Categories
мэдээ цаг-үе

Сошиал “одод”-д өгөх зөвлөгөө

Инстаграм, фэйсбүүкт олон мянган дагагчтай эрхмүүд бол хүүхэд, залуусын хувьд үлгэр дуурайл авдаг, дагадаг гол хүмүүс нь. Сошиал “одод” гоё сайхан хувцас, гоолиг бие, тансаг орчин, амтат зоог, аз жаргалтай мөчөө харуулсан зураг голдуу нийтэлж хүний анхаарлын төвд байдаг. Хүүхэд залуус тэдний хувцаслалт, биеэ авч яваа байдал зэргээс нь эхлүүлээд олон зүйлийг нь шууд ба шууд бусаар дуурайдаг аж. Гэвч энэ нь өсвөр насны хүүхдүүдэд зарим талаараа сөргөөр буудаг юм байна. Өөрийнхөө байгаа байдал, амьдрал ахуй, зүс царай, бие хаа, идэж буй хоол хүнсээ харьцуулснаар өөртөө итгэлгүй болох, хэн нэгнийг үзэн ядах, атаархах сэтгэл үүсгэж, энэ нь даамжирсаар дутуугийн мэдрэмж өгдгийг тогтоожээ. “Тэр хүн шиг болохсон”, “Тийм л болох юмсан” гэсэн хүсэл нь эцэстээ юу ч хийлгэж мэдэхээр болно гэсэн үг. Тиймээс сошиалд олон мянган дагагчтай, нөлөө бүхий хүмүүсийг хааяа ч гэсэн бодит амьдралаа харуулсан зураг, бичлэг хийж, бусадтай л адил нэгэн гэдгээ харуулж байхыг сэтгэлзүйч Г.Отгонцэцэг зөвлөжээ.

Мөн нийгэмд тулгамдсан хог хаягдал, ядуурал, боловсрол зэрэг асуудалд хааяа ч болов анхаарал хандуулж, тухайн сэдвээр өсвөр үе, залуустай санал бодлоо харилцан солилцож байх нь эргээд нийгэмд, хойч үеийнхний сэтгэлзүйд эерэг нөлөө үзүүлэх ач холбогдолтой гэдгийг олон дагагчтай “од” хүмүүст хэлье.


Categories
мэдээ цаг-үе

Хар хүзүүт тогоруу Монгол орны шувуудын бүртгэлд нэмэгдлээ


Монгол оронд бүртгэгдсэн хар хүзүүт тогоруу

Дэлхийд ховордож буй ангилалд орсон эмзэг зүйлийн хар хүзүүт тогоруу (Grus nigricollis) Монгол оронд бүртгэгдсэн байна.

Энэ хаврын нүүдлээс хойш манай оронд бүртгэгдэж буй гурав дахь шинэ зүйл шувуу нь Black-necked Crane буюу Хар хүзүүт тогоруу боллоо. Шувууны гэрэл зурагчин Э.Идэрбат Булган аймагт энэ сарын 14-нд ажлаар явж байхдаа хар хүзүүт тогорууны зургийг ийн дурандаа буулгаж баталгаажуулжээ.

Гэрэл зурагчин Э.Идэрбат “Саяхан Булган аймагт шувууны зургаа дарж яваад урьд үзэгдээгүй нэг содон тогоруу хоёр хархираа тогорууны хамт идээшилж байхтай таарсан юм. Нэлээд хэдэн зураг буулгаад google-дэж үзтэл манайд бүртгэгдээгүй шинэ зүйл байж болохоор санагдсан тул судлаач Д.Батмөнх рүү утсаар залгаж лавлахад илгээсэн зургуудыг маань нягталж үзээд тогорууны шинэ зүйл Монгол орны шувуудын бүртгэлд нэмэгдэж буйг баяртайгаар мэдэгдэв. Ийнхүү Монгол Улсад данстай тогорууны зүйл зургаа байснаа долоо болж нэмэгдлээ” хэмээсэн байна.

Хар хүзүүт тогоруу ховордож буй тогорууны зүйл бөгөөд дэлхийд 15 зүйл тогоруу байдгаас манай оронд ийнхүү долоо дахь зүйл тогоруу нь бүртгэгдлээ.

Энэ тогоруу нь дэлхийн хэмжээнд нийт 10 мянга орчим байдаг бөгөөд тархцын хувьд Гималайн уулс, Хятадын төв, Энэтхэгийн хойд хэсэг, Бутан зэрэг оронд нутагладаг. IUCN-н Улаан номонд “Эмзэг” гэх ангилалд бичигдсэн шувуу ажээ. Төвөдийн өндөрлөг, Энэтхэг, Бутаны алслагдсан нутгуудад үрждэг өндөр уулын тогоруу гэгддэг агаад дэлхийн тархцын хойд цэг нь манай орны баруун урд хилээс урагш ердөө 200 км-ийн орчимд байдаг юм байна. Манайд бүртгэгдсэн энэ хар хүзүүт тогорууны талаар шувуу судлаачид “Хаврын нүүдлийн үедээ энэ залуу тогоруу манай орныг зорин ирж буй бусад зүйл тогоруутай хамт ирсэн болов уу. Залуу шувууд нүүдлийн улирлаар бусад нүүдлийн шувуудыг даган өөрийн үндсэн тархац нутгаас гарч шинэ газар очих нь түгээмэл байдаг бөгөөд ийм зүйл шувуудыг тохиолдлын зүйл гэж нэрлэдэг” гэжээ.

Төвөдийн нутгаар сүрэглэн амьдардаг хар хүзүүт тогоруу нь Хятадын нэгдүгээр зэрэглэлийн хамгаалалтад байдаг аж. Мөхөх аюул нүүрлээд буй энэ тогорууны 80 хувь буюу 8000 гаруй нь Төвөдөд байдаг тухай Төвөдийн Байгаль орчныг хамгаалах газрын мэдээлэлд дурджээ. Тус улс хар хүзүүт тогорууны өвөлждөг гол газар нь. Төвөдөд амьдардаг цорын ганц тогорууны зүйл бөгөөд өндөр уулын цэнгэг устай намаг газарт амьдардаг. Төвөдүүд хар хүзүүт тогорууг Ариун шувуу гэж нэрлэдэг гэнэ. Тиймээс ч Буддын шашинтнуудын дунд энэ шувуу алдартай. Хар хүзүүт тогоруу Төвөдөд өвөлжих үеэр ховордож буй энэ зүйл тогоруун сүргийг харах гэж жуулчид ихээр ирдэг юм байна. Далавчны нийт урт нь 2.3 метр, 5.5 кг жинтэй. Цагаан, саарал, хар толгойтой, хар хүзүүтэй.

2020 оныг олон улсын Тогоруу хамгаалах сангаас “Тогорууны жил” болгон зарлажээ. Монгол оронд тогорууны шинэ зүйл ийнхүү бүртгэгдсэнд шувуу судлаач, шувуу хамгаалагчид ихэд баяртай байгаа ажээ.

Categories
мэдээ цаг-үе

Адуугүйгээр өөрийгөө төсөөлдөггүй сумын алдарт уяач А.Чинбаатарын хурдан хүлгүүд өнгөтэй байна

Төв аймгийн Зуунмод сумын алдарт уяач А.Чинбаатарын уяан дээр өнгөрсөн баасан гаригт очлоо. А.Чинбаатар отрын адуучин учир нутаг усныхан нь “Хаагуур нутаглаж байгаа бол сайн мэдэхгүй юм. Сэргэлэнгээс урагшаагаа буусан дуулдсан”, “Бөхөгийн хөндийд байж магад” гэж багцаа хэлж өгөв. Тус сумын III багийн Засаг дарга Ш.Цэндсүрэн замчилж Сумын алдарт уяачийндаа хүргэлээ. Эхнэр нь аймгийн төв орсон учир А.Чинбаатар гэртээ ганцаараа байгаа аж. Айлсаж буусан Р.Эрдэнэсүрэнгийн хүүхэд нь хотод мэс засалд орж буй учир А.Чинбаатар гуай хоёр айлын мал хуй, гэр бараагаа ийн сахиж, хонины ээлжтэй байлаа. Тэрээр жижиг дөрвөн ханатай отрын гэрээ жилдээ тоймгүй олон буулгаж, барина. Байсхийгээд л нүүгээд явчихдаг учир улс амьтан ч тэр болгон олоод очдоггүй ажээ. Харин наадам дөхсөн учир аймгийн төв рүүгээ саяхан дөхөж буусан нь энэ. Бараат уулын баруун бэлээр нутаглаж байна. А.Чинбаатар гуай гурав дахь үеийн уяач. Социализмын үед мал маллаж, морь уяхын хажуугаар Нэгдэл дундын үйлдвэрт нягтлан бодогчоор ажиллаж байгаад 1993 оноос мал дээр гарчээ. А.Чинбаатар “Маргааш морь ёсолно. Энэ жил гурав, дөрвөн насанд морь уяна аа. Манайх хоёр азарга адуутай. Нэг нь энэ урд бий. Хэдүүлээ тийшээ очъё. Харин нөгөө азарга адуу маань хойшоо л бий. Дөрөв, тав хоногийн өмнө хойно л харагдсан. Очих зав олдсонгүй. Өнөө орой адуу руугаа давхина даа. Манай энд чинь сайхан шүү дээ. Хулгай зэлгий гэж байхгүй, сайхан газар ш дээ” хэмээлээ. Өврийн радионы долгионоо Үндэсний радио дээр тааруулчихсан учир 11 цагийн коронавирусийн мэдээгээ сонсчихно. 15 цагт 10 минутаас цаг агаарын мэдээндээ чих тавина. Хонины бэлчээрт энэ радио нь л хань болно. Харин маргааш (бямба гариг) морь ёсолбол А.Чинбаатар гуайн хувьд ажил нэмэгдэнэ гэсэн үг. Гэвч тэрээр наадам, адуу ярихаараа нүд нь сэргээд, инээд алдаад баярлах юм. “Наадмын тухай өчигдөр орой зурагтын мэдээгээр сонссон ш дээ. Ер нь хийнэ. Хийхдээ цахим хэлбэрээр хийнэ гэсэн. Олныг нэг дор бөөгнүүлэхгүй. Улс нь улсдаа, аймаг нь аймагтаа, сум нь сумандаа дор дороо хийнэ гэсэн. Уг нь өнөөдөр морь ёслох өдөр байсан. Хонины ээлжтэй байгаад чадсангүй. Маргааш ёсолно доо. Морь ёсолно гэдэг чинь морио уяхыг хэлж байгаа юм. Нэг ёсондоо миний хувьд наадмын бэлтгэл эхэллээ гэсэн үг л дээ” хэмээгээд “Хүй долоон худагт наадам хийдгээс өмнө Яармагт уралддаг байхад би олон жил морио уралдуулсаан. Арваадаар, 20, 30-аар зөндөө давхиулсаан. Би чинь бараг дөчөөд жил морины сүүл уяж байна даа. 1978, 1979 оноос л морь уяж эхэлсэн хүн. Би чинь өөрийгөө адуугүйгээр төсөөлдөггүй хүн шүү дээ. Адуугүй бол малын ч хэрэг байхгүй. Хар багаасаа л адуу дагасан. Өвөг дээдсээсээ л өвлөсөн хобби юм даа. Тийм болохоор сонирхлоороо явчихаж байгаа юм. Манай өвөө, эмээ нар бүгд Сэргэлэн сумын хүмүүс. Авдар хайрхан хавиар нутагладаг хүмүүс байлаа. Тод манлай уяач Онон бид чинь төрсөн ах дүүсийн хүүхдүүд шүү дээ. Сэргэлэн сум чинь анх аймгийн төв дээр байсан юм. Гандангийн хойно байснаа урагшаа нүүсэн юм. Тэр үед нь манайх хоцорсон юмдаг. Тийм л улс байгаа юм” гэлээ. Отрын гэр нь 1940-өөд оны үед байсан гэр гэнэ. Өвлөгдөж ирсэн хөрөнгө. Анх А.Чинбаатар эхнэр Б.Даваадулам, хүүхдүүдтэйгээ тавуулаа энэ гэртээ амьдраад, нүүгээд болоод л байдаг байж. Хүүхдүүд нь тусдаа гарч, эхнэртэйгээ хоёулаа үлджээ. Зуны дэлгэр цагт үр хүүхэд ач зээ нар нь цуглана. “Удахгүй зусландаа буухаар бүгд ирцгээх биз” гэж байлаа. А.Чинбаатар “Гэхдээ тэнгэр хангай ингээд хавсарга тавиад байхаар чинь зусландаа буулгахын янз алга. Бороо хур яах нь уу, ногоо цагаа хаашаа байх нь уу тэрийг харж байгаад зуслангаа сонгоно доо” гэж хаалгаар гадагшаа харж эрүүгээрээ тэнгэрийн хаяа руу заав.

