Categories
мэдээ цаг-үе

Хөдөлмөрийн баатар Ё.Норовсүрэн: Нийгэм хөгжиж, сайхан болж байна

Түрүүч нь №105(6471) дугаарт


Дэлхийн эмэгтэйчүүдийн их хурал. 1981 он. Прага хот.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, оёдолчин Ёндонгийн Норовсүрэнтэй ярилцлаа.


Ё.Норовсүрэнгийн хөрөг. Алдарт уран хатгамалч Л.Цэрэнхүү энэхүү хөргийг урласан бөгөөд одоо Дүрслэх урлагийн музейд хадгалагдаж байна.

-Юм оёно гэдэг тэвчээртэй хүний ажил юм шиг ээ. Сууж чаддаг, төвлөрч чаддаг хүний хийдэг ажил болов уу?

-Савхийг байна шүү дээ, дан тосолж оёно. Машаан (машин) дээрээ порлон тавьж, машины тос түрхэж байгаад оёхгүй бол шигээд хаячихна. Шигнэ гэхээр бүр тасчаад хаячихна гэсэн үг. Тийм учраас байнга тостой ноцолдоно. Манай үйлдвэр боловсруулах үйлдвэрийнхээ дээд давхарт байрладаг байлаа. Дандаа химийн уусмал үнэртэнэ. Дороос аммиак, ацетон, будаг ханхалсан маш хүнд нөхцөлд ажилладаг байсан. Сүүлд Югославын тусламжаар үйлдвэр байгуулахад тэнд гайгүй байсан. Тэр үед нь би сургуульд явж таарсан юм. Үйлдвэрт ажиллахад гар хуруу бэрзийнэ, барзайна. Тэр үед хааяа нэг юм хуманд явах гээд Урт цагааны үсчинд очихоор тэндхийн гоо сайханчид хоорондоо “Арьс, ширний үйлдвэрийн хүүхнүүдийн хуруу хумс ёстой аймаар ш дээ” гэж хоорондоо ярилцахыг нь сонсож байлаа (инээв). Тийм л нөхцөлд ажилладаг байлаа, бид. Гэхдээ тийм хүнд нөхцөлд ажиллаж байна даа гэж өөрсдийгөө огт бодож байсангүй. Би чинь ажлынхаа хажуугаар хурал цуглаанд их оролцоно. Бүгдийг зэрэг амжуулах гээд аль болох зохицуулах гээд хар гүйхээрээ тэгж явж л байлаа даа.

-Одооны залууст Хөдөлмөрийн баатар гэж ийм ажилсаг, шаргуу хүмүүс байдаг юм шүү гэж танилцуулбал гайхаж мэднэ шүү?

-Хэн ч бай нэг л мэргэжлийг гаргуун сайн эзэмш. Нарийн хэрэгцээтэй сантехникч, цахилгаанч, оёдолчин ч бай, гуталчин ч бай нэг л мэргэжлийг сайн эзэмшсэн байхад амьдралыг чинь аваад явчихна шүү дээ. Гаргуун эзэмш, чадвартай эзэмш. Хүнд овсгоо, ухаан хэрэгтэй. Юм хийхэд ухаан, нүдний ур орно. Чадвар, самбаа орно. Зүгээр нэг налайж байгаад Хөдөлмөрийн баатар болохгүй шүү дээ. Бүх юмандаа авхаалжтай сэргэлэн, самбаатай, ухаантай, гарын уртай, нүдний уртай бай. Юмаа сайн зохицуулах хэрэгтэй. Зохион байгуулалт чухал. Нэг юмыг маш сайн хийж чадах юм бол тэр чинь өөрт чинь хоол болоод явчихна. Хүний сурчихсан юмыг хүн булааж авахгүй шүү дээ. Хэзээ ч булааж авч чадахгүй. Ажилтай хүн гудамж метрлэхгүй. Аливаа мэргэжлийг сайн эзэмшихэд заавал дээд сургууль төгсөх албагүй. Нэг л мэргэжлийг сайн эзэмш.

-Ажлын байран дээрээ тууштай, олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа хүмүүсийг япончууд үнэлдэг. Манайд ч тэр. Харин сүүлийн үед байн байн ажлын байр сэлгэдэг, нэг газраа тогтдоггүй хүмүүс гараад ирлээ?

-Байнга ажлаа сольдог хүний хувьд сонирхол нь л тэр байх даа. Тэгж явж байгаад тэр дундаасаа аль сайн чаддагаа л олж авах гэж явж байгаа байх даа л гэж бодож байна. Олон ажил хийж явахдаа аль нэгэнд нь сайн байгаагаа л мэдэх гэж, чадвараа олох гэж яваа нь л тэр. Аль нэг нь үнэхээр өөрт нь тохирохоор болвол тэрэн дээрээ тогтох байлгүй. Залуу байхад янз янзын мэргэжил сайхан санагдана.

Сэтгүүлч мэргэжлийг хүссэн хүн болгон хийчихгүй. Зүгээр нэг охид хийчихэж чадахгүй шүү дээ. Энэ чинь хатуу, чанга мэргэжил шүү. Чадах юмаа л хүн хийдэг. Чадахгүй юмаа хийдэггүй. Явчихдаг. Хүн болгон наад мэргэжлийг чинь хийдэг байсан бол гудамжинд яваа охидоос авчраад суулгахад чадахгүй шүү дээ. Дээд сургууль төгссөн хүн ч чадахгүй.

-Товчоо хадаж чаддаггүй, оёдлын газар бараадаж, хагархай цоорхойгоо нөхүүлдэг хүмүүс олон болжээ. Гэтэл монголчууд уран, гарын дүйтэй ард түмэн. Та ч бас сая гарын ур гэж ярилаа?

-Надад тийм уран биш хүмүүс таарсангүй шүү (инээв). Оёдлын талын мэдлэггүй л байна даа. Ээж аав нь дадлагажуулаагүй, үлгэрлээгүйтэй л холбоотой. Товчоо өөрөө хадаад ав гэж хэлээгүй л байна даа. Тийм ээ. Эцэг, эх нь сургадагүй, их л танхи улсууд байна даа.

-Өнөөгийн энэ нийгмийг Хөдөлмөрийн баатар хүний нүдээр харахад ямар санагддаг вэ. Залуу үе болоод нийгмийн хөгжлийг хэрхэн тодорхойлохоор байна вэ?

-Монголын залуучууд их гоё, өндөр, нуруулаг, царайлаг болж байгаа. Энэ сайхан залуучууд Монголын удам байна даа, юм хийвэл чадна даа гэж боддог юм. Улсууд нийгмийг их муу хэлдэг. Харин би нийгмийг сайхан болж байна гэж боддог. Эхлээд “Улаанбаатарыг шавсан баахан байшин болгочихлоо доо” гэж боддог байлаа. Тэгээд дэлхийн сайхан сайхан хотуудыг харчихаад “Үгүй ээ, энэ хотод чинь өндөр барилгууд байх ёстой юм байна” гэж бодсон шүү.

Нийгмийг удирдаж яваа хүмүүс их чухал. Одоогийн удирдагчдыг сайн л ажиллаж байна гэж бодож байгаа. Гурван ээлжийн сургуульгүй болчихлоо. Энэ бол том амжилт. Гуравдугаар ээлжинд хичээллэж байгаа хүүхэд яаж юм сурах юм бэ, хэзээ гэртээ харих юм бэ. Хэцүү шүү дээ. Өвлийн цагт утаагүй боллоо. Олон хүн уушгины өвчтэй шүү, Монголд. Цэвэрлэх байгууламжийг овоо ажиллахаар болгочихлоо. Зам харилцаа сайхан болж байна, сайхан гүүр тавьж байна. Монголчууд ажиллаж байсан цагт тариа буудайгаа өөрсдөө тарьчихаад дэлхийтэй харьцахгүй байлаа гэхэд малынхаа мах, сүүгээр нэг хэсэгтээ амьдраад байж чадна гэж бодож байгаа шүү. Монголчууд өлсөж үхэхгүй. Гэхдээ хэцүү амьдралтай улсууд байдаг л юм шиг байгаа юм. Хотын захад тийм айлууд бий. Харин хөдөөний малчид бол баячууд шүү. Тийм ээ?

-Тийм, тийм.

-Бүгдээрээ саятнууд. Малчны гадаа юу байна вэ. Мотоцикль, микро автобус, приус байна. Жийп байна. Манай ах дүү нарын хүүхдүүд хөдөө угаалгын машинтай байдаг юм байна. Хөргөгчтэй, гэрэл цахилгаантай, зурагттай. Малчид ийм болсон байна билээ. Тэгэхээр нийгэм хөгжиж байна, сайхан болж байна. Хотын хойд хөндийнүүдийг хар. Хэзээ ийм байсан юм бэ, социализмын үед. Энд тэнд ганц нэг амбаар л байдаг байсан. Гэтэл одоо битүү л сайхан байшингууд бариад байна. Багтахгүй байна шүү дээ. Сэлбэ гол, Баруун, Зүүнсалаа бүгд байшинтай болчихсон. Амьдрал дээшилсэн л байгаа биз дээ. Бараг л нэг айл хоёр машинтай болох гээд байна шүү дээ. Амьдрал дээшилсэн байна, одоо ганцхан тэр хүний өөрийнх нь оролцоо, бүтээлч санаачилга чухал. Юм хийхдээ зоригтой хийх хэрэгтэй. Зоригтой хийгээгүй бол утаатайгаа л сууж байх байсан. Зориггүй байсан болохоороо хичнээн жил утааны тухай яриад байв. Улс орон өр зээлтэй байна. Тэр яахав. Эхнээс нь төлөөд болох байх. Харин энэ коронавирус гэдэг юм Монголыг гэлтгүй бүх дэлхийг хямрааж байна даа.

-Монголчуудын мөс чанар муудчихлаа гээд байдаг юм. Бид үнэхээр тийм болсон гэж үү?

-Ер нь харахад хувь хувиа л хичээсэн улсууд болчихсон юм шиг байгаа юм. Хувиа л боддог. Өөрөө болвол бусад нь хамаагүй. Тэр чинь л мөс чанартай холбоотой. Дандаа хувиа хичээнэ. Хүний төлөө санаа тавьдаг нь ховор болчихсон. Томчууд ч ялгаагүй. Өөрсдөө л баяжаад улам дээшээ гарах гээд байдаг. Тэд ард түмэн доогуур яажшуу байгааг анхаарахгүй л байна шүү дээ. Дандаа хувиа хичээдэг улс. Сонгуульд нэр дэвшиж байгаа хүмүүсийг хараарай. Гэр бүлээрээ, ах дүүсээрээ нэр дэвшиж байна. Тэд мундаг, чадалтайдаа дэвшээд байгаа юм биш байхгүй юу. Танил тал, мөнгөөрөө зодож гарч ирж байна. Гэтэл тэднээс хавь илүү мундаг залуус гадаадад очоод ажиллаж амьдарч байна. Зөндөө байна шүү дээ. Хэрвээ тэр гадаадад байгаа залуусыг Монголд авчраад ажиллуулбал улс сайхан хөгжих байх.

Categories
мэдээ цаг-үе

Ч.Хишигчулуун: Марзан Шарав Ар хүрээ хийдэд шавилдаг байхдаа Торгоны замаар өнгөрсөн жуулчдын хөргийг зурдаг байсан

Зураач, барималч, судлаач Ч.Хишигчулуун XX зууны эхэн үеийн Монголын дүрслэх урлагийн нэрт төлөөлөгч, уран зураач Марзан Шарав буюу Балдуугийн Шаравын намтар, уран бүтээлийг сүүлийн 40 жил судалж байгаа юм. Түүнтэй ярилцлаа.


-Таны багш, ардын зураач Л.Гаваа гуай Марзан Шаравын шавь байсан гэдэг?

-Манай багш найз нөхөдтэйгөө Марзан Шаравын тухай аминчлан хууч хөөрч байхыг нь би сонсож байсан юм. Багш минь 13 настайдаа тэр аугаа хүний дагалдан зураачаар ажиллаж байсан юм билээ. Ц.Байды ахын багш В.Одгийв, Л.Гаваа багш хоёр 13, 14 настай байхдаа Марзан Шарав гуайн дагалдан зураачид байсан гэсэн. Тийм болохоор энэ хүмүүс багшийнхаа тухай ярихгүй яахав. Арван хэдэн жил дэргэд нь байсан хүмүүс мэдэхгүй яахав.

-Марзан Шарав гэхээр марзан зантай хүн байжээ гэж ойлгоцгоодог?

-Одоо би тэрний чинь тухай ярина. Үнэн сонин, хачин юм олчихоод явж байна шүү, би.

-За.

-За, тэгээд Л.Гаваа багш ярьж билээ. “Багш минь их сахилгагүй, марзан хүн байсан юм” гэж ирээд л жишээтэй нь ярина. Марзан Шарав гуайн ажлын хажуух өрөөнд нь үсэг өргөгчид ажилладаг байж. Тэд ханцуйвч, хормогч, халаттай. Тэд нар өрөөнд нь байдаг доороос нь цохиж угаадаг гар угаалтуурт гараа угаах гэж орж ирнэ. Ирэхийг нь мэдээд Марзан Шарав гуай “Алив бушуул” гэнэ. Тэгэнгүүт шавь нар нь үсэг өрөгчдийн хормойг бийрийнхээ ишээр сөхөж бөөн инээдэм, орилоон болно. Шарав гуай тэрийг нь хараад юу ч болоогүй юм шиг царайлах ч дотроо инээгээд сууж байдаг байсан гэсэн. Шавь нартаа тэгж алиа наадам хийж, марзаганахыг заагаад өгчихсөн. Өөрөө бол маш хөнгөн шингэн хөдөлгөөнтэй хүн байжээ. Ёгточ, хүнийг ёжилж хэлдэг хүн байдаг даа. Донжтой хэлдэг хүн байдаг шүү дээ. Ёгт хүн гэдэг билүү.

