Categories
мэдээ цаг-үе

Д.Эрдэнэбаатар: Хүн бие болоод сэтгэл санааны өөрчлөлтүүдээ мэдэрч сурах хэрэгтэй

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Сэтгэл засалч эмч Д.Эрдэнэбаатартай ярилцлаа.


-Хавар дархлаа сулардаг, ядардаг гэж бие махбод талаас ярьдаг байсан бол одоо сэтгэл зүйг их онцолдог болж. Хаврын хямрал, хаварших, хаврын стресс, хаврын синдром, хаврын сэтгэл зүй гээд олон нэршил бий. Энэ бүхний шинжлэх ухааны албан ёсны тодорхойлолт нь юу вэ?

-Бие махбодын дархлаа хавар сулардаг. Зун, намар нь хамаг шим тэжээлээ нөөцөлчихөөд өвлийн хахир хүйтэн урт саруудыг тэр нөөцөөрөө л давдаг. Хаврын улирал ирэхэд тэр нөөц нь ерөнхийдөө шавхагдсан байдаг, бие махбодын хувьд. Бие махбод сульдахад сэтгэл зүй дагаж сульддаг. Бодисын солилцоо, нөөцийн хувь ч тэр. Нөгөө талаар хүнд өвчин тусах босго гэж байдаг. Тэр босго нь намар, өвөлдөө нэлээд сайн байснаа хавар нь буугаад ирдэг. Энгийнээр хэлбэл тухайн хүн их эмзэг болчихдог. Бие махбодын хувьд өвчлөмтгий болж, сэтгэл зүйн хувьд сэтгэл санаа нь хямарчих гээд байдаг. Бүр цаашилбал хаврын синдром гэдэг шиг сэтгэцийн архаг, нууц далд байсан өвчнүүд хурцдах тал руугаа ордог. Наад зах нь сэтгэл гутрал, сэтгэл түгшилтэд өртөнө.

-Монголчууд нийгэм маань хүнд байна, амьдрахад хэцүү болоод байна гэж нийтээрээ, бүгдээрээ ярих тусмаа тэрэндээ живээд байх шиг байна?

-Яг үнэн. Вертерийн хам шинж гэж байдаг юм. Өнгөрсөн зууны 30-аад оны үед Нью-Йоркт Вертер гэж залуу гүүрэн дээрээс нисч амиа хорложээ. Тэгтэл тэр хэргийг Америкийн бүх сонин сэтгүүл нийтэлсэн чинь шуугиан тарьсан. Тэр тухай нийтэлсэн сонин, сэтгүүлийн борлуулалт тодорхой хувиар нэмэгдсэн. Харамсалтай нь Нью-Йоркт Вертерийн насны, тухайн түвшний залуучууд гүүрэн дээрээс нисч амиа хорлох нь нэмэгдсэн байгаа юм. Манайд ч яг ийм хэрэг ойр ойрхон гарахад хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд мэдээлж нийтэд хүргэсэн нь магадгүй араасаа тийм үйлдлүүдийг дагуулах эрсдэлтэй байгаа байхгүй юу. Тийм болохоор манай сэтгүүлчид болж өгвөл үеийн үед эерэг нийтлэл, мэдээлэл ард түмэндээ түгээж баймаар байна. Нийгмийг эрүүлжүүлэх хамгийн том салбаруудын нэг нь яах аргагүй сэтгүүлчид байдаг.

Сүүлийн 28, 29 жилийн завхралын үр дүнд буюу МАНАН-гийнхны хийсэн гавьяагаар Монгол замбараагүй, бараг бардаак гэж хэлэхээр болчихсон л доо. Ард түмнийг хаячихсан. Ард түмэн чадлынхаа хэрээр явж бие махбод, сэтгэл зүйн хувьд чадах ядахаараа тэмцэж явж байгаа дүр зураг их байна.

-Монголчууд уг нь мэнд мэдэх ёсноос эхлүүлээд л амнаасаа буруу зөрүү үг, хар бараан өгүүлбэр унагахгүйг хичээдэг. Гэтэл одоо хоёр хүн уулзвал өвчин хуучаа ярихаас эхлүүлээд хамаг болохгүй бүтэхгүй байгаагаа ам уралдан ярьдаг болсон. Хар бараан зүйлийг яриад байвал түүнийгээ улам дэвэргэж, живнэ. Эсрэгээр нь өөдрөг, гэгээн юм яривал өөдөлнө гэдгийг мартаад байна уу даа?

-Монголын ард түмэн бэлгэдлийн ард түмэн шүү дээ. Амны бэлгээс ашдын бэлгэ гэдэг. Уламжлалаа сэргээе гэдэг нь маш чухал. Монголын сэтгэл зүйн тусгаар тогтнол, дархлааны үндсэн суурь бол манай уламжлал байсан. Эерэг бэлгэдлийн сэтгэл зүй байсан. Болсон ч, болоогүй ч эерэг сайхан юм ярих нь бодлын хүчээр нь дамжаад амьдралд нь нөлөөлж байдаг. Энэ нь томруунаар ард түмний амьдралд ч нөлөөлж байдаг.

Гэтэл нийгэмшилтэй холбоотой, нийгмийг дагаж ирж байгаа сөрөг болгонтой холбоотой, наад зах нь мэдээлэл, хоол хүнс, сэтгэл зүйн аюулгүй байдал зэрэг нь сэтгэл зүйн хүчирхийлэл болж явагдаад байна. Энэ болгон нийгмийг сүйтгэж байгаа. Сүйрүүлж байгаа гэж хэлж болохоор. Магадгүй гадны юм уу, эсвэл өөр ямар нэг нөлөөллийн механизм явж байдаг. Тэр нөлөөлж байгаа нөхөд хэзээ ч монголчуудыг бодохгүй. Монголын ард түмний ирээдүйг тоохгүй. Хөлсний бичээчид гэдэг бол тодорхой хэмжээний хэдэн халтар төгрөг аваад түүндээ сэтгэл нь ханаад явдаг. Тэр бол бас л өөрийгөө хуурч яваа нэг хэлбэр шүү дээ. Яг үнэндээ тэр бичээч эргээд тэр хорондоо идэгдэж байгаа. Муу юм бичиж байгаа хүнд тэр нь шууд утгаараа нөлөөлж байдаг. Наад зах нь сэтгэл зүй нь муухай, сөрөг болно. Тэр хүний хажууд гэр бүл, үр хүүхэд, аав ээж нь байна. Бүгдэд нь энэ сөрөг зүйл нь нялзана. Сэтгэл зүй, сэтгэцийн асуудал гэдэг бол өөрөө халдвартай. ДОХ-оос дутахгүй, тарваган тахлаас дутахааргүй халдвартай.

-Урьд нь мэр сэр хүмүүс л хавар болохоор сэтгэл хөдлөөд догдлоод байна гэдэг байсан бол одоо нийгмээрээ нэг тийм догдлолтой болж, цахим орчинд учир утгагүй, эх захгүй, тогтворгүй мэдээлэл оруулж өөрсдийгөө илэрхийлэх болжээ. Хаврын яг энэ үед хүн сэтгэлээ хэрхэн жолоодож явах ёстой вэ?

-Уг нь бол хаврын догдлол гэдэг бол өвс ногоо ургаж дэлбээлдэг, хайрын сэтгэлээ бие биедээ илэрхийлдэг, гар гараасаа хөтлөлцөөд алхдаг тийм цаг үе байсан юм. Гэхдээ тэр нь байгаа л даа. Гэтэл тэрнээсээ илүү хар нь илүү давамгайлаад байна уу даа гэсэн мэдрэмж төрдөг юм. Тэгэхээр үүнд дахиад л хэвлэл мэдээллийнхнийг хэлье. Та бүхэн дандаа эерэг, болж л өгвөл худал үгийг мянга давтвал үнэн болдог гэдэг шиг “Монголын амьдрал сайхан байна” гэж сошиал, сонин, телевиз, радиогоороо яриад байвал одооны энэ өөрчлөлт хийх гэж байгаа залуучуудын амнаас эерэг зүйл улам их гарч эхэлнэ. Монгол Улс гэрэлт ирээдүйнхээ босгон дээр ирж байна. Тиймээс бүгдээрээ, багаараа л ажиллах ёстой. Монголчуудаараа, гурван сая хэдэн зуун мянгуулаа хамтарч ажиллах ёстой.

-Хүн сэтгэл зүйн дархлаатай байхын тулд өглөө босохдоо, орой унтахдаа юуг дадуулбал зөв бэ?

-Хүүхдээсээ эхлэх хэрэгтэй. Гэдсэнд байгаа хүүхдээсээ эхлэх хэрэгтэй. Хүүхэд эхийн хэвлийд олдонгуут л насыг нь тоолж эхэлдэг. Жирэмсэн эхчүүдийг яаж хүндэтгэж хайрлаж хамгаалдаг билээ. Тэр болгон чинь монголчууд бидний үнэт зүйл. Хэдэн мянган жилийн өмнөөс бий болж уламжлагдаж ирсэн заншил. Гэв гэнэт бий болоод гараад ирээгүй. Хэдэн мянган жилийг туулахдаа шигшигдэж уламжлагдаж ирсэн ёс заншил. Цаана нь асар том, амьдралын, ахуйн, дасан зохицохуйн, байгалийн шалгарлыг давахуйн ухаан явж байдаг. Тийм болохоор Монгол цөөн хүн амтай ч гэсэн өнөө хүртэл яваад л ирсэн. Аав, ээж болгон залуу хүн болгон “Би ирээдүйд үр хүүхдээ яаж мундаг сэтгэл зүйн дархлаатай болгох вэ” гэдгийг бодох хэрэгтэй. Манай төвд эцэг эх-хүүхдийн асуудалтай хүмүүс их ирнэ л дээ. Аав, ээжүүд нь хүүхдээ авчраад “Манай хүү, охин даалгавар хийхгүй байна, залхуу байна, арчаагүй байна, PC тоглож байна, бидний өөдөөс хэрэлдэж байна” гэдэг. Гэтэл энэ бүх асуудлын үндэс нь эцэг эх нь өөрсдөө байж байдаг. Хүүхдэд багаас нь эцэг эх болох чадварыг суулгах хэрэгтэй. Зөв, сайн эцэг эх байх. Амьтан бол чадаад байна. Хүн амьтнаас долоон дор болчихсон л явж байна шүү дээ. ЕБС-иудад Эрүүл мэндийн хичээл дахиж орж эхлэх гэж байна. Тэрэн дундаа сэтгэл зүй, сэтгэцийн эмгэгтэй холбоотой сэдвүүд орохоор болж байгаа нь баярлууштай.

-Ид ажиллаж хөдөлмөрлөж байгаа насны хүмүүс хаврын улиралд өөрт нь ямар шинж илэрвэл “Би ер нь буруу болоод байна” гэж бодох вэ?

-Сэтгэл санаа тогтворгүй болж гэгэлзээд ирвэл, амархан гомдож, уурлаж уйлах гээд байвал, нойр нь тогтворгүй болж, толгой нь өвдөөд эхэлбэл, амархан сульдаж ядраад, гар хөл нь хөлрөөд ирвэл, бие нь сульдаад байвал, бүр цаашилбал зүрх нь үе үе хатгуулаад, шилэн хүзүү нь хөшөөд, ойр ойрхон шээс нь хүрээд, өтгөн нь хатаад байвал, хүмүүстэй яримааргүй ганцаараа байхыг хүсээд байвал, магадгүй архи уух хэмжээ нь нэмэгдээд ирвэл бодох л асуудал үүсчээ, стресс байна шүү гэж бодоорой. Амьдралын чанар нь эдгээрийн нийлбэрээрээ өмнөхөөсөө муудаад ирвэл “Болохоо байж байна шүү” гэж үзнэ.

-Гадны оронд сэтгэл зүйн асуудал үүсэхэд шууд сэтгэлзүйч дээр очдог. Манайд бол эмэгтэйчүүд нь найзаа дуудаж авчраад шар айраг уунгаа хамаг юмаа ярьж тайвширдаг бол эрчүүд нь чимээ сураггүй архи уугаад алга болох замаар тулгарсан асуудлаа шийдэх гэж үздэг?

-Тийм хандлага байгаа. Би сэтгэл засал, сэтгэл зүйгээр ажиллаад 17 жил болж байна. Харин сэтгэл засалчаар ажиллаад 11 жил болж байгаа. 11 жилийн өмнө байсан сэтгэл засалчид хандах хандлагыг өнөөдрийнхтэй харьцуулбал нэлээд хувиар өөрчлөгдсөн. Хуучин бол магадгүй 90-95 хувь нь энэ мэргэжлийг ойлгодоггүй байсан бол өнөөдөр харьцангуй багаар бодоход 30-40 хувь нь хүлээн зөвшөөрчихсөн. Илүү нээлттэй, чөлөөтэй ирдэг болчихсон байна. Гэр бүлээрээ ирж байна. Байгууллагууд ч байгууллага дээрээ сэтгэл зүйч ажиллуулдаг болж байна.

-Таны дээр дурдсан шинж тэмдэг хэрвээ илэрч байгаа бол шууд сэтгэл зүйч рүү гүйх хүн маш ховор. Хэрвээ эдгээр шинж тэмдэг илэрвэл өөрийнхөө хэмжээнд ямар арга хэмжээ авбал болох вэ?

-Энэ бол үнэхээр чухал асуудал. Хүний эрүүл мэнд гэдэг хамгийн чухал байдаг. Харамсалтай нь хүн мөнгөний төлөө ч гэдэг юм уу, өөр ямар нэгэн хуурамч үнэт зүйл, улс төр, карьерийн төлөө явсаар байгаад эцэст нь хүнд өвчнөөр өөд болчихож л байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр хуурамч үнэт зүйл чухал уу, эсвэл тодорхой хэмжээнд эрүүл байж байгаад ар гэрийнхэнтэйгээ нэг хэсэг аз жаргалтай амьдарчих нь чухал уу. Тийм учраас хүн нэг номерт, амьдралыхаа утга учрыг мэддэг, үнэт зүйлээ зөв тодорхойлж чаддаг байх хэрэгтэй. Нэгдүгээрт, эрүүл мэнд чухал учир өөрийгөө эрүүл байлгахад бүх талаар анхаарах боломж нь байна. Энгийн жишээ гэхэд, элдэв аминдэмүүд байна. Фитнесс, бассейн, ууланд алхалт, бүжгийн клуб, йог, бясалгалын төвүүд их нээгдэж байна. Тийм болохоор өөртөө ямар ч байсан тодорхой цаг гаргаад долоо хоногт багаар бодоход хоёроос гурван удаа, нэг удаад цаг гарны хугацааг өөртөө зарцуулах хэрэгтэй. Тэгж байж л харьцангуй урт удаан, аз жаргалтай амьдарна шүү дээ. Тэгэхгүй бол цус харвалт, зүрхний шигдээс, даралт, таргалалт залуужиж байна. Эрчүүдийн эмзэг сэдэв болох бэлгийн сулрал ч залуужсан. Гучин хэдэн настай махлаг залуус бэлгийн сулралын улмаас эхнэртэйгээ асуудал үүсч, дараа дараагийн асуудлууд нь гарч ирэх жишээний. Тийм болохоор хүн өөрийгөө бүхий л талаар эрүүл байлгах арга хэмжээнүүдийг авах хэрэгтэй.

