Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ард түмэнд Ардын хувьсгалын 100 жилийн ойн медаль хэрэгтэй юү, амьсгалын аппарат хэрэгтэй юү?

Монголд энэ жил Ардын хувьсгалын 100 жилийн ой, аймшигт тахал хоёр зэрэгцэж байна. Он гарахаас өмнө л эрх баригчид энэ ойг тэмдэглэх тухай тасралтгүй ярьсаар байсан. Нийгэм, эдийн засаг, хүн ардынхаа амьдралын нөхцөл байдал, эрүүл мэнд нь эрсдэлтэй байгааг эс тоон Ардын хувьсгалын 100 жил, тэгш ой учир онцгой ач холбогдол өгөх ёстой хэмээн улсын төсвөөс 10 тэрбумыг наадам нэрийн дор Ардын хувьсгалын ойдоо зориулж төсөвлөчихөөд гүрийж байна. Наадмын арга хэмжээнд 400 сая, аймгуудыг брэнджүүлэхэд нэг тэрбум, ойн медаль захиалан хийлгэхэд нэг тэрбум, ойд зориулсан дуунд 100 сая, телевизийн контентын уралдаанд 300 сая, цэргийн жагсаалд 500 сая, хөшөө, дурсгалыг сэргээхэд 250 сая, тайзны бүрэн хэмжээний бүтээлд 200 сая, урлагийн их наадамд 500 сая төгрөгийг тус тус зарцуулна хэмээн төсвийн задаргаагаа өнгөрсөн дөрөвдүгээр сард нийтэд танилцуулсан юм. Гэтэл коронавирусийн дэгдэлт гуравдугаар сарын эхээр дэгдэж, хүрээ нь тэлж, улс даяараа улаан голомт болчихоод иргэд нь өдөр болгон арав арваараа хорвоог цаг бусаар орхисоор байгаа ч эрх баригчид мөнөөх л Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяраа хэрхэн тэмдэглэх тухай үргэлжлүүлэн ярьсаар.

Монгол Улсад коронавирусийн тохиолдол өчигдрийн байдлаар 102629-д хүрч, энэ тахлаар нас барсан иргэдийн тоо 482 болчихоод байна. Ийм байсаар атал эрх баригчид өдөр шөнөгүй Ардын хувьсгалын ойдоо бэлдэж, хөл толгойгүй л тэмдэглэж байна. Тэд улс орны эдийн засаг, ард түмнийг сөхрүүлчихээд байгаа цар тахлаас илүү Ардын хувьсгалын 100 жилийн ойгоо чухалчилж байна. Аймшигт тахалд санаа зовж байгаа шинж алга, үхэл өдөр бүр нэмэгдэж байгааг тоож байгаа нь даанч үгүй.

Ард иргэд нь аймшигт тахалтай нүүр тулж, халдваргүй хүнгүй шахуу болж, бүх юм хяналтаасаа гарчихсан байхад УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаараа “Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай” төслийн хэлэлцүүлгийг хийгээд сууж байгаа юм. Ийм мэдрэмжгүй байж болох уу. Уг хүндэт медалиа 150 мянган хүнд олгохоор төлөвлөсөн байна. Нэг медаль нь 15 мянган төгрөгийн өртөгтэй. Медальд зарцуулагдах зардлыг энэ оны төсөвт аль хэдийнэ суулгачихсан. “100 жилийн медалийн хэмжээ өмнө нь танилцуулснаасаа багасаад, нимгэрчих шиг боллоо. Чанаргүй, дугааргүй, нимгэн мөртлөө өндөр үнэтэй юм аа”, “Хэмжээний тухайд сайжруулахын тулд бага зэрэг өөрчлөлт оруулсан. Хамгийн зузаан хэсэгтээ 6 мм байсныг 5.6 мм болгон өөрчилсөн шүү” гээд яриад сууцгааж байна. Гэтэл амьсгалын аппарат хэрэгтэй байгаа тухай, уушги орлуулах аппарат нэн шаардлагатай байгаа талаар ярьж байгаа амьтан тэдний дунд нэг ч алга. Харин ч “Одоо байгаа хэд нь хангалттай” гэсэн шүү юм ярьж, ам таглаж байна.

Хэрэв наадам тэмдэглэхээ болиод түүнд зарцуулагдахаар төсөвлөгдсөн 10 тэрбумаар амьсгалын аппарат авъя гэвэл хамгийн хямдаас нь 625 аппарат авах боломжтой юм. Амьсгалын аппаратны зах зээлийн ханш нь 16-45 сая төгрөгийн үнэтэй. Ядаж л Ардын хувьсгалын 100 жилийн ойн медаль хийлгэж буй нэг тэрбум төгрөгийг ард түмнийхээ эрүүл мэнд, амь насыг аврахад зориулчихсан бол 62 ширхэг амьсгалын аппарат авчихаж болохоор байлаа даа.

Энэ нам эхнээсээ л үзэл суртлыг чухалд тавьж ирсэн коммунист угшилтай нам. Коммунизмын үед үзэл суртал гэдэг зүйл бүхний оройд, хүний амь нас, хамаг л үнэт зүйлийн дээр байдаг байлаа. Яг тэр хандлагаараа үзэл суртлаа л урдаа бариад байгааг бүгд харж байна. Амьсгалын аппарат нь хүрэлцэхгүй, ковидоор өвчилсөн, хүнд хүмүүсээ ийш тийшээ зөөвөрлөж байна. Уг нь сум болгонд байх ёстой эд шүү дээ, амьсгалын аппарат чинь. Сумаас аймаг руугаа, аймгаас хот руу, эмнэлгээс эмнэлэг рүү хүмүүсээ зөөж байна. Ингэж зөөвөрлөж явсаар цаг хугацаа алдаж, олон хүн нас барж байна, амьсгалын аппаратанд орж чадалгүй амьсгал хурааж байгаа тухай эмгэнэлтэй мэдээ өдөр бүр сонсож, уншиж байна.

Ерөнхийлөгчийн сонгууль эхлэхээс өмнө бодит нөхцөл байдлыг илт гуйвуулж, төөрөгдүүлсэн мэдээллийг олон нийтэд зориуд цацаж, вакцинжуулалт 90 гаруй хувьд хүрлээ, долдугаар сарын нэгэн гэхэд маскаа тайлаад шидэцгээнэ, Ардын хувьсгалаар бид ковидгүй зусах болно, вакцинжуулалтаараа Монгол Улс Азидаа тэргүүлэх байрт ороод ирлээ гэж зарласан. Үүнээс болж иргэдийн дунд тайвшрах, задгайрах хандлага гарсныг үгүйсгэхгүй.

Харамсалтай нь өнөөдрийн нөхцөл байдлыг хар. Ойрын хавьтал болоогүй хүн үлдсэнгүй. Дэлхийн коронавирусийн газрын зураг дээр Монгол Улс ганцаараа шахуу хараар тэмдэглэгдэж, 1.4 тэрбум гаруй хүн амтай БНХАУ-ыг ковидын тохиолдлын тоогоороо ардаа хийчихлээ. ЭМЯ хэд хоногийн өмнөөс “Вакцинжуулалт 90 гаруй хувьд хүрээгүй. Дөнгөж 50 гаруй хувьдаа яваа шүү” гэж “хэлд орсон”. 50 хувь гэдэг бол үнэхээр хангалтгүй тоо. Эрх баригч хүчин сүргийн дархлаа тогтох хэмжээнд хүрээгүй байхад буруу тооцоолол, улс төрийн попролоороо иргэдийг цар тахал руу түлхчихлээ гэж үзэж болно.

Засгийн газар, Улсын онцгой комисс ээлжилж хуралдахад иргэд тоймтой юм сонсоно хэмээн хүлээтэл “Цахим наадмаа цуцлахгүй” гэв ээ. Хэдэн дарга нь сууж байгаад наадмаа хийх юм гэсэн. Түүнийг нь харин иргэд гэр гэрийнхээ зурагтаар үзэх ёстой гэсэн. Тийм ч юм гэж ёстой байхгүй байх аа. Монголын ард түмэн тийм наадам телевизээр үзмээргүй байна, ийм их уй гашуу, өвчин зовлон дунд түгшиж байж та нарын баясаж байгааг харна гэж юу байхав. Ард түмэн гэртээ хөлөө хориулж, эрх баригчид нь наадмын индэр дээрээс маасайтал инээнэ гэдэг хорвоогийн гутамшиг юм. Наад наадманцраа больж, Ардын хувьсгалын 100 жилийн ойн медалийн нэг тэрбум төгрөгөө амьсгалын аппаратанд зориул. Та нар оны өмнө төсөв хэлэлцэхдээ энэ жилийн наадмаар 150 мянган хүнд Ардын хувьсгалын ойн медаль тараавал баярлана гэж төсөөлсөн байж болно. Харамсалтай нь өнөөдрийн нөхцөл байдал төсөөлснөөс чинь өөрөөр эргэчихлээ. Өнөөдөр ард түмэнд эмийн багц, эмнэлгийн үйлчилгээ, зөвлөгөө, амьсгалын аппарат шиг хэрэгтэй юм алга. Тэднийг баярлуулъя гэвэл наадмаа бүрмөсөн цуцлаад төсвийг нь ард түмний амь насыг аврахад зарцуул.

“Ард түмэнд Ардын хувьсгалын 100 жилийн медаль хэрэгтэй юү, амьсгалын аппарат хэрэгтэй юү” гэдэг асуултыг нэг нэгнээсээ битгий асуу. Харин ард түмнээс асуугаарай, эрх баригчид аа.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Сонгууль ба Ардчилсан нам

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгууль болж, МАН-аас нэр дэвшсэн У.Хүрэлсүх ялалт байгуулав. Энэ удаагийн сонгуульд санал өгөхөөр бүртгэгдсэн сонгогчдын 59.35 хувь нь оролцсон байна. Сонгуулийн Ерөнхий хороо Ерөнхийлөгчийн сонгуулийн нэгдсэн дүн мэдээг албан ёсоор танилцууллаа. МАН-аас нэр дэвшсэн У.Хүрэлсүхэд 823.326 хүн санал өгсөн нь бүртгүүлсэн сонгогчдын 67.76 хувь болж, ялалт авчирчээ. Зөв ХҮН Электорат эвслээс нэр дэвшсэн Д.Энхбат 20.33 хувь буюу 246.968 хүний санал авч удаалав. Харин АН-аас нэр дэвшсэн С.Эрдэнэ 5.99 хувь буюу 72832 хүний санал авсан бол 71937 хүн “Цагаан сонголт” хийсэн нь нийт санал өгсөн сонгогчдын 5.92 хувийг эзэлжээ.

“Цагаан сонголт”, сонгуулийн луйвар, мөнгө тараасан гэх мэт жижиг сажиг хэл ам дуулдаж л байна. Гаднаас нь харахад нэг их айхавтар луйвардсан хэрэг түвэг гарсангүй, гайгүйтвэр өнгөрлөө. Гэвч хамгийн маапаантай гэмээр, сэжигтэй юм гэвэл ирц байлаа. Санал хураалт дуусах дөхөхөд ирц 50 хувьдаа хүрэх эсэх нь эргэлзээтэй байв. 22 цаг болоход ирц дөнгөж 50 хувьд хүрсэн. Энэ ирцийг аргалаад ахиулчихсан байж мэдэх л юм гэсэн хардлага бол байгаа. Санал өгсөн хүнээр олон дахин санал өгүүлсэн ч байж болох гэх мэт сэжиг бий. Ерөнхийдөө эрх баригч нам АН-аас нэр дэвшсэн С.Эрдэнэ дээр маш сайн “ажиллалаа”. Тэд өөрсдөдөө хангалттай хэмжээний хүнээр санал өгүүлж чадсан, 50 хувиа давуулчихсан. Цаана нь сая гаран хүн огт санал өгсөнгүй. Өөрсдөдөө хэрэгтэй хэмжээний ирцийг бараг шахуу тоолж байгаад л болгочихсон гэж хэлэхэд буруудахааргүй. Үүнийг нь хууль зөрччихлөө гэх нь хаашаа юм. Сонгуульд саналаа өгөх эсэх нь тухайн иргэний л асуудал шүү дээ. Эрхээ эдэлж, санал өгөх байранд ирэхэд хориглохгүй л байсан.

Бас нэг харах юм нь, сонгогчдыг саналаа өгч болохооргүйгээр зохицуулалтыг ч хийчих шиг болно лээ. Хөдөө, орон нутагт очиж ажилладаг, хотод ирж ажил хийдэг залуус, томилолтоор хөдөөгүүр яваа улс, энд тэнд хөл хорионд суугаа оюутнууд гээд нийгмийн идэвхтэй, хөдөлгөөн ихтэй хэсгийнхэн, залууст саналаа очиж өгөхөд түвэгтэй байх маягаар маш нарийн зохион байгуулалтыг хийж, ирцэнд нөлөөлсөн ч байж мэдэх юм. Ер нь ирцэнд маш их цензүүртэй байдаг юм байна аа гэж харагдлаа. Уг нь улс даяараа ганцхан тойрогтой байхад хаанаас ч гэсэн байгаа байгаа газраасаа саналаа өгчихөж болохоор боломж нь бүрэн байлаа. УИХ-ын сонгуулийг бодвол энэ чинь ганцхан тойрог учир санал өгүүлэх тал дээр хялбар зохион байгуулалт хийж болох байсаан. Ирцийн тал дээр энэ мэт зүйл ажиглагдлаа.

Монголын улс төрийн голлох хүчний нэг гэгддэг байсан Ардчилсан нам энэ удаагийн сонгуулиар “арчууллаа”. Хөдөө ганц ч үүр, салбаргүй Хөдөлмөрийн үндэсний нам (ХҮН) Ардчилсан намаас гурав дахин илүү өндөр санал авчихлаа. МАН Ардчилсан намаас 11 дахин их санал авав.Энэ бол АН үнэхээр муу байгааг баталж байгаа юм. Улс төрийн хоёр дахь голлох хүчин, эрх барьж байсан нам гэхэд ийм ч болтлоо шалдаа унах гэж байдаг аа.

Энэ гутамшигт ялагдал бол АН-ыг үүсгэн байгуулсан лидер гэх тодотголтой хүмүүсийн хувийн эрх ашиг нь Ардчилсан үзэл санаанаас үргэлжид дээгүүр явж ирсний гай. Ц.Элбэгдорж, Х.Баттулга, Р.Амаржаргал, Н.Алтанхуяг, С.Эрдэнэ, З.Энхболд нарын хүмүүст Ардчилсан үзэл санаа бол падлий ч байхгүй. Зөвхөн өөрсдөө л баян тарган, эхнэр, үр хүүхдүүд нь ажил төрөлтэй байж улсыг ноёлж л байвал Ардчилсан нам гэж явдаг. Тэр нь байхгүй болонгуут АН бол эдний хувьд нохойн баас болж хувирдаг. АН-ыг дагасан, Ардчиллын үзэл санааг тугаа болгосноороо хохирч буй олон мянган гишүүд нь ч эдэнд хэн ч биш гэдэг нь олон удаагийн үйлдлээр нь харагдаж байгаа юм.

Монголын улс төрийн хоёр дахь том хүчин гэдэг ойлголт бараг балрах тийшээ хандлаа. Ухаалаг, олон түмэн гишүүдийнхээ төлөө ажиллах чадвартай, ард түмний хүсэл сонирхлыг бодолцож үзвэл ямар амархан дээшээ гарч ирж болохыг ХҮН, Д.Энхбат харуулчихлаа. Одоо Ардчилсан нам Монголын улстөрийн тавцангаас арчигдах уу, үгүй юү гэдэг нь өөрсдөөс нь шалтгаална.

Хэн хүнгүй л бодож байгаа, АН шинэчлэгдэх байх, улс төрийн байр сууриа буцааж олж авахын төлөө зөв бүтцэд шилжих байх гэж. Гэвч энэ нам шинэчлэгдэхээсээ илүү бутарч алга болох нь магадлал өндөртэй гэж улс төрийн ажиглагчид дүгнэж байна.

