Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хөдөлмөрийн баатар Ц.Цэрэн-Очир: Хөдөлмөрлөхгүйгээр сайн сайхан явна гэж байдаггүй юм

Хүү Ц.Мөнхжаргалын хамт

Хөдөлмөрийн баатар Ц.Цэрэн-Очиртой ярилцлаа. Тэрээр Монгол Улсын газар тариалангийн хоёр дахь Хөдөлмөрийн баатар бөгөөд Төв аймгийн газар тариалангийн салбараас гарсан анхны баатар билээ.


-Нас сүүдэр хэд хүрч байна даа?

-90 хүрч байна.

-Та хэдэн онд Хөдөлмөрийн баатар боллоо?

-1959 онд.

-Та Атрын анхдугаар аяны үе юм байна?

-Тэр цаг үе дээ.

-Чухам ямар учралаар газар тариалангийн салбараас ажил, амьдралын гараагаа эхэлсэн юм бэ?

-Би чинь хөдөөний хүүхэд. Сумын төвдөө ч орж үзээгүй юм чинь. 1952 онд Угтаалцайдам сумын Эвлэлийн үүрийн хурал болоод намайг дуудлаа. Нэг юманд элсүүлнэ гэнэ. Тэгнэ ээ, элсье л гэсэн. Эвлэлийн үүр 18 гишүүнтэй байсан. Тэр хүмүүс бүгд шахуу “Чи цаашдаа юу хийх вэ, юу хийж чадах вэ, ямар хүн болох вэ” гээд л асууж байна. Зөндөө юм асуулаа. Тэгэхээр нь “Техник дээр л ажиллана” гэсэн. “Техник сураад трактор, комбайн барина аа” гэж хэлсэн. Хавар тэгж хурлаар орчихоод намар нь Жаргалантын САА-д яваад ирсэн. Тэнд тэргүүний сайчууд ихтэй. Радио мариодоор их ярина аа. Трактор, комбайнаа явуут дунд нь засдаг л гэнэ, эвдрэлгүй ажиллуулдаг л гэнэ. Тэгж ярьсныг нь радиогоор сонссоноо улс надад ярихгүй юу даа.

-За

-Тэгж ярихыг нь сонсчихоод “Яавал тийм хүн болох вэ” л гэж бодож байсан (инээв). Жаргалантад очсон ч ашгүй тэр жил трактор, комбайнчийн 45 хоногийн курс боллоо. Тэрэнд суух уу гэлээ. Ашгүй шалгалтгүй сууж болно гэж байна. Би бичиг үсэг бараг мэдэхгүй юм чинь. Шалгалтгүй гэхээр нь л “Сууя аа” гээд 45 хоногийн курсэд нийтдээ 35 хүн суулаа. Манай Жаргалантаас найман хүн суусан. 45 хоноод тракторч, комбайнч болчихлоо. 1953 оны хаврын тариалалтад тракторчийн туслахаар яваад намар нь тариа хураах комбайнчийн туслахаар ажилласан. Тэр комбайнч бол надад хичээл заасан Ц.Шатар гэж хүн байсан юм. Өмнөговь аймгийн Ханхонгорын хүн л дээ. Сайхан залуу л байсан юм.

-Баатар болоход ямар норм, төлөвлөгөө биелүүлэв?

-Чирүүлдэг комбайны жолооч байлаа. 1953 оны намар САА-н тэргүүний жолоочоор чирүүлсэн л дээ.

Тэр нь миний багш Ц.Шатар. Тариагаа хурааж дуусаад багш маань өөрийнхөө гурван жил барьсан комбайныг надад хүлээлгэж өгөв өө. “Сайн хамбайнч (комбайнч) болоорой” гээд. Шинээрээ сайхан комбайн байсан. 1954 оны тариа хураалтад жинхэнэ комбайнчаар ажилласан л даа. Урьд жил нь заалгаад багштайгаа хамт явсан болохоор комбайнаа мэдэхгүй, чадахгүй юм байхгүй л байсан. Олон цагаар явахыг ч мэдэхгүй, улсын ажил хийж үзсэн биш. Үнэн хэрэгтээ би чинь гэртээ, аав ээжийнхээ дэргэд байхдаа хонь хариулдаг, хот цэвэрлэдэг хоёр үндсэн ажилтай л хүүхэд байлаа. Орой, өглөөдөө сүүн заводод сүү хүргэнэ. 17, 18 нас хүрсэн хойноо морин өртөөнд улаа нэхдэг байв. Улаа нэхэхийг мэдэх үү?

-Мэднэ мэднэ.

-20 хүртлээ улаа нэхдэг байлаа. Өөрт оноогдсон улаагаа нэхнэ. Зарим айлын өртөөний улаачаар ажиллана. Шөнө оройдоо адуу манана. Бичиг үсэг мэдэхгүй. Ийм л хүүхэд байлаа.

1954 оноос тав, зургаан жил ажиллаад л Хөдөлмөрийн баатар болсон юм, би.

-Хорин хэдхэн насандаа баатар болжээ?

-27 настай байсан юм. Зун баатар болсон ш дээ. Тэр зун хоньчин Очир гуай, саальчин Авирмэд гуай бид гурав нэг өдөр Хөдөлмөрийн баатар болсон юм. Улсын наадмаар л даа. Наадмын дараа ойр хавийн САА-нуудаар явж уулзалт хийдэг, яаж баатар болсон тухайгаа ярьдаг байлаа.

-Яаж баатар болов. Яаж хөдөлмөрлөв. Ажлаа яаж хийдэг байв. Нууцаа яривал?

-Хөдөлмөрийн баатрын болзол гэж гарсан юм. Тэрнийг нь биелүүлэх зорилготой л явдаг байсан. Зорилгоо биелүүлэхэд өөрөөсөө шалтгаалахгүй юмнаас л голдуу болоод тэрэндээ хүрч чадахгүй. Ажлын 15 хоногт 4860 цн тариа хураасан байх ёстой гэсэн болзолтой. Янз бүрийн саатлаар зогсоно оо. Эвдэрч зогсоно, трактор, машин хүлээж зогсоно. Ихэнх цагаа тэгж дэмий барчихаад болдоггүй байсан юм. Миний нууц бол комбайнаа байнгын бэлэн байдалд байлгадаг байлаа. Эвдрэлгүй байх тал дээр ихэд анхаарч, цайны цагаа богиносгоод завсартаа анхаарч, чирдэг трактор ирэхэд миний комбайн бэлэн байж байдаг. Хэзээ ч комбайнаа ажиллагаагүй байлгадаггүй байлаа. Ямар ч трактор ирээд чирэх гэхэд миний комбайн ямагт бэлэн байдаг байлаа. Чирүүлдэг комбайн гэж С6 гэж комбайн л даа. Ямар ч бүхээггүй. Чирч яваа тракторын тоос, яндангийн утаан дунд сууж явдаг. Асар их тоос шороо, тоосонцор дунд ямар ч хамгаалалгүй сэгсчүүлээд л явна. Шарилж, царвантай, юутай ийтэй янзан бүрийн газраар чирүүлнэ. Нүүр, нүд рүү тэр чигээрээ шороо чихээстэй. Нүдний шил байвч тийм юм зүүж үзээгүй болохоор аваад хаячихна. Хамгаалалтын хулдаасан хормогч маягийн юм зүүнэ. Тэр нь юу ч хамгаалах юм билээ. Ийм комбайнаар норм төлөвлөгөөгөө жил тутам 136.4-өөс дээш хувиар биелүүлдэг болж 1958 оны намрын тариа хураалтаар ажлын 15 хоногт өнөөх комбайнаараа 4860 гаруй цн тариа хурааж, нормоо 200 гаруй хувиар биелүүлсэн юм. Дараагийн хоёр жил нь 841 га талбайгаас 10017 цн ургац хурааж 2551 литр шатахуун хэмнэж гарамгай амжилт гаргалаа. Энэ бүх амжилтын үндэс бол ердөө л хариуцсан техникээ чадамгай эзэмшиж, засвар тохируулгыг цаг тухайд нь чанартай хийдэгтэй л холбоотой байсан юм.

Миний багш энэ бүхнээс түрүүлж, эхлээд надад хэдэн даалгавар өгсөн юм аа.

-Ямар даалгаврууд вэ?

-Гурван даалгавар. Нэгдүгээрт, сайн хамбайнч болоорой. Хоёрдугаарт, чи хөдөлмөрийн баатар болоорой. Баатар болохоосоо өмнө ЕБС төгсөөрэй гэсэн юм (инээв). Гуравдугаарт, дээд сургуульд сураарай гэсэн. Би сургуульд нэг өдөр ч сууж үзээгүй юм чинь аргагүй. Жаргалантын САА-н арван жилийн сургуульд оройгоор сурч байгаад 1963 онд аравдугаар ангиа төгссөн юм. 30 орчим настайдаа л арван жилийн сургуулийг төгссөн юм уу даа. Багш маань ном үзээрэй, дээд сургуульд сураарай, цаашдаа Хөдөлмөрийн хошой баатар болоорой гэж захисан юм байхгүй юу. Хошой баатар болох ч яахав, ямар ч байсан Хөдөлмөрийн баатрын болзлоо хийчихлээ. 1966-1971 онд ХААДС-д суралцаж төгслөө. 40 орчим настайдаа төгссөн байх. Сургуулиа төгсөөд сургуульдаа багшаар үлдчихсэн. Багшаар үлдчихээр намар хамбайнаа барьж чадахаа больсон. Надад дахиж хамбайн барих цаг гарахгүй байсаар сургуулиасаа тэтгэвэрт гарчихсан. Тэтгэвэрт гарсны дараа нүдний хараа муудаад, хоёр гурван намрыг тариа хураах боломжгүй өнгөрүүлж билээ. Одоо ч яахав дээ, нэг нүдний хараагүй. Багшийнхаа даалгавраас би ганцхан даалгаврыг биелүүлээгүй байгаа биз?

-Тийм байна. Хошой баатар болох?

-Одоо би багшийнхаа тэр даалгаврыг биелүүлэх гол хүсэлтэй. Би чадна. Би нэг хүүдээ энэ тухай ярьсан чинь “Өдий 90 хүрчихээд комбайн барина” гэдгээ надаас өөр хүнд битгий яриарай гэсэн. Та яаж чадах юм. Нүд муутай. Улсын үнэтэй техник эвдэх гэж байгаа юм гээд бараг л загнах шахаж байгаа юм л даа. Би эдэнтэйгээ ярихгүй бол өөр хэнтэйгээ ч ярих билээ. Миний санаа байна шүү дээ. Аймгийнхаа 100 жилийн ойгоор Хөдөлмөрийн хошой баатар болчих санаатай. Үүрэг аваад намар ажиллая гэж бодоод байхгүй юу. Ийм нүдтэй, ийм настай ийм хүнд ямар хүн хамбайнаа бариулж байдаг юм гэцгээдэг юм. Тийм аж ахуй хаа байх юм гэж намайг загнаад байдаг юм. Нээрэн ч тийм юм даа. Тэр үеийн миний баатар болж байдагтай адил бие хаа гэж юу байхав, тэрнийг чинь нэг өдөр, шөнө хийчихдэг ч ажил биш. Би бүр аргаа бараад сүүлийн үеийн хүчтэй комбайн аваад хоёр жилийн дотор таван комбайнчийн норм биелүүлчихвэл баатар болгодог болов уу яадаг бол гэж бодох юм.

-Өнөө жил Төв аймгийн тариаланчид сүүлийн 30 жил аваагүй их ургац хураалаа. Энэ бол маш том амжилт шүү дээ?

-Том байлгүй яадаг юм. Том амжилт. Ургацын баярт нь би оролцсон шүү дээ. Надад өргөмжлөл өгсөн. Ноднин билүү дээ, би Аймгийн хүндэт иргэн болсон. Надад тэмдэг мэмдэг өгсөн (Энгэртээ зүүсэн тэмдгээ үзүүлэв.сурв)

-Тийм байна. Газар тариалангийн салбарынхан, тариаланчид голдуу ямар зан чанартай хүмүүс байдаг вэ. Ямар онцлогтой хүмүүс вэ?

-Ай…газар тариалангийн хүмсүүд (хүмүүс) бол уйгагүй ажиллах хүсэлтэй, техник л барьж байвал ямар ч техник бариад ажиллаад явж байх сонирхолтой. Миний олон шавь нар баатар, гавьяат болсоон. Арав гаруй баатар байгаа байх, хориод гавьяат бий дээ. Төрийн шагнал авсан нь ч бий. Хоёр ч хүн бий. Миний шавь нар миний мэргэжлийг эзэмших сонирхолтой бөгөөд хийе гэсэн юмаа хийж чаддаг хүсэлтэй л улс байдаг юм.

-Хүн хөдөлмөрлөхийн тулд, хөдөлмөрч болохын тулд юун дээр анхаарах ёстой байдаг вэ. Залууст зөвлөвөл?

-Ер нь хөдөлмөрлөхгүйгээр сайн сайхан явна гэж байхгүй шүү. Хүнд хүчир, шороо, тоостой, тостой ч гэлээ техник дээр байгаа хүмсүүд хоцрогдоно гэж байхгүй. Техник жилээс жилд улам сайжраад яваад байдаг. Техникээ л дагаад сурч чадах юм бол та нарын мэргэжил хоцрогдоно гэж хэзээ ч байхгүй. Би шавь нартаа дипломыг нь гардуулахдаа “Гавьяат, Хөдөлмөрийн баатар болоорой” гэдэг юм. Миний яг ингэж хэлснээр шавь нараас минь Мардаан, Авирмэд хоёр л Гавьяат, Хөдөлмөрийн баатрыг хоёуланг нь авсаан.

-Их бэлгэшээлтэй юм аа?

-Сайхан сайхаан.

-Хүмүүс ажлаас шантардаг. Тийм шантардаг үе ч байдаг гэх юм. Танд тийм үе таарч байв уу. Тийм үе таарвал хүн сэтгэл зүйгээ яаж бэлдэх ёстой вэ?

-Надад тийм үе таараагүй. Одоог хүртэл би тийм юмтай таарч байгаагүй. Би Угтаал уугуул хүн. Жаргалантад ирээд тэр айхавтар хөдөлмөрч хүмүүсийн тухай сонсоод л “Яасан сайхан юм, эдэн шиг л болох юмсан” гэж бодож байсан. Жаргалантад тэр сайхан хүмүүстэй уулзсан, тэд надад хичээл заасан. Надад шантрах явдал ерөөсөө гарч байгаагүй. Шантармаар муу ч ажиллаж байгаагүй юм байна. Төлөвлөгөө нормыг нэг ч га талбайгаар дутаахгүй, дандаа ахиулж явсаар байгаад баатар болчихсон юм.

-Сүүлийн үеийн залуусаас их анзаарагдах боллоо. Нэг газраа тогтдоггүй, ажил солиод яваад байдаг. Үнэхээр ажиллая гэсэн сэтгэлтэй хүн эвийг нь олоод ямар ч ачааллыг даваад гараад ирдэг дээ. Тийм залууст юу хэлэх вэ?

-Тэгж хэрхэвч болохгүй. Та нар ажлыг л голсноос болж тэгж байгаа юм ш дээ. Ажил хүнийг голно уу гэхээс биш хүн ажлыг голж хэрхэвч болохгүй. Нэг л юман дээр шийд. Тал тал тийшээ тэр сайхан, энэ сайхан гэж хамаг цагаа дэмий битгий үр л гэдэг юм, би. Хамаг цагаа дэмий үрж хэрхэвч болохгүй. Нэг л юмыг сайн хийгээд сурчихвал тэр чиний насны хоол шүү гэж залууст дандаа захидаг юм.

-Монголын нийгэм ямархуу байх шиг байна. Улс төр, нийгэм гээд элдэв юм дуулдаж л байна. Энэ бүгдийг хараад та юу гэж дүгнэдэг вэ?

-Сайхан болно гэж үргэлж бодож явдаг. Орой оройд өнөөдрөөс маргааш илүү сайхан болно гэж дандаа боддог (инээв).

-Ямар гоё юм бэ?

-Зарим зарим юман дээр болж л байгаа даа. Ноднин байгаагүй юм, энэ жил болж байна. Энэ жил байгаагүй юм, ирэх жил бий болно. Газар тариалангийн хувьд юмуу, хүмсүүдийн амьдрал бол онцгой сайжирна аа. Манай улс бол ямар ч орны дор хэзээ ч орохгүй дээ. Бид ажиллаж л чадаж байвал юугаар ч дутахгүй их сайхан болно.

-Манай урд хөрш хилээ хаачихлаа. Гэсэн ч бид гурилтай, тариатай, талхтайгаа шүү. Тийм ээ?

-Ёстой тийм тийм.

-Сайхан уу?

-Сайхан байлгүй яахав. Талх, тариа, ногоо цагаа бол жилээс жилд улам л нэмэгдэнэ, улам л сайжирна. Энэ жил манайд чинь зарим газар цагаан будаа тариалсан. Сонссон уу?

-Сонсохоор барах уу.

-Цаашдаа бас л өснө өө л гэсэн үг. Энэ жил 100-г тарьсан бол дараа жил 200 гээд л цааш цаашдаа хэрэгцээгээ хангатлаа л тарина. Чихрийн манжин, элсэн чихрийг хийе гэвэл бид дурандаа хийнэ л дээ. Ногоо тариагаар бол гаднаас юм харах ямар ч хэрэггүй. Өөрсдөө л хийх хэрэгтэй. Өөрсдөө хийж ч чадна. Тэрнийг дээд зэргээр чадна. Газар тариалан, мал аж ахуйгаар манай улс ямар ч улсын дор орохгүй. Юу л бол юугаа л хийж чадна. Цуцуур хүмүүс байдаг. Энэ ч хэрэггүй юм байна даа, энүүгээр ч би хоол олж идэхгүй юм байна, залуу нас байна, ийм залуудаа хар шороо, тостой, төмөртэй ноцолдож байхаар болих уу даа гэдэг нь ховорхон доо. Гэхдээ олон хүн дотор цуцуур хүн байлгүй яахав. Би одоогийн энэ амьдралыг жилээс жилд улам л сайхан болно гэж итгэдэг. Манай улс шиг баян улс байхгүй л болно.

-Тариаланч хүний хамгийн гоё үе?

-Тариагаа хураачихаад техникээ байршуулчихаад байж байгаа тэр үе их гоё. Намрынхаа тариаг хураачихаад хамбайнаа сайхан цэвэрлээд илүү дутуу юмнуудыг нь тайлж авч, хадгалдаг газар нь хадгалуулчихаад явж байх чинь юу шиг ч юм бэ дээ их сайхан.

-800 мянган хүн төрөөс халамж хүртэж байна. Хүн бүр л ядуу хэцүү байгаагаа төр засагтай холбоотой гээд итгэчихсэн байна. Тэгсэн атлаа хувийнхаа зүгээс хөдөлдөггүй, хөдөлмөрлөдөггүй. Тэр хүнсний талоныхныг тариаланчид бараг нэг нүдээрээ үзэхгүй байна лээ шүү. Дахиж битгий тийм залхуу амьтсыг ид ажлын үеэр талбайд ирүүлээрэй гэж байсан?

-Би ёстой үзэн ядна аа. Ингэж амьдарч байна аа гэж байх уу. Очиж очиж залуучууд тэтгэвэр аваад байх юм. Янз бүрийн аргаар л хөнгөн, их бага хэмжээгээр тэтгэвэр авдаг бололтой. Тэтгэвэр аваад байхаар ажил хийх сонирхол бүр байхгүй болно. Жаргалантынхан ноднин төмсөө хураах гэж ямар их явдал болов оо. Ухаангүй ноёнд урагшгүй алба гэгчээр очиж очиж тийм юман дээр тэгж байна гэдэг чинь арчаагүйнх л байхгүй юу. Өдөрт 30 мянган төгрөг өгье гэхэд төмс хураах хүн олдохгүй байна гэж байна шүү дээ. Юу гэсэн үг вэ. Гаргаад хаячихсан төмсийг ялгаж чадахгүй байна гэж байх уу. Сохор хүн ч ялгана. Намайг тэнд аваачвал мөлхөөд л, тэмтрээд л ялгаад өгнө. Хүссэн, хүсээгүй ойрхон байдаг бол өөрөө хийчихнэ.

-Энэ байдлаас нь яаж гаргах болж байна?

-Ажиллаж байж л гарна. Ажилтай л байх хэрэгтэй. Юу чадна гэнэ вэ, тэрийг нь хийлгээд бай. Бүр чадахгүй бол “За яахав, зүгээр суугаад амьдардаг газар байдаг бол тэндээ оч” гээд хөөгөөд явуул. Эднийг ажил хийлгэж ажлын амтыг үзүүлээгүй цагт эднүүд сайн сайхан явна гэж хэзээ ч байхгүй. Бэлэн хоол өгөөд байхад хэн ажил хийж, хэдэн төгрөг олох вэ гэж бодохов. Залуучууд, оюутнуудад: Нэгдүгээрт, Та нар ажил голж болохгүй шүү. Хоёрдугаарт, хүн голж болохгүй шүү. Тракторчдын авгай нар биднээс хамаагүй илүү мэдлэгтэй шүү. Нэг юм нь эвдэрчихлээ гэхэд заавал жолооч, багш дээрээ очно гэлгүй тэднээс нэрэлхэлгүй асуугаарай. Тэднүүс чинь хоорондоо ярьсаар байгаад бүх юмыг тогтоочихсон байдаг. Тэгсэн бол тэгдэг, ингэсэн бол ингэдэг гээд андахгүй. Хүн голж ерөөсөө болохгүй гэж захидаг юм.

