Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Баатар: Ж.Болтон бол гадаад бодлогын “мангас” хочтой дипломатч

АНУ-ын ерөнхийлөгчийн Аюулгүй байдлын зөвлөх Жон Роберт Болтон Монголд айлчлаад буцсан. Энэ айлчлалын хүрээнд олон нийтийн дунд гарсан зарим асуултад хариулт авахаар Шинжлэх ухааны академийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн ажилтан, Sc.D, профессор Ц.Баатартай ярилцлаа.


-АНУ-ын ерөнхийлөгчийн Аюулгүй байдлын зөвлөх Жон Роберт Болтон Монголд айлчиллаа. Та судлаач хүний хувьд түүний айлчлалын зорилго юу байсан бол гэж харж байна вэ?

-Тэрбээр Монгол Улсын эдийн засгийн болон аюулгүй байдлын зорилтуудыг дэмжих, Монгол Улсын чадавхыг бэхжүүлэх цаашдын хөтөлбөрийг тодорхойлох нь айлчлалын гол зорилго байлаа гэсэн байна лээ. Хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг шат ахиулах зорилго ч байсан. Нөгөө талаар бүс нутгийн асуудлууд ч энд хамаарах байх.

-АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп цэрэггүй бүсэд уулзалт хийх үеэрээ яагаад Жон Роберт Болтоныг байлцуулаагүй юм бол. Үүнд ямар нэг улс төрийн учир холбогдол байсан юм биш биз. Ж.Болтон Хойд Солонгос, Куба, Иран, ОХУ-тай холбоотой асуудалд хатуу байр суурьтай байдаг болохоор айлчлалынхаа үеэр Монгол руу явуулжээ гэж таамаглаж болох уу?

-Тийм ээ, энэ хүний талаар эрс хурц байр суурийг янз бүрээр л хэлдэг. Уулзалтыг аль болох хүссэн зорилгодоо хүргэх үүднээс тэр хүнийг байлцуулаагүй л болов уу. Тэд ч энэ хүнд дургүй шүү дээ.

Жон Роберт Болтоныг дэлхийн олон улс оронд дайн дажин, үймээн, зөрчилдөөн дэгдээсэн хүн гэж буруутгах хэсэг байна. Юунаас улбаалж түүнийг ингэж шүүмжилдэг юм бэ?

-Тэрбээр 2005 онд Иракийн дайн дэгдээж байхдаа НҮБ-д суугаа АНУ-ын Элчин сайдын албыг хашиж байсан.

Дипломат яриа хэлэлцээ гэхээс илүүтэйгээр хүч хэрэглэх, түрэмгийлэх бодлогыг уриалдаг хүн.

-Түүний Монголд айлчилж, төрийн өндөрлөгүүдтэй уулзсаныг ямар нэг үйл явдлын дохио гэж харж болох уу?

-Хоёр улсын төрийн өндөрлөгүүд дээд түвшинд уулзах, эдийн засгийн хамтын ажиллагаанд бага ч болов ахиц өөрчлөлт гарахын дохио гэж харж байна. Оюу толгойн ээдрээтэй асуудал, тогтворгүй бодлогогүй үйл ажиллагаа тэдэнд нэгийг сануулсан байх.

-Жон Роберт Болтон гэж чухам ямар онцлогтой, улстөрчийнхөө хувьд хэр чансаатай хүн бэ?

-Жон Роберт Болтон өдгөө 71 настай. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас АНУ-ын 27 дахь Үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөр ажиллаж байгаа туршлагатай, үндсэрхэг, хуучин дипломат ажилтан юм.

Болтон нь 2005 оны наймдугаар сараас 2006 оны арванхоёрдугаар сар хүртэл АНУ-аас НҮБ-д суух Элчин сайдын алба хашиж байсан. Болтон нь гадаад бодлогын “мангас” хочтой бөгөөд Иран, Сири, Ливи, Венесуэл, Куба, Йемен, Хойд Солонгост дэглэмийн өөрчлөлтийг дэмжигч. Тэрбээр мөн Ираны цөмийн асуудлыг шийдэж дуусгахыг уриалдаг. Иракийн дайныг дэмжигч байсан бөгөөд Ирак руу довтлох шийдвэрийг үргэлжлүүлэн дэмждэг. Мөн Сири, Ливи, Иран дахь цэргийн ажиллагааг явуулахыг дэмждэг. Үзэл бодлын хувьд “neoconserva­tive” гэж тодорхойлолтод ордог олон улсын анхааралд өртсөн дипломатч юм.

-Иракийн дайныг эхлүүлэхэд хатуу байр суурь баримталж, дэмжиж байсан, ер нь дайн хийхийг дэмждэг хүнийг ирээд явсанд манай зарим иргэд болгоомжилсон байр суурьтай байна?

-Энэтхэг, Номхон далайн бүс нутагт хүчний тэнцвэрийг хангах, бүс нутгийн аюулгүй байдлыг бэхжүүлэхэд Монгол Улсын хувь оролцоог ахиулахад бага ч болов ахиц дөхөм үзүүлсэн чухал айлчлал боллоо гэж харж байна. Түүнээс болгоомжлох шалтаг шалтгаан Монголд байхгүй. АНУ Орос, Хятадтай учраа ололцож байгаа нь бидэнд л нааштай тусна.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Оспан хэзээ манай баатар болж, Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэн Баян-Өлгийг авч үлдсэн байна аа

УИХ-ын гишүүн Ж.Батзандан шинэ намынхаа ажлаар Баян-Өлгий аймагт очиж ард иргэдтэй уулзалт хийгээд ирсэн. Уулзалтын үеэр тэрээр “Үнэхээр энэ нутаг бол гайхамшигтай нутаг. Би энэ нутагт ирэх болгондоо казах түмнийхээ түүхийг үргэлж боддог. Яагаад энэ Баян-Өлгий аймгийг, энэ сайхан нутгийг Чойбалсан гуай Оспан баатартай уулзахдаа баруун хязгаараа хамгаал аа гээд та бүхэнд итгэж, та бүхэнтэй хамтарч энэ тусгаар тогтнолоо авч үлдсэн юм бол оо гэж би боддог юм. Оспан баатар хэрвээ байгаагүй байсан бол, Оспан баатар хэрвээ Чойбалсан гуайтай тохиролцоогүй байсан бол Монголын баруун хязгаар нутаг магадгүй харийн түрэмгийлэгчдийн гарт өртөх байсан. Та бүхэн энэ нутгийг авч үлдэж чадсан шүү. Би казах түмэндээ үргэлж баярлаж явдаг юм аа. Урианхай, дөрвөд ард түмнүүддээ баярлаж явдаг юм. Дөрвөд нутгийнхаа хүмүүст баярлаж явдаг юм шүү. Баруун хязгаар бүтэн байгаад би баярлаж байгаагаа илэрхийлж байна аа. Түүхийн хүнд сорилтын дундуур манай баруун хязгаар нутаг үргэлж орж байсан. Алтайн уулсыг тойрсон казахын ард түмэн дотроос Назарбаев гуайн хэлсэн үг байдаг. Казахын ард түмний соёлыг, урлагийг, уламжлалыг хамгийн гайхамшигтай авч үлдсэн казахын ард түмэн бол Монголын казахууд гэж хэлсэн байдаг юм аа. Би та бүхнээрээ бахархаж байна, баяр хүргэе. Харин сүүлийн он жилүүдэд Казах, Монголын ах дүүгийн сайн харилцаанд хор хор хүргэх гэж зарим нэг МАНАН бүлэглэлийн этгээдүүд буруу алхам хийсэн гэдгийг би энд зориуд хэлэхийг хүсч байгаа. Миний ард түмэн, казах, Монголын ард түмэн үеийн үед эвтэй найртай хамтарч бие биенээ хайрлаж дэмжиж ирсэн юм аа. Би та бүхнээсээ хүсье, бусдын буруу бодолтнуудын, МАНАН бүлэглэлийн харалган бодлогыг үл тоож, Монголынхоо төлөө, хоёр ард түмнийхээ хамтын ажиллагаа, эв найрамдлын төлөө үргэлж зогсоорой, Батзандантайгаа хамт байгаарай, шударга иргэдтэйгээ хамт байгаарай гэж та бүхнээсээ хүсье ээ” гэж ярьсан юм. Түүний энэ ярианаас харвал Оспан гэж манай баатар байдаг юм байна, Монголын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлын төлөө тэр баатар тэмцэж байсан юм байна. Энэ тэмцлийн үр дүнд Баян-Өлгий аймгийн газар нутгийг Монголд авч үлдсэн юм байна гэж шууд ойлгогдож байна. Оспан хэзээ манай баатар болж, Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэн Баян-Өлгийг авч үлдсэн байна аа гэх асуулт яалт ч үгүй гарч ирж байна.

Оспан гэдэг нэртэй Монгол Улсын баатар байхгүй гэдгийг баттай хэлж байна. Бид үүх түүхдээ хайртай. Баатруудаа эрхбиш мэднэ, баатарлаг түүхээр нь бахархдаг ард түмэн. Гэтэл ямар тогтоол хаагуур яаж батлагдаад Оспан гэж хүн Монгол Улсын баатар болсныг бид мэдээгүй байж болох юм. Тэрийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан мэдсэн болохоороо тэгж хэлж байгаа биз. Тэгвэл тэр тогтоол, албан ёсны бичиг баримтыг нь бидэнд танилцуул гэж нэгдүгээрт шаардаж байна. Монгол Улсын баатар бол зарлигаар гарч, төрөөс олгодог цол. Хоёрдугаарт, Оспан хэнтэйгээ яаж тэмцэж Баян-Өлгий аймгийг авч үлдсэн болж таарч байна вэ. Тухайн үед Баян-Өлгий хаашаа салчихсан байсан юм бэ, аль нутагт харьяалагдаж байсан юм. Тэгээд яаж тэмцэж, бидэнтэй буцаан нэгтгэж авч үлдсэн юм бэ. Салаад явчихсан байсан аймгийг яаж буцааж нэгтгэсэн юм бэ гэдэг энэ асуултуудад тайлбар шаардаж байна, УИХ-ын гишүүн Ж.Батзандангаас.

Газар нутгаа нэгтгэсэн орчин цагийн хамгийн сүүлийн жишээг авч ярихад, Крымийг нэгтгэсэн Владимир Путиныг л Оросын бүрэн бүтэн байдлыг хангалаа гэж оросууд нь шүтдэг юм гэсэн. Түүн шиг Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэр тэр үед аль улсын харьяанд байсныг, энэ аймгийг ямар улсууд эзэмшиж байсныг нь Оспан бидэнд буцааж авсан юм бол. Энэ бүхэнд танаас бүрэн хэмжээний тайлбар шаардах эрх Монголын ард түмэнд бий.

Бидний мэдэх түүхээр, Баян-Өлгий гэж аймаг тухайн үед буюу Манж Чин улс, Олноо өргөгдсөн Монгол Улсын үед Монголын баруун хэсэгт оршиж байсан Ховдын хязгаар гэж засаг захиргааны нэгжид харьяалагдаж байсан газар нутаг юм. 1762 онд Дөрвөд далай хаан, Тагнын урианхай, Алтайн урианхай, Торгууд, Захчин, Мянгад, Өөлд хошуудыг нэгтгээд Ховдын хязгаар нутаг хэмээх засаг захиргааны бие даасан нэгж байгуулж Ховд хотод улсаа төлөөлсөн Амбан суулгаж байсан түүхтэй. Олноо өргөгдсөн Монгол Улсын үед урианхайн долоон хошуу байснаас Ёст засгийн хошуу, Дархан засгийн хошуу, Саруул гүний хошуу, Эетэй гүний хошуу, Зүтгэлт гүний хошуу, Зоригт гүний хошуу нь одоогийн Баян-Өлгий аймгийг бүхэлд нь хамран оршиж байсан бөгөөд хошуу болгон нь захирдаг ноёнтой байсан юм. Казахуудад Оспан биш Богд хаант улсын их эзэн хаан Жавзандамба хутагт хишиг хүртээж газар нутаг зааж өгснийг бид мэднэ. 1911 оны хувьсгалын дараа тэднийг Монголын харьяанд Богд хааны зарлигаар оруулсан түүх нь Улсын архивт хадгалаатай байна. Үнэн түүх нь ийм байхад та түүхийг гуйвуулж, огт ор үндэсгүй худал ярилаа гэж бид харж байна.

Попорно, попорно гэхэд арай дэгдэж байгаа бус уу, та. Таны хэлсэн, зохиож ярьсан энэ түүхээр шинэ үеийнхэн хүмүүжвэл яах болж байна. Баян-Өлгийн казах залуучууд түүх үнэхээр л ийм байжээ гэж ойлгоно. Монголчууд ч тэр Оспан гэж баатар Монгол Улсын газар нутгийг нийлүүлж өгчээ гэж ойлгохоор байна. Энэ нь яваандаа улс төрийн хор хохирол хэр их учруулах вэ гэдгийг та мэдэх үү. Энэ талаар бодсон уу. Салан тусгаарлах, тэртэй тэргүй бидний нутаг гэж бодох янз бүрийн үзэл бодол гарч ирэх үндсийг та тавьчихлаа. “Казах, Монголын ах дүүгийн сайн харилцаанд хор хүргэх гэж, хор хүргэх гэж зарим нэг МАНАН бүлэглэлийн этгээдүүд буруу алхам хийсэн гэдгийг би энд зориуд хэлэхийг хүсч байгаа” гэдэг чинь юу гэсэн үг вэ. Бид гадаад улс биш, нэг улс. Нэг улсын хоорондын найрамдалт харилцаа, сайн харилцаа гэж юу байдаг юм бэ.

