Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Иргэд өөрсдийн ухамсартаа найдаж, дэглэмээ баримтлах нь хөл хорионоос илүү үр дүнтэй

Монгол Улсад коронавирусийн давлагаа дахин дэгдэж байгаа учир ХӨСҮТ болон Эрдэмтдийн зөвлөлөөс 22:00 цагаас хойш хатуу хөл хорио тавих санал гаргалаа. Үүнтэй зэрэгцэн 28 хоногийн хатуу хөл хорионы асуудал ч давхар яригдаж байна. Өнгөрсөн зургадугаар сарын дундуур буюу сонгуулийн дараа ковидын халдварын тохиолдол огцом нэмэгдсэн. Гэтэл өнөөдөр ковидын нөхцөл байдал зургадугаар сарынхаас давчихаад байна. ЭМЯ-ны өчигдрийн мэдээгээр хоногт 3680 хүнээс халдвар илэрч, ковидын нэн хүнд хэлбэрээр 10 хүн хорвоог орхилоо. Ковидын шалтгаант нас баралтын тоо 992 болчихлоо. Эмнэлэгт 20722 хүн хэвтэн эмчлүүлж байна.

Өнгөрсөн оны 11 дүгээр сарын дунд үеэс л урт болон богино хугацаагаар удаа дараа хөл хорио тогтоож, өндөржүүлсэн болон хатуу хөл хорионы дэглэмд шилжүүлсэн. Иргэдийн хувьд дуулгавартай сууж, төрөөс халамж хэлбэрээр өгсөн хэд арван төгрөгөөр амьжиргаагаа залгуулсаар зунтай золгосон. МАН-ын 100 жилийн ой гуравдугаар сарын эхээр тохиож баярын хурал элдэв арга хэмжээ зохиосны маргаашнаас л тохиолдлын тоо огцом нэмэгдэж, хяналтаас гарчихсан. Эрх баригчдын хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд юу юунаас илүү ач холбогдол өгч байсан учир сонгуулийг дөхүүлээд хөл хориог суллачихсан. Сонгуулийн ухуулагч нэртэй намын голдуу нөхөд орон нутаг, хөдөө рүү 20, 30-аараа баг болж очсон нь хөдөөд халдвар тараах гол шалтгаан болсныг тухайн үед орон нутгийн иргэд хатуугаар шүүмжилж л байсан. Тэр үеэс нийгэм эмх замбараагаа алдаж, олон сар гэртээ суусан иргэд, бизнес нь дампуурсан хүмүүс эрх баригчдын зүгээс явуулж буй арга хэмжээ нүдээ олоогүй, хоёр стандарттай байгааг эсэргүүцэх болсон. Монголчууд хаа ч очиж чих зөөлөнтэй, хүний үгэнд оромтгой. Сүүлдээ тэр зан нь алдуурч аргагүйн эрхэнд өөрсдийнхөө хөдөлмөрлөх эрхийн төлөө тэмцэцгээсэн.

Үнэндээ хагас жил шахуу хөл хорионд суухад коронавирус дэгдээгүй, харин хариуцлагагүй эрх баригчдын буруу шийдвэр, намынхаа ой, баяр, сонгуульд хэт анхаарснаас өнөөдрийн дүр зураг бүрдчихээд байгаа гэдэгт маргах хүн цөөн дөө.

Хатуу хөл хорио бол коронавирусийн халдвар, цар тахлын үед авч хэрэгжүүлэх оновчтой арга биш гэдгийг дэлхийн бусад улс орнууд ойлгож, ковидтой эвлэрч, зэрэгцэн амьдрах хэв маягт шилжээд удаж байна. Барууны зарим оронд хөл хорио гээчийг огт хийхээ больж, харин маскаа зүүж, хоорондох зайгаа барихыг цаг үргэлж сануулж, улс орных нь амьдрал хэвийн үргэлжилж байна. Хэрвээ ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл гэртээ өөрийгөө ажиглах 3-7 хоногийн хугацаа өгч, энэ хооронд харьяа муж, тойргийнх нь эмнэлэг утас, фэйсбүүкийн чатаар мэдээлэл хангалттай өгч, зөвлөгөө, эм, амин дэмээр тасалдаггүй. Ингээд шинж тэмдэг нь арилж эхлэнгүүт шинжилгээ ч авахгүй шууд нийгмийн амьдралд нь оруулж байна. Тэнд иргэд нь ч ухамсартай. Шинж тэмдэг илэрвэл шууд гэртээ өөрийгөө тусгаарлаж, эмийн бус арга буюу дасгал хөдөлгөөн хийж, хөлрөх, шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэж, амин дэмээр дархлаагаа тэтгэдэг. Нэг үгээр эрүүл мэндийн боловсрол өндөр учир ханиад, тахал хоёроо ялгаж тахал тараахгүй байх арга хэмжээгээ иргэнийхээ хэмжээнд яаралтай авч чаддаг. Үүнд нь эмнэлэг, төр засгийн зүгээс дэмжиж, эм, чанартай хүнсний багцыг гэрт нь хүргүүлдэг. Харин өндөр настай, бие султай хүмүүс ковид тусч хүндрэх шинж тэмдэг илэрвэл шууд хэвтүүлэхэд ор нь хангалттай. Түүнээс биш нийтээр нь хорьж, ажил албыг нь алдуулж, бизнесийг нь хааж боож буй улс орон манайхаас өөр алга.

Одоо иргэд хөл хорио тогтоосноор цар тахлыг хумина, халдварыг бууруулна гэдэгт нэг их итгэхгүй л болов уу. Энэ бол механикаар тоог нь бууруулж байгаа болохоос биш халдвар тараад байгаа уг үндсийг арилгаж байгаа арга зам биш шүү. Хатуу хөл хориог цуцлангуут дахиад л тархалт нэмэгдэнэ. Есдүгээр сарын дундуур коронавирусийн халдварын давлагаа болж буй нь хоёр хүчин зүйлээс үүдэж буйг ЭМЯ сануулсан. Нэгдүгээрт, иргэдийн бөөгнөрөл. Хоёрдугаарт, Дельта вирусийн тархалт. Нийгэм бол хүмүүсийн бөөгнөрөл. Амьдрал байгаа нийгэм бөөгнөрч таараа. Тийм болохоор тэр бөөгнөрлийг хүчээр тараах, гэр гэрт нь хөөж оруулах нь хүн төрөлхтний явж, хөгжиж, бөөгнөрч ирсэн түүхийн эсрэг хийж буй “гэмт хэрэг”. Харин иргэдэд “Бөөгнөрөхдөө бүгдээрээ масктай бай. Гараа угаа, хоорондох зайгаа баримтал” гэдгийг байнга сануулж байх ёстой.

Төр засгийн зүгээс хоёр жилийн турш хөл хориогоор тархалтын асуудлыг шийдэж ирсэн нь зүгээр л амь тариа төдий зүйл байлаа.

Өмнөговь, Ховд, Баян-Өлгий, Хэнтий гээд бараг бүх аймагт нөхцөл байдал хүндэрч, эхнээсээ хөл хорио тогтоогоод эхэллээ. Жишээ нь, эрх баригчид Хэнтий аймагт нөхөн сонгууль хийнэ гэж бас бужигнуулах нь. Тиймээс сонгуулийн нэрээр хүмүүсийг бөөгнүүлэх нь тодорхой учир хэнтийчүүд өөрсдөө дэглэмээ сайн баримталж, битүү орчин дахь хурал цуглаанаас аль болох татгалзаж, маскаа сайн зүүж ухамсартай бай.

Төр засгийн хувьд халдвар авсан, ойрын хавьтал болсон иргэнийг өрхийн эмнэлэг, харьяа эрүүл мэндийн байгууллага руугаа залгахад нь утсаа аваад бодитой мэдээллээр хангачихдаг болго. Гэрээрээ өөрийгөө эмчилж байгаа иргэдэд эмийн багц, хүнсээр тусал. Чанартай сайн вакцины нөөц бүрдүүлж, вакцинжуулалтад хөл хорионоос илүү анхаар. Хэрвээ хүндрээд ирэхэд нь эмнэлгийг нь бэлэн байлга. Халдвар нь хүндрээд гэртээ амьсгал хурааж байгаа харамсалтай тохиолдол олон гарах боллоо шүү дээ.

Харин иргэдийн хувьд одоо хөл хорионд биш, өөрсдийнхөө ухамсарт найдах цаг ирлээ. Албан байгууллага, хамт олонтойгоо байхдаа маск зүүхгүй суух, хоёр гурваараа байхаараа маскаа аваад шидчихдэгээ болих хэрэгтэй. Хоёулаа нэг тасалгаанд сууж байсан ч маскаа зүүж, гараа ариутга. Ямар нэгэн байгууллагаар үйлчлүүлэхээр ороход олон хүн цугласан байвал орохоо түр азна. Найр, хурим, элдэв баяр цэнгүүн, баар саванд уривал очихоо тэвч. Ийм л энгийн дэглэмүүдийг баримтлахад та гэр бүл, үр хүүхдээ, өндөр настай аав ээж, өвөө эмээгээ халдвараас хамгаалчихаж байгаа юм. Цаагуураа нийгэмд иргэн хүнийхээ үүргийг биелүүлчихэж байгаа хэрэг.Ийм дэглэмийг иргэд ягштал мөрдөөд хагас жил болоход л цар тахлаас салчих боломжтой.

Цар тахлын үед шаардлага, зөвлөгөө биелүүлдэггүй, дэглэмээ баримталдаггүй, үглээд үг авдаггүй, маск зүүдэггүй ард түмнийг гэр гэрт нь оруулж хөлийг нь хорьж, халдварын тархалтыг хүчээр бууруулж байгаа нь төр засгийн хувьд арга ядаад л хийж буй эцсийн шийдвэр шүү дээ. Эрх баригчдаар хөлөө хориулж, ажил, бизнесээ зогсоолгохгүйн тулд иргэд өөрсдөө ухамсартай байх хэрэгтэй. Хөл хорио шийдэл биш гэдгийг нийтээрээ мэдэрцгээсэн. Иргэд ухамсартаа найдаж, дэглэмээ сайн баримталбал хөл хорионоос илүүүр дүнтэй гэж ДЭМБ ч зөвлөсөн.

Categories
мэдээ нийгэм

Б.Ууганцэцэг: Хөл хорионд удсанаас хүүхдийн сэтгэл зүй, зан харилцаанд асуудал үүссэн байж болзошгүй учир багш, эцэг эхчүүд сайтар анхаараарай

– ГЭР БҮЛИЙН АСУУДЛААР МЭРГЭЖЛИЙН СЭТГЭЛ ЗҮЙЧ, ХУУЛЬЧ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ WWW.ETUSLAMJ.MN ҮЙЛЧИЛГЭЭ БИЙ БОЛЖЭЭ –

Сэтгэл Судлалын Үндэсний Төвийн гүйцэтгэх захирал Б.Ууганцэцэгтэй ярилцлаа.

-Хичээлийн шинэ жил эхэллээ. Хоёр жил гэртээ байсан хүүхдүүд анги танхимдаа ангийнхантайгаа, багштайгаа нүүр тулах нь. Гэртээ удаан сууснаар хүүхдүүдийн зан харилцаа, сэтгэл зүй гээд олон зүйлд өөрчлөлт орсон байх даа?

-Тийм ээ, хүүхдүүдийн хувьд нийгэмшил болоод танин мэдэхүй, тэдний зан харилцаанд олон сорилт болсон хоёр жилийг бид хамтдаа үдлээ. Хүүхдүүд хичээл сургуульдаа ч орохоор их яарч байгаа нь ажиглагдаж байна. Гэртээ цахим хичээл хичнээн хийсэн ч хүүхдийн үндсэн хэрэгцээ нь хүмүүстэй харилцах, өөрийгөө илэрхийлэх, тоглох, хөдөлгөөн хийх, өөрийгөө бусдаар үнэлүүлэх, бусдыг даган дуурайх, үлгэр жишээ авах гээд олон үйл ажиллагаагаа хязгаарлалаа. Үүнтэй холбоотой уур уцаартай байх, анхаарал төвлөрөхөд бэрхшээлтэй байх, бусадтай нүүр тулж харилцахад хүндрэлтэй байх зэрэг өөрчлөлт орсон байх магадлалтай.

-Энэ үед багш нар хүүхдүүдтэйгээ хэрхэн харилцах вэ, эцэг эхчүүд юун дээр анхаарвал зүйтэй вэ?

-Дээр хэлсэнчлэн хүүхдийн сэтгэл зүй, зан харилцаа, нийгэмшилд асуудал үүссэн байх эрсдэлтэй тул гэрийнхэн, ээж аав, эцэг эхчүүд сайтар мэдээлэл өгөх, айдсыг нь дарах, тайлбарлах зэрэг үйл ажиллагааг хийгээсэй гэж хүсч байна.

-Хөл хорионы үед мэндэлсэн хүүхдүүд зожиг, бишүүрхүү, гэр бүлийнхнээсээ өөр хүн харахаараа уйлдаг болчихож. Ийм хүүхдүүдтэй эцэг эхчүүдэд та ямар зөвлөгөө өгөх вэ?

-Хүүхэд төрөөд л хүмүүсийн харилцааг сонсож, харж мэдэрч эхэлдэг. Хүмүүсийн яриа, өөр орчин нь хүүхдийг нийгэмшихэд нөлөө үзүүлдэг. Харин байнгын нэг орчинд байх, тогтмол байдаг гэрийнхнээсээ өөр хүмүүсийг харж сонсож мэдрэхгүй байх нь хүүхэд бишүүрхүү, зожиг байх нөхцөлийг бүрдүүлж байна. Тиймээс ээж, аавууд хүүхдийнхээ харилцааны хэрэгцээг хангаж харилцан ярилцах, хүслийг нь сонсох, тоглох, ном үзүүлэх, хүүхдийн насны онцлогт тохирсон төрөл бүрийн дуу сонсгох, булчингийн хөгжлийг дэмжих, нуруу хөлийг нь барьж тосолж тайвшруулах, төрөл садныхаа хүмүүсийн дуу хоолойг утсаар сонсгох зэрэг аргуудыг хэрэглэж болно.

-Хүүхдүүдээ хараа хяналтгүй орхисноос өсвөр насныхан архи ууж, машин хулгайлж, бүр хамаатныхаа хүүхдийн амь насанд халдсан харамсалтай хэрэг гарлаа. Ер нь эцэг эхийн хайхрамж муу, тавиул хүүхдүүдийн сэтгэл зүйд ямар өөрчлөлт гардаг вэ?

-Хүүхдүүдийн хувьд гурван үндсэн хэрэгцээ байдаг тул түүнийг нь хангах материаллаг хэрэгцээг бид маш сайн мэддэг. Түүнийг нь хангачихвал хүүхэд аюулгүй эсвэл сайн өсөж байна, хүмүүжиж байна гэж буруу бодох тал бий. Тиймээс хүүхдийн сэтгэл зүйн талын хэрэгцээг харгалзан үзэж хангах нь туйлын чухал. Магтах, сайшаах, асуулт асуух, хүүхдээ илэх, тайвшруулах аргадах, буруу зүйл хийсэн бол зэмлэх зэрэг. Энэ харилцаа үгүй бол хүүхэд өөрийгөө сул доройгоор мэдрэх, өөрийгөө хэрэггүй, эсвэл хаягдсан гэж мэдэрч үүнээсээ үүдэн бусдад буруу зүйл хийх, эрсдэлт зан үйл гаргаж бусдад болон өөртөө аюултай үйлдэл хийх талтай.

-Хүүхдийн энэ мэт асуудлыг ярихаар яалт ч үгүй гэр бүлийн суурь хүмүүжил, эцэг эхийн хайр халамжаас бүх юм хамаардаг. Эцэг эх байна гэдэг маш том хариуцлага юм?

-Тэгэлгүй яахав, эцэг эх байна гэдэг нь нэг талаасаа мэргэжил юм. Нөгөө талаасаа хариуцлага, өөрийнхөө өмнө, гэр бүлийнхээ өмнө, нийгмийн өмнө хүлээсэн дүр-үүрэг. Харин түүнийгээ ухамсартайгаар хүлээн авч хүүхдээ шинжлэх ухааны үндэстэйгээр хүмүүжүүлэх нь орчин цагийн аав, ээжийн онцлог юм. Мөн чанартаа цаг гаргаж хүүхдээ хайрлаж халамжлан зөв шаардлагыг тавих нь эерэг хүмүүжлийн арга юм.

-Хөл хорионд хоёр жил сууцгаалаа. Энэ хорио нь нэг талдаа гэр бүлүүд эргэн нэгдэх, хамтдаа удаан хугацаагаар байх боломжийг олголоо гэж харж байгаа шүү?

-Хөл хорио гэр бүл, хосуудын харилцаанд сайнаар нөлөө үзүүлсэн жишээ олон байна. Нэгнийгээ илүү танин мэдэх, хамтдаа цагийг өнгөрүүлэх, нэгэндээ туслах, хамтрах, ярилцах боломжийг олгосон. Магадгүй эргэн хоорондоо нэгдэж харилцааны хувьд нэгнийгээ уучлах, нэгнийгээ хүлээн зөвшөөрөх зэрэг.

