Categories
мэдээ цаг-үе

М.Чимэдцэеэ: Күнзийн сургаалыг орчуулах ажилд 19 жилийг зарцуулсан

Түрүүч нь №012(6378) дугаарт


Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, МУИС-ийн Күнзийн институтийн Монгол талын захирал, доктор, профессор, хятад судлаач М.Чимэдцэеэтэй ярилцлаа.


-Та тэгэхээр дөчөөд жил нэг салбартаа тасралтгүй ажиллажээ?

-1979 онд их сургууль төгссөнөөсөө хойш 41 дэх жилдээ монгол, хятад хэл, соёл, орчуулга судлалын энэ салбарт ажиллаж байна.

-Өнөөдрийн хувьд монголчуудаас Хятад улсыг хэл, соёл талаас нь шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тасралтгүй олон жил судалж байгаа ганц хүн нь та болчихоод байна гэж ойлгож болох уу?

-Тэгж хэлж болно оо. Миний хувьд энэ салбарт олон жил ажиллаж байгаа хүмүүсийн нэг нь мөн байх аа.

-Хятад бол манай мөнхийн хөрш. Бид хилээ, хаалгаа хаалаа ч тэд бидний хөрш байсаар л байх болно. Тиймээс бид Хятад улс, хятад хүнийг судалж, дотоод мөн чанарыг нь мэдэж, ааш аягийг нь мэдэрч байхаас өөр аргагүй болж байгаа юм. Тиймээс энэ чиглэлийн судалгаа маш хэрэгтэй?

-Айл гэр бол ачаалаад нүүгээд явчихаж болно. Улс бол тэгэх боломжгүй. Улс бол тэнгэр, бурхнаас заяасан хөрштэйгөө л байх хуультай. Энэ хоёр их гүрэн бол Монгол Улсад тэнгэр бурхнаас заяасан мөнхийн хөрш. Хятадад ч, Монголд ч “Аливаа улс хөршөө сонгодоггүй” гэж ярьдаг. Энэ бол бурхан тэнгэрийн хувь тохиолоор бий болдог зүйл. Би Хятадад янз бүрийн хурал, чуулганд оролцож, олон очдог л доо. Дэлхийн олон орноос судлаач, эрдэмтэд ирнэ. Тэд надад нэг үгийг олонтаа хэлдэг юм. Юу вэ гэхээр, “Танай Монгол Улс бол үнэнхүү аз заяатай орон” гэцгээнэ. Яагаад вэ гэж би асууна. Танайх бол дэлхийн бодлогыг тодорхойлогч хоёр том гүрэнтэй хөршилдөг. Ийм аугаа хоёр том оронтой хөршилдөг орон бол өөрөө аугаа гэдэг юм. “Монгол Улс, Монголын ард түмэн туйлын заяатай. Бид Африкаас, Америкаас хэдэн орон дамжиж, хэдэн арван цаг нисэж байж сая Хятадад ирдэг. Гэтэл танайх бол огт өөр. Энэ бол туйлын их аз завшаан” гэж хэлдэг юм. Бид энэ давуу талыг зөв сайтар ашиглах ёстой юм л даа. Мэдээж том гүрний дэргэд байгаа жижиг улсад олон зовлон бий. Хятадын ном зохиолд ч бичсэн нь буй. “Томд томын зовлон буй, багад багын зовлон буй” гэж. Тэгэхээр том гүрэнд ч өөрийн зовлон байдаг, бага улсад ч өөрийн зовлон байдаг. Гэхдээ зовлон гэхээсээ илүүтэй хөршилнө гэдэг туйлын чухал зүйл. Тийм учраас бидний өмнө тулгарч буй хамгийн том асуудал бол хөршүүдээ маш сайн судлах, мэдэх, таних шаардлагатай. Таны асуусантай санал нэг байна. Бид Орос гүрэнтэй 70 гаруй жил сайн харилцаатай явсан, одоо ч сайн хэвээр байна. Оросыг бол харьцангуй сайн судалсан байна. Хятадтай харилцаа яривал хэдэн мянган жилээр ярина. Гэхдээ Хятадыг тийм сайн судалсан уу гэвэл бас тийм биш. Зөрүү буруу ойлголт их байна. Дунд нь харилцааны янз бүрийн цаг үеүдээс үүдээд хүмүүсийн хооронд ойлголтын элдэв гажуудал гарсан байдаг. Тэгэхээр бид Хятадыг байгаагаар нь ойлгох ёстой юм. Судлах ёстой. Сайныг нь сайнаар нь, мууг нь муугаар нь. Өөрөөр хэлбэл, ямар эрсдэл байгааг судлах хэрэгтэй, ямар давуу тал байгааг ч судлах хэрэгтэй. Тэгж байж Монгол Улс цаашдаа энэ хоёр улстай мөнхийн хөрш явна шүү дээ. Дандаа муулчлах тал руу нь туйлшраад байвал Монгол Улс хэзээ ч хөгжихгүй хол хоцорно. Эсхүл бид үнэхээр гайхамшигтай, энэ хоёр бол юу ч биш гээд цээжээ дэлдээд байвал Монгол Улс хол хоцорно. Тиймээс бид хөршүүдээсээ айж дөлөхөөсөө илүүтэй ойртож нягтрах ёстой гэж боддог.

-Хятад улс бидний урдхан талд асар өндөр хөгжилд хүрч шинжлэх ухаанчаар алив зүйлд хандаж байгаа ч тэднийг нэгтгэж, нэг зүгт харуулдаг зүйл нь Күнзийн сургаал юм болов уу гэж анзаарагддаг. Хятадын хөгжлийн үндсийг нь хятад хүнтэй холбож үзээд байна л даа?

-Хятад хэлтэй, хятад судлалыг оролддог хүний хувьд харахад, Хятадад нэг том давуу юм байна л даа. Тэр нь юу вэ гэхээр, Хятад бол бодлоготой, чиглэлтэй, алс хэтийн туйлын зорилготой. Тэрэндээ хүрнэ гэсэн аугаа хүсэл эрмэлзэлтэй. Хятад улс бодлогоо зуун жилээр төлөвлөж байна. Хятадад “хоёр 100 жилийн зорилт” гэсэн том зорилт дэвшүүлээд хэрэгжүүлж байна. Хятадын мөрөөдлийг дэвшүүлээд байна. 2050-иад он гэхэд Хятад улс ямар хэмжээнд хүрсэн байх вэ гэдгийг аль эрт тодорхойлчихсон, 100, 100 жилээр нь төлөвлөчихсөн байна. 100 жилийн тэр том аугаа төлөвлөгөө өөд Хятадын бүх ард түмэн, хятад хүн тэмүүлж байна шүү дээ. Тэр нь аугаа их хүч. Ард түмний хүсэл сонирхол, эрх ашиг, жирийн хүний мөрөөдөлд нийцсэн тийм алс хэтийг харсан аугаа бодлогыг дэвшүүлж тавиад түүн рүүгээ зорино гэдэг амжилт олохын үндэс болж байна л даа. Тэгэхээр бид үүнээс суралцах ёстой юм. Манайд тийм том зорилт байна уу гэвэл хэлэхэд хэцүү. 100 жил байтугай 10 жилийн, 10 жил байтугай дөрвөн жилийн тогтвортой бодлого байна уу гэхэд хэцүү. Хятад улсын тавьсан зорилгыхоо төлөө тэмүүлдэг тэр байдлаас нь бид суралцаж, жишиг авах ёстой. Тэрэнтэй адил Монгол Улсын 100 жилийн зорилтыг бий болгоод Монголын ард түмэн тэрхүү зорилго өөдөө тэмүүлэх шаардлагатай байна шүү дээ. Хоёрдугаарт, Хятадын бодлого нь тов тодорхой, байна. Гэнэтийн бодлого, шийдвэр гарах нь бага. Эртний Хятадын их сэтгэгч Күнзийн хэлсэн “Хүмүүн холын бодол үгүй аваас, ойрын зовлон оршмуй” гэсэн үг байдаг л даа.

-Манай төр засаг гэнэтийн гэнэтийн цочирдмоор, инээд хүрмээр шийдвэр гаргана шүү дээ?

-Хятадад хүмүүсийг гайхшируулсан, цочирдуулсан эсхүл ойлгомжгүй, тийм бодлого шийдвэр гарах нь бага. Бүх юм нь тов тодорхой, судалгаа тооцоотой. Бодлого хэрэгжих арга нь тодорхой, зам нь тов тодорхой. Энэ бүгд нь Хятадын хөгжилд их нөлөөлж байна. Дээр нь хятад хүн бол туйлын хөдөлмөрч ард түмэн.

-Хятад хүмүүсээс авч хэрэгжүүлмээр авууштай ямар нийтлэг чанар байдаг вэ?

-Хятад хүний олон нийтлэг чанар бий. Хятад хүн хэзээ ч бусдын дээр өөрийгөө тавьдаггүй. Нийтлэг утгаар нь хэлбэл, би гэх үзэл бараг үгүй хэмээдэг.

-Би-гийн үзлээс ангижирчихсан хүмүүс үү?

-Би- гээс илүү Бид гэх үзэл илүү хүчтэй байдаг. Бид хийнэ гэж үздэг. Бид төвтэй үзэл маш хүчтэй. Бусдаас өөрийгөө дээгүүр тавих үзэл хятад хүнээс бага ажиглагддаг. Хоёрдугаарт, Хятадад үг бий. “Хүчит салхи болоход туяхан хулс бөхийн налж, хүчит салхи өнгөрсний дараа дахин өндийнө босч ирдэг” гэдэг. Энэ бол Хятадын бас нэг философи юм. Өөрөөр хэлбэл, чи бусдын өмнө даруу бай, төлөв бай. Бүү сагсуур. Бүү баярх гэсэн үг. Ийм чанар хятад хүмүүст их түгээмэл байдаг. Манайхан тэрийг нь тэр болгон мэдэрдэггүй. Үүнийг би маш өргөн түгээмэл утгаар нь ярьж байна шүү дээ. Хувь хүн дээр бол янз бүрийн хүн байж болох. Эртний их гүн ухаантан Сократаас нэгэн хүн “Тэнгэр, газрын хооронд хэр зайтай вэ” гэж асуухад “Тэнгэр газрын хооронд зургаа, долоон тохой өндөр” гэж хариулжээ. “Тэгвэл нас биед хүрсэн хүн яаж тэнгэр, газар хоёрын хооронд багтаж явах буй” гэхэд “Тийм учраас та бөхийж явах ёстой” гэсэн байдаг. Энэ чинь бас үүнийг л хэлсэн үг шүү дээ. Ийм зүйл хятад хүмүүсээс байнга ажиглагдана. Гуравдугаарт, хятад хүн туйлын прагматик сэтгэлгээтэй. Үүнийг бид аж сэтгэлгээ гэж орчуулж байна л даа.

Аж гэдэг нь юманд бодит ханддаг. Ажил хэрэгч чанар гэсэн үг. “Монгол хүн санаа бодлоо ярьдаг, хятад хүн тоо тооцоо ярьдаг” гэсэн үг бий шүү. Бид хятад хүмүүстэй уулзаад ярихаараа том том тоо, том том төлөвлөгөө яриад байгаа мөртлөө бодитой тооцоо судалгаа бага. Хятад хүн бол тооцоо судалгаатай. Манай улсын Хятадтай харилцах харилцаанд дутагдаж байгаа нэг зүйл бол энэ юм. Хятад улс “Нэг бүс-нэг зам” гээд стратегийн том санаачилга дэвшүүлсэн. “Нэг бүс-нэг зам” санаачилгад Хятад улсыг оролцуулаад дэлхийн 65 орон багтдаг. Нэг чухал гишүүн нь Монгол Улс. Бид энэ санаачилгад нь хэрхэн оролцож байна вэ гэхээр одоо болтол хөлөө төдийлөн сайн олоогүй л явж байна. Цаасан дээр гаргасан жагсаалт бий, бодитой тоо, тооцоо, судалгаа байна уу гэхээр бараг үгүй. Тэгэхээр хятад хүний аж сэтгэлгээ бол Хятад улсын хөгжилд маш чухал нөлөө үзүүлж байна шүү дээ. Юманд бодитой ханддаг, бодитой хийж хэрэгжүүлдэг. Хятадын дарга нарын хэлдэг үг бий. “Хий хоосон яриваас гүрэн улс мөхнө. Хийж бүтээвээс гүрэн улс цэцэглэнэ” гэж хэлдэг. Тиймээс хий хоосон ярихаас хийж бүтээх нь чухал. Үүнтэй холбоотойгоор Хятад улсад сүүлийн жилүүдэд маш хүчтэй ярьж байгаа зүйл бол инноваци байна. “Инноваци, инноваци, бас дахин инноваци” гэдэг уриа дэвшүүлсэн. Хуучин бол хөрөнгө оруулалт, хүн хүчийг нэмэгдүүлэх замаар хөгждөг байсан бол одоо инновацийн хүчээр, бага хүчээр өндөр үр дүн, өндөр үр ашигт хүрэх тэр чиглэл рүү явж байна. Монгол Улс энэ бүхнээс нь хоцрохгүй байх хэрэгтэй. Одоо бол бид зэрэгцэх гэдэг ойлголт хэцүү болсон. Харин амдах гэдэг ойлголт руу орох ёстой.

-Бидэнд хятадуудын талаар нийтлэг гэмээр ойлголт бий л дээ. Тэрэнтэй адил хятадууд биднийг ер нь юу гэж үздэг бол. Тэд монголчуудын тухай хоорондоо юу гэж ярьдаг вэ?

-Хятад том гүрэн. 1.4 тэрбум хүн амтай. Тэр бүх хүн Монголыг мэддэг гэвэл худлаа. Монголыг мэддэггүй нь түм, бумаараа бий. Монголын тухай буруу зөрүү ойлголттой хүн бас өчнөөн олноороо байна. Харин дээд түвшинд, улс төрийн дээд түвшинд Монголыг маш сайн мэддэг, ойлгодог шүү дээ. Тэр талаар давуу талтай. Хоёрдугаарт, өнөөдөр Монгол Улс, Хятад улсын хооронд шийдвэрлэгдээгүй улс төрийн нэг ч асуудал байхгүй, бүх асуудал шийдэгдсэн гэж үздэг. Харилцаа хөгжих таатай нөхцөл нэгэнт бүрэлдсэн. Хятадын дээд түвшинд “Монгол Улс бол манай Хятад улсын хойд талын хамгийн чухал хөрш улс” гэж үздэг. Энэ ч гэсэн Монголын нэг том давуу тал.

Монгол Улс, Хятад улсын хооронд харилцан бие биенээ хүндэтгэсэн, эрх тэгш зарчмын үндсэн дээр харилцаа хөгжиж байна.Том, багын ялгаа байдаггүй. Хэмжээ багтаамжийн хувьд бол бага байж болно. Монгол Улсын Хятад улстай хийж байгаа худалдаа нь Хятад улсын нийт гадаад худалдаанд эзлэх хувь мэдээж бага. Бид эндээ “Манайх юмаа өгөхөө больчихвол Хятад улс хэцүүднэ” гэж ойлговол буруу болно.

-Орчин үеийн хятад хүн гэж хэн бэ?

-Хятадад очих болгонд өөрчлөлт гарч байдаг. Өөрчлөлт бол зөвхөн өндөр байшин гэдэг утгаараа биш. Хятад хүмүүсийн ертөнцийг үзэх үзэл, соёл, боловсрол, хандлага байнга өөрчлөгдөж байна. 1986 онд анх Хятадад очиход байсан хятад хүмүүс өнөөдөр огт байхгүй, бүхэл бүтэн нэг үе өнгөрчихсөн. Тэр үеийн хүмүүсийн соёлын түвшин, өнөөдрийн хүмүүсийн соёлын түвшин асар их ялгаа, зөрүүтэй болчихсон. Өнөөдрийн хятад хүн бол дэлхийн өмнө нүдээ нээчихсэн, дэлхийг таньсан, дэлхийг мэдэрсэн тийм хүмүүс байна. Хятадад англи хэлээр ярьдаггүй хятад хүн бараг байхгүй болсон. 60, 70 настай их сургуулийн профессороос эхлээд хорин хэдэн настай залуус гээд бүгд англиар ярьдаг болсон байна. Бидний харилцаад байгаа соёл, боловсролын салбарт ажилладаг хүмүүс ганц англи биш 2-3 гадаад хэлээр ярьдаг. Тийм хятад хүн маш олон болсон. Хоёрдугаарт, Хятад улс сүүлийн 40 жилд үүд хаалгаа гадаад ертөнцөд хүчтэй нээсэн. Үүнийг дагаад барууны соёл маш ихээр орж ирсэн байна. Барууны ном бичиг, соёл ихээр нэвтэрч байна. Өнөөдөр баруунд хэвлэгдсэн ном бараг маргааш нь Хятадад орчуулагдан гарч байх. Ийм хурдтай болсон. Хятад хүмүүсийн амьдрал том хөгжил, хөдөлгөөн дунд байна. Тэр хүмүүст зав чөлөө байхгүй. Илүү дутуу юм хийгээд явах боломжгүй. Нийгмийн эрчимтэй хөгжлийн эргүүлэгт орчихсон, түүнийг дагаж хятад хүмүүс маш их зүтгэж байна шүү дээ. Дээр нь үр хүүхдээ хүмүүжүүлнэ, өөрийгөө хөгжүүлнэ. Энэ бүхэн нь Хятад улсын хөгжилд маш том түлхэц болж байна. Тэр утгаараа иргэд нь нийгмээ хөгжүүлж байна. Үүнийг хүн төвтэй хөгжил гэдэг.

