Categories
мэдээ цаг-үе

Б.Ууганцэцэг: Хүүхэд урмаар дутдаг

Сэтгэл судлалын үндэсний төвийн гүйцэтгэх захирал, сэтгэл судлаач Б.Ууганцэцэгтэй ярилцлаа.


-Боловсролтой мөртлөө хүмүүжилгүй хүмүүс олширчээ гэж ярих болжээ. одоо тэгээд тэр хүмүүсийг яалтай вэ?

-Сургалт-хүмүүжил гэдэг ойлголтыг бид 30 жилийн өмнөөс гээж зөвхөн сургалтын үйл ажиллагааг чухалчилсан. Ингэснээр нийгэмд хүмүүжил гэх ойлголт гээгдсэн. Сургууль, боловсролын байгууллага сургалтын үйл ажиллагааг эрхэмлэх болсон. Хүүхдийнхээ хүмүүжилд эцэг эх өөрсдөө голлох үүрэг гүйцэтгэх шаардлага тулгарсан. Гэвч өнгөрсөн хугацаанд нийгэм, өрх бүл, сургалтын байгууллага хүүхдийн хүмүүжлийн асуудалд гол анхаарлаа хандуулаагүйн гороо өнөөдөр ч гэсэн амссаар байна. Хүүхдийн хүмүүжлийн асуудал нь сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх ухаан, нас зүйн сэтгэл судлал, боловсрол судлал гээд олон шинжлэх ухаантай холбоотой юм. Хүүхдийн эрхийн конвенцид эцэг эхчүүд хүүхдээ хүмүүжүүлэхдээ тусламж, дэмжлэг авах хэрэгтэй гэж заасан байдаг. Тиймээс эцэг эхчүүд зөвхөн өөрийн баримжаагаар бус, өөрөө хүмүүжсэн хүмүүжлийн арга барилаар хүүхдээ өсгөх гэж хичээх нь өрөөсгөл бөгөөд шинжлэх ухааны үндэс суурьтай хандах ёстой.

-Тэгвэл хүүхдээ шинжлэх ухаанчаар яаж хүмүүжүүлэх вэ?

-Өдөр тутам хэрэглэх хүмүүжлийн эерэг арга номын зохиогч сэтгэл судлаач доктор Жоан Е.Дюррант хүүхдийн хүмүүжлийн эерэг арга нь хүүхдийг аливаад суралцагчийн хувьд хүч үл хэрэглэн хүндэтгэн харилцах арга зам бөгөөд хүүхэд амжилт гаргахад нь тус нэмэр болох түүнд хэрэгтэй мэдээлэл олж өгөх, түүний өсөлт хөгжилтийг дэмжин тэтгэх сургалтын арга барил гэсэн байдаг. Тиймээс хүмүүжлийн үйл явц хүчирхийлэл, дарамтгүй, тухайн тулгарсан асуудлыг шийдвэрлэх арга замыг чухалчилсан хүндэтгэл харилцаа бөгөөд хүүхдийн хөгжлийн онцлогт тулгуурласан байна. Гэвч бид хүүхдийнхээ насны онцлогийг тэр бүр харгалзан үзэж чадахгүй байна. Тухайлбал, насны онцлогт тохироогүй үг хэлээр харилцах, зодож цохих, стресс бухимдлаа хүүхдэдээ гаргах зэрэг буруу хүмүүжлийг бага наснаас нь олгоод байна. Тиймээс хүүхэд амьдралыг харах, асуудлаа шийдэх загвар нь буруу болдог. Хүмүүжлийн арга барилыг зодуулж авсан хүүхэд өөрт тулгарсан асуудлаа мөн хүчээр шийдэх загвартай болох нь олонтаа.

-Хүүхдийг хүмүүжүүлэх дараалал гэж байдаг байх нь?

-Тийм ээ, тэгэлгүй яахав. Хамгийн эхэнд хүүхдээ ирээдүйд ямар хүн болоосой гэж хүсэж байна вэ гэдгээ тодорхойлох хэрэгтэй. Үүнийг эцэг эхийн холын зорилго гэх бөгөөд үүнд эцэг эхчүүдийн зүгээс өөртөө итгэлтэй, өөрийгөө зөв илэрхийлдэг, үнэнч шударга, бусдыг хүндэлдэг, нийгэмдээ тустай зөв хүн болгох зэрэг маш олон жагсаалт гардаг. Хэрэв ирээдүйг нь зөв тодорхойлсон бол бага наснаас нь бэлтгэх хэрэгтэй. Багаас нь бэлтгэхийн тулд та өөрөө ямар хүнийг бий болгох гэж байгаагаа сайтар эргэцүүлэн бодоорой, болж өгвөл бичвэл бүр сайн. Түүний дараа хүүхдэдээ элэгсэг дотно харилцах, зөв дэмжлэг үзүүлэх. Тухайн хүүхдийн нас, биеийн онцлогт нь тохирсон зөв дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Эцэг эхчүүд хүүхдэдээ өгөх дэмжлэгийг материаллаг талаас хардаг. Гэтэл хүүхдэд сонсох, ойлгох, ярилцах, асуулт асуухад нь анхаарал хандуулах хэрэгцээ дутдаг. Нөгөө талаас хүүхэд урмаар дутаж байдаг. Эцэг эхчүүд хүүхдийнхээ алдаа дутагдал, засах ёстой зүйлсийг нь сайн мэддэг ч сайн чанарыг нь урамшуулж, дэмждэггүй. Хэрэв урамшуулж, дэмжлэг үзүүлбэл хүүхэдтэйгээ ойлголцоход хялбар болдог. Гуравдугаарт, мэдээлэл олгох арга барил. Ингэхдээ хүүхдийнхээ насны онцлогт тохирсон мэдээлэл өгөх нь зүйтэй. Ялангуяа 3-6 насны хүүхдүүд ээж ааваасаа олон зүйлийг асуудаг. Түүнийг тухайн цаг бүрт нь мэдээллээр хангаж чадаагүйгээс болж, эцэг эхдээ итгэх итгэл нь сулардаг. Цаашлаад өсвөр насандаа зөв зүйтэй мэдээ мэдээллийг аваагүй хүүхдүүд дуугүй, дотогшоогоо хүн болдог. Холын зорилгыг нь тодорхойлсон бол зөв мэдээллээр хангах хэрэгтэй. Хамгийн сүүлд, асуудал шийдвэрлэх. Энэ нь хүүхдэд тохиолдож болох бэрхшээлтэй нөхцөл байдлын талаар ярилцахдаа учир шалтгааныг таниулан ярих юм. Тухайн насанд юу тохиолдож түүнийг хэрхэн шийдэх тухай эцэг эх жишээ татан ярилцах нь чухал.

-Монголчууд хүүхдийг хүмүүжүүлэх талаар өөрсдийн гэсэн арга барил, уламжлалтай. Бас буруу хүмүүжсэн хүүхэд бухын хүзүүнээс хатуу гэж үг бий?

-Тийм ээ. Монголчууд хүүхэд хүмүүжлийн арвин баялаг туршлагатай хүмүүс. Хүнээр хүн хийх ухаан ч гэж хэлдэг. Бид хүүхдийг хэрхэн насны онцлогт нь тохируулан хүмүүжүүлэх тухай бичигдээгүй олон хуультай шүү дээ. Эрхийг сурахаар бэрхийг сур, бурмаар тэтгэхээр урмаар тэтгэ, хүн ахтай дээл захтай гэх зэрэг товч бөгөөд хүний сэтгэлд, тархинд хурдан сууж удаан хадгалагдах үгсийг бага балчир наснаас нь хэлж сургаж өөрсдөөрөө үлгэрлэдэг уламжлалтай.

Харин өнөө цагт хэт их үглэх, хүүхдээсээ хүсдэг зүйлээ өөрөө биелүүлэхгүй байх, үлгэр жишээ болохгүй байх, бусад хүмүүсийг хүүхдийн дэргэд муулах, хүүхдэдээ гар хүрэх зэрэг олон буруу үйлдлүүдийг хийж байна. Иймд эдгээр сөрөг үйлдлийг хийх тусам хүүхэд зөрүүд, гөжүүд, бухимдалтай буюу бухын хүзүүнээс хатуу болдог. Бага насны хүүхэд аливаа зүйлийг хийхдээ, яагаад тухайн зүйлийг хийх ёстой, хийж байгаа үйлдэл нь буруу эсвэл зөв гэдгийг мэддэггүй. Тиймээс эцэг эхчүүд хүүхэд алдаа гаргавал тухайн зүйлийг хийх нь яагаад буруу байсан, ямар алдаа гаргасан гэдгийг нь тодорхой тайлбарлаж өгөх хэрэгтэй. Тэгснээр хүүхэд алдаагаа давтахгүй. Хэрвээ дахин дахин давтаад байвал та ойлгуулах арга хэлбэрээ өөрчлөөд үзэх хэрэгтэй. Аядуу зөөлөн өнгөөр өөрийнх нь харааны түвшинд хүрч харилцах нь чухал.

-“Чамайг сайн байвал ийм тийм юм авч өгнө” гэдэг болзлыг эцэг эхчүүд хүүхдэдээ тавьдаг. Тухайлбал, хувцсаа хураачихвал амттан авч өгнө, утсаа өгнө гэх зэрэг. Ингэж харилцах нь зөв үү?

-Энэ бол эцэг эхчүүд хүүхдэдээ мэдээлэл өгөхөөс төвөгшөөх, тайлбар хийхийг орхигдуулж байгаатай холбоотой. Тухайн цаг мөчийг аргалж өнгөрөөж байгаа хэрэг. Хэрэв залуу эцэг эхчүүд хүүхдэдээ мэдээлэл өгөхөөс татгалзсаар байвал тухайн хүүхэд цаашид хийх зүйлс, асуудлын талаар бодож чадахаа больдог. Хүүхдэдээ зарцуулж байгаа чанартай цаг бол дараагийн гарч болох эрсдэлээс сэргийлж байгаа хэрэг гэдгийг ойлгох хэрэгтэй.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Дадалд зам барьснаас Дарханыхаа замыг дөхүүлээч ээ

Хэнтий аймгийн Биндэр суманд “Их Монгол Улс-Монголын Эзэнт гүрэн”, Батноров суманд “Хүлэгбаатар Боорчи-Андлалын өргөө”, Норовлин суманд “Шихихутаг-Нууц товчоо” гэсэн цогцолборуудыг улсын төсвийн 5.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж байгаа бол Дадал суманд “Мянганы суут хүн-Их эзэн Чингис хаан” цогцолборыг 19 сая ам.доллараар босгох ажлыг эхлүүлээд байна.“Монголын нууц товчоо”-той холбоотой түүхэн газар нутгууд руу жуулчдыг татах зорилгоор эдгээр бүтээн байгуулалтын ажлыг хийж байгаа бөгөөд Чингис хот-Дадал чиглэлийн 270 км замын барилгын ажлын нээлтийн ёслол өнгөрсөн жилийн тавдугаар сард болоход Ерөнхий сайд У.Хүрэлсүх, тухайн үеийн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй албаны хүмүүс очиж оролцож байлаа. Тэр үеэр Л.Оюун-Эрдэнэ “2020 он гэхэд Монголд аялах гадаадын жуулчдын тоог нэг саяд хүргэж, салбарын орлогыг 1.1 тэрбум ам.доллар буюу 2.8 их наяд төгрөгт хүргэхээр энэхүү томоохон төслүүдийг эхлүүлж байна” хэмээн ярьсан нь олон хүний шүүмжлэл, эгдүүцлийг төрүүлсэн юм. Гэсэн ч тэрхүү “бүтээн байгуулалт”-аа үргэлжлүүлсээр байна.

Олон тэрбумын хөрөнгө зарцуулж босгосон гэх Андлалын өргөө, чукча нарын мөсөн урцыг санагдуулам шавар амбаар зэргийг хараад үнэндээ хэний ч дур гутмаар юм болж байна. Зорьж зам тавьж байгаа бүтээн байгуулалт нь ийм явцгүй, хэний ч сэтгэлд нийцэмгүй байхад Дадал чиглэлийн замын ажил ид өрнөж байна. За яахав, тэр бүтээн байгуулалтын сайн муу болсныг эс тооё. Дадал руу зам барилаа гэхэд эдийн засгийн үзүүлэлтээрээ, улсын төсөвт авчрах ашгийн хэмжээгээрээ яавч Дархан хотыг гүйцэхгүй. Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 км зам бол зөвхөн Дархан хоттой хамаатай зам биш. Дархан, Сэлэнгэ, Эрдэнэт, Хөтөл, Булган, Хөвсгөл, Алтанбулагийн боомт гээд Монгол Улсын эдийн засгийн гол газруудтай хамааралтай. Дархан, Эрдэнэт бол манай эдийн засгийн “саалийн үнээ” гэгддэг. Төдийгөөс өдий хүртэл Монголын эдийн засгийг элгээр нь мөлхүүлчихгүй, чирсээр яваа хотууд. Энэ хоёр хотыг Дадал сум эдийн засагт авчрах үр өгөөжөөрөө гүйцнэ гэхэд жаахан хүүхэд ч итгэхгүй. Л.Оюун-Эрдэнэ даргын яриад байгаа сая жуулчин гэдэг бол бодит амьдралаас тасарсан, попорсон мэдэгдэл байсан гэдгийг мэргэжлийн хүмүүс нарийн тооцоолол гаргаж ирээд тайлбарлачихсан. Бодит байдлаас, амьдралаас дэндүү тасарсан улстөрчдийн мугуйд үйлдлүүдийн тод жишээний нэг гэхээр өөрөөр тайлбарлах арга алга.

Дадал сум нийслэлээс 600 км, аймгийн төвөөсөө 270 км-ийн зайтай, 2017 оны байдлаар 890 өрхийн 2891 хүн амтай гэсэн тоо байна. Тус суманд ногоон үйлдвэрлэл, ХАА, байгалийн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн болон аялал жуулчлал, амралт, сувиллын үйлчилгээний олон талт эдийн засгийг хөгжүүлнэ хэмээн дарга нар олон жил ярьж байгаа. Дадал руу зам тавиад яг тэр яриад байгаа шиг нь эдийн засгийг нь олон талтаар хөгжүүллээ гэхэд ердөө л 3000 орчим хүний амьдрал ахуйг өөд нь татсан ажил болно. Цаанадаж Хэнтий аймгийн эдийн засагт дэмтэй байх л даа.

Гэтэл Улаанбаатар-Дархан хотыг холбосон 204 км авто замын барилгын ажил хоёр дахь жилдээ үргэлжилж, гурав дахь жил рүүгээ гулсаж байна. Энэ онд Дарханы зам ашиглалтад орохгүй гэдгийг албаны хүмүүс мэдээллээ. Улаанбаатар-Дархан чиглэлийн замд 2000 оноос хойш томоохон хэмжээний шинэчлэл хийгээгүй, ерөнхийд нь шинээр зам тавих цаг нь болсон гэдгийг авто замын инженерүүд байнга сануулсаар ирсэн. Уг замыг орон нутгийн зам ангийн компаниуд нь чадлаараа нөхөж, тойглосон ч сүүлдээ засал авахааргүй болж, осол аваар их хэмжээгээр гарч 300 гаруй хүн уг зам дээр нас бараад байгааг өнгөрсөн жил иргэдийн төлөөлөл ярьж, замын ажлыг түргэвчлэхийг шаардацгааж байсан. Зөвхөн өнгөрсөн онд Дарханы замд 265 осол гарч, 25 иргэн амиа алдаж, 79 иргэн гэмтэж бэртсэн байна. Үүний зэрэгцээ энэ замд олон зуун осол бүртгэгдэж, 300 гаруй иргэн 200 сая төгрөгийн хохирол амсаад байгаа билээ. Энэ бүх тоо баримт өнөө зуны гурван сард нэмэгдсэн үү гэхээс хасагдаагүй.

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто зам бол Монгол Улсын эдийн засгийн чухал ач холбогдолтой, босоо тэнхлэгийн гол зам.Энэ замаар өдөрт дунджаар 6000 гаруй тээврийн хэрэгсэл зорчдог бөгөөд Цагаан сар, наадмын үеэр 12300 гаруй тээврийн хэрэгсэл зорчдог өндөр ачаалал авдаг зам. Энэ нь бусад ижил зэрэглэлийн авто замаас нэвтрэн өнгөрөх тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим нь 1.4-2.7 дахин их гэсэн үг. Нөгөөтэйгүүр энэ замаар олон улсын транзит тээвэр явдаг. Тэгэхээр 3000 хүнтэй сум руу чиглэсэн замаа биш харин олон улсын чанартай, улсынхаа эдийн засгийн хөдөлгөөнийг нуруундаа авдаг чухал замаа нэгдүгээрт тавих ёстой.