-Шогч, шооч..

-Шооч гэх юм уу, хүнийг тэгж гижигдсэн маягийн. Түүнээс биш марзганаад байдаг хүн байгаагүй. Донжийг нь олоод хатгачихдаг хүн байсан юм билээ. Марзан Шарав гуайн ганцхан фото зураг байдаг юм. Кээпкин малгайтай, дээлтэй, хар цагаан зураг байдаг.

-Марзан Шарав гуай 1869 онд төрсөн байдаг. Намтраас нь сонирхуулбал?

-1869 оны тавдугаар сарын 27-нд Засагтхан аймгийн Засагтханы хошуу, Цагаан давааны дээд өвөлжөө гэдэг газар мэндэлсэн хүн.

-Одоогийнхоор?

-Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутаг. Балдуу гэдэг чинь өвөө нь. Ээж нь Норжин гэж эмэгтэй байжээ. Багын сэргэлэн цовоо хүүхэд байсан. Маш их хөдөлгөөнтэй, нэг газраа тогтдоггүй. Юм л байвал дээр нь зураг зурж байдаг. Голын сайр, элс, мод, цас, бүр шилбүүрэн дээр хүртэл зурна. Хаа тааралдсан газраа л юм зурж явдаг сэргэлэн хүүхэд байсан.

Судалгааны ажил хийж байхдаа хөм гэж юмтай танилцлаа. Тэр нь үхрийн ширний хэлтэрхий. Ээж нь үхрийн ширэн дээр домбоо тавиад цайгаа уудалж байхад цайнд норсон шир цайрахыг дөрөвхөн настай Шарав анзаарсан байгаа юм. Тэгээд л өнөө ширэн дээрээ данхтай халуун хар цай асгаад норгоод цайрангуут тэрэн дээр нь зураг зурдаг болсон байгаа юм. Тэр хөм түүний хувьд мөнхийн самбар нь болсон. Энэ тухай Говь-Алтай аймгийн Урчуудын салбарын дарга насаараа хийсэн Мөнхөө ахын тэмдэглэлд дурдагдсан байсан.

Тэгж байтал нутгийнх нь нэг ноёныд найр болдог. Тэр дүр зураг “Монголын нэг өдөр” уран зурагт нь дүрслэгдсэн гэж үздэг. Хэдий жаахан хүүхэд ч гэлээ найрлаж байгаа хүмүүсийг сайн анзаарч харжээ. Хүмүүс найрлаж согтохоороо морь, малнаасаа унаж, бөөлжиж, зарим нь агсам согтуу тавьж, зарим нь залуухан хүүхэн чангаадаг. Тэрийг харсан бяцхан Шарав дараа нь найранд болсон үйл явдлыг элсэн дээр зураад байж байхад нь өнөөх ноён хатантайгаа хамт явж, голын хүмүүс ээж Норжинд нь хандан “Хүү чинь ноён шоглолоо. Ганц хүүхдээ толгой дээрээ гаргалаа” гэж зэмлэсэн гэж би таамагладаг юм. Марзан Шарав гуайн энэ гоц авьяас удам дамжсан юм билээ. Норжин нагац ах Арын хүрээ хийдийн лам Жанцандаа хүүгээ аваачиж, эрдэм номтой хүн болгоно оо гээд хүн амьтны хэл амнаас зугтаалгасан байдаг. Жанцан ах нь мундаг ламаас гадна бурханч лам байсан. Уран хээч хүн байсан гэнэ. Шарав зураач тэнд таван настайдаа очоод 12 жил буюу 17 нас хүртлээ шавилсан. Одооны дүрслэх урлагийн дээд сургуульд дээд тал нь зургаан жил ч зурахгүй. Тэгтэл Шарав зураг зурж сурах гэж Арын хүрээ хийдэд 12 жил шавилж суужээ. Тэгэхээр мэргэжлийн зураач байхгүй юу. Нагац ах нь бурханч лам. Хүний авьяас эх талаа илүү дагадаг гэдэг чинь энэ. Багаасаа харандаа хэрэглэхгүй зураад сурчихсан, хөмөн дээр. Их хурдан зурдаг хүн байсан байна.

-Арын хүрээ хийд чухам хаана байрладаг, ямар онцлогтой газар байсан юм бол?

-Хятадаас барууныг чиглэсэн Торгоны замын хөл дээр байдаг хийд байжээ. Их хөлийн газарт байрладаг байсан. Аймгийн төвөөс арав гаруй километрийн зайтай байдаг гэсэн. Данийн Алтай судлаачид Арын хүрээ хийдээр тэр үед дайрч гарсан юм билээ. Тэр хүмүүс “Энэ мундаг зураач хүү байна” гээд хөргөө зуруулдаг байж. Таталбар зураг. Хятад, Солонгос, Япон гээд зүсэн зүйлийн жуулчин дайрч өнгөрдөг байжээ. Тэгж зурсаар хөрөг зургийн мастер болчихсон.

12 жил сурсныхаа дараа Гэтэлгэгч Цагаан Дарь эх, Ногоон Дарь эх бурхан бүтээж тайлангаа тавьсан гэдэг. Их амжилттай болсон.

-Ар гэр нь ямархуу айл байсан юм бол оо?

-Морь малын захтай айл байсан. 17 настай Шарав өвөө, ээж дээрээ очъё, адуу мал дээрээ гаръя гэж л дээ. Зураг зурж сурахын хажуугаар ном үзэж, дөрвөлжин, төвөд, манж бичиг сурсан унзад хоолойтой хүн байжээ. Бас эрхи татна. Тан барина. Их суут хүн байжээ. Шарав гуай “Эсвэл би хийддээ үлдээд түмэнд буян болоод үргэлжлүүлж шавилж сууя” гэж байтал хошуу тамгын газраас нь цэргийн зарлан ирсэн байдаг. Тэр үед хугацаагүй цэргийн албатай байсан. Тэгтэл гэнэт VIII Богд Жавзандамба хутагтын зарлиг ирсэн. Засагтханы хошууны Арын хүрээ хийдийн бурханч лам Балдуугийн Шаравыг хүрээнд Богд хаан дуудсан байгаа юм. Богд 17 настай хүүхдийг зураачаараа ажиллуулах гээд дуудчихсан хэрэг л дээ.

Арын хүрээ хийдэд тийм нэг мундаг уртай зураач хүү байна гэдэг тухай мэдээ Богдын чихэнд хүрдэг байж. Богд хаан тэрийг нарийн мэдэрч “Тэндээ нэг багшийн гараар заалгаж, тайлангаа тавиг” гээд байлгадаг байжээ. Богд хэд хэдэн зурхайчтай байсан. Тайлангаа тавьчихлаа гэдгийг нь дуулангуутаа зарлиг гаргасан нь тэр. Зарлиг ирсэнд нутаг орныхон нь, багш, ээж нь хязгааргүй баярласан байдаг. 17-хон настай хүүхэд Богдын ивээлд орно гэдэг том үйл явдал.

-Ингээд Богдын зарлигаар хүрээнд ирээд Богдод бараалхаж дээ?

-Лувсан гэдэг дархан хүн, зураач Шарав хоёр Богдод бараалхжээ. Богд “Та хоёр надад нэг нэг сайн бүтээл хийж үзүүл” гэжээ. Тэр хоёр бүтээл хийгээд Богдтой дахин уулзжээ. Лувсан арвайн үр дээр туулай сийлжээ. Түүнийгээ амьд цох хорхойн дээр тавиад томруулдаг шилээр Богдод харуултал туулайны хамар жаахан мархайжээ гэж өөлөөд “Чамайг “Марх” Лувсан гэж нэрлэе” гэсэн. Богд чинь тэгж яривал өөрөө их алиа марзан хүн байсан. Сэргэлэн хүн байсан. Одооны кинон дээр гараад байдаг Богд чинь биш шүү.

Тэгээд дараа нь Богд хаан, хатан Дондогдуламынхаа хамт Шаравын зургийг үзжээ. Тэгтэл тэр зурагт элдэв янзын үйл явдал гарчээ. Секс хүртэл гарч ирэхэд тэр хоёр нэгнээ ёворсон байгаа юм. Богд “Энэ их сайхан зураг болж. Жаахан марзан зураг болж. Чамайг “Марзан” Шарав гэе” гэсэн байгаа юм. Энэ бол Богдын өгсөн хоч.

Шараваас “Энэ зурагтаа ямар нэг өгсөн бэ” гэж асуусан чинь “Нэр хайрлаагүй. Нэр хайрлаж чадахгүй байна” гэж л дээ. Тэгтэл Дондогдулам хатан тэр дор нь “Монголын нэг өдөр” гэж нэр хайрласан байдаг. Марзан гэдэг нь алиа марзан зантай болохоор нь тэгж хочлоогүй. Зураг дээр нь тийм үйл явдлууд гардагтай холбоотой байжээ.

-Марзан Шарав гуайг Монголын орчин үеийн дүрслэх урлагийг үүсгэн байгуулагч гэдэг?

-Хамгийн анхны бүх юмыг Шарав зурсан. Анхны хөрөг нь Сүхбаатарын нөгөө алдарт хөрөг. С.Оюун гуай хойно төгсч ирээд “Робинзон Крузо”-г орчуулахад зургийг нь зурсан, Ц.Дамдинсүрэн гуайн “Гологдсон хүүхэн”, “Шидэт хүүрийн үлгэр”-ийн зургууд, хамгийн анхны гэгддэг Элдэв-Очиртой маркнууд, анхны мөнгөн тэмдэгт гээд анхны олон юмыг зурж мандаж байхад нь нэгэн шөнө түүнийг буутай хоёр цэрэг ирээд аваад явахад замаасаа зугтаад Хятад руу хил даваад жил гаруй явсан байдаг. Сүүлдээ эрхи татаж байгаад “Ерөөсөө буцъя” гээд эргэж ирээд Буниа гэж хурандаагийн өрөөнд ороод ирсэн гэдэг. Хувьсгалын дараа зөвхөн Цэргийн яаманд бурхны зураг өлгөөтэй байсан гэдэг. Гэтэл тэр зургийг Марзан Шарав тав хоногийн дотор зуржээ. Очирваань бурхныг зуржээ. Хурандаа түүнд “Дахин битгий хэл ам татал” гээд явуулсан байдаг. Тэгж аврагдсан түүхтэй. “Хээрээр гэр, хэцээр дэр хийж амьдарна” гээд дураараа явж байгаад 1939 онд нас барсан байдаг. Ямар нэгэн өвчнөөр нас барсан гэж уншаагүй. Чадвартай тийм хүмүүс чинь ер бусын байдлаар тэнгэрт хальдаг юм билээ.

-Та Марзан Шарав гуайн тухай хоёр ангит кино зохиол бичжээ?

-Холбогдох газрууд, Ерөнхий сайдад киноны тухай мэдээлэл хүргүүлсэн. БСШУСЯ-ны Кино төслийн уралдаанд орох гээд бүх материалаа бүрдүүлчихээд байна. Ийм кино зохиол бичсэн учир мэддэг хүмүүс маш талархалтай хүлээж авч байгаа. Энэ бол миний олон жилийн хөдөлмөрийн үр шим юм. Уг зохиолоо кино болгож, дэлгэцэнд гаргахыг ихэд хүсч байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Тахалтай орнууд хөл хориогоо сулруулаад байх, манайх чангалаад байх аль нь зөв бэ

Дэлхийн 216 улс, бүс нутагт “Ковид-19”-ийн таван сая 486216 мянган тохиолдол бүртгэгдэж, хоёр сая 291144 хүн эдгэж, 346225 хүн нас бараад байна. Халдварын эсрэг вакцин хараахан гараагүй байгаа ч улс орнууд тархалтыг зохих хэмжээнд бууруулж чадаж байгаа бөгөөд зарим орон өнгөрсөн сарын эхээр хөл хориогоо хэсэгчлэн цуцалсан билээ. Япон улсад тогтоосон хорио цээрийн дэглэм энэ сарын 31-нээр дуусгавар болох байсан ч тус улсын Засгийн газар халдварын тархалт хангалттай буурсан гэж үзээд өчигдөр хөл хориогоо цуцалчихлаа. БНСУ энэ сарын 6-наас хөл хориогоо цуцалсан бол БНХАУ-ын мужууд, тэр дундаа “Ковид-19” халдварын голомт болох Ухань хот өнгөрсөн сарын 8-нд өндөржүүлсэн бэлэн байдлаас гарч, хэвийн горимд шилжсэнээ зарласан. Мөн Итали, Герман, АНУ зэрэг орон хөл хориогоо хэсэгчлэн цуцлаад байна.

ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус “Улс орнууд хөл хоригоо аажмаар цуцалж, эдийн засгаа сэргээж байна. Энэ явц нь ээдрээтэй бөгөөд хүндрэл бэрхшээлтэй нь мэдээж. Улс орнууд хөл хориогоо аажмаар цуцлахыг ДЭМБ дэмжиж байна” гэсэн. Хамгийн сүүлийн мэдээгээр халдвараар тэргүүлж буй АНУ-д “Ковид-19” халдвараар нэг сая 677436 хүн өвчилж, 98024 хүн нас барсан бол Бразилд 365213 хүн халдвар авч 22746 хүн нас бараад байна. Манай хойд хөршид нөхцөл байдал хүндэрч “Ковид-19”-ийн 353427 тохиолдол бүртгэгдэж 3633 хүн нас барсан.

