Categories
мэдээ цаг-үе

Б.Эрдэнэбаяр: Пянзыг маш анхааралтай төвлөрч сонсох ёстой

Хэдхэн хоногийн өмнө нээлтээ хийсэн “World music” галерейн захирал Б.Эрдэнэбаяртай ярилцлаа. Тус галерей нь Монголд анх удаа дэлхийн дуу хөгжмийн түүх болоод өв соёлыг дэлгэрүүлэх, шүтэн бишрэгч, цуглуулагч болон хүүхэд залуучуудын оюуны боловсролд хувь нэмэр оруулах зорилгоор байгуулагджээ.


-Танайд зарах пянз байгаа юу?

-Одоогоор зарах пянз байхгүй.

-Шилэн хоргонд буй Монголын анхны пянзнууд нүдэнд тусч байна шүү?

-1933 онд цогцоороо 10 пянз гарсан юм.

-Арвуулаа байгаа юу?

-Арвуулаа байгаа.

-Пянзны музей, галерей байгуулна гэхээр яалт ч үгүй нөр их хөдөлмөр, олон жилийн эрэл хайгуул, асар их зүтгэл, сэтгэл орсон ажил байх нь дамжиггүй?

-Манай галерейн үзмэр хоёр хүний цуглуулгаас бүрдсэн байхгүй юу.

-Хэн, хэн бэ?

-Д.Батбилэг гэж Орхон аймгийн зураач, цуглуулагч хүн. Тэр хүн Англид арав гаруй жил амьдрах хугацаандаа энд байгаа гадаадын пянзнуудыг бүгдийг нь цуглуулж ирсэн. Гадаадын пянзыг цуглуулахдаа захын нэг дэлгүүрт ороод дурын нэг пянзаа аваад байгаагүй. Тухайн үедээ хит болж байсан хамтлагуудын Чартад хамгийн олон хоног тэргүүлсэн бэст пянзных нь серийн дугаараар нь хөөгөөд эх хувийг нь хайсан байгаа юм.

-Энэ галерейн пянзнууд тэгээд тэр чигээрээ эх хувь нь байх нь ээ?

-Дандаа эх хувь нь. 1963, 1990, 1987 оны хэвлэлт гэвэл яг тэр оны хэвлэлтээрээ. Тэр оргиналь хувиудыг хуучны зах, дэлгүүрүүд болон хуучин эд юмсын худалдаа энд тэнд гэнэт зарлагдахад тэнд нь очиж эрж хайж олж авсан үзмэрүүд юм.

-Нөгөө хүн нь хэн билээ?

-Цуглуулагч С.Түвдэндорж гэж хүн бий. Тэр хүн Монгол талын пянзнуудыг цуглуулсан. Бас арван хэдэн жилийн турш цуглуулсан пянзнууд нь. Цуглуулгаа арвижуулахын тулд айл, албан байгууллага гээд яваагүй, очоогүй газар байхгүй. 1933 оны пянзыг цуглуулахын тулд Орос руу явж нэг, хоёрхон ширхэгийг олж ирсэн юм билээ.

-Ганцхан пянзны төлөө шүү дээ, тийм ээ?

-Тийм. Тэгж явсан гэсэн.

-Тэгвэл хамгийн их эрэл хайгуул болж, ихээхэн цаг хугацаа зарцуулж олсон пянз гэвэл?

-Бүх пянзыг олоход хэцүү. 1934 оны найман пянз, 1933 оны арван пянз бий. Эд нар чинь бүгдээрээ байж байж маш их үнэтэй болно. 1933 оны пянз энд тэнд хүмүүст ганц нэгээр л байдаг. Түүнээс биш ингэж бөөнөөр нь цуглуулсан нь үгүй. Ингэж цуглуулна гэдэг боломжгүй л юм билээ.

-Пянз яг ямар гайхамшигтай болоод хүмүүс ингэж цаг зав, эд хөрөнгөө зарцуулан байж цуглуулаад байдаг юм бэ. Дуугаралтад нь хамаг нууц нь байна уу. Шалтгаан нь?

-Дижитал болоод аналог дуугаралтад ялгаа гэж байна л даа. Дижитал дуугаралт бол хуурцаг буюу кассетаар эхэлсэн. Дараа нь компакт диск, MP3 гарч ирсэн. Пянзыг бидний үеийнхэн бол шидэж тоглож, дугуйгаа чимэглэдэг байсан шүү дээ. Бидний үеэс л пянзны соёл тасарчихсан байхгүй юу. Яагаад вэ гэвэл манайх хамгийн сүүлд 1984 онд пянз хэвлэсэн юм билээ. Дараа нь Төрийн соёрхолт Б.Шарав гуайн II симфони Орост 1988 онд бичигдсэн. Тэр пянз нь манай галерейд байна (Уг пянзыг заав.сурв). Хамгийн сүүлд энэ пянз Монголд орж ирээд үүнээс хойш манай пянзны хөгжил зогсчихсон юм. Кассет ч хүч түрээд ороод ирсэн л дээ. Дижитал дуугаралтыг бид их сонсч байна. Цэвэр сонсогддог, чихэвчээр дуу сонсоцгоодог. Дижитал гэдэг чинь цифр. Бид цифр сонсоод яваад байдгаа мэддэггүй юм байна. Пянз гэдэг юм чинь дижиталыг бодвол байгаа бүх шумыг тэр чигээр нь, байгаагаар нь буулгаж авдаг.

-Ардын жүжигчин Д.Ичинхорлоогийн пянзанд бичүүлсэн “Гоолингоо” дууг хүмүүс санаж байгаа байх.

…Зүүдээ нойрны минь дотроосоо

Зүрхний минь Гоолингоо нь ээ

Үзэгдээд л байх юм аа гэж эхэлдэг шүү дээ. Дуулж байхад дэргэдэх хүмүүсийн яриа, элдэв шум шуугьж орж ирдэг?

-Дижитал гэдэг юм чинь өөрөө компьютер гэсэн үг шүү дээ. Тийм болохоор амьд хүний хоолойноос гарч байгаа давтамж, хэлбэлзэл, шилжилтүүдийг бүтэн бичиж авч чаддаггүй юм байна л даа. Яагаад вэ гэвэл компьютер шүү дээ. Тэгээд алдаатай бичээд байдаг. Өөрөөр хэлбэл мэдээлэл алдагдаад байна гэсэн үг. Тэгж алдагдаад байгааг бидний чих ч мэдэхгүй. Гэтэл пянз тэр чигт нь буулгаж авдаг учир сонсохоор илүү баялаг, дуучны дуу хоолойг цэвэр сонсоод байдаг юм. Тэгээд л хүмүүс пянзыг тухайн дуучин хүнтэй нь холбож өгдөг гэж яриад байдаг нь тэр юм. Хүмүүс яагаад пянзыг эргэн сонирхох болов гэхээр бид сүүлийн хорь гаруй жил сошиал гэж их явлаа. Одоо олон юм буцаж эргэж байна. Органик бүтээгдэхүүн хэрэглэх болж хүн бүр йогоор хичээллэж зөв амьдрах гээд л тэмүүлэх болж байна. Үүний нэг давалгаа нь амьд хөгжим, пянз сонсох гэсэн тэмүүлэл яваад байгаа юм.

-Ийм галерей нээгдсэнийг дуулаад холоос зорьж ирж байгаа хүн байна уу?

-Нэг хүн ирсэн. Тэр хүнээс “Манай галерейн мэдээллийг хаанаас авав” гэтэл “Дархан хотоос ирлээ” гэж байгаа байхгүй юу. Нээлтэд оролцох гээд зориод ирсэн байсан. Манайх нээлтээ хийгээд хоёр л хонож байна.

-Үзмэрүүдийнхээ тоог ойролцоогоор хэлж болох уу?

-Нийт үзмэрийн сан гэвэл зөвхөн пянзаар ярихад 3000 байна. Гэхдээ энд дэлгэн тавьчихсан байгаа үзмэрүүд нийт үзмэрийн 40 хувь нь. Д.Батбилэг, С.Түвдэндорж гэж хоёр хүний цуглуулгыг аваад миний бие хоёр найзтайгаа хамтраад энэ галерейг бий болгоод ажиллуулж байна. Цуглуулагч цуглуулгаа гэртээ л хадгалдаг. Өөрөө хардаг. Найзуудаа дуудаж ирж хамт сонсоно. Үхмэл хөрөнгө шиг л байдаг. Харин тэр бүгдийг дэлгээд галерей болгох ёстой.

-Пянз худалдаж аваад сонсохоос урьтаж пянзны соёлоос суралцсан байх ёстой болов уу. Бие даасан том соёл биз дээ?

-Пянз гэдэг чинь зүгээр нэг юм руу шургуулчихдаг эд биш. Хүн өөрөө хүрдэг, дуугаа өөрөө тавьдаг. Энэ болгоноос хүн өөрөө таашаал, мэдрэмж авдаг. Сонсохдоо маш анхааралтай төвлөрч сонсох ёстой. Энэ бүхнийг залуучууд ойлгох хэрэгтэй. Нэг үеэ бодвол пянзыг залуучууд сонирхдог болоод ирж байна. Тийм болохоор пянзны дэлгүүрүүд ч шинээр нээгдээд, лоунж хүртэл байх жишээний. Зөвхөн пянзны ая тавьдаг жааз кафе ч нээгдчихсэн байна. Соёлын гавьяат зүтгэлтэн, шог зураач С.Цогтбаяр ах биднийг их дэмжиж, сошиалаар ихэд уриалж байна. Энэ галерейн гадаадын пянзнуудыг цуглуулсан Д.Батбилэг гэдэг хүн чинь миний аав л даа. Аав минь 2012 онд Монголд ирсэн юм. Ирсэн даруйдаа Соёлын төв өргөөний галерейд том үзэсгэлэн гаргасан. Тэр үед 800 гаруй метр квадрат талбайг бид битүү пянзаар дүүргэж байсан юм. Энэ нь тухайн үед пянз гэдэг юмны тухай байхгүй болчихсон байсан ойлголтыг цочоосон гэж хэлж болно. Тэр үеэс л С.Цогтбаяр ах аавтай уулзаад ерөөсөө пянзны соёлыг сэргээе гэж ярилцсан. Энэ бүхэн ерөөсөө тэндээс л эхлэлтэй юм. Танд пянз сонсгоё, “Хэнтийн өндөр ууланд”(Пянз тоглуулав.сурв).

-Танай галерейд зочлохыг хүсч байгаа хүмүүст хаягаа зааж өгвөл?

-МУБИС-иас урагшаа явдаг Буянгийн зам гэж бий, хүмүүсийн мэддэгээр. Энэ замын доод үзүүрт байрлах “Юнион бюлдинг” оффисын Б блокийн тавдугаар давхарт манай галерей бий. Бидэнтэй 94202419, 95001612 гэсэн хоёр утсаар холбогдож болно.


Categories
булангууд мэдээ нийгэм нэг-ангийнхан

“Жирийн” гэх тодотголтой ч жирийн байгаагүй манай ангийнхан

Жирийн гэх тодотголтой 10-ын “З“ ангийн хөвгүүд

Төв аймгийн хэмжээнд арван жилийн сургуультай сум цөөн байдаг учир сумдаас наймдугаар анги төгссөн хүүхдүүд аймгийн төвд шилжин ирж суралцдаг. 2001 онд Төв аймгийн “Хүмүүн” цогцолбор сургуулийн есдүгээр ангид өмнөх жилүүдтэй харьцуулбал сумдаас олон тооны элсэгч хүлээн авч есийн Агаас Ж хүртэлх бүлэгт сурагчдыг математик, түүх, хими гээд цаашид сонирхон судлах хичээлийнх нь дагуу анги ангид нь шалгалт аваад оруулчихлаа. Ядаж байхад манай аймгийн олон сумтайг хэлэх үү. Тэгтэл ямар нэгэн гүнзгийрүүлсэн сургалттай ангид орох гэж шалгалт өгөөгүй хэдэн нөхөд үлдчихсэн байлаа. Багш нар, сургуулийн захиргаа ч гайхаж “Энэ ямар хүүхдүүд шалгалт өгөхгүй үлдчихэв ээ. Анги даасан багш нь гэж хэн байна аа” гээд бөөн юм болж өнөө хэдэн сурагчийг Урлагийн зааланд цуглуулбал 40-үүлээ. “Одоо эднийг яана. Ямар нэгэн байдлаар Агаас Ж бүлэгт хуваагаад ч болтугай оруулах хэрэгтэй” гэсэн яриа гарлаа. Өнөө 40 сурагч Урлагийн зааланд чимээгүй л суугаастай. Эхний нэг, хоёр өдөр тэгэсхийгээд өнгөрөв. Дараагийн өдөр нь өнөө хэдэн сурагчийг бөөгнүүлээд нэг анги болгоё гэж сургуулийн захиргаа шийдсэн бололтой есийн “З” гэдэг бүлэг шинээр үүсгээд багшаар нь Угтаалцайдамаас ирсэн Б.Цэвэгмид гэдэг багшийг тавьчихаж. За ингээд ямар ч байсан “З” гэдэг пайзтай, ангийн багштай болоодохтол өөрийн гэсэн анги танхим байдаггүй. Урлагийн заал, Биеийн тамирын заал, сургуулийн хонгил, хувцасны өлгүүр хавьцаа дахин ганц хоёр өдөр хичээллэх маягтай болж байтал сургуулийн захиргаа манай ангид Бялдаржуулах танхимыг суллаж өглөө дөө. Сургууль даяар яриа гарав. Нөгөө ямар ч сонгоны ангид орж чадаагүй, хөдөө сумдаас голдуу ирсэн сурагчидтай адгийн “З” анги чинь явж явж сургуулийн хамгийн гоё ангид орчихлоо гээд л. Бялдаржуулах өрөө гэхээр дасгал хөдөлгөөн хийдэг, саруулхан гэж жигтэйхэн. Гэрлийн бүрхүүл нь гоёмсог. Хойд хана нь тэр чигээрээ угалз, хээ хуар болсон жаазтай томоос том тольтой. Шал нь шив шинэ хулдаастай. Ширээ сандал нь ч шинэ. Хичээл заах гэж орж ирсэн багш нар “Та нар чинь харин анги ч үгүй, багш ч үгүй байснаа ордон шиг юманд ороод суучихаж шүү” гээд цаашлуулна. Яагаад ч юм нэг тийм уламжлалт ойлголт байдаг шүү дээ. А юмуу, Б бүлэгт суралцаж байвал аав, ээж нь хүүхдээ мундаг ангид сурч байгаа юм байна гэж ойлгодог. Гэтэл манайх очиж очиж “З”. Бид “З” гэдэг бүлэгт орсноо нэг их зарлах дургүй л байлаа. “Ямар ангид орсон бэ” гэж асуухаар бид “Өө, сонгон монгонд ороогүй ээ. Жирийн ангид сурч байгаа” хэмээн даруухан хэлдэг байлаа. Манай анги нэг давхрын баруун жигүүрийн хамгийн мухарт, Хөдөлмөрийн кабинетын харалдаа анги. Ингээд аравдугаар сар гарч ангиараа анх удаа зургаа авахууллаа. Урлагийн үзлэг болж Р.Цолмонгэрэл маань ёочингоор гадаадын сонгодог хөгжим тоглож, Г.Эхлэнбаатар Б.Зангад гуайн дууг дуулж шүүгч багш нарыг бишрүүлж, ангиараа Төрийн шагналт Д.Сэнгээгийн шүлэг, Төрийн хошой шагналт, ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Л.Мөрдоржийн хөгжим “Эх орны тухай дуу”г хоороор дууллаа.

Дэлгэр Монгол орноо

Магтаж бид нар дуулахдаа

Тэнэгэр сайхан жаргалаа

Бахдаж заавал оруулдаг гээд дуулахад ангийн багш Урлагийн заалны хойноос хоёр эрхийгээ гозойлгож шавь нараа сайн байгаа хэмээн магтана. Ингээд манай анги урлагийн үзлэгээр байр эзэлж, Г.Цолмонгэрэл маань дуу хөгжмийн багш нарын хараанд өртөж сургуулийн хэмжээний хөгжимчин болчихов. Дараа нь Спартикиад болоход манай хөвгүүд сагсан бөмбөгөөр цойлоод ирэв. Бас л сургуулийн шигшээтэй өрсөлдөх хэмжээний ур чадвартай. Харин охидоос Б.Батцэцэг сургуулийн сагсны шигшээд сонгогдож хичээлдээ ч суух завгүй бөмбөг хөөцөлдөж спортын цол зэрэг аваадахлаа. Г.Цолмонгэрэлийн оролцдог тэмцээн уралдаан ч гэж тоймгүй. Ийш тийш урлагийн наадам, уралдаанд ороод ирэхээрээ хүзүүндээ алтан медаль зүүгээд ирнэ. Удалгүй хичээлүүдийн олимпиад эхэлж Б.Лхамжав нийгмийн хичээлээр сургууль, аймгаасаа шалгарч улсад өрсөлдөөд шагналт байрт оров. Тэр жилдээ есийн “З”-гийнхэн жирийн биш анги байсан гэдгээ бусад бүлэгтээ, сургуулийн захиргаандаа харуулаадахлаа. Ангийн багш маань алгебрь, геометрийн багш байсан болохоор бидэнд өдөр болгон шахуу давтлага өгнө. Өглөө хичээл ороод 12 цагт тараад буцаад 14 цагт ирж давтлага хийнэ. Манай ангийн хувьд нөгөө ээлжийн анги гэж байгаагүй учир бүхэл өдөржингөө ангидаа хичээлээ давтах боломжтой байв. Суурь сайтай сурагчид голдуу байсан болохоор манай ангийн сурлага улирал ирэх тусам дээшилсээр. Багш нар жишээ авахаараа манай ангийг ярьж бусад ангиудын сурагчдыг загнана. “Та нар тэр хар. Арвын “З” гэж ямар ч сонгоны анги биш хэрнээ бүх хичээлдээ сайн хүүхдүүд. Юм юмандаа авьяастай. Их томоотой, хэл ам таталдаггүй хүүхдүүд байна” гээд биднийг үлгэр жишээ болгож ярина.