Монгол төрийн зүтгэлтэнд хэлдэг үг, хэлдэггүй үг, яриа гэж бас бий. Бидний нөгөө бахархаад хайрлаад байдаг Байтаг Богдод тэмцэж явсан баатрууд тэгээд юу болох вэ. Таны яриад байгаа Оспан гэх баатрыг тань алсан эрэлхэг хилчид маань тэгээд дайснууд болж байна уу. “Байтаг Богд” гэж кино гарсан. Энэ бол Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө тэмцсэн Монгол Улсын баатруудын тухай кино. 1947-1949 оны хооронд Ховд аймгийн Булган сумын нутагт болсон Байтаг богдын тулгаралт, Бүдүүн харгайтын тулалдааныг Монголын ард түмэн мартаагүй. Яагаад вэ гэвэл тэнд Монголын тусгаар тогтнол бүрэн бүтэн байдлын төлөө олон арван эрэлхэг хөвгүүд маань эх орныхоо төлөө алтан амиа өргөсөн. Тэр дундаа Байтаг богдын тулгаралтад 120 орчим дайсны эсрэг 10-хан хилчин хэрхэн амь насаа хайрлахгүй тэмцсэн баатарлаг түүхийг бид мах цусаараа мэдэрч, бахархаж явдаг.

Байтаг Богдод тулалдсан Монгол Улсын баатар Б.Тэгшээ, Л.Даваадорж, Б.Гиваан тэргүүтэй Н.Дандархайдав, Э.Архад, Т.Баян, Г.Хаянхярваа, Д.Чойжин, Л.Гончигзэгвэ, Ч.Пэлжээ нарын эрэлхэг хилчид маань тэгээд дайсан болох уу, Ж.Батзандан гишүүн ээ. Монгол Улсын “баатар” Оспаны эсрэг тэмцэж явсан хүмүүс чинь тэгээд Монгол Улсын дайсан болдог юм байгаа биз дээ.

Хэрвээ та худлаа хэлсэн бол Монгол Улсын баатрууд, тэдний үр садаас уучлалт гуй. Монголчуудаас уучлалт гуй. Байтаг Богдын тулгаралтад амь насаа алдсан Монголын дайчин хөвгүүдийн сүнснээс уучлал гуй, та.

Гэхдээ энэ ганц удаа уучлалт гуйгаад өнгөрөх асуудал биш юм. Өнгөрсөн үе рүүгээ, Монголын түүх рүү та нулимлаа. “Өнгөрснөө чи гар буугаар буудвал, ирээдүй чамайг их буугаар буудна” гэж Дагестаны суут яруу найрагч Расул Гамзатов “Миний Дагестан” номондоо бичсэн байдаг. Үүн шиг та өнгөрсөн үеийн түүх рүүгээ нулимлаа. Таны хэлсэн дээрх үгнүүд гар бууны чинээтэй биш ч таныг ирээдүй их буугаар буудна. Та улс төрийн замналаа одоо дуусга, илүү их гай түйтгэр болоогүй дээрээ өндөрлө. Зориуд санаатай ийм асуудлыг хөндөх гэж л та тийшээ явсан юм биш үү. Монгол Улсын газар нутаг түүний бүрэн бүтэн байдал, ард түмний эв найрамдалтай байдал бол таны суудлаас хэдэн зуу дахин үнэтэй зүйл юм. Энэ бол Үндэсний аюулгүй байдлын голлон анхаарах ёстой зүйл. Тийм ч учраас УИХ энэ асуудлыг яаралтай авч хэлэлцэн, Ж.Батзандан гишүүнийг гишүүнээс нь эгүүлэн татах хүртэл арга хэмжээ авах хэрэгтэй байна.

Categories
мэдээ цаг-үе

Хиймэл бөөрийг ирэх жилээс худалдаанд гаргахаар төлөвлөжээ

Дэлхий дээр 700 орчим сая хүн бөөрний архаг өвчтэй бөгөөд тэдний эмчилгээнд эрүүл мэндийн салбарын нийт төсвийн 80 гаруй хувийг зарцуулдаг гэсэн тооцоо бий. Тэдний ихэнх нь бөөр орлуулах эмчилгээ буюу гемодиализын аппаратанд хэвтэхийн тулд урт дараалалд хүлээгдэж, эдийн засаг, цаг заваа ихээр алддаг. Тогтмол хугацаанд уг аппаратанд орохын тулд ажил төрлөө хойшлуулж, эмнэлэг барааддаг. Энэ байдлыг анзаарсан эрдэмтэд бөөрний архаг өвчтэй хүмүүс хиймэл бөөрний аппаратанд орохын тулд эмнэлэгт хэвтэх шаардлагагүйгээр аппаратаа өөртөө зүүгээд авч явах, эсвэл мэс заслын аргаар бөөрний судсанд хиймэл бөөр холбох зэргээр судалгааны ажил хийсний үр дүнд хиймэл бөөрийг гаргаж авчээ. Ерөнхий бүдүүвч зураг болоод ажиллах дараалал нь хиймэл бөөрний аппарат буюу гемодиализын аппаратын жижигсгэсэн хувилбар гэж хэлж болно.

АНУ-ын Калифорнийн их сургуулийн эрдэмтэн Шову Рой, Виллиан Бандербилт нар уг төхөөрөмжийг зохион бүтээжээ. Уг хиймэл бөөр буюу төхөөрөмжийг мэс заслын аргаар бөөрний гол судсуудтай холбох юм байна. Төхөөрөмж цус шүүж, бөөрний үйл ажиллагаа, тэр дундаа дааврыг зохицуулах, цусны даралтыг хянах зэрэг олон үүрэгтэй ажээ. Эрдэмтэн Ройн хэлснээр уг хиймэл бөөр нь цуснаас хортой бодисыг цэвэрлэдэг уламжлалт гемодиолизын аппаратаас ялгаатай нь маш нарийн шүүлтийн дамжлагатай юм байна. Микрочипээс бүрдсэн хиймэл бөөр сэнжтэй аяганы хэмжээтэй бөгөөд туршилтын явцад овор хэмжээг нь багасгаж улам боловсронгуй болгожээ. Төслийн багийнхны хувьд хиймэл бөөрний туршилт дуусч эрүүл мэндийн салбарт хэрэглэхийг зөвшөөрвөл 2020 онд зах зээлд нийлүүлэхээр төлөвлөжээ. Хэрвээ хиймэл бөөр худалдаанд гарвал бөөрний дутагдалтай хүмүүс диализын аппаратнаасаа салах, бөөр шилжүүлэн суулгах мэс засалд орохгүйгээр эрүүл мэндээ зохицуулаад явах боломж бүрдэнэ гэсэн үг. Энэ төхөөрөмжийг хүний биед суулгасны дараа 14 хоногийн дараа бие организмтай уялдаж үйл ажиллагаа нь хэвийн явагдаж дасан зохицдог аж. Хиймэл бөөрийг гахайнд суулгаж туршсаны дараа хүн дээр турших юм байна.

Энэ хиймэл бөөр хүний биед зохицож, бөөрний үүргийг 95-аас дээш хувьтай гүйцэтгэж чадвал 3D принтерээр хэвлэсэн эд эрхтнүүд ч ажиллагаанд орох боломж бүрдэнэ гэж зарим судлаачид харж байгаа юм.

Анагаахын шинжлэх ухаан, шинжлэх ухаан өндөр хөгжсөн барууны орнуудад 3D био-хэвлэгчээр хүний биеийн эрхтэнүүдийг хэвлэж гаргаад байгаа билээ. Эхний ээлжинд чих, хамар зэрэг эрхтэнийг амьд эс, тусгай гидрогел ашиглан хэвлэж гаргасан. Хэвлэж гаргаж авсан эрхтэнүүд нь хүний бие организмд зохицох, цусны судас ургаж төлжих бяцхан сувгуудтай ажээ. Нэг эд эрхтэнийг 30 минутын дотор хэвлэдэг бөгөөд эрдэмтэд арван жилийн турш тасралтгүй ажиллаж чих, хамар гаргаж авсан бол одоо бөөр, элэг, уушги, зүрх, ходоод зэрэг эрхтний амьд эдийг хэвлэхээр туршилт хийж байгаа гэнэ.

Эрдэмтдийн баг мөгөөрсөн хоолой, мөөгөөрсний амьд эд хэвлэж гаргаж аваад лабораторийн хулганад шилжүүлэн суулгасан нь амжилттай болж, хоёр сарын дараа мөгөөрс бий болж, улмаар судас үүссэн байна. Тиймээс 3D-гээр хэвлэж гаргасан эд эрхтэнүүдийг хүний биетэй дасан зохицуулах, биед суулгасан хойно нь өөрөө бие даан ургаж, төлжих явцад анхаарал хандуулж байгаа юм.

Categories
мэдээ цаг-үе

Казуми Ичибаяа: Манай өдөр өнжүүлэхэд ирсэн ахмадууд цаасан урлагт их дуртай

“Инами медикал монгол” компанийн захирал Казуми Ичибаяатай ярилцлаа. Тус компани Монголд анх удаа ахмадын япон маягийн өдөр өнжүүлэх төв ажиллуулж байгаа юм.


-Танай төв хэзээ байгуулагдсан бэ. Монголын анхны япон маягийн Ахмадын өдөр өнжүүлэх гэхээр хүн бүр сонирхох байх?

-2018 оны зургадугаар сараас үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Энэ төвийг нээсэн шалтгаан нь Японд өндөр настан харьцангуй их байдаг болохоор ахмадын өдөр өнжүүлэх төв олон бий. Тэр утгаараа Монголд бас хэрэгтэй юм болов уу гэж бодоод нээсэн юм. Японы нийгмийн халамжийн систем нь хөгшчүүлд нэлээд сайн үйлчилдэг. Монголд харин тэр тал дээр учир дутагдалтай санагдсан. Ер нь хөгшчүүд өдрийг хөгжилтэй өнгөрөөж байж гэмээнэ эрүүл байдаг. Нас өндөр болоод ирэхээр гэртээ ганцаараа уйдаад суух биш энд ирээд өдрийг хөгжилтэй өнгөрөөгөөсэй гэж бодоод бид энэ төвийг нээсэн.

-Ийм төв байгуулагдлаа гэдгийг дуулаад хүмүүс хэр их холбогдсон бэ. Магадгүй ийм төв нээгдээсэй гэж хүлээж байсан ахмадууд байсан байж болох юм?

-Өдөр өнжүүлэх төв маань албан ёсоор нээлтээ хийсний дараа хүмүүс сонирхож, сурагласаар ирж байсан. Одоо бараг нэг жилийн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд ахмадууд урт болон богино хугацаагаар эндээ өнжих гэж их ирсэн. Бас улирлаасаа шалтгаалаад ахмадуудын өнжих нь өөр өөр байдаг юм. Дулаараад, наадам болохоор амраад явчихна. Бас зусландаа гарна, хөдөө явна гээд төвд ирэхээ больдог. Тэгээд намраас буцаад төвдөө ирдэг. Гэхдээ зун нь төвдөө явдаг ахмадууд бий. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд 20 гаруй хүн үйлчлүүлсэн. Харин асууж, сураглаж ирдэг хүн зөндөө.

-Төвийнхөө үйл ажиллагааг сонирхуулахгүй юу. Ямар ямар үйлчилгээ үзүүлдэг вэ?

-Өглөө цуглараад хөгшчүүдийнхээ биед тохирсон Японы өдөр өнжүүлэхэд хийлгэдэг уламжлалт дасгалыг хийлгэдэг. Тэрнээс гадна хөгшчүүдийнхээ байдлыг харж байгаад алхуулж, өдөр дулаахан бол гадаа гаргаж салхилуулдаг. Дараа нь автомат тоглоомууд дээр тоглуулна. Мөн зураг зурах нь зураад, будах нь будаад, цаасан урлалаар юм хийх нь хийгээд хөзөр тоглох, даалуу тоглох гээд өдрийг тэд завгүй өнгөрүүлдэг. Амрах нэг нь амарч болдог. Зураг будах, цаасаар юм хийх зэргээр хуруу нь аль болох их хөдөлж байвал тэр нь тархинд нь сайнаар нөлөөлдөг.

-Өнөөдөр Монголын нөхцөлд Ахмадын өдөр өнжүүлэх төв маш цөөн. Дэлхийн улс орнуудад ийм төвүүдийг төрөөс нь бодлогоор дэмжиж орон даяар байгуулдаг юм билээ?

-Монголд энэ тал дээр төр засгаас дэмжлэг ерөөс байхгүй юм билээ. Систем нь хөгжөөгүй. Гэхдээ өндөр настан тэтгэвэрт гараад үлдсэн амьдралаа илүү хөгжилтэй өнгөрөөх талаас нь улсаас илүү тэтгэж, дэмжиж харж үзэж байвал илүү зүгээр юм. Тэгвэл илүү сайн улс орон болж хөгжих байх аа.

-Танайх Японы 100 хувийн хөрөнгө оруулалттай компани уу?

-Монгол-Японы хамтарсан компани л даа.

-Цагийн хуваариа сонирхуулахгүй юу. Гэрт нь хүргэж өгч, авдаг үйлчилгээ бий юу?

-Хүргэж өгөх үйлчилгээний хувьд Монголын замын хөдөлгөөн, ачаалал асуудалтай байдаг учраас тийм үйлчилгээ одоохондоо байхгүй. Гэр орныхон нь ахмадуудаа өөрсдөө нааш хүргэж ирээд, орой буцаагаад аваад явдаг. 10.00-16.00 цагийн хооронд ажилладаг. Уртаар ажиллах тохиолдол бий л дээ. Хүүхдүүдийнх нь ажил тарах цаг орой байвал тэдэнд зориулж уртасгасан цагаар ажилладаг.

-Та бүхний харж байгаагаар Монголын ахмадуудад ямар үйлчилгээ, халамж дутагдаж байна гэж боддог вэ?

