Categories
мэдээ цаг-үе

Л.Өнөрчимэг: “Тэг зогсолт” бол төрийн удирдлагууд ард түмнээрээ даажигнасан зохион байгуулалттай ажил байсан

-ӨНГӨРСӨН ЛХАГВА ГАРИГИЙН ТЭГ ЗОГСОЛТ НЬ ТӨРӨӨС САНААТАЙГААР ХИЙСЭН ҮЙЛДЭЛ ҮҮ-

“Намгүй Монгол” хөдөлгөөний тэргүүн Л.Өнөрчимэгтэй ярилцлаа.


-Өнгөрсөн лхагва гаригт Улаанбаатар хотын замын хөдөлгөөн тэг зогсолт хийлээ. Эрх баригчид өөрсдийн бэлдсэн зохицуулалтаа хийхийн тулд урьдчилаад ийнхүү зохион байгуулалттайгаар тэг зогсолт хийж, ард түмнийг бухимдууллаа гэж ярих хүмүүс байна. Тэг зогсолтыг үнэхээр зохион байгуулсан гэж үү?

-Энэ бол төрийн удирдлагууд болоод замын хөдөлгөөнтэй холбоотой албан тушаалтнуудын ард түмнээр даажигнаж байгаа, зохион байгуулалттай ажил мөн. Үүнийг баталж хэлье. Нэгдүгээрт, чухал цуглаан, олуулаа ирэх үйл ажиллагааг угтуулаад замын хөдөлгөөний чиглэлд өөрчлөлт оруулж, зүүн, баруун эргэнэ гэж зохицуулалт хийдэг. Хоёрдугаарт, автобус унаанд суух гэж байгаад бичиг баримт, түрийвч, мөнгө төгрөгөө алдчихсан хүмүүс камераар шүүлгэх гэж цагдаагийн газарт очиход ямар ч камер нь ажилладаггүй гэдэг асуудал их гардаг юм.

Гуравдугаарт, хотод зогсоол, талбай байхгүй, засмал замын багтаамж нь муу байсаар байтал иргэдийг банкны системээр шууд торгодог. Нэг л мэдэхэд шүүхийн бичиг ирдэг, нэг л мэдэхэд чек бичээд ороод ирдэг. Яг энэ ажил дээрээ өнөө хяналт, камер, техникийн дэвшлүүд нь маш сайн ажилладаг. Дөрөвдүгээрт, хот тохижилт, НЗДТГ гэж бий шүү дээ. Эд нар чинь уулнаас мод авчирч үндсээр нь сольж суулгах нэрийдлээр, хашлага будах, өнгийг нь өөрчлөх нэрийдлээр, өвөлдөө гялгар уутаар моддоо бүрэх нэрийдлээр, модны хөрснөөс дээш ил гарсан хэсгийг цагаанаар будах нэрийдлээр 1990-ээд оноос эхэлж мөнгө угааж эхэлсэн. Нийслэлтэй холбоотой мөнгөний луйвар энд явдаг. Нийслэлтэй холбоотой хөшөө дурсгалыг зөөх, унагаах, шинээр барих, усан оргилуур, гүүр мэтээр мөнгө угаадаг. Арслантай гүүрнээс доош өчнөөн гүүр байна. Ямар ч хэрэггүй, хэн ч гардаггүй, ямар ч машин ашигладдаггүй гүүрүүдийг барьж мөнгө унагадаг. Тав дахь нотлох зүйл бол дарга нар өөрсдөө Зайсангаар сэлүүхэн явдаг. Ялангуяа “Зайсан Хилл”-ийг худалдаж авсан Амарсайхан даргын ээж нь Налайхад амьдарч байгаа. Тэгтэл “Zaisan hill”-ээсээ Налайх хүртэл гурван ч хурдны зам хийчихээд байгаа биз дээ. Бараг ээжийнхээ гадаа хүртэл. Өөрийнхөө ахын Сайн номун хийд рүү орон ортол зам тавьж байгаа шүү дээ. Хувийнхаа юм руу улсын төсвөөр зам тавьж байгаа байхгүй юу.

Маш ноцтой нь юу вэ гэхээр, Замын цагдаагийн газрын дээд удирдлагуудыг шалгамаар байна. Монгол цустай, монгол ястай хүн байхгүй гэдэг нь нотлогдоод байна. Замын цагдаагийн газар нь Японд хог хаягдал болсон, хүн унаж болохгүй машинд хулгай, дээрмийн аргаар шинэ номер өгдөг. Замын цагдаагийн газар, Хот тохижилтын алба, НЗДТГ, ЦЕГ, ТЕГ, АТГ-ын олигархуудын уур нь хүрэхээрээ тэр уураа ард түмэнд гаргаж байгаа нь харагддаг.

-Тэг зогсолтын үеэр цагдаагийн газраас бүх албан хаагчид, зохицуулагчдаа цуглуулж хурал хуй хийсэн сураг дуулдлаа. Мөн зам дээр байсан зохицуулагчид нь гол замаа явуулах нэрээр туслах замын хөдөлгөөнийг таг хаасан гэж хүмүүс ажиглажээ. Энэ бүгд юуг өгүүлнэ вэ?

-Энэ олигархиуд чинь ийм юм хийчихээд хундага тулгаад инээлдээд сууж байдаг гэдэг шүү дээ. Яагаад инээлддэг вэ гэхээр, энэ олон мянган машинаас нэг нь дэлбэрээсэй. Нэг нь дэлбэрэхэд ташраараа зам дээр дэлбэрэлт болно гэж. Орон сууцнуудыг хэргээр хооронд нь шамбааралдуулж бариулдаг. Хүн олноор суудаг Сэлэнгэ, Дархан, Улаанбаатар зэрэг хотуудад газар хөдөлбөл бөөнөөр нь даруулж үхүүлэх гэж ингэж барилгуудыг тооцоогүй барьдаг юм. Үнэн шүү. Бензин колонкуудыг албаар ойрхон бариулдаг. Хот руу иргэдийг амьжиргааг нь хөөлгөж оруулж ирээд хөдөөг эзэнгүйдүүлээд баялгийг нь ухдаг. Одоо биднийг бөөгнүүлсэн газарт нь ингэж түгжрүүлж бухимдуулж байгаад халдвар тараах, осол аваар гаргах, торгож мөнгө олох гээд харийн бодлогуудаа хэрэгжүүлж байна. Ямар машиныг ачих вэ гэдэг нь ч тооцоотой. Тэр ачдаг машин нь ч хууль бус шүү дээ.

Эцсийн бүлэгт харийн бодлого нь хүүхэд залуусыг минь энэ их түгжрэлтэй, хурдгүй амьдрал дунд хөдөлгөөнгүй, залхуу болгох, идэвхгүй болгох, осол аваарт оруулах, эрүүл мэндгүй болгох, хооронд нь муудалцуулах, тахир дутуу болгох, ямар нэг гамшиг болоход нь шахаад байгаа байхгүй юу. Энэ бүгдийг зохион байгуулж байгаа харийн бодлогыг хэрэгжүүлэгч хүмүүс Монголын төрд 1990-ээд оноос эхэлж шургалсан. Аймаар хүмүүс байгаа шүү. Тэднийг бид мартаж болохгүй. Монголчуудыг түгжрэхэд тэд баярлаж байгаа. Өөрсдөө бол өөр замаар явчихдаг. Түргэний машинаас илүү хурднаар, дохиогоо хангинуулаад явчихдаг. Төрийн албанаас буусан хэрнээ арван хүнээр хамгаалуулж явцгаадаг. Төрийн Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нь 20, 30 хамгаалагч дагуулж явж байна. Аягүй муухай харагдаж байна. Монголд Хятадын харь бодлого явагдаад байна.

-Тэг зогсолтыг зориуд зохион байгуулсны цаад шалтгаан нь юу вэ. Одоо эд нар юу хийх бол, замын хөдөлгөөний зохицуулахын тулд ямар захиргаадалтын арга саам оруулж ирэх гээд байна гэж таамаглаж байна вэ?

-Ер нь ойрын үед түгжрэлтэй байсан л даа. Гэхдээ тэр өдөр чинь есдүгээр сарын 30-ны лхагва гариг байсан. 10 сарын 1-ний өмнөх өдөр шүү дээ. 10 дугаар сарын 1-нд дэлхий даяар Хятадыг эсэргүүцсэн жагсаал болсон. Тэр жагсаалыг л эсэргүүцэж ингэж тэг зогсолт зориуд хийж байна шүү дээ.

-Тэглээ.

-Залхаагаад, хооронд нь уулзалдуулахгүй байхыг зорьсон. Угаасаа тэгсэн. Жагсагчид хоорондоо уулзаж чадахгүй байсан. Далбаа, лоозонгоо барьж ирж нэг дор цуглая гэсэн чинь цуглаж чадахгүй, зарим хүн түгжрэлд саатсан. Бидний утсыг чагнасан. Чагнаад мэдээлэл авдаг оюуны хулгайчууд хүртэл гарч ирсэн. Зориуд харийн бодлогоор энэ бүгдийг хийж байгаа шүү гэдгийг олон нийт мэдэх хэрэгтэй.

-Ямар нэг ухаалаг зохицуулалт хийхийн оронд торгоно, хасна, шахна, хөөнө, хориглоно л гэх юм. Нийтийн тээврийн тоог нэмэгдүүлж, чанарыг нь сайжруулах тал дээр ярихын оронд долоо долоо хоногоор нь тэгш, сондгойгоор явуулна гэх мэтээр улам л муйхар юм ярьцгаагаад байх юм. Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг хэрхэн зөв залах вэ?

-Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахын тулд хотын зах руугаа жижигхэн жижигхэн газарт ханьсаад гэр, байшингаа бариад дундаа ус, бохироо шийдээд минималь амьдар. Одоо төр засагт байгаа хүмүүст найдаад хэрэггүй. Монголын ард түмэн өөрсдөө Засгийн газраа байгуулаад, өөрсдөө хотын захад дэд бүтцээ хөгжүүлээд эвтэй найртай амьдарч, хөдөө аж ахуйгаа эрчимжсэн байдлаар хөгжүүлээд явах ёстой байхгүй юу.

Машиныг шинэ хуучнаар, тэгш сондгойгоор ялгаварлавал ард түмэн хүлээж авахгүй. Тиймээс хотын захын гэр хорооллын дэд бүтцийг маш сайн хөгжүүлэх хэрэгтэй. Тэгвэл хот руу тэмүүлэх урсгал саарна.

Хотод зогсоол байхгүй, ачаад явчихдаг. Ядаж байхад өнөө шидэт дохиуртангууд нь торгоод явуулахгүй. Камераар давхар торгоно. Түгжрэлд машины бензинээ бардаг. Ийм нөхцөлд ард түмэн бид үнэхээр гомдолтой байна. Ард иргэдээ бодохгүй байна. Хүний төлөө гэх хот биш байна. Харийнхны бодлого яваад байна. Эрлийзүүд дандаа дарга болчихсон. Удирдлагуудаа солимоор байна. Эгэл жирийн ард түмэн минь сүүлийн үед гараад байгаа батерейгаар цэнэглэдэг төхөөрөмж, унаа, скутер хэрэглэ. Ийм унаа хэрэглэж буй хүмүүсийн ажил нь хурдан бүтэж байна. Миний хувьд машин унаатай байснаа бүгдийг нь больсон. 2009 оноос хойш машин унаагүй. Надад бол эдийн засгийн хэмнэлттэй байна. Үүгээрээ агаарын бохирдлын эсрэг том хувь нэмэр оруулчихаж байна.

Нөгөө талдаа эрүүл мэндэд тустай юм. Машинаа хот дотроо унахаа болиод нийтийн тээврээр явдаг болох хэрэгтэй. Ингэхийн тулд нийтийн тээврийн тоог яаралтай хэд дахин нэм. Нэмснийхээ дараа тэр зохицуулалтуудаа хийх ёстой. Ямар ч зохицуулалт хийгээгүй байж машин тэргийг нь хориглоно, хорино гэж ярьж болохгүй. Иргэдийн хувьд энэ түгжрэлийн үед наанадаж өдөрт 3-5 км газарт алхаж сур. Эрүүл байх энгийн мөртлөө аугаа арга шүү.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Бэлчээрийн мал аж ахуйг Сэлэнгээс эхлээд Төв аймгийн хойд сумдад хориглох нь зөв

Засгийн газар 2018 онд долоон аймгийн 60 сумын 113 багийг тариалангийн бүс нутгаар албан ёсоор зарласан. 1990 оноос хойш тариалангийн бүс нутгуудад ялангуяа Сэлэнгэ, Төв аймагт малын тоо 2.7-3 дахин өсөөд байсан учир ийм зохицуулалт хийснээр бэлчээрийн мал аж ахуй, газар тариалангийн салбар хооронд олон жил үргэлжилсэн зөрчил, маргаан эцэслэгдэнэ гэж үзсэн.

Малын өсөлтөөс шалтгаалан газар тариалан, бэлчээрийн мал аж ахуйтай зөрчилдөж, улмаар ургацын гарц, хэмжээ, технологийн мөрдөлтөд нөлөөлөөд зогсохгүй хөрсний үржил шим, элэгдэл, эвдрэлд орох, агро-экологийн тэнцвэрт байдал алдагдах зэрэг сөрөг үр дагавар гарч буйг эрдэмтэд тогтоосон учир ийнхүү Сэлэнгэ аймгийн 16 сум, 44 баг, Төв аймгийн 13 сум, таван баг, Архангай аймгийн 18 сум, Хэнтий аймгийн есөн сум, Дархан-Уул аймгийн хоёр сум, Булган, Өвөрхангай аймгийн нэг нэг сумыг албан ёсоор тариалангийн бүс нутаг гэж тогтоож, энэ бүсэд бэлчээрийн мал аж ахуй эрхлэхийг хязгаарласан.

Саяхан Ерөнхий сайд Сэлэнгэ аймгийн нутгаар ургац хураалтын явцтай танилцаж явах үед тариаланчид бэлчээрийн мал аж ахуй тариалан эрхлэлтэд саад болж, тариаг нь сүйтгэж, хүндрэл учруулж байгаа талаар гомдоллож байлаа.

“Өдрийн сонин”-ы хувьд бэлчээрийн мал аж ахуйг “Дур зоргын мал аж ахуй” гэж үзэж, томъёолдог. Учир нь дуртай газраа буудаг, дуртай газар руугаа нүүдэг, малаа маллах, маллахгүй нь малчны дурны асуудал байдаг. Малаа үхүүлэх үү, амьдруулах уу гэдэг нь ч малчны хүсэлтэй холбоотой байдаг болохоор ийн дур зоргын мал аж ахуй гэж нэрлэсэн юм. Ийм мал аж ахуй, газар тариалан хоёр зэрэгцэж нэг дор байх нь гал, ус шиг харшилна.

Сэлэнгийн тариаланчид ярьж байна билээ, “Буудайны 30 хувийг нь мал ороод идчихдэг” гэж. Мал тариан талбай руу ороод таван амаараа иддэг гэцгээдэг. Дөрвөн хөл, нэг амаараа буудай идэж, талхалдаг. Тиймээс малын тоо толгойг энэ бүсэд тохируулж, холбогдох хууль, тогтоолоо хэрэгжүүлж, тариалангийн бүс нутагт мал бүхий иргэдийн мал төдөөс илүүгүй байна гэсэн тоо тогтоож зааж өгөх хэрэгтэй. Хэрвээ тэр заасан тооноос илүү тоогоор мал маллах сонирхолтой бол тариалангийн бүс нутгаас холдож нүүх хэрэгтэй. Нүүхээс өөр арга байхгүй гэдгийг та бид цөмөөрөө мэднэ дээ. Манай малчид юу ч хийдэггүй. Өглөө хонь малаа туучихаад орой нь хурааж авчирдаг. Хаврын хахирган цаг, хавсаргатай үед төл малаа бол өсгөж бойжуулдаг л байх. Мал аж ахуйг “Баяжуулдаггүй, тэгсэн хэрнээ өлсгөдөггүй” гэж тодорхойлдог.

