ОХУ-ын Буриадын зохиолч Алексей Гатаповыг манай улсад ирээд байхад нь ярилцлаа. Түүнийг манайхан “Тэмүжин” романаар нь мэднэ. Энэ романаар Буриад, БНХАУ-ын ӨМӨЗО болон манай улсын уран бүтээлчид хамтран кино хийх гэж байгаа юм байна.
–Таныг Монголд уран бүтээлийн аяллаар ирсэн тухай сонссон. Та энд ирээд ямар ажлууд амжуулав?
-Монголын найруулагч С.Мягмар, Өвөр Монголын найруулагч Шагдарсүрэн хоёр миний зохиолоор кино хийх гэж байгаа юм. Энэ асуудлаар би ирсэн. Дэлхийн киноны түүхэнд Чингэс хааны тухай маш олон улс кино хийчихсэн. Америкчууд ч хийсэн, япончууд ч хийсэн, Оросын Бодров найруулагч ч хийсэн, Өвөр Монголд ч хийсэн. Олон кино хийсэн. Хэдийгээр ийм олон кино гарсан ч гэсэн тэд бүгдээрээ Чингэс хааны түүхийн дээжээс нь аваад хийчихэж дээ гэж би ойлгодог. Тэд нар монголчуудын ёс заншил, янз бүрийн жижиг сажиг, бүр аахар шаахар юм болгоныг хөндөж эвлүүлж энэ сэдэв рүүгээ гүн гүнзгий орж чадаагүй юм болов уу гэж би боддог. Гэтэл амьдралын тэр жижиг сажиг аахар шаахар гэмээр бүх юмны цаана л жинхэнэ нарийн ширийн нь байдаг шүү дээ. Дэлхийн үзэгчид бол Чингэс хааны тухай ерөнхийдөө мэдэж байгаа. Гэхдээ кино болгон дээр тэр хүний түүхэн амьдралын дээжээс нь аваад хийчихсэн учраас Чингэс хаан болон монгол хүмүүсийн ёс заншил, монгол хүүхэд хэрхэн хүмүүжиж ирсэн юм, ямар ахуй нөхцөлд хүн болж төлөвшиж энэ бүх түүхийг бүтээж, энэ үндэстэнг бий болгосон юм бэ гэдгийг тодорхой мэдэхгүй байгаа. Чухамдаа ямар нөхцөл байдлын улмаас их хааны зэрэгт хүрсэн юм бэ гэдгийг Чингэс хааны дотоод ертөнцийг нь нээх замаар харуулах хэрэгтэй юм. Бидний шинээр хэрэгжүүлж байгаа төсөл нь Чингэс хааны амьдарч байсан ахуй нөхцөл, ёс заншил дундаас нь өөрийнх нь дотоод сэтгэлгээг, монголчуудын дотоод сэтгэлгээг нээн гаргаж ирэх зорилготой юм.Энэ төслийн ажлаар би Өвөр Монголд оччихоод буцаж явна.
–Өвөр Монголд зорчсон сониноосоо хуваалцахгүй юу?