-Дээхнэ үед хос хоёр маргалдахад эмэгтэй нь чемодантай хувцсаа чирээд төрсөн гэртээ очоод уйлаад суучихдаг хандлага байлаа. Харин одоо сэтгэл зүйчид хандаж, гэр бүлийн сэтгэл зүйчээс тусламж гуйх шинэ хандлагатай болжээ?

-Хүмүүсийн мэдлэг, хандлага өөрчлөгдөж байна. Мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах байдал нэмэгдсэн. Мэргэжлийн сэтгэл судлаач, хуульч үйлчлүүлэгчийн нууцыг хадгалах нь тэдний хувьд хамгийн чухал байдаг. Сэтгэл зүйн зөвлөгөөний гол шаардлага нь өөрийн сайн дурын хүсэлтээр хандаж өөрийн нууцыг хадгалсан итгэлтэй, аюулгүй үйлчилгээ авах юм.

-Яг ийм үед гэр бүлийн харилцаа, хүчирхийллээс сэргийлэх сэтгэл зүй, хуулийн зөвлөгөө өгдөг цахим платформ ажиллаж эхэлжээ?

-2020 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам олон нийтэд гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх мэдээлэл зөвлөгөө өгөх www.etuslamj.mn-ыг бүтээж гэр бүлийн асуудлаар мэргэжлийн сэтгэл зүйч, хуульч чатбокс зөвлөгөөг өгч эхэлсэн нь орон зай, цаг хугацааны хувьд үйлчлүүлэгчдэд ойр үйлчилгээ болжээ. Сайтаас гэр бүлийн харилцаатай холбоотой тест, түгээмэл тохиолддог асуудал, түүнийгээ хэрхэн яаж шийдэх, мөн хуулийн асуулт хариултыг авч зөвлөгөө авах хэрэгтэй бол чатбокс үйлчилгээ авч болно.

-Пэйжид чатаар хандаж зөвлөгөө авна гэсэн үг үү. Яаж зөвлөгөө авах талаар сонирхуулахгүй юу?

-Etuslamj.mn фэйсбүүк пэйжийн чат хэсэгт хандан гэр бүлийн харилцаанд гарч буй бэрхшээлтэй асуудлынхаа талаар хуульч, сэтгэл зүйчээс зөвлөгөө авч шууд чатлах боломжтой үйлчилгээ гэсэн үг.

-Манайхан гэр бүлд асуудал тулгараад эхнэр, нөхөртэйгөө хэрэлдэхээр ялангуяа эмэгтэйчүүд сайн найзаасаа зөвлөгөө авдаг. Мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авдаг болоосой гэж бодогдлоо. Яагаад вэ гэвэл мэргэжлийн хүмүүс ажиллаж байгаа шүү дээ?

-Тийм ээ, мэргэжлийн хүмүүст хандсанаар зөв мэдээлэл авч, нууцлалдаа санаа зовохгүй байх боломж бүрдэж байна.

-Ярилцлагын төгсгөлд нэг зөвлөгөө хүсье. Одоо нийслэлд хотын түгжрэл эхэлнэ, хөл хөдөлгөөн нэмэгдэнэ. Коронавирусийн халдвар ч нэмэгдэх байх. Бензин шатахуун, өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдээд байна. Асуудал бол маш их байна. Яг энэ үед хувь хүн сэтгэл зүйгээ хэрхэн зөв залбал энэ асуудлуудыг хялбараар туулах вэ?

-Сэтгэл зүйн бэлтгэл зөвхөн тамирчин, цэргийнхэнд хэрэгтэй байдаг бус бүхий л хүмүүст хэрэгтэй. Бид байж болох тохиолдох асуудлыг аль болон бодит байдлаас хүлээн авах нь чухал. Учир нь хэт эерэг, сөрөг төсөөлөл биднийг буруу хүлээлтэд аваачдаг. Тиймээс байж болох хамгийн бодит талаас нь өөрийн хүлээлтээ тавиарай гэж хүсч байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Монголчууд мөнгө үрэх, олох хоёроо ялгаж мэддэггүй

Хөдөөд соёлын үр тарина гэж өнгөрсөн зууны дунд үед нийтийг хамарсан зохион байгуулалттай ажил өрнүүлж, сумд Соёлын төв, Улаан булантай болсон. Тэндээ манайхан Ардчилал гарах хүртэл таанц эргэж соёлтой болдог байв. Түүнээс хойш бид нийгмийн шилжилт хийж, өөрчлөлт шинэчлэл явуулж 30-аад жилийг ард хийчихээд байна. Эргээд харахад алдсан нь ч байна, гэхдээ олсон нь олон.

Мэдээж соёл, урлаг бол чухал салбар. Харанхуй нийгмийн гэрэл, чийдэн нь байсан. Гэхдээ яг өнөөдрийн нөхцөлд Монголд хөдөөд том том Соёлын ордон барихаас илүүтэй үйлдвэр, цех шиг хэрэгтэй юм алга. Монгол орныг аялан тоглолтоор тойроод ирсэн дуучин аймаг, сумын төвд сүндэрлэсэн Соёлын төв, Соёлын ордонг бахархан ярьж байна. Мэдээж салбарынх нь хүн, таван жилдээ ганц удаа эх орноо тойрч, мөнгө олох гээд очоод дуулахад бэлэн тайз нь байвал түүн шиг олзуурхууштай юм тэр хүнд үгүй. “Бүр хязгаар, захын сумдад, төв замаас зайдуу сумдад Соёлын төв хэрэгтэй. Ийм соёлын төвөөр хөдөөгийнхнөө урлаг соёлтой байлгана” гэж урлаг соёлынхон эрх баригчдад нөлөөлдөг. Яг л өнгөрсөн зууны дунд үе шигээ сэтгэж, 330 гаруй суманд Соёлын төв барьж монголчуудыг гэгээрүүлье гээд улсын төсвийг үргүй зарцуулж байна.

Малчид лаа, дэн барихаа болиод 30 жил, утас барьдаг болоод 20 жил, гар утсаараа, гэрийнхээ зурагтаар концерт, кино үздэг болоод удаж байна. Заавал тоос манаруулж давхисаар ирж байгаа дуучинг хүлээж хамаг ажлаа хаяхгүй, гар утсаараа youtube рүү орж дуртай дуучныхаа, дуртай дууг хүссэн үедээ сонсчихдог болсон. Ийм атал хөдөөд тэрбум тэрбумаар нь Соёлын ордон босгож буй нь мөнгө олох биш, мөнгө үрж буй харамсмаар том жишээ. Соёлын ордон босголоо гээд улсын төсөвт үйлдвэрүүд шиг орлого, ашиг өгөхгүй. Үхмэл хөрөнгө, хөгцний үүр болоод л өмхөрдөг. Энэ бол зөвхөн Соёлын төв дээрх жишээ. Татвар төлөгчдийн мөнгийг үргүй зардаг ийм жишээ манай нийгэмд, салбар бүрд бий. Гаргаж буй санаа, хэрэгжүүлж буй төслүүд нь яг дээрх Соёлын төвүүд шиг төсвийн мөнгө үрсэн хий дэмий үрэлгэн ажлууд байдаг. Өнөөдөр Монголд мөнгө олох юм хэрэгтэй болохоос жилдээ ганц хоёр онгойдог, өндөр өртгөөр боссон хоосон “амбаарууд” хэрэггүй.

Монголчууд том үйлдвэртэй болж, өрх бүр бүтээгч, үйлдвэрлэгч болж түүнийгээ экспортоор гаргаж байж дараа нь урлаг соёлоо тааваараа тамшаалан мэдрэх боломж бүрдэнэ. Тэр хүртэл бидэнд хангалттай хүрэлцдэг урлаг соёлын арга хэмжээ бий. Бидэнд мөнгө үрсэн, ашиггүй царцсан хөрөнгө оруулалт биш ашигаа өгдөг, мөнгө олж, амьдралд бодит хувь нэмэр оруулдаг үйлдвэр, ажлын байр чухал. Монголд “Манай суманд шинэ Соёлын төв нээгдлээ” гээд баярладаг бол гадаадад улс нийтээрээ “Үйлдвэртэй боллоо. Үйлдвэрийн тууз хайчлах ёслол боллоо” гэдэг мэдээг чухалчилж үздэг.

БНСУ бол хөлөг онгоцны үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг. Дэлхийн хөлөг онгоцны үйлдвэрлэлийн зах зээлийн 50 гаруй хувийг дангаараа эзэлж байгаа үйлдвэрлэгч орон. Тус улс энэ салбартаа тэргүүлэгч болж чадсан түүх нь тун энгийн. Солонгосчууд эрт үеэсээ л усан онгоцоо өөрсдөө хийж, дотоодын хэрэгцээгээ хангадаг байж. Хэн нэг сийрэг толгойтой нь “Бид энэ онгоцуудаа гадаадуудад заръя” гэж. Түүний энэ санал амжилт олж усан онгоцоо гадаадад заржээ. Хамгийн анх гадаад руу усан онгоцоо экспортолсон гэдэг баярт мэдээг солонгосчууд монголчууд олимпоос тамирчин нь алтан медаль авахаар догдлон баярладаг шиг л тэгж хүлээн авч баярласан байдаг. Экспортоор гаргасан хөлөг онгоцны мөнгөний шилжүүлгийн баримтыг холбогдох албаны хүн нь гартаа чанга гэгч нь бариад Хөх ордон руу явганаар гүйж хүргэсэн байдаг. Яг энэ мөчийг олон сая солонгосчууд зүрх даран хүлээж байсан гэдэг. Яагаад вэ гэвэл солонгосчууд хөлөг онгоц үйлдвэрлээд гадагшаа борлуулбал хойшид улс нь баяжина, иргэд нь хангалуун амьдарна гэдэгт итгэж байсан. Олон зууны өмнөөс гараараа хийж ирсэн усан онгоцыг нь гадны хүн өндөр үнээр худалдан авна гэдэгт эргэлзэж байсан эргэлзээ нь тэр мөчид бүрмөсөн алга болсон гэлцдэг. Тэдний итгээд, зүтгэж байсан зүтгэл нь ийнхүү бодит ажил болж, усан онгоцны үйлдвэртэй болвол мөнгө олоод байж болох юм байна гэдэг үндэсний хэмжээний том итгэл найдвартай болж чаджээ. Энэ үеэс Солонгосын ард түмэн дор бүрнээ хичээж, үйлдвэрийн газруудад ажилд бүртгүүлсэн байдаг. Ингээд тус улсын эдийн засаг хурдацтай өсч, үүнийг дагаж экспорт нь өсч яваандаа Хонконг, Сингапур, Тайванийн хамтаар “Азийн дөрвөн бар” гэж хүртэл “өргөмжлөгдсөн”. БНСУ дэлхийд экспортын хэмжээгээрээ тавдугаарт орж байна. Солонгост төвтэй үндэстэн дамнасан Samsung, Hyundai, SK, LG, Lotte, Hanjin, Kumho, Doosan зэрэг экспортод чиглэсэн компаниуд нь улсынхаа ДНБ-ий 90 хувийг бүрдүүлж байна. Энэ бүхэн бол дээр өгүүлсэн анх хөлөг онгоцоо экспортолж, мөнгө олж болох юм байна гэдэг үндэсний хэмжээний итгэл, үнэмшилтэй болсонтой холбоотой гэж эдийн засагчид, шинжээчид тайлбарладаг.

Монголд дэд бүтэц, томоохон бүтээн байгуулалтууд чухал. Төмөр зам бол бидэнд ойрын үедээ, алс хэтдээ асар их хэрэгтэй. Гэхдээ түүгээр мөнгө нэмж мөнгө олох боломж хараахан бүрдээгүй байна. Мэдээж угтуулж хийсэн бүтээн байгуулалт. Харин өнөөдрийн Монголд хээр байгаа төмөр замаас илүү Замын-Үүдэд ганц төмөр зам шилжүүлэгч барьчихвал ачаа барааны эргэлтийг хурдлуулна. Ачаа барааны голлох гэж хэлж болох Замын-Үүд боомт ачааллаа дийлэхгүй хэмжээнд хүрчихээд байгаа. Энэ үед ганц шилжүүлэгчтэй болчиход мөнгө олох үйл явц хурдаа нэмж л таарна. Үүн шиг монголчууд бид алс хэтээ харах, холын зорилгоо тодорхойлохын зэрэгцээ өнөө маргаашдаа мөнгө олох боломжуудыг нарийн харах хэрэгтэй юм.

Бид үндэсний хэмжээний нэг том үйлдвэртэй болж, бараа бүтээгдэхүүнийг нь экспортлоод эхэлчихвэл таны, миний гэлтгүй бүгдийн маань амьдралд шууд болон шууд бусаар тусаа өгнө. Гангийн ганц үйлдвэртэй болчиход л Монгол Улс дэгжинэ. Нефть боловсруулах ганц үйлдвэр босгоход л болоод явчихаж байгаа юм. Байг гэхэд Монгол орны эко, эрүүл хүнсний ганц бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд гарч чадвал тэр чинь бидний амжилт.

Өнөө маргаашийн зугаа цэнгээ, хий хоосон мөрөөдлөөр босгосон элдэв байшин сав, хөшөө босгох биш бүтээгдэхүүн, бараа хийдэг үйлдвэртэй болъё. Үйлдвэр, үйлдвэрийн хотуудтай болвол бид экспортоороо амьдраад байж дөнгөнө. Гол нь бид юм үйлдвэрлээд, түүнийгээ экспортолж чадна гэдэгтээ итгэх хэрэгтэй. Чанартай бараа бүтээгдэхүүнээ тогтвортой үйлдвэрлээд байвал гадны баян орнууд тоож л таарна. Мөнгө олох, үрэх хоёроо ялгаж, хий хийсвэр юмаа түрдээ хойш тавьж, мөнгө олох арга зам, үйл ажиллагаанд нийтээрээ анхаарч үйлдвэрлэгч орон болохын төлөө энэ агшинаас эхэлж итгэх хэрэгтэй юм. Бидэнд хүч чадал, эрдэм мэдлэгтэй инженерүүд хангалттай бий. Монголчуудад байгалийн нөөц баялаг, талбай, ажлын хүч хангалттай байгаа. Харин мөнгө олно, мөнгө олж чадна гэдэг итгэл хомс гэдэг нь үнэн. Ганц хөлөг онгоцноос эх орноо дэлхийн хөгжилтэй орнуудын нэг болгосонтой адил асар их итгэл найдвар монголчуудын зүрх сэтгэлд бий.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголчууд хөлөөрөө толгой хийж, нэг л сүржин, буруу амьдраад байна

Ам.долларын урсгалыг дотоод руу татахын хэрээр эдийн засаг тэлдэг. Гэтэл манайх эдийн засгийн уналтад орсон атлаа доллараа гадагшаа алдсаар байна. Am­way, Herbalife зэрэг сүлжээний бүтээгдэхүүнээс эхлүүлээд онлайн худалдаагаар асар их хэрэггүй зүйл худалдаж авч, доллараа гадагшлуулж байгааг та бүхэн хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Дээрх сүлжээнүүдийн бүтээгдэхүүн захиалдаггүй айл, онлайнаар гаднаас юм захиалаагүй эмэгтэй лав алга. Ялангуяа хөл хорионд суусан хоёр жилд сүлжээний бизнес, онлайн худалдаа дээд зэрэгтээ хүртэл хөгжлөө, тэр хэрээр доллараа гадагшаа урсгачихлаа.

Өнөө зун хил гааль дээр маш их хэмжээний бараа таваар саатлаа. Жимс, чихэр, амттан, элдэв шалдав хэрэгтэй, хэрэггүй хэд өмсөөд элчихдэг хямд өмд, гутал захиалахын оронд арматураа оруулж ирж байсан бол тэгж их саатахгүй ч байсан юм билүү. Газар тариалангийн бордоо, хортон шавьжны эсрэг бодис, барилгын материал зэрэг улс орондоо хэрэгтэй бараа, материалаа нэгдүгээр ээлжинд дугааргүй оруулдаг, саатуулдаггүй байх сахилга баттай болох цаг нь ирж. Өмд, гутал саатлаа гээд нүцгэрчихгүй. Монголчууд амьдрал дээр, хөрсөн дээрээ бууж амьдармаар байна.

