Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол киноны зохиол бичих, зураг авах журамтай болъё

Хөл хорионд орсны улмаас хүмүүс зурагтынхаа өмнө уяатай юм шиг сууж байна. Үзэж буй юмнуудынх нь ихэнх нь монгол кино. кино контентын 40-өөс доошгүй хувийг үндэсний контент эзлэх ёстой гэдэг зохицуулалтын дагуу ч юм уу даа Монголын уйтгартай, өмнөөс нь ичиж зовмоор кинонуудыг залхтал нь гаргаж байна.

Монголын сүүлийн үеийн кинонуудаас анзаарагддаг олон дутагдалтай зүйл бий. Магадгүй эрхэм уншигч та ч олж харсан байж мэднэ. Киноны гол ба туслах дүрүүдийн хувцаслалт нь ихэд дорой. Муухай хувцасладаг. Гол дүрийн жүжигчин нь нэг хувцастайгаа л киногоо дуусгачихдаг.

Бас Монголын байгаль, Улаанбаатар хот маш муухайгаар гарах юм. Киноны дүрүүд нь гандаж гундсан халцархай улаан шороон дээр л суугаад, тоос шороотой гудманд манараад улаан элэг л гаргаад байх юм. Монгол кинон дахь Улаанбаатар хот хамгийн үзэмжгүй, хамгийн муухай газар. Гэр хорооллын навсайсан хашаа, шороо тоос хөглөрсөн гудамж, талбай, гуйлгачин, ядуу хүмүүсийн төрх, архичин, машины түгжрэл, хоорондоо хэрэлдэж зодолдож байгаа иргэд гээд энэ хотын аль л муу муухайг кинондоо ёс мэт оруулдаг болж. Гадны хүн үзвэл “Там гэж Улаанбаатарыг, энийг л хэлдэг” байх даа гэмээр.

Монголд бараг огт байхгүй шахуу үзэгдэл болох хүйсийн саармагжилтыг киночид их гаргаж ирж, дүрээр амьдруулах юм. Тийм гомонууд хэзээ дэлгэрчихэв ээ, хаана олширчихов оо. Дээхнэ үед банди, шуумар, эмлэх гэж яриа мэр сэр байдаг байсаан. Гэтэл одооны кино зохиол бичдэг, киночид нь өөрсдөө банди, шуумрууд байдаг болчихсон юм уу. Тэднийг тойроод дүүрэн банди, шуумрууд эргэлдэж байдаг болж таарч байна уу.

Мөн Монголд огт байдаггүй мафийн тухай их гаргах юм. Яг л солонгос кинонд гардаг шиг мафийн баахан том том хар машинууд, хар шилсэн зүүсэн зэвүүн царайлсан залуус хөлхөлдөөд л. Гуравхан сая хүнтэй, хүн амынх нь талаас илүү нь хүүхэд, залуус байхад ямар юмных нь мафи байх вэ дээ. Дөрвөн жил тутам сонгууль болдог. Сонгуулийн дараа идсэн уусан нь илрээд л шорон оронд орох нь ороод цэвэрлэгээ явагдсаар л ирсэн шүү дээ. Монголд огт байдаггүй эрийг эмлэх банди, шуумрын асуудал, зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэл буюу мафи гэдэг юмны тухай улиг болтол гаргах юм. кинонд нь гарч байгаа бүх хүн, бүх дүр нь Монголдоо ямар ч хайргүй, “Ингэж ална, тэгж цааш нь харуулна” гэж зүгээр “Цай ууя, гадуур алхъя” гэж байгаа юм шиг хээвнэг ярьж ч байх шиг. Хэдий кино ч гэлээ монгол хүн Монголдоо, монгол хүн монгол хүндээ хайртай байдаггүй юм уу.

Монгол киночид Монголыг гутаасан ийм л өгүүлэмжтэй, ядмагхан зохиол, зураг авалттай юм хийгээд тэрийгээ “Кино” гэж нэрлэх болжээ.

Дэлхий дахинаа киног урлаг гэж үзээд тухай тухайн орон нь киноны салбарынхаа бодлого, зураг авалт, зохиол дээр журам мөрдүүлдэг. Хориглох зүйлсийн жагсаалттай. Бас бичигдээгүй олон хуультай. Манайх шиг кинотеатр дагасан киночид тэнд байдаггүй. Тэнд дэлхийн хэмжээний жүжигчид байдаг. Тийм ч болохоор монголчууд Холливудын киног их үзэх дуртай. Америкийн кино бүтээгчдэд байнга мөрддөг хэд хэдэн журам, хэзээд дагадаг бичигдээгүй хууль мэт ёс зүй дээр тулгуурласан зүйлс бий. Олон улсын ажиглагчид ч үүнийг нь гярхай харсан байдаг. кино сонирхогч, киноны хорхойтон бүр ч мэддэг байх гэмээр маш том дүрслэл Америкийн кинонд бий. Тэр бол АНУ-ын төрийн далбаа. Ямар ч кинонд төрийн далбаа нь намирах юм уу, эсвэл заавал үзэгдээд өнгөрөх ёстой байдаг. Одоо ингэж бичихээр санаанд тань бууж байгаа биз.

Хятадын хувьд ярихад сүүлийн үед тус улс олон улсын хэмжээний, дэлхийн хэмжээний чансаатай кинотой болсон. Хятадын кинонд үлгэрийн юм шиг сайхан хятад хүний тухай, хятад хүний үнэнч хичээнгүй сэтгэлийн тухай голчлон өгүүлдэг. Амьдралаас тасарчихсан, амьдрал дээр ийм нинжин хүн байдаг уу гэмээр гол, туслах дүрүүд байдаг ч хятадуудыгаа хэмээсэн сайхан сэтгэл, зүтгэл, эх оронч зориг тэмүүллийг киногоороо янзын гаргах юм. Яахав социалист ч гэлээ ийм өгүүлэмжтэй, хүн хүндээ хайртай, үндэстэндээ хайртай дүрийг киноноос хааяа харах чинь сайхан л юм байна билээ шүү.

Кинонд нь Хятадын төрийн далбааг харууллаа гэхэд яг тэр хэсэгт нь дүрслэл нь удааширч, далбаа нь тогтуун сайхан намирч эхэлдэг. Энэ нь төрийн далбаандаа ач холбогдол өгч, ард түмнийхээ анхаарлыг хандуулж буй далд санаа.

Манайд хаа ч очиж Оросын кино тийм ч их гарахгүй юм. Гарч байгаа нь айхавтар мафитай, айдастай. Оросын киночид гэж манай киночидтой яг адилхан л юмнууд байдаг бололтой. Оростоо хайргүй хүний тухай л гардаг. Ойр хавь, эргэн тойрныхныхоо хүнийг буудаад л унагачихдаг. Энэ бол Оростоо хайргүй л хүний дүр мөн биз.

Эдгээр жишээнүүдийг харьцуулаад Монголын киноны уран бүтээлчдэд, киночдод зориулсан тусгай журам гаргаж өгөх цаг нь болжээ. Нийтлэлийн эхэнд дурдагдсан алдаатай, дутагдалтай зүйлсийг гаргахыг нэгдүгээрт хатуу хориглох хэрэгтэй. Улаанбаатар хот, Монголын байгалийг маш үзэсгэлэнтэйгээр харуул Монгол киног үзсэн гадаад хүн “Монгол хүн гэж ийм гоё хүмүүс байдаг” гэдэг ойлголтыг авах ёстой.

Солонгос савангийн дууриуд байна. Цувралуудын гол дүр нь үзэгдэл бүр дээрээ гоё, цэвэрхэн, индүүдсэн хувцас өмссөн, магадгүй маш тансаг үнэртэй ус цацсан байх даа гэмээр мэдрэмж төрүүлэхүйц нүдэнд тийм дулаахан харагддаг. Эхлээд харахад цэнхэр пальтотой байснаа нь дараа нь шар өнгийнхийг өмсгөчихсөн байдаг. Дараа нь бүр ч гоё пальтотой гараад ирдэг. Тэд дээд зэргийн гоё хувцасладаг. Яг энэ шаардлагыг жүжигчин Ч.Ундрал АНУ-аас эргэж ирснийхээ дараа “Луйвар” кинонд тоглохдоо биелүүлэхийг хичээсэн байдаг шүү. Өөр тийм ганган сайхан, цэвэрхэн эмэгтэйн дүрийг монгол киноноос харалгүй удлаа.
Ядуу зүдүү амьдрал, дайн байлдааны сэдэвтэй кино өөр нь ч өөр л дөө. Харин бусад жирийн амьдралыг харуулсан кинон дээр жүжигчин нь ядаж угаасан хувцастай, хөлсөндөө нэвчээгүй юм өмсөх хэрэгтэй байна. Гол дүрүүдийг маш сайхан хувцастайгаар харуул. Монгол киног үзсэн гадаад хүн “Монгол хүн гэж ийм гоё хүмүүс байдаг” гэдэг ойлголтыг авах ёстой.

Төр байдаг, төрийн захиргаа гэж байдаг гэдгийг мэдрүүлэхийн тулд Монгол төрийн далбааг кино болгон дээр Америкийн жишээ шиг харуулдаг баймаар байна. Учир нь монголчууд төр байдаг гэдгийг огт мэддэггүй. Төр гэдгийг инээдмийн, онигооны шог юм байдаг мэтээр эрээ цээргүй харуулах болсон харамсмаар. Тийм ойлголтыг тархинд нь суулгачихсан болгохоор тэр чигээр нь хаяхгүйгээр харин засахын тулд, төр гэж байдаг, эрхэмсэг зүйл байдаг гэдгийг кинонд төрийн далбаагаа хальт харуулаад ч болов өнгөрөх хэрэгтэй.

Ёс бус үйлдлийг харуулахаас аль болох зайлсхийх, харуулах шаардлагатай бол уран сайхны аргаар дүрслэх хэрэгтэй юм. Дээхнэ үеийн манай киночид тэгдэг л байсан даг.Улайм цайм бузар муухай юмыг харуулаад байхаар хүмүүс яг тэрийг нь дуурайж ёс суртахуунаар мууддаг юм байна, ялзардаг юм байна. Киноны дүрүүдийн хоорондох харилцан яриаг модон биш амьд байлгах хэрэгтэй. Дэлгэцийн, тайзны яриа гээд тус тусдаа ойлголт. Энэ мэт өөрчлөлт, шинэчлэлийг монгол кинонд хийж, тусгай журам мөрдүүлж, киногоор дамжуулж Монгол орон, нийслэл хотоо, монгол хүнийг өөд нь гаргаж, сайнаар харуулмаар байна. Монгол киноны бодлого гэж олон жил ярилаа. Бодлогоор энэ салбар урагшлахгүй нь. Одоо журмыг нь гаргаж өг. Кино зохиолчдын бүтээлд тавих шаардлага, журмыг нь гаргаж өгөөд монголчуудыг, Монгол орныг гутаасан зохиолтой, зураг авалттай кино байвал“Журам зөрчсөн” гэж үзээд дэлгэцэнд гаргах эрхийг нь хаагаад хаячих хэрэгтэй.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Коронавирусийн халдвар аваад эдгэсэн иргэн Д: Бүх юм болно, бүгдээрээ энэ өвчнийг даваад гарч чадна

Коронавирусийн халдвараар өвчлөөд эдгэсэн анхны тохиолдлыг ХӨСҮТ өнгөрсөн гуравдугаар сарын 30-нд зарлаж, эдгэсэн хоёр иргэн маргааш нь эмнэлгээс гарч, сувилалд шилжсэн юм. Монгол Улс дахь коронавирусийн анхны эдгэрэлтийг бүртгүүлсэн тэдгээр иргэд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 9-нд “Өдрийн сонин”-д ярилцлага өгснийг уншигчид та бүхэн санаж байгаа болов уу. Коронавирусийн халдвар аваад эдгэсэн иргэн Д “Би үнэхээр азтай байлаа. Эх орон минь намайг түшээд авлаа” хэмээн тухайн үед ярьж байсан билээ. Түүнтэй дахин ярилцлаа.


