Categories
мэдээ цаг-үе

Л.Чаминчулуун: Залуучуудад зориулсан ганц театр барьчихдаггүй юм байх даа

Түрүүч нь №171(6014) дугаат


Монгол Улсын гавьяат жүжигчин, Соёл урлагийн их сургуулийн багш, профессор Л.Чаминчулуунтай ярилцлаа.


-Амьдралд хутгалдаж яваа болохоор бүх юм харагдана. Тэр бүхнийг хараад өөрийн эрхгүй эмзэглэл төрнө. Би оюутны амралтаар өвөл, зундаа Өмнөд Монголд очиж ажилладаг юм. Тэнд очиход гудамжинд согтуу хэвтэж байгаа хүн байдаггүй. Гуйлга гуйж байгаа хүн бараг байхгүй шүү. Тэр түм буман хүн дотор шүү дээ. Англи, Америкийн хууль гээд л ярьцгаадаг. Гэтэл хаяанд байгаа хятадууд яаж амьдарч байна. Эд нар зах зээлд шилжсэн үү, шилжсэн. Дээд зэргээр шилжсэн. Ажилгүй хүн байхгүй. Бүгд ажиллаж байна. Тэр түм живаа хүн ш дээ. Нооройсон хувцастай хүн бараг явахгүй. Бидний нүдэн дээр амьдрал нь дээшилж байгаа. Энэ юутай холбоотой вэ. Энэ бол дээрээ зөв чиглүүлэгчтэй, дан ялангуяа БНХАУ-ын дарга нь ард түмнээ хайрлаж, энхрийлсэн, зөв чиглэлтэй, бүх хүнийг ажилтай байлгаж ядуурлаас гарахын тулд янз янзын юм хийж байна. Би Хятадыг шүтэн биширч амьдардаг. Яагаад гээч. Тэр төрийн зохицуулалт, ард түмнийх нь байж байгаа байдал, хөдөлмөрлөж байгаа байдлыг хар. Хятадуудын дотор янз бүрийн юм бий л дээ. Гэхдээ сайн талыг нь харъя л даа. Яагаад тэд сайхан амьдраад байна вэ, яагаад гоё амьдраад байна. Гэтэл бид яагаад тэгж амьдарч болохгүй юм бэ. Би тэнд байнга шахуу очиж нэг очихоороо 1-2 сар болдог хүн чинь тэр болгоныг хараад судлаад мэдчихгүй яах юм бэ. Гүн рүү нь орчихсон.

-Та оюутан, шавь нарынхаа хэлийг зүгшрүүлэхийн тулд хамгийн эхэлж ямар хичээл заадаг вэ?

-Дуудлага зүй, тод хэллэгийг бүр системтэйгээр заадаг. Тэрийг эхлээд суулгаж өгчихөөд дараа нь амьсгаа, тэгээд бүх аргачлалыг зааж өгдөг.

-Аймаг аймгаас ирсэн нутаг нутгийн аялгатай шавь нар тань хэр хугацааны дараа хэл нь зүгширч төв халх аялгаар ярьж сурдаг вэ?

-Хурдан засарна. Улсын драмын театрын дарга Д.Цэрэнсамбуу Увсынх. Аль л тэртээ дээр үед шүү дээ, миний шавь байлаа даа. “Бэйрэн улаан бээмбэгэр бэмбэгээ бээмбэрүүлнэ” гэдэг байлаа.

-Тэр нь юу гэж байгаа юм?

-“Бөөр нь улаан бөмбөгөр бөмбөгөө бөмбөрүүлнэ” гэж байгаа юм (Инээв). Одоо ч миний шавь сайхан явна. Шавь нар дотроос минь зургаан гавьяат төрчихөөд байна даа. Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэрэнсамбуу, Дорноговийн “Саран хөхөө” театрын ерөнхий найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Пүрэвдорж, урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч, талийгаач Ч.Ганхуяг, гавьяат жүжигчин С.Лхагвасүрэн, Ааяа буюу Ш.Алтанцэцэг, Ц.Төмөрхуяг байна. Араас нь дахиад ч гавьяатууд төрнө. С.Болд-Эрдэнэ, Г.Эрдэнэбилэг, Д.Ганцэцэг гээд эд нар чинь бүгд миний шавь нар. Хошин урлагийнхнаас Г.Алтаншагай, “Банш” Батаа буюу Д.Баттөмөр, “Шинэ үе”-ийн Отгоо, Гамбаа эд нар чинь бас бүгд миний шавь.

-Энэ нэрлэсэн уран бүтээлчид чинь их гал цогтой хүмүүс шүү дээ. Багшийнх нөлөө байдаг байх нь ээ?

-(Инээв). Нөлөөлдөг байлгүй. Эрх биш дөрвөн жил сурч байгаа юм чинь шүншгээ авна шүү дээ. Би шүншгээ өгнө.

-Нэг үеэ бодвол манай урлаг хөлөө олчихсон. Гэхдээ засч залруулмаар гэхээсээ дэмжээд өгөөсэй гэх зүйл бий. Та үүнд ахмад уран бүтээлч, Монголын урлагт өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж яваа хүний хувьд хэлэх үг байгаа л байлгүй?

-Байна шүү дээ. Урлаг бол маш хүчтэй хөгжиж ирсэн. Тэр дундаа уран бүтээлчид төрөлжчихсөн. Дээр үед дуулдаг бол дуулдаг, бүжиглэдэг бол бүжиглэдэг, ярьдаг бол ярьдаг байлаа. Нэг чиглэлээрээ. Дууны анги төгссөн бол зөвхөн дуулна. Сонгодог бүжиг бүжиглэдэг бол тэрийгээ л бүжиглэнэ. Одоо бол бүжиглэдэг, дуулдаг, жүжиглэдэг байж орчин үед универсиал гэдэг утгаараа ард түмэн, үзэгчийн нүдэнд илүү тусна гэж боддог юм. Ингэхээр уран бүтээлч хүн юу дуртайгаа хийх боломж нь нээгдчихсэн.

Багш хүний хувьд дөрвөн жилийн турш нэг оюутныг бэлтгэх гэж чөмгөө дундартал зүтгэж явна. Янз бүрийн хүмүүжилтэй хүүхдүүдийг авчраад нэг багцанд хийгээд төлөвшүүлээд мэдлэг олгоод, мэдлэгийг мэргэжил болгоод гаргаж байна. Гараад театр байхгүй. Ганцхан театртай. Би энэ олон сүндэрлэсэн байшингуудыг хараад залуучуудад зориулсан ганц театр барьчихдаггүй юм байх даа гэж боддог юм. Тэр дундаа хошин урлагийнхнаа энд тэнд тус тусдаа газар түрээсэлж тоглолт хийж байхаар Хошин урлагийн театр байгуулагдчихвал тэндээ ээлж ээлжээр тогломоор байна шүү дээ. Төр засгийнхан боддог юм уу. Залуучуудын театр, Хошин урлагийн театр хэрэгтэй байна. Энэ олон буудал саваар юугаа хийдэг юм. Ганц театр бариад өгчих л дөө.

-Улсын драмын театр жилдээ шинээр хэдэн жүжигчин авдаг вэ. Тав хүрэх болов уу?

-Тав хүрэхгүй ээ.

-Тэгээд танай сургуулийн жүжигчний ангийг төгссөн хүүхдүүд хаашаа явдаг юм?

-Продакшнууд руу явна. Тэнд очоод шууд уран бүтээлчээр ажилд орж чадахгүй. Тайзны арын ажилд тусалж, үндсэн жүжигчний хойно бүжиглэж ажлаа эхлүүлдэг. Тайзыг нь засч том жүжигчний хувцсыг нь өмсүүлэх зэргээр янз янзын ажил хийнэ. Тийм болохоор хөдөөгийн театруудыг маш сайн хөгжүүлээсэй гэж боддог. Тэгвэл төгссөн залуучууд тэнд очно шүү дээ. Тэнд очлоо гэхэд найруулагч байхгүй. Бас тэндээ бүр олон жил нэг сандалд зүв зүгээр юу ч хийхгүй ягшийтал суугаад ховхрохоо байчихсан хэдэн хөгшин бий. Залуу жүжигчин “Танайд ажиллая” гээд яваад орохоор гоочлоод л. Хүүхдүүд “Багш аа, тэнд үнэхээр хэцүү байна” гэнэ. Би тэгсэн ч “Яв” гээд дахиад явуулдаг. Хотод гуравдагч, дөрөвдөгч байхаар хөдөө анхдагч бай гэж үг байдаг юм. Чи яв гэж загнана. Тэгэхээр өөдөөс “Багш аа, гадуурхаад үнэхээр хэцүү. Хийхээр ч юм алга. Өглөө очоод баахан хий дэмий суудаг. Хөзөр тоглоод л ууж идсэн хүмүүс байх юм. Тэгэхийнхээ оронд энд тайзны арын ажилд туслалцаад ард нь бүжиглээд явж байя” гэдэг.

Одоо ингээд есдүгээр сарын нэгэн болж байна даа. Оюутнуудаа хүлээгээд авах сайхан. Урлагийн хүн болъё гээд ороод ирэх нь сайхан. Ирээдүйгээ гэрэл гэгээтэй хараад сайн уран бүтээлч болно оо гээд ороод ирж байгаа хүүхдүүдийг авах сайхан. Дөрвөн жилийн дараа яах вэ, яана вэ. Тэд энэ сургуулиас гараад юу хийх юм. Гуравдугаар курсээ төгсөөд дөрөвдүгээр курстээ орох дөхөхөөр “Багш аа, одоо төгслөө. Яана аа” гэж байгаа юм чинь. Хэрвээ улс нийгмээс урлагийн салбартаа нөлөөлдөг, ач холбогдол өгдөг байсан бол хүүхдүүд тэгж айх уу.

Залуучуудын театр, Хошин урлагийн теартыг нэгдүүлсэн нэг том театр байгуулаасай гэж маш их бодож байна. Энэ зочид буудал, ресторан гэсэн олон заваан юм барьж байхаар нэг тийм юм бариад өгчих юмсан гэж их боддог юм. Би өнөөдөр чинь инээж, уйлаад юу болчихов доо. Дотор минь нэг шаналал яваад байсан нь энэ л байж дээ. Уг нь миний шавь нар их л мундаг явдаг юм. Тэднийхээ тухай, тэдэнд минь тохиолдсон хөгжилтэй юм ч олон шүү дээ.

-Та тэр хөгжилтэй явдлаасаа ярь л даа?

-“Банш” Батаа хоёрдугаар курст байлаа. Хүүхдүүд хоёрдугаар курст ороод ирэхээр их гоё болоод цаанаасаа танигдаад эхэлдэг юм. Батаа, Алтаншагай, Отгонтуяа чинь цаанаасаа мэдэгдээд эхэлсэн. Нүд нь гялалзаад, цаанаасаа оргилж буцлаад дэлбэрэхэд бэлэн болчихдог. Яг тийм нүд “Банш” Батаад гараад ирэнгүүт “За энийг нэг юм болгоё” гэж бодсон. “Утгын чимэг” наадам ч боллоо. Батааг тэр наадамд оруулаад өгүүллэг уншуулчихмаар санагдлаа. “Утгын чимэг” наадамд орох уу, багш нь чамд өгүүллэг олоод өгье гэсэн чинь “Тэгье, оръё” гэж байна шүү. Өгүүллэг олоод өгчихлөө. Тэгсэн чинь энэ СУИС-ийн хонгилоор л нэг хүн “Би “Утгын чимэг” наадамд орох гэж байгаа” гээд л онгироод сагаад эхэлдэг юм байгаа биз дээ. Хоёр ч хонолоо. Орж ирж өгүүллэгээ шалгуулах байсан. Байдаггүй шүү. Зохиолч нь ирээд “Миний өгүүллэгийг яав ийв” боллоо. Батааг дуудсан чинь “Цээжилчихнэ ээ, болчихно оо багш аа” гэж байна. “Аваад ир, шалгая” гэсэн чинь “Арай болоогүй” гэдэг юм байна. Тэгэхээр нь өнөө зохиолчид нь “Энэ таны өгүүллэгийг авсан хүүхэд. Одоо тэгээд мэдэхгүй, энэ уншихгүй шинжтэй байна” гээд өгүүллэгээ аваад ир гэсэн чинь Батаагийн нүд том болоод “Багш аа, би уншина ш дээ” гээд гартаа барьчихсан байсан өгүүллэгээ өгдөггүй. Тэгэхээр нь булаагаад авчихлаа. “Гар, чи” гээд загнасан чинь Батаа “Багш аа, би уншина ш дээ” гээд хариугүй уйлах нь ээ. Аргагүй ш дээ, “Утгын чимэг”-т орно гээд сургуулиар нэг зарлачихсан юм чинь (инээв). Батааг хөөгөөд гаргачихлаа. Тэгтэл нөгөө зохиолч бас мэдэрчихжээ. “Хүүш ээ, энэ яасан хөөрхөн хүү вэ. Хөөрхөн жүжигчин болно оо” гэж байна. Тэгэхээр нь би “Тийм ээ, Өвөрхангайн Тарагтынх байгаа юм. “Амрга” гэж хэлдэг хүүхэд байгаа юм. Гэхдээ одоо “Г” үсгийн ар дахь эгшгээ урд нь оруулж “Амраг” гэж ярьдаг болоод байгаа, зүгээр ээ” гэлээ. Зохиолч “Энэ хүүхэд уншчих юм шиг байна аа. Хөөрхөн жүжигчин болно” гэж ятгаж байна. Би “Тийм ээ, би мэднэ. Гэхдээ ингэхгүй бол болохгүй” гэсэн. Тэгээд бид Батаагаар уншуулахаар тохиров. Батааг дуудаж оруулж ирээд “За, за бид хоёр чамаар уншуулахгүй гэж тохирлоо. Өөр хүнээр уншуулахаар шийдлээ” гэсэн чинь “Багш аа, би уншина ш дээ” гээд бүр уйллаа. Тэр үед чинь “Утгын чимэг” наадам зурагтаар гардаг байсан юм. Тэр нэвтрүүлгийг хүмүүс үзэх гэж хүлээдэг байсан. “Багш аа, би уншина аа, би уншина. Багш аа, би ээждээ зурагтаар гарна гээд хэлчихсэн юм аа” гээд уйллаа (Инээв). Аягүй хөөрхөн байгаа биз дээ. Тэгэх тусам нь би “Ээ, чи муу зурагтаар гараад байхдаа яадаг юм.

Ёстой горьдов оо, чамайг гаргах юм уу. Чи яачихсан гэж зурагтаар гардаг юм. Гар! Битгий дэмий юм яриад бай” гэлээ. Зохиолч нь “Энэ хүүхдээр уншуулъя, уншуулъя. Ёстой хөөрхөн хүү. Энэ хүүхэд унших юм байна” гээд л. Тэгээд уншууллаа. Тэгэхэд “Утгын чимэг”-т Г.Равдан, Д.Жагдаг гээд ланцгарууд бид хэд бүгд орсон байхгүй юу. Тэгтэл хоёроор гараад ирдэг юм даа. Зохиолч нь баярлаад л “Энэ ёстой мундаг жүжигчин болно” гээд л магтаад байдаг. Би “Тэгнэ ээ. Чи хараарай. Арван жилийн дараа ёстой зурагтыг эзэгнэдэг хүн болно доо” гэж хэлж байж билээ. Үнэн л байгаа биз дээ.


Categories
мэдээ цаг-үе

Л.Чаминчулуун: Би ард түмнээ өрөвддөг

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Монгол Улсын гавьяат жүжигчин, Соёл урлагийн их сургуулийн багш, профессор Л.Чаминчулуунтай ярилцлаа.


-Тантай утсаар ярихад л ямар их эрч хүчтэй, бадрангуй гэдэг тань шууд мэдрэгдэж байна билээ?

-Би нэг ухаантай хүний үгийг бодож өөрөө өөрийгөө хөглөж явдаг юм. “Хүнд яаж хандана тэрүүгээрээ л амьдардаг” гэдэг. Тэгэхээр тэгш аз жаргалтай, гэгээлэг амьдаръя гэвэл хүнд сайн сэтгэлээр, сайхан зан үйлээр хандах хэрэгтэй гэж би боддог юм. Тийм зан чанартай хүн өөрөө гэгээлэг явахаас гадна хүнд хайр бэлэглэдэг. Эцсийн эцэст амьдрал ганцхан шүү дээ. Бид л бие биеэ хайрлахгүй бол өөр хэн хайрлах юм бэ. Тэр дундаа цөөхөн монголчууд бие биеэ хайрлах ёстой. Үргэлж нэгнээ өрөвдөж байх ёстой. Овойж оцойтол нь тус болдоггүй юм аа гэхэд сэтгэлийн дэм өгч байх ёстой л доо.