Дархан хот бол 100 мянга гаруй хүн амтай. ОХУ-тай хиллэдэг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомт манай улсын эдийн засгийн чухал газар. Сэлэнгэ мөн л 100 гаруй мянган хүн амтай аймаг. Эрдэнэт хот 90 гаруй мянган хүн амтай, цаашилбал Булган аймаг байна, мөн манай улсын аялал жуулчлалын гол төв гэгддэг Хөвсгөл аймаг бий. Эдгээр хот, аймгуудын эдийн засаг буурч, саарч буйн нэг шалтгаан нь яалт ч үгүй Дарханы замын ажил. Улаанбаатар-Дарханы зам аж үйлдвэрийн томоохон төв, газар тариалан, мал аж ахуй, эдийн засгийн гол бүс нутаг, аялал жуулчлалын бааз, амралт, сувиллын газруудыг дайран өнгөрдөг стратегийн ач холбогдолтой чиглэл. Гэтэл ийм чухал замын ажлыг урагшлуулах нь бүү хэл “Энэ жилдээ ашиглалтад орохгүй нь ээ” хэмээж байгаа төр засгийн удирдлагууд маань юун Дадалын зам, юун Андлалын өргөө, хөшөө ярина вэ. Тэр хаа хол, бөглүү газарт зам барьснаас улс эх орны эдийн засгийн эргэлтэд чухал ач холбогдолтой Дарханы замаа жаахан ч болтугай дөхүүлэх талаар бодвол яасан юм. Түүх байж л байна. “Монголын нууц товчоо” төдийгөөс өдий хүртэл бидэнд хадгалагдан ирсэн. Ганц хоёр жил хүлээлгэчихэд яав л гэж. Тэглээ ч коронавирусийн дэгдэлтийн улмаас ойрын жилүүдэд аялал жуулчлалын салбар хөл дээрээ босох нь эргэлзээтэй, энэ вирусийн эсрэг вакцин гарах хугацаа нь ч хойшлогдож мэдэхээр байна гэдгийг дэлхий нийт мэдэж байгаа.

Монголчуудад эдийн засгийн гол тэжээгч том хотуудыг холбосон авто зам хамгийн түрүүнд хэрэгтэй бүтээн байгуулалт шүү дээ. Хэдийгээр хил хаалттай байгаа ч улс дотроо ингэж авто зам нь тасарч, тэр тасархай дээр өдөр болгон осол гарч, олон арван хүн нас барж, зуун гаруй хүн тэргэнцэр дээр суугаад байгаа нь бидний хувьд эмгэнэл. Төрийн өндөрлөгүүд, УИХ-ын гишүүдийн хувьд энэ их эгзэгтэй хүнд цаг үед түүх, аялал зугаалга ярихаа түр хойшлуулж, энэ хүндрэлийг хохирол багатайгаар давахын тулд дотоод нөөц бололцоогоо ашиглахад хамаг анхаарлаа хандуулж, эдийн засгаа хэвийн явуулахад нь боломж бололцоог нь хангах эн тэргүүний ажлуудын нэг болох Улаанбаатар-Дархан чиглэлийн замын ажлыг яаравчлуулах байгаа юм. Дадалын замыг дараа нь, Дарханы замыг түрүүнд нь хийгээд өгөөч. Ядаж Дарханы замыг жаахан дөхүүлчих.

Categories
мэдээ цаг-үе

Б.Ганчимэг: Миний дуулсан дуунууд он жилийг түүчээлэн амьдарч, ард түмэн минь дуулсаар байгаасай хэмээн энэхүү номыг бүтээлээ

Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Ганчимэг дуулсан дуунуудаа эмхэтгэж, төгөлдөр хуурын дарамжтай “Энэ миний ДАРХАН ХИЛТЭЙ ЭХ ОРОН” номоо гаргажээ. Номных нь талаар түүнээс тодрууллаа.


-Анхны номоо өлгийдөн авсан сэтгэгдлээ уншигчдад хуваалцахгүй юу?

-Шинэ хүүхэд мэндэлсэн мэт нэг л тийм үгээр хэлэмгүй гэгэлзсэн, хайр хүрэм санагдаж байна. Миний бие 1994-2020 он хүртэл дуулсан дууныхаа сангаас нийгэмд өгөх санаа, бэлгэ дэмбэрэл, ач холбогдлыг бодож 57 дууг сонгон авч “Энэ миний Дархан Хилтэй-Эх орон” нэртэйгээр та бүхэндээ өргөн барьж байна. ХЦДБЧ-ын зөвлөх хормейстр, хөгжмийн зохиолч, удирдаач Ж.Батхүлэг багшийн минь хөгжим, ХЦДБЧ -ын гоцлол дуучин, дууны яруу найрагч Г. Мөнхжаргал ахын минь шүлэг ХЦДБЧ-ын найрал дуучид найрал хөгжимтэй надад зориулан бичсэн энэ сайхан дуугаар нэрлэсэн.

Энэ жил “Чиний минь ирэх харгуй” дуу дуулсны 20 жил, ХЦДБЧ-ын 80 жилийн түүхт ой тохиолдуулан тангараг өргөсөн цэргийн жинхэнэ албан хаагч офицер, багш хүний хувьд ойдоо барьж байгаа бэлэг гэж ойлгож болно оо.

Номны маань өмнөтгөл үгийг нь хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуай бичсэн. Номонд орсон дуунуудыг эцэг эх, элбэрэл хайр, цэрэг эрс эх орон, гүн ухааны, найрал дуучидтай дуулсан гэж ерөнхийд нь таван хэсэгт хуваасан.

-Энэ номыг мөн дуучдад зориулсан сурах бичиг гэж ойлгож болох уу?

-Тийм. Төгөлдөр хуурын дарамжтай 57 бүтээл багтсан.

Номын санааг 2019 оны ажлын төлөвлөгөөндөө оруулж оны эхний өдрөөс хэрэгжүүлж ажилдаа орсон. Орчин цагт төгөлдөр хуурын дарамжтай дууг хэрэглэх хүн олон болсон ч ийм ном харьцангуй ховор гарч байна. Тийм учраас Ганчимэг гэдэг хувь хүн гэхээсээ илүүтэйгээр нийгмийн шаардлагаар мэргэжлийн түвшинд энэ номыг гаргах зорилго тавин хамтран зүтгэгчдийнхээ хүчин зүтгэлээр гаргалаа.

Төгөлдөр хуурын дарамж гэдэг нь хөгжмийн тайзны бүтээлийг дуулах хөтөч буюу удирдбарын төгөлдөр хуурт оруулсан хөрвүүлэг юм. Дуулсан дууны түүврийг минь хараад дуулах, хөгжимдөх хүмүүст нэн тохиромжтой төгөлдөр хуурын тавиур дээр бүрэн дэлгэгдэж тавигддаг нуруу сайтай хийгдсэн.

-Дуунуудаа сорчилж ном болгох болсон гол шалтгаан нь юу байсан бэ?

-Миний дуулсан дуунууд зөвхөн надаар дуусалгүй олон сайхан дуучид үе дамжуулан авч яваарай гэдэг утгаараа энэ номыг гаргасан. Энэ дуунууд маань он жилийг түүчээлэн амьдарч, олон жил ард түмэн минь дуулаасай гэсэн үүднээс номоо бүтээлээ.

-Таны дууны номыг урлагийнхан илүү их сонирхож байгаа байх. Ялангуяа СУИС, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын залуу уран бүтээлчид?

-Тийм ээ, хүмүүс шууд л асууж сураглаад эхэлж байна. Ер нь өөрийнхөө дуулсан дуунуудаар төгөлдөр хуурын дарамжтай ном гаргасан дуучид бараг байхгүй. Ардын жүжигчин Д.Жаргалсайхан гуай өөрийн дуулсан, зохиосон болон буриад дуунуудаараа, Х.Уртнасан багш өөрийн ари, романсуудаараа ном гаргасан гэх мэтээр өмнө нь бэлэн байсан зүйлээ л гаргаж байсан. Яг орчин цагийн дуучдаас ийм эмхэтгэл гаргасан дуучин байхгүй болов уу.

-Энэ номыг худалдаж авахыг хүсвэл хаана хандах вэ?

-Фэйсбүүк хуудсаар маань, мөн Интерном номын дэлгүүрт тавигдана. Авахыг хүссэн хүмүүс холбогдвол хүргэлтийн үйлчилгээ ч бас байгаа.

Энэ номын ерөнхий редактор, эмхтгэсэн Цэргийн хөгжмийн сургуулийг онцсайн дүнтэй төгссөн, цэргийн хөгжмийн удирдаач, МУСТА Д.Отгонтогтоол болон ХЦДБЧ-ын найрал дууны багш Т.Батмандах, мэргэжлийн талаас, ном гаргах бүх л талын дэмжлэг туслалцаа өгсөн хөгжмийн зохиолч Н.Жанцанноров,

“Хилчин” хамтлагийн ахлагч М.Нямзаан, ХЦДБЧ-ын Урын сангийн фондын эрхлэгч Ц.Энхцэцэг, хэвлэлийн эхийг бэлтгэсэн ХХЕГ-ын Олон нийттэй харилцах албаны эх бэлтгэгч А.Оюунгэрэл, хавтасны болон эх бэлтгэсэн “Адмон Принт” ХК-ийн хамт олон болон эх бэлтгэгч Д.Пүрэвсүрэн, зохиолч Ванхүүгийн Батбаяр агсны хүү Төрмөнх болон энэхүү номыг бүтээхэд оролцсон дэмжсэн бүх найз нөхөд, ах эгч, хөгжмийн зохиолчид, яруу найрагч нартаа болон энэ бүхний ард асаалттай танк шиг зогсож байсан халамжит сайхан хань Д.Баттөмөртөө баярлалаа гэж хэлье.

Гэр бүлийн үнэ цэнэ, эцэг эх үр хүүхдийн элбэрэл хайр, нутаг ус байгаль эх дэлхийг хайрлан хамгаалах шүтэн дээдлэх, цэрэг эрс, эх орноо магтан дуулсан миний дуунууд он цагийг түүчээлэн хүн зоны итгэл сэтгэлийн гал дээр уянга нэмэн эгшиглэх болтугай. Ирэх 2021 онд өөрийн дуулсан дуунуудаараа дуучдын дунд уралдаан зарлах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа.

Categories
мэдээ цаг-үе

Б.Бадамцэцэг: Төрсөн өдрөөрөө бусад хүмүүсийг, хүүхдүүдийг баярлуулах нь илүү гоё байдаг

“Family dent” шүдний эмнэлгийн эмч Б.Бадамцэцэгтэй ярилцлаа. “Miss Mongolia-2010” тэмцээний тэргүүн мисс өргөмжлөлтэй түүнийг хүмүүс телевизийн олон ангит “Хэцүү анги” уран сайхны киноны Гэрлээгийн дүрээр нь илүүтэй мэддэг билээ.


-Та саяхан төрсөн өдрөөрөө 40 хүүхдийн шүдийг үнэгүй эмчилж өгчээ. Сайн үйлс хийсэнд баяр хүргэе?

-Баярлалаа.

-Таны үеийн охид бүсгүйчүүдийн хувьд төрсөн өдрөө тэмдэглэдэг хэв маяг бий. Насныхаа тоог илэрхийлсэн шаар үлээгээд найзуудтайгаа тансаг орчинд, ганган хувцас өмсөж тэмдэглэдэг. Гэтэл та төрсөн өдрөөрөө сайн үйлс хийжээ?

-Төрсөн өдрөөрөө хүүхдүүдийн шүдийг үнэгүй эмчилдэг болоод гурван жил болж байна. Төрсөн өдрийн хувьд энэ өдрийг тэмдэглэх арга барил нь хүн хүнд өөр өөр байдаг. Хүн хүний хувьд баяраа хэрхэн тэмдэглэж байгаагаасаа таашаал авдаг нь ч өөр байдаг шүү дээ. Нэг өдрийг байнга уулзалддаг найзуудтайгаа уулзаад бялууны лаа үлээгээд суухаас илүүтэй хэзээ ч уулзаж байгаагүй хүүхдүүдтэй уулзаж, тэднийг баярлуулж, эцэг эхийг нь ч давхар баярлуулдаг.

Өнөөдөр Монголд хүүхдийн шүд, амны хөндийн өвчлөл өндөр байгаа. Хүүхдийнх нь шүдийг нэг удаадаа ингээд эмчлээд өгөх нь ялангуяа залуу гэр бүлүүдэд эдийн засгийн хувьд нэлээд том хөрөнгө оруулалт болж байгаа байхгүй юу. Миний энэ үйлдэл бол “Хүүхдийнхээ шүдийг анхаарах ёстой юм байна” гэдэг ойлголтыг эцэг эхчүүдэд өгөх. Ингэхийн тулд би энэ ажлыг гурав дахь жилдээ хийлээ. Монголд хүүхдийн амны хөндийн өвчлөл маш өндөр түвшинд байдагт эмзэглэж явдаг.

-Хүүхдийн шүдийг эмчлэхэд тодорхой хэмжээний мөнгө зарцуулна. 40 хүүхдийн шүдийг эмчлэх зардлаа яаж гаргадаг вэ. Хүмүүс тусалдаг уу?

-Үгүй, үгүй. Бүгдийг өөрөө л зохицуулдаг. Эмнэлгийн зүгээс багаж тоног төхөөрөмжөөр хангаж, нэг удаагийн багажнууд өгдөг. Мөн сувилагчид маань хүүхдүүдэд тусалдаг. Эмнэлгийн зүгээс үзлэг хийх цэвэр, ариутгасан орчинг бүрдүүлж өгдөг.

-Төрсөн өдрөөрөө таны хэлдгээр байнга уулздаг найзуудаа дуудаад лаа үлээхээс илүүтэй буян үйлдэж, нийгэм рүү хандсан сайн үйлс хийх нь шинэ үеийн залуусын хандлага болоод байгаа шүү?

-Энэ насандаа, энэ дэлхий дээр нэг л удаа амьдрах юм чинь. Миний хувьд долдугаар сарын 27-ны өдөр бол энэ дэлхий дээр ирсэн өдөр минь. Ирсэн өдрөөрөө ганцаараа баярлах биш, бусад хүмүүсийг, хүүхдүүдийг баярлуулах нь баярлаж байгаа тэр хүмүүстээ ч, өөртөө ч гоё байх юм болов уу гэж боддог шүү дээ. Миний хувьд төрсөн өдрөө нэг их айхавтар сүртэй тэмдэглэдэггүй. Оюутан байхдаа л төрсөн өдрөөрөө ийм гоё үйл ажиллагаа хийж үзэх юмсан гэж их боддог байсан юм. Мэргэжлийн эмч болоод жаахан туршлагатай болоод бие дааж үзлэг хийж, хүүхдүүдэд зөвлөгөө өгөх чадвартай болсон учраас энэ үйл ажиллагааг хийх болсон.

-Энэ жил хүүхдүүд гэртээ, хөл хорионд байсан учир элдэв чихэр жимс, ундаанаас хол, гэрийнхээ хоол хүнсийг идэж байгаа болохоор өвчлөл нь харьцангуй бага байж мэдэх юм. Тан дээр ирсэн 40 хүүхдийн хувьд ямархуу байв?

-Төрсөн өдрөөр минь ирж үнэгүй эмчлүүлсэн хүүхдүүдээс шүд нь цоо эрүүл байсан гэвэл 10 хувь нь л байсан байх шүү. Би “Долоон нас хүртэлх хүүхдийн шүдийг үнэгүй эмчилнэ” гэж зар тавьсан. Учир нь эцэг эхийн хувьд хүүхдийн шүд арчилгааг таван нас хүртэл нь хийх ёстой. Энэ бол эцэг эхийн хариуцах ёстой ажил байдаг. Хүүхдийн шүд эрүүл байх эсэх нь таван нас хүртэлх шүд арчилгаанаас нь хамаардаг. Түүнээс цааш эцэг эх нь өөрсдөө хүүхдэдээ шүдээ байнга, тогтмол, зөв угаахыг үлгэрлэж, шүд угаахын ач холбогдлын талаар ярьж тайлбарлаж, ойлгуулах ёстой байдаг, долоон нас хүртэл нь. Тэгэхээр долоон нас хүртэлх хүүхдүүдийн шүд маш хүндээр өвдөж, өвчилж байгаа нь бүгд эцэг эхийн буруу гэж боддог. Үзлэг хийж байхдаа эцэг эхэд нь маш сайн зөвлөгөө өгдөг. Шүдний эмнэлэгт хандаж ирж байгаа үйлчлүүлэгчдийн дунд нэг сонин үзэгдэл бий. Хоёр настай хүүхдээ дагуулж ирээд “Одоо шүдийг нь угаах болсон уу” гэж асуудаг эцэг эхчүүд хүртэл байдаг. Энэ бол нэг хүний асуудал биш. Монголын түвшинд, эцэг эхчүүд, залуу гэр бүлүүд, эмээ өвөө нарын дунд ч амны хөндийн арчилгааны талаар мэдээлэл хомс, мэдлэг муутай гэж би хувьдаа дүгнэдэг.

-Хүүхдийн шүдийг хэзээнээс эхэлж угаах ёстой вэ?

-Дөнгөж төрсөн цагаас нь л эхэлж амны хөндийг нь арчлах ёстой.

-Нярай хүүхдийн хэлний өнгөрийг цэвэрлэдэг. Тэр чинь амны хөндийн арчилгаа хийж байгаа нэг хэлбэр биз?

-Эхчүүд дөнгөж төрсөн хүүхдийн зөвхөн хэлийг нь л цэвэрлээд орхичихдог. Аман дотор нь ганцхан хэл байхгүй шүү дээ. Салст, буйл, завж байна. Бүгдийг нь цэвэрлэх ёстойгоо мэддэггүй. Энэ талаарх мэдээлэл, контентыг телевизүүдээр гаргадаг рекламны завсар зайгаар түлхүү явуулж байвал хүүхдүүдэд, хүүхдүүдийн ирээдүйд хэрэгтэй болов уу. Энэ талаар бодсон ажил бий ч одоогоор хүүхдүүд минь жаахан байгаа болохоор хэрэгжүүлэх боломж хараахан олдохгүй л байна.

-Та “Хэцүү анги” киноны Гэрлээгийн дүрийг бүтээсэн. Дараа нь миссийн тэмцээнд орж түрүүлж байсан?