-Нөхцөл байдал өдөр ирэх тусам хүндэрч байна. Хатуу хөл хорионд орцгоолоо. Б айдал хурцадвал онц байдал ч зарлах хэмжээний юм яригдаад байна?
-Миний бодлоор одоогоор Засгийн газраас явуулж байгаа арга хэмжээнүүдийг зөв гэж бодож байна. Хүмүүс бүгд айдастай, нөхцөл байдал маш хүнд болчихлоо гэцгээж байна. Гэхдээ миний бодлоор нөхцөл байдал хүнд болсон уу гэвэл, үхэл эндэгдлийн тоо өндөр гараад эхэлдэг ч юм уу тийм байдалд орвол бид хүндэрсэн гэж үзэх ёстой байхгүй юу.
Бид одоо юу хийх хэрэгтэй, яагаад хатуу хөл хорио тавиад байна вэ гэхээр, тийм хүнд байдалд оруулахгүйн тулд, цар тахлыг хяналтгүй алдахгүйн тулд, барих гэж энэ дэглэмийг зарлаж байгаа юм. Хувь хүн ч бай, албан байгууллага ч бай, төрийн байгууллага ч бай дэг журмаа баримталсангүй, ёстой юмыг ёсоор нь хийсэнгүй, алдаа дутагдлаа нуугаад дардаг ч юм уу, тийм зүйл боллоо. Одоо бол алдсан алдаагаа ил тод хэлээд зарлаад засаад явъя гээд зөв шийдвэрээ дагах хэрэгтэй. Хувь хүн ч гэсэн хатуу хөл хорио 14-21 хоног байсан ч гэсэн тэрийг яг л мөрдөх ёстой.
Алдсан халдваруудынхаа тоог гаргаад авчихвал байдал өөр болно. Бид энэ хугацаанд дэлхий дахинаа юу болж байгааг байнга шахуу уншаад, хараад ямар улс яагаад цар тахлыг дотооддоо алдчихав гэдгийг мэдсэн.
Зарим улсууд эхлээд “Маск ерөөсөө хэрэггүй”, “Бид чөлөөтэй баймаар байна” гэж чөлөөт байдал хүсээд олон нийтийн эсэргүүцлийн хөдөлгөөн хүртэл хийсэн. Тийм үйлдлүүдээсээ болоод алдсан шүү дээ. Эмнэлгийн байгууллагынх нь хувьд юу хүнд болсон бэ гэхээр, маш олноороо халдвар авчихсан хүмүүс нэгэн зэрэг эмнэлэгт очиход яалт ч үгүй хүчин чадал нь хүрэлцээгүй. Энэ бүгдийг бид мэдээллийн хэрэгслүүдээр хараад, уншчихсан учраас өөрсдөө тийм байдалд орохгүйн тулд хичээх хэрэгтэй. Тийм байдалд орохгүйн тулд л энэ хатуу хөл хориог тавьж байгааг бүгд ухаарах хэрэгтэй.
-Өнгөрсөн хавар коронавирусийн анхны эдгэрэлтийг та бүртгүүлж байсан шүү?
-Энэ өвчнөөр өвдөөд эдгэсэн анхны монгол хүмүүсийн нэг нь л байсан (инээв).
-Халдвар авсан хүмүүсийн тоо өдөр өдрөөр, хоног хоногоор нэмэгдээд байна?
-Энэ вирусээр халдварлагдаад эдгэсэн хүний хувьд ярихад, халдвар авсан хүмүүс өвдөхөөсөө илүү сэтгэлзүйн хувьд хүнд дарамттай байдаг.
Ер нь халдварыг алдахгүй, маш сайн барьж чадсан ч дотроо алдах нөхцөл байсан шүү дээ. Сүүлийн хэдэн сар бүгд назгайрсан. Маск зүүж байгаа хүн байхгүй, албан газар, үзвэр үйлчилгээний газрууд сул чөлөөтэй байсан. Халдвар авчихсан, өвдчихсөн хүмүүсийг нийгмээрээ буруушаагаад, ямар нэгэн байдлаар дарамтлаад байж болохгүй. Тэр хүмүүс чинь өөрсдөө санаатайгаар тэр өвчнийг аваагүй. Санаатайгаар бусдад тараагаагүй. Өөрсдөө ч өвдсөнөө мэдээгүй байсан.
Миний хувьд ч тэр шоконд орсон гэж ярьж байсан шүү дээ. БНСУ-д байхдаа халдвар, хамгааллын дэглэмээ маш сайн барьж, маск зүүж, бээлий өмсөж байсан мөртлөө яагаад өвдчихөв дөө гээд маш их шаналж байсан. Тэр тохиолдолд хүн чинь өөрөө өвдсөн гэхээсээ илүү, ойр тойрныхон, Солонгост байсан айлынхныгаа өвтгөчихөөгүй байгаа даа гээд маш их санаа зовсон. Бараг л ойртсон, уулзсан хүмүүс маань өвдчихөөгүй байгаа гээд үгээр хэлэхийн аргагүй шаналдаг юм билээ. Гэхдээ яахав надаас халдвар авсан хүн байгаагүй, хариу гарсны дараа л тайвширсан даа. Тэнд байхдаа хар өнгийн маск хоёр, гурван хайрцгийг авч нөөцөлж байсан юм. Тэгээд энд ирсэн хойноо “Маскны чанарыг яаж шалгах вэ” гэдэг зөвлөгөө байхаар нь тэр дагуу өнөө маскнаасаа зүүгээд шүдэнз асаагаад үлээсэн чинь шууд унтарчихсан. Тэгэхээр нь аптекаар зарж байгаа нэг удаагийн цэнхэр маскийг зүүж байгаад үлээсэн чинь шүдэнз унтраагүй. Тэрнээс “Маскны чанар маш сайн байх ёстой юм байна” гэж бодсон шүү. Хальс шиг л нимгэн муу маск байсан юм билээ. Чанартай маск зүүх хэрэгтэй юм байна, маскаа ойр ойрхон солих хэрэгтэй юм байна, гэхдээ энэ өвчнөөр өвдлөө ч эдгэж болдог өвчин юм байна аа гэж бодсон. Орчин үеийн анагаах ухаан энэ өвчнийг эдгээж чадаж байна. Энэ өвчнөөс биед үлдсэн урхагтай юм алга. Эв эрүүл, саруул тунгалаг болсон. Хамгийн гол зүйл бол эмнэлгийн байгууллага дээр хэт хүнд ачаалал үүсвэл эргээд эмнэлэг маань тэр ачааллаа даахгүй болно гэдэг том аюул байгаа юм. Та бид Итали улсын туршлагаас харсан шүү дээ. Сүүлдээ хөгшин настай хүмүүстээ эмчилгээ хийхгүй орхиж байсныг сонссон шүү дээ, энэ бол сэтгэл өвдмөөр. Эмнэлгийн ачаалал нь хэтэрсэн учраас тийм байдал руу орсон болохоос биш энэ өвчнийг дийлж чадахгүйдээ тэгээгүй. Эдгээж чадна, хүндэрсэн ч эдгээж чадна. Тийм болохоор бидэнд хичээгээд зүтгэх хэдэн сар л байна. Вакцин гартал халдвар хамгааллын дэглэмээ сайн бариад, маскаа сайн зүүгээд, гараа савандаж угаагаад эрүүл зөв хооллож, дархлаагаа дэмжээд, сэтгэл санааны хувьд тайван “Бүх юм болно, бүгдээрээ даваад гарна. Болно оо” гэсэн итгэлтэй, эрүүл сэтгэлзүйтэй байх шаардлагатай. Ийм байхад бид давж чадна аа.
-Та эмчилгээний үеэр болон тусгаарлалтад байхдаа сэтгэлээ хэрхэн тайвшруулж байв?
-(Инээв). Тусгаарлалтын өрөөнд байхдаа хүн ирж буй чимээнээр л маскаа бушуухан зүүж, бээлийгээ өмсдөг байлаа. Ном их уншсан. Гав ганцаараа байсан юм чинь. Юм унших, бичих гээд өөрийнхөө дуртай жижиг жижиг юмнуудаа хийж сатаарч байсан. Болж өгвөл өрөө жижиг ч гэлээ биеэ хөдөлгөж, дасгал хөдөлгөөн хийж байсан. Тэгэхгүй бол хэвтээд байвал эргээд тэрэндээ ядрахаар юм билээ. Тэгэхээр гэртээ байх хугацаандаа тодорхой хэмжээгээр дасгал хийж байвал зүгээр юм билээ. Стресстээд байвал шөнө нойр ч хүрэхээ байна.
Тухайн үед БНСУ-ын нислэгийг цуцлаад эх орон руугаа явах гэж байсан хүмүүс 21 хоног хэцүүдсэн шүү дээ. Тэр үед миний байсан айлынхан өглөө ажилдаа явчихна. Би өдөржингөө ганцаараа байдаг байсан. Тэгэхдээ би тэндхийн зурагтын нэвтрүүлгүүдийг их үздэг байсан. Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, сошиал нь хүмүүстээ өгч байгаа мэдээ, мэдээллүүд нь бүгд эерэг байсан. Энэ өвчний тухай ярилаа гэхэд шинжлэх ухааны үндэслэлтэй, тайлбартайгаар ярьж байсан. Уламжлалтын анагаах ухааны нэгэн эмч эрүүл мэндийн жижигхэн буланд зөвлөгөө өгч байгаа юм. Би хэлийг нь ойлгохгүй байгаа ч тэр эмч дархлаа дэмжих шөл яаж хийдгийг зааж өгч байсан. Тэр эмч өөрөө шөлөө хийгээд харуулж байгаа юм чинь.
-Сонирхолтой юм аа?
-Гадаад хүн ч тэр бичлэгийг хараад л дагаад хийж болохоор тийм ойлгомжтой тайлбарлаж байгаа юм. Эсвэл сурвалжлагч явж байгаад нэг байгууллага руу ороод “Энэ хүн түрээс төлөгчдөөсөө энэ сард төлбөр авахаа больж байгаа юм байна шүү” гээд сурвалжлага хийгээд танилцуулж байх жишээний. Нийгэмд зөв, эерэг уур амьсгалыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нь өгдөг юм байна даа гэж харагдсан. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл энэ талаараа нийгэмд маш том үүрэгтэй. Гэтэл одоо Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг харахаар төдөн хүн өвдлөө, төдөн хүн халдвар тараалаа гээд л, тэр хариуцсан том дарга нар нь ширүүн дориун загнаад л. Ерөнхийдөө их хүнд санагдаад байгаа юм, дээр хэлсэн Солонгосын жишээтэй харьцуулахад. Тийм эерэг нэвтрүүлгүүдийг хараад хэвтэж байхад хүртэл “Өө тэгдэг байх нь, ямар гоё юм, сайхан юм” гээд л сэтгэл их тайван байдаг юм билээ дээ.
Одоо миний санаа зовоогоод байгаа нэг зүйл байна. Яг халдвартай иргэдтэй тулж ажиллаж буй эмнэлгийн эмч, ажилтнууд халдвар авч буйд маш их эмзэглэж байна. Монголчуудын ихэнх нь өнөө зун хөдөөгүүр аялж, нар салхинд гараад сайхан амарцгаасан. Гэтэл тэр эмнэлгийн ажилтнууд амраагүй. Бүтэн 7-8 сарын турш өдөр шөнөгүй ажилласан. 14 хоног ажиллаад, 14 хоног карантинлагдаад байнгын стресстэй нөхцөлд ажиллаж байсан шүү дээ. Эмч нар минь ядраад эхэлжээ, туйлдаж байна гэж иргэн хүнийхээ хувьд харж байна.
-“Энхсаран” сувилалд халдвар хамгааллын дэглэм алдагдсанаас асуудал үүсч, тус сувиллыг хааж тусгаарлагдаж байсан иргэдийг зөөвөрлөсөн. Та тэр сувилалд тусгаарлагдаж байсан байх аа. Тухайн үед дэглэмээ чанд баримталж байсан байх. Сүүл рүүгээ нэлээд назгайрсан талаар юм дуулдсан шүү?
-Би чинь “Энхсаран”-д тусгаарлагдаж байхдаа хүний хөлийн чимээ дуулдав уу үгүй юу шууд л маскаа аваад зүүчихдэг тийм өндөр хамгаалалттай байсан байхгүй юү. Өрөөнөөсөө толгойгоо ч цухуйлгадаггүй. Хоолоо авахдаа аягаа нэг жижиг шүүгээн дээр л тавьдаг, тийм хэмжээний дэглэмтэй байлаа.
Түүнээс биш сая дуулдсан шиг тийм замбараагүй юм үнэхээр байгаагүй. Сүүл рүүгээ зөвхөн тэр сувилал гэлтгүй бүгдээрээ суларсан л даа. Гайгүй болчихлоо гэж бодсон уу, яав. Одоо бүгдээрээ алдаагаа засаад л цаашаагаа явах хэрэгтэй.
-Танд өвчний шинж тэмдэг харьцангуй багавтар илэрсэн гэсэн. Илрэхдээ жирийн ханиад хүрсэн мэт мэдрэгддэг гэсэн?
-Ирэхийн урьд өдөр, нислэгтэй өдөр л толгой жаахан өвдөөд, хоолой бага зэрэг хөндүүртэй байсан. Өөр ямар ч шинж тэмдэг байгаагүй. Ядраад л толгой өвдөж байна даа гэж бодож байснаас биш халдвар авчихлаа гэж бодоогүй. Өөрөөр бие хаа өвдөөд өндөр халуурсан юм байгаагүй. Одоо бодоход хөнгөн хэлбэрээр өвдсөн юм билээ. Харин ч би эмнэлэгт хэвтээд, эмч нар маань маш сайн анхаарсанд азтай хүн шүү. Гэхдээ би хагалгаанд ороод удаагүй, дархлаа муутай байсан учир тэгж эмчлүүлээгүй бол хүндэрчихэж ч болох байсан юм билээ.
-Та эмнэлэг, тусгаарлалтад байхдаа дархлаагаа дэмжих зорилгоор юу юу идэж, ууж байв. Ямар хоол голчлон өгдөг юм байна?
-Шингэн зүйл сайн ууж байсан. Шөлтэй хоол л ихэвчлэн иддэг байсан. Витамин С, чацарганы шүүс түлхүү ууж, хэрэглэж байсан.
-Та бол энэ аюулт вирусийг даваад гарчихсан хүн. Бие болоод сэтгэл зүйн хувьд дархлаатай болсон гэдэг тань ярианаас тань анзаарагдаж байна шүү. Та нийт монголчууддаа, энэ цар тахлаас болж сандарч тэвдэж байгаа хүмүүст хандаж ямар зөвлөгөө, сэтгэлийн дэм өгөх вэ?
-Баярлалаа. Өвдсөн хүмүүстээ хэлэхэд “Эдгэнэ ээ. Эдгэнэ гэдэгтээ итгэлтэй байх хэрэгтэй”. Бид нар бүгдээрээ мэдэж байгаа өнөөдрийн байдлаар (өчигдрийн байдлаар) 470 гаруй хүн өвдсөнөөс 330-аад хүн нь эдгээд бусад хүмүүс нь эмчлэгдэж байна. Өөрийгөө болон хэн нэгнийг битгий буруутга, энэ чинь халдварт өвчин шүү дээ. Эхлээд айж ичиж, ганцаардаж, хэцүү л байдаг юм байна лээ. Анхандаа миний нойр хүрэхгүй ядраад хэцүү байсан, нойрны эм хэрэглээд гайгүй болж байлаа. Гадны улсуудын ерөнхийлөгч, нэртэй алдартнууд нь ч хүртэл өвдсөн, хөл хорионд орсон, эдгэсэн гээд л ил тод танилцуулаад байна. Өвдсөн хүмүүс нь буруутай юм шиг, хэрэгтэн юм шиг хандаж тэр хүнээс болж халдвар гарсан мэт яриад байвал хүмүүс улам л халдвараа нууж, улам л вирус тарах эрсдэл үүсч болно шүү. Гэтэл тэр гадны алдартай хүмүүс өөрсдийгөө ил тод хэлж байгаа нь нийгэмд хэн ч өвдөж болно, энэ хэний ч буруу биш, цагт нь шинжилгээгээ өгөөд, өөрийгөө тусгаарлаад, эдгээд гараад ажлаа хийгээд явж байна аа гээд зөв талаас нь харуулж байна гэж би бодож байна.
Тийм болохоор одоо өвдсөн байгаа хүмүүстээ дахиад хэлэхэд эдгэнэ ээ, гэхдээ хугацаа бол орно шүү. Нэлээд удаан хугацаанд хорионд байна. Учир нь эдгэсэн ч, зовиургүй байсан ч биеэс вирус бүхэн арилтал, халдвар тараахгүй болтлоо тусгаарлагдана. Эдгэсэн бүх хүмүүс үүнийг давсан гарсан байгаа. Та эдгэнэ ээ, бүх зүйл сайхан болно. Эрүүл ахуйн дэглэмүүдээ сайн сахиж, гараа тогтмол угааж, сайн хоолоо идэж, сайхан юм бодоорой. Эмнэлэгт байх үед ойр дотны хүмүүс маань сэтгэл санаагаар маш их дэмжиж байсан. Миний хувьд гэр бүл, ээж, үр хүүхэд, найз нөхдийн маань байнгын сэтгэлийн дэмжлэг байгаагүй бол их хэцүү байх байсан гэж боддог юм. Нийт монголчууддаа хандаж хэлэхэд, бүгдээрээ хичээж халдварын тархалтаа барьж, намдаагаад шинэ жилээ ковидгүй угтацгаая аа гэж хэлье.
Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Сарнаас байгалийн хий, нефть орлох ховор элементүүдийг олборлоно

“ARTEMIS” ХЭЛЭЛЦЭЭРТ НАЙМАН УЛС НЭГДЭВ

Энэ сарын дундуур АНУ, Австрали, Канад, Итали, Япон, Люксембург, Арабын нэгдсэн Эмират, Их Британи гэсэн найман улс НАСА-гийн “Artemis” хэлэлцээрт гарын үсэг зурсан юм. Тэд өнгөрсөн тавдугаар сард энэ хэлэлцээрийн нээлтийн ёслолыг онлайнаар хийсэн бол энэ удаад гэрээнд гарын үсэг зурснаар хэлэлцээр хүчин төгөлдөр хэрэгжиж эхэллээ. Долоон хуудас энэхүү хэлэлцээрт, ирээдүйд саран дээр байгуулагдах баазуудад аюулгүйн бүс бий болгох, хайгуулын ажлыг энх тайвнаар хийх, ил тод ажиллах, сарны нөөцийг зохистой ашиглах, сансрын хөлөг бүтээх, ажиллуулахад хамтран ажиллах зэрэг тодорхой заалтуудыг оруулжээ.