Манай анги 16 хөвгүүн, 24 охинтой. Хөвгүүд маань сахилгагүйтэж, гүйлддэг үеэ хэдийн өнгөрөөчихсөн, их сайн төлөвшилтэй. Бусад ангийн охид завсарлагаанаар манай ангийн гадаа ирж зогсоно. Хөвгүүдийг харах санаатай. Сэргэлэн сумын Р.Энх-Амгалан, Б.Ариунбаяр гэж хоёр хөвгүүн хичээл номдоо гаргуун. Ялангуяа алгебрь, геометр, газар зүйдээ ангидаа толгой цохино. Ц.Чулуунцэцэг, Б.Эрдэнэхуягийг бид тооны гавал гэж дуудна. О.Гэрэлмаа химийн хичээлдээ багшаараа магтуулна. Ангид ингээд ямар нэг хичээлдээ онц сайн хүүхдүүд байх нь бусдыгаа дагуулаад аваад явчихдаг сайн талтай болохоор давтлага хийхдээ нэг нэгэндээ маш их зүйл зааж зөвлөнө.

А равдугаар ангид орсон хойноо ярьжээ суухад яагаад ямар нэгэн сонгоны ангид оролгүй, жирийн ангид орсноо тайлбарлацгаахад нь сэтгэл хөдөлж билээ. Сэргэлэн сумын сургууль угаасаа элсэгч багатай, энэ жил гэхэд л нэгдүгээр ангид таван хүүхэд авснаас нээлтийн өдөр нь нэг нь чөлөө авч дөрөв нь ирсэн гэсэн шүү дээ. Тэрэнтэй адил 1-8 дугаар анги хүртлээ нэг ангид сурсан Сэргэлэнгийнхэн маань “Аймгийн төвд очоод өөр, өөр ангид орж салахгүй шүү. Шалгалт өгөхгүй үлдээд жирийн ангид хамт орно шүү” гэж ярьсан байх жишээтэй. Баяндэлгэрийнхэн ч ийм шалтгаанаар салаагүй юм билээ. Бас аймгийн төвийн найман жилийн сургалттай “Монгень”ээс ирсэн Ж.Дамдинсүрэн, Д.Өнөрбаяр, Ц.Чулуунцэцэг, Х.Ганзориг, Л.НямОсор, Д.Үүрийнчулуун, Б.Баярцэцэг, М.Мөнхтуул, Ч.ОюунЭрдэнэ, найман жилийн сургуулиас ирсэн О.Гэрэлмаа, Б.Лхамжав, Б.Алтанхүү, А.Даваасүрэн нар ч тийм шалтгаанаар жирийн анги руу орж ирсэн байж билээ. Наймдугаар анги хүртлээ нэг анги гэгдэж, амь нэгтэй болсон болохоор 9-10 дугаар ангидаа ч хамт байна шүү гэсэн ам тангаргаар л манай ангийнхан ямар нэг гүнзгийрүүлсэн сургалттай ангид оролгүй үлдсэн нь тэр юм билээ. Манай ангийнхан шинэ жилээр нийлж ёолкоо тэмдэглэнэ. Мартаар хөвгүүд нь ангиа цэвэрлэж охиддоо бяцхан ширээ засч, хөгжим тавина. Дараа нь Цэргийн баяраар охид нь хариу барьж ангидаа даруухан ширээ засацгаадаг байж билээ. Аравдугаар ангид байтал Төв аймгийн хэмжээнд Засаг даргын нэрэмжит математикийн түвшин тогтоох уралдаант шалгалт боллоо доо. Манай төгсөлтийн аравдугаар ангийн Агаас З хүртэлх есөн бүлэг тэр шалгалтыг өглөө. Нэгдүгээр байрт 510 дугаар анги хүртлээ математикаар дагнаж ирсэн Ж бүлэг орчихож. Аргагүй л дээ, тэгэхээс өөр яах билээ. Харин хоёрдугаар байрт Б.Цэвэгмид багштай жирийн гэгддэг “З” бүлэг орсон байлаа. Энэ үеэс эхэлж манай анги урлаг, спорт, хүмүүжил, төлөвшил, сурлага, харьцаа, биеэ авч яваа байдал зэргээрээ бусад ангийнхнаасаа ялгарч багш нарын хайр хүндэтгэлийг улам хүртэх болсон юм. Бид жирийн биш анги гэдгээ тэгэхэд бүр бататгаснаа одоо бахдан ярьцгаадаг. Тийм ч болохоор бүгд аравдугаар ангиа амжилттай төгсч их, дээд сургуульд элсч өөр өөрсдийн замыг хөөж нийслэл хотдоо, аймагтаа, бусад аймгуудад ажиллаж хөдөлмөрлөөд сайхан явцгааж байна. Ж.Дамдинсүрэн, Л.НямОсор, Б.Эрдэнэхуяг, Д.Өнөрбаяр, Х.Ганзориг, Г.Эхлэнбаатар, Э.Эрдэнэбилэг нар барилга, уул уурхайн инженерээр амжилттай ажиллаж байна. О.Гэрэлмаа, А.Даваасүрэн, Б.Энхбулаг, Б.Ариунбаяр, Б.Энхтуяа нар хувиараа бизнес эрхэлж, компани толгойлцгоож байгаа бол Б.Золбоо, С.Батсүх нар цагдаа, цэргийн ахмад цолтой төрийн тусгай албан хаагчид. З.Лхамсүрэн, Г.Ган-Эрдэнэ, О.Отгонжаргал, Р.Цолмонгэрэл, Д.Отгонжаргал, Д.Мөнхсоёл, Ч.ОюунЭрдэнэ, Б.Баярцэцэг, Ж.Халиунаа, Ц.Алтанцэцэг, Н.Отгонсэлэнгэ, Н.Намуунцэцэг, Д.Бадамханд, Б.Алтанхүү, Д.Үүрийнчулуун, М.Оюунбаяр, Э.Баасан, Б.Лхамжав, М.Мөнхтуул, Б.Отгонпүрэв нар эрх зүйч, сувилагч, дууны багш, бага ангийн багш, мэргэжлийн хяналтын байцаагч, аймгийн ЗДТГт мэргэжилтэн, олон улсын харилцааны ажилтан, нягтлан бодогч зэрэг мэргэжил эзэмшин Улаанбаатар хот, Төв аймаг, төрөлх сумандаа ажиллаж байна. Харин Л.Мөнхбүрэн, Н.Мөнхбаяр Баяндэлгэрт, Ц.Чулуунцэцэг БаянӨнжүүлдээ буцан очиж малчин болцгоочихсон. Д.Үүрийнчулуун дөрвөн хүү төрүүлж “Алдарт эх” болсон нь ангийнх нь бас нэг бахархал юм. Манай анги маш эв нэгдэлтэй, амь нэгтэй, нэгнээ ихэд өмөөрч, шүүмжилбэл анги дотроо шулуухан хэлчихдэг онцлогтой анги байсан юм. Зүг зүгээс ирсэн хүүхдүүдийг нэг анги болгон зангидаж амьдралынх нь замыг заасан гол хүн бол ангийн багш Б.Цэвэгмид билээ. Энэ хүний хүчээр, сайхан сэтгэлийнх нь илчээр манайхан ангийнхан олон түмнийхээ дунд нэртэй төртэй л явна.

Яагаад ч юм түм түжигнэсэн, бум бужигнасан хүмүүс дунд чимээгүй, дуугүй хэрнээ урдахаа мөрөөрөө, чанартай хийгээд, ажлын хамгийг нуруун дээрээ үүрдэг ч тэвчээр заан амгалан оршдог хүчирхэг хэрнээ эрхэмсэг, сайхан хүмүүс байдаг шүү дээ. Энэ ангийнхан бол яг л тийм хүүхдүүд. Аравдугаар ангиа төгсөөд 15 жил, их, дээд сургуулиа төгсөөд арван жил болж байгаа манай ангийнхны хувьд амьдрал дөнгөж эхэлж байна. Улс нийгмийнхээ бүхий л салбарт өөр өөрсдийнхөө зам зураг, эзэмшсэн мэргэжлээрээ амжилттай яваа болохоор хожим нь манай ангиас ард түмэн, нийгэмд танигдсан ямар мундаг том хүмүүс төрөн гарахыг таашгүй. Одоо бол эцэж цуцахыг мэдэхгүй хөдөлмөрлөж, эх орныхоо бүтээн байгуулалт, хөгжилд өөр өөрийн хувь нэмрийг оруулцгаагаад өнөө л чимээгүй, даруухнаараа л явцгааж байна. Бид ангийнхаа нэг андыг цаг бусаар алдсанаас хойш аль болох ойр ойрхон уулзаж, амьдралынх нь жаргал зовлон бүхэнд хамт байхын төлөө эрмэлздэг болсон билээ. Маргааш манай ангийн төгсөлтийн “Бидний баяр15 жил” уулзалт болно. Уулзалтдаа оролцохоор малчны хотноос, барилгын талбайгаас, хилийн зурвасаас, говиос, морины уяанаас, Солонгосоос бүгд сэтгэл зүрхээрээ нэгдэнэ. Анги хамт олондоо болон ангийн багшдаа урт удаан насалж, аз жаргалаар бялхаж явахыг ерөөж байна, ангийн дарга нь.


Categories
мэдээ цаг-үе

Г.Хайдав: Англи дарапан пальто, каракул малгай өмсч орос хром жийсэн амьтан л хотын гудмаар алхдаг байлаа

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Г.Хайдавтай ярилцлаа.


-Та сайхан намаржиж байна уу?

-Монгол хүн амны билгээр гэдэг юм. Сайхан намаржиж байна аа.

-Та сайхан харагдаж байна?

-Одоо би үр хүүхдийнхээ гар дээр л байна. Хэн нь завтай, хэнийх нь зайтай байна гээд л явж байгаа. Ер нь уламжлалт эмнэлэг, II эмнэлгийнхнийхээ хараанд л явж байна даа.

-Хүмүүс такси барихаар гараа өргөхөд суудлын жижиг тэрэг ирж зогсдог. Таныг замын хажууд зогсохоор том жийп машин ирж зогсоод Та хаачих вэ гэж асуудаг юм билээ?

-(Инээв). Тэр чинь яах вэ ард түмэн намайгаа андахгүй. Танихгүй хүүхэд ч байхгүй. Намайг харвал тус л хүргэхийг боддог. Би өөрөө тухайн үедээ хүүхдээс эхлүүлээд ахмадуудад юу чадахаараа л тусалж явсан хүн. Энэ бол Монголын дэг жаяг.

-Энэ мөчид,

…Эрдэм номыг сурахаар

Энхрий хүү чинь мордож байна

Энэрэлтэй эжий минь та хүүдээ

Эрхэм сургаалаа хайрлана уу гэж эхэлдэг Ээждээ дуу тань эрхгүй санагдаж байна шүү?

-Би чинь Соёл урлагийн их сургууль, Хөгжим бүжгийн коллежийг буй болгоход ардын жүжигчин, төрийн шагналт С.Гончигсумлаа гуайтай хамтарч, хоёулаа л гар бие оролцсон. Бид хоёр чинь сонгодог гэдэг юмны хамгийн түрүүний хоёр шүү дээ. С.Гончигсумлаа гуай Москвагийн консерваторын анхны оюутан. Би бол дайны үед очсон хоёр дахь оюутан нь байхгүй юу. Бид хоёроос хойш миний шавь нар, шавийн шавь нар бүгдээрээ Монголын энэ хоёр сургуулийн нэрийг гаргаад дэлхийд очоогүй газар үгүй болчихоод байна шүү дээ.

Би чинь Дундговиос гаралтай. Аав минь Өмнөговиос гаралтай. Гамингууд, Бароны цэргүүд, эсэргүүнүүд будлиан гарч байсан үе. Аав минь мал хөрөнгө бүх юмаа улсдаа хураалгачихаад дөрвөн ханатай бор гэртэй үлдээд “Би малын хойноос явахгүй, төрсөн эгчдээ, Хүрээ орно” гээд л наашилсан байгаа юм. Манайхыг Өмнөговиос ингэж нүүхэд би гараагүй байсан. Замдаа нүүдэллэж явахад Дэлгэрхангай гэж уулын ард төрсөн хүн дээ, би. Би уг нь ээж аваасаа есүүлээ. Хамгийн бага нь шүү дээ. Цаана тэнд гамингийн гарт алдахыг нь алдсан гэдэг. Хүүхдүүдийг хамаад явчихдаг байсан юм гэнэ лээ. Замд явж байхад төрсөн би, миний нэг эмэгтэй дүү бид хоёр л амьд үлдсэн байгаа юм. Анх хотод орж ирээд зургаан настайдаа уйгаржин монгол бичгийг багшдаа зодуулан байж сурсан. Намайг алгадаад унагачихна. Зодуулахаас айгаад дорхноо сурсан. Түдэв гэж Монгол Улсын их сургуулийг буй болоход анхны монгол хэлний багш байсан хүн. Би тэр бичиг номыг зуны амралтаас намрын энэ үед хүртэлх хугацаанд л сурчихсан юм даг. Төөрсөөр төрөлдөө гэдэг. Миний хувьд төөрөөгүй. Төөрөхгүй явсаар төрөлдөө ирсэн.

-Урлагийн томчуудтай уулзахад таны биеэ авч яваа байдал, бусадтай харьцдаг харьцаа зэргийг ихэд онцолдог тухайгаа ярьдаг юм. Одоо ч таны сууж байгаа суулт цаана л нэг тийм эрхэмсэг, цэмцгэр юм?

-Энэ бол номоор бол этик. Энэ болгоныг чинь С.Гончигсумлаа гуайтайгаа хамт Москвагийн консерваторт сурч байхад миний Марксизмын багш маань заасан. Биеэ хэрхэн авч явах вэ, ширээнд суухдаа сандлаа хэрхэн дөхүүлж, дэргэд байгаа хүнээ хүндэтгэх вэ, боссоныхоо дараа сандлаа хэрхэн буцаан байранд нь тавих вэ. Яаж алхах, гишгэх вэ гээд бүгдийг нарийн заадаг байсан юм. Уг нь би энд байхдаа Жанжин Сүхбаатарын Хэвлэх үйлдвэрт ажиллаж байхдаа Эвлэлийн гишүүн болсныхоо дараа 1947 онд XI их хуралд сууж байгаад Эвлэлийн төв хорооны Товчооны гишүүн болчихсон хүн. Би чинь Хэвлэх үйлдвэрт үсэг өрж явсан хүн. Зөвлөлтийн инженер манай үйлдвэрийн сургагчаар ирсэн. Тэр хүн намайг “Энэ хүн хэрвээ энэ мэргэжлээрээ цаашид явбал надаас илүү чадварлаг инженер болох юм байна” гэж билээ. Тэгээд намайг Хэвлэх үйлдвэрийн захиргаанаас инженерийн сургуульд явуулахаар боллоо. Тэр хооронд Сайн дурын уран сайханчдын уралдаанд орлоо доо. Тэр үеийн мундаг хүмүүс шүүгчээр ажиллаж байсан. Тэд намайг нэгдүгээр байрт оруулсан юм. Тэгтэл С.Гончигсумлаа гуай “Чи урлагт ор. Чи дуулж чадах юм байна” гэж билээ. Тэр уралдаанд ороод гурван сарын цалинтай тэнцэхүйц хэмжээний төгрөгөөр шагнуулчихсан юм.

-Нийтийн бүжгийг тангүйгээр төсөөлдөггүй байсан гэдэг шүү дээ?