-Анх төвөө нээгээд удаагүй байхдаа Япон дахь ахмадын өдөр өнжүүлэх төвийн үйл ажиллагааг тэр чигээр нь энд суурьшуулъя гэж бодоод хийсэн чинь зарим нэг зүйл нь таарч өгөхгүй байсан. Монголын уламжлалт тоглоом зэргээс нь хөтөлбөртөө оруулаад хавсарч хийвэл зүгээр юм байна гэж бодсон. Энд ирж байгаа ахмадуудад үзүүлэх үйлчилгээ талаасаа гэвэл гэр бүлийнхэн нь ахмадуудаа хөдөлгөөнт заслаар хичээллүүлэхийг илүү хүсдэг. Бариа заслын эмчилгээг бас их сонирхдог.


-Харвасан, хөдөлгөөний бэрхшээлтэй хүмүүсийг танай төв хүлээж авдаг уу?

-Одоогоор ерөнхийдөө эрүүл хүмүүсийг голчлон авч байгаа. Хөдөлгөөний хязгаарлалтай хүмүүсийг авъя гэхэд манай байр маань 14 давхарт, бие засах өрөө нь зайтай учраас жаахан тохиромжгүй байгаа.

-Япон тоглоомуудаа сонирхуулахгүй юу. Ахмадууд танай ямар үйлчилгээнд дуртай вэ?

-Японоос авчирсан автомат тоглоомууд байдаг. Тэрнээс гадна сайн анзаараад байхад манайд ирсэн ахмадууд цаасан урлагт их дуртай, бас зураг будах дуртай юм билээ. Эхэндээ сайн тод, ялгаж будаж чаддаггүй байсан бол одоо гоё ялгаж будаад өөрсдөө ч түүндээ их дуртай болсон шүү.

-Нэг жилийн хугацаанд 20 гаруй хүн үйлчлүүллээ гэлээ. Тэд ихэвчлэн хэдий насны хүмүүс байдаг вэ?

-Ер нь 80 настай, ихэвчлэн эмэгтэй хүмүүс ирдэг. Эрэгтэй хүн бараг байхгүй байна, одоогоор.

-Өдрийн хоолтой гэж сонссон. Ямар хоолоор ахмадуудад үйлчилдэг вэ?

-12 цагт өдрийн хоол өгдөг. Монгол хоол өгнө. Гурилтай шөл, ногоотой шөл, гуляш, нарийн махан хуурга гээд зургаан төрлийн хоолтой. Доор хоолны газартай. Захиалаад хийлгүүлдэг. Хааяа өөрсдөө бас хийж өгдөг. Дандаа гуанзны хоол гэхгүй. Эндээ сүүтэй цай чанаж өгнө. Байхуу цай өгнө. Уух юм бол бэлэн байж байдаг. Мөн 15 цагт бас амттаны цаг гэж бий. Тухайн өдрөөсөө шалтгаалаад янз бүрийн зүйл өгнө. Японоос ирсэн будааны боов, жигнэмэг гээд настай хүн идэж болох зөөлөн боов өгдөг. Хүйтэн, сэрүүний улиралд бол аарц зэрэг халуун чанарын ундаагаар үйлчилдэг.

-Ахмад настнуудад тулгардаг олон асуудал бий. Тэдэнтэй үр хүүхэд, залуу үе нь яаж харьцах ёстой вэ. Энэ тал дээр та мэргэжлийн хүний хувьд зөвлөгөө өгвөл?

-Манай өдөр өнжүүлэх төвд монгол хүүхдүүд ажилладаг. Энэ хүүхдүүдэд хөгшчүүлтэй яаж харьцах талаар сургадаг. Настай хүн сууж байхад зогсож ярихгүй байх ёстой. Заавал зэрэгцээ, нүдээ нэг шугамд харж байгаад ярина. Ахмадууд янз бүрийн туршлагатай, боловсролтой учраас тухайн хүний яриаг маш сайн анхааралтай сонсож, тэрийг нь ойлгож зөвшөөрч байгаагаа илэрхийлээд хамт суух их зүгээр.

-Танай өдөр өнжүүлэхийн сарын төлбөр хэд вэ. Ямар утсаар холбогдож болох вэ?

-150000-200000 төгрөг. Хоолтой, хоолгүй гэдгээс хамаараад ийм хоёр үнэтэй. Холбоо барих утас 77112246.

-Хүндээ хэр хүрч ажилладаг вэ. Нэг ажилтанд хэдэн ахмад настан ногддог вэ?

-Одоогоор үндсэн хоёр ажилчинтай. Ахмадын өдөр өнжүүлэхэд маань одоогоор 17 оюутан ээлжээр ажиллаж байна. Нэг ажилтанд хоёр ахмад настан ногддог.

Бид өдөр болгон ахмадуудын даралт үзэх, зүрхний цохилтыг хэмжих гээд хяналт тавьж, эм уулгах ёстой хүн байвал цаг цагт нь уулгадаг.

-Хүмүүс ер нь хэр сэтгэл ханамжтай байдаг вэ?

-Урт хугацаагаар хамгийн дээд тал нь найман сар үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгч бий. Мөн гурав, таван сарын турш урт хугацаагаар явж байгаа үйлчлүүлэгчид ч байгаа. Эхэндээ гэрийнх нь авчрахдаа санаа зовсон байдалтай байдаг. Байнга яваад эндээ дасаад ирэхээр гэрийнхэн ч бас итгэж найдаад, тайван орхидог. Хүмүүс нэлээд сэтгэл хангалуун байдаг. Байгуулагдаад нэг жил болж байгаа учраас эхлээд хүмүүст үйлчилгээгээ сайн таниулах, мэдүүлэх талаас илүү анхаарч ажиллах үүднээс салбар нэмж нээх бодолгүй байна. Ахмадын өдөр өнжүүлэх төв гэж ийм юм байдаг шүү гээд монголчуудад харуулмаар байна.

-Японд ахмадын өдөр өнжүүлэх сайн хөгжсөн нь ойлгомжтой байх?

-Тэгэлгүй яахав. Японд өдөр өнжүүлэх үйлчилгээ 70-90 насны хүмүүсийг хүлээж авдаг. Өдөр өнжүүлэх төв нь дотроо олон төрөл байдаг. Тиймээс ахмад настнууд өөрт тохирсон төвөө сонгож үйлчлүүлдэг. Гол үйлчилгээ нь усанд орох. Нас яваад ирэхээр өөрсдөө усанд орж чадахгүй, өдөр тутмынхаа амьдралыг жигд явуулж чадахаа байдаг. Тиймээс гол нь усанд оруулах нь их чухал байдаг л даа. Монголд ч гэсэн манай компаниас гадна өөр компаниуд ийм өдөр өнжүүлэх төв ажиллуулж үйлчлүүлэгчид маань өөрсдийнхөө сонгосон төвөөрөө үйлчлүүлэх боломж нээгдээсэй гэж хүсч байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өнгөрсөн 27 жилийн ялыг Ардчилсан Үндсэн хуульд маань үүрүүлдэг байна шүү

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж эхлээд байна. Хэлэлцэх явцад УИХ-ын гишүүд өнгөрсөн 27 жилийн ажилгүйдэл, Засгийн газар удаа дараалан солигдож ирсэн зэргийг Үндсэн хуулиас болсон гэж ярьцгаах юм. Энэ бүхний гол буруутан нь Үндсэн хууль бололтой, тэднийхээр. “Ийм муу Үндсэн хуультай учир сайжруулах гэж байна” гэцгээж байна. Харин Л.Болд гишүүн л Үндсэн хуулийг өмөөрч “Үндсэн хуулийн өөрчлөлтийг бүрэн эсэргүүцэж байгаа. Энэ өөрчлөлтийг яавч хүлээн зөвшөөрч болохгүй. Үндсэн хууль гэдэг бүхэл бүтэн тогтолцоо, амьд организм. Үндсэн хууль шинээр төрж, улс оронтойгоо хамт хөгждөг зүйл. Нэг нам ерөөсөө Үндсэн хуульд гар хүрч болохгүй. МАН хоёр бүлэглэл болчихсон. Ийм байхад Үндсэн хуульд халдаж болохгүй. Нийт ард иргэдийн санал асуулгаар өөрчлөлтийг хийх ёстой. Тэгэхээр эд нарын хүссэн Үндсэн хууль батлагдахгүй учраас айсандаа парламентын хуйвалдаан хийх гэж байна. Өөрөөр хэлбэл дордуулсан долоог 20 болгох гэж байна. Тиймээс үүний эсрэг хатуу тэмцэх ёстой” гэж үнэнийг хэлж байгаа харагдлаа. Түүнээс бусад нь бүгд Үндсэн хуулиа газар дор ортол нь муулж сууна. Гэтэл өнгөрсөн 27 жилийн хугацаанд болж бүтээгүй юм болгон Үндсэн хуулиас болоогүй. Манай Үндсэн хууль бол сайн хууль. Монголчуудад боломж гаргаж өгсөн хууль. Өмчтэй болгосон, Ардчилал, эрх, эрх чөлөө олгож, хаана амьдрахаа иргэн хүн өөрөө сонгодог болсон. Үзэл бодлоо илэрхийлэх, шүтэх, эс шүтэх эрх чөлөөг нь өгсөн. Товчхондоо хувь хүн өөрөө амьдралаа толгой мэдэн авч явахад хариуцлагыг нь хүлээлгэсэн хууль шүү. Үүний үр дүнд 1990 оноос хойш Монгол Улсын эдийн засаг 2012 онд 17 хувиар өсч түүхэнд байгаагүй өндөр үзүүлэлтэд хүрч байлаа. Өнөө жил эдийн засгийн өсөлт 6.7 хувьд хүрнэ хэмээн таамаглаад буй. Өмнө нь огт байгаагүй хувийн хэвшлийн салбар бий болж өнөөдөр гэхэд л Монгол Улсын эдийн засгийн 80 гаруй хувийг бүрдүүлж байх жишээний.

Үндсэн хуулийг маш ихээр баалж, муулж буй нэг юм байна. Үе үеийн Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дунджаар 1.8 жил байсан бөгөөд 2000 оноос хойш арав гаруй Засгийн газрын нүүрийг үзэж, 300-гаад сайд гэх хүмүүс төрийн толгойд байсныг ярьцгааж байна. Засгийн газар тогтвортой байгаагүй нь Үндсэн хуулиас болоогүй гэдгийг бид мэднэ ээ. Монгол Улсын сүүлийн 30-аад жилийн түүх бидэнд хадгалаатай байдаг. Бүх үйл явдалд нь Монголын хэвлэл мэдээллийнхэн оролцож явсан. Засгийн газар байн байн солигдож, унаад байсан нь Үндсэн хуулиас болж уу, үгүй юу гэдгийг түүх сөхөхөд л мэднэ. Засгийн газар хэзээнээс, яаж огцорч эхэлснийг эргэн саная л даа.

1996 оны сонгуульд Ардчилсан нам ялалт байгуулж Засгийн газраа байгуулав. Ардчилсан намын даргаар Ц.Элбэгдорж ажиллаж байсан үе. Тэрээр тус сонгуулиар Баянхонгорт өрсөлдөн УИХ-д сонгогдсон түүхтэй. Баянхонгорт ялалт байгуулчихаад ганц, хоёр хоногийн дараа Улаанбаатарт ирэхэд нь тухайн үеийн Ерөнхийлөгч П.Очирбат М.Энхсайхантай аль хэдийнэ үгсэж тохироод шинэ Засгийн газрын тэргүүнээр М.Энхсайханыг томилохоор тогтчихсон байсан. Ингээд М.Энхсайханы Засгийн газар гарч ирэнгүүт Ц.Элбэгдорж “Сонгуульд ялсан намын дарга Ерөнхий сайд байх ёстой” гэж гүйсээр байгаад М.Энхсайханыг унагасан. Ц.Элбэгдоржийн Засгийн газар бүрэлдээд нэг их удаагүй байтал М.Энхсайхан өөрийнх нь засгийг унагасан хонзонгоо авах гэж Ардчилсан нам дотроо “Хөдөөгийн 13” гэж бүлэг байгуулаад сөрөг намтайгаа хавсраад Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг хялбархан буулгачихсан. Ингээд оронд нь Ж.Наранцацралтын Засгийн газрыг байгуулав. Энэ Засгийн газар ч урт наслаагүй. Өмнөх хоёр Засгийн газарт хашиж байсан албан тушаалаа алдсандаа хонзогносон Соцдекүүд “Эрдэнэтийг Орост өгөх гэж байна” гэсэн утгатай “Эрдэнэтийн захиа” гэх хуурамч захиа гаргаж ирж шуугиан дэгдээж Ж.Наранцацралтын тэргүүлж байсан засгийг унагав. Энэ хуурамч захианы хэрэгт Соцдекүүд болон тухайн үеийн нэр бүхий гишүүд гар бие оролцож, идэвхийлэн хөөцөлдөж явсан даг. Одоо ч тэд улс төрд байж л байна. Үүний дараа Р.Амаржаргалын Засгийн газар бүрэлдсэн ч 2000 оны сонгуулиар буусан. Тэр сонгуулийн өмнө сонгуулиар гарч ирэх дараагийн намын дарга Н.Энхбаярт Ардчилсан намынхан ялаагүй байхад нь ялна гэж долигонож, түүнд зориулж Үндсэн хуулийг дордуулсан долоон өөрчлөлт хийсэн билээ. Уг өөрчлөлтийн хоёр, гуравдугаарх өөрчлөлт нь асар их хор хохирол дагуулсан гэдэгтэй хэн бүхэн санал нэгддэг.