Эдгээр найман улс саран дээр хайгуул хийж, олборлолт хийхдээ эв найрамдалтай байж, өндөр хариуцлагатайгаар хамтран ажиллана гэдгээ гэрээндээ тусгасан байна. НАСА-гийн дарга Жим Бриденстайн ийм хэлэлцээр байгуулсанд талархаж буйгаа илэрхийлж “Дэлхийн эвсэл байгуулагдлаа” хэмээн онцолсон бол НАСА-гийн Олон улс болон Агентлаг хоорондын харилцааны газраас “Энэ хэлэлцээр зарим буруу ташаа ойлголтыг засах, сансар огторгуй болон дэлхий дээр гарах зөрчилдөөнөөс зайлсхийхэд туслах болно” гэж дүгнэжээ. Энэ хэлэлцээрийн дагуу НАСА 2024 онд сансрын нисгэгчдээ, тэр дундаа анхны эмэгтэй нисгэгчээ сар руу илгээхээр төлөвлөжээ. Энэ гэрээ нь 1967 онд батлагдсан “Сансрын гэрээ”-нд үндэслэгджээ. “Сансрын гэрээ”-нд гадаад сансар огторгуйд цөмийн зэвсэг болон үй олноор хөнөөх зэвсэг ашиглахыг хориглох, сансар огторгуй, сар болон гариг эрхэстэй энх тайвны зорилгоор харьцах ёстой гэх мэт зүйлсийг заасан байдаг юм байна.


УЛС ОРНУУДЫН САЛАНГИД СОНИРХЛЫГ “ARTEMIS” ЗАНГИДАЖ ЧАДЛАА

НАСА-гийн “Artemis” хэлэлцээрийг байгуулах зайлшгүй хэд хэдэн шалтгаан байсны нэг нь улс орнуудын салангид ашиг сонирхол байсан юм. Уг хэлэлцээрээс өмнө

АНУ-ын хувьд саран дээр НАСА-гийн байнгын бааз байгуулбал сансар судлалын зардлыг 90 хувиар бууруулах боломжтой гэсэн дүгнэлт гаргаж, сарны тогоонуудаас ус олборлож, хүчилтөрөгч, устөрөгчөөр нь пуужингийн түлш болгож, саран дээр түлш түгээгүүр байгуулж болно гэдэг саналыг хэлж байсан удаатай.

Харин Европын Сансрын агентлаг буюу ЕСА саран дээр олборлолт хийхээр төлөвлөж байгаагаа мэдээлсэн. ЕСА-ийн мэргэжилтнүүд пуужин үйлдвэрлэгч “Ariane” компанитай хамтран саран дээр олборлолт хийх тухай төлөвлөгөө боловсруулах гэрээ хүртэл байгуулсан бол Япон улс 2030 оноос өмнө АНУ-тай хамтран сарны тойрог замд ажиллах “Gateway” хөлгийг бүтээж, хөөргөхөөр төлөвлөж, 2035 онд сарны өмнөд туйлд түлшний үйлдвэр байгуулна гэж тус тус мэдэгдэж байсан. Харин одоо энэ бүх ажлыг “Ar­temis” хэлэлцээр зангидахаар болж байна.

САР БАЙГАЛИЙН ХИЙ, НЕФТИЙГ ОРЛОЖ ЧАДАХ ОЛОН ТӨРЛИЙН ХОВОР ЭЛЕМЕНТТЭЙ

Дэлхийн байгалийн баялаг 200-300 жилийн дараа шавхагдана гэдэг судалдааг одоогоос 30-аад жилийн өмнө АНУ-ын эрдэмтэд гаргасан. Ийм судалгаа гарсны дараа эрдэмтэд сарнаас эрдэс баялаг, газрын ховор элемент олборлож болох хувилбар бийг хүн төрөлхтөнд сануулсаар ирсэн юм. Энэ сэдвийг хөндсөн томоохон хурал Канадын Кубект болоход геологи, сансар судлалын бүхий л эрдэмтэн, судлаачид “Ойрын хугацаанд сарнаас олборлолтоо эхлүүлье, сар хүн төрөлхтний хэрэгцээг хангах боломжтой” гэдэг дээр санал нэгдсэн юм. Ингээд энэ хурлын үеэр уул уурхайн компаниуд “Канадарм” төслийн хүрээнд сар руу судалгааны роботоо илгээж, ашигт малтмалын хайгуул судалгаа явуулахыг дэмжсэн билээ. Хайгуулчдын хувьд дэлхийн оршин суугчид сарнаас шинэ эрчим хүчний эх үүсвэр болох ураныг орлох эрдэс олно гэж найдаж байгаа нь ч талаар өнгөрсөнгүй. Сарыг зүгээр л сөнөсөн гариг, дагуул, үхмэл гариг гэж үзэж байсан бол манай дэлхийн дагуул үнэндээ газрын гүндээ нефть, байгалийн хийг орлож чадах олон төрлийн ховор элементтэй гэдгийг олон жилийн судалгааны явцад тогтоочихоод байна. Тийм учраас улс орнууд ийнхүү нэгдэж, сарнаас байгалийн хий, нефть орлох газрын ховор элементүүдийг олборлох ажилд гол анхаарлаа хандуулчихаад байна.

САРНЫ ЧУЛУУЛАГ

Сарны чулуулаг дэлхийнхтэй найрлагын хувьд ижил боловч харьцаа нь өөр. Титан, циркон болон хөнгөн кали, натри бүхий дэлхийн базальттай төстэй боловч цацраг идэвхт элемент ихээр агуулсан байдаг. Оливин (хрозолит ч гэж нэрлэдэг), пироксин, плагиоклаз жонш зэрэг дэлхий дээрх чулуулагтай адил эрдсүүдээс бүтсэн байдаг. Плагиоклаз жонш сарны царцдаст ихэвчлэн тархсан байхад оливин, пироксен ихэвчлэн сарны мантид тохиолддог. Эрдсийн ильменит зарим тэнгисийн хүрмэн чулуулагт маш элбэг тохиолддог.

Сарны дээжээс илэрсэн шинэ эрдсийг армаколит гэж нэрлэсэн байдаг. Сарны тэнгис ихэвчлэн базальтаас бүрддэг байхад өндөр уулархаг хэсгүүд төмөр бага анортозит, кальциар баялаг плагиоклаз жоншоос бүрддэг. Сарны гадаргын гол чулуулаг троктолит, норит зэрэг магмын чулуулаг, кали, фосфор, газрын ховор элементүүд агуулсан базальтууд байдаг.

Сарны гадаргын чулуулгууд брекчийн гаралтай тохиолддог. Үүслээс нь шалтгаалан хэмхдэс боржинлог, мөргөлдөлтөөс үүссэн хайлсан брекчи гэж ангилан нэрлэдэг. Саран дээрх чулуулгийн нас 4.6 тэрбум жил буюу дэлхийн настай ойролцоо. Энэ нь нарны системийн үүсэл нэг гэдгийн баталгаа болж байдаг юм. Сарны дотоод бүтэц нь дэлхийнхтэй ойролцоо бөгөөд царцдасны зузаан нь 55 километр, манти нь 1000 километр, түүнээс цааших гүнд цөм нь оршдог.

ГЕОЛОГИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫГ НЬ СУДЛАХААР ДЭЭЖ АВЧИРСАН ЦОРЫН ГАНЦ ОДОН ОРНЫ БИЕТ БОЛ САР

Сарны геологийн судалгааг дэлхийгээс теле дурангаар ажиглах, сансрын тойрог замын хөлгүүдээс хэмжилт хийх, сарнаас дээж авах, геофизикийн мэдээлэл цуглуулах зэргээр хийдэг. Сар бол дэлхийн хүн төрөлхтний хувьд геологийн нөхцөл байдлыг нь судлахаар дээж авчирсан цорын ганц одон орны биет. Сарны гадаргуугийн ихэнх хэсэг судлагдаагүй, геологийн асуулт тайлагдаагүй хэвээр байгаа юм.

Сарны геологи дэлхийнхээс нэлээд ялгаатай. Саран дээр агаар мандал байхгүй учраас цаг агаараас шалтгаалсан элэгдэл явагддаггүй, плат тектоник явагддаггүй, таталцлын хүч сул, жижиг хэмжээтэй учраас амархан хөрдөг.

САРАН ДЭЭР ЯМАР ЭЛЕМЕНТҮҮД ТҮГЭЭМЭЛ БАЙДАГ ВЭ

Сарны гадаргуу дээр хүчилтөрөгч, цахиур, төмөр, магни, кальци, хөнгөн цагаан, манган, титан зэрэг элементүүд байгаа нь нотлогдсон. Тэдгээрээс хүчилтөрөгч, төмөр, цахиур маш их хэмжээгээр байдаг. Хүчилтөрөгчийн агуулга 45 хувь. Нүүрстөрөгч, азот нарны салхиар ирсэн дусал төдий л байдаг юм байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хорьж тэжээж байснаас хохирлыг нь барагдуулсан нь дээр

Өнгөрсөн наймдугаар сард УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа нийтийн албанд томилогдох эрхээ зургаан жилийн хугацаагаар хасуулж, 2.6 жилийн хорих ял сонсож Луусан руу явсан. Тэгвэл саяхан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс түүнд холбогдох хэргийг хянан хэлэлцээд, нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилийн хугацаагаар хасах шийтгэлийг хэвээр үлдээж, 40 сая төгрөгөөр торгох ял оногдуулж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, мөн эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж ялыг нь хөнгөрүүлж сулласан. Гэтэл олон нийт буюу нийгмийн сүлжээнд идэвхтэй байдаг сошиалынхан энэ үйл явдлыг үнэн сэтгэлээсээ үзэн ядаж, жигшиж, сошиал давлагаа үүсгэж, өдөр шөнөгүй л хараалаа урсгаж байна. Сошиал хэрэглээгээрээ Азидаа дээгүүрт ордгийг ч хэлэх үү сошиалынхан ямар нэг сэдэв дээр ингэж овоорч, тал талаас нь харагдаад байдаг гэм бий. Ер нь үе үе ингэж давлагаа үүсгэж байгааг нь санаатай, санаандгүй гэж хэлж ангилж мэдэхгүй юм. Гэхдээ давлагаалсан мэдээлэл ихэнхдээ санаатай л байдаг. Б.Ундармааг шоронд явуулснаар сошиалчдад ямар ашигтайг ер ойлгохгүй нь. Энэ хүнийг өөрсдийн татварын мөнгөөрөө цагаар хооллож, хувцаслаж, дулаан газарт байлгаж байснаас суллаж гаргаад ажил хөдөлмөрт нь зүтгүүлж, учруулсан хохирлыг нь барагдуулж байсан нь хамаагүй дээр биш гэж үү?

2005 оны тавдугаар сард хадгаламж зээлийн хоршоодын хохирогчид анх удаа Сүхбаатарын талбайд гарч эсэргүүцлээ илэрхийлснээр хадгаламж зээлийн хоршоодын дампуурлын шуугиан нийгмийг цочроож, дуулиан нь олон жил үргэлжилсэн. Тэр үед “Өдрийн сонин” “ХЗХ-ны эздийг шоронд битгий явуул, хөдөлмөр хийлгэ. Ажлыг нь үргэлжлүүлэн хийлгэж, тэдэнд итгэж мөнгөө хадгалуулсан иргэдийг хохиролгүй болгоход нь анхаар” гэж олон цуврал нийтлэл бичиж байсан ч хэн ч тоогоогүй. Яг л өнөөдрийнх шигээ “Шоронд явуул, шонд өлгө” гэж уухайлан орилолдоцгоосон. Өнөөдөр тэр бүхнийг эргээд харахад тухайн үед манай сонины гаргаж, нийгэмд дэвшүүлж байсан санаа, хүмүүсийг сэхээрүүлж, сэрээх гээд бараагүй энэ сэдэв маш зөв байсан юм билээ. Сампилдэндэв, Мэндбаяр зэрэг ХЗХ-ны эздийг шоронд явуулахгүйгээр, наранд байлгаж байгаад хүмүүсийн хохирлыг төлүүлэх боломж бүрэн байсан. Тэд ч өөрсдөө шүүх хурал дээр “Би бүх хохирлыг барагдуулж чадна. Би чадна” гэж хичнээн ч хэлээд хэн ч хэрэгсээгүй, шууд шорон руу аччихсан.

Хожим нь “Глоб кредит” ХЗХ-ны тэргүүн Ж.Мэндбаяр “Би хадгаламж эзэмшигчдийнхээ хохирлыг өөрөө бүрэн барагдуулъя гээд байхад төр зөвшөөрөөгүйгээр барахгүй намайг шоронд суулгасан. Тэгэнгүүтээ манай хоршооны нэр дээр бүртгэлтэй их хэмжээний хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнээр хуйвалдан зарсан” хэмээн болсон явдлыг нийтэд дэлгэсэн. ХЗХ-ны эздийг шоронд явууллаа гээд жирийн иргэдэд юу ирэх байсан юм бэ. Яг Ж.Мэндбаярын ярьсанчлан ХЗХ-ны эздийн бүх хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрынхан үрэн таран хийж, цагдаагийн хэдэн хурандаа л тэрбумтан болж, хагартлаа баяжиж барилга байшин барьсан шиг ээ, байр сууц худалдсан шиг ээ сууж байгаа дуулддаг.

Санхүү, мөнгөний асар их эргэлттэй компани, байгууллагын үйл ажиллагаанд ямар нэг асуудал үүсвэл яаран шоронд хийх бус харин ухаалаг зохицуулалт хийж, хохирлыг барагдуулдаг зарчим олон улсад үйлчилдэг. БНСУ-ын ерөнхийлөгч асан Пак Гын Хэгийн авлигын хэрэгт нэр холбогдож, шоронд сууж байсан хүмүүсийг бүгдийг нь шоронгоос суллачихсан. Шалтгаан нь ердөө “Та нар хөдөлмөрлөж хохирлоо барагдуул. Солонгосын ард түмэнд мөнгө олж өг” гэсэн. Тэд шоронгоос гарангуутаа л тус тусын салбартаа очиж, царцсан бизнесээ хөдөлгөж, тоосонд дарагдсан үйлдвэрээ ажиллуулж байна. Тус улсын хувьд улсад болоод иргэдэд их хэмжээний хохирол учруулсан этгээдийг яаравчлан хорихоос илүүтэй бизнесийг нь үргэлжлүүлэн явуулах боломжийг нь хангаж, өрнөөс гарах гарцыг нь өөрөөр нь олуулдаг жишиг бий. Тиймээс энэ жишгээр сошиалчид Б.Ундармааг зүхэхээ зогсоож, харин иргэдийн хохирлыг хэрхэн барагдуулахыг чимээгүй хараад сууж байх нь зөв юм. Хэрвээ Б.Ундармаа байхгүй бол түүний бүх хөрөнгө үнэгүйдэж, алга болохыг бид ХЗХ-ны эздийн бэлээхэн гашуун түүхээс харж болно. Б.Ундармаа шоронд суугаад байвал хэн түүний хохирлыг барагдуулах юм бэ. Хэн ч өмнөөс нь барагдуулахгүй. Б.Ундармаа нийгэмдээ хөдөлмөрлөж, хөдөлж байвал учруулсан хохирлоо барагдуулж л таарна.