-Төв аймаг Аймгийн залуу аварга тариаланчдадаа таны нэрэмжит шагналыг жил бүр олгохоор болжээ. Энэ Цагаан сараар олгох нь гэж дууллаа?

-Залуучуудад их урам өгнө дөө. Залуу байхад янз бүрийн тэмдэг зүүх дуртай. Би ч гэсэн залуудаа тэмдэг зүүх дуртай байлаа. Эвлэлийн тэмдгээс эхлүүлээд бүгдийг эгнүүлээд зүүчихдэг байлаа. Тэгтэл сүүлдээ том одон модонтой болоод ирэхээрээ тэрийгээ зүүхээ больчихдог юм (инээв).

Жил бүр тийм шагнал залууст Цагаан сараар өгнө гэнэ үү. Яамай даа. Тийм юм өгч байх хэрэгтэй. Хүн чинь эцсийн эцэст урмаар л явдаг юм байна шүү дээ

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Нэг хүн, нэг намын засаглал дэлхийд үеэ өнгөрөөсөн байна

Казахстан улсын дотоодын нөхцөл байдал хурцдаж хяналтаас гарч, олон улсын анхааралд ороод байна. Тус улс эмх замбараагаа алдаж, хөл толгойгоо олохгүй болчихлоо. Гэтэл манай үе үеийн удирдагчид энэ улсыг үлгэр жишээч хэмээн магтаж ирсэн нь эдгээр өдрүүдэд гайхалтай санагдаж байна. Казахстан улсын үсрэнгүй хөгжиж буйг хар, тэнд жинхэнэ хөгжил цэцэглэлт болж байна, Нурсултан Назарбаев бол аугаа удирдагч юм байна, ард түмэн нь түүнийг хаан мэт хүндэлдэг юм байна, нийслэл хотоо зөөчихлөө, нэг хүний засаглалтай орон ямар гоё юм бэ гэж манай эрх баригчид ам уралдан магтацгаадаг байв. Н.Энхбаярын үеэс л Казахстаныг мундаг юм байна гэж магтдаг байлаа. Дараа нь Ц.Элбэгдорж ч их магтаж байж билээ. Х.Баттулга ч бас Казахстаны хөгжлийг дурдаж л байсан удаатай.

Гэтэл өнөөдөр Казахстанд үүсээд байгаа нөхцөлийг харахад манай үе үеийн эрх баригчдын ярьж байсан дээрх магтаалууд бүгд худлаа байсан юм байна даа. Нэг хүний засаглал, хэмжээгүй их эрх мэдэл, даврал улс орныг бүхэлд нь балладаг юм байна. Дундад зууны үе шиг нэг хүнийг тахин шүтдэг ёс, үзэл энэ зуунд лав байхгүй юм байна. Эрх мэдлээрээ далайлгаж, ард түмнийг сөхрүүлэх гэвэл хүмүүс хэдүйд ч дургүйцдэг болчихож. Дарангуйлагчийнхаа хөшөөг оосорлоод татаж унагаж буй ард түмнийг хараад нэг хүн, нэг намын засаглал дэлхийд үеэ өнгөрөөжээ гэдгийг хүн төрөлхтөн хараадахлаа.

Муу ч, сайн ч парламентын засаглалтай, олон намын тогтолцоотой, хүчтэй сөрөг хүчинтэй, улс төр нь олон ургалч үзэл дээр үндэслэгдэж, хэрүүл уруултай байх нь улс орны ирээдүйд хэрэгтэй юм байна. Парламентын засаглал маргаан ихтэйгээс ажил явдаггүй, ажил гацдаг, хөгжил удаан гэж шүүмжлэх нь бий ч яг одоогийн дэлхийд парламентын засаглалтай байхаас өөр сайн сонголт алга. Өөр сонголт ч байдаггүй юм байна даа.

Монгол Улс яг одооных шиг нөхцөл байдлаараа дахиад хэдхэн жил явбал ер нь эвгүйтэх шинжиндээ орчихоод байна. Ард түмэн туйлын ядуу, эрхлэх ажил ч үгүй, төр засгаасаа халамж гуйгсад олширчихлоо. Өргөн хэрэглээний бараа сүүлийн зургаан жилд огцом өсч, шатахууны үнээр байнга тоглодог болсон.

Гэтэл ийм их бухимдал, ядуурлын дундуур үзэл бодол, үгээ хэлэх гэж талбай дээр гарч ирсэн иргэдийг цагдаа нар барьж, хорьж, хэлэх эрхийг нь боогдуулж байгаа нь Казахстаных шиг нөхцөл байдал Монголд болох хугацааг наашлуулчихаж байгаа юм л даа.

Цагдаа нарын хүний эрхийн мэдлэггүй энэ тэнэг үйлдэл, Ардын намынхны авлига, шударга бусаар баяжиж байгаа байдал, ард түмнийхээ өвчин зовлонг далимдуулж, зовлонгоор нь зоос олох гэж гүйж байгааг нь харцгаа. Хаана асуудал гарч байна, тэнд нь авлигын асуудал л босдог. Замын-Үүдээс яаж мөнгө босгож байна, ачаа тээврээр яаж мөнгө босгох гэж улайрч, иргэдээ шулж байна. Манай нийгэмд улс төртэй холбогдсон салбар бүр бохир, тэнд нь авлига үүрлэж, энэ улс орныг сөхрүүлж байна. Энэ шударга бус бүх үйлдэл нь Казахстанд өрнөж буй эсэргүүцэл Монголд удахгүй давтагдана шүү гэж сануулж, цаг хугацааг нь наашлуулж байгаа юм.

Ард түмэн өөрсдийнхөө төлөө, эх орныхоо төлөө босоход ерөнхийдөө бэлэн болчихоод байхад Казахстаных шиг тэмцэл гаргуулахгүйн тулд урьтаж засч, залруулж чадах уу, энэ засаг төр. Яахав сонгуулиар өгсөн таван цаасанд нь

хөөрцөглөөд гэнэн цайлганаар “Ээ дээ, нам минь” гээд дугуйлаад МАН-ыг гаргаад ирчихсэн байж болно. Гэтэл ард түмний амьдрал туйлын хүнд байгаа учир уур бухимдал нь энэ улсыг Казахстан шиг

байтугай түйвээж ч мэднэ дээ. Казахстанд иргэд нь босчээ, шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцэж жагссан ч үнэн хэрэгтээ Засгийн газраа унагах зорилготой байсан бөгөөд даварсан эрх баригчдаа буулгаж, хотууд эмх замбараагүй байна гэдэг мэдээг сонссон монгол хүн “Яана аа” гэж уулга алдахаасаа илүүтэй “Хэдүүлээ хэзээ ингэж босох вэ”, “Биднийг бодвол казахстанчууд чинь зоригтой юм байна”, “Хэдүүлээ ч ингэж босоход их ойртсон доо” гэх мессэжийг нэг нэгэндээ өгөөд буйг хэн ч анзаарахаар байна.

Болж буй үйл явдлаас харахад парламентын засаглалтай байж, ардчиллаа хөгжүүлэхээс өөр арга алга юм байна шүү. Нэг хүн хаан шиг улс орныг удирддаг ёс халагджээ. Ардчилал хаа ч ус, агаар шиг хэрэгтэй байдаг юм байна. Ардчиллаар цангасан, ардчиллаа дээрэмдүүлсэн орны иргэд гэнэт нэг л өдөр тэсэрч буйг харж байна.

Агаарын даралтыг тодорхой хэмжээгээр гаргаж, зохих ёстой түвшинд нь барьдаг автомат төхөөрөмжүүд бий. Нийгмийн амьдрал яг тэр даралт шиг юм. Тэр хүчтэй даралтыг үе үе гаргаж байх ёстой юм шүү. Дараад байж болохгүй. Зүй нь тэр их даралтыг цаг тухайд нь аясаар нь гаргаж байснаараа дэлбэрэх аюулаас зайлсхийнэ. Сүүлийн үед энд тэнд жагсаж, үзэл бодлоо илэрхийлж буй иргэдийг цагдаа хүчний байгууллагынхан төрийн нэрийг барьж далайлган хүчээр тарааж, баривчилж байгаа нь тэрхүү автоматыг байхгүй болгож байгаатай адил юм. Хэдий чинээ иргэдийнхээ эрхийг бүдүүлгээр зөрчинө, хэдий чинээгээр ардчиллыг гишгэлнэ, тэр хэрээр дээр дурдсан нөхцөл байдлыг наашлуулж байгаа юм. Цагдаа хүчний байгууллагын баривчилгаа, иргэдийнхээ үзэл бодлыг юман чинээ хүндэтгэхгүй байгаа нь цаагуураа өөрсдөдөө, үндэстэндээ мөхөл сүйрлийг ёрлож байна.

Казахстаны бослого, хөдөлгөөнийг монголчууд зүгээр ч нэг хараад суухгүй л байгаа шүү. Тэндээс өөрсдийгөө олж хараад байгаа нь нэг юм хэлээд байна аа.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өмнөд Монголын малчин Саранхүү: Өмнөд Монголд Монгол Улсын бүх дуу хөгжим, урлаг, мэдээллийг бүрэн хориглосон

ӨМНӨД МОНГОЛД ЮУ БОЛЖ БАЙНА ВЭ?

Өмнөд Монгол. 2020 оны 10 дугаар сар. Эцэг эхчүүд хүүхдүүдээ сургуулиас нь морьтой тосч, пүүзийг нь тайлуулж монгол гутал өмсгөж эсэргүүцлээ илэрхийлэв.


Эх хэлээ хамгаалахын тулд өмнөд монголчууд 2019 оноос хойш тэмцсээр байна. “Эх хэлээ аваръя” хөдөлгөөнд Өмнөд Монгол төдийгүй Ар Монгол, Буриад, Халимаг, Тува зэрэг дэлхий даяар тархан суурьшсан монгол туургатнууд нэгдэж, дэлхийн томоохон хотуудад хэлний мугуйд бодлогыг эсэргүүцсэн тайван жагсаал ар араасаа болсон билээ. Тэмцлийн үеэр Өмнөд Монголд хэд хэдэн хүн эх хэлээ хамгаалахын төлөө Хятадын бодлогыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж амиа зольж, Хятадын Засгийн газрыг буруутгасан нь олон улсын анхаарлыг татсан. Ар Монголд Өмнөд монголчуудыг дэмжсэн, өмгөөлсөн тайван жагсаал болж, Өдрийн сонин энэ асуудлаар НҮБ-ын Суурин төлөөлөгчид бичиг илгээж, байр суурийг нь нийтэд дэлгэж байсныг эргэн сануулъя.

Тэр үед Хятадын тал тэмцэлд оройлон оролцсон эцэг эхчүүдийг баривчилж, үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг хэдэн зуугаар нь шийтгэж, хүүхдүүд ч тэмцэлд нэгдэж сургуулиасаа зугтаж буй бичлэгүүд цахим ертөнцөд түгсэн. 2020 оны эхээр Хятадын Ухань хотод коронавирусийн халдвар гарч тус улс хилээ хааснаар Өмнөд Монгол одоог хүртэл хаалттай бүс нутаг болж, гадаад ертөнцөөс тусгаарлагдсан байдалтай байгаа бөгөөд тэнд чухам юу болж байгаа тухай мэдээ огт алга. Өнгөрсөн найм, есдүгээр сард Өмнөд Монголд очиж нөхцөл байдлыг сурвалжлах талаар хөөцөлдөхөд хилээр нэвтэрлээ гэхэд цааш явах ямар ч боломжгүй, хатуу хяналт шалгалттай, эвгүйтвэл шоронд орохоор байдалтай байв. Тиймээс Wechat болон зарим мэдээлэл, харилцааны сувгийг ашиглаж, эх сурвалжуудтай таван сарын хугацаанд холбогдож мэдээ, мэдээлэл цуглуулж, тэндхийн нөхцөл байдлыг тандлаа. Өмнөд монголчууд байнгын хатуу хяналт дор амьдарч байгаа бөгөөд хоорондоо ч үг дуугарахад хүндхэн байдалтай аж төрж байна. Өмнөд Монголоос мэдээлэл цуглуулахад туйлын хүнд, олон давхар хамгаалалттай байсан учир нэг асуултын хариултыг 2-3 сараар ч хүлээх тохиолдолтой тулгарч байлаа.


Ингээд Өмнөд Монголын малчин Саранхүүтэй ярилцсанаа хүргэж байна. (Ярилцагчийн аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор нэрийг нь өөрчилсөн болно.)


-2019 онд эх хэлний төлөөх тэмцэл Өмнөд Монголд өрнөж, 2020 онд хүчээ улам авсан. Ковидын үед хил хаасан нэрээр Өмнөд Монголыг гадаад ертөнцөөс тасалчихаад байна. Тийм болохоор наана тань чухам юу болоод байгааг бодитоор мэдэх боломж бараг алга. Та наанаа юу болоод байгааг хэлэх үү дээ?

-Бид чинь бараг та нартай адил мэднэ шүү. Телевиз, сониноор дандаа л бүх юм сайн сайхан байна гээд баахан тоо хэлдэг, үзэх унших сонин мэдээ ер үгүй болсон. Үнэн байдлыг огт хэлэхгүй юм. Сүлжээ холбоогоор хоорондоо үнэнийг мэдэлцье гэхээр хориотой. “Нам засгийн бодлогыг сөрлөө” гээд Амрыг хамгаалах газраас дуудна. Сүлжээ холбооны бүлэг бүрд нэг мэдээлэгч хүн шургаад орчихсон байдаг. Нууц далд үгээр хэлэлцэх гээд ч бүтлийг олсонгүй. Арга буюу “Өвс ямар үнэтэй байна”, “Танай тэнд цаг агаар ямар байна” л гэсэн юм сүлжээ холбоонд ярьдаг болсон.

Малчин бид олон газраар явж, олон хүнтэй уулзах биш дээ. Ойр дотны зарим хүнтэй л болгоомжтойгоор хэдэн үг солилцох юм. Соёлын хувьсгалын үеийг санагдуулаад байх боллоо.

-Та Соёлын хувьсгалыг нүдээр үзсэн үү. Ер нь энэ болоод байгаа үйл явдал чухам юунаас эхлэлтэй вэ. Манай энд “Өмнөд монголчууд коммунист Хятадад сайн дураар нэгдсэн” гэж нэг хэсэг ярьж, сошиалд сэтгэгдэл бичдэг хүмүүс олон болчихож. Үнэхээр та нар сайн дураар нэгдсэн гэж үү?

-Би ч ухаан орчихсон, юмны наана цааныг гадарлахтай болсон байсан үе л дээ.

Түүх жаахан сөхье. Бүх зүйлийг эхлэлээс нь яримаар байна. Дэлхийн дайны дараа Өмнөд Монгол БНМАУ-д нэгдэх хүслээ илэрхийлсэн ч БНМАУ хүлээж аваагүй. Ингээд тусгаар улс маягтай хэдэн жил байж байтал, манай Өмнөд Монголыг Хятадын ардын чөлөөлөх арми эзэлж аваад, “Тэгш эрхтэй, буцаад салж гарах эрхтэй улсуудын нэгдэл болох холбооны Дундад улс байгуулна” гэж худал ярьж, хуурамч хурал зохион байгуулж, тэндээсээ “нэгдэнэ” гэх шийдвэр хүчээр гаргуулж, байгуулагдаагүй улсад хууль бусаар, хүчээр нэгтгэсэн байдаг.

Дундад улсын бүрэн бүтэн байдлыг л зөвшөөрвөл, өөрсдөө бүгдийг мэдэцгээ, шийдэцгээ л гэж анх бидний Өөртөө засах эрхийг тайлбарлаж хэлж байсан. Гэтэл одоо тэр Өөртөө засах эрх хаа байна вэ.

-Өвөр Монголын Өөртөө засах орон гэгддэг биз дээ?

-Тэгдэг л юм. Түүний дараахнаас, БНД (Дундад) АУ байгуулагдаагүй байхад л хятадууд “Нийгэм журмыг байгуулна” гээд Өмнөд Монголд их хядлага, харгислал хийсэн. “БНМАУ-д нэгдэх гэлээ” ч гэж их харгислаж байлаа.БНДАУ байгуулагдсаны дараа бас “Бэлчээр нутаг хуваарилах” буюу угтаа бол улсын өмч хэмээн булааж авах, “Баруунтан зүүнтэн”, “Засварлах үзэлтэнтэй тэмцэх”, “Их үсрэлт” гээд олон харгислал болсоон.

Гэхдээ 10 жил үргэлжилсэн Соёлын хувьсгалыг яаж гүйцэх билээ. Тэр бол жинхэнэ ад тамын 10 жил байлаа. Амиа алдсан, тамлуулсан, шоронд орсон хүмүүсийн тоо тодорхойгүй. Хүн нь хэлмэгдээгүй өрх байхгүй. Өмнөд монгол бид үлдэж хоцорсон нь гайхалтай. Соёлын хувьсгалын сүүлийн жилүүдэд арай гайгүй болсон үеийг би санадаг юм. Тийм болохоор “Одоо Соёлын хувьсгалын үе шиг болоод байна” гэж хүнээс дуулснаараа хэлж байгаа юм биш л дээ. Үзсэн, харсан он жилүүдтэй минь адил болоод байна.


-Соёлын хувьсгалаас яаж ангижирсан бэ. Дараа нь юу болов. Ямархуу он жилүүдийг үдсэн бэ?

-Мао дарга өөрөө бүтэлгүй юм боллоо гээд зогсоосон, тэгээд удахгүй нас барсан. Ард иргэд жагсаж, шинэ аядуу зөөлөн бодлогыг шаардсан. Дэн дарга зах зээлийн бодлого эхлүүлсэн. Идэх хоолгүй болсон учир идэх хоолтой болох гэж зах зээлд орсон. Мэнд үлдсэн хэдэн малаас малчдад өгсөн. 1982 онд малчдын бэлчээр нутгийг хашаалж эхэлсэн. Өмнө нь газар зөвхөн улсын өмч байсан. Гэхдээ малчид урьдын адил нүүсээр байлаа. Үүнийг болиулах гэж, МАА-н салбарт “Хамтын өмч” гээч хэлбэрийг бий болгосон, улсын өмч, хамтын өмчийн заагийг тогтоосон.

Ингээд “хамтын өмч” гэх хашаалсан жаахан газарт биднийг хааж хориод, бусад бүх аугаа их газар нутгийг маань “улсын өмч” гээд урьдын дээрмээ дахиад л давтчихсан. Бид газраа өмчилсөн, өмчтэй болсон юм байхгүй. Харин урьдынх шиг нүүж болохоо байчихсан. Хамтын жаахан газартаа хүн малгүй хашигдсан.

Нүд алдам цэлгэр сайхан тал нутагт минь гадны этгээдүүд яасан ч дурын хэрэг болчихсон. Малчид хамтдаа хэсэг бэлчээрийг түр эзэмших гэрээг улстай байгуулуулсан юм. Түр эзэмшиж байгаа малчдын талыг гацаа гэнэ. Гацаа болохоор малчин өрх тус бүртэй гэрээ хийж, газрыг нарийвчилж хуваарилж байсан. Энэ газар нь хувийн өмч биш, гацаа түр хариуцаж байгаа улсын өмч маягтай.


-Зах зээлд шилжсэнээр байдал яаж өөрчлөгдөв?

-За тэгээд зах зээлийн шилжилтийн ороо бусгаа үед хөлөө олохгүй малчин түмэн их зовсоон. Үгүйрч хоосорч, үхэж үрэгдсэн нь мундахгүй. Тэгээд арай гэж учраа олцгоосон. Зах зээлийн үр шимийг хүртээд урамтай баясалтай цаг үе бас байсан.Гэтэл дахин дахин “хил заагийг тодорхой болгоно” гээд л бэлчээр нутгийг маань танаад байдаг боллоо. 2010-аад оноос бүр хэрэг бишидлээ. Төрөл бүрийн шалтгаанаар малчдын газрыг хураана.

Олон шалтгааныг тоочно. Ашигт малтмал илэрсэн бол улсын өмч болгоно гэдэг, үзэмжтэй газрыг улсын хамгаалалтад авлаа, үзэмжгүй бол засаж сайжруулна, элсэн шуурганаас хамгаалж ногооруулна, удаан суусан хятадуудад газар өгнө, тариаланд дайчилна, үйлдвэр барина, газар амраана, хот суурин барина, өргөжүүлнэ гээд л. Орон нутаг монгол биш, хятад даргатай байдаг болсон, тэд нь малчин бидний зовлонг мэдэхгүй, мэдэхийг ч хүсэхгүй.

-Байдал улам хүндрээд л байж дээ?

-Сүүлдээ бэлчээрийн МАА-г бүр хорино гэсэн. Олон газарт мал бэлчээрлүүлэхийг хориглосон. Тэнд малчид шөнө нууцаар малаа хариулах нь ч бий, эсвэл малаа олон хоног хашаад, өвс худалдаж авч тэжээгээд аргаа барж байна. Нууцаар малаа хариулж байгаад баригдвал малыг нь цагдаа хурааж авч хорьдог, бас малыг буудаж алах, өндрөөс шидэж алах зэргээр шийтгэсэн тохиолдлууд байдаг. Зарим газар бол тэгж хориогүй л байна, гэхдээ мах сүү, ноос ноолуур, арьс шир үнэгүйдээд, шатаахад хүрэх нь ч бий. Мал хариулуулахгүйн тулд үүл буудаж сарниагаад, ган болгодог.