-Тийм нэг тэмцээнд орж байсаан, орж байсан (инээв).

-Мисс, жүжигчин бүсгүйчүүд олонд танигдсаныхаа дараа дараа алга болчихдог. Үе үе лайваар бараа зарж л харагддаг шүү дээ. Гэтэл та тэднээс огт өөр. Нийгэм рүү хандсан, нийтийн эрүүл мэнд рүү чиглэсэн ажил хийгээд явж байгаа нь хүмүүсийн талархлыг хүлээж байна?

-Ер нь бол би энэ үзлийн эсрэг байр суурьтай байдаг. Олны танил хүн гэхээрээ яагаад заавал амар хялбараар амьдардаг гэж боддог юм бэ. Дийлэнх хүмүүс тэгж боддог. Миний мэддэг, миний хүрээлэлд байдаг олны танил хүмүүс бүгдээрээ маш хөдөлмөрч. Хөдөлмөрлөж чадаж байгаа хүмүүс далд байгаа. Би ийм юм хийж байна, би ингэж байна гэж ил гарч ирж ярихгүй байгаа л болохоос бүгдээрээ цаанаа хөдөлмөрлөж байгаа. Зарим нь дөнгөж бизнесээ эхлүүлээд үйлчлүүлэгч татахын тулд лайв хийх нь бий. Тэрийг нь хүмүүс буруу ойлгоод “Олны танил болчихоороо л янз бүрийн юм рекламдаад, болсон болоогүй юм хийгээд байна” гэж ойлгодог тархиндаа кодтой болчихоод байна. Миний хувьд үүнийг эрс няцаадаг. Адилхан л хүн, адилхан л энэ Монгол Улсад амьдарч байгаа иргэн хүн. Өөрийн гэсэн чадавхаа ашиглаад хөдөлмөр эрхэлж байгаа л гэж боддог шүү дээ.

-Таныг эмч гэхээсээ илүүтэй “Хэцүү анги”-ийн Гэрлээгийн дүрээр тань хүлээж авдаг хүмүүс олон байдаг байх?

-Манай үйлчлүүлэгчид “Таныг анх хараад юун таньдаг хүн билээ гэж харж байлаа”, “Манай хамаатны хүний охин бил үү гэж бодлоо” гэцгээдэг юм. Их дотно сэтгэгдэл төрүүлдэг юм шиг байна лээ. Мэдээж олон ангит киноны буян байгаа байх л даа.

-Та “Ану хатан” түүхэн кинонд бас тоглосон. Эмч мэргэжлээрээ ажиллаж байгаа ч киноны санал ирвэл тоглоно л биз дээ?

-Залуу насанд ямар ч шийдвэр гаргаж болно шүү дээ (инээв).

-Төрсөн өдрөөрөө хүүхдийн шүд үнэгүй эмчилнэ гэхэд тань хичнээн хүн хандсан бэ?

-Энэ жилийн хувьд хандалт их байсан. Би ганцаараа үзлэг хийх учраас нэг өдөр 40 хүүхэд хүлээж авч үйлчилнэ гэж тооцсон л доо. Бараг 2000-аад хүүхдийн эцэг эх хандсан нь Монголд хүүхдийн шүдний эмчилгээ маш их хэрэгтэй байгаа юм байна гэж бодсон. Уг нь манай ээж аав нар бага насны хүүхдийнхээ шүдийг их эртнээс анхаарах ёстой юм л даа. Дараа жил илүү том хүрээнд, илүү олон хүүхдийг хамруулсан ажил хийе гээд одооноос төлөвлөж байгаа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Манай улсад 13-хан мянган төрийн албан хаагч байхад уг нь болох юм

2016 оноос хойш төрийн албан хаагчдын тоо даруй 33 мянгаар нэмэгдээд байгаа тухай мэдээлэл хүмүүсийн дургүйцлийг төрүүлж байна. Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2018 оны хавар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төр, хувийн хэвшлийн хаврын хэлэлцүүлэгт оролцох үеэрээ “Төрийн албан хаагчдын тоо 189 мянгад хүрээд байна. Намайг Засгийн газарт ажиллаж байсан үеэс 49 мянгаар нэмэгдсэн байна. Татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг төрийн албан хаагчдын тоо баялаг бүтээгчдийн тоотой тэнцэж байгаа нь эрүүл биш. Ядаж л 2:1 харьцаатай байж эдийн засаг эрүүлжинэ. Төрийн мөнгө гэж байхгүй. Энэ бол татвар төлөгчдийн мөнгө. Төрийн албыг чадвартай болгож чадвал 90 мянган төрийн албан хаагч байхад л хангалттай” гэж онцолж байсан юм билээ. Гэтэл Төрийн албаны зөвлөл 2017 оны төгсгөлд Монгол Улс нийт 192475 төрийн албан хаагчтай гэсэн статистик тоо гаргаад байсан юм.

Жил бүрийн төсөв батлагдах үеэр хөндөгддөг асуудал бол төрийн алба хаагчдын тоо. 2020 онд төрийн албан хаагчдын орон тоо 3300-гаар нэмэгдэх тооцоог гаргасан. УИХ-аар жил бүр төсөв хэлэлцэх тоолонд төрийн албан хаагчдын тоо өсөж байгаад анхаарч, цомхотгох асуудал хөнддөг ч шинээр сургууль, цэцэрлэг баригдаж ашиглалтад орж байгаатай холбоотойгоор орон тоо өсдөг гэсэн албаны тайлбараар ам тагласаар ирсэн. Харин ийм тайлбарын ард цаг бүртгүүлсэн, хий хоосон суудаг мөртлөө тогтмол цалин хүртдэг намын нөхөд бийг хүн бүр мэддэг ч дуугүй байсаар.

Энэ жилийн хувьд төрийн албанд 3300 шинэ хаагч нэмэгдэх тооцоог гаргаж, төсвийн урсгал зардлыг 52 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх шаардлагатай байгааг дуулгаж байсан. Тэгэхээр 200-гаад мянган албан хаагчийн зардалд жилд хэдэн тэрбумыг сул хаядаг болж таарах нь вэ. Тэр чинь төсвийн мөнгө, татвар төлөгчдийн мөнгө. Энэ жил 3300 төрийн албан хаагч нэмэгдэж байгаа шалтгаанаа тайлбарлахдаа “Сургууль, цэцэрлэгт 1838 орон тоо, эмнэлэгт 403, мэргэжлийн хяналтын лабораторид 18 орон тоо гаргана” гэжээ. Энэ нь 2200 гаруй орон тоо. Үлдсэн 1100 орчим орон тоогоо байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх цагдаа 228, “Найрамдал” зусланг улсын төсөвт эргүүлэн татахтай холбоотой 158 орон тоо, Татварын багц хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой 61, мөнгө угаах терроризмтой тэмцэх үйл ажиллагаатай холбоотойгоор авлигатай тэмцэх мөрдөгч 60, прокурор 50, хил хамгаалах ерөнхий газарт 43, шүүгч 20, Санхүүгийн зохицуулах хороонд 10, Цагдаагийн ерөнхий газарт тав гэх мэтээр хуваарилжээ . Шинээр гаргаж буй эдгээр орон тоог харахад яалт ч үгүй нийгэмд хэрэгтэй мэт ч энэ байдлаараа Монгол Улсын төрийн албан хаагчийн тоо мөдхөн 250 мянгад хүрэх нь ээ.

2017 онд Төрийн албаны зөвлөл 192 мянган төрийн албан хаагч байгааг албан ёсоор зарласнаас хойш энэ жил гэхэд 3.3 мянган албан хаагч нэмэгдэж байна. 2018, 2019 онуудад хичнээнээр нэмэгдсэн тухай тодорхой мэдээлэл алга. Лав л нэмэгдсэн үү гэхээс хасагдаагүй нь баараггүй. Тэгэхээр 2016 оноос хойш төрийн албан хаагчдын тоо 33 мянгаар нэмэгдсэн гэдэг нь ортой.

Монгол Улс 3.1 сая хүн амтай байхдаа 180 мянган төрийн албан хаагчтай байлаа. Энэ нь хүн амд ногдох төрийн албан хаагчдын хувь 5.8 гэсэн үг. Харин одоо 6.06 хувь болж өсөөд байна. Өнөөдрийн 3.3 сая хүн амтай Монгол Улсад 200 гаруй мянган төрийн албан хаагч байна гэдэг бол данхар тоо.

Гэтэл Малайзад энэ хувь 4.68 хувьтай. Тус улсын хүн ам өчигдрийн байдлаар 32.401.840 байна. 32 сая хүнтэй тус улсад сая гаруй төрийн албан хаагч ажиллаж байдаг юм байна. Хэрвээ Малайз улс манайх шиг төрийн данхар бүтэцтэй байсан бол төрд нь хоёр сая гаруй хүн ажиллаж байх ёстой болох нь. 126.440.072 хүн амтай Япон улс дөрвөн сая төрийн албан хаагчтай. Энэ нь нийт хүн амын 3.23 хувийг эзэлж байна. Тайвань, Тайландад энэ хувь хоёр байдаг бол БНСУ, Филиппин, Индонезид нэг хувь байна. Жишээ нь, Индонез улс 273.776.774 хүн амтай. Хүн амд ноогдох төрийн албан хаагчийн хувь нь 1.79, дөнгөж шүү.

Энэ нь тус улсыг 4.8 сая төрийн албан хаагчтайг хэлж өгч байна.

Монгол Улсын хувьд Азийн эдгээр орнууд дотроо хүн ам багатай мөртлөө хүн амд ногдох албан хаагчийн тоогоороо толгой цохиж, 6.06 хувьд хүрч байгаа нь харамсалтай. Зарим хүмүүсийн таамаглаж буйгаар 250 мянган төрийн албан хаагчтай болвол яанам бэ.

Дэлхийн том гүрэн Хятад улс улсынхаа нийт эдийн засгийнхаа 20 хувийг төрийн албан хаагчдынхаа зардалд зориулдаг бол жижигхэн төсөвтэй Монгол Улс нийт эдийн засгийнхаа 40 хувийг төрийн албан хаагчдадаа зарцуулж байна.

Швейцарь улс 8.6 сая хүн амтай атлаа 35 мянган төрийн албан хаагчтай. Хэрвээ төрийн албан хаагчдын тоо нь их, төрийн алба нь данхар бүтэцтэйгээрээ ажил нь амжилттай явж, улс нь хөгждөг бол манай улс юун Швейцарь, юун Америк вэ. Тэднийг ардаа хаях байлаа. Бид Швейцарь улсын жишгээр төрийн албаа бүрдүүлж, тэр шалгарсан системээр нь төрийн албаа зохион байгуулсан бол өнөөдөр Монгол Улсад 13 мянган төрийн албан хаагч ажиллаж байх ёстой байжээ. Энэ нь нийт хүн амд ногдох төрийн албан хаагчдын хувь 0.3 гэсэн үг л дээ.

Одоо Монголын төрд ажиллаж буй төрийн албан хаагчдыг ажил үүргийнх нь хувьд, бүтээмж, чанараар нь дүгнэж, чадваргүйг нь гаргаж “шүүсийг нь шахаж”, усыг нь базвал хичнээн нь үлдэх бол. Танил талаараа, хээл хахууль өгч төрийн албан шургалсан этгээдүүдээс гадна нам дагаж, цүнх барьж яваад тэс хөндлөн салбарт мэргэжилтэн, хурган даргын сэтэрт хүрсэн хүмүүс хэдэн мянгаараа бий. Тэднийг хаацайлж хэдий болтол “Сургууль, цэцэрлэг ихээр ашиглалтад орж байгаатай холбоотой төрийн албан хаагчдын орон тоо нэмэгддэг юм аа” гэж худлаа ярих вэ. Төрийн албыг олуулаа мөртлөө чанаргүй явуулахаа больж, эрүүл зөв тогтолцоог сонгох цаг нь болсон. Төрийн алба бол нам дагасан нөхдийн дөрөв дөрвөн жилээр ээлжилж, орогнодог түр газар биш. Тэнд төрийн жинхэнэ албан хаагч, мэргэшсэн мэргэжилтнүүд сууж, боловсруулсан бодлогыг хэрэгжүүлэхэд мэдлэг чадвараа гаргаж байдаг ажлын талбар юм. Түүнээс биш энд тэндээс ирсэн эрээвэр хураавар юмнуудаар дүүргэдэг сав биш гэдгийг ухаарах хэрэгтэй. Гуравхан сая хүнтэй Монгол Улсад 13-хан мянган төрийн албан хаагч байхад л уг нь болчих юм.

Categories
мэдээ цаг-үе

Б.Алтанцэцэг: Хүүхдийг зодох бүрд тархиных нь айдсын төв идэвхжиж, стрессийн даавар ялгарч байдаг

-ЗОДОЖ ШИЙТГЭХ НЬ ХҮМҮҮЖЛИЙН АРГА БАРИЛ БИШ-

Сэтгэл судлалын үндэсний төвийн сэтгэл судлаач Б.Алтанцэцэгтэй ярилцлаа.


-Хүүхдийг зодож шийтгэж болохгүй. Гэвч хааяа шавхуурдаад авахгүй бол болдоггүй тохиолдол эцэг эхчүүдэд тулгардаг шүү дээ?

-Сүүлийн үед хүүхдийн хүмүүжлийн асуудал гэр бүлийн төдийгүй бүх нийтийн асуудал болоод байна. Хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх талаар эцэг эхийн ойлголт хандлага ч янз бүр байна. Хүүхдийг Ивээх Сангаас 2020 оны долдугаар сараас эхлэн эцэг эхчүүдэд хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлэх аргуудыг заан сургах, сурталчлах зорилгоор “Хайраар үлгэрлэе” хэмээх нөлөөллийн аяныг зохион байгуулахдаа, урьдчилан 820 эцэг эхээс судалгаа авч, тэдний хүүхдээ хэрхэн хүмүүжүүлдэг талаар судалж үзсэн байна. Тус судалгаанд хамрагдсан нийт эцэг эхчүүдийн 35 хувь хүүхдийг зодож шийтгэх нь зөв гэдэгтэй ямар нэг байдлаар санал нийлж байна, 41 хувь нь хүүхдэдээ ямар нэг байдлаар гар хүрч байсан гэж хариулсан байна. Монгол Улс НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцид 1990 онд нэгдэн орсноор аль хэдийнэ 30 жил өнгөрчээ. 2016 онд Хүүхдийн эрхийн тухай хууль болон Хүүхэд хамгааллын тухай хуулиар хүүхдийн эсрэг шийтгэл хэрэглэхийг хориглосон бөгөөд тус хуулиар эцэг эхчүүд үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхдээ хүмүүжлийн эерэг аргыг хэрэглэнэ хэмээн зааж өгсөн. Тэгэхээр хүүхдээ зодож шийтгэх нь зөв гэж үзэх нь, шийтгэл хэрэглэх нь хууль зөрчсөн үйлдэл юм. Гэтэл бодит байдал дээр эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийг зодох, шийтгэх байдал байсаар байгаа нь, шийтгэл хэрэглэх нь зөв гэж үзсээр байгаа нь хүүхдийг зодож шийтгэхийн хор уршиг, сөрөг нөлөөллийг эцэг эхчүүд маань тэр бүр мэдэхгүйгээс шалтгаалж байна гэж үзэж байна.

-Хүүхдийг бие махбодийн шийтгэл хүлээлгэж шийтгэх нь ямар хор уршигтай вэ?

-Хүүхдийг зодож шийтгэх нь тун буруу. Нэгдүгээрт, хүүхдийн тархийг гэмтээж, амжилттай хүн болон төлөвших ирээдүйг нь балладаг. Хүүхдийн биед хүрч, өвтгөх бүрд түүний тархины айдсын төв идэвхжиж стрессийн даавар ялгарч байдаг. Стрессийн даавар нь тархины чухал хэсэг болох духны урд хэсгийн үйл ажиллагааг доголдуулдаг нь тогтоогдсон. Духны урд хэсэгт бидний амжилттай ажиллаж, амьдрахад шаардлагатай анхаарлаа төвлөрүүлэх, өөрийгөө удирдах, шийдвэр гаргах зэрэг ур чадваруудыг хариуцдаг хэсгүүд байрладаг байна. Тэгвэл та хүүхдээ зодож шийтгэх бүрдээ түүний зөвхөн биеийг өвтгөж байгаа бус тархийг нь гэмтээж байдаг.

Хоёрдугаарт, хүүхдийн өөртөө итгэх итгэлийг нь бууруулдаг. Хүн бүр хүүхдээ амжилттай хүн болоосой, өөртөө итгэлтэй байгаасай гэж хүсдэг. Гэтэл хүүхэд зодуулж шийтгүүлэх бүрдээ “Би үнэ цэнэгүй, ээж аав надад дургүй” гэсэн бодол, мэдрэмж төрдөг, суудаг байна. Ийм хүн өөртөө итгэх итгэл багатай байхаас гадна бусдад ч итгэх итгэлгүй болдог. Хүнд итгэх итгэл хүүхдийг дөнгөж төрснөөс эхлээд эхний зургаан сард бий болдог гэдгийг судлаачид тогтоосон. Хүн эхлээд ээж аавдаа итгэснээр, дараагаар нь нийт хүн төрөлхтөнд итгэж болох юм байна гэдэг мэдрэмж төрдөг. Өөрөөр хэлбэл ээж аавдаа итгэдэггүй хүн бусад хүнд итгэж чадахгүй. Бусдад итгэдэггүй хүн ойр дотно харилцаа үүсгэхэд бэрхшээл учирдаг. Та хүүхдэдээ гар хүрдэг бол тэр бүрийдээ хүүхдийнхээ танд итгэх итгэл болоод бусдад итгэх итгэлийг үгүй хийж, түүнийг өөрөөсөө холдуулж байна гэж ойлгоорой. Та хожим хичнээн сайхан харилцсан ч тэр танд эргэлзэх болно, мөн танд итгэж нууцаа, асуудлаа ярихгүй хүн болно.

