Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Дайн, гутамшиг хоёроос гутамшгийг нь сонгосон ард түмэн хоёулангийнх нь лайг үүрдэг || DNN.mn

Энэ бол Уинстон Черчиллийн хэлсэн үг. НҮБын Ерөнхий ассемблейн чуулган энэ сарын 2ны өдрийн хуралдаанаараа Украинд хийсэн Оросын эзлэн түрэмгийллийг буруутгасан агуулгатай тогтоол дээр санал хураалт зохион байгууллаа. Тогтоол нь ОХУын Украинд хийж буй эзлэн түрэмгийлэх дайныг буруушааж, цэргээ даруй Украинаас гаргахыг уриалсан утгатай байсан юм. Санал хураалтад НҮБын бүх гишүүн улс оролцсоноос 141 нь тогтоолыг дэмжиж, тав нь эсэргүүцэж, 35 нь түдгэлзжээ. Тогтоолыг эсэргүүцсэн буюу Оросын эзлэн түрэмгийллийг дэмжиж буй таван улс нь ОХУ, Беларусь, Умард Солонгос, Эритрей, Сири. Харин түдгэлзсэн орнууд нь Хятад, Иран, Ирак, Энэтхэг, Казахстан болон Африк тивийн нэлээд улс, Ази, Латин Америкийн цөөн улс багтсан байлаа. Мөн Монгол Улс түдгэлзсэн байр суурь илэрхийлсэн нь ардчилсан орнуудын анхаарлыг татахын сацуу гутмаар байдалд оруулчихов.

Манайх ардчилсан орнуудтайгаа адил дайныг эсэргүүцсэн санал өгчих ёстой байсан юм. Түдгэлзсэнээрээ дэлхий нийтэд улсынхаа нэр төрөө гутааж буй хэлбэр. Манай улс дайн, гутамшиг хоёроос гутамшгийг нь сонгочихлоо. “Дайн, гутамшиг хоёроос гутамшгийг нь сонгосон ард түмэн дайн, гутамшиг хоёрын хоёулангийнх нь лай ланчгийг үүрдэг” гэж хэлсэн Уинстон Черчиллийн үгийг давтан сануулъя. Дайн нэгэнт л эхэлсэн бол түүнийг эсэргүүцсэн, эсэргүүцээгүй аль нь ч хамаагүй дайн болж л байдаг. Гутамшгийг нь сонгосон газарт тэр дайны сүүдэр заавал ч үгүй ирдэг. Дайн дуусна л даа. Харин дараа нь яадаг гээч. “Наад орон чинь дайны үед яалаа даа. Түдгэлзсэн шүү дээ, дайныг эсэргүүцээгүй” гэсэн хандлага олон улсаас ирдэг. Өөдгүй, аймхай, хулчгар, дорой, ядуу байсныхаа гутамшгийг тэгж үүрч эхэлдэг. Ингэж гутаагдаж, хэнд ч тоогддоггүй тосгон болж үлддэг. Бид НҮБын санал асуулга дээр ардчилсан тал, ардчилсан улсуудаа дагах байсан юм. Монголчууд бид дэлхийд юугаараа танигддаг байсан юм бэ? Евразийн энэ өргөн уудам тал нутагт ганцаараа ардчилалтай, ардчиллын баян бүрд гэж цээжээ дэлдэж гайхуулдаг байлаа. Дэлхий нийт Ардчилсан Монгол дээр хараагаа тогтоодог байлаа, саяхан шүү дээ. Тэр ололт, амжилт одоо худлаа болж байгаа юу.

Дэлхийн улс орнууд Монгол Улсыг ардчилсан орон гэж хардаг. Биднийг тэгж хардаг тулдаа хүнд хэцүү цагт тусламж дэмжлэг өгсөөр ирсэн. Зах зээлийн шилжилт, хөдөлгөөний дараахан эдийн засаг нь элгээр хэвтсэн Монголд Орос туслаагүй шүү дээ. Харин Япон тэргүүтэй барууны орнууд тусламж, хандив илгээж биднийг мөрнөөс татаж, хөл дээр нь босгосныг та бүгд санаж байгаа байх. Сүүлийн жишээ гэвэл, ковидын цар тахал дэгдэж ард түмнээ яаралтай вакцинжуулах шаардлага тулгарахад Орос улс бидэнд вакцин өгсөн билүү? Нөгөө л Япон тэргүүтэй барууны орнууд вакцинаар харамгүй дэмжсэн. Тэрний хүчинд өнөөдөр монголчууд цар тахлын ард гарахтайгаа болчихоод байна. Гэтэл бид гадны орнуудын тэр итгэл, сайхан харилцааг НҮБ дээр түдгэлзсэн байр суурь илэрхийлснээрээ гутаагаад хаячихлаа. Манай эрх баригчид Оросын ард түмэнд хайргүй юм байна. Оросын ард түмэнд хайртай байсан бол энэ дайнаас нь салгахын тулд дайны эсрэг санал өгөх байсан. Гэтэл тэгсэнгүй. Манай эрх баригчид Оросын дарангуйлагчдад барьцаалагдчихсан юм байна.

Дайн эхэлснээс хойших энэ хугацаанд Монголын эрх баригчид Оросын дарангуйлагчдад зусардахын дээдээр зусардаж байна шүү дээ. NoWar жагсаалыг төв талбайд зохион байгуулахад яав. Жагсагчдын өөдөөс “Та нар боль, Орос улс уурлаад тогоо таслаад, бензин өгөхөө больчихвол яах юм” гэж хашгиралдсан хэдэн хүнийг босгож, нулимуулж, уриа лоозонг нь булаацалдуулж улмаар жагсаалыг жагсаал биш болгож, хутган үймүүлж цугласан иргэдийг тараачихаж байгаа юм. Энэ бол жагсагчдын эсрэг эрх баригчдын зориуд явуулсан гар, хөлнүүдийн хийсэн жүжиг шүү дээ.

Хэрвээ дайн улам эрчээ авч өргөжвөл бид дольгоносон, дольгоноогүй тэр бензин шатахуун чинь тасарна. Юу гэж л өөрсдийнхөө танк, машин тэрэгт хийх шатахуун, түлшээ бидэнд явуулах юм бэ. Дайнтай байгаа улс эхлээд өөрсдийнхөө машины банкаа дүүргэхээ боддог юм байгаа биз дээ. Тог цахилгаан ч ялгаагүй. Өрсөлдөгч тал нь ганц бөмбөг хаяад л станц нь бүхэлдээ дэлбэрчихнэ. Гэтэл “Оросыг битгий буруутга, дайн хийж буй нь зөв. Ингэж дэмжихгүй бол тог, бензингүй болчихно шүү” гэдэг нь ард түмнийг айлгаж буй эрх баригчдын тактик. Энэ нь манай эрх баригчид өөрсдөө барьцаанд орчихсон, хүлээстэй байгааг шууд харуулж байгаа юм. Тэглээ ч монголчуудын хувьд дэлхий гэдэг гариг дээр Орос гэж л ганц улс байдаг юм биш шүү дээ. Хэзээ бидэнд Орос тусалж байсан юм бэ, ялангуяа сүүлийн 30 жилд. Нөхцөл байдал өөрчлөгдвөл өөр бусад улс орнууд руу бид хандаж болно шүү дээ. Цахилгаан тасарчихлаа тог өгөөч, бензин дуусчихлаа нийлүүлээч гэвэл дэлхийн улс орнууд тусална. Барууны орнууд байна, хаяа залгаа Хятад ч тусалж таарна.

НҮБ-ын Ерөнхий ассемблейн чуулган дээр түдгэлзэж чадсан юм бол одоо хүмүүнлэгийн өчнөөн ажил өрнүүлж Орост тусал л даа. Өвдсөн шаналсан, шархадсан хүмүүсийг нь эмчлэхээс эхлүүлээд яаж тусалж, дэмжмээр байна, тэр бүгдээ хийгээч. Газар хол, тусламж явуулахад бэрх биш дээ. Хил залгаа орныг ч хэлэх үү. Тусалъя гэвэл суваг, боломж нь бэлэн байна. Гэтэл бас тэгэхгүй юм. Хэтэрхий аймхай, хэт харанхуй байгаагаасаа болоод манай эрх баригчид үнэндээ бажгадахаас өөр юмгүй чичирч сууж байна. Тэгсэн атлаа хэдэн жагсагч, тайван жагсаалыг зогсоох гэж хутган үймүүлж лоозон булаацалдсан маягтай, гаднаа Украины далбааг өлгөсөн аж ахуйн нэгжийг “Украины далбаагаа буулга” гэж сүрдүүлсэн төдийхнөөр л өдөр цагийг аргацааж байгаа нь өрөвдөлтэй еэ. Үүнээс манай эрх баригчид үнэхээрийн жижигхэн байгаа нь харагдаж байгаа юм. Жижигхэн эрх баригчидтай учир Монгол Улс НҮБ дээр буруу нүүдэл, буруу алхам хийж гутамшгийг сонгочихлоо.

Categories
мэдээ нийгэм

Б.Хишигжаргал: УНТЭ 2021 онд 5.5 тэрбум төгрөгийн нэмэлт цалин, урамшууллыг олгосон || DNN.mn

Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, Анагаах ухааны доктор, Тэргүүлэх зэргийн эмч Б.Хишигжаргалтай ярилцлаа.


НЭГ. Энэ ондоо багтаан судсан дотуурх мэс заслын эмчилгээ болон хавдрын тусламж үйлчилгээг өргөжүүлж, шинэ багаж төхөөрөмжүүдээ бүрэн ашиглалтад оруулна

-Ковидын хүндхэн жилүүдэд лавлагаа шатлалын эмнэлгүүд ихээхэн ачаалал үүрсэн. Энэ оны хувьд Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг ямар ажлууд хийхээр төлөвлөсөн бэ?

-Эрүүл мэндийн яамнаас 2022 оныг эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг дээшлүүлэх жил болгон зарласан. УНТЭ-ийн хувьд уг зорилтыг бодит ажил болгох тал дээр анхаарч байна.

Нөгөөтэйгүүр энэ оны гуравдугаар сарын 01-ээс эхлэн тусламж, үйлчилгээний санхүүжилтийн төлбөрийн хэмжээг тогтоох ЭМДҮЗ-ийн шинэчлэгдсэн тогтоол хэрэгжихээр болж байна. Энэхүү тогтоол нь эмнэлгүүдийн үйл ажиллагаанд нэлээдгүй өөрчлөлт авчирна. Тиймээс бид тогтоолын хэрэгжилтийг хангах тал дээр бэлтгэл ажлуудыг хийгээд явж байна.

Түүнчлэн бид салбартаа ууган, түчээлэгч эмнэлгийн хувьд тусламж, үйлчилгээнийхээ төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор энэ ондоо багтаан алло буюу цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээ, зүрхний хэм алдагдлыг засах абляци, судсан дотуурх мэс заслын эмчилгээ болон хавдрын тусламж үйлчилгээг өргөжүүлэх, шинэ багаж төхөөрөмжүүдээ бүрэн ашиглалтад оруулах зорилттой ажиллаж байна.

Мөн энэ онд KPI систем буюу ажилчдын гүйцэтгэлд суурилсан үнэлгээг нэвтрүүлж, гүйцэтгэл сайтай эмч, эмнэлгийн ажилчид өндөр цалин, урамшуулал авдаг байх, гүйцэтгэл багатай нь бага цалин авдаг тогтолцоог нэвтрүүлэх гол ажил хийгдэнэ.

Өөрөөр хэлбэл бид эмч, эмнэлгийн ажилчдынхаа хөдөлмөрийг бодитоор үнэлэх, бусад хөгжингүй орны адил үнэлүүлдэг болох эрүүл систем рүү орж байна гэсэн үг.

-Гүйцэтгэлээрээ санхүүжих тогтолцоонд шилжсэнээрээ танай эмнэлэг ямар онцлох ажлуудыг хийж гүйцэтгэсэн бэ?

– 2021 оны хувьд бид төлөвлөсөн төлөвлөгөөний дагуу ажиллахад багагүй бэрхшээлтэй байлаа. Ковид цар тахлын улмаас тусламж үйлчилгээндээ өөрчлөлт оруулах, олон удаагийн хөл хорионд эмнэлгийн тодорхой хэсгийг хаах, тусламж үйлчилгээний зарим хэсгийг зогсоох зэрэг гэнэтийн шийдвэрүүдийг гаргах шаардлага тулгарсан. Шилжилтийн хүнд хэцүү үед манай хамт олон өнгөрсөн оны хоёрдугаар хагасаас үйл ажиллагаагаа өргөжүүлж, ялангуяа мэс заслын тусламж, үйлчилгээг ард иргэддээ түлхүү үзүүлж ажилласны үр дүнд санхүүгийн хувьд харьцангуй амжилттай даван тууллаа.

Гэхдээ сайн менежмент хийж чадвал гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоо илүү боломжийг бий болгоно гэдгийг бид олж харсан. Үүний тулд бид үргүй зардлаа бууруулах, эдийн засгийн хувьд ашигтай, шинэ технологид тулгуурласан тусламж, үйлчилгээнд анхаарч ажиллах шаардлагатай юм. Мэдээж өнөөг хүртэл үзүүлж ирсэн манай эмнэлгийн нэрийн хуудас болсон үндсэн тусламж, үйлчилгээгээ илүү сайжруулан ажиллахаар төлөвлөж байна.

-2021 онд Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг ачааллыг хэрхэн зохицуулж ажилласан бэ?

– Өнгөрсөн оны хувьд манай салбарт маш өвөрмөц жил болж өнгөрсөн. Тухайлбал Ковид-19 цар тахлын халдварын нөхцөл байдал хүндэрч, эмнэлгүүд ковидын ор дэлгэж ажилласан. Манай эмнэлэг бусад эмнэлгүүдээс хүндэрсэн, хамгийн хүнд тохиолдлуудыг нь хүлээн авч эмчилсэн. Мөн бид улсын хэмжээнд эрхтэн шилжүүлэн суулгах, бөөрний дутагдал, чихрийн шижин, цусны хавдар зэрэг хүндэрч болох хавсарсан эмгэгтэй хүмүүст шуурхай тусламж, үйлчилгээг түлхүү үзүүлж эрсдэлүүдэд үнэлгээ хийн ажилласан.

УНТЭ Ковидоос гадна үндсэн тусламж, үйлчилгээгээ орхигдуулалгүй бүхий л өвчний оноштой үйлчлүүлэгчиддээ халдварын дэглэмийг барин үйлчилсэн байна.

Жишээ нь 31 хүнд элэг шилжүүлэн суулгах мэс засал, 23 хүнд бөөр шилжүүлэн суулгах мэс засал, 8723 хүнд бусад мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлж, 17,330 хүн хэвтэн эмчлүүллээ.

Амбулаторийн тусламж, үйлчилгээний хувьд 254,239 хүнд тусламж үзүүлсэн.

“2021 оны наймдугаар сарын 01-ний өдрөөс өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан нийт ажилчдынхаа цалинг 20 хувиар нэмсэн”

– Энэ хүндхэн цаг үед эмч, эмнэлгийн ажилчдынхаа цалинг нэмэх, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх тал дээр ямар ажлуудыг амжуулсан бэ?

– Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед хамгийн их ачааллыг үүрч буй эмч, ажилчдынхаа цалин, урамшууллыг таслахгүй олгох, санхүүгийн хүндрэлтэй үеийг даван туулах зэрэг томоохон шалгуурууд тулгарсан ч бид хамт олноороо давж чадсан. Тухайлбал, бид 2021 оны наймдугаар сарын 01-ний өдрөөс өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан нийт ажилчдынхаа цалинг 20 хувиар нэмсэн.

Өнгөрсөн жил манай ажилчид улаан бүсэд удаан хугацаагаар ажиллаж, бусад тасаг нэгжүүд бусдыгаа нөхөж ачаалалтай ажилласан учраас илүү цаг, хандлагын нэмэгдэл зэргийг олгож болох дээд хязгаараар нь хасалтгүй олгохыг хичээсэн.

Манай эмч, ажилчид ковидоор өвдөх, хавьтал болох, эрсдэлтэй бүлгийн ажилчид гэрээр ажиллах үеүдэд ч цалингаа хасалтгүй бүтнээр нь авч байсан. Өнгөрсөн оны хувьд 2020 онтой харьцуулахад нийт 5.5 тэрбум төгрөгийн цалин урамшууллыг нэмэлтээр олгосон үзүүлэлттэй байна.