-Энэ бүхэнд нь Күнзийн сургаал холбоотой байх?

-Маш их холбоотой.

-Та Күнзийн институтийн Монгол талын захирал. Тэгэхээр та алимны үрийг нь судалж байна?

-Хятад хүний амьдралын хэв маяг, хятад хүний ертөнцийг үздэг үзэл, хятад хүмүүсийн ёс суртахуунтай холбоотой юм. Өнөөдрийн хятад хүнийг сайн танья, мэдье, судалъя гэвэл хүссэн хүсээгүй Күнзийн сургаалтай ямар нэг хэмжээгээр холбогдох шаардлагатай болдог. Хятад хүний амьдралын хэв маяг болгон Күнзийн сургаалтай холбоотой. Хятад улсын төрийн бодлого ч холбоотой.

Би ер нь өөрийн зөн совинд итгэдэг хүн л дээ. Намайг хэн ч Күнзийн номыг орчуул, судал гэж шаардаагүй, хэн ч санал хэлээгүй. Би 1991 оноос Энхтайван найрамдлын байгууллагуудын холбоонд ирж ажилласан юм. Тэнд би Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэгийн ажлыг хариуцаж ажилласан. Уг холбоо нь Гадаад хэргийн яамны дараа орох, ардын дипломатын бодлого хэрэгжүүлдэг хоёр дахь жижиг Гадаад хэргийн яам шиг тийм байгууллага байлаа шүү дээ. Маш том хэлний мэргэжилтнүүд ажилладаг газар байсан. Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэгт ажиллах хугацаанд Хятад руу олон дахин явах боломж нээгдсэн. Би жилд бараг 4-5 удаа явна. Тэгж явахад очсон газар болгонд ажиглагддаг зүйл бол Хятадын янз бүрийн түвшний хүмүүс Күнзийн тухай их ярьдаг байлаа. Тэр үед надад нэг тийм зөн совин төрж, Күнз гэдэг хүнийг яагаад Монголд таниулж болохгүй гэж, Хятадтай хөршилж байгаа бол Күнзийг бас мэдэх шаардлагатай юм биш үү гэсэн бодол төрсөн. Тэгээд очсон газар болгоноосоо Күнзтэй холбоотой ном бичиг цуглуулсаар олон ч номтой болсон. Тэгээд 2000 оноос Күнзийн ном сургаалыг орчуулах ажилд хүчтэй орсон юм л даа. Хамгийн сүүлчийн номыг саяхан орчуулж хэвлүүллээ.

-Сүүлчийнх ээ?

-Сүүлчийнх гэсний учир нь Күнзийн сургаалын алдарт “Дөрвөн ном” гэж байдаг л даа. Эдгээр номууд Күнзийн суртлын гол цөм. Энэ дөрвөн номын хамгийн сүүлчийн ном “Мэнзийн сургаал”-ыг 2019 оны сүүлээр орчуулж хэвлүүллээ. Тийнхүү Күнзийн суртлын номуудыг орчуулах ажилд 19 жилийг зарцуулжээ. Дөрвөн номыг 19 жил орчуулсан гэсэн үг (инээв). Маш хэцүү ажил.

Одоо энэ дөрвөн ном иж бүрнээрээ монгол хэлээр гарсан. Монголд урьд өмнө нь огт гараагүй номууд шүү дээ. Монголчууд Күнзийн нэрийг сайн мэддэг ч сургаалыг нь мэдэх нь бага байсан. Эсхүл буруу зөрүү ойлголт их байсан. Тэр нь уг сургаалын нэг тал мөн боловч нөгөө талдаа ёс суртахууны том өв, сургаал байгаа гэдгийг бид мэдэх ёстой. Тэр утгаар нь би эдгээр номыг орчуулж гаргасан юм. Бид сайныг олж мэдээд саарыг нь хаях хэрэгтэй. Күнзийн хэлсэн алдартай үг байдаг. “Хэсэг хүмүүн цугаар явахуйд тэдний дунд миний багш болох нь лав буй. Сайныг нь шилэн сурнам. Саарыг нь сонжин заснам” гэдэг. “Сайн нь ч миний багш, муу нь миний багш” гэсэн үг л дээ.

-Таны хийж бүтээж буй болгон цэвэр оюуны хөдөлмөр юм байна. Нөгөөтэйгүүр та улсаас тусгайлан бэлтгэсэн улсын бүтээгдэхүүн байжээ гэдэг нь энэ бүх ярианаас тань харагдаж байна?

-Би Монгол Улсын нэг бүтээгдэхүүн шүү дээ. Тэр тусмаа социализмын үед бэлтгэгдсэн бүтээгдэхүүн. Би монгол хүн гэдгээрээ бахархаж омогшиж явдаг. Би Бээжинд Ардын их хурлын ордонд уригдаж, Хятадын Засгийн газрын ном бүтээлийн өндөр шагналыг гадаадын арав гаруй хүнтэй хамт зогсож байгаад авсан л даа. Тэнд шагнал аваад зогсож байхад надад омогшил бахархал төрж байлаа. “Би монгол хүн шүү дээ. Би Монгол Улсын бүтээгдэхүүн. Монгол Улсад бэлтгэгдсэн хятад судлаач хүн шүү дээ” гэсэн тийм нэг омогшил, бахархал төрж байж билээ. Харин Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн хэмээх эрхэм дээд цол шагнал хүртээд зогсож байхад надад төр улсдаа сүсэглэн залбирах, баярлан бахдах сэтгэл төрж, бас “Би ер нь юу хийсэн хүн бэ. Цаашдаа юу хийх ёстой хүн бэ. Би Монгол Улсдаа өртэй хүн” гэсэн тийм мэдрэмж төрж байсан юм. Би бол Монгол Улсдаа бэлтгэгдсэн, Монгол Улсдаа суралцсан, хүмүүжсэн Монгол Улсын олон мянган бүтээгдэхүүний нэг нь гэж өөрийгөө боддог. Хүн бүхэн өөрийнхөө сурсан эрдэм, эзэмшсэн мэргэжлээрээ улсынхаа хөгжилд өөр өөрийн бага ч болов нэмэр хандивыг оруулж байвал төр улс төвшин сайхан урагшлан хөгжинө гэж боддог.


Categories
мэдээ цаг-үе

М.Чимэдцэеэ: Бээжинд анх очоод хятад хүмүүсийн талаарх бидний ойлголт буруу байсныг мэдсэн


Төрсөн нутагтаа

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, МУИС-ийн Күнзийн институтийн Монголын талын захирал, доктор, профессор, хятад судлаач М.Чимэдцэеэтэй ярилцлаа.


ЦАСТ ЦАМБАГАРАВЫН ХҮҮ

-Таны бага балчир нас, унасан газар, угаасан уснаас ярилцлагаа эхэлье?

-Би Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын харьяат хүн шүү дээ. Урианхай ястан. Хуучнаар Ховдын хязгаарын урианхайн долоон хошууны нэг Зүтгэлт гүний хошууны хүн. 1925 онд сум байгуулагдаж, 1927 онд сургууль байгуулагдсан. Эртний түүхтэй нутаг орны нэг л дээ. Миний төрсөн газар бол Цаст Цамбагаравын бэл хормой. Манай Алтанцөгц сум бол гайхамшигтай нутаг. Хэдийгээр Монгол орны баруун хязгаарын жижигхэн суурин нутаг боловч маш их абшигтай. Цаст Цамбагарав хайрхан бол жирийн нэгэн уул биш. Хүүгээ ивээж байдаг тийм гайхамшигтай нутаг гэж хэлж болно. Яагаад вэ гэвэл манай Алтанцөгцийн тэр жижигхэн хонхроос, Цаст Цамбагаравын хормой бэлээс гайхамшигтай хүмүүс төрж гарсан. Ардын цолтон хоёр төржээ. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч Бөхийн Бааст, мөн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын эмч Жалелийн Хайрулла гэж бий. Хөдөлмөрийн баатар тав төрөн гараад байна. Зохиолч баатар, эмч баатар, хоньчин баатар, барилгачин баатар, замчин баатартай. Нэг жижигхэн сумаас хөдөлмөрийн баатар тав төрөн гарсан ийм сум улсын хэмжээнд цөөн байгаа байх гэж бодож байна. Үүн дээр гавьяат эмч, соёлын гавьяат зүтгэлтэн гээд гавьяатууд нэмэгдэнэ. Бас Төрийн шагналтан хоёр төрсөн байдаг. Ингээд бодохоор энэ нутаг зүгээр нэг газар биш. Хишиг буян, хийморь хурсан гайхамшигтай нутаг гэж хэлж болно.

Би малчин айлын хүүхэд. Аав, ээж минь Алтанцөгц сумын “Социализмын зам” нэгдлийн малчид байлаа. Би сургуульд орон ортлоо мал малласан, хоньчин хүүхэд байлаа. Морин дэл дээгүүр хийсч хонь мал хариулж явж л өслөө. Миний бага нас Цаст Цамбагаравын зүүн, баруун талд, бэл хормойд нь өнгөрсөн. Тэр үеийн хүүхдүүдийн адил л миний бага нас хөдөө мал дээр өнгөрсөн түүхтэй.

Найман нас хүрээд Алтанцөгц сумын дунд сургуульд сурагч болсон.

-Хэдэн оны үе вэ?

-Энэ бол 1964 он юм.

-1974 онд аравдугаар ангиа төгсчээ?

-Баян-Өлгий аймгийн төвд хоёрдугаар арван жилийн дунд сургууль гэж ганц монгол сургууль бий. Одоо ч байна л даа. Тэр сургуулийг 1974 онд төгсч МУИС-д элсэн орсон.

-Ямар ангид вэ?

-Би багаасаа номд дуртай хүүхэд байсан. Уран зохиол, монгол хэлний хичээлдээ сонирхолтой байсан. Тэрнийхээ дагуу аравдугаар ангиа төгсөхдөө л МУИС-ийн монгол хэлний ангид орно гэсэн бодолтой байсан. Дунд сургуулийн сурагч байхдаа ирээдүйд сонгох мэргэжлээ товлочихсон байсан юм. Тэр үед МУИС-ийн монгол хэлний ангийн хуваарь жил бүр ирэхгүй, зарим жил өнждөг байлаа. Ирлээ ч ганц хуваарь ирдэг хэцүү байсан л даа. Харин Улсын багшийн дээд сургуулийн монгол хэлний ангид жил болгон гурваас дээш хуваарь ирдэг байсан. Тэр жил аз түшээд ч гэх үү МУИС-ийн монгол хэлний ангийн ганц хуваарь ирсэн. Бараг конкурсгүй шахуу тэр хуваарийг авч байлаа. Тэр хуваарь дээр надтай өрсөлдөх хүүхэд гарч ирээгүй. Өөрөө өөртэйгөө л өрсөлдөх шахуу юм болоод МУИС-ийн Монгол хэл, уран зохиолын ангид элсч байлаа.

МОНГОЛ-ХЯТАДЫН ХАРИЛЦАА ХҮЙТЭН
БАЙХ ЦАГ ДОР ХЯТАД ХЭЛНИЙ АНГИД ОРЖ СУРАЛЦСАН НЬ

-Тэгээд хэзээнээс хятад хэл сурч эхэлсэн юм бэ. Монгол хэл, уран зохиолын ангид орсон мөртлөө ямар учраас хятад хэл судалсан юм бол?

-Тэр жил хоёрдугаар курсээ төгсчихөөд зуны амралтаараа гэртээ харьчихаад намар хичээл эхлэхэд оройтож ирсэн юм. Тэр үед Баян-Өлгийгөөс нааш ирэхэд онгоцны тийз олно гэдэг их хэцүү. Онгоцноос өөр унаагүй. Одоогийнх шиг хот хоорондын тээвэр гэж байхгүй. Онгоцны тийз олдохгүй, хичээлээсээ бараг арваад хоног хоцроод иртэл гуравдугаар курсийнхныг япон, хятад, монгол бичгийн, үндсэн анги гээд хуваачихаж. Гэтэл намайг аль ч ангид хуваарилаагүй байсан. Би сургуулийнхаа декан Чой.Лувсанжав багшдээр их л гэмшсэн хүн орж, учир байдлаа тайлбарлаад “Намайг монгол бичгийн ангид оруулах боломж байна уу” гэтэл “Чи яасан орой ирдэг нөхөр вэ. Бүх ангид оюутнуудыг хуваагаад дууссан. Монгол бичгийн анги дүүрчихсэн” гэж байна. Тэр үеийн деканы ширээн дээр дүнгийн хавтгай гэж далбагар юм байдаг байлаа. Тэр том дүнгийн хавтгайгаа харж байгаад “Чи нөхөөр, ерөөсөө хятад хэлний ангид орвол яасан юм” гэж байна. Тэгтэл тэр өрөөнд сууж байсан дунд эргэм насны хүн босоод “Энэ нөхрийг ерөөсөө хятад хэлний ангид авбал яасан юм” гэлээ. Тэгэхэд би хятад хэл гэж мэдэхгүй, хятад гэж юу байдгийг ч мэдэхгүй. Хятадын талаар ямар ч ойлголтгүй байлаа. Тэр үед чинь Хятад Монголын харилцаа туйлын хүйтэн байсан үе. “Хятад улс Монгол Улсын нэг номерын дайсан улс” гэж сурталддаг байлаа. Хоёрдугаарт, хятад хэл, Хятад улсын талаар ямар ч мэдээлэл, ойлголт байхгүй. Хүүхэд юм чинь өөрийгөө хятад хэлэнд сонирхолтой ч юм уу, сонирхолгүй ч юм уу гэдгээ ч мэдэхгүй. Хичээлдээ хоцорч ирсэн хүн чинь буруутай, деканыхаа өөдөөс юм дуугарах эрхгүй. Тэгээд л ганцхан үзэгний үзүүр хөдлөх төдийд миний хувь заяа шийдэгдээд МУИС-ийн хятад хэлний ангид орчихсон юм. Надаас өмнө манай ангийн хоёр хүүхэд аль хэдийнэ хичээлдээ суугаад эхэлсэн байсан.

-хоёр оо. нийлээд гурвуулахнаа юу?

-Би нэмэгдээд гурвуулаа болсон. Уг нь дөрөв байсан юм. Нэг эмэгтэй оюутан сурч байсан ч “Энийг сурахаа болилоо. Хэцүү юм байна” гээд манай ангиас гарчихаж билээ. Бид судлах ёстой тухайн хэлээ үзэхдээ тус тусдаа суугаад үндсэн хичээлүүддээ ангиараа буюу хорин хэдүүлээ сууна л даа. Ийм маягаар би их сургуулийн хятад хэлний ангид сурсан хүн шүү дээ. Хожим нь багш болчихоод шавь нартаа байнга хэлдэг үгтэй болсон. “Хүний амьдрал гэдэг бол үзэгний үзүүр хөдлөх төдийд л шийдэгддэг зүйл. Тийм учраас та нар амьдрал дээр гараад янз бүрийн алба хашина. Тэр үедээ хүний амьдралтай холбоотой зүйлд үзэгний үзүүр хөдөлгөхдөө болгоомжтой хөдөлгөж байгаарай” гэж байнга захидаг. Яагаад вэ гэвэл миний амьдралд хоёр удаа тэгж үзэгний үзүүр хөдлөх төдийд л шийдэгдсэн үйл явдал болсон юм шүү дээ, үнэнээ хэлэхэд. ЗХУ-д Олон улсын харилцааны сургуульд явах болоход нэг багш зориудаар надад “Муу” дүн тавихад л миний бүх юм дууссан. Дараа нь манай декан үзэгний үзүүр хөдөлгөөд л “Хятад хэлний ангид хуваарилав” гэж бичихэд л би тэр ангид орсон.

Тухайн үеийн төр засгийн бодлогоор хятад хэлний анги байгуулж оюутан элсүүлсэн юм билээ. Би 1979 онд их сургуулиа төгслөө. Тэр үед их сургууль төгссөн хүнд нэг том зовлон байсан нь Улаанбаатарт үлдэх. Ирсэн газар руу нь буцаадаг байлаа шүү дээ. Надад ямар ч танил тал байхгүй, ямар ч татаас түлхээс байхгүй, энгийн нэг хөдөөний малчин ардын хүү. Намайг төгсөхөд “Чи хаана очих вэ”, “Ямар ажил хийх вэ” гэж асуугаагүй. Надад Мэдээлэл радио, телевизийн улсын хороонд ажиллах томилолт бичиг өгч билээ. Радио, телевиз, МОНЦАМЭ гээд бүгд нэг дор нэгдсэн том хороо байлаа. Тэнд сургуулиа төгсөөд л 1979 оноос хойш ажилласан хүн шүү дээ. Хятад хэл сурсан амьдралын минь түүх энэ.

-Монгол-Хятадын харилцааны хүйтэн үе, “мөсөн уул” бий болсон тийм үед муис-д хятад хэлний анги нээгээд оюутан элсүүлсэн гэдэг бол яалт ч үгүй төрийн бодлого байжээ?