Талх барьж зардаг айл байлаа гэхэд гурилынхаа мөнгөөр тансагладаггүй. Юу ч болж байсан амь зуулгыг нь тасалдаггүй хэдэн талхаа барихын тулд хамаг мөнгөө эхний ээлжинд талхны цехдээ зарцуулдаг. Үүнтэй адил монголчууд эхлээд хамгийн чухал салбарууддаа анхаарах ёстой. Тэр гаднаас оруулж ирдэг чихэр, жимсийг идсэнгүй гээд өлсөөд үхчихгүй. Тийм учраас гаалиараа эхлээд барилгын материалаа даруйхан шиг оруулчихвал ороод суух байр, байшин нь хямдхан байхад мах, гурил, төмсөөрөө нэг хэсэгтээ явчихна. Ийм л энгийн атал монголчууд их сүржин, нэг л буруу амьдраад байх шиг. Хөлөөрөө толгой хийж амьдраад байна гэхэд таарна. Ийм цамааны дээр монголчууд ядуу. Ядуу байгаагийн гол шалтгаан бол ажил хийдэггүйтэй нь холбоотой. Хөдөлмөрт дургүй, халамжлуулах дуртай учир яалаа гэж ажил хийх юм. Хөдөлмөр эрхэлж буй нэгнээ харин ч нэг шоолох маягтай. Боолын хөдөлмөр эрхэлж, хэн нэгний дор тэгж ч зовохгүй шүү хө гэсэн үгс унагах нь түгээмэл болчихсон. Цамаан, ядуугаас гадна монголчууд бие биедээ хайргүй. Нэг үндэстэн, нэг улсын, нэг том Монгол гэдэг халуун ам бүлийн гишүүн гэдгээ огт мэддэггүй. Хойшоо Улаан-Үдээр гараад тэндээс орос бараа барьж аваад л “Энийг Монголд аваачвал дээр нь хэдийг нэмж зарах вэ” гэнэ. Урагшаа Эрээнд очоод хямд бараа харчихаад “Монголд энийг хэд нугалж зарах бол” гэж хоорондоо ярилцдаг. Монгол үндэстнүүд нэгэндээ ийм хайргүй. Зөвхөн нэгнийхээ мөнгийг нь шулахыг л эн тэргүүнд чухалчилдаг. Нэг монгол хүний нүдэнд нөгөө монгол нь мөнгө шулах хэрэгсэл мэт харагддаг. Энэ бол ёс зүйгүй байгаагийн, ёс зүйгээ уландаа гишгэсний л илрэл. Гэтэл дэлхийн үндэстнүүд нэгнийхээ төлөө, ганц иргэнийхээ төлөө үндэс, угсаагаар хөдөлдөг. Тийм гайхамшигтай жишээг та бид олныг мэднэ.

Монголчууд ядуу атлаа тансаглах дуртай, ёс зүйгүй учир бултаараа нийлж үйлдвэртэй болох, үйлдвэрт ажиллах тухай ойлголтгүй. Энэ мэт гажуудлаасаа салъя гэвэл бид үйлдвэрлэгч, бүтээгч ард түмэн болох ёстой. Үйлдвэрлэгч ард түмэн болоход ядаж л өглөө эрт босч ажилдаа явдаг болно. Бүтээгч ард түмэн болоход ёс зүй нь дагаад өөрчлөгддөг. Илүү ёс зүйтэй болчихдог. Ёсз үйгээ өөрчилж, өндөр ёс зүйтэй болъё гэвэл монголчууд хөдөлмөрч, үйлдвэрчин, бүтээгч ард түмэн болохоос өөр гарцгүй.

Ёс зүй гэдэг зүйл эдийн засгаас зарим талаараа хамааралтай байдаг. ДНБ-ий өсөлт тодорхой хэмжээнд хүрэхээр тухайн улсын иргэдийн ёс зүй нь дээшилдэг хандлага бий. Яагаад вэ гэвэл анхдагч хэрэгцээнүүд нь хангагдаж, элдэв өр зээлийн дарамтаас ангижраад ирэхээр стресс бухимдлын түвшин ч буурдаг. Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ нэмэгдэхийн хэрээр тухайн улсын иргэд нь аз жаргалтай, амар амгалан амьдардаг. Өнгөрсөн жил дэлхийн шилдэг орнуудаар шалгарсан Швейцарь, Канад, Япон, Герман, Австрали, Их Британи, АНУ, Швед, Голланд, Норвеги улсад ДНБ, нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ нь тоймгүй өндөр. Швейцарь улсын ДНБ 705.5 тэрбум ам.доллар, нэг хүнд ногдох ДНБ нь 65010 ам.доллар. Канад улсынх ДНБ 1.7 их наяд ам.доллар, нэг хүнд ногдох ДНБ 49690 ам.доллар. Голланд улсын ДНБ 913.7 тэрбум ам.доллар, нэг хүнд ногдох ДНБ 56489 ам.доллар, Норвегийн ДНБ 434.8 тэрбум ам.доллар, нэг хүнд ногдох ДНБ 74357 ам.доллар байх жишээний. Судлаачид тухайн улсын нэг хүнд ногдох ДНБ нь дунджаар 10 мянган доллар хүрснээр иргэд нь хоногийн хоолондоо зоволтгүй. Харин 40 мянган долларт хүрвэл аз жаргалтай амьдрах баталгаатай болж эхэлнэ хэмээн одоогоос хэдэн жилийн өмнө дүгнэж байсан. Гэтэл манай улсын хувьд өнгөрсөн оны эхээр нэг хүнд ногдох ДНБ 4470 ам.долларт дөнгөж хүрсэн.

Швейцарийг монголчууд Шамбалын орон, жаргалын орон гэх нь бий. Тэнд нэг хүнд ногдох ДНБ 65010 ам.доллар, энд Монголд 4470 ам.доллар. Нэг хүнд ногдох ДНБ 4470 ам.доллартай тэнцдэг улсын иргэдийн ааш авир, ёс зүй өнөөдрийнх шиг байхгүй гээд яах юм бэ дээ. Монголчууд ааш, харьцаа муутай байдаг нь ядуу байдагтай нь холбоотой. Ийм байхад нь хоосон ёс зүй ярьж, ёс зүйтэй бай гэж мянга хашгираад нэмэргүй. Ёс зүйтэй болъё гэвэл сайн эдийн засагтай болох ёстой. Сайн эдийн засаг бүтээе гэвэл иргэд нь ажилч, хөдөлмөрч, ажилтай бай. Ийм энгийн хамааралтай. Түүнээс биш “Нэгнээ хайрлая, ёс зүйтэй байя” гэж уриалаад нэмэргүй. Хуурай яриа л болно.

ДНБ-ээ өсгөхийн тулд иргэдийн хувьд эхний ээлжинд доллараа хий дэмий юманд үрж, гадагшлуулмааргүй байна. Тэвчиж болох зардлуудын жагсаалтаа гаргаж, үргүй юманд мөнгөө хийсгэхээ болих хэрэгтэй. Байгаа хэд гурван төгрөгөө хэмнээд хадгалж хуримтлуулчихаад тэрнийхээ оронд бүгдээрээ хөдөлмөрлөж эхэлье. Хамгийн сүүлийн жишээ гэвэл, зунжингаа хөдөлмөрлөж ургуулсан ногоо, жимсийг нь чөлөөтэй заруулахгүй, хөөж туугаад байгаа асуудал байна. Хэдэн байрлал зааж өгөөд “Тэнд очицгоо” гэжээ. Ингэж байрлал зааж өгөөд яах юм. Харин тэрнийхээ оронд өдөр зааж өгье. Баасан, бямба, нямд ч юм уу ногоогоо зараг. Хаана ч зарж болно. Байшин, хашаа болгоныхоо үүдэнд, хаа сайгүй зар. Эдгээр өдрүүдэд өөрт байгаа зарж болмоор юм байвал тэр бүгдээ бас зар. Эрвийх дэрвийхээрээ бүгд хөдөлмөрлөе, мөнгө олъё. Том том үйлдвэр, уурхай гэж алс хэтийн юм ярихаасаа өмнө өрх бүр үйлдвэрлэгч, иргэн бүр мөнгө олдог болъё. Зах зээлийн хүнд жилүүдэд 20 дугаар тогтоол гээчийн буянаар хүн болгон наймаа хийж, зарж борлуулмаар юмнуудаа зах дээр барьж очсоны үр дүнд өлсгөлөнг давчихсан даг.

Үүн шиг бүгд тус бүрдээ хөдөлмөр эрхэлье. Ингэхийн тулд хүмүүс халамж, төр засаг гэж дээшээ харж алга тосох биш өөрөө өөртөө итгэж, өөрийнхөө хүчинд найдах ёстой юм. “Би өөрөө хөдөлмөр хийгээд амьдарч чадна” гэсэн бат итгэл үнэмшилтэй бол. Шууд л өндөр цалинтай ажилд орох, дарга, даамал болох мөрөөдөлтэй байх биш би юмыг багаас нь эхлүүлэх ёстой гэдэг ёс зүй, баримтлалтай байх ёстой. Өөрт байгаа боломжийн хүрээнд тав, арван төгрөг олоод яваандаа амьдралаа босгочихно гэх итгэлээс илүүтэй УИХ-ын гишүүн, төрийн албанд яаж ийгээд шургалаад тэндээс мөнгө босгох тухай л юмыг түрүүлж ярьдаг болчихсон нь эмгэнэл болоод байна. Эсвэл өндөр цалинтай уурхай, Оюу толгойд л ажилд орох хүсэлтэй. Гэнэтийн азанд биш, өдөр бүр тасралтгүй зүтгэдэг шоргоолж мэт зогсолтгүй, итгэл үнэмшилтэй хөдөлмөрлөдөг зан монголчуудаас хийсэн одоод удаж байна. Оронд нь уул уурхай, хөдөлмөрийг үнэн голоосоо үзэн яддаг хажиг зантай болцгоочихсон. Ний нуугүй хэлэхэд хөдөлмөр хийж байгаа, хөдөлмөрч хүмүүсийг тоодоггүй. Сүүлийн үеийн кинонд гарч буй дүрүүд нь ихэвчлэн цагаан захтнууд байдаг. Кинондоо хөдөлмөрчин хүн, ажилч хүний дүрийг гаргаж, хөдөлмөрчин хүний дүрийг бахархам тод томруунаар гаргадаг байх нь хүмүүст эерэгээр нөлөөлнө. Бид өнөөдрийн энэ бишдээд буй хэв маягтаа дүгнэлт хийж, гадагшаа доллар урсгаад байгаа илүү зардлуудаа хэмнэж, хөдөлмөр эрхэлж эхэлбэл толгой нь мөрөн дээрээ ирж, амьдрал зөв зам руугаа орох байх.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Төв аймаг сүүлийн 30-аад жил хураагаагүй их ургац авна

Төв аймаг энэ жил 63450 га талбайд улаанбуудай тариалах зорилт дэвшүүлсэн ч 67 мянган га талбайд улаанбуудай тариалж, төлөвлөгөөгөө 107.9 хувиар давуулан биелүүлээд байна.

Тариалалтын ажил цар тахлын амаргүй нөхцөл байдалтай зэрэгцсэн ч энэ аймгийн удирдлагууд болоод тариаланчид цаг наргүй зүтгэж, халдвар хамгааллын дэглэмээ баримталж, технологит хугацаандаа сайн ажилласны үр дүнд улаанбуудайн тариалалт ийнхүү төлөвлөгөөгөө давчихаад байна. Найм, есдүгээр сард цаг агаар тааламжтай байвал бүх юм санаснаар бүтэх нь гэж тариаланчид ярьж байна. Тариаланчид “Наймдугаар сарын сүүлээрх цочир хүйтрэлийг давчихвал есдүгээр сар налайдаг даа. Гэхдээ одоо намрын эхэн сар дундаа орж буй учир тайвширч болохгүй” гэцгээж байлаа.

Төв аймаг бол Монгол орны тариалангийн гол бүс нутгийн нэг. Бусад хүмүүс энэ цаг үед ээлжийн амралт, зуны зугаалга, аялал хийдэг бол тариаланч, ногоочдын хувьд ид ажлын үе, хариуцлагаа өндөржүүлэх өдрүүд үргэлжилдэг. Төв аймгийнхан ургац хураалтын бэлтгэл ажлаа базаагаад завгүй байна.

Ц.Жамбалсүрэн: Сүүлийн30-аад жил хураагаагүй их хэмжээний ургац хураана

Төв аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэнтэй уулзлаа. Тэрбээр “Төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн нь бахархалтай амжилт ч гэлээ бидний өмнө одоо ургацаа бүрэн дүүрэн хураан авах, үүсч болох эрсдэлээс сэргийлэх нь гол ажил болчихоод байна” гэж байлаа. Түүнээс зарим зүйлийг тодрууллаа.

-Өнөө жил танай аймаг сүүлийн 30 жил хураагаагүй их хэмжээний ургац хураан авахаар болжээ. Энэ бүхэн цаг агаар таатай байсны дээр тариаланчдын хөлс хүч, ур чадвар, үр сонголт сайн байсан зэрэг олон ажлын нийлбэрийн үр дүн байх шүү?

-Тэгэлгүй яахав. Төв аймагт үйл ажиллагаа явуулж буй тариалангийн компаниуд маань чадавхижсан. Ногоон тэжээлийн тариалалт олон хүчин зүйлийн улмаас нэлээд сэргэж байна. Тосны ургамлын үйлдвэрлэл хоёр дахин нэмэгдсэн. Сүүлийн жилүүдэд манай аймаг сайн ургац авсан.

-Өнгөрсөн жилүүдэд ургац хураалтын үеэр хүн хүчний дутагдалд орж хүнд байсан. Ургацаа авч чадахгүй орхиж байсан нь ч бий. Өнөө жил танай аймаг төлөвлөгөөгөө давуулаад байгаа учир бүр ч их ажиллах хүч хэрэг болох нь дээ?

-Хүн хүчний асуудал жилээс жилд л яригддаг. Ялангуяа Жаргалант, Борнуур, Батсүмбэр зэрэг сумдад хүнсний ногоо үйлдвэрлэл, төмс хураалтад хүн маш их дутагддаг. Өнөө жил Засгийн газраас оюутнууд, хүчний байгууллагууд, цэргүүдийг энэ ажилд оролцуулах чиглэл гаргасан. Манай Төв аймагт Хуурай цэргийн командлал, 016 дугаар нэгтгэл байдаг учир эдгээр байгууллагатай орон нутгийн удирдлагын түвшинд ярилцаж, намрын ургац хураалтын гол ажлыг нугалуулах бодолтой байна.

-30 гаруй жилийн өмнө манай улс их хэмжээний ургац хурааж, тариа буудайгаа Сүхбаатарын талбай дээр дэлгэж байсан түүх бий. Өнөө жил тэр хэмжээний л ургац хураах байх даа гэцгээж байна?

-Тийм таамагтай байна. Хөндлөнгийн ямар нэг саад бэрхшээл гарчихгүй бол тэр хэмжээний ургац хураачихна.

No description available.

-Тариалалтын үеэр цар тахлын хөл хорио таарч “Тариа, ногоо хэцүүдлээ. Тариаланчдаа талбайд нь гаргая” гэж хүмүүс санаа зовнисон шүү?

-Тариалалтын ажил эхлэх үеэр цар тахлын дэглэлтийн оргил үе таарсан. Төв аймаг Улаанбаатар хотыг тойрч оршсон, нийслэлээс гарч буй дөрвөн зүг, найман зовхист гарч буй хөдөлгөөн манай аймгаар дамжин өнгөрдөг, геополитикийн хувьд онцлогтой аймаг л даа. Тийм учраас бид дотооддоо алдсан халдварыг тархаахгүйн тулд өнгөрсөн гуравдугаар сарын 6-ныг хүртэл барьж чадсан. Цар тахлын үед тариалалтын ажил эхэлсэн. Тариаланчид маань зөв зохион байгуулалттай ажиллаж чадсан. Тариаланчдаа хаврын тариалалтын технологит хугацаанаас нь өмнө дархлаажуулалтад хамруулсан. Аймаг, сумдын Онцгой комисс маш сайн уялдаатай ажиллаж, хэрэгцээтэй үрээ татаж чадсан, тоног төхөөрөмж, хэрэгслээ татахад нь хамтарч ажилласан. Аж ахуйн нэгжүүдийг хоршуулах замаар бэлтгэл ажлыг нь хангуулсан. Аймгийн хэмжээнд 63450 га талбайд улаанбуудай тариалах төлөвлөгөөтэй байснаас 107 хувиар давуулан биелүүлсэн. 10505 га талбайд тосны ургамал тариалах төлөвлөгөөтэй байсан ч 203 хувь тус тус давуулсан.

-Та бүхэн саяхан тариалангийн бүс нутгаар яваад иржээ?

-Тэглээ. Соёололт болоод технологийн мөрдөлт нь 90 хувь байна. “Онцсайн” гэсэн гарц үнэлэлтийг мэргэжлийн байгууллага нь өгсөн.

-Цаг агаар нь ярих юмгүй сайхан зун байлаа. Бороо хур арвин байв уу?

-Өнөө жил газар тариалангийн бүс нутгаар бороо хур элбэгтэй байгаа нь 30 жилийн дунджаас ахиу, боломжийн хэмжээний ургац хураан авах бололцоог бүрдүүлж байна.

Цаг агаарын албан ёсны мэдээллүүдийг нэгтгэж, маш сайн тооцоолоод аль болох богино цаг хугацаанд хаягдалгүй, чанартай хурааж авах бэлтгэл ажлыг хангуулахаар ажиллаж байна. Энэ тал дээр ажлын хэсэг гараад ажиллаж байна.

-Шатахууны үнэ нэмэгдчихсэн байдаг. Ургац хураалтын үед шатахуун, түлшний асуудлаа яаж шийдэх вэ?

-Үүн дээр чиглэсэн шийдвэр хараахан алга. Гэхдээ ургац хураалт, үйлдвэрлэлтэй холбогдуулж Засгийн газар нөөц бүрдүүлэхээр ажиллаж байгаа.

-Сайн ургацтай жил мөндөр унах тохиолдол их байдаг гэж туршлагатай тариаланчид ярьдаг?

-Ямар ч байсан бидний хувьд байгалийн ноцтой үзэгдлийн үед шаардлагатай арга хэмжээг авна. Утаа май тавихаас эхлүүлээд ургацаа хамгаалах уламжлалт аргууд бий. Тийм аргуудаасаа эхлүүлээд шинжлэх ухааны технологиудаа ашиглаж ургацаа хамгаална. Бидний санааг зовоож байгаа нэг асуудал байгаа нь их хур бороо орохоор чийгний мөөгөнцөр гэж өвчин гарч байна. Хөрсийг нь чийг идээд байна. Үүн дээр нэмэлт зардал бас гарч байна. Хонх нь дуугарахаар дамар нь таг гэгчээр их бороо орохоор ийм чийгний өвчин дэлгэрдэг юм байна. Улаанбуудайнд ийм эрсдэл байгаа ч энэ их чийг нь ногоон тэжээлдээ маш таатай байна.

-Энэ байдлаар бол монголчууд ирэх жил идэх гурилаа дотоодоосоо бүрэн хангачихаар л байгаа юм байна?

-Тийм тийм. Өндөр хувьтай байгаа.

-Төмс, хүнсний ногоон дээр бүр ч санаа зовохооргүй юм байна?

-Тийм ээ, гэхдээ хамгийн гол нь хурааж авах шүү дээ. Жилийн жилд төмс хураалт дээр хүн хүчний асуудал хүнд байдаг. Та бүхэн ургац хураалтын үеэр Жаргалантад очиж сурвалжлаарай. Маш их төмс хаягддаг.

Төмсөө хурааж авмаар байна. Хураасныхаа дараа төмсний үйлдвэрлэлээ төрөлжүүлж хөгжүүлмээр байна.

-Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг. Нөөцийн сав, агуулахууд бэлэн үү?

-Үр тариа хадгалах элватор, савнууд бол гайгүй боломжийн шүү. Жилд манайх 40-50 хувийн дүүргэлттэй л явж ирсэн. Хамгийн дээд тал нь 70 хувийн дүүргэлттэй л байсан. Дараа жилээс өөрсдөө үрийн асуудлаа маш сайн бэлтгэж авах шаардлагатай байгаа. Үрээ дотооддоо 100 хувь хангадаг, чанартай, стандартын үрийг технологит хугацаанд нь аваад түүнийг стандартын дагуу хадгалах нь чухал. Дотооддоо нутагшсан үр гэдэг бол дараа жилийн тариалалтын хамгийн том бэлтгэл болдог. Ирэх гурван жил их гайгүй харагдаад байгаа шүү.

-Тариаланчид “Цочир хүйтрэл нь гайгүй өнгөрөөсэй” гэцгээж байна?

-Тэрнийхээ хэрээр илүү хөрөнгө зарчихсан, тэр хэрээр л илүү эрсдэл үүрцгээчихсэн байж байна. Тариаланчид удам дамжсан тариаланчид. Эд маань гантай жил ч тарьж л байдаг. Өчнөөн жил ургац алдаж, хамаг юмаа барсан ч дараа хавар нь яаж ийгээд л дахиад л тариад явж л байдаг хүмүүс. Энэ бол нэг талаар хувь хүмүүс, иргэн хүний ажил боловч нөгөө талаараа Монгол Улсын стратегийн хүнс. Тариаланчид өөрсдөө үндэсний баялаг болчихоод байна. Үндэсний үйлдвэрлэл, үндэсний тариаланчид бол яалт ч үгүй Монголын баялаг. Энэ хүмүүс сөхрөөд уначихвал бид гаднаас нэг килограмм гурил, төмсийг хичнээн мянган төгрөгөөр худалдаж авах вэ хэмээлээ. Ногоочдын хувьд таатай цаг агаар ивээлээ хайрлаж ахиухан ургац хурааж, эхнээс нь худалдаанд гаргачихаад байна. Ногоочдын зүгээс “Бид төр засгаасаа байнга юм гуйж, шаардаад байдаггүй. Биднийг жилдээ ганц л анхаарчих. Тарьсан ногоогоо тайван сууж байгаад зарчих талбай, лангууг нь гаргаад өгчих. Өөр хүсэх юм алга” гэсэн хүсэлт гаргаж байгаа юм байна.

– Тус аймгийн хэмжээнд улаанбуудайн тариалалт 107, тосны ургамлын тариалалт 203 хувиар тус тус давж биелжээ-

Н.Гантулга: Энэ их чийгийг дагаж сүүлийн 30-ааджил дэгдээгүй чийгний мөөгөнцөр өвчин гарч байна

Төв аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар (ХХААГ)-ын дарга Н.Гантулгатай ярилцлаа. Тэрээр хэдхэн хоногийн өмнө тариалангийн бүс нутгуудаар явж, нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцаад иржээ.

-Тариалангийн бүс нутгуудаар цаг агаар хэр байна?

-Одоогоор хүйтэрсэн юм алга. Гайгүй байна. Наймдугаар сарын сүүлийн арван хоногт цаг агаар хүйтэрнэ гэсэн тийм чигтэй байна. Наймдугаар сарын 9-нөөс намрын эхэн сар гарч одоо ургац хураалтын бэлтгэл ажил хангаад явж байна даа.

-Төв аймаг тариалалтын төлөвлөгөөнүүдээ давуулан биелүүлжээ?

-Аймгийн Засаг дарга, ХХААХҮ-ийн сайдтай гэрээ байгуулдаг. Уг гэрээний хүрээнд Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар аймгийн Засаг даргатай гэрээ байгуулдаг. Энэ гэрээнд тусгасан хэмжээг давуулан биелүүлсэн гэсэн үг.

-Та саяхан хөдөөгүүр яваад иржээ?

-Энэ жил цаг агаарын таатай нөхцөл бий болсон. Хур бороо цагтаа буусан, тариалалт эрс нэмэгдсэн. Төв аймгийн хэмжээнд анх удаа 40 мянган га талбайд ногоон тэжээл тарилаа. Улаанбуудай 67 мянган га талбайд тарилаа. Хүнсний ногоог 1600 га талбайд тарилаа. Төмсийг 12500 га талбайд тарилаа шүү дээ. Улаанбуудай, ногоон тэжээл, овьёос, хүнсний ногоогоо нийт 80 гаруй мянган га талбайд тариаллаа. Хур тунадас арвинтай жил шавьж хорхой, чийгний мөөгөнцөр өвчин гардаг юм байна. Сүүлийн гучаад жил ийм зун цөөхөн байлаа. Энэ их чийгийг дагаж сүүлийн гучаад жил гараагүй айхавтар өвчин гарч байна. Сэлэнгэ аймагт л гэхэд 60-аад мянган га талбай энэ өвчинд өртсөн гэсэн мэдээлэлтэй байна. Харин манай Төв аймгийн хувьд энэ тал дээр харьцангуй бага.

Улсын хэмжээний төмсний 67 хувийг Төв аймаг дангаараа хангадаг. Аймгийнхаа төмсний 70 гаруй хувийг хангадаг Жаргалант сум маань энэ жил 9900 га талбайд төмс тарьсан. Энэ төмснөөс нэлээд хувь нь шавьжинд идүүлсэн, болцоосоо өмнө навч нь шарлаж унаж байна. Шавьжнаас сэргийлэх хор, бордоо нь хил гаалийн асуудлаас болж саатаад байна. Хугацаа алдаж орж ирж байгаа зэрэг асуудал үүсээд байна. Ийм зүйлүүд бас байна аа. Гэхдээ энэ жил ургацын нөхцөл байдал дажгүй байна. Манай аймгийн хэмжээнд Ажлын гурван хэсэг гараад үр тариа, хүнсний ногоо, ногоон тэжээлийн ургац тогтоох, ургацын урьдчилсан баланс гаргахаар ажиллаж байна. Энэ сарын 20-ны дотор бид ургац тогтоолтыг урьдчилсан байдлаар тогтоож мэдээллийг харьяа яамандаа өгнө.

-Мөндөр унах вий гэсэн болгоомжлол байна?

-Мэр сэр мөндөр унасан тохиолдол байгаа. Гэхдээ албан ёсоор айхавтар эрсдэлд орохоор хэмжээний мөндөр унасан юм одоогоор манай аймгийн хэмжээнд алга байна. Урьдчилсан прогнозоор, долоо долоо хоногоор, 2-3 хоногоор цаг агаарын байдал өөрчлөгдөж байна. Сүүлийн мэдээгээр наймдугаар сарын сүүлийн арав хоногт жаахан хүйтэрнэ гэсэн, одоогоор дундаж температур шөнөдөө нэмэх 10 хэм хүрч байна. Тэгэхээр цаг агаар харьцангуй гайгүй болов уу гэж бодож байна.

-Үр сонголтын тал дээр энэ жил анхаарчээ, танай аймаг?

-Энэ жил манай аймагт “Үр шинэчлэлийн аян”-ыг сайн зохион байгуулсан. Аймгаас хөрөнгө гаргаж, тариаланчдадаа 300 тонн Элит үр өгсөн. Төв аймгийн хэмжээнд барьж буй гол бодлогуудын нэг бол үр шинэчлэлийн ажил. Дээр нь яамнаас хүнсний ногооны үрийг 80 хувь хөнгөлж, 20 хувийн үнэлгээтэйгээр тариаланчдад өгсөн нь нүдээ олсон ажил болсон. Үүний дагуу жишээ нь сонгино дээр л гэхэд 40 сая төгрөгийн урьдчилгааг Аймаг хөгжүүлэх сангаасаа гаргаж тариаланчдаа дэмжсэн гэлээ.

Уулзсан албаны хүмүүс болоод тариаланчдын хувьд цаг агаарын элдэв үзэгдлээс илүүтэй ажлын хүч нэн шаардлагатай байгаа тухай, ургац хураалтын үеэр ирж ажиллах хүмүүс эрэлттэй байна гэдгийг хэлж, захиж байлаа.

Categories
мэдээ утга-зоxиол

Т.Цэрэнлхам: “Баян хүн бүр хулгайч, луйварчин биш. Тэд чамаас илүү хөдөлмөрлөсөн” гэдэг санаа өгөхийг зорьж үлгэрээ бичдэг

Утга зохиолын ажилтан, үлгэрч Т.Цэрэнлхамтай ярилцлаа.

-Одоо үед зохиолч, яруу найрагчид ихэвчлэн роман, өгүүллэг, тууж, яруу найргийн төрлөөр уран бүтээл туурвиж байна. Харин та үлгэр бичдэг?

-Би багаасаа үлгэр бичих сонирхолтой байсан. Харин хэрхэн, яаж бичих билээ гэдгээ сайн мэддэггүй байлаа. Энэ мөрөөдөл маань намайг утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжлийг сонгоход онцгой нөлөөлсөн шүү. Нэг үеэ бодоход хүүхдийн уран зохиол шинэ шатанд гарах төлөвтэй. Шинэ мянганы эхэн үед хүүхдийн уран зохиолын дутагдалд орчихсон байсан юм болов уу гэж боддог юм. Тэр дундаа үлгэр. “Үүлэн бор”, “Монгол ардын үлгэрүүд” гээд хэдхэн үлгэрээр үлгэрийн ертөнцийг төсөөлдөг байлаа. Иймээс л үлгэр бичихээр сэтгэл шулуудсан.

-Үлгэр бол ардын аман зохиол. Амнаас ам дамжигдсаар ирдэг уран зохиолын төрөл зүйл. Үлгэр баяжиж, үлгэрийн сан арвиждаг нэг үндэс нь үлгэрч, үлгэрийн зохиолчид байдаг болов уу?

-Тийм шүү. Бидний өвөө, эмээ лаагаа бариад галаа тойруулж хэдэн хүүхдүүдээ суулгаад л үлгэр домог ярьдаг байлаа. Тэр нь орчин үеийн подкаст юм уу даа. Ам дамжин яригдаж ирсэн үлгэр домог байхаас гадна өөрсдөө сонссон дуулснаа эвлүүлж хачирлаж ярьдаг байсан нь баяжигдаж явсаар үлгэр болдог. Тэгэхээр үлгэр бол хязгааргүй арвин сэдэвтэй дундаршгүй далай. Тэр далайг байнга сэлбэж байх цутгалан бас хэрэгтэй. Тэр ч утгаараа нэг хэсэг нь байхыг хүссэн юм.

-Тэгэхээр таныг үлгэр, өвөө, эмээ тань үлгэрч болох замыг тавьж өгчээ?

-Би хүүхэд байхдаа зуныхаа амралтаар хөдөө явдаг байлаа. Хонь малаа хотлуулчихаад нэг гэртээ цуглаад өөхөн тосон дэнлүүгээ бариад л үлгэр ярьдаг байлаа. Манай том авга ахын гэргий Бундуу буурай бол үлгэрийг гайхалтай ярина. Ярьсан бүхэн нь нүдэнд харагдаж сэтгэлд хоногшино. Тэр өдрөө л төсөөлөлдөө кино үзчихсэн мэт болдог байлаа. Тэр үлгэртэй үдшүүд намайг үлгэр бичихэд маш ихээр нөлөөлсөн.

-Үлгэр сонсох нь хүүхдийн хүмүүжилд ямар ач холбогдолтой вэ?

-Сүүлийн үед би хүүхдийн хүмүүжилд их санаа зовдог юм. Хүүхдээ хүмүүжүүлж чадсан улс хөгждөг байх гэж би боддог. Үлгэр бол хүүхдийн хүмүүжилд маш чухал нөлөө үзүүлдэг. Хүүхэд төвлөрч, сууж, тууштай байж сурна. Эцэг эхийн хэлж ярьж чадахгүй байгаа санааг хүүхэд үлгэрээс олно. Мэдэхгүй байгаа асуултдаа хариулт авна. Оюун ухаан тэлнэ. Маш олон талын чухал ач холбогдолтой.

-Та одоогоор хичнээн үлгэр зохиогоод байна. Үлгэрүүдийн тань нэрийг сонирхож болох уу?

-Би гурван маамаатай. Нэг хэсэг үлгэрээ бичээгүй. Одоогоор надад 20 орчим үлгэр байна. Нэрний хувьд Монгол нэрээ илүү өгөхийг хичээдэг. “Өрөмхөн гүнж”, “Дагина сахиус”, “Ухаарал”, “Ариун үйлст хүүгийн үлгэр”, “Алимны мод”, “Хамгийн гайхамшигтай бэлэг” гээд хэд хэдэн үлгэр бий.

-Таны үлгэрт ажил хөдөлмөр, чин сэтгэл, сайхан сэтгэлийн тухай гардаг юм билээ?

-Тийм ээ. Сүүлийн үеийн хүүхдүүд залуучууд их залхуу болсон юм шиг санагддаг. Гэхдээ хичээнгүй мундаг залуучууд олон бий л дээ. Миний үлгэрт сайхан сэтгэл, ажилсаг зан, хичээнгүй байдал, тууштай чанараа өнгөлж зүлгэж яваарай гэсэн санаа байдаг. Ихэнх үлгэрүүд ажилсаг байхыг сургасан.

-Таны үлгэр Ерөнхийлөгчийн ивээл дор зохиогдсон “Чингисийн билиг” сургаалт үлгэрийн уралдаанд шалгарч, Төрийн ордонд шагнал гардаж авч байсныг тань санаж байна?

-Би 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан “Чингисийн билиг” сургаалт үлгэрийн уралдаанд “Ариун үйлст хүүгийн үлгэр”-ээр оролцож шалгараад төрийн ордонд шагнал авч байлаа.

-Социализмын үед үзэл суртлын хар сүүдэр туссан нэг зүйл бол Монгол ардын үлгэр. Бүх үлгэрт шунахай ноён, сувдаг баяны тухай өгүүлдэг. Ядуу, дорой хүү тэднийг ялан дийлж буйгаар төгсдөг. Үлгэрийн энэ нөлөөгөөр одоо монголчууд өөрөөсөө илүү, өөрөөс баян, чинээлэг хүнийг үзэн яддаг, ядуу ардын хүүхэд тэднээс илүү гэж явцуурдаг хандлага билээ л дээ. Та үүн дээр ямар бодолтой явдаг вэ?

-Энэ санаа ямар ч үлгэр, зохиол бүтээлд байж л байдаг. Тэр нь уншигч, үзэгчдэд их таалагддаг. Түүнээс гадна нийгмийн хандлага ерөөсөө баян хүнийг үзэн ядах, сэтгэлгээ хүүхэд байхаас нь суучихсан. Яагаад гэвэл тэр санаа үлгэрээр зогсохгүй зохиол бүтээлд нийтлэг болчихсон. Миний үлгэрт баян ядуу хамаагүй, хэн хөдөлмөрлөнө, тэр үр шимийг нь хүртэнэ гэсэн санаа зонхилно. Баян хүн бүр хулгайч луйварчин биш. Тэд чамаас илүү хөдөлмөрлөсөн байна гэдэг санааг л өгөхийг зорьж үлгэрээ бичдэг дээ.