Харин манай улсын хувьд өчигдөр Улсын онцгой комисс хуралдаж, энэ сарын 31-нд тавигдах байсан өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг зургадугаар сарын 30-ныг дуустал сунгах шийдвэр гаргалаа. Үүнийгээ “Ковид-19” цар тахлын дэлхийн нөхцөл байдал болон дотооддоо халдварыг алдахгүй байх үүднээс мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтийг үндэслэж ийнхүү шийдвэр гаргасан гэж тайлбарлав. Манай улсад гаднаас зөөвөрлөгдсөн 141 тохиолдол бүртгэгдсэнээс 33 хүн эдгэж, 108 хүн эмчлүүлж байна. Хүн амын дунд халдвар тархаагүй нийт гурван улс байгаагаас Монгол Улс коронавирусийн халдвараа дотооддоо алдаагүй цор ганц тусгаар тогтносон улс болоод байгаа бол үлдсэн хоёр орон нь арлын улс гэдгийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл онцолсон юм.

Дээрх нөхцөл байдлыг харахад тахалтай мөртлөө хөл хориогоо цуцлаад байгаа орнуудын зөв үү, эсвэл халдвар тархаагүй атлаа хилээ хаагаад, дотроо хөл хорио тогтоогоод байгаа манайхны зөв үү. Алиных нь зөв болж таарч байна вэ.

Эсвэл бусад улс манайх шиг хөл хорио тогтоож мэддэггүй, арга хэмжээ авдаггүй тэнэгүүд үү.

УИХ-ын ээлжит сонгууль ирэх сард болно. Сонгуулийн санал авах өдөр зургадугаар сарын 24-ний лхагва гаригт таарч байгаа. Тэр өдөр иргэд сонгуулиа өгч хөлтэй байх нь мэдээж. Зах, худалдааны төвүүд ажилладгаараа ажиллаж л байгаа. Гадуур хөл хөдөлгөөн эрчимтэй байна. Ийм байхад өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг дахин нэг сараар сунгалаа гэдэг нь тэгээд юунд зориулсан хорио болж таарч байна вэ. Хилээр монголчуудаа оруулахыг хориглосон хөл хорио гэж ойлгоод байгаа зөв үү.

Тоглоомын талбайд хүүхдүүд маскгүй гүйлдэж, томчууд нь Улаанбаатарын худалдааны газрууд, зах, III, IV хорооллын дэлгүүр, худалдаагаар дүүрэн холхиж байхад л “Хөл хориог чангатгана. Бид маш эрсдэлтэй нөхцөл байдалд байна” гээд айлгаад байдаг. Хөдөөгүүр бол энэ халдварын тухай зүгээр л мэдээгээр сонсохоос илүү ямар ч хамгаалж, сэргийлж байгаа зүйл байхгүй байгаа шүү дээ. Бодит амьдрал дээр ийм дүр зураг харагдаж байхад “Маш эрсдэлтэй шүү” гээд л юунаас хамгаалаад байгаа нь ойлгомжгүйгээр айлгах. Ингэх байсан бол хилээ тавхийтэл хаачихаад дотроо сул байж болдоггүй юм уу. Наадам хийнэ, хийхгүй гэж хэрэлдээд эхэллээ. Сонгууль хийж болж байгаа юм бол яагаад наадам хийж болохгүй гэж. Зах, худалдааны газруудаар бөөгнөж байгаа юм чинь яагаад наадаж болдоггүй юм.

Бидний энэ байж байгаа байдал, энэ бүхнийг томоор нь харахад нэг л утгагүй болчихлоо. Өвчингүй байгаа нь сайхан санагдаж байна. Гэвч дотооддоо байгаа улсуудаа харахаар юуг нь хориод байгааг ойлгохоо байлаа. Айлгаж байгаад сонгуулиар ялалт байгуулаад гараад ирье гэж ингэж ард түмнээрээ тохуурхаад байгаа юм уу. Нэг ёсондоо эрх баригчдыг дахин сонгогдож, ажилтай байлгахын тулд ард түмэн хорионд орж, бүхнээ хаяж амьдраад байгаа юм уу. Үргэлжилсэн, сунжирсан, үлбэгэр хөл хорионд утга алга. Үүнийг арай ухаалаг маягаар явуулбал ямар вэ. Зогсоо зайгүй л айлгаж, түгшээх тактик барьж байна. Яг өвчин тархвал, халдвар алдвал яах болж байна вэ.

“Ковид-19” халдварын эсрэг авч хэрэгжүүлж буй энэ бүх арга хэмжээндээ бодлого гаргая. Арай өөр арга барилаар ажиллая. Бодлого гаргадаг ухаантай, сийрэг толгой хүн хэрэг болж байна. Тэгэхгүй бол энэ ажилд улс төр орчихлоо. Нэг үгээр тахалд улс төр орчихлоо.

Тахлыг басаж байгаа юм биш ээ. Тахал хэцүү гэдэг нь үнэн. Гэхдээ зах ажиллаж байна, баарууд нууцаар ажиллаж байна, гудамжинд халдварыг тоож байгаа хүн алга. Хөл хорио аль хэзээний утгаа алдаад удаж байна, эрхбиш маск л зүүж байх шив дээ.

Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан дээр Монголын Улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа “Бээжин юм уу Сөүлийн аль нэг нислэгээ нээж, тэр нислэгээр ирсэн болгоныг карантинд байлгаад гаргаад байж болохгүй гэж үү” гэдэг санал хэлсэн. Ядаж энэ саналыг хэрэгжүүлж болдоггүй юм уу. Сүүлдээ төр засгийн зүгээс халдвартай холбоотой ярьж байгаа бүх зүйлс худлаа мэт санагдаж эхэллээ. Нөгөө чоно ирлээ гэж худал хэлдэг хүүгийн үлгэр мэт болоод байна. Хэрэв чоно ирвэл хүн үнэмшихүү гэдэг одоо асуудал болоод эхэллээ.

“Ковид-19”-ийн эсрэг авч хэрэгжүүлэх арай өөр ухаалаг бодлого гаргахгүй бол сонгуульд зориулсан захиалгат хөл хорио болоод хувирчихлаа.

Нөхцөл байдал яг өнөөдрийнх шиг байвал долдугаар сарын 1-нд яг л энэ байдлаараа л байцгааж таарна. Зургадугаар сарын 30-нд хөл хорио дууссаны маргааш юу өөрчлөгдсөн байх юм бэ. Тэрийгээ хэл л дээ. Энэ байдлаар байвал долдугаар сарын 1-нд, бүр цаашлаад наймдугаар сарын 1-нд мөн адил ийм л байдалтай сууцгааж л байх болно. Энэ дараалсан олон хөл хорио, айлгалтаараа юуг өөрчлөх гээд байгаа юм бэ. Тэрийгээ ард түмэндээ ойлгомжтой хэлээч ээ.

Эрх баригчид “Хэрвээ өвчин гарчихвал, халдвараа дотооддоо алдчихвал сонгуулиар дахин гарч ирэх боломжгүй болно” гэдэг хувиа бодсон арга хэмжээ авч байгаагаас олон мянган бизнес зогсож, олон мянган хүн ажилгүй болоод байна. Халдвар тараахгүйн тулд, олон нийтийн эрүүл мэнд, амь насны төлөө ингэж хөл хорьж байгаа юм аа гэвэл цаашид хэдэн жил биднийг ингэж хорионд оруулах юм бэ, вакцин гартал хорионд байлгах юм уу гэдгээ тодорхой хэл.

Эсвэл сонгууль дуусангуут хөл хориог тавих юм бол ард түмэн аж амьдралаараа, эх орон маань эдийн засгаараа хохироод үлдэнэ. Вакцин гартал хаалттай байлгана гэж Ерөнхий сайд хэлээд байгаа. Тэгвэл гадаадад байгаа хүмүүсээ энэ урин дулааны улиралд түлхүүхэн татахаа зохион байгуулаач. Дотооддоо, гадаадад ч олон мянган иргэн үүнийг л хүлээж, бүх юмаа хүлээлтэд оруулаад байна. Тодорхой хугацаа хэлэхгүй байгаа учраас ард түмэн тодорхойгүй байдалд орчихоод байна.

Categories
мэдээ цаг-үе

Монгол залуус амны хаалтны автомат машин зохион бүтээжээ

Нэг удаагийн амны хаалтны (маск) автомат машин бүтээсэн “Ухаалаг систем” компанийн захирал П.Энхмандах, 20К клубийн үүсгэн байгуулагч Г.Энхболд нартай ярилцлаа.


-Энэхүү автомат машиныг зохион бүтээхэд ямар хүмүүс оролцсон бэ?

-Инженер, программ, механик, дизайны багууд мөн судалгааны баг ажилласан.

Программ, техникийн шийдэл, механик хийц гээд бүхий л шийдлийг монгол залуус гаргасан.

-Хэзээнээс хэрэглээнд нэвтрүүлэх вэ?

-Хэрэглээнд нэвтрүүлэхэд бэлэн болчихоод байна. Энэ бол эхний модел нь. Дараа дараагийн модел захиалагчдын захиалгын дагуу хэлбэр, дүрс, хэмжээ нь өөрчлөгдөж болох юм. Үндсэн зарчим нь гарчихсан, ажиллагаа нь жигдэрчихсэн. Автомат машин ажиллаж байгаа гэсэн үг.

-Уг АТМ-д хэдэн үйлдэл хийж маскаа гаргаж авах вэ?

-Дэлгэцэн дээр маскны тухай санамж, мэдээлэл явж байна. Худалдан авахдаа хоёр төрлөөр гүйлгээ хийнэ. Бэлэн мөнгөөр шууд худалдан авч болно. Бас бэлэн бусаар QR кодоор гүйлгээ хийж болно. Худалдаж авах гэдэг товчийг дарахад сонголт гарч ирнэ. QR кодоор авахаар бол “Хэдийг худалдаж авах вэ” гэдэг сонголт гарч ирнэ. Тэгэнгүүт интернэт банкныхаа аппликэйшнээрээ кодоо уншуулангуут төлбөр хийгдээд маск автоматаар гараад ирнэ.

-Одоогоор хэдэн төрлийн маск байгаа вэ?

-Нэг удаагийн маск байгаа. Нэг нэг ширхгээр гарч ирнэ. Тухайн хүн хэдийг бол хэдийг ч авч болно.

-Маск тус бүртээ гялгар ууттай юу?

-Тус тусдаа гялгар ууттай.

-Энэ автомат машиныг бүтээхээс өмнө хэрэглэгчдийн дунд судалгаа явуулсан л байх?

-Автомат машиныг хийх санаа анх явж байхад ч тэр, хийж байхад ч тэр, одоо хийчихээд хэрэглээнд нэвтрүүлэхэд бэлэн болчихсон байгаа энэ үед хүмүүс 100 хувь дэмжиж, “Ямар гоё бүтээл вэ” гэцгээж байна.

-Коронавирусийн дэгдэлттэй энэ үед амны хаалтны АТМ гэдэг бол үнэхээр цаг үеэ олсон, мэдэрсэн ажил боллоо шүү дээ?

-Тэглээ. Ямар нэг супермаркет, үйлчилгээний газар руу орох гэтэл амны хаалтаа мартчихсан байдаг тохиолдол бий. Энэ тохиолдолд тухайн үйлчлүүлэгч болон үүдний жижүүрийн хооронд үл ойлголцол гарна. Яг энэ үед тэр газрын үүдэнд амны хаалтны автомат машин байвал “Та эндээс маскаа худалдаж аваад зүүж, дотогш нэвтэрнэ үү” гэвэл үнэхээр боловсон, хэн хэндээ асуудалгүй шийдэл болно. Хэрэглэгч рүүгээ хандсан маш сайхан үйлчилгээ болж харагдаж байгаа юм.

Төрийн ямар нэгэн байгууллага руу орох болтол маскаа мартсан байлаа гэхэд хамгийн ойрын эмийн сан хаана билээ гээд эрж хайж, цаг алдана. Хамгийн ойрын эмийн сан хаана байгааг бүү мэд.

-Автомат машиныг хаагуур хаагуур суурилуулах вэ?

-Бүх үйлчилгээний байгууллагууд, төрийн үйлчилгээний байгууллагууд, худалдааны төвүүд, галт тэрэг, нисэх онгоцны буудал, сургууль, цэцэрлэг гэх мэт. Маскийг худалдаалах боломжгүй иймэрхүү газруудад энэхүү машиныг суурилуулснаар тухайн иргэн дурын газраасаа маск худалдан авах боломжийг өгч байгаа ухаалаг хэрэглээ болж байгаа юм.

-Маскны автомат машин хаана хаана байрлаж байгааг гар утсаа ашиглан харж болох аппликэйшн дагаад хөгжих байлгүй?

-Хөгжүүлэлтийн явцад автомат машиндаа зориулсан аппликэйшн зохион бүтээхээр төлөвлөчихсөн байгаа. Боломжтой.

-Бусад орнуудад үүнтэй төстэй автомат машин байгаа болов уу?

-Хайрцагтай, хайрцагтаа 10, 20 ширхгээр багцаараа байдаг ч юм уу, тиймэрхүү шийдэлтэйг нь харсан л даа. Харин манайх шиг ийм ширхгээр гардаг, нэг удаагийн маскинд зориулагдсаныг нь хараагүй. Тэгэхээр байхгүй байж магад.

-Монгол залуус ийм автомат машин зохион бүтээснийг манай төр засгийнхан, эрүүл мэндийн салбарынхан мэдсэн үү. Хамтран ажиллах санал тавьсан уу?

-Шив шинэ бүтээгдэхүүн. Одоогоор бид хандаагүй. Ийм шинэ бүтээл гарлаа хэмээн “Өдрийн сонин”-оор ийнхүү зарлаж байгаа юм.

