Categories
мэдээ цаг-үе

Гэндэндарамын ЭРДЭНЭБАТ: Би багадаа дуулахаас илүү бүжиглэдэг хүүхэд байлаа

Хөгжим бүжгийн коллежийн захирал, Монгол Улсын гавьяат жүжигчин Гэндэндарамын Эрдэнэбаттай ярилцлаа. Ерэн оны шилжилтийн эхэн үеийг сонгодог урлагийн мэргэшсэн уран бүтээлчид хэрхэн даван туулж байсан үйл явцыг нь сонирхлоо.

Ерэн оны шилжилтийн эхэн үед та сонгодог урлагийнхаа хажуугаар гэнэт зохиолын дуу дуулаад эхэлсэн. Үүгээрээ та уран бүтээлчийнхээ хувьд тухайн нийгэмтэйгээ яг ямар харилцаанд орсон юм бэ?

-Ер нь их сонин түүх шүү. Далан оны сүүлээс наяад оны сүүл хүртэл манай дуурийн урлагийн ид оргил үе байлаа. Театр далан хүнтэй балетын ангитай, гоцлол дууны анги нь дандаа Европт сурч төгсөж ирээд арваад жил ажиллачихсан жинхэнэ бяр нь амтагдсан улс байв. Оркестр гэхэд Ж.Чулуун, Ч.Жамсранжав гэсэн мундаг удирдаач нартай. Төр засаг ч хүчтэй хөрөнгө хаяж анхаарч байсан үе. Ухаандаа, тэнд ажиллаж байсан хүмүүс мэргэжилдээ сайн байх юм бол амьдралын баталгаа байна гэж харж байсан байна шүү дээ. Тэгээд нийгэм шилжээд хямраад ирэхийн даваан дээр хүмүүс юун тэр дуурь үзэхтэй манатай. Дуурийг нь үзэх хүнгүй болчихоор чинь тэнд хичнээн мундаг дуучид байгаад ч хэцүү биз. Тэгээд миний чадах юмнаас хүн юуг сонирхож байгаа юм бэ гэдгийг харж эхэлсэн. Ядарсан зүдэрсэн хямарсан хүмүүс чинь дуу хуураар сэтгэл санаагаа илааршуулж, бага ч гэсэн тайвшрал, итгэл үнэмшил авч байна шүү дээ. Тэгмэгц хөгжмийн зохиолчид ч, дуучид ч аятайхан дуу дуулчих юм сан, хүнд амархан хүрэх дуу хийх болсон. Хүнд амархан хүрээд амархан мартагддаг дуунууд. Хажуугаар нь мэргэжлийн хөгжмийн зохиолчид дуу зохиохгүй бол энэ үед амьдрахгүй юм байна шүү гэж ойлгох болсон. Гоё гоё хэлбэрийн дуунууд ч гарсан. Бараг дуу дуулдаггүй байсан манай театрынхан А.Долгор, Ч.Мөнхшүр, А.Энхтайван, Ж.Гантөмөр бид хэд Дуурийн театрт анх тэгж эхлүүлж байсан юм. Магадгүй манай театр хамгийн түрүүнд хаалгаа барьж мэдэхээр цаг байсан байхгүй юу. Тэгэхэд хаалгаа барьсан газар олон бий шүү дээ. Дуурийн театр яагаад оршин тогтноод байсан бэ гэхээр, хэдэн дуучид нь хүмүүсийн хүсч байсан дуунуудыг дуулж эхэлсэнтэй их холбоотой юм. Тэр маягаар бид театртаа янз янзын сайхан концерт зохион байгуулаад, хөдөө бригадаар яваад, очоогүй газар бараг үлдээгүй дээ.

Түүгээрээ та хэд театрт мөнгө олж ирдэг байсан гэлүү?

-Ид хямралтай байсан 1992 онд би уран бүтээлийн тоглолт хийхэд үзэгчид заал дүүрээд, сэтгэл нь хөдөлсөн хүмүүс тайзан дээр гарч ирээд хандив хүртэл өргөж байсныг бодоход тийм тоглолт ховор байж л дээ. Ерэн нэгэн онд байна уу даа. Театр цалингаа тавьж чадахаа болилоо гээд биднийг Сүхбаатар аймаг руу бригад томилоод автобусаар явууллаа. Социализмын үед театр болгон автобустай байлаа л даа. Тэр автобусаараа явлаа. Явахдаа жанжин Сүхбаатарт тоглодог гавьяат Дашнамжил гуайг бригадын даргаар авч явлаа. Тэр нь ч учиртай. Бензин ховор цаг. Бензинийг зөвхөн сум, аймгийн Засаг даргын цохолтоор өгдөг байв. Дэлгүүрт нь юу ч байхгүй. Тийм нөхцөлд хэн бидний хэдэн нусгайг тоохов дээ. Дашнамжил гуайг очиход бараг бензин гэж хэлээгүй байхад нь танд юу хэрэгтэй байна гээд асуудаг байхгүй юу. Харин тоглолтоо бид сайн менежмэнттэй хийсэн дээ. Очсон газар болгондоо өдөр нь хүүхдүүдэд зориулж үнэгүй тоглолт хийнэ. Манай театр дэргэдээ “Үүрийн туяа” гэдэг цахилгаан хөгжмийн хамтлагтай байсан юм. Дандаа мэргэжлийн хөгжимчид. Тэр үеийн хүүхдийн гоё гоё дуунуудыг бүгдийг нь дуулна. Маш сайн тоглож сэтгэлийг нь хөдөлгөөд, миний дүү нар одоо та нар гэртээ хариад аав ээж, ах эгч нартаа туслаад гэр орныхоо ажлыг сайн хийгээд, түлээгээ хөрөөдөөд хоол ундаа хийгээд ээж аав, ах эгч нарыгаа заавал тоглолт үзүүлээрэй гэдэг. Хариад ээж аавыгаа шалаад суучихдаг гэж байгаа юм. Заавал очиж үз гээд. Тэгээд ээж аав ах эгч нар нь орой ирдэг байхгүй юу. Эхлээд бид нар концерт тоглоно. Гайхалтай гоё концерт. Дараа нь жүжиг тоглоно. Лувсаншарав гуайн “Хожгор түшмэл”, “Хадам ээж” гээд бэсрэг дуурь. Тэрийгээ оркестрт биччихсэн очдог байв.

Оперетта юу?

-Тийм. Нэг нь гучин минутынх. Бригад ахалж яваа хүн маань хөгжмөө дагаад удирдана. Би тайз чимэглэлээ зохицуулчихна. Концерт нь дөрвөн төгрөг, жүжиг нь дөрвөн төгрөг, дараа нь нийтийн бүжиг бас дөрвөн төгрөгөөр явуулна. Ингээд аав ээж хоёроос тус бүр арван хоёр төгрөг, нэг айлаас хорин дөрвөн төгрөг авчихаж байгаа юм. Бараг шөнийн нэг хоёр цагт тардаг байсан юм. Хонох буудал байхгүй. Бид нэг тийм хөвөнтэй гэрийн дээвэр авч явдаг байв. Тэрийгээ клубийнхээ тайзан дээр дэлгээд мешок, хөнжил дүүгээгээ дэлгээд унтдаг. Тайзан дээр примуск зоогоод, тушёнк, гоймон пүрхийтэл буцалгаж идээд л явна. Тушёнк гоймон хоёроос өөр идэх юм тэр үед байгаагүй. Тийм маягаар явж хэдэн төгрөг цуглуулж ирдэг, түүгээр театр цалингаа тавьдаг байсан юм шүү.

Сумын улаан булангууд нь ямархуу дүр төрхтэй байв?

-Өө, хүнд байсан. Хүйтэн нойтон. Соёлын төвийн орон тоонууд нь байхгүй болж эхэлсэн үе. Эзэнгүй шахуу. Байвал видео л үзүүлдэг. Видео дөнгөж гарч ирж байсан цаг. Зарим газар видеогоо л үзүүлнэ гэсэн хүмүүс бас асуудал үүсгэнэ. Нэг удаа Сүхбаатар аймгийн Онгон суманд тоглолоо. Хажууд нь цэргийн анги нь байдаг. Сумын төв дээр тоглочихоод орой нь нийтийн бүжиг зарлачихаад байж байтал нөгөө хил манаж байгаа улс чинь манайд ирж бүжиг явуулаач гээд болдоггүй. Тэгэхээр нь шууд цэргийн ангид нь очоод бүжгээ явуулж байтал араас баахан залуучууд пижигнэж орж ирээд, офицеруудтай нь зодоон үүсгэж байв. Тушаал өгөхгүй болохоор цэргүүд хөдөлдөггүй юм билээ. Тийм л сонин, хэцүү хүнд үеийг бид туулж явсан. Ер нь бид яг хямралтай үед их сайн явсан шүү.

Ямар ямар дуунуудаа дуулж явав?

– Миний “Тэмээн сүргийн говь”, “Элбэрэл”,”Бишрэл”, “Гэргий” гэсэн дуунууд яг гарчихсан байсан үе. Бас бид нар хүмүүсийн дуртай “Нарлаг Монгол орон”, “Отгонтэнгэр уул минь”, тэр үед моод болж байсан “Алтан хавчаар”-ыг хүртэл, Монголын радиогоор явдаг байсан дуунуудыг хүний ч, өөрийн ч бай хамаагүй бүгдийг нь хамж дуулдаг байсан. Хүмүүсийн хамгийн их сонирхдог дуунуудыг л дуулна. Тэгэхгүй бол үзэхгүй шүү дээ. Нөгөө инээдмийн төрлийн бэсрэг жүжгүүдээдээрээс нь өөрсдөө фантаазлаад улам сонирхолтой болгоод тоглоно. Одоогийнхоор бол бараг хошин шог маягтай. Тэгэхдээ мэргэжлийн гол шугамаа алдахгүй симфони оркестрт бичээд аваад явж байгаа юм л даа. Манай Лувсаншарав гуай мундаг шүү. Тэр цаг үед яаж хүмүүсийг дуурь руу татах вэ гэдгийг олж хараад сонирхох төрөл хэлбэрийг нь хийчихсэн л байгаа юм.

А.Долгор гуайн дуунууд, таны дуунууд олонд илүү их түгж байлаа. Заримынх нь намтар түүхээс өнөө эргээд сонирхуулбал ямар вэ?

-Би их азтай. Яахав, бурхнаас заяасан жаахан сонсгол, авьяас байсан байх. Манай Өмнөдэлгэрийнхэн бол урлаг соёл, дуу хуураад тасрахгүй яваад байгаа юм. Тэр бол гайхамшигт Цэнхэрийн гол, Өндөрхаан уулс, манай тэр байгалийн орчин бас нөлөөлдөг байх. Тэндээс төрсөн алдартай уртын дуучид байна. Ямар нэг байдлаар дамжаад яваад байдаг уламжлал байна. Би багадаа дуулахаас илүү бүжиглэдэг хүүхэд байлаа. Аймгийн соёл урлагийн арав хоногт сонгогдож зургаан сарын бэлтгэл хийгээд Улаанбаатарт ирж тоглоно. Тэрэндээ ач холбогдол өгч Аймгийн намын хорооноос анхаарал хандуулаад бөөн юм болдог сон. Арваа төгслөө. Багшийн дээдийн дуулаачийн ангид шалгуулаад, ирээд Новикова гэдэг орос багшийн ангид хуваарилагдав. Дараа нь Хайдав багш дээр ирсэн. Манай Хайдав багш бол дуурийн дуулаачийнх нь урлагийг Монголдоо үндэслэсэн хүн шүү дээ. Бүр европ гэдэг хоч авах болтлоо зүтгэсэн хүн байхгүй юу. Энэ хүний ач буянаар би яаж дуучин болохыг төдийгүй яаж хүн байх юм, яаж хүнтэй харьцах юм, яаж зөв амьдрах юм тэр болгон нь өдөр бүхэн тэр хүнтэй хамт байсны хүчинд ахуй амьдралын хэвшил болтол суралцаад явчихдаг юм билээ. Багшийн дээдэд байхдаа Зөвлөлтөд болох Монголын соёлын өдрүүдэд орох болов. Дөрвөн оюутан шалгараад явж байгаа. Нэг муу нусгай оюутнууд “Россия” зочид буудалд байрлаад л, Большой театрын тайзан дээр нь алхаж үзээд л. Тэр улаан шугамных нь дотор дуртай нь алхдаггүй, дэлхийн бараг нэг хоёрт гэгддэг том тайз шүү дээ. Мэдээж, би бол эрэгтэйчүүдийн чуулга гэдэгт нь багтаад тэнд очиж байгаа хэрэг. Дуулах зам минь тэгж эхэлсэн юм. Их азтай, бас цаг үеэ олж тэр сургуульд орсон шиг байгаа юм, би. Тэр бол наян нэгэн он. Бид цаашаа Молдав энэ тэрээр яваад,хавар явсан улс зун долдугаар сарын эхээр ирсэн чинь Орос, Болгарт сургуульд явуулах элсэлт эхэлчихэж. Би орос хэлний шалгалтад нь тэнцээд, хэлний бэлтгэлгүйгээр Орос руу, Төмөр-Очир гээд нэг нөхөр маань хэлний бэлтгэлтэйгээр Болгар явсан.

Ер нь яаж дуулахаар дуу тэгтлээ олонд түгдэг, бас хуучирдаггүй юм бэ. Анх дуулж нийтэд түгээсэн дуу тань ямар дуу байдаг вэ?

-Дуу дуулах амаргүй л дээ. Дууны шүлгийн хаан Л.Дагвадорж гуайн шүлэг, Дондовын Цогтсайханы “Ээжийн сайхан хорвоо”гэж дуу бий. Энэ дууг би оюутны симфони оркестртой, улс тунхагласны баяр арваннэгдүгээр сарын26-нд Уралын хөгжмийн дээд сургуульд сурч байхдаа нэг том зааланд дуулсан юм. Найм есөн зуугаад оюутны өмнө дууллаа. Дандаа монгол оюутнууд. Олон сургуультай тэнд чинь. Манай Баатаржав удирдаачийн хүү, одоо Екатеринбургт Филармонийн удирдаачаар ажиллаж байгаа Энхбаатар удирдаж тоглуулаад. Цогтсайхан маань авьяастайгаас гадна эндээ мундаг багш нарын гараар орчихсон учраас юманд их өндөр шаардлагатай ханддаг. Тэр дууны оркестровка бол гайхамшигтай. “Олныг жаргааж явбал өөрөө жаргалтай…” гэж эхэлдэг дуу шүү дээ. Энэ миний анх дуулсан дуу. Орост сурч байгаа оюутнуудын дунд соёл урлагийн өдрүүд гэж бас болно оо. Хот хотуудаас цугларсан монгол оюутнууд, Балхжав, том Жагаа гээд л авьяастай гэсэн залуучууд бүгд Москвагийн наян оны олимпийн хотхонд байрлаад соёл урлагийн өдрүүд хийдэг байлаа.

Та өмнө нь таван зуу шахам дуу дуулсан байна лээ гэж ярьж байсан. Дуулаагүй хөгжмийн зохиолч үлдсэн үү?

-Алтан үеийхний амьдралынхаа сүүл үед туурвисан бүтээлүүдээс ч дуулах аз надад тохиосон. Л.Мөрдорж гуай хоёр сайхан дуу өглөө. Монголын радиог Цахилгаан, шуудан холбооны байрны дөрөвдүгээр давхарт байрлаж байх үед Урлагийн гавьяат зүтгэлтэн П.Хаянхярваа гуайтай очиж хажууд нь Мөрдорж гуай өөрөө зогсч байгаад бичүүлсэн. Тэр дуу бас Радиогоор их явдаг байсан юм. “Малчин бид”, “Отгонтэнгэр хайрхан” гэдэг хоёр дуу.

-“Тэмээн сүргийн говь” гэдэг дууны тань хөгжмийн дүрслэл гайхмаар тансаг, нэг их тунгалаг хөгжим тийм ээ?

-Тэр чинь Дуурийн театрын “Үүрийн туяа” хамтлаг тоглолт хийдэг байсан үеийн дуу юм. Манай А.Батдэлгэрийн хөгжим шүү дээ. Балетчин А.Батдэлгэр энэ хамтлагт басс гитарчин байхдаа бичсэн юм. О.Цэрэндэндэв гэж Гадаад яаманд жолоочоос нь эхлээд гадаадад олон жил суусан дипломатч хүн шүлгийг нь бичсэн. Одоо ҮДБЭЧ-д байгаа жижиг Бат-Эрдэнэ эд нар ард нь хоолой хийгээд л үнэхээр гоё болсон шүү. Яг тэмээ алхаж яваа юм шиг хэмнэлтэй дуу байгаа юм. Энэчлэн гоё гоё дуунууд ар араасаа гарч, бүгд хүмүүсийн сэтгэлд их хүрсэн. Тэгэхээр нь яагаа ч үгүй байж уран бүтээлийн цэнгүүн хийлээ, би. Уран бүтээлчийнхээ хувьд яагаа ч үгүй л байгаа байхгүй юу, уг нь. Театрын нормын хар хувцаснаас өөр юу ч байхгүй. Хувцас хунар олдохгүй. Арайхийж материал олоод, хувийн компаниар хоёр костюм хийлгэж өмсөөд инээдтэй юм гарч байгаа. Шав шар өнгөтэй гялгар юм. Тэр үе чинь театрын нормын хар хувцаснаас өөр юу ч байхгүй үе шүү дээ. Ер нь хөгжмийн зохиолчийн хөдөлмөр ямар хэцүүг би нүдээрээ нэг үзсэн юм.

Хаана?

– 2003 он. Дуурийн театрт ажиллаж байхад “Чингэс хаан” дуурь тавих гээд ардын уран зохиолч П.Бадарч гуайн цомнолоор Шарав гуай хөгжмийг нь бичлээ. Шарав гуай ч бас л махруун хүн шүү дээ. Хөгжмөө бичээд наян хувьтай явж байтал чихэнд нь маш өндөр ганцхан ноот дуугараад, нойр ч үгүй болчихсон. Бараг л галзуурах шахаж байгаа байхгүй юу. Тэгтлээ өөрийгөө зовоосон гээд бод доо. Тэгэхээр нь бид ярьж байгаад Их тэнгэрийн даргатай яриад тэнд аваачиж тусад нь өрөө гаргаж өгч байрлууллаа. Боломжтой үедээ бичээд боломжгүй үедээ сайхан агаарт амраарай гэлээ. Тэнд хориод хонож Чингэс хаан дууриа бичиж дуусгасан шүү дээ. Айхтар зовж бичдэг юм билээ.

Сүүлийн үед та ямархуу сонинтой байна вэ?

-Улирлын шалгалт эхэлсэн. Бас хэд хэдэн хүүхэд гадны уралдаан тэмцээнд амжилттай оролцсон сонинтой. Сургуулийн статусын асуудал шийдэгдээсэй гэсэн их хүлээлттэй. Ийм л байх шив дээ.

Шийдэгдэхгүй олон жил болоод байгаагийн цаана нэг юм уу хэдэн хүн байдаг гэж сонсч байсан юм байна. Энэ үнэн үү?

-Шийдэгдэхгүй удаад байхаар зарим хүмүүс тэгж ойлгоход хүрдэг байж болох юм. Би бодохдоо арай үгүй байлгүй л гэж бодож байна. Нөгөөтэйгүүр, статусаа консерватор юм уу хөгжмийн академи болгох гээд хөөцөлдөөд байгаа энэ асуудал бол нэг хүний юм уу хэсэг бүлэг хүний хүсэл биш юм аа. Ямар ч амбиц энд байхгүй шүү дээ. Өндөр мэргэжлийн уран бүтээлчийг бид бэлдэж байгаа хэрнээ коллеж гэж яваад байгаа учраас залуучууд гадагшаа явж сурахаас аргагүй болж байна. Тэгээд тэндээ үлдчихдэг. Дээд мэргэжлийн диплом аваад амьдралаа бодох нь тэдний буруу биш. Уг нь гадаадад сурснаас тав дахин бага зардлаар эндээ сурчихаж болж байна. Би бол чадлаараа хөөцөлдөж байна. Засгийн газрын бүх яамнаас санал авахад бүгд дэмждэг юм. Тэгээд ч шийдэгдэхгүй байгаад байдгийг би ойлгодоггүй.Одоо Засгийн газрын хэрэг эрхлэх газар дээр манай материалууд байж л байгаа. Одоо шинэ Засгийн газар байгуулагдлаа. Бид шийдэх байх гэж найдаж харж л сууцгаана. Ер нь бол сурагч оюутнууд багш нар болон мэргэжлийн урлагийн байгууллагуудын дунд хүлээлт үүсгээд байгаа асуудал юм

Н.ПАГМА

Categories
редакцийн-нийтлэл

Жамсранжавын Амарзаяа: Миний аав үнэндээ сод хүн байсан

Хөгжмийн нэрт удирдаач, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Чойсүрэнгийн Жамсранжавын охин СТА Ж.Амарзаяатай ярилцлаа. Тэрбээр “Black box” театрын жүжигчин, “G intertainment” студийн найруулагч юм.

-Таныг орчин үеийн театр “Black box”-ын жүжгүүдээр олны өмнө гарч ирэхэд агуу удирдаач Жамсранжав гуай эрхгүй санагдаж байлаа. Тэгээд аавын тань тухай дурсан ярихыг хүссэн юм. Олон түмний сэтгэлд аав тань сонгодог хөгжим, Ховд нутаг хоёроороо дэндүү тод овоглогдон үлджээ?

-Миний аав уг нь нийслэл хотод төрсөн хүн. 1943 онд. Өвөө, эмээ хоёр маань бараг л хотын уугуул. Ээж, аавын тал аль аль нь хотын уугуул. Гэсэн ч Ховдоор овоглочихсон, Ховдын Буянт сумынх гэж явдаг юм. Манай дээд өвөг элэнц хуланц маань Жамьян гэж хүн байсан юм. Жамьян өвөө маань Ховдод анх театр байгуулсан хүн л дээ. Түүгээр нь Ховдынх гээд овоглочихсон юм билээ. Удирдаач Чулуун ах манай өвөөгийн дүү. Тэгээд л тэд маань бүгдээрээ Ховдоор овоглож явдаг юм. Үр хүүхдүүд нь аавынхаа удмыг дагадаг жишгээр Ховдынх л гэдэг. Миний аав бол арван тав зургаахан насандаа Оросын Москва хотын хөгжим бүжгийн коллежид сурсан байгаа юм. Төгсч ирээд ажиллаж байгаад бүр сүүлд 1967 онд Ленинградын консерваторт явсан юм билээ. Тэр хооронд аав Хөгжим бүжгийн дунд сургуульд багш, Ардын дуу бүжгийн чуулгад удирдаач хийж байсан. 1973 онд Ленинградын консерватор төгсч ирээд Дуурийн театрын хөгжмийн удирдаачаар ажиллах болсон.

-Арван хэдтэй хүүгийн Москвад өнгөрүүлсэн он жилүүд ямар байсан бол?

