Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Үхэр жилд тохиосон үйл явдлууд

Улиран одсон хулгана жил монголчууд гэлтгүй хүн төрөлхтөнд хүндхэн он болж өнгөрлөө. Харин айлчлан ирсэн үхэр жилийг монголчууд амны билгээрээ эерүүлж “Эзэндээ ээлтэй үхэр жил, зөөлөн байх болов уу” гэж таамаглаж байна. Үхэр жилүүдэд түүхэнд ямар гол гол үйл явдлууд тохиож байсныг 1901 оны Цагаагчин үхэр жилээс эхлэн тоймлон харуулбал үхэр жилийн ерөнхий ноён нуруу, ая дан, өнгө төрх гараад ирэх байх.


XV жарны Цагаагчин үхэр жил. 1901 он.

1900-гаад он бол Манж улсын суурь ганхаж, харин Монгол туургатан тусгаар тогтнолоо санаж эхэлсэн үе гэж түүхчид үздэг. Монголчууд энэ үед тусгаар тогтнолын төлөө цусаа урсган тэмцэл хийж, хаа сайгүй бослого гаргаж байлаа. 1900 онд 2000 монгол цэргийн бослого, Ард Аюушийн бослого зэрэг томоохон бослого хөдөлгөөн өрнөж, манжуудыг сандаргаж байв. Монголчуудын энэ байдлыг Манжийн тал зүгээр хараад суухыг хүссэнгүй. 1901 онд “Шинэ Засгийн бодлого” гэгчээ идэвхтэй хэрэгжүүлж эхлэв. Энэ нь монголчуудыг соёл, хүн ам, улс төр, эдийн засаг гэсэн дөрвөн чиглэлээр хараан дороо байлгах зорилготой байлаа. Уг бодлогоо хэрэгжүүлж эхэлсэн нь монголчуудыг атгах биш, харин ч эсрэгээрээ уур хилэнг нь бадраасан үйл явдал болсон юм. Энэ үеэс манжуудыг эсэргүүцсэн бослого энд тэндгүй гарах болов. 1907 онд Хятадын шунахай худалдаачдыг эсэргүүцсэн ард олны бослого, 1910 онд Хүрээн дэх лам нарын бослого зэргээр монголчууд зогсолтгүй тэмцэж, эсэргүүцсээр байв.

XV жарны харагчин үхэр жил. 1913 он.

1913 онд Монгол-Хятадын хооронд болсон “Таван замын байлдаан”-ыг Хятадууд “Үхэр жилийн үймээн” хэмээдэг. 1912-1915 онуудад болсон уг байлдаан нь Монголын тал Өмнөд Монголын нутгийг Хятадын цэргээс чөлөөлөн өөртөө нэгтгэх зорилготой байсан бол Хятадын тал Өмнөд Монголыг алдахгүй байх төдийгүй Богд хаант Монгол Улсыг устган түүний нутгийг булаан эзлэх зорилготой байжээ. Энэ байлдаанд Хятадын үлэмж давуу цэргийн байлдааны ажиллагаанууд нь бүтэлгүй болж ихэвчлэн ялагдаж байсан тул тэд энэ сэдвийг гүнзгийрүүлэн судалдаггүй бөгөөд эх сурвалжуудад өөрөөр тайлбарласан байдаг билээ.

1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын дараачаар Шинжян барга өмнөд монголчууд, дарьгангангын монголчууд Монгол төрдөө нэгдэхээ илэрхийлсэн ч Дундад иргэн улсын Засгийн газар Өмнөд Монголыг алдахгүй гэсэндээ цэргийн хүчээр шахалт үзүүлж эхэлсэн байдаг. Өмнөд Монгол Гадаад Монголоос тусламж хүссэн бөгөөд монголчууд Өмнөд Монголыг хамгаалах цэрэг гаргаж (Богд Хаант улсын арми, Өмнөд Монголын сайн дурын цэргийн ангиудын нийтдээ 10 мянган цэрэг Дундад иргэн улсын 70 мянган цэрэг, 146 их буу, 80-90 пулемётны эсрэг тулалдсан) Манлайбаатар Дамдинсүрэнгийн удирдсан 10 мянган хүнтэй таван замын их цэрэг Өмнөд Монголыг чөлөөлж, 1913 оны намар гэхэд Гадаад Монголын цэрэг Цагаан хэрэмд тулсан юм. Гэвч Оросын шахалтаар Өмнөд Монголоос цэргээ татсанаар Бүх Монголоо нэгтгэх гэсэн оролдлого тасалдсан билээ.

XV жарны Хөхөгчин үхэр жил. 1925 он.

1924 онд Богд хаан таалал төгсөв. 1924 оны 11 дүгээр сарын 26-нд Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг зарлан тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан билээ. 1925 оны хөхөгчин үхэр жил бол Монгол Улсын боловсрол, шинжлэх ухаан, банк санхүү гээд нийгэм, эдийн засаг руу чиглэсэн бүхий л салбарын суурийг тавьсан, бүтээн байгуулалтын шавыг тавьсан онцгой жил байлаа. Монголчууд энэ цаг үеэс эхэлж орчин цагийн хүн төрөлхтний шинжлэх ухааны ололтуудаас амсаж, суралцаж эхэлсэн юм. Бүх нийтээр бичигтэн болох нийт ардын боловсролын болон эрүүл мэндийг хамгаалах системийг тогтоох арга хэмжээнүүдийг авч байсны үр дүнд олон арван бага сургууль, Багшийн сургууль байгуулагдсан ба хүн болон мал эмнэлгүүдийг олноор байгуулж байжээ. Түүнээс гадна үндэсний үйлдвэрийг байгуулан өөрийн хэрэгцээг хангах үүднээс ноос угаах, хувцас оёх, эсгий эдлэл хийх, гэр ахуйн эдлэл хийх зэрэг жижиг артель, цехүүдийг байгуулах, үндэсний худалдааны байгууллага болох Монгол хоршоо зэргийг байгуулсан төдийгүй Үндэсний Улсын банкийг байгуулан өөрийн мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргасан байна.

XVI жарны Улаагчин үхэр жил. 1937 он.

Монголд өрнөсөн их хэлмэгдүүлэлт 1922 оноос эхлэн 1937 онд дээд цэгтээ хүрсэн билээ. Хэлмэгдүүлэлт 1939 оноос бага зэрэг саарсан боловч янз бүрийн хэлбэрээр олон жил үргэлжилсэн юм. Тухайн үеийн Монголын нийгмийн бүхий л давхаргыг хамарсан хядлага байсан ч гол бай нь нийгмийн сэхээтнүүд байсан бөгөөд хүмүүсийг голдуу Японы тагнуул хэмээн хэлмэгдүүлж байжээ. Хэлмэгдүүлэлтэд 45-55 мянган хүн амь насаа алдсан гэдэг ч зарим судлаачид “Энэ бол дарсан тоо. Ихдээ 100 мянган хүн хэлмэгдсэн” гэдэг. Монгол Улсын нийт хүн амын 8-13 хувийг хэлмэгдүүлэн хөнөөснөөс 18-20 мянга нь лам нар байсан. Монголын үндэсний эрх ашиг, тусгаар тогтнолыг хамгаалсан зохиолч, эрдэмтдийн бүтээлийг хориглон шатааж, тэр үеийн Монголын сэхээтнүүд баривчлагдан шийтгэгдэж, олонх нь цаазаар авахуулсан байдаг. Мөн Монгол дахь шарын шашны 700 гаруй сүм хийд коммунист хийрхлийн золиос болж сүйтгэгдэж сүм хийдээс оросуудын тоносон олон зуун ачааны тэрэг дүүрэн Монголын соёлын дурсгалууд ЗХУ-д ачигдсан. Иргэдэд Бодоогийн хэрэг, Данзангийн хэрэг, Лхүмбийн хэрэг, Гэндэн, Дэмид нарын хувьсгалын эсэргүү нарын хэрэг, Буриадуудын хувьсгалын эсэргүү хэрэг гэсэн зохиомол хэрэг тулгаж хэлмэгдүүлсэн юм. 1937 оны их яргалал, үндэстнийг хоморголон устгасан харгислал Улаагчин үхэр жил болж байжээ.

XVI жарны Шарагчин үхэр жил. 1949 он.

Дайны дараах хүнд он жилүүд үргэлжилж байлаа. Хятадын иргэний дайны дараа Мао тэргүүтэй коммунистууд засгийн эрхийг авахад БНМАУ нь БНХУ-тай байгуулсан дипломат харилцаагаа тасалж шинээр байгуулсан Бүгд Найрамдах Хятад Ард Улстай 1949 оны аравдугаар сарын 6-нд дахин бие биеэ хүлээн зөвшөөрчээ.

XVI жарны Цагаагчин үхэр жил. 1961 он.

Олон удаагийн хөөцөлдөлгөө, уйгагүй оролдлого, Монголын дипломатуудын өндөр ур чадвар, холыг харсан тууштай бодлогын үр дүнд БНМАУ 1961 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн болж, өрнөдийн орнуудтай дипломат харилцаа тогтоосон нь өнгөрсөн зууны түүхийн онцлох гол үйл явдлуудын нэг билээ. Цагаагчин үхэр жил ивээлээ хайрлаж монголчууд дэлхийн дахинаа ийнхүү хүлээн зөвшөөрөгдөв. БНМАУ Нэгдсэн Үндэстний Байгууллагын бүрэн эрхт гишүүн болсноор дэлхийн социалист хамтын нөхөрлөлийн орнуудтай хамтын ажиллагаагаа бэхжүүлж, 1962 оны зургадугаар сарын 7-ны өдөр Эдийн Засгийн Харилцан Туслалцах Зөвлөлийн гишүүнээр элссэн юм. Гадаад харилцааны салбарт гарсан энэ том өөрчлөлт нь Монгол орны хөгжил цэцэглэлтийг түргэтгэх том хүчин зүйл болсон билээ. Социалист орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны гол хэлбэр болох ЭЗХТЗ-д элсэн орсноор манай орны геологийн салбар дахь хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж эхэлсэн юм.

1961 онд Соёлын довтолгооны хоёрдугаар шат эхэлж “Бүх нийтээр улам гэгээрэн боловсрохын төлөө”, “Хөдөлмөр ба хүмүүсийн харилцаанд соёлыг гүнзгий нэвтрүүлэхийн төлөө”, “Эрүүл энх аж төрөхийн төлөө ”гэсэн гурван уриа лоозонгийн дор олон талт үйл ажиллагаа өрнүүлсэн байна. Мөн нэгдэлжих хөдөлгөөн, атрын аян ч энэ он жилүүдэд Монгол оронд ид хүчээ авч байв.

XVI жарны Харагчин үхэр жил. 1973 он.