Намдаа хэн нь эрхшээж үлдэх вэ гэдэг “зодоон” Ц.Элбэгдорж, Х.Баттулга хоёрын дунд өрнөнө. Энэ хоёрын хэн нь ч үлдсэн бай, энэ нам шинэчлэгдэхгүй. С.Эрдэнэ “Би байгуулсан намаа та нарт өгөхгүй” гээд “үзэлцэж” мэднэ. Хэрвээ С.Эрдэнэ намаа өгөхгүй гээд таг гацаад суучихвал УИХ-д суугаа хэдэн гишүүн нь нэгдээд тусдаа нам байгуулах магадлал бий. Энэ зөрчилдөөнүүдийн талаас нь ажиглавал ийм их арсалдаан, арцалдааны хөлд АН байхгүй болж таарна гэж дүгнэж болно. За, больё оо, арай ийм юм болохгүй байлгүй дээ, арай ч дээ гэвэл энэ намын залуус нь гарч ирээд намаа шинэчлээд явах хэрэгтэй байна.

Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн гарахтай зэрэгцэн парламентад суудалтай МАН, АН, ХҮН гэсэн энэ гурван намын даргын суудлын асуудал босч ирлээ. МАН-ын дарга нь одоохон солигдчих байх. АН дүрмээрээ сонгуульд ялагдал хүлээсэн гэдгээрээ даргаа сольчихно. ХҮН ч гэсэн сонгуульд ялагдчихсан учир намын даргаа сольдог ч юм уу, даргаа солих асуудал босох л байлгүй. Энэ гурван намаас хамгийн түргэн эмхэндээ орох нь МАН л даа. Л.Оюун-Эрдэнэдээ даргын суудлаа өгцгөөх биз. Тэгэхээс ч аргагүй. Одоогийн их бужигнаан, тахлын дунд намын даргын суудлын хэрүүлийг юу гэж л ужигруулах вэ дээ. АН-ын хувьд дээр хэллээ, мөн ч хэцүү байна даа. Залуус нь намаа өөрчилж, шинэчилбэл бүрэн боломжтой. ХҮН яахав жижиг нам. Тэр мэт асуудал нь өөрсдийнх нь хүрээний ажил. Одоохондоо тэд Монголын улс төрийн тавцанд бат бөх байр суурийг олоогүй.

Цагаан сонголт, цагаан санал гэдэг юмны эргэн тойронд элдэв яриа болж л байна. У.Хүрэлсүхийн ялалтад цагаан санал нөлөөллөө гэсэн яриа байгаа. Гэхдээ АН-ын гишүүд С.Эрдэнэд дургүйцээд олуулаа очоод хар машинд нь цагаан хуудас шургуулчихсан ч юм биш л дээ. Х.Баттулга, Н.Алтанхуяг нарын хүмүүсийн тойрон хүрээлэгч, фенүүдийнх нь л хийсэн ажил байх даа. Бусдаар бол цагаан сонголтод сүйдтэй юм үгүй.

АН-ынхны хувьд хамгийн түрүүнд хийх зүйл бол сонгуулиас сургамж авч, шинэчлэгдэх. Шинэ залуу намын даргатай болох. Намаа өмчилж байгаа, хувийнх мэт үздэг хуучин бүлэглэлүүдийг бүгдийг нь намаасаа холдуулах. Ингэж байж Ардчилсан нам шинэчлэгдэнэ. Залуу үеэ зоригтой зөвшөөрч, залуу үе нь намаа шинэчилж чадвал сөрөг хүчний үүргээ биелүүлэх хэрэгтэй байна. Энэ бүгдийг хийж чадахгүй бол АН түүх болно.

Ард түмэнд ойрын үедээ бол У.Хүрэлсүх нь таалагдаж байх шиг байна. Санаанд нь таарсан Ерөнхийлөгч болж байх шиг ээ. Яагаад гэвэл байсхийгээд л халамжилж мөнгө өгдөг, байсхийгээд л зүгээр юм өгдөг зуршилтай. Харамсалтай нь энэ байдал нь удаандаа Монголын нийгэм, Монгол Улсын эдийн засаг, ирээдүйд асар хортой. Орос, Хятадын араас л замнана. Нэгдсэн Орос нам, Хятадын Коммунист нам нь голлож, бусад нь тоглоомны нам болчихсон шиг л юм болно шүү. Тийм учир эрх баригчдын одоо гаргаж буй халамжлагчийн дүр нь Монголын ард түмэнд хожмоо засахын аргагүй хөнөөл учруулах аюултай. Орос, Хятад ба Дэлхий гэж хуваагдчихаад байгаа ийм эгзэгтэй үед бид дэлхийгээ дагах ёстой нь зүйн хэрэг. Гурав дахь хөрш, гадаадын хөрөнгө оруулалт, сөрөг хүчингүй бол Монголын ард түмэн л хохирсоор байх болно.

Ард түмэн цар тахал, өвчин зовлонтой үед У.Хүрэлсүхийг энэ удаадаа дэмжсэн шигээ дараагийн ээлжинд АН-ыг шахаж шаардаж, сөрөг хүчинтэй болоход анхаарлаа хандуулах хэрэгтэй. Юу ч болж байсан Ардчилалтайгаа байх хэрэгтэй.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Хашир, болгоомжтой байхгүй бол дахиад хөл хорио тогтоож болзошгүй

Ард түмэн өөрсдөө хашир, болгоомжтой, хэрсүү байх цаг болчихлоо. Бид коронавирус гэх цар тахалтай хоёр жил нүүр тулж, тахал дунд амьдарч байна. Эхэн үед төр засгийн зүгээс хил хаах, дэглэм тогтоох, голомт илрүүлэх, нэгдсэн шинжилгээ авах, вакцин татах гэх мэт ажлуудыг хийж, бүх юм УОК, Засгийн газраас хамаарч байлаа. Харин одоо эсрэгээрээ бүх юм ард олноос хамаарч байна. Хөл хорионд орох уу, бизнес хамаг юмаа эрх баригчдаар боолгоод гэртээ ядуурч хэвтэх үү, эсвэл халдвар хамгааллаа сайтар сахиад амьдралаа хэвийн явуулах уу гэдэг сонголт та бидний өмнө байна. Хөл хорионд орохгүй гэвэл вакцинжуулалтдаа бүрэн хамрагдацгаах хэрэгтэй байна, дэглэмээ сайн баримталж, хүүхдүүддээ өвчин тусгачихгүйн тулд хамгаалах ёстой болоод байна.

Ерөнхий байр байдлыг харахад, эрх баригчид дахиж хөл хорио тогтооно гэж яриад эхэллээ. Сонгууль болдгоороо болно, сонгуулийн дүнг зарлангуутаа хөл хорио тогтоож болзошгүй. Эрх баригчдын одооноос гаргаж буй хандлагаас энэ байдал анзаарагдаж байна. Хөл хорио тогтоох байх л даа. Энэ нь халдварыг барьж авах, голомтыг хумих зорилготой гэж байгаа ч эрх баригчдын хувьд хөл хорио бол сонгуулийн дүнг эсэргүүцсэн элдэв жагсаал цуглаан, хэл ам гаргахаас сэргийлэхэд чиглэгдэнэ гэдгийг хэнбугай ч гадарлаж байгаа болов уу.

Эрх баригчдын хувьд сонгууль болоод дүн нь гарсан бол ард түмнийг бөөгнүүлээд байх шаардлагагүй болчихож байгаа хэрэг л дээ. Ард түмэнтэй зэрэгцэж байх, хамт байх хэрэгцээ нь сонгуулийн маргаашнаас дуусчихаж байгаа юм. Шуудхан хэлэхэд “Намайг сонгоорой” гэж ард түмнийг царайчлах шаардлагагүй болчихож байгаа юм чинь нийтээр нь гэр гэрт нь хорьчихно. Ингээд иргэдийг 14 хоног гэрт нь хорьж, наана цаана болж байгаад улсын наадам хүргэчихнэ. Наадмын урдхан хөл хориогоо зогсоогоод 100 жилийн сүрт ойгоо улс даяар хавтгайд нь тэмдэглүүлнэ. Эрх баригчид ийм төлөвлөгөөгөөр явна гэдэг нь харагдаад байна.

Коронавирус гэсэн энэ тахал эрх баригчдад үнэхээр ашигтай байгаа. Ашгаа 100 хувь өгч байна. Харин ард түмэнд тахал үнэхээр хохиролтой байна. Эрх баригчдын тавьж буй хөл хорионд өнөө хэдхэн бизнесүүд нь таг зогсчихно, хоногийн хоолоо өдөр өдөрт нь залгуулдаг иргэдийн хувьд байдал улам дордоно, эдийн засгийн нөхцөл байдал нэмж уруудна. Ийм байдалд дахиж орохгүйн тулд Монголын ард түмэн хашир, болгоомжтой байх хэрэгтэй байна. Хүмүүс минь ухаалаг байцгаая аа. Амьдралд хэрсүү хандацгаая. Аль юм болгон айлын эрх хүүхэд шиг, бүх юмаа бэлдүүлдэг социализмын эрх танхи иргэд шиг байх юм бэ. Амьдрал, үхлийн зааг бидэнтэй улаан нүүрээрээ тулчихаад байна шүү дээ. Цар тахлаар өчигдрийн байдлаар 272 хүн хорвоогийн мөнх бусыг үзүүлээд байна. Энэ тоог хүн амын тоотой харьцуулбал өндөр тоо шүү гэдгийг мэргэжлийн байгууллагууд сануулсаар байгаа. Тахлын үеийн халдвар хамгааллын дэглэмээ нарийн баримталж, хүүхдүүдээ болзошгүй эрсдэлээс хамгаалмаар байна, хөдөө гадаа явахдаа өвчин зовлон тараамааргүй байна.

Израиль улс хөл хориогоо бүхэлд нь тавьчихлаа. Тахлыг ялсны Үндэсний баяраа ч хийчихлээ. Тэр улсын жишгээр иргэд вакциндаа бүрэн хамрагдах ёстой. Вакцин, вакцинжуулалтыг эсэргүүцдэг илүү дутуу хүмүүс одоо боль оо, та нар. Вакцинаа болиод оронд нь ийм юм хэрэглэ гэж санал болгож байгаа нэг ч юм байхгүй байцгааж, хий дэмий л бусдыг турхирах гэж үзээд бүтэлгүйтэж байна. Вакцинаас өөр сонголт байхгүй гэдгийг дэлхийн том гүрнүүд гэлтгүй, бүх улс орнууд хүлээн зөвшөөрч, ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу вакцинжуулалтаа идэвхжүүлж байна. Гэтэл вакциныг эсэргүүцэж байгаа хүмүүс “Вакцины оронд ийм юм хэрэглэ” гэж санал болгож байгаа, гарц хэлж байгаа нь харагдахгүй юм. Ямар ч шинжлэх ухааны эш үндэсгүй, эх сурвалжгүй зөгнөлт юм ярьж ард олныг хутган үймүүлж, вакцинжуулалтын хурдад саад хийх гэж оролдож байна. Тиймээс иймэрхүү бодолтой хүмүүс одоо амаа хамхисан нь дээр.

Бид хөл хориотой, хориогүй ч өөрсдөө чамбай амьдарвал эрх баригчдад хөл хорио тогтоох шалтаг өгөхгүй юм. Тиймээс хөл хорих шалтгааныг эрх баригчдад өгөхгүй байя. Тэдэнд өчүүхэн л шалтгаан, алдаа мадаг харуулбал өлгөж аваад л “Тэнд тийм иргэн тэгж коронавирус тараачихлаа” гээд л хамаг бурууг иргэд рүү чихээд хөл хорьчихно. Хөл хорих шалтгаан өгөхгүйн тулд өөрсдөө цэмбэгэр амьдрах хэрэгтэй. Цэмбэгэр шүү. Маскаа зүүгээд, гараа угаагаад, хоорондох зайгаа бариад олонтой газраар аль болох бага явж цэмцгэр байвал манайхан чадна шүү дээ. Тэгсэн байхад бидний хөлийг хэн ч хорихгүй. Үүний цаана бол бидний амин зуулга болсон бизнес бий. Бизнесээ, амьдралаа бид өөрсдөө ингэж л аварч үлдэнэ. Монголын ард түмэн ядуурч, орлогогүй болох тусмаа эрх баригчдын саварт улам лав базуулж, тэр хэрээр төр засгийн халамжаас хамааралтай болно.

Хүнээр тэжээлгэх шиг адгийн юм байдаггүйг монголчууд мэддэг. Зүгээр олдсон чихэрнээс зовж олдсон ааруул дээр гэцгээдэг. Бусдын өгсөн халамж, нэг удаагийн гурил, будаанаас илүү өөрсдийнхөө хийдэг ажил, жижиг ч болтугай бизнесээ хөдөлгөж байх нь иргэн хүндээ, тухайн өрхдөө тустай. Алсуураа улс орны эдийн засагт нэмэртэй. Бусдын гар харж амьдрах, бусдаас царайчилж хоногийн хоолоо алгаа тосон авах шиг гутамшиг үгүйг монголчууд мэддэг учир зүгээр өгсөн юманд дургүй байх нь дийлэнх гэдэгт итгэдэг шүү. Энэ өнгөрч буй хоёр жилийн хугацаанд монголчуудыг нийтээр нь хавтгайруулж халамжлах гэж, халамжинд байлгах гэж их үзлээ. Үнэхээр халамж хэрэгтэй хэсэгтээ хэрэгтэй л байгаа. Харин халамжаас эрс татгалзаж байсан хэсэг нийгэмд байсан юм шүү. Аргагүйн эрхэнд буюу голомтыг хумихын тулд төрөөс авч хэрэгжүүлж байгаа ажлыг дэмжих гэж олон бизнес эрхлэгчид гэртээ зүгээр сууж, хүлцэнгүй загнасан. Гэвч нөгөө талдаа өөрсдөө юу ч үйлдвэрлэхгүй, бүтээхгүй мөртлөө бэлэн юм худалдаж аваад хэрэглээд сурчихсаны гай их гэдгийг бас мэдэрцгээлээ. Арматурын үнэ яаж “галзуурч” байгааг хар даа. Энэ бол наад захын жишээ. Бид өөрсдөө үйлдвэрлээд барилгадаа хэрэглэчих юмыг өнөө л бэлэнчлэх сэтгэлгээгээрээ хандаж, Хятадаас бэлэн юмыг нь бөөндөж авч ирдгийн л харгай шүү дээ.

Хэр их хөл хорионд орно, тэр хэмжээгээр бид нийтээрээ ядуурна. Ядуурах тусмаа хүний гарт, эрх баригчдын саварт чангалуулна. Хүний гарт орох нь хүсмээр юм биш байна аа гэдгийг бид хоёр жилийн хугацаанд ханатлаа мэдэрлээ. Үүнийг хаа хаанаа ойлгох хэрэгтэй. Цэмбэгэр амьдрахгүй бол эрх баригчдад бэлэн “өгөөш” болж, хөл хорионд нь сууж, халамж хүлээсэн ядуус болж, гарт нь орно. Одоо бид хөлөө хориулах уу, эс хориулах уу гэдэг маань зөвхөн биднээс, өдөр тутмын амьдралдаа халдварын дэглэм хэр барьж байгаагаас, маскаа тогтмол зүүж, гараа ариутгаж байгаагаас хамаарах болчихоод байна. Ард түмэн өөрсдөө л хашир, болгоомжтой байхгүй бол биднийг, бидний бизнес, бидний амьжиргааг хориход бэлэн “бүлэг” дээр байгаа шүү.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

XIV Далай Лам: Хүн төрөлхтөн аз жаргалтай амьдрахын тулд дотоод сэтгэлдээ анхаарал хандуулах нь маш чухал

-МОНГОЛЧУУД ЭНЭРЭНГҮЙ САЙХАН

СЭТГЭЛИЙГ ТӨРҮҮЛЭХЭД ОНЦГОЙЛОН АНХААРАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА-


Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам зуны эхэн сарын шинийн 15-ны Их Дүйчэн өдөр Монголын Бурхны Шашинтны төв, Гандантэгчэнлин хийдийн хүсэлтээр Монгол Улсад Бурхан Багшийн их дүйчэн өдрийг үндэсний хэмжээнд албан ёсоор тэмдэглэж буйтай холбогдуулан айлдвар айлдлаа. түүний айлдварыг гэвш А.Батцэнгэл сүсэгтэн олонд орчуулж хүргэсэн юм.