-Монголчууд амны хаалт зүүж хэвшлээ. Хүйтэн сэрүүний улирал эхлэхэд л маск зүүцгээнэ гэж одооноос ярьцгааж байна?

-Сая карантины үеэр хүүхдийн эмнэлгүүдийн ор хоосон, ямар ч ачаалалгүй, хүүхдүүд ханиад хүрээгүй шүү дээ. Тэгэхээр гол буруутнууд нь бид өөрсдөө л байжээ, тээгч болж байдаг. Цаашдаа ялангуяа олон нийттэй харилцдаг банкны теллерүүд, худалдагчид, эмч, багш нар нэг удаагийн амны хаалтыг байнга зүүж хэрэглэж байвал ханиад, томуу, уушгины сүрьеэ гэх мэт амьсгалын замаар халддаг бүх өвчин Монголд статистикаар багасна. Тэгэхээр монголчууд маск зүүж хэвшээсэй гэж бодож байна.

-Хүмүүс одоо маск худалдаж авахаараа аль болох олон ширхгээр, болвол боодлоор нь худалдаж авдаг сонирхолтой болжээ. Энэ нь цаанаа эрэлт үүсгэж, хомсдол үүсгэх шалтгаан болно шүү дээ. Амны хаалтны автомат машин олон байвал хомсдол үүсэхгүй юм даа харж байна?

-Нөгөө талдаа амны хаалт бөөнөөр нь худалдан авах боломжгүй хэсэг байж болно шүү дээ. Бас кармандаа бэлнээр 1000 төгрөгтэй явж байж ч болно. Тэрэндээ таарсан нэг бол нэг, хоёр бол хоёр ширхэг маскийг л худалдаад авчихна. Заавал хоёр ширхэг, боодлоор нь авмааргүй байж болно шүү дээ. Гэх мэтээр бүх асуудлыг маш ухаалгаар шийдсэн болохоор хэрэглэгчдэдээ ойр бүтээгдэхүүн юм.

-Танай автомат машиныг үзье, сонирхъё гэвэл хаана очих вэ?

-Одоогоор манай оффис дээр байгаа. Баянбүрдийн тойргийн зүүн талд Com­puter mall-ийн долдугаар давхар, 727 тоотод ирэх буюу 91916545 гэсэн дугаарын утсаар холбогдож тодруулж болно оо.

-Энэ автомат машиныг бүтээх санаачилгыг Твиттерийн 20К клубийнхэн гаргажээ?

-Манай 20К клубт янз бүрийн авьяастай, боловсрол, мэдлэгтэй салбар салбарын хүмүүс байдаг юм. Бүх салбарын хүмүүс байдаг л даа. Тэрэн дундаа 20К клубийн инженерүүд ярилцаад нийгэм рүү чиглэсэн, нийгмийн хариуцлагын хүрээнд юм бүтээцгээе гэж хоорондоо ярилцаад маскны машины зохион бүтээе гэж тохиролцсон юм. Жилийн өмнө энэ яриа болсон л доо. Яриа, санааны түвшинд л байсан. Тэгээд хагас жил хэртэй судалгаа хийж байтал коронавирус халдвар дэгдэнгүүт бид энэ ажлаа эрчимжүүлье, бодит ажил болгоё гэж шийдсэн. Судалгаа, бэлтгэл ажлаа хийгээд одоо л ингээд эхний бүтээгдэхүүн болох автомат машин маань гараад байна. 20К клубийнхэн нийгмийн хариуцлагын хүрээнд бүх салбарт янз бүрийн ажил хийж, өрнүүлдэг. 20 мянгаас дээш дагагчтай жиргээчдийн клуб юм. Сошиалын идэвхтэй, эерэг манлайлалд уриалсан ийм клуб байдаг юм. Энэхүү нэг удаагийн маскны автомат машиныг зохион бүтээх санаачилгыг тус клубийн залуус анх гаргасан. Харин “Ухаалаг систем” компани уг санаачилгыг хэрэгжүүлж, ажил хэрэг болгоод байна.

Categories
мэдээ цаг-үе

“Бурхан багш” киноны онцлох эшлэлүүд

Бурхан багшийн Их дүйчэн өдөр ирэх сарын 5-нд тохионо. Зуны тэргүүн сарын шинийн 15-ны энэ бэлгэтэй сайн өдрийг тохиолдуулж МҮОНТВ-ийн нэгдүгээр сувгаараа “Бурхан багш” олон ангит уран сайхны киног цувралаар гаргаж байгаа билээ. Бурхан багшийн бодит намтар түүх, энэрэн нигүүлсэх сургаал, номлолын тухай өгүүлж буй энэ киног хүүхэд залуус гэлтгүй монголчууд бүгд шимтэн үзэж байна. Фэйсбүүкт “Бурхан багш” кино сонирхогчдын группт өчигдрийн байдлаар 7700 гаруй хүн нэгдээд байгаа юм.

Залуус та бүхэнд “Бурхан багш” киноны онцлох эшлэлүүдийг хүргэж байна. Эдгээр эшлэлүүдийг сүсэгтнүүд болон уг киноны үзэгчид ийнхүү онцолжээ.

• Хаан хэдий зоригтой байлаа ч түүний хүч чадал цэрэгт нь байдаг.

• Би шашинд эргэлзэхгүй байна. Гэхдээ шашины заль мэхээр зөвшөөрүүлсэн үзэн ялалтад чинь эргэлзэж байна. Шашин хүн төрөлхтнийг нэгдэхэд туслах ёстой.

• Ан цав гарсан л бол ямар ч хэрэм нурдаг.

• Аливаа дайн хэзээ ч сайнаар төгсдөггүй.

Алтан амь, амгалан бүхнийг авч оддог.

Асрал, хайр л амгаланг авчирна

• Дайнд ялсан тал гэж байдаггүй. Дайн үзэн ядалтыг л бий болгодог.

• Үхэл бол хорвоогийн жам.

• Хүч чадал сэтгэлээс л ундарна. Сэтгэл тайван байхад бид гарцаагүй ялна.

• Бэлгэгүй үгээр барцад бүү далла.

• Би худлаа хэлэхийг оролдож болох ч нүд минь намайг илчилнэ.

• Тэвчээр бол зэвсэг.

• Уснаас илүү ундардаг, нарнаас тод гэрэлтдэг зүйлийг хайр гэнэ.

• Сул доройг хамгаалах нь дайчин хүний үүрэг.

• Надад биш, өөрийн эцэг эхэд мөргө.

• Хайр усны урсгалаас илүү хүчтэй. Жинхэнэ хайрыг харцнаас харж болдог. Хайр, мэдлэг хоёр зам нийлдэггүй.

• Дэгдээхэйг үүрнээс нь түлхэхэд нисч сурдаг.

• Үнэнд нотолгоо хэрэггүй.

• Тэнгэрт гялалзах одыг та ганцаараа муулаад гялалзахаа байчихгүй.

• Би ганцаарддаггүй, бодол эргэцүүлэл минь үргэлж надтай хамт байдаг.

• Оюун ухаант, сэтгэл тайван хүн л бүгдийг тунгаана шүү дээ.

• Яшодара:-Би чамайг хайж байлаа

Сиддхарта:-Би ч гэсэн

Яшодара:- Та хэнийг хайсан юм бэ?

Сиддхарт:- Өөрийгөө.

• Амьтад байгалийнхаа зөнгөөр амьдардаг. Харин хүмүүс бид зан төлөвөө өөрчилж чаддаг. Бид амьтнаас үүгээрээ ялгаатай. Бид өрөвч энэрэнгүй байж өөрсдийгөө ухаанаараа залж чаддаг.

• Үнэн хоёр янз бий. Ил үнэн, далд үнэн.

• Бид ертөнц даяар хайр нигүүлслээ түгээх хэрэгтэй.

Categories
мэдээ цаг-үе

Хөдөлмөрийн баатар Ё.Норовсүрэн: Секунд бол урт хугацаа. Их юм хийчихнэ шүү


Намын XVIII хурлын үеэр Ю.Цэдэнбал даргын хамт

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, оёдолчин Ёндонгийн Норовсүрэнтэй ярилцлаа.


-Та Дундговь аймгийн Адаацаг сумын хүн байх аа?

-Би Дундговийн Адаацаг сумын Ар урт бригадын Дэл гэдэг газар төрсөн юм. 1949 онд төрсөн.

-Та хэдэн настайдаа Хөдөлмөрийн баатар болсон юм бэ?

-32 настайдаа Хөдөлмөрийн баатар болж байлаа. Ардын хувьсгалын 60 жилийн ойгоор.

-1981 он байх нь ээ?

-1981 оны долдугаар сарын 9-ний өдөр Хөдөлмөрийн баатар цолоор шагнуулсан.

-Хөдөлмөрийн баатар болоход хангадаг болзол гэж маш том даваа байдаг. 32-хон насандаа ийм цол авсан гэхээр богино хугацаанд маш шаргуу, өндөр бүтээлтэй, чанартай ажиллаж шүү?

-1970 онд Арьс ширний үйлдвэрийн нэгдлийн Савхин эдлэлийн үйлдвэрт ажилчнаар орж байлаа. 1200 гаруй шижигнэсэн залуусын дунд шинэ ажилчин болж орсон доо. Анх би хотод өөр ажлаар орж ирсэн байсан юм. Тэгтэл нэг өдөр араажаваар (радиогоор) оёдолчин Цэвэгийн Амгалан гэдэг лут хүний тухай яриад байхгүй юу. АИХ-ын депутат, Савхин эдлэлийн үйлдвэрийн оёдолчин хүн гэнэ. Тэр нэвтрүүлгийг сонсоод “Энэ хүн шиг үйлдвэрт оёдолчин болвол ямар вэ” гэж бодлоо. Их гоё нэвтрүүлэг байсан, сэтгүүлчид та нарын хийсэн нэвтрүүлэг, бичсэн нийтлэл хүнд ингэж хүрдэг байхгүй юу. “Үйлдвэрийн цехэд нууранд хөвсөн хун шиг бүсгүйчүүд ар араасаа эгнэж суугаад юм оёно…цэцэг алагласан газар шиг бүсгүйчүүд суугаад тийм сайхан…” гэж яриад байхаар нь л “Ерөөсөө оёдолчин болъё” гэж шийдсэн.

Тэгээд би Савхин эдлэлийн нэгдүгээр үйлдвэрийн 13-ын Б тасагт оёдолчноор ажилд орсон. Манай тасаг савхин дээл оёдог байлаа. Бусад тасаг савхин цамц, савхин малгай, савхин цүнх гээд янз янзын савхин бүтээгдэхүүн гаргана.

Тэр үед савхин дээлийг ах, дүү социалист орнуудад экспортолдог байсан. Дотооддоо гаргадаггүй байлаа. Бидний хийсэн бүтээгдэхүүнийг сар тутам вагон ачаад экспортод гаргана. Эдийн засгийн харилцан туслах зөвлөл гэж социалист орнуудад байлаа шүү дээ. Тэр зөвлөлөөс гаргасан графикийн дагуу сарын эцсээр бэлэн зогссон вагонд оёсон бүтээгдэхүүнээ ачуулна. Вагоныг огт зогсоож болохгүй. Тийм хатуу хяналт дор ажиллана. Хамгийн гол нь гологдол гаргаж болохгүй. Түрүүчийн оёсон хүнийхээ юмыг дараачийн дамжлагын хүн нь шалгана. Би тасагтаа олигтойхон ажиллачих юмсан гэж их мэрийнэ. Говийн хүүхэн, юманд зоримгийг хэлэх үү. Аав, ээж минь юм хийлгээд сургачихсан, оёдол заалгачихсан байсан болохоор эв дүйтэй. Намайг Үйлдвэрчний эвлэлийн XI хурлын төлөөлөгч Буянхишиг гэж хүнд дагалдангаар өгсөн. Багш маань намхавтар, бор хүүхэн байлаа. Их ажилсаг. Хамрынх нь үзүүрт хөлс нь бурзайчихаад л ажиллаад байдаг хүн байж билээ. Дээл оёход нарийн хос, өргөн хос гэж оёдол бий. Багш маань нарийн хосыг оёно. Би өргөн хос оёно. Ингээд би 1975 онд дээл, цамцны бүх дамжлагын оёдол, ажиллагааг сурчихсан юм. Халаас гаргах, нүх гаргахаас эхлүүлээд бүх оёдлын дамжлагад мэргэшчихсэн. Тэгээд л “Үүнээс илүү ажиллаад үзвэл яах бол” гэж бодогдлоо. Өнөө миний араажаваар сонссон Ц.Амгалан гэж хүн манай нөгөө ээлжинд ажиллана. Би үйлдвэр, нам, олон нийтийн байгууллагадаа хэллээ л дээ. Тэр Ц.Амгалан гэж хүнтэй уралдаад үзвэл ямар вэ гэж санал тавилаа. Тэгтэл үйлдвэрийн захиргаа, нам олон нийтийн байгууллагынхан халуунаар хүлээн авч “Зөв. Үйлдвэрийн тасаг болгонд олон Амгалан шиг оёдолчин байхын хэрээр манай үйлдвэрийн ажил улам сайн явна” гээд тасаг болгоноос нэг нэг хүнийг онцлоод уралдуулав аа. Би үйлдвэрт гурван дамжлага дээр ажилладаг байлаа. Нүх оёдог дамжлага, өргөн хос оёдог дамжлага, захны дамжлага дээр. Би V таван жилийнхээ төлөвлөгөөг хамгийн түрүүнд биелүүлчихсэн юм. Бүх дамжлага дээр ажилладаг болохоор ямар нэгэн байдлаар ажилдаа ирээгүй, чөлөө авсан хүмүүсийн ажлыг давхар хийдэг байсан л даа. Тэглээ ч шахуу үүрэг авсныг ч хэлэх үү. Би ч хүүхэд шуухад олонтой л байсан. Ээж, аав хоёр маань хүүхдүүдийг минь өсгөсөн болохоор ар гэртээ санаа зовох зүйлгүй байлаа.