Таван толгойн коксждог нүүрс, Хөвсгөлийн фосфорит, Цагаан суваргын зэс молибдены орд газрыг зөвлөлийн гишүүн сонирхогч орнуудтай хамтран ашиглах асуудлыг боловсруулжээ. Эл хугацаанд Монгол Зөвлөлтийн хамтарсан “Монголсовцветмет” аж ахуйн газрыг 1973 онд нээн ажиллуулснаас гадна, манай орны нийгэм эдийн засгийн амьдралд өнөө хүртэл үр шимээ өгч буй “Эрдэнэт” үйлдвэр 1978 онд ашиглалтад орсон юм. ЭЗХТЗ-ийн гишүүн орнууд болох БНБАУ, БНАГУ, БНПАУ, БНСРУ, БНУАУ, БНСЧСУ-ын тусламжтайгаар мах комбинат, нэхий, нэхий эдлэлийн үйлдвэр, шилэн дарлага бүхий хүнсний ногооны газар, жимс, ногооны цогцолбор, биокомбинат, оёдлын үйлдвэр, гүн хэвлэл, хивсний үйлдвэр, мод боловсруулах комбинат, хөнгөн бетоны завод, царууц тоосго, шохойн үйлдвэр, автомашины засварын газар, мебель картон үйлдвэрлэх фабрик, гутал, арьс ширний үйлдвэр, цементийн завод, Улсын клиникийн төв эмнэлэг зэрэг нийгэм соёлын олон газруудыг барьж байгуулсан билээ.

XVI жарны Хөхөгчин үхэр жил. 1985 он.

ЗХУ-ын удирдлагад Горбачёв 1983 онд гарч ирснээр социализмыг шинэчлэх, өөрчлөн байгуулах, ил тод байдлын тухай бодлого хэрэгжиж эхэлсэн байна. Ийнхүү аядуу социализмын гол төлөөлөгч болсон Ю.Цэдэнбалыг нам, төрийн эрхээс зайлуулах бодлогыг ЗХУ баримтлан, 1984 онд түүнийг “Эмчилгээ хийлгэ” гэдэг нэрийдлээр Москвад аваачсан билээ. Энэ үед Монгол дахь КГБ-ын төлөөлөгч генерал Радченко болон Элчин сайд Павлов нар ЗХУКН-ын шууд заавраар тайван эргэлтийг Монголын эдийн засгийн шинэчлэгчдийн гараар хийлгэсэн байна. Ерөнхий сайд Жамбын Батмөнхийг АИХ-ын Тэргүүлэгчдийн даргаар томилсон юм. Энэ бол 1985 оны үе юм.

XVII жарны Улаагчин үхэр жил. 1997 он.

1996 оны зургадугаар сарын 30. УИХ-ын ээлжит сонгуульд МҮАН, МСДН-ын “Ардчилсан Холбоо” эвсэл 50 суудал авч ялалт байгууллаа. УИХ-ын олонхын бүлгийн даргаар Ц.Элбэгдорж сонгогдов. 1997 онд Н.Багабанди Ерөнхийлөгчөөр сонгогдож тангараг өргөв. 1997 он бол Монголын улс төрийн хямралын суурь тавигдсан өмнөх жил нь байсан юм. 1998 оны дөрөвдүгээр сарын 23. Ерөнхий сайд М.Энхсайханы Засгийн газар унаж, Ц.Элбэгдорж Ерөнхий сайд болов. 1998 оны долдугаар сарын 21. Ерөнхий сайдаар гурван сар ажилласан Ц.Элбэгдорж огцров. 1998 оны аравдугаар сарын 2. Дэд бүтцийн сайд, Ардчиллын алтан хараацай, төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг хэрцгийгээр алагдав. Ерөнхий сайдад нэр дэвшигчид төрийн тэргүүний шалгуурт тэнцэлгүй бүр долоон удаа бүдэрч байлаа. Эрх баригч Ардчилсан холбоо эвслийн дарга нар “Манай фракциудын дээд цэгтээ тулсан дотоод зөрчил дээр сөрөг хүчин тоглож,төрийг хямрааж байна” гэж ээлж дараалан мэдэгдэж байлаа. Төрийн хямрал Үндсэн хуулийн хямрал болон үргэлжилсэн юм.

XVII жарны Шарагчин үхэр жил. 2009 он.

2008 оны УИХ-ын сонгуулийн санал хураалтын маргааш Улаанбаатарт үймээн дэгдэж, “Долдугаар сарын 1” гэх бараан өдөр шинэ цагийн түүхэнд бичигдсэн билээ. Нийгмийн уур амьсгал бүхэлдээ унаж, түгшүүртэй байсан ч 2008 оны наймдугаар сарын 8-нд Бээжин хотноо хөшгөө нээсэн зуны олимпоос Монголын баг тамирчид анхны алтан медалиудаа зүүсэн нь дээрх уур амьсгалыг жаахан ч атугай зөөллөж, үл ойлголцлоор дүүрсэн улс төрд өчүүхэн ч болов эвлэрэл авчирсан юм.

Дэлхийн эдийн засаг 2008 оны сүүл, 2009 он бүхэлдээ хүнд байлаа. Ашигт малтмалын үнэ шалдаа бууж, 1993 оноос хойш Монголын эдийн засгийн өсөлт анх удаа хасах гарлаа. 2009 онд С.Баяр Ерөнхий сайдын албыг өөрийн хүсэлтээр С.Батболдод шилжүүлсэн билээ.

XVII жарны Цагаагчин үхэр жил. 2021 он. Юу тохиох бол?

Энэ жилийн Цагаагчин үхэр жил хүртэлх өмнөх 10 үхэр жилд хувьсгал, тэмцэл, бослого, тусгаар тогтнолын төлөөх хэлцэл, байлдаан, их хэлмэгдүүлэлт, бүтээн байгуулалт, соёлын довтолгоо, уул уурхайн хөгжил, улс төрийн хямрал зөрчил голдуу болж байсан гэдэг нь дээрх баримтуудаас харагдаж байна. Алим модноосоо нэг их хол унахгүй гэдэг шиг өмнөх үхэр жилүүдийн ерөнхий өнгө аясаар л явчих байх даа гэж таамаг дэвшүүлж болох ч бэлгэдлээ бодоод мөн л “Эзэндээ ээлтэй үхэр жил. Эм жил, зөөлөн жил учир аятай өнгөрөөсэй” гэцгээе.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Тэргүүн их хамба лам Д.Чойжамц: Нийтээрээ эв эеэ хичээн хууль, журмаа дагаж, ёс зүйгээ баримтлах чухал үе ирлээ

XVII жарны “Цөөвөр” хэмээх Төмөр үхэр жилийн Сар шинийн баярт зориулж Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц Монголын ард түмэн, нийт сүсэгтнүүддээ хандаж дараахь айлдварыг айлдлаа.


Хулгана жил улирч үхэр жил гарч байна. Монголын ард түмэн болон сүсэгтэн олон Та бүхэндээ Сар шинийн мэндийг дэвшүүлье ээ. Сайхан жил гарч байна. Бид хэдийгээр одоо дэлгэр сайхан золгож, ах дүү амраг садантайгаа золгох боломжгүй ч гэлээ гэр орондоо бэлгэ дэмбэрлээ бэлгэдэж идээ будаагаа засаж, гэр доторх ахмад хүнээсээ эхэлж мэндэлж золгож, үе тэнгийнхэнтэйгээ найрсаж, үр хүүхдээ асарч, сайхан шинэлж хулгана жилээ угтацгаана. Шинэ жил, Сар шинийн эхэн гэдэг бол бас нэг сайхан бэлгэшээлтэй, жилийн эхлэл, билгийн тооллын жилийн эхлэл юм. Тийм учраас монголчууд бэлгэшээж энэ Цагаан сарыг тэмдэглэдэг учир жанцантай. Цагаан сар гэдэг бол уламжлалт баяр, олон зууны турш тэмдэглэж ирсэн ийм сайхан баяр. Ер нь хорвоо юм болсон хойно Монгол Улс өөдөлж яваа, дэгжиж яваа, дээшилж яваа, хөгжиж яваа.

Бид ийм ард түмэн. Тийм учраас энэ хэвэндээ ингээд цаашаа сайхан хөгжиж дэвшинэ ээ гэж бэлгэдэж байна.

Одоо анхаарах юм бол дээдэс гэж ярьдаг дарга, дээдсүүд жаахан алдаа гэлтгүй маш болгоомжтой хөдөлж, ажил үйлээ хийх хэрэгтэй шүү. Хууль, номын дагуу гэсэн нэг иймэрхүү маягийн санамж бол гарсан байна. Дээрээс нь улсын эдийн засагт жаахан өөрчлөлт гарч дэгж, дэвэх маягийн ийм юм харагдаж байгаа. Тэгэхдээ тэрний хажуугаар айл гэрийн эдийн засагт нэг жаахан тиймхэн байдал харагдаж байна. Тийм учраас хувь улсууд ажил хөдөлмөртөө зүтгэх, эв эеэ хичээх, янз бүрийн арга сэдэж өөрсдөө гэр орондоо оёж шиддэг юу байна, тийм юмнуудаа хийж, амьдралынхаа төлөө зүтгэл гаргах хэрэгтэй. Хамгийн гол нь эв эетэй байх. Ард түмний эв эе их сайхан байвал Монгол орон үймээн, самуунгүй сайн сайхан байх ийм зүйлд зурхайд зурагдсан байдаг юм. Тэгэхлээр бид одоо нэг ард түмэн, Монгол гэдэг нэгдмэл улс, систем учраас бие биедээ сайхан хандаж, биенээ хүндэтгэж, тэгээд бусдыг хайрлах, нигүүлсэх, энэрэх ийм сайхан үзлээр нэгэндээ хандаж ингээд босгох юм бол Монгол орны хөгжил дэвшил бидэнд ойрхон байгаа. Тэр бол тодорхой байдаг. Тийм учраас энэ жил гэлтгүй ер нь жил болгонд бид энийг анхаарч байх ёстой. Эвээ олж, хууль, ном журмаа дагаж ёс зүйгээ баримталж, хөдлөх ийм чухал үе юм даа.

Шинэ жил гээд манай монголчууд нэг, хоёр өдрийг ихэд эрхэмлэж үздэг. Хуучин жилийн хамгийн сүүлчийн өдөр бол битүүн. Битүүний өдрийг баяр цэнгэлтэй тэмдэглэж, чөлөөтэй байгаа үедээ айл хунартаа тавгийн идээ барьж орж битүүлж, идээ будаанд нь хүрч баяр жаргалаа илтгэж ирсэн ийм сайхан уламжлалтай.

Шинийн нэгнээс сар арвидаад шинийн найман гэхэд тал дугуй болдог. Тал дугуй болоод улам арвижсаар байгаад арван таван гэхэд тэргэл сар гардаг. Тэргэл сарнаасаа хомсдох үе эхэлдэг. Хомсдсоор байгаад хорин хоёрны өдөр тал дугуй болдог. Тэгээд улам хомсдсоор байгаад нар үзэгдэхгүй сүүдрээр бүрхэгдэж, битүүрдэг учраас битүүний өдөр гэж жилийн хамгийн сүүлчийн өдрийг онцгойлж ирсэн. Энэ өдрийг эрхэмлэдгийн учир бол бид нэг жилдээ амар тайван, сайхан жаргалтай байж, гэр бүлээрээ өнөр өтгөн сайхан өнгөрөөлөө, шинэ жилийн эхэндээ бэлгэ дэмбэрлээ дээдэлж, сайн сайхан байсан тэр ажил улам үргэлжилж, цаашаа яваад жилийн эцэст ийм сайхан боллоо гэж ажлаа дүгнэж байгаа маягтай баяр цэнгэлийг хийдэг ийм учиртай.