Нэгэн үе 150 сая хоньтой байсан гэгддэг Австрали улсын томоохон фермүүд нь 200-300 мянган хоньтой байдаг. Мал, шувууны махны дэлхийн хамгийн том экспортлогч, махны үйлдвэрлэл, боловсруулалтаараа улсынхаа эдийн засгийг босгодог Бразил улсад 10 мянган үхэртэй ферм олон. Гэтэл манайд энэ олон малчин ганц ганц өрхөөрөө төдий хэмжээний мал маллах боломжгүй. Тиймээс баяжуулдаггүй, өлсгөдөггүй гэдэг нь энэ л дээ.

Малчид малаа задгай тавиад явуулчихаар тариа сүйтгэчихдэг. Зарим малчин малаа тариалангийн талбайд зориуд бэлчээдэг. Адуугаа шөнө тариа олж иднэ биз гээд тавиад явуулчихна. Өдөр хонио ойрхон хариулж байгаад мэдээгүй царайлаад тариан талбай руу оруулчихна. Энэ мэт жишээгээр мал аж ахуй, газар тариалан хоёр хоорондоо харшилдаж, малчид, тариаланчид бие биедээ дайсагналцдаг болоод удлаа. Тиймээс тариаланчид “Тариалангийн бүсээс мал бүхий иргэдийг гаргая” гэдэг нь зөв өө. Сэлэнгээс эхлээд Төв аймгийн хойд сумдаар бэлчээрийн мал аж ахуй эрхлэхийг хориглох цаг нь болсон.

Тариан талбайгаа хашчихвал болоо биз дээ гэдэг. Ямар ч хашаа байгаад малчин очиж тасдаад малаа оруулчихаар хашаа, хашлага, хэрэм байгаад нэмэргүй. Эзэнгүй хээр байгаа тариан талбай харсан малчин малаа тойруулж тууна аа гэж ер байхгүй. Цадаад аваг гээд хашааг нь тасдаад малаа оруулчихдаг нь дийлэнх. Харин манаач харагдвал тойроод тууж байгаа харагддаг. Үүнээс болоод тариаланчид хэдийгээр буянт мал минь гэдэг ч хөлсөө дуслуулж ургуулсан тариагаа хамгаалаад малыг үзэж чадахаа больсон. Малыг нь үргээж, тууна, ална, хядна, торгоно гээд бөөн юм болцгоодог. Малчин нь малаа, тариаланч нь тариагаа өмөөрөөд заамдалцаж авдаг. Хэрвээ тариаланчид малчдын малын 30 хувийг идчихдэг байсан бол малчид яах байсан гэж бодож байна. 1000 хониных нь 300-г аваад явчихна гээд бод доо. 300 хонийг нь нэг л шөнө хулгай хийгээд аваад явчихдаг байвал малчид Монголыг нураана биз дээ. Малчид Монголд нэр хүндтэйг ч хэлэх үү. Бүгд малчин айлаас, малчны хотноос гаралтай байдаг болохоор малчдын үгийг их тоодог. Хэрвээ малчид жилдээ 300 хонио тариаланчдад идүүлдэг байсан бол хот хөдөөгүй дуулиан шуугиан дэгдэж, Монголыг бүхэлд нь хөдөлгөх байсан даа. Тэгтэл тариаланчид яаж байна, сайд ирэхэд нөхцөл байдлаа аядуу хэлж байна. Ингэж тэмцэх нь зөв шүү дээ. Харин ч тариаланчид гэх хүмүүс чинь тайван хүмүүс байдаг тулдаа өдий хүртэл тэсчээ.

Бэлчээрийн мал аж ахуй, тариалан хоёрыг зайлшгүй салгах хэрэгтэй. Засгийн газрын тогтоол, шийдвэрийг ажил хэрэг болгож, мал тариа идвэл өндөр торгуультай болгох, мал нь тариа идсэн малчныг хууль зөрчсөн гэж үздэг болох хэрэгтэй. Малчдад энэ талаар сайн таниулж “Тариалангийн бүс, үр тариа эх оронд мал шиг хэрэгтэй зүйлсийн нэг. Тариа бол стратегийн бүтээгдэхүүн байдаг юм” хэмээн анхааруулах ёстой. Ингэж байж тариалангийн бүс нутаг бодитоор бий болно. Энэ хэдэн тариаланчдаа ад үзэх юм байхгүй. Гэхдээ малчдыг ад үзээд байгаа юм биш шүү. Эрхэлж буй аж ахуйн ажил үүргийнхээ онцлогоос хамаарч хоёр талдаа нутаглацгаа. Өвөл тариалангийн талбай дахь сүрлийг малчид малдаа идүүлдэг. Гэтэл сүүлийн үеийн технологиор ингэж талбайн сүрлийг малд идүүлэх нь тусгүй гэх юм дуулдаж байна. Тариаланчид “Сүрэл талбайн чийг хааж, хөрс хаврын салхинд хийсэхээс хамгаалдаг” гэх юм ярьцгаах болсон. Тэгэхээр сүрэл нь хүртэл газар тариаландаа эргээд нөмөртэй байдаг учир өвлийн цагт талбай руу мал оруулаад байх ч хэрэггүй, харин хаягдал будааг нь малчид авдгаараа авдаг юм байгаа биз.

Бэлчээрийн мал аж ахуй, газар тариалангийн зааг ялгааг сайн тогтоож, хуулиа мөрдүүлж, цаашид тариалангийн бүсээ улам өргөжүүлэх шаардлагатай. Харин эдгээр бүс нутагт мал аж ахуй эрхлэхийг зорьж байгаа бол суурин буюу фермерийн аж ахуй хөгжүүлж болох нь нээлттэй хэвээр. Хашаанаас нь гаргадаггүй бол фермерийн хашаанд хичнээн үхэр, гахай маллах нь ямар хамаа байх вэ. Иймээс газар тариалангийн бүс нутаг болох Сэлэнгэ, Төв, Дархан-Уул, Хэнтий, Өвөрхангай, Архангай аймгийн тогтоосон бүс нутгаас бэлчээрийн мал аж ахуйг холдуулж, эрчимжсэн мал аж ахуйг хослон хөгжүүлэх зохицуулалт хийх нь зүйтэй.

Газар тариалангийн бүсэд бэлчээрийн мал аж ахуйг тариа руу оруулахгүйгээр маллана гэж хэзээ ч байхгүй гэдгийг та бид тариалан хөгжүүлсэн 60 жилдээ хангалттай харлаа.

Categories
мэдээ цаг-үе

Д.Дашпүрэв: Болж буй энэ явдлууд чинь хүний нийгэмд тохиолддог хэвийн үзэгдэл

Монгол Улсын гавьяат багш, философийн шинжлэх ухааны доктор, профессор Д.Дашпүрэвтэй ярилцлаа.


-Сэтгэл, сэтгэлзүй, сэтгэц судлаачид “Хүмүүс зан үйлийн өөрчлөлтөд орж байна” гэж ярилаа. Энэ өөрчлөлтийг философичид хэрхэн тайлбарладаг вэ. Энэ ноцтой зүйл үү?

-Хүн гэдэг чинь сэтгэлтэй. Амьтанд ч сэтгэл бий. Хүн бол сэтгэлтэй байхаас гадна сэтгэхүйтэй. Та сая сэтгэц гэж дурдлаа. Сэтгэц гэдэг бол сэтгэхүйн бас нэг өөр үйлдэл, өөр үйл ажиллагаа. Сэтгэл бол хүний мэдрэхүй дээр суурилсан сэтгэлийн хөдлөлүүд л байгаа юм шүү дээ. Түүнийг психологичид судалдаг юм. Сэтгэл судлаачдын үүднээс үзвэл мэдээж хэрэг манай нийгэмд эрс өөрчлөлт гарсан учраас хүмүүсийн сэтгэл санаа, сэтгэхүй, түүгээр дамжаад зан заншил, зан чанарт эрс өөрчлөлт гарсан. 1990 оноос хойш аажуухан өөрчлөгдөөд явж байгаа юм. Манайх чинь нэг тогтолцооноос нөгөө тогтолцоо руу шилжсэн. Тоталитари-Авторитари тогтолцоотой социалист орноос зах зээлийн Ардчилсан улс төрийн тогтолцоотой орон руу шилжиж л яваа юм. 30 жил шилжиж байна. Харьцангуй урт хугацаа өнгөрчихөж байна. Шинэ тогтолцоонд шилжих үе нь дуусах шатандаа орж байгаа нь үнэн. Гэхдээ бүрэн дуусч чадах эсэх нь одоогийн хүн төрөлхтний нийгмийн хөгжил, одоогийн олон улсын байдлаас хамаараад удааширч байгаа зүйл сүүлийн үед ажиглагдаж байгаа. Нийгмийн тогтолцоо өөрчлөгдсөнөөс болоод үнэт зүйлийн үнэлэмжийн чанар, үнэлэмжийн хэмжүүр гээд бүгд өөрчлөгдчихсөн.

Хуучин социализмын үед мэдээж нийтээрээ нэг л хэвийн амьдралтай, нэг л түвшний амьдралтай байсан. Яг үнэндээ олон улсын хэмжүүрээр үзвэл бүгдээрээ ядуу байсан гэж хэлдэг. Ц.Элбэгдорж эртээд ярилцлагадаа бас тэгж хэлж байна билээ. Тэр бол үнэн. Бүгдээрээ ядуу байсан. Хамгийн энгийн жишээ хэлэхэд, өвөл, арваннэгдүгээр сарын үед Улаанбаатар хотод Австрийн гутал эмэгтэйчүүдэд зориулагдаж худалдаанд гардаг байсан юм. 800 төгрөгийн үнэтэй. Тэр гутлыг хотын сэхээтэн эмэгтэйчүүд, дунд тушаалаас дээд тушаалын дарга нарын авгайчуул авч өмсдөг. Тэр гутлыг өмсөөгүй эмэгтэй хүн их гунигтай. Хөөрхий амьдралдаа их сэтгэл дундуур үлдэнэ. Дээшээ хашгираад нэмэргүй, доошоо хашгираад нэмэргүй (Инээв.). Тийм нийгэм байсан байхгүй юу. Одоо бол өөрчлөгдсөн. Монголчуудын өмнө түмэн сонголт тавигдаж байгаа. Амьдралаа яаж ч авч явж болно. Амьдралдаа чи ямар үнэт зүйлийг сонгох юм, тэр чинь чиний өмнө байгаа. Чи л өөрөө сонголтоо хийнэ. Чи сонголтоо буруу хийвэл чиний л буруу. Сонголтоо зөв хийсэн бол чиний л зөв. Тэгэхээр зах зээлийн нийгэмд нэг золигийн юм байдаг нь мөнгө хэрэгтэй болдог юм. Мөнгө хэрэгтэй болохоор уг нь мөнгийг шударга аргаар олох ёстой. Хууль зөрчихгүйгээр олох ёстой. Гэтэл зөндөө хүн хууль зөрчдөг юм. Зөрчихөөс өөр аргагүй гэж өөрсдөө боддог юм. Тэгээд манай дарга, сайд, нийгэмд дээгүүр нисэж явсан улсууд өндөрт нисэж явсан шувууд далавч нь хугараад унаж ирж байгаа шиг хөөрхий Ганц худаг руу яваад шоронд сууж байна шүү дээ. Тэгэхээр энэ чинь бас л болох ёстой үзэгдэл.

-Яагаад?

-Яагаад вэ гэхээр нийгмийн баялгаас тэгш хуваарилах явдал ерөөсөө хэцүү байдаг юм. Социализм тэгш хуваарилах гээд 70 жил ноцолдоод дийлээгүй, болдогггүй юм. Тэгш биш хуваарилахаар чадалтай, албан тушаалтай нь ахиухан шиг шүүрч аваад тэгээд хууль зөрчсөн нь шоронд ордог. Ийм л нийгмийн үзэгдэл явагдаж байгаа юм. Үүнд цочирдоод, сэтгэл санаагаар уналаа, муудлаа гэх юм байхгүй. Энэ бол зүгээр л хүний нийгэмд тохиолддог хэвийн үзэгдэл байхгүй юу.

-Тэгэхээр манай нийгэм туулах ёстой юмаа туулж, жамаараа яваа байх нь?

-Жамаараа л явж байна. Тэгэхдээ тэр жам нь хурдтай байж болно, удаашралтай байж болно. Удаашруулбал муу байгаа юм. Гэхдээ одооны Засгийн газар, төр, УИХ удаашруулах тал руу нь явж байна л даа. Саармагжуулж байна. Гэвч чөлөөт өрсөлдөөний хууль чинь маш хатуу шүү дээ. Хожвол чиний аз, хохирвол чиний хохь болдог учраас тэрийг зөөллөх гэж оролдож байна л даа. Зөөллөвөл буруутдаг юм. Хэцүү шүү дээ. Туулаад л гарахаас өөр арга үгүй.

-Дээхнэ үед хэн нэгэн гэмт хэрэгт холбогдоод ялаа эдлээд гарч ирсэн ч хийсэн үйлдэлдээ гэмшиж, түүнээсээ ичиж, эмээдэг. Ял эдэлж байсан гэдгээ хүнд мэдэгдүүлэхгүйг хичээдэг байлаа. Гэтэл одоо гэмт хэрэг үйлдэж, хар тамхи хэрэглэсэн, авлига авч шоронд суусан хүмүүс суллагдаж гарч ирээд уран бүтээл, кино хийж, дуулж хуурдаад, шоронд суусан тухайгаа нийтэд зарлаж, түүгээрээ нэр хүндээ өсгөдөг үзэгдэл ажиглагдах боллоо. Үүн дээр хувь хүний ёс зүйн асуудал хөндөгдөнө, тийм ээ?

-Тэгнэ тэгнэ. Ёс зүйн асуудал хөндөгдөнө. Муу юманд холбогдоод, орон шоронд орсон улсуудыг бүгдийг нь буудчихаж болохгүй л дээ. Тэд хийсэн үйлдлээсээ ямар сургамж авснаа нийгэмд хэлнэ. Тэрийг нь хүмүүс сонсож болно, сонсохгүй ч байж болно. Тэр хүн тэр хийсэн үйлдлээрээ бахархаж болно. Зарим нь бахархахгүй байж болно. Бахархах нь муу гэдгийг оюунлаг хэсэг нь шүүмжилж л байх ёстой. Шорон тийм сайхан зүйл биш шүү дээ, хүн эрхээ хасуулна гэдэг чинь. Хүнд хамгийн үнэтэй зүйл юу вэ гэхээр эцсийн эцэст эрх чөлөө л байдаг. Эрх чөлөөгөө хасуулаад ялтан гэж дуудуулаад, шоронгийн харгалзагчид загнуулаад явж байх чинь тийм сайхан юм уу. Сайхан биш шүү дээ. Тэгсэн хүн гутахаас гадна зарим нь бусдыгаа бас адилхан болгох гэж хичээдэг байхгүй юу. Тэгээд нөгөөдхөө сурталчилж байгаа юм. Тэрэнд нь орохгүй байх ёстой, тэрнийг нь шүүмжлэх ёстой.

-Хувцасны моод цаг үе бүрд өөрчлөгддөг шиг философи ч бас өөрчлөгдөнө биз. Одоо манайд ямар философийн урсгал, чиглэл ноёлж байгаа вэ?

-1990-ээд оноос өмнө Монголд байна шүү дээ, 1921, 1922 оноос коммунист үзэл суртал ноёрхох болсон юм. 1940-өөд он хүртэл үзэл сурталжсан ойлголт л явж байсан. Харин 1940-өөд оны сүүлээс Монголд шинэ үеийн философийн ухаан үүсч, хөгжиж, хүмүүс мэргэжиж эхэлсэн юм.

-Шинэ гэв үү?