Багийн Засаг дарга Ш.Цэндсүрэнгийн хамт

Өнөө жилийн хувьд коронавирустэй холбоотойгоор наадмыг цомхон тэмдэглэх шийдвэрийг төр засгаас гаргасан. Тийм ч болохоор хүмүүсийн хувьд төдийлөн наадам гэж ярихгүй байгаа. Гэтэл уяачдын хувьд үгүй бололтой. Их догдлолтой хүлээж байгаа аж. “Наадам хүлээлгүй яахав. Хүлээж байгаа болохоор л би адуу, малаа хариулаад отроор ингээд ганцаараа явж байхав дээ” гэж уяач А.Чинбаатар инээгээд “Долдугаар сарын 11, 12-нд улсын баяр наадамтай зэрэг наадамлана гэсэн. Одоогоор наадам дээр ямар байр байдалтай очихыг хэлээгүй байна. Сунгаан дээр маск зүүж, гараа ариутга гэж хэлэх юм байгаа биз. Би чинь коронатай коронагүй дандаа маск зүүдэг хүн байгаа юм. Хаврын хавсарганд ч тэр зүүнэ. Адаглаад л салхи хавсарганд уруул ам хуурайшиж хорсохгүй. Бууц шороотой ноцолдоно. Тэр болгон маск л хамар, амыг тоос шорооноос хамгаалдаг” гэж багананаас уясан хэцэнд тохсон даавуун маск руугаа заалаа. Гэрийн эзэн “Маргааш морь ёсолно гэж бодохоос өнөө шөнө нойр хүрэхгүй дээ. Наадамд догдолж байна. Морио л уячихад бусад нь бэлэн дээ бэлэн” хэмээн инээмсэглэнэ. Уяачдын хувьд наадам дөхөхөөр сэтгэл нь тогтохоо байж адаглаад л морио барина гэхээс шөнө нь нойр нь хулжаад байдаг гэнэ. Урьд жилүүдэд зургадугаар сарын хорьдоос эхэлж гүүгээ барьдаг байсан бол өнөө жил оройтож мэдэхээр байгаа аж. Гэтэл айраг цагаа, хуушуур, бууз заруулахгүй, хүн цуглуулахгүй, наадмын талбайд уяач, унаач хүүхэд хоёр л очно гэж байгаа болохоор гүүгээ бариад хэрэг байна уу хэмээж байлаа. Энэ өвөл Төв аймгийн төв, Сэргэлэн сумын нутгаар цас харьцангуй их унаж, хавар өвсний гарц дөмөгхөн байсан ч хавартаа хүйтэн, зуны сар гарснаас хойш халуун хавсарга тавиад байгаа болохоор цаашид газар гандаж мэдэхээр байгаа аж. Уяач А.Чинбаатар “Энэ жил наадмаа цахим хэлбэрээр гэр гэрээсээ үзээд сууж байх нь ээ. Тэгж юм үзэх чинь муухай нь ч муухай юм билээ. Сая хавар Чулуунхүү, Бямбажав хоёрын тоглолт болоогүй бил үү. Бас л тийм цахим хэлбэрээр үзсэн. Биднийг ч бас тэгж харах нь дээ, наадамчид” гээд инээлээ. Наадамчдын шуугиан, моринд дуртай, морины хорхойтнуудын уухайн дор морио уралдуулаад сурчихсан болохоор энэ жил үзэгчгүй наадам хийнэ гэхээр эвгүй байгааг уяач маань нуусангүй. “Монголын түүхэнд байна шүү дээ” гээд радио руугаа заагаад “Энэ л хэлж өгч байгаа юм. Хонин дээр байхад хэлж байна лээ. Монголын сүүлийн 99 жилийн түүхэнд наадмаа хийхгүй, тасалдуулж байсан удаа байхгүй. 39, 45 оны Халхын голын дайн. 37 оны лам нарын харгислалтай байсан янз янзын үеүдэд хүртэл хийдгээрээ л хийж байсан гэж Улсын онцгой комисс ярьж байна лээ. Тийм болохоор наадмаа хийсэн нь зөв. Тэгэхгүй бол 99 жилийн түүх тасарна” гээд “Наадам, Цагаан сар хоёр чинь үндэсний баяр шүү дээ. Хоёр он солигдож байгаа учир Цагаан сарыг тэмдэглэхээс аргагүй. Улсын баяр ч ялгаагүй, өдий олон жил, өвөг дээдсээсээ эхэлж тэмдэглэж ирсэн баяр. Хоёуланг нь тэмдэглэж байх хэрэгтэй” гэв.

Төв аймаг 1984 оны наадам. Гэргийнхээ хамт

Сумын алдарт уяач А.Чинбаатарын сүрэгт хүрэн азарга, зээрд, цавидар морьд, хусран даага гээд олон хурдан хүлэг байгаа аж. “Сэргэлэн сум уяачдаараа алдартай. Угаасаа л уяач олонтой, адуу сайтай газар. Одоо чинь тэжээл, тариагүй бол морь явах ч үгүй. Би бол тэр тариа мариаг нь мэдэхгүй ч үгүй ээ. Тэжээл дээр нь л анхаардаг юм. Маргааш морьдоо уячихаар гэртээ сэтгэл хорогдоод холдож чадахгүй болчихно. Орж гарахдаа л хараад” хэмээн баясгалантай өгүүлснээ “Залуу ч байлаа морь ч аюулын давхиж байхад нойр хүрдэггүй байжээ. Одоо ч нас хөөрхөн явж байна. Ядраад байдаг болж. Хөгшрөөд бүр ч нойргүй болох шинжтэй. 20, 30 настай байхад минь морь аюулын сайхан давхидаг байлаа. Тэр үед тооноор бүдэг бадаг гэгээ оров уу үгүй юү, тип тап гээд л босч аваад мордоод алга болдог байлаа. Тийм л байдаг байлаа. Би чинь хажуугаар нь ажил хийдэг байлаа. Албаны ажилтай. Тэрэндээ явна. Адуу малдаа явна. Морио уяна. Зун болно. Хагас жилийн тайлан баланс гарна. Ёстой хэцүү ажил. Долдугаар сарын нэгэнтэй уралдана. Өдөр нь морины ажлаа хийнэ. Шөнө нь тайлан тооцоон дээрээ сууна. Долдугаар сарын нэгэнд ажлаа хумхиж хаячихаад л арилаад өгдөг байлаа. Тэгж л байлаа шүү” хэмээн бага залуугийнхаа наадмын бэлтгэлийн тухай, есдүгээр сарын нэгэнд Сэргэлэн суманд жил бүр болдог 100 дааганы уралдаанд даага уралдуулж байснаа, 1983 онд аймгийнхаа 60 жилийн ойгоор амьдралдаа анх удаа 953 морь барианаас гарч байхыг харсан тухайгаа сонин болгон хуучиллаа. Ингээд А.Чинбаатар гуай адуундаа мордлоо. Сүргийн бэлчээрт нь очвол атар тарган адуун сүрэг тогтож ядан давхилдана. Уурга суналзуулсан эзнийхээ хөдөлгөөнийг дагаж, уургалах нь уу дээ гэсэн аятай үргэж зугтах аж. Отрын адуучны адуун сүрэг өнгөтэй, наадмаа хийнэ, морьдоо уяна гэсэн сэтгэл нь тогтож ядан нүүрэнд нь баяр жаргалын гал асчээ. Сумын алдарт уяач А.Чинбаатар “Маргааш үдээс хойно морь ёсолно. Дахин ирээрэй дээ” хэмээн уриад адуугаа услахаар уургаа суналзуулсаар салхи сөрөн давхиж одов.


Categories
мэдээ цаг-үе

Б.Дашдондог: “The Hu” хамтлаг дөрвөн жилийн дараа л хоолныхоо захад хүрэх байх

“The Hu” хамтлагийн продюсер, гавьяат жүжигчин Б.Дашдондогтой ярилцлаа.


-“The Hu” хамтлаг хандивын тоглолт хийхээр болжээ?

-Энэ сарын 23-ны өдөр болно. Сонгуулийн санал хураалтын өмнөх өдөр гэсэн үг л дээ.

-Тоглолт аль аль сувгаар цацагдах вэ?

-МҮОНРТ, Мобиком, Хаан банк, Хүрээ энтертайнментийн фэйсбүүк хуудсаар дамжуулна. “The Hu” хамтлагийн фэйсбүүк хуудсаар дамжуулах эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

-Сүүлийн үед танай хамтлагийн талаар хүмүүс их ярьж байна. Гадаадад байх үедээ Монголоо тоогоогүй, өмнө нь эх орондоо тоглолт хийгээгүй байж сонгуулийн үеэр тааруулж байгаа нь ямар шалтгаантай вэ гэх мэтээр?

-Сонгуулийн үеэр биш сонгууль өгөхийн өмнөх өдөр буюу 23-нд тоглоно.

-Олон улсад гэрээ маш олон зүйл заалттай, нэлээд өндөр түвшинд хийгддэг зүйл. Танай хамтлагийн “Label” компанитай хийсэн гэрээний талаар сонирхож болох уу?

-Борлуулах бүх эрхийг нь энэ компани эзэмшдэг. Оюуны өмч нь над дээр байдаг. Харин борлуулж, зохион байгуулах бүх эрхийг нь тэд авсан. Тийм учраас хаана тоглолт хийх, үгүйг бүгдийг нь тэд мэддэг. Заавал “Label”-ээс асууж лавлаж, зөвшөөрөл авч байж энэ ажлыг хийдэг. Гэрээний дагуу явагддаг зүйл.

-Чингис хаан одонг гардуулахад ирээгүй байж, гадаадад хөл хорионд оронгуутаа “Биднийг ирж аваач” хэмээн төр засгаасаа шаардлаа гэж шүүмжилцгээсэн. Үүнийг та нар яаж хүлээж авсан бэ?

-Энэ бол яригдаж л байдаг зүйл. Одоогийн нийгмийн байгаа байдал нь ийм л байна.

-“The Hu”-гийн бүх тоглолт цуцлагдсан. Монголд ийм тоглолт болох гэж буйг гадаадын шүтэн бишрэгчид нь мэдээд, үзэх хүсэлт гаргасан л байх?

-Youtube-тэй “Label” компанийнхан бас гэрээ байгуулсан. Бид энэ хандивын тоглолтоо “Label”-тай ярьж тохироод хийж байгаа. “Бид Монгол Улсдаа ийм хандивын тоглолт хиймээр байна” гэсэн санал гаргаад зөвшөөрснийх нь дагуу хийх гэж байна. Бидний саналыг хүлээн зөвшөөрч “Та бүхэн энэ хүнд хэцүү үед эх орондоо туслах хэрэгтэй. Тиймээс youtube-тэй хамтраад бид бүхэн олон улсаас танай Монгол оронд хандив цуглуулах ажлыг зохион байгуулж өгье” гэж хэлсэн. Иймээс хоёр талаасаа буюу Монгол Улсаас болон олон улсаас хандив цуглуулах ажил болно гэсэн үг. Улсын онцгой комисст бас гайгүй мөнгө цуглуулаад өгөх санаатай л ажиллаж байна.

-Тоглолт хэдэн цаг үргэлжлэх вэ?

-Зөвхөн дуунууд нь нэг цаг 30 минут орчим болох байх. Нийтдээ хоёр цаг шахам үргэлжилнэ.

-“The Hu” хамтлагийн хөгжмийг сонсохоор Монголд рок хөгжмийн хөг, ая дан Чингис хааны үед ч байсан юм болов уу даа гэмээр бодол төрдөг?

-Ер нь бол миний анх HU рок гэж гаргасан санаа бол ердөө л энэ. Тэр үед манай өвөг дээдэс ан ав хийж, морин дэл дээр хийсч явж байгаад л орой орж ирэхдээ ямар байх вэ гээд төсөөлөөд үз. Жишээ нь, чоно агнаад орой гэртээ орж ирж байгаа хүмүүс чинь саагисан, цус нь хөөрсөн л байна. Тийм хүмүүс чинь махаа хөшиглөж идээд л, шимийн архиа хүртээд л, хуураа хуурдаж дэвэн бүжиглэж байгаа тэр байдлыг харахад л тухайн үед бол Монголд рок байсан. Тэгээд манай үндэсний морин хуур, товшуур хөгжмийн үндсэн хөг нь кварт буюу квинт гэдэг хөг байдаг. Кварт гэдэг хөг өөрөө рок хөг. Хөг нь рок гэсэн үг. Товшуур хөгжим нь өөрөө Хүннү гүрнээс үүсэлтэй гээд бодвол тэр үеэс манайхан энэ хөгийг зохиогоод тоглодог байсан гэсэн үг. Харин дуулалтын арга техникийн хувьд хархираа, шахаа, хөөмэй ч гэсэн рок дуулалтууд. Бүүр багалзуураа шахаж, хоолойны хөвчөө нарийсгаж байж дуугаргадаг. Сүүлийн үеийн гадаадын рок дуулалтууд ч гэсэн хамгийн дээд өнгөө авахдаа хөвчөө шахаж дуугаргадаг дуулалтууд байдаг. Тэгэхээр яг л энэ техникээр л явдаг. Тиймээс өвөг дээдэс маань ч гэсэн дээр үеэс энэ рокийг зохиосон байж таарч байгаа юм л даа.

-“The Hu” хамтлагийн гишүүдийн ерөнхий төрхийг харахад XIII зууны үеийн монголчуудыг илэрхийлсэн мэт санагддаг. Хамтлагийн гишүүдээ сонгохдоо монголжуу байхаар төрхтэйг нь онцолсон уу?

-Бас яг төрхийг нь хараад аваад байвал тоглодог нь ховордох байх. Тэгэхээр аль алийг нь л ижил харна. Үсийг нь ургуулж, сахал тавиулна. Аяндаа төрхийг нь засаад ирэхээр өөрсдөө ороод л эхэлнэ гэсэн үг, төрхөндөө.

-Монголд дээр үед урлагийнхан бригадаар эх орноо тойрно гээд явдаг байлаа. Харин одоо тэгж явах нь цөөрсөн. “The Hu” хамтлагийн хувьд дэлхийг тойрон аялан тоглолт хийнэ гэдэг бол Монголын урлагийн түүхэнд шинэ үзэгдэл байх шүү. Олон улсаар аялан тоглолтоор явахад ер нь хэр байдаг вэ. Ядардаг байх?

-Аялан тоглолтоор юм үзэж харж байгаа ч гэсэн ядрах нь их л дээ. Автобусандаа унтаж, хэдэн сар амьдарна гэдэг амаргүй. Хүмүүс бодохдоо шууд тайзан дээр гараад л олон тоглолт хийж, асар их мөнгө олоод л баяжаад байна гэж боддог. Тийм биш л дээ. Маш олон жил явж байж сая л хоолондоо хүрнэ. Үүнийгээ дагаад автобус, тоглолт хийх заал, реклам сурталчилгааны ажил гээд бүгд л зардал. Тиймээс зардалгүй орлого олоод байгаа юм шиг ийн ойлголтыг хүнд төрүүлэх гээд байгаа нь их сонин. Одоохондоо бол бид багахан үзэгчдэд тоглоод л явж байна. Тоо нь олон юм шиг боловч үзэгч нь цөөхөн. Ер нь бол дээшээ өгсөж л яваа.