Угтаа бизнес эрхлэгчдийг шоронд суулгана гэдэг бол амны хишгээ арчиж байгаатай агаар нэг шүү. Харин тэднийг шоронгоос гаргаж, хийж байсан бизнесийг нь үргэлжлүүлэн хийлгэж, учруулсан хохирлыг нь төлүүлнэ гэвэл хэд ч нугалаад төлж чадах л улс шүү.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Төсөв тойроод мөндөр шиг шаагих сэтгүүлчид минь, та нар “Бидэнд юу өгсөн бэ” гэж асуусан уу

Засгийн газар энэ сарын эхээр 2021 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барьсан.

Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 11.8 их наяд төгрөг буюу ДНБ-ий 27.9, зарлага 13.9 их наяд төгрөг буюу ДНБ-ий 30 хувь байна гэж тооцжээ. Энэ удаагийн төсвийн төсөл анхаарал татах олон өнцөгтэй байгааг сэтгүүлчид онцолж, энэ сэдвийг тойрч мөндөр шиг шаагьцгаан “Тэр өөрийнхөө аймаг, тойрогт олон тэрбумыг тавиулчихлаа”, “Манай тойрогт юм өгсөнгүй”, “Тэнд бага хөрөнгө төсөвлөчихлөө. Уг нь ихийг төсөвлүүлэх ёстой байсан. Энэ мэдээллийг олонд түгээгээд хүний анхааралд өртүүлээд өгөөч” гэх хүмүүсийн захиалгаар яг хэлснийг нь давтан ярьж, бичицгээж нулимс асгаруулан гүйж, ирэх оны төсвийн төлөө орилолдоод явж байна. Тэгвэл сэтгүүлч та бүхэн төсөв хэлэлцэж байгаа эрх мэдэлтнүүдээс “Бидэнд төсвөөс юу өгсөн бэ. Юу өгөх гэж байна” гэж асуув уу. Ингэж асууж байгаа ганц ч болов сэтгүүлч байна уу.

Монголд хэвлэл мэдээллийн салбарт төрийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй. Төрийн дэмжлэггүй бол явахгүй шүү. Сонины салбарт гэхэд цаас, шуудангийн зардал бол хувийн хэвшлүүдийн хувьд дааж давшгүй өндөр даваа болдог. Тогтмол, өдөр тутам гардаг энэ зардлуудад сонинууд ямар их туйлддаг гэж санана. Төр сонины цаас, шуудан хүргэлтийн зардлыг нь хариуцаад явчихад болохгүй зүйл байхгүй. Үүнээс гадна төрийн байгууллагууд тендер зарлуулах, үйл ажиллагаагаа сурталчлахдаа сонинтой хамтарч байх нь энэ салбарыг дэмжих том алхам болно. Телевизийн салбарт ч мөн дахин дамжуулах станц, телевизийн нэвтрүүлгээ улс орон даяар цацахад сүлжээний асуудал хүнд тусдаг учир төрийн дэмжлэг хэрэг болдог. Төр нь хэвлэл мэдээллийн салбарт бодит хөрөнгө оруулалт, дэмжлэг, туслалцаа үзүүлсний үндсэн дээр л Монгол Улсад хэвлэл мэдээлэл оршин тогтноно. Яагаад энэ салбарт төрийн дэмжлэг шаардлагатай вэ гэхээр монголчуудын ихэнх нь ядуу. Ядуу учраас хэвлэл мэдээллийн үйлчилгээг тарифт үнээр нь авч чаддаггүй. Хоёрдугаарт, манай улс хүн ам цөөтэй. Дэлхийн газар нутгийн 10 хуваасны нэгтэй тэнцэхүйц хэмжээний өргөн уудам газар нутагтай. Ийм өргөн уудам талыг шуудан холбоогоор туулан сонин хэвлэл хүргэх, телевизүүд дахин дамжуулалт хийхэд яалт ч үгүй өндөр зардал гаргадаг.

Сонин, тогтмол хэвлэлүүд шуудангаар олон мянган километр замыг туулан очихоос өөр аргагүй. Телевиз сансрын дахин дамжуулалтын тусламжтайгаар хөдөө хязгаарт нэвтрүүлгээ цацахаас өөр сонголтгүй. Хэвлэл мэдээллийн голлох байгууллагууд ард иргэддээ мэдээлэл хүргэхийн тулд энэ мэт маш хүнд ачааг төдийгөөс өдий хүртэл нуруундаа үүрч ирлээ. Хэрвээ энэ болгоны төлбөрийг төр төсөвтөө шингээж хэвлэл мэдээллийн салбарт тогтмол төсөв суулгаад хэвшчихвэл иргэдийн хувьд бодит мэдээлэл цаг алдалгүй авах боломж нээлттэй болно.

Заримдаа гэлтгүй ер нь ихэнх бизнест төр тодорхой хэмжээгээр оролцож баймаар харагддаг юм. Монголын бизнес гуравхан хоногийн настай. Дорхноо дампуурдаг, эсвэл хөгждөггүй. Төр оролцоод л зөв зохицуулалт хийгээд замыг нь чиглүүлээд өгчихвөл урагшаа явчихмаар ажил олон бий. Хүн болгоны мэдэх нэг жишээ байна л даа. Атарын гуанзыг баруун тийшээ явдаг машинтай хүн болгон мэднэ. Зах зээл эхлэхэд 30 жилийн өмнө тэр хавьд хоолны гэрүүдийн үйл ажиллагаа эхэлж байлаа. Одоо яг тэр хэвээрээ. Ерөөсөө хөгжөөгүй. 30 жилийн өмнө хэдэн том хар гэрүүд бариад эхэлсэн. Өнөөдөр бахь байдгаараа. Жинхэнэдээ тэнд хүн буугаад бие засаж, хоол идэхийн аргагүй. Монголчууд тулдаа л иддэг байх. Зун нь ялаа язганаж, өт буцалсан ил жорлонтой, өвөл нь тэр жорлонгийнх нь ялгадас овоороод дээр нь сууж боломгүй. Зөөврийн устай болохоор усаа хэмнээд өдөржингөө устай ганцхан түмпэнд аяга, тавгаа зайлаад л хүнд хоол хийж өгдөг. Ийм газрыг хөгжиж байна гэх үү. Зүй нь энд төр оролцох ёстой байсан юм. Гуанзны тоонд хязгаар тавих юм уу эсвэл газар дээр нь барилга байшин барьж өгөөд үйл ажиллагаагаа явуулаад эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр хамтарч ажиллая гэсэн бол өнөөдөр дүр зураг өөр байх байсан. Ийм төрийн зохицуулалт тэнд хэрэгтэй л байж дээ гэж одоо харагддаг шүү. Үүн шиг хэвлэл мэдээллийн салбарт төрийн зохицуулалт хэрэгтэй. Гайгүй бичдэг болгон нь хэвлэл мэдээллийн компани байгуулаад гараад явснаас угаас хүрээ багатай байсан зах зээлийг олон жижиг хэсэг болгож тарамдуулаад хаячихсан. Бүгд хоосон ядуу болохоор хэвлэл мэдээлэл тэр чигээрээ дархлаагүй болж ямар ч захиалагчийн өмнө өвдөг сөхөрч, хэн дуртай мөнгөтэй хүний бөгсний алчуур болж хувирчихсан юм. Тэгэхгүй гээд ч яах юм. Ийм эдийн засагтай үед турж үхэлтэй биш. Нөхцөл байдал нь ийм байхад ямагт бусдын төлөө өөрсдийгөө умартан гүйдэг, төсвийн асуудлыг тойроод мөндөр шиг шаагьж байгаа сэтгүүлчид минь ганц ч удаа болов өөрсдөдөө зориулж төрөөсөө мөнгө нэхээч ээ.

Түрүүчээсээ төсвөө тануулсан хэвлэл мэдээллийн байгууллагууд задрахад ойртоод байна. МҮОНРТВ-ийн төсвийг хассанаас дотор нь ажилладаг сэтгүүлч, уран бүтээлчид, ажилчид нь эсэргүүцэл илэрхийлж тухайн телевиз бут үсрээд байхгүй болох гэж байна шүү дээ. Иддэг хоол нь багасчихсан болохоор үлдсэн хоолон дээрээ алаан болж байгааг бүгд харж байгаа.

Сэтгүүлчид бид хэдий болтол өөрсдийн салбараа орхигдуулах ёстой юм бэ. Ирэх оны улсын төсвийг хэлэлцэж буй энэ эгзэгтэй үед сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагууд, энэ салбарт харьяалагддаг хүн бүр УИХ-ын гишүүд болоод холбогдох хүмүүст нь нөлөөлж, хүчтэй лобби хийж, шахалт үзүүлэх хэрэгтэй байна.

Жил бүр хэвлэл мэдээллийн салбарт улсын төсвөөс мөнгө суулгуулдаг болох хэрэгтэй. Өнгөрсөн жил манай сонин мөн энэ сэдвийг хөндөж, сэтгүүлчдийг уриалж байсныг санаж байгаа байх. Урьдчилсан таамгаар ирэх жилийн төсөвт хэвлэл мэдээллийн салбарт юм тавих шинжгүй болоод байна шүү. МҮОНРТВ-ийн төсвийг хассан гэхээр юм төсөвлөхгүй байж мэдэх нь. Тиймээс сэтгүүлчид ганц ч удаа болов салбарынхаа төлөө дуу хоолойгоо нэгтгэж, салбартаа мөнгө хуваарилуул. Энэ бүгдийг сэтгүүлч бүр дор бүрнээ бодож, нэгийг эрэгцүүлээрэй. Ингэхэд бидэнд төсвөөс юу өгдөг билээ, сэтгүүлчид ээ?

Categories
мэдээ нийгэм

ИТХ-ын төлөөлөгч Г.Гантулга: Намайг яагаад 19 настай жаахан хүүхэд гээд байгаа юм бэ. Би хуулиар олгогдсон эрхээ эдэлж буй иргэн хүн

-БИ СУМ ОРОН НУТГАА
ХӨГЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ, ЗАЛУУЧУУДЫНХАА ДУУ ХООЛОЙ БОЛОХЫН ТУЛД НЭР ДЭВШСЭН-

Төв аймгийн Баяндэлгэр сумын ИТХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшиж ялалт байгуулсан 19 настай Г.Гантулгатай ярилцлаа. Тэрээр энэ удаагийн сонгуулийн хамгийн залуу нэр дэвшигчээр тодроод байна.


-Танд баяр хүргэе?

-Баярлалаа.

-Та МАН-д хэзээ элссэн бэ?

-Жилийн өмнө элссэн.

-Та Баяндэлгэр сумын уугуул уу?

-Тийм, Баяндэлгэр суманд төрсөн.

-Хаана сурдаг вэ?

-ХААИС-д Эдийн засгийн чиглэлээр сурдаг.

-Сумандаа ямар ажил хийхээр төлөвлөж, мөрийн хөтөлбөрөө боловсруулсан бэ. Таныг сонгуулиар гарч ирэхэд юу нөлөөлсөн гэж бодож байна вэ?

-Манай суманд өмнө нь 8 жилийн турш АН ажилласан л даа. Сая УИХ-д МАН үнэмлэхүй ялалт байгуулсан болохоор сумынхаа хэмжээнд ч МАН-ыг гаргаад цаашаа дөрвөн жил үзье гэсэн бодолтойгоор ард иргэд ийн сонгосон болов уу гэж бодож байна. Засгийн газар Залуучуудыг дэмжих хөгжлийн сан байгуулна гэж мөрийн хөтөлбөрт тусгасан байсан. Түүнээс улбаалаад манай суманд Залуучуудыг дэмжих хөгжлийн бодлогыг ИТХ-аараа батлаад залуу малчдыг малжуулах, залуу гэр бүлийг дэмжих, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, суманд боловсон хүчний бодлогыг бий болгох гэсэн чиглэлээр залуучууд руугаа чиглэсэн ажил хийнэ гэсэн зорилготойгоор сонгуульд өрсөлдсөн.


-Энэ удаагийн орон нутгийн сонгуульд 18-25 насны залуус идэвхигүй байгааг өчигдөр Ерөнхийлөгч онцолсон. Гэтэл та 18-25 насны залуусыг төлөөлж ИТХ-д нэр дэвшээд ялалт байгууллаа. Ер нь залуус улс төрд оролцоотой байх нь ямар ач холбогдолтой талаар өөрийнхөө бодлыг хуваалцахгүй юу?

-Сум орон нутгийн хэмжээнд гэлтгүй, улсын хэмжээнд залуусын сонгуулийн ирц муу байдаг шүү дээ. Энэ нь нэг талаараа тэднийг төлөөлөх хүн ИТХ, УИХ-д байдаггүйтэй холбоотой болов уу. Дуу хоолойгоо чөлөөтэй хүргэж чаддаггүй, өөрсдийнх нь дуу хоолой УИХ-ын түвшинд хүрдэггүй болохоор сонголтоо хийхгүй орхидог байх.

-19 настай залуу сонгуулиар гараад ирлээ гэнгүүт “Бас л нэг Гантулга. УИХ-ын гишүүн байсан Д.Гантулга шиг юм болох вий. Залуу хүүхэд хэт хөөрөөд элдэв юманд нэр холбогдчих юм биш биз” гэх мэтээр янз бүрийн хар бараан сэтгэгдэл явж байна. Та харж л байгаа байх?

-Нэгдүгээрт, би дарга болох гэж яваагүй. Дарга болох ямар ч сонирхолгүй. Улс төр хөөж яваагүй. Би зүгээр л сум орон нутгаа хөгжүүлэхийн төлөө, залуучуудынхаа дуу хоолой болохын тулд нэр дэвшсэн. Миний энэ зоригийг сум орон нутгийн ард иргэд дэмжээд итгэл хүлээлгээд сонгосон. Түүнээс биш Багийн дарга болно, Засаг дарга болно, Иргэдийн нийтийн хурлын дарга болно гэсэн зорилго өвөртөлж би нэрээ дэвшүүлээгүй. Хэрвээ сум орон нутаг минь гоё хөгжил цэцэглэлттэй, гоё байсан бол би энэ удаагийн сонгуульд нэр дэвших шаардлага байгаагүй шүү. Их сургуулиа төгсөж, мэдлэг боловсролоо улам зузаатгасан хойноо сая сонгуульд нэрээ дэвшүүлж болох байсан ч сум орон нутгаа хөгжүүлэхэд гар бие оролцохгүй бол болохгүй юм шиг санагдсан. Удахгүй 100 жилийн ойгоо тэмдэглэх учраас, сум орон нутаг минь зайлшгүй хөгжих ёстой, зайлшгүй миний дуу хоолой хүрэх шаардлагатай байсан учраас би энэ сонгуульд нэр дэвшээд, сум орон нутгийнхан минь итгэл хүлээлгэлээ. Намайг хүмүүс хүүхэд л гээд байх юм.


-Харин тэгээд л байна даа?