-Би Хэвлэх үйлдвэрт байхдаа сайн дурын уран сайхнаар их явна. Дэмчиг гэж надтай адилхан үсэг өрөгч байсан юм. Тухайн үеийн нийтийн бүжиг чинь Дэмчиг бид хоёрын гарт байлаа. Нормтой ажлаа хийчихээд л бидний хэлдгээр Ленин хөлөөвт очиж шөнөжин бүжиглэнэ. Гаднаа бие засдаг дүнзэн байшинтай. Бид Ленин гэж үгийг нь мэднэ. Хөлөөв гэдгийг нь мэдэхгүй. Монгол үг л юм байх гэж боддог байлаа (инээв). Ленин хөлөөвөөс гараад “Ши-янз” театрт очно. Тэрэнд очиж бүжиг хийнэ. Тэндээсээ гараад бүр Амгалан руу Сүхбаатарын нэрэмжит хөлөөвт очно. Шөнөжин ингэж ийш тийш явж бүжигт орчихоод өглөө нь ажил руу ирдэг байсан байхгүй юу. Тэгэхээр бид ямаршуу ястай, ямархуу залуучууд байж вэ гэдэг нь үүнээс мэдэгдэж байгаа биз. 17, 18, 19-хөн настай шүү. Энэ тухай, миний амьдралын тухай бүх юм миний 90 насны ойд зориулж хэвлэсэн номонд бий. Ном минь хэвлэгдсэн даруйдаа дууссан, дахиж хэвлэх гэсэн чинь эх нь олдоогүй. Тэр номонд миний бүх түүх бий. Намайг дуучин болгохоор сургаж байсан багш нарын ахмад нь 103 настай, залуу нь 60-тай хүмүүс байсан юм. С.Гончигсумлаа гуай бид хоёр чинь дэлхийд зургадугаарт ордог консерваторын бүтээгдэхүүнүүд шүү дээ.

-Таны хувцаслалт, биеэ авч яваа байдлыг Улаанбаатарын залуус даган дуурайдаг байсан гэдэг, 1950, 1960-аад оны үед?

-Дөнгөж хойноос төгсч ирээд театрт ажилд ороход надад янз бүрийн хоч өгсөн. “Евров” Хайдав, “Орос” Хайдав гэнэ. Хувцаслалтын хувьд тэр үеийнхээ залуусын урдаа барьдаг нь би байлаа. Гар дээрээ цалин болгож авдаг төгрөг минь ч ахиу байж. Тэр хэрээр хувцас хунарын хамгийн олигтойг нь авч өмсдөг байсан. Өвлийн пальто гэхэд л англи дарап. Малгай нь манай генералуудын өмсдөг хөх саарал каракул. Жийсэн гутал нь Оросын хром, иймэрхүү л амьтан хотын гудмаар алхдаг байлаа. Ийм амьтан явж байхаар чинь гайхах нь аргагүй. Үлгэр жишээ авах нь авна, шүүмжлэх нэг нь “Орос” Хайдав, “Европ” Хайдав л гэдэг байсан. Монголын анхны шанзчин Базаррагчаа гуай “Та нар яагаад энэ хүүхдийг гадуурхах гээд, яагаад ийм хачин хачин хоч өгөх гээд байдаг юм. Энэ хүүхэд үргэлж инээж явдаг. Тэрийг нь та нар хараад “Инээдэг” Хайдав гэж хэлж болсонгүй юу” гэж билээ. Тэрнээс хойш би “Инээдэг” Хайдав болсон шүү дээ.

Би чинь хорь гаруй ястан, үндэстний дууг төрөлх хэлээр нь дуулсан хүн. Хятадаас эхлээд баруун Европын орнуудаар явахдаа дууг нь тэр дор нь сураад тэнд нь дуулчихдаг байсан хүн шүү дээ. Францт явж байхдаа нэг сайхан юм олж уншиж билээ. Хүн өглөө сэрэнгүүтээ, нүдээ нээнгүүтээ инээх ёстой. Инээнэ гэдэг чинь мишээнэ гэсэн үг. Хажууд чинь хүн байхгүй бол чин сэтгэлээсээ чангаар инээ. Хажууд чинь хүн байвал мишээл тодруулаад дотроо инээх хэрэгтэй гэж би уншсан юм, тэгэхэд. Өглөө нь ингэж өөрийгөө цэнэглэсэн цагт бүтэн өдрийн турш хөмсөг зангидахгүй өөдрөг явдаг. Тийм учраас би яагаад ч хөмсөг зангидаж чадахгүй. Юу ч боллоо гэсэн хөмсөг зангидахгүй, үзэн ядсан ч гэсэн тэгэхгүй.

-Таны амьдралын хэмнэл их зөв, эрүүл байдаг болоод өдий сайхан өндөр насалж, эрүүл саруул байгаа гэдэг нь ойлгомжтой?

-Эм нэртэй хор, хоол нэртэй хор гэж байна. Энэ дундаас өөрийнхөө зөв гэж харсныг дадаж заншсанаараа өөрөө өөрийгөө өдий хүргээд л явж байна даа. Өнөөдөр би 91 нас хүрч байгаа шүү дээ. Миний өвөө 117 настайдаа бурхан болсон. Цуутай лам байсан юм. Энэ бүхнийг өвөө минь сахиж байсан учраас тэгж насалсан болов уу гэж боддог.

Өвөө минь хэвтэрт байсан. Намайг П.И.Чайковскийн “Евгений Онегин”-д тоглож байтал өвөөгийн бие муудаад “Хүүгээ хүлээнэ, би. Насаа өгч байж явна” гээд намайг хүлээсэн юм билээ. Намайг ирэх шиг боллоо гэж хөлийн чимээг минь сонсоод л бурхан болсон буянтай хүн дээ. Ийм сонин (Хоолой нь зангирав.сурв) Энэ гагцхүү монголчууд, бидэнд л байна. Ийм юм ховор.

Би эм ууна. Уухдаа учиртай ууна. Аль нь эм болж байна вэ, аль нь хор байна вэ, хэр хэмжээгээр уувал зүгээр вэ, хэр тунгаар уух ёстой вэ гэдгээ мэдэж байх ёстой. Хамгийн түрүүнд ардынхаа эмнэлэгт очно. Тэгээд европ эмнэлгээр явна. Аль аль нь хэрэгтэй. Аль аль нь тустай. Гагцхүү эмч мэргэжлийг ямар хүн эзэмшиж вэ гэдгээс бүх юм шалтгаална.

-Театр, Хөгжим бүжгийн коллеж, Соёл урлагийн их сургуулиараа хэр орж гарч байна вэ?

-Одоо хүртэл зөвлөх багш гэдэг нэг аргамжаатай. Зөвлөх багш гэж байгаа учраас би долоо хоногт гурван удаа очих ёстой. Би зөвлөх юмаа зөвлөж байгаа, одоо ч зөвлөж байна.

-Таны үеийн дуучид, 2000 оноос хойших үеийн дуучдын хооронд ямар том ялгаа байна вэ?

-Ялгаа гэхээр тун хэцүү. Тэр үед надад багшилж байсан багш нар шиг хүмүүс одоо байхгүй шүү дээ. Одоо миний шавь нар дунд профессор, доктор болоогүй хүн байхгүй. Миний шавийн шавь нар доктор, профессор болчихоод байна. Дэлхийд нэрээ гаргаад байна. Миний номыг уншсан хүн багшийн дайтай мэдлэгтэй хоцорно. Миний шавь нараас тэр номыг минь ширээний номоо болгосон нь олон. Гадаадад ч байгаа.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

П.Орхоноос допинг илэрсэнтэй холбогдуулан Азийн олимпийн зөвлөлөөс ирүүлсэн мэдэгдлийг дэлгэж байна

“Жакарта 2018” Азийн спортын XVIII их наадам өнгөрсөн сарын 18-наас энэ сарын 2-ны хооронд болж өнгөрсөн. Энэ наадамд 45 орны 11 мянган тамирчин өрсөлдсөн юм. Харин манай улсын хувьд 2014 оны амжилтаа ахиулж таван алт, есөн мөнгө, 11 хүрэл медаль хүртэж багийн дүнгээр 16 дугаар байрт шалгарч түүхэн амжилт үзүүлсэн. Учир нь спортын 30 төрөлд амжилттай оролцож 25 медальтай ирнэ гэдэг хүн амынхаа тоонд шилжүүлбэл дээгүүр байхаас өөр аргагүй амжилт. Энэ удаагийн Азийн спортын их наадамд Монголын баг тамирчдыг Монголын Үндэсний олимпийн хорооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ц.Сандуй, Монголын чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Ж.Түмэн-Аюуш нар ахалж ажиллахаар болж Азийн наадамд өрсөлдөх Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслолын үеэр “Жакарта 2018”-д оролцох тамирчдыг төлөөлж чөлөөт бөхийн тамирчин П.Орхон шударга өрсөлдөхөө илэрхийлж тангараг өргөж байсныг спорт сонирхогчид санаж байгаа байх. Гэвч манайх түүхэн дээд амжилт гаргасан боловч чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд барилдаж алтан медаль хүртсэн гавьяат тамирчин П.Орхон тэмцээний үеэр авсан допингийн шинжилгээнд бүдэрч алтан медалиа хураалгаад зогсохгүй барилдах эрхээ тодорхой хугацаагаар эсвэл насан туршдаа хасуулах харамсалтай байдалд орсон билээ. Энэ талаарх мэдээлэл гадны хэвлэл мэдээлэл болоод Азийн наадмын албаны хуудсанд мэдээлэгдээд байхад Монголын Үндэсний олимпийн хороо, Монголын чөлөөт бөхийн холбоо, Допингийн эсрэг үндэсний төв одоо болтол ямар нэгэн мэдээлэл өгөөгүй, өгөхөөс татгалзсаар байгаа нь хэн бүхний анхаарлыг татаад байгаа юм.

Өмнө нь гадаадад болсон тэмцээнд Монголын бөхчүүдээс допинг илэрсэн байхад мөн л энэ удаагийнх шиг нуун дарагдуулаад өнгөрсөн байдаг. Хэдийгээр ингэж нуун дарагдуулаад өнгөрч болох ч олон улсын тавцанд Монголын нэрийн өмнөөс өрсөлдөж байгаа тамирчдаас энэ мэтээр допинг илрээд байвал улсын нэр хүнд газарт унасаар байх болно. Допинг хэрэглэсэн гэх тамирчин руу хамаг бурууг чихээд албаны хүмүүс нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс албан ёсны мэдээллийг нуух нь ёс зүйгүй үйлдэл. Нэгэнт допинг илэрсэн нь анхны болоод давтан шинжилгээгээр нотлогдоод Азийн олимпийн зөвлөлөөс Монголын талд албан ёсоор мэдэгдэл хүргүүлчихээд байхад одоо хүртэл ямар нэгэн мэдээллийг дээрх байгууллагууд өгөөгүй байна. Эх орных нь нэр хүндтэй холбоотой асуудал олон улсад яригдаж, ирэх олимпоос медаль хүртэх хамгийн өндөр магадлал гэгдэж буй тамирчных нь цаашид барилдах эсэх нь тодорхойгүй байхад Монголын Үндэсний олимпийн хорооны зүгээс Азийн XVIII наадамд оролцсон баг, албаны хүмүүсийг хүлээн авч баярын ширээ засч, хүлээн авалт зохион байгуулав. Энэ сарын 18-нд болсон уг хүлээн авалтыг МҮОХ-ны удирдлагууд зохион байгуулж, тайзан дээр гарч үг хэлж, найрын ширээний ард заларсан фото зургууд сошиалаар дүүрэн байна. Азийн наадамд өмнө нь үзүүлж байсан амжилтаа ахиулсан нь мэдээж сайн хэрэг. Магтах хэрэгтэй. Тэмдэглэхээс аргагүй үйл явдал. Гэхдээ П.Орхоноос илэрсэн допингийн асуудлыг олон нийтийн хараанаас холдуулж, мартагнуулахыг зорьж, эсвэл зүгээр л нэг байдаг үйл явдал боллоо гэх маягаар хандаж яавч болохгүй. Зүй нь бол П.Орхоны допингийн асуудлыг нэг тийш нь гаргачихаад ард нь энэ баяр ёслолоо тэмдэглэсэн бол арай л хударгатай байх байлаа.

Азийн олимпийн зөвлөлөөс манай талд өнгөрсөн сарын 31-ний өдр мэдэгдэл ирүүлсэн юм байна. Гэтэл тэр үеэр Чөлөөт бөхийн холбооныхон “Одоогоор ямар нэгэн юм хэлэх боломжгүй. Эцсийн хариу ирээгүй” гэх маягаар няцаалт өгч байсан. Тэгтэл аль хэдийнэ мэдэгдэл нь ирээд допингийн энэ асуудал Олон улсын олимпийн хорооны анхааралд өртсөн тухай сануулсан байжээ. Уг мэдэгдэлд дараахь зүйлсийг онцолсон байна. “Тамирчин П.Орхон Сэргээшийн эсрэг дүрмийг зөрчжээ. Тэрээр Азийн олимпийн зөвлөлийн Сэргээшийн эсрэг дүрмийн дагуу хийгдсэн тэмцээний үеэрх шинжилгээгээр тус дүрмийн 2.1 дэх заалтыг зөрчсөн болохыг Азийн олимпийн зөвлөлийн Сахилгын хороо албан ёсоор тогтоосныг мэдэгдэж байгаадаа гүнээ харамсч байна. Зөрчлийн талаарх мэдээллийг дор дэлгэрэнгүй дурдав:

Уг мэдэгдэлд үргэлжлүүлэн “Азийн олимпийн зөвлөлийн Сахилгын хорооны мэдээлснээр WADA-гийн Катар дахь итгэмжлэгдсэн лабораторид сорьцыг шинжилжээ. Шинжилгээгээр тамирчнаас авсан шээсний сорьцонд WADA-гаас 2018 онд гаргасан хориотой эмийн төрөлд багтсан станзолол бодис буйг илрүүлсэн. Ингээд уг шинжилгээний хариуг үндэслээд дараахь зүйлсийг Монголын талд сануулж байна” гэжээ. Үүнд,

-Азийн олимпийн зөвлөлийн Сахилгын хорооны шинжилгээгээр сэргээшийн эсрэг дүрмийн 2.1 дэх заалтыг зөрчсөн болохыг тогтоов.

-Тамирчин В сорьцыг шинжлүүлэхийг зөвшөөрсөн. Шинжилгээний дүнгээр А, В хоёр сорьцонд хоёуланд нь допинг илэрсэн.

-Тамирчин шударга шүүлгэх эрхтэй.

-Тамирчны “Жакарта-2018” Азийн зуны спортын наадамд оролцсон эрхийг хасч, гаргасан бүх амжилтыг хүчингүйд тооцож цуцлав.

-Алтан медалийг хураан авч медаль олгосон дарааллын дагуу шилжүүлэхээр болов.

-Азийн наадмын Зохион байгуулах хороо уг шийдвэрийг хүлээн зөвшөөрч медаль шилжүүлэх ажиллагаа хийхээр болсон.

-Шинжилгээний дүнг албан ёсны хэмээн үзсэн тохиолдолд олон нийтэд энэ тухай тодруулга хийх ёстой.

-Сэргээш илэрсэн баримтын хуулбарыг Олон улсын олимпийн хороо руу илгээж, холбогдох хоригийн дагуу цаашдын арга хэмжээг авна.

-Азийн олимпийн зөвлөлийн Сахилгын хороо тухайн тамирчныг Сэргээшийн эсрэг дүрмийг зөрчсөн талаар Олон улсын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгчид тайлагнана.

-Энэхүү тайланг Сахилгын хорооны гишүүдийн дунд тарааж танилцуулсан бөгөөд тэд доторх агуулгыг санал нэгтэй хүлээн зөвшөөрсөн болно.

-Тамирчин энэ бүхнийг хүлээн зөвшөөрөхгүй байвал Спортын арбитрийн шүүхэд 21 хоногийн дотор давж заалдах эрхтэй гэсэн шаардлагуудыг тавьсан байна.

Сэргээшийн эсрэг дүрмийн дүрмийн 2.1-д “Тамирчны дээжнээс хориглосон бодис, эсхүл түүний хувирал буюу шинж тэмдэг илэрсэн” гэж заасан байдаг юм байна. 2.1.1-д “Өөрийнхөө биед хориглосон бодис шингээхгүй байх нөхцөл байдлыг хангах нь тамирчны хувийн үүрэг мөн. Түүний дээжээс хориглосон бодис, эсхүл түүний хувирал буюу шинж тэмдэг илэрсний хариуцлагыг тамирчин өөрөө хүлээнэ. 2.1-д заасны дагуу Допингийн эсрэг журам зөрчигдсөн эсэхийг тогтооход тамирчин тэдгээрийг хэрэглэх болсон санаа, гэм буруу, хайхрамжгүй, эсхүл зориудаар хэрэглэсэн эсэхийг нотлох шаардлагагүй” гэж тодорхой заасан байдаг юм байна.

Categories
мэдээ цаг-үе

Б.Чинбат: Хөгжимд уусч хязгааргүйн цаана аялж болох байх

Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбаттай ярилцлаа.


-Таны Хязгааргүйн цаана тоглолт удахгүй болно. Хязгааргүйн цаана юу байдаг юм бэ?

-Харин тийм, юу байдаг бол.

-Хязгааргүй гэхээр хязгааргүй орон зай гэсэн үг. Хязгааргүй учраас юу байгаа нь мэдэгдэхгүй биз дээ?