Зүүн гар талаас Хөдөлмөрийн баатар нэхмэлчин Ш.Цэрэнжаргал, Хөдөлмөрийн баатар оёдолчин Н.Дугуйцагаан, Хөдөлмөрийн баатар оёдолчин Ё.Норовсүрэн

Уралдаан маань тасаг хооронд байснаа үйлдвэрийн хэмжээнд болж өргөжлөө. Тэгснээ нэгдлийн хэмжээнд болж, тэгээд социалист уралдаан гэдэг юм өрнөсөн дөө.

Ингээд хөдөлмөрийн баатар, алдарт оёдолчин Ц.Амгалантай нэг дор ажиллаж, амжилтад нь хүрэх гэрээ байгуулж “Тэргүүний сайчуудтай эн зэрэгцэх” хөдөлгөөн санаачилж амласан үүрэг, тавьсан зорилтоо амжилттай хэрэгжүүлж V, VI таван жилд 21 жил есөн сарын ажил хийж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ 99.8 хувийг чанарын дээд зэрэгт тушаалаа. Энэ санаачилга амжилтаараа Монголын Үйлдвэрчний төв зөвлөлийн нэрэмжит шагналаар шагнагдлаа. Бас Ардын их хурлын депутатаар сонгогдож, МАХН-ын XVIII их хурал, Прагад болсон дэлхийн эмэгтэйчүүдийн их хуралд төлөөлөгчөөр хүртэл оролцсон. Ингэж л би Хөдөлмөрийн баатар болсон доо.

-Ажилчин болоод 11 жилийн дараа Хөдөлмөрийн баатар болжээ?

-Би баатар болно гэдгээ мэдээгүй. Нэг минут гэлтгүй, нэг секунд бидэнд чухал байдаг байлаа. Сэтгүүлчид, сурвалжлагчид ирж ярилцлага авна гэхээр “Яана аа, хамаг цаг өнгөрчих вий” гэж боддог байлаа даа. Секундын нарийн тооцоотойгоор бүхнээ төлөвлөнө. Босохдоо тийм юмаа барьж аваачна. Суухдаа тийм юмаа авчирна гэж нэг үйлдлээр хоёр ажил амжуулна. Хөдөлмөрийн баатар болоход хамт олны дэмжлэг их байсаан. Урмаар тэтгэнэ. Үйлдвэрийнхээ төлөө зүтгэнэ. Хамгийн гол нь “Экспортын төлөвлөгөөгөө биелүүлнэ” гэдэг том зорилготой. Энэ төлөвлөгөөг огт зогсоож болохгүй, ах дүү социалист орнуудад гаргадаг учраас.

-Оёдол дундаас савхи оёход маш хэцүү. Ур чадвар шаарддаг ажил л даа. Оёход төвөгтэй материал шүү?

-Савхины оёо хэцүү. Эхлээд бид чинь хатуу савхи оёдог байлаа. Манай савхи боловсруулалт тийм байлаа. Хатуу савхи үйлдвэрлэнэ. Оросын том, хүнд хар хайч барина. Савхины нугалаа, давхарласан хэсгийг алхаар балбаж байгаад оёно. Тэгээд л гар хуруу ийм л болдог байхгүй юу (Гараа харуулав.сурв).

-Гарын тань үеүд томорчээ?

-Тийм, ингээд энд тэндгүй яс ургачихдаг юм. Яахав дээ, энэ чинь мэргэжлээс шалтгаалах өвчин. Савхийг нэг муруй оёчихвол нүх нь хэзээ ч аньдаггүй байхгүй юу. Даавууны нүх аньдаг. Тиймээс маш их хариуцлага шаарддаг ажил. Гадаад дотоодын зочдод үзэж харуулдаг гол үйлдвэр нь манай Савхин эдлэлийн үйлдвэр байлаа. Бараг л улс орныхоо нүүр царай нь болдог байсан даа.

-Савхин хувцас гэдэг бол маш ховор эд бараа байлаа шүү дээ, тэр үед?

-Манай үйлдвэрээс тусгай цохолтоор худалдан авдаг байсан шүү дээ. Монгол савхи чинь солонгос савхиас өөр. Монгол савхи бүлээн, дулаан байдаг юм. Солонгос савхи хулдаас шиг хайраад байдаг.

Манай үйлдвэр улсын хэмжээний уралдаанд гурван удаа түрүүлээд Алтангадас одонгоор шагнуулж байлаа. Үйлдвэрийн дарга маань Хандмаа. Хамт олноо сайхан удирдана. Манай үйлдвэрээс Хөдөлмөрийн баатар тав төрсөн. Амгалан, Цэнд-Аюуш, Эрдэнэчимэг, Ганчимэг бид тав.

-Та тэгээд үйлдвэртээ үргэлжлүүлж ажилласан уу?

-Тэгэлгүй яахав, ажилласан. 1985 онд юм, Нэгдлийн Намын хорооны дарга Хүрлээ дуудаад “Чи сургуульд орох саналтай юу. Чи бод, чиний нас чинь ахиад ирнэ. Чамайг мастер, цехийн даргаар томилох саналтай байна. Мэргэжлийн боловсон хүчин болгоно. Энэ жил Намын дээд сургуульд дөрвөн жилийн үндсэн анги нээгдэж байна. Тэнд шалгалт өгөөд үзвэл яасан юм” гэж байна. Би чинь тэгэхэд зургаан хүүхэд төрүүлчихсэн байсныг хэлэх үү, яадаг юм билээ гэж эргэлзээд нөхөртөө хэлсэн чинь “Шалгалтыг нь өгөөд үзэхгүй юу” гэлээ. Шалгалт өгсөн чинь тэнцээд 1985 онд Намын дээд сургуульд ороод 1989 онд төгсөөд Шевретийн үйлдвэрт Намын дарга, Боловсон хүчний тасгийн эрхлэгчээр ирж байлаа. Тэгээд ажиллаж байтал 1991 онд өмч хувьчлал эхэллээ. Удсангүй ч эхчүүдийг тэтгэвэрт гарга гэдэг Хотын захиргааны шийдвэр гарч биднийг чинь “Тэтгэврээ тогтоолго” гэж шахаад манай үйлдвэрээс 36 настай хүн тэтгэвэрт гарч байлаа шүү дээ. Дэндүү харамсмаар байгаа биз дээ. Би ч бас тэгээд тэтгэвэртээ гарч байлаа.

-41 настайдаа тэтгэвэртээ гарчээ?

-Тэгсэн шүү дээ. Тэрний дараагаар ёстой хувиараа юм хийж эхэлсэн дээ (инээв).

-Савхин эдлэлийн үйлдвэрт ажиллаж байсан хүмүүс хэр уулзалддаг вэ?

-Уулзахаа байсаан. Шевретийн үйлдвэр, Савхин эдлэлийн үйлдвэрт ажиллаж байсан ахмадуудыг хүлээж авдаг албан газар гэж байдаггүй юм.

-Та үйлдвэрт оёдолчин байхдаа 2-4 хүний ажлыг зэрэг хийж байжээ. Бас хажуугаар нь зургаан хүүхэд төрүүлсэн байх юм. Тэгтэл одоо бүсгүйчүүд ганц хүүхдэдээ түүртээд байна гэж ярьдаг?

-(Инээв). Сүүлд Намын сургуульд орохын өмнөхөн төрөхдөө ихэр хүүхэд төрүүлсэн. Үйлдвэрт ажилладаг байхдаа дөрвөн л хүүхэдтэй байсан байхгүй юу. Би ч хүүхдүүдээ тааруухан л хардаг байсан байх даа. Хүүхэд төрүүлээд л 45 хоногийн дараа ажилдаа ордог байлаа. Ээж маань байсан, нөхрийн дүү нар, манай дүү нар хөдөөнөөс ирнэ. Манайд баахан л оюутан байдаг байлаа. Хоёр өрөө байранд дүүрэн л улсууд байдаг байж дээ. Тэгж байна гэж ер боддог ч үгүй байжээ. Байх л ёстой юм шиг боддог байжээ. Одоо бол би ад үзэх байх аа (инээв).

Дэлхийн эмэгтэйчүүдийн их хурал. 1981 он. Прага хот. С.Удвал даргын хамт

-“Одооны залуус их өөр болжээ. Бидний үед ийм байгаагүй” гэдэг энэ үгийг аль ч үеийн ахмадууд хэлдэг. Бүр 1000 гаруй жилийн тэртээ ингэж ярьж байсан гэдэг?

-Би социализмын үеийг муу хэлэхгүй. Үнэхээрийн гуйлгачингүй байлаа. Тэр ч бүү хэл шорон оронгоос ирсэн улсуудыг бидэнд хариуцуулж өгдөг байлаа. Нийгэмшүүл гэж. Надад ч тэр архи уугаад болохоо байчихсан хүүхнийг даалгаад өгч байлаа. Тэрэнтэйгээ тулж ажиллана. Тэрийгээ архи уулгахгүй, ажил хийлгэхийн төлөө хичээнэ. Тэр үед шорон оронгоос гарсан улсуудыг хаядаггүй байлаа. Үйлдвэрүүдэд хариуцуулаад өгчихдөг байсан юм. Хүн бүрт ажиллаж байгаа үйлдвэрээ гэсэн сэтгэл, үйлдвэрээ сайхан авч явахсан гэсэн эрмэлзэл харагддаг байлаа. Ямар сайндаа манай үйлдвэрийн нэгэн ахмад хүн архи уугаад согтчихож. Нэлээд согтоод гудамжинд явж байж. Манайхан таараад “Та зүгээр үү. Гэр рүүгээ явж чадах уу” гэсэн чинь “Би ерөөсөө гудамжинд унаж болохгүй шүү. Үйлдвэрийн нэр гарна” гээд “Би зүгээр зүгээр, ингээд явчихна” гээд явчихсан гэдэг юм. Тэгж л ажиллаж буй үйлдвэр, хамт олныхоо нэр хүндийн төлөө санаа тавьдаг байж.

-Тухайн үед бүх нийтээрээ бямба гаригт хагас ажилладаг болохоор “Хагас сайн өдөр” гэж нэрлэдэг байлаа. Ер нь л их хөдөлмөрлөдөг байжээ?

-Бид чинь зургаан өдөрт нь ажиллана. Хагас сайн өдөр хагас ажилладаг ч эвлэлийн дугуйлан, намын дугуйлан, лекц, сонсголд сууна. Тэр бүгдийг тасалж болохгүй. Тасалбал уралдааны дүнгээс хасчихна. Бүгдийг тэгш гүйцэтгэдэг байлаа. Тэр чанараараа хүмүүсийг нийгэмшүүлдэг байжээ гэж боддог юм. Гуйлгачин, ядуусгүй, нийгэм нь жигд байжээ.

-Та бүхний үед залхуу, ажилгүй хэвтэж байгаа хүмүүсийг бусад нь нүд үзүүрлэдэг. Хөдөлмөрөөс хойш суусан хүнийг шүүмжилдэг цаг байсан шүү дээ?

-Сайхан байлаа. Сургууль төгслөө, ажил нь бэлэн. Манай хүүхдүүд бүгд сургууль төгсөөд ажилд орсон. Ямар ч мэргэжлээр төгссөн бай улс ажлын байрыг нь гаргаад өгчихдөг байлаа шүү дээ. Одоо гурван дээд сургууль төгсөөд ажилгүй суугаа хүн байж л байна.

Бид чинь шавь сургана. Сургууль төгссөн хүүхдүүд гүйгээд ороод ирнэ. Сурга гэнэ. Би 50 гаруй шавьтай байлаа. Тэдний чинь байх нь байна, гарах нь гарна. Шавь нар багшдаа их тусална аа.

-Шинэ ажилтан орж ирэхээр загнаад зандраад, дээрэлхээд байх нь элбэг. Та шинэ ажилчдыг хэрхэн сургаж авдаг байв?

-Амьдрал нь ямар юм, ажил хийх боломжтой байна уу, үгүй юү. Бас найз нөхөд нь, нийлж байгаа хүмүүс нь ямархуу юм. Ар гэрт нь гачигдал зовлон гарна, тэр олон хүн дотор өвчтэй зовлонтой хүн ч гарна. Уйтгар гуниг тохиолдох үе ч байна. Тэр бүгдийг нарийн анзаарна. Тэр болгонд тасгийн хамт олон нь бүгд санаа тавина. Ахмадууд нь чадахгүй байгаа хүндээ заагаад туслаад өгнө шүү дээ. Түүнээс биш “Энэ муу чадахгүй” гэж ерөөсөө хэлэхгүй. Хөөрхөн шавь нартайгаа ажиллах сайхаан. Социалист хөдөлмөрийн бри-гад гэж бий. Би чинь Бригадын дарга. Бригаддаа авсан бүх хүндээ анхаарал тавина. Хөгшин, залуу гэлтгүй бүх насныхан байна. Тэтгэвэртээ гарчихсан настай хүн ч ажилладаг байлаа. 70 гарсан Мядаг гэж авгай байдаг л байсан сан. Бригад л бол бригад. Хамт олон болж бүрэлдэнэ. За тэгээд сарын эцэс болохоор ажил дээрээ хонож өнжих ч шаардлага гарна. Вагон сул зогсоож болохгүй, вагон цагтаа хөдлөх ёстой гэнэ. Цагийг нарийн ашиглана даа. Секундын төлөө явдаг байлаа. Секунд бол урт хугацаа шүү. Их юм хийчихнэ шүү. Минут бол том хугацаа.