-19 настай жаахан хүүхэд л гээд байгаа юм. Яагаад хүүхэд гэж бодоод байгаа юм бол гэдэг дээр би гайхаад байна. 18 нас хүрсэн хүн Иргэдийн нийтийн хуралд нэр дэвших эрхтэй гэж заачихсан байгаа. УИХ-д 25 нас хүрсэн байх ёстой гэдэг. Үүнийг хүмүүс сайн ойлгохгүй л байх шиг байна.


-Аав, ээж тань сумандаа байдаг уу?

-Манайх сумандаа байдаг малчин айл. Ээж минь цэцэрлэгийн багшаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Аав минь малчин.

-Танд ажлын амжилт хүсье?

-Баярлалаа.


Categories
мэдээ нийгэм

Автобусаар оторт явдаг малчин О.Мөнхжаргал: Автобусны цонхоороо хаашаа л бол хаашаа малаа харчихдаг юм

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын V багийн малчин О.Мөнхжаргалынх 45 хүний суудалтай автобусаар оторт явдаг айл. Түүнтэй утсаар холбогдож ярилцлаа.


-Танай гэр бүлийн оторт автобусаар явж байгаа зургийг хотынхон хараад шуугиж байна?

-Тэгж байна (инээв).

-Та өмнө нь V багийнхаа Засаг даргаар ажилладаг байжээ?

-Тийм ээ.

-Хэзээнээс автобусаар оторт явдаг болов?

-Хоёр жил гарны хугацаа өнгөрч байна аа.

-Ер нь ямар учраас автобусаар оторт явах болов. Доторхыг нь хачин сайхан тохижуулсан байна билээ?

-Мал хариулахад нүүдэл чухал. Монголчууд бид чинь нүүдэлчин удмынх. Мал гэдэг усны тунгалаг, өвсний соргогийг дагаж байвал тарга тэвээрэг авах нь илүү. Ойр ойрхон нүүдэл хийж байвал амар. Гэр барьчихаар тэр болгон барьж, буулгаад л, ачиж буулгана гээд ажил ихтэй. Тэрийг хөнгөвчлөх зорилгоор хүмүүс вагончик хэрэглэдэг болсон. Тэгсэн ч гэсэн вагончикоо машинаар чирнэ. Тэгээд би “Ерөөсөө том автобусаар оторт явж болдоггүй юм байх даа. Яах бол” гэж бодоод хоёр жилийн өмнө хот руу очоод шууданд явдаг 45 хүний суудалтай, тендерийнх нь хугацаа дууссан автобуснаас нэгийг аваад өөрөө наашаа унаж ирсэн юм. Суудлыг нь авчихсан. Дундаа тасалгаатай. Фэйсбүүкээр тарчихсан байгаа наад зурган дээр чинь харагдаж байгаа даа. Вагончик ухаан нь уртдаа зургаан метр. Автобус 12 метр шүү дээ. Хоёр вагончикийн хэмжээтэй. Явж байхад тав тухтай. Ухаан нь манай өвөлжөө, хаваржаа сумын төвөөсөө 80 км-ийн зайтай байдаг байхгүй юу. Өвөлжөө, хаваржаанаасаа зусландаа буухын тулд задгай усаа бараадаад сумын төвийнхөө ойролцоо ирж буудаг юм. Гурав, дөрөвхөн км-ийн зайд. Манай Эрдэнэцагааны Чоно гол гэж байгаа шүү дээ. Газрын зурагт тэмдэглээтэй гол бий. Тэгж задгай усаа бараадна. Энэ хооронд нүүдэл хийхэд замд дор хаяж хоёр хонодог. Замд бороо шороо, салхи шуурга таарна. Газан плитка асаагаад гадаа эсвэл ачааны машины бүрхүүл дор, нөмөр газар бараадаж хоол цайгаа хийнэ. Тав тух муутай. Гадаа юм уу, машин дээрээ хононо. Гэтэл автобустай явахад малаа хөөж ирээд л малаа жаахан өнгөрч зогсоод хоол цайгаа хийчихнэ. Мал хөөж байгаа хүмүүс орж ирээд цай хоолоо идчихнэ. Тэгээд л орондоо орчихно. Яг л гэртээ байгаа юм шиг тухтай.

-Хээтэй сайхан тавилгуудтай юм билээ. Тавилгуудаа бэхэлчихсэн байдаг уу?

-Бэхлээгүй. Хүмүүс ингэж их асуудаг юм. Автобус чинь том, урт болохоор хааяа ганц нэг дайвалзах төдий л байна уу гэхээс биш тавилга хөдөлдөггүй юм. Таван ханатай гэрийн тавилга яг гоё таарчихсан. Цаад өрөөндөө дөрвөн ортой. Авдар, шүүгээгээ тавьчихаар голоор нь хүн явахад чөлөөтэй. Наана нь гал тогоо нь тавигдчихсан. Жолоочийн ард хоёр суудал өөд өөдөөсөө харчихсан. Голдоо ширээтэй. Яг л гал зуухын өрөө гэсэн үг л дээ.

-Отрын гэрээс олон талаараа л давуу байх нь мэдээж дээ?

-Давуу тал олон байлгүй яахав. Автобус чинь өндөр шүү дээ. Метр гарангийн өндөртэй. Манайхны тал газарт хаашаа л бол хаашаа малаа харчихна. Дээрээ нарны дэлгэц суурилуулчихсан. Явж байхад аккумлятор байнгын тогтой байна. Бороо, шороонд амар. Машин учраас битүүмж сайтай. Ямар ч шороо тоос орохгүй дээ. Доод талын багаж байдаг шүү дээ.

-Тийм.

-Тэнд 45 хүний бараа, ачаа тээш орох багтаамжтай болохоор таван ханатай гэр янзын сайхан багтана. Гэрээ ачаад л явж байдаг юм.


-Танайх хэдэн ам бүлтэй вэ?

-Эхнэрийг минь Б.Энхтуул гэдэг. Манайх ам бүл дөрвүүлээ. Хүү маань хотод байдаг. Охин минь сурагч. Манай малыг хардаг дүү, найз хоёр минь фэйсбүүкээр яваад байгаа тэр зурган дээр гарсан байна билээ.

-Одоо ч отроор явж л байгаа юм байна, тийм үү?

-Тийм тийм. Цас ортол өвөлжөө, хаваржаанаасаа зайтай намаржаа маягаар намаржаагаа холхнуур тойроод явна шүү дээ. Долоо хоног хөдлөөд нэг юм уу, хоёр км-ийн цаана зогсоно. Ойр ойрхон нүүгээд явдаг юм.

-Өвөл яаж байна вэ?

-Өвөлжөөндөө бол гэрээ барьчихна. Өвөлжөөндөө жижиг гэрээрээ явчихна. Хаваржаандаа багажиндаа байгаа гэрээ барьчихна даа.

-Отроор автобустайгаа явж байхад даарч хөрвөл яаж дулаацдаг вэ. Автобусаа асаагаад дулаацдаг уу?

-Автобус маань хэвийн ажиллагаатай. Асаагаад явахад паараар нь халаачихна. Шууданд явж байгаад л зогсчихсон автобус л даа. Одоо бол нэг их хүйтэн биш л байна. Манай нутаг чинь сайхан л даа.

-Эрдэнэцагаанаар намаржаа хэр байна?

-Манай Сүхбаатарын Эрдэнэцагаан чинь сайхан нутаг. Энэ жил бороо хур сайтай, мал таргалсан. Намаржаа сайхан байна.

-Эрдэнэцагааны V баг хаагуур байдаг вэ?

-Отрядын баг. Манайх чинь хилийн хороотой шүү дээ. Бичигт боомт гээд зүүн урд талын ганц боомт бий. Аав ээж минь отрядын хилчин улсууд л даа.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Халамжийн Бүгд Найрамдах Улс

УИХ-ын чуулган дээр Ц.Даваасүрэн гишүүн “Төсөв дээр явж байгаа нэг том ачаалал бол Хүүхдийн мөнгө болчихсон байгаа. Энэ жилийн гүйцэтгэлээр 1.9 их наяд гээд байгаа. Энэ 1.9 их наяд чинь хэрэглээг нэмэгдүүлэх нь ээ. Ялангуяа импортын хэрэглээ нэмэгдчихдэг байхгүй юу. Та нар хөдөөгүүр явбал хөдөөний хүүхэд бүр унадаг дугуйтай болчихсон. Бид унадаг дугуй үйлдвэрлэдэггүй, дугуйг гаднаас доллараар авч байгаа. Хүүхдийн мөнгө бол валютын нөөцийг бууруулсан, цаашдаа ханш, юмны үнэ өсгөсөн, эргээд ард иргэддээ дарамт болох нөхцөл нь болчихож байгаа юм. 1.9 их наядаар 320 суманд таван тэрбумын өртөгтэй үйлдвэр барих мөнгө байхгүй юу, нэг жилдээ. Та бүхэн бод доо. 320 суманд нэг тэрбумын өртөгтэй таван үйлдвэр барихад тэндхийн ажлын байрны асуудал бүрэн шийдэгдэнэ. Нэг суманд нэг тэрбумын таван үйлдвэр барих мөнгө шүү. Гэтэл үүнийг Хүүхдийн мөнгө гээд зүгээр өгчихөөр яах вэ, зүгээр л хэвчихнэ. Энд баас, Эрээнд хөрөнгө болж очно” гэж маш зөв ярьсан. Монгол Улс гурван сая хүн амтай ч 700-800 мянган иргэн нь сар бүр 69 нэр төрлийн халамжийг төрөөс авч байна. Тэдгээр халамжуудаас нь дурдвал 318 мянга орчим тэтгэврийнхэн, 58 мянган группийнхэн, 43 мянган халамжийнхан, 44600 гаруй өрхийн 243 мянган хүн хүнсний талон авч байна.

Нэг хэсэг нийгмээ сэхээтэн, ажилчин, малчин, ард гаралтай гэх мэтээр бүдүүлэг ангилдаг байсантай адил одоо талоныхон, группийнхэн, халамжийнхан, тэтгэврийнхэн…гэсэн нийгмийн бүлгүүд гараад ирчихлээ. Ийм байгаа болохоор Монгол Улсыг халамж, тэтгэмжийн орон гэхэд хилсдэх юм алга. Гэтэл улсын хэмжээнд 1.1 сая хүн буюу нийт хүний амын гуравны нэг нь эдийн засгийн идэвхтэй хүн ам гэгдэж байгаа ч үнэндээ 500 мянга нь л улс орны эдийн засгийн хүнд ачааг нуруундаа үүрч явна. Хөдөлмөрлөхөөс халамжлуулаад хэвтэх хүсэлтэй нь их байгаа болохоор Монгол Улс хавтгайгаараа халамж хүлээсэн, халамжлуулсан, амьдрах чадваргүй иргэдтэй, хаана ч өрсөлдөх чадваргүй, дорой буурай орон болж хувирах аюул ирээд байна.

Улс орны эдийн засаг нь ганцхан бүтээгдэхүүн буюу гадил жимсний экспортоос хамаарч, төр засаг нь бүхлээрээ энэ бизнесээс хараат болсон Латин Америкийн зарим орныг “Banana Republic” буюу Гадилын Бүгд Найрамдах Улс гэж анх АНУ-ын алдарт зохиолч О.Хенри XIX-XX зууны зааг дээр томьёолон нэрлэсэн байдаг. Өнөөдрийн монголчууд ганцхан халамж гэдэг эх үүсвэрийг л шүтэж, хөдөлмөр эрхлэхээ больж байгаагаас нь үзвэл манайх Гадилын Бүгд Найрамдах Улс гэж дуудагдаж ч мэдэх нь.

Хүнд оноодог хамгийн хүнд шийтгэл бол ажил хөдөлмөр эрхлэхийг нь хориглох явдал байдаг. Америкчууд индианчуудыг ажил хийх хүсэлгүй болтол нь халамжилдаг. Халамжаа очиж авдаг бэлээхэн бараатай, индианчуудын зурагтай дэлгүүрүүд тэнд бий. Тэр дэлгүүрээсээ архи, тамхи, идэж уух бүх бүтээгдэхүүнээ үнэгүй авчихна. Гэтэл одоо Америкийн уугуул иргэд гэгддэг индианчууд ажил төрөлгүй, өрсөлдөх чадваргүй, мөхөж буй ард түмэн болчихсон. Хотынх нь гудмаар архидан согтуураад, ажилгүй суугаа хүмүүсийн төрх байдлыг анзаарахад ихэвчлэн индианчууд л байдаг. Төв Азийн цээжин дээрх Монгол Улсыг яг тийм хувь тавилан хүлээж байна.

Төрийн бодлогогүй, өнөө маргаашаа л болгож байвал алс хэт бидэнд ямар пад байна аа гэсэн харалган бодлогорхуу юм хийдгийн уршиг энэ. Улстөрчид сонгуулиар ард түмэнд сайн хүн болж харагдах гэж бүх чадлаараа хичээдэг. Ард түмэн сайн хүн гэж үнэгүй юм өгдөг, тараадаг хүнийг ойлгодог болохоор улстөрчид ард түмний хүсдэг тэр сайн хүн нь байхын төлөө үнэгүй юм өгч, өгөөмөр хүний дүрд ордог. Энэ хорлонтой, явуургүй арга нь улам даамжирсаар эцэст нь Монгол Улс халамж л хүлээсэн зорилгогүй, уруу дорой, сул ард түмэнтэй болчихлоо. Үүнээс яаж гарах вэ. Гарах гарц байна уу.

Хамгийн эхэлж бид үндсэн философиудаа өөрчлөх буюу тархиа шинээр цэнэглэх хэрэгтэй. Баян хүнийг муу хүн гэж хэлдэг байсан социализмынхаа үлгэр, уран зохиолоос салах ёстой, нэгдүгээрт. Социализмын үеийн бүх уран зохиолд баян хүн муу, адгийн муухай гэж зориуд оруулсан байдаг. Тэгвэл одоо энэ ойлголтоо өөрчилж, солих цаг нь болчихлоо. Хөдөлмөрлөсөн хүн баян байдаг. Баян болохын тулд хөдөлмөрлөх хэрэгтэй гэдгийг ойлго. Хөдөлмөрлөсний үр шим бол баян цатгалан амьдрал юм гэдгийг нийтээрээ ухаарах хэрэгтэй байна. Бид одоохон хөдөлмөрлөснөөр биш хулгай хийснээр л баяждаг гэдэг ташаа ойлголтод толгойгоо эргүүлчихээд байгаа юм л даа. Тийм биш шүү, монголчууд аа. Хэдүүлээ баян болъё. Мөнгөтэй болъё. Баян, мөнгөтэй болсныхоо дараа бид хөдөлмөрт хайртай болно, ажилладаг болно, дэлхийд өрсөлдөхүйц ард түмэн болж эхэлнэ шүү дээ. Тэр хүртэл бид нэгнийхээ сайхан, муухай зан аашийн тухай, монгол хүний ёс суртахуунгүй байгаа тухай, ядруу зүдрүү байгаагийн тухай, архинд дуртай гэх мэт таагүй асуудлыг ярихын эцэсгүй. Яриад ч барахгүй.