Гуравдугаарт, хүүхдэд асуудлыг хүчирхийллээр шийдэж болдог гэдэг буруу хүмүүжил өгдөг. Тэр хожим уурлаж бухимдсан үед, аливаа асуудал үүссэн үед ярилцаж асуудлыг шийдвэрлэхийг оролдохоос өмнө түрүүлээд түрэмгийлэл үйлддэг нэгэн болж болно. Өөрөөр хэлбэл, асуудал гарахад тархиа ажиллуулахын оронд нударгаараа асуудлыг шийдэх хандлагатай болно.

Калифорни, Жиоржиа, Иовагийн их сургуулийн гэр бүл судлаачид хамтран нэг айлын гурван үеийн хүүхэд хүмүүжүүлэх арга барилыг 22 жилийн турш судлан, үр дүнгээ 2013 онд танилцуулсан байна. Судалгааны үр дүнд хэрвээ та хүүхдээ зодвол тэр ч мөн хүүхдээ зодох хандлагатай болно гэж дүгнэсэн. Манайхны дунд яригддаг “Би зодуулж өссөн, муу зүйл болоогүй, тиймээс би хүүхдээ зодож шийтгэж хүмүүжүүлнэ” гэж зүтгэдэг зарим нэгэн хүмүүсийн хандлага нь дээрх судалгааны үр дүнтэй ч холбоотой байж болох юм.

-Судалгааны дүнгээс зодож шийтгэх нь буруу гэдгийг дийлэнх эцэг эх мэддэг ч хэрэгжүүлэхдээ сул байна гэж ойлголоо. Зарим хүүхдэд эвээр тайлбарлаж хэлээд ч ойлгохгүй байх тохиолдол байдаг даа?

-Ойлголцох боломжгүй хүүхэд гэж байдаггүй. Хүүхдийнхээ ааш зан, хэрэгцээ, онцлогийг ойлгох нь ээж аавуудын үүрэг юм. Ээж аавууд товчхондоо хэлж, ярьж, учирлаж, ухааруулж харилцахаасаа “залхуурсандаа”, зодож шийтгэх аргыг хэрэглэхээр яараад байна гэж хэлэхэд хилсдэхгүй. Учир нь хүүхдээ сонсож, ойлгож, тайлбарлаж, тохиролцоход их цаг хугацаа, тэвчээр, эрч хүч шаардана. Хүүхдэдээ эдгээрийг өгч чадахгүй байгаа үед л ойлголцоход хүндрэлтэй байдаг. Зодож шийтгэх нь богино хугацаанд үр дүнтэй мэт харагдаж болох ч тэр нь түр зуурын, бүрэн ойлгосон биш, таны хажууд зодуулахаасаа айсандаа л ойлгосон, ухаарсан дүр байдлыг үзүүлдэг байна. Дүүтэйгээ муудалцлаа, зодолдлоо гээд ахыг нь зодвол тухайн хүүхдэд бид юу сургах вэ гэж бодоорой. Хүүхдэдээ чанартай цагийг гаргаж, амьдралын ухааныг зааж сургах, ухааруулах нь таны хүүхдэдээ өгч байгаа том хөрөнгө оруулалт болно. Танд хүүхдээ хүмүүжүүлэхэд 18 жил байна. Хэрэв 18 жилийг та хангалттай ашиглаж, үр дүнтэй аргаар хүүхдээ хүмүүжүүлж, зөв сайн хүн бий болгон хүмүүжүүлсэн бол хүүхэд чинь цаашдаа өөрийн амьдралаа амжилттай удирдаж, чиглүүлж таны санаа сэтгэлийг амар тайван байлгах болно.

Хүүхдээ том болоод ухаантай, хариуцлагатай, зөв, сайн хүн болгохыг хүсвэл та тийм л үйлдэл хийж үлгэрлэн харуулж, хүмүүжүүлээрэй. Хүүхэд чинь өдөр бүр таныг харж өсөн хүмүүжиж байгаа. Таны үг, үйлдэл бүхэн үр хүүхдэд чинь хичээл болж байдаг. Тиймээс хүүхдээ ямар хүн болоосой гэж хүсэж байна, тийм хүн нь байж хүүхдэдээ үлгэр дуурайллыг үзүүлээрэй.

-Огт гар хүрч, түрэмгий авираар хүүхэдтэйгээ харьцаж болохгүй нь. Гэтэл зарим эцэг эх ажлаасаа стресстэй, ууртай орж ирээд хүүхдүүд рүүгээ хашгирдаг дүр зураг манай нийгэмд түгээмэл?

-Ээж аавууд өөрөө сэтгэл зүйн асуудалтай, стресстэй байгаа үедээ хүүхдээ эерэгээр хүмүүжүүлэхэд бэрхшээлтэй байх нь бий. Гэвч энэ нь та стресстэж, бухимдсан бол хүүхдээ зодож болно гэсэн үг биш. Та стресстсэн бол стрессээ тайлах үйлдэл хийх нь таны үүрэг. Бид өөртөө, өөрийнхөө сэтгэл санаанд цаг гаргаж, сэтгэлээ сэргээж, асуудлаа шийдэж байгаа нь хүүхдэдээ цаг гаргаж байгаатай адил. Харвардын их сургуулийн сэтгэл судлаачдын судалгаагаар хүүхэд ээж, аавынхаа буюу эргэн тойронд байгаа хүмүүсийн сэтгэл хөдлөл, нүүрний хувирлыг дагаж дуурайж байдаг. Ээж нь дандаа л гунигтай царайтай байдаг бол хүүхэд гунигтай нүүрний хувирлыг сурдаг. Ээж нь баярлаж, инээж хөөрч байгаа үед хүүхэд аз жаргалтай болдог. Танд стресс, невроз, мэдрэлийн ядаргаа байгаа бол та цаг гаргаж, эмчилгээ хийлгэж, сэтгэл зүйчээс зөвлөгөө авч, өөртөө амралт өгч болох юм. Ядарч, бухимдсандаа хүүхдээ яг өөрийнхөөрөө байлгах гээд, хэт өндөр шаардлага тавиад, үгэнд нь орохгүй бол уурлаж цохиод авч ч магадгүй, бүр муугаар бодоход хүүхдээ гэмтээж ч мэднэ. Тиймээс та ядарч байгаа бол, бухимдаж байгаа бол түүнийгээ ойлгож, өөртөө анхаарлаа хандуулахыг хүсэж байна. Ганцхан та ядарч байгаа биш, бага насны хүүхэдтэй эцэг эх бүр ийм асуудалтай тулгардаг бөгөөд түүнийгээ харин зохистой байдлаар шийдвэрлээд явдаг. Хүүхэд уйлах, чанга инээж хөхрөх, тоглож гүйх, үгэнд орохгүй байх энэ бүгд хэвийн л зүйл. Харин ч эсрэгээрээ таны хүүхэд уйлахгүй, инээхгүй, гүйхгүй, үймүүлэхгүй байвал асуудал байна гэж ойлгож, мэргэжилтнүүдэд үзүүлэх шаардлагатай юм. Та хүүхдээсээ насанд хүрсэн хүн шиг биеэ авч явахыг бүү шаардаарай. Хүүхэд бол хүүхэд. Бие физиологийн хувьд ч хүүхдийн тархи нь насанд хүрэгчийнхээс өөр. Хүүхдийнхээ сониуч байх, зөрүүдлэх, уйлах нь түүний ажил, үндсэн шинж чанар гээд хүлээгээд авчихвал арай хөнгөн санагдах болов уу. Хүүхдийн эрхийн тухай конвенцид хүүхэд эцэг эхээсээ ялгаатай үзэл бодолтой байх эрхтэй, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй гэж заасан байдаг. Хүүхэд хэлд орсон цагаасаа л үзэл бодлоо илэрхийлж эхэлдэг. Тэр заавал таны өмс гэсэн цамцыг өмсөж, тогло гэсэн тоглоомоор тоглох албагүй. Хүүхдээ өөрөөрөө байхыг хүлээн зөвшөөрөөрэй.

-Аавууд хөвгүүддээ хатуу хандах гээд байдаг юм шиг ажиглагддаг. Хөвгүүдийг хатуу гараар хүмүүжүүлэх нь зөв ч гэж ярьдаг. Энэ ойлголт зөв үү?

-Хүүхэд бол хүүхэд. Хөвгүүдийг онцлон, хатуу хандах нь тэднийг илүү түрэмгий бас илүү стресстэй болгоно. Прокурорын Ерөнхий Газрын дэргэдэх Сургалт, судалгааны төвөөс хийсэн судалгаагаар манай улсад амиа хорлолтын 10 тохиолдол тутмын найм нь эрчүүд байна. Энэ нь эрчүүдийн сэтгэл зүйн эрүүл мэнд, сайн сайханд бид анхаарах хэрэгтэйн том дохио юм. Эрчүүдийн сэтгэл зүй асуудалтай байгаа нь эцэг эх нь тэдэнтэй илүү ширүүн харилцдаг, хайр халамж бага авсантай холбоотой байж болно. Түүнчлэн өмнө дурдсан судалгаагаар өөрөө зодуулсан хүн бусдыг зодох гээд байдаг. Хөвгүүдээ зодож шийтгэж хүмүүжүүлэх нь гэр бүлийн хүчирхийлэл өндөр байгаагийн гол шалтгаан ч байж болно.

-Хүүхдийг зодож шийтгэснээр сэтгэцийн эмгэгт хүргэж болох уу?

-Болно. Зодож шийтгэх нь сэтгэл түгшүүрийн бүх төрлийн эмгэг, хар дарах эмгэг, мансууруулах бодист донтох, сэтгэл гутрал, бүр шизофренитэй ч холбогддог. Учир нь дээр дурдсанаар хүүхэд айх үед стрессийн даавар ялгарч тэр нь тархины эсүүдийн холбоосыг гэмтээж, тархийг ширгээдэг. Бүр өсөлтийн дааврыг хүртэл дарангуйлж хүүхэд хүрэх ёстой байсан өндөртөө хүрч чадахгүй байх тохиолдлууд ч байна. Тархины хамгийн их гэмтдэг хэсэг нь духны урд хэсэг, ой тогтоолтыг хариуцдаг гипогампус байна. Тийм учраас айдастай, стресстэй хүмүүс мартамхай болдог. Эсрэгээрээ тархины айдсын төв улам идэвхжиж, томордог байна. Тархинд явагдах эдгээр өөрчлөлтөөс шалтгаалж дээрх сэтгэцийн асуудлууд үүсч байна гэж хэлж болно. Ер нь хүүхдийн сэтгэл зүй гэдэг тэр чигтээ эцэг эхийн сэтгэл зүйгээс хамааралтай.

-Тэгвэл хүмүүжлийн ямар эерэг аргууд байдаг вэ. Яаж хүүхдээ хүмүүжүүлэх талаар эцэг эхчүүдэд зөвлөхгүй юү?

-Хүүхдийг ивээх сангаас эцэг эхчүүдэд зориулан хүмүүжлийн эерэг арга хөтөлбөрийг гаргаж, олон эцэг эхэд зааж сургасан. Энэхүү хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлэх хөтөлбөр нь олон улсад хэрэглэгдэж, дэлхийн 40 гаруй улсын эцэг эхийн боловсролд зориулан боловсруулсан хөтөлбөр юм. Хүүхдээ зөв сайн болгон хүмүүжүүлэх нь дэлхийн хаана, ямар улсад оршин суугаагаас үл хамааран ээж, аав бүрийн хүсэл билээ. Хүүхдээ зөв сайн хүн болгон хүмүүжүүлэхдээ та хүүхдээ ямар хүн болж төлөвшүүлэхийг хүсэж байна вэ энэхүү асуултаас бүх зүйл эхлэх юм. Хоёрдугаарт, та холын зорилгодоо нийцсэн үйлдлүүдийг өдөр тутамдаа хийх шаардлагатай. Нийцсэн үйлдлүүд гэдэг нь хүүхэдтэйгээ элэгсэг дотно хандахыг хэлж байгаа бөгөөд ингэхдээ тухайн хүүхдийнхээ насанд тохируулж харилцахыг хэлж байгаа юм. Хүүхдээ хайрлаж, элэгсэг дотноор хандахад түүний уураг тархины хөгжилд эергээр нөлөөлдөг. Түүнчлэн хүүхэд тантай ижил эрхтэй, үнэ цэнэтэй хүн гэдэг талаас түүнтэй харилцах хэрэгтэй. Хүчирхийллийг зогсоох гол үндэс нь хүн бүр ижил тэгш гэсэн итгэл үнэмшлийг бий болгоход оршдог. Алдарт сэтгэл судлаач Жан Пиажегийн хэлснээр “Хүүхэд биднээс огт дутуу, муу биш. Тэд зүгээр л биднээс өөр” гэсэн байдаг. Энэхүү итгэл үнэмшилд эцэг эхчүүд суралцах шаардлагатай байна. Гуравдугаарт, хүүхдэд аливаа зүйлийн учир шалтгааныг тайлбарлан таниулахыг хэвшил болгосон бол та хүмүүжлийн эерэг аргыг хэрэглэж байна гэсэн үг. Хүүхэд их сониуч учир аяндаа танаас асууна, эсвэл таныг тайлбарлахад анхааралтай сонсоно. Тайлбарлаж ойлгуулалгүй байх, эсвэл яагаад хийснийг нь асуулгүйгээр болохгүй гэх, танин мэдэх гэсний төлөө шийтгэх нь хүмүүжүүлж буй хэрэг биш. Дөрөвдүгээрт, хүүхдээ хэрхэн бодож сэтгэдэг, юу мэдэрдгийг ойлгох хэрэгтэй. Бид ямар нэг мэргэжил эзэмшихийн тулд хамгийн багадаа дөрвөн жил суралцдаг бол эцэг эх байх талаар нэг ч сургалтад суудаггүй. Ихэнх ээж аав зөн совингоороо эсвэл өөрийг нь яаж хүмүүжүүлж байсан тэр загвараар хүүхдээ хүмүүжүүлэх хандлагатай байна. Гэтэл хүүхдийн хөгжил, сэтгэл зүй гэдэг бол маш нарийн ойлголт бөгөөд том шинжлэх ухаан юм. “Та хүүхэд хүмүүжлийн талаар ямар ном, гарын авлага уншсан бэ”, “Та хүүхдийн сэтгэл зүйн онцлогийн талаар хэр сайн мэдэх вэ”. Хэрвээ энэ асуултад хариулахад төвөгтэй байгаа бол та сурган хүмүүжүүлэх ухаан, хүүхдийн хөгжил, төлөвшлийн талаарх ном, гарын авлагыг уншиж судлахыг хүсэж байна. Хамгийн сүүлд буюу тавдугаарт хүүхдийнхээ асуудал шийдвэрлэх ур чадварыг хөгжүүлэхэд анхаардаг бол та хүмүүжлийн эерэг аргыг хэрэглэж байна гэсэн үг.

Эцэг эх бүрийн холын зорилго нь адилхан байх албагүй ч хүүхэд бүр асуудал шийдвэрлэх ур чадвартай болж төлөвших нь түүнд байх ёстой гол ур чадвар бөгөөд амьдралын баталгаа юм. Та хүүхдээ ямар ч асуудалгүй аз жаргалтай байгаасай гэж хүсэхээс илүү, ямар ч асуудал тулгарсан түүнээс айдаггүй, шийдэж чадна гэдэгтээ итгэдэг хүн байгаасай гэж хүсээрэй. Үүнд таны үүрэг, оролцоо тун чухал. Та өөрөө асуудалд яаж ханддаг вэ. Уурлаж бухимддаг уу, эсвэл тайвнаар шийдэхийг оролддог уу. Та хүүхдэдээ тулгарсан жижигхэн асуудлыг урдуур нь ороод шийдчихдэг үү. Эсвэл хамтдаа ярилцаж, яаж шийдэж болохыг тайлбарладаг уу. Та түүнд алдаа гаргаж түүнээсээ суралцах, алдаагаа засах боломж олгодог уу гэдэг тухай юм. Мөн хүүхдийн наснаас хамаарч ээж аавуудад ялгаатай асуудлууд тохиолдоно. Хүүхдээ зодож, шийтгэлгүйгээр насны онцлог, зан араншингийн онцлогийг ойлгож, элэгсэг хандаж, аливааг тайлбарлаж таниулж харилцдаг бол та хүмүүжлийн эерэг арга хэрэглэж байна гэсэн үг.