-Шинэ гэдэг нь Европын философи л байхгүй юу. 1937, 1938 оны их хэлмэгдүүлэлт хүртэл Монголын ард түмний философи нь Буддын философи байсан байхгүй юу. Шашны философи. Бурханд мөргөдөг, ертөнцөд нүгэл, буян ээлжилж байдаг, нүгэл хийвэл үйлийн лай нь ирнэ гэдэг. Энэ чинь Буддын философи. Гэтэл энэ философийг хаяад Марксист философийг авсан. Энэ философи нь XVIII зууны 40-өөд онд Баруун Европт үүссэн. Марксийн үеэс үүссэн юм. Тэрнийг XX зууны эхээр Оросын Коммунистуудын нэг хэсэг болох Волшвек коммунистууд Марксийн философийн ашиглаад Лениний философи, Ленинизм болгосон. Манайд 1940-өөд оны сүүлчээс 1990 он хүртэл Марксизм, Ленинизмийн философи ноёрхож байсан. Би ч гэсэн марксист философиор сурч, судалж, түүгээр мэргэшсэн хүн. Гэхдээ Марксист философи бол дэлхийн, баруун Европын философиудаас хамгийн муу, харгис философи нь байгаа юм. Хүмүүсийг бүгдийг нь эрх тэгш бай, бүгдээрээ адилхан бай, адилхан хувцасла, адилхан амьдар.Чи яагаад баяжих гээд байгаа юм гэдэг тэр философи 1990 он хүртэл ноёрхсон. Монгол үндэстний хувь заяа нь тэр байсан юм байлгүй дээ, чааваас.

Тэгээд 1990-ээд оноос орчин үеийн философиор явж эхэлсэн. Бид шинэ философи бүтээж байгаа юм биш шүү дээ. Бид орчин үеийн, соёлт хүн төрөлхтний баримталдаг, амьдралын олон янзын философиудтай хүмүүсээ танилцуулж байгаа юм. Хүмүүс тэр философиудтай танилцаад ирэхээр юмыг сайн ойлгодог болно. Гэхдээ 1990-2020 он хүртэл бид философийг нэг их ярихгүй, сонирхохгүй байгаа нь бас философичдын хувьд зориудаар сүр болгодоггүй юм. Яагаад вэ гэвэл хуучин философи нь мартагддаг. Тэр муу юм чинь мартагдахгүй бол шинэ юм орж ирэхээр муугаар ашигладаг. Шоронд орчихоод тэрнийгээ гайхамшиг болгож ярьж байгаатай нь адилхан болдог байхгүй юу.

-Залуус “50+ насныхан нас барсны дараа энэ нийгэм цэвэршинэ” гэж яриад байгаа?

-Горьдов оо! 50+ чинь өөрийнхөө орчин тойрныхноо оюун санаа, сэтгэл, үзэл бодол, үнэт зүйлийг нь бохирдуулаад, буртаглаад хамаг муу муухай юмнаасаа болохын хэмжээгээр наагаад үхдэг байхгүй юу. Тэгэхээр бас л тэдний хойноос явдаг л юм. Тийм учраас харин нийгмийг хуучин үзэл суртал, хуучин философи, хуучин шашны хоцрогдсон үнэт зүйлсээс салгахын төлөө тасралтгүй тэмцэж байх ёстой. Тэгж л байж ариусна. Түүнээс биш ариусахгүй. Ардчиллын төлөө идэвхтэй явж байсан хүмүүс хөрөнгөнд шунаад хууль зөрчөөд шоронд ороод байна шүү дээ. Ямар сайн байх юм. Энэ чинь нөгөө муугийн нөлөөлөл тусчихсан байхгүй юу. Баяжих хэрэгтэй, болно. Хөрөнгөжих хэрэгтэй, болно. Гэхдээ хууль зөрчиж болохгүй. Шударга өрсөлдөөн, шударга хөдөлмөр, шударга бизнесээр хөрөнгөжих ёстой.

-Монголчууд нэг үеэ бодвол бие биедээ тусалж, сайн үйлсэд нэгнээ уриалж, хамтдаа мод тарьж, ойд мод, гол усаа цэвэрлэдэг боллоо. Энэрэнгүй болж эхэлж байна уу?

-Буддын шашинд сайн юм зөндөө бий. Марксизмд сайн юм зөндөө бий (Инээв). За юу. Бүгд хар биш. Сайныг нь тусгаад саарыг хаяад л явах ёстой. Их шашинлаг байвал муу байдаг юм шүү дээ. Шашин чинь шашин шүү дээ. Бүгдээрээ философилог байвал тийм ч сайн биш. Философи чинь бас л нэг төрлийн хүний сэтгэл санаа, оюун ухаан дээр ажилладаг мэдлэгийн салбар шүү дээ.

-“Монголын философичдын өв” номын нээлт болж байна. Номны нэрнээс харахад Монголын философичид хойч үедээ үлдээх философитой юм байна гэж ойлгож болох уу?

-Ер нь бол философийн өв гэдэг бол дэлхийн сонгодог философийн сонгодог бүтээлүүдийг л философийн өв гэж ярьдаг юм. Манайхан 1990 он хүртэл Марксизмд суралцаад Марксист философичид байсан юм. Тэрэн дотор гайхамшигтай сайхан өв гээд байх юм байхгүй ээ. Энэ зүгээр л төөрөгдөл. Дээр үед намайг Москвагийн Нийгмийн ухааны академид суралцаж байхад манай багш Евгений Петрович Ситковский “Манай Зөвлөлтөд хүнийг үхсэн хойно нь некрологийг нь ямар гоё хийдэг болсон гэж бодно вэ” гэж ярьж билээ. Үхсэн хойно нь “Тэр хүн үхээгүй байсан бол ямар үнэтэй, цэнэтэй мундаг хүн байсан юм бэ” гэдгийг некрологид нь бичдэг байхгүй юу.

Тэрэн шиг тэрний инерцээр манайхан гайгүй сэхээтэн хүн өнгөрчихөөр танилууд нь тэр хүнийг жигтэйхэн мундаг хүн болгоод л, ном гаргаад л… (Инээв). Тэрний л инерц байхгүй юу. Тийм сүртэй юм байхгүй. Бид 1990-ээд он хүртэл гайхамшигтай философи бүтээгээгүй ээ. Үнэнээсээ л хэлж байна. Энэ бол зүгээр л шоу. Шоу бизнес.

-Ажил дээр гарч байгаа одооны залуус ажлын байран дээрээ гологдож байна, нэг газраа тогтохгүй байна гэж шүүмжилдэг. Ер нь нэг газраа удаан ажилладаггүйн цаад шалтгаан юу байдаг юм бэ?

-Хуучин нийгмийн уламжлал байгаа, хүмүүст. Одоо үеийн залуусын сайн тал руугаа явж байгаа нь юу вэ гэхээр өөрийн би-г ойлгож байгаа. Өөрийнхөө үнэ цэнийг мэдэрч байгаа. Тэгээд өөрийнхөө үнэ цэнийг доромжлуулах дургүй болж байгаа. Тэр нь сайн хэрэг. Түүнд сонголт байна. Та нарын үед сонголт байна. Миний үед үхтэлээ загнуулаад, аль л муу муухайгаараа дуудуулаад маргааш нь ажилдаа ирэхгүй бол бүр ажилгүй болдог байлаа. Тийм учраас маргааш нь ажилдаа ирж өөрийн би-гээ хог дээр хаяж байсан байхгүй юу. Одоо бол та нар эрхбиш өөрийн би-гээ халаасандаа хийчихсэн яваа байх. Одооны залуус өөрийнхөө би-г өөрийнхөө толгойд, өөрийнхөө сэтгэлгээнд, өөрийнхөө ёс суртахуунд, өөрийнхөө үнэлэмжинд хийчихсэн байна шүү дээ. Тэгэхээр тийм хүнийг доромжилж болохгүй. “Уучлаарай, би танайд байх ямар албатай юм. Би өөр хаанаас ч гэсэн хэдэн төгрөг олчихно”. Ингэж хэлээд л ажлаасаа гарчихаж байгаа юм. Энэ нь сайн шүү дээ. Өөрийгөө үнэлж чадаж байгаа байхгүй юу.

Тэр хүний хөдөлмөрч, тууштай чанарыг өөрийг нь шүүмжлэхэд, өөрийгөө доош нь хийж байгаагаар үнэлж болохгүй. Хүн тавьсан зорилготой, зорилгодоо хүрэхийн төлөө өөрийгөө дайчилж ажилладаг, сайн сайхны төлөө өөрөө хамаг хүчээрээ өрсөлдөөн дунд явж ялж гардаг. Тэр сайн чанар. Түүнээс биш өөрийгөө доромжлуулаад, өөрийгөө доош нь хийлгээд, нусаа татаад явж байгаа нь сайн биш. Харин ч идэвхгүй байдал юм.

Categories
мэдээ цаг-үе

Gangbay: “Ганган цагаан” дуу бид хоёрын төсөөлснөөс богино хугацаанд хүмүүст хүрлээ

GANGBAY хамтлагийн дуучин Д.Ганбаттай ярилцлаа.


-Танай хамтлагийн “Ганган цагаан” дуу олон нийтийн сүлжээнд тавигдаад богино хугацаанд хүүхэд, залууст хүрээд байна. Өнөө зуны ХИТ дуу гэж нэрлээд байгаа. Youtube-д 5.3 сая гаруй хүн энэ дууны клипийг үзээд байна?

-Бид хоёрын хувьд урлагийн сургуульд суралцсан гэдэг утгаараа аливаа дуу, уран бүтээл хийхэд өөрсдөд маань олон давуу талууд үүсдэг. Жишээлбэл, залуусын хэлдгээр эморол буюу сэтгэл гутрал гэдэг зүйл жүжигчний хувьд аваад үзэхэд эмзэглэл болоод хувирчихдаг. Эмзэглэсэн үедээ ямар нэгэн зүйл бичмээр, хиймээр санагдана. Миний хувьд хүчтэй гунигласан тухайн үеийн мэдрэмжээ цаасан дээр буулгаад л энэ дууны үг бүтсэн гэхэд болно. Үгээ эхлээд бичсэний дараа youtube-ээс аяа хайж олоод, үндсэндээ дуу бүтсэн. Бид хоёр Be­lucci records-ийн Г.Энэрэл ахтай дууныхаа тал дээр зөвлөлддөг байсан. Дуугаа биччихээд Г.Энэрэл ахад сонсгосон чинь “Наадхыг чинь гялс бичье” гээд бичсэн л дээ. Бичүүлснийхээ дараа өөрсдөө сонсоход тухайн үед ХИТ болоод байсан дуунуудаас ондоо байсан болохоор нэг их сүртэй сонсогдоогүй. Би эмнэлэгт хэвтэж байгаад энэ дуугаа цацагдсанаас хойш 10 хоногийн дараа youtube рүү ороод хартал бидний бодсоноос олон хүнд хүрсэн байсан. Цацагдсаны дараа хулгайн дуу гэсэн яриа олны дунд хэсэг явсан. Үүн дээр тайлбар хэлэхэд, “Ганган цагаан” дуу маань ямар нэгэн оюуны өмчийн маргаангүй, бүх эрх нь албан ёсоор бидэнд байдаг шүү.

-Тэгэхээр та “Ганган цагаан”-ы үгийг эмзэглэсэн үедээ бичжээ?

-Тийм ээ.

…Гангарч болдоггүй ганган цагаан

Гантиг сувдан бэлзэг минь

Амсаж болдоггүй амины ганцхан

Амт нь дэндсэн амраг минь… Энэ дууны клип бас их хурдан бүтсэн шүү. Хоёр, гурав хоногийн дотор л клиптэй болчихсон.

-Дууны клипүүдээ илүү бүтээлчээр хийхийг зорьдог юм шиг харагддаг. Клипээ өөрсдөө найруулдаг уу?

-Тийм ээ. Өөрсдөө клипнүүдийнхээ зохиолыг тусад нь гаргаад ач холбогдол өгч хийдэг. Халтуурдахыг хүсдэггүй. Нэгэнт урлагийн салбарыг сонгосон учраас энэ бид хоёрын амьдрал гэсэн үг. Юу мэдэж авсан бэ, тэр бүгдээ гаргаж, аль болох чанартай бөгөөд сэтгэлээсээ хандахыг хичээдэг. Тиймээс үүндээ бүх юмаа зориулж явна даа.

-“Gangbay” хамтлагийн хувьд сүүлийн үед гарч ирсэн хамтлаг, дуучдаас хуучны гэмээр хэв маягаараа ялгагддаг. Бас та нар оросоор дуулдаг?

-Гангаа, Баянаа гэдэг нэрнийхээ эхний үеүдийг нийлүүлээд л “Gangbay” гэж нэрлэсэн. Бид хоёр СУИС-д анх танилцаж, 2019 оны арваннэгдүгээр сарын 17-нд хамтлагаа байгуулсан. Найзлаад таван жил болж байна. Манай хамтлагийн гишүүн Баянмөнх 1998 оны аравдугаар сарын 14-нд Эрдэнэт хотод төрсөн. “Зуунбилэг” дунд сургуулийг төгссөн. Миний хувьд 1999 оны зургадугаар сарын 19-нд Улаанбаатар хотод төрсөн. “Эрдмийн ундраа” цогцолбор сургуулийг төгссөн.

-Та хоёр жүжигчин мэргэжилтэй мөртлөө яагаад хамтлаг байгуулж, дууны урлагт хөл тавьсан бэ?

-Дуугүй бол амьдрал утгагүй шүү дээ. Би багадаа яруу найраг сонирхдог, “Хүрэл тулга” яруу найргийн уралдаанд байнга оролцдог байсан. Манай ээж уран зохиолын багш болохоор тэр үү уран зохиолын ном, Бавуугийн Лхагвасүрэн гуайн шүлгүүдийг унших дуртай, хажуугаар нь аян дээр үг бичсээр байгаад нэг мэдэхэд дадал болчихсон байсан. Мэргэжлээ сонгохдоо жүжигчин болно гэж ороод яагаад ч юм амьдралын хэв маяг маань намайг хөтлөөд, одоогоор өөрийн хүслээрээ дуугаа хийгээд л явж байна.

-“Belluci records”-оос гарч ирсэн хамтлаг гэж хүмүүс ойлгодог. Одоогоор ямар продакшнд албан ёсоор харьяалагддаг вэ?

-“Belluci records”-оос бидний гурван уран бүтээл дээр дэмжиж, хамтарч ажилласан. Албан ёсны үзэглэсэн гэрээ байгаагүй. Одоогоор “Infinitie creative” студид харьяалагдаж, бие дааж уран бүтээлээ хийж байгаа.

-Жүжигчний мэргэжлээрээ ажиллаж, тайз, дэлгэцийн бүтээлд хүч үзэх үү?

-Одоогоор зургаан киноны санал ирсэн байгаа. Гэхдээ дуундаа төвлөрөөд цааш явах зорилготой байгаа учраас ойрын хугацаанд мэргэжлээрээ ажиллах гэж яарахгүй байна.

-Хөл хорионы үеэр нийгэм тэр чигтээ нам гүм байх хугацаанд танай хамтлаг юу хийж байв?

-Уг нь хавар их сургуулиа төгсөх, шалгалт шүүлэг гээд ид ачаалалттай жил байх байсан боловч хичээл карентилагдаад тэр үеэр далимдуулан бидэнд уран бүтээл дээрээ төвлөрөх цаг гарч, нэг талдаа ашигтайгаар туссан гэхэд болно. Магадгүй тэр үе байгаагүй бол “Ганган цагаан” гэдэг дуу ингэж олон хүнд хүрч, ХИТ-үүдийн нэг гэж нэрлэгдэж явах байсан эсэхийг мэдэхгүй байна.

-Бие даасан цомгоо хэзээ гаргах вэ?

-2021 оны нэгдүгээр сарын 1-нд бид хоёрын анхны цомгийн нээлт драмын жүжиг хосолсон мюзикл хэлбэрээр болно. Өөрсдийнхөө дуунуудаар жүжиг маягийн юм хийнэ гэж төлөвлөсөн шүү. Ямартаа ч бид дууны шүлэг, ая, клип гээд бүх эд эс, ширхэг бүрд нь сэтгэлээ шингээхийг зорьдог. Яагаад вэ гэвэл бид урлагийн сургуулийг нь төгссөн хүмүүс учир урлагийн хүний түвшинд л бүтээл хийх ёстой.