Монгол хүний өдөр тутамдаа гүйлгээ хийдэг харилцах дансанд нь таван сая төгрөг тогтмол эргэлддэг болсон цагт бид дээрх асуудлуудын тухай ярьж, хэрхэн засах вэ гэдгээ ярьж эхэлнэ л дээ. Байнга хэрэглэдэг картандаа таван сая төгрөгтэй хүн чинь сайхан ааштай байхгүй гээд яах юм. Ийм мөнгөтэй хүн бусдад тус болчихож чадна. Ядарсан хүнд гар сунгана. Хэнд ч сайхан ааш гаргана. Өдөр болгон ийм мөнгөтэй явдаг хүн бүсгүйгээ оройн хоолонд цэцгийн баглаа барьж уриад, амттай дарсаар дайлчихаж чадна. Дараа нь ямар ч хариу нэхэлгүйгээр гэрт нь зүгээр л хүргээд өгчихөж чадна. Би хоолоор дайлсан юм чинь энэ хүнээс ямар нэг хариу үйлдэл заавал авах ёстой гэсэн ядуувтар юм сэтгэж биед нь ойртох гэж янз бүрээр “чичрээд” байхааргүй бардам болчихно. Зам дээр хоёр машин мөргөлдөхөд жолооч нар нь гарч ирээд “Миний буруу”, “Миний ч буруу” гээд уужуу тайван хандаад хэрэлдэхгүйгээр салаад явчихаж чадна. Мөнгөтэй болчихвол энэ мэтээр хүн төрөлхтөнөөс эрдэг, хайдаг өв тэгш үйлдэл, зөв харилцааг өөрсдөөсөө аяндаа мэдэрцгээх болно. Монголчууд жижигхээн, аргалаад өнгөрчихмөөр өчүүхэн юман дээр ёозгүй зан гаргаад байдаг чинь үнэндээ мөнгөгүйтэй нь л холбоотой. Хов хоосон байж ёозтой байх гээд ч яах юм бэ. Иймээс мөнгөтэй болохын тулд ажиллаж, хөдөлмөрлөх ёстой гэдэг сэтгэхүйтэй болох хэрэгтэй. Хамгийн эхэлж, социализмын үед бичигдсэн мөнгөтэй хүн, баячуудыг үзэн ядуулсан зохиолуудыг устгаж, баян хүнийг алаг үзсэн ардын үлгэрүүдийг далдруулах ёстой. Ингэж байж шинэ үеийн уран зохиол, шинэ идеал гаргаж, хөдөлмөрлөдөг хүн баяждаг, баяжсан хүн сайхан ааштай, сайн хүн байдаг гэдэг ойлголтыг ард түмний сэтгэхүйд суулгах хэрэгтэй. Залхуу хүмүүс л “Надад мөнгө чухал биш.

Би мөнгөнд дургүй” гэдэг. Залхуугаа, ажил хийхгүй байгаагаа өмгөөлж хэлж байгаа царай нь тэр. Мөнгөнд дургүй хүн хүн төрөлхтний дунд байгаагүй. Тийм хүн нэг ч байхгүй. Халамж хүлээдэг, халамжинд орохыг хүсэгчид бол урьд нийгмийн бурангуй ёсоор тархиа дүүргэж, тэрний улбаагаар баян хүнийг үзэн яддаг эмгэгтэй болчихсон. Монголчуудын халамжаар угжуулах гэсэн энэ бэлэнчлэх сэтгэлгээ нь өнөөгийн нийгэм, эдийн засагтай огтоосоо хамаагүй. Хөдөлмөрлөж мөнгө төгрөгтэй болохыг, баян чинээлэг, эд агуурсаар үл гачигдах өгөөмөр амьдрахыг хүсдэг кодыг тархиндаа анхнаасаа суулгаагүй учраас хоосон ходоодноос ирдэг дохиогоороо удирдуулаад явж байгаа нь эцэстээ халамжийнхан гэдэг тодотголд оруулаад байгаа юм. Үүнээс болж Монгол Улс Халамжийн Бүгд Найрамдах Улс гэж дуудуулах л үлдээд байна.


Categories
мэдээ цаг-үе

DJ Zolo: 22 жилийн турш хамт байсан үзэгч, сонсогчидтойгоо “Люмино”-гийн төрсөн өдрийг хамтдаа тэмдэглэлээ

“Люмино 22 жил” төрсөн өдрийн тоглолт энэ сарын 9-нд “Зайсан хилл”-д боллоо. Тус хамтлагийн DJ Zolo Т.Золбаяртай тоглолтын талаар ярилцлаа.


-Танайх сүүлд хэзээ тоглолт хийлээ?

-Хоёр жилийн өмнө буюу 20 жилийн ойгоороо тоглож байсан.

-Энэ удаагийн тоглолтыг хамтлагийнхаа төрсөн өдөрт зориулж хийсэн парти буюу үдэшлэг гэж ойлгож болох уу?

-Манай хамтлаг төрсөн өдрийн парти гэж ер нь хийж байгаагүй. Хэдийгээр төрсөн өдрийн тоглолт боловч бид тоглолт гэдэг тодотголоос аль болох татгалзаж, парти буюу үдэшлэг гэдэг хувилбар руу шилжүүлсэн юм л даа. Яагаад вэ гэвэл манай партинд зочин уран бүтээлчид ирж оролцсон. Нэгэн оройг концерт үзэж байгаа юм шиг суудал дээрээ суугаад үзэх биш, шоудангаа, партидангаа, хөгжилдөнгөө хамт олон, найз нөхдөөрөө сайхан уур амьсгал дунд сайхан өнгөрөөсөн гэсэн үг.

Билетээ дандаа онлайнаар Shoppy.mn сайтаар зарсан.

-Танай хамтлаг коронавирусийн хөл хорионы үеэр ч уран бүтээлээ хийж байсны нэг жишээ нь “Парист хоёулаа болзъё” дуу боллоо?

-“Парист хоёулаа болзъё” дуу маань аль хавар бэлэн болчихсон байсан юм. Бид цаг үе, цагийн байдлаа харж байгаад хөл хорионы нөхцөл байдлын улмаас нийтэд цацахгүй, хойшлуулчихаад байсан юм. Энэ дуу цацагдаад хоёр дахь долоо хоног руугаа орж байна. Өнгөрсөн хугацаанд 382 мянган хүн үзээд байна. Энэ бол Монголын хувьд бол өндөр тоо.

-Урлагийн тусламжтайгаар хүн хаана ч очиж болох юм байна. “Парист хоёулаа болзъё” дууг сонсоод, клипийг нь үзээд олон хүн Парист очсон байх шүү?

-Бид анх энэ дууны клипний зураг авалтаа Францад очиж Парист хийе гэж тооцоолж байсан юм. Гэтэл “Ковид-19” гарчихсан. Дууны маань нэр “Парист хоёулаа болзъё” гээд байдаг. Тэгээд Улаанбаатар зураг авалтыг нь хийнэ гэсэн чинь утгагүй ч юм шиг болоод (инээв). Гэхдээ мэргэжлийн тайз заслын баг ажилласан. Эрка гэж маш мундаг залуу ажилласан юм. Тэдний компани манай клипний зураг авалтын тайзыг бүрэн хариуцсан.


-Монголчууд ямар ч тоглолт, концертыг ягштал сууж үздэг. Хуучны гэмээр энэ хандлага, уур амьсгалаас салж, тоглолтыг өөр маягаар үзэх, босож бүжиглэх, илүү чөлөөтэй байх цаг нь болсон гэж залуус сошиалд бичих боллоо л доо. Танай хамтлагийн төрсөн өдрийн парти яг энэ шаардлагад нийцсэн үү?

-Манай партинд ирсэн хүн ерөнхийдөө зогсож үзэж, бүжиглэж, хамт дуулсан. 22 дахь төрсөн өдрийн парти болсон болохоор 22 дуу дуулсан. Сүүлийн үед анзаараад байхад хамтлаг, дуучид тоглолт хийнэ гэчихээд арав гаруй дуу дуулчихаад тэрийгээ тоглолт гэж нэрлээд байх шиг байна билээ. Манайх тийм биш ээ. Бид аль болох чанартай юмыг үзэгчдэдээ хүртээл болгохыг урьтал болгодог хамтлаг. Тоглолт маань хоёр хэсгээс бүрдсэн. Дундаа 30-40 минутын завсарлагаатай. Тэр завсарлагааны үеэр Золоо миний бие тоглочихно. Хоёр дахь хэсгийн дараа зочин уран бүтээлчид маань тайзан дээр гарч ирсэн.


-Монголчууд багийн спортод муу, багаар ажиллах чадваргүй ганцаарчилсан спортод өндөр амжилт үзүүлдэг гэж шүүмжилдэг. Гэтэл Монголын урлагт он удаан жил оршин тогтнож байгаа эрэгтэй гишүүдтэй хамтлагууд бий шүү дээ. Үүгээрээ дээрх шүүмжлэлийг зарим талаар нь няцаадаг. Танай хамтлагийг маш эв, найртай хамтлаг болов уу гэж хардаг?

-Манай хамтлагийн МС Beatz, Бажи, Анхаа гурав маань хар багын найзууд. Багаасаа нөхөрлөцгөөсөн хүмүүс. Тэр нь хамтлагийн эв нэгдэлд маш их эерэгээр нөлөөлдөг болов уу гэж боддог. Хамтлаг маань маш сайн дэг журамтай. Компанийн журмаар ажилладаг. Гишүүд болгон хүлээсэн үүрэгтэй. Үүргээ бүгд ухамсарлаж, урдах ажлуудаа чанартай гүйцэтгэдэг. “Люмино”-гийн хувьд 22 жилийн турш тасралтгүй уран бүтээл хийж байгаа Монголдоо цор ганц гэж хэлэх хип хоп хамтлаг.

-Сүүлийн үед урлагийнхан чих халууцуулаад, юм юманд нэр холбогдох гээд байдаг болсон. Ер нь ч холбогдож байгаа. Урлагийн амьдрал өөрөө их эрсдэлтэй. Та бүхний хувьд 22 жилийн турш “Люмино” гэдэг нэрийг бүтэн авч үлдэхийн тулд маш их хичээцгээсэн байх. Энэ бол суурь хүмүүжилтэй холбоо байх, тийм үү?

-Суурь хүмүүжил гэдэг чинь хүний бүхий л амьдралын суурь, үндсийг бэлдээд өгчихдөг юм шиг санагддаг. Хүний үйлдэл, хүнтэй харьцаж буй байдал гээд бүх зүйл чинь суурь хүмүүжилтэй нь холбоотой. Манай хамтлаг олон ч нэвтрүүлэг, шоу, цэнгээнд оролцох болгондоо л энэ талаар хэлдэг, захидаг. Залуучууд өөрийн гэсэн бодолтой бай, муу зүйл рүү нэг их битгий хошуугаа дүр, ер нь битгий сонирх. Сонирхоод дэмий. Дэмий юм дэмий дээ. Манай хамтлаг тийм зүйлийг жигшдэг.

-Танай хамтлагийнхан өөрсдийнхөө хоббинд их анхаарал хандуулцгаадаг юм шиг ээ?

-Би чинь олон төрлийн юм хийнэ ээ. Хүн харахад хамтлагийнхаа DJ боловчиг хамтлагийнхаа арын бүх ажлыг хариуцдаг. Гэрээ хийнэ. DJ-гийн ажлаа хийнэ, хувийн бизнесээ авч явна, ар гэрээ зохицуулна гээд ажил мундахгүй их дээ.


Categories
мэдээ цаг-үе

Ирья Халаш: Монголчууд 1990 онд сэрсэн

-МОНГОЛД ЭРГЭЖ ИРСЭН НЬ МИНИЙ АМЬДРАЛЫН ХАМГИЙН САЙН СОНГОЛТ БАЙСАН-

1990 оны Ардчилсан хувьсгалыг сурвалжилж барууны орнуудад Монголын нөхцөл байдлыг мэдээлж байсан Финландын сэтгүүлч, гэрэл зурагчин Ирья Халаштай ярилцлаа. Тэрээр Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг тохиолдуулан Монголын Уран зургийн галерейд “Сэрсэн Монгол” гэрэл зургийн үзэсгэлэнгээ саяхан гаргасан юм. Ирья Монголд 33 дахь жилдээ ажиллаж, амьдарч байна.


-“Сэрсэн Монгол” гэрэл зургийн үзэсгэлэн тань даруухан, чимээгүй болоод өнгөрчихлөө?

-Ардчилсан холбоотой хамтарч, төсөл хийж байна. Эхний ээлжинд ном буюу фото зургийн альбом гаргаж, жижигхэн хэмжээний үзэсгэлэн гаргалаа. Энэ үзэсгэлэнгээ хүмүүсийн анхаарлыг татахын тулд дэлгэсэн юм. Миний хүсэж байгаа том зорилго бол фото зургийн энэ их материалаа Ардчилсан холбооны архивт оруулах. Магадгүй өөр архивт ч хадгалуулах санаа байна. Учир нь Ардчилсан хувьсгалын үед зургийн аппараттай хүн маш цөөхөн байсан. Тухайн үед гэрэл зураг авч байсан хүмүүсийн ихэнх нь бурхны оронд одчихоод байна. Гэтэл тэдний гэрэл зургийн материалууд нь бас байхгүй болчихсон. Тэгэхээр маш харамсалтай. Түүхэн зургууд. Би чинь тийм ч их хөгшин биш ээ. Гэхдээ бодож байгаа юм. Би өнөө орой ч юм уу, маргааш өглөө амьд байх эсэхийг мэдэхгүй шүү дээ. 20 жилийн дараа амьд байх уу. Хэрвээ амьд байвал окей! Сайхан байна. Гэхдээ энэ бүгдийг хүн яаж мэдэх билээ. Тийм учраас миний дарсан зургуудын тодорхой хэсэг нь Монголын түүхийн архивт орох ёстой гэж бодож байна. Миний үлдээх юм байх ёстой. Үндсэндээ юмаа үлдээх нь миний үүрэг гэж үзэж байна. Үүний дараа хийх ёстой гурав дахь том ажил байна. Тэр ажилд маань санхүүжилт ерөөсөө байдаггүй ээ. Эрж хайж хаанаас олохоо мэдэхгүй байна. Эдийн засгийн хувьд би сайн мэдлэггүй юм. Хаанаас хандив, ивээн тэтгэгч олохоо мэдэхгүй байна.

-Ямар ажил?

-Бүх аймгуудаар явж 1990 онд яг ямар үйл явдал болж байсныг мэдмээр байна. Тэр мэдээ надад маш их хэрэгтэй байна. Тэр үед байсан хүмүүс, хөдөө, аймгийн төвдөө ардчилсан хувьсгалд оролцсон байсан хүмүүстэй уулзаад телевизийн камераар бичлэг хийж хадгалж, хамгийн чухал нь архивт оруулах хэрэгтэй байна. Бодит хүмүүсийг яриулаад түүхийн материал цуглуулж авмаар байна. Бүх аймгаар явж, тэр дундаа сонгогдсон хэсгийг ашиглаж, телевизийн цуврал нэвтрүүлэг хийх боломжтой. Ойрын хугацаанд архивт орох, ирээдүйн судлаач гэх мэт хүмүүст материал болгож үлдээх хэрэгтэй байхгүй юу. Үүнийг би олон жил ярьж байна даа. Өнөөдөр хүртэл үүнийг нэгдсэн системтэй хийсэн хүн алга. Энд тэнд бага сага хийсэн хүн байна. Яг бүх аймгаар явж, тэр үед ардчилсан хөдөлгөөнд оролцож, дэмжиж, тэмцэж байсан хүмүүстэй уулзаж, ярилцлага авсан нь үгүй. Би тэрийг бичлэгээр хиймээр байна. Бүх аймгаар явмаар байна.