-Энэ их эрч, хүчтэй байдлыг хаанаас олж авсан бол оо?

-Би багаасаа урлагт дуртай хүүхэд байсан юм. Миний аав Лувсангомбо дээр үед Соёлын яаманд нэлээд гайгүй ажилтай хүн байлаа. Аав минь надад урлагийн халуун дулаан уур амьсгалыг бэлэглэдэг хүн байсан. Учир юу хэмээвэл, миний аав урлагийн томчуудыг ийш тийш бригад, тоглолт, уулзалтаар авч явна.

Тэр болгондоо аав намайг дагуулж явдаг байсан юм. Тэндээс л бүх юм эхэлсэн юм болов уу гэж боддог, урлагт дуртай, гэгээлэг сэтгэгдэлтэй яваагаа. Тэгээд л би Хөгжим, бүжгийн коллежийн шанзны ангийг төгссөн шүү дээ. Багаасаа л дуртай байсан урлагаараа явсан. Шанзны ангиа төгсөөд хөгжимчнөөр ажиллаагүй. Жүжигчин болно гэж драмын театрт ажиллаж байгаад хойшоо сургуульд явсан даа. Би Хөгжим, бүжгийн ангийнхнаараа маш их бахархдаг. Ардын жүжигчин, “Морин хуур” чуулгын дарга байсан ангийн минь анд Ц.Батчулуун байна. Ардын дуу бүжгийн чуулгын дэд дарга, Урлагийн гавьяат зүтгэлтэн А.Цэдэн-Иш байна. Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын уран сайхны удирдагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Эрдэнэ-Очир байна. Манай ангиас чинь ёстой олон мундагчууд төрсөн ш дээ. “Капитан” Баатар гэхээр урлагийнхан мэднэ. Хөгжмийн өндөр мэдлэгтэй Баатар гэж манай ангийн залуу байна. Ятгын Нарантуяа гэж мундаг бүсгүй байлаа. Ээ, базарваань тэр ятгачин чинь манай ангид байлаа.

Орост очоод бас мундаг хүмүүстэй хамт сурч байсан. Чулууны Чинбат, төгөлдөр хуурын Ганчимэг байна, гавьяат Тунгалаг гэсэн одооны мундагчууд бүгдтэй нь цуг сурч байлаа шүү дээ. Би өөрөө сайндаа биш, орчин тойрны хүмүүс минь халуун дулаан энергитэй, урлагаа гэсэн сэтгэлтэй, гэгээлэг байсан эрч хүч нь надад шингэсэн юм болов уу. Орчин тойрны хүрээллээс минь шингэсэн байх аа гэж боддог юм.

-Урлагийнхан тайз, мэдээллийн хэрэгслээр гарахгүй болохоор үзэгчид нь хайгаад эхэлдэг. Тухайн уран бүтээлч тэтгэвэрт гарсан ч бай, баяр ёслолын үеэр урьдных шигээ тайзан дээр гарч ирэхийг нь үзэгчид хүлээдэг юм шиг ээ?

-Сэтгэлд нь хоногшоод үлдчихгүй юу. Хоногшоод үлдчихсэн болохоор үгүйлдэг. Их ойр дотно болчихсон юм шиг өөрт нь санагддаг. Тэр нь байхгүй болохоор үгүйлдэг. Нэг хэсэг үзэгчид хэрхэн үгүйлж, хардаг байсныг би мэддэг. Тэр нь урт удаан хугацаатайгаар, одоо ч үргэлжилж байгаад баяртай суудаг. Одоо ч гэсэн би үзэгчдийнхээ хайрыг татсан хэвээрээ. Намайг тайзан дээр гараад ирэхэд бүгдээрээ орилолдоод алга ташдаг нь надад маш их хүч өгдөг. Уран бүтээл хийх онгод, оргил, эрүүл байх юмсан, бүр их шинэ юм хийж гаргах сан гэсэн хүслийг бадрааж байдаг. Тайз бол хүнийг гэгээн бүхэн рүү тэмүүлүүлнэ дээ. Хүн шантарч, зугтааж болохгүй. Байнга юм хийж бүтээж байх ёстой. Тэгж гэмээнэ л хүн залуу явдаг. Бүтээл нь арвин явдаг. Бүтээл нь ч залуу явдаг. Нийгмээсээ нэлээд хэдэн алхмын урд явж байж бид үзэгчээ дагуулдаг. Үзэгчийнхээ хойноос алхаж болохгүй.

-Өнөөгийн хошин урлагт ганцаарчилсан үзүүлбэр, өгүүлэх урлаг гэж бараг алга. Олуулаа гарч ирж хөдөлгөөн, үг хоёрыг элдэв өнгө будаг, эрээн мяраанаар бялхуулж байж сая нэг юм үзэгчдээ инээлгэж байх жишээний. Гэтэл та ганцаараа гарч ирээд л танхим дүүрэн хүнийг инээлгэж, бүгдийг нь чимээгүй болгож уйлуулдаг?

-Нэгдүгээрт, уран уншлага бол ярихын дээд хэлбэр. Үүнийг нэлээд чадварлаг эзэмшсэн хүн бол үзэгчдийг байлдан дагуулж өөртөө татна. Би яахав чадан ядан зүтгэж яваа л уран бүтээлч шүү дээ. Хоёрдугаарт, бүтээлээс их шалтгаална. Бүтээл бол хүний зүрхнээс зүрхэнд хүрэхэд татах чадвараа хэзээ ч алддаггүй. Тэгэхээр байнга шинэчлэгдэж байх ёстой. Байнга шүү дээ. Нэг бүтээлийг зургаан сар юм уу, жил уншаад л, өөрчлөөд уншаад л өөрчлөөд байх тусам үзэгчид татагдаад л байна гэсэн үг. Шинэ юм гарах тутамд татагдана. Хэний ч хамааралгүйгээр юмыг хийж бүтээж сурна гэдэг бол уран бүтээлч хүний хувийн ажиллагаа л байдаг юм даа. Хэн ч байхгүй бол хүн өөрийнхөө бүх юмыг би хийж чадна гэж өөрөө өөртөө даалгавар өгдөг. Бардамнаж, онгирч байгаа юм биш. Өөрөө өөрийгөө чангалдаг, чи чадна, чи болно, чи бүтээнэ, чи хийнэ, чи биелүүлнэ гэж.

-Богино өгүүллэгийн наадмууд болдог. Жишээ нь, “Утгын чимэг” байна. Тэр наадамд хэний зохиолыг хэн уншиж байна вэ гэдэг их чухал. Бүр хэн гэдэг уран уншигч оролцож байна вэ гэдгээс тухайн наадмын нэр хүндийн асуудал яригддаг тал бий?

-Нөгөө л татах хүч шүү дээ. Би Балжирын Догмидын гурван өгүүллэгийг уншиж гурвуулаа тэргүүлж байсан, “Утгын чимэг”-т. Ж.Лхагваагийн “Бид ялав” өгүүллэгийг түрүүлүүлж байлаа. Ж.Дашзэвэгийн “Илүү гэр” гэдэг өгүүллэгийг уншсан. Дараа нь Т.Баянсангийн хоёр өгүүллэгийг уншиж байр эзэлж байсан. Уншина гэдэг маш их мэдрэмж, ухаан байгаа юм. Ухаан сайтай хүн юм уншиж чаддаг. Тэрийг яаж хүргэх вэ гэдэг мэдрэмж, өөрөө өөрийгөө чиглүүлж, хөтөлж, татаж, үзэгчийн зүрхийг өөрийнхөө зүрхтэй холбох нарийн сэжим байна аа, шүншиг байна аа. Энэ бүгд л байж бидний бүтээлийн амжилт, сайн сайхан бүхэн орж гарч явдаг даа.

-Өгүүлэхүй урлагийн нэрт мастеруудын дуу хоолойгоор сонсч хүлээж авсан өгүүллэгийг дараа нь ном, сониноос уншихаар яг эхэлж уншиж нийтэд хүргэсэн тухайн хүнийхээ хоолойгоор сонсогдоод байх шиг болдог?

-Хүний зүрхэнд суучихаж байхгүй юу. Бидний уншсан юм таны зүрхэнд суучихсан гэсэн үг. Зүрхэнд суучихсан учраас яг түүгээр нь хүлээж аваад байдаг. Анхны юм хэдий чинээ гүн, хэдий чинээ зүрх сэтгэлд хоногшиж чадна тэр хэзээ ч мартагддаггүй. Дараа нь өөр юм гарлаа ч тэрийгээ л хүлээж авч байдаг. Нарийн сэжим, шүншиг хоёр хамтдаа явж байж уран бүтээлчийн зүрхнээс үзэгчийн зүрхэнд очно. Зүрхнээс зүрхэнд. Үзэгч уран бүтээлч хоёрын хооронд гүүр үүсдэг. Тэр гүүр цаасан гүүр байх юм уу, модон байх уу, төмөр гүүр байх юм уу, усан гүүр байх юм уу гэдэг нь уран бүтээлчээс шалтгаалдаг. Тэр гүүр нь хэдий чинээ бат бөх, уран нарийн хийцтэй байна. Тэр хэрээр уран бүтээл нь нандин байдаг.

-“Хөөе чи боль” гэж хүүхдээ анхааруулахдаа дуу хоолойгоо ширүүн, аядуу, намуухан, ухааруулсан, аргадсан өнгөтэйгээр өөрчилж хэлэхэд тэр өгүүлбэрийн утга өөрчлөгдөнө шүү. Монголчууд дуу хоолойныхоо өнгөөр өөрийгөө илэрхийлдэг нарийн арга ухаантай ард түмэн?

-Манай монголчууд эрт дээр үеэсээ хүүхдээ үгийн ураар хүмүүжүүлж ирсэн хоёр төрөл бий л дээ, ардын аман зохиолын. Зүйр цэцэн үг, Монгол ардын үлгэр хоёр юм. Энэ хоёроор хүүхдүүдээ маш сайн хүмүүжүүлж, дэг жаягтай байх, ямар нэгэн зөв чиглэлд хүүхдээ удирдахад эцэг эхчүүд маш их анхаардаг байсан. Одоо зүйр цэцэн үг хэлдэг хүүхэд их л ховор болчихсон байгаа юм даа. Нэгдүгээрт, хүүхдэдээ уншуулахгүй байна. Хоёрдугаарт, зүйр цэцэн үгийг өдөр тутамдаа хэрэглэдэг багш ховор болчихож. Уран зохиолын хичээлийг бараг байхгүй болгочихсон юм биш үү. Тэгэхээр л өрөвдөлтэй. Уураг тархи хоосроод ирвэл бүх юм хоосорно. Мянга ганган, мянга мөнгөтэй байгаад тэрүүгээр яах юм. Яах юм, тэр чинь юу юм. Хүн тархиараа явдаг. Тархиараа амьдардаг.

Би сүүлийн долоо, найман жил бараг арваад жил өмнөд монголчуудтай ажиллаж байна. Жаахан хүүхдүүдээс нь эхлүүлээд залуучууд, цэцэрлэгийн багш, уран бүтээлчидтэй нь ажилладаг. Өмнөд монгол хүүхдүүд ямар хөөрхөн гээч. Тэд багаар бодоход арван зүйр цэцэн үгтэй шүү. Тийм болохоор тэдэнд төлөвшил, үгийн баялаг, ухаан, ардын аман зохиолоо өөдрөг авч явах шинж чанар хадгалагдсан. Манай энд байхгүй. Их хэцүү.

-Яагаад. Яагаад зүйр цэцэн үг мэдэхгүй болчихсон гэж?

-Ном уншихгүй байна. Зүйр цэцэн үгийн ном аваад хүүхдэдээ цээжлүүлж байгаа ээж аав байна уу. Ээж аав нь ч мэдэж байгаа юм уу, ингэхэд. Ийм болчихоод байгаа юм.

Залуудаа сайн явсаных

Өтлөхөд мэдэгдэнэ

Жилдээ сайн явсаных

Шинэлэхэд мэдэгдэнэ. Тийм ээ. Ном гэдэг бол хүнд их нандин юмыг өгдөг. Хань болдог. Өөрөө өөртөө итгэх итгэлтэй. Толгойдоо мэдлэгтэй хүн чинь ийш тийш гүйгээд “Одоо би яах вэ” гээд байхгүй. Өөрөө өөрийгөө л чиглүүлээд өөрөө өөртөө л үнэнч. Өөрөө өөрийгөө чөлөөлөөд л явдаг. Ядраад, сэтгэл санаа хачин боллоо гэхэд ном уншаад л сэргээд ирдэг. Тэгээд л “Аа, ингэхгүй юм байна. Тэгэх ёстой юм байна” гэж ухаардаг. Дэлхийн алдартай, ухаантнуудын хэлсэн үгийг өөрөө уншихаас гадна хүүхдүүд уншиг гээд хичээлдээ их ашиглана. Үгийн ураар өөрийгөө чиглүүлж, жолоодож явдаг ухаантнуудын мэргэн үгсийг хүүхдүүд хэлээд байвал хэрэгтэй юм болов уу гэж боддог. Тэр дундаа уран бүтээлч хүн өөрөө дээд зэргийн хүн байх ёстой. Хүн байж чадахгүй бол ямар ч нэмэргүй.

-Та ярих урлагийн багш. Хөдөө гадаа, Өмнөд Монголд явж байхдаа хуучны сонин содон, өмнө нь дуулдаж байгаагүй ховор зүйр цэцэн үг эрж сурж л явдаг байх даа?

-Зөндөө үг байна.

Толгой муутай хүнээр

Тоо бодуулах

Толгойдоо суурьгүй хүнээр

Төр удирдуулах. Энэ их гоё үг байгаа биз.

-Манай өнөөдрийн нийгмийн үнэн төрх л байна?

-Манай нийгэм байгаа биз дээ. Долоон настай хүүхэд энэ зүйр цэцэн үгийг хэлсэн гэвэл яах вэ.

-Өмнөд Монголд уу?

-Тийм. Манайд ийм зүйр цэцэн үг байдгийг том хүн ч мэдэхгүй. Яг л өнөөдрийн Монголыг хэлээд байгаа байхгүй юу. Заримдаа жаахан бачуурдаг л юм. Заримдаа бачуурах зав ч үгүй явдаг. Маш их ажилтай учраас. Ардчилсан нийгэм гарч ирсэнд баяртай байдаг боловч хорин хэдэн жил төрийг зохицуулалтгүйгээр удирдсан хүмүүст дургүй. Яагаад вэ гэвэл Монголын ард түмэн ийм байгаагүй. Төрийн зохицуулалтгүйгээр төр эргүүлж, төрийг ийм байдалд оруулсанд жаахан гэлтгүй нэлээд харамсдаг. Би ард түмнээ өрөвддөг. Гудамжинд согтуу хэвтэж байгаа хүнийг хараад “Чи минь яагаад энд хэвтэж байгаа юм бэ” гэж бодож өрөвддөг (Хоолой нь зангирч, нулимс нь цийлэгнэв.сурв) Магадгүй тэр хүн тэгж хэвтэхгүй ч байсан юм билүү. Ийм юм их бодогдоно оо.


Categories
мэдээ цаг-үе

Эртний Вавилонд зөвхөн эрчүүд хумсаа буддаг байжээ

5000 жилийн өмнө вавилончууд хумсаа ингэж буддаг байжээ

Бидний нэрлэж заншсанаар хумсны лак буюу хумсны будаг нь эртний үүсэлтэй. МЭӨ 3200 онд эртний Вавилонд зөвхөн эрчүүд нь хумсаа буддаг байж. Вавилоны цэргүүд дайн тулааны өмнө хумсаа хар, ногоон өнгөөр буддаг байсан нь дайсандаа сүр хүчээ харуулж, зоригийг нь мохоодог хэмээн итгэдэг байсантай холбоотой. Тэгэхээр хумсны лакны эх үндэс, анхны зорилго нь дайснаа үргээх, айлгах байж шүү. Дайн байлдаанд мордохын өмнө хуяг дуулгаа бэлдэж, илд, чинжаалаа ирлэдэг шиг хумсаа будах нь тулааны өмнөх нэг чухал зан үйл болж үлджээ. Археологичид вавилон цэргүүдийн булшнаас хумс заслын элдэв багаж бүхий хайрцаг хэд хэдэн удаа олсон нь энэ бүхнийг нотолсон байна. Харин МЭӨ 3000 онд эртний Хятадад хумсны лак бага хэмжээний цехийн хэмжээнд үйлдвэрлэгдэн ихэс дээдэс, язгууртнуудын хэрэглээнд нийлүүлэгддэг байж. Хятадын язгууртнууд ихэвчлэн алтлаг, мөнгөлөг өнгийн будгаар хумсаа буддаг байсан бөгөөд гол найрлагад нь зөгийн лав, өндөгний цагаан, цардуул, хүнсний ногооноос гаргаж авсан будагч бодис ордог байж. Дараа нь улс төр, эрх мэдэл, албан тушаалын тэмцлээс үүдэж улаан, хар өнгөөр хумсаа буддаг болжээ.