Тийм амар зүйл биш. Магадгүй 2-4 жилийн дараа л сая нэг хоолныхоо захад хүрэх байх. Бид харин ч бусад хамтлагийг бодвол харьцангуй хурдан хүчийг авч байгаа хамтлаг шүү. Тэр утгаар нь хараад үзвэл бид бүхэн бас нэлээд их хичээж чармайж байгаа. Гадагшаа яваад байгаа нь эргээд Монгол Улсад маш их ашиг тустай зүйл. Монгол брэндийг хөгжүүлэхийн тулд улс маань их мөнгө зарж сурталчлах гэдэг. Тэр нь амжилт олж байсан түүх ховор. Харин “The Hu” хамтлаг өөрсдийн байгаа байдлаараа улсаа сурталчилж чадаж байна. Үүнийгээ дагаад Монголд орж ирэх жуулчдын тоо асар ихээр өснө. Тэр жуулчдаас манай хамтлаг мөнгө авахгүй шүү дээ. Ард түмэн маань л ажиллаж, жуулчдыг угтан авч мөнгөтэй болно.

Гэрээнийхээ дагуу цаашаа улам бат бөх суурьтай байхын гол үндэс бол хоёр дахь цомог байдаг. Ер нь дэлхийн алдартай том том хамтлагуудын хоёр дахь цомог сайн байсан учраас илүү дээшээ хүчтэй гарч чаддаг. Тийм учраас бид энэ хоёр дахь цомог дээрээ нэлээд их анхаарал тавьж ажиллах ёстой. Гэрээнд заасны дагуу бас цаг хугацаа бага. Тийм учраас би “The Hu” хамтлагийг маш яаралтай авчрах хэрэгтэй байна гэсэн юм. Цагаа тооцоод үзвэл тэгж таарч байгаа юм. Бид эрт ирсэн тулдаа хандивын тоглолт хийгээд улс эх орондоо хандив цуглуулах гэж байна. Бас бид цомгийнхоо ажил руу ороод эхэлсэн. Үүгээрээ цаашдаа бат бөх суурьтай болохын төлөө бид зүтгэж байна. Харин үүнийг маань ард түмэн дэмжээд өгөх хэрэгтэй. Дэмжихгүй байлаа гэхэд муулахаа больчих л хэрэгтэй.

-Танай хамтлагийн дуунуудын үгийг судлаад үзвэл зөвхөн Ар Монголоор тогтохгүй Буриад, Халимаг зүгийн ардын аман зохиол, бөөгийн үг хэллэгүүдийн нөлөө байдаг юм. Дууны үг, шүлэгт нэлээд анхаарч, шигшдэг нь анзаарагдсан шүү?

-Олон зүйлийг үзэж, харж байж хийдэг. Өвгөдийнхөө түүх рүү их ордог. Хүмүүсээс сонсоно, өөрөө бас судална, түүнийгээ сайхан янзална. Өөрийнхөө толгойг цэнэглэж, оюун ухаан дотроо боловсруулж байгаад бичнэ. Энэ чинь өөрөө маш их цаг шаарддаг ажил. Уран бүтээл гэдэг чинь өнөөдөр зохиогоод маргааш дуулаад гаргачихдаг зүйл биш шүү дээ. Сайн бодож байж хийнэ. Би үүнийг найм, есөн жил бодож боловсруулсан гэдэг нь ийм л учиртай.

-Та инженер мэргэжилтэй байх аа?

-Ер нь бол мэргэжил минь инженер.

-Инженер хүн нарийн тооцооллыг нь хийж байгаа болохоор “The Hu” хамтлаг хол явах байх?

-Баярлалаа. Улс орон маань Сovid-19-ийн эсрэг ард түмнээ эрүүл байлгахын төлөө маш их хичээж байна. Эдгээр хүмүүсийнхээ ажил үйлсийг дэмжиж Монгол Улсаа болон иргэдийнхээ эрүүл мэндийг бодож, хамгаалах үүднээс манай хамтлагийн хандивын тоглолтод нэгдээрэй. Тэгээд дараа нь наадам болно. Стадионд ороод үзэхгүй ч гэсэн зурагт, онлайнаар наадмаа хараад сайхан наадаарай гэж ерөөе.

М.ЭНХЗАЯА

Categories
мэдээ цаг-үе

Ш.Ариунжаргал: Олон сар хөл хорионд байсан хүмүүст байгалийн эмчилгээ хамгийн тохиромжтой

Уламжлалт анагаах ухааны их эмч Ш.Ариунжаргалтай ярилцлаа.


-Монголчууд хөл хорионы улмаас хоёрдугаар сараас зургадугаар сар хүртэл гэртээ байлаа. ингэж хөл хорионд удаан байснаар хүний эрүүл мэндэд ямар сөрөг үр дагавар гарах вэ?

-Нэгдүгээрт, хаврын улирал таарсан. Хүмүүсийн дархлаа суларсан үе ч байлаа. Хоёрдугаарт, нийгмийн сэтгэл зүй, дэлхий нийтийн чиг хандлага коронавируст сэтгэл түгшсэн, стресстэй холбоотой өөрчлөлтүүд нэлээд ихэссэн. Стресстэй холбоотой даралт ихсэх, нойргүйдэх, жин нэмэх, архаг үе мөчний өвчтэй хүмүүсийн өвчин нэлээд сэдрэх гэх мэт өөрчлөлтүүд гарч байна. Том хүн гэлтгүй хүүхдүүд ч гэсэн нэлээд жин нэмэх хандлагатай байна. голлож байгаа өөрчлөлт нь жингийн илүүдэл. Жингийн илүүдлийг дагаад ямар өөрчлөлтүүд гарч байна вэ гэхээр зүрх судасны өвчлөл, даралт ихсэх, бодисын солилцооны шалтгаантай сахар, тулай гэх мэт өвчлөлүүдийн идэвх их байна. Өвчлөлийн байдал нэмэгдсэн. гэвч нөгөө талдаа хөл хорионд байснаар эерэг үр дагаврууд ч гарсан. Энэ нь юу вэ гэхээр амьсгалын замын халдварт өвчнүүд эрс багассан. Карентин тогтоонгуут амьсгалын замын өвчлөлүүд эрс буурсан. Нэг ангийн 40 гаран хүүхдийн 20 гаруй нь ханиад хүрч эхэлж байхад л хорио цээр тогтоосон нь маш зөв алхам, арга хэмжээ болсон. H3N2 вирусийн халдвар оны өмнө маш өндөр хэмжээнд байсан. Тэр нь энэ коронавирустай ижилхэн нэг бүлгийн вирус. Бас хоруу чанартай. Уушгины хатгаа маягаар их хүндэрдэг. Том хүн, эрэгтэй, эмэгтэй, хөгшин, залуу ялгахгүй хүндрэл өгч байсан ханиадны тархалт карентин тогтоосноос хойш буурсан.

-Хөл хорионд байхад гэрээсээ гарахгүй, цонхоор ширтэх, зурагт үзэх зэргээр л цагийг нөхцөөж байсан нь хөдөлгөөний дутагдалд оруулсан байх?

-Нэгдүгээрт, хөдөлгөөний дутагдалд оруулсан. Хоёрдугаарт, мэдээж стресс, айдастай холбоотой сэтгэлзүйн өөрчлөлтүүд илэрсэн. гуравдугаарт, эдийн засагтай холбоотой стресс, ялангуяа бизнес хийдэг хүмүүст сэтгэлзүйн хүчтэй цохилт болсон.

-Танай эмнэлэгт хандаж буй хүмүүст хөл хорионд удсанаас үүдсэн дээрх шинж тэмдгүүд илэрч байна уу?

-Илэрч байна. Манайд хандаж ирж буй хүмүүсийн холестрины хэмжээг шалгадаг юм. Холестрин, зүрх судасны өвчлөлтэй холбоотой шинжилгээнүүдийг хийхэд ихэнх хүнийх өндөрссөн байна.

-Хөл хорионы үеэр дархлаагаа дэмж, витамин уу, өөх тостой, илчлэгтэй хоол ид гээд зөвлөөд байсан шүү дээ. үүнтэй холбоотой байсан байх нь?

-Холбоотой байлгүй яахав. Хүн чинь хөдөлж байж хөлсөөрөө муу юмаа гаргах ёстой. Калорио шатаах ёстой байдаг.

-Одоо амралт зугаалгын цаг эхэлж байна. олон сар гэртээ байсан хүмүүс зуны улиралд эрүүл мэндээ хэрхэн дэмжвэл зохих вэ. Ямар эмчилгээ зонхилох вэ?

-Хүмүүсийн цаашдын амьдралд үр өгөөжтэй, хамгийн дээд зэргийн эрүүл эмчилгээ бол байгаль. Байгалийн эмчилгээ байдаг. Нар, ус, агаар. Байгалийн сайхныг харж, биширч, баясаж тэндээс таашаал авах. Манайхны ярьдгаар уул ус, нутаг уснаасаа энерги авах. Энэ чинь ганцхан дорно дахины ойлголт биш өрнө дахинд ч гэсэн ийм ойлголт бий болоод эхэлчихсэн. Тийм учраас байгальтайгаа, амьтантайгаа ойр байж, стресс ядаргаагаа тайлж, монгол ахуйдаа таарсан хоол ундаа идэж, түүгээрээ дамжуулж бодисын солилцоонд гарсан өөрчлөлтүүдээ цэвэрлэх ёстой. Хөдөө явах хамгийн зөв арга. Хөдөө очоод цэвэр цагаан идээгээ идээд, махаа бага идэх хэрэгтэй. Ер нь монголчуудын махны хэрэглээ сүүлийн 20 жилд эрс нэмэгдсэн. Өдөрт 3-4 махан хоол иддэг хүмүүс. Дээхнэ үед өдөрт нэг удаа махан хоол иддэг байсан бол одоо ихэнх айл дунджаар гурван удаа махан хоолтой болчихсон. Энэ нь маш буруу. Үүнийг дагаад ямар өөрчлөлтүүд гараад байна гэхээр элэг, бөөрний өөрчлөлт, зүрх судасны өөрчлөлтүүд ихэсч байгаа. Элэг, бөөрний үйл ажиллагаа алдагдаад ирэхээр хүний цэвэрлэдэг хоёр гол механизмын үйл ажиллагаа доголдоод түүнийгээ дагаад системийн өвчин, хавдар, эмчилгээгүй өвчнүүд ихсээд байгаа. Даралт ихсэх өвчин, сахарын өвчин залуужиж байна. Хамгийн эмзэг асуудал бол өвчний нас залуужиж байгаа явдал юм. Ясны сийрэгжилт, яс ургалтууд буюу ерөнхийдөө ясны өөрчлөлтүүд ихсэж байгаа нь хоол унд, хөдөлгөөний дутагдлаас гадна хоол ундны замбараагүй хэрэглээтэй холбоотой. Тийм учраас энэ сайхан дэлгэр цагийг ашиглаад хүмүүс аль болох байгальдаа, уул усандаа алхаж энерги, эрч хүчээ авах, нарнаас витамин Д авах, булаг шандны уснаас ууж ходоод, гэдсээ цэвэрлэх хэрэгтэй.

-Хүмүүс зуны улиралд рашаан, шавар эмчилгээнд явдаг?

-Үе мөч, бөөрний өвчтэй хүмүүст элсэн банн их чухал үр дүнтэй. Хүүхдийн рахит, үе мөчний өвчлөлийг элс, нараар эмчилж болно. Хүмүүс рашаанд орохын өмнө эмчид үзүүлж шинжилгээ хийлгэх хэрэгтэй. Ямар нэг хавдрын шинж тэмдэгтэй хүн халуун эмчилгээ, шавар рашаанд орж болохгүй. Харьцангуй эрүүл хүмүүс дархлаагаа сайжруулж, архаг өвчнөө эмчлэхэд рашаан, шавар ус, элсээр уламжлалт эмчилгээ хийлгэж болно.

-Коронавирустай холбоотой хүн төрөлхтний хувьд маш олон эерэг өөрчлөлтүүд гарсан. Харин монголчуудын хувьд гараа тогтмол угааж, ариутгадаг болж байна?

-Гараа тогтмол угааснаар хамгийн эхний ээлжинд гэдэсний замын халдварт өвчнүүдээс сэргийлж чадна. Манайхны ярьж заншсан суулга, гэдэсний савханцрууд, бохир гараар дамждаг элэгний А вирус байна. Мөн гэдэс, арьсны халдварууд, шимэгч хорхой буюу цагаан хорхой гээд бүгд л гараар дамждаг. Ямар ч тохиолдолд хоолоо идэхийн өмнө, ам гар харьцах болгонд гараа угаах ёстой л доо. гараа угаагаад таван минут болоход л гаранд нянгууд үржээд эхэлдэг. Тиймээс гараа тогтмол угааж хэвшиж буй энэ байдлаа хойшид ч хадгалах хэрэгтэй.

Б.МЯГМАРБОЛОР

Categories
мэдээ цаг-үе

Б.Хаш-Эрдэнэ: Тусгай сангуудад төвлөрсөн мөнгөнүүдийг зах зээл рүү гаргаж, бизнес эрхлэгчдээ дэмжих хэрэгтэй байна

Улаанбаатар хотын худалдааны танхимын гүйцэтгэх захирал Б.Хаш-Эрдэнэтэй ярилцлаа.


-Монголын бизнесийн орчны тухай ярихад яалт ч үгүй “Covid 19”-тэй холбогдож таарах нь. Нөхцөл байдал хүнд байгааг хэн бүхэн харж байна?