Categories
мэдээ цаг-үе

Г.Мөнхбадрал: Зуунмод, Майдар сити, Аэроситийг эдийн засгийн хөнгөлөлттэй бүс болгох санал дэмжигдэж байгаа

Төв аймгийн Зуунмод сумын Засаг дарга бөгөөд Зуунмод хотын захирагч Г.Мөнхбадралтай цаг үеийн сэдвээр ярилцлаа.


-Улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдалд байна. Танай сумын хувьд энэ үед хэрхэн ажиллаж байна вэ?

-Улс орон төдийгүй дэлхий даяараа цар тахлын эсрэг арга хэмжээ авч байна. Дэлхий нийтээрээ ингэж хөл хорионд орж, эдийн засаг хүндэрч байгаа нь шинэ зүйл болж байна. Төрийн байгууллагуудын хувьд гамшиг ослын үед ажиллах төлөвлөгөө гэх мэт зүйл байдаг л даа. Тэр нь голдуу гал түймэр, газар хөдлөлт зэрэг гамшиг, осолтой холбоотой байдаг учир сургалтад сууж, иргэддээ сэрэмжлүүлэг өгөх журмаар ажилладаг байсан. Гэтэл энэ удаад орон нутагт нэлээд онцлогтой байна. Улсын онцгой комиссын шийдвэрээр аймагт Онцгой комисс байгуулагдсан. Сум болгонд Онцгой комисс байна. Сум бүр шуурхай штаб ажиллуулж байна. Шуурхай штаб нь 24 цагаар байнгын жижүүртэй байж, мэдээгээ авч байна.

Бид эрүүл мэнд, мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлыг нэгдүгээрт тавьж ажиллаж байна. Амны хаалт зүүх, хүн хоорондын зайг баримтлах, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажил хийж байна. Манай хот 17 мянган хүн амтай, 5300 орчим өрхтэй учир халдваргүйжүүлэлтийн ажил хийхэд нэлээд хөрөнгө, зардал, цаг хугацаа орж байна. Өнгөрсөн долоо хоногт аймгийн Онцгой комиссоор хөрөнгө мөнгийг нь шийдүүлүүлээд нүхэн жорлонг ариутгах ажил хийлээ. Нийтдээ 2900 гаруй нүхэн жорлон байна. Эдгээр жорлонг ариутгах ажлыг бид долоо хоногт багтааж хийлээ. Аймгийн Онцгой комисс, Эрүүл мэндийн газрын зөвлөмжтэйгөөр манай сум багуудтайгаа хамтраад энэ ажлыг гүйцэтгэлээ.

Аймгийн төвд тусгай зөвшөөрөлтэй, ариутгалын мэргэжлийн гурван байгууллага байна. 40 гаруй барилгын 90 орчим орцыг ариутгалаа. Ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг 7-10 хоногийн давтамжтай хийж байгаа.

Мөн коронавирусээс урьдчилан сэргийлэх, таниулах сурталчилгааны ажлыг баг болгон дээр хийж байна. Цагаан хоолойгоор сэрэмжлүүлэг хүргэж байна. Амны хаалт зүүх, гараа тогтмол ариутгах, шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг иргэддээ зөвлөж байна. Сумын Шуурхай штаб дээр багш нараас бүрдсэн эргүүлийн баг гаргалаа. Шуурхай штабынхан тоглоомын талбай, олон нийтийн газарт бөөгнөрөл үүсгэхгүйн тулд тараах арга хэмжээг авч байна. Хүүхдүүд гурав дөрвөөс дээш тоогоор цуглавал очоод анхааруулж сануулж, маск зүүхийг зөвлөж, тарааж байна. Гэх мэтчилэнгээр урьдчилан сэргийлэх ажлуудыг тасралтгүй хийж байгаа.

Зуунмод хот бол нийслэлтэй ойрхон, говиос чиглэлтэй их замын газар. Өмнөговь, Дундговь зэрэг аймгаас ирж байгаа хүмүүс Улаанбаатар хот руу орохоос өмнө Зуунмод хотод буудаллаж, үйлчилгээ авдаг. Энэ утгаараа манай хот хөлийн газар. Тийм ч болохоор урьдчилан сэргийлэх ажилд ихээхэн анхаарч байна. Үүнд ч нэлээд хөрөнгө гарч байна. Байгууллага, аж ахуйн нэгжүүдийн дэмжлэг, тусламж ч ирж байна. Бас Аймгийн Засаг даргын Тамгын газрын нөөц боломжуудаа ашиглаад энэ бүхнийг хийж байна.

-“Ковид-19” халдвараас болоод улс орны эдийн засаг уруудаж, иргэдийн амьжиргаа муудаад байна. Төлөвлөсөн ажлууд ч зогсож, цаашид байдал улам хүндэрч мэдэхээр байна. Танай Зуунмод хотын энэ онд төлөвлөсөн ажлууд хэр явж байна вэ?

-2020 оны төлөвлөгөөгөө өнгөрсөн онд гаргаад ИТХ-аараа батлуулаад ажилдаа орсон. Одоогоор төрийн ажил саатсан юм алга. Энэ онд Сум хөгжүүлэх сан, аймаг, улсын хөрөнгөөр тус тус хийгдэх ажлуудын сонгон шалгаруулалт, тендер нь зарлагдаад бүгд ном журмаараа явж байна. Санхүүжилтийн хувьд оройтох, одоогоор орж ирээгүй тохиолдлууд байна л даа. Энэ нь Засгийн газраас тайлбарлаад байгаа, нүүрсний экспорт саатсантай холбоотой байх. Гэхдээ энэ нь засагдах байх гэж бид харж байгаа. Орон нутгийн хувьд урсгал зардал, тог цахилгааны төлбөр, албан хаагчдын цалингаас бусад зардлуудыг хаачихсан байгаа.

Гэсэн ч бид энэ жил орон нутагтаа бүтээн байгуулалтын олон ажил төлөвлөчихсөн байна. Манзушир хийд хүртэл засмал зам барих зам барилгын ажлын тендер сая зарлагдаад гүйцэтгэгч нь шалгарсан байна билээ. Аймгийн төв дэх “Мон суль” ШТС-ын уулзвараас Манзушир хийд хүртэлх засмал замын ажил одоо эхэлнэ.

Мөн хотын төвд авто замын хэсэгчилсэн зам засварын ажлуудын тендер зарлагдаад явж байна.

Энэ жил Төв аймаг “Чанартай, хүртээмжтэй төрийн үйлчилгээ”-ний жилийг зарлачихаад байгаа. Иргэдэд төрийн үйлчилгээг хөнгөн, шуурхай хүргэхийн тулд онцгой анхаарч байна. Манай аймгийн Засаг даргын Тамгын газрын хувьд ISO стандартыг хангасан. Сум маань энэ жил энэ стандартад шилжих гээд ажиллаж байна.

Төрийн албан хаагчдын хандлага, соёлоос эхлүүлээд төрийн үйлчилгээ авахаар орж ирсэн иргэн ямар үйлчилгээг хэрхэн хурдан шуурхай авах вэ гэдэгт нэлээд анхаарсан жил болж байна. Иргэн төрийн үйлчилгээг аваад сэтгэл ханамжтай гарах хүртэлх бүх үйл явц энэ стандартад хамаарагдаад байгаа юм. Иргэнийг хөтөч тосч авч уулзана. Жишээ нь, газрын тухай асууж лавлах зүйл байгаа бол сайтаас бүх мэдээллийг нь харуулаад газар авах хүсэлт гаргахад ямар материал бүрдүүлэх тухай мэдээллийг өөрийнхөө цахим шуудан руу илгээж болно. Эсвэл хэвлээд авчихаж болно. Энэ мэтээр шинэ шинэ ажил хийгээд байна.

-Хаврын тариалалтын тухайд. Зуунмод сум хүлэмж олонтой доо?

-Манай Зуунмод сум газар нутгийн хувьд бага, байршлын хувьд өндөрлөг. Хөрсний шимийн хувьд бусад сумдтай харьцуулахад бага л даа. Гэхдээ тариалалтын ажил эхэлсэн. Өрхийн тариалалт эхэлж, хүлэмжийн тоо нэмэгдээд байна. Хүлэмжийн тоо сүүлийн жилүүдэд огцом нэмэгдсэн. Түүнтэй холбоотой худаг гаргах айлуудын тоо ч өслөө. Өөрийнхөө 0.7 га газартаа хэрэгцээний ногоо хурааж авч, илүүг нь борлуулж ашиг олдог өрхүүд нэмэгдэж байна. Энэ жил Зуунмод сум “Монгол ногоо” төсөлд хамрагдсан. V баг буюу Нацагдорж багийн нэг гудамжны арав гаруй айл бүхэлдээ энэ төсөлд хамрагдаад тариалалтаа эхлүүлж байна. Төслийн зохицуулагч, сургагч багш нар нь ирж иргэдэд сургалт хийгээд явж байгаа. Хүлэмжнээс эхлүүлээд багаж хэрэгсэл өгч, ногоо тарих арга техникийг бүхлээр нь зааж өгөх ийм төсөл. Бидний зүгээс айлуудаа зохион байгуулж, худаг усных нь асуудлыг шийдэж байгаа.

Хэдий манай сум жижиг газар нутагтай ч өрхийн хэрэгцээний ногоо тарих ажлыг ихэд дэмждэг. Жилээс жилд тариалалт, ургацын хэмжээ өсч байгаа.

Бүх нийтээрээ мод тарих ажлын хүрээнд орон нутгаараа хөдөлж байна. Сумын Засаг даргын албан даалгавар, захирамж гарч байгууллага, аж ахуйн нэгжүүдийн зураглалыг гаргасан. Зураглалд тухайн байгууллагын мод тарих боломжтой талбайг судалж, хичнээн мод таривал зохихыг мэргэжлийн хүмүүс зөвлөсөн. Ингэхдээ аймгийн Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны албатай ярилцаад хотынхоо төвд 2300 гаруй суулгац тарихаар болж, тэдгээр суулгацуудаа байгууллагуудад үнэгүй тарааж, тариулна. Зуунмод сумын Засаг даргын Тамгын газар, Хот тохижуулах газартайгаа хамтраад хоёр метр ба түүнээс дээш өндөртэй нарс модыг мэргэжлийн байгууллагатай нь гэрээлээд хотынхоо төв гудамжаар тарихаар тогоог нь ухаад бэлтгэл ажлыг хийж эхлээд байна. Мод тарихаас илүүтэй түүнийг арчилж ургуулах нь чухал байдаг. Бид усалгааны асуудлыг давхар шийднэ. Энэ жилийн цаг агаарын төлөв мэдээгээр нэлээд хуурайшилттай байхаар байна. Манай сум түймрийн эмзэг бүсэд ордог. Их хуурайшилттай. Богд ууланд зорчихыг түр хориглочихоод байгаа. Богд уул, Манзуширын хийд чинь Хан-Уул дүүргийн нутаг юм шүү дээ. Хотод нийслэлийн Засаг даргын захирамж гарахад энд Манзуширын хийд рүү болон бусад ам руу нь ороход тус захирамж үйлчилдэг гэсэн үг. Зургадугаар сарын нэгэн хүртэл ногоон бүс рүү орохыг хориглочихсон байгаа.

-Зуунмод хотын иргэд, оршин суугчдын зүгээс ямар хүсэлт, саналыг голчлон тавьдаг вэ?

-Дэлхийн банкнаас санхүүждэг Тогтвортой амьжиргаа төсөл гэж бий. Энэ төслийн хүрээнд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр ажлууд хийдэг. Монгол Улсын хэмжээнд хүн амын нягтаршил, газар зүйн байршлаасаа хамаарч хөрөнгө нь төсөвлөгдөхдөө харилцан адилгүй байдаг. Манайд жилд 40-50 сая төгрөг төсөвлөгддөг байсан бол энэ жил 109 сая төгрөг энэ сангаар дамжиж ирж байна. Мөн үүн дээр сумын давсан орлогоо нэмээд 200, 300 саяар ажил үйлчилгээ хийгддэг. Ингэхдээ иргэдээс санал авдаг. Дараа онд хийгдэх ажлыг тухайн оныхоо тавдугаар сард багтаан багийн Иргэдийн нийтийн хурлаараа хэлэлцээд гарсан саналуудыг эрэмбэлдэг. Оны эцсийн хуралд нийт багаас ирүүлсэн саналуудыг дахин эрэмбэлээд ирсэн хөрөнгөнд нь хуваарилаад тэгээд ажил хэрэг болгодог зарчимтай.

2020 онд нийтдээ 218 сая төгрөгөөр ажил хийнэ. Иргэдээс тоглоомын талбай, гэр хороололд худаг усны асуудал, ухаалаг худаг, гэрэлтүүлэг, явган хүний зам, үерийн далан шуудуу татуулах, зам, гүүр янзлуулах зэрэг санал ирсэн. Энэ ажлуудыг дээрх хөрөнгөндөө багтааж хийнэ. Сумын хурлаараа энэ асуудлыг хэлэлцэж, зургаан багтаа хувааж зарцуулна.

-“Майдар сити, Aэросити хөгжих суурь бааз нь Зуунмод хот байх болно” гэж та өмнөх ярилцлагадаа онцолж байсан. Тэр утгаараа танай хот анхаарлын төвд байгаа. Үүнтэй холбоотойгоор ялангуяа бизнесийн байгууллагууд Зуунмод хотыг сонирхож байгаа байх?