-Тэр үеийн нам төрийн бодлого их тодорхой байжээ. Цаанаасаа бэлдсэн. Гэтэл бид мэдээгүй. Үүнийг сэдсэн хүн бол манай Чой.Лувсанжав багш л даа. Тэр хүн Бээжингийн их сургуулийг төгссөн, хятад хэлтэй, арван хэдэн гадаад хэл мэддэг, маш том эрдэмтэн байсан. Тэр хүн хөөцөлдөж явж япон, хятад хэлний анги бий болгох үүслийг тавьж, анги доторх ангийг анх нээсэн юм. Тэр завшаан нь бидэнд таараад хятад, япон хэлний ангид суралцсан хэрэг. Хоёрдугаарт, тэр үед хятад хэл сурна гэдэг туйлын хэцүү байлаа.

Монгол, Хятадын хооронд ямар ч харилцаа байхгүй. Шувуу нисэхээс өөрөөр энэ хооронд хэн ч наашаа цаашаа явахгүй тийм л үе байсан шүү дээ. Тийм болохоор бидэнд хятад хэлний мэргэжилтэй багш гэж байсангүй. Ном сурах бичиг огт байхгүй, хэлний ямар ч орчин байхгүй. ЗХУ-д 1950-иад онд хэвлэгдсэн “Хятад-Орос хэлний сурах бичиг”-ийг ашигладаг байлаа. Тэр нь ганцхан ширхэг. Бид гурав дундаа ганц номтой. Тэрийг хувилах, олшруулах машин техник байхгүй, зөвхөн гараараа л хуулна. Ийм үед бид хятад хэл суралцсан шүү дээ (инээв). Сайн багш нарын хүчээр сурсан юм. 1950, 1960-аад онд Хятадад сурч байсан янз бүрийн мэргэжлийн хүмүүс бидэнд багшилдаг байлаа. Хятад хэлний анхан шатны дөртэй болж, төгссөн л дөө. Гэхдээ амьдралын их сургууль дээр хятад хэлийг сурсан гэж боддог юм. МУИС-д бол анхан шатны, дөртэй болоод л төгсч байгаа шүү дээ. Мэдээлэл радио, телевизийн улсын хороонд 13 жил ажилласан. Энэ хугацаанд хятад хэлийг сайн судалж, тэнд л хүн болж хөл дээрээ зогсож, хятад хэлний суурьтай болсон байх.

-Тухайн үед таныг хятад хэл судалж, энэ чиглэлд ажилладаг байхад элдвээр ярих, сэрдэх юм байдаг байв уу?

-Яг үнэндээ социализмын үед тийм юм бага байсан юм шүү дээ. 1990 он хүртэл надаас нэг ч хүн “Чи хятадтай холбоотой юу”, “Чи хятадын эрлийз үү” гэх мэтээр асууж байгаагүй. Тэр үед хүн бүхэн ойлгодог байжээ. Энэ бол бэлтгэгдсэн хүн, бэлтгэгдсэн боловсон хүчин, хэлний мэргэжлийн хүн гэж. Харин 1990 оноос хойш тийм асуудал зөндөө гарсан шүү. Зах зээлд шилжээд задгайраад хүнийг сайн муугаар хэлдэг, удам угсааг худлаа хэлдэг, гүтгэдэг тийм юм их дэлгэрсэн.

-Та тийм дайралтад өртсөн үү?

-1990 оноос хойш зөндөө өртсөн. Намайг янз бүрээр хэлдэг, дайрдаг байлаа. Гэхдээ улайм цайм над руу чиглэсэн нь бага байсан. Зүгээр ганц хоёр сэтгэгдлийн хэмжээний тийм юм олж харж байлаа. Мэдээлэл радио, телевизийн улсын хороо гэдэг чинь том байгууллага байсан л даа. Тэнд чинь Монголын сор болсон хүмүүс ажиллаж байлаа. Өөрийгөө сор гэж хэлж байгаа юм биш шүү. Монголын том том дарга, сайдуудын олон хүүхэд тэнд ажилладаг байсан. Тэр хүүхдүүд гадаадын шилдэг сургууль төгсч ирдэг, гадаадын хоёр хэл мэддэг нь олон, 3-4 хэлтэй хүмүүс ч байдаг байлаа. Тийм өндөр боловсролтой залуучуудтай мөр зэрэгцэн ажилладаг байсан. Тэр утгаараа тэднээс маш их юм сурсан, тэднээс үлгэр дуурайл авдаг. Тэднийг дуурайдаг байлаа, бид. Тэр хүүхдүүд шиг байхсан, тэр хүүхдүүд шиг болохсон гэж мөрөөддөг байлаа. Тийм болохоор нэр хүндтэй том байгууллагын нэр хүнд бидэнд ямар нэг хэмжээгээр нялздаг байлаа.


Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Бөхийн Баастын хамт

ХЯТАДАД АНХ ХӨЛ ТАВЬСАН НЬ

-Хятад оронд хэзээ анх хөл тавьж байв?

-Биднийг их сургуульд сурч байхад хятад хэлний ярианы хэл их дутагддаг байсан. Мэдээлэл радио, телевизийн улсын хороонд байхад хятадаас монгол руу, монголоос хятад хэл рүү орчуулга хийдэг байсан болохоор бидний бичгийн хэл харьцангуй сайн болсон байх. Ярианы орчин байхгүй, хятад хүнтэй огт харилцаж үзээгүй. Монголд байдаг орон нутгийн цөөн хэдэн цагаач хятадууд байдаг ч тэдэнтэй бид огт харилцдаггүй, харилцах боломж ч байхгүй. Цаг үе нь ч тийм байсан. 1980-аад он гараад хоёр орны харилцаа сайжирч, өнөөх “Мөсөн уул” дөнгөж л гэсэж, жаахан урь орох шинж тэмдэг илэрч байсан юм. Тэр үед Монгол-Хятадын хооронд соёл урлаг, спортын салбарт харилцаа сэргэж эхэлсэн. Улс төрийн салбарт ямар ч харилцаа байхгүй байсан үе. Сэргэж эхлэх үед хоёр орны Засгийн газар, Гадаад хэргийн яамд хооронд харилцан хэлний мэргэжилтэн, оюутан солилцох яриа хэлцлүүд явагдсан юм шиг байгаа юм. Монголоос Хятад руу явж хэлний чиглэлээр сурах хүмүүсийг сонгон шалгаруулах ажил хоёр, гурван жил үргэлжилсэн л дээ.

Мэдээлэл радио, телевизийн улсын хорооноос намайг, МУИС-иас Ж.Баясах багшийг, Шинжлэх ухааны хүрээлэн гээд лав л 4-5 байгууллагаас нэг нэг хүн сонгосон юм билээ. Сонгогдсон хүмүүсийн намтар, түүх, материалыг хатуу шалгуураар шалгасан байх. Ингээд Ж.Баясах багш бид хоёр тунаж үлдсэн байгаа юм. Тэгээд бид хоёр виз авахын тулд хоёр жил хүлээсэн. 1984-1986 оны хооронд. Гадаад хэргийн яаманд очдог ажилтай. Сүүлдээ танил болцгоосон.

1986 оны намар оройхон, аравдугаар сарын аравдаар виз гарч бид хоёр Хятад явахаар боллоо. Монгол-Хятадын соёлын салбарт мэргэжилтэн, оюутан солилцоо тасраад 26 жил болсны дараа Монголоос анх удаа Хятад руу тэр сурахаар явсан анхны хүмүүс нь бид хоёр болж байлаа.

Тэр үед Хятад руу онгоц нисэхгүй. Галт тэрэг долоо хоногт хоёр удаа явна. Галт тэрэг нь их сонирхолтой явна аа. Сууж явсан вагоныг маань Эрээн гаргаад, Эрээнээс Хятадын орон нутгийн вагонд залгаад хоёр өдөр шахуу яваад Бээжинд хүрдэг байлаа. Намар оройн зэвэргэн, хүйтэн сэрүүн орчихсон тийм өдөр бид хоёр Бээжинд анх удаа хөл тавьж байлаа.

-Тэр үед бээжингийн нөхцөл байдал ямар байсан бэ?

-Бээжинд бид хоёроос өөр гадуур суудаг нэг ч монгол хүн байхгүй. Элчин сайдын яаманд дөрөв, таван монгол айлын арваад хүнтэй. Тэд Элчин сайдын яаман дотроо л байх ёстой. Бид хоёр хотын баруун хойд захад Бээжингийн хэлний их сургуулийн оюутны байранд очсон доо. Элчин сайдын яамныхан чөлөөтэй орж, гарч болохгүй. Гарч, орохдоо цагаа тэмдэглүүлдэг байсан шүү дээ. Харин бид хоёрт ямар ч хориг саад байхгүй. Хаа дуртай газраа тэнэж болдог байв (инээв). Тийм үе байсан даа. Бээжингийн хэлний их сургуульд 1986, 1987 онд хятад хэл суралцсан.

-Хятад хүнтэй ярилцах байтугай, уулзаж ч үзээгүй монгол залуус бээжинд очиход хэр байв. мэдээж хэл усыг нь мэддэг байсан учир ойлголцоход хялбар байсан байх?

-Анх очиход их сонирхолтой байсан. Бид Хятадын тухай зөндөө ярьсан, бичсэн, уншсан. Гэтэл бидний мэдэж, дуулсан, уншсан бүгдээс бодит байдал их зөрсөн. Бас үнэний хувьтай ч юм байсан. Гэвч ихэнх нь үзэл суртлын улмаас худлаа байсныг мэдсэн. Ялангуяа хятад хүмүүсийн тухай бидний ойлголт тэр үед их буруу байжээ. Хятад хүн гэж аюултай амьтан, хөх хувцас өмссөн, их ядуу зүдүү амьдардаг, гудамжны ногоогоо түүж иддэг гэх мэтээр ялангуяа хятад хүний тухай буруу зөрүү ойлголт маш их байсныг мэдсэн. Очоод нүдээр үзэхэд их өөр. Олон сайхан эрдэмтэн, профессор, мундаг багш нар хичээл заана. Их гоё юм ярьцгаана. Монгол оюутанд элэгсэг сайхан хандана. Бид хоёрыг “Олон жилийн дараа ирсэн хоёр монгол” гээд их найрсаг хандана. Нэг багш маань хичээлийн дараа бид хоёрын оюутны умгар өрөөнд ирж, хятад хэлний давтлага хийлгэдэг байлаа. Хоёрдугаарт, бид хоёр тэнд чөлөөтэй байсан учраас олон хүнтэй уулздаг, хятад оюутнуудтай ярилцана, Бээжинд өөр орнуудаас ирсэн оюутнуудтай найзална. Бас Бээжин хотод амьдарч, ажилладаг өвөр монгол ахан дүүс нартайгаа танилцана. Тэдэнтэй байнга уулзана. Тэд бидэнд монгол бичгээр хэвлэгдсэн сайхан номнууд олж өгнө. Маш дурсамжтай сайхан үе тэгэхэд өнгөрсөн юм. Бид хоёр Өвөр Монголын олон сайхан найзтай болсон. Тэд биднийг Хөх хотод урилаа. Тэр үед Өвөр Монголд Ар Монголоос нэг ч хүн байгаагүй. Бид хоёр Элчин сайдын яамандаа хэлэхгүйгээр орон нутгийн галт тэргэнд суугаад Хөх хотод очлоо. 1987 онд би 30 настай байжээ. Хоёр орны харилцаа дөнгөж сэргэж эхэлж байсан, хүмүүсийн сэтгэл дотор айдас түгшүүр маш хэвээр байсан үе л дээ. Тийм учраас биднийг угтаж аваад Хөх хотын захад нэгэн хэрмэн хашаан доторх хуучин муу байшинд олон сайхан залуучууд цугларчихсан байсан. Бид шөнөжингөө хоол идэцгээж, ярилцаж сууцгааж билээ. Монголын талаар мэдэх асар их сонирхолтой. Бид хоёр Монголынхоо тухай ярьж өгнө. Бид Өвөр Монголд тэгж анх удаа очиж байсан юм.Тэгэхэд уулзаж байсан залуус одоо том том эрдэмтэн, доктор, профессорууд болчихсон. Хааяа нэг тааралдаж, тэр үеэ дурсаж ярина аа. “Цаг үе нь тийм байж дээ, мөн ч сонин цаг байжээ” гэцгээдэг юм.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ямаа самнах гэдэг чинь бараг массаж юм шүү дээ, Номинжин минь

Дуучин К.Номинжин Амьтанд энэрэнгүй хандахын төлөөх хүмүүсийн нийгэмлэг (ПETA)-ийн гэрч-сурвалжлагчид ноолуурын аж ахуйтай танилцахаар Монголд ирээд цочирдмоор дүр зурагтай нүүр тулсан тухай ярьсан бичлэгээ энэ сарын 7-ны өдөр “ПЕТА Ази” сошиал хуудсанд байршуулсан юм. Тэрээр Монголд ноолуур бэлтгэхийн тулд ямаануудыг хэрхэн тарчлаан зовоодог тухай ярьж, ноолууран бүтээгдэхүүнээс татгалзахыг уриалжээ. К.Номинжин “…Ажилчид ямааг газарт савж унагаан дардаг нь ялангуяа араатны идэш болдог ямаа мэтийн амьтдыг асар их цочроож айлгадаг байна. Ноолуурыг ихэвчлэн самнаж авдаг. Самнах нь сонсогдож байгаа шигээ тийм ч хал палгүй арга биш ээ. Ямааны ноолуурыг ажилчид хурц, төмөр самаар тасчихад өвдсөн ямаа орилон майлж буйг гэрчүүд харжээ…Хэрвээ та ноолууран эдлэл хэрэглэдэг бол амьтныг шархлаан зовоож, амийг нь хороож, мөн байгаль орчныг сүйтгэдэг үйлдвэрлэлийг дэмжиж байгаа хэрэг шүү. Хэрэглэгч бид энэ зовлон тарчлалыг эцэс болгоход тусалж, ноолууран болон амьтны гаралтай ямар ч хувцсыг худалдан авахгүй байх эсэх нь бидний сонголт. Бид таныг дэлгүүрт үзэж буй барааныхаа шошгыг шалгаж, “Ноолуур” гэж бичсэн байвал лангуун дээр нь орхихыг хичээнгүйлэн гуйж байна” хэмээн ярьсан байна.

Энэ зөв шүү, К.Номинжин та маш зөв олж харжээ. Мал дээр өсөөгүй, орчин цагийн монгол хүн болохоороо л үүнийг олж харжээ. Гэтэл мал дээр өссөн, малын дэргэд шахуу байгаа бид чинь үүнийг мал тамлаж байна гэж хардаггүй, анзаардаггүй байжээ. Манай Өдрийн сонины хувьд таны энэ хөндөж байгаа сэдвийг, яг эл өнцгөөс нь харж 2015 онд “Улайсгасан төмрөөр хайрч тамгалах нь мал тамлаж байгаа хүнлэг бус зан үйл юм”, 2017 онд “Монголчуудад мал тамлах эрхийг хэн олгосон юм бэ?” зэрэг нийтлэлийг гаргаж, монголчууд мал тамлаж, маш хүйтэн, цэвдэг сэтгэлээр ханддаг гэж удаа дараа бичиж байлаа.

Ямаа самнана гэдэг чинь үнэндээ наад ямаанд чинь массаж хийж байгаатай адил хөнгөхөн үйлчилгээ. Хоёрдугаарт, ноолуурыг нь авдаг ёстой. Ноолуурыг нь авах нь амьтных нь хувьд өөрт нь тус болж байгаа хэрэг. Хэрвээ тэр чигт нь орхивол ноолуураа намрын эхэн сар хүртэл хаяж гүйцдэггүй юм. Зунжин халууцаж, хачигтаад түүнээсээ болж турж эцээд тамлагддаг. Эдийн засгийн талаасаа бол ноолуур нь манай улсын ганц брэнд. Гэхдээ энд энэ тухай бичих гэсэнгүй.

К.Номинжингийн энэ бичлэгийг үзсэн манай нийгэм түүнийг элдвээр шүүмжилж “Амьдрал мэдэхгүй, монголоо алдсан” гэх мэтээр зүхэж байна. К.Номинжинг шүүмжилж, хараах нь буруу. Техник, технологи, шинжлэх ухаан дээд зэрэгтээ хүртэл хөгжчихсөн байгаа энэ үед бидний мал маллаж байгаа арга техник үнэхээр хоцрогдсон бүдүүлэг байгаа шүү дээ. Үүнийгээ бид эргэж харах цаг аль хэдийнэ болчихоод байна. Монголчуудын мал аж ахуй эрхэлдэг, малтайгаа харьцдаг арга нь хэдэн мянган жилийн өмнөхтэйгөө яг адил байгаа.

1323 онд Мал аж ахуйн хэрэг эрхлэх мал сүргийн хүрээлэн байгуулж, малын тооллого явуулж, им тамга тавьж дансалдаг байсан тухай түүхийн баримт бий. Гэтэл бид тэр үед хэрэглэж байсан мал имлэх, түлж тамгалах аргыг өнөөдөр ч хэрэглэж байгаа. Шинэ чулуун зэвсгийн үе буюу одоогоос найман мянган жилийн өмнө Төв Азид амьтдыг эрчимтэй гаршуулж, МЭӨ 4-3 мянган жилийн үеэс мал аж ахуй эрхэлж, малчин аймгууд бүрэлдсэн тухай судлаачид ярьдаг. Монголчууд тэр үеэс нүүдлийн мал аж ахуй эрхэлж ирсэн. Тэр үед малтайгаа яаж харьцдаг байсан бэ, яг тэр аргаараа өнөөдөр мал аж ахуйгаа эрхэлж байна.