Зэргэлдээ мужуудаас сая сая гахай, олон гахайчин авчирч суурьшуулдаг болсон. Өмнөд Монгол гахайгаар дүүрч, зүйрлэж хэлбэл гахай нь хүнээ идэж байна. Бас тэр гахайн дунд хижиг их гарна, өвчтэй гахайгаа тарааж хаяад, бидний мал сүрэгт өвчин тахал тараагаад, орчин тойрон бузарлаад байдаг.

Үйлдвэржсэн МАА хэрэгтэй гэдэг. Тэр МАА-г нь хятадууд эрхлэх юм билээ. Их сүү өгдөг үнээний дэлэнг дугуйтай тавцан дээр тавиад явж байгаа бичлэг харж байсан. Монголчууд бид эдийн засгийн үр ашиггүй, илүүдэл хүн ам болоод байна. Малчин бид маргааш байгаа бүхнээ алдаж мэдэх байдалд л өдөр хоногийг өнгөрөөж байна.

-Мал бэлчээрээ хураалгасан малчдын хохирлыг төрөөс барагдуулдаг уу?

-Бэлчээр нутгаа алдсан малчинд нөхвөр өгнө гэдэг, нутаг зааж энд тэнд суулгадаг. Америкийн уугуул хүн амыг дарлаж ирсэн гээд их л яригддаг, бид яг тэр шиг болоод байна. Нөхвөр нь хохиролтой дүйцэхгүй, бүр өгөхгүй тохиолдол олон. Нөхвөрөө хөөцөлдөөд дийлээгүй хүн өчнөөн. Хот сууринд суу гээд оромж өгдөг, за бас өгөхгүй нь ч бий, орон нутгийн даргын л үзэмжээр. Хот сууринд дүүрэн хятад, малчин ардууд хятад хэл болоод элдэв мэргэжилд сайнгүй, ажил олдохгүй, ингээд хамгийн муу ажлыг хийнэ, зарим нь гуйлгачин болно, зарим нь ч сураг тасардаг.

-Энэ бүхнийг эсэргүүцэн тэмцэж байв уу?

-Малчид бид эрхээ хамгаалж их тэмцсээн, жил бүр л тэмцэлд амиа алдсан баатар тодордог болсон, олон хүн шоронд орж тамлуулсан, олон хүн тэмцлийн явцад зодуулж бэртсэн. Малчдын эсэргүүцэл ихэсч, энд тэндгүй эсэргүүцлийн дугуйлан, холбоо байгуулагдаад, тэмцлийн гал олон түүдэг асаасан шиг бадарч байсан цаг бий. Тэгээд “Энд тэнд нутаг орондоо салангид бутархай тэмцэж байхын оронд нэгдэж тэмцье” гэж шийдсэн. “Ар Хорчинд маш том цуглаан хийе” гэж сүлжээ холбоогоор ярьцгаасан юм.


Монголын Энести
интернэшнл: Эсэргүүцлийн жагсаалыг сурвалжилсан АНУ-ын сэтгүүлчийг тухайн бүс
нутгаас албадан гаргажээ


-Хэзээ вэ?

-2017 онд л доо. Хэрвээ тэр жагсаал болсон бол дэлхийг донсолгосон үйл явдал болох байсан байж магадгүй. Гэтэл сүлжээ холбоонд ярьсан зохион байгуулагчдыг гэрт нь юм уу, жагсаал руу явж байхад нь барьж, зохион байгуулалтгүй болгосон. Ар Хорчины жагсаал болох гэж байсан талбайд дүүрэн цэрэг цагдаа, машин тэрэг авчраад “Жагсаалд оролцож болохгүй” гэж зарлаад, дэмжигчдэд хатуу анхааруулаад, заримыг нь хөл хорионд оруулаад, таслан зогсоосон. Үүнээс хойш тэмцэл хөдөлгөөнийг хорьчихсон. Ингээд тэмцлээ хориулаад бид мухардсан. Идэвхтэй хүмүүсийг хэзээ тавигдах нь мэдэгдэхгүй гэрийн хорионд оруулсан.

Монгол Улсын зохиолчийн бичсэн шиг гишгэх газаргүй хөл болсон шүү дээ.

-Эх хэл бичгийн асуудал хэдийнээс ноцтой болж эхэлсэн бэ?

-Бүх Дундадын ардын төлөөлөгчдийн их хурал 2021 оны эхээр “Сурагчид цөөн тоот үндэстний хэлээр хичээллэх нь Үндсэн хууль зөрчсөн хэрэг” гэж мэдэгдсэн. Өөрсдөө Үндсэн хууль зөрчиж байгаа юм шүү дээ. Үндсэн хуулийн дагуу бүх үндэстэн тэгш эрхтэй. Дундад улсад бидний хэл бичиг шиг хэрэггүй юм үгүй бололтой доо. БНДАУ байгуулагдсан үеэс л монгол эх хэлийг маань хялайж хавчиж, хятад хэлийг тулган шахаж ирсэн дээ.

Монгол бичгийг “Хоцрогдонгуй, сургахад төвөгтэй” гээд байхаар нь манайхан нэг хэсэг “тэгвэл Монгол Улсын ахан дүүстэйгээ адил болъё” гээд шинэ кирилл үсэгт шилжих ажлыг эхлүүлж байлаа. Кирилл үсэг заадаг, кириллээр зарим хаяг, лоозонг бичдэг, ном хэвлэдэг байлаа. Тэгтэл “Ар Монголтой адил болно” гэж айсан уу, яасан юм “Монгол бичгээ зааж сурга” гэх болсон. Коммунист ухуулгаа хийхэд нь монгол хэл, бичиг хэрэгтэй байсан тал бий.

-Соёлын хувьсгалын үед монгол хэл, бичгийг хааж хорьж байсан уу?

-Соёлын хувьсгалын үед монгол сургуулиудыг хаасан. Ер нь ч монгол хятад бүх сургууль байгаа байхгүй нь мэдэгдэхгүй цаг байсан даа. Сургууль улаан хамгаалагчдын орилж хашгирдаг, ардын дайсан гэгдсэн хүмүүсийг хараадаг, тамладаг газрууд болсон байсан. Сурагчид нь багш нараа тамладаг байсан бузар цаг даа. Улаан хамгаалагч гэх хүмүүс “Монгол хэлэнд хятад ханзыг хэрэглэнэ” гэж орилж чарлаж, туршиж үзэж байсан. Гэхдээ эрдэм боловсролгүй үймээн самуунчид хэрэгжүүлж чадаагүй юм. Тэр олон хэрмэл золбин үймээн самуунчид орох оронгүй. Монгол айлуудад дайрч орон сууж, дарлаж, тэжээлгэж, зодож тамлаж, харгисладаг байлаа. Монголчууд тэднийг чадлаараа эсэргүүцэж, заримдаа зэвсэг барин босдог байсан ч дарагддаг байлаа. Тэр бэрх цагт бид хэл соёлоо алдаагүй. Өнөөдөр бид хэл соёлын хувьд Соёлын хувьсгалаас хүнд байдалд ороод байна. Хэлийг нь устгачихвал өвөр монголчууд байхгүй болно гэж тооцоолсон бололтой.

Соёлын хувьсгалын үеийн алдаа буюу “Дөрвөн дээрэмчний хэрэг”, “Зүүний алдаа”-г илчилсний дараа, 1978 онд монгол сургуулиудыг сэргээж эхэлсэн. Сэргээсэн даруйдаа л хятадаар хичээллүүлэх оролдлого хийгээд байсан. Сум, гацааны сургуулиудыг нийлүүлж, том болгоно гээд, нээнгүүтээ л эргээд хаагаад байдаг байсан. Удалгүй сурган хүмүүжүүлэхийг таваарчилна гэж зарлав. Мунхруулгыг мөнгө олох таваар болгоно гэсэн. Монгол хэл, соёлын асуудал байнга ноцтой байсан.

-Монгол хүүхдүүдийг хятадаар хичээллүүлэх оролдлого хэдий цагт, хэр их гарч байв даа?

-Монгол сургуулиудыг хятадаар хичээллүүлэх арав орчим оролдлого гарч байсан байх. Тэр бүрд монголчууд эсэргүүцээд болиулж байсан юм шүү. Шинжааны Баянгол тойргийн монгол сургуулиудыг 2017 онд хятадаар хичээллүүлсэн. Тэгэхэд “Бүх Өвөр Монголд бас тэгж магадгүй” гээд монголчууд бас тэмцэж эхэлсэн.

Өвөр Монголын тэргүүн, Улаанхүү өвөөтэй, Бөхөө аавтай, Бу дарга хүртэл хятаджуулах бодлогыг даалгасан хэмжээнд нь хүртэл биелүүлэхгүй байсан юм билээ. Бу дарга асар их дарамтан дор байсан учраас Бээжинд болсон намын хурал дээр ухаан алдаж унасан, удалгүй түүнийг албан тушаалаас нь зайлуулсан даа. 2020 онд ээлжит удаагаа, тэгэхдээ шийдвэрлэх дайралтаа хийсэн. Тэмцэл хөдөлгөөнийг хорьчихсон, бас хижиг тахал гарсан гээд давхар давхар хориотой байхад ч Өмнөд монголчууд маань эрслэн боссон доо. 1981 оноос хойш Өмнөд Монголд ийм том тэмцэл болоогүй. Зах зээлийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор олон хятад иргэн шилжүүлэн суулгах шийдвэр гарсныг эсэргүүцэж, 1981 онд монгол оюутны бослого гарч байлаа.

2020 оных бол 1981 оныхоос том. 1981 онд оюутнууд боссон бол сая бүх монгол эцэг эх боссон. Хүүхдүүд их тэмцсэн, сэм оргох, дайрч зугтах, жагсах гэх мэт. Эцэг эхчүүд сүлжээ холбоонд эвлэлдэн нэгдэж, өргөдөл зарга илгээж, бичиг барьж зогсож, бичлэг шингээлт үйлдсэн. Хэдэн хүн эсэргүүцлийн тэмдэг болгож, амиа хорлосон. Тэмцлийг зогсоох гээд олон хүнийг баривчилсан. Хорих газар дүүрээд зочид буудлуудыг түр хорих газрууд болгож байсан.

-Одоо тэгээд Ар, Өмнөдгүй өрнөсөн эсэргүүцлийн жагсаал маань ямар үр дүнд хүрсэн бэ?

-Тэмцэл зөвхөн гай авчирсан гэж хэлэх хүн байдаг л даа. Тэмцэхгүй бол бид бүр хурдан дуусах магадлалтай. Төрийн албан тушаалтнууд, бага дунд, дээд сургуулийн багш нар, Одон телевизийн ажилтнууд, цагдаа нар хүртэл бослогод нэгдсэн. Хичээлийн шинэ жилийн нээлт Өмнөд Монголын сургуулиудад болсонгүй. Жирэм аймгийн Найман хошууны нэг монгол сургуульд мянган сурагч ирэх байсан бол, хэдэн арван сурагч л ирсэн шүү дээ.

Монгол Улсын ахан дүүс хамгийн ихээр дэмжсэнийг сүлжээ холбоогоор мэдээд бид зоригждог байлаа. Бослогын үр дүнд “Бүх хичээлийг хятадаар оруулна” гэж байснаа “Гурван хичээлийг хятадаар оруулна” гэж буулт хийсэн. Өмнөд Монголд хятадаар хэвлэсэн сурах бичгүүдээ олон ардын эсэргүүцлээс болж устгаж, яаран монгол хэлээр сурах бичиг хэвлэж байсан удаатай.

2020 оны зун зөвхөн монгол хэл, бичгийн эсрэг дайралт явагдаж эхэлсэн биш юм. Монгол соёлын эсрэг дайралт эхэлсэн. Сургууль соёл, олон нийтийн газруудад монгол бичгээр байсан хаяг, бичээс, уриа лоозонг авч хаясан, хусаж арилгасан. Гудамжинд байсан монгол үндэстний онцлогтой хөшөө дурсгал, чимэг зураг, хээ угалзыг нураасан. Олон байна гээд Чингис хааны хөшөөг нураасан. “Хэрэгцээ шаардлагагүй” гээд сургууль соёлын байгууллагуудаас, “зарагддаггүй” гээд дэлгүүрээс монгол хэлээр байгаа ном, сэтгүүлийг гаргаж шатаасан.

Зарим газар “Монгол бичиг, монгол соёл дангаараа үзэгдэж болохгүй, заавал хятад соёлтой алаглуулж харагдуул” гэж заавардсан. “Чингис хааны дүрийг үйлдэх бол Маог зэрэгцүүлж үйлд” гэх болсон, нэг талдаа Чингис хаан, нөгөө талдаа Мао даргатай чимэг үйлдүүлэх болсон. Энэ бүхний эсрэг боссон юм шүү.

-Эсэргүүцэлд нэгдсэн хүмүүсийг янз янзаар шийтгэж, тамласан тухай сонссон. Заримыг нь энд дурдахад зүрх зүсэм юм билээ?

-Бослогыг нухчин дарж, түмэн хүнийг шоронд хийсэн. Өөр олон шийтгэл оноосон. Өмнөд монголчууд тэр чигээрээ гэмтэн болсон. Ажлаасаа халагдсан. Зураг бичлэгт нүүр нь тод үзэгдсэн хүмүүсийг мянга түмэн зоос амлан, эрэн сурвалжилсан.

Төрийн албанаас монголчуудыг халаад, мэргэжил чадваргүй хятадуудыг оронд нь тавьж, ажлыг унагаж байлаа. Хувийн эзэгнэлт аж ахуйтай хүмүүсийн худалдаа үйлчилгээний эрхийг хааж, өндөр торгууль оногдуулж, бас “Эсэргүү хүн ажиллуулсан” гэж шийтгэх болов. Малчид зээл авч, аж ахуйгаа эрхлэх

нь чухалтай байдаг. Гэтэл малчдад зээл өгөхөө больж, “урьдын зээлээ хурдан төл, үгүй бол шоронд хийнэ” гэв. Хүмүүсийн дансыг хааж, хадгаламжийг дээрэмдэв. Хуулийн баталгаагүй шахам болгосон тул өмнөд монголчуудын эсрэг малын хулгай дээрэм голдуу их үйлдэгдэх болсон, машинтай хятадууд хонь, ямаа шүүрээд аваад явдаг болсон. Амиа хорлосон тэмцэгчдийн ар гэрийн хүмүүсийг хүртэл үнэнийг хэлсний төлөө буруутгасан.

Үр хүүхдийг нь олзлон булааж, амьдын хагацал үзүүлчихээд, эцэг эхийг нь “Хүүхдийн сурч боловсрох эрхийг зөрчсөн” гэж буруутгасан. Хүүхдээ сургуульд өгөөгүй явдлыг гаргасан бол нийгмийн халамж авах эрхийг нь хасна, хар дансанд бүртгэж, олон эрхийг нь хасна гэж мэдэгдсэн. “Байна уу” гэх зэрэг монгол хэлтэй олон сүлжээ холбоог хаасан. Тэмцэгч Янжиндуламыг “бослогод уриалсан” гээд гэрийн хориог нь 10 жилийн ял болгож, яаран шоронд хийсэн. “Эхнэрийнхээ үзэл санааг дэмжсэн” гээд нөхрийг нь бас хорьсон. Нөхөр нь баривчлагдах хугацаагаа дуусгаад суллагдсан ч, Янжиндуламын тухай нэг үг ч дуугарахыг нь хорьсон. Одоо Янжиндулам болон бусад баригдсан хүмүүс яасан ийсэн нь бүү мэд, ор сураггүй болсон, асууж сурч болохгүй. Өмнөд Монгол харгис цагдаагийн улс болсон.

Эсэргүүцлийн хөдөлгөөний дараа Өмнөд Монголын сурган хүмүүжлийн хороо “ӨМӨЗО-ны ард иргэд нам засгийн бодлогыг дэмжиж, нэгдмэл сурах бичгээр хичээллэх хүслээ илэрхийлж байна. Төвөд, Шинжаанд хэрэгжсэн бодлогыг үлгэр жишээ ӨЗО-ы хувиар мөн адил хэрэгжүүлэхийг шийдэмгий илэрхийлж байна” гэж мэдэгдсэн. Нэгдмэл сурах бичгээр хичээллэнэ гэдэг нь хятадаар хичээллэнэ гэсэн үг л дээ.

Хятадын хэлний бодлогыг эсэргүүцэж, Өмнөд Монголыг өмөөрсөн тайван жагсаал дэлхийн хаа сайгүй болсон билээ. Энэ бол 2020 оны есдүгээр сард Японд болсон жагсаалын зураг. Уг жагсаалд тэнд сурч, амьдарч буй 1000 гаруй Ар, Өмнөд монголчууд оролцсон бөгөөд Хятадын Элчин сайдын яамны гадаа эсэргүүцлээ илэрхийлсэн.


-Тэмцлийн дараах байдал ямар байна даа гэж асуухад бэрх байна л даа. Гэхдээ л ингэж асууя?

-Хүүхдүүдийг хичээлд явуулахгүй гээд монгол эцэг эхчүүд “хичээл хаялт” гэж зохион байгуулсан байдаг. Цэрэг, цагдаагийн хүчээр хүүхдүүдийг хүчээр булааж аваад, есдүгээр сарын 15-нд хичээл эхлүүлсэн. “Эцэг эхчүүд дайрах вий, хүүхэд оргох вий” гээд цагдаа хамгаалсан, хана хэрмийг өндөр болгосон, заримдаа өргөст тор дээр нь татсан дүр зурагтай хичээллүүлж эхэлсэн дээ. Өөрийн эрхгүй шорон гяндан санаанд орох юм билээ. Си дарга “Цөөн тоот үндэстэн болох өвөр монголчууд та нар хан үндэстнээс салахгүй, хан үндэстэн ч та нараас салахгүй гэдгийг цээжлэх хэрэгтэй. Өөртөө засах орны Засгийн ордон нийтийн хэлний хэрэглээг ихэсгэж, үндэсний үзэл, үндэсний соёлыг засан залруулж, цөөн тоот үндэстний асуудлыг шийдвэрлэж, сургуулиудад Дундад орон даяар хэрэглэгддэг сурах бичгийг нэвтрүүл” гэж шууд заавар өгсөн. Нийтийн хэл гэдэг бол хятад хэл. Гурван хичээл хятадаар, бусад нь монголоор орно гэдгийгээ тэр бүрий баримталдаггүй бололтой, энд тэндээс янз бүрийн юм дуулддаг. Монгол багш нарыг олноор халж, хятад багш нарыг оронд нь ажилд оруулж, хэл ус авалцахгүй болгосон, “монгол хятад сургуулийг нэгтгэнэ” гээд, монгол хятад хүүхэд хольж суулгаад, хятад сургууль болгочихсон зэрэг явдлууд гаргасан.

Өмнөд Монголын түүх, соёл зэрэг хичээлүүдийг хаасан. Мөн шинэ сурах бичгүүдэд “Монгол“ гэх мэт үгийг хасаж, “Хятадын тал“ гэсэн үгээр орлуулсан. Хичээлийн агуулга Хятадын соёл, улаан хамгаалагчийн үзэл суртлаар дүүрч байгаа. Хүүхдүүдийг улаан хамгаалагчийн хувцсаар жигдрүүлж, улаан хамгаалагчийн дуу дуулуулж, бүжиг, жүжиг хийлгэдэг. Дайсны дүр нь монгол үндэсний хувцастай байдаг, хоцрогдсон, үндсэрхэг этгээд бол тэр юм гэнэ. “Тэсрэх бөмбөг” гэсэн бичигтэй хүнд богц үүрүүлж, дайснуудтай хамт дэлбэрч үхэх сургалтад хамруулсан ч гэх шиг.

Шуудхан хэлчихэд эцэг эхийнх нь эсрэг, монгол үндэстний эсрэг хүмүүжүүлэхийг оролдож байгаа. Гэвч бид тийм байдалд хүргэхгүй, хүүхдүүд маань ч монгол хүүхдүүд учраас тийм сургалтад дургүй.

-Энэ үзэл сурталжсан сургалтад зөвхөн хүүхдүүд хамрагдсан уу?

-Үгүй. Монгол оюутныг бас үзэл суртлаар боловсруулсан Өмнөд монгол оюутнууд энэ бүх байдалд дургүйцэж, дотуур байрны өрөөндөө Монгол Улсын далбааг өлгөөд ноцтой асуудалд орсон. Монгол үндэсний хувцас өмссөн оюутнуудыг муу хэлж, чичилдэг болсон. Томчуудыг бас хүүхдүүдийн адил үзэл суртлын сургалтад хамруулж байна. Хүмүүжлийн дугуйлангууд гээд олноор байгуулсан. Тэнд хятад соёл, улаан хамгаалагчийн үзэл суртал заана. Хэдэн сар заана, шалгалт авна. Улаан хамгаалагчийн хувцас өмсүүлж дуулуулна, бүжиглүүлж жүжиглүүлнэ.

Си даргын улаан номыг цээжлүүлнэ, чангаар хашгируулна. Си даргын улаан ном бас гарсан шүү. Энэ бүхэн малчин бидний аж амьдралд маш их тээр дараатай. Балчир хүүхэд, томчууд аль аль нь цэргийн сургалтад их хамрагддаг болсон.

-Монгол хэл, бичгийн хэрэглээ хумигдаж байна уу?

-“Олон нийтийн газар нийтийн хэлээр яриарай”, “Нийтийн хэлээр ярих нь соёлтой хүний шинж” гэсэн бичгүүдийг хаа сайгүй хадсан. Заримдаа төрсөн нутаг орондоо биш, харь улсад байгаа мэт сэтгэгдэл төрнө.

Өмнөд Монголын нийт хүн амд зориулсан бичээсийг хоёр хэлээр зэрэгцүүлж, тэгэхдээ эхэнд нь монголоор бичих хуультай, энэ бол бүр мартагдсан. Хурим хийхэд хос хоёрыг эхлээд Мао даргад мөргүүлдэг шинэ ёс заншилтай болгосон. Өмнөд Монголын засаг өөрийн гаргасан хуулиа үндсэрхэг үзлийн илрэл гээд буруутгадаг боллоо.

Төвөөс нэг хэлтэн улс болох ажлыг түргэсгэ гэж байнга шаарддаг. “Нийтийн хэлийг дэлгэрүүлэхийг бүх талаар чангатгах” нэрийн дор хятаджуулах үйл ажиллагаа улам хүчийг аван өрнөж байна. “Нийтийн хэл, дөрвөлжин хятад үсгийг харилцан уусалцахын тулд нэн ихээр хэрэглэх ёстой” гэж улайран дайрч байна. 2025 оноос монгол хэлээрх сургалт байхгүй болж, бүрэн хятад хэлээрх сургалтад шилжих төлөвтэй байгаа. Монгол хэлийг гэр орондоо аар саар зүйл дуугарахаас хэтрэхгүй болгож байна. Иргэдийн зүгээс монгол хэл бичиг зааж сургахыг хорьчихсон, зөвхөн улсын сургууль заах эрхтэй. Зарим хүн сүлжээ холбоонд нууцаар монгол хэл бичиг заасан, түүнийг илрүүлээд болиулсан.

-Яасан хэцүү юм бэ. Нөхцөл байдал үнэхээр хүнд байгаа юм байна. Холимог соёл үүсгэж байна гэж дуулдсан. Тэр нь ямар соёл болж таарч байна?

-Монголын овоо тахилга гэх мэт ариун газруудад хятадууд хятад бүжиг бүжиглэх, эсвэл монгол хятад хүмүүсийг хамтад нь хятад бүжиг бүжиглүүлдэг болсон. Эсвэл бүр тэнд улаан хамгаалагчийн туг лоозон хадаж, монголчуудаар улаан хамгаалагчийн дуу бүжиг хийлгэдэг, үзэл суртлын үг хашгируулдаг болгосон. Улаан хамгаалагчийг тахих газар болгож байгаа.

Хятад соёлыг хэрээс хэтэртэл түгээхдээ монгол соёлын арга хэмжээн дээр, эсвэл монгол соёлын нэвтрүүлгийг болиулаад оронд нь түгээх болсон.

Монгол хүүхдүүдэд зориулсан телевизийн нэвтрүүлгүүд, хүүхэлдэйн кинонууд хятад хэлээр гардаг боллоо. Миний нэг таньдаг хүн хятад хэл огт мэдэхгүй омбол хүүгээ таарах монгол сургуульд оруулах гээд олоогүй. Тэр хүү нь ханз үсгийн утгыг мэдчихээд, ханз үсгийг монгол хэлээрээ уншаад сууж байна гэнэ.

Холимог соёл үүсгэх гэж их чармайж байна. Хятад монгол хөгжимтэй, хятад монгол хувцастай хүмүүсээр хятад ая дуу хөгжимдүүлж дуулуулдаг ч юм уу. Харилцан уусах гэдэг зүйлийг ярьдаг, үнэндээ хятадчилж байгаа л хэрэг. “Монгол соёл гэж ярьж болохгүй, хятад бэлчээрийн соёл гэж ярь” гэдэг болсон. Монгол Улсын бүх дуу хөгжим, урлаг, мэдээллийг бүрэн хориглосон. Энэ бүхнээс болоод зарим монголчууд зурагт үзэхээ больж байна.

-Толгой сэгсэрмээр болж байна шүү. Дэндүү юм аа. Цэцэрлэгийн хүүхдүүдийг хятадаар хүмүүжүүлнэ гэсэн гээ биз дээ? -2021 оны зунаас Өмнөд Монголд сургуулийн өмнөх боловсролыг хаана ч зөвхөн бээжин аялгуугаар хүртээх болсон. Энэ бол 2020 оныхоос ноцтой хэрэг. Ер нь холбогдох шийдвэр гарахаас ч өмнө олон цэцэрлэг бээжин аялгуугаар хичээллэдэг болчихсон байсан, тэнд хүүхдүүд монголоор дуугарч болохгүй. Хятад хэл мэдэхгүй, монгол хүүхэд болж төрснийхөө төлөө балчир жаахан үрс харгис хятад багш нарт загнуулж, зодуулж байгаа нь зүрх шимширмээр.

Эх монгол хэлдээ бүрэн ороогүй хүүхдийг хятад хэл, хятад соёл, үзэл суртлаар бөмбөгдөхөөр юу болох вэ. Хар багаасаа хамаг юм нь хятад орчинд сурч боловсрохоор юу болох вэ. Балчир хүүхдүүд хятад хэлийг монгол хэлээс илүү сурч мэдэх боллоо.

Монголчууд бид хойч үегүй болох нь уу? ”Юун дунд өснө вэ, тэр л эх орон нь, төрөл бүхэн нь болдог биш үү” гэж хүмүүс бухимдаж байна. Юу ч бодохгүй хумигдаж амьдрах хүмүүс байна. Дайрагдаж дарагдаж болохгүй гэсэн зоригтнууд ч олон байна. Гэхдээ 2020 он шиг тэмцэх аргагүй болсон, Өмнөд Монгол маш хатуу дарангуйлалд тас базуулчихаад байна. Дарга нар Шинжааны жишээг их ярьдаг. Энэ нь Өмнөд Монголыг Хоёрдугаар Шинжаан болгоно гэсэн үг юм. Ийнхүү Соёлын их хувьсгал Өмнөд Монгол нутагт ахин өрнөж байна. Сүүлийн үед бүр Өвөр Монгол гэсэн нэрийг байхгүй болгож, Хятад тал гэсэн нэртэй болгоно гээд байгаа. “Монголчуудын хэл соёл, бэлгэ тэмдгүүд Дундад улсын бүрэн бүтэн байдалд заналхийлж байна” хэмээх болсон. Монгол хүн байх нь л Дундад улсад заналхийлээд байдаг болсон шүү дээ.

-Хамтын цогцыг бүрдүүлэх гэх бодлого их яриад байх шиг байна лээ. Тэр нь яадаг бодлого вэ. Бас л монголчуудын эсрэг бодлого уу?

-“Хамтын цогцыг бүрдүүлэх” гэж маш их ярих болсон. Энэ нь бүх 56 үндэстэн нийлээд дундад буюу жунгаа үндэстэн болно гэсэн бодлого. Жунгаа болно гэдэг нь хятад болно гэсэн үг. Монгол ч бай, төвөд ч бай угтаа жунгаа үндэстэн юм гэсэн бодлого явуулж ирлээ. Бүгдээрээ нийлж анар жимс мэт нэг биет болно гэдэг, энэ санааг Өмнөд Монголд Анар гэдэг нэртэй охиноор төлөөлүүлээд сурталчилгаа явуулах болсон. Анар гэсэн нэртэй хүмүүс үнэд орж байгаа шүү. Ийм байхад даян дэлхий яагаад таг чиг байна вэ? Бид Трампыг шар өвгөн, Байденыг цагаан өвгөн гээд ярьдаг. Шар өвгөний үед итгэл найдвар их төрдөг байлаа, тэнгэр хувирах нь уу, пуужин тавих нь уу ч гэж янз бүрийн л юм ярьдаг байв.

Ажаад байх нь ээ, дэлхий даяар зарим үндэстний асуудлыг их чухалчлах юм. Гэтэл Дундад улсад язгуурын бээжин аялгуутнаас бусад үндэстэн, ястнууд бүр байхгүй болох гэж байна шүү дээ. Хятад хүмүүсийн дотор нь ч бээжин биш аялгуутай хүмүүсийг уусгаад бүгдийг зөвхөн бээжин аялгуугаар ярьдаг болгож байгаа. Хятад үндэстэн дотор бээжин биш аялгуутай нь гуравны нэг. Хятад биш 55 үндэстэн, бээжин биш аялгуут 10 хятад ястан, нийлээд хэдэн зуун сая хүнийг уусгаж алга хийх гэж байна. Дэлхий хаа байна (Хоолой нь зангирав).

-Цөхөрмөөр нөхцөл байдал дуулдаж байна даа. Хувиасаа одоохондоо “Уучлаарай” гэдэг үг л хэлье. Хоолой зангирч байна, уучлаарай, монголчууд минь?

-Малчид цөхрөөд, аргаа бараад, зарим нь бүр “Монгол, Австрали, АНУ, Канад зэрэг улсад олноор очиж суух боломж юу байна” гэж хүртэл хэлэлцэж байх юм байна шүү. “Гарвал цэвэр агаар үзнэ, гарахгүй бол гянданд дуусна” гэх.

Хавчигдаж дарлагдаад, үг хэлгүй болж, хайлж дуусах хэцүү байна. Амьд үлдэх, амьдрах газар хайж байна. Тосоод авах хүнтэй газар хайж байна. Паспортын асуудал хэцүү. Уул хад дундуур гарах зам бодож сүвэгчлэх юм. Цөхөрсөн хүний л арга ядсан бодол байх даа (Уйлав).

-Уучлаарай…

-“Монгол Улсдаа гарах амар” ч гэх, “Ар Монголд ажил олох хэцүү” ч гэх, “Халхад олон улсын байгууллага байдаг, түүгээр дамжаад эрх чөлөөтэй, ажил олдох газар очъё” ч гэх шиг. “Ядаж нэг гэрээс нэг хүн гаръя. Хэдэн түмээр, хэдэн арван түмээр гаръя. Газар шороо худалдаж аваад бөөгнөрч амьдаръя” гэж ч хэлэлцэх юм (Цурхирав). Хадан дунд хавчигдсан халиуны зулзаганууд боллоо доо, бид. Мэдээж хэрэг эх нутгаа монголчууд бид хамгаална, гэхдээ гадагш гарах бодолтой хүн цөөнгүй л байдаг шиг… Цөхрөлийн туйл болоод л ингэж ярих хүмүүсийн тоо улам бүр өсч байна.

-Ингэхэд Хятадын дотоод гадаад байдал юу болж байна. Монгол Улстай харилцдаг боомтоо хэзээ нээх төлөвтэй байна. Наагуур чинь юу ярьж байна?

-Дундад улсын “Нэг бүс-Нэг зам” бодлого гэдэг нь угтаа бол дэлхийг Дундад улс захирна л гэсэн жанжлан ноёрхох үзэл юм. Энийгээ хэрэгжүүлэх гэж айлгах аргадах, хатуу зөөлөн бүх аргаа хэрэглээд бүтээгүй, харин ч даян дэлхийн бүх улстай муудалцлаа.

Дундад улсад хижиг тахал их байна. Амуу будаа хүрэлцэхгүй болж байна. Хоол хүнсээ хэмнэх уриалга их болж байна. Ажилгүйдэл өсч байна. “Монгол Улс хаалттай боллоо, хэцүү боллоо” гээд та нар ярьж байна. Хятад улс адилхан болсон. Дөрвөлжин дотроо их л хямралтай байна даа. Хамаг бүдүүн дарга нар бие биеэ шүүмжлээд, сонин дээр ч гаргадаг боллоо. Си дарга 100 насалж дийлэхгүй. Хэзээ нэгтээ Хятадын үндэсний бодлогод өөрчлөлт гарч мэднэ. Юу ч болж болно. Олон том явдлыг урьдчилж мэдэж дийлээгүй байдаг.

Дундад улс олимп дуустал Монгол Улс руу үүдээ нээхгүй байх. “Монгол Улс хижиг тахлын хэмжээгүй их аюултай шүү” гээд бүдүүн дарга нар энд их ярьдаг.

-Хаанаас анх энэ вирус гарлаа даа?

-Тэр ч байтугай, цаашдаа ч бүр Дундад улс хаалга үүдээ хаагаад бүрэн хаалттай орон болох гээд байх шиг. Намайг төрөхөд бүрэн хаалттай улс байсан. Насан өндөр болоход бас адил болох гэж байна. Соёлын хувьсгалын үед хаалттай байсан, шинэ Соёлын хувьсгалын үед яг л тийм болох гэж байна. Си дарга улаан хамгаалагч байсан, улаан хамгаалагчдыг буруутгаж шийтгэсэн. Одоо тэгээд хариугаа авч байна уу даа, Си дарга улаан хамгаалагчийг гүрэн даяар оройн дээд болгож их л мандуулж байгаа шүү дээ. Амьдрал минь Соёлын хувьсгалаар эхэлж, Соёлын хувьсгалаар дуусах нь уу даа гэж гасалж сууна даа.

Тийм учраас эрх чөлөөт, бүрэн эрхт Монгол Улсын ахан дүүс Дундад улсгүйгээр хэрхэн яаж аж төрөх вэ гэдэгтээ бэлтгэх тун чухалтай. Урьдынх шиг Дундад улсад чөлөөтэй зорчиж, наймаа шоймоо хийнэ гэж үлгэрийн далай шүү. Харин өмнөд монголчууд бидний хувьд бусад монгол ахан дүүсээсээ хаалттай хана хэрмийн цаана хагацаж салах цаг ирж байх ч магадгүй. Тэр нь он удаан жил үргэлжлэх ч магад аа. Нулимстайгаар яриагаа дуусгая даа (Уйлав).


Азийн Хүний эрхийн шагналт сэтгүүлч Д.ГАНСАРУУЛ

Categories
мэдээ нийгэм

Г.Ням-Очир: Үүсээд буй асуудлыг эрдэмтэй лам нартайгаа дотроо ярилцаад шийдчих байх

Судлаач Г.Ням-Очиртой ярилцлаа.


-Монголын Бурханы шашин юу болоод байна вэ. Зулын гол болно гээд хоёр лам өчигдөр Д.Чойжамц хамбад бараалхаж, бичиг өргөж байх шиг байна?
-Дэлхий даяараа хижиг тахалд нэрвэгдсэн хүнд цаг хугацааг туулж байна. Монголын Бурханы шашин бол энэ жил болоод өвчин тахлыг даван туулахад үүргээ маш сайн биелүүлж байгаа гэж харж байгаа. Батцагаан дуган нээгдсэн. Олон соёлын акцууд хийлээ. Гандан хийдийн Нандин шүтээнүүд үзэсгэлэнг хэдэн мянган хүн үзсэн тухай нарийн тоо байхгүй ч музейн “дэлбэрэлт” боллоо. Гавж Д.Нямсамбуугийн лекцүүд, гавж Д.Лувсанжамцын Бодикаст, гавж С.Гантөмөрийн орчуулгууд олныг соён гэгээрүүлж байна. Хамгийн гол нь шашны шинэчлэл дотроосоо маш эрчимтэй явж байна. Гэлэнгүүд, сахил сахисан лам нар нь эрх мэдлийг гартаа авч байгаа. Ийм таатай үед ”Өөрийгөө шатаана” гэдэг экстримист мэдэгдэл олон хүнийг гайхшируулж байх шиг байна.
Эрх ямбаа булаацалдлаа гэж харж байгаа ч цаанаа бол Х Богдыг тодруулах эсэхтэй холбоотой том асуудал явж байгаа бололтой?
-Буддын шашинд эрх мэдлээ булаацалдах гэдэг зүйл байж болохгүй. Тэр зулын гол болно гээд өргөх бичиг барих гээд байгаа лам нар бол шашныхаа дотоод ертөнцөд төдийгүй гадаад ертөнцөд ч жин дарах нэр нөлөөтэй хүмүүс биш. Би түрүүн хэллээ. Монголын Бурханы шашныг гаднаас нь харвал 90-ээд он биш. 2000-аад он биш. Шал өөр стандарт лам нараас нийгэм нь хүсдэг болсон.
Нэгдүгээрт, эх монгол хэлээрээ, англи хэлээр Бурханы шашны боловсрол мэдлэг олох боломж асар өссөн. Зарим тохиолдолд сүсэгтнүүд нь лам нараасаа илүү боловсролтой болчихлоо.
Хоёрдугаарт, лам хувраг хүн сахил санваартай, соён гэгээрүүлэгч байх, ёс зүйн өндөр хэм хэмжүүртэй байх шаардлага өөрөө дотроосоо гараад ирлээ. Хэрвээ энэ үзүүлэлтээр өөрийгөө шатаая гээд байгаа лам нарыг харьцуулаад үзвэл ямар дүн гарах вэ? Гэргийтэн нь гэртээ хариад, гэлэнгүүд нь сүм хийдээ авч явах, хувийн компани шиг сүм хийд гэж байхгүй. Хуврагуудын дотоод ардчиллаар цаашид явах нь тодорхой болчихлоо. Яах аргагүй Х Богд заларч байж, энэ шинэчлэл бүрэн утгаараа хэрэгжих байх. Харамсалтай нь энэ хүмүүс Х Богдтой холбогдох, тодруулах эрх бүхий ч хүмүүс биш. Эхлээд ядаж ард түмэндээ хүлээн зөвшөөрөгдөх хэрэгтэй.
Гаднаас манай шашныг хямраах гэж ийм юм хийгээд байгаа гэх юм. Энэ хэр үнэний ортой вэ?
-Тэр бол ерөөсөө үеийн үед байсан зүйл. Манай урд хөрш Монголын шашны байдлыг ч бас анхааралтай ажигладаг. Монголд Далай ламын нөлөө идэвхжихэд асар дургүй. Яагаад энэ хүмүүс яаран сандран амралтын өдөр бичиг бариад гүйгээд, өөрийгөө шатаана энэ тэр гээд зарлаад, олон түмний анхаарлын төвд орох гэж хичээж байна вэ.
Яагаад?
-Өнгөрсөн баасан гаригт Дилова хутагт Далай ламын тухай номын нээлт хийсэн. Дилова хутагт бол Далай ламын тодруулсан монгол хутагт хувилгаадын ахмад нь. Бас Монголын асуудлыг хариуцдаг. Олон үйл явдлууд давхцаад ингэж бачимдаад байгаа нь бүх хүнд ойлгомжтой гэж бодож байна.
-Ер нь монголчууд дотроосоо Богдоо тодруулах гэхээр ийм үймээн болоод байдаг нь энэ анхных ч биш байх. Түүхэндээ Монголоосоо Богдтой болсон тохиолдол цөөн ч юм?
-2019 онд Өмнөд Монголын Улаанхад их сургуулийн доктор, профессор Бавуу ”Чин улс ба Жавзандамба хутагт” ном гаргасан. Кириллээр эрхийг нь аваад гаргасан. Тэр номд үе үеийн Богдыг тодруулах үед манай монголчууд ямар ямар авлига өгч байсан, матаас бичиж байсан баримтууд гарсан байгаа. Яг нарийндаа Өндөр гэгээнийг Чингис хааны хойт дүр гэж итгэсэн. Тийм ч учраас дараа дараагийн Богдуудыг тодруулаад үг дуугүй захирагдаад явсан. Монголчууд гайхамшигтай сүжигтэй ард түмэн. Мэдээж энэ бол зарим хүмүүсийн хувьд асар их нэр хүнд, мөнгө баялаг. Тэр утгаар нь ч бас энэ маргаанаас болж, бослого тэмцэл гаргахгүйн тулд Төвдөөс тодруулдаг байсан байх. Эхний хоёр Богд монгол шүү дээ. Өнөөдөр бол монголчууд Монгол газар монгол эцэг эхээс төрсөн Богдыг л хүлээн зөвшөөрнө. Бидний хувьд маш том боломж. Далай лам бол өмнөд монголчуудын өргөж гаргаж ирсэн лам. Богд бол халхуудын өргөсөн лам. Банчин богд бол ойрд монголчуудын өргөж гаргаж ирсэн лам. Яах аргагүй бид монгол хүнээ Х Богдоор зална.
Ингэснээр бид тусгаар тогтнолоо дахин давхар хамгаалж байгаа юм шүү дээ. Энэ тодруулах хөрс шороо нь нэгэнт бүрдчихсэн байгаа шүү.
-Та судлаач хүний хувьд шашны хүрээнд болж байгаа энэ асуудлыг юу гэж харж байна?
-Шашны дотоод ардчилал, их чуулган хуралдуулах гэдэг юмуу, энэ асуудал шаардлага тавигдаад их олон жил болж байгаа. Хэдийгээр төр, шашин тусдаа гэж хуульчилсан ч тухайн үеийн гүйцэтгэх засаглал, төрийн тэргүүнүүдийн анхаарлын гадна Бурханы шашин байгаагүй. Төр ч тодорхой хэмжээгээр оролцдог. Оролцох ч ёстой. Иймэрхүү бичиг өргөдөг хурлуудын ганц нэгт нь сууж байсны хувьд энэ үйл явдлаас ямар ч байсан Бурханы шашин хөгжиж байгаа юм байна. Бие биенээ сонсож хүлээж авч чадаж байна. Тийм айхавтар хурцдахгүй байх гэж харж байна. Энэ шаардлага тавиад, өөрийгөө шатаана гээд байгаа ламыг би огт танихгүй. Уулзаж үзээгүй. Ер нь бараг хэн ч танихгүй хүн.
-Асуудлыг хэрхэн шийдвэрлэвэл зүйтэй вэ??
-Ер нь шашны дотоод хууль. Сахил санваараа сахих дүлваа гээд бараг хууль шахуу зүйл байгаа. Эрдэмтэй лам нартайгаа дотроо ярилцаад шийдчих байх. Гаднаас оролцох бол шаардлагагүй байх. Тэгээд ч нас биед хүрсэн хүмүүс ямар Төвдөд байгаа биш. Арай ч зулын гол болчихгүй. Манайх бол асар их эрх чөлөөтэй ардчилсан улс шүү дээ. Амиа тэвчих үйлдэл бол хамгийн эцсийн арга. Аль аль нь тийм арга мухардсан харагдахгүй л байна.
Ер нь ингэж аливаа улсын шашин дотроо үймэлдвэл хор уршиг нь тэр ард түмэндээ л тусна шүү дээ?
-Манай түүхэнд ч хангалттай жишээ олон. Ерөөсөө ард түмэн хохирдог. Ард түмэн бол дундад зууны уулын мухарт амьдарч байгаа хүмүүс биш. Гар утастай, өндөр хурдны интернэттэй. Мэдээллийг маш хурдан хүлээж авч, задлан шинжлэх чадвартай болсон. Огт хэн нь ч танихгүй, ямар ч соён гэгээрүүлэх үйл ажиллагаа хийдэггүй, сахил санвааргүй, лам мөн биш нь ч тодорхойгүй хүмүүсийн үйлдлийг дэмжээд, өөгшүүлээд байх үйлдэл гаргахгүй болов уу. Би ч бас монгол хүний саруул ухаанд итгэдэг.
-Хоёр өөр шашин мөргөлдөх нь бий. Гэтэл шашны нэг урсгал дотроо зөрөлдөөд байгаа нь ямар учиртай юм. Эсвэл урсгал, чиглэл, номлол нь өөр байна уу?
-Бурханы ном бол дөрвөлжин бурам шиг. Аль ч талаас нь хазсан адилхан л амттай. Монголд нэг урсгалын доторх зөрөлдөөн гэх юмуу, үл ойлголцол бараг байхгүй. Ер нь ч байх үндэсгүй. Харин ч эрх чөлөөгөөр бүрэн хангагдсан хангалттай эдэлж байгаа улс. Чи явлаа. Дармасала орлоо. Далай ламдаа мөргөөд ирж байна. Дараа нь Бээжин орлоо. Банчин ламдаа мөргөөд ирж л байна. Хэн ч ингэлээ гээд буруутгаж, ялгаварлан гадуурхаагүй. Зүүн хүрээнд Юн Хэ Гүний хийд сайхан суугаа Майдар босгож бүтээхэд нь дэмжээд, одоо гадуур нь сайхан дуган барьчихлаа. Ерөөсөө хувийн сүм хийд гэдэг ойлголт байхгүй. Өгсөн мөнгийг хувьдаа хэрэглээрэй. Сүм хийд чиний хувийн өмч, компани юм шүү гэж лав хэлэхгүй. Ерөөсөө лам хувраг хүн хувийн өмчтэй байх ёстой юу гэдэг асуудал байна. Сүм хийдийг сүсэгтний холбоо нь авч явдаг. Ийм жишигтэй шүү дээ. Лам хүн зөвхөн номоо л үзэх ёстой. Энэ хүмүүсийн шаардлагыг сонсоод үйлдлийг нь ажиглахад ойлгомжтой. Сөргөлдөөний учир тэр хүмүүст өөрсдөд нь байх шиг байна. Өөрчлөгдөх хэрэгтэй. Бурханы шашин бол “Өөрөө өөрийгөө л аврах эрэл хайгуул”.
Ярилцлагын төгсгөлд нэг зүйл хэлмээр байна. Бугат Л.Алтангэрэл гээд маш сайн орчуулагч гарч ирлээ. “Сундуй”, “Жадамба” гээд их хөлгөн судруудыг орчуулж гаргалаа. Хятад хэлнээс орчуулдаг Д.Болдбаатарын “Мялын буман дуулал”, “Цагаан лянхуа судар” байна. “Агнистийн гэгээ” цувралын П.Бадрал байна. Ямар ч цаг үед ард түмнээ орчуулагч, хэлмэрч, лозава нар соён гэгээрүүлж, сэтгэлийг нь засч залуурдаж явдаг. Энэ хүмүүсийн номоор л Бурханы шашныг ойлгож байна. Ном бол сэтгэлийг засагч гэсэн утгатай үг гэж байгаа. Харин сэтгэлийг хямраах зүйл ном биш, хямраагч нь хувраг лам биш юм. Тэгэхээр хамаг номын үндэс болсон өөрийн сэтгэлээ засаарай гэж хэлье.
Д.ГАНСАРУУЛ
Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголчуудыг Бурханы шашин л нэгтгэж байна