-Ер нь сонирхож байна. Зуунмод хот бол анхаарлын төвд байгаа. Нийслэлийг 2030, 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд хамрагдаж орж явдаг. Нийслэлд Монгол Улсын нийт хүн амын 50 гаруй хувь нь амьдарч байна. Цаашид жил ирэх бүр хүн ам нь нэмэгдэнэ гэж үзвэл даац нь хэтэрнэ. Тэгэхээр дагуул хотыг хөгжүүлье гэж яриад байгаа юм. Нийслэлийг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө гаргахаар дагуул хотуудыг хөгжүүлэх шаардлага тулгарна. Тэгвэл дагуул хотуудыг эдийн засгийн хөнгөлөлттэй бүс байлгавал ямар вэ гэдэг санал нэлээд дэмжигдээд байгаа. Засгийн газрын тогтоол дээр Зуунмод, Майдар сити, Аэроситийг эдийн засгийн хөнгөлөлттэй бүс болгох саналыг судалж оруулж ир гэж байгаа. Тэгэхээр Улаанбаатар хотоос үйлдвэр, үйлчилгээгээ Зуунмод хотод салбарлуулаад татварын хөнгөлөлт эдлэх боломж бүрдэнэ гэсэн үг. Хэрвээ нийслэлийг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу дээрх санал дэмжигдээд энд аж ахуйн нэгж, байгууллага, үйлдвэрүүд байгуулагдахаар болвол хүн амьдрах таатай нөхцөл, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн үйлчилгээ хүрэлцээтэй байх ёстой болно. Үүнд ч төрийн бодлого, нийслэлийн бодлого чиглэх хэрэгтэй болж байгаа юм. Бид ч энэ төлөвлөгөөний дагуу өнгөрсөн дөрвөн жилд уг асуудалд анхаарал хандуулж, Зуунмод суманд дулааны цахилгаан станц барихаар болоод байна. Солонгосын Exim банкны хөрөнгөөр арван аймагт дулааны цахилгаан станц баригдаж байгаа. Ирэх 10 дугаар сард тендер нь задарна. Энэ станцыг шинэ суурьшлын бүсэд барина. Хотод шинээр баригдсан театр, авто вокзал, ЗХЖШ-ын байр энэ бүгд бол шинэ суурьшлын дэд төлөвлөгөөний дагуу баригдсан юм. Шинэ суурьшлын бүсийнхээ дулааны асуудлыг шийдчихэж ингэж байна. Хоёрдугаарт цэвэр усны нөөцийн сангийн байгууламжийн 6.7 км шугамыг солиод 4000 куб/метр болгож багтаамжийг нь нэг дахин өсгөчихөөд байна. Энэ нь цаашид Зуунмод суманд өндөр барилга барих боломжийг нь нээгээд өгчихөж байгаа юм.

Зуунмод хотод төрийн болон бизнесийн байгууллагууд орж ирснээр төсөвт маш их мөнгө өгч байна. Миний хувьд аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажилладаг учир үүнд анхаарал тавьж, судалдаг. Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал ашиглалтад ороогүй байгаа хэрнээ аймгийн төсөвт жилд 4.5 тэрбум төгрөгийн татвар төлчихөөд байх жишээний. Зуунмодын Хот тохижуулахын газрынхан маань тэднийхтэй гэрээ хийж, гаднах зам талбайн цэвэрлэгээг хариуцаад сард 2-3 сая төгрөгийн төлбөр авч байна. Ашиглалтад ороогүй байгаа газар жилд 4.5 тэрбум төгрөгийг татварт өгч байна гэдэг бол нэг аймгийн хэмжээнд бол том тоо шүү. Бүрэн утгаараа ажиллаад ирвэл энэ тоо улам нэмэгдээд ирэх болно. Энэ мэтээр ямар нэгэн хөрөнгө оруулалт орон нутагтаа өгөөжөө өгч байна. ЗХЖШ байгуулагдсанаар олон хүн ажлын байраар хангагдаж байна.

Налайх, Зуунмодны нутаг дэвсгэрийн зааг дээр сайжруулсан түлшний хоёр дахь үйлдвэр байгуулагдахаар газар авчихлаа. Тэр үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллавал 1500 хүн ажиллана. Одооноос манай аймгаас хэдэн хүн тэдэнд ажиллах вэ гээд судалгаа хийгээд явж байна. Үүнийг дагаад Зуунмод хот маань түүхий нүүрснээс татгалзаад сайжруулсан түлш хэрэглэх хэлбэр рүү шилжихээс өөр аргагүй болно. Иргэд ч багийн хурал дээрээ энэ асуудлыг хөндөж ярьж эхэлсэн.

Сүүлийн үед аймаг, орон нутагт төдийлөн байдаггүй үйлчилгээний газрууд ч нэмэгдэж байгаа.

-Жишээ нь?

-Сүлжээ дэлгүүр, фитнесс, бүжиг, йогийн сургалтууд нэвтэрч эхэлж байна. Манай хот түрээсийн хувьд таатай бололтой юм. Ингэхээр бид яалт ч үгүй дахин төлөвлөлт хийхээс аргагүй болж ирж байна. Дийлэнх барилгууд насжилт өндөртэй, хүн амьдрахад хүндрэлтэй, засвар хийгээд тордлогоо авахгүй болсон. Дахин төлөвлөлтийн ажлыг бид энэ жил эхлүүлж чадлаа. Хотын төвд байсан Үйлдвэрчний эвлэлийн нэг давхар барилгыг дахин төлөвлөлтөд оруулж, таван давхар болголоо. Хүнсний үйлдвэрийн гэх тодотголтой хуучны байшингуудыг дахин төлөвлөлтөд оруулаад явж байна. Энэ мэтээр дахин төлөвлөлт, ирээдүй рүүгээ харсан ажлуудыг хийж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Алт олборлолт 2.1 дахин өсч, нүүрсний экспорт нэмэгдээд байна

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл энэ оны эхний дөрвөн сард урьдчилсан гүйцэтгэлээр 4.1 их наяд төгрөг болсон нь өмнөх жилийнхтэй харьцуулбал 1.3 их наяд төгрөгөөр буураад байгаа юм. Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 1.3 их наяд төгрөгөөр, боловсруулах аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 65.1 тэрбум төгрөгөөр тус тус буурсан нь голлон нөлөөлжээ. Өнгөрөгч сард Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомтоор өдөрт дунджаар 400 машин нүүрс экспортолж байсан бол тавдугаар сар гарснаас хойш нүүрсний экспорт нэмэгдээд байна. Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомтоор өдөрт 700 гаруй машин нүүрс экспортолж байна.

Оны эхнээс тавдугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 4.6 сая тонн чулуун нүүрсийг 374.5 сая ам.доллараар экспортлоод байна.

Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад биет хэмжээгээр 2.7 дахин бага, мөнгөн дүнгээр 2.8 дахин бага үзүүлэлт юм. Зөвхөн тавдугаар сар гарснаас хойш 482 мянган тонн чулуун нүүрс экспортолжээ.

БУРГАСТАЙ БООМТООР ЖИЛД ДУНДЖААР 1-1.16 САЯ ТОНН ТӨМРИЙН ХҮДЭР ЭКСПОРТОЛДОГ

Улсын Онцгой комиссоос гаргасан төмрийн хүдрийн экспортын тээвэрлэлтийг эхлүүлэх шийдвэрийн дагуу “Хилийн боомтыг түр хаах, нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах” тухай Засгийн газрын 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулж, Бургастай-Лаоемяо боомтыг нээгээд байна.

“Алтайн хүдэр” ХХК-ийн уурхай сар бүр Говь-Алтай, Ховд аймгийн 38 иргэн, аж ахуйн нэгжүүдээс 8.6 тонн мах, 560 литр сүү, сүүн бүтээгдэхүүн, 11.7 тонн хүнсний ногоо зэрэг ахуйн хангамжийн бараа материалын худалдан авалт хийж, уурхайчдын хоол хүнсэнд ашигладаг байна. Мөн дээрх орон нутгийн ханган нийлүүлэгч жижиг, дунд үйлдвэрлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдэд сард 152 сая төгрөгийн төлбөрийг шилжүүлдэг бөгөөд тус боомт нээгдсэнээр уурхай ажиллаж, улмаар экспорт сэргэн, орон нутгийн иргэдийн орлого нэмэгдэх зэрэг ач холбогдол ихтэй.

Говь-Алтай аймгийн Цээл сум дахь Бургастай боомтоор “Алтайн хүдэр” ХХК жилд дунджаар 1-1.16 сая тонн төмрийн хүдэр экспортолж, Улсын төсөвт 15.7 тэрбум төгрөг, орон нутгийн төсөвт нэг тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна.

МОНГОЛБАНКИНД ТУШААХ АЛТНЫ ХЭМЖЭЭ НЭМЭГДЖЭЭ

Монголбанкинд тушаасан алтны хэмжээ нэмэгджээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 20 гаруй хувиар нэмэгдэхэд дараахь хоёр хүчин зүйл нөлөөлсөн гэж үзжээ. Нэгдүгээрт, коронавирусийн халдварын тархалттай холбоотойгоор алтны үнэ дэлхийн зах зээл дээр өссөнөөс аж ахуйн нэгжүүд үнэ өсөхийг нь хүлээн хадгалж байсан алтаа тушааж эхэлсэн байна. Хоёрдугаарт, коронавирусийн нөлөөгөөр хилийн хорио цээрийн хяналт сайжирч, зорчих хөдөлгөөн буурсан зэрэг нь алтыг хууль бусаар хил гаргах боломжийг хязгаарласан нь Монголбанкинд тушаах алтны хэмжээг нэмэгдүүлсэн байх талтай аж.

Улсын хэмжээнд оны эхний дөрвөн сард алт олборлолт өмнөх оны мөн үеэс 2.1 дахин өсөөд байна.

65 МЯНГАН ТОНН ГАЗРЫН ТОСОЛ БОРЛООД БАЙНА

Монгол Улсын хэмжээнд энэ онд 6.6 сая баррель буюу 890.000 тонн газрын тос олборлон экспортод гаргаж, газрын тосны орлогоос улсын төсөвт 335.6 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн.

Сүүлийн мэдээгээр улсын хэмжээнд 479311 баррель буюу 65463 тонн газрын тос олборлож, 359355 баррель буюу 46174 тонн газрын тос экспортолж 21.3 тэрбум төгрөгийн орлого хуримтлуулаад байна.

Categories
мэдээ цаг-үе

Хар галуу саарал чонын үүрэг гүйцэтгэж загасны сүргийг эрүүл байлгадаг

Тураг гогой буюу “хар галуу” гэж нэрлэгддэг шувууны тухай сайн муу мэдээлэл жил бүрийн өдийд дэгддэг болоод удлаа. Энэ шувууны талаар Монголын шувуу хамгаалах төвөөс дараах албан ёсны мэдээлэл авлаа.

Тураг гогой нь 1758 онд анх шинжлэх ухаанд бүртгэгджээ. Хуучин ангилал зүйн хувьд Pel­icaniformes буюу Хотонтоны багт хамаардаг байснаа сүүлийн үеийн генетикийн судалгаагаар Suliformes ангилал руу оржээ. Одоогоор дэлхий дээр нийт 30 гаруй зүйл гогой бүртгэгдсэн бөгөөд тураг гогойн зургаан салбар зүйл ангилагдсан байна. Энэ багт бидний сайн мэдэх өрөвтас, пенгвин, гахууна гэх шувууд хамрагддаг. Гэхдээ хотонтой маш ойрын төрөл гэж судлаачид дүгнэсэн хэвээр бөгөөд магадгүй нэг өвгөөс гаралтай гэж үздэг аж. Тураг гогойн латин буюу шинжлэх ухааны нэрийг Phalacrocorax carbo гэдэг. Энэ нэр нь эртний грек үгнээс үүдэлтэй. Phala­cro гэдэг нь “халзан”, corax нь “хон хэрээ” гэсэн утгыг илэрхийлдэг.

Гогой бол дэлхийд өргөн тархалттай усны шувуудын нэг. Манай оронд анх 1881 онд судлаач Брезовский их нууруудын хотгорт анх тэмдэглэж Монгол орны шувууны жагсаалтад бүртгэгдсэн байдаг.

Монгол орноор 1913-1970 онуудад аялсан судлаачдын бүтээл, тэмдэглэлүүдийг үзэхэд нуурын мандлыг Тураг гогой хар хөшиг татсан мэт бүрхжээ гэсэн байдаг. Тиймээс энэ шувуу анх үүссэн цагаасаа буюу хэдэн сая жилийн өмнөөс бусад шувуудын адил байгалийн жамаараа өөрийн идэш тэжээлийн нөөц хүрэлцээг даган томоохон нууруудаар олноор сүрэглэн амьдарсаар ирсэн байна. Тэр ч бүү хэл Америкийн алдарт шувуу судлаач James Audubon гэх дэлхийн хамгийн анхны бөгөөд өнөөгийн хүчирхэг Шувууны нийгэмлэгийг үүсгэн байгуулсан хүн 1820 оны 12 дугаар сард Миссиппид хэдэн сая тооны давхар согсоот гогойг нүүдлийн үед нь тоолж баримтжуулж байсан аж. Дэлхий дээр дунджаар хоёр сая тураг гогой байдаг гэсэн үнэлгээ байгаа. Тураг гогойгоос гадна загасаар хооллодог өчнөөн зүйлийн хэдэн сая шувуу, махчин амьтад байдаг бөгөөд тэд олон зуун жил загасаа идсээр л ирсэн.