-Хамтлаг байгуулагдаад анхны дуугаа нийтэд цацсан тэр үеийнхээ тухай сонирхуулбал?

-Хамгийн анх “Могжоохон хүү” гэдэг дуугаа цацаад, гэнэт зориглоод ер нь урлагт энэ эрчээрээ үзэхээр шийдсэн. Тэгээд Г.Энэрэл ахтай өөрсдөө холбогдоод, түүнд дуунууд маань таалагдаад анхны боломж гарч ирж байсан. Бид хоёр Азидаа шилдэгт орох мюзикл кино хийхийг хүсдэг. Байгуулагдаад жилийн ч хугацаа болоогүй байхад нэг ч болтугай дуу нь хүмүүст хүрнэ гэдэг урлагийн салбарт хөл тавьсан хүмүүсийн хувьд том амжилт. Бид амжилтдаа ташууралгүй, улам их хичээж, тавьсан зорилгодоо хүрч ажиллахыг зорьж байна. Их том ажил амжуулаагүй, дөнгөж урлагт хөл тавьж буй болохоор үүнээс илүүг ярьж чадахгүй нь. Биднийг дэмждэг фенүүддээ, манай дууг сонсдог хүүхэд, залуустаа баярлалаа гэж танай сониноор дамжуулъя.

Categories
мэдээ цаг-үе

О.Баатаржав: Хүчирхийлэгчид бага насандаа туулсан хар бараан амьдралынхаа хонзонг тайлах гэж үр хүүхдээ тамлаж, бах таваа хангадаг

Есөн настай охин харамсалтайгаар амиа алдсан хэрэг Баянзүрх дүүрэгт гарсан билээ. Талийгаач охин өмнө нь “Аав архи уугаад байна” гэж цагдаад өөрөө дуудлага өгч байсан удаатай бөгөөд нас барсан өдрөө ээждээ хандан “Эмнэлэг явахгүй бол гэдэс маш хүчтэй өвдөж байна” гээд түргэн тусламж дуудуулсан ч эмнэлэг хүрэлгүй түргэний машинд амьсгал хураажээ.

Уг хэргийн талаар сэтгэл, сэтгэлзүй, сэтгэц судлалын мэргэжлийн байгууллагууд дараах тайлбарыг өглөө.

СЭМҮТ: Нийгмийнороо бусгаа байдал, эдийнзасгийнхямрал зэргээс үүдээд хүмүүс занүйлийнөөрчлөлтөд орж байна

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Стратеги төлөвлөлт, хүний нөөцийн хөгжил эрхэлсэн дэд захирал, шинжээч О.Баатаржаваас зарим зүйлийг тодрууллаа.


-Эцэг эхчүүд хүүхдээ загначихаад, эсвэл том дуугаар зандарчихаад дараа нь түүндээ шаналж эмзэглээд хийсэн үйлдэлдээ харамсаж, хүүхдээ өрөвдөөд уйлах нь ч бий. гэтэл ямар хүн есөн настай хүүхдийн хавиргануудыг хугартал зодож, эцэст нь амийг нь бүрэлгэдэг байна. ямар хүн хүүхдэд ингэж харгис, хэрцгий ханддаг юм бэ?

-Сүүлийн үед төрх үйлийн эмгэг гэж нэрлээд байгаа. Зан үйлийн эмгэг ч гэж ярьдаг. Тийм эмгэгтэй хүний тоо Монгол Улсад ихэсч байгаа. Энэ эмгэг юунаас болж үүсдэг вэ гэхээр сэтгэцийн анагаах ухаанаар тухайн хүний суурь хүмүүжил, өссөн орчинтой хамаатай асуудал. Өссөн орчин чухал. Жишээ нь, аав ээж нь салж байсан, сэтгэлзүйн тодорхой гэмтэл авч байсан. Эсвэл архины хамааралтай гэр бүлд өссөн, зоддог нүддэг тийм зан төрхийн өөрчлөлттэй төрх үйлийн эмгэгтэй ээж аав, ах дүүтэй байсан ч юм уу. Тиймэрхүү орчин буюу өв тэгш биш гэр бүлд өссөн гэсэн үг л дээ. Тийм орчинд амьдарч байгаа хүн зан үйлийн хувьд хэрцгий догшин төрх үйлтэй болж өсөх тал бий. Ийм орчинд өссөн мөртлөө мансууруулах төрлийн бодис, согтууруулах ундаа хэрэглээд эхэлбэл зан төрх нь бүр ч өөрчлөгддөг.

Хүнд хайрлах, хайрлагдах хэрэгцээ гэж байдаг. Тэр хэрэгцээ нь хангалтгүй орчинд өссөн хүн өс санамтгай, өөрийнхөө дагавар, урд хойд хүүхдийг зодож нүддэг, ялгаварлан гадуурхах байдлаар ханддаг. Тийм хүмүүс иймэрхүү үйлдлийг байнга хийдэг. Тэгж байж бага насандаа өнгөрүүлсэн тэр дурдатгалаа дурсаж, нэг ёсондоо багадаа зовж байсан өс хонзонгоо авч, бах таваа хангаж байна гэсэн үг л дээ. Тэгж хүүхдээ зодож тамлаж хүслээ хангаж байгаа байхгүй юу, хүний нүднээс далд, нууцаар яргалах маягаар. Энэ харамсалтай хэргийг үйлдэгч нь тийм л орчинд өссөн хүүхэд байна шүү дээ. Түүнээс биш өв тэгш гэр бүлд өссөн, хүнийг өрөвдөж хайрладаг сэтгэлтэй хүн аль л урдах хойдох, хүний өөрийн ч бай өчнөөн л хүүхдийг өсгөөд явж л байдаг шүү дээ. Бүр өргөж аваад өсгөөд явж байдаг. Тэгэхээр хувь хүн талаас нь энэ хэрэг гарахад нөлөөлсөн байх аа гэж бодож байна.

-Энэ хэргийг ингэж ултай тайлбарлаж байгаа хүн алга. “Аавыг нь ал, ээжийг нь дүүжил” л гэцгээж байна?

-Тийм юм байхгүй. Сүүлийн үеийн нийгмийн ороо бусгаа байдал, эдийн засгийн хямрал зэргээс болоод хүмүүс зан үйлийн өөрчлөлтөд орж байна. Ийм эмгэгтэй хүмүүс сүүлийн үед эрс ихсээд байна.

-Та сая эдийн засаг гэж дурдлаа. Ядуурлаас болоод ийм хэрэг гараад байна гэцгээх юм. гэтэл монголчууд социализмын үед илүү дутуу юмгүй, бүгд л ижил шахуу хувцас өмсөж, хувийн машин тэрэгтэй хүн ховор, нэг ёсондоо бүгдээрээ л жигд ядуу байсан. гэтэл одоо хотын захын гэр хорооллын айл хүүхэд болгоныхоо тоогоор сар болгон 100 мянган төгрөг авч, өглөөдөө өндөг талх идэж, ихэнх айл “Приус” унаж байгаа. ийм байхад ядуу гэж хэлэмгүй л дээ. Тэгэхээр ядуугаасаа болоод ийм хэрэг хийгээд байна гэхээр эргэлзээтэй л юм?

-Тийм шүү дээ. Би өөрөө шинжээч.Шүүхийн сэтгэц, эмгэг судлалын шинжээч хүн л дээ. Миний хувьд гэр бүл, бэлгийн хүчирхийлэлд орчихсон хүүхдүүд, хүн амины хэрэг гээд ноцтой хэргүүд дээр дүгнэлт гаргадаг юм. Энэ бүгдээс ажиглаад байхад голдуу л дээр миний ярьсан тийм зан үйлтэй хүмүүс л ийм төрлийн хэрэг үйлдээд байна. Түүнээс биш өв тэгш гэр бүлд өссөн хүн хийхгүй л дээ. Зүгээр санаандгүй, болгоомжгүйгээсээ хэрэг хийхээс биш ингэж зориуд, санаатай, олон дахин, удаанаар гэмт хэрэг хийдэггүй.

ССҮТ: ЕСӨН НАСТАЙ ОХИН АМИА АЛДСАН ХЭРЭГ БОЛ МОНГОЛ УЛСЫН ХҮҮХДЭДЭЭ ХЭРХЭН ХАНДДАГИЙН ТУСГАЛ

Сэтгэл судлалын үндэсний төвийн гүйцэтгэх захирал, сэтгэл судлаач Б.Ууганцэцэгтэй ярилцлаа.


-Нийгмийг цочроосон энэ хэргийг хүмүүс хоёр талтай тайлбарлаад байна. нэг хэсэг нь нийгмийг буруутгаж байгаа бол нөгөө хэсэг нь хүчирхийлэгчийг буруутгаж байна. Харин та энэ бүхнийг сэтгэл судлаач хүний хувьд хэрхэн дүгнэж байна вэ?

-Сонсоод маш их харамслаа. Болсон үйл явдал бол Монгол Улсын хүүхдэдээ ханддаг хандлагын тусгал боллоо. Ийм үйл явдал болонгуут долоо юм уу, арав хоног нийгмээрээ донслоод өнгөрдөг. Гэтэл миний дэргэд байгаа, миний өөрийн хүүхэд ямар байна вэ, би өөрөө гэр бүлдээ, хүүхдэдээ хэр зэрэг анхааралтай, халамжтай, хүчирхийлэлгүй тайван орчин бүрдүүлж байна вэ. Хоёрдугаарт, миний эргэн тойронд байдаг хүмүүсийн хүүхдүүдэд би хэр зэрэг анхаарал тавьдаг вэ гэдэг хоёр зүйлийг илүү сайн бодох ёстой гэдгийг сануулаад байна л даа. Бусдыг буруутгах байдал дээрээ өөрийгөө харахаа больчихсон, өөрөө цэв цэвэрхэн, нийгэм нь маш бохир заваан байгаад л. Харамсалтайгаар амиа алдсан тэр хүүхдийн гэр бүл рүү хамгийн муу муухай үгнүүдээ чулуудаж байна шүү дээ. Энэ нь бидний харах хараа, сэтгэлзүйн байдлыг бүр хаачихаад байна л даа. Магадгүй хүүхдээ сургуульд нь хүргэчихээд ирж байгаа хүмүүсийн хэд нь уур бухимдалтай байна вэ. Хүүхдээ сургуулиас нь аваад харьж байгаа хүмүүсийн хичнээн нь ууртай байна вэ. Замын түгжрэлд уурлаж, бухимдаж байгаа хүмүүс гэртээ очоод тэр уур бухимдлаа яаж гаргаж байна вэ гэдэг чинь бидний суурь асуудал болчихож байгаа байхгүй юу.

Гол нь үүн дээр л их эмзэглэж байна. Бусдаас илүү өөрийгөө харж, эргээд бусдадаа санаа тавих тэр байдлыг л эрэлхийлж байна.

-Гэр бүлд нь хүчирхийлэгч байсаар байхад түүнийг илчилдэггүй нь ямар учиртай юм бэ. сэтгэлзүйн шинжлэх ухаан талаас үүнийг хэрхэн тайлбарладаг вэ?

-Болсон явдлыг бүрэн тогтоочихоогүй байхад үүн дээр тайлбар өгч болохгүй байна л даа. Нөхрөө өмөөрсөн юм уу, өмөөрөөгүй юм уу гэдгийг цагдаа шалгаж, шүүх эмнэлгээр орж байж тогтоогдоно. Нийтлэг утгаараа олон шалтгаан байна. Тэр эмэгтэй магадгүй “Дахиад би өрх толгойлчих вий” гэдэг айдастай байсан байж болно.. Тэр ээжийн хувьд олон шалтгаан, хүндэтгэж үзэх олон л юм байгаа шүү дээ. Би тэр ээжийг буруутгамааргүй байна.

-Ядуурал, ажилгүйдлээс болоод ийм хэрэг гарчихлаа гэцгээж байна. Гэтэл монголчууд ядуу дорой, дэлхийгээс хөгжлөөрөө хоцорчихсон байсан үедээ ч арай ийм гэмт хэрэг хийдэггүй байсан шүү дээ?

-Энэ чинь оюун санааны доройтол шүү дээ. Хүчирхийллийг үйлдээд байгаа хүмүүст хэрэг үйлдээд байгаа нэг шалтгаан байна аа даа. Хүүхдийн, гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд байгаа хүний тэр үйлдлээ хийгээд байгаа шалтгаан гэдэг чинь дахиад том сэдэв байхгүй юу. Нийгмийн сэтгэлзүйд ямар асуудал байгаа учраас тэр хүн тэр үйлдлийг хийгээд байна вэ. Тэр хүний хүмүүжил, боловсрол, ёс зүй, тухайн хүнийг тойрон хүрээлж байдаг хүмүүсийн дэмжлэг, шийтгэл гэдэг зүйлс маш чухал. Ер нь хүнээс хэр зэрэг үг дуулж байсан юм, сонсож байсан юм. Тэр хүн хэр зэрэг урамшуулал, дэмжлэг авч магтуулж байсан юм. Нөгөө талдаа тэр хүн хийсэн муу, буруу үйлдэлдээ бусдаас хэр зэрэг шийтгэл хүлээж, загнуулж байсан юм. Энэ болгон чинь тэр хүчирхийлэл үйлдээд байгаа хүний зан төрхөнд нөлөөлөөд байгаа хүчин зүйл байхгүй юу. Тэгэхээр тэрнийг нь маш сайн алга болгож байж, одооны нөхцөлийг нь алга болгоно шүү дээ. Хүчирхийлэл үйлдсэн хүн болгоныг ялла, цаазал гээд байдаг. Тэр чинь шийдэл биш. Тэр нөхцөлийг гаргаад байгаа хүмүүжил дээрээ бид алдаад байна уу. Эрэгтэй хүүхдээ хүмүүжүүлэх процесс дээр ээж нь алдаад байна уу, аав нь алдаад байна уу, сургууль нь алдаад байна уу. Тэр хүн сургуулиас завсардсан уу, тэр хүнд ажил байдаггүй юм уу, тэр хүн хэр зэрэг сэтгэл гутралтай байсан юм бэ гэдэг чинь бидний судлах ёстой, суурь гол асуудал.

-Талийгаач охины хавирганууд бороолсон байсан гэхээр урьд өмнө нь байнгын зодуурт байсан гэсэн үг. хүүхдийг ингэж зодно гэдэг чинь хүнийг хайрлах сэтгэл, нинжин сэтгэлгүйг нь илтгэж байгаа хэрэг биз. нинжин сэтгэлгүй байна гэдэг чинь юутай холбоотой вэ?

-Хүүхдийн биед гар хүрнэ гэдэг бол ерөөсөө байж болохгүй үйлдэл л дээ. Байж болохгүй зүйл гэдгийг тэр хүн мэдэхгүй байна гэсэн үг байхгүй юу. Тэрийг ойлгохгүй байна. Хүүхдийг зодож, цохих нь хэвийн үзэгдэл гэж тэр хүн ойлгоод байна.

-Хүүхдийг зодох нь хүмүүжлийн нэг арга гэж ойлгоод байсан байж болох юм?

-Тийм. Хүүхдийг зодох нь шийтгэж байгаа нэг арга гэж боддог. Энэ чинь ерөөсөө шийтгэл биш. Харин бие махбодийн хүчирхийлэл. Гэтэл энэ бол нэг л кейсээр нийгэмд гарч байна. Гэтэл хичнээн хүн хүүхдээ зодож байна вэ, гэрийн даалгавраа хийхгүй байна, гэрээ цэвэрлэсэнгүй гээд хэдэн хүн хүүхдээ зодож байгааг бид тоолж чадахгүй шүү дээ. Аав ээжүүд эхний удаад хүүхдээ зодоод “Ингэж болох юм байна” гэж бодно. Дараагийн удаад “Зодож болох юм байна, надад ямар ч хүн үг хэлэхгүй байна” гэдэг. Хажууд байгаа хүмүүс нь “Хүүхдээ битгий зод. Ингэж болохгүй. Яагаад ингэж байгаа юм, яагаад хүүхдэд гар хүрч байгаа юм” гэх ёстой. Энэ бол байж болшгүй, тэвчишгүй зүйл гэдгийг тэр хүнд ойлгуулахгүй, хэлэхгүй байгаа байхгүй юу.