Одоо монголчуудыг нэгдмэл болгож байгаа ганц зүйл нь Монголын Бурханы шашин болчихоод байна. Социализмын үед нийгмээрээ, нийтээрээ социалист гэх үзэл санаан дээр хүчээр шахуу нэгдэж байлаа. Юу бодох, яаж амьдрахаас нь эхлүүлээд бүх юмыг үзэл сурталдаж нэгдмэл болгож хайрцагладаг байв. Харин дараа нь ардчилсан нийгэмд шилжиж хүмүүнлэг, энэрэнгүй нийгэм байгуулна гэсэн боловч одоогоор тэр нийгэм нь бүрэлдэж хараахан чадаагүй байна. Дур дураараа ярьж, нутаг довоороо талцаж юун нэгдэх манатай арвалзаж байна шүү дээ. Оюун санаа байтугай үг хэлээрээ ч аятайхан нэгдэх чадвар хувь хүмүүст алга. Харин одоо бидний хувьд хүссэн, хүсээгүй үндэсний шашин дээрээ нэгдэхээс өөр сонголт үлдсэнгүй. Гэтэл дэлхий даяар тахалтай, эдийн засгийн хямралтай, хаа сайгүй үхэл хагацал нүүрлэж, соён гэгээрэл, боловсролын байгууллагууд, сургууль цэцэрлэг нь хаагдчихаад байгаа энэ цөвүүн цагт монголчуудыг Бурханы шашин л оюун санааны хувьд нэгтгэж байна. Хөл хорионд сууцгааж байсан ард түмэн Гандангийн лайвын дор нэгдэж, муу муухай бүхэн холуур өнгөрөг, тахал дарагдаг хэмээн залбирч нэгдмэл байгаагаа илэрхийлсээр байна. Дэлхий даяараа хямралтай байгаа ийм үед шашин хагаралдах нь ёстой хэрэггүй. Шашин шүтээн нь хагаралдчихаар монголчууд юун дээр нэгдэх болж байна аа? Шашин нь хямарвал бид цаашид нэгдмэл улс болж чадах уу? гэсэн асуултууд гарч ирнэ. Д.Урианхай гуайн нийтлэлд, монголчууд түүхийн бүхий л үедээ үзэл санаагаараа нэгдмэл биш явж ирсэн гэж бичсэн нь эргэлтгүй үнэн.

Хувьсгалаас өмнө Буддын шашин бол монголчуудыг нэгтгэж байсаан. Монголчууд шашнаараа нэгдмэл аж төрж байв. Тийм учраас энэ эмзэг цэг рүү оросууд овоо хараагаа тааруулсан л даа. Хэрэв тухайн үед шашин Монголын нийгмийг зангиддаггүй, ард түмнийг нэгтгэдэггүй байсан бол тэгж сүм хийдүүдийг нурааж, эрдэм номтой лам нарыг сорчлон толгой дараалан буудах байсан гэж үү. Эв нэгдлийг нь сарниаж, хүчийг нь сулруулаад савартаа атгах гэсэндээ Монголын ард түмнийг нэгтгэж байсан шашныг нь газрын хөрснөөс арчихын тулд аймшигт хядлага эхлүүлсэн. Хамгийн эрдэм номтой, олонд шагшигдсан лам хуваргуудыг нь эхний ээлжинд хэлмэгдүүлэх замаар бусдыг нь айлгаж байгаад хуйгаар нь алчихаар өнөөх атгасан гар шиг оюун санааны нэгдэл яалт ч үгүй суларч, задарчихсан юм. Социализмын үед Богд хааныг хамгийн ихээр шившиглэсэн, зориудаар шившиглүүлсэн. Тэр үеийн уран зохиолын гол сэдэв нь ерөөсөө л лам хуваргууд, Богд хаан, мөн баячуудыг үзэн ядуулах захиалгатай байсан нь харамсалтай. Богд хааныг 1990 он хүртэл тэмбүү гэх өвчинтэй, сохор хүн байсан гэж ташаа ойлгож ирсэн нь социализмын үед орос ах нарын хийсэн захиалгат уран зохиолын нөлөө. Ингэж л Монголын Бурханы шашин, Богд хаан, монголчуудыг нэгтгэж байсан шашныг бүдүүлгээр доромжилсон ажил нь 60, 70 жил үргэлжилсэн билээ. Ардчилал гарснаар шашин дахин сэргэсэн. Дахин сэргэх явц нь удаашралтай байсан ч 1990-ээд оны сүүлчээс Энэтхэг, Төвөд рүү эрдэм ном сурахаар явсан залуу лам нар хэдэн жилийн өмнөөс эрдмээ дүүргээд Монголын соён гэгээрэлд хувь нэмрээ оруулахаар эргэж ирээд, монголчуудыг оюун санаагаараа нэгдэхэд нь тусалж байна.

Сайны хажуугаар саар гэгчээр сэргэлт, дэвшил, хөгжлийн явцад аль л болж бүтэхгүй байгаа зүйл ил гарч, яваандаа алга болдгийн адилаар Монголын Бурханы шашныг эсэргүүцэж, дотроос нь хагалах гэж, ард түмний итгэл үнэмшлийг сулруулах гэсэн оролдлогууд яваад байх шиг байна. Ер нь юу ч болж байсан монголчууд минь Монголын Бурханы шашнаа л дэмж. Тэр өргөх бичиг бариад байгаа лам нар наадхаа боль оо. Үе үе эгзгийг нь тааруулж гэнэт гарч ирж, Монголын Бурхан шашны төв рүү, түүний тэргүүн рүү дайрдаг ийм асуудлаа цэглэ. Лам хүнээс гарахааргүй их уур хилэн, нүгэл хилэнцээр “Өөрийгөө шатаана” гэж ширүүн үг хэлж, нүгэл үйлдэж байгаа чинь эргээд ёс зүйгүй, шагшаабадгүй үйлдэл болж харагдаад байна. Сүүлдээ гадна, дотны хөл гар ороод ирчихсэн байх вий гэсэн хардлагыг нийгэмд төрүүлээд эхэллээ. Та нарын ямар ч эрх ашиг зөрчигдсөн бай Монгол Улсын эрх ашгийн хажууд бол хумхын тоос юм. Энэ хагарал, будлиан үүсгэх гээд байгаа зөрчилд монголчууд, Монголын сүсэгтнүүд өөр үзлээр хандаж хатуу хариу өгөх хэрэгтэй. Үзэл бодлоороо нэгдмэл байхын тулд, үзэл бодол руугаа нулимуулахгүйн тулд зохих хариуг нь дор дор нь өгч, хүлцэнгүй байдлаасаа хааяа ч болов гарч байх хэрэгтэй. Аливаа үндэстний үзэл бодол хамгийн нарийн, нандин байх ёстой. Түрүүчээсээ тэр нарийн нандин зүйл, шүтээн рүүгээ нулимаад эхэлчихсэн. Удаж ч байна. Нэгэн жишээ байна л даа.

2008 оны Бээжингийн олимпийн үеэр Найдангийн Түвшинбаяр биднийг яаж нэгтгэлээ. Долдугаар сарын нэгний үймээний дараа Улаанбаатарын гудамж, талбайд танк, хуягтууд гарч, зэвсэгтэй цэргүүд бүх хөдөлгөөнийг хянаж, Үндэсний телевизээс бусад бүх хэвлэл мэдээллийн байгууллагыг хааж, олон зуун хүүхэд, залуусыг жагсаалд оролцсон гэдэг нэрийдлээр шоронд хориод галуун цувуугаар дэглэж, тамлаж байсныг ихэнх нь мартчихсан л явж байгаа байх. Ийм хүйтэн, аймшигтай өдрүүдийн уйтгар гунигийг Булган аймгийн Сайхан сумын харьяат Найдангийн Түвшинбаяр гэж залуу жүдо бөхийн алтан медалиараа үргээж, хоёр тийш харчихсан байсан улс төрийн голлох хоёр хүчнийг эвлэрүүлж, уйлуулж, Монгол даяараа нэгдэж байлаа. Тэр биднийг яаж зоригжуулж байлаа даа. Н.Түвшинбаяр төдийгөөс өнгөрсөн хавар хүртэл монголчуудын шүтээн, даган дуурайдаг, хайрладаг ганц хүү нь байлаа. Гэхдээ түүний хэргийг, үйлдлийг огтоосоо зөвтгөх гэсэнгүй. Хэн ч өмөөрөх боломжгүй нөхцөл байдалд тэр орсон ч бид 14 жил оройдоо өргөж, биширч, залж ирсэн энэ залуугаа, шүтээнээ нулимахаа байг гэхэд чимээгүй өнгөрчихөж болох л байсан.

Яг үүнтэй адил оюун санааны нэгдэл рүүгээ, Монголын Бурхан шашин руу нулимах гэж байна. Нэгнийхээ дээр гарах гэж шарын шашныг элдвээр хэлнэ ээ, тэр тодорхой. Тийм учраас ийм дайралт ирэх учир үүн дээр ард түмэн хатуу байр суурьтай байх ёстой. Нэгдмэл, хатуу байр суурьтайгаар үндэсний шашнаа, Бурханы шашнаа хамгаалж авч үлдэх нь эргээд үндэсний нэгдлийн асуудал юм шүү. Юу ч болж байсан бүгдээрээ шашин дээрээ нэгдмэл байя. Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Чойжамц хамбыг Монголын Бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба хэвээр нь байлгахад буруудах юм ер байхгүй. Тэр эсэргүүцээд байгаа хүмүүст буруу мэт харагдаж байгаа ч ард түмний хувьд энэ асуудал дээр нэгдмэл байх хэрэгтэй. Ард түмэн шашны хүрээнд болж буй энэ үйл явдалд хатуу хариу өгөх хэрэгтэй байна. Хууль хүчний байгууллага ч үүнд анхаарал хандуулж, хаанаас шидсэн чулуу вэ гэдгийг тодруулчихад ч гэмгүй. ҮАБЗ ч үүн дээр анхаар. Монголчууд бид ороо бусгаа энэ хэврэг цаг үед үзэл бодлоороо нэгдэж буй үнэт зүйлээ хамгаалж авч үлдэх ёстой. Монголчууд олон жил ингэж үнэт зүйл рүүгээ шүлсээ хаяж ирсэн. Одоо шүлсээ хаяхаа больж, оюун санааны нэгдлээ хамгаалах цаг нь ирчихээд байна

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Молор-Эрдэнэ: Монгол Улс биш, Малчин улс гэж нэрлэх ёстой

Философич С.Молор-Эрдэнэтэй ярилцлаа.


Түрүүч нь №247(6869) дугаарт


-Одоо тэгээд хэдүүлээ хонио л өсгөөд байж байх уу?

-Хонийг орлуулах үнэт зүйл одоогоор монголчуудад алга.

-Үнэт зүйлтэй болох цаг нь болоогүй гэж үү?

-Болоогүй байх аа. Бид 1921 онд л эсгий гэрээсээ гарч ирсэн. 13 дугаар, 14 дүгээр зуун, монголчууд бид гэж ярих чинь ямар ч утгагүй байгаа юм. Бид Ази, Төв Ази руу орж ирсэн янз бүрийн малчин ард түмнүүд л байхгүй юу. Киргиз, Манж, Төвд, Халимаг, Торгууд, Халх гээд малчид л явж байгаа. Монгол Улс гэсэн улс тэртэй тэргүй байх боломжгүй юм байгаа юм. Монгол үндэстэн ч байх боломжгүй. Бид чинь малчин ард түмэн байхгүй юу. Монгол Улс биш, Малчин улс гэж нэрлэх ёстой байхгүй юу. Малчдын улс. Бидний нэгдэл бол малаар, малчнаараа л нэгдэх нэгдэл. Тэгэхдээ бүгдээрээ малчин бол гэж байгаа юм биш л дээ. Анхдагч маань л малчин. Бид япон үндэстэн, хятад үндэстэн, орос үндэстэн гэсэн тийм оюуны нэгдмэл үндэстэн биш байхгүй юу. Бид чинь талаар нэг тархсан, эсгий гэртэй ард түмэн. Гадаа хонь, ямаа хоёр нь майлж байхад л тайван унтдаг ард түмэн. Гэрийн гадаа хонь, ямаа нь майлахгүй бол унтаж чаддаггүй байхгүй юу, монгол хүн.

-Тийм.

-Хонь, ямаа нь майлалдахад сэтгэл нь сайхан болдог. Хүүхдүүдээ, авгайгаа, нөхрөө хараад баярлахгүй. Хонин сүргээ харж баярладаг. Хот ороод буцахдаа малаа л түрүүлж асуудаг. Хотод байхдаа гар утсаараа малаа л асуугаад байдаг. Тийм л ард түмэн.

-Газрын зураг дээр Монгол Улс Ази, Европ гэсэн хоёр соёлын дунд оршдог?

-Яг зааг дээр нь байдаг.

-Хоёр өөр соёл иргэншлийн зааг дээр ингэж амьдрахад зөрүү нь бидэн дээр хэр хүчтэй тусдаг вэ?

-Маш хүчтэй тусна. Залуучууд ерөнхийдөө орчин үеийн, анархист, шинийг хүсдэг. Хурдан өөрчлөгддөг. Тиймээс залуу хүмүүсийг ойлгох хэрэгтэй. Хурдан, түргэн өөрчлөх гэсэн, шинэчлэх гэдэг. Хөгшин хүмүүс ерөнхийдөө удаан, дандаа хачин бүтэхгүй юм ярина, “Тэгж болдоггүй юм даа, хүү минь” гэсэн дандаа зогсоосон, барьсан, хориглосон сэрэмжилсэн хүнийг урагшлуулахгүй хойшоо татдаг. Ер нь хөгшин хүн бол тэртэй тэргүй тийм байдаг. Хөгшин хүнтэй уулзсаны дараа сэтгэл нэг л хачин болно. Нэг л тавгүй болно. Хүний хорвоо. Зөвхөн Монгол хүн ч тийм биш.

-“Тэгдэг ч үгүй юм даа”, “Чам шиг байхдаа би…”, “Одооны залуус ч дээ…” гэсэн зуулттай харилцаатай?

-Ёстой тийм. Энэ чинь хөгшин хүний үргэлж уншиж байдаг амнаас нь гардаг маани байхгүй юу. Залуу хүн үргэлж шинэчлэх гэж, өөрчлөх гэж жаахан ууртай, бухимдалтай, ярвагар алхдаг чинь зөв. Тэгэх ёстой.

-Юм бодож яваа хүн юм байна.

-Тийм шүү дээ. Хүний хорвоо. Хөмсөг нь зангирсан хүн асуудалтай л явж байна. Юм бодож байна. Хүнд стресс хэрэгтэй. Хүн өдөржин стресстэх хэрэгтэй байхгүй юу. Ялангуяа энэ 21 дүгээр зуунд дандаа стресстэнэ. Гол нь стрессээ депресс болгож болохгүй. Тэр чинь өвчин болчихож байгаа юм. Үдээс өмнө стресстэй байж байгаад үдээс хойш тэр стресс нь гарчихдаг. Орой жаахан стресстэй байлаа. Унтаж амарлаа. Өглөө нь стрессгүй сэрдэг. Депресс чинь олон хоногоор үргэлжилдэг. Би стрессийг маш зөв гэж боддог. Стресстэй бай, стресстэй бай. Стрессгүй байна аа гэдэг чинь хэтэрхий тайван байна гэсэн үг. Юу ярьж байгаа юм. Энэ амьдралд стресстэй байж байж л юм бүтээнэ шүү дээ. Стресстэй байхад ажил бүтдэг. Өөрийгөө стресстүүлэхээр гоё гоё санаа толгойд ороод ирдэг.

-Соёлын тухай яриандаа эргэн оръё?

-Яахав дээ, бид саяхан эсгий гэрээс гарсан гэж ярилаа. Эсгий гэрээсээ гараад шоконд орсон. Уурласан, бухимдсан, зугтаасан, оргож дүрвэсэн зөндөө л юм болсон. Шинэ үе нь гарч ирээд шинэчлэх гэтэл зарим нь хүсээгүй. Тиймээс монголчууд хоорондоо зодоон нүдээн болсон. Манай дотоодод болсон асуудал. Оросууд “Шашинаа жаахан хязгаарлаарай” гэснийг манайхан “Шашинаа устга” гэлээ гэж буруу орчуулсан. Тийм л юм байхгүй юу. Монгол хүн чинь сонсох гэснээ л сонсдог хүмүүс шүү дээ. Өөр юм байхгүй. Нөгөө талд бол мэдээж социализмыг буруу ойлгож, нэгэндээ хэтэрхий өндөр шаардлага тавьсан, боломжгүй байхад нь. Хоёр, гурван хүүхэдтэй хүн чинь яаж багшлаад явах юм бэ. Гэртээ хүүхдүүдээ харахгүй бол бас болохгүй. Европын нийгэмд эмэгтэй хүн ажиллаж болдог. Яагаад вэ гэвэл ихэнх нь хүүхэдгүй. Монголын нийгэм чинь 3-4 хүүхэдтэй. Зарим нь бүр 6, 7, 8 хүүхдийн ажил хийхэд хэцүү. Европчуудыг дуурайж гэрийн эзэгтэйг ажил хий гэдэг чинь буруу, социализмын үед. Тэгэхээр хүүхдүүд нь зэрлэгшчихгүй юү дээ. Гэртээ хүүхдүүд нь л үлдээд, ах нар нь дүү нараа загнаад л, гараад ирэхээр орцны атаманууд нь мөнгийг нь булааж хармаалаад л. Ээж аав нь гэртээ байхгүй, эзгүй. Социализмын үед гэр орон жаахан эзгүйрсэн. Ээжүүд ажиллах нь буруу байсан. Эмэгтэй хүн үр хүүхдээ хараад, гэр орноо авч явж, үр хүүхдийнхээ ирээдүйд хувь нэмэр оруулах ёстой байсан юм. Социализмын үед тэр нь алдагдсан. Хүүхдүүд нь хаягдсан нь том алдаа байсан. Энэ бол социализмын алдаа. Харин боловсрол, эмнэлэг хурдацтай хөгжсөн, бүгдээрээ гайхамшигтай боловсроод, бүгдээрээ арван жилийн сургуульд хамрагдаад, бүгдээрээ эрүүл мэндээ үзүүлдэг болсон. Бүгдээрээ гэр орондоо ор, хөнжлийн цагаан даавуутай болсон нь гайхамшиг байсан. Бүгдээрээ усанд орж, ариун цэвэрдээ анхаардаг болсон нь мундаг том соёл болсон. Тэр соёл өнөөдөр ч монголчуудад хэрэг болж байгаа. Гадаадад очоод ямар ч асуудалгүй тухайн орныхоо амьдралд яваад л орчихож байна. Ямар ч асуудалгүй. Энэ бол бидний ололт.

Харин худлаа түүх ярихаа болих хэрэгтэй. Бидэнд тийм том түүх байх ямар ч боломжгүй. Энд байгуулсан том том хот алга, өндөр урт хэрэм алга, байгуулсан том соёл алга байна шүү дээ. Энэ чинь муудаа биш. Энэ нутагт энд тэндээс ирсэн малчид л байхгүй юу. Тэд чинь түүхтэйгээ, номтойгоо, хүнтэйгээ ирсэн. Энд ирээд үлгэр, домгоо ярихаар нь “Аа тэр нь манайх юм байна” гээд ойлгочихдог. Гэтэл тэр нь Хорезм, Төв Ази, Япон, Солонгос, Энэтхэгийн ч юмуу түүх, үлгэрүүд л байдаг. Тэрийг нь бид өөрсдийнхөө гээд ойлгочихдог. Тэд манайхаас авсан юм байна гээд туйлшраад явчихдаг. Гаднаас энэ бүх соёлууд хүнтэйгээ, номтойгоо, үлгэр домогтойгоо ирсэн. Бид бол тэр сонин сонин газруудын бөөгнөрсөн, нягтарсан ардуудын нэгдэл. Бидний хэлний ихэнх нь түрэг язгуурынх, бас ихэнх хэл минь Манж байна шүү дээ. Муудаа биш. Энэ л ард түмнүүдийн онцлог.

Ийм хүйтэн газарт тэгж их өндөр соёл ч үүсэх боломжгүй. Даараад юун байшин барих, философидох вэ (Инээв).

-Тийм ч юм уу.

-Эсгий гэр дотор юу гээд уран зураг зураад сууж байх юм бэ (Инээв). Оросууд чинь л бидэнд дулааны цахилгаан станц барьж өгч байж би энд дулаахан байшин дотор Оросуудынхаа ачаар философидоод сууж байна шүү дээ. Дулаан ийм байшингүй бол би эсгий гэртээ хэдэн хонь, ямааныхаа майлах дууг сонсоод л дээшээ хараад орон дээрээ хэвтэж байгаа шүү дээ. Авгайгийнхаа сүүтэй цайг уугаад л. Өөр юм байхгүй (Инээв).

-Амиа хорлолт ихсээд байгаа нь нийгмийн бас л нэг эмзэг сэдэв болоод байна?

-Нийгэмд амиа хорлолт тодорхой нэг хувиас л дээш болчихвол асуудал болдог болохоос биш хэвийн тоондоо байж байхад асуудалгүй. Япон, Солонгост хэвийн тооноосоо ихэсчихсэнд л асуудал болоод байгаа юм. Манай хувьд эрэгтэй хүмүүс голдуу амиа хорлоод байгаа нь асуудал болоод байгаа юм. Тэр чинь том асуудал. Эрэгтэй хүн амиа хорлох нь барууны орнуудад байдаггүй. Ихэнх нь эмэгтэйчүүд байдаг. Гэхдээ тэр болгонд ард түмний, шашны онцлог, мухар сүсгийн онцлог, мөнгө төгрөгийн онцлог, өрөнд орсон эсэх, ирээдүй, ажил мэргэжлийн онцлог зэрэг өчнөөн шалтгаанууд байгаа. Тэр психологийн асуудлуудыг тухайн хүнд нь ярина уу гэхээс нийт нийгэмд хувь хүний психологийг буулгах хэцүү. Нийгэм бол тэгээд л урагшилна шүү дээ. Философийн академи урагшлаад л явж байна. Хүмүүсийн уурлах нь уурлаад л явж байна. Дэмжих нь дэмжинэ. Асуудалгүй. Яагаад вэ гэвэл үнэнийг хэлэхэд асуудалтай. Хүмүүс үнэнийг жаахан хэцүү сонсдог. Тэгэхдээ явцын дунд, цаг хугацааны явцад үнэн хэлсэн нь дээр санагддаг, хүмүүст. “Тэр үед үнэнийг нь хэлсэн нь болжээ, яахав цаг хугацааны хувьд жаахан эрт байсан” ч гэдэг юм уу. Хоёр жилийн өмнө, дөрөв, таван жилийн өмнө чи бид хоёр ингээд ярилцаж байлаа шүү дээ. Нэлээд үнэн байсан. Хэцүү байсан. Чи ч шоконд орж цочиж байсан. Одоо бол чи чинь бүр сайхан болчихсон ирж байна. Энийг чинь л хөгжил гэж нэрлэж байгаа юм.

-Таны “Орчин үеийн асуудал 1, 2,3 гэсэн” цуврал ном гарчээ. Монголын өнгөрсөн, өнөөдөр, маргаашийн асуудлыг хөндөж?

-“Монголын орчин үеийн асуудал” гэсэн гурван асуудал бий. Эхлээд бид өнөөдрөө ойлгох хэрэгтэй. Өнөөдөр бид яг ямар байдалд байна вэ. Монгол гэсэн улс дотор, хилийн дотор цөөн хэдэн хүний асуудал биш болчихоод байна. Өчнөөн зуун мянган хүн гадаадад байна, тэдэнтэйгээ үргэлжийн холбоотой байна, тэднээс маань мөнгө төгрөг ирж байна. Гадаадын мэдээ, сонин интернэтээр дүүрэн байна. Бүгдийг нь уншиж байна. Өдөржингөө мэдээ уншиж байна, өдөржингөө хүний хэрэгт дурлаж байна, өдөржингөө фэйсбүүкт хэн ямар тоорт идэж, ямар палааж шинэ жилээр өмсч вэ, палааж нь зохиогүй байгаасай, оёдолчин нь амжаагүй байгаасай гэж боддог ч наанаа “Миний найз ёстой залуухан, сайхан харагдуулдаг палааж өмссөн байна, хөөрхнөө” гэнэ. Хөөрхнөө гэсэн мөртлөө дотроо бол “Палааж нь зохиогүй л байна ш дээ” гэдэг. Энэ бол бидний өнөөдрийн дүр төрх. Ийм олон юман дунд өнөөдрийг ойлгох, дэлхийг ойлгох, коронаг ойлгох, Америкийг ойлгох хэрэгтэй болоод байна. Америкт сонгууль болох гэж инээдэмтэй юм боллоо шүү дээ. Яасан хөгжөөгүй орон бэ гэмээр л байлаа шүү дээ. Өчигдөр гэдэг бол цаг хугацааны хувьд өнгөрчихсөн. Малчид нэг их том түүх яриад байх нь ичмээр ээ. Маргааш бидэнд хамгийн чухал. Маргааш гэдэг бол зөвхөн залуучуудын асуудал биш. Хөгшин хүмүүсийн ч асуудал. Хөгшин хүнд ч маргааш бий.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Молор-Эрдэнэ: Монголчуудыг хонь л нэгтгэдэг

Философич С.Молор-Эрдэнэтэй ярилцлаа.


-Философийн академи гэхээр сайхан сонсогдож байна. Философийн академитай улс орон ер нь цөөн дөө. Танай академи хэзээнээс үйл ажиллагаагаа эхлүүлэв. Та хөл хорионы хоёр жилд олон цуврал ном бичиж, үр дүнтэй өнгөрүүлжээ?

-Гоё асуулт тавьж байгаад баярлаж байна. Философи гэдэг салбар, мэргэжил бол хүн төрөлхтний оюуны охь, оюуны хөдөлмөр бөгөөд 3000-аад жилийн түүхтэй гэдэг л дээ. Анх Энэтхэг, Грек, Перс, Хятад гэсэн эртний ард түмнүүдийн дунд хөгжиж эхэлсэн. Хорвоо ертөнцийг асуусан, танин мэдэх гэсэн тийм л замбараатай асуултуудыг асууж, түүндээ ухамсартайгаар, өндөр мэдлэгтэйгээр хариултыг хайсан хүмүүсийг философичид гээд байгаа шүү дээ. Түүнээс биш нэг л их юм мэддэг, урьдчилан хардаг тийм хүмүүс биш. Асуудаг, хардаг, аждаг, хүлээцтэй, тууштай, туйлширдаггүй ийм л нэг сонин бүлэг хүмүүс шүү дээ, философичид чинь. Философичид уулзахаар нэгнээ яриагаараа таньдаг. Ийм л сонирхолтой хүмүүс. Би чинь Германд философиор докторын зэрэг хамгаалсан шүү дээ.

Энэ хүмүүсийг хараад монгол хүн би энэ сайхан мэдлэг, боловсрол, оюуны нөөц, бүтээлүүдийг улс орондоо аваачих юмсан гэж мөрөөдсөн.

Миний мөрөөдөл. Би багаасаа номонд дуртай байсан. Миний хамгийн дуртай, уншдаг байсан зохиолч Антон Чехов. Би Чеховоор хүмүүжсэн. Миний сурган хүмүүжүүлэгч бол Чехов. Түүнээс биш ээж, аав минь, сургуулийн багш ч сурган хүмүүжүүлэгч биш (инээв). Өвөө эмээ ч биш. 16, 17 настайдаа Чеховын номуудыг уншаад нүд нээгдээд л хорвоо, амьдрал өмнө минь, ширээн дээр дэлгэчихсэн юм шиг болж байгаа байхгүй юу. “…Юм гэдэг чинь ийм учиртай юм байна ш дээ”. Би ээж, аавдаа гомдоод уурлаад байх хэрэггүй юм байна, багш нараа голж шилэх хэрэггүй юм байна, нийгмээ харж сэтгэлээр унах хэрэггүй юм байна. Амьдрал гэдэг чинь эрээн бараан, янз бүр байдаг юм байна. Нэг хэсэг нь жаргалтай, нэг хэсэг нь зовлонтой. Энэ дундаас хүн өөрийн хүсэл эрмэлзэл, зүтгэлээрээ сайн сайхан амьдралыг бүтээж, утга учир гэж явдаг юм байна. Түүнээс бэлэн сайхан юм гарт өгөгддөггүй юм байна гэдгийг чинь Чеховоос уншиж мэдэж байгаа байхгүй юу.

-Тэгэхээр Чехов…?

-Чехов философич шүү дээ. Бид нар л роман, уран зохиол гэж нэрлээд байгаа болохоос биш цаана нь том философи явдаг. Тэгээд би тэр хүсэл эрмэлзлээ Монгол Улсдаа авчиръя гээд 2012 оноос Монголдоо олон нийтэд цуврал лекц уншиж эхэлсэн.

-Тэгсэн.

-Ес дэх жилдээ лекц уншиж байна. Хойтон 10 дахь жил нь болно. Есөн жил тууштай явлаа. Лекц уншаад л байлаа, жил бүр уншаад л байлаа. Хүмүүс ч ирээд л, лекц уншаад л…хоёр, гурван жилийн өмнөөс “Лекцийнхээ хажуугаар сертификаттай сургалт явуулъя, философийн хичээл хийдэг, гэрийн даалгавартай болгоё” гээд сургалтаа эхэлсэн. Герман, Америк, Энэтхэг, Японд очно уу, дэлхийн аль ч улс оронд очно уу, философийн ийм академид философидоод, философийн ном бичээд, философийн том том сэдвүүд яриад ийм хүмүүс ингээд сууж байдаг юм. Яахав, Монголын малчин ардууд анх удаа жинхэнэ философич хүнтэй тааралдчихаад жаахан шоконд орсон, цочсон.

-Тэгсээн, тэгсэн?

-Зарим нь бухимдсан, уурласан.

-Уурлуулсан.

-Тийм ээ, уурлуулсан. Зарим хүмүүс баярласан, таашаасан. “За, ашгүй нэг ч гэсэн ийм хүн байна гэдэг чинь” гээд олон хүн баярласан. Одоо ингээд л Философийн академиа аваад л явж байна. Сайхан байна. Өнөө жил гурван анги хичээллэсэн. Нэгийн “А”, нэгийн “Б”, хоёрын “А” анги. Хөл хорионы өмнө байсан ангийнхан маань дэвшин суралцаад хоёрдугаар анги болсон. Сурагчид дажгүй байна. Сурагчид маань ерөнхийдөө 18-45 насныхан. Бүгдийг нь би сурагч гэдэг юм. Нэгийн “А” ангид 40 настай сурагч байж л байна. 25 настай залуу чиг л явж байна. Ингээд л философийн ажлаа хийгээд явж байна даа. Дэлхийн хаана ч байдаг юм.

-Д.Урианхай гуайн “Том зорилгод том шалтгаан дандаа хөндөлсдөг” гэж философич-учирлал гэсэн захидал “Өдрийн сонин”-д нийтлэгдсэн л дээ. Монголчууд Чингисийн үеийг эс тооцвол бусдаас ямагт хараат, ард түмэн минь яагаад ядуу зүдүү амьдарч ирсэн юм бэ гэдэг асуудал хөндөгдөж байна лээ. Монголчууд яагаад оюун санаа болоод эд таваараар ядуу байгаад байдаг юм бол оо…

-Энэ хүн худал хэлсэн байна. Оюун санааны хувьд хэн ч, хэзээ ч ядуу байхгүй. Харин ч ерөнхийдөө бидний амьдрал азтай. Маш их чадварлаг, авьяастай, эртний соёлтой урд хөрш Хятад. Дэлхийн сонгодог урлагийн төлөөлөл, асар их авьяастай, уран зураг, балет, сонгодог хөгжмөөрөө дэлхийд алдартай Орос гэсэн том хөрш ард байна. Энэ хоёрын нөлөөгөөр бид маш их азтай байгаа. Бид өөрсдөө байшин, засмал зам барих шаардлагагүй. Өөрсдөө нефть олборлож, бензин хийх шаардлагагүйгээр амьдарч болоод байгаа юм. Үүндээ бид баярлах хэрэгтэй. Энэ бол том бэлэг, аз шүү. Би Америк ч юмуу, гадаад орон руу нүүгээд ч юмуу, дүрвээд ч юмуу, цагаачлаад яваад байгаа монголчуудыг харахаар харамсдаг. Яагаад вэ гэвэл, манай оронд дайн болоогүй, бөмбөг дэлбэрээгүй. Ямар нэгэн шашин болоод улс төрийн том зөрчлүүд болоогүй. Энэ ертөнцөөс тэр Араб, Африк, Латин Америкийн ертөнцөд болж байгаа үйл явдлыг, тэр ард түмнийг дуурайж болохгүй. Тэр ард түмнүүд бол Америк руу дүрвэх шаардлагатай. Бидэнд тэгэх шаардлага байхгүй. Энд зүгээр л ажлаа хийгээд хувийн компаниа байгуулаад л, ногоо тарьж, салат хийж зараад л, зөгийн балаа хураагаад л амьдарч болно. Бид хангалттай том газартай. Хангалттай том амьдралын эх үүсвэртэй. Гуравхан сая хүн гэдэг бол маш цөөхөн. Бидэн дотроос тийм том том хөгжлийн санаа бодол, том зохиолууд гарах цаг үе нь болоогүй. Бид 1921 онд дөнгөж эсгий гэрээсээ гарч ирсэн малчид, нэг хэсэг нь лам нар, нэг хэсэг нь Манжийн албат байсан. Саяхан л эсгий гэрээс гарч ирсэн бид явсаар байгаад өнөөдөр 100 жилийн дараа арван жилийн сургууль, Их, дээд сургуультай, эмчтэй, эмнэлэгтэй, зохион байгуулалттай, хүүхдийн төрөлтөөрөө дэлхийд дээгүүр орчихдог. Ер нь бидний ерөнхий боловсрол, бичиг үсэг, социализмын ёс суртахуун тэр бүгд бидэнд наалдаж үлдсэн. Өнөөдөр хүртэл явж ирлээ. Ардчилал харин чадаагүй шүү. Социализмыг л баллалаа. Гэвч социализмын сайн сайхан юмс үлдчихсэн. Мэдээж дутагдалтай тал байсан. Бид эсгий гэрээс гарч ирээд олон асуудлыг ойлгоогүй. Философи, улс төр, шинжлэх ухааныг ойлгоогүй. Хэцүү байсан. Дөнгөж эсгий гэрээс гарч ирээд шууд доктор болно гэж байхгүй л дээ. Залуучуудаа костюм пиджак өмсүүлээд Орос руу явуулсан шүү дээ. Өдий зэрэгтэй явж байна гэдэгт Д.Урианхай гэж тэр хүн харин ч баярлаж, талархах ёстой. Залуу үедээ талархах ёстой. Тэдэнд итгэх ёстой. Оюун санааны доройтолд ороогүй. Харин ч хөгшчүүдээсээ бага юм ярьж байгаа залуучууд гомдолтой байдаг. Өвгөчүүд дандаа муу муухай юм ярьдаг. Зуун тулгатны нэвтрүүлэг явлаа шүү дээ.

-“Монгол тулгатны 100 эрхэм”.

-Тэнд нэг л их сүрхий өвгөчүүд. Гайхамшигтай, амьдралдаа ямар ч алдаа гаргаагүй, нэг л их төгс өвгөчүүд. Залуучуудад л нэг их онгирч хөөрсөн. Тэгж ерөөсөө болохгүй. Хүн ерөөсөө өөрийнхөө амьдралын унаж явсан, бүтэлгүйтэж явснаа ярих ёстой юм байгаа юм. Ер нь бол амьдрал дандаа сайн сайхан биш шүү. Алдаа их бий. Хүн буруудна. Тэндээ гомдох хэрэггүй. Алдах бүрдээ түүнээсээ санаа, туршлага авах. Үргэлж алдана. Амьдралд маргааш, хойтон юу болохыг хэн мэдэх юм бэ? Коронавирус дэгдэхийн өмнө, нэг жилийн өмнө хэн нэг хүн “Жилийн дараа бүгдийг нь гэрт нь хорино доо” гэсэн бол “Энэ ёстой солиотой” л гэх байх байсан. Амьдрал, хорвоо, ертөнц гэдэг чинь ийм байхгүй юу. Урьдчилан харах маш хэцүү. Залуу хүн дандаа алдана. Тэрийгээ алдаа гэж бодож болохгүй, амьдрал гэж хар. Амьдрал өөрөө алдаа юм чинь. Амьдралыг бид яаж мэдэх юм бэ. Би нэг юмыг энэ ярилцлага дундуураа хэлье.

-Юу?

-Толгойд орж ирлээ. Залуучуудад хэлнэ л дээ. Хэтэрхий их хүлээлттэйгээр хайр дурлал ч юмуу, гэр бүлийг ойлгож амьдрал руу орж ирдэг. Дэндүү муухай өндөр хүлээлттэй орж ирдэг. “Бид хоёр нэг нэгэндээ хайртай боллоо” гэдэг. Гэр бүл болоод хамт сайхан амьдраад л, бүх юм бүтэлтэй, сайхан байшинд ороод л, гоё гоё тавилга тавиад л зурагтынхаа өмнө буйдан дээрээ хоёулаа суугаад л гоё юм уугаад л тоорт идээд л сууна гэж төсөөлдөг.

Уучлаарай. Энэ үйл явдал бол нэг өдөр л болвол болж магадгүй. За нэг долоо хоног л үргэлжилж магадгүй. За, одоо жинхэнэ амьдралын үнэн ирнэ. Бүтэлгүйтнэ. Жилийн дараа нөхөр таалагдахаа больж эхэлнэ. Хоёр жилийн дараа эхнэр өөтэй ч юм шиг харагдаж эхэлнэ. Дургүй хүргэж эхэлнэ. Ийм психологи сэтгэл зүйн маш их юм явагдана. Сэтгэлээр унана. Нөгөө их гоё хүлээлттэй амьдрал руу ороод иртэл тэр нь байхгүй. Тэгж байтал хүүхэдтэй болно. Хүүхэд гаргана гэдэг бол шөнө уйлна шүү дээ. Шөнө уйлахаар нь босох уу, босохгүй юу?

-Босч л таарна даа.

-(Инээв). Ингээд л эхэлнэ ш дээ. Тэгээд байж байтал мөнгө хэрэгтэй болно. Арван жилийн сургуульд оруулах хэрэгтэй болно. Амьдрал гэдэг чинь тийм сайхан юм биш шүү. Төрсөн өдрийн баяр биш шүү. Өдөр болгон тоорт идэхгүй шүү. Гагцхүү энэ ээж аавууд, манай энэ яруу найргууд, манай энэ зохиолууд, манай энэ өвгөчүүд амьдралыг нэг л сайхан жимс, алим шиг юм яриад байгаа байхгүй юу. Хайр дурлалыг жимс, алим шиг яриад байгаа байхгүй юу. Хайр дурлал цагаа тулахаар муу муухай. Үзэн ядалт, хүн ална. Энэ бүгдийг бид ярьж, хэлж анхааруулж байх ёстой. Би 16, 17 настайдаа Чеховыг уншаад амьдралаас юм хүлээхээ больчихсон. Окей! Ийм байдаг юм байна. Маш тооцоотой байх хэрэгтэй юм байна. Өөрийн бодолтой явах хэрэгтэй юм байна. Гаднаас нэг их юм хүлээх хэрэггүй юм байна.

Одооны залуучуудад дахин дахин хэлье, өмнө нь ч хэлж байсан. Амьдралаас битгий их юм хүлээ. Гэр бүл болоод аз жаргалтай амьдрахгүй шүү. Нэл хариуцлага, зовлон, үүрэг ирнэ шүү. Хайр дурлал гэдэг чинь үхэн үхтэлээ нэг нэгнийхээ эзэмшил биш шүү. Нэг нэгнийхээ үхэн үхтэлээ өмч нь биш шүү. Тэр бол сэтгэлийн хөдөлгөөн. Удахгүй тэр сэтгэлийн хөдөлгөөн суларна шүү (инээв).

Нөгөө талд хүнийг хүндэтгэх, халамжлах гэсэн үгс бий. Тэр бол харин чухал. Тэрэнд итгэлтэй суралцаж, тэрийг харин нэг нэгэндээ өгч явах ёстой. Хайр бол шууд халамж гэсэн үг биш шүү.

-Эр эм хүйс биеийн талаасаа нэгэндээ илүү татагдаад байдаг үзэгдэл нийгэмд их болж. Ухамсартайгаар биш араатанлаг гэх үү дээ?

-Нөгөө талдаа биеийн тачаал. Амьтанлаг чанар явж байна шүү дээ. Гэхдээ бид боловсролоор тэрийгээ удирддаг байх ёстой.

-18 нас хүрэв үү, үгүй юү нөхөртэй болж, хүүхэд гаргах ёстой гэдэг “даалгавар” тархинд нь эргэлдээд эхэлдэг. Хорь жаахан гарангуут нь үр хүүхдүүдээсээ “Хүнтэй суу, хүүхэд гарга” гэж нэхээд эхэлдэг. Энэ арай дэндүү адгууслаг байгаа биз?

-Аа ёстой тийм. Адгууслаг. Ерөнхийдөө эртний шинж чанар. Дээр үеийн шинж чанар. Дээр үед тэгэхгүй бол болохгүй байдаг байсан. Нөхөр сүүдэр хэрэгтэй. Эсгий гэрт хоёулаа орохгүй бол болохгүй. Шаардлагаар. Нэг хүүхэн, нэг залуу олж аваад бушуу эсгий гэрт орохгүй бол болдоггүй байсан. Одоо тэгэх шаардлагагүй. Ганц бие хүн ч нэг өрх болоод явах боломжтой.

Ээж аавын хүмүүжүүлээгүй тэр хүүг хэн нэгний охин авч суугаад хүмүүжүүлэх албатай юм уу. Тэрийг хүн болгох албатай юм уу. Айлын эрх охин, амьдрал үзээгүй дураар охиныг эхнэр болгож аваад хүмүүжүүлэх албатай юм уу. Дахин хүмүүжүүлэл явах гээд байна. Хүү, охинтой нь суугаад ээж аавынх нь хийгээгүй юмыг, хүүхдийг нь дахин хүмүүжүүлэх нь байна. Юу гэсэн үг вэ. Хүмүүжүүлэгч юм уу. Айлын эрх, сахилгагүй хүүхдийн хүмүүжүүлэгч юм уу. Гэр оронгүй залууг гэр оронтой болгодог халамжийн байгууллага юм уу. Машингүй охиныг машинаар зөөдөг, машинтай болгодог өглөгийн байгууллага юм уу. Ёстой уучлаарай. Одоо бол 21 дүгээр зуун. Энэ зуун бол өөрөө өөрийгөө авч явсан, бие даасан, хүсэл мөрөөдлөө биелүүлсэн, эрх чөлөөтэй байх тийм цаг үе. Аль хэдийнэ манайд хэрэгжээд эхэлчихсэн. Америкийн 50-иас дээш хувь нь ганц бие хүмүүсийн өрх байна. Герман, Солонгосын 50 хувь. Японд бараг 60 хувьтай. Нэг хүн чинь өрх болчихсон. Тийм болохоор ганц биетнүүдийг өрхийн тоонд авах ёстой.

200, 300 жилийн өмнөх шиг эмэгтэй хүн нэг нөхрийг дагаад тэрний боол, саальчин, малчин болоод л гэрт нь сууж амь зуудаг юм одоо ч монголчуудын толгойд явж байна. Уучлаарай цаг үе өөр болсон. Миний гурван улаан ном бий. “Эрх чөлөө-Эрхэм үг”, “Тэгш эрх-Тэгш боломж”, “Шударга ёс-Шударга нийгэм” гэж. Тэнд бий дээ, энэ талаар.

-Монголчуудын хошуурдаг юм нь улс төр. Даган дуурайдаг хүмүүс нь улстөрчид. Тэд нь Харвард, Оксфордыг төгсөж ирлээ, одоо улсыг чинь хөгжүүлээд өгье гэж хэлсэн, өнөөдөр улс орныг ямар болгов?

-Оскфордод англи хэлийг олигтой ч сураагүй. Юм сурч, мэдсэн бол огт өөр байна. Юм мэддэг, чаддаг хүн чинь уулзаад ярихад л мэдэгдэнэ. Харц, хөдөлгөөн, бичсэн номноос нь дороо мэдэгдэнэ. Тэр хүмүүст чинь мэдэгдэхээр юм байхгүй байна шүү дээ. Харагдахгүй байна шүү дээ. Энд их сургуулиас хуурамч диплом мөнгийг нь төлөөд авчихдаг шиг тэндээс бас тийм диплом худалдаж аваад ирсэн нөхөд байх нь байна шүү дээ. Тэр бол ойлгомжтой. Дэндүү ойлгомжтой. Ямар ч тэнэг хүн “Өө…” гэхээр л болчихсон байна. Монголын нийгмийн амьдралыг хараад байхад монгол хүнд амьдралын сонголт маш цөөхөн. Нэг бол улс төрийн нам бараадаж хоолтой залгаж, хүүхдийнхээ сургуулийн төлбөрийг төлдөг. Нөгөө талд нь мухар сүсэг. Бас нэг талд нь шагнал.

Өглөө гараад л улс төрийн намаас хамааралтай нэг амьдрал. Төрийн банкны гадаа дугуйраад суух, үгүй бол мухар сүсгээ дагах. Ийм амьдралаар амьдарч байна шүү дээ. 55, 65-тай авгай “Би уран зургийн маш их сонирхолтой юм аа. Тийм болохоор би уран зургийн дугуйланд зураг зурдаг шүү дээ” гэдэг юм уу, 45-тай эмэгтэй “Шавраар ваар хийх дуртай юм аа” гээд тэрийгээ хийдэг, дэлгүүр гарч хог цуглуулахын оронд гэртээ тавилгаа өөрөө хийчихдэг, маш их хоббитой байх тухай тийм ойлголт манайд алга. Ямар ч амьдралын сонголт байхгүй. Зурагтынхаа өмнө очоод суучихдаг. Хэрэгтэй, хэрэггүй хог новшийн юм сонсоод, тархи нь дэмий юмаар дүүрээд дүнхүүтээд л. Нэгэнт л дүнхүүрсэн хүн чинь шинэ юм, өөдрөг юм, дээшээ юмыг хүлээж авах ямар ч чадваргүй, хүсэлгүй, мотивацигүй, урамгүй, уначихдаг. Өвөгчүүд ном бичиж, залуучуудад амьдралын туршлагаа ярьж, тэгнэ, ингэ гэхийн оронд чимээгүй байх хэрэгтэй. Өвөгчүүдэд чинь гавьяат мавьяат гээд төрийн цол өгчихдөг юм билээ. Зарим цол, шагналыг мөнгө дагалддаг юм билээ. Жүдогийн Түвшинбаяр чинь хэд гэлээ сар болгон олон саяын бэлэн цалин авдаг гэсэн биз дээ.

-7.5 сая гэсэн байх аа?

-Сая баахан шагналтнууд төрлөө. Эд чинь шагналдаа биш, сар болгон зүгээр мөнгө аваад суух гэж байгаа байхгүй юу. Нийгэмд үлгэр жишээ хүн шагнал авахгүй байна шүү дээ. Ганцхан л нэг нөхөр байсан. Гудамжны нэг цэвэрлэгчид “Алтан гадас” өгсөн. Ядаж найрны мөнгийг нь өгчихгүй. Тэр Хөдөлмөрийн баатруудад найрны мөнгө бэлэн л байж байгаа шүү дээ. Тэр цэвэрлэгчид ямар юмных нь мөнгө байх юм. Аягүй бол хүнээс зээлж найр хийнэ. Гэтэл харин хүмүүс мөнгө цуглуулаад найрыг нь хийж өгсөн. Би ч гэсэн мөнгө шилжүүлсэн шүү дээ. Найрандаа хэрэглэг гэж бодоод (инээв). Хүний нийгэм гэдэг чинь хамтдаа, нэг нэгнийгээ дэмжсэн, нэгнээ халамжилсан, уучилсан, урам өгөх ёстой байхгүй юу. Залуус, 20 хэдтэй залуучууд шагнал, улс төрийн нам, мухар сүсэг гэдэг гурван юмны дунд яахаа мэдэхгүй гацчихаад байна.

-Ийм байхад оюун санааны нэгдмэл байдал гэж ярилтгүй юм биш үү. Монголчууд ер нь юун дээр нэгддэг юм бэ. Биднийг юу нэгтгэдэг юм бэ?

-Биднийг хонь л нэгдүүлдэг шүү дээ. Хонин сүрэг, хонины мах, хонины ноос.

-Иччихлээ.

-(Инээв). Хонины мах, хонины ууц, хорхог, хонины сайхан шөл. Өөр бид чинь үнэт зүйл дээр нэгдэхгүй байгаа юм. Монголчуудын оюун санааны нэгдэл бол хонь. Байгууллагууд хорхог хийж иддэг. Бүх ажилчид нь ирж иддэг. Хорхог тэр байгууллагыг нэгтгэж байна шүү дээ. Зугаалгаар явахаар хонины хорхог хийнэ. Уулзаагүй 40, 50 хүн уулзана. Монголчуудын үнэт зүйл юу гэхээр хонь.

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ…

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Э.Бат-Үүл баатрын цагаан толгой Баатар цагаан хаанд олигтой үнэлэгдсэнгүй

ОХУ-д В.В.Путин, Монголд МАН ялсан тохиолдолд “Монголын ардчилагчдаас барь, хорь. Түүчээг нь мохоож, зүрхийг нь үхүүл” гэдэг зарчим үйлчилдэг гэх дэл сул яриа бий. Гэтэл үүнийг батлах гэсэн мэт У.Хүрэлсүх Путинд тал засч Э.Бат-Үүлийг шоронд хийчихээд яваад очтол олигтой үнэлэгдсэнгүй.

Орост 1917 онд Хаант засгийг халж, Октябрийн хувьсгал ялсан. Оросын сүүлчийн хаан II Николайг түүхэнд Цагаан хаан, монголчууд Баатар цагаан хаан гэж нэрийдсэн байдаг. II Николай хаан бол хувьсгалаас өмнө Оросыг захирч байсан бөгөөд тэр үеийг Баатар цагаан хааны үе гэдэг. Оросууд хувьсгал хийж, дараа нь коммунизмаар замнасан ч эргээд Путин гэх Баатар цагаан хаантай болсныг дотооддоо хаа сайгүй эсэргүүцэж, тус улсын сэхээлэг хэсэг Путин эрх мэдлээ хэрхэн хэтрүүлж, хаанчилж байгаа талаар баримттай шүүмжилсээр байгаа. өнгөрсөн жил Орос даяар Путиныг эсэргүүцсэн жагсаал хүчтэй өрнөж, гадаад орнуудад ажиллаж амьдарч байгаа оросууд хүртэл байгаа байгаа газартаа “АнтиПутин” хэмээн жагссан нь Баатар цагаан хаанаа эсэргүүцсэн хэрэг л дээ. Иймийн учир түүнийг Баатар цагаан хаан гэв.

У.Хүрэлсүх бараа бологчдоо дагуулаад Э.Бат-Үүлийн цагаан толгойг “ганзага”-лаад Баатар цагаан хаанд бараалхсан боловч бидний, Монголын ард түмний хүсч байснаар л лав айлчлал нь ямар ч үр дүнд хүрсэнгүй. УЦС-аас эхлүүлээд шийдвэрлэвэл зохих тулгамдсан олон асуудал байсан учир ямар нэг шийдэлд хүрч, хэлэлцээр хийж манай эрх ашиг жаахан ч атугай хангагдах байх гэж таамаглаж байтал юун хэлэлцээр манатай амаа ч том ангайж чадалгүй, багшаараа ам руугаа алгадуулаад харин ч нэмж гэрийн даалгавар аваад ирж байгаа хүүхэд аятай л юм болоод өнгөрчихлөө.

УЦС барих асуудлыг сөхтөл “Яах юм бэ, бид та нарыг тогоор ханатал чинь хангая” гэчих шиг боллоо. Тогоор хангая, зүгээр өгье ч гэсэн байж болно. Гэхдээ зүгээр, үнэгүй юм өглөө гэж бодож байтал дараа нь гэнэт хаанаас ч юм төлж дийлэхээргүй өр гаргаж ирээд толгой тоншдог зантайг нь та бид мэднэ ээ дээ. Ах дүүгийн найрамдал гэж монголчууд 60, 70 жил хөөрцөглөж, хөөр болж байтал сүүлд нь Орос ах нар нь өрний хавхандаа тасхийтэл хавчаад авсан. Тогоор хангая гэдгийн цаад санаа нь нэг иймэрхүү урхи, хавхархуу юм байж мэднэ. Нефтийн тал дээр бас дуугарсан биш бүр ч эвгүйтээд явчихав уу, яав. Жижиглэнгээр очоод шавчихаар хэн тэрийг авч, хэн тэрийг нь зарах вэ дээ. Дампуурах хэмжээний төлөв ажиглагдлаа, яриа хэлцлээс нь харахад нефть, шатахуун дээр.

Монголчууд өөрсдөө төмөр зам барьж чаддагийг Женко тэргүүтэй хүмүүс харуулаадахтал бас л гар, хөлийг нь хүлээд авчихлаа. Оросууд л зөвхөн төмөр замын бүтээн байгуулалтыг гардан хийх ёстой болоодохов.

Богдхан төмөр зам, хөндлөн трассууд, боомтуудаар гарах төмөр зам, Ханги-Мандал боомт, Гашуунсухайтын төмөр зам гээд Монгол Улсын хөгжлийг

түргэтгэх томоохон бүтээн байгуулалтын олон ажил бий. Монголд төмөр замын сүлжээг маш сайн хөгжүүлэхгүй бол ганцхан боомтоос хараат байснаар улсаараа хэрхэн боогдож, хаагддагийг саяны Хятад улсын хилийн хориг харууллаа. Дээр дурдсан төмөр замууд баригдаж, үйл ажиллагаа нь эхэллээ гэхэд Эрээн хаагдахад Ханги-Мандалаар орж гараад байж болно. Хангимандал хаагдлаа гэхэд Гашуунсухайтын боомт гэсэн хувилбараар бараа таваараа тасалдуулчихгүйгээр татаад байх боломж бүрдэх юм. Гэтэл ийм сүлжээ, төмөр замуудыг Монголд, монголчуудаар бариулахгүй байх санаагаа сая айлчлалын үеэр нөгөө тал шургуулчих шиг боллоо. Төмөр замыг чинь барьж байна, барилцаж байна гээд Богдхан төмөр замын ажил дээр ах нар лав 10 жилийг өлхөн сунжруулчихаж чадна.

Айлчлал болгоноор шахуу ярьдаг мөртлөө хэзээ ч ажил хэрэг болдоггүй нэг сэдэв байдаг нь хийн хоолой. Энэ удаагийн айлчлалаар мөн л улиглаж байна лээ. Хийн хоолойг тавихаар болсон уу, судлах хэмжээнд очсон уу гэдэг нь бас л тодорхойгүй. Ямартаа ч амаар тохирч байх шиг. Саяхан л “Судалж эхэлж байна” гэдэг байсан юм чинь одоо бол “Судлахаа эрчимжүүлэхээр боллоо” гэдэг

дээрээ ирчихсэн байх гэж таамаглаж байна. Хэлэлцээр ямар шатандаа явж байгаа эсэх, бодит ажил нь хэзээ эхлэх нь учир битүүлэг.

Төмөр зам, хийн хоолой гэх мэт хойд хөршөөс хараат эдгээр сэдэв, ажлууд бол бүгд зэрэглээ. “Хийн хоолой барих ажлыг судлах ажлыг эрчимжүүллээ” гэдэг хийрхсэн, суртал ухуулгын шинжтэй энэ байр сууриа одоо боль. Яг энэ өгүүлбэрийг айлчлал болгоны дараа сонссоор ард түмэн залхаж байна. Улс орны хувь заяатай холбоотой ийм том асуудлууд дээр хийрхэж, худал хэлж аргацааж болохгүй. Ард түмэнд үнэнийг нь хэл. Улс орны аливаа асуудал дээр хийрхэж болохгүй, хийрхвэл яаж элгээрээ хэвтдэгийг та бид сүүлийн хоёр жилд, ковидын цар тахлын үед харлаа, амьдралаараа мэдэрлээ шүү дээ. Яг үнэнээр нь, бодитоор нь юу болсныг, юу ярилцсанаа ард түмэнд өч. Эх орны өмнө тулгамдаад байгаа асуудлуудын үнэн бодит нөхцөл байдлыг ард түмэн, олон нийт мэдэж байх ёстой.

Ерөнхийлөгчийн айлчлалын үр дүнд УЦС болон яаралтай шийдвэрлэх ёстой хэд хэдэн асуудалд нааштай хариу сонсох эсэх нь нийт Монголын эрх ашиг байсан юм. Монголын эрх ашиг талаас харвал хий дэмий, цаг үрсэн, ашиггүй айлчлал болчихлоо гэж шулуухан хэлж болно. Гэхдээ мэргэжлийн улсууд, дипломатчид юу гэж дүгнэх нь бас өөр байх. Монголын эрх ашгийг хангасан, түүний төлөө зорьсон айлчлал биш юм бол тэгээд хэний эрх ашгийн төлөө хийгдсэн айлчлал вэ гэдгийг мэдэхгүй юм. өөх ч биш булчирхай ч биш, өдөр ч биш шөнө ч биш гэгчээр манай Ерөнхийлөгчийг оросууд хэдэн хөшөө, дурсгалд мөргүүлж байгаад буцаачихав бололтой янз нь.

Монголын Ардчиллын Загалмайлсан эцгийг шоронд хийн байж, нэр нүүрээ баран байж очсоноос нь дүгнэвэл Монгол Улс Ардчиллын “баянбүрд” гэгддэг бахархам тодорхойлолт аль эрт алга болсныг, тэр баянбүрд нь хэдийнэ ширгэчихсэнийг баталчихлаа. Монголын ард түмний хувьд Ардчилал дууссан юм байна. Ардчилсан орон, бид ардчилалтай гэж өөрсдийгөө худлаа хуурдгаа одооноос больцгооё. АН Монголд ардчилал бий гэж худлаа юм ярьж, уриалдгаа ч зогсоо. Хоосон лоозогнохоо аяд.

Ардчиллын төлөө зүрх нь үнэн голоосоо цохилж л байгаа бол хэнийг ч байсан урдаа гаргаад араас нь зоригтой дага л даа. Аль хүчтэй байгаагаа, ардчиллын төлөө тэмцэж чадахыгаа урдаа оруул. Дараа нь дотоод асуудлаа шийднэ биз. Ямартаа ч Ардчиллыг яаралтайгаар эзэнтэй болгож авахгүй бол нөхцөл байдал хүндэрлээ, болохоо байлаа гэдэг нь энэ удаагийн айлчлалаас илт мэдрэгдлээ. “Ганзага”-луулсаар байгаад хэдэн ардчилагчид чинь дууслаа, дууслаа.