Харин эртний Египтэд доод давхаргынхан бүдэг цайвар өнгөөр хумсаа буддаг бол язгууртнууд нь улаан, улаан хүрэн өнгөөр хумсаа будаж ургамлаас гаргаж авсан будгаар хенна зуруулдаг байжээ. Клеопатра хатан хаан хумсаа цусан улаан өнгөөр будаж бусдаас ялгардаг байсан нь түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.

Ингэхээр хумсны лак гэдэг зүйл хүн төрөлхтний хувьд эртний гоёо, хэрэгцээ байжээ гэдэг нь дээрх баримтуудаас харагдаж байна. Занданшуулсан Фараоны хумсан дээр хенна зурсан байдаг нь хумс заслын урлагийн үүсэл болдог. Африк, энэтхэгт эмэгтэйчүүд мөн хеннагаар хурууныхаа үзүүрийг чимэглэдэг байсан нь үүнтэй ижил утгатай гэж үздэг.

Дэлхийн хамгийн үнэтэй хумсны будаг “Azature”

1920-иод оноос өнөөдөр хүмүүсийн хэрэглэж буй хумсны будагны найрлага эхэлжээ. Дэлхийн I дайны үед АНУ-д шинэ технологиор үйлдвэрлэсэн хумсны будаг маш их эрэлт үүсгэж дэгжин гэлтгүй бүхий л эмэгтэйчүүд уг будгийг таашаажээ. 1916 онд автомашины будагнаас санаа авч хумсны өнгөгүй будгийг анх гаргаж авсан бол 1932 онд “Revlon” компани өнгөтэй будагнуудыг зах зээлд нийлүүлжээ. Эмийн сан, их дэлгүүрүүдэд тусгай тамсагт “Revlon”-ий хумсны будаг байршиж, богино хугацаанд асар их орлогыг тус компани олжээ. Дэлхийн II дайны үед ч тус компанийн үйлдвэрлэл зогсоогүй, үйл ажиллагаа нь хэвийн явж байжээ. Ингэхээр хумсны будаг гэдэг бүсгүйчүүдийн хувьд ямар чухал хэрэгцээ вэ гэдэг нь харагдаж байна. Тэр их айдас хүйдэс, үхэл хагацал, өвчин зовлон, өлсгөлөн, ядуу тарчиг байдал дунд эмэгтэйчүүд хумсаа будсаар байжээ гэхээр гайхалтай биш гэж үү. Дэлхий дээр хумсны будагны олон мянган үйлдвэрлэгч бий. Үнэт эдлэлийн загвар зохион бүтээгч Азатюр дотроо очир эрдэнийн найрлагатай хар өнгийн хумсны будаг зохиосон нь дэлхий хамгийн үнэтэй хумсны будаг гэгддэг. “Azature Black Diamond King” нэртэй уг лак нь дотроо 247 каратын очир эрдэнэтэй. Үнэ нь 250 мянган ам.доллар. Харин уг бүтээгдэхүүний жирийн хувилбар та 25 ам.доллараар худалдан авах боломжтой.

Эртний хятад язгууртан бүсгүй

Дэлхийн алдартнуудын хувьд гоо сайхны бүтээгдэхүүнүүд дундаас хамгийн их анхаарлаа хандуулдаг нь хумсны лак гэнэ. Учир нь улаан хивсний ёслол, алдартай ток шоуны үеэр үзэгчид, шүтэн бишрэгчидтэйгээ уулзахад гар барих, гараараа даллах зэргээр гарын хөдөлгөөн их оролцдог учир хумсны гоо сайхандаа хөрөнгө мөнгө их зардаг. Зарим алдартнууд хумс болоод гарынхаа арьсны элдэв асуудлыг далдлах гэж бээлий өмсдөг байсан нь 1980-аад оны сүүлчээс моданоос гарсан. Тийм ч утгаар алдартнуудын зайлшгүй хэрэгцээ нь хумсны будаг юм. Жишээ нь, Их Британийн хатан хаан II Элизабет “Essie Ballet Slippers” хумсны будгийг хэрэглэдэг. Цайвар ягаан, тоорын бүдэг өнгөтэйг нь хатан хаан сонгодог бөгөөд энэ өнгө нь хумсыг будаагүй мэт харагдуулдаг. Нөгөөтэйгүүр хумсанд тэжээл өгч, эрүүл харагдуулдаг онцлогтой юм байна. Алдартнууд нэг удаа хумсны салонд очоод дунджаар 2000 ам.доллар зарцуулах нь хэвийн үзэгдэлд тооцогддог.

Вавилоны дайчин

хид бүсгүйчүүд хумсаа байнга будахаас түвэгшээж гелэн хумс, гелэн будгийг илүүтэй сонгох болсон. Энэ нь цаг завыг хэмнэх ашиг тустай боловч хүний эрүүл мэндэд асар хортойг мэргэжлийн эмч нар зөвлөдөг.

Харин түүний оронд хумсны будаг нь илүү найдвартай бөгөөд эрсдэл бага. Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид хумсны лакны химийн хүчтэй найрлагуудаас аль болох татгалзаж, сөрөг нөлөөллийг нь багасгасан, хумсанд тэжээл өгч хамгаалж, ургалтыг нь дэмждэг эмчилгээний зориулалттай будгийг санал болгодог болсон.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Дур зоргоороо үнээ нэмдэг шатахуун импортлогчдод хяналт тавьдаг газар байдаг уу

Цалин нэмнэ гэдэг сургаар нефть импортлогчид бензин, дизель түлшнийхээ үнийг 20-30 төгрөгөөр нэмчихлээ. Цалин хөлс нэмэгдэх, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өсгөх тухай сураг дуулдахад тэр мэдээллийг хамгийн соргогоор хүлээн авч үнээ нэмдэг газар бол ШТС-ууд. Бензиний үнэ нэмэгдэхэд өргөн хэрэглээний барааны үнэ дагаж өсч түүнийг нь дагаж эдийн засагт элдэв дарамт ирдэг. Засгийн газар энэ сарын 22-ны хуралдаанаараа төрийн албан хаагчдын цалинг нэмэх шийдвэр гаргасан. Гэтэл ийм шийдвэр гарлаа гэдэг мэдээлэл олон нийтэд түгж амжаагүй байтал ШТС-ууд үнийн самбартаа өөрчлөлт оруулаадахав. Тэгтэл Засгийн газрын тухайн шийдвэрт төрийн бүх албан хаагчид биш, зарим албан хаагчдын цалинг нэмэхээр тусгасан байсан. Жишээ нь, бага цалинтай, их ачаалалтай гэгддэг сувилагчдын цалин 12.3-30 хувиар нэмэгдсэнд олон хүн баярласан. Шийдвэр ирэх сарын нэгнээс хэрэгжих юм. Гэтэл нефть импортлогчид шийдвэрийн сургаар бүтээгдэхүүнийхээ үнийг нэмчихсэн нь жудаггүй явдал боллоо. Засгийн газар тухайлсан бүлэг рүү чиглэсэн ийм шийдвэр гаргаж байгаа нь иргэдийнхээ нэг хэсгийг ч боловч хоёр идүүлэхгүй, хоосон хонуулахгүйн тулд хийж байгаа ажил гэж харна. Гэтэл энэ шийдвэртэй зэрэгцээд шатахуун импортлогчид бензиний үнээ нэмсэн нь Засгийн газрын шийдвэрийг далимдуулж үнэ өсгөж байгаа шунахай арга гэж дүгнэнэ. Засгийн газар шийдвэр гаргаж байгаа бол дагаж гарах энэ мэтийн сөрөг нөлөөллүүдийг ч харж шийдвэрээ хамгаалж байх хэрэгтэй. Нэг үгээр шатахуун импортлогчдоо хянах ёстой. Тэгэхгүй бол шийдвэр гаргаж нэг хэсэг бүлэг хүмүүсийн цалинг нэмсэнийхээ төлөө хариуд нийтэд хамааралтай бүтээгдэхүүний үнийг нэмж байгаа нь зүй бус хэрэг.

Энэ оны эхний найман сарын байдлаар Монгол Улсад шатахууны үнэ таван удаа өсөөд байна. Өвлийн идэр есийн жавар тачигнасан өдрүүдээр хиймэл хомсдол үүсгэж Монголын ард түмнийг хот хөдөөгүй явгалж нийгэм даяар бухимдал төрүүлсэн нь хэн билээ, шатахуун импортлогчид.

2016 он наймдугаар сард АИ92 бензин 1530 төгрөг байсан бол 2017 оны наймдугаар сард 1630 төгрөг болж өссөн. Гэтэл 2018 он гарангуут хиймэл хомсдол үүсгэж бужигнаан болсон. Үүний дараа АИ92 бензиний үнэ өнгөрсөн гуравдугаар сард 1650 төгрөг байсан бол дөрөвдүгээр сард литрийг нь 1730 төгрөг болгож огцом 100 төгрөгөөр нэмсэн. УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар өнгөрсөн хавар “Шатахууны үнийн зөвлөлөөс одоогийн байгаа үнээс шатахууны үнийг нэмэхгүй байх зөвлөмж өгсөн. Одоо шатахууны үнэ нэмэгдэхгүй. Харин ч буурах ёстой” гэж мэдэгдэж байсан. Тавдугаар сард АИ92 бензин 1680 төгрөг болсон. Тэгж байтал наадмын өмнө, олон нийтийн анхаарал найр наадам, зуны амралт руу чиглэчихсэн байхад хоёр ч удаа үнээ сэм нэмж 1780 төгрөгт хүргэсэн. Наадмын уур амьсгалд дарагдаад ч гэх юм уу, зуны амралт таарсан болоод ч тэр үү, бензиний үнийн өсөлтийн талаар төдийлөн хэл ам хийлгүй нутаг нутгийнхаа зүг, ойн баяр, наадмуудаа зориод явцгаачихсан. Гэтэл хэдхэн хоногийн өмнө дахиад шатахууны үнийг 20-30 төгрөгөөр нэмчихэв. Хөдөө гадаа явж байсан улс хүүхдүүдийнхээ хичээл сургуулийн бэлтгэл гээд тэрийг бараг анзаарсангүй. Анзаарсангүй юу, эсвэл хүлцэн тэвчдэг шигээ л тэвчиж байгаа юм болов уу. Бүү мэд ээ. Өнөөдөр АИ92 бензин 1830 төгрөгийн үнэтэй байна. Харин А95 аль хэдийнэ 2000 хол давчихлаа. Тэгтэл ард түмний бодит амьдрал ямар байгаа билээ. Төрийн зарим албан хаагчдын цалин нэмнэ гэдгийг зарлангуут үнээ нэмчихсэн ШТС-ууд Засгийн газрын шийдвэр ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхлэхэд дахин үнээ нэмнэ гэдэгт мөрийцсөн ч болно. Ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320 мянган төгрөг болно гэдэг мэдээлэл шатахуун импортлогчдод бас л амттай санагдаж байгаа байх. Дөхүүлж байгаад бензин түлшнийхээ үнийг нэмчихээд шийдвэр хэрэгжиж эхлэнгүүт дахин нэмэх нь тодорхой.

Манайд цалин, цалингийн доод хэмжээ нэмэгдэнэ гэдэг сургаар ингэж дахин дахин үнээ нэмдэг ганц салбар байдаг нь энэ шатахуун импортлогчид. Энэ салбарт тийм ч олон бизнес эрхлэгч байдаггүй. Цөөн тооны, монополь нөхөд л ард түмний халаасыг хэрхэн нимгэлж, амьдралыг нь өдрөөс өдөрт яаж сөхрүүлэх тухай л хуйвалдацгаадаг. Тэдэнд хяналт тавьж, төрийн сүрийг үзүүлдэг ганц ч газар үгүй. Шатахууны чанарт, үнийн өсөлтөд нь хяналт тавилаа гэж хаа нэг мэдээ дуулддаг ч хууль бус үйлдлүүдэд нь тохирсон хариуцлага тооцож байсан удаа байна уу.

Нэг литр бензиний үнийг нэг төгрөгөөр нэмэхэд л ард түмэнд эдийн засгийн асар их дарамт ирдэг. “Сүртэй юм 20-хон төгрөг ш дээ” гэж байгаа ч үнэндээ энэ нь ард түмний нуруунд асар их ачаа болж ирж байгааг шатахуун импортлогчид огт мэдэхгүй байна гэж байхгүй.

Монгол Улс жилдээ 800-1400 сая ам.долларын нефтийн бүтээгдэхүүн хэрэглэдэг гэсэн тооцоо бий. Дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ тэгж их савлаад байнга нэмэгдээд байдаггүй. 2013-2016 оны хооронд манайд шатахууны үнэ нэг ч төгрөгөөр нэмэгдээгүй. Энэ үед үнийн тогтвортой орчин ямар чухлыг монголчууд мэдэрсэн гэж хэлж болно. Үүнээс үзэхэд төр нь шатахуун импортлогчидтой үнэ тогтворжуулах тал дээр хамтарч ажиллаж иргэдийн нуруун дээр ачаалал өгөхгүйгээр зөв зохистой аргаар хэлцэл хийж зохицуулж болдгийг харсан. Гэтэл 2016 оноос хойш шатахууны үнэ 700 төгрөгөөр нэмэгдчихээд байна. Уг нь эрх барьж байгаа нам сонгуулийн хөтөлбөртөө “Шатахууны үнийг дэлхийн зах зээлийн үнэтэй уялдуулан бууруулахын зэрэгцээ улсын хэмжээнд ижил үнэтэй болгоно” гэсэн амлалтыг ард түмэнд өгсөн. Гэтэл юун бууруулах манатай, Монголд шатахууны үнийн өсөлтийн хурдыг гүйцэх өөр хурдан юм алга.

Шатахууны үнийг ингээд өсгөөд байхаар болдог юм, ард түмэн хэсэг зуур фэйсбүүк, твиттерээр эсэргүүцлээ илэрхийлж байгаад больдог юм гэсэн нэгэн хэвийн арга техникээр шатахуун импортлогчид олон нийтийг хүлээж аваад сурчихсан. Сүүлдээ шатахууны үнэ нэмэгдэж байгаад ард түмэн бухимдахаа больж жам ёсны юм болдгоороо болж байгаа мэт л үздэг болчихож. “Номхон тэмээ ноолоход амар” гэгчийн үлгэр энэ л дээ. Бензиний үнэ 20-30 төгрөгөөр нэмэгдэх нь дундаас дээш түвшний амьдралтай, нийгмийн чинээлэг хэсгийнхэнд төдийлөн хамаатай биш, амьдралд нь нөлөөлөхгүй байж болно л доо. Гэтэл баялаг үйлдвэрлэж, улс эх орны бүтээн байгуулалт, ирээдүйн бүхий л үнэт зүйлийг тээж авч, өвлүүлж, хөдөлмөрлөж, хөгжлийн ачааг үүрч явахын зэрэгцээ доод давхаргынхнаа чирдэг дунд давхаргынханд шатахууны үнийн өсөлт шиг хүчтэй бороохой, чанга цохилт байхгүй. Уг нь аливаа улс төрийн бодлогоор нийгмийн дунд давхаргын хүрээг тэлж, улам батжуулж доод давхаргынхнаа аль болох өөд гаргах гэж хичээдэг. Гэвч манайд энэ бүхэн эсрэгээрээ. Дунд давхаргаа нухчин дарж доод давхарга руу илгээх бодлого яваад байгаагийн нэг ил тод жишээ бол шатахууны үнээр дарамталж эдийн засгаар нь мөлхүүлэх.