Хорин еснөөс өмнө гэр орноо цэвэрлэдэг, шинэ сайхан, угааж тордсон цэвэр цэмцгэр хувцсаа зэхэж, шинээр дээл хувцас хийж өмсдөг ийм заншилтай байсан. Өр төлөөс юмуу, аливаа нэгэн зүйл байвал хорин еснөөс өмнө төлж бариад сэтгэл уужуурдаг. Мөн урьд жилдээ алдсан, бие биедээ санасан муу муухай зүйл байвал тэрнийгээ шинэ жилдээ авч явахгүйн төлөө хөөрөг зөрүүлж цагааддаг ийм сайхан ёслол урьд байсан, одоо ч тийм байна.

За ингээд шинийн нэгний өглөө нар ургахаас өмнө эртлэн босож, хийморь, сүлд зэргээ эрхэмлэдэг, ингээд зүг чигээ гаргадаг, хөгшдөөсөө эхэлж золгодог, төрийнхөө зүгт хүндэтгэл үзүүлдэг ийм олон янзын ёслолууд урьд байсан. Цагаан сарын үед цагаан зүгийн идээ, аль болох амьтны амь хороогоогүй зүйлсийг хэрэглэхийг чухалчилдаг. Гэхдээ одоо үед эхлээд цагаан зүгийн идээгээ түрүүлж барьж, түүнийгээ цагаалга гэдэг болсон. Дараа нь ёсолгоогоо хийдэг. Энэ үед бурхан шүтээнээ гаргаж залдаг. Хуучны айлууд бүгдээрээ далд байсан бурхан шүтээнүүдээ бүгдээрэнг нь дэлгэчихсэн, тэгээд арц хүж тэргүүтэн анхилам үнэртэй зүйлүүдээ асааж, үнэрээр муу зүйл хөөгддөг гэсэн бэлгэдэл байдаг учраас Цагаан сараа ингэж сайхан тэмдэглэдэг байжээ. Буддын шашин дэлгэрсэн сүүлийн жилүүдэд энэ зочилгооны утга бол нэлээд өргөссөн, нүдэнд нь сайхан дүрс өргөж байгаад гэр орноо цэвцийгээд цэвэрлэчихсэн, бурхан шүтээнээ дэлгэчихсэн, цэвцийгээд байж байгаа энэ байдал бол зочныхоо нүдэнд нь өргөж байгаа сайхан өргөл юм. Дуу хуур тавьчихсан, мэндчилгээ эднүүд их тунамал сайхан, гоё үгээр ярьж, бие биенийгээ хүндэтгэж буй нь чихэнд нь өргөж байгаа өргөл юм, зочныхоо. Сайхан арц хүж уугиулсан нь хамарт нь өргөж байгаа үнэр юм. Аманд нь бол сайхан амт, бууз, хуушуур, тэгээд цагаалга, чихэр бурмаа барьдаг. Энэ бол аманд нь өргөж байгаа сайхан амт юм. Тэгээд бие биедээ хадаг зөрүүлдэг байсан. Тэр нь бол энэ биед их зөөлөн мэдрэмж тусгадаг. Хүртэхүйд нь өргөж байгаа мэдрэмж тэргүүтэй таван эрхтэнд зориулсан ёсолгоог хийдэг ийм сайхан уламжлал манай ард түмэнд зохицсон юм аа.

За ингээд ирж байгаа Үхэр жилдээ Монголын ард түмэн нийтээрээ амгалан жаргаланг эдэлж, эрүүл энх, урт настай, удаан жаргалтай, өвчин зовлонгүй, барцадгүй мэнд сууж, эд таваар элбэг дэлбэг, үр хүүхэд өнөр өтгөн, байгаль дэлхий маань цагтаа хур бууж, ган гачиггүй, зуд цурхангүй, Монголын нийгмийн амьдралд их өөрчлөлт гарсан, өөдөө дэвшсэн, хувь хүний амьдралд сайхан өөрчлөлт гарч, гэр орон нь сайхан болсон ийм өлзийтэй сайхан жил гарахын өлзийтэй сайхан ерөөлийг Та бүхэндээ дэвшүүлье ээ.

Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Тэмдэглэсэн: Д.ГАНСАРУУЛ

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Хаана найр наадам, улстөржилт болно, тэнд ковид гаарч байна

Хүн төрөлхтөн коронавирус гэх цар тахалтай тэмцээд бүтэн жилийн нүүр үзлээ. Бид тахалтай дэлхийд амьдарч байна. Манай улсын хувьд тэсч тэсч байгаад өнгөрсөн намар энэ цар тахлыг дотооддоо алдчихсан. Монголчууд коронавирусийг дотооддоо хэрхэн алдлаа, яаж хариуцлагагүй загналаа гэдгийг эргэж саная л даа. Халдвар гарсны дараахан төмөр зам дагаж вирус тархсан гэдгийг албаныхан баталсан. Төмөр замын том баяр, тэмцээн уралдаан болж, олон зуун хүн түүнд нь хамрагдсан нь тогтоогдсон. Мөн төмөр замын хатуу, зөөлөн эдээр дамжсан гэдгийг УОК мэдээлсэн билээ. Бас шинжилгээгүй хүмүүс орж гарсан гэдэг батлагдаагүй яриа ч бий. Халдвар тархсан, дамжсан энэ бүх үйл явдал юунаас болов гэхээр ердөө л хариуцлага алдсанаас болсон. Найр наадамд дуртай, найрлана, цэнгэнэ гэхээр хамаг ажлаа хаяад тэвчээргүйтдэг нийтлэг зангийн уршиг. Түүнээс хойш дотоодод илэрч буй халдварууд хаана л найр наадам, нийллэг, цугларалт, бөөгнөрөл болно, тэндээс нь л дэлгэрч, голомт үүсгэсээр байна.

“Энх саран” сувилалд яалаа. Гаднаа харуул хамгаалалттай мөртлөө дотроо караокедэж, нийллэг зохион байгуулж, замбараагаа алддаг байсан талаар тухайн үед бүгд шуугьцгаасан. Сүүлдээ тэнд дураараа орж гарч, сэлгүүцдэг байсан тухай ч ярьдаг хүмүүс бий. Энэ бол монголчуудын юманд тэвчээргүй, тууштай биш ханддагтай нь холбоотой. Түүнээс биш өөр ямар нэг хүчин зүйлээс болж халдвар дэгдээгүй юм. Манайхны аливаад тууштай байдаггүй, эцсийг нь үзэж чаддаггүйн л гай.

Хаагаад хамгаалаад, ариун цэврийг нь сахиулдгаараа сахиулаад байхын оронд “Хэзээ дэлгэрэх нь цаг хугацааны асуудал аа хө” гэж орилолдсоор байгаад л дотооддоо алдчихсан. Хэрэвзээ тууштай, анх гаргасан шийдвэртээ бат зогсож, юманд шинжлэх ухаанчаар тэсвэртэй ханддаг байсан бол хааж, хамгаалаад, халдвар оруулахгүй байж чадах л байсан.

Тухайн үедээ коронавирус гэдэг чинь юунд ч дийлдэггүй, шинжлэх ухаан хүртэл сөхөрч байна ухааны юм ярьж сүрдэцгээж байсан чинь өнөөдөр ингээд харахад зүгээр л сахилга баттай байхад л болох байжээ гэж дүгнэж болохоор байна. Сүртэй өндөр хамгаалалт, техник хэрэгсэлдээ биш, халдвар хамгааллын дэглэмээ нарийн барьж, өдөр тутамдаа хариуцлагатай байхад л болохоор байв.

Тахлын үед сахилга баттай байх шат дамжлага дээр ганц л алдаа мадаг гарахад нийтээрээ хохирогч болж байгааг бид бодитоор, амьдралаараа харж, мэдэрч байна. Тээврийн жолооч буудал, караокегоор орсон, автобусны жолооч нар Улиастайн эрэг дээр очиж агаарт гарч наргицгаасан, ЭМЯ-нд улстөржилт болж, жагсаал цуглаан хийтэл дотроос нь коронавирус илэрсэн, нэгнийхээ төрсөн өдөрт 20, 30-аараа очицгоогоод ташраараа тусгаарлалт руу шилжсэн гээд юу юу болсныг та бид нэгд нэгэнгүй мэдэж байгаа. Энэ бүх жишээ бол монголчуудын юманд туйлбаргүй ханддагийн баталгаа.

Одоо энэ муухай зангаа өөгшүүлж, дэвэргэхгүй УОК-оос өгч буй заавар зөвлөгөөг хүн шиг мөрдөж, Цагаан сарын баярын өдрүүдээр гэр гэртээ хэд хоног хөл хорионд тэвчээртэй суучихмаар байна. Ямар нэг баяр, цэнгээн гэхээр хэний ч нүдийг хуурч байгаад мултарчих гээд байдаг зантай болохоор Цагаан сараар хатуу хөл хорио тогтоож, чангатгах нь зөв. Үр хүүхдүүд нь аав ээж, настай хүмүүс дээрээ очихгүй байх хэрэгтэй. Хэдхэн хоног тэсчих. Цар тахал мөнх үргэлжлэхгүй. Цаг хугацааны асуудал. Жаахан л хугацааг тэвчээд өнгөрөөчихөд аяндаа шинжлэх ухаан энэ вирусийг устгачихна. Ирэх долоо хоногт гэхэд л вакцин эхнээсээ орж ирлээ шүү дээ. Хойтонгийн Цагаан сараар гэхэд бид өнөөдрийн энэ нөхцөл байдлаа мартчихсан айл айлаар ороод золгоод л явж байх болно.

Коронавирусийн голомт болсон БНХАУ-ын Ухань хот жилийн өмнө ямар байлаа. Гэтэл одоо Ухань шиг баярлаж, баяртаа бэлдэж байгаа газар байна уу. Тахал дунд тарчилж байснаа мартаад тарвалзацгааж байна, тэнд. Үүнтэй адил ирэх жилийн Цагаан сараар “Юун тахал, ямар тахал вэ” гэцгээчихсэн найрлаж, наадаад явна.

Нэгэнт алдсан, одоо хөл хориод дэмий, сул тавь гэж муйхарлаад байгаа хүмүүст хандаж хэлэхэд, эрдэмтдийн зөвлөл тархалт дээр судалгаа хийж, математик аргачлалаар нарийн тооцооллыг нь гаргачихсан. Хэрвээ Цагаан сараар хөл хориог сулруулбал 8-10 мянган хүн уг халдварыг авна гэж сэрэмжлүүлсэн.