-Мөн сүүлийн үеийн сурах бичигт орж буй үлгэрүүдэд ээж нь аавыг нь алж буй, хүмүүсийг гэртэй нь шатааж байгаа тухай хээвнэг өгүүлсэн байдаг. Үлгэрт хүртэл ёс зүй байдаг шүү дээ?

-Би саяхан хамгийн харгис монгол ардын үлгэрүүд гээд нийтлэл уншлаа. Аавынхаа толгойг хагалаад алчихдаг, архи уудаг, хүн зоддог гээд бүхий л болохгүй бүтэхгүй зүйл гарч байх юм. Нөгөө хүүхэд хүмүүжүүлэх философи байхгүй.

Харин ч тэгж болно гэсэн маягтай. Нөгөө талаар мэргэжлийн биш хүмүүс мөнгө олох зорилгоор өөрсдийнхөө хар ярианы үг хэллэгээр ном бичээд, өнгө будагтай зургаар халхлаад ном гаргадаг болсон нь урлаг, уран зохиол хийгээд хүүхдийн уран зохиолыг булшлаад байгаа нь эмгэнэлтэй санагддаг. Гэсэн ч чансаатай зохиолууд ч мөн төрөн гарч байгаа нь бахархууштай.

-Таны үлгэрийг нөхөр тань хүүхдэдээ уншиж буй бичлэгийг сошиалаас харлаа. Танайх үлгэрч гэр бүл бололтой?

-Хүүхдүүддээ үлгэр уншиж өгөхийг их хичээдэг. Манай гурван хүүхэд миний үлгэрүүдийн анхны уншигч. “Тэр нь надад гоё санагдлаа, тэр хэсэг нь их аймаар байна” гэх зэргээр шүүмж хэлдэг. Хүүхдүүдийнхээ санааг тусгасны дараа үндсэн үлгэр маань гарч ирдэг. Манай хүүхдүүд миний “Ухаарал” гэдэг үлгэрийн улаан шүтэн бишрэгчид.

-Үлгэр бичихдээ баримталдаг зарчим тань юу вэ?

-Хүүхдүүд миний үлгэрийг уншаад нэг ч гэсэн сайхан санаа өөртөө тусгаж аваасай. Зөв хүмүүжилтэй болоосой. Ажилсаг, хичээнгүй иргэн болоосой гэж хүсдэг. Тиймдээ ч ажил хөдөлмөрийн үр шим ямар үнэтэй вэ гэдэг санааг ерөнхийдөө агуулдаг. Үлгэрээ бичихийн хувьд ямар нэгэн зарчим дүрэмд баригдахгүй бичдэг. Есөн үлгэртэй ном эмхэтгээд бэлэн болгочихсон. Хэвлэлтийн зардлаас шалтгаалаад гаргаж чадахгүй хүлээлтийн байдалд байна.

-Та МУБИС-ийн Монгол судлалын сургуулийг дүүргэжээ. Танай сургуульд ардын аман зохиол, хүүхдийн уран зохиолоор дагнасан нэртэй багш нар хичээл заадаг. Мэдээж танд нөлөөлсөн, үлгэрт хөтөлсөн багш нараа дурдах нь зөв болов уу?

-Би МУБИС-ийн Монгол судлалын сургуулийг Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжлээр дүүргэсэн. Багш нараараа их бахархдаг. Оюунбадрах багш маань хүүхдийн уран зохиол, эртний уран зохиол заадаг байлаа. Чүлтэмсүрэн багш маань ардын аман зохиол, Хөвсгөл, Сүхбаатар гээд олон сайхан багш нараа дурдахгүй өнгөрч болохгүй. Миний уран бүтээл туурвих, үлгэр бичих эхлэлийг багш нар маань тавьж өгсөн.

-Таны санаанаас гардаггүй ямар үлгэр байдаг вэ?

-“Наран хатан”, “Эрийн сайн Хан харангуй”, “Үүлэн бор”, Г.К.Андерсений “Шүдэнз зардаг охин” гээд үлгэрүүд бий дээ.

-Багадаа Орос ардын үлгэр хэр уншдаг байв. Тэнэг Иван, пийшин, эмгэн шулам, Василиса бол та бидний хувьд танил дүр, ахуй шүү?

-“Үүлэн бор” номыг дахин дахин уншдаг байлаа. Одоо ч хүүхдүүддээ санал болгодог.

-Гэхдээ таныг Монгол ардын үлгэрт илүү дуртай байсан болов уу гэж бодож байна?

-Тийм шүү. Би Монгол ардын үлгэр гэхээсээ илүү баатарлаг тууль их уншдаг байсан. Эмээгийнд маань нэг зузаан ном яваад л байдаг байлаа. Заримдаа эмээ урд хойноос нь аваад л гал асаачихна. Гэсэн ч зузаан хэвээрээ. Нэг өдөр юун ном юм бол гэж сонирхоод л шууд дурлаж эхэлсэн. Хамгийн хайртай ном минь болж билээ. Тэр нь баатарлаг туульсын эмхэтгэл байсан.

-Хүмүүс таныг үлгэр бичдэг гэхээр хэрхэн хүлээж авдаг вэ. Ер нь үлгэр бичдэг хүмүүс ховор байдаг?

-Зарим хүмүүс үлгэр бичдэг гэхээр гайхдаг шүү. “Яагаад заавал үлгэр гэж” гээд л хачирхдаг. Зарим нь “Ямар гоё юм бэ, үлгэр бичдэг хүн байдаг юм уу” гээд л янз янзаар хүлээж авдаг даа.

-Таны “Алимны мод” номыг уншсан. Гэтэл та энэ номныхоо дараа хашаандаа алимны мод тарьсан гэсэн байх аа?

-2018 онд “Алимны мод” нэртэй анхны үлгэрийн номоо хэвлүүлсэн. Тэгээд л гэнэт алимны мод тарих санаа төрсөн дөө. Алимны мод бол үр хүүхдэдээ өвлүүлдэг хөрөнгө болохоор надад болмоор санагдсан. Ингээд л үлгэрээ бодит болгосон доо.

УХААРАЛ

(Үлгэр Т.Цэрэнлхам)

Төрөхийн цагт хайрлан өргө

Торнихын цагт үлгэрлэн асар

Өсөхийн цагт сургамжлан хүмүүжүүл

Өөрийнх нь цагт хөдөлмөрт даатга.

Эрт урьд цагт нэгэн залхуу хүү байж. Хүү ажил хийх, алхах гишгэх дургүй бөгөөд унтаж хэвтэх, ууж идэх дуртай нэгэн. Аав ээж нь түүнд ихэд санаа чилэх тул хэрхэн ажилсаг шударга нэгэн болгох вэ хэмээн өдө,р шөнөгүй бодол болно. Ингээд аргаа барсан эцэг, эх нэгэн өдөр бурхандаа идээ будааны дээжээ өргөж, зул хүжээ асаан хүүгээ сайн хүн болгож өгөхийг гуйн залбирчээ. Маргааш өглөө нь хүү унтаж унтаж үд болохын хэрд босч ирээд хоол нэхэх гэтэл орных нь өмнө ширээн дээр элдэв зүйлийн амттан, идээ будаа, хоол цай өрөөтэй байх юм. Хүү бага зэрэг гайхсан боловч амттанаас гэдсээ хагартал идэж аваад буцаад унтаад өгчээ. Энэ байдлаар хэдэн хоног өнгөрөв. Аав, ээж хоёр нь ч ажил хий, амьдралаа бод гэж ч үглэхээ байж. Тансаглал, залхуурлын дээдийг үзүүлэв. Жил өнгөрлөө. Хүү залхуурч хэвтсээр л байв. Түүний бие нь мантуу шиг хөөн таргалжээ. Тарганаасаа болоод босч ч чадахаа болив. Өдөр өнгөрөх тусам толгой нь өвдөж, сүүлдээ хөл, гар, дотор эрхтэн нь өвддөг болов. Ингээд бүх бие нь өвдөж шархирахын цагт түүнийг авахаар залхуурлын хаан хажууд нь иржээ.

Залхуурлын хаан: Залхуу, тарган гахай минь бос, явах цаг боллоо гэхэд хүү айж сандран – Хаашаа явах гэж байгаа юм бэ? Түүний оронд та намайг энэ их өвчин зовлонгоос салгаж өгөөч, би таны хэлсэн бүгдийг хийе гэж гэнэ. Залхуурлын хаан: Чи өөрөө л өвдөж зовохыг сонгосон. Одоо өнгөрсөн. Залхуурч хэвтэх, зай завсаргүй идэхийг чинь хараад бурхад уйлж, чөтгөр инээж байсан шүү дээ. Энэ өдрийг их удаан хүлээлээ. Одоо аав, ээжийг чинь оруулж ирээд чамайг аваад явна. Түүний өмнө чи аав, ээжийгээ нэг сайн хараад ав. Дараа нь өөрийгөө хар. Тэгээд хамт явна аа гэж гэнэ. Хүү битгий авч яваач гэж балмагдан бархирч байтал аав, ээж хоёр нь орж ирлээ. Ээж нь түүний хажууд ирээд миний хүү одоо яв даа. Хүний орчлонд чи ихэд жаргалаа. Гомдол байхгүй гэж гэнэ. Хүү аав, ээж хоёрыгоо харвал тэд өнгөлөг жавхаалаг залуугийн гоо сайхнаа огтхон ч алдаагүй байжээ. Ингээд өөрийгөө толинд харвал гахайнаас тарган хаван, хавдар нүүртэй, арьс нь сул унжсан аймшгийн муухай хөгшин өвгөн болон хувирсан байв. Хүү уйлан та хоёр ийм залуу сайхан байхад би яагаад ийм муухай өвгөн болчихоо вэ гэвэл залхуурлын хаан -Аргагүй шүү дээ. Аав ээж хоёр чинь чамайг тэжээх гэж өдөр шөнөгүй ажилласан, харин чи зөвхөн идэж ууж, унтаж хэвтсэн, одоо хоёулаа явъя хэмээн хүнд ташуураараа хүүг ороолготол хүү бархиран орилж орь дуу тавин босон харайлаа. Хүү зүүдэлсэн байжээ. Ухасхийн боссон даруйдаа сэрээд харвал амттан шимттэн өрөөтэй тансаг ширээ өмнө нь байв. Хүү гүйж гараад аав, ээжийгээ дуудан оруулж ирээд хамт цайгаа уугаад тариа ногооны ажил, талх боовны үйлдвэртээ цаг наргүй ажиллаж, хэдэн жилийн дараа өөрийн эзэнт улсыг бүтээсэн мундаг залуу болж амар сайхандаа жаргажээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

МАН-ын эрх барьсан зургаан жилийн хугацаанд мах, цагаан будаа, ургамлын тос, ам.доллар, шатахууны үнэ хамгийн их өсчээ

“Өдрийн сонин”-ы даваа гариг бүрийн арын нүүрт “Үнэ, ханш” булан гардаг. Өнгөрсөн долоо хоногт өргөн хэрэглээний барааны үнэд хэрхэн өөрчлөлт орсныг энэ булангаас харж болдог.

Нийслэлийн Статистикийн газраас Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт байрладаг 17 хүнсний зах, худалдааны төвд 36 нэр төрлийн хүнсний бараа, бүтээгдэхүүний үнэд ажиглалт хийж өөрчлөлтийг долоо хоног бүрээр танилцуулдаг.

“Өдрийн сонин”-ы 2016-2021 оны наймдугаар сарын эхний даваа гаригуудад нийтлэгдсэн “Үнэ, ханш” буланд ажиглалт хийж, он оноор нь харьцуулахад юмны үнэ яаж өссөөр байгааг харж болохоор байна. Сүүлийн зургаан жилийн хугацаанд гурил, мах, түлш шатахуун, хүнсний бүтээгдэхүүн, хүнсний ногоо, ам.доллар, рубль, юанийн үнэ ханш хэрхэн нэмэгдсэнийг та дараахь хүснэгтээс дэлгэрэнгүй сонирхоорой.

Хүснэгтээс харахад, махны үнэ сүүлийн зургаан жилийн дотор нэг дахин нэмэгджээ. 2016 оны наймдугаар сард 5300 төгрөгийн үнэтэй байсан хонины ястай мах өнөөдөр 12 мянган төгрөг даваад байна.

Цагаан будаа 2016 онд нэг килограмм нь 2000 төгрөг байсан бол өнөөдөр 4000 төгрөг хүрчихсэн. Зургаан жилийн өмнө 3200 төгрөгийн үнэтэй байсан ургамлын тос 5000 төгрөг болчихсон. Аи-92, 93 бензин 2016 онд 1530 төгрөг байсан бол өнөөдөр 2050 төгрөгт хүрчихээд байгаа билээ. Ам.долларын ханш 2016 оны наймдугаар сард 2073.09 төгрөгтэй тэнцэж байсан бол өнөөдөр 2849.12 төгрөгтэй тэнцэж байна.

Энэхүү ажиглалтаар МАН-ын эрх барьсан зургаан жилийн хугацаанд бүх юмны үнэ өссөн байна. Тэр дундаа махны үнэ тэнгэрт хадаж, цагаан будаа, ургамлын тос, ам.доллар, шатахууны үнэ хамгийн их өсчээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Доллар олох бүх сувгаа хаачихаад “Доллар үнэтэй байна” гэж гоншигнохоо боливол яасан юм

Монголбанкны энэ сарын 1-ний өдрийн ханшаар ам.доллар 2849 төгрөгтэй тэнцэж байна.

Монгол Улсын эдийн засаг цар тахлын улмаас хумигдаж, бүхий л бүтээн байгуулалт зогсож, угаас үйлдвэрлэгч биш улс учир гаднаас хараат байдалд улам лав орчихоод байна. Харин уул уурхайн хэдэн газар, үйлдвэр л монголчуудын аминд орж байгаа нь голтой үнэн. Сүүлийн хоёр жилд уул уурхайгаас олсон ашгаар л монголчууд ковидын үед амь зууж, халамжлуулж байгаа. Гэтэл бодит үнэн нь энэ атал уул уурхайг ад үзсэн хэвээр, гадны хөрөнгө оруулалтыг хөөсөн янзаараа. Дэлхий биш юм аа гэхэд Ази тивдээ ядаж нэг бүтээгдэхүүнээрээ толгой цохиж, экспортоо бүрдүүлдэг байсан бол бас яая гэхэв. Гэтэл уул уурхайгаас хараат мөртлөө тэр салбарыг, хөрөнгө оруулагчидтай нь үзэн ядаж, сошиалаар шүлсээ үсэргэсээр. Аливаа улсын эдийн засагт гадны хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай байдаг олон шалтгаан бий. Хэрвээ бид зарим улстөрчдийн яриад байгаа шиг өөрсдөө эдийн засгаа дотоодын нөөц бололцоогоо ашиглаад босгоно гэвэл наанадаж 100 жилийн хугацаа зарцуулна. Энэ бол асар хурдацтай хувьсан өөрчлөгдөж, хөгжиж буй дэлхийгээс хоцорно гэсэн үг. Харин гадны хөрөнгө бол эдийн засгийг богино хугацаанд эрчимжүүлдэг зүтгүүрийн үүрэг гүйцэтгэгч хүчин зүйл.

Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтын таатай орчинтой, хоёр том зах зээлийн дэргэд оршдог гэх мэт хөрөнгө оруулагчдын анхаарлыг татах давуу тал олонтой. Ажиглагчид “Сүүлийн жилүүдэд Монгол Улсын гадаадын хөрөнгө оруулагчид руу хандсан хууль эрх зүйн орчин, татварын нөхцөл нь ахицтай байгаа ч тогтвортой бодлогогүй байдал нь хамтран ажиллахад ихээхэн түвэг чирэгдэл учруулдаг” гэж дүгнэсэн. Төрийн залгамж чанар, төрийн байгууллагуудын уялдаа холбоо муу, хүнд сурталтай, авлигад дуртай, дарга нар нь худалч, хэлсэндээ хүрдэггүй зантай учир хөрөнгө оруулагчид Монголоос нүүрээ буруулсан. Хөрөнгө оруулалт хийхээр ирсэн хөрөнгө оруулагчид байн байн солигддог дарга нарын аяыг олох гэж дунд нь хайран цагаа үрдгээс манайд хөрөнгө оруулахаас залхсан гэж ярьсан удаатай. Ард түмэн яагаад ч юм уул уурхайд гадны хөрөнгө оруулалт хийхийг таашаадаггүй. Тэдний хувьд судалж, шинжилж, шинжлэх ухаанчаар тооцоолол гаргаад мэтгэж байгаа нь даанч үгүй. Сошиалаар явж буй мэдээллийн хүрээнд л ойлголттой. Түүгээ урдаа бариад л дайрчихдаг. Үүн дээр улстөрчид нь оноо авах гэж, саналыг нь хүртэх гэж тоглолт хийж эхэлдэг. Гадаадын хөрөнгө оруулалт, хамтарсан төслийн талаар ямар ч тооцоо судалгаагүй, баримжаагүй юм ярьж, дур зоргоороо мэдэгдэл хийдэг улстөрчид Төрийн ордноор дүүрэн. Жишээ нь, Оюу толгойг шүүмжилж, эсэргүүцвэл ард түмэнд таалагдаад гишүүн болчихдог гэдэг логикийг баримталдаг улс төрийн хүрээнийхэн бий. Тэднийг ийм зүйл хийлгэж буй, ийм боломж олгож байгаа хүмүүс бол ард түмэн өөрсдөө.