-Коронавирусийн халдвар дэгдсэнтэй холбоотойгоор Засгийн газраас хөл хорио тогтоосон. Хөл хорио тогтоосон эхний нэг, хоёр сард аж ахуйн нэгжүүд хүлээлтийн байдалтай байсан. Удахгүй нээгдчих байлгүй дээ гэсэн байдалтай. Ерөнхийдөө өөрсдийнхөө дотоод хүч, нөөц боломжоороо бизнесээ үргэлжлүүлээд ажилчдаа цалинжуулаад явж байсан. Гэтэл гурав, дөрөв дэх сараасаа үнэндээ компаниудын хувьд ойрын үед хэвийн болохгүй гэдгийг мэдэж, хүлээлтийн байдлаасаа гарч дараагийнхаа арга хэмжээнд орж эхэлж байна.

-Тэр нь ямар арга хэмжээ вэ?

-Өмнө нь ажилчдаа цөөлөх нь бага байсан бол одоо цөөлөх нь нэмэгдэж байна. Манай бизнес эрхлэгчид төдийгүй ихэнх аж ахуйн нэгжүүдийн орлого харьцангуй сайн олдог үе нь Цагаан сар, ноос ноолуурын үе, наадмын үеэр байдаг. Цагаан сарын үеэр бүх үйл ажиллагаа нь хоригдоод орлогоо олж чадаагүй. Ноос ноолуурын үеэр ноолуураа аваад үйл ажиллагаагаа явуулъя гэхээр дэлхийн зах зээл нь хаагдчихсан, худалдан авагч үгүй болчихсон. Тиймээс хэдэн тэрбумаар нь мөнгө гаргаад юмаа үйлдвэрлэх боломжгүй болсон. Энэ бол зүгээр нэг жишээ. Ингэж эргэлт, орлого багассан учраас ажилчдаа цөөлж эхэлж байна. Цаашид сайжирна, ойрын хугацаанд сайжирна гэсэн хүлээлтгүй болчихсон учраас ийм шийдвэрийг бизнес эрхлэгчид гаргахаас өөр аргагүй болж байгаа юм. Тэгэхгүй бол бизнесүүд дампуурах гэж байна.

Үүн дээр нь манай төр засгийн зүгээс аливаа шийдвэр гаргахдаа нэг тийм сюрприз барьж байгаа мэт байдлаар гаргаад байх юм. Манай танхимаас хэд хэдэн санал гаргаад хүлээж авахгүй болохоор хэвлэлийн бага хурал хүртэл хийсэн. ХАОАТ, нийгмийн даатгалыг суутгахыг болиулаач ээ, бизнес эрхлэгчдэдээ хөнгөлттэй зээл олгооч ээ, тэгэхгүй бол Монголын бизнес эрхлэгчид дампуурахад бэлэн байна гээд нэлээд олон санал гаргасан. Гэтэл гэнэтхэн маргааш Ерөнхий сайд гарч ирээд л “Нийгмийн даатгалын шимтгэл, ХАОАТ-ыг суутгахаа болилоо. 200 мянган төгрөг өгнө” гэж долоон арга хэмжээ авна гэж зарласан шүү дээ. Үүнийг сонсоод л маргаашнаас бүгд дахиад хүлээлтийн байдалд орчихсон. Гэтэл Засгийн газар тэр зарласан арга хэмжээгээ яаж шийдэх, яаж хэрэгжүүлэх, ямар ч дүрэм журмаа гаргаагүйгээс болоод тэр 200 мянган төгрөгийн асуудал долоо хоногийн өмнөөс л шийдэгдэж эхэлж байна шүү дээ. Гэхчлэнгээр урьдчилж судалгаа тооцоогоо хийгээгүй, гэнэтхэн санаанд оромгүй бэлэг барьж байгаа юм шиг зарласнаас болоод ард иргэд, бизнес эрхлэгчдийн хооронд үл ойлголцлыг бий болгож байна. Хамгийн эхэлж “Зээлийг чинь царцаалаа, зээлээ төлөхгүй байж болно оо” гэж мэдэгдсэн. Тэр дагуу ард иргэд банкин дээр очоод зээлээ зогсоолгох гэтэл банк нь өөдөөс нь “Ямар ч дүрэм журам, бодлогын бичгүүдээ хүлээж аваагүй байна” гэж тайлбар хэлж буцааснаас бөөн сенсаци болсон. Ийм учраас төрөөс хэрэгжүүлэх гэж байгаа арга хэмжээгээ цогцоор нь гаргаад, урьдчилан тодорхойлж, бэлтгэлтэйгээр хэрэгжүүлэх хэрэгтэй байгаа юм. Хамгийн сүүлийн жишээ гэхэд л Улаанбаатар хотын захиргаанаас шийдвэр гаргаж баар, караокег нээчихээд хоёр хоногийн дараа хаасан. Баар, караокег ихэвчлэн жижиг аж ахуйн нэгжүүд ажиллуулдаг. Бид сая судалгаа хийж үзсэн. Зөвхөн тэр хоёр хоногт баар, караоке нэгээд хаахад нэг аж ахуйн нэгж дунджаар 15-20 сая төгрөгийн алдагдал хүлээсэн. Энэ мэтээр бидний судалгаагаар янз бүрийн л юм гарч ирж байна даа.

-Монголын бизнес эрхлэгчид маань төр засгаасаа ямар шийдвэр хүлээдэг?

-Дэмжихээсээ илүү юмаа илүү тодорхой байлгаж байгаач ээ. Мэдээллээ ил тод байлгаач ээ гэж байна. Тодорхой дүрэм, журам гаргангуутаа “Нээхээр боллоо, хаахаар боллоо” гэдгээ сошиалаар мэдэгдчихдэг. Бизнес эрхлэгчдэд ямар ч урьдчилгаа заавар, зөвлөмж өгөхгүйгээр гэнэт шийдвэрээ зарладаг. Өөрөөр хэлбэл, манай төрийн бодлого, гаргаж буй шийдвэрүүд дандаа сошиалаар яваад байна. Энэ чинь албан бус. Албан бус энэ байдлаас болоод үл ойлголцол хаа хаанаа их үүсч байна. Зургаа, долдугаар сар, энэ оны эцэст эдийн засгийн байдал нэг иймэрхүү болох нь байна шүү, бид ийм ийм цогц арга хэмжээ авах гэж байгаа шүү, үүнийгээ ийм ийм шат дараалалтайгаар хэрэгжүүлэх юм шүү гэж урьдчилж хэлэхгүй болохоор бизнес эрхлэгчид маань сайд дарга нарын сюрпризэд тааруулж үйл ажиллагаагаа явуулах гэж маш их алдагдалд орж байна.

Энэ олон хүнд суртал, шат дамжлагаа багасгаад мэдээллүүдээ ил тод байлгаж байгаач ээ. Бид урьдчилж юмаа мэдэж, тэрэндээ бэлдэж баймаар байна гэдэг хүсэлтийг бизнес эрхлэгчид гаргаж байгаа. Хоёрдугаарт, хөнгөлөлттэй зээл олгооч ээ гэж байгаа. Түүнээс биш үнэгүй юм, зүгээр мөнгө өг гээгүй. Хөнгөлөлттэй зээл олгооч ээ. Бид ажилчдынхаа цалинг тавихад хэцүү болж байна. Түүхий эд материалаа татахад хэцүү болж байна. Борлуулалтын орлого, эргэлт багассан учраас. Тиймээс хөнгөлөлттэй зээл л олгоочээ гэдэг асуудлыг бизнес эрхлэгчид ихээр тавьж байгаа.

-“Covid-19” халдвар гарахаас өмнө жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид “Төрийн хамгийн том тус бол бидний ажилд оролцохгүй байх явдал” гэж ярьж байсан. Бизнесийн салбарт төр оролцохоороо л болохоо байдаг гэдэг юм билээ?

-2020 оны эхээр, энэ халдвар дэгдэхээс өмнө Монголын бизнес эрхлэгчид ирээдүйгээ, цаашдын зорилгоо өөдрөгөөр харж байсан. Одоо харин өөдрөгөөр харах боломжгүй болчихоод байна. Яах нь тодорхойгүй, төрийнхөн маань ч, бизнесийнхэн маань ч энэ их эрсдэл яахыг мэдэхгүй байгаа учраас, мөн дээрээс нь нөхцөл байдал өдөр болгон өөрчлөгдөж байгаа болохоор хүлээлт дунд яах бол гэсэн байдалтай л байна.

-Монголын бизнесийн салбар эргэж хөл дээрээ босоход гурван жил шаардагдана гэж байгаа. Бизнес эрхлэгчдийн ойр ирээдүйн төлөв ямар байх бол?

-Ямар ч байсан ийм хүнд нөхцөлийг удаан туулчихсан, цаашаа яах нь мэдэгдэхгүй байгаа учраас дараа жилийн өдий хүртэл хүнд хэвээрээ л явах байх. Тиймээс энэ хүндрэлтэй нөхцөл байдлыг улам хүндрүүлэхгүйн тулд урьдчилсан арга хэмжээнүүдийг авах шаардлагатай.

Төр засаг нь хөнгөлөлттэй зээл гаргаж өгч чаддаггүй юм бол бонд гаргахыг нь зөвшөөрөх хэрэгтэй. Хувьцаа гаргахыг нь зөвшөөрөх хэрэгтэй. Санхүүгийн бусад эх үүсвэрүүдээс санхүүжилт хайж олох, тэрнийг авахад нь туслалцаа дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Мөн төр засагт олон тусгай сан бий. Тэр сангуудад маш их хэмжээний мөнгө төвлөрчихсөн байж байдаг. Тэр төвлөрсөн мөнгөнүүдийг зах зээл рүү гаргах хэрэгтэй. Жишээ нь, Тэтгэврийн сан, Нийгмийн даатгалын сан дээр төвлөрсөн мөнгөнүүдийг хөрөнгийн зах зээл дээр гаргадаг ч юм уу, хувьцаа хулдаж авдаг ч юм уу, шинээр бонд гаргаж өөрийгөө санхүүжүүлэх гэж байгаа аж ахуйн нэгжүүдийн бондыг худалдаж авдаг ч юм уу, ямар ч байсан мөнгөжүүлэх арга хэмжээ яаралтай авах шаардлагатай.


Categories
мэдээ цаг-үе

Шүрэн цохыг хортон шавьжийг устгуулах зорилгоор үржүүлдэг

Монголчууд шүрэн цохыг алтан цох, цох хорхой, өмбий зөөхий, нүүнүү, нүүдгээ, өөөлэй гэх мэтээр янз янзаар нэрлэдэг. Үүнтэй адил улс орнууд ч энэ амьтныг өөр өөрөөр нэрлэдэг ажээ. Европын улс орнуудад цохын нэр домгийн сайн талын баатартай холбоотой байдаг аж. Ирланд, Хорват, Франц, Герман, Англи, Слованд энэ амьтныг Гэгээн Мэри, Нар, гэгээн Антоны элч, Бурхны бяцхан хонь, Бурхны элч үнээ, Сайн эзний амьтан, англи хэлтэн орнуудад Хатагтай цох, үнээ цох, мэй бясаа, алтан бөмбөлөг, алтан бясаа, Барней хамба лам, Барнеби гэж нэрлэнэ. Дэлхийн улс орнуудад шүрэн цохыг өхөөрдөн хайрлаж, тааралдвал алж болохгүй гэдэг нийтлэг заншил байдаг аж. Аз дууддаг амьтан учир алж болохгүй, тааралдвал нисгэж, тайван орхи гэцгээдэг юм байна. Шүрэн цохтой тааралдвал та азтай, харин түүнийг албал муу явдал тохиолдохын ёр гэж үздэг. Голландад шүрэн цох нь огцом уур омгийг дарагч бэлгэдэлтэй амьтан гэгддэг бол Финландын “Швед гаралтай иргэдийн нам”-ын бэлгэдэл нь энэ амьтан байдаг ажээ. Оросууд ч шүрэн цохыг алахыг цээрлэж Бурхны хамааралтай амьтан гэж үздэг юм байна. Европын өмнөд хэсгийн газруудад “Хэрвээ шүрэн цох таны бие дээр суувал та азтай явдалтай учирна” гэж тайлбарладаг. Шүрэн цох нь бүрэн хөгжилт шавьж. Хатуу далавчтан буюу цохын багт багтдаг шавьжны баг. Одоогоор дэлхий дээр шүрэн цохын 5000 гаруй зүйл байгаагаас 53 зүйл нь Монгол оронд олдоод байна.

Шүрэн цох нь жижиг биетэй. Биеийн хэмжээ нь 1мм-10 мм хэмжээтэй. Ихэвчлэн шар, улбар шар, гал улаан дэвсгэр бүхий хар толбо буюу зууван зураас бүхий хатуу хагас бөмбөлөг хайрсан далавчтай. Толгой, хөл болон тэмтрүүл нь хар өнгөтэй. Маш олон төрлийн шүрэн цохнууд хар, саарал юм уу бор өнгөтэй байдаг нь ялгахад түвэгтэй учир мэргэжлийн шавьж судлаач л таних боломжтой байдаг. Шүрэн цох ихэвчлэн ургамал идэшт шавьж, ургамлын шимэгч шавьжнуудыг иддэг. Цэцэрлэг, ХАА-н эдэлбэр газар, жимсний цэцэрлэг болон бусад ургамлан бүрхэвчтэй талбайд амьдардаг. Өмнөд Америк, Европт байдаг цөөн зүйлийн цох нь ургамлын хортонд тооцогддог тал бий.

Шүрэн цохын ихэнх зүйл нь бүүрэг, кокцид, ургамлын бөөс иддэг махчин боловч зарим зүйл нь ургамал идэштэн байдаг. Ургамлын шүүсээр хооллогч шүрэн цохуудаас хамгийн хөнөөлтэй нь ХАА-н ургамалд маш их хохирол учруулдаг Мексикийн буурцгийн цох аж. Уг цох нь ихэвчлэн тариалангийн талбай болон цэцэрлэгт тарьсан үр тариа, хүнсний ногоо, цэцэрлэгийн ургамлыг иддэг тул Мексикийн фермерүүд шүрэн цохонд ихээхэн дургүй байдаг. Иймээс уугуул шүрэн цохуудыг багасгах зорилгоор умард Америкийн шүрэн цохуудыг нутагшуулах арга хэмжээ авчээ.