Мөн үүнээс гадна 2021 оны ажлаа дүгнэж, санхүүгийн тайлан балансаа бодсоны дараа энэ сард ашиг болох 1.6 тэрбум төгрөгөөс нийт ажилчиддаа бүтээмжийн урамшуулал болгож үндсэн цалинг 1.5 дахин бодож олгосон. Энэ бүх амжилтын үндэс нь эмнэлгийн байгууллагуудын гүйцэтгэлийн тогтолцоо, мөн эмнэлэг хагас бие даасан байдалд шилжиж, төлөөлөн удирдах зөвлөлтэй болж ажилласны үр дүн юм. Түүнчлэн ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд Худалдаа Хөгжлийн банктай хамтын гэрээ байгуулж, ипотекийн 6 хувийн зээлд 12 ажилтан, түрээслээд өмчлөх орон сууцны зээлд 14 ажилтнаа хамруулсан. Мөн УНТЭ-ийн ажилчдын зуслангийн 5 га газрыг шийдэж, энэ жилээс барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна.


ХОЁР. Монгол Улсдаа анх удаа найман шинэ технологийг нэвтрүүлж, эмнэлэг дотроо дөрвөн шинэ технологийг нэвтрүүлж ажиллалаа

-Танай эмнэлэг өнгөрсөн хугацаанд 100 хувь вакуум мэс заслын өрөөнүүдийг ашиглалтад оруулсан гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Үйлчлүүлэгчдийнхээ аюулгүй байдал, эмч ажилчдын ажиллах идэвхийг нэмэгдүүлэхэд эмнэлгийн дотоод орчин сайн байх хэрэгтэй. Манай эмнэлгийн үндсэн барилга 1971 онд баригдсан, улсын томоохон эмнэлгүүдээс бараг хамгийн өндөр насжилттай барилга. Гэсэн хэдий ч манай эмнэлэгт сүүлийн жилүүдэд засвар сайн хийсний дүнд эмнэлгийн өнгө төрх эрс сайжирсан.

Бид өнгөрсөн жил мэс заслын нэгдсэн тасгаа бүрэн шинэчилж, орчин үеийн шаардлагад нийцсэн 100 хувь вакуум мэс заслын өрөөнүүдтэй боллоо.

Мөн хоёр ч томоохон тасгаа засаж, шинэчиллээ. Цаашид төлөвлөгөөний дагуу бүх тасаг, нэгжүүддээ иж бүрэн засварын ажлыг хийхээр төлөвлөж байна.

-Эрүүл мэндийн салбарын хөгжил нь шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэхтэй салшгүй холбоотой. Өнгөрсөн жил танай эмнэлэг ямар технологиудыг шинээр нэвтрүүлсэн бэ?

-Эрүүл мэндийн яамны зүгээс ковидын цар тахалтай тэмцэж, маш завгүй ажилласан ч үндсэн тусламж, үйлчилгээг орхигдуулалгүй анхаарч ажиллаж байсан.

Түүнчлэн эрүүл мэндийн сайд С.Энхболдын шийдвэрээр УНТЭ-т нийт 20 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж, уушги зүрх орлуулах Экмо аппарат, үргэлжилсэн бөөр орлуулах CRRT, уушгины үйл ажиллагааг хянаж, дэмжих Пулмо виста зэрэг аппаратуудыг бүрэн суурилуулж өдөр тутмын үйл ажиллагаандаа нэвтрүүлээд байна.

Энэ хэрээр манай эмнэлгийн хүчин чадал сайжирсан гэж хэлж болно.

Мөн 128 зүсэлттэй шинэ СТ, зүрхний хэм алдагдлын аблаци буюу түлэх эмчилгээ, ДНХ секвенсер – NGS, алло цусны үүдэл эс шилжүүлэн суулгахад чиглэсэн хепа фильтер бүхий хими эмчилгээний ариун тасаг, тоног төхөөрөмжүүд, мэдрэлийн мэс заслын орчин үеийн дуран, микроскоп, иж бүрдлүүд, чих хамар хоолой, урологийн мэс заслын багаж хэрэгслүүд, эрхтэн шилжүүлэх суулгах хагалгааны иж бүрэн шинэчлэл, эрчимт эмчилгээний шинэчлэл, уушги болон ходоодны хэт авиан дуран, нарийн гэдэсний дуран гэх мэт маш олон шинэ технологийг улсын төсвийн санхүүжилтээр шийдэж, нэвтрүүлэхээр ажиллаж байна. Хэдийгээр манай эмнэлэг ТУЗ-тэй, гүйцэтгэлийн санхүүжилтээр ажиллаж байгаа хэдий ч ЭМЯ шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийж, дэмжин ажиллаж байгаад туйлын баяртай байна.

Бид Монгол Улсдаа анх удаа найман шинэ технологийг нэвтрүүлж, мөн эмнэлэг дотроо дөрвөн шинэ технологийг нэвтрүүлж ажиллалаа.

-Цаашид ямар менежментээр ажиллахаар төлөвлөж байна вэ?

-Бид 2024 он хүртэлх стратеги төлөвлөгөөгөө баталсан бөгөөд үндсэн гол зорилтуудыг хангахаар ажиллаж байна. 2025 онд манай эмнэлгийн 100 жилийн ой тохионо. Энэ түүхэн ойноосоо өмнө бид улсын эмнэлгүүдээс анхлан олон улсын эмнэлгүүдийн магадлан итгэмжлэл JCI авахаар ажиллаж байна.

Гүйцэтгэлийн санхүүжилтийн энэ цаг үед бид үйлчлүүлэгчдээ илүү өөртөө татахын тулд үйлчилгээний сайн менежментийг нэвтрүүлэх болно. Бид ЭМД-аас орох орлогыг нэмэгдүүлэхээс гадна өөрсдийн менежментээр эмнэлгийн өөрийн эмийн сангийн үйл ажиллагааг сайжруулах, дэмжих төвийн урьдчилан сэргийлэх үзлэгийг нэмэгдүүлэх, эмч ажилчдынхаа хандлага, ёс зүйг дээшлүүлэх, үйлчилгээний соёлыг сайжруулах гэх мэт олон зүйл дээр анхаарч ажиллаж байна. Бид хөгжлийнхөө түүхэн цаг үеүдэд анхдагч, манлайлагч байсаар ирсэн бөгөөд үе үеийн эмч нар, алдар цуутай доктор, профессоруудаараа бахархдаг. Бид маш хурдтай хөгжиж байна, цахим өөрчлөлт, шилжилтийн энэ цаг үед зөвхөн түүхээ яриад хол явахгүй. Өнөө цагт хамтран ажиллаж байгаа залуучууд бид маш хурдтай, бусдаас илүүг мэдэж, санаачилж, нэвтрүүлэн ажиллаж байж эмнэлгийнхээ байр суурийг бэхжүүлэх болно.

-УНТЭ нь улсын эмнэлгүүдээс анхлан ТУЗ-тэй болсон. Энэ нь үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж байна вэ? ЭМЯ-тай хэрхэн хамтран ажиллаж байна вэ?

-Өнгөрсөн хугацаанд ТУЗ-ийн гишүүд маань эмнэлгийн засаглалын шинэ тогтолцоог нэвтрүүлэхээр ажиллаж байна. Бид өмнө нь бүх төсөв, төлөвлөгөөгөө Сангийн яам, Эрүүл мэндийн яамаар батлуулдаг байсан, аливаа төсвийн өөрчлөлт тодотгол хийхэд их төвөгтэй, хугацаа алдах гэх мэт асуудлууд үүсдэг байсан бол одоо шаардлагатай үед ТУЗ-дөө мэдээгээ хүргэж, хуралдуулж үйл ажиллагаагаа батлуулж, дэмжүүлдэг болсон. Ингэсний дүнд өнгөрсөн жилийн хувьд бүх төсвөө батлуулж, цаг тухайд нь тодотгол хийлгүүлж, он дамнасан өрөө дарж, ажилчдынхаа цалин урамшууллыг нэмэгдүүлж, амжилттай ажиллаж чадсан. Мөн ТУЗ-д санхүүгийн чиглэлийн гишүүд байдаг тул байнга зөвлөгөө өгч, гүйцэтгэх удирдлагыг заан чиглүүлж байгаа гэж хэлж болно.

Хэдийгээр бид ТУЗ-тэй эмнэлэг хэдий ч ЭМЯ-ны харьяа эмнэлэг тул яамтайгаа нягт холбоотой ажиллаж, Эрүүл мэндийн сайдаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу ЭМЯ-наас хэрэгжүүлж буй бодлогын ажлуудыг дэмжин хэрэгжүүлэх, үүрэг даалгаврыг биелүүлэх ёстой.

Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн төслийг сурвалжилсан тэмдэглэл || DNN.mn

Ховд аймагт өрнөж буй бүтээн байгуулалтын ажлуудтай танилцаад ирлээ. “Шинэ Ховд” хөтөлбөрийн хүрээнд тус аймагт томоохон төслүүд гараанаас хөдөлж, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар улсдаа тэргүүлж байгаа талаар “Шинэ Ховд” баруун бүсийн хөгжлийн корпорацийн дарга Ш.Батжаргал ярьж байна. “Шинэ Ховд” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа томоохон хөтөлбөрүүдээс дурдвал Эрдэнэбүрэнгийн УЦС, Ховд Эко цементийн үйлдвэр, “Хашаандаа сайхан амьдарцгаая”, Ховд агро парк, Үйлдвэрлэл, технологийн парк зэрэг юм. Эдгээр дундаас Эко цементийн үйлдвэр бол баруун бүсийг цементээр хангах, цаашлаад бүтээгдэхүүнээ ОХУ-д экспортлох зорилготой, Монгол Улсын эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулах бүтээн байгуулалт болж байгаагаараа онцлогтой.

Тийм учраас “Ховд эко цемент” үйлдвэрийг зорьж, барилга, тоног төхөөрөмжийн угсралтын явцтай танилцлаа.Тус үйлдвэр Ховд аймгийн төвөөс 18 км, Буянт сумаас 15 км-ийн зайд шохойн чулууны орд болох Шохойт уулыг түшиглэн байрлаж байна. Үйлдвэрийн барилгын ажил дуусч байгаа бөгөөд одоо тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалтын ажил үргэлжилж байна. Энэ үйлдвэр ашиглалтад орсноор цементийн үнийг бууруулж, улс даяар жигд үнийн түвшинд барих боломж бүрдэнэ. Жишээ нь, Улаанбаатар хотод нэг тонн цемент 218 мянган төгрөгийн үнэтэй байлаа гэхэд тэр нь баруун таван аймагт ирэхээрээ 330 мянган төгрөг болж нэмэгддэг. Учир нь тээвэрлэлтийн зардлаас эхлүүлээд олон өртөг нэмэгддэг. Уг үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж эхэлснээр баруун бүсэд баригдаж буй барилгуудын метр квадратын үнэ 1.1 саяас 880 мянган төгрөг болж буурах тооцоог мэргэжлийн хүмүүс гаргасан байна. Түүнчлэн үйлдвэр бүрэн чадлаараа ажиллаж эхэлбэл 250-300 хүн байнгын ажлын байраар хангагдах бөгөөд шууд бусаар малчид, ЖДҮ эрхлэгчид, тээвэрчид гээд 3000 орчим иргэний орлогыг нэмэгдүүлэх юм байна.

Шохойт уул талаас Ховд эко цементийн үйлдвэр ингэж харагдана. Цаана нь Цамбагарав хайрхан цайран үзэгдэнэ


Ковидын хөл хорионы үед үйлдвэрийн барилгын ажил зогсоогүй гэнэ. Учир нь барилга угсралтын ажлыг монголчууд өөрсдөө 100 хувь гүйцэтгэжээ. Гэхдээ хил гаалийн нөхцөл байдлын улмаас өртөг нэмэгдэх, мэргэжилтнүүд орж ирэх боломжгүй болсноос төслийн хугацаа уртсах зэрэг хүндрэл бэрхшээл гарч буйг үйлдвэрийн удирдлагууд ярьж байв. Төслийн удирдагч С.Жавхланбаатар “Бизнес утгаараа том төсөл баруун таван аймагт хэрэгжихэд хамгийн тохиромжтой газар бол Ховд мөн. Томоохон төслүүдийг хэрэгжүүлэх дэд бүтэц бусад аймагт сул гэж хэлж болно. Энэ үйлдвэрийн байршил сонгогдсон хэд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт, шохойн чулууны орд бий. Ордоосоо үйлдвэр маань 1.8 км-ийн зайтай. Хоёрдугаарт, зам дэд бүтэц сайн. Баян-Өлгий, Увс явах зам дагуу. Мөн аймгийн төвдөө ойр. Энэ нь зах зээл, хэрэглэгчдэд илүү ойртоно гэсэн үг. Эрчим хүчний шугамдаа бас ойрхон. Тийм учраас үйлдвэрийг энд барихаар сонгосон юм. Цемент гэдэг бүтээгдэхүүн дан ганц шохойн чулуунаас бүрдэхгүй. 80 хувь нь шохойн чулуунаас бүрдэж байгаа. Үлдсэн 20 хувийг нь өөр түүхий эд, материал бүрдүүлдэг. Гөлтгөнийн орд, Увс аймгийн Сагил суманд байгаа. Харганатын төмрийн хүдрийн орд бий, Хөшөөтийн нүүрсний орд байгаа. Хөшөөтийн нүүрсний ордоос бид коксжсон нүүрсийг ашиглахгүй. Хаягдал, нунтаг нүүрсийг ашиглаж холино. Занарын орд манай энэ шохойн чулууны ордын хажууд байгаа юм” гэлээ. Үйлдвэрийн шавыг 2019 онд тавьсан бөгөөд түүнээс хойш манай төрийн удирдлагуудаас эхлүүлээд, харьяа яамны сайд нь удаа дараа ирж барилгын ажлын явцтай танилцсан юм байна. Үүнийг төслийн багийнхан өөрсдийг нь дэмжихээс гадна төрийн хяналт, УИХ, ЗГ-ын тогтоолын хэрэгжилтийг хянаж буй нэг өнцөг хэмээн хардгаа энэ үеэр нуусангүй. 2019 онд үйлдвэрийн барилгын ажил эхлэхтэй зэрэгцэн ковидын цар тахал дэгдэж, хил гаал хаагдаж, хөл хорио тогтоосноос төлөвлөж байсан бүх тооцоо алдагджээ. Гэсэн ч хүнд хэцүү нөхцөлд хоёр жилийн турш татан авалтаа тасалдуулахгүй 90 хувьтай хийж чаджээ.

Төслийн удирдагчаас мэдээлэл авсны дараа үйлдвэрийн Ерөнхий инженер Д.Батсүрэн үйлдвэрийн талбайтай танилцуулав. Түүний ярьснаар цементийн үйлдвэрийн силос нь орон сууц барихтай адилгүй, маш хүнд хийцлэлтэй, өдөр шөнөгүй цутгадаг нарийн ажил юм байна. Дунд нь бетон тасалдвал ажил нь тэр чигээрээ нурдаг учир тасралтгүй цутгалтын ажил явж байгааг тайлбарлалаа. Үйлдвэр найман силостой. Газар хөдлөлийн есөн баллын идэвхтэй бүсэд байдаг учир доошоо 4-9 метрийн гүнд сууриа цутгажээ. Тэр хэрээр газар шорооны маш их ажил өрнөсөн байна. Аль ч цементийн үйлдвэрийн хамгийн өндөр цэг бол урьдчилсан халаах цамхаг. Энэ үйлдвэрийн халаах цамхаг нь 84 метрийн өндөртэй. Одоогоор уг цамхагтай дүйцэхүйц буюу 30 давхар байшин баруун бүсэд байхгүй гэхээр энэ цамхаг бүсдээ хамгийн өндөр байгууламж гэж хэлэгдэх боломжтой гэнэ. Үйлдвэрийн бетоны ажил 94.8 хувь, арматурын ажил 96 хувь, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл 100 хувь, татан авалт 90 хувь, тоног төхөөрөмжийн угсралт 25 хувь, металл хийц угсралт 40 хувь тус тус хийгджээ. 10 хувийн тоног төхөөрөмж нь гаалийн цаана хүлээгдэж байгаа бөгөөд ачаа бараа нь өнгөрсөн оны аравдугаар сард ирсэн ч одоо болтол татаж авч чадаагүй байгаагаа төслийн удирдагч энэ үеэр дуулгаж “Боомт дахь зардал өдрөөр тооцогддог, асар их зардал гардаг. Нийтдээ 6000 тонн бараа материал татахад байнгын тохиолдож байсан бэрхшээл нь энэ байлаа. Бэрхшээл байсан.