Өчигдөр тус багаас манай улсын “КОВИД-19”-ийн өнөөгийн нөхцөл байдал, тархалтын тандалтын судалгааг УОК-ын Шуурхай штабт танилцууллаа. Судалгаагаар сар шинийн баярын өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 6-21-ний өдрүүдэд 16 хоногийн хязгаарлалтын дэглэм хэрэгжүүлбэл иргэдийн дунд коронавирус тархах эрсдэл 90 гаруй хувиар буурна, хөл хорионы дэглэм хэрэгжүүлэх нь цар тахлыг хумих дэлхий нийтэд нотлогдсон шилмэл арга гэдгийг онцолсон. Хэрвээ Цагаан сараар хөл хорионы дэглэмийг сулруулбал ирэх сард цар тахлын халдвар нийтийн дунд тархах маш өндөр эрсдэл хүлээж буйг судлаад гаргаад ирсэн байна. Тийм байхад бид хичнээн эсэргүүцээд нэмэргүй, өөрсдөдөө л эрсдэл дуудна. Энэ үед итгэл найдвараа алдсан, урам зоригоо гээсэн “Хөл хориод дэмий, хаашдаа алдчихсан ш дээ” гэсэн утгатай юм ярьж бусдадаа сөрөг нөлөө үзүүлээд хэрэггүй. Одоо л тууштай байж, тэсвэрээ гаргацгаая. Ирэх долоо хоногоос эрсдэлтэй бүлгүүд маань эхнээсээ вакцинжуулалтад хамрагдаад, цаашлаад нийтээрээ энэ тахлын эсрэг тарилгад хамрагдана.

Өнгөрсөн жил манай урд хөрш Цагаан сарын баяраараа хөл хорио тогтоогоогүйгээсээ болж, халдвараа хяналтаасаа гаргаж, тэр нь дэлхий нийтийг хамарсан цар тахал болчихоод байгааг мэдэж л байгаа байлгүй.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Энэ жил яагаад Ерөнхийлөгчийн сонгууль болохгүй гэцгээх болов оо

“Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн” хэмээн Монгол Улсын Үндсэн хуулийн 30.1 зүйлд заасан байгаа. Ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч, төрийн тэргүүнээ сонгох сонгууль хуваарь ёсоор энэ зун болно гэж үзэцгээж байлаа.

Гэтэл 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт (ҮХНӨ)-өөр Ерөнхийлөгчийн ажиллах хугацаа дөрвөн жил байхаа больж, зургаан жил болсон юм. Үүнийг дэлгэрүүлье л дээ. Үндсэн хуулийн 30.2 зүйлд “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” хэмээсэн байгаа юм. “Зургаан жилийн хугацаагаар…” гэсэн байгаа биз.

Тэгвэл уг зүйл заалтыг хэзээнээс эхэлж хэрэгжих ёстойг Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн 6 дугаар зүйлд тодорхой заачихсан байна. Уг зүйлд “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 12 цаг буюу арван долдугаар жарны төмөр хулгана жилийн зуны тэргүүн сарын шинийн гуравны өдрийн морин цагаас эхлэн улс орон даяар дагаж мөрдөнө” гэсэн. Өнгөрсөн оны тавдугаар сарын 25-наас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт улс даяар бүрэн төгөлдөр хэрэгжиж эхэлснийг Монголын ард түмэн мэдэж байгаа. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай энэхүү хууль нь Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн нэгэн адил хүчинтэй гэдгийг ч хуульчилчихсан. Тэгэхээр бид энэ жил биш дахиад хоёр жил болсны дараа Ерөнхийлөгчийн сонгуулиа хийж, төрийн тэргүүнээ сонгохоор болж таарч байна уу даа.

Үүгээр одоогийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн дөрөв дэх жил нь дуусч тав дахь жил рүүгээ орж байгаа юм. Түүнд Ерөнхийлөгчөөр ажиллах дахиад хоёр жил дутуу гэсэн үг шүү. Үндсэн хуулийн дагуу 2021 онд биш 2023 онд Ерөнхийлөгчийн сонгууль болно гэдгийг улс төрч, хуульчид, Үндсэн хууль судлаачид яриад эхэлчихлээ. Үүнийг Монголын туршлагатай парламентч, хуульч Р.Гончигдорж “Өдрийн сонин”-ы 2021 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр буюу Үндсэн хуулийн өдрөөр хуулийн талаас нь ойлгомжтой тайлбарлаж ярьсныг уншигч та бүхэн уншсан байх. Тэрээр “…Ийм байх ёстой юм бол нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуульдаа Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн хоёр дахь хэсэгт оруулсан өөрчлөлтийг 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас эхлэн дагаж мөрдөнө гэж оруулах ёстой байсан. Эсвэл бүр 2025 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас эхлэн дагаж мөрдөнө гэж оруулж болох байлаа. Хэлэлцүүлгийн явцад эхнийхийг нь оруулж чадахгүй байсан. Харин хоёр дахийг нь хуульдаа хийж магадгүй байлаа.

Гэхдээ тэгээгүй. Шилжих журмын тухай хуулиар өөрөөр зохицуулсан заалт байхгүй учраас 30.2 дагаж мөрдсөн өдрөөс хүчинтэй болж Ерөнхийлөгчийн бүрэн эрх зургаан жил болсон” гэж ярьсан. Түүний яриагаар хэрвээ “Үгүй ээ, 2021 онд Ерөнхийлөгчийн сонгуулиа заавал хийнэ” гэж Үндсэн хуулиас зөрж, Үндсэн хуулийн тухайн үйлчлэлийг зогсоож байгаад Ерөнхийлөгчийн сонгуулийг явуулбал өмнөх бүх Ерөнхийлөгчдийн нэр дэвших эрх нь нээгдэнэ.

ҮХНӨ-ийг 2025 оноос уу, 2020 оны тавдугаар сарын 25-наас дагаж мөрдөж эхлэх үү гэдэг асуулт тухайн үед хэлэлцэгдэж байхад УИХ-ын гишүүд, хууль батлагчид үүнийг огт хараагүй, анзаараагүй гэвэл тэрэн шиг худлаа юм байхгүй болно. Одоо эрх барьж буй улстөрчид бүгд яг энэ сэдвийг ярихаас зайлсхийж ам нээдэггүй талтай.

Оны өмнө Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд “Одоогийн Ерөнхийлөгч, өмнө нь Ерөнхийлөгч байсан хүмүүс дахин нэр дэвших боломжгүй гэж ойлгоод байгаа. Үүнийгээ хуульдаа тодруулж өгөөч ээ. Маш ойлгомжтой Үндсэн хуулийн заалт оруулчихаад яагаад үүнийгээ тойроод байгаа юм” хэмээн олон удаа асуухад “Энэ Үндсэн хуулийн Цэц дээр очиж шийдэгдэх асуудал, Үндсэн хуулийн дагуу л энэхүү хуулийг боловсруулсан” гэсэн хариу өгцгөөсөн. УИХ-ын гишүүд энэ асуудалд орооцолдохоос айдаг юм уу, эсвэл үнэхээр зөрчилтэй хууль болохоор тэгдэг юм уу “Маргаан гарах нь гарна” гэхээс өөр дорвитой юм тайлбарлаж чаддаггүй.

Цагаан дээр хараар “Үндсэн хууль 2020 оны тавдугаар сарын 25-наас бүрэн төгөлдөр хэрэгжиж эхэлнэ” гэж биччихсэн байгаа болохоор, хэрэгжээд явж байгаа энэ хуулийн дагуу Ерөнхийлөгчийн сонгууль хоёр жилийн дараа явагдахаар болж байгаа нь гаргалгаатай л яриа болж таарлаа. Үүнээс л үүдэж “Энэ жил Ерөнхийлөгчийн сонгууль болохгүй” гэж хууль мэддэг хүмүүс дуугарч байгаа байх нь. Ерөнхийлөгчийн бүрэн эрх 2023 онд дуусч ээлжит сонгууль 2023 оны зургадугаар сард болох ёстойг Үндсэн хууль нь хэлж өгчихөөд байна.

Тэгэхээр УИХ-ын дарга асан Р.Гончигдоржийн “Энэ жил Ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн Ерөнхийлөгч нэр дэвшиж болно, болохгүй гэх яриа нь өөрөө Үндсэн хуулийн бус” гэдэг нь үнэн санж.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Гэрийн тэжээвэр үнэг үсээ самнуулах дуртай

Улаан үнэг хуурай газрын махан идэштний дунд хамгийн өргөн тархалттай зүйл. Өргөн тархалттай болоод ч тэр үү, энэ амьтныг гэрт тэжээх, гаршуулах үзэгдэл нэмэгджээ. Тэр бүү хэл “Үнэгийг хэрхэн гаршуулах вэ” гэдэг номыг Оросын судлаачид олны хүртээл болгочихоод байна. Үнэгийг гаршуулах судалгааны ажил Сибирьт 60 жилийн турш өрнөсөн бөгөөд түүнийх нь үр шим нь уг ном юм. Энэ судалгааны талаар доор өгүүлнэ.

Монгол ардын аман зохиолд үнэгийг зальтай, хууран мэхлэгчийн дүрээр дүрсэлж ирсэн нь энэ амьтны талаар хүмүүст ташаа ойлголт өгсөн тал бий.

Орос төдийгүй барууны орнуудад үнэгийг гэрт тэжээх нь олонтаа тохиолдох боллоо. Лондон хот хамгийн олон үнэгтэй. Энэ хотод үнэг орж ирж, хогийн сав ухаж хүнс эрэх, савтай хогийг асгах, машин дээр гарах, хоол өгдөг айлын гадаа бөөнөөрөө цугларах үзэгдэл элбэг. Гудамжуудаар үнэгнүүд золбин ноход шиг л гүйлддэг. Лондонгийн үнэгнүүдийг судлахад тархины хэмжээ нь зэрлэгээр байгальдаа амьдарч буй үнэгнийхээс багассан байжээ. Үүнээс “Үнэг гэрийн тэжээмэл амьтан болох эволюцид орж эхэлжээ” гэж дүгнэсэн байдаг.

Гэртээ үнэг тэжээдэг хүмүүс “Үнэг бол хөөрхөн, хөгжилтэй. Жижиг биетэй нохой, эсвэл гөлөгнүүдтэй төстэй. Гэхдээ яг нохой шиг ааш аягтай биш шүү, өөр” гэжээ. Улс орнуудын хууль тогтоомжоос хамаарч зарим оронд энэ амьтныг аюултай гэж үзэж гэрт тэжээхийг хориглодог. Хэрвээ та үнэгийг гаршуулах гэж байгаа бол Ан, амьтны тухай хуулиа эхлээд судалж үзэхийг үнэг тэжээхээр зорьж байгаа хүмүүст зөвлөдөг юм байна.

Үнэг гаднах өнгө зүснээсээ эхлүүлээд дотроо олон төрөл, зүйлтэй. Тэр дунд Fennec үнэг нь хүний дэргэд удаан хугацааны турш байж, гэрийн тэжээмэл гэж нэрлэгдэх хэмжээний төрөл нь. Жижигхэн биетэй, улаандуу, улбар шар зүстэй, том чихтэй энэ үнэг сайхан ааш зангаараа алдартай. Маш эелдэг, найланхай. Зарим улс оронд энэ төрлийн үнэгийг албан ёсоор “Гэрийн тэжээвэр амьтан” гэж хүлээн зөвшөөрсөн байдаг.

Харин улаан үнэгийг гэрийн тэжээмэл, дуулгавартай амьтан гэж төдийлөн хэлэх боломжгүй ч байшинд амьдарч чаддаг, нохой, мууртай эвтэй байдаг гэнэ. Fennec үнэгийг бодвол биеийнх нь үнэр илүү хурц, газар ухах, юм малтах төрөлхийн зан үйл нь идэвхтэй. Хөдөлгөөн шалмаг, тоглож гүйж харайх дуртай. Жижиг орон зайд уйтгарладаг учир том саруулхан байшинтай айлд тэжээхэд тохиромжтой.