-Миний аав айлын ганц хүү. Хүний ганц хүү учраас их дэврүүн, эрх танхи өссөн юм байна лээ. Эмээ өвөө хоёр маань хоёулаа дээд мэргэжилтэй, өндөр боловсролтой хүмүүс байсан. Нэг нь хүүхдийн эмч, нөгөө нь малын эмч. Тэр үеийн техникумд сурч байхдаа танилцаж гэр бүл болоод аавыг төрүүлж. Хүүхдэдээ маш их анхаарал тавьдаг байсан байгаа юм. Хоёулаа хөгжим тоглочихдог байсан гэдэг юм. Удам судраар нь хөөгөөд үзэхээр Жамьян өвөөгийн урлагийн авьяас өвлөгдөж, манай аав, Чулуун ах, Чулуун ахын хүү Чинбат, Чинбатын Амараа гээд ерөнхийдөө удам угсааны авьяас яваад байдаг юм. Тэгээд ганц хүүгээ Москва явуулчихаад эмээ маань их санадаг байсан нь мэдээж шүү дээ. Тэр үед их дэг жаягтай, их мундаг сурч байсан гэдэг юм билээ. Оросууд бол авьяастай хүнийг сайн төрүүлж чаддагаараа алдартай шүү дээ. Аавыг Ленинградад байхад би нэг хоёрхон ойтой жаахан байсан болохоор сайн мэдэхгүй. Гэхдээ л тэнд байсан үеийнх нь зургийн цомгийг харж байхад хүртэл их л бие даасан хүүхэд байсан харагддаг юм. Өөрийнхөөрөө байх чөлөөг ч гэсэн эмээ өвөө хоёр гаргаж өгдөг байсан шиг байгаа юм. Ер нь сод авьяастай гоц хүмүүсийн нэг онцлог байдаг шиг байгаа юм. Өөрийнхөөрөө, маш их бие даасан шинжтэй, бусдаас харьяат бус, хэзээ ч юунд ч шантардаггүй тийм хүмүүс байдаг юм шиг ээ.

-Ээж, аав хоёрын тань гэр бүл болсон түүх гэвэл?

-Ээж Анагаахын дээд сургуульд сурч байсан үе гэдэг. Ээж маань хүүхдийн эмч л дээ. Тэгээд аав анагаахын дээдийн оюутнуудыг урлагийн үзлэгт бэлдүүлж байгаад ээжтэй танилцсан юм билээ. Нэг өдөр эмээ, өвөө хоёрын дунд орж суугаад аав хэлж гэнэ. “Би нэг их гоё ногоон нүдтэй охинтой танилцлаа” гэж ярьсан гэнэ ээ. Аав өнгө нэрээр нь ялгадаггүй байсан байхгүй юу. Тектоник гэж ярьдаг даа, тийм хүн байсан. Тэгсэн эмээ өвөө хоёр нэг их норгоон нүдтэй бэртэй болох юм байна даа гээд хөхрөлдөж байсан гэдэг. Ээж маань их цэвэрч нямбай, эмч бүсгүй аавын гэрт орж ирсэн гэж ярьдаг. Ээж маань аав ээж нь эрт өөд болчихсон учраас эмээ өвөөгийнхөө гар дээр өссөн. Аав ээж хоёр бие биедээ их хайртай, тэрийг нь хичнээн балчир ч гэсэн хүүхдүүд нь харж мэдэрч өсч. Одоо би боддог юм. Хүн үр хүүхдэдээ үлгэрлэж амьдарна гэдэг чинь их гоё юм байна. Зүгээр нэг зааж зааварлахаас илүү өөрийнхөө амьралаар үлгэрлэж амьдарч байж хүүхдүүддээ хайрын атмосфер гэх юм уу нөхцөл бололцоог нь бүрдүүлж өгдөг юм байна. Аавтай танилцах үедээ ээж хоёрдугаар курст байсан юм билээ. Миний эгч ээжийн адил эмч мэргэжилтэй. Манайд ер нь урлагийнхан, эмч гэсэн хоёр янзын хүмүүс байдаг юм. Их сонин. Өвөө эмээ, ээж, эгч гээд бүгд эмч нар.

Өвөө эмээ хоёр Чулуун ахыг аавд тусалдаггүй байсан гэж ярьдаг сан. Чулуун ах аль хэдийнэ урлагт хүндтэй байр суурьтай болчихсон байсан тэр үед аав дөнгөж сургуулиа төгсч ирээд хөлөө олох гээд явж байж л дээ. Би тэр тухай ингэж ойлгодог юм. Урлагийн хүн бол цэвэр өөрийнхөө хүчээр босч ирэх ёстой. Заавал хэн нэгэн татаад л, нөгөө нь татуулаад байх шаардлагагүй гэж. Өнөө цагийнхны бодлоор бол нэг нь их л том түшиг нөмөр нөөлгөнд ирж байгаа хүн, нөгөөх нь под хийтэл хажуудаа татаж аваад л орлогчоо болгочиход юухан байхав дээ гэмээр. Гэтэл тэр үеийн хүмүүс яг л номоороо, өөрийнхөө хүч авьяасаар байр сууриа олж авч байж. Тэгээд аав маань Дуурь бүжгийн эрдмийн театрт 22 дуурь, балет тавьсан. Дуурийн таетрын вэб хуудас руу ороод би сая зарим юмыг нь сэргээж харлаа л даа.

-Эдний вэб хуудсаас одоо урын сангийнх нь үнэн зөв мэдээллийг авах боломжгүй болсон байна лээ. Аль дээр үед тавьсан жүжгүүдийн удирдаач, найруулагч нарын нэрийг хийсэн бүтээлээс нь хасаад өнөө цагт дохисон хүнийхээр болгочихсон байна лээ. Ж.Чулуун, таны аав, Баатаржав, Санжмятав нарын удирдаачид, тэр бүү хэл Билэгийн Дамдинсүрэнгийнх нь нэр ч бараг байхгүй болчихсон байгаа. Одоо хүмүүс өөрсдийнхөө түүхийг зориуд буруу бичдэг болж байгаа юм уу даа. Бүгд худал мэдээлэл явж байгааг та анзаарсан уу?

-Хүний найруулаад тавьчихсан бүтээлийг дараа нь үргэлжлүүлээд тоглох амархан шүү дээ. Хөгжмийн жүжгийг анх тайзанд тавина гэдэг чинь өнөөдөр сэргээгээд тоглуулахаас шал өөр биз дээ. Миний аав хар багаасаа Орост сурч олон жил тэнд амьдарсан болохоор маш сайн орос хэлтэй. Эх зохиолуудыг нь их сайн уншиж судална, пянз их авчирдаг байсан, тэрийгээ гэртээ байнга сонсоно, сонсоод өөрөө дохиж сургуулилж байнга давтана. Аавын төгөлдөр хуур бол бид нарын хувьд музейн үзмэр шиг л байдаг байлаа. Ээж бид нар зөвхөн арчиж гялалзуулдаг. Нэг ч удаа хуруу гараа хүргэх эрх байхгүй. Бид нарыг яг тийм чанга хатуу дэг журамтай, урлагийг дээдлэх үзэл бодлоор өсгөсөн л дөө. Аав уран бүтээл хийж туурвиж байх үедээ аягүй их нисдэг байсан шиг байгаа юм. Халил ихтэй, хийж байгаа юмандаа өөрөө бүр дотор нь орчихдог, түүгээрээ өвчилчихдөг байсан. Хүмүүстэй уулзахдаа тэрийгээ яриад, энэ жүжгийг тэнд тэгж тавьсан байна, тэндэхийн тэр театрт намайг үзэж байхад тэгж тавьж байсан гэхчлэн олон хувилбараар нь ярина. Тэр уран бүтээлчийн уйгагүй эрэлхийлэл нь аавд их хэрэг болж байсан болов уу. Би урлагийн хүн болохоор хожим ч гэсэн мэдрээд байдаг юм. Энэ олон том бүтээлийг найруулж тавих социализмын үе байсан юм чинь амархан гэж зарим хүмүүс бодох байх л даа. Яагаад гэвэл бүхнийг улсаас дэмжээд нөхцөл бололцоогоор хангаад өгчихсөн гэдэг ч юм уу. Гэхдээ л хүмүүс нь алтан үе байсан байсан байхгүй юу. Оюун, Ганбаатар бүжиглээгүй бол, Уртнасан, дараа нь Жавзандулам дуулаагүй бол тэр олон бүтээл тэгж цогц гарах байсан уу, үгүй юу. Яг тэр алтан үе нь өөрөө маш өндөр түвшинд боловсорчихсон хүмүүс байжээ. Оркестр нь гэхэд л бүтэн оркестр суухад дандаа дээд мэргэжлийн хөгжимчид байгаа юм. Одоо ингээд бүтэн концерт сонсоход яагаад ч юм миний аавын удирдаж тоглуулж байсан шиг санаанд хүрдэггүй. Тэгээд оркестроо өөр хэн нэгэн удирдаачгүйгээр, аав удирдаж байгаагаар төсөөлөөд сонсохоор ямар гоё сонсогддог гээч. Нэг тийм амьд сүнслэг орчинд орчихдог юм. Одоогийн удирдаач нарыг би муу гэдэг ч юм уу уран бүтээлийг нь муу гэж байгаа юм биш шүү. Хамгийн гол нь энэ бол уран бүтээлчид санаа нэгдэх, бие биенээ дэмжиж, хайрлаж, дандаа нэгэндээ тусалж, урам зориг өгч байх тэр сэтгэл нь чухал. Миний аавын хамтарч ажиллаж байсан үеийнхэн бол үүгээрээ гойд байжээ. Хийсэн бүтээснээс нь мэдрэгддэг юм. Миний аав бол харахад их ширүүн дориун зантай, эрс шийдэмгий, хүнд үнэнийг хэлэхдээ ерөөсөө цааргалдаггүй хүн байсан. Тэр чанараараа үеийнхнээ, хамт ажиллаж байсан уран бүтээлчдээ байлдан дагуулж чадсан байх. Зөвхөн дуучид биш шүү дээ, балетчид, найрал дуучид, найруулагч, оркестр гээд хөгжмийн театрт бол удирдаач л тэр бүгдийг зангидаж жүжиг тавина шүү дээ. Ер нь Дуурийн театрт миний аавын тухайн өдрийн настринаар бүх юм шийдэгддэг байсан шиг байгаа юм.

-Мэдээж. л дээ, тухайн удирдаачийн л бодол санаа, мэдрэмж, тэр бүү хэл зан характераар хөгжмийн бүтээл тайзан дээр шинээр төрдөг юм чинь. Ингэхэд таны аав хоёр охиноо театртаа дагуулж очдог байв уу?

-Ер нь урлагийн тогоонд чанагдаж байгаа хүний хүүхдүүд тэгтлээ тэр чигээ дагаад, аав ээжийгээ дагаад “хүлээс”-нд өнжөөд байдаггүй. Би тийм амьдралыг мэдэхгүй. Театрын ертөнцийг тахиж шүтэж, үзэгчийн суудалд сууж өссөн. Хэрэв тайзны ар руу явбал алуулна шүү дээ. Тэр бол уран бүтээлчдийн орчин. Хүүхдүүд бидэнд тийшээ гишгэх эрх байхгүй. Би харин Драмын жүжигчдийн хүүхдүүдийн ярьдаг, тайзны ард дуулж жүжиглэж өссөн гэх мэтийн яриаг ойлгодоггүй юм.

-Аав тань хөгжмөө удирдан тоглуулахдаа бүр багтаж ядсан гоц эмоцитой хүн байлаа. Бичлэгийг нь харж байхад. Сэтгэлийн илэрхийлэл асар өндөртэй удирдаач. Тэр чанар нь танд хэр зэрэг удамшсан бэ?

-Тэр багтаж ядсан эмоци гэдэг чинь урлагт их чухал юм даа. Аав бол тэгж төвлөрдөг байсан. Түүгээрээ ч онцгой ялгардаг байлаа. Би багадаа балет их сонирхдог байв. Тэгээд гуравдугаар ангид байхдаа хэнд ч мэдэгдэлгүй балетад шалгуулаад тэнцлээ. Жамьяндагва тэргүүтэй хүмүүс ОХУ-ын Перьмийн Балетын сургуульд элсэх хүүхэд шалгаруулж авах үе таараад би тэнцчихлээ. Ямар ч байсан сургуульд нь орчихлоо гэсэн бодолтой, гуравдугаар шатны үзлэгт нь орох гэж байтал аав мэдчихээд эрс эсэргүүцсэн. Манайх тэгэхэд арванхоёр давхар байрны хамгийн дээд давхарт байдаг байв. Аав охиноо балетчин болгохгүй гээд намайг арванхоёр давхарт түгжиж байсан гээд бод доо. Биеэр дамжуулж гаргадаг урлаг, хамгийн хүнд хөдөлмөр учраас аав тэгтлээ дургүйцсэн байх. Оюун гуайг л бод л доо. Бие, сэтгэл, амьдрал бүх юмаа зориулж, шавхаж байж одын түвшинд очно шүү дээ. Сонгодог урлаг гэдэг чинь тийм нандин, ариун зүйл. Би ч балетад дэндүү дуртай хүүхэд байлаа. Тэр үед бараг цонхноос үсэрчихмээр санагдаж байсан. Гэсэн ч аав явуулаагүй.

– Дуурийн театр дахь аавын тань амьдралын сүүлийн жилүүд ямархуу байсан бэ?

-Миний аав 1994 онд тэнгэрт буцсан. Орос, Монгол аль аль талдаа л ардчилал бий болж, театр үнэхээр том уналтад орсон. Театр хаалгаа бараг барьсан. Тэр үеэр аав ОХУ-ын Буриадын Дуурийн театрын урилгаар Ерөнхий удирдаачаар нь очсон юм. Тэнд бас нэлээн уран бүтээл хийсэн. Эргэж ирээд байж байтал дахиад урилга заллага болоод Буриадад очсон. Эргэж ирээгүй. Миний аав бол эрүүл саруул биетэй, амьдралын өндөр дэг соёлтой хүн байсан. Удирдаачийнхаа хувьд бол үнэндээ сод хүн байсан.

-Та театртаа хэд хэдэн жүжиг найруулан тавьсан. Жүжиг найруулахдаа ер нь юу мэдрэв. Болмоор юм уу?

-Найруулга гэдэг бол ерөөсөө л тухайн найруулагчийн өнцөг юм байна гэж боддог болсон. Би сэдвээ аль өнцгөөс яаж харах вэ гэдэг л асуулт миний өмнө гарч ирнэ. Манай Мийгаа ах(Боролдой студи, С.Мягмар найруулагч) хэлдэг юм. Чи найруулагч хийх юм бол уншаач, энд тэндэхийн юмнуудыг судлаач гэдэг юм. Гэтэл би бусдыг харахаас илүү өөрийнхөө дотоод ертөнц дээр, ой тойндоо босгож ургуулж хийх дуртай. Бүтээл хийж дууссаныхаа дараа бусдынхтай харьцуулж болно шүү дээ.

-Найруулагч бүтээлээ цэвэр өөр дээрээ босгож ирнэ гэдэг чинь театрын оюун санаанд том үзэл байна. Бид олон л найруулагчийн яриа хөөрөө, үзэл бодлыг хуваалцаж байсан. Ийм зоримог хандлага сонсдож байсангүй?

-Бусдын хийснийг үзэж харж, судалж хийдэг арга барилтай хүмүүс байдаг байх л даа. Тэгээд ч би нэг ч их олон бүтээл найруулсан биш. Зүгээр нэг тийм бодол надад байдаг. “Хирс”-ийн дараа “Хатагтайн айлчлал” дээр ажиллалаа. Аль алинд нь тэр бодлоороо л хандсан.

-Танай театр жүжигчдийн тоглох орон зай нь их гоё юм байна лээ. Үзэгч тоглолтыг араас нь дагаж үзэхийн оронд найруулагч зохиолч хоёртой зэрэгцээ оршиж, өөрөө шийдэл эрж хайх жишээтэй. Ингэхээр тэнд байгаа бүх хүмүүс ямар ч хөшиг хаалтгүй, маш нээлттэй харилцаанд орчихож байна?

-Манай театрт орж ирсэн хүмүүс хөдлөхөөсөө ч айдаг. Хуучны сонгодог уламжлалт театрт ямар дэг жаяг байдаг билээ тэр бүх дэг жаяг өнөөдөр “Black box” театрт байна. Тайз гэдэг чинь өөрөө тавилга биш, хувцас ч биш. Ерөөсөө л жүжигчдийн том баг байдаг. Яг үүн шиг миний аавын Дуурийн театрт ажиллаж байсан хүмүүс нь гайхамшигтай хүмүүс байжээ. Миний аавын хорин хоёр дуурь балет байдаг. Тэр бүгдийг аав ганцаараа хийгээгүй. Яг тэр цаг үед алтан баг, алтан боломж тохиосон учраас тийм олон бүтээл хийж чадсан. Уртаа эгч, Эрдэнэбулган ах, Нацагдорж ах, Гунгаасүх ах гээд цааш нь бүгдийг нь мэдээж нэг дор нэрлэхэд хэцүү. Тэднийг би жинхэнэ алтан үеийнхэн л гэж боддог.

-“G intertainment” студи тань танай гэр бүлийн студи уу?

-Тийм ээ. Нөхөр минь продьюссер хийдэг юм. Ганболд гэдэг залуу бий. Бид гурван хүүхэдтэй. Эгч бид хоёр хоёулхнаа өссөн болохоор олон хүүхдэд дуртай.

-Жамсранжав гуайн өөрийн зохиол дуу, дан хөгжмийн хориод бүтээл бий. Тэднийг нь та эмхэлж цэгцэлж, хамгаалж байгаа юу?

-Хөгжим гэдэг чинь урлаг дотроо их нарийн урлаг. Би драмын жүжигчин болохоос биш ноот мэдэхгүй. Хүн ер нь чаддаг юмаа хийгээд явчих юм. Тэгээд аавынхаа бүтээл рүү орж чадахгүй л байна. Харин миний эгчийн хүү Мишээл гээд Орост хөгжмийн сургуульд сурч байгаа хүү байна. Тэр маань өвөөгийнхөө бүтээлийг цэгцлэх байх. Хөгжимд гоц авьяастай. Оросын жирийн дунд сургуульд сурч байхад нь энэ ерөөсөө гений хүүхэд байна гээд хөгжмийн сургуульд нь авчихсан юм билээ.

Н.ПАГМА

Categories
мэдээ цаг-үе

Оюун ухааныг дээдлэгч Ц.Дэмбэрэл профессорынд өнжлөө

ШАДИВЛАН ГЭЖ НОМ БҮТЭЭДЭГ ГАЗАР ГЭСЭН УТГАТАЙ ГЭНЭ

“Танайд өнжье” сурвалжлагаа энэ удаа олонд нэршсэнээр IQ Дэмбэрэл гуайнхаас хүргэж байна. Монголын математикийн багш нарын академи, Оюуны чадварын IQ төв болон Монголын ирээдүй судлалын нийгэмлэгийн тэргүүн, гавьяат эдийн засагч, доктор, профессор Цэрэнгийн Дэмбэрэл гуайнх. Дэмбэрэл гуай Завхан нутгийнхны урилгаар тус аймагт очиж долоо хоног лекц уншаад өнгөрсөн бямба гаригийн үдэд Чингэс хаан олон улсын нисэх онгоцны буудалд буусан юм. Эднийх Шадивланд амьдардаг. Бид онгоцны буудлаас харих замд уулзаж, хамт гэрт нь очихоор өмнөх өдөр нь ярилцсан байв. Зам зуур хөдөөгийн аж байдал, Улаанбаатарын тоосжилт утаа мэтийг ярилцан явсаар хотоос гарч зуслангийн бүс рүү чиглэлээ. Тосч авсан жолоочтойгоо заримдаа орчин үеийн болон нэн шинэ үеийн философийн чигийн яриа хальт солилцон явах юм. Жолоочийн гүнзгий мэдлэг, өндөр боловсролыг гайхасхийж явтал хүү нь болж таарлаа. Хүү аавыгаа тосч аваад харьж буй нь тэр байж. Шадивлангийн амны зуслангийн бараа харагдана. Модот уулсын бараа хөх ногоовтор өнгөөр бага зэрэг дуниартана. Агаар цэнгэг, саруулхан.Уулсын энгэр лүү өгсүүр, нэлээн дэржигнүүр замаар өгслөө. Зуслангийн том жижиг байшингуудын хамгийн дээд талд ихэр юм шиг яг адилхан хоёр сууц зэрэгцэнэ. Хоёул хийц загвар, өнгө будгаар ижилссэн гурван давхар хувийн сууц юм. Цэмцгэр ч гэж янзтай. Нэг нь манай “жолооч философичийнх”. Аав ээжтэйгээ хаяа дэрлэн аж төрдөг юм байна. Нөгөө нь манай сурвалжлагын баатрын гэр. Энүүхэн доор Бямбасүрэн гуайнх байдаг юм гэж сонирхуулав. Ерөнхий сайд асан тэндээ амьдарч, урин дулаан цаг ирэхэд ногоо цагаагаа ч тарьдаг гэнэ. Өнгөрсөн зун бяцхаан ботаникийн цэцэрлэг шиг ногоон төгөлхөнд суугаад буурал эдийн засагч ярилцлага өгч байсан нь тэр мөчид санаанд буув.

Ц.Дэмбэрэл гуай амьдран суугаа газрынхаа тухай нэгэн сонирхолтой түүх ярьж өглөө. Шад гэж ном, оюун ухаан, дүв гэдэг нь бүтээх, лин гэдэг нь газар гэсэн түвд үг гэнэ. Ном бүтээх газар гэсэн үг ажээ.

Монголчууд тэртээ XV зууны үед энэ газрыг судалж үзээд бясалган сууж оюун ухаанаа төвлөрүүлэх, номын үйлсийг бүтээхэд гойд тохи­ромжтой газар хэмээн тогтоожээ. Тэгээд хоёр хийд барьж, дээд Шадивлан, доод Шадивлан гэж нэрлэсэн аж. Дээд Шадивланд нь ертөнцийн явдлыг огоорон тэвчиж бие сэтгэл оюунаа буддын номд зориулсан том лам нар нь суудаг байсан гэнэ. Нэг үгээр бол буддизмын профессорууд юм уу даа. Доод Шадивланд нь ертөнцийнхөө явдлаар явж, сүсэгтэн олон үйлчлэн, өргөл барьц жасаа сан хураагч жижиг, дунд лам нар суудаг байжээ. Хожим өнгөрсөн зууны эхээр дээд хийдэд нь Богдын Засгийн газрын стратеги бодлого барьдаг хэсэг төрийн зүтгэлтнүүд байрладаг байж. Энийг Хятадын Засгийн газар устгасан бол доод хийдийг нь гучин хэдэн онд манайхан өөрсдөө сүйтгэсэн байна. Хоёр хийдийн туурь эндээс холгүйхэн бий. Энэ түүхийг би энд төвхнөснөөсөө хэзээ хойно мэдсэн юм. Сонин л учир ерөөл гэж дотроо бод­дог юм гэж Дэмбэрэл гуай сонирхуулав.Хашаандаа гацуур, нарс мод нэлээн тарь­жээ. Цаашид ойжуулж, ойн сан хийх бодолтой, одоо­ноос үрсэлгээ хийхээр бодож байгаа гэв. Хөрснийхөө онцло­гоос хамаараад зарим мод сайн ургадаг бол зарим нь ургадаггүй тухай ч сонирхуулж “Мод ургуулна гэдэг ерөөсөө л хүүхэд арчилж байгаа юм шиг арчилгаатай, их нарийн эд юм байна шүү дээ. Таван жил сайн арчлаад ургуулаад авчихвал цааш нь явчих юм шиг байна. Тэр хүртэл усалгаа шаардаад байгаа” гэж ярьсаар биднийг дагуулан гэртээ орлоо. Гэргий П.Цогзолмаа нь угтлаа. Нүдээ­рээ инээмсэглэсэн эгч юм.