Цохууд ихэвчлэн хурц өнгөтэй байдаг нь өөрийгөө махчдаас хамгаалах зохилдлого юм. Шүрэн цохууд ихэвчлэн улбар шар ба хар, шар ба хар гэсэн өнгөтэй байдаг. Энэхүү гоц үзэгдлийг апосематизм гэж нэрлэдэг юм байна. Өнгөний энэ зохилдлогоос гадна ихэнх шүрэн цохууд үнэхээр хортой байдаг бөгөөд жижиг биетэй шавьж идэшт гүрвэл, шувуудыг хордуулахуйц байдаг. Харин хүнд төдийлөн мэдэгддэггүй, гэхдээ зуу орчим шүрэн цохын хор нийлбэл хүнд нөлөө үзүүлэх боломжтой. Бие гүйцсэн шүрэн цохын хөлнүүдэд шавьжны цус мэдрэгч бий болдог. Дайснаасаа биеэ хамгаалах үедээ эвгүй хурц үнэр бүхий тосорхог шингэн ялгаруулдаг.

Ихэнх шүрэн цохууд хавар юм уу намар үржилд орж, эмэгчин нь ирээдүйн цохуудын хүнс тэжээл болох ургамал шимэгчдийн колонид хялбар хүрч болохуйц газарт өндгүүдээ бөөнөөр нь гаргадаг. Шүрэн цохын зүйлүүд нь хэдхэн ширхгээс хэдэн зуун ширхэг хүртэл харилцан адилгүй тоотой өндөг гаргадаг. Ойролцоогоор нэг долоо хоногийн дараа өндгүүдээс авгалдай гарна. Авгалдай хэлбэртэйгээр 10-15 хоног амьдрах бөгөөд түүний дараа бие гүйцсэн цох болохын өмнөх хүүхэлдэйн шатанд шилжинэ. Шүрэн цохын амьдралын мөчлөг нь маш богинохон бөгөөд зүйлээсээ хамаарч 4-7 долоо хоног л үргэлжилдэг. Ихэнх шүрэн цохууд нэг жилийн дотор амьдралын мөчлөг нь дуусгавар болдог.

Шүрэн цохын ихэнх төрлүүд нь жилийн турш ургамлын шимэгч, хооллогч бичил шавьжууд, хувалзаар хооллоно. Өвлийн улирлыг ичиж өнгөрөөн хавар анхны шавьжууд гарч ирэхтэй зэрэгцэн гарч ирдэг. Зарим зүйлийн шүрэн цохууд өндөрлөг газарт томоохон бүлэг үүсгэн ичнэ. Ази, Өмнөд Америкийн аль ч бүс нутагт шүрэн цохонд таатай ханддаг бөгөөд XX зуунаас эхлэн цэцэрлэгт зориудаар үржүүлэх болсон байна. Европын орнуудад шүрэн цохыг тариалангийн талбайн хортон шавьж устгуулах болон цэцэрлэгийн хортон шавьжуудыг устгах зорилгоор түгээмэл ашигладаг. Шүрэн цохын хамгийн алдартай, нэр хүндтэй нь алиалагч шүрэн цох буюу Хармониа Аксиридис (Азийн шүрэн цох) юм.


Categories
мэдээ цаг-үе

Ж.Тэмүүжин: Цементийн бүх түүхий эд манай улсад байдаг учир гаднаас нэмэлт бодис авах шаардлагагүй

ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн лабораторийн эрхлэгч, академич Ж.Тэмүүжинтэй ярилцлаа.

-Цементний эрэлт их байгаа ч нийлүүлэлт буурснаас энэ бүтээгдэхүүний үнэ өсөөд байна. Дотоодын үйлдвэрлэгчид хангалттай үйлдвэрлэж чадахгүй байгаа нь энэ асуудлыг үүсгэж байна гэх юм. Манайх цементээ дотоодоосоо 100 хувь хангах боломжтой гэдэг. гэтэл яагаад хомсдол үүсээд байгаа вэ?

-Би энэ тухай мэдээ уншаад гайхаж байсан л даа. Манай улсад нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай дөрвөн том үйлдвэр байхад хангалтгүй үйлдвэрлэж байна гэхээр. Үүнээс гадна Налгар түшиг зэрэг жижиг үйлдвэрүүд байгаа. Манай жилийн хэрэглээ хоёр сая тонноос хэтрэхгүй. Ингэхээр хомсдол өөр шалтгаантай байж магадгүй юм. Цемент голчлон хэрэглэдэг барилгын үйлдвэрлэл улирлын шинж чанартай. Дулааны улиралд барилга, замын ажлын гүйцэтгэл явагдана. Харин цемент өөрөө удаан хадгалж болдоггүй буюу зургаан сараас дээш хадгалахыг тохиромжгүй гэж үздэг. Маш нарийн нунтаг учраас чийг өөртөө шингээн шинж чанар нь буурдаг. Иймээс үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэл жигдрэх хүртэл хомсдол үүссэн байж болзошгүй юм. Мөн цар тахлаас шалтгаалан бизнесийн үйл ажиллагаа саатсан нь ч нөлөөлж байж болно.

-Цемент гэж чухам ямар материал байна вэ. химийн найрлага талаас нь та дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?

-Цементийн үйлдвэрийн түүхий эд найрлагаасаа хамаарч бага зэргийн ялгаатай байдаг. Үүнд нь кальцийн оксид, цахиурын оксид, төмрийн оксидын харьцаа чухал нөлөөтэй. Цементийн үйлдвэрлэлийн хамгийн чухал түүхий эд нь шохойн чулуу бөгөөд түүхий эдийн 75-80 хувь, шаварлаг эрдэс 20-25 хувь дээр нь бага зэргийн төмрийн хүдэр нэмэгдэж болох бөгөөд энэ нь шаварлаг эрдэст агуулагдах төмрийн оксидын хэмжээнээс шалтгаалдаг. Эдгээр түүхий эдээ нунтаглаж 1500оС хүртэлх температурт эргэх зууханд шатаан бөмбөлөг хэлбэрийн цементийн клинкер (чулуунцар)-ийг гаргадаг. Үүнийгээ дараа нь зургаан хувь хүртэлх хэмжээний гөлтгөнөтэй холин нунтаглаж портланд цемент гэж нэрлэгддэг холбогч нэгдэл буюу цементийг гарган авдаг.

-Цементний найрлагад ордог чухал бодисыг хятадаас авдаг нь асуудлын гол болоод байгаа гэдэг. Тэр нь ямар бодис вэ?

-Энийг бол би үнэндээ мэдэхгүй юм байна. Цементийн үйлдвэрлэлийн сонгодог технологиор бүх түүхий эд нь манай улсад байгаа бөгөөд гаднаас нэмэлт бодис авах шаардлагагүй гэж бодож байна. Яг юуг гаднаас авдгийг хэлж мэдэхгүй байгаа учир сайн хэлж мэдэхгүй байна.

-Таны “цахилгаан станцын хаягдал үнсээр барилгын материал үйлдвэрлэх” нэртэй судалгааны ажил “дэвшилтэт шинэ материал үйлдвэрлэлд нэвтрүүлэг” шагналыг хүртэж байсан. Судалгааны тэрхүү ажил тань үйлдвэрлэлд нэвтэрч чадсан уу. Тухайн үед та “хаягдал үнсийг ашиглавал Хятадаас цемент авахаа болино” гэж ярьж байсан?

-Энэ судалгаа, боловсруулсан технологи маань “Барилга -2012” үзэсгэлэнгээс уг шагналыг хүртэж байсан. Энэ нь геополимер технологи буюу цементгүй бетон үйлдвэрлэх технологи юм. Бид уг технологиор хагас үйлдвэрлэлийн туршилт явуулан тодорхой тооны бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн. Тухайн үед манай улс цементийнхээ ихэнхийг БНХАУ-аас импортолдог байсан бөгөөд энэ хамаарлыг багасгах, байгаль орчны бохирдлыг шийдэхэд нэмэр болох технологи гэж үзэж байсан юм. Харин манай улсад цементийн том үйлдвэрүүд ашиглалтанд орсноор үнэ тогтворжин дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангаад эхэлсэн учир уг технологиор үйлдвэрлэл явуулахад хүндрэлтэй болсон. Учир нь гол түүхий эд болох идэвхжүүлэгч шүлтийг гаднаас импортоор авах шаардлагатайн дээр химийн бодис ашиглаж буй учир химийн үйлдвэрлэлд тооцогдон орон тоо, хөдөлмөр хамгааллын нэмэлт зардал шаардагдан дотоодын бетоны үйлдвэрүүдтэй өрсөлдөхөд хүнд байсан учир цаашид үйлдвэрлэлийн түвшинд хэрэгжээгүй. Гэхдээ энэ технологиор Монгол Улсад оюуны өмчийн эрх хамгаалагдан, олон улсын сэтгүүл, товхимолд 20 гаруй бүтээл хэвлэгдсэн.

Categories
мэдээ цаг-үе

​ Б.Чанцалдулам: Ард түмэн нийтийн дуугаа үгүйлж байгаатай адил дуучид бид ч тайзаа санаж байна


Нийтийн дуучдын нэгдсэн холбооны 15 жилийн ойд зориулсан 99 дуучин нэгэн тайзнаа гарах хүндэтгэлийн лайв концерт өнөөдөр, маргааш хоёр өдөр болно. Энэ талаар тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, дуучин Б.Чанцалдуламаас тодрууллаа.


-99 дуучин дуулна гэхээр нийтийн дууны үе үеийн төлөөлөл оролцох нь ээ?

-Нийтийн дууны таван үеийнхэн энэ концертод оролцоно. Алтан үе, ахмад үе, дунд үе, залуу үе, дөнгөж сургууль төгссөн гээд таван үеийнхэн бүгд оролцоно. 99 дуучин маань 50, 50-иар хуваагдаж хоёр өдөр тоглоно. Нэг удаагийн тоглолт гурван цаг үргэлжилнэ. Зочин хөтлөгчид ирнэ. Тоглолт лайваар явж байгаа учир хөл хорионы дэглэмтэй холбогдуулж, эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангаж ажиллана. Онцгой байдлын газраас зөвшөөрлөө авч, эмчийн хяналт дор тоглолтыг зохион байгуулна.

-Нийтийн дуучдын тоглолтыг хүлээж буй олон хүн байгаа. Хөл хорионд олон сар суучихсан болохоор ард түмэн дуу хуураа үгүйлж буй бололтой?

-Бид ч гэсэн өөрсдөө шинэ жил гарснаас хойш тоглолтод оролцсонгүй. Бид өмнө нь оролцсон лайв тоглолтуудынхаа туршлага дээр тулгуурлаж энэ удаагийн тоглолтоо маш хариуцлагатай хийх болно. Хэрвээ хөл хорио цаашид үргэлжилбэл бид ийм хэмжээний томоохон тоглолтуудыг хийх болно гэж төлөвлөж байгаа.

Уран бүтээлчид бид завтай байгаа ч уран бүтээлээ хийхгүй, тайзнаа гарахгүй байгаа учир тайзаа санаж байна. Үзэгчдийн хувьд үзэх тоглолт цөөн байгаа учир зохих хэмжээнд хүлээлт байгаа байх аа гэж бодож байна. Үзэгчид дуугаа үгүйлж байгаатай адил бид ч тайзаа саналаа.

-Хамгийн сүүлд Л.Болдбаатар гавьяатын тоглолт болов уу даа?

-Тэгсэн. Л.Болбаатар гавьяатын тоглолтын дараа л хөл хорионд орсон.

-Цагаан сар, Мартын найман, Цэргийн баяраар монголчууд Бөхийн өргөөндөө, UB palace-т нийтийн дуучдынхаа тоглолтыг үздэг уламжлалтай. Тэгэхээр яалт ч үгүй цаг нь болжээ?

-Бид сошиал, телевизээр зохих хэмжээнд гарч байгаа ч тэр болгон бидэнтэй уулзаад байдаггүй хөдөө орон нутгийн сонсогчид маань илүүтэй их хүлээж байгаа байх. Бид тэдэндээ дуу хуураа ийнхүү хүргэх юм. 99 дуучинтай том тоглолтыг маш сайн зохион байгуулж явж байна. Зохион байгуулалтын хувьд төсөв, мөнгөний зардал өндөр гарч байна. Хоёрдугаарт, нэгдүгээр сараас хойш орлогогүй байсан уран бүтээлчдээ тодорхой хэмжээнд цалинтай байлгахын тулд тоглолтуудыг тасралтгүй зохион байгуулж байх ёстой болдог, холбоо маань. Хоёр өдрийн тоглолтыг та бүхэн 9999 төгрөг төлөөд үзэх юм. Нэг өдрийн тоглолт 5000 төгрөгийн үнэтэй гэсэн үг л дээ. Энэ бол үзэгч, сонсогчдод боломжийн үнэ гэж бодож байна. 5000 төгрөгөөр худалдаж авсан тоглолтоо гэртээ хэдүүлээ ч суугаад, хэдэн ч удаа үзэж болно шүү дээ.

-Саяхан “Хурд”, “Никитон” хамтлаг мөн хошин урлагийнхны нэгдсэн тоглолтуудаа LIVE-аар шууд хүрсэн. Харин та бүхэн төлбөртэй гаргаж байгаа юм байна. Хүмүүс нийтийн дуучдын LIVE тоглолт болно гэж хүлээж байсан нь ташаа байжээ?