-Хүүхэд хүмүүжүүлэхэд хайр нь гаднаа ч, дотроо ч байх ёстой юм байна. “Хайраар үлгэрлэе” аяны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Энэ аяныг Хүүхдийг ивээх сангаас санаачлан, 2020 оны долдугаар сарын 10-наас хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хүүхэд хүмүүжлийн эерэг аргыг түгээн дэлгэрүүлэх, зодож шийтгэхийн хор уршгийг эцэг эхчүүдэд ойлгуулах зорилготойгоор зохион байгуулж байна. Манай сэтгэл судлалын үндэсний Төвийн сэтгэл судлаачид энэхүү аянд нэгдэж, эцэг эхчүүдийнхээ сэтгэл зүйн боловсролд зориулан мэдээлэл хүргэж байгаадаа тун их баяртай байгаа. Бид өдөр тутамдаа зөвлөгөө, сургалт, оношилгооны шугамаар үйлчлүүлэгчидтэй харилцахад, тэдний бага насны туршлага ямар чухал юм бэ, хүүхдээ зодож шийтгэх ямар сөрөг үр дагавартай байдаг вэ, хүүхдээ айлгаж, түгшээхгүй эерэг аргаар хүмүүжүүлэх нь ямар чухал болох талаар ойлгож мэдэрдэг. Зөвхөн нэг удаа уншаад ойлгох биш, өнөөдөр л хүүхэдтэйгээ сайхан харилцаж, хайрлаж өрөвдөх бус, харин өдөр бүр хүүхдээ хүмүүжүүлэхдээ эерэг аргуудыг хэрэглэдэг, хэвшил болгоосой гэж хүсэж байна. Үүний тулд эцэг эхчүүд маань цаг заваа зарцуулж үргэлжлүүлж уншиж судлаасай, судалсан зүйлсээ амьдралдаа бага багаар хэрэгжүүлээсэй гэж хүсэж байна.


Categories
мэдээ цаг-үе

Н.БҮРГЭДАА: Сумын наадамд цолтой, цолгүй бөхчүүдийг зовоодог л хүүхэд байлаа

Өдрийн сонины 2019.07.02 МЯГМАР №138(6239) дугаар архиваас

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

1981 оны чөлөөт бөхийн ДАШТ-ий хүрэл, 1982 оны самбо бөхийн дэлхийн аварга, чөлөөт бөхийн 1985 оны “Дэлхийн цом”-ын мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Бүргэдаатай ярилцлаа.


-Тантай энэ удаад наадмын тухай хөөрөлдье гэж бодлоо. Бөх хүнтэй наадам ярих шиг сайхан зүйл үгүй дээ?

-Би хэдийгээр их спортын тамирчин байсан ч гэсэн цэргийн заан цолтой хүн.

-Сумын наадамд хэдтэйгээсээ эхэлж барилдаж байв?

-Сумын наадамдаа дунд сургуульд байхаасаа л барилдаж эхэлсэн. Их спортод хөл тавихын тулд үндэсний бөхөөр барилдаж байж л спортын гараагаа эхлүүлсэн гэж болно. 1974 онд Говь-Алтайгаас 400 эр цэрэг ардын цэргийн албанд мордож байлаа. Шар автобусаар ирж билээ. Тэр үед Батлан хамгаалах яамны сайд Моломжамц гуай дэд хурандаа цолтой байл уу даа. Манай Алтайн цэргийг авч явлаа. Эхлээд сум сумаар нь барилдуулаад шалгарсан бөхчүүдийг Лүн сумын наадмын талбай дээр авчраад аваргыг нь шалгарууллаа. Би тэгэхэд 500-гаад цэргээс түрүүлэхэд Моломжамц гуай намайг “Чи мундаг тамирчин болно” гээд “Алдар” нийгэмлэгт өгч байлаа.

Цэрэгт ирэхээс өмнө сумынхаа наадамд зодоглодог байлаа. Гурвын даваанд сумын заан, сумын начингуудтай гар зөрүүлж л байсан. Хүүхэд байхын л барилдах сонирхолтой, төрөлхийн авьяастай байлаа. Тэндээс л миний бөхийн замнал эхэлсэн. Их спортын тамирчин байхдаа энд тэнд очиж үндэсний бөхөөрөө барилдана. Түрүүлж, даага хөтөлдөг л байлаа. Хоёр ч сумын наадамд даага хөтөлж байж шүү. 1976 онд байх аа, их сургуулийн зааланд Армийн аварга шалгаруулах тэмцээн дээр би Сугаа начинг тэр үед хаячихаж л байсан юм даа. Тойргоор барилдаад 19 давлаа. Тэр үед их спортын тамирчдыг үндэсний бөхөөр барилдахыг хатуу хориглож байсан. Ялангуяа хөнгөн жингийн тамирчдыг. Ч.Дамдиншарав багш маань их уурлаж цэргийн зааны үнэмлэх бичиж өгөх нь бүү хэл, загнаад сүйд хийхээ дөхсөн. Тэнд дураараа очоод барилдсан гэдгээрээ арга хэмжээнд хүртэл орохоо дөхөж билээ. Үндэсний бөхөөр барилдаад байхаар ухардаг, хамгаалдаг болчихдог талтай л даа.

-Сумын наадамд үзэгчдийг хэр хуйлруулдаг байв?

-Сумын наадамд гараад л шажигнатал зүүгдчихдэг хүүхэд байсан юм. Цолтой, цолгүй бөхчүүдийг зовоодог л хүүхэд байлаа (инээв). Зүүгдчихдэг. Ширвээд унагах гэхээр дөрвөн хөллөчихөөд унаж өгдөггүй ийм л хүүхэд байлаа. Тийм ч болохоор хүүхэд байхаасаа л аманд гарсан. Сумандаа бол би амандаа гараагүй жил байгаагүй байх аа, цэрэгт иртлээ.

-Наадам болгон сайхан, наадам бүхэн дурсамжтай. Тэр дундаас таны санаанаас гардаггүй дурсамжтай наадам гэвэл хэзээний наадам бэ?

-Нэг дурсамж байдаг юм. Цэрэгт ирэхээс өмнө Архустын “Сургууль комбинат”-д Тракторч-комбайнчийн курст ирэхгүй юу. Хавар, зун нь дадлагаар Сантын сангийн аж ахуйд очдог юм байна. Хавар нь би трактор барьж яваад халууцаад байхаар нь Орхон голд орчихсон чинь усны хордлого гараад яршлаа. Яран толгойтой юм л байлаа. Бидний хоол хүнс дуусаад, манай дадлагын багш казах хүн байсан юм. Тэр хүн машин тэргэнд дайгдаад Эрдэнэ сумаас хоол хүнс олж ирэхээр явлаа. Бид нарын хоол хүнс дуусчихсан, их хүнд байлаа. Гурил зуураад давстай усанд хорхой шиг имэрч шидээд тэрүүгээр л хооллоно. Тэр үеэр наадам болдог юм байна. Би барилдах болдог юм байна, сумын наадамд. Сант, Орхон, Баруунбүрэн сум гэсэн бүсийн сумдын дунд спартакиад болж өнгөрч. Тэр үед сумынхаа наадмыг алдахгүй гэж нэг айхавтар үг байлаа даа. Манай дадлагын нэг багш сумын цолтой хүн байсан. Тэр хүн намайг болон хамт дадлага хийж яваа найзуудыг минь дагуулаад сумын наадамд очлоо. Намайг бүртгүүлчихлээ. Гурвын даваанд “Тэнхээ” Бадарч гэж аймгийн заан чамайг амлалаа л гэж байна. Тэгсэн чинь өнөө хүн чинь волейбол тоглож байснаа аманд ирсэн хүүхдийг аваад шидчихье гээд л тамирын хувцастайгаа нэг бүс бүсчихээд л амьсгаадаад хүрээд ирлээ. Үзээд явчихлаа, би. Бүснээс нь зүүгдчихээд тавиагүй. Нөгөө хүн чинь их том биетэй, тэнхээтэй хүн. Намайг дүүгүүрдээд байдаг, би толгойгоороо цээж рүү нь түрчихээд л үзээд байдаг. Сүүлдээ тэр хүн засуулуудад хандаж “Энэ хүүхдэд далбаа өмсүүл” гэдэг юм байна (инээв). Тэгтэл надад олдож байгаа нь хүүхдийн далбаа өмсүүлчихлээ. Дахиад л үзлээ. Намайг дахиад л дүүгүүрдэж гарлаа. Дүүгүүрдэж байгаад тавихад нь хутгачихсан чинь нөгөө хүний дээр нь гарчихлаа даа. За тэгсэн сумын наадам шуугиан болчихдог юм байна. Тэгээд би чинь үзүүр, түрүүнд үлддэг юм байна. Дадлагын багш маань түрүүлээд. Би чинь Сант сумыг аврахгүй юу. Тэр үед би чинь бүжгэнд орж яваад зодоон хийсэн хэргээр цагдаад дуудлагатай байлаа. Тэгсэн чинь сумын дарга намайг дуудаж байна гэнэ. Би ч айгаад л яваад очлоо. Тэгтэл хажуудаа хэлтсийн төлөөлөгчийг суулгачихаж. “Чи энэ хүүхдийн тэр асуудлыг шийдээд наад хүүхдээ аж ахуй руу нь явуул. Сумын наадамд сум нутгийг аварсан хүүхдийг” гэж байна. Би торгууль ч юм уу ямар нэгэн арга хэмжээ авахуулах байсан чинь юу вэ сүйд болдог юм байна. Хоол унд өгөөд айраг цагаагаар дайлж байна. Үзүүр, түрүүнд үлдэхээр хэдэн төгрөг өгнө. Өгсөн мөнгөөр нь хамт дадлага хийж байсан арван хэдэн нөхдөдтэйгөө наадмын талбайдаа сайхан хуушуурдлаа. Үлдсэн хэдэн төгрөгөөр нь гурил, будаа, хиам гээд л хүнсээ цуглуулаад өнөө муу майхандаа очиж байлаа. Тэндээ хоёр гурван хоног хоол ундтай байж байтал Эрдэнэ сум руу хүнсэнд явсан багш маань ирдэг юм байна. Бид чинь хоол идчихсэн, цодойчихсон юмнууд сууж байлгүй яахав. Багш “Санаа зовоод, хэдэн хүүхэд маань тураад үхчихсэн байх вий. Орхон голын эрэг дээр өлбөрчихсөн байх вий” гээд ихэд санаа нь зовсон байдалтай ярьж байна. Тэгтэл нөхөд маань “Манай Бүргэдаа сумын наадамд үзүүрлээд шагнал аваад бид хоолтой золгосон” гэж их л сүрхий магтаж ярьцгааж билээ. Тэр зуны тэр наадам санаанаас минь ер гардаггүй юм.

-Гоё дурсамж байна?

-Өлсгөлөнгөөс хэдэн хүүхдийг аварч л явлаа (инээв).

-Хэдэн оны үе вэ?

-1972 оны үе байх аа. Арван хэдтэй л хүүхэд байж.

-Манай сонины Тамгын газрын дарга Т.Дашням 1990-ээд оны үед Эрээнд явж байтал монгол наймаачид нэг залууг мөрөн дээрээ суулгаад “Бид ялчихлаа. Манай бөх давлаа. Монгол, Монгол!” гээд баяр хөөр болж, уухай хашгирцгаагаад шуугьж байхыг харж л дээ. Тэгээд учрыг нь лавлатал монгол залуу хятад эртэй барилдаад давж, тэнд явсан монголчуудыг баярлуулсан байгаа юм. Тэр хятад хүнийг давсан монгол залуу нь та байсан юм билээ шүү дээ?

-Тэр чинь ингэсэн юм. 1990-ээд он гарчихсан байсан. Ганзагын наймааны үе байлаа. Тэр чинь хятад хүн биш, өвөр монгол бөх байсан юм. Би яахав наймаа хийгээд явж байсан юм. Тэнд нэг залуу цээжээ хаялаад том л харагдах гэхгүй юу. Тэр хавьдаа л наймаачдыг жаахан эрэмбэдэх гэсэн юм уу даа. Тиймэрхүү юм би сонсчихгүй юу. Би Үүрцолмонтой (Самбо бөхийн дэлхийн аварга, гавьяат тамирчин Г.Үүрцолмонг хэлэв.сурв) хамт явж байсан юм. Бага жингийн тожгорууд л наймаа хийх гэж явж байхгүй юу. Тэгээд өнөө өвөр монгол дээр очлоо. “Чи бөх үү” гэсэн чинь өөдөөс “Тийм ээ, бөх” гэж байна. “Би ч бас бөх” гэсэн чинь намайг шоолонгуй байна аа. Тэгэхээр нь би “Тэгвэл хоёулаа барилдчихъя” гэлээ. За гэж байна. Хэрвээ чи надад ойчвол энд наймаа хийхээр ирсэн ар монголчууддаа тусалж, анхаарч бай. Хэрвээ би чамд унавал гээд тодорхой хэмжээний мөрий тавилаа. Тэгээд барилдах боллоо. Монголчууд маань “Бүргэдаа аварга аа” гээд, цаанаас нь өвөр монгол бөхийг өвөр монголчууд нь дэмжээд хажуугаар нь хятадууд юу болдог бол гэж ихэд сонирхоцгоож байна.

-Эрээний зах дээр юм уу?

-Зах дээр л үзэлцэнэ ш дээ. Зах дээр талбай гаргаж байгаад л тойрцгоож байна. Үзэлцээд л байлаа, үзэлцээд л байлаа. Үзэж үзэж байгаад унагачихдаг юм.

-Ямар мэхээр?

-Эрхбиш их спортын хүн байна даа, баруунд нь сэжээд хутгачихсан санагдаж байна. Тэр бөх бас их шандастай хүн байсан. Амьтад овооролдоод л шуугилдаад. Давчихсан чинь монголчууд маань намайг өргөж аваад л мөрөн дээрээ тавиад уухайлцгаагаад бөөн баяр болж байлаа.

-Та наадмаар бөхийн асар хавиар байдаг уу, үзэгчдийн суудалд суудаг уу. Ер нь голдуу хаагуур наадамладаг вэ?

-Үзэгчдийн суудлаас бөхөө хардаг болсон. Бөх рүү ойртохоо больсон. Гоё дээлээ өмсч, одон медалиа зүүгээд наадмынхаа хуушуурыг идчихээд үзэгчдийн дунд сууж байх шиг сайхан юм байдаггүй юм билээ.

-Таны тухай онигоо олон доо. 500 рубльтай холбоотой хөгжилтэй явдлаа ярьж болох уу?

-Тэр үед 500 рубль чинь их мөнгө байсан юм шүү. Гадаад явдаг хүн ч ховор. Хэдэн бөхчүүд л явна. Ах дүүс намайг гадаад явна гэхээр гутал, хувцас авчраарай гэж захиж 500 рубль өглөө. Би цэргээс халагдаад ирсэн, мөнгө муутай л амьтан байлаа. Социалист орнуудад банкууд нь тамирчдын 50, 100-тын дэвсгэртийг сольж өгдөггүй байсан юм. Би яахав таван ширхэг 100-тын рублийг Монголоос бол нуугаад гарчихаж байгаа юм. Тэгээд тэрийгээ Омск дээр очоод аравтын дэвсгэрт болгууллаа. Оюунболд (Гавьяат тамирчин Д.Оюунболдыг хэлэв.сурв) бид хоёр мөнгөө нуухын тулд онгоцны ар талыг бараг түймэрдэхийн наагуур юм боллоо. Тэр үед цавуу элбэг биш, скоч гэж бүр байхгүй. Асаагуур гэж байхгүй. Шүдэнзтэй. Онгоцны арын суудалд суугаад кээтнийхээ бамбагар улавчийг сугалж аваад өнөө дэвсгэртүүдээ хийгээд улавчаа гялгар уут хайлуулж байгаад наагаад өмсчихлөө. За, тэгээд “Шереметьево” дээр орой буулаа. Олимпийн өмнөхөн, сорилтын гурван тэмцээнд оролцохоор Герман, Румын, Болгарт очих байлаа. Румынд эхний тэмцээнтэй. Биднийг Мөөеө багш (Дархан аварга, хөдөлмөрийн баатар Ж.Мөнхбат аваргыг хэлэв.сурв) авч явж байсан юм. Тэгтэл намайг нэгждэг юм байна. Жижиг өрөө рүү орууллаа. Би хэргээр шивэртэй оймс өмсчихсөн юм. Би ч яахав намайг нэгжиж байгаа орост “Миний аав малчин. Би шинэ цэрэг. Манай аймаг бүр хол Алтайд бий. Би амьдрал ядуу. Надад рубль байхгүй” гээд л оросоор ярилаа. Тэгсэн чинь “Сайн байна. Сайн шинэ цэрэг байна” л гэж байна. Дээрээс аваад л бүхнийг минь нэгжлээ дээ. Тэгснээ нэг кээтийг минь тайлж аваад дориун шалгаж байна. Гялгар уутаар нааж байхдаа нэг газар нь жаахан түлчихэж. Тэрийг харснаа улавчийг суга таттал нөгөө баахан аравтын дэвсгэртүүд минь унаад ирлээ. Хажууд байсан бас нэг орос миний нөгөө хөлийг бариад авлаа даа. Хоёр, гурван орос намайг шалгахад хамт байсан. Би болохоор “Та нар үзчихсэн. Одоо байхгүй” гээд тэр дотор чинь өрөөсөн гуталтай хөөцөлдөөд, хоёр гурвуулаа намайг барьж аваад кээтийг минь сугалаад авчихлаа. Нөгөө 500 рублийг минь хураачихлаа даа. Хамаг амьдрал ш дээ, тэр чинь. За тэгээд л би үсрээд гараад ирэхгүй юу. Тэгтэл Мөөеө багш маань “П…чинь баярлаад дэвхрээд гараад ирлээ ш дээ” гэж байна. Би ч яахав болсон явдлыг ярилаа. “Хэдэн рубль хураалгасан бэ” гэхээр нь “500 рубль” гэсэн чинь Мөөеө багш “Чи тэр их мөнгийг олохын тулд Монголд хичнээн өр тавих бол” гэж байна. Тухайн үед олон улсын тэмцээнд оролцоод эхний гурван байрт орвол Биеийн тамир, спортын хорооноос 300-700 төгрөгийн шагнал өгдөг байсан юм. Хэрвээ би Румынд түрүүлбэл 700 төгрөгтэй болох байлаа. Тэгтэл З.Ойдов гуай түрүүлээд би мөнгөн медаль авчихдаг юм байна. Тэгэхээр би 500 төгрөгтэй боллоо гэсэн үг л дээ. Тэгтэл Мөөеө багш “Чи алдсан мөнгөнийхөө талыг олчихлоо. Одоо Германд очоод түрүүлчихвэл өрнөөсөө гарах нь байна шүү дээ” гэж байна.