Үндсэн хуулийн 27 дугаар зүйлийн 6-д “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудал, түүнчлэн хуульд өөрөөр заагаагүй бол бусад асуудлыг саналаа илээр гаргаж шийдвэрлэнэ гэж нэмсэн бол Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 1-д “УИХ-ын гишүүн нь хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бөгөөд бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй гэснийг “УИХ-ын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэж өөрчлөн найруулсан нь “давхар дээл”-ийн асуудлыг бий болгосон. Үндсэн хуульд оруулсан долоон өөрчлөлтийг Н.Энхбаярт зулгуйдаж ийнхүү хийсэн бөгөөд үүн дотроос огцруулах саналыг ил өгүүлдэг болсон нь маш том ухралт болсон юм. АН-ынхан зулгуйдсандаа, Н.Энхбаярыг огцруулчихаж магадгүй гэсэндээ, шил шилээ даран унаж, унагаж байсан үе үеийн Засгийн газрынхаа гашуун түүхээс сургамж авсандаа Үндсэн хуульдаа гар хүрсэн. Энэ нь ардчиллаас ухарсан маш том ухралт байсан юм. Үндсэн хуульд ийм өөрчлөлт орсноор УИХ-ын гишүүн аль нэг бүлэглэлийн гарт атгуулах эхлэл нь тавигдсан. “Чамайг ямар санал өгч байгааг харж байгаа шүү”, “Саналаа өгөхгүй байгаад үзээрэй. Чиний бизнес, карьертай чинь ярина шүү” гэж дарамталж “Дахиж нэр дэвшүүлэхгүй шүү” гэж сүрдүүлэн хүссэн зүгтээ дураараа залдаг болсонд хамаг учир байгаа юм. Ингэж парламент намын гарт орсон юм. Ингээд яахав үнэхээр АН-ынхны харснаар Н.Энхбаярын Засгийн газар бий болж, дөрвөн жил болоод дараагийн сонгуультай золгосон. 2004 онд МАН (МАХН), АН нийлж “Бүдүүн 62”-ын бүлэг гэж Эвслийн Засгийн газар байгуулж Ц.Элбэгдорж Ерөнхий сайд болсон ч 2006 онд Эвслийн Засгийн газрын сэнтий М.Энхболдод шилжсэн юм. М.Энхболдын хувьд намын дарга болчихоод намынхаа бүлгийн явцуу эрх ашгийг хангаж, Ерөнхий сайд хийх гэсэн хувийн амбицаараа Эвслийн Засгийн газрыг огцроход хамаг хүчээ чиглүүлсэн. Ингэхдээ хуулийн ямар ч заалтыг баримтлаагүй, зүгээр л Ерөнхий сайд болж хүчээ гайхуулж харуулах, засаг төрд гарч хувь болон намынхаа эрх ашгийг бий болгохын тулд урьд нь тохиролцсон Эвслийн Засгийн газрыг байхгүй болгочихсон хэрэг. Тэгж байтал М.Энхболдыг С.Баяр огцруулчихсан. Мөн л хувийн хүсэл шуналаар Оюу толгой зэрэг томоохон орд, уурхай, төслийг хөдөлгөж, дундаас нь хонжоо хайх гэсэн сэдлээр. Дундаас нь өөртөө болон өөрийнхөө бүлэгт юм унагаж, ашиг хайх гэсэн чин зорилго, хүсэлтэй байсан. Тэрээр олонхын дэмжлэг авч МАХН-ын дарга болонгуутаа “Эрх мэдлийг өгсөн шиг өг, хариуцлагыг ч үүрье” гээд Ерөнхий сайдын албыг хашсан. Гэвч тэрээр зорьж байсан хүслээ биелүүлчихээд 2009 оны аравдугаар сард эмчлүүлнэ гэсэн нэрээр Ерөнхий сайдын албаа өөрийн хүсэлтээр Сү.Батболдод өгчихөөд гадаад руу зугтаачихсан. Тэгээд яахав Сү.Батболдын Засгийн газар сонгуулиар унасан. Дараагийн Ерөнхий сайдаар Н.Алтанхуяг суусан. Гэсэн ч Ц.Элбэгдорж Таван толгой, Эрдэнэтийг луйвардаж авахын тулд тухайн үеийн Засгийн газрыг унагасан гэж тэргүүнээр нь ажиллаж байсан Н.Алтанхуяг өөрөө ярьдаг. Н.Алтанхуягийн дараа Ц.Элбэгдоржийн гарын хүн болох Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд болгож, Эрдэнэтийг худалдаж авсан. Удаа ч үгүй Ч.Сайханбилэг сонгуулиар унаж Ж.Эрдэнэбатын Засгийн газар байгуулагдав. Тэгж байтал 60 тэрбумын асуудал нийгэмд шуугиан тарьж, МАН дотроо хоёр тал болж, 60 тэрбумынхыг Засгийн толгойгоос буулгая гэдэг нэрийн дор У.Хүрэлсүх өөрөө Ерөнхий сайд болох гэж намынхныхаа байгуулсан Засгийн газрыг унагасныг бүгд мэдэж байгаа.

Энэ бүхнээс Засгийн газар байгуулагдангуутаа л унаад байсан нь Үндсэн хуультай огтоос хамаагүй гэдэг нь харагдаж байгаа биз дээ. Ерөөсөө л улстөрчдийн хувийн өс хонзон, хувь хүний ааш аяг, шунал, өлөн ховдог зангаас болж үе үеийн Засгийн газар унаж, түүнийг дагаж улс төрийн тогтворгүй байдал нэмэгдэж, Монгол Улсын нийгэм, эдийн засаг унаж босч иржээ.

Хэрвээ Засгийн газрын гишүүд, ард түмнээ төлөөлөн УИХ-ын танхимд сууж байсан гишүүд тулхтайхан шиг, хүн шиг хүн байж, төрийн түшээ шиг түшээ байсан сан бол энэ олон үйл явдал өрнөж, Засгийн газар тийм амар ганхахгүй байх байлаа. “Өө, больцгоо. Хоёрдугаар ээлжийнхэн л хоолондоо орно гэж байгаа ш дээ. Яах гэсэн юм бэ. Жинхэнэдээ бол наадах чинь улс оронд ямар ч ашиг өгөхгүй ш дээ” гэж хэлээд засаг унагах ажлыг дэмжихгүй сууж байсан бол энэ бүх огцролт, энэ бүх юм болохгүй байсан.

Мөн сүүлийн үед УИХ-ын гишүүд тэр дундаа эмэгтэй гишүүд “Баян, хоосны ялгаа их болсон” гэх утгатай үг амнаасаа их унагацгаах боллоо. Манай Үндсэн хууль хөдөлмөрлөсөн хүн яаж ч баяжихыг зөвшөөрдөг, залхуурч хэвтсэн нь ч хоосон хонохыг зөвшөөрдөг хууль. Ажилтай нь баяж, ажилгүй нь ажилтайдаа ажилла гэсэн хүний нийгмийн үндсэн философитой. Баян, хоосны ялгаа гарлаа гэж наанаа орилоод байгаа энэ гишүүд тийм их санаа нь чилж байгаа бол ард түмэндээ цаанаа хураасан өөрсдийнхөө юмыг хуваагаад өгчих л дөө. Бид тэгш нийгэм байгуулна гээгүй, Үндсэн хуулиараа. Уул уурхайг дагасан элдэв асуудал хөндөгдөж, төрийн өмчийн асуудал яригдаж байна. Улстөрчид дагалдах зүсэн зүйлийн хэрэгтэй, хэрэггүй хууль гаргаж өөрсдөдөө ашигтайгаар эргүүлснээс л өнөөдөр үүсээд байгаа ойлгомжгүй асуудал босоод буй. Түүнээс бус газрын доорх баялаг төрийн өмч гэсэн заалт одоо ч бий. Тийм байтал яагаад энэ бүхэнд Үндсэн хууль буруутай гэж. Яагаад өнгөрсөн 27 жилийн ялаа Үндсэн хуульд үүрүүлж, тохоод өөрсдөө цэвэрхэн гарах гэж зүтгээд байна вэ.

Улс орноо баялагтай, ард түмнийг сайхан амьдруулах нөхцөлийг бий болгосон Үндсэн хууль маань улс төрийн болон эдийн шунал тачаалаа дийлж чаддаггүй, харалган бодолтой улстөрчдийн мунхаг үйлдлийн гол буруутан болж байгаа нь хамгийн гунигтай.

Categories
мэдээ цаг-үе

Б.Ууганцэцэг: Стресс өндөр байх тусам юманд адгах нь нэмэгддэг

Өнгөрсөн амралтын өдрүүдээр бороо орж үер буусан. Энэ үеэр орон нутгийн зам эвдэрч Онцгой байдлын алба, Замын цагдаагийн газраас замын хөдөлгөөнийг түр хааж арга хэмжээ авсан. Гэтэл иргэд анхааруулгыг үл ойшоож замд гарч түвэг удлаа. Бас яг энэ үеэр Хонконгоос Улаанбаатар руу нисэх МИАТ-ийн онгоц цаг агаарын нөхцөл байдлаас болж Хонконгийн Олон улсын нисэх онгоцны буудал дээр саатахад тэнд байсан монголчууд хэл ам хийж “Би ийм ч тийм ч ажилтай байсан. Онгоцоо даруй нисгэ” гэж уурлаж, үйлчилгээний ажилтнуудад нь гар хүрэхээ дөхсөн ичмээр үйл явдал болсон юм. Монголчуудын энэ адгуу зангийн талаар Сэтгэл судлалын үндэсний төвийн гүйцэтгэх захирал, сэтгэл судлаач Б.Ууганцэцэгтэй ярилцлаа.


-Ганц удаа бороо орж үер буухад, онгоцны нислэг саатахад л монголчуудын адгуу зан дотооддоо болоод олон улсын хэмжээнд ингэж илэрч байна. Монголчууд яагаад ийм адгуу болчихсон юм бэ. Энэ зан нь төрөлх үү, олдмол юм уу?

-Монголчуудын сэтгэл зүйн өвөрмөц байдлын тухайд авч үзвэл уг нь бид чинь тийм ч айхавтар түргэн, шуурхай, яаруу, адгуу хүмүүс биш байхгүй юу. Аажуу, тайван, юмыг боддог гэдгээрээ дэлхийд тодорхой хэмжээгээр хүлээн зөвшөөрөгдсөн, олон улсад ч бидний тэр сайн талыг харж үнэлэлт, дүгнэлтээ өгдөг. Хотын амьдрал, урбан соёл, хотжилттой холбоотойгоор амьдралын төлөвлөгөөгөө зөв гаргаагүйгээс юманд яарч сандардаг. Гэтэл монголчууд маань үүн дээр “Яарвал даарна” гэдэг үгтэй. Яарсан юм болгон бурууддаг. Тиймээс юманд аажуу уужуу, тайван ханд гэдгийг нэг нэгэндээ хэлдэг. Ялангуяа ахмад настнууд энэ үгийг хэлж залуучуудаа сургадаг. Харьцангуй сүүлийн үед “Яарвал даарна” гэдэг үг маань алдагдаад байна. Монгол хүн яаруу, адгуу юу гэвэл би үгүй гэж хэлнэ. Энэ нь эргээд амьдарч байгаа орчин, дэд бүтэцтэй тодорхой хэмжээгээр холбоотой. Хүн тодорхой нэг шийдвэр гаргахдаа төлөвлөх, нөгөө талдаа эрсдэлийг тооцох гэдэг хоёр юмыг тооцоолж байж үйлдлээ хийх хэрэгтэй. Таны дурдсан дээрх хоёр тохиолдол дээр “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй” гэдгээр тэр буруу үйлдэл гаргаад байгаа хүмүүст туслах, зөв үү буруу юу гэдгийг нь шүүн тунгаах, хоорондоо ярилцах боломж нь яагаад байсангүй вэ гэж би мэргэжлийн хүний хувьд харж байна. Яагаад “Замд гарвал аюултай, эрсдэлтэй шүү” гэж хэн нэгэн нь хэлсэнгүй вэ. Жишээлбэл, Хонконгийн онгоцны буудал дээр зохисгүй зан гаргасан тэр хүнийг тодорхой хэмжээгээр яагаад тайвшруулсангүй вэ. Адгуу зан гаргаж байгаа тэр хүний хажууд байгаа хүмүүс тухайн хүнийг үнэлээд “Замд гарвал ингэнэ, тэгнэ” гэж хэлэх ёстой байсан. Нөгөө талдаа нийтийн нэгэндээ тавьж байгаа өгөх соёл буюу хоорондоо ярилцах гэдэг юм нь дутагдалтай байгаа байхгүй юу. Нэгийгээ яараад явж байхад тодорхой хэмжээгээр тайвшруулах, сэтгэл санааг нь хуваалцах нь маш чухал. Яаралтай ажил ч юм уу, тайван ажил байсан ч яарах тийм тохиолдлууд хүн болгоны онцлог нөхцөлүүдээс хамаарч өөр өөр байна л даа.

-Гэрлэн дохион дээр зогсч байхад ногоон гэрэл асав уу үгүй юу араас дуут дохиогоо хангинуулдаг нь ямар учиртай юм бол. Яг юунд тэгтлээ яараад байгаа юм бэ. АТМ дээр дугаарлаж байхад бүгд зэрэгцэж ирээд дэлгэцийг нь хараад зогсчихдог. Ийм жишээ яривал дуусахгүй шүү?

-Яараад байгаа нь юутай холбоотой вэ гэхээр нэгдүгээрт, хотжилт, дэд бүтэцтэй холбоотой. Хоёрдугаарт, хүний сэтгэл зүйн тайван, тогтвортой байдалтай холбоотой. Стресс өндөр байх тусам юманд адгах нь нэмэгддэг. Стресстэй байгаагийн нэг шинж нь юунд ч юм, яагаад ч юм яараад байдаг. Гэтэл үнэндээ яараад байх юм байхгүй байхад тэр нь өөрт нь суугаад рефлекс болчихоод байна гэж үзэхээр байгаа юм. Тийм учраас адгаж байгаа. Гэрэл дохио асаагүй байхад машинаа ухасхийлгэж хөдөлгөх, ногоон гэрэл асангуут дохиогоо дуугаргаж байна гэдэг чинь тэр хүн стресстэй бөгөөд өөрийнхөө үйлдлийг хянах чадвар нь бага байна гэж тодорхойлогдоно.