Монгол Улсын хөгжил доогуур, өрсөлдөх чадвар сул байгаа энэ үед дотоод, гадаадын хөрөнгө оруулалт л биднийг чирэх хүч болно. Гадаадын хөрөнгө оруулалтыг дагасан хөгжлийг тодорхой дэмжих хүчин зүйлийг бий болгож, уул уурхайн томоохон төслүүдийг хэрэгжүүлж, эдийн засгаа төрөлжүүлэх замаар эдийн засгаа тэлж, иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх гарц хамгийн эхэнд байгаа. Улсаа хөгжүүлье гэвэл өөрсдөө өдөр шөнөгүй гарын алгаа цэврүүттэл хүрз, жоотуу барьж хөлсөө дуслуулах биш, харин гадаадын хөрөнгө оруулалт, зээл тусламжийг зөв зүйтэй авснаар богино хугацаанд зорилгодоо хүрэх боломжтой гэдгийг та бид хөгжилтэй орнуудын шилжилтийн үеийн түүхээс харж болно.

Уул уурхай дэмий, бид өөр замаар хөгжинө, бидэнд дотоод нөөц бололцоо бий гэж хий дэмий ярьж ажил уядаг хүмүүсээс асууя л даа. Ковидтой энэ хүнд хэцүү цаг үед Монгол Улсыг ямар салбар тэжээж, ард олныг өлсгөлөнд нэрвүүлчихгүй авч явна вэ?

Энэ оны эхний хагас жилийн сүүл буюу өнгөрсөн тав, зургадугаар сард гадаад валютын орох урсгал сайжирсан тал бий шүү. Чухам ямар хүчин зүйлсийн нөлөөгөөр валютын урсгал тодорхой хэмжээгээр орж ирэв гэхээр өнөө л монголчуудын ад үздэг уул уурхайн салбарын үр өгөөж байв. Коронавирусийн вакцинжуулалт дэлхий даяар хурдацтай явагдсаны үр дүнд томоохон эдийн засгууд сэргэснээр гадаад эрэлт нэмэгдэж, Монгол Улсын экспортын голлох түүхий эдийн үнэд эерэгээр нөлөөлсөн юм. Манай улсын экспортын гол бүтээгдэхүүнүүд болох зэс, нүүрс, төмрийн хүдрийн үнэ энэ онд арваас дээш хувиар өсөөд байна. Өнгөрсөн зургадугаар сарын байдлаар зэсийн үнэ 28, нүүрс 11, төмрийн хүдэр 14 хувиар тус тус өссөн.

Монгол Улсын экспортын 90 орчим хувийг уул уурхайн түүхий эд бүрдүүлдэг учир валютын ханшийн төлөв гадаад эдийн засаг дахь түүхий эдийн үнийн өөрчлөлтөөс ихээхэн хамаардаг. Цар тахлын дараа АНУ, БНХАУ болон бусад хөгжингүй улс орны эдийн засаг идэвхжиж, дэд бүтэц, бүтээн байгуулалт, түүн дотор ногоон хөрөнгө оруулалт ихээр хийгдэх хүлээлттэй байгаагаас түүхий эдийн үнийн дараагийн суперцикл эхэлчихсэн. Энэ таатай нөхцөл байдал Монгол Улсын экспортын голлох түүхий эд болох алт, зэс, төмрийн хүдрийн үнийн өсөлт үргэлжилж, цаашид ч хадгалагдахаар байгааг харуулж байгаа юм. Түүнчлэн манай орны экспортын хүчин чадлыг нэмэгдүүлэх томоохон төсөл хөтөлбөрүүд болох Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт болон Таван толгой-Гашуунсухайт, Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтууд ашиглалтад орсноор экспортын хэмжээ огцом нэмэгдэх хүлээлттэй байна. Мөн ойрын хугацаанд хүлээгдэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй бөгөөд дээр дурдсаны дагуу гадаад валютын дотогшлох урсгал нэмэгдэх төлөвтэй байна гэдгийг Монголбанкныхан мэдэгдсэн.

Бодит нөхцөл байдлын талаар эдийн засгийн шинжээч, ажиглагчид ийм зүйл ярьж байхад монголчууд өнөө л бурангуй үзлээрээ гадаадын хөрөнгө оруулагч, уул уурхайг үзэн ядсан хэвээр, түүн дээр нь улстөрчид сэгэн дээр овоорох хэрээ лугаа овоорч, улам дөгөөж тоглолт хийж, улсын эдийн засаг, хөгжлийг хойш нь чангаасаар байна. Үүний дүнд ам.доллар чангарсан.

Улстөрчид, эрх баригчид гэлтгүй монголчууд бүгдээрээ юу ч үйлдвэрлэдэггүй, юу ч бүтээдэггүй мөртлөө улс эх орныг нь чирч буй салбарыг хар, муйхраар няцааж, долларын урсгалыг оруулж ирэх бүх сувгийг хааж боож боочихоод одоо болохоор “Доллар үнэтэй байна” хэмээн гоншигнож буй нь илүүц. Гадаадын хөрөнгө оруулалт, уул уурхайг ад үздэг атлаа өөрсдөө доллар олох байтугай, ганц олигтой хадаас зорчихож чадахгүй байж мах шарж идээд, хөдөөгүүр “Приус”-ээ унаад тэнээд байхаар долларын ханш нэмэгдэхгүй гээд яахав.

Categories
мэдээ нийгэм

Л.Бямбасүрэн: Эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдэлээс иргэдээ хамгаалах нь манай салбарын санхүүжилтийн шинэчлэлийн гол зорилго

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэнтэй ярилцлаа.

Иргэнд үзүүлсэн эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээнийх нь төлөө бид эмнэлэг, эмнэлгийн байгууллагуудад гүйцэтгэлээр санхүүжүүлэлт хийдэг болсон-

-Манай улсын хувьд ЭМД-ын тогтолцоог 1994 оноос нэвтрүүлжээ. Өнгөрсөн онд энэхүү даатгалтай холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан нь эхнээсээ үр дүнгээ өгч байх шиг байна?

-Тийм ээ, Монгол Улсын хувьд бол эрүүл мэндийн даатгалын систем 1994 оноос хойш хөгжиж, нэвтэрч эхэлсэн. Урьд нь ажиглахад эрүүл мэндийн байгууллагууд маань нэг талдаа улсын төсвөөс санхүүждэг байсан, эмч, эмнэлгийн ажиллагсдын цалин хөлс, урсгал зардал, тогтмол зардлууд гэх мэтээр. Нөгөө талаасаа даатгалаас бас эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлснийхээ төлөө санхүүждэг байсан юм. Зүрх судасны цочмог өвчлөлүүд, яаралтай тусламж авах шаардлагатай өвчлөлүүд, тархины цус харвалт, зүрхний шигдээс, хорт хавдар, түлэгдэлт, хөлдөлт, жирэмсний хяналт, төрөлтийн үед иргэдээс тодорхой хэмжээний зардал гардаг байсан. Жишээ нь, зүрхний шигдээсийн үед нийт зардлын хорин таван хувийг иргэн өөрөө төлдөг байсан. Үүнийг түлэгдэлт дээр жишээгээр дэлгэрэнгүй тайлбарлая л даа.

-Ялангуяа бага насны хүүхдийн түлэгдэлт хүн бүрийн санааг зовоодог асуудал шүү дээ. Түлэгдсэн хүүхдээ аав, ээж нь олон сараар сахиж, хашаа, байшин, машин тэргээ хүртэл зарж үрж эмчилгээний зардалд нь нэмэрлэдэг байсан үзэгдэл саяхных шүү?

-Гүн түлэгдэлтэд арьс нөхөх мэс засал хийгддэг. Энэ эмчилгээний өртөг нь өөрөө өндөр. 40, 50 сая төгрөгийн зардал гарлаа гэж бодоход түүний 25 хувь буюу ойролцоогоор 10 сая төгрөгийг хүүхдийн ар гэр гаргадаг байлаа. Энэ зардлыг олохын тулд тухайн хүүхдийн эцэг эх нь хашаа, байшин, газар, унах унаа гээд зарж борлуулмаар бүх юмаа зарж, ах дүү нар нь нийлж мөнгө цуглуулдаг байсан тийм санхүүгийн эрсдэлтэй байлаа. Түүнчлэн зүрх судасны, тархины мэс заслын хагалгаанууд хийлээ гэхэд маш нарийн техник технологитой учир эмчилгээний 25 хувийг өвчтөний ар гэр төлнө гэхэд санхүүгийн өндөр дарамт болдог байв. Харин одоо энэ дарамтууд бүгд үгүй болсон. Өнгөрсөн жилийн наймдугаар сард УИХ-аас шийдвэр гаргаад Эрүүл мэндийн багц хуулиудад өөрчлөлт оруулж, эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн шинэчлэлийг хэрэгжүүлж эхэлсэн. Шинэчлэл энэ оны эхнээс хэрэгжээд явж байна.

Эрүүл мэндийн багц хуулиудад орсон өөрчлөлтийн хамгийн эхний жишээ бол хөнгөлөлттэй эм.

-Хөнгөлттэй эм авах гэсэн иргэд уртаас урт дараалалд зогсдог, хөнгөлөлттэй эм нь хүрэлцдэггүй, хайж байсан эм нь хөнгөлөгдөөгүй байдаг гэх мэт хүндрэл их гардаг байсныг хүмүүс мэдэж байгаа байх?

-Өнгөрсөн оны сүүлчээс хуулийн шинэчлэл хэрэгжээд хөнгөлөлттэй эмээр үйлчилдэг эмийн сангуудын хязгаарыг байхгүй болгосон. Эмийн сангуудад ерөөсөө хоёрхон шаардлага тавьдаг болсон. Тусгай зөвшөөрөлтэй байх, E-barimt системд холбогдсон байх. Ийм өөрчлөлт гарснаар иргэд одоо хөнгөлөлттэй эмэнд дугаарлаж зогсохоо больсон, сарын эхэнд заавал очих шаардлагагүй болж, сарын эцсээр эмийн санд очиход хөнгөлөлттэй эм нь байж байх нөхцөл бүрдсэн. 2019 оны амбулаторийн өвчлөлийн байдал дээр судалгаа хийсний үр дүнд иргэдэд ямар эмнүүд эрэлт, хэрэгцээтэй байгааг тогтоосон. Өмнө нь хэн нэгний эм хангамжийн байгууллагын шахалт, нэг газрын эрх ашигт нийцсэн эмийг шахаа маягаар хөнгөлөлттэй эмийн жагсаалтад оруулдаг байсан таагүй зүйл нууцгүй хэлэхэд байсан л даа.

Харин энэ байдлаас бид татгалзаж амбулаторийн нөхцөлд гэрээр эмчлэх боломжтой өвчлөлүүдийн үед хэрэглэх эмүүдийг сонгож өгсөн. Нэг үгээр иргэдийн дунд ямар өвчлөл давамгайлсан байна, тэрэнд нь тохирсон эмүүдийг сонгож авч хөнгөлсөн. Мэдээж амьдрал баян. Аливаа шинэчлэлд шилжилтийн үе гэж бий. Бүх юм шууд төгс болчихгүй. Зарим иргэдээс ирсэн саналуудыг харгалзан үзээд нэмэлт, өөрчлөлт оруулаад явсны үр дүнд өнөөдөр хөнгөлөлттэй эмтэй холбоотой гомдол, санал гарахаа больсон. Хүмүүс энэ шинэчлэлд маш сэтгэл ханамжтай байдаг юм байна лээ. Хөнгөлөлттэй эмийг зөвхөн ахмадуудад хамаатай гэж ойлгох нь бий. Амбулаториор гэрийн нөхцөлд эмчлэх боломжтой өвчлөлтэй бол хэн ч энэ үйлчилгээг авах эрхтэй.

Эмийн сан дээр бас нэг шинэчлэл хийсэн нь хөнгөлөлттэй эмээр үйлчлүүлж байгаа иргэн, уг эмийн цахим жор бичиж өгсөн эмч хурууны хээгээ уншуулдаг болсон. Эрүүл мэндийн цахим систем, даатгалын цахим систем хэрэгжиж эхэлснээс хойш хурууны хээ уншуулдаг энэ байдал бий болсон л доо. Хурууны хээ уншуулснаар тэр хүний эрүүл мэндийн мэдээллүүд цахим программд хадгалагдаж, сан үүсч байгаа юм. Манай энэ систем “Хур” системтэй холбоотой. Жишээ нь, Баян-Өлгий аймгийн Сагсай суманд амьдардаг нэг малчин Сумын эрүүл мэндийн төв, аймгийнхаа Нэгдсэн эмнэлэгт хурууны хээгээ уншуулж эмнэлгийн тусламж, үйлчилгээ авлаа, хөнгөлөлттэй эмээ авлаа гэж бодъё. Тэгвэл тэр бүх мэдээлэл нь уг системээр гараад ирнэ гэсэн үг. Тухайн иргэн хотод ирээд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авсан тохиолдолд урдах өвчлөлийн түүх цахимд хадгалагдсан байх учир үзлэг хийх эмчид дөхөм болно гэсэн үг.

-Хөнгөлөлттэй эмийг авахад хурууны хээ уншуулдаггүй байхад хүний регистрийн дугаарыг ашиглаад их хэмжээгээр эм авсан тохиолдол гарч байсан санагдана?

-Хэд хэдэн тийм тохиолдлыг Эдийн засгийн цагдаад өгч шалгуулсан л даа. Мөн сувиллуудад иргэний регистрийн дугаарыг ашиглаад Эрүүл мэндийн даатгалын сангаас мөнгө авдаг байсан асуудлууд ч байсан. Хурууны хээ уншуулдаг болсноор энэ асуудлыг бүрмөсөн зогсоож байгаа юм. Энэ мэтээр Эрүүл мэндийн багц хуулиудын шинэчлэлийн хүрээнд иргэд рүүгээ чиглэсэн ийм шинэчлэл, ажил их хийгдэж байна. Өнгөрсөн гуравдугаар сарын 1-нээс энэ шинэчлэл маань бас илүү өргөн хүрээгээр, бүрэн утгаараа хэрэгжиж эхэлсэн.

Гүйцэтгэлээрээ санхүүждэг болсон том өөрчлөлт гарсан. Урьд нь Эрүүл мэндийн даатгалын сан эмнэлгүүдийг санхүүжүүлдэг байсан бол одоо бид иргэн, даатгуулагчийн эрх ашгийг хамгаалж, тэдэн рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулж эхэллээ. Иргэн, үйлчлүүлэгчдэд үзүүлсэн эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээнийх нь төлөө бид эрүүл мэндийн байгууллагуудад санхүүжүүлэлт өгч байгаа юм. Үүнийг дагаад эрүүл мэндийн байгууллагууд маань ч гэсэн чадавхжих ёстой, хөгжих ёстой, эмч нар маань ч чадавхжих ёстой, тусламж үйлчилгээний чанар сайжрах ёстой юм.

-Та ярилцлагын эхэнд дурдлаа. Тархины цус харвалт, зүрхний шигдээс, хорт хавдар, түлэгдэлт, хөлдөлт зэрэг өвчлөлд хамтын төлбөргүй болсон гэж. Энэ бол иргэдийн хувьд төр засгаасаа олон жилийн турш хүсэн хүлээж байсан шинэчлэл шүү. Ялангуяа хорт хавдартай хүмүүс, тэдний ар гэрт энэ өөрчлөлт, шинэчлэл бодит үр дүнгээ өгч байгаа?

-Тэгэлгүй яахав. Хорт хавдар бол манайд нас баралтын хоёр дахь шалтгаан болж байна. Зүрх судасны шалтгаант асуудал бол нас баралтын нэгдүгээрт орж байгаа. Тэгэхээр энэ эрсдэлээс бид сэргийлэх, эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдэлээс иргэдээ хамгаалах нь ерөөсөө манай энэ салбарын санхүүжилтийн шинэчлэлийн гол зорилго байхгүй юу. Энэ чиглэлийг хийж өгсөн УИХ, Засгийн газар, Сангийн яаманд талархах ёстой. Гэхдээ үүн дээр манай эрүүл мэндийн зарим байгууллагын удирдлагууд сэтгэл дундуур байх шиг. Нөгөө хуучнаа л санагалзаад бэлэн санхүүжилт авчихаад яваад байх сонирхолтой. Энэ шинэчлэл иргэн, даатгуулагчдад дээр дурдсанчлан ач холбогдолтой байхаас гадна эрүүл мэндийн салбарт шинэчлэл бас их чухал ач холбогдолтой шүү. Энэ салбарынхны цалин хөлс дээр шинэчлэл гарах ёстой. Сая цалингаа нэмүүлье гэж нэлээд юм боллоо шүү дээ. Энэ салбарын санхүүжилтэд шинэчлэл хийгдсэнээр урьд нь төсвөөс тогтмол бэлэн авдаг, хүн болгон ижил цалин авдаг байсан байдлыг халж, хийснээрээ, гүйцэтгэлээрээ авдаг шударга зарчим руу шилжих гэж байна. Эмнэлгүүдийн ирүүлсэн гүйцэтгэлийн нэхэмжлэл дээр нь бид чанарын хяналт тавьж байж мөнгийг олгодог байх ёстой. Бид чанарын хяналт тавьж байж энэ санхүүжилтийг олгоно оо. Үүнийг л товчоор хэлэхэд гүйцэтгэлийн санжүүжилт гэж байгаа юм.

-Эрүүл мэндийн даатгал гэхээр иргэд ЭМД-ын цэнхэр дэвтрээр л төсөөлөөд байдаг. Гэтэл уг даатгал маш өргөн хүрээнд санжүүжилт олгож, иргэдэд тулгарч буй эрүүл мэндийн асуудлыг оновчтой шийдэж байгаа юм байна. ЭМД-д хамрагдсан иргэн эмнэлгийн олон тусламж, үйлчилгээ авдаг болжээ?

-Иргэд даатгалаа төлж, эмнэлэгт хэвтэж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байгаа шүү дээ. Эрүүл мэндийн байгууллагууд иргэн даатгуулагчид чанартай тусламж, үйлчилгээ үзүүлснийхээ төлөө ЭМД-ын сангаас санхүүжилт авдаг. Гэтэл эмнэлэгт хэвтэж байхад ямар нэг эм тариа тасарсан үед өвчтөнөөс тийм, ийм тариа гаднаас авчир гэдэг. Үүнтэй холбоотойгоор гомдол иргэдээс их ирдэг. Эрүүл мэндийн даатгалаа төлчихөөд эмнэлэгт хэвтэж байгаа хүнд тухайн эмнэлэг ямар нэг зардал гаргуулахгүйгээр тусламж, үйлчилгээгээ үзүүлэх ёстой. Үүн дээр бид арга хэмжээ авахаар үйл ажиллагаа, ажил маань эхэлж байна л даа. Өвчтөнд зайлшгүй хийх шаардлагатай эм тариа хэвтэж буй эмнэлэгт тухайн үед байхгүй байж болно. Тийм тохиолдолд ар гэрээс нь авчруулсан тэр эм тарианы мөнгийг зах зээлийн үнээр тооцож тухайн эмнэлэг иргэнд олгох ёстой. Ямар нэгэн нөхцөл байдлаас болж эм тариа тасарчихсан үед өвчтөний ар гэрээс эм тариа гаргуулсан бол дараа нь мөнгийг нь олгох ёстой. “Эмнэлэгт байхад танаас эм тарианы мөнгийг гаргуулчихаад буцааж өгөөгүй тохиолдолд манайд хандана уу” гэж бид иргэдээс лайваар асуусан л даа. Олон хүн хандсан. Бид тэр мөнгийг нь тухайн байгууллагууд руу нь шаардлага хүргүүлж гаргуулах болно. Манай ЭМДЕГ-ын гол зорилго бол иргэн даатгуулагчийн эрх ашгийг л хамгаалах ёстой. Иргэн даатгуулагчдад учирч байгаа тэр санхүүгийн эрсдэлийг л байхгүй болгох зорилготой ажиллаж байна.

-Эмнэлгүүд гүйцэтгэлийн санхүүжилт олгоогүй байна, ЭМДС-гаас мөнгө орж ирээгүй байна, тиймээс үйлчлэхгүй гэдэг үг унагадаг болжээ. Үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Зургадугаар сараар жишээ авъя л даа. Эрүүл мэндийн байгууллагууд зургадугаар сард үзүүлсэн тусламж үйлчилгээнийхээ гүйцэтгэлийн нэхэмжлэлийг долдугаар сарын 1-5-ны хооронд манайд ирүүлдэг юм. Бид зургадугаар сарын гүйцэтгэлийнх нь 70 хувьтай тэнцэх хэмжээний зардлыг буюу нэг үгээр урьдчилгааг тухайн эмнэлэгт долдугаар сарын 7-8-нд шилжүүлчихдэг. Тиймээс тэдгээр эмнэлгүүд “Даатгалаас мөнгө орж ирээгүй учраас бид тусламж үйлчилгээ үзүүлэх боломжгүй” гэж тайлбар хэлэх ямар ч үндэслэл байхгүй шүү. Зургадугаар сарынх нь гүйцэтгэлийн нэхэмжлэлийг үндэслээд бид наадмын өмнө, долдугаар сард үзүүлэх тусламж үйлчилгээнийх нь мөнгийг буюу 70 хувийг олгочихсон байгаа. Одоо наймдугаар сарын 1-5-ны хооронд долдугаар сарын гүйцэтгэл орж ирнэ. Тэгэхээр бид долдугаар сарын гүйцэтгэлийнх нь 70 хувийг наймдугаар сард үзүүлэх тусламж үйлчилгээнийх нь урьдчилгаа болгоод өгчихнө. Ийм учраас эмнэлгүүд тусламж үйлчилгээний зардал тасарсан, ирээгүй байна гэж ярьж болохгүй л дээ. Үлдэгдэл 30 хувийг тухайн сарынх нь 20 гэхэд шилжүүлдэг. Харин эмнэлгүүд, эмнэлгийн байгууллагууд цахимаар нэхэмжлэл явуулахдаа иргэний регистрийн дугаарыг буруу, зөрүү бичих, системийг сайн ажиллуулж мэдэхгүй байгаа байдлаас зарим нэг хүндрэл гарч байна. Тэгэхээр тухайн байгууллагууд өөрсдөө цахим системийн шинэчлэлээ сайн хийж байх хэрэгтэй.

-Хорт хавдрын асуудал манай нийгмийн хөндүүр сэдэв л дээ. Харин эмчилгээ, тусламж үйлчилгээг нь ЭМД-аар шийдэж байгаа нь олон хүний сэтгэлд нийцсэн ажил боллоо доо?

-Жилд 17 мянга орчим хүн хорт хавдар гэсэн оношоор эмчилгээ, үйлчилгээ авдаг статистик тоо байдаг. Жилдээ 6000 гаруй хүн шинээр оношлогддог, 4000 гаруй хүн хорт хавдраар нас бардаг харамсалтай тоо бий. Хорт хавдрын эмчилгээнд маш их зардал гардаг. Тухайлбал, бай эмчилгээ бий. Бай эмчилгээний үед ганцхан ширхэг эм тариа хийхэд дөрвөн сая төгрөг тухайн хүнээс гардаг байсныг одоо ЭМД-ын сангаас даадаг болсон. Энэ бол бас том үр дүн байгаа биз дээ.

-Тэгэлгүй яахав.

-Туяа эмчилгээ зэрэг ер нь хорт хавдрын бүх оношилгоо эмчилгээг даатгалын сангаас бүрэн хариуцдаг болсон. Иргэнээс төлбөр авдаггүй болсон. Мөн төрөлхийн гажгууд дээр хамтын төлбөргүй болгочихсон байгаа. “Сонгдо” эмнэлгийн “Зүрх мартахгүй” төслийг хүмүүс их мэддэг. Энэ төслийн хүрээнд үзүүлж буй тусламж, үйлчилгээг ч төлбөргүй, ЭМД-аас бүрэн даадаг болгосон. Эцэг эх, ар гэр нь хандивын аянаар мөнгө босгодог байсныг ЭМД ийнхүү шийдсэн нь дэвшил болсон.

Эрүүл мэндийн даатгал бол эв санааны зарчимдээр тулгуурлаж явдаг

-Ингэж ярихаар хүмүүс ЭМД-ын сан гэж хязгааргүй санхүүжилттэй, их мөнгө төвлөрүүлсэн газар байдаг гэж эндүүрмээр юм байна даа?

-Даатгалын сан бол хязгааргүй биш, хязгаартай. Улсын төсвөөс нэг хэсгийг нь өгч байна, мөн иргэдийн төлж байгаа эрүүл мэндийн даатгалын шимтгэлээс бүрдэж байгаа шүү дээ. Тэгэхээр иргэн, даатгуулагч иргэд маань ЭМД-аа маш сайн төлөх ёстой. 18 хүртэлх насны хүүхэд, тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй иргэд, хүүхэд өсгөн бойжуулж байгаа эцэг, эх, хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч, нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн, ял эдэлж байгаа ялтан зэрэг иргэдийн ЭМД-ын шимтгэлийг төр хариуцдаг л даа. Малчин, оюутан, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 44 хувь нь л ЭМД-ын шимтгэлээ төлдөг. Нөгөөтэйгүүр хүмүүс “Би олон жил ЭМД төллөө. Даатгалын үр шимээ эдэлсэнгүй. Би эмнэлгээр явдаггүй, өвддөггүй. Тиймээс даатгалд төлсөн мөнгөө буцааж авъя” гэх нь олонтаа. Үүн дээр нэг адилтгал, зүйрлэл хэлье л дээ. Өнөөдөр айл болгон машинтай. Машингүй айл бараг алга. Жил бүр жолоочийн албан журмын даатгал хийлгэдэг. Уг даатгалаа ашиглахгүй байх нь дийлэнх л дээ. Тэглээ гээд жолооч нар даатгалын мөнгөө эргүүлж нэхдэггүй шүү дээ. Тэгж нэхдэг хүн бараг байхгүй дээ. Гэтэл бид өөрийнхөө эрүүл мэндэд минь эрсдэл учрахвий гэдэг зорилгоор ЭМ-ийн даатгалаа төлж байгаа шүү дээ. Гэтэл даатгалын үр шимээ хүртсэнгүй, буцааж авъя гэдэг. Хэрэв даатгуулагч та даатгалын үр шимээ хүртээгүй бол сайн байна шүү дээ. Та эрүүл байна. Таны амьдралын хэв маяг зөв байна, эрүүл мэнддээ анхаардаг юм байна шүү дээ. ЭМД төлчихөөд тэр даатгалаа ашиглахгүй байгаа бол та сайн, эрүүл яваа юм байна гэж ойлгох хэрэгтэй.

Харин таны төлсөн шимтгэлийг өнөөдөр бусад өвчтэй хүмүүс ашиглаж байгаа юм шүү. Аав, ээж, өндөр настай хүмүүс, өвдөөд байгаа хамаатан садан, ах дүү нар тань ашиглаж байгаа учир та буян үйлдэж байна. Та шимтгэл төлснөөр бусад хүмүүст эрүүл байхад нь, энх тунх байхад нь хувь нэмэр оруулж байна. Бид ЭМД-ыг ингэж ойлгох ёстой. Өнөөдөр та бид эрүүл байгаа ч насны эцэст ертөнцийн жамаар өтөлнө, өвдөнө. Тэр үед бид залуучуудынхаа төлж буй даатгалын шимтгэлийг ашиглах байхгүй юу. Эрүүл мэндийн даатгалын шимтгэл бол эв санааны зарчим дээр тулгуурлаж явдгаараа онцлогтой. Тийм учраас бид эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг заавал төлж байх ёстой юм аа. Одоо ЭМД төлөхгүй явж байгаад насны эцэст гэнэт өвдөөд эмчилгээндээ 10 сая төгрөг төлөх шаардлага гарлаа гэхэд шууд гаргаад өгөх нь хэд билээ. Эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдэл байгаа гэдгийг бас хэлмээр байна аа.

-ЭМДЕГ лавлах утас ажиллуулж байгаа юм байна. Мөн сайт, пэйжээрээ даатгалтай холбоотой мэдээллийг тогтмол өгдөг болжээ. Лавлах утсанд иргэдээс ихэвчлэн ямар санал гомдол, асуулт ирж байна вэ?

-1800-1363 гэсэн лавлах утас 2019 оноос ажиллаж эхэлсэн л дээ. Уг лавлахад долоо хоногт 2000 гаруй дуудлага ирдэг. Зургаан оператор иргэдэд үйлчилж байна. Сүүлийн үед иргэдээс ирж буй асуултуудаас харахад миний хувьд их баярлаад байдаг юм. “Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ яаж төлөх вэ” гэдэг асуултууд их ирж байгаа. Энэ нь бидний ажил хүнд хүрч байгаа юм болов уу гэж бодож байна. Иргэд маань эрүүл мэндээ хамгаалахын төлөө боддог болж эхэлж байна шүү дээ. Дашрамд хэлэхэд, хүн болгон ухаалаг утастай болчихлоо шүү дээ. Е-daatgal гэж манай аппликэйшнийг утсан дээрээ суулгаарай гэж зөвлөе. Авах ёстой эрүүл мэндийн тусламж хүссэн бүх мэдээллүүд орчихсон байгаа. Мөн авсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээгээ бас харж болох боломжтойн зэрэгцээ ЭМД-ын шимтгэлээ хялбараар төлж болох зэрэг маш олон давуу талтай гэдгийг хэлье. Манай лавлах утсанд эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгтээ хэрхэн хамрагдах вэ гэсэн асуулт их ирж байгаа. Ний нуугүй ярихад иргэд эмчид очихоор “Эрүүл байж юуг нь үзүүлэх гээд байгаа юм” гэдэг юм байна. Одоо ингэж болохгүй ээ. Бид тэр эмнэлэгт иргэн даатгуулагч ирээд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэгт орж үйлчилгээ авсных нь төлөө, тэр үйлчилгээг нь манай Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар худалдаж авч байгаа байхгүй юу. Иргэн эрт илрүүлэгт орсны төлбөрийг тэр эмнэлэгт ЭМДС төлж байна шүү дээ. ЭМДЕГ, Эрүүл мэндийн даатгалын сангийн гол зорилго бол эрүүл мэндийн байгууллагуудад иргэн даатгуулагчдад үзүүлсэн чанартай тусламж үйлчилгээнийх нь төлөө л мөнгө төлж байна, эрүүл мэндийн байгууллагуудаас чанартай тусламж үйлчилгээг нь худалдан авагч болчихсон гэдгийг дахин сануулъя.

-Саяхан нэгэн хүүгийн ар гэр ард түмнээс хандив босгож БНСУруу өндөр өртөгтэй эмчилгээ хийлгэхээр явлаа. Ер нь ингэж хандив босгож гадагшаа эмчилгээнд явдаг байдал их. Үүнийг ЭМД-ын сангаас шийдэх боломж байгаа юу. Хандиваар биш, даатгалаар эмчилгээнд явдаг болж болох уу?

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэнтэй ярилцлаа.

Иргэнд үзүүлсэнэрүүлмэндийнчанартай тусламж үйлчилгээнийхнь төлөө бид эмнэлэг, эмнэлгийнбайгууллагуудад гүйцэтгэлээр санхүүжүүлэлтхийдэгболсон

-Би дээр дурдлаа. Манай сан худалдан авагчийн тогтолцоонд шилжиж байна. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа эрүүл мэндийн байгууллагууд иргэн үйлчлүүлэгчдэд чанартай тусламж үйлчилгээ үзүүлсэн тохиолдолд тэрийг нь бид худалдаж авч байгаа. Таны асуусан тохиолдлын үндэслэл нь Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчин. Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчний жагсаалт бий. 2016 онд энэ жагсаалтад 39 өвчин орж байсан бол одоо 26 болж цөөрч байгаа нь дэвшил юм. Хэрэвзээ эрүүл мэндийн салбар маань тоног төхөөрөмжтэй болж, эмч нар маань ийм өвчнүүдийг эмчлэх боломжтой болчихвол мэдээж Эрүүл мэндийн даатгалын сангаас зардал нь уг нь гараад л явна шүү дээ. Тэгэхээр Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчин гэдгийг нь бас ойлгох ёстой байгаа юм. Өнөөдөр эрүүл мэндийн салбар маань харьцангуй сайхан хөгжиж байна шүү дээ. Чанартай тусламж үйлчилгээ үзүүлж байна, эрхтэн, чөмөг шилжүүлж суулгадаг болчихлоо. Энэ бүхнийг урьд нь гадагшаа л явж хийлгэдэг байсан. Эдгээр хагалгааг гадаадад очиж хийлгэхийн тулд иргэд маань хандив, мөнгө цуглуулаад хамаг юмаа зараад, ах дүү, хамаатан садныхаа байр орон сууцыг хүртэл зарж, барьцаалуулаад явдаг байсан. Гэтэл одоо эх орондоо энэ эмчилгээг хийлгэдэг болчихлоо шүү дээ. Тиймээс таны асуусан асуултын хүрээнд хариулахад энэ бол бодлогын түвшинд яригдах асуудал. Яг одоо манай сан гадагшаа явж байгаа хүнд хуулиараа мөнгө гаргах боломжгүй байгаа шүү дээ. Монгол Улсад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах тохиолдолд энэ сангаас мөнгө гаргаж байгаа.

Categories
булангууд мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Т.Отгонбаяр: Монголын анхны “Очирт”, “Соёмбот” маркуудыг “Марзан” Шарав зурсан гэдэг ч хоёр өөр хүн зурсан байх магадлалтай

Зураач Тодын ОтгонбаяртайМонгол Улсын анхны маркуудыг Марзан Шарав зурсан нь үнэн үүсэдвээр ярилцлаа. Тэрээр 1983-1987, 1997-2003 онуудад Монгол маркийн ерөнхий зураачаар ажиллаж байсан бөгөөд одоо Лондон хотод амьдарч, уран бүтээлээ туурвиж байна.

Зураач Ч.Хишигчулуунтай энэ сэдвээр өнгөрсөн жил ярилцлага хийсэн юм. Гэтэл та бүр тэс хөндлөн зүйл бичсэн байх юм?

-Би, Монгол Улсын анхны маркуудыг Марзан Шарав зурсан нь үнэн эсэхийг эртнээс сонирхож байсан. Гэвч энэ цаг үе хүртэл дуугарсангүй. Учир нь энэ бол урлаг судлаачдын хийх ажил гэж боддог байсан. Энэ сэдвийг хөндсөн ямар нэг нийтлэл тэмдэглэл өдий болтол олж харсангүй. Эсхүл би мэдээгүй өнгөрсөн байх.

Би ч олж хараагүй, өмнө хийсэн ярилцлагынхаа хэмжээнд л ойлголттой яваа. Ер нь монголчууд бид таны хэлсэнчлэн нийтээрээ шахуу тийм л ойлголттой яваа байх?

-Монгол Улсын анхны маркуудыг Марзан Шарав гэдэг зураач зурсан гэдэг ойлголт нэвт явчихсан, бүгд итгэчихсэн. Тэгэлгүй ч яахав, угаасаа эхнээс нь бодлогоор системтэй тасралтгүй давтамжтай тэгээд ойлгуулчихсан юм чинь. Хүмүүсийн буруу биш.

“Монголын нэг өдөр” алдарт уран зургийг Шарав зурсан, Монголын анхны маркийг Шарав зурсан, анхны мөнгөн тэмдэгтийг бас Шарав зурсан. Богд Хаан, Ленин багшийн хөргийг тэр бас зурсан. Сонин сэтгүүл, ном судар, хувьсгалын ухуулах хуудсууд…ер нь тэр үеийн бүх зургуудыг тэр л зурсан. Бүтэн 100 жил завсар зайгүй ингэж ухуулсаар зуугаад жилийн өмнө түүнээс өөр зураач Монголд байгаагүй ч юм шиг ойлголт ард түмэнд өгчихсөн юм биш үү. Дүрслэх урлагаас хол хөндий хүмүүсээс асуугаад үзээрэй, түүнийг л нэрлэх вий. Тэр байтугай манай зарим зураачид ч тийм ойлголттой байгаа нь ёстой гайхмаар. Тухайлбал, өөртэй чинь ярилцлага хийсэн Хишигчулуун зураач бүр үгчлэн тэгж хэлсэн байх юм. Уг нь тэр үед Монголд нэр алдартай олон зураач байсан юмсан.

Байсан л байдаг

-Тийм, Их Хүрээнд шавилан сууж Богд болон шашины мяндагтнуудын болон жирийн ард иргэдийн тааллаар бурхан шүтээн болон тухайн цагийн жирийн амьдралыг дүрслэн бүтээдэг Цагаан Жамба, Гэндэндамба, Сономцэрэн, Данжин, Цэнд, Балдангомбо, Пунцаг-Осор, Хасгомбо зэрэг дээд зиндааны зураач урчуудаас гадна ахуйн хэрэглээний авдар сав хээлдэг доод зиндааны гарын уртай монгол, төвөд, хятад урчууд ч цөөнгүй байсан.

Та түрүүн манай анхны маркуудыг Марзан Шарав зурсан нь үнэн үү. гэдэг сэдвийг их эртнээс сонирхсон гэж хэлсэн?

-Би 1983 онд маркийн зураач болон болтлоо манай анхны маркуудыг мань эр зурсан гэдэг ойлголттой тууж явсан. Маркийн зураач болоод л тэр маркуудыг анхааралтай харж эхэлсэн. Надад төрсөн хамгийн анхны эргэлзээ бол Шаравын зурсан гэх 1924 онд хэвлэгдсэн Монголын анхны марк болох “Очирт”-ын дизайн 1926 онд гарсан манай хоёр дахь марк “Соёмбот“-оос илт өөр байсан явдал юм. Ганц хоёрхон жилийн зөрүүтэй нэг хүн зурсан гээд байдаг. Гэтэл тэр хоёр маркийг харьцуулаад харахад хоёр өөр хүн зурсан гэдэг нь илэрхий. Очирт марк бол төвөд маягийн хийцтэй нөгөөх нь арай монголжуу гэмээр юм уу даа. Зураачийн хувьд бодлоо хэлэхэд жишээ нь, “Очирт” марк “Монголын нэг өдөр” уран зурагтай гэхээсээ илүүтэй авдар савны хээ угалзтай илүү төрөлсөнө. Тэгвэл эндээс уг маркийг авдар сав хээлдэг төвөд зураач зурсан байх магадлалтай гэсэн таамаг урган гарна, миний л бодол шүү дээ.

Тэгэхэээр таны бодож байгаагаар хоёр дахь буюуСоёмботмаркийг нь хэн зурсан болж таарч байна?

-Ёстой мэдэхгүй. Зөвхөн энэ хоёр марк төдийгүй бусад анхны маркуудыг хэн зурсан юм бол гэдэг асуулт одоо ч, өмнө нь ч миний толгой тархинаас салдаггүй юм. Гэсэн мөртөө тухайн цагт нь түүнийгээ цааш нь ухаж түнхье ч гэж бодож байсангүй. Мөн ч тэнэг байж дээ. Тэр үед уг нь нөгөө гайхамшигт алтан үеийн урлагийн ахмад мастерууд, ахмад марк цуглуулагчид олонх нь болон цөөн боловч лам хуврагууд амьд сэрүүн байсансан. Асуугаад тэмдэглээд авах минь ч яав даа гээд одоо хар толгойгоо шааж сууна. Би л лав холдож ойртоод 20 жил монгол марктай нэр холбогдож явахдаа Марзан Шарав гэдэг зураач, эсхүл өөр хэн нэгэн зураач анхны маркуудыг зурсан гэдэг тодорхой албан ёсны баримт олж хараагүй. Гэхдээ тийм баримт улсын архивт байж магадгүй л юм. Ур хийц гүйцэтгэлийн талаасаа “Очирт” нь “Соёмбот”-оосоо илүү. “Соёмбот”-ын ур хийц тааруу, муруй сарий зураас, эв хавгүй бичээс гээд өөлөх юм бий. Хоёр өөр зураач зурсан. Үүнийг олж харахын тулд заавал зураач байх албагүй л дээ. Уншигч та өөрөө харьцуулаад хараарай.

Та, Марзан Шарав гэдэг зураачийн бүтээлүүдэд их эргэлздэг хүн юм аа даа?

-Бүгдийг нь нэг хүн ганцаараа зурсан гэдэгт итгэх арга алга даа. Цааш нь ухаад бодохоор хэрэв Шарав зураач урлаг уран сайхны маш өндөр түвшинд бүтээсэн өнөөх алдарт “Монголын нэг өдөр”-ийг зурсан нь үнэн юм бол, хувьсгалын гэдэг нэрээр алдаршсан тэр аймаар ухуулах хуудсууд, ном сэтгүүлийн зургуудыг хэн зурсан байх вэ? Аймаар гэдэг нь зургуудын ур чадварыг хэлж байна. Маш тааруухан зураачид ур чадвар дорой зурсан байдаг. Гэтэл ийм ур чадварын хувьд илэрхий зөрүүтэй зургуудыг Шарав гэдэг нэг л хүн зурсан гээд овоолоод байдаг. Эндээс улбаалаад надад юу бодогддог гэхээр, манай улаан хувьсгалчид Зөвлөлт Орос, Коментерний заавраар ядуу малчин ард гаралтай, ойр зуурын гарын дүйтэй, доорд зиндааны лам байгаад Ардын хувьсгалын үзэл санааг талархан дэмжсэн зураг зурдаг нэгэн товарищыг гайхамшигт дүрээр тодруулчихсан юм биш биз дээ гэх эргэлзээ төрдөг! Коммунист-большевикууд пионер Павел Морозов, цэрэг Александр Матрасов, уурхайчин Стаханов… гээд олон хиймэл баатрууд төрүүлсэн байдаг. Тэд аллага хядлагын их мастер Ленин, Сталиныг ариун явдалт их багш болгож хувиргаж чаддаг хүмүүс шүү дээ. Тиймдээ ч коммунистууд бол гарамгай химичид. Тэд алтыг баас болгож чадна, баасыг ч алт болгож чадна гэсэн онигоо гарсан биз.

Тэгэхээр та, коммунистууд, гарын дүйтэй ядуу лам Шарав гэдэг хүнийг Ардын хувьсгалын ачаар шашны мунхралаас ангижирч хувьсгалч зураач болон төлөвшиж тухайн цагийн шинэ хувьсгалт Монголын урлаг соёлын үндэс суурийг тавигчдын нэгний дүрд тоглуулж, тэр үеийн дүрслэх урлаг, зурагтай холбоотой бүхнийг сайнтай муутай нь хамаад мань эр дээр овоолчихсон хиймэл дүр гэж үздэг байх нь, тийм үү?

-Тийм.

За яахав, маркин дээр ийм эргэлзээ байдаг байх нь. Тэгвэл алдартМонголын нэг өдөрзургийг хэн зурсан юм бол?

-Маш хүнд асуулт байна. Би байтугай нь хариулж чадахгүй асуулт юм биш үү. Дүрслэх урлагийн музейд байгаа эх зураг дээр түүний гарын үсэг байхгүй шиг санах юм. Зураачид, урлаг судлаачид, дүрслэх урлагт ойр болон тэнд ажиллаж байсан зарим хүмүүсээс асуухад бас олж хараагүй байдаг. Шашны гүн сүсэг бишрэлтэй бурхан бүтээдэг зураачид нүгэл хэмээн цээрлэж зурган дээрээ нэрээ бичдэггүй хатуу дэгтэй байсан. Ганц манай Монголд биш, Европ дахинд ч ийм байсан. Сэргэн мандалтын үеэс хойш буюу ХҮI-ХҮII зууны үеэс шашны мухар сүсгээс ангижирсан “эсэргүү” зураачид бүтээл дээрээ нэрээ ил тод бичиж эхэлжээ. Гэхдээ манай Монголд энэ ёсыг зураачид нь ХХ зууны эхэн үед ч үнэнчээр сахиж байсан бололтой. Харин зургийнхаа ард хувийн тамгаа дардаг байсан. Тэр нь байдаг бол Марзан Шарав зурсан гээд яг хэлчихсэн хүн одоохондоо алга даа.

Ардын зураач, Төрийн шагналт, Урлаг судлалын ухааны доктор Н.Цүлтэм гуай болон Оросын эрдэмтэн доктор Ломакина нар 1970-аад ондИскусство Монголийбил үү дээ, нэг ном гаргасан гэж та бичсэн байсан. Түүн дээр дээрх нэрт зургийг Марзан Шарав зурсан гэж нотолсон байдаг юм биш үү?

-Тэр эрхэм хүндэт хүмүүс тийм ном гаргасан. Гэхдээ тэд яг үнэнээр нь хүлээн зөвшөөрсөн үү, үзэл суртлын хатуу харгис дарамтан дор тэр номыг бичсэн үү гэдэг нэг том асуудал бий. Зураач Саруулбуян бол Цүлтэм гуай эргэлздэг байсан гэх. Чимэдийн Энхээ бол Шарав нэрний хойно асуултын тэмдэгтэй (?) бичсэн гэж хэлсэн санагдана. Тэр ном надад уг нь байсан, алга болсон. Тэрнийг нь ч бас тухайн цагт нь анхаарч харж байсангүй дээ, би гэдэг хүн.

Тэгвэл тэр ухуулах хуудаснуудыг хэн зурсан болж байна?

-Бас тодорхойгүй юм их байдаг. Хэрэв тэр аймаар хувьсгалын ухуулах хуудаснуудыг зурсан зураач нь Шарав мөн юм бол ур чадвар тун тааруухан зураач байж. Эсрэгээрээ, хэрэв алдарт “Монголын нэг өдөр“-ийг зурсан бол тэр ёстой тасархай зураач байж! Одоо хүртэл нийгмийн болон хувь хүмүүсийн ой санамжид амь бөхтөй байсаар байгаа “Марзан хэмээх Шарав” гэдэг зураачийн ийм хоёрдмол дүр миний хувьд тодроод байна л даа. Нэг талаас “Тэмцэл” кинон дээр нэг гайхамшигтай дүр бий. Үнэхээр Шарав гэдэг ядуу лам зураач Ленин багшийн хөргийг Сүхбаатар жанжны хүсэлтээр зурж өгсөн гоё дүр монголчууд бидний ой санамжид бат суусан, маш үнэмшилтэй. Коммунистууд ийм хиймэл товарищ-баатрууд тодруулахдаа гарамгай! Энд би кино бүтээгчдийг гоочлох гээгүй. Харин ч магтмаар. Нөгөө талаас Шаравын “албан ёсны” гэх намтар түүхийг уншиж эргэцүүлэн бодоход зураач урчуудын зиндааг холин бантагнуулсанд л хамаг будлианы эх байгаа юм. Гэхдээ энд гайхах зүйлгүй, бидний үеийнхэн ийм будлиантай хуурамч түүхээр цэнэглэгдэж өсөж төлөвшсөн.

Тэгвэл анхны мөнгөн тэмдэгтүүд мөн адил эргэлзээтэй юү?

-Бас л бөөн эргэлзээ. Марзан Шарав гэдэг нэр дээр бөөн овоолго хийчихсэн байдаг, одоо үүнийг ялгаж салгах гэхээр түүхэн баримт байдаг ч юм уу үгүй ч юм уу, бүү мэд.

Та яагаад ийм оройтож дуугарч эхлэв?

-Ирэх 2024 онд Монгол маркийн 100 жилийн ой болно. Гэтэл ХХI зууны бидний монголчууд нөгөө л нүүдэлчний хэнэггүй зан, сэтгэлгээгээрээ анхныхаа маркуудыг зурсан зураачаа яг албан ёсоор тодруулаагүй явж байдаг. Би ч ялгаагүй! Тэр ч байтугай харьцангуй ойрхон 1960-аад оны маркуудаа ч хэн зурсан эсэхийг яг олж тогтоогоогүй л тууж явна даа. Энэ мэт хоосон цагаан зай манай монгол маркинд маш их бий.

Саяхан миний найз, нэрт нийтлэлч, дипломатч Дашдоржийн Баярхүү анд ХХI зууны монгол хүний дотор ХIII зууны “Монгол хүн бас байна” гэсэн утгатай нийтлэл бичсэн байсан. Бодууштай. Заавал тийм үг сонсож байж дуугардаг би ч гэж би. Нөгөө л ам дамжсан яриагаараа яваастай. Хүссэн ч хүсээгүй ч 20 жилийн түүхтэй нь холбоотой юм болохоор маркинд ажиллаж байсан үеэ дурсамж маягаар бичиж хойч үедээ үлдээхгүй бол түүх муухай гуйвдаг юм байна гэдгийг яг энэ мэтээр нүдээрээ харж чихээрээ сонсож байна. Тэгээд бичээд эхэлтэл гараан дээрээ зогсчихдоггүй юм гэхэд хий эргээд эхэллээ. Түүх бичлэгийн тал дээр амьдран сууж буй Англи орноороо жишээлэхэд 160 гаруй жилийн тэртээ анхны маркаа зурсан хүн байтугай, тэр маркинд юу дүрслэн зурахыг санал болгосон хүнээ ч тэмдэглэн үлдээсэн байх юм. Манайхан бол огт тоохгүй шүү дээ, “Аан нэг юм хэлж л байсан” гэх маягтай үл тоомсорлон өнгөрөөнө. Бүр түүнээс ч жижиг зүйлийг ч тэмдэглээд үлдээчихсэн байдаг юм билээ. Төгсгөлд хэлэхэд, өчүүхэн би Шарав гэдэг зураач анхны маркийг зураагүй гэж хэлээгүй. “Монголын нэг өдөр“-ийг ч бусад нэрлээд байгаа бүтээлүүдийг зураагүй гэж хэлээгүй. Магадгүй тэр аль нэгнийг нь зурсан байх. Гэхдээ түүнийг яг алийг нь зурсан юм бэ гэдэг дээр л эргэлзээ байгаа юм.

Хэрэв хэн нэгэн залуу судлаач энэ сэдвийг зориглон барьж авбал Урлаг судлалын ухаанаар эрдмийн зэрэг хамгаалах бэлэн маш сайхан сэдэв эзнээ хүлээгээд байж л байна даа. Бүр цааш нь ухвал Орчин үеийн Монголын Дүрслэх Урлагийн түүхэнд ч өөрчлөлт гарч ирж мэдэх л юм. Архив ухаж түнхдэг, түүх шастир судалдаг хүмүүс бидний энэ ярилцлагыг уншаад мэдсэн, сонссон, уншсан зүйлсээ хуваалцаж санал бодлоо солилцвол би их баяртай байх болно.