Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Батхүүгийн хэргийн Номтыг С.Зоригийн хэргийн Б.Булганы хувь заяа хүлээж байна

УИХ-ын гишүүн асан Г.Батхүү өнгөрсөн сард Төрийн ордонд харамсалтайгаар амиа алдсан. Нэртэй улстөрч, өөрийн гэсэн хөрөнгө мөнгөтэй болж чадсан нэр нөлөө бүхий шилдэг бизнесмэн байсан учир түүний нас барсан гэнэтийн явдалд хүн бүр анхаарал хандуулж, дор бүрнээ шахуу таамаг, сэжиг хэлж байгаа. Уг хэргийг тойрсон үнэн, худал нь эс мэдэгдэх элдэв мэдээлэл цахим орчинд тархаж байна. Энэ бүхэн дунд уг хэргийг ямар ч хамаагүй аргаар Н.Номтойбаяр гишүүн рүү чиглүүлэх гэж улайрч буй үйлдлүүд харагдаад байгаа юм. Хамгийн сүүлд уулзсан хүмүүсийнх нь нэг гэгдээд буй гишүүн Н.Номтойбаяр эртхэн шиг энэ хэргээс нэрээ цэвэрлэж, баталгаатай болгож авахгүй бол түүнийг С.Зоригийн хэргийн гэрч гэгддэг Б.Булганы хувь заяа хүлээж байгаа гэдгийг мэдэж байгаа юу.

Улс төрийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хамтран амьдрагч Б.Булган хэрэг гарсан өдөр буюу 1998 оны аравдугаар сарын 2-нд талийгаачтай хамт байсан хүн нь. Өөрөөр хэлбэл хамгийн сүүлд цуг байсан хүн гэдгээрээ энэ эмэгтэй сүүлийн 20 жилд амьдаараа тамлагдаж байгаа. Тамд байгаа юм шиг л амьдарсан. Эхлээд хань ижлээ алдсан хохирогч гэгдэж байгаад гэрчээр тогтоогдож байлаа. Тэгтэл дараа нь түүнийг сэжигтэн хэмээн ярьцгааж байснаа сүүлдээ “С.Зоригийн аллагыг зохион байгуулсан гэж Б.Булганыг яллагдагчаар татлаа”, “С.Зоригийг хөнөөхөд Б.Булган оролцсон гэх баримт олджээ”, “С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт Б.Булганыг гэрчээр биш, яллагдагчаар татлаа”, “Б.Булган С.Зоригийн хэргийн хань хамсаатан мөн үү”, “Тэр гэрч үү, эсвэл гэмт хэргийн хамжигч уу” гэх мэтээр хаягласан мэдээлэл хөвөрсөн ч алийг нь ч хэн ч батлаагүй. Нөгөөтэйгүүр энэ хүн гадаад дотоодоор чөлөөтэй явах нь бүү хэл нийгэмд ч ил гарч чаддаггүй, ядаж л хүн шиг наадмын талбайд инээмсэглэл тодруулаад алхаж байсныг нь харсан хүн байна уу, байхгүй шүү дээ. Энэ эмэгтэй тамд байгаа мэт 20 жилийг хүний амьдралыг туулахдаа мэдэрсэн. Өнгөрсөн хугацаанд энэ хүн юу эсийг үзэв дээ.

Үүн шиг УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг Г.Батхүү агсны хэргийн сэжигтэн гээд УИХ-аас мултлахад бэлэн болчихоод байна. Ийм эгзэгтэй үед хурдхан шиг нэрээ цэвэрлэж авахгүй бол, улс төрөөс энэ чигтээ гараад явчихвал дахиад улс төрд орох аргагүй болно. Тамд байгаа мэт амьдрал, хувь заяа түүнийг отож байгаа гэдгийг мэдээд үүсч байгаа нөхцөл байдлыг зальжин ашиглаж, далимдуулаад дээрэм, тонуул хийх санаатай хүмүүс түүнийг тойрч байна. Н.Номтойбаярын хувийнх нь болон хувьсгалынх нь бүхий л юман дээр луйвар, тонуул нүүрлэх бүрэн боломжтой. Наад зах нь гэхэд “Би наад хэргээс нэрийг чинь салгаж өгнө”, “Зүгээр болгоод өгье” гээд шан харамж нэхэхээс эхлүүлээд эд юмсыг нь луйвардаж авах гэсэн оролдлого гарна. Тэр мэдээж. Яагаад гэвэл Н.Номтойбаяр бол хөрөнгө мөнгөтэй хүн. Мөнгөтэй хүнийг сайн, муу ээлжлэн хүрээлэх гэхээсээ юм салгачих юмсан гэсэн бодолтой хүмүүс л ээрч тойрч байдаг нь жам.

Тухайн өдөр хэрэг гарсныг хараад цагдаад дуудлага өгсөн хүн бол УИХ-ын гишүүн О.Баасанхүү. Энэ хүн мөнгөгүй юм чинь хэн ч түүнийг тоохгүй, хэргийн талаар ноцтой юм ярилаа ч сонсохгүй.

Бид ийм л нийгэмд амьдарч байгаа. Хэргийн нөхцөл байдал гэхээсээ илүүтэй, энэ хэрэгт хөрөнгө мөнгөтэй ямар хүний нэрийг холбож байгаад юм салгах уу гэсэн тооцоололтой этгээдүүд шуналаа уралдуулж буй. Ингээд л Н.Номтойбаяр, Н.Номтойбаяр гэж ноцоод, далимдуулж мөнгө салгах гээд мэрж эхэлж байна.

Хүний нийгмийн бүхий л түүхээс харж байхад дэлхийн баячууд хөрөнгө мөнгө нь хуримтлагдаж, буян нь дэлгэрэхийн хэрээр улам даруу, дуугүй, нууцлагдмал амьдрал руу шилжсээр иржээ. Энэ бол нэг ёсны хамгаалалт. Хүн төрөлхтний хэдэн мянган жилийн хөгжлийн явцын сүүлийн хэдэн мянганд эдийн засгийн харилцаа үүсч, өмч гэж зүйл бий болж, арилжаа үүссэн үеэс хүмүүс хөрөнгө мөнгөөрөө ялгарч баян, ядуу гэх ойлголт үүссэн. Тэр үеэс өнөөдрийг хүрэхэд баячуудын явж ирсэн зам ерөнхийдөө даруу байх тусмаа хурааж хуримтлуулсан хөрөнгө мөнгөтэйгөө үлдэж чадсан байдаг бол, эсрэгээрээ дуугарч, олны нүдэнд байн байн гарч ирээд байвал түүнийг тал талаас нь хэмлээд амжилтаас нь татаад өмчийг нь хувийнх нь байна уу, хувьсгалынх байна уу хамаагүй тараагаад хаячихдаг гашуун түүх, үйл явдал олноор тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Үүнээс л улбаалж “Баян хүн даруухан байх хэрэгтэй. Мөнгөтэй хүн дуугүй байх ёстой” гэдэг ганцхан л хууль дэлхий дээр үйлчилдэг. Энэ хуулийг дагаж дэлхийн баячууд дуугүй, даруу, чимээгүй аж төрсөөр ирсэн байдаг бол ганцхан “галзуу” өв залгамжлагч байгаа нь Н.Номтойбаяр. Энэ хүний хувийн амьдрал, бизнес, ажил хэрэг нь түмний нүдэнд ил, өөрөө ч нээлттэй, задгай арга барилтай болохоор нэг бол сайд ч хийж гүйж байх юм, эсвэл УИХ-д ч сууж байх шиг. Үнэхээр хашилт, нууцлалгүйгээр ил байгаа хөрөнгө мөнгөтэй залуу.

Гэтэл энэ байдлыг нь далимдуулж, хэрэгт холбож байгаад буюу нэг ёсондоо зовлонд түлхэж унагаж нүхэнд оруулаад аврах гэж байгаа дүр үзүүлж, хөрөнгө мөнгө нэхэх гэсэн хүмүүс түүнийг нохой мэт боорлож байна. Зуд болоход нохой зоолно гэгчийн үлгэрийг л Н.Номтойбаяр дээр биелүүлчих гээд байх шиг.

Г.Батхүү агсны хэрэгтэй ямар ч хамааралгүй гэдэг нь мэдээжийн хэрэг. Гэтэл зориудаар энэ хэрэгт нэрийг нь хачирлаж оруулж, тийм ойлголтыг нийгэм даяар тархаах гэж хичээж байгаа оролдлогыг цааш нь түгээж боломгүй юм.

Хууль, шүүхээр тогтоогоогүй цагт хэн ч гэмт хэрэгтэн биш. Үүнийг Б.Булган амьдралаараа харуулсан. Гэвч нийгэм түүнийг гэрч, сэжигтэн, эцэст нь хэргийн хамаасан мэтээр ойлгосон нь энэ хүнийг хүний нийгэмд хүний ёсоор амьдрах эрхийг нь бүдүүлгээр зөрчөөд байгаа юм.

Н.Номтойбаяр үүсээд буй нөхцөл байдлыг ухаалгаар харж, хэргээс нэрээ цэвэрлэж авахгүй бол түүнийг С.Зоригийн хэргийн Б.Булганы хувь заяа хүлээж байна. Энэ хувь заяаг бүү давт.


Categories
мэдээ цаг-үе

Барилгын салбарт нэвтэрч буй шинэ технологиуд

Царай таних систем

ДЭЭВРИЙН НАРНЫ ХАВТАН БОЛОН ЗАЙ ХУРААГУУР

АНУ-ын “Tesla” болон “So­larCity” компаниуд хамтран барилгын салбарт, тэр дундаа эрчим хүчний хэмнэлттэй ногоон барилгын салбарт шинэ технологиудаа танилцуулжээ. Эдгээр технологиуд нь нарны зай хураагуурыг дээврийн хавтанд суурилуулж өгсөн дээврийн хавтан, хураасан эрчим хүчийг хадгалах батарей юм.

Дээврийн хавтангийн хувьд өндөр бүтээмжтэй зай хураагуур, нарны гэрэл нэвтрүүлэх боломжтой өнгөт хальс болон гадны нөлөөлөлд тэсвэртэй сайжруулсан шил гэсэн гурван давхаргаас бүрджээ. Үзэмжийн хувьд хажуу талаасаа энгийн дээврийн хавтан мэт харагдах боловч дээрээс харвал зай хураагуур нь харагдах байдлаар бүтээгджээ. Мөн эдэлгээний хувьд бусад дээврийн хавтангуудаас удаан эдэлгээтэй болохыг амлаж байгаа юм байна.

Батарейны хувьд “Tesla” компанийн өмнөх хувилбар болох “Powerwall 1” батарейны дараагийн загвар болгож “Powerwall 2”-г танилцуулаад байна. Энэхүү технологи нь 14 кВт.ц чадалтай, эрчим хүч үйлдвэрлэгч хавтангийн тусламжтайгаар нартай үед хуримтлуулсан эрчим хүчээ хадгалан төвийн шугаманд холбогдолгүйгээр орон гэрээ эрчим хүч, дулаанаар 24 цагийн турш хангах боломжийг бүрдүүлэх юм. “Tesla” компани бүтээгдэхүүндээ 10 жилийн баталгаат хугацаа олгох юм байна.

Конкреволл хавтан

ДУУ ТУСГААРЛАГЧ ХАВТАН

Ипотекийн зээл дэлхийд хүчээ авч эхэлсний дараагаар дуу тусгаарлагч хавтангийн эрэлт нэмэгдсэн байна. Ипотекийн зээлийг дагаж улс орнуудад хямд үнэтэй, олон давхар орон сууцнууд ихээр баригдсан бөгөөд үүнийг дагаад барилгын чанарын асуудал сөхөгдөж, тэр дундаа хананы нимгэн зузаанаас шалтгаалсан гомдол барилгын компаниудад ихээр иржээ. Нэгэнт баригдсан барилгын хананд дуу тусгаарлагч хавтан наах арга одоогоор хамгийн эрэлттэй байгаа юм. Харин өндөр зэрэглэлийн, чанартай орон сууцнуудад илүү зузаан, дотроо дуу тусгаарлагч давхаргатай хавтангаар хана, таазыг хийдэг юм.

Дуу тусгаарлагч хавтан гэдэг нь илүүдэл дуу чимээг барилга доторх хана, тааз, шалнаас бусад талбайд нэвтрүүлэхгүй, мөн тухайн барилга доторх орон зайн илүүдэл дууг гадагш түгээхгүй байхаар бүтээгдсэн технологийн хавтанг хэлж байгаа юм. Нягтаршуулсан суурьтай полистер материалаар хийгдсэн уг хавтан нь дуу чимээ өөртөө шингээнэ. Галд тэсвэртэй В1 зэрэглэлийн стандартад нийцсэн тул галын дөлийг дэмждэггүй юм байна. Түүнчлэн дөрвөн талаас нь өндөр даралтаар нягтаршуулсан болохоор ямар ч гадаргуу дээр байрлуулж болдог давуу талтай аж.

БАЙШИНГАА ЦАРАЙ ТАНИХ СИСТЕМЭЭР ХАМГААЛЖ БАЙНА

Хятадын цахим худалдааны загалмайлсан эцэг Алибаба нүүр таних шинэ технологийг нээсэн нь олон хүний таашаалд нийцээд байгаа аж. Дэлхийд анх удаа Hangzhou дэх KFC ресторанд нүүрний төрх таних системээр төлбөр хийдэг машиныг нэвтрүүлжээ. Тус систем нь нэвтэрсэн даруйдаа Хятадын арилжааны технологид тэргүүлэх байр суурийг эзлээд байна. Нүүрний төрхөөр төлбөр хийх систем нь маш хурдан шуурхай бөгөөд ойролцоогоор 10 секундын дотор тухайн хүний төрхийг таньж гүйлгээг хийдэг юм байна.

CNBC, Reuters, Yahoo News, болон бусад барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тус технологийг таашаажээ. Хятад дахь нүүр царай таних системийн үйлдвэрлэлийн зах зээлийн хэмжээ нь 2016 онд нэг тэрбум юань буюу 153.3 сая ам.доллараас давж байсан бөгөөд 2021 он гэхэд 5.1 тэрбум юаньд хүрч магадгүй хэмээн тооцоолжээ.

Царай таних системийг барилгын томоохон корпорациуд сонирхож хяналтын камер, нэвтрэх систем, дохиоллын систем, эргүүлийн систем, царай таних системийн чиглэлээр ажилладаг дэлхийд тэргүүлэгч компаниудад хандаад байгаа аж. Энд жишээ болгож Испани улсын Herta Security компанийн хүний царай таних системийг товч танилцуулъя. Энэ нь хүн ихээр цугларсан олон нийтийн газар царайг алдалгүй таних, нас хүйсээр ангилан бүртгэж статистик мэдээлэл боловсруулах, нэвтрэх системтэй хоршин ажиллах, видео архиваас шүүлт хийх, хайлтын өгөгдлийг бүртгэх зэрэг олон үйлдлүүдлийг гүйцэтгэдэг ухаалаг систем юм.