Орой нь Германд машинаар яваад оччихлоо. Бусад орны тамирчдыг харсан чинь дан надад хожигдсон тамирчид ирж байна аа. Оросууд ирдэггүй. Тэгэхээр нь би “Оросууд ирсэнгүй. Би ч түрүүлэх нь” гэж бодож байлаа. Мөөеө аварга ч “Оросууд байхгүй байна. Түрүүлчихсэн байх аа чи” гэж байна. Өглөө 06 цагт жин үзсэн чинь гурвын гурван орос миний жинд зогсч байдаг байгаа.

Хоёр нь манай хэсэгт ороод ирдэг юм байна. Үзээд л явчихсан. Би хэсэгтээ түрүүлээд гараад ирлээ. Нөгөө хэсгээс нэг бөх гараад ирдэг юм байна. Маргааш нь аваргын төлөө тэрэнтэй барилдах боллоо. Өглөө нь Мөөеө аварга намайг дуудаж байна “Чи нөгөө 500 рублиэ хураалгасан хүнээ санаж байна уу” л гэж байна. “Мэдэхгүй ээ, санахгүй байна” гэлээ. “Тэр гаалийн ажилтны чинь энгэр дээрх шошгыг харахад одоо чамтай барилдах гэж байгаа нөхөртэй нэг овогтой юм билээ. Харваас царай нь ижилхэн, багууд байна. Ах дүүсийн улсууд байна. Одоо чи энд л даагаа нэхэх болж дээ. Энэ бол дүү нь, ах нь чиний мөнгийг хураачихсан” гэж байна.

-Тэр нь ямархуу байрын бөх байсан бэ?

-Өндөр биерхүү нөхөр. Намайг дэвжээ рүү гарахад Мөөеө аварга “Хөлийг нь хар. Нарийхан шилбэтэй юм. Хүүхний шилбэтэй юм байна ш дээ” гэхээр нь хөл рүү нь орох гэсэн чинь явуулдаггүй. Би ч “Мөөеө багш аа, энэ чинь явуулдаггүй ээ” гэсэн чинь өөдөөс харин “Битгий хуц! п… чинь. 500 рубль, 500 рубль” гэж байна. Завсарлагаанаар багш “Наадах чинь 500 рублийг чинь хулгайлсан хулгайч ш дээ. Чи одоо наадхаа мөргө, зод. Өөр арга байхгүй. Хамрыг нь нахийтал мөргө. Урдаас нь мөргө” л гэж байна. Дэвжээн дээр гараад харсан чинь нөгөө гаалийн ажилтантай нээрэн л адилхан юм. Уур хүрээд нүдчихлээ. Гурав торгуулаад хөөчихлөө. Мөргөсөөр байтал тэрний нүүр, миний ч нүүр булуу болчихлоо. Тэмцээний дараа шүршүүрт ирээд хавдраа буулгах гээд хүйтэн усаар шавшаад зогсч байтал ар нуруу руу хэн нэгэн хүн алчуураар тасхийтэл ороолгоод явчихдаг юм. Хартал Мөөеө багш. “Хөөе, яаж байна, багш аа” гэсэн чинь “Нөгөөх чинь шал өөр нутгийн хүн байсан байна ш дээ” гэж байна. Намайг 500 рубль дээр шатааж л тэмцээнд хожуулах арга хэрэглэсэн нь тэр л дээ.

-Тэгээд та хожсон л биз дээ?

-Тэгсэн. Энд ирээд өрнөөсөө салахгүй юу.

-Наадам хаяанд ирлээ. Энэ сайхан баярыг угтаад мэндчилгээ дэвшүүлж, ярилцлагаа өндөрлүүлье.

-Монголын ард түмний үндэсний бахархалт баяр наадам дөхөж байна. Монголын нийт ард түмэн, Алтайчууд, Засагт ханыхан, үндэсний бөхөд хайртай ард түмэндээ дэнж хотойтол сайхан наадаарай гэж ерөөе. Бөх нь хүчтэй, морь нь хурдан, сум нь мэргэн байх болтугай. Та бүхэн сайхан наадаарай.

Categories
мэдээ цаг-үе

Х.Хүрэлчулуун: Манай сумынхан наадмаар өмсөх дээл хувцсаа бэлдэж, бөх, уяач, харваачид маань бэлтгэлдээ гараад эхэллээ

Дорнод аймгийн Баяндун сумын Засаг дарга Х.Хүрэлчулуунтай утсаар холбогдож ярилцлаа.


-Сайхан зусаж байна уу?

-Баярлалаа. Сайхан зусаж байна.

-Баяндун суманд зуншлага хэр байна вэ?

-Хур бороо элбэг, сайхан зун болж байна. Сүүлийн жилүүдэд их л гандуу байсан, энэ жил ногооны гарц ч сайн байна.

-Төр засгаас сумын баяр наадмыг тэмдэглэх шийдвэр гаргалаа. Үүнийг танай нутгийнхан хэр хүлээж авч байна вэ?

-Цар тахлыг дотроо алдаагүй болохоор зуны дэлгэр цагт иргэд сайхан баярлах хэрэгтэй. Энэ жил манай сумын 95 жилийн ой тохиож байна. Саяхан бас сонгууль хийгээд амжсан юм чинь жилдээ цөөхөн болдог томоохон баяруудын нэг болохоор сүр дуулиантай биш ч гэсэн тэмдэглэх нь зөв гэж бодож байгаа.

-Танай нутаг Улаанбаатар хотоос 600 гаруй км-ийн зайтай бил үү?

-Манай сум хотоос 650 километрийн зайтай.

-Баяндун суманд бахархмаар зүйл их олон байдаг байх. та нутгийнхаа талаар ярихгүй юу?

-Манай сум хойд хэсгээрээ хангай, өмнөд хэсгээрээ нарийн өвстэй. Говь, тал хосолсон онцлог газарзүйн байрлалтай. Ихэнх иргэд нь МАА эрхэлдэг. Эрдэмтэн сэхээтэн олонтой нутаг. БНМАУ-ын анхны гавьяат багш, дипломатч, зохиолч Д.Цэвэгмид, Төрийн далбааны зураг, өнөөгийн алдар гавьяатнуудын энгэрийг мялааж байгаа одон медалиудын ихэнхийнх нь эх загварыг бүтээсэн Д.Чойдог, Зууны домогт хилчин, генерал Б.Цэдэн-Иш, хөгжмийн зохиолч Ц.Сүхбаатар гэх мэт авьяаслаг, эрдэмтэй хүмүүс олон бий.

-Танай сумынхан 95-н жилийн ойдоо ихээхэн ач холбогдол өгч байгаа байх?

-Тийм ээ. Иргэдтэйгээ уулзаж наадмын хандив цуглуулах, талбай сэргээн засварлах гэх мэт олон ажил байна. Шийдвэр нь гарчихсан болохоор үлдсэн хэдэн хоногт чамбай ажиллах хэрэгтэй байгаа.

-Наадам хийх болсон гэдэг шийдвэрийг сонсоод нийслэл болоод бусад аймагт амьдарч байгаа уугуул иргэд чинь юу гэж байх юм?

-Өнөөдөр хүмүүс их холбогдож байгаа. Очих бодолтой байна, зочид буудал бий юу, хамаатнууд маань хаагуур нутаглаж байгаа вэ гэх мэтээр захаасаа сураг тавьж эхэлж байна.

-Улсын наадам үзэх сайхан. гэхдээ хүмүүсийн сэтгэлд сумын наадам шиг сайхан наадам байдаггүй байх?

-Тэгэлгүй яахав. Сумын наадамд уралдсан морьд, барилдсан бөхийг бүгд танина. Асарт сууж ахмадуудаа хүндлэн хууч хөөрч, удаан уулзаагүй найз нөхөд ангийнхан хоорондоо уулзаж, хоёр захад байдаг малчид хүртэл сумын наадмаараа л уулзалдана. Ер нь нутгийн иргэд нэг дороо цугладаг ганц үе нь гэж хэлмээр юм уу даа.

Баяндун сумын хаанах нь наадмын талбай байдаг вэ?

-Сумын төвийн зүүн урд дов дээр байрладаг. Наадмын талбайд жилдээ гурав дөрвөн удаа л цуглана. Манай сум эрийн гурван наадмаасаа сур харваанд сайн. Монгол Улсын мэргэн, Буриад сурын дархан мэргэн Д.Цэцэг манай сумынх. Шинээр гарч байгаа харваачдаас Ч.Гандаваа, Н.Сүхбаатар, хурдан мориноос “Их хурд ” уралдаанд түрүүлдэг “Тайж” Халтарын уяач П.Цэгмид, хүчит бөхөөс аймгийн арслан Б.Батхуяг гэх мэт алдартнууд манай нутгийнх болохоор наадам тэгш сайхан болдог доо.

-Цар тахал, хөл хорионы үед танай суманд нөхцөл байдал ямар байна вэ?

-Хөл хорио тогтоох үед хөдөө байгаа иргэд бензин, тосоо авах гэж л жаахан асуудал үүсдэг. Тэрнээс бусдаар сумын төвд, эсвэл яг хөдөө байгаа хүмүүсийн дунд ажил хэвийн үргэлжилж байна. Төр засаг сайн ажиллаж вирусыг дотроо алдаагүй болохоор айх зүйлгүй байна.

-та сумын засаг даргын албыг хэр удаан хашиж байна вэ?

-2008 оноос сумынхаа Иргэдийн Хуралд сонгогдож, аймгийн Иргэдийн Хурлын ажлын албанд хоёр жил гаруй ажилласан. 2012-2016 оны хооронд Багийн засаг даргаар, үүнээс хойш Сумын Засаг даргаар ажиллаж байна.

-Ихэнх иргэд нутгаасаа холдож, төв бараадах нь элбэг байдаг. төрсөн нутагтаа ажиллаж амьдрахын давуу тал, өгөөж нь юу байдаг вэ?

-Залуус хот руу илүү чиглээд байвал хөдөө орон нутагт үлдэж байгаа нь голдуу хөгшчүүл болох гээд байдаг талтай. Ялангуяа зах хязгаар, хөдөө нутагт хүн ам нь цөөрвөл нүүдлийн соёл иргэншил ч байхгүй болно. Тиймээс төрсөн нутгаа эзэнтэй байлгах нь зөв. Залуус бид сурсан мэдсэнээ сум орон нутагтаа ирж хэрэгжүүлвэл бас л хэрэгтэй. Ахмад буурлууд маань бидэнд энэ сайхан сум, эх орныг үлдээсэн. Бид үүнийг нь зөв авч явж дараагийн үедээ хүлээлгэж өгөх ёстой.

Манай сумын мал таван төрөлдөө сүүлийн гурван жилд тогтмол өсөж байна. Шилжилт хөдөлгөөн бага, хүн амын тоо өссөн үзүүлэлттэй байгаа.

-Сумын наадам болно гэсэн мэдээг сонсоод хүмүүс хэрхэн хүлээж авч байна вэ?

-Сонгууль ярьж байсан иргэд маань наадмын бэлтгэлээ хийж байна. Өмсөх дээл хувцсаа бэлдэж, бөх, уяач, харваачид маань бэлтгэлдээ гарч эхэлсэн. Иргэд маань их сайхан хүлээж авч байна. Ер нь бол хүлээж байсан шийдвэр бололтой.

Энэ дашрамд Монгол түмэндээ сайхан баярлаарай гэж хэлье. Эрүүл явбал ирэх жилийн наадам үзнэ гэдэг, энэ жилийн наадам ч сайхан болно байх. Нутгийн зон олондоо 95 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.

М.ЭНХЗАЯА

Categories
мэдээ цаг-үе

​“Насны намар”-ын Б.Магсаржавын амьдралын хавар

…Үсний сор минь мөнгөрөх тусмаа

Үгүйлэн санах юм төрсөн нутгаа

Уулзаж амжаагүй ээжээ бодохоор

Уугуул нутаг минь хагасраад байх юм аа

Насны намар гадаа ирэхэд

Нартын жамыг ухаарах л юм даа… эхний мөрийг нь л уншихад аялгуу нь орж ирдэг энэ дууны хөгжмийг “Морин хуур” наадмын тэргүүн байрын шагналт, хөгжмийн зохиолч Бадарчийн Магсаржав зохиосон билээ. Хэдийгээр ааваараа овоглодог ч түүнийг “Насны намар”-ын Магсаржав, “Зүрхний уяа”-гийн Магсаржав, “Зүүдэн бороо”-гийн Магсаржав зэргээр Монголын ард түмний дунд алдаршсан, олонд түгсэн дуунуудаар нь тодотгон дууддаг.

Гэргий Ж.Ганчимэг нь угтаж, аагтай шаргал цай барьж “Маагаа ах нь түр дугхийж байгаа. Харшил нь хөдлөөд түрүүхэн харшлын эм уучихсан. Ингэсхийгээд сэрчих байх аа” хэмээлээ.

МЗЭ-ийн гишүүн, Г.Сэр-Одын шагналт яруу найрагч Жалбуугийн Ганчимэг 2018 онд “Морин хуур” наадмаас “Бурхан эжий” дуугаараа гуравдугаар байрын шагнал хүртэж байсныг дуу хуурт дуртай Монголын ард түмэн мэдэх билээ. Гавьяат жүжигчин, уртын дуучин С.Цогтсайхан энэ сайхан дууг нь дуулдаг.

Ж.Ганчимэг хүний их эмч мэргэжилтэй, клиникийн профессор цолтой. Одоо “Апимон” зөгийн хатгуур, сэргээн засах сувиллын захирал, ерөнхий эмчээр нь ажилладаг юм байна. Гэрийн эзэгтэйн гарын хоол нь хөмүүлтэй, бор гурилтай бууз, банштай цай, гурилтай шөл. Мөн гэрийн боорцог, хайлмагаар тавгаа үргэлж дүүрэн байлгадаг ажээ. “Гараа гаргаж хийсэн хөмүүлтэй буузаараа дайлна аа” гэсээр уур нь савссан амттай бууз ширээнээ тавилаа. Хөгжмийн зохиолч Б.Магсаржав чихэр, амттанд их дуртай. “Молоко”-г дангаар нь уучихна. Чихэр, жимсэнд яг л хүүхэд шиг дурлана. Б.Магсаржав гуай Хятадад зургаан жил сурч, Хөх хотод 12 жил багшилсан болохоор Хятадын хоолны соёлыг нэвт мэднэ. Тийм ч болохоор хааяа хятад хоол хийж гэрийнхнээ дайлдаг гэнэ. Харин гэрийн эзэгтэй Ж.Ганчимэг Солонгост арваад ажил амьдарсан учир солонгос хоолыг мэргэжлийн тогооч аятай л хийнэ. “Манайх чинь интернэйшнл гэр бүл шүү. Орон орны хоол хийнэ. Хятад, солонгос, орос, англи хэлээр ярьцгаана” хэмээн хөгжилтэй инээх ажээ.

Гэрийн эзэн удсан ч үгүй сэрж, мэнд мэдэлцээд хөөрөг зөрүүллээ. Эднийх гурван сайхан охинтой. Охид нь цөм сургууль соёлоо төгсөж ажил төрөлтэй болж, эхнээсээ зээг нь тэврүүлээд байгаа юм байна. Б.Магсаржав гуай цайлж, бууз идэх зуураа бага насныхаа амьдралын тухай ярьж “Үлгэр шиг амьдрал тууллаа даа” гэхэд гэргий нь “Кино шиг амьдрал туулсан хүн дээ, манай хүн” гэж ханиа хайрлан харж, үсийг нь илбэв.