-Энэ чинь л зодуур нь олон давтагдах шалтгаан нь болоод байгаа юм байна?

-Тэр хүнд хэлэх ёстой байсан. Чи яагаад хүүхэд зодоод байгаа юм бэ, ингэж огт болохгүй шүү дээ гэж. Хүн яагаад гудамжинд шүлсээ хаяад байдаг юм бэ гэхээр, намайг хэн хэлэх вэ, нохойг хэн саах вэ гэдэгтэй холбоотой. Надад хэн ч юу ч хэлэхгүй байгаа юм чинь гудамжинд шүлсээ хаяж болно ш дээ гэж байгаа юм. Тэр хүнийг гудамжинд шүлсээ хаяхад нь 2-3 удаа “Хүүе, чи чинь яасан бохир юм бэ. Яагаад шүлсээ хаяж байгаа юм бэ” гээд сануулаад хэлчихэд л “Аан, нээрэн хүмүүс хэлээд байдаг ш дээ” гээд шүлсээ хаяхаа больдог тийм мэдрэмжийг хүн авдаг. Хийсэн буруу зүйлийнхээ төлөө шийтгэл авах ёстой. Шийтгэл гэдгийг ял шийтгэл, шорон гэж ойлгоод байдаг. Гэтэл аман байдлаар зөндөө шийтгэл байдаг. Хүнд сануулж болно, хэлж болж байна, асууж болно.

-Хүчирхийлэгчид бол бидний л нэг хэсэг. Биднээс огт өөр хүмүүс биш. хүчирхийлэгчийг цаазалснаар асуудлыг шийдэхгүй болов уу?

-Энэ гараад байгаа хэргүүд бол бидний тарьж ургуулсан зэрлэг ургамал. Хөрсөнд маань зэрлэг ургах боломж байгаад байна. Бид нэг зэрлэг гараад ирэнгүүт “Энэ муу зэрлэг, ямар муухай юм бэ. Тайраад хаячихвал болох гээд байна” гэдэг. Гэтэл тийм зэрлэг ургах хөрс нь хангалттай байгаа учраас дахиад хичнээн ч зэрлэгийг зулгааж, үндсээр нь сугаллаа ч үр нь тэр хөрсөн доороо боловсроод л байна. Тэр хөрсийг л цэвэрлэх ёстой байхгүй юу. Нөхцөл буюу гэмт хэрэг гаргаад байгаа тэр ганц, хоёр зэрлэг ургамалтай тэмцэх биш ээ. Тэр хашаан дотор байгаа хөрс шороо буюу шалтгаантай нь бид тэмцэх ёстой.

МССХҮХ: ОХИНЫ ЭЭЖИЙГ ШҮҮМЖЛЭЭД БАЙГАА ХҮМҮҮС ЭХЛЭЭД ӨӨРСДӨӨ ХЭНИЙГ ХҮМҮҮЖҮҮЛЭЭД БАЙНА ВЭ ГЭДГЭЭ ХАР

Монголын Сэтгэлзүй, сэтгэц хэмжилзүйн үндэсний хүрээлэнгийн Удирдах зөвлөлийн дарга, зөвлөх сэтгэл зүйч Б.Жавзантай ярилцлаа.

-Есөн настай охин гэр бүлийн хүчирхийлэлд өртөж нас барлаа. нийгмийг цочроосон энэ хэргийг танай хүрээлэн хэрхэн харж байна вэ?

-Нэгдүгээрт, хүнээ буруутгаад байна. Хоёрдугаарт, хэрэг гарсны дараа хэсэг ярьж байгаад л чимээгүй болчихдог. Хүүхдийн хүчирхийллийн асуудал жил бүр, улирал тутам, хагас жил болгон давтагдаж яригдаж байна. “Үүн дээр цаашид яах вэ”, “Ямар арга хэмжээ авах вэ” гэдэг асуудал цэг тавигдаад л өнгөрч байна. Нэг хэсэг сенсаци болж шуураад өнгөрдөг. Энэ асуудлыг ул суурьтай судалж шинжлээд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авмаар байна. Фэйсбүүк дэх хүүхдийн хүчирхийллийн эсрэг том группт манай хүрээлэн хоёр жилийн өмнө санал тавьж байсан юм. Тэгэхэд хүмүүс их муухай пост, сэтгэгдэл бичиж байсан. Яагаад өнөөдөр хүчирхийлэгчид энэ нийгэмд олноор төрөөд байгаа юм бэ. Энэ хүмүүс аяндаа, өөрөө бий болоогүй. Цаанаа гэр бүлийн суурь хүмүүжлийн асуудалтай учраас хүчирхийлэгчээс хүчирхийлэгч төрөөд байгаа юм. Тиймээс энэ асуудлыг, хүчирхийлэлд өртөөд байгаа хүүхэд, хүмүүсийг судлахгүй бол ирээдүйд бас л хүчирхийллийн асуудал байсаар л байх болно. Энэ асуудал дахин дахин давтагдаж, эргэлтэд орно. Тэгэхээр суурь асуудал, суурь хүмүүжил рүү нь оруулмааргүй байна. Манай хүрээлэн Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэс, БЗД-ийн ИТХ, хүүхдийн эрхийн чиглэлийн суурь судалгааны төвүүдтэй хамтраад гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүд дээр судалгаа хийсэн юм. Тэднийг судлаад үзэхээр хаанаа асуудалтай байна вэ гэхээр гэр бүлдээ. Эцэг эх нь анхаарал халамж муу, хүчирхийлэл дунд амьдардаг хүүхдүүд гэмт хэрэгт холбогдож, гэмт хэрэгт өртдөг. Ийм бүлэг хүмүүс дээрээ судалгаа хийж, засан залруулж, бусдыг хайрлах сэтгэлийг нийгмээсээ олохгүй бол энэ хүмүүс эргээд гэр бүлдээ өөрийнхөө зан араншин, суурь хүмүүжлийг гаргаж ирнэ. Суурийг нь судлахгүйгээр сенсаци болгосноо дараа нь орхидгоо болимоор байна.

-Хөршүүд нь тухайн айлд юу болдгийг гадарладаг байсан юм билээ. бас хэд хэдэн удаа цагдаагийн байгууллагад дуудлага өгч байжээ. охиныг амиа алдахаас урьдчилан сэргийлэх боломж байжээ гэж хараад байна?

-Хөршийн холбоо бий болгоё. Хүчирхийлэлд өртсөн хүнийг хажуух айл, сургууль нь, багш нь мэдээлдэг болъё. Үүн дээр нийгмийн ажилтнууд, хөрш нь анхаардаг болъё. Хүчирхийлэлд өртөөд байгаа хүмүүс өөрсдөө мэдээлэлтэй, мэдлэгтэй баймаар байна. Хүчирхийлэгчийнхээ гарт өртөөд тэмцэх чадваргүй болсон хүмүүс зугтаадаг, эсвэл сэтгэцийн эмгэгт өртдөг, эсвэл амь насаараа хохирдог. Ийм байдалд орох хүртлээ явдаг. Яг үнэндээ тэр есөн настай хүүхдийн ээж нь өөрөө нөхрийнхөө нөлөөнд орж байсан гэсэн үг. Тэгэхээр тэр ээж хөөрхий хүчирхийлэлд өртсөөр, хүүхдээ хүчирхийлүүлэхийг зөвшөөрдөг болчихсон, өөрөө ч хүчирхийлүүлэхээ зөвшөөрдөг болчихсон байхгүй юу. Хүчирхийлэлд автамхай ийм бүсгүйчүүдэд өөрийнхөө төлөө тэмцэх талаар нь тухайн хорооны ажилтнууд, нийгмийн ажилтнууд зөвлөж, сэтгэцээ эрүүл байлгах, эрүүл харилцаатай гэр бүл үүсгэх талаар мэдлэг боловсрол олгох хэрэгтэй байна.

Одоо ингээд сенсацилдаг байдлаа болимоор байна. Төрийн оролцоо шаардлагатай гээд байгаа. Тэгвэл яг үүн дээр төр оролцох ёстой байхгүй юу. Суурийг нь, хүчирхийлэгч төрөөд байгаа эрсдэлтэй гэр бүлүүдийг судал. Хүчирхийлэл үйлдээд байгаа хүмүүсийн суурь нь өөрсдөө хүчирхийлүүлж ирсэнд байгаа юм. Энэ хүмүүсийг судалж, ул суурьтай арга хэмжээ авахгүй бол энэ хэлхээ, эргэлт хэзээ ч салахгүй нь ээ.

-Энэ хэрэгтэй холбоотойгоор эмэгтэйчүүд рүү хандсан зүйлс ярьцгааж байна. Хоёр дахь амьдрал бүү сонго, хүнээ сайн судал, яаран битгий хүнтэй суу, хүүхдэдээ хойд эцгийн гар битгий харуул… гэх мэтээр?

-Тэр ээжийг буруутгаад байна л даа. Ээжийг нь яагаад нийгэм буруутгаад байгаа юм бэ. Буруутгаад байгаа хүмүүс “Би хэнийг хүмүүжүүлээд байгаа юм бэ” гэдгээ өөрсдөөсөө эхлээд асуу. Та үнэхээр хүүхдээ ирээдүйд бусдыг хайрлах хамгаалах, сайн эцэг, эх болох хүнийг бий болгож байна уу. Номыг хавтсаар нь биш, доторх агуулгаар нь шүүгээрэй гэдэгтэй адилхан. Тэр бүсгүй яагаад тэр хүнийг сонгочихов гэхээр хүчирхийлэгч хүмүүс паранойд, нарсистик бие хүний зан төлөвийн эмгэгтэй хүмүүс байдаг.

-Тэр нь яадаг эмгэг вэ?

-Нарсистик, паранойд бол бие хүний зан төлөвийн эмгэг байхгүй юу. Ерөнхийдөө суурь хүмүүжил нь, эсвэл хатуу ширүүн хүмүүс байдаг. Гэхдээ ийм төрлийн хүмүүс хүнийг яаж аргадаж, энхрийлэхээ сайн мэдэж, бусдыг арга мэхэндээ амархан оруулдаг. Ийм аргаар итгэлийг нь хүлээгээд гэр бүлийнх нь нэг гишүүн болчихдог юм. Ийм болохоор хүнийг буруутгахаасаа өмнө эхлээд та нар өөрсдийгөө шинж. Өөрсдөө та нар ирээдүйд үнэхээр сайн эцэг, эх болох үр хүүхэд хүмүүжүүлж байна уу, та нарын хүүхдүүд ирээдүйд үр хүүхдийнхээ өмнөөс хариуцлага үүрч чадах сайн эцэг, эх болж чадах нь уу. Эхлээд өөрсдийгөө харчихаад дараа нь хүмүүсийг шүүмжил. Өөрийнхөө төлөө тэмцдэг сайн үр хүүхэд төрүүлчихээд бусдыг шүүмжил. Тэр хүмүүс, тэр гэр бүл ямар ч орчинд өссөн байж болно шүү дээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол төр монголчуудын бэлгэдлийг доромжиллоо

Монгол төрийн сайд хүн азын дугаарыг жорлонгийн машинд зүүлгэж, монголчуудын бэлгэ дэмбэрэл боддог уламжлалт сэтгэлгээгээр тохуурхаж байна. Азын дугааруудыг шуурхай алба болон тохижилт үйлчилгээний машинуудад олгох шийдвэрийг Зам тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ гаргалаа. Иргэдийн сонирхдог, азын гэх онцгой тоотой дугааруудыг нийтэд шинээр олгохыг зогсоож, тэдгээр дугааруудаа зөвхөн жорлонгийн, хогны, мөн моргийн машинд хүртэл зүүлгэхээр болов. Монголчууд тооны бэлгэдэл зүй гэх том ойлголттой учир тоог ихэд дээдэлдэг. Тулгын гурван чулуу, эрийн гурван наадам, дөрвөн бэрх, найман шарга, найман тахил, эр хоёр загал, таван хошуу мал, зургаан тив, долоон гариг, есөн эрдэнэ, арван цагаан буян гэх мэтээр тоотой холбоотой эд зүйлсийг эрхэмлэж, давхардсан ижил тоог бэлгэшээж, тэгш, сондгой тоонд ач холбогдол өгдөг. Тэр уламжлалаараа өөрсдийнхөө төмөр хүлэг болох машиндаа аль л болох бэлгэ дэмбэрэлтэй дугаар сонгохыг хүсдэг. 99-99, 88-88, 55-55, 05-05, 01-01, 45-54, 68-86, 11-00, 80-80, 00-01, 02-02 12-34, 56-78 гэх мэт тоотой дугааруудыг онцлон бэлгэшээж, хүнд машин тэрэг бэлэглэхээр болвол аз дууддаг гэх дээрхтэй төстэй дугааруудыг сонгодог.

Ийм том бэлгэдэл зүй, тоог дагасан соёл, уламжлал явсаар байтал аль л бохир заваан ажил хийдэг тэргэнд азын дугааруудыг зүүж байгаа нь монголчуудын бэлгэдлийн сэтгэлзүй, сэтгэлгээгээр тохуурхаж, зориуд гутааж байгаа үйлдэл юм.

Аль нэг үндэстний уламжлалт сэтгэлгээ, бэлгэдэл, бэлгэ тэмдгийг илтэд гутааж, доромжилдог ажлыг хуучин бол колони орны удирдагчид л хийдэг байсан. Манжууд монголчуудын ёс заншлаар хэрхэн яаж тохуурхдаг байлаа. Дараа нь оросууд монголчуудын ёс заншлыг 70, 80 жил хангалттай доромжилсон. Гэтэл одоо Монголын төрийн дэд сайд гэх хүн ард түмний бэлгэ дэмбэрэл бодож, аз дууддаг гэж итгэдэг тоотой дугааруудыг хогны машинд зүүж тохуурхаж байна. Монгол үндэстний, монгол хүмүүсийн ёс заншлаар тохуурхах нь та нарт хүндэднэ шүү. Ухаангүй энэ шийдвэрээ даруй цуцал.