Дэлхийн амьтны эрхийг хамгаалагчид болон НҮБ-ын Ан амьтдыг хамгаалах хорооныхон монголчуудын нүүдлийн мал аж ахуй эрхэлж байгаа бодит нөхцөлтэй ирж танилцаж, бүгдийг нүдээрээ үзвэл Монгол Улсад нүүдлийн мал аж ахуй эрхлэхийг шууд хориглоно. Монголчуудын малтайгаа харьцаж ирсэн өв соёл бол шууд хориг тавьж, зогсоох хэмжээний тийм л харгис, хүйтэн, цэвдэг арга, технологи.

Ямаа самнах тухай асуудалд нэг зүйл нэмж хэлэхэд, ноолуур нь хөөрөөгүй үед самнавал ямаа жаахан орилж, бахирдаг юм. Хөөрөөгүй үед нь яагаад ноолуурыг нь авах гэж орилуулан барин самнаад байна вэ гэхээр ноолууранд нь хялгас холилддоггүй сайн талтай. К.Номинжингийн харуулсан тэр бичлэгт ямааг орилуулж самнаж байгаа шиг орилуулахгүйгээр эвтэйхэн авчихаж болдог л юм. Хэзээнээсээ монголчууд ямаа орилохыг таашаадаагүй, настай хүмүүс ямаа орилуулж, бархируулахыг зөвшөөрдөггүй учир үр хүүхдэдээ “Ямаа битгий орилуулаад бай” гэж захиж ирсэн. Түүнээс тэр бичлэгт гарч байгаа шиг ямаа орилуулдаг малчин бараг байдаггүй л байсан сан. Ямаа самнаж байгаа хөгшчүүдийг харахад ноолуураа өгч байгаа ямаа нь хэвээд л хэвтэж байдаг байсан юм даа. Сүүлийн үед хөлсөөр ямаа самнаж байгаа хөлсний ажилчид л хурдан түргэн ажилласан болж харагдаж, хэдэн халтар төгрөгийн төлөө л хайш яйш зулгааж, эвийг нь олохгүй самнаснаас л тийм таагүй үйлдэл гардаг болсон байх.

Манай сонинд гарсан дээрх нийтлэлүүдэд бид эмгэнэлтэй олон жишээ татаж байсан. Энэ удаад ч жишээ хэлье. Монголчуудын малаа тамладаг хамгийн эмгэнэлтэй үйлдэл бол өлсгөж, хөлдөөж алдаг. Сүрэг сүргээр нь алдаг. Өөрсдөө болохоороо зуд, байгалийн давагдашгүй хүчин зүйлд өртчихлөө гэж цайруулдаг. Малдаа өвс тэжээл, дулаан байр сав, өвөлжөөг нь бэлдээгүй байдаг. Ядаж нөмөр нөөлөгтэй дулаан нутагт эртхэн нүүж очдоггүй. Үнэхээр л нүүдлийн мал аж ахуй юм бол таатай газар руу нүүгээд явчих ёстой. Гэтэл ингээгүйгээс малаа хэдэн мянгаар нь зуд нэрийн дор алаад хөлдүү цогцсоор нь хашаа барьчихдаг. Энэ бол элэг эмтэрмээр. Мянга, мянгаар нь хонь, ямаа, үхэр, адуугаа алчихсан эзнийг нь яадаг ч үгүй. Харин ч хөөрхий минь ядуурчихлаа гээд тэтгэлэг, тэтгэмж өгөөд толгойг нь илдэг. Малыг хувийн өмч гэж үздэг учир өмчөө яах нь эзнийх нь дурын асуудал гэж ханддаг. Мал бол амьтан. Амьтан бол хэний ч өмч биш. Энэ дэлхий, байгальд амьдарч буй бүх амьтан эн тэнцүү эрхтэй. Тэр амьтны өмнө тэр эзэн гээд байгаа хүн нь үүрэг хүлээсэн байгаа. Яагаад вэ гэвэл хашиж, хашаалж өсгөж үржүүлээд ашиг олдог болохоор.

Хүн амьтадтай адилхан ганцхан л амьтай амьтан. Хүмүүс ухамсартай, харин тэд ухамсаргүй. Ухамсартай бид ухамсаргүй тэдний аминых нь өмнө бүр ч өндөр хариуцлага хүлээж байдаг. Бид өвөл цас орно, хүйтэрнэ, өвс хомсдоно гэдгийг ухамсарладаг. Өвөл цас орно гэдгийг мэддэггүй малчин гэж үгүй. Бүгд мэддэг. Ийм байтал тэр олон мянгаар нь хөлдөөж, өлсгөж алсан амьтныхаа өмнө хэн ч хариуцлага хүлээдэггүй. Энэ бол эмгэнэл.

Уналга, эдэлгээнд адуу сургадаг том ажил бий. Эмнэг сургана гэдэг. Эмнэг сургахад ямар харгис үйл явдал болдгийг бид мэднэ. Эхлээд төмөр амгай зуулгаад амыг нь халаана. Амгайг нь хоёр тийш татаж, гудчисаар байгаад хоёр завьжийг нь хагалахыг амыг нь халаана гээд байгаа юм. Ингэж төмөр амгай зуулгахдаа шээс алдтал чихийг нь мушгидаг. Чихээ тасартал мушгиулж байгаа амьтан аманд нь юу зуулгуулж байгаагаа ч мэдэхгүй асар их өвдөлтийн цочролд орж мэдрэлээ алдаад шээс алдана. Мэдрэлээ алдангуут нь төмөр амгай зуулгуулчихаж байгаа хэрэг. Ингээд тамлалт нь дуусахгүй. Дараа нь эмээл тохохын тулд цоровддог. Адууны дээд уруулыг цулбуураар оосорлоод урагш нь хар хүчээрээ татахыг цоровдох гэдэг. Уруул маш эмзэг эрхтэн. Уруулыг ингэж татахаар бие нь бүхэлдээ мэдээ алдаж, мэдрэхүйгээ гээж, ухаан нь дэн дун болонгуут эмээл тавьж олмыг нь чангалдаг. Ингээд дээр нь мордчихоод булгиулаад, ус, өвс өгөхгүй балбаад, унагаж ойчуулаад шороотой хутгана. Хэдэн өдрийн турш ингэж тамлачихаар өнөө адуу нь ямар ч тэнхэлгүй болчихно. Үүнийг л нь номхорчихлоо, эдэлгээ уналгад цагааширчихлаа гэж үзэцгээдэг.

Өвдөлтийг эдэлгээнээс илүү гаргаж, шокинд оруулж байж уналга, эдэлгээнд сургадаг болохоор монгол адуу эзэндээ ээлгүй ханддаг. Хээр унагаж орхиод л хаяад явчихдаг. Ийм амьдралын дундуур туулж гарсан хүний хувьд бичихэд монгол адуу хээр ойчсон эзнээ эргэж очиж авдаг гэсэн домгууд худлаа шүү. Монголчууд адууг өдөрт хэд хэдээр нь зэрэг сургачихдаг. Эхийнхээ сүүнээс дөнгөж гарсан даагануудыг сургаж байна гээд эцээгээд эцээгээд шидчихнэ. Энэ харгислал юунаас болж гарав гэхээр нэг хүнд хэт олон мал ногддогтой холбоотой. Европчууд, барууныхны адуугаа сургаж байгааг харахад, унаганаас нь эхлээд илж таалж, өдөржингөө л хөтөлж хамт яваад танил нь болчихно. Тэгээд л толгойд нь ногт хийнэ. Ногтолсныхоо дараа үргэлжлүүлээд илж, таалж, ёотон өгч амттанд сургана. Ийм замаар өөртөө дасгасан цагтаа хазаарлана. Хазаарлачихаад шууд унахгүй. Амгай, хазаарандаа ч их аядуу дасгана. Ингэж маш энэрэнгүйгээр харьцсаар байгаад сая нэг юм уналгад бэлэн болгодог. Тэр үед адуу эзэндээ ээлтэй, эзнээсээ салдаггүй, гарыг нь дагуулж хараад л ёотон нэхэж, толгойгоо сажлаад л эзэн рүүгээ дуртай давхидаг юм билээ. Адуу нь өөрт нь ээнэгшихгүй байвал ерөөсөө хүчлэхгүй, өвс тэжээл, ус, ёотонг нь дөхүүлж өгчихөөд аргадаад байна. Ийм л зөөлөн аргаар харьцдаг. Манайд адуу бүртэй ингэж харьцах боломжгүй ч монголчууд залхуугаасаа болж зэрлэг аргаар эмнэг сургаад байгаа юм. Долоохон хоногийн дотор бүх эмнэгээ цагаашруулна гэдэг бол залхуурч хялбарчилж байгаа явдал. Унага байхаас нь өдөр бүр залхууралгүй ноцолдоод, дасгаад ирсэн бол ингэж шээс алдаж, ухаан нь баларттал нь өвтгөж тамлаад байхгүй л дээ. Унага байхаасаа хүнд ойр байхаар өөрийг нь унадаг гэдгийг зөнгөөрөө мэддэг болчихсон байдаг учраас амархан номхордог.

Үүнээс гадна Монголын мал аж ахуйн өв соёлд мал хөнгөлөх, адууг агтлах зан үйл бий. Ямар ч өвчин намдаагчгүйгээр шууд барьж авч баглаад хутгаар зүсээд л засаа, бөөсгийг нь сугалаад авчихдаг. Гэтэл дэлхий дахинаа 1800-гаад оны үеэс эр малыг хөнгөлөхдөө өвчин намдаагч үйлчилгээтэй ургамалтай ус уулгах, өвчин намдаагчтай тарилга хийх зэргээр энэрэнгүй хандаж ирсэн бол сүүлдээ судас таслах хагалгаа, лазераар шарах зэрэг тухайн малдаа ямар ч өвдөлт, зовиургүй аргыг сонгодог болсон. Манайх гэтэл дундад зууны аргаараа л малтайгаа харьцаж, харгислал үйлдэж байгаагаа мэддэггүй нь гол зовлон болоод байна.

Тамганы найр гэж том баяр ёслол болно. Нялх амьтныг улайсгасан төмрөөр хайрч, сорви тогтоогоод “Тэр нь миний, энэ нь чинийх” гэж өмчилж авна гэдэг бол орчин үеийн дэлхийд байх ёсгүй харгис заншил. Эдгээр харгислалуудын дэргэд ямаа самнахыг хараад дэлхий яаж шуугьж байгааг та нар харж байгаа биз дээ. Ямааг орилууллаа, үсийг нь зулгаалаа гэж маш хүндээр тусгаж авч байна. Тэгвэл жишээ болгож дээр дурдсан хэдхэн зан үйл, харгислалыг хүрч ирээд хажуунаас нь харвал яах бол.

Саяхан Эрүүгийн хуулийг шинэчилж, мал хулгайлах гэмт хэрэгтэй холбоотой зүйл заалтад өөрчлөлт оруулахдаа “Малыг лантуудаж алах нь энэрэнгүй, буудаж алах нь харгис” гэж үзсэн. Энэ хоёр тохиолдолд яаж ч бодсон хоёр дахь нь нэг дэхээ бодвол энэрэнгүй юм байгаа биз дээ. Энэ бүгдээс харахад, К.Номинжин та зөв зүйл ярилаа. Гэхдээ нүүдлийн мал аж ахуй гэдэг чинь ямааг орилуулахаас ч илүү ямар том харгислал тээж явааг нарийн сайн мэдэхгүй байна.

Монголчууд мал маллагааны арга, туршлагаа ухамсрын өөр түвшинд гаргахгүй бол энэ байдлаар явбал дэлхийгээс шахагдах болно шүү. Мезолитийн үе буюу 15000-7000 жилийн тэртээгээс малыг гаршуулж эхэлсэн тэр үеийн арга туршлагаараа малтай харьцаад байвал Монголд мал маллахыг бараг хориглох болоод байна.


Categories
мэдээ цаг-үе

Т.Амартогтох: Амьдралын буруу хэвшил хүнийг нойргүй болгож байна

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Мэдрэлийн тасгийн Нойрны төвийн эмч, хошууч, ахлах зэргийн эмч Т.Амартогтохтой ярилцлаа.


-Нойрны төв гэхээр нойргүйдсэн хүмүүсийг унтуулдаг, хөгжим сонсгож амрааж хэвтүүлдэг газар гэж ойлгоод байдаг?

-Манай төв 2019 оны гуравдугаар сарын 15-нд нээлтээ хийгээд тэрнээс хойш үйл ажиллагаа тасралтгүй явуулж байна. Манай төвийн нэр бол Нойрны эмгэг судлалын төв. Нойрных шүү. Нойргүйдлийнх биш. Манай төв мэдээж нойрны эмгэгийг оношилно. Нойрны эмгэгт нойргүйдэл орно. Нойрны хэмнэлийн алдагдал, нойрон дунд амьсгал тасалдах эмгэг, нойрон дунд явах, нойрны үеүдийн өвчнүүд гэж байдаг юм. Өнгөц нойр, гүн нойр, нүүр хурдан хөдөлдөг нойр гээд нойр нь дотроо шатлалтай. Тэр үеүд дотор эмгэг гэж бас байдаг байхгүй юу. Тэр эмгэгүүдийг оношилдог оношилгоог манайх хийдэг. Оношилгоогоо хийчихээд эмчилгээн дээр нь яах вэ гэдгийг зөвлөнө.

-Танай төвд нойрны ямар асуудалтай хүмүүс голчлон хандаж байна вэ?

-Тухайн хүн эхлээд амбулаториор цаг аваад нойрны эмчид үзүүлнэ. Ирж байгаа хүмүүсийн ихэнх нь нойргүйдэл, хурхиралт, амьсгал тасалдалттай улсууд байна. Нойргүйдэлтэй настай хүмүүс их ирж байна, мөн залуу хүмүүс ч олон байна. Нойрны хэмнэлийн алдагдал гэж юм бий. Хэт эрт унтаад эрт сэрэх, эсвэл орой аажуу унтаад өглөө сэрж чадахгүй, их унтах. Ийм эмгэгтэй хүмүүс их хандаж байгаа. Маш их хурхирдаг, нойрон дундаа хурхирч байгаад амьсгал нь тасалддаг, бөглөрдөг хүмүүс их байна. Ийм шинж тэмдэгтэй хүмүүс зайлшгүй оношилгоонд орох ёстой.

-Хүмүүс “Нойр хүрсэнгүй”, “Унтсангүй” гэсэн пост их оруулах юм. Гэтэл тэр хүний нойр хүрэхгүй байгаа нэгдүгээр шалтгаан нь тэр постыг бичиж байгаа гар утас, фэйсбүүк, сошиал гэдгийг мэдэхгүй байна гэж баймааргүй юм?

-Нойргүйдлийн үндсэн шалтгааны дийлэнх хувийг сэтгэлзүйн шалтгаан эзэлдэг. Нойрны эрүүл ахуйн дэглэм гэдэг ойлголт монголчуудад ерөөсөө байхгүй. Хүн хэдэн цагт унтах ёстой юм. Хамгийн энгийнээр хэдэн цагт орондоо орох ёстой юм бэ?

-22 цагт гэдэг нь зөв үү?

-Яг зөв. 22 цаг гэхэд орондоо орох ёстой. Тэгтэл хүмүүс хэдэн цагт орондоо ордог вэ?

-00:00, 01 цагт. Зурагтын удирдлагаа хэзээ тавина тэр цагтаа орондоо ордог?

-Яг тэгж байгаа. Унтахын өмнө юу хийх ёстой юм, юу хийхгүй байх ёстой юм. Унтахын өмнө юу идэх ёстой юм, юу идэхгүй байх ёстой юм. Гэтэл хар даа, кофейны хэрэглээ байна. Кофег өглөө, өдөр, оройгүй ууж байна. Хажуугаар нь сэргээгч бэлдмэлийг маш их хэрэглэж байна. Дээрээс нь олон төрлийн цай ууцгаадаг болсон. Цайнууд ч өөр өөр үйлчилгээтэй. Ногоон цай нь нойр сэрвэлзүүлэх үйлчилгээтэй шүү дээ. Идэж, ууж байгаа юм нь нойрыг нь сэрвэлзүүлж байна. Өөрсдийнх дэглэм, амьдралын буруу хэв маяг гээд энэ бүхэн нойронд сөргөөр нөлөөлж байгаа байхгүй юу.

Үүн дээр нь дэлгэцийн хамаарал. Зурагтын дэлгэц, гар утасны дэлгэцийг өдөржин шагайгаастай. Буруу хэвшлүүд хүнийг нойргүй болгож байна. Настай хүмүүсийн хувьд яахав, архаг, хууч өвчнөөс болж нойргүйдэж болно. Үүн дээр нийгмийн сэтгэлзүйн шалтгаан, стресс, бухимдал нөлөөлнө. Тайван бус хүмүүс аж төрж байна. Энэ бүхэн нь сэтгэлзүйд цочрол өгч нойргүйдлийг үүсгэдэг.

-Хүн хэт их стресс, сэтгэлзүйн цочролд орохоороо нойргүй болдог. Бас ийм тохиолдолд эсрэгээрээ маш их унтаж, унтахаас өөр юм хийх хүсэлгүй болох нь бий. Ер нь хүн яавал чанартай унтах вэ. Нас биед хүрсэн хүн хоногт хэдэн цаг унтвал зохистой вэ?