Б.Магсаржав 1963 онд Увс аймгийн Тэс суманд Юмжаагийн Цэдэнбал даргын мэндэлсэн бууцан дээр Ө.Батбаярын хоёр дахь хүүхэд болж хорвоод иржээ. Түүнийг нэг настай байхад нь Давст сумын Д.Бадарч гэдэг айл өргөж авчээ. Хүүг нь өргөж авах хүсэлтэй байгаагаа ээж Г.Хорлоод нь олон дахин илэрхийлж, зохих зан үйлийг гүйцэлдүүлж, нэг ой хүрэхэд нь өргөж авчээ. Хоёр сум дамнасан найр шахуу юм болж, Давст сумынхан арав гаруй гэр барьж, идээ шүүс бэлдэж, хоёр талын ахан дүүс нийлж өргөн дэлгэр найрлаж, хүүг нь алган дээрээ өргөж авчээ. Гэгээнтэн залж буйтай адил л нүсэр юм болжээ. Төрсөн аав ээжийнх нь хоёр тал хоёулаа мэргэн түргэн, эрдэм номтой хүмүүстэй байж. Арван баядын хошууны Гүнчин Иж, Улаан Дэдээ сахиус буюу Дэдээ лам гэхээр увсынхан андахгүй. Тэд Б.Магсаржавыг “Энгийн хүүхэд биш. Эгэлгүй авьяастай, ер бусын хүүхэд” гэж хэлдэг байжээ. Б.Магсаржав гуай ийнхүү Д.Бадарч, Д.Ширнэн хоёрт үр нь болж ирж, гэр дүүрэн хайр бялхуулж, аз жаргал бэлэглэжээ. Төрөлхийн гайхамшигтай сонсголтой, хөгжмийн асар өндөр мэдрэмжтэй гэдгийг өргөж авчирсан анхны шөнөө л мэдэрчээ. Ээжийнхээ сүүнээс салж, зэргэлдээ сумын айлдаа ирсэн Б.Магсаржав ирсэн оройноо унтахгүй, уйлагнав. Тэгтэл радиогоор Төрийн дуулал явахын өмнөхөн сонгодог хөгжмийн бүтээлүүд эгшиглэхэд бяцхан хүү тайвширч, хоёр хөлөө хөгжмийн хэмнэлээр хөдөлгөж байхыг нь анзаарчээ. Төрийн дууллын хэмнэлээр хөлөө хөдөлгөсөөр байгаад унтжээ. Өглөө радио 06 цагаас эхлэхэд унтаж байсан хүү Төрийн дуулал болон бусад хөгжим эгшиглэхэд хөгжмийн хөг хэмнэлээр хөлөө хөдөлгөсөөр байжээ. Ингэж хүүгээ ер бусын авьяастай, сонсголтой гэдгийг мэдэрсэн ээж, аав нь хоёр настайгаас нь баян хуур хөгжимтэй “найзлуулж” шүү. Хөгжмөө даахгүй жаахан хүүгийн хуруунууд баян хуурын товчлуур дээр бүждэг байжээ. Дөрвөн настайдаа Бүх ард түмний Урлагийн үзлэгээс алтан медаль хүртэж түүний урлагийн зам мөр нээгджээ. Увс аймгийн Тэс сумын дунд сургуулийнхаа нэрийг улс, аймагтаа олон удаа цуурайтуулж, 15 настайдаа нийтдээ таван алтан медалийн эзэн болсон байв. Нутаг орныхон нь авьяастай сурагчаа улам хөгжүүлэхийн тулд аймгийнх нь Боловсролын хэлтсээс түүнд Багшийн сургуулийн Хөгжмийн ангид сурах урилга өгчээ. Ингэж 15-хан настай Б.Магсаржав эрдэм ном өвөртлөхөөр аав, ээжийгээ орхин Улаанбаатар хотод иржээ. Энэ тухайгаа “Л.Мөрдорж, Д.Мяасүрэн, С.Гончигсумлаа гэсэн алдарт хөгжмийн зохиолчдоор хичээл заалгадаг байлаа. Нэрийг нь сонсоход л сүрдмээр хүмүүс байгаа биз. Залуу багш нар гэсэн хэдэн багш хичээл ордог байлаа. Тэр нь хэн гээч, Н.Жанцанноров, Ц.Чинзориг гэсэн суут хүмүүс байлаа даа. Би ийм хүмүүсээр эрдэм заалгасан азтай хүн шүү” хэмээлээ. Багшийн сургуулийн нэгдүгээр курст байхдаа буюу 1979 онд Ц.Гайтав гуайн шүлгээр “Сүүн далай ээж” дуугаа зохиожээ.

Балчир цагаас нь өөрийн үрээ хэмээн элгэндээ тэвэрч, амттаны дээдийг идүүлж, өнгөний дээдийг өмсүүлж, алгандаа бөмбөрүүлж, 15 нас хүртэл нь өвөртөлж унтсан ээжийгээ бодон бодон санан санасаар зохиосон дуу нь “Сүүн далай ээж”.

Наран гэрлийн илчтэй

Сарангоо ээжий минь

Дэлгэр сайхан хараагаар

Дэлхий ертөнц мишээж байна

Бүүвэйн сайхан дуугаараа

Бүх дэлхийг уяраасан

Чин ариун сэтгэлтэй

Сүүн далай ээжий минь…Төрүүлсэн ээж Г.Хорлоо нь хүүгээ хүүхэдгүй айлд өргүүлж, буян хийсэн бол өсгөсөн эжий Д.Ширнэн нь Б.Магсаржав гуайг нүдний цөцгий мэт хайрлаж, нандин бүхнийхээ оройд залж өсгөжээ. Б.Магсаржав гуайн хүүхэд насны амьдрал тэр чигээрээ хайранд умбажээ. Ингээд дөрвөн жил сураад Багшийн сургуулийг төгсөж, Увс аймагтаа очиж дуу хөгжмийн багшаар ажиллажээ. Тэр үед Соёлын яамнаас Б.Магсаржавын нэр дээр цохолттой Германы Хөгжмийн дээд сургуульд явуулах бичиг ирэхэд нутгийнхан нь “Сайн багшаа алдахгүй” гээд тэр урилгыг нь нууцаар буцаачихаж. Тэгж байтал 1985 онд цэрэгт татагдаж, тэндээсээ Цэргийн ансамбльд концертмейстрээр очсон байна.

1988 онд “Морин хуур” наадамд Бавуугийн Лхагвасүрэнгийн шүлэг “Зүүдэн бороо” дуугаараа оролцож тэргүүн байрыг нь эзэлжээ. Дуучин С.Цэрэнчимэд энэ дууг ард түмэнд хүргэсэн билээ. Дараа жил нь тус наадамд дуучин Н.Төмөрхуяг “Насны намар”-аар оролцож Үзэгчдийн шагнал хүртсэн бол түүний дараа жил нь мөн дуучин Н.Төмөрхуяг “Зүрхний уяа” дуугаар нь дахин Үзэгчдийн шагнал хүртжээ. Энэ үе бол түүний хувьд уран бүтээлийн ургац арвинтай он жилүүд байжээ. Тэгтэл нийгэм солигдож, соёл урлагийн байгууллагууд үүдээ барьж, уран бүтээлчид нь чөлөөт уран бүтээлч гэх нэр зүүж, Монголын урлагийн салбар бүхэлдээ унаж эхэлсэн билээ. Энэ үед Б.Магсаржав Н.Жанцанноров багшийнхаа даалгавраар Бээжин хотын Дорно дахины дээд сургуульд хөгжмийн чиглэлээр суралцахаар харийн нутгийг зорьжээ. Тэндээ зургаан жил сураад буцаад эх орондоо иртэл нөхцөл байдал өмнөхөөсөө улам дордож, гадаадад бэлтгэгдээд ирсэн чадварлаг хөгжмийн зохиолчид ажлын байр гаргаад өгчих албан байгууллага байсангүй. Ингээд 1996-2000 оны хооронд чөлөөт уран бүтээлч гэгдэж хэсэг ажиллаж байгаад Өмнөд Монголын Хөх хотод хөгжмийн зохиолч, хөгжмийн багшаар 12 жилийн турш гэрээгээр ажиллажээ. Б.Магсаржав “Би Хятадад зургаан жил сураад дараа нь Хөх хотод гэрээгээр 12 жил ажилласан. Гэтэл намайг тухайн үед шар сонинууд “Насны намар”-ын Магсаржав нартыг орхижээ” гэх мэтээр бичсэн байсан. Надад галт тэрэгний үйлчлэгч тэр сонинуудыг авчирч өгөөд “Ийм юм бичээд байх юм” гэлээ. Би үнэхээр гайхаж билээ” хэмээгээд инээлээ. Б.Магсаржав гуай Хөх хотод 12 жил ажиллахдаа 10 мянга гаруй шавьтай болжээ. Өмнөд монголчуудын хөгжмийн боловсрол илт дээшилж, нийтийн дуу болон урлаг соёлын арга хэмжээнүүдийн чанар нь дээшилж байсан нь энэ хүнтэй шууд холбоотой ажээ. Ингээд гэрээний хугацаа нь дуусч 2012 онд эх орондоо ирж “Хайранд мансуурсан аялгуу” уран бүтээлийн тоглолтоо хийсэн байна. Энэ тоглолт дээр дуучин С.Жавхлан өөрийнхөө гавьяатын тэмдгээ түүнд зүүж өгч байсныг та бүхэн санаж байгаа байх. Тэр үйл явдалд Б.Магсаржав гуай тийм ч таатай ханддаггүй ажээ. “Цагийн юм цагтаа. Төр гэдэг чинь нүдтэй. Цаг нь болохоор бүх юм болдог юм” хэмээн энгүүн өгүүллээ. Багш, сурган хүмүүжүүлэгчийн ажлаа тасралтгүй 30-аад жил хийж монголчуудыг ар, өвөргүй хөгжмөөр гэгээрүүлэхийн зэрэгцээ “Сүүн далай ээж”, “Зүүдэн бороо”, “Насны намар”, “Сүслэн хайрлаж яваарай”, “Зүрхний уяа”, “Монгол омогшил”, “Ээжийн чанасан цай”, “Тэсийн голын унага”, “Би хөдөөний хүн”, “Хуарангийн шөнө”, “Хилийн заставын хар нүдэн бүсгүй” зэрэг 400 гаруй дуу зохиогоод байгаа хөгжмийн зохиолч Б.Магсаржав гуай одоо ч дуу, симфони, хөгжмийн томоохон бүтээлүүдээ чимээгүйхэн зохиосоор байна. Тэрээр “Эр хүн заяаны ханьтайгаа учрах хүртлээ их зүйлийг туулдаг юм байна гэдгийг биеэрээ мэдэрлээ. Гоонь эрийн амьдралаар олон жил явахдаа эмэгтэй хүнийг хайрлаж явсангүй шүү. Ганцаардсан сэтгэлээ сархдаар дайлж явсан он жилүүд бий, бий. Гэвч би Тэнгэрийн дагинатайгаа учирсаан” хэмээн хань руугаа харж “Би чинь Ганаагаа Дагина минь гэдэг юм. Миний амьдралд яг л Дагина шиг тэнгэрээс бууж ирсэн бүсгүй дээ. Маш хүнд цаг үед минь намайг түшиж авсан сайн хань. Ханьтайгаа нийлж нэг гэрт орсноор миний хувьд амьдрал минь өөрчлөгдсөөн. Хүнээр хайрлуулахын жаргалыг би ээжээсээ хойш мартсан байсан. Одоо би Ганаадаа эрхэлж, хайрлуулж явна. Ийм сайхан хань илгээсэн бурхандаа талархаад баршгүй” гэлээ. Ж.Ганчимэг эмчийг Солонгост ажлаар яваад эзгүй байхад нь Б.Магсаржав гуай “Апимон” сувилалд нь эмчлүүлж таарчээ. Тэгтэл Б.Ганчимэг эмчийн эгч Ж.Оюунчимэг түүнийг тосон авч үйлчилж, сэтгэлийн дээдээр ачилж, ихэд хүндэлжээ. Маш найрсаг хамт олонтой, хүний төлөө гэсэн сэтгэлтэй сувилалд ирсэндээ хязгааргүй баярлаж, бие нь ч дээрджээ. “Намайг гэсэн сэтгэлтэй, надад тусалдаг хүмүүс маш олон байдаг юм. Би хэцүү амьдралыг туулж ирсэн ч хэдэн дууны минь буян намайг гудманд гаргаагүй шүү. Захын л айл гэртээ урьж, залж дайлдаг байлаа. Асар их хүндлэл дунд явсаар ирсэн. Гэвч хүнд хань л хэрэгтэй юм билээ” хэмээснээ “Ж.Оюунчимэг эмч маань Ганаа гэж миний дүү юм аа. Одоо Солонгост байгаа. Яруу найрагч, дуу нь “Морин хуур” наадмаас шагнал авч байсан” гэж ярихаар нь нэг ч их тоосонгүй. Хүмүүс “Ганаа эмч, Ганаа эмч” гэж яриад л магтацгаагаад байдаг байлаа. Сувиллын хананд хүмүүсийн магтаад байдаг өнөө Ж.Ганчимэг эмчийн зураг өлгөөтэй байна аа. Нүдэнд их дулаахан бүсгүй. Хүний л хань ийм байдаг байх гэсэн дотно мэдрэмж төрлөө. Тэгээд Ганаа эмчийн фэйсбүүк хаягийг оллоо. Чатаар харьцлаа. Эхэндээ ажил хэргийн харилцаатай байлаа. Надад “Хаврын дуу” гэсэн шүлгээ илгээдэг юм байна. Тэр шүлгийг нэг уншаад л аялгууг нь зохиосон доо. 12-хон минутын дотор дуу болсон юм. Биднийг учруулсан хүн бол миний ханийн эгч Ж.Оюунчимэг. Надад миний хадмууд ямар сайхан ханддаг гээч. Би ханийхаа эгчийг Жээжээ гэж хүндэтгэн дууддаг юм” хэмээн ханьтайгаа анх учирсан тухайгаа ярьж “Бид хоёр ивээл жилтэй юм шүү дээ” гэлээ.

…Халин халин нисээд ирсэн шувууд

Харзны усанд элгээ жиндээн ганганах юм

Харын хар нүдэн чамайгаа

Харж л суух минь хэзээ юм бол доо

…Нойрон дунд зүсрэх зүүдэн бороонд

Норсон дэр хацрыг минь хайран өнчрөөх юм

Тооныг нь элбэж өргөсөн гэртээ

Тормойн суух чинь хэзээ л юм бол доо гэж “Зүүдэн бороо” дуунд гардаг. Гэтэл яг л энэ дуу шиг Б.Магсаржав гуай ганцаардал, хүнд бэрхийн дунд элгээ жиндээн зүдэрч, норсон дэрэнд хацраа хайруулан байхад нь яруу найрагч Ж.Ганчимэг түшин босгоод тооныг нь элбэж өргөсөн гэртээ хамтдаа жаргаж, дэргэд нь тормойн аз жаргалаа ярьж сууна. Ж.Ганчимэг “Авьяастай хүнийг хайрлах ёстой. Харсаар байж энэ их авьяасыг би түлхэж чадахгүй. Хэрвээ би энэ хүнийг түшээгүй бол энэ хүний дуунд дуртай монголчууд надад гомдох байсан биз ээ. Энэ хүний авьяасыг хайрласан. Би өөрөө уран бүтээлч хүн. Маагаагийнхаа дотоод сэтгэлийг мэдэрсэн. Айлын өргөмөл байхын зовлон жаргалыг мэддэг болохоор энэ хүнийг яаж зүдэрч, ямар зовлон туулж ирснийг сонссон учир зүрх сэтгэлээ нээсэн юм. Бидний анхны болзоо маш дурсамжтай байсан. Бид анх удаа уулзаж байгаа хэрнээ хэзээний л таньдаг хүмүүс шиг, дотно мэдрэмж төрөөд энгэрт нь аавдаа тэврүүлж буй мэт л наалдаж билээ” гэж ярилаа.

Аригхан цагаан бороо нь

Анхны дуслаа өгөөд

Амрагийн заяа тэр минь

Аашинд минь дасаа юу даа

Тунгалагхан хаврын нар нь

Туяатайхан байна аа

Гэрэлтэйхэн хүний үр

Гэгээтэйхэн байна… Б.Магсаржав, Б.Ганчимэг нарын анхны хамтарч хийсэн энэ “Хаврын дуу” өөрсдийнх нь хувь тавиланг зуржээ.

…Зүдэрч ирсэн ангирс

Зүрхэнд минь нургиад л байна

Зүс дулаахан тэр минь

Зүүдэнд минь ургаад л байна…

“Насны намар”-ын Б.Магсаржав ийн “Зүүдэн бороо”-нд дуулдаг шиг харын хар нүднээ дэргэдээ суулгаад “Хаврын дуу”-ндаа мансуурч сууна. Хамтдаа дуулж, хамтдаа дуу бүтээж, нэг нэгнээ түшиж, дутуугаа нөхөж, дундуураа дүүргэж, “Хийж, бүтээх юм их байна аа” хэмээцгээнэ.

Хөгжмийн зохиолч Б.Магсаржавынд ийн өнжихөд гайхалтай хайрын оргилуун түүх, туулж өнгөрүүлсэн хачирхмаар он жилүүдийн тухай халуун яриа өрнөж, дуу хуур, төгөлдөр хуурын аялгуу түгээд наран жаргахыг ч анзаарсангүй.

“Насны намар”-ын Б.Магсаржавын амьдралд хавар айлчилж, дахин нахиалж байна.

Насны намар гадаа ирэхэд

Нартын жамыг ухаарч

Насны ханьтайгаа учирч

Амьдралын хавраа эхлүүлжээ, хөгжмийн зохиолч Б.Магсаржав маань.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сонгууль 2020

2020 оны УИХ-ын ээлжит сонгууль энэ сарын 24-нд болж өнгөрөв. Энэ удаа 15 нам, эвсэл болон бие даагч нийлсэн нийтдээ 606 хүн нэрээ дэвшүүлж өрсөлдлөө. Санал хураалтын дүнг нэгтгэхэд МАН 62, АН 11 суудал авсан бол Зөв хүн электорат эвсэл нэг (Т.Доржханд), бие даагч нэг (Н.Алтанхуяг), Та бидний эвсэл нэг (С.Ганбаатар) суудалтай боллоо. Сонгогдсон 76 хүнээс 32 нь анх удаа парламентад суух болж буйгаараа онцлог юм. Эдгээр 32 шинэ гишүүний 24 нь МАН, долоо нь АН, нэг нь Зөв хүн электорат эвслийн Т.Доржханд болж байна. Шинэ гишүүдийн талаар товч танилцуулъя.