Монголчууд ингэдэг шүү дээ. Онгоц газардаж бүрэн зогсоогүй байхад л бүгд босоод зогсчихдог. Тэгээд л шамбааралдаад, дээрээс гар тээшээ авах гэж зүтгээд эхэлдэг. Тэгснээ онгоцноос буугаад ачаагаа авангуутаа л тамхиа татаад онгоцны буудлын үүдэн дээр тайван зогсчихдог. Энэ чинь юу вэ гэхээр, яарах юм байхгүй байхад тэр хүн сэтгэл санааны хувьд тогтвортой байдал нь бага байна гэсэн үг. Бид нийтээрээ тийм стресстэй байх магадлал өндөр байна.

-Нийтээрээ адгуу гэчихээр бас учир дутагдалтай болчихно?

-Нийтэд нь хамруулахад хэцүү. Нөгөө талдаа үүнийг нарийн судлах ёстой. Орон нутагт адгуу байдал ямар байгаа юм, хотод ямар байна гэдгийг судлах хэрэгтэй. Зам хаалаа гэхэд орон нутгаас хот руу гарсан машинуудын хэдэн хувь нь анхааруулга сонсоод буцаад явчихаж байгаа юм. Хот талдаа амьдардаг хүмүүс нь орон нутаг руу гарна гэж хэр зэрэг зүтгээд байгаа юм гэдэг иймэрхүү ялгаанууд бас ажиглагдаж болохоор байна. Үүнийг судлах хэрэгцээ, шаардлага байгаа юм.

-Адгуу зантай хүмүүст ямар зөвлөгөө хэрэг болох вэ. Та мэргэжлийн хүний хувьд зөвлөвөл?

-“Яарвал даарна” гэдгийг их сайн бодолцооч ээ, бүх юманд. Амьдралдаа ч байна уу, ажилдаа ч байна уу, гэр лүүгээ харихдаа ч байна уу бүгдэд нь “Яарвал даарна” гэдгийг сана. Настай хүмүүс маань “Сайн явж ирэв үү” гэж мэндчилдэг. Түүнээс биш “Чи хурдан явж ирэв үү” гэж хэлдэггүй. Тэгэхээр үүн дээр бид нэгдсэн тийм бодолтой, яарснаар ямарваа асуудлыг шийддэггүй. Яарах нь шийдэх гарц биш. Тиймээс өөрөө өөрийнхөө тайван байдлыг бодож үзэх хэрэгтэй. “Би чинь ингэхэд юу руу яараад байгаа билээ, юунд яарч байна вэ” гэж дотор сэтгэл рүүгээ өнгийж үзэх хэрэгтэй байх нь. Хэрвээ тэр хүн тайван бус, тогтворгүй байвал мэргэжлийн хүнд хандах боломж нь нээлттэй. Монголд, ялангуяа Улаанбаатарт сэтгэл зүйн олон төв байна. Мэргэжлийн хүмүүстэй очиж уулзаад өөрийгөө юунаас болоод ингээд байгаа вэ гэдэг шалтгаанаа олж гаргаж ирэх бололцоо нь бий.

-Олон нийтийн дунд адгуу зан гаргаж байгаа хүн дээр очоод зөвлөгөө өгвөл хэл амаар доромжлуулахаас эхлүүлээд бүр зодуулж ч мэднэ. Хэрвээ тийм хүнтэй таарвал, тийм хүмүүстэй хамт ажилладаг бол яаж харьцах хэрэгтэй вэ. Адгуу хүний дэргэд байгаа хүмүүс юу хийх ёстой вэ?

-Нэгдүгээрт, өөрийнхөө тайван байдлыг хангасан нь дээр. Тэр хүнээс хамаарч өөрөө стресстэх шаардлага байхгүй. Юманд наанатай цаанатай хандана гэдэг шиг “Энэ хүнд магадгүй шалтгаан байсан юм байлгүй дээ”, “Энэ хүн стресстэй байгаа юм байлгүй дээ” гэсэн өршөөх сэтгэлтэй байх хэрэгтэй. Замын хөдөлгөөнд оролцож байгаад нэгнийхээ машиныг жаахан шүргэхэд л бууж ирээд заамдалцаж авахад бэлэн явж байна. Энэ нь стресс өндөр гэдгийг харуулж байгаа юм. Нэгдүгээрт, тэр хүнийг өршөөгөөд дараа нь та өөрөө яаж тайвшрах вэ гэдэг арга замаа олсон нь дээр. Хэрвээ тэр хүнтэй харьцах боломж байвал “Уучлаарай, та жаахан бухимдалтай байх шиг байна аа. Үүн дээрээ илүү тайван байвал ямар вэ” гэж тэр хүндээ бид зөвлөмж өгөхгүй бол хүнийг яахав, яахав гээд орхих тусам стресстэй байдал нь нэмэгддэнэ. “Хүн намайг ингэж хэлж байгаа юм чинь би нээрэн юу болоод байна” гэж бодох сэтгэлийг нэг нэгэндээ бага өгөөд байна л даа. Уг нь нийгэм гэдэг чинь тэр дохионуудыг тодорхой хэмжээнд өгч байх ёстой байхгүй юу. Хэт буруу үйлдэл гэнэт яагаад гардаг вэ гэхээр, тэр хүн буруу үйлдлийнхээ хариуд тодорхой хэмжээний шийтгэл буюу ядаж үгээр “Чи буруу байна шүү” гэдгийг сонсоогүй хүн “Ийм үйлдэл гаргаад байж болох юм байна” гэж ойлгоод үйлдлээ улам давтаад байдаг. Үүнийг л сайн ойлгох ёстой.

-Япончууд эмх цэгцтэй дугаарлаж зогсч байгаад бүгд Далай ламаас адис авчихсан байхад монголчууд ямар ч эмх замбараагүй зүтгэж, дайрч хоорондоо тэмцэлдэж хашгиралдсанаас цагдаа нарын анхааралд өртөж эхний хэдэн хүн нь л Далай ламтай уулзаж чадсан байдаг. Энэ мэтээр монголчууд бид адгуу зангаасаа болж олон зүйл дээр хохирч байна?

-Адгуу зан, яаралтыг давж гарах хамгийн шилэгдсэн арга бол төлөвлөлт байхгүй юу. Зөв төлөвлөгөөтэй хүн юманд яарахгүй. Яарч байгаа хүний эрсдэл гаргах хувь нь нэмэгдэнэ. Өөрөө өөрийнхөө амьдралыг бид маш зөв төлөвлөх хэрэгтэй болж байгаа юм. Угаасаа Улаанбаатарын амьдрал, Улаанбаатарын түгжрэл ямар билээ гэдгийг бид бүгдээрээ л мэдэж байгаа шүү дээ. Тэгэхээр тэрэнд өөрөө өөрийгөө зориулж, төлөвлөх ёстой. Энэ бол хамгийн чухал арга байхгүй юу. Түүнээс биш буруу үйлдэл гаргасных нь дараа тайвшруулах нь дараагийн арга хэмжээ болчихож байгаа юм. Зөв төлөвлөснөөр юманд яарахгүй, аажуу тайван очих, эсвэл тэгж ажиллах, тэгж сурч хөдөлмөрлөх боломжийг бид өөрсдөдөө бүрдүүлнэ. Магадгүй яарсан хүнтэй таарах, машин барьж яарч яваа хүнтэй мөргөлдөх ч гэдэг юм уу, эсвэл тийм хүн таныг мөрлөснөөс үүдэж сэтгэл зүйн тайван байдал тань алдагдвал магадгүй та бас адилхан сэтгэл зүйн хувьд тогтворгүй байна аа гэдэг шинж тэмдэг байхгүй юу. Сэтгэл зүйн хувьд тогтворгүй байгаа хүнийг дагаж хямрах биш, өөрөө харин тэрэндээ тайван байх, юмаа зөв төлөвлөх гэдэг чинь л хамгийн шилдэг арга. Хүн яарснаараа хэзээ ч сайхан харагддаггүй, хэзээ ч мэргэжлийн байдаггүй. Эргээд алдаа, эрсдэл гаргах байдал нь нэмэгддэг.

-Замын хөдөлгөөнд оролцохдоо улаан галзуу дайрч, урдуураа машин оруулахгүй зүтгэдэг хүмүүс яарч давхиад гэртээ очоод удирдлагаа бариад буйдан дээрээ хэвтчихдэг. Ийм чухал биш юманд яарах хэрэг байна уу. Энэ их ойлгомжгүй?

-Юунд яараад байгаа вэ гэдгээ мэдэхгүйгээр үйлдлүүд гаргаад байна шүү дээ. Энэ нь зуршил шиг болж, тийм л байх ёстой юм шигээр, юу руу ч галзуу юм шиг зүтгэж, тайван байж чаддаггүй болчихдог. Суусан ч гэсэн хөл, гараа байнга савчиж байдаг. Байнга л утсаа оролдож, эргүүлдээд байдаг. Энэ чинь ерөөсөө тайван бус байгааг харуулж байгаа юм. Тайван байгаа хүний чинь бие эрхтэн нь хүртэл тайван байна биз дээ. Ер нь бүгд нийтээрээ л тайван бус байна. Нэг газраа тогтвортой сууж чадахгүй, хөлөө савчиж, байсхийгээд утсаа гаргаж ирээд эргүүлдэнэ. “Чи юунд яараад байгаа юм” гэхээр “Яараагүй ээ, яараагүй ээ” гээд л хөлөө савчаад байдаг. Бүгдээрээ нийтээрээ татганаад. Сэтгэл дотор байгаа нэг тийм хэлбэлзэл нь мөнхийн л нэг савчсан, татганасан байна л гэсэн үг байхгүй юу. Тиймээс сэтгэлээ хуваалцах, дотор байгаа мэдрэмжүүдээ хуваалцах гэдэг нь маш чухал болоод байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Жамьян: Би үнэн юм бичсэнийхээ төлөө хэзээ ч, хэнээс ч уучлалт гуйхгүй


Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Г.Жамьянтай ярилцлаа. Түүнийг “Ерөнхийлөгч Х.Баттулга аа, та хэдий болтол барьцаанд хүлэгдэх юм бэ” гэсэн ил захидал бичсэнийх нь хариуд Ерөнхийлөгч Х.Баттулга шүүхэд хандахаа илэрхийлээд байгаа билээ.


-Таны бичсэн нийтлэлээс улбаалж Ерөнхийлөгч шүүхэд хандахаа илэрхийлсэн ил захидал илгээлээ. Ил захидалдаа таныг өөрөөс нь уучлалт гуй. Гуйхгүй бол шүүхэд өгнө гэжээ. Та хоёрын хооронд чухам юу болсон юм бэ?

-Ерөнхийлөгч бид хоёрын хооронд ямар нэгэн холбоо хэлхээ, атаа жөтөө, элдвийн юм байхгүй шүү дээ. Бие биенээ танихгүй. Үүнд гадны хүнээс нөлөөлсөн ч юм уу, гадны байгууллагаас нөлөөлсөн янз бүрийн юм бол байхгүй. Хамгийн гол нь хууль, шүүхийн байгууллагын талаар олон жил хүсэн хүлээж байсан зүйлийг маань Ерөнхийлөгч анзаарч үзэхгүй, бүр дэврээгээд байхаар би аргагүйн эрхэнд, сэтгүүлч хүний хувьд бухимдаж байна шүү дээ. Би байтугай, ерөөсөө Монголын ард түмэн үүнд бухимдаад, хамгийн гол юм Монголд шударга ёсыг тогтоох юмсан, хууль шүүхийн байгууллагын алдаа завхралыг засах юмсан гэж хүсч байгаа. Энийг хэн илэрхийлэх юм гэхээр би бодсон л доо. Үүнийг сэтгүүлч хүн л илэрхийлнэ. Тийм учраас би ахмад хүний хувьд, бас хал үзэж халуун чулуу долоосон хүний хувьд Ерөнхийлөгчдөө ер нь үнэнийг бичье л гэж бодсон юм. Ерөнхийлөгч маань миний бичсэн зүйлийг сайн ойлгоогүй тал ч бий л байх. Янз бүрийн нөлөө ч бий л байх. Эсэргүүцэж надад захидал ирүүллээ л дээ. За яахав, миний бодол санал ч олон түмэнд хүрлээ, Ерөнхийлөгчийн бодол санал ч олон түмэнд хүрлээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр, ялангуяа цахим ертөнцөөр их өндөр явж шуугилаа шүү дээ. Үүнээс хүмүүс харж байгаа байх. “Би үнэн хэлсэн, чи худлаа хэлсэн”, “Чи шүүхэд яллагдах ёстой хүн, би чамайг яллах ёстой хүн” гэдэг үүднээс хандаж болохгүй эд байгаа юм. Хамгийн гол нь үүнийг ард түмэн, олонх, нийгмийн масс шийдэх ёстой асуудал байхгүй юу. Ямаршуу янзтай хүлээж авч байна гэхээр бид хоёрын энэ харилцан захидлыг уншсан хүмүүсийн 80, 90 хувь нь “Жамьян гуай зөв юм хэлжээ, зөв юм бичжээ” гэж хүлээж авч байна. Сайт, фэйсбүүкийг өдөр болгон л хараад байна. Хүүхдүүд ирж надад мэдээлэл өгөөд байна. Тийм учраас би өөрийнхөө бичсэн зүйл дээр итгэл үнэмшилтэй байгаа.

-Одоо та яах вэ. Уучлалт гуйх уу, баримтаа дэлгэх үү. Шүүх дуудвал дуудаг уу?