-Өвөр Монголд очсондоо би маш өндөр сэтгэгдэлтэй байгаа. Өвөр монголчууд жилд дөрвөн удаа Чингэс хааны тахилга хийдэг юм байна. Тэр тахилгад оролцлоо. Намайг Шагдарсүрэн найруулагч урьж, Чингэсийн тахилгыг өмнөд монголчууд яаж хийдэг вэ, ямар ёс заншил байдаг вэ гэдгийг үзүүллээ. Чингэсийн тахилга болдог юм байна гэдгийг би одоо болтол мэдэхгүй байсан. Хэрвээ сурталчилгаа сайн явуулж байсан бол халимагууд, буриадууд, бүх монголчууд энэ тахилгад дуртай ирж оролцох байсан байх. Үүний өмнө би Хэнтий аймгийн Дадал суманд очиж, Чингэс хааны төрсөн газарт нь болдог тахилгад оролцож байсан. Гол нь Дадал суманд очоод овоонд цацал өргөж, мөргөсөн юм. Мөргөчихөөд буцаад явж байтал гэргий маань “Чи дутуу мөргөчихлөө. Мөргөлөө гүйцэд үйлдсэнгүй” гээд буцаагаад намайг овоо руу аваад гарсан. Дахиад овоондоо мөргөж байтал хажуухан талд маань долоон шувуу сууж байснаа дэрхийтэл нисээд миний толгой дээгүүр нэг эргэлдчихээд буцаад байрандаа суучихсан. Үүнийг би Чингэс хаан надад энэ зохиолыг бичих зөвшөөрөл өгч байгаа юм байна гэж ойлгосон. Бурхан тэнгэрийн зөвшөөрөлгүйгээр Чингэс хааны тухай бичиж болохгүй гэсэн яриа манай буриадуудын дунд байдаг юм.Хэрвээ тийм зөвшөөрөл олгогдоогүйгээр бичвэл тэнгэр бурхан хилэгнэнэ гэж ярьдаг. Тэгээд би “Тэмүжин” романаа бичихээсээ өмнө лам хуврагууд, бөөгийн шашныхантай бүгдтэй нь уулзаж учирч, би энэ зохиолыг бичиж болох болов уу, яах бол гэж асууж, зөвшөөрөл хүсдэгбайлаа. Гэтэл Чингэс хааны яг төрсөн газар нь тэр шувууд миний дээгүүр тэгж тойрон нисээд буцаад байрандаа буусан тэр явдлыг би надад эрх олгогдлоо гэж бодож хүлээж авсан.
–Чингэс хааны тухай зохиол бичих зөвшөөрөл хүсч тийм олон хүмүүстэй уулзсан, энэ зохиол дээр арван жил ажилласан гээд та нэлээн урт замыг туулжээ. Зохиолоо бичиж байхад танд ямар мэдрэмж төрж байсан бэ?
-Энэ арван жилийн хугацаанд би зохиолоо бичихээс гадна өөр ажил хийж байсан л даа. “Байкал” гэж уран зохиолын сэтгүүл байдаг байлаа. Нэг хэсэг хаагдсан юм. Тэр сэтгүүлийг би шинээр сэргээн нээж ажиллуулсан. Үүнээс гадна Зүүнгарын “Чонон баатар” туулийг буриад хэлнээс орос хэлэнд буулгах ажил хийсэн. 2002 онд ЮНЕСКО-гийн ивээн тэтгэлгээр олон улсын яруу найргийн том уралдаан болоход Аргентин, Хятад, Монгол, Орос, Израил, Арабын орнууд гэхчлэн олон орны яруу найрагчдаас энэ орчуулгаараа би тэргүүн байрт шалгарсан юм. Чулуун зэвсгийн үеэс XX зууныг хүртэлх Монголын түүхийн томоохон толь бичиг хийсэн. Мөн Монголын түүхийн сэдвээр бичсэн өгүүллэгүүд зохиолуудаа эмхэтгэж хэвлүүлсэн. Романаа бичихийн хажуугаар энэ олон ажлууд давхцаад арван жил болчихжээ.
–Таны “Чингэс хаан” нэртэй өгүүллэгээс сэдэвлэж буриадууд жижигхэн кино хийсэн байдаг гэсэн. Тэр кино танд таалагдсан уу?
-Би ер нь аливаа бүтээлд их өндөр шаардлага тавьдаг. Тэр кино 2005 онд хийгдсэн кино. Сайн кино гэж би үздэггүй. Тийм ч сайн кино биш. Яагаад гэвэл манай Буриадад киноны үндсэн бааз нь байхгүй. Тэд яахав дээ, чадлынхаа хэрээр хийсэн л дээ. Кино хийх бааз, тэр олон жүжигчид нь, сценаристууд нь, киног зохион байгуулдаг, кино гэдэг юмыг мэддэг тэр өндөр боловсрол гээд бүх юм нь Ленфильм, Мосфильм, Одессфильм гэхчлэн том том газарт байдаг. Тийм болохоор байгаа хэмжээндээ л хийсэн кино.