Гэвч нэгэнт эхэлсэн ажлыг дуусгахгүй бол маш өндөр зардал гарна, эргээд ашгаа нөхөж чадахгүй байдалд орно” гэдгийг тэрээр нэмж хэлэв. Үйлдвэрийн хашааны хойд хэсэгт чингэлэг болон том хайрцагтай тоног төхөөрөмжүүд хураалттай, харин зүүн хэсэгт нь үйлдвэрийн томоохон эд анги, тоног төхөөрөмж, хийцүүдийг буулгажээ. Эдгээр нарийн тоног төхөөрөмжийг суурилуулж, угсрахад яалт ч үгүй гадны мэргэжилтнүүд шаардлагатай ч хил гаалийн нөхцөлөөс болж саатаж байгаа нь энэ томоохон бүтээн байгуулалтын явцаас хойш чангааж буй нэг бэрхшээл болж байгааг энд дурдах нь зөв байх.


С.Жавхланбаатар: Хөгжлийн банкнаас авсан зээлээ зориулалтын дагуу зарцуулсан


Энэ үеэр Төслийн удирдагч С.Жавхланбаатартай цөөн хором ярилцлаа.


-Үйлдвэрийн ажлыг 2019 онд өнөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа очиж шавыг нь тавьж эхлүүлж байжээ. Танай төслийн хувьд баруун бүсийг цементээр хангах, үндэсний хэмжээний бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн нь цаг хугацааны хувьд цар тахалтай давхцлаа. Мөн л хохирол амслаа шүү дээ?

-Энэ бүх бэрхшээл бидэнд маш их туршлага болж байна. Бидний нуруун дээр тооцоолоогүй дарамтууд ирж байна. Эрсдэлүүдийг туулаад л гарлаа. Барилгын материалын өртөг 2020, 2021 онд хоёр дахин өсчихлөө. Ажиллах хүчний өртөг ч хоёр дахин өсчихлөө. Үнэ тогтвортой байсан нь ганц цемент л байлаа. Тоосго, арматур гээд үнэ нь дийлдэхээ больсон. 2019 онд биднийг үйлдвэрийн ажлаа эхлэхэд арматурын үнэ 1.6 сая төгрөг байсан чинь 2020 онд гурван саяд хүрчихсэн. Тоосгыг 300 төгрөгөөр авдаг байсан чинь 450 төгрөг болж нэмэгдчихсэн. Хөөсөнцөр 130 мянга төгрөг байсан чинь бараг гурав дахин өсөөд 300 мянган төгрөг болчихоод байна.

-Танай үйлдвэрийн барилгын ажил дуусаад одоо тоног төхөөрөмжийн угсралтын ажил ид өрнөж байгаа юм байна. Төлөвлөгөөний дагуу ирэх есдүгээр сард үйлдвэр ашиглалтад орох аж. Гэтэл сүүлийн үед Хөгжлийн банкны зээлийн асуудалтай холбоотойгоор зээлдэгчдийг нийтээр нь харлуулдаг явдал их гарч байна?

-Нэгдүгээрт, бидний хувьд бага хүүтэй зээл аваагүй. Арилжааны банкуудынхтай адил хүүтэй зээл авсан. Хоёрдугаарт, зээлийг авчихаад зориулалтын бусаар зарцуулчихаагүй. Ковидын эрсдэлтэй энэ хоёр жилд бид гамшгийн нөхцөл байдлын үед байдгаараа л зүтгэсэн. Ийм хүнд үеийг туулаад гарч ирж байхад банкнаас хөнгөлөлттэй зээл аваад, зориулалтын бусаар зарцуулчихсан мэтээр цоллогдоно гэдэг бол бидний хувьд бол дарамттай байна. Яагаад Хөгжлийн банкнаас зээл авав гэхээр арилжааны банкууд ийм томоохон төслүүдийг санхүүжүүлэх боломж бага, хязгаартай, хаалттай, Монголбанкны дүрэм, журмын дагуу. Хөгжлийн банк бол улс орны болоод нийгэм, эдийн засагт чухал ач холбогдол бүхий төслүүдийг санхүүжүүлнэ гэсэн чиг үүрэгтэй банк шүү дээ. Эргээд өөрсдөө ашиг олно. Зээл олгохгүй бол ашиг олохгүй. Нэг талаасаа ашгийн төлөө байгууллага. Зээл авсан, зээлээ зөв зарцуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг хулгай хийчихсэн мэт байдалд оруулж нийгэмд буруу ойлголт өгч байгааг газар дээр нь ирж үзсэн та бүхэн л ойлгох байх.

84 метрийн өндөртэй халаах цамхаг


-Төрийн бодлогоор хэрэгжиж буй төсөл шүү дээ. Та энэ талаар тодруулахгүй юу?

-Барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих Засгийн газрын 2012 оны 171 дүгээр тогтоолд “Цементийн үйлдвэрлэлийг хүн амын суурьшил, барилгажилтын хэтийн төлөв, зах зээлийн эрэлт хэрэгцээ, тээвэрлэлтийн нөхцөлтэй уялдуулан төв, баруун, зүүн, говийн бүсэд бүсчлэн байгуулах” тухай заасан байдаг юм. Мөн Засгийн газрын 2015 оны 335 дугаар тогтоолд “Баруун бүсэд барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор Ховд аймгийн Буянт сумын нутагт “Вестерн Холд” ХХК-ийн 250 мянган тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг барьж ашиглалтад оруулахыг дэмжих тухай” тус тус заасан байгаа.

-Бүр 2012, 2015 оноос л эхэлсэн юм байна шүү дээ, төрийн бодлогоор?

-Тийм, тийм. “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-т ч заасан байгаа. Импортыг орлох барилгын материалын дотоодын үйлдвэрлэлийг бодлогоор дэмжих-Баруун бүсэд бага оврын цементийн үйлдвэрийг барьж ашиглалтад оруулах тухай заасан. Тэр дагуу л хэрэгжээд явж байгаа төсөл шүү дээ. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт туссан “Үйлдвэржилт 21:100” үндэсний хөтөлбөрт Ховд аймагт дотоодын хэрэглээг бүрэн хангах цементийн үйлдвэрийг 2020 онд барьж байгуулна гэж хүртэл заасан байгааг та хүмүүс олж хараасай.

-Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Цемент, арматур, хавтгай шил зэрэг үндсэн нэр төрлийн материалыг эх орны эрдэс, түүхий эдээр дотооддоо үйлдвэрлэх замаар импортыг бууруулах бодлогыг хэрэгжүүлнэ” гээд заачихсан байгаа шүү дээ?

-Тэгэлгүй яахав. Тэр дагуу бид үйлдвэрээ энэ намартаа багтааж ашиглалтад оруулахаар шуурхайлан ажиллаж байна. Бид төслийн нийт зардлын 60 хувийг өөрөөсөө гаргасан. Хөгжлийн банкинд 146.2 тэрбумын биет барьцаа байршуулж, 28 сая долларын зээл авсан. Үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллавал 6-7 жилд өртгөө нөхнө гэсэн тооцоотой. Зээлийг зориулалтын дагуу зарцуулж, бүтээн байгуулалтын тоног төхөөрөмждөө зарцуулсан гэдгээ танай сониноор дамжуулж хариуцлагатайгаар хэлье. Та ч бас нүдээр үзэж, тоног төхөөрөмжүүд угсрахад бэлэн байгааг харсан байх.

-Сүүлийн үед ард иргэдийн хувьд шинэ үйлдвэр ашиглалтад орох, бүтээн байгуулалтын ажил хөдөлж эхлэхэд баярладаг болжээ. Нутагт нь, бүсэд нь ийм томоохон үйлдвэр ашиглалтад орох гэж буй нь иргэдэд хүлээлт үүсгэж байгаа нь тодорхой?

-Ялангуяа эндхийн бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдийн хувьд хувийн хөрөнгө оруулалтаар барилгын төсөл хэрэгжүүлээд явъя гэхээр цементийн үнэ Улаанбаатарынхаас хоёр дахин өндөр үнэтэй байдаг. Барилгын материалын үнэ өндөр бол өртөг нь өснө. Өртөг нь өсөхөөр хөрөнгө оруулалтаа нөхөх ашиг олох боломж нь багасна. Ийм үйлдвэр ашиглалтад орох гэж байгаад Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтайн барилгын компаниуд маш их хүлээлттэй байгаа. Хурдан ашиглалтад ороосой, танай үйлдвэр хэзээ ашиглалтад орох гэж байна гэдэг асуултыг байнга тавьж, хүлээлт үүсгэж байна гэв.

Үйлдвэрийн Ерөнхий инженер Д.Батсүрэн “Хуурай аргын үйлдвэр бол түүхий эдээ олборлоод бутлаад нунтаглаад хоорондын найрлагыг нь жигд болгоход ерөөсөө ус хэрэглэхгүй. Тийм учир байгаль, экологидоо давуу талтай. Эко үйлдвэр гэдэг нь байгаль орчинд ээлтэй гэсэн санааг илэрхийлж байгаа юм. Үйлдвэрийн цех, дамжлага болгон дээр, тоос үүсгэж болох бүх цэг дээр тоос шүүх байгууламж байршуулснаараа давуу талтай. Үүгээрээ энэ үйлдвэр байгаль орчинд ээлтэй” хэмээн ярилаа.

Ийнхүү нийслэл хотоос 1425 км-ийн цаана Ховд аймгийн Буянт суманд Эко цементийн үйлдвэрийн ажил ид өрнөж байна. Энэ үйлдвэр ашиглалтад орсноор баруун бүсийнхэн хямд, чанартай цементээр хангагдах боловч том зургаар харвал Монгол Улсын эдийн засагт түлхэц болох чухал бүтээн байгуулалт юм.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ерөнхий сайд гэрт “Байг” гэдэг хүн байх шиг хэрэгтэй үг хэллээ

“Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг орон нутагт эрчимжүүлэх нь” нэгдсэн зөвлөгөөн энэ сарын 17-нд болсон. Энэ зөвлөгөөний үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ аймгуудын Засаг дарга нарт хандаж “Тендерийг товлосон хугацаанд зохион байгуулж, бүтээн байгуулалтын ажлыг хугацаанд нь эхлүүлээгүй албан тушаалтанд хариуцлага тооцно” гэж хатуу анхааруулсан. Ерөнхий сайдын энэ үгс олон хүний анхаарлыг татсан юм. Учир нь Монголын төрд дутагдаж байсан ончтой үг байлаа. Сүүлийн үед Монголын төр хөл, толгой нь мэдэгдэхгүй, зах замбараагүй юм болсныг хүн бүр мэдэж байгаа. Хэн дуртай нь юу дуртайгаа эсэргүүцдэг, ямар нэг ажлыг зогсоосноо, удаашруулснаа гавьяатан боллоо гэж эндүүрч цээжээ дэлддэг байдал нийгэмд газар авсан. Энэ бүхний харгайгаар эцэст нь Монгол Улс л хөгжиж чадахгүй, гацчихаад байна. Тооцоо судалгаа нь гараад улс эх оронд хэрэгтэй, нэмэртэй гэгдээд эхлэх шатандаа орж байхад нь ард түмний нэр барьж зогсоосон томоохон төсөл, хөтөлбөр олон доо. Ойрын жишээ гэвэл, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг Сумынх нь ИТХ нь зогсоох тогтоол гаргачихсан. Үүнийгээ “Ховд голын дагуух ой мод, хадлан бэлчээр бүхий нутаг устаж үгүй болох, улмаар сумын ард иргэдийн амьжиргаанд ноцтой хохирол учруулахаар байгааг харгалзан Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих ажлыг зогсоох тогтоол гаргасан нь үнэн. Ард иргэд нь эсэргүүцсэн учир ийм тогтоол гаргасан. Сумын ИТХ-аас Засгийн газрын шийдвэрийг давсан тогтоол гаргасан талаар ямар нэг юм тайлбарлах шаардлагагүй” гэсэн байгаа юм.

Энэ бол байж болшгүй үзэгдэл л дээ. Логик талаасаа ч тэр. Засгийн газрын шийдвэрийг давдаг сумын ИТХ гэж байхгүй л дээ. Холбооны улсуудын хувьд дор дороо хууль гаргаад төрийнхөө шийдвэртэй зөрөлдөх ч юм уу, эсэргүүцэх явдал мэр сэр бий. Манай улсын хувьд шууд удирдлагатай. Гэтэл мөрөөрөө малаа маллаж буй хэдэн малчинаа хөөргөөд бамбай хийгээд өөрсдөө дэвэргэж шоуддаг. Сүүлдээ малчдаа жагсаагаад “Ард түмэн ингэлээ, тэглээ” гэж ард түмний нэр барьж дээш, доош нь бичиг сачиг барьж гүйж үймээн үүсгэж бүтээн байгуулалтын ажлуудыг явуулахгүй зогсоочихдог. Ийм үйл явдал урьд өмнө нь олон гарч байлаа. Үнэхээр л ард түмэн нь бүтээн байгуулалт, хөгжлийг сумандаа, дэргэдээ авчрахыг хүсдэггүй юм байх даа гэж бодоод очоод уулзахаар “Галзуу солиотой нь мэдэгдэхгүй хэдэн хүн ирээд л баахан ухуулсан. Дунд нь манай баг, сумын Засаг дарга явж харагдсан” гэдэг юм.

Монголыг хөгжүүлэхгүй, ирээдүйгээ хорлож, том ажлуудыг зогсоож байгаагийн цаана ердөө ганц нэг хүний баян хүнээс тав арван халтар цаас салгах гэсэн шунал л байдаг. Баян хүн ажил хийхийг, том юм бүтээгээд өөдлөхийг монголчууд харж чаддаггүй. Ямар нэг том ажил эхлэхээр боллоо гэвэл сувдаг зан нь хөдлөөд яаж ийж байгаад замд нь саад тээг хийж хэд гурван юм салгах далд санаа л агуулдаг. Хажууд байгаа баян хүн, том төслөөс заавал ч үгүй би мөнгө олмоор байна гэж бодохоос л амь нь тэмцээд байдаг муухай зантай.

Уул уурхай, бүтээн байгуулалтын ажил нутагт нь өрнөж л байвал тэр нутаг орон хөгждөг. Харин ч манай суманд үйлдвэрээ байгуул гэж Засаг дарга нар нь хөрөнгө оруулагчдаа булаацалддаг байх ёстой л доо, эдийн засгийн зарчмаараа бол. Эрдэнэбүрэнгийн УЦС бол Монгол Улсын эрчим хүчийг хараат бус байх гол үндсэн нөхцөл суурь. Хямд эрчим хүчтэй газар л үйлдвэрлэл хөгждөг. УЦС-тай болсноор ганц сум биш аймаг нь үсрэнгүй хөгжинө, цаашлаад баруун бүс, бүр томоор Монгол Улсын ирээдүйд хэрэгтэй том төсөл л дөө. Гэтэл ард түмний нэр барьсан цөөн хэдэн хүн л төслийг зогсоох гэж, гацаах гэж эсэргүүцэхдээ ямар ч баримжаагүй юм ярьж байсан даг. Ийм л учраас сүүлийн 30 жилд Монгол огт хөгжөөгүй. Өөр өөрсдөө хөгжлөөс хойш сууж, нэг нэгэндээ дэгээ тавьдаг. Бид Азийн бар болтлоо хөгжих цаг хугацаа, зав, хөрөнгө мөнгөө аль хэдийнэ алдчихаад байна. Монгол Улс хөгжиж чадахгүй байгаагийн цаана байдаг хэд хэдэн том шалтгааны нэг нь энэ. Хөдөө орон нутгийн төрийн албан хаагчид, дарга цэрэг нь хэдэн муу малчдаа хөөргөж, буруу ташаа мэдээллээр тархийг нь угааж байгаад засаг төрөөс хийх гэсэн болгоныг ийн эсэргүүцдэг нь улсыг хөгжүүлэхгүй байгаа голлох шалтгаан шүү. Нөгөө талаасаа төрийн эсрэг ажилладаг төрийн албан хаагчид ч юм шиг.

Гадаадын хөрөнгө оруулагчийг айлгасан, үргээсэн, дээрэмдсэн болгон үүнд хамаатай. Босоо, хэвтээ гэх нөхөд гадаадын хөрөнгө оруулагчдыг дээрэмдэж байхад сум, аймгийн Засаг дарга нар нь мэдээгүй юм

оруулагчдаа хамгаалаад, бүгдийг бүтээх талаас нь ажиллах ёстой байдаг.