-Тийм, төлбөртэй сувгуудаар үзнэ. Үнэгүй тоглож болдоггүй юм уу гэдэг санал ирсэн. Нэгдүгээрт, бид чанарыг бодолцож байгаа. Хоёрдугаарт, 99 дуучны тоглолт болно. Тэд бүгд ХИТ дуунуудаа дуулна. Залуу уран бүтээлчид маань алтан үеийнхны болон хуучны ХИТ дуунуудыг хамтран дуулна. Тоглолтын найруулга, чанар дээр бид хангалттай сайн ажилласан гэж бодож байна. Хангалттай сайн бэлдсэн учраас үзэгчдийн сэтгэлд хүрэхгүй байх ямар нэг шалтгаан гарахгүй гэдэгт итгэлтэй байна.

-Танай тоглолтыг яаж үзэх вэ. Заавраа танилцуулна уу?

-DDISH-ийн 900 дугаар сувгийг хөдөө орон нутгийн хэрэглэгчид сайн мэднэ. Төлбөртэй кино үздэг заавраа бүгд мэдэж байгаа байх. Юнивишний хэрэглэгчид 88 дугаар суваг дээр тааруулаад бидний зурагтай постер дээр дараад идэвхжүүлнэ. Ногоон товчоо дарахаар төлбөр төлөх, идэвхжүүлэх гэж гарч ирнэ. Зааврын дагуу төлбөрөө хийгээд л болчихно. Хэрвээ 30-ны өдөр төлбөрөө төлөөд үзвэл 29-ний өдрийн тоглолтыг бас үзнэ гэсэн үг. Гадаадад байгаа болон гар утсаар үзэх сонирхолтой хүмүүс байвал гар утсандаа LookTV аппликейшн татаж суулгаад Кино суваг руу ороод, Тоглолт гэдгийг сонгоод зааврын дагуу төлбөрөө төлнө. LookTV рүү ороход санал болгох контентуудын дунд манай тоглолт бий.

-Нийтийн дуучдын нэгдсэн холбоо одоогоор хичнээн гишүүнтэй вэ?

-Албан бус тоогоор 110-аад уран бүтээлч байгаа. Үүний цаана бэлтгэгдэж байгаа, дор хаяж 1-2 ХИТ дуутай, тоглолт хийхээр зорьж яваа 60-аад уран бүтээлч байгаа. Манай Удирдах зөвлөл саяхан солигдсон. Иймээс гишүүдтэйгээ дахин шинэчилсэн гэрээ хийх ажлуудыг эхлүүлж байна.

-Дээхнэ үед зурагтаар нийтийн дуучдын дуу, тоглолт харьцангуй их гардаг байж. Гэтэл сүүлийн үед дуу нь ер явахаа болилоо, юу болчихов гэж үзэгчид гайхацгааж байна. Дуучид, уран бүтээлчид болоод телевизүүдийн хооронд асуудал байна уу. Та үүнд ямар тайлбар хэлэх вэ?

-Өнөө жилийн хувьд шинээр юм хийцгээсэнгүй, амралтын байдалтай байна. Бүгд давхар хийдэг байсан ажлуудаа хийгээд явж байна. Оноос өмнөх байдлын хувьд бид уран бүтээлүүдээ телевизүүдээс татсан юм байхгүй. Үзэгчдэд нийтийн дуучдын дуу бага хүрч байгаа санагдаж байгаа бол тухайн телевизийн маркетингтай холбоотой асуудал байх. Манай холбоо 20-иод телевизтэй хамтарч ажилладаг. Эдгээр телевизүүдээр уран бүтээлүүд маань явах ёстой цагтаа явж л байдаг. Орох ёстой нэвтрүүлгүүддээ уран бүтээлчид маань оролцоод л явдаг. Хэрвээ бага санагдаж байвал бид илүү л дайчин ажиллах хэрэгтэй юм байна даа гэж бодож байна.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Чойжамц: Монголчуудад уламжлагдаж ирсэн сайхан сэтгэлийн хөрөнгө нь хэвээрээ байгаа юм байна

Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамцтай ярилцлаа.


-Ирэх сарын 5-нд Бурхан багшийн Их дүйчэн өдөр тохиож байгаа. Их дүйчэн өдрийг бүх нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх баяр байхаар хуульчилсан. Өнөө жилийн Их дүйчэн өдрийг угтсан буяны үйл ажиллагаа бүтэн жилийн турш үргэлжилж байна?

-Бурхан багшийн Их Дүйчэн өдөр ирэх долоо хоногийн баасан гаригт болох гэж байна. Энэ өдрийг дэлхий нийтээрээ тэмдэглэх НҮБ-ын шийдвэрийг тусгай чуулганаас гаргаж, улс болгонд ялангуяа Бурхны шашин шүтдэг орнуудад өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг болсон. Манай Бурхны номонд юу гэж гардаг вэ гэхээр, урд гарсан ихэс дээдэс, мэргэд, бурхадын үйл амьдрал бол бидний дагаж мөрдөх ёстой журам болдог гэдэг. Тэгэхлээр аргагүй юм, Бурхан багшийн намтар түүхийг өгүүлсэн 55 ангит киног үзэж байхад бусдыг хайрлаж энэрэх, маш ухаалаг байдал, дайн тулааныг зогсоож байгаа, эрэгтэй эмэгтэй хүнийг хүйсээр ялгаварлахгүй бие биетэйгээ тэгш харьцах, үр хүүхдүүдээ асрах тухай, зарим шашинд байдаг хүнийг язгуур харгалзаж харьцдаг тэгш бус эрхийг үгүйсгэж хүмүүс нэг нэгэнтэйгээ тэгш сайхан харьцах, хүний эрх, эрх чөлөө, шашин шүтэх эрх чөлөө, бусдыг хайрлан энэрэх, ижил тэгш байх гэх мэтчилэнгээр хүн төрөлхтний олсон энэ бүх ололтыг 2500-гаад жилийн өмнө Бурхан багш үнэхээрийн гайхамшигтайгаар нээж байжээ. Хаан засагтай, дээр доор гэж үздэг ийм нийгмээс тийм гэгээрсэн хүн болж гарна гэдэг бол амар ажил биш. Үнэхээр Бурхан л хийж чадахаас өөр аргагүй. Ийм л үйл явдал харагддаг. Тийм болохоор бид Бурхан багшийн гайхамшигтай түүхийг үзэх ёстой юм. Энэрэл хайр байгаа ямар ч газарт энх тайван тогтдог, эвлэрэл, жаргал бий болдог. Гэр бүл дотор ч гэлээ тийм байдаг. Тийм болохоор Бурхан багшийн дүйчэн өдөр бол бусдад их үлгэр дуурайлалтай. Ялангуяа олон зуун жилийн турш Бурхны шашин шүтэж ирсэн Монгол Улсад дүйчэн өдрийг тэмдэглэдэг уламжлалтай. Одоо тэгэхээр бүх ард түмнээрээ сайхан тэмдэглэхээр боллоо гэж хамгийн түрүүнд их баяртай байгаа.

-Баяр гэхээр манайхан ташаа ойлгоод байдаг. Их дүйчэн өдрийг амралтын өдөр биш, бүх нийтээрээ буянд шамдах өдөр болгож байгаа шүү дээ?

-Бурхан багшийн дүйчэнгээр жишээлж, манайд байгаа бүх баярт өөрчлөлт гаргамаар байдаг. Тэр нь юу вэ гэвэл, Бурхан багшийн Их Дүйчэнг бүх нийтийн баяр болгосонтой холбогдуулж, өнгөрсөн жилийн ес, аравдугаар сараас эхэлж жил шахуу хугацаанд буянд шамдаж байна. Энэрэл, нигүүлслийн талаар номлож, ядуу зүдүү улсуудад туслах, өвчинтэй зовлонтой хүмүүст, хавдрын эмнэлэг зэрэг газруудаар явж өвчтөнүүдийн сэтгэл санааг дэмжих, шорон оронд орж алдаж олдсон нэгэнд лекц уншиж, сайн сайхан зүйл, ёс суртахуун ярих, корона дэлгэрсэн үеэс эхэлж, энэ өвчин зовлонг нимгэлэхэд ард түмэнтэйгээ ойртож, энэ өвчний эсрэг ажилд дайчлагдаж байгаа хүмүүсийн жаргал, зовлонг хуваалцаж, хүйтэн салхи, цас мөсөн дээр ажил хийж байгаа тэдгээр улсуудад халуун аарц дөхүүлж өгөхөөс эхлүүлээд дархлаанд тустай бэлдмэл, хоол ундаар туслах, залуу лам нар маань хандивын аян өрнүүлж Онцгой комисст хандив өргөх зэргээр маш эртнээс бэлтгээд, тусгай хөтөлбөрийн дагуу явж байна.

Тэрнээс гадна байгаль дэлхийгээ хамгаалахын тал дээр Туул голын сав газрыг цэвэрлэх, хадаг, хогноос нь цэвэрлэж байна. Тэр бол Бурхны шашины ёс биш юм даа. Яагаад вэ гэвэл коммунизмын үед шашинаасаа холдчихсон байсан. 1990 оноос шашин шүтлэг шинээр эхлэх үед учраа олохгүй болсон. Хадаг бол үнэтэй эд, хадгалж нандигнадаг, хайрладаг зүйл байсан. Харагдсан, үзэгдсэн болгондоо зүүгээд явдаггүй эд байлаа. Гэтэл тэр үед тэр бүгдийгээ мэдэхээ байж, мартсанаас болсон. Тэр мэтийг дахин засч, хуучин уламжлалт байдалд нь оруулахын төлөө бид нэлээд ажил хийлээ. Түүнээс гадна Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарих ажилд бид бүхэн байнга оролцдог. Энэтхэгийн Элчин сайдын яам болон өөрсдийн санаачилгаар хийж буй мод тарих ажил, бас бус байгууллагуудтай хамтарч ажиллаж байна. Монголын Сүсэгтнүүдийн холбоо, Гандантэгчэнлин хийд хамтраад Бурхан багшийн Их Дүйчэнг тохиолдуулаад тэнд мод тарих гэж байна. Гэх мэтээр маш олон салаа салбар ажлыг хийж байгаа. Үүний нэг гол зүйл нь Бурхан багшийнхаа түүх намтрыг сурталчлах, түүний энэрэнгүй нигүүлсэнгүй сургаал, ёс зүй тогтоодог сайхан номыг түгээн дэлгэрүүлэх ажлыг интернэт, фэйсбүүк, твиттер зэргээр байнга явуулж байна. Би дээр ярьсан Бурхан багшийн Их дүйчэнгээр үлгэр аваад бусад баярыгаа ч бид зорилгын дагуу болгох юмсан.

Монголд баярын утга чанар алдагддаг тал бий.

-Жишээлбэл?

-Жишээ нь, эмэгтэйчүүдийн баяраар эмэгтэйчүүдийнхээ эрх, эрх чөлөөний төлөө лекц дугуйлан хийдэг, сургууль соёл дээгүүр явдаг зэрэг ажлыг бусад орнууд хийдэг бол манайх эмэгтэйчүүдээ цуглуулаад идэж уудаг. Архи мэтийн юмаар шахдаг. Энэ баярыг идэж уудаг тал руу нь илүү болгоод байгаа хандлага байгаа юм. Эрэгтэйчүүдийн баяр болоход бас л тэгдэг. Энэ бол цэрэг цуухад явсан, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд явсан, дайн тулаантай, асар их аюултай байгаа газруудад очиж цэргийн алба хаасан тэдгээр улсууд байна. Мөн ахмад үе нь байна. Цэрэг дайны тухай ярих, үр хүүхдэдээ эх оронч хүмүүжлийг олгох талын баяр байх атал бас л эрэгтэйчүүдийгээ цуглуулаад торт, мах, архиар дээд хэмжээгээр шахдаг. Ийм баяр болгосон. Гэхчлэнгээр Монголд баярууд утгадаа зохицож хийгдэхгүй байгаа ийм тал байгаа. Тэгэхээр бид юу бодож байна вэ гэвэл, наадам, Цагаан сар тэргүүтэй Монголын уламжлалд байсан томоохон баярууд, бас хойшдын амьдралд хэрэг болох, ирээдүйд хэрэгтэй, үр хүүхдэд минь соёлч, боловсон мэдлэгтэй байхад нь туслах ийм баяруудыг оруулж ирж тэмдэглэнэ үү гэхээс биш хөгжилтэй орны баяр болгоныг оруулж ирэх хандлагатай байж болохгүй. Наймаачин, худалдаачин хүмүүсийн хувьд бүх дэлхийн баярууд л орж ирж байвал тэдэнд ашигтай. Дэлгүүр хоршоондоо тэр чиглэлийн юм зардаг. Засаг төрийн шийдвэрээр арван хэдэн баяртай байдаг бол одоо хэдэн арван баяртай байх чиглэлтэй болоод байна. Баяруудыг эмхэлж цэгцлэх юмсан. Бурхан багшийн Их Дүйчэнгээр жишээлж бусад баярыг ч гэсэн уламжлал, шинэчлэлдээ зохицсон, үр хүүхдэд минь ашигтай, залуучуудад юм өгөх ийм баярыг ард түмэн нийтээрээ тэмдэглэдэг болох юмсан гэж хүсч байгаа. Тийм учраас бид бүтэн жилийн төлөвлөгөө гаргаад урт удаан хугацаанд Жавзандамба хутагт төв, Асралт төв гэх мэт шашны олон нийтийн байгууллагууд, сүм хийдүүд маш идэвхтэй зохион байгуулж Их Дүйчэн өдрөө тэмдэглэх гэж байна.

-Хэт шашинжаад байна гэж шүүмжлэх хүмүүс сүүлийн үед гарч ирж байна. Хүн сүсэг бишрэлтэй байхын давуу тал юу байдаг вэ. Нөгөө талдаа шашныг аливаа үндэстэн эв нэгдэлтэй байхын үндэс ч гэдэг?