–ОХУ-ын Буриад, БНХАУ-ын Өвөр Монгол, Монгол гурван улсын уран бүтээлчид хамтарч таны зохиолоор Чингэс хааны бага насны амьдралыг харуулсан кино хийх тухай та түрүүн сонирхууллаа. Найруулагч нартайгаа санаа оноогоо хэрхэн хуваалцав. Юу ярьцгаав?
-Эхлээд нэг зүйл хэлэхэд, “Аравт” кино бол сайн кино болсон. Гаргаж байгаа түүхэн дүрүүд, хувцас хунар, царай төрх, ахуй нөхцөл гээд тэр өнцгөөр нь авч үзэх юм бол сайн кино. Ганцхан юу дутсан бэ гэвэл, киноны зохиолыг бичсэн зохиолчийн гүйцэтгэл гэж ерөөсөө байхгүй юм байна лээ. Зохиол байхгүй. Хоосон зохиол. Юу ч байхгүй. Дотоод сэтгэлгээгээ гаргаж чадаагүй.Тэр киноны зохиолын бүтцийг нь гаргаж чадаагүй байсан. Бусад бүх материал нь байгаа. Хэрвээ их сайхан зохиол байгаад, түүн дээр бүх юмнууд нь байж байвал бусад материал нь амьдрах нөхцөл байна гэж би үзэж байгаа. Найруулагч нар маань хэнээс ч дутахгүй сайхан кино хийх байх аа.
–Түрүүн таны хэлсэн Америкийн, Японы, Оросын гэхчлэн Чингэс хааны тухай кинонуудыг Монголын үзэгчид бүгд мэдэж байгаа. Кино нь найруулагчийн бүтээл гэдэг шүү дээ. Ямар төрөл жанрын, ямар кино байгаасай гэж та бодож байна. Энэ тал дээр та найруулагч нараас юу хүсч байгаа вэ?
-Би бас энэ кинонуудыг бүгдийг нь үзсэн. Би ямар нэгэн жанр ч юм уу зүйлийг огт шаардахгүй байгаа. Чингэс хааны тухай кинонууд хоорондоо яг л адилхан хийгдээд байгаа. Арван таван минутанд нь Тэмүүжин төрлөө, арван таван минут болоод хэдийнэ хаан болчихлоо, арван таван минут болоод дэлхийн том хүн болчихлоо л гэж үзүүлээд байгаа юм. Тэгэхээр бид бол тэр хүн төлөвшиж бий болоход дотоод ертөнц нь ямар байсан бэ гэдгийг үзүүлнэ. Кинонд Чингэс хааны 9-11 насны үеийг л харуулна. Монгол хүүхдүүд яагаад ийм хэрсүү байдаг юм бэ, ямар амьдралын нөхцөл ахуйгаас тийм хэрсүү хүүхэд төлөвшиж байна вэ гэдэг нь чухал. Тэгэхээр 9-11 насны хоорондох тэр хэрсүү хүүхдийн амьдралыг л бид кинондоо үзүүлэх юм. Өмнөх бүх кинонуудад бол өөрөө зүтгээд л хаан болчихсон юм шиг харуулсан байдаг. Гэтэл тэр хүн хаанаас бий болсон юм бэ. Ямар ахуй нөхцөл дунд, ямар ёс заншил дотор, яаж ийм хэрсүү хүүхэд төлөвшиж дэлхийн хүн болтлоо хөгжсөн юм бэ гэдэг тэр үеийн хүмүүжлийг бид гаргаж өгөх ёстой юм. Өөрөөр хэлбэл, Чингэс хаан хэрхэн хүн болов гэдэг л гол асуулт байгаа.
–Таны төрсөн нутаг “Монголын нууц товчоо”-нд нэр нь дурдагддаг Баргужин төхөм гэдэг газар гэж намтраас тань харсан. Та бага насаа нутагтаа хэрхэн өнгөрүүлсэн бэ. Аав, ээжийнхээ тухай, тэнд өнгөрүүлсэн хүүхэд насны амьдралынхаа дурсамжаас бидэнтэй хуваалцахгүй юу?