Ерөнхий сайд “Бүтээн байгуулалтыг гацаасан, хугацаанд нь эхлүүлээгүй Засаг дарга нарт арга хэмжээ авна шүү” гэж дээрх зөвлөгөөн дээр хэлсэн нь эдээ алдсан эзэнгүй гэрт гэнэт л хаанаас юм янхигар өвгөн орж ирээд “Байг чи, яаж байгаа юм” гээд номонд нь оруулж байгаа аятай үйл явдал боллоо. Цагаа олсон анхааруулга байлаа.

Монгол Улсын төр засаг үүнээс хойш ийм л зарчмаар ажилладаг байх хэрэгтэй байна. Төр төмөр нүүртэй гэж зүгээр ч нэг зүйрлээгүй байх. Төрийн албанд ажиллаж байгаа хүмүүс болох баг, сумын Засаг дарга нар төрийн эсрэг жирийн иргэдийг турхирах замаар дундаас нь ашиг унагаах гэдэг ийм үйлдлийг таслан зогсоож, төр төмөр нүүрээ харуулж, сахилга баттай байлгах цаг нь ирсэн. Засгийн газраас ямар шийдвэр гаргана. Түүнийг сум, багийн хэмжээнд ёсчлон мөрдөж биелүүлдэг, бүтээн байгуулалтын ажлыг хугацаанд нь гүйцэтгүүлдэг ийм сахилга батыг төрийн байгууллагын бүхий л шатанд суулгах ёстой. Хүчгүй, сул, ард түмнийг аргадсан сулбагар Засгийн газрууд байн байн гарч ирдгээс болж дээрх сахилга бат бүхэлдээ алдагдсан. Ийм сахилга бат байдгийг ч мэдэхгүй хүмүүс баг, сумын засаг захиргааны тамгыг барьж байна. Үүнээс улбаалж үлээхэд л хийсчихмээр гэмээр муугийн муугийн сулбайсан, өмнөөс нь уур хүрмээр төр засагтай болчихсон юм, бид. УИХ-ын гишүүнийг дургүйг нь хүргэвэл огцруулаад хаячихдаг байсан. Харин одоо гишүүнийг тийм ч амархан буулгачихдаггүй, буулгахад хэцүү ч болсон. Одооны Засгийн газрын хувьд чамбайрах хэрэгтэй, Ерөнхий сайд яг саяных шиг санаагаа шууд хэлж, хэлсэн ярьснаа биелүүлдэг байх хэрэгтэй. Хөгжлийн банкны ажилтнуудыг ташраар нь халж байгаа шигээ хэл аманд орооцолдсон сайд, дарга, төрийн албан хаагчдаа ч тэгж халдаг хариуцлагын системтэй бол. Энэ нь ширүүлж байгаа юм биш л дээ. Хариуцлага тооцож буй арга зам юм. Дэлхийн стандартад дөхөж очсон хэлбэр. Үүнийг ширүүн, харгис байна гэх юм огт байхгүй ээ.

Ерөнхий сайд төрийн эсрэг ажилласан Засаг дарга нарыг хална гэсэнд ард түмэн туйлын их баярлаж, хариуцлагын тогтолцоо хэрэгжиж эхэлнэ гэдэгт баяртай байцгаана. Дэлхийд ёс зүйтэйгээрээ гайхагддаг Японд хэн нэг дарга, төрийн албан хаагч болохгүй зүйлтэй холбогдвол маргааш нь олны өмнө бөхөлзөөд уучлал хүсээд албан тушаалаасаа буучихдаг. Яг л тиймэрхүү жишиг манай төрд бий болох юм биш биз дээ гэсэн горьдлого үүгээр төрж байна аа.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Дайчин Олхунуд: Японы парламент Өмнөд монголчуудыг өмгөөлсөн нь үнэхээр зоримог, сайхан алхам боллоо

Япон улсын парламент дэлхийн улс орнуудын парламентууд дундаас анх удаа Өмнөд Монголыг өмгөөлөн дуугарсан билээ. Энэ талаар Японд төвтэй Өмнөд Монголын Их Хуралдай ТББ-ын дэд дарга Дайчин Олхунудтай ярилцлаа.


-Японы парламентын шийдвэрийн талаар товч танилцуулна уу?

-Өмнөд монголчуудын байдал маш хүнд бэрх байгааг Монголын уншигчид мэдэж байгаа. “Өдрийн сонин”-д гарсан малчин Саранхүүгийн ярилцлага ч ихийг ухааруулсан гэж бодож байна. Өмнөд монголчуудаа тууштай ойлгон дэмжиж ирсэн “Өдрийн сонин”-д талархал илэрхийлж байна.

Хэдийгээр нөхцөл байдал хүнд байсан ч дэлхий дахин, ялангуяа улсуудын төрийн байгууллагууд өмнөд монголчуудын байдлыг мэдэхгүй, эсвэл мэдсэн ч дуугарахгүй байсан. Хятад улстай бас нэг асуудлаар санал зөрөхөөс болгоомжилсон байж мэдэх юм. Япон улс БНХАУ-тай болгоомжтой харьцаж ирсэн. Гэхдээ олон нийт нь өмнөд монголчуудыг идэвхтэй дэмждэг, улстөрчид нь янз бүрийн хэмжээгээр дэмждэг байсан.

Саяхан Японы парламент Хятадын үндэсний цөөнхийн асуудлаар резолюци гаргахдаа өмнөд монголчуудыг өмгөөлсөн нь үнэхээр зоримог сайхан алхам боллоо. Тэрхүү шийдвэрт Өмнөд Монгол болон Шинжаан, Төвөд, Хонконгод хүний эрх маш их зөрчигдөж байна, үүнтэй эвлэрэхгүй, тэр нутгуудад хүний эрхийг сайжруулах ёстой гэж тодорхой өгүүлэн шаардсан юм. Энэхүү шийдвэрийг Хятадын Цагаан сарын шинийн нэгэнд, олимп эхлэхээс гурав хоногийн өмнө гаргасан. Энэ нь Японоос Хятад улсад барьсан Цагаан сарын содон бэлэг, Бээжингийн олимпод хүргэсэн өвөрмөц мэндчилгээ болсон юм. БНХАУ үүнд асар их хилэгнэж, хариуг нь цаг алдахгүй барина гэж тэр дор нь мэдэгдсэн.

-БНХАУ ямар хариу барив?

-Одоогоор мэдэгдээгүй байна. Япон өргөн гадаад харилцаатай учир Хятад наймаа хийхээ болилоо ч ажрахгүй.

-Япон улсад өмнөд монголчуудыг идэвхтэй дэмжихийн учир?

-ХХ зуунд Өвөр Монголын нэг хэсэг нь Манж-Го улсын харьяанд орсон. Нэг хэсэгт нь Японы цэрэг орж ирж, Хятадын цэргийг хөөж явуулсан. Нэг хэсэгт нь Хятадын цэргүүд байв. Эхний хоёр хэсэгт Японы нөлөө хүчтэй байлаа. Япончууд өмнөд монголчуудтай холбоолж, тал бүрээр дэмжиж, улс орондоо олон хүнийг сургасан.

Өмнөд монголчууд засаг төр, улс орноо бүтээн байгуулахыг Япон дэмжиж байлаа. Тэгвэл Ялтын гэрээгээр их гүрнүүд Өмнөд Монголыг Хятадад өгнө гэж буруугаар шийдвэрлэж, монголчууд нэгдэн нийлэх эрхэм эрмэлзэлд цохилт өгсөн.

Дэлхийн дайны дараа хятадууд өвөр монголчуудыг “Японтой сүлбээцэлдсэн” гэж их харгисласан, “нүглээ цайруул” гэж дайн тулаанд их оруулсан, тийм учраас Япон улс өмнөд монголчуудад туслах ёстой гэж ярих япон хүн цөөнгүй. Ямар ч болсон Японд өмнөд монголчуудад сайн ханддаг. Японд түмэн өмнөд монгол хүн ажиллаж амьдарч байна. Бусад улсад өмнөд монголчууд зүйрлэшгүй цөөн. Хилийн гадна өмнөд монголчууд сууж байгаа гол газар бол Япон. Өмнөд монголчуудад хамгийн сайн хандаж байгаа улс бол Япон.

Улс төрийн дүрвэгч авахаас Япон болгоомжилдог. Гэхдээ өмнөд монголчуудад ажлын, сурах визийг яршиг төвөг удалгүй өгдөг учир Японд олон өмнөд монгол хүн байгаа.

Ер нь Япон улс, япончууд бүх монголчуудад сайн ханддагийг Монгол Улсын иргэд мэдэх буй за. Япончууд ба монголчуудад адил төстэй зүйл байна ч гэж ярих япон хүн бий. Гэхдээ гол нь япончууд ардчилал, эрх чөлөөг эрхэмлэдэг болохоороо монголчуудыг мөн ардчилал, эрх чөлөөтэй байгаасай гэж дэмждэг гэж бодно. “Манай улс ардчилсан улс учраас хүний эрхийг хамгаалах үүрэгтэй” гэж япончууд үздэг.

-Японы парламент энэхүү шийдвэрийг гаргахад өмнөд монголчууд хэр нөлөөлөв?

-Японд байгаа өмнөд монголчууд эрх чөлөөнийхөө төлөө идэвхтэй үйл ажиллагаа явуулсаар ирсэн. БНХАУ-д зах зээл нэлээд төлөвшсөн үе буюу 1990-ээд онд өмнөд монголчууд олноороо Япон руу явж эхэлсэн. Тэгээд үндэсний эрх чөлөөний төлөө дуугарч тэмцэж, янз бүрийн зохион байгуулалтад орж эхэлсэн. Эхлээд Японы иргэний хөдөлгөөнийхөнтэй, дараа нь улстөрчидтэй хамтран ажилласан. Олон жил тэмцэж зүтгэж, асуудлаа ойлгуулсан энэ хүмүүсийн гавьяа зүтгэл их.

Бид бүхнийг ойлгож дэмждэг япончуудын гавьяа зүтгэл ч их. Мөн Монгол Улсын ахан дүүс маань бид бүхнийг ойлгуулахад маш их үүрэг гүйцэтгэдэг. 2020 оны намар ар монгол ахан дүүс минь Өмнөд Монголын төлөө түрхрэн босож, самсаа шархируулж, зүрх сэтгэл уярааж байлаа. Төрсөн ахан дүүтэй байхын сайхныг мэдэрч байлаа. Энэрэнгүй хүмүүнлэг сэтгэлт эрхэм хүмүүст талархаж явдгаа илэрхийлье.

-Урьд улс орнууд өндөр хэмжээнд өмнөд монголчуудыг дэмжиж байсангүй гэж та хэллээ. Гэтэл Төвөд, Шинжааны асуудлыг эртнээс дэмжсэн. Яагаад өмнөд монголчуудыг дэмжиж байгаагүй вэ?

-Төвөд хүмүүс Хятадын түрэмгийллээс зугтаж, Энэтхэг, бусад улс руу эртнээс олноороо гарч чадсан. Энэтхэгт гэхэд 100.000 байна, Дээд Дарамсалаа гээд хот үүсгээд сууж байна, Делид төвөд хороолол байна. Уйгуруудыг дэлхийн түрэг улсууд чөлөөтэй хүлээн авч байсан, хилийн цаана төвөдүүдээс хэд дахин олуулаа шүү. Энэ нь шууд нөлөө үзүүлсэн. Бас тэдэнд Далай лам, Ребия Кадыр гээд хүчтэй удирдагчид байна, тэд бас шашинлаг. Энэ нь мөн их нөлөөтэй.

Өмнөд монголчууд 1990-ээд оноос л гадагшаа гарч эхэлсэн, гадаадад түм гаруй. Бүгд зөвшөөрч биширсэн хүчтэй удирдагчийн тал дээр бол асуудалтай, бас шашинлаг биш, эв нэгдэл хангалтгүй гэх үү дээ.

Мөн олон улсын байдал их нөлөөлнө. Төвөдүүд хүйтэн дайны үед асуудлаа дэлхийд ойлгуулсан. Тэгвэл уйгурууд асуудлаа ойлгуулах гэж их хүчин чармайлт гаргаад гаргаад, хүссэн үр дүндээ төдийлөн хүрэхгүй байсан. Худалдааны дайн л тэдний асуудлыг ойлгоход их нөлөө боллоо шүү дээ. 2019 онд АНУ-ын Конгресс уйгурын асуудлаар шийдвэр гаргасан. Харьцангуй богино хугацааны дараа буюу гурван жилийн дараа бид Японы парламент өмнөд монголчуудын асуудлаар шийдвэр гаргасанд баясаж сууна.

-Эв нэгдлээ бэхжүүлэх тал дээр ямар алхам хийж байна вэ?

-Өмнөд монголчуудын нам холбоод эвлэлдэн нэгдэх асуудал олон удаа тавигдсан. Тархай бутархай болохоор хүч нөлөө муутай. Энд тэнд хүн бүр туг босгосноос, нэгэн тугийн дор олон хүн байвал өөр шүү дээ. Мөн Японы улстөрчид чухам хэнтэй нь хамтран ажиллах вэ, хэнд нь итгэх вэ, хэнд нь туслах вэ гэдгээ мэдэхгүй байх тохиолдол гарч байсан.

Ингээд 2016 онд Өмнөд Монголын нам холбоод нэгдэж, Өмнөд Монголын Их Хуралдайг байгуулсан. Хуралдай маань түүнээс хойш олон арга хэлбэрээр тэмцлээ.

Японы парламентын саяны шийдвэртэй холбоотой ярья. 2019 онд АНУ-ын Конгресс уйгуруудын асуудлаар шийдвэр гаргангуут, бид тус Конгресст “манай талаар мөн шийдвэр гаргаач, лобби бүлэг байгуулаач” гэж захидал бичиж, захидлаа нийтэлсэн. Үүнтэйгээ зэрэгцээд Японы парламентад мөн тэгж хандсан.

Жилийн өмнө Уэно, Нагао нарын парламентын гишүүд Японы парламентад Өмнөд Монголыг дэмжих лобби бүлгийг байгуулж байсан бол сая сайхан шийдвэр гарлаа. Шийдвэрийг Японы парламентын доод танхим буюу Төлөөлөгчдийн танхим гаргасан. Энэ танхим илүү эрх мэдэлтэй. Японы Либерал ардчилсан намын зүтгэлтнүүд эртнээс биднийг дэмжиж ирсэнд талархаж явдаг. Хамтран шийдвэр гаргасан бусад намуудад ч талархаж байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Хөгжлийн банк, ЖДҮ зэрэг хэрэг явдал хуульгүй, эсвэл хуулийг эс хэрэгсдэгээс л үүдэлтэй

2019 онд ЖДҮ гэх нэршил манай улс төр, нийгмийг бүхэлд нь доргиосон. Өндөр албан тушаал, эрх мэдэл, мэдээлэлд ойр байдлаа урвуулан ашиглаж УИХ-ын 16 гишүүн, гурван сайд, нэг дэд сайд тэргүүтэй улс төрийн хүрээнийхэн жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэмждэг сангаас ямар ч шалгуур нөхцөлгүйгээр гарын үсэг төдийхнөөр л өөрсдийн компанидаа тэрбум тэрбумаар нь зээл авчихсан байсан нь илэрсэн. Гэтэл бантсан гишүүд хулгай нь илрэнгүүт тэр дор нь “Буцаагаад зээлээ төлчихлөө шүү, хөөш. Сүртэй ш дээ” гэж дуу дуугаа аван мэдэгдэж, нүдний булай болж байсан даг. ЖДҮ-г дандаа сайд, гишүүд, дарга нар нь аваад байсан учир жинхэнэ үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчид юу ч хүртдэггүй байснаа тэр үед л өнгөтөөр харсан даа. Гэтэл ЖДҮ-гийн шуугиан намжаад удаагүй байтал араас нь Хөгжлийн банкнаас дарга, улстөрчид тэрбум тэрбумаар нь зээл аваад эргүүлж төлөөгүй учир шүүхэд шилжсэн нь, тун болохгүй бол тэр их өр төлбөр, зээлийг Засгийн газар төлнө дөө гэх шуугиан сошиалаар түгсэнд ард түмэн маш ихээр дургүйцэж байна.