Энэ ч ганц нэг жилийн дотор хийх ажил биш. 2-3 жилийн ажил болно. Үүнд би санхүүжилт хаанаас олох билээ дээ гэж толгойгоо гашилгаж байна. Мэдэхгүй байна. Би одоогийн байдлаар цалингүй явж байгаа, коронавирусээс болоод. “Al Jazeera English Channel”-ийн Монгол дахь албан ёсны продюсерээр ажиллаж байгаа. Сар бүр цалин авдаггүй. Хийснээрээ авдаг. Хоёрдугаар сараас эхлээд бүтэн жил хийх ажлаа төлөвлөчихсөн байсан чинь коронавирус дэгдээд хамтран ажиллах хүмүүс минь гадаадаас ирж чадахгүй болсноос ажилгүй, цалингүй сууж байна. Ийм удаан, хэдэн ч сар болчихов. Найман сар цалингүй байна. Түүнээс өмнө би гадагшаа сургалтад явсан. Тэгэхээр бараг бүтэн жил цалингүй сууж байна. Миний хэмнэсэн мөнгө бүгд дуусчихсан. Яаж амьдарна аа (инээв).

-Та монголоор маш сайн ярьдаг юм байна?

-Тийм ээ, тийм.

-Та Монголд суурин байдаг уу?

-Байдаг, байдаг. Би Монголд 33 жил болж байна.

-Ирэн очин байдаг уу?

-Ер нь энд байдаг. Миний гэр энд байна. Надад өөр гэр байхгүй. Өвлийн хамгийн их утаатай үед Тайланд руу явдаг байхгүй юу. Би өөрөө астматай. Утаатай үед шууд өвддөг. Хэд хэдэн удаа хатгаа авч, бронхиттой болоод эцэст нь биеийн байдал минь муудсан. Тэгээд утааны үед Тайланд руу явж тэнд очиж хэлний курст сурдаг байсан. Эхлээд тайланд хэл, дараа нь солонгос хэлний курст орсон. Бүтэн жилийн курст бүртгүүлсэн ч сурч чадаагүй. Хоёрдугаар сарын 26-нд хамгийн сүүлчийн онгоцоор Монголд ирсэн. Буцаж явж чадаагүй.

И.Жавхлантын хамт. 1990 он. Сүхбаатарын талбай

-Таны 1990 онд Сүхбаатарын талбайд авахуулсан зураг байна шүү дээ, үстэй дээлтэй энэ зураг. Энэ үед та хэдэн настай байсан бэ?

-Жаахан хүүхэд байсан. Би насаа хэлдэггүй ш дээ (инээв). Оюутан байсан. Хичээлээ тараад талбайд очсон чинь өлсгөлөн зарлагчид “Хүйтэн байна. Куртикээ тайлаад энэ дээлийг өмс” гээд үстэй дээл өмсгөсөн. Тэр өдөр С.Цацрал энэ зургийг дарсан л даа.

Оюутан байхдаа би Унгарт сурдаг байсан шүү дээ. Монгол хэлний судлалын ангид. Ярианы хэлний анги биш байхгүй юу. Би Унгарт таван жил сураад Монголд ирэхдээ ярианы хэл муутай ирсэн. Унгарт Монгол хэлний эртний хэлний бүтэц гэх мэтийг судалдаг байсан. Энд МУИС-д мэргэжил дээшлүүлэгч гэдэг статустай ирсэн. Би ерөнхий хэлний судлалын ангид сурдаг байсан. Гэхдээ бүх хичээлүүдээ профессор багштайгаа ганцаарчилж хийдэг байлаа. Энэ нь надад маш их хэрэг болсон.

-1990 оны хувьсгалын үед та Монголд сурч байжээ, тэгвэл?

-Тэгсэн, сурч байсан. Мэргэжил дээшлүүлэгч нэрээр ирээд оюутан болсон.

-Унгарт монгол судлалаар сурч байсан гэхээр бүр багаасаа Монголыг сонирхож байжээ. Монгол руу ирэх шалтгаан, үндэс нь хүүхэд байхад тань тавигдсан уу?

-Би Монголыг их сонирхож байсан.

-Хэдэн настайгаасаа?

-Энэ чинь их хачин түүхтэй (инээв).

-Ярь, ярь?

-Хачин түүх байна л даа. Гурван настайгаасаа үсгүүдээ нүдэлж эхэлсэн л дээ. Дөрвөн настай байхад ээж минь үлгэр уншиж өгдөг байлаа. Ээж нэг удаа “Чи бүх үсгээ мэддэг боллоо. Одоо үсгүүдээ холбож дууд. Чи чадна” гэсэн. Тэгээд би уншиж эхэлсэн. Янз янзын үлгэр уншиж эхэллээ. Манайд том атлас байлаа. Тэр атласын дотор орон орны хүмүүсийн фото зургууд байсан. Тэр зургууд дундаас хоёр хүний царай надад маш их хүчтэй нөлөөлсөн. Дөрөв, тавхан настай хүүхдэд яагаад тэр фото хүчтэй нөлөөлөв гэж гайхдаг. Хоёр эрэгтэй хүний царай байсан. Нэг нь монгол эрэгтэй хүн байсан. Нөгөөх нь Афганистаны хазара үндэстэн байсан. Тэр хоёр хүний царай надад маш хүчтэй нөлөөлсөн.

-Дотно санагдсан гэсэн үг үү?

-Тийм. Би үүнийг тайлбарлаж мэддэггүй юм. Одоо хүртэл миний нүдэнд тэр хоёр хүний зураг харагддаг. Би нутагтаа үлдэхгүй, ямар нэг өөр улсад амьдарна гэдгээ зөнгөөрөө мэддэг байсан. Өөр улс, өөр орнуудыг сонирхсон. Мэдэхгүй цөөхөн орон үлдсэний нэг нь Монгол орон байв. 1973 онд барууны орнуудаас анхны оюутнуудыг Хятадад сургаж эхэлсэн. Финландаас манай төрсөн эгч тэгж сурахаар явсан. Хятад руу галт тэргээр явахдаа Монголоор дайрсан. Галт тэрэгний цонхоор хэдэн зураг дарсан байсан л даа. Тэр зургууд дунд Монголын хэдхэн зураг дарсны дотор хээр талд морьтой давхиж яваа хүний зураг байсан. Тэр зураг надад дахиад маш хүчтэй нөлөөлсөн.

Швейцарьт арван хэдэн настайдаа нэгэн том чуулганы өмнө орчуулга хийсэн. Франц, герман, англи хэлнээс орчуулга хийсэн юм, сайн дураараа. Тэгэхэд Монголын тухай материал гарч ирсэн. Ингээд би Монголын тухай судалж эхэлсэн. Манай номын санд Монголын тухай юу ч байгаагүй. Тэгээд би гадаадаас захиалсан байхгүй юу. Маш цөөхөн тооны материал байсан ч би маш их сонирхсоор байсан. “За, би монгол хэлийг хаана сурч болох вэ” гэж бодсон. Тэгсэн чинь манай Финландын Хелсингийн их сургуульд анхан шатны курст Оросын буриад хүн монгол хэл заасан. Гэхдээ тэр хүн халх аялгаар ерөөсөө ярьж чадахгүй байсан. Надад дэмий санагдсан. Их сургуулийн багш нар “Монгол судлаач болъё гэвэл Унгарын Будапешт, Польшийн Варшав, АНУ-ын Индиана мужид сурах боломжтой” гэсэн. Төлөвлөгөөнөөсөө АНУ-ыг шууд хассан, мөнгө хүрэхгүй байсан учраас. Би унгар хэл тодорхой хэмжээнд сурчихсан байсан болохоор Унгарыг сонгоод өргөдөл өгсөн. Намайг их сургуульдаа авсан юм. Тусгай зөвшөөрлөөр Унгарт суралцахаар болж байлаа. Тэр үед Унгар руу барууны орнуудаас хүмүүсийг хамаагүй оруулдаггүй байсан юм. Гурван жил сурлаа. Тэр үед би унгар нөхөртэй байлаа. Тэр нөхөр миний сурч байгаа чиглэлд үнэхээр дургүй байсан. “Битгий сур, өөр ямар ч хэл сурч болно. Хятад хэл сурсан ч хамаагүй. Наад хэлээ боль” гэсэн. Би маш их эргэлзсэн. Би өөрөө монгол хэлээр явмаар байсан. Аймаар дарамттай болж ирсэн. Манай финланд найзууд христ хүмүүс байсан юм. Тэд миний төлөө залбираад дундаасаа хандив цуглуулаад жилдээ ганц нэг удаа, маш ховор тохиолдлоор баруун Европоос Монгол руу жуулчлах боломжтой аяллын тасалбарын мөнгийг өгсөн.

-Ямар гоё юм бэ?

-1985 онд. Тэгээд тэд “Чи ямар ч байсан Монголд оч. Тэгээд чи мэднэ” гэсэн. Би Монголд ирсэн. Тав хоног болсон. Энд ирээд “Би энд дахиж ирнэ” гэдгээ шууд мэдсэн. Үүнийг би тайлбарлаж мэдэхгүй байна. Яагаад миний толгойд тийм бодол орсныг мэдэхгүй юм. Тэгээд л би тэр чигээрээ зүтгэж, хэн ч юу ч ярьсан хамаагүй өөрийнхөөрөө бүгдийг шийдэж, Унгарт сургуульдаа онц сураад 1987 онд спидент авсан. Хэн ч юу ч гэж байсан эс тоон Монголд ирсэн. Тэр бол миний амьдралын хамгийн сайн сонголт байсан.

-Та Монголд ирэх ирэхдээ хоёр нийгмийн шилжилт, хөдөлгөөн эхэлж буй хүндхэн цаг үед хөл тавьж ээ дээ?

-1987 онд, социализмын үед хэцүү байсан шүү дээ.

-Монголд ирээд тэр чигээрээ үлдсэн байна?

-Тэгсэн. Намайг оюутан байхад амьдрал амархан байгаагүй, хэцүү байсан.

-Хүмүүс “Социализмын үед сайхан байжээ”, “Ямар гоё байсан гээч…” гэцгээдэг болсон байна билээ?

-Өө, ямар худлаа юм бэ.

-Худлаа биз дээ?

-Худлаа худлаа. Би социализмын үед ирсэн шүү дээ. 1985 онд анх удаа ирсэн, дараа нь 1987 онд ирээд тэгээд тэр чигээрээ байж л байна. Тэр бол шал худлаа шүү. Хүмүүс тэр цагийг санахгүй байна, эсвэл ерөөсөө мэдэхгүй байна. Гэхдээ социализмын үед сайн юмнууд байсаан байсан. Тэрийг би үгүйсгэхгүй. Бүх юм муу байгаагүй. Гэхдээ өнөөдрийн нийгэмд байгаа хэн нэгнийг социализмын үеийн амьдралд оруулчихвал юу болох вэ. Хойд Солонгост очиж үзээрэй. Тэнд сайхан амьдрах уу. Тэнд хэсэгхэн хэдэн хүн сайхан амьдарч магадгүй (инээв). Тэнд чинь үнэхээр хэцүү байсан. Хамгийн гол нь хүний эрх чөлөө, үзэл бодлын эрх чөлөө, шашны эрх чөлөө, үг хэлэх эрх, хэвлэлийн эрх чөлөө, хүний эрх, хүн сонгуульд чөлөөтэй оролцох эрх, ганц намаас биш олон намаас сонголтоо хийх, нийгэмд нөлөөлөх эрх гэж юм социализмын үед байгаагүй шүү дээ. Тэр үед төр засгийг жаахан л шүүмжилбэл ял онооно, эсвэл бүр хөдөө нутаг заана. Нутаг заахдаа хамгийн хол аймаг руу заадаг байлаа. Тэр үед хөдөөнөөс Улаанбаатар руу хамаагүй орж ирж болдоггүй байсан. Янз янзын зөвшөөрөл авах хэрэгтэй байсан юм. Нэг хүн ардын засгийг шүүмжилсэн бол bye bye болно. Хамгийн хол аймгийн, хамгийн хол сумын, хамгийн хол бригадад явуулдаг. “Юм яримаар байвал малтай ярь. Өөр юм байхгүй” гэдэг байсан.

Тэндээс буцаж ирэх эрхгүй. Тийм ялтай байсан. Өнөөдөр хэнийг ч хамаагүй шүүмжилж болно шүү дээ. Шүүмжиллээ гээд ял оноохгүй, чөлөөтэй. Оноож болохгүй. Өнөөдөр хүмүүс үүнийг ойлгохгүй байна. Өнөөдрийн хүмүүсийг тийм нийгэмд оруулъя гээд чирвэл тэд дэлбэрээд, хэдэн хоногийн дараа зугтаагаад буцаад ирнэ (инээв). Тэнд амьдарч чадахгүй шүү дээ. Эрх чөлөө чухал. Марксизм, Ленинизм үзэлтэй ганц нам нийгмийг удирдаж, толгойд нь байгаа хүмүүс нь нийгмийн элитүүд байсан. Тэр үед авлига огт байхгүй байсан гэж худлаа ярьдаг. Авлига нь яг өнөөдрийн байдлаар биш ч авлига байсан. Тэр элитүүд нь тусдаа эрхтэй. Тэр хүмүүсийн хүүхдүүд Европт хаалтгүй сурна, тэр хүмүүс тусгай хангамжтай, машины үйлчилгээ авдаг байсан. Гэтэл бусад хүмүүс үгүй. Явган л явж байна. Хоол хомс. Тусгай үйлчилгээтэй дэлгүүрт орох эрхгүй. Хүүхдүүд нь хаашаа ч явж чаддаггүй байв. Их ялгаатай байсан шүү дээ. Тийм байхад ямар юмных нь тэгш эрхтэй нийгэм байх вэ. Тийм байгаагүй. Социализмын үе үнэхээр хэцүү байсан шүү.

-Та Ардчилсан хувьсгалын үйл хэрэгт зургийн аппаратаа бариад оролцсон сэтгүүлч, гэрэл зурагчин хүн. Тухайн үед та С.Зориг, Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж гээд Ардчиллын алтан хараацайнуудтай ойр дотно нөхөрлөж, хот, хөдөөгүүр явж сурвалжлага бэлтгэж, дэлхий дахинаа мэдээлэл дамжуулж байсан гол хүн. Тухайн үеийн нөхцөл байдлын тухай эргэн дурсвал?

-Тэр үед би дарсан зургуудаа архивт оруулна гэдэг ямар ч зорилгогүй, тийм юм огт бодоогүй л дээ. Миний зорьж байсан ажил бол энэ үйл явдлыг баримтжуулаад мэдээлэл цацах байсан.


Ирья. Хонконгийн Шек О хотод 1991 он. Гэрэл зураг авсан С.Зориг

-Та тэгэхэд “Ройтерс” агентлагт ажилладаг байсан байх аа?