-Хүн 7-8 цаг унтах ёстой, шөнийн турш. Гэхдээ наснаасаа хамаарч унтах цаг өөр өөр. Нярай өөр, өсвөр насны хүүхэд өөр, сургуулийн насны хүүхэд өөр, дунд эргэм насныхан өөр, настай хүмүүс өөр. 80 гарчихсан хүн 7-8 цаг унтахгүй л дээ. Гэхдээ хүний унтах дундаж цаг бол 7-8 цаг гэж үздэг. Нойрны чанарын хувьд, шөнө ойр ойрхон сэрэхгүй байх. Зарим хүн шөнө ойр ойрхон сэрэх, сэрчихээд эргэж унтаж чаддаггүй. Орой унтахаар орондоо ороход нойр нь хүрэхгүй хэдэн ч цагаар хамаагүй орондоо хөрвөөж байна. Эсвэл өглөө босох цагаасаа яагаа ч үгүй эрт сэрж байна. Тэгээд сэрчихвэл буцаад унтаж чаддаггүй. Энэ байдал нь нойрны хямралыг үүсгэдэг. Тэгэхээр хүн ийм байдалтай байвал гүн сайхан нойрсож чадахгүй, өнгөцхөн, үе үе маш бага хэмжээгээр унтаж байна аа гэсэн үг. Үүнээс нойрны чанар багассан үзүүлэлт гарна. Чанаргүй унтаж байна гэж ойлгож болно. Дээрээс нь тухайн хүн өглөө босоод маш их ядарна, тамирдана, ажлын ачаалал даахаа болино, юм мартана, толгой өвдөнө, зүрх дэлсэх зэргээр бие махбодид нь өөрчлөлт гарч ирдэг.

-Ажлаасаа орой тарж очсон тохиолдолд шууд унтдаггүй л дээ. Унтах гэж дахиад нэгээс хоёр цаг болно. Тэгээд өглөө нь дутуу нойртой, улаан нүдтэй ядарсан хүмүүс хуралдаа санд мэнд орж ирдэг. Тэр хүмүүс бол ажлаасаа хоцорсон биш нойроо гүйцэд аваагүй хүмүүс болж таарах нь?

-Нойрны хэмнэлийн алдагдал гэж би дээр ярьсан. Нойр эртдэх, нойр хойшлогдох эмгэг гэж бий. Хүмүүс оройтож ажиллаад 23 цаг гэхэд гэртээ ордог гэж ярьдаг. Тэгээд унтах гэсээр байтал 00:00, 01:00 цаг болдог гэдэг. Ийм хүмүүст нойр хойшлогдох эмгэг их үүсдэг. Хэт орой унтсанаас болж өглөө босож чаддаггүй. Тэгэхээр энэ чинь нойрны хэмнэлийн алдагдал явагдаад байна гэсэн үг шүү.

-Өдрийн цагаар дугхий гэж зөвлөөд байдаг?

-Тухайн хүний шөнийн нойрны чанар хэвийн байж болно. Өдөр 20-30 минут дугхийхийг зөвшөөрнө. Харин хэдэн цагаар унтана гэсэн асуудал байхгүй. Нөгөөтэйгүүр өдрийн цагаар хэт зүүрмэглээд байдаг хүн байдаг. Шөнө унтаж чаддаггүй хүн мэдээж өдрийн цагаар зүүрмэглэнэ. Аль эсвэл зарим хүн шөнө сайхан унтсан мөртлөө өдрийн цагаар зүүрмэглэдэг. Хурал дээр, замын хөдөлгөөнд жолоо барьж байхдаа зүүрмэглээд байдаг. Энэ бол хэт нойрсох эмгэг. Нэг ёсондоо ямар нэг уулзалт, цуглаан дээр зүүрмэглэнэ, бүр жолоо барьж байхдаа зүүрмэглэдэг. Ерөнхийдөө нойрондоо хурхирдаг, амьсгал тасалддаг насанд хүрэгчдэд голдуу илэрдэг эмгэг. Тийм хүмүүс өдрийн цагаар маш их нойрмоглодог.

-Цагаан сарын дараачаас эхлүүлээд л хүмүүс өдрийн цагаар зүүрмэглээд, нойр хүрээд байна, ядраад байна гэдэг. Энэ нь юутай холбоотой вэ. Хаврын улиралтай холбоотой гэж тайлбарлах түгээмэл л дээ?

-Хавар болохоор өдөр уртасна, хаврын уур амьсгал тодорхой хэмжээгээр нөлөөлөх ч тухайн хүний шөнийн нойрны чанарыг л хамгийн түрүүнд харна л даа. Хүн өдрийн цагаар идэвхтэй ажилтай байх ёстой. Нойргүйдэлтэй хүнд “Өдрийн цагаар маш их идэвхтэй бай, юм хий. Хөдөлгөөнтэй, идэвхтэй бай. Тэгж байж шөнийн нойр хангалттай байдаг” гэж зөвлөдөг. Хамгийн гол нь тэр. Тэрийг маш сайн баримтлах ёстой. Зарим хүн шөнө унтахгүй. Тэгчихээд л өдөр нь зүүрмэглээд байдаг.

-Нойрны эрүүл ахуйн дэглэмтэй холбоотой зөвлөгөөгөөр энэ удаагийн ярилцлагаа өндөрлүүлье?

-Нойргүйдлийн үндсэн шалтгаануудыг би дээр хэлсэн. Нойрны эрүүл ахуйн дэглэмийг маш сайн сахиж, баримтлаарай. Нойргүйдэл нас насныханд элбэг тохиолдож байна. Нойргүйдэлтэй залуучууд манай төвд маш их ирж байна. Тэд яагаад нойргүйтэв гэхээр амьдралын буруу хэвшилтэй. Хамгийн наад захын жишээ бол дэлгэц ширтэлт. Орой яг тогтмол цагтаа, унтдаг цагтаа унтаач ээ. Унтахын өмнө хэдэн цагаар зурагт битгий үзээч ээ. Нойрны эрүүл ахуйн дэглэмийг маш сайн баримтлаач ээ. Хэрвээ энэ дэглэмийг баримтлаад сурчихвал залуу хүмүүс нойргүйдэлд өртөх нь харьцангуй багасна. Хүмүүс “Танай “Нойрны төв” хүмүүсийг унтуулдаг гэж байна. Унтуулдаг аппарат байдаг гэнэ ээ. Би унтах гэж ирлээ” гэдэг. Тийм зүйл байхгүй шүү гэдгийг энд хэлье. Манайх бол нойрны эмгэгийг оношилдог. Маш их хурхирдаг, нойрон дундаа амьсгал тасалддаг эмгэгтэй, өдрийн цагаар нойрмоглодог, бүр гулжийж унадаг хүн бий. Бүр шүлсээ гоожуулаад гулжийтал унтдаг. Энэ нь хортой хэлбэрийн хэт нойрсох эмгэг байна уу, хоргүй хэлбэрийнх нь байна уу гэдгийг бас ялгадаг юм, нойрны бичлэгээр. Хортой хэлбэрийн хэт нойрсох эмгэгийн онош, нэршил нь хүртэл өөр. Тиймээс манайх нойрны эмгэгийг оношилдог төв юм. Хурхирдаг, амьсгал тасалддаг, бөглөрдөг хүмүүст бид харин эмчилгээн дээр нь зөвлөдөг. Гэхдээ амьсгал тасалдалтын зэрэг нь хөнгөн, дунд, хүнд байна уу гэдгээс шалтгаална. Хүнд зэрэгтэй гарсан тохиолдолд тухайн хүнд унтахдаа зүүдэг аппарат зөвлөдөг. Тэр аппарат нь тухайн хүнийг хурхируулдаггүй. Хүн хурхираад амьсгал тасалдвал цусан дахь хүчилтөрөгч нь навс унадаг. Зүрх, судас, даралтад нь огцом өөрчлөлт гардаг. Үүнээс болж тухайн хүн унтаж байх үед тархинд нь цус харвах, зүрхэнд нь шигдээс үүсэх нэг нөхцөл болж өгдөг. Үүнээс гадна артерийн даралт тогтвортой өсөх нэг нөлөөлөл болдог. Өдрийн цагаар хэт их нойрмоглох нь ой тогтоолт, сэтгэн бодох чадварыг бууруулна. Эрэгтэйчүүдэд бэлгийн сулрал үүсгэх зэргээр маш олон хүндрэлтэй, хорт зуршлыг бий болгодог. Тиймээс дээрх шинж тэмдэг илэрсэн хүмүүс заавал оношилгоонд орох ёстой. Нойргүйдэлтэй байгаа хүнээсээ илүүтэй ийм хүмүүс оношилгоонд яаралтай орох ёстой. Харин манай төв нойргүйдэлд зөвлөгөө өгдөг. Хүмүүс нойргүй болоод эхлэнгүүтээ л сэтгэцэд нөлөөлөх химийн найрлагатай эм ууж, түүнээсээ хамааралтай болчихоод орж ирж байна. Дур мэдэж тийм эмийг олон сар, жилээр нь ууж байна. Ингэж болохгүй ээ. Хэрвээ тийм болчихсон бол Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд очиж сэтгэцийн эмчээс л зөвлөгөө авна даа. Тиймээс энэ асуудалд маш сайн анхаарах хэрэгтэй.


Categories
мэдээ цаг-үе

Л.Болдбаатар: Миний ч сэтгэл гэгэлзэж байна

Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Лосолын Болдбаатарын “Түмэндээ өргөх дуунууд” тоглолт энэ сарын 20, 21, 22-ны өдрүүдэд Монгол Бөхийн өргөөнд болох гэж байна. Түүнтэй тоглолтынх нь талаар ярилцлаа.


-Та өмнө нь ингэж гурав хоног тоглолт хийж байсан билүү?

-Хоёр өдөр тоглож байсан. Үзэгчдийн хүсэлтээр “Хун цагаан хайр” тоглолтынхоо гурав дахийг нь Мартын 8-наар тоглож байсан тохиолдол бий. Энэ удаад гурван өдөр дараалж тоглоно. Онцлог нь, гурван өдөр нэг ч дуу давтагдахгүй, гурван өөр тоглолт болно. Нэг тоглолтод багаар бодоход 23 дуу дуулж байж хоёр цаг 30 минутын хугацаа болдог л доо. Энэ удаад нэг тоглолтод 20 дуу дуулна. Дундуур нь бусад уран бүтээлчид ая дуугаа өргөнө.

-Гурван өдөр дуулахад нэг ч дуу давтагдаж дуулагдахгүй гэхээр урын сандаа арвин дуутай дуучны л харуулах тоглолт л доо?

-Урын сандаа байгаа дуунуудыг тоолж үзэхэд ойролцоогоор 140 орчим дуутай болоод байна. Тэр дуунуудаасаа 70 орчмыг нь шигшчихээд байж байна. Тэрнээсээ дахиад 60-ыг нь сонгоод гурван өдөр дуулна даа.

-Дуучдыг анзаараад байхад нэг тоглолт хийхийн тулд бэлтгэл ажилдаа 2-3 сарын өмнөөс шуурхайлан ордог юм билээ. Таны хувьд энэ тоглолтын ажлаа эрт эхлүүлсэн байж таарах нь?

-Бид энэ тоглолтоо том төсөл болгож эхлүүлсэн. Өнгөрсөн жилийн тавдугаар сараас тоглолтын бэлтгэлээ эхлүүлсэн гэсэн үг л дээ. Бие даасан клипүүд, кино клип хийгээд байна. Клип маань энэ төслийн хамгийн эхний ажил байсан. Тэрнээс хойш бид тоглолтдоо идэвхтэй анхаарч, өнгөрсөн аравдугаар сараас эхлээд тоглолтын бэлтгэлдээ гарчихсан байгаа. Тоглолтыг зохион байгуулах баг маань тусгай оффист байрлаж ажиллаж байна. Миний хувьд өдөр болгон оффистоо байрлаж, дуугаа бэлдэж байна. Өнөөдрийн (өчигдрийн) хувьд дан утсан хөгжимтэйгөө хоолой нийлэх бэлтгэлээ хийх гэж байна. Гэх мэтээр бид 2019 оны тавдугаар сараас эхэлж “Болдбаатар-2020” гэдэг төслөө хэрэгжүүлээд дөрвөн клип, теле ярилцлага хийчихээд байна. Төслийн хамгийн сүүлийн ажил нь “Түмэндээ өргөх дуунууд” тоглолтоо орон нутагт хүргэнэ. Миний хувьд 2015 онд Монгол Улсын гавьяат жүжигчин цол авснаасаа хойш тоглолтоор хөдөө орон нутгуудаараа яваагүй байгаа юм. Улаанбаатарт гурав хоног тоглочихоод шууд аялан тоглолтоо хийнэ. Энэ сарын 29-нөөс зүүн аймгуудын тоглолт эхэлнэ ээ. Тоглолтдоо их алсаас бэлтгэсэн л дээ. Тайз дэлгэцийн хувьд ч их бэлдэж байна.

-Аав, ээждээ, ахмадууддаа таны тоглолтын нэг өдрийн тасалбарыг авч өгөхөөр “Гурвууланг нь үзье” гээд байна гэсэн шүү?

-(Инээв). Хүмүүс ер нь тэгж аваад байна. Гурван өдрийн тоглолтыг нь дараалж үзнэ ээ л гээд тасалбар аваад байх шиг байна. Би жил бүр тоглолт хийдэг байсан юм. Энэ удаагийнх бол 14 дэх нь. Өнгөрсөн жил тоглолт хийхгүй өнжчихсөн юм. Өнжсөн болоод тэгж байна уу, эсвэл миний дуунд дуртай хүмүүс их байна уу, ямар ч байсан маш их хүлээлттэй байжээ гэж бодогдож байгаа шүү. Тоглолтын зохион байгуулагчдын зүгээс гурван өдрийн тоглолтын тасалбарыг худалдан авч байгаа үзэгчдэдээ буюу үнэнч сонсогчдодоо цоо шинэ цомгоо бэлэглэж байна. 2015 оноос хойш цомог гаргаагүй байсан л даа. “Хун цагаан хайр”, “Болдбаатар-2020” гэсэн цоо шинэ хоёр CD ирчихсэн байж байна. Энэ хоёр цомгоо үнэнч сонсогчдодоо бэлэглэж байгаа. Бэлэг маань урам өгч байгаа бололтой, дандаа л гурван өдрийн тоглолтын тасалбар захиалж авцгааж байна. Холын аймгуудаас хүртэл тасалбар захиалж, онгоцныхоо тасалбарын зургийг хүртэл илгээж байна. Их сайхан байна. Хүлээлт байжээ. Миний ч сэтгэл догдлоод гэгэлзээд байна.

Гурван өдрийн тоглолт учраас бэлтгэлийг нь их эрт эхлүүлсэн. Хоёрдугаарт, тайз засалд нь ихээхэн хөрөнгө зарж хийж байна. Бөхийн өргөөний бөх барилддаг тэр талбарыг бүхэлд нь дүүргэж тайз засна. Лед дэлгэцээр уг өргөний ханыг тойруулна гээд шинэлэг зүйл их хийж байна.

-Таны тоглолтын зар явж эхлэхээр л Цагаан сар дөхсөнийг мэддэг юм?

-Миний хувьд тоглолтоо жил бүрийн нэгдүгээр сарын сүүлээр хийдэг уламжлалтай. Өнөө жил Цагаан сар нэлээд орой болж байна. Уг нь ч яг Цагаан сарын өмнөхөн л таараад байдаг л даа. Нэгдүгээр сард төрсөн өдөртэйгөө холбогдуулаад тоглолтоо хийдэг учиртай. Өнгөрсөн жил тоглолтоо хийгээгүй өнжчихсөн чинь сэтгэл жаахан тиймхэн байсан. Сая намар нэгэн тоглолтод очиж “Мөрөнгийн намар” дуугаа дуулчихаад тайзнаас нулимстай бууж ирсэн. Тайзаа санаснаа тэгэхэд мэдэрсэн. Заавал настай уран бүтээлч, олон жил дуулсан дуучин тайзаа үгүйлдэггүй юм байна гэдгийг тэгэхэд мэдсэн л дээ. Тэгээд л би тоглолтоо хийж, дуулж л явах ёстой хүн юм байна гэдгээ ухаарсан. Үзэгчид маань хүлээлттэй байна, би ч бас хүлээлттэй байна. Энд нэг л их гэгэлзсэн хүн яваад байна даа (инээв).

-Дуулах хэв маягаас эхлүүлээд бүх юмаа замын дунд өөрчилчихдөг дуучин байдаг. Гэтэл та нэг л юмандаа чин үнэнч, нөгөө нэг л зангаараа гэдэг шиг тийм хүн санагддаг. Таны уран бүтээл ч тэр?

-Дуучдыг хүмүүс “Дуучин хүн амьдралаа л дуулдаг” гээд байдаг тал бий. Тэр дуучин ямар хүн бэ гэдэг нь дуулж байгаа дуугаар нь харагддаг гэж ярьж л байдаг юм. Таны наад ярьж байгаа тань оносон ч байж магадгүй. “Хонгор зээрд” гэж кино клип хийсэн. Тавдугаар сард эхлүүлж, аравдугаар сард өлгийдөж авсан уран бүтээл л дээ. Анх удаа гол дүрд тоглож үзсэн. Ардын жүжигчин Г.Мягмарнаран, гавьяат жүжигчин Ё.Цог гуайтай хамтарч тоглосон юм. Найруулагч маань намайг гол дүрд нь тогло гэж шийдсэн л дээ. Энэ бол миний хувьд анх удаа л өөрийгөө эвдсэн, юмны гол дүрд тоглож оройлсон үйл явдал боллоо. Би чинь телевизийн ярилцлагад хүртэл нэг их нүүрэмгий байгаад байдаггүй хүн. Дуулаад л явж байдаг юм. Түүнээс биш дуулсан дуугаа телевиз, радиод өгч улам олон хүнд хүргэе гэж гүйж байсангүй ээ.

Би нэг жил тоглолт хийхгүй өнжихдөө уран бүтээлээ завсардуулаагүй. Тэр хугацаанд хийсэн дуугаа тоолтол 28 болчихсон байна. Шинэ дуунуудаа хүмүүст дуулж өгсөн чинь их сэтгэл өндөр хүлээж авч байна. Намайг дуундаа улам шингэж, дуундаа орж дуулдаг болчихож гэж ч ярьцгааж байна билээ.

-Олон шинэ дуутай тоглолт болох нь, тэгвэл?

-Уран бүтээлчийнхээ хувьд үнэхээр жишиг тоглолт хийе гээд зорьсон. Нийтийн дууны тоглолтын тайз, жанрыг гоё түвшинд аваачъя. Нийтийн дууг хөдөөний энэ тэр гээд янз бүрээр л ярьж байдаг юм. Хэдийгээр дуучид тус тусдаа уран бүтээл хийдэг ч чадлаараа л хөдөлмөрлөж байгаа улс.

Энэ удаагийн тоглолтын минь хувьд гурван өдөр дараалж тоглоно гэхээр гайхалтай л байх нь ээ.

-Нэг өдрийн тоглолтын тасалбарын үнэ хэд вэ?

-20 мянган төгрөг. Шинэ цомгууд маань дөрөвхөн хоногийн өмнө ирсэн.


Categories
мэдээ цаг-үе

“Ардын элч”-ийн Ариунаа

Английн “British Pathe” гэрэл зураг, бичлэгийн түүхэн архивын байгууллага 2014 оноос ховор материалуудаа www.youtube.com сайтад байршуулдаг болсон юм. “British Pathe”-ийнхэн 1959 онд Москвад болсон Олон улсын анхдугаар кино наадмаас хийсэн бичлэгүүдээ www.youtube.com сайтад оруулсан байна. Тэрэн дундаас “Moscow film festi­val ends 1959” гэсэн нэртэй бичлэгт уг кино наадмын Гран при болон алт, мөнгөн медаль, диплом хүртсэн уран бүтээлчдэд шагнал гардуулж буй үйл явдал анхаарал татлаа. Москвагийн анхдугаар кино наадмын Гран при шагналыг “Хүний хувь заяа” киногоороо Зөвлөлтийн алдарт найруулагч, жүжигчин Сергей Бондарчук хүртэж байгаа бол Монголын жүжигчин Пүрэвийн Цэвэлсүрэн “Messenger of the People” (Ардын элч) кинонд бүтээсэн дүрээрээ “Шилдэг эмэгтэй жүжигчин”-ий шагнал гардаж авч байгаа ховор агшинг уг бичлэгээс та бүхэн харж болно.

XX зууны Монголын уран сайхны кинонуудаас заавал үзэх ёстой таван киноны нэг гэгддэг “Ардын элч” киног мэдэхгүй монгол хүн үгүй. Ариунаа, Дарьбазар, Сүхбаатар, Дүлзэн, Тулга, Бадарч, цагаантны генерал гээд бүх дүрийг нь андацгаадаггүй. Энэ киноны гол дүр Ариунаа бол ард түмний элч. Тийм ч учраас өөрсдийнхөө элч болж, элдэв зовлон бэрхшээл, айдас түгшүүрийг хүүтэйгээ хамт зоримог туулж, эцэст нь зорьсон хэргээ бүтээж буй Ариунаад монголчууд одоо ч хайртай. Ер нь эмэгтэй хүн хувь, хувьсгал, ардчилал гээд аль ч цаг үед үнэнч тууштай, зоригтой, ямар ч хүнд бэрхийг үүрч гарч чаддаг гэдгийг харуулдаг учир “Ардын элч” кино хэзээ ч үнэ цэнээ алдахгүй.

Тиймээс бид “Ардын элч”-ийн Ариунаа, Ариунааг Ариунаа чигээр нь бүтээж чадсан Монгол Улсын гавьяат жүжигчин Пүрэвийн Цэвэлсүрэнг мартах ёсгүй юм. П.Цэвэлсүрэн 1933 онд Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд төрсөн бөгөөд 1951 онд Улсын хөгжимт драмын театрт дуучнаар ажиллаж байхдаа Санхүүгийн техникумд суралцаж, улмаар Марксизм-Ленинизмийн оройн дээд сургуулийг дүүргэсэн байдаг. Москвад П.И.Чайковскийн нэрэмжит Хөгжмийн дээд сургуульд суралцан 1965 онд төгсч ирээд Дуурь бүжгийн театр, Дуурь, бүжгийн эрдмийн театрт гоцлол дуучнаар ажиллаж байгаад 1982 оноос Улсын багшийн дээд сургуулийн Биеийн тамир, урлагийн факультетийн найрал дууны тэнхимийн багш, тэнхимийн эрхлэгчээр ажиллаж, дараа нь 1990 оноос Соёл, урлагийн дээд сургуулийн дуулаачийн тэнхимд багшаар ажилласан нэрт дуучин, жүжигчин, сурган хүмүүжүүлэгч байсныг мэдэх билээ. Тэрээр бурхан болох хүртлээ урлагт зүтгэсэн Монголын Алтан үеийн Ариунаа, аугаа авьяастан байсан юм.

Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучнаар ажиллаж байхдаа Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаа, “Жаргалын зам” дуурийн Халиун, “Амарсанаа” дуурийн Гэрэлгуа, С.Гончигсумлаагийн “Үнэн” дуурийн Ядмаа, П.И.Чайковскийн “Евгений Онегин”-ий Татьяна, А.Бородины “Игорь ван”-ы Ярославна, Ш.Гуногийн “Фауст”-ын Маргарита гээд үндэсний болон сонгодог дууриудын гол дүрийг чадварлаг бүтээж, тайзыг ид эзэгнэж явахад нь буюу 1976 оны долдугаар сарын 9-ний өдөр БНМАУ-ын Гавьяат жүжигчин хэмээх нэр хүндтэй шагналыг хүртээсэн байдаг. Монголын дуурийн түүхэнд В.Сүрэнхорлоо, П.Цэвэлсүрэн, Д.Пүрэвсүрэн, А.Загдсүрэн гэсэн Сүрэн нэртэй дөрвөн сайхан бүсгүй, чадварлаг дуучид байсан гэж зарим судлаачид онцолдог.

“Moscow film festival ends 1959” бичлэгийн хэсгээ

Дуурийн урлагт амжилт гаргахын зэрэгцээ дэлгэцийн бүтээл, кино урлагийн салбарт цөөн боловч чанартай дүр бүтээсэн нь түүнийг ард түмэн жүжигчин хэмээн ойлгох болсон гол шалтгаан л даа. 1959 онд Ч.Ойдовын зохиол “Ардын элч” киноны Ариунаагийн дүрд тоглосон нь түүнийг киноны хүн болгожээ. Энэ киноны Ариунаагийн дүрээр Москвад анх удаа болсон Олон улсын кино наадмаас шилдэг эмэгтэй жүжигчний шагнал авч ирсэн нь Монголын кино урлагийн түүхэн дэх анхны томоохон хэмжээний шагнал байсан гэдэгтэй маргах хүн байхгүй болов уу. 1970 онд Ч.Лодойдамбын зохиол “Тунгалаг Тамир” киноны Долгорын дүрийг бүтээсэн нь түүнд амжилт дагуулж, найруулагчдын хараанд өртсөн гэж хэлж болно. 1974 онд “Уулзалт” киноны Дэжид, 1985 онд “Фронтод явах өргөдөл” киноны Пэлжид, 1990 онд “Алтан шонхор” киноны Будан мэргэний хатны дүрийг дэлгэцнээ амжилттай бүтээсэн юм.

П.Цэвэлсүрэнгийн бүтээсэн дүрүүд нь монгол эмэгтэй хүний яс чанар, дотоод гоо сайхныг маш нягт гаргасан байдаг. Ялангуяа “Тунгалаг Тамир” киноны Долгорын дүрийг онцлоход, нөхөр Эрдэнэ нь гаднаас орж ирээд “Энэ үнэн үү” гэж асуухад “Үнээн” гэж ганцхан үгээр хариулдаг энэ хэсэг нь одоо ч маргаан дагуулж, сэтгэл зүйн талаас нь харвал чин үнэнч хүний зан байдлыг харуулсан гэж тайлбарлах нь ч бий. П.Цэвэлсүрэнгийн дэлгэцэнд бүтээсэн дүр, тайзан дээр амьдруулсан дуурийн дүр бүхэн нь амьтай, баганатай байдаг. Бүтээсэн дүрүүд шигээ үнэн байж чаддаг байсныг хамт олон нь, нэг тайзнаа гарч байсан уран бүтээлчид нь ч дурсан ярьжээ. Тэрээр Төрийн шагналт зохиолч Чойжилын Чимидтэй ханилж байсан, тухайн цагийн Монголын сайхан хосууд байсан гэдэг. Чимидийн Минжин “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа


“Ардын элч”

“Миний ээж ухаантай эмэгтэй байсан. Ээж “Миний охин ингэчихвэл зүгээр юм уу даа. Гэхдээ чи өөрөө л мэд” гэдэг. Ээжийн талаас надад үнэхээр дарамт шахалт байгаагүй. Тэр ч хэрээрээ би жаргалтай бага насыг өнгөрөөсөн. “Уулзалт” гэж киног санаж байна уу. Лхасүрэн гуайн хүүхдийн хойд ээж болж тоглодог шүү дээ. Тэр киног үзэхээр миний ээж яг энэ дээ гэж бодогддог юм. Миний ээж их зөөлөн зантай. Амттай хоол хийдэг. Намайг өвдөхөөр хуушуур хайрч, том том хэрчсэн байцааны салат хийгээд гарт атгуулдаг байлаа. Одоо өвдөхөөрөө хуушуур идэх юмсан гэж санагддаг”

хэмээн ээжийгээ дурссан юм.

Ийм нэгэн уран бүтээлч, XX зууны Монголын урлагийн сор болсон эмэгтэй “Ардын элч” киногоороо одоо ч бид бүхэнтэй дэлгэцээр уулзсаар байна. Дэлхийн түүхийг зураг, бичлэгээр архивлаж хадгалдаг “British Pathe” байгууллагын сан хөмрөгт “Ардын элч”-ийн Ариунаа дүрээрээ мөнхөрсөн П.Цэвэлсүрэнгийн 26-хан настай төрх нь ийн хадгалагдаж байна.

Categories
мэдээ цаг-үе

Австрали тивд хагас тэрбум ан амьтан үхээд байна

“Сав шимийн ертөнц” булангаар сонин содон, ховор амьтдын аж амьдрал, ахуй байдал, бие төрх, үржил хөгжлийн талаар сонирхуулж, ан амьтдыг хүмүүст танилцуулж, ховордсон амьтдыг хамгаалах тал дээр олон нийтэд мэдээлэл хүргэдэг билээ. Харин энэ удаад Австрали тивд гарсан их хэмжээний түймрийн улмаас амиа алдаад байгаа өрөвдөлтэй амьтдын тухай бичиж байна.

Сар гаруйн хугацаанд Австралийн хэд хэдэн мужийн нутаг дэвсгэрт үргэлжилж буй ой хээрийн түймрийн улмаас тус улсад нөхөж баршгүй их хохирол учраад байна.

Сүүлийн мэдээгээр 24 хүн амь насаа алдаж, 28 хүн сураггүй алга болж, 2000 гаруй байшин сүйдэж, хагас сая ан амьтан үрэгдээд байна.

Ой хээрийн түймрийг унтраахад дэмжлэг үзүүлэхээр АНУ-аас гал сөнөөгчид очиж ажиллаж ч эрчээ авсан түймрийг цурманд оруулж чадахгүй байна. Түймэр өнгөрсөн оны есдүгээр сараас эхэлж гарсан бөгөөд энэ байдлаар дахин 2-3 сар үргэлжилнэ гэсэн таамаг байна.

Хэт халалт, хуурайшилт зэрэг байгалийн хүчин зүйлээс гадна хүний буруутай үйл ажиллагаа ч нөлөөлснийг Австрали болоод олон улсын мэдээллийн хэрэгслүүдээр онцолжээ.

Австралийн Цагдаагийн байгууллага гал түймэр тавьсан хэргээр 183 хүнийг баривчлан шалгажээ. Тэдний тэн хагас нь санаатайгаар гал түймэр тавьсан нь тогтоогдоод байгаа аж. Ar­sonist буюу санаатай галдан шатаагчдын буруутай үйлдлээс болж Австралид 200 гаруй түймрийн голомт асаж байна. Түймэр гамшгийн байдалд хүрсэн учир онц байдал зарлаад байгаа юм. 50 мянга иргэн тог цахилгаангүй болж, олон мянган хүнийг аюултай бүс нутгуудаас албадан нүүлгэсээр байна.

5.5 сая га түймэрт автсан нь хүмүүст ийм хор хохирол учруулаад байгаа бол амьтад үүнээс ч их хохирол амсаад байна. Нэг тивийн хэмжээнд хагас сая хөхтөн ан амьтнаа алдана гэдэг экосистемд нөхөж баршгүй хохирол учирч байгаа гэсэн үг. Сиднейн их сургуулийн экологичид галын улмаас 480 сая хөхтөн амьтан, шувуу, хэвлээр явагч амьтан үрэгдсэн гэсэн тооцоо гаргажээ. Тэдгээрийн дотор Австрали тивийн бэлгэ тэмдэг болсон амьтдын нэг болох 8000 коала баавгай шатаж үхээд байна. Австралид 50 мянган коала бий гэсэн тоо байдаг. Тэгэхээр энэ түймрээр 20 орчим хувь нь үрэгдээд байна гэж үзэж болох нь.

Энэ сарын 5-нд Кенгуру арал дээр гарсан түймэрт олон тооны имж, хонь өртөж хуйхлагдан үхжээ.

Австралид байдаг хөхтөн амьтдын 84 хувь, ургамлын төрөл зүйлийн 85 хувь, жигүүртний 45 хувь, загасны 89 хувь нь зөвхөн Австралид л байдаг амьтад. Та бүхний сайн мэдэх имж, динго, лемур, кукабарра шувуу, уутат баавгай коала зэрэг нь Австралийн бэлгэ тэмдэг юм. Эдгээрээс динго нь зөвхөн Австралид л байдаг өвөрмөц төрөл зүйл. Эдгээр ховор зүйлийн амьтдын хичнээн хувь нь түймрийн улмаас устаад буй талаар гаргасан тооцоо одоогоор алга.

Австралийн ойн системийн 80-аас илүү хувийг мөнх ногоон модод эзэлдэг. Цөл хэсгээр зөвхөн Австралид л харж болохуйц бут сөөг, гишгэнэ, гишүү ургадаг онцлогтой.

Түймрээс дайжсан амьтад хот суурин газар руу ирж, хүмүүст ойртож хайр энэрэл хүсч, савтай ус өгөхөд огтхон ч үргэхгүйгээр ууж, айлын гэрт, хашаанд орж ирж хэвтэх зураг, дүрс бичлэг их байна. Тэр бүү хэл айлын тэжээвэр нохой түймэрт шатаж, бэртсэн коала баавгайн бамбаруушийг зууж авчирч эздэдээ өгсөн тохиолдол гарчээ. Мөн гал сөнөөгчид рүү коала баавгай, имж зэрэг зэрлэг амьтад дөхөж ирж, ус ууж, хүзүү мөрөөр нь тэвэрч буй зургуудыг та бүхэн олж харах болно. Галд өртсөн амьтдыг асран хамгаалж, эмчилж байгаа айлууд ч байна. Амьтдын галд түлэгдсэн хөл, хамар, чихэнд нь эм түрхэж, боолт хийж, түргэн тусламж үзүүлж буй хүмүүс олон байгаа бөгөөд мал эмнэлэг гэлтгүй, хүн эмнэлгийн эмч нар ч амьтдад эмнэлгийн яаралтай түргэн тусламж үзүүлж байгаа юм.

Бусад улс орнуудын хувьд ч ялгаагүй Австрали тивд санаа зовниж, хандив өрнүүлж байна. Хэдийгээр бид өөр өөр тивд оршдог ч дэлхий гэсэн нэг л гэр бүлийн гишүүд. Хүн, амьтан гэж зааглагддаг ч байгалийн гамшиг тохиоход тэр зааг хязгаар нь арилж, амьтан нь амьтандаа, хүн нь амьтандаа тусалж, амьд үлдэхийн төлөө, хүнд бэрхийн эсрэг хамтдаа зогсож чаддаг байгалийн шүтэлцээтэй бодгаль гэдгээ нотолж байна. Хэдийгээр Австрали тивд гамшиг нүүрлээд байгаа ч энэ бүхэн нь хүн төрөлхтөн, ан амьтад бол дэлхий гэсэн нэг л айлын хүүхдүүд гэдгийг харуулж байгаа юм.