-Тэгэхээр хүмүүс энэ хаврын цагт амнаасаа унагаж байгаа “Ядраад байна, нойр хүрээд байна, хэцүү байна” гэдэг үгсээ багасгаад гэгээн юм ярих хэрэгтэй байна?

-Гоё сайн сайхныг хар. Нар хар. Сайхан дулаарч байна. Удахгүй бороо орно. Ногоо ургана гэж ярь. Хүний хамгийн том чадваруудын нэг нь өөрийнхөө бие махбод, сэтгэл санааны өөрчлөлтүүдийг мэдэрч сурах хэрэгтэй байдаг. Ямар ч мэдрэмжгүй, ажлын мал шиг зүтгэсээр байгаад нэг өдөр ойчоод өгдөг байхгүй юу. Гэтэл “За би жаахан ядарч байна шүү. Нэг дугхийгээд авъя” гээд унтаад босоход бие, сэтгэл нь сэргэчихэж байвал болж байна. Тэгэхгүй унтсан ч нойр нь ханахгүй байвал “За даа, би ч болохоо байж байгаа юм байна шүү” гэж ойлго. Бие махбод чинь маш их ухаантай. Дохиогоо байнга өгч байдаг. Хүн тэрийг нь өөрөө сонсдоггүй болохоороо л оройтуулчихдаг.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Үхрийн гуяны цул мах кг нь 13 мянган төгрөгийн үнэтэй байна

Нийслэлийн махны хэрэгцээний 70 хувийг дангаараа хангадаг “Хүчит шонхор” захад үхрийн гуяны цул мах кг нь 13000 төгрөгийн үнэтэй байна. Харин хааны цул нь 11-12 мянга, ястай нь 9500 төгрөгийн үнэтэй байна. Адууны цул мах 9300, ястай нь 9000 төгрөг. Ямааны цул мах 9200, ястай мах нь 7800 төгрөгийн үнэтэй байна. Хонины мах хөлдүү, нойтон гэж ерөнхийдөө хоёр ангилагдаж тус бүр нь дотроо ястай, цулаараа өөр өөр үнэтэй. Хонины нойтон цул 9500, нойтон ястай нь 8500 төгрөг. Хонины хөлдүү гулууз кг нь 7600 төгрөг. Гулуузын доод жин нь 20-25 кг гэхээр хөлдүү гулууз 152000-190000 төгрөгөөс эхэлж байгаа гэсэн үг.

“Хүчит шонхор” захад 16 цагийн үед очиход зарим худалдагч ажлаасаа бууж байлаа. Сүүлийн үед уг зах мах багатай, дагаад худалдан авагч харьцангуй цөөн байгаа нь махны нийлүүлэлт буурсантай шууд холбоотой. Хавар мах нийлүүлэлт буурдаг учир эрэлтээ дагаад махны үнэ ялимгүй өсдөг тал бий. Харин тус захын махны худалдагчид “Махны үнэ өслөө л гэдэг. Жил бүрийн энэ үед махны үнэ угаасаа жаахан нэмэгддэг. Тэгээд мал тарга тэвээрэг авч, өвс ногоондоо цадаад эхлэх үеэр махны үнэ буурдаг. Одоо манай захад үхрийн цул мах 13000 төгрөгийн үнэтэй байна. Энэ бол жам ёсны үнэ. Бид үнэ нэмсэн зүйл байхгүй. Махны худалдаа явдаг жамаараа л явж байна. Зургадугаар сар гараад л махны үнэ уначихдаг. Сарын л зай байна. Нэг кг махыг худалдан авагчид хүргэхийн тулд бид түрээс төлж, хөлдөөгч, хөргүүр ашиглаж, мах шулагч ажиллуулж, цэвэрлэгээг нь хариуцдаг үйлчлэгч гээд олон хүн ажилладаг. Тодорхой хэмжээгээр зарлага гаргадаг учир бид түүнийгээ махандаа шингээх нь зүйн хэрэг” гэж нэгэн дуугаар хэлж байлаа. Нийслэлийн махны хэрэглээний 70 хувийг хангадаг гэхээр хотод байгаа хүнсний зах, худалдааны төвүүд, зарим сүлжээ дэлгүүр “Хүчит шонхор” захаас л махаа базаадаг. Зарим зах эндээс авсан махаа яс, шөрмөс, хальс, судас зэргээс нь салгаж худалдаанд нийлүүлэхдээ тодорхой хэмжээний ажлын хөлсөө шингээдэг юм байна. Нэр бүхий захуудад үхрийн цул мах 16-18 мянган төгрөгийн үнэтэй байгаа нь үүнтэй холбоотой аж.

Нойтон мах гэдэгт өчигдөрхөн гаргаад үүрээр энэ захад авчирсан шинэ махыг тооцдог бол өнгөрсөн намар бэлтгэж хадгалаад гаргаж ирж байгаа тарган махаа хөлдүү мах гэж хэлдэг юм байна. Хонины хөлдүү гулуузуудыг харахад өнгө үзэмж сайтай, өөхтэй тарган санж. Ямааны гулуузын кг нь 6800-7200 төгрөгийн үнэтэй байна. Адууны мах хуршдаг учир хөлдүү адууны мах гэж байхгүй. Харин нойтон мах ховор ирж байгаа аж.

Гэхдээ энэ хаврын хувьд махны нийлүүлэлт мэдэгдэхүйц бага байгаа гэнэ. Өнгөрсөн намар ямаа, адууг их хэмжээгээр экспортолсон малчид тодорхой хэмжээний хуримтлалтай болсон учир өдийд малаа гаргаж мах болгож мөнгө олох гэхээсээ илүүтэй малаа төллүүлж, ямаагаа самнаж ноолуураа борлуулахад илүү анхаарч байгаа юм байна. Хэрвээ өнгөрсөн намар ямаа, адуугаа их хэмжээгээр гадагшаа гаргаж мөнгөжөөгүй бол өдийд малчид малаа зарж хүүхдийнхээ хонхны баяр мэтийн зардлын асуудлаа шийдэх байж. Тэрийг нь дагаж хот махны хомсдолд орохгүй байж. Махны нийлүүлэлт их байвал махны үнэ бага байх байж гэсэн дүгнэлт гаргаж болох юм. “Хүчит шонхор” захын хувьд олон давхар шалгалт, хяналтыг өдөр тутмынхаа ажилд нэвтрүүлсэн учир эрүүл ахуй, ариун цэвэр талдаа асуудалгүй. Энэ чиглэлд мэргэжлийн хүмүүс цаг тутам хяналт тавина. Тус захын малын их эмч Д.Сумъяаболд “Бид махыг хаалгаар оруулж ирэхээс авахуулаад гаран гартал нь хяналт тавьдаг” гэлээ. Иргэдийн хувьд ойролцоох дэлгүүр, хүнсний захаасаа махаа худалдаж авдаг. Гэхдээ хааяа ч болтугай “Хүчит шонхор” захаас махаа худалдаж авах нь хэд хэдэн давуу талтай. Нэгдүгээрт, шинэ мах худалдаж авна. Хоёрдугаарт, үнийн хувьд тодорхой хэмжээгээр хямд тусна. Гуравдугаарт, сонголт ихтэй. Дөрөвдүгээрт, эрүүл ахуй талаасаа найдвартай юм байна.


Тус захын Малын их эмч Б.Минжинтэй уулзаж зарим зүйлийг тодрууллаа.


-Танай зах үүрээр хэдэд онгойж байна?

-04 цагт онгойж байгаа. Өвлийн улиралд 05 цаг гээд онгойдог.

-Мах орж ирэхэд эхлээд ямар шинжилгээ хийдэг вэ?

-Махтай машин орж ирэхэд эхлээд мэдрэхүйн шинжилгээ хийдэг.

-Тэр нь яадаг шинжилгээ вэ?

-Махыг харна, үнэрлэнэ. Тэгэхэд асуудалтай шинж тэмдэг илэрвэл манай захын Мал эмнэлэг, ариун цэврийн лабораторийн шинжилгээнд оруулдаг.

-Монголчууд сүүлийн үед малаас хөндийрсөн учир малын махыг ялгаж чадахаа больцгоосон. Саяхан Баян-Өлгийгөөс үхсэн малын мах оруулж ирлээ гэж шуугьсан. Энгийн хүн үхсэн малын махыг ялгах ямар арга байна вэ, зааж өгнө үү?

-Өнгөний өөрчлөлт харагдана. Үхсэн малын махны уураг нь задарчихдаг учир өнгө нь ув улаан болчихдог. Үхсэн малын мах туранхай. Эхний шинжүүд нь эдгээр. Харахад л мэдэгддэг юм. Хар ч биш, гүн улаан өнгөтэй болчихно.

-Танайх махыг төрөлжүүлж зардаг. Махаа хэд ангилж борлуулж байгаа вэ?

-Адуу, үхрийн махыг нэг зааланд борлуулж байна. Хонь, ямаа, тэмээний махыг нэг зааланд, дайвар бүтээгдэхүүн тусдаа. Павилионуудад жижиглэнгээр биш, гулуузаар нь зардаг. Захын хойд хэсэг машин дотроос мах зардаг гэлээ.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Урд хөршөөс ногоо оруулснаас ногоочин оруулж ирсэн нь дээр санагдана

Монголчууд бид өөрсдөө нарийн ногоо тарьж сурахад цаг хугацаа орох юм шиг байна. Хуучин байсан нарийн ногооны хэдэн мэргэжилтнүүд маань үеэ өнгөрөөж ихэнх нь тэтгэвэртээ суусан. Тэд ерөнхийдөө байцаа, төмс, сонгино, лууван мэтийн ногоонуудаа тарьчихна. Харин манайхан хүлэмжинд ургадаг нарийн ногоо тарихад суралцаагүй, мэдэх ч үгүй. Өвөө нь хоньчин, эцэг нь ажилчин, өөрсдөө багш голдуу байсан хүмүүс хүлэмжийн ногоо гэж яриад олон жил болж байна. Энд хэд хоногийн өмнө хэвлэлийн хурал хийж хятад хүлэмжийг эсэргүүцээд байсан улсуудын тухай ярьж байна л даа. Тэр хэвлэлийн хурлыг харж байхад энэ ажлыг эсэргүүцэгчид ихэвчлэн Туулын доод хэсэг, Баянчандмань орчим, Цонжинболдог хавиар хүлэмж бий болгосон хүмүүс байна билээ. Хүлэмж байгуулна гэж гадны төсөл хувааж авцгаасан улсууд болов уу гэж харагдсан шүү. Хүлэмжинд жимс, нарийн ногоо тарьж сураад тэрийгээ бусдад зааж өгөх тухай төсөл байсан байх аа. Тэднийг харж байхад ажил нь олигтой явж өгөхгүй, өөрсдөө ч олигтой сураагүй болов уу гэж бодож байна. Тэгэхээр бусдыг сургаж энэ төрлийн бизнестэй болгох тал дээр нь тусалж дэмжиж ажилласан гэхэд бүр хэцүү байх. Таг гэж хэлж болно. Харин ч бусдыг ийм бизнестэй болчих вий гэхээс эмзэглээд байх шиг нэг тийм таагүй өнгө аясыг ярьцгааж байсан.

Яагаад ч юм хүлэмж байгуулах, тэр дундаа өвлийн хүлэмж гэдэг бол манайх шиг эрс тэс уур амьсгалтай оронд барихад маш хэцүү, зардал, өртөг ихтэй, мэргэжлийн тусгай хүмүүс л босгодог, тэрбум төгрөгтэй байж байж л барьдаг их нарийн ажил гэдэг ойлголтыг бидний чихэнд хоногшуулж “Нээрэн ч тийм байх аа. Өвлийн хүлэмж барина, өвлийн хүлэмжинд ургасан ногоо иднэ гэдэг чинь энэхэн насанд тохиох ховорхон завшаан байх нь” гэдэг зүйлийг олон нийтийн сэтгэхүйд суулгачихсан. Тэгээд галлагаатай өвлийн хүлэмжийг тэрбум төгрөгөөр л барьдаг гэж яриад жирийн хүмүүс дийлэхээргүй, сансрын тоо тавьчихаад сууж байдаг. Жинхэнэдээ 100х10 харьцаатай, дулаалгатай цементэн хана барихад яаж ч бодсон тэрбум төгрөг болохгүй. Урд талд нь төмөр караказ зангидаад гялгар уутаар хучих юм уу, шиллэхэд шүү дээ. Тэгтэл манай ногоочид хүлэмжийн үнэ өртгийг тэрбум тэрбумаар л ярьж биднийгээ цочирдуулна. Хятадаас оруулж ирсэн нарийн ногоо, жимсийг “Монголын хөрсөнд, өөрсдийн хүлэмжинд ургуулсан юм аа, жинхэнэ органик” гэж сельфидэж борлуулдаг бүлэглэл бий болсон ч байж мэдэх юм гэсэн хар төрөөд байдаг юм. Монгол Улсын хэмжээнд нийтдээ 80 гаруй га хүлэмж бий. Үүний 20 гаруй га нь өвлийнх байдаг гэдэг тоо баримт байна. Үүн дээр Засгийн газар 50 га газарт нэмж хүлэмж байгуулж, хятадуудаар нарийн ногоо, жимс жимсгэнэ тариулъя гэсэн шийдвэр гаргаж Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас өгсөн чиглэлийн дагуу НИТХ-ын тэргүүлэгчдийн гуравдугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцсэн байдаг. Гэтэл энэ ажлыг маш их эсэргүүцэцгээсэн. Эсэргүүцээд байгаа хэсэг бүлэг бол зунжингаа наадамдаад, намаржингаа л сельфидэж “Монголчууд угаасаа л ийм байдаг. Зун хэзээ ажил хийж байлаа” гэдэг хүмүүс. Хүлэмжийн аж ахуйг тойрсон хэдхэн нөхөр л энэ шийдвэрийг эсэргүүцээд байна.

Хэрвээ хятад ногоочид хүлэмжтэйгээ ороод ирвэл хэрхэн ажиллахыг нь хараад нэг ч гэсэн юм сураад авах хүн ядаж ганц, хоёр гарч ирэх байх гэж горьдох юм. Ямар их уйгагүй, эцэж цуцалгүй ажилладаг, яаж газраас гараа салгахгүй чин сэтгэлээсээ мэрийж, ажилдаа бүхнээ дайчилдгийг харах боломжтой болно. Ногоочин гэж газраас салахгүй ажиллахыг хэлдэг. Энэ бүгдийг хятад ногоочид биеэрээ үзүүлээд ажиллахаар яг сураад авах хүн гарч ирж магадгүй.