XIV Далай Лам: Бид бүгдээрээ мэднэ. Төвд, монголчууд онцгой барилдлагатай ард түмэн юм. Монголын номын нөхдийн ихэнх нь Богд Зонховагийн шашныг шүтдэг хүмүүс. тиймээс та бүхэнд хэлэхийг хүссэн зүйл юу вэ гэхээр, эхлээд Бурхан багшийн айлдварыг санах хэрэгтэй байна. Бурхан багш юу гэж айлдсан бэ гэвэл “Өөрөө өөрийнхөө эзэн. Өөрөө өөрийнхөө аврагч юм” гэж айлдсан. Өөрийн зовлон, жаргал бүхэн хувь хүнээс шалтгаалдаг юм. Бусад шашинд бүтээгч Эзэн тэнгэрийг хүлээн зөвшөөрдөг. Бидний зовох, жаргах бүхэн Эзэн тэнгэрээс хамааралтай гэж ойлгодог. Харин Бурхны шашинтнуудын хувьд өөрсдөө сайн үйл хэрэг хийж, түүний үр дагаварт амар амгаланг амсдаг. өөрсдийн зүгээс сайн зүйлийг хийж чадахгүй, буруу зүйл хийгээд явбал түүний үр дагаварт нь зовлон ирнэ. Тэр зовлонгоос нь Бурхан аврах боломжгүй гэж номлодог юм. Тийм учраас Бурхан багш “Та өөрөө өөрийнхөө аврагч юм. Өөрөө өөрийнхөө итгэл юм” гэж айлдсан.

Ингээд үзэхээр зовлон, жаргал бүгд хувь хүний гарт нь байдаг, өөрт нь байдаг. Өөрсдөө зовлонг хүсдэггүй, жаргалыг хүсдэг нь маш тодорхой шүү дээ. Хүн битгий хэл өчүүхэн хорхой хүртэл зовлонг хүсдэггүй, ая тухыг хүсдэг. Хүн төрөлхтний хувьд авч үзвэл, аливаа нэг зүйлийн учир шалтгааныг бодож, эргэцүүлэн тунгаан бодох саруул оюун ухаантай юм аа. Тиймээс бид аль чадахаараа энэ оюун ухаанаа ашиглаж, аль чадахаараа бусдад тустай, бусдад туслах, аль чадахаараа бусдыг хорлохгүй байхыг бодох хэрэгтэй. Хэрвээ өөрийн дотоод сэтгэлээ номхруулж, дотоод сэтгэлээ засаж чадвал бусдад хандсан аливаа муу үйлийг хийхээ болино. Тиймээс сэтгэлээ амирлуулж, сэтгэлээ номхотгож чадвал амгалантай, сэтгэлээ номхруулж чадахгүй бол зовлон үүснэ ээ гэж айлдсан байгаа. Сэтгэлийг засах, сэтгэлээ номхотгох тал дээр олон шашин бүгд айлдвар, сургаал, номлолоо айлдсан. Харин Бурхны шашны хувьд аваад үзвэл, сэтгэлийг засах, номхруулах тал дээр дан ганц ерөөл тавьсан төдийгөөр нөлөө үзүүлэхгүй гэж айлдсан юм. Тийм учраас сэтгэлийг хямраадаг, сэтгэлийг зовоодог ийм зүйлүүдийг таньж мэдэж, түүнийг уг үндсээр нь арилгах хэрэгтэй. Бурхан багшийн айлдвар, сургаал сэтгэлийг номхотгох гол зорилготой, номхотгохын тулд асар олон арга ухааныг айлдсан юм. Бид эргэцүүлэн сайн бодож үзвэл, зовлон гэж юу байдаг вэ, зовлонгийн үндэс нь юу байна вэ? Эдгээр бүгдийг сайн бодоод үзвэл явж явж бидний догшин, буруу сэтгэлээс үүдэлтэй гэдгийг мэдэж авч чадна. Догшин, буруу сэтгэл гэдэг бол товчдоо уур хилэн, хүсэл шунал гэх мэт эдгээр сэтгэлүүд байдаг юм аа. Эдгээр муу сэтгэлүүд хаанаас үүсдэг вэ гэхээр БИ гэж боддог, БИ гэж хүчтэй боддог энэ бодлоос үүсдэг юм. Бидний үндсэн мөн чанар бол бид нийгмийн амьтад юм. Бид нийгмийн амьтад учраас “Миний амьдрал бусдаас, нийгмээсээ хамааралтай”. Нэгэнт бусдаас, нийгмээсээ хамааралтай учраас тэдний төлөө, тэднийг энэрч хайрлах сайхан сэтгэл төрөх нь гарцаагүй юм. Жишээ нь, сүрэглэж амьдардаг амьтад бий. Сүрэглэж амьдардаг амьтад үргэлж бусдаасаа хамаарч амьдардаг шүү дээ.

Нийгмийн амьтад нэг нэгэн рүүгээ анхаарал хандуулдаг, нэг нэгнээ хайрладаг чанар төрөлхийн байдаг гэж шинжлэх ухааны эрдэмтэд үздэг юм. Бид эхээс мэндэлсний дараа алгуур алгуур өсөж том болж эхэлдэг. Өсөж том болохын хэрээр “Би бүгдийг чадна. Би бусдаас хамаарах шаардлагагүй. Би өөрөө дангаараа энэ бүгдийг хийх чадалтай, хийх боломжтой” гэж үзээд өөрийгөө дөвийлгөж, бусдыг дорд үзэх ийм асуудлууд үүсч эхэлдэг юм. Бурхны шашинд энэ бүх сөрөг зүйлүүдийг арилгахын тулд сайхан сэтгэлийг номлосон. Сайхан сэтгэл гэдэг бол бидэнд төрөлхөөсөө байдаг зүйл. Учир нь юу гэвэл, би сая тайлбарласан бид нийгмийн амьтад. Нийгмийн амьтад учраас бусад руугаа хандсан сайхан сэтгэл бидэнд төрөлхөөсөө байдаг юм. Нөгөө талаасаа бид эхээс төрсөн даруйдаа эхийн энэрэл хайрыг анх мэдэрдэг шүү дээ. Эхийн энэрэл хайрын ач тусаар, ач буянаар эхээс мэндэлж, өсөж торниж, том болдог шүү дээ. Хүүхэд багадаа эхээсээ хамааралтай байсан бол алгуур алгуураар нийгмээсээ хамааралгүй юм шиг, энэрэнгүй сайхан сэтгэл төдийлөн чухал биш юм шиг бодож эхэлдэг. Тийм учраас бид бүхэн энэрэл хайр, энэрэнгүй сайхан сэтгэл дээр онцгойлон анхаарах хэрэгтэй. Хүн төрөлхтөнд төрөлхийн байдаг энэ зүйлээ, энэ нандин чанартаа бид улам анхаарал хандуулж, улам хөгжүүлж авч явах нь чухал юм. Үүнийг шашин шүтлэгтэй ч бай, шүтлэггүй ч бай ямар ч хүмүүс анхаарах хэрэгтэй. Шашин шүтлэгтэй хүмүүс дотор ч ялгаагүй бүх шашин энэрэл хайрыг номлож байдаг шүү дээ. Тиймээс бид бүгдэд энэрэл хайр маш чухал байна. Бурхны шашинд энэрэнгүй сайхан сэтгэлийг төрүүлэх арга замыг заасан. Харин энэрэнгүй сайхан сэтгэлийг төрүүлэхэд юу саад болдгийг маш нарийн тайлбарласан байгаа. Бусдыг энэрч хайрлах энэ сайхан сэтгэл төрөхөд саад тотгор болдог зүйл нь амин хувиа хичээх, амиа бодох явдал юм.

Бид өөрсдийн ойр дотны хайртай хүмүүсээсээ аз жаргалыг хүртдэг, мөн өөрийн дайсан гэж ангилдаг хүмүүсээс зовлон ирдэг гэж ялгаварлан үздэг шүү дээ. Би байнга хэлдэг. Шинжлэх ухааны эрдэмтдийн тайлбарлаж буй Квант физикийн онол бий. Уг онолоор гадаад үзэгдэл бидний нүдэнд үзэгдэж байгаа, хэдийгээр тухайн зүйл тэнд бодитоор байгаа мэт үзэгдэж байгаа боловч энэ нь яг үнэндээ бол бодитоор оршихгүй байгаа гэдгийг тайлбарлаж байна. Ингээд үзэхээр бидэнд уур хилэн, хүсэл шунал хүчтэй төрөх үед цаад зүйлийг, баттай нэг зүйл байна гэж үзэж өөрийн ойр дотны хайртай хүмүүс рүүгээ шунал төрүүлдэг. Харин дайсан руугаа уур хилэн төрүүлдэг. Харин Квант физикийн онолоор энэ бүхэн бодитойгоор оршихгүй байгаа гэсэн үг юм. Квант физикийн онолоор бидний уурыг хүргэж буй тэр хүн бодитойгоор оршиж байгаа юм биш ээ гэдгийг тайлбарлаж байна. Хэрвээ тухайн зүйлийн мөн чанарыг үнэн зөвөөр нь ойлгож авч чадвал уур хилэн, хүсэл шунал, нисванисын сөрөг муу сэтгэлүүд арилах боломжтой.

Тийм учраас Монголын номын нөхдөдөө үүнийг онцгойлон хэлье гэж бодож байна. Бид бүхэн амар амгалан, аятай тухтай, аз жаргалтай сайхан амьдрахыг хүсч байгаа. Энэ бол бидний зорилго шүү дээ. Үүнд хүрэхийн тулд бид хамгийн эхэлж, өөрийн дотоод сэтгэлээ амгалан, тайван болгох хэрэгтэй. Сэтгэлийг амгалан тайван болгоход хамгийн чухал зүйл бол энэрэнгүй сайхан сэтгэл юм. Тиймээс энэрэнгүй сайхан сэтгэлийг бүгд анхаараарай. Монголын номын нөхдөдөө тусгайлан хэлэх зүйл бол үүн дээр анхаарал хандуулах хэрэгтэй байна. Монголчуудын хувьд ихэнх нь Бурханы шашинтай хүмүүс. Дээр хэлсэнчлэн Бурхан багшийн айлдварыг бид бүхэн дагаж байгаа. Богд Зонхова бол Төвдийн Амдо мужаас мэндлэн гарсан. Бидний байнга уншдаг “Гандан лхажама” ном байгаа шүү дээ. “Гандан лхажама”-гийн уншлага дотор юу гэж гардаг вэ гэхээр “Цөвүүн цагт дээдийн номонд сайтар суралцаж, үнэн зөв явдал мөрөөр хэрхэн явсан тухай” гардаг. Түүний эрдэм номонд хэрхэн суралцсан, үнэн зөв явдлаар хэрхэн явсан тухайд бид бүхэн түүнийг даган дуурайх хэрэгтэй. Хамгийн гол нь юу вэ гэхээр дээдийн номонд суралцаж, суралцсан зүйлээ өөрөө амьдралдаа бодитой хэрэгжүүлэх нь маш чухал юм.

Ийм учраас Монголын номын нөхөд та бүгдээрээ сая хэлсэнчлэн Богд Зонховаг дагаж байгаа, түүний шашныг шүтэж байгаа шавь нар шүү дээ. Тиймээс түүний явдал мөрийг бид дагаж, даган дуурайх нь чухал юм. Ингэхийн тулд бид Буддын гүн ухаан, Буддын гүн ухааны ном сургаальд сайтар суралцах нь маш чухал юм аа. Үүнийг нарийн нягталж, гүн гүнзгийгээр суралцах ёстой. Дан ганцхан сүсэг бишрэл, ерөөл тавьсан төдийгөөр энэ бүгдийг мэдэж авах боломж байхгүй. Богд Зонховагийн “Шашин дэлгэрэхүйн ерөөл”-д өөрийн мэдэж авсан зүйлээ амьдрал ахуйдаа бодитоор хэрэгжүүлж байж Бурханы шашин хөгжих болно оо гэж гардаг. Намайг Монголд анх очих үед монголчууд уншлага, зан үйл хийж байгаа, үүн дээрээ нэмээд Буддын гүн ухааны сургаальд гүн гүнзгий суралцах нь чухал байна шүү гэж би монголчуудад захиж байсан. Та бүхэн Мандал өргөх үедээ их өндөр дуугаар мандал өргөдөг. Хурлын зан үйлээ сайн хийхийн зэрэгцээ энэ гүн ухааны сургаал номлолдоо улам гүн гүнзгий суралцах хэрэгтэй шүү гэж монголчуудад захиж байсан юм аа. Монголоос лам хуваргууд Энэтхэгт хүрэлцэн ирж, Чойрын дацан хийдүүдэд шавилан сууж, Буддын гүн ухаанд гүн гүнзгий суралцаж байгаа. Тийм учраас монголчууд та бүхэн бүгдээрээ энэ гүн гүнзгий сургааль номлолд суралцаж, энэ номыг зааж сургах, мөн суралцах явдалд маш их анхаарал хандуулаарай.

Энэтхэгт суралцсан лам хуваргууд эрдэм номоо дүүргээд Монголд буцаж очих үед тэдгээр хүмүүст тодорхой хэмжээний үүрэг хариуцлага хүлээлгэж, ажил хийлгэх хэрэгтэй. Гэлүгва буюу Богд Зонховагийн шашинд дагсал хаялцах, Чойрын номыг үзэх тал дээр маш их анхаарал хандуулдаг. Чойрын дацангуудад хүүхдүүдэд маш багаас нь Чойрын номуудыг заадаг юм. Монголын дацан, хийдүүд дагсал хаялцах, Чойрын номуудыг үзэх тал дээр хүүхдүүдэд сургах хэрэгтэй, үүн дээр анхаарал хандуулах хэрэгтэй. Чойрын номыг багаасаа сурвал улам илүү хурц оюун ухаантай болдог юм. Жишээлбэл, Монголын Хамба ламаас эхлүүлээд монголчууд данхар толгойтой байдаг шүү дээ (инээв). Тийм учраас та бүхэн өөрсдийн энэ том толгойгоо ашиглаж, Чойрын номонд сайн суралцах хэрэгтэй. Суралцахдаа Бурхан багшийн айлдвар сургаалийг шууд хүлээж авах уу, эсвэл тайлбартайгаар хүлээж авах уу гэдэг эдгээрт нарийвчилсан судалгаа хийж үзэх хэрэгтэй. Наландарын уламжлалд Бурхан багшийн айлдвар сургаалийг шууд хүлээж авах, шууд хүлээж авахгүй гэж хоёр ангилдаг. Энэ бүхэн бол маш их утга учиртай, нарийн зүйлүүд юм. Бурхан багшийн үед анх Бурхны шашин дэлгэрсэн. Бурханы шашин дэлгэрснээсээ хойш хоёр уламжлалд харьяалагдаж явсан. Санскрит олон пали уламжлалаар явсан. Санскрит уламжлал бол учир шалтгааны үүднээс аливаа нэгэн зүйлийг нягталж, судалж, дагсал хаялцах зарчмаар Буддын гүн ухааны гүн гүнзгий сургааль номонд суралцаж ирсэн. Пали уламжлалд ийм зүйл бага байдаг. Монголын өвөг дээдэс дотор Чойрын номонд гарамгай суралцаж, асар олон эрдэмтэн, мэргэд төрөн гарсан юм. Тийм учраас энэ, шинэ цаг үед ч гэсэн залуучууд энэ эрдэм ухаанд суралцах хэрэгтэй. Миний байнга хэлдэг зүйл бол XXI зууны Бурханы шашинтан байх ёстой. XXI зууны Бурханы шашинтан бол өөрийн сүсэг бишрэл, итгэл үнэмшлийг мэдлэг боловсролтой холбох хэрэгтэй. Ингэж чадвал XXI зууны Бурханы шашинтан болж байна гэсэн үг юм аа. Түүнээс биш уламжлал, өвөг дээдэс эцэг эхийн шүтэж ирсэн уламжлал төдийхнөөр хандаж болохгүй.