Баян-Өлгий аймагт АН-аас нэр дэвшсэн Б.Бейсен нь хүний их эмч, клиникийн профессор цолтой. 1988 оноос Ногооннуур сумын Сум дундын эмнэлгийн мэс заслын эмчээр ажлын гараагаа эхэлж аймагтаа тасралтгүй ажиллаж, 2007 онд тус аймгийн Эрүүл мэндийн газрын даргаар, 2012-2016 онд Нэгдсэн эмнэлгийн даргаар, 2016 оноос аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын зөвлөх эмчээр ажиллаж байгаа аж. Баян-Өлгий аймагт МАН-аас нэр дэвшсэн Т.Аубакирыг 2016 онд омог нэгт Х.Баделхан нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдад нэр дэвшүүлэхээр зүтгүүлсэн ч түүнийг АТГ-аас ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзсэн учир Засгийн газар батламжлаагүй билээ. Т.Аубакир нь Баян-Өлгий аймгийн НАМЗХ-ны даргаар ажилладаг байжээ.

Баянхонгор аймагт АН-аас нэр дэвшсэн А.Адьяасүрэнг хүмүүс “Номгон санчир” компаниар нь илүү мэдэх болов уу. Тэрээр АН-ын ҮБХ-ны гишүүн, Баянхонгор аймгийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээр ажилладаг. Гуравдугаар тойрогт тэрээр Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир нарыг хэдхэн саналын зөрүүтэйгээр яллаа. Булган аймагт МАН-аас нэр дэвшсэн Ц.Анандбазарыг хүмүүс “Сод Монгол групп”-ын Анандбазар гэдгээр нь андахгүй.

Дорнод аймагт МАН-аас нэр дэвшсэн Ц.Сэргэлэн бол Хил хамгаалах ерөнхий газрын даргаар ажиллаж байсан, хошууч генерал цолтой нэгэн. Оператив тактик команд штаб гэх өвөрмөц мэргэжилтэй. Дорноговь аймагт МАН-аас нэр дэвшсэн Т.Энхтүвшин нь тус аймгийн Засаг дарга билээ. Энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчдийн дундаас олны анхаарлыг татсан хүн бол улсын гарьд Ц.Цэрэнпунцаг юм. Тэрээр Завхан аймагтаа МАН-аас нэр дэвшиж, АН-ын З.Нарантуяа, “Нарантуул”-ын босс Ш.Сайхансамбуу, Хаан, Төрийн банкны захирлаар ажиллаж байсан Д.Батсайхан нарыг ардаа орхиж ийнхүү УИХ-ын гишүүн болох эрх аваад байна. Гарьд маань 18828 хүний санал авч нэгээр гарч ирсэн бол МАН-аас нэр дэвшсэн Б.Баярсайхан 14350 хүний санал авч хоёрт бичигдсэнээр ирэх дөрвөн жилд парламентад суухаар болоод байна. Б.Баярсайханыг жүжигчин Б.Амарсайханы эгч гэдгээр нь хүмүүс мэдэх бөгөөд БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан билээ. Ийнхүү Завхан аймгийнхан хоёр шинэ төлөөллөө УИХ-д илгээжээ.

Өвөрхангай аймагт МАН-аас нэр дэвшсэн Г.Ганболд нь тус аймгийн Засаг даргаар ажиллаж байгаа бөгөөд Радио холбооны инженер мэргэжилтэй. Түүнтэй АН-аас нэр дэвшигч хуульч О.Алтангэрэл, Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяр, Г.Батхүү агсны хүү Б.Ганхөлөг нар өрсөлдсөн юм. Энэ удаагийн парламентад шинээр орж ирж буй хүмүүсийн дунд аймгийн Засаг дарга нар олон байна. Тэдний цувааг Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар үргэлжлүүлж байна. Тэрээр МАН-аас нэр дэвшсэн бөгөөд МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр, Өмнөговь аймгийн Засаг дарга асан Б.Бадраа нартай өрсөлдсөн юм.

2020 оны сонгуульд Ховд, Сүхбаатар аймагт АН ялсан нь бас нэг онцлууштай үйл явдал боллоо. Сүхбаатар аймагт АН-аас нэр дэвшиж ялалт байгуулсан Ж.Батсуурь эдийн засагч мэргэжилтэй, 1997-2017 онд Сүхбаатар аймгийн Ардчилсан намын дарга, 2008-2016 онд Сүхбаатар аймгийн Засаг дарга, 2017 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн Орон нутаг, хөдөөгийн хөгжил хариуцсан зөвлөхөөр ажиллаж байгаа аж. Харин Н.Ганибалын хувьд Програм хангамжийн инженер, хэрэглээний математикч. Одоо Португалийн DED Боловсролын зөвлөх компанийн шинжээчээр ажилладаг бөгөөд 2016-2019 онд Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, Намын байгуулалтын газрын дарга, 2017 оноос АН-ын ҮБХ-ны гишүүн, 2018 оноос АН-ын УТЗ-ийн гишүүнээр ажиллаж байгаа ажээ.

Сэлэнгэ аймагт МАН-аас нэр дэвшсэн Д.Өнөрболорын хувьд энэ удаагийн сонгуульд нэр дэвшсэн содон хүмүүсийн нэг. Тэрээр “Сөүл” Болороо нэрээрээ танигдсан. Дипломатч мэргэжилтэй. “Сөүл” группийн дэд ерөнхийлөгчөөр ажилладаг. 2018 оноос Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, 2019 оноос Монголын эмэгтэйчүүдийн холбооны Сэлэнгэ аймгийн Салбар зөвлөлийн тэргүүнээр тус тус ажиллаж байна. Мөн Сэлэнгэ аймаг, 13 дугаар тойрогт Ч.Ундрам 22583 хүний санал авч хоёроор гарч ирсэн шинэ хүн болж байна. Тэрээр эдийн засагч мэргэжилтэй, эдийн засгийн ухааны доктор, дэд профессор цолтой. 2018-2019 онд МУИС-ийн Санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирлаар ажиллажээ. Ч.Ундрам, Д.Өнөрболор нар 13 дугаар тойрогт АН-ын лидерүүд болох С.Баярцогт, Д.Эрдэнэбат нартай өрсөлдсөн билээ.

Төв аймагт АН-аас нэр дэвшсэн Ц.Туваан, МАН-аас нэр дэвшсэн Ж.Батжаргал нар анх удаа УИХ-д сонгогдлоо. Ц.Туваан 2012-2014 онд Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд, ХАХНХЯ-ны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга, Нийгмийн халамж үйлчилгээний Ерөнхий газрын дарга, АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад энэ хавар АН-ын дэд даргаар томилогдсон юм. Харин Ж.Батжаргал Баян-Өнжүүл сумын Засаг даргаар ажиллаж байгаад 2002-2012 онд аймгийн ИТХ-ын даргаар ажилласан бөгөөд 2016 оноос Төв аймгийн Засаг даргаар ажиллаж байна.

Увс аймагт АН-аас нэр дэвшсэн О.Цогтгэрэл 26644 хүний санал авч тойрогтоо нэгээр гарсан бол түүний ард МАН-ын Ч.Хүрэлбаатар 22562 санал, Б.Чойжилсүрэн 21378 санал авч удааллаа. ТЭСО корпорацийн ерөнхийлөгч О.Цогтгэрэл нь КТМС, Сиднейн Их сургууль, Харвардын их сургуулийг тус тус дүүргэсэн санхүүч, эдийн засагч мэргэжилтэй. Увс аймагт 30 жилийн дараа АН-аас нэр дэвшигч УИХ-д гарч байгаа нь энэ ээ.

Ховд аймагт АН-аас нэр дэвшсэн Ш.Адьшаа нь одоогоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байна. Тэрээр Ховд аймгийн “Хөгжлийн төлөө сан” ТББ-ын ерөнхийлөгч, Монголын Жүдо бөхийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч, Ховд аймгийн МоАХ-ны дарга, Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн.

Дархан-Уул аймагт МАН-аас нэр дэвшсэн Г.Дамдинням уул уурхайн эдийн засагч, судлаач мэргэжилтэй. Байгаль орчны сайдын зөвлөх, БСШУ-ы сайдын зөвлөх, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Эдийн засаг Нийгмийн хөгжлийн проректор, 2015 оноос Канад улсын Бритиш Колумбын их сургуулийн Уул уурхайн сургуулийн судлаачаар тус тус ажиллаж байгаад одоо “Прокон Майнинг Монголиа” компанийн захирлаар ажиллаж байгаа аж. Тэрээр Дархан-Уул аймагт Тордайн Ганболд, Доржзовдын Энхтуяа болон сонгуулийн санал хураалтын өмнөхөн баривчлагдсан Б.Бямбасайхан нарыг өвдөг шороодуулж ийн УИХ-д анх удаа сонгогдоод байна.

Хамгийн ухаалаг сонголт хийсэн, сонгогчийн боловсрол өндөртэй гэгдээд буй Орхон-Уул аймгаас МАН-ын нэр дэвшигч Д.Батлут ялж, УИХ-д суухаар болов. Тэрээр одоо тус аймгийн Засаг даргаар ажиллаж байна. Гурван мандаттай энэ тойрогт тэрээр 22621 хүний санал авсан бол Норовын Алтанхуяг 19595 санал, Сайнхүүгийн Ганбаатар 17034 санал авч удаалснаар УИХ-д суух эрх өвөртлөөд байгаа билээ. Энэ тойрогт тэдэнтэй МАН-аас нэр дэвшсэн МЭХ-ийн тэргүүн Б.Оюунгэрэл, Хуульзүйн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн О.Баасанхүү нар өрсөлдсөн ч ялагдал хүлээцгээв.

За одоо, 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд нийслэлийн дүүргүүдээс ямар шинэ хүмүүс сонгогдож, парламентын гишүүн болоод байгааг сонирхуулъя. Багануур, Налайх, Багахангай дүүрэгт МАН-аас С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар сонгогдов. Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан энэ тойрогт өрсөлдөж 21969 санал авсан бол Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир 15576 санал авч удаалжээ. Тэд МАХН-ын Э.Эрдэнэжамъян, хөтлөгч Г.Чоглоонамжил, Ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасан нартай өрсөлдсөн.

Баянзүрх дүүрэг буюу 22, 23 дугаар тойргуудад МАН-аас нэр дэвшсэн хуульч Б.Энхбаяр, “Элэг”-ний хэмээх гавьяат эмч Ж.Чинбүрэн, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, БЗД-ийн Намын хорооны дарга Э.Бат-Амгалан нар ялалт байгуулж, УИХ-ын танхимд анх удаа гишүүнээр суухаар болцгоов. Хуульч Б.Энхбаяр 22 дугаар тойрогт АН-ын лидерүүдийн нэг болох З.Энхболд, яруу найрагч Цоодолын Хулан, Их эв намын нэр дэвшигч, илтгэгч З.Бат-Отгон, бие даагч “Өүлэн” хэмээх Л.Өнөрчимэг нартай өрсөлдөж саналын хол зөрүүгээр ялсан юм. Харин 23 дугаар тойрогт Ж.Чинбүрэн, Х.Булгантуяа, Э.Бат-Амгалан нар Шинэ эвслээс нэр дэвшсэн Ж.Батзандан, Ш.Сайхансамбуугийн дүү Ш.Батсамбуу, АН-аас нэр дэвшсэн жүжигчин Ж.Баясгалан, бие даан нэр дэвшсэн генерал Б.Баярмагнай нарыг ардаа орхиж ийнхүү УИХ-д сонгогчдоо төлөөлөхөөр боллоо.

Сүхбаатар дүүрэгт МАН-аас нэр дэвшсэн улс төр судлаач Ц.Мөнхцэцэг 20584 санал авч УИХ-д анх удаа сонгогдоод байна. Тэрээр Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, АН-ын ирээдүйтэй залуусын нэг гэгддэг С.Эрдэнэболд, “Bloomberg” телевизийн гүйцэтгэх захирал Э.Долгион, аялагч Г.Ганхүү, эдийн засагч Б.Мөнхсоёл, Та бидний эвслийн П.Шинжээравдан, Зууны манлай уртын дуучин Н.Норовбанзадын охин Б.Дэлгэрмаа, Ногоон намын О.Бум-Ялагч, Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч Ц.Энхбат, “Шууд ардчилал хүрээлэн” ТББ-ын захирал, улс төр судлаач А.Саруул, Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, “Чингис хаан” хэмээх М.Чингисхаан нарын урд гишгэж, ирэх дөрвөн жилд сонгогчдоо парламентад төлөөлөхөөр боллоо. Ц.Мөнхцэцэг нь МУИС-ийг улс төр судлаач мэргэжлээр төгсөж, гадаадын хэд хэдэн оронд зочин судлаачаар ажиллаж байсан өнөө цагийн шилдэг залуусын нэг гэгддэг бөгөөд нийслэлийн унаган хүүхэд юм.

Баянгол дүүрэгт МАН-аас нэр дэвшсэн Хассуурийн Ганхуяг гурван мандаттай, 26 дугаар тойрогт 50073 хүний санал авч нэгээр гарч ирж, УИХ-ын гишүүнээр анх удаа сонгогдлоо. Түүнтэй АН-ын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, дуучин Нара буюу М.Нарантуяа нар өрсөлдсөн ч энэ удаад өвдөг шороодов.

Сонгинохайрхан дүүргээс нэвтрүүлэгч Б.Жаргалмаа, хөтлөгч П.Анужин нар сонгогдож, УИХ-д суух болсон нь олон хүний анхаарлыг татаад байгаа билээ. Өмнөх сонгуульд хэдхэн саналаар ялагдаж байсан П.Анужин энэ удаад 32031 санал авч хүслээ биелүүллээ. Тэрээр 28 дугаар тойрогт Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүү Э.Батшугар, бие даан нэр дэвшигч С.Мөнхчулуун, Иргэдийн шударга шүүх ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт, МҮОНРТ-ийн Ерөнхий захирал асан М.Наранбаатар, АН-ын О.Магнай, олон улсын тоймч Ш.Гантулга, Гамбууш буюу Н.Ган-Одтой саналаар уралдсан юм.

Харин нэвтрүүлэгч Б.Жаргалмаа 27 дугаар тойрогт “М-Ойл групп”-ын Б.Пунсалмаа, сумоч Кёкүшюзан Батбаяр, Хохирогчдын холбооны тэргүүн Х.Оюунцэцэг нарын хүмүүстэй өрсөлдсөөн.

Санал авах өдөр ч сошиалаар өөрийгөө өмөөрүүлж, залруулга хийгээд байсан Ганибалын Амартүвшин Хан-Уул дүүрэгт сонгогдсон нь хүмүүсийг гайхашруулаад байна. Монголын иргэн мөн, биш гэж мэтгэж түүний тухай элдэв мэдээлэл хөвөрч байх зуурт тэрээр УИХ-д суух эрхтэй болчихлоо. МАН-аас нэр дэвшсэн түүнд Хан-Уулын иргэд итгэжээ. Энэ удаагийн сонгуулийн тарианы алтан түрүү, сор гэгдээд буй нэр дэвшигч бол Зөв хүн электорат эвслийн Т.Доржханд. Түүнийг УИХ-д суух ёстой чадалтай залуу гэдэгтэй маргах хүн үгүй байх. Т.Доржханд төрийн санхүүч, эдийн засагч мэргэжилтэй, ХҮН-ын Удирдах зөвлөлийн даргын алба хашдаг. Хитоцубаши Их сургууль, Оксфорд, Харвардын их сургуулийг дүүргэсэн нэгэн.

Г.Амартүвшин, Т.Доржханд нартай Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, АН-ын Б.Түвшин, “Мак”-ийн Нямтайширын хүү Н.Номтойбаяр, “Шинэ эвсэл”-ийн Л.Болд, бие даан нэр дэвшигч Ц.Цолмон, хуульч Ч.Өнөрбаяр, хуульч, эрхзүйч Т.Энхсайхан, Төрийн соёрхолт Н.Сувдын хүү Төрболдын Бат-Оргил, зохиолч Б.Наминчимэд, Шадар сайд асан Ц.Оюунбаатар, Та бидний эвслийн Т.Баярхүү нар нэг тойрогт “үзэлцсэн”. Түүнчлэн өмнө нь дөрөв ба түүнээс дээш удаа сонгогдож байсан зарим нэр хүндтэй улстөрчид болоод хүмүүс итгэл хүлээлгэж байсан мэдлэгтэй залуус энэ сонгуулиар гарч ирж чадсангүй.

Хуульзүйн сайд асан Х.Тэмүүжин, Ц.Нямдорж, дуучин Самандын Жавхлан, БСШУС-ын сайд асан Ц.Цогзолмаа, Лу.Болд, баривчлагдаад буй С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан, Н.Номтойбаяр, Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, Л.Гүндалай, Улсын баатар Э.Бат-Үүл, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Зандаахүүгийн Энхболд, Д.Сүндий, Б.Найдалаа, “Соён гэгээрүүлэгч” телевизийн захирал Ш.Хишигсүрэн, АН-ын дарга С.Эрдэнэ, бие даагч С.Мөнхчулуун нарт иргэд анхаарал хандуулж, гарч ирэх боломжтой гэж харж байсан ч нэр дэвшсэн тойргийнх нь сонгогчид “нүүр буруулж” саналаа МАН-д өгцгөөв. Мөн олон хүний харамслыг төрүүлж, “Боловсролтой, зоригтой залуус нэг тойрогт орчихлоо” хэмээн халаглаж байсан Хан-Уул дүүргээс Ц.Цолмон, Ч.Өнөрбаяр, Т.Бат-Оргил нарын шижигнэсэн залуус ялалт байгуулж чадаагүйд зарим сонгогч гонсгор үлдэв бололтой. Энэ удаагийн сонгуульд монголчууд 73.65 хувийн ирцтэй оролцож саналаа өглөө.