Харин Сибирь, Арктикийн үнэгийг ихэнх оронд гэрийн тэжээвэр амьтан гэж үздэггүй ч улаан үнэгтэй адил зан чанартай.Зэрлэг, улаан үнэг махан идэштэн. Тэд жижиг мэрэгчид, шувууд, элбэнх, шавьж, хэвлээр явагч, жимс жимсгэнэ иддэг бол тэжээвэр үнэг нохойны зориулалтын хоол, шавьж, жимс жимсгэнэ, хүнсний ногооноос гадна хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээр хооллодог.

Новосибирск хот дахь үнэгний үржлийн ферм бол олон хүний анхаарлыг татдаг газар. Энд 1959 оноос хойш хамгийн сайн үүлдрийн үнэгнүүдийг сонгон авч үржүүлж, хэрхэн гаршуулах талаар гарын авлага боловсруулжээ. Бүтэн жарны турш үргэлжилсэн судалгааны явцад үнэгний өнгө зүс нь өөрчлөгдөж, чихнийх нь соотгор бууж унжуу болж, сүүл нь ч сагсгар байхаа больжээ. Эдгээр шинж нь энэ амьтныг гэрийн тэжээвэр амьтан болжээ гэж дүгнэхэд хүргэсэн байна. Сибирийн тэжээвэр үүлдрийн үнэгтэй болъё гэвэл 7-12 мянган долларын үнэтэй.

Үнэг тэжээхээр сонирхож байгаа хүмүүст үнэг тэжээгчид дараах зөвлөгөөг өгчээ.

-Үнэг бол аюултай амьтан. Түүнийг айлгах, булан тохойд хашиж байгаад ширүүн авирлавал тэр өөрийгөө хамгаалах байгалийн зөнгөөрөө тан руу, хүүхэд рүү дайрах болно.

-Эрх чөлөө түүнд чухал. Түүнийг тайван, дөлгөөн, хүмүүжилтэй байлгахын тулд тийм хэмнэлд дасга. Яагаад гэвэл үнэг тоглох дуртай амьтан.

-Үнэгтэйгээ тогло. Харин тоглох үедээ эзэн нь түрэмгий зан авир гаргаж болохгүй.

-Яаж тоглох вэ гэхээр бөмбөг шид. Бөмбөг авчруул. Мэрэгч амьтныг агнах дуртай учир энэ тоглоомонд дуртай.

-Муур, нохойнд торон үүр бэлддэг шиг үнэгтээ ч тийм үүр бэлд.

-Нүх ухах дуртай учир хашаандаа ухах газар гаргаж өг.

-Үнэгийг гэртээ ганцааранг нь үлдээхдээ торонд цоожил.

-Үнэг агаарт дуртай. Түүнийг хүзүүвчтэй болгож, хөтөлж салхилуул. Дагаж гүйхээс илүү өөрийнхөө алхаанд тааруулж хөтөл.

-Үнэгийг өвөлдөө дулаан өрөөнд байлгах ёстой.

-Муур, нохойны үсийг самнаж, зориулалтын шингэн савангаар угаадаг шиг л үнэгээ арчлаарай.

-Үнэг үсээ самнуулах хачин их дуртай. Саманд дуртай шүү. Магадгүй түүний хамгийн дуртай зүйл нь энэ байх. Самнуулаад л эрхлээд хэвтэх дуртай.

-Үнэг байгальд байдаг шигээ гадаа бие засах дуртай.

-Заримдаа сүүн бүтээгдэхүүн, загас, өндөг өгч болно.

Үнэг бол гэрт байхад их сайхан, тансаг мэдрэмж төрүүлдэг бөгөөд буйдан, хивсэн дээр цагираглаж хэвтэж, жартгар нүдээрээ харах нь инээмсэглэж буй бүсгүй мэт. Энэ жижигхэн амьтан ер бусын эелдэг, эзнийхээ даалгаврыг боловсноор биелүүлдэг маш ухаантай бөгөөд гэрийн бусад тэжээвэр амьтадтай маш нийцтэй байдаг аж.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ардчилалд дайсагнах төрийн удирдлага, шүүх, прокурор, АТГ-ын байцаагчдыг Европын холбооны хоригт мэдүүлэх нь зөв

Саяхан Европын холбоо Ардчилалд дайсагнагчдад хориг тавилаа. Дэлхийн хэмжээнд хү ний эрхийн ноцтой зөрчил хаана болж байгаагаас үл хамааран холбогдох хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллагууд, үүнд төрийн болон төрийн бус байгууллагын оролцогч этгээдийг хамруулах боломжийг бүрдүүлж, дэлхийн хэмжээнд хүний эрхийн зөрчлийн эсрэг хориг арга хэмжээ авах тогтоол, журмыг Европын холбоо анх удаа баталлаа.

Уг хоригоор хүний эрхийг зөрчсөн албан тушаалтан, хувь хүн, хуулийн этгээдийг Европын Холбоонд зорчих эрхийг хязгаарлах, хувь хүн болон аж ахуйн нэгжийн хөрөнгө болон эдийн засгийн нөөцийг нь царцаах бөгөөд цаашилбал тус холбооны жагсаалтад орвол хувь хүн болон аж ахуйн нэгжүүдийг шууд болон шууд бус хэлбэрээр хөрөнгө оруулах, босгохыг хориглохоор болов. Геноцид буюу хомроглон устгах, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, хүний эрхийг ноцтой зөрчихийг уг хоригоор “Хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа тохиолдол” гэж үзэх юм. Хоригт олон үндэслэлийг дурдсанаас “Дур мэдэн баривчлах, цагдан хорих” гэдэг заалт нь манай улсын өнөөгийн нөхцөл байдалд маш их хамааралтай. Монголчууд бид Европын холбооны энэ хоригт Ардчилалд дайсагнагч Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, шүүгчид, прокурорууд, АТГ-ын дарга, байцаагчдыг мэдүүлэх нь зүйтэй юм.

Учир юу гэвээс Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан М.Энхсайхан, С.Баяр, Ж.Эрдэнэбат, Сангийн сайдаар ажиллаж байсан С.Баярцогт, Б.Болор, УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат, Н.Номтойбаяр, Да.Ганболд, “Эрдэнэс Монгол” компанийн захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан, ТЕГ-ын дарга асан Б.Хурц, прокурор Г.Эрдэнэбат нарын 14 хүн улс төрийн хоригдол болж, торны цаана сууж байна. Энэ их баривчилгаа, улстөрчдийг бөөнөөр нь хоморголон шоронд суулгах ажлыг хэн захиалав гэдэг асуултад хүмүүс “Ерөнхийлөгч захиалсан” гэдэг боловч энэ нь батлагддаггүй. Тэгтэл энэ бүх үйл явдлыг Ерөнхий сайд харж л байсан. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр бүх юм өрнөж байхад, шүүхээр хэлэлцэгдэж байхад хэн нь ч “Боль” гээгүй, ардчиллыг хамгаалсан ганц ч үг унагаагүй. Харин ч “Шударга ёс яллаа” гэх ухааны юм ярьцгаасан. Энэ хоёр хүн зөвхөн энэ үйлдлээрээ ардчиллыг нухчин дарж байна гэж үзэж болно.

Торны цаана суугаа улстөрчид бол тухай тухайн цаг үедээ Засгийн газар, УИХ-ын гишүүнээр ажиллаж, хамтын шийдвэрүүдийг биелүүлж байсан улсууд. Хамтын шийдвэрийг биелүүлснийх нь төлөө шоронд суулгах үндэслэл байгаагүй гэдгийг хуульчид болоод хүний эрхийг хамгаалагчид олон талаар нотолдог. Гэтэл өргөст торны цаана суугаа, эрхээ хасуулчихаад байгаа тэр хүмүүс Ардчиллын төлөө, хүний эрхийн төлөө дуугарч ирсэн тэмцэгчид байсан. Гэтэл тодорхой эрх мэдэлтнүүд юуг ч эс харгалзан Ардчиллыг, хүний эрхийг санаатайгаар нухчин дарж байгаа нь цаагуураа ардчиллыг устгаад дарангуйлал тогтоох гэсэн оролдлого нь юм. Эдгээрийг гардан хийсэн шүүгч, прокурор, АТГ-ын дарга байцаагчид үнэхээр хууль зөрчин захиалгаар шүүсэн бол энэ хоригт нэрсийг нь даруй бүртгүүлэх нь дараа дараагийн хүний эрхтэй харьцдаг хүмүүст сургамж болж үлдэнэ. Энэ дэлхий дээр зөвхөн дарга гэж байдаггүй, бас шударга ёс гэж байдаг, тэр нь үйлчилдэг, үүнийг нь хэрэгжүүлдэг хууль, журам гэж байдаг гэдгийг мэдэх нь манай дарга болох гэж сүнсээ худалдан гүйгч хүмүүст хэрэгтэй юм.

Хүний эрхийг дээдэлдэг АНУ болон Европын холбоо нь Монгол Улсыг Ардчиллын “Баянбүрд” гэж тодорхойлдог. Манай улсыг ардчиллын жишээ болгож олон улсад ярьцгаадаг. Тийм ч болохоор Монголыг ардчиллын баянбүрд хэвээрээ л байгаа гэж итгэж, тэр бүр анзаардаггүй юм шиг байна. Гэтэл тэдний бахархан зарладаг, Ардчиллын баянбүрд гэгддэг Монгол Улсад нь сүүлийн үед Ардчилал хумигдаж, хүний эрх ноцтой зөрчигдөж байгааг мэдэх цаг нь болсон. Үүний илрэл нь Монгол Улс улс төрийн хоригдлуудтай болчихлоо. Ерөнхийлөгчийн сонгуулийг угтаад хичнээн улстөрчид нэмж шоронд суухыг тааварлашгүй. Одоо байгаа байдлаар нь ажихад бараг шүүмжилсэн болгоныг баривчилах маягтай “араа шүдээ” харуулж байна.

Тэгэхээр бид хүний эрх, эрх чөлөө, Ардчилалд дайсагнагч төрийн удирдлагууд болох Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, шүүгчид, прокурорууд, АТГ-ын дарга, байцаагчдыг Европын холбооны шинээр батлагдсан хоригт яаралтай оруулах нь ардчилсан орны иргэдийн нэн тэргүүнд хийх ажил болоод байна. Уг хоригт тэд орсноор өөрсдөө ч, гэр бүлийнхэн нь ч барууны орнуудад хөл тавьж чадахгүй болох ёстой. Орос, Хятад хоёр руугаа л гарч байна биз. Эдэнд ингэж том хориг тавихгүй бол Монголын ардчилал устаж эхэллээ. Төрийн өндөр албан тушаалд очоод Ардчиллыг ингэж нухчин дарж болохгүй гэдэг нь дараагийн үедээ сургамж болж үлдэх ёстойг дахин хэлье.

Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, шүүгч, прокурор, УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнуудыг шүүмжилсэн ганц үг хэлэх, бичихэд л цагдаагийн байгууллагад дуудагддаг болсон. Одоо гаргах гэж буй Хэвлэл мэдээллийн хуулийг нь хараарай. “Болохгүй, хорино, цагдана, хаана, бооно, яллана гэх зэргээр заналхийлэхээс гадна “Таван жилээр хорих, наян сая төгрөгөөр торгох” гэсэн заалтуудаар дүүрчихсэн. Энэ нь шүгэл үлээгчдийг айлгаж сүрдүүлсэн хууль болсон төдийгүй хэвлэл мэдээллийг төрийн мэдэлд байлгаж өөрсдийгөө магтан дуулахаас өөр юм хийлгэхгүй гэсэн санаа юм. Тэгэхлээр ардчиллаас ухарсан хууль батлах гэж байгаа нь тодорхой байгаа биз.

