсдөө бүрдүүлнэ. Иргэд ганц нэгийг бэлэглэх тохиолдол бий.

-Найман шаргыг дээдэлдэг нь Чингис хааны үеэс уламжлагдан ирсэн төрийн том соёл шүү?

-Чингис хааны үеийн түүхэнд энэ талаар дэлгэрэнгүй дурдсан байдаг. Найман шарга, хоёр загал. Найман шарга нь дагуур найман тугаа авч явна. Төрийн хонжин (Тугийг залах торгон цэргүүдийг залдаг захирагчийг хонжин гэж нэрлэдэг) нэг загалыг унана. Их цагаан тугчин нөгөө загалыг нь унана. 22 бараан морьдтой. Нийтдээ 32 морь туг залах ёслолд оролцдог.

-Найман шарга, хоёр загал гээд эдгээр морьд жилийн дөрвөн улирлын турш өндөр хамгаалалтад байдаг байх даа?

-Тэгэлгүй яахав. 232 дугаар ангийнхан хариуцаж малладаг.

-Малын эмчээс гадна морьдод анхаарал тавьж ажилладаг ямар хүмүүс байна вэ, энд?

-232 дугаар ангиас ирсэн агтчин нь байгаа.

-Морьдоо усанд оруулсан уу?

-Одоогоор байгалиараа байна даа. Наадам дөхөхөөр 10-нд усанд оруулна.

-Төв цэнгэлдэх хүрээлэнд наадмын нээлт, хаалтын үеэр бөмбөр нижигнэж, алга ташиж, дуу чимээ нүргэлж, агаарын бөмбөлөг хийсээд сүртэй байдаг. Тэр бүх дуу чимээнд яаж дасгадаг вэ?

-Бүх л төрлийн арга хэмжээ авдаг. Оркестр авчирч тоглуулж байна. Наадмын үеэр хэвлэл мэдээллийнхний камерны элдэв янзын утас, кабельд хүртэл дасгах гэж зохиомлоор утас кабель бэлдээд дээгүүр нь алхуулж байна. Сая цэргүүд маань улаан хувцас өмсчихсөн байсан шүү дээ. Энэ чинь цэргүүдийнхээ хувцасыг хүртэл морь малтайгаа дасгаж байгаа нэг дасгал. Наадмын ажиллагаанд бид чинь энэ улаан хувцастайгаа оролцдог.

-Шаргуудаас олон жилийн туршлагатай нь гэвэл хэдэн жил наадмын ёслолд оролцож байна вэ?

-Тав, зургаан жил оролцсон нь бий. Тэрнээс дээш жил ч оролцсон морьд байгаа.

-Наадмын бэлтгэлд аваад ирэхээр морьд ер нь зөнгөөрөө энэ бүхнийг мэдрэх үү?

-Морь чинь сэтгэхүйтэй амьтан. Өөрсдөө мэдэрнэ. Наанадаж л уяагүй байхад л уяан дээрээ ирээд зогсоно. Яг өөрийнхөө зогсдог байрандаа орж ирээд дагаад явна.

-Цэргүүдээ яаж сонгодог юм бэ?

-Офицер, ахлагчдаас тугчдаа сонгодог. Энэ бол хүндтэй алба. Манай ангид алба хааж байгаа офицер, алба хаагчдын хүсэл мөрөөдөл нь энэ. Албандаа сахилга, зохион байгуулалтын хувьд сайн, сурлага, хөдөлмөрөөр амжилт гаргасан офицер, ахлагч, түрүүч, байлдагчдыг сонгон шалгаруулж авдаг.

-Та тугчаар нэлээд хэдэн жил ажиллаж байгаа, тийм ээ?

-Би өмнө нь зургаан жил тугчаар ажиллаад гурван жил завсардаад өнөө жил дахин энэ сайхан албыг гүйцэтгэж байна. Ингээд харж байхад төрийн есөн хөлт цагаан тугийг залж, найман шарга, хоёр загалын нуруун дээр явсан офицер, ахлагч, цэрэг, түрүүч нарын амьдрал ахуй, ар гэр, төрийн алба нь жил ирэх бүр дэвжиж, тууштай сайхан явдаг гэж боддог юм.

-Шаргууд нэртэй юм билээ?

-Ганц хоёр нь нэртэй. Бүдүүн шарга, Зэхэр шарга гэж нэртэй шаргууд бий. Өндөр шарга бол арван хэдэн жил төрийн ёслолд орсон шарга байсан юм. Би зургаан жил унасан. Хөөрхий амьтан нас нь яваад жамаараа одсон доо.