ДИНГО НОХОЙ

МЭӨ 3000 оноос эхлэн уугуул австраличууд нохой тэжээх болж, улмаар тэжээсэн нохойнууд нь орчноо орхин зугтаж, зэрлэгшиж эхэлжээ. Нэг ёсондоо хүний тэжээж байсан нохой зэрлэгшиж, динго гэсэн энэ өвөрмөц төрөл зүйлийг үүсгэжээ.

ИМЖ БУЮУ КЕНГУРУ

Имж нь Австрали тив, Тасмани, Шинэ Гвинейн арлуудад тархсан. 0.5 кг-аас 100 кг хүртэл жинтэй. Хойд хөл нь ихэд сайн хөгжсөг бөгөөд түүнийгээ ашиглан дэгдэж явдаг.

Том биетэй улаан имж цагт 45 км/цаг хурдалдаг. Орооныхоо үеэр өдөрт 100 км зам туулах нь ч бий. Имжний шинжлэх ухааны нэршил нь Macropus гэсэн латин үг бөгөөд энэ нь “Том хөлт” гэх утгатай. Бүдүүн сүүл нь дэгдэхэд биеийн тэнцвэрийг нь хадгалахад тусалдаг. Бусад ууттан амьтдын адил уутандаа үр төлөө өсгөдөг.

УУТАТ БААВГАЙ КОАЛА

Эгдүү хүргэм төрхтэй коала (Phascolarctos cinereus) нь Австрали тивийн далайн эргийн дагуух бүс нутгуудаар тархсан байх бөгөөд уутат баавгайн багийн одоо оршин буй цорын ганц төлөөлөгч юм. Тус тивд анх нүүж ирэгсэд энэхүү зэрлэг амьтанд эхэндээ янз бүрийн нэр өгч байжээ. Тухайлбал, “залхуу”, “сармагчин”, “баавгай”, тэр ч бүү хэл “баавгайн-сармагчин” гэсэн нэртэй байж. Өөрсдийн өмнө харсан амьтадтайгаа жишин ингэж нэрлэж байсан аж. Гэвч Австралийн эртний уугуул нутгийнхнаас өвлөсөн “koala” нэр нь л үлджээ. Коала гэдэг нэрийг монголчилбол “уутат саарал баавгай”, “ус уудаггүй амьтан” гэх зэргээр нэрлэж болох гэнэ.

Коалаг намхан тагжгар бие, өтгөн саарал үс, том толгой, далбагар дугуй чих, бүлтгэр нүд, халбага хэлбэрийн бөөрөнхий хамраар нь таньж болно. Нас биед хүрсэн уутат баавгайны биеийн урт 60-85 сантиметр хүрэх бөгөөд 4-15 килограмм жинтэй байдаг ажээ. Ихэнхдээ мөнгөлөг саарал өнгөтэй байх боловч бор өнгөтэй коала ч байдаг аж. Эр коала эмэгчнээсээ харьцангуй биерхүү байна. Харин эм коала нь илүү үсэрхэг байх бөгөөд чихнээсээ аваад цээж хүртлээ сахал гэмээр өтгөн цагаан үстэй байдаг бол эрэгчинд нь байдаггүй. Мөн сайн ажиглавал эрэгчин нь илүү муруй хамартай байдаг. Харин дөнгөж төрсөн зулзага нь маш жижигхэн, 3-5 грамм хүрэхтэй үгүйтэй жинтэй байдаг. Уутат амьтан учраас төрөнгүүт эхийнхээ уутанд бойжих бөгөөд хэдэн долоо хоногийн дараа л хүний хурууны дайтай болдог байна. Тэд зургаан сар хүртлээ гол төлөв уутандаа унтаж өнгөрүүлдэг ажээ. Уутнаас гараад дахин зургаан сар эхийнхээ нуруунд наалдаж, үүрүүлж амьдарна.

Түүнчлэн коала баавгай хос эрхтэнтэй гэдгээрээ онцлогтой. Эрэгчин нь жижиг том хос шодойтой байдаг бол, эм нь ч хос, эрхтэн болон савтай аж. Мөн биетэйгээ харьцуулахад харьцангуй жижигхэн тархитай байдаг байна. Коалаг авч гэршүүлэхэд хүнд амархан дасдаг.

КУКАБАРРА ШУВУУ

Австралид кукабарра гэдэг хачин жигтэй инээдэг шувуу бий. Маш жигтэй инээдэг учир түүнийг дагаж инээхгүй байхын аргагүй. Зарим арлынхан энэ шувууны дуугаар цагаа тааруулж болно гэж үздэг. Учир нь кукабарра тогтмол цагт хачин дуугаар инээх мэт дуугардаг. Гэхдээ инээд гэх тэр дуу нь заримдаа цурхиран уйлах дуугаар солигддог.


Categories
мэдээ цаг-үе

Mcвeatz: “Ганженжоо” цацагдаад удаагүй ч хүмүүст сайн хүрчээ

“Люмино” хамтлагийн ахлагч, продюсер Mcвeatz буюу Д.Тэмүүжинтэй ярилцлаа.


-Шинэ жилийн баяраар ХИТ болж, хүмүүс сонсохыг хүсч байгаа дуунуудын нэг нь танай хамтлагийн “Gan­jenjoo” болоод байна?

-Тэгж хэлж болох байх аа.

-Танай хамтлаг хэр ачаалалтай ажиллаж байна?

-2012 оноос хойш шинэ жилээр хамгийн эрэлттэй байдаг хамтлаг нь “Lumino” гэж боддог шүү.

-“Ganjenjoo” Хит парадууд, хөгжмийн нэвтрүүлгийн жагсаалтад хэр “давхиж” байх шиг байна?

-Очсон газар бүртээ энэ дуугаа дуулж байна. Хүмүүст их сайн хүрч байгаа бололтой. Дагаж дуулаад бүжиглээд байна билээ. Хүмүүст хангалттай хүрч байгаа юм байна гэж бодсон. Гэхдээ дууны хувьд гарсан даруйдаа дүнгээ өгдөггүй юм л даа. Хагас жилийн дараа ч юм уу, тодорхой хугацааны дараа хүнд илүү хүрдэг байхгүй юу. “Ганженжоо” гараад сар гаран л болж байгаа. Тэгсэн ч хүмүүст хангалттай хүрч байна.

-Танай дуу, дууны клипүүдийг анзаарахад маш сайн төлөвлөгөөтэй, удаан боловсруулсан гэлтэй их нягт нямбай байдаг юм?

-Анхнаасаа л бидний ажлаа хийж ирсэн зарчим нь тэр л дээ. Би чинь продюсер нь. Дуу хийгээд л байдаг юм. Тэрэн дундаасаа “Энэ дууг түрүүлж гаргая” гээд л нэгийг нь нийтэд цацдаг. Нэг их удаан судлаад байх нь юу юм, ерөнхийдөө дуунуудаа өөрсдийн мэдрэмжээрээ хийчихдэг шүү дээ. Дээр үеийн дуунуудын элементийг дуундаа оруулдаг хип хоп хамтлаг манайхаас өөр байхгүй байх л даа. Манайх өөрийн гэсэн нэг стильтэй, тэр стилиэрээ л хийсэн дуу л даа, “Ганженжоо”.

-“Ганженжоо”-гийн клипэнд 1950, 1960-аад оны хөгжмийн хэв маяг, хувцаслалт гардаг. Зарим хүнд тэр үеийг нь санагдуулсан байх?

-1950, 1960, 1970, 1980 оны хувцаслалтууд гардаг. Миний гардаг тэр хэсэг бол Ray Charles-ийн үе. Хар цагаант дүрслэлтэй. Жааз хөгжмийн эрин үе л дээ. 1950-иад он. Анхаагийн гардаг хэсэг 1970-аад оны диско хөгжмийн үе. Бажигийн гардаг хэсэг 1980-аад оны хэв маягийг харуулсан. Дууны хэмнэл нь 2000-аад оны хэмнэл л дээ. Хэмнэлийнх нь цохилт нь тэр үед моданд орж хэмнэл. Бид шинэ залуу хамтлаг биш учир уран бүтээлдээ классик зүйлсийг байсхийгээд хийж байдаг юм. Тэр утгаараа хийсэн клип.


-2000-аад оны шинэ жил, 2019 оны шинэ жилийн хооронд асар их ялгаа мэдрэгдэж байгаа байх. Ялангуяа уран бүтээлч та бүхэнд үүнийг илүүтэй мэдэрдэг болов уу. Монголчуудын шинэ жилийн баярт ямар ямар өөрчлөлт гараад байна вэ?

-1999-2000 он, 2000-2001 оны шинэ жилийг сайн мэдэж байна. Тэр үед хөгжим, техник гэдэг зүйлээ тоодоггүй байжээ. Нэг газарт очиж дуулах болохоор микрофон байхгүй. Дуугаа тавиад л дуулдаг байлаа. 2006, 2007 оноос Улаанбаатар хот дахь заал, холлууд эрс шинэчлэл хийж эхэлсэн юм. Бүгд тоног төхөөрөмж суурилуулсан. Үүнд нь “Тотал музик”-ынхан их хувь нэмэр оруулсан гэж боддог юм. Одоо бол олон нийтийн арга хэмжээ зохиодог газрууд бүгд тоног төхөөрөмжтэй, техникчтэй болчихсон байна. Шинэ жилийн арга хэмжээгээ зохиож байгаа хүмүүс нийлээд архи уугаад наргиж цэнгэхдээ гол анхаарлаа хандуулахаа болиод үйл ажиллагаандаа илүүтэй анхаардаг болчихжээ. Архи чухал байхаа больсон байна. Нэр хүндтэй, олон хүнтэй байгууллага байлаа гэхэд шинэ жилийн цэнгүүн нь фестивалийн хэмжээнд оччихжээ. Сүүлийн 2-3 жилд хүмүүс шинэ жилээр архи уух нь эрс багасчихсан шүү. Эрчүүд олонтой газарт очиход ганц хоёр уусан эрчүүд харагддаг л юм. Гэхдээ огт өөр болчихсон. Үүн дээр хүний хөгжил гэдэг юм яваад байгаа байх. Зарим байгууллагын шинэ жил фестивалийн хэмжээнд хүрчихсэн болохоор биднийг хүртэл ямар нэгэн дүрд тоглуулж, фестивалийнхаа нэгэн хэсэг гэж үзэх тийм тохиолдол олон байдаг. Шинэ жилээс өмнө арванхоёрдугаар сар гарахаас өмнө бидэнтэй уулзаж, хөтөлбөрөө ярьж бүхнээ тохирдог байгууллагууд ч бий. Их ач холбогдол өгдөг. Ёолкийг халуун дулаан байлгахын тулд энэ мэтээр их гоё өөрчлөлтүүд хийгээд байна.

-Ёолкоор хамт олон, байгууллага, нутаг ус, арван жил, элссэн холбоо гээд олон хүрээлэлд орж баярладаг. Хэдийгээр зардал их, эрсдэлтэй гэж шүүмжилдэг ч шинэ жилийн баяр хүмүүсийг хамт олонч болгох, бүлсэг байлгах ач холбогдолтой баяр ёслол бололтой?

-Харж л байна. Бид чинь өдөрт зөндөө л ёолкоор ороод гарч байна. Зарим байгууллага жилийн эцэс болоод ажилчдаа байр, байрны урьдчилгаа гээд том том эд зүйлсээр урамшуулж байна. Тэрийг нь харахаар сэтгэл маш их хөдөлж байна. Байгууллагынх нь шинэ жилд дуучны хувиар очсон ч тэр бүгдийг харахаар догдлохын аргагүй. Бид шинэ жил дээр очоод өөрсдийнхөө номерыг хүлээгээд сууна л даа. Тэр хооронд шагнал урамшуулал гардуулж байгаа ёслолтой нь таарна. Бүтэн жил хөдөлмөрлөж, хөдөлмөрөө дүгнүүлж байгаа хүмүүсийг хараад, найз нөхөд нь баярлаад тэвэрч уйлж байгаа тэр агшныг харахаар адилхан баярлаж, сэтгэл хөдлөөд гоё байдаг. Компаниуд ерөнхийдөө хүнээ урамшуулах тал дээр анхаарч эхлэх боллоо. Нийгмийн бүхий л салбарт боловсон хүчний хомсдол үүсчихээд байгаа. Ажиллах хүч хомсдоод байгаа. Тиймээс байгууллагууд сайн ажилласан хүмүүсээ урамшуулаад үйл ажиллагаагаа эрчимжүүлэх болжээ гэдэг нь харагддаг. Томоохон компаниуд ганцхан шинэ жилээр л хамт олноо нэгтгэж нэг удаа л хамт олон руу чиглэсэн үйл ажиллагаа зохиодоггүй. Бүтэн жилийн турш хамт олон руугаа чиглэсэн ажил хийдэг. Гар бөмбөг, сагсан бөмбөг гээд спортын тэмцээн уралдаан зохиодог. Энэ нь зөв л дөө. Шинэ жил ууж идэх гэхээсээ илүүтэй арай өөр түвшинд очжээ гэдэг нь харагдаад байгаа.

-Дуучид, уран бүтээлчдийн хамгийн завгүй сар нь арванхоёрдугаар сар. Өдөрт багаар бодоход 2-3 шинэ жилд уригддаг бололтой. “Люмино” тэрнээс ч их биз?

-Бид бүтэн сарын турш маш их ачаалал дунд ажилладаг. Би л гэхэд жил жилийн арванхоёрдугаар сард хоолой өвдөж, хоёр удаа тарианд ордог юм. Хөлстэйгөө гарч гүйгээд л даардаг юм шиг байгаа юм. Яахав дээ, нэг сар л гүрийж байгаа юм чинь. Бид адилхан л хөдөлмөрөө үнэлүүлж байгаа. Бас тэгээд цагтаа амжихын тулд үгүй мөн их хичээнэ дээ. Өнөө жил замын түгжрэл арай л байна. Гэсэн ч товлосон цагтаа очиж амжаад доргиогоод л явж байна. Мэргэжлийнхээ хүнд хэцүү энэ үед л мэдрэх юм даа. Хүн утсаар залгаад шинэ жилдээ урихаар “Чадахгүй” гэж хэлэх хэцүү. Сүүлийн хэдэн жил монголчууд их хариуцлагатай болж байгаа нь бас нэг зүйл дээр харагдаж байна. Албан байгууллагууд их айхавтар болжээ. Арванхоёрдугаар сарын 1-нээс өмнө бүх юмаа товлодог болчихож байна. Энэ сарын 5-ны өдөр гэхэд “Люмино” хамтлагийн 30-ны өдөр хүртэлх бүх өдрийн тоглолтын тов дүүрчихсэн гээд бод л доо.

-Байгууллагынхаа шинэ жил дээр дуучин авчирч дуулуулдаг нь хаанаас, хэзээнээс үүссэн ёслол юм бол оо?

-Албан байгууллага дээрээ нийлж хийдэг шинэ жилийн баяртаа хамтлаг, дуучин авчирч дуулуулдаг заншил Оросоос гаралтай. Зүүн Европоос энэ заншил эхэлсэн юм билээ. Чех зэрэг орнуудад том том үйлдвэрийн ажилчид үйлдвэрийнхээ том заалаа чимэглээд хамтлаг, дуучин урьж авчруулдаг байсан юм билээ. Тэр заншил Оросоор дамжиж Монголд орж ирсэн. 1980-аад оноос дуучид, уран бүтээлчид шинэ жилээр “Улаанбаатар” ресторанд болж байгаа ёолкинд ирж дуулдаг болсон юм билээ шүү дээ. Энэ заншил Монголд нутагшаад 30, 40 жил болж байгаа соёл.

-Сонирхолтой яриа дэлгэсэн танд баярлалаа. Шинэ жилийн баярын тухай таны бодол?

-Шинэ жил бол гэр бүлийн баяр. Энэ баярыг зөвхөн гэр бүлийн баяр гэдэг утгаар нь нутагшуулаад сурчихвал их хэрэгтэй юм байгаа юм. Нэг үеэ бодвол монголчууд маань бүгд айхавтар болжээ. Зөв хоололт ярьж, архи дарсаа тааруулж хэрэглэдэг болжээ. 2019 онд хийж амжаагүй ажлуудаа 2020 ондоо зорилготойгоор амжуулаарай. 2020 онд УИХ-ын сонгуультай. Саналаа бодолтой өгөөд, хэдүүлээ хэн хэнийгээ чи, би гэхгүй сайхан амьдарцгаая.

Categories
мэдээ цаг-үе

Б.Жамбалдорж: Ээжийгээ багадаа алдсан минь намайг орчлонг эргэцүүлж шүлэг бичих шалтгаан болсон

Энэ сарын 4-нд Багануур дүүрэгт Гүн галуутайн “Болор цом-37” яруу найргийн наадам амжилттай болж өндөрлөлөө. Уг наадамд 30 найрагч шалгарч өрсөлдсөнөөс яруу найрагч Б.Жамбалдорж түрүүлж цомын эзэн боллоо. Яруу найрагч Б.Энхжаргал удаахь байрт орсон бол яруу найрагч Т.Баянсан гуравдугаар байр эзэлж, яруу найрагч О.Цэнд-Аюуш, Э.Гантулга нар тусгай байрт шалгарсан юм.


“Болор цом”-ын эзэн Б.Жамбалдоржийг шагнал гардаж авсных нь дараа уулзаж дараахь ярилцлагыг авлаа.

-“Болор цом-37” наадмын тэргүүн шүлэгч болсонд баяр хүргэе?