Хүний эрхийг ноцтой зөрчиж буй үйлдэл, хууль тогтоомж, Ардчиллыг нухчиж буй албан тушаалтнууд, нөлөө бүхий хүмүүсийн талаар иргэд өөрсдөө мэдээлэлтэй, энэ тал дээр сонор соргог баймаар байна. Хүний эрхийг зөрчиж, Ардчиллыг нухчин дарж, устгах гэж улайрч буй төрийн өндөр албан тушаалтнууд, хүний эрхийг ноцтой зөрчих хууль баталж буй эрх мэдэлтнүүдийг цаг тухай бүрд нь хүний эрхийг хамгаалдаг Олон улсын байгууллага, Европын холбоонд мэдэгддэг байх жишиг тогтооё. Дотроо л ардчиллаа хамгаалъя гээд “Ардчилал” гэж хоосон хашгираад нэмэргүй. Үүн дээр ТББ-ууд идэвхтэй оролцож, ажилла. Угтаа бол эрх баригчдын энэ олон болохгүй, бүтэхгүй үйлдлүүдийг АН дор дор нь зохих газарт нь мэдээлж, холбогдох мэдээллийг нь тогтмол явуулж байх хэрэгтэй байгаа юм. Харамсалтай нь АН дотроо алалцаад, юун Ардчиллын төлөө явах, ардчиллыг өмөөрч хамгаалж дуугарах вэ. Нам нь цаашид оршин тогтнох уу гэдэг асуудал хөндөгдөж, ардчиллын төлөө явж чадахаасаа өнгөрчихөөд байна. Ер нь ч үеийн үед энэ нам дотроо суудал, ширээний тулаан хийгээд нөгөө ардчилал гэдэг юмаа мартаад удаж байгаа. Ардчиллыг одоогоор хэвлэл мэдээлэл, түүний дотор Өдрийн сонин л хамгаалах гэж оролдож ирсэн. Гэвч энэ цаг дор хуулиар амыг нь барих гэж оролдох нь.

Тийм учраас ТББ-ууд энэ чиглэлд идэвхтэй ажиллаж, Европын холбооны хоригт нэрийг нь оруулах төрийн өндөр албан тушаалтнуудын жагсаалтыг ард түмнээсээ цахим санал асуулга авч гаргах хэрэгтэй байна. Хэвлэл мэдээлэл, ард түмэн, ТББ-ууд нэгдэж ингэж Ардчиллаа хамгаалахгүй бол оройтох нь байна шүү.

Одоо цаг өөр болсон. Насан туршийн албан тушаал, ховхордоггүй эрх мэдэлтэн гэж байхгүй болсон цаг. Нэг жалганы мухарт ганц мундаг ноён суучихаад хамгийг захиран тушааж, хязгааргүй эрх мэдлээр бусдыг гишгэдэг үе байхаа больсоон.

Төрийн толгойд очоод хүний эрхийг зөрчиж буй этгээдүүдийг удаан давраамааргүй байна, тэднээр Ардчиллаа устгуулмааргүй байна. Энэ тал дээр ард түмэн санаж, сэрж, эрх чөлөө Ардчиллынхаа төлөө нэгдэцгээж, баг зүүсэн нөхдийг өгдөг газарт нь өгч, хоригт оруулъя. Хоригт орсноор эдгээр этгээдүүд Европын холбооны орнуудад зорчиж чадахгүй болохын дээр үр хүүхдүүд нь ч тэнд очиж эрдэм ном сурч чадахгүй болохын зэрэгцээ хувийн бизнесийг нь гацаагаад зогсохгүй, тэндхийн банкуудад хадгалуулсан мөнгө нь царцана. Тэгэхээр ардчиллыг хамгаалах хамгийн үр дүнтэй арга бол дэлхий нийтэд “Энэ нөхөр бол ардчиллаас няцаж, хэдэн цөөхөн ард түмнээ дарлах гээд оролдоод байна. Энийг та нар мэдтүгэй” хэмээн мэдээлж, Европын холбоо болон барууны ардчилсан орнуудад мэдэгдэж байх хэрэгтэй байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе энтертаймент-ертөнц

Эрдэни Жалцанов: Шинэ жил, Цагаан сарын үеэр “Чагдар, Бадма хоёр”-ын адал явдал үргэлжилнэ ээ

Буриадын “Чагдар, Бадма хоёр” богино хэмжээний хүүхэлдэйн кино Монголын үзэгчдийг байлдан дагуулаад байна. Одоогоор энэ хүүхэлдэйн киноны уран бүтээлчид гурван ангиа үзэгчдэд хүргээд байгаа ч хүлээлт их байгаа билээ. Уг хүүхэлдэйн киноны зохиолч, Буриадын Хүүхэлдэйн театрын Уран сайхны удирдаач Эрдэни Жалцановтой ярилцлаа.


-Таныг зураач, зохиолч гэж сонслоо. “Чагдар, Бадма хоёр” хүүхэлдэйн киноны ажилд таны гэр бүлийнхэн хамтдаа зүтгэдэг гэхээр гэр бүлээрээ урлагийн хүмүүс байх нь?

-Сайн байна уу. Намайг Эрдэни Жалцанов гэдэг. 2000 оноос “Үлгэр” хүүхэлдэйн театрын уран сайхны удирдаачаар ажиллаж байна. Зохиолч, зураач, жүжигчин хүн л дээ. 1988 онд Ленинград хотын Театрын их сургуулийг төгссөн. 1988 оноос Буриадын Драмын театрт жүжигчнээр ажиллаж, ажил уран бүтээлийн гараагаа эхлүүлсэн. Буриадын Улсын телевизид сэтгүүлчээр гурван жил ажилласан. Манайх дөрвөн охин, нэг хүүтэй. Хүү маань 28 настай. Ууган охин минь 32 настай. “Чагдар, Бадма хоёр”-т дуу оруулсан охин Янжим минь найман настай. Хоёрдугаар ангийн сурагч. Ээж минь 82 настай сайхан буурай бий.

-Та монголд хэр ирдэг вэ. монголд хамаатан садан тань бий юү?

-Монгол орноор нэлээд явсан, зочилсон, хөдөө аймгуудаар ч аялсан. Хэнтийгээс эхлээд Баян-Өлгий хүртэл явсан шүү. Сайхан нутаг. Надад их таалагддаг. Би гэр бүлээрээ, ээжтэйгээ Монгол нутгаараа их явдаг, аялдаг даа.

-Тэгвэл та манай урлагийнхан, театрынхантай найз юм байна?

-Монголд олон найзтай. Улсын эрдмийн театрын жүжигчид, найруулагчид, Н.Сувдаа эгчтэй танил. Хүүхэлдэйн театрын даргаар ажиллаж байсан Монголын мундаг аварга Бавуугийн Лхагвасүрэнтэй сайн танил байлаа. Би Б.Лхагвасүрэн гуайд их хайртай байсан. Одоо ч хүртэл хайртай шүү. Бурхан болсон доо, тэр сайхан хүн.

Монголын Хүүхэлдэйн театртай манай театр 15 жилийн турш хамтарч ажилласан болохоор найзууд бий. Манай театрт одоо Монголын таван жүжигчин мэргэжлээрээ ажилладаг шүү. Лхашидням Ариунзул, Энхбат Буд-Эрдэнэ, Бат-Өлзий Даваасүрэн, Анхбаатар Буд, Золжаргал Булган гэж жүжигчид бий. Манай “Үлгэр” театр “Золотая маска” шагнал ч хүртсэн.

-Танай театр шинэ жилийн жүжгүүдээ бэлдээд завгүй байгаа бололтой?

-Манай театр энэ сарын 20-ноос нээлт хийж, шинэ жилийн тоглолтуудаа үзэгчдэдээ хүргэж байна.

-“Чагдар, Бадма хоёр” хүүхэлдэйн киноны дөрөвдүгээр анги нь бүтээгдэж байна. Цаашид цувралаар үзэгчдэд хүрэх үү?

-“Чагдар, Бадма хоёр”-ын адал явдал цаашид үргэлжилнэ шүү. Цуврал ангиудыг нь заавал хийнэ. Шинэ жилийн сэдвүүд олон байна. Цагаан сарын үеэр ч сайхан ёс уламжлал, заншлаа харуулсан ангиуд хийх санаа төрж байгаа шүү. Тэр хоёрын үйл явдал үргэлжилнэ ээ.

-Монголын хамгийн олон уншигчтай “Өдрийн сонин”-оор дамжуулж, монголчууддаа Шинэ жилийн мэнд дэвшүүлж болно шүү?

-Манай гэр бүлийн зүгээс мөн манай театрын уран бүтээлчид, ажилчдын өмнөөс “Та бүгдэд, бидний ах дүүс монголчууддаа маш их баярлалаа. Биднийг дэмжиж, “Чагдар, Бадма хоёр”-ыг үзэж, хүндэлж буйд маш их баяртай байна. Бидний монголчууд нэг үндэстэн шүү дээ. Нэг хэлтэй, нэг ёс заншилтай. Санаагаараа хамт байвал бидний монголчууд хүчтэй. Шинэ жилийн мэндэ хүргэж байн таньда, ах-дүүс ээ!

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Анх хөл хорио тогтоож байснаас хамаагүй хүнд үед амьдарч байна

Манай урд хөршийн Ухань хотод коронавирусийн халдвар гарсантай холбоотойгоор өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлээр Монгол Улс хилээ хааж, хөл хорио тогтоосон. Анхны энэ хөл хориог ард түмэн маш цочир хүлээн авч, нийтээрээ сүйд болж, дэлгүүрийн лангуу хоосолж, маскийг зуу зуугаар нь “дарж” хиймэл хомсдол үүсгэж сандралдсан билээ. Үүн дээр нь ЭМЯ, ХӨСҮТ-ийн мэдээллийг уншиж танилцуулдаг хоёр эмэгтэй өглөө бүр 11 цагт мэдээлэл хийж нэмж айлгаж, зогсоо зайгүй л түгшицгээж байлаа. Цагаан сараар гэрээсээ цухуйхгүй үргэлжлүүлж хэдэн сарын турш хөл нь хориотой байсан хүмүүс сүүлдээ “Дотооддоо алдаагүй юм бол бидний ингэж айх чинь илүүц юм биш үү” гэцгээгээд налайж эхэлсэн. Энэ үеэс ЭМЯ, ХӨСҮТ-ийн тэр хоёр эмэгтэйн яриа худлаа ч юм шиг санагдаад, үнэгүйдсэн. Хүмүүс нэг ёсондоо тэр хоёрын үгэнд итгэхээ байсан гэсэн үг л дээ. Арга ч үгүй юм. “Чоно ирлээ” гэдэг үлгэр шиг л юм болсон дог. Оросын сонгодог зохиолч, ёгт үлгэрч И.А.Крыловын “Чоно ирлээ” ёгт үлгэрт хонь хариулж явсан хүү “Чоно ирлээ” хэмээн тоглоом шоглоом болгож хашгиртал тосгоныхон нь санд мэнд гүйлдэж, сандралдсаар ирэхэд өөдөөс нь хөвгүүн элгээ хөштөл инээж баясдаг. Хоёр дахь удаагаа мөн л “Чоно ирлээ!” гэж хашгирахад эхний удаад хууртагдсан тосгоныхон айхавтар анхаараагүй ч нэлээд хэдэн хүн очдог.