-Далаад онд би хүн болсон. Жаран таван онд төрсөн. Тэгэхээр далаад оны үед миний хүүхэд нас өнгөрсөн. Би 11 настайдаа авга ахындаа очиж мал хариулдаг байв. Үхрээ хариулаад, адуундаа явдаг, шувуу агнаж амьдардаг байсан.
–Шувууны анг зугаа цэнгэлийн журмаар хийдэг байсан юм уу, эсвэл хоол хүнсээ залгуулдаг байсан юм уу?
-Буриадууд хэзээ ч зугаа цэнгэл хөөж загас барих ч юм уу, түүгээр зугаацах гэж ан хийдэггүй. Бид тэр үед өдөр бүр шувуу агнах хэрэгтэй байсан. Тэр үед манайд хөргөгч гэж байсангүй. Өдөр болгон хонь гаргаад байвал муудчихна шүү дээ. Хонио гаргахгүйн тулд өдөрт нэг шувуу бууддаг, түүгээрээ шөл хийж уудаг байсан. Намаржаа өвөлжөө хаваржаагаа дагаад явдаг, зэрлэг шувуунаас өөр юм байхгүй, шувуугаа буудаад шөл хийж уудаг байсан. Буу бариад шувуу буудаж явахдаа би 11 настай байлаа. Одоо бол цаг өөрчлөгдөөд, 11 настай хүүхдэд хэн ч буу өгөхгүй шүү дээ. Энэ бол аюултай.
–Сонирхолтой амьдрал байжээ, таны бага насны үе?
-Тэр үед дугуй, мотоцикл гэх мэт унаа ер байгаагүй. Хонь малдаа явахдаа морио унаад л явдаг. Хөдөөнөөс долоо найман километр давхиж байж, заримдаа мориор заримдаа явган шахуу төв дээр ирж кино үздэг байсан.
–Улаан буланд уу?
-Тийм ээ, клубт. Нэг удаа клубт кино үзэж байтал том хүүхдүүд нь гарч гүйлдээд баавгайтай тааралдаж байсан. Гараад ирсэн чинь морьд маань үргэж давхиад алга болчихсон байсан. Гэр лүүгээ буцахдаа бүгдээрээ явган алхаж харьж байснаа санаж байна.
–Анхны түүврээ та хэзээ гаргаж байв?
-1998 онд би анх өгүүллэг, туужийнхаа түүврийг хэвлүүлж байв. Тэр түүврийг гарснаар Оросын Зохиолчдын эвлэл намайг гишүүнээр элсүүлж авсан юм.
–Та наяад онд манай Монголд, Сайншандад байсан Оросын армид цэргийн алба хаасан юм байна лээ. Та өөрөө монгол угсаатан. Цэргийн хуаранд өдөр тутмын амьдрал ямархуу байсан бэ?
– Амьдрал юм болохоор тэр он жилүүд надад маш дотно сэтгэгдлүүд үлдээсэн. Би анх удаа гадаад улсад хөл тавьсан минь тэр. Тэр үед хилийн чанадад гарна гэдэг бол маш ховор тохиолдол байлаа л даа. Өөрөөр хэлбэл, анх удаа гадаадад цэргийн алба хаасан. Бид нэг дөрвөлжин хашаан дотор амьдардаг байв. Тэр дөрвөлжин хашаанаас гадагшаа гарах эрх бидэнд байгаагүй. Би өөрөө монгол хүн учраас хашааны гадна байгаа монгол хүмүүстэй ярилцаж үзэхийг маш их сонирхож байсан. Хашаан дотроо бол бидний амьдрал өрнөдгөөрөө л өрнөдөг байсан л даа. Хашааны гадаа энэ монголчууд хэрхэн амьдарч байгаа бол, монголчуудтай л уулзаж амьдралыг нь харах юмсан гэсэн хүсэл надад байсан. Сүүлдээ жаахан дасаад ирсний дараа хааяа нэг гадаа гарчихдаг болсон л доо. Анх гарахдаа монголчууд яаж ярьдаг юм бол гээд монгол үгийг их анхаарч сонсдог байлаа. Намайг тэгэхэд харуулын газар гээд өөр нэг газар руу явуулдаг байлаа. Тэнд нь нэг гэр байдаг, монгол жолооч нар их ирдэг байсан. Тэнд би монголчуудын амьдралтай танилцаж, монгол үг сонсч эхэлсэн. Бага багаар ойлгодог болсоор нэг сар, сар хагасын дараа гэхэд монголчуудын юу ярьж байгааг бүгдийг нь сайн ойлгодог болсон. Жаахан жаахан өөрчлөлтүүд, өөр өөр үгнүүд, байхаас биш бид яаж ярьдаг вэ монголчууд яг л тэгж ярьдаг болохыг хараад маш их гайхаж билээ. Нэг эмээ өөр нэг эмээгээс юм асуусанд нөгөө эмээ “бүү мэд” гэж хариулсан. Манай буриадууд бас л адилхан “бүү мэд” гэж ярьдаг. Яг энэ үгийг сонсоод л бид чинь нэг хэлтэй нэг үүсэлтэй, нэг үндэстэн улсууд юм байна шүү дээ гэж их сайн ойлгосон л доо.
–Танайх бас 18 настайдаа цэрэгт явдаг уу?
-Тийм ээ. Би цэргийн албаа хаагаад яг тавдугаар сарын 22-нд халагдаад эндээс явсан. Яг л буцсан өдрөө шахуу, тавдугаар сарын 12-нд, халагдсан өдрөөсөө арав хоногийн зөрүүтэйгээр би 30 жилийн дараа цэргийн алба хаасан газартаа эргэж ирлээ. Цэргийн хуаран байсан газраа өчигдөр (энэ сарын 12) очлоо. Угаалтуур байсан газар нь би явж очсон. Өдөр болгон би тэнд нүүр гараа угаадаг байсан. Угаалтуурын хөндлөвч моднууд суурь нь хэвээрээ үлдсэн байна лээ. Миний нүдэнд бүх зүйл эргэж сэргэн босч ирсэн шүү. Энд шүүгээ маань байсан, тэнд тийм юм маань байсан гэхчлэн бүх юм нь байр байрандаа нүдэнд харагдах шиг болсон. Нар яг л тэр хэвээрээ, овоо толгодууд бүгд ямар байсан тэр л янзаараа байр байрандаа, бүх юм миний нүдэнд 30 жилийн өмнөхөөрөө харагдсан.Цаг хугацаа гэдэг маш хурдан өнгөрөх юм даа. Гучин жил өнгөрчихсөн байхад надад энэ бүхэн өчигдөрхөн байсан юм шиг л санагдсан.
Би Сайншандыг байн байн зүүдэлдэг байлаа. Их олон жил зүүдэлсэн. Тэгээд энэ газар намайг дуудаад байгаа юм болов уу гэж бодогдоод байх болсон л доо. Тэгээд өчигдөр очсон. Сүүгээ өргөлөө. Одоо тэр зүүд намайг явуулах байлгүй дээ. Их олон жил намайг хүлээгээ биз ээ. Тэр нутгийг нэг харж аваад сэтгэл минь ханалаа.
–Таныг зохиолоо голдуу түүхэн сэдвээр бичдэг юм байна даа гэжхарж байлаа?
-Тэгнэ л дээ. Хүн бол гурван туулайны хойноосгүйж чадахгүй шүү дээ. Тийм учраас ямар ч зохиолч байсан өөрийнхөө л мөрөөр явдаг. Нэг сэдвийг аваад тэр сэдвээ аль болохоор бүрэн нээх нь чухал. Ингээд харахад, Михайл Шолохов бол тэр казахынхаа ард түмний амьдралыг бүргүн гүнзгийд нь ороод, дэлхийд нээгээд өгчихсөн. “Доны эрэгт” гээд хүн бүр киног нь мэднэ шүү дээ. Маркес бас л өөрийнхөө ард түмний амьдралыг бүр урт удаан он цаг, уг гаралтай нь бүх юмтай нь дэлхийд нээгээд өгчихсөн.Тэгэхээр зохиолч хүн бол нэг л барьж авсан сэдвээ ёстой л ой тойнд хадагдан үлдтэл дэлгэн харуулж, хүн төрөлхтөнд бүрэн дүүрэн нээж өгөх нь чухал юм.
–Ямар ч үндэстний түүхэнд ойлгомжгүй юм шиг хэрнээ маш их адармаатай зурвасхан цаг үеүд байдаг шүү дээ. Ийм богинохон, зурвасхан хэрнээ их адармаатай хэсэгхэн цаг хугацааны доторх амьдралаар бүгдийг хэрхэн дэлгэн нээж харуулдаг юм бэ?
-Бүр жижигхэн хугацааг л маш их гүнзгий дэлгэж тавиад, тэр жижигхэн замаараа л өргөжүүлсээр байгаад тухайн үндэстнийхээ амьдралыг бүхэлд нь дэлгэж үзүүлэх тийм л арга байгаа. Хүнийг төрснийг нь нэг үзүүлээд идэр насыг нь нэг цухуйлгаад тэгээд л хаан болчихдог маягаар үзүүлээд байх юм бол тэнд ард түмний амьдрал яаж гарахав дээ. Гарахгүй шүү дээ. Тийм учраас л жижиг сажиг гэсэн юм болгоныг л нарийн чимхлүүр хийж өгөх ёстой юм. Тиймээс би “Тэмүжин” романдаа Чингэс хааны 9-11 насны үеийг сонгож авсан. Түүгээрээ зөвхөн тэр богинохон үеийг биш монголчуудын, монгол үндэстний амьдралыг л гаргаж үзүүлэхийг хичээсэн.
–Та багадаа авга ахындаа мал хариулж, шувуу буудаж явснаа хэлсэн. Тэгэхээр авгындаа өссөн юм уу?
-Би авгындаа үргэлж байгаагүй. Хэсэгхэн хугацаанд байдаг байсан. Энэ авга маань миний аавын хамгийн бага дүү нь юм. Бид өөр өөр газар амьдардаг байсан ч гэсэн нэг л гэр бүлд өссөн. Манайхны хүүхдүүд нь бүгд хоёр айлын дунд, нэг нэгнийхээрээ, гэр бүл дундаа өсөцгөөсөн.
–Таны Гатапов гэдэг овог ямар гаралтай нэр вэ?
-Готов гэдэг монгол нэр шүү дээ. Орос хэл рүү тэгж хувирчихсан болохоос биш уг нь Готов гэдэг нэр юм. Миний өөрийн нэр бол Цэвэг. Манай Буриадад хэрвээ том хүн болъё гэж бодож байгаа бол орос нэрийг авч явах хэрэгтэй болдог байлаа. Тэгээд л Алексей гэчихсэн.Жинхэнэ нэр маань Цэвэгжав, өвөө маань Готов. Би Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн дээд курст 35 настай байхдаа явсан. Тэнд очоод бүгдэд нь намайг Цэвэгжав гэдэг юм гэж тайлбарлаж өгсөн. Тийм болохоор намайг Цэвэг гэж дууддаг байсан юм.
–Та Өвөр Монголд очоод Чингэс хааны тахилгад оролцсон гэлээ. Тэндээс чухам юу олж мэдэв?
-Чингэс хааныг тэнгэрт хальснаас хойш хүмүүс нэг ч удаа зул таслаагүй өнөөдрийг хүрсэн нь гайхамшигтай юм. Мао Зэдуны үед, соёлын хувьсгалын үед ч гэсэн энэ тахилга огт тасраагүй. Японууд дайрахад хүртэл зулыг маань бөхөөчихөж магадгүй гэж болгоомжлоод Шинжаан руу зулаа авч явж байсан юм билээ.
Н.ПАГМА