-11-ний өглөө есөн хөлт цагаан тугаа бариад Төв цэнгэлдэх рүү ороход шарга, загалууд орчин тойрноо мэдэрч, биеэ барих ч юм уу, сандрах тийм шинж тэмдэг илэрдэг үү?

-Мэднэ. Илт биеэ бариад эхэлдэг. Тэр нь унаачид нь мэдрэгдээд байдаг юм. Ямарваа нэгэн байдлаар мэдэгдээд байдаг юм гэлээ. Д.Хашхүү хошуучийн хувьд яах аргагүй энэ ажилд гаршсан, морьдоо мэдэрдэг болчихсон нэгэн. Тиймдээ ч шинээр ирсэн цэргүүддээ морьтойгоо хэрхэн харьцахыг нэгд нэгэнгүй зааж өгч байлаа.

Өнөө жилийн наадмын ёслолд анх удаа оролцож буй байлдагч У.Гантулгатай энэ үеэр уулзлаа. Тэрээр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумаас 2017 оны хоёрдугаар ээлжээр 032 дугаар ангид татагдсан иржээ. У.Гантулга “Наадмын бэлтгэлд гараад маш гоё байна. Найман шарга, хоёр загал морьдтой ёслолд бэлтгэж туг шилжүүлж байгаадаа баяртай байна. Өмнө нь туг залах ёслолыг зурагтаар л харж байсан. Гэтэл одоо энэ ёслолд өөрийн биеэр оролцоод Их туг шилжүүлж байгаадаа үнэхээр сэтгэгдэл өндөр байна. Гэрийнхэн маань намайг энд бэлтгэлд гарсныг дуулаад маш их баярлацгааж байна билээ. Найман шаргатай, ёслолын улаан хувцас өмсөөд туг шилжүүлээд явна гэдэг мөрөөдөл төдий байснаас ингээд яг дунд нь ороод бэлтгэл хийгээд явна чинээ төсөөлж байсангүй. Би чинь өөрөө хөдөө өссөн болохоор морь малтай харьцахад хүндрэл бэрхшээл гарахгүй байгаа” гэж сэтгэгдлээ илэрхийллээ. Төрийн өндөр хэмжээний уламжлалт энэ ёслолд морь унаж оролцож байгаа 32 офицер, ахлагч, түрүүч, байлдагч бол хамт олноо хошуучлан манлайлж, улс эх орныхоо нэрийг дэлхийд гаргасан, Энхийг сахиулах ажиллагаанд амжилттай оролцоод ирсэн ирээдүйтэй, чадвартай, шилэгдмэл эрс гэдгээрээ онцлогтой.

Төрийн ёслолд оролцох морьдыг Туул голын усанд оруулдаг гэсэн мэдээллийг уншсан зарим хүмүүс “Гол ус бохирдуулллаа” гэж нэг бус удаа шүүмжилжээ. Харин өнөө жил тус ангийнхан морьдоо тусгай шүршүүрээр шүршиж угаана гэж байлаа. Усанд оруулсны дараа дэл, сүүлийг нь самнаад байх шаардлагагүй гэнэ. Зориулалтын шингэн савангаар угаачихад дэл, сүүл нь аяндаа сэргээд намираад гялалздаг юм байна. Хээрийн майхны гадаа зөөврийн зуухны яндангаас утаа савсана. Өдрийн хоолны цаг дөхөж байгаа бололтой. Тогооч Т.Жавзанпагма, бэлтгэгч Г.Ерөнчимэд нар хоолоо бэлдээд завгүй ч сүүтэй будаа, масло, чихэртэй талхаар дайллаа. Өдөрт гурван удаа хоол хийнэ. Өдөр нь нэг, хоёрдугаар хоолтой. Т.Жавзанпагма мах хэрчих зуураа “50 хүний хоол хийж байна. Энэ чинь хийгээд сурчихсан ажил болохоор түүртэх юм байхгүй ээ. Дөрөв дэх жилдээ найман шаргаа дагаж офицер, ахлагч, байлдагчийнхаа хоолыг хийж явна даа. Эд нартайгаа гар нийлээд ажиллаад сурчихсан болохоор наадмын бэлтгэлд гарах нь нэг талаар бэлгэ дэмбэрэлтэй сайхан байдаг юм” гэж байлаа.

Ийнхүү Монгол төрийн наадамд есөн хөлт цагаан тугийг залах цэрэг эрс, морьдын бэлтгэл жигдэрч, наадмын талбай, төв цэнгэлдэх хүрээлэн рүү дөхөж байна.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН