Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Эрээнээс ногоо татаж байхаар эм тариагаа оруулж ирэх хэрэгтэй байна

БНХАУ-ын Эрээн хотод ковидын халдвар илэрч, хилээ тодорхойгүй хугацаагаар хаагаад байгаа. Тус хот байдлыг хяналтдаа авсны дараа хилээ нээх талаар ярилцана гэсэн албан хариуг тухайн үедээ өгч байсан. Одоогоор манай улс Хятадаас галт тэргээр хэрэгцээтэй бараагаа татаж байна. Бээжингийн өвлийн олимпийн өмнө тус улс ковидгүй байх зорилт тавьсан учир хилийн асуудал дээрээ чанга байгаа ч Монголын талд зөөлөн хандаж байна гэж манай зарим дарга нар яриад байна лээ. Аравдугаар сард Эрээнд халдвар бүртгэгдэх үед эхний 14 хоногт хилээ нам хаахад монголчууд сандралдаж “Яана аа, нарийн ногоо тасарчихлаа” гэж шаагилдацгаагаад “Барс” захын лангууг хуугаар нь хоосолж, байгаа хэдэн жимс, ногооны үнэ нь тэнгэрт хадав даа. Хэзээнээс л нарийн ногоо идэж ирсэн мэт, нарийн ногоо нь мах, гурил, төмснөөс илүү чухал мэт авирлацгааж, төр засгаас нарийн ногоо нэхэцгээсэн. Тэр дагуу төр засаг нь ч шуурхай ажиллаж Гадаад харилцааны яам “Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 8-нд Эрээнээс 10 вагон нарийн ногоо ирж байгаа” гэж мэдэгдэж, ногоо нэхэж байсан хүмүүсийн амыг тагласан.

Хил хаалттай, дэлхий даяар тахалтай, дотооддоо ковидын халдвар тархчихсан байхад монголчууд эм, тарианы нөөцийн тухай бодох нь бүү хэл, вакциндаа хамрагдах тухай мартчихсан, хүнсний захын ногооны тасгаар нарийн ногоо хайгаад явж байсан. Захаар ногоо хайж явсан иргэдийн амнаас вакцин, эм тарианы хангамжийн талаар ганц ч үг унаагүй. Зүгээр л нарийн ногоо идэж чадахгүй байгаадаа харамссан, өрсөх эмгэгтээ автсан хүмүүс л байсан.

Үнэндээ Хятадын тал хилээ хааснаас хойших хугацаанд монголчууд бага сагаар бараа татсаны ихэнх нь жимс, нарийн ногоо, хувцас хунар төдийхөн байсан нь харамсалтай. Намраас хойш Эрээнээс татсан барааны нийт дүнг гаргаад дүгнэвэл ямар ч хэрэггүй юмнууд оруулж ирсэн нь тодхон харагдана. Онлайн худалдаагаар захиалсан гоо сайхны бараа, хувцас, туфль, гэрийн тавилга, цахилгаан бараа, тогоо шанага дийлэнх байж. Хил хаагдахтай зэрэг манай улс Хятадын талд 60 вагон хүнс тээвэрлэе гэдэг хүсэлтээ тавьсан байгаа юм. Гэтэл манай улс энэ жил дотоодын хэрэгцээгээ хангаад илүү гарахуйц хэмжээний улаанбуудай, төмс хураагаад авчихсан. Нөөцөөрөө ирэх жил ногоо ургатал өлсөхөөргүй байхад 60-ын 60 вагон хүнс тээвэрлэе гэж гуйж л байдаг. Тэрнийхээ оронд эм, тариа татъя гэх ухаан мэргэжлийн хүмүүст нь байсангүй.

Нарийн ногоо яаралтай оруулж ир гэж наймаачид болоод ногоонд дурлагч зарим хүмүүс хашгирсан шиг эрүүл мэндийн салбарынхан, эмч нар ер дуугарахгүй юм. Эм, тариа, цэнхэр спиртээс эхлүүлээд нэг удаагийн хэрэгслүүд тасалдаж байна, ийм тийм нэн шаардлагатай тарилга, шингэн дуусчихлаа гэж дуугарсан эмч, эмнэлгийн ажилтан алга. Тяньжин боомт дээр гацалт үүссэнээс эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, дотоодын үйлдвэрийн түүхий эд, урвалж оношлуур тасалдах, эмнэлгийн тусламж үйлчилгээ доголдох эрсдэл үүсээд байна гэдгийг хожуу нэг юм албаны улсууд нь ам нээж байгаа юм. Тэр хүртэл монголчууд эм тариа, тариур, дусал тасалдсаныг огтоосоо анзаараагүй, сармисны гол булаацалдаад л явж байсан. Гэтэл БНСУ-аас эмнэлгийн нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүн буулаа гэтэл тэр дотор нь антибиотик, тариур, цус шингэлэх эм гээд яг ковидын үед, цар тахлын үед эмчилгээнд нэн тэргүүнд хэрэг болж буй эм, хэрэгслүүд байх жишээний.

Цар тахалтай, өнөөх вирус нь дүрээ хувилгаад “Омикрон” гэж шинэ нэрээр Африк, барууны орнуудыг айлгаж, 90 орчим улс хилээ хайгаад байгаа энэ үед эм тариагаа л яаралтай татъя. Тахалтай энэ хүнд үед эхлээд хэдүүлээ амьд байя. Амьд байхад дараа дараачийн асуудлын учир олдоно. Цар тахал дэгдсэнээс хойш буюу сүүлийн хоёр жил шинээр хувцас, гутал аваагүй эрчүүд, аавууд, ээжүүд зөндөө байна. Нэгдүгээр курстээ өмсөж байсан куртикээ гуравдугаар курстээ өмсөж байгаа оюутнууд байж л байна. Эм, эмнэлгийн хэрэгслийнхээ урдуур оочер дайруулж, цамц, куртик, гутал пүүзээ авчруулахын оронд хуучин хувцсаараа болгоод явахад дахиад хоёр, гурван жил ч болчихож болмоор байх юм. Тэр ачаа барааны цээжинд хүргэгдэж ирдэг нарийн ногоо гээчийг нь идэхгүй хэдэн ч жил болж болно шүү дээ. Сая нэг хэсэг нарийн ногоо ховордлоо гэхэд ихэнх гэр бүлд тэр чигийн хомсдол огт мэдрэгдээгүй. Хааяа, жилдээ ганц хоёр удаа салат хутгахад, баярын ширээ чимэхэд л худалдаж авна уу гэхээс биш тэр зэргийн ногоог тоож хардаггүй. “Нарийн ногоо ховордлоо гэх юм. Нарийн ногоо гэж юуг хэлээд байна” гэж гайхсан хүмүүс ч байсан. Үнэн нь тэр шүү дээ.

Одоо Эрээний ногоо гэж төөрч будилалгүй эм, тариагаа эхний ээлжинд тат. Эрүүл мэндийн салбарынхан яаралтай хэрэгцээтэй байгаа, даруй татаж авах ёстой барааны жагсаалтаа гаргаж төрөөс шаард. Тэр жагсаалтын дагуу хэрэгцээтэй эм, тариа, хэрэгслүүдийг шуурхай татах ажиллагааг түргэвчлэх хэрэгтэй байна. Нэгдүгээрт, эм тариа, дуслаа татсаны дараа хоёрдугаарт, барилгын материал, гуравдугаарт, стратегийн зориулалттай бараа бүтээгдэхүүн… гэж татаж авах бараандаа эрэмбэ тогтооё. Ямар бараа нэн эрэлттэй байна, хүн ардын эрүүл мэнд, амь насанд аль нь чухал хэрэгтэй байна вэ гэдгийг судлаад оруулж ирэх бараанд эрэмбэ тогтоодог тусгай Комисс байгуулсан ч болно. Уг комисс нь эм, тариа болон стратегийн чухал бараагаа татаж авсны дараа тэр далай ногоон байцаа, даршилж нөөшилсөн шанцай байна уу, юу байна тэр бүгдээ дураараа л татна биз. Бараа татан авалт, барааны эрэмбэ дээр төр засаг бодлоготой, шийдвэртэй алхам даруй хийхгүй бол “Омикрон”, дөрөв, тав, зургаа дахь давлагаа, ханиад томууны улирал гээд олон асуудал урган гарч ирэхэд эм, тариа, тариургүй бол бүх юм дуусна гэсэн үг.

Эрүүл байвал ирэх жилийн наадам үзнэ ээ гэдэг чинь зүгээр толгой холбоод хэлчихсэн юм биш. Тахлыг эм, тариагаар давахаас цоо байцаагаар давна гэж байхгүй л дээ. Яг энэ тахалтай үед эм, тариагүй бол яаж эрүүл байх юм, хэн амьд үлдэх юм бэ. Урд хилээрээ элдэв ногоо биш эм, тариагаа л татъя. Одоо шинэ жил гэж хошууралгүй, элдэв эрээн мяраан юм урдаас захиж, захиалж, татахын оронд онд мэнд орохын төлөө гээд тэвчиж болох зардлуудаа тэвчээд бараа таваарын вагон зэрэгтээ арай хэрэгтэй юмаа, эм тариа, тариураа түрүүлж татах нөхцөл боломжийг нь бүрдүүлж өгцгөөе.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

​Ардчилсан намын залуу үе алтан хараацайн үүрнээс анх удаа жигүүрээ дэлгэлээ

Ардчилсан намын Онц их хурал энэ сарын 5-нд болж өнгөрлөө. 330 сум, 21 аймаг, есөн дүүргийн 1318 төлөөлөгч оролцож, 95 хувийн ирцтэйгээр хуралдаж, намынхаа өмнө тулгамдсан асуудлыг хэлэлцэж, нэг санаан дээр тогтоцгоох шиг боллоо. Сумдын АН-ын дарга нарын 300 нь тамгаа авчирч намынхаа эв нэгдлийн төлөө хурлын тайзан дээрээс тамгалсныг энэ нам анхан болон дунд шатандаа хагарал, хуваагдалгүй нэгэн цул болж буйгаа илэрхийллээ гэж улс төрийн ажиглагчид дүгнэсэн юм. Нөгөөтэйгүүр Ардчилсан намын хуралд сонгогч, олон нийт анхаарлаа хандуулж байсан нь анзаарагдсан. Монгол Улсад улс төрийн сөрөг хүчин үгүйлэгдэж, байгаа сөрөг хүчин нь сул байгаагаас нэг намын хэт дарангуйлал туйлдаа хүрч, үүний горыг ард түмэн яс махаараа, аж амьдралаараа мэдэрч арга мухардаж байгаа учир яалт ч үгүй улс төрийн тавцанд Ардчилсан нам хүчтэй сөрөг хүчин байх ёстой гэдгийг ухаарсантай холбоотой байх.

Онц их хурлыг Улс төрийн бодлогын зөвлөлийн гишүүн Б.Батсайхан даргалж, тэргүүлэгчдээр УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, А.Адъяасүрэн, АЗХ-ны тэргүүн С.Эрдэнэболд, Б.Наранбадрах нар ажилласан бол Онц их хурлыг дэмжиж буйгаа илэрхийлж Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хүрэлцэн ирсэн. Мөн УИХ дахь АН-ын бүлгийн 13 гишүүн бүгд оролцов. Түүнчлэн энэ намын үе үеийн лидерүүд, УИХ-ын гишүүн асан олон хүн хуралдаа идэвхитэй оролцсоныг ард түмэн шууд дамжуулалтаар харсан байх. Хурлын үеэр энэ нам дотроо байсан ээдрээтэй асуудал дагуулсан сэдвүүдийг цэглэж, нэг мөр болгож авцгаалаа. АН-ын даргын цахим сонгуулийг хүчингүйд тооцож, нийт намын гишүүдийн саналаар сонгогдсон УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийг АН-ын даргаараа ёсчлон батлаадахав. Намынхаа Ерөнхий нарийн бичгийн даргаар Л.Гантөмөрийг 100 хувийн саналаар сонгоцгоолоо.

Ийнхүү Ардчилсан намын алтан хараацайнуудын үүрнээс АН-ын залуу үе анх удаа жигүүрээ дэлгэж гарч ирэв. Ардчиллын алтан хараацайнууд төдийгөөс өдийг хүртэл АН-ыг алдаатай, оноотой чирч ирж залуу үедээ халаагаа өгсөн нь энэ. Энэ хүртэл Ардчилсан нам тарж бутарч, хагаралдаж сүүлдээ улстөрийн тавцангаас арчигдахын наагуур л юм болсон. Өдрийн сонин өнгөрсөн зургадугаар сард “Араасаа залгасан болгоноо “залгисан” Ардчилсан холбооны өвгөд улс төрөөс зайлах болоогүй юу” гэж хатуухан дуугарсныг уншигчид мартаагүй. Тэр дагуу бараг л дахиад залуу үеэ залгиад идчихээ л шахаж байтал ашгүй Онц их хурал товлогдсон. Үнэндээ Онц их хурал хүртэл энэ нам араасаа залгах залуу үегүй байсан юм шүү. Харин энэ удаагийн их хурлаараа намынхаа удирдлагыг анх удаа залуу үедээ, залуустаа өгчихлөө. Ардчилсан намын залуур залуу үедээ тэр чигээрээ шилжсэнээр бүх хэрүүл, үл ойлголцол арилж дахин эвлэлдэн нэгдэх үүд нээгдлээ гэж харж байна.

Хурлын төлөөлөгчид “Юутай ч бид удирдлагаа залуустаа өгчихлөө. Одоо бид залуусаасаа эн тэргүүнд эв нэгдлийг хүсч байна” гэдгийг микрофон барих тоолондоо захиж байсан. Энэ ч үнэн. АН-ын залууст эв эе хамгийн нэгдүгээрх асуудал. Эв нэгдэлтэй байж гэмээнэ намаа нам шиг авч явна. Үүнийг жирийн дэмжигч хүртэл захиж, сануулсаар байна. Үүнтэй зэрэгцэн АН-ын залуусын нуруун дээр Монголын нөлөө бүхий том намын хувь заяа, энэ намыг дэмждэг гишүүн болон дэмжигч 1.3 сая хүний итгэл найдвар давхар ирж байгаа юм.

МАН-ын залуус намаа шижигнэтэл сайхан аваад явдаг, АН-ын залуус харин чаддаггүй гэдэг үгийг одоо ул болгоцгоо.

Харин Ардчиллын алтан хараацайнууд одоо юу хийж, намдаа тус хүргэх вэ гэвэл залуусынхаа араас савраа татахад л болно. Үүнийг хурлын төлөөлөгчид ч дахин дахин сануулж байсан шүү дээ. Залуустаа боломж олгоё, тэдэнд итгэе, битгий хошуу ам нэмж хорло, хол очоод хар, тэд чадна гэж хатуухан сануулж байсныг хараацайнууд сонссон нь мэдээж л дээ. Битгий залуу үеэ зулгаа, битгий тээг бол. Монголд Ардчилсан намын залуусын үе ирчихлээ. Энэ бол АН-ын залуусын үе. Ардчилсан нам бол энэ намын залуу үеийн нам болчихлоо. Монголд цаашид ардчилал байх үгүйг энэ намын залуус л шийднэ. Ардчилсан намыг Ардчилсан нам шиг авч явахад залуус хэрэгтэй. Хожмоо энэ үеийг АН залуусаараа цусаа сэлбэсэн, хараацайнуудаасаа ангижирсан он жилүүд байлаа гэж түүхэнд тэмдэглээсэй. Ийм боломжийг ах нар нь өг.

Монголд Ардчилсан намаас бусад нь МАН-ын халаасны, хөлсний нам гэдгийг бүгд мэднэ. Бусад нам гээд байгаа хүмүүсийн ярианд үнэмшвэл Ардчилал утгаа алдаж, хүний эрх, эрх чөлөө тоос шороо мэт сарниж, энэхэн хонхортоо шигдэж, хөгжлөөрөө дэлхийгээс хол хоцорно гэдгийг бид сүүлийн жилүүдэд хангалттай мэдэрч байна. Монгол Улсын олон улсын тавцан дахь нэр хүнд шороотой хутгалдаж, дэлхийн топ улстөрчид Монголоос нүүр бууруулж, ардчиллын баян бүрдээ ширгээх хэмжээний дарангуйлалд нухлуулж байна. Ингэж нухлуулахад, хүний эрхийн тал дээр олсон ололтоосоо ухрахад МАН-ын халаасны намуудын оролцоо ч бий. Тэр нам гэгдээд байгаа хүмүүсийг хуурамч гэдгийг Монголын ард түмэн мэдчихсэн. Сонгууль дөхөхөөр амилж, бусад үед нь эзнийхээ даалгавраар “унтаж”, зоос шидэхээр нь хөдөлгөөнд ордог тоглоомны захиалгат нам гэдгийг зах хязгаар нутгийн эгэл жирийн иргэн хүртэл мэддэг болчихсон. Ийм эрүүл бус улс төрийн орчинд сөрөг хүчин батжиж дахин босч ирэх нь том үзэгдэл юм. Магадгүй энэ үзэгдлийг болоосой гэж сонгогчид битүүхэндээ хүлээж ч байсан. Дахин босч ирэхдээ залуус нь бүх удирдлагаа гартаа атгах нь олон хүнд, цаашлаад улс эх орны ирээдүйд гэрэл гэгээ, итгэл найдвар авчирч байгаа юм.

Алтан хараацайн үүрнээс жигүүрээ дэлгэж чадсан Ардчилсан намын залуус эргэж харж, хойноо хоцорсон хараацайнуудаасаа айж, сүрдээд байх юм огт байхгүй шүү. Наад хүмүүс чинь хийдгээ хийчихсэн, хэлдгээ хэлчихсэн. Хэнийг нь хэн бэ гэдгийг ард түмэн хэдийнээ дүгнээд дүнгээ өгчихсөн. Саяны Онц их хурал хүртэл ардчиллыг сайн, муу хэлүүлсээр чирч ирээд зогсоолдоо зогсчихсон хүмүүс. Тиймээс тэдний үгэнд ороод ч байх шаардлагагүй. Алтан хараацайнуудын үгэнд орж “Тэр дарга тэглээ, энэ дарга ингэлээ” гээд дороо гортиглож эргэлдээд байвал ажил чинь, нам чинь урагшлахгүй. Хаях ёстойг хаяад, гээх ёстойг гээгээд зүгээр л зүтгэ. Өөрсдийнхөөрөө, зоримог, ардчилагч байр сууриараа намынхаа түүхэн энэ үеийг үргэлжлүүл. Энэ бол та нарын үе. Та нар л энэ намаа авч явна.

Шувууны амьдралын хамгийн хэцүү үе нь өндөгнөөсөө хагарч гарч ирээд, өдөлж гүйцээд жигүүрээ дэлгэх байдаг. Энэ хоорондоо маш их бэрхшээл туулдаг. Үүн шиг Ардчилсан намын залуу үе магадгүй хамгийн хэцүү үе, хамгийн том босго, хориг, саадаасаа салж жигүүрээ дэлгээдэхлээ гэж харж байна.

Categories
мэдээ утга-зоxиол

С.Батжаргал: Монгол хаад, хатдын түүхийг монгол хүн л үнэн зөвөөр бичнэ. “Огул Хаймыш хатан” романыг бичсэн шалтгаан минь энэ

Зохиолч Санжаагийн Батжаргалтай ярилцлаа.


-“Огул Хаймыш хатан” гэх шинэ романаа уншигчдын гарт хүргэсэнд баяр хүргэе!

-Баярлалаа. Эрхэм уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе.

-Таны хэд дэх роман болов. “Намрын шөнийн зүүд”, “Их хайрын түүх”, “Хайду хаан”, “Ишүүжин”, “Аргасуу баатар” зэрэг романуудыг тань мэдэх юм байна?

-Их Монгол Улсын гурав дахь хаан Гүюгийн хатан Монгол төрийн жолоог гурван жил залсан Огул Хаймыш хатны тухай энэ роман маань миний долоо дахь роман юм. 2012 онд “Намрын шөнийн зүүд” романаа бичиж хэвлүүлснээс хойш “Хайду хаан”, “Ишүүжин”, “Аргасуу баатар”, “Харийн тэнгэр” гэж цуврал романууд, Их Могол Улсын тав дахь хаан, ертөнцийн долоон гайхамшиг болох Таж Махалыг бүтээсэн монгол угсааны Шах Жахан хааны тухай “Их Хайрын түүх” роман бичиж уншигчдын хүртээл болгосон доо.

-Бас өгүүллэг, туужийн номнууд бий шүү дээ, танд?

-Тийм ээ. 2015 онд “Анхны хайр”, 2018 онд “Хар нүдэн хөвгүүн” гээд өсвөр насныханд зориулсан тууж, өгүүллэгийн түүвэр, 2020 онд “Хөх илдний нууц” өгүүллэгийн түүвэр, мөн “Өвгөдийн ярьсан хууч яриа” эмхэтгэл, “Дотогшоо анирдахуй” дурсамжийн номоо хэвлүүлсэн.

-Та бас хүүхдийн зохиол бичдэг?

-Хүний амьдралын хамгийн адармаатай үе бол шилжилтийн нас байдаг. Урьд нь 14-18 насыг шилжилтийн нас гэж ярьдаг байсан бол одоо бол миний ажигласнаар хөгжлөө дагаад, бас хоол хүнснээс шалтгаалаад ч тэр үү, шилжилтийн нас арай л эрт буюу 13 наснаас эхлээд байх шиг байдаг юм. Хүүхдийн зохиол бичдэг болоод ч тэр үү, ер нь их ажигладаг л даа. Яг энэ насныханд зориулсан уран бүтээл ер нь ховор байгаа. Энэ үед хүүхэд өөрийн бие махбод, сэтгэл санааны хувьд мэдэхгүй олон зүйлтэй учирдаг. Тэр хэрээр зөвлөх туслах хүн хэрэгтэй болдог. Гэтэл манайд гадны орчуулгын хэдэн номноос өөр бариад уншчих ном ховор. Цаг үеэ дагаад бидний хүүхэд наснаас одоо цагийн хүүхдүүдийн ахуй амьдрал, орчин гээд олон зүйл өөр болжээ. Жишээлэхэд найз нөхдийн холбоо хүүхдийн амьдралд илүү түлхүү нөлөөлөх болсон байна. Гэтэл зөвлөдөг, тусалдаг найз нь өөрөө амьдралын ямар ч туршлагагүй адилхан хүүхэд л байдаг. Ийм үед уран зохиолын нөлөө илүү түлхүү байх ёстой. Миний хувьд өсвөр насныханд зориулсан, тэдэнд дэм болчихоор, сургамж болчихоор өгүүллэгүүд бичиж хоёр ном болгож хэвлүүлсэн. Одоо худалдаанд “Хар нүдэн хөвгүүн” л бий. “Анхны хайр” дууссан. Дахиж хэвлүүлж амжаагүй л байна. “Дотогшоо анирдахуй” дурсамжийн номоо ч өсвөр насныхан мэргэжлээ сонгох, өөрийгөө танин мэдэхэд хэрэгтэй болов уу гэсэндээ бичиж хэвлүүлсэн дээ.

-Таныг уг нь инженер мэргэжилтэй гэж дуулсан шүү?

-Би Булган аймгийн уугуул. Техникийн Их Сургуулийг 1991 онд “Хүнсний үйлдвэрийн технологич инженер” мэргэжлээр, Удирдлагын академийг 2001 онд “Бизнес удирдлагын менежер” мэргэжлээр төгссөн. Хүнс судлалын ухааны магистр.

-Өгэдэй хааны ач хөвгүүн Хашины Хайдугийн тухай таны романаас л уншиж “Ийм түүхэн хүн байжээ” гэж бодсон л доо. Түүхэн зохиолын ач холбогдол энэ мэт олон талын өгөөжтэй юм даа?

-Монголчууд бид бахархан дуурайх агуу түүхтэй ард түмэн. “Аливаа үндэстний мөн чанар хэзээ ч арилдаггүй” гэж нэг агуу хүн хэлсэн байдаг юм. Бид агуу дээдсийн үр удам болохоор тэр хүмүүсийн генийг хадгалж яваа агуу ард түмэн шүү дээ. Өөр хэн ч, ямар ч үндэстэн чадаагүй, чадах ч үгүй түүхийг бидний өвөг дээдэс бүтээсэн. Тэд морин дэл дээр давхиж дэлхийн дайдыг эзэлсэн. Энэ бол зөвхөн бие махбодийн сайнаар давсан хэрэг биш. Тэд агуу сэтгэгч, агуу ухаалаг хүмүүс байсан. Бид ийм агуу өвөг дээдсээрээ бахархаж, тэднээс суралцах ёстой гэж боддог юм.

-Таны түүхэн зохиол бичих болсон шалтгаан?

-Өнөөгийн бидний гишгэж яваа газар шороо агуу өвгөдийн минь тэмцлийн үр дүнд өдий хүртэл хадгалагдаж үлдсэн. Түүхэн зохиол бичиж байгаа гол шалтгаан, гол зорилго минь түүхэнд мартагдах ёсгүй хүмүүс гэж бий. Тэдний тухай, чухам юуны төлөө тэмцэж явсныг нь хойч үеийнхэндээ таниулах юм даа. Хайду хаан бол Монголоо Монголоор нь үлдээх гэж, Хубилай хааныг өмнөд газарт нийслэлээ шилжүүлэн, үзэсгэлэнт Хархорум хотоо эзгүйдүүлж, их гүрнээ Юань гэж нэрлэснийг эсэргүүцэн, мөн зорилго нэгт алтан ургийн ноёдын тэмцлийг оройлон зангидаж явсан агуу хаан байжээ. Үүнийг бид мартах учиргүй юм. Гэтэл энэ тухай аль ч сургуулийн түүхийн хичээлд заадаггүй.

-2012 онд анхны романаа бичсэнээс хойш есөн жилийн дотор долоон роман бичжээ. Нэг түүхэн роман бичихэд ямар хугацаа зарцуулдаг вэ. Жишээ нь та “Аргасуу баатар” романаа хэдий хугацаанд бичиж дуусгасан бэ. Судалгаа, баримт цуглуулах гээд зузаан зузаан судар, номон дунд суудаг байх даа гэж бодож байна шүү?

-Түүхэн зохиол бичихийн тулд юуны өмнө тухайн үеийн түүхийг маш сайн судалсан байх ёстой. Би өөрөө түүхийн мэргэжлийн хүн биш болохоор алдаа мадаг гаргачихгүйн тулд их хичээнгүйлэн судалдаг. Бичих гэж байгаа хүнийхээ түүхийг судлахаас гадна эцэг эх, ах дүүс, эмээ өвөө, анд нөхөд гээд тухайн дүрийнхээ бие хүн болон төлөвшихөд нөлөөлсөн байж болохуйц хүмүүс, мөн тэр үед болсон онцлох үйл явдлууд гээд түүхэн хүнээ тойруулан судлахад их цаг зарцуулдаг даа.

Ер нь түүхэн зохиол бичихэд цаг хугацааны хувьд дөрөвний гурав орчим хувийг судалгаанд зарцуулдаг. Ийнхүү сайн судлаад ирэхэд тухайн бие хүн маань аяндаа төсөөлөгдөөд, дүр амилаад ирдэг. Үүний дараа тухайн үйл явдал болсон газар орны газарзүйн онцлог, уул ус, байгаль цаг уур, ан амьтныг хүртэл судалж сэтгэлдээ нэгэнт бий болгосны дараа үйл явдал аяндаа өрнөж ирдэг дээ.

-Түүхэн роман бичдэг эмэгтэй зохиолч олноор гарч ирсэн нь манай утга, зохиолын хөгжлийн бас нэг явц л даа. Хожмоо энэ үеийг түүхэн зохиолын үе ч гэх юм бил үү. Тийм ээ?

-Магадгүй юм. Ажиглаад байхад түүхэн зохиол бичиж байгаа эмэгтэй зохиолчид түүхэн үнэнээс нэг их гажилгүй бичдэг нь анзаарагддаг. Ихэнх уншигчид түүхэн зохиолуудаас түүхээ мэдэж авдаг болохоор бодит үнэнээс гажуудуулж бичиж болохгүй л дээ.

-Ер нь яагаад түүхэн роман манай уран зохиолын салбарт хүч түрэн орж ирсэн гэж боддог вэ. Хуучнаа санагалзах, уламжлалаа мэдэх, түүхээ мартахгүй байх ёстой гэдэг ч бас цаагуур сүнслэг түвшний сэргэлт гэхээр ч юм байна уу даа гэж ч ярилцдаг?

-Дээр хэлсэнчлэн манайх аугаа түүхтэй ард түмэн шүү дээ. Өнөө цагт манай түүхийг булаацалдагчид гарч ирж байна. Тэд түүхийг гуйвуулан өөрсдийн өвөг дээдэс мэтээр зохиохоос гадна түүхэн үнэнээс гажуудуулсан ном, кино хийж дэлхий нийтэд тарааж байна. Ийм шударга бус явдлаас бид түүхээ хамгаалах ёстой. Гадныхан манай түүхийг санаатай болоод санамсаргүй гуйвуулж байна. Монгол хаад хатдын түүхийг монгол хүн л үнэн зөвөөр бичнэ гэж боддог. “Огул Хаймыш хатан” роман бичсэн гол шалтгаан маань энэ юм. Огул Хаймыш хатны тухай гадны орны түүхэн судалгааны болоод уран сайхны бүтээлүүдэд үнэнээс хол, гажуудуулсан бүтээл нэлээд байгаа тул их Монгол Улсын төрийн гурван жил гаруй барьсан энэ хатны үнэн түүхийг хойч үедээ заавал үнэнээр нь бичиж үлдээх ёстой хэмээн бодож энэ зохиолыг анх барьж авсан даа. Сүнслэг түвшний сэргэлт гэдэг сонирхолтой асуулт байна. Аливаа юм цаг хугацаатай гэдэг. Яг бидний амьдран буй энэ үед үзэл суртлын хүлээснээс ангижирсан түүхчид, орчуулагчид маань судалгааны бүтээлүүд олныг гаргаж, бид илүү олон эх сурвалжийг харьцуулж унших боломжтой болж байна. Мөн их хаад маань эх түүхээ сэргээн туурвихыг дээд тэнгэрээс таалсан байж ч мэдэх юм.

-Өөрийнхөөрөө, өөрийнхөө ертөнцөд даруухан оршиж, уран бүтээлээ чимээгүй туурвиад явдаг зохиолч олон л доо. Та ч бас тэдний нэг?

-Ер нь унших судлах, бичихээс бусад зүйлд цаг зав зарцуулах нь ховор доо. Үнэнийг хэлэхэд ном зохиолоо сурталчилж, рекламдах талдаа ч тааруухан. Ер нь уншигчид маань өдрөөс өдөрт нэмэгдээд байгаа болохоор зориуд рекламдах шаардлагагүй санагддаг. Бүтээлүүд маань миний өмнөөс ярьчихдаг болохоор гэх үү дээ.

-Сүүлийн хоёр жил цар тахлаас болоод нийгмийн харилцаа хумигдсан ч хүмүүст дотогшоогоо өнгийх боломжийг олгосон болов уу гэж харсан. Ялангуяа энэ урт, урт хөл хорио юм бичдэг, юм боддог хүмүүст шинэ уран бүтээл хийх, төвлөрөх боломжийг олголоо. Магадгүй та энэ хугацаанд “Огул Хаймыш хатан” романаа ч бичсэн байх?

-Тийм ээ, яг хөл хорионы үеэр судалгааныхаа ажлыг хийж таарсан. Анх зохиол эхэлж бичиж байснаа бодоход түүхэн судалгааны номнууд хангалттай цуглуулсан. Тэдэн дундаа л “сэлж” байна.

-Таны үр хүүхэд, ач зээ нараас тань таны авьяасыг өвлөж юм бичиж байгаа сураг дуулдсан шүү. Зээ охин Г.Сүндэрмаа тань “Миний үлгэрүүд” гэж цуврал гаргаж байгаа гэл үү?

-Ууган охин С.Буяндэлгэр маань Радио Телевизийн дээд сургуулийг найруулагч-жүжигчний мэргэжлээр төгсөөд ажиллаж байна. Мэргэжлийнхээ дагуу нэлээд хэдэн хүүхдийн кино бичиж, заримыг нь найруулж дэлгэцэнд гаргасан бий. Түүн дунд ноднин жил миний зохиолоор “Гийнгоо” нэртэй уран сайхны кино хийсэн нь Юнивишн, Скаймедиагийн кино санд бий. Охин бол бичихийн хувьд надаас илүү бичнэ. Ялангуяа зохиолынх нь харилцан яриа маш сайн болсон байдаг. Гадна дотны зарим зохиолыг уншиж байхад цөөхөн тохиолдолд яг сүрхий онож хэлсэн үг хэллэг уншихад “хамаг биений шар үс босох” шиг болдог доо. Охины бичсэн зохиолыг уншиж байхад заримдаа яг тийм мэдрэмж төрдөг. Харин албан ажилтай болохоор зохиол бичих цаг завны хувьд хомс байх шиг байдаг юм. Яг суугаад бичвэл надаас илүү зохиолч болно. Зээ охины хувьд бас л сайн бичдэг. Хүүхдийн зохиолыг хүүхдийн нүдээр харж бичих их сонирхолтой байдаг юм билээ. Яг л өөрсдийнх нь насан дээр тохиолдож байгаа үйл явдлуудыг хөөрхөн гаргалгаатай бичсэн нь анзаарагддаг. 2019 онд “Шидэт номын найзууд” хүүхдийн богино өгүүллэгийн уралдаанд оролцоод гуравдугаар байр эзэлчихсэн шүү. Насанд хүрсэн том зохиолчид уралддаг наадам шүү дээ. “Миний үлгэрүүд” номыг 2018 онд хэвлүүлээд, ээжийнх нь нэг номын хамт гуравдугаар сарын 7-ны өдөр “Ээж, эмээ, би” гээд гурван номын нээлт хийсэн. Одоо дахиад хэдэн өгүүллэг биччихсэн байгаа. Хэвлүүлж амжихгүй л байна. Хүүхдийн ном хэвлүүлэхэд зураг хөрөгнөөс өгсүүлээд багагүй ажилтай байдаг болохоор өртөг нь бас өндөр.

-2000 он хүртэлх түүхэн зохиол, түүхэн романуудын гол дүр ихэвчлэн хаад байсан. Ганц гаргаж тавьдаг байсан эмэгтэй дүр нь Мандухай цэцэн хатан л байлаа. Харин сүүлийн жилүүдэд манай эмэгтэй зохиолчид Монголын түүхэнд онцгой хувь нэмэр оруулсан хатдын тухай зоригтой гаргаж ирж байгаа нь жендерийн талаасаа зөв ч юм шиг ээ?

-Монголын түүхэнд онцгой үүрэг гүйцэтгэсэн эмэгтэйчүүд бусад үндэстнийг бодоход харьцангуй олон байдаг. Ороо бусгаа түүхийн нугацаанд хатан ухаанаар төрийг залж явсан болоод ч тэр үү. Эзэн Чингис хаанаас өгсүүлээд бүх хаадын дэргэд ухаант хатад нь, эх нь найдвартай туслагч, үнэнч зөвлөгч нь байсан. Ер нь Монголчууд ээжийгээ маш их хүндэлдэг хайрладаг, насан туршид нь холбоотой байж сургаал, зөвлөгөөг нь сонсож явдаг өвөрмөц уламжлалтай ард түмэн. Эмэгтэй зохиолчид хатдын тухай бичихдээ адилхан бүсгүй хүн болохоор дотоод сэтгэлд нь нэвтэрч, мэдрэх нь илүү байдаг юм болов уу даа.

-Хатдынхаа тухай романыг эмэгтэйчүүд голдуу уншиж байгаа харагддаг. Хатдаас суралцаж, хатдын ухаан, эр зоригийг өөртөө шингээж ч байгаа юм. Гүюгийн хатан Огул Хаймышийн тухай та бичсэнээр тэр түүхэн эмэгтэй энэ үед эргэн ирж, хожмоо ч дурсагдаж “амьд” байж, судлагдсаар, мартагдахгүй байх юм даа?

-Огул Хаймыш хатны тухай академич Чулууны Далай “Огул Хаймыш хатан бол Монгол Улсын эв нэгдлийг эрхэмлэгч хатан байсан” гэж товчхон дүгнэсэн байдаг. Огул Хаймыш хатан хоёр хүүтэй байсан. Их хаан эцгээсээ хойш сууринд нь сууж улс гүрнээ хэн нь ч аваад явчихаар ухаалаг эрэмгий хөвгүүд. Гэвч Огул Хаймыш хатан өөрийн хөвгүүдэд хаан ширээг залгамжлуулахыг хүссэнгүй. Учир нь Өгэдэй хаан өөрийн ач хүү Ширэмүнийг их ор суулгахыг гэрээсэлсний дагуу түүнийг хаан ширээнд суулгахаар зорьж, тэр хөвгүүнийг дэргэдээ авч, нэрийнх нь өмнөөс зарлиг гаргаж, тухайн үеийн алтан ургийн хамгийн хүчирхэг хүн болох Бат хаан, мөн Сорхугтани хатан нарт Ширэмүнийг хаан ширээнд залах их хуралдай зарлахыг хүсч ятгасан захидлууд удаа дараа илгээж байсан авч дэмжлэг авч чадалгүй хүчин мөхөсдөж, өөрөө Ширэмүний эх Хадагачи хатантай хамт цаазаар авхуулсан байдаг. Хаант төрийнхөө эв нэгдлийг өөрийн төрсөн хөвгүүдийн хувь заяанаас дээгүүр тавьж чадсан агуу хатан байсан юм билээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Вакцины III тунг элэг нэгт монголчууддаа хийе

Монгол Улс хүн амаа дархлаажуулахаар дөрвөн сая тун “Веросел”, 2.5 сая тун “Пфайзер” вакцин татан авсан. Эрүүл мэндийн сайд С.Энхболд чуулганы хуралдаан дээр нөөцөнд 1.7 сая тун “Пфайзер”, 890 мянган тун “Веросел” вакцин бийг онцолсон бол УИХ-ын дарга Г.Занданшатар “Нөөцөнд буй “Пфайзер” вакцины 800 мянган тунгийн хугацаа энэ оны арванхоёрдугаар сарын 31-нд дуусна. “Веросел” вакцины хугацаа 2023 онд дуусна” гэдгийг анхааруулсан. Энэ мэдээллийн дараа эрүүл мэндийн байгууллагууд иргэдийг дархлаажуулалтын вакциндаа идэвхтэй хамрагдахыг яаруулж, уриалсан билээ.

Харин ДЭМБ “Пфайзер” үйлдвэрлэгчийн вакцины хадгалалтын хүчинтэй хугацаа зургаан сар байсныг есөн сар болгож сунгасныг зарласан юм. Үүгээр энэ оны сүүлчээр хугацаа нь дуусах байсан нөөцөнд буй “Пфайзер” вакцины хугацаа ирэх оны гуравдугаар сарын 31-ний өдөр болчихож байгаа юм. Вакцины хадгалалтын хугацаа ингэж сунахаар угаас III тундаа сул хамрагдаж байсан монголчуудын хувьд вакцинжуулалтдаа улам хойрго хандах болов. Ямар ч байсан эхний хоёр тундаа идэвхтэй байсан шигээ яаравчлахгүй байна. Эхний тунд хүн амын 69.3 хувь буюу 2.2 сая хүн, II тунд 65.8 хувь буюу 2.1 сая хүн хамрагдсан бол дархлаа сэргээх III тунд дөнгөж 414.276 хүн хамрагдаад байна. Энэ бол Эрүүл мэндийн яамнаас аравдугаар сарын 31-ний өдөр буюу өчигдөр гаргасан албан ёсны тоо баримт.

III тунд хамрагдах идэвх, ирц туйлын хангалтгүй байгааг дээр дооргүй л ярьж байна. Мэргэжлийн хүмүүс, судлаачдын тооцооллоор есдүгээр сард нийтдээ сая гаруй хүн коронавирусийн халдвар авсан байх магадлалтай гэж ярьж байсан. Энэ таамаглал үнэн бол одоо бараг 1.5 сая хүн халдвар авчихсан байгаа болж таарч байна. Гэхдээ энэ бол таамаглал, албан бус тоо л доо. Харин албаны тоогоор нийтдээ 359.396 тохиолдол бүртгэгдээд байна гээд байгаа. Гэтэл бодит байдал дээр нөхцөл байдал өөр байгааг иргэд цахим орчинд илэрхийлж, төр засгийн зүгээс явуулж буй арга хэмжээнүүд, эмнэлгүүдийн байдал зэрэгт шүүмжлэлтэй хандаж, нас баралт, тохиолдлын тоог зориуд дарж байна гэж хардан III тунд иргэдийг хамруулахын тулд дорвитой хөдлөхгүй байна гэцгээдэг.

“Өдрийн сонин” гол нийтлэл, сурвалжлагуудаараа удаа дараа сануулж, санал гаргаж бичсээр байгаа, иргэдийг III тунд нь хамруулахын тулд тэдэнд ойртож очиж үйлчилье гэж. Их, дээд сургуулийн үүд, хүн олноор цугладаг хөлийн газар, томоохон оффис, худалдааны төвийн гадаа вакцинжуулалтын явуулын цэгүүдийг байршуулъя, орц, хороолол, гудамжинд нь очиж вакцин тарья гэж бичсээр байгаа. Гэтэл яг ингэж тулж, ард түмний амьдрал дунд орж вакцинжуулж байгаа юм харагдахгүй байна. Энэ байдлаар байвал нөөцөн дэх вакцинууд маань тэр хэвээрээ хадгалагдсаар ирэх оны дөрөвдүгээр сар хүргэж мэднэ шүү.

Харин нөөцийн вакциныг ашиглаж вакцины жуулчлалыг дэмжиж болох санааг Засгийн газрын хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ярьсан. Тэрээр “Гадаадад байгаа монголчууд болон жуулчид вакцингүй орж ирээд Монголд вакцинаа хийлгэж болно гэдэг уриалгыг гаргаж болно. Төлбөртэй биш бөгөөд Монголд ирж жуулчилсны төлөө вакциныг нь үнэгүй хийнэ. Нэг үгээр хэлбэл, жуулчдыг татах сэдэл гэсэн үг” гэж ярьсан. Энэ санал, уриалгаар бол вакцины жуулчлал хөгжиж болох талтай. Тодорхой хэмжээний судалгаан дээр үндэслэж ийм үг дуугарсан байх.

Одоо манайд хоёр төрлийн вакцины хангалттай нөөц байна. Дуусах хугацаанд нь санаа зоволтгүй боллоо. Төр засгийн зүгээс ингээд уриалчихаж байгаа юм чинь хэдүүлээ уг уриалгын хүрээнд III тунгийн вакцинаа элэг нэгт буриад, халимаг, тува, өмнөд монголчууддаа үнэгүй хийгээд өгье. Юу байна түүгээрээ дайл гэдэг монгол ардын сайхан үг бий. Юу л байна вакцин л байна. Хилийн шалган дээр дулаахан, тохитой байр бэлдье. Халдвар хамгааллын дэглэмээ өндөр хэмжээнд мөрдөж ажиллахад элэг нэгтнүүд маань орж ирээд вакцинаа хийлгэчихээд буцаад гарчихаж болохоор цомхон зохицуулалтыг хийж өгч, улмаар эргэлт үүсгэе.

Урд, хойд хил дээр Чөлөөт бүс ч байгаа. Тэр газруудаа түшиц болгоод хилийн гаднах монголчуудаа вакцинжуулах орчныг нь хангалттай бүрдүүлж чадна даа.

Өмнөд монголчуудын хувьд цаанаа вакцин нь элбэг, дотроо том том үйлдвэртэй, дээрээсээ зохион байгуулалтаа ч сайн хийж байгаа нь ажиглагдаж байна. Гэхдээ “Пфайзер” хийлгэх хүсэл сонирхолтой хүн байвал нааш хил рүү ирээд “Вакцин хийлгэе” гэвэл тариад өгчихье, “Пфайзер”-аа.

Хилийн гаднах монголчууд дундаас хойгуур нутагладаг, хиллэдэг Буриад, Тува, Халимаг, Алтайн монголчууддаа вакцинаар онцгойлон тусалмаар байна.

ОХУ-тай хиллэдэг Цагааннуур, Боршоо, Тэс, Арцсуурь, Ханх, Ульхан, Эрээнцав, Алтанбулаг гэсэн авто замын боомтууд, Эрээнцав, Сүхбаатар гэсэн төмөр замын боомтууд бий. Алтанбулагийн боомт дээр Улаан-Үдийн буриадуудаа тарьчихаж болохоор л харагдаад байгаа юм. Тэд ойрхон учир эндээс худалдаж авсан хуучин “Пажеро” жийп, тэндээсээ худалдаж авсан “Лада”-ндаа суугаад л давхиж орж ирээд вакцин тариулчихна.

Алтайн хязгаарынхныг Баян-Өлгийн Цагааннуур боомт дээр вакцинжуулчихъя. Угаас хойгуур нутгийнхан маань элэг нэгтнүүдтэйгээ ойр байдгийг ч хэлэх үү, ийм мэдээ дуулгавал сүнгэнээд ороод ирнэ.

Яагаад хилийн гаднах монголчууд, тэр дундаа хойд хилээр нутагладаг монголчуудаа вакцинжуулъя гээд байгаа юм гэхээр хойд хөршийн вакцинууд нэг л бүтэл муутайдуу байх шиг байгаа юм. Тавын таван вакцинтай, дахин хэд хэдийг туршиж байгаа гэдэг ч одоо хүртэл бүртгүүлээгүй, иргэд нь вакцинаа тариулахгүй гэж эсэргүүцэж, хүчээр шахуу барьж, дарж аваад тарьж байгаа бичлэг их харагдах юм. Өвчлөл, тохиолдлын тоо нь нэмэгдэж өчигдрийн байдлаар нийт 8.4 сая тохиолдол бүртгэгдэж, нас баралт 237 мянгад хүрч нөхцөл байдал эргээд хүндэрсээр байна. Тийм учраас Москва болон бусад хотуудад энэ сарын 7-ныг хүртэл хөл хорио тогтоочихоод байгаа. Улс орон даяараа байдлыг хяналтдаа авах гэж хичээж, хүн ам олноор төвлөрдөг, олон сая хүн амтай хотууддаа анхаарал хандуулж байгаа энэ үед монгол гаралтай, зах хязгаараар нь нутагладаг хэдийг маань хэн л тоогоо аж.

Тэдэндээ энэ хүнд үед нь туслах боломж бидэнд гарч байна. Хилийн гаднах монголчууддаа “Монгол Улс III тунгийн вакцинаа та бүхэндээ зориулахаар болжээ” гэдэг баярт мэдээг дуулгах юмсан. Хилийн гаднах монголчууддаа вакцинаар туслах, вакцинжуулах нөөц, боломж Монгол Улсад хангалттай байна. Иргэдээ I, II тунд нь амжилттай хамруулсан туршлага ч байгаа учир энэ санал санаачилгыг нийтээрээ дэмжиж, уриалж, ажил хэрэг болгоё.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

​Эрээн хаагдсанаас үүдсэн айдсын төлбөрт монголчууд шулуулж байна

Манай урд хөрш хилээ тодорхойгүй хугацаагаар хаачихлаа. Хэзээ нээхийг мэдэх хүн алга. Эдийн засаг талаасаа энэхүү хаалтыг харахад мэдээж тэжээгдэж байсан нэгэн суваг боогдчихоор асуудал байтугай юм үүснэ л дээ. Тиймээс эдийн засаг, зах зээл талаасаа бидэнд хүндрэл үүсэх нь тодорхой болчихлоо. Энэ үүсээд байгаа нөхцөл байдлыг өнгөрсөн жилийн Монгол Улсын амьдралтай зүйрлэе л дээ. Коронавирус хяналтаас гарч, улс даяар хатуу хөл хорио тогтоож, байдлыг хяналтдаа авах гэж хичээсэн. Тэр үед улсаас өрх, иргэн бүрд онцгой нөхцөл байдлын улмаас буцалтгүй тусламж илгээсэн. Уг санхүүгийн тусламж жирийн үед дундаж өрхийн сарын хэрэгцээг хангахааргүй хэмжээнийх байсан ч айл бүр дор дороо санхүү, эдийн засагтаа хэмнэлттэй байж, зайлшгүй хэрэгтэй зүйлсээ авч, хоёр, гуравдугаарх ангиллын хэрэгцээгээ хойш тавьж хүнд үеийг ардаа хийж чадсан. Яг тэр үеийг давсан туршлагыг монголчууд Эрээн хаагдсан энэ үед эргэн ашигламаар байна.

Төмс, буудай гурил, мах нь хангалттай байхад нарийн ногоо, элдэв шалдав нэмэлт хүнсгүйгээр хагас жил тэсчихэж болмоор дотоодын нөөц байна. Урд хил хаагдлаа гээд сандраад, “Нарантуул” руу гүйж, хүнсний захуудын ачааллыг нэмэгдүүлэхгүй байх нь ухамсартай иргэнээс гарах үйлдэл шүү. Ямар нэгэн юмнаас үргэлж хараат ирсэн сэтгэл зүйн гажуудлаасаа татгалзаж зоригтой байх нь чухал болоод байна. Эрээн болон хил хаагдсанд биш монголчууд сэтгэл зүйн хувьд ямарваа нэгэн зүйлээс үргэлж хамааралтай ирсэн, дандаа айж эмээж түгшиж ирсэн тухай асуудал л энд хөндөгдөж байгаа юм. Бид аль ч хил хаагдсан өлсөхгүй байх боломжтой ард түмэн. Тал, хөндийгөөр дүүрэн 60 сая мал, эцэг өвгөдийн буян бэлчиж байна. Төв, Сэлэнгийн нутгаар дүүрэн тариа, буудай ургачихлаа. Төвийн нутгаар сүүлийн 30-аад жил ургаагүй арвин ургац авч байна. Гурил хангалттай. Харин ч илүү гарч, экспортолъё гэж тариаланчид бардам ярьж байна.

Өнгөрсөн хоёр жил өвөл, сэрүүний улиралд монголчууд гэрээсээ гарсангүй, хөл хорионд сууцгаалаа. Өвлийн дулаан хувцас нь учиргүй элэгдэж, цоорчихоогүй бол үхэр жилийн өвлийг давчихвал давчих л байх. Идэх уух нь дотоодоосоо элбэг, өмсөж дулаацах нь гэрт нь байхад “Хил хаагдлаа” гэж дуулангуут нэгнээсээ өрсөж хүнс, барааны зах руу үхэлдэн тэмцэж өрсөлддөг, Хятад улс хилээ хаачихлаа гэнгүүт айж сандардаг нь бидний сэтгэхгүй, сэтгэл зүйтэй л холбоотой хямрал юм. Түүнээс биш бодитоор харвал Монгол Улс яадгаа алдсан улс биш ээ. Дотоод нөөц бололцоогоо харж мэдэхээ байсан, түүндээ итгэхээ больсон харалган хүмүүс л хий шаагилдаад бодит зүйлийг байгаагаар нь харахгүй байх шиг ээ.

Монголчуудын гадаад худалдаанд гарлагаддаг хэдэн тоо баримтыг дурдъя л даа. Машин тоног төхөөрөмж, компьютерт жилдээ 1.2 тэрбум доллар зардаг. Нефтийн бүтээгдэхүүнд 665 сая ам.доллар, хүнсэнд 536 сая ам.доллар, барилгын материалд 491 сая ам.долларыг зүгээр өгчихдөг. Үүнээс хүнсэнд зарцуулдаг 536 сая ам.долларыг задалбал ихэвчлэн хэрэгтэй хэрэггүй амттан, ундаа, чихэр шоколаданд дийлэнхийг нь зарцуулдаг байх юм. Урд хилээ хаалгачихсан байгаа энэ үед тэр чихэр шоколад, шүд өвтгөх юмнуудыг нь авахаа байгаад мах, гурил, төмсөө өнхрүүлээд байхад нэг жилээ бараг даачихна шүү. Тэгэхээр бид гадагшаа урсаж буй 536 сая ам.доллараас нэлээдийг нь хэмнэж болохоор байгаа юм. Тэр урдаас орж ирдэг нарийн ногоо, гадны янзан бүрийн амттанг идэхгүйгээр бид амьдарч чадна шүү дээ.

Барилгын материалын хувьд харахад гадагшаа урсаж буй мөнгөний дийлэнх нь арматурын төмөрт явдаг юм байна. Монгол Улс төмрийн хүдрээ өдөр шөнөгүй урагшаа зөөж байгаа. Тэрийгээ дотооддоо үлдээгээд хайлуулахад л арматур шүү дээ. Бид худалдан авагч биш үйлдвэрлэгч улс, нөөцтэй улс гэдэгтээ эхлээд өөрсдөө итгэх ёстой юм. Үндэстнээрээ тархиндаа юм юмнаас хараат, сэтгэл зүйдээ өөртөө итгэлгүй явсаар ирсэн нь олон юмнаас хойш сууж бүтээлч биш бэлэнчлэх сэтгэхүйтэй ард түмэн болох хөрс нь болчихож. Эрээн хаагдлаа гэдэг хий хоосон айдас, эмгэгийн төлбөрт эргээд монголчууд монголчуудаа шулж байна. Хил хаагдлаа гэдгийг дуулсан эдийн засгийн мэдрэмж, мэдлэгтэй хүн ямар нэг гүйлгээ, зарлага хийхээ больчихдог. Гэтэл монголчууд юм ховордох нь, дуусах нь гэдэг соц үеийн эмгэг, ерээд оны тэрхэн зуурын хямралыг өнөөдөртөө авчирч нааж айгаад байгаад л хамаг учир байна. Монголчууд өлсгөлөн үзээгүй, өлсөж үзээгүй ард түмэн л дээ. Түүхэндээ ч тийм юм байхгүй. Өнөө жил гэхэд 600-гаад мянган тонн алтан тариа халиурч, 200-300 мянган тонн төмс хураалттай байна. Мах нь байна. Ийм байхад бид яаж ч байсан өлсөхгүй. Давс нь нуур нуураараа байна. Өөр юу хэрэгтэй юм, цар тахлаас үүдсэн эдийн засгийн хямралын энэ үед.

Монголчууд юм ховордлоо гэдэг хиймэл айдас үүсгэж, хил хаагдлаа гэдэг зохиомол түгшилт бий болгодог араншингаасаа ангижирч, өрсөх эмгэгээсээ салмаар байна. Өрсөх эмгэг нь сүүлдээ хүндэрч галзуурал болчихоод байна. Монгол дотроо, аймаг дотроо, хороон дотроо гудамж, орцон дотроо нэг нэгнээсээ өрсөх нь ямар ч ашиггүй. Шатахуун түгээх станцад алалцаж дугаарлаад, дугаарлаад машиныхаа банкнаас илүүг шахуулж чадахгүй. “Нарантуул” захаас бараа татаад, татаад “Портер”-ын тэвшнээсээ давахгүй. Өнгөрсөн жил монголчууд жорлонгийн цаасанд яаж тэмцэлдэж тараа таниуллаа даа. Даавууны тасархай байхад л тэр асуудлыг хүнд үед давчихаж болох л байсан. Энэтхэгт тэр даавуугаа дахин дахин угааж хэрэглэдэг л гэсэн биз дээ.

Гэтэл Эрээн хаагдлаа гэдэг мэдээ тарангуут нийтээрээ шахуу “Яана аа” гэж айнгуут тэрийг нь нэг хэсэг нь овжиноор ашиглаад юмны үнээ зохиомлоор өсгөж бусдыгаа шулж байгаа юм. Хэрвээ монголчууд “Ай, тэр хил хаагдаж л байг. Нээгдэхээс хойш шогшроод юу хийнэ” гээд огтоос тоохгүй бол наймаачид гэх хүмүүс юмны үнэ өсгөхгүй, харин ч бараагаа зарах гэж үнээ буулгах нь хямралын үеийн жам байсан юм. Дээр үед юм юмтай байлаа гэж ярих дуртай хүмүүс бий. Үгүй шүү. Харин өнөөдрийн Монгол Улс юм юмтай улс шүү. Ард түмэн нь, аж ахуйн нэгжүүд нь дор бүрнээ хөгждөг, хөлжиж буй. Бүгд хөгжих сувагтай, үйлдвэрлэлээ, үйлдвэрээ өргөжүүлэх боломжоо томоор харчихсан улс. Харин ч одоо дотооддоо юм бүхнээ хийчих боломжтой болчихсон. Бааз нь, сэргэлэн бизнесмэнүүд нь байна. Ийм байхад бид “Хил хаагдлаа” гэдэг уламжлалт айдсаасаа салж, сөрж зогсон зоригтой байх хэрэгтэй шүү. Дахин хэлье. Бүү ай. 60 сая мал, 600 мянган тонн тариа, нуур нуураар давс нь, Төв аймгаар дүүрэн төмс нь байна. Дэмий айдаст автаж зарим нэг нөхдөд битгий залилуул. Хааж болсон юм нээж болох байлгүй дээ, тэр хил ээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Гантулга: Төв аймаг төмс, хүнсний ногооны дотоодын хэрэгцээг 100 хувь хангана

Төв аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Н.Гантулгатай цаг үеийн сэдвээр ярилцлаа.


-Төв аймагт ургац хураалт хэдэн хувьтай явж байна. Төмсний хураалт дуусчихсан гэв үү?

-Төмсний хураалт ерөнхийдөө дууссан. Хүнсний ногооны хураалт 90 гаруй хувьтай явж байна.

-Тарианы хураалтын хувьд?

-Үр тарианы хувьд өнөөдрийн (өчигдрийн) байдлаар 78 хувьтай болж байна. Үүнээс улаанбуудайн хураалт 77, 78 хувь руу орсон ийм байдалтай явж байна. Ер нь цаг агаарын нөхцөл байдал ойрын хэд хоногт хур тунадасгүй аятайхан байгаа учраас шахвал ирэх долоо хоногоос ургац хураалт дуусчих болов уу гэж бодож байна.

Ямар ч байсан энэ сарын 28 хүртэл цас орохгүй гэсэн мэдээ байгаа болохоор арваннэгдүгээр сарын 1-нээс өмнө ургац хураалт бүрэн дуусгачихна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-Төв аймаг өнөө жил сүүлийн 30-аад жил хураагаагүй их ургац хурааж авна. Дотоодын хэрэгцээг бүрэн хангачих хэмжээний төмс хураана гэж ярьцгаагаад байгаа?

-Ер нь бол хангалттай. Хангана гэж үзэж байгаа. Бид энэ жил 12.300 га-д төмс тариалсан.

Төмс чинь таримал ургамал юм болохоор энэ жил нар дутагдаж, хур бороо их орсон гэх асуудал гарсан. Үүнээс болж төмсний ургацын хувьд нэгжээс авах ургацын хэмжээ буурсан ч тариалсан талбай нь их байгаа учир дотоодын хэрэгцээгээ ямар ч байсан 100 хувь хангана гэж үзэж байгаа.

-Ургац хураалтын ажилд төр засгаас нэлээд зохицуулалт хийж өгч, ажиллах хүч илгээлээ. Төв аймгийн удирдлагууд ч энэ тэр дээр анхаарал тавьж ажилласан байна. Энэ бүх зохион байгуулалтын үр дүнд ургацаа алдалгүй хурааж байна гэж үзэж болох уу?

-Ургац хураалтад Засгийн газраас нэлээд хэдэн арга хэмжээ авсан. Гэхдээ ямар ч байсан “Халамж авдаг хүмүүс бол ажиллахгүй юм байна аа” гэдэг ойлголтыг бүх тариаланч, аж ахуйн нэгж, хувь хүмүүс хэлж байна. Тэр хүмүүс маш залхуу, хойрго. Ажлын талбарт ирээд мөнгө л ярихаас биш өөр хийж чаддаг юм алга. Харин ургац хураалтын гол ажлыг манай хугацаат цэргийн алба хаагчид нугаллаа. Тэд бүх газар жигд, боломжийн ажиллаж, нийт ургацыг нэлээд сайн хурааж өглөө. Оюутнууд маань сайн ажилласан.

Ер нь энэ халамж, хүнсний талон авдаг иргэдийг муу ажилласан гэдгийг иргэд, аж ахуйн нэгжүүд хэлж байгаа.

-Газар дээр нь ажиллаж байгаа салбарын хүмүүс, тариаланч та бүгд л үнэнийг хэлнэ л дээ. Энд байгаа хүмүүс талоныхныг ажлыг ёстой нэг умалзуулж байна гэж л бодож байгаа шүү дээ?

-Маш хариуцлагагүй хүмүүс байдаг юм байна. Халамж авдаг хүмүүс хамгийн залхуу, хойрго ийм хүмүүс л байдаг юм байна л даа. Тэдэнтэй холбоотой гомдол аж ахуйн нэгжүүдээс маш их ирсэн. Харин Зэвсэгт хүчин, хилийн цэрэг, Хуурай цэргийн командлал ургац хураалтад маш сайн ажиллалаа. Ялангуяа Төв аймгийн хувьд Хуурай цэргийн командлалын төв нь манай Зуунмод суманд байдаг. Эднийх манайд 1000 гаруй цэрэг гаргаж өгч, ногоо хураалтад оролцуулсан. Энэ нь нэлээд үр дүнгээ өгсөн. Дээр нь ХААИС-тай хамтын ажиллагаатай. Тус сургуулиас 500, 600-гаад оюутан гаргаж өгсөн. МУБИС нэлээд оюутан гаргаж өгсөн. Энэ бас үр өгөөжөө өгсөн. Үүн дээр иргэд нэлээд сайн ажиллаж өгсөн. Хувиараа, өдрөөр ажиллаж буй иргэд маань сайн ажилласан. Өөр аймаг, сумдаас ч иргэд ирж ажилласан. Иргэд, халамжийн хүмүүсийг ялгаж салгаж өгөх хэрэгтэй юм байна.

-Урд хил хаагдчихлаа. Хэзээ нээгдэхийг мэдэхгүй. Цаашид эдийн засаг, нийгмийн байдал хэрхэх нь тодорхойгүй, бүрхэг байгаа ч тариаланчид маань төмс, хүнсний ногооны дотоодын хэрэгцээгээ хангана гэж ярьж байгаа нь гэгээлэг мэдээ юм даа?

-Үнэхээрийн сайхан мэдээ байгаа нь манайх төмс, хүнсний ногооны дотоодын хэрэгцээгээ 100 хувьд хангана гэж зорьсон. Улаанбуудайн хувьд ч тэр 100 хувь хангана. Гэхдээ тариаланчдын хувьд нэг хэцүү зүйл байгаа нь улаанбуудайн борлуулалт маш муу байна. Яагаад вэ гэхээр, өнгөрсөн жилийн улаанбуудайн нөөц нэлээд байгаа юм билээ. Хавар 200-гаад мянган тонныг оруулаад ирчихсэн. Улсын хэмжээнд 400 гаруй мянган тонн улаанбуудай байхад жилийнхээ хэрэгцээг хангадаг гэж үзэж байгаа. Гэтэл улаанбуудайн үндсэн хэрэгцээнд 500 гаруй мянган тонныг хурааж авахаар төлөвлөчихөөд байгаа шүү дээ. Тэгэхээр 200 гаруй мянган тонн байгаа гэхээр 200 гаруй мянган тонн нь борлуулагдаад үлдсэн нь борлуулагдахад хүндрэлтэй болно гэсэн үг. Дээр нь буудайн чанарын хувьд хур бороо элбэгтэй жил нар дутагдсанаас цавуулаг чанар нь тааруу байх зэрэг бэрхшээл байна. Хэдийгээр ургац өндөр авч байгаа ч бүх юмыг нэг талаас нь сайн сайхан байна гэж харж болохгүй.

-Угтаалцайдам, Цээл, Борнуур, Жаргалант гээд Төв аймгийн тариалангийн гол бүс нутгуудад ажил жинхэнэ буцалж, амсхийх завгүй бүгд хөдөлж байгаа цаг даа, аравдугаар сард?

-Тэгэлгүй яахав. Бид сумдаараа байнга тойрч байна. Тулгамдаж буй асуудлууд олон гарч байгаа. Тэр асуудлыг газар дээр нь шийдвэрлэх тал дээр ажиллаж байна. Энэ жил ургац хураалтын үеэр шатахуун тасрах асуудал гарлаа. Гэхдээ нэг давуу тал нь дизель түлш тасалдсангүй. Үүгээрээ хөдөө аж ахуй, газар тариалангийн ихэнх ажил маань тасарсангүй. Хувийн хэрэгцээ, будаа тээврийн ажилд 80, 92 шатахуун тасарч буй асуудал гарсаар байна. Үүнийг Ургацын комисс дор дор нь холбогдох байгууллагууд руу нь мэдэгдэж ажиллаж байна. Энэ жилийн хувьд Төв аймаг сүүлийн олон жил аваагүй их ургац авч байгаа. Манай тариаланчид их сайхан, сэтгэл санаа өөдрөг байгаа.

-Аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газрууд дор бүрнээ шатахууны нөөц бүрдүүлдэг байх. Тийм үү?

-Үгүй, үгүй. Манайд тийм төсөв хөрөнгө байхгүй шүү дээ. Бидэнд тийм зүйл байдаггүй. Ер нь цаашид аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газарт юмуу, аймаг дээр нь үрийн нөөц, шатахуун, тосны нөөц бүрдүүлэлтийг хийдэг байвал илүү үр дүнтэй юм байна гэж харж байгаа. Бид улсын нөөц бүрдүүлэлтээс бүх юмнуудаа шийдвэрлүүлээд явж байгаа шүү дээ.

-Дээр ярьсан нэг зүйлийг дахиж тодруулъя л даа. Халамжийн иргэдийг өдөрт 50 мянган төгрөгөөр ажиллуулна гэж зарласнаас үүдэж тэдгээр иргэд цаг бүртгүүлэх маягаар талбай дээр үр дүнгүй сууж үзэгдчихээд мөнгөө бүтэн авах сонирхолтой байсан талаар тариаланчид ярьж байна лээ. Үүнийг цаашид яаж зохицуулбал зүйтэй вэ?

-Нийтэд “Өдрийн 50 мянган төгрөгөөр ажиллуулна” гэж буруу мэдээлэл тараасан. Үүнээс болж хүмүүс өдрийн 50 мянган төгрөгөөр ажиллана гэсэн. Гэтэл тэр хүн тэнд очоод өдөрт 50 мянган төгрөгтөө таарсан ажил хийж чадаж байна уу, үгүй юү гэдэг чинь том асуудал болчихоод байна. Цаашид ажлын гүйцэтгэлээр цалингаа авдаг зарчим руу шилжих хэрэгтэй. Төмс хураахад өдөрт төдөн шуудай гэж зааж өгөх, эсвэл нэг шуудай нь төдөн төгрөг гэж зааж өгөх хэрэгтэй. Тийм маягаар зохицуулах хэрэгтэй юм байна. Улаанбуудайн дээр ажиллаж байгаа хүмүүсийн өдрийн хоолыг хаанаас гаргаж байгаа юм, аж ахуйн нэгж нь үү, тэр хүн өөрөө хоолоо гаргаж байна уу гэх зэргээс хамаарч ажлын цагт нь шилжүүлж төлбөрийг тооцох зэрэг тийм аргачлал руу орохгүй бол өдрийн 50 мянган төгрөг гэдэг байдлаар явбал тэр хүмүүс очоод ажил хийхгүй, өдөр хоногоо хий дэмий өнгөрүүлэх маягаар хандаад байна.

-Тариа, ургацаа хурааж дуусч байна. Одоо хадгалалт, борлуулалтын асуудал тулгарч таарна. Таны ярилцлагыг шийдвэр гаргах түвшний хүмүүс уншиж байгаа. Тэдэнд хэлэх үг байгаа байх?

-Улаанбуудайг экспортод гаргах, ядаж гурилыг экспортоор гаргах тал дээр онцгой анхаарч ажиллах хэрэгтэй. Тариаланчид зээл, өр төлбөр тавьж хавар, намаргүй, өдөр шөнөгүй ажиллаж байж тариа, ногоогоо ургуулдаг. Гэтэл ургуулсан тариа, буудай нь борлуулагдахгүй байх ийм бэрхшээл тулгарч байгаа учраас Монгол Улс дотооддоо тарьсан ногоог худалдаалж дуустал хэсэг хугацаанд гаднаас орж ирж байгаа хүнсний ногоонд хязгаарлалт хийж, хориг тогтоох ийм зохицуулалтыг хийх хэрэгтэй.

Төр засгаас авч хэрэгжүүлж байгаа нэг том арга хэмжээ бол ковидын цар тахлын үед гурван хувийн хүүтэй зээл олгосон нь маш их нүдээ олсон ажил боллоо шүү дээ. Энэ зээлийг авсан иргэн, аж ахуйн нэгжүүд маань тариалалтаа хангалттай хийж чадлаа. Энэ жил манай Төв аймаг 44.100 га-д ногоон тэжээл тариалсан. Өнгөрсөн жил ногоон тэжээл үнэтэй байсан болохоор энэ жил хүн болгон шахуу ногоон тэжээл тариалсан. Тэр нь энэ жил борлогдохгүй байх асуудал үүсч эхэлж байна. Иймэрхүү жишээ гараад байгаа байхгүй юу. Тиймээс баруун аймгууд, зуд болох магадлалтай бүс нутгууд, өвс ногоо муу ургасан аймгууд, гантай байсан аймгуудаа Төв аймгийн тариалангийн сумдтай холбож ногоон тэжээлээр хангах, нөөц бүрдүүлэлт хийх зэрэг ийм уялдаа холбоотой ажлыг төр засаг хийх хэрэгтэй байна. Ингэхгүй бол тариад ургуулаад хураасан ч борлуулалтын асуудал дээр хүндрэл гараад ирвэл тариаланчдын маань ажил талаар өнгөрнө. Хүнсний ногоо гаднаас оруулж ирж байгаа асуудлыг тариаланчид монгол ногоогоо борлуулж дуустал хориглох хэрэгтэй. Гэхдээ нэг онцлог нь Хятадаас төмс орж ирэхээ больсон шүү дээ. Тийм болохоор төмсийг гаднаас оруулж ирэхийг бүрмөсөн 100 хувь хориглочих хэрэгтэй.

Байцаа, сонгино зэрэг зарим ногооны хэрэгцээг одоогоор хангаж чадахгүй байгаа ч гэсэн дотооддоо ургуулсан ногоогоо дотооддоо бүрэн шингээсний дараа гаднаас тодорхой заагаар оруулж ирдэг ийм зохион байгуулалт руу оруулахгүй бол болохгүй байна.

Зоорийн хангамжийг маш сайн нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Нийслэлийн Засаг дарга тариалангийн бүс нутгийн хэдэн аймагтай Хамтран ажиллах гэрээ, Санамж бичиг байгуулаад энэ долоо хоногт гарын үсэг зурах юм. Тариаланчид нийслэлд ирээд ногоогоо шууд зардаг болох ёстой. Өнөө жил нийслэлд 1000 машины зогсоол дээр ийм ажил зохион байгууллаа. Үүн шиг жилийн дөрвөн улирлын турш шинэ ногоогоо зардаг зориулалтын зах бий болгох, хүнсний ногооны зоорийг нэмэгдүүлэх зэрэг ийм ажлууд дээр онцгойлон анхаарвал болчих гээд байна л даа. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг монголчуудын үг бий шүү. Тэрийг л сана. Одоо агуулах сав байхгүйгээс улаанбуудайг гурилын үйлдвэрүүд авахгүй байна. Гурилын үйлдвэрүүд ч өөрсдөө саваа нэмэгдүүлэх хэрэгтэй. Төр засаг ч будааны агуулах савыг нь нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллах хэрэгтэй болоод байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Сүхийн талбай дээр хэвлэлд ярилцлага өгвөл цагдаагаас зөвшөөрөл авдаг болжээ

“Хэвтүүл хөдөлгөөн”-ий зохицуулагч, иргэн А.Цэрэнбатаас “25 дугаар суваг” телевизийн сэтгүүлч Сүхбаатарын талбайд цаг товлож, ярилцлага авсан. А.Цэрэнбат “Одоо талбай дээр гараад үг хэлэх гэхээр бүгдийг нь баривчилдаг, Ковидын хуулиа ярьдаг болсон. Тэгсэн мөртлөө өөрсдөө тэр хуулиа мөрддөггүй” хэмээн ярьж эхэлтэл цагдаагийн алба хаагчид урдуур хойгуур нь сүүтгэнэж, ярилцлага өгөхөд нь саад хийх гэж оролдож буй нь ярилцлага өгч байгаа зочны үг, үйлдлээс харагдаж байлаа. Сүхбаатарын талбай дээр цагдаагийн зөвшөөрөлгүйгээр ярилцлага өглөө гэх утгатай зүйлийг цагдаагийн алба хаагч бүдэг бадаг ярих аж. Иргэн, цагдаагийн алба хаагч хоёрын хоорондох яриа нэг иймэрхүү.

А.Цэрэнбат:-Энд иргэд яриа өглөө, чамд ямар гэм хийчихсэн юм бэ?

Цагдаагийн алба хаагч:-Таныг хэн гэдэг вэ. Аль телевизээс яриа авч байгаа юм?

А.Цэрэнбат:-Чамд ямар хамаатай юм бэ. Би өнөөдөр телевизэд яриа өгөөд явж байна.

Цагдаагийн алба хаагч:-Би өнөөдөр Сүхбаатарын талбайг хариуцсан эргүүл.

А.Цэрэнбат:-Тэгээд би яасан юм?

Цагдаагийн алба хаагч:-Ямар учраас телевизэд яриа өгч байгаа юм бол гэдгийг чинь тодруулж байна шүү дээ.

А.Цэрэнбат:-Юу гэсэн үг вэ? Ямар учраас би чамд мэдүүлэг, тайлбар, байцаалт өгөх ёстой юм бэ?

Цагдаагийн алба хаагч:-Зайгаа барь л даа (Нэг алхам хойшлов.)

А.Цэрэнбат:-Чи намайг яагаад, ямар учраас яриа өгч байна гэж асуудаг чинь юу гэсэн үг вэ?

Цагдаагийн алба хаагч:-Ямар учраас яриа өгч байгаа юм болоо л гэж…

А.Цэрэнбат:УОК-ынхон талбай дээр юу хийж байгааг хар даа, та нар (Талбайн урд машин хүлээж авах ёслолд оролцож буй албаны бөөн хүмүүс рүү заав)

Цагдаагийн алба хаагч:-Энийг бол би мэдэж байна. 21 машин шинээр хүлээн авч байна.

А.Цэрэнбат:-Энэ тэгээд болох юм уу, хөл хорио, ковид чинь болж байгаа юм уу?

Цагдаагийн алба хаагч:-Шинээр хүлээлгэж өгч байгаа юм аа.

А.Цэрэнбат:-Энэ хотын захиргаагаа хар, та нар. (талбайн хойд хэсэгт байршуулсан Нийслэлийн захирагчийн албаны нээлттэй хаалганы өдрийн асар майхнууд руу, тэр хавиар бөөгнөрсөн хүмүүс рүү заав.) Энэ тэгээд болох юм уу?

Цагдаагийн алба хаагч:-Би болно, болохгүй гэж юм яриагүй.

А.Цэрэнбат:-Тэгээд би иргэн. Талбай дээр яриа өглөө. Болохгүй юу?

Цагдаагийн алба хаагч:-Болохгүй гээгүй ш дээ. Яриаг чинь дуусахаар өөр дээр чинь ирж байна ш дээ.

А.Цэрэнбат:-Над дээр ирээд яах гэж байгаа юм. Ямар яриа өгчихөв гээд дарамтлах гээд байгаа юм уу. Улс орныг мууллаа гэж байгаа юм уу…

Толгой сэгсэрмээр байгаа биз. Сүхийн талбайд цагдаагийн зөвшөөрөлгүйгээр хэвлэлд ярилцлага өгч болохгүй болжээ. Та уг талбай дээр заавал улс төр биш төмсний тухай ярьсан ч цагдаагаас зөвшөөрөл авах ёстой, цагдаа таныг тойрон эргэж хянаж байх болно. Ямар нийгэмд амьдраад байна аа, бид. Дээрх иргэн, цагдаагийн алба хаагч хоёрын харилцан ярианаас ажиглахад эрх баригчид яг л энэ цагдаагийн алба хаагч шиг хүний эрхийн мэдрэмжгүй, хуулиа мэддэггүй. Иргэд хүний эрхийг уландаа гишгэдэг дарангуйллын нийгэм бүрэлдэж буйд гайхаж, шогширч аргаа барж тэмцэж эхэлж байна.

Дарга нар бөөгнөрч, намынхаа 100 жилийн ойг тэмдэглэж, олон хүн цуглуулж баяр цэнгүүнээ хийхэд дуугүй байсан цагдаа картон цаасан дээр юм бичээд Төв шуудангийн өмнө зогссон ганц хоёр жагсагчийг хөөж тууж, заримынх нь гүрээний судсыг нь гүрэлзүүлэн байж хамжаад машиндаа чихээд аваад явчихдаг. Жагсагчдын майхан сав, мод түлээ, эсгийнээс эхлүүлээд лоозон, сандал, ямаа гээд булаахгүй юм байхгүй болсон, цагдаа нарт. Цагдаатай холбоотой иймэрхүү хүний эрхийн зөрчил тоймоо алдлаа. Жагсагч гэх нэртэй хүмүүс бол иргэд юм. Тэдэн дотор цагдаа нарын ах дүүс, хамаатан садан, найз нөхөд нь ч яваа. Явж явж тэдгээр жагсагч гэдэг чинь цаагуураа бол цагдаа гэдэг хүний эрх, цагдаагийн гэр бүлийн эрхийн төлөө ч эрх баригчдыг шүүмжилж, эсэргүүцэж буй энгийн иргэд юм шүү дээ.

Талбай дээр олноор цуглаж төмс ногоо зарж, бөөнөөрөө цуглаад мод ярихад яадаггүй ч коронавирус нь хэд гурван залуус Хууль зүйн яамны гадаа энд тэнд зогсоод бор цаасан хайрцагны тасархай дээр “Эрх чөлөө” гэж бичээд зогсохоор хүнд халдчихдаг гэх утгатай Ковидын хууль Монголд үйлчилж байна. Сүхийн талбайд ярилцлага өгч буй иргэнийг хянаж цагдаж, яриаг нь чагнаж байгаад дараа нь “Чи цагдаагийн зөвшөөрөлгүй ярьчихлаа. Сүхбаатарын талбайн эргүүлийн цагдаад юу ярьснаа хэл” гэж байцаадаг цагдаагийн байгууллагатай болчихож. Монголд цар тахлыг далимдуулсан хүний эрхийн зөрчил, цагдаагийн дарангуйлал хэрээс хэтэрсний нэг том кэйс нь энэ боллоо.

Үнэндээ цагдаа нар нь өөрсдөө ямар эрх, үүрэгтэйгээ мэддэг юм уу даа гэж гайхмаар тохиолдол их гарах болов. Уг нь гадны орнуудыг харж байхад цагдаа нар нь тухайн иргэнтэй харьцахдаа дан хуулийн заалт цээжээр хэлж, саатуулж буй, шаардлага тавьж байгаа үндэслэлээ хуулийн талаас нь тайлбарлаж, шаардлагаа хууль ёсных гэдгийг нотолж итгүүлдэг.

Дабль стандартаа бататгах гэсэн эрх баригчид, төрийн толгойд гарч хуулийг гууль болгосон удирдагчдыг дахин хаацайлахгүй гэсэн цагдаа нар бамбай, дуулгаа хөсөр хаяад ард түмэн, жагсагчдын талд орсон ойрмогхны жишээг дэлхий нийтээр харсан шүү дээ. Гэтэл манайд цагдаа нар “Болохгүй, оруулахгүй. Дарга битгий гэдэг тушаал өгсөн” гэдэг ганц хоёр үгээр ам таглаад иргэдтэй хүчирхийллийн маягаар харьцах болсон нь энгийн үзэгдэл шахуу болчихлоо.

Харин саяхан Хууль зүйн яамны гадаа АН-ын ҮБХ-ны гишүүн О.Магнай өөдөөс нь түрэмгийлж зогссон цагдаа нарын улаан нүүрийг харж байгаад “Үндсэн хуулийн хүрээнд хийж байгаа тэмцэл бол цэвэр, хүчирхийллийн бус аргаар, Үндсэн хуулиар баталгаажсан эрхийнхээ хүрээнд хийж буй тэмцэл юм. Тийм учраас бид энд байгаа байхгүй юу. Монголын цагдаа ч Үндсэн хуульд захирагдах ёстой. Санал нэг байна уу” хэмээгээд өөдөөс нь тулж зогссон цагдаа нараас “Санал нэг байна уу” гэж давтан асуухад өнөөдүүл нь толгой дохиж, хүлээн зөвшөөрч буй нь бичлэгт үлдсэн байна билээ.

О.Магнай “Үндсэн хууль гэдэг бол Монгол Улс энд байгаа гэдгийн хамгийн гол суурь нь. Энэ Үндсэн хуульд биднийг жагсаж, цугларах, ингэж үзэл бодлоо илэрхийлж болно гэж баталгаажсан юм аа. Ойлгож байгаа биз, баталгаажчихсан эрх байгаа юм. Гэтэл та нөхөд маань, цагдаа нар ямарваа нэгэн хууль ярихгүйгээр зүгээр л “Дарга ийшээ битгий оруул гэсэн”, “Дарга ингэ гэсэн юм аа” гэдэг юм хэлээд байгаа байхгүй юу. Ардчилсан улсын цагдаа чинь ингэдэггүй байхгүй юу даа. Цагдаа, цэрэг хоёрын хамгийн гол ялгаа юундаа байдаг вэ гэхээр цэрэг бол тушаал биелүүлнэ, дараа нь хариуцлага хүлээхгүй. Харин цагдаа бол даргынхаа хууль бус тушаалыг биелүүлэхгүй байх эрхтэй байдаг байхгүй юу даа, Цагдаагийн тухай хуулиар. Иргэдийн хувьд Цагдаагийн тухай хуулиар цагдаагийн байгууллагын алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг л биелүүлэх үүрэгтэй. Хууль ёсны л шаардлагыг шүү дээ. Тэрнээс биш цагдаагийн байгууллагын албан хаагчийн тавьсан шаардлага болгоныг биелүүлэх үүрэг байхгүй. Иргэдийн эрхийг хамгаалахын тулд цагдаа энд зогсох ёстой” гэж ярьсныг тэнд байсан цагдаа нарын зарим нь анх удаа ийм зүйл сонссон мэт гайхаж харагдсан.

Ардчилсан оронд цагдаагийн алба хааж байгаа хүмүүс олон нийтийг бодвол хүний эрхийн тал дээр харин ч өндөр мэдрэмжтэй байх атал гудамжинд, жагсагчдаас Үндсэн хуулийн хичээл заалгаад зогсож байна. Өнөөгийн Монголын цагдаагийн байгууллага гэх том айл хуулийн дулимаг байтугай, хүний эрхийн ямар ч мэдрэмжгүй цагдаа нарыг шууд гудамжинд жагсагчид руу турхирч байна. Гэтэл жагсагч гэх нэртэй өнөөдүүл нь Монголын цагдаагаас хамаагүй илүү хүний эрхийн талаарх ойлголттой, мэдлэгтэй, юм үзэж ном уншсан хүмүүс байх жишээний. Иргэдээ хамгаалах, иргэдийнхээ талд зогсох ёстой цагдаа нар нь “Сүхийн талбай дээр зөвшөөрөл авч ярилцлага өг”, “Дарга руу, яам руу оруулахгүй ээ” гэдэг жижүүрийн хэдэн үгтэй болчихвол цагдаагийн байгууллага гэж байгаад огт хэрэг алга. Ер нь өөрийн эрхээ эдэлж мэддэггүй, эрхээ хамгаалж чаддаггүй, хууль ойлгодоггүй хүмүүс даргын хууль бус тушаалын сүүдэрт өөрөө буруудчих гээд байдаг тал бий. Тиймээс цагдаагийн албанд зүтгэж буй олон мянган залуус Үндсэн хууль, хүний эрхийн тал дээр их юм судалж, мэдэж хувь хүнийхээ боловсролд анхаараад эхэлчихвэл ядаж тэр Сүхийн талбайн эргүүл шиг эвгүй байдалд орохгүй дээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Корона гэх коммунист вирус Ардчиллыг багалзуурдаж байна

“Хятадын Ухань хотод коронавирус гэх үхлийн шинэ вирус дэгдлээ” гэдэг аймшигт мэдээ дэлхий дахинд түгсэн 2020 оны нэгдүгээр сараас хойш хүн төрөлхтөн тахалтай тэмцэлдэж байна. Өчигдрийн байдлаар дэлхий дахинаа 210 сая тохиолдол албан ёсоор бүртгэгдэж, нийт 4.5 сая хүн коронавирусийн халдварын улмаас хорвоог орхиод байна. Дэлхийн эдийн засаг бүхэлдээ унаж, ядуу, буурай орнуудын нөхцөл байдал улам дордсоор. Энэ тахал хүн төрөлхтний эрүүл мэнд, амь нас, эдийн засагт нөхөж баршгүй хохирол учруулахын зэрэгцээ хүний заяагдмал эрхүүд болоод Ардчилалд маш хорлонтой нөлөөлж байна. Дэлхийн ард түмэн тив тивдээ эрх, эрх чөлөөнийхөө төлөө мянга мянган жил тэмцэл хийж Ардчиллыг олж авсан ч коронавирус дэгдсэн 2020, 2021 онд түүнийгээ эргэн алдаж байгаа нь олон.

2019 оны хавар Хонконгт гэмт хэргийн сэжигтнийг Хятадад шилжүүлэн өгөх тухай хуулийн төслийг эсэргүүцэгчдийн жагсаал эхэлж, олон сар үргэлжилсэн. Жагсаалын хүч өдөр хоног өнгөрөх тусам хүчээ нэмж, хүрээгээ тэлж байсан нь Хятадын Засгийн газрыг барьц алдуулахад хүрч, олон улс ч энэ жагсаалд анхаарлаа хандуулж Ардчиллын талд зогсож буйгаа илэрхийлсэн. Гэтэл коронавирус Хятадын хяналтаас гарч улс орнууд хилээ хаах үеэр Хонконгийн жагсаал ч арга буюу дарагдсан. Гэсэн ч жагсагчид хөл хориотой үед ч жагсаалаа үе үе хийж, шударга ёсыг, ардчиллыг нэхсээр байгаа ч эрх баригчдынх нь дарангуйлал, ковид гэх “далайлт”-ын хүчээр тэд хөдөлж чадахгүй, тийчилж байна.

Беларуст өнгөрсөн жилийн наймдугаар сард тус улсын түүхэнд байгаагүй олон хүн оролцсон эсэргүүцлийн жагсаал болсон. Беларусийн ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг эсэргүүцсэн 100 мянган иргэн 1994 оноос хойш улс орныг нь тасралтгүй удирдсан ерөнхийлөгч Александр Лукашенког 80 орчим хувийн саналаар зургаа дахь удаагаа сонгогдсоныг эсэргүүцсэн юм. Ковид, хөл хориог далимдуулж сонгуулийн дүнг өөртөө эргүүлсэн гэж үзсэн учир ард түмэн нь түүнийг эсэргүүцсэн ч жагсаалыг 50 гаруй хуягтаар хянуулж байсан учир цугларсан олон арга буюу гэр гэртээ буцсан байдаг. Ойрын жишээ дурдвал, ОХУ-д энэ оны эхээр Оросын сөрөг хүчний удирдагч А.Навальныйг суллахыг шаардсан жагсаал болсон билээ. Москва, Санкт-Петербург хотуудад зохион байгуулсан жагсаалд 40 гаруй мянган хүн оролцож, цагдаа нарын ширүүн эсэргүүцэлтэй тулгарсан. Эсэргүүцлийн давлагаа дээрх хоёр хотоор зогссонгүй, Оросын 122 хотод өрнөсөн нь дээд амжилт болсон юм. Мөн дэлхийн бусад 78 хотод уг жагсаалыг дэмжсэн, Путиныг эсэргүүцсэн тайван жагсаал болсон. Гэсэн ч тус улсын эрх баригчид нь ковидоор далайлгаж, халдвар дэндлээ гэдэг шалтгаанаар олон мянган жагсагчдыг баривчилж, шархдуулж байж жагсаалыг тарааж дөнгөсөөн.

2019 оны зургадугаар сард БНХАУ “Хос хэлний бодлого” гэгчээ Өмнөд Монголд хэрэгжүүлэхээр болж монгол сургуулиудад монгол хэлээр хичээл заахыг хориглосон нь дэлхий даяар тархан суугаа олон сая монголчууд төдийгүй, эх хэлний төлөө тэмцдэг дэлхийн улс орнууд, хэл соёлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагуудын тэмцэлтэй нүүр тулсан юм. Энэ асуудлыг Хятадын тал аль болох чимээгүй, тайвнаар шийдэх гэж үзсэн ч “Хос хэлний бодлого”-ыг эсэргүүцэгчдийн хүрээ Өмнөд Монголоос хальж, Ар Монгол, Халимаг, Тува, Буриад монголчуудыг хамарсан олон улсын хэмжээний асуудал болж хувирсан билээ. Улмаар Япон, Солонгос, Англи, АНУ, Франц зэрэг дэлхийн улс орнуудад амьдран суугаа монгол угсаатнууд тайван жагсаал өрнүүлж тухайн орнууддаа байгаа Хятадын Элчин сайдын яамны гадаа эсэргүүцлээ илэрхийлж “Эх хэлээ аваръя” гэж хашгирсан. Ар Монголд буй өмнөд монголчууд тайван жагсаал хийж БНХАУ-ын Элчин сайдын яам болон НҮБ-ын төв байрны үүдэнд шаардлагаа уншиж, гардуулсан билээ. Ингэснээр энэ асуудалд НҮБ анхаарлаа хандуулж “Өмнөд Монголын асуудал бол олон улсын хэмжээний асуудал мөн. Үүнд бид анхаарлаа хандуулах болно” гэдэг байр сууриа илэрхийлсэн. “Эх хэлээ аваръя” хөдөлгөөн улам эрчимжихийн хэрээр Хятад улсын нэр хүнд олон улсад ганхаж, Өмнөд Монголын асуудлыг дагаж Шинжаан Уйгарын асуудал сөхөгдөж эхэлсэн учир тус улсын удирдагчид Өмнөд Монгол дахь “Хос хэлний бодлого”-оо эрчимжүүлж, өмнөд монголчуудыг гадаад орчноос бүрэн тасалж, хашиж авсан. Гэтэл коронавирус гэх цар тахал дэгдэхтэй зэрэгцэн өмнөд монголчууд хүн төрөлхтнөөс бүрмөсөн харилцаа тасраад удаж байна. Тэнд юу болж буй талаар ганц олигтой мэдээ алга.

Монгол Улсад ч нөхцөл байдал муугаас муу байна. Эрх баригч хүчин 2020 оны сонгуульд дахин ялалт байгуулахын тулд коронавирусээр дөрөөлөөд гараад ирсэн. Угсруулаад Ерөнхийлөгчийн сонгуульд намын даргаа ялуулахын тулд юу эсийг хийв дээ. 2020 оны сүүлчээс Ерөнхийлөгчийн сонгуулийн пиараа хийж, хамаг бизнес, үйлдвэрлэл, үйлчилгээг нь хааж, иргэдийг гэрт нь хоосон хорьж байгаад олон дараалсан халамж өгч, нэр хүндээ өсгөчихөөд яг сонгууль өгөх цагт нийт сонгогчид гэж ер тоосон шинжгүй, намынхаа гишүүд, дэмжигчид, өөрсдөд нь баттай санал өгдөг, өгөх хандлагатай, мөнгө өгвөл саналаа худалдчихдаг хэсгийг цуглуулж байгаад саналыг нь авчихсан. Эрх баригчид ковидыг ашиглаж, хөл хорио тогтоож байгаад өөрсдийн сонгогчдоороо санал өгүүлэх замаар дахин засгийн эрхэд гараад ирчихдэг болсон тахлын үеийн ийм бусармаг тогтолцоо Ардчилалд асар хор хохирол учруулж байна. Дэлхий даяар өрнөж буй эсэргүүцлийн жагсаал, цуглаан, суулт бол бүгд л Ардчиллын төлөө байдаг. Ардчиллыг ковидоор далимдуулж устгах гэж буйн эсрэг дэлхийн ард түмэн тэмцэж байна. Монголд ч тэр.

Өнөөдөр Ардчилсан нам “Одоо боллоо” эсэргүүцлийн жагсаалыг улс орон даяар өрнүүлж, Сүхбаатарын талбайд гол жагсаалаа хийнэ. Мэдээж эрх баригчдын хувьд уг жагсаалд хүн ирүүлэхгүй байх, тахлаар айлгаад цуглуулахгүй, бөөгнүүлэхгүй байх тактикаа хэдийнэ боловсруулчихсан. Хүн төрөлхтөн олон мянган жилийн түүхэндээ тоолшгүй их бэрхшээл, гамшиг туулж, олон мянган дайн тулаан хийж, тахал өвчнийг даван гарч ирэхдээ ямагт Ардчилалтайгаа байсан. Ардчилал амьд байх ёстой. Цар тахалтай үед ч ялгаагүй. Дэлхий бүхэлдээ сүүлийн хоёрхон жилийн дотор дарангуйлалтай гариг болж хувираад байна. Дарангуйллын эсрэг бүгд гарч тэмцэх ёстой. Өнөөдөр төв талбайд болох жагсаалын дараа эрх баригчид шууд хөл хорино, дахиж жагсаал хийлгэхгүйн тулд шүү дээ. Харин үүнийгээ олон нийтэд тайлбарлахдаа “Та нарынхаа эрүүл мэнд, амь насны төлөө бид чинь ийм шийдвэр гаргалаа” гэж ярьдгаа л ярина. Гэтэл тэд өөрсдөө яаж халдварын дэглэм зөрчиж, халдварыг гаарууллаа даа. Намынхаа 100 жилийн ойн баярын хурал, концертыг хийснээс болж өнгөрсөн гуравдугаар сарын эхнээс Монгол Улс халдварыг дотооддоо алдчихсан. Улаанбаатар хот бүхэлдээ том голомт болчихсон. Ийм атал Ерөнхийлөгчийн сонгуулийг түрдээ хойшлуулах боломжтой гэж сөрөг хүчин болон улс төр судлаач, эрдэмтэд, эрүүл мэндийн байгууллагынхан санал болгоод хуулийн гаргалгаа хэлж өгөөд байхад үл ойшоож зүтгэсээр байгаад тахал дунд Ерөнхийлөгчийн сонгуулиа хийж, төлөвлөгөөнийхөө дагуу хүнээ ялуулчихсан. “Сонгуулийн сурталчилгааны үеэр эрх баригч намын суртал ухуулагчид хөдөө орон нутагт ирээд халдвар тараачихлаа” гэдэг үгийг орон нутгийнхан хоолойгоо сөөтөл хашгирсан ч бас л тоогоогүй дэг. Сургууль, цэцэрлэг эхэлж нийгмийн хөдөлгөөн дахиж идэвхжих үеийг тааруулж байгаад эрх баригчид “Цахим үндэстэн” гэх арга хэмжээ зохион байгуулж олон мянган хүнийг зориуд цуглуулаад шүүмжлэлд өртсөн. Эрх баригчид ингэж л ажиллаж байна, улс төрийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхийн тулд ард түмнийг ийм л замаар явуулж туйлдуулж байна.

Гэтэл уржигдар төв талбайд эрх баригчдын дабль стандартыг эсэргүүцсэн залуусын цуглааныг тэр дор нь цагдаагаар тараалгачихаж байгаа юм. Залуус уг нь хүн хоорондох зайгаа барьж, ковидоор нас барсан хүмүүсийн тоогоор дүрс хийж эсэргүүцлээ илэрхийлсэн төдий. Ерөөсөө ардчиллын жаахан салхи сэвэлзэнгүүт л тэнд нь эрх баригчид цагдаагаа илгээж тараалгадаг нь бүр хэвшил болчихлоо. Монголын залуус гэлтгүй дэлхийн ард түмэн тахалтай энэ он жилүүдэд эрх баригчдынхаа эсрэг босч, эсэргүүцэж байгаа нь хумигдаж буй Ардчиллаа хамгаалж буй л явдал юм. Залуус Ардчилал балартах вий, эрх чөлөө нь дарангуйлалд өртөх вий, эрх баригчдын дабль стандарт хяналтаас гарах вий гэсэндээ жагсаж байгаа юм. Коронавирус гэх зохиомол вирусийг коммунистууд овжиноор ашиглаж, ковидоор “зэвсэглээд” ардчиллыг үгүй хийхийн төлөө багалзуурдаж байгаа үйлдэлтэй ялангуяа бидэн шиг Ардчилсан орны иргэд яавч эвлэрч болохгүй.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Эрх баригчид сайжирна гэхээс илүү АН эргэж сэргэх нь үү гэсэн горьдлого сэтгэл зовооно

Ард түмний амьдрал хэцүүдэж, тартагтаа тулчихаад байгааг хүн бүр харж байна. Өвчин зовлонгүй айл алга, цар тахалд улс нийтээрээ дарлуулчихлаа. Үнэндээ тахлыг эрх баригчид намынхаа ой, сонгуулиараа хэдийнэ “тавиад туучихсан”. Эмнэлэгт хэвтэх гэсэн, коридорт нь ч болтугай багтчих юмсан гэсэн хатгаа, ковидтой хүмүүсийн орилоон бахираан, эм тан олох гэсэн иргэдийн эрэл сурал, бензин, шатахууны хомсдолд өртөж хөл дүүжлэх унаагаа хөдөлгөж амьдралаа залгуулах гэсэн түмэн олны орь дуу хөдөө хотгүй хадаж, юмны үнэ дийлдэхийн аргагүй өсч байдал маш хүнд болчихоод байна. Энэ их энэлэн шаналан хэрээс хэтэрлээ. Цаг үе ороо бусгаа, иргэдийн амьдрал зутруугаас зутруу болчихлоо.

Монголын ард түмэн аавыгаа алдсан өнчин хүүхдүүд мэт, хүйтэн сэтгэлт хойт эцгийн хатуу гар дор нүдээ бүлтгэнүүлэн гэрийн хүйтэн хатавч бараадан суугаа балчир үрс шиг өдөр хоногийг өрнөөс өрний хооронд аргацаан өнгөрүүлж байна. Иргэддээ ийм амьдрал үзүүлж буй өнөөгийн төр засгийг муу ажиллаж байна гэхээс өөр юу гэх билээ. Тэд зөвхөн өөрсдийнхөө “хүүхдүүд”-ийг л бордож, бөөцийлж байна.

АН-ын дэд дарга Ц.Оюундарь “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа “30 жилийн турш МАН өөрсдийн xатуу 30 xувийн гишүүдийнxээ санал дээр тулгуурлаж, бусад 70 xувийг хэрxэн сарниулаx вэ гэдэг бодлогыг тууштай баримталж ирсэн. Нийгэм дампуурч, тусгаар тогтнол алдагдаж, ардчилал сүйрч, дарангуйлал тогтсон байсан ч тэр 30 xувьд огтоос хамаагүй байдаг. Яаxав, сайн тал нь тэр 30 xувь яаж ч xүчээ нэгтгэсэн өсч нэмэгдэxгүй байна. Үлдсэн 70 xувийг улс төрийн манлайллаараа бүрэн дагуулаад яваx боломж АН-д байгаа ч тэгж чадаxгүй байгаа нь манай намын л буруу” гэж ярьсан.

МАН өөрийнхөө “хүүхдүүд” буюу тэр 30 хувиасаа бусдыг нь дагавар хүүхэд шигээ үздэг болсон нь нэгэнт ил болчихсон. 30 хувийнхаа сургууль соёл, эмнэлэг домлого, вакцин гээд нийгмийн бүхий л асуудлыг нь шийдээд өгчихдөг учир тэд нь диваажинд байгаа юм шиг л амьдардаг. Үлдсэн 70 хувь буюу ард түмэн маань ад үзэгдээд зүгээр л гудамжинд хаягдчихлаа. Дабль стандарт гэж товчхондоо энэ шүү дээ. Гадаадад ажил хийх гэж очоод гацсан жирийн нэгэн иргэн эх орондоо ирж чадахгүй харьд тарчилж байхад эрх баригчдын бөөцийлж, энхрийлдэг 30 хувийнхан гэр бүлээрээ бөөн бөөнөөрөө л онгоцноос бууж ирж байсан тохиолдлыг өнгөрсөн жил монголчууд олон харсан. Вакцин дээр ч дабль стандартаа гаргасан жишээ тоймгүй. Үхэл амьдралын зааг дээр ирсэн эцэг охин, эх охиныг уулзуулахаас татгалзсан атлаа ХӨСҮТ-ийн улаан бүсээр МАН-ын нэгэн даргын эхнэр дураараа орж гардаг ийм хоёрдмол стандарын жишээг эрх баригчид хангалттай харуулсан.

Харин энэ хүнд үед АН аравдугаар сарын 1-нд улс орныг хамарсан эсэргүүцлийн жагсаал хийнэ гэдгээ илэрхийлчихлээ. Сүхбаатарын талбайд ирэх сарын 1-нд “Одоо боллоо” гэсэн уриатай жагсаалд ард түмнийг нэгдэхийг хүсэв. Энэ шийдвэрээс нь харахад АН Монголын ядарсан, дээрэлхүүлсэн ард түмний төлөө тэмцэх нь үү дээ гэсэн итгэл найдвар төрж эхэлж байна. Энэ нам нэгдэж, ард түмнээ түүчээлж жагсаж, болохгүй бүтэхгүй байгаа төр засгийн эсрэг үгээ хэлж, ардчилал бийг харуулах гэж буй нь “Монгол Улс ганц намтай биш шүү. Эзэнгүй улс биш шүү” гэсэн ойлголтыг өгч, эрх баригчдын эсрэг тэмцдэг улс төрийн нам, хүчин байдаг юм шүү гэсэн сэргэлт өгч байгаа юм. Иймийн учир ард түмэн бид энэ жагсаалыг дэмжмээр байна. Энэ жагсаал болно. Болох ёстой. Яагаад гэвэл Ерөнхий сайд хориглох аргагүй болсон л доо. Учир нь Ерөнхий сайд “Цахим үндэстэн” гэх том арга хэмжээ зохион байгуулж, олон нийтийг бөөгнүүлдгээ бөөгнүүлчихсэн. Тэр арга хэмжээг нь одоо ч олон нийт, ялангуяа эмч, эмнэлгийн ажилтнууд шүүмжилсээр байгаа учир аравдугаар сарын 1-нээс урлаг соёлын бүхий л үйл ажиллагааг нээнэ гэсэн бантсан шийдвэрийг засгаас гаргачихсан.

Сөрөг хүчин нь ард түмнийхээ хүчийг ашиглаад хамтдаа нэгдэж эрх баригч нам, засгийг шавхуурдаж, шахаж ажиллуулдаг байх хэрэгтэй. Алаг үздэг, алагчаалдгийг нь болиулах ёстой. Ийм сөрөг хүчний дуу хоолой Монголд байхгүй болоод зургаан жил болчихсон байлаа. Энэ зургаан жилд сөрөг хүчингүй улс төрийн орчинд эрх баригч нам дураараа дургиж ирлээ. Одоо хазаарлах арга хэмжээг АН ард түмэнтэйгээ хамтарч хийх болсон нь яалт ч үгүй цаг үеийн шаардлагаар урган гарав. Харин энэ үед АН-ын зайлшгүй анхаарах, ард түмний зүгээс тэдэнд сануулах нэг том шаардлага гэмээр зүйл бий. Аравдугаар сарын 1-нд жагсчихаад сөрөг хүчинтэй тохироо, наймаагаа хийе гээд “14 хоногийн дараа дахин жагсахаар боллоо” гэсэн үг амнаасаа унагаж, ард түмнийг тэр чигт нь хаяад ангал руу тийрвэл АН Монголын ард түмнээсээ эргэлт буцалтгүй нүүр буруулсан ичгүүрт явдал болно шүү гэдгийг эрт сануулъя. Урьд нь “14 хоногийн дараа хэдүүлээ дахин жагсаж, эрх баригчдыг “будаа” болгоод өгье” гээд хөшигний цаагуур ороод бялуугаа хувааж хүртээд амаа таглуулаад алга болсон явдал бий байх аа. Алдаагаа бүү давтаарай.

Та бүхэн зүгээр л тэмц, Ардчилсан намынхаан. Ард түмнээ өмөөр. Алдагдсан шударга ёсыг эргүүлэн тогтоо. Та нар тэгэхийн тулд л байгуулагдсан. Хийх ёстойгоо л хий. Та бүхнийг сөрөг хүчин байлгах гэж ард түмэн сонгосон. Сөрөг хүчин бай. Бурууг сөр. Яагаад сонгогчдын “Сөрөг хүчин байцгаа” гэсэн чухал даалгаврыг биелүүлэхгүй байгаа юм бэ? Муу эрх баригч байхаас сайн сөрөг хүчин бай гэж үг ч бий. Сайн сөрөг хүчинтэй газарт улс төрийн орчин нь эрүүл байдаг. Энэ нийгмийг эрүүлжүүлээч. Эрх баригчдын хэтэрсэн их эрх мэдлийг хуулийн хэмжээнд нь аваач. Ард түмэн рүү, нийгмийн дийлэнх рүү үйлчилсэн ажил хийлгэхийн төлөө тэднийг шахаж өг. Бодит амьдрал дээр улс төрийн нөхцөл, эдийн засаг, иргэдийн амьдрал ахуйг харахад эрх баригчдын хувьд ард түмний амьдралыг дээшлүүлье, ажилтай, орлоготой байлгая гэсэн алсын хараа, сэтгэл огт алга. Зөвхөн өнөө маргаашийн хоолыг нь аргацаах төдий халамжаар амийг нь зогоох замаар ядууруулж, эрхэндээ байлгаж байна.

Эрх баригчдыг Монголын төлөө их юм хийнэ гэж хүлээхээс илүүтэй АН эргэж яаралтай сэргэх нь ард түмний хувьд чухал болоод байна.

МАН сайжрахаас илүү АН эргэж сэргэх нь үү дээ гэсэн горьдлого өнөө 70 хувийнхны сэтгэлийг зовоосон сэдэв болчихоод байгаа учир горьдлогыг нь талаар болголгүй, шударга ёсыг эргүүлэн авчрахын төлөө ардчил.

Categories
мэдээ эдийн-засаг

МАЗХ-ны ерөнхийлөгч Т.Бямбаа: Гадны орнуудад эдийн засгийн хямралын үед томоохон бүтээн байгуулалтын ажлуудаа үндэсний компаниудаараа гүйцэтгүүлж хямралаа даван туулдаг жишиг бий

-МАЗХ ҮНДЭСНИЙ КОМПАНИУДАА БОДЛОГООР ДЭМЖИЖ, АЖИЛТАЙ ОРЛОГОТОЙ БАЙХ

НӨХЦӨЛӨӨР ХАНГАЖ ӨГӨХИЙГ ТӨР ЗАСГААСАА ХҮСЧ БАЙНА-


Т.Бямбаатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Ярилцлагын эхэнд Монголын авто замчдын холбооны сүүлийн үед авч хэрэгжүүлсэн ажлууд болон үйл ажиллагааг сонирхъё?

-Авто замчид бид, бүх аймгуудыг нийслэл хоттой хатуу хучилттай замаар холбосон, төмөр замын их бүтээн байгуулалтад оролцсон түүхэн амжилттай жилүүд байлаа. Цар тахлын энэ цаг үед манай холбооноос салбарын инженер, техникийн ажилтныг мэргэшүүлэх, мэргэжлийн зэрэг олгох сургалт, шалгалтыг цахим хэлбэрт шилжүүлэн сүүлийн хоёр жил амжилттай зохион байгууллаа. Мөн энэ оны гуравдугаар сард манай холбооноос Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Зам, тээврийн сайд Л.Халтар нарт албан бичгээр хүргүүлсэн хүсэлтийн дагуу Зам тээврийн хөгжлийн сайдын тушаалаар баталсан удирдамжийн дагуу Авто замын салбарт тулгамдаж буй асуудлын талаар Монголын авто замчдын холбоо ТББ-аас гаргасан саналуудыг судлан үзэж, хэрэгжүүлэх арга хэмжээний санал, зөвлөмж, шийдвэрийн төслийг боловсруулах ажлын хэсгийг байгуулан ажилласан.

Энэ ажлын удирдамжийн заалт тус бүрээр холбогдох байгууллага, албан тушаалтнуудаас гаргах шийдвэрийн төсөл, санал, зөвлөмж боловсруулан Зам, тээврийн хөгжлийн сайдад танилцуулж хүлээлгэн өгсөн. Энэ хүрээнд хийгдсэн ажлуудын тушаал шийдвэрүүд гарч эхний байдлаар Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар авто замын инженер, гүүрийн инженер мэргэжлийн индекс батлагдсан, Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар төсөв бодох нормтой холбоотой олон асуудлууд шийдвэрлэгдэж тушаалууд батлагдан мөрдөгдөж эхлэх гэж байна.

Манай холбоо авто зам, төмөр бетон гүүр, хоолойн барилга, засварын ажлын үйлдвэрлэлийн болон төсвийн жишиг нормыг шинэчлэн боловсруулах, Авто зам, замын байгууламжийн төсвийн программыг шинэчлэх ажлыг хийж байна.

Мөн “Авто замын салбарын аж ахуйн нэгж байгууллагуудын бүртгэл мэдээллийн нэгдсэн сан”-г хийж туршилтаар ажиллуулж эхлээд байна.

-Ажиллах хүчний хомсдол бүх л салбарт байх шиг байна. Танай холбоо үүнийг хэрхэн шийдвэрлэж байна вэ?

-Манай салбарт ийм асуудал бий бий. Монгол Улсын хэмжээнд хийгдэж байгаа авто замын бүтээн байгуулалтын ажилд мэргэжилтэй ажилтны хомсдол үүссэн, энэ чиглэлээр сургалт явуулдаг МБС байгууллага дутмаг байгаа нь манай салбарын тулгамдаж байгаа яаралтай шийдвэрлэх асуудлын нэг юм. Манай холбоо Хөдөлмөрийн яам, АХБ-ны Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төсөл-ийн нэгжтэй хамтран ажиллаж, төслийн хүрээнд салбарын мэргэжилтэй ажилтнаа бүсчлэн бэлтгэх боломж бүрдэж Дархан Өргөө, Налайх политехникийн коллежид авто замын мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэх, авто зам, гүүрийн үнэлгээ, гэрчилгээжүүлэлт, чадамжийн төвтэй болсон. Дээрх сургуулиудад замчин, авто зам барилгын материалын лаборант, замын машин механизмын оператор, засварчин мэргэжлүүдээр мэргэжилтэй ажилтан бэлтгэх юм.

-Энэ сарын 13-нд Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөл уулзалт боллоо. Уг уулзалтад танай холбоо оролцож, таныг илтгэл тавихыг сонслоо. Авто замын салбарт нэн түрүүнд шийдэх шаардлагатай зүйлсийг та илтгэлдээ дурдсан?

-Юуны өмнө цар тахлын энэ хүнд цаг үед төр, засгаас хувийн хэвшлүүдэд тулгараад байгаа асуудлуудын талаар сонсож хүлээн авч байгаад талархаж байна. Энэ цаг үеийг бид үндэсний компаниудаа ажилтай, орлоготой байлгаж, бүтээн байгуулалтын томоохон төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлж байж даван туулна. Иймээс манай холбооноос дараах хэдэн асуудлыг шийдвэрлүүлэхээр хүргүүлсэн.

  1. Авто замын салбарын хөгжлийг бодлогоор тэтгэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх нь дотоодын зах зээлээ хамгаалах нэгэн нөхцөл болно. Иймд 2022 оныг дэд бүтцийн салбарын бүтээн байгуулалтыг дэмжих жил болгох, энэ хүрээнд:
    • Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжих төсөлд авто зам, гүүрийн барилгын дотоодын хуулийн этгээдийг оролцуулах, гүйцэтгүүлэх нөхцөлийг зээлийн гэрээ хэлэлцээрт болон тендерийн жишиг бичиг баримтад тусгах,
    • Авто зам, гүүрийн дэвшилтэт техник технологи бүхий тоног төхөөрөмж, машин механизмыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх, хөнгөлөх арга хэмжээ авах,
    • Цар тахал, бараа материал, шатахууны үнийн болон валютын ханшийн өсөлт зэрэг онцгой нөхцөл үүссэн үед үнийн тохируулга хийх хууль, эрх зүйн орчин бүрдүүлэх;

2.Монгол, Хятад, Орос Улсын Эдийн засгийн коридор хөтөлбөрт тусгагдсан нэгэн чухал арга хэмжээ нь Азийн авто замын сүлжээний хэсэг болох Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн транзит авто зам юм. Зам, тээврийн хөгжлийн яамны баталсан ажлын даалгаврын дагуу Монголын Авто замчдын холбоо зохион байгуулан авто замын салбарын 10 хуулийн этгээд өөрсдийн хөрөнгөөр Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн транзит авто замын ТЭЗҮ-г 2019 онд боловсруулсан бөгөөд хөрөнгө оруулагчдыг судалж байна. Олон улсын хэмжээний уг төсөлд Засгийн газраас дэмжлэг үзүүлбэл Монголын авто замчдын холбоо замчидтайгаа хамтран уг төслийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах, хөрөнгө оруулагчийг судалж олох, барьж байгуулах, арчлан хамгаалах, техник технологийн хяналт тавих зэрэг ажлыг мэргэжлийн удирдлага, зохион байгуулалтаар ханган хэрэгжүүлэхэд бэлэн байна;

3.Алсын хараа-2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод багтсан, Улсын Их Хурал, Засгийн газраас хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн хилийн боомтуудыг холбосон авто замын төслийн барилгын ажил зарим шалтгааны улмаас эхэлж чадахгүй байна. Хилийн боомтыг холбох авто замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх, хэвийн үргэлжлүүлэх талаар зохих шийдвэр гарган дэмжлэг үзүүлэх;

4.Авто зам, барилгын салбарын хяналтын зөвлөх үйлчилгээний гэрээ нь олон улсын стандарт жишиг, практик хэрэглээнд нийцээгүй, оролцогч талуудын эрх, үүргийн тэнцвэртэй байдлыг хангаагүй зэргээс гэрээний удирдлагын хэрэгсэл болж чадахгүй байна. Авто замын болон барилга байгууламжийн чанар, үр ашгийг дээшлүүлэх, гэрээний хариуцлагыг сайжруулах шаардлагаар Олон улсын зөвлөх инженерүүдийн холбооны гэрээний загварыг хэрэглэхийг дэмжиж, улмаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, холбогдох эрх зүйн актад нэмэлт, өөрчлөлт оруулах;

5.Улсын төсөв, гадаадын зээл, тусламжаар хийгдэж байгаа авто зам, гүүрийн барилгад ашиглах түгээмэл тархацтай ашигт малтмалын зөвшөөрөл нь багагүй хугацаа шаардсан, чирэгдэл ихтэй байдаг нь зам, гүүрийн ажлыг богино хугацаанд нь гүйцэтгэхэд сөргөөр нөлөөлдөг. Түүнчлэн тусгай зөвшөөрлийн болон нөөц ашигласны төлбөр нь орон нутагт авилга үүсгэх нэгэн нөхцөл болдог. Улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжих авто зам, төмөр замын барилгын ажилд ашиглах түгээмэл тархацтай ашигт малтмалын зөвшөөрлийг элдэв хүндрэлгүй, шуурхай олгох, хайрга, шороо ашигласны төлбөрөөс тодорхой хугацаанд чөлөөлөх нь авто замын бүтээн байгуулалтад үзүүлэх бодитой, үнэтэй дэмжлэг болно;

6.Авто замын тухай хуульд авто замын сангийн хөрөнгийн эх үүсвэрийг тодорхой тусгасан хэдий ч улсын авто замын сан авто зам ашигласны төлбөрөөс, нийслэл, орон нутгийн авто замын сан авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараас дийлэнх хэсгээ бүрдүүлж байна. Иймд авто замын арчлалт, урсгал засварыг сайжруулахын тухайд хуульд заасан бусад эх үүсвэрээс авто замын санд хөрөнгө төвлөрүүлэх ажлыг зохион байгуулах;

7.Авто замын бэлэн байдлын түвшин, аюулгүй байдлыг хангах, авто замын сангийн орлого, зарцуулалтад тавих олон нийтийн хяналтыг бий болгох тухайд Авто замын зөвлөлийг ажиллуулах, үйл ажиллагааг нь зохих ёсоор дэмжих;

8.Өндөр өртгөөр бүтээн байгуулсан авто замын хариуцагч нь авто замын засвар, арчлалтын төрийн болон хувийн өмчит хуулийн этгээд байдаг. Авто замын засвар, арчлалтын төрийн өмчит компанийн мэргэжлийн удирдлага нь авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад, төрийн өмчийн удирдлага нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт байдаг. Удирдлагын хоёрдмол байдлаас улбаалан төрийн нийтийн өмч болох авто зам, замын байгууламжийн эзэмшигч буюу замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь хуулиар хүлээсэн бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд хүндрэл учирдаг. Авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь авто замын засвар, арчлалтын төрийн өмчит компанийн мэргэжлийн болон өмчийн удирдлагыг хэрэгжүүлэх зохицуулалт хийж, удирдлагын хоёрдмол байдлыг арилгах.

-Нэгдүгээрт, Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын зээл, тусламжаар хэрэгжих төсөлд авто зам, гүүрийн барилгын дотоодын компаниудыг оролцуулж, ажиллуулах нөхцөлийг зээлийн гэрээ хэлэлцээр болон тендерийн бичиг баримтад тусгах гэсэн зүйлийг та илтгэлийн эхэнд онцолсон нь яалт ч үгүй цаг үеийн асуудал, шүдний өвчин болоод байна?

-Үүнд албан ёсны тайлбар хэлэхэд, дотоодын гүйцэтгэгчдийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, тэднийг тогтвортой ажлаар хангах, зах зээлээ хамгаалах зэрэг бодлогын чанартай асуудлууд орхигдож, замын томоохон ажлуудыг Хятадын компаниар гүйцэтгүүлж байгаа нь их мөнгөний урсгал гадагш гарч эдийн засагт хямрал бий болгож, замчид бид ажилгүй сууж, замчдын амьдралд сөргөөр нөлөөлж болзошгүй байна. Иймд авто замын салбарт гадаадын зээл тусламжаар хэрэгжиж төслийн зээлийн хэлэлцээр хийгдэх шатанд Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэргэжлийн төлөөлөл оролцож зээл, тусламжийн хэлэлцээрт дотоодын компаниудыг түлхүү оролцуулах асуудлыг тавьж тусгуулж байх талаар Сангийн яамтай ярилцаж хэрэгжүүлэх нь зүйтэй. Учир нь зээлийн хэлэлцээрт тухайн төслийг хэрэгжүүлэх үндсэн шаардлага, нөхцөлд тусгагдчихдаг учир хэрэгжилтийн шатанд өөрчлөлт оруулах боломжгүй байдаг.

Зам, тээврийн салбарын хөрөнгө оруулалтын дийлэнх хувь нь Авто замын салбарт ноогддог, энэ салбараар дамжиж Монгол олон гэр бүл тэжээгддэг, олон хүмүүсийн амьдрал ахуй дээшилж дэвждэг. Тийм учраас энэ салбарын үйл ажиллагаанд Монголын үндэсний компаниуд хамгийн түрүүлж ажилтай болох ёстой. Иймд үндэсний компаниудаа бодлогоор дэмжиж ажилтай орлоготой байх нөхцөлөөр хангаж өгөхийг төр, засгаасаа хүссэн. 

-Мөн авто зам, гүүрийн дэвшилтэт техник, технологи бүхий тоног төхөөрөмж, машин механизмыг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх, хөнгөлөх арга хэмжээ авч өгөхийг төр засгаасаа хүсчээ. Тэгэхээр одоогоор энэ төрлийн машин механизмыг гаалиар оруулж ирэхэд ямар нэг хөнгөлөлт, дэмжлэг байдаггүй хэрэг үү?

-Байдаггүй. Авто зам, гүүрийн дэвшилтэт техник, технологи бүхий тоног төхөөрөмж, машин механизмыг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх, хөнгөлөх арга хэмжээг авснаар зам барилгын ажил явагдах улирал богино манай улсын хувьд цаг хугацаа хэмнэсэн өндөр бүтээмжтэй машин механизм тоног төхөөрөмжөөр зам барих нөхцөл бүрдэх юм.

-Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн транзит замын ТЭЗҮ-ийг танай холбооныхон 2019 онд боловсруулж, хөрөнгө оруулагчдыг судалж байгаа юм байна. Уг төсөлд Засгийн газраас дэмжлэг хүсчээ. Хэрвээ энэ зам ашиглалтад орвол Монгол Улсын эдийн засгийг түргэтгэх бас нэг хөшүүрэг болох учиртай даа?

-Монгол Улс, БНХАУ болон ОХУ хөрш гурван улсын Төрийн тэргүүнүүд 2016 онд уулзан, Эдийн засгийн коридор хөтөлбөрийг баталж тэргүүн ээлжид хэрэгжүүлэх 32 төслийг тогтоосон билээ. Эдгээр хөтөлбөрүүдийн нэг чухал хэсэг нь Азийн авто замын сүлжээний АН-3-ын нэг хэсэг болох Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн транзит авто зам -ыг байгуулах асуудал юм. Зам, тээврийн хөгжлийн яамны баталсан ажлын даалгаврын дагуу манай холбоо зохион байгуулж, авто замын салбарын 10 байгууллага оролцон өөрсдийн хөрөнгөөр Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн транзит автозамын ТЭЗҮ-г 2019 онд боловсруулсан бөгөөд одоо хөрөнгө оруулагчдыг судалж байна. Урьд нь Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн транзит автозам-ыг ВОТ нөхцөл бүхий концессээр барих асуудлыг УИХ баталж Гүйцэтгэгч сонгосон боловч үр дүнд хүрэлгүй, гэрээ цуцлагдсан .

Дэлхий даяар тархаад байгаа цар тахлын дараа Монгол Улсын эдийн засгийг сэргээх, улмаар цаашдын нийгэм эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх, нийт авто замын байгууллагуудыг тогтвортой ажлын байраар хангахад энэхүү төсөл маш чухал үүрэг гүйцэтгэхээр байна.

Хэрвээ төр, засгаас шийдвэр гаргавал Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн транзит авто замын нарийвчилсан зураг төсөл боловсруулах, хөрөнгө оруулагчийг олох, барьж байгуулах, арчлан хамгаалах, техник технологийн хяналт тавих зэрэг ажлыг Монголын авто замчдын холбоо гол удирдлагаар ханган хэрэгжүүлэх, нийт замчид идэвхтэй оролцоход бэлэн байна.

 Энэ төсөл хэрэгжвэл авто замын төдийгүй барилгын материал үйлдвэрлэгчид, машин механизм, тоног төхөөрөмж, шатахуун ханган нийлүүлэгчид, тээвэр ложистик, үйлчилгээний байгууллагууд гээд олон салбар, олон хүн ажилтай болно. 

-Зам дагаж хөгжил гэдэг. Хөгжье гэвэл зам, дэд бүтэцдээ юун түрүүн анхаардаг нь хөгжингүй орнуудын хөгжлийн түүхээс харагддаг. Ер нь авто замын салбартаа зоригтой хөрөнгө зарцуулж чадсан улс хөгждөг. Харин манайд яагаад ч юм замын бүтээн байгуулалт руу улс төрчид, улстөрийн бүлэглэл хуруу хумсаа дүрээд байдаг нь хөгжлөөс чангааж байгаа саад гэж хардах нь бий?

-Авто зам болон томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг хэн эхлүүлсэн, хэний үед шийдсэн нь хамаагүй улс орны хөгжил, эдийн засагт үр өгөөжөө өгч л байвал энэ ажил цаашаа үргэлжилж байх ёстой. Олон улсын туршлагаас харахад эдийн засгийн хүнд хэцүү үед улс орон болгон томоохон бүтээн байгуулалтын ажлуудаа үндэсний компаниудаараа хийж гүйцэтгүүлж хямралыг давсан байдаг. Манай улсад сүүлийн хоёр жилийн хугацаанд авто замын салбарын аж ахуйн нэгж байгууллагууд зам барилгын ажил бага байсан ч газрын тосны үйлдвэр, төмөр замын бүтээн байгуулалтын ажилд оролцлоо. Төмөр замын суурь доод бүтэц, гүүр, хоолойн ажлуудыг авто зам, гүүрийн барилгын 50 гаруй аж ахуйн нэгж оролцож хийж гүйцэтгэсэн. Эдгээр бүтээн байгуулалтын ажил хийгдээгүй бол олон аж ахуйн нэгж ажилгүй хаалгаа барих байсан байх.

Улсын хөгжлийг дэд бүтэц хэр хөгжсөн байдлаар нь дүгнэдэг. Сүүлийн жилүүдэд дотоодын авто замын компаниудын чадавхи сайжирсан. 

Монгол Улсын нийслэл болон хөдөө орон нутгийн авто зам харьцангуй сайжирч, шинэ техник технологийг нэвтрүүлэн олон улсын жишигт нийцсэн стандартын дагуу олон зам баригдсан. Сайнтай муутай олон асуудлууд байдаг. Гэвч замын ажилд замчдаас хамаарахгүй саатдаг, эвдрэл үүсдэг олон шалтгаан бий. Дулаан, цахилгаан, ус, холбооны шугам, газар чөлөөлөлт гэх зэрэг олон асуудлаас болж замын ажил удааширдаг.

-Та илтгэлдээ авто замтай холбоотой хууль эрх зүйн өөрчлөлт, шинэчлэл хийх ёстойг дурдаж байсан шүү?

-Өнөөгийн байдлаар манай улсын авто зам, дэд бүтэц, барилгын ажилд болон талбайн хяналтын зөвлөх үйлчилгээнд мөрдөж буй гэрээнүүд нь олон улсын нийтлэг чиг хандлага ба практик хэрэглээнээс хэт хөндий, зарим тохиолдолд хэтэрхий хатуурхсан, нэг талыг барьсан, бодит үндэслэлгүй зүйл, заалтыг агуулсан, заримдаа дэндүү хялбарчилж, чадамж муутай болгосон зэрэг хууль, эрх зүйн зохицуулалт талаасаа учир дутагдалтай, дээрх үйл ажиллагаанд оролцогч талуудын эрх, үүргийн тэнцвэртэй байдлыг хангахгүй байгаа учраас удирдлагын үндсэн хэрэгсэл болж чадахгүй байсаар байгаа юм. Иймд авто замын чанар, үр ашгийг дээшлүүлэхэд гэрээний хариуцлагыг сайжруулахын тулд олон улсад мөрдөгдөж байгаа ФИДИК-ийн гэрээний загваруудыг тууштай мөрдөж эхлэх шаардлагатай байна. ФИДИК-ийн гэрээний онцлог нь талуудын хоорондын эрх үүрэг шударга, тэнцвэртэй, нөхцөлүүд нь ойлгомжтой, бүрэн зохицуулагдсан, дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн, практик хэрэглээнд шалгагдсан байдаг. Манай холбоо ФИДИК гишүүн байгууллага бөгөөд Барилгын ажлын болон зөвлөхийн загвар гэрээг орчуулж дуусчихаад байна.

-Цар тахалтай, эдийн засгийн хямралтай энэ үед бүхий л салбар уналтад ороод байна. Авто замын салбар ч хүнд байдалд байна, урагшлаагүй, зогссон ямар бүтээн байгуулалтын ажлууд байгаа вэ?

Алсын хараа-2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод багтсан, Улсын Их Хурал, Засгийн газраас хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн хилийн боомтуудыг холбосон авто замын төслүүд нь орон нутгийн удирдлага, нутгийн иргэд, малчдын эсэргүүцлийн улмаас хэрэгжиж чадахгүй, барилгын ажил нь эхлэх боломжгүй байгаа асуудал бий. Үүнд Засгийн газрын зүгээс онцгой анхаарч, тодорхой үүрэг даалгаврыг ажил хариуцсан байгууллагын удирдлагуудад өгч, зам барилгын бүтээн байгуулалтын ажлуудыг яаралтай эхлүүлэх шаардлагатай байна. Уг төслүүд нь Засгийн газраас хэрэгжүүлж буй ядуурлыг бууруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах зорилтыг биелүүлэхэд өндөр ач холбогдолтой юм.

-Баруун аймгуудыг холбосон авто замын бүтээн байгуулалт ид өрнөж, Баян-Өлгий аймаг авто замаар нийслэлтэй холбогдчихлоо. Одоо ямар ямар аймгуудын авто замын томоохон ажил өрнөж байна вэ?

-Энэ жил Мянганы зам-ын бүтээн байгуулалтын 20 жилийн ой тохиож байна. Энэхүү бүтээн байгуулалтаар Монгол Улс хэвтээ тэнхлэгээ авто замаар холбосон. Баруун босоо тэнхлэг хатуу хучилттай авто замаар холбогдсон. Мөн бүх аймгийн төвөө нийслэлтэй холбож дууслаа. Одоо хилийн боомтуудыг холбосон авто замын төслүүд нь хэрэгжинэ дээ.

-Дарханы замын асуудал үнэхээр хүн бүрийн сэтгэлийг зовоосон сэдэв болчихоод байна. Манай дотоодын компаниуд тэр байтугай урт зам, гүүрийг барьчихдаг. Гэтэл энэ зам урагшилдаггүй, тэр хэрээр эдийн засгийн зардал гарч байна. Дотоод нөөц бололцоогоороо хурдхан шиг дуусгах боломж бий юу гэж ард иргэд асуудаг?

-Дарханы замаас шалтгаалж, Авто замын салбарын нэр хүнд маш их уналаа. Үүнд цаг наргүй үнэнчээр хөдөлмөрлөж байгаа үндэсний компаниуд, жирийн замчид ямар ч буруугүй. 

Дарханы зам Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа. АХБ гишүүн 68 орноос оролцох боломжтой олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт АХБ-ны журмаар явагдсан. Таван багц болгон тендер зарлан Хятадын дөрвөн компани шалгарсан. Энэ жил хоёр, дөрөвдүгээр багцад шалгарсан компанитай гэрээг нь цуцлан дахин сонгон шалгаруулалт явуулсан. Энэ хоёр багц дээр Арж капитал ХХК, Чайна Жое ХХК компаниуд шалгарч ажлаа эхлээд явж байна. Дотоодын компаниуд сонгон шалгаруулалтад орох боломжтой ч олон улсын тендерт тавигддаг санхүүгийн босго үнэ өндөр байдаг учир оролцож чаддаггүй.

Тиймээс төрөөс дотоодын компаниудаа бодлогоор дэмжиж өгөх нь чухал байгаа юм. Манай холбооны зүгээс салбарын гурван талт хэлэлцээрт гадаадын зээл тусламжаар хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдэд 30-аас доошгүй хувьд дотоодын компаниудыг ажиллуулж байхаар оруулсан.

-Улсын чанартай авто замын 49 хувь нь хатуу хучилттай болоод байгаа нь олон улсын хэмжээнд дээгүүрт орох үзүүлэлт гэж сонслоо. Эдгээр замын засвар, арчлалтын ажил ямар түвшинд байна вэ?

-Авто замын сүлжээ өргөжихийн хэрээр авто замын засвар, арчлалтын ажлыг тогтвортой, үр дүнтэй болгох, засвар арчлалтын байгууллагуудыг мэргэжлийн, мэргэшсэн удирдлагад шилжүүлэх, энэ үйл ажиллагаанд хувийн хэвшлийн мэргэжлийн байгууллагуудыг сонгон шалгаруулан оролцуулах, засвар, арчлалтын ажлын хяналтыг хөндлөнгийн этгээдээр хийлгэх, авто зам, замын байгууламжийг бэлэн байдлын түвшингээр үнэлж, нормативоор санхүүжүүлэх тогтолцоонд шилжүүлэх зэрэг олон ажлыг хийж хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Монгол Улсын замын сүлжээний засвар, арчлалтын өнөөгийн тогтолцоог авч үзвэл хувийн болон төрийн өмчийн ашгийн төлөөх байгууллагууд холилдон хэрэгжүүлж байгаа бөгөөд авто замын засвар арчлалтын төрийн өмчит хувьцаат компани /АЗЗА ТӨХК/-ийн гол удирдлага нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болон Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт төвлөрч байна. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас засвар арчлалтын байгууллагуудад тухайн жилдээ төрийн санд төчнөөн төгрөгийг бүрдүүлсэн байна гэж үүрэг өгдөг. Энэхүү байдлаас болж засвар арчлалтын байгууллагууд нь ашгийн төлөө ажиллаж, замын засвар, арчлалт хийх гол ажилдаа төвлөрч чадахгүй байна. Нөгөө талаар олон улсын жишиг Банк, санхүүгийн байгууллагуудын удаа дараагийн зөвлөмж, Авто замын тухай Монгол Улсын хуулийн дагуу Авто замын зөвлөл-ийг ажиллуулж тээвэр эзэмшигчид, зам хэрэглэгчид, иргэдийн хяналтыг бий болгох ажлыг эхлэх, Авто замын сан-гийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, шаардлагатай бол хууль эрх зүйн орчныг сайжруулах, авто замын засвар арчлалтын төрийн өмчит хувьцаат компани /АЗЗА ТӨХК/-иудыг хувьчилж, замын засвар арчлалтын ажлыг хувийн хэвшлийн байгууллагаар гүйцэтгүүлэх зэрэг арга хэмжээ авах олон асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байна аа.