-Тийм, “Ройтерс” агентлаг Бээжин дэх Финландын Элчин сайдын яамаар дамжуулж надад ажлын санал тавьсан. “Ройтерс”-ийнхэн надтай 1989 оны арванхоёрдугаар сард уулзсан юм. Монголд юу болж байгааг би ч өөрөө маш их сонирхож байлаа. Дэмжиж байсан. Эхлээд би С.Зоригтой нууцаар уулзлаа, Их сургууль дээр. П.Улаанхүү, Баабар, Р.Гончигдорж гэх мэт хүмүүс байсан л даа. Компьютерийн танхимын хажуух хоёр өрөөний арынх нь хаалттай шахуу өрөөнд С.Зоригтой хамгийн анх уулзсан. Санал солилцсон, ойлголцсон. “Энэ хүн үнэхээр ардчиллын төлөө явж байгаа юм байна” гэж бодсон. Тэгээд бид танилцсан. Тэрнээс хойш энэ хүмүүс надад хаана, юу болж байгааг байнга мэдээлдэг болсон. Тэд “Очоод баримт болгоод тэрийгээ мэдээллэ” гэсэн. Тэгээд л би мэдээгээ дамжуулж эхэлсэн. Эцэстээ байдал хурц болж эхэлсэн шүү дээ. Өлсгөлөнгийн сүүлчийн өдөр цэргүүд орж ирэх үү, Хятадын Тяньмэний талбайд болсон үйл явдал давтагдах уу гэсэн аюул тулгарсан. Өлсгөлөнд оролцсон хүмүүс намайг гуйсан байхгүй юу. “Эндээс битгий яваарай, энд бидэнтэй хамт байгаарай. Бидэнтэй хамт хонож үзээрэй. Бидэнд юу ч тохиолдсон бай тэрийг дэлхий даяар цацаж мэдээлээрэй” гэсэн. Тэр нь үндсэндээ миний үүрэг болсон байхгүй юу. Энэ хүмүүсийг орхиж болохгүй, чадахгүй гэдгээ мэдсэн. Тэгтэл бидний төсөөлж байсан шиг айхавтар юм болоогүй, Улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ буусан. Барууны зарим орны сэтгүүлчид Бээжингээс ирэн очин ирж ажиллаж мэдээ бэлтгэдэг байсан ч тэр үед над шиг суурин байж мэдээ бэлтгэж байсан хүн байгаагүй. Тийм учраас би тэр чухал үйл явдлыг өөрийнхөө үүрэг болгож авсан байхгүй юу. Тодорхой хэмжээний баримт цуглуулаад мэдээллийг явуулдаг байсан. Тэр үед миний бэлтгэж байсан мэдээ, авсан зургууд түүхийн архив болно гэж огт бодож байсангүй ээ.

-Таны үзэсгэлэнд дэлгэгдсэн зургууд болоод альбомыг тань үзэхэд урьд өмнө нь харж байгаагүй “Нээрэн ийм нийгэм байл уу” гэж мартсаныг сануулах чухал, ховор зургууд их байна. Гэрэл зураг үүгээрээ үнэтэй юм аа?

-Үнэтэй. Надад мөнгө ирэхгүй ч зургууд минь үнэтэй. Өнөөдрийн монголчууд үүнийг нэг их үнэлэхгүй байх л даа. Гэхдээ 100 жилийн дараа би байхгүй, өнөөдрийн монголчууд ч байхгүй болсон хойно миний энэ зургуудыг хүмүүс үнэлнэ. Тэрний төлөө явж байна. Би ядуу сэтгүүлч. Өрөнд орсон. Өөрийнхөө байрыг зарахаас өөр аргагүй болчихоод л явж байна. Тэгэхдээ л 100 жилийн дараа хүн үнэлнэ. Энэ зургууд Монголын түүхэнд хэрэгтэй.

-Та буцаад явчихаж болох л байсан. 1990 онд зах зээлийн нийгэмд шилжиж, монголчууд хөл толгойгоо олохоо байж амьдрахад үнэхээр хүнд он жилүүд үргэлжилсэн шүү дээ. Гэтэл яагаад үлдчихэв?

-Би зүгээр л сонирхсон байхгүй юу (инээв). Энэний дараа юу болдог бол доо гээд хараад байсан. Жил жилээр сунгаад, сонирхолтой байсан учраас би буцаж яваагүй. Би мөнгөний төлөө яваагүй. Нэг талаасаа би жаахан тэнэг байна. Мөнгө хэрэгтэй байхгүй юу. Би тэрийг огт бодоогүй. Тэгээд эцэст нь ядуу сэтгүүлч хэвээрээ л үлдсэн байна. Гэхдээ сонирхолтой байсан. Жил жилээр сунгасаар 33 жил болж байна шүү дээ. Одоо би яаж буцах вэ дээ.

-Дасчихсан биз?

-Дасчихсан. Манай нутагт миний юу ч байхгүй ш дээ. Гэр орон ч байхгүй. Бүх юм Монголд байна. Гэхдээ их юм байхгүй.

-Та бол өнөөдрийн монголчуудын эрх чөлөөтэй амьдарч байгаа энэ нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө хүч хөдөлмөр, сэтгэл зүтгэлээ зориулсан гавьяатай хүн. Тийм ч болохоор Монголд амьдрах эрхтэй. Монголчууд хүний ачийг санадаг хүмүүс дээ?

-Би азтай хүн. Би тэрийг нүдээрээ харсан. Мөнгөний хувьд ямар ч нэмэр байхгүй. Би “Одоо юу хийх вэ” гэж бодсон. Биеэ үнэлж чадахгүй хөгшин болж байна аа (инээв). Яаж би мөнгө олох вэ, яана аа. Ёстой мэдэхгүй байна. Аргалаад яваад өнөөдрийг хүргэлээ. Байраа зарна, тэрний дараа яахыг ёстой мэдэхгүй байна аа. Гэхдээ би өөртөө хөгшин болж байна гэдгээ зөвшөөрөхгүй шүү. Би бол залуу, сэтгэлгээ минь залуу байна. Гэвч паспорт минь өөр юм хэлээд байна. Тэрийг би ёстой зөвшөөрөхгүй байгаа (инээв). Ийм үед цалинтай ажил олоход хэцүү байна. Олдохгүй юм. Хамгийн гол нь коронавирусээс болж байна. Коронавирус байгаагүй бол би гадаадын байгууллагуудтай хамтарч ажиллах байсан. Коронагаас болоод ёстой нэг… (Толгой сэгсэрч, шогшров.сурв)

-Та төрсөн нутаг Финландаа санаж байна уу?

-Сүүлийн 15 жил нутагтаа очиж чадаагүй. Би очмоор л байна. Тэнд найзууд минь байгаа. Бас төрсөн эгч минь байна. Цөөхөн тооны хамаатнууд минь байна, олон хүн үлдээгүй ээ. Гэхдээ би очмоор байна. Боломж байсангүй. Одоо ч боломж байхгүй. Замын зардлаас эхлүүлээд их зарлага гарна, айлд хоосон очиж болохгүй. Тэнд бүх юм үнэтэй. Нутаг руугаа явмаар байна. Өдөр бүр нутгаа санаж байгаа ч тэрийгээ аль болох бодохгүй байхыг хичээдэг. Гэхдээ нутгаа хармаар байна, хүмүүстэй уулзмаар байна. Манай байгаль сайхан шүү. Зуны улиралд бүр ч сайхан. Нэг ч гэсэн очмоор байна, мэдэрмээр байна. Боломжгүй байхад нутгаа байн байн санаж өөрийгөө шаналгаж болохгүй. Өөрийгөө барьж жаахан хатуу байсан нь дээр. Сэтгэлээ хатамжлаад “Битгий уйл. Хөл дээрээ зогс” гэж өөртөө хэлдэг дээ.

-Монголчууд одоо өөрсдийгөө яая даа гэсэн хүмүүс байна. Уг нь монголчууд хүний тусыг мартдаггүй юм. Та монголчуудыг ямар сайн хүмүүс байдгийг мэднэ дээ, уг нь?

-Би монголчуудтай хувь хүний түвшинд уулздаг. Ажлын түвшинд бас уулзана. Ажлын хүрээнд янз янзын хүмүүстэй уулздаг. Би хүмүүстэй уулзах дуртай. Миний найзууд бол өөр хэрэг. Найзууд бас олон янз байна. Сайхан хүмүүс. Ажлын хувьд би одоо ч хүртэл юм сурч, үзэж байна. Шинэ юмыг ойлгохыг хичээж байна. Хүмүүсийн бодлыг сонсож байна. Тэдний толгойд юу байгааг ойлгохыг хичээж байна. Жаахан нээлттэй сэтгэлгээтэй байх хэрэгтэй л дээ.

-Та ардчилсан хөдөлгөөнийг сурвалжилж байсан сэтгүүлч хүний хувьд Монголын өнөөгийн нийгэм, тэр дундаа улс төрийн амьдралыг хэрхэн харж, дүгнэдэг вэ?

-Албан ёсоор би улс төрд оролцохгүй. Нэгдүгээрт, би бие даасан сэтгүүлч учраас аль ч намын хүн биш, аль ч намын чиглэлд явдаггүй. Тэр бол миний зарчим. Одоогийн байдалд хамгийн түрүүнд залуучууд маш их оролцох хэрэгтэй. Тэгэхдээ түүхээ сайн мэдээрэй. Социализмын үеийн тэр түүхийг гоё гэж битгий бодоорой. Үүнээс илүү юуг хийх хэрэгтэй вэ гэхээр ардчиллын зарчмыг сайн судлаад энэ гацаатай юмыг яаж засахыг бодож байгаарай. Үймээн самуун, дэмий хэрүүл хийхгүйгээр энийг яаж засах вэ гэж залуус ажил хэрэг болгох ёстой гэж бодож байна. Алдаагаа засах хэрэгтэй. Буруу тийшээ явсан бол тэрийг засах хэрэгтэй. Залуучууд ажлаа уурлаж, шүүмжлэхгүйгээр системтэйгээр хийх цаг нь болсон.


С.Зориг. Хонконгийн Шек О хотод 1991 он. Гэрэл зургийг Ирья. Тэд олон улсын хуралд хамт оролцох үеэрээ ийнхүү бие биенийхээ зургийг даржээ.

-“Сэрсэн Монгол”. Энэ бол таны үзэсгэлэнгийн нэр. Тэгэхээр таныхаар монголчууд 1990 онд сэрсэн?

-Ардчилсан холбооны С.Эрдэнэцогт энэ нэрийг санал болгосон. Би тэрийг зөв гэж үзсэн. С.Цогтсайханы “Хонхны дуу”-нд монголчуудыг муухай зүүднээсээ сэрээрэй гэж хэлсэн байхгүй юу. Муухай зүүд чинь коммунизмын үе байсан шүү дээ. Тэрнээс сэр сэр, Ардчилал ирлээ. Тийм учраас “Сэрсэн Монгол” гэсэн утгаар ийм нэрийг сонгосон. Монголчууд коммунизмаас салаад ардчиллын чиглэлээр явж сэрсэн. Монголчууд 1990 онд сэрсэн. Сэрсэн монголчууд. Мэдээжийн хэрэг сэрсэн монголчууд цаашаа яаж ажлаа хийх үү, улсаа яаж хөгжүүлэх вэ гэдэг чинь дараачийн асуудал. Гэхдээ яг тэр үед монголчууд сэрсэн.

-Өлсгөлөн зарлагчид сүүлийн өдрөө таныг дэргэдээ байгаач ээ гэж гуйхад та “Өнөө шөнө ямар нэг юм болоод би хоморгонд нь өртчих вий” гэсэн айдас байсан уу?

-Айдас байсаан. Тэр орой 22:30 цагийн үед юм уу даа, үр дүн гарсан. Ж.Батмөнх дарга радиогоор үг хэлсэн. Бөөн баяр болсон. Тэгээд өлсгөлөнгөө зогсоосон. Гэхдээ л би бэлтгэлтэй байсан. Би дотроо бодож байсан. Залуу ч байж. Айдас байсан ч тийм их тоогоогүй. Юм болвол түүнийг нь баримтжуулж, нүдээрээ харж мэдээллийг дэлхийд цацах ёстой гэж бодсон.

-Та ардчилсан хөдөлгөөний удирдагчидтай ойр дотно найзалж, нөхөрлөж явсан. Хэн хэнтэй илүү ойр байв. С.Зориг агсны зургуудыг олон дарсан байгаагаас тань та хоёрыг нэлээд сайн найзууд байжээ гэж бодлоо?

-Тийм тийм. Би бусад хүмүүсийн нэрийг дурдахгүй. Улс төрийн асуудал гарч мэднэ. Тийм учраас би С.Зоригийг ярья. С.Зоригтой нэлээд ойр дотны найз байсан. Гэрт нь очиж хонож өнждөг байлаа, хамт хөдөөгүүр явцгаадаг байлаа. Ажлын сайхан хамтрагчид байсан юм. С.Зориг зарчимч хүн байсан. Шулуун хүн. Чанартай хүн. Өөрийнхөө зарчимаас ухардаггүй. С.Зоригийн тухай янз янзын яриа байдаг ч жинхэнэдээ их шулуун, шударга хүн байсан юм.


“Сэрсэн Монгол” гэрэл зургийн цомог

-Та “Сэрсэн Монгол” үзэсгэлэнгээ Ардчиллын 30 жилийн ойд зориулсан билүү?

-Тийм тийм, 30 жилийн ойд зориулсан. Бас С.Зориг агсны харамсалтайгаар амиа алдсан өдөрт зориулж үзэсгэлэнгээ дэлгэсэн. Тийм учраас түүний нэлээд зургийг оруулсан л даа.

-Та монголчуудын уламжлалт баяруудыг хэр тэмдэглэдэг вэ?

-Үнэнийг хэлэхэд, Цагаан сараар дэндүү их бууз идээд ядардаг. Дэндүү их таргалдаг учраас тэр баяраас зугтдаг (инээв). Наадмаар бас зугтана аа. Би хэтэрхий олон удаа наадмын бичлэг хийчихсэн болохоор одоо наадмын бичлэг хийх тийм ч дуртай биш. Дэндүү их наадамласан, дэндүү их бичлэг хийсэн. Ядарч байна. Харин зүгээр л энгийн амралтад дуртай. Жишээ нь, зуны цагт голын эргээр яваад түүдэг асаагаад хээрийн хоол идэх надад сайхан. Эсвэл хөдөө яваад майхан барих. Эсвэл говьд очоод хэдүүлээ суугаад юм ярих. Тэр чинь надад хамгийн гоё байхгүй юу. Надад том найр майр хэрэггүй. Ер нь тийм. Эсвэл хэдүүлээ ой модтой газраар явна. Тэр чинь гоё. Би жаахан онцгүй хүн байх л даа.

-Үгүй үгүй.

-Надад энгийн юм хамгийн гоё.

-Таны гэрэл зургийн цомог худалдаанд гарчээ. Хаанаас яаж худалдаж авах вэ. Үнэхээр ховор, урьд өмнө нь харж байгаагүй түүхэн зургууд байна шүү?

-500 зурагтай, 380 хуудастай “Сэрсэн Монгол” гэдэг нэртэй цомог л доо. Үнэ нь 120 мянган төгрөг. Хэрвээ миний цомгийг сонирхож байвал 91181580, 80086058 дугаарын утсуудаар холбогдоорой.

Д.ГАНСАРУУЛ