Тэгтэл мөн л худлаа дуудаж, тоглоом хийсэн байдаг. Гэтэл маргааш нь хүүг хонио хариулаад явж байтал чоно жинхэнээсээ ирж сүрэг рүү нь дайрч, хуйлруулахад хүү айж цочин уйлан хайлан “Чоно ирлээ” гэж хичнээн ч орилоод тосгоныхон ирдэггүй. Ингээд хүү хамаг хонио чононд бариулж буйгаар үлгэр төгсдөг. Яг л энэ шиг юм болсон. Үлгэрийн адил мэргэжлийн хүмүүсийн олон давтаж, анхааруулсан үгс худал мэт санагдаж, түүнээс болж, коронагаас айхаа ч мартаад ёстой задгайрцгаасан даа.Юу ч ярьсан тоохоо ч байсан. “Худлаа ярь” гээд л няцаана. Эсвэл “Өө, айгаад байх юм байхгүй юм билээ. Зүгээр л байх чинь билээ” гэцгээж, маскаа ч зүүхээ больсон.

Гэтэл энэ намар төмөр зам дагасан хариуцлагагүй, сул ажиллагаа, “Энхсаран” сувиллын хайхрамжгүй ажлаас болоод Монгол Улсад коронавирус голомтлон тарж эхэлсэн. Кластер гэдэг нь голомтлон тарж буйг хэлдгийг 11 цагийн мэдээгээр бид мэддэг болсон. Ингээд кластер гэж өглөө бүр мэдээллэдэг “Кластер” бүсгүйн хэлдгээр үнэхээр л голомтлон тарж эхэлсэн. Ингээд өнөө хоёр маань дахиад зэрэгцэж суучихаад л “Аймаар аймаар, аюултай аюултай” гэцгээгээд, төр засаг нь ч байнга шахуу анхааруулан хэлж санууллаа. Тэгтэл иргэд урьдын адил огт үнэмшээгүй. Хүчээр шахуу хатуу хөл хорионд оруулчихаар аргагүйн эрхэнд гэртээ сууцгаах нь суусаан. Гэсэн ч үнэмшээгүй хэвээр л “Энэ муу сайн юмнууд худлаа хийрхдэгээрээ хийрхэж байгаа биз” гэцгээгээд тоогоогүй. Хатуу хөл хорио тогтоочихсон байхад хүмүүс дэлгүүрээр яаж хэсч, овоорч байсныг бүгд харсан. Архийг нь хорьчихоод байхад л ухаанаа алдтал архидацгааж зуу зуугаараа эрүүлжүүлэхэд тэврэлдэж хоноцгоож байсан тоо баримт нь бий. Энэ сарын 20-ны шөнө л гэхэд 560 хүн эрүүлжүүлэхэд чихэлджээ.

Өнгөрсөн хавар өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг огцом бууруулаагүй ч олон нийт зоргоороо явцгаасаар байгаад л дэглэм аяндаа суларсаар дундаа орцгоочихсон шүү дээ. Харин сая бол хатуу хөл хорионоос дэглэм бууруулахдаа “Тодорхой хэмжээнд хяналтдаа авч чадлаа. Гэсэн ч аюул хэвээрээ байгаа шүү” гэж албаныхан тайлбарласан ч ард түмэн ойлгохдоо ямар ч өвчингүй болчихсон юм шиг хөөрцгөөлөө. Үнэндээ өнөөдрийн нөхцөл байдал бол өнгөрсөн хаврын нөхцөл байдлыг хэд дахин нугалсан дайны аюултай, голомт дэгдчихсэн үе шүү дээ.

Дэглэмийг бууруулсан, бууруулаагүй бид өөрсдөө хариуцлагатай байх ёстой, хүмүүсээс зай барих ёстой, гэртээ байх ёстой, маскаа зүүх ёстой. Одоо бол маскаа зүүхээс өөр хамгаалж байгаа юм ер алга. Дэлгүүр дотор яг л хонь мал шигээ дүүрэн бэлчиж байгаад кассанд дөхөж ирэхээрээ сая нэг юм зай барьсан болж дүр эсгэж байна. Дэлгүүрээр хэсэхдээ шүргэлцэх нь бүү хэл нэг нь юм авч байхад нөгөөх нь хүзүүн дээр ирж амьсгаадаад л дээгүүр нь даваад юм шүүрээд авч байна. Харуй бүрийд, гэрэлтүүлэггүй, хяналт багатай газарт таарсан монголчууд гар бариад, тамхиа хувааж татацгаагаад, тэврэлдээд л байж байна.

Энд тэндхийн мухар гудам, булан тохойд машинтайгаа очоод дотор нь найрлаж, баардаж байна, эр эмийн ажил ч хийж байна. Хүн харж цагдаагүй л бол, хэн нэгэн хянаагүй л бол, дүрэмт хувцастай хүн харагдахгүй бол монголчууд таг нийлээстэй. Хүмүүс болж буй үйл явдлаас, коронавирусээс огт сургамж авсангүй, цар тахлын тухай бодох ч үгүй байна. Хүний нүд хариулдаг нь монголчуудын унаган зан л даа. Монголчууд нийтээрээ хүүхдүүдээ эрхлүүлж өсгөдөг. Эрх хүүхэд багш, найзууд, хөндлөнгийн хүний дэргэд гэмгүй, төв царай гаргаж, дүр эсгэдэг. Харин хүний нүднээс холдонгуутаа дураар задардаг. Өөрийнхөө хийнэ гэснээ, аль л болохгүй, бүтэхгүй, өөртөө гоё гэсэн юмаа хийдэг. Архи ууж үзнэ, тамхи татаж сонирхоно, бүхий л буруу юмыг хийдэг. Яагаад гэвэл тэр эрх хүүхдийг хориглох хүн байхгүй учраас. Хүний нүд хариулж, хүн хуураад байгаа мэт боловч тэр хүүхэд жинхэнэдээ өөрийгөө хуурч байгаагаа мэддэггүй. Монголчууд нийтээр яг ийм хүмүүжилтэй. Энэ буруу хүмүүжил нь цар тахлын энэ хүнд цаг үед асар их сөргөөр нөлөөлж байгаа юм. Ийм суурь хүмүүжлийн доголдлоос үүдэж цар тахал голомтлон тархсаар байна.

Өвчний тархалт өнгөрсөн хаврынхаас маш аюултай түвшинд хүрснийг дор бүрнээ анхаарч, бидэнд вакцин олдтол багаар бодоход жилийн зай байгаа гэдгийг ухаарч, энэ вирусээр өвчилбөл маш хурдан халдварладаг, халдварласан тохиолдолд үхдэг гэдгийг хүн бүр тарни мэт цээжилмээр байна.

Та хэн нэгнийг хуурч болно. Харин хүн өөрийгөө хуурч болдоггүй. Хэн нэгнийг харж дүр эсгэж байгаа чинь эцэстээ өөрөө өөрийгөө л хуурч байгаа явдал шүү. Бид өнгөрсөн нэгдүгээр сард анх хөл хорио тогтоосон тэр үеэсээ хамаагүй хүнд нөхцөл, хэцүү цаг үед амьдарч байгаа. Анхаар!. Бид ТАХАЛ дунд амьдарч байна.

Categories
мэдээ нийгэм

Дүйчэн өдрийг тохиолдуулан “Жавзандамба хутагт” төвийнхөн айл өрхүүдэд ном, хүнс, түлээ хандивлалаа

Богд ламын дүйчэн Зулын 25-ныг тохиолдуулан Жавзандамба хутагт төв 200 айл өрхөд ном, хүнс, түлээ хандивлах “Ном ба Хүнс” аяныг зохиож байна.

Энэ сайн үйлсийг хийхэд Жадо Ринбүчи багш, Далай ламын Чойжин тэргүүтэй сайхан сэтгэлтэй хүмүүс, сүсэгтнүүд хандив өргөжээ. Зулын 25-нд Чингэлтэй дүүргийн IX, X хорооны 50 өрхөд хандиваа тараасан бол дараахь хоёр өдөрт нь Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн нийт 100 айлд ном, хүнсний тусламж үзүүллээ.

Тус төвийнхөн “Ном, хүнс хүлээн авсан бүх айлынхан маш их баярлаж, зарим нь уйлж байлаа. Номт гурван орны нэг гэгддэг аргагүй юм аа. Хүнс авснаасаа илүү ном авч буйдаа талархсан хүмүүс олон байлаа. Ямар их хүнс вэ, баярлалаа гэж гайхах, баярлах зэрэгцсэн хүмүүс ч олон байсан шүү” хэмээгээд “Эрхэм та манайхаас хэрэгжүүлж буй төслүүд болон сайн үйлсийн аянууд түүнчлэн манай байгууллагын үйл ажиллагааг дэмжиж хандив өргөхийг хүсвэл Голомт банк Дансны нэр: Жавзандамба Хутагт төв, Дансны дугаар: 1102800986, Гүйлгээний утга: Юунд зориулж хандив өргөж буйгаа өөрийн нэр, утасны дугаарын хамт бичээрэй. Манай төвийн үйл ажиллагааг дэмжсэн танд баярлалаа” гэлээ.

Харин энэ долоо хоногт хараагүй гэр бүлүүд болон Жавзанжамба хутагт төвд хүсэлт гаргасан айлуудад “Ном ба Хүнс” аяны үлдсэн 50 багцыг тусламж болгож өгөх юм байна.

Categories
их-уншсан мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал цаг-үе

“Гэрэлт цохны булш”-ийн эмгэнэлт түүхийг Монгол төр шинээр бүтээсэн нь

Ээж нь коронавирусийн халдвар авсан хоёр хүүхдийг гэрт нь оруулалгүй хөөж явуулсан хэрэг Баянзүрх дүүрэгт өнгөрсөн долоо хоногт гарлаа. Ээж нь коронавирусийн халдвар авч эмнэлэгт хүргэгдэнгүүт дөрөв, 17 настай хоёр хүүхдийг нь халдваргүй ч гэлээ журмын дагуу “Улаанбаатар” зочид буудалд тусгаарласан байдаг. Тусгаарлалтын 14 хоног дуусангуут хүүхдүүдийг ХӨСҮТ, ЭМЯ, УОК гэсэн холбогдох байгууллагууд нь хүн чинээ тоолгүй, тусгаарлалтаас гарсан иргэдийг гэр рүү нь хүргэдэг автобусны тус бүр 10 мянган төгрөг байхгүй гэдэг шалтгаанаар гудамжинд гаргачихсан. Гартаа дөрөвхөн мянган төгрөг атгасан эгч дүүс “Жуков” дахь байр руугаа алхчихсан байх юм. Төө зузаан цастай, өвлийн жавар тачигнасан энэ өдрүүдэд Улаанбаатар хот ямар жиндүү, гудамж талбай яасан их халтиргаатай байгаа билээ. 17 настай охин дүүгээ үүрч дүүрсээр арай гэж гэртээ иртэл байрныхан нь тэднийг “Халдвартай” гэж амаараа “онош” тавьцгааж, “Хамаг муу муухайг эднийхэн л чирч ирлээ. Цэвэрхэн байсан байрыг бузарлаж, байрныхны ая тухыг алдагдууллаа” гээд гэрийнх нь босгыг давуулсангүй. Хөөрхий охин бөөн бөөн нулимс унагаж, эмнэлэгт хэвтэж байгаа ээжийнхээ сэтгэлийг зовоохгүй гэж байрныхнаа дахин дахин царайчилж гуйсан ч тэд хөөж туусаар цагдаа сэргийлэх болжээ. Хүүхдүүд хорооныхоо цагдаагийн байранд хүргэгдэж, тэнд сая нуруугаа тэнийлгэж, даарч хөрсөн гар хөлөө пааранд нааж дулаацаж байтал Гэр бүл, хүүхэд залуучуудын газраас мэргэжилтнүүд ирж, Түр хамгаалах байр руу авч явжээ.