-Ийм асуултыг өөрөөсөө асуусан. Хязгааргүйн цаана юу оршиж байдаг юм бэ гэдэг нь маш сонирхолтой. Хөгжимдөө буулгаад яривал миний бүтээсэн, туурвисан бол хязгааргүй. Аливаа юм болгон хязгаартай, тийм биз. Ер нь хязгааргүйн цаана юу байдаг юм бол оо гэдгийг ялангуяа монголчууд боддог байх. Нэг өдөр сууж байсан чинь тэр нэг ая аялгуу маш хүчтэй орж ирсэн байхгүй юу. Би тэрийг бодохдоо, над руу хязгааргүйн цаанаас илгээж байгаа ая аялгуу юм болов уу гэж бодсон. Тэр хөгжмийг хүн сонсохоороо уйлдаг. Их сонин. Тэр хөгжмийг сонсохоороо хүн эх орноо хайрлаад байдаг юм. Ээж, аавыгаа хайрлаад байдаг. Байгаль, эх дэлхийгээ хайрлаад байдаг юм. Сүнслэг ч гэх юм уу, тийм нэг хөгжмийг надад илгээсэн. Тэрийгээ би нот болгож буулгаад “Хязгааргүйн цаана” гэж нэрлэсэн. Ийм л учиртай нэг хөгжим бүтсэн юм.

Уран бүтээл, хөгжмүүд дунд зарим нэг бүтээл их содон буудаг шүү дээ. Түүгээрээ нэрийдсэн тоглолт. Хязгааргүйн цаана юу оршдогийг би хэлж мэдэхгүй. Та ч хэлж мэдэхгүй. Магадгүй бид хөгжмөөр хөллөж, хөгжимд уусч хязгааргүйн цаана аялж болох байх.

-Хүй нэгдлийн үед ч юм уу, балар эрт цагт хөгжим гэх зүйл үүсээгүй байхад хэн нэгэн нь эд юмс хангир, жингэр гэж дуугаргасан ч юм уу, чулуу харшуулахад гарсан чимээг сонсоод хөгжим гэх зүйлийг бүтээх санаа төрж гэж бодъё. Анхны тэр хөг аяыг сонсоход хүн төрөлхтөн, хүй нэгдлийн тэр хэдэн хүнд яг ямар мэдрэмж төрсөн бол. Хөгжимтэй болсноор амьдралд нь ямар өөрчлөлт гарсан бол доо?

-Маш гоё асуулаа. Таны асуусантай уялдуулж ярихад “Хязгааргүйн цаана” хөгжим эхлэхдээ усны дуслын чимээнээрээ эхэлдэг байхгүй юу. Тэр чимээ нь явсаар булаг болно, гол болно. Бүр нэмэгдсээр байгаад мөрөн болдог ч юм уу ийм шийдлээр таны асуусантай яг адилхан ингэж бууж энэ хөгжим бүтсэн. Хүй нэгдлийн үед амьдарч үзсэн биш. Гэхдээ чулуу чинь хөгжим болж байгаа биз. Чулуу янз бүрийн өнгөтэй. Тэр чулуу гэдэг юм чинь юу вэ. Амьтай байхгүй юу. Амьтай болохоороо л хөгжим болгоход дуу гарч байна шүү дээ. Гайхамшигтай байхгүй юу. Ийм болохоор бид байгаль дэлхийгээ хайрлах ёстой гэдэг логик, ухаан энэ хөгжмийн цаана байгаа.

-Хөгжмийн зохиолчдын тоглолтыг үзэхдээ ялангуяа барууны үзэгчид нүдээ аньж сонсдог. Бүр уйлдаг. Төгөлдөр хуурчийн арван хуруунаас эгшиглэх аялгуу тэр олон мянган үзэгчийн зүрх сэтгэлд буухдаа түмэн янзаар очиж буудаг байх нь?

-Гоё хэлж байна, баярлалаа.

-Ямар уран бүтээлчийн тоглолт вэ гэдгээс хамаарч үзэгчид алга ташна, босч бүжиглэнэ, шүгэлдэнэ. Харин таны тоглолт дээр яадаг вэ. Чимээгүй болох уу?

-Чимээгүйгээс аадар бороо асгаж байгаа юм шиг л алга ташилт шаагина гэж бод доо. Миний тоглолтод Монголын сор болсон авьяастнууд, гайхамшигтай хүмүүс хамтарч оролцож байгаа. Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар, “Чингис хаан” хамтлагийн Жагаа ах, “Хурд”-ын Д.Отгонбаяр байна. Бид хоёр хөгжмийн зохиолч Б.Шарав гуайн “Манан” гэж бүтээлийг тоглосон. Тэр бол бас гайхамшигтай. Яг л тэр мэдрэмжийг хүмүүс авна. Бид тэрийг тоглохдоо ёстой хязгааргүйн цаана дагуулж, аялж, аваачих тийм тоглолт болох байх гэж бодож байна. Тийм учраас уран бүтээлч хүний хамгийн гол эрч хүч бол алга ташилт байдаг. Миний фенүүд, сонсогч олон, үзэгчид надаас хэзээ ч алга ташилтаа харамлаж байгаагүй. Үзэгчид алга таших тусмаа л эрч хүч ороод жинхэнэ бахдаж ядсан тэр тэсрэлт, хайр энэрэл гадагшилдаг. Миний тоглолтын онцлог бол нэг ёсондоо дэлхий ээж гэж хэлж болдог юм. Тэнд бүх юм багтаж байгаа биз дээ. Тэгээд бас хязгааргүйн цаана юу байх бол. Магадгүй таны асуусан шиг “Хайр” гэж нэртэй хөгжмийг тоглолоо гэхэд хүн өөр өөрийнхөө төсөөллөөр л тэр хайрыг хүлээж авна шүү дээ. Эсвэл “Хайр” гэдэг хөгжмийг сонсоод байгаль дэлхий ч юмуу, өөр юмыг төсөөлж хүлээж авахыг би мэдэхгүй. Тиймээс энэ гоё гоё гайхамшигтай мэдрэмжүүд эгшиглэнэ.

-Найруулагч гэж хүн бий. Дууны уран бүтээлд хөгжмийн зохиолч бий. Эдгээр хүмүүс бол далд фронтынх. Хөшигний ард үлддэг хүмүүс. Харин тайзан дээр гарч ирэх ямар байдаг вэ. Тэр дундаа хөгжмийн зохиолч нь өөрийнхөө бүтээлийг тоглох нь?

-Би бас арын фронтын хүн байхгүй юу. Жишээ нь, намайг “Толин хул” дууг хийсэн гэхээр тийм ч олон хүн мэдэхгүй байх.

-Тийм билүү?

-Тэр хэлээ биз. “Толин хул”-ын хөгжмийн найруулгыг би хийсэн юм. Л.Балхжав ахын “Монгол наадам” гэж гоё дуу байдаг даа.

-Рок поп, зохиолын дуучид бөөнөөрөө дуулдаг?

-Тийм, тийм. Тэр болгоны чинь ард арын фронтынхон байгаа биз дээ. Тэрний нэг л би байхгүй юу. Тэрийгээ би бас тайлагнамаар байдаг. Тийм болохоор энэ тоглолтыг хийж байгаа юм.

-Тоглолтын тов?

-Энэ сарын 21, 22, 23-нд болно. 23-ны 18 цагт, 21, 22-ны 19 цагт тус тус тоглогдоно.

-Хаана болох билээ?

-“Corporate Convention Centre”-ийн Концертын их танхимд.

-Уг танхим хэдэн хүний суудалтай юм?

-1006.

-Тэгэхээр Хязгааргүйн цаана-ыг 3000 хүн л үзэх юм байна шүү дээ?

-Хангалтгүй шүү дээ, тийм ээ. Миний “Давтагдашгүй” тоглолтыг 10 мянган хүн үзсэн байдаг юм.

-Тэр тоглолтыг хэд хоног тоглож байлаа?

-Соёлын төв өргөөнд гурав хоног тоглоод дараа нь үзэгчдийн хүсэлтээр UB pal­ace, Төрийн ордонд тоглосон. Энэ тоглолт маань ч мөн тэгж магадгүй. 3000 хүн үзнэ. Гэхдээ хамгийн гол нь уг концертын их танхим нь хүн суухад их тохь тухтай. Энэ нь нэг шалтгаан нь. Хоёрдугаарт, тоглож байгаа уран бүтээлч, үзэгчдийн хоорондын харьцаа маш ойрхон. Тэгэхээр бие биенээ мэдэрч чадах тайз юм гэж бодоод сонгосон. Ерөөлөөр болог. “Хязгааргүйн цаана”-ыг дахин хэд хэд тоглох байх.

Хязгааргүйн цаана тоглолтын цаана хичнээн хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна вэ?

-Бараг 300, 400-гаад хүн ажиллаж байна шүү дээ. Бэлтгэл ажил эхлээд сар гарны хугацаа өнгөрч байна.

-Оркестр тоглож байхад хийлийн утас тасрах ч юмуу, ямар нэг асуудал гарах нь бий. Гэхдээ тэр нь заримдаа үнэн гэдэг мэдрэмжийг үзэгчдэд үлдээдэг?

-Тэр бол амьд тоглолтын нэг гол онцлог нь байхгүй юу. Энд тэнд хөгжим янз бүр дуугарах ч юм уу. Гэнэт тог тасардаг ч юм уу. Түй түй тийм юм холуур байг (инээв). Тэгэхдээ энэ чинь амьд л тоглолт учраас бүхнийг маш сайн хангасан байх ёстой. Тийм асуудал манайд байтугай баруунд ч гарч л байдаг. Америкт би зөндөө л тоглосон. Томоохон концертын танхимуудад ч тоглосон. Бас л тийм юм гарч л байсан. “Metallica” гараад тоглосон чинь дуучин нь уурлаад микрофоноо өшиглөчихсөн. “Энэ дуугардаггүй микрофоноо ав” гээд л өшиглөчихсөн. Тэд маш нээлттэй. Тэгсэн ч үзэгчид үзэж л байдаг. Энэ нь амьд тоглолтын алдаа мөртлөө онцлог зүйл байж магад.

-Тоглолтын баг нэгдээд хэдий хэрийн хугацааны дараа жигдэрдэг юм бэ?

-Надтай хамтарч тоглож байгаа залуучууд бол яг одоо Монголд сор болж байгаа гайхамшигтай хөгжимчид. Дандаа залуучууд. Манай дүү нар. Мэргэжлийн хөгжимчид. Сарын дотор бэлтгэл сайн хангагдаж байна. Урд нь эд нартайгаа хамтарч ажиллаж байсан. Студийн цаг хугацаа, нэг дуу бүтэх цаг хугацаа гээд л эдэнтэйгээ их нягт ажиллаж чадсан байхгүй юу. Тэрнийхээ үр дүнд сарын дотор бүх юмаа базаж гаргаж чадаж байна.

-Яруу найрагч, зураач, хөгжмийн зохиолч гээд уран бүтээлчид том бүтээлийн өмнө маш их хүч гаргадаг. Зарим нь их өвөрмөцөөр. Тамхи зогсоо зайгүй баагиулах, хар кофе их хэмжээгээр уух, бусдаас өөрийгөө тусгаарлах гэх мэтээр. Таны хувьд томоохон хөгжмийн бүтээл дээр ажиллахаараа яадаг вэ?

-Цаг хугацаа өнгөрөх тусам нас нэмнэ. Бодох бодол нь илүү өргөн хүрээтэй болно. Энэ чинь өөрийн эрхгүй л хүний амьдралд байдаг зүйл. Тийм болохоор илүү их боддог болчихдог юм байна. Миний хувьд хөгжим бичиж байхдаа янз бүр л байдаг юм. Тамхи татах, кофе уух зэрэг тийм юм бол надад байхгүй. Харин байгальд л гарах дуртай. Байгалиас зохиолч, яруу найрагч, уран зураач, хөгжмийн зохиолч, дуучин гээд бүх хүн эрч хүч авдаг. Ер нь хүний хорвоо тийм шүү дээ. Хүн байгалийн бүтээгдэхүүн учраас энэ хүн гэдэг амьтан тэндээс л эрч хүчээ авдаг. Чулуу хүртэл хөгжим. Гол горхины хоржигноон хүртэл хөгжим. Байгаль чинь өөрөө хөгжим.

-Хөгжмийн зохиолч Чинбаа гэхээр яалт ч үгүй Sweetymotion гэх нэр дагалддаг. Нэг юмыг анзаарахад манай хамтлагууд харин ч урт настай юм шиг ээ. Гэтэл монголчуудыг багийн спортод муу, багаар ажиллах чадваргүй гээд байдаг нь худлаа юм биш үү. Sweetymotion л гэхэд 20 гаруй жил болчихож?

-“Sweetymotion” хамтлагийн хувьд дэлхийд гэж яригдана шүү, үнэхээрийн. Эмэгтэй гишүүдтэй хамтлаг хамт байгаагаараа гэж ярих юм бол шүү дээ. Энэ бол шууд хөгжимтэй холбоотой. Хөгжимчин хүнийг хатуу дэглэмийн дор сургадаг. Биднийг долоон настай байхаас л гамм унш гэдэг байсан. Бид хэдэн ч цагаар хамаагүй гамм уншина. Моцарт, Бетховен, Римский Корсаков нарын бүтээлийг тогло гэнэ. Бид дэндүү хүлээцтэй, дээрээс нь гарын арван хуруу сална. Тэр бол амаргүй. Маш хэцүү хөгжим тоглоно. Энэний дараа ямар такт билээ, тэрэн дээр би юу хийх билээ, аяар, чанга нь юу билээ гээд л тархи толгой завсаргүй ажиллаж байх завсарт хөл педаль дээр ажиллана. Ингэхээр дөрвөн мөч салж байгаа биз дээ. Хөгжим гэдэг бол хөгжимчдийг хагас цэрэгжилтийн байдалтай байхаас өөр аргагүй болгодог. Тийм болохоор бид бэрхшээлийг давж, туулж сурсан. Ийм л хүмүүс. Тэрэнтэй л холбоотой байх.

Sweetymotion-ийг АНУ руу явахад хүмүүс та нарыг тэнд од болж, шоу бизнест нь хөлөө тавих нь гэж бодсон болов уу. Гэтэл та бүхний гадагшаа гарсан зорилго ерөөсөө л эрдэм өвөртлөөд эх орондоо буцаж ирэх байжээ?

-Тийм л байхгүй юу. Юу гэж л од болъё гэж тэгэхэв. Явж суралцъя л гэсэн юм. Хэрвээ бид сурч чадвал эргээд Монголдоо ирж монгол хүмүүстээ бүтээл хүргэе гэдэг үндсэн суурь, язгуур маань байсан учраас бид өнөөдөр байж л байна, ирчихсэн. Мөнгө хүний амьдралын хэрэгцээ л дээ. Мөнгө хайгаад явсан бол би тэнд аль хэдийнэ тогтноод, оршоод Холливудын тойрогт орчихсон байх хүн л дээ. Тэрнээс би өөрөө больсон тэнэг ч хүн гэх юм уу. Би монгол хүн. Гэтэл тэр амьдрал руу сая сая хүн тэмүүлж байгаа шүү дээ, зөвхөн тэр тойрогт орох гэж. Монгол хүний аз түшээд ямар нэгэн байдлаар явсаар байгаад гарц олоод тэр нь жим байснаа зам болчихсон байхгүй юу. Тэгээд л би буцаж ирээд сурсан мэдсэнээ хийе гээд хамгийн анхны тоглолт болох “Давтагдашгүй”-гээ тоглосон. Тэгэхэд үзэгчид ямар гоё урам өгч, ямар их эрч хүчийг хайрласан гэж санана.

-Аав, өвөөгийнхөө хийж бүтээснээр үр хүүхэд ач зээ нар нь бахархаж ярих дуртай. Миний өвөөгийн барьсан барилга, орон сууц, миний аавын барьсан зам, миний аавын зурсан уран зураг гэж бахаддаг. Үүнтэй адил таны үр хүүхэд, ач зээ нар хөгжмийн бүтээлийг тань бахархан ярих нь дамжиггүй. Энэ нь таны бас нэг том мөрөөдөл биз?

-Тэгэлгүй яадаг юм. Яг тэгнэ. Хурай, хурай. Миний хийж байгаа зам бол гэгээн зам. Энэ бол гэгээрлийн зам. Би үзэгчдэд хайр бүх л зүйлийг өгье гэж боддог. Тэрнийхээ дагуу л би өнөөдөр хийж хөдөлмөрлөж амьдарч, алхаж яваа. Тиймээс миний үр хүүхэд, тэдний минь үр хүүхдэд үлдэх ганцхан өв бол миний оюун бодлоос ургаж гарсан төдөн мянган нот.

-Гэргий тань урлагийн хүн байдаг нь таны амжилттай яваагийн бас нэг шалтгаан нь байх. Таны хань боловч нөгөө талаар найз тань юм шиг харагддаг?

-Ц.Сарнай бол гайхамшигтай ээж. Гайхамшигтай хань. Миний найз. Би азтай л байхгүй юу. Намайг аз түшиж байна шүү дээ. Би ингэж боддог юм. Миний эцэг дээдэс маань сайн юм хийсэн болоод өнөөдөр би өдий зэрэгтэй л явж байгаа.

-Ярилцлагынхаа төгсгөлд үзэгч, уншигчдыг тоглолтдоо уривал ямар вэ?