-Монголчууд бараг зуун хувийн шүтлэгтэй явж ирсээн, 1937, 1938 оноос өмнө. Сүсэг бишрэлтэй байснынхаа төлөө хэлмэгдсээн. Үүнд хоёр янзын учир шалтгаан байдаг юм. Нэгд, Бурхны шашиныг гүн ухаантай, шинжлэх ухаантай, сургаал, номлолтой гэдгийг судалж үзээгүй байхдаа бусад шашнаар төлөөлүүлэн тэдний хэлж, ярьдаг үгээр гүтгэж хэлмэгдүүлсэн байдаг. Энэ бол нэг талаараа маш том хэлмэгдэл явсан. 30, 40 мянган хүний амийг авч одсон. Энэ нь Монголын ард түмний сэтгэл зүрхэнд хар толбо болж үлдсэнээс ирээдүй үед нь нөлөөлсөн юм. Тийм учраас шашин гэхээр л хадны мангаа гэдэг айдсыг монголчуудад бий болгочихсон юм. Үүнээс болж шашнаас болгоомжлох хандлага гарсан. Нөгөө талдаа НҮБ тэргүүтэй хүний эрх, эрх чөлөө, энх тайвны төлөө дуугардаг байгууллагууд Хүний эрхийн тунхаглалууд гаргаад хүний эрх, эрх чөлөө, шашин шүтэх эрх чөлөөг нээгээд өгчихсөн ийм нийгэмд шилжсэн. Тэгэхээр хуучин үзэл бодол, шинэ буй байдал хоорондоо зөрчилдөж байгаа тал ажиглагддаг юм. Шашин шүтлэг гэдгийг коммунист үзэл сурталжсан ухуулгаар ойлгоод түүнийгээ шашны үйл ажиллагаа руу хардах, сэрдэх, гүтгэх мэтийн ажлыг явуулдаг.

Нөгөө талдаа шашин маш дор орчихсон, боловсон хүчнээ алдчихсан байсан. 1990 он гэхэд боловсролтой, шашны мэдлэгтэй гавж, гэвш нар бараг л үлдээгүй. Хоёр, гуравхнаас илүү үлдээгүй байлаа. Тэд маань 1997 он гэхэд бүгдээрээ бурханы оронд заларсан. Мэдлэгтэй лам нараар дутуу байсан нөхцөл байдалд дөнгөж лам болсон, уншлага төдийхөн цээжилсэн байсан явцдаа ямар нэгэн алдаа гаргаж байсан явдал нь тэрэн дээр нэлээд нөлөөлсөн байх. Энэ бүгд учир шалтгааны үүднээс шашинаа хардах, сэрдэх үйл явдал гарч байсан. Тэрний дээрээс гадаадаас орж ирсэн янз бүрийн шашнууд бас нэлээд нөлөөлсөн. Уламжлалт биш, шинээр үүссэн, бусад оронд нэлээд ад болчихсон шашны урсгалууд хоосон зай байна гэж орж ирсэн. Үүн дээр маш их маргаан гаргасан. Шашин гэдэг хүний оюун санааны зүйл байгаа юм. Шашныг хүлээж авах уу, үгүй юу гэдэг нь тэр хүний сонголт байх ёстой чөлөөт зүйл. Тэгтэл идэж уух юмаар, хувцас хунараар, ятгалгаар шашиндаа оруулж эхэлсэн. Мөн янз бүрийн асрах газар гаргаж ирээд түүнийгээ нигүүлсэл, хайр, энэрлээр биш шашин дэлгэрүүлэх газар болгож өөрчилсөн. Тэгээд их бусармаг юм хийж, хүнийг ховс маягийн юманд оруулдаг, хашгируулдаг, бахируулдаг, өөрийн мэдэлгүй “Эзэн минь намайг ашиглаач” гэдэг ч юм уу, маш хачин, зэрлэг, хүнийг барьцаанд хийсэн юм шиг ийм юмнууд их гарсан учраас шашин гэдэг эд чинь хэцүү юм биш үү гэдэг ойлголтыг нийгэмд өгөхөд тэр талаасаа маш хүчтэй нөлөөлсөн гэж бодож байна. Шинэ шашны урсгалынхан сүмдээ аваачсан хүүхдүүдээ гаргадаггүй, эцэг эхийг нь очиход уулзуулдаггүй, учруулдаггүй, шалгалт хяналтын байгууллага очиход “Шашны үйл ажиллагаатай байна” гээд оруулдаггүй, юу хийж байгаа нь мэдэгддэггүй ийм байдлаас болоод шашныг хардах байдал улам их болсон гэж боддог. Ийм учраас бид энэ бүхэн дээр маш их анхааралтай хандаж, судалгаа шинжилгээ хийж, зөв зүйтэй явуулах хэрэгтэй байгаа юм. Гудамжинд яваа буддист хүнийг хүртэл татаж чангаагаад “Манай шашинд орооч” гэж эрх чөлөөнд нь халдаж байна гэж маш олон хүн гомдол мэдүүлдэг. Гэр орны хаалга үүдийг цохиод амраахгүй байна гэж цухалддаг. Гэх мэтийн ийм байдлыг шашин гэж үзэхгүй ээ. Энэ бол түрэмгийлэл юм гэж үзнэ. Тэр хүн өөрийнхөө сайн дураар сүм хийдэд очиж, танай шашиныг сонирхож байна гэвэл энэ бол эрх чөлөө. Энэ тал дээр судалгаа шинжилгээ явуулахгүй, төр засаг, хууль хяналтын байгууллага нь сул тавьснаас нэлээд үүдэлтэй. Шашины асуудал гэхээр л “Паа, пүү” гээд албаны улсууд нь хайхардаггүй. Энэ байдлыг далимдуулаад маш олон шашины сект орж ирээд байна. Өөрийнхөө уламжлалт шашинд ч бусармаг юм байвал хуулийн дагуу үзэхээс өөр арга байхгүй. Бусдын, гаднаас орж ирж байгаа шинэ шашнуудад ч шалгалт, хяналт тавихаас өөр аргагүй. Энэ бол Монголын аюулгүй байдалтай холбоотой эд.

-Монголчууд сүүлийн үед энэрэл, нигүүлслийн тухай ярьж, сайн санааны үйлс хийж, хандивын аян өрнүүлж, мод тарьдаг болоод байна. Энэ бүхэнд бурхны шашинтнууд түүчээлж, эрдэм номтой лам нар олон нийтийг уриалан дуудаж оролцож байгаа нь харагдах юм. Цаг наашилж байна гэж хэлж болох уу?

-Тийм. Юм бодохгүйгээр загнадаг хүн байвал загнах л байх. Юм боддог хүн “1990 онд Ганданд хэн хэн байсан юм бэ” гэж бодох байх. Ганданд л 30, 40-хөн лам байсан. Гандангаас өөр сүм хийд байгаагүй. Ганцхан хийд ажиллаж байсан нь Гандан. Уламжлалт өвгөчүүд нь 80, 90 хүрчихсэн, ямар ч ажил хийх бололцоогүй. Шинээр ирсэн лам нар нь 13, 14 наснаас доошх хүүхдүүд. Эднүүдээс мянга юм шаардаад юу бүтээлгэх юм бэ. Үнэхээрийн боловсон хүчний гачаалд орчихсон байсан юм шүү дээ. Тэр үеэс л “Өнөө гийгүүлнэ гээд байсан шашин чинь хаачив” гээд л эхэлсэн. Одоо үеийн хүн бол боддоггүй, шаарддаг. Ийм нэг үе эхэлчихээд байна. Цаад талд нь ямар гачаал зовлон байгаа билээ гэдгийг мэддэггүй. Эдийн засаг, боловсон хүчингүй 30, 40-хөн хүн Монгол орон даяар явж ажил хийж чадах уу, үгүй юү гэдгийг бодож үзэлгүй шүүмжилдэг байсан даа. Одоо бол огт өөр боллоо. Тэр үеийн хүүхдүүд лам өвөөгөөсөө уншлага цээжлээд л дууссан. Яагаад вэ гэвэл 1937 онд ном үзэж байсан хүмүүс 1990 онд 100 шахам настай байсан. Тэгээд тэд бурхан болсон. Уншлага л цээжилснээс биш шашны гүн ухаан, сургаалыг огт үзэж чадаагүй хүүхдүүд орон нутаг, хөдөөд үлдсэн. Үүнийг харин Монголын Бурхан шашины төв маш яаралтай олж харж, сургалт явуулж, цогчин курс нээж, тэрэнд нь уншлага, урилга, ламрим тэргүүтэй номнуудыг маш хурдацтай заасан. Шашны их сургуульдаа удирдах ажил хийдэг хамба, ловон хийж байгаа хүмүүсийг төгсгөж гаргасан. Үүний үндсэн дээр богинохон хугацаанд удирдлага нь жигдрээд мэдлэгтэй улсууд очиж ажиллах нөхцөл шалтгаан болсон. Буддын философи үздэг 17 жилийн сургалт аль хэдийнэ тасраад алга болчихоод байсан. Тэр сургалтаар сургахын тулд, том эрдэмтдээ бэлтгэхийн тулд Энэтхэг рүү явуулж эхэлсэн. Тэгээд Энэтхэгт очоод 17, 18 жил болоод одоо л түрүүч нь ирж байна. Тэгтэл одоо ирчихсэн байгаа арваадхан хүн гэдэг бол үнэхээрийн сайхан соён гэгээрүүлж явна. Энэ дотроос түрүүчийн эрдэмтэн мэргэд, гавж, гэвш нь гарчихсан, овоо болоод байна. Өнөөдөр бол ард түмэндээ Бурхны шашныг тайлбарлан таниулах үйл ажиллагааг явуулахад гарын ая даах тийшээ хандаж явна. Үүнээс хойш улам чангарна. Улам их эрдэм мэдлэгтэй улсууд ирнэ. Эндээсээ ч бид зохих хэмжээний эрдэм мэдлэгтнүүд төрүүлнэ. Ингэсний эцэст Бурхны шашин жигдрээд ирэхийн алдад гадуур яригдаад байгаа бусармаг явдал, элдэв өнгийн дөвчигнөл алга болж шашин ёстой өөрийнхөөрөө ажиллах өдөр ирнэ ээ гэж боддог. Энэ сайхан цаг удахгүй ирнэ гэж би сэтгэл хангалуун байгаа (Инээмсэглэв).

-Та 1992 онд Хамба лам болсон доо. Тэгвэл дээр дурдсан хүнд жилүүдэд Ганданг толгойлж, бүхнийг нуруундаа үүрч явж шүү?

-1992 онд Хамба лам болчихоод бүх ажлыг нь хийж явсан тэр үеэ би буцаад боддог. Бурхан багшийн Их дүйчэнг тэмдэглэнэ гээд ширээ, сандлаа зөөх хэрэг гарна. Надад туслах хүн байхгүй. 90 гарчихсан настай лам, эсвэл жаахан ламхай л байна. Ажил хийх насны 12, 13-хан хүн. Тэд нь Гандандаа хуваарьт ажилтай, түүнийгээ хийцгээнэ. Би үйлчлэгч, харуултайгаа нийлээд бурхад, ширээ, сандлаа хамтдаа зөөгөөд Хүүхдийн паркийн хашаанд аваачаад “Ингэж тавь, тэгж тавь” гээд л гүйдэг байлаа. Буцаж ирээд хүүхдүүддээ Жанлавцогзол, ян, дан заагаад л. Өөрөө хөөцөлдөж автобус олж ирж лам хүүхдүүдээ зөөдөг байсан бол одоо миний хөдлөх, хөлс гэж байхгүй болсон. Нээлт дээр нь очиж үг хэлдгээс өөр ажилд оролцохоо байсан. Энэ нь тэгэхээр Бурхны шашины боловсон хүчнүүд нь ямар богинохон хугацаанд хурцадтай, сайхан болж жигдэрч байгаагийн илрэл юм даа.

-Их Дүйчэн өдрөөр чухам ямар ямар үйл явдал болох вэ. Хөтөлбөрөөс нь дурдаж болох уу?

-Энэ удаад “Энэрлээр нэгдэж, эвээр бүтээе” уриан дор Их Дүйчэн өдрийг тэмдэглэн өнгөрүүлнэ. Тухайн өдөр “Миний мэдэх Бурхан Багш”, “Бурхны шашин миний бодлоор” эссэ бичлэг, гар зургийн уралдааны шилдгүүд тодорно. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Баянзүрх хайрханд мод тарина, тахилгат уул овоо, гол усны ай савыг цэвэрлэж, модонд уясан хадагнуудыг авна. Бас эмзэг бүлгийн хүмүүст эд материалын тусламж дэмжлэг үзүүлэх зэрэг олон ажил зохиогдоно. Тэр өдрийн үйл ажиллагаа өглөө 05 цагт эхэлж байгаа юм. Бурхан Багшийн Их Дүйчэн өдөрт зориулсан ёслолын арга хэмжээг МҮОНТВ-ийн I сувгаар шууд дамжуулна. Түүнчлэн Монголын бүх сүм хийдүүдэд “Бурхан Багшийн чого” хурал дотооддоо хурна.

-Хүн бүхний дотор бурханлаг чанар байдаг, гагцхүү түүнийгээ нээж мэддэггүй гэлцдэг. Дэргэдэх хүмүүс нь сайн үйлс бүтээж, ядуу зүдүү хүнд туслаад, мод тарьж, зөв зам мөрд ороод байхаар хажууд нь байсан хүн өөрийн эрхгүй татагдаж орох уу?