Үзүүлэлтээс нь дурдвал, олон тооны царайг богино хугацаанд таних, хэд хэдэн камерын дүрсэн дээр нэгэн зэрэг анализ хийх, бүрэн автомат, халдлагаас хамгаалагдсан, нүүрний хувиралт, орчны гэрэлтүүлгийн нөлөө, нүдний шил, сахал, ороолт, малгайтай байсан ч хүний царайг алдалгүй таньж ажиллах, фото зураг болон видеоноос хайлтын өгөгдөл оруулах давуу талтай. Энэ системийг байшингийнхаа гадна суурилуулснаар гэр рүү нь гадны этгээд, танихгүй царайтай хүн дөхөж ирж байгааг дотор байгаа эздэдээ мэдээлэх, мөн гар утас руу нь мэдээллийг зураг, бичлэг хэлбэрээр шууд илгээх үйлдлүүдтэй юм байна.

Дээврийн нарны хавтан болон зай хураагуур

КОНКРЕВОЛЛ СИСТЕМ

Газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд зориулж дулаан болон дуу чимээ тусгаарлалт сайн байхаар зохион бүтээсэн хавтанг Конкреволл системийн хавтан гэдэг. Маш олон давуу талтайн дээр угсрахад хялбар учраас конкреволл системийг барилгын дэвшилтэт технологи гэж тодорхойлжээ. Ийм төрлийн хавтанг монголчууд дотооддоо үйлдвэрлэдэг болоод байгаа юм.

Конкреволл системийн технологи нь барилгын төмөр бетон хийц дээр тулгуурласан технологи бөгөөд хэвтээ, босоо, хөндлөн гурван чигт арматурчлагдсан хөөсөнцөр дулаалгатай цутгамал хана юм. Дан хавтан буюу 1-2 даацын гадна болон дотор хана, цутгамал каркасан барилгын гадна дотор дүүргэгч ханаар ашиглах, давхар хавтан буюу хоёроос дээш давхар барилгын даацын хана болон хучилтын хавтан гэсэн гурван төрлийн конкреволл хавтан байдаг аж. Энэ хавтан нь дулаан тусгаарлалт өндөртэй.

Дан болон давхар хавтангийн дулаан тусгаарлах чадвар нь маш өндөр. Хөөсөнцөр хавтан нь дулаан тусгаарлах чадвар өндөртэйгөөс гадна уур, усыг маш сайн тусгаарладаг. Хоёрдугаарт, газар хөдлөлтөд тэсвэртэй. Уламжлалт аргаар барьдаг барилгатай адил багана, дам нуруун дээр ачааг авдаггүй. Хоорондоо бат бөх холбогдсон хана бүхэлдээ ачааллыг жигд авдаг. Энэ нь барилгын эргэн тойрон бүхэлдээ хамгаалагдан, ямар нэг гадны цохилт, доргилтод тэсвэртэй байдаг юм.

Гуравдугаарт, дуу чимээний тусгаарлалт сайтай. Давхар хавтангийн дуу тусгаарлах чадвар маш сайн. Тодруулбал байшингийн гадна гарсан дуу чимээ дотор талд зургаа дахин багасч сонсогддог. Энэ нь хавтангийн таван үе давхаргын шавар, хөөсөнцөр, арматурласан бетон, хөөсөнцөр, шавар буюу өнгөлгөөний нягтаас шууд хамаардаг аж. Дөрөвдүгээрт, галд тэсвэрлэх чадвартай. Конкреволл хавтангийн нэг талыг 1000С-д халаахад гурван цагийн дараа нөгөө талд нь дөнгөж 48С хүртэл халдаг. Үүнээс үзэхэд хавтангийн олон давхар бүтэц нь хөөсөнцөр шатахгүйгээр агших нөхцөлийг бүрдүүлдэг төдийгүй хлорон суурьтай хөөсөнцөр хавтан шиг хорт хий ялгаруулахгүй. Мөн конкреволл системийн хавтангаар барилгын гадна дүүргэлтийн ханыг дүүргэхэд нэг метр хананаас 0.1-0.2 м2 талбай хэмнэдэг олон давуу талтай, шинэ технологиор бүтээгджээ.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​Б.ЦЭРЭНПЭЛЖЭЭ: Монголоос аваачсан гурван хуц маань лаос хонинуудыг тоохгүй сар болж билээ


Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Монгол Улс 1980-аад оны эхээр Бүгд Найрамдах Ардчилсан Лаос ард улс (БНАЛАУ)-д буцалтгүй тусламжаар хүн эмнэлэг байгуулж, хониных нь үүлдэр угсааг сайжруулах зорилгоор монгол хонь аваачиж, хонины аж ахуй байгуулж өгч байсан түүхтэй. Энэ уламжлалаар өнгөрсөн жил манай улсын Засгийн газар Лаос улс руу 1000 хонь онгоцоор тээвэрлэж аваачсан билээ.

Тухайн үеийн Хөдөө аж ахуйн яаманд мэргэжилтнээр ажиллаж байсан Б.Цэрэнпэлжээ 1981-1986 онд Лаост хонь үржүүлж байжээ. Тэрээр 33 жилийн дараа Лаост дахин очиж хонь үржүүлж байсан Сиангкхуанг муждаа очоод ирсэн байна. Түүнтэй ярилцлаа.


-Та хонины аж ахуйд ямар ажил эрхэлж байсан бэ?

-Би ургамал судлаач мэргэжилтэй. Ленинградын Хөдөө аж ахуйн дээд сургуулийг төгссөн юм. Монгол Улс тухайн үед буцалтгүй тусламжаар Лаост Хонины аж ахуйн туршлага станцыг байгуулж байсан. Бид хонины тэжээлийн бааз байгуулж, цагаан будаа тарьж байлаа. Малынхаа тэжээлийг өөрсдөө тарьдаг байлаа.

-Лаост анх хэдэн хонь аваачсан юм бэ. гурван хуц туршилтаар аваачиж байсан гэж дуулсан юм байна?

-Анх туршилтаар гурван хуц аваачсан юм. Нутгийн арав, хорин хоньтой эрлийзжүүлэх зорилгоор авч очсон. Социализмын үе байлаа. Гурван хуцаа их дуулиантай авч очсон доо.

Хятадтай харилцаа муу болохоор Хятадаар явж болдоггүй. Оросоор яваад Москвагаас Вьетнамын нийслэл Ханой ороод, Ханойгоос Лаосын нийслэл Вьентьянд хүрсэн. Тэндээс хойшоогоо Лаосын хойд нутаг Синхуан (Лаосын зүүн хойд нутгийн Сиангкхуанг мужийг хэлэв.сурв) нутагт очсон. Тэнд манай эмнэлэг, хонины аж ахуй бий болсон.

Дайны дараах таван жил байлаа. Хүн ам нь бүгд дүрвээд гараад явчихсан байсан үе. Нутаг орон нь бөмбөгдөлтөд маш ихээр өртчихсөн, буу, сум, тэсрээгүй бөмбөг үй олноороо тархсан. Иргэд нь дөнгөж л буцаж ирж байлаа. Тийм л дүр төрхтэй нутагт очсон. Нутгийн цаг агаар нь манайхтай ойролцоо. Халуун орон ч гэлээ далайн түвшнээс дээш 1500 метрийн өндөрт оршдог газар.

Эндээс Москва руу гурван хуцаа аваачаад Ханойн онгоцонд тавих гэсэн чинь ачуулдаггүй. Бог малыг 10 мянган метрийн өндөрт онгоцоор тээвэрлэж байсан туршлага дэлхийд байхгүй гээд зөвшөөрдөггүй. Харин манайхан болохоор “Аа, яадаг юм. Гурван хуц үхвэл үхнэ л биз. Тавиад нисгэ” гээд тэгээд явуулчихсан юм. Бид чинь оросуудтай зузаан байсан болохоор хаалгадаж байгаад явуулчихсан л даа (инээв).

-Яаж тэр вэ?

-Ханой руу хуцнуудаа тээвэрлэх гэсэн чинь зорчигчдын явдаг хоолойгоор явуулдаггүй. Тэгэхээр нь төрийн томчууд, мундаг хүмүүсийн явдаг тусгай хаалгаар нь хуцнуудаа оруулаад суулгачихсан. Ханойд очоод гурван хуц маань халууцаад. Манай Элчингийнхэн усаар шүршээд. Тэндээсээ Лаос руу хуцнууд маань бас онгоцоор явсан. Лаост буугаад хойшоогоо мөн л цэргийн онгоцоор Синхуанд буусан юм. Гурван хуцыг маань их сайхан угтсан. Байр байшинг нь бид бэлдчихсэн байсан. Гурван хуцаа Лаосын хэдэн эм хоньтой нэг байшинд хашна. Өнөөдүүл нь гэж хариу байхгүй давжаа юмнууд. Тэдэн рүү манай гурван хуц ойртдоггүй.

-Тоохгүй байгаа хэрэг үү?

-Тоодоггүй ээ. Лаосчууд манай гурав руу ойртохоор мөргөөд болдоггүй. Хонинуудыг нь тоохгүй, эздийг нь мөргөж алчих гээд байдаг. Тэд “Танай хуцнууд монгол хүндээ сайн. Биднийг ерөөсөө ойртуулахгүй юм” гэж гомдоллоно. Манай гурав тэр буланд, лаос хонинууд нөгөө буланд л зогсч байна. Нийлэхгүй нэлээд хоносон. Бараг хориод хоног болсон шүү. Тэгж тэгж л сарын дараа нэг юм ижилссэн. Тэгээд яахав төл гарсаан гарсан. Эхээ дуурайсан давжаа төл гарвал бид шууд устгаж байсан. Шууд заазлаад. Хариу байхгүй юм төрнө. Өөрсдийнхөө хар халзан, шар халзан хуцнуудыг дуурайсан төлүүдийг бүгдийг авч бойжуулна. Анх удаа тэнд очиход хэцүү. Халуун орны янз бүрийн өвчин байна. Хумхаа мумхаа бол энүүхэнд. Хажууд нь тэсрэх бөмбөг, минд өртөх гээд аюултай. Лаосын засаг намайг арваад ямаа ав гээд даалгавар өгчихсөн. Нөгөөдүүлийг нь авах гэж хойно байдаг өндөр уул руу мацаад наймаа хийж явлаа. Ямаануудаа буулгах гээд чадахгүй. Нэг нэгээр нь үүрээд буулгаж билээ. Арваад ямаагаа хонинууддаа ижилсүүлээд авсан. Тэгтэл хонь, ямаанд маань хоёр ч халдварт өвчин халддаг юм байна. Хонь дээр маань эргүү маягийн юм даа, тиймэрхүү өвчин гарлаа. Ямаан дээр годрон өвчин гардаг юм байна. Вакцин, тариа мариа юу ч байхгүй. Монголоос вакцин авчруулж арай гэж өвчнийг нь тогтоож авсан. Халуун орны ургамал чинь зэгс, дэрс маягийн өндөр ургана. Хонь маланд тохиромжгүй. Тэр өвсүүдийг нь шатаана даа.

Тэнд хоёр улиралтай. Борооны улирал зургаан сар үргэлжилнэ. Хуурай улирал зургаан сар үргэлжилнэ. Борооны улиралд хэцүү. Элдэв өвчин гарна. Малын туурай мултарч унана. Тэр нь жаахан хэцүү байсан. Манай аж ахуй чинь жижигхээн хөөрхөн, арваад ажилчинтай. Тэгээд бас тэр нутаг чинь үймээн самуунтай. Вьетнам цэргүүд манайхыг хамгаална. Оросын аж ахуй манай хажууханд. Үхрийн аж ахуй нь байсан. Манайхтай бараг зэргэлдээ. Нөгөө талаас Тайландын хөлсний цэргүүдийг Хятад зэвсгээр, Америк мөнгөөр хангадаг. Ийм байлаа шүү дээ, тэр үед (инээв).

-Тэр гурван хуцыг яаж сонгож, аль аймгаас аваачсан юм бэ. Ямар үүлдрийнх байсан бэ?

-Төв аймгийн Сэргэлэн сумаас л очсон. Гурвуулаа үр төлөө өгсөөр байгаад монгол маягийн гурав, дөрвөн зуугаад хоньтой болсон шүү дээ, тэнд. Тавын жилийн хугацаанд гэсэн үг. Монгол шинжтэй хонинуудыг нь үлдээгээд нөгөөдүүлийг заазлаад байсан. Бас нэг хэцүү юм нь манай ажилчид тараад тараад алга болчихно. Тэгтэл ажилчдыг цагаан будаагаар хангаж байх ёстой юм гэнэ. Тэгэхээр нь цагаан будаа тарилаа.

-Та тарьсан уу?

-Тэгсэн, би тарьсан. Тэд чинь бүгдээрээ усан дотор цагаан будаагаа тарьдаг юм байна. Борооны улиралд 1500 мм тунадас унадаг, асар их бороотой. Тэгээд би цагаан будааг усалгаагүйгээр тарилаа. Болох нь уу, үгүй юу гэж туршиж байгаа л байхгүй юу.

-Тэгсэн чинь?

-Тэгсэн чинь их гоё ургасан. Оросууд цагаан будааг усалгаагүй тарьж болох юм байна гэж санаа аваад бид нийлээд тэндхийн газрыг хагалаад шууд л цагаан будаа тарьж эхэллээ. Манайх зуугаад га талбайтай. Тэр талбайдаа тарина. Цагаан будаагаар тэндхийнхнийг ёстой нэг хангаж байсан даа. Дайны дараах хүнд үе байсан болохоор бүх юм нормтой. Өдөрт нэг килограмм цагаан будааны нормтой. Манай аж ахуй нэг хүнд өдөрт гурван кг оногдохоор будаа өгнө.

-Одоо тэр гурван хуцны үр төл гэж тоймгүй юм бий байлгүй?

-Байхгүй шахуу болчихсон байна лээ. Би саяхан яваад ирсэн ш дээ.

-Хэзээ?

-Шинэ жилийн үеэр яваад Мартын наймны үеэр ирсэн. 1000 хонин дээрээ очоод ирсэн юм. Намайг мундаг хүлээж авсан юм. Хөдөө аж ахуйн яам нь бүх зардлыг даагаад таван одтой зочид буудалд буулгаж мундаг хүлээж авч байна билээ. Синхуандаа очсон, үзсэн, харсан. Манай байгуулсан аж ахуй бараг байхгүй болчихож. Суурин дээр нь махны чиглэлийн үхэр үржүүлж байна. Манай нөгөө гурван хуцны үр төлөөс хоёр хонь л үлдэж. Манай аж ахуйн Сүбон гээд малын эмч байсан юм. Тэр хүн авч үлдсэн юм. 33 жилийн дараа би очиж байгаа шүү дээ. Тэгтэл бидний үржүүлж байсан сүргээс хоёрхон хонь үлджээ. Уг нь үржүүлээд байсан бол хэдэн мянга болно ш дээ.