-Би 66 жил юм бичлээ шүү дээ. Энэ хооронд би худлаа юм ердөө бичиж үзээгүй. Бүх зүйл баримт, нотолгоотой. Ганцхан л алдаа гаргаж байсан. Тэр нь юу вэ гэхээр, ижил нэртэй хоёр хүнийг андуураад биччихсэн, тийм нэг юм бий. Тэрнээс бол уучлалт гуйсан. Бусад нөхцөлд би дандаа үнэн юм бичиж байсан, баримттай, нотолгоотой. Ерөнхийлөгч маань намайг шүүхэд өгнө. Нотлох баримтуудаа бэлэн болго гэсэн л дээ. Би бол Ерөнхийлөгчөөс уучлалт гуйхгүй. Ерөнхийлөгчийн Тамгын газраас уучлалт гуйхгүй. Би үнэн юм бичсэнийхээ төлөө хэзээ ч, хэнээс ч уучлалт гуйхгүй. Тиймээс Ерөнхийлөгч маань намайг шүүхэд өгөөд ялладаг, барьдаг юм байвал яллаг. Хамаагүй. Тэртэй тэргүй Ерөнхийлөгч маань шүүх, прокурорын арын хүн. Сая өөрчлөлт гэдэг нэрээр Ц.Элбэгдоржийн томилсон шүүх, прокуроруудыг бүгдийг нь өөрчиллөө, удирдлагыг. Тэгээд дан өөрийнхөө хүмүүсийг болгосон. Өөрөөр хэлбэл өөрийг нь барьцаалсан хүмүүсийг, өөрийнх нь хэрэг, хамсаатны хэрэг, гадаадад оргоод гарчихсан хүмүүсийнх нь хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорууд, шүүхийн удирдлагуудад барьцаалагдаад, аргагүйн эрхэнд тэднийг хамгаалаад суугаад байна шүү дээ. Тэд л юу гэнэ вэ, тэдний л үгээр. Хэрвээ тэгж барьцаалагдаагүй бол шүүгч, прокуроруудыг манай Ерөнхийлөгч ганцхан шаардлага тавиад л С.Зоригийн хэргийг үнэн мөнөөр нь илрүүлээд, энэ нэг ядарсан хоёр амьтныг гэрээд нь явуулаад жинхэнэ алуурчин, захиалагч, төөрөгдүүлэгчдийг өдийд бариад авчихвал авахаар байхгүй юу. Тэгтэл Ерөнхийлөгч маань тэдэнд ямар ч үг хэлж чадахгүй, яаж ч хөдөлж чадахгүй. Барьцаанд байгаад нь харамсаад байгаа юм. Тиймээс би нэгдүгээрт, уучлалт гуйхгүй. Хоёрдугаарт, Ерөнхийлөгчийн шүүх намайг яллавал яллаг ээ. Би тэрнээс айх, хулчийх, харамсах зүйл ердөө байхгүй. Намайг нотлох баримтуудаа бэлэн болго гэсэн, Ерөнхийлөгч маань. Би энэ хугацаанд Ерөнхийлөгчийн тэр дурдсан арван нотлох баримтыг бэлэн болгож байна. Тэгэхдээ би шүүхэд нотлох баримт гаргахгүй. Би нотлох баримтаа ард түмэндээ л дэлгэж тавина. Төрөл бүрийн хэвлэл, мэдээллийн бүх хэрэгслээр тэр нотлох баримтуудыг ард түмэндээ харуулна. Түүнээс биш би шүүхэд ийм нотлох баримт байна, үүнийг нягтлаач гэж явахгүй. Ерөнхийлөгчийн л шүүх байгаа. Ямар ч нотлох баримт өглөө ч шүүх бол Ерөнхийлөгчийн талд л шийднэ. Тийм болохоор шийддэгээрээ шийдэг ээ. Надад бол санаа зовох юм алга гэж бодож байна.

-1979 онд “Гавьяа” найраглал бичсэнээс болж хэлмэгдэж байсан бол яг 40 жилийн дараа бичсэн нийтлэлээсээ болж Ерөнхийлөгчөөсөө “Шүүхэд өгнө” гэсэн ил захидал хүлээж авлаа шүү дээ?

-Би чинь хуучин тогтолцооны үед гурван удаа арга хэмжээ авагдсан юм ш дээ. Хамгийн сүүлчийнх нь “Гавьяа” найрууллын хэргээр 10 жил, зургаан сар нутаг заагдаж, хүнд хүчир хөдөлмөрт нухлагдаж эрх чөлөөгөө хасуулж явсан. Тэгээд би бодсон юм. “Миний хэлмэгдэл дууслаа даа. Ардчиллын энэ сайхан цаг үед би хэлмэгдэхгүй, үнэнээ бичээд явж байх цаг минь ирлээ” гэж баярлаж бодож явсан байхгүй юу. Тэгсэн чинь ардчиллынхаа үед бүр Ерөнхийлөгчөөсөө шүүхэд шилжүүлэх хүртэл арга хэмжээ авагдаж, ингэж л хэлмэгдэх түүхтэй, зам мөр, тавилан минь ийм байсан юм болов уу гэж бодоод л сууж байна. Их олон хүн над руу утасдаж, ярьж байна. Байнга л ярьцгааж “Яаж байна”, “Сэтгэл санаагаар унаж байна уу, ямар тус хэрэгтэй байна вэ” гэж санаа тавьж байна. Намайг бараг л шүүхэд шилжээд баригдаад явчихсан л юм бодож байгаа юм байна. Найз нөхөд, хөдөө гадаанаас, аймаг, сумаас минь ч утасдаж байна. Ах дүү нар маань аймгаас их л зовчихсон ярьж байна. “Жамьян ах минь, юу болж байна” гэж Сүхбаатар, Дорнод, Говь-Алтай, Хэнтийгээс байнга утасдаж байна. Өдөр болгон ярьцгааж “Юу болоод байна” гэж мэдээ авч байна, надаас. Би яах вэ байж л байна. Юмаа бичиж байна. Хууль, шүүхийн байгууллагаа атгасан Ерөнхийлөгчид үнэнийг нь хэлээд дарамтлуулж байна гэдгийг минь хамт олон, олон нийт ойлгож байгаа болов уу гэж санаад сэтгэл их тайван байгаа.

-Сэтгүүлчдэд тодорхой асуудал дэвшүүлэх, хардах эрх нээлттэй бий. Юм бичих тоолонд нь шүүхэд өгнө гээд байвал шинэ залуу үеийн сэтгүүлчид их л мохоо болох байх даа. Үүнд та ахмад сэтгүүлчийн хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Ерөнхийлөгчдөө би хэлмээр байгаа юм. Одоо ямар дахиад захиа бичилтэй биш. “Би бол хал үзэж, халуун чулуу долоосон, сэтгэлийн хаттай сэтгүүлч. Та минь энэ шүүх, прокурорынхоо хүчийг ашиглаад залуу сэтгүүлчид, өсч яваа авьяаслаг залуучуудыг маань битгий ингэж дарамтлаарай. Хойч үе маань залхана шүү дээ. Ерөнхийлөгч хүн бол бүх ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч. Нэг үгээр хэлбэл Монголын ард түмний эцэг хүн. Та ингээд юмны түрүүнд “Чамайг шүүхэд шилжүүлнэ”, “Чамайг прокуророор хянуулна” гээд загнаад байвал энэ Монголын сэтгүүл зүйд чинь ажиллах хүн олдохоо байна, үнэнийг хэлэх хүн олдохоо болино. Ийм учраас та минь үүнд уужуу сэтгэлээр хандаач” гэдэг үгийг Ерөнхийлөгчид даймаар байна. Түүнээс гадна хэрвээ намайг янз бүрийн байдлаар буруутган шүүх, хууль хяналтын байгууллагад өгөх, шилжүүлэхдээ хүрвэл би хэвлэлийнхэндээ хандана. Хэвлэлийн бага хурал хийнэ. Бүх хэвлэлийн сурвалжлагчдыгаа цуглуулж байгаад яг үнэн бодит байдлыг, хэвлэлд гарсан нотлох баримтуудыг дэлгэнэ. Өнөөдөр л гэхэд сонин дээр Ерөнхийлөгчийн тухай гарлаа шүү дээ. Энэ бүгдийг дэлгэж тавьж байгаад сэтгүүлчидтэйгээ хэвлэлийн бага хурал хийнэ. Энэ бол миний ойрын бодож байгаа зүйл шүү. Сэтгүүлчийн хувьд, ардаа сэтгүүлчидтэй хүний хувьд хийх л зүйл маань энэ.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Нөхөн сонгууль гэдэг хошин жүжгээ одоо болих хэрэгтэй байна

УИХ-ын гишүүн Д.Гантулга 2018 онд өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүний суудлаасаа чөлөөлөгдсөн. Түүнийг ямар учраас ийм шийдвэр гаргасныг мэдэхгүй хүн байхгүй. Хүн байтугай ямаа ч мэдэх байлгүй. Ямар ямар үйл явдал болж, дараа нь хэрхэн хэл ам гарч, эмэгтэйчүүд жагсч, хүн бүр түүнийг үзэн ядахдаа юу гэж хараан зүхэж байсныг энд бичихээс ч дургүй хүрч байна. Ямар сайндаа “Саарал ордон минь салтаа байцаах газар болоо юу” гэж цээрлэхэв дээ. Ингээд Д.Гантулга хэл ам дагуулсаар гишүүнээсээ чөлөөлөгдөнгүүт түүний оронд УИХ-д орж ирэх хүнийг сонгох УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн сураг ил болж эхэлсэн. Юу юугүй л намар нь нөхөн сонгууль болно гэж байтал Хэнтий аймгийн Баянхутаг сумын II багийн иргэн С.Мөнхцэцэг “Төрийн албан хаагч бивээр нөхөн сонгуульд нэр дэвшиж чадахгүй болсон нь Үндсэн хуулиар олгогдсон сонгогдох эрх зөрчигдөж байна” гэсэн утгатай гомдлыг Үндсэн хуулийн Цэцэд гаргасан. Гэтэл С.Мөнхцэцэг гэдэг энэ иргэн нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн жолоочийн хадам ээж нь болж таарч УИХ-ын чуулган дээр хүртэл энэ асуудлыг гишүүд хөндөж “У.Хүрэлсүх жолоочийнхоо хадам ээжээр Цэцэд гомдол өгүүлчихсэн мөртлөө өөрөө үгүйсгээд уурлаад байна. Хэнтийн сонгуульд МАН гарч ирэхгүй учир ямар ч хамаагүй аргаар нөхөн сонгуулийг хойшлуулахыг санаархаж байна” гэж ярьж байсныг хүмүүс мартаагүй байх. Цэцээс иргэний гомдлыг хэлэлцээд үнэхээр Үндсэн хууль зөрчжээ гэж үзсэн учраас нөхөн сонгуулийг хойшлуулсан билээ.

Үндсэн хуулийн Цэцээс гаргасан үндэслэлүүдийг арилгах гэж УИХ он дамнан хэлэлцэж яст мэлхий шиг удаан хуралдаж хуралдаж сая нэг юм Цэцийн гаргасан Үндсэн хууль зөрчсөн гэх үндэслэлүүдийг арилгаж нөхөн сонгууль зарласан. Ингээд УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд Ерөнхий сайд У.Хүрэлсүх өрсөлдөх гэж байгаа юм шиг аяглаад Хэнтий аймагт өнгөрсөн сарын 5-10-ны өдрүүдэд ажиллаж Жаргалтхаан, Мөрөн, Хэрлэн, Баянхутаг, Батноров, Норовлин сумдаар явахдаа шинэ сургууль, цэцэрлэг, Соёлын төв, хатуу хучилттай зам, хүлэмж барих, айлуудыг ипотекийн зээлд хамруулах, музей байгуулах, гүний худаг гаргах гээд амандаа орсон болгоныг амлаж Хэнтийн ард түмэнд 142.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулахаар болсноо зарласан. МАН-ынхан Ерөнхий сайдаа нөхөн сонгуульд өрсөлдөж, УИХ-ын гишүүн болох гэж байгаа юм шиг дагалдан явж, сонгуулийн сурталчилгааны ажлаар очсон мэт маш үнэмшилтэй жүжиглэцгээсэн.

Тэгтэл яг тэр үеэр буюу өнгөрсөн сарын 06-нд иргэн Д.Ганхуяг тэргүүтэй хуульч, судлаачид Үндсэн хуулийн Цэцэд “Д.Гантулга хэдийгээр өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн ч гэм буруутай нь тогтоогдоогүй байхад УИХ шийдвэр гаргасан. Нөхөн сонгууль зарлахаар товлосон нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болсон. Тиймээс Д.Гантулгыг гэм буруутай, буруугүйг тодорхой болгосны дараа нөхөн сонгууль зохион байгуулах ёстой” гэсэн гомдлыг гаргасан. Энэ гомдлыг Цэц хүлээн авч хэлэлцээд “Д.Гантулгыг гишүүнээс чөлөөлсөн нь Үндсэн хууль зөрчөөгүй” гэж үзээд “Санал авах өдрийг сонгууль болохоос 180-аас доошгүй хоногийн өмнө тогтоох ёстой байтал УИХ Сонгуулийн хуулийг зөрчиж нөхөн сонгууль болохоос 148 хоногийн өмнө тогтоосон байна. Ингэснээр Үндсэн хуулийн сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн” гэж үзсэн билээ. Мөн Цэцийн дунд суудлын хуралдаанаар Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн тов, зардлыг тогтоосон УИХ-ын 22, 23 дугаар тогтоол нь Сонгуулийн тухай, Төсвийн хуулийг тус тус зөрчсөн гэж дүгнэсэн. УИХ-ын 22 дугаар тогтоолоор нөхөн сонгуулийг энэ сарын 30-нд товлосон. Гэтэл Сонгуулийн хуулиар, гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусахаас нэг жилийн дотор сонгууль зохион байгуулахгүй байдгийг нарийвчилсан тусгасан байдаг учир нөхөн сонгуулийг хориглосон шийдвэр гаргасан. МАН-ынхан Ерөнхий сайдаа Хэнтийд очиход нь Засгийн газраараа, бөөнөөр очиж бужигнуулсан шигээ Цэцийн хоригийг УИХ-аар хэлэлцэхдээ яг тэрэн шиг ажиллалаа.