ОЮУНТАЙ ТӨРСӨН ӨҮЛЭН ЭХ” ГЭСНИЙ ЦААНА УЧИР БИЙ ГЭВ

Тэр хоёр аян замын сониноо хуваал­цаж, бид ширээ той­рон цайлангаа яриагаа үргэлжлүүлж байна. Эднийх дөрвөн хүүтэй, зур­гаан ач охинтой аж. Дөрвөн хөвгүүнийх нь нэг эднийхтэй зэргэлдээ амьдардаг гэж өмнө хэлсэн. Түүний охид гээд хоёр жаахан охин орж ирээд өвөөдөө үнсүүлмэгц годхийн гарцгаав. Ач нараа бас л IQ-гаар шахаж байна уу, та гэвэл, тэгэлгүй яахав, ер нь 3-13 нас хүртэл нь IQ-гаар уйгагүй, боломжоор нь хичээллүүлэх хэрэгтэй. Ном, ухаан задалдаг тоглоомуудыг нь өгнө. Одоо эцэг эхчүүд хүүхдийнхээ оюуны чадварыг хөгжүүлэх тун чухал юм байна гэж мэддэг болчихсон. Улсын хэмжээнд оюун ухаанаа хөг­жүүлж байгаа гучаад мянган хүүхэд байна гэсэн мэдээлэл өгсөн юм.

Бидний яриа энэ үед өөрийн эрхгүй IQ болоод явчихлаа. “Оюун ухааны бяд удамшихдаа эцгээс гэхээсээ эхээсээ арай илүү удамшдаг юм шиг байна. Энийг би өөрөө зохиож хэлж байгаа юм биш. Монголын Нууц товчоонд “Оюунтай төрсөн Өүлэн эх” гэж үг байна. Чухам яагаад оюунтай төрсөн Есүхэй эцэг гэж хэлээгүй вэ. Энэ талаар бид шинжлэх ухааны судалгаа гаргачихсан. Нийгэмд гаргаж тавих цаг нь арай болоогүй байна. Ер нь хүүхэд гүйх ухааныг бол эхээс, цусан төрлөөсөө авдаг юм байна. Үүнийг монголчууд эртнээс сайн мэддэг байсан учраас сайн бэр авах, удам судрыг нь олон үеийг нь харж байж бэр буулгадаг заншилтай” гэсэн яриагаар хачир нэмэв. Тэрбээр гэртээ хүрэх замдаа байна байн “хэдүүлээ очоод сайхан кофе ууна аа” гэж явсан болохоор кофе уух юм байна даа гэж бодож байсан авч гэргий нь сүүтэй цай аягалав. Мөнгөн аягатай халуун цай барихад нь гайхах ч шиг их л содон санагдсаныг нуух юун. Хажуудах хүмүүсээ харвал бүгд ижилхэн хийцтэй мөнгөн аяга барьжээ. Нутгийн заншил юм даа. Баруун зүгийнхэн ялангуяа Увс нутгийнхан нэг хэсэг Оросын Тувагаас оруулж ирдэг улаан эрээн хээтэй том шаазан аягаар нөгөө аагтай шаргал цайгаа дүүргэн барьдаг байсан үе бий. Зарим нь зочиндоо мөнгөн аяганд цай барьдаг заншилтай. Одоо ямар болсныг мэдэхгүй ч Ц.Дэмбэрэл профессорынд энэ заншил мөрдөгдөж байна. Гэрийн эзэгтэй харваас зан сайт нэгэн болох нь илт. Гэхдээ яриа хөөрөө цөөтэй хааяа нэг хүүхдүүдийнхээ талаар ганц үг унагах бөгөөд нүдээрээ инээмсэглээд л суух аж. Улмаар биднийг баа­хан хоолоор шахсаны эцэст про­фессор доод давхарт байх ажлын өрөөндөө дагуу­лан орлоо. Өрөөний хананд байрлах өргөмжлөл, диплом сэлтийн дунд “Дэлхийн ирээдүй судлалын нийгэмлэг” гэсэн нэгэн содон гэрчилгээ байна. Сонирхвол дэлхийн ирээдүйг судалж, чиг өгч байдаг байгууллага гэнэ. Жараад оны эхээр байгуулагдсан дэлхийн ирээдүйн судалгааны бай­гууллага юм байна. Дэмбэрэл гуай ерээд оноос энэ байгууллагыг ихэд сонирхож элсчээ. Улмаар хоёр мянган оны эхээр Монголын ирээдүй судлалын нийгэмлэгийгэкс Ерөнхийлөгч П.Очирбат, нэрт соён гийгүүлэгч, ардын уран зохиолч Лодонгийн Түдэв гуай нарын санаа нийлсэн, оюун санааны хэдэн нөхөдтэйгөө хамтарч байгуулсан юм байна. Өөрөө тэргүүнээр нь ажилладаг аж. Түрүүнээс хойш асуумаар санагдаад байсан асуултаа асуулаа. Хүний оюуны чадварыг тодорхойлох нь тийм амар биш шиг санагддаг л даа. Зүгээр л хэдэн сорилоор тодорхойлогдчихдог бол юуных нь оюун ухаан байхав. Оюун сэтгэлгээний явдал гэдэг тийм амархан танигдаад байх гэж үү гэж.”Би өөрийн гэсэн нарийн аргачлалтай. Хоёр өөр хүний оюуны бядыг хоёр өөр аргачлалаар тогтоож болохгүй. Нэг л аргачлалаар тогтоодог. Тэр чинь зүгээр нэг сорил биш, тогтсон аргачлал байна” гэсэн хариулт өгөв. Тэрбээр ерэн оноос хойшхи Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хийсэн бүх хүмүүс, БШУ-ны сайд хийсэн бүх хүмүүсийн оюуны бядыг тогтоочихсон. Яваандаа зарлана гэж байв.

ИНЖЕНЕРЧЛЭГДЭЭД, МАШИНЫ ЭД АНГИ БОЛООД ЯВАХ ХЭСЭГ НЬ ЯВНА, ТҮҮНД ОРОХГҮЙ ХҮМҮҮС ГЭЖ БАС БАЙНА

Эднийх дөрвөн хүүтэй гэж дээр хэлсэн. Нээрээ оюуны чадвар эхээс удамшдагийг монголчууд мэдээд бэр буулгахдаа удам судрыг нь анхаарч ирсэн уламжлалтай гэж түрүүн хэлснийг нь санаад дөрвийн дөрвөн бэр буулгахдаа тэр уламжлалыг хэр зэрэг баримталсныг нь сонирхсон юм. Гэвч “манай бэрүүд сайн, ер нь их сайн шүү” гэсэн нь өөр нэгэн сонирхолтой сэдэв рүү биднийг хөтөлчихлөө. Хүнийг хэт жолоодно гэдэг буруу. Тэр тусмаа хүний амьдралыг инженерчилэн жолоодно гэдэг буруу шүү дээ. Тиймээс би хүүхдүүдийнхээ амьдралд нэг их оролцоогүй гэсэн хариулт өгсөн юм. Тэгвэл өнөөдөр жинхэнэ инженерчлэлийн эрин үе эхэлж байгааг наад зах нь хүмүүс “ухаалаг” гар утсанд хэрхэн донтож байгаагаас харагдах шиг. Технологийн хөгжил хүмүүсийн тархийг инженерчлээд, хүмүүс амьдралын хэв маяг, амьралд хандах хандлагаараа яг л робот мэт болоод байх шиг. Энэ тийм таатай зүйл мөн үү. Ирээдүйд бүр ч робот маягтай болох байх даа. Харин инженерчлэгдээгүй нь амьдрахад хэцүү болох байх даа. Оюун ухааны хүнтэй уулзсаных энэ тухай ямар бодолтой явдгийг нь сонирхоцгооё. Тэрбээр ингэж хэлж байна. “Нэгэнт хөгжил нь инженерчилж байгаа бол ихэнх нь тэгээд инженерчлэгдээд явахаас өөр арга байхгүй.Машины эд анги болоод явахаас өөр яахав. Болно. Болохгүй хүмүүс гэж бас байна шүү. Огт инженерчлэгдэхгүй хүмүүс харин ч сайн шүү дээ. Инженерчлэлд орохгүй байна гэдэг чинь оюун ухаанаараа дээр нь ялгараад гараад ирж байна гэсэн үг. Билл Гейтс, Цукерберг робот биш. Стив Жобс робот байгаагүй. Тэд дэлхийг удирдаж байна”.

ХУУЧИН НОМЫН ХУУДАС НААХ, ЖИЖИГ БАРИМАЛ ЦУГЛУУЛАХ ХООБИЙТОЙ

Эднийд анх орж ирэхэд ханын шүүгээнд нь жижиг оврын баримлууд, хуучны гоёл бэлэг дурсгалын зүйлс нүдэнд тусч байсан юм. Профессор маань жижиг баримал цуглуулах хообийтой юм байж.Мөн хуучин ном наах, янз бүрийн жижиг эдлэл засч нааж янзлах дуртай гэнэ. Аавынхаа хообийг мэддэг хөвгүүд нь, одоо ач нар нь хүртэл хуучирч урагдсан ном, тоглоомуудаа авчраад өгчихдөг, тэрийг нь мань эр наагаад цэмбийлгэчихдэг юм байна.”Жижиг эдлэлийг бол засаад, наагаад л яваад байна. Ном бичиж суухдаа хааяа суудлаасаа өндийж жижиг сажиг эдлэл засч додомдоод авах нь надад их амралт болдог” гэсэн юм. Бээжинд явж байгаадэртний эдлэлийн дэлгүүрээс нэгэн баримал үнэ цохиж авснаа сонирхууллаа. Морины хондлой дээр бич суужээ. Нэгэндээ алим авч өгч байгаа бололтой дүрслэлтэй эд юм. Профессор “Би морь жилтэй, эхнэр минь бич жилтэй юм. Энэ морь нь алимыг аваад бичдээ өгөөд байгаа юм уу, бич нь мориндоо өгөөд байгаа юм уу мэдэхгүй. Ийм нэг сонин гоё баримал байгаа юм. Миний хүү энэ юу гэж байна хэмээгээд гаднаас орж ирсэн хүүдээ баримлаа харууллаа. Энэ хүү нь математик эдийн засгаас гадна Хятадад барилга, архитектурын чиглэлээр сурсан, хятад хэлтэй гэнэ. Аавынхаа санаачлан эхлүүлж байгаа оюуны чадварын сургуулийн хотхоны барилгын ажлыг удирдан ажиллаж байгаа юм байна. Тэрбээр”Нэлээн эртний ханз байна. Ийм ханзыг тайлж унших хүн Монголд байхгүй байх аа даа” гэв. Дөрвөн хүүдээ дандаа Өлзий гэж нэр хайрлажээ. Том нь “Шунхлай” компанийн дэд захирал Өлзийбадрах, удаах хүү нь Оюуны чадварын IQ төвийн захирал Өлзийхутаг, түүний дараах Өлзий-Эрдэнэ хүү нь энэ хятад хэлтэй архитекторч юм байна. Отгон хүү Түмэн-Өлзий нь Дархан Уул аймагт хувийн сургуультай аж.Харин ихэр юм шиг, хүүгийнхтэйгээ ижилсүүлэн барьсан сууцныхаа барилгын зургийг өөрөө гаргасан гэсэн.

ОЮУНЫ ЭКОЛОГИЙГ ХАМГИЙН ЗӨВ ХЭРЭГЛЭСЭН ОРОН БОЛ АМЕРИК ГЭВ

Дэмбэрэл гуайн ажлын өрөөнд улс орон, хувь, хувьсгалын олон ч сэдвээр яриа өрнөлөө. Нэгэн инээдтэй яриаг нь одоо хүргэе. Улс оронтой холбоотой юм. Нэг үеэ бодвол манайхан жаахан өндийж байна гээд тэрбээр энэ явдлыг ярьсан. Хоёр мянга таван оны үед аймгийн Засаг дарга нарыг Тайваньд арван дөрөв хоног явуулжээ. Туршлага судлуулах гэж. Тэнд явсан нэг нь Дэмбэрэл гуайд хэлж л дээ. Засаг дарга нар очоод хичээлд нь суучихаад гарч ирээд муушигдаад байна гэнэ. Тэр дотор хоёр л арай гайгүй хүн байсан гэж байгаа юм. Хааяа нэг гарч номын дэлгүүрээр ганц нэг ном олж үзэх, ядаж гадаа гараад хүмүүс яаж ажиллаж байна, ямар сандал байна гээд хардаг. Бусад нь бүгд хөзөрдчихдөг гэнэ. Муушиг тоглоод. Цөмөөрөө хөзөр авч явсан байна. Ингэж яриад дарга нарыг ядаж гадаадад явж байхдаа муушигдахгүй байж болохгүй юу хэмээн ихэд гайхаж байлаа. Харин өнгөрсөн долоо хоногт очиж ажилласан Завхан аймгийн Засаг даргыг нэлээн оюунлаг залуу юм гэж магтаж байна.Жамьянтив гэдэг хүн юм байна. Тэгээд гайгүй залуучууд гарч ирж байгаа юм байна гэж би харсан шүү гэлээ. Ер нь хүнийIQ нь ямар байна ажлыг зохион байгуулж байгаа арга нь ерөнхийдөө тийм л байдаг юм билээ. Савнаасаа л болдог юм билээ л дээ гэж ярина. Хүний IQ-г тодорхойлчихоод тэрийгээ зарладаггүй, өөрт нь хэлдэггүй нь ямар учиртай вэ гэвэл хэлэхээсээ илүүөөрсдөд нь зорилго тавиад шахаад л байх хэрэгтэй гэж байв. Хүүхдүүддээ ч энэ талаар өөрсдөд нь хэлдэггүй, “Та нар Монгол орныг урагш нь чирэх ёстой” гэж шахдаг гэнэ. Хөвгүүд нь дөрвүүлээ эдийн засагч, математикч мэргэжилтэй. Бизнесийн чиглэлийн хүмүүс атлаа философи их уншдаг юм байна. Бага хүү нь философи руу нэлээн гүн орж байгаа гэж ярьсан. Харин аав ээжтэйгээ хөршлөн суугаа Өлзийхутаг хүү нь философи их сонирхдог аж. Нөгөө ирэх замдаа аавтайгаа орчин үеийн философи хөнддөг залуу.

Дэмбэрэл гуай “Оюуны экологи” гэж сонин сэдэв хальт хөндөөд орхино лээ. Энэ бол “Нэгд, оюун ухаан ажиллах биологи нөхцөл болох эрүүл байх. Хоёрт, нийгмийн экологи. Шинэ юм ярьдаг, цоо шинэ юм боддог, шинэ дэвшил гараад ирвэл үр дүнг нь дэмждэг нийгэм байх ёстой. Манай нийгэм дэмжихгүй байна. Оюуны экологийг хамгийн зөв хэрэглэсэн улс орон бол АНУ. Тийм учраас тэнд үеийн үед оюун ухаан төвлөрч бөөгнөрч ирсэн. Хаана оюун ухааныг үнэлж байна Америкт үнэлж байна” гэж байв. Энэ бүх ярианы эцэст номын сангаа танилцуулав.Номын шүүгээний хажууд, буланд давхарлан тавьсан хуучны ширэн цүнхнүүд байна. Нэг том ширэн цүнх харуулав. Дэлхийн квантын физикт өөрийн онолыг боловсруулсан нэрт физикч Намсрай гуай барьж байсан цүнхээ бэлэглэсэн нь энэ аж.”Физикч Намсрай гуай өөрөө бэлэглэсэн юм шүү. Италиас авсан, жинхэнэ профессорын цүнх” хэмээн “гайхуулаад” авав. Тэгээд номын санг нь сонирхлоо. Дүүрэн тооны, эдийн засгийн ном байгаа биз дээ гэж бодож орсон ч тиймгүй юм. Дэлхийн бүх цаг үеийн урлагийн сор бүтээлүүдээс эхлээд сонгодог уран зохиол, философи, сэтгэл судлал, түүх, улстөр, математик, эдийн засаг. Толстой, Достоевский, Чехов, Гоголь, Шолохов, Сервантес… Тэр бүгдээ үзүүлээд “Энэ бол ёстой жинхэнэ ном байхгүй юу, за юу” гэнэ. Сонгодог зохиолчдоос сэтгэх хэв маягаараа танд хэн нь илүү таалагддаг вэ гэхэд Толстой, Достоевскийг нэрлээд бас Чехов ямар гайхалтай гэж санана гэж дуу алдав. Гол нь амттайхан сонголт, хүн төрөлхтний соёл иргэншлийн, оюун ухааны гол гол баримтууд эдний номын санд нэгэн амттайхан бөгөөд соньхон сан хөмрөгийг бий болгожээ. “Афоризмын алтан цуглуулга” ч гэж байх шиг. Монгол, орос, англи хэл дээр байх юм. Сэтгэл судлалын ном бүтээлүүд хичнээн ч байна вэ. Эмоцийн фсихологи, орчин үеийн фсихологи … гээд явж өгөх юм. Англи, орос хэл дээр бүх цаг үеийн урлагийн сод бүтээл, шилдэг таван зуун зураг, Барууны мастеруудын бүтээлүүд, тэдгээрийн дотор аль тавин хэдэн онд хэвлэгдсэн номууд ч байна. Хөрш амьдарч байгаа хүү нь байн байн зарим номыг нь аваад гэртээ орчихдог бололтой нь ярианаас нь анзаарагдана.Нөгөө сэтгэл зүйн номуудыг хараад асуулаа л даа. “Та шашин хэр шүтдэг вэ” гэж. Шүтдэггүй, харин судалдаг гэнэ. Тэртээх нэгэн өдөр нэрт яруу найрагч Очирбатын Дашбалбар мань эрийг манай улсад Элчин сайдаар сууж байсан Бакула Рембүүчи дээр дагуулж очжээ. Элчин сайд, Рембүүчи юу гэж хэлсэн гэж бодно. “Та шашинд орохгүй хүн юм байна. Та харин шашныг сайн судлаарай. Тэгэхдээ манай шашныг хүндэтгэж яваарай” гэж хэлсэн байгаа юм.

Түүний ажлын өрөөнд ормогц сод эрдэмтэн Коперникийн хэвлэмэл хөрөг зураг өөдөөс ширтэнэ. Профессор хүүхэд ахуйдаа математикийн улсын наймдугаар олимпиадад түрүүлээд мянга есөн зуун далан хоёр онд Польшийн Торун хотод болсон олон улсын математикийн арван гуравдугаар олимпиадад оролцжээ. Торун нь Коперникийн төрсөн нутаг.Үүнийг бас хувь заяаны тохиол гэж бодож бэлгэшээж явдаг гэнэ.Тэгээд хэлэхдээ “Коперник бол оюуны чадавхиар тийм ч аварга хүн бас биш. Гагцхүү хүн төрөлхтний түүхэнд оруулсан хувь нэмрээрээ, Коперник бол дэлхийг хөдөлгөж нарыг зогсоосон хүн. Агуу байгаа биз. Коперникоос өмнө дэлхий зогсч нар хөдөлж байдаг байж л дээ. Ийм л гавьяатай хүн” гэсэн товчхон түүх сөхсөн.

ДАРХАН БЭРИЙН ӨРГӨМЖЛӨЛД ГЭРГИЙ НЬ ИХЭД БАЯРЛАЖ, НУЛИМС УНАГАЖЭЭ

Номын өрөөнөөс нь гарч хоёрдугаар давхарт гэргий Цогзолмаатай нь жаал яриа дэлгэв. Тэрбээр аравдугаар ангид байхдаа нөхөртэйгөө танилцсанаа ярьсан юм. Ёстой л ээжийнх нь өврөөс босгож ирж танилцсан тухайгаа түрүүнд нь Дэмбэрэл гуай өөрөө ярьсан юм.Хөвгүүдээ өсгөж байсанүеэ амьдралынхаа нэгэнжаргалтай үе гэж байв. “Тэрсхэн болохоор бужигнуулж өгнө, бүтэн хөлтэй сандал гэж байхгүй байдаг байлаа. Тэрсхэн дөрвөн хүүхэд өсгөнө гэдэг их л завгүй байдаг юм. Одоо бодоход их сайхан байжээ. Ээж бол хүүхдүүдээ эрүүл л бойжуулах нь чухал. Тэгсэн байхад бусад нь аяндаа болно. Сурах тал дээр бол аав нь их анхаардаг байсан” гэсэн яриа болов. Хүүхдүүд нь дөрвөн настайгаасаа цагаан толгойн үсгээ сурчихсан гэнэ. Ойр ойрхон зайтай хөвгүүд үймүүлээд байхаар нь цагаан толгой заагаад өгчихсөн гэнэ.Ингэж гурван том нь дөрөвтэйдөө цагаан толгойгоо сурсан байна. Цогзолмаа гуай телевизийн инженер. Радио телевизэд арван долоон жил ажиллажээ. Нөхөр нь Хан-Уул дээд сургуулиа байгуулахад ньтуслахаар ажлаасаа гарч, сургуульдаа юм юм л хийсэн гэнэ. Дэмбэрэл гуайн ах дүүс түүнийг хүндэтгэн дархан бэрийн өргөмжлөл дурсгасан нь нүднээ содон тусна. Түүн дээр “Пүрэв овогтой Цогзолмаа танд

Амраг журамд ээл зааж

Сэтгэлийн гэгээнд Туяарсан бүсгүй минь

Итгэлийн галыг бадраасан бэр минь

Уньт гэрийн галын бурхан

Ураг худдаа эрхэм түшиг

Ухаант дөрвөн үрсээрээ

Удам хойчийг минь дархлаач

Даруухан монгол бүсгүй таныг

Дархан бэрээр хүндэтгэн өргөмжлөв” гэжээ. “Энэ бол дээд зэргийн хүндэтгэл шүү дээ. Ингэж хүндэтгэлтэй хандахад надад их сайхан санагдсан шүү. Нулимс унагаж байсан” гэж энэ өргөмжлөлийг хүлээж авахдаа төрсөн сэтгэгдлээ тэрбээр хуваалцсан юм. Дээр цухас дурсаад өнгөрсөн сургуулийн тухайд, эдний байгуулж буй оюуны гоц чадвартай хүүхдүүдийн сургууль нь жил гаруй хоёр жил орчмын дараа ашиглалтад орох юм байна. Энд хичээлийн байр, сурагчдын дотуур байр, багш нарын орон сууц гэхчлэн багш, сурагчдын сурч боловсрох, ажиллаж амьдрах таатай нөхцөлийг хангасан нэгэн том хотхон босох нь. Нөгөөтэйгүүр, Засгийн газраас баталсан боловсролын шинэчлэлийн цөм хөтөлбөр энд л жинхэнэ утгаараа хэрэгжих нь ээ. Үдэд очсон бид үдэш арван есөн цагийн алдад оройн зоог бариад, ном бүтээхүйн зохист газар Шадивлан, гэр бүлийн аз жаргал, баяр баясгалан дүүрэн, оюуны их өргөө Ц.Дэмбэрэл гуайнхаас хотын төв рүү хөдөллөө.