Яг үүнтэй төстэй үйл явдалтай Японы нэгэн анимэ бий. “Гэрэлт цохны булш” гэж нэртэй. Үзээгүй хүн бараг байхгүй дээ. Японы бүх цаг үеийн хамгийн шилдэг 10 анимийн нэг нь 1988 онд бүтээгдсэн Акиюки Носакагийн зохиолоос сэдэвлэсэн “Гэрэлт цохны булш” юм. Тэр энэ зохиолыг бодит явдлаас сэдэвлэсэн байдаг. Дайны хор уршиг энгийн иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж, хүүхдүүд яаж золиослогдож зовдгийг харуулсан энэ киног үзээд уйлдаггүй, нулимс дуслуулдаггүй хүн гэж үгүй. Сейто хүүгийн аав нь цэрэгт яваад сураг тасарч, ээж нь агаарын довтолгооноос болж амь үрэгддэг. Сейто бяцхан дүүгээ үүрч хорогдох газар, идэх юм хайж, олон бэрхшээлтэй нүүр тулсаар эцэст нь “Санномия” буудалд өлсгөлөнгөөс болж хоёул нас барж буйгаар харамсалтай төгсдөг. Энэ бол дайны үеийн бодит үнэнийг харуулсан анимэ. Гэтэл энэ анимийн үйл явдал өнөөдрийн Монгол Улсад бодитоор боллоо. Хайр энэрэлгүй хатуу харгис төрийн албан хаагчдын хандлагаас болж эгч нь дөрвөн настай дүүгээ үүрсээр гэртээ очиход байрныхан нь “Гэрэл цохны булш”-нд гардаг дайны өмнө эелдэг байсан нагац эгч нь дайны дараа өнчин хоёрыг гадуурхаж, нүд үзүүрлэж, дэргэд нь байхын аргагүй тарчлаадаг шиг хөөчихсөн.

Энэ үйл явдал бол манай төр засгийг удирдаж буй хүмүүсийн ард түмнээ, хүнээ гэсэн сэтгэлгүй, хүйтэн цэвдэг, харгис хандлагатайн дээр төрийн байгууллагууд, төр засгийн толгойд байгаа хүмүүс нь ажил хийж сураагүй, юу ч мэдэхгүй “мал”-нууд төрд шургалсны хар гай.

Айлын хоёр хүүхдийг хөтлөлцүүлээд гэрээсээ гаргахдаа “Энэ хоёр хүүхдийг хэн тосох билээ. Ар гэрт нь хэн байгаа билээ. Гэрт нь яаж аюулгүй, саадгүйгээр оруулах билээ” гэж боддог нь хүн төрөлхтний захын нэг хүний л боддог бодол, хийдэг үйлдэл. Хүн төрөлхтөнд ийм бичигдээгүй хууль байсаар байтал Монголын төрд ажиллаж байгаа дарга, сайд, албан хаагчид хүн гээч бодгалийн наад захын ёс зүйг мэдэхгүй байна. Хүний хүүхдийн төлөө энэ тухай бодъё ч гэсэн бодохгүй. Харин өөрийнх нь хүүхэд байсан бол гар дээрээ өргөөд гэртээ оруулаад бөөцийлөх нь тодорхой. Төрийн байгууллага бол үйлчилгээний байгууллага. Иргэддээ үйлчилж, ээж аав шиг хандах ёстой гэдгээ мэддэг, ухамсарладаг төрийн албан хаагч нэг ч байдаггүй. Төр засаг гэдэг бол иргэдийнхээ л төлөө бүхнээ дайчилж байх ёстой биз дээ. Тэгэхийн төлөө л сонгуулиар “Засаг төр барина” гэж хот, хөдөөгүй хөөцөлдөж, тэмцэлдэж байж гарч ирж төрийн байгууллагуудад очсон шүү дээ.

Айлын хүүхдийг хүүхдийнхээ төрсөн өдөрт урьж авчирсан бол дараа нь тэр хүүхдийг эцэг эхийнх нь гарт заавал хүлээлгэж өгдөг ёс сүүлийн үед тогтчихоод байгаа. Бүр заншил болчихсон. Гэтэл төрийн байгууллагуудын ажилтан, албан хаагчид нь ажилдаа сэтгэлгүй, хүнтэй хүнлэг ханддаггүй, цэвдэг учраас айлын хоёр хүүхэд өвлийн хүйтэн өдөр гадаа уйлж зогслоо. Угтаа төр тэр хүүхдүүдийг гэрээс нь авч явж тусгаарлалтад оруулсан шигээ буцаагаад гэрт нь оруулах ёстой байсан. Гэвч тэгсэнгүй. Энэ үйл ажиллагаанд оролцсон төрийн бүх албан хаагчдыг Монгол Улсын иргэдэд хүнлэг бишийн дээд хэлбэрийг гаргасан учир төрийн албанаас нь даруй зайлуулах хэрэгтэй байна. Монгол төрийн албан хаагчид өөрийн оюун ухаан, хүний язгуур зөөлөн шинж, сайхан сэтгэлийнхээ угаас ажилдаа хандана гэж ер байдаггүй, тэд яг л манкурт боол шиг л сууцгаадаг.

Монголчууд бүдүүлэг, тэнэг, аливаа юманд шинжлэх ухааны үүднээс шинжлэх ухаанчаар хандана гэж огт мэддэггүй гэдгээ дээрх хоёр хүүхдийн жишээн дээр тод харуулсан. Зөвхөн Баянзүрх дүүргийн тэр байрныхан ч биш, хавтгайдаа, нийгмээрээ ийм харанхуй, мунхаг байна. Шинжлэх ухааны үндэслэлтэй бол тэр зүйлд итгэх үндэс бий гэж үздэг. Халдвар авсан байж болзошгүй гэж урьдчилан сэргийлэх үүднээс гэрээс нь авч яваад 14 хонуулаад гэр рүү нь буцааж байна гэдэг нь “Энэ хоёр хүүхэд эрүүл, халдвар илэрсэнгүй” гэсэн үг шүү дээ. “14 хоногт шинжилгээгээр коронавирус илрээгүй бол халдвар аваагүй гэж үзнэ” гэдгийг дэлхийн шинжлэх ухаан батлаад нотолчихсон. Дэлхийн улс орнууд коронавирустэй зэрэгцээд амьдраад явахаас өөр сонголтгүй гэдгийг амьдралаараа, бодитоор харуулаад бүтэн жил боллоо. Энэ вирус анх дэгдэхэд хүмүүс айж сандарч, юу хийхээ мэдэхгүй байсан тал бий. Харин одоо бол юу хийхээ мэддэг болж, хүн хооронд хоёр метрийн зайтай зогсох, гараа тогтмол угааж, амны хаалт байнга зүүж, дархлаагаа дэмжих ёстой гэдгийг ухамсарлаад тэр хэв маягаар амьдарч болоод байна. Үүнийг л тэр байрныхан нь мэдэхгүй байна. Хоёр хүүхэд ирэхийг хараад ухаангүй айж, өвчин тусчихна гэж хөөцгөөсөн. Коронавирус ямар замаар халддаг, хэрхэн халдвар тархдаг талаар шинжлэх ухааны үндэслэлтэй мэдлэг тэр хүмүүст алга. Ийм л бүдүүлэг байна даа, монголчууд.

Төрийн байгууллагуудын албан хаагчдын цэвдэг байдал, ямар ч зохион байгуулалтгүй тэнэг үйлдлээс болж 17 настай охин дөрөвхөн настай дүүгээ үүрч явсаар сөхөрч уналаа. Иргэдээ гэх ямар ч сэтгэлгүй, дээрээс нь ажлын чадваргүй төрийн албан хаагч, сайд, дарга нараас болж энэ хоёр хүүхэд гэлтгүй монголчууд нийтээрээ сүйрлийн ирмэгт тулчихлаа.

“Гэрэлт цохны булш” киног үзсэн хүмүүс нулимс дуслуулж хөөрхий Сейтод тохиолдсон үйл явдал хүн төрөлхтөнд дахин бүү давтагдаасай хэмээцгээдэг. Гэтэл Монгол Улсын төрийн байгууллагуудын ажилтнуудын цэвдэг хандлагаас үүдэж 2020 оны 12 дугаар сард Улаанбаатар хотод “Гэрэлт цохны булш” анимэ амьдрал дээр бодитоор биеллээ оллоо. Энэ үйл явдлыг олон улсын түвшинд гаргаж тавибал засаглалын тэнэглэлээрээ олон улсын хэмжээнд маш их шуугиан тарихуйц жишээ болчихоод байна. Төрийн толгойд байгаа хүмүүс, төрд ажиллаж байгаа албан хаагчид 3000, 4000 алхмын цаадхыг харж үйл ажиллагаа явуулдаг байх ёстой бол Монгол төрийн үйл ажиллагаа нэг алхмын цаадхаа ч харж чаддаггүй. Энэ хоёр хүүхэд гэртээ яаж харих билээ, гэртээ очлоо гэхэд хоол ундтай билүү, харах угтах хүн бий билүү гэж урьдчилан тооцоолж, цагдаагийн дохиотой алаг машинаараа гэрт нь хүргэж өгөөд хаалгыг нь хаагаад үүдэнд нь өнөө цаавуутай санамжаа наагаад орхичиход л уг нь болох байсан юм. “Хоол унд дуусвал ийшээ залга” гээд утасны дугаар үлдээчихэд хандив, тусламжийн байгууллагууд, сайхан сэтгэлтэй хүмүүс ээжийг нь иртэл тэр хоёр хүүхдийг лав өлсгөхгүй л байх байсан даа.

Бүх шатны дарга нар ард түмний өмнөөс хариуцлага хүлээж байна гэдгээ ерөөсөө мэддэггүй. Татварын мөнгөөр сайхан жаргаж, тансаглана даа гээд л булаацалдсаар байгаад албан тушаалд очоод сууцгаачихсан. Төрийн байгууллага, төрийн албан хаагч, татварын мөнгөөр тансаглаж буй сэтгэлгүй дарга нараас болж хичнээн “Гэрэлт цох” унтарч буйг тоолохоос айж байна.