-“ON’n &OFF” продакшнтай хамтарч хийж байгаа энэ удаагийн тоглолтод маань Монголын сор болсон авьяастай залуучууд, өнөө цагийг байлдан дагуулж байгаа гайхамшигтай авьяастнуудтай нэгэн цул болоод үзэгчдийгээ хөтөлж “Хязгааргүйн цаана” хамт аялъя. Энэ өдрийг тэсэн ядан хүлээж байна. Миний хувьд бэлтгэл хангагдсан. Манай хөгжимчдийн хувьд ч бэлтгэл хангагдсан. Одоо тайз заслын ажил л үлдээд байгаа. Монголчууддаа аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Цог хийморьтой байж, нар шиг мандаарай. Монголчууд бид маш азтай хүмүүс. Өвгөдийнхөө сургаалийг бүгд дагаасай. Энэ гайхамшигтай орныг цэцэглүүлэн хөгжүүлэх ёстой. Тиймээс залуучууд өнөө цагт заавал юм хийж, мэргэшиж хамгийн гол нь боловсролтой байгаад нэгдэж чадаарай гэж хэлье.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Дарангуйллыг дэмжиж байгаа Элчин сайд Р.Болд гэгчийг эгүүлэн татъя

Өнгөрсөн долдугаар сарын 27-нд өглөөний есөн цагийн үед “Улаанбаатар-Эмпати” турк сургуулийн захирал Вейсел Акчайг гэрийнх нь гаднаас үл таних хүмүүс хулгайлсан хэрэг гарсан билээ. Тус сургуулийн Монгол талын захирал тухайн өдөр 13 цагийн орчимд энэ талаар олон нийтийн сүлжээнд мэдээлсэн нь орон даяар тарж жирийн иргэдээс эхлүүлээд ард түмэн, Засгийн газар хүртэл уг асуудалд яаралтай анхаарал хандуулж энэхүү хүн хулгайлах гэмт хэргийг таслан зогсоож чадсан. Вейсел захирлыг авч явахаар тусгай үүргийн онгоц “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардсаныг цагдаа хүчний байгууллага болоод Засгийн газар мэдээгүй байсан байдаг. Одоо эл хэргийг цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байгаа.

Турк сургуулийн захирлыг ямар учраас хулгайлах болов гэхээр “Фето” байгууллагыг АНУ-д амьдардаг, Туркийн сөрөг хүчний гол төлөөлөгч Гюлены байгуулсан турк сургуулиудаар санхүүжилтээ олж террорист үйл ажиллагаа явуулдаг гэж сэжиглээд буй. Тийм учраас дэлхийн бусад оронд буй салбар сургуулиудын захирлуудыг ийм шалтгаанаар хууль бусаар баривчлаад байгаа юм.

Ерөнхий боловсролын “Улаанбаатар-Эмпати” сургууль нь 1994 онд Турк болон Засгийн газрын оролцоо, дэмжлэгтэйгээр Монгол-Туркийн хамтарсан сургууль нэртэйгээр анх байгуулагдаж Монгол Улсын боловсролын салбарт оюуны хөрөнгө оруулалт хийгээд 24 дэх жилтэйгээ золгожээ. Хоёр улсын иргэдийн санаачилга, хоёр орны Засгийн газрын дэмжлэгтэйгээр ийнхүү байгуулагдсан сургуулийг гэнэт терроризмыг санхүүжүүлэгч гэж зарлаж байгаад үнэндээ эргэлзэж байна. Турк, Монгол Улсын Засгийн газруудын байгуулсан ерөнхий боловсролын сургууль яахаараа террорист болчихдог билээ. Нэг л үнэмшиж чадахгүй нь. Террористыг баривчлах гэж байгаа юм гэсэн шалтаг хэлээд тусгаар тогтносон Монгол Улсаас хүн хулгайлах гэж оролдсон нь үнэндээ биднийг басамжилж, дорд үзсэн хэрэг биш гэж үү.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Р.Болд энэ тухай “Өнөөдөр” сонины наймдугаар сарын 31-ний дугаарт “Манай цагдаагийнхан Элчин сайдынх нь гэрт нэвтэрсэн асуудлаар Туркийн тал надаас тайлбар нэхсэн” гэх гарчигтай ярилцлага өгчээ. Тэрээр Монгол, Туркийн харилцаа их сайн хөгжсөн, Туркээс юм авах боломж бидэнд бий ч Гюленийн сургуулиудыг Туркийн Засгийн газрын эрх мэдэлд шилжүүлэхгүй байгаа нь, мөн Истанбул-Улаанбаатарын чиглэлийн шууд нислэгтэй болохгүй байгаа нь хоёр орны харилцаанд саад болоод байгаа гэжээ. Хэрвээ шууд нислэгтэй болоод Гюлений сургуулиудыг хаачихвал Турк улсаас асар их хэмжээний юм авч болох юм гэсэн утгатай зүйлс ярьжээ. Монгол Улс бол хүмүүнлэг, энэрэнгүй Ардчилсан нийгмийг байгуулж байгаа орон. Гэтэл энэ хүн уг ярилцлагаараа Ардчилсан нийгмийн эсрэг үзэл бодолтой гэдгээ ийн илэрхийлж шүү.

Р.Болд нь Цэргийн ерөнхий сургууль, ЗХУ-ын Цэргийн дипломатын академи төгсч Ардын армид улс төрийн ажилтан, Зэвсэгт хүчний Жанжин штабын цэргийн тагнуулын газарт офицер, Гадаад явдлын яаманд бэлтгэл ажилтан, Токио дахь ЭСЯ-нд атташе, Батлан хамгаалах яамны дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнгийн нарийн бичгийн дарга, захирлаар ажиллаж байгаад Тагнуулын төв газрын дэд дарга, УИХ-ын Тамгын газарт зөвлөх, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаар тус тус ажилласан байдаг. Үүний дараа 2003-2007 оны хооронд Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж ирээд 2007-2012 онд Тагнуулын ерөнхий газрын дарга, 2012-2015 онд Монгол Улсаас Австрали улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар тус тус ажиллаж байсан нэгэн. Түүнийг 2003-2007 онд АНУ-д Элчин сайдаар суухад Монгол-Америкийн харилцаа шалан дээр унасан гэж ажиглагчид дүгнэдэг. Учир нь түүнийг Монголын тагнуулын байгууллагын даргаар ажиллаж байсан мэргэжлийн хүн гэдгээс нь айж, жийрхдэг байсан болохоор америкчууд ямар нэгэн ёслол, албан ёсны арга хэмжээнд барагтай бол урьдаггүй байсан бөгөөд үүнээс улбаалж хоёрны орны албан харилцаа тэдгээр жилүүдэд унасан гэцгээдэг. Мөн Австралид Элчин сайдаар суухдаа ч хоёр орны харилцааг унагачихаад ирсэн гэх. Энэ хүн очсон газар болгондоо ингэж дипломат харилцааг сүйтгэдэг. Яагаад вэ гэвэл түүний ажлын замнал, үүх түүх нь тагнуул, хүчний байгууллагатай холбогддог болохоор гадныхан нэг л зайгаа барьсан байдалтай, зайнаас харьцдаг байсан тухай хүмүүс ярьдаг.

Бидний нэг алдаатай гэмээр бодлого бол гадаад улсад эх орноо төлөөлөх албанд тагнуулд ажиллаж байсан хүнийг томилдог нь эргээд дипломат харилцааг унагадаг талтай. Яг одоо ийм л юм болоод байна. Туркт Элчин сайдаар сууж байгаа Р.Болд тус улсын одоогийн Ерөнхийлөгч Режеп Тайп Эрдоганыг дэмжиж амаа олохгүй магтаж, Монголоо газар дор ортол муу хэлжээ.

Улс эх орон нь ямар гадаад бодлого баримталдгийг, ямар нийгэм байгуулж байгааг энэ хүн огт гадарладаггүй бололтой. Хүмүүнлэг, энэрэнгүй, ардчилсан нийгэм, либерализмыг байгуулах үндэсний үнэт зүйлсийнхээ эсрэг утгатай үзэл санааг нэвт ханхлуулж, коммунизм байгуулах бололтой тэнд сууж байдаг юм байна. Монгол Улсын гадаад бодлогыг энэ хүн өөрөө тодорхойлдог мэтээр өөрийгөө өндөрт өргөж монголчуудынхаа талаар ихэд бухимдаж ярьсан нь ярилцлагаас нь харагдаж байна. Туркийн Гадаад хэргийн яам болоод Монгол Улсын Гадаад харилцааны яам Вейсел Акчайг хулгайлах хэрэгт ямар ч оролцоогүй гэдгээ мэдэгдсэн бөгөөд уг хэргийг цагдаагийн байгууллага ном журмынх нь дагуу шалгаж байгаа. Гэтэл Элчин сайд Р.Болд Монголын цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг доромж үзэн шоолж “Одоо Туркийн албаныхны хэлж буйгаар манай хууль хяналтынхан Туркийн тал террорист гэж үздэг хүн, байгууллагыг хамгаалалтдаа авсныг Засгийн газар, удирдлага нь ер ойлгохгүй байгаа гэж хэлсэн. Дээр нь манай цагдаагийн байгууллага халдашгүй дархан эрхтэй гадаадын Элчин сайдын гэрт нэвтэрсэн. Туркийн тал надаас тайлбар нэхэж байгааг яах билээ” хэмээн шогширч байна. Тэрээр мөн “Туркээс их юм авахаар тохирох гэж байхад цагдаагийн энэ тэнэг ажиллагаа саад боллоо” гэж халаглажээ. Монгол Улсын цагдаагийн байгууллагыг гадаадад суугаа Элчин сайд ингэж элдвээр хэлэх нь төрийн өмнөөс гадаад улсад тусгай алба хашиж буй хүний хувьд хэрээс хэтэрсэн алхам. 24 жилийн өмнө Монгол, Туркийн Засгийн газар хоёр талаасаа дэмжиж байгуулсан сургууль гэнэт терроримзыг санхүүжүүлдэг болчихсон гэдгийг ойлгохгүй байна гэдгээ дээр дурдсан. Засгийн газрын шийдвэрээр сургуулийнх нь захирлаар тасралтгүй ажилласан турк эрийг гэнэт террорист болчихсон гээд байгааг бүр ч ойлгохгүй юм.

Р.Болд “Фето гэдгийг террорист байгууллага гэж хэн тодорхойлсон юм бэ гэж манай өндөр албаны хүмүүс хүртэл хэлэх гээд байх шиг байна лээ. Бүрэн эрхт ямар ч улс үндэснийхээ аюулгүй байдалд заналхийлсэн гэж үзсэн хэнийг ч болов хэрхэх нь өөрсдийнх нь шийдэх асуудал, өөрөөр хэлбэл, дотоодынх нь хэрэг. Туркийн ҮАБЗ-өөс Гюлений хөдөлгөөнийг 2015 онд террорист байгууллага гэж албан ёсоор зарласны дараа Туркт төрийн эргэлт хийх оролдлого 2016 оны долдугаар сард гарсан” гэж ярилцлагадаа дурджээ. Засгийн эрх авахын төлөө хэсэг бүлэг хүмүүс юу ч гэж ярьж, хийгээгүй хэргийнх нь төлөө хичнээн мянган хүнийг гүтгэж гүжирдэж хэлмэгдүүлж, бууны аман дор тарчлааж эцэст нь алтан амийг нь авч оддогийг бид түүхээрээ мэднэ. 36 мянган хүнээ тэр гашуун он жилүүдэд хэлмэгдүүлснийхээ горыг одоо ч амсч харууссаар байгаа. Хожим нь төр нь хэдийнэ хорвоог орхисон тэдгээр иргэдээс, ар гэрийнхнээс нь уучлал эрж бурангуй үзэл суртлын харгайгаар андуурч гэм зэмгүй олон мянган хүнийг хэлмэгдүүлснээ илэрхийлж цагаатгасан билээ. Ингэхэд шүүхийн ямар байгууллага Гюленийг террорист гэж тогтоосон юм бэ. Зөвхөн Эрдоганы Засгийн газар л түүнийг террорист гэж зарлаад байгаа. Нэг Засгийн газар хүнийг тэгж цоллолоо гээд террорист гэж үзэж болохгүй. Ядахдаа НҮБ-аас зарлавал үнэмших сэн.

Монгол Улс бол хүмүүнлэг, энэрэнгүй, ардчилсан нийгмийг байгуулахын төлөө яваа. Ийм улс олон улсын хэмжээнд ямар арга барил, хандлага илэрхийлдэг вэ гэхээр Швед улсын жишээг татъя л даа. Тус улсад цаазын ялтай гадны иргэн орж ирлээ гэхэд юу ч болж байсан тухайн хүнийг эх орон руу нь буцаадаггүй. Яагаад гэвэл тус улс цаазын ялгүй орон. Тухайн хүнийг буцаавал цаазалчих учраас эрхийг нь хангаад нутагтаа байлгадаг. Ардчиллын эх орон гэх АНУ ганц иргэнийхээ төлөө улсаараа хөдөлдөг. Эрдоган улсад нь төрийн эргэлтийг зохион байгуулахад тусалсан гэдэг шалтгаанаар АНУ-ын хойд Каролинагийн оршин суугч, Загалмайтны шашны зүтгэлтэн, санваартан Эндрью Брансоныг буруутган хоёр жилийн хугацаанд ямар ч үндэслэлгүйгээр хорионд байлгаж байгаа. Үүний хариуд АНУ иргэнийг нь суллахгүй бол томоохон хориг арга хэмжээ авахаа мэдэгдээд улмаар эдийн засгийн хориг тавьж байгаагаа зарласан. Одоо Туркийн эдийн засаг маш хүнд байдалд байгаа билээ. Нэг иргэнийхээ төлөө ингэж эдийн засгийн “дайн” зарлаж байгаа нь тухайн улс хүний эрх, иргэнийхээ төлөө хэрхэн тэмцдэгийг харж болж байна. АНУ бэлгийн цөөнх, нутагтаа гадуурхагдсан хүмүүсийг хүлээж аваад эх оронд нь буцаадаггүй. Манай зарим иргэд ч иймэрхүү байдлаар Америкийн талд хандаж “Өөр нам төрд гарчихлаа. Надад шингэх газар алга. Аюулгүй байдал хэрэгтэй байна” гэж өргөдөл бичээд Ногоон карттай болоод АНУ-д айван тайван амьдарч буй жишээ ч бий.

Гэтэл гадны оронд эх орныхоо төрийн бодлогыг төлөөлөн сууж байгаа Элчин сайд хүн “Замын хэдэн хүнийг өгөөд явуулахад бид баян болох болно” гэж яриад байгаа нь бүдүүлэг алдаа гэхэд багадна. Энэ бол улстөрийн алдаа. Тийм учраас энэ хүн монголчуудыг, Монголын төрийг гадаадад төлөөлөх ямар ч эрх зүйн чадамжгүй гэдэг нь харагдаж байна.

Нэг хүнийг барьж авч алуулаад оронд нь бүтэн нэг хороолол барьж өгье гэхэд тэр хороололд нь манайхан нүүж очих уу. “Турк сургуулийн захирлыг аваачиж буудуулчихаад оронд нь энэ хорооллыг бариулж авсан юм билээ” гэвэл монгол хүн жудгаа бодоод сэжиглээд тэр хороололд гал голомтоо бадраахгүй ч үгүй, ойртох ч үгүй. Хэдийгээр жижиг орон боловч өчүүхэн эрх ашиг, эд мөнгө, бараа таваарын төлөө хүний эрхийг зөрчвөл биднийг дэлхий тоохгүй болно. Хүнийг үзэл бодлынх нь төлөө золиослохгүй, хүний эрхийг дээдэлдэг үзэл санааны төлөө бид 30 жил тэмцэж байна. Энэ бол бидний үнэт зүйл.

Тэгтэл энэ Р.Болд гэгч Элчин сайд очсон газар болгондоо Монголын дипломат бодлого, харилцааг сүйтгэхээс өөр гавьяа байгуулаагүй байж ард түмнийг элдвээр хэлэх эрхтэй гэж үү. Монгол Улсын төрөөс баримталж буй гадаад бодлогыг хэрэгжүүлж явах ёстой хүн улсынхаа төрийн бодлогын эсрэг, үнэт зүйлийг шороонд хутгасан юм яриад “Тэр муу захирлыг өгөөд явуулах байсан юм” гэж ард түмнийг загнах нь хэрээс хэтэрсэн хэрэг. Тиймээс дарангуйллыг дэмжиж Монгол төрийн үнэт зүйлийн эсрэг элдэв дэмий юм донгосч яваа энэ хүнийг даруйхан эгүүлэн татаж авчрах хэрэгтэй байна.


Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

П.Орхоноос допинг илэрсэн асуудалд Чөлөөт бөхийн холбоо, Олимпийн хороо, Допингийн эсрэг үндэсний төв хариуцлага хүлээх ёстой

Өнгөрсөн жилийн өдийд гавьяат тамирчин П.Орхоны нэр алдар мандаж, амтай болгон түүнийг шагшин магтаж байлаа. 2017 оны наймдугаар сарын 21-26-нд Франц улсад зохиогдсон “Парис 2017” ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд тэрээр аваргалж дэлхийд данстай бөх гэдгээ нотолсон. П.Орхон түүнээс өмнө Иван Ярыганы нэрэмжит тэмцээний үеэр дэлхийн домогт бөх Каори Ичог ялж, 13 жилийн турш ганц ч ялагдаагүй байсан түүхэн амжилтыг нь зогсоож бөхийн ертөнцөд шуугиан дэгдээснийг спорт сонирхогчид мартаагүй. Гэтэл өнгөрсөн сард Индонез улсад зохиогдсон Азийн наадамд П.Орхон барилдаж алтан медаль хүртсэн ч хэдхэн хоногийн дараа түүний сорьцоос допингийн жагсаалтад багтсан станозолол гэх бодис илэрсэн нь хэл ам дагуулсан. Улмаар түүний медалийг хураах шийдвэрийг Азийн олимпийн зөвлөлөөс гаргаж алтан медалийг нь хүчингүйд тооцсон. Манай улс нэг алтан медалиа хураалгаснаар багийн амжилт тодорхой хувиар ухарч байгаа юм. Нөгөө талдаа манай улсын шилдэг тамирчнаас допинг илэрсэн гэдэг нь олон улсад Монголын нэр хүндийг унагасан үйл явдал боллоо. П.Орхоны хувьд “Допинг хэрэглээгүй, намайг хүмүүс хорлосон байна” гэсэн нь энэхүү шуугианыг олон талтай хэрүүл болгочихоод байгаа. Түүнийг хэн хорлосон гэж? Эсвэл өөрөө хэрэглэчихээд бусад руу буруугаа чихэж байна уу гэх асуулт хөвөрсөөр. Гэтэл энэ асуудалд Монголын чөлөөт бөхийн холбоо, Монголын Үндэсний Олимпийн хороо, Допингийн эсрэг үндэсний төв гэх байгууллагууд ямар ч албан ёсны тайлбар хийгээгүй байна. П.Орхоноос илэрсэн станозолол гэх бодис нь допинг дотроо хамгийн хүчтэйд тооцогддог. Уг бодис тэмцээний урд өдөр, эсвэл өглөө нь уухад шээснээс илрэх боломжгүй гэдгийг мэргэжлийн эмч нар хэлж “4-5 удаагийн давтамжтайгаар уусан тохиолдолд сорьцоос илрэх магадлалтай” гэдэг нь бас л нэг хар төрүүлэх шалтгаан болоод байгаа.

Монголын спортод нэг гажуудал харагддаг. Мундаг мандаж явсан тамирчныг алдартай, нэр төртэй явахад анхны багш, спортод оруулсан багш, унаган багш, нутгийн багш, шигшээ багийн багш гээд өч төчнөөн багш дагалдаж, өөртөө хамааралтай болгох гэж зүтгэдэг. Тэгээд тухайн тамирчинд ямар нэг алдаа дутагдал илэрвэл тамирчнаа булаацалдаж байсан өнөө багш нар нь нүүр буруулж зугтдаг жишээ олон бий. Учир нь тамирчин тив, дэлхий, олимпийн дэвжээнд амжилт гаргавал шагнал, урамшууллын тодорхой хувь нь багшид нь очдог. Багш нь тамирчныхаа шагналын тодорхой хувьтай тэнцэхүйц хэмжээний мөнгийг улсаас хүртдэг. Харин үүний эсрэг талд тамирчин нь алдаа гаргавал, сорьцоос нь допинг илэрвэл, тамирчин ёс зүйн алдаа гаргавал түүнийг хариуцаж ирсэн, хариуцаж байгаа багш, дасгалжуулагч өмнөөс ч юм уу, хамт хариуцлага хүлээдэг тогтолцоо гэж байдаггүй.

Одоо бол П.Орхон өөрөө допинг уусан, тэрийг нь багш нар, дасгалжуулагчид, шигшээгийн дасгалжуулагчид нь огт хараагүй, мэдээгүй л гэж өөрсдийгөө цэвэр авч гарахыг хичээж, энэ асуудлыг аль болох сөхөхгүйг, олон нийтийн хараанаас гаргахыг хичээж байгаа нь ойлгомжтой. Монголын чөлөөт бөхийн холбооны хувьд сорьцоос нь допинг илэрсэн ганц тамирчин нь П.Орхон биш. Сүүлийн жишээ гэвэл 2017 онд Туркменстанд болсон Азийн танхимын спортын чөлөөт бөхийн төрөлд өрсөлдсөн дөрвөн тамирчнаас станозолол илэрсэн байдаг. Үүний талаар тус холбооныхон огт мэдээлээгүй. П.Орхоны дуулиантай зэрэгцээд л саяхнаас дуулдаж эхэлсэн юм.

П.Орхоны сорьцоос допинг илэрсэн нь зөвхөн тамирчны буруу биш. Мэргэжлийн тамирчин, шигшээ багийн шилдэг тамирчны хувьд юу идэж уух, ямар хувцас өмсч зүүх нь хүртэл нарийн хяналт дор байдаг. Биоритм, биологийн цаг, сэтгэл зүй гээд тухайн тамирчны бүхий л нөөц бололцоог шигшээ багийн дасгалжуулагчид нь удирдаж, бүхнийг зааж зааварладаг. Тамирчны хувьд дасгалжуулагчдынхаа үгээс зөрөх нь хориотой. Ингэхээр П.Орхоноос допинг илэрсэн асуудалд Монголын чөлөөт бөхийн холбоо, Улсын шигшээ багийн албаныхан ч давхар хариуцлага хүлээх ёстой юм. Учир нь аливаа тамирчин спорт клуб, нийгэмлэгийн тамирчин байж байгаад амжилтаараа тэргүүлээд шигшээ баг руу ороод ирэхээр тэр хүний бүхий л зүйл нь улсынх болоод явчихдаг. Илүү их ачаалал хүлээж авч шигшээ багийн багш, дасгалжуулагчдын хараан дор ирдэг. Хэрвээ шигшээ багийнхан өндөр хараа хяналт тавиад байхад П.Орхон нууцаар допинг хэрэглэсэн бол тамирчны буруу гэх сэн. Эсвэл П.Орхонд хэн нэгэн зориудаар допинг өгсөн бол хараа хяналт тавиагүй шигшээ багийн албаны хүмүүсийн буруу болж таарч байгаа юм. Тамирчныхаа гавьяа, шагнал урамшууллыг хуваалцах гэж тал талаас нь зүтгэдэг багш , дасгалжуулагчид нь допингийн асуудалд ч хариуцлага хүлээх ёстой гэдэг нь харагдана. Учир нь П.Орхоны хувьд олон улс, тив, дэлхийн олон тэмцээнд амжилт гаргаж медалийн тавцанд зогссон гавьяатай.

Тамирчинд олгох мөнгөн шагнал ийм байдаг юм байна

Засгийн газрын 2018 оны 173 дугаар тогтоолд “Олон улсын Олимпийн хорооны ивээл дор зохион байгуулагддаг тив, дэлхийн наадам болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах, мөнгөн шагнал олгох журам” гэж бий. Уг журмаар тамирчинд олгох мөнгөн шагналыг тодорхой тусгажээ.

П.Орхоны авчирсан алтан медалиудаас ДАШТ-ээс авсан алтан медалийг онцолъё л доо. Түүний авсан дэлхийн аваргын медалийг мялааж улсаас 40 сая төгрөг өгч. Харин дасгалжуулагчид нь 20 саяыг олгосон гэсэн үг. Тэгэхээр түүний авчирсан медалийн мөнгөн урамшууллын 50 хувьтай тэнцэхүйц хэмжээний төгрөгийг хэн хэн хувааж авсан нь сонирхолтой. Шигшээ багийн багш нар, клубийн анхны багш нар гэж хүмүүс бий. Гэхдээ тамирчид холбоотойгоо гэрээ хийхдээ багш нартаа урамшууллын мөнгөн шагналыг хэд хэдэн хувиар хувааж өгөхийг нарийн заасан байдаг. Ингэхээр чөлөөт бөхийн холбоо П.Орхонтой хийсэн гэрээг ил болгож түүний шагналаас хувь хүртэж ирсэн багш нарыг зарлаж, допинг хэрэглэсэн асуудалтай холбогдуулж давхар хариуцлага үүрүүлэх ёстой. П.Орхоныг Азийн наадамд бэлтгэхэд гаргасан бүхий л зардлыг улсад эргэн төлүүлэх ч гарц байж болно.

Засгийн газрын уг тогтоолын 3.1-д “Дасгалжуулагчид медаль хүртсэн тамирчинд олгох мөнгөн шагналын 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн шагналыг олгоно” гэж заасан байгаа юм. Мөн “Тамирчинтай нэгээс дээш дасгалжуулагч ажилласан тохиолдолд мөнгөн шагналыг хувь тохирсон гэрээний дагуу дасгалжуулагчид хувааж авна” гэж тодорхой заажээ. Дасгалжуулагчдыг тамирчных нь амжилтаас хамаарч хэрхэн урамшуулахыг ийнхүү тодорхой заасны зэрэгцээ 5.7-д “Тамирчин допинг хэрэглэсэн нь тогтоогдож медалиа хураалгасан тохиолдолд мөнгөн шагнал, урамшууллыг олгохгүй бөгөөд олгосны дараа илэрвэл мөнгөн шагнал, урамшууллыг нөхөн төлүүлнэ” гэж хатуу заажээ. Ингэхээр тамирчнаас допинг илэрсэн гээд өмнөх шигээ эс тоож боломгүй юм. Цаашид дахин ийм асуудал үүсгэвэл зөвхөн тамирчны л буруу олж дасгалжуулагч, шигшээ багийн хүмүүс нь зүгээр өнгөрдөг байдлыг арилгах цаг болсон. Мөн үүн дээр Монголын Үндэсний Олимпийн хороо болон Допингийн эсрэг үндэсний төв ч хариуцлага хүлээх ёстой.

Нэг удаа хэрэглээд гардаггүй гэх станозолол гэх бодисыг багаар бодоход 4-5 удаагийн давтамжтайгаар хэрэглэсэн тохиолдолд шээсээр гадагшилдаг гэдэг. Допингийн эсрэг үндэсний төв гэх байгууллага П.Орхоноос допинг илэрч байхад, илрэхээс өмнө ямар ажил хийж байсан бэ гэдгээ одоо олон нийтэд зарлах ёстой.

Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа буудлагын спортын армийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртчихээд байхад нь хүзүүн дээрээ наалт наасан гэдэг шалтгаанаар медалиа хураалгасан. Олон олимп, ДАШТ-д оролцсон манай шилдэг тамирчин яагаад тэр жижиг асуудал ийм том гай дагуулахыг мэдэхгүй байсан юм бол. Жилд допингийн эсрэг үйл ажиллагаа явуулна гэж улсаас мөнгө төсөвлүүлдэг гэх Допингийн эсрэг үндэсний төв тамирчдын дунд суртал ухуулга хангалттай хийдэггүй гэдэг нь үүгээр харагдаж байгаа юм.

Допингийн эсрэг үндэсний төв нэг төслөөс л 200 сая төгрөг авдаг юм байна. Өөр ямар эх үүсвэрээс яаж допингийн эсрэг ажиллана гэж хэлээд хичнээн төгрөг авдаг нь тодорхойгүй

Допингийн эсрэг төв нь монгол тамирчны эрүүл мэндийг хамгаалах, тамирчдад допингийн эсрэг үйл ажиллагааны талаар боловсрол олгох, цэвэр, шударга тамирчдынхаа нэр хүндийг олон улсын тавцанд хамгаалах, Дэлхийн допингийн эсрэг хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэх зорилготой гэж өөрийнхөө албан ёсны хуудаст мэдээлжээ. Гэтэл уг байгууллага зорилгоо хэрэгжүүлэхийн төлөө хангалттай ажиллахгүй байна. Азийн наадамд тамирчнаас нь станозолол гэх допинг илэрчихээд байхад уг байгууллагыг ажлаа сайн хийж байна гэж хэлэх үндэслэл алга. “Допингийн эсрэг үндэсний байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төсөл нь ЮНЕСКО-гийн Спорт дахь допингийн хэрэглээг бууруулах сангийн дэмжлэгтэйгээр манай улсад гурав дахь удаагаа хэрэгжиж байгаа аж. Төслийн зорилго нь тамирчны эрүүл мэнд, нэр төрийг хамгаалах, цэвэр шударга спортыг бий болгоход допинг хэрэглэсэн тамирчныг шийтгэх бус хэрэглэхээс нь өмнө мэдээллээр хангах, мэдлэг эзэмшүүлэх, сургалт сурталчилгааны үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлэхэд оршино гэсэн байх юм. Гэтэл бодит байдал дээр манай тамирчид, тэр дундаа онцгой анхаарал, халамжийн дор байдаг улсын шигшээ багийн шилдэг тамирчнаас допинг илэрнэ гэдэг байж боломгүй асуудал. Нэг тамирчны ард шигшээ баг, Допингийн эсрэг үндэсний төв, Монголын Үндэсний Олимпийн хороо гээд олон байгууллага, албан тушаалтан байгаа.

Манай улс “Спортод сэргээш хэрэглэхийн эсрэг олон улсын конвенци”-д 2007 онд нэгдэн орсон байдаг. Гэтэл 2007 оноос эхэлж тамирчдаас тэр дундаа бөхчүүдээс допинг хамгийн ихээр илэрдэг болж, сүүлдээ ирэх олимпийн найдвар, олимпийн аварга болох магадлал хамгийн өндөр гэгдэж байсан тамирчнаас допинг илэрч байна. Энэ бол спортын хувьд том гарз. Нэг тамирчныг өдий зэрэгтэй болгож гаргаж ирэхийн тулд хичнээн хүний цаг, хөдөлмөр орж, цалин, урамшуулал, тэмцээний бэлтгэл, хувцас, амин дэм, тэмцээний онгоц унааны зардалд татвар төлөгчдийн хэдэн зуун сая төгрөг зарцуулагдсаныг хэлэхэд хэцүү шүү дээ. Сорьцоос нь допинг илэрлээ гээд тухайн тамирчин хүний спортын замналд цэг тавиад өнгөрөөд байж болохгүй. Үүнд холбогдох спортын байгууллагууд нь бас хариуцлага үүрдэг байх хэрэгтэй. П.Орхоноос допинг илэрсэн асуудалд Монголын чөлөөт бөхийн холбоо, Монголын Үндэсний Олимпийн хороо, Допингийн эсрэг үндэсний төв зэрэг байгууллага хариуцлага хүлээх ёстой.


Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Бөх гэх бүдүүлэгдүүхэн нөхдийн тэнэглэл гадаад, дотоодгүй нүүр түлэх юм

Монгол Улсын нүүр царай, ард түмнийг төлөөлөх, тэднийг араасаа үлгэрлэн дагуулах баатруудын дүрд бөхчүүдийг тоглуулдаг болоод удлаа. Эд нар ч тэр дүрдээ бүр дасчихсан. Сүүлдээ “Намайг хэн хэлэх вэ, нохойг хэн саах вэ” гэсэн шиг гадаад, дотоодгүй бүдүүлэг авирлах нь хэрээс хэтэрч байна.

Тамирчид олимп, ДАШТ-ээс медаль хүртвэл авсан медалийнх нь чансаагаар эрэмбэлж, сар бүр мөнгөн урамшуулал өгдөг. Ингэж бүхий л насаараа улсаас урамшуулал нэрээр мөнгө авч байгаа тамирчид голдуу л бөхчүүд. Бөхчүүд гэж нэг их зантай, биеэ тоосон нөхөд. Ингэж хамраа сөхөхөд нь энэ сар болгон олгодог урамшуулал ихээхэн түлхэц болоод байгаа юм. Хүүхэд, залуучуудын хувьд боловсрол гэж гүйгээд яах вэ бөх болчихвол олимп, дэлхийгээс ганц медаль чирээд ирэхэд төр засаг нь ард түмэнтэйгээ өмнө нь сөгдөж мөргөөд байдгаа барьж, бүх насаар нь урамшуулал өгчихдөг юм байна, тэгж амьдарч болох юм байна гэдэг ойлголт, хүмүүжлийг хэдийнэ авчихсан. Учир нь олимп, дэлхийн дэвжээнээс медаль хүртсэн тамирчдаас хамгийн өндөр урамшуулал авдаг эхний 20 тамирчин л гэхэд сардаа 2-7.5 сая буюу дундаж нь 4.7 сая төгрөгийг гар дээрээ авч байгаа. Ийм урамшуулал байгаа юм чинь толгойгоо ажиллуулж, тоо бодож сургууль соёл, бичиг үсэг гэж гүйгээд яанам бэ, боловсролын хэрэггүй, бөх болоход л бол оо. Яагаад ч юм Монголд бөх хүн, бөхчүүд шиг “од” үгүй. Тэгсэн хэрнээ ард түмний хайр хүндлэл, итгэлийг даадаггүй нь бөхчүүд. Тэдний ялж ялагдаж чаддаггүй, сэтгэлийн хатгүй байдал нь улам даамжирч хүн төрөлхтний өмнө монгол хүний үнэлэмжийг унагаж, Монгол гэдэг нэрийг гутааж дуусгалаа.