Авууштай талыг нь харахгүй бүгдийг эсэргүүцээд, толгой сэгсэрч хүлэмж байгуулахыг дэмжихгүй байгаа нь буруу л байгаа юм. Өөрсдөө чадахгүй байж өрөөлийг оруулахгүй байгаа нь чадвартай хүний зан биш. Дотооддоо нарийн ногоо тарихгүй бол Хятадаас муу ногоо, жимс оруулж ирдгээрээ л ирнэ. Тэрийг нь бид иддэгээрээ л иднэ. Дотоодын ногоочид нь тарьж чадахгүй юм чинь гадаадаас ногоо орж ирж л таарна. Ганц гадаад нь Хятад шүү дээ. Чанар хангаагүй муу ногоо л авчирдаг. Хятад ногоочин, хятад хүлэмж ороод ирэхэд монголчууд бид Хятадад уусаад алга болчихно ч гэж юу байх вэ дээ. Таван ногоочин орж ирнэ, 50 га-д. За, их сайндаа л 10 ногоочин орж ирнэ биз. Тэглээ гээд бид тэдэн дээр очоод уусаад алга болно ч гэж юу байх вэ, тийм аюул ч хаа байдаг юм.

China town-гүй хот дэлхийд ганц Улаанбаатар л байдаг байх. Орж ирээд China town-аа байгуулчихсан байсан ч бидэнд аюул байхгүй шүү дээ. Бүхий л юмыг Хятадын аюул гэж харж, хаадгаа болих хэрэгтэй. Энэ бол дэмий яриа.

Дэлхийн бүхий л хотын хөлөөр хятадууд ногоо тарьж байна. Барилга, зам, газар тариалангийн салбарт харин ч хятадуудыг ахиухан ашиглах нь илүү үр дүнтэй байдгийг дэлхий нийт мэддэг.

Бид тэр яригдаад байгаа 50 га талбайд бий болгох хүлэмжинд нь Мэргэжлийн хяналтын байгууллагаа л сайн ажиллуулахад барав биз дээ. Хор, үр, бордоо гэж ямар юм хэрэглэж байна, зөвшөөрөгдсөн юм хэрэглэж байна уу, үгүй юу гэдгийг хянах л хэрэгтэй. Оруулж ирсэн үр, бодис, бордоог нь лабораторидоо шинжлэхэд л болох асуудал. Энэ ажлыг эсэргүүцэгчид Алс дорнодод хятадууд хөрс шороог дахин ашиглах боломжгүйгээр балласан тухай бичлэгийг гаргаж ирээд жишээ болгож шуугиад байгаа. Эзэнгүй Сибирт дураар нь дургиулбал хэн чиг л тэгнэ шүү дээ. Бид ч тэгнэ. Хятаддаа ч биш. Төрийн хяналт, шалгалт нь сайн байвал хаана ч тийм юм гарахгүй.

Америкийн Кальфорнийн тэр том хөндийд хэн ногоо тарьж байна. Хятадууд л ногоо тарьж суудаг шүү дээ. Хортой ногоо тарилаа гэж л дуулдаагүй. Хамгийн чанартай, хамгийн амттай гээд тэр жимс, ногоог нь манайд оруулж ирээд зарж байна. Хэрвээ хятад хүлэмж байгуулбал хяналт, шалгалт нэгдүгээрт байх ёстой. Төр залхуураад хяналтаа хийхгүй орхиж болохгүй.

Хятад ногоо оруулж ирснээс хятад ногоочдоор нарийн ногоог яаж тарьдгийг заалгаад авсан нь дээр биш гэж үү. Ядахдаа манайхан дагаад, хараад сураад аваг. Бүгдээрээ харин тэр хүлэмжинд нь очиж нарийн ногоог яаж ургуулж, арчилж, усалж, ургацаа хурааж авдгийг сурцгаая. Хэрвээ манайхан үнэхээр уйгагүй ажиллаж чаддаг юм бол “Манайханд зааж өг” гэдэг үүрэг өгье, тэдэнд. Долоо хоног тасралтгүй ажилладаг монгол гэж үнэндээ байдаггүйг бүгд мэднэ. Аман дээрээ л “Ажлыг чинь умалзуулаад өгье. Бид чадна” гэдэг мөртлөө гурав хоноод л ямар нэг шалтаг хэлээд арилаад өгдөг нь, монголчуудын зан. Заавал дунд нь нэг өдөр хийдэл гаргадаг. Тэгвэл ногоо гэдэг юмыг ургуулахад ногоочин хүн гараа ганц ч удаа газраас салгалгүй, өдөр болгон оролдож байдаг ажил байдаг юм гэдгийг хүн бүр ойлгох ёстой болоод байна. Шороонд үр суулгаад дээрээс нь ус гоожуулаад байхаар ургачихдаг ч юм биш. Тиймдээ л мэргэжлийн хүмүүсийг нь оруулж ирээд ногоогоо тариулаад сураад авъя гэсэн байлгүй. Хүлэмж барихаас ургац хураах хүртэл яаж ажилладгийг заалгаж авцгаая л даа. Монголчууд төмс, ногоогоо тарьж чадах нь бүү хэл идэж ч чаддаггүй ард түмэн байсан. Оросуудаас л тариа, төмс ногоо яаж тарьдгийг сурч авч үлдсэн. Энэ тал дээрээ бол бид орос школтой. Одоо тэгвэл нарийн ногоо тарьж, хүлэмж ажиллуулахыг хятадуудаас суръя. Ямар ялгаа байгаа юм бэ. Төмс тарихыг дал, наян жил оросуудаар заалгаж хажууд нь хүрз барьж зогсохдоо бид тэдэнд уусаад алга болчихоогүй, монгол хүн монголоороо л байна даг.


Categories
мэдээ цаг-үе

Ш.Хүрэлбаатар: Сурагчийн тухай хуучны сайхан дуунууд мартагдах ёсгүй


Дуучин Ш.Хүрэлбаатартай ярилцлаа.


-Таныг сонсогчид “Сурагчийн дууны Хүрлээ” гэдэг юм билээ. Манайхан ихэвчлэн ээж, аав, нутаг, морины тухай дуулдаг. Та чухам яагаад арван жил, сургууль, сурагчийн дуунуудыг дуулдаг юм бэ?

-Би багадаа, сурагч ахуй насандаа одоо энэ дуулж байгаа сурагчийн дуунуудаа сонсч, дуулж хүмүүжсэн. Тийм ч болохоор дуучин гэж мэргэжлийг сонгоод энэ сайхан дуунуудыг шинэчлэн сэргээж дуулъя гэж бодсон юм. Мөн нөгөө талаар хуучны сурагчийн сэдэвтэй гоё дуунууд мартагдах ёсгүй гэж бодоод сэргээж дуулъя гэж шийдсэн. Багадаа дуулж байсан дуунуудаа ингээд сэргээн шинээр дуулж байгаа минь багынхаа мөрөөдлийг биелүүлж байгаа хэрэг л дээ. Тиймээс эдгээр дуунуудыг албан ёсны эрхтэйгээр нь шинэчлэн дуулсан юм.

-Хуучны дуунуудыг сэргээж дуулах, цомог гаргах ажил тань хэзээнээс эхэлсэн юм бэ?

-Миний хувьд эхлээд “Миний дурласан бүсгүй” анхны цомгоо гаргаад тоглолтоо хийсэн юм. Түүнээс өмнө энэ сайхан дуунуудыг сэргээн сануулж дуулахсан гэж боддог байлаа. FM радионуудаас эдгээр дууг сонсъё гэхээр огт байдаггүй. Тэгэхээр нь би Монголын радиогийн Алтан фондоос энэ дуунуудыг сонсч, “Галмандах” сан, MOSCAP буюу Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэгтэй хамтран албан ёсны зөвшөөрөл аваад шинэчлэн дуулахаар сэтгэл шулуудсан. Хоёр жилийн өмнөөс “Бага насны он жилүүд” дууг дуулж клипжүүлсэн.

-Сурагчийн сэдэвтэй хичнээн дуу дуулаад байна, хуучны?

-“Сурагч насны дурсамж” цомог маань арван дуунаас бүрдсэн. “Зуун зууны ерөөл”, “Бага насны он жилүүд”, “Төгсөх сурагчийн уянга”, “Амгалан цэнхэр дэлхий” гэх мэтчилэнгийн маш гоё дуунууд буюу бидний заавал ч үгүй сонсох ёстой дуу гэж хэлж болохоор дуунууд.

-Хүүхэд нас, сурагчийн он жилүүдийг нь санагдуулдаг дуунуудыг дуулахаар дээхнэ үеийн сурагчид ихэд баярладаг байх. Бараг мартагдаж байсан дуунууд байна?

-“Бага насны он жилүүд”-ийг анх дуулахад хүмүүс маш сайхан хүлээж авсан. Монгол орны өнцөг буланд бүрт энэ дуу дахин түгж, фэйсбүүкээр олон хүн сонссон. Бага насандаа, сурагч ахуй үедээ очсон мэт сайхан сэтгэгдэл төрлөө, энэ дууг сэргээн дуулсанд баярлалаа гэцгээсэн.

Олон сэдэв бий л дээ. Манайхан голдуу л хайрын сэдэвтэй дуу дуулдаг. Харин миний хувьд, хүн бүр сурагч байсан болохоор сурагч, багш, сургуулийн гэгээн амьдралыг харуулсан дуунуудыг дуулъя гэж бодсон юм.

-Сүүлийн үед сурагчийн тухай дуу гарсан уу. Одооны сурагчдын дуулдаг дуу гэж юу байна вэ?

-Ер нь бол их ховор. Сурагч, сургуулийн холбогдолтой чансаатай дуу цөөн гарч байна. Миний цомогт орсон дуунууд бол хүн болгоны мэддэг, гэрэл гэгээтэй дуунууд байхгүй юу. Цомог гарснаас хойш хүмүүс хүсэлт тавьж, сэтгэгдэл үлдээж байна. Хэдхэн хоногийн өмнө гэхэд би Налайхад очоод 20 жилийн ойгоо тэмдэглэж байгаа нийт долоо хоногийн уулзалтын нэгдсэн баяр дээр очоод ирлээ. Цомог гарснаас хойш хүмүүс ам сайтай байгаа. Цомог маань Hi Fi дээр борлуулалт сайтай байгаа дуулдсан. “Сурагч насны дурсамж” цомгийн баяр болгож ирэх сарын 17-нд UB Palace-ийн Концертын их танхимд тоглолтоо хийхээр болсон. Энэ тоглолтдоо мөн төгсөгчдөдөө зориулаад “Мөрөөдлийн зүг” гэдэг цоо шинэ дуугаа гаргачихаад байна. Тун удахгүй клипээ үзэгчдэдээ хүргэнэ. Үе үеийн сурагчид очиж үзэх боломжтой. Одооны 12 дугаар ангийн төгсөгчид ч ирээд суухад сурагчийн нандин сайхан дуунууд дуулагдана. Өнөө жил төгсөлтийн 20, 30 жилийн ой нь тохиож байгаа ангиуд бөөнөөрөө тасалбар захиж байна. Ангиараа ирж үзэж сурагч насны он жилүүдээрээ аялна гэцгээж байна. Энэ тоглолт бол бүх үеийн төгсөгчид, бүх насныханд зориулсан тоглолт. Бага ангийн сурагч очиж үзсэн ч гоё үзүүштэй. “Цэцэг” хамтлагийн Батболд ах маань “Миний ном” дуугаа дуулна. Монгол Улсын гавьяат жүжигчин Насантогтох “Үерхэл чамайгаа нандигнана” дуугаа дуулна. Олон уран бүтээлч сурагч, сургуулийн холбогдолтой дуугаа дуулна. Их гоё найруулгатай, музыкал хэлбэрээр тавигдах тоглолт л доо.

-Хүний амьдралын хамгийн гэгээн үе бол сурагч нас. Сурагч насны нөхөрлөл үнэнч байдаг гэдэг. Тэгэхээр та тэр бүхнийг дотор нь орж мэдэрч байгаа юм байна?

-Тэгэлгүй яахав. Хүний амьдралын урт хугацаа, олон харгуй замд хамгийн үнэнч, хамгийн их түшиг болдог хүмүүс бол сурагч насандаа нөхөрлөдөг байсан найзууд л байдаг. Тийм ч байдаг юм. Төгсөлтийн баяруудад очиход тэдний ярьдаг гол яриа нь л сурагч насаа дурсаж, сэтгэл санаа нь гайхалтай сайхан байдаг нь мэдрэгддэг юм.

-Та аль сургуулийн сурагч байсан бэ?

-Би хөдөөнийх. Сумын сургуулийн сурагч.

-Аль аймаг вэ?

-Сэлэнгэ аймгийн Ерөө сумын арван жилийн сургуулийг төгссөн. Сурагч байхаасаа л дуу хөгжимд дуртай хүүхэд байсан. Сургуулийн урлагийн үзлэг, тэмцээн уралдаанд байнга л оролцдог сурагч байлаа.

-Хуучны дууг сэргээн дуулахаар элдвээр шүүмжилдэг л дээ. Гэвч нөгөө талаас нь харвал дуучин уран бүтээлч гэдэг хүн өв тээгч, дууг өөртөө хадгалж мартагдуулахгүй байж, дараагийн үедээ хүлээлгэн өгдөг дамжуулагчийн үүрэг гүйцэтгэдэг юм шиг санагддаг?

-Үүнтэй санал нэг байна. Би дуучин, уран бүтээлч гэгдэж байгаа учир эхлээд алтан үеийн тэр сайхан сэтгэлд хоногшсон дуунуудыг дуулж сурч байж дараа нь өөрийн гэсэн өнгө аястай шинэ бүтээл хийх ёстой гэж боддог юм. Тиймээс “Энх өглөө”, “Нарны унага” киноны дууг албан ёсны зөвшөөрөлтэйгөөр нь дуулсан. Хүмүүс алга ташилтаар урам өгч сайхан хүлээж авч байсан. Сурагч, сургуулийн сэдэвтэй дуугаар дамжуулж тодорхой хэмжээний хүмүүжил олгодог. Дуугаар дамжуулж сурагч, хүүхдүүдийн боловсролд эерэгээр нөлөөлөх ёстой гэдэг санаагаар эдгээр дуунуудыг дуулсан. Ард түмэн их сайхан хүлээж авч байна. Мартагдаж байгаа учраас, сурагчийн тухай дуунууд гарахгүй байгаа цаашид ийм дуунууд үргэлжилж төрөх хэрэгтэй байна.

-Та тэгвэл дандаа гэгээлэг зүйл ярьсан, баярласан хөөрсөн ангийнхны дунд л явдаг хүн байна. Ингэж явахад хөгжилтэй үйл явдал болдог л байх?

-Яваад очиход бүх юм нь гэгээлэг байдаг юм аа. Нэгэн сургуулийн 90 жилийн ойн баяр дээр очсон юм. Тэгтэл нэг ангийнхан бүгдээрээ хуучин өмсч байсан форм, паарчигаа өмсөөд, галстукаа зүүгээд ижилсчихсэн байсан. Тэгтэл тэр ангийн нэг хүүхэд багшаа хайгаад, багшаа алга болчихлоо гэж бодоод “Хүүе ээ, багш хаачсан бэ. Хаашаа явчихав” гэж сандарлаа. Тэгтэл багш нь сурагчидтайгаа яг адилхан форм паарчигаа өмсөөд галстукаа зүүгээд үсээ салаа сүлжээд хүрээд ирсэн байгаа юм. Тэгээд сурагчдынхаа дунд орчихсон чинь ангийнхан нь танихгүй байсан байгаа юм. Багш нь эргээд хүүхэд шиг болчихсон. Тэгээд бөөн инээдэм болж билээ. Багшийгаа хайгаад (инээв). Ийм нэг гоё юм болж байлаа. Хөгжилтэй, хөгжөөнтэй их юм болно оо.