УИХ-ын Байнгын хороод нь Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хүлээн авахаас бүгд татгалзаж, тэр дор нь асуудлыг чуулганы хуралдаанаар хэлэлцэж “Хоригийг хүлээж авахгүй. Пий, паа ийм муухай Цэц байх гэж дээ” гэж халаглацгаасан. Ингэж л эд нар наанаа өнөө маргаашгүй л нөхөн сонгууль болох гэж байгаа мэтээр жүжиглэж байна.

Дээрх шийдвэр бол Цэцийн дунд суудлын хуралдаанаас гарсан хориг. Харин одоо Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанаар энэ асуудлыг дахин хэлэлцэнэ. Их суудлын хуралдаан тийм хурдан болохгүй. Хуралдлаа гэхэд бас л хугацаа орно доо. Тэгээд “Нөхөн сонгуулийг дахин зарласан нь хууль зөрчжээ” гэдэг дунд суудлын хуралдааны шийдвэр дээр бат зогсох нь мэдээж. Яагаад гэвэл заасан хуулиудыг зөрчсөн үндэслэлүүдийг одоо болтол арилгаж чадаагүй байгаа юм чинь. Тэгэхээр нөхөн сонгууль зогсоно. Энэ бүхний эцэст хамгийн их хохирсон нь, нэр дэвших гэж чадлаараа хичээж байсан нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон МАН-ынхан мэтээр жүжиг тавьж, матрын нулимс унагаж худлаа уйлалдана. Ард түмэнд хохирогчийн дүрээр харагдаж, өрөвдүүлэхийн тулд бас л жүжгээ үргэлжлүүлнэ. Ийм л хошин жүжгийг улс төрийн тайзан дээр сүүлийн нэг жилийн турш эрх баригч нам тоглолоо.

“Нөхөн сонгууль” нэртэй хоёр бүлэгтэй, дөрвөн үзэгдэлт хошин жүжгээ одоо зогсоо! Хэн ч та нарын тавьж буй жүжигт үнэмшихээ байсан, та нарын тэрбум тэрбумын амлалтад итгэхээ байсан. Тэрний оронд жүжгийн тайзнаасаа бууж, Үндсэн хуулийг хэлэлцэх асуудалд анхаарал хандуулж сонгогчдынхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүл. Жүжигчид нь жүжгийнхээ ажлаа хийг, та нар улс эх орныхоо өмнө тулгамдаж байгаа асуудлаа бодлогын түвшинд шийдвэрлэ. Элдэв янзын дүрд битгий тоглож хөдөөгүүр гүйгээд бай. Тэглээ ч дүр болгон эзэнтэй учир өөрийнхөө дүрд л сайн тогло гэдэг үг байдаг.

Categories
мэдээ цаг-үе

Тамхины тахал гэж юу вэ

ТАМХИ ГЭЖ ЮУ ВЭ

Татах, үнэрлэх, зажилж хэрэглэхэд зориулсан мансууруулах нөлөөтэй, өөрөөсөө хараат байдал үүсгэн донтуулах үйлчилгээтэй бодис агуулсан нэгэн төрлийн хор юм.

ТАМХИНЫ ҮҮСЭЛ

Тамхи нь Өмнөд Америкт зэрлэгээр ургадаг нэгэн төрлийн ургамал бөгөөд Өмнөд Америкийг эзэлсэн испани, португальчууд анх XVI зууны үед Европ тивд авчирснаар дэлхий даяар тархжээ. 19501960 онд тамхи татах нь мода болж байсан төдийгүй, ашигтайд тооцогддог байжээ. Эмч нарын эхний анхааруулгууд гарах үед тамхи үйлдвэрлэгчид шүүлтүүртэй янжуур “Арай аюулгүй” гэж идэвхтэй сурталчилж эхэлжээ. Америкийн “Ковбой Мальборо” 1950-иад онд гарч, брэндийн тухай төсөөлөл бүрэн өөрчлөгдөж, тамхины худалдаа эрс өсөхөд тус болжээ. “Ковбой Мальборо”-гийн дүрд тоглосон гурван жүжигчин бүгд уушгины хорт хавдраар нас барсан байна. 1962 онд Британийн Хатан хааны Анагаах ухааны коллежийн эрдэмтэд тамхи татах, янз бүрийн өвчтэй болох хоёр хоорондоо холбоотой болохыг нотолжээ. Гурван жилийн дараа Англид тамхийг зурагтаар сурталчлахыг анх удаа хориглосон байна.

ТАМХИНЫ ТӨРӨЛ

ЯНЖУУР ТАМХИ-Бидний янжуур тамхи гэж нэрлээд байгаа зүйлийг дэлхийн тамхи үйлдвэрлэлийн зах зээлд болоод ДЭМБын албан ёсны баримт бичигт НДС буюу “Никотин дамжуулагч систем” гэж нэрлэдэг.

ЗӨӨЛӨН ЯНЖУУРАН ТАМХИ-Зөөлөн янжууран тамхийг хор хөнөөл багатай гэдэг ч энэ бол худлаа зүйл. Хэдийгээр тэдгээр нь энгийн янжуур тамхийг бодвол давирхай болон никотины агууламж багатай ч дан ганц энэ хоёр бодисоор тамхины хор хөнөөлийг хэмжих боломжгүй юм.

ОРООМОЛ НАВЧИН ТАМХИ-Ороомол навчин тамхи нь ерөнхийдөө дээд зиндааны эрхмүүдийн хэрэглээ гэгддэг. Хэдийгээр түгээмэл биш ч нэг ороомол навчин тамхинд агуулагдах хортой бодисын хэмжээ нэг хайрцаг янжуур тамхины хэмжээтэй тэнцдэг.

ӨӨРСДӨӨ ОРООДОГ ЯНЖУУР ТАМХИ (ДҮНС)Өөрсдөө ороодог янжуур тамхи нь энгийн янжуур тамхинд агуулагдах хортой бодисын хэмжээгээр яг ижил.

ГААНСАН ТАМХИ-Гаансан тамхины утаа нь уушгинд бүрэн хүрэлгүй зөвхөн аманд амтагдаад л өнгөрдөг байна. Гэсэн хэдий ч биед хорт бодисууд нь бага хэмжээгээр орсоор л байдаг.

ЭЛЕКТРОН ТАМХИЭлектрон тамхи нь тамхинаас гарах хүсэлтэй муу зуршилаа хаях хүсэлтэй хүмүүст зориулагдсан, янжуур тамхийг орлох гашуун амттай, тансаг үнэртэй ууршигч бодис юм. Ийм төрлийн тамхи татдаг хүмүүсээс авсан шинжилгээний дүн энгийн янжуур тамхи татдаг хүнийхээс ялгагдахааргүй байгаа нь тогтоогдсон байна.

ШИНГЭН ТАМХИ-Шингэн тамхи энгийн янжуур тамхийг бодвол хор хөнөөл нь харьцангуй бага байдаг. Ядаж л энэ нь арай бага хэмжээний никотин татах боломжийг олгодог байна. Хэт халсан үедээ шингэн тамхи уушгинд үлддэг. Мэдээж энэ нь маш их хортой.

ХҮҮКА-Ус нь тамхины хортой бодисуудыг ууршуулдаг тул хүний биеийг хамгийн ихээр хордуулдаг нэмэлт бодисууд, никотин зэрэг нь шүүгдэж арилдаг ч хүнд металл болон хорт бодис үүсгэгч нь тунаж үлддэг байна.

ТАМХИНД ХОРТ ХАВДАР ҮҮСГЭДЭГ 250 ГАРУЙ ХОРТ БОДИС АГУУЛАГДДАГ

Тамхины найрлагад 4800 гаруй төрлийн химийн бодис, нэгдэл байдаг бөгөөд үүнээс 250 нь хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг туйлын аюултай хорт бодис байдаг юм байна. Тэдгээр туйлын аюултай хорт бодисуудаас жишээлбэл, хулгана, мэрэгч амьтдыг устгахад хэрэглэгддэг Арзен, хорт хийн камерт ашигладаг-Цианид, уушгины мөгөөрсөн сувгуудыг тагладагБохь, донтуулах үйлчилгээтэй, цагаан шоргоолжны хор-Никотин. Хийн хорБутан, Арсения. Асаагуурын шингэнАммония, шал цэвэрлэгч, жоомны хор, шавьжны хорТолуни, машины утаа, нүүрсхүчлийн хий-Нафталин, цагаан эрвээхэйн өндөг устгагч, пуужингийн түлш-Метанол, Кадмиум, машины зай, ацетонбудаг арилгагч, үйлдвэрийн уусгагч.

НИКОТИН ГЭЖ ЮУ ВЭ

Никотин гэх энэ бодис нь хүчтэй дасал үүсгэдэг хорт бодис. Тиймээс тамхинд орчихвол түүнээс гарах амаргүй. Ганц нэгээр татаж эхэлж байгаад бие махбод түүнд дасч тамхигүйгээр байж чадахгүй болгодог. Донтох гэдэг нь бие болон сэтгэл зүйн хувьд ямар нэгэн зүйлээс хамааралтай болох, түүнийг байнга шаардахыг хэлнэ. Нэг ширхэг янжуурт байгаа никотины үйлчилгээ хүний биед найман цаг хүртэл байдаг. Үйлчилгээ нь дуусвал хүний бие, сэтгэл түүнийгээ үгүйлж тамхи татахаас аргагүй байдалд хүргэдэг учраас хүссэн үедээ амархан хаяж болдоггүйн шалтгаан нь энэ. Чухам энэ л бодис тамхи үйлдвэрлэгчид, наймаачдын ашиг олох ганц зэвсэг нь болдог.

ТАМХИНЫ ХОР ХӨНӨӨЛ

Нэг янжуур татах бүрт хүний нас 711 минутаар хорогдож байдгийг эрдэмтэд тогтоожээ. Тамхинаас болж дэлхий дээр өдөрт 11 мянган хүн нас бардаг. Тамхичдын дундаж наслалт 52. Тамхинд орсон хүмүүсийн 80 хувиас илүү нь хүүхэд байхдаа тамхинд орсон байдаг аж. Түүнчлэн уушгины хавдрын 90 хувь нь тамхинаас үүдэлтэй. Тамхи татдаг 10 хүний ес нь уушгины хавдраар нас бардаг.

Тамхи уруул, амны хөндийн хавдар үүсгэдэг. Буйлны өвчин, шүд сулран, шүдгүйдэх шалтгаан болдог. Мөн тамхи зүрхний шигдээс үүсгэнэ. Цусан дахь хүчилтөрөгчийн хангамж багассанаас эрхтэнүүдэд тэжээл дутагдаж зүрх, тархины шигдээс үүсгэдэг. Бас нэг том аюул байдаг нь тамхи үр удмыг хөнөөнө. Жирэмсэн эмэгтэйн хажууд тамхи татахад хэвлий дэх ураг тав дахин илүү хорддог юм байна. Хорт хавдрын 38 хувь, зүрх судасны өвчний 34 хувь, амьсгалын эрхтний өвчлөлийн 28 хувь нь дан ганцхан тамхи татснаас үүсч байна. Иймээс эрдэмтэд тамхи татахыг нэг төрлийн өвчин гэж үзэх болоод удаж байна. Тамхи татсанаар өөрийн болон бусдын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхээс гадна хэрвээ та тамхи татдаг бол зөвхөн гадаад төрхөд чинь гэхэд л амнаас эвгүй үнэр гарч, үс, хувцаснаас байнга тамхины үнэр ханхална. Наснаасаа овортой харагдаж, гарын хуруу шарлаж, эвэршинэ. Шүд шарлаж, хорхойтох, буйл үрэвсэх нь бусад хүмүүсээс илүү болно. Чөлөөтэй амьсгалж чадахгүй болж, өвчлөмтгий, дархлаа суларна.

ХҮМҮҮС ЯАГААД ТАМХИ ТАТДАГ ВЭ

Дэгжин харагддаг гэж боддог учраас тамхи татдаг юм байна. Мөн сэтгэл хөдлөлөө нууж, тайвшрах гэж тамхийг сонгодог бөгөөд тамхи татдаг хүмүүс нэгнээ бараадахдаа найз нөхөдтэй болж шинэ харилцаа үүсгэнэ гэж боддог. Нөгөөтэйгүүр тамхи татах нэрийдлээр амрах шалтаг гаргадаг. Ганцаардсан үед тамхи татах нь хань болдог гэдэг сэтгэлзүйн эмгэг нөлөөлдөг учраас тамхи татаад байдаг юм байна.

ТАМХИНААС ХЭРХЭН ГАРАХ ВЭ

Тамхинаас гарч байгаа хүн зургаан Згийн зарчмыг баримтлах ёстой гэж эмч мэргэжилтнүүд, сэтгэлзүйчид зөвлөдөг юм байна.

Нэгдүгээрт, Зарлах: Би тамхи татахгvй байхаар шийдлээ гэж өөрөө өөртөө давтан хэл.

Хоёрдугаарт, Зайлсхийх: 10 минут хүлээ. Ихэнх хорхой, хvсэл 35 минут л vргэлжилнэ.

Гуравдугаарт, Зөв амьсгалах: Хоёр юм уу гурван удаа гүн амьсгал авахад л та тайвширна.

Дөрөвдүгээрт, Зөвхөн шингэн юм, ус уух: Буцалгасан усыг маш аажмаар шимж уу.