Азын дугааруудыг Зам тээврийн хөгжлийн яам, Авто тээврийн үндэсний төвийнхөн дамлаж зарж, идэж уудаг гэсэн шуугиан дэгдэж АТГ, цагдаа сэргийлэх болж хэл ам таталж байсан удаатай. Гэтэл тус яамнаас “Тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгож, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх үе шаттай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна” гэжээ. Өөрсдөд нь дугаар дамлах боломж олдохоо байж, жаахан л эвгүй хөдөлбөл АТГ-ынхан хүрээд ирэх учир өнөөх “наймаа” нь ашиггүй болонгуут “Тэгж хэл ам татлаад байгаа бол наад муу азын гэх дугааруудыг чинь хогны машинд чинь зүүгээд өгье л дөө. Тэгээд та нар тэр АТГ-таа мат” гэсэн хонзогносон шийдвэр гаргачихаж байна гэж харагдаж байна. Авлига авч, ашиг сонирхлын зөрчил хийхээс айгаад, өөрсдөдөө итгэхгүй байгаа юм бол азын болон сонирхолтой дугааруудаа нээлттэй, дуудлага худалдаагаар зарж, олсон тэрбум тэрбум төгрөгөө зам засвар, хот тохижилтдоо зориул л даа. Азын дугааруудыг яаж эдийн засгийн эргэлтэд оруулж, борлуулахыг захын л хүн заагаад өгч байна билээ. Өөрсдөд нь ашиг өгөхгүй болонгуут ингэж ашиг олж болох юмыг хорон сэтгэлээр үнэгүйдүүлж, бүхэл бүтэн үндэстний бэлгэдэл зүйг доромжлох хэрэг байна уу. Бэлгэдлийг хог дээр гаргаж байгаа наад ажлаа зогсоо. 4410 гэсэн аятайхан “азын” дугаартай тоот шийдвэрээ цуцал л даа, дэд сайд аа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Боовон чихтнүүдийн шээсний хэрүүл, балетчин хүүхний нулимсаар нийгмийг залуурдчихлаа

Эрх баригчид нийгмийн сүлжээг хэзээ, хэрхэн яаж ашиглахаа, ямар үйл явдлыг ямар сэдвээр дарахаа маш сайн мэддэг болж, үе үе энэ сүлжээг ашиглаж санаснаа хэрэгжүүлдэг боллоо. Нийгмийн сүлжээг ашиглаад нийгмийн инженерчлэл хийх шахуу юм болж байна. Манай эрх баригчид, төрийн өндөрлөгүүд Хятадуудыг муу хэлж, Хятадын эсрэг үзэл бий болгож байж ялалтын ихэнх оноо, саналаа цуглуулж сонгуулиар төрийн толгойд гарч ирдэг.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Монгол ялна”-чуудтайгаа хамт “Монгол үндэстний шударга, эх оронч Ерөнхийлөгч ус, агаар мэт хэрэгтэй байна”, “Би цус урсгасан дайн байлдаан сурталчлаагүй ээ. Харин хөлс урсгасан, шуугаа зангиртал хөдөлмөрлөж, судсаа лугштал Монголоо гэсэн зүрх сэтгэлээр Монголоо ялуулахын төлөө хамтран тэмцье гэж та бүхнийг уриалж байна” гэсэн үнэхээрийн л эх оронч гэмээр уриа дэвшүүлж гарч ирсэн бол одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх ч ялгаагүй эх оронч дүр эсгэн, Хятад руу адуу гаргахыг эсэргүүцэж “Адуу гаргахгүй, цаашдаа ч гаргахгүй. Мал амьдаар нь гаргах нь Монгол төрийн бодлого биш гэж би дотроо бодож байгаа.Тэр тусмаа адууг амьдаар нь гаргах их осолтой юм билээ. Монголд үнэт зүйл гэж нэг юм байх ёстой юм аа. Төрийнхөө сүлдэнд залсан адуугаа тэгээд л харийн нутагт аваачаад алуулж, хядуулж баймааргүй байгаа юм” гэж хэлсэн нь ард түмнийг хийрхүүлж, нэг хөршийнх нь эсрэг хандуулж, бужигнуулсны хүчинд сонгуулиар ялалт байгуулж гарч ирсэн дээ.

Гэтэл коронавирусийн халдвар дэлхий нийтийг хамарч, цар тахлын улмаас улс орнууд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, хил хязгаараа хаачихсан байгаа энэ үед Монгол Улсад БНХАУ-ын Гадаад хэргийн сайд айлчлахаар боллоо гэсэн мэдээ дуулдахад хотын төвийн иргэнээс хязгаар нутагт, уулын мухарт малаа хариулж яваа малчин хүртэл гайхаж хүлээж авсан. Айлчлалын тухай мэдээ нийтэд цацагдахтай зэрэгцүүлэн олон нийтийг энэ үйл явдлаас холдуулж, айлчлалыг анхаарлын төвөөс гаргахын тулд бөхчүүдийн шээсний сорьцоос допинг илэрсэн гэх шуугианыг зориуд гаргаж ирж тархи угаалтыг улаан цагаан хийв. Бөхчүүдийн шээсний хэрүүл нийгмийг хөмрөхдөө хүрч “Допинг гарсан, гараагүй”, “Тэрний шээснээс гарсан, энэний шээснээс гараагүй” гэж талцаж хэрэлдэж байтал хэрүүлийн оргил хэсэгт Н.Батсуурь аварга гарч ирж, хэвлэлийн хурал зарлаж ард олноосоо уучлал гуйчихав. Тэгтэл өнөө хэрүүл нь улам хүчээ авч “Батсуурь аварга уучлал гуйлаа, үнэхээр хоншоортой” гэцгээж, нөгөө хэсэг нь “Тэрний хоншоор гэж юу байдаг юм” гэцгээгээд бөөн маргаан нийгмийн сүлжээнд өрнөж, хөгшин залуу, эр эмгүй бүгд л энэ тухай пост хийж, жиргээ оруулж, үзэл бодлоо уралдуулж, уралцаж “Э.Оюунболд унхиагүй, одоо болтол уучлал гуйгаагүй” гэж элэрсэн баларсан юм ярьцгааж, нийгмийн сүлжээ дэлбэрэхээ дөхөж, бужигналдсан. Юун Хятадын сайдын айлчлал, Өмнөд Монголын “Эх хэлээ аваръя” хөдөлгөөн манатай.

Ингэж эрх баригчид бөхийн шээсний хэрүүлээр ард түмний анхаарлыг өөр зүгт залуурдаагүй байсан бол Ван И-гийн онгоцыг “Буянт ухаа”-гийн дэнж дээр буулгахааргүй хэмжээнд монголчууд уурссан байсаан.

Эрх баригчид өөрсдөө сонгуулиар гарч ирэхийн тулд ард түмнийг зориудаар Хятад улсын эсрэг “босгож”, үзэн ядуулах ажиллагаа зохион байгуулалттайгаар хийчихсэн болохоор саяны айлчлалаар монголчууд жинхэнээсээ уриа лоозон бариад босоод ирчихнэ гэхээс үнхэлцгээ хагартал айсан учраас галыг намжаах гэж бөхчүүдийн шээсний асуудлыг “нөөцөлж” байгаад айлчлалыг угтуулаад нийтэд дэлгэчихсэн юм шүү.

Айлчлалын хоёр дахь өдөр Сүнээ гэдэг балетчин хүүхнээр ярилцлага өгүүлчихэв. Балетчин хүүхний нулимс, амнаас унах үгс бүрийг нь алдалгүй сонсоцгоох гэж “Халтар царайт ” үздэг байсан үеийнх шигээ хошуурцгаав. Ийм нэвтрүүлэг гарах гэж байна, гарах нь ээ, гарлаа, гарч байна гээд нийгмийн сүлжээ тэр аяараа шаагилдаж, тэр хүүхний зөв, буруу, сайхан муухай, тэрний амраг, энэний амраг, тийм л муухай, ийм л гоё, өмссөнийг нь хар даа, сууж байгааг нь ээ, арай ч дээ гээд амтай, хуруутай болгон энэ хүүхний тухай бичиж, ярьж, сэтгэгдлээр “байлдаж”, юун айлчлал, юун нөгөө Монгол бичиг, юун “Монгол хэлээ аваръя” вэ. “ХКН Өмнөд Монголд соёлын геноцид үйлдэхээ зогсоо” хөдөлгөөн дэлхий даяар өрнөж, монголчууд энэ хөдөлгөөнд цахимаар нэгдэж, саналаа өгөөд маш идэвхтэй байсан. Хэрвээ 100 мянган хүн санал өгвөл энэ асуудлыг АНУ-ын Конгресс хэлэлцэнэ гэдгийг бүгд мэдэж байсан ч допингийн хэрүүл, балетчин хүүхний хувь амьдралын шуугианаас болоод уг санал асуулгын хурд багасаж, арай гэж нэг юм 100 мянга гэсэн босго саналдаа хүрсэн. Ийм чухал эгзэгтэй санал асуулга, анхаарлаас холдуулж болохгүй айлчлал болж байхад хэн ч тэр талаар дурсахгүй, харин балетчин хүүхний талаар зогсоо зайгүй шүлсээ үсчүүлцгээсэн. Овоо гайгүй идэвхитэй явж байсан “Эх хэлээ аваръя” хөдөлгөөнийг эрх баригчид боовон чихтнүүдийн шээсний хэрүүл, балетчин хүүхний нулимсаар л нам дараад арчаад хаячихсан.

Хятадын сайдын айлчлалын үеэр өөрсдийнх нь өдүүлсэн, турхирсан ард түмэн нь Хятадын эсрэг ямар нэг таагүй юм сошиалд “сэвчих” вий гэж айснаас урьдчилж бэлтгэсэн ярилцлагаа товлосон цагтаа цацсан нь ийнхүү амжилт олов. Гэтэл сонгуулиар Хятад юу юм бэ, Хятадаас юу ч битгий ав, өөрсдөө тарьж ургуулъя, хэдүүлээ янзын гоё амьдарна, чадна ш дээ гэж уриалж, ард түмнийг хөөргөж байсан Ерөнхийлөгч, Ерөнхий сайд маань Хятадын сайдын айлчлалын үеэр яаж сүйд болж, долигоносныг бүгдээрээ харсан шүү дээ. Тэр долигонож буй үйлдэл бол манай удирдлагуудын үнэн бодит, жинхэнэ дүр нь юм. Тэднийг хараад “Хүншүү байж болдоггүй юм байх даа” гэж олон хүн толгой сэгсэрсэн сэн. Нийгмийн сүлжээг ашиглаж, элдэв скандалаар нийгмийн сэтгэлзүй, тархийг залуурдаж буй нь аргаа ядсан хүмүүсийн л ажил юм даа, чааваас.

Энэ удаадаа ингэж боовон чихтнүүдийн шээсний хэрүүл, балетчин хүүхний нулимсаар нийгмийг залуурдаад өнгөрлөө. Ер нь юм болгонд ингэж том үйл явдлын өмнө зориуд бэлдсэн шуугианаа гэнэт дэлгэж, нийгмийн анхаарлыг өөр зүгт хандуулдаг арга барилдаа гаршаад удаж байна. Ард түмэн рүүгээ харахаараа “Бид Хятадад дургүй” гэдэг мөртлөө Хятадын сайд ирэхэд бүгд яаж бөхөлзөж, гарыг нь илбэж, алгаа тосохыг нь харцгаалаа. Жинхэнэдээ манай удирдагчид гэдэг чинь иймхэн л хүмүүс. Эрх баригчид нь нийгмийг сошиалаар ингэж залаад байх нь эцэстээ улс орны хувь заяанд асар их хор хохиролтой. Өмнөд Монголд байдал өдөр ирэх бүр хүндэрч, монгол хэлтнүүдийн амь нас хутганы ирэн дээр байхад тоож байгаа ганц ч төрийн өндөр албан тушаалтан алга. Тэр талаарх мэдээлэлд биш балетчин хүүхний хувь амьдрал руу бүх нийтийн анхаарлыг хандуулчихаад л догь сууцгааж байна.

Нийгмийн сүлжээг эрх баригчид ингэж зальжин аргаар, өөрсдөдөө ашигтай байдлаар ашиглаж байгааг олон нийт, Монголын ард түмэн сайн анзаарч сонор, соргог байх хэрэгтэй. Сошиалд хавчуулсан эрх баригчдын “өгөөш”-ийг яаран үмхэн авч, дагаж сагсуурмааргүй байна. Юуны төлөө явж байлаа, ямар үйл хэргийн төлөө зүтгэж байлаа гэдгээ марталгүй, тэмцлийнхээ зорилгод хүрдэг баймаар байна. Нийгмийн сүлжээнд Монголын асар том масс ямар ч зорилгогүй оршсоор.Зорилгогүй болохоор л ингэж зам зуурын юмнуудаар тархиа угаалгаад байгаа юм. Хэрэвзээ юм тунгаадаг, байр сууринаасаа ганхдаггүй, үзэл бодолдоо тууштай үнэнч бол ямар ч эрх баригчдын тавьсан өгөөшийг тоож шиншлэхгүй л дээ.

Categories
мэдээ цаг-үе

Дэлхийд борлуулалтаараа газрын тосны дараа ордог кофе

Кофе нь борлуулалтаараа газрын тосны дараа ордог дэлхийд хамгийн их борлуулалттай, эрэлттэй бүтээгдэхүүн. Дэлхийн зах зээлд кофены үйлдвэрлэл сүүлийн жилүүдэд тасралтгүй өсөж байгаагийн дотор Ази тивд кофены хэрэглээ хүрээгээ тэлсээр байна. Кофены зах зээл сүүлийн 10-н жилд 10 дахин нэмэгджээ. Бразил дэлхийн хамгийн том кофе тариалагч, үйлдвэрлэгч, экспортлогч улс юм. Тус улс дэлхийн кофены 40 орчим хувь буюу жилд гурван сая тонн кофе үйлдвэрлэж байна. Харин манай улсын хувьд 15-60 насны хүн амын 53 хувь нь кофе хэрэглэдэг гэдэг нь судалгаагаар тогтоогдсон бөгөөд тэдний 73 хувь нь задлаад шууд хэрэглэдэг сүүтэй, чихэртэй кофег, 20 гаруй хувь нь дунд зэргийн амттай кофе хэрэглэдэг бол үлдсэн нь чанга буюу хар кофе уудаг гэжээ. Эдгээр хүмүүс жилд гурван тэрбум орчим төгрөгийг кофенд зарцуулдаг аж.

КОФЕ ГЭЖ ЮУ ВЭ?

Боргол буюу кофе нь кофены буурцгийг (кофены модны үр) хуурч, нүдсэн нунтгийг буцалсан усанд хийж найруулсан хар хүрэн өнгийн ундыг хэлнэ. Кофе гэдэг үг нь араб хэлний qahwah буюу дарс гэсэн үгнээс үүсэлтэй бөгөөд энэ үг нь Османы эзэнт гүрний үед турк хэлэнд kahve болон нэвтэрч герман хэлэнд koffie болж, 1582 онд англи хэлэнд coffee буюу кофе хэмээх дуудлагатай болж дэлхий нийтээр тархжээ. Кофены ургамал нь бутлаг мод байх бөгөөд Этиопоос гаралтай. Голдуу Африкт, мөн Өмнөд Америк, Төв Америк болон Өмнөд Азид ургадаг. Хүн төрөлхтний түүхэнд кофе гарч ирсэн нь архи, цайтай харьцуулахад сүүлд боловч дэлхий даяар хамгийн олон оронд хүмүүсийн амтархан уудаг ундаа юм. Ихэвчлэн халуунаар нь уудаг. Кофенд кофейн хэмээх зөөлөн сэргээгч бодис агуулагддаг.

КОФЕНЫ ГАРАЛ

IX зууны үед Этиопийн нэгэн ямаачин нэг бутлаг ургамлын жимс идсэн ямаанууд нь сэргэг, сэргэлэн болж байхыг анзаарснаар анх кофе хэмээх ургамалтай хүн төрөлхтөн танилцах боломж нээгдсэн гэж үздэг. Ямаачин залуу өөрөө тэр ургамлын жимсийг идэж үзэхэд мөн хамаг биеийг нь сэргээж байсан учир нутгийнхаа сүмийн ламд жимснээс өгчээ. Лам жимсийг тоолгүй шатаахаар гал руу хийж орхитол бусад лам нарын анхаарлыг татахуйц сайхан үнэр сэнгэнэсэн байна. Тиймээс хуурсан шош шиг болсон уг жимсийг үнснээс нь гаргаад аягатай халуун усанд хийснээр кофе хэмээх ундаа үүссэн гэдэг дам яриа байдаг.

Харин хамгийн анхны инстант буюу найруулж уудаг кофе 1771 онд Англид үүссэн байна.

КОФЕ БА ЭРҮҮЛ МЭНД

Кофег тааруулж хэрэглэх нь эрүүл мэндэд тустай.

Кофе хэрэглэгчид кофе уудаггүй хүмүүстэй харьцуулахад паркинсоны өвчнөөр өвчлөх магадлал нь 80 хувиар бага байдаг юм байна. Мөн тамхины хор нөлөөг саармагжуулдаг. Архаг тамхичдыг зүрх болон элгээ хордуулах нөлөөллийг нь багасгана. Багтраа болон толгойны өвчнийг намдаана. Элэгний төрөл бүрийн өвчин тусах магадлалыг багасгадаг. Өдөр бүр хоёр аяга кофе уудаг хүмүүс элэгний циррозоор өвчлөх эрсдэл 80 хувь бага байдаг.