Н.ПАГМА

Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Чимхийн төдий ч инээдгүй инээдмийн киногоор яах юм бэ

Аравдугаар сард кино театруудаар үзүүлсэн монгол кинонуудаас “Тусгай ажиллагаа” нэртэй кино ашиг орлогоороо тэргүүлжээ. Нийтэд үзүүлсэнкиноноосорлогоороо хол түрүүлсэн энэ кино 94.7 сая төгрөгийн орлого олсон байна. Үүний араас 24.3 сая төгрөгийн орлогоор “Сүүлчийн шөнө”, 22.4 саяын орлогоор “Давхар цохилт” зэрэг кино удаалжээ. “Тусгай ажиллагаа” нь инээдмийн кино юм байна. “Go adventure” студи, найруулагч Д.Галбаярын бүтээл ажээ.

Инээдмийн төрөл жанр нь дотроо адал явдалт, романтик, эмгэнэлт, аймшгийн, сэтгэлзүйн гэхчлэн бараг хорь орчим төрөлтэй. “Тусгай ажиллагаа” нь адал явдалт инээдэм бололтой. Уг киноны үйл явдлыг эхлээд ярья. Нэгэн томоохон архины үйлдвэрийн захирал Тамирынэхнэр Сайханаа гэх бүсгүй бааранд орж архи ууж байгаагаар кино эхэлж байна. Тэрбээр бааранд Баярцэнгэл, Жаргал, Наадам гэх гурван эрэгтэйтэй тааралдана. Шөнийн арван хоёр цаг болж, баар хаахад мөнөөх гурван залуу үргэлжлүүлэн архидахаар гарахад Сайханаа мөн дагаж гарчээ. Эрчүүдийг нэгэн дэлгүүрийн цонхыг нүдэж нүдэж арга тасран байхад Сайханаа тэр гурвыг нөхрийнхөө архины үйлдвэр дээр дагуулан ирнэ. Тэднийг ирэх үеэр үйлдвэрийн харуул бэлэн гоймон, хиам, өндөг авахаар дэлгүүр рүү гарсан байна. Энэ хойгуур согтуу залуус үйлдвэрт орж ирэн ус цас шиг элбэг дэлбэг архи хараад”Архийг шанагаар уухыг мөрөөддөг байлаа. Мөрөөдөл ингэж биелдэг байжээ” хэмээн хувинтай архинаас шанагаар утган залгилах юм. Улмаар захирлын өрөөнд орцгоож, тэнд байсан ангийн бууг нэг нь авч шанага дамжуулан архи уух бусдадаа буу тулган тоглож байна. Харуулын байрандаа эргэж ирсэн харуулхянах камерын бичлэг харж захирлын эхнэрт буу тулгаж байгааг харж сандран захирал руугаа утсаар мэдэгдэнэ. Хариу зааврын дагуу харуул үйлдвэрийн хамгаалалтын кодыг идэвхжүүлээд цагдаа дуудахаар гарч гүйхдээ захирлын нууц амрагийн машинд мөргүүлэн эмнэлэгт хүргэгдэнэ. Сэрэхдээ тэр ой санамжаа алджээ. Хамгаалалтын кодыг идэвхжүүлсэн тул үйлдвэрт гаднаас ч дотроос ч нэвтрэх боломжгүй болжээ. Үйлдвэрийн захирлын мэдээллээр цагдаагийнхан түүний эхнэрийг үйлдвэртэй нь хэсэг залуус барьцаалжээ гэж үзэн үйлдвэр ба эхнэрийг аврах тусгай ажиллагаа явуулахаар хөдлөв. Цагдаагийн тусгай баг үйлдвэрт арайхийн нэвтрэхэд багийн ахлагч нь мөнөөх гурван залуугийн нэг Жаргалын багын найз болж таарлаа. Ингээд хамт архи уун цагдаагийнхан “барьцаалагч” нарын хамт “тасарцгаалаа”. Тасартлаа согтсон Цагдаагийн ажилтан үйлдвэрийн захирлаас барьцааны мөнгө нэхнэ. Зуун мянган доллар өгч авалцахаар тохиролцоно. Одоо кино төгсөх гэж байна. Захирал өмнө нь мөрийтэй тоглож үйлдвэрээ алдсан байжээ. Мөрөө баллахын тулд дээрх согтуу залуус үйлдвэрийг нь барьцаалсан болгож зохион байгуулсныг цагдаагийн ажилтан Сонор илрүүллээ. Ингээд кино төгсч байна. Киногоо үзээд гарлаа. Сэтгэлд юу үлдэв. Амьдарч буй нийгэм маань тэр чигээрээ архинд живчихсэн юм байна гэдэг л өнгөцхөн мэдрэмж үлджээ. Харин эргэн тойрон амьдралаа харахад тэгтлээ архинд донтоод байгаа хүн алга л байна. Кинонд итгэх үү, өөртөө итгэх үү? Монголдоо амьдарч байгаа бид бол өөрсдийгөө архинд живээгүйг харж байна. Харин Монголоос гадна амьдарч байгаа хэн ч энэ киног үзвэл Монголыг архинд живж дээ гэж төсөөлөхөөр. Гэхдээ энэ нь уг киноны асуудлын гол нь бас биш юм. Асуудлын гол нь чимхийн төдий ч инээд энэ кинонд байхгүйд байна.

Ер нь инээдмийн төрлийн урлагийг юунд зорьж юуны тулд хийдэг вэ. Хүн өөрийгөө шоолохын тулд. Үр дүнд нь өөрсдийгөө эмчилж гажуудлаа засаж залруулдаг. Энэ төрлийн урлагт эмгэнэлт инээдэм хамгийн жинтэй нь байдаг. Сэдвийн хувьд хувь хүний амьдралаар дамжуулан нийгэм цаг үеэ элэглэн шоолох, нийгмийн системийг элэглэн шоолох, бүр өргөн хүрээнд бол нийгмийн амьдралаараа дамжуулан хүн төрөлхтнийг элэглэн шоолсон байдаг. Хамгийн сонирхолтой нь эмгэнэлт инээдмийн урлагт зохиогчид өөрийн болон аль нэг үндэстнийг элэглэн шоолсон нь үгүй. Энэ төрөл нь голдуу сэтгэл зүйд хандсан байх нь элбэг. Ийм кино манайд одоохондоо байхгүй юм. Ахуйн хөнгөхөөн адал явдлаар ч инээдмийг илэрхийлж нийгмээ, системээ элэглэн шоолсон байдаг. Ийм төрлийн бүтээл жишээ нь манай хуучны кинонд бий. Яагаав, “Ховор хүмүүс” гээд нэрт найруулагч Р.Доржпалам гуайн кино. Р.Доржпалам найруулагч “Ховор хүмүүс” хэмээх инээдмийн киногоороо социалист системд хүмүүс оюун сэтгэхүйгээрээ хэрхэн хайрцаглагдаж, ийм цаг үед амьдрал хэрхэн үзэл суртлын нэгэн сувгаар урсан өнгөрдгийг элэглэн шоолсон байдаг. Үзэгчид уг киног эхлэхээс дуустал нь савж унатлаа инээлдээд, дараа нь өөрсдийн амьдрал руу гунигтайгаар ширтэн харах сэхээ ордог шүү дээ. “Зэрэг нэмэхийн өмнө” гэж бас л гоё инээдмийн кино бий. Мөн Р.Доржпалам гуайн бүтээл. Наяад онд дэлгэцнээ гарсан энэ кино үйл явдал нь Богд хаант засгийн үе гарах боловч аль ч цаг үед үнэ цэнээ алдахгүй бүтээл. Өнөөдөр ч үнэ цэнтэй хэвээр. Ямар ч цаг нийгэм байлаа гэсэн хүнд л байх төрөлхийн амбицийг, хэмжээ нь хэтрэхээрээ хэрхэн амьтан болж хувирдгийг хэлсэн санаа нь үнэтэй юм. Энэ киноны хийцийг бол бүр яриад яахав. Гайхалтай гэж хэн ч санаа нийлэх биз ээ. Мэргэжлийн өндөр мэдрэмжтэй, боломжийн стандарт хийцтэй бүтээл хэзээд “харж байгаагийнхаа цаадахыг харах, сонсч байгаагийнхаа цаанахыг сонсох” боломжийг хүмүүст өгч байдаг ажээ. Энэ бол урлаг хүмүүст өөрсдөд нь сэтгэлгээний орон зайг бий болгож өгч байгаа хэрэг юм. Инээдмийн жанрын жишээ болсон дээрх хоёр кино бол тийм л бүтээлүүд. Урлагийн аль ч төрлийн бүтээлд сэтгэлгээний дотоод орон зай гэж байдаг. Үүний хажуугаар ялангуяа кинонд дүрслэлийн орон зай гэж нэг гол судас нь бий. Энэ дүрслэлийн орон зайгаар дамжуулж үзэгч үйл явдлыг өргөн хүрээнд харж чаддаг. Энэ орон зайг найруулагч киноныхоо зураачид, зургийн дарга, зохиолч, зураглаач зэрэг хамтран зүтгэгчдийнхээ тусламжтайгаар бүтээдэг. Харин өнөөдөр кино хийж байгаа хүмүүсийн тогтсон жишиг болох найруулагч жүжигчин хоёрын “бүтээл” нь дээрх орон зайг хэзээ ч бүтээх боломжгүй юм. Тиймээс өнөөдрийн кинонууд аль ч төрөл жанрынх бай хүмүүсийн сэтгэлд хүрэхгүйгээр барахгүй огт ойлгомжгүй хэдэн дүрсний эвлүүлэг болж хувирч байна. Ийм шалтгаанаар өнөөдрийн инээдмийн кинонд чимх ч инээд алга. Чимхийн төдий ч инээдгүй инээдмийн киногоор яах юм бэ.

Кино үйлдвэрийг хувьчилснаас хойш кино урлаг уналтад орлоо гэх болсон. Энэ чинь зуун хувь шалтгаан болж чадахгүй шүү дээ. Мөнгөгүйдээ муу кино хийж байна гэж кино хийж буй залуус хэлдэг. Ахмад киночид ч энэ талыг нь хөөрөгдөж өмөөрч тал өгсөөр байгаад залуу найруулагч нар кино хийж сурахгүй байх шиг. Муу ч гэсэн кино хийх мөнгө олоод хийгээд л байна шүү дээ. Уг нь мөнгөний хэмжээ уран бүтээлчийн сэтгэх цар хэмжээнд шууд хамааралгүй л харагдаад байдаг юм. Хэр тааруухан санхүүжилтээр хичнээн сайхан бүтээл хийчихсэн театрынхны жишээ байна. Киног театртай харьцуулах нь өрөөсгөл ч гэлээ сайн бүтээл хийхэд тайз дэлгэц ялгаагүй л нэлээн их мөнгө шаарддаг. Тэгэхээр гараад байгаа кинонуудыг яагаад авах юмгүй муу болоод байгаа шалтгааныг харцгаая.Урлагийг бүтээх чин сэтгэл, мэдлэг, боловсрол, хийж байгаа бүтээлийнхээ орон зайг урьдчилан харах оюуны цар бяр, тэр орон зайдаа багтааж үйл явдал, гол санаа, тэдгээрийн чимэглэл деталиудаа базаж нэг цул болгон үзэгч рүү шидэх тийм чадал чансаа өнөөгийн киночдод байхгүй нь илт харагдаж байна. Үйл явдал, өгүүлэмжийн жижигхээн деталиар ч хэлэх гэсэн санаагаа сэтгэж байгаа орон зайдаа зөв байршуулаад гаргачихсан бүтээл томроод л ирдэг.

“Тусгай ажиллагаа” хэмээх сүржин нэртэй инээдмийн гэх энэ кинонд киноны үндсэн шалгуур болох дээрх элементүүд ер үзэгдэхгүй юм. Киноны цагдаагийн тасгийн ахлагч Сэрэмжбаатар хэмээгчид хошин урлагийн “Маск” продакшны жүжигчин М.Баярмагнай тоглосон бол бусад дүрд жүжигчин С.Баттулга, Т.Хулан, Э.Ууганбаяр, Ө.Мөнх-Эрдэнэ, Э.Мөнхтөр, Э.Батхүү, ардын жүжигчин С.Сарантуяа, телевизийн хөтлөгч, жүжигчин Э.Гантулга нар тогложээ. Өнөөгийн залуучуудын киногоо өөд татахын тулд хэрэглэдэг нэг арга нь хуучны нэртэй жүжигчдээс ганц нэгийг нь авч тоглуулах. Бараг бүх киноноос энэ харагддаг. “Тусгай ажиллагаа”-нд ардын жүжигчин С.Сарантуяа өнгө нэмээд л ороод ирж байна. Үнэхээр ч нүдийг нь хараад үзэгчийн сэтгэл сэрхийх юм. Сайн жүжигчин нүдээрээ тоглодог гэж нэг алдартай найруулагч хэлснийг сануулах ч шиг. “Тусгай ажиллагаа” киног уг нь инээдмийн кино болгочихъё гэсэн бол найруулагч өлгөөд аваад явахаар нэг сэжүүр уг нь байна лээ. Архины үйлдвэрт нэвтэрсэн цагдаа нарыг ахалж яваацагдаа “Та нарыг барьцаалчихлаа” гэдэг ч билүү сүртэйхэн дуугарахад нь нөгөөдүүл нь итгэчих юм. Архи уух гэж өөрсдөө орж ирсэн хүмүүсийн толгойг ганцхан үгээр эргүүлчихэж байгаа тэр хэсэг л ердөө дангаар нь бариад явах шугам байж дээ гэж харагдана. Туйлын итгэмтгий, гэнэн цагаан чанарыг хүнд байгалиас заяасан байдаг.Тэрэн дээр нь тоглолт хийх замаар сэтгэлзүйн төрөл жанрыг бүтээж болдог. Ийм сонгодог жишээ гэвэл, Сервантесийн “Дон Кихот” байна. Нэг муу халтар монгол хошин шогтой агуу сонгодгийг харьцууллаа гэж битгий бодоорой. Сонгодог ч бай, арилжааны ч бай урлагийн бүтээл хийж байгаа хэн боловч сэтгэж байгаагаараа нийтлэг болохоор иймэрхүү том жишээнүүдийг татахад хүрлээ. Эцэст нь бас нэг харамсмаар зүйл нь өнөөдөр кино хийж чадах найруулагч төлөвшихгүй байгаагаас хичнээн авьяас байгаад ч сайн жүжигчид төрөхгүй, дээрээс нь байгаа сайн жүжигчид нь золиослогдож байна. Жишээ нь, энэ киноны гол баатруудын нэгд тоглосон Баярмагнай ямар гоё нюанстай жүжигчин билээ. Үнэнийг хэлэхэд, нөгөө л хошин шогийнхоо байдаг л алиа салбадайн хэрээс хэтэрч чадахгүй л байна. Ямар их авьяастай олон залуус жүжигчин болж чадахгүй унтарч байгааг бүгд харж байна “Тусгай ажиллагаа” бол зүгээр л өнөөгийн гудамжаар дүүрэн новширч байгаа арилжааны “урлаг”-ийн нэг жишээ. Үүнд зорьсон үзэгчид нь ч байгаа. Буруутгах ямар ч шаардлага байхгүй. Хэн юу чаддагаараа мөнгө олж биеэ тэжээдэг нь амьдралын л жам. Арилжааны урлаг ийм л жамаар явдаг. Үзэгчид нь мөн адил сэтгэлээ ийм л юмаар дүүргэж цадаж байгаа хэсэг ганц манайд биш ямар ч өндөр хөгжилтэй оронд, хаана ч байдаг. Харин цөөхөн хүн амтай манайд үүний нэг сүүдэртэй тал нь нэг ийм халтар “соёл”-ыг нийгэмд бүтээж байгаа нь л хэцүү. Ямар ч театр цаг үе, орчин тойрондоо соёлыг бүтээж байдаг

Н.ПАГМА

Categories
мэдээ цаг-үе

С.Золзаяа: Охиныхоо төлөө миний хийж чадах зүйл энэ л байна

-ЭМНЭЛГИЙН ТӨЛБӨР БОЛОХ 150 МЯНГАН АМ.ДОЛЛАРЫГ ОЛОХЫН ТУЛД НАПОЛЕОН ТООРТ ХИЙЖ ХУДАЛДАЖ ЭХЭЛЖЭЭ-

Саяхан фейсбүүк хуудсаар Сүхбалсангийн Золзаяа гэдэг бүсгүй нялх охиноо эмчлүүлэхийн тулд наполеон тоорт хийж худалдан эмчилгээний төлбөр цуглуулж байгаа гэсэн мэдээлэл гарсан. Түүний охин одоо дөрвөн настай. Эмч нар булчингийн хөгжилгүй гэсэн онош тавьж, яаралтай мэс засал хийлгэхийг зөвлөжээ. Охин болон охины аав, ээжид Христийн шашны нэгэн байгууллага тусалж, мэс засал хийлгэхээр АНУ-ын эмнэлэгт хандаад байгаа аж. Гэвч уг эмнэлгийн төлбөр болох 150 мянган ам.доллар энэ гэр бүлд байхгүй учир бяцхан охиныг хөл дээр нь босгох эмчилгээ хойшлогдсоор байгаа гэнэ. Гэвч охины ээж чадах бүхнээ хийж эмчилгээний зардал олохоор тоорт хийж зарж эхэлжээ. Олон нийтийн сүлжээнд захиалга авч байгаагаа мэдээлснээр одоо тэр 200 гаруй тоортны захиалга аваад байгаа гэнэ. Бэрхшээлийн өмнө шантралгүй, хандив гуйж гараа хумхин суулгүй үр хүүхдийнхээ төлөө тэмцэж буй 25 настай залуухан ээж С.Золзаяагийн ярилцлагыг хүргэж байна.

-Охины тань эмчилгээ хэр хийгдэж байгаа вэ. Мэс засалд хэзээ орох бол?

-Миний охин одоо дөрвөн ойтой. АНУ-ын Мичиган мужид эмчлүүлэхээр оччихсон байгаа. Өнгөрсөн долдугаар сард Америк явсан. Очоод шинжилгээнүүдээ хийлгээд, мэс заслын өмнөх бэлтгэлээ хийлгээд байж байна. Шинжилгээгээр миний охинд дараалан зургаан мэс засал хийх шаардлагатай гэсэн дүгнэлт эмч нар хийжээ. Эхний мэс заслыг арваннэгдүгээр сарын 3-нд хийх хуваарьтай байсан. Уг нь мэс засалд орох цаг хугацааг нь төлөвлөчихсөн байсан юм. Гэтэл эмнэлгийнх нь зүгээс ор хоногийн төлбөр, мэс заслын дараахь физик эмчилгээ гэхчлэн миний ойлгож байгаагаар холбогдох бүх үйлчилгээнд нь нийт 150 мянган ам долларын төлбөр төлөх шаардлагатай гэсэн. Ор хоногийн төлбөр нь нэг хоногийн 700 ам.доллар юм байна. Тэгээд төлбөрөө төлөөгүй гээд мэс заслыг нь хойшлуулчихсан байгаа.

-Өнгөрсөн долдугаар сард Америк явсан гэсэн. Одоо тэндээс ямар мэдээлэл өгч байна?

-Очоод гурван сар болж байна. Америкт мэс засалд орох гэж байгаа хүнд тухайн өвчнөөс өөр элдэв хууч өвчин байх ёсгүй гэдэг юм байна. Мэс засалд ороход өвдөх өөр юмгүй байх ёстой гэдэг гэнэ. Миний охины ганц хоёр шүд нь хорхойтой. Тэрийгээ очсон хойноо янзлуулсан. Ерөнхийдөө бүх шинжилгээнүүдээ өгөөд мэс засалд ороход бэлэн болчихсон байгаа юм. Манай охиныг хариуцаж авч явсан байгууллагын хүмүүс тэр эмнэлэгт хүсэлт тавьсан гэсэн. Бид яаж ч цуглуулаад 150 мянган доллар цуглуулж чадахгүй. Төлбөрөө жаахан ч гэсэн багасгах боломж байна уу, ядуу орны хүүхдэд арай жаахан уян хатан хандаж туслаач гэсэн хүсэлт тавьчихаад байгаа гэсэн. Ядаж мэс заслын дараахь зарим үйлчилгээний төлбөрөөс чөлөөлөх ч юм уу, зарим нэг хоногийг нь үнэгүй болгож өгөөч гэсэн хүсэлт тавьсан байгаа л даа. -Охиныг тань эмчлүүлэхээр хариуцаж яваа байгууллага ямар байгууллага вэ?

-Манай улсад үйл ажиллагаа явуулдаг, христэд итгэгч Америкийн байгууллага. Хүүхдийн төлөө буяны ажил хийдэг, арав гаруй жилийн туршлагатай байгууллага юм. Манай хүүхэд тэдний тусалсан хорин зургаа дахь хүүхэд нь гэж байсан. Монголоос бол хоёр дахь нь.

-Та бүхэн тэр байгууллагыг яаж олж холбогдов. Эндээ эмнэлгийн тусламж хэрхэн авч байв?

-Охин маань нэг сартайгаасаа Гэмтэл согогийн эмнэлгийн хяналтад орсон юм. Төрөхдөө хөл гар нь таталттай төрсөн. Нэг сартайгаас нь эхлэн хөл гарт нь гипс, чиг тавьж, бараг нэг ой гартал нь тэгж явсан. Нэг удаа шөрмөс сунгах мэс засал хийлгэсэн юм. Тэр мэс заслыг хийлгэсний дараа хөл нь арай гайгүй, хүний хөл гэх хэлбэр дүрстэй болсон.

-Манай эмч нар тэр үед юу гэж оношилсон бэ?

-Ерөнхийдөө гадаадын эмч нартай адил төстэй юм хэлдэг байсан. Гэхдээ шөрмөс л гэж яриад байхаас булчингийн тухай огт ярьж байгаагүй. Гэтэл Америкт очоод шинжилгээ хийлгэтэл манай хүүхдийг булчингийн хөгжил огт байхгүй байна гэсэн. Монгол эмч нар булчин гэж нэг ч ярьж байгаагүй болохоор бид энэ талаар юу ч мэддэггүй. Америкт шинжилгээ өгөхөд, эмчилгээг их оройтуулсан байна гэж эмч нар нь хэлсэн. Оройтуулчихсан учраас олон төрлийн мэс засал хийх шаардлагатай болж байгаа юм байна. Манай эмч нар хэлэхдээ “танай хүүхэд арай л нялх байна. Манай Монголд ийм хүүхэд төрж байгаагүй болохоор бидэнд ямар ч туршлага байхгүй, ядаж жаахан томрохоор нь мэс засал хийж үзье” л гэдэг байсан. Гаднын эмч нар болохоор бүр нялхад нь эртхэн эмчлэх ёстой гэж хэлж байна.

-Гаднаас эмч нар ирлээ, үзлэг оношилгоо хийж байна гэсэн мэдээлэл байн байн гардаг. Та энэ дагуу явж хандаж байв уу?

-Гадаадаас хааяа эмч нар ирсэн үед охиноо үзүүл гээд эмнэлгээс дууддаг байсан. Очоод үзүүлэхээр нөгөөдүүл нь нэг их тодорхой юм хэлдэггүй. Монгол эмч нь нэлээн удаан хугацааны эмчилгээ шаардана гэж хэлдэг бол гадаадын эмч нар бага дээр нь мэс засал хийх ёстой л гэдэг байсан. Манай эмч нар “Бид туршлагагүй” гээд мэс засал хийхгүй явж ирсэн. Би зөвхөн тэр эмнэлгээр дамжуулж биш, гадаадаас эмч ирлээ гэж сонсдох болгонд өөрөө очиж уулздаг. Тэр болгонд “оройтлоо шүү дээ, бүр багад нь мэс засал хийх ёстой” гэдэг байсан. Тэгэхээр нь монгол эмч дээрээ очоод хэзээ хагалгаа хийх вэ гэхээр “Болоогүй ээ, арай л бага байна” гээд байдаг байсан. Тэгсээр хоёр ой ч гарлаа. Хүүхдээ ядаж хөл дээрээ босчихоосой гэж бодоод зөндөө л хөөцөлдсөн. Эмч маань нөгөө л “болоогүй байна” гэдэг үгээ л хэлдэг.

-Америкт очсон эмнэлгийнх нь эмч нар мэс заслын дараахь үр дүн ямар байх талаар урьдчилж мэдээлэл өгөх юм уу?

-Анх энэ байгууллага охиныг маань авч явахдаа найман сар болоод, ганц хоёр мэс засал хийлгээд бараг хөл дээр нь босгоод ирнэ гэсэн төсөөлөлтэй явсан юм. Хүүхдээ авч очоогүй, эхлээд зөвхөн зургийг нь явуулсан болохоор тийм баримжаа өгсөн байх. Гэтэл бүх шинжилгээ хийсний дараа зургаан удаа мэс засал хийх нь тодорхой болсон. Эмч нар нь хүүхдийг маань хөл дээрээ босоод явах нь явна гэж байгаа юм. Манай хүүхэд шиг булчингийн хөгжилгүй хүүхэд байдаг юм болов уу гээд би интернэтээр нэлээн судалж үзсэн. Анх охиноо булчингийн хөгжилгүй гэдгийг эмчээс биш интернэтээс мэдсэн л дээ. Англид манай охин шиг төрсөн нэг охин мэс засал хийлгээд явдаг болсон тухай уншсан юм. Бас л том болтлоо эмчилгээ хийлгээгүй байж байгаад таван настайдаа мэс засалд ороод хөл дээрээ босч, явдаг болсон гэж бичсэн байсан. Хэрэв бид охиноо багад нь Америкт эмчилгээ хийлгэсэн бол булчинг нь хөгжүүлээд өөрөөрөө явах боломжтой байсан юм билээ. Одоо бол, нэгдүгээрт зургаан удаа хагалгаа хийнэ. Хоёрт, мэс засал хийлгэсний дараа протез өмсүүлнэ. Протезний тусламжтайгаар л явдаг болно, бараг насан туршдаа тийм байна гэж байна. Уг нь бага дээр нь эмчилсэн бол өөрөө хөл дээрээ босоод явах боломж байсан юм билээ.

-Хүүхдийнхээ эмчил­гээ­ний төлбөрийг цуглуулахаар сэдсэн санаа тань олны дэмжлэгийг ихээр хүлээж байна. Та тоортоо хэзээ хийж эхлэв. Захиалга хэр ирж байна?

-Өнгөрсөн долоо хоногоос эхэлсэн. Одоогоор 200-гаад тоортны захиалга авчихаад байна. Фейсбүүк дээр “ээжүүдийн групп” гэж байдаг юм. Тэрэн дээр ээжүүд адилхан үр хүүхэдтэй хүмүүс болохоор нэгийгээ их сайн дэмждэг. Тэгээд би охиныхоо тухай бичсэн л дээ. Хүмүүс цааш нь түгээж маш олон хүн мэдээлэл авсан байна лээ.

-Ямар үнээр зарж байгаа вэ?

-Хорин мянгаар.

-Өмнө нь та бялуу, на­рийн боов хийдэг байсан уу?

-Үгүй үгүй. Тоорт яаж хийхийг интернэтээс харж сурсан. Одоохондоо охиныхоо төлөө миний хийж чадах юм энэ л байна. Зүгээр тоорт хийе гэхээр чимэглэж чадахгүй. Тиймээс наполеон тоорт хийж байгаа юм. Ажиллагаа ихтэй л юм байна. Тийм их мөнгө хаанаас олно доо гэж дэмий шаналж суухын оронд хөдөлж л байвал учир нь олдох болов уу гэж бодох юм. Тэгээд ч завгүй байхаар хүүхдээ санах нь арай гайгүй. Хүүхдээ явуулчихаад зүгээр суух биш араас нь бага багаар мөнгө явуулаад л байна. Наполеон тоорт зарж олсон мөнгөө хүүхдэдээ л явуулж байна. Захиалга орж ирэхийн хэрээр хийгээд л байна.

-Тусалъя, хандив өгье гэсэн хувь хүмүүс, компани албан байгууллагууд хэр хандаж байна?

-Хандаж байна. Дөнгөж сая л гэхэд Цагдаагийн академийн сонсогч оюутнууд хандив өгье гэж утсаар ярьсан. Хувь хүмүүс ч тусалж дэмжмээр байна, дансны дугаараа өгөөч гэж утасдаж байна. Өнөөдөр Мэдээлэл харилцаа холбооны газраас нэг эгч утсаар яриад тусалмаар байна, мэдээллээ өгөөч гэсэн. Олон салбартай юм байна, салбарууддаа уриалаад манай охинд хандив өгье гэж ярьсан. Би яг албан ёсоор данс нээгээд мөнгө хэрэгтэй байна, өгөөч ээ гээгүй байгаа л даа. Охиноо Америк руу явуулахад бас л мөнгө төгрөг амаргүй л байсан. Итгэгч байгууллага маань ихэнх зардлыг дааж байгаа. Мэс заслыг нь нэг эмчээр үнэгүй хийлгэхээр болж байгаа юм. Шинжилгээг нь үнэгүй хийлгэхээр болж байгаа юм. Гэтэл эмнэлэг, эмч хоёр нь тусдаа байдаг болохоор эмнэлгийн зүгээс ор хоногийн мөнгө шаардлагатай гээд байгаа.

-Та хандивын данс нээхгүй юм уу?

-Одоохондоо өөрийнхөө дансыг тусалъя гэсэн хүмүүст өгч байна.

-Та юу ч гэсэн дансныхаа дугаарыг мэдээлчихгүй юу. Бялууны захиалгаа ч түүгээр хийж болох болов уу?

-ХААН банкны 5100124153, Голомт банкны 1815007441 дугаартай.

-Гэр бүлээс тань охиныхоо хамт Америк руу хүн явсан уу?

-Үгүй. Зөвхөн итгэгч байгууллагын хүмүүс хариуцаж явсан. Нөхөр маань АПУ-д борлуулалтын жолооч хийдэг юм. Охиноо Америк явуулах болчихоод би ажлаасаа гарсан. Өмнө нь охиноо тусгай цэцэрлэгт өгчихөөд ажлаа хийдэг байсан. Одоо би хоёр дахь хүүхдээ тээж байгаа. Жирэмсэн болохоор ажил хайгаад ч олдохгүй юм. Хүүхдэдээ мөнгө явуулмаар байдаг. Ажилгүй хүн олигтой мөнгө өгч чадахгүй, шаналж суухын оронд хөдөлж байя гээд тоорт хийж байгаа минь энэ.

Н.ПАГМА

Categories
мэдээ нийгэм

Э.Анхбаяр: Би хоёр том дуурийн ари дуулна

ДБЭТ-ын гоцлол дуучид ОХУ-ын Москвагийн Их театрын тайзнаа “Монголын алтан хоолойтнууд” тоглолт хийх гэж байна. Дэлхийн сонгодог хөгжмийн тэргүүлэх театруудын нэг “Большой театр”-т анх 1960-аад онд хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, профессор Цэвэгжавын Пүрэвдорж хөл тавьж, П.И.Чайковскийн “Евгений Онегин” дуурийн Греминий дүрийг бүтээж байв. Түүний дараа Зууны манлай дуурийн дуучин, ардын жүжигчин Хорлоогийн Уртнасан 1983-1984 онд уригдан очиж “Чио Чио сан”, “Тоска”, “Евгений Онегин” дуурийн гол дүрүүдийг бүтээс­нээс хойш манай дуурийн урлагийнхан энэ театрт дахин дуулаагүй билээ. Ирэх арван нэгдүгээр сарын 20-нд хийх “Монголын алтан хоолойтнууд” тоглолт нь сонгодог дуурийн өндөр жишиг болох “Большой театр”-т Монголын дуурийн дуу хоолойг сонсгож буй гурав дахь үеболж байна.

ОХУ-ын Соёлын яамны дэмжлэгээр хийж буй уг тоглол­тод гавьяат жүжигчин Э.Амартүвшин, СТА Ө.Уянга, Р.Доржхорлоо, Б.Эрдэнэтуяа, Б.Гомбо-Очир, Э.Анхбаяр, Ж.Бямба­жав, Б.Батжаргал нар орол­цохоор болжээ. Монголын алтан хоолойтнуудын нэг СТА Э.Анхбаяртай ярилц­лаа. Тэрбээр 2010 онд “Их Монгол” дээд сургуулийн дуу­рийн дуулаачийн ангийг төгссөн. 2007 онд оюутан байхдаа ОХУ-ын Владивосток хотноо зохиогдсон дуурийн залуу дуучдын V уралдаанд II байр, 2011 онд ОХУ-ын Улаан-Үд хотноо зохиогдсон “Байкаль” олон улсын уралдаанд тусгай байр, ОХУ-ын Улан-Үдэ хотноо зохиогдсон СССР-ийн ардын жүжигчин Л.Линховойн нэрэм­жит X урал­даанд “Лучший голос” шагнал болон Гран-при шагнал, 2011 онд ОХУ-ын Москвад болсон М.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаач­дын XXIV уралдаанд хоёр­дугаар байр, 2014 онд ОХУ-ын Курск хотноо бол­сон Г.Свиридовын нэрэм­жит ОУ-ын дуурийн дууч­дын уралдаанд II байр эзэлсэн. ДБЭТ-ын урын сангийн Ж.Вердийн “Травиата”, Ж.Пуччинийн “Богема”, П.И.Чайковскийн”Евгений Онегин”, Б.Дамдин­сүрэн­гийн “Учиртай гурван тол­гой”, Б.Шаравын “Чингис хаан”, Ж.Бизегийн “Кармен”, А.Моцартын “Дон Жуан” зэрэг томоохон дууриудад дуулж байгаа өнөө цагийн алтан баритонуудын нэг юм.

Сонгодог хөгжмийн тэргүүлэх театр “Большой театр”-ын тайзнаа Монго­лын­хоо дуурийн урлагийн өнгө төрх болж, дуулах болсонд танд баяр хүргэе?

-Большой театр бол дэлхийн тоотой хэдхэн том театрын нэг. Энэ театрын тайзан дээр дуулах болсон­доо их баярлаж байна. Манай­­хаас хоёр сопрано, нэг меццосопрано, хоёр баритон,хоёр басс хоолойтой дуучид явж байна.

Та энэ жил Орост болсон олон улсын уралдаанаас хоёрдугаар байрын шагнал хүртсэн. Свиридовын нэрэмжит уралдаан байх. Дахин очиж дуулах нь ээ?

-Тэгсэн. Өнгөрсөн хавар тавдугаар сард Курск хотод болсон Г.Свиридовын нэрэм­жит олон улсын дуурийн дуулаач­дын уралдаанд оролцож хоёрдугаар байрыг нь авсан. Дараа нь наймдугаар сарын сүүл, есдүгээр сарын эхээр Францын Тулуз хотод болсон тавь дахь удаагийн уралдаанд очиж финалист буюу сүүлийн шатанд долоон дуучинтай үлдсэн. Шагнал авч чадаагүй.

Тулузын уралдаанд сүүлийн шат хүртэл та ямар бүтээлээс дуулав. Тэр тэмцээний оролцогчдын талаар ер нь ямар сэтгэгдэлтэй ирэв?

-Эхний шатанд нь Ж.Вердийн “Дон Карлос” дуурийн Родригогийн ари, хоёр­­дугаар шатанд П.И.Чайковскийн “Гилбэрийн хатан” дуурийн Елецкийн ариг дуулсан. Тэгээд Фран­цын хөгжмийн зохиолч Дебюссийн “Чудесный вечер” гэдэг роман­сыг, гуравдугаар шатанд Умбер­то Жордано гэж Италийн хөгжмийн зохиолчийн “Андре Шенье” дуурийн Жерарийн ари, мөн С.Рахманиновын нэг романс дуулсан. Тулузын тэмцээн бол том уралдаан юм билээ. Гучин хоёр улс орны зуун тавиад дуучин оролцсон. Монголоос хоёр дуучин оролцсон. Надтай хамт манай театрын гоцлол дуучин Батжаргал. Солонгосын дуучид олноор оролцсон. Гуч гаруй хүн байсан байх. Францаас зургаа, Оросоос дөрөв, Америкаас гурав гэхчлэн. Цар хүрээ маш өргөн том уралдаан болсон. Эрэгтэй эмэгтэй гэж ялгалгүйгээр нийтдээ гурван байртай. Сүүлийн шатанд арван хоёр дуучин үлдсэний долоо нь эрэгтэй дуучид бай­сан. Долоон эрэгтэй дуучны дөрөв нь тенор, нэг баритон, хоёр басс байлаа. Анх тэмцээнд орохдоо хорин дөрвөн тенор, хорин таван баритон, арван долоон басс орсон. Баритонуудаас би ганцаараа финалд үлдсэн л дээ. Ерөнхийдөө нэлээн гайгүй дуулчихлаа гэсэн бодолтой л байсан.

Ер нь хараад байхад теноруудыг илүү онцолж үздэг тал байх шиг байдаг. Гэхдээ уралдаануудадтийм тал байна уу?

-Европын уралдаануудад би явж үзээгүй л дээ. Тулузын уралдаан миний анхных байсан. Европт бол үнэхээр сайхан дуугарах юм бол тенор хоолойг илүү авч үзэх тал байдаг. Ер нь тенор хоолой өөрөө ховор хоолой л доо. Тулузын уралдаанд эхний гурван байрыг тенор дуучид авсан.

Тэр гоё гоё теноруудыг сонсоод явж байхад хамт нэг тайзан дээр дуулж байгаа өөрийн орны теноруудаа хэрхэн мэдрэх юм?

-Манай залуучууд сайн шүү дээ. Манайд бол сонгодог урлаг, ялангуяа энэ дуурийн урлагийг улсаас дэм­жих бодлого үнэндээ нойль заачихсан байна. Улс үүнийг мэддэггүй юм уу эсвэл хүсдэггүй юм уу гэдгийг би сайн мэдэхгүй. Тийм болохоор энэ урлагаа харж үзээсэй. Спорт, урлаг хоёроор л манай улс дэлхийд танигдаж яваа шүү дээ. Түүнээс биш далан зургаан гишүүнийг дэлхийд хэн ч танихгүй. Чингэс хааныг мэднэ. Өнөөдөр олимпийн аварга Түвшинбаярыг танина, манай Амартүвшин баритоныг танина. Дэлхийн том том урал­даан үзэж суугаа хүмүүсМонголын Амартүвшин гэж бүгд танина. Гэх жишээтэй Монголыг ер нь тэгж л таньдаг. Тийм болохоор энэ дуурийн урлагаа маш сайн анхаарч үзээсэй гэж боддог. Жүдо өнөөдөр ийм өндөр түвшинд хөгжиж байгаагийн цаана Х.Баттулга гишүүн л байна шүү дээ. Тэрэн шиг манай дуулаачдыг дэмжвэл манайхан үнэхээр дэлхийн түвшинд дуулах цаг нь ирчихсэн юм байна гэж би хувьдаа харж байна.

Москва руу ямар хөтөл­бөртэй явах гэж байна вэ?

-Манайх бүтэн том сонго­дог концертын хоёр хэсэг бүхий хөтөлбөртэй явж байна. Дэлхийн сонгодог дууриудын ари, дуэтууд гэхчлэн. Миний хувьд бол Чайковскийн “Гилбэрийн хатан” дуурийн Елецкийн ари, “Дон Карлос” дуурийн Родригогийн ариг дуулна.

Дон Карлос дуурь их том дуурь. Зөвхөн Вердийн дууриуд дотроо төдийгүй дуурь дотор нэлээн хүндэд ордог гэдэг. Найруулагч нарын мөрөөдлийн жүжгүү­дийн нэг. Манайд тавиагүй болохоор манай үзэгчид сайн мэдрэхгүй байгаа байх л даа. Таны дуулах дүр ямар вэ?

-Манайд энийг тавих боломж гардаг юм бол дуулах юм сан гэж боддог. Родриго гэж дон Карлогийн туслах залуугийн дүр юм. Ер нь Родригогийн ари бол центральный баритон дуулахад маш тохиромжтой ари.Дуурь нь өөрөө маш хүнд дуурь. Гурван цаг гаруйн дуурь.

Таны хөтөлбөрт орсон “Гилбэрийн хатан” дуурийг манайх ерэн хэдэн онд кон­цер­тын хэлбэрээр тавьсан санагдана. Дахиад тоглоогүй?

-Намайг хүүхэд байхад тавьсан юм билээ. Ёстой л ерэн дөрөв таван он байх. Манай багш дуулсан байдаг. Тэгэхээр чинь би тэр үед долоон настай жаал гүйж явж.

Дуурийг та анх хэрхэн сонгож байсан бэ?

-Хүүхэд байхаасаа л дуулдаг байсан. Бас багадаа зураг зурах сонирхолтой бай­лаа. Манайхан ер нь удам­даа зураачидтай гэр бүл. Гэхдээ ээж намайг эмч болгох сонирхолтой байсан. Арваа төгсөөд би дуучин болохоор СУИС-д шалгалт өгөөд тэнцсэнгүй. Муу л дуулдаг байсан юм байлгүй дээ. Шалгалт авсан багш нарын дунд ардын жүжигчин Г.Банди багш байсан. Банди багш л намайг нэлээн сонирхож байсан. Хоёр дахь шалгалт нь бүжиг бүжиглэдэг юм байна, хөгжим тоглодог юм байна, шүлэг уншдаг юм байна. Тэд­нийг нь би мэддэггүй. Тэгээд Жавзандулам багшийнхаа сургуульд очсон. Нэг жил бэлдээд оръё гэсэн бодолтой. СУИС-д лмундаг дуучин бэлддэг юм байх гэж тэр үед ойлгодог байлаа. Нэг жил багш маань намайг бэлдлээ. Хоолой маань ч сайхан жигдрээд ирсэн. Багш маань анх надад 2007 оны намар нэгдүгээр курст байхад олон улсын урал­даанд оролцох санал тавьж байсан. Тэр уралдаанд яваад хоёрдугаар байрын шагнал аваад ирсэн.

Ямар уралдаан байсан бэ?

-ОХУ-д болсон дуурийн залуу дуулаачдын олон улсын тавдугаар уралдаан байсан. Тэрнээсээ маш их урам аваад ерөөсөө энэ мэргэжлээрээ явъя гэж бодож дуурийг сонгосон доо.

Танд ховор тохиох боломж гарч л дээ, тэр үед. Ардын жүжигчин Б.Жавзан­дулам гуай бол агуу сопрано. Чадал чансаагаараа хол тасарсан дуучны гар дээр очсон тань тэр хүн театраас гарч, сургууль байгуулсан үетэй таарсан юм шиг байна, тийм үү?

-Хүний хувь зохиол л гэж боддог. Хэрвээ би СУИС-д тэнцээд орчихсон бол ингэж бэлтгэгдээ ч үү, үгүй ч үү. Ер нь л хувь зохиолоороо л би багштайгаа учирсан байх. Өдий зэрэгтэй яваа маань багшийн маань л ач шүү дээ.

Тэгээд та тэр сургуулиа л төгссөн үү?

-Тэгсэн.

Б.Жавзандулам гуайн сургууль “Их Монгол” гэдэг дээд сургуулийн дэргэд тэнхим гэж явдаг юм байна лээ. Насаараа дуурьт ажил­ласан хүн сургуулиа бие дааж босгох их хэцүү байх л даа, тийм ээ. Яг яасан юм бэ?

-Манай ангийнхан ер нь жигдхэн сайн хүүхдүүд байсан. Бараг бүгд л хөдөө мал маллаж байгаад ирсэн хүүхдүүд л дээ. Багш анх ийм сургууль байгуулъя гээд явсан. Бичиг баримтаас өгсүүлээд хэцүү л байдаг юм байна л даа. Яг өөрийн гэсэн байргүй. Тэр бүхэнд тулгамдаад багш мааньямар ч байсан сургуулиа авч үлдэхийн тулд Их Монгол сургуулийн харьяанд орсон юм билээ. Тэр үед нь бид нар хоёрдугаар курст байсан. Би маш их боддог юм. Багшийн маань байгуулсан тэр сургууль том оперын сургууль болж босоосой гэж. Багшийнхаа сургууль дээр очоод багшлаад суух юмсан, багшийнхаа зааж өгсөн юмыг хүүхдүүдэд цааш нь заагаад сууж байх юм сан гэж мөрөөддөг.

Таны анхны жүжиг ямар жүжиг байв. Ер нь анх бүрэн хэмжээний дуурьт гарах ямар байдаг вэ?

-“Евгений Онегин” байсан. Хоёр мянга арван нэгэн онд би сургуулиа төгслөө. Ажилгүй байлаа. Намайг ч Дуурийн театрт авахгүй байх гэсэн бодолтой. Дөнгөж төгссөн болохоор өөртөө жаахан итгэлгүй. Тэгээд би Глинкийн уралдаан, Линховойн уралдаанд яваад, тэрнээсээ бас жаахан шагнал аваад. Глинкийн уралдаанд гэхэд ямар ч мэдээлэлгүй очоод дуулсан. Нэг мэдэхэд тэнцээд дээшээ яваад өгсөн. Тэгж хоёрдугаар байрыг нь авсан. Баярлаж урам ороод, ирээд Дуурийн театрт танайд ажилламаар байна гэлээ. Тэр үед Сэргэлэн захирал байсан. Чи төгсөөд шууд ирэхгүй хаагуур явж байсан хүүхэд вэ гээд авч байсан.Тэгж анх театрт хоёрдугаар сард орж ирсэн л дээ. Тавдугаар сард нь “Евгений Онегин”-д дуулсан. Онегиныг би хоёрдугаар курст байхдаа бүтэн партаар нь сурчихсан байсан юм.

Танайх Л.Мөрдорж гуайн “Хөхөө Намжил” дуурийг сэргээн тавьж, ирэх амралтын өдрүүдэд тоглох гэж байна. Та ямар дүр бүтээж байна вэ. Ямархуу байна?

-Тоглоход одоо бэлэн болчихсон. Би Галдан гэж ноёны удам залгах агьд тоглож байна. Мөрдорж гуайн хөгжим, хөгжим талаасаа мэдээж сайхан. Монголчууд морин хуураа дээдэлдэг ард түмэн. Тэр утгаараа манай урын санд зайлшгүй байх ёстой дуурь гэж үзэж сэргээж байгаа. Морин хуурын түүхийг өгүүлсэн, таван үзэгдэлтэй, нэг цаг гаруйн жүжиг. Хүүхэд залуучууд үзэхэд сайхан дуурь л даа.

Н.ПАГМА

Гэрэл зургийг Г.ЛХАГВАДОРЖ

Categories
мэдээ нийгэм

Банзрагчийн Энхтуяа: Эх хэл минь сэтгэлийн хат өгч, эх орон минь намайг хаа холоос аварсан

Шведийн нийслэл Стокгольм хотод ажиллаж амьдарч буй яруу найрагч Банзрагчийн Энхтуяатай ярилцлаа. Тэрбээр тус улсад арав гаруй жил амьдарч, уран бүтээлээ хийж буй юм. Мөн тэндэхийн сургуульд монгол хэл заадаг юм байна.

-Ta наяад оны сүүл ерээд оны эхээр шуугиулж л явсан яруу найрагчдын нэг. Олон жил хилийн чанадад амьдарч, чимээгүйхэн байлаа. Уран бүтээлийн сонин сайхнаас яриагаа эхэлье дээ?

-Уран бүтээлийн хувьд энэ жил ёстой л богц ганзага дүүрэн байлаа. Тэнгэр нададонгодоо илгээжээ гэж хэлж болно. Олон сайхан шүлэг бас бодрол ухаарал хайрлалаа. Одоо ургацаа хурааж авчихаад бодож боловсруулж эвлүүлэн цэгцлэх гээд их ажил байна аа. Дараа нь ургацын баяраа хийнэ дээ. Одоогоос 13 жилийн өмнө намрын ийм л өдрүүдэд эх орноо орхин гарсан минь аз, эз алин болохыг одоо хэлж мэдэхгүй. Хүний газар уйлж дуулах, ганцаардах үе бишгүй л тохиолддог. Тэр болгоныг шүлэг бичдэгийнхээ хүчээр даван туулсан гэж болно. Энэ хэдэн шүлгүүд минь л уйлахад түшиж, унахад минь татаж босгосоор яваад одоо бол алзахааргүй болсоон. Яруу найраг гэдэг ганц хүнийг байтугай бүхэл бүтэн дэлхийг аврах жамтай юм хойно юутай ч хэл, хөлөө олсон.Сүүлийн үед Шведийн яруу найргаас орчуулж монгол түмэндээ хүргэж эхлээд байгаа. Удахгүй энд “Яруу найргийн нэгэн өдөр” гэсэн баяр болно. Түүнд бас Монголынхоо найрагчдын шүлгийг орчуулж тавихаар бэлтгэж байна.

Та ерээд оны эхээр уран бүтээлээ нэлээн эрчимтэй гаргаж байсан. Тэгснээ нэг л мэдэ­хэд гадагшаа явчихсан?

-Би анх 1992 онд “Далай ээж” нэртэй драмын жүжиг бичиж Дарханы театрт тавьж байлаа. 1993 онд түүгээр “Тавилан” гэж уран сайхны кино хийсэн юм. 1995 онд “Цөн түрэх аялгуу”, 2000 онд “Эгшиглэнт зул сар” нэртэй яруу найргийн түүврүүдээ гаргасан л даа.

Жүжгийг тань хэн найрууллаа?

-Дарханы “Залуучууд” театрын найруулагч Баатархүү найруулсан юм. Киног нь Ганхуяг найруулсан. Шведэд ирээд 2008 онд “Эх орондоо илгээх шүлгүүд”, 2011 онд “Цаг цагийн эгшилгэн” яруу найргийн түүврүүдээ гаргасан. Энэ жил “Эх хэл соёлоо эрхэмлэе” нэртэй гадаадад сурч амьдарч байгаа монгол хүүхдүүдэд зориулсан унших бичгийн номоо нэр нэгт Батчулууны Энхтуяатайгаа хамтарч хийлээ. Одоо шилдэг шүлгийн түүвэр гаргахаар бэлтгэж байна. Ядаж л Шведийн сонгодог зохиолчдыг эх хэл дээрээ бага боловч орчуулах хэрэгтэй байна. Нобелийн шагналт зохиолч ТомасТранстрёмерийн шүлгийг орчуулж Монголын Радиогоор явуулсан. Зарим нь мэдэх байх, Шведээс яруу найргаар Нобел хүртсэн цорын ганц хүн. Бас Сэтгүүлчийн аян замын тэмдэглэл гэж нэг ном гаргахаар бэлтгэж байгаа. Энэ маань хараахан цэцрээгүй байгаа.

Та тэнд монгол хэл заадаг юм байна. Эх хэлээ яруу найрагчаас суралцахын утга учир нь өөрөө гүнзгий юм л даа?

-Миний анхны мэргэжил багш юм л даа. Швед оронд боловсролын систем нь их уян хатан, маш нарийн бодлоготой болоод ч тэр үү, бүх орны эх хэлийг үндсэн хичээлийн нэгэн адилаар сургалтынхаа үндсэн хөтөлбөрт оруулан, тухайн хэлний багш нарын цалин хөлс, нийгмийн хангамжийг Швед улсын төрөөс үзүүлдгээрээ гадаадын бусад орнуудаас ялгаатай байдаг.Мөн тэдгээр эх хэлний багш нар нь зөвхөн эх хэлээ заагаад зогсохгүйбусад хичээл дээр хоцорч яваа юм уу шинээр ирсэн сурагчдадаа швед хэлнийх нь зүгээс тусламж үзүүлэх үүрэг хүлээсэн байдаг юм. Энэ утгаараа бас нэлээн хариуцлагатай. Швед улс нь ийм бодлого баримталснаараа өөрийн нийгэм дотроо зөв боловсрол, зөв нийгмийн сэтгэлзүйг бүрдүүлэх үүднээс тэр шүү дээ. Аливаа хэлийг сайн сурах үндэс суурь нь эх хэл гэж ямар ч шинжлэх ухаанд байдгийг энэ улс өөрийн болгон хэрэгжүүлснийхээ хэрээр хөгжил нь урагшилж байгаагийн нэг жишээ юм.Гадаадад суралцаж байгаа монгол хүүхдүүдийн хувьд, эх монгол хэлийг нь заачих боловсон хүчнүүд байна аа. Хамгийн гол нь тэдний нас, сэтгэхүй, нийгмийн орчинд нь тохирсон, тэднийг удирдан чиглүүлж хөтлөх сурах бичиг, гарын авлагууд хомс байна. Ямар сайндаа л тэр “Эх хэл соёлоо эрхэмлэе” номыг өөрсдөө зүтгэж байж бүтээхэв дээ. Энэ номд зөвхөн монгол төдийгүй Шведийн болон Шведийн дэлхий дахинд алдартай зохиолчдын бүтээл, намтраас товчхон товчхон оруулсан байгаа. Бас хоёр орны түүх, ёс заншлаас харьцуулан зэрэгцүүлж оруулахын хамт зарим тохиолдолд швед, монгол хоёр орчуулгатай нь харьцуулсан байгаа. Энэ номыг үнэ төлбөргүй тарааж, сургалтад хэрэглэж байгаа. Номыг бүтээхэд манай Швед дэх монголчуудын үндэсний холбоо, Швед дэх Монгол Улсын Элчин сайдын яам, мөн Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам бүгд тусалж дэмжсэн нь төрөөс гадаадад амьдарч байгаагаа хүүхдүүдийнхээ оюуны боловсролд анхаарч байгаагийн нэг тод илрэл юм.

Та Шведийн албан боловсролын салбарт нь багшилж байгаа юм уу?

-Тийм ээ. Шведийн үндсэн сургуульд нь эх хэлний багш буюу сургалтанд чиглүүлэгч багш гэсэн үүрэгтэйгээр ажилладаг. Шведийн Sprek center буюу хэлний төв нь гэсэн үг.

Хэлний төв гэдгээ жаахан тодруулахгүй юу?

-“Sprеk center” гэдэг нь бүх орны олон төрлийн хэлний багш нарын нэгдсэн төв юм. Энд багш нар нь тусгай хууль, дүрэм журам, зааврын дагуу ажилладаг. Багш нараа тодорхой шалгуураар сонгож авдаг. Энд 300 гаруй орны 500 гаруй багш ажилладаг. Шведэд одоогоор ерөнхий боловсролын сургуульд нь 300 гаруй монгол хүүхэд сурч байна. Зөвхөн “sprеk center”-т гэхэд 200 орчим, бас цаана нь бусад дүүргүүдэдмөн монгол хүүхдүүд суралцаж байна гэсэн үг. Манай хэлний төвд надтай нийлээд таван монгол багш ажилладаг.

Гадаадад амьдарч байгаа монголчуудын ТББ-ынхан саяхан Улаанбаатарт, ГХЯ-нд уулзалт хийсэн. Хүүхдүүддээ эх хэлээ сургахад төсөв шаардаж ч байх шиг. Энийг та юу гэж үзэж байна вэ?

-Мэдээж ажил хийж байгаа хүмүүст алдаа оноо гарна. Хэлээд ярилцаад явахад болохгүй зүйл гарах нь ховор болов уу. Бусад орны ТББ-ууд чухам ямар үйл ажиллагаа явуулдгийг сайн мэдэхгүй байгаа болохоор одоогоор тийм ийм гэж хэлэх боломж алга. Ер ньулс улсаас монгол хэлний сургалтын асуудлаар нэг хоёр төлөөлөл гаргаад Монголд төвтэй, тэнд хэлний нэг эрдэмтэн зангидаж байвал зүгээр юм шиг санагдаж байна.

Олон жил гадаадад амьдарсан, тэндэхийн нөхцөл байдлыг сайн мэдэх хүний хувьд, багш, зохиолч, яруу найрагчийнхаа хувьд ч та яг энэ гадаадад суугчдын хэл соёлын тал дээр ямар байр суурьтай байна?

-Гадаадад байгаа хүүхдүүдэд монгол төрөөс анхаарах шаардлагатай гэж үзэж байгаа бол он оны нурууг дааж үлдэх, оюуны хэрэгцээ шаардлагыг нь хангасан ном, сурах бичиг, гарын авлагуудыг л хийхэд анхаарах хэрэгтэй байна. Яагаад гэвэл, эх хэлээ сурах хүүхдүүд болон сургах багш нар цагийн урсгал дагаад өөрчлөгдөнө шүү дээ.Шинжлэх ухааны чанартай ном сурах бичгүүд одоо бол ус агаар мэт хэрэгтэй байна. Тэдэнд тухайн орчин нөхцөл нийгэмд нь тохирсон, хоёр хэлийг нь харьцуулан тайлбарласан, шат шатаар нь ангилсан сурах бичиг, тарааж өгөх материалууд хэрэгтэй юм. Мөн Швед мэтийн хөгжингүй орнуудын боловсролын туршлагаас судлаад бусад орнуудын боловсролын байгууллагад харин хүсэлтээ гаргаж глобалчлагдах тал дээр анхаарч болно шүү дээ. Жишээ нь, Шведэд гэхэд л ерөнхий боловсролын сургуульд нь гадаадын ганцхан хүүхэд сурч байсан ч тэр хүүхдийн эх хэлийг нь сургах үүрэг хүлээсэн байдаг. Тэр хүүхэд хаанаас ч ирсэн бай эх хэлээ үнэ төлбөргүй сурах эрхээр хангагдсан байдаг гэсэн үг л дээ. Тэр ч байтугай, бусад төрлийн хичээл дээрээ ч эх хэлнийхээ багшаас швед хэлийг нь тайлбарлуулах, бусад тусламж авах зэрэг эрхтэй байдаг.

Эндээс анх Шведэдочоод ямар байв?

-Өө, ёстой аймаар байсан. Очингуут бөөр өвдөөд, хүн танихгүй, хэл мэдэхгүй баларсан. Эмнэлэгт нь очсон чинь орчуулагч байдаггүй. Бараг 24 цаг идэх юмгүй, уух ус ч үгүй эмнэлэг дотор хэцүүдсэн.Шөнө очсон болохоор хоол унданд анхаардаггүй юм байна лээ. Эндэхийн эмнэлгийн тусламж нь жаахан удаан. Нэг бариад авбал харин аварч байж л салдаг үр дүн нь гайхалтай. Тэр орой эмнэлэг дотор нь өлсөж үхэх шахав. Ядаж байхад эмнэлгийн ажилчид нь намайг хятад гэж бодсон бололтой, ганц мэддэг үг “мандарин” гэж дуугарч байна. Би ч дотроо мандарин гэдэг жимс өгөх нь гэж бодоод толгой дохив. Гэтэл тэд намайг мандаринаар ярьдаг хятад эмэгтэй гэж бодоод харилцах утасны дэргэд аваачаад нэг хятад хүнтэй яриулах гэв ээ. Би учрыг ойлгоод толгой сэгсрэв. Нэлээн удсаны хойно оросоор ярьдаг швед эмч олж ирэв дээ.

Орос хэл аминд оров уу?

– Чи оросоор ярьдаг уу гээд нэг эмч оросоор ярьж орж ирэхээр нь ёстой л эх хэлээрээ ярьж байгаа юм шиг “да, да” л гээд уйлж гарлаа. Тэгж л сэтгэлд бараг унтах шахсан, унаган багадаа сурсан орос хэл аминд орсон шүү.

Таныг хятад гэж бодож байсан хүмүүс монгол гэсэн чинь яав?

-Монгол гэж мэдээд орос хэл мэддэг гэж бодсон байх л даа. Тэгээд тэр үед швед монгол хэлний орчуулагч бараг байгаагүй, байсан ч олдохгүй тийм үе байсан. Мэдээж монгол гэсэн чинь аминд орж байгаа юм чинь. Одоо бол би сургууль номыг нь төгссөн швед монгол хэлний орчуулагч болсон. Тэгэхэд биед катетер зүүж, бүр 5-6 сарын дараа мэс засал хийхээр болов. Тэр үед нь бага сага шведээр ярихтайгаа болж мэс засалд ороход минь Монгол орон минь тусалсан юм даа. Тэр үед хөгжиж байгаа орнуудад туслах төсөл тэр эмнэлэгт хэрэгжиж байж. Би азтай. Тэгээд надад мэс засал хийх болсон чинь мэдээж олон юм яригдсан л даа. Юутай ч би хөгжиж байгаа Монгол гэдэг орны иргэн байсан учир тэр төсөлд нь багтаж эмчлүүлсэн гэж дараа нь надад тайлбарлаж өгсөн. Ингэж эх орон минь миний амь насыг хаа холоос ч гэсэн аварсан юм. Шүлэг бичдэг эх хэл маань олон олон бартаа саадыг давах тэнхэл өгч, сэтгэл санааны олон үхлээс аварсан бол эх орон минь хаа холоос амь насыг минь тэгжаварсан даа.

-“Сэтгэл санааны олон үхэл” гэдэг ямар аймаар үг вэ?

-Хүний нутагт хөлөө олох гэж яваа хүн тийм байдалд орох үе зөндөө шүү дээ.Тэр болгонд шүлэг л намайг авардаг. Тэр чинээгээрээ бас энд байгаа хүүхдүүддээ сэтгэлээрээ, шүлгээрээ сайн нөлөө болж байхыг хичээж яваа. Нэлээн хэдэн хүүхэд шүлэг бичээд эхэлсэн, гоё байгаа. Тэднийгээ урамшуулах, энд тэнд шүлгийг нь нийтлүүлэх зэрэг төлөвлөж байгаа зүйл их бий.

Таны уран бүтээл энэ олон жилд бас нэлээн өөрчлөгдсөн үү. Тэндэхийн уран зохиолын хүрээний амьдрал ямархуу юм. Зохиолчдын байгууллага нь эвлэл гэж явдаг юм уу?

-Зарим нэг өөрчлөлт орсон байх аа. Шведийн Зохиолчдын эвлэлийн гишгүүн болсон. Гишүүн нь болохоор швед хэл дээр ном зохиолоо гаргахгүй бол бас болохгүй ээ. Энд сайн зохиолчдодоо тусгай хангамж өгөөд зохиолыг нь бичүүлдэг. Сайхан шүү дээ. Гэхдээ мэдээж шалгуурууд байна. Шведийн зохиолчдын эвлэл гэж явдаг юм. Зохиолчид нь мэдээж маш өндөр түвшний боловсролтой хүмүүс байдаг. Нууцгүй хэлэхэд, яруу найраг нь манай монгол шүлэг шиг уянгалаад байдаггүй. Монгол шүлэг илүү уран тансаг юм шиг санагддаг.Яруу найрагчид нь сэтгэл зүйн талаараа яг манайхантай адил. Эрчүүд нь үсээ урт ургуулж, жилд ганцхан болдог яруу найргийн үдэшдээ халамцуу ирээд шүлгээ уралдан унших нь яг л бидэнтэй ижилхэн дээ. Уг нь Швед оройн 21 цагаас хойш бие бие рүүгээ утасдах нь бараг л хориотой юм шиг байдаг газар. Гэтэл шөнө дунд хэдэн цаг болж байсан ч сэтгэлд нь шүлгийн санаа орж ирвэл “гал”-ын найзууд руугаа шууд утасдаж бас зүггүйтнэ.

Янзтай сайхан дүрслэн хэллээ. Та тэр үдэшд нь шүлгээ уншив уу. Швед хэлээр нь унших уу. Таныг яаж хүлээж авдаг вэ?

-Мэдээж шведээр уншина шүү дээ. Тэд нар их сонирхдог юм. Тэрүүхэндээ бас намайг онгирооно оо. Эндэхийн Кристина Лугн гэж мундаг яруу найрагч бий. Намайг түүнтэй адилхан гэж цаасан малгай өмсгөдөг юм.

Та бол нэлээн дайчин эмэгтэй. Одоо тааваараа ажиллаж бүтээлээ хийх боломжтой болжээ?

-Мэдээж шүлгээ тайван бичиж суух сан. Заримдаа өөрийгөө дэндүү ч давхижүү дээ гэж бодох юм. Оногдсон ажлаа амжуулах гээд үр хүүхэд хувийн амьдралаа заримдаа цалгардуулж явсан нь ч байх.Хөөрхий хэдэн шүлгүүд, ганц хүү хоёроосоо уулчлал гуймаар санагддаг шүү. Нөгөө хэдэн муу шүлгүүдээ санаанд ороод ирэхэд нь олигтойхон цаг гаргаад бичих ч завгүй гүйлээ. Одоо бол өөртөө шүүмжлэлтэй хандаж байна. Шүлэг, хүү хоёроо өрөвдөж байна. Ер нь 2000 оны эхээр гадаадад гарсан монголчууд бол зарим талаар их олон юман дээр үрэгдсэн хүмүүс санагддаг. Үр хүүхдээ өнчрүүлж хүлээлгэж, тэднийгээ татаж авах гэж нэлээн юм болж хүний газар учраа олох гэж яваад аав ээжтэйгээ ч уулзаж чадалгүй хорвоогийн мөнх бустай нүүр тулсан олон хүмүүс бий. Бид заримдаа олон юмны туршлагын туулай болсон нь үнэн. Гэхдээ бид өндийсөн. Энэ бол монгол хүн хаана ч өөрийгөө аваад явдаг хөдөлмөрч чанарынх юм билээ.

Хүү тань Шведэд гэр бүлтэй болсон гэсэн үү. Монгол бүсгүйтэй гэрлэсэн биз дээ?

-Тэгсэн. Монгол бүсгүйтэй гэрлэлгүй яахав.

Н.ПАГМА

Categories
мэдээ цаг-үе

Д.Лхагвасүрэн: Үе үеийн Юндэн Нансалмаа нараас А.Цэрэндэндэв, А.Бүтэд гуайг шагшдаг байсан

Дуурь бүжгийн эрдмийн театр шинэ улирлын тоглолтоо ар­дын жүжигчин,
тө­рийн шагналт Б.Дам­дин­сүрэнгийн “Учир­тай гурван толгой” дууриар нээх гэж бай­на.
Нээлт ирэх арав­дугаар сарын 4, 5-ны бямба, ням гаригт бол­но. Тус театр П.И.Чайковс­кийн
“Хунт нуур” балетыг хоёр удаа, төрийн шагналт Х.Билэгжаргалын “Лам­бугайн нулимс”
дуурийг хоёр удаа, А.Хачатуряны “Спар­так” балетыг мөн хоёр удаа тоглосноор аравдугаар
сарын тог­лолт өндөрлөх юм. Энэ жил тохиож буй нэрт хөгжмийн зохиолч Х.Билэг­жаргалын
мэндэлсний 60 жилийн ойн хүрээнд түүний үр хүүхэд, гэр бүлийнхэнтэй хамт­ран аравдугаар
сарын 16-нд “Х.Билэгжаргал-60” дурсамж концерт тавихаар мөн төлөв­лөсөн байна. Монгол
дуурийн анхны бүтээл “Учиртай гурван тол­гой” дуурь энэ жил 80 дахь жилдээ театрын
тайзнаа эгшиглэж буй юм. Мөнхийн энэ бүтээлийн талаар болон шинэ улирлын тоглолтын
хөтөлбөр дэх зарим жүжгийн талаар тус театрын менежер, Урын сангийн эрхлэгч Д.Лхагвасүрэнтэй
ярилцлаа.    

 

-ДБЭТ
“Учиртай гурван толгой” дууриар нээлтээ хийх юм байна. 80 дахь жилдээ тоглож буйг
хэрхэн онцолж байгаа вэ. Хэн хэн тоглох гэж байна?

-“Учиртай гурван тол­гой” дуурийн 80 жилийн тэмдэглэлт арга хэмжээ
гэж нэрлэж байгаа юм. Дөрвөн гол дүрд тус бүр дөрөв дөрвөн дуучин тоглож байна.
Юндэнд гавьяат жүжигчин М.Болд, Э.Амартүвшин, Ч.Энхтайван, ЭАнхбаяр нар, Нансалмаад
Ш.Наран­чимэг, М.Дарий­маа, Д.Туяа, Б.Энхнаран нар тоглох гэж байна. Балганд Э.Бумхүү,
Ж.Бямбажав Б.Алтанхуяг, О.Хүрэл­баатар, Хоролмаад гавь­яат жүжигчин С.Мөн­гөнцэцэг
Б.Эрдэнэтуяа, Ө.Уянга нар тоглож байна. Наян жилийн тэмдэглэлт арга хэмжээний хүрээнд
би нэг ном эмхэтгэсэн. Ирэх аравдугаар сарын 4-нд хэвлэлтээс гарчих байх. Анх аялгуут
жүжиг хэл­бэрээр тайзнаа тавьс­наас нь хойш энэ дуурьт тоглосон бүх жүжигчдийн нэрийн
судалгааг гарга­лаа. Энэ хугацаанд манай тайзнаа Юндэнд 37, Нансалмаад 44,  Хоролмаад 39, Балганд 32 жүжигчин тогложээ.

-Наян
жилийн хуга­цаанд жүжгээ хэр олон удаа засаж өөрчилж, янз бүр болгосон байдаг юм
бэ?

-“Учиртай гурав”-ыг анх 1934 онд аялгуут жүжиг хэлбэрээр тавьсан
шүү дээ. Дуурь болгосон нь 1942 он юм. Түүнээс хойш гурван удаа 1950, 1976,
1997 онд шинэчлэн сэргээж тавьсан байдаг юм. Энэ 80 жилийн хуга­цаанд 2410 удаа
тогло­сон. Олны дунд халхын сайхан Юндэн гэж алдарш­сан Ц.Цэгмид, А.Цэрэндэндэв,
Ц.Дагва­намдал, Монголын сай­хан Нансалмаа гэхээр Л.Цогзолмаа Д.Пүрэв­сүрэн А.Загдсүрэн
П.Цэвэлсүрэн А.Бүтэд, Х.Уртнасан гээд л үе үеийн гайхамшигтай дууч­дын жагсаалт
үргэлжилнэ дээ.

-Их
зохиолч Д.Нацаг­доржийн зохиол нь угаа­­саа эмгэнэлт драм, манай үндэсний анхны
эмгэнэлт драм, анх­ны дуурь гээд их олон талтай юм л даа. Гэвч одоо тоглож байгаа
тавилт нь жүжгийн төгс­гөлийг найраар төгсгөж аз жаргал­тайгаар шийдсэн байгаа.
Өнөө цагт анхны эмгэнэлт хэлбэрээр нь тавих цаг болсон гэх хүмүүс байдаг. Театр
үүн дээр ямар байр суурьтай байгаа бол?

-Л.Эрдэнэбулган найруулагч сүүлчийн шинэчилсэн тавилтдаа харамсаж
явдаг юм билээ. Ер нь эмгэнэлт төгсгөлтэй болгохгүй болов уу гэж бодож бай­на. Яагаад
гэвэл, 1942 онд ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэн гуайн баз­сан цомнолоор яваа юм.
Ц.Дамдимнсүрэн гуай хэлэхдээ, “Энэ бол миний зохиол биш, Нацагийн зохиол. Би жаахан
эвлүүлж янзалсан” гэсэн байдаг.

-Хэзээ
ч олны сонир­хол буураагүй явж ирсэн энэ жүжигт тоглосон хүмүүс нь ч манай бүх цаг
үеийн одод байдаг. Хүмүүсийн оюун сэтгэлд хоногшсон Юндэн, Нансалмаа нарыг яг дарааллаар
нь нэрлэвэл ямар дүр зураг гарах бол?

-Алдарт Цагааны Цэгмэд, Г.Гомбосүрэн, Н.Наваан-Юндэн, А.Цэрэн­дэндэв
О.Даваа­дорж,  Д.Лувсаншарав,  Д.Баатар, Ц.Дагва­намдал, Дамиран Г.Хай­дав гээд
үргэлжил­нэ. Нансалмаа гэвэл, Т.Ханд­­сүрэн, Д.Ичин­хорлоо Ө.Эрэн­цэн­норов, Л.Цогзолмаа,
М.Нямсүрэн, Загдсүрэн, Цэвэлсүрэн гэхчлэн мөн дуусахгүй шүү дээ.

-Хөгжмийн
зохиолч Дагвын Лувсаншарав гуай дуулж байсан юм уу?

-Юндэн, худалдаачин хоёрт дуулж байсан юм билээ.

-Монголчууд
хэзээ­нээсээ сайхан эрийг Юндэн гөөгөө гэх юм уу үзэсгэлэнтэй эмэг­тэйг Нансалмаатай
зүйр­лэдэг. Үнэхээр монгол хүний идеал болсон Юндэн, Нансалмаа нар хэдийгээр уран
сайхны дүр боловч бүтээсэн жүжигчдээс нь үлгэр домог мэт шагшигддаг нь хэн хэн байсан
бол оо?

-Эрэгтэй дуучдаас А.Цэрэндэндэв гуайг, эмэгтэйчүүдээс А.Бүтэд гуайг
шагшдаг юм. “Учир­тай гурав”-ын 1000 дахь тог­лолтыг 1979 онд хийсэн байдаг. Нансалмаа
нараас хамгийн олон удаа тоглосон нь В.Сүрэнхорлоо гуай 1039 удаа тоглосон байдаг
юм. Хоролмаад хамгийн олон удаа тоглосон нь Д.Пүрэвсүрэн гуай. Бас л тоолбол
1000 давах байх.

-Өнөөгийн
бидний төсөөлөлд Загдсүрэн гуайг дуурийн урлагийнхаа хувьд үнэхээр онцгой фигур
байсан болов уу гэсэн төсөөлөл байдаг. Яг ямар байсан бэ? 

– Тийм шүү. Загдсүрэн гуай бол Нансалмааг жинхэнэ дуурийн дуучин
л ингэж дуулна гэдгийг анх харуулсан хүн л дээ.

-Тэр
нь хэдэн оны хавьцаа вэ?

– Загдсүрэн гуай 1959 онд төгсөж ирээд л дуулсан хүн шүү дээ.

-Сүүл
рүүгээ бол, Нансалмаа гэхээр ардын жүжигчин Б.Жавзандулам гуай л сэтгэлд буудаг
шүү дээ. Хөгжмийн драмм гэдгийг жинхэнэ утгаар нь төгс гаргаж дуулсан болохоор тэр
байх. Хүний дотоод зөрчил, бүх юмыг л ил гаргаж дуулсан хүн шүү, тийм ээ?

–Жавзандулам бол өөрийнхөө үед маш их өөрчлөлт хийсэн юм шүү. Одоогийн
дуучид ер нь Жавзаагийн л арга барилаар дуулж байгаа юм.

-Таны
сэтгэлд хэн хэн хамгийн гоёор үлдсэн бэ. Хамгийн гоё илэрхийлэлтэй нь?

-Бичлэгээс харахад Цэвэлсүрэн гуай л их гоё санагддаг. Дуулалт дүрээ
гаргаж байгаа сэтгэлийн хөдөлгөөн энэ тэр нь гайхалтай л даа. “Учиртай гурав”-ын
1950 оны тавилт, 1975 онд бичсэн бичлэг байдаг. Маш сонирхолтой. Жишээ нь, Жавзандулам
арай нарийвтар, арай мэргэжлийн тал руугаа дуулдаг бол Цэвэлсүрэн гуайгаас мэргэжлийн
хэрнээ ардын манер харагдаад байдаг.  Тэр
нь сэтгэлд их дулаахан, ойр байдаг.

-Арай
монголжуу гэж үү?

-Цэвэлсүрэн гуай меццосопрано маягийн өтгөн дуугардаг гэсэн үг л дээ.

-Гурван
удаа шинэ­чилсэн найруулгаар тавьсан гэж та хэлсэн. Та үе үеийн тоглолтыг бичлэгээр,
тайзнаас гээд бүгдийг нь үзэж сонссон хүн. Тэдгээрийн тавилтын тал дээр та юу хэлэх
вэ?

-Одоогийн тавилтыг 1976 оныхоор нь болговол их сонирхолтой болох
байх гэж боддог. Яагаад гэвэл, энэ тавилт, хөгжим зэрэг нь маш турш­лагатай мэдрэмжтэй
хүмүүс ихэд бодож тоо­цож хийсэн байдаг л даа. Б.Дамдинсүрэн гуай өөрөө хөгжмийн
най­руул­гыг хийсэн байдаг. 1950 оны дуурь эх цомнолтойгоо яг таардаг. Өөрөөр хэлбэл,
Ц.Дамдинсүрэн гуайн цомнолыг яг дагаж дуулдаг. Одоо тоглож байгаа нь бол нэлээн
өөрчлөөд, урд хойно нь оруулаад, нэмж хасаад холион хийсэн л дээ. Гэтэл уг зохиол
нь өөрөө Монголын сонгодог зохиол юм. “Монголын Ромео, Жульетта хоёр” гэсэн үг”
гэж Э.Оюун гуай бичсэн байдаг юм.

-Таны
эмхэтгэсэн номын нэр юу гэж байгаа вэ. Ямархуу агуулгатай болов?

-“Учиртай гурван толгой дуурийн тухай түүхэн тэмдэглэл” нэр­тэй.
Д.Намдаг, Э.Оюун, Д.Цэдмаа, Л.Эрдэнэ­булган, Нацагдорж, Ц.Дамдинсүрэн нарын бичсэн
зүйлүүдийг түүгээд эмхтгэсэн юм. Миний хувьд, дүрүүдийнх нь тухай л жаахан юм хийсэн.
Бас 1976 оны шинэчилсэн тавилтынх нь тухай бичсэн.

-Улирлын
тоглол­тын хөтөлбөрт төрийн шагналт Х.Билэг­жар­галын “Ламбугайн нулимс” дуурь хоёр
удаа байгаа юм байна. Монголын номер нэг дуурь. Зохиогчийнх нь мэн­дэлсний 60 жилд
танайх юу юу хийх бол?

-Хөгжмийн зохиол­чийн үр хүүхдүүд, гэр бүлийнхэнтэй нь хамтарч дурсамж
концерт хийнэ. Концертын хөтөлбөр нь одоогоор гараагүй байна.

-Х.Билэгжаргал
гуай танай театрт нэг хэсэг уран сайхны удирдагчаар ажиллаж байсан байх аа?

-Манайд нэг дуурь, нэг балет бичиж  тоглуулсан. “Ламбугайн нулимс” бол ойлгомжтой,
Монголын сонгодог дуурь. “Бөртэ чоно” гэж балет нь бий.  Бас их гоё хөгжимтэй. Залуу балетмейстерүүд хөгжмийг
нь нэлээн сонирхож байгаа юм байна лээ. Тэд шинэчлэн тавих талаар юм хийж байгаа
гэсэн.

-Аль
ч төрөл, хэл­бэрийн бүтээл нь аргагүй сонгодог шүү дээ. Гэтэл “Бөртэ чоно” балетыг
бараг анх тавиад тэгсгээд хаагд­сан байх. Одоо хүр­тэл сэргээж тогло­дог­гүй нь
ямар учиртай юм бол?

-Энэ балетыг 1990 онд анх тавьсан юм. Тухайн үед театрын балет анги
хоёр хувааг­даад, гол жүжигчид нь театраас явчихсан юм. Дандаа залуучууд тоглосон
юм билээ, тэр үед. Манай экс дарга Сэргэлэнгийн үеийнхэн л дээ. Жамьяндагва гуай
ч бас явчихсан. Ингээд дахин тоглолгүй, цөөхөн тоглоод зогссон. Уг нь Жамьяндагва
гуайн тавьсан балет.

-Одоо
“Бөртэ чоно”-ыг сэргээн тавихад чухам ямар асуудал тулгарах бол. Сэргээх асуудлыг
хаанаас санаачилж байгаа вэ. Ер нь ямар бүрэлдэхүүнээр тавигдсан балет вэ?

-Тавибал шинээр л тавина гэсэн үг шүү дээ. Санхүү мэдээж нэг номерын
бэрхшээл болно. Анх 12 гол дүртэй, 20 гаруй бүжигчний бүрэлдэхүүн дээр тавьсан юм.
Ч.Жамсранжав гуай удирдсан.

-Танай
хөтөлбөрт Х.Алтангэрэлийн “Төгсгөл­гүй” гэж шинэ балет орж иржээ. Энэ ямар бүтээл
вэ?

-Алтангэрэлийн балет “Төгсгөлгүй” гэдэг нэртэй, танго балет гэсэн.
Цомнолыг нь манай театрын захирал Ч.Мөнхзул бичсэн юм билээ. Одоо дэглэлт хийж байна.
Балетмейстр нь Э.Эрдэнэжаргал гэдэг залуу байна.

 

Н.ПАГМА

Categories
мэдээ цаг-үе

Ж.ШАРАА: Зангад маань “Хар ус нуур”-ыг ёстой л сэтгэлдээ сэтгэж, хүнд харагдахаар агуу сайхан дуулсан даа

Монгол Улсын урлагийн гавьяат
зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Жамбалын Шараатай ярилцлаа.

-Алдарт “Хар ус нуурын шагшуурга” дуунаас
тань яриагаа эхэлье дээ. Таны “Хар ус нуурын шагшуурга” бол ардын дуу шиг мөнхийн
бүтээл. Давтагдашгүй чанар нь эгшиглэгээний дотоод гоо зүйдээ байна уу?

-Би анх “Хавар ирлээ
шүү, хүүхнүүд ээ” дуугаа 1962 онд бичсэн юм шүү дээ. Намайг хөгжим бүжгийн сургуульд
хийлийн багшаар ажиллаж байхад Зангад Ховдын театрт нэг жил ажиллаад ирсэн юм. Зангад
бид хоёр 35, 36 гэсэн тоот зэргэлдээ өрөөнд суудаг байлаа. Хоёулаа хорин хэдтэй
залуучууд, ерөөсөө л юм хийхийн хүслэн байсан юм биз дээ. “Хавар ирлээ шүү, хүүхнүүд
ээ” дуугаа биччихээд Зангадад өгсөн. Дараа нь “Чиний минь хайр” гэдэг дуугаа бичсэн,
мөн л Зангад дуулсан. Гурав дахь дуу маань “Хар ус нуурын шагшуурга” юм л даа. Энэ
дууг бичсэн түүх сонин шүү.

-Б.Явуухулан гуайн номоос шүлгийг нь авсан
уу?

-Үгүй. Яруу найрагч
Намжимын Очирбат нэг өдөр манай сургууль дээр гүйгээд ирлээ. Чи энэ шүлэгт ая хийгээдэхээч,
миний багшийн шүлэг байгаа юм гээд үг барьчихсан ирлээ. Явуухулан гуайн  “Хар ус нуурын шагшуурга”  нэртэй шүлгийн түүвэр нь гарчихсан байсан юм байна.
Тэндээс нь гараар хуулж бичээд надад авчирчээ. “Багш энийг дуу гэж бичээгүй. Гэхдээ
ая хийж болох болов уу, үгүй болов уу” гэчихээд яваад өгсөн. Уншлаа. “Шагшуурга”
гэдэг үгийг нь би мэдэхгүй.  Хар ус нуурыг
нь ч үзээгүй. Гэсэн ч ая хийгээд жин тан болгочихоод Зангадад сонсголоо. Зангадаасаа
шагшуурга гэж юу юм гэж асуусан ч үгүй. Тэгэхэд Явуухулан гуай Зохиолчдын хорооны
Яруу найргийн секторын эрхлэгч байв. Залуу ч байж, их ч зоригтой байжээ, би. Жижүүрийн
утсаар Явуухулан гуайтай холбогдлоо. “Таны шүлэгт би ая хийлээ. Та ирээд сонсохгүй
юу” гэсэн. “Тэгье, тэгье. Би одоохон яваад очъё” гэж байна шүү, ээ, бурхан зүг минь
ээ. Төдөлгүй л ороод ирлээ. Анх удаа Явуухулан гуайг харж байгаа минь тэр. Миний
“Хавар ирлээ шүү, хүүхнүүд ээ”, “Чиний минь хайр” хоёр дууг сонсчихсон юм байна
л даа. Дуугаа сонсголоо. “Сайхан дуу болжээ” гэж байна. Зориг ороод “Явуухулан гуай,
энэ шагшуурга гэдэг чинь юу гэсэн үг вэ” гээд асуучихсан. “Чи хө, Шараа,  энэ Туулын голоор явсан уу” гэж асуудаг юм. Туулын
шугуй ямар гоё найгаж байдаг билээ, би анх хотод орж ирээд биширч байснаа түрүүн
хэлсэн. Явуухулан гуай Хар ус нуураа, шагшуурга гэдгээ нүдэнд харагдтал дүрсэлж
тайлбарлаж өгөөд “Чи нэг ёсондоо Туулын бургасаа л бодчих” гэсэн дээ. Илүү гоё төсөөллийг
өгсөн байхгүй юу. Тэгмэгц “Нэг, хоёр, гурав, нэг хоёр” гэсэн солигдмол хэмнэлийг
эхнээс нь төгсгөл хүртэл хэрэглэсэн. Энэ нь ч үр дүнгээ өгсөн. 1964 онд Хөгжмийн
зохиолчдын анхдугаар их хурлын илтгэлд орсон л доо. “Хар ус нуурын шагшуурга” бол
Монголын орчин үеийн дуунд шинэчлэл хийсэн бүтээл” гэж тэр илтгэлд онцолжээ. Яагаад
гэвэл, солигдмол хэмнэлийг анх удаа оруулж ирсэн байх нь. Тэр хэмнэл, тэр үгэндээ
л хүний сэтгэлд хүрэх учир нь байгаа байхгүй юу. Үгийг нь уншиж байхад надад “Хотон
шувуудаа явчихаар

Зүүн гараас Шараа, Н.Очирбат, Явуухулан, Ш.Цогт, Б.Зангад, Дарьсүрэн
зохиолч Ш.Шагдар

Хатан Хар ус уйдаа
юу” гэсэн хоёр мөр их сайхан санагдсан. Энэ бол хүн байгалийг холбосон гүн ухааны
үг. Сэтгэл их хөдөлгөсөн л дөө. Явуухулан гуай хажууд суугаад өөрөө ярьж өгсөн болохоор
би тэр дор нь хэмнэлээ өөрчилж засварласан юм. Зангад маань өөрөө Ховд нутгийн хүн.
Хар ус нуураа мэддэг учраас ёстой л сэтгэлдээ сэтгэж, хүнд харагдахаар агуу сайхан
дуулсан даа. Тэгээд болоогүй ээ. Зангад бид хоёр 1964 онд хөгжмийн зохиолчдын анхдугаар
их хуралд оролцов оо. Хоёулаа их хурлын төлөөлөгчөөр сонгогдлоо. “Хар ус нуурын
шагшуурга”-тай хамт “Чиний минь хайр”, “Хавар ирлээ шүү, хүүхнүүд ээ”, “Миний ээж”
гэсэн гурван  дуу маань илтгэлд сайшаагдаад
орчихсон. Нөгөө их хурлын төлөөлөгчид чинь “Улаанбаатар” ресторанд хүлээн авалт
хийв ээ. Зангад бид хоёр залуухан хоёр, үүд хавиар л байв.  Зохиолч Бямбын Ренчин гуай, Цэндийн Дамдинсүрэн
гуай, Бэгзийн Явуухулан гуай гэсэн томчууд хоймроор яриа хөөрөө дэлгэсэн шиг байцгаана.
Тэгж байтал Явуухулан гуай хундагатайгаа барьчихсан ирж явна аа. Ирээд “Хар ус нуурын
шагшуурга” бол дахин давтагдашгүй бүтээл. Үүний төлөө хундага өргөе. Та хоёрын цаашдын
бүтээлд амжилт хүсч байна аа” гэв ээ. Сүүлд бодох нь ээ, энэ бол хаанаас ч хэзээ
ч олдохгүй өндөр шагнал байсан байна.

-Бага насныхаа дурсамжаас сонирхуулахгүй
юу?

-Би Сүхбаатар аймгийн
Асгат сумын уугуул хүн дээ. Жаахан шаргын нутаг шүү дээ. Аав ээжийнхээ есөн хүүхдийн
хамгийн бага нь. 1948 онд аравтайдаа Асгат сумынхаа бага сургуульд орсон. Манай
ангийн багш Шагдарсүрэн гэдэг сайхан эмэгтэй Халзан сумын долдугаар ангийг төгсөөд
ирсэн байлаа. Тэр үеийн долдугаар анги төгссөн хүн гэдэг чинь одоогийн их дээд сургууль
төгссөн хүнтэй л адил байлаа л даа. Бадарчийн Сүхбаатар гэж мөн л Халзан сумын долдугаар
ангийг төгсөөд ирсэн ийм хоёр сайхан багшаар бичиг ном заалгасан. 1952 онд сургуулиа
онц төгслөө. Онц төгссөн гээд манай ангийн Шүхэрдорж, Цэнд-Арслан бид гуравт Офицерийн
сургуулийн хуваарь өгөв өө. Зун нь эгч минь намайг шуудангийн машинд суулгаад хот
руу үдэж өглөө. Гурав дахь эгч Дарьсүрэн маань Улаанбаатар хотод амьдардаг байв.
Шуудангийн машин ховор байсан. Намайг хотод авчирсан Цээсүрэн гэдэг жолоочийг би
одоо ч санадаг юм. Тэр хүн Сүхбаатар аймгаас өглөө гараад орой нар жаргаж байхад
Улаанбаатар хотод 22-ын товчоон дээр ирж байсан даа. Би дөнгөж дөрөвдүгээр анги
төгссөн, хот мэдэхгүй, аймгийн төвийг дөнгөж зам зуур дайраад ирж байгаа. 22-ын
товчоо гэдэг  машин тэрэг гэж жигтэйхэн, нар
жаргаад л их л гоё санагдаж байж билээ. Туул гол дээр сал урсаад л. Нөгөө алдартай
Туулын шугуй гэдэг чинь зогсоо хүн харагдахгүй тийм гоё байсан юм. Анх удаа хотын
зах харж байгаа хөдөөний жаал надад гайхалтай гоё сэтгэгдэл төрсөн дөө. Нөгөө жолооч
намайг эгчийнд авчирч өгөхөд эгч танихгүй байж билээ. Хотод ирээд удаж байсан болохоор
тэр л дээ. Нэлээн харж байснаа таньж, миний дүү байна шүү дээ гээд үнсч билээ. Эгч
тэгэхэд нэгдүгээр эмнэлэгт ажиллаж байсан юм. Гэр нь Чойжин ламын сүмийн хажууд
хашаанд ганц гэр, хойхнотоо нь нэг дан байшин байсан юм. Би нэг морин хууртай, нэг
төмөр лимбэтэй хотод ирсэн. Сургуульд орохоосоо өмнө сонсголоороо морин хуур тоглож
сурсан. Дараа нь сумын клубийн эрхлэгч Буд гэдэг хүн надад лимбэ зааж өгсөн юм.
Эгч ажилдаа явахдаа хар цай чанаж, баахан гамбир хайрч тавьчихаад явна. Би гэрт
нь ганцаараа, хот газар гэрээсээ гарч болохгүй гэсэн захиастай, морин хуур, лимбээ
тоглоод үлдэнэ.

-Офицерийн сургуульдаа очиход ямар байв?

-Тэр сургуульд ороогүй.
Манай хойд хашаанд цэргийн хувцастай хүмүүс ирээд, дуулж хуурдаад л байдаг байсан
юм. Нэг өдөр эгч тэр айлд оржээ. Айлын хүн эгчээс намайг ямар сургуульд ирснийг
асууж л дээ. Тэр үед дөрөвдүгээр анги төгссөн хүүхэд техникумд ордог байсан үе.
Эгч Офицерийн сургуульд ирсэн л гэж.  Гэтэл
нөгөө хүн “Миний бодлоор энэ хүүхэд урлагт их сонирхолтой хүүхэд шиг байна. Уран
сайхны сургууль гэж байдаг юм. Тэнд сард 120 төгрөгийн цалинтай” гэжээ. Хожим мэдэх
нь ээ тэр хүн эрхэм уран зохиолч Цэнд-Очир гуай байсан юм билээ. Тэгээд Цэнд-Очир
гуай намайг дагуулаад явлаа.  Цэнд-Очир гуай
Урлагийн хороонд ажиллаж байсан юм байна. Ажил дээрээ ирээд нэг боровтор царайтай
хүнд намайг хөтлүүлээд Уран сайхны сургуульд шалгуулахаар явууллаа. Хуучин циркийн
ар талд тэр сургууль байсан юм. Нэг хаалга онгойлгосонд цоохордуу царайтай хүн сууж
байна. Уран сайхны сургуулийн захирал Түдэв гэдэг хүн байж. Намайг хөтөлж очсон
хүнийг жигтэйхэн уриалгахан хүлээж аваад 
“Манай дээр шалгалт авахгүй байгаа. Хөгжимт драматик театр дээр авч байгаа.
Та тэнд очоод шалгуул” гэв. Нөгөө хүнтэйгээ хөтлөлцөөд Хөгжимт драматик театр дээр
нь ирсэнд энд тэнд хөгжим дуугарсан хонь хурга нийлж байгаа юм шиг л шуугиан дунд
ороод ирлээ. Нэг өрөөнд яваад ортол ёстой л лусын дагина шиг сайхан эмэгтэй байна
аа.  “Лусын дагина гэдэг л ийм байдаг байх
даа” гэж дотроо бодож зогслоо. Нөгөө лусын дагина чинь бид хоёрыг дагуулаад өөр
нэг өрөө рүү орлоо. Өрөөний буланд их гоё гялтганасан хар авдар байна. Амьдралдаа
ер үзээгүй, ямар гоё хар авдар вэ гэж бодоод л зогсч байлаа, би. Тэгж байтал нэг
хүн өнөө хар авдарныхаа тагийг онгойлгосон чинь хар цагаан хоёр юм ярааж байна аа.
Мандолинаас өөр юм мэдэхгүй хөдөөний хүүхэд амьдралдаа анх удаа харсан гайхсан юм
л тэр байлаа. Миний сонсголыг шалгалаа. Дараа нь нөгөө лусын дагина шиг эмэгтэй
нь гар хурууг минь үзээд, цээжийг минь хоёр тийш нь эргүүлж үзчихээд за боллоо,
түр гадаа хүлээж бай гэв. Төд удалгүй дагуулж очсон хүн маань инээчихсэн гарч ирлээ.
Тэнцчихжээ. Эргээд Урлагийн хороо руугаа явах замдаа нөгөө шалгасан гурван хүний
тухай ярьж өглөө. Сүүлд мэдэхэд, алдарт морин хуурч Жамьян, удирдаач Ж.Чулуун, нөгөө
лусын дагина шиг эмэгтэй нь удирдаач Ц.Намсрайжав гуайн гэргий Цэрэндолгор гэдэг
хийлч байжээ. Тэгж тэр агуу хүмүүс хөгжмийн ертөнцөд алхах алтан шар замыг минь
нээж өгсөн юм. 1955 он хүртэл Уран сайхны сургуульд сураад хойшоо Орос руу Мусоргскийн
нэрэмжит Уралын Консерваторид хийлийн ангид явсан л даа.

-Тантай хамт хэн явж байв?

-Бэгз бид хоёр явсан
юм. Тэр жил тэндээс Новиков гэдэг багш өвөл ирж дуулаачдыг шалгаруулж аваад, хийлийн
хоёр хүүхэд авахад Отгонбаярын Бэгз бид хоёр тэнцээд, дуучдаас Пүрэвдорж гуай, Банди,
Цэвэлсүрэн гуай,  Цэрэнсодном, Дарьсүрэн гээд
Монголоос анхны оюутнууд дээд сургуульд сурахаар явсан. Биднийг очиход Урал хаалттай
хот байсан. Гадаадын хүн ер хүлээж аваагүй байсан үе юм байна.

-Яагаад хаалттай байсан юм бол?

-Дайны үед бүх том
том үйлдвэрүүдээ Уралд төвлөрүүлчихсэн учраас хаалттай хот байж л дээ. Галт тэргээр
бараг арваад хоног явж байж Уралд хүрсэн юм даг. Энд тэнд очоод зогсчихно. Тэгж
явсаар Свердловскт шөнө орой очсон юм. Бид хэдийг жигтэйхэн сайхан угтаж авлаа.
Цагаан толгойтой өндөр хүн “Волга” машинтай зогсч байна. Бид хэл мэдэхгүй. Пүрэвдорж
гуай “Энэ чинь Уралын Консерваторийн проректор байна гэж байна. Нөгөө том хүн чинь
“За, та нар олон хоног явж ядарсан байх. “Урал” зочид буудалд байрлуулна аа. Манай
оюутны байр засвартай байгаа” гэж байна шүү. Шөнө унтаж байтал халуураад, хамаг
бие загатнаад, сэрье гэвч сэрж чаддаггүй, үхэх нь ээ. Тэндээс Пүрэвдорж гуай сэрж,
гэрэл асааж харчихаад “Пээ, бясаанд эзэмдүүлээд үхлээ шүү дээ” гэдэг юм. Би тэр
бясаагий нь мэдэхгүй. Орны цагаан даавуун дээр баахан улаан юмнууд гүйлдэж байх
юм. Дайны дараа анх удаа гадаадын хүмүүс хүлээж авч байгаа учраас бидний орох байрыг  засварлаж байж л дээ. Өглөө нь босоод Банди маань
чемоданаа таксинд мартаад буучихсанаа санадаг юм. Одоо ч өнгөрлөө гэж байтал нөгөө
жолооч чемоданыг нь аваад ирсэн. Тэр үеийн хүмүүс ийм л сайхан байлаа. Тэгж хөглөж
Свердловскт очоод зургаан жил сурсан.

-Арван долоотой, хэлийг нь мэдэхгүй газар
ямархуу байв?

-Хэцүү ч гэсэн залуу
хүүхэд учраас хэл сурахад бас ч гайгүй байсан. Гадаадынханд орос хэл заадаг мундаг
сайхан багш байсан юм. Тэр хүн бол бидэндтэй маш их ажилласан. Ерөөсөө л эх хүн
шиг чин сэтгэлээсээ ажилласан даа. Гуанзанд орно. Авдаг хоол нь котлет, хар талх,
цай гурав. “Котлет, чёрный хлеб, чай” гэсэн гурван үг мэднэ. Тэрийгээ хэлээд авдаг,
котлет талх идсээр байгаад жигтэйхэн мариалаад ирж билээ. Уралын консерваторид бид
60 рублийн цалинтай, дээрээс нь онц сурсны нэмэгдэл авдаг байлаа. Гадаадаас анх
удаа оюутан очсон нь бидний монгол оюутнууд байв. Дараа нь Политехникийн дээд сургууль
нь манайхаас оюутан авч, тэгж үргэлжилсэн түүхтэй л дээ.

-Аав ээжийнхээ тухай дурсахгүй юу?

-Хөдөөний л малчин
хүмүүс байсан даа, миний ээж аав хоёр. Аав минь ан гөрөө хийдэг, тухайн үедээ хоршооныхоо
төлөвлөгөөг биелүүлдэг хүн байсан. Ан хийхдээ бууддаггүй, дандаа хавхаар авладаг
байсан.

-Анчид буу хэрэглэдэггүй байсан үе юм
уу?

-Манай нутагт зарим
хүмүүс цахиур буу хэрэглэдэг байсан. Аав, ээж минь үнэхээр ажилсаг хүмүүс байсныг
би одоо хүртэл санадаг юм. Аав бэлтгэлийнхээ тарваганд явна. Намар орж ирнэ. Тарваганы
махыг далбайтал хатаагаад, томоо цагаан хайрцганд дүүрэн давхарлаад ирдэг сэн. Тарваганыхаа
тосыг шар тос болгоод яг есийн тос шиг болгочихно. Өвөл нь тэр тосоор нь шарвин
хийнэ. Хатаасан тарваганы махаа иднэ. Дараагийн өвөл хүртэл бараг түүгээрээ хооллочихдог
байсан сан.

-Та анхны зохиолоо хэдийд, ямар зохиол
бичиж байв. Бодвол, Уралд бичээ байх, тийм үү. Хаана тоглуулж байв?

-“Монгол аялгуу” гэж
хийл, төгөлдөр хуурын бүтээл байгаа юм. Дөрөвдүгээр курст байхдаа бичсэн. Манай
багш Наум Абрамович Шварц гэж тэндээ их нэр хүндтэй профессор байв. Шалгалт болоход
багш намайг тэр зохиолоо тогло гэдэг юм. Ж.Чулуун багшийн Ардын хоёр дууны найруулга,
Билигийн Дамдинсүрэн гуайн “Хэнтийн өндөр ууланд”, мөн БНХАУ-ын хөгжмийн зохиолчийн
нэг зохиолыг тоглосон л доо. Тэгээд сонгодгоос нэг зохиол тоглосон. Багш намайг
өөрийнхөө зохиолыг хөтөлбөртөө оруулаад тогло гэсний дагуу би “Монгол ялгуу”-гаа
тоглосон л доо. Шалгалтын дүн гарлаа, сайн авлаа. Тэр үед гурав авбал ер нь боллоо
л гэж баярлана. Багш тэгэхэд надад их урам зориг өгсөн шүү. Шалгалтын дараа “За,
би чиний зохиолыг авч тоглоё. Чи дараагийн хичээлд ирэхдээ клавериэ аваад ир” гэдэг
юм. Би ч дотроо эргэлзэж байлаа. Багш намайг даапаалж байна даа. Ийм том профессор
хүн миний зохиолыг тоглоно гэж юу байхав гэж л бодсон. Тэгээд клавериэ авч очсонгүй.
Багш дараагийн хичээлд ирэхдээ “Хаана байна, нөгөө  клавер чинь” гэж байна аа. Уучлаарай, би мартчихаж
л гэсэн. Тэгвэл дараагийн хичээл дээр аваад ирээрэй гэхээр нь сая л итгэж эхэллээ
л дээ. Удаа ч үгүй, сар ч болоогүй байтал багш “За, би чиний зохиолыг тоглоод Свердловскийн
радиод бичүүлчихсэн шүү. Маргааш радиогоор явна, чи сонсоорой” гэлээ. Тэнд нь доцент
Багомаль гэж мундаг концертмейстртэй хамт багш тогложээ. Нөгөөдөхөө сонслоо. Тэр
том профессорын тоглосон, миний тоглосон хоёр гэдэг чинь газар тэнгэр шиг л хол
зөрүүтэй юм байхгүй юу. Багшдаа баярлалаа л гэсэн, өөр юу хэлэхэв дээ. Зун болж
нутаг явах боллоо. Би ч зориг орчихсон, нөгөө бичлэгээ багшаар хуулуулж аваад ирсэн.
Тэр бичлэг манай Радиогийн алтан фондод орсон юм. Тэр чинь 1961 он юм. “Монгол аялгуу”
нэртэй хийл, төгөлдөр хуурын тэр бүтээлээрээ би хөгжмийн урлагт хөл тавьсан хүн
дээ. Нийтийн дуугаар ороогүй. Төгсч ирээд би Хөгжим бүжгийн дунд сургуульд хийл
хөгжмийн багшаар, Бэгз маань Улсын Филармонид хөгжимчнөөр орсон юм. Тэгэхэд хөгжим
бүжгийн сургуульд Зөвлөлтийн мэргэжилтэн 30 гаруй хүн байлаа шүү дээ. Монгол талаас
би анх удаа хийлийн ангийг хүлээж авч байлаа.

-Таны дууны санд Ж.Бадраа гуайн шүлэг
хэд хэд бий. Бадраа гуайн шүлгүүдэд монгол хэлний яруу тансаг сонсголон, утга агуулга
хоёр онцгой гайхалтайгаар зохицон нийцсэн байх юм л даа. Хөгжмийн чамгүй боловсролтой,
судлаач хүн. Та хоёр хэрхэн хамтарч байв?

-Нэг сайхан ая орж
ирлээ. Ноотолчихоод Бадраа гуайд үзүүллээ. Бадраа гуай их айхтар. Баян хуур хөгжимтэй.
Ноотоо ч мэднэ. Шууд баян дээрээ тоглож үзээд “би хийе ээ” гэж байна. Хэдхэн хоногийн
дараа ирж үгээ аваарай гэж байна. Очсон чинь “Мөрөөдөл” гэдэг сайхан шүлэг биччихэж.

Цэцэгтэй хөндийгөөр

Цэнгэлтэй ч явж билээ

Амраг хайрт чамтайгаа

Ахин яаж учирна вэ… гэсэн сайхан шүлэг бичжээ. Зангад маань
дууллаа. Дараа нь Найдалмаа дуулсан. Энэ дууг романс гэдэг л дээ.  Бадраа гуайтай дуу хийх болсон минь ингэж эхэлсэн
дээ. Хэдэн сайхан дуу хийсэн. Бадраа гуайн хөгжмийн торгон мэдрэмж, монгол хэлний
үгийн тансаг сайхан аялгуу гэдэг чинь ёстой л дахин давтагдашгүй, сайхан.

-“Монгол аялгуу” хийл, төгөлдөр хуурын
зохиолыг тань хожим нь манай хөгжимчид тоглосон уу?

-Монгол хөгжимчид
миний дан хөгжмийн бүтээлүүдийг ер тоглоогүй. Энд миний буруу бий.  Би клавериа өгөөгүй болохоор хэн тоглох вэ дээ.
Дандаа Оросын хөгжимчид тоглосон. Москвагийн Консерваторийн профессор, олон улсын
шагналтай Шихмаразаева миний “Цоглог аялгуу”-г тоглосон, “Монгол аялгуу”-г Шварц
багш тоглосон. “Элегия”, Ноктюрн эд нарыг дандаа Оросын хөгжимчид тоглосон. Манай
Радиогийн алтан фондод бүгд тэдний тоглосноор байгаа юм. Би ойрдоо зөвхөн хийлийн
бүтээлүүдээрээ цомог хэвлүүлэх бодолтой. Өмнө нь төрийн шагналт хөгжмийн зохиолч
Ц.Нацагдорж агсан, судлаач, миний шавь Батжаргал хоёр “Эх орны уянга” нэртэй дууны
түүврийг минь гаргаж өгсөн. Харин дан хөгжмийн бүтээлээрээ “Эх орны уянга-2” нэртэй
цомог гаргана. Ирэх арав юм уу арваннэгдүгээр сард гаргачих байх.

 Н.ПАГМА

Categories
мэдээ цаг-үе

Хүүхдээ төвхнүүлэхээр ирсэн хөдөөх ээж

Хичээлийн шинэ жил эхэлж буй энэ өдрүүдэд хөдөө орон нутгаас оюутан болон ирж байгаа оюутнуудын эцэг эхчүүдээс өдрийн зочноор урилаа. Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын оршин суугч Б.Алтантуяатай МУИС-д элсч буй охиноо сургуульд нь бүртгүүлэх, орон байр олж төвхнүүлэхээр нутгаасаа ирээд байхад нь уулзсан юм. 

Тэрбээр охинтойгоо өнгөрсөн мягмар гаригт хотод иржээ. Сургууль соёлд нь бүртгүүлэх гэж гурван өдөр зарцуулсан гэнэ. “МУИС энэ жил нэмэлт элсэлтээ их сайхан шударга явууллаа” хэмээн яриагаа эхэллээ. Мөн охиноо дотуур байранд оруулах талаар бодохын ч хэрэггүй нөхцөл энд угтжээ. “Хүүхэд дотуур байранд орно гэдэг маш хэцүү болсон юм байна. Байр нь хүртээмжгүйгээс гадна төлбөр нь өндөр юм. Жилийн төлбөр 400 мянгаас 450 мянган төгрөг гэж байна” хэмээв. Тиймээс сургуульд нь ойр орон сууц хөлслөхөөр шийджээ. Хоёр өрөө орон сууц сарын 800 мянган төгрөг байна гэж сонсчээ. Нэг өрөө орон сууцны түрээс чухам хэд байгааг сайн мэдэхгүй байгаа ч ямар ч гэсэн дөрөв таван зууд олдох биз, түрээслэхээс өөр аргагүй гэсэн бодолтой яваа гэнэ. Өнгөрсөн жил нэг хүү нь сургууль төгсч, нийслэлийн нэгэн сургуульд багшлахаар ажилд орсон тул энэ жил сууц түрээслээд охин, хүү хоёроо нэг дор төвхнүүлэхээр шийдсэн байна. Сургуулийнх нь жилийн төлбөрийг мөн тодорхой мэдэхгүй яваа ажээ. “Сургалтын төлбөрийг кредит цагаараа тооцдог гэнэ. Эхлээд суралцах хичээлээ сонгох юм байна, сонголтоо хийчихээд хэдэн цагийн хичээлд суух, төлбөрийн хэмжээ зэрэг мэдээллийг сургуулийнхаа вэб хуудаснаас олж мэдэх юм байна. МУИС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбар сургууль нь нэг сая 960 мянган төгрөг гэж байна лээ. Манай охины элсч байгаа Байгалийн ухааных нь төлбөр хэд юм мэдэхгүй” гэж байв. Байгалийн ухааны сургуульд нь ороод багш, инженер гэх мэт чиглэлээр мэргэжил эзэмших байх гэсэн бодолтой байгаа юм байна. Эднийх зургаан хүүхэдтэй, энэ намар оюутны амьдралд хөл тавьж буй охин нь тав дахь хүүхэд нь гэнэ. Нөхөр нь насаараа тээврийн байгууллагад ажиллаж, 39 жил  хот хоорондын тээвэр хийсэн, одоо хувийн байгууллагад жолооч хийдэг юм байна. Тээврийн салбарт ажиллагсад ажилласан жилээсээ үл хамааран заавал 60 нас хүрч байж тэтгэвэр тогтоолгодог учир тэтгэврийн насаа хүлээх зуураа хувийн компанид машин барьж буй гэнэ. Тэрбээр “Хувийн байгууллага хэцүү. Цалин авахтай үгүйтэй юм. Би өөрөө ногоо тарьдаг. Манайх ер нь ногоогоороо л амьдарч ирсэн” гэв. Өмнө нь хүүхдүүдийнхээ сургуулийн төлбөрийг ногоогоо зараад олчихдог байсан бол энэ жил ногооны үнэ ихээр унасан тул амаргүй сорилттой тулгарч байгаа гэнэ. Эднийх таван га газартай, тэндээ байцаа, төмс, манжин, шийгуа, мөн чацаргана тарьдаг, ургацаа хураагаад Дархан-Уул аймгийн төвд аваачиж бөөний үнээр худалддаг юм байна. Саяхны хэдэн өдөр байцаагаа хурааж эхэлжээ. Оюутан хүүхдийнхээ сургалтын төлбөрийг босгохоор нэлээд хэмжээний байцаа хурааж Дархан орсон боловч худалдаачид нэг килограмм байцааг 210 төгрөгөөр авч байгаа нь ээж, охин хоёрт багагүй цохилт болжээ. “Гучин долоон килограммаар савласан нэг шуудай байцааг ердөө 8000 төгрөгөөр авч байна, килограммд хуваагаад бодохоор нэг кило нь ердөө 210 төгрөг болж байна. Ингээд хүүхдийн сургалтын төлбөр төлөхөд маш хүнд болчихлоо” хэмээн энэ ээж ихэд гонсгор байлаа. Ногоочин эгчийн бүтэн жилийн хөдөлмөр үр шимээ өгөх хараахан болоогүй байгаа болохоор шинэхэн оюутан охиныхоо сургалтын төлбөрийг төлөхийн тулд нэг сарын хугацаатай 20 хувийн хүүтэй зээл авч байгаа гэнэ. Гэхдээ банкнаас биш, хувь хүмүүсээс. “Банк, санхүү нь бидэнд одоо зээл өгөхгүй шүү дээ. Хурааж авах ногоогоо барьцаалж байж хувь хүмүүсээс хугацаа давчуу, хүү өндөр зээл авахаас аргагүйд хүрч байна. Өөрөөр яах билээ” гэж энэ ээж ярьсан юм. “Энэ намар таван тонн байцаа хурааж авна, үгүй юм гэхэд наад зах нь дөрвөн тонныг хурааж авна гэж төлөвлөөд, түүгээрээ оюутан охиныхоо сургалтын төлбөрийг хийнэ гэж бодож байсан юм. Бодсон төлөвлөсөн минь одоо өнгөрлөө л дөө” гэж байв. Нэг килограмм байцааг 800 төгрөгөөр худалдана гэж тооцож байжээ. Өнгөрсөн жилийн ханшаар тэгж тооцоолсон гэнэ. Гэвч жилийн өмнө бөөний үнэ нь 800 төгрөг байсан ханш өнөөдөр 210 төгрөг болтлоо унасан аж. “Юмны үнэ өссөөр байхад ногооны үнэ эсрэгээрээ, унаж байна. Хятадын ногоо түрж орж ирээд манай үнийг унагаж байна. Дарханы зах дээр нэг килограмм нь 300, 500 төгрөг гээд байгаа байцаа бүгд Хятадаас оруулж ирсэн байцаа. Бидний  тарьсан байцааны дэргэд үнэхээр муу. Даанч хүмүүс тэрийг нь мэдэхгүй авах л юм даа. Хүний сонголт юм чинь, яах вэ дээ” гэж энэ эмэгтэй ярьсан. Нийслэлд ногооны үнэ өндөр байлаа ч тээврийн зардал өндөр тул Сэлэнгэ аймгаас энд авчирч худалдаалах боломжгүй гэнэ. Эднийх байцаа, манжин, шийгуагаас гадна хоёр га газарт төмс, мөн өргөст хэмх ч тарьсан байна. Төмсөө хураах цаг болоогүй, Есдүгээр сарын хорьдоор хурааж авдаг гэнэ. Чийглэг, сэрүүвтэр нутаг учир төмсний болц оройтдог гэж тайлбарлав. “Өдийд ногоо зарагддаггүй. Тийм учраас талбай дахь ногоогоо барьцаалж хувь хүнээс хүүтэй мөнгө зээлж хүүхдүүдийнхээ сургуулийн төлбөрийг төлчихдөг, удалгүй зээлээ ч төлчихдөг юм. Ногоочдын амьдрал үнэхээр хэцүү байна” гэж Б.Алтантуяа гуай ярилаа. “Ирэх хавар хүртэл байр түрээслэхэд наад зах нь гурван сая зургаан зуун мянган төгрөг, дээр нь сургуулийн төлбөрийг нь хоёр саяар бодоход зургаан сая төгрөг болж байна” гэсэн тооцоо бодож яваа хөдөөх энэ ээж нэгдүгээр дамжаанд элсэн орж буй оюутан охиноо нийслэлд төвхнүүлэх ажлаа төвөг чирэгдэл багатайхан амжуулаад, гэртээ сэтгэл өег хариасай даа.

Н.ПАГМА