-Яачихсан юм, идчихсэн юм уу?

-Идчихгүй юу. Тэд чинь идэхээ л мэднэ.

-Монгол хонины мах идээд юу гэж хэлж байсан бэ?

-Огт өөр амттай. Би лаос хонины мах идэж үзсээн. Амт шимтээрээ монгол хонины махыг яаж гүйцэх вэ. Гүйцэхгүй шүү дээ. Хонины аж ахуйд ирэхээрээ үнэр танараас нь сэжиглээд хамар, амаа дарна. Муухай юм байна гэнэ. Тэгээд махыг нь идэхээрээ ухаангүй иднэ. “Ямар сайхан амттай юм” гэлцэнэ. Тэнд хурга хөнгөлнө гэж мэдэхгүй. Хургаа засдаггүй болохоор махнаас нь шивтэр үнэртээд байдаг юм. Манайх чинь малаа засдаг болохоор шивтэр үнэртдэггүй. Тэгээд мах нь тийм гоё амттай байдаг.

-Эрс тэс уур амьсгалтай газарт байсан хонинууд халуун оронд очоод халууцаж давчдахаас эхлүүлээд зовдог л байх?

-Зүгээр. Дасна аа, дасна. Манай мал, хүн хоёр бол хаана ч дасдаг юм. Борооны улиралд гадагшаа гаргахаар их ус, чийгнээс болоод туурай нь мултарч унаад, өвчин тусаад байсан. Тэгэхээр нь тэндхийн тохирсон таримал бэлчээр, нэмэгдэл тэжээл, багсармал тэжээл өгч байж л онд оруулдаг байлаа. Тэр нь яах вэ, цөөхөөн. Нэг сар л тэгж тэжээнэ. Тэгээд яах вэ хүнтэй нь, малтай нь аж ахуйгаа сайн авч явсан гээд Лаосын Засгийн газар төрийнхөө хоёр ч одонгоор намайг шагнасаан.

-Ямар ямар одон бэ?

-“Найрамдал” одон. Нөгөөх нь Эрх чөлөөний II зэргийн одон. Таван жилийн хугацаанд бид чинь тэдний хүүхдүүдэд ТМС-ийн боловсрол олгосон, хөдөө аж ахуйн чиглэлээр. 30 гаруй хүүхдийг сургасан. Манай малын эмч Жамбалсүрэн гэж байлаа. Дараа нь Довчин гэж хүн байлаа. Зоотехникч Баттөмөр гэж байсан. Бид хэд л хүүхдүүдийг сургаж байлаа.


ЛАОСЧУУД ДЭЛХИЙН ХАМГИЙН ХҮНЛЭГ ХҮМҮҮС

-Хонь үржүүлэх ажлаар хичнээн монгол хүн Лаост очсон юм бэ, тэр үед?

-Эхлээд гурвуулаа очсон. Малын эмч, зоотехникчид. Дараа нь намайг тэнд үргэлжлүүлж ажилла гэж хугацааг минь сунгаад. Халуун оронд гадны хүн хоёр жил хүртэлх хугацаанд л ажилладаг юм байна. Би чинь арай гэж хоёр жил ажиллачихаад буцах гэсэн чинь “Лаосын Засгийн газрын хүсэлтээр таныг үргэлжлүүлэн сунгаж ажиллуулна” гэсэн хүсэлт тавьсан гэж Намын төв хорооноос дуулгадаг юм байна. Тэгээд би аргагүйн эрхэнд тэнд үлдсэн.

-Ю.Цэдэнбал даргын тушаалаар л та Лаост үргэлжлүүлэн үлдэж дээ?

-Тэгсэн. Үндсэндээ л Ю.Цэдэнбал дарга Лаосын ерөнхий сайд Кейсон Фомвихан хоёрын л ярьж тохиролцсон ажил. Одоо тэдний мөнгөн дэвсгэрт дээр Кейсон Фомвихан даргын зураг байдаг байхгүй юу.

-Таныг яагаад Лаост хонь үржүүлэх ажлаар явуулсан юм бэ?

-ХАА-н сайд Л.Ринчин гуай намайг явуулсан юм. Төв хороо намайг дуудсан. Тэд ХАА-н яамны нэг боловсон хүчнийг явуулъя гэсэн юм билээ.

-Дээрээс таныг гэнэт л дуудаад “Лаос яв” гэсэн байх. Тэгэхэд Лаос орны талаар хэр мэдээлэлтэй байв?

-Юу ч байхгүй (Инээв). Москвад очоод онгоцонд суусан чинь яагаад ч юм намайг Хабаровскт аваачаад хаячихсан. Бүүр тээр Алс дорнодод шүү дээ. Арван хэдэн мянган км нисээд. Тэндээс намайг явуулахгүй удсан. Бодвол манай улс руу холбоо барьж, намайг Монгол Улсын иргэн үү, үгүй юу гэдгийг тодруулсан байх. Тэндээсээ яваад Өмнөд Солонгос, Тайвань гээд бас арваад мянган км нислээ. Хориод мянган км нисэхэд бол хоёр чих минь ёстой юу ч дуулахаа байчихсан. Тэгээд л Хошимин хотод буюу Вьетнамын урд хэсэгт буусан чинь халуун гэж жигтэйхэн. Миний бүх хувцас бороонд цохиулсан юм шиг хөлсөндөө нороод өмдний шуумгаар хөлс урсч байна. Тэгсэн чинь Оросын экипажийнхан яг над шиг хөлсөө урсгачихсан миний хажуугаар өнгөрч байна. Тэгэхээр нь би “Өө, адилхан л юм байна” гээд санаа амарч билээ. Тэгэхэд би итгэхгүй байсан. Нээрэн л ийм газар байдаг юм байх даа, ийм л газар очих юм байх даа гэж гайхаж байлаа. Тэгээд л Хошиминээс хойшоо Ханой руу ниссэн. Тэр хоёрын хооронд эрүүл газар байдаггүй юм билээ. Тэр чигээрээ цагаан будаа тарьчихсан. Уулан дээр хүртэл шүү дээ. Хөөрхий, дайны дараа хэцүү байсан байх. Намайг очиход Ханойн хамгийн өндөр байшин нь хоёр, гуравхан давхар. Зах худалдааны газар нь авах юм байхгүй. Өрөвдмөөр. Одоо харин мундаг болчихсон байна билээ.

-33 жилийн дараа та дахиж очиж шүү?

-Тэглээ, Лаосын Засгийн газрын урилгаар. 1000 хонин дээр хоёр монгол залуу очжээ. Тэр хоёртоо баахан зөвлөгөө өглөө. 1000 хониноос нь 300-гаад нь төллөсөн. Бас нэлээд хэд нь үхжээ, янз бүрийн өвчнөөр. Гэхдээ яахав, тогтворжоод ирвэл гайгүй шүү дээ. Цэвэр цусны монгол хонь тэсвэртэй, гайгүй болно гэж бодож байгаа. Уг нь намайг анх энэ 1000 хонин дээр ажиллаад өгнө үү гэж урьсан юм. Би биеийн байдлаасаа болоод татгалзсан л даа.

-Таны нас сүүдэр хэд хүрч байна?

-Дал гаран насыг зооглоод явж байна. Лаост манай нэг охин сураад тэндээ ажиллаж байгаа. Хүргэн, охин хоёр минь тэнд байгаа болохоор бас далим гаргаж очсон байхгүй юу. Батлан хамгаалах яам нь манай 1000 хонийг авчээ. Би хуучин шигээ 1000 хувийг лаосчууд дийлэхгүй хэцүүдэх байх гэж бодсон чинь үгүй юм. Лаос хөгжөөд лут болсон байна. Танигдахын аргагүй. Ард түмнийх нь амьдрал сайжирсан байна. Мундаг болсон байна.

-Хонь үржүүлж байсан Сиангкхуанг мужийнхантайгаа уулзсан уу?

-Уулзсан. Гудманд таараад сүйд болсон. Лаосын ХАА-н яаманд байсан миний мэдэх хүмүүс байхгүй болж, залуучуудтай болсон байна билээ. Синхуан (Лаосын зүүн хойд нутгийн Сиангкхуанг мужийг хэлэв.сурв) муж их өргөжсөн байна лээ. Тэр үед Синхуан чинь цахилгаангүй, дэнгийн гэрэлтэй л байсан юм. Манайх чинь тэнд хоёр давхар эмнэлэг барьж өгсөн. Тэр нь хамгийн өндөр барилга нь байсан юм. Тэгсэн чинь одоо манай тэр эмнэлэг харагдахгүй байгаа шүү дээ. Гэхдээ хүмүүс тэр эмнэлгийг маш ихээр зорьж очдог юм байна. Их сайн үйлчилгээтэй. Яагаад вэ гэвэл эмнэлгийн дарга нь манай улсад ирж Анагаах ухааны их сургуулийг төгссөн юм байна. Монгол хэлтэй хүн байна. Манай улсад төгссөн зургаан эмч тэр эмнэлэгт ажиллаж байна.

-Та аль аймгийн хүн бэ?

-Завхан аймгийн Баянтэс сумын хүн.

-Одоо та хаана, юу хийж байна вэ?

-Хувийн жижиг бизнестэй, “Нарантуул” зах дээр. Мал аж ахуйн хүрээлэнд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан.

-Ер нь аливаа үндэстний онцлог зан ааш, авир гэж бий. Лаосчууд ямар онцлогтой хүмүүс вэ?

-Халуун орны хүмүүс ойролцоо ааштай хүмүүс байдаг. Лаосчууд манайхтай их төстэй. Залхуудуу, чалчаа. Хүнлэг талаараа бол харин дэлхийд нэг номерынх байх аа. Маш хүнлэг. Дэндүү хүнлэг. Ер нь халуун орны хүмүүс чинь нэг уурлавал мундаг уурлана. Гэхдээ барагтай бол уурлахгүй дээ. Инээгээд л байна. Инээгээд л яваад байна. Залхуудуу юм. Манайд чинь социализмын үед чанга байлаа шүү дээ. Өглөө ажилд ирэх, орой тарах цагийг хатуу баримталдаг байсан. Би яг тэр дэглэмээрээ барих гээд чадахгүй байсан шүү дээ. Тэр чинь ч чадахгүй байх нь арга ч үгүй байсан юм билээ л дээ. Оросууд бас яг тэгж барих гээд дургүйг нь хүргэсэн. Би тэрийг нь мэдчихээд ажлыг нь хуваарилаад өгчихдөг байсан. Чи өнөөдөр үүнийг хий. Шөнө байна уу, өдөр байна уу хамаагүй. Дуртай цагтаа л ажиллаад дуусга гэдэг байсан. Тэд өдөр ажиллахаас яагаад цааргалаад байдаг байсан бэ гэхээр өдөр нь ногоогоо тарьдаг байсан юм билээ. Тэд чинь бас амьдрах хэрэгтэй биз дээ. Би тэдний гэрээр орж гарна. Анх лаос нэг үг ч мэдэхгүй бууж байсан хүн шүү дээ. Наашаа явахын үед лаосоор сайн ярьдаг байлаа. Одоо бол мартсан байна лээ. Сая очоод муухан л ярьж байна лээ. Ихэнх үг мартагдаад.

-Тухайн үед танд гэр орон, эх орноосоо хол хэцүү л байсан байх. Харин одоо эргээд бодоход хүн болгонд тохиохгүй ажил хийж, сонирхолтой газар очиж ажиллаж шүү гэж бодогдоно биз. Энэ нь нөгөө талаар хоёр орны найрамдлын асуудал цаашилбал хүмүүнлэг, энэрэнгүй үйлс байж шүү дээ?

-Ёстой гоё дурсамж үлдсэн. Одоо байгаа энэ Лаосын Элчин сайд байна шүү дээ, Ерөнхийлөгчөөсөө эхлүүлээд хэнбугай ч ирсэн намайг урьдаг юм. Лаосчуудын хүнлэг чанар тэр. Тус болсон хүнээ мартахгүй. Намайг ерөөсөө мартдаггүй. Ямар ч арга хэмжээн дээрээ заавал урина. Тийм сайхан. Сая очиход Батлан хамгаалах яам, Хөдөө аж ахуйн яам нь мундаг хүлээж авсан. Би эндээс ХХААХҮЯ-ны төлөөлөгчидтэй хамт очсон л доо. Тэд ч ярьж байна лээ, “Та ч түүхэн хүн байна шүү дээ” гээд.

-Та Лаост ажиллаж байхдаа төвийн сонин хэвлэлд нь зөндөө л гарч байсан байх даа?

-Гарч л байсан байх. Сурвалжлагч ховор ирнэ. Харин гадаадынхан их ирнэ. Австральчууд ойрхон болохоороо “Энд монголчууд хонь үржүүлдэг гэнэ. Үзье, харъя” гэнэ. Тэгэхээр лаосчууд тэдэнд үзүүлэх ч үгүй. Ойртуулахгүй. Тэр бүс бол тусгай бүс, цэргийн гэмээр. Тэр рүү зөвхөн гадны иргэдээс монгол, орос, вьетнамчууд л орно.

-Тэнд байгаа хонинуудыг байнга шахуу ноосолдог уу?

-Ноос нь хөөрөөд ирэнгүүт л хяргаад байна. Синхуан чинь уултай, талтай. Усаар элбэг. Нуур, цөөрөм ихтэй. Чийглэг. Зургаан сарын турш бороогоор нүдчихээр хэцүү л дээ. Одоо хуурай зургаан сар нь болно. Тэр үед нь л тариалангаа амжуулна.

-Та хэдэн хүүхэдтэй вэ?

-Дөрөв.

-Таны мэргэжлийг эзэмшсэн үү?