Тураг гогойны идэш тэжээлээ барьж идэх гайхалтай авьяаслаг ангууч зан төрхийг нь ашиглан Япон болон Хятад зэрэг улсууд гаршуулж сургасныг хүмүүс “Гогойг Хятадууд үржүүлж гаргаж авсан шувуу” гэж буруу ойлгох нь бий. Тураг гогой байгаль дээрээ зэрлэг загасны популяци, тоо толгойд сөргөөр нөлөөлсөн судалгааны үр дүн өнөөг хүртэл гараагүй. Бүр эсрэгээрээ Өмнөд Австралид шувуу судлалын байгууллагууд тураг гогойг хамгаалах шаардлагатай гэж үздэг. Учир нь тураг гогой тус тивийн toadfish болон leather­jacket гэх хоёр зүйл загасаар голдуу хооллож, тэдний тоо толгойг хянаж зохицуулж байдаг гэнэ.

Учир нь дээрх хоёр загас бусад бүх зүйл жижиг биетэй загаснуудынхаа түрсийг их хэмжээгэр иддэг хөнөөлтэй аж. Ер нь тураг гогой байгаль дээрээ загасны популяцид сөрөг нөлөө байдаггүй талаар олон судалгаа, олон докторын ажлууд байдаг.

Сүүлийн үед энэ шувууны эд эрхтэн хүний биед сайн гэх худал хуурмаг мэдээлэл явах болсон. Ийм худлаа мэдээлэл түгээж бусдыгаа хорлож болохгүй, тураг гогой бол ангаахай бойжуулдаг шувуу. Өөрөөр хэлбэл, махчин шувууд шиг үүр хэвтшээ удаан хугацаанд ашигладаг онцлогтой юм. Ийм төрлийн шувууд эндо болон экто празит ихтэй байдаг. Тиймээс ангаахай гаргадаг шувуудыг хүмүүс агнадаггүй ажээ.

Амьтан судлаач Г.Амарсанаа “Өнгөрсөн гуравдугаар сарын 29-нд ОХУ-ын Улаан-Үд хотноо Буриадын Засгийн газарт хар галуутай холбоотой хуралдаан болсон. Энэ хуралдаан дээр “Титан групп” компанийн захирал, “Байгаль” загасны үйлдвэрийн тэргүүн Вадим Бредный Оросын Загасны аж ахуй эрхэлсэн дарга Илья Шестаковт хандан хар галуунуудыг устгаж, омуль загасыг аврахыг уриалсан байна билээ. Түүний хэлснээр “ЗХУ-ын үед хар галууг байнга устгадаг байсан тул Байгаль нуурт энэ галуу байдаггүй байсан бөгөөд үүний ачаар Байгаль нуурын омуль загасны популяци маш их сэргэсэн. Дайны дараах жилүүдэд хар галуу бүрмөсөн устсан. Гэтэл одоогоос 15 жилийн өмнөөс Байгаль нуур хар галуутай болж тоо толгой нь өссөөр байгаа учир энэ шувууг яаралтай устгах хэрэгтэй байна. Би зун, өвлийн аль алинд нь загасчлахаар явдаг. Энэ үеэр энэ муухай шувуу гүехэн усанд ч гүнзгий усанд ч загасыг хэрхэн хайр найргүй устгаж байгааг байнга хардаг” гэсэн байна. Харин шувуу судлаач эрдэмтэн Виталий Рябцев “Хэн ч хар галууг устгаж байгаагүй, энэ бол Байгаль нуурын ердийн шувуу юм. Хар галууны тоо толгой маш их байхад омулийн тоо толгой ч их байсан. Хар галууны тоо толгой, колони маш их байсан тул дайны жилүүдэд фронтын хэрэгцээнд зориулж махаар нь консерв хийх хүртэл санал гарч байсан. Хар галуунаас болж омуль загас цөөрсөн юм биш. Хүмүүсээс болж цөөрсөн. Тороор хайр найргүй барьснаас болж омуль төдийгүй цурхай, алгана зэрэг бусад загасны тоо толгой ч эрс цөөрөөд байна” гэжээ. Бизнес эрхлэгч Вадим Бредный “Хэрэв шувуу судлаач эрдэмтдэд энэ шувуу тийм хэрэгтэй юм бол мянга, хоёр мянгыг нь үлдээе л дээ. Гэтэл одоо хар галуу хэдэн зуу биш юм гэхэд хэдэн арван мянга байна. Энэ бол амьдралын үнэн, амьдралын хатуу ширүүн үнэн” гэж хэлжээ. Харин шувуу судлаачид “Нэгдүгээрт, одоо байгаа хар галууны тоо толгой харин ч маш бага байна. Дайны өмнө маш их байсан. Хоёрдугаарт, амьтдыг байгальд хэр их үлдээхийг хүмүүс бид шийдэх ёсгүй. Харин байгаль өөрөө энэ асуудлыг биднээс илүү сайн мэдэж шийддэг ” гэжээ. Мөн шувуу судлаач эрдэмтэн Виталий Рябцев “Хар галуу загасчдын өмнө ямар ч буруугүй шүү” гэж хэлснээр энэхүү шувууг устгах санаархал цуцлагдсан байна билээ.

Үүнээс харахад хар галуу нуур, усанд саарал чонын үүрэг гүйцэтгэж загасны сүргийг эрүүл байлгадаг гэдэг нь тодорхой байна. Бид саарал чоноо устгаж чонын хоол болдог амьтдаа өвчинд нэрвүүлэн тоо толгойг нь эрс цөөрсний дараа чоно сэргээн нутагшуулсан баруун Европын туршлагыг нуур, усандаа давтах гээгүй л юм бол хар галууг ад үзэхээ болих хэрэгтэй байна” гэлээ.

Categories
мэдээ цаг-үе

Халдвартай хүн битүү орчинд найтаахад вирустэй дусал 7.9 метр хол цацагддагийг тогтоожээ

Хэрвээ Монгол Улсад коронавирусийн халдвар тархвал хүн амын 0.5-1 хувь буюу 15-30 мянган хүн энэ вирусээр халдварлагдана гэдэг тооцооллыг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албанаас гаргасан. Түүнчлэн 150 мянган хүн халдвар авлаа гэхэд нийт тохиолдлын 80 хувь нь хөнгөн, 15 хувь нь хүнд, үлдсэн таван хувь нь маш хүнд хэлбэрээр өвдөж, нас баралт өндөр болох аж.

Дэлхий нийтийг хамарсан иймэрхүү үзэгдлийн математик загварыг гаргаад тархалтын цар хүрээ, хурдыг тооцоолоход хялбар гэдгийг манай математикчид онцолсон. Уханьд гарсан халдварын тоон үзүүлэлтүүдэд суурилаад хялбар загварыг гаргахад, 1.4-ийн зэрэгтийн хурдаар тархдаг тооцоо байсан. Ямар нэг арга хэмжээ авч, хөл хорио тавихгүй бол нэг хүнээс эхлэх халдвар нэг сарын дотор 24 мянга гаруй болох юм.

Хэрвээ коронавирусээр өвчилсөн, эсхүл тээгч хүн олон нийтийн газарт найтаалаа гэхэд хариу арга хэмжээ даруй авахгүй бол зөвхөн тэр хүнээс болж сарын дотор 24 мянган хүн энэ вирусийн халдвар авна гэсэн үг.

Ханиах, найтаах үед вирус нь агаараар дамжина. Нэг найтаалтаар 40 мянгаас дээш дусал агаарт цацагддаг агаад ханиадны вирусүүд хэсэг хугацааны дараа үхдэг. Гэтэл коронавирус хэрхэн тархаж байгааг судлахад вирус цааш “аялж”, урьд өмнө мэдэгдэж байснаас илүү удаан хугацаанд агаарт тогтож байгааг тогтоожээ.

“Ковид-19” өвчнийг үүсгэж буй вирус ихэвчлэн ханиалгах, найтаах, ярих үед үүсдэг том дуслаар дамждаг юм байна. Иймээс амны хаалт зүүсэн бол харилцагч хүнээсээ багаар бодоход нэг метрийн зайнд зогсох ёстой.

ДЭМБ-аас нотолгоонд үндэслэн энэхүү вирус агаар дуслын замаар хурдацтай халдварлаж буйг сануулж, амны хаалт зүүж, гараа тогтмол угааж, олон нийтийн газраар явалгүй аль болох гэртээ байхыг сануулсаар байгаа билээ. Амьсгалын замын ямар нэгэн өвчний шинж тэмдэгтэй хүнд нэг метр буюу гурван футын зайтай ойртоход л халдвар авах эрсдэлтэй.

Тиймээс автобус, оффис, худалдааны төв, хоолны газар зэрэг хүн ихтэй, битүү орчинд хэн нэгэн хүн найтаавал даруй тэр газраас гарахыг зөвлөжээ. Учир нь вирус битүү орчны агаарт удаан тогтоно.

Доктор Буруибагийн судалгааны багийнхан найтаах, ханиах үйлдлийг олон жилийн турш судалж байгаа бөгөөд ханиалгах, найтаах, бүр ярихад жижиг хэмжээтэй, янз бүрийн дусал агаарт цацагддагийг тогтоожээ. Зөвхөн ханиалгах агшинд вирустэй дусал 19 фут буюу ойролцоогоор 5.8 метр хол зайд цацагддаг ажээ. Харин найтаах үед битүү орчин, оффис, галт тэрэг, нийтийн унаа, хүн олноор бөөгнөрсөн үйлчилгээний газруудад агаарын чийгшил, температур, агаарын урсгал зэргээс шалтгаалан 26 фут буюу 7.9 метр хүртэлх зайд вирустэй дусал цацагдах боломжтой юм байна. Тэгэхээр жижигхэн цайны газар, кафе, оффис, анги танхимд вирусийн халдвартай ганц л хүн найтаахад эргэн тойрны бүх хүнд халдвар тараах эрсдэлтэй.

Халдвартай хүн ганцаараа байхдаа найтаахад агаарт цацагдсан вирустэй дусал нь тавилга, хаалганы бариул, сандал гэх мэт эд зүйлсийн гадаргуу дээр бууж тогтдог нь эрсдэлийг нэмэгдүүлдэг. Бусад нь уурших ч агаарт олон цагийн турш тогтох чадвартай ажээ. Агаар дахь вирустэй дуслууд нь өрөөний агааржуулалт, чийгшилээс хамаарч тархдаг гэж доктор Буруиба Америкийн анагаах ухааны хүрээлэнгийн сэтгүүлд ийн ярьжээ.

Өөр нэг судалгаагаар ханиадаар агаарт цацагдсан нийт дуслын 10 хувь 1.8 метр явсны дараа агаарт байж болох гэнэ. Торонтогийн их сургууль, Sunnybrook судалгааны хүрээлэнгийн судлаачдын баг эрүүл хүмүүс болон ханиадтай хүмүүсийг хаалттай өрөөнд оруулж тусгай камер, лазер ашиглан найтаалгаж хурдыг нь хэмжжээ.

Томуу нь амьсгалын замын том дуслаар дамждаг бөгөөд халдвар тээгч ханиаж, найтаахад вирустэй дусал 1.8 метрийн зайд байгаа хүмүүсийн ам, хамар руу орж болохыг туршилтаар нотолсон байна.

Жоржиа мужийн их сургуулийн тархвар судлаач Жерардо Човелл “1.8 метр бол таны бусдаас өөрийгөө тусгаарлах хамгийн доод хязгаар. Хүмүүстэй хамт агааржуулалтгүй орчинд байвал эрсдэл нэмэгдэнэ. Тиймээс эмнэлгийн эмч, ажилтнуудад хамгаалах хэрэгсэл маш чухал” гэж онцолжээ.

Судлаачид “Ковид-19”-өөр халдварлагдсан өвчтөнүүдийн байрлаж байсан өрөөнүүдийн зэргэлдээ өрөөнүүдийн агаараас дээж авахад коронавирусийн тоосонцрыг илрүүлжээ.

Халдвар авах, эсвэл тархах магадлалыг тодорхойлоход тухайн хүн хаалттай орон зайд байгаа эсэх, тухайн орон зайд хэчнээн хүн байгаа, тэр орон зай агааржуулалтын системтэй эсэхээс хамаардаг ажээ.

“Дэлхийн хүн амын 70 хувь нь коронавирусийн дархлаатай болвол энэ өвчин тархахаа болино” гэж Оросын ШУА-ийн профессор, математикийн шинжлэх ухааны доктор Карима Нигматулина ярьсан байна. Тэрээр “Хүн амын 20-30 хувь нь өвчин эмгэгийг ямар ч шинж тэмдэггүйгээр тэсвэрлэдэг. Халуурахгүй, толгой нь өвдөхгүй, ямар ч шинж тэмдэг биед нь илэрдэггүй учир эдгээр хүмүүс вирус тарааж байгаагаа мэддэггүй.

Жишээ нь, 8000 хүнд батлагдсан шинж тэмдэг илэрлээ гэж ярьж байгаа бол халдвар авсан хүн үнэндээ 11-12 мянга байна гэсэн үг.

Математик талаас нь харвал хоёроос дөрөвт, дөрвөөс 16-д халдаана.

Хэрвээ халдвартай хүн бусадтай харьцах харьцаагаа багасгавал түүнтэй нэг удаа хавьтахад халдвар авах магадлал 10-30 хувь болж буурна. Түүнчлэн өөрийгөө тусгаарлаж дэглэмээ нарийн баримталбал дээрх хувь 0.5 болж эрс багасна. Энэ хувийг тэг болгож байж халдвар сая бүрэн устана. Тэгэхгүй бол хүмүүсийг тусгаарлалаа ч халдвар тараах магадлал 0.5 хувь байгаа учир халдвартай 12 мянган хүнээс 6000 хүн халдвар авна гэдгийг сайтар анхаарч үзвэл зохистой” гэж ярьсан байна.