Шатахуун импортлогчид үнээ зоргоороо нэмдэг, тэднийг үнэ нэмлээ гэж донгодож, хатуу сануулга өгч дахин ийм бусармаг зүйл хийхгүй байхыг сануулдаг төрийн хүчтэй аппарат гэж алга. Шатахууны үнэ нэмлээ гэхэд ард түмний төлөөлөл гарч ирж хэвлэлийн хурал зарлаж шаардлага хүргүүллээ ч тэрийг нь тоож байгаа газар гэж үгүй, шаардлагыг нь хүлээж аваад хэрэгжүүлдэг хүн гэж байхгүй. Үнэндээ шатахууны энэ салбарт хяналт гэж юм огт байдаггүй. Тийм болоод л жил хүрэхгүй хугацаанд шатахууны үнэд 5-6 удаа өөрчлөлт орж байх вэ дээ.

Шатахууныхаа үнийг яаж нэмэх вэ гэдэг шалтаг л хайж байгаа мэт цалин нэмлээ гэх сургаар нэг үнээ нэмж, дараа нь албан ёсоор цалин нь нэмэгдээд ирэхээр дахин үнээ нэмдэг энэ шатахуун импортлогч хэдэн компаниудыг базаж, зангидаж, ард түмэнд давхар давхар цохилт өгүүлдэггүй байх тал дээр шударга ажиллачихаар газар байна уу. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Шатахууны үнийн зөвлөл гээд байгаа хүмүүс бол бэлгэ тэмдэг төдий бүдэг ажиллаж байна. Хэдэн жилийн өмнө О.Магнай гэж залуу даргаар нь ажиллаж байхдаа зад загнаад л дураараа үнээ өсгөчихсөн ШТС-уудын үнийг буулгаж байсныг та бид нүдээрээ харсан сан. Түүнээс хойш ингэж хандыг нь хага дарсан албан тушаалтан, байгууллага гэж гарч ирсэнгүй. Дээгүүрээ сүжрээд, эдийн засгийн бүлэглэлээрээ бөөрөө нийлүүлчихсэн байхад тэднийг хянах боломжгүй гэж бодож болох ч бид Ардчилсан засагтай, төр, хууль ёстой улс гэдгийг мартаж болохгүй.

Ард түмний амьдралаар наадаж дуртай цагтаа үнээ нэмдэг энэ байдлыг таслан зогсоодоггүй юм аа гэхэд хууль, журмын дагуу эмх цэгцэнд нь оруулах цаг нь болжээ. Зоргоороо үнээ нэмээд байгаа нефть импортлогчдыг илт буруутгаж бас боломгүй. Хэн ч гэсэн сиймхий, боломж байвал юм “гулсуулах”-ыг л бодно. Харин тийм сиймхийг нь өгөлгүй, ард түмнийг шулах ямар ч нөхцөлийг тэдэнд бүрдүүлэхгүй байх нь л төр засгийн гол хийх ажлуудын нэг. Шатахуун импортлогчдод хяналт хэрэгтэй байна.


Categories
мэдээ цаг-үе

2033 онд Ангарагийн хүн амыг 20 байхаар тооцоолжээ

Хүмүүс Ангараг дээр ийм гэр шиг сууцанд амьдарна

Ангараг гаригийн хувьд хүн амьдарч байсан ул мөртэй төстэй зүйлс дуранд буудаг ч албан ёсоор тэнд амьдрал байгааг нотлоогүй. Уг гаригийн агаар мандал сийрэг, хуурай учир хамгийн их судлагдсан хөрст гариг. Огторгуйн дурангаар харахад Ангарагийн гадарга дээр суваг, шуудуу мэт зүйлүүд харагддаг бөгөөд тэдгээр нь хоорондоо ойр орших өрх цар, уул нуруу, хэзээ нэг цагт байсан голын сайр, ан цав хагархай гэж үздэг. Эрдэмтэд олон жилийн өмнөөс Ангараг дээр амьдрал бий, ус байсны мөр нь үлдсэн, мөс бий гэж үзсээр ирсэн. Ангараг гаригийн гадаргыг судалсан сансрын хоёр аппарат тэнд зөвхөн ус байгаа үед л үүсдэг минералуудыг илрүүлсэн эрдэмтдийн таамаглалыг нотолсон. Дөрвөн тэрбум жилийн өмнө Ангарагийн өмнөд хэсэгт нь цаг уур зөөлөн, дулаан байж. Ангарагаас ирсэн “ALH 84001” нэртэй солирыг судалсны эцэст тэнд чулуужсан бактер байгааг олж тогтоосон. Энэ бүхнээс улбаалж Ангараг (монголчууд Улаан нүдэн гариг хэмээдэг.) буюу Марс дээр амьдрал байгаа гэдэгт итгэж, Ангараг руу аялах, нисэх, тэнд суурьших оролдлого, төлөвлөгөөнүүд хүчтэй цухалзаж, эцэст нь “Mars One” төсөл хэрэгжихээр болоод байгаа билээ. Уг төсөлд хамрагдаж Ангараг гариг руу нисэх хүсэлтэй олон сая хүн байдгаас 200 гаруй мянган хүнийг бүртгэж эхний ээлжинд захиалга өгсөн 1058 хүний нэрсийг зарласан нь тухайн үедээ шуугиан дэгдээж байсан. Уг жагсаалтад монгол хүний нэр байгаа тухай мэдээлэл ч чих дэлсээд авсан. Гэвч одоогоор эхний ээлжийн 1058 хүн дотор монгол хүн багтаагүй бололтой. Гэхдээ дараагийн ээлжинд багтсан байх магадлалтай юм. Эхний ээлжинд Ангараг руу нисэх 1058 хүний 586 нь эрэгтэй, 472 нь эмэгтэй бөгөөд эдгээр хүмүүсийн 33 хувь нь бакалавр, 15 хувь нь магистр, найман хувь нь доктор, гурван хувь нь анагаах ухааны доктор, нэг хувь нь хууль зүйн докторын зэрэгтэй хүмүүс юм байна. Дэлхийн 120 улсын иргэд хүсэлтээ өгснөөс дийлэнх нь АНУ-ын иргэд байгаа аж.

“Mars One” нь Ангарагийн анхны оршин суугчдыг суурьшуулах зорилготой багахан хэмжээний төсөл байсан ч хэдхэн жилийн дотор хүчээ авч хүн төрөлхтнийг хамарсан төсөл болоод байна. Эхний ээлжийн 1058 хүнийг 50, 50-иар нь ярилцлагад оруулж, бие болоод сэтгэл зүйн олон удаагийн шалгалтаар сорьж хоёр жилийн давтамжтайгаар дөрөв дөрвөөр нь нэг баг болгон Марс руу илгээнэ. 2022 он гэхэд хүн амьдрахад шаардлагатай ус, хүчилтөрөгч зэрэг шаардлагатай бүхнийг бэлдсэн байх юм байна. Ингээд тэр жилийнхээ есдүгээр сарын 14-нд хамгийн анхны дөрвөн оршин суугч Ангараг руу нисэх бөгөөд энэ үйл явцыг дэлхий нийтээр 24 цагийн турш интернэтээр шууд дамжуулах гэнэ. Жилийн дараа анхны оршин суугчид нь Ангараг дээр хөл тавьж амьдрах сууцаа байрлуулсныхаа дараа шинэ гаригаа судалцгаах аж. 2025 онд дараагийн дөрвөн хүн Ангараг дээр бууна. Хоёр жилийн давтамжтайгаар дөрвөн хүнтэй баг газардсаар 2033 он гэхэд Ангарагийн хүн ам 20 байхаар нарийн тооцоо гаргажээ.

Саран дээр хөл тавьсан, сансрын нисэгч Базз Олдрин Ангарагийг эзлэх төлөвлөгөөг хамгийн ихээр дэмждэг алдартан. Тэрээр өнгөрсөн жилийн зургадугаар сард Монголд ирэхдээ “Тавин жилийн дараа Ангараг гариг дээр ямар ч байсан 50 тооны нөхөр алба хаагаад байж байх болов уу. Тэнд хүн төрөлхтөн насан туршдаа амьдарна гэж очихгүй байх. Гэхдээ дэлхийн лидер улсууд ямар ч байсан саран дээр байнгын хөвөгч хиймэл дагуулуудтай болчих байх гэж бодож байна. Сар бол амьдраад байх газар биш. Гаригуудын орбит дээр байгаа хиймэл дагуулууд тухайн гаригийнхаа эргэлтээс энерги авч байдаг. Тэрний дагуу сарыг хурдан тойроод сарны энергийг өөртөө шингээгээд сарны орбитоос эргэж байсан хурдаараа салаад цаашаагаа Ангараг руу нисэхийг гравитациар чавхдуулах гэж нэрлээд байгаа. Ийм нэг онол байгаад байна. Нарны хэт ягаан туяанаас хамгаалах боломжтой. Гэхдээ Ангараг дээр өөр ямар төрлийн радиациуд байгааг бид мэдэхгүй. Ангараг дээр байдаг нимгэн атмосфер нь бас хамгаалах байлгүй. 200 жилийн өмнө бидний элэнц, хуланц өвөг дээдсийн маань дундаж наслалт нь бидний одоогийн үеэс доогуур байсан. Ангараг руу явбал тэр хавьцаа л наслах байх даа” гэж ярьж байсныг сансар судлалыг сонирхогчид санаж байгаа байх.

Яг үнэндээ Ангараг гариг руу аялах нь өөрийнхөө насыг богиносгож, сайн дураар эрт үхэхийг хүсч байгаа гэдгийг зарим ажиглагчид хэлдэг. Ангараг руу нэг жилийн хугацаанд аялахад сансрын нисэгч асар их хэмжээний цацраг туяанд өртөнө. Тэнд газардсанаас хойноо температурын асар их зөрүүнд дасах шаардлага тулгарна. Өдөртөө 20 хэм дулаан бол өвлийн шөнө нь хасах 125 хэм хүрч хүйтэрнэ. Энэ бүхэнд тусгай технологийн хувцас, хамгаалалтын тоноглол л тусална уу гэхээс өөрийн биеийн халуунаар асуудлыг зохицуулна гэж байхгүй. Өдөр нь хүний биеэс ялгарсан дулааныг шингээж хадгалаад шөнө нь эргэж биеийг нь дулаацуулдаг технологийг хэдийнэ зохион бүтээчихээд байгаа юм. Дараагийн нэг чухал асуудал бол Ангарагийн оршин суугчдын хоол хүнс. Эндээс мал мах аваачих нь зардал их учир тэнд очсон хүмүүс хүлэмж байгуулж ногоо ургуулах нь хамгийн зөв шийдэл гэгдээд байгаа ч хөрс нь шим тэжээлгүй учир суулгац нь 12-18 өдрийн дотор үхэх аюултай гэнэ. Тиймээс эрдэмтэд Канадын хойд хэсэгт Ангараг гаригийн уур амьсгалыг дуурайлган тусгай орчинд туршилт явуулж Марс дээр улаан лооль, лууван зэргийг ургуулж болох боломжтойг тогтоожээ. Гэхдээ ногоо тарьснаар хүчилтөрөгч дутагдаж, гал гарах эрсдэл нэмэгдэх учир үүнээс сэргийлсэн аргуудыг мөн туршиж байгаа юм байна.


Categories
мэдээ цаг-үе

А.Энхтайван: “Мөнх тэнгэрийн хүчин дор” кино дахин давтагдахгүй

Түрүүч нь №167(6010) дугаарт

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Монгол Улсын Ардын жүжигчин А.Энхтайвантай ярилцлаа.


-Дээхнэ үед төр гэх үгийг хүн болгон хэлдэггүй “Төрийн минь сүлд өршөө” хэмээн сүсэглэн залбирдаг байсан. Гэтэл одоо хүн болгон л төрийг элдвээр харааж, зүхэж “Төрийн хулгайч”, “Төрд шургалсан гэмт хэрэгтэн” гэж аль муухай үгтэй холбож хэлдэг болжээ?

-Монгол бол 2220 гаруй жилийн өмнө дэлхий дээр төр гэдэг юмыг анх бий болгосон гэж бахархацгаадаг. Их Эзэн Чингис хаан 1206 онд Тулгар төр буюу шинэ төрийг бий болгосон. Тэр төр өнөөдрийг хүртэл тасраагүй явж байгаа. Тэгэхээр дээр үеийн монголчууд төдийгүй, миний аав ээжийн үед зарим бүр болохоо байсан үедээ “Төрийн минь сүлд өршөө!” гэж залбирч байсан байдаг. Энэ бол хүндэтгэлтэй үг. Ер нь бол намайг бага байхад, өнгөрсөн цаг хугацаанд төр гэдэг зүйл хүндэтгэлтэй санагддаг байсан. Хөдөөний мань мэт нь хот орж үзэх сэн гэж хүснэ. Хотод орж ирээд Сүхбаатарын талбай орж үзэх сэн гэнэ. Сүхбаатарын талбайд ирээд Төрийн ордноо харчихаад дотроо сүсэглээд зогсдог байсан үе саяхан л байна. Гэтэл өнөөдөр яасан бэ, төрийг авч яваа үе үеийн хүмүүсийн хэрэглэж байгаа тактик, удирдаж байгаа арга ухаан, баталж байгаа хууль, энэ бүхнээс болоод л ийм нэр хүндгүй болоод байна уу. Эсвэл задгай нийгэмд орсноосоо хойш жаахан эрх ямба, албан тушаалд очингуутаа төрийн нэр барьсан улсыг луйвардах ажил нь арай л ихдээд байна. Энэ нь ард түмний дургүйг хүргээд байна. Үүн дээр л бид шүүмжлэлтэй хандаж, ард түмэн өөрсдөө дүгнэлт хийж хэлэх үгээ зоригтой хэлж, босох цагтаа босч, суух цагтаа суух ёстой болсон байна. Ард түмэн аливаа асуудлыг олонхын талд л шийдэж байгаасай гэж бодож байна.

-Урлаг, спорт бол голлох зүйл биш. Чимэг, шигтгээ гэдэг утгаараа нийгмийг зөөллөх үүрэгтэйгээс тийм ч чухал юм биш. Харин уул уурхай, эдийн засаг, улс төр гэх мэт салбар нь түүнээс үнэтэй гэх ойлголт бий?

-Миний анзаарч ирснээр урлаг, спортын үзүүлж байгаа амжилт, хөгжиж байгаа хөгжил нь яг энэ үеийнхээ төр улсын нүүр царай нь гэж боддог юм. Гадна дотноос ирсэн хүмүүст юугаа үзүүлдэг юм. Сонгодог урлаг, ардын урлагаа л үзүүлдэг. Гадны хүмүүст бид юугаа магтаж ярьдаг юм. Бид олимпийн аваргаа л ярина. Дэлхийн аваргаа л ярина. Эргээд бид тэр улсад айлчлахад хамгийн түрүүнд өөрсдийнхөө соёлыг л харуулна. Нийгмийн хөгжлөө л харуулна. Урлаг соёл, спортын гялалзсан амжилт чинь эх орны хөгжилтэй зайлшгүй холбоотой шүү дээ. Үе үеийн гарч ирж байгаа хүмүүсийн амжилт чинь тэр үеэ баталж, мөнхөлж үлдээж байгаа үйл явдал гэж боддог. Үүгээр хэлбэл, магадгүй дэлхийн ерөнхийлөгч Монголд ирлээ гэхэд Монголын балет, дуурь хоёрыг л хамгийн түрүүнд үзүүлэх болно. Түүнээс биш Спортын төв ордонд аваачаад Н.Түвшинбаярыгаа нэг сайхан барилдуулаад үзүүлчихье гэхгүй байх даа, бодвол.

-Брежнев гэж хэн бэ гэж асуухад “Алла Пугачёвагийн үед амьдарч байсан улс төрийн зүтгэлтэн” гэж хариулсан гэдэг шүү дээ?

-Монголд дуулаачийн урлаг гэдэг талаасаа ярья гэх юм бол 1954 оноос үүдэлтэй байх л даа. 1957, 1958 онд анхны хэдэн сайхан дуучид Орост очиж төгсч ирээд Дуурь бүжгийн эрдмийн театр гэж мэргэжлийн урлагийн байгууллагыг анх байгуулсан. Урьд нь драм, үндэсний дуугаараа “Бөмбөгөр ногоон” гээд л явж л байсан. Яг дуучдын хувьд гэж яривал Монголын мэргэжлийн дуучид гурван том үеийг өнгөрөөчихөөд явж байна. Эхний том үе нь 1964-1984, 1985 он хүртэлх үе. Тэрнээс хойш дундах үе гэвэл 1984-2005, 2006 он. Тэрнээс хойш шинэ залуу үе гарч ирээд явж байна. Энэ үе үеийн дуучдыг харьцуулсан, тэдний дунд судалгаа хийсэн, тэдний хоолойны чанар чансаанд нь дүгнэлт өгсөн юм. Бараг л үзэгчдийн хэмжээнд шахуу явна уу гэхээс урлаг судлаачдаас хийгдсэн эрдмийн ажил, мэргэжлийн түвшинд хийсэн юм харагдахгүй байна. Гэтэл тэр сайхан дуучин Ц.Пүрэвдорж гуай, Д.Жаргалсайхан гуай, А.Загдсүрэн гуай, Х.Уртнасан эгч, дараа үеийнхэн гэвэл А.Долгор, Ч.Мөнхшүр, М.Гантөмөр, А.Дашпэлжээ, сүүлийн үеийн дуучид гэвэл Б.Батжаргал, Б.Гомбо-Очир, Г.Шижирболд, Б.Энхнаран байна. Энэ үе үеийн дуучдын хоолойны чанар, өөрсдийнх нь бие физиологийн өөрчлөлт нь огт өөр. Хоорондоо огт өөр шүү дээ.

-Яг юугаараа өөр гэж?

-Ц.Пүрэвдорж гуай гэж мундаг том дуучин байсан тэр хүний биеийнх нь ерөнхий байр байдлыг өнөөдрийн баритон, басс хоолойгоор дуулж байгаа нэг дуучинтай харьцуулаад хар. Шал өөр. Нэгдүгээрт, Ц.Пүрэвдорж гуайн өсч өндийж байсан үеийн цаг үе нь өөр, өөрөө хүртэл манай анхны хэвлэлийн үйлдвэрт ажиллаж байсан хар ажилчдын дундаас гарч ирсэн хүн. Өөрийнхөө дотоод нарийн ур ухаанаараа хоолойгоо удирдсан мундаг том, дэлхийд ерөөсөө хоёр, гуравт тооцогдох тийм мэргэжлийн хэмжээний дуучин байсан. 1964 оноос эхэлж Социалист орнуудын дунд зохиогдож байсан мэргэжлийн дуучдын П.И.Чайковскийн нэрэмжит конкурст Монголоос урилгаар оролцож байсан шүүгч хүн ганцхан Ц.Пүрэвдорж гуай байдаг. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин хүн. Тэр хүний зааж сургасан замналаар маш олон дуучин хоолоо олж идэж байгаа. Эд нар өнөөдөр чухам тэр багшийнхаа төлөө юу хийж байна вэ. Ардын жүжигчин Д.Жаргалсайхан гуай гэхэд Ц.Пүрэвдорж гуайгаас бүр өөр. Ц.Пүрэвдорж гуай тэр том биетэй, басс хоолойтой мөртлөө маш нарийн ухаанаар хоолойныхоо дээд, доод хэмнэлийг бүрэн гаргаж дуулдаг бол ардын жүжигчин Д.Жаргалсайхан гуай арай л хүчирхэг хоолойгоор, манайхан драматик гэж ярьдаг. Тийм хоолойгоор өөрийгөө илэрхийлж дууны характерыг гаргадаг байсан. Гэтэл хажууд нь хожуухан гарч ирсэн А.Дашпэлжээ, М.Гантөмөр бас өөр. Дуулна гэдэг хүний ухаан. Маш гоё нарийн ухаан. Бөхчүүдийг хэлдэг шүү дээ. Ухаан муутай бол мянган бяр байгаад хэрэггүй. Тэгвэл дуучин хүнд хичнээн сайхан хоолой заяагаад ухаан байхгүй бол тэр хүн багшийн зааж байгааг ойлгохгүй. Хөгжмөө ойлгохгүй, сонсгол байхгүй, зөрж давхина. Иймэрхүү байдал манайхны мэргэжлийн дуучдын дунд гарч л байсан. Тийм болохоор тухайн хүний ухаан, бие физиологи, бүхнийг судалж ажиллаж байж сая нэг дуучныг гаргана.

-Урлагийн мундаг хүмүүс ажилчин анги, цэрэг армийн салбар, малчны хотноос тодорч гарч ирдэг байж шүү?

-Тэр үед чинь Бүх ард түмний урлагийн үзлэг гэх мэт олон нийтийг хамарсан ажил их өрнөдөг байсан. Ганц манайд ч биш, Орост ч байсан. Оросын ардын жүжигчин Юрий Марусин гэж мундаг том дуучин бол ерөөсөө дуулдаггүй тэнгисийн цэргийн флотын дэслэгч хүн байж байгаад нэг өдөр Оросын ард түмний урлагийн үзлэгээр орж дуулаад л тэр дороо консерваторт сураад Их театрын гоцлол дуучин болж байсан. Ийм үйл явдал аль ч улс оронд байдаг. Манайд ч гэсэн Г.Хайдав багш, Ц.Пүрэвдорж багш хоёр огт дуулдаггүй хүмүүс Сүхбаатарын нэрэмжит хэвлэх үйлдвэрт хоёр сайхан үсэг өрөгч л байсан. Ачигч хүртэл л хийгээд явж байсан улсууд. Өөрсдөө бас л урлагийн үзлэгээр тодорч гарч ирсэн гэж яригддаг. Ц.Түвшинтөгс ч ялгаагүй Хэнтий аймгийн Хүнсний комбинатад ажиллаж байгаад бас л урлагийн үзлэгээр гарч ирсэн. Гэхдээ тэгж гарч ирж байгаа авьяастай хүмүүс дотроос өөрөө өөрийнх нь идэвх чармайлт, юм суръя гэсэн эрмэлзлээрээ өсч хөгжөөд явж байгаа нь зөндөө байлгүй яав. Ард түмэн дотор чадалтай авьяастай хүмүүс их байдаг.

-Танд кинонд тоглох санал ирдэг нь тодорхой. Харин та тоглогдоггүй байх?

-Би кинонд тоглодоггүй. Санал ирдэг, ярьж л байдаг. Би тоглохыг хүсдэггүй юм. Залуудаа өөр киноны саналыг аваагүй байж одоо кинонд тогловол өвөөгийн дүрд тоглох байх (инээв). Тэгэхийнхээ оронд энүүгээрээ л байж байя. Хийх ажил их байна.

-Ганцхан л кинонд тоглож дээ?

-Тийм. “Мөнх тэнгэрийн хүчин дор” гэж.

-Монголчуудын хувьд кинонд Чингис хааны дүрийг анх удаа гаргасан нь “Мөнх тэнгэрийн хүчин дор” кино биз дээ?

-Тэгэлгүй яахав. Маш том хөрөнгө зарж хийсэн, бүрэн хэмжээний кино шүү дээ. Дөрвөн ангитай байсныг нь гурван анги болгосон юм. Нийтдээ дөрвөн цаг 30 минут үргэлжилдэг. Энэ киног хийхэд тухай үед улс ч их анхаарсан, уран бүтээлчид ч хатуу сахилга батын дор ажилласан. Маш их эрмэлзэлтэй ажилласан. 1990-1992 он гэдэг чинь шилжилтийн хэцүү үе байсан байхгүй юу. Дээрээсээ босоо удирдлагатай байсан монголчууд хий л гэсэн бол бүх юм хийгдэж гарч ирж байсан үе. Гэхдээ энэ кино дахин давтагдаж хийгдэхгүй ээ. Өнөөдөр маш их боломжтой, том том хөрөнгөтэй гадаадын кино компани, “Холливуд” л орж ирж улсаар нь л хөдөлгөж хийдэггүй юм бол “Мөнх тэнгэрийн хүчин дор”, “Мандухай цэцэн хатан” хоёр шиг ийм кино дахин хийгдэхгүй. Баталгаатай мэдэж байна.

-Кино бүрэлдэхүүн нь нүсэр байсан?

-Цэргүүд гэхэд л 10 мянган байсан, манай кинон дээр. Агт морь гэхэд 12 мянга. Өнөөдөр тийм хэмжээний агт морьд цуглуулах боломж хаана байна. Өнөөдөр бүх юм мөнгөөр хөдөлнө. Унагатай нэг гүү авчирахад л нэг өдрийн 20 мянган төгрөгийн хөлс өгнө. Энэ мэтчилэнгээр эдийн засгаасаа гадна тэр олон хүнийг цуглуулахад бүр хэцүү. Манай кинонд 6000 хүн оролцсон шүү дээ. “Мандухай цэцэн хатан”-д 3000 цэрэг орсон. Энэ киног өнөөдөр бид төсөөлж харахад нэлээд дээр үеийн Европын том кинонууд, Холливудад хийгдэж байсан кинонуудтай харьцуулахуйц хэмжээний тийм их масс орж хийсэн байхгүй юу. Маш их хөдөлмөр, хөрөнгө орсон. Гадаадын тэрбумтануудтай л нийлж том мөнгөөр хийнэ үү гэхээс зүгээр нэг телевизийн баримтат кино хийнэ гэвэл хийх байлгүй дээ.


Categories
мэдээ цаг-үе

А.Энхтайван: Бүгд Чингисээр амьсгалсан бол өнөөдрийн амьдралыг хэд дахин нугалахаар хэмжээнд хүрчих байлаа

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Монгол Улсын Ардын жүжигчин А.Энхтайвантай ярилцлаа.


-Уран бүтээлч хүнтэй уулзсан болохоор ярилцлагаа уран бүтээлийн ажлыг тань сонирхож эхлүүлье. Сүүлийн үед ямар бүтээл хийв?

-Ажил алба ихтэй ч уран бүтээлээ хаяагүй явна. Юу хийгээд гийгүүлчихэв гэхээр сүүлийн үед хэдэн сайхан нийтийн дуу, ганц хоёр мэргэжлийн дуучдад зориулсан дуу, “Дангина” гэж уран сайхны кино хийлээ. 2017, 2018 онд иймэрхүү уран бүтээл гаргалаа. Зарим нь ч тодорхой хэмжээгээр хүмүүсийн чихэнд хүрч байх шиг байна. Ялангуяа “Дангина” кинонд зориулж хийсэн дуу маань “Морин хуур-2017”-д түрүүллээ. Тэрэндээ урамшаад өнгөрсөн хавар, зуны турш “Дангина” гэж кино хийсэн юм. Дангина гэдэг нь дагина гэсэн үг л дээ. Киноны ерөнхий сэдэв гэвэл IX зууны үеийн Хорь түмэдийн ноён Хорилардай мэргэн гэж байсан. Тэр хүний эхнэр болох буриадын язгуурын 11 эцгийн таван хүүг нь төрүүлсэн Шаралдай хатан гэж байсан. Тэр хүний бодит амьдралаас сэдэвлэж, түүвэрлэж хийсэн түүхэн кино. Өнгөрсөн сарын 4-8-ны хооронд Эрхүү хотод болсон “Алтаргана” кино наадамд “Дангина” кино маань Гран При хүртлээ. Энэ шагнал нь манай кинонд оролцсон уран бүтээлчдэд маш их урам зориг өгсөн. Кинондоо нэг ёсны нэрд гарсан, том жүжигчдийг оролцуулаагүй.Шинэ залуу, дөнгөж сургууль соёлоо төгсч байгаа, зарим нь ирэх жил төгсөх гэж байгаа ийм хүүхдүүдээс шилж сонгож, жаахан орчин үе тал руугаа киноныхоо ерөнхий уур амьсгалыг татах маягаар хийсэн.

Киноны хөгжим нь хүмүүсийн ярьж буйгаар гайгүй болсон шиг байна. Киноныхоо хөгжмийг өөрөө хийж, ерөнхий найруулагчаар нь ажиллалаа.

Киноны маань бас нэг онцлог гэвэл том хэмжээний, бараг ари шахуу гэмээр дуу хийлээ, симфони оркестртой. Манай Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин МУСТА Б.Энхнаран гэж сайхан цээл хоолойтой хүн дууллаа. Мэргэжилдээ өгсч дэвжиж яваа уран бүтээлч. Ирээдүйд ямар нэгэн томоохон, Монголын үндэсний ари, том хэмжээний бүтээлүүдийг шалгаруулах конкурс болоход орох боломжтой “Шаралдай хатны ари”-г хийсэн.

-“Дангина” хэзээ дэлгэцнээ гарах вэ?

-Энэ сарын 27, 28-ны үеэр кино театруудаар гарахаар бэлтгэгдэж байна.

-“Балжийн гол”, “Ононгийн шугуй”, “Ээжийнхээ ачийг яалаа даа” гээд таны зохиосон дуу бүтээл гэвэл тоймгүй их шүү?

-1985 оноос хойш нийтдээ 200 гаруй мэргэжлийн симфони оркестртой дуу, мөн нийтийн 300 гаруй дуу зохиосон, зургаан киноны хөгжим бичээд байна. 2016 оны сүүл, 2017 оны эхээр “Тэнгэр язгуур” гэж Алунгоо эхийн тухай кино дуурь хийсэн. Энэ бүтээлийг Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын хамт олонтой хамтарч хийснээрээ онцлог. Дуулалт дуурь, дуулалт кино гэж зориулж хийснээрээ Монголд анхных. Урьд нь “Учиртай гурван толгой” дуурь гэх мэт дуурийг байгаль дээр гаргаад зураглал хийгээд тавьж байсан зүйл бий. Өнөөдрийн нөхцөлд манай хөгжмийн зохиолчид киноныхонтойгоо нийлж кино дуурь гэх ийм бүтээл хийж амжаагүй байхад нь анхдагч маягаар хийчихлээ (инээв). Яруу найрагч, СТА Бямбаагийн Баярмагнай Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрт ажиллаж байсан. Энэ сайхан эмэгтэйн бүтээлээр “Тэнгэр язгуур” гэж дуулалт киног хийсэн юм. Ингээд яриад байвал ер нь уран бүтээл гэж нэлээд юм байна. Мэргэжлийн дуучидтайгаа ойрхон ажиллаж байна. Дуурийн залуу дуучид их чадварлаг болж байна. Нэг үеэ бодвол дуурийн театрын дуучид сэргэж байна. Энэ нь өнөөдөр бидэнд хамтарч ажиллах, уран бүтээл хийхэд шинэлэг, сайхан санаа төрүүлэх боломжийг олгож байна. Жишээ нь, манай Дуурийн театрын гоцлол дуучин Г.Шижирболд, Б.Батжаргал, Б.Гомбо-Очир. Энэ гурав бол шинэ сайхан гурван тенор. Дуурийн театрт тав, зургаан жил сайхан дуулж байна. Энэ гуравт зориулж “Бор толгодын хавар” гэж том хэмжээний дууг симфони оркестртой хамт хийж өглөө.

-Бавуугийн Лхагвасүрэн гуайн шүлэг үү?

-Тийм. Энэ дуундаа манай дуучид сэтгэл хангалуун байгаа. Өөрсдөө надаас хүссэн юм. Өмнө нь “Балжийн гол” дууг маань хамтарч дуулсан байсан. “Бор толгодын хавар” дуу маань “Морин хуур” наадмын мэргэжлийн дууны төрөлдөө гуравдугаар байрт орсон. Иймэрхүү амжилт, бүтээлтэй явж байна. Өнөөдөр гэвэл “Цагаан шонхор” гэж кино хийхээр бэлтгэж байна.

-Цагаан шонхор оо. Цагдаагийн тухай кино биш биз дээ?

-Үгүй л дээ. Хиад-Боржигончуудын сүлд туг нь цагаан шонхор. Энэ киног хийхэд бид нэг юмыг зориуд хийе гэж онцолсон. “Монголын нууц товчоо”-нд Тэмүүжингийн 13-18 насны хоорондох үйл явдал балархай байдаг. Бараг бичигдсэн юм байхгүй. Нэг ёсондоо үсэрчихсэн байдаг байхгүй юу. Энэ хугацааг зарим хүмүүс буруугаар тайлбарлаж, нөгөө Сэцэн Жамухыг Тэмүүжингийн эсрэг тавьсан байдалтайгаар зарим уран бүтээлд гаргах нь сүүлийн үед газар авах шинжтэй байна. Энэ нь ялангуяа гадаадын кинонууд дотор. Тэгэхээр нэгэнтээ Монголын кино урлаг руу орчихсон хүний хувьд бас нэг гайгүйхан шиг өөрсдийнхөө зохиолчидтой, өөрсдийнхөө зураглаач, найруулагч, уран бүтээлчидтэй хамтраад арай нэг монгол сэтгэхүйгээр, монгол маягаар тайлбар өгөх нь зүйтэй боллоо гэж хэлэх гээд байгаа юм л даа. Бид энэ киноныхоо зохиол дээр ажиллаад эхэлчихсэн. Мөн манай кинонд тодорхой хэмжээний хүмүүс татагдан оролцох шинжтэй байна. Монголын бизнесмэнүүд нэлээд анхаарал төвлөрүүлж байна. Гайгүй кино хийдэг ганц хоёр кино студитэйгээ нийлж нэгдээд хийчих юмсан гэсэн бодолтой байгаа. Монголын талаасаа манай киноныхон маань дотроо нэгдэхээс илүүтэй Монгол туургатан гэгдэж яваа Буриад, Тува, Халимаг, Якут, Өмнөд Монголоос төлөөлөл оруулж аятайхан бүтээл болгох юмсан, чадаж л өгвөл дэлхий нийтдээ байг гэхэд дэлхийд байгаа монголчууддаа Тэмүүжингийн үнэн бодит амьдралаас цухасхан ч гэсэн харуулах сан гэж зорьж байна даа.

-Тэр кинонд Тэмүүжингийн 13-18 насны амьдралыг л харуулах уу, эсвэл бүхий л амьдралыг нь уу?

-Ер нь бол кино тодорхой хэмжээгээр явна. Тэмүүжингийн төрөхөөс эхэлж үзүүлнэ. Харин хаана хүрч төгсөхийг өнөөдөр би мэдэхгүй. Ямар ч байсан би өөрөө ерөнхий найруулагчаар ажиллах учраас зохиол дээрээ ажиллаж байна. Хаана хүргэж, яаж дуусгах вэ гэдэг бас өөр асуудал л даа.

-Их хааны түүхийг гуйвуулах, буруугаар тайлбарлах үзэгдэл бий л дээ. Тэр болгонд монгол цустай хүн болгоны сэтгэл их бага хэмжээгээр зовнидог байх. Гэхдээ тэр хүмүүсээс таны сэтгэл илүү зовнидог болов уу гэж бодож байна. Учир нь та монголчуудаас анхлан Чингис хааны дүрийг бүтээсэн хүн. Тэр кинонд тоглосноор сэтгэл зовнил тань эхэлсэн байж мэдэх юм?

-Яг үнэнээ хэлэхэд, арван жилд, дөрөв тавдугаар ангид байхаасаа Чингис хаан гэдэг хүнийг үзэх юмсан, харах юмсан, судлах юмсан болж өгвөл дүрсэлж ч болтугай дотроо гаргаж ирэх юмсан гэж ийм их бодол хүсэлтэй явсан. Монголдоо арван жилээ төгсчихөөд хойно Урлагийн дээд сургуульд байхдаа хүртэл тэндхийн оюутнуудтай хамгийн их ярьдаг сэдэв маань энэ байлаа. Яагаад вэ гэвэл тэр үед В.Яны “Бат хаан”, “Чингис хаан” гэсэн хоёр том зохиолыг уншчихаад маш их дургүйцдэг байсан. Монголын үндэсний их баатар, гарамгай удирдагч маш их сэтгэж алсыг төлөвлөгч, их гаргуун хүнийг хамаагүй тэгж цуст илдээр илэрхийлэх нь арай л буруу шиг санагддаг байсан юм. 1996 онд “Вашингтон пост” сониноос Мянганы суут хүнээр тодорхойлсон. Бүр тэрнээс өмнө Германы “Чингис хаан” хамтлаг 1979 онд “Чингис хаан” гэдэг дууг дуулаад дэлхийн 70 гаруй орноор аялчихсан байдаг юм. Биднээс нэг ч төгрөг нэхэхгүйгээр Чингисийн монгол, Чингис гэж сурталчилсан байна. Саяхан би XIII зуун жуулчны баазад “Чингис хаан” хамтлагийн ахлагчтай уулзаж клипнийх нь зураг авалтад оролцохдоо энэ дууных нь үгийг сонсоод гайхаж байлаа. Германаар дуулдаг байсан болохоор бид ойлгодоггүй байж. Үнэхээр талын баатар эрийн ямар их сүрлэг, ямар их тактиктайгаар аливаа үйлсийг хийдэг байсан тухай их гоё бахархаж бичсэн шүлэгтэй юм байна. Бид юмыг их дутуу үнэлж байна. Өнгөцхөн боддог байж. 70 жил шахам өөр системээр явлаа гээд үүнийгээ буруутгаж л байдаг. Өнөөдөр хөгжингүй нийгэмд орчихлоо гээд л бүгд дэл сул явж л байдаг. Энэ бүхэн дотор харьцангуй байдлаар өөрсдөдөө дүгнэлт хийх цаг нь монголчуудад иржээ, Чингис хааныхаа талаар. Өнөөдөр Чингис хаан гээд зориод ирж байгаа гадны зочдодоо юу үзүүлэх гээд байгаа юм, юу харуулах гээд байгаа юм. Ямар жүжиг, ямар стиль байх юм. Ний нуугүй ярихад мэдэхгүй юм, Их хааны гэрэлт хөшөө Төрийн ордны өмнө нэг байна. Ерөнхийлөгчийн барьсан Цонжинболдогийн нэг хөшөө байна. Өөр юу байна.

Өнгөрсөн 30-аад жилийн дотор үнэхээр бид нар Чингис хаанаараа бүгд амьсгалсан бол өнөөдрийн амьдралыг хэд дахин нугалахаар хэмжээнд хүрэхээр боломж байсан уу гэвэл байсан. Яагаад өнөөдрийг хүртэл цөөхөн хэдэн монголчууд хоорондоо зууралдаад бие биенээсээ өрсч гарч чадахгүй, гарсан нэг нь бусдыгаа бодохгүй ийм нэг сонин байдалтай яваад байдгийн учрыг бид өөрсдөө олох ёстой байх л даа. Гэхдээ уран бүтээлчид яах вэ, үүн дээр уран бүтээлдээ янз бүрийн байдлаар илэрхийлж л байдаг. Нийт ард түмэн үүн дээр өөрсдийнхөө үзэл бодол, дуу хоолойгоо нэгтгэх цаг нь болчихсон юм болов уу.

-Таныг Чингисийн тухай кино хийх гэж байгааг дуулаад бас л муулж, шүүмжлээд эхэлнэ дээ. Тааралдсан нэгнээ дагаж сэнсэрч сайн ч бай, муу ч бай ямар ч зүйлд монголчууд байнга л шүүмжлэл хэлж, амнаасаа олигтой үг унагахаа байсан хүмүүс болжээ?

-Хаврын хамхуул гэсэн үг. Салхи хаашаа байна, тийшээ хийснэ.

-Энэ бүхэн эдгэх үү?

-2010-аад он хүртэлх хугацаанд хоёрын нийгмийн хоорондох шилжилтийн үед л ингэж байна гэж бодсон. Тэгж тэр бүхэнд тэссэн. Өнөөдөр тэрнээс хойш дахиад 10 жил болж байхад яг хэвээрээ. Гэхдээ цаагуураа улс хөгжиж байна. Хүмүүс боловсорч байна. Нийгэм арай л бас өмнөх амьдралуудаасаа дээрдэх нь дээрдэж байна. Гэвч шүүрэн шанага шиг байна. Тэр шанаган дээр тогтож байгаа нь хэдэн хувь бэ. Тогтохгүй доош унаж байгаа нь хэдэн хувь бэ. Улаанбаатар хотын захын хороолол болон хөдөө сумдын зарим багаар явахад бас л харамсалтай амьдрал харагдаж байна. Дэндүү юм уу даа гэмээр. Өөрөөсөө болж байгаа юм уу, арчаагүй юм уу, эсвэл тэр хүнд өөр амьдрах арга ухаан байхгүй юм уу гэмээр. Энэ бүхнийг тэгшитгэнэ гэвэл бас худлаа.

Гурван сая хүнд бүгдэд нь нэг нэг сая доллар өгөөд болчихдог ч юм биш. Харин нийгмийн сэтгэхүйг өөрчилж байж, хүмүүсийн дотоод сэтгэлийг нь Монголоо гэсэн чин сэтгэлтэй, хүмүүжилтэй болгохын тулд бүр багаас нь хүмүүжүүлэх жинхэнэ ардчилал дутагдаад байна шүү дээ. Би бүр юуг хэлэх гээд байна вэ гэвэл өнөөдөр “Монголын нууц товчоо” гэдэг зохиолоо хүүхдүүдийнхээ сэтгэхүйд таарахаар, ойлгогдохоор, үндэсний бичиг болчих гээд байгаа энэ кирилл үсгэн дээр нь дорвитойхон шинэчлээд тайлбарлаад сургуулиудын хөтөлбөрт багтаагаад төрийн албан хаагчдын шалгалтад нь оруулбал энэ хүмүүсийн ажиллах, амьдрах, цаашдаа бие биетэйгээ ярьж хөөрөх, хаа байгаа хязгаар нутгуудын хүмүүст хүрч үйлчлэх аргачлал нь өөр болно. Ингэхээр хүний дотор сэтгэлд нь өөрийн гэсэн үзэл бодол ургаад амьдрал нь тэрийг дагаад арай өөр болоод ирдэг. Ийм л юмыг бид өнөөдөр хийж өгөхгүй бол дээрээс нь мянган хууль батлаад, мянган тэтгэмж өгнө гэвэл би л лав олигтой юм болно гэхэд итгэл дүүрэн биш байна.

Үргэлжлэл бий

Categories
мэдээ цаг-үе

Б.Одмэргэн: Судалгаа минь ийм амжилттай болно гэж төсөөлөөгүй

Гэрэл зургийг Г.БАЗАРРАГЧАА

Зураач Б.Одмэргэний хоёр дахь үзэсгэлэн өнөөдөр 16 цагаас Урчуудын эвлэлийн байран дахь Бест арт галерейд нээлтээ хийнэ. Дөрөв хоног үргэлжлэх уг үзэсгэлэнгийн нэр нь Түүхийн бүдэг жимээр-Монголын нууц товчоон дахь байгалийн дүр зургууд ба газар усны судалгааны товч. Б.Одмэргэн бол Монголын шог зургийн мастер, урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Байдын хүү гэдгийг уран зураг сонирхогчид мэддэг билээ.


-Таны энэ удаагийн үзэсгэлэн түүхийн сэдвээр туурвигджээ. Тэр дундаа Монголын нууц товчоо-н дахь байгалийн дүр зураг, газар усыг дүрсэлсэн нь сонирхол татаж байна?

-Харин ч энэ удаагийн үзэсгэлэнгийн зорилго болон бүтээлүүд нь түүхийн сэдвээр туурвигдаж байгаа болохоор олон нийтийн сонирхлыг нэг их татахгүй байх хэмээн бодож байна. Учир нь ийм чиглэлийн уран бүтээл болон судалгаа нь одоо цагийн хэрэгцээг биш, ирээдүй цагийн үр ашгийн төлөө хийгддэг, нэг ёсондоо шоу хийж болдоггүй салбар юм. Хэн ч тоохгүй хэлбэр муутай, юу нь мэдэгдэхгүй үрнээс харсан хүн бүрийн сэтгэлийг сэргээх гоёмсог сарнай ургадаг. Бас халгай ч ургадаг. Гэхдээ та бүхэн юу тарьсныг минь ургахаар нь харахгүй юу гэж хэлэхийн оронд яагаад, ямар үр суулгачихав гэдгээ товчхон тайлбарлая. Ийм сэдвээр уран бүтээл туурвих хүсэлтэйг минь сонссон “Монголын нууц товчоо”-ны талаар судалсан, мэддэг, итгэсэн, өвчилсөн гээд олон эрхэм хүмүүс харамгүй зөвлөж, миний бие тэднийг ирээдүйн уран бүтээлд минь санаа тавьж байсанд сэтгэл ханамжтай байсан шүү. Зарим нь “Мэргээн, чи шалдан хүүхэн зурж байснаас наад сэдэв чинь ёстой зөв, одоо л зөв замдаа орлоо” гэж байсан бол нөгөө нь сэмхэн танхимын буланд дуудаж уулзаад “Чишш! чимээгүй, наад “Монголын нууц товчоо” чинь нууц юм шүү. Яагаад гэдгийг нь мэдэх үү. Хэнтийд гэвэл Говь-Алтайд, Говь-Алтайд гэвэл Хэнтийд гээд нуугаад сөөлжүүлээд биччихсэн юм. Бурхан Халдун Говь-Алтайд бий, Чингис хаан ч Говь-Алтайнх” гэж зөөлөн дуугаар зөвлөсөн. Зарим нэг нь хэрэг болгон холбогдож “За, би чамд нэгэн чухал юм хэлье. Хөвсгөлд “Монголын нууц товчоо”-ны бүх газар нутаг байна. Нэг залуу ном гаргаад Л.Түдэв гуай редакторлачихсан уншаарай” гэж ч анхааруулж байсан л даа. Зурагтын нэвтрүүлгээр эртний бортгон малгайтай, шар дээлтэй аниа хэвлэлийн бага хурал хийж, “Нууц товчооны бүх газар Увс аймагт байна. Чингис хаан Увсынх” гээд судалгаа хийн ном гаргаад, номын нээлтээ хийж байсан нь санаанд бас орсон. Ингээд эцэст нь С.Цогтбаяр ах минь “За Мэргээн, чи гүнзгий орж болохгүй, солиорчихов” хэмээн зөвлөсөн (Инээв). Энэ бүх хугацаанд эрхэм ах минь байн байн ирж, эргэж тойрч байсны хүчинд солиорчихолгүй эрүүл ухаанаа хадгалж үлдэв үү хэмээн бодож ахад талархаж байгаагаа танай сониноор дамжуулан илэрхийлж байна.

“Монголын нууц товчоо”-г уншиж үзээд С.Цогтбаяр ахын “Эрдэмтэн мэргэдээ л түшээрэй” гэсэн зөвлөгөөг даган профессор О.Сүхбаатар гуайтай уулзаж “Монголын нууц товчооны газар усны нэр” гэсэн номыг олж аваад “Бүгдийг нь тогтоочихсон бэлэн гарын авлагатай боллоо. Ажил ч бүтэж байна даа” гэж ихэд баярласан.

-Тэр ч мундаг том ном шүү?

-Уг номонд 150 гаруй газрыг судлан тогтоосон байсан. Харин “Монголын нууц товчоо”-ны үйл явдлуудтай харьцуулан уншихад зарим зөрүүтэй, ойлгомжгүй асуудлуудтай тулгарсан л даа.

-Ямар?

-“Хэнтийн нурууг ерөнхийд нь Бурхан Халдун гэдэг байсан. Хэнтийн нуруунд 13 Бурхан Халдун бий. Одооны Бурхан Халдун бол тахилга хийдэг Бурхан Халдун мөн. Тэмүүжингийн хоргодож байсан Бурхан Халдун нь Мөнгөнморьт хавьд бий” гэснийг уншаад чухам аль хэсгийг нь зурах вэ хэмээн толгой эргэсэн. Эхнээс нь Бурхан Халдун уулын талаар эртний газрын зураг болон одооны Бурхан Халдун хэмээгдэж буй Хэнтий хан уулын тухай судалгаа хийж 1904 оны хаант Оросын газрын зурган дээр Бурхан Халдун уулыг тэмдэглэж үлдээснийг олоод сэтгэл нэн баяссан. Ингээд Бурхан Халдун уулыг мөн хэмээн итгэж түүндээ суурилан судалгаагаа өргөжүүлж Бүрги эрэг, Түнхэлэг горхи, Химурга горхи, Айл харгана, Хараун жидун, Хар талын үзүүр, Цэгцэр, Хүйтэн хэмээх найман газрыг шинээр таамаг дэвшүүлэн газрын зураг, баримтаар баталгаажуулж судалгаа хийн, тус судалгаанд холбогдох газар усыг дүрслэх урлагийн бүтээл болгосноо хамтатгаад “Монголын нууц товчоон дахь байгалийн дүр зургууд ба газар усны судалгааны товч” хэмээх номыг бүтээж Монголын ард түмэндээ өргөн барьж байгаа минь энэ.

-Таны өмнөх үзэсгэлэн хэзээ гарлаа?

-Өнгөрсөн жил гарсан. “Аниргүйн дунд” гэдэг нэртэйгээр.

-Түүхийн сэдвээр ямар ч ажил хийхэд маш их судалгаа, шинжилгээ, цаг хугацаа шаарддаг?

-Ихэнх тохиолдолд түүхэн сэдвээр үзэсгэлэн гаргахдаа өнгөцхөн судлах нь түгээмэл. Миний хувьд бодитой чиглэлээр зурдаг учраас зурах гэж байгаа зүйл минь үнэн байх хэрэгтэй байдаг. Тэрийгээ би үнэн гэж үнэмшихийн тулд судалгаагаа хийгээд үнэн бол үнэн, худлаа бол худлаа гэдгийг тогтооно. Хэрвээ худлаа байвал зурж чаддаггүй. Хамгийн гол нь үнэмшсэн хойноо л зурна. Үнэмшихээр төсөөлөл бий болно. Тэр төсөөллөө зурдаг гэж ойлгож болно. Бурхан Халдун гэхэд л 13 Бурхан Халдун байсан. Бүрги эрэг нь Багануурын хойхно талд байдаг ч юмуу. Тэндээс Бурхан Халдун руу зугтсан гэхэд үнэхээр үнэмшилгүй болчихож байгаа байхгүй юу. Тэгэхээр надад үнэмшил төрөхгүй учраас сайн бүтээл төрөх ямар ч үндэс байхгүй болчихож байгаа юм. Өөртөө үнэмшилтэй болохын тулд судалгаа хийсэн. Гэхдээ миний энэ судалгаа ийм амжилттай болно гэдгийг үнэндээ төсөөлөө ч үгүй. Бурхан Халдуныг тэмдэглэсэн газрын зургийг олно ч гэж бодоогүй. Тэрхүү газрын зургаа олчихоод уг хайрхныг зурах итгэл үнэмшилтэй болсондоо баярлаж баяссан. Тэгээд Бурхан Халдуныгаа зурж байхдаа судалгаа минь улам гүнзгийрсээр энэ найман газрыг олчихно гэж ерөөсөө бодсонгүй.

-Манайхан Бурхан Халдун гэж нэг оргилыг л нэрлээд байдаг. Гэтэл таны судалснаар Бурхан Халдун чинь бүхэл бүтэн том цогцолбор юм байна шүү дээ?

-Тийм. Энэ нь өөрөө том уулын экосистем. Энэ экосистемийн онцлог нь юу вэ гэхээр Бурхан Халдун нь орчин цагийн зүг чигээр хойд талаасаа Онон гол эх аваад өмнө талаас нь Хэрлэн гол эх авдаг. Энд яагаад орчин цагийн зүг чиг гэж яриад байна вэ гэвэл эртний монголчуудын зүг чиг, орчин цагийн монголчуудын зүг чиг зөрүүтэй. Асар их зөрүүтэй.

Эрт үед монголчууд нар мандах зүгийг өмнө зүг, жаргах зүгийг хойд зүг гэж үздэг байсан. Тэгэхээр хаваржаандаа очоод гэрээ наран мандах зүг рүү харуулаад барьчихна. Зун бас нар мандах зүг рүү гэрээ харуулж барина. Яагаад вэ гэвэл нар бол үнэн зүйл учраас тэр рүү л харуулаад гэрээ барьчихна. Тэгээд л гэрийн баруун тал бол баруун зүг, зүүн тал бол зүүн зүг, нар жаргаж байгаа зүг хойд зүг гэдэг байсан. Зуны туйлд бол бүр зүүн хойд зүгт гэрээ харуулж барина. Өвөл нь зүүн урагшаа гэрээ харуулж барина. Тэр нь нүүдэлчдэдээ хамгийн зөв зүг чиг олох арга байсан. Оновчтой сонголт нь тэр. Түүнээс өөр сонголт байгаагүй. Тэр үед үүнээс илүү мэргэн санаа байна гэж байхгүй. Наран мандах зүгийг хараад л “Энэ чинь өмнө зүг” гэж ойлгоод зүг чиг алдаж, будилна гэж байхгүй.

-Та ийм үзэсгэлэн гаргахын тулд олон жилийн өмнөөс судалж, төлөвлөж байжээ?

-Тэгж ойлгож болно. Гэхдээ өнгөрсөн жилээс “Монголын нууц товчоо”-нд гарч байгаа газруудыг зуръя гэсэн санаа төрсөн. Сэдэвт зураг гэдэг нь томоохон төрөл. Одоо сэргэж байгаа гэж хэлэхэд болно. Хүмүүс зурах гэж оролддог болж. Тэр зургийн төрлийг ойлгоход хялбараар тайлбарлавал утга зохиолоор бол роман, хөгжмөөр симфони байхгүй юу. Уран зургийн энэ төрлөөр бүтээл туурвидаг хүмүүс цөөн болчихсон. Зурахад ч хэцүү, ер нь. “Монголын нууц товчоо”-нд гарч байгаа үйл явдал, монголчуудын үүх түүх чинь өөрөө эргээд хичнээн л бол хичнээн сэдэвт зураг зурахаар тийм өргөн утга санаа, түүхийг агуулчихсан гайхамшигтай. Гэтэл үүнийг дүрслэх урлагийн бүтээл болгох гэхээр тухайн зураач үнэмших хэрэгтэй болоод байдаг. Би дээр ярьсан шүү дээ. Түнхэлэг горхины судалгаа яаж явагдсан бэ гэхээр Добу мэргэн, Дува сохор хоёр Бурхан Халдун уулан дээр гарсан гэж “Монголын нууц товчоо”-нд гардаг. Бурхан Халдун маань тодорхой болчихсон болохоор уг хайрхан дээр гарч ирэхэд Түнхэлэг горхи хаашаа байна вэ гэдэг асуулт гарч ирсэн. Тэр хаана байна вэ гэдгээс өглөө юу, орой юу, гэрэл сүүдэр нь хаанаас вэ гэдэг нь шийдэгдэх ёстой байдаг.

-Та Бурхан Халдунд очиж олон удаагийн судалгаа хийж, явж аялсан байлгүй?

-Очилгүй яахав. Судалгаа хийсэн. 3000 гаруй км газар мориор, явганаар, машинаар явж судалгаа хийсэн. Бүрги эрэг дээр мориор явж очиж судалгаа хийсэн. Очихгүй л бол таамгаар хийх ямар ч боломжгүй. Бүрги эрэг, Түнхэлэг горхи, Химурга горхи, Айл харгана, Хараун жидун, Хар талын үзүүр, Цэгцэр, Хүйтэн гэсэн энэ тогтоосон найман газартаа бүгдэд нь очсон.

-Түүх болон газар зүйн чиглэлээр ажилладаг, судалгаа хийдэг олон хүнтэй уулзсан уу?

-О.Сүхбаатар гуайтай уулзаж ном авсан. “Монголын нууц товчоо”-г газар зүйн талаас нь судалж байгаа манай хамгийн том эрдэмтэн. Их дээр үеэс судалсан. Бүр Ж.Самбуу даргын үеэс л судалгаагаа хийж эхэлсэн юм билээ. Би тэр хүнээр маш их бахархаж байна. Мундаг хүн.

-Та энэ үзэсгэлэндээ хичнээн бүтээл дэлгэж байна вэ?

-19 бүтээл дэлгэгдэнэ.

-Үзэсгэлэнгийн хажуугаар судалгааны ном хүртэл гаргажээ?

-Судалгааны ном гаргаснаас гадна судалгааны товчийг нь ч хэвлүүлсэн. Маш товч хэлбэрээр гаргасан.

Categories
мэдээ цаг-үе

П.Нямдорж: Нил улаан туяа хүний бие организмд их хэрэгтэй

Монголын Ахмад эмч нарын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч, хүний их эмч П.Нямдоржтой ярилцлаа.


-Юуны өмнө та өөрийгөө товч танилцуулахгүй юу?

-Намайг Палчиндагвын Нямдорж гэдэг. 1970 онд Анагаахын ухааны дээд сургуульд элсэн орж 1976 онд хүний их эмч мэргэжлээр төгсөөд өөрийн төрсөн нутаг болох Ховд аймгийн нэгдсэн эмнэлэгт мэдрэлийн эмчээр ажлын гараагаа эхэлсэн. Нийтдээ сэтгэл мэдрэлийн мэргэжил олгох, дээшлүүлэх курс хийгээд 14 жил сэтгэл мэдрэлийн эмчээр ажилласан. Клинникийн профессор цолтой.

-Таныг Монголын ардын уламжлалт эмчилгээний талаар нэлээд судалсан гэж сонссон?

-Сэтгэл мэдрэлийн эмчээр ажиллаж байх хугацаандаа уг чиглэлээр ажиллана гэсэн бодолтой байсан юм. Гэвч сэтгэл мэдрэлийн диспансерт байхад миний анхны уламжлалт эмчилгээний багш Улсын нэгдүгээр төв эмнэлгийн физик эмчилгээний эмч Должин-Очирт дагалдан хийж хануур, самнуур сонирхож эхэлсэн. Хануур хийхэд тэр үед хаалттай шахуу сэдэв байлаа. Уламжлалт эмчилгээг хэрэглэж болохгүй, зөвхөн европ эмнэлгээр явах ёстой гэсэн социалист системийн тийм онцлог байв. Тиймээс Должин-Очир эмч маань хануурыг нууцаар хийдэг байлаа. Багшийг маань төрийн томчууд хар машинтай ирж авч явж эмчилгээ хийлгэж байхад би цуг дагалдан хийнэ. Ингэж явсаар сүүлдээ багш маань дайлуулаад сууж байхад би өвчтөнд хануурыг нь бие даан хийдэг боллоо. Дагалдан хийх явцдаа ардын уламжлалт эмчилгээ зүү, төөнүүр, монгол тан эм зүй зэргийг шинжлэх ухааны үндэстэй судлах ёстой юм байна гэдгийг ойлгоод 1989 онд Дэлхийн эрүүлийг хамгаалах байгууллагын шугамаар зүү төөнө заслын Олон улсын курс явагдахад элсэн орж профессор Бадарч, доктор, прфессор Б.Төмөрбаатар нарын анхны төгсөгч болсон юм.

-Та Польшид Монгол ардын уламжлалт эмчилгээг анх нэвтрүүлж байсан гэдэг. Энэ тухайгаа сонирхуулбал?

-Курсээ төгсөөд хувийн эмнэлэг байгуулан ажиллаж байлаа. Чех улсад хоршоологчдын холбооны нэг том удирдагчийн хүүхдийн тархи, толгой нь хөдөлсөн байна, та очиж үзэж өгөөч гэсэн санал ирдэг юм байна. Тэдний зардлаар Чех улсад очиж олон хүнд үзлэг эмчилгээ хийсэн юм. Польшийн Элчин сайдын яамны ажилтан Самбуу, Дэлгэрсүрэн нар “Польш улсын иргэд Монголын уламжлалт эмчилгээг их сонирхдог юм. Та тэнд очиж ажиллаач” гэсэн санал тавьж билээ. Польш улсад жил гаруй маш сайн ажиллаад Монголдоо ирээд зургаан жил болсны дараа буцаж Польш улсад очиж ажилласан. Нийтдээ Польш улсад 10 гаруй жил Монголын ардын уламжлалт эмчилгээг дэлгэрүүлэн ажилласан л даа. Ингэж Польш явах уламжлалт эмч нарын анхны замыг нээж байлаа. Одоо Польшийн хот болгонд монгол эмч ажиллаж байна.

-Монголын ахмад эмч нарын холбоо байгуулагдаад хэдэн жил болж байгаа юм бэ?

-Уг холбоо байгуулагдаад есөн жил болохдоо ямар ч үйл ажиллагаа явуулаагүй байсан юм билээ. Монголын ахмад эмч нар ахин нийлж идэвхтэй үйл ажиллагаа явуулж эхлээд гурван жил болж байна. Уг холбооны хүндэт ерөнхийлөгчөөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын эмч, гавьяат эмч, академич Н.Баасанжав ажиллаж байна. Одоогоор манай холбоонд хот, хөдөөгийн 600 гаруй ахмад эмч гишүүнчлэлтэй, идэвхтэй,үнэмлэхтэй дэмжиж ажиллаж байгаа. Манай холбооны зорилго бол насаараа хүний төлөө ажилласан асар их туршлагатай ахмад эмч нарын мэдлэгийг үнэлүүлэх, залуу эмч нартаа өвлүүлэн үлдээх, эрүүл мэндийн салбарт шинэ ямар дэвшил гарч байна, түүнийг нэвтрүүлэх, насаараа эмнэлгийн салбарт ажилласан ахмад эмч нарын нийгмийн асуудалд анхаарал хандуулахад оршдог. Насаараа эмнэлгийн байгууллагад ажилласан эмч нарыг дараалал харгалзахгүй эмнэлэгт үзүүлдэг болгосон. Ахмад эмч нар Итгэлт хамбын, Хамрын хийдийн аялал зэрэг олон аялал, амралт сувиллын үйл ажиллагааг манай холбоо зохион байгуулаад байна. Холбоо нь Эрүүлийг хамгаалах албанд 40 гаруй жил зүтгэсэн хэрнээ “Эмнэлгийн тэргүүн ажилтан” цол тэмдгээ аваагүй, II эмнэлгээр үйлчлүүлж чадаагүй дөрвөн хүнд шагналыг олгуулж, эрхийг эдлүүлэх арга хэмжээ авсан. Мөн тус холбооны гишүүн ахмад эмч нарыг аль ч эмнэлэгт дараалал харгалзахгүй үзүүлдэг үнэмлэх олгуулж, ард түмнийхээ төлөө гэж тангаргаа өргөж, ар гэр, нойр хоол, баяр хөөр, аз жаргалаа умартаж явсан эмч нараа бид “Хүний төлөө” одонгоор шагнаж урамшуулж байна.

Хүний төлөө цаг наргүй зүтгэж явсан ахмад эмч нар минь эрүүл энх байж урт наслаарай гэж ерөөе. Манай ахмад эмч нар манай холбоог маш их дэмждэг. Холбоон дээрээ байнга ирж холбоотой байдаг. Ахмад эмч нартаа хэлэхэд, манай холбоонд ирж нэгдээрэй гэж уриалж байна.

-Японы алдарт зохион бүтээгч Сайтотай танилцаж, гэрлийн квантын төхөөрөмжийг нь сонирхсон гэсэн?

-Х.Сайто гуайн уг төхөөрөмжийн тухай ярилцлага сонин дээр гарсан байсан нь миний сонирхлыг их татсан. Тиймээс энэ хүнтэй хэд хэдэн удаа очиж уулзаж, уг төхөөрөмжийн нууц, шинжлэх ухааны энэхүү гайхамшгийг судалж мэдээд холбооныхоо шугамаар оруулж ирсэн. Энэ аппарат нь эд эсийн цөмийн түвшинд үйлчилж, залуу эд эсийг дэмжиж, нарнаас авдаг D витамин зэргийг өөрөөсөө гаргадаг. Нил улаан туяа бол хүнд маш их хэрэгтэй. Энэ төхөөрөмжид ямар ч хортой үр уршиг байхгүй. Хүний цусны эргэлт 45 минутад бүтэн эргэж дуусдаг. Тэр хугацаанд энэ аппаратаар шарахад болно. Японд ямар ч эмчилгээгүй болсон гэгдэж байсан 300 гаруй хүнийг уг аппаратны тусламжтайгаар эмчилсэн байдаг. Энэ туяагаар эмчлүүлсэн ахмад эмч нарын даралт буурч тогтворжиж, үе мөчний өвчтэй хүмүүсийн гар хөл, төрөл бүрийн харшил эдгэх үе шатанд орж байгаа. Ховдын Үенч сумаас ирсэн 59 настай эмэгтэй элэгний өвчний хүндрэлээс бараг хэвтэрт орсон хүн арав гаруй өдөр шарлаганд яваад одоо өөрөө бие даан шарлаганд ирж очдог болж илааршиж байгаа. Хүүхдийн эмчээр ажиллаж байсан 79 настай эмэгтэй ходоодны өвчний улмаас хоол идэхгүй байсан бол энэ эмчилгээнд яваад хоолонд орж жин нь хоёр кг-аар нэмэгдсэн зэрэг энэ төхөөрөмжөөр шарахад маш сайн үр дүн өгч байгаа. Хүнд асар хэрэгтэй LQE mas­ter бүтээсэн Японы зохион бүтээгч Х.Сайто удахгүй Нобелийн шагнал хүртэх нь дамжиггүй байх аа.

-Хүүхдүүдээс тань мэргэжлийг тань өвлөсөн үү?

-Гэр бүлийн хүн маань насаараа Технологийн дээд сургуульд багшаар ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан. Хүү маань Польш улсад аялал жуучлалын мэргэжлээр магистрын зэрэгтэй төгссөн, одоо хувиараа бизнес эрхэлдэг. Том охин маань харин миний мэргэжлийг өвлөж шүдний эмч болсон. Докторын зэрэгтэй. АШУҮИС-ийн Нүүр ам судлалын сургуульд багшилж байгаа.


Categories
мэдээ цаг-үе

Ардын жүжигчин Б.Зангад: Хүн ханиа олж авна гэдэг их хэцүү дээ

Түрүүч нь №162(6005) дугаарт

Гэрэл зургийг Г.БАЗАРРАГЧАА

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Б.Зангадтай ярилцлаа.


-Ноён нуруутай, нэг л замаар тууштай явахад хэцүү юу?

-Хүн чанар гэдэг аугаа чанар юм даа, базарваань минь. Ямар ч үед ноён нуруугаа алдахгүй байна гэдэг аугаа. Заримдаа хугараагүй ноён нуруу гэж ярих юм байна шүү дээ. Тэгж хэлүүлж байгаа хүн их ноён нуруутай, хаана ч аливааг зохицуулаад гэгээлэг замаар яваад байдаг гэдэг сайхан юм даа. Түүнээс биш хоёр талд шарваад энд тэнд очиж сайн царайлаад байх нь ноён нуруу биш. Хүн чанарын талаар бид хөгшин, залуугүй бүгд цаг ямагт бодож явах хэрэгтэй байгаа юм. Юм болгонд л хүн өтөлсөн хойноо л ухаантай байдаг юм гэж сэтгэж бас болохгүй. Аль залуугаараа сэтгэл, оюуны асар их тэнхээтэй хүмүүс байна шүү дээ. Харин тэдэнтэй оюунаа уралдуулж л харилцан бие биенээсээ суралцаж л байх хэрэгтэй. За энэ ная гарчихсан хөгшин л ноён нуруутай үг хэлнэ дээ гэж ойлгоод байдаг нь өрөөсгөл. Сайхан ноён нуруутай залуу үеийнхэн байна. Юмыг ухааруулж сэтгэж бодож чаддаг. Хийж чаддаг, ярьж чаддаг, хүнд ойлгуулж чаддаг. Улс орноо хөгжүүлье, улс орноо аваад явъя гээд болохгүй байгаа юмнуудыг хөндлөнгөөс нь хараад ухаан суучихсан, хөндлөнгийн ухаалаг залуус ч бас байна. Харин би нэг юмтай санал нэгддэггүй. Ажилгүй хүн их байна, ажилгүйчүүдийн тоо нэмэгдээд байна гээд байдаг. Манайд ажилгүй хүн байх ямар ч үндэслэл байхгүй. Ажил бол манайд бий. Харин манайхан ажилдаа өөрсдөө тэнцэхгүй байна. Мэргэжилдээ тэнцэхгүй. Тэгээд л ажилгүйчүүдийн арми гэж яриад байдаг болохоос биш, ажил голохгүй бол манайд ажил шиг их юм алга. Хаана ч ажил байна.

-Хань ижил, найз нөхөд гээд ойр тойрны хүмүүсийн жинхэнэ чанар зовлон тохиоход л танигддаг. Түүнээс биш жирийн үед хүнийг танихад бэрх бололтой. Тийм үү?

-Хүн ханиа олж авна гэдэг их хэцүү дээ. Сонголт хийнэ гэдэг царайны сайхныг биш, сэтгэлийн сайхныг олж авч чадсан нь жаргадаг. Царайны сайхнаар цай сүлэхгүй. Дээр үеийнхэн үр хүүхдээ сайн хүнтэй ханилуулах, сайн хүнийг босго алхуулахдаа их судалдаг байж. Одоогийн залуус долоо хоноод л сууж байна ч гэх шиг. Танилцаад долоо хоноод суугаад дахиад долоо хоногийн дараа хуримаа хийж байна ч гэх шиг. Энэ бол шохоорхол л байх даа. Жинхэнэ ханийг олоход хэцүү шүү. Ханилж байж л ханиа танина. Бие биедээ үнэнч, тэр олон жилийн амьдралыг туулж өнгөрөөсөн 70, 80 жилийн амьдралыг харахад их л аугаа харагддаг юм даа. Тэр амьдралд тэр хоёр дандаа жаргаж байгаагүй шүү дээ. Зовж байсан, ядарч байсан, зүдэрч байсан, юмаар дутаж байсан, дандаа хангалуун сэхүүн амьдарч байгаагүй шүү дээ. Хоолгүй хонож байсан удаа ч бий. Хэдэн хүүхдээ хооллохын тулд өөрсдөө хоол дутуу идэж, дутуу нойртой явж ирсэн байж таараа. Олон хүүхэдтэй айлын амьдралыг харахад ээж нь тогоондоо хоол хийлээ, сорыг нь хөгшиндөө хийж өгөөд үлдсэнийг нь хүүхдүүддээ хуваагаад хамгийн сүүлд шавхрууг нь ээж иддэг юм. Тийм ээ.

-Тэгдэг.

-Тэгэхээр өрөвдмөөр байгаа биз. Шавхруу идчихээд “Ээж нь цадлаа” гэдэг. Үнэндээ тэр ээж хоол идэж чадаагүй байдаг. Идээгүй байгаа. Үнэрт нь л цадаж байгаа биз, тэр. Өөр юу идэх юм. Тэгэхээр хань гэдэг хүний нэг насанд олдох заяаны түшиг тулгуур, багана.

-Тэвчээртэй, тэвчсэн хүн ханьтай үлддэг гэж хүмүүс ярих юм. Хүнтэй амьдрахын тулд тэр их зүйлийг заавал тэвчих ёстой юу. Одоо бол тэвчиж өөрийгөө дарлуулснаас салсан нь дээр гэдэг үгийг их хэлдэг болцгоожээ?

-Бас бодох л үг. Бие биенээ өөлөөд байвал өө гарна шүү дээ. Аль нэг дутагдал байгаа, тэрийг нь тэвчиж өнгөрөөх хэрэгтэй. Сэтгэлийн тэнхээ, тэвчээртэй, дуугарах юман дээрээ дуугардаг. Дуугарахгүй юмаа сэтгэлдээ тээж хадгалж чаддаг байх ёстой. Сэтгэлийн тэнхээтэй л байх хэрэгтэй, хүн. Сэтгэлийн тэнхээтэй хүн аз жаргалтай амьдарч чадна. Хүнд хэлэх үг гэж байна, хэлэхгүй үг ч гэж байна. Хүний хэлсэн болгоныг хүнд дамжуулдаг тоть шиг байж болохгүй. Хүний муу хэлсэн үгийг тэр хүнд нь хэлж болохгүй. Чамайг тэр муулаад байна лээ гэж ирж хэлж байгаа хүн муу хүн. Дайсан чинь чиний хажууд л амьдарна шүү дээ. Дайсан өөрсөд дотроос минь л гардаг. Хамгийн ойрын хүмүүс дунд л дайснууд байдаг.

Одооны залуусыг хараад байхад эхнэр, нөхөр хоёр бие биетэйгээ их барьцана. Энэ хийгээгүй байхад би юу гэж хийх юм, адилхан л хийнэ ээ хө гэх. Хүнд босоод нэг аяга цай аягалаад өгсөнөөрөө тэр хүн боол болж байгаа юм биш шүү дээ. Гэрийн эзнээ ороод ирэхээр нь гадуур хувцсыг тайлж аваад өлгүүрт өлгөж, хүрч ирэхээр нь сандал дээр суулгачихаад нэг цай хийгээд өгөхөд тэр айлын зарц, боол болчихгүй. Гаднаас орж ирээд пиджакаа өлгүүлээд цайг нь аваад ууж байгаа гэрийн эзэн “Энэ надад ингэж үйлчлэх ёстой” гэдэг сэтгэхүйтэй байж бас болохгүй.

-Олон түмний хайр хүндэтгэлийг хүлээгээд нэрд гарсны дараа насны эцэст тэтгэвэрт сууна. Тэр үед буюу нэрд гарсны дараахь амьдрал яг ямар байдаг вэ. Мандсаны дараа буулт гэж нэг юм бий?

-Хүнийг сайн явахад ах дүү, төрөл садан, найз нөхөд их байна. Хүнийг сайн явахад нөхөр олон ч муу явахад ховорддог. Алга болчихдог. Сайн нэрийг олж авахын тулд бүх юм өөрөөс нь л шалтгаална. Түүнээс биш хөндлөнгийн ямар нэгэн юм юу ч болдоггүй юм. Дандаа л хуушуур, банш, бууз идээд л, 48-ын чихэр идээд л хэвтээд байснаараа дэвжихгүй. Хүн хөдөлмөрлөж, ухаанаа зарснаар дэвжинэ. Ааш зан нь адасга шиг байвал хүн ойртохгүй. Их авьяастай хүмүүс ааштай байдаг гэж ярьдаг. Би тэр үгтэй ёстой санал нийлдэггүй. Хүн хүний төрөлхийн араншин л байх. Түүнээс биш их авьяастан ааштай байдаг гэдгийг би дотроо хүлээн зөвшөөрдөггүй юм. Тэр хүний угийн, төрөхийн л төрх нь л байхгүй юу даа. Түүнээс биш их авьяас нь багтахаа байж сагасандаа тэгж муухай аашлаад байдаг юм биш. Их авьяастай хэрнээ даруу зантай хүн гэвэл алийг тэр гэхэв дээ. Л.Мөрдорж гуай яг тийм хүн байсан шүү дээ. Асар их авьяастай, байгалиас заяасан авьяастай. Хэнтэй ч хамаагүй сайхан харьцаж найзалж нөхөрлөнө. Төмөр замд оччихсон тэнд байдаг нөхөдтэй наргиад л сууж байдаг. Нөгөөдүүл нь түүнийг алдартай хүн гэж таних ч үгүй. Өөрөө дарга цэрэг гэж дээшээ доошоо гүйгээд байхгүй. Дуугүй л байна. Уран бүтээл хийсэн ч чимээгүй. Хөөе би ийм нэг юм хийчихлээ, алив дуул гэхгүй. Өөрийн эрхгүй тийм их авьяастай хүнийг чинь хүмүүс дагадаг байхгүй юу. Та ямар дуу хийв. Таны тэр дууг дуулмаар байна гэвэл тэр дуугаа хэнд ч хамаагүй шууд өгчихдөг. Өөрийнхөө дууг барьж аваад “Энийг нэг дуулаад өгөөч” гэж хүн хайгаад байхгүй. Байгаа, байхгүй хоёр нь мэдэгдэхгүй хэрнээ асар их авьяастай. Тийм улсууд байдаг. Түүнээс биш их авьяасыг дагаж муухай ааш байдаг гэж бодож болохгүй. Их авьяастнуудыг өөр араншинтай, огцом ааштай байдаг гэж ярьж болохгүй. Тэр бол шал худлаа. Хүн хүнээрээ л явдаг байлаа шүү дээ.

-Хүнд урам өгч чаддаг, туулж буй зовлонг нь өөрийнх юм шиг мэдрээд цагийг нь, цэгийг нь олж сэхээрэл өгч чаддаг сайхан хүмүүс бас байна аа, байна?

-Хүн бүхний түлхүүр өөр өөр байдаг байхгүй юу. Хүний цоожийг онгойлгоод сэтгэлд нь нэвтэрнэ гэдэг чинь эрдэнэсийн сан нээж байгаа гэсэн үг л дээ. Шинжлэх ухаанд нээлт хийлээ л гэсэн үг. Хүний сэтгэлийг онгойлгоно гэдэг том зүйл. Сэтгэлийг нь нээсэн хүнийхээ хаашаа яаж гишгэхийг нь хүртэл мэддэг болчихдог.

Үүний нөгөө талд бодож санаж байгаагүй дотны улсууд л хүнийг цохилтод оруулдаг. Итгэл даадаггүй тийм улсууд л санаандгүй хэцүү байдалд оруулдаг. Хүний амьдралд тийм зүйл тохиолдоно шүү дээ. Итгэж хэлсэн зүйлийг нөгөө хүнд буруугаар ойлгуулдаг ч юм уу. Итгэл өгөөд байхад итгэл даадаггүй улсууд байдаг.

-Урлагийн амьдралаа архинаас болж алдсан олон хүн бий. “Хүмүүс дайлж цайлсаар байгаад архинд оруулчихсан юм” гэж бусад руу бурууг нь чихдэг. Архинд орох уу, үгүй юу гэдэг чинь эцэстээ тухайн хүнээсээ л хамаарна биз дээ. Тэр их дайллага цайллага, архидалтаас сугарч гарч ирнэ гэдэг бас том ухаан байлгүй?

-Би чинь залуу байлаа шүү дээ. Хорин хэдэн насандаа ид дуулж явлаа. 20, 21 настай. “Галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй” гэдэг шиг л би ард түмний нижигнэсэн алга ташилт, их хайрын дор явсан. Гараад ирэхэд машаан нь бэлэн. Машаанд суулгаад л аваад явна. Цэнхэр шилтэй архи бэлэн л байлаа ш дээ. Би тэр архинаас уугаагүй ш дээ. Би угаасаа амьдралдаа архи уугаагүй. Тоглолт тарахтай зэрэг л “Манайхаар нэг ороод гараарай” гэнэ. Ороход идээ будаа, хоол унд, мах шөл, архи дарс дэлгээтэй. Тэр айлын хамгийн хүндтэй суудалд сууна. Архи хундагалаад өгөхтэй зэрэг нь баярлалаа гэж хэлээд л уруулаа хүргээд тавина. Ууна иднэ гэдэг чинь хүнээсээ л шалтгаална ш дээ. Өөрөөс нь л шалтгаална. Түүнээс биш уухгүй гэвэл хүний ам руу цутгадаггүй юм шүү. Гагцхүү ухаан зарж тэдэнд ойлгуулах л хэрэгтэй байдаг юм. “Би архи уухаар хоолой минь алга болчихдог юм аа”, “Нарийн хоолой гэдэг чинь бүр хэцүү байдаг юм шүү дээ” гээд л энгийн үедээ сайхан яриад ойлгуулчих. Архи ууж байгаа үед нь ууж байгаа юм шиг хажууд нь сууж тэвчиж чаддаг байх хэрэгтэй. Өөрөө уухгүй мөртлөө тэднийг ууж байхад нь архийг нь аягалж өгдөг ч юм уу, сайхан үг хэлээд баярлуулж ганц нэг дуу аялж өгдөг ч юм уу. “Уухгүй” гэж уур амьсгалыг нь эвдэхгүйгээс гадна нөгөө улсууд чинь эргээд яах юм билээ. Хэрүүл шуугиан, зодоон цохион элдэв юм болно. Ер нь амьдрал дээр ч бай, ажил дээр ч бай “Би нийгмийн дунд явж байгаа. Би уран бүтээлч хүн. Би архи ууж агсам согтуу тавьж нийгмийг бусниулбал Монголын урлагийн нэр хүнд алдагдаж үгүй болно. Монголын урлагийнхан л гэж ярина уу гэхээс биш, Зангад гэж ярихгүй” гэж боддог. Би угаасаа, залуугаасаа архи уугаагүй. Ууж сураагүй. Архи уудаггүй хүн нөхөд цөөтэй болчихдог юм (Инээв). Нөхдөөсөө би хөндийрч байгаа юм байна шүү гээд эргээд ууж болохгүй. Найз нь архи уухгүй болохоор нөхөд нь хэсэг хугацааны дараа тэрийг нь мэдрээд эргээд ойртоод ирдэг юм. Тэр болтол ухааруулах хэрэгтэй. Ямарваа юмыг дандаа гэгээлэг, өнгөлөг талаас нь харах хэрэгтэй. Энэ архичин юм ш дээ, энэ ийм тийм гэж буруу бүхнийг нь хараад байж болохгүй. Тэгэхийнхээ оронд дандаа магт. Тэгж тэр хүнд урам хайрлавал тэр урмын хариу нь чамд дороо хүрч ирдэг. Эргэж урмаар орж ирдэг юм.