Categories
мэдээ нийгэм

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Сэтгэл судлаачийн 101 хариулт”

Энэ номонд хүмүүс сэтгэл судлаачдаас хамгийн түгээмэл асуудаг асуултуудыг багцлан асуулт, хариулт хэлбэрээр оруулжээ. Хүмүүс сэтгэл судлаачдаас “Гоц авьяас, залхуу удамшдаг уу”, “Яаж сэтгэлийн тэнхээтэй байх вэ”, “Хүлээцтэй байхад суралцаж болох уу”, “Өөрийнхөөрөө байх хэрэгтэй юү”, “Гар, хөлөөрөө байнга ямар нэгэн юм оролдох нь хэвийн зүйл мөн үү”, “Өөрийгөө ойлгохоо байх үед яах хэрэгтэй вэ”, “Зөв уурлах гэж байх уу”, “Хөлрөх нь сэтгэл санааны байдалтай холбоотой юу”, “Эсрэг хүйстнийхээ дэргэд биеэ барихаа яаж болих вэ”, “Зөрүүд зан засардаг уу”, “Хүүхдийнхээ найзуудтай хэрхэн харилцах вэ”, “Салалт хүүхдэд хэрхэн нөлөөлдөг вэ”, “Хоёр хүнд зэрэг хайртай байж болох уу”, “Заавал гэрлэх ёстой юу”, “Нас барсан хүний араас шаналах нь сэтгэл зүйд хэрхэн нөлөөлөх вэ”, “Үхлийн тухай байнга бодох нь юутай холбоотой вэ”, “Марталт асуудал мөн үү”, “Өнгөрснийг байнга дурсах юутай холбоотой вэ”, “Яаж эмэгтэйчүүдийг өөртөө татах вэ”, “Үнэхээр хайртай болсноо яаж мэдэх вэ”, “Шөнө болгон секс хийж байна гэж зүүдлэх нь гаж үзэгдэл үү”, “Хардах дон гэж байдаг уу”, “Өөрийгөө магтах, өмөөрөх нь дон мөн үү” гэх мэт түгээмэл 101 асуулт асуусан бөгөөд үүнд Сэтгэл судлалын үндэсний төвийн сэтгэл зүйчид мэргэжлийн хариулт өгсөн байна.

Үүнээс “Гар, хөлөөрөө байнга ямар нэгэн зүйл оролдох нь хэвийн зүйл мөн үү” гэсэн асуултад мэргэжлийн хүмүүс “Гар болон биеийн бусад хөдөлгөөн нь зан араншин төдийгүй сэтгэл санааны байдлыг тодорхой илэрхийлдэг болохоор тухайн үйлдэл хэр удаан хугацаагаар, хэр идэвхтэй байдлаар хийгдэж байгааг анхаарах хэрэгтэй. Учир нь аливаа үйлдэл улигт үйлдлээс илүүтэйгээр сэтгэл санааны таагүй байдалд орох үедээ хийгддэг рефлекслэг шинжтэй болсон байдаг. Өөрөөр хэлбэл, сандрах, түгших, айх мэдрэмж төрөх үед биеэ зайлах, гараараа хувцас, бусад зүйлээ оролдох зэрэг үйлдлийг хийдэг. Сэтгэл хөдлөлийн тавгүй байдал нь бие махбодыг тодорхой үйлдлүүдэд чиглүүлж байдаг. Яг л баярласан үедээ инээж, гунигласан үедээ уйлдагтай адилхан таагүй орчин нөхцөлд гараа зөрүүлэх, хөлөө ачих зэрэг үйлдлүүдийг хийдэг. Энэ тохиолдолд нөхцөл байдлыг бодитойгоор дүгнэж, өөрийн сэтгэл хөдлөлөө тайвшруулж, тайван байхад суралцах нь үр дүнтэй байх болно. Байнга гараараа юм оролдох хөлөө хөдөлгөх зэрэг үйлдлүүдийг хийж байна гэдгээ мэдэх бүрдээ өөрийгөө хянаж, үйлдлээ зогсоох хэрэгтэй болно. Мэдээж хэрэг ганц хоёр удаагийн оролдлогын дараа зуршил алга болно гэж байхгүй. Зуршлаа багасгах, болихын тулд тодорхой хугацаа хэрэгтэй болохоос гадна өөр хэрэгцээтэй үйлдлээр орлуулах шаардлагатай ч болж магадгүй. Хамгийн гайхалтай нь бидний ухамсар, бодол санаанд энэ бүгдийг хийх хязгааргүй хүч бий. Тиймээс өөрийгөө тухайн үйлдлийг хийж байна гэдгээ мэдсэн даруйдаа зогсоох хэрэгтэй. Албадлагаар энэ зуршлаа болино гэж байхгүй учир хугацаа хэрэгтэй гэдгийг санаарай” гэсэн хариулт өгсөн байна.

“Хадмууд болон хүргэн, бэрийн харилцаанд үүсэх асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх вэ?” гэсэн асуултад сэтгэл зүйчид “Хадмууд хийгээд хүргэн, бэрүүдийн хооронд үүсдэг хэд хэдэн асуудал байдаг. Гэр орны ажил болон хүүхэд хүмүүжүүлэх арга барил дээр зөрчилдөх, санхүү эдийн засгийн асуудал үүсгэх, өөрийн хүү, охиноо хэт өмөөрөх, гэр бүлийн хувийн орон зайг хүндэтгэхгүй байх, хувь хүний онцлогийг харгалзахгүй байх гэсэн асуудлууд бий. Аливаа нөхцөл байдалд өөрийн байр суурийг хатуу баримтлах нь тэр бүр амжилтад хүргэхгүй. Харин уян хатан байдлаар хандах нь асуудлыг зөөлрүүлдэг гэдгийг санаарай. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал бидний амьдралд хичнээн чухал гэдгийг та бид мэднэ. Энэхүү тайван, жаргалтай байдлыг гэр бүлдээ бий болгохын тулд аль аль тал нь хичээж, харилцаагаа зөрчилгүй байлгахад зорих хэрэгтэй. Ингэхийн тулд бэр, хүргэнээ өөрийн хүү, охиноо гэж үздэг, хадам аав, ээжийгээ өөрийн аав, ээж гэж хүндлэн харилцдаг сайхан монгол уламжлалаа дагаж мөрдөх нь хамгийн чухал” гэж хариулжээ. Энэ ном сэтгэл зүйн зарим эргэлзээтэй асуудалд тодорхой хэмжээний хариулт өгч туслах бөгөөд номын сандаа байлгаж байхад илүүдэхгүй бүтээл юм.

Categories
булангууд мэдээ

С.Долгорсүрэн: Аав минь “Гоёлоо өмссөн ээж” дууг хүүхэд насныхаа мэдрэмжээр зохиосон нь олон хүний сэтгэлд хүрсэн

Урд эгнээнд баруун гараас хүү Диваасамбуу, отгон хүү Дамбасүрэн. Дунд эгнээнд хүү Цэдэвсүрэн, ээж Ю.Пэлжээ, аав Ц.Сайннямбуу, охин Долгорсүрэн.Арын эгнээнд ууган охин С.Лхамсүрэн

“Миний аав” буланд шог зохиолч, яруу найрагч Ц.Сайннямбуу агсны охин С.Долгорсүрэнг урилаа.


-Аавын тань шүлгээр бүтсэн “Ээжийн бор аяга” дуу 1990-ээд оны дунд үед жинхэнэ ХИТ болж байлаа. Кассетны “эрин үе” ч байлаа. Энэ дууны түүхээс яривал?

-Манай хамаатны Батаа гэж ах манайд ирээд ээжийн маань бор тагш байдаг. Бид энэ тагшинд хоол, унд идэх дуртай байдаг юм. Та нэг дуу зохиож өгөөч гэж хүсэлт гарган яриа өрнүүлж байсан нь саяхан санагдаж байна. Тэгээд хүн бүрийн ээжийн аяганд ааруул, ээзгий, өрөм байдаг тэрийг нь идчихмээр санагдаад, хүүхэд бид мөн ч их өөрөөс нь өрсөж иддэг байж билээ гэж ярилцаж байсан. Ийнхүү амьдралаас ургаж гарсан дуу юм даа.

-Н.Чулуунхүү гавьяат танай аавтай амьдралын ч, уран бүтээлийн ч сайхан анх нөхөр байжээ?

-Тийм ээ, аав, Чулуунхүү гавьяат хоёр маань Завхан аймгийн Сантмаргаз суманд төрж өссөн, багаасаа нэг сургуульд хамт сурдаг байсан, нэг нутгийн хүмүүс юм. Маш дотно байдаг байсан, манайхаар ирж гэрт маань олон ч сайхан дуу дуулж өгч байсан даа. Аав маань шог хошин яриатай хүн байсан бөгөөд найзыгаа үргэлж “Гавьяат аа” гэж дууддаг байсан.

-“Гоёлоо өмссөн ээж” дуу бол мөн л нийтийн дууны ХИТ. Ардын жүжигчин С.Батсүхийн дуулсан энэ дуу олон ч хүний хайртай дуу шүү. Аав тань энэ шүлгээ хэзээ бичсэн юм бол?

-Энэ дууг 1990-ээд онд зохиосон. Дээр үед одооных шиг олон хувцас сольж өмсдөггүй. Торго дурдан нь ч ховор байсан байх гэж боддог. Ихэнх хүн 1-2 гоёлын дээлтэй л байсан болов уу даа. Миний аав ах дүү зургуулаа. Олон хүүхэдтэй, өнөр өтгөн сайхан айл байсан байна лээ. Аавын маань ээж, миний эмээ тухайн үед гоёлд өмсдөг ганц ногоон торгон дээлтэй байсан гэсэн. Ээж нь гоёлоо өмсөхөөр хүүхдүүд яаж баярладаг, ямар байдаг билээ дээ хүн бүхэн л энэ мэдрэмжийг мэдэрдэг. Тэр л хүүхэд насныхаа мэдрэмжээр энэ дууны үгийг зохиосон нь олон хүний сэтгэлд хүрсэн санагддаг.

-Уг дуу таван бадагтай юм билээ. Сүүлийн байдгийг ханьдаа зориулсан юм болов уу гэж таамагласан?

-Эхний гурван бадгийг нь л хүмүүс сайн мэддэг. Дөрөв дэх бадгийг тэгж хэлж болмоор ч юм шиг санагддаг ч аавын маань ээждээ зориулсан энэхүү шүлэг дуу болон түмэнд түгсэн нь бүх ээжүүд л үр хүүхдийнхээ төлөө ганц биеэс гарахааргүй хүч, чармайлтыг гаргаж амьдардаг гэдгийг харуулсан байдаг. Дөрөв дэх бадгийг дангаар нь салгаж үзвэл ханьдаа зориулсан ч юм шиг санагдахаар бичсэн байгаа.

-Аав тань Авто цахилгааны инженер мэргэжилтэй байсан юм билээ.Тэгсэн атлаа шог зохиолч, яруу найрагч хүн. Монголын сор болсон алдартай зохиолч, яруу найрагчидтай найзалж нөхөрлөдөг, тэдэнтэй ойр байдаг, уран бүтээлийн тал дээр ч их хамтардаг байсан нь үлдээсэн зохиол бүтээл, дуунаас нь харагдаж байна?

-Аав маань Зохиолчдын хороо ороод ирлээ гэж их ярьдаг байсан. Зохиолчдын ярьсан, бичсэн зүйлсийг их ярьдаг байсан. Аавынхаа буянаар Дашбалбар гуай, шог зохиолч Байды гуай, Тангадын Галсан гуай, дуучин Чулуунхүү, Бямбажав, нэвтрүүлэгч Цоодол гуайг хүртэл өөрийн гэртээ сууж байгаад хараад, яриаг нь сонсож байсан их хувьтай хүүхэд байлаа.

-Архангайн Авто сургуульд олон жил ажилласан гэдэг. Тэр үед зохиолч, яруу найрагчид Архангайгаар орвол танайхаар заавал бууж морддог байсан гэдэг?

-Архангайн VI баазын даргаар хоёр жил ажилласан. Энэ хугацаанд зохиолч, уран бүтээлч нар Архангайд зочилбол манайд ирдэг байсан.

-Ц.Сайннямбуу зохиолч эхээс хэдүүлээ вэ. Ер нь уран зохиолд хөл тавих эхлэл нь юунаас үүдэлтэй юм бол?

-Завхан аймгийн Сантмаргаз сумд төрж өссөн хүн. Аав маань эхээс зургуулаа. Миний бодлоор энэ айлын сор болсон хүү нь байсан. Аав маань тавин нас хүрч явах үедээ зохиол бүтээл туурвих болсон. Мэдээж унаган багын авьяас байсан л байж таараа.

Залуу бага наснаасаа ном зохиол их уншдаг байсан гэсэн. Миний мэдэхийн л байнга ном уншиж, Орос хэлнээс өөрийн мэргэжлийн болон хошин шог зохиол орчуулдаг байсан. Мөн нэрт зөнч Настродамс, Вангагийн талаар анх Монголд аав орчуулж сонин хэвлэлд тавьж байсан. Бичгийн маш өндөр боловсролтой хүн байсан даа.

-Аав тань мэргэжлийн болон шог хошин зохиол, дуу, дурсамж, яруу найргийн зэрэг олон ном туурвиж үлдээжээ. Нийт хичнээн ном бичсэн юм бол?

-Миний мэдэхийн 20-иод ном туурвисан. Сонин хэвлэлд 200 гаруй өгүүлэл, 50 гаруй орчуулга нь хэвлэгдсэн байдаг. 100 гаруй шог хошин өгүүллэг нь “Тоншуул”, “Утга зохиол, урлаг” “Өдтэй бичиг”-т хэвлэгдсэн.

-Аавынхаа хэвлүүлж амжаагүй бүтээлүүдийг нь эмхэтгээд үр хүүхдүүд нь ном болгосон байна билээ. Ямар номууд вэ?

-Бид ах дүү тавуулаа. Миний дүү С.Диваасамбуу номын эхийг бэлтгэн ажиллаж байгаа. 2020 онд “Сартуул сайхан инээд” шог зохиолын ном хэвлүүлсэн байгаа. Цаашид “Монгол ид шид, нууц увидас” Монгол эрдэм мэдлэг, суу билгийн гайхамшгийн чуулган болсон ном, “Овоонд нэмсэн чулуу” Цэцэн сартуул хошууны түүх, нутаг усных нь талаар баримтат бүтээл, “Ээжийн бор аяга” дуу, шүлэг найргийн ном, “Гоёлоо өмссөн ээж” 2012 онд хэвлэн гарсан номны хоёрдугаар хэвлэлийг гаргана.

-Инженерийн мэргэжилтэй, Авто сургуульд насаараа багшилсан хүн. Энэ их ажлынхаа аль заваар нь уран бүтээлээ туурвидаг байсан бэ. Ер нь хэдүйгээр үзэг цаас нийлүүлж суудаг байв. Аав тань хувь хүн талаасаа ямар зан чанартай хүн байсан бэ?

-Аав маань маш энгийн хүн байсан. Аавыг маань зорьж хэн ч ирсэн нэг л зангаараа байдаг байсан. Өөрөө авто сургуулийн хичээлийн эрхлэгч, багш, Авто баазын дарга хийж байсан болохоор ч тэр үү, энэ тэр гэж огт ялгахгүй хүнтэй найрсаг сайхан яриа өрнүүлэн суудаг байсан. Аав маань тохитой ширээ сандал засаж байгаад ном зохиолоо бичиж байсныг санахгүй байна. Хаа таарсан газраа бичиж, уншиж чаддаг хүн байсан. Мөн ажлынхаа цаг заванд, өдөр оройг ялгахгүй бичмээр үедээ бичдэг байжээ. Аав маань их эрт босдог байсан тул тэр хэмжээгээр маш их зүйлийг амжуулсан болов уу.

-Шог зохиолуудыг нь эмхэтгээд “Сартуул сайхан инээд” шог хошин зохиолын чуулганыг хэвлүүлжээ. Аав тань нэлээд хөгжилтэй, хошин, юманд гэгээн ханддаг хүн байсан болов уу гэж бодлоо?

-Аав маань хошин наргианч үг хэлтэй хүн байсан. Уулзсан хүнээ үгийн дээдээр мялаагаад гаргадаг л сайхан хүн байсан. Мөн хүнд маш их урам өгч чаддаг.

-Ц.Сайннямбуугийнх гэдэг айл гэдэг хүүхэдтэй вэ. Ач зээ нар нь тоймгүй олон болж, өвөөгийнхөө үргэлжлэл болж яваа даа?

-Миний эгч Лхамсүрэн дөрвөн хүүхэдтэй, Ах Цэдэвсүрэн дөрвөн хүүхэдтэй, манайх гурав, дүү Диваасамбуу гурав, бага дүү Дамбасүрэн таван хүүхэдтэй. Аавын ач зээ нар нь ч үрийн зулай үнэрлэсэн. Нэлээд өнөр өтгөн болсон шүү.

-Шүлэг, зохиол бичихэд орчин, ар гэрийн төвшин амьдрал, хажуу дахь ханийн халамж, анхаарал их чухал байдаг л даа. Аав тань энэ олон зохиол бүтээлээ туурвихад ээжийн тань хувь нэмэр их байсан байлгүй?

-Аавын зохиол бичих орчин гэвэл, бүтэн өрөө эзлэн суух байтугай ширээ эзэгнэн сууж зохиол бичихийг нь ч харж байгаагүй. Гэхдээ манай гэр орон бурхан тахилтай, архи тамхи хэрэглэдэг хүнгүй, лам хуварга залж гэр орондоо ном уншуулан ариутгадаг айл байсан. Бага байхын л гэртээ ороход дулаан уур амьсгал мэдрэгддэг архи дарс хэрүүл шуугианаас хол,тайван орчин мэдрэгддэг байсан. Одоо ч ээж маань орон гэр, бурхан тахилаа сайхан авч яваа даа. Мөн ээж маань аавын хоол ундыг маш сайн тохируулан хийж өгдөг байсан.

-Аав тань үр хүүхдүүддээ юу гэж захидаг байв. Ер нь амьдралынхаа туршид мөрдөж ирсэн зарчим нь гэвэл?

-Өглөө эрт бос, нэг нэгнийгээ гэсэн сэтгэл зүрхтэй бай, ээжийгээ сайн хайрлаж бай гэж захидаг байсан. Аав маань амьдралынхаа туршид хүнд худлаа хэлэхгүй, элдэв зугаа цэнгэлд автаж байгаагүй гэж боддог. Их бодь хүн байж дээ гэж боддог. Дэндүү сайхан сэтгэлтэй хүн байсан даа.

“…Орчлонд хавар ирэх цагт нь хө

Оргил хангай цэцэглэнэ ээ найз минь

Хангай дэлхийг цэцэглэхийг харахаараа

Хайрын сэтгэл уярна аа анд минь

Ээжийн хоёр хүү шиг ижилдсэн

Эвийн түшигтэй анд минь дээ хө… Энэ дууг мэдэхгүй хүн байхгүй биз дээ. “Гэнэн сэтгэл” киноны дуу шүү дээ. “Далны” хэмээгддэг дуучин Т.Баттогтох энэ дууны нэрээр тоглолтоо хүртэл хийж байсан. Шүлэг нь бас танай аавынх?

Ууган охин С.Лхамсүрэнгийн хамт

-Аавын зохиосон дууны нэрээр олон дуучин тоглолтоо хийсэн. “Зуу наслаарай ээж ээ” дуугаар нь Чулуунхүү гавьяат тоглолтоо нэрлэж байлаа. Мөн“Гоёлоо өмссөн ээж”-ээр ч гэсэн Батсүх гавьяат тоглолтоо нэрлэж байсан.

-“Гоёлоо өмссөн ээж” дууг хүмүүс дуулахаараа, сонсохоороо аньсага чийгтдэг. Дуунд өгүүлж буй ээжийн дүр бол монгол ээжийн нийтлэг дүр болов уу гэж боддог. Хүмүүст ээжийг нь санагдуулдаг, уйлуулдаг ийм дууг бүтээсэн сайхан яруу найрагчдын охидод, гэр бүлд, ханьд нь энэ дуунд дуртай хүмүүсийн өмнөөс талархал илэрхийлье?

-Гялайлаа, энэ дууны үг бүр чин сэтгэлийн угаас гарсан байдаг тул зарим хүн сонсож чадахгүй, хэцүү байдаг байх. Гэхдээ хорвоо үнэн байхдаа л гоё шүү дээ. Энэ дууг Япон хүн нүдээ аниад дуундаа орчихсон дуулж байгааг хараад хүн бүр л ээжтэй дээ. Ээж болгон л дээл ч байна уу, плаж ч байна уу, кимоно ч байна уу нэг байхад болно, хоёрыг авч байхаар энэ хүүхдэдээ ийм ч юм авъя, тийм ч юм авъя гэж боддог байх даа гэж бодогдож билээ:

-Хэдийгээр өөрөө бурханы оронд одсон ч уран бүтээл, дуу нь өнөөдөр ч дуулагдсаар байгаа нь ховор завшаан шүү. Аавынхаа зохиосон дууг зураг, радио, фэйсбүүкээр үе үе сонсох нь та бүхэнд сайхан байдаг байх. Бас хөнгөн гуниг төрүүлдэг ч байх?

-Тэгэлгүй яахав, зарим үед нулимс гардаг. Хорвоо тэр чигээрээ зовлон боловч ухаантайгаар урвуулан авч чадвал тэр чигээрээ жаргал болон хувирдаг гэж үнэн шүү. Аавынхаа барааг хараа ч үгүй хүн байж л байдаг. Хэдийгээр аав маань бурхан болсон ч гэсэн аавынхаа талаар ийм их зүйл мэддэг, Монголд хосгүй уран бүтээлч аавын охин нь болж төрсөндөө маш их баяртай явдаг.