-Байхгүй. Лаост байгаа охин маань тэнд Олон улсын харилцааны сургууль төгссөн. Отгон хүүхэд маань Солонгост байна. Нөгөө хоёр нь эндээ бизнес эрхэлдэг юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Албаны жийпээ хүүхдийн цэцэрлэгээр сольсон Засаг дарга

Төв аймгийн Борнуур сумын Засаг даргаар Б.Ууганбаяр гэж залуу ажиллаж байна. Уншигчид өнгөрсөн долоо хоногт манай сонинд нийтлэгдсэн хаврын тариалалтын сурвалжлагаас түүний ярилцлагыг уншсан билээ. Тэрээр монголчуудад хэрэгтэй бүх ногоог Борнуур сумынхан тарьж чадна, тэр 50 га хүлэмжээр зогсохгүй Монголыг бүхэлд нь хангах нөөц бололцоо, чадамж өөрсдөд нь байгааг онцолсон. Мөн Элчин сайдын яамдын хүсэлтэд нийцсэн бүхий л нарийн ногоо тариалдаг байсан хүлэмж нь удахгүй ашиглалтад ороход бэлэн болсныг дуулгаж “Бид ямар ч ногоог ургуулж чадна. Борнуурынхан Улаанбаатар хотын ресторануудын захиалсан бүхий л төрлийн нарийн ногоог ургуулж, нийлүүлдэг. Та бүхэн долдугаар сард хүрээд ир. Ногоо яаж тарьдгийг харна уу” гэж ам бардам хэлсэн. Түүний яриагаар бол бид л дотоодын ногоочдоо чамлаад байгаа болохоос биш нарийн гэсэн бүх ногоог төрөл төрлөөр нь ургуулж чадах мэдлэг, боловсрол, туршлага, сэтгэлтэй тариаланчид Борнуурт дүүрэн байгаа юм. Түүний ингэж ярьж байгаа нь аргагүй. Социализмын үед Борнуур сум Зүүн Германтай түншийн харилцаатай байж тракторчин, саальчнаас эхлүүлээд хөдөө аж ахуйн чиглэлийн бүх мэргэжилтнүүдээ Германд сургаж байсан бөгөөд тухайн үед зоотехникч, агрономич гээд хөдөө аж ахуйн чиглэлийн мэргэжилтнүүдийг нийгмийн захиалгаар сургаж, боловсруулж ажил дээр гаргадаг байсан учир тэд нийгмийн боловсролтой хэсэг байсан. Борнуурт герман мэргэжилтнүүд ирж нутгийн иргэдэд зааж сургаж байсныг Б.Ууганбаяр дарга нүдээр үзсэн унаган хүү юм байна. Борнуур сум газар тариалангийн өгөөжтэй, чадамжтай, туршлагатай онцгой газар гэдэг нь энэ бүгдээс харагдах бөгөөд суманд нь аймаг, улсын аварга тариаланчид хэдэн арваараа байгаа нь энэ бүхний баталгаа. Үүнээс гадна Монгол даяар, Монголын бүх сум, дүүрэг, аймаг, яамд, төрийн байгууллагуудын дарга нар хэрэгжүүлж болмоор нэг зүйлийг Борнуур сумын Засаг дарга Б.Ууганбаяр эхлүүлжээ. Сумын Засаг дарга болоход аймгаас нь туулах чадвартай машин ав гэж төсөвлөсөн 45 сая төгрөгөөс татгалзаж, мөнгөний зориулалтыг нь хүүхдийн цэцэрлэг болгон өөрчлүүлээд төсвөөс нэмж 140 саяыг гаргуулж, өөрөө гүйж байж Тайванийн хөгжлийн сангаас 45 сая төгрөгөөр цэцэрлэгийн бохирын асуудлыг шийдүүлсэн байна. Ингэж орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн 75 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг Борнуурт үүдээ нээж, арван хүн байнгын ажлын байртай болжээ. Өөрт нь машин ав гэж төсөвлөсөн 45 сая төгрөгөөс татгалзаж, оронд нь хүүхдийн цэцэрлэг бий болгосон Б.Ууганбаяр бол Монголын орчин цагийн даргын тод жишээ болж байна. Б.Ууганбаяр “Хэрвээ би хүүхдийн цэцэрлэг байгуулах санал гаргаагүй бол сумын захиргааны гадаа нэг том жийп машин зогсож байх л байлаа. Засаг дарга хүн байгалийн ямар ч хүнд бэрх үед иргэддээ хүрч үйлчлэх ёстой. Найз нөхөд, эргэн тойрныхныхоо машин тэрэгт дайгдаад ажлаа амжуулаад болоод л байдаг юм. Уг нь нэг приус маркийн машинтай байсан ч түүнийгээ Цагдаагийн хэлтэстээ өгчихсөн. Цагдаагийн хэлтэст машин шиг хэрэгтэй юм үгүй шүү дээ. Сонгогдож гарч ирснийх төрсөн нутагтаа юм хийж үлдээе гэж л боддог юм. Дахиж сонгогдохгүй байсан ч хамаа алга. Байгаа хугацаандаа л юм бүтээе гэж зорьж явна” гэж сурвалжлагын үеэр ярьж байсан юм. Б.Ууганбаяр даргыг ийнхүү машин тэрэг унадаггүй гэдгийг дуулсан хүмүүс “Төрийн түшээ ийм л байх ёстой. Ийм л залуус Монголын ирээдүйг авч явна” гэж баярлаж байна. Б.Ууганбаяр бол шинэ цагийн, шинэ үеийн залуучуудын төлөөлөл юм. Аливаа албан тушаалд очингуутаа өөрийнхөө эрх ашгийг бодож, амин хувиа хичээдэг хүмүүсийн үе улирч, Б.Ууганбаяр шиг хүмүүст хэрэгтэй зүйл хийхийн төлөө өөрийнхөө эрх ашгийг хойш тавьж чаддаг шинэ залуу үеийнхэн гарч ирж байгаа нь энэ юм. Түүний энэхүү үйлдэл, ажилдаа хандаж буй хандлагыг сум, аймаг, дүүрэг, хот, яам, агентлаг, төрийн бүхий л шатны байгууллага, Монголын төр жишиг болгох хэрэгтэй байна.

Албаны жийпээ хүүхдийн цэцэрлэгээр сольж чадсан сумын Засаг дарга Б.Ууганбаярыг жишиг болгож, Монголын бүхий л шатны дарга нар өөрсдөдөө дүгнэлт хийх цаг нь болжээ. Шинэ цагийн дарга гэж ийм л залуусыг хэлнэ, ямрав дээ (ямар вэ дээ).


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Төрийн эрх мэдлийг 60 тэрбумаар авсан гэгддэг нам одоо төрийн эрхийг 300 тэрбумаар авна гэж даналзах боллоо

УИХ дахь МАН-ын бүлэг Итгэлийн зээл олгох тухай хуулийн төслийг хэлэлцэж, бүлгийн гишүүдийн ихэнх нь дэмжсэн. Тус бүлгийнхэн “Өнөөгийн нийгэмд ажилгүйдэл ядуурал их байгаа учир өрхийн орлогыг нэмэгдүүлэх жижиг бизнес эрхлэх санхүүжилтийг бий болгох шаардлагатай гэж үзээд Итгэлийн зээлийн тухай хуулийн төслийг санаачиллаа. Нийгмийн боломжтой хэсэг нь банкнаас хүү багатай, урт хугацаатай зээл авч байгаа ч орлого багатай зорилтот бүлэг энэ төрлийн зээл авч чадахгүй байгаа нь барьцаа хөрөнгөгүйтэй холбоотой” гэж үзэж буйгаа илэрхийлж төр, иргэний итгэлцлийг зээлээр бий болгоно гэж яриад буй. Итгэлийн зээлийн дээд хэмжээ нь 20 сая төгрөг байх бөгөөд төсвөөс эхний ээлжинд 300 тэрбумыг гаргаж уг зээлийн асуудлыг шийдвэрлэх юм байна.

300 тэрбумыг төсвөөс гаргуулна гэж яриад байгаа энэ намынхан төрийн эрхийг 60 тэрбумаар авсан гэх хэл амтай орооцолдож дөрвөн жил болж байна. Өөрсдөө үүнийгээ эсэргүүцэж няцаадаг ч хийсэн бүхнээ хүлээн зөвшөөрчихсөн шүү дээ. Үүний баталгаа бол УИХ-ын даргаар ажиллаж байсан М.Энхболдыгоо 60 тэрбумыг санаачилж, боловсруулж, гардан хийсэн гол этгээд, гол буруутан хэмээн үзэж суудлаас нь унагахын тулд МАН-ын гишүүд УИХ-ын чуулганы хуралдааныг хоёр сар шахам хугацаанд гацааж шуугиан дэгдээсэн. Эцэст нь М.Энхболдыг чирч буулгацгаасан. 60 тэрбумын асуудлыг тойрсон дуулиан ар араасаа дэгдэж, МАН-ынхан хоорондоо хөлөө жийлцсэнийг иргэд харж л байсан. Юу болж өнгөрснийг бүгд мэдэж байгаа, мартаагүй. 60 тэрбумын асуудлаас болж гурван жил тасралтгүй “дайтацгаасан”. Энэ асуудал нь намжаагүй байхад Итгэлийн зээл гэж юм гаргаж ирж төрийн эрхийг 300 тэрбумаар авна гэх боллоо. Эрх баригчид судалгаа явуулахад иргэдийн 90 хувь нь банкнаас 20 сая төгрөг хүртэлх зээл хүссэн байжээ. Тиймээс Итгэлийн зээлийн дээд хэмжээг хуулийн төсөлд тусгахдаа, 20 сая төгрөг байхаар тооцоолж, зээл олгохдоо иргэдэд хэд хэдэн шаардлага тавина гэв. Хугацаа хэтэрсэн зээлтэй, бусдын зээлийг батлан даасан хүнд зээл олгохгүй. Мөн сүүлийн нэг жилд бизнес эрхэлж байсан, өрхийн тогтвортой орлоготой иргэн зээл авах гэж буй хүнийг батлан дааж, зээл гаргаж өгөх боломжтой юм байна. Дээрх болзлыг хангасан 18 нас хүрсэн Монгол Улсын иргэн зээл авах боломжтой аж. Төрөөс зээлийг хариуцан, нэг жилийн гурван хувийн хүүтэйгээр олгохоор хуулийн төсөлд тусгажээ. Судалгаагаар Монгол Улсын 869.8 мянган өрхийн 22 хувь нь ядуу амьдарч байгааг мэдэж, МАН-ын бүлэг иргэдийн хөдөлмөр эрхлэх, тогтмол орлоготой байх боломжийг бүрдүүлэхэд дээрх хуулийн төсөл шаардлагатай гэж үзжээ.

Ийм л юм яриад энэ хуулийн төслийг боловсруулж УИХ-ын чуулганаар оруулж яаралтай горимоор батлуулах тухай ярьж эхлэв бололтой. Эд нар одооноос иргэдэд зээл олгох гэж улайрч байгаа нь ирэх онд болох сонгуультай шууд хамааралтай. Наадуул чинь ямар үйл ажиллагаа төлөвлөж, юу гэж хэлэх нь ойлгомжтой байна. “Манай намыг ялуулбал бид Итгэлийн зээлийг буцааж авахгүй шүү. 20 саяыг тэр чигээр нь бэлэглэе” гэнэ. Ингэж л үгээ бэлдэж, ард түмэндээ гэнэт итгэсэн дүр үзүүлж эхлээд байна. Ийм амлалт өгөхөөр ялахаас яах вэ. Хэрвээ төрийн нэр барьж иргэдэд итгэл үзүүллээ гэдэг нэрийн дор 20 саяар нь хэдэн мянган хүнд зээл хэлбэрээр төгрөг олгоод эргүүлээд авахгүй орхивол Монгол Улсын эдийн засаг элгээрээ хэвтэж, энэ улс сүйрнэ. Эрх мэдлийн төлөө явж байгаа хүмүүст эх орон, иргэдийн ирээдүй огтхон ч хамаагүй байдаг. Төрийн эрх мэдлийг авч байвал ард түмэн, улс орон нь мөхөж байна уу, ядарч байна уу өчүүхэн ч хамаагүй. Эрх мэдэлд хүрсний дараа юу ч хийхээс буцдаггүйг та бид сүүлийн дөрвөн жилд харлаа шүү дээ. Одоо энэ Итгэлийн зээл гээчийг нь эсэргүүцэж, эдийн засгийн үндэслэлгүй зээлийг их хэмжээгээр олговол эргэн төлөлтөөсөө эхлүүлээд асар их бэрхшээл тулгарна гэдгийг эрүүлээр харж байгаа хэсэг бий. Ард түмэн ч үүнийг нэг их ойшоолгүй “Тэр их мөнгийг цацсанаас нийлүүлээд томоохон үйлдвэрүүд бариад ажилгүйчүүдийг ажилтай болго”, “Банкны шалгуурыг хангаж чадахгүй байгаа ард түмэн улсын мөнгийг буцааж төлж чадахгүй”, “Банк тоож зээл өгөөгүй байхад 20, 20 саяар нь мөнгө өгье гэж гэнэт сайхан зан гаргаж байгаа нь сэжигтэй” гэх мэтээр туйлын болгоомжтой хандаж, болвол томоохон бүтээн байгуулалтад тэр 300 тэрбумыг зарцуул гэсэн байр суурь илэрхийлж байна. Итгэлийн зээлд эхний жилд 200-300 тэрбумыг олгоно гэж байгааг эсэргүүцэж байгаа хүмүүс “Судалгаагүй ийм зүйл ярьж байгаа нь эргээд эдийн засагт маш том тушаа, дарамт болно” гэж байгаа юм. Үндэслэл, тооцоотой зүйлүүдийг ярьж байгаа хүмүүсийг “Ард түмэнд мөнгө өгөхийг эсэргүүцэж байна” гэж яллана. Тэр мэдээж. Итгэлийн зээл бол сонгуульд зориулагдсан төлөвлөгөө. Тиймээс Ардчилсан нам үүн дээр “Бид ялбал Итгэлийн зээлийг эргүүлэн авахгүй” гэж адилхан л үзэлцэхээс өөр аргагүй болно. Тийм болохоор эхний ээлжинд Итгэлийн зээлд олгогдох 300 тэрбум төгрөг бол 2020 оны сонгуулийн зардал юм.

Гэнэт л ард түмэн нь ядуу амьдарч, банкинд очоод 1-20 хүртэлх сая төгрөгийн зээл авахын тулд дараалал үүсгэж, ихэнх нь хоосон буцдагийг мэдэж байгаа нь харамсалтай. Хэрвээ сонгууль дөхөөгүй байсан бол ард түмнийхээ ахуй амьдралыг судлахгүй л байж. Өөрсдөө тэрбум тэрбумаар нь ямар ч шалгуургүйгээр ард түмний мөнгө, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн мөнгийг нэгэндээ өгдөг атлаа нэг л өглөө “Бид ард түмэн та бүхэнд итгээд 20 саяын зээл өглөө шүү. 300 тэрбумыг бол төсвөөс өлхөөн гаргачихна” гэх нь ёс зүйтэй үйлдэл биш ээ. Төрийн эрх мэдлийг 60 тэрбумаар авсан гэгддэг нам одоо төрийн эрхийг 300 тэрбумаар авна гэж даналзаж буйг ард түмэн харж байгаа.

Өрмийг нь идэж, сүүг нь ууж гэдсээ цатгачихаад хусмыг нь ард түмэндээ өгөхдөө цаагуураа сонгуулиар дахин гарч ирэх далд санаа, төлөвлөгөөгөө шингээсэн нь тоогүй еэ.


Categories
мэдээ цаг-үе

Х.Хангайсайхан: Надад ч бас ном хаан ширээнээс үнэтэй


Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Баастын хамт.

Зохиолч, орчуулагч Х.Хангайсайхантай ярилцлаа.


-Орчуулгын номыг уншихад “За даа, энийг тэр орчуулагч орчуулжээ” гэж мэдэгдэх нь бий. Тэгэхээр орчуулагч болгон өөрийн арга барил, онцлогтой байх нь мэдээж хэрэг юм?

-Тухайн орчуулагч мөн тухайн нэг зохиолчийн бүтээлийг орчуулдаг байвал тэгж ярьж болох талтай. Гэхдээ тухайн нэг зохиолчийн зохиол бүр өөр өөр сэдэвтэй, үйл явдалтай, баатруудтай байна шүү дээ. Тэгэхээр ямар нэг байдлаар орчуулга нь ялгарч байх учиртай. Харин олон зохиолчийн бүтээлүүд орчуулсан бол мөн өөр өөр байх болно. Орчуулгын онол үндсэндээ тодорхой нэг л зарчимтай шүү дээ. Миний хувьд бол, голдуу яруу найраг орчуулдаг учраас тухайн яруу найрагчийн шүлэг зохиолын бичигдсэн хэлбэр, утга санаа, уянгыг мөр, бадгаар нь яг таг гаргахыг хичээдэг. Зохиолд илүү, дутуу олон үг хэрэглэхийг цээрлэдэг. Үүний тодорхой жишээ бол Оросын суут яруу найрагч, зохиолч А.С.Пушкиний шүлэг найраглалыг Д.Нацагдорж, Ц.Дамдинсүрэн, Ч.Чимид, Ц.Цэдэнжав, Х.Пэрлээ, Д.Цэдэв, Х.Мэргэн, мөн С.А.Есениний шүлэг найраглалыг Ш.Цэндгомбо, М.Цэдэндорж нарын орчуулсан байдлаас харж, бүр суралцаж болно. Яруу найраг орчуулах талаар энэ хүмүүсийн буй болгосон “Школ” манайд бэлээхэн байна.

-Таныг ус цаг уурын мэргэжилтэй гэж мэднэ. Гэвч та энэ мэргэжлийн ажлынхаа хажуугаар уран зохиол, орчуулгатай амьдралаа холбож энэ хоёроо зэрэг авч явж ирсэн нь сонин байна?

-Энэ тухайд гэвэл арван жилийн дунд сургуульд байхаасаа л аль алиных нь суурь тавьсан гэж боддог. Инженерийн мэргэжил эзэмшихэд суурь болох математик, алгебрь, геометр, тригнометр, физикийн хичээлд сайн байлаа. Ес, аравдугаар ангид байхдаа алгебрь, геомер, тригнометрийн хавсарсан бодлогоор ангидаа аварга нь байлаа (инээв). Мөн зургадугаар ангиасаа уран зохиолын ном олон уншиж, амтанд нь орж, улмаар тэргүүний уншигч болж Д.Нацагдоржийн болон “Таван онцын эзэн” тэмдэгтний болзол хангасан. Гэртээ сурах бичгээс гадна 150 гаруй номтой номын сантай байсан. Бас бидний үед орос хэлийг гуравдугаар ангиас үзэж, тав, зургадугаар ангид ороход нэлээд үгсийн сантай болчихсон, Пушкиний “Туча”, Лермонтовын “Парус”, Есениний “Береза” зэрэг шүлгийг уншаад ойлгох, улмаар үг бүрийг нь үгсийн аймгаар нь ялган, цээжилж байлаа. Энэ бүхэн намайг уран зохиолд дуртай болгосон гэж боддог. Тэгээд өөрөө ч зургадугаар ангид орох үеэс шүлэг, богино өгүүллэг бичих гэж оролдож эхэлсэн. Өдгөө би өөрийн болон орчуулгын бүтээлээр дөрвөн томоохон ном гаргаад байна. Одоо нэг тийм ном гаргачихвал миний он жилийн уртад босон суун бичсэн, хавтсанд байсан бүх юм маань бүрэн хэвлэгдэх юм. Нэг кино зохиол, дуусаагүй хэдэн өгүүллэг, нийтлэлүүд, шинэ орчуулга энэ номонд багтана. Хэвлэгдсэн номуудаа дотно найз нөхөд, зарим утга зохиол судлаачид зориуд өгч уншуулж, саналыг нь цуглуулж байна. Тэдний санал бодлыг тусгаж, бүх юмаа дахин нэг нягтлаад, жинхэнэ ёсоор нь таван боть гаргах юм.

Харин цаг уурчийн мэргэжилтний хувьд танин мэдэхүйн ач холбогдолтой товхимлоос эхлээд “Нислэгийн цаг уур”, “Радиолокацийн цаг уур” зэрэг сурах бичгийн хэмжээний 12 ном бичсэн. Мэргэжлийн холбогдолтой эрдэм шинжилгээний болон сурталчилгаа, асуудал дэвшүүлсэн 150 гаруй өгүүлэл бичиж нийтлүүлсэн.

-Таныг уран зохиолд хөл тавихад юу тэгж их нөлөөлсөн болов оо?

-Сая хэлсэнчлэн их уншсан маань л нөлөөлсөн дөө. Зургадугаар анги төгсдөг зун би хөдөө зусланд гарч, Лхангаасүрэн, Дамиран нагацындаа байж, заримдаа тэдний ээлжинд нь хонь хариулах болсон. Өглөө хэдэн ааруул өвөртөлж, уран зохиолын болон орос хэлний ном ганзагалж аваад, Хойлог, Зүрхэн зуслангийн өвс ногоо жигд, цэцэг навч алагласан тагт хүрч хонио бэлчээчихээд уран зохиолын ном уншиж, орос үг цээжилдэг байлаа. Оросын суут зохиолч А.П.Чеховын 1968 онд хэвлэгдсэн “Зургадугаар тасаг” өгүүллэг, жүжгийн түүврийг бүр элэгдэж навсартал уншиж, зарим өгүүллэгийг үлгэр шиг цээжилж билээ. Энэ түүвэрт “Зургадугаар тасаг”, “Бүдүүн нарийн хоёр”, “Дугтуйтай хүн”, “Хамеолон” зэрэг хориод өгүүллэг, “Интоорын цэцэрлэг” жүжиг нь орсон байдаг.

Дараа нь Л.Н.Толстойн “Дайн ба энх” романы тэргүүн дэвтэр, М.А.Шолоховын “Дөлгөөн дон”, “Сэтгэлийг шинэтгэсэн нь” романы эхний дэвтрүүд, “Доны өгүүллэгүүд”, “Хүний хувь заяа”, улмаар Ч.Айтматовын “Эхийн тал” зэрэг туужууд уншиж, хөнөөлт дайны гамшгаар гэр орон, эхнэр, хүүхдээсээ хагацсан, бас германчуудад нэг хэсэгтээ олзлогдсон орос цэрэг Соколов, мөн хар дайнд эр нөхөр, хүүхдүүдээсээ хагацсан киргиз эмэгтэй Толгонай нарыг өрөвдөн уйлж явлаа. Мөн тэр үед М.Горькийн монгол хэлээр орчуулагдсан бүх зохиол, А.Фадеевийн “Залуу гварди”, “Ниргэлт”, Н.Островскийн “Болд хэрхэн хатаагдсан нь”, Майн Ридийн “Морь унасан толгойгүй хүн”, Даниэль Дефогийн “Робинзон Крузо”, Жонатан Скифтийн “Гулливерийн аялал”, Сервантесийн “Дон Кихот”, Теодор Драйзерийн “Америкийн эмгэнэлт явдал”, Эрнест Хемэнгуэйн “Зэр зэвсэг минь баяртай”, Жюль Верний адал явдалт романууд, Стендалийн “Улааныхан ба харынхан” зэрэг томоохон туурвилуудыг өдөр, шөнөгүй нойр хоолоо мартан уншиж байлаа. Ер нь тэр үед, аравдугаар анги төгстлөө монгол хэлээр орчуулагдсан, олдсон томоохон бүх ном уншсан гэвэл хэтрүүлэг болохгүй гэж бодно. Зарим номыг уран зохиолын багш Акваа, Тайван, бусад багш нараасаа сураглаж, авч уншдаг байсан. Сургуулийн болон аймгийн номын санд карттай, байнга сууж хүссэн номоо уншина. Монголынхоо зохиолчдын бүтээлээс сургуулийн программд орсон зохиолуудаас гадна Ч.Лодойдамбын “Алтайд”, Д.Сэнгээгийн “Аюуш”, Ц.Уламбаярын “Энх тайвны манаа” тууж, “Зовлон жаргал”, С.Дашдэндэвийн “Улаан наран”, Н.Банзрагчийн “Зам”, Л.Түдэвийн “Уулын үер”, Д.Равдангийн “Орхоны шуугиан” роман, Б.Баастын “Хяруу унасан цагаар” зэрэг ном уншсан. Ингэж л уран зохиолын амтанд бүр гүн орсон юм уу даа.

Оюутан анд Я.Иваньогийн хамт Ч.Айтматовын шинэ ном уншиж буй нь.

-10, 20 мянган ном уншсан алдартнууд байдаг. Таныг 5000 ном уншсан гэж ярилцахыг сонссон?

-Дэлхийд хамгийн олон ном уншсан хүнээр нэгэн үед Жюль Верн шалгарч байжээ. Тэрээр 20000 ном уншсан гэдэг. Түүнээс хойш Оросын большевик зохиолч Вешетав 22000 ном уншиж дэлхийн аварга уншигч болсон тухайд би санаж байна. Одоо тэднээс давж гарсан уншигч олон бий байх аа. Миний хувьд уржнан жил номоо цэгцлэхэд манай номын санд 5000 гаруй ном байсан. Түүнээс хойш нэлээд нэмэгдсэн. Тэгэхээр тэр бүхнийг би өөрөө цуглуулж, хадгалж, ашиглаж ирсэн учраас тийм тооны ном элбэг уншсан гэж хэлж болно. Зөвхөн “Огонёк” сэтгүүлийн хавсралтаар Орос-Зөвлөлтийн болон дэлхийн шилдэг зохиолчийн гол бүтээлийг багтаасан жижиг товхимол жилдээ тавь, жараад дугаар гарч байсан, 30 жил уг товхимол захиалж авсан гэвэл 1500-1800 ном уншсан болно.

-Та сая ямар зохиолчийн номыг уншсанаа ярилаа. Тухайн зохиолчийн нэг номыг уншаад л “Би Есенинийг, Жек Лондонг мэднэ” гэж ярьж болохгүй нь байна шүү дээ.

-Яг тийм. Миний хувьд ЗХУ-д оюутан болоод Ч.Айтматов, В.Шукшиний тухайн үед хэвлэгдсэн бүх зохиолыг уншиж, бүр Ч.Айтматовын зохиолын талаар судлаач, шүүмжлэгчдийн бие даасан ном бас бүрэн уншсан. Яруу найргийн хувьд С.Есениний таван боть, А.Ахматова, Е.Евтушенко, Р.Рождественский, А.Вознесенский, Б.Ахмадулина нарын3-6 ном уншиж, тухайн зохиолчийг “мэднэ” гэж үг алдах “эрхтэй” болсон. О.Мандельштам, Н.Рубцовтой ч тэр үед учирсан. Тэднийг унших хориотой яруу найрагчид гэгддэг байсан. Үүнд манай орос хэлний багш Ольга Михайловна, Зоя Владимировна нар тусалж, дээд сургуулиа төгсөх орос хэлний шалгалтыг тэд надаас зохиол, зохиолын тухай яриулж шалгалт авч “Онцсайн” дүн тавьж байсан. Оюутан байхдаа орос хэлний уран зохиолын олон үгтэй болох талаар хичээж ЗХУ-д орос хэлээр гарсан түүвэр зохиол Б.Баастын “Хурлэ и другие рассказы”, С.Лочингийн “Свет души” роман уншиж, мэдэхгүй үгээ цээжилж, ялангуяа Монгол орны байгаль, цаг уур, нүүдэлчин малчин ард, ажилчин ангийн талаарх үг хэллэг арвинтай болж билээ. Жек Лондоны “Мартин Иден”, “Төмөр өсгий” роман, өгүүллэг, туужийн түүвэр уншиж байж, америкийн энэ зохиолчийн талаар нэлээд ойлголттой болж байлаа.

-Орчуулгыг сайн болсон эсэхийг шалгах олон арга байдаг гэдэг. Орчуулснаа тухайн хэл рүү нь буцаагаад буулгахад тулж байх ёстой юу?

-Тухайн зохиолыг, ялангуяа яруу найргийг уг орчуулсан хэл рүү нь буцаагаад буулгах нь хамгийн зөв арга юм билээ. Зохиолын утга санаа нь хэр өөрчлөгдөж вэ гэдэг нь шууд харагдана. Миний нэгэнтээ уншиж мэдсэнээр яруу найргийг 80 хувиас доош утга санааг нь гажуудуулж, байх байхгүй үг илүүдүүлж, дутааж орчуулсан бол уг орчуулга тухайн зохиолчийнх биш, харин орчуулагчийн бүтээл болно гэснийг санаж байна.

-Ном унших, номтой ойр байх ном цуглуулах нь тухайн хүндээ ингэхэд ямар ашиг тустай байдаг юм бэ. Сүүлийн үед залуус харин ч ном уншдаг болоод байгаа шүү?

-Ном унших, номтой байх, ном цуглуулах гэдэг маш өндөр дээд соёл юм. Тиймээс ч их бичгийн мэргэд энэ бүхний тухайд ончтой үгээ олонтаа айлдсан байдаг. Пролетарын их зохиолч, Монголын алтан үеийн зохиолчдын их анд нөхөр М.Горький “Ном бол ертөнцийг харах цонх мөн. Мэдлэгийн эх булаг номонд дурлацгаа…”, Английн суут зохиолч В.Шекспир “Ном надад хаан ширээнээс үнэтэй”, Оросын суут Л.Толстой “Сайн номыг унших нь саруул ухаант хүнтэй ярилцахтай адил” гэсэн бол Казахын их бичгийн мэргэн Абай амьдралдаа юу хийх тухайд эргэцүүлж, насны эцэст ном зохиол, туурвил үлдээх нь зүйтэй гэсэн бодолд хүрсэн байдаг.

Үргэлжлэл бий.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Адель Блох Бауэр”

Австрийн Мона Лиза гэгддэг энэ зураг бол Густав Климтийн хамгийн алдартай бүтээл. Тэрээр энэ зургаа 1907 онд туурвижээ. Дэлхийн хамгийн үнэтэй уран зургуудын дөрөвдүгээрт жагсдаг уг бүтээлд мөнхөрсөн Адель бодит хүн байжээ. Энэ зураг дэлхийн шилдэг уран зургуудын нэгд тооцогдох болсон нэг шалтгаан нь зургийн түүхтэй холбоотой байж болох юм. Вень хотынхон тэр даяараа зураач Густав, Адель бүсгүйн амрагийн харилцааны талаар сэм ярьдаг байжээ. Аделийн нөхөр Блох Бауэр энэ тухай дуулаад өшөөгөө авахын тулд Густавт эхнэрийнхээ зургийг зураачид захиалахдаа 100 удаа ноороглож зурахыг шаардсан байна. Блох Бауэрийн цаад санаа нь Густав эхнэрийнх нь зургийг олон удаа дахин дахин зурахдаа эцэст нь уйдаж залхана гэж бодож байжээ. Ингээд зураг бүтээх үйл явц хэдэн жилийн турш үргэлжлэх ёстой гэсэн нөхцөл тавьж, гар таталгүй их хөлс төлжээ. Ингэж удаан зуруулснаар Адель, Климтийн холбоо замхран алга болохыг нүдээрээ үзнэ гэж тооцоолжээ. Түүний төлөвлөгөө ч биелж амрагууд холдсон байна. Зураг дөрвөн жилийн дараа дуусахад амрагуудын сэтгэл хөржээ. Харин Адель нөхөр нь өөрийнх нь нууц харилцааг мэдээд ийм арга хэрэглэснийг огт мэдээгүй байжээ. Ингэж энэ алдарт бүтээл төрөн гарсан юм байна.

Густав Климт бол XIX зууны үеийн Австрийн нөлөө бүхий зураач бөгөөд Венийн урлагийн Салан тусгаарлах хөдөлгөөний тэргүүлэгчдийн нэг байжээ. Климт 1862 онд Венид Моравиан гаралтай нийгмийн дунд ангийн нэгэн гэр бүлд мэндэлж. Түүний эцэг сийлбэрчин, алтны дархан хүн байсан учраас амьдралд хүрэлцэхээргүй бага хэмжээний мөнгө олж амьдралаа чадан ядан авч явдаг байсан болохоор зураачийн хүүхэд нас ядуу зүдүү амьдрал дунд өнгөрчээ. Хожим нь Климт бурхан болтлоо гэр бүлдээ санхүүгийн туслалцаа үзүүлсээр ирсэн байдаг. 1898 онд Климт анхны томоохон хэмжээний захиалгаа хүлээн авчээ. Тэрбээр Венид амьдардаг грек худалдаачин Николаус Думбагийн харшид хөгжмийн өрөөг тохижуулан өрөөний доторх тавилга, эд зүйлсийн зохиомжийг гаргаснаас гадна “Хөгжим” болон “Шуберт төгөлдөр хуурын ард” гэсэн хоёр зураг зуржээ. Харамсалтай нь энэ хоёр зураг устаж үгүй болсон юм байна. Тэрээр тухайн үедээ “Сониа Нипсийн хөрөг”, “Серена Ледерерийн хөрөг” зэрэг алдартай бүтээлээ туурвижээ. Климт төгс дүр төрхийг гаргаж зурдаг байсан бөгөөд хөрөг зурах бүртээ хэдэн зуун ноорог зураг зурдаг байжээ. Өөрөөр хэлбэл зуруулж байгаа хүний сэтгэл нь ханатал дахин дахин зурдаг байжээ. Өөрийн олж авсан боловсрол нь Климтийг сонгодог зураг зурахад хүргэдэг байсан гэж болно.

Климт 1904 оноос 1908 оны хооронд өөрийн хөрөг зурах арга барилаараа үргэлжлүүлэн зурсаар байжээ. Түүний зурсан хөрөг зурагнуудаас дурдвал “Хермайн Галлия”, “Маргарет Стонбороу-Витгенштейн”, “Фритза Риедлер”. Энэ үед зурагдсан алтан стилийн зурагнуудад “Данае”, “Найдвар 2” болон түүний хамгийн алдартай зурагнуудын нэг болох “Үнсэлт” ордог. Австрийн нэрт зураач Густав Климт тархины цус харвалтаар 1918 онд насан өөд болсон бөгөөд амьдралынхаа эцсийн мөчийг хүртэл уран бүтээлээ туурвиж байсан ч олон тооны бүтээлээ дуусгаж чадалгүй насан эцэслэжээ.

Густавын “Адель Блох Бауэр” уран зургийг 2006 онд хувийн худалдаагаар Роналд Лаудер худалдан авчээ. Гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн магнат Роналд Лаудер энэ бүтээлийг өөрийн болгохын тулд нэлээд хүчин чармайлт гаргаж 135 сая ам.доллараар худалдан авчээ. 138х138 см хэмжээтэй, зотон дээр алт, мөнгө, тосон будгаар зурсан уг зургийн өнөөгийн үнэ цэнэ нь 158.4 сая ам.доллар гэж тооцжээ.

Д.САРУУЛ

Categories
мэдээ цаг-үе

М.Одгэрэл: “Монос” эмийн үйлдвэр олон улсын GMP стандартыг амжилттай хэрэгжүүлээд явж байна

“Forbes”-оос Монголын шилдэг компани, байгууллагуудыг өнгөрсөн баасан гаригт зарласан юм. “Forbes Awards 2019”-ийн “Шилдэг үйлдвэрлэгч”-ээр тодорсон “Монос” эмийн үйлдвэрийн гүйцэтгэх захирал М.Одгэрэлтэй ярилцлаа.


-“Forbes” танай үйлдвэрийг Монголын шилдэг үйлдвэрээр нэрлэсэнд баяр хүргэе?

-Баярлалаа.

-Танай үйлдвэр уг шалгаруулалтын ямар шалгуур, үзүүлэлтүүдийг нь хангасан бэ. Энэ шагнал олон улсын хэмжээнийх гэж хэлж болохоор нэр хүндтэй шагнал шүү дээ?

-Манай үйлдвэрийг ямар шалгууруудаар сонгон шалгаруулсныг бид нарийн мэдэхгүй байна. Хувийн зүгээс таамаглахдаа, манай үйлдвэр сүүлийн зургаа, долоон жил Монгол Улсад эмийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, цаашлаад үйлдвэрлэл, эрүүл мэндийн салбарт дэлхийн стандартуудыг нэвтрүүлэх, орчин үеийн тоног төхөөрөмжийг суурилуулах, эмийн чанарыг сайжруулах чиглэлээр маш олон ажил хийж байна. Энэ олон ажлыг маань үнэлж, дүгнэж шалгаруулсан болов уу гэж бодож байна.

-Үйлдвэр, үйлдвэрлэгч гэдэг бол Монголын өнөөгийн нөхцөлд ус, агаар шиг хэрэгтэй зүйл болоод байна. Үйлдвэрлэлийг дагаад олон эерэг өөрчлөлт гардаг. “Монос” эмийн үйлдвэр хэдэн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа вэ?

-1990 онд анх байгуулагдсан, эмийн үйлдвэр. Одоогоор 180 гаруй ажилтантай. 100 гаруй нэр төрлийн эм, бэлдмэл үйлдвэрлэж байна. Эм бэлдмэл маань Монгол орны ургамлын гаралтай. Химийн гаралтай эм бэлдмэл ч үйлдвэрлэж байгаа. Эдгээр 100 гаруй эм бэлдмэлийнхээ 30 орчим нэр төрлийг манай үйлдвэрийнхэн өөрсдөө зохион бүтээсэн брэнд эм бэлдмэлүүд юм. Мөн дэлхийд танигдсан, хэрэглээнд нэвтэрсэн эмүүдийг Монголд технологийг нь нутагшуулах замаар үйлдвэрлэж байна. Нийтдээ 40 орчим эрдэмтэн, судлаачид эм бэлдмэлийн туршилт, зохион бүтээлтэд ажилладаг. Эм судлалын чиглэлээр ажилладаг Эм судлалын хүрээлэн судалгаа, шилжилгээгээ хийж ажиллаж байна.

Сүүлийн хоёр гурван жилд хийгдсэн гол ажлууд гэвэл Монгол Улсын төрөөс эмийн талаар баримтлах бодлого батлагдсан. Тэр бодлогод аюулгүй, чанарын шаардлага хангасан эмээр ард иргэдийг хангахыг дэмжиж ажиллана гэсэн зүйл бий. Түүний хүрээнд манайх GMP (Good manufacturing practice) стандартыг нэвтрүүлэх гээд 2012 оноос ажилласан. Энэ нь энгийн нэг стандарт биш. Бүх зүйлийг нарийн тусгаж заасан стандарт л даа. Үйлдвэрийн барилга байгууламж ийм байх ёстой, үйлдвэрийн орчин ийм байх ёстой. Ажилчид нь ийм байх ёстой, танай байгууллагын үйл ажиллагаа явуулдаг менежмэнт арга барил, тогтолцоо ийм байх ёстой, бүтээгдэхүүн чинь ийм байх ёстой, нийлүүлэгч чинь ийм байх ёстой гээд бүх юмыг нарийвчлаад заачихдаг стандарт. Энэ стандартыг хангахын тулд эхний ээлжинд хийх ёстой асуудал бол үйлдвэрийн орчин, үйлдвэрээ байгуулах ажил болчихоод байгаа юм. Үүн дээр бид 2012 оноос хойш Европын Сэргээн босголтын банктай хамтраад төсөл хэрэгжүүлээд GMP-1 буюу эхний шатны төслөө амжилттай хэрэгжүүлсэн. Тэр төсөл маань энэ нэр хүндтэй шагналыг авчирлаа гэж үзэж байна.

-Эмийн үйлдвэрлэл бол тухайн улсын аюулгүй байдалтай холбоотой чухал салбар. Эм нийлүүлэлтийн тодорхой хувийг дотоодын үйлдвэрүүд нь хангаж байна гэдэг нь эргээд үндэсний аюулгүй байдалтай хамаатай гэсэн үг шүү дээ?

-Эм бол стратегийн бүтээгдэхүүн. Би саяхан Казахстан, Киргизстан, ОХУ-аар ажлаар яваад ирлээ. Эдгээр улсад өөрсдийнхөө үйлдвэрлэдэг эм бэлдмэлтэй ижил эм бэлдмэлийг гаднаас авч хэрэглэхийг хориглодог юм байна. Энэ нь улс орных нь үндэсний аюулгүй байдалтай холбоотой учраас дотооддоо үйлдвэрлэсэн эмүүдийг л авч хэрэглэдэг гэж байсан. Манайд хараахан ийм бодлого гараагүй. Сүүлийн хэдэн жил дотоодын үйлдвэрийг төрөөс дэмжихийн тулд эмнэлгүүдийн тендерт оролцоход гадаад болон дотоодын үйлдвэрийн адилхан чанартай, ижилхэн бүтээгдэхүүн байвал 10 хувийн хөнгөлөлт буюу давуу байдлыг үүсгэдэг болсон. Ийм л дэмжлэг бий. Харин бусад зүйлүүдийг хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүд аваад явж байна.

-“Монос” эмийн үйлдвэр Монголын нийт эмийн зах зээлийн хэдэн хувийг эзэлж байна вэ?

-Нийт эмийн зах зээлийн 3-4 хувийг л эзэлж байна. Монгол Улсад одоогоор 4800, бараг 5000 эм бүртгэлтэй. Үүнээс манайх 100 гаруйг нь л үйлдвэрлэж байна. Бидний үйлдвэрлэж буй 100 гаруй нэр төрлийн эм маань үйлдвэрлэсэн тоо хэмжээгээрээ бусад ижил нэр төрлийн импортын бүтээгдэхүүнтэй харьцуулагдаад зах зээлээ хувааж байгаа юм л даа. Ингээд харьцуулахад 3-4 хувь л байгаа юм. Харин дотоодын эм үйлдвэрлэлийн хэмжээ гэж тусдаа бий. Монголд 34 орчим эмийн үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа. Дотоодын энэ үйлдвэрүүдийн үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнийг нийлүүлж тооцоод гаргаад тэрэн дотор “Монос” хэдэн хувийг нь эзэлж байна вэ гэвэл манайх 25-28 хувь эзэлдэг.

-Танайх аль улсууд руу бүтээгдэхүүнээ экспортолж байна вэ?

-Орост “Нефромон” гэж ургамлын гаралтай бөөр хамгаалах бэлдмэл маань худалдаанд нь байна. Киргизстан, БНСУ-д бүртгүүлэх ажиллагаа явагдаж байна. ОХУ-д нэмж хоёр бүтээгдэхүүний бүртгүүлэх ажил явж байгаа. Япон, Солонгос зэрэг орнуудад бүртгэлийн ажил нь явж л байна.

-Эмээ тухайн улсад бүртгүүлэхэд цаг хугацаа их ордог гэж сонссон?

-Эмийг гадаадад гаргахад хамгийн том асуудал бол бүртгэлийн асуудал байдаг. Бусад бараа бүтээгдэхүүнтэй адил тухайн улс руу шууд оруулж болдоггүй. Тухайн орон маш өндөр шалгуур, цензурээр шалгадаг. Улс болгон стандарттай. Тэрийг нь давж гарч байж хүлээн зөвшөөрөгдөнө гэсэн үг юм.

-Танай бүтээгдэхүүнүүдээс хамгийн их эрэлттэй, гадныхан ихээр таашаадаг нь гэвэл?

-Ургамлын гаралтай “Нефромон”, “Салимон”, “Тонзилмон”, “Витагрипп” гэсэн эмүүд маань гадныхны сонирхлыг ихээр татдаг. Учир нь Монгол оронд ургасан онцлог шинж чанартай ургамлуудаар хийсэн болохоор ихэд таашаадаг. Мөн үр дүн ч сайн нөлөөтэй. Сүүлийн үед “Витагрипп”-ийг америкчууд тодорхой хэмжээгээр сонирхож байна. Бид ч гаргах гээд оролдоод л явж байна. Одоогоор судалгааны ажил нь хийгдэж байгаа.

-Эмийн түүхий эдээ хаанаас авдаг вэ?

-Эмийн түүхий эдүүд химийн үйлдвэрүүдээс гардаг. Химийн үйлдвэрүүд хаагуур ихэвчлэн байрладаг вэ гэхээр, дэлхийн эмийн түүхий эдийн 90 хувийг Энэтхэг, Хятад улс хангадаг. Мөн ОХУ, БНСУ улсад эмийн түүхий эдийн үйлдвэрүүд бий. Манайх түүхий эдээ энэ дөрвөн улсаас тодорхой хувь хэмжээгээр авч байна. 2000-аад оны эхээр БНХАУ хөрөнгө оруулалтыг дэмжиж эхлэхэд Европт байсан химийн үйлдвэрүүд бүгд Хятад руу нүүчихсэн. Хуучин Европт байсан, бидний харьцдаг байсан үйлдвэрүүд маань урд хөрш рүү нүүсэн ч бид харилцдаг үйлдвэртэйгээ л холбоотой байгаа. Улс орноор нь харвал Хятадаас түүхий эдээ авч байгаа мэт харагдаж байгаа ч Европт үүссэн үйлдвэрүүдтэйгээ олон жилийн турш харилцаж байгаа зарчмаар хамтарч ажилласан хэвээр байгаа.

-Монголын эм үйлдвэрлэлийн гол компаниудын нэг нь л дөнгөж 3-4 хувийг эзэлж байна гэдэг чамлахаар тоо. Нийт эмийн зах зээлд дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжихийн тулд төрөөс ямар бодлого явуулбал зүйтэй вэ?

-Манай дотоодын эмийн үйлдвэрүүд нийлээд нийт эмийн зах зээлийн арван хэдэн хувийг л эзэлж байна. 85-88 хувь нь импортоор орж ирээд байгаа юм. Мэдээж бид үндэсний үйлдвэрлэгчдийнхээ үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний хэмжээг нэмэх нь зайлшгүй шаардлагатай. Гэхдээ үүнд хоёр асуудал байгаа юм. Нэгдүгээрт, үндэсний эмийн үйлдвэрүүд Олон улсын GMP стандартад нийцсэн үйлдвэрлэлтэй болох хэрэгтэй. Нуулгүй хэлэхэд дотоодын үйлдвэрийн зарим нь тэр тал дээрээ хоцроод байна. Хоёрдугаарт, бидний үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний нэр төрлийн асуудал. Манайх 100 гаруй нэр төрлийг нь л үйлдвэрлэж байна. Гэтэл цаана нь 5000 орчим эм бэлдмэл байна. Манай үйлдвэр тэр 5000 эм бэлдмэлийг бүгдийг нь үйлдвэрлэх боломжгүй. Тиймээс импортлохоос өөр аргагүй. Бидний хүрч чадаагүй, нэвтрүүлж чадаагүй технологи зөндөө бий. Мөн улсын хэмжээнд аравхан хүн хэрэглэдэг ховор эм гэж бий.

-Аравхан?

-Байлгүй яахав. Өвчний онцлогоосоо болоод 100 хүн хэрэглэдэг хэрэглээ маш багатай эмүүд ч байдаг. Тэр эмүүдийг үйлдвэрлэх гэхээр асар өндөр өртөгтэй болно. Тэр өртгөөр хэрэглэгчдэдээ санал болгохоор хэрэглэгчдэд маань үнэтэй тусна. Тиймээс зарим бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх технологийн хувьд боломжгүй. Заримыг нь зах зээлээсээ болоод үйлдвэрлэх боломж байхгүй гэсэн шалтгаанууд байна. Авах ёстой зайлшгүй арга хэмжээ гэвэл, Монгол Улсын үндэсний зайлшгүй шаардлагатай эм гэж байдаг. Тэрэнд нь орсон, массын хэрэглээг нэлээд хамарсан, их хэмжээтэй хэрэглэгддэг ийм эмүүдээс 20 гаруйг нь бид үйлдвэрлэж байна. Тэр эмүүд дээрээ л үндэсний үйлдвэрүүдээ дэмжсэн, дээр миний ярьсан шиг бодлого, үгүй ядахнаа эмнэлгүүдийнхээ тендерт чанар, стандартынхаа шаардлагыг тодорхой тавьж байгаад худалдан авалтууд дээр дэмжээд өгвөл үндэсний үйлдвэрүүд босоод ирэх боломжтой. Түүнээс биш импортоор оруулж ирж байгаа 88 хувийг эзэлж байгаа эмүүдийг дотоодын үйлдвэрүүд бүгдийг нь үйлдвэрлэх боломжгүй. Дотоодын эмийн үйлдвэрүүд маш сайн ажиллахад Монгол Улсын эмийн хэрэглээний 30-40 хувийг хангах боломж байгаа.

-Одоо тэгвэл танай хэрэгжүүлж байгаа төслийн хоёрдугаар шат эхэлбэл Монгол Улс олон улсын GMP стандартыг хангасан эмийн үйлдвэртэй болох нь дээ?

-1800 метр квадрат талбай дээр GMP стандарт хангасан үйлдвэрээ барьчихаад байна. Өнгөрсөн баасан гаригт буюу энэ сарын 3-ны өглөө бид GMP-1 төслийнхөө дараагийн төсөл буюу дахиад 1800 метр квадрат талбай дээрээ дараагийнхаа үйлдвэрийг барих төслийнхөө нээлтийг хийсэн юм. Тэгтэл тэр өдрийн орой нь манай үйлдвэр “Forbes Mongolia”-гаас “Монголын шилдэг үйлдвэрлэгч” шагнал гардаж авсан. Их бэлгэ дэмбэрэлтэй юм болсон. Хоёр дахь үйлдвэр ашиглалтад орсноор бидний үйлдвэрлэж байгаа 100 гаруй эмэн дээр нэмж шинээр арван нэр төрлийн эм гарна. GMP стандартын үйлдвэрт хийсэн, импортыг орлох эм бэлдмэл ард иргэдийн гарт очих нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Тэр төслөө амжилттай хэрэгжүүлчихээд GMP-3 төслөө хэрэгжүүлнэ. Уг төсөл нь цэвэр ургамлын гаралтай бүтээгдэхүүнүүдийг экспортын зорилгоор үйлдвэрлэхэд чиглэнэ. Ажил маань сайхан бүтэмжтэй явж байна. Гэхдээ бидний төлөвлөгөөнөөс хугацаа жаахан хоцорч байна. Сүүлийн хоёр ойрхон тохиосон санхүүгийн хямрал цаг хугацааг нэлээд хойш чангаалаа. Гэхдээ ямартаа ч цаашдаа Монгол Улсынхаа эрүүл мэндийн салбар, эм үйлдвэрийн салбарт жишиг болоод, улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулж, экспортын бүтээгдэхүүнийхээ тоо, татвараа нэмэгдүүлж, ажлын байр олноор гаргах нь үйлдвэрлэгч бидний хувьд гол зорилт юм даа.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өршөөлийн хуулиа эргэж шалгавал Монголын төрд гадаадын байтугай дотоодын хөрөнгө оруулагчид итгэхээ болино

УИХ-ын чуулганы хуралдаанаар АТГ-ын дарга, дэд даргыг томилох асуудлыг хэлэлцэх үеэр зарим нэг гишүүн 33 их наяд төгрөгийг бондын мөнгөөр босгоод, түүнийгээ идэж уучихаад Өршөөлийн хуулиар цагаатгасан гэх утгатай зүйл ярьсан. Нууц далд хөрөнгүүдийг ил болгож, эдийн засгийн өршөөл үзүүлэх Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг 2015 онд ээлжит бус чуулганаар баталж байсан билээ. Уг хуулиар далд байсан хөрөнгөө ил болгож бүртгүүлсэн тохиолдолд тэдгээрийг хуульд заасан хариуцлага болон албан татвараас нэг удаа чөлөөлөх зохицуулалттай байсан. Сайн дурын үндсэн дээр хөрөнгө, орлогоо ил болгож бүртгүүлж, мэдүүлж, тайлагнасны эцэст олон их наядын хөрөнгө ил болж, тэр хэрээр татварын орлого ч нэмэгдэж байсныг хүмүүс санаж байгаа. Эдийн засгийн Өршөөлийн хууль бондтой ямар ч холбоогүй байсан гэдгийг тухайн үед хэвлэгдэж байсан хэвлэлийн хуудсыг сөхөж үзэхэд харагдана. Эдийн засагчид ч Өршөөлийн хуулийн өгөөжийн талаар ярьж, бондоос холуур болж өнгөрсөн үйл явдал гэдгийг ярьж байгаа. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд УИХ- ын чуулган дээр зарим гишүүн ЗЗ их наядыг бондтой хамаатай гэж ярихад түүнийг нь няцааж “УИХ хариуцлагатай баймаар байгаа юм. 33 их наяд болон бонд хоёр ямар ч холбоо хамаарал байхгүй. Үүнийхээ учрыг олж байж ярих хэрэгтэй. Тухайн үед бүгд ярьж байгаад гаргасан шийдвэр. 33 их наяд төгрөгийн нууцын асуудал ил болсон болохоос биш буцааж төлөх асуудал биш. Энэ материалыг нууцалж байгаа асуудал байхгүй. Энэ хууль бол түүхэн үүргээ гүйцэтгэсэн хууль” гэж хэлсэн. Эдийн засгийн Өршөөлийн хуулийг энгийнээр тайлбарлавал 1990-ээд оноос хойш буюу зах зээлд шилжсэн үеэс эхэлж нуусан, хаасан, татвараа өгч чадаагүй, гадаад дотоодын дансанд байршуулсан дарагдмал хөрөнгийг эргэлтэд оруулахын тулд “Бүгдийг нь төрд мэдүүлээдэх. Хариуд нь төр яах ч үгүй. Та нарыг төр мөрдөхгүй, шалгахгүй, олон нийтэд зарлахгүй. Энэ асуудлыг чинь дахиж мөшгөж сэдрээхгүй, элдэв гэмт хэргийн баримтад ашиглахгүй” гэж ам мөчгөө өгөн байж Өршөөлийн хуульд далд байсан бүхнийг ил болгож хамруулсан учиртай. Гэтэл төр энэ хэлсэн амнаасаа буцаж, зарим поп улстөрч “Эдийн засгийн Өршөөлийн хуулийг шалгах нь зүйтэй” гэж ярьж эхэллээ. Тэд “Хууль эргэж үйлчилдэггүй гэдэг ч тэрнийх нь учрыг олж дөнгөнө” хэмээн яриад сууж байна. Мөнгийг нь шалгадаггүй юм аа гэхэд үйлдлийг нь шалгана ч гэх шиг. Ингэж нохой зан гаргаж, амлалт, хэлсэн үгнээсээ буцвал Монголын төрд итгэх гадаадын байтугай дотоодын хөрөнгө оруулагч үлдэхгүй шүү. Ийм юм ярьж байгаа нь хамгийн попорсон, хамгийн ёозгүй төрөөс гарах авир. Энэ бол нэр төр хөөцөлдөж, олон нийтээс оноо авч, ард түмнийг хөөсрүүлж, тэдний өмнө шударга дүр эсгэж байгаа, хувь улстөрч тодорч гарч ирэх гэсэн оролдлого юм. Их өмч хувьчлал, оффшорыг шалгана, Өршөөлийн хуулийг эргэж шалгаж буруутай этгээдүүдийнх нь үйлдлийг ил гаргаж зарлана гэж ярьцгааж байна. Хэрвээ ийм үйл явдал болбол Монгол төрийн нэр хүнд, үнэ цэнэ шороотой хутгалдана. Хэдэн поп улстөрч сонгууль хүртэл “Шалгана, нэгжинэ” гэж хашгиралдах нь ойлгомжтой. Монгол төрийн нэр хүндийг ингэж баллаж харлуулан байж гарч ирэх тийм үнэ хүндтэй хүмүүс үү, тэд. Монгол төрийг шороотой хутган байж сонгуулиар гарч ирэх үнэ хүндтэй улс уу, попчид. Монголчууд төрт ёсоо дээдэлж, төрийн үйл хэргийг бүхний дээр тавьж, төрөө цэвэр ариун, шударга байлгахын төлөө хаанаасаа жирийн ард нь хүртэл нэрээ хичээж ирсэн түүхтэй ард түмэн. Хэзээ ч хувь хүн нэр олохын төлөө төрийн нэрийг баллаж байгаагүй. Төрийн минь сүлд өршөө гэж тэргүүнээ мэхийлгэн залбирч байснаас биш төрийн нэрийг шороогоор булсан түүх үгүй. Төр бол мөнх. Хэрвээ та нар төрийн нэрийг хугалчихвал тэр хугарсан нэр ч бас мөнх дагана. Ингэвэл энэ улс орон цаашаа юу болох вэ. Та нар дэмий попорч чуулганы танхим, Төрийн ордны индрийн цаанаас амандаа орсноо ярьж, нэр хүндээ өсгөхийн тулд нэг оноо ч болов авахын тулд хүссэнээ хэлж, цаг үрсэн юм хийгээд хэрэггүй, улстөрчид өө! Гэхдээ эдний ярьж байгаа дэмий үгс нь цаашаа явахгүй, дэмжлэг авахгүй гэдгийг захын хүн мэднэ л дээ. Тэглээ ч энэ асуудлыг шалгууллаа гэхэд Үндсэн хуулийн Цэц, шүүхэд дээр очоод л уначихна. Ерөнхий сайд шүүх хурал болгон дээр очиж тайлбар хэлж оролцож чадахүй учир Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргадаа үүрэг өгч таарна. ЗГХЭГ-ын дарга нь яамандаа үүрэг болгоно. Яам нь хэлтэстээ энэ асуудлыг шилжүүлнэ. Хэлтэс нь яахав, шинээр орж ирсэн нэг мэргэжилтэндээ үүрэг болгож тохож орхино. Тэр мэргэжилтэн нь юунд яваад байгаагаа ч сайн мэдэхгүй шүүх дээр очоод “Мэдэхгүй ээ, шүүх дээр очоорой л гэсэн шүү дээ” гэсэн шүү юм яриад зогсох нь мэдээж. Өөр юугаа хэлэхэв. Мэдэхгүй нь үнэн юм чинь. Ингээд л шүүх хурал дээр юу хэлэхээ мэдэхгүй суусаар ялагдаад гараад ирнэ. Төр ямар нэг асуудлаар заргалдлаа гэхэд шүүх дээр очоод ялагдаад байдаг шалтгаан нь ерөөсөө энэ л байдаг юм. Үүсгэсэн маргааныхаа араас эзэн хүний ёсоор уйгагүй, үнэнч сэтгэлээр явдаггүй болохоор ялагдахаас өөр яах юм. Яг л ийм зураглалаар энэ хэдэн улстөрчийн яриад байгаа “Шалгана” гэж сүр оруулан зарлаж байгаа асуудал нь шүүх, Цэц дээр очоод унаж таарна. Тэдний хувьд өнгөн дээрээ “Шалгана” гэж ярих нь ард түмэнд таалагдаж оноогоо нэмүүлнэ гэдгийг мэдэж байгаа учраас тэгж зоригтой мөртлөө логикгүй юм ярьж байгаа юм. Бондын мөнгө, Өршөөлийн хууль ямар ч хамааралгүй гэдгийг улс төр судалдаг, нийгмийн үйл явдлыг гойд анзаардаг, ой сайтай хүн бол шууд л мэдэж байгаа даа. Өнөөдөр “Шалгана” гэж хэлээд нэг оноо авчихаад шуугиан тарьсан тэр асуудал нь цаашид яах ийх, шүүх дээр очоод унах эсэх нь огтоос хамаагүй, дахин сонгогдож л байвал бол оо. Ингэж дуулиан дэгдээх нь эргээд Монгол төрд ямар сүүдэр тусгаж байгаа нь тэдэнд хамаа байдаггүй. Хамгийн гол нь ийм яриа гаргаж, ийм философитой байгаа нь “Монгол төр ямар ч итгэл төрүүлэхээргүй юм даа” гэсэн урамгүй бодол төрүүлж байна. Яаж ч мэдэх улсууд төрд гарвал юу ч хийж мэдэхээр юм байна. Ер нь тэгээд төр ч дээ, төрд итгээд байх хэрэггүй юм байна гэсэн дохиог Монгол төр маань гадаад, дотоодгүй төрүүлээд эхэлчихлээ. Нэр хөөцөлдсөн хувь улстөрчдийн болчимгүй хашгираанаас болж эдийн засгийг минь аврахаар дөхөж байсан хөрөнгө оруулагчдын хөлөг онгоц зангуугаа татаад залуураа эргүүлчихэв үү дээ гэж харагдаж байна. Дотоодын томоохон хөрөнгө оруулагчдад ч төрдөө итгэх итгэл нь алдрах шалтгааныг гаргаад өгчихөв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Дондог: Химичдийг эх орныхоо түүхий эдтэй холбож өгөх эр зориг хэрэгтэй байна

Улсын химийн ХХХ олимпиад энэ сарын 7-нд эхэлж өчигдөр нээлтийн ёслол нь болсон юм. Уг ёслолын үеэр МУИС-ийн хүндэт профессор, тус сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн Химийн тэнхимийн ахмад багш, Монгол Улсын гавьяат багш С.Дондог, МУИС-ийн Химийн тэнхимийн зөвлөх профессор, Монгол Улсын гавьяат багш Д.Дорж нартай ярилцлаа.


-Өнөө жилийн химийн олимпиадад хэдэн багш, сурагч өрсөлдөж байна вэ?

Д.Дорж:-Улсын химийн ХХХ олимпиадад 21 аймаг, есөн дүүргээс шалгарсан 12 дугаар ангийн 34 сурагч, тэднийг бэлтгэсэн 34 багш оролцож байна.

-Д.Дорж багш та химийн олимпиадыг анх улсдаа зохион байгуулахыг санаачилсан хүн. Чухам яагаад энэ хичээлээр олимпиад зохиох болов. Ач холбогдол нь юу вэ?

-Хими бол онцлогтой шинжлэх ухаан. Тодорхойлж хэлбэл хими бол шинжлэх ухааны төвд байдаг. Төвийн ухаан. Нөгөө талаасаа хими гэдэг бол дэлхий, амьд байгалийн бүтээсэн, өдөр тутмын амьдралд хаа сайгүй явж байдаг, хэрэглэж байдаг ийм зүйл. Химийн олимпиадыг яагаад зохион байгуулдаг вэ гэвэл залуу, хойч үеэ сурагч байхаас нь эхлээд авьяасыг нь хөгжүүлээд химийн шинжлэх ухаанд сонирхолтой болгох, улмаар мэргэжлийн сургуульд хамааруулах замаар химийн өндөр мэргэжлийн боловсон хүчин болгож төлөвшүүлэх, цаашлаад химийн шинжлэх ухааны ололтыг улс орныхоо хөгжилд нэмэр хандив оруулах, бүх шатны сургуулийн химийн сургалтын чанарыг сайжруулах зорилгоор химийн олимпиадыг явуулдаг.

-30 дахь жилдээ зохион байгуулж байгаа гэсэн үг шүү дээ?

Д.Дорж:-Тийм. 30 дахь жилдээ энэ олимпиадыг зохион байгуулахдаа бид нэлээд цогц байдлаар явуулахыг зорьсон. ЕБС-ийн сурагчдын дунд, тэнд нь хичээл зааж байгаа химийн багш нарын дунд, цаашилбал их, дээд сургуульд химийн чиглэлээр сурдаг оюутнуудын дунд, олон нийтэд түгээх зорилгоор Химичдийн өдрийг бий болгоод, химийн сургалтын чанарыг дээшлүүлж, сайн, өндөр мэргэжлийн боловсон хүчин бэлдэх зорилгоор Олон улсын химийн олимпиадад залуу хүүхдүүдээ оролцуулах гэсэн ийм таван ажлыг төлөвлөөд явж байна.

Яг ийм байдлаар бид 30 дахь жилдээ ажиллаж байна. Үүний үр дүнд харж байхад химийг багаасаа эхэлж сонирхоод тодорхой түвшинд хүрээд одоо Монгол Улсдаа, улсынхаа их, дээд сургууль, ЕБС-д багш, судлаачаар ажиллаж байгаа нь олон.

-Монголчууд шинжлэх ухааны хэдхэн салбарыг л онцолж яриад байдаг. Гэтэл химийн шинжлэх ухаан оролцдоггүй салбар гэж үгүй. Дэлхий нийтээрээ химийн салбараа хөгжүүлж, химичдээ онцгойлон анхаараад эхэллээ?

С.Дондог:-1989 онд Монголын химичдийн нийгэмлэг анх байгуулагдаж 1990 онд Ардчилсан хувьсгал ялсан. Тэр сайхан бадарсан цаг үед Д.Дорж багш МУИС-ийн захирал байсан. Бидний хамтран зүтгэгч С.Мягмар багш бид нар Улсын химийн олимпиадыг анх зохион байгуулж байлаа. Энэ олимпиад явсаар 30 дахь жилтэйгээ золголоо. Энэ хугацаанд Улсын химийн олимпиадад олон арван багш шавь нараа бэлдэж, олон арван багш гавьяат цол хүртсэн. Мөн манай олимпиадыг дамжиж гарсан шавь нар маань дээд сургуулиудын химийн тэнхим, ШУА-ийн Химийн хүрээлэнгүүдэд эрдэмтэн мэргэд болсны зэрэгцээ, үйлдвэр аж ахуйн газруудын химичид үндсэндээ манай төгсөгчид. Химийн шинжлэх ухааныг бид ингэж эх орондоо хэгжүүлээд дээд сургуулиудад заагаад, улмаар дунд сургуулиас нь эхлээд химиэр сонгох мэргэжлийг нь өргөжүүлээд явж байгаа.

Ингэхээр оюутнуудыг химийн шинжлэх ухаанаар боловсруулдаг МУИС, МУБИС, АШУҮИС, ХААИС, улмаар ШУА-ийн Химийн хүрээлэнгийн эрдэмтэд химийг шинжлэх ухааныг хөгжүүлэхийн төлөө зүтгэж байна. Олимпиадыг 30 жилийн турш явуулж бэлтгэсэн шавь нар, бэлтгэсэн мэргэжилтнээ харахаар одоо манай эх орны маань хөгжил бурхан тэнгэрээс хайрласан хөрсөн доорх их энэ их эрдэнэс баялаг маань бид бүхний бэлтгэсэн химичдийн мэдлэг чадвартай холбогдож уялдаж чадахгүй байна. Эрдэс, түүхий эдээ тэр чигээр нь гадагш нь гаргаж байна. Хөдөө аж ахуйн баялаг салбарын бүтээгдэхүүнээ боловсруулахгүйгээр гадагшаа гаргаж байна. Энэ бол нэг ёсны шинжлэх ухаан-үйлдвэрлэлийг аль аль талаас нь харсан нүгэл болж байна. Ийм учраас энэ олимпиадыг 30 жил явуулж ирсний үр дүнд, манай орны өнөөгийн хөгжил, манай улсын их дээд сургуулиудын бэлтгэсэн мэргэжилтнүүдийн байгаа нөөцийг харьцуулж харахад зохицолдолгоо алга. Ингэхээр энэ олимпиад, их дээд сургуулиудаар бэлтгэж байгаа тэдгээр химичдийн оюуны чадварыг эрдэс түүхий эдээ боловсруулах салбарт чиглүүлж чадахгүй байгаа. Ийм айхавтар гүнзгий зөрчил өнөөгийн нөхцөлд харагдаж байна.


-Чадвартай химичид Монголд байгаа юм байна?

С.Дондог:-Дээд сургуулиудаар бэлтгэсэн химичдийн нөөцийг газрынхаа хөрсөн доороос гарч байгаа, МАА-н салбараас гаргаж буй түүхий эдтэйгээ уялдуулж ажилласан сан бол Монгол орон өндөр хөгжих бололцоотой юм. Гэтэл үүнд нэг айхавтар юм саад болчихоод байна. Залуу мэргэжилтэн байлаа гэхэд очсон салбартаа суурь мэдлэгтэй, түүн дээрээ үндэслээд ямар ч салбарыг аваад явчих химичид байна. Гэтэл түүхий эд, ХАА-н бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэр, шинжлэх ухааны химичдийг холбох холбоо тасраад байна. Энэ хоёрыг холбож өгөх эдийн засгийн хүчин чадал Монголд алга. Ингэхээр үнэндээ том зөрчил харагдаж байна. Үүнийг яаж холбох вэ гэдэг дээр зоригтой ажиллах хэрэгтэй. Монголын хөгжлийг Монголын эр зориг л шийднэ. Ийм учраас энэ эр зориг өнөөдөр бидэнд энэ олимпиад төдийгүй байгалийн шинжлэх ухаан суурь шинжлэх ухааны салбарт боловсон хүчин бэлтгэж байгаа сургуулиудын шинжлэх ухааны энэ их нөөц потенциалыг түүхий эдийг боловсруулахад холбож өгөх эр зориг хэрэгтэй байна.

-Манайхан сүүлийн жилүүдэд нефть боловсруулах үйлдвэр, гангийн үйлдвэр, аж үйлдвэрийн парк барина гэж их ярих боллоо. Энэ бүгдэд химичдийн оролцоо маш өндөр. Жишээ нь, нефтиэс л гэхэд 200 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн гарган авдаг. Таны хэлснээр химичдээ түүхий эдтэйгээ зоригтой холбож чадвал бид түүхий эдээ тэр чигээр нь гаргахгүй дотооддоо боловсруулж чадна гэдгийг дээр дооргүй мэдмээр юм байна?

С.Дондог:-Монголд үйлдвэрээ хөгжүүлээд эхэлбэл бид химичдээ улам хөгжүүлж чадна. Одоо бэлтгэгдчихсэн байгаа химичид маань ямар ч салбарын химийн салбарт ажиллаад явах бүрэн бололцоотой гэж бид бодож байна.

-Монголын химийн салбарыг олон улсынхтай харьцуулбал хаахан явна вэ?

С.Дондог:-Химийн шинжлэх ухааны онолын хэсэг бол манай энэ сайхан мэргэжсэн их сургууль, ШУТИС, мөн бусад их сургуулиудад химийн шинжлэх ухааны салбарын мэдлэгийг өгөөд байна. Энэ нь дэлхийн химийн шинжлэх ухааны салбараас төдийлөн хоцрогдоогүй. Гагцхүү тэр үйлдвэрлэлтэйгээ холбож өгөх тал дээрээ л тасраад байна. Энэ холбоог л хийж өгөх хэрэгтэй байна. Үүнд дутагдаад байгаа зүйл бол хөрөнгө оруулалт. Хөрөнгө оруулалтаа буруу зүйлд хийгээд байгааг манай оюунлаг ард түмэн харж байгаа. Үүнийг л манай төр засаг даруй засч, хөрөнгө оруулалт хийж өгөх шаардлагатай байна.

Д.Дорж:-Улсын химийн ХХХ олимпиад зохиогдож буй 2019 он бол Д.И.Менделеевийн үелэх системийг нээсний 150 жилийн ойтой давхцаж байгаа. НҮБ 2019 оныг Менделеевийн хуулийн жил болгож зарласан. Энэ шугамаар дэлхий даяар маш олон арга хэмжээ зохиогдож байгаа. Химийг хүмүүс хоёр туйлаар үздэг юм. Нэг хэсэг нь хими маш их зэрэгцээтэй, ашигтай. Хүний сайн сайхан амьдрах, нийгэмд тустай гэж үздэг. Нөгөө хэсэг нь хортой гэдэг. Хортой байдгийн учир шалтгаан нь химийн бодисыг хэрэглэхдээ технологийн горим, аюулгүй ажиллагаа, тун хэмжээг нь тааруулах сахилга, ёс зүй дутагдсанаас л ийм яриа гарч байгаа юм. Түүнээс биш хаа сайгүй хими бий. Бүх хэрэгцээнд хими өргөн хэрэглэгддэг.

-Менделеевийн үелэх систем анх 108 элементтэй байсан бол одоо бараг 120 хүрлээ шүү?

Д.Дорж: Менделеевийн үелэх систем 118 элементтэй болоод байгаа. Олон улсын онолын болон хэрэглээний химийн нийгэмлэгээс 118 гэдгийг батлаад тогтоочихсон. 118 элементээс байгалийн бүтээсэн нь 72 элемент. Бусдыг нь зохиомлоор гаргаж авсан. Манай орны химич эрдэмтэд 40-өөд элементийн чиглэлээр судалгааны ажлуудыг хийдэг. Маш олон элемент манай газрын хөрсөнд эрдэс, баялаг, нөөц байдлаар оршиж байдаг.

С.Дондог:-Химитэй ажиллах хүмүүст аюулгүй ажиллагаа нэн чухал байдгийг сая Д.Дорж багш ярилаа. Аюулгүй ажиллагаа бол химийн бодис, урвалжтай ажиллаж байгаа хаана ч хэрэгтэй. Гар угаадаг хатуу, шингэн саван. Гал тогооны тосгуурт байдаг Fairу. Энэ бүгдийг хэрэглэхээс чинь эхлээд аюулгүй ажиллагаа шаардана. Үүнийг баримтлахгүй байснаас сая Заамарын уурхайн гүнд хичнээн хүн амиа алдав. Цэвэрлэх байгууламжид хийнд хордсоноос хичнээн хүн алтан амиараа хохиров. Энэ бүгд бол химийн боловсролтой холбоотой. Химийн мэргэжил төдийгүй, энгийн химийн боловсрол дутуу эзэмшсэнээс, хайхрахгүй байснаас ийм юм болж байна. Ингэхээр химийн шинжлэх ухаан гэдэг бол хүн болгоны ердийн боловсролоос эхлээд эх орныхоо үйлдвэрлэлийг хөгжүүлэх чухал шинжлэх ухаан юм шүү дээ. Иймээс энэ чухал шинжлэх ухааныг эзэмших асуудал бол үндсэн боловсрол байх ёстой. Үндсэн боловсролын түвшинд химийн бодис урвалжтай ажиллах, харьцахыг хүн болгон мэддэг, чаддаг, болгоомжилдог байх хэрэгтэй.