Categories
мэдээ цаг-үе

Ч.Аюушсүрэн: Одоогоор Монголд устаж үгүй болсон, генийн өөрчлөлтөд орсон загас тэмдэглэгдээгүй байна


Шинжлэх ухааны академийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн Гидробиологийн загас судлалын лабораторийн эрхлэгч, доктор Ч.Аюушсүрэнтэй ярилцлаа.


-Загас нь биологийн талаасаа ямар онцлогтой амьтан бэ. Шинжлэх ухааны тодорхойлолт нь юу гэж байдаг юм?

-Загас нь усанд амьдардаг сээр нуруутан амьтан. Тэд заламгайгаар амьсгалдаг. Нуруу, цээжний болон хэвлийн хос сэлүүрүүдтэй. Бие нь хайрсаар хучигдсан. Загас усан орчинд бэлэн болсон органик бодис ургамал болон амьтнаар хооллодог.

-Манай оронд хичнээн төрөл зүйлийн загас байдаг вэ. Тэрэн дундаа ховор ямар ямар загас байдаг юм бол?

-Монгол орон далай тэнгисээс алслагдмал, Ази тивийн төв хэсэгт оршдог. Манай орны нуур, голууд Умард мөсөн далайн, Номхон далайн, төв Азийн гадагш урсгалгүй гэсэн гурван ай савд хамрагддаг. Ай сав бүрт амьдрах усны амьтан, ургамлын зүйлийн бүрдэл өөр хоорондоо ялгаатай. Монгол орны нуур, голуудад найман баг, 15 овгийн 47 төрөлд хамрагдах 79 зүйл загас амьдардаг. Монгол оронд ховор буюу Улаан номонд орсон шивэр хилэм, хар мөрний хилэм, тул, омуль, шаргал үхэрдэй, зантаахай, номхон далайн могор зэрэг зүйлүүд бий.

-Сүүлийн үед ургамал, амьтны генийн бүтцэд өөрчлөлт орж зарим нь устаж үгүй болж байна гэдэг. Үүнтэй адил устаж байгаа загас байгаа юу?

-Өнөөгийн байдлаар Монгол оронд устаж үгүй болсон, генийн өөрчлөлтөд орсон загас тэмдэглэгдээгүй байна. Гэхдээ хилэм загас маш их ховордсон юм.

-Танай хүрээлэнгээс загасны чиглэлд ямар судалгаа, шинжилгээний ажил хийж байгаа вэ. Сүүлийн үеийн ажлаасаа сонирхуулж болох уу?

-Гидробиологи загас судлалын лаборатори Монгол орны нуур голуудын хөвөгч болон ёроолын амьтан, ургамал, загасны судалгааг хийдэг. Усанд загас, шавьж, элдэв зөөлөн биетэн дун, хорхой, хясаа, усны ургамал түүнчлэн энгийн нүдэнд харагддагүй нэг эст амьтан, замаг зэрэг маш олон төрөл, зүйлийн амьд биес усны гүний ёроолын хурдас, чулуу, элс, хайрга, наанги, лаг шавар болон хөвд, элдэв ургамал, хагдарч унасан мод, усны гүн хэсэг, өнгөн гадаргуугаар тархан амьдардаг. Эдгээрийг салган нэг амьтныг нь судлах боломжгүй, усан орчны биологийг бүхэлд нь судлах шаардлага гардаг. Тухайлбал, манай орны судлаачид, ОХУ-ын загас, гидробиологийн судлаачидтай хамтран сүүлийн жилүүдэд баригдаад байгаа Тайшир, Дөргөний усан цахилгаан станцын нуур үүсэх гидробиологийн процесс, говийн нууруудын усны хэмжээний хэлбэлзлээс хамаарах загас, усны амьтны биологийн үзүүлэлтүүдийн судалгааг хийж байна. Цаашид Монгол орны нуур голын загас, усны амьтны судалгааг өргөжүүлэн хийх нь тулгамдсан асуудлуудын нэг болсоор байна. Иймд манай лаборатори 2019 оноос Өгий нуурын амьтан, ургамал, загасны тархац, нөөцийг тогтоох судалгааг эхлүүлээд байна.

-Саяхан УИХ-ын гишүүн А. Сүхбат Туул голын загаснууд бүгд эм сүвтэй болсон талаар ярьсан нь анхаарал татсан л даа. Энэ үнэн үү. Тийм зүйлийг та бүхэн мэдээгүй өнгөрнө гэж байхгүй байх?

-Голын аль хэсгээс нь загас барьсан юм бол доо. Туул гол нь Хан Хэнтийн нурууны салбар уулсаас эх авсан Галттай, Хөл, Улиастай, Сэлбэ, Хар бух, Нэргүй, Намъяа зэрэг олон голуудын бэлчрээс эхлэн Орхон голд цутгах хүртлээ 704 км замыг туулдаг. Үүний 152 км нь Улаанбаатар хотоос дээш, 93 км нь Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт, 472 км нь нийслэл хотоос доош хэсэгт хамрагддаг. Голыг бүхэлд нь хамарсан эм загас тархах үзэгдэл байж болохгүй юм.

Харин голын тодорхой хэсэгт зарим зүйл загас түрс шахалтын үедээ эхлээд эм загаснууд бөөгнөрч усны ургамал, элс, хайрган дээр түрсээ орхиод түүн дээр нь эр загас сүнгээ шахаж үр тогтдог. Мөн байгаль дээр хэлтэг загасны сүрэгт байнга эм загас давамгайлж байдаг онцлогтой. Түрсээ зөвхөн эм загас анхаарч арчилдаг. Түүгээр ч барахгүй сүргийн бүтцэд эр загасны тоо хэмжээ ихсэх нь тэдгээрийн амьдрах нөхцөл муу байгааг илтгэдэг. Тухайлбал, Амар мөрний савд тархсан мөнгөлөг хэлтэг загасны хүйсийн харьцаанд эр бодгаль 2.3 хувийг эзэлдэг бол Монгол орны хамгийн нам дор газар орших Хөх нуурын мөнгөлөг хэлтгийн сүрэгт эр, эм загасны харьцаа 1:11 байх жишээтэй.

-Нэг нуурын загас бүхэлдээ өвчиллөө гэхэд бүгдийг нь устгадаггүй байх. Нийтээр нь эмчлэх, эдгээх зэрэг арга байдаг уу?

-Монгол орны нуур, голууд нь харьцангуй сэрүүн бүс нутагт хамрагддаг, усны сэлгэлт сайтай зэрэг хүчин зүйлүүдээс хамааран байгалийн нууранд загас өвчлөх тохиолдол харьцангуй бага байдаг. Харин цаашид загасны аж ахуй эрхлэх сонирхол бүхий хүмүүс нэмэгдэж буйтай холбогдуулан хэлэхэд аж ахуйн загасны өвчлөл нь гадны олон оронд маш их гардаг болохыг анхаарч байх нь зүйтэй юм. Загасны аж ахуйн найдвартай ажиллагаа явуулж байх үндсэн нөхцөл нь загасаа өвчлүүлэхгүй байх юм билээ.

-Туул голд хэдэн зүйл загас байдаг юм?

-Манай хүрээлэнгийн судлаачид Туул голын загасны судалгаа хийж арван овгийн арван зургаан зүйл загас амьдарч байгааг илрүүлэн, тэдгээр нь орчин зүйн өөр өөр нөхцөлд бүлгэмдэл үүсгэн тархаж байгааг гаргасан байдаг. Загасны бүлгэмдлийн бүтэц нь усны бохирдолтын түвшинээс ихээхэн хамааралтай. Туул голын эх хэсэг загасны зүйлийн бүрэлдэхүүнээр илүү баялаг бөгөөд энд бохирдолт их биш байгааг гэрчилнэ. Туул голын хамгийн их бохирдсон хэсэгт болох Халдвартын эмнэлэг, Үйлдвэр комбинат, Сонгино цэгээс дээш, доошхи хэсэгт зөвхөн дөрвөн зүйлийн загасны жарамгай тархах бөгөөд энэ нь усны биоценозын бохирдолтын сөрөг нөлөөний илрэл юм.

Өөрөөр хэлбэл урсгал усанд элдэв хорт бодис бүхий бохир ус байнга хаяснаас усны бүлгэмдэл, түүний дотор загасны жарамгайн амьдрах орчин доройтолд орж бодгалийн тоо цөөрч, жигд биш тархалттай болдог. Энэ бүлгэмдэлд орчны нөхцөлд мэдрэмтгий үнэт загаснууд ховордож, агнуурын ач холбогдол багатай, тухайн орчны өөрлөлтөд дасан зохицох чадвар сайтай загаснууд тэдгээрийн орон зайг эзэлж зүйлийн бүрэлдэхүүний бүтэц өөрчлөгдөхөд хүргэдэг байна.

Ус чандмань эрдэнэ гэдэг үгийг монгол хүн бүр мэдэх байх. Гэсэн хэдий ч нуур голын ойролцоо амарч, зугаалах явцдаа хогоо хаях нь хүмүүст энгийн үзэгдэл мэт, таны хаясан хог тэр чигээрээ усанд орж усны амьтан, ургамал бүхэнд хор хөнөөл учруулдгийг санах хэрэгтэй.


Б.БЯМБАСҮРЭН: ЗАГАСНЫ ЭР, ЭМИЙГ ЭНГИЙН ХҮН ХАРААД ТАНИХАД ХЭЦҮҮ

“Тунгалаг Буянт” спорт загасчлалын холбоо болон Монгол хадран спорт загасчлалын клубийн тэргүүн Б.Бямбасүрэнтэй ярилцлаа.


-Та загасчлалын спортоор хичээллээд хэдэн жил болж байгаа вэ?

-Миний хувьд загасчлаад их удаж байгаа. Яг спорт загасчлалаар дөрвөн жил болж байна.

-Загасчдыг хараад байхад хоёр төрөл байдаг юм. Нэг нь барьсан загасаа шараад идчихдэг. Нөгөөх нь барьчихаад буцаагаад тавьдаг. Энэ нь ямар учиртай юм?

-Сүүлийн үед хүн бүхэн загасанд явах дуртай болж уурга барьж гол, нуур руу зүглэдэг болсон. Миний хувьд спорт загасчлалаар хичээллэдэг. Спорт загасчлал гэдэг бол байгальд ээлтэй, барьсан загасаа буцааж тавьдаг, хуулийн хугацаанд нь барьдаг юм.

Гэхдээ шөлний ганц хоёрыг л авна. Зөвхөн кайф буюу мэдрэмж авах гэж л загасчилдаг. Ядаж л хогоо хаяхгүй загасчилдаг төрөл л дөө. Нөгөө нэг хэсэг нь загасыг их хэмжээгээр барьдаг, барьсан загасаа том, багагүй авдаг. Тийм хэсэг бүлэг хүмүүс байдаг. Тэр бүү хэл хориотой үед нь барьдаг, тороор барьдаг, эдийн засгийн сонирхлоор барьдаг хүмүүс их бий. Бид аль болох зөв мэдээлэл өгч, спорт загасчлалыг хөгжүүлэхийг эрмэлздэг.

-Та ямар гол, мөрөнд голчлон дэгээ шиддэг вэ?

-Миний хувьд Ховд аймагт амьдардаг болохоор Буянт гол, уулын жижиг голуудад болон Хар-Ус нууранд голдуу загасчилдаг. Загасчлалын чиглэлээр Сэлэнгэ мөрөн, Хэнтий аймгийн Онон Балжийн гол, Баян-Өлгий аймгийн Хотон хурган нуур, Загаст нуур, мөн тус аймгийн сумдыг дайран урсдаг Ховд гол дагуу загасчилж байсан.

-Иддэггүй загас, барих хориотой загас гэж байдаг байх. Загасчлах хориотой гол, нуур гэж байдаг уу?

-Монгол орны хувьд иддэггүй загас ховор. Бараг бүх загасыг идэж болдог.

Монголын Улаан номонд орсон цэнгэг усны хаан Тул загасыг барихыг хориглосон байдаг. Барьсан ч буцааж тавих хэрэгтэй. Манай баруун аймгийн хувьд Тусгай хамгаалалттай газар загасчлахыг хориглодог.

-Энгийн хүмүүс загасыг хараад ямар нэртэй, ямар онцлогтой загас вэ гэдгийг мэдэхгүй. Загасны эр, эмийг яаж ялгах вэ?

-Монгол оронд олон төрөл, зүйлийн загас байдаг. Загасны эр, эмийг ялгахад жаахан түвэгтэй. Загасчин хүмүүс гэхдээ ялгаж чаддаг. Сэлүүр, сэрвээ, өнгөөр нь ялгаж таньдаг.

-Энгийн хүмүүс тэгвэл мэдэх боломжгүй юм байна, тийм үү?

-Тийм ээ. Гаднаас нь харахад ялгаж танихад хэцүү байдаг.

-Загасчид зарим тохиолдолд усан дотор, эрэг дээр олон цагаар сууж байгаа харагддаг. Ингэж удаан суухад хэцүү юу?

-Загасчид бүтэн өдөржингөө гол дагуу алхаж, голын эрэг дээр бараг амьдардаг. Хобби болохоор ядарснаа мэддэггүй.

-Ер нь гол ус, загас жараахайтай ойр байхын давуу тал нь юу вэ. Загасчлалын спортоор хичээллэснээр хүнд бие болоод сэтгэл зүйн ямар чадвар суудаг вэ?

-Загасчлах нь хүний эрүүл мэнд, сэтгэл санаанд маш эерэг нөлөө үзүүлдэг. Өдөржин алхаж, ямар нэгэн зүйл бодолгүй анхаарлаа загасанд хандуулдаг. Байгальдаа ойрхон байж, эх дэлхийгээ хайрлан хамгаалах хүмүүжил төлөвшилтэй болдог. Стресс тайлж, сэтгэл зүйн болон биеийн тамирын дасгал болдог гэж хэлж болно.

-Дөрөвдүгээр сарын 1-нд загасны хорио эхэлсэн. Зургадугаар сарын 15-нд уг хорио нь дуусна. Ингэж хорьдог нь загасны тоо толгой болоод үржилд анхаарсан хэрэг байх. Манайд энэ хориог хэр сайн мөрддөг вэ. Загасчид бол сайн мөрддөг нь ойлгомжтой байх?

-Манай клуб энэ үеэр холбогдох төрийн байгууллагатай хамтран ухуулга сурталчилгаа, нөлөөллийн ажил зохион байгуулж шторк, постер, тараах материал хийж хамтран ажилладаг.

-Та Монгол хадран спорт загасчлалын клубийн тэргүүн юм байна. Чухам яагаад хадран загасыг ийнхүү онцолж байгаа юм?

-Монгол хадран загас нь зөвхөн баруун аймагт их байдаг. Тэр дундаа Ховд, Буянт голд байдаг болохоор Монгол хадранг онцолсон юм. Ховд аймагт Алтайн сугас, Монгол хадран гэсэн хоёр төрөл зүйлийн загас байдаг.


Categories
мэдээ цаг-үе

Монгол шар тос гэж юу

Шар тос бол цагаан идээнээс гаргаж авдаг, монголчуудын хүнс болон ахуйн хэрэгцээндээ өргөн хэрэглэдэг уламжлалт тос. Монгол орны ихэнх нутагт өрөмнөөс шар тос гаргаж авдаг бол зарим газарт айргийг түүхий сүүгээр исгэж бүлээд айргийн тосыг нь ялган авч тэрийгээ шаргааж шар тос гаргадаг. Сүүлийн үед хүмүүс шар тосыг ихэд сонирхож, юм юманд сайн гэж хошуурах болсон. Кофендоо хүртэл хутгаж уух шинэ хэв маяг ч гарч ирээд байна. Ер нь зөвхөн шар тос ч гэлтгүй тос гэдэг энэ бодисыг хүмүүст огт хэрэггүй, аль болох татгалз гэх болж, зарим хүмүүс өөх, тосыг хүнсний цэснээсээ хасчихсан. Гэтэл тос нь хүний биед дараахь үүргийг гүйцэтгэдэг юм байна. Эсийн бүтцэд оролцоно, хүний биед илч ялгаруулна, бодисын солилцоонд орно, тосонд уусдаг А, Е, D, К зэрэг амин дэмийг уусгаж бодисын солилцоонд оруулж, хэт халуун, хүйтэнд бие махбодын дулааныг зохицуулна. Мөн дотор эрхтэнүүдийг цохилт, доргилтоос хамгаалдаг ач холбогдолтой.

Монгол эмнэлэгт шар тосыг “Идээний дээд охь манлай” гэж үздэг бөгөөд сударт “Шар тосыг тогтмол идвэл зүрхний тамирыг сайжруулж, уушгины хатингарлыг арилгаж, үс гэзгийг шимжүүлж, царайд өнгө нэмэн, нүдэнд гэрэл цацруулж, хүйтэнд өлчир, халуунд халууцуулахгүй болгоод насан хутгийг олгодог” гэжээ. Шар тосыг шинжлэх ухааны талаас нь судалсан олон судалгаа бий. Сарлагийн шар тосонд агуулагдах тосны хүчлийн найрлагыг хроматографийн аргаар судлахад шар тосонд олейны хүчил хамгийн их буюу 41.8 хувь, хүний биед үл орлуулагдах тосны хүчил болох линол, линолейн, стеарины хүчил 15.54 хувь, ханасан хүчил 48.96 хувь, ханаагүй хүчил 51.04 хувь агуулагдаж байжээ. Ялангуяа хүний биед үл орлуулагдах тосны хүчил илүү агуулдгаараа чухал ач холбогдолтойг мэргэжилтнүүд онцолжээ. Шар тос А, Е, К, D аминдэмүүд, антиоксидантаар маш баялаг. Найрлагад байдаг фенолт антиоксидант нь дархлаа сайжруулдаг бол дээрх аминдэмүүд нь нүдний харааг сайжруулж, судасны уян хатан чанарыг дээшлүүлдэг онцгой тустай. Мөн хлостериний хэмжээг бууруулж, илүүдэл жинг багасган, даралтыг тогтворжуулж хуримтлагдсан хортой нэгдлийг саармагжуулдгийг тогтоожээ. Шар тосны найрлагад Омега3, Омега9 байдаг болохоор холбогч эд эс, булчингийн үйл ажиллагааг дэмжихээс гадна тархи болон ой санамжид сайнаар нөлөөлдөг. 50 наснаас эхлээд өдөрт нэг халбага шар тос идэж хэвшвэл зөнөглөдөггүй аж. Заавал ахимаг насныхан гэлтгүй аль ч насныхан шар тосыг хэрэглэхэд тохиромжтой. Шар тосыг байнга хэрэглэснээр судасны хатуурал, ясны сийрэгжилт, бэлгийн болоод бөөрний булчирхайн гормоны алдагдлаас хамгаалж, элэг өөхлөх, судасны хананд илүүдэл тос хуримтлахаас сэргийлдэг. Өөх тос идэж чаддаггүй хүн өглөөдөө шагайн чинээ шар тосыг аяга халуун бүлээн усанд уусгаад эсвэл цэвэр зөгийн бал, нимбэгийн шүүс нэмээд уухад өдрийнхөө шар тосны хэрэгцээг хангадаг юм байна. Шагайн чинээ гэдэг нь ойролцоогоор амны нэг халбагыг хэлж байгаа юм.

Шар тос хэрэглэх маш олон шалтгаан бий. Шар тос бусад тосноос илүү өндөр 160190°С хэмд хүртэл тэсвэрлэх чадвартай байдаг учир хоол хийхэд бусад тосноос илүү тохиромжтой. Хадгалалтын хугацаа урт. Исэлдлийн түвшин багатай учир хөргөгчинд хийлгүй удаан хадгалж болдог. Шингэц хурдан. Ходоодны шүүрлийг өдөөж хоол боловсруулалтад сайнаар нөлөөлдөг. Нүдний эмгэг болон, нүдний даралтад маш сайнаар нөлөөлдөг. Мөн архи болон хар тамхины эсрэг эмчилгээ болдог. Хорт бодисонд хордсон биеийг эрүүлжүүлэхэд шар тос маш чухал нөлөөтэй байдаг. Хорыг биеэс хөөж гаргадаг. Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй. Шар тос нь үрэвсэл үүсгэдэг лейкотриен шүүрэл, простагландиныг багасгаж түүний эсрэг маш сайн үйлчилгээ үзүүлдэг юм байна. Шар тос биеийн жинг бууруулдаг. Шар тосонд байдаг дээр дурдсан линолений хүчил нь бодисын солилцоог түргэсгэдэг. Мөн турахад маш сайн үйлчилгээтэй бөгөөд ялангуяа гэдэсний өөхийг хурдан арилгадаг юм байна.

Олон жил хадгалсан шар тос арьсны элдэв гөвдрүүг эдгээх онц чадалт эм болдог аж. Харин шар тосны талаар муу мэдээлэл төдийлөн байдаггүй бөгөөд хэмжээнээс нь хэтрүүлсэн тохиолдолд гулигах, бөөлжих зэрэг шинж илэрнэ. Зарим тохиолдолд хийг дарах зорилгоор шар тостой цай, шар тосоор зуурсан арвайн гурил идэх, шар тосоор бариа хийлгэхэд гүйлгэх нь бий. Үүнийг хүмүүс буруугаар ойлгож шар тос өөрт нь зохихгүй байна гэж андуурдаг. Энэ нь шар тос таны биеэс хорыг гадагшлуулж байгаагийн илрэл юм байна.


Categories
мэдээ цаг-үе

Инээмсэглэсэн хүн ямар ч зүйлийг эерэгээр хардаг

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд “Инээмсэглэл-Эерэг хандлага” нээлттэй хаалганы өдөрлөг боллоо. Тус төвөөс олон нийтэд нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сурталчилж, хэвлэл мэдээллийн байгууллагууд, иргэдэд нийгмийн эрүүл мэндийн бүхий л сэдвээр мэдээлэл өгч, алба хэлтсүүд нь үйл ажиллагаагаа танилцуулж, эрүүл мэндийн боловсрол олгох гарын авлагуудаар үзэсгэлэн дэлгэсэн юм.

Энэ үеэр Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эрүүл мэндийг дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх албаны дарга С.Гэрэлмаатай ярилцлаа.


-Хүн инээхэд бие болоод сэтгэл зүйд нь ямар эерэг өөрчлөлт гардаг вэ?

-Чин сэтгэлээсээ инээж байгаа хүний сэтгэл санаа, бие махбодод эерэг өөрчлөлт гардаг. Агшчихсан байсан булчингууд тэлдэг. Тэлснээр цусны эргэлт сайжирч бодисын солилцоо нэмэгддэг. Үүнийг дагаж инээсэн хүний сэтгэл санаа өөдрөг болно. Гэхдээ чин сэтгэлээсээ инээж байгаа хүн, хуурамчаар инээж байгаа хүний хооронд ялгаа их. Чин сэтгэлээсээ инээж байгаа хүний бүх булчин ажилладаг. Хүн чин сэтгэлээсээ инээхэд нүдний хоёр талд байдаг муурын үрчлээ гэж нэрлэдэг үрчлээ гарч ирнэ. Ингэснээр нүүрний бусад булчин ажиллаж эхэлдэг. Хуурамчаар инээж байгаа хүний зөвхөн амны гурвалжин булчин буюу ам, хамар, уруулын булчин хөдөлдөг.

-Инээмсэглэцгээе гэж уриалаад байдаг. Гэтэл манай нийгэмд инээмсэглэх арга алга, шалтгаан алга гэцгээдэг. Тэгэхээр “Инээе, инээмсэглэцгээе” гэдэг нь нэг талаар их хэцүү шаардлага болчихоод байна уу даа?

-Инээмсэглэсэн хүн ямар ч зүйлийг эерэгээр хардаг. Юмыг эерэгээр харсан хүн инээдэг. Бүх юмыг буруугаар хардаг хүн ууртай. Жишээ нь, хүнтэй мэндлэхэд инээмсэглээд “Сайн байна уу” гэх, эсвэл зүгээр л “Сайн уу” гэж хэлэх нь хоёр өөр сонсогддог. Хэн нэгэн хүн өөртэй нь инээмсэглээд “Сайн байна уу” гэж мэндлэхэд тэр өдөржингөө өнөөх хүний инээмсэглэсэн царай нүдэнд харагдаж, эрч хүчтэй, гоё энергитэй явдаг. Тийм учраас Эрүүл мэндийн яамнаас “Инээмсэглэл-Эерэг хандлага” гэж уриалж байгаа. Инээмсэглэсэн хүн эерэг хандлагатай. Муу муухайг харсан хүн инээхгүй. Чин сэтгэлээсээ инээж байгаа хүн муу муухайг харахгүй. Инээд нь хүнд бүхэл өдрийн эрч хүч өгдөг учраас ийнхүү уриалаад байгаа юм.

-Инээдийг хэвшүүлэх гэж байх уу. Өдөрт хичнээн удаа инээвэл зүйтэй вэ. Инээхийн тулд яах ёстой вэ. Яавал нүүрэндээ инээмсэглэл тодруулах вэ. Та аргуудаас нь зааж өгнө үү?

-Хандлагаа л өөрчилнө. Тухайн хүн хандлагаа л өөрчилж байж инээнэ. Бүх харах өнцөг нь эерэг хүн инээмсэглэж явдаг. Бүх юмыг муухайгаар харахгүй гэсэн үг. Жишээ нь, нэг хүн ууртай байвал “Энэ ууртай, муухай хүн” гээд өөдөөс нь ижилхэн уурлаад хэрэлдэхгүй гэсэн үг. Хэрвээ тэр ууртай байгаа хүнтэй хэрэлдвэл бүр л асна. Харин тэгэхийнхээ оронд “Энэ минь хөөрхий ажилдаа түүртжээ. Үүнийг ойлгоё” гээд “Уучлаарай, ах аа, эгч ээ” гээд өнгөрөөчихвөл нөгөө асч байсан хүн чинь намдана. Тийм учраас хандлага, харах өнцгөө өөрчилчих. Харах өнцгөө өөрчилсөн хүн инээмсэглэлээр дүүрэн байдаг. Үйлчилгээний байгууллагын жишээн дээр л гэхэд үйлчилүүлэгч орж ирэхэд “Та сайн байна уу, юугаар туслах вэ” гээд инээмсэглэн угтах, “Та наанаа суугаад хүлээж бай” гэх хоёр огт өөр. “Сайн байна уу, та наашаа суучих” гээд өөдөөс нь хараад инээмсэглэхэд ямар ч үйлчлүүлэгчид таатай сэтгэгдэл төрнө. Өвчтөн, хэрэглэгч гэдэг талаас нь биш хүн гэдэг талаас нь харвал тухайн хүн бүх юмаа уудалж ярина, бүх зовлонгоо хэлнэ. Анх угтахдаа л таагүй сэтгэгдэл төрүүлбэл “Энэ ч дээ, намайг ойлгох хүн биш байна” гэж бодоод өнгөц харилцаад л яваад өгчихнө.

-Танай төвөөс инээмсэглэлийн чиглэлээр судалгаа явуулж үзсэн үү. Хотод хүмүүс их инээдэг үү. Хөдөө их инээдэг үү. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль нь их инээдэг вэ гэдэг ч юм уу?

-Тийм судалгаа байхгүй. Харин стресс, уур бухимдал дээр манайх судалгаа явуулсан. ДЭМБ-ын 2010, 2013 онд явуулсан “Стресс бухимдалд өртөж байгаа байдал болон хүчирхийлэлд өртөж байгаа байдал” гэсэн судалгаа л бий. Түүнээс биш инээмсэглэлтэй холбоотой судалгаа одоогоор алга.


-Монголчууд инээмсэглэж байгаа хүнийг “Чи юундаа инээгээд байгаа юм. Намайг шоолоод байна уу”, “Юундаа тэнэг юм шиг ганцаараа инээгээд байгаа юм”, “Ямар хэрэг хийчихээд худлаа инээгээд байгаа юм”, “Худлаа инээсэн зальтай царайтай” гэдэг. Нэгнээ инээмсэглэхэд дагаж инээмсэглэдэггүй?

-Манай монголчууд ерөнхийдөө инээх дургүй хүмүүс байдаг. Төв царайтай гэх юм уу даа. Сүүлийн үед стресс, бухимдал их, нийгмийн хандлага дандаа сөрөг байна. ДЭМБ-аас зөвлөж байгаа. Сэтгэл гутрал, сэтгэцийн эрүүл мэнд, сэтгэцийн бүх асуудал сэтгэлээ нээхээс эхэлдэг. Сэтгэлээ нээсэн хүн тэр яриагаа инээгээд дуусгадаг. Тийм учраас сэтгэл гутрал, сэтгэлзүйн тулгамдсан асуудлаас сэргийлэхийн тулд өөрийгөө нээ, нээлттэй ярилц. Манай монголчууд хүнд муугаа үзүүлэхгүй гээд тулгарсан асуудлаа хүнд ярьдаггүй, ярилцахаа больсон байна. Өсвөр насны хүүхдүүдээ сонсохоо больчихсон байна. Материаллаг зүйл дээр илүү анхаардаг болсон байна. Эцэг, эх нь “Чи юугаар дутсан гэж ийм буруу юм хийсэн юм бэ, би чамайг юугаар ч дутаагаагүй байх шүү, яагаад ингэчих вэ” гэдэг. Тэгэхээр өсвөр насныхан өөрийг нь сонсдог найз нөхдөдөө ярьдаг. Яагаад вэ гэвэл “Аав ээжид хэлбэл намайг ална, тална” гэж айдаг. Өсвөр насны хүүхдүүдтэйгээ нээлттэй ярилцдаггүй чинь монголчуудын хамгийн дутагдалтай тал. Аяндаа энэ том хүн болно гээд зөнд нь хаячихдаг. Бага насны хүүхдээ эрхлүүлээд хайрлаад хөтлөөд явж байгаад нэгдүгээр ангид оруулаад тавдугаар анги хүртэл нь анхаарч байгаад өсвөр насанд ирэнгүүт нь тоохгүй хаячихдаг. Ярилцдаггүй хүний хэл яриа хөгждөггүй, сэтгэлзүйгээ илэрхийлж чаддаггүй, ууртай бухимдалтай хүн болдог. Тийм болохоор мэргэжлийн хүмүүс юу гэж зөвлөдөг вэ гэхээр нээлттэй ярилцаач ээ гэдэг. Нээлттэй ярилцахын тулд наад смарт утсаа оролдохоо боль. Гэр бүлдээ амьд харилцаа бий болго. Амьд харилцаа бий болго гэхээр манайхан өөдөөс мөнгө төгрөг яриад “Хамт кино үзэх гэхээр мөнгө алга” гэдэг. Амьд харилцаа гэдэг чинь ерөөсөө л ярилцах. Хөгжилтэй явдлаа ярилцах, хүүхдийнхээ бага насны тухай, хүүхэд тань хэдэн кг жинтэй төрж байсан юм, яагаад хүүхдэдээ тийм нэр өгөх болсон юм гэдгийг өөрт нь аав ээж нь ярих нь хүүхдэд их гоё мэдрэмж төрүүлнэ. Тэр мэдрэмжийг хүүхдэдээ өгч чадсан эцэг, эх гэр бүл ууртай бухимдалтай, бусдыг боддоггүй зөвхөн амиа боддог бэртэгчин зангаас аврагддаг. Монголчуудад хүүхдүүдтэйгээ ярилцдаггүй цаг нь их. Найзыгаа сонсоод байдаг, аав ээжийгээ сонсоод байдаг. Тэгсэн хэрнээ өөрийнхөө хүүхдүүдийг сонсдоггүй. Бусдын төлөө яваад байгаа мөртлөө гэр бүлийн дотны хүмүүс бүр эхнэр, нөхрөө мартчихдаг. Гэтэл нөхөр, эхнэр нь өөр хүнтэй илэн далангүй ярилцаад эхэлдэг. Бид яагаад гэр бүлдээ ярилцаж болдоггүй юм бэ. Таван ам бүлтэй айл байлаа гэхэд яагаад тавуулаа сууж байгаад ярилцаж болдоггүй юм бэ. Өнөөдөр юу юу болов гээд асуучихдаггүй. Тойрч суугаад хоолоо идчихдэг айл ховор болсон. Ажил ихтэй. Нөгөөдөх нь оройтож ирээд өөрт нь үлдээсэн хоолыг халааж идчихээд юу ч ярихгүй унтчихдаг. Ийм амьдралаа болиоч ээ гэдгийг хэлье.

-Хүн инээмсэглэхгүй удвал ямар сөрөг өөрчлөлтүүд гарах вэ?

-Сэтгэл гутралд орно. Ганцаараа байхыг илүүд үзнэ. Сэтгэл гутралд ороход маш олон сөрөг шинж илэрдэг. Нойргүйднэ, архи дарсанд орно. Би хэнд ч хэрэггүй амьтан мэтээр өөрийгөө бодож эхэлнэ. Энэ бол анхны шинж тэмдгүүд.

-Инээдэггүй, байнга хөмсөг зангидсан ууртай царайтай хүмүүс байдаг. Тэд юу бодвол инээх вэ?

-Хайртай, дотны хүнээ бодоход л хүний нүүрэнд инээмсэглэл тодордог. Ээж хүн хүүхдээ бодоход инээмсэглэдэг. Эмэгтэй, эрэгтэй хүн хайртай хүнээ бодоход инээмсэглэдэг. Хөгжилтэй үеүдээ дурсахаар инээхгүй ч гэсэн аяндаа хүний нүүрэнд инээмсэглэл тодордог. Уур бухимдалтай үедээ энэ аргыг ашиглавал тухайн хүний сэтгэл тайвшралд өртөөд ярзайтлаа инээхгүй ч инээмсэглэл тодруулж байдаг. Та хэрвээ инээж чадахгүй байгаа бол хайртай хүнээ, хүүхдээ найман удаа тэвэр гэдэг.

-Өдөрт үү. Нэг дор уу?

-Өдөрт. Найман удаа тэвэрч чадахгүй бол хайртай хүмүүс зүгээр л гарынхаа аль нэг хэсгээр шүргэлцэх төдийд л хайрын гормон ялгараад аяндаа хайрлах сэтгэл төрөөд инээмсэглэдэг. Тиймээс хайртай дотны хүнтэйгээ гар барихад, зүгээр биед нь хүрэхэд л сэтгэл тайвширч, инээмсэглэл тодордог. Ярихгүй ч гэсэн ингэж хүрэлцэхэд тийм эерэг өөрчлөлт явагддаг. Тиймээс ДЭМБ-аас “Өсвөр насны хүүхэдтэйгээ ярилцах боломжгүй бол тэвэр” гэж байгаа юм. Зүгээр л тэднийгээ тэвэр.


Categories
мэдээ цаг-үе

Манлай малчин Б.Улаанхүүгийнх 300-гаад төл хүлээж аваад байна

Төв аймгийн Сэргэлэн сумын III багийн малчин Б.Улаанхүүгийнх Өгөөмөр гэх газарт ганц гэрээр хаваржиж байна. Нутгийн улс “Улаанхүүгийнх энүүхэнд төв замаас баруун гар тал руу салахад бий. Харваас олон хоньтой айл байгаа. Андашгүй. Бараг 2000 хоньтой байх шүү” гэж зам заалаа. Тал дүүрэн хонь салхи сөрөн наашилна. Хөтөл давуут хонины хашаа, нэг гэр, ачааны тэрэг харагдлаа. Хоёр банхар бүдүүн дуугаар угтаж гадсаа тойрно. Гэрээс гурван хөвгүүн гарч ирж “Том хүн байгаа” хэмээн үүдээ нээлээ.

Мэнд ус мэдэлцэж хэрэг зоригоо танилцууллаа. Гэрийн эзэн “Намайг Улаанхүү гэдэг” хэмээхэд зуухныхаа дэргэд хоол хийж суусан эхнэр З.Отгонцэцэг нь “Паспортныхоо нэрийг хэлээч ээ” гэж сануулбал “Уг нь паспортны нэрийг минь Балбарын Ганбаатар гэдэг шүү дээ. Би ч мартчихаад Улаанхүү гэж өөрийгөө танилцуулчихаад байдаг юм. Намайг бага байхаас аав, ээж маань Улаанхүү гэж дуудаад, тэр нь ингээд миний жинхэнэ нэр шиг болчихсон. Ганбаатарынх хаана вэ гэвэл хүмүүс мэддэггүй. Улаанхүүгийнх хаагуур нутаглаж байна гэж асуувал мэдэхгүй хүн байхгүй шүү, хэлээд л өгнө” гэлээ. Тэгснээ “Сонин дээр аль нэрээр минь бичихээ өөрөө л мэд. Малчин Ганбаатарынх гэвэл хүмүүс эргэлзэнэ шүү” гээд инээлээ.

Эднийх 1500-гаад хонь, ямаатай. Төл хүлээж авч байгаа болохоор үнээгээ саах зав гарахгүй байгаа гэнэ. Адуу нь харин Баянцагаанд отроор явж байгаа аж. Гэрийн эзэгтэй саяхан хийсэн шинэ боорцгоор дайллаа. Гал дээр тогоонд шөл пор порхийн буцална. Энэ хавар эдний 600 гаруй хонь төллөх юм байна. Одоогоор 300-гаад төл хүлээж аваад байгаа аж. Хургатай хонь, сувай хонио ялгаад тус тусад нь бэлчээрт гаргажээ. З.Отгонцэцэг гурил элдэж хэрчих зуураа “Хургатай хонь энүүхэнд бий. Хэдүүлээ хоолоо идчихээд хамтдаа тийшээ явж хонио жишье” гэлээ.

Б.Улаанхүү “Хавар цаг хамгийн сайхан цаг. Юм болгон өсч үржиж, өвс ногоо ургадаг сайхан цаг. Хүн, малын сэтгэл дандаа нааштай, гоё юм бодож байдаг” хэмээгээд “Манайх өдөрт 30-гаад төл хүлээж авч байна. Манай малчин хүү Сэлэнгийн Зүүнхараагийнх. Залуу хүүхэд бий” гэвэл З.Отгонцэцэг “Мотоцикл нь дуугарч байна. Ирж байх шиг байна” гэж ярингаа гурил хэрчлээ.

Б.Улаанхүү, З.Отгонцэцэг нар 1990 онд төлчин болж мал дээр гарч Сэргэлэнгийн 800 үнээний “Баянбулаг” фермд ажиллажээ. Гэрийн эзэн Нэгдэл дундын үйлдвэрт тээврийн тэрэг барьж байсан бол гэргий нь цэцэрлэгийн багш мэргэжилтэй юм байна. Б.Улаанхүү “Одоо үед цаг агаарын мэдээ яг таардаг болсон. Дээр үед зөрдөг байсан шүү. Бид чинь тэнгэрээ л харж амьдарна. Тэнгэр муухайрахад нүүхэд бэлэн байдалтай л байдаг. Тавилга хогшил гэж юм бараг үгүй. Отрын айл шиг л байдаг.

Залуу байхад бид хоёр ч нүүхийг үзүүлж өгдөг байлаа. Жилдээ хэд ч нүүдэг байсан юм. Хоёулхнаа л жижиг дөрвөн ханатаа буулгаад ачаа бараагаа боогоод нүүчихдэг байлаа. Одоо бид чинь жар хүрлээ, залуу цагийнх шиг бяр чадалгүй болж байна. Том таван ханатай гэр барьчихвал нүүдэл суудал хийхэд хэцүү. Хаваржаандаа буугаад долоо л хонож байна” гэлээ.

Зээ хүү Б.Энхболд нь өвөө эмээ дээрээ ирж хонь эргүүлэхээс эхлүүлээд ажилд нь тусална. Бэрийнх нь хоёр эрэгтэй дүү мотоцикль дөхүүлэх ажилтай ирсэн ч Б.Энхболдыг ирсэн болохоор хань татаад тоглоод сүйд. Гэвч эмээгийнхээ үгэнд орж гаднаас аргал тэврээд оруулж ирээд дөрвөлж рүү хийлээ. Б.Улаанхүүгийнх дөрвөн хүүхэдтэй. Том хүүхэд нь Багийн засаг дарга, удаах нь хуульч, дараагийнх нь Хаан банкинд теллерээр ажилладаг бол отгон хүүхэд нь МУИС-д эдийн засагч, нягтлангаар сурч байгаа юм байна. Одоо гуравдугаар курс. Хагас, бүтэн сайны амралтаар хүүхдүүд нь байнга ирж, аав ээждээ тусална. Гэрийн эзэн “Хүүхдүүдийн тус их ээ. Амьдралд их нэмэр болох юм аа. Нэг хэсэг манайх гурван оюутан зэрэг сургалаа. Таван малын буянд хүүхдүүдээ бүгдийг нь дээд боловсролтой, өөрийн гэсэн мэргэжилтэй, ажил төрөлтэй болгочихлоо. Одоо багынхаа чигийг л харчихвал гэсэн бодолтой сууна. Бид хоёр хэдэн малаасаа холдож үзээгүй. Холдох шалтаг ч гардаггүй юм. Эмнэлэг, эмч гэж сүйд болохгүй. Өдий наслахдаа эмнэлэг бараадаж үзээгүй. Өвдөх, өвчтэй байх нөхцөл алга шив. Өглөө эрт босоод л бид хоёр чинь хэдэн малынхаа араас гүйгээд гимнастик хийчихнэ. Хөдөлгөөнтэй, эрүүл агаарт аж төрнө гэдэг чинь эрүүл саруул байх үндэс юм байна. Би өнөө өвөл лав хот руу ороогүй байх шүү” гэхэд З.Отгонцэцэг “Манай хоёр эгч хотод бий. Би тэдэн дээрээ очдог юм. Хотын утаа ч хэцүү байна лээ шүү. Манай энд Майдар сити байгуулагдана, Зуунмодыг дагуул хот болгоно гээд хөл хөдөлгөөн нэмэгдэх шинжтэй болсон шүү” гэлээ.

Гэрийн зүүн урдах хонины хашаанд гурван хонийг хургатай нь уяжээ. Эх нь голсон болохоор өглөө сүргээс нь үлдээгээд эхэд нь хургыг нь авахуулах гээд ингэж уясан байна. Бүхэл өдрийн турш ингээд уячихад эх нь хургаа авчихдаг аж. Бүр авахгүй хоёр гурав хоновол эзэгтэй З.Отгонцэцэг тойглоно. Уяатай хонь хургаа хөхүүлж, цадсан хурга тавтай гэгч нь унтана. Б.Улаанхүү “Энэ хэд ч учраа олчихжээ. Эх мал хургаа голох олон шалтгаан бий. Ялангуяа анх хургалсан хонь хургаа голох нь их. Олон хонины дунд орохоор хурганых нь үнэр өөрчлөгдөхөөр таньдаггүй бололтой. Эд нар өнөөдөр ингэж уяулсны хүчинд хургаа авчихаж байгаа юм. Маргааш хургатай хонинуудтай нь нийлүүлээд бэлчээрт гаргачихна даа” хэмээлээ. Цөөн хоньтой айлууд шинэ гарсан хургаа гэртээ оруулах юмуу, эсвэл дулаан саравчинд бөөцийлдөг. Харин эдний хонь мал их учир тийм энхрий аргаар өсгөх нь тохиромжгүй учир эхийг нь дагуулаад явуулдаг юм байна. Хөрвүү аргаар өсгөсөн төл мал болох нь амар гэдгийг Б.Улаанхүү малчин хэлж байлаа. Б.Улаанхүү гуай 2010 онд “Мянгат малчин” болж байжээ. Мөн аймгийн Алдарт уяач, “Манлай малчин” цолтой сумандаа төдийгүй, аймгийнхандаа нэр усаа гаргасан малчин хүн.

Мал нь цөөн байхад айлуудтай айлсаж, хотолдог байж. Хамтаараа хөдөлмөрлөж хишиг өдөртэй ч байсан гэнэ. Гэвч мал нь өсөөд ирэхээр хажуу дахь цөөн малтай айлд нь ажлын дарамт нэмэгдэж, бас их малтай айлын дэргэдэх айлын мал тарга тэвээрэг авч чадахгүй ширвэгдээд байдгаас эхлүүлээд мал нь нийлбэл ялгахаас өгсүүлээд ажил ундарна. Ер нь олон малтай айлууд ганц гэрээрээ байдаг нь тийм учиртай юм байна. Мянгат малчин Б.Улаанхүү “Уг нь олуулаа байх нь гоё л доо. Хүүхдүүд хоорондоо тоглоно. Бид ч гэсэн бие биенийхээ гэрт орж дэмий ярина гэдэг сайхан” гэж ярилаа.

Гэрээс урагшаа нэлээд зайтай газарт мануухайн шон босгожээ. Хажууд нь хоёр шонгоос өлгөсөн олсноос баахан төмөр лааз дүүжилжээ. Тэр нь салхинд хөдөлж чимээлнэ. “Энүүгээр боохой харагдаад байх юм” гэж гэрийн эзэн дотогш оронгоо ярив.

Энд гар утасны сүлжээ бий, DDISH-тэй болохоор мэдээллээс хоцрохгүй. Б.Улаанхүү “Зурагтыг хараад байхад янз бүрийн л юм болж байгаа харагдах юм. Яваандаа сайхан болох байх аа. Ямарваа нэг юм зөв замаа олохын тулд будилдаг шүү дээ. Тийм л юм болж байгаа биз. Тэгж байгаад сайхан болчих байх аа” гэлээ. Түүнээс “Танд фэйсбүүк хаяг байгаа юу” гэвэл “Үгүй ээ, надад байхгүй ээ. Хөгшин л харин утсаа бариад доошоо хараад тонгойгоод суугаад байдаг юм” гэв. “Өнөө өвөл сайхан өвөл болсоон. Ойрын хорин жил ийм өвөл болоогүй байх аа. Манай энэ хавьд их сайхан өвөл болчихов уу гэж бодлоо. Манайх Өгөөмөрийн амандаа л энүүхэнд өвөлжөөндөө өвөлжсөн” гэж өрхийн тэргүүн хоймортоо суун намуухан ярилаа. Г.Отгонцэцэг “Төл хүлээж авах үеэр бүр зорьж ирдэг хүмүүс хаа нэг бий шүү. Ээж хад орчихоод ирлээ, хүүхдээ салхилуулж байгаа юм гэсэн хүмүүс орж ирдэг юм” гэхэд Б.Улаанхүү “Манайх уг нь Ээж хайрхны наагуур, наад бэлчээрээр л нутагладаг байсан. Урдуур оготно идчихээд идэш муутай болохоор наашилсан юм” гэв.

Цас зуд, цаг агаарын эрс тэс хүнд байдал учирчих вий л гэж эмээдэг юм. Түүнээс бусад үед мал маллах чинь гайгүй ажил шүү дээ. Гэнэтийн л салхи шуурга гэхгүй бол гайгүй ажил байдаг юм гэж Б.Улаанхүү гуай хэллээ. Тэнгэр муухайраад ирэхээр л дагаад сэтгэл нь муухайраад ирнэ. Цаг агаар төдний өдөр муудна шүү гэсэн мэдээ дуулбал малаа жаахан ойртуулж бэлчээрлүүлэх юм уу, салхиныхаа дээр гаргадаг ч юм уу анхаарал сэрэмжээ нэмэхэд л болоод явчихна гэж Мянгат малчин маань хэллээ. З.Отгонцэцэг гаднаас хөвгүүдийг дуудаад малчин хүүгээ сурвал “Ичээд зугтчихсан” гэлээ. Б.Энхболд “Сурвалжлагч ирсэн. Зурагтаар яриарай” гэж цаашлуулж л дээ. Тэгтэл мотоциклио унаад буцаад хонь руугаа явчихсан байна. З.Отгонцэцэг “Манай малчин хүү чинь жаахан, 21-хэн настай хүүхэд. Бага юм болохоор та нараас ичиж байхгүй юу. Ааш зан сайтай их сайн хүү л дээ. Оройны ажлаас өмнө хоолоо идчихгүй дээ. За яахав. Бидэнтэй зөрж орж ирж магад” хэмээлээ. Ингээд бөөнөөрөө хургатай хонь руу явцгаалаа. Урдаас тууж авч ирээд хөндийд хашлаа. Найман талаас нь хашиж хонь хургаа жишиж эхэллээ. Хөндийг дагасан салхи хүчтэй үлээж хонь хурганы майлаан нэмэгдэж тэр хавиар л бөөн дуу шуугиан боллоо. Энэ өдөр найман хонь хургалж, нэг ямаа ишиглэжээ. Шинэ төллөсөн хонь, ямаа сүргээсээ үлджээ. Хонь хургыг жиших гэж бараг цаг гарны ажил болов. Аргагүй шүү дээ. 600 гаруй хонь, хурга гэхээр. Жишсээр нэг халзан хурга үлдлээ. Түрүүнээс л хойш эх хонь болгоныг дагаж майлаад, хөл дээрээ арайчүү тэнцсэн халзан хургыг Б.Энхболд хөөж байгаад бариад авлаа. З.Отгонцэцэг “Эх нь голж дээ. Голоод л сувай хонь руу орчихож. Орой эхийг нь олоод маргааш хамтад нь уяна даа” гэснээ “За эгч нь үлдсэн хонь, ямаа руугаа явлаа. Хээр төллөсөн болохоор мөд ирэхгүй. Хотонд аваачих гэж хэдэн цаг ноцолдоно шүү дээ. Харанхуй болохоос өмнө л лав очих байх. Миний дүү наад халзан хургаа хашаанд аваачаад тавьчихаарай” гэлээ. Б.Улаанхүү гуай “За хонь жишихийг харав уу. Ах нь хонь руугаа явлаа. Сайн яваад хүрээрэй” гэлээ. Мянгат малчин Б.Улаанхүүгийнхэн сувай хонь, хургатай хонь, хээр төллөсөн хонь, ямаа руугаа тэгээд зүг бүр тийш мотоциклио унах нь унаад явган нь явганаар хонио туугаад үлдлээ. Халзан хургыг тэврээд хотонд хүргээд саяхан төрсөн ишиг, хургануудтай нийлүүлэв. Ишигнүүд цоройж, гар үнэрлэнэ. Сувай хоньд хотондоо дөхөж байлаа. Хоёр банхар өдрийнх шигээ чанга хуцсангүй. Хаа нэг чимээ өгч хуцаж байгаад чимээгүй болов. Салхины үзүүрт Манлай малчин Б.Улаанхүү зээ хүүгээ дагуулан хонио туусаар наашилж байгаа нь харагдлаа.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Домогт мөнхөрсөн цэцэгс

ЖАМЬЯНМЯДАГ

Жамьянмядаг цэцэг бол холтсон цэцэгтний овгийн нэгэн төрөл. Энэ төрөлд 30 орчим зүйл ургамал багтдаг. Энэ цэцэг нь дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын сэрүүн бүсээр, чийглэг, шаварлаг хөрсөнд ургадаг. Ихэнх зүйл нь Азиас гаралтай юм. Тийм ч болохоор ялангуяа Бурханы шашинт орнуудад энэ цэцгийг гэгээрсэн хүмүүний цэцэг хэмээх нь бий. Зуны дунд сарын шинийн 15-нд жамьянмядаг цэцгийг түүгээд Манзушир бурханд өргөхөд түмэн зул өргөсөнтэй дүйцдэг хэмээдэг. Зарим сүсэгтэн уг цэцгийг таслахаас цэрвэж, мөргөдөг. Ихэнхдээ хутагт, хувилгаад ихээр төрдөг нутагт энэ цэцэг элбэг ургадаг гэж үздэг бөгөөд жамьянмядаг их хэмжээгээр ургавал тухайн нутагт оюун ухаан, билгийн мэлмий нь нээгдсэн гэгээнтэн төрнө хэмээн бэлгэшээдэг юм байна. Монгол оронд жамьянмядаг цэцгийн гурван зүйл нь ургадаг юм байна. Азийн жамьянмядаг (Латин нэр нь Trollius asiaticus L), Алтайн жамьянмядаг (Латин нэр нь Trollius altaicus C.A.Mey). Ледербурын жамьянмядаг (Латин нэр нь Trollius Ledebouri Reichb). Азийн жамьянмядаг нь өвслөг, олон наст ургамал. Энэ цэцэг нь нуга, ойн чийглэг хөрсөнд ургадаг. Азиас гаралтай учир ийнхүү Азийн жамьянмядаг гэдэг нэр авчээ. 20 сантметрээс дээш өндөртэй ургадаг бөгөөд долоогоос наймдугаар сард 5-15 дэлбээтэй, гурван см том голчтой, улбар шар, шар өнгийн гоёмсог цэцгээр чимдэг. Цэцгийн дэлбээ нь үрийн орондоо олон тооны дохиуртай. Азийн жамьянмядаг нь балт цэцгийн ургамалд ордог.

БЭР ЦЭЦЭГ зурган илэрцүүд

БЭР ЦЭЦЭГ

Энэ цэцгийг монголчууд эрүүл энх, дайн дажингүй, амар амгалан байхын бэлгэ тэмдэг болгон хүндэтгэж “Тахилын цэцэг” хэмээн нэрлэж иржээ. Орон нутгийн нэр нь Баавар цэцэг, Бэр цэцэг, Тосон тором. Шинжлэх ухааны нэр нь Скабиоса.

Цэцгийн гадаад төрх нь уран дархчуудын урласан эмээлийн мөнгөн бааврыг санагдуулдаг учир ийнхүү баавар цэцэг гэдэг аж. Монгол орны бүх нутгаар тархсан байдгийн дээр зуны гурван сарын турш цэцэгтэйгээ зусдаг, цэнхэр, нил хөх, нил ягаан өнгөтэй цэцэг байдаг. Бэр цэцгийг таримлаар ургуулж болдог бөгөөд арчилгаа бага шаардаж, ургамлын өвчлөлд бараг өртдөггүй, хатуужил тэсвэртэй, гени сайтай, цэцгийн зах зээлд гарах, хязгааргүй өсөн дэлгэрэх чадавхтай цэцэг гэж үздэг юм байна.

Энэхүү цэцэг нь хор тайлах, шээс хаагдах, цээжинд муу цус хурах, элэгний галаас болж толгой өвдөх, уушгины халууны ханиад, элэг муудаж бүх бие ногоон шар өнгөтэй болох үед тустай. Анхилуун үнэртэй. Зөгийн балны эх үүсвэр болдог. Зөгий, эрвээхэй татах чадвар маш сайн тул “Эрвээхэйн цэнхэр” хэмээн ганган нэрээр алдартай. Нарлаг орчинд байх дуртай. “Хол газар одож буй хайртай хүндээ бэлэглэхэд иртэл нь хүлээнэ” гэсэн домогтой.

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны аравдугаар сарын 25-ны өдрийн ээлжит хуралдаанаар Бэр цэцгийг Монголын ард түмний амгалан тайван амьдрал, байгаль дэлхийг дээдлэх үзлийн бэлгэдэл болгон “Үндэсний бахархалт цэцэг”-ээр өргөмжлөн зарласан билээ. Гэвч уг цэцгийн домог зарим хүмүүст хэт хар бараан сэтгэгдэл төрүүлдэг учир “Үндэсний бахархалт цэцэг”-ээр тодруулах ёсгүй байсан гэдэг эсэргүүцэл нэг хэсэг гарсан билээ. Бэр цэцгийн домог Оросын ард түмнээс гаралтай бөгөөд дайнд явсан эр нөхрөө хүлээсэн бүсгүйн нулимсаар услагдаж ургасан цэцэг гэдэг. Оросоор энэ цэцгийг “Вдовушка” хэмээх нь бий. Үүнийг монголчилбол “Бэлэвсэний цэцэг” гэж ойлгож болох аж. Харин манайд бэр цэцэгтэй холбоотой зохиол, зохиомж байдаг нь орос үндэстний домгоос сэдэвлэсэн байжээ.

Image may contain: plant, flower, nature and outdoor

ЦАГААН УУЛ

Англи хэлээр Еdelweiss, латин хэллэг нь Leontopodium alpinum.

Нийлмэл овогтны, олон наст ургамал юм. Биологийн нэр Leontopodium грек хэлний “lion” буюу “арслан”, “podion” буюу “савар” гэсэн үгнээс гаралтай. 6-8 дугаар сард цэцэглэдэг хэдий ч жилийн бусад улиралд өнгөө алддаггүй. Тиймээс ч үхэшгүй мөнхийн бэлгэдэл болгон монголчууд шүлэг, дуундаа мөнхөлж иржээ. Дэлхийд 40 гаруй цагаан уул бүртгэгдсэн ч манай оронд 2-3 төрөл бий. Түүнийг энгийн хүн хараад ялгах аргагүй. Ерөнхийдөө хад чулуурхаг ууланд далайн түвшнээс дээш 2000-2900 метр өндөрлөг газар ургана. Ургамал судлаачид цагаан уул цэцгийг Альпын, Сибирийн гэж ангилдаг бөгөөд Монгол, Манжуур, БНСУ зэрэг газарт ургадгийг нь Сибирийн төрөлд оруулдаг юм байна.

Үхэшгүй мөнхийн бэлгэдэл болсон энэ цэцгийг үхэл даллагч хижиг өвчинтэй тэмцэхэд оточ маарамба нар хэрэглэдэг байжээ. Ямар тунгаар яаж хэрэглэдэг байсан нь тун бүдэг. Цэцгийг нь буцалсан халуун усанд хандалж цус алдсан хүнд уулгадаг. Цусны даралт ихсэхэд буулгах зорилгоор өргөн хэрэглэдэг байжээ. Намар үндэсийг нь гэмтээлгүй газарт нь үлдээж цэцгийг нь түүж харанхуй сэрүүн газар хатаагаад даавуун уутанд хийж дэрлэдэг. Ингэхэд анхилуун үнэр нь хүнийг тайвшруулж цусны даралт буулгаж тайван унтахад тусална.

Цагаан уул цэцэгтэй холбоотой олон домог улс бүрт бий. Өнө эрт цагт хорвоо дэлхий дээр өвөл, зун гэсэн хоёр улирал л ээлжлэн ирдэг байсан цагт нэгэн хаан хатан, гүнжийнхээ хамт амьдран суудаг байжээ. Гоо үзэсгэлэн төгөлдөр гүнжийг эхнэр болгохыг хүссэн олон хаан хөвгүүд, эрэлхэг баатар эрс ирж сүй тавихыг гуйдаг байв. Бүсгүйд ямар ч эр таалагдаагүй учраас гуйж ирсэн бүх эрчүүдээс татгалзжээ. Эцэст нь гүнж “Надад хосгүй үзэсгэлэнт Цагаан уул цэцэг авчирч өгсөн хунтайжтай гэрлэнэ” хэмээн мэдэгджээ. Гүнжийн болзол холын хол, мянган уулсын цаадах улс гүрнүүдээр тархаж, тэр ховор гайхамшигт цэцгийг олж авчрахаар олон баатар эрс, хунтайжууд мордоцгоож гэнэ. Сарьдаг өндөр уулын оройд ургадаг тэр цэцэг рүү хүрч очих зам байхгүй, их л бартаа саадтай газар байдаг ажээ. Гэтэл нэгэн цөс ихтэй, омог бардам залуу тэрхүү цэцгийг олж ирэхээ амлаад аян замд гарчээ. Өнөөх залуу түмэн бээрийг туулж, саад бэрхшээлийг давсаар үзэсгэлэнт Цагаан уул цэцгийг авч чадаад хааны ордонд ирсэн боловч өнөөх гүнж нь Цагаан уул цэцэг авчирч өгөх хунтайжийг хүлээсээр байгаад өтөл эмгэн болсон байжээ. Харин өнөөх эрэлхэг залуу Цагаан уул цэцгэнд хүрч чадсан тул хааны ордон руу явах зам зууртаа бага багаар залуужиж идэр сайхан зүсээ эргүүлэн олж гэнэ. Баатар эр эмгэн болсон гүнжтэй гэрлэхээс татгалзаж адал явдал хайн дахин холын аянд гарчээ. Тэр цагаас хойш хосгүй ховор Цагаан уул цэцгэнд хүрч чадсан хэн боловч үргэлж аз хиймороор гийж байдаг гэсэн домогтой болжээ.