Дотооддоо гэж ярихад Монголын үндэсний бөхөд найраа гэдэг юм гаарч, үнэн хүчийг үзэн барилддаг бөхгүй болтлоо дампуурчихаад байгаа. Найрааныхаа ханш, даваагаа өгч авалцаж байгаа үнэ өртгөө бүр наадамчин олны өмнө ил цагаан яриад сууж байдаг болцгоочихсон. Зүлэг ногоон дэвжээн дээрээ гараад хоёр бөх хүч үзлээ гэхэд нэг нь унаж, нөгөө нь давж таарна аа даа. Унасан нь уйлж, хашхирч тахимаа өгөхгүй зугтаж, хөмхийгөө зууж, учраагаа нударч, тохойлдож бүр заримдаа элэг бүсээ тайлахын оронд гэдрэгээ хараад хэвтэж унаснаа хүлээн зөвшөөрөхгүй газар шаана. Болвол дахиж барилдчих санаатай нь илт гүрийж үзэгчдийг залхаадаг нь бүр элбэгшсэн.

Гадаадад бол жүдо, самбо, чөлөөт бөх гээд бөхийн төрлийн тамирчид ялж, ялагдаж сураагүй гэдгээ алхам тутамдаа харуулсаар. Хамгийн хариуцлагатай тэмцээн болох олимпийн наадмын дэвжээнээ хүрэл медаль авчихлаа хэмээн хэт баярлаж сүүлийн хэдхэн секундэд сэтгэлээ бариагүйгээсээ болж ялагдал хүлээж байх жишээний. Тамирчин нь сэтгэл хөдлөлөө хянаагүйгээс ялалтаа баталгаажуулалгүй медалиа алдчихаад байхад багш дасгалжуулагчид нь дэвжээн дээр гарч ирж том багагүй нүцгэлцгээн гүзээгээ харуулж дэлхий даяар Монгол Улсынхаа нүүрийг нэг сайн шарсан сан. Эсвэл ямар нэг медаль авчихаараа алах ялаас мултарсан хоригдол мэт чанга хашхирч хөөрч, Монгол төрийн алтан соёмбот тугийг буруу зөрүү нөмөрч гүйж харайж, багш нар нь эр, эм шавиа толгой, хүзүүн дээрээ суулгаж гүйн бөөн нус нулимс болдог. Энэ бүхэн нь зарим талаараа соёлт хүн төрөлхтөнд хүмүүн бусын үйлдэл мэт сэтгэгдэл төрүүлдэг. Олон зууны турш шашины гэмээр ном дүрмээр аядуу зөөлөн явж ирсэн сумог монгол бөхчүүд алаан, хядаан болгочихсон. Давааны мөнгийг нь хэрээ мэт шүүрч авч, дэвжээ буюу дохё руу нь нулимж, нүдний булангаараа камер, үзэгчид рүү хялалзан айлгаж даналзсаныхаа хариуд манай сумочид юу хүртлээ. Япончуудад монгол бөхчүүдийн энэ ааг омог, биеэ авч яваа байдал зэрэг нь огтоос хүндэтгэл төрүүлээгүй бөгөөд цаагуураа ямар нэгэн айдас, болгоомжлол байсан учраас тэднийг нэг нэгээр нь ямар нэг шалтаг шалтгаанаар дэвжээнээс нь буулгаж, зодог тайлуулсаар байгаа. Ингэх нь аргагүй шүү дээ. Боловсролгүй хүн мөнгөтэй байх нь нийгмийг балладаг учир япончууд сумочдоо бага балчираас нь боловсролтой байхыг бяртай байхтай адил хэмээн үзэж аль аль талыг нь жигд хөгжүүлж ирсэн байдаг.

Хүнд дийлдэг, дийлдэггүй юм гэж бий. Бөхчүүд олимп, дэлхийн дэвжээнд ялчихаар Монгол Улсын тусгаар тогтнол сэргээд, улс эх орны хөгжил улам батжаад байдаг юм шиг, эсвэл ялагдчихаар Монгол Улсын дархан байдал алдагдаад аюулгүй байдалд ноцтой хор хохирол учирдаг юм шиг бодоцгоож тийм хандлага гаргаад байдаг нь анзаарагдсан. Тэгж ойлгож хэрхэвч болохгүй. Нэг тамирчны ялах, ялагдахаас хамаарч байгаа, байхгүй нь мэдэгддэггүй жижиг улс биш ээ, Монгол. Сая Азийн наадамд Монголын жүдочид Хятадын багтай барилдаад 4:2-оор ялагдсан. Гэтэл энэ ялагдлаа хүлээж чадахгүй дэвжээн дээр гарч өрсөлдсөн баг болоод тэр танхимд цугласан олонд хүндэтгэл үзүүлж ёсолгоогоо хийгээгүй нь Монгол Улсын нэрийг гутааж дуусгасан шүү. Жүдогийн өнөө хатуу ёс жаяг хаачив. Өрсөлдөгчдөө ялагдаж чадахгүй, ялагдаж мэдэхгүй тэднийг одоо яалтай вэ.

Дэлхий нийт, хүн төрөлхтөн бөх, бокс мэтийн тулааны голдуу, ганцаарчилсан спортыг төдийлөн өндөр үнэлдэггүй. Учир нь хувь хүний, ганц хүний карьераа өсгөх гэсэн амин хувиа илүүтэй бодсон бэртэгчин спорт гэж үзээд нэг их тоохгүй, улс орны зүгээс ч онцгойлон анхаараад байдаггүй юм.

Бөхийн төрлүүдээс гарч ирсэн “Аварга, аварга” гээд байгаа эдгээр улс эргээд ард түмэндээ нэмэр тус болно оо гэж ер үгүй. Их сайндаа л УИХ-ын гишүүн болж байгаа нь цаанаа мөн л өөрийнхөө карьерыг өсгөж байгаа өнөө аминчхан санаа. Гишүүн болоод бас гавихгүй ээ. Гийгүүлсэн юмгүй, попорсон нэгэн болдог нь нүднээ ил билээ. Бөхчүүд гадаад, дотоодгүй хаана ч байсан допинг хэрэглэнэ. Хэрэглэх хэрэглэхдээ хамгийн хортой, хориотойг нь хэрэглэнэ. Ийм боловсролгүй байж болох уу. Дэлхий нийтээрээ жигшдэг сэргээшийг ус ундаа, талх тариа шигээ бодож биедээ шахжээ суудаг мөн хэцүү улс аа. Энэ бүхний эцэст бөхчүүдийг дэмжээд дэмжээд дэмтэй юм олж хардаггүй юм чинь дэлхийн жишгээ дагаад багийн спортыг хөгжүүлэх тал дээр бүх анхаарлаа төвлөрүүлэх цаг нь иржээ. Нэг багт арван хүнтэй, эвтэй байж чадсан багийн тамирчин нийгэмдээ 100, 1000 мянган хүнтэй эвтэй байх чадвартай болчихсон байдаг. Тэр хэрээр нийгэмдээ үзүүлэх эерэг нөлөө нь геометр прогресс шиг үржинэ.

Тэгэхгүй бол энэ хэдэн бөхчүүдийг тойглож, байдгаа барихын хэрээр улам бүдүүлэгтэж, тэнэглэл нь улс эх орны нэрийг цаашид яаж гутааж, нүүр хийх газаргүй болгохыг мэдэхгүй юм. Тэнэглэлийг нь зогсоож дийлэхгүйгээсээ хойш багийн спортоо дэмжсэн шиг дэмжиж, үлдсэн жаахан нэр хүндээ хамгаалж, нэгдэж нийлж чаддагаа дэлхий нийтэд харуулъя.


Categories
мэдээ цаг-үе

Монголчууд нүүдлийн аж ахуйгаас үүдээд амин хувиа боддог зантай болсон улс гэв

Зүүн гар талаас химийн ухааны доктор Д.Дэмбэрэлнямба, техникийн ухааны магистр, инженер Н.Нацагням, байгалийн шинжлэх ухааны доктор, профессор, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Х.Намсрай, математикийн шинжлэх ухааны доктор, профессор, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич С.Төмөрбат

Шинжлэх ухаан, технологийн шилдэг бүтээлийн шагналт эрдэмтдийн 100 саяас хязгааргүй хэлэлцүүлэг өчигдөр Монгол Улсын их сургуулийн Номын санд болсон билээ. Уг хэлэлцүүлэгт математикийн шинжлэх ухааны доктор, профессор, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич С.Төмөрбат, байгалийн шинжлэх ухааны доктор, профессор, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Х.Намсрай, Техникийн ухааны магистр, инженер Н.Нацагням, химийн ухааны доктор Д.Дэмбэрэлнямба, химийн шинжлэх ухааны доктор, профессор, Монгол Улсын Төрийн шагналт, академич Д.Батсүрэн нар зочин эрдэмтдээр уригдсан байлаа. Академич Д.Батсүрэнгийн бие тааруу байгаа учир гэргий нь төлөөлөн ирсэн байв.


Академич Х.НАмсрАй: -Шинжлэх ухааны талаар ярихаар зарим талаараа уйтгартай байдаг байхгүй юу. Нэг удаа Альберт Эйнштейнээс их гоё цэнхэр нүдтэй сэтгүүлч бүсгүй асуусан байгаа юм. “Та гайхамшигтай гоё нээлт хийсэн. Таны нээлтийн талаар бүх дэлхийн эрдэмтэд ярих юм. Та хийсэн юмаа тайлбарлаадахаач” гэж асууж л дээ. “Ээ, хүү минь. Тэр чинь их хэцүү юм. Олигтой юм байдаггүй юм. Аягүй хэцүү. Чи өмхий хүрэн гэж мэдэх үү. Газар доогуур явдаг” гэсэн чинь сэтгүүлч “Мэднэ ээ” гэж. “Тэр газар доогуур явдаг олон тэрбум өмхий хүрний нэг нь “Миний ухаж байгаа нүх жаахан мурийлттай юм байна” гэдгийг харсан. Тэгж харсан нь би байхгүй юу” гэж хэлтэл бөөн инээдэм болсон байгаа юм. Шинжлэх ухаан бол гайхамшигтай, бүтээлч, сонин зүйл. Аливаа шинжлэх ухаан маш жижигхэн юмнаас эхэлдэг. Мэрийлт чармайлт, хичээл зүтгэл байхад таны бүтээл олон тэрбумыг авчирна. Монголын шинжлэх ухаан дэлхийн түвшнээс давж байна гэж би хэлнэ (Бүгд алга ташив.сурв).

Инженер Н.Нацагням: -Сая Х.Намсрай багшийг бидний технологийн дэвшлийг дэлхийгээс давчихсан байна гэхэд та нар инээж байна шүү дээ. 1990 онд Х.Намсрай багшийг дэлхийг бишрүүлэх юмаа хийчихсэн гэж ярьдаг байсан юм. 28 жилийн дараа тэр бүтээлээрээ шагнал авахад хүмүүс гайхаж байна. Бидний түвшин бол тийм муу биш. Би сая Англид контрактаар дөрвөн сар ажиллаж байгаад ирлээ. Цагийн цалин нь 40 фаунд. Өдрийн цалин 320 фаунд. Монгол төгрөгөөр бол өдрийн сая төгрөгийн цалинтай. Тэр компанийн хийж чадахгүй юмыг контрактууд хийдэг. Тэд нь хөгжүүлдэг. Контрактууд нь Шри-Ланк, Иран, Пакистан хүмүүс байгаа юм. Бидний тогтолцоо нь социалист тогтолцооноос гараагүй болохоор бид ядуу, тэд баян байдаг юм байна. Тэд үндэсний стандарт, зах зээлээ хамгаалчихдаг. Тэнд төрийн бодлогыг Д.Дэмбэрэлнямба багш шиг, Х.Намсрай багш шиг хүмүүс гаргадаг юм байна. Манайх шиг төрийн томилгооны, цэцэрлэгийн хүүхэд төрийн бодлогыг гаргадаггүй. Намайг Үндэсний хөгжлийн газрын дэд дарга байхад монгол хэлний багш ирээд “Би эрчим хүч информатикийн төлөвлөгөө гаргах гэсэн юм. Та надад заагаад өгчих” гэж байсан. Тэгэхээр манай тогтолцоо болохгүй байгаа юм. Манай залуучууд англи залуучуудаас хамаагүй илүү юм билээ. Манай оюутнууд тултал нь сурдаг. Тэндхийн оюутнууд хэцүү. Ерөөсөө ойлгодоггүй. Нэг юм хэлэхээр дахин дахин асуудаг. Мах иддэг хүмүүс ухаантай байдгийг би тэнд харсан. Арай өөр юм билээ. Миний тэнд өдөрт авч байсан сая төгрөгийг монгол инженерүүд энд авах боломжтой. Залуучууд энд 2-3 мянган долларын цалин авах боломж байна. Энэ их цалин, энэ их мөнгийг бид хятадуудад өгч байна. Энэ бол төрийн гажуудлаас болоод байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ гажуудлыг засч байж залуучууд минь ажилтай болно.

Доктор Д.Дэмбэрэлнямба: -Одоо бол шинээр юм хийх нь хязгаарлагдмал. Хамгийн чухал юм бол шинэ санаа. Шинэ санаагаа олоод явчихвал бүх юм болно. Санаа анхдагч. Дээр нь уйгагүй ажиллагаа. Угаасаа монголчууд нүүдлийн соёлтой байсан болохоор бүтэн сайн гэж амралтын өдөр байгаагүй. Яагаад бүтэн сайн гэж өдөр бий болов гэхээр Есүсийн сүмдээ мөргөхийн тулд ийм өдөр гарч ирсэн. Хүн хоол ундаа зөв хэрэглээд сайн унтаж амраад явж байвал эрүүл байдаг. Аливаа шинээр хийж байгаа юм судалгаа, шинжилгээн дээр үндэслэгдсэн байх ёстой. Нэвтрэхэд бэрхшээлтэй байж л амьдрах чадвар удаан байдаг. Монголчуудад хамтын ажиллагаа дутагдаад байдаг. Нүүдлийн аж ахуйгаас үүдээд амин хувиа боддог зантай болсон улс. Аливаа нэг шинэ санаа гаргасан, сод амжилтад хүрсэн хүмүүстэйгээ хамтарч ажиллаад мөнгө олоод дараа нь өөрийнхөө бодсоноо хэрэгжүүлэх боломж бий. Гэтэл өөрөө ганцаараа хийх гээд зүтгээд байдаг. Үүндээ маш их хэмжээний цаг алддаг.

Монголчуудын тэр дундаа улаанбаатарчуудын шийдэх ёстой хамгийн чухал асуудал бол утаа. Бид Солонгосын эрдэмтэдтэй хамтраад нүүрсийг шигшээд зууханд түлэхээр болгоод хоёр төрлийн ургамлын хандаар шүршээд ямар ч утаа гаргадаггүй болгосон. Гэтэл үүнийгээ амьдралд яаж нэвтрүүлэх вэ гэхээр урагш явахгүй зогсчихсон байна. Засгийн газар айлуудын янданд 500 мянган төгрөгийн шүүлтүүр шиг юм тавьж өгнө гээд байгаа. Өнөө жил утаанаас сална гээд байгаа. Салахгүй. Цаашдаа ч энэ байдлаараа байвал салахгүй. Бидний сэдсэнийг хурдан нэвтрүүлдэг төр засаг хэрэгтэй байна.

Энэ үеэр академич С.Төмөрбаттай ярилцсан юм. Тэрээр Цагиргийн радикал онолын зарим асуудал болон шийдэгдээгүй асуудлууд цуврал бүтээл-ээрээ Шинжлэх ухаан, технологийн салбарын шагнал-ыг анх 2008 онд хүртэж байсан билээ.

-Эрдэмтдийн бүтээлийг нийгэмд нэвтрүүлэх, эцсийн бүтээгдэхүүн болгох ажил хэр байгаа вэ?

-Шинжлэх ухааны чиглэлийг үнэлэх анхны чиглэл нь шилдэг бүтээлийг 100 сая төгрөгөөр үнэлж буй явдал. Үүнийг би анхны цэг гэж ойлгоод байгаа шүү дээ. Энэ сэдэв чинь 100 саяас хязгааргүй гэхээр эхний цэг нь 100 сая ч цаашаа хязгааргүй цацраг шиг л явах нь байна, тийм ээ. Эрдэмтдийг ингэж дэмжээд энэ шагналыг цааш үргэлжлүүлээд байвал эрдэмтэн судлаачид улам л хүчтэй, эрчтэйгээр ажиллах байх. Бүр илүү үр дүн гарахаар, дэлхий танигдах хэмжээний юм хийх байх гэж ойлгож байна.

-Сая академич Х.Намсрай гуай монголын шинжлэх ухааны түвшин дэлхийн түвшнээс давсан гэлээ?

-Үнэн шүү дээ. Монголын математик гэж байдаггүй. Монголын математикчид дэлхийн түвшний л юм хийж байгаа. Манай эрдэмтдээс хүчтэй, сайн ажил хийсэн хүмүүс зөндөө байна. Миний багш нар, дараа үеийн залуучууд байна. Математикийн хамгийн гол онцлог нь худлаа юм гэж байдаггүй. Тэрийг нэг л баталсан бол мөнхөд тэр хүний нэрээр л дурсагдана. Ямар үр дүн баталсан. Тэр нь тэр чигээрээ байна. Тэгэхээр математикаар баталсан юм болгон төгс гэж хэлж болно. Тэгэхээр бид дэлхийн түвшний ажил хийж байгаа юм даа. Математик гэлтгүй бүх юм дэлхийн түвшинд хүрчихсэн байгаа. Өнөөдөр ганцхан юу өөр гэхээр орчин, амьдрах амьжиргаа нь өөр. Тийм л дутагдалтай. Гадны эрдэмтэд ажлаасаа өөр юм бодохгүйгээр тэрийгээ л хийдэг. Орчныг нь бүрдүүлээд өгвөл манай эрдэмтэд дэлхийд цойлно гэж би ойлгодог.

-Аливаа улс орон шинжлэх ухаандаа түшиглэж л хөгждөг. Тиймээс энэ салбартаа их хэмжээгээр хөрөнгө хаядаг. гэтэл манайд үгүй шив?

-Шинжлэх ухааны академи, их дээд сургуулийн том том академич, эрдэмтэн олон байна. Эдний залгамж холбоог цааш нь тасдахгүй бэлдэх хэрэгтэй. Өнөөдөр сурч, ажиллаж байгаа залуу хүмүүст дутагдалтай тал байна. Жаахан юм хийчихээд тэрийгээ нийтэд дэлгээд л карьер хөөгөөд явдаг. Энэ нь надад таалагддаггүй. Миний шавь ч бай, хэн ч бай тийм үйлдэл гаргавал надад таалагдахгүй. Номын хүнийг өөр юм бодолгүйгээр номыг нь хийлгэх юм бол манайх унахгүй л дээ. Тэтгэвэртээ гарсан, гараагүй том том эрдэмтдээс авах юм их байгаа. Тэднээсээ л юм олж авахгүй бол хүн шинжлэх ухааны араас нь мацаж гүйцээд уншина гэж байдаггүй юм. Тэгэхээр тэр том эрдэмтдийн тусламжтайгаар шинжлэх ухааны оргилд угтаж уулздаг. Тиймээс том эрдэмтдээ ашиглаад угтаж уулзах тэр зам руу залуусыг оруулбал маш хурдан, хүчтэй өгсөнө.

-Том эрдэмтэн, академичдын ширээний нүдэнд санхүүжилтийг нь шийдэж өгвөл асар их бэлэн болсон бүтээл, нөөц байгаа юу?

-Байлгүй яах юм. Их байгаа. Дуусашгүй их байгаа. Тэрнийг л төр засаг минь хийчихвэл үү. Одоо эхэлж л байна даа. Арван жил болж байна, 100 сая төгрөг өгөөд. Тэр чинь нэмэртэй. Зөвхөн шагнал биш ерөөсөө амьжиргаа нь хангалттай байх хэрэгтэй. Ялангуяа академийн эрдэм шинжилгээний ажилтнууд ёстой үнэн сэтгэлээсээ хэдхэн төгрөгийн цалинтай ч ажилдаа, амьдралаа зориулчихсан хүмүүс байдаг юм. Тэдний амьжиргааны түвшин хангалттай байвал маш гоё гоё юмнууд хийнэ, хийчихсэн ч байгаа, гаргаж чадахгүй ч байгаа хүмүүс зөндөө байгаа.

-Манай голлох салбар уул уурхай юм биш үү, улс төрчдийн яриагаар. Тэдний ярьдаг ганц юм уул уурхай, эрдэс баялаг?

-Уул уурхайг тэргүүлэх салбар гээд байгаа юм. Миний бодлоор уул уурхай тэргүүлэх салбар биш. Байгалийн баялаг төгсгөлөг хэмжээтэй. Аваад л дуусна. Дуусдаггүй юм бол оюун ухаан. Шинжлэх ухаанаа өөд нь татаад явсан газарт байгаль экологи нь цэвэр, байгаль экологидоо хоргүй технологи нэвтрүүлээд явдаг. Уул уурхайгаас хэдэн тэрбумыг авна гэж яриад байгаа ч алсдаа шинжлэх ухаан л хамгийн найдвартай нь.

-Шинжлэх ухааны салбарт ажилладаг хүмүүст нэг том нийтлэг дутагдал байгаад байх шиг. Амбицгүй, хийсэн юмаа хүмүүст хүргэх, танилцуулах талаа орхигдуулаад байдаг. Хийсэн бүтээлийг нь цаасан дээрээс амьдрал руу бодит бүтээгдэхүүн болгох тийм санхүүгийн холбоос хэрэгтэй байна уу даа?

-Ер нь дуугүй байгаа эрдэмтэд их юм хийж байгаа. Зарим нэг нь “Би ийм юм хийчихсэн” гэж рекламдаад байдаг. Юмаа хийхээсээ өмнө тэгж зарлах нь зүгээр л шоу. Үнэхээр юм хийж байгаа хүн бусдад хэлдэггүй шүү дээ. Чимээгүй, дуугүй л шүүмжлүүлээд л яваад байдаг юм.

Шинжлэх ухаан, технологийн шилдэг бүтээлийн шагналт эрдэмтэд өмнө нь нэг дор ингэж цуглаж, ийм хэлэлцүүлэгт орж байгаагүй байх шүү?

-Урьд нь ийм хэлэлцүүлэг болж байгаагүй. Зөвхөн тэр шагналыг авсан хүмүүс гэлтгүй том том эрдэмтэд, академичид сууж байна. Мэргэжил мэргэжлээрээ тэр хүмүүсээсээ зөвлөгөө аваад угтаж уулзах замыг нь эд нараараа заалгах хэрэгтэй. Түүнээс биш хойноос нь хөөгөөд тэдний гаргасан теорем юм уу, тэнд хийчихсэн туршлагыг хойноос нь хийгээд гүйцнэ гэж үгүй. Шинжлэх ухааныг угтаж уулзаж байж л урагшлуулна. Тийм бололцоо нь залууст байгаа. Төр засагт ч тэрийг нь дэмжих бололцоо байх ёстой. Тэгэхгүйгээр угтаж уулзуулаад залгаж өгөх хүмүүсийг нь тайраад хаячихаар чинь яаж уулзах юм. Араас нь хөөгөөд мөд гүйцэхгүй.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Г.БАЗАРРАГЧАА

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Азгүй” 32 мянган хүүхэд цоожтой хаалганы цаана уйлаад л байж байг уу

Хуучин бол хичээлийн шинэ жилийн нээлт гэдэг чинь сурагч, багачуудын дуу хуур, инээд цалгисан их л сүртэй, эрдмийн баяр, томоохон ёслол байлаа. Харин одоо баяр биш, цэцэрлэггүй үлдэж азгүйгээрээ дуудуулсан багачуулын гуниг уйтгартай харц, гэртээ цоожлогдсон бяцхан үрсийн ганцаардмал төрхтэй нулимстай өдрүүдийн эхлэл болж дээ. Өнөө жил нийслэлд төрийн өмчийн 222, төрийн бус 450, нийт 672 цэцэрлэгт ойролцоогоор 114 мянган хүүхэд хамрагдахаар болоод байгаа бол цаана нь 32 мянган хүүхэд цэцэрлэггүй үлдээд байна. Харин Ерөнхий боловсролын 241 сургуулийн нэгдүгээр ангид зургаан настай 34 мянган хүүхэд элсэнэ.

Улаанбаатар хотод цэцэрлэгт хамрагдах ёстой нийт 146 мянган хүүхэд байгаагаас 32 мянга нь сугалаагаар нэр нь гарч ирээгүйгээс “азгүй”гээрээ дуудуулан хаалганы цаана үлдэж байгаа нь цэцэрлэгт хамрагдах ёстой хүүхдүүдийн 22 хувь болж байна.

Энэ оны хоёрдугаар сарын 2нд Монгол Улсын Ерөнхий сайд, МАНын дарга У.Хүрэлсүх Д.Сүхбаатарын мэндэлсний 125 жилийн ойн өдрөөр өөрийн төгссөн II дунд сургуульд зочлох үеэрээ “Энэ Засгийн газар боловсролын салбарт урьд өмнө байгаагүй их хөрөнгө зарцуулж энэ жил 127 цэцэрлэг, 93 сургууль барина. Ингэснээр гурван ээлжээр хичээллэдэг сургуульгүй болж, хүүхдүүд азын сугалаагаар цэцэрлэгт ордгоо болино” гэж ярьж байсныг ард түмэн санаж байгаа байх. Салбарын сайд нь ч 2018 оны төсвийг батлах үеэр сургуулиудын хөрөнгө оруулалтыг иж бүрэн шийдсэн учир 2018 оны есдүгээр сарын нэгэн гэхэд сугалаа сугалж, танил талаараа яриулж хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлдэг асуудал нэг мөр шийдэгдэнэ гэж хэлж байсан удаатай. Гэтэл өнөө жил улсын хэмжээнд 20хон цэцэрлэг шинээр үүд хаалгаа нээж байгаа юм. Өмнө нь хэн нь түрүүлж ирж дугаарлаж зогссон нь хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлдэг байсан. Энэ нь хэл ам таталснаар ийнхүү цахимаар бүртгэж хүүхдүүдийг цэцэрлэгт авахдаа хэр аз, ёндоотойгоор нь шалгадаг болоод удлаа. Наймдугаар сар гарах үеэс л цэцэрлэгийн багачуудыг “азтай”, “азгүй”-гээр нь ярих болж эцэг, эхчүүд “Миний хүүхэд азтай. Цэцэрлэгт орж чадсан”, “Манай хүүхэд азгүй. Дахиад л гэртээ бүтэн жил цоожлуулах нь дээ” гэх мэтээр хүүхдээ элдвээр цоллож сэтгэл зүйн асар их дарамтад оруулдаг боллоо. Багаасаа өөрийгөө азгүй, хийморьгүй, гологдмол гэж эцэг эх, эргэн тойрноосоо сонссон хүүхдийн сэтгэхүйд ямар ч байсан сайн ул мөр үлдэхгүй.

Улсын хэмжээнд 2015-2016 оны хичээлийн жилд 1288 цэцэрлэгт 225 мянган хүүхэд хамрагдаж байсан бол 20162017 онд 1354 цэцэрлэгт 243 мянган хүүхэд, 2017-2018 онд 1416 цэцэрлэгт 256 мянган хүүхэд тус тус хамрагджээ. Сүүлийн дөрвөн жилд улсын хэмжээнд жилд 62-66 цэцэрлэг шинээр баригдаж ашиглалтад орж байсан ч олон хүүхэд цэцэрлэггүй үлдсээр байсан. Гэтэл өнөө жил бүхэл бүтэн улсын хэмжээнд 20хон цэцэрлэг шинээр баригдсан нь өмнөх үзүүлэлтүүдийг доош татлаа. Энэ нь чамлах байтугай харамсмаар үзүүлэлт мөн биз дээ.

Сургууль, цэцэрлэг хүрэлцээгүй байхад барилгын ажил, засвар гэж бөөн тээг бий. Шинээр цэцэрлэг, сургууль барихаар бол сонгон шалгаруулалтыг хурдан явуулаад хаврын улиралд, цаг уярах үеэр барилгын ажлыг нь эхлүүлчихвэл есдүгээр сарын нэгэн гэхэд ашиглалтад орчих боломжтой. Гэтэл шинэ сургууль барих, өргөтгөх, засвар хийх ажлаа сунжруулсаар наймдугаар сар хүргэдэг нь гэм биш, зан болчихож. Барилгын ажил дуусаагүйгээс олон хүүхэд цэцэрлэггүй хоцорч, сурагчид нэг ширээнд чихэлдэж хичээллэх болчихоод байна.

Их болон урсгал засвар дуусаагүй байгаа сургууль, цэцэрлэг нийслэлийн хэмжээнд 25 байгаа бол засварын ажил дуусаагүй гэх шалтгаанаар 15 нь шинэ хичээлийн жилд хүүхэд хүлээн авах боломжгүй байна. Сүхбаатар дүүргийн 54 дүгээр цэцэрлэг, Хан-Уул дүүргийн 121, 41 дүгээр цэцэрлэг, Баянгол дүүргийн 47 дугаар сургууль, 164 дүгээр цэцэрлэг, Баянзүрх дүүргийн 126, 53 дугаар сургууль, 146 дугаар цэцэрлэг, Чингэлтэй дүүргийн 102, 19, 174 дүгээр цэцэрлэг, Сонгинохайрхан дүүргийн 127 дугаар цэцэрлэг засварын ажлаа дуусгаагүй байна. Тэгэхээр сургуулийн сурагчдыг гурван ээлжээр ч болтугай чихээд, ийш тийш шилжүүлэх замаар зохицуулалт хийх нь тодорхой боллоо. Харин цэцэрлэггүй үлдсэн 32 мянган хүүхдийн хувь заяа маш хүнд байдалд орж байгаа юм. Тэднийг одоо яах вэ. Гэрт нь уйлуулаад түгжээд байх уу, гудамжинд тоглоод ээж, аавыгаа хүлээгээд зогсч байг уу.

Ойролцоогоор 5000 орчим нь хүүхэд харах үйлчилгээнд хамрагддаг гэдэг тоо байдаг бол дийлэнх нь өвөө эмээ дээрээ, хамаатан садныхаа гэрт өдрийг бардаг. Цэцэрлэгт хамрагдах ёстой 10 хүүхэд тутмын 23 нь гэртээ цоожлуулдаг гэдэг бас нэгэн судалгаа бий. Эцэг эх нь хүүхдээ өгөх цэцэрлэг, газар олдоггүйгээс гэртээ цоожлохоос өөр сонголтгүй. Өглөө цоожлуулсан хүүхэд зурагтын өмнө нүдээ чилтэл суудаг. Халуун хоол, цай идэх боломжгүй ийм хүүхдүүд хүйтэн хар цай, талх төдийхнөөр гол зогоож өдрийг барна.

Гэмтэл согог судлалын үндэсний төвд түлэгдсэн гэх оноштойгоор хүргэгдэн ирдэг хүүхдүүдийн 85 хувь нь бага насныхан буюу 1-5 настай багачууд байдаг нь мэргэжилтнүүдийн сэтгэлийг эмзэглүүлдэг. Түлэнхийн нөхөн сэргээх эмч нар “Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэхээр хүүхдийн түлэгдэлт багасдаг. Эцэг эхийн хараа хяналтгүй, гэртээ цоожлуулдаг хүүхдүүд түлэгдэх нь хамгийн түгээмэл” гэдэг хариулт өгдөг. Цэцэрлэгт хамрагдаагүй, гэртээ байдаг хүүхдүүд түлэгдэхээс гадна бэртэж гэмтэж их ирдэг юм байна. Түүнчлэн юм залгих, тог цахилгаанд цохиулах нь элбэг. Тиймээс хүүхдээ гэртээ цоожлохоор болвол зориулалтын манежинд хийх юм уу, уяж хөдөлгөөнийг нь хорьж байвал гэмтэж бэртэх эрсдэл нь буурна гэж аргаа барсандаа уламжлалт юм ярьдаг. XXI зуунд, мэдээллийн эрин зуунд үр хүүхдээ хүмүүжүүлж, нийгэмшүүлж, эрдэм сургаж, ертөнцтэй танилцуулж байх байтал манайхан шиг ингээд гэрт нь уяад байж байдаг улс өөр байх болов уу. Хүүхдээ түлэхгүй байхын тулд аль болох цэцэрлэгт хамруулах шаардлагатай бөгөөд цэцэрлэгт хамрагдсанаар түлэгдэлтээс гурав дахин хамгаалдаг гэдэг судалгааг гаргажээ. Хүүхдээ түлсэн айлын хүүхдүүд ихэвчлэн цэцэрлэгт хамрагдаагүй байдаг нь тогтоогдсон юм байна. Үүнээс гадна гэртээ цоожлуулдаг, цэцэрлэгээр хүмүүжээгүй хүүхэд нэгдүгээр ангид ороод үеийнхнээсээ сурлага, зан харилцаа, өөрийгөө илэрхийлэх байдал, хамт олонч байх зэрэг олон шинж чанараараа хол хаягддаг.

Есдүгээр сарын нэгэн болоход сайд, дарга нар бүгд нэг, нэг сургуульд очиж хичээлийн шинэ жилийг нь нээж үг хэлдэг. Тэгж хэлэхдээ барьсан хэдэн цэцэрлэг, сургуулийнхаа тухай л яриад байхаас биш, хичнээн мянган хүүхэд цэцэрлэггүй, гэртээ, аюулд өртөх эмзэг нөхцөлд цоожтой байгааг дурддаггүй. Жил ирэх бүр нэмэгдэж байгаа хүн амын өсөлтийг давхар тооцоолж, хот, хөдөө гэлтгүй сургууль, цэцэрлэгийг хангалттай бариад өгчих нөөц бололцоо уг нь бий. Гэвч яагаад ч юм ирээдүйнхээ төлөө, ардын хүүхдүүдийн төлөө зангидсан гар шиг хамтарч нийтээрээ хөдөлдөггүй нь харамсалтай. Цэцэрлэг, сургууль барих нь БСШУСЯны асуудал биш, энэ бол улсын аюулгүй байдал, улсын орны ирээдүйтэй холбоотой чухал асуудал учир Засгийн газар бүхэлдээ хөдлөх ёстой. Сонгуульд ялалт байгуулах нэг чухал амлалт бол “Шинээр сургууль, цэцэрлэг барьж өгнө”. Тэр амлалтаа биелүүл. Та бүхний сэтгэлгүй байдлаас болоод “Азгүй”гээрээ дуудуулсан 32 мянган хүүхэд цоожтой хаалганы цаана дахиад нэг жилийг уйлж барах нь. Уйлаад л сууж байг уу?