Монгол Улсын Хөгжлийн банк банкны хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, улмаар төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулж буй нэр бүхий 26 чанаргүй зээлдэгчийг нэгдүгээр сарын 20-нд зарласан. Уг банк үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах тэргүүлэх салбаруудад хэрэгжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, импортыг орлох, экспортын орлогыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилготой гэх боловч дээрх 26 зээлдэгчийн жинхэнэ эздээс нь харвал юуных нь тэргүүлэх салбар байх вэ дээ гэмээр дүр зураг гарсан билээ. Анх зээл авахдаа хэлж байснаасаа тэс өөр зүйлд зээлийг зориулалт бусаар ашигласан, санаатайгаар зээл төлөхөөс зайлсхийсэн, эргэн төлөлт хийгээгүй 26 компанийг шүүхэд өгч, 841 тэрбум төгрөгийн нэхэмжлэлийг гаргасан бөгөөд ихэнх нь чанаргүй зээлдэгч гэх нэр зүүгээд шүүхийн шатанд яваа юм. Ер нь Монголд ямар зээлдэгч ийм том толгойтой байх вэ. Мэдээж сайд, дарга нар, нөлөө бүхий улстөрч эзэн, артай компаниуд шүү дээ. Улстөрч, нөлөө бүхий дарга, эрх мэдэлтнүүд ЖДҮДС-г цөлмөсөн шиг нэр нөлөө бүхий хүмүүс Хөгжлийн банкны хэвийн үйл ажиллагааг 50 гаруй хувьтай болтол нь доройтуулж зээл авсанд олон нийт дургүйцэх ч багадаад жигшиж байна. Ард түмэн яагаад тэдэнд дургүйцэв гэхээр ард түмнээс илүү боломж, бололцоо, эрх мэдэлтэй мөртлөө мэдээлэлд ойр байдлаа ашиглаж татвар төлөгчдийн мөнгийг сүйтгэж байгаад нь л зэвүүцэн шударга ёсыг нэхээд байгаа юм.

Тухайн үедээ ЖДҮ-д нэр холбогдсон өндөр албан тушаалтнуудад арга хэмжээ авахчаа аядсан. Дахиж нэр дэвшихийг нь болиулсан ухаантай. Ийм арга хэмжээ ч гэж юу байхав дээ. Энэ удаад Хөгжлийн банкнаас зээл авч, чанаргүй зээлдэгч гэх гуншин зүүгээд байгаа хүмүүсийн нэр илчлэгдэж, ид шуугиан дэгдээж байна. МАН-ынхан мөн л ярьдгаараа “Эдэнд арга хэмжээ авна” л гэх байх. Яаж арга хэмжээ авахыг нь харж л байя.

Гэтэл дараагийн сонгуулиар бүрдсэн парламентын гишүүд бусадтайгаа нийлээд дахиад л татвар төлөгчдийн мөнгийг ингэж нийлж идсээр байх юм уу, яах юм. Үе үеийн эрх баригчид улсыг ийн тонон дээрэмдсээр л байх юм уу. Тэгээд тухайн үедээ шуугианыг намжаах гэж “Арга хэмжээ авсан” болоод өнгөрөөгөөд байх уу. Ийм тасралтгүй хулгай үеийн үед Монголын төрд үргэлжлэх болж байна уу? Үүнд ямар хариулт байна вэ?

Тавган дээрх үнэгүй хоолыг иддэг нь хүн төрөлхтөн, хүний жам юм. Бололцооны бэлэн олзыг зүгээр орхиод явдаг хүн тун ховор. “Та ийм зээл авах боломжтой, хүү нь ийм бага. Ингээд л зүгээр авчихдаг юм. Олуулаа ингээд зээлчихээр яваандаа чанаргүй зээл болгоод хэрэгсэхгүй болгуулаад зээл тань танд үлдэнэ. Их ашигтай шүү. Энэ зээлийг улс төрийн дэмжлэгээр түвэггүй авчихдаг юм аа” гэхээр аль ч намд байгаа хэн ч тэр бэлэн зээл авахыг л бодно. Ийм хулгайг зогсоохгүй бол байн байн давтагдаад байх уу, үе үеийн эрх баригчид хулгайчдын толгойг илсээр яваад байх юм уу. Энэ бүхнээс яаж ангижрах вэ. Ямар хувилбар байна вэ?

Арга хэмжээг хэнд авав гэхээс илүүтэй яагаад ийм үйл явдал байсхийгээд гараад байна вэ гэдэг уг шалтгааныг нь эхэлж олох ёстой.

Гол нь, хуульгүйг далимдуулж ийм хэргүүдийг бүлэглэн, хүч түрэмгийлж хийдэг. Эрх мэдлээ ашиглаж, бүлэглэж, үгсэж, улс төрийн дэмжлэгээр улсаас их хэмжээний зээл авч болохгүй гэсэн тодорхой хууль байдаггүй. Харин хууль хийсэн нэрээр энд тэндхийн хуульд бүдэгхэн, бадагхан оруулга маягаар хавчуулж хийсэн зүйл, заалт мэр сэр дурдагдаж л байдаг. Эрх мэдлээ урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулж болохгүй гэдэг эрхбиш ганц нэг зүйл заалт байгаа байх гэж горьдож байна. Хэрэв тийм зүйл байгаа бол түүнийгээ буюу хуулийг үл хэрэгссэнээс л энэ бүх хэрэг гараад байгаа юм.

Уг нь “Төрийн албаны бүхий л үйл ажиллагаанд Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн сахина” гэж эх хуульдаа заачихсан байгаа. Мөн Төрийн албаны тухай хуульд “Төрийн албаны эрхэм зорилго нь Монгол Улсын

Үндсэн хууль, бусад хуулийг чандлан баримталж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан ард түмэндээ үйлчилж, төрд чин үнэнчээр зүтгэхэд оршино” гэчихсэн байгаа. Гэтэл төрд байгаа эрх мэдэлтнүүд өөрийн давуу байдлаа ашиглаж ингэж зээл авах нь хууль бус. Хууль бусыг нь мэдсээр байж улсад хохирол учруулж байгаа нь хуулиуд, Үндсэн хуулийг юман чинээ ч үл тоож, сүрдэхгүй байгаатай холбоотой л доо.

Тиймээс төрд, татвар төлөгчдийн мөнгөнд хулгай давтамжтайгаар орж байгаа энэ үйл явдлуудыг таслан зогсоохын тулд хууль, эрх зүйн орчныг нь яаралтай бүрдүүлэх цаг нь болсон. Ёс зүйн код ч юмуу, хууль зүйн талаас нь ийм үйлдэл гаргуулахгүйн тулд төрийн албан хаагчдад зориулсан тусдаа хууль хэрэгтэй байна.

Улс төрийн эрх мэдэл, нэр нөлөөгөө ашиглаж, өөрийн нөлөөллийн хувийн компаниуддаа төр, татвар төлөгчдийн мөнгөнөөс зээл олгодгийг хориглодог болох хэрэгтэй. Аж ахуй эрхэлдэг бол тэрийгээ л хий. Улс төр хөөдөг бол улс төрөөрөө л дагна. Улс төрд оччихоод амин хувийн эрх ашиг, компани, аж ахуйгаа үргэлжлүүлнэ гэдэг бол үнэхээр шударга бус.

Татвар төлөгчдийн мөнгөнөөс зээл авч байгаа дарга, сайд, гишүүдэд ажил хийнэ, юм бүтээнэ гэсэн өчүүхэн ч сэтгэхүй байдаггүй. Улстөрчдийн бизнесмэнүүдээс ялгагддаг гол ялгаа нь ердөө энэ. Харин бизнес эрхлэгчид зээл авбал юм хийнэ, юм бүтээнэ, ажлын байр нэмэгдүүлнэ, үйлдвэрээ өргөжүүлнэ гэж харьцангуй ирээдүйтэй, зорилготой зүйл рүү чиглэдэг. Улс төрийхөн бол ажил хийх талаар юу ярихаа ч мэддэггүй. Зээл нэрээр хулгай хийхдээ л гаргууд, тэр талдаа бүлсэг. Зээл авч байгаа хүмүүсийг улс төрийнхөн ба бизнес эрхлэгчид гэж ялгаж салгаж зааглаж, цаад эздийг нь илрүүлж байх жишиг тогтоох хэрэгтэй. Төрд нүүрлэсэн хулгайг таслан зогсооё, хулгайн энэ тасралтгүй үргэлжилсэн гинжин холбоог тасалъя гэвэл төрийн албан хаагчдын ёс зүйг заасан хуультай болох хэрэгтэй байна. Хуульгүй, хууль байлаа ч эс хэрэгсээд байвал Хөгжлийн банк, ЖДҮ зэрэг иймэрхүү төрлийн, өндөр мөнгөн дүнтэй хэргүүд гарсаар л байх болно

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Чойжамц: Цагаан сар бол монголчууд дөнгөж өчигдөр эхэлсэн түүхтэй ард түмэн биш гэдгийг гэрчилдэг чухал баяр

XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх усан бар жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан Монголын Бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн, Хичээнгүй зүтгэлт, Хамба Номун Хан Д.Чойжамцтай ярилцлаа.


-“Буян үйлдэгч” хэмээх бар жил ирлээ. Та нийт лам хуваргуудаа төлөөлж, монголчууд, сүсэгтэн олондоо Цагаан сарын мэндчилгээ дэвшүүлнэ үү?

-XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх усан бар жил гарч байна. Их сайхан бэлгэ дэмбэрэлтэй нэртэй жил. Зурхайгаар жилүүдэд олон ёгт нэр байдаг. Сайн, муу янз бүрийн ёгт нэртэй. Тэрэн дотроос энэ жил “Буян үйлдэгч” гэсэн ийм сайхан нэртэй жил гарч байна. Дөрвөн хүчтэний нэг нь бар гэж монголчууд хэзээнээсээ л бэлгэшээж, хүчтэй, хүч лугаа төгөлдөр хэмээн бэлгэддэг ийм амьтны нэрээр нэрлэгдсэн жил гарч байна. Сайхан жил гарч байна. Цагаан сарын амар мэндийг айлтгаж, хотлоороо сайхан шинэлээрэй гэж ерөөе.

-Айлчлан ирж буй бар жилийн өнгө ямар байгаа вэ. Бар жилд хүн ард юунд анхаарвал зохилтой вэ?

-Жилийн өнгийг монголчууд болоод дэлхий нийтээрээ ирээдүйгээ мэдэх гэж шинждэг.

Өнгөрсөн цагийг бид бүхэн мэддэг. Одоо үргэлжилж буй цаг бол бидэнд мэдэгдээд явж байгаа. Гэтэл ирээдүй мэдэгддэггүй. Тийм учраас хүн төрөлхтөн, оюун ухаант хүн төрөлхтний хувьд ирээдүйгээ мэдэх юмсан гэсэн эрмэлзэл дүүрэн. Энэ бол дэлхий нийтээрээ ийм хандлагатай байжээ.

Ялангуяа Азийн оронд, Араб, Энэтхэг болоод Хятад, Төвөд, Монгол тэргүүтэй ийм өргөн дэлгэр нутагт эртнээсээ эхэлж өөрийн болон улс орныхоо ирээдүй, байгаль дэлхий маань ямар байх бол гэж одон орон, тоо бодлого, зурхай зэрэг шинжлэх ухаанаар төлөөлөн бодож үздэг байжээ. Ийм зүйл дээр үндэслэн тухайн ард түмэн өөрсдийнхөө ирээдүйг ямар нэгэн хэмжээгээр зурж, жилдээ жилийнхээ зурлагыг хийж үздэг. Үүгээр өнөө жилийн зурлага ямархуу гарч байна вэ гэхээр, ерөнхийгөөрөө улирлын эхэн үедээ жаахан бороо, хур овоо байх янзтай боловч хүйтэндүү бороотой, салхи савиртай тийм байх болов уу гэмээр. Тийм учраас хүйтэн сэрүүнээс хамгаалсан байдал баймаар юм байна даа гэсэн зүйл байна.

Тариа ногоо сайхан ургах маягтай. Гэхдээ сэрүүн мөндөр зэрэг элдэв юмнаас харгалзаж үзэж байх хэрэгтэй байх гэсэн ийм анхааруулга байгаа юм шиг харагдаж байгаа. Дээрээс нь хүн ардынхаа хувьд бол настай хүнд жаахан бэрх, залуучуудад нэлээд сайн жил гарна аа. Хүн ардын хувьд ерөнхий нийтээрээ улс орны хэмжээнд сайхан жаргалтай байх учраас жаргалтай байна. Гэхдээ өөрсдөө хичээвэл ямар ч зурлага гарсан бай өөрчилж болдог газар даа. Тийм учраас хичээх хэрэгтэй юм. Дээрээс нь Монголын ард түмэн төр засаг, удирдлага руугаа анхааралтай байх хэрэгтэй болов уу. Сүүлийн нэлээд хэдэн жилийн зурлагад иймэрхүү маягийн төсөөлөл гараад байгаа юм. Тэгэхээр үүн дээр ард түмнийхээ төлөө уриалгахан, зөөлөн, ард түмнийхээ хэл үгийг дуулсан, хариуг нь дор нь барьж, үйл хэрэг болгосон ийм байвал эв зохицлоо олно гэсэн үг. Залуучууд, ард иргэд ч засаг төрөө хүндэтгэж, хийж байгаа ажлыг нь үнэлж сурах хэрэгтэй. Энэ их сайхан ажлууд явж байна, Оюу толгойгоос эхлүүлээд өчнөөн төчнөөн ололт амжилт олж байна, хойно Оросоос газ урагшаа татаж байгаа энэ ажил байна. Энэ мэтээр маш олон ажил хөдөлж байна. Засаг төрийнхөө ажлыг ойлгож, ухаарч мэдрэх хэрэгтэй юм болов уу гэж боддог. Ер нь сүүлийн хэдэн жилд монголчууд дэлхий дээр байхгүй ухаан гаргалаа. Засаг төрдөө баяртай байгаа. Яагаад вэ гэвэл, аливаа орон шиг их хэмжээгээр мөнгө өгч чадаагүй ч энэ тахлын үед орон сууцны төлбөр, цахилгаанаар нь дэмжээд өгчихсөн. Энэ бол бүх ард түмэнд хүрсэн. Хэрвээ гэр бүлд хэн нэг нь эрх мэдэл өндөртэй, мөнгө үрэмтгий бол тэр хүний гарт бүх мөнгө очвол гэр бүлийн бусад гишүүд юу ч хүртэхгүй, тэр мөнгө нь гоёл, гангараанд үрэгдээд л алга болж магад, архи тамхи болоод алга болж магад. Тэгэхэд засаг төрийн энэ цэцэн бодлогоор бүх ард түмэн гэртээ халуун дулаан сууж чадлаа. Тог цахилгааны мөнгөө төлцгөөсөнгүй. Бага орлоготой байсан хэдий ч бид өлсөж цангалгүй, ихэнх нь гайгүйшүү яваа нь сайхан бодлогын үр дүн гэж ойлгож байгаа. Тийм учраас бид ч гэсэн энэ засаг төр, улс орноо удирдаж яваа улсуудыг ойлгож мэдрэх, буруу зүйлийг нь шүүмжилж, зөв сайхан зүйлийг нь дэмжиж явбал хоорондоо эвтэй, түнжинтэй байна. Бид эвтэй байхын хэрээр энэ улс орон үргэлж урагшилж хөгжинө өө. Хамгийн гол анхаарах зүйл бол хоорондоо эвтэй байх, гэр бүлдээ эвтэй байх, албан байгууллагадаа эвтэй байх, улс орондоо эвтэй байх. Бие биенээ ойлгож мэдрэх, шүүмжлэлийг зөвөөр нь хүлээж аваад, дор нь засч ажил хэрэг болгож байх. Энэ бүгд л бидэнд хамгийн их чухал болж байна уу даа гэсэн юм зурхайн төлөвөөр гарч байгаа нь санаанд орж байна.

Бурхан багш “Чи өөрөө өөрийнхөө аврал шүү” гэж айлдсан юм байгаа. Тийм учраас өөрийн хичээл зүтгэл гэдэг хүнд хамгийн чухал зүйл байгаа юм. Ямар ч гэсэн сургууль, соёл, боловсрол бидэнд бусдаас хамааралтайгаа олдож байгаа боловчиг өөрөө зүтгэл гаргаад, гэр орондоо коронагийн үед зүгээр суухгүй боловсролдоо анхаарч, эрдэм номоо үзэж, аав ээж зэрэг мэддэг чаддаг хүнээрээ заалгаад байвал бас л болох учиртай. Мэдлэгээ олж авч, сайн сайхан болж байгаа хүмүүс зөндөө байна. Нөгөө талд сургууль хаагдсан юм чинь гээд хичээл номоо хаячихсан, боловсролоор хоцорч байгаа хүмүүс ч байна. Тийм болохоор ер нь хувь хүнээс их хамаарч байгаа юм байна шүү гэдгийг анхаарч үзүүштэй байгаа юм. Ер нь энэ коронагийн хоёр жил бидэнд маш олон зүйлийг сануулсан. Нүүдэлчин амьдрал бол бие даалт ихтэй. Тээр тэнд байгаа мал руугаа өөрөө л морио унаад явна, хэдэн хоногоор, өдөр шөнөгүй явна. Байгаль дэлхийд тийм бие даалттай, юунаас ч айхгүй, олон хоног морьтой ингэж явахдаа айл олдвол орж хоол унд идэж унтчихаад цааш эрлээ үргэлжлүүлдэг ч юм уу иймэрхүү маягийн, нэлээд бие даалттай байсан. Гэтэл энэ байдал нь олон нийтийн дунд бужигнасаар байгаад ганцаараа ч гарахад бэрхтэй, харанхуйд ч ганцаараа гарахаас айдаг, ганцаараа явж чаддаггүй ч юмуу, дандаа ард нь юм болдог ийм байдал ажиглагддаг. Энэ корона бол бидэнд биеэ даах сургууль маягтай боллоо гэж бодож байна.

-Магадгүй. Их олон зүйл дээр сургамж өглөө?

-Олон нийтийн дунд очоод наргиж, тургиад л, бүжиглээд наадаад л, баар шааранд яваад л, өөрийгөө нэг ч уйдаахгүй тухайтад цагаа баахан хэрэггүй юманд үрж үрж өнгөрөөдөг. Тийм юмнуудаа гоё гэж бодож байсан бол хорвоо дээр өөр цаг хугацаа бас ирдэг юм байна шүү гэдгийг бидэнд ойлгууллаа. Гэрээсээ гарч болдоггүй, наргиж тургиж болдоггүй, бусад хүмүүстэй нийлээд өчнөөн төчнөөнөөрөө амралт зугаалганд явж болдоггүй ийм үе ирэхээр бидэнд хорвоо дээр бас өөр янзын оршин тогтнол байж байдаг юм байна шүү дээ гэдэг ийм ухааныг өглөө. Гэртээ байхдаа эхнэр, нөхрүүд хоорондоо зохицлоо олох гэж зүдэрсэн. Дараа нь үр хүүхэдтэйгээ зохицох гэж үзлээ. Бүгд өглөө ажил, сургууль руугаа яваад орой ирээд хоолоо идчихээд л унтчихдаг. Бүгд нэг нэгнээ мэдээд байгаа юм шиг боловч нийгмийн дунд явж байгаад бүгдээрээ өөр өөр араншин төрх, өөр өөр хэвшил авчихсан байсан. Тийм учраас гэр бүлийн тэр зохицол гэдэг юмыг бий болгох гэж коронагийн эхэн үед нэлээд зүдэрцгээлээ. Түүнээс болж хэрүүл тэмцэл, биенээ дээрэлхэх юм гарч байгаад сүүл рүүгээ хүн төрөлхтний явж ирсэн хэдэн мянган жилийн амьдрал бидэнд буцаж хүрч ирээд дорхноо эв зохицлоо олоод хоёр жилийг түүртэхгүй даваад, сүүлдээ гэр бүлүүд сайхан боллоо шүү дээ. Зарим нь чөлөөт цагаараа эргэл мөргөл хийдэг, биеийн тамир хийдэг, гэртээ янз бүрийн бясалгал бүтээл хийж сэтгэлээ тогтоох зэргээр олон сайхан үйлийг хийдэг болцгоолоо. Энэ бүхэн хорвоо ертөнц үргэлж ганцхан чигээрээ байдаггүй юм шүү гэдгийг ойлгууллаа. Гадаад, дотоодын орнуудад сууж байгаа улсууд ч гэсэн “Эх орон шиг хэрэгтэй юм хаа байхав” гэдэг ойлголтыг авлаа. Мөн эцсийн бүлэгтээ хамгийн халдвартай, хэцүү өвчинг тусаад ирэхийн цагтаа ерөөсөө л гадны хүнийг хажигладаг юм байна шүү дээ.

-Дэлхийн хаана ч тийм ажээ.

-Ялангуяа тэр корона дэлгэрсэн гэж үздэг газруудыг хажиглаад, гудамжинд ч явуулахгүй, тэдэнтэй ижилхэн зүс царайтай улсуудыг тэгж хавчиж, шахаж эхэлж байгаа нь ч эцсийн бүлэгтээ яагаад ч юм Монгол оронтой хүйн холбоотой, монгол хүнд “Энэ Монгол гэдэг эх орондоо байхад хэн нь ч ирээд хөөж чадахгүй” гэдэг бахархал төрж байгаа юм. Миний эх орон, яаж ч шоронд орлоо гэсэн Монгол Улсаас хасаад хаячихдаггүй тийм газар нь Монгол юм байна даа гэж ойлгогдож, эх орноо хайрлах сэтгэл бас маш олон хүнд үүслээ. Энэ бол их сайхан боллоо гэж боддог.

Боловсролын чиглэлд мэдлэгийг голлоод явчихсан. Бид янз бүрийн мэргэжилтэй, мэргэжилтнүүд бэлдэж чадсаан. Гэтэл бид юуг хаячихсан байсан бэ гэхээр ёс суртахуун гэдэг том зүйлийг хаячихсан байсан. Тийм учраас их, дээд сургууль төгсөж диплом авсан эрдэмтэн болно гэсэн ч ёс суртахуунтай нийлж чадаагүй. Тэндээс хичнээн мундаг төгссөн мөртлөө хээл хахууль авдаг ч юм уу, бусармаг зүйл хийх, улс орны мөнгөөр гадаад дотоодод тоглодог ч юм уу, янз бүрийн буруу үйл явдалд орооцолддог. Тэдний их, дээд сургууль төгссөн диплом байна уу, байна. Зөндөө мэдлэг бий юү, бий. Яагаад, юугаар дутаад тийм бусармаг зүйл хийв гэхээр ёс суртахууны мэдлэгийг олгоогүй. Бидний уламжлалд юу байсан бэ гэхээр ёс суртахуун-мэдлэг хоёрыг хослуулж явж байсан. Ёс суртахуун дээр тогтсон мэдлэг хүн ардад жинхэнэ хэрэгтэй болдог юм аа гэдгийг бидний өвөг эцэг зааж ирсэн байдаг. Тийм учраас ёс суртахуун гэдэг юмыг гарцаагүй хэрэглэх хэрэгтэй байна. Үүнийг дэлхий даяараа ойлгож эхэлж байна. Ялангуяа Далай багшийн сүүлийн үед хэлж байгаа ёс суртахууны сургаал номууд нигүүсэл, энэрэл, хайр, бие биенээ хайрлаж чаддаг, өршөөж, уучилж чаддаг уужуу ухааныг төлөвшүүлэхийн төлөө дэлхийгээр явсан олон жил явсан хөдөлмөрийн үр дүнд АНУ, Энэтхэг гээд олон орны ерөнхий боловсролын сургуулиудад Далай багшийн энэрэл, нигүүсэл, хайр, өршөөл, ёс зүйн хичээлүүд ордог болж байна, бясалгалууд ордог болж байна. Хүүхдүүдээр бясалгал хийлгэхэд зан ааш нь яаж сайхан засарч байна вэ. Хичээл эхлэхийн өмнө бясалгачихаад хичээлдээ ордог сургуулиуд маш олноороо бий болж байна. Үүнийг уламжлал дээр нэгэнт тогтсон байдаг учир гарцаагүй бид хэрэгжүүлэх ёстой болжээ. Бидэнд юу дутуу байна вэ? Ёс суртахуун л дутуу байна. Бусад нь бидэнд бүгд бий болж болж байна. Сайхан мэдлэгтэй, сайхан боловсролтой, гадаад дотоодод төгссөн өчнөөн сайхан залуучууд байна. Одоо бидэнд энэ мэдлэгийг ёс суртахуунжуулах л хамгийн чухал зүйл болоод байна. Энэ бол гарцаагүй боловсролын байгууллагуудын анхаарах ёстой зүйл юм даа гэж бодож байгаа.

-Ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрт бясалгалын хичээл оруулах талаар сүүлийн үед эцэг эхчүүд, сүсэгтнүүдийн зүгээс санал их гарах болсон нь цаг нь иржээ гэж бодогдохоор л юм?

-Тусгай цагтайгаар оруулах хэрэгтэй. Сурах бичгүүдийг нь лам хар гэлтгүй, энэ соёлоо мэддэг л байвал ямар ч насны хүмүүстэй хамтарч хийх ёстой. Монгол бол олон зууны турш Буддист байсан. Цаад тал нь 2000 жил, наад тал нь Чингисийн үе, дунд үеийн дэлгэрэлт. Сүүлчийн дэлгэрэлт нь Манжид дагаар орохоос өмнөх 100 жил. Ингэж Монгол оронд Бурханы шашин дэлгэрч байсан. Шашин гэдэг бол тухайн ард түмний оюун сэтгэхүй болоод хүлээж авах уран чадвар, элдэв юмнаас хамаарч тухайн ард түмний сонголт байдаг. Тийм учраас Буддын шашиныг гурав, дөрөв сонгож шүтэж ирсэн ард түмэн байна. Буддын шашин бол ёс суртахуун, мэдлэгийн салбарт

гайхамшигтай шашин. XXI зууны Бурханы шашинтан хүн гэдэг бол орчин үеийн шинжлэх ухаан, технологийн ололт, орчин үеийн бичиг, үсгийн боловсролыг бүгдийг нь эзэмшсэний дээрээс Бурханыхаа шашны сургаалыг маш өндөр мэдсэн байх ийм шаардлагатай байгаа юм. Энгийн улсуудад зориулж хэлэхэд, энгийн сүсэгтнүүдэд хэлэхэд ёсзүйн талын мэдлэгүүдийг маш өндөр сахих хэрэгтэй байгаа. “Би Бурханы шашинтан хүн” гэдэг төдийгөөр биш, хурал ном айлддаг төдийгөөр биш, тэр бол сайн л даа. Энэ бүхэн бол шашны тогтсон үйл мөн үү гэвэл мөн. Үүнээс гадна сургаалийг нь амьдралдаа авч хэрэглэх. Арван хар нүгэл, арван цагаан буян гэдэг. Эд нарын утгыг нь олж, амьдралдаа хэрэгжүүлэх ийм шаардлага байгаа юм. Нүгэл, буян гэдгийг орчин үеийн залуучууд юу гэж ойлгоод байна вэ гэхээр нэг тийм хуучирсан маягтай байна. Хүн төрөлхтөн оршиж байхад буян, нүгэл гэдэг зүйл хэзээ ч хуучрахгүй. Нүгэл гэж юуг товчхондоо хэлээд байна вэ гэхээр, миний эрх чөлөөг өөрөөс минь булааж авч байгаа зүйлийг л нүгэл гэж хэлнэ. Хүн алах, хулгай хийх, авилга хээл хахууль буюу өгөөгүйг авах, гэр бүлээс гадуур харилцаа үүсгэх. Энэ бүгд чинь юуг дагуулдаг вэ гэхээр, энэ бүгдийг л хийхээр гэр бүл салж сарнина, шорон оронд орно, цаазын ял хүртэл авч байгаа. Надад байгаа тансаг сайхан эрх чөлөө болгоныг үгүй хийдэг зүйлийг нүгэл гэнэ. Хэлээр хийдэг нүгэл болох хараах, зүхэх, дэмий чалчих, хов, ширүүн үг энэ бүхэн чинь таныг энэ ертөнц дээр хүнээр хүндлүүлж, хүн шиг сайхан амьдрах боломжийг бусниулж байгаа юм шүү дээ. Хүн рүү муухай үг шидлээ л бол хариуд нь тэр үгнээсээ ч муухай доромжлолын хариу үг дуулна.

Хүнийг сайхан үгээр тайвшруулаад, амар мэндийг нь мэдээд сайхан үг ярихтай зэрэг цаад хүн нь ч сайхан тайвшраад “Сайн байна уу, сонин сайхан их үү” гэхээр “Сайн сайн, миний хүү хаашаа явж байна” гэдэг. Харин эсрэгээрээ “Муу туучий өчигдөр уулзана гэчихээд яасан бэ” гээд хар яр гэвэл өөдөөс нь “Хуц” гээд хэрэлдэж байна билээ, улсууд. Миний амнаас гарч байгаа муухай үг гэдэг бол миний бусдаар хүндлүүлж, бусадтай хамтарч сайн сайхан амьдрах амьдралыг бусниулаад хаячихаж байгаа учраас нүгэл гэж байгаа юм. Сэтгэл ч мөн ялгаа байхгүй. Бие, хэлийн нүгэл бол сэтгэлийн бодогдсон муу чанараас гардаг. Хомхой сэтгэл, хорлох сэтгэл, буруу үзлээс гардаг. Энэ бүгд бол харилцан шүтэлцээтэй. Өөрийн амьдралыг эрх чөлөөтэй болгодог арван цагаан буяныг хийж, амьтны амь таслахгүй, өгөөгүйг авахгүй, гэр бүлийн цэвэр цэмцгэр байдлаа хамгаалах, хэлээр үйлддэг дээр дурдсан нүглүүдийг цээрлэж, хомхой, хорлох сэтгэл, буруу үзлийг тэвчиж, хамгийн зөв, шинжлэх ухаанч, ертөнцийн зөв үзлийг авбал зөв үзэл дээр зөв бодол ирдэг, зөв бодол дээр зөв үйлдэл, зөв яриа үүсдэг. Тэгэхтэй зэрэг хамгийн гол юм бол буруу үзэл. Буруу үзэл тогтоод ирэхээр л буруу яриад эхэлдэг. Буруу юм сэтгээд, буруу тийшээ явдаг.

-Бидэнд зөв амьдрах амьдралын суурь зөв үзэл, уламжлал байгаа учраас жаргалтай амьдрах уг нь амархан бололтой юм?

-Жаргалтай сайхан амьдралын суурийг бид хийж чадна. Бидний өвөг дээдэс ингэж л ирсэн. XX зууны эхэн үед хэдүйгээр материаллаг хөгжил энэ Монгол оронд байгаагүй ч, дорой байсан ч монголчууд хоорондоо алалцаж, хядалцаж, өнөөгийнх шиг хулгай зэлгий байсангүй шүү дээ. Хааяа нэг тийм юм гарвал, тэр хүнийг айлд ороод гарахад нь араас нь сан тавьдаг, хошуугаараа тэр хүнээс жигтэйхэн их цэрвэдэг тийм байж шүү дээ. Хулгай гэж байсангүй. Сайн эр гэж гарч, зуд зурхан болоод ард түмэн тарчлаад байхад алс холын нутгаас адуу мал хөөж ирж байснаас биш доншуур хулгай ер нь бараг байгаагүй гэдэг шүү дээ. Тэгэхээр бид ёс суртахууны хувьд эцэг өвгөдийнхөө үед сайхан байсан удаатай юм. Одоо бол бид тэгж чадна гэж ингэж л найдаж байдаг даа.

-Сайхан сургаал айлдсанд гялайлаа. Цагаан сарын баярыг яагаад тэмдэглэх ёстой талаар сүүлийн үед маргалдах боллоо л доо. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?

-За, шинэ жил гарч байна. Битүүндээ сайхан ёс уламжлалаа үйлдээд, шинийн нэгний өдрөө баярлаж, цэнгэдэг Цагаан сарын баяр гэдэг бол монголчуудын хамгийн чухал баяруудын нэг юм. Монголчуудын олон зууны турш тэмдэглэж ирсэн, түүхийн гэрч болдог баяр. Хоёрдугаарт, монголчууд дөнгөж өчигдөр эхэлсэн түүхтэй ард түмэн биш юм аа гэдгийг гэрчилдэг баяр. Зун наадмаа үзээд, цагаан эсгийн дээгүүр Монгол Улсын Ерөнхийлөгч монгол дээл, малгайгаа өмсөөд алхаж үг хэлэхэд нь ажигласан л даа. Стадионд сууж байсан гадна, дотны өчнөөн төчнөөн зочид “1921 онд эднүүс чинь дөнгөж тусгаар тогтнож байсан билүү дээ” гэж бодож байтал нь есөн хөлт цагаан сүлд ороод ирэхээр “Энэ юу вэ” гээд эргэлзээд эхэлцгээдэг. Тэгтэл Чингисийн маягтай хувцасласан Монгол Улсын Ерөнхийлөгч цагаан эсгий дээгүүр явж очоод үг хэлэнгүүт 800 жилээр Монголын түүхийг урагш нь татчихаж байгаа харагддаг. “Энэ бол 1921 оны улс биш байна. Эднүүд чинь асар их уламжлалтай, эртний улс юм байна шүү дээ” гэдгийг харуулдаг. Тийм учраас зан заншил, соёл гэдэг бол Монголын ард түмний түүхийг хэдэн зуунаар урагш нь аваачдаг. Дээрээс нь монгол дархлааг бий болгодог. Үр хүүхдүүд нь монгол дээлээ өмсчихсөн, малгайгаа тавьчихсан, аав ээжийнхээ тохойг түшиж золгодог. Цаашдаа олон зууны турш ингэж золгоод байвал Монгол хүний дархлаа улам батжина. Хаана ч байдаггүй соёл бидэнд байдаг шүү гэдгийг гадны жуулчид ирж үздэг шүү дээ.

Бид энэ сайхан баяруудаараа монгол хүний эртний түүхийг санагдуулдаг, Монголын уламжлал, зан заншлыг улам сэргээдэг, бүгд монгол дээлтэй монгол болчихсон хичнээн гоё байдаг билээ. Гоё гоё хоргой, торгоор дээл хийгээд гэр гэртээ өмсчихсөн, ямар ч гоё зохидог юм. Соёлоо ингэж сэргээж байгааг хоёр талаас нь хараад байгаа. Нэг нь баяр, нөгөө тал нь уламжлалаа сэргээж байна гэдэг. Хятад дурдан бүсийг хоёр, гурав бүслээд л ураад хаячихна. Тэр сайхан уламжлалт, мөнгөлчихсөн бүс бол энэ насандаа эдлээд үр хүүхдүүд нь эдлээд, тэрний ач зээ нь эдлээд “Өвөөгийн минь бүс байгаа юм. Миний өвөө гайгүй хүн байсан шиг байгаа юм. Урлагийн бүтээл гэмээр юм хэрэглэдэг байжээ” гэж эд хөрөнгө болж үр хүүхдэд нь өвлөгдөж байгаа тийм болтол нь хөгжүүлж байхад нь тэрнийг нь ад үзээд “Нэг их том данхайсан бүс бүсэллээ” гээд эхэлдэг. Энэ бол даяарчлагдаж байгаа ертөнцөд өв бүтээж, түүнийгээ үр хүүхдэдээ өвлүүлнэ гэдэг монголчууд Монголыг монголоор нь үр хүүхдэдээ өвлүүлж үлдээж байгаатай яг адилхан юм. Бид ажилтай болоодохвол юу гээд л ингээд гудамжиндаа маргалдаад сууж байхав. Ажилтай хүн завгүй болно, мөнгөтэй болно. Хөдөлмөртэй хүн чинь бахархмаар шүү дээ.

Та бүхэндээ урт настай, удаан жаргалтай, өвчин зовлонгүй, барцадгүй мэнд сууж, эд таваар элбэг дэлбэг, үр хүүхэд өнөр өтгөн, ажил хөдөлмөр нь улам дээшээ байх өлзийтэй сайхан ерөөлийг дэвшүүлье ээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Бар нь Азид хүч чадлыг, Европт харгислал, шуургыг бэлгэддэг

Бар ба монголчууд

Монголчууд бар жилийг ерөнхийдөө эр, хатуу жил хэмээдэг. Айлчлан ирж буй усан бар жилийн хувьд “Сайжруулагч”, “Буян үйлдэгч” гэсэн хоёр ёгт нэртэй байна.

Сайжруулагч хэмээх усан бар жилд эд баялаг төгөлдөр, хүмүүн жаргалтай гэсэн сайн үр гарч байгааг зурхайч, лам нар тодотгоод буй.

Харин “Монгол зурхай буюу хүн судлал” номонд тэмдэглэсэн “Жаран жилийн үр”-д “Буян үйлдэгч” хэмээх усан бар жилд “Алт мөнгө элбэг болох, хүмүүн жаргаюу” хэмээн бичиж үлдээжээ. Юутай ч ёгт нэрсийн талаас нь харвал ирж буй бар жил зөөлөн, сайн, ээлтэй бололтой.

Гэхдээ бар жилд дэлхийн түүхэнд улс төр, олон улсын байдалд томоохон үйл явдал, цочрол болж байсныг сануулах нь зөв байх.

1914 онд Сараевод эрцгерцог Франц Фердинанд болон түүний эхнэр алагдсан. Уг явдал дэлхийн нэгдүгээр дайн эхлэх гол шалтгаан болсон гэж үздэг. 1950 онд Солонгост дайн эхлэв. Мөн Хятад Түвдэд дайран орсон билээ. 1962 онд Карибын хямрал болсон. ЗХУ Кубад буюу яг АНУ-ын хажууд цөмийн цэнэгт пуужингуудаа байрлуулсан бөгөөд энэ явдал дэлхийн гуравдугаар дайныг эхлүүлэхээ дөхсөн байдаг. ЗХУ-д цаазаар авах ялыг сэргээв. Тухайн жил дэлхий дахинд арьс өнгөөр ялгаварлах, үндсэрхэг үзлийн чиглэлийн жагсаал, цуглаан гаарч байжээ. Олон оронд төр, засаг солигдов. Милитаризм хүчирхэгжиж, АНУ устөрөгчийн бөмбөг хийх ажилд орж, ЗХУ цөмийн зэвсэгтэй орон болсноо зарласан юм. 1986 онд дэлхий дахиныг цочоосон Чернобылийн атомын цахилгаан станцын дэлбэрэлт болов. “Адмирал Нахимов” усан онгоц осолдож, 400 хүн амиа алдсан харамсалтай үйл явдал болов. АНУ-ын сансрын “Челленжер” хөлөг онгоц дэлбэрч долоон сансрын нисэгч амь үрэгдсэн. Мөн тухайн жил ЗХУ-д Горбачевын өөрчлөн байгуулалт, шинэчлэлт хүчээ авав. Арванхоёрдугаар сард нь Алма-Атад оюутан залуусын бослого гарч, цэргийн хүчээр дарж байжээ. 1998 онд манай ардчилсан хөдөлгөөний лидер С.Зориг бусдад хэрцгийгээр алуулав. Үүнээс харахад бар жил тийм ч “зөөлөн” биш ч юм шиг байгаа биз. Эсвэл ерөнхий шинжийг нь эерүүлэх гэж, бэлгэдлээ бодож зурхайчид “Сайжруулагч”, “Буян үйлдэгч” гэж зөөллөн ёгтолж, хатуу шинжийг нь дарах гэсэн хоосон чанарын хариулга ч байж мэдэх юм.

Бар бол азиудын хувьд хүч чадал, эр зоригийн бэлгэдэл л дээ. Ямар сайндаа үсрэнгүй хөгжсөн орнуудаа “Азийн бар улс” гэж өргөмжлөх вэ дээ. Монголчууд гэрт нь бар жилтэй нэг хүн байхад их сайн гэдэг. Яагаад вэ гэхээр “Бар жил үнэхээр хүчтэй, хийморьтой жил. Бар жилтнүүд орон гэрээ хулгайчаас, худалч хуурамч хүмүүсээс, гал түймрийн болон гэнэтийн осол аваараас байнга хамгаалж явдаг” гэж хэлдэг. Үүнийг баталъя гэвэл Онцгой байдлын газрынхан ахуйн түймэр гарсан айлуудад судалгаа хийж тухайн гал гарсан айлд бар жилтэй хүн байсан эсэх, гал гарах үед бар жилтэй хүн байгаагүйг нотлоход л тодорхой болчихно л доо.

Бар жилтэй хүн бол тууштай, эр зоригтой, эрэмгий, төрөлхийн болохгүй, бүтэхгүй бүхний эсрэг тэмцдэг зан чанартай. Удирдах, зохион байгуулах гайхалтай авьяастай,бүтээлч хүмүүс бөгөөд насаараа гэр бүлийнхээ сайн сайхны төлөө явахаар зориулагдсан, программчлагдсан байдаг гэж манай монголчууд ярьдаг юм байна.

Бар гэж ямар амьтан бэ?

Барын жин 320 кг хүрэх нь бий. Энэ үзүүлэлтээрээ бар нь баавгайн дараа орох нь. Барын арьсан дээрх эрээн зурааснууд бол хүний хурууны хээтэй адил. Дахин давтагдашгүй судлууд юм. Барууд халуун орон, Саванна, хойд тайга, цөл, хээр тал, ууланд ч амьдрах чадвартай. Барыг устгадаг, гол дайсан бол хүн. Бар шар-хар өнгөнөөс гадна алтлаг, цагаан, цэнхэрдүү, хардуу ч зүстэй байдаг. Энэ нь мутацийн үр дүн юм. Цагаан бар бол альбинос биш. Ойртож харвал үл мэдэг хар судлуудтай. Бар ямар ч температуртай усанд гайхалтай сэлдэг. Тэд 60 км/ цагийн хурдтай давхиж, 10 метр хол үсэрч чаддаг. Маш хүчтэй эрүүтэй учир найман см-ийн урттай соёогоороо үхлийн хазалт хийдэг. Бар амьдардаг газрын бусад ан амьтад маш аймхай байдаг учир түүнтэй хэн ч идэш хоолыг нь булаацалддаггүй болохоор нэг дор 20-30 кг мах айвуу тайвуу залгичихдаг. Барын хүчтэй архиралт зарим жижиг амьтдад саажилт үзүүлдэг болохыг тогтоожээ. Бар махчин ч гэлээ амин дэмийн нөөц бүрдүүлэхийн тулд ургамал, жимсээр хооллодог. Бар, баавгай хоёр тулалдахад бар дандаа ялдаг.

Британийн анчин Жим Корбетт 21 жилийн хугацаанд хүн иддэг 19 бар, 14 ирвэсийг устгасан байдаг. Учир нь муу анчдын шархдуулсан бар, ирвэс хүн рүү дайрч, улмаар хүний маханд шунаснаар хүний махан идэштэн болдог. АНУ-д 12 мянган бар айлуудад гэрийн тэжээвэр амьтан шиг амьдарч байна. Тэндхийн 31 мужид барыг гэртээ тэжээхийг зөвшөөрдөг. Хятадууд барын бүх эд, эрхтэн, үс, ноос, хялгас бүр сахлаар нь хүртэл эм хийчихсэн.

Барын бэлгэдэл зүй

Арслантай холбоотой ихэнх бэлгэдлийг баруудад ашигладаг. Барын бэлгэдэл нь хүч чадал, цэргийн эр зориг, Хаан гэсэн утгатай. Мөн барыг ид шидтэй хэмээн үзэж анагаах ухаанд эд, эрхтэнийг нь өргөн ашигладаг байж. Барын чандрын үнс, ялангуяа яс шүдний өвчин болон бусад олон өвчнийг эмчлэхэд ашигладаг. Хинду шашинд барын арьс нь Шива бурханы суудал учраас ариун гэж тооцогддог.

Зарим оронд барыг аймшиггүй, тууштай амьтан гэж үздэг тул статус, зэрэглэл, байр суурийг илэрхийлдэг гэдэг утгаар нь шүтдэг.

Уугуул америкчууд ба барын бэлгэдэл

Барын эд, эрхтэн, арьсыг мөн л эдгээх зан үйл, ёслол, сайн ургац хураах, амжилттай ан хийхэд дом болгож ашигладаг. Америкийн уугуул иргэдийн ашигладаг хэд, хэдэн тотемуудын нэг нь бар болон пума. Хүч чадал, эр зориг, хүсэл тэмүүллийг илэрхийлдэг бөгөөд үнэн, шударга ёс, шударга байдлын төлөө зогсох бэлгэдэлтэй. Уугуул америкчуудын хувьд бар нь манлайлал, биеийн хүч чадлыг илэрхийлдэг. Мөн зөн совин, мэдрэмтгий сонсгол, шөнийн хурц хараатай учир барууны соёлд бар нь сүнсийг сахигч гэгддэг.

Дорнынхон бар

Дорно дахинд барыг гоо үзэсгэлэн ба хүч чадлын хослол гэж үздэг. 5000 жилийн өмнө оршин тогтнож байсан Индусын хөндийн соёл иргэншлийн үеийн агуйгаас барын сийлбэр олдож байжээ. Дараа нь Хинду шашинд бар шингэж, зарим эмэгтэй бурхадын унаа болжээ. Хятадад барын толгойн тэмдэглэгээ нь “Хаан” гэсэн утгатай “Ванг” гэсэн хятад ханзтай төстэй. Тийм учраас бар жилд төрсөн хүүхдүүдийг эр зориг, хүч чадалтай хэмээн духан дээр нь тусгай зосоор тэмдэглэгээ тавьдаг байжээ. Хятад төдийгүй азичууд бар жилд төрийн эргэлт гарах юм уу, төрийн толгойд суух хаан, эзэн өөрчлөгддөг, эрх мэдлийн төлөөх тэмцэл, олон нийтийг хамарсан жагсаал, тэмцэл, цус урсгасан үйл явдал болно гэж үздэг байжээ. Мөн шударга ёсны төлөөх тэмцэгчид бар жилд гарч ирдэг гэж таамагладаг юм байна.

1988 онд БНСУ-д болсон олимпийн логонд барыг дүрсэлсэн байдаг. 1970-аад онд устах аюулд ороод байсан барыг аврахын тулд Энэтхэг улс арсланг бараар сольж, үндэсний хэмжээний амьтан болгож зарлаж байжээ. Пакистанд сөрөг хүчний нам нь хүчтэй болохын тулд барыг намынхаа бэлгэ тэмдэг болгож байжээ. Япон, Хятадын шаазан урлалд бар хэзээ ч ганцаараа байдаггүй бөгөөд хулсан ойд байгаагаар дүрслэгддэг. Хятадад барыг харанхуй, шинэ сарын бэлгэдэл төдийгүй дайны бэлгэ тэмдэг, дээд тушаалын жанжинг илэрхийлдэг гэж үзэх нь бий.

Бар ба Христ

Бар бол уур хилэн, харгислалын бэлгэ тэмдэг. Их Британи дахь эртний Христийн тэмдэглэлд барыг нэг төрлийн эрээн могой гэж тодорхойлсон байдаг аж. Египетэд бар болон түүнтэй төстэй араатнуудыг “Устгагч” гэж үзэж, Осирисын алуурчдыг төлөөлдөг гэж ярилцдаг байжээ. Бар, ирвэс нь могойн дүрээр дүрслэгдсэн Сэтийн бэлгэдэл юм. Библид барын тухай дурдаагүй ч сүнслэг байдлын хувьд эрх мэдэл, хааны эрх мэдэл, тансаг байдлыг бэлгэддэг бөгөөд газар нутгийг эрхшээж, эрч хүчийг сэргээдэг гэж үзэж иржээ.

Бар Селтикийн бэлгэдэл

Бар архирах нь хүчтэй, салхи шуурганы шинж. Ирландад бар нь улс төрийг илэрхийлдэг. 1995-2007 оны хооронд Ирланд улсыг Селтик бар гэж нэрлэж байсан үе ч бий. Тус улс эдгээр жилүүдэд эдийн засгийн хурдацтай өсөлттэй байжээ.

Европын хойд хэсгээр хэрвээ бар хүнийг идвэл сүнсийг нь бас авдаг гэж ярьдаг. Зарим нутгийнхан нь барыг ариун амьтан, хадны эзэн гэж тахин шүтдэг. Европын яруу найрагчид барыг зэрлэг зангаараа дарс, хайр дурлалтай адил гэж зүйрлэдэг байжээ.

Африк ба бар

Африкчууд барыг ирвэс, ягуар, коугар, арслан, пума зэрэг том мууруудтайгаа адилтган бэлгэддэг. Ихэнх овог аймгуудад барыг эмэгтэй хүний хүчний бэлгэдэл гэж үздэг. Бар нь Африкт харгислал, гоо үзэсгэлэн, хурдыг бэлгэддэг. Нөгөө талдаа бар нь үхэл, амьдрал, бузар муу, сүйрлийг төлөөлдөг аж. Африкийн ардын аман зохиолд Гана, болон баруун хэсгийн орнуудад бар болон том муурнуудын тухай олон үлгэр бий. Африкийн бөөнүүд өөрсдийгөө барын биед ордог гэж ярьдаг. Африкчууд гамшгаас хамгаалах, амьдралыг сэргээх, газрын үржил шимийг нэмэгдүүлэхийн тулд бар болон бусад том муурнуудыг шүтэж иржээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

УИХ-ын гишүүд ярилцлага өгөх үүрэгтэй

УИХ-ын гишүүд сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгдөггүй, зугтдаг, илт тээршаадаг хандлагатай болчихоод байна. Үүнийг зөвхөн “Өдрийн сонин” дээр судалгаа хийхэд тоо, хувь, нэр устайгаа гараад ирлээ. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Д.Ганбат, Ж.Бат-Эрдэнэ, Д.Өнөрболор, О.Цогтгэрэл, Г.Дамдинням, Ц.Мөнхцэцэг, Х.Ганхуяг, Т.Доржханд, Т.Энхтүвшин, С.Чинзориг, Н.Ганибал, Ч.Ундрам, Б.Пүрэвдорж, С.Бямбацогт зэрэг гишүүн бол хэвлэл мэдээлэл, “Өдрийн сонин”-д нээлттэй ханддаг юм байна. Гэтэл эдний нөгөө талд огт ярилцлага өгдөггүй, хэвлэлийнхнийг биедээ ойртуулдаггүй, “Ярилцлага өгмөөргүй байна”, “Хүсэхгүй байна”, “Хэвлэлд дургүй”, “Тэгж байгаад ярилцлага өгье”, “Юу ярихаа мэдэхгүй байна” гэж бултаж аргацаадаг гишүүд байна. УИХ-ын гишүүд яагаад хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгөх дургүй болчихов оо?

УИХ-ын гишүүд бол УИХ, байнгын хороод дээр ямар хууль хэлэлцэгдэж байгаа, хэлэлцүүлэг нь ямар шатанд яваа, ямар хууль батлагдав, цаашид төр засаг ямар бодлого барих гэж байгаа талаар байнгын ярьж байх, иргэд, сонсогчдодоо мэдээлэл өгч байх үүрэгтэй. Гэтэл сүүлийн үед гишүүд туслахаараа хөтлүүлдэг фэйсүүк хуудас төдийхнөөрөө алдаг оног ганц хоёр модон хэллэгтэй юм постлуулж, амьд байгаагаа мэдэгдэх шахуу юм байцгаадаг болж. Тэрийг нь тоож хардаг хүн амьтан гэж юу байхав. Одооны гишүүд сонгуулиар гарч ирэхдээ бага хувиар сонгогдсоныг ч хэлэх үү, дээрээс нь албан ёсны, мэргэжлийн түвшний хэвлэл мэдээллийн байгууллагаас хол, зугтаасан байдалтай болчихоор ажил хийж байгаа эсэхийг нь ард түмэн, сонгогчид нь яаж мэдэх болж байна вэ. Иймээс гишүүд, ард түмний хооронд холбоос гэж юм байхгүй болчихлоо. Уг нь төрийн түшээдийг ард түмэнтэй холбодог гүүр нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл. Гэтэл дуу хураагуур, микрофон, тэмдэглэлийн дэвтэр барьсан сэтгүүлч, сурвалжлагч харагдав уу, үгүй юү мэндийн зөрүүгүй зугтаадаг. Ярилцлага, тодруулга өгөхгүй, завгүй байна гэж явуут дундаа хэлэх буюу зарим нь ил цагаан дув дуугүй араасаа сэтгүүлчдийг гүйлгээд байдаг. Ямар сайндаа “Заригийн Өнөрөө” гэж сэтгүүлчид гарч ирэх вэ дээ. Гишүүдийн араас хар эрчээрээ, хөлийн хурдаараа гүйж байж амнаас нь таван үг унагадаг. Уг нь бол гүйгээд байх ямар ч шаардлагагүй. Сэтгүүлчтэй уулзлаа, хэд гурван үг хэлчихээд л яваад өгөх асуудал. Гэтэл бүр зугтаадаг жишиг хэдийнэ тогтчихсон. Тэрийг нь шинэ гишүүд нь тэгэх ёстой мэт ойлгоод бас зугтаад, сэтгүүлчид рүү нүдний булангаараа хялайдаг. Хэрэв ингэж зугтах байсан бол эрхэм УИХ-ын гишүүд ээ, та нар ард түмэнд “Та бүхний нүд, чих болъё. Та нарынхаа дуу хоолой болъё” гэж хэлж сонгогдох ямар хэрэг байсан юм бэ? Ард түмэнд мэдээлэл өгөх, юу хийж байгаагаа мэдэгдэх дургүй юм бол гишүүнээсээ татгалзацгаа!

Гишүүд ингэж хэвлэл мэдээллийн хэрэгслээс дөлж, зугтдаг асуудалд УИХ-ын дарга Г.Занданшатар анхаар, УИХ-ын Тамгын газар нь ч наадуулдаа зөвлөгөө, зөвлөмж өг. Яаж ярилцлага өгдгийг хэл. Засгийн газар, намын дарга нь ч гишүүддээ “Ард түмэндээ ажлаа ярьж сур” гэж үүрэг өгч баймаар юм. УИХ-ын гишүүдээс гадна төрийн сайдууд гэж сэтгүүлч байтугай ямар ч хүн хавьтах, ойртохын аргагүй олон давхар хамгаалалттай. Хуучин бол сайдуудтай хаана ч таарсан салбарынх нь бодлогыг яриулаад болчихдог л байлаа. Сайдууд сэтгүүлчдийн ажилд их хүндэтгэлтэй хандаж, элэгсэг харьцдаг байсан шүү. Төрийн ордонд байнга шахуу тааралдана, сэтгүүлчидтэй өдөр тутам нүүр тулдаг тул бэргээд байдаггүй л байсансан. Одоо бол аль ч яаманд очиход үүднээсээ эхлүүлээд төрийн өндөр хамгаалалт тавьчихсан. Орохын эцэсгүй. Өчнөөн төчнөөн албан бичиг үйлдүүлж, утас шөрмөсөөр ярьж, гуйж гувшиж байж нэг уулзахаар аль хэдийнэ өөрсдөө бэлдээд зэхчихсэн гэмээр бэлэн ярилцлага сарвайдаг.

Сайд, гишүүд яагаад ч юм хэвлэлд ярилцлага өгөхийгөө өөрсөд рүүгээ, хувь хүн рүү нь хандсан үйлдэл гэж том андуураад байна. Өөрийг нь л баалах гэж байна, шүүмжлэх гэж байна гэж ойлгодог болцгоочихсон. Ийм л буруу ойлголт, хандлагатай гишүүдтэй болчихлоо. Ийм байж болохгүй ээ. УИХ-ын гишүүн бол жирийн нэг иргэнээс анги. Шүүмжлэлт сэдвээр ч та ярилцлага өгч байх хэрэгтэй. Юу хийж байгаагаа ил тод ярьж байх ёстой. Ард түмэн бид чинь та нарыг “Удирд” хэмээн дундаасаа сонгож гаргасан. Сонгож гаргачихаад та нарыг юу хийж байгааг, юу хэлж буйг мэдэхгүй байвал та нар шиг хүмүүсээр өөрсдийгөө төлөөлүүлээд яах юм бэ, тийм биз дээ.

УИХ-ын гишүүд, сайдууд хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчдээс бүх мэдээллээ нууцалдгаас болж энэ их авлига, албан тушаалын хэргүүд, идсэн уусан гэсэн хэл ам, УИХ-ын 76 үхэр, мал гэсэн зүхсэн яриа гарч байгаа юм. УИХ-ын гишүүн гэхээр өөрийгөө эрхэмсэг амьтан гээд бодчихдог. Гишүүн гуай та эрхэмсэг амьтан ерөөсөө биш шүү. Ард түмний төлөөлөл, хатуугаар хэлбэл ард түмний зарц. Ард түмэн хэвлэлийнхэнд хандаж “Манай гишүүн юу хийж байна, яагаад таг болов. Юу хийж байгааг нь та нар гаргаач ээ” гэж асууж, шаарддаг. Хэвлэл мэдээллийн байгууллагуудтай харилцаа сайтай, сэтгүүлчдийн ажлыг ойлгож, дэмждэг, хамтран ажилладаг гишүүд нь олон нийтэд ажил хийж байгаа мэт, хууль батлалцахад хувь нэмрээ илүү оруулж байгаа мэт харагддаг. Харин нөгөөдүүл нь болохоор зугтаад байдаг болохоор хаана, юу хийж байгааг нь хэн ч мэдэхгүй өнгөрөөд байдаг ийм хоёр талтай зүйл ажиглагдаад байна. Ийм зөрүүтэй байдал ялангуяа энэ парламентын гишүүдэд илүүтэй ажиглагдаад байна. Иргэд, ард түмэн гэхэд л өөрийнхөө тойргийн, өөрсдөө гаргасан гишүүнээ нэг муу юм таниад байгаа юм. Бусад гишүүн, зарим гишүүнийг таних нь бүү хэл нэг ч хараагүй байх нь ч бий. Танигдаагүй гишүүн энэ УИХ-ын чуулганд дүүрэн байна. “Энэ хэн билээ, ийм гишүүн байдаг билүү” гэж гайхаж асуумаар гишүүд байна билээ. Хоёр жил болох гэж байхад ард түмэн нь огт таньдаггүй гишүүн байна гэхээр тэд олон нийтээс ямар их нууцлаг байгаа нь харагдана. Хуучин цагт юм дуугардаггүй, олонд танигдаагүй ийм сул гишүүдийг “Хэлгүй Королиа” гэдэг байсан. Ийм Королианууд энэ чуулганд ч дүүрэн сууж байна. “Өдрийн сонин” дээр хийсэн дээрх судалгаанаас харахад өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 76 гишүүнээс 30 гаруй нь ганц ч удаа ярилцлага өгч байгаагүй байх юм. Б.Энх-Амгалан, Ж.Мөнхбат, Д.Батлут, Б.Саранчимэг, Ц.Мөнх-Оргил, Ж.Сүхбаатар зэрэг гишүүдийг энд дурдаж болох нь. Зарим нь “Би хэвлэлд дургүй”, “Би юу ярихаа мэдэхгүй байна”, “Би хэвлэл мэдээллийн хэрэгслийг чухал гэж тоодоггүй” гэж ойшоогоогүй ч тохиолдол байна. “Хэвлэл мэдээллийг ойшоодоггүй” гэж томорч байгаа нь үнэндээ ойшоохгүй байгаадаа биш л дээ. УИХ-ын гишүүд ажлаа хийдэггүй, үүргээ мэддэггүй, яах гэж УИХ-д сууж байгаагаа ч ойлгодоггүйгээ нуух гэж ингэж худал хэлдэг юм.

Гишүүд ярилцлага өгч байх ёстой. Ярьж бай. Засгийн газар ажиллаж л байгаа бол эд нараа хэлд оруул. УИХ-ын Тамгын газар нь ч дахин дахин шаард.

Хэлэлцэж буй, хэлэлцсэн хуулиудаа мэддэггүй гишүүн гэж баймааргүй л санагдах юм. Гишүүн болгон хуулиа ярьж, тайлбарлаж байх ёстой. Одооны УИХ-ын гишүүд маш дорой, бүрэг байна. Тийм гэдгээ худлаа их зангаар халхалсан мэдлэггүй гишүүн ч олон байна.

Энэ бүгдээс харахад дараагийн сонгуульд олонхын санал авсан хүчтэй гишүүн хэрэгтэй юм байна шүү. Манай сонгуулийн энэ тогтолцоо болохгүй байх шиг. Францын мажоритар тогтолцоо бол хоёрыг үлдээгээд, тэр хоёроо дахин өрсөлдүүлээд нэгийг нь гаргаж ирдэг. Манайд бол арай илүү санал авсан нь л тэнгэрийн умдаг атгасан мэт гараад ирдэг. Зарим тойрогт 20 мянган сонгогчдын найм, есөн мянгаас нь л санал авчихад гишүүн болчихож байгаа юм. Тэгвэл Францын дээрх мажоритар нь хамгийн их санал авсан хоёрыг нь дахин өрсөлдүүлж, нэгийг нь сонгодог нь олон хүнээс санал авч гарсан, олон хүнд танигдсан болгодог юм билээ. Иймэрхүү маягаар сонгуулиа явуулдаг юм уу, пропорцианаль руу ордог ч юмуу ямар нэгэн өөрчлөлт хийхгүй бол Төрийн ордноор дүүрэн хэлгүй гишүүд учраа олохгүй гүйгээд байна.

Улстөрч бол ярьж байх ёстой. Яг энэ гол ажлаа хийхгүй байгаа учраас төр засаг, УИХ-ын нэр хүнд монголчуудын дунд маш их уначихсан. Муу байгаагийн жишээ бол төв хэвлэлдээ огт ярилцлага өгч үзээгүй дээр дурдсан нэр бүхий гишүүд тэргүүтэй 30 гаруй гишүүн юм. Бүтэн парламентын гишүүдийн бараг тал нь юу ч ярихгүй байгаа нь энэ парламент 50 хувийн чадамжтай л явж байна гэж харахаас өөр яах юм бэ.

Categories
мэдээ нийгэм

“Хүйс толгойн бичээс 1420 жил” олон улсын эрдэм шинжилгээний хурал болов

“Хүйс толгойн бичээс 1420 жил” олон улсын эрдэм шинжилгээний цахим хурал энэ сарын 15-нд болж өндөрлөлөө.

Монгол Улсын Хэлний Бодлогын Үндэсний Зөвлөл, Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэн, Монгол Брахми бичгийн олон улсын нийгэмлэгээс хамтран зохион байгуулсан уг хуралд таван орны 12 эрдэмтэн илтгэл тавьж, 40 гаруй эрдэмтэн, судлаач сонсогчоор оролцлоо. Уг хурлыг Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга, Шинжлэх ухааны доктор, профессор, ардын багш С.Дулам нээж үг хэлсэн бол ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Г.Эрэгзэн хуралд оролцогчдод мэндчилгээ дэвшүүлэв.
Хурлын даргаар С.Дулам багш, чиглүүлэгчээр Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын албаны гадаад харилцааны мэргэжилтэн, доктор А.Мөнхцэцэг нар тус тус ажиллалаа.
Доктор А.Мөнхцэцэгийн “ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамжийн олон улсын бүртгэл”-д “Хүйс толгойн бичээс-1″-ийг нэр дэвшүүлэх ажлын явц”, доктор, профессор С.Дуламын “Хүйс толгойн бичээст буй зарим үг хэллэгийн соёл бэлгэдлийн утгыг мөшгөх нь”, Монгол-брахми бичгийн олон улсын нийгэмлэгийн тэргүүн, доктор Солонгод Хурцбаатарын “Хүйс толгойн бичээсийн хэлзүйн судалгаа”, доктор, дэд профессор Ю.Болдбаатарын “Хүйс толгойг тайлга, тахилгын газар орноор сонгосон учир холбогдлын тухайд” зэрэг сонирхолтой илтгэл хэлэлцүүлэгдлээ.
Монгол-Брахми бичгийн судалгааны ажил хүчээ авч, судлаач, эрдэмтэд, төрийн бус байгууллагууд уг бичигт анхаарал хандуулж эхэлсэн нь хурлаас анзаарагдлаа. Одоогоор уг бичгийг Солонгод Хурцбаатар багш ойролцоогоор 80 гаруй эрдэмтэн, судлаач, хэлний багш нарт заасан бөгөөд энэ чиглэлээр цуврал найман ном, сурах бичиг хэвлүүлээд байгаа юм байна.
Судлаачид “Монголын бичиг үсгийн түүхийг урагшлуулсан монгол-брахми бичгийг бид нарийвчлан судалж, түгээх нь чухал болоод байна. Цаашлаад 2023 онд ЮНЕСКО-д бүртгүүлэхийн тулд энэ чиглэлээр ажилладаг хүн бүр идэвхийлэн ажиллах хэрэгтэй” гэж байлаа.
Одоогоор ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж хөтөлбөр”-ийн өвийн жагсаалтад Монгол Улсаас “Лу алтан товч”, “Монгол шунхан Данжуур”, “Есөн эрдэнийн Ганжуур”, “Данжуурын гэрэлт хөшөө”, “Сахиусан Дара эх”, “Мэргэд гарахын орон нэр томъёоны толь бичгийн модон бар” гэсэн өвүүд бүртгэлтэй юм байна.