Мөн магнигаар баялаг. Магни нь хүний бие дэх олон ферментийн урвалыг түргэсгэхэд шаардлагатай элемент юм. Нянгийн болон наалдамтгай чанарын эсрэг үйлчилгээтэй. Италийн судлаачид кофе шүдний цоорлоос сэргийлдгийг туршилтаар баталж харуулсан байна. Гэвч энэ зөвхөн ямар нэг суурь өвчингүй хүмүүст л хамаатай бөгөөд сүү, чихэртэй кофе нь маш их холестрин агуулдаг. Түүнчлэн хэрэглэж буй кофены чанар маш чухал юм. Гэвч кофе уумагц гар нь салганаж, зүрх нь дэлсдэг хүмүүс бий. Мэдээж хэрэг ийм шинж тэмдэг илэрдэг хүмүүс кофе уухгүй байх нь дээр юм. Мөн бамбай булчирхайн өөрчлөлттэй, хэт их ядаргаанд орсон, зүрх судасны системийн өөрчлөлттэй хүмүүст кофе сөрөг нөлөөтэй.

КОФЕНЫ ТҮГЭЭМЭЛ ТӨРЛҮҮД

Espresso-Эспрессо бол бараан хүрэн болтол нь шарсан анхилуун үнэртэй үрийг тусгай эспрессо машинд өндөр даралтаар найруулж гаргасан хүчтэй хар кофе юм. Сайн болсон эспрессо кофе нь гадарга дээрээ алтлаг хүрэн өнгийн хөөслөг нимгэн өрөмтэй болсон байдаг. Хэрвээ энэ өрөм нь сайн бүрэлдсэн бол элсэн чихэр нэмэхэд хэдэн секунд хөвж байгаад алгуур доошилж уусдаг.

Cappuccino-Хамгийн түгээмэл кофены төрөл. Жинхэнэ каппучино бол тэнцүү хэмжээний эспрессо, хөөрүүлсэн сүү, сүүний хөөснөөс бүрддэг.

Americano-Энэ нь нэг аяга халуун усанд нэг татах (single shot) хэмжээний эспрессо нэмснийг хэлдэг.

Caffe Latte-Энэ бол нэг татах (single shot) хэмжээний эспрессо дээр гурав дахин их хэмжээтэй хөөрүүлсэн сүү нэмсэн хувилбар.

Caf au Lait-Франц уламжлалаар хийсэн кофе. Каффе Латтетэй (Caffe Latte) ижил гэхдээ эспрессоны оронд чанасан кофе хэрэглэж сүүний харьцаа нь 1:1 байдаг.

Ерөнхийдөө каффе латтены сулруулсан хувилбар гэж үзэж болно.

Caf Mocha (Mochachino)-Энэ бол каппучино, эсвэл каффе латте дээр шоколадны сироп, нунтаг зэргийг нэмж гаргасан хувилбар.

Caramel Macchiato-Кофе шоп болгон өөр өөрийн аргаар бэлтгэдэг олон хувилбартай ундаа. Хамгийн түгээмэл жор нь эспрессо, карамел, хөөрүүлсэн сүү холих. Амт оруулахын тулд ванилла нэмэх нь бас бий.

Ice coffee-Жирийн мөстэй кофе. Зарим кофе шопд сүү, элсэн чихэр нэмж хийдэг.

Instant coffee-Найруулдаг нунтаг кофег хэлнэ. Ийм кофе нь хэрэглэхэд амар, өдөр тутмын хэрэглээнд нэвтэрсэн авч жинхэнэ кофены хорхойтнууд үүнийг нэг их таашаадаггүй. Чанар болон амтын хувьд бусдаасаа мууд тооцогддог.

Categories
мэдээ цаг-үе

Ч.Мөнхбаяр: “ХКН Өмнөд Монголд соёлын геноцид үйлдэхээ зогсоо!” хөдөлгөөнд 100 мянган хүн санал өгвөл энэ асуудлыг Конгресс хэлэлцэх болно

-ҮР ХҮҮХДЭЭ ХЯТАД БОЛГОХГҮЙ ГЭСЭН 400 ОРЧИМ ЭЦЭГ ЭХИЙГ БАРИВЧИЛЖ, ХҮНД ЯЛ ТУЛГААД БАЙНА-

“Өмнөд Монголын соёлын холбоо” ТББ-ын тэргүүн Ч.Мөнхбаяртай ярилцлаа.


-Өмнөд Монголын ойрын өдрүүдийн нөхцөл байдлын талаар та мэдээлэл өгнө үү?

-Тэнд уугуул монголчууд бүх нийтийн эсэргүүцлийн хөдөлгөөнөө өрнүүлсээр байна. Хүүхдүүдээ сургуульд өгөхгүй байгаа.

Сүүлийн үед эцэг эхчүүд өргөдөл өгөх, хамтаараа хүүхдээ дотуур байрнаас гарган авч харих зэрэг тэмцэл өрнүүлсэн. Өмнөд Монголд монгол сургууль хөдөө орон нутагт их байдаг, хотод цөөн байсныг нь увуулж цувуулан хятад сургууль болгож өөрчилдөг, үүнтэй холбоотойгоор бага хэмжээний тэмцэл өрнөөд намждаг байсан. Тиймээс дотуур байранд орсон хүүхдээ авах хөдөлгөөн их өрнөсөн юм. Зарим газар орон нутгийн монгол цагдаа нар тэмцлийг дэмжиж, тушаалыг зөрчиж, хүүхдүүдийг юмыг нь мартуулалгүй зохицуулж туслан эцэг эхэд нь хариуцлагатай хүлээлгэж өгсөн. Зарим газар эцэг эхчүүд дайрч орж хүүхдүүдээ авсан. Зарим газар хүүхдүүд дотуур байрнаас зугтаж гарч, аав ээждээ очсон.

Сургуулиуд, урлагийн байгууллагууд, хэвлэл мэдээллийн газрууд хамт олноороо эсэргүүцсэн тохиолдлууд гарсан. жишээ нь, “Одон” телевизийн 300 монгол ажилтан эсэргүүцлийн бичиг өгсөн, “Зохион байгуулагчдыг хална” гэхэд “Бүгд ажлаасаа гарна” гээд халуулаагүй. Бүгдийг нь халбал “телевиз ажиллахаа байж, Хятадын засгийн нэр хүнд сэвтэх юм. Багшийн их сургуулийнхан мөн л тэгсэн. Албан тушаалтнууд, намын ажилтнууд эсэргүүцсэн.

-“Хос хэлний бодлого”-ыг эсэргүүцэж, дөрвөн хүн халуун амиа өргөж, тэмцлийг улам хурцатгасан. Энэ талаар мэдээлэл байна уу?

-Дөрвөн хүн Хятадын бодлогыг эсэргүүцэж амиа хорлосон, тэдний дундаас Алшаа аймгийн намын ажилтан Сурнаа, Шилийн гол аймгийн багш Соёлт нарын нэр тодорхой болсон. Өмнөд монголчууд бараг 100 хувь эсэргүүцлийн хөдөлгөөнд нэгдээд байна.

Ингээд хичээлийн шинэ жил Өмнөд Монголын дунд сургуулиудад нээгдээгүй. Хятад хүүхдүүдэд дээл, хувцас өмсгөж худал мэдээ бэлтгэсэн. Монгол сургуульд худал зураг авах гэж, хятад сургуулиас хүүхдүүдийг зөөж байгаа нь бичлэгт үлдсэн. Монгол сургуулиудын хүүхдүүд явчихсан, багш нар ажил хаячихсан, эл хуль эзэнгүй байгааг харуулсан бичлэгүүд тарсан. Энэ долоо хоногт хүчээр ирүүлсэн монгол хүүхдүүд сургуулиасаа шөнө бөөнөөрөө оргож зугтлаа. Монголоороо байх гэсэн тэр балчир үрс харанхуй гудамжаар айдас түгшүүр, итгэл горьдлого тээн зугтаж гүйж байгаа нь юутай өрөвдөлтэй вэ. Зарим сургуулийн хүүхдүүд харин уриа лоозон хашгирч, жагсаал цуглаан маягтайгаар харьж байна билээ.

Өмнөд Монголын Засгийн ордон байдлыг өөрчлөх гэж мэдэгдэл гаргасан. Хүүхдээ сургуульд авчрахгүй бол төрийн байгууллагад ажиллагсдыг хална, хувийн секторт ажиллагсдыг шийтгэнэ, тэтгэвэр тэтгэмж өгөхгүй, хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг бүрмөсөн хасна гэсэн байсан. Болохгүй бол дахин хүмүүжүүлэх сургалтад иргэдийг хамруулна гэдэг. Шинжааны концлагериудыг “Дахин хүмүүжүүлэх төв” гэж Хятадын засаг нэрлэдэг. Өмнөд Монголд концлагерь байгуулж хорино гэсэн үг байж магадгүй гэж зарим нь тайлбарласан. Иргэдийг сүрдүүлэх дарамтлах нь их байгаа. Хар дансанд бүртгэнэ гэж сүрдүүлж байгаа, энэ нь бүх иргэний эрхийг нь хасна гэсэн үг, иргэний үнэмлэхээ үзүүлж авдаг бүх зүйлийг авах боломжгүй болно гэсэн үг. Ажлын байрнаас авахуулаад галт тэрэгний тасалбар хүртэл.

Гэвч өмнөд монголчууд хүүхдээ сургуульд өгөхгүй л байна. Гурав, дөрвөн зуун идэвхтэй иргэдийг баривчилсан, их л хүнд ял тулгах бололтой юм билээ. “Гурван их аюул”-аар яллах магадлалтай. Тэр нь салан тусгаарлах, терроризм, хэт даврах гурав. Зарим идэвхтэй эсэргүүцсэн иргэн нуугдаж байгаа. Тэднийг эрэн сурвалжилж байгаа. Үр хүүхдээ хятад болгохгүй гэсэн жирийн эцэг эхчүүд шүү дээ, хөөрхий.


-“Хятадаар хичээллүүлэх шийдвэр цуцлагдлаа” гэж нэг хэсэг яригдсан нь ямар учиртай юм. Явуулга байв уу?

-Байдлыг намжаах зорилгоор тараасан худал мэдээлэл л дээ. Өнгөрсөн зургадугаар сард Хятадын Сурган хүмүүжлийн яамны албан тушаалтан Гө Вэйвэй Тунляод ирэхдээ хятадаар хичээллэх тухай л ярьсан. Өмнө нь ч хятадаар хичээллэх тухай яригдаж байсан. Тухайлбал, өнгөрсөн хавар Бээжингийн сэтгүүлчид Өмнөд Монголд тусгай даалгавартай ирж, монгол хүүхдүүдтэй ярилцаж, “Хятад оронд хятадаар ойлголцохгүй байна, өөр улс мэт байна” гэж их дуулиан шуугиан дэгдээж байлаа. Чухам л хятадаар хичээллэх тухай л яригдаж ирсэн. Өдий хүртэл долоо, найман удаа хятадаар хичээллүүлэхийг оролдоод, монголчуудын эсэргүүцэлтэй тулгарч больж байсан. Шинжааны Баянголын монгол тойрогт монгол сургуулиудыг хятадаар хичээллэдэг болгосон. Энэ бол үлгэр загвар нь юм. Тэнд хятадаар хичээллүүлэх ажиллагааг удирдсан Цогбаяр гэдэг түшмэл одоо Өмнөд Монголд хятадаар хичээллүүлэхийг удирдаж байна. Зургадугаар сараас эхлэн, монгол бичгээр бичсэн уриа лоозон, сургаал үгс, Чингис хааны хөрөг, гадаа байгаа үндэсний агуулгатай зураг, байгууламжуудыг авч хаях, нурааж буулгах гээд үндэсний соёлын эсрэг Соёлын хувьсгал гэлтэй үйл явц өрнөснийг бас хэлэх хэрэгтэй.

“Шийдвэрийг болилоо” гэж худал үг тараасан бол, одоо “Нэгдүгээр ангиас хятад хэл заана, ахлах ангиудад хятадаар түүх, улс төрийн хичээлүүдийг заана” гэж бас ярих боллоо. Үүнийг “худал үг” гэж өмнөд монголчууд үзэж байгаа. “Хүүхдүүдийг сургуульд ирүүлээд хятад хэлээр сургах гэсэн арга байж ч магад” гэж итгэхгүй байгаа. Хятадын төрийн зорилго бол энэ жил бүтэхгүй байлаа гэхэд ирэх жил хятадаар хичээллүүлэх явдал. 2019 онд Тунляод хятадаар хичээллүүлэхийг оролдоод эсэргүүцэлтэй тулж больж байсан. Эцэг эхчүүд “Янз бүрийн арга саам хийхэд автах биш, бүрмөсөн хятадаар хичээллүүлнэ гэсэн санааг болиулах ёстой” гэж тэмцэж байгаа.

-Өмнөд монголчуудын тэмцэл бусад цөөн тоот үндэстнүүдийн тэмцлээс юугаараа онцлогтой вэ?

-Төвөд, Шинжаанд үндэсний эрх чөлөөний тэмцэл өрнүүлсэн хэсэг бүлгүүд байж ирсэн. Үндэсний эрх чөлөөний үйл ажиллагааг Өмнөд Монголд аль дээр үед бүрмөсөн дарчихсан гэж Хятадын төр үзэж, “Үлгэр жишээ цөөн тоот үндэстэн” буюу үнэндээ тэмцэлгүй дуулгавартай үндэстэн гэсэн санааг илэрхийлдэг байлаа. Гэтэл энэ онд бүх нийтийн эсэргүүцлийг өмнөд монголчууд өрнүүлж Хятадын засгийг шоконд орууллаа.

Хонконгийн бүх нийтийн эсэргүүцлийг арай гэж дарсан. Даян дэлхийн түвшинд үүнээс болж Хятадад маш их таагүй үр дагаврууд учирсан. Гэтэл үлгэр жишээ гэх цөөн тоот үндэстэн бүх нийтээрээ эсэргүүцсэн нь Хятадын засгийн хувьд маш санаандгүй үйл явдал боллоо. Санаандгүй байдал, бүх нийтийн чанар, хүчирхийлэл гараагүй, эхнээсээ дэлхий нийтийн анхааралд өртсөн зэргээрээ Өмнөд Монголын тэмцэл Төвөд, Уйгураас онцлогтой. Хонконгтой төстэй талууд харагдаж байгаа ч, Хонконг бол хятадууд гэж тооцогддог.


-АНУ-ын Конгресст 100 мянган гарын үсэг цуглуулж өгөх хөдөлгөөн өрнөж байна. Энэ нь ямар учиртай хөдөлгөөн бэ?

-Төвөд, Уйгурт уугуул үндэстнүүд ямар эсэргүүцэл өрнүүлж байгаа нь тэр бүс нутгууд дахь онцгой дэглэм, хаалттай байдлаас болоод тэр бүрий мэдэгддэггүй. Харин өмнөд монголчууд сошиал сүлжээнд идэвхтэй, ар монголчуудтай хэлхээ холбоотой зэрэг байдлаас болж, энэ удаагийн тэмцэл нь дэлхийн хэвлэл мэдээллийн анхаарлыг сайн татсан. Улмаар АНУ, Германы парламентчид дэмжлэгээ илэрхийлсэн. АНУ-ын конгрессийн гишүүн хатагтай тэрхүү гарын үсгийн хөдөлгөөнийг эхлүүлсэн гэж бодож байна.

Тэрхүү petitions.white­house.gov сайт нь иргэдийн санаа бодлыг авах зорилготой, олон гарын үсэг цуглавал асуудлыг хэлэлцэх болзолтой Америкийн төр засаг үүсгэсэн сайт юм. Сайтад хангалттай гарын үсэг цуглахаар Конгрессийн лобби бүлэг тосож аваад хэлэлцүүлэх байх гэж бодож байна. Гарын үсэг зурах энэ хөдөлгөөний уриа нь “ХКН Өмнөд Монголд соёлын геноцид үйлдэхээ зогсоо!” гэж байгаа нь, үйл явдлыг аймаглан устгах буюу геноцид гэмт хэрэг гэж үзэж, маш ноцтойгоор тодорхойлсон байна. Өмнөх үгэнд ньХятадын коммунист нам Хүний эрхийн тунхаглал, ЮНЕСКо-гийн баримт бичгүүд, БНХАУ-ын болон Өмнөд Монголын хуулиудыг зөрчиж байгааг анхааруулсан байсан.

Ноднин АНУ-ын Конгресс Хонконгийн ардчилал, хүний эрхийн тухай хууль, Хятад дахь уйгуруудыг хамгаалах тухай хууль баталсан, мөн АНУ-ын Сенат Уйгурын актыг баталсан. Өмнөд Монголын асуудлыг Конгресс хэлэлцэх нь мөн хууль гаргахад хүргэх байх гэж бодож байна. Хууль гарснаар газар аваагүй байгаа хятадаар хичээллүүлэх оролдлого зогсоход их эерэг нөлөөтэй. Ийм оролдлого урьд цөөнгүй удаа гараад бүтэлгүйтэж байсан. Тэр нь одоо ч давтагдаж болох юм.

Манай сонины дугаар шилжих мөчид “ХКН Өмнөд Монголд соёлын геноцид үйлдэхээ зогсоо!” гарын үсэг зурах хөдөлгөөнд 71229 хүн саналаа өгөөд байлаа.


Categories
мэдээ цаг-үе

А.Цэнгэл: Хувийн цэцэрлэгүүдэд хоёр хүртэлх насны 10 мянга гаруй хүүхдийг хамруулах боломж байна

-“ХОЁР НАСТНУУДЫГ ЦЭЦЭРЛЭГТ АВЧ БОЛОХГҮЙ” ГЭСЭН АТЛАА, ХҮҮХЭД ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭГ НЭЭЖ ХОЁР НАСТНАА ӨГНӨ ГЭСЭН ШИЙДВЭРИЙГ НЬ ОЙЛГОХГҮЙ БАЙНА.-

Монголын хувийн хэвшлийн цэцэрлэгүүдийн үүсгэн байгуулагчдын холбооны тэргүүн А.Цэнгэлтэй ярилцлаа.


-Хоёр настай хүүхдүүдийн цэцэрлэгийн асуудал хурцаар хөндөгдөж байна. Танай холбоо болон хувийн цэцэрлэгүүд энэ тал дээр ямар байр суурьтай байна?

-Үүсээд байгаа энэ нөхцөл байдалд хувийн цэцэрлэгүүд сэтгэл дундуур байгаа. Нэгдүгээрт, улс орны хувьд “Ковид-19” цар тахлаас болж давагдашгүй хүчин зүйл үүссэн.

Энэ нь хувийн байгууллагуудад эдийн засгийн хувьд хүнд жилийг өнгөрүүллээ. Гэтэл төр засгийн гаргаж буй зарим шийдвэрүүд, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд нь бүр ч их сөрөг үр дагавар бий болгохоор байна. Бүх л хувийн цэцэрлэгүүд амаргүй нөхцөл байдалд хичээлийн шинэ жилээ нээлээ. Гэтэл “Хоёр настнуудыг цэцэрлэгт авч болохгүй” гэсэн атлаа, хүүхэд харах үйлчилгээг нээж хоёр настнаа өгнө гэсэн шийдвэрийг нь ойлгохгүй байна. Төр, хувийн хэвшлийн хоёр байгууллагаа ялгаварлаж байгаагийн тод илрэл юм.

-Улсын цэцэрлэгт хоёр настан авахгүй болохоор хувийн цэцэрлэгт өгөх хүсэлтэй эцэг эхчүүд олон байна. Гэвч хүчээр хүүхэд харах үйчилгээнд өг гэж тулгаад байна. Хүүхэд харах үйлчилгээнд хоёр тэрбум төгрөгийг шийдүүлчихсэн?

-Мэдээж хоёр настай хүүхдүүдийн цэцэрлэгийн асуудал зөвхөн аав ээжийнх бус нийгмийн хэрэгцээ шаардлага юм. Судлаад үзэхэд хоёр настай хүүхдээ цэцэрлэгт өгөөд ажил хийх эцэг эхчүүд олон байна. Гэтэл 80 шахам мянган хоёр настай хүүхдийг гэртээ харах шаардлагыг төр засгаас шууд тулгалаа. Тэгсэн хэрнээ хүүхэд харах үйлчилгээнд өгч болно гэсэн шийдвэр нь бүр ч их бухимдал үүсгэж байна. Хүүхэд харах үйлчилгээнд хоёр настнуудыг өгч болох л юм бол ялгаагүй л хувийн цэцэрлэгүүдэд энэ эрхийг нь өгөх хэрэгтэй.

Өмнөх жилүүдэд цэцэрлэгт хоёр настай 20 мянга гаруй хүүхэд хамрагддаг байсан. Энэ тооны хүүхдийг ядаж мэргэжлийн эмчтэй, мэргэжлийн багштай, мэргэжлийн тогоочтой, аюулгүй, эрүүл орчинтой хувийн цэцэрлэгт өгчихвөл, эцэг эхчүүд санаа амар ажлаа хийж, тэр хэрээр тухайн айлд, тухайн байгууллагад, тухайн салбарт цаашлаад нийгэмд ч сайн үр нөлөөтэй байна. Цаашлаад 3-5 насны нэг ангид 20-25 хүүхэд байх ёстой гээд тоог хязгаарлачихлаа. Энэ нь тухайн байгууллагад эдийн засгийн хувьд тогтворгүй байдал бий болгоно. Нэг ангид 30-40 хүүхэд суралцах багтаамжтай, том талбайтай цэцэрлэгүүд олон бий. Гэтэл нэг хүүхдэд ногдох нэгж талбайг нь тооцолгүй шууд механикаар орон тоог нь багасгачихаар орлогыг нь боомилж байгаа хэрэг. Хэдий хүүхдийн тоо бага байлаа гээд зардал буурдаггүй. Гэхдээ онцгой цаг үе учраас алдагдалтай ажиллах ч хувийн цэцэрлэгүүд төр засгийн шийдвэрт хүндэтгэлтэй хандаж, дуулгавартайгаар биелүүлээд явж байна. Гэхдээ ижилхэн хоёр хувийн байгууллагаа ялгаварласан төр засгийн энэ ойлгомжгүй, хоорондоо зөрчилтэй шийдвэрүүд манай цэцэрлэгүүдийг хүнд байдалд орууллаа. Ялангуяа хөдөө орон нутагт хувийн цэцэрлэг цөөхөн байдаг болохоор бүр хэцүү байдал үүсч, хаалгаа барихад хүрээд байна.

-Энэ байдлыг зохицуулах арга зам юу байна. Шийдвэрлэх гарц байна уу?

-“Ковид-19” дэгдэж, хөл хорио тогтоосноос хойш төр засгийн байгууллагууд руу маш их хандсан. Бид хамтран ажиллах саналыг байнга тавьж байгаа. Монголд 2012 оноос хойш төр, хувийн хэвшлийн түншлэл яригдаж байна. Энэ түншлэл дотор боловсролын салбар орчихсон байдаг. Гэсэн атлаа боловсролын салбартай ингэж түншилнэ гэсэн нарийн зохицуулалт байдаггүй. Энэ түншлэлийн хүрээнд төртэйгөө хамтарч ажиллая гээд хэд, хэдэн алхмуудыг хийсэн. Ялангуяа, ачааллаа дийлэхгүй байгаа энэ үед бид нэмэлт элсэлтээр хүүхдүүдээ авч ачаанаас нь үүрэлцэж байна. Байгууллагынхаа тарифаар биш, төрийн санал болгосон зардлаар авч байгаа. Энэ бол түншлэлийн маш том хэлбэр. Энэ нь нийт цэцэрлэгийн тал хувийг эзэлж байна. 2019-2020 онд 520 гаруй хувийн цэцэрлэг үйл ажиллагаа явуулсны нэлээд хувь нь нэмэлт элсэлтээр хүүхэд авсан. Энэ нь төртэй түншилж байгаа маш том хэлбэр. Зөрүүлээд төр бидэнтэй яаж түншлэх юм бэ гэдэг нь тодорхой бус. Энэ түншлэлийг шинэ шатанд гаргая. Төр хувийн хэвшил хоёр харилцан тохиролцож ажиллая. Бидэнтэй хамтран ажиллах боломж байна гэдгийг ярилцмаар байгаа юм. Тухайлбал, өнөөдрийн байдлаар 322 төрийн бус өмчийн цэцэрлэгүүдээс судалгаа гурав хүртэлх насны 10.000 гаруй хүүхдийг хамруулах боломжтой гэж гарсан. Өмнөх жилүүдийн хүүхдийн статистикийн бараг тал нь гэсэн үг. Тэгэхээр энэ хэцүү цаг үед хувийн цэцэрлэгүүдэд хоёр хүртэлх насны 10 мянга гаруй хүүхдийг хамруулах боломж байна. Энэ орон зайг нь хувийн цэцэрлэгт нээлттэй орхиоч ээ. Нийгэмд боловсролын байгууллагын эрэлт хэрэгцээ байгаа, төр үүнийг дангаараа шийдэж чадахгүй. Өнөөдөр 80 шахам мянган хоёр настай хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй боллоо. Үүний ядаж 10 гаруй хувийг нь хувийн цэцэрлэг авах эрхийг нь нээлттэй орхих хэрэгтэй. Мөн тус салбарын 302 цэцэрлэгийн 950 гаруй багш, ажилтнууд гурав хүртэлх насны хүүхэдтэй, 520 гаруй хувийн цэцэрлэг байна гэж тооцвол энэ тоо цаашид өсөх хандлагатай байна. Тэгэхээр энэ олон багшийн ажлын байрны асуудал хөндөгдөнө. Хүүхэд харах үйлчилгээ 3000-4000 хүүхэд авдаг. Түүн дээр нэмээд дахиад 10 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдчихвал төдий тооны эцэг эх ажлаа тайван хийж, тухайн өрх айлд орлого нь нэмэгдэнэ. Мөн хамгийн чухал зүйл бол хүүхдийн аюулгүй байдал, эрүүл мэнд шүү дээ. Хувийн цэцэрлэгүүд халдваргүйжүүлэлт, аюулгүйн горимын өндөржүүлсэн байдалд ажиллаж байгаа учраас цэцэрлэгийн хүүхдэд эрсдэл үүсэхгүй. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Эрүүл мэндийн яамнаас гаргасан бүх стандарт, зөвлөгөө, шаардлагыг дагаад аюулгүй байдлаа хангаж ажиллаж байна. Мэргэжлийн багш, хамт олон, эмч хүртэл ажиллаж байна. Ийм учраас хувийн цэцэрлэгийг эрсдэлтэй орчин гэж үзэхгүй.

-Хүн бүр хүүхдээ төлбөртэй цэцэрлэгт өгч чадахгүй шүү дээ. Үүн дээр ямар бодлого барьж байна?

-Энэ асуудлыг шийдэх бүрэн боломжтой. Төсвөөс төрийн цэцэрлэгт орж байгаа нэг хүүхдэд оногдох хувьсах зардал, хувийн цэцэрлэгийн нэг хүүхдийн төлбөртэй харьцуулахад төрийнх өндөр зөрүүтэй байдаг. Тиймээс коронавирусээс шалтгаантай эдийн засгийн хямралтай үед хувийн хэвшлийн цэцэрлэгтэй түншилж ажиллавал эдийн засгийн хувьд үр өгөөжтэй байна. Төсвөөс төрийн цэцэрлэгт өгч байгаа нэг хүүхдийн зардалд багшийн цалин, ус, дулаан, хоолны мөнгө бүгд багтдаг. Энэ зардал нь хүмүүсийн нүдэнд харагддаггүй. Тэр мөнгөө хувийн цэцэрлэгтээ өгөөд хувийн цэцэрлэгийг тарифаар нь явуулах юм бол илүү хямд тусна. Хувийн цэцэрлэгийн төлбөр нүдэнд харагддаг, ил учраас хүмүүс үнэтэй байна гэдэг. Алдагдалтай төсөвтэй, эдийн засгийн хямралтай энэ цаг үед төр зорилтот бүлгийн хүүхдүүдээ цэцэрлэгт аваад боломжтой айлын хүүхдүүдээ хувийн цэцэрлэгт хамрагдах боломжийг нь олгох хэрэгтэй. Энэ нь төр, хувийн хэвшил хоёрын тэнцвэртэй байдлын илрэл юм. Мөн боловсролын тэгш хүртээмжтэй байдал юм.

Төр сугалаа сугалж байгаагаа шударга, тэгш зарчим гэж үзэж байгаа. Гэтэл хамгийн их ялгавар гарч, хүүхдийн эрхийг зөрчиж байна. Хүүхэд сугалаанд сонгогдоогүйн төлөө боловсролын байгууллагад хамрагдаж чадахгүйд хүрч байна. Хамгийн шударга хуваарилалт бол төр зорилтот бүлгээ аваад чанартай үйлчилгээгээ үзүүл, үнэ төлбөргүйгээр. Харин боломжтой айлын хүүхдүүдээ хувийн цэцэрлэгт өгөөд чанартай үйлчилгээг нь авахуулчих. Ингээд эцсийн дүндээ Монголын иргэд тэгш хүртээмжтэй боловсрол авах гол зорилго биелнэ. Ерөөсөө л хүүхдүүд цэцэрлэгтэй байж эцэг эхчүүд ажиллана. Энэ хүнд үед төр засаг харин ч хувийн хэвшлийн байгууллагуудаа илүү дэмжиж ажиллах хэрэгтэй. Тэгвэл төсөвт ирэх ачаалал ч буурна.

-Боловсролын байгууллага гэдэг хамгийн чухал, бас онцлог салбар. Үүнд төр засгийн барьж буй бодлого ямар байна вэ?

-Боловсролын байгууллага тусгай зөвшөөрөл авч байж үйл ажиллагаагаа явуулна. Тусгай зөвшөөрөлд тавигдах шаардлага нь төр, хувийн хэвшилд ижилхэн. Тэгэхээр төрд, хувийн хэвшилд ажиллаж байгаа багш гэж ялгаа байхгүй. Цэцэрлэгийн багш бакалавраас дээш цолтой, удирдлага нь магистраас дээш цолтой байдаг. Хувийн байгууллагын давуу тал нь бусдаас илүү байх, түрүүлж алхахын тулд олон улсын туршлага судалж нэвтрүүлж явдаг. Сайн багштай бол сайн байгууллага гэсэн ойлголт үеэ өнгөрөөсөн. Сайн багш байгууллагын сайн засаглалаас гарч ирдэг. Мянга сайн багш ажиллаад дотоод засаглал муу, менежмэнт муу бол Солонгос руу хар ажил хийхээр явахад хүрнэ. Харин сайн засаглалтай, сайн менежмэнттэй байгууллагад ажиллаж байгаа ямар ч багш хөгжөөд гараад ирдэг. Тэгэхээр байгууллагын хөгжил, соёлыг сайн харах хэрэгтэй. Хувийн цэцэрлэгүүд ингэж байгууллагынхаа суурийг маш сайн бэлддэг учраас хүмүүс төлбөр төлөөд хүүхдээ өгдөг.

Төр болохоор сайн засаглал, менежмэнт бус багшийн ур чадварт анхаараад байдаг. Арга ч үгүй биз сонгуулийн үечлэлтэй холбоотой байдаг учраас тэр байх. Байгууллагынх нь соёл, менежмэнт, засаглалыг нь хөгжүүлэхгүйгээр боловсролын байгууллагын хөгжлийг ярьж болохгүй. Боловсролын байгууллагад хөгжих бүрэн боломж бий. Тэр бол Сайн засаглал, бас дахин сайн засаглал. Төр хувийн хэвшилдээ хөгжих боломжийг нь нээлттэй өгвөл шударга ёсны зарчмаар хөгжинө. Тогтвортой бодлого хэрэгтэй.

-Хүүхэд хоёр насандаа хөгжлийнхөө оргил үед явдаг гэдэг. Хэрвээ энэ үедээ гэртээ байвал ямар хор уршигтай вэ?

-Хамгийн гол нь хүний 0-6 насанд амьдралын хөгжлийнх нь 90 хүртэл хувь тавигддаг гэдгийг олон улсад тогтоочихсон. Энэ чухал үед нь хүүхдүүдийг сургалтын байгууллагаар бүрэн хангах үүрэг Монголын төрд бий. Тиймээс төр, хувийн хэвшил хамтраад асуудлаа шийдээд явъя гээд байгаа юм.