-Баярлалаа.

-Сүүлийн таван найрагч үлдэж шүлгээ уншсаны дараа та тайзны ард маш их догдлолтой, нүдэндээ нулимстай харагдсан. Өөрийгөө сүүлийн тавд үлдэнэ гэдэгт итгэлгүй байсан байх?

-Би “Болор цом”-д шүлгээ уншаад гурван жил болж байна. Шүлгээ өгөөд зургаан жил болж байна. “Болор цом”-д анх шүлгээ өгөөд шилдэг 30 найрагчийн дунд миний нэр байхыг хараад баярлаж билээ. Дараа жил нь шүлгээ уншаад хасагдаж байлаа. 2018 оны “Болор цом”-ын шилдэг 30 найрагчид тэнцээд наадамдаа хүрч ирээд өөртөө итгэлгүй ч юм уу нэг тиймэрхүү байдлаасаа болоод тавдугаар байрт орсон. “Нулимстай анчин”, “Их шувуу” шүлгүүдээ уншсан. Харин өнөөдрийн хувьд яруу найрагчдыг хүмүүс янз янзаар л хэлдэг. Миний хувьд сайн яруу найраг цаасан дээр ч, уншихад ч байдаг болов уу гэж боддог юм. “Болор цом” авна гэдэгт огт итгэлгүй байсан. Ний нуугүй ярихад, хэн нэгэн “Болор цом” авах нь тодорхой. Ялангуяа, өнөөдөр тусгай байр эзэлсэн, Монголын үндэсний радиод хамтран зүтгэдэг О.Цэнд-Аюуш найрагчийг “Болор цом” авчихаасай гэж дэмжиж ирсэн. Тайзан дээр шүлгээ цааснаас харж унших, номноос харж унших гээд нэг тийм агшин байдаг юм байна. Тэр агшин нь над дээр ирсэн болов уу гэж бодож байлаа.

-Та тайзан дээр “Би ээжийгээ цастай зүйрлэж энэ шүлгээ бичсэн юм аа” гэсэн. Сүүлийн шатанд уншсан шүлгийнхээ тухай яривал?

-Би “Жамын цас” гэж шүлгээ уншсан. Би зүгээр л ахуйгаа бичсэн. Баруун монголчууд мэднэ дээ. Баруун монголчуудын гэрийн унь нь бургас. Бургасан унь хугардаггүй мөн чанартай. Тэрийг бодож суугаад, ээжийгээ санаад “Бургасан унь нахилзуулан…” гээд л шүлгээ бичиж эхэлсэн. Бид чинь багадаа гэр дээрх цасаа шүүрддэг шүү дээ. Тэр агшнаас, багын тэр сэтгэхүйгээ яаж том санаатай болгох вэ гэж бодоод л,

Бургасан унь нахилзуулан гэрийн цас шүүрдэж

Бусдын дээгүүр будрууланхан байхдаа

Үүдээр цухуйх аавынхаа дээрээс

Үлээсэн цас минь үснийх нь сор болсон

Халуун уур савссан тооноор унасан цас

Хайртай ижийн минь санчигт бас хүрсэн

Хааш яйш цацан бужигнуулсан цасан дор

Хамгийн бага дүү минь алгаа дэлгэж зогссон” гээд ингэж ахуй өрнөж байгаа хэрнээ дунд нь мөн чанар, жамын тухай хавчуулах мөртлөө төгсгөлд нь аваачиж зангидаад,

…Нэг л өвлийн цастай амьдрал гэдэг сууринд

Нээрээ л бид чинь будраад өнгөрөх цас шүү дээ… гэж хүний болон цасны мөн чанарыг харьцуулсан. Нэг нь богинохон, нөгөөх нь урт ч гэлээ жинхэнэ мөн чанартаа адилхан нэг л агшин юм аа гэж цар хүрээг нь өргөнөөр харж бичсэн юм. Ямарваа нэг баатарлаг тууль, дайн бичээгүй. Миний өссөн ахуй, өөрийн минь ахуй л гарна. Би Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд төрж, өссөн. Гэрийнхээ цасыг унагаж байсан, аав ээждээ загнуулж байсан тэр ахуй минь өнөөдөр намайг орчлонг эргэцүүлж, ийм шүлэг бичихэд хүргэсэн юм болов уу. Хүн бүр л ээжийгээ, аавыгаа алддаг. Би 29 нас хүрч байгаа залуу хүн. Хоёр охин дүү, аавтайгаа амьдардаг байснаа сая өрх тусгаарлаж, гурван сайхан охинтой болсон. Амьдрал ахуй минь өргөжөөд сайхан явж байна. Аав минь намайг ажил хөдөлмөрт сургаж, нэг юмандаа тууштай байлгадаг зан чанар, ээжийгээ багадаа алдсан тэр мөн чанар намайг энэ орчлонг эрэгцүүлж шүлэг бичих шалтгаан болсон юм болов уу гэж боддог.

Би урьд нь бурхны зураг зурдаг, монгол зураг зурдаг байлаа. Зураач болно гэж боддог байсан. Гэтэл хүний хэтэрхий их хүссэн юм бүтдэггүй юм билээ. Зураач болж чадахгүй, яруу найрагч болох гээд хичээгээд явж байгаа. Өнөөдөр яахав, “Болор цом”-ын тухай сайн, муу зөндөө л юм ярьж байна. “Болор цом” болох дөхөхөөр хүмүүс сайн, муугаар ярина гэдэг чинь энэ наадам ямар хэмжээний нэр хүндтэй наадам бэ гэдгийг харуулж байна. Зохиолч, уншигчийн уулзалт болдог.

Үүнийг үгүйсгэдэг хүмүүс ч зөндөө байдаг. Энд Д.Цэнджав, Б.Хүрэлбаатар, Т.Галсан гуай, Д.Цоодол гуай гээд ардын уран зохиолч, мундаг хүмүүс ирсэн байна. Монголын ард түмэндээ хүлээн зөвшөөрөгдсөн зохиолч, яруу найрагч мөн биз дээ, эд. Зохиолч, уншигчийн уулзалт мөн байгаа биз дээ. Бид яахав, эдэн шиг мундаг байж чаддаггүй юм аа гэхэд ядаж шүлэг бичиж сэтгэлээ зөөлрүүлж яваа ийм л залуус. Яруу найргийн наадамд Э.Гантулга, Г.Лхагвадорж, О.Цэнд-Аюуш гээд манай үеийн болоод доод үеийн шилдэг сайхан залуучууд шүлгээ уншлаа. Өнөөдөр надад маш сайхан, санамсаргүй байлаа. Олон түмний хайр хишгийг дааж, цаашдын уран бүтээлдээ хичээнэ гэж хэлэхгүй. Зүгээр л өөрийнхөөрөө байна. Өөрийнхөө уран бүтээлийг л гаргана. Улам гоё болгоно гэж хэлэхгүй. Ямар болохыг би мэдэхгүй байна. Залуу хүний хувьд хичээнэ, өөрийнхөө өнцгийг олж харна. Хэн нэгнийг даган дуурайх юм надад байдаггүй юм.

-Танаас Хөөдөөгийн Эрдэнэбаатар найрагчийн тухай асуухгүй байхын аргагүй л дээ. Та хоёрт сайхан дурсамж харин ч их бий байх?

-Тийм ээ, намайг бага байхад Хөөдөөгийн Эрдэнэбаатар гэж яруу найрагч Монголын уран зохиолд цойлоод гараад ирчихсэн байсан. Би арван жилийн л хүүхэд. Х.Эрдэнэбаатар ах чинь нутагтаа их догшин ширүүн байсан шүү дээ. Очиж уулзах гэхээр халгана. Ховд аймгийн зохиолч, сэтгүүлч Н.Баасанжав бол миний анхны багш. Х.Эрдэнэбаатар ах тэр багшийн маань найз. Багшаараа дамжуулаад Х.Эрдэнэбаатар ахтай уулзах гэхээр намайг ерөөсөө тоодоггүй байлаа. Би Х.Эрдэнэбаатар ахтай багш, шавийн хэмжээний ойр дотно байгаагүй. Талийгаач маань Ховддоо.

Би хотдоо. Хөөдөөгийн Эрдэнэбаатар ах маань тийм омголон бадрангуй зантай байдаг байсан бол би зөөлөн. Нутгийнхаа тэр том найрагчдаа зориулж энэ наадмын нэгийн даваанд “Агшин” гэж шүлэг зориулж уншлаа.

ЖАМЫН ЦАС

Бургасан унь нахилзуулан гэрийн цас шүүрдэж

Бусдын дээгүүр будрууланхан байхдаа

Үүдээр цухуйх аавынхаа дээрээс

Үлээсэн цас минь үснийх нь сор болсон

Халуун уур савссан тооноор унасан цас

Хайртай ижийн минь санчигт бас хүрсэн

Хааш яаш цацан бужигнуулсан цасан дор

Хамгийн бага дүү минь алгаа дэлгэж зогссон

Өглөө эртээ явсан ижийнхээ мөрийг шүүрдэж

Өдөр явах замаа гаргаж зогсдогсон би

Шинэхэн цас орсон өглөө

Шинэ мөр хайгаад л ижийгээ саначихлаа

Тийм дотнохон мөр харалгүй уджээ

Тэнгэрээс нэг удаа үзүүлээд өгдөг ч болоосой

Зөөлөн гишгэх алхаан дундаасаа

Зөн минь сэрээд л ижийгээ ирэх нь гээд итгэчихлээ

Явган хүний ганц нарийхан жимээр

Явсаар ижийдээ хүрнэ гээд сэтгэчихлээ

Дээрээс хэн нэгэн харж байгаа бол

Дэрсэн шүүрээр би бурханы тиг татаж харагдана

Нэвсийтэл дарсан цасан дунд нэг хүү

Нээрээ л ижийгээ санаж дээ гэж бодогдоно

Мөр, нуруун дээр минь зузаан цас малгайлахад

Мөн чиг хүнд санагдаад ажин түжин

Мөнх бусын тухай эргэцүүлэхэд тэр цас

Мөрийг минь дарж хаялаад үнэн санагдана

Огторгуй өөд ширтэн, ширтэн хэвтэхэд

Олон морьтон давхилдсаар нүдэн

дотор минь унана

Жамын тухай бодоход мөн чанар нь танигдаад

Жаргал, зовлон хоёр минь тэнцүүхэн болчихно

Нэг л өвлийн цастай амьдрал гэдэг сууринд

Нээрээ л бид чинь будраад өнгөрөх цас аа…


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Ууганцэцэг: Хүмүүс сошиалд ихэнх цагаа өнгөрүүлснээс болж найз нөхдийн амьд харилцаа хумигдаж, ганцаардаж байна


Сэтгэл судлалын үндэсний төвийн гүйцэтгэх захирал Б.Ууганцэцэгтэй ярилцлаа.


-Хүүхэд, залуус сошиалд ихэнх цагаа өнгөрүүлснээс болж, бодит амьдрал дээрх найз нөхдийн амьд харилцаа хумигдаж, ганцаардалд орох магадлал нэмэгдэж байгаа аж. Сошиал хэрэглээ өсөх нь ганцаардлыг үүсгэдэг үү?

-Энэ бол хоёр талтай нийгэм-сэтгэл зүйн асуудал. Ганцаардал нь амьд харилцааг хумьж байх талтай. Нөгөө талдаа сошиалд ихэнх цагаа өнгөрүүлснээс болж, бодит амьдрал дээрх найз нөхдийн амьд харилцаа хумигдаж ганцаардал нөхцөлөө бүрдүүлж байна. Тиймээс найз нөхөд болон гэр бүлийн харилцаандаа илүү цаг гаргаж анхаарах.

Ажил дээрээ сошиалд орохгүй байх, гэртээ байх үедээ интернет хэрэглээгээ хянах зэрэг өөртөө дадал болгох үйлдлүүдээ хийхгүй бол нэг л мэдэхэд дэлгэцийн хамааралтай, ганцаардмал нэгэн болох эрсдэлийг дагуулж байна.

-Хүмүүс фейсбүүк, твиттерт олон найз, дагагчтай байж, олон лайк, зүрх даруулж байвал өөрийгөө нэр хүндтэй, олны танил болж байна гэж эндүүрэх нь бий. Хүмүүс яагаад ингэж сошиал руу улайрна вэ?

-Бодит амьдрал дээрх харилцааны илүү хурдан хариу үйлдэл үзүүлэх боломжтой.

Мөн цаг хугацаа, орон зайнаас үл хамааран нэг үг, өгүүлбэрийг нэгэн зэрэг хүргэдэг учир хүмүүст харилцаанаас хариу үйлдлээ хурдан авч байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг. Энэ нь дэлгэц буюу сошиал харилцааны онцлог юм. Тиймээс амьд харилцаанаас илүүтэйгээр сошиал харилцааг илүү үзэх хандлагатай байна.

-Хүн өдөрт дунджаар хэдий хэрийн хугацааг сошиал орчинд зарцуулбал зохимжтой вэ?

-Хоёроос дээш цагийг тогтмол зарцуулах нь хамаарлыг илтгэж байгаа учир өөрийн ажлын болон амьдралын онцлог хэв маягтаа тохируулан түүнээс бага хугацаагаар хэрэглэх нь зүйтэй. Цаг их өнгөрөөх тусам хамаарал нэмэгдэнэ. Тиймээс амьдралаа зөв төлөвлөх, бусдад цаг гаргах, чөлөөт цагаа хөдөлгөөн хийж үр дүнтэй өнгөрүүлэх хэрэгтэй.

Дэлгэцийн хамааралд нас, хүйс, ажил эрхлэлт хамаарахгүй орж байгаа тул бие биедээ анхаарал, хяналт тавих нь зүйтэй.

-Хүүхдүүдийг хэдэн наснаас нь эхэлж фейсбүүк хаягтай болговол зөв бэ?

-Сэтгэл зүй, оюун ухааны хөгжлийг харгалзан 15-16 насанд фейсбүүк хаяг нээх нь хүүхэд шийдвэр гаргах, сэтгэл хөдлөлөө тодорхой хэмжээнд удирдахад үр нөлөөтэй. Хэт бага наснаас нь сошиал хаяг нээх, эсвэл хүүхдийн зургийг өөрийн сошиал хуудсандаа хэрэглэх нь тохиромжгүй юм. Эрт нээх тусмаа хүүхдэд олон төрлийн эрсдэлийг дагуулж байна.

-Фейсбүүк, твиттерт донтчихсон, байнга утас шагайж, тэндэх мэдээллээ бусдад хуваалцаж, өөрийгөө мундаг мэдээлэлтэй, хэрэгтэй хүн мэт харагдуулах гэж зорьдог хүмүүс бий.Цахим орчинд өөрийгөө донтож байгаагаа эхний ээлжинд яаж мэдэх вэ?

-Энэ бол хүний хэрэгцээний шатлалын нэг чухал хэсэг юм. Гэвч бид үүнийгээ амьд харилцаанаас бус дэлгэцээс олж байгаа нь харамсалтай. Зөвхөн энэ Монголд байгаа үзэгдэл бус дэлхий даяараа энэ асуудалд анхаарал хандуулж байна.

Ялангуяа өсвөр, залуу үеийнхэн энэ байдалд хэт автах, хамааралтай болж байгаа нь гэр бүлийн хүмүүсийн анхаарал халамж, гэртээ болон бусдын өмнө үүрэг хариуцлага бага хүлээж байгаа зэрэгтэй хамааралтай ойлголт болоод байна.

-Бага лайк авбал сэтгэлээр унадаг, өөрийнх нь оруулсан пост, жиргээг хүмүүс тоохгүй бол өөрийгөө нийгэмд хэрэггүй, хүмүүст тоогддоггүй азгүй нэгэн мэтээр төсөөлдөг хүмүүс бий. Ийм хүмүүст та ямар зөвлөгөө өгөх вэ?

-Энэ бас л харилцаанаас авч байгаа хүний сэтгэл ханамжгүй байдлын илрэл хариу үйлдэл юм. Энэ нь бодит байдлаас тасарч өөрийн үнэ цэнэ, амьдралын хандлага зэргээ бусдаар удирдуулж байгаагийн нэг үр дагавар юм. Тиймээс зөвлөгөө гэвэл амьд харилцаанд идэвхтэй байх, ажил амьдралын тэнцвэрээ зөв хангах, аливаа харилцаанд эерэг хандах, байгальд гарах, бусдад туслах зэрэг амьдралдаа илүү идэвхтэй, эерэг хандах хэрэгтэй.

-Амьд харилцаа үүсгэх хэрэгтэй гэдэг. Амьд харилцаа үүсгэх энгийн алхмуудыг та хэлж өгөхгүй юу?

-Гэр бүлийнхээ гишүүдийн эрүүл мэнд, хүсэл сонирхолд анхаарал хандуулах, үр хүүхэд, эцэг эхээ халамжлах, ажил, сургуулийн орчинд бусдад санаагаараа туслах, тэднийг сонсох, өөрийн туслах боломжтой зүйлээрээ биеэрээ оролцон туслах нь амьд харилцаандаа идэвхтэй байгаа мөн анхаарал хандуулж байгаагийн илрэл юм.

Тиймээс өөрийн амьдралдаа илүү нээлттэй, амьд харилцааг эрхэмлэсэн тэр хүн, гэр бүл, байгууллага сэтгэл зүйн хувьд эрүүл, тогтвортой байж чадна.