-Тэгнэ. Тэгэлгүй яахав. Тэр сайхан хүмүүсийн сайхан үйлсийн үр дүн хэдэн зуун жилээр үргэлжилдэг юм байна гэж бодож байгаа. Монголчууд 1990-ээд оноос хойш ёс зүйн хувьд нэлээд доройтчихлоо. Мэдлэг боловсролын хувьд дээшилсэн мөртлөө ёс суртахуун нь доройтсон. Засаг төрөөсөө авахуулаад доод талдаа хүртэл ёс зүйгээр доройтлоо гэж ярьж “Яадаг юм билээ, манай залуу үе маань” хэмээн айх, гайхах зэрэгцэж байлаа. Гэтэл тийм биш. Бидний ард түмэн бол уламжлалаа хэзээ ч мартаагүй юм байна гэдгийг саяхнаас, коронавирус гэдэг юм гарснаас хойш бодож эхэлсэн. Яагаад вэ гэвэл, бусад оронд маск зүү гэж шаардлага тавихад маск зүүхгүй байж байгаад өчнөөн халдвар тараалаа. Гэр орноосоо битгий гар гэхэд нь тэрнийг нь зөрчиж явсан, шашны элдэв өнгийн нийллэг, цугларалт нь жигтэйхэн их өвчин тараалаа. Гэтэл Монгол шашин, төр, хүн, залуучууд, ард түмэн гэлтгүй бүгдээрээ сэртхийгээд л ойлгоод гэртээ орсон, гудамжаар масктай хүмүүс л явж байна. Олон нийтийн газраар явахдаа нус, цэрээ хаядгаас эхлүүлээд бусармаг үйлдлүүд нь багасаад эхэлсэн. Энэ бол бидний дотор уламжлалын хөрөнгө байгааг харуулж

байна. Чингисийн үеэс уламжлагдаж ирсэн хурдан хугацаанд бэлэн байдалд орж чаддаг чадвар нь байгаа юм байна. Бурхны шашнаас тогтсон бие биеэ хайрладаг чанар нь байгаа юм байна шүү гэдгийг харуулж байна.

Компани, хувь хүмүүс, лам нар хүртэл нийлээд яах ийхийн зуургүй л мөнгө цуглуулаад Онцгой комисстоо аваачиж гардуулж байна. Маш олон хүн эмнэлэг, Онцгой комисстоо тусалж байна. Энэ бол бидний дотор хэдэн зуунаар оршсон тэр сайхан сэтгэлийн хөрөнгө нь хэвээрээ байгаа юм байна, үүнийгээ жаахан сэргээчихвэл бид нар яг хэвэндээ байгаа юм шүү гэмээр сайхан сэтгэгдэл энэ үед төрж байна.

-Коронавирусийн халдвар дэгдэхээс өмнө монголчууд төр засгаа хараан зүхэж арслан, барс мэт л архирч байснаа гэнэт хөл хорио тогтоож, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжихэд бүгд үг дуугүй шийдвэрийг нь дагаж номхон болцгоосон. Үүнээс төрөө хэрхэн дээдэлдэг нь харагдсан гэж ойлгож болох уу?

-Төрөө засах гэж тэгж муулж хэлснээс биш, төрдөө өсөрхсөндөө тэгж хэлээгүй. Тийм учраас төр зөв арга хэмжээ авч, зөв хөдлөөд эхлэхээр л гялсхийтэл үгэнд нь ороод ирж байгаа юм. Шашин хүртэл үрэл хийж, гүрэм номоо уншиж, хамгаалалтын зан үйл үйлдсэн. Үүнд ард түмэн баярлаж, олон нийтийн сүлжээнд олон мянгаараа лайк дарсан нь шашны ажлыг дэмжиж буйгаа илэрхийлж буйгаа харууллаа. Тусгаарлалтад байгаа 1000 гаруй хүнээс хүртэл “Үрлээ өгөөч ээ” гэдэг санал ирсэн. Тэгэхээр шашин, төр хоёр зөв л ажиллаж чадвал манай ард түмний сэтгэл зүрхэнд уламжлал нь тогтчихсон, бие биенээ хайрлаж, энэрч, туслахад, эмх цэгцэнд ороход бэлэн байгаа байдал харагдаж байна л даа. Шашин шүтлэгээр ч тэр, төр засаг талаасаа ч тэр. Ямар нэгэн хэмжээгээр эднүүдийг засаад авчих юмсан гэж бодож байгаагаас биш түүнд өсөрхсөн, буруу тийшээ явчихсан юм харагдахгүй л байна.

-Өөрсдийнхөө амьдралд, нийгэмдээ дүгнэлт хийх бололцоог хөл хорио олгож байна. Хүмүүс сэтгэл зүйн хувьд тайван болж байна гэж хараад байгаа?

-Энэ бол яахын аргагүй хэцүү хижиг тахал юм аа. Гэхдээ хүнд юм санууллаа. Дэлхийд юм санууллаа. Ганцхан Монголд ч биш. Нөгөө талаараа манайхан үр хүүхдээ эмээ өвөө дээр нь эсвэл цэцэрлэгт аваачиж өгчихөөд ажилдаа яваад л нэг л их чөлөөтэй юм шиг л ханхалзаад байсан. Мөнгө цаасаа баар шааранд орж үрээд л. Гэтэл хорио тогтоогоод эхлэхтэй зэрэг мөнгө төгрөг шаардлагатай болоод ирсэн. Олдсон мөнгө цаас нь тэр болгон үрлэг байхгүй учраас өөрт нь, үр хүүхдэд нь зарцуулагдаад эхэлж байгаа юм. Энэ бол бодит амьдрал дээр харагдаж байгаа учраас хүмүүст маш их санамсар өгсөн. Сэдлийг үүсгэсэн. Амьдралд ер нь жаахан зүтгэл гаргавал болох юм байна шүү дээ гэмээр. Тэгээд эхнэр нь нөхрөө ойлгох, нөхөр нь эхнэрээ ойлгох, хоёулаа нийлээд үр хүүхдүүдээ ойлгох, өвөө эмээгээ ойлгох ийм байдал руу орлоо. 1990 оноос хойш нэлээд бужигнасан, баярласан, хөөрсөн. Тэр хөөрөлт маань дарагдаад бодит байдлын суурин дээр аваачаад хүний оюун ухааныг бодолд автууллаа. Одооноос жаахан чөлөөтэй болж ирж байгаа ч гэсэн би гудамжаар явж байгаа хүмүүсийг ажигладаг юм. Коронавирусээс өмнөх болон хойдох байдлыг их анзаарч байна. Хүүхдүүд жаахан замбараагүй байна уу даа гэж боддог байсан минь одоо замбараатай болж байна уу даа, мөр мөрөө хөөсөн, аятайхан байдалд шилжээд, нэлээд ойлгомжтой хэлбэрт орж байна. Үүнийгээ бид мартаж болохгүй. Энэ бол бидэнд дурдатган сануулсан, Монгол Улс яавал урагшаа явах вэ, яавал хөгжиж дэвших юм бэ, яах билээ, “Бэлэнчлээд засаг төрөөс хэдэн цаас нэхээд түүгээр нь амьдраад ажил төрөл хийхгүй хэвтээд байж болох нь байна даа” гэдэг нь ч өнгөрлөө. Тэрнээс гадна “Энд болохгүй бол би гадаадад амьдарна” гэдэг тэр их хүсэл мөрөөдөл, хий горьдлогыг нь тасалж өглөө. Хүний нутаг бол хүний л нутаг юм байна шүү дээ гэдэг ойлголтыг сайн төрүүллээ. Монгол оронтойгоо хүйн холбоотой гэдэг нь мэдэгдлээ. Хүн болгон мэдлээ. “Эндээс намайг хэн ч хөөхгүй, энд байхад хэн ч намайг гудамжинд гаргахгүй, хэн ч надаас эх орныг минь харамлахгүй, миний эх орон юм байна шүү дээ” гэдэг ойлголтыг өгснөөрөө гайхамшигтай боллоо. Монгол руугаа чиглэсэн, хөгжил дэвшлийг бид л хийж, орон нутагтаа хэнээс ч дутахааргүй амьдарч болох юм байна шүү дээ, тэр гадаадад ажилладаг шигээ эх орондоо ажиллая гэсэн сэтгэлгээг өгсөн байх гэж их баяртай байгаа.

-Тэгэхээр хөл хорио цуцлагдсаны дараах монголчууд, хөл хорионы өмнөх монголчуудын хооронд сэтгэл зүйн асар их том ялгаа гарчихсан байх юм байна, тийм үү?

-Тийм.

-Сэтгэл зүйн хувьд нэг шат ахисан ч байж мэдэхээр юм байна, тэгвэл. Юм бодож суусан, тайвширсан хүний дараачийн алхам ухаалаг байдаг шүү дээ?

-Тийм юм аа. Энэ их сонин. Үүний дараа монголчууд их юм бодох байх гэж бодож байна. Энэ халдварт өвчин хормын дотор хурдтай тарж, хормын дотор хэдэн мянган хүнд халдаж болохоор юм байна гэдгийг бид мэдэж авлаа. САРС гэж өвчин аравхан жилийн өмнө гарч байлаа. Үүнээс хойш ийм өвчин ойртох ч юм билүү, яаж мэдлээ. Тийм ээ. Хоёр, гурав, таван жилийн дараа ч болох юм бил үү. Иймэрхүү маягийн юм бол хэзээ ч зогсохгүй нь байна. Байгаль ертөнцтэйгөө хандаж байгаа хандлага, амьтныг амьдаар нь тамлаж, араатан, жигүүртэн, гөрөөтнийг зарим газарт амьдаар нь хуйхлаад идэж байгаа энэ бүх байдлуудаас болоод бидний ертөнцийн амьдралд асар их өөрчлөлт гарч байна. Байгаль, дэлхий хямарч, байгальд байсан жирийн нэг вирус хүртэл догшроод хүн амьтанд халддаг иймэрхүү юм болоод байна уу даа гэж бодож байгаа. Хугацаа ойртож мэднэ, бид энэ чигээрээ байгаад байвал. Тиймээс монголчууд бид яаж тусгаар тогтнолтой, аюулгүй байдалтай, дотроо гурван сая хүн яаж жаргаж байх вэ, яаж өсөж үржих вэ гээд өчнөөн юм бодох хэрэгтэй болсон байх. Ядахдаа л бид жилийн хугацаанд хил хаахад идэж уух юм нь болох мах нь байна, үр тариагаа нэмүүхэн шиг тарья гэдэг ухаан сууж байна. Нэн чухал хэрэгцээтэй зүйлсийнхээ үйлдвэрийг байгуулъя гэх байх, ер нь нэг жил хорионд байхад энэ ард түмэн, төр засаг юу хийх вэ, яах вэ гэдгээ төлөвлөх байх. Ядахдаа машин техникийн араа шурагнаас авахуулаад өөрсдөө хийчих хэмжээний үйлдвэр байгуулах талаар бодох байх. Энэ их хорио цээрийн дэглэмтэй байгаа үед биднийг уулзуулж байгаа гар утаснаас эхлүүлээд электрон бараа гэх зүйлээ хийх, засах, олон нийтийн сүлжээг төгөлдөржүүлэх ухаан ч төрөх байх. Орчин үеийн шинжлэх ухаан, технологийн ололтыг авч хэзээ нэгэн цагт дахин ийм чавцаамтай үйл явдал гарахад засаг төр, хүн ард гацахгүйгээр байх ийм тал руугаа сэтгэн бодох байх аа. Ийм нөхцөлд байдал гарахад хувь улсууд, гэр бүлүүд хуримтлал үүсгэх байх. Энэ их үрэлгэн байдал, илүү хэрэглээгээ татаад ноцтой аюултай ийм нөхцөл дахин үүсвэл би гэр бүлээ хамгаалахын тулд хадгаламж нөөцөлж, өвчнөөс сэргийлэхэд юм бэлдэх юм байна гэдэг ухаан төрж байгаа байх гэж бодож байна.

-Хөл хорио үргэлжилж байгаа, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн энэ үед хувь хүн сэтгэлээ хэрхэн барьж, яавал амгалантай, тайван болох вэ?

-Ер нь бид бодит амьдрал дээр харах хэрэгтэй юм даа. Төвшин байна гэдэг нь ямар байдлаас үүсээд байна вэ. Материаллаг талаас нь сэтгэл ханамжтай, сайхан байр сууцандаа цэвэрхэн суугаад тэр бүхнээ хайрлаж гамнаад үр хүүхэд нь хэмхчээд байдаггүй, аятайхан байгаа нөхцөлд хүн тайвширч байна. Хамгийн гол нь сэтгэл төвшин байх. Гэрийн эд хогшил нь хуучин ч бай, шинэ ч бай зохицуулаад сайхан тавих нь сэтгэлээс л гарна. Түүнийгээ таашаагаад “Би болж байна даа” гэж бодох бодол нь өөрөөс нь л гарна. Тиймээс хамгийн гол нь сэтгэл шүү дээ. Сэтгэлийг хоёр хувааж үзэж болно оо. Сэтгэлийг төвшин болгодог зүйл юу вэ, төвшин биш болгодог зүйл юу вэ. Ингээд сэтгэлээ ажиглах хэрэгтэй юм. Төвшин болгодоггүй зүйл нь юу вэ гэхээр бурхан шашинтнуудын байнга яриад байгаа арван хар нүгэл юм. Арван хар нүгэл хийгдээд эхлэхээр сэтгэлийг төвшин биш болгодог. Гэр бүлийн дотор амиа алдах, хулгай нүүрлэхэд ямар их зовлон гачаал үүсдэг нь тодорхой. Гэр бүлээс нь эхнэрийг нь ч юм уу, нөхрийг нь өөр хүн салгаад аваад явчихвал ямар их гаслан үүсэх вэ. Биеэр хийдэг энэ гурван нүгэл болох амиа алдах, хулгай хийх, буруу хурьцал тэргүүтэй зүйл бидний амьдралд тохиолдохоороо ямар их зовлон зүдгүүрийг авчирдаг билээ. Үлдсэн долоон хар нүгэл ч ялгаагүй биднийг зовлон бэрхшээл; унагаж, бусниулж, самардаг зүйл учраас сэтгэлийг төвшрүүлдэггүй, ямагт зовлонд унагаад байдаг эдгээр зүйлүүдийг бид тэвчиж явах ёстой. Сэтгэлийнхээ сэдлийг сайн зүгт хандуулж, сайхан засч сурах хэрэгтэй. Зөв юмыг бодож, өөрийгөө боомилон барьж, бусармаг юмнаас зайлах энэ явдал бол сэтгэлийн төвлөрөл, төвшрөлийн хамгийн дээд зэргийн юм байгаа юм.