Олон хүмүүс хэлдэг шүү дээ, мэдлэг боловсролтой холбогдохгүй бол мухар сүсэг гэж. Хэрвээ утга учрыг нь сайн мэдэхгүй бол энэ мухар сүсэг болох аюултай. Ийм учир бид бүхэн сургааль, номлолын гүн гүнзгий утга учрыг сайн мэдэж авах хэрэгтэй. Үүнийг мэдэж чадахгүй залбирч суувал энэ бол яалт ч үгүй мухар сүсэг болно оо.

Яг үнэндээ Бурхны шашины зарчим бол мухар сүсгийг үгүйсгэдэг. Мухар сүсгийг арилгахын төлөө байдаг. Учир шалтгааны үүднээс сургаал номлолоо тайлбарладаг. Тайлбарлахдаа, суурь онол, гэгээрэлд хүрэх зам мөр, гэгээрлийн мөн чанар, энэ бүгдийг нэгд нэгэнгүй тайлбарласан байдаг. Эдгээр бүгдэд бид суралцахаас өөр арга байхгүй ээ. Суралцахгүй бол дан ганцхан залбираад, сүсэг бишрэл төдийхнөөр хандвал энэ үр дүнгүй болно. Мөн зарим тохиолдолд багш юу гэж айлдсан байна, түүнийг шууд хүлээж авдаг нь нэг талаасаа учир дутагдалтай юм аа. Яагаад вэ гэхээр, багшийн айлдсан сургааль номлолыг бид сайн нягталж, судлах ёстой. Судлах боломж бидэнд байгаа. Тийм учраас Монголын номын нөхөд та бүхэн бүгдээрээ ном үзэх тал дээр маш их анхаарал хандуулах хэрэгтэй. Дацан, хийдүүд уламжлалаа хадгалж, өөрсдийн уламжлал, зан үйлд маш их анхаарал хандуулж байгаа. Үүн дээр нэмээд та бүхэн энэ гүн гүнзгий ном сургаальд суралцахад анхаарах хэрэгтэй байна. Мөн Монголын сүсэгтнүүдийн хувьд ч гэсэн Буддын гүн ухааны ном сургаалд суралцах нь дан ганцхан лам хуваргуудын ажил гэж бодож болохгүй. Бид анх Энэтхэгт дүрвэж ирснийхээ дараа юунд анхаарал хандуулсан бэ гэхээр, бид өөрсдийн гэсэн хэл соёлтой, хэл бичигтэй. Тийм учраас бид өөрсдийн хэл, соёлоо хөгжүүлж, үүнийгээ хадгалан авч явах нь маш чухал байна аа. Тиймээс бидэнд тусдаа, Төвдийн сургууль хэрэгтэй гэж Энэтхэгийн Засгийн газарт, ялангуяа Бандида Неруд хүсэлт тавьсан. Неру бидний энэ хүсэлтийг хүлээн авч, тусгайлан Төвдийн сургуулиудыг бүрдүүлж өгсөн юм аа. Сургууль болгондоо номын багш гэж тусгай багш нарыг томилж байсан. Нэг жил би уриалга гаргасан. “Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд Чойрын сургалтыг оруулах хэрэгтэй. Дагсал хаялцах энэ арга ухааныг Ерөнхий боловсролын сургуульд оруулах хэрэгтэй” гэж уриалга гаргасан. Дагсал хаялцаж, ном үзэх энэ арга ухаан зөвхөн дацан хийдүүдэд байсан. Энгийн хүүхдүүд дацан хийдэд очиж, Чойрын номонд суралцах боломж төдийлөн байхгүй учраас ЕБС-ийн хичээлийн хөтөлбөрт нь дагсал хаялцах ийм тусгай хичээлийн хөтөлбөр оруулах хэрэгтэй гэж уриалга гаргасан юм. Энэтхэгийн Варанасийн их сургууль бий. Тус сургуульд эрэгтэй, эмэгтэй залуучууд суралцдаг. Варанасийн их сургуульд ч Чойрын номыг оруулах хүсэлтийг тавьж байсан.

Энэ цаг үед Монголын ард түмэн, Монголын номын нөхөд та бүхэн ном сургаал, Буддын сургаал номлолдоо сайн суралцах хэрэгтэй. Утга учрыг нь ойлгож авах хэрэгтэй. Буддын гүн ухаанд номлож байгаа тэр үзэл онолуудыг өөрсдийн аль чадахаараа нотолдог, нягталж чаддаг байх ёстой. Миний хувьд Энэтхэгт ирснийхээ дараагаар шинжлэх ухааны олон эрдэмтэн, мэргэдтэй уулзаж, ярилцаж, санал бодлоо солилцож эхэлсэн. Шинжлэх ухааны эрдэмтэд шашин, сүсэг бишрэлийн тал дээр төдийлөн анхаарал хандуулдаггүй. Харин бидний учир шалтгааны үүднээс дагсал хаялцаж, учир шалтгааны үүднээс үзэл онолыг нотолдог энэ зарчимд тэд анхаарал хандуулж эхэлж байна аа. Орчин үеийн барууны шинжлэх ухаанд сэтгэл судлалын мэдлэг боловсрол төдийлөн байхгүй. Ер нь бол хүний аз жаргал, амар амгалан гэдэг бол явж явж бидний дотоод сэтгэлдээ тулдаг юм аа. Энэ бол ямар нэг гэгээрэл, нирвааны тухай асуудал ерөөсөө биш. Хүн төрөлхтөн аз жаргалтай амьдрахад хамгийн нэгдүгээрт, бид өөрсдийн дотоод сэтгэлд анхаарал хандуулах нь маш чухал юм. Үүнийг шинжлэх ухааны эрдэмтэд олж харж, үүнд анхаарал хандуулж эхэлсэн. Сүүлийн үеийн шинжлэх ухааны эрдэмтэд сэтгэл судлалын тал дээр Буддын гүн ухааны сэтгэл судлалын мэдлэг боловсрол дээр анхаарал хандуулж байгаа. Тийм учраас Монголын сүсэгтнүүд, Монголын лам хуваргууд та бүхэн бүгдээрээ өөрсдийн уламжлалт мэдлэг, боловсрол дээрээ анхаарал хандуулах нь чухал юм. Суралцахдаа учир шалтгааны үүднээс сонгодог зарчмаар суралцвал маш илүү чанартай болно оо.

Ингээд лам хуваргууд сайтар суралцаж, өөрсдийн уламжлалт мэдлэг, боловсролоо сайтар эзэмшсэний дараагаар бусдад үүнийгээ сайн ойлгуулах хэрэгтэй. Үүн дотор ЕБС-ийн хүүхдүүдэд ч гэсэн энэ зүйлүүдийг зааж өгөх нь маш чухал байна. Тийм учраас монголчууд та бүхэн бүгдээрээ энэ бүгдийг сэтгэлдээ сайн хадгалаарай, сайн бодоорой. Ингэж чадвал маш гүн гүнзгий, өргөн дэлгэр, өөрсдийн өнө эртний уламжлалаа хадгалж чадаж байна гэсэн үг.

Яг энэ цаг үед бид нар, цаг үетэйгээ нийцэж, олон хүмүүстэй зэрэгцэн үзэл бодлоо солилцох, өөрсдийн соёл уламжлалаа хадгалах ийм чадвар бий болно. Хэрвээ бид энэ бүгдийг сайн ойлгож чадвал бидний соёл, уламжлал маань орчин үеийн шинжлэх ухаантай нийцэж, орчин үеийн шинжлэх ухаантай хөл зэрэгцүүлэн явах боломж байгаа юм байна гэдгийг Та бүхэн ухаарч, ойлгож авах болно оо.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Сэтгэл судлаач Б.Баярцэнгэл: Ковидоор өвдөөгүй ч энэ өвчинтэй холбоотой буруу шийдвэрүүдээс болж олон иргэн хохирч байна

Сэтгэл судлаач Б.Баярцэнгэлтэй ярилцлаа. Сэтгэц зан үйл судлаач мэргэжилтэй тэрээр нийгмийн сэтгэл зүйн чиглэлээр ажилладаг бөгөөд ковидоор өвдөөд эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд хэдхэн хоногийн өмнө гэртээ гарчээ. Б.Баярцэнгэл өмнө нь манай сонинд ковидын үеийн сэтгэл зүйн өөрчлөлтийн талаар ярилцлага өгч байсан бол энэ удаад уг өвчин тусаад эдгэсэн туршлагаасаа ийн ярьж байгаа юм.


Та ковидоор өвдөөд, эмчлүүлээд эдгэрчээ. Хэзээ эмнэлгээс гарсан бэ?

-Би эмнэлгээс гараад дөрөв хонож байна. Анх хэд хоног бөөр хүчтэй өвдөөд нуруу татаж үүнтэй зэрэгцээд даралт ихэсч түргэн дуудаж үзүүлсэн юм. Тэгээд “Баянзүрх мед” эмнэлэгт очиж үзүүлээд тэндээ шинжилгээ хийлгээд маргааш нь хэвтсэн. Огт халуураагүй төдийгүй ханиалгах цээж өвдөх гэх мэт шинж тэмдэг илрээгүй. Тухайн эмнэлэг ч надад маш сайн үйлчилгээ үзүүлж бөөр болон тархины цусан хангамж сайжруулах эмчилгээ хийгээд хоёр хонолоо. Гэтэл хэвтэхээс өмнө өгсөн PCR шинжилгээ маань эерэг гараад шоконд ордог юм байна лээ. Учир нь би огт ханиаж, найтааж, цээж өвдөх зэрэг ерөнхий шинж тэмдгүүд нь илрээгүй юм. Шинжилгээнд эргэлздэг юм байна лээ. Эмч тухайлсан эмнэл зүйн шинж тэмдэггүй ковидоор өвдөж байгаа гэсэн мэдээлэл өгсөн. Тухайн үед эмч бусад сөрөг шинжилгээтэй хүмүүсийг маань палатнаас шилжүүлсэн. Би тухайн үедээ өөртөө биш гэр бүлдээ бас тэдгээр хүмүүст халдвар өгсөн байх вий гэж эмзэглэсэн. Эмчлэгч эмч маань ч гэсэн маскаа сайн зүүгээд халдвар хамгааллаа барьсан учир та халдаахгүй гэж тайвшруулсан л даа. Тус эмнэлгийн завсрын бүсээс БЗД нэгдсэн эмнэлгийн улаан бүс рүү намайг шилжүүлж ковидын эмчилгээ хийж эхэлсэн юм.

Одоо таны бие хэр байна. Маш их тамирдаж ядарч байна гэж фэйсбүүктээ бичжээ?

-Би ковидоор өвчилж эдгэснээ, юу мэдэрсэн, ямар мэдрэмж төрснөө нийгэмд нээлттэй байлгахыг хүссэн. Магадгүй ханиахгүй хэрнээ ковидоор өвчилж, түүнийгээ мэдэхгүй гэр бүлдээ эрсдэл учруулж болох талаар мэдлэг өгье гэж бодсон. Мөн ковидтой холбоотой иргэдэд үүсдэг мэдрэмжүүд, сэтгэл хөдлөл, хямрал бухимдал зэргийг бичиж үлдээмээр санагдсан. Та бүхэн санаж байгаа байх. Иргэдээ авчран дотооддоо эмчилж байсан, мөн хотод тохиолдол тарж “Энхсаран”, Баянзүрхийн нэгдсэн эмнэлэг, дараа дараачид нь олон том голомтууд бүртгэгдсэн тухайн үед иргэд “Ойр тойронд чинь өвдсөн хүн байна уу, худлаа тоо юм биш үү” гэх зэрэг хандлага нийгэмд хөвөрсөн. Гэтэл тэр үед хүмүүс айж байсан. Өөрсдийн асуудлаа хэлэх нь эрсдэлд, ялгаварлалд оруулах тийм сэтгэл зүй нийгэмд хүлээж байсан. Тэрний ул мөр нь одоо ч балраагүй байгаа. Ковидтой холбоотой сэтгэл зүйн асуудал яаж өрнөж болох талаар “Өдрийн сонин”-д би ярилцлага өгч байсан. Тэр бүү хэл халдвар алдаагүй тэр цаг хугацаанд ковидтой нүүр тулахад бэлэн бай гэж хэлж байсан. Учир нь манайх шиг нийгэм, улс төрийн нөхцөл нь иргэн бүрээ улстөрч болгох гэдэг стресстэй нийгэмд тахал тарах нь цаг хугацааны асуудал байсан. Нийгэм нэгдсэн зөв мэдээлэлтэй менежмэнттэй, тогтвортой, чанарын удирдлага бүх асуудлын зангилааг олж чадах зүйл юм гэдэгт итгэлтэй байсан тэр маань лавширсан.

Анх танд ямар нэг эмнэл зүйн шинж тэмдэг илрээгүй, бөөр өвдөж, даралт ихэссэн юм байна. Тэгэхээр ковидоор өвдсөн тохиолдолд заавал халуурч, хоолой өвдөж, ханиах шинж тэмдэг илэрнэ гэж бодож болохгүй нь ээ?

-Дийлэнхдээ ханиах, хоолой сэрвэгнэх, хүчтэй ханиалгаж, цээж өвдөж, амт, үнэр мэдрэхгүй ирж байгаа ч өөр нэг суурь өвддөг эрхтэн өвдөх байдлаар хүндэрч ирэх тохиолдол нь надад илэрсэн юм билээ. Зарим хүний нуруу, зүрх нь өвдөж ирсэн байна лээ. Халуурахгүй, нус гоожихгүй байж ч болох юм байна лээ. Би халуураагүй, ганц ч ханиагаагүй, тэр бүү хэл цээж өвдөөгүй. Тухайн эмнэлэгтээ CT оношлоход уушги эрүүл гарсан юм. Энэ вирус өөрөө маш ухаалаг хоруу чанартай санагдсан. Таны юу өвддөг, тэнд очоод наалдчихаад ажлаа хийж эхэлнэ. Би бөөр тэсгэлгүй их өвдөж үүнтэй хамт даралт ихэсч толгой өвдсөн. Нийтлэг нь ихэнх хүн толгой өвдөж байна гэж их хэлж байна лээ.

Та сэтгэл судлаач, нийгмийн сэтгэл зүйг судалдаг хүн. Коронавирус хүний сэтгэл зүйд нөлөөлж, стресстүүлдэг гэж та дүгнэжээ?