Тавдугаарт, Завгүй байх: Явган яв, хэн нэгэнтэй ярь, тайвшир, бохь зажил, өөр дуртай зүйлээ хий.

Зургадугаарт, Залбир, сүсэглэх: Дотроо сүсэглэ, залбир, дотоод сэтгэлээсээ ямар нэг тусламж хай.

Тамхи хаясны дараа таны биед дараах эерэг өөрчлөлтүүд гарна.

8 цаг: Цусны хүчилтөрөгчийн тэжээл хэвийн хэмжээнд очно. Аюул нь багасч эхэлнэ.

24 цаг: Бие дэх нүүрсхүчил гадагшилна.

48 цаг: Цусан дахь никотин алга болно.

Нэг долоо хоног: Амтлах, сонсох мэдрэхүй сэргэнэ.

3-9 сар: Уушгины үйл ажиллагаа 510 хувиар нэмэгдэнэ.

Нэг жил: Зүрхний өвчин тусах магадлал 50 хувь буурна.

Таван жил: Тархинд цус харвах магадлал 50 хувь, шээсний замын хавдар тусах магадлал 50 хувь буурна.

Арван жил: Уушгины хорт хавдар тусах магадлал 50 хувь

15 жил: Эрүүл хүнийхтэй адил эрүүл биетэй болно. Ингэхдээ дам тамхидалтаас ямагт зайлсхийж, дэргэдээ тамхи татуулахгүй байх, тамхи татаж байгаа хүнээс холдох зэргээр эрүүл мэндээ хамгаалахаа бүү мартаарай. Учир нь ДЭМБ-ын мэдээгээр тамхи татдаггүй боловч тамхины утаанд байдаг 7000 гаруй хорт бодист хордсоноос болж жил бүр 600 мянган хүн нас барж, эцэг, эхийнхээ муу зуршлын золиос болж байгаа хүүхдүүдийн эрүүл мэнд эмч нарын сэтгэлийг ихээхэн түгшээж байгаа ажээ. Харин тамхи татсанаас болж дэлхий даяар жилд зургаан сая хүн хорвоог орхиж байна. Тиймээс тамхины энэ бүх сөрөг нөлөөллийг тахлын хэмжээнд авч үзэж тамхины тахал дэлхийд нүүрлээд байна гэж тодорхойлоод байгаа юм.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

А.Гантуяа: Захаас гутал авч чадахгүй уйлаад буцдаг хүүхдүүдийг хараад сэтгэл минь эмтэрдэг

Зүүн гар талаас: Дүү А.Намуунцэцэг, А.Гантуяа, бэр Н.Долгорсүрэн

“Нарантуул” олон улсын худалдааны төвд Хүүхдийн гутлын бизнес эрхэлдэг А.Гантуяатай ярилцлаа. Тэрээр өнөө жилийн Хүүхдийн баяраар хүүхдүүдэд гутал бэлэглэж сайн үйлс эхлүүлсэн юм.


-“Нарантуул”-ын наймаачид зургадугаар сарын 1-нд хүүхдүүдэд гутал бэлэглэжээ гэх мэдээ цахим ертөнцөөр түгж, олон хүний анхаарлыг татсан. Та бүхний хийсэн хандивын ажил хүмүүст таалагдаж сайн үйлс хийх, хандив өргөх сэдэл санааг бусдад төрүүлж чадлаа?

-Энэ өдрийн мэндийг та бүхэндээ хүргэе. Би эгч, дүү нартайгаа зах дээр наймаа хийдэг. Тэдэнтэйгээ ярилцаад зургадугаар сарын 1-нийг тохиолдуулаад Монголынхоо сайхан хүүхдүүд, үрсдээ зориулж хийж байгаа бизнесээсээ жаахныг ч болтугай илүүчлээд айлын хүүхдүүдийг баярлуулъя гэж бодсон. Тэгээд энэ хандивын ажлаа эхлүүлсэн. Өнгөрсөн сарын 26-31-ний хооронд тав, зургаан өдөр аян маань зохиогдсон. Хандивын аяндаа нийгэмд болохгүй байгаа, хэцүү амьдралтай айлуудын хүүхдүүдийг аль болох хамруулахыг хүссэн. Хороо, тухайн хэсгийн захиргаагаар нь явж судалгаа хийсний үр дүнд айлуудаа сонгож хүүхдүүдэд гутал өгөхийг хүсч байсан. Бид тэр үед өөрсдөө энд, зах дээрээ наймаа эрхэлж, бизнесээ хийж байсан учраас хяналт тавьж чадаагүй. Зорьж, өгөхийг хүсч байсан хүүхдүүддээ өгч чадаагүй гэсэн үг. Гэхдээ яах вэ, бид асрамжийн газрын хүүхдүүдэд 50 гутал хандивласан.

Мөн зах дээр бизнес эрхэлж байгаа хүмүүс маань нийтдээ 120 хос гутал хүүхдүүдэд бэлэг болгон тараасан.

Харин манай гэр бүлийнхний зүгээс 300 хүүхдэд гарын бэлэг өгсөн.

-Гарын бэлэг ээ?

-Тийм ээ. Амттан ерөөсөө бэлэглээгүй. Гутал бэлэглэсэн. Амьдралын боломжгүй айлуудын хүүхдүүдэд гутал өгөхийг зорьсон юм.

-Зах дээр гутлын бизнес эрхэлдэг хүмүүс маань сайн үйлсийн аянд идэвхтэй оролцжээ. Гуталтай болсон хүүхдүүд тоймгүй баярласан нь мэдээжийн хэрэг?

-Хүмүүс үнэгүй юм өгөхөөр их гайхдаг юм билээ. Одоо үнэгүй юм гэж ганц ч байхгүй болчихож. Дээр үед, бидний аав, ээжийн үед нэг нэгэндээ үнэгүй юм их өгч, бэлэглэдэг байжээ. Гэтэл сүүлийн үед хүмүүс бие биедээ бэлэг өгөхөө больчихсон юм уу, хаашаа юм.

Дөнгөж ухаан орсон хүүхэд ч юуг ч мөнгөөр худалдаж авах ёстой гэдэг ойлголттой болжээ. Тийм болохоор үнэгүй гутал өгөхөөр гайхаж, тэр байтугай “Нарантуул” дээр юм зардаг хүмүүс ингэж үнэгүй юм өгдөг гэж үү гэж асууж байсан. Бэлэг өгөхөөр их л гайхдаг юм билээ.


Та болон “Нарантуул” дээр бизнес эрхлэгчид дахин ийм хандивын ажил зохиох уу?

-Би энд тэнд их олон газарт бизнес хийж үзсэн. Хамгийн сүүлд “Нарантуул” зах дээр ирж гутлын бизнес хийе гэж сонгосон. Амьдрал ахуйгаа болгох, авч явах боломжийг энэ зах маань бидэнд олгож байна. Манай гэр бүлийнхний хувьд зах дээр хэд хэдэн лангуутай. Хэдий бидний амьдрал болж байгаа ч яагаад нэг удаа болов хүүхдэд өгч болохгүй гэж. Хүнээс авч болж байгаа юм чинь нэг удаа ч гэсэн өгч болно шүү дээ. Хүүхдүүдийг ганц удаа баярлууллаа гээд би хоосорчихгүй. Хоосорсонгүй. Хувиараа бизнес хийгээд явж байсан, өнөөдөр тэр л хэвээрээ явж байна. Хүнд сэтгэл, сайхан гэж байх ёстой гэж бодоод энэ бүгдийг ах, дүү нартайгаа нийлж ярьж байгаад энэ хандивын сайхан ажлыг зохион байгуулсан юм. Цаашдаа бид уламжлал болгож хүүхдүүдэд гутал бэлэглэх төлөвлөгөөтэй байгаа.

-Баян болж байгаад хүнд тусална гэж ярьдаг хүмүүс бий л дээ. Гэхдээ өөрийнхөөсөө илүүчлээд бусдад гар сунгана гэдэг өнөөгийн нийгэмд үгүйлэгдэж буй хүний гээгдсэн сайхан чанар шүү?

-Тийм ээ. Өгье гэвэл өөдсөн сэтгэлээсээ хэн ч өгнө. Өнөөдөр 600 мянган төгрөгийн цалинтай хүн өөрөө л өгье гээд 200 мянган төгрөгөө нийгмийн хэцүү хэсэгт амьдарч байгаа хүнд өгчихөд тэр хүн хэзээ ч хоосрохгүй. Тэр сарынхаа л цалингаас илүүчилсэн болохоор тухайн үедээ л жаахан тарчигдах байх. Дараа сард нь тэр чинь нөхөгдөөд л явчихдаг байхгүй юу. Тэгэхээр хүнд өгье гэсэн сэтгэл байвал бүх зүйл болдог гэж боддог. Дүү нартаа ч би тэгж хэлж захидаг юм. Би сайн үйлс хийе гэвэл заавал компани байгуулж, компанийн захирал байх албагүй. Өнөөдөр хэдий бид энд зогсч наймаа хийж байгаа ч бидэндээ л бизнес шүү дээ. Өчүүхэн ч болтугай сайн үйлс хийж байгаа минь нийгэмд очихдоо сайн сайхныг уриална. Хүүхдийн гутал зарахад хэцүү зүйл их бий.

-Юу хэцүү гэж?

-Нэг л бэрхшээлтэй юм харагдаад байдаг юм. Боломжийн амьдралтай хүмүүст 20-30 мянган төгрөгийн гутал хямд юм шиг санагддаг бол заримд нь маш үнэтэй тусдаг. Гэтэл энэ гоё, сайхан гутлуудаа эгнүүлээд өрөөд тавьчихсан байхад аав, ээждээ хөтлүүлээд ирсэн хүүхдүүд худалдаж авч чадахгүй уйлаад буцдаг. Тэгэхэд миний сэтгэл эмтэрдэг байхгүй юу (Хоолой нь зангирав.сурв). Хүүхдүүд гуталгүй буцаж байхад яагаад би нэг удаа сайхан сэтгэл гаргаад гуталнуудаасаа өгч болохгүй гэж. Би энэ талаар хоёр, гурван жилийн өмнөөс бодож, төлөвлөж байгаад энэ хандивын ажлыг зохицуулсан. Миний хувьд Баянзүрх дүүргийн IV хороонд оршин суудаг. Дараагийн ээлжинд дүүргийнхээ нийгмийн ажилтантай ярилцаад яг гутал очих ёстой, гутал шаардлагатай байгаа хүүхдүүдэд хандиваа хүргэхээр одооноос бодоод төлөвлөчихөөд байна. Гарын бэлэгний тоогоо ч жил бүр нэмэгдүүлээд ирэх жил 400 болгох бодолтой байгаа. Фэйсбүүкээр бидний саяны л сайн үйлс нийтэд хүрсэн болохоос биш бид түүнээс өмнө өвлийн хүйтэнд, арваннэгдүгээр сард эмзэг бүлгийн хүүхдүүдэд өвлийн гутал тоймгүй л бэлэглэж байлаа. Ганцхан удаа өгсөн юм биш, өмнө нь өгсөөр л ирсэн.

Монголчууд “Мандах төрийн малгай, түших төрийн гутал” гэж бэлгэдэхээс гадна дээшээ харсан сав гэж бэлгэшээх нь бий. Тэгэхээр хүнд гутал бэлэглэнэ гэдэг том буян юм байна шүү?

-Улс замаараа сайхан байх хэрэгтэй, айл дэвсгэрээрээ сайхан байх ёстой гэдэг шиг дээгүүрээ юу ч өмссөн бай гоё гутал өмсчихсөн байхад тэр хүн гоё харагддаг. Тийм учраас гутал гоё байх ёстой. Дээгүүрээ юу ч өмссөн болно. Гутал л чухал. Гутал чийг татахгүй материалтай байх ёстой. Бид урд зүгээс гутал авчрахдаа аль болох тэр талыг нь харж авахыг хичээдэг. Яаж үйлдвэрлэгддэгийг нь бид мэдэхгүй ч аль болох хүнд хүрэх гутал борлуулахыг хичээж явдаг.

-Хүүхдүүд шинэ гуталтай болоод юу гэж хэлж байв?

-Маш их гайхдаг юм билээ. Зарим нь баярлаад шинэ гутлаа өмсөөд гүйж харайж байхад аав, ээжүүд нь огшдог юм билээ. Миний өгсөн гутлууд 25 мянган төгрөгийн үнэтэй. Тэрнээс доош үнэтэй гутал бэлэглээгүй.

Хүн өгье гэвэл өөдсөн сэтгэлээсээ юу ч хийж болно. Заавал баяжиж, том бизнес эрхэлдэг байх биш. Юунаасаа ч гэсэн өгье гэсэн сэтгэл л байвал хаанаасаа ч гэсэн тэрийг зохицуулаад өгдөг юм байна гэдгийг би ойлгосон.

-“Нарантуул” зах дээр худалдаа эрхэлдэг иргэдийг жилийн дөрвөн улирлын турш гадаа зогсч, ямархуу байдалтай ажилладгийг мэднэ. Гэтэл том худалдааны төвүүдэд тохилог суудаг худалдаачид бий. Та бүхэн тэднээс урьтаж ийм хандивын ажил өрнүүлж байгаа нь нөгөө талаар та нарыг бодит амьдралтай илүү ойр байна гэж харж болохоор юм?

-“Нарантуул” захад маань 21 аймаг, 300 гаруй сумаас хүмүүс ирж худалдан авалт хийдэг. Бараа бөөнддөг. Энд мэдээж саад бэрхшээлтэй зүйл их бий. Цастай, бороотой өдрүүд гээд тоочвол бэрхшээл их. Гэвч бид тэр бүхнийг хэзээ ч бэрхшээл гэж бодохгүй амьдралынхаа төлөө, сайн сайхны төлөө зүтгэж явна даа.

-Танайх хэдэн хүүхэдтэй вэ?

-Нэг хүүхэдтэй.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН