Categories
мэдээ цаг-үе

Бригадын генерал Б.Батбаяр: Бид агаарын хил болон халдашгүй дархан байдлыг хянах, хамгаалах үүргээ сайн биелүүлж байгаа

Монгол Улсын Зэвсэгт хүчний Агаарын цэргийн штабын дарга, Бригадын генерал Б.Батбаяртай ярилцлаа.


-Манай агаарын цэргийн командлалын өнөөгийн нөхцөл байдлын тухай ярихгүй юу. Эндээс ярилцлагаа эхлүүлье?

-Юуны өмнө нэг зүйлийг ярья. Би “Өдрийн сонин”-ыг байнга захиалдаг уншигч байгаа юм. Бодит мэдээллийг хүргэдэг. Эх сурвалжаас нь мэдээллийг дамжуулдаг, худал мэдээлэл дамжуулдаггүй тийм сонин. Бас хүний анхаарлыг татахаар гоё нийтлэлүүд гардаг юм. Надад ялангуяа Б.Цэнддоо нийтлэлчийн бичдэг шоглосон маягтай фельетонууд нь таалагддаг. Арын нүүртээ С.Цогтбаярын шог зурагнуудаас тавьчихсан ч байх жишээтэй. Тийм болохоор нөр их ажилтай байдаг та бүхэнд ажлын амжилт хүсэн ерөөж байна. Ард түмэндээ сайн сайхан мэдээллүүдийг байнга хүргэж байгаарай.

-Баярлалаа.

-2015 онд Батлан хамгаалах бодлогын үндэс гэж баримт бичиг батлагдсан юм, УИХ-аар. Энэ баримт бичгээр Монгол Улсын Зэвсэгт хүчин хуурай замын цэрэг, агаарын цэрэг, бусад төрөл, мэргэжлийн цэргээс бүрдэнэ гээд заачихсан. Үүний дараа 2016 онд Батлан хамгаалах тухай хууль, Зэвсэгт хүчний тухай хууль, Цэргийн албаны тухай хууль, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль гэсэн Батлан хамгаалахын багц хуулиуд батлагдсан юм. Зэвсэгт хүчний тухай хуульд л гэхэд Агаарын цэрэгтэй байна гээд заагаад өгчихсөн. Үүнээс хойш агаарын цэргийг бие даалгаж, Зэвсэгт хүчний нэг төрөл гээд явж байгаа. Энэ чиглэлээр манай агаарын цэрэг тусдаа гараад хууль эрхзүйн орчноо сайжруулах ажлуудыг их хийлээ. Мөн зэвсэг техникээ шинэчлэх, хүмүүсээ сургаж дадлагажуулах гэх мэтчилэнгийн олон ажлыг хийгээд явж байна. Цэргийн албаны ажил хууль эрх зүйн үндэслэлүүд дээр явагдах ёстой. Манайх агаарын цэрэг учраас Улсын нисэхийн тухай хуулийг 2017 онд анх оруулаад 2018 онд УИХ-аар батлуулсан. Энэ хуульд зааснаар манайд багц дүрмүүд гэж бий. Тэр дүрмүүдээ шинэчлэн найруулаад батлуулсан.

Энд нэг ойлголтыг өгөхөд агаарын цэрэг нисэх, пуужин, радио техникийн гэсэн гурван төрлийн цэргийг дотроо багтаадаг. Бид байлдааны дүрэм, бусад дүрэм, журам, заавруудыг бүгдийг нь боловсрууллаа. Энэ чиглэлд нэлээд ажил амжууллаа. 2017 оны нэгдүгээр сарын 7-нд бид Агаарын цэргийн командлалын дүрмээ батлуулаад Улсын бүртгэлийн газарт бүртгүүлж гэрчилгээгээ авсан. Тухайн сарынхаа 25-нд бид тамга тэмдгүүдээ авч дөрөвдүгээр сард нь Байлдааны тугаа гардаж авсан юм. Үүнээс хойш бид нар бодлогын бүх баримтуудаа боловсруулаад ажил ерөнхийдөө жигдрээд явж байна

-Танай зэвсэг техникийг сонирхож болох уу?

-Бид гурван төрлийн зэвсэглэлтэй. Радио техникийн зэвсэг нь агаарын орон зайд хяналт тавьж байдаг. Хяналт тавьдаг радио лакацын станцууд бий. Онцгой объектуудыг халхлах үүрэг зориулалттай. Үүнийг пуужингаар гүйцэтгэнэ. Агаарын орон зайд үүссэн зөрчил, дутагдал, бусад асуудлыг арилгах, агаарын халдашгүй дархан байдлыг хамгаалах ийм үүрэгтэй. Пуужингаас гадна нисэхийн цэрэг бий. Бусад орны агаарын цэргийг харахад хяналтаа тавиад, мэдээллээ пуужин, нисэхийн цэрэгтээ өгчихөөр пуужингаараа харваад онгоцоороо амдан сөнөөх маягаар ажилладаг. Ийм гурван төрлөөр манайх үйл ажиллагаагаа жигд явуулж байна. Агаарын хил, агаарын халдашгүй дархан байдалд хяналт тавих, хамгаалах үүргээ бүгд сайн биелүүлж байгаа. Бид ОХУ-ын зэвсэг техниктэй. Манай офицерууд Орост сургууль төгсч ирдэг. Онгоц, пуужингийн офицеруудыг Орост бэлтгэдэг. Радио техникийн офицеруудын заримыг ОХУ-д, заримыг нь Монголдоо бэлтгээд эхэлчихсэн. Бага мэргэжилтнүүдээ дотооддоо бэлтгэнэ. Зэвсэг техникийн хувьд тухайн үед ОХУ-аас буцалтгүй тусламжаар авч байсан. Тэр техникүүдээ одоо ашиглаж байгаа. Сүүлийн үед зэвсэг техникээ шинэчилж сайжруулах, бусад оронтойгоо хөл нийлүүлдэггүй юм аа гэхэд орхигдчихгүйн тулд тэр талын ажиллагаа хийж байгаа. Энэ нь биднээс шалтгаалахгүй, Монгол Улсын эдийн засгийн боломж, бололцооноос шалтгаалдаг байх. Мөнгө төгрөгийн боломжгүй болохоор жил болгон сайжруулаад байгаа юм байхгүй. Бид боломжийнхоо хэрээр зарим нэг зэвсэг техникүүдээ буцалтгүй тусламжийн хэлбэрээр, зарим нэгийг нь хамтын ажиллагаатай улс орнуудаас хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдаж авах ч байдаг юм уу гэх мэтээр сайжруулаад явж байгаа. Гурван чиглэлээс нисэхийнх нь чиглэлээр л ярихад өнөө жил шинээр нэг нисдэг тэрэг худалдаж авахаар холбогдох оронтой нь зохих яриа хэлцлүүдийг хийчихсэн байгаа. Мөн пуужин, радио техникийн чиглэлээр бас харилцан яриа өрнүүлээд хамтын ажиллагаануудаа эхэлчихсэн. Яриа бол нэлээд нааштай шатандаа орчихсон байгаа.

-Дроныг улс орнууд батлан хамгаалахынхаа салбарт нэлээд түлхүү ашиглаж байгаа мэдээ сэлт их байна. Манайх энэ тал дээр хэр анхаардаг юм бол?

-Манайхан одоо л мэдэж байгаа. Би нисэхийн чиглэлийн мэргэжилтэй хүн л дээ. 1985 онд ЗХУ-д Нисэхийн ерөнхий сургуулийг Сөнөөгч онгоцны радио техникийн мэргэжлээр төгсч ирээд ажиллаж байгаад ОХУ-ын Нисэхийн академийг Пуужин, нисэхийн инженерийн чиглэлээр төгссөн. 2003 оноос Батлан хамгаалах яаманд Зэвсэглэл, техникийн чиглэлээр ажиллаж байсан. Би 2005 онд өөрийнхөө мэргэшсэн чиглэлээр нисгэгчгүй нисэх хэрэгсэл буюу дроны талаар цэргийн сэтгүүлд нийтлэл тавьж байсан юм. Ийм хэрэгсэл одоо хэрэгцээтэй боллоо. Бусад орнууд үйлдвэрлээд эхэллээ гэж бичихэд тухайн үед үүнийг ойлгох хүн бараг байгаагүй л дээ. Уржнангаас энэ талаар ярих боллоо. Бусад орнуудад хөгжөөд эхлэхээр аргагүйн эрхэнд сонирхоод эхэлсэн. Нисгэгчгүй нисэх хэрэгсэл бол маш их ашигтай. Хамгийн гол зорилго нь агаарын тагнуул хийх. Камер зүүгээд тодорхой цаг өгөөд явуулчихна. Өөрийнхөө батарейгаар заасан алсад оччихоод үйлчилгээ хийчихээд буцаад ирнэ. Хүн, хүч шаардахгүй, аятайхан. Нисгэгчгүй нисэх хэрэгслийг янз бүрийн зорилгоор ашиглаж болно л доо. Цаг уур, зам, гал түймэр гээд иргэний зориулалтаар ч ашигладаг.

-Манайхан өөрсдөө дрон угсраад эхэлсэн гэж дуулдсан шүү?

-ШУТИС-ийн харьяа Механик, тээврийн сургууль гэж бий. Тэр сургууль дотор Аэро-гидро механикийн сургууль гэж бий. Тэр нь нисэхийн чиглэлийн инженер бэлтгэдэг. Тэр сургуульд 2006, 2007 оноос эхлээд оюутнууд нисгэгчгүй нисэх хэрэгслээр дипломын ажил хийсэн. Манайх нисэхийн ангиудад энэ чиглэлд сонирхолтой залууст заавар, зөвлөгөө өгч өөрсдөө нисгэгчгүй нисэх хэрэгсэл хийгээд эхэлчихсэн. Заримаас нь туршаад амьдралд нэвтрүүлчихсэн. Жишээ нь, Батлан хамгаалах салбарын шилдэг бүтээлийг жил бүр шалгаруулдаг. Тэр шалгаруулалтад нисэхийн ангийн гурван залуу гурван өөр төрлөөр оролцож гурвуулаа байр эзэлсэн. Манайхан тэр талдаа нэлээд өндөр түвшинд хүрчихсэн. Одоо бол шинээр нисэхийн ангийг түшиглээд “Нисгэгчгүй нисэх хэрэгсэл бүтээх төв” нээхээр зөвшөөрлүүдээ аваад явж байна.

-Монголын Зэвсэгт хүчнийг тойрсон элдэв таамаг, яриа бий л дээ, олон нийтийн дунд. Ялангуяа зэвсэг, техникийн тухайд. Өнгөрсөн жил гэхэд шинээр 200 танкаар хүчээ зузаатгалаа гэж шуугиад өнгөрсөн?

-УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангийн ярилцлагыг телевизээр үзсэн, сонин хэвлэлээс ч уншсан. УИХ-ын дэд дарга тийм юм ярьсан. Тэр бол ямар ч үндэслэлгүй. Манай Зэвсэгт хүчин 200 танк аваагүй. Тийм юм нийлүүлээгүй. Гэхдээ 2010 оны орчимд цөөн тооны хэдэн танк авсан. Буцалтгүй тусламжаар ОХУ-аас орчин үеийн гэж болох танк. Тэрнээс өмнө нэлээд хуучирсан, хоёр, гуравдугаар үеийн л танкууд байсан. Гэхдээ тэд үүргээ гүйцэтгэхээр болвол гараад үүргээ гүйцэтгэнэ. Арчилгаанд, бүх юм нь бэлэн байдалд байдаг. Хэрэгцээтэй үед ашиглахад бэлэн. Зөвхөн танкны хувьд ярихад.

-Монголын цэргүүд хуяг, дуулгатай юу. Хэр хамгаалагдсан байдаг вэ. Бүрэн зэвсэглэж чадсан уу. Барууны кинонуудаас харахад тэндхийн цэргүүд толгойноосоо хөл хүртлээ бүрэн хамгаалалт, хэрэгсэлтэй байдаг?

-Хувцас формын хувьд манайх сайжирсан. Кинон дээр гараад байдаг шиг тийм хувцас манай цэргүүдэд байна. Нүдний шилнээс эхлүүлээд шөнийн дуран хараа гээд бүх юм бий. Бууны сумнаас хамгаалдаг хантаазтай. МҮОНТ-ийн “Дуулга” студиэс бэлтгэдэг “Эх орны төлөө” нэвтрүүлгээр манай цэргүүд хувцас, хэрэглэл, дуулга, малгай, өвдөг, тохойн хамгаалалт гээд бүх юмтайгаа гардаг юм. Гутлын хувьд цөлийн шар гэдэг юм даа, тийм гуталтай. Буу зэвсгийн хувьд ерөөсөө дутах юм байхгүй. Манай Зэвсэгт хүчний үүрэг гүйцэтгэх бэлэн байдлын салшгүй нэг хэсэг учраас хувцас, формоор хангах ёстой л доо.

-Монголын армийн бэлтгэл сургуулилт хэр байдаг вэ?

-Манай Зэвсэгт хүчний хамгийн гол үндсэн зүйл бол ерөөсөө л бэлтгэл сургуулилт. Тайван цагт сургуулилт дадлага сайн байж байж л байлдааны цагт үүргээ гүйцэтгэнэ шүү дээ. Манайхны сургуулилт, бэлтгэлийг сайн гэдгийг би өөрөө мэргэжлийн хүний хувьд маш сайн мэднэ. Тэрийг худлаа биш гэдгийг юугаар батлах вэ гэхээр манайхан гадны оронд очоод үүрэг гүйцэтгэдэг. Зөвхөн Энхийг сахиулах хүрээнд л ойлгоод байгаа юм. Иран, Ирак, Судан, Сьерра Леонд алба хааж байгаа манай цэргүүд сургуулилт, дадлага, бэлтгэлжилт илүү болохоор тасарч илүү харагдаж байгаа байхгүй юу. Бүх орны цэрэг уралдахад эхний арван байрт нь манай цэргүүд орж байх жишээний.

-Тэр үнэн юм уу?

-Үнэн. Нүдээрээ харж, чихээрээ сонссон гадаадын дарга нар нь хүртэл үнэлдэг. Тэр нь баримт болж бичлэгээрээ хүртэл байгаа. Аргагүй л дээ. Тэсвэр хатуужил бас байна. Монголын цэргийн генд байна шүү дээ. 20 кг элс үүрээд таны асуугаад байсан бүх өвч хэрэгслээ өмсөөд гүйнэ. Тэр чинь бас нэлээд хэдэн кг болно. Тэгээд элсээ үүрээд 30 км газар гүйгээд ирэхэд монгол залуучууд л түрүүлж ирдэг. Эсвэл бүр тасарчихсан гадны цэрэг байлаа гэхэд эхний гурав дотор л орж ирэх жишээтэй. Ийм л байгаа юм, хаа ч очсон. Манай сургуулилт, бэлтгэл сайн. Та бүхэн Г.Аззаяа, Ш.Самбуу-Ёндон хоёрын тухай сонсч л байсан байх.

-2004 онд Иракт болсон халдлагыг няцааж, монгол цэргийн алдрыг өргөсөн хоёр биз дээ?

-Дэлбэрэлт, буудалцаан болоход манайхан “Буунд аа!” гээд дайрдаг бол бусад орныхон ширээн доогуур шургах үйлдэл хийдэг. Ажиллагаанд явуулах багаа Таван толгойн бааз дээр бэлтгэдэг. Тэндээ бэлтгэл, сургуулилтаа маш сайн базаадаг. Бүх ангиас ирж байгаа цэргүүдээ туршлагатай багш, офицерууд нь хүлээж авч сургуулилт, дадлагыг нь хийлгэдэг учраас энэ тал дээрээ илүү байдаг юм болов уу гэж боддог шүү дээ.

-Монгол эрчүүд “Чингисийн үр сад, Монгол омогшил, бид баатруудын удам” гэж ирээд л ярих болж. Гэтэл үнэндээ бодит амьдрал дээрээ тийм мундаг улс хэвээрээ юу?

-Би тэгж омогшоод онгироод байгаа цэргийн хүнийг хараагүй. Энэ тал дээр их анзаардаг. Энгийн залуучууд тийм юм яриад байдаг. Би чинь голдуу офицер, ахлагч нартайгаа хамт байдаг болохоор Монгол омогшил гээд л омогшоод, орилж хашгираад байгааг нь хараагүй. Үүргээ гүйцэтгээд явж байвал тэр чинь л омогшил. Омогшил гэдгийг үйл ажиллагаагаараа л харуулах ёстой. Түүнээс биш Монгол омогшил гээд л орилоод байж болохгүй. Бусад орнууд ч омогшино шүү дээ. Биднээс ч илүү омогшино. Бусад орны эрчүүд спортоор гэхэд илүү л байгаа биз дээ.

-Эх оронч гэдгийг манайхан мушгиад байна уу даа. Эх оронч хүн гэгдээд байгаа хүмүүсийг харахаар арай л өөр юм яриад байх боллоо. Таны хувьд эх оронч хүн ямар байх юм, эх оронч гэж хэнийг хэлэх юм?

-Үйлдлээрээ л эх орныхоо төлөө гэдгээ харуулаад гараад ирсэн хүнийг л эх оронч гэнэ. Хүн болгон л эх орондоо хайртай, эх оронч байхыг хүсдэг байх л даа. Тэрийгээ яриад л, яваад л “Би эх оронч” гээд байж болохгүй. Хувцас оёдог оёдолчин эмэгтэй байлаа гэхэд хийх ёстойгоо, оёх ёстойгоо зөв хийгээд явж чадаж байвал тэр хүн эх орныхоо төлөө зүтгэж байгаа эх оронч. Дэлгүүрт очоод олон бараанаас эх орныхоо үйлдвэрийн барааг сонгож худалдан авч байвал тэр чинь бас л эх оронч хүн байхгүй юу. Үйлдлээрээ л харуулж байгаа хүнийг эх оронч гэнэ үү гэхээс “Эх орон, эх оронч” гээд дандаа яриад яваад байгаа хүнийг эх оронч гэхэд хэцүү. Гэхдээ хүн болгон эх орондоо хайртай. Эх орноо гэсэн сэтгэл дотор нь байж л байгаа.

-1990-ээд он хүртэл Монголд буугүй айл бараг байгаагүй шүү. Ханынхаа толгойноос зүүчихсэн цахиураас эхлүүлээд калибр харагддаг л байсан. Гэтэл өнөөдөр буутай айл, буутай иргэн бага болжээ. Цөөрүүлээд ч байгаа юм шиг. Нэг тийм бодлого яваад байна уу даа ч гэж харагддаг юм. Гэтэл гадны орнуудад иргэд нь гар буу чөлөөтэй эзэмшдэг. Зарим оронд айлууд галт зэвсгийн шүүгээ, булантай байх жишээний…

-Дээр үед байсан. Айл бүхэнд нэг калибр байдаг байсан. Винтов ч байдаг байлаа. Тухайн үед аавууд нь хүүхдүүдээ дагуулж явж тарвага буудах ч юм уу, багаас нь бууны дөртэй болгож ойртуулж, дарийн утаа үнэртүүлж ирсэн. Тэр нь дээр үеэсээ уламжилж ирсэн цэргийн бэлтгэл байсан юм болов уу гэж боддог. Чингис хаан байна, түүний дараахь үе байна. Тэр үед бүх айл л нум сумтайгаа байсан. Хэзээ нэгэн цагт эх орон дуудахад тэрийгээ аваад л гардаг байсан байхгүй юу. Сүүлд буу зэвсгийг хурааж аваагүй. Буу зэвсгийг бүртгэлжүүлээд хяналт тавиад эхэлсэн. Татвар аваад эхэлсэн. Зарим хүмүүст очиж татвар төлөхөөс түвэгшээж ядаргаатай санагддаг байх. Манайх бусад орны жишиг шиг л байгаа болов уу гэж боддог. Ангийн дэлгүүрүүдэд буу зарж л байгаа. Галт зэвсгийн тухай хуультай. Тэр хуулийн дагуу бүх баримт бичгээ бүрдүүлээд буу худалдаж аваад цагдаад бүртгүүлэхэд болно. Сүүлийн үед ялангуяа залуучууд, эрэгтэй хүүхдүүд цэргийн бэлтгэл, буу, буудлага гэсэн эр хүн тал руугаа байхаа больчихоод байна. Миний харж байгаагаар солонгос кино үзсэн, нарийхан өмдтэй, үс гэзгээ мөн тийм байдлаар засчихсан, яриа хэл нь хүртэл сонсохоор ойлгомжгүй ч юм шиг.

Түс тас яриад ч юм уу, энгийн яриад ойлголцчих юман дээр олон тайлбар хэлээд ч юм уу. Эсвэл олон эмэгтэйчүүдийн дунд сурч, ажиллаад тийм болчихсон ч юм уу гэмээр харагдах болсон. Тэгэхээр тэдэнд цэрэг, буу тал руугаа сонирхол байхгүй, ерөөсөө.

Үргэлжлэл бий

Categories
мэдээ цаг-үе

Э.Дүүриймаа: Цэргийн хувцастайгаа дуулахад баатарлаг, бадрангуй сэтгэл төрдөг юм

Хилийн цэргийн дуу, бүжгийн чуулгын дуучин Э.Дүүриймаатай ярилцлаа.


-Дуучнаар төгсч байгаа хүмүүсийг анзаараад байхад ихэвчлэн нийтийн дуу руу л орж байгаа харагддаг. Гэтэл та хилийн цэргийн дуучин. Чухам яагаад ийшээ орох болсон юм бол?

-2011 онд Хөгжим, бүжгийн сургуулийг төгсөөд Хилийн цэргийн дуу, бүжгийн чуулгад дуучнаар орохоор шалгуулсан. Шалгалтад нь тэнцээд уг чуулгын дуучин болсон юм. Дуучдыг ажиллуулах мэргэжлийн байгууллага улсын хэмжээнд бага шүү дээ. Гэтэл жилд дуучнаар хичнээн хүүхэд төгсч байгаа билээ. Миний хувьд аз таарсан гэх үү, нэг тийм үед уг чуулгад орсон л доо. Манай ахмад уран бүтээлчид гавьяаныхаа амралтад гарч орон тоо шинээр гарч нэлээд олон залуу уран бүтээлчдийг шалгаж авсан юм, тэр жил. Хавар дөрөвдүгээр сард нь л би энэ том байгууллагын дуучин болно гэсэн бодол төрсөн л дөө. Тэр хүртэл надад цэрэг, хилтэй холбоотой ямар ч мэдэгдэхүүн байгаагүй. Цэргийн хүн болно ч гэж төсөөлж байгаагүй. Дөрөвдүгээр сард найрал дууны “Хаврын баяр” наадам болсон. Тэрэнд ХЦДБЧ-ын уран бүтээлчид, найрал дуучид, холимог найрал хөгжимчид ирж оролцсон юм. Тэднийг харахад маш их эмх цэгцтэй, дүрэмт хувцастай их жавхаатай харагдсан. Тэр үед л ерөөсөө хилийн цэргийн дуучин болъё гэж шийдсэн. Өмнө нь эстрадын “Хилчин” хамтлаг гэж байсныг 2011 онд дахин шинээр сэргээсэн юм. Яг тэр үед хилийн цэрэг эстрадын найрал хөгжимтэй болох гэж байгаа гэж дуулчихсан байлаа. Энэ бүхэн давхцаад л энэ сайхан байгууллагын дуучин болж, авьяастай уран бүтээлчдийнхээ эгнээнд орсон доо.

-Таныг төрийн шагналт, ардын жүжигчин Х.Уртнасан агсны шавь гэж сонссон юм байна. Тэгэхээр дуурийн дуучин гэсэн үг үү?

-2007 онд анх багштайгаа танилцаж багш, шавь болж байлаа. Би тэр үед Соёл, урлагийн их сургуулийн Кино драмын ангид сурдаг байсан юм. Хэдийгээр жүжигчний мэргэжлээр сурч байсан ч дуучин болох хүсэл минь давамгайлаад Хөгжим, бүжгийн коллежид очоод Х.Уртнасан багштайгаа уулзаж байлаа. Багш маань намайг шалгаад “Хүрээд ир” гэсэн. Тэгэхэд багш маань тус коллежийн Дуулаачийн тэнхимийн эрхлэгчээр ажилладаг байсан юм. “За, ямар багшаар хичээл заалгах вэ. Багшаа сонго” гэхээр нь “Таныг л гэж ирлээ. Танаар л заалгая” гэхэд “Хөөх миний өөдөөс бас ингэж том дуугардаг хүн байдаг юм байна. За яахав, зоригийг чинь үнэлье” гэж хэлээд өөр дээрээ авч билээ. Би сонгодог гэхээсээ поп чиглэлд илүү дуртай. Багш маань тэрийг мэднэ. “Яах вэ, миний хүү. Өөрийнхөө дуртай юмыг хийгээд яв. Хэрэгтэй газраа байх шиг сайхан юм байдаггүй юм” гэж дандаа хэлдэг байсан юм. Намайг огт өөр хөгжмийн чиглэлд дуртай хэрнээ дөрвөн жилийн турш дууриар сурсан гэхээр манай багш ямар их ухаантай, аливаад авах гээхийн ухаанаар ханддаг, юмыг тэнцүүлж чаддаг мундаг хүн байсныг нь харуулж байгаа юм. Уурлаж хэлнэ, ойлгуулж хэлнэ. Хөгжим бүжгийг төгсөөд ХЦДБЧ-д ороод Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Ганчимэг багшийнхаа шавь болж байлаа. Манай Ганаа багш Уртаа багш бид гурав нэг нутгийнх. Булганых. Уртаа багш “Нэг нутаг усныхан байна даа. Чамд энэ хүүхдийг даалгаж өгье. Гарааг нь би тавиад өгчихсөн, цаашид зөв явахад нь, сайн дуучин болоход нь чи дэмжээрэй” гэж захиж үлдээж билээ. Тэрнээс хойш Б.Ганчимэг багшаасаа дуучны ур чадвараас эхлүүлээд маш их зүйлийг сурсаар явна. Манай багш их өгөөжтэй, хүнд юм өгч чаддаг сайхан эмэгтэй.

-ХЦДБЧ-ын дуучин болсноосоо хойш Монгол орныг хэд тойров?

-Нэг бүтэн тойрчихоод байна. Бараг хоёр тойрчихжээ. Нэг очсон газартаа хичнээн ч очив доо.

-Анх хил дээр очиход гүн сэтгэгдэл үлдээсэн ямар застав байна вэ?

-2012 оны зургадугаар сард анх бригадаар явж байлаа. Анхны бригад маань Дорноговь аймгийн Улаан-Уулын хилийн заставт очсон юм. Манай чуулгын дарга шинээр орсон залуу дуучдаа дагуулаад, “Хилчин” хамтлаг, мөн манай чуулгын ахмад үеийн төлөөлөл болох дуучин Д.Март эгч гэсэн хүмүүсийн бүрэлдэхүүнтэйгээр анх бригад гарсан нь тэр. Халуу шатаад л, хөлс гэдэг асгараад л. Нойтон сальфеткаар хамаг биеэ арчицгаагаад л явж байлаа. Говьд чинь аагим халуун дуниартаад л тэгсэн хэрнээ халуун салхитай. Заставууд нь эл хуль. Би хил дээр очоод мэлмэртэл уйлж билээ.

-Яагаад?

-Мэдэхгүй. Сэтгэл омогшсон гэх юм уу яасан юм. Бараг хоёр өдөр тэгж уйлсан. Манайхан бүгд гайхсан. Цаанаасаа сэтгэл омогшоод л хүний хөл хүрч чадахгүй ийм өргөн уудам хязгаар нутгийг манаж байгаа хилчдээ харахаар л өрөвдөөд ч байгаа юм уу, уяраад ч байгаа юм уу сэтгэл хөдөлсөн. Хамгийн анхны бригад маань сэтгэлд их тод үлджээ. Тэгэхэд манай хөтлөгч, дуучин Г.Батсүх ах “Жаал Шандын заставын дарга” найраглалыг уншсан юм. Яруу найрагч Б.Доржпалам Жаал шандын заставын дарга Гамгаравт зориулж бичсэн шүлэг л дээ. Тэр шүлгийг Г.Батсүх ах их сайхан уншина. Халуун учраас тоглолтоо гараажинд тоглоно. Эсвэл гадаа талбайд тоглоно. Эргэн тойрны байр байдал, хүмүүсийн төрх, цаг агаар, байгалийн зан ааш ер бүгд яг тэр найраглалтай яг цав тохирно гэж яана. Хоорондоо уялдаатай, холбоотой. Тэр бүгдийг хараад уйлсаар л байгаад ирж билээ.

-Улаанбаатарт Бөхийн өргөө, UB Palace-т тоглох, заставт очиж тоглохын хооронд асар их ялгаа харагддаг байх. Ялангуяа үзэгчдийн харц, хүлээлт…

-Асар өөр. Хил дээр байгаа хилчид бригадаар уран бүтээлчид ирэхийг хүсэн хүлээж байдаг. Хүний хөл хүрэхээргүй хол хязгаар нутагт хилээ манаж байгаа тэд биднийг хүсэн хүлээдэг. Бригадаар очиход хамаг өнгөтэй, өөдтэйгөө бариад ирдэг. Улаанбаатарт идэж үзээгүй ховор сайхан амттануудыг бид застав дээр иддэг шүү дээ. Тэгж л нандигнаж сэтгэл зүрхнээсээ хүлээж тэсч биднийг хүлээж авдаг. Хөөрхөн бор цэргүүд, заставын ахлагч нартайгаа дуулахад сайхан. Концертынхоо дараа залгуулаад бүжгээ зохион байгуулна. Салмааргүй санагдаад явах гэхээр сэтгэл хоргодож гэгэлзээд л. Уян юм болохоор уйлах гээд л байдаг юм.

-“Суварган цэнхэр уулс” кино шиг л юм болно биз дээ?

-Ерөөсөө л тэрэн дээр гарч байгаа үйл явдал тэр чигээрээ л өрнөнө шүү дээ. Концерт болж байхад гэнэт зөрчил гараад хилчид бүгд хил рүүгээ явчихна. Янз янзын үйл явдал болно, болно. Хилийн тухай, хилчдийн тухай кинонд их дуртай. “Байтаг богд” их гоё кино болсон байна лээ. “Суварган цэнхэр уулс” киноноос хойш хилчдийн тухай өгүүлсэн кино тийм ч их гараагүй байх шүү. “Босго, тотго” гэж Хил хамгаалахын 80 жилийн ойгоор гаргасан кино бий.

-Таныг “UBS” телевизийн “My voice” шоунд амжилттай оролцож байсныг санаж байна шүү?

-Тэр жил их амжилттай гоё жил байсан юм, 2015 онд. Яг тэр шоунд оролцож байхдаа ОХУ-д цэрэг, эх орны сэдэвт дууны олон улсын уралдаанд оролцоод тусгай байр эзэлж байлаа.

-Ямар дуугаар вэ?

-“Журавли” дуугаар. Басс баритон хоолойгоор дуулдаг дууг сопрано хоолойгоор дуулсан л даа.

-Удахгүй хоёр дахь цомог тань гарах гэж байгаа юм байна. Таны эхний цомогт багтсан “Сүүн зам” дууг онцолъё. Энэ дууг өмнө нь, дээр үед өөр дуучин дуулж байсан уу?

-Үгүй. Энэ дууг би анх дуулсан.

-Яагаад тэгж асуув гэхээр энэ дууг анх сонсоход л нэг тийм танил мэдрэмж, өмнө нь сонсч байсан юм шиг сэтгэгдэл төрдөг?

-Хүмүүс энэ дуунд минь их дуртай байдаг юм. Хөгжмийн зохиолч, урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Пүрэвдорж ахын хөгжим л дөө. “Нандин эрдэнэ”, “Улаанбаатарын үдэш” зэрэг ард олны зүрх сэтгэлд хоногшсон сайхан дуунуудыг хийсэн мундаг зохиолчийн сэтгэлээс гарсан хөгжим болохоор хүмүүст гоё сонсогддог байх гэж боддог юм. Сүүлд “Сэтгэлийн километр” гэж дуугаа дүрсжүүлж гаргасан. Би дээр хэлсэн шүү дээ, хугацаат цэргийн албаны залуус 18-25 насныхан байдаг гэж. Одооны залуусын сонсч байгаа дуу нь арай өөр болчихож л дээ. Хөгжмийн хэмнэл, дууны шүлгээсээ эхлээд өөр. Тэдэнд л зориулж уг дуугаа хийсэн. Манай алтан үеийнхний “Хаврын шөнийн бодол”, “Амрагийн дуу”, Ганаа багшийн маань “Чиний минь ирэх харгуй” зэрэг сайхан дуунууд бий. Орчин үетэйгээ нийцсэн, залуустайгаа хөл нийлсэн арай өөр юм хийх гэж оролдсон дуу.

-Хилийн цэрэгт ажилладаг бүсгүйчүүд Мартын 8-наас илүү Цэргийн баярт ач холбогдол өгдөг байх даа гэж бодогддог?

-Эмэгтэй л хүн юм чинь баярлаж, хүлээж догдолно шүү дээ, Мартын наймныг. Гэхдээ урлагийн байгууллагын хүн болохоор өөрөө баярлахаасаа илүүтэй, хүмүүсийг баярлуулж явсаар л таардаг юм. Сая бид бүгдээрээ л завгүй байлаа. Хилчин бүсгүйчүүдээ баярлууллаа. Төрийн ордонд болсон Монголын эмэгтэйчүүдийн холбооны үйл ажиллагаанд манайхан бүгдээрээ оролцлоо. Цэргийн баяр дөхөхөөр бас завгүй болно.

-Цэргийн байгууллагын дуучин болохоор өндөр дэг журамтай байдаг байх. Өглөө болгон жагсдаг уу?

-Өглөө болгон жагсдаг. Амралтын өдрүүдэд амарна. Гэхдээ онцын шаардлагатай үед дуудахад бэлэн байх ёстой.

-Тайзан дээр даашинзтай гарч дуулах, цэрэг хувцастайгаа гарч дуулах хоёрт өөр өөр мэдрэмж төрнө биз?

-Даашинз чинь эмэгтэй хүнийг турьхан, наалинхай, эмэгтэй гэдгийг нь мэдрүүлдэг. Гэтэл цэргийн хувцастайгаа тайзан дээр гарч дуулахад баатарлаг, бадрангуй сэтгэл төрдөг юм. Их сайхан мэдрэмж төрдөг. Манай ах дүүс дунд цэргийн хүн байхгүй л дээ. Аав, ээж минь миний мэргэжилд их дуртай. Манай чуулгынхныг их хүндэлнэ. Тоглолтоор явахдаа манай гэрээр дайрч гарч байсан л даа. Тэгэхээр л аав, ээж хоёр маань “Ямар эмх цэгцтэй улс вэ. Ийм олуулаа байж ямар замбараатай юм бэ” гэж биширсэн. Тоглолтыг маань үзчихээд “Цэргийн чуулга цаанаа л өөр юм аа. Миний хүү эндээ л ажиллаад байгаарай” гэж захидаг юм.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Галаарид: Урианхай бол маш эртний овог аймаг юм

Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч Б.Галааридтай ярилцлаа.


-Таны “Урианхай өргөжин тэлсэн түүх” нэртэй ном хэвлэгдсэний дараа түүхч, эрдэмтэд оролцсон хэлэлцүүлэг ч боллоо. Номыг тань харахад домог болоод түүхүүдийг оруулж өгчээ?

-Ер нь л домог. Домгууд.

-Ардын аман зохиол талын судалгаа хийж, домог үлгэр цуглуулахад олон газраар явж, олон хүнтэй уулзах шаардлагатай тулгардаг. Тэгэхээр та эдгээр домгийг цуглуулах гэж маш их цаг хугацаа зарцуулсан байх?

-Урьд өмнө нь судалгааны эрэлтэд ороогүй урианхайн түүхтэй холбоотой шинэ домгууд л даа. Гэхдээ тодорхой хүнээс сонссон, ахмад буурлуудаас цуглуулсан домог биш. Энэ бол бөөгийн буултаар буулгаж, онгодын хуучилсан түүхийг дэвтэрлэсэн гэдгээрээ онцлогтой. Арав гаруй жилийн өмнөөс урианхайн удмын түүхээр ном бүтээх ёстой гэдэг зорилго бий болоод өнөө жил дэвтэрлэсэн нь энэ. Домгуудад нь нэг их ач холбогдол өгөхгүй явж байсан чинь нэг домгийг нь сонстол маш их сонирхолтой санагдсан. Тэгээд домгуудыг нь ойр ойрхон сонсоод тэр бүгдийгээ дэвтэрлэсэн. Ийм л учиртай юм.

Энэ номонд урианхайчууд гэж хэн байсан юм, ямар хүмүүс байв, хаагуур яаж нутаглаж, нүүж сууж амьдарч байсан юм. Түүхэнд ямар үүрэг гүйцэтгэж байсан юм бэ гэх мэтийн өнөөдөр таамаг төдий байгаа, эсвэл ерөөсөө бидний огт мэдэхгүй мэдээ зангийг энэ домгууд агуулсан гэдгээрээ ач холбогдолтой. Ном маань Сар шинийн босгон дээр хэвлэлтээс гарсан. Дараагаар нь тодорхой хэмжээний түүхч мэргэжлийн хүмүүс, ном, сонин унших дуртай, үлгэр домог уншдаг мэддэг хүмүүс оролцсон хэлэлцүүлгийг Д.Нацагдоржийн номын санд хийсэн. Энэ хэлэлцүүлэгт хэлж байгаа хүмүүсийн санаа, хэлсэн дүгнэлтүүдийг харахад ийм бүтээлийн эрэлт байсан юм байна гэдэг нь харагдаж байгаа.

Урианхай түмэн минь ер нь хэн юм бэ гэдэг нь өөрөө анхаарал их татдаг. Баян-Өлгий, Ховдод байгаа мөн Алтайн урианхайчууд юм уу эсвэл нүүгүүл суугуул байгаа Монгол даяар тархсан хэдэн урианхайн асуудал биш. Энэ бол ерөөсөө өргөн удам дайдад түгсэн эртний урианхай овог аймгийн ард түмний түүхийн асуудал гэдгийг эдгээр домог харуулж байгаа юм.

-Урианхайчуудын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг чухам юу байдаг юм бол?

-Бид өнөөдөр “Тува бол урианхай биш”, “Якутууд бол биш. Зөвхөн бид л урианхай” гэж яриад байдаг байсан. Гэтэл энэ домгуудаас харахад урианхай нь нэн эртний овог аймаг учраас маш их тарж явсан юм байна, олон улс үндэстний түүхэнд урианхайчууд маш их үүрэг гүйцэтгэж байсан юм байна гэдэг улбаа энд маш тод харагдаж байгаа.

Их Монгол Улсыг байгуулахад урианхайчууд ямар үүрэгтэй байсан бэ гэдэг нь “Монголын нууц товчоо”-ноос л эхлэлтэй л дээ. Бурхан халдун ууланд Шинчи баян урианхайд хандаж нутаг гуйж байдаг ч юм уу. Тэнд урианхай хүн буга намначихаад сууж байхад хишиг гуйсан ч байдаг юм уу гэх мэтээр урианхайтай холбоотой 50 гаруй мэдээ, баримт “Монголын нууц товчоо”-нд бий. Их Монгол Улс байгуулагдсаны дараа Их хаанд шадарлаж хамгийн ойр дотно явсан хүмүүсийнх нь дотор Сүбээдэй, Зэлмэ тэргүүтэй домог түүхтэй баатрууд байсан. Тэдний үр хүүхдүүд удам дамжин төрд зүтгэж явсан үнэнч хүмүүс. Бурхан халдунд Эхсийн хоригийг сахидаг урианхайчууд, хар, цагаан сүлдийг сахидаг урианхайчууд гээд урианхайчуудтай холбоотой зүйлүүд яваад байдаг. Домог гэдэг бол үнэн бодит түүхийг агуулж байдаг. Энэ маань түүнийг тодотгоход нэмэртэй түүхүүд юм болов уу. Цаг хугацааны хувьд их өргөн утгатай. Домог “Төдий үед…” гэдэггүй. Эрт үед гээд явчихдаг. Яг л тэр зарчмаар домгууд өгүүлэгдсэн. Энэ домгууд дотор урианхай түмэн ирээдүйд Монголд ийм их аугаа хаан төрөх юм байна, энэ хүн ийм ийм зан чанартай хүн байх юм байна, эрдэмтэй, мэдлэгтэй, үнэнч хүмүүсийг түшиж том төрт улсыг байгуулах юм байна гэдгийг харж шинжсэн тухай гарна. Ийм ийм үйл явдалд болно. Тэр үйл явдлуудад урианхай түмэн маш их үүрэгтэй оролцох юм байна гээд тэрэндээ бэлдэж байгаа тухай их өргөн агуулгатай домогтой. Ирэх 99 жил гэж гарч байгаа юм. Тэр нь бидний ойлгодог 99 жил гэдэг тоон утгаар биш. Ерөөсөө ирээдүйд болох үйл явдалд бэлдээд урианхайчууд удам сайт хөвгүүдээ тэсвэр тэвчээртэй болгож хүмүүжүүлээд ирээдүйд их улс байгуулахад хэрэг болно гээд зүг зүгийн улс руу явуулж тэр газрынхаа сонин хачныг олж мэдээд зарим газраас нь ирээдүйн төрд хэрэг болох юмыг бүтээж авчирч байгаа тухай гарна. Жишээ нь, илд сэлэм үйлдвэрлэдэг газраас хар сүлдний зэвийг жинхэнэ сайн чанарын ган төмрөөр бүтээлгэж залж ирлээ гэж гарна. Их сонин сонин юм бий. Эсвэл ирээдүйд Монгол Улстай холбоотой газар болгон руу хүмүүсээ явуулж ураглаж буй сонин түүхтэй. Угсаа гарвалтай арван хөвгүүн төрөхөөс ес төрсөн. Тэр хөвгүүдээ есөн зүгт явуулж байгаа тухай энэ домогт гардаг. Тэр есөн хөвгүүн очсон газар болгоноосоо сонин хачныг сонсч, олж ирсэн. Зарим нь тэндээ ураг удмаа тэлж үлдээсэн ч гэдэг юм уу сонирхолтой үйл явдалтай. Яг энэ домгийг уншсан хүнд их сонирхолтой. Хэл зүйн талаасаа бол орчин үеийн монгол хэлэнд буулгасан. Тиймээс хүн ойлгохгүй юм үгүй. Гэхдээ бөөгийн яруу найраг гэдгээрээ утга агуулга баялаг, гайхамшигтай цэгцтэй ийм л домгууд.

-Бөөгийн яруу найргийг ингэж буулгаж судалж байсан нь эртний улбаатай байх шүү. Бямбын Ренчин гуай бөөгийн яруу найргийг ихэд судалдаг байсан?

-Тэгэлгүй яахав. Б.Ренчин гуай бөөгийн буултуудыг судлаад ном судар хийж үлдээсэн. Олон хүн ийм ном хийж байсан. Харин тодорхой овог аймаг, угсаатны түүхтэй холбоотой домгийг багцаар нь буулгаж байгаагүй байх. Энэ бол анхны тохиолдол гэж хэлж болно.

-“Урианхай өргөжин тэлсэн түүх”-ээс өөр сонирхолтой зүйл байвал сонирхуулж болох уу?

-Хааны удам тасрах гэж байхад урианхай түмэн ураглаж тэр хааны удмыг сэргээж өгсөн ч гэдэг юмуу ийм их сонин түүх бий. Энэ дотор бас нэг сонирхолтой зүйл байгаа нь бидний тайлбарлах гээд байдаг, одоогоор баримт нотолгоогүй учраас тэр болгон барим тавим тайлбарлачихаж чадахгүй, үнэн гэж нотолж чадахгүй байгаа зарим үйл явдлын тухай нэмэлт мэдээлэл маягтай таамаг дэвшүүлэх боломжуудыг олгосон мэдээ зангиуд бий.

-Ямар мэдээ, зангиуд вэ?

-Хас. Нүүдэлчид угаас хасыг эрхэмлэдэг. Дэлхий даяар хасын соёл гэж том соёл байж байна. Тэгтэл хасыг тайлбарлахдаа “Нар зөв хасыг дээдэлж голд нь хаан дээдэс сууж, хаан төр оршиж, эрчит дөрвөн үзүүр эргэх их хөдөлгөөнд нь эгэл түмэн улам улам хүчийг авна” гэсэн байх жишээтэй. Домог болгоныг хараад байхад сонин сонин юмнууд бий. Эртний түүхэн судруудад урианхай гэж нэр гардаг. Ялангуяа Хятад сурвалжуудад улианхай гэж байна хэмээн үздэг. Зарим сүүлийн үеийн судлаачид “Энэ бол Урианхай гэж үг биш ээ” гэж мэтгэсэн нь ч байна билээ. Ерөнхийдөө дэлхий нийтээр юу гэж үзэж байна вэ гэхээр урианхай бол маш эртний овог аймаг юм гэдэг дээр судлаачид санал нийлдэг. Энэ овог аймаг маань Рашид Ад Диний “Судрын чуулган”-д дурдагддаг. “Монголын нууц товчоо” бол наахан үеийн, дундад зууны үеийн сурвалж болж байгаа юм. Гэх мэтээр яваад сүүлдээ урианхайн тухай нэлээд судалсан. Гадна, дотны эрдэмтэд өөр өөрийн хувилбар таамгуудыг дэвшүүлсэн байдаг. Манайд урианхайгаар дагнасан судалгааг, ялангуяа Алтайн урианхайгаар дагнасан судалгааг доктор Ц.Гантулга маш сайн хийсэн. Ховдын Ганболд доктор энэ чиглэлээр нэлээд тууштай ажиллаж байна. Гэх мэтээр урианхайн түүхээр тууштай ажиллаж буй хүмүүс байна. Хэл зүй, тууль талаас нь түгээмэл судалсан шүү дээ. Олон ч туульчдын туулийг буулгасан. Гэхдээ яг урианхай түмэн гэж хэн юм, түүх нь юу юм гэдэг дээр сүүлийн үед анхаарал хандуулаад байна.

Тува нар өөрсдийгөө урианхай, урианхайн хязгаар гэж үздэг. Тува, урианхайтай холбоотой бүх мэдээ, зангиудыг долоон том боть болгоод “Тува дэвтэр” гээд хэвлээд гаргачихсан, ОХУ-ын төр нийгмийн томоохон зүтгэлтэн Сергей Шойгу. Шойгу урианхай хүн л дээ. Энэ долоон том ботийг эмхэтгэхэд их хувь нэмэр оруулсан. Энэ ботийг надад хэдхэн хоногийн өмнө хүн авчирч бэлэглэсэн. Үүн дээр урианхайтай холбоотой эртний бүхий л баримт, мэдээ зангиудыг нэгтгэж оруулахыг хичээсэн байдал харагдаж байна. Мэдээж туватай холбоотой асар их мэдээлэл байгаа.

-Урианхайчуудыг дотор нь хар, цагаан гэж тодотгосон тухай домогт өгүүлжээ?

-Цагаан урианхай, хар урианхай, халтар урианхай, цоохор урианхай гээд бидний мэддэггүй байсан нэршлүүдийг оруулаад тэрийгээ тайлбарласан байна. Жишээ нь, Тагнын урианхайг хар урианхай гэдэг байсан. Цагаан урианхай гэж өнөө цагийн саха буюу якутууд юм гээд шууд ойлгогдохоор хэлчихэж байгаа юм. Цас мөсний орон, цаа буганаас өөр унаагүй газар урианхайн Зөнч гэж хөвгүүн олон дагуултайгаа очоод тэндээ үлдсэн нь Цагаан урианхай үүсвэй гэж гардаг. Гэтэл якутын өөрсдийнх нь гарал үүслийн тухай домог түүхийг нь хайгаад үзэхээр Байгал нуураас энүүхнээс нүүж очсон, эцгийн талаасаа урианхайчууд гэсэн байдаг. 1937 онд Г.В.Ксенофонтов гэж якутын эрдэмтэн судлаач хоёр боть ном бичээд тэрэндээ Урианхай-Сахалар (Ураангхай-сахалар) гэж бичиж үлдээсэн нь бий. Өөрсдийгөө урианхай гэцгээдэг. Тээр хойд мөсөн далайн наад талд л урианхайчууд явж байх жишээтэй.

Гэтэл өмнөд нутагт Хянганы нуруу, Цагаан хэрэм хүртэл түгсэн тэр л нутагт урианхайчууд сууж байсан, харчин, хорчинтой нийлж холилдож байсан. Одоогийн зүүн талд бол урианхайчуудын олон зуун жилээр аж төрж байсан тэр түүх нь байж байна. Баруун талд ч тэр. “Монголын нууц товчоо”-нд ч байж л байдаг. Тэр үеэс асар өргөн нутагт тархан амьдарч байсан, тэр нь олон зуун жилийн хугацаанд байгаа байгаа газрынхаа хэл соёлд ууссан, хэлний хувьд өөр өөр болсон. Ёс заншил нь өөр өөр болсон ч түүхийг нь ухаад үзэхээр урианхай асар их түгсэн ард түмэн байжээ гэдэг нь харагдаж байгаа юм.

-Урианхай гэдгийг домогт юу гэж тайлсан байна вэ?

-Урианхай гэдэг үгийг эрдэмтэд олон янзаар тайлбарласан, тайлсан байдаг. Уриалан дуудагч гэдэг утгаар тайлбарласан нь харагддаг. Олон янзаар тайлбарласан нь бий. Интернэт рүү ороод харахад л урианхай гэдэг үгийн тайлбарыг хэд хэдэн янзаар хийчихсэн байна. Энэ домогт урианхай гэдэг бол угаас язгуур нэршил нь урианхай. Урианхай гэдэг нь уриалж дуудах, хаан хүн, хаан төрийг түшиж явдаг, хаан болох хүнийг хажуунаас нь дэмжиж тэтгэж, өсгөж босгож, хаан төрд хүргэдэг.

Урианхайчуудын өргөсөн хүн нь хаан болдог гэх мэтээр урианхайчуудын тухай тодорхой гаргасан. Урианхай хүний өргөсөн хүн хаан болдог, урианхай хүний өрсөн бөх нь түрүүлдэг, тавьсан сум нь тав тогтоодог гэж домогт дурдсан.

-Тэгвэл урианхай хүний гол шинж юу вэ. Зан ааш, бие бялдрынх нь хувьд юу гэж дүрсэлсэн байдаг вэ?

-Урианхайчууд хаадыг уригч, хаадыг төрүүлэгч, хаадыг сургагч, хаадыг өсгөгчид. Хаан хүнд хамгийн үнэтэй хүмүүс. Удам дотор чинь олон хүн байвал урианхай хүнд итгэ. Урианхайчууд үнэнч, итгэл даадаг гэдгийг домогт онцлоод урианхай хүн өргөн ханхар цээжтэй, өндөр том биетэй, өсгөлүүн чийрэг төрхтэй, хацар шанаа томтой, хар бор нүдтэй, бахим том гартай, бат түшигтэй хөлтэй. Эр хүмүүс нь хүч чадал ихтэй, эхнэр хүмүүс нь үг хэл өөнтөгч шооч. Үйлийг үгээр зодож хийдэг. Битүү үгээр их ярина. Билэг сайтай уужим хүмүүс гэж тодорхой тайлбарласныг домгоос дэлгэрүүлж уншиж болно.


Categories
мэдээ цаг-үе

Э.Буяндулам: Манай хамтлаг “Шарк танк”-аас өмнө “Оддын академи” шоунаас 100 сая төгрөгийн продюссингийн гэрээний шагнал авч байсан

“Боловсрол” телевизийн зохион байгуулсан “Оддын академи” шоунаас төрөн гарсан “The Wasa­bies” охидын хамтлаг “Шарк танк” нэвтрүүлэгт орж 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалт авч чадсан билээ. Тус хамтлагийн ахлагч Буяндуламтай ярилцлаа.


-“Шарк”-уудаас 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалт авсанд баяр хүргэе?

-Баярлалаа.

-Хөрөнгө оруулалт авч чадна гэдэгтээ хэр итгэлтэй байсан бэ?

-Хамтлагаараа ороод үзье гэсэн шийдвэрийг гаргасан. Нэлээд айдастай байсан. Дэмжих болов уу гэсэн найдвар байсан ч бүрэн итгэлтэй байгаагүй. Бид 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хүсээд оронд нь бичлэгийн эрхээсээ олсон ашгийнхаа 50 хувийг амалж орсон. Тэгээд 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалт авахаар болсон.

-“Шарк”-уудаас хэн хэн нь дэмжих бол гэсэн таамаг байсан уу?

-Д.Энхтүвшин, Ж.Оюунгэрэл “шарк”-ууд маань урлагт сонирхолтой гэж сонсч байсан учраас тэднийг дэмжих байх гэж бодож байсан шүү.

-“Шарк танк”-д анх удаа хамтлаг, тэр дундаа олонд танигдаагүй охидын хамтлаг ороод 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалт авсан гэхээр хүн бүр гайхаж сонирхож байна?

-Фэйсбүүк болон сошиал дээрх хандалтуудыг ажиглахад тиймэрхүү хандлагууд байсан. Гэхдээ дийлэнх нь эергээр хүлээж авсан. Анх удаа “Шарк танк” нэвтрүүлэгт хамтлагаараа урлагаа төлөөлж орсонд магтсан ч хүмүүс байсан, шүүмжилсэн хэсэг ч байсан. “Юугаа ч мэдэхгүй хүүхдүүд хөрөнгө оруулалт авчихлаа” гэдэг тийм байдлаар шүүмжилж байгаа хүмүүс ч байсан.

-Танай хамтлаг “Боловсрол” телевизийн “Оддын академи” шоунаас төрөн гарсан хамтлаг. Уг шоу саяхан л болж байсан санагдана?

-Тус телевиз “Оддын академи” шоуг 2017-2018 оны хооронд зохион байгуулсан. Шоу маань хоёр сарын хугацаанд үргэлжлээд охид маань хамт амьдраад, багш нараасаа суралцсан. Энэ шоу нь реалити болон концертыг хослуулсан хэв маягтай байсан. Бид реалитигаа хийгээд долоо хоногийнхоо төгсгөлд тоглолтоо хийгээд шүүгч нараараа дүгнүүлээд явдаг байсан. “Боловсрол” телевиз бидэнд маш их зүйлийг зааж сургасан. Бидэнд энэ том боломжийг нээж өгсөн. Хамгийн гол зорилгодоо хүрэхэд хамгийн их ойртуулж өгсөн хүмүүс. Тийм учраас “Боловсрол” телевизийнхэндээ баярлаж явдаг. Зарим хүмүүсийн сэтгэгдлийг уншихад “Та нар “Боловсрол” телевизийн шоунаас гарсан биз дээ. Тус телевизийнхэнд хаягдчихсан юм уу” гэсэн сонин хандлагууд ажиглагдсан. Тэр нь бидэнд хэтэрхий өрөөсгөл санагдсан. Тус телевизийнхэн биднийг боловсруулаад цаашаа явахад бэлэн болгоод гаргаад өгчихсөн. Энэ бол тэр хүмүүсийн бидний төлөө хийж өгсөн маш том зүйл. Биднийг насаар нь ивээн тэтгэж, бүхий л насаар нь авч явна гэсэн үг биш. Үүнийг л хүмүүс буруу ойлгосон юм шиг санагдсан.

-Танайх хэдэн гишүүнтэй хамтлаг вэ. Хэдээс хэдэн насныхан байна вэ. Ямар сургуульд сурцгаадаг вэ?

-Манай хамтлаг таван гишүүнтэй. 16-19 насны өсвөр үеийн охид. Сургуулийн хувьд бүгд өөр өөр чиглэлээр сурдаг. Миний хувьд Солонгос судлалын чиглэлээр сураад сая төгссөн. Жүжигчин, олон улсын харилцаа гэсэн чиглэлээр тус тусдаа сурч байгаа. Нэг маань ерөнхий боловсролын сургуулийн сурагч.

-Хөрөнгөө босгочихсон учраас одоо та нарын зүгээс л бүх юм шалтгаална. Маш их ачаалалтай, байнгын бэлтгэлтэй байх болох нь дээ?

-“Шарк танк” нэвтрүүлэг дээр ч хэлсэн л дээ. “Оддын академи” шоу дуусаад бид 100 сая төгрөгийн продюссингийн гэрээний шагнал авч байсан. Энэ гэрээ маань нэг жилийн хугацаанд маш амжилттай болж өнгөрсөн. Манай хамтлагийн продюсероор хөгжмийн зохиолч, продюсер Б.Наранзун ах ажиллаж байгаа. Жилийн хугацаанд бид маш сайн багийг бүрдүүлж ажиллаж чадсан гэж үзэж байгаа. Тиймээс яг энэ багаараа цаашдаа, 2019 ондоо ажиллана. Тийм болохоор уран бүтээлийн хувьд бидэнд санаа зовох зүйл байхгүй. Өнгөрсөн жил манай хамтлагийнхан маш завгүй байсан. Хичээлийнхээ хажуугаар бэлтгэлээ хийгээд уран бүтээлээ туурвиад явж байсан. Энэ гэрээн дээр ч яг тэр хэмнэлээрээ явах байх гэж бодож байна. Ямартаа ч биднийг дэмжээрэй. Бид та бүхнийхээ итгэлийг алдахгүй. Улам их хичээх болохоор чадлаараа дэмжиж өгөөрэй гэж хүсье.

-Хөгжмийн ямар урсгал чиглэлд хамаарагдаг вэ, танай хамтлаг?

-“The Wasabies” хамтлаг поп дуу дуулдаг. Дуу бүтээхдээ продюсертойгоо ярилцдаг. Уянгынх байх уу, бүжигтэй байх уу гээд зөвшилцөнө.

Бид хөгжмийн нэг урсгал, төрөлд баригдахгүйгээр олон төрлөөр уран бүтээлээ туурвиж үзэж байгаа. Манай хамтлагийн анхны цомог маань 253 орны флатформ дээр худалдаанд гараад эхэлчихсэн байгаа. Удахгүй цомгоо хэвлүүлэх гэж байгаа.

-Нийгмийн маш олон салбар бий л дээ. Тэрэн дундаас урлагт хүн багаасаа дурласнаар ямар гол шинж чанаруудыг өөртөө суулгаж авдаг гэж боддог вэ?

-Урлагийн хүн маш их хатуужил, тэвчээртэй байх ёстой. Энэ чанаруудыг агуулж чадаж байвал цаашдаа тухайн хүндээ хэрэгтэй. Гол нь хатуужил. Янз бүрийн сөрөг болон эерэг сэтгэгдэлд бэлэн байх, тэвчээртэй, тасралтгүйгээр уран бүтээлээ хийх, бэлтгэлээ завсарлуулалгүй хийж чадаж байвал уран бүтээлч хүний онцлог нь тэр болно.

-Та нар өдөрт хичнээн цагийг бэлтгэлдээ зориулдаг вэ?

-Бид өдөртөө уулзсан тохиолдолд цаг хамаарахгүйгээр бэлтгэлээ хийдэг. Маш удаан хугацаагаар бэлддэг. Охидын маань хичээл ихэвчлэн 18 цагаас хойш тардаг. Жүжигчнээр сурдаг гишүүний маань хичээл 20, 21 цагаас тардаг. Тэгэхээр хичээл нь тарсан хойно бүгд зааландаа цуглаад бэлтгэлдээ орно. Тэгсэн тохиолдолд шөнө 01, 02 цаг хүртэл бэлтгэлээ хийдэг. Цагт баригдахгүй бэлтгэлээ базаадаг гэж хэлж болно.


Categories
мэдээ цаг-үе

Ж.Алтанцэцэг: Тоглолтдоо дэлхийн алдартай сопрано хоолойтнуудын авдаг дээд өнгөөр дуулна

Монгол Улсын гавьяат жүжигчин, поп дива Ж.Алтанцэцэг ирэх сарын 8-нд буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр “Corporate convention center”-т “Хайр гэж…” уран бүтээлийн тоглолтоо тавих гэж байна. Энэ удаагийн тоглолтыг “On’n Off” продакшн зохион байгуулж байгаа бөгөөд Поп Дивагийн тоглолт мэргэжлийн түвшинд хэрхэн болдгийг харуулахыг зорьж байгаа аж. Бэлтгэлийнх нь үеэр түүнтэй уулзаж ярилцлаа.


-Таныг хүчтэй хоолойтой гэдэг нь яах аргагүй үнэн юм байна. Сая гамм уншиж байхыг тань сонслоо?

-Миний оюутан ахуйн найз СУИС-ийн дуурийн дуулаачийн багш Батжаргал маань энэ удаагийн тоглолтод намайг дасгалжуулж, гамм уншуулж бэлдэж байгаа юм. Яагаад гамм уншаад байна вэ гэхээр энэ тоглолтдоо алдартай сонгодог дуунууд дуулна. Нэртэй, том дуу дуулах учраас дээд өнгөө сайн давтаж байна. Дэлхийн сопрано хоолойнуудын авдаг дээд өнгөөр дуулах учраас гамм уншиж байгаа юм.

“On’n Off” продакшн дээр бэлтгэлээ хийж байгаа. “А Sound” хамтлагийн ахлагч Пүрэвсүх маань хөгжмийн бүх талыг хариуцаж байгаа. Энэ тоглолтдоо дуулж байгаа дуунуудаа бүгдийг мэргэжлийн хүнээр нотлуулж архивлуулж үнэт өв, контент болгож авч үлдээх гэж байгаагаараа онцлогтой тоглолт болно. “On’n Off” продакшн манай гэртэй тун ойрхон учраас алхаж ороод л бэлтгэлээ хийчихнэ. Ерөнхийдөө амралтын байдалтайгаар л тоглолтын бэлтгэлээ хийгээд байна.

-Дуучид тоглолтын өмнө бэлтгэл хийхээс аль болох татгалзаж хоолойгоо амраадаг юм билээ. Ялангуяа мэргэжлийн дуучдаас ийм дадал анзаарагддаг?

-Мэргэжлийн дуучин хүн хоолойгоо маш сайн амрааж байх хэрэгтэй байдаг юм. Маш их амрааж, ерөөсөө ярихгүй байх жишээтэй. Тэгж байж хоолой гоё гардаг. Би олон жил гамм уншаагүй, танхай явлаа шүү дээ (инээв). Микрофон бариад дуулах үедээ дуулаад л явж ирлээ. Гамм гэдэг бол мэргэжлийн дуучдын хоолойг их өөр болгодог л доо. Амьсгалын дасгал хийнэ, өнгөө зөв гаргах хэрэгтэй. Бид чинь олон жил дуулчихаар өнгөнүүдэд өөрчлөлт орчих гээд байдаг юм. Бүдүүрээд, залуу өнгө гарахаа болих гээд байдаг. Нэг үгээр вибраци нь ихдээд байдаг байхгүй юу.

-Хамгийн сүүлд хэзээ тоглолт хийсэн юм бэ. Удсан шиг санагдаад байна?

-2013 онд тоглосон шүү дээ. Зургаан жил өнгөрсөн байна.

-Уран бүтээлч хүнд тоглолт тавихгүй бол зургаан жил гэдэг хол хугацаа юу?

-Хол байлгүй яахав. Бид чинь чөлөөт уран бүтээлч гэгдээд л яваад байгаа. Ямар ч мэргэжлийн байгууллагад харьяалагдсан юм байхгүй. Уг нь гадны орнууд Концертын хуультай байдаг юм. Тэнд дуучид нь байнгын завгүй, бэлтгэлтэй байдаг.

-Тоглолтын товоо тогтоох олон л өдөр байсан. Гэтэл яагаад Мартын 8-ны өдөр тоглолтоо хийхээр болсон юм бэ?

-Би эмэгтэй хүн, эмэгтэй дуучин. Олон жил тоглоогүй учраас энэ сайхан баярын өдөр тоглолтоо хийхээр шийдсэн л дээ. Эмэгтэйчүүд маань энэ өдөр эрхээ хамгаалдаг, баярладаг. Энэ өдөр чинь онцгой өдөр шүү дээ. Special өдөр гэх юм уу даа. Энэ өдрийг гоё өнгөрүүлэх ёстой. Хаврын урин өдрүүд ирж байна. Тийм болохоор эмэгтэйчүүд маань өөрийгөө хөглөх хэрэгтэй гэж бодсон учраас тоглолтоо уг өдөр зохион байгуулахаар болсон. Бас тоглолтоо хийхэд манай уран бүтээлчид надад их нөлөөлсөн л дөө. Том дуучид маань “Алтаа, чи тоглолтоо хийгээч дээ. Дуучин хүн байж сул яваад байх юм. Америкт кино хийлээ, студиэ байгууллаа. Одоо өөрийнхөө юмыг хий” гэж их хөглөсөн. Олон хүн намайг ятгасан л даа. “Дууг минь сонсох дуртай хүмүүс байгаа. Дуунуудаа идэвхжүүлээч. Хүмүүс мартах нь байна шүү” гэцгээсэн. Ононбат, Нансаа хоёр маань их хөглөж өгсөн. Ононбат маань дуунууд дээр мэргэжлийн түвшинд ажиллаж байгаа.

-Мартын наймны баяртай холбоотой сайхан дурсамж хүн бүрт бий, ялангуяа бүсгүйчүүдэд?

-Байлгүй яадаг юм. Мартын найман гэхээр өөрсдийгөө гэхээс илүү ээжийгээ баярлуулдаг шүү дээ. Надад ийм юм бодогдоод байдаг юм аа. Хүүхэд байхад эцэг эхийн халамж, хайр байхгүй бол хэн ч биш юм шиг санагддаг байжээ. Нас биед хүрээд хань ижилтэй болоод ирэхээр хань, нөхрийн хайраас илүү юм үгүй юм шиг санагдана. Одоо ингээд дөч гараад ирэхээр үр хүүхдийн хайр гэж ямар нандин юм, ямар гоё юм. Ээжийгээ хайрлаж байна шүү дээ, миний тэр жижигхээн охин. Орой болгон унтахынхаа өмнө “Ээж ээ, би танд хайртай” гээд л санамсаргүй байж байхад хүрч ирээд л ээжийгээ хайрлаж байна. Ер нь бид чинь элбэрэл хайр дунд оршиж тогтнож үлдэж чаддаг. Хүн төрөлхтөн бүгд л адил. Тийм болохоор би тоглолтоо “Хайр гэж…” нэрлэсэн. Хайр юм уу, аялгуу дуу энэ ертөнцөд байхгүй байна гээд л төсөөлөөд үз л дээ. Би чинь уран бүтээлч хүн учраас амьдралаа ингэж хөглөх дуртай. Мартын найман бол Хаврын баяр. Хүмүүсийн сэтгэл сэргэдэг. Өвлийн хүйтэнд бээрч бээрч байснаа хаврын энэ үед л бүгд сэргэдэг. Байгаль дэлхий, бүх юм сэргэдэг шүү дээ. Ийм л болохоор их гоё өдрийг сонгож тоглолтоо хийх гэж байна. Монголчууд маань Мартын найман гэж нэрлээд заншчихаж дээ (инээв). Угтаа бол Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. Америкт манайхан шиг ингэж өргөн дэлгэр тэмдэглэдэггүй юм билээ. Гэхдээ гоё шүү дээ. Энэ олон баярыг муухай гэж боддоггүй юм. Хүн бүтэн нойртой хоноход бие эрүүлжээд сэтгэл сэргээд сэвхийгээд л босоод ирдэг. Тэрэнтэй адилхан энэ баярууд чинь хүний амьдралд чухал өдрүүд болж үлддэг. Хүнд яах гэж амьдарч байгааг нь сануулж байгаа ч юм шиг санагддаг. Хавтгайгаар ууж идэж байгааг нь манайхан шүүмжлээд байдаг болохоос биш хаа ч, дэлхийн аль ч оронд Specialday өдрүүд бий. Тийм өдрүүдээр үр хүүхдүүддээ санамсаргүй бэлэг өгч, амраадаг ч юм уу, хүмүүст баяр хөөр бэлэглэдэг. Энэ үүднээсээ бол байх л асуудал. Тиймээс л бүсгүйчүүдээ баярлуулъя гэж шийдсэн юм.

-Та эх орондоо байсан бол жил болгон л тоглолт хийчих байсан байх?

-Тийм ээ, тийм. Тэгэх байсан.

-Энэ удаагийн тоглолтын өмнө та догдлолтой байгаа байх. Яагаад вэ гэвэл та эх орноосоо хол амьдарч үзлээ, харьд байж үзлээ. Эх орныхоо үнэ цэнийг мэдэрч, тайзаа санаж, үзэгчдээ үгүйлж байсан болов уу?

-Тэгэлгүй яахав. Би өнгөрсөн жил буюу 2018 оны гуравдугаар сарын 8-нд Лос-Анжелес хотод дуучин Баярцэцэгтэй хамтраад “Зүрхнээс гарсан содон аялгуу” тоглолт хийж байлаа. Энэ тоглолтыг тус хотод ажиллаж амьдардаг монголчуудад зориулсан юм. Би урлагийн хүн учраас тэнд хоёр жил гаруй хугацаанд байхдаа бусад хотуудад соёл урлагийн ийм арга хэмжээ ямархуу байдалтай явагддагийг олж харахыг хичээсэн л дээ. Тэндхийн Монгол залуучуудын холбооны удирдлагуудтай уулзаад, үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцдог байлаа. Хэдийгээр харьд байгаа ч монголчууд маань нэгнээ хэр дэмжиж, хоорондоо уялдаа холбоотой байдаг юм бол гэдгийг судалсан л даа. Ерөнхийдөө бол бүгдээрээ л юм хийх гээд дор бүрнээ хичээцгээдэг. Нэг ийм юм ажиглагддаг юм. Харь оронд ажиллаж байгаа хүмүүсээ их шүүмжилдэг. Монголдоо байхгүй байж гадны орноос шүүмжиллээ, үг хэллээ гэдэг. Гадаадад очиж амьдарч байхад эх орноо холоос хардаг. Хэдийгээр дунд нь байхгүй ч санаа зовох юм ихтэй болчихдог. Түрүүлээд муу мэдээг нь олж хардаг ч юм уу. Хүмүүс чинь мэдэхгүй юм аа, мэдээллээ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс л олж хардаг. Тэгэнгүүт бүх юм бужигнаад болохгүй байгаа юм шиг. Тэнд визний асуудалтай, бидэн шиг чөлөөтэй зорчиж чадахгүй байгаа хүмүүс олон бий. Бас тэндээ дасчихсан, амьдрал, ажил бүх юм нь тэнд уягдчихсан, үр хүүхэд нь сургууль соёлд орчихсон байлаа ч эх орон нь бодогдоод болдоггүй. Ёстой өнөө …Элэг зүрхнээс уяатай энхрий Монгол орон гэдэг шиг. Яг л энэ дууны мөрүүд шиг байдаг юм.

Би тэнд байхдаа тэндхийн амьдралын хэмнэлд орох гэж, гэр орноо авч явах гэж хажуугаар нь хэлний сургалтдаа сурах гэж их ядарсан. Тэгэхэд “Эх орондоо, гэртээ байсан бол хэн нэгнийгээ, эгчийгээ, дүү нараа дуудаад туслуулах байсан. Энд хэнийгээ дуудах билээ” гэж цөхөрсөн. Манай нөхөр дэндүү монголжуу. Монгол хоол, цайгаа идэж уух гээд Монголоо санаж дурсаад байдаг байлаа. Харин миний хувьд тусгай виз гарсан юм чинь 2020 он хүртэл эндээ амьдаръя, өөрийгөө харь оронд сориод хэл ус сураад амьдралын хэв маягтай танилцъя. Энэ бүхэн үр хүүхдийн ирээдүйд хэрэгтэй шүү дээ гэж бодож байсан л даа. Тэнд олон жил амьдарсан монгол бүсгүйтэй танилцсан л даа. Ойр зуурын амьдралдаа туслуулъя гэсэн нэртэй ч үнэндээ би хань татсан юм. Гадаад хүн гэхээс монгол хүнтэйгээ ярилцсан нь дээр ч юм шиг. Тэгтэл манай хүн Монголоос ирлээ. Ирээд хэдхэн хонож байсан юм. Би нөхөртөө “Аянчин” хиам, боорцог гэх мэтийн идэх юм захичихсан байсан юм. Бид энд байхдаа тэгж их хиам, боорцог идээд байдаггүй шүү дээ. Тэгтэл өнөө бүсгүй маань манайд ирээд “Өгөөж”-ийн боов, хиам идэж байснаа гэнэт нулимс нь бөмбөрөөд ирсэн. Би эхлээд анзаараагүй юм. “Яана аа, амт нь яг хэвээрээ байна шүү дээ. Огт өөр юм аа” гээд уйлж билээ. АНУ-д арав гаруй жил болсон мөртлөө тэр боов, хиамны амтыг мартаагүй байна гэдэг чинь хүний зүрх сэтгэл ямар их ой санамжтай вэ гэдгийг харуулж байгаа байхгүй юу. Би хүртэл тэгж байгаа юм. Хүүхдүүдээ сургууль соёлд нь өгчихөөд нэг их сайхан сууя гэхээр найз нөхөд хамаг юм үгүйлэгдээд байдаг юм билээ. Харьд байгаа хүний сэтгэлийг сэтгэлээсээ мэдэрсэн гэж хэлж болно. Би ганц эгчтэй л дээ. Эгч маань Японд олон жил амьдарсан. Сүүлийн жилүүдэд нь утсаар маш их залгадаг байсан юм. “Ямар ядаргаатай, яасан их залгадаг юм бэ” гэж түвэгшээдэг байсан юм. Бид нар энд байдгаараа л байж байхад байн байн залгаад байх юм гэдэг байж билээ. Тэгтэл би эсрэгээрээ яг тэр байдалд орж үзээд л эгчийгээ яагаад байнга залгадаг байсныг ойлгосон л доо. Эх орон гэдэг ямар үнэ цэнэтэй, хүний эх нутаг, ижий аав гэдэг ямар эрхэм бэ. Монголчууд маань газар шороо, байгаль эхээ дээдлэн амьдарч ирсэн нь их том ухаан юм даа.

-Таны дуулсан ариг сонссон л доо. Их сайхан дуулжээ. Энэ тоглолтдоо хуучны сайхан дуунуудаа, сэтгэлд хоногшсон бүтээлээ дэлгэх байх?

-Тоглолт маань дөрвөн хэсэгтэй. Ардын дуу дуулна. Хүүхдийн хоортой дуулна. Поп дуунуудаа эгшиглүүлнэ. Сонгодог дуу дуулна. 2007, 2013 онд хийсэн том тоглолтууддаа анх гаргаж байсан “Намайг эзэмдэх чиний сэтгэл”, “Хоёулаа хамтдаа” цомгуудаасаа ерөөсөө оруулаагүй юм билээ. Харин саяхан Ангирмаагийнхаа тоглолтод “Намайг эзэмдэх чиний сэтгэл”-ийг хийлч Дээгийтэй хамт дуулсан чинь хүмүүс маш их хүлээж байсан нь мэдрэгдсэн. “Итгэл өгөөч наддаа”-г дуулсан чинь хүмүүс их сайхан хүлээж авсан. Тэгээд би их баярлаж байна. 25, 27 жилийн өмнө гаргасан энэ дуунуудыг маань хүмүүс мартаагүй байна. Бид чинь шинэ юм хийх гээд л гүйгээд байдаг. Шинэ л цомог гаргачихвал бүх юм болчих гээд ч байгаа юм шиг. Тэгтэл үгүй юм байна. Хуучныхаа юмыг гоёор сэргээж байх ёстой юм байна. Тоглолтод маань эхнээс нь дуустал симфони оркестр сууна. Үзэгчдэдээ тэр тансаг хаан хөгжмийн эгшгийг мэдрүүлнэ гэж зорьж байгаа. Мэргэжлийн дуучны түвшинд хийх тоглолт болно. Тоглолтдоо олон сонгодог дуу дуулахгүй, хоёрыг дуулна. Хоёр дууны төлөө л ингээд гаммаа уншаад хөлсөө дуслуулаад зогсч байна шүү дээ (инээв).


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Богдхан уулыг дунд бүслүүрээр нь тойрох явган аяллын маршрут байгуулах боломж бий

Улаанбаатар хотын хоймор болох Сэлбийн эхийг 2012 онд орон нутгийн хамгаалалтад авсан юм байна. Нийслэлийн байгаль орчин, экосистемд чухал ач холбогдолтой учир энэ хэсэг газрыг иргэдийн амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, хүүхэд залууст экологийн боловсрол олох түшиц газар болгохоор өнгөрсөн жилийн есдүгээр сараас тохижуулжээ. “Сэлбэ голын эх” орон нутгийн хамгаалалттай газар нь байгаль хамгаалагчтай, тохижуулсан аяллын зам, маршруттай. Энэ газарт нийслэлийн хойд цэг бий. Мөн эмчилгээний чанартай Борын рашаан байдгаараа онцлог. Аялагчид хог хаях, нэгдсэн бие засах газраас өөр газарт бие засахгүй байх, тогтоосон зам, чиглэлээс өөр газраар явахгүй байх, моторт хэрэгсэл ашиглахгүй байх, газар ухах зэрэг хэд хэдэн хориглосон заалтыг зөрчихгүй байх ёстой юм байна.

Аялагчдын зам дагуу ховор амьтан, ургамлын талаарх мэдээлэлтэй самбаруудыг байршуулжээ. Түүнчлэн түймрийн үед усны машин нэвтрэх боломжийг хангасан гэнэ. Үүдэндээ машины зогсоолтой. Хэрэв та энэ газарт ирж явган аялал хийе гэвэл Хандгайтад хүрээд тэндээсээ чанх хойш явна. Цэргийн амралтаас нэг км явахад уг газарт ирнэ. Нэвтрэх хэсгээр нь ороод амрах цэгээр дайраад гүүрээр гарч амрах цэгт очно. Тэндээс алхаад дахин гүүрээр гарч амрах цэг дээр ирнэ. Амрах цэгийг дөрвөн газарт байгуулсан бөгөөд алхсаар Цохиот хаданд тулна. Буцахдаа хоёр дахь амралтын цэгээсээ баруун гар тийш салаад алхвал Борын рашаанд хүрнэ. “Сэлбэ голын эх”-ийн Цохиот хад явган аяллын маршрутын урт 3750 метр. Амрах цэгүүдэд мэдээллийн самбар хогийн сав, сүүдрэвч гээд алхаж яваа хүн бүрт хэрэгтэй зүйлсээр тоногложээ. Энэ газар руу иргэд машин тэрэгтэйгээ орсон ул мөр буюу машины дугуйны хээ цасан дээр хаа сайгүй байсан нь харамсалтай санагдлаа. Чингэлтэй дүүргийн өндөр настан 77 настай Ч.Чимэд гуай ач хүүтэйгээ энд аялахаар ирсэн байлаа.

Тэрбээр “Ийм газар нээгдсэнийг дуулаад хүүгээ гуйгаад машиныг нь дайчилж ирлээ. Гэтэл Приус унасан хүүхдүүд их холхиж байна. Нааш ирэхэд зам хол, унаа тэрэг ирэхгүй болохоор бидний үеийнхэн, хүүхэдтэй хүмүүс ирнэ гэдэг хэцүү байх гэж бодогдлоо. Уг нь агаар нь сайхан цэнгэг юм. Би урагшаа Богд уул руу олон жил алхаж байгаа хүн. Энэ удаад сонирхоод энд ирлээ” гэж байлаа. Тэрээр залуудаа хөнгөн атлетикаар хичээллэдэг байсан бөгөөд хөдөлгөөн, цэвэр агаарын ач тусаар өдий наслахдаа ханиад шуухинаа тусахгүй явж байгаа гэлээ. Уулзсан иргэдийн хувьд хотоос зайтай байгаа нь хүндрэлтэй юм гэцгээж байлаа. Хандгайт хотоос 40-өөд км-ийн зайтай. Тэндээс цааш дахиад явна гэхээр Сэлбэ голын эхэд очоод буцаад ирэхэд 100 гаруй км болно гэсэн үг. Энэ нь Төв аймгийн Зуунмод хот ороод Манзуширын хийдэд очоод буцаж ирэх замын урттай ойролцоо. Үнэхээр л ард түмэн, хүүхэд залууст зориулсан аяллын зам хийх байсан юм бол тийм хол газар сонгодог нь ямар учиртай байсан юм бол.

Зорьсон бүлэг нь очиж чадахгүй болохоор машин унаатай боломжтой хүмүүс л Сэлбэ голын эх рүү, Цохиот хаданд хүрэх нь ойлгомжтой. Тэнд хол газарт бүтээн байгуулалт хийж хөрөнгө мөнгө зарахынхаа оронд хоттой залгаа Богдхан ууланд тийм шинэ маршрут гаргах боломж байсан шүү дээ. Иргэдийн хувьд “Энүүхэн Богдхан уул руу арай гэж очдог хүмүүс юу боллоо гэж тэр хойшоо, уулын мухар руу явах юм. Унаа малгүй хүмүүс тийш оччихоод орой ирэхдээ юунд сууж ирэх вэ. Ингэж бодохоор тэр дагшин газрыг сэтэлж ард түмэнд зориулсан газар нээлээ гэж ярьж байгаа ч цаагуураа өөр хүмүүст зориулсан үйл ажиллагаа болж байна” гэсэн үг хэлж байна. Хэрвээ тийм бол бид цэвэр агаарт гарахын тулд заавал хотоос хол яваад байх шаардлагагүй. Хотын төвөөс автобусанд суулаа гэхэд таваас зургаан буудал яваад л ойн захад, Богд уулын хормойд хүрчихдэг. Сэлбэ голын эхэд байгуулсан яг ийм маршрутыг Богдхан ууланд гаргаж өгөөч гэсэн хүсэлтүүд байна.

Одоогоор дэлхийн анхны дархан цаазат ууланд маань явган аяллын Төр хурах-Цэцээ гүн найман км, Манзушир-Цэцээ гүн 8.4 км, Зайсан-Дугуй цагаан-Баруун ширээт 4.5 км, Зайсан-Тэнгэр хад 6.4 км, Баянзүрхийн товчоо-Тэмээн хад 3.1 км гэсэн таван маршрут байна. Уг хайрхныг бүтэн тойроход 165 км болдог бөгөөд нийт 41.6 мянган га талбайтай. Хэрвээ Богдхан уулыг тойрон аялах явган аялал хийе гэвэл 160 гаруй км газар туулна гэсэн үг. Энэ бол аялалд дуртай хүмүүсийн хийх л алхалт. Гэхдээ жирийн иргэдийн хувьд тогтсон хэдэн маршрутаар огцом дээш алхахаас илүүтэй зүгээр л ой дундуур жигд хурдтай, жигд хэмээр алхах сонирхол бий. Гадны улс орнуудын хувьд нийслэлийнхээ дэргэд ой модтой ууланд гурван түвшний бүслүүрээр явган аяллын маршрут гаргасан байдаг. Аялагчдад зориулсан зам нь тэгш хэмтэй, жижиг гол горхин дээгүүр дүүжин гүүрээр гардаг. Хэрвээ Богд ууланд хойд хэсгээс нь буюу Улаанбаатар талаас ийм явган аяллын зам гаргая гэвэл дунд түвшнийх нь яг тохирно. Дээшээ хад чулуугаар мацаад байхгүй. Ууланд нэг хэмээр л алхана гэсэн үг. Энэ маршрут нь Богд уулыг тойрдог ч байж болно.

Хамгийн гол нь ингэхдээ гэрэлтүүлэг, камержуулалтын систем суулгаж байгаль хамгаалагч, хамгаалалтын ажилтнуудыг ажиллуулах хэрэгтэй. Сандал, сүүдрэвч, хогийн саваас эхлүүлээд аяллын явцад хэрэгтэй бүхий л зүйлийг суурилуулаад өгчихөж болно. Зарим гадны оронд ойн аяллын замын ойролцоо майхан шиг жижигхэн дүнзэн байшингууд харагддаг. Тэр нь Хосын байшин нэртэй. Хосоороо яваад залуус тийш орж түр амарч болдог. Бид шинээр аяллын маршрут, явган аяллын зам нээж байгаа бол хэдий болтол хуучны арга барилаар хандах ёстой юм. Хэдий болтол зам заасан будаг нь халцарсан тэмдэг эсвэл модонд уясан цэнхэр хадгаар баримжаалан аль л тод гарсан жимийг дагаж төөрчихгүйхэн шиг алхахдаа модны ард орж хүн амьтдаас нуугдаж бие засч, хогоо чулуун дор даруулж явах юм бэ. Аялагчид, ард түмэндээ зориулж ойн хэсгийг зориулах гэж байгаа бол ая таатай нөхцөлийг хангаж өгөх хэрэгтэй шүү дээ. Байгаль орчинд хор хөнөөлгүй, боловсон бие засах газрын шинэ технологи нэвтэрч байна. Тэр бүгдийг ашиглах хэрэгтэй. Хэрвээ зассан замтай, гэрэлтүүлэгтэй болвол хүмүүс зөвхөн амралтын хоёр өдрөөр бус орой ажлаа эрт тараад л гэр бүлээрээ аяллын зам руу орчихно.

Богдхан уул маань энүүхэн залгаа юм чинь унаа унаш гээд байдаггүй. Хэрвээ эхний удаад 10-20 км явган аяллын замыг уг хайрхны дунд бүслүүрээр тавьчихвал хүмүүсийн урсгал нэмэгдэж, дагаад нийтийн эрүүл мэндэд ч ахиц гарч ирнэ. Тэгээд үр дүнгээ дагаад уг маршрутаа сунгаж явсаар хэдэн жилийн дараа Богдхан уулыг тойрох явган аяллын замтай болчих боломж байна. Дунд бүслүүр гэхээр дээр дурдсан 160 км-ээс бага урттай маршрут гарч ирэх нь тодорхой. Ийм л амьдралд ойр, дэлхийн жишигт нийцсэн, ард түмнээ бодсон шийдвэрийг дарга нар цаашид гаргаж, энэ саналыг судалж үзэх хэрэгтэй л дээ.


Categories
мэдээ цаг-үе

Үүлэн технологи

Үүлэн технологи, үүлэн тооцоолол буюу Cloud Com¬puting (Клауд Компьютинг ) бол орчин үеийн дэвшилтэт технологи. Уг технологийг мэдээллийн технологийн шинжлэх ухаанд хамгийн том, хамгийн шинэ өөрчлөлтийг авчирсан технологи гэж үздэг бөгөөд уламжлалт сервер технологийг виртуалчлах технологиор шинэчилсэн Cloud Computing нь мэдээллийн технологийн салбарт хувьсал, бизнесийн салбарт хувьсгал авчирсан гэж мэргэжилтнүүд онцолдог юм байна.

Монголд Cloud Comput­ing хөгжүүлэх зорилготой ажилладаг залуусын нэг бол Ц.Түвшинтөр. Түүнийг хүмүүс Мэдээллийн Технологийн Үндэсний паркийн ерөнхий захирлаар 2012-2014 онд ажиллаж байсныг мэдэх байх. Тэрээр Берлиний Техникийн их сургуулийн харьяа, тархалттай хиймэл оюун ухааны лабораторид ахлах программ хангамжийн архитекторч, төслийн удирдагч, эрдэм шинжилгээний ажилтнаар тус тус ажиллаж, 2006-2010 онд ХБНГУ-ын Карлсруэ хотын SEMANTIC WEB болон CLOUD COMPUTING-ийн чиглэлээр судалгаа шинжилгээ явуулдаг AIFB, Компьютерийн ухааны судалгааны институт FZI зэрэг олон улсын тэргүүлэх судалгааны байгууллагуудад ажиллаж докторын зэрэг хамгаалсан нэгэн бөгөөд Монголд Cloud computing чиглэлээр дуугардаг, энэ технологийг нэвтрүүлж, хөгжүүлж амьдралд хэрэгжүүлэхийн төлөө явдаг мэргэжилтэн гэж хэлж болно.

Ц.Түвшинтөр, Ц.Тулга, Ч.Алтангэрэл нарын мэргэжилтнүүд Үүлэн тооцооллын виртуалчлалын аргыг банкны системд нэвтрүүлсэн бөгөөд “Үүлэн тооцоолол нь эдийн засгийн хувьд асар их ашигтай технологи юм. Одоогийн байдлаар томоохон байгууллагууд сервис үйлчилгээнүүдээ түгээхдээ сервис бүрийн нэг серверт байрлуулдаг, мөн мэдээллийн аюулгүй байдал, найдвартай тасралтгүй ажиллагааг хангах үүднээс сервис бүрийн нөөц серверийг байгуулах шаардлагатай байдаг нь байгууллагуудын үзүүлдэг үйлчилгээний төрлүүдээс хамааран эдийн засгийн хувьд ихээхэн хөрөнгө зарах хэрэгтэй болдог. Бид энэхүү ажлаар уламжлалт серверийн системээр хийгдсэн 10 сервис үзүүлдэг банкны системийн бүтцийг өөрчлөн үүлэн тооцооллын зарчмыг ашиглан виртуалчлал хийсэн” гэж үр дүнгээ хуваалцсан юм.

Cloud буюу Үүлэн тооцоолол гэдэг нь сүлжээнд холбогдсон программ хангамж ба виртуал хэлбэрт шилжсэн техник тоног төхөөрөмж, тэдгээрийг уян хатан удирдан зохицуулах программ хангамж болон үйлчилгээний цогц байдлыг хэлнэ.

Энэхүү тооцоолол нь хэрэглэгчдэд нөөц (техник хангамж, программ хангамж, сүлжээ, хадгалах байр сав гэх мэт) болон үйлчилгээг алсаас хэрэгцээндээ тохируулан ашиглах, ашигласан хэмжээгээрээ төлбөр төлөх боломжийг олгох юм. Өөрөөр хэлбэл хэрэглэгч бүх хэрэгцээт программ хангамж, өгөгдөл болон мэдээллээ интернэт дэх сервэр дээр байрлуулж хэрэглэнэ гэсэн үг.

Мэдээллийн аюулгүй байдал, найдвартай байдал, арчилгаа тордлогоо зэргийг сервер ажилуулж байгаа компани хариуцна. Ингэснээр хувь хүн, аж ахуйн нэгжүүд компьютер тоног төхөөрөмж, программ хангамжийн тохируулганы асуудал дээр мэргэжлийн хүний туслалцаа дэмжлэг авах хэрэггүй болж харин үүнийг мэргэжлийн байгууллага алсаас удирдан, хэрэглээний бэлэн байдалд байлгах юм. Уг технологийн ачаар аж ахуйн нэгжүүд компьютер тоног төхөөрөмж, программ хангамж худалдаж авах, суулгах, нууцлалыг хангах гэх мэт нэмэлт ажлуудаас чөлөөлөгдөх бол томоохон компианиуд өөрсдийн систем дээрээ маш олон жижиг хэмжээний виртуал компьютерүүдийг үүсгэн хэрэглэгчдэд түрээсэлж, ашигласан цаг, багтаамж, дамжуулсан мэдээлэл гээд олон үзүүлэлтээр төлбөр авax шинэ боломж үйлчилгээ нээгдэнэ. Том компаниуд ашиглагдахгүй байгаа серверүүдийн хүчин чадлын тодорхой хэсгийг эргэлтэд оруулж хөрөнгө оруулалтаа нөхөх боломжууд нээгдэж байгаа гэж ойлгож болно.

Үүлэн тооцооллын хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлснээр хэрэглэгчийн компьютер дээр ажиллах программ хангамжийн тоо буурч, интернэт хөтөч программын тусламжтайгаар вэб дээр суурилсан, найдвартай үйл ажиллагааг хангасан программ хангамжуудын тоо өсөж, интернэт хэрэглээ нэмэгдэнэ.

Хэрэглэгчийн хувьд хэрэглэснээрээ төлбөрөө төлдөг шинэ зарчимд шилжсэнээр хэрэглээгээ бүрэн хянах, зохицуулах боломжоор хангагдаж зөвхөн өөрийн үйл ажиллагаанд тохирсон бараа бүтээгдэхүүнийг бодит үнээр сонгох боломжтой болох аж.

Энгийн болон байгууллагын хэрэглэгчдийн компьютерийн ашиглалтын явцад үүсдэг антивирус суулгах, системийг сүүлийн шинэ хувилбараар шинэчлэх, төрөл бүрийн программ болон техник хангамжийн тохиргоог хийх зэрэг шаардлагууд эрс багасах төдийгүй цаашид хэрэглээнээс хасагдах нь тодорхой.

Харин манай улсын хувьд мэдээллийн технологийн бизнесийн чиглэлийн үйл ажиллагааг өндөр үр ашигтай явуулах боломж хомс.

Үүлэн технологи ашигласнаар компьютер бүр дээр шинэ программууд суулгаж ажиллуулах хэрэггүй болно гэсэн үг. Өөр байгууллага хариуцаж байгаа сүлжээний компьютерүүд дээр и-мэйлээс эхлээд текст бичихэд шаардлагатай мөн нарийн тооцоолол хийх программуудыг ажиллуулах болно. Энэ бол Клауд компьютингийн үндсэн зарчим. Хэрвээ танай компанийн компьютерүүд Клауд компьютингэд холбогдвол техник болон программ хангамж хариуцсан хэсгийн ажил багасч байгууллагын ажлын компьютерийн тооцоолол хийх ачаалал ч буурна.

Энэ технологи Монголд өндөр хөгжөөгүй, хэдэн жилийн дараа л хүчтэй нэвтрэх байх гэж бодвол эндүүрэл шүү. Та интернэтэд орж цахим шуудангаа шалгадаг бол Сloud com­puting үйлчилгээг ашиглаж байна гэсэн үг. Бүр сайн тайлбарлая. Та Gmail-ээр захидал бичиж, хүлээж авдаг бол таны компьютер уг цахим шууданг ажиллуулах программыг ажиллуулдаг. Харин “Google”-ийн серверүүд дээр уг үйлдэл хийгддэг бөгөөд танд ирсэн болон таны илгээсэн цахим шуудангууд таны компьютерт хадгалагддаггүй. Хэрвээ бүх шуудангууд компьютер дээр тань хадгалагдаж, зай эзэлдэг байсан бол 1000 и-мэйл ирсний дараа таны компьютер хэрхэн гацаж, цаг барахыг таашгүй.

Сloud computing үйлчилгээ үзүүлж байгаа талд олон төрлийн компьютер болон серверүүд, хэрэглэгчийн мэдээллийг хадгалах дата баазууд байдаг. Эдгээр нь хэрэглэгчийн хүссэн дурын тооцоолон бодохоос эхэлж видео тоглоом хүртэлх бүх төрлийн программуудыг ажиллуулах чадвартай техник хангамжтай. Ихэнх серверүүд үргэлж 100 хувийн ачаалалтай ажилладаг бөгөөд ашиглагдахгүй байгаа хүчин чадлыг виртуаль серверийн тусламжтайгаар үргэлж илүү үр дүнтэй ажиллуулах боломжтой байдаг юм байна.


Categories
мэдээ цаг-үе

“Монголын эмэгтэйчүүдийн холбоо”-ны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл: Хосууд гэрлэхдээ Гэрлэлтийн гэрээ байгуулдаг болохыг хуульчлах нь зүйтэй

Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэлтэй ярилцлаа.


-Та энэ холбооны ерөнхийлөгчөөр сонгогдохдоо Хүчирхийллийн эсрэг ажиллах болно гэж хэлж байсан. Тэр цагаас хойш дөрвөн сар өнгөрчээ?

-Тийм ээ, хүчирхийллийн эсрэг хамгийн хүчтэй дуу хоолой болж ажиллана, “Монголын эмэгтэйчүүдийн холбоо” хүчирхийллийг хүчгүйдүүлэхэд хамгийн нөлөөтэй байгууллага болохын төлөө ажиллана гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан, тэр үгээ ч хэлсэн. Зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал гэлтгүй нийгэмд үүсч буй элдэв төрлийн хүчирхийлэл Монголын нийгэмд нэн тулгамдсан асуудал болсон. Тэр дундаа эмэгтэйчүүд, хүүхдүүд хүчирхийлэлд өртөх нь түгээмэл байгаа нь статистик үзүүлэлтүүдээс харагддаг. Гэхдээ эмэгтэйчүүдийн байгууллага хүчирхийллийг зөвхөн эмэгтэйчүүд, хүүхдүүдийн асуудал гэхээс илүү нийгэм даяараа “Хүчирхийлэлтэй хэрхэн тэмцэх вэ?” гэдэг өргөн агуулгаар харж, үнэлж, зорилтот ажлуудыг зохион байгуулах нь зөв гэж үзэж байна. Эмэгтэйчүүд болоод хүчирхийллийн тухай асуудлыг ярихад энэ нь нийгмийг хамарсан асуудал болчихдог. Гэтэл хүчирхийлэл гэдэг нэг хүний, нэг улсын асуудал биш нийт хүн төрөлхтний асуудал болчихсон. Иймд эмэгтэйчүүд гэдэг энэ бүлэг өөрөө нийгмийн харилцааны гол суурь нь юм. Эмэгтэй хүний тухай ярихад хүүхэд, нөхөр, гэр бүлийн бусад гишүүд, эдийн засаг, ядуурал, ажилгүйдлийн асуудал зэрэг маш олон сэдэв хамаатдаг. Иймд Монголын эмэгтэйчүүдийн холбоо үйл ажиллагааныхаа чиглэлийг өргөн хүрээгээр төлөвлөж, зохион байгуулах, тухайн асуудлыг шийдвэрлэхэд бидний гүйцэтгэх үүрэг, нөлөө ямар цар хүрээтэй вэ гэдэг дээр нэлээд анхаарч ажиллаж байна. Энэ жил эмэгтэйчүүдийн байгууллагын 95 жилийн ой тохиож байгаа. Бид энэхүү түүхт байгууллагын уламжлалыг хадгалж, шинэчлэл, хөгжлийг уялдуулан ажиллахаар зорьж байна.

-Азидаа эмэгтэйчүүдийнхээ төлөө дуугарсан анхны улс болсон гэдэг байх шүү?

-Ардын хувьсгал ялсан түүхэн он цагт Монгол Улс эмэгтэйчүүдийнхээ эрхийн асуудалд хамгийн их анхаарал хандуулж байсан цөөн улсын нэг. Монголын эмэгтэйчүүдийн холбоо Азийн анхны эмэгтэйчүүдийн байгууллага юм. Өнгөрсөн 95 жилийн хугацаанд Монголдоо төдийгүй, дэлхийн, тэр дундаа Азийн зарим улс орнуудад ч хөгжил дэвшлийн загвар болж, үе үеийн удирдлагуудын нээлттэй бодлого, арга ажиллагааны туршлагаас Лаос, Ветьнам зэрэг улс орнууд ч туршлага судалж байсан түүхтэй гэдэг. Түүнчлэн улсынхаа хөгжил, цэцэглэлтэд ч Монголын эмэгтэйчүүдийн байгууллагын оруулсан хувь нэмэр асар их. Өнгөрөгч он жилүүдэд энэ байгууллага бүх нийтийг соён гэгээрүүлэх, Монголчуудыг бичиг үсэг, соёлд сургах, сонгох сонгогдох эрхээ эдлэх, эмэгтэйчүүдийг соёлжуулж боловсруулан, нийгмийн харилцаанд эрчүүдтэй адил тэгш хэм хэмжээнд оролцуулах боломжийг нээж өгч, сэхээтэн эмэгтэйчүүдийг газаад улс орнуудад бодлогоор бэлтгэн сургах, цаашлаад жендерийн асуудлыг тэртээ он жилүүдэд аль хэдийнээ ярьж эхэлсэн байдаг.

-Тэгвэл Монголын эмэгтэйчүүдийн холбоо өдгөө хэрхэн ажиллаж байна вэ?

-Миний хувьд урьд өмнө энэ байгууллагын дотоод үйл ажиллагааг төдийлөн сайн мэддэггүй байсан. Харин нийгмийн харилцаанд идэвхтэй оролцдог эмэгтэй хүний хувиар хүчирхийлэл гэдэг асуудалд эмэгтэйчүүдийн байгууллага төдийгүй хүн болгон анхаарал хандуулах цаг болсон ийм түүхэн үед бид ирсэн гэж ойлгож байгаа. Тийм ч учраас дөнгөж ерөнхийлөгчөөр сонгогдоод “Монголын эмэгтэйчүүдийн байгууллага хүчирхийллийн эсрэг хамгийн хүчтэй дуу хоолойтой байна” гэж амласан. Амласнаа биелүүлэхийн төлөө бид ажиллаж байна. Ажил аваад “Хүчирхийллийг хүчгүйдүүлье” уриатай хөдөлгөөн өрнүүлсэн. Богино хугацаанд нийгмийг давлагаалсан томоохон арга хэмжээнүүд зохион байгуулаад явж байна. Хамгийн эхнийх нь “13 настай охиныг хүчирхийлэн амийг нь егүүтгэсэн этгээдүүдэд хууль хяналтын байгууллага шударгаар, зохих шийтгэлийг нь үүрүүлэхэд хяналт тавих, олон нийтийн анхаарлын төд байлгах асуудал дээр нөлөөллийн ажил зохион байгуулсан. Одоо ч энэ хэрэг нэг тийш шийдэгдээгүй, хэрэг үйлдсэн хүмүүс давж заалдна гээд явж байна. Хүн хэн байхаас үл хамаарч, гэмт хэрэг, хүчирхийлэл үйлдсэн бол шүүхийн шийдвэрээр зохих ял нь оногдон шийтгэлээ хүлээдэг байх ийм шударга ёсыг Монголын ард түмэн нийтээрээ хүсэн хүлээж байна. Иймд бид энэ асуудлыг анхааралтай ажиглаж байна. Энэ бол ганцхан хүүхдийн амь насны тухай асуудал биш, цаашдаа мянга мянган хүүхэд хүчирхийлэлд өртөж, тэрнээс нь ял завших гэсэн хэсэг бүлэг этгээд, магадгүй санаатай, санаандгүй ямар нэг байдлаар ял завшуулах гэсэн хууль хяналтын байгууллагынхны шударга бус ажиллагаа зэргийг анхаарахад дохио өгсөн болов уу гэж бодож байна. Цаашид ч иймэрхүү асуудалд бид анхаарал хандуулж, иргэдийн хяналтыг сайжруулах тал дээр ажиллах болно.

-Мэдээж энэхүү санаачилгаа төгөлдөржүүлэн, илүү далайцтай ажлууд хийхээр төлөвлөсөн байх. Монголын нийгэмд хүчирхийлэгч биш ирээдүйг бэлдэхийн тулд яах ёстой юм бол?

-Бид олон нийт, хүүхэд, тэр дундаа өсвөр үеийнхний сэтгэл зүй, хандлагыг хэрхэн эерэгжүүлэх вэ гэдэгт анхаарлаа хандуулахыг зорьж байна.

“Хүчирхийлэгч биш иргэнийг бэлдэх ёстой” гэдэг дээр санал нэгдсэн. Аль хэдийнээ 30, 40, 50 насан хүрчихсэн хүчирхийлэл үйлдэгчийн үзэл бодолд нөлөөлж, өөрчлөх бодит боломж хомс. Тиймээс хүчирхийлэгч биш ээж, аавыг ирээдүйд бэлдэх асуудал руу анхаарах нь зүйтэй байгаа юм. Иймд эмэгтэйчүүдийн байгууллагынхаа салбар зөвлөлд түшиглэн “Өсвөр үеийн клуб”-үүдийг байгуулж байна. Энэ клубүүдээрээ дамжуулан соён гэгээрлийн, сайн санааны нөлөөллийн ажлуудыг тогтмол зохион байгуулна. Удахгүй энэ ажлууд эхэлнэ. Хүчирхийлэгч биш иргэнийг багаас нь, ясли, цэцэрлэгээс нь эхэлж бэлдэх хэрэгтэй байна.

-Та хэвлэлийн салбарт ажиллаж байсан хүн. Эмэгтэйчүүдийн нийгмийн асуудлын талаар ерөнхий мэдээлэл, мэдлэгтэй байсан гэсэн үг. Харин одоо энэ байгууллагыг удирдан халуун тогоонд нь ороод ажиллахад төсөөлснөөс өөр байна уу. Монголын эмэгтэйчүүдэд тулгамддаг гол асуудлууд юу байна вэ?

-Нэгдүгээрт, гэр бүлийн асуудал. Гэр бүлийн гэхээр зөвхөн эмэгтэй хүний асуудал биш болчихоод байгаа юм. Нийгмийн суурь нь гэр бүл. Монголын нийгэмд гэр бүл салалт ямар их байна вэ. Түүнээс үүдээд ажилгүйдэл, ядуурал, өрх толгойлсон эмэгтэй, өнчин хүүхдийн асуудал гарч ирдэг. Тэгэхээр хамгийн тулгамдсан асуудал бол гэр бүл. Таны хэлдгээр хэвлэлийн салбарынхан мэдээллээс мэдээллийн хооронд явахдаа ерөнхийд нь гаднаас нь анзаардаг. Бодит байдлыг бүсгүйчүүдийн ертөнцийн гүнд ороод харах нь өөр юм аа. Гэлээ ч учиргүй зөрсөн, тэс өөр төсөөлөл гэж юу байх вэ. Ерөнхийдөө эмэгтэйчүүдтэй холбоотой маш олон хүнд асуудал байна. Иймээс үүнд төр маш ихээр анхаарах цаг ирсэн байна. Эмэгтэйчүүдийн байгууллагаар дамжуулаад нийт эмэгтэйчүүдээ тольдоход монгол бүсгүйчүүд асар хүчирхэг тулдаа өдий дайтай явна уу даа гэж бодогдсон. Нийгмийн дийлэнх ачаа эмэгтэйчүүдийн нуруун дээр явж байна. Айл гэрийн амьдрал ахуй, ажил үйлс, хатуу ширүүн бүх л юм эмэгтэйчүүдэд үүрэгдэж байна. Гэтэл тэдэн рүүгээ чиглэсэн оновчтой төрийн бодлого байна уу. Бид эрхийн асуудлаа, мөн үүргийнхээ асуудлыг ч ярьдаг болмоор байна. Бид аль ч түвшинд тэгш эрхтэй баймаар байна.

-Өөр бусад салбар, чиглэлийн хууль хурдан батлагддаг бол гэр бүл, хүчирхийлэлтэй холбоотой хууль, бичиг баримтууд батлагдах гэж их уддаг, сунжирдаг. Энэ нь юутай холбоотой юм бэ. Гэр бүлийн тухай хуульд өөрчлөлт орох гэж байгаа биз дээ?

-Гэр бүлийн тухай хууль удахгүй УИХ-д өргөн баригдах гэж байна. Засгийн газраар ороод Байнгын хороон дээр ажлын хэсэг байгуулагдан ирэх хаврын чуулганаар орох байх. Гэр бүл гэдэг нийгмийн бүх хэсэг. Магадгүй салбарын хууль бол тухайн салбарын цөөн хүний асуудал. Гэр бүл гэвэл хүн болгонд хамаатай. Байшингаар бол суурь нь. Хэдэн ч давхар байшин барьсан ч нурахааргүй, маш бат бөх, ус, газар хөдлөлт юу ч болж байсан тэсээд гарах суурьтай байх ёстой. Гэтэл манай нийгмийн суурь цуураад эхэлж байна. Цаашид энэ барилга явахад хүнд. Гэр бүлийн тухай хуулийн төсөл хэлэлцэгдээд явж байгаа энэ цаг үед бид одоо хэрэглэгдэж байгаа хууль, шинээр хэлэлцүүлэгдэж буй хуулийн төслийн аль алийг нь үзсэн. Бид судалгаа хийгээд Гэр бүлийн тухай хуульд тодорхой хоёр зүйлийн санал оруулъя гэсэн хүсэлт гаргах гэж байна.

-Ямар хоёр санал вэ?

-2018 оны байдлаар 2945 гэр бүл салжээ. Энэ салсан гэр бүлийн 80 орчим хувь нь гэр бүлээс гадуурх харилцаанаас болсон гэдэг тоо баримт байна. Гэр бүлээс гадуурх харилцааг нэг талаас нь харвал бас эмзэг. Хүний хувийн амьдрал, эрх чөлөө гээд олон зүйл яригдана. Гэвч нөгөө талд гэр бүл гэж юу вэ? Гэр бүлийн өмнө хүлээх хариуцлага юу вэ гэдгийг хэн хүнгүй бодох цаг болчихжээ. Жилдээ 18 мянган хос салах өргөдөл өгснөөс, шүүхээр шийдвэрлэгдсэн нь 2945. Эвлэрсэн 400-хан байна. Үлдсэн 15 мянга нь салахаа хүлээгдээд явж байна. Тэгэхээр бид гэр бүлийн суурь асуудал руу нухацтай хандахаас өөр аргагүй. Нийгмийн суурь бүтэж ингэж ганхаж байхад сууриа хэрхэн хамгаалж, бүр бат бэх болгож тордож арчилж явах вэ гэдгээ ярих цаг болсон. Монголын эмэгтэйчүүдийн холбооны хувьд энэ бол санал. Батлагдах эсэхийг нь мэдэхгүй байна. Бид судалгаа хийж байна. Бас эцсийн байдлаар шийдчихээгүй байна. Саналын түвшинд хоёр зүйлийг хэлье. Дөрөв, таван жилийн өмнө нэг эрэгтэйн нууц амраг эхнэрийг нь орцонд нь хөнөөсөн маш аймшигтай гэмт хэрэг гарсан. Энэ бол зүгээр нэг л жишээ. Энэ маш аюултай жишээ. Ийм биш гэхэд ийм хэлбэрийн олон асуудал болж байгаа. Иймд гэр бүл үймүүлсэн гуравдагч этгээдэд ямар нэг шийтгэл хүлээлгэх. Хоёрдугаарт, гэр бүлийн гэрээтэй болъё. Олон улсын жишгээр хосууд гэр бүл болохдоо гэр бүлийн гэрээ байгуулдаг. Тэр нь нарийн заалттай гэрээ байх уу, ерөнхий гэрээ байх уу гэдгийг гэрлэгсэд өөрсдөө шийддэг. Ямар ч байсан гэрээтэй байх санкцийг Гэр бүлийг тухай хуульд хийж өгмөөр байна. Тэр гэрээ нь ямар нөхцөлтэй байх нь тэр гэр бүлийн асуудал.

-Гуравдугаар сарын 8-нд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохионо. Манайд тэр өдрийг баяр хэмээн ойлгож ээж, эмэгтэйчүүд архи ууж, албан байгууллагынхантайгаа архидаж цэнгэж өнгөрүүлдэг. Өнгөрсөн жил Мартын 8-наар олон эмэгтэй эрүүлжүүлэгдсэн. Манайх энө өдрийг чухам яаж өнгөрүүлбэл зүйтэй вэ. Эрхийнхээ төлөө тэмцэж жагсдаг ч юм уу, арай өөрөөр тэмдэглэх боломжгүй гэж үү?

-Өмнө нь манай холбоо гуравдугаар сарын 8-нд “Хүндэт ээж” өргөмжлөх арга хэмжээ зохион байгуулдаг байсан. Энэ жил өөрөөр хийнэ ээ. Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор гуравдугаар сарын 7-нд эх орны өнцөг булан бүрээс төлөөлөгч урьж, Төрийн ордонд эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө анх удаа чуулна. Мянган ээж чуулж эрхийнхээ асуудлуудыг ярина. Бас үүргийнхээ тухай ярина. Тэгэхээр энэ жилийн Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр нэлээд онцлог, өргөн цар хүрээг хамарсан арга хэмжээ зохион байгуулагдана. Удахгүй албан ёсны хөтөлбөрөө нийтэд танилцуулна.


Categories
мэдээ цаг-үе

Ө.Үлэмжтөгс: Уран бүтээлчид нь хуучинсаг байж болох ч үзэгч залуус нь биднээс шинийг нэхэж байна

Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, зохиолч Ө.Үлэмжтөгсийн “Амьгүй биет” жүжигчингүй жүжиг тайзнаа тавигдах гэж байна. Түүнтэй уг жүжгийнх нь талаар ярилцлаа.


-Жүжигчингүй жүжиг байдаг байх нь ээ?

-Байгаагүйг л байдаг болгохоор зориглон ажиллаж байна.

-Энэ нь тэгээд ямар төрөл, жанрын жүжиг вэ. Хөндөж буй сэдэв нь?

-Нэн орчин үеийн буюу контемпорари жанрын уран бүтээл. Бид энэ бүтээлээрээ яг тэр гээд оноочихож боломгүй маш өргөн сэдвийг хөндөж байгаа. Тэр бүх өргөн сэдвийг хөндөхөд хүргэж байгаа гол шалтгаан нь хүний хэрэглээ, хэрэгцээ гэдэг зүйл юунд хүргэдэг вэ. Гэтэл хүн төрөлхтний хэрэгцээ амьд орчинд ямар нөлөө үзүүлж байна вэ. Эргээд тэр сөрөг нөлөөгөө бид хэрхэн даван туулах вэ гэдэг асуултыг үзэгчдээсээ эргүүлэн асууж байгаа юм. Ерөнхийдөө бид ДУУ ЧИМЭЭ БОХИРДОЛ хийгээд АМЬГҮЙ БИЕТ буюу амьгүй эд зүйлсийн нөлөө гэдэг цогц утга санаанд бүтээлээ зангилж байгаа юм.

-Гадны орнуудад янз бүрийн шийдэлтэй жүжиг тавигддаг. Харин манайд ийм жүжиг өмнө нь тайзнаа гарч байгаагүй байх. Та ийм жүжиг бичье гэдэг санааг хэрхэн олсон бэ?

-Өмнө нь өөр уран бүтээлчийн олоогүй шинэ санаа гаргаж, АНХ УДАА гэсэн тодотголтой уран бүтээл туурвих нь миний гол зорилго биш л дээ. Хэрэв тийм эрэлд хатвал юу ч хийж чадалгүй тархиа гашилгасаар байгаад өнгөрөх байх.

Харин медиа эрин зуун, технологийн дэвшил гэсэн орчин цагийн сэдвийг хөндсөн зохиол бичье гэсэн санаа надад, миний дотор явсаар байсан. Үүнийг хамгийн оновчтойгоор илэрхийлж болох арга нь хүн биш, эд зүйлсийг гол дүр болгон сонгож хэрэв бид техникийн хэлийг ойлгодог бол тэд бидэнд хандаж юу хэлэх байсан бэ гэдгийг гаргаж ирэхийг зорьсон.

-Уламжлалт хэв маяг, стандартаас гажсан зүйлсийг хүлээж авах хүрээ нь их хязгаарлагдмал байдаг нь аль ч цаг үеийн эмгэнэл гэлтэй. Ийм жүжиг тавигдах гэж буйг хүмүүс харин ч сонирхоод байх шиг байна шүү?

-Бурхан үхчихсэн гэж Ницше аль 1890-ээд онд хэлсэн шүү дээ. Үүнтэй адил сонгодог урлаг үхчихсэн. Хээнцэрлэл, романтизм мөхсөн. Өндөр технологийн эрийн зуун уран бүтээлчдээс тэс өөр сэтгэмжийг нэхэж байна, шаардаж байна. Тэрийг нь ойлгосон гадны сэргэг уран бүтээлчид хэдийнэ боломжгүйг бодит болгох туршилтыг хийгээд эхэлж. Гэтэл энд бид Монголд “Учиртай гурван толгой-“гоо тоглосоор. Эсвэл “Учиртай гурван толгой”-гоос илүү гарахааргүй улиг болсон зохиолтой драмын жүжгүүд тавьж аль зуун жилийн өмнө бичсэн “Миний нутаг” шиг шүлгийг бүх яруу найрагчид хуулж бичсээр байна. Уран бүтээлчид нь хуучинсаг байж болох ч үзэгч залуус нь шинийг биднээс нэхэж байна.

Тэдний эрэлт, шаардлагаас давсан, өөрөө урд гаргаад замчилж чадах бүтээл туурвиж чадахгүй бол МУСТА одон тэмдгээ, Зохиолчдын эвлэлийн шагналын шар төмөртэйгөө зүүгээд урлагийн БАТСҮМБЭР-ийг зорих хэрэгтэй.

-“Beauty and the beast”-д гардаг шиг үйл явдал гарах нь ээ. Сонирхолтой санагдаж байна. Ямар ч байсан үзэгчийн хувиар очиж үзэхээр шийдлээ?

-Уолт Диснейн хүүхэлдэйн кинон дээр гардаг шиг бид цагийг амь оруулж чадахгүй. Харин цахилгаан хэрэгслүүдэд дуугарах эрх чөлөөг нь олгоно.

-Жүжгийн бэлтгэл хэр явж байна вэ?

-Бэлтгэл бүрэн хангагдаж байна. Одоо энэ жүжиг миний мэдлээс хэдийнэ гарсан. Театр бол найруулагчийн, тайзны зураачийн талбар. Үүнээс гадна манай жүжиг шиг контемпорари жүжгийн хувьд хөгжмийн зохиолчийн ажил юу юунаас илүү чухал.

-Аль тайзнаа тавигдах вэ. “Амьгүй биет” жүжигчингүй ч гэлээ тайзны ард олон хүний хүч хөдөлмөр гарч байгаа нь мэдээж. Жүжгийн багийнхнаа танилцуулахгүй юу?

-Багийг шинэ урлагийн голлох төлөөлөгчдөөр бүрдүүлэхийг зорьсон. Найруулагчаар “Ялагчийн цуваа” олон улсын моно драмын уралдааны Үндэсний ялагч Я.Билгүүнсар ажиллаж байгаа бол тайзны зураачаар Монголын нэн шинэ үеийн дүрслэх урлагийн гол төлөөлөгчдийн нэг С.Ганзүг, хөгжмийн зохиолчоор Монголд хөгжмийн livelooping арга барилыг дэлгэрүүлэгч Ата Боргужин ажиллаж байгаа. Мөн продюсераар дуучин Билл, төслийн менежерээр яруу найрагч Б.Батзаяа тус тус ажиллаж байна. Мөн хөгжмийн зохиолчоор Моханик хамтлагийн дуучин, хөгжимчин Ц.Даваажаргал ажиллаж байна.

-Тасалбарыг хаанаас авах вэ?

-Тасалбарыг ticket.mn сайтаар захиалж дуудлагаар авч болохоос гадна манай фэйсбүүк дэх албан ёсны эвент хуудсанд хандаж худалдан авч болно. Бас тэр өдрөө “Анкор” төвд очоод авч ч болно. Тасалбар 10 мянган төгрөгийн үнэтэй.

-Жүжигчид, хамтлаг продакшнууд Монголд сайн зохиол, жүжгийн зохиолч алга гээд байдаг. Үүнтэй санал нэгдэх үү?

-Сайн зохиолчийн хомсдолд орсондоо биш, харин тэдгээр продакшнуудын хүсээд байгаа захиалгын зохиолыг нь сэтгэлд нь нийцтэл бичих сонирхолтой зохиолч бий юу гэж хэлбэл илүү оновчтой болов уу.


Categories
мэдээ цаг-үе

Бидэ ба эрүүл мэнд

Монголчууд 1990-ээд оноос барууны кинонуудаар дамжуулан бидэ суултууртай танилцсан. Барууны орнуудын хувьд XVII зууны үед бидэтэй төстэй зүйл дээр суух байдлаар хувийн ариун цэврээ сахидаг байсан нь уран зурагт хүртэл үлдсэн байдаг. Шүршигчтэй суултуур 1965 оноос үйлдвэрлэгдэж ухаалаг суултуурын эхийг тавьсан гэж хэлж болно. Түүнээс өмнө барууныхан энгийн суултуурт суучихаад дараа нь тусгай цорго бүхий зэргэлдээх суултуурт шилжин сууж шүршиж, угааж ариун цэврээ сахидаг байсан юм байна. Харин шүршиж угаадаг цоргыг үндсэн суултуурт нь суурилуулж үйлдвэрлэснээр энэ бүтээгдэхүүн олон хүний талархлыг хүлээж нийтэд түгэх эхлэл нь болжээ.

Бидэ суултуурт бие зассанаар шулуун гэдэсний шархлаа, шулуун гэдэсний хорт хавдар, цагаан мах эргэх, шамбарам, өтгөн хаталт, бэлгийн замаар дамжих өвчлөлүүдээс урьдчилан сэргийлдэг ач холбогдолтой. Эмэгтэйчүүдийн хувьд төрөлтийн дараахь болон сарын тэмдгийн үед чанар муутай ариун цэврийн цааснаас дамжих халдвар, хорт хавдраас урьдчилан сэргийлнэ. Харин хүүхэд бидэ суултуурт бие засахад эцэг, эхийн тусламж шаардахгүйгээр ариун цэврээ сахиж чадна. Бидэ суултуур нь урагт ч сайн нөлөөтэй юм байна. Ургийн эрүүл мэндийг хамгаалахын тулд жирэмсэн эхчүүдийг бидэ суултуурт сууж бие засч байхыг мэргэжлийн эмч нар зөвлөдөг. Түүнчлэн ахмад настан, хэт таргалалттай болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хувьд хөдөлгөөн дутмаг байдаг учраас бидэ суултуур хамгийн тохиромжтой. Бидэ суултуур нь өтгөн хаталтаас дээд зэргээр сэргийлдэг. Өтгөн хатсанаар хүний биед хорт бодис хуримтлагдаж эд эрхтэнүүдийг хордуулдаг. Энэ нь маш олон төрлийн өвчний үүслийг тавьж байдаг. Ухаалаг суултуур нь усан даралтын бөмбөлөг үүсгэж массажилдаг учир өтгөнийг саадгүй гадагшлуулдаг гол давуу талтай. Ингэснээр хүн стресс ядаргаанд өртөхгүй байх боломж бүрддэг. Түүнчлэн доогуураа хагалгаатай, ууц нуруугаа дааруулахгүй байх онцгой гам барьдаг хүмүүст бидэг санал болгодог.

Ийм учраас бидэ (Bi­det) дэлхийн улс орнуудын өдөр тутмын хэрэглээнд нэвтрээд байна. Манай улсад энэ чиглэлийн бүтээгдэхүүн оруулж ирж суурилуулж, зөвлөгөө өгдөг хувь хүн, компаниуд олон бий. Гэрийнхээ суултуурын зургийг тухайн компани руу илгээж дээр нь бидэ суурилуулах боломжтой эсэхийг лавлана. Хэрвээ танай гэрийн суултуурт бидэ суурилуулах боломжтой гэвэл тухайн үйлчилгээний компанийн ажилтан нь ирээд суурилуулаад өгчихнө. Гэхдээ хуучны оросын суултууруудыг шинэ цагийн бидэ “голдог” учир шинээр суултуур суурилуулж байж ухаалаг бидэтэй болно гэсэн үг. Ингээд ухаалаг суултууртай болчихоор удирдлага дээрх олон товчнуудынх нь учрыг олохгүй нэг хэсэгтээ андуурч нүүр рүүгээ ус цацуулж мэднэ шүү. Гэхдээ удирдлага дээр нь байдаг түгээмэл хэдэн товчлуурын зааврыг танилцуулъя.

Rear cleansing, Soft rear cleansing, Front cleans­ing гэх угаах үйлдлийг заасан товчлуурууд нь усаар шүрших байрлалыг тааруулдаг үүрэгтэй. Dry, Dryer гэх товчлуур бол хатаах үйлдлийг гүйцэтгэнэ. Сүүлийн үеийн ухаалаг суултууруудын хатаагч нь хүний биеийн дулаантай дүйхүйц бүлээн хэмтэйгээр үлээж хатаадаг болсон. Tem­perature товчны харалдаа байдаг жижиг товчлууруудыг суудал, ус, хатаагчийн хэмийг тохируулахдаа ашиглана. Pressure гэх товчлуур байвал энэ нь усны даралтын хүчийг тохируулдаг. Мөн Position товч байвал шүрших байрлалаа тааруулна. Wand cleansing-шүршигчийг цэвэрлэх, Stop-үйлдлийг зогсоох, Power on/off-асаах, унтраах үүрэгтэй. Power deodorizer товч үнэр дарагчийг ажиллуулдаг тус тусын үүрэгтэй.

Бидэ буюу Bidet toilet-ийн хамгийн сүүлийн үеийн загварыг Японы үйлдвэрлэгчдээс харж болно. Тус улс 1980 онд дэлхийн анхны автомат суултуур бүтээж байжээ. Сүүлд гэхэд япончууд 11 мянган долларын ханштай “TOTO Neorest NХ2” нэртэй ухаалаг суултуур зохион бүтээгээд байна. Энэ суултуурт дөхөж очиход дулаан мэдрэгчтэй таг нь автоматаар онгойно. Тэр даруй суултуур нь автоматаар хална. Бие зассаны дараа шүрших товч дээр дарахад шүршигч хоолойноос ус гарч бохирдсон хэсгийг угааж цэвэрлээд, дулаан агаараар үлээж хатаана.

Автомат үнэр дарагч нь ч энэ үеэр ажиллаж “Tor­nado Flush” ухаалаг систем нь бохирдсон гадаргууг өөрөө цэвэрлэдэг юм байна. NХ2 буюу ионжсон ус нь ямар ч төрлийн бактерийг устгадаг үйлчилгээтэй. Ингээд бие засаад суултуураас холдоход таг нь автоматаар хаагдана. Энэ бол бидэгийн хамгийн сүүлийн үеийн загвар.

Зарим бидэ суултуурт нэмэлт товчлуурууд бий. Жишээ нь, Children washing-Хүүхдийн угаалга, Famale washing-Эмэгтэйчүүдийн угаалга, Massage washing-Массажтай угаалга, Night Light-Шөнийн гэрэлтүүлэг гэсэн шинэ үйлдлүүд нэмэгджээ.