-Би эмнэлэгт байх хугацаандаа бие арай дээрдээд гарах өдөр рүүгээ ойртохдоо google form ашиглаад ковид туссан эдгэсэн хүмүүсээс бичил судалгаа авсан юм. Одоогоор 80-аад хүн хариулсан байна лээ. Тухайн хүмүүсийн 80 хувь нь эерэг хариу авах үедээ маш их айсан, уйлж хямарсан, бие дээр илрэх өвдөлтдөө санаа зовсон гэсэн байсан. Түүнчлэн хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн хувьд ар гэрийнхээ шинжилгээний хариунд санаа нь зовж сөрөг гарвал сэвхийгээд л эдгээд явчихдаг юм байна лээ. Түүнчлэн талаас илүү хувь нь хэвтэн эмчлүүлсэн эмнэлгийн үйлчилгээнд тааруу үнэлгээ өгсөн. Гэхдээ 79-хөн хүний бичил судалгаа шүү. Корона өвчин туссанаас санаа зовох биш тухайн вирус бие болоод сэтгэл зүйн хувьд маш ихээр туйлдуулж стресс бухимдалд автуулж байгааг анзаарсан юм. Мөн ковидоор хүүхдүүд нялх гэлтгүй өвдөж байна. Хөнгөн өвдөж байгаа гэж тоохгүй байгаа ч хүүхдүүд ууртай ааштай болж байна. Вирус тархи толгой өвтгөж, тайван бус болгодог. Нойрны болоод хоолны дуршил амтлах, үнэрлэх гээд мэдрэхүйд нөлөөлж байна, түүний нөлөөллөөр таатай бус байх гэх мэт шинж илэрнэ. Учир нь хүн амталж, үнэрлэх гэж мэдрэмжээр дамжуулж маш их аз жаргалын эд эс сэргэж байдаг шүү дээ

Анхны тохиолдол бүртгэгдэхэд нийгмээрээ айдаст автсан. Цар тахал, өвчин гэхээс ЗГ, УОК нь иргэдийг хиймэл айдаст автуулаад байна гэдгийг тухайн үед шүүмжилж байсан. Үүний хор уршиг нь одоо ч гарсаар байна?

-Харин тийм ээ. Анхнаасаа нийгмийн сэтгэл зүйг бэлтгэх бус айдаст автуулах ялгаварлах бусдын эрх ашгийг өндөрт тавьж байгаа гэх чиг шугам дор нийгэмд ковидоос өөр нэг шинэ тутам хурдан халдварладаг үзэл суртлын хэт нэг талд эрүүл бус сэтгэл зүйг бий болгосон хүмүүжил вирусийг тараажээ. Бид илүү хүчтэй ковидтой нүүр тулахад бэлэн, мөн хүмүүнлэг нийгмийн сэтгэл зүйг бэлдэхэд чиглэх байжээ. Одоо олон мянгаараа өвдөж эдгэцгээгээд сүүлээсээ хүмүүс энэ өвчний талаар дуу хоолойгоо хэлэх болсноор ковидоос болгоомжлох, зөв мэдээлэлтэй байх иргэдийн тоо өсч байгаа. Үүнтэй хамт ялгаварлан гадуурхалт нийгэмд байсан айдас жаахан ч гэсэн сарниж эхлэх шиг боллоо. Ковид бол цар тахал. Болгоомжлох хэрэгтэй. Гэхдээ иргэд харанхуй байж болохгүй гэдгийг тэдгээр байгууллагууд ухамсарлах хэрэгтэй. Миний хувьд гэртээ эмчилж байгаа гэх ухагдахуун дор өргөн тархацтай болгох вий гэж айж байгаа. Тухайн хүмүүсийг гэрийн хорионд найдвартай байлгахын тухайд хүнс, эм зэргийг өрхийн эмнэлэг, УОК нь хүргээд өгөх зэргээр дэмжиж тусгаарлалтаа чанд барих хэрэгтэй байх. Үүнд менежмэнттэй, хяналттай байх ёстой. Тухайн иргэнийг бүх талаар дэмжиж, тэтгэх хэрэгтэй. Утсаар ч гэсэн чин сэтгэлээсээ зөвлөөд биеийг нь хянах хэрэгтэй. Ковидын үед чанартай хүнс, сайн хоол, унд, эмээр гээд олон хүчин зүйлээр эдгэх явц түргэсдэг юм шиг санагдлаа, бодит байдалд. Нийгэм айдастай байхын хэрээр үндсэн асуудал ковид буюу үүнээс тэс өөр нийгмийн гажуудлууд ихэсдэг, гэмт хэрэг, амиа хорлолт гэх мэт. Зөвхөн ковидтой тэмцэж байна гээд хүнээ, хүний сэтгэлийг, амьдарч буй нөхцөл байдал, сэтгэл зүйн асуудлуудыг тоохгүй орхиж болохгүй. Учир нь ковидоор өвдөөгүй ч ковидтой холбоотой шийдвэр гаргалтуудын хамтаар нийгэмд олон олон иргэд хохирч байгаа.

Ковидоор өвдсөн хүмүүс ихэвчлэн тэр тухайгаа нуух гэдэг. Чухам юунаас болж ийм үйлдэл гаргадгийг та харсан байх?

-Тухайн үедээ нийгэмд жийрхэх, айх, түлхэх хандлага байсан болов уу. Гэхдээ одоо ч ковидын нэгдсэн мэдээлэлгүй хүн эдгэсэн хүнээс айх жийрхэх хандлага байна. Тухайн хүмүүст өвчин халдаах вий гэдэг айдас байдаг. Гэвч халдаахгүй гэдгийг мэдээд зөвөөр ойлгож эхэлдэг. Мэдлэг мэдээлэл дэндүү хомс болохоор айдас, жийрхэлт байгаад байна. Мөн ковид туслаа гэхэд хаанаас халдвар авсан гэдгээ мэдэх боломж бараг л тодорхойгүй. Гэртээ байдаг, ойр зуур дэлгүүр ордог хүн ч авсан байсан. Тэгэхээр олон хүн хаана байна, тэндээс байж болох юм байна. Маскаа зүүж гэртээ орохдоо сайн ариутгах, цэвэрлэхээ мартаж болохгүй.

Нийгэм ковидтой хүмүүсийг үзэн ядан, хавчих маягтай хандлага гаргадаг. Эсрэгээрээ ковид туссан хүмүүс нийгмээсээ ямар харилцаа хүсдэг юм байна?

-Тухайн өвчний талаар нэгдсэн зөв мэдээлэлтэй болмогц аяндаа арилах үйл явц юм байна. Тухайн өвчин хотхон бүрд л нэг хоёроор бүртгэгдэхэд хотхоны группэд иргэд харааж зүхэж бичдэг байлаа. Одоо энэ өвчин хийсч ирээд наалдчихдаг, хэнбугай ч тусах юм байна. Бие муу хүнд бол алтан амиа алдах ч эрсдэлтэй гэдгийг ухаарснаас хойш гадуурхах хандлага буурч байна. Миний харж буйгаар нас баралт бүртгэгдэж эхэлсэнтэй зэрэгцээд нийгэм арай ухамсар сууж хариуцлагатай болж эхэлсэн. Хий айдаст автаж байсан бол “Ээ дээ, энэ өвчин хэцүү юм, хайран хүн” гэж бодох эмпати сууж эхэлсэн юм болов уу. Гэхдээ туулж гарч байж биш, иргэдийн сэтгэлд зөв мэдээлэл хий айдас, түгшүүр бус зөв хандлага, зөв бодол мэдээлэл өгөх л чухал зүйл байжээ. Нөгөөтэйгүүр дараалсан олон хорио үр дүн өгсөн хэдий ч олны бөөгнөрөл болоод зарим зохицуулалт ч гэсэн иргэдийг эрсдэлд оруулж байсныг нуумааргүй байна. Жишээ нь, автобусанд иргэдээ удаа дараа чихлээ шүү дээ.

Энэ бол жирийн ханиад биш тахал юм байна гэж та анхааруулсан байсан?

-Хөнгөн явцтай тусаж эдгэж байгаа нь их ч амь насаа алдаж буй тоо бол тоглоом биш шүү. Хүн амын тоонд зөвхөн ковидоор гэхэд өдөр бүр нас баралт байгаа нь бодит зүйл. Жирийн ханиад юм уу хатгаа биш вирус гэдгийг л анхаараарай. Жирийн ханиад антибиотикоо уугаад тэр нян бактер устдаг бол вирус өөр асуудал шүү дээ. Хөнгөн тусах хэдий ч биеийн тамир тэнхээ энгийн биш болдог. Ядрах, туйлдах нэг хэсэгтээ тэмцэлдэх асуудал болж байна

Таны биеийг хэдий хэрийн хугацааны дараа хэвийн байдалдаа эргэж орно гэсэн бэ?

-Эмч нар дархлаагаа сайн дэмжих талаар жагсаалт гаргаж өгсөн. Түүний дагуу хичээхэд 3-6 сарын дараа хэвэндээ очно гэсэн.

Хэн нэгэн хүн өвчин ч юм уу, ямар нэг зүйлээс болж нийгэмдээ гадуурхагдах нь тухайн хүний сэтгэл зүйд эмгэг үүсгэж мэдэхээр л юм?

-Гадуурхагдаж байгааг мэдрэх л юм бол сайн дураар өөрийгөө тусгаарлаж хумигдаж стресстэж, хямрах тал руу явж эхэлнэ. Бухимдаж, нийгмийн харилцаагаа хумьснаар сэтгэл гутрал болон өөр салбарласан сэтгэл зүйн асуудлуудтай нүүр тулж эхэлдэг.

Та дархлаагаа яаж дэмжиж байна. Ковидын дараах дэглэмээсээ сонирхуулбал?

-Хөлс гарах, туйлдах нь эмнэлгээс гарсны дараа ч үргэлжлэх тул аль болох даавуун битүү хувцас, даавуун нимгэн малгай өмсөж салхи авч даарч чичрүүдэс хүрэхээс зайлсхийх хэрэгтэй. Эрэгтэй, эмэгтэй гэлтгүй л хөлөрч хөлс ялгарсны дараа даарч салхи авчих гээд байна лээ. Маш сайхан махаар амт шимтэй шөл хийж ууж давсны хэрэглээ, гурилан бүтээгдэхүүн ихээр хэрэглэхээс татгалзвал их зүгээр. Учир нь маш их ам хатаж, ам бохир юм шиг гашуу оргих нэг хэсэгтээ асуудал болох юм шиг ээ. Халуун цай, өөрт чинь тохирох дархлааны цай, уушгины цай гэх мэт ургамлын хандтай цай нь алжаал тайлна, тайвшруулна. Миний хувьд “Монос”-ын уушгины цай, бөөрний цай их гоё санагдсан. Толгойгоо угааж малгай өмсөж хөлсөө хатаасны дараа тайлах нь салхи авахаас сэргийлнэ. Учир нь хөлс гараад ядрахаар толгой руу сийгдэг юм билээ. Хөлс гарч ядрах нь эрэгтэй, эмэгтэй, хөгшин, залуу гээд бүх хүнд илэрсэн шинж тэмдэг юм байна лээ. Ногоо жигнэж, шүүстэй хуурч идэж болно. Хуурай, хуурсан хурц хоолноос багахан татгалзаад шөл, ус их сайн уугаарай. Хүйтэн ундаа, хүйтэн зүйл уухаас багахан татгалзаарай. Ковид тусаж эдгэсэн хүмүүс дунд бичил судалгаа явуулахад эдгэсний дараах ямар шинж арилахгүй байна вэ? гэсэн асуултын хариултыг эрэмбэлэхэд, ядрах сульдах, толгой өвдөх, хөлс их гарах нойргүйдэх, мартах санах гэсэн шинжүүдийг хэлсэн байна лээ. Судалгааны хувьд би ямар зүйл туулаад байгаагаа тодруулах гэж хийсэн болохоор нэгдсэн том цар хүрээтэй судалгаа биш юм шүү. Цөөн тооны судлуулагчтай бичил судалгаа юм.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Арвуулхнаа нийлээд аймгийн төсвийг босгочихно гэдэг бахархмаар байна

Татварын ерөнхий газар Монгол Улсын 2020 оны Шилдэг татвар төлөгчдийг алдаршуулж, олон нийтэд зарлав. Жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт ийнхүү Шилдэг татвар төлөгчдийг зарладаг болоод 22 жил болж байна.

Татварын байцаагч гэхээр сүнсгүй айж зугтаж, нуугддаг, татвар гэхээр эвэртэй туулай үзсэн мэт цочирддог байсан үе бий. Харин зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш гайхахаа больсон байлгүй. Товчхондоо, УИХ-ын гишүүд, дарга, сайдууд, цэрэг, цагдаа, эмч, эрүүл мэндийн салбар гээд төрд хамааралтай бүхий л байгууллагын зардлыг татвараар төлж байдаг. Татвар бол эдгээр салбарынхныг цалинтай байлгаж, эднүүсийг амьдруулдаг юм. Монгол Улсын амьдарч буй, хөдөлж байгаа бүх юм татвараар бүтэж байдаг. Маниусыгаа элдвээр хэлээд, чичлээд айлгаад байгаа цагдаа хүчнийхэн, гудамжаар явахаар журамлаад торгоод байгаа замын цагдаа нар, “Гадуур тэнэлээ” гээд балбаад байсан хэв журмын цагдаа нарыг чинь татвар төлөгчид бид л цалинжуулдаг юм шүү дээ. Бидний цалингаасаа илүүчилж өгсөн төгрөг татвар болж, тэдэнд цалин болж очиж амьдралыг нь тэтгэдэг. Ийм учраас их ч бай, бага ч бай татвар төлөгчид бол зах зээлийн нийгэмд маш хүндтэй байдаг юм. Бизнес эрхлэгчид бол гол татвар төлөгч учир тэднийг зах зээлийн нийгмийн “бурхад” гэх нь бий.

Гэтэл ялангуяа бизнес эрхлэгчдийн талаарх монголчуудын нийтлэг хандлага онцгүй. Бизнес эрхлэгчдийн тухай сэтгэлгээ, хандлагадаа өөрчлөлт оруулах цаг нь болсон. Социализмаар бараг 100 жил явчихсан болохоор монголчуудын сэтгэлгээнд бизнес эрхлэгчдийг буруугаар ойлгож, үзэн яддаг үзэл нэвт шингэж, автоматаар тэр нь үе үе сэдэрч, дохио өгөөд байдаг “эмгэг”-тэй болцгоосон. Уг буруу сэтгэлгээг халъя гэвэл ард иргэддээ бизнес, эдийн засгийн салбарын тухай зөв ойлголтыг төрүүлж өгөх ёстой. Иргэддээ багаас нь энэ талаар ярьж өгч, зөв мэдээллээр хангах нь ирээдүйд Монгол Улс бизнес эрхлэгч, хөрөнгө оруулалчдад таатай орон болох шимтэй хөрстэй болно гэсэн үг. Бизнес эрхлэгч гэхээр л “Хүн шулж байгаа юмнууд”, “Шуналтай” гэж аль хоцрогдсон үеийн юмаа л ярьдаг. Тиймэрхүү ёс бус хандлага нь аль хэдийнэ социализмтайгаа нуран уначихсан. Систем нь нуран унасан ч тэр сөрөг хандлага, буруу үзэл нь тархинд нь шингэсэн учир байсхийгээд л дээрх үгсээ бизнес эрхлэгчид рүү шидэлж байгаа харагддаг. Эрүүл нүдээр харахаар бизнес эрхлэгчид хүн шулж байгаа юм ер байхгүй, хүнийг боол болгоод байгаа ч юм үгүй. Хуучин цагт “Улсад ажил хийнэ” гэж ярьдаг байлаа. Тэр нь одооныхоор төрийн алба л даа. Улсад ажил хийх, хувьд ажил хийхийн хооронд ямар ч ялгаа байхгүй. Харин ч хувийн хэвшилд ажиллахад түмний төлөө гэсэн сэтгэл илүү гаргана, хэдэн ажилтныхаа цалинг нь цаг хугацаанд нь, хэмжээнд нь тавьж байхыг зорьж өдөр шөнөгүй зүтгэцгээнэ.

Тийм ч учраас ингэж шударга ажиллаж, улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулж буй тэдгээр хүмүүс дотроос Шилдэг татвар төлөгч иргэдээ онцлон шалгаруулж, алдаршуулдаг уламжлалтай болчихсон нь энэ. Чухал биш байсан бол дуугүй өнгөрч, татвар төлөгчдөө тоохгүй хаях байсан биз дээ.

Өмнө нь ихэвчлэн аж ахуйн нэгжээр нь шалгаруулдаг байсан бол энэ жил Хамгийн өндөр татвар төлсөн 10 иргэнийг зарласан нь олон хүний талархлыг хүлээлээ. 2020 онд иргэн Ж.Оджаргал 8.7 тэрбум, Ж.Од 4.6 тэрбум, Л.Элдэв-Очир 502.5 сая, Д.Сүрэнхорлоо 311.5 сая, Ж.Энхбаяр 222 сая, Л.Чинбат 154.4 сая, Л.Болд 154.1 сая, Д.Ончинсүрэн 139.9 сая, Б.Уянга 124.9 сая, Ж.Баттулга 123.6 сая төгрөгийг тус тус улсын татварт өгснөөрөө сайшаагдлаа.

Энэ аравхан хүний нэг жилд өгсөн татвар нь нийлээд 15 тэрбум төгрөг болж байна. Үүнийг нь аймгуудын 2021 оны төсөвтэй харьцуулахад сонирхолтой зүйл ажиглагдлаа. Жишээ нь, энэ жил Өмнөговь аймагт 14.6 тэрбум төгрөг төсөвлөсөн нь энэ 10 хүний өгсөн татвараас 400 саяар бага байна. Тэр бүү хэл, “М-Си-Эс”-ийн Ж.Оджаргалын 2020 онд улсад төлсөн татвар нь 8.4 тэрбумын төсөвтэй Булган аймгийнхаас 300 саяар илүү дүнтэй байна.

Арвуулаа нийлээд Булган, Говьсүмбэр, Өмнөговь аймгийн төсвөөс их төгрөгийг Улсын төсөвт төвлөрүүлж, 17 тэрбумын төсөвтэй Сэлэнгэ, Увс аймгийн хэмжээний төсвийг ч өлхөн гаргачихаар хэмжээний харагдаж байна. Ийм их хэмжээний төгрөгийг татварт өгч байна гэдэг бахархахгүй байхын аргагүй сайхан үйл явдал. Арвуулхнаа нийлээд аймгийн төсвийг босгочихно гэдэг гайхалтай, бахархалтай.

Эд чинь хувь хүмүүс шүү дээ. Энэ арван хүн шиг ийм хөдөлмөрч, иргэний үүргээ ёсчлон биелүүлж, эх орныхоо төлөө бодитой хувь нэмрээ оруулдаг бизнес эрхлэгчдийнхээ тоог нэмэгдүүлэх хэрэгтэй юм байна. Энэ арваа 100 болгомоор байна. Тэр зуугаа цааш нь 1000 болгоё. 1000 нь хөгжиж, дэгжээд 10 мянгад хүрэг. Төр нь бизнес эрхлэгчдээ дэмжиж сүйд болдоггүй юм аа гэхэд савраа татахад л биесээ чирээд босоод ирчихнэ гэж энэ салбарынхан өөрсдөө ярьдаг. Ингэчихсэн байхад Монгол Улс баян тарган, чинээлэг ард иргэдтэй болно. Иргэд баян бол төр баян гэж хэлсэн чинь угтаа ийм л учиртай юм шүү дээ. Эдгээр арван иргэндээ баяр хүргэе ээ, та нараар бахархаж байна аа.

Categories
мэдээ онцлох-нийтлэл редакцийн-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ч.МӨНХБАЯР: Хуурамч, сонголтгүй сонгуулийг зохион байгуулж байгаа нь ардчиллыг боомилж буй Мьянмарын эрх баригчидтай адил харагдуулж байна

“DNN-Ярилцлага” буланд сэтгүүлч Ч.Мөнхбаяртай цаг үеийн сэдвээр ярилцлаа.


-Та өнөөдөр өөрийнхөө цахим хуудсаараа “Монгол II Мьянмар боллоо” гэж лайв хийж үзэл бодлоо илэрхийллээ. Монгол Улсыг хоёр дахь Мьянмар болж буй гэх үндэслэлүүдээ тайлбарлахгүй юу?

-МАН нэг намын коммунист дарангуйллаа тогтоох гэж дэндүү улайрч байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөгчдийг ээлж дараалан намнаж байна. МАН МАХН-д “албан тушаал өгнө” гэж амлаж санал тавьсан болохыг МАХН-ын дарга асан Н.Энхбаяр хэвлэл мэдээлэлд мэдэгдсэн. Ингээд ирэх сонгуульд ялах өндөр магадлалтай байсан, олноо Босоо гэж алдаршсан С.Ганбаатарыг өрсөлдөх боломжгүй болгосон. АН-аас нэр дэвшигч Н.Алтанхуягийг сонгуульд оролцуулахгүйн тулд, эрх мэдэл, тамгаа өгөөд улс төрийн идэвхгүй болсон байсан С.Эрдэнийг гэнэт гаргаж ирж, “АН-ын нэр дэвшигч” гэх жүжиг найруулж, СЕХ хүлээж авлаа.

Ингэж дарангуйлалтай аливаа улс оронд байдаг шиг хуурамч, сонголтгүй сонгуулийг зохион байгуулж байгаа нь ардчиллыг боомилж буй Мьянмарын эрх баригчидтай адил харагдуулж байна. МАН-ын троллууд У.Хүрэлсүхийн гар буу шагайж буй зургийг гаргаж ирж, сөрөг хүч, ард түмнийг айлган сүрдүүлэхийг оролдож байна. УИХ-ын гишүүдийн бүрэн эрхэнд халдаж, гэр, эсгий, зуух, түлээг нь булааж, цас шуурсан шөнө хүйтэн чулуун дээр хонууллаа. Өнөөдөр сэрэхгүй бол маргааш ард түмэн бүгдээрээ харгис хүйтэн нийгэмд ингэж хонодог болно.

-Хүмүүст Мьянмар гэхээр санаанд нь бууж өгөхгүй байгаа байх л даа. Мьянмарт нөхцөл байдал ямар байснаа ямар болсныг сонирхуулж яривал?

-Мьянмар нь Социалист Бирмийн холбоо гээч зүүний баримжаатай цэргийн дарангуйлалт улс байсан. Хэлмэгдүүлэлт, дайн дажин, авлига, цусанд живж байлаа. Энэ бүхнийг үндэсний баатар Аун Сан Су Чи хатагтай сөрж, түүний удирдлагын дор ард түмэн нь ардчиллыг ялалтанд хүргэсэн.

Энэ лидер хатагтай “Дүр эсгэсэн ардчилал дарангуйллаас аюултай” гэж Монголд ирэхдээ өгүүлсэн. Дарангуйлал нь нийгмийн ил өвчин учраас ард түмэн хүсвэл эмчлэхэд хялбар. Дүр эсгэсэн ардчиллын ард нуугдсан нийгмийн нууц хорт хавдар бол үл үзэгдэх бөгөөд далд даамжирч явсаар цус харвалт, саа, кома, үхэлд хүргэж болно. Мьянмарт дүр эсгэсэн ардчиллын цаана цэргийн шинэ цуст дарангуйллын үр хөврөл бүрэлдэж байж. Манайд ч тийм л байгаа. Байлдаж тоглох дуртай монгол Бердымухаммедов өвчигнөөд дүвчигнээд гэнэн хүмүүсийг хөөргөөд болохоо байсан.

Ингээд энэ оны хоёрдугаар сард Мьянмарт генерал Мин Аун Хлайн төрийн эргэлт хийсэн. Үүний дараа, өдий хүртэл Мьянмарын эрх чөлөөнд дуртай ард түмэн ардчиллын төлөө тэмцсэн ч, цэргийн хүчээр нухчин дарж ирлээ. Олон хүн амь насаа алдсан. Сүүлдээ Мьянмарын ард түмэн тэсэхээ байгаад зэвсэгт бослого эхлүүллээ.

-Иргэдийн хувьд улс төрийн намд санал өгөхдөө “Багаар нь дэмжинэ” гэдэг. Нэг намд төрийн бүх эрх мэдлийг бүхэлд нь өгөх нь ямар хор уршигтай вэ?

-Улс төрийн сонгууль бол багийн спортын тэмцээн биш. Тэгж багаар нь сонгоно гэж төөрөлдөх биш, өөрийнхөө ирээдүйг, улс орныхоо ирээдүйг бодох ёстой. Нэг намын дарангуйлал ямар байдгийг мэдэх хэцүү биш. Өнгөрсөн зууныхаа түүх рүү өнгийж харах хэрэгтэй. Монголын ард түмний үндэсний соёл түүх, сод охид хөвүүд, аж ахуйн ухааныг устгасан, хэлмэгдүүлэлт, аллага хядлага, цус нулимсаар дүүрэн цаг үеийг санах хэрэгтэй. Нэг намын коммунист дарангуйлал тогтвол тэр бүхэн давтагдна.

МАН МАХН хоёр нэгдээд, Үндсэн хуулийг өөрчилнө гээд, аюултай зорилгоо танилцуулсан. Тэр зорилго нь “нийгмийн чиг баримжаатай улс болно” гээд байгаа юм. 1992 онд ард түмний хүсэл зоригийг илтгэн, “хүмүүнлэг ардчилсан улс болно” гэж тунхагласныг хөгшин залуу хоёр чөтгөр нийлж, Үндсэн хуулиас авч хаях гэж байх шиг байна.

Нийгмийн чиг баримжаа гэдгийг олон улсын үгээр хэлбэл социалист ориентаци гэсэн нэр томьёо юм. Африкийн зүүний баримжаатай улсууд тэгж нийгмийн байгууллаа тодорхойлсон байдаг. Африкийн тэр улсууд шиг хүчирхийлэл, хоцрогдол, колоничлол гаарсан нийгэм байгуулах гэж байна гэж харж байна.

Холын Африк яриад ч яахав. Монгол улс энэ янзаар бол III Шинжаан болон нь ээ гээд хэлчихье. II Шинжаан нь Өвөр Монгол болж байгаа. Манайх Өвөр Монголын араас орох гэж байна. Концлагерьт цөөнхи үндэстнийг хорьж, эрхтний донор болгож байгаа аймшигт фашизм манайд бүү давтагдаасай. Нэг намын дарангуйлал тогтвол давтагдана.

-Өнөөдөр УИХ-ын чуулган дээр УИХ-ын гишүүн Ш.Адьшаа “Г.Занданшатар дарга аа, Энэ Хойд Солонгос, Мьянмарын парламент биш биз. Яагаад бидний үг хэлэх эрхийг хаагаад байгаа юм. Та чинь 76 гишүүний аав нь. Ардчилсан намын 13 гишүүн хойд эцгийн хүүхдүүд юм уу” гэсэн асуусан шүү?

-Адьшаа гишүүн үнэнийг хэлжээ. МАХН-МАН 30 гаруй жилийн коммунист ухуулгаараа олон хүний тархийг угааж, АН бол муу муухай бүхний эх үүсвэр гэж ойлгуулсан. Тэр хугацаанд голдуу эрх барьсан МАН-тай л муу муухай бүхэн холбоотой гэдэг нь хэнд ч ойлгомжтой баймаар. МАН өнөөгийн түр зуурын давуу байдалдаа эрдэж, дэндүү даварч, монопольдож байгаа. Энэ байдал удаан үргэлжлэх ёсгүй. Манай Үндсэн хуулинд “хүмүүнлэг ардчилсан улс байна” гэж заасныг дээр хэлсэн, тэгвэл хүмүүнлиг бус, ардчиллын эсрэг нам бол хууль бус. Үндсэн хуулийн дагуу цэрэгжсэн харгис хүч МАН тарах ёстой.

-Ерөнхийлөгчийн сонгуулийг угтсан элдэв үйл ажиллагаа идэвхижиж байна. Иргэд хөл хорионд байгааг хэлэх үү, үүнийг далимдуулж эрх баригчид барьцаа улам лавшруулж, иргэдийн болоод хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд ноцтойгоор халдсаар байна?

-Өнөөдөр гишүүдийн өлсгөлөнг сурвалжлах гэсэн сэтгүүлчдийг талбайгаас хөөсөн нь том дохио юм. 13 гишүүдийн бүлэг хэвлэл мэдээллээр сурвалжлуулах эрхгүй байгаа бол эгэл иргэд яах вэ? “Мэдээллийн урсгал” гээд төрийн ивээлийн дор мэдээллийн монополь хөтөлбөр бэлтгэж, хамаг том ТВ-ээр зэрэг цацаж, олигархуудыг цайруулж, сөрөг хүчнийхнийг урьж харлуулж, хувийн өс хонзон өвөрлөсөн хүмүүсийг гэнэт оруулж ирж дайруулж байна. Ийм сэтгүүлзүй, мэдээлэл, хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй юм.

Ерөнхийлөгчийн суудлыг авснаар төрийн бүх эрх мэдлийг бүрэн авах гэж хийрхэж, хэвлэл мэдээллийг бараг байхгүй болгох нь. Одоо ингэж байгаа юм чинь төрийн эрх мэдлийг 100 хувь авбал ганц ТВ-тэй, ганц радиотой, соц орнуудад бүх юм сайхан байна, АНУ л гай болоод байна гэж улигласан мэдээтэй л болох нь.

-МАН, АН гэлтгүй аль ч нам зөвхөн намынх нь эрх ашиг зөрчигдөхөд бөөнөөрөө гарч ирж мэдэгдэл хийдэг, бөөнөөр талбай дээр гарч ирж суулт хийдэг болж. Гэтэл цар тахал хүрээгээ тэлж, нас баралт тогтмол өсөж, иргэдийн эрх зөрчигдөж буй асуудалд улс төрийн аль ч хүчин дуугардаггүйг бид бүхэн хангалттай харж байна?

-Энэ байдлыг засах ёстой. “ДЭМБ зөвшөөрсөн вакцин хий” гээд жишээ нь шаардаж болох байв. Гэтэл улс төрчид тэгээгүй.

Синофарм Вероселл гээч ажиллагаа нь дутуу, коронавирусын бүтэн биетээр хийдэг тул эрсдэл өндөртэй, Хятаддаа үндсэн вакцин болж чадаагүй гологдсон шингэнийг өндөр үнээр авч туршлаа. Засгийн газар өөрөө үр дүнгүйг нь зөвшөөрч, III, IV тун байж болно, тэр тун нь Спутник байж болно гэхчилэн бурж, вакцинжуулалт үнэн хэрэгтээ явагдаагүй, хүчингүй болсныг илэрхийлж байна.

Идэвхгүйжүүлэхэд коронавирусууд эсвэл аюулаа хадгалах гээд, эсвэл үхчих гээд их эрсдэлтэй байдаг. Манайд Синофарм хийж эхэлснээс хойш халдвар гаарсан, өмнө нь аядуу бага л байсан. Супер вирусийн орноос хүмүүс авчирсны 28-д нь халдвар илэрсэн.

Энэ мэт маш ноцтой асуудал дээр дуугардаггүй. Үүнээс болоод гэнэт зөв юм ярьж дэвшүүлсэн ч ард иргэд үл итгэх явдал багагүй гарч байна. Өөрчлөлтийг өөрсдөөсөө бас эхлүүлж, ард түмэнтэйгээ ямагт хамт байх хэрэгтэй. Өөр хэнтэй хамт байх юм?

-Дэлхийн улс орнууд цар тахалтай энэ үед халамжийн асуудлыг ямар түвшинд хэрэгжүүлж байна вэ. Манайх шиг хавтгайруулж буй улс байна уу. Монголын эрх баригчдыг “Татвар төлөгчдийн мөнгөөр иргэдийг угжиж, санал авах бэлтгэлээ хийж байна” гэж шүүмжилцгээж байна. Үүнд та ямар бодолтой байна вэ?

-Эдийн засгийн хүчин чадал сайтай цөөн зарим улс бүгдэд нэг удаагийн мөнгөн тусламж олгосон явдал мэр сэр бий, гэхдээ гол халамжийн бодлого бол ялгаж салгаж, зорилтот бүлгүүд рүү чиглэсэн.

Манайх шиг хавтгайруулдаг улс байхгүй. Иргэдийн аж амьдралын бэлэн судалгаа байж л байдаг, гэтэл орон гэргүй хүн, хөлгүй баян ковидтой хамаатай адилхан халамжийг хүртэж ирсэн. Ингэж хавтгайруулж байгаа нь чадваргүй, бодлогогүй, цалинтай үүрэгт ажлаа хийх сонирхолгүй, өөр сонирхол байгааг харуулж байгаа. Тэр өөр сонирхол бол улс төрийн ашиг хонжоо юм.

300 000 тараахын оронд ДЭМБ зөвшөөрсөн вакцин авах байсан. Дэлхий зөвшөөрсөн вакцин хийгээгүйгээс болж, манай иргэд хоёр хөрш, Зимбабве зэрэг хэдхэн улсаас бусдад зорчих эрхгүй, Хойд Солонгосын иргэд мэт боллоо.

Дэлхий зөвшөөрөхгүй вакцинжуулалтыг 1-2-р тун, 3-4-р тун, Спутник гээд л дахин дахин үр нөлөөгүй хийгээд байх юм шиг байна. Эхнээсээ дэлхийн вакцинжуулалт хийсэн бол юу гэж ийм юм болох вэ?

Синофарм 2 тун хийлгэвэл 50 000 шагнана гэж байна. Синофарм бараг хамгийн өндөр үнэтэй вакцин. Ямар их мөнгөтэй юм бэ? Энэ багтаж ядсан их мөнгөөрөө зөв зүйл хийх хэрэгтэй. Үнэхээр хоолгүй хонох гээд байгаа ядуучууддаа хоолны мөнгөнд нь нэмэрлэ. Эдийн засаг, бизнес, ажлын байраа тэтгэх хөрөнгө оруулалт хий. Ковидын үеийн үр ашигтай эдийн засаг улс орнуудад төлөвшөөд, үүргээ биелүүлээд түүхэнд үлдэх гэж байхад манай эрх баригчдад сандал ширээнд очиж, мөнгөний ундаргатай золгохоос өөр санаж бодож байгаа юм алга гэмээр.

Categories
мэдээ нийгэм

М.Нямсүрэн: Орчны төлөвлөлт, тохижилтыг томчуудын хүрээнд төсөөлөн нормчлохоо больж, хүүхдэд тааламжтай, эрх нь хамгаалагдсан байхаар шийдэх нь зөв


БОАЖЯ, БШУЯ, Швейцарийн Хөгжлийн агентлаг хамтран хэрэгжүүлдэг “Тогтвортой хөгжлийн боловсрол II” төслийн хүрээнд “Тогтвортой хөгжлийн боловсролын төлөөх хамтын санаачилга, түншлэл” сэдэвт олон улсын хэмжээний цахим чуулган амжилттай үргэлжилж байна. Чуулганы үеэр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга М.Нямсүрэнгийн илтгэл олны анхаарлыг татсан юм. Түүнтэй уг илтгэлийнх нь талаар ярилцлаа.



-“Тогтвортой хөгжлийн төлөөх хамтын санаачилга, түншлэл” цахим нэгдсэн арга хэмжээнд танай байгууллагын оролцоо болон таны илтгэл олны анхаарал татлаа шүү?

-Энэ удаагийн цахим хэлэлцүүлэг нэлээд шинэлэг шийдэл, өргөн оролцоо, хамтын түншлэлд тулгуурласан үйл ажиллагаа болж байна. Манай байгууллага “Тогтвортой хөгжлийн боловсрол-2” төслийн Техникийн зөвлөн зохицуулах үндэсний багийн гишүүн байгууллагаар ажиллаж байгаагийн хувьд “Хүүхдийн эрх, эрүүл аюулгүй, ногоон орчин” салбар хуралдааныг “Байгаль Орчин Мэдээлэл, Сургалтын Төв” ТББ-тай хамтран зохион байгууллаа.

Аливаа үйл орчноос төрдөг, ямар л орчин байна, түүнд харгалзсан үйлүүд төрж, тийм орчинд өссөн, сурсан хүүхдүүдийн хандлага төлөвшилд эерэг болон сөргөөр нөлөөлдөг жамтай. Тиймээс бидний зохион байгуулсан салбар хуралдаанаар Суралцагчийг тогтвортой хөгжлийн төлөө өөрчлөлт шинэчлэл хийх мэдлэг, туршлага, хүсэл зорилготой иргэн болон төлөвшүүлэхийн тулд сургуулийн сургалтын орчныг тэдний онцлог хэрэгцээнд нийцсэн эрүүл, аюулгүй ногоон орчныг бүрдүүлсэн байхаар хувирган өөрчлөх явдал нь нэн тэргүүнд анхаарал хандуулах асуудлын нэг бөгөөд түүнд талуудын үүрэг оролцоо, хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ.

-Аюулгүй, ногоон орчныг бүрдүүлсэн байхаар хувирган өөрчлөх гэдгээ дэлгэрэнгүй яривал?


-Хуралдаанаар бид өнөөгийн сургалтын орчны нөхцөл байдал, түүнийг ирээдүйн иргэдийн хэрэгцээнд тулгуурлан материаллаг нөхцөлөөс илүүтэйгээр тэдний сэтгэл зүй, виртуал хэрэгцээ, эко хэрэгцээтэй нь уялдуулах тухай болон сургалтын бус орчин хүүхдийн хөгжил хамгааллыг хэрхэн бүрдүүлэх талаар ярилцлаа. Өмнө нь бид бүхий л төлөвлөлт тохижилтын асуудлыг зөвхөн томчуудын хүрээнд төсөөлөн нормчилж, тийм л нөхцөлд хүүхэд сурах ёстой хэмээн тулгаж ирсэн бол ТХБ-ын зарчмаар хүүхэд залуучуудын оролцооны эрхийг чөлөөт байдлыг бий болгож тэдэнд тааламжтай байх, хүүхдийн эрх хамгаалагдсан байхаар шинэчлэл хийхийг зорих ёстой юм. Уг хуралдаанд Сургалтын орчин-Эрүүл ахуй, Сургалтын орчин-Өв соёл, Сургалтын болон сургалтын бус орчин-Хүүхдийн хөгжил, Сургалтын орчин-Стандарт, норм дүрэм гэсэн сэдвүүдийг хамруулж, МХЕГ, Соёлын яам, МУИС, Хүүхдийн зуслангуудын холбоо, Боловсролын төлөөх төрийн бус байгууллагууд, Сургууль, цэцэрлэгийн төлөөллүүдийг оролцуулсан юм.

-Та энэхүү цахим чуулганд “МХБ-ын боловсролын хяналтын шалгуур болон Сургууль бүхлээрээ ажиллах арга хандлагын өөрийн үнэлгээний тохиргоог сайжруулах арга зам, үр” гэсэн илтгэл тавьсан. Илтгэлээсээ сонирхуулахгүй юу?

-Тогтвортой хөгжлийн боловсролын төлөөх үйл хэрэг дэлхий нийтээрээ, улс орноороо, байгууллага нэг бүр бүхэл бүтнээрээ ажиллаж байж амжилтад хүрнэ. Бид суралцагчдыг тогтвортой хөгжлийн төлөөх хувирган өөрчлөлтөд татагдан оролцож, түүнийг хэрэгжүүлэх мэдлэг, арга хэрэгсэл, хүсэл, эрмэлзлэл, эр зоригтой өөрчлөлтийн зуучлагч болгохын тулд сургалтын байгууллагууд өөрсдийгөө хувирган өөрчлөх шаардлагатай болж байна. Тиймээс бид сургууль өөрийгөө үнэлдэг Тогтвортой хөгжлийн боловсролын үнэлгээний шалгуурыг Мэргэжлийн хяналтын байгууллагын сургуулийн үйл ажиллагааг шалгадаг хяналтын хуудасны шалгуур үзүүлэлтэй харьцуулан судалж, тохирцыг сайжруулах ажил хийсэн тухайгаа хэлэлцүүлсэн юм. Ингэсний гол ач холбогдол нь үйл явцыг хэрэгжүүлэгч сургалтын байгууллага өөрийгөө үнэлэх замаар ахиц, үр дүнгээ тооцож байгаа тэрхүү шалгуур нь хөндлөнгийн хяналтын байгууллагын эрсдэлийг үнэлдэг шалгууртай ижил зорилго, агуулгатай байснаар ойлголцол нэг түвшинд байж нэг зорилго дээр нэгдэх ач холбогдолтой болохоос гадна үйлчилгээ авч байгаа сурагчид үр дүнг нь хүртэх юм. Үнэлгээний шалгуур нь хүүхдийн аюулгүй байх нөхцөлийг бүрдүүлж тэдний бие бялдрын хөгжил, хүйсийн ялгамжаатай байдал, тэгш оролцоог хангасан байхаас гадна сэтгэл зүйн хэрэгцээг хангасан байхаар агуулгын өөрчлөлт хийж байгаагаараа давуу талтай.

-Энэ чиглэлд танай байгууллагын сүүлд хийсэн шалгалтын дүнг сонирхож болох уу?

-Өнгөрсөн онд Мэргэжлийн хяналтын байгууллагын хэмжээнд боловсролын хяналтын чиглэлээр 186 ерөнхий боловсролын сургуульд хяналт шалгалт хийсэн №6.2. Ерөнхий боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагааг шалгах хяналтын хуудасны үнэлгээг нэгтгэхэд 2020 онд төлөвлөгөөт хяналт шалгалтад хамрагдсан ерөнхий боловсролын сургуулиудад 5177 зөрчил илэрсэн буюу эрсдэл үүсэх магадлал 27.19 хувьтай үнэлэгдсэн бөгөөд гүйцэтгэлийн хяналт шалгалтын мэдээллээр 1544 зөрчил бүртгэгдэж эрсдэл үүсэх магадлал 8.11 хувьтай байна. Түүнчлэн гүйцэтгэлийн хяналтаар 8.94 хувь буюу 463 зөрчлийг арилгуулсан. Ерөнхий боловсролын сургуулийн орчны аюулгүй байдлын тухайд ерөнхий шаардлага MNS6782:2019 стандартын хэрэгжилт шалгагдсан 99 объектын 46 хувь нь шаардлага бүрэн хангаагүй, зөрчилтэй үнэлэгдсэн. Дээрх хоёр хяналтын хуудасны бүлэглэл, шалгуур үзүүлэлтийг харьцуулан судлахад Тогтвортой хөгжлийн боловсролын цөм агуулга, эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээний үзүүлэлтүүд Мэргэжлийн хяналтын байгууллагын 6.2 хяналтын хуудаст тусгагдаагүй түүнчлэн сургуулиуд өөрсдийн идэвх санаачилгаар эко орчин бүрдүүлэх, экологийн ул мөрөө бууруулах чиглэлээр хийгдсэн ажлууд нь үнэлэгдэхгүй, дэмжигдэхгүй өнгөрөх байдал үүссэн нь ажиглагдлаа. Мөн түүнчлэн орчны аюулгүйн үзүүлэлтийг хүүхдийн эрх болон жендерт мэдрэмжтэй байдлаар зохицуулсан эсэхэд огт анхаарал хандуулаагүй дутагдал байна гэж үзэж сайжруулалт хийх ажлыг хийлээ.

-Энэ бүхнийг ерөнхийд нь дүгнэвэл?

-Нэгдүгээрт, ЕБС-ийн үйл ажиллагааг шалгах 6.2 кодтой хяналтын хуудасны дэд бүлгүүдийн нэршил агуулга болон нийтдээ 17 шалгуур үзүүлэлтийг БОМСТ-ын боловсруулсан СБААХ-ын шалгуураас авч өөрчиллөө. Мөн 12 шалгуурын утга найруулга, агуулгыг удирдлага, багш, ажилчид, суралцагчид тэдний эцэг эх, асран хамгаалагчдын эрх ашигт нийцүүлэн, хүний хөгжилд чиглүүлэн Тогтвортой хөгжлийн боловсролын зорилттой уялдуулан сайжрууллаа.

Хоёрдугаарт, “Сургалтын орчин бүлгийг өөрчлөх хувилбар”-ыг боловсруулан аймаг, нийслэлд ажиллаж байгаа 45 боловсролын улсын байцаагчдаар хэлэлцүүлэн санал авч нэгтгэн, хууль эрх зүйн үндсийг судлан тогтоож, МХЕГ-ын Эрсдэлийн удирдлага, стратеги төлөвлөлтийн газраар дамжуулан Шадар сайдын тушаалаар батлуулж, шилэн хяналтын цахим системд байршуулснаар Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Ерөнхий боловсролын сургууль өөрийн үйл ажиллагаандаа хэрэгжүүлж, сайжруулан боловсруулсан шалгуурын дагуу ажлаа үнэлүүлэх боломжтой болж байгаагаараа ач холбогдолтой юм.

Categories
мэдээ нийгэм

Д.Бадарч: Хүн төрөлхтөн цаашид өнө удаан жил амьдрах цор ганц зам бол байгалиа хамгаалах

-“ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ТӨЛӨӨХ ХАМТЫН САНААЧИЛГА, ТҮНШЛЭЛ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ-

БОАЖЯ, БШУЯ, Швейцарийн Хөгжлийн агентлаг хамтран хэрэгжүүлдэг “Тогтвортой хөгжлийн боловсрол II” төслийн хүрээнд “Тогтвортой хөгжлийн боловсролын төлөөх хамтын санаачилга, түншлэл” сэдэвт олон улсын хэмжээний цахим чуулганыг зохион байгуулж байна. Энэ сарын 7-ныг хүртэл үргэлжлэх уг чуулган өчигдөр нээлтээ хийсэн юм. Уг чуулганыг EDUEXPO.MN сайтаар болон МҮОНРТ-ээр улс даяар шууд дамжуулж байна. БОАЖ-ын сайд Н.Уртнасан “Тогтвортой хөгжлийн боловсролын хөтөлбөрийг 2018 онд баталсан нь эх дэлхийгээ хайрлаж хамгаалж ирсэн монголчуудын уламжлалт арга ухааныг баталгаажуулсан чухал ажил болсон. Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран зохион байгуулдаг уг төслийн хүрээнд одоогоор 30 сургуульд энэ төсөл амжилттай хэрэгжиж байна. Монгол Улсын хэмжээнд Тогтвортой боловсролын асуудлыг цар тахалтай ийм үед ч ач холбогдол өгч хөндөж, үндэсний хэмжээний чуулган зохион байгуулж байгаа нь сайшаалтай байна” хэмээгээд цахим чуулганд оролцогчдод амжилт хүссэн юм. УИХ-ын гишүүн Б.Баярсайхан “Монголчууд бол эх дэлхийгээ хайрладаг, орон нутагтаа сүсэглэдэг, шүтэж харьцдаг, байгальтайгаа зохицон амьдарч ирсэн ард түмэн. Харин сүүлийн жилүүдэд энэ сайхан зан заншил маань алдагдаж ирсэнд хэн хүнгүй харамсдаг. Яг ийм үед Монгол Улсад Тогтвортой хөгжлийн боловсролын асуудал хөндөгдөж, төсөл хөтөлбөр хэрэгжиж буй нь цаг үеэ олсон зөв ажил болж буйг энд цохон тэмдэглэе. Үндэсний хэмжээний ийм томоохон төслийг олон жилийн турш тасралтгүй, зогсолтгүй явуулж буй нь сайшаалтай байна. Үндэсний хэмжээний цахим чуулганд оролцогчдод амжилт хүсье” гэлээ.

“Тогтвортой хөгжлийн боловсролын төлөөх хамтын санаачилга, түншлэл” сэдэвт олон улсын хэмжээний цахим чуулганы эхний илтгэлийг доктор, профессор Д.Бадарч Канад улсаас тавьсан юм. Тэрээр ШУТИС-ийн “Нээлттэй боловсрол” төвийн зөвлөхөөр ажилладаг юм байна. Д.Бадарч “Тогтвортой боловсролын тухай ярихын өмнө тогтвортой боловсрол бий болох, үүсэх урьтал нөхцөлийн тухай түүх сөхье. 1952 оны арванхоёр дугаар сарын 5-нд Лондон хот нүүрсний утаагаар бүрхэгдсэн. Найм хоногийн дотор 12 мянган хүн угаартаж нас барсан. Нүүрсээр ажилладаг маш олон цахилгаан станцтай байсан нь агаарыг дээд зэргээр бохирдуулсан. Тэр үед Японы Минаматад далайн усанд мөнгөн ус алдагдсан аюултай хэрэг гарсан. Энэ нь дэлхийн хэмжээний томоохон шуугиан үүсгэж байлаа. Үүнээс үүдэж мөнгөн усны хордлогын Минамата гэдэг өвчин ч гарсан. Канадын хуванцрын үйлдвэрт мөн мөнгөн ус алдагдаж, бохирдол бий болсон. Хор хохирлыг нь яаралтай арилгах асуудал ч дэлхийн хэмжээний анхаарлын төвд орсон юм. Арлын тэнгис хэмжээгээрээ дэлхийд дөрөвдүгээрт ордог байсан бол одоо тав дахин багасаад байна. Энэ бүхнийг яагаад энд дурдаад байна вэ гэхээр хүн төрөлхтөн цаашид өнө удаан жил амьд байх цор ганц арга, зам бол байгаль орчноо хамгаалах юм. 1969 онд Медуоз “Өсөлтийн хязгаар” илтгэлдээ “Хүн төрөлхтөн хүнсний хомсдолд орно. Байгаль орчин одоогийнхоосоо илт доройтно” гэж ярьсан нь тухайн үедээ сонин сонсогдож байсан ч 1972 оны Стокольмын хурлаар энэ асуудлыг хэлэлцэж, Тогтвортой хөгжил, тогтвортой хөгжлийн боловсролын асуудлыг дэлхийн хэмжээнд хөндөн гаргаж ирж, улс орнууд үүнд анхаарч эхэлсэн гэж болно. 1992 оны Риогийн том хурлын үеэр ч энэ асуудлыг хэлэлцэж, 2002 онд Йохансбургийн Тогтвортой хөгжлийн тунхаглалыг гаргаж байсан. Үүнээс дэлхий нийтээрээ Тогтвортой хөгжил гэдэг ойлголтыг авч эхэлсэн юм” хэмээгээд цааш нь “Байгаль орчин, эдийн засаг, нийгмийн дэвшлийг тэнцвэртэй авч явах ёстой. Аль нэгийг нь орхигдуулж болохгүй. Экологийн боловсролын асуудлыг анх хөндөн гаргаж ирсэн нь Тогтвортой хөгжлийн боловсролын эхлэл байсан. НҮБ Тогтвортой хөгжлийн боловсролын 10 жил гэж зарлаж, тэмдэглэж байлаа, 2004-2014 онд. Тэр 10 жилийн ажлыг ЮНЕСКО зохион байгуулж ажилласан юм” гэв.

Хүүхдийн хөгжил, боловсрол, хүмүүжилд голлон нөлөөлдөг гурван том хүчин зүйл байдаг юм байна. Нэгдүгээрт, байгаль орчин. Байгаль орчин нь хүүхдийн авьяасыг нээдэг. Хоёрдугаарт, гэр бүл. Гэр бүл бол хүүхдийн авьяасыг хөгжүүлдэг орчин. Гуравдугаарт, юмс үзэгдэл. Юмс үзэгдэл нь хүүхдэд туршлага хуримтлуулдаг. Хүүхэд цэцэг үнэртэж, шувуудын жиргээг чихээрээ сонсож байж байгалийн боловсролыг авдаг болохоос ном харснаар тэр хосгүй боловсролыг олж авахгүй. Юмыг бодитоор харах ёстой. Энэ бүхнээс тогтвортой хүмүүжлийн асуудал ч урган гарна. Дээхнэ үед “Түмэн бодис”, амьтан, ургамал судлалын хичээл ордог байсан. Анги танхимын ийм сургалтыг байгальтайгаа уялдуулж байсан нь тогтвортой боловсрол олгож байсан. Тогтвортой хөгжлийн боловсрол гэдэг нь мэдлэг цутгах аргыг хэлдэггүй. Иргэд нь боловсрол эзэмшинэ гэдэг тогтвортой хөгжлийн бат суурь юм гэдгийг доктор Д.Бадарч илтгэлдээ онцолж байлаа. Өнөөдөр Монгол орны байгаль доройтож, цөлжилт ихэсч, улаан шороо дэгдэж, олон мянган гол горхи, нуур цөөрөм ширгэсээр байгааг мэргэжлийн байгууллагууд нь байнга мэдээлдэг. Энэ асуудал бол зөвхөн монголчуудын асуудал биш. Нэг оронд байгаль доройтоход хөрш зэргэлдээ орнуудад ч нөлөөлдөг учир тогтвортой хөгжлийн боловсрол бол дэлхийн нийтийн үйл хэрэг юм. Монгол Улсын хувьд Тогтвортой хөгжлийн бодлого хөтөлбөртэй болж, Тогтвортой хөгжлийн боловсролыг дэмжиж, ач холбогдол өгч байгаа нь дэлхийн хэмжээний тунхаглалд нэгдэж, байгаль дэлхийтэйгээ зүй зохистой харьцах монголчуудын арга ухааныг дахин сэргээх чухал ач холбогдолтой юм. Цахим чуулганы үеэр тавьсан ганцхан илтгэлээс л ийм өргөн мэдээлэл авч байна гэхээр маш өгөөжтэй арга хэмжээ эхэлжээ гэж харж байна. Энэ удаагийн цахим чуулганы үеэр олон сонирхолтой илтгэл хэлэлцүүлэгдэнэ. Та бүхэн цахим чуулганы талаар www.eduexpo.mn сайтаас дэлгэрэнгүй мэдээлэл авч, өөрийнхөө үгийг хэлэх боломжийг ч зохион байгуулагчид нь олгож байгаа юм байна.

Categories
мэдээ улс-төр

Цар тахалтай энэ хүнд үед Дэлхийн монголчуудаасаа тусламж гуйж байна

Дэлхийн улс орнуудад амьдардаг монголчууд болон Монгол Улсын зарим иргэн нэгдэж, Дэлхийн монголчуудын холбоог байгуулаад байна. Олон жил үргэлжилсэн уг санаачилга өнгөрсөн гуравдугаар сард биеллээ олж тус холбооны Нэгдсэн зөвлөл байгуулагдаж, Зөвлөлийн дарга, Ерөнхийлөгчөөрөө Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг сонгож, үндсэн чиглэлүүдээ тодорхойлжээ. Дэлхийн монголчуудын холбоо байгуулагдаад хамгийн түрүүнд анхаарал хандуулсан сэдэв нь цар тахал гаарсан Монгол Улс боллоо. Монголдоо туслах гэсэн санаатай Өмнөд Монгол, Буриад, Халимаг, Тува монголчууд Европ, Америк, Япон, Энэтхэг, Австралиас хэрхэн туслах вэ гэж хүсэлтээ уг холбоонд гаргасаар байгаа юм байна. Өчигдөр орой тэдгээр хүмүүс Дэлхийн монголчуудын холбооныхонтойгоо хамтраад онлайнаар хуралдаж, монголчууддаа хэрхэн туслах тухайгаа ярьцгаах шиг боллоо. Монгол Улс дэлхийн бүх улс орноос ковидын халдвар, өвчлөлөөр хамгийн аюултай түвшинд хүрээд байна. Хүн амын тоонд ногдох хувиараа бол Хятад, Англи, Орос, Америкаас хэд дахин өндөр өвчлөлтэй болж, Энэтхэг, Бразилаас ч илүү хүнд нөхцөлд байгааг Дэлхийн монголчууд холбооныхон иш татаж “Энэ хүнд үед Монголдоо тусалъя, эхний ээлжинд нэн шаардлагатай байгаа уушги орлуулах болон амьсгалын аппаратыг олж өгье. Мөн ковидын эсрэг вакцин, санхүүгийн дэмжлэг нэн хэрэгтэй” байгааг дурдаж, дэлхий даяар тархсан монголчуудаасаа тусламж гуйгаад байна.Дэлхийн монголчууд гэхээр Монголоос гарсан чөмөг суусан монгол гэвэл одоохондоо цөөхөн л дөө. 1989 онд эндээс гарсан тэдгээр хүмүүс бийлэгжүү болж хараахан амжаагүй байгаа ч эх орноо гэсэн сэтгэл нь хязгааргүйгээр долгилж байгаа нь тодорхой. Ц.Элбэгдоржийн уриалгын дагуу Монгол үндэстнүүд, язгуур уг үндэс нь монгол ийм монголчуудаа зохион байгуулж, бидэнд нэг удаа тус болохгүй бол үнэндээ Монгол Улс сөхөрлөө, та минь. Халимаг, Буриад, Өмнөд Монгол, Хөх нуур, Долнуурын монгол гээд нэрлэвэл хөвөрнө дөө, хөвөрнө. Монголчууд олон саяулаа. Дэлхийгээр тархчихсан үндэстэн шүү дээ. Чөмөг суучихсан, баян чинээлэг нь олон байдаг, буй газартаа байр суурь эзэлчихсэн нь ч нэлээд. Ийм монголчуудаа Монголтойгоо холбоод авах нь зөв өө. Язгуур, үндэстнүүддээ тусалж байсан ийм түүх дэлхийд олон бий.

1985 онд цацагдсан “We are the world” дуу бол дэлхийн хөгжмийн ертөнцийн түүхэн дэх хамгийн олон “одод” хамтарсан уран бүтээл болсон юм. Эл дууг өлсгөлөнд нэрвэгдсэн Африк хүмүүст зориулж хөрөнгө босгохоор зохиосон нь амжилттай болж тэр үедээ 64 сая ам.доллар цуглуулж чадсан байдаг. Энэ нь одоогийн ханшаар 150 гаруй сая ам.доллар юм. Уг дууг африк гаралтай, Попын хаан Майкл Жексон Лионел Ричиетэй хамтран бүтээсэн. Энэ хөдөлгөөнд африк үндэстэй, африк язгууртай олон сая хүн сэтгэл зүрхээрээ нэгдсэн нь дээрх амжилтыг олсон билээ.

2010 онд Гайтид долоон баллын хүчтэй аймшигтай газар хөдлөлт болж, олон мянган хүн гэр оронгүй болоход мөн л африк гаралтай уран бүтээлчид, нэр нөлөө бүхий эрхмүүд язгуур, үндэс нэгтэй тэдэндээ туслах хөдөлгөөнийг дэлхий даяар өрнүүлж, тэрэнд нь “одод” оролцож “We are the world 25 for Haiti” дууг бүр ч өргөн бүрэлдэхүүнээр дуулсан нь амжилттай болж санаанд оромгүй их хөрөнгө босгож, ядарсан гайтичуудад тусалж чадсан юм. Гайтигийн иргэд нь орох орон, оочих аягагүй, хэлэн дээрээ тавих хүнсгүй сууж байхад төр засгийн толгойд гарсан баячууд хажууд нь гял цал оргиод зогсож байсныг тухайн үед дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шүүмжилж байсан билээ. Төрийн эрх баригчид нь ард түмнийхээ төлөө юу ч хийдэггүй, дарга сайд нар нь ард түмнээ боддоггүй, зөвхөн амин хувь, бүлэглэлийн эрх ашгаа л хаацайлж, хоорондоо эрх мэдлийн төлөө тэмцэлддэг тийм л Гайти улс байсан нь яг л өнөөдрийн Монгол Улсын дүр зураг мөн байгаа биз.

Монгол Улсын байдлыг гаднаас нь ажиглая л даа. Ард түмэн нь ковид, тахалдаа баригдчихсан. Өдөрт мянга мянгаар тохиолдол бүртгэгдэж, арав арваараа тахлаар нас барж байна. Энэ талаар санаа зовж байгаа улс төрийн нам гэж алга. УИХ-ын гишүүн гэж алга, санаагаа чилээж буй төрийн гурван өндөрлөг гэж ч алга. Ерөнхийлөгч угаасаа буцах нь тодорхой болсон учир үнээ, тугал нийлэх нь тэр хүнд хамаагүй болчихлоо. Нэр дэвшихгүй учир харин хонзонгоо авах гэж үзэж байгааг бүгд харж байна. Эрх барьж буй намын дарга У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөр яавал сонгогдох вэ гээд энд тэнд инээд алдсан зургаа тавиад нэг харахад адуун дээр ч явж байх шиг, эсвэл цэргүүдийн дунд орчихсон буу, танк болчихсон ч байх шиг. Инээд алдаад л, дүрээрээ яг Туркменистаны ерөнхийлөгчийг санагдуулаад байгаа юм. Ард түмэн нь тахалд хиарч, зүдэрч байхад тэрэн шиг инээж баяссан хүн алга.

УИХ-ын дарга тэртэй тэргүй учраа олохгүй хүн. Юу хийдэг нь ч мэдэгддэггүй. Төрийн түшээ болсон хүн ард түмний төлөө юм хийдэг гэдгийг мэддэггүй юм уу даа гэмээр л хүн байдаг шүү дээ. Айхавтар л Хөдөлмөрийн баатар, язгууртан гаралтай хүний хүүхэд юм, уг нь. Ядуу зүдүүгийн зовлон мэддэг болов уу гэж эргэлзмээр. Хар багаасаа анхил танхил амьдралаар явчихсан хүн зүдэрсэн ард түмний тухай огт ойлголтгүй байдаг нь мэдээж байх л даа.

Монгол төр, Монголын ард түмэн ерөөсөө эзэнгүй байна, биднийг гэсэн хүн алга. Худалдаж авсан юм уу, гуйж авсан юм уу Хятадаас баахан вакцин авлаа. Оросоос вакцин авна гэж ярьж байна. Хагас жил өнгөрөхөд дахин вакцинжуулалтын ажил эхэлнэ. Тэр талаар ярьж, төлөвлөж байгаа юм эрх баригчдын амнаас гарахгүй байгаа учир монголчууд одооноос өөрсдөө аргаа хайхгүй бол болохгүй нь ээ. Харин ийм эмзэг, хүнд хэцүү үед Дэлхийн монголчуудын холбоо монголчуудынхаа төлөө дуугарч, дэлхийн бөмбөрцгөөр тархсан монголчуудыгаа уриалж хандив, тусламж татах гэж байгаа нь туйлын зөв, сайшаалтай ажил болоод байна. Тус холбооны гишүүд АНУ, БНСУ гээд вакцины томоохон үйлдвэрлэгчидтэй эртнээс хэл амаа ололцож, хэлэлцээ хийж зургаан сая тун вакцин оруулж ирэх хэрэгтэй байна. Ганц амьсгалын аппарат нь хүрэлцэхгүй байгаагаас өдөрт олон хүн хорвоогийн мөнх бусыг үзүүлж байгаа. Тиймээс уушги орлуулах болон амьсгалын аппарат шиг хэрэгтэй юм алга, бидэнд. Нэн шаардлагатай байгаа вакцин, аппарат мэтийн ийм асуудлаа Монгол Улсын иргэд Дэлхийн монголчуудын холбооноосоо нэг удаадаа гуйж байна.

Ц.Элбэгдорж энэ бүхнийг санаачлахын сацуу олон улсад дипломат түвшиндээ нэр хүндтэй гэдгээ ашиглаж Европын холбооноос 50 мянган “АстраЗенека” вакцин оруулж ирсэн гэдэг нь үнэн байх шүү. Юу гэж худлаа хэлэхэв.

Бидэнд төр засаг гэж алга гэдгийг ард түмэн яс махаараа, амь насаараа мэдэрч байна. УИХ, төр засгийн толгойд байгаа хүмүүсийн хувьд сонгуулиас сонгууль дамжиж, улс төрийн тавцангаас буухгүйн төлөө тэмцэлдэж, ард түмнийг яаж дарлах вэ гэж бодож байгаа болохоор яалаа гэж биднийг аврах тухай бодохов.

Тиймээс бидний хувьд цар тахалдаа баригдсан, гарах гарцгүй болсон энэ үед Дэлхийн монголчуудаасаа тусламж гуйхаас өөр зам үлдсэнгүй. Монголчууддаа тусална уу, дэлхийн монголчууд аа!