ВАНСЭМБЭРҮҮ

Монгол орны хувьд устах аюулд орсон 132 ургамлын нэг бөгөөд Улаан номонд 1997 онд бүртгэгдсэн дархан цаазтай ургамал. Өндөр уулын чулуулаг асганд ургадгаараа онцлог. Вансэмбэрүүг Гималай, түүний ойролцоох Төв Азийн уулнаас гаралтай гэж үздэг. Монгол оронд Нөмрөгт банздоо, Байгалийн банздоо, Дорогостайн банздоо, Бургас навчит банздоо зэрэг зүйлийн вансэмбэрүү мэдэгдээд байна.

Нөмрөгт банздоо нь Хөвсгөл Хангай, Монгол Алтай уулсын тагийн бүслүүрт чийглэг асганд 13-25 сантиметр өндөр ургадаг. Байгалийн банздоо нь бараавтар нил ягаан өнгийн баг цэцэгтэй бөгөөд Хэнтий, Хөвсгөл Хангай, Монгол Алтай уулсын намагжсан нуга, ширэнгэжсэн асга, горхины эрэг даган 15-60 сантиметр өндөр ургадаг. Дорогостайскийн Банздоо нь хүрэндүү өнгийн олон тооны том сагс бүхий баг цэцэгтэй, зөвхөн Хөвсгөл, Хэнтийн уулын хад асганд 20-40 сантиметр өндөр ургадаг. Бургас навчит банздоо нь Хэнтий, Хангай, Монгол дагуур, Хянган, Дундад халх, Дорнод Монголын тойрогт элсэрхэг чулуулагтай энгэрт ургана. Вансэмбэрүүний цэцэгс нь атгасан гараас том хэмжээтэй багц цэцэг бөгөөд түүнд хэдэн зуун жижигхэн цэцэгс багтана. Ерөнхийдөө үнэр нь эхүүн, хурц. Вансэмбэрүүний үндэс нь маш хүчирхэг хөгжсөн байдаг бөгөөд хад чулууны зай завсраар тор мэт сүлжилдэн бөх бат ургаж газрын хөрснөөс шим тэжээлээ авдаг. Цэцэглэх явц маш удаан байдаг ба цэцэглэх хүртлээ 3-5 жил, зарим үед бүр найман жил хүртэл зарцуулна. Нас, амьдралын эргэлт, үржил нь дэндүү хязгаартай бөгөөд үрээр үржих чадвар маш муу.

Вансэмбэрүү цэцэгтэй холбоотой домгууд ард түмний дунд элбэг ч тэдгээрийн ихэнх нь энэ цэцгийг тасалбал амь насаа ч алдахад хүргэнэ шүү гэдгийг сануулдаг. Нөгөө талдаа хүмүүсийг “айлгасан” тэдгээр домгууд нь “Тэнгэрийн цэцэг” гэгддэг Вансэмбэрүүг ард түмэн хамгаалж иржээ гэдгийг харуулдаг юм.

Холбоотой Зураг

УДВАЛ

Холтсон цэцэгтний овгийн төрөл. Энэ төрөлд 100 орчим зүйл хамрагдах бөгөөд тэдгээр нь гол төлөв дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст тархсан байдаг. Удвалын 35 зүйлийг тарималжуулан олон хэлбэр, сортуудыг гарган авчээ. Удвал гэх нэр нь төвд хэлний Удбала гэсэн үгнээс гаралтай. Харин Aquilégia гэдэг шинжлэх ухааны нэр нь ус-хураах, цуглуулах, бүргэд гэсэн утгыг илэрхийлдэг ажээ. Цэцэг нь 6-10 см голчтой, хөх заримдаа шаравтар дэрвэнтэй, бүдүүн гоодой цоморлигийн навчинцрыг бодвол хоёр дахин богино. Европ, Азид ургах зүйлүүдийн цэцэг нь цагаан, хөх, цэнхэр, ягаан өнгөтэй бол Америкт ургадаг зүйлүүд алтлаг, улбар шар, улаан өнгөтэй байдаг юм байна. Удвалын төрлийн 102 зүйл цэцэгт ургамал бүртгэгдсэнээс Монголд Ганболдын удвар, Шүүсэвчит удвал, Сибирь удвал, Ногоон гэсэн дөрвөн зүйл тэмдэглэгджээ. Удвал цэцгийг бясалгагчид ихэд дээдэлдэг бөгөөд Төвд, Энэтхэгт энэ цэцэгтэй холбоотой олон домог яриа байдаг ажээ. Хүүгээ олон жил хүлээсэн эх Төвдийн өндөр уулнаас бууж ирж хоол ундгүй, өлсч цангаж байсан ч Манзушир бурханд сөгдөн мөргөсөөр амь эцэслэжээ. Гэтэл настай эмэгтэйн бие цогцос төд удалгүй газарт шингэхэд тэр газарт нь удвал олноор ургажээ. Иймээс энэ цэцгийг эхийн хайр, эхийн сүү шиг ариуны бэлгэдэл хэмээн үзэх нь бий.


Categories
мэдээ цаг-үе

Иргэд цайны цагаараа Туул голыг зорьдог

“Их тэнгэрийн ам”-ны замын хойно баригдаж буй орон сууцны хотхон. Уг барилгын ажлыг зогсоож, газар чөлөөлөх ёстой ч өчигдөр очиход иймэрхүү байдалтай угтлаа. 2019.04.02-ны 15:30 цаг

Туул гол бол Улаанбаатарын иргэдийн амралт, зугаалгын бүс гэж хэлж болно. Өчигдөр нийслэл хот орчимд өдөртөө нэмэх 17 хэм хүртэл дулаан байлаа. Өдрийн 14 цагийн үед Зайсангаас “АСЕМ Вилла” хотхон хүртэл явж Туул голын эргэн тойрныг сурвалжлав. Хэдийгээр голын мөс хайлаагүй байгаа ч өдрийн дулаан, цайны цагаа ашиглан иргэд агаарт гарч салхилж байлаа. Хүмүүс Зайсангийн танктай хөшөөний дэргэдэх сандал дээр хоёр гурваараа суун нарлаж, ойр орчмын оршин суугчид хүүхдүүдээ салхилуулж байгаатай таарлаа. Тэндээс хөдлөөд Маршалын гүүрний баруун талд очив. “Халуун хуушуур, хорхог, шорлог” гэсэн бичигтэй бүхээгтэй цагаан машин зогсжээ. Арын хаалга нь дэлгээтэй. Хүмүүс хуушуур хайруулж, шорлогныхоо хачирыг авч байлаа. Б.Түмэнбаяр яг энд шорлог хийж зараад таван жил болж байгаа юм байна. Өмнө нь Зайсанд зургаа, долоон жил шорлог хийжээ. Зайсан хилл цогцолбор баригдаж, тэр хавийг тохижуулахад тэнд худалдаа, үйлчилгээ эрхэлж байсан иргэд тарж, Б.Түмэнбаяр энд ирж зогсчээ. Тэрнээс хойш эндээ тасралтгүй шорлог зарж өөрийн гэсэн худалдан авагч, үйлчлүүлэгчтэй болсон байна. Шорлогныхоо зуухыг саяхан дэлгэж, модны нүүрсээ шатааж байлаа. Хоёр тусдаа зуух. Нэг зууханд нь модны нүүрс түлж, нөгөөд нь шорлогны махаа утна. Мэргэжлийн хяналтын газар болоод холбогдох хүмүүс нь байнга ирж хяналт тавьдаг юм байна. Б.Түмэнбаяр ардаа битүүмж сайтай зориулалтын хайрцагт гялгар уутанд хөлдөөсөн шортой махаа хийжээ. Тэрээр “Бид шорлогны махаа “Гацуурт” компаниас авдаг.

Эрүүл ахуйн шаардлага хангасан, бичигтэй махаар шорлогоо хийдэг. Би энд ганцаараа зогсч байгаа болохоос биш шорлогны махаа гуянаас нь шулахаас эхлүүлээд шорлоод хөлдөөх хүртэл нь дамжлага бүрт нэг нэг хүн ажилладаг. Бид эрүүл ахуйн тал дээр өндөр шаардлага тавьдаг. Махаа амталдаг бидний өөрсдийн жор бий л дээ. Би анх хоёр Узбек залуутай хамтарч Зайсанд шорлог хийдэг байсан юм. Манай узбек шорлогт дуртай хүмүүс их бий. Тэр хоёр маань нутаг буцаж би үндсэн жороор нь ийнхүү шорлогоо амталдаг юм” гэлээ.

“Ард түмний талбай”

Түүний байнгын үйлчлүүлэгчид нь утасдаж “Баяраа ах аа, төдөн шорлог шарж байгаарай. Төдөн минутын дараа яваад очно” гэж урьдчилаад захичихдаг юм байна. Б.Түмэнбаярыг шорлогнуудаа шарах зуур тэнд замын хоёр талаар машинууд зогссоор байлаа. Захисан шорлогоо авах гээд машин дотроо хүлээж байгаа нь тэр юм байна. Шорлог 15-20 минутын дараа бэлэн болно. Эхний хэдэн шорлог бэлэн болж хачир дээр нь савлаад өглөө. Арын хайрцагнаасаа шортой махаа гаргаж ирээд зуух дээрээ тавина. Шорлог хийхэд хамгийн тохиромжтой нь хонины гуяны зузаан мах юм байна. Та өнөөдөр шорлог хийх гэж байгаа бол хоёр хоногийн өмнө махаа амтлаад хөргөгчнийхөө хамгийн доод талын ногоо хийдэг хэсэгт тавибал тохиромжтой гэдгийг Б.Түмэнбаяр хэлээд “Гэртээ шорлог хийх, энд ирээд шорлог идэх хоёрын хооронд асар их ялгаа бий.

Шорлог нь хүний биед хуралдсан хийг дарж, ядаргааг тайлдаг гэж хүмүүс ярьдаг нь үнэн шүү. Урин дулаан цагт манай шорлогийг идэх гэсэн хүмүүсийн хөл тасардаггүй” гэж байлаа. Эдний шорлог 10 мянган төгрөгийн үнэтэй. Өдөр 12 цагт ирээд орой болтол энд байдаг юм байна. Арав гаруй том, жижиг машин замын хоёр талд зогсч, шорлогоо аваад явангуут суларсан зогсоолд нь өөр нэг машин ирж зогсоод шорлог захиж, тэр зуур бүхээгт машин дээр очиж дугуй хуушуур хайруулаад голын эрэг дээрх модон сандал дээр суусан шигээ өдрийн хоолоо идэцгээж байлаа. Хуушуур нь 1000 төгрөг.

Тэндээс хөдлөөд жаахан явахад замын хойд талд Туул голын хөвөөн дээр гаргасан талбай бий. “Ард түмний талбай” гэж хүмүүсийн дунд нэрлэгддэг энэ хэсэгт агаар салхинд гарсан хүмүүс их байна. Сүүдрэвчинд нь сууж хүүхдээ салхилуулж буй эцэг эхчүүд, ач зээгээ хөтөлсөн ахмадууд явж харагдана. Хэдийгээр Туул гол мөсөн хучлагаа тайлаагүй байгаа ч дулаан өдөр учир цэвэр агаарт гарах гэсэн иргэд замын хоёр талд машинаа тавьж голын хөвөөгөөр алхацгааж байлаа. Ихэвчлэн бага насны хүүхдээ хөтөлсөн, тэвэрсэн, тэрэгтэй хүүхдээ түрсэн гэр бүлүүд харагдав. Маршалын гүүрний цаана, Их тэнгэрийн амны эсрэг талд Туул голын онцгой хамгаалалтын бүсэд “Зүүнбаян рефайнери” гэх компанийн захиалгатай орон сууцны хотхоны барилгууд баригдаж байгаа нь хууль бус гэдгийг тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичиж, мэдээлж байсан билээ. Уг барилгуудыг хууль бус гэж үзэж газрын зөвшөөрлийг нь 2017 онд цуцалж, барилгын ажлаа зогсоохыг БОАЖЯ-наас удаа дараа шаардсан ч үргэлжилсээр байсан юм. Өнгөрсөн жилийн өдийд энэ тухай мэдээ, нийтлэл олон нийтэд хүрч энэ ажил бараг зогсох байх гэж ард иргэд найдаж байсан ч өчигдөр дэргэдүүр нь өнгөрөхөд барилгын ажил зогсоогүйгээр тогтохгүй барилгууд нь сүндэрлэсээр байгаа нь илт. Энэ барилгыг өнгөрөөгөөд “АСЕМ Вилла” хүртэл явахад Богд уул, Туул голын хөвөөг дагасан уртаас урт төмөр хашаанууд замын хоёр талаар үргэлжилнэ. Удахгүй барилгажих нь тодорхой. Түүнээс биш юу боллоо гэж ингэж хашаалах билээ.

“АСЕМ Вилла” хотхон Туул гол руу бохироо урсгаж байсан нь илэрч таван сая төгрөгөөр торгуулсан гэх харамсалтай мэдээ яваад байсан. Уг хотхоныг өнгөрөөд явахад замын баруун гар талд үерийн далан дээр хориглосон тууз татсан, хуучин төмөр хашааг нь зориуд эвдэж хэмхэлсэн, ойр орчмын газрын хөрсийг эргүүлсэн байхыг хараад энд газар шорооны ажил саяхан хийжээ гэж таамаглалаа. Хоёрдугаар сарын 21, 22-ны өдрүүдэд “Асем Вилла” хотхоны цэвэр, бохирын шугамд гэмтэл гарч их хэмжээний ус алдаж, бохир нь Туул голтой нийлсэн юм байна. Уг хотхон одоогоор 53 айлтай бөгөөд анх дэд бүтцийн ажил хийхдээ төвийн шугамд холбогдсон байхаар зохицуулалт хийсэн ч өнгөрсөн намраас тус газарт хөрсний усны бохирдол их байна гэх шалтгаанаар УСУГ-аас бохирын шугамыг хязгаарлажээ. Төвийн шугамд холбох асуудлыг өвөл хийх байсан ч цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан холбоогүйгээс байгаль орчин болоод нийслэлчүүдийн эрүүл мэндэд ноцтой хор хохирол учруулсан энэ үйл явдал болсон юм байна.

Иргэд өдрийн цайны цагаа тааруулан гэр бүлээрээ Туул голын хөвөөг бараадан салхинд гарангаа шорлог, хуушуур идэж цагаа аятай таатай өнгөрүүлж байхад нөгөө нэг хэсэг нь онцгой хамгаалалттай газарт хотхон барьсан шигээ, бохироо гол руу урсгасан шигээ байх нь үл зохилдох мэт. Энэ бүхнээс нэг зүйл тод анзаарагдлаа. Иргэд агаарт гарах гэж, эрүүл мэндээ бодож голын эрэг дээр гишгэхийн тулд машинаа хомсхон зайд, замын хажууд чадан ядан багтааж, чихэлдэж байхад Туул голын хөвөөг хэдэн км-ээр нь хашаалж, ай савд нь хотхон хүртэл барьж байгаа нь хэр нийцтэй болоо. Ямар сайндаа иргэд Туул голын хөвөөнд жирийн иргэдийг хөл тавихыг зөвшөөрдөг ганц газраа “Ард түмний талбай” гэж нэрлэх вэ дээ.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН