Categories
арын-нүүр булангууд мэдээ

Хайрлам сайн эрчүүд DNN.mn

Хамгийн түрүүнд аавыгаа боддог. Мотоциклийнх нь араар сундлаад үсээ хийсгэн давхидаг байсан балчир нас. Намайг тэмцээнд оруулах гээд шороо шуурсан аймгийн төвөөр хөтлөөд алхаж байсан. Хамаг төлбөр мөнгийг нь, амьжиргааных нь хэдэн төгрөгтэй халааслуулаад их сургуульд үдсэн аав минь. Миний бүхий л том хайр, хамаг хүндлэл аавд минь зориулагддаг. Одоо ч зүрхэндээ хайрласаар, хүндэлсээр.

Ах нар, хань нөхөр минь байна. Хэзээд миний талд бат зогсох нөмөр нөөлөг юм, тэд. Ангийн хөвгүүд, ажлын хамт олон, амьдралын замд танилцаж нөхөрлөсөн гээд ярих юм бол хүндэлж бахархаж, суралцаж, найзалж нөхөрлөж яваа олон эрчүүд байна.

2022 оны ХЭҮК-ийн тайлангаас эрчүүдтэй холбоотой жишээ уншаад хачин их гуниглав. Тайланд ахмад настны ялгаварлан гадуурхалт, хүчирхийллийн талаар ноцтой баримтууд бичигджээ. Хэрэв өвгөн хүн ямар нэгэн хүчирхийлэлд өртвөл авах газар олддоггүй, хуулиараа тийм гэнэ. Хүүхдүүд нь тэтгэврийг нь авчихаад хаячихдаг, утсыг нь блоклочихоод ярихгүй байх нь энүүхэнд. Бүр хамтдаа байхгүй гээд нийтийн байр хөлсөөд аваачаад суулгачихдаг нь ч байна. Мэдээж, нийтээрээ тийм биш ч ийм амьдрал туулж яваа өвгөчүүд байна аа.

Бүгд мэддэг өөр нэг онцгүй баримт бол эрчүүд эмэгтэйчүүдээсээ 10 гаруй насаар богино амьдардаг. Үр хүүхэд нь өсч, амьдрал ахуй нь нэг л сайхан болоод ирэхийн хэрд өөрсдөө өвдөөд, бусдыгаа өнчрүүлээд яваад өгдөг.

Цагтаа энэ өвгөчүүд чинь хүн бүрийн хараа булаасан жавхаатай сайхан залуус байсан юм. Гялалзтал ажиллаж, хайрлаж дурлаж, үр хүүхдээ өсгөж, энэ Монголдоо жаргалтай сайхан амьдарч явсан юм. Цагийн цагт идэр залуугаараа байх мэт аагтай омогтой ч байгаа биз. Ямар чиг л байсан, яаж ч амьдарч байсан, энэ Монголын минь эзэн болсон эрчүүд насны бөгсөнд ийм гундуухан явах учиргүйсэн.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Онжавууд DNN.mn


ӨДРИЙН СОНИНЫ АРХИВ…………………..

“Нэг ангийнхан” буландаа энэ удаа цэргийн “онжав”- уудыг урилаа. Тодруулбал, Монголын армийн урдаа барьдаг офицерууд. Эд арван гурвуулаа. Ангиас хоёр генерал, дөрвөн доктор, 13 хурандаа төрсөн гээд бодохоор ямархан хүмүүс болох нь мэдэгдэх буй за. Монголын зэвсэгт хүчний баярын энэ өдөр нэг ангийнхны хөгжилтэй дурсамжийг хамтдаа сөхье.


БАЙЛДАГЧИЙН ХАЛААСАНД ГЕНЕРАЛЫН МӨРДЭС БИЙ

Монголын зэвсэгт хүчний янз бүрийн салбарт ажиллаж байсан арав гаруй офицерууд тэр үеийн нэлээн босго өндөр шалгалтыг давж туулаад В.И.Лениний нэрэмжит Цэрэг, улс төрийн академид 13- уулаа очиж нэг курс болон суралцсан нь 1980 он ажээ. Өөр өөр газар ажиллаж байсан тэд ингэж нэг ангийнхан болсон түүхтэй. Ангийнхнаас дотооддоо цэргийн дээд сургууль төгссөн хэдэн хүмүүс орос хэлний бэлтгэл хийх зорилгоор жилийн өмнө очоод хүлээж байв. Хэлтэй устай хэд нь араас нь очсоноор анги бүрэлдэж гурван жил суралцжээ. Тэдний хоёр нь багшийн ангид буюу Цэргийн дээд, сургууль академид багш болох, үлдсэн нь Ерөнхий зөвл өлийн цэргийн улс төрийн ажилтан болохоор бэлтгэгдэж эхэлсэн байна. Тухайн үед академид явахад шалгалт их өндөр байжээ. Ажлын үзүүлэлт харна. Ажилдаа амжилт бүтээл гаргасан байх ёстой. Хоёрт, өмнө нь сурч байсан хүмүү- сийг авсан гэнэ. Оросын цэргийн академийн сургалтын хөтөлбөрийг дааж чадах эсэхийг нарийн шалгана. Эцэст нь МАХН-ын Төв хорооны улс төрийн зөвлөлийн хэлстээс хүн бүртэй нэгбүрчлэн уулзаж нарийн шалгадаг байж л дээ. Тэгээд ажил хэрэг, улс төр, ёс суртахууны бүх шалгуурыг давж тэнцсэн нь тэр 13 офицер байлаа. Нэг ангийнхан гэж бүгд дээд сургууль төгссөн, анги салбарт гурваас дээш жил ажилласан 20 гаруйхан настай шижигнэсэн дэслэгч, ахлах дэслэгч нар байв. Уулыг нурааж, усыг ч эргүүлэх эрч хүчтэй тэдгээр залуусаас өнөөдөр Монгол Улсын зэвсэгт хүчний жанжин штабыг тэргүүлж байгаа нь дэслэгч генерал Ц.Тогоо билээ. Н.Жалбажав хошууч генарал цолтойгоор Батлан хамгаалах их сургуулийн захирлаар ажиллаж байна. М.Арсланбаатар, Ц.Энхбат, Д.Пүрэвдорж нар хурандаа, Н.Цэгмид, Цанжид, А.Баасанжав, Б.Галиндэв, Д.Бадамдорж, П.Бал, Б.Хүнбиш Р.Төмөрчөдөр нар дэд хурандаа хэмээх эрхэм цолыг өөрсдийн хичээл зүтгэл, хөдөлмөрийнхөө хүчээр авсан юм.

Ангийн 13-аас Д.Пүрэвдорж, Р.Төмөрчөдөр хоёр нь арай л эрт андуудаа орхин ертөнцөөс буцжээ. Харамсалтай, гунигтай хэдий ч тэднийгээ санан санах ангийнхных нь сэтгэл хэзээ ч хувиршгүй ажээ. Энэ ангийнхан хичээл номдоо чадварлаг, толгой сайтайгаараа бусад улс орны сонсогчдоос ялгардаг байв. Тэднээс хожмоо дөрөв нь эрдмийн ажил хийж докторын зэрэг хамгаалсан. Ц.Тогоо генерал сурган хүмүүжүүлэх ухааны, Н.Жалбажав генерал философийн ухааны, Б.Гадиндэв улс төр судлалын ухааны, М.Арсланбаатар соё- лын ухааны докторын зэрэгтэй. Ангийнхан бүгдээрээ л төрийн албыг эндүү буруу саналгүй нэгэн сэтгэлээр нэр төртэй хаасан гавьяатнууд. Өдгөө хоёр генерал албандаа зүтгэж байна. Бусад нь чөлөөндөө гарсан, бэлтгэл хурандаа нар. Тэд чөлөөндөө гарсан гээд хуруу хумхин суусангүй энгийн салбарт ч нэр төртэй хөдөлмөрлөж байна. Зарим нь бизнес эрхэлж, зарим нь багшилсаар явна. Б.Галиндэв доктор л гэхэд “Отгонтэнгэр” их сургуулийн тэргүүлэх багш. Сургуулийн тулгын чулууны нэг гэж сургуулийнхан нь үнэлдэг юм билээ.

ХЭН НЬ ХЭН БЭ?

Ангийнхан нэгэн сэтгэлтэй ч хэзээ ч бие биетэйгээ давтагдашгүй хувь хувийн зан чанартай. Ц.Тогоо генерал их шаргуу, хөдөлмөрч. Төрөлхийн хурц сэргэлэн ухаантай. Юмны өөрчлөлт, цаг үеийн байдлыг сайн мэдэрдэг, мэдрэмж сайтай ер нь удирдагч хүн дээ хэмээн ангийнхан дүгнэлээ. Үүнээс гадна хүний мөс чанар сайтай. Сайнтай муутай амьдралын өдөр хоногуудыг хүн хүнийхээ дэмэнд туулдаг билээ. Баяр болохоор ангийнхан нэгнээ дууддаг. Утас цохино. Гуниг харууслын үед ч хамгийн түрүүнд биесээ үгүйлдэг. Харин энэ бүхнийг удирдан зохион байгуулдаг хүн нь Тогоо генерал. Өвдсөн нэгэндээ дэм болно, байнга л ангийнхнаа анхаарч асууж сурч явдаг гэсэн. Н.Жалбажав генерал сурлага сайтай, гавал толгойтон. Өмнө нь ЗХУ-д Цэргийн дээд сургуулийг алтан медальтай төгссөн төдийгүй академиа ч ангиасаа ганцаараа алтан медальтай дүүргэсэн хүн. Орост цэргийн хоёр шатны дээд сургуулийг алтан медальтай төгссөн хүн Монголоос 17 байдгийн нэг нь гээд бод доо. Бас их нийтэч, хөгжилтэй зантай. Ангиас гарсан ганц УИХ-ын гишүүн гэдгийг заавал хэлэх ёстой. 1992- 1996 онд тэрээр УИХ-ын эрхэм гишүүнээр ажиллаж байлаа. Б.Галиндэв сайхан сэтгэлтэй. Товчхон хэлэхэд ухаантай хүн гэсэн тодорхойлолтыг найзууд нь өгөв. Эрдэм номд тэгш боловсорсон тэрээр сэтгэн бодох чадвар нь өндөр хөгжсөн нэгэн гэнэ. Ясны багш хүн. Манай Б.Галиндэвийг мэдэхгүй хүн зэвсэгт хүчинд байхгүй дээ гэсэн омгорхол энэ тодотголыг дагалдана лээ. Н.Цэгмэд тусархаг зан чанараараа бусдаас гойд ялгардаг. Цанжидыг чигээрээ хүн гэж ангийнхан нь тодорхойлж байна. Өөрийн үзэл бодолдоо үнэнч, тууштай байж чаддаг тийм хүн. М.Арсланбаатар бол хэлний өндөр боловсролтой. Ангийнхан бүгд орос хэлтэй. Үүн дотроос Тогоо, Арсланбаатар хоёр англи хэлэндээ гарамгай аж. Д.Пүрэвдорж гэж сайхан хурандаа байлаа. Сайхан сэтгэлтэй, дөлгөөн, юманд яарна гэж байхгүй, юмыг их ултай суурьтай бодож сэтгэдэг хүн явжээ. Р.Төмөрчөдөр их сэргэлэн, хэрийн хүн гарамгүй хэцүү байдлаас өөрийгөө хялбархаан аваад гарчихдаг байв. Баасанжавын содон зүйл гэвэл унтамхай. Хамгийн урд талын ширээн дээр суух мөртөө нэг харахад л унтсан байна. Орос багш нар орж ирээд “Хэрэггүй хэрэггүй. Баасанжавыг битгий сэрээ” гэдэг байв. Бадамдоржийгоо хоёр юманд их сэргэлэн дээ гэж ангийнхан тодотголоо. Бүсгүйчүүдийн сэтгэлийг татахдаа увидастай. Сайхан орос бүсгүйчүүдтэй үерхэж найзалж явж. Их ч дэгжин, хичээлдээ сайн, өөртөө их эрд үү залуу явжээ. Энэ мэт арвангурван өөр араншин, арвангурван өөр амьдрал, өөр хувь заяатай хэдий ч нэг ангийнхны халуун сэтгэл мөнхөд тэднийг холбодог.

ИНЭЭД ДАГУУЛСАН ХӨГЖИЛТЭЙ ДУРСАМЖУУД

Сургуульд байхад аль дампуурахыг хэлж барахав. Залуучууд шөнөжингөө хө- зөрдөөд семинартаа бэлдэхг үй үе гарна. Хичээлээ хийлгүй ирсэн өдөр Р.Төмөрч өдөр л бусдыгаа аварна. Багшийг орж ирэхэд гараа өргөөд сууж байна. Мань хүн нэг эхэлсэн байхад нэгээс хоёр цаг тасралтгүй ярина. Тэр хооронд бусад нь дараа дараагийн асуудлыг амжуулцгаана. Нэг удаа дэлхийн хоёрдугаар дайнд ЗХУ-ын байгуулсан түүхэн ялалтын ач холбогдол гэсэн сэдэвтэй семинарын хичээл орж байлаа. Төмөрчөдөр цаг гаруй илтгэл тавьжээ. Сайн ч ярьж. Багш нь маш их сэтгэл ханамжтай сонсож байгаа “Болно, болно, Төмөр өө. Би танд онц тавилаа” гэв. Гэтэл болилг үй бүр хадуурч Гитлерийн ялагдлын шалтгааныг тоочиж байхдаа “Герман ялагдсаны нэг шалтгаан нь нөхөр Гитлер өөрөө буруутай” гэчихжээ. Тэгсэн багш “Тийм биш ээ, Төмөр. Гитлер бол нөхөр биш дайсан. Би танд онц тавих гэж байснаа болилоо, гурав тавилаа. Суу” гэж. Ангийнхан элгээ хөштөл инээлдэж хожмоо ч дурсан ярих хөгжилтэй сэдвийн нэг болсон байна. Баасанжав шувуунаас үнхэлцэгээ хагартал айна. Багадаа л их айж байсан шиг байгаа юм. Тэр нь том болсон хойноо ч хэвээрээ үлдсэн бололтой. Ангийнхан түүнийг нь мэдчихээд тагтаа барьж авчран айлгадаг байсан нь эгээ л жаахан хүүхдүүд шиг санагдана. Ангийнхан хичээл номдоо сайн ч сахилгагүйтэх үедээ сахилгагүйтнэ. Тав, арван копейк тавиад шөнөжингөө хөзрөөр муушги тоглоно. Нэг удаагийн тоглолт дээр Баасанжав “Би нэг шил сайн чанарын конъяк тавилаа” гэжээ. Бусад нь конъякийг авахын тулд багахан хуйвалдаан зохиож, дохио боловсруулжээ. Тамга ирсэн нь чихээ маажих, ноён ирвэл толгойгоо илэх зэргээр хөзр өө бие биедээ мэдээлэх учиртай. Хуйвалдаан ч амжилттай болж Баасанжав хожигдлоо. Өнөөх шил конъякаа авчрахаар гараад явахад бусад нь тун сэтгэл хангалуун үлджээ. Орж ирэхдээ хуруун чинээ жижигхээн архи барьчихсан байж гэнэ. Ингэж нэг оройн хайран хөдөлмөр “будаа” болсон түүхтэй. Нэг удаа ангийн онц сурлагатан Н.Жалбажав үнэт зүйлээр шагнуулжээ. Тэр нь кофе чанадаг ган сав. Тэр өдөр стипенд бууж, ангиараа шагналаа тэмдэглэжээ. Тухайн үед бүгд л эхнэр хүү- хэдтэйгээ хамт амьдарч байж л дээ. Тэд нь стипенд буусан гээд бүлтийтлээ хүлээгээд сууж байж. Гэтэл орой бүгд халамцуухан, мөнгөгүй ирцгээжээ. Учир нь шагналын угаалганд бүгдийг нь зарцуулчихсан гэж байгаа. Ийм л хөгжилтэй, гэгээн дурсамжтай оюутны амьдрал гурван жил үргэлжилж, чадварлаг цэргийн мэргэжилтн үүд болоод эх орондоо иржээ.

ОФИЦЕРЫН ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАН, ДОНГОДУУЛЖ ЯВЖЭЭ

1990-ээд онд Монголд ардчилсан хувьсгал дэгдлээ. Ангийнхан бусад төрөл мэргэжлийн цэргийн дарга нарыг бодоход арай илүү юм үзсэнийх ч юм уу, юмны учир жанцанг ойлгох, цаг үеэ мэдрэх тал дээр бусдаасаа арай илүү байсан бололтой. Тэр үед Ц.Тогоо, Н.Жалбажав нар тэргүүлэн Офицерын хурал гэдгийг хийж удирдлагаа айлгаж л явав. Хэдэн хурандаа нар сүйд хийх нь, эрх мэдлийг булааж авах нь хэмээн хардаж сэрдэн тэднийг сонин хэвлэлд бичиж, Сайдын зөвл өлийн хуралд оруулж донгоджээ. Ангийнхан бүгд тэр хэргийг сэдсэн учраас “Зоригтой байна шүү” хэмээн бие биенээ зоригжуулж байсан гэдэг. Ингэхийн учир бас бий. Нэг тогтолцооноос нөгөө рүү шилжин цэргийн албан хаагч, Зэвсэгт хүчин оршин байх нь тодорхойгүй болж, цэргийн албан хаагчдын хувь заяа, нийгмийн асуудал нь хүндэрч эхэлсэн үе. Үүнийг давж гарахаар компандлалдаа туслах гэсэн офицеруудын санаачилга л даа. Тухайн үедээ тэд зоримог зоримог зүйл их л дэвшүүлж байжээ. Одоо эргээд харахад алдаатай зүйл ч байдаг, гэхдээ оносон нь илүү дээ гэж тэд бардамхан өгүүлж сууна. Ямартаа ч нийгмийг өөрчлөх, улс орны хөгжлийг хүн төрөлхтний жам ёсны хөгжлийн замд нь аваачих, хүний эрх, эрх чөлөөний бодит биелэл болсон хувийн өмчийг хамгаалах, хүнийг өмчтэй болгох гэсэн чиг хандлагыг ангийнхан сонор соргог харж хүлээж авсан хүмүүс юм. Нэг ангийнхны энэ зүтгэлийг үнэлдгийнх үү армийн түүхэнд хэн ч тэднийг шүүмжилж байсангүй. Энэ нь тэдний ангийнхан армидаа нэр хүндтэй байсны үнэлгээ болох биз ээ. Армийнхныг консерватив үзэлтнүүд гэдэг. Харин ингэж тэмцэж, ардчиллын гэрэл гэгээг Монголын армид тусгахыг зорьсон тэдний тэмцэл талаар өнгөрөөгүй ээ. Үүний үр дүнд хүмүүс тэдэнд итгэл хүлээлгэн Н.Жалбажавыг 1990 оны сонгуулиар Улаанбаатар хотын Иргэдийн тө- лөөлөгчөөр сонгож байв. Дараа нь 1992-1996 онд УИХ-ын гишүүн болсон. Ц.Тогоо генералын хувьд Хувьсгалт намыг дотроос нь шинэчлэх тал дээр санал бодлоо хэлж, идэвхтэй ажиллаж байсан хүмүүсийн нэг. Тиймдээ ч намын онц их хурлын төлөө- лөгчөөр сонгогдож байв. Нэг үгээр хэлэхэд ардчиллын үед ангийнхан бүгд л маш идэвхтэй, санаачилгатай ажиллаж байв.

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ШИНЭЧЛЭЛД ТЭДНИЙ ОРУУЛСАН НЭМЭР

Ангийнхан бүгд зэвсэгт хүчний шинэчлэлд өөр өөрсдийн хувь нэмрийг оруулж чаджээ. Энэ бол тэдний үүрэг, хожмын бахархал нь болох учиртай. Ц.Тогоо бол Зэвсэгт хүчнийг цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллага болгох, Монгол Улсын зэвсэгт хүчин олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцуулах ажиллагаанд шинэ үеийг эхлүүлсэн гэж үнэлэгддэг. Монгол Улсын зэвсэгт хүчнийг шинэ шатанд гаргасан генерал. Н.Жалбажав генералын хувьд УИХын гишүүн байхдаа Батлан хамгаалах, Цэргийн тэтгэвэр тэтгэмжийн тухай зэрэг суурь хуулиудыг батлалцсан хүн. Одоо ч тэр хуулиудын ач холбогдлын талаар армийнхан ярьдаг юм билээ. Цэргийн тэтгэвэр тэтгэмжийн хууль бол зэвсэгт хүчнийг энэ чигээр нь хадгалж авч явах, цэргийн хүмүүст итгэл найдвар төрүүлсэн гол хуулийн нэг нь. Цэргийнхэн тэтгэвэрт гарахдаа 36 сарын нэг удаагийн тэтгэмж олгох тухай хуулинд тусгагдсан бөгөөд энэ нь Монгол Улсын тогтолцоонд байгаагүй зүйлийг бий болгосон гэдгээрээ шинэлэг. Өөрөөр хэлбэл, ардчилсан нийгмийн батлан хамгаалах тогтолцоо, зэвсэгт хүчний эрхзүйн үндсийг энэ ангийнхан тавилцсан гавьяатай. Хоёр генералаас эхлээд анги салбарын улс төрийн ажлыг удирдаж байсан ангийн бусад нөхөд нь ч гар бие оролцсон гэсэн. Энэ ангийнхан бол шинэчлэлийн үзэл санааг хамгийн сонор соргог тусгаж Зэвсэгт хүчнийг ямар чиг баримжаагаар хааш нь хөгжүүлэх вэ гэдэгт салбарынхан манлайлж оролцсон хүмүүс юм. Энэ эрхэм алдартнууд, нэг ангийнхандаа Зэвсэгт хүчний 88 жилийн ойн мэнд хүргэе ээ. Тэд халуун залуу нас, эрдэм боловсролоо арми хэмээх их айлд эргэлт буцалтг үйгээр зориулж, элэгдэж ирлэгдэж яваа их хүмүүс билээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

САЙН МЭДЭЭ: Монгол хушны самрыг нэг кг-ыг нь 800 гаруй мянган төгрөгөөр худалдан авчээ DNN.mn

Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Элчин сайдын санаачилгаар энэ сарын 4-9-ний өдрүүдэд Катар, Кувейтэд бизнес эрхлэгчдийн форум болсон талаар манай сонин өмнө нь мэдээлж байсан билээ. Уг арга хэмжээний үеэр Монголын мах махан бүтээгдэхүүн, самрыг Арабын орнуудад шууд экспортлох талаар ярилцан, эхний гэрээ хэлэлцээрүүдийг хийсэн юм. Мөн Монголын бизнес эрхлэгчид өөр өөрсдийн компанийн бүтээгдэхүүний дээжээс аваачин амталгаа, танилцуулга хийж байсан юм. Сайн мэдээ дуулгахад, “Арвис интернэшнл” компанийн танилцуулга болгон аваачсан хушны самрын үрийг кувейт бизнесмэн нэг кг-ыг нь 70 кувейт динараар худалдан авч, цаашид хамтран ажиллах санал тавьжээ. Өнөөдрийн байдлаар Монголбанкны ханшаар нэг кувейт динар 11.496.77 төгрөгийн ханштай байна. Үүгээр тооцвол нэг кг хушны самрын үр 800 гаруй мянган төгрөгөөр борлогдсон гэсэн үг. Ингэснээр цаашид манайхан хушны самрыг өндөр үнээр экспортлох боломж нээгдэж байна.

“Хамтран ажиллах яриа хэлэлцээр онлайн байдлаар үргэлжилж байгаа” талаар тус компанийн зүгээс мэдээлэл өгч байна. Өмнө нь манайх хушны самрыг БНХАУ руу хямд үнээр экспортолж байсан билээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

СОНИНЫ АРЫН НҮҮР: Хүндлэл, хайр байгаа газарт эрүүл харилцаа оршдог DNN.mn

Цагаан сараар айл айлд очиж золгон дайлуулж цайлуулахдаа нэг зүйлийг машид сайн анзаарлаа. Ирэх зочдодоо зориулж бэлдсэн идээ ундаа, гарын бэлгээс гадна бие биенээ хүндлэл дүүрэн харилцаж байгаа тэр харилцаа онцгой сайхан сэтгэгдэл үлдээдэг юм. Хаа сайгүй л дээшээ суу, өөдөө суу гэсэн чин сэтгэлийн хүндлэл. Цонхоороо сүүгээ цацдаг эзэгтэй нар бүр больчихсон, гадаа сүүгээ өргөж байгаа бололтой байрны доор тавьсан машинууд гялалзаж харагдана. Хажуунаас гэнэ гэнэ дайрч осол хийчих гээд байдаг приусын сахилгагүй жолооч нар бүр гэрлээрээ дохин зам тавьж өгч байх юм.

Тэндээс үлдсэн баярласан сэтгэлээрээ өөр нэг машиныг ямар ч уур уцааргүй урдаа орууллаа. Мэдээж, тэр жолооч бас надад баярлаад дараа нь бас нэг яарсан жолоочид зам тавьж өгсөн байж таарна.

Ингээд бодохоор бид зөвхөн Цагаан сараар онцгой сайхан ааштай байдаг ч юм шиг. Цагаан сараар гаргадаг ийм гоё эерүү зөөлөн зангаа өдөр тутамдаа бага сага ч болтугай гаргаж байвал амьдрал хичнээн амар болох бол. Өдөр болгон барьж золгоод дайлж цайлаад бай гэсэн биш, хэн нэгэндээ хүндэтгэлтэй хандахад буруудах юу байхав дээ.

Хүндлэл хайр байгаа газарт уур уцаар, бухимдал байдаггүй. Ямар ч хэцүү зүйлийн ая эвийг олоод даваад гардаг. Харин бие биенээ хүндэлж харахаа больсон тэр үед л өнөөдрийнх шиг их бухимдал үүсдэг.

Монголчууд бид бие биенээ хүндлэхээ больсон учраас л ийм их стресстэй амьдраад байна уу даа.

Categories
мэдээ нийгэм

Кувейтэд болсон яриа DNN.mn

Кувейтэд бороо бараг ордоггүй. Жилд ганц хоёрхон удаа ордог бороо нь биднийг очиход шивэрч байлаа. Газар нортлоо ч орсонгүй, тэгсгээд намдав. Зундаа хэт халуун, амьдралын өртөг өндөр энэ улсад Элчин сайдын яамны дөрвөн гэр бүлээс өөр монгол хүн суурин амьдардаггүй. Харин энэ өдрүүдэд “Welcome to Mongolia” аяны хүрээнд Монгол Улсаа сурталчлах өдрүүд Кувейтэд үргэлжилж байна. Үндэсний их театрын уран бүтээлчдийн тоглолт, загварын үзүүлбэрүүд, уран зургийн үзэсгэлэн хоёр өдөр дараалан боллоо. Кувейтэд суугаа Монголын Элчин сайдын урилгаар 100 гаруй орны элчин сайдууд, кувейт иргэд Монголын соёлын өдрүүдэд хүрэлцэн ирсэн юм.

Монголын өдрүүдийн хамгийн онцлох нэг арга хэмжээ нь бизнес форум байлаа. Монгол Улсаас Кувейт улсад суугаа Элчин сайд П.Сэргэлэн МҮХАҮТ-ын дэд ерөнхийлөгч Т.Дүүрэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр тэргүүтэй Монголоос ирсэн 20 гаруй бизнесмэнүүд Кувейтын Худалдаа аж үйлдвэрийн танхимын дэд дарга, бизнесмэнүүдтэй уулзалт хийж, харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Монгол Кувейт улс дипломат харилцаа тогтоогоод 48 жил болж байна. Кувейт улс манай улсад Түлэнхийн төв, “Өндөрхаан” нисэх буудлыг барьж өгч байгаа. Мөн Дархан-Эрдэнэт-Булган-Уньт-Тариалангийн чиглэлийн 415 км автозам, Тайширын усан цахилгаан станцыг барьж өгсөн зэргээр хамтын ажиллагааны арвин баялаг түүх бий. Харин энэ удаагийн бизнес форумын зорилго нь Кувейтэд монгол мах,ноолуур, самар, сүү сүүн бүтээгдэхүүн, өндөг зэрэг хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүнээ экспортлох тухайд юм. Мөн аялал жуулчлал, шатахуун газрын тосны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд ирсэн байв.Ер нь хоёр улс эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж бүрэн дүүрэн байгаа бөгөөд хоёр талаас хамтрах сонирхол ч их байгаа нь уулзалтын үеэр тод харагдаж байв. Монголын Элчин сайдын яамны зүгээс Кувейтын махны компаниудтай өмнө нь уулзаж, махны экспортын талаар ярилцсан нь сайн суурь болж өгсөн байна. Ямартаа ч кувейт, монгол бизнесмэнүүд “боломж их байгаа”-г ярьж байлаа.

Онцлоход, уг форум эхлэхийн өмнө Элчин сайд Д.Сэргэлэн монгол бизнесмэнүүддээ нэгдсэн мэдээлэл өгч, юун дээр анхаарах талаар нөхөрсөг зөвлөгөө өгсөн юм. Тэрбээр хэлэхдээ, “Манай хоёр улсын хувьд хамгийн эхэнд мах, махан бүтээгдэхүүн экспортлох боломж байна. Дотор гэдэс, толгой шийр хүртэл авна гэж байгаа. Би энд махны чиглэлийн 20 гаруй компанитай уулзахад ойрын хугацаанд бүгд мах авъя гэсэн. Зарим нь бүр өөрийнхөө онгоцоор очиж авъя гэж байна. Бид махаа булангийн орнууд руу экспортлох гэхээр халал сертификат авах ёстой байдаг. Тэгэхээр Монгол Улс энэ эрхээ өөрөө олгодог болгоё гэж байгаа юм. Ирэх долоон хоногт Катар, Кувейт, Саудын Арабын магадлан итгэмжлэлийн төвөөс Монголд очиж Монгол Улсын Стандарт хэмжил зүйн газарт ажиллах юм. Малын өвчлөлтэй холбоотойгоор эдгээр орон руу Монголоос мах экспортлох хориотой байсныг ийн нааштайгаар шийдэж байна. Өөрөөр хэлбэл, манайх халал сертификат олгодог болсноор мах экспортлох боломж бүрдэж байна. Урьдчилсан байдлаар нэг кг махыг дунджаар тээврийн зардал оролгүйгээр 7 ам.доллараар экспортлох боломжтой гэж ярьж байгаа. манай компаниуд энэ үнийг доош нь битгий буулгаарай. Нэг том компанитай гэрээ хийхэд булангийн зургаан оронд сүлжээгээрээ махаа тараадаг байх жишээтэй. Манайхан тав, зургаан доллараар зарах санал тавьсан сурагтай. Ийм том зах зээл нээгдэж байхад бие биетэйгээ өрсөлдөж үнэ битгий унагаарай. Нэг цонхоор, нэг бодлогоор явах хэрэгтэй. Хүнс, хөдөө аж ахуйн сайд байсныхаа хувьд би махны экспортыг урт хугацаанд, өндөр ашигтай байгаасай гэдэг утгаар нь харж, үүний төлөө ажиллаж байна. Энд ирээд найман сар болохдоо зургаан сард нь зөвхөн махны компаниудтай тулж ажилласан. Үйлдвэрүүдтэй нь танилцлаа. Үр дүнд нь өнөөдөр бид мах экспортлох гэрээ хэлэлцээр яриад сууж байна. Энд ирснийх та бүхэн ч махны үйлдвэрүүдтэй танилцаж, компаниудтай нь хамтрах гэрээ хэлэлцээр хийнэ байх. Тэгэхдээ үнийн асуудал дээр нэг байр суурьтай байгаарай” гэв. махны компанийнхан толгой дохин зөвшөөрч харагдсан.Бизнес форумын дараагийн үе шат нь Монголын компаниуд өөрсдийн танилцуулгаа хийж, нэрийн бүтээгдэхүүнүүдээ дэлгэж үзүүллээ. Кувейтын бизнесийнхэн компани тус бүрийн танилцуулгыг үзэж, бүтээгдэхүүнийг нь сонирхож байсан. Хамгийн эхэнд аялал жуулчлалын “Хөх үүр тур” компанийнхан ааруул, хайлмагаа дэлгэж угтсан бол “Арвис интернэйшл” компанийн хушны самрын амтыг монгол кувейтгүй магтаж байлаа. “Урлахуй” брэнд гоёлын даашинз, “Зосон” брэнд ноолууран хувцсаа дэлгэсэн байснаас нэлээдийг худалдан авах санал тавьсан. За тэгээд компани бүр л уулзалт ярилцлагууд хийж, хагас өдрийн турш бужигналаа. Дараа нь махны үйлдвэрүүдтэй танилцсан юм.

Мэдээж, бизнес форумын үр дүн удахгүй гарч, Монгол Улс мах болон хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнүүдээ булангийн улсууд руу экспортлох өдрүүд ойртож байна. Өмнө нь бид зөвхөн зээл тусламж гуйдаг байсан бол харилцан ашигтай хамтын ажиллагааны эхлэл ийн тавигдаж байна. Удахгүй Монгол Кувейтын хооронд шууд нислэг эхэлнэ. Мөн визгүй зорчих боломжтой болох учраас харилцаа улам л нээлттэй болох нь дамжиггүй.

Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

​Монголын загварынхан Дубайн шоунд оролцоно DNN.mn


2017 оноос эхлэн Дубайд зохион байгуулагдаж байгаа олон улсын “Tiffany`s Fahsion week” загварын шоу энэ сарын 11-нд тус хотод болно. Дэлхийн алдартай загвар зохион бүтээгчид, топ моделиудаас эхлэн шинэ залуу үеийнхэнд ч үүд хаалга нь нээлттэй байдаг тус шоунд өнөө жил Франц, Итали, Монака, Монгол, Украйн, Их Британи, АНУ зэрэг орны моделиуд, загвар зохион бүтээгчид оролцох юм байна.

Тайлбар байхгүй.

Монголоос “Queen модел” агентлагийн үүсгэн байгуулагч, загвар өмсөгч Х.Энхмаа болон “Гоёл-2022” наадмын Шилдэг залуу загвар зохион бүтээгч өргөмжлөлт, “Урлахуй” брэндийн дизайнер, Ө.Мөнхцэцэг, Арабын топ модел О.Уянга, топ модел Б.Баярцацрал болон Т.Халиунаа, Азийн хатан хаан Г.Оюунгэрэл, залуу модел Ж.Лхагвасүрэн нар оролцох нь

Тайлбар байхгүй.

. Өдгөө манай загварынхан Катар, Кувейтэд болж буй Монголын соёлын өдрүүдэд оролцон, үндэсний брэндүүдийнхээ нүүр царай болж, эх орноо сурталчилж явна. Энэхүү арга хэмжээг өндөрлөөд Дубайн шоунд оролцохоор төлөвлөжээ.

Тайлбар байхгүй.

Дубайн “Tiffany`s Fahsion week” нь загварын ертөнцийн хувьд нэр хүнд бүхий томхон арга хэмжээ юм. Тухайлбал, шоунд оролцогчдод Парис, Канн, Монако, Нью Йорк хотод болсон Tiffany-гийн загварын долоо хоногоор хамгийн эрэлттэй, мэргэжлийнхэн болон хэрэглэгчдээс өндөр үнэлгээ авсан загваруудыг цаашид хөгжүүлэх боломж өгдөг. Үүнээс гадна загвар зохион бүтээгчид өөрсдийн цуглуулгаа Эмират болон Персийн булангийн орнуудад танилцуулах үүд хаалга нээгддэг. Моделиуд ч нэр хүнд бүхий брэндүүдтэй хамтран ажиллах боломж бүрддэг. Учир нь алдартай брэндүүд тус арга хэмжээг анхааралтай ажиглаж, өөрсдийн нүүр царай болох шинэ моделиуд, зохион бүтээгчдийг олж авахаар шинжиж байдаг.

Тайлбар байхгүй.

Дубайн “Tiffany`s Fahsion week” арга хэмжээнд алдартай дуучид оролцохоос гадна Elle, Vogue сэтгүүлд тусгай сурвалжлага нийтлэгддэг.

Тайлбар байхгүй.

Тайлбар байхгүй.

Тайлбар байхгүй.

Тайлбар байхгүй.

Тайлбар байхгүй.


Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

​Шинэ харилцаа, хамтын ажиллагааны эхлэл Катарын тэмдэглэл DNN.mn

Саяхан л хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээн болж, түм түжигнэж бум бужигнаж байсан Доха хотод шөнө дөлөөр буулаа. Монголын зуны орой шиг сэрчигнэсэн салхитай чийглэг бүлээн агаар бүхий энэ хот хөл хөдөлгөөн нам жим, жигтэйхан тайван унтаж байна уу гэлтэй. Зам талбай, барилга байшин нь харваас чинээлэг баян улс гэдэг нь тов тодорхой. Аргагүй билээ, газрын тос, байгалийн хийн нөөцөөрөө дэлхийд гуравт эрэмбэлэгддэг улс. Зам тээвэр, дэд бүтэцдээ зориулан 30 тэрбум ам.доллар зарцуулсан, “Хамад” олон улсын нисэх буудал нь эрэмбээрээ дэлхийд 9-д ордог гэсэн уншиж байсан мэдээллээ нүдээрээ баталгаажуулж явлаа.

Тайлбар байхгүй.

Хүмүүс нь баян чинээлгээрээдэлхийд хоёрдугаарт ордог. Хангалуун чинээлэг хүмүүс бусдын хөрөнгө рүү илүү харах бодол байдаггүй биз, хууль нь ч чанга хатуу гэсэн, гэмт хэрэг хулгай бараг гардаггүй, амар амгалангаараа гайхагдсан улс. Бас архи зардаггүй, биеэ гаргасан задгай хувцас өмсөхийг хориглодог, нэг эмэгтэйд гурван эр хүн оногддог гээд биднээс тэс өөр амьдрал тэнд үргэлжилдэг.

Тайлбар байхгүй.

Энэ өдрүүдэд Катарт шөнөдөө 15, өдөртөө 30 орчим грудас дулаан байна. Зун бол 50 градус хүрч хайлуулах дөхдөг гэнэ. Хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг өвөл зохион байгуулсан нь цаг агаарын хувьд хамгийн тааламжит сайхан үе нь байжээ.

Тайлбар байхгүй.

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулж эх орноо сурталчлах зорилгоор “Welcome to Mongolia”буюу “Монголын соёлын өдрүүд”-ийгКатар, Кувейт улсад зохион байгуулж байгаа юм. Катар улсад тоглосон Монголын Үндэсний их театрын уран бүтээлчдийн тоглолтыг үзэхээр Катарын албаны хүмүүс төдийгүй энгийн иргэд ч хүүхдүүдээ хөтлөн ирсэн байлаа. Манай үндэсний урлаг тэр дундаа бүжиг, хөөмий, уртын дуу тэдэнд өвөрмөц, содон сонин байсан болов уу гэж бодогдоно. Учир нь “Жалам хар”-ын аяанд хүүхдүүд нь инээд алдан даган бүжиглэж хөөрхөн хөгжөөд авсан. Эцэг эх нь утсаараа бичлэг хийж харагдсан. Ямартаа тоглолтын дараа Катарын зүгээс Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчдийг 2030 онд болох Азийн тоглолтын нээлтэд бүрэн бүрэлдэхүүнээр нь урилаа. Манай зураачдийг ч ирж үзэсгэлэнгээ гаргахыг хүссэн юм. Ганзага дүүрэн л явж байна.

Тайлбар байхгүй.

Катар улс гурав сая орчим хүн амтай, 80 хувь нь нийслэл Дохадаа амьдардаг. Өглөө эрт ажил нь эхэлдэг бөгөөд өдрийн их халуунаар буюу үд дундад ажлын цаг нь дуусдаг. Өдөр бол хотын гудамж эль хуль. Харин орой сэрүү унаад ирэхээр хөл хөдөлгөөн нэмэгдэнэ. Бүр шөнө харанхуй болсон хойно ч цэцэрлэгт хүрээлэндээ гэр бүлээрээ ширээ засаад тухалчих юм. Хүүхдүүд нь хөөцөлдөж гүйгээд, бөмбөг өшиглөөд ёстой нэг чилээгээ гаргаж байгаа болтой шуугилдана. Дэлгүүрүүд нь асар том. Хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болдог стадионы дэргэдэх худалдааны төвөөр орлоо. Лангуунууд нь төв хаалганаасаа хоёр тийшээ сунаад зах нь харагдахгүй мушгиран оджээ. Гадаа явж байгаа мэт үүл хөвсөн дээвэртэй, салхи сэвэлзэх мэт сэрүүн, лангуунууд нь хоёр давхар үргэлжилсэн байшин хэлбэртэй. Дотроо Венецийн гудамжинд ирэв үү гэж андуурам усан замаар нь завьтай хүмүүс хөлхөнө. Дэлхийн бүхий л брэндийн салбарууд өрөөстэй байхын сацуу зоогийн газрууд хоолоороо даллана. Зэргэцээд хүнсний дэлгүүр үргэлжилнэ. Ер нь катарчууд дэлгүүртээ амьдардаг гэлтэй, гадаа байхгүй их хөл хөдөлгөөн тэнд өрнөнө. Дэлгүүр орох гэсэн машины түгжрэл ч үүсдэг ажээ.

Хун шувууг бид ганган гоё эмэгтэй хүнтэй зүйрлэдэг. Гоё сайхны бэлгэдэл хун байдаг. Арабад хун шиг цэмцгэр ганган хүмүүс нь эрчүүд юм. Үндэсний урт цагаан өмсгөлөө өмсөөд араб алчуур зүүсэн эрчүүдийнх нь ихэмсэг гэж. Дэгдээхэй шиг цагаан өмсгөлтэй хөвгүүдээ хөтлөөд явах юм. Эмэгтэйчүүд нь хар өмсгөлтэй, нүүрээ маш нямбай гоё будсан нь харагдана.

Катарт дэлхийн 30-аад орон оролцсон олон улсын морин спортын тэмцээн үзэх завшааныг манай Элчин сайдын яамныхан олгосон юм. Катарын хаан нь зориуд бариулсан асар том спортын ордонд уг тэмцээн манай Цагаан сарын үеэр эхэлж гуравдугаар сарын эхээр дуусч байгаа нь энэ аж. Тэнд гэр бүлээрээ яваа арабууд их харагдана. Эхнэрийн нь ард филлипин болов уу даа, гэрийн үйлчлэгч нь хүүхдүүдийг нь харж хамжааргалж явна. Тэгсгээд эхнэр хүүхэд нь үнэтэй ганган ганган машиндаа суугаад яваад өгөх юм.

Дээрх олон улсын морин спортын тэмцээний сүүлийн өдөр бол тун сэтгэл догдлуулсан үе байв. Томталбайд өндөр, давхар хаалттай, дараалсан ойр зайтай гээд нийт 16 саадыг амжилттай давах даалгавартай аж. Хоёр метрээс хол өндөр араб морьдын толгойтой тэнцэхүйц өндөр саад ч байна. Дараалсан давхар өндөр саад дээгүүр харайх даалгаврууд ч хэд хэд харагдана. Морь унаач тамирчид нь тэмцээн эхлэхийн өмнө талбайг алхаагаараа хэмжээд л алхаад байх юм. Саад бартаа бүрийн дэргэд очиж хоорондын зайг нь баримжаалж тактикаа боловсруулдаг байна. Яг тэмцээний үеэр бол морио хад мэт хантайрч ааг омгийг нь дардаг болтой. Тэгээд хаана яаж хурдлуулах, яаж харайлгах гэх мэт нь унаачийн толгойд нь багтаж, ур чадвараар нь илэрдэг ажээ.

1971 онд тусгаар тогтнолоо зарласан Катар улс Их Британи, Португали улсын колони байв. Загас агнуур, сувд түүж худалддаг байсан энэ улс газрын тос, хийн асар их нөөцөө илрүүлснээс хойш сувд түүдэг байсан газар энэ тэрээ хиймэл арал байгуулж, музей болгочихсон. Дурсамж юм даа, жуулчдад үзүүлэх сонин үзмэрүүдийн нэг нь. Ажиллах хүчээ дийлэнхдээ гаднаас авна. Бидэнд үйлчилж байсан автобусны залуу гэхэд Кени улсын иргэн. Ирээд дөрвөн жил болж байгаа, ирэх намар буцна, гурван хүүхэдтэй эхнэр нь нутагт нь буй гэж ярих. Өөгүй цэмцгэр өргөн зам дээр машин тэргээ баахан будилуудуу барих улс юм билээ. Нийтээрээ л тийм шинжтэй харагдана. Үйлчилгээний газруудад, барилга байгууламж гээд бүхий л ажилд гаднаас ажиллах хүч авдаг нь илхэн. Арабууд өөрсдөө өндөр цалин хангамжтай. Катарын мөнгөн тэмдэгтриал нь манай мянга орчим төгрөгтэй дүйцнэ. Тэд ядруухан хүмүүстээ улсаас маш их халамж үзүүлдэг, хүнсний талон өгдөг гээд өөд нь татаад явчихдаг болтой. Өөрсдөө үйлдвэрлэл явуулдаггүй, идэж уух, өмсөх зүүх, гоёл чимэглэлээ дийлэнхийг нь импортлоно. Хамгийн чанартайг нь оруулж ирнэ. Хятадууд л гэхэд монголоос авдаг махаа энд хэд дахин өндөр үнэтэй зардаг гэж байгаа. Тиймээс монгол хонины махны амт шимтийг сайн мэддэг болжээ. Энэ сонирхол дээр нь тулгуурлаж мах махан бүтээгдэхүүн болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортлох боломж асар их

байгаа аж. Ямартаа ч Монголоос ирсэн мах махан бүтээгдэхүүн, хүнс, аялал жуулчлал, шатахууны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 20 шахам компаниуд Катарын Худалдаа аж үйлдвэрийн танхимд өчигдөр эхний уулзалтаа хийж, танилцуулгаа тавилаа. Катарын энэ чиглэлийн мөн 20 шахам компанийн удирдлагууд ирж, тухтайхан сууж сонсов. Дараа дараагийн гэрээ хэлэлцээр хэрхэн өрнөхийг тусгайлан мэдээлэх болно.

Катар улс хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээнийг зохион байгуулахад ойролцоогоор 220 тэрбум ам.доллар зарцуулсан гэсэн тоо харагдсан. Лав л долоон цэнгэлдэх хүрээлэнг шинээр барьж, хөлбөмбөгийн холбогдолтой өдий төдий зүйлс хийжээ. Тэр бүхэн гудамж талбайгаар ньилхэн харагдана. 12 эгнээ хурдны замыг давуулан сүндэрлүүлсэн хөлбөмбөгийн асар том хаалга ч байх шиг. Бөмбөг өшиглөөд гүйж яваа тамирчны жижиг баримал ч байх шиг. Дэлхийн аваргын лого, хөлбөмбөгийн холбоотой энэхүү дүрс дурсгал дээр жуулчид дүүрэн, зураг хөргөө татуулна.

Монголын соёл урлаг, бизнесийн төлөөллөөс бүрдсэн томхон баг анх удаа ийн Катарт ажиллаж байна. Хар хувцастай араб авхай зураг авлаа гэж манай зураглаачийн бичлэгийг устгуулсан, загвар өмсөгчдийг тайзнаа гарахын өмнө хэт ил задгай байна гэж хар өмд, трико өмсүүлсэн, цамц углуулсан гээд соёлын уламжлалын эрс өөр ялгаа гарч л байна. Ингэлээ гээд бид ч хичээж, тэд ч тайлбарлаж, төлөвлөсөн ажил үргэлжилж л байна. Энэ бүхний ард хоёр улсын харилцаа эдийн засаг, соёл, боловсрол, аялал жуулчлал гээд бүхий л төрлөөр илт сэргэж, шинэ түвшинд гарна гэсэн хүлээлт үр дүнтэй болох нь эргэлзээгүй юм.

Сонин болгох үүднээс, одоогоос 10 гаруй жилийн өмнө Монгол Катарын харилцаа ямархуу түвшинд байсныг Египтэд элчингээр сууж байсан Д.Баярхүү гуайн нэгэн дурсамжийг бичье. Тэрбээр бичихдээ “ Ардчиллыг шинээр болон сэргээн тогтоосон орнуудын VI бага хурлын дарга Катарт төрийн мэдлийн ганц их сургуульд нь Засгийн газрын шугамаар анхныхаа монгол оюутныг манай улс 2010 онд илгээв ээ. Миний Элчин сайд байхдаа хөөцөлдөж бүтээсэн ажил байв. Монгол ганц оюутныг эхний нэг жилд нь ёстой тансаглуулав. Зүйрлэвээс 4 одтой буудал шиг дотуур байр, зарц үйлчлэгчтэй, өдрийн гурван хоол цаанаасаа, дээр нь сар бүр 400 ам.долларын ханшаар гарын мөнгө гэж тэтгэлэг олгоно. Монгол оюутан нэгдүгээр курсээ төгсөн нутагтаа амраад эргээд очтол хэрэг бишдэв. Сургалтын төлбөр гээд арван хэдэн мянган ам.доллар тавьчихаж. Хоол хош байхгүй, оюутны байрны хөлс өндөр. Учир нь хоёрдугаар курсээсээ төлбөртэй сургалт руу яв гэдэг хуультай гэнэ. Нөгөө оюутны аав нь өр тавьж төлбөр (30 гаруй мянган ам.доллар) хийчихээд сурч байтал Деканы газраас дуудуулжээ. Энэ их мөнгөний гачлангаас гарах ганцхан мэргэн арга байна. Даруй л мусульман болчих, тэгээд л бүх жаргал буцаж ирнэ гэв. Тэр ч бүү хэл ойролцоох мечетийн хамба нь цоо шинэ жиип машин бэлэглэхээр амлаж бүр цонхон дор нь авчирч тавьчихаад байж. Мань хүн тэр ятгалга дарамтаас залхаад хичээлээ хаяад эргээд ирэв ээ. Засгийн газрын тэтгэлэг өнгөрөв” гэсэн байв.

Гэхдээ одоо цаг өөр болжээ. Энэ бол 10 гаруй жилийн өмнөх харилцаа юм шүү. Энэ удаагийн “Welcome to Mongolia” бол харилцан ашигтай хамтран ажиллах шинэ харилцаа, хандлагын эхлэл юм.

Үргэлжлэл бий

Д.Оюунтуяа

Катар улс 2023.03.06

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Монголын соёлын өдрүүд Катарт эхэллээ DNN.mn

Монгол Улс Катар улстай дипломат харилцаа тогтоосны 25 жил, Кувейт улстай дипломат харилцаа тогтоосны 48 жилийн ой энэ жил тохиож байна. Дипломат харилцаа тогтоосны ойн хүрээнд Монгол Улсыг сурталчлах зорилгоор “Welcome to Mon­golia” арга хэмжээг Катар улсад гуравдугаар сарын 4, 5, 6-нд, Кувейт улсад гуравдугаар сарын 8, 9-нд зохион байгуулахаар болсон билээ.

Тус арга хэмжээ Монголын Үндэсний урлагийн их театрын хамт олны тоглолтоор Катар улсад өчигдөр эхэллээ. Мөн “QMA” загварын агентлаг, топ моделиуд оролцон үндэсний хувцас, ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниудынхаа сонгодог загваруудаас танилцууллаа. Энэ үеэр С.Чулуунбаатар тэргүүтэй уран зураачдын монгол орныхоо өв соёл, аж амьдрал, түүх, ёс заншлыг харуулсан уран зургийн үзэсгэлэн дэлгэгдсэн юм.

Тайлбар байхгүй.

Өнөөдөр Монгол-Катар бизнес эрхлэгчдийн форум болно. Форумд оролцохоор хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, мах махан бүтээгдэхүүн экспортолдог аж ахуйн нэгж, ноос ноолуур, аялал жуулчлал, зочид буудал, хөрөнгө оруулалтын чиглэлийн бизнес төлөөлөгчид Монголоос ирээд байгаа юм. Мөн энэ төрлийн бизнес эрхэлдэг Катарын компаниуд форумд оролцоно. Монголын компаниуд экспортын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн гаргахаар төлөвлөжээ. Хоёр талуудын бизнес эрхлэгчид уулзаж санал бодлоо солилцох, харилцаа холбоо тогтоох, цаашид хамтарч ажиллах анхны нөхцөл бололцоог нээж өгч байгаагаараа уг форум онцлогтой.

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулж эх орноо сурталчлах зорилгоор Катар, Кувейт улсад болох “Монголын соёлын өдрүүд” ийнхүү эхэлж байна.

Тайлбар байхгүй.

Тайлбар байхгүй.Тайлбар байхгүй.

Манай тусгай сурвалжилагч

Д.Оюунтуяа

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Дарагдаж нухлагдсан ч өвдөг сөхрөөгүй халимагууд минь DNN.mn


ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС………………

Халимагийн Ерөнхийлөгч Кирсан Илюмжинов өнөөдөр Монголд айлчилна. Тийм болохоор бид уншигчдадаа Халимагийн ард түмний тухай танилцуулж байна. Энэ талаар МУБИС-ийн Монголын түүхийн тэнхимийн багш, доктор, дэд профессор На.Сүхбаатартай ярилцлаа. Тэрээр хилийн гадна амьдарч байгаа монголчуудын талаар түлхүү судалгаа хийдэг эрдэмтэн юм.


-Халимагууд гэж чухамдаа хэн юм бэ. Хэзээнээс Монголоос тасраад тэр хол очсон улс юм бол?

-Манайхан халимаг гэж нэрлэдэг. Үүнийг хальж гарсан гэсэн утгатай үг хэмээн олон судлаачид үзсэн байдаг. Оросууд Калмыка гэдэг. Түрэгээр болохоор Калмак гэдэг нь үлдэгдэл гэсэн утгатай үг бололтой. Энэ хүмүүс бол Европод амьдарч байгаа Азийн ард түмэн. Тийм болохоор аялал жуулчлал төдийгүй бүх л талаараа сонирхол татдаг. Энэ ард түмэн 400 гаруй жилийн түүхтэй. Тухайн үеийн засаг захиргааны ойлголтоор Дөрвөн Ойрадын чуулган буюу Алтайн цаана Тэнгэр уулын хойд талын тэр их өргөн уудам нутагт амьдарч байсан Дөрвөн ойрадуудын тасархай. Тэндээс анх 1607 онд Торгуудын Хо Эрлэг, Дөрвөдийн Далай тайш нар харьяат иргэдээ аваад Эрчис мөрнийг уруудаж шинэ газар нутагт суурьшсан түүхтэй. Тэр нутаг Оросын захын хотуудтай хаяа нийлдэг байж. Манай монгол сурвалжид Орын ганц мод гэдэг газар суурьшсан гэж тэмдэглэсэн байдаг. Оростой хил залгаа очсон болохоор гэрээ хэлэлцээр хийгээд амар тайван аж төрөхөөр суужээ. Очсоноосоо хойш хоёр жилийн дараа ийм гэрээ хэлэлцээр хийсэн байдаг. Яг тэр оноос тоолоод халимагууд Орост сайн дураар нэгдсэний 400 жилийн ой гэж яриад байна л даа.

-Нээрээ халимагууд Орост нэгдсэний 400 жилийн ой өнөө жил болж байгаа гэж байсан. Тухайн үед гэрээ байгуулаад дагаар орсон хэрэг үү?

-Яг дотор нь орсон субъект биш л дээ. Түүхийн туршид Халимаг хаант улс байгуулж байсан ард түмэн. Тийм нэрийн дор бие даасан байдлаа маш удаан жил хадгалж ирсэн байдаг. Халимагууд 1628 оноос цаашаа шинэ газар нутаг хайлгахаар элч илгээжээ. Элч нар Урал, Ижил мөрний дунд хэсэгт маш сайхан тал нутаг байна гэсэн мэдээтэй ирсэн. Байгаль цаг уурын хувьд Монголтой төстэй, бэлчээрийн мал аж ахуй эрхлэхэд тохиромжтой, ан гөрөө ихтэй тийм газар. Тэнд хүч муутай овог аймаг байсныг цохиод очиж суурьшжээ. Би тэр газраар нь явж байсан л даа. Европын чийглэг, намагтай газрын наагуур нэг том хөндий байдаг юм билээ. Европ Азийг холбосон энэ хөндий явсаар байгаад цаашаа Урал, Ижил, Дон, Дунай мөрөнд хүрээд дуусдаг. Өмнө нь Хүннү, Жужанууд яг л тэр замаар нүүж байсан түүхтэй.

-Халимаг улсын одоогийн байгаа нутаг уу?

-Үгүй. Тухайн үед үндсэн нутаг бол Уралаас Ижил мө- рөн хүрч, улам цааш тэлсээр Ижил, Дон мөрний өргөн уудам нутагт амьдарч байсан ард түмэн. Халимагуудыг бид 1607 онд нүүсэн торгууд, дөрвөдүүд гэж ойлгож болохг үй. Яагаад гэвэл бидний судалгаагаар 1750-иад он хүртэл 140 гаруй жилийн дотор их, бага есөн нүүдэл ар араасаа тийшээ очсон байна. Янз бүрийн шалтгаантай л даа. Жишээ нь, тухайн үеийн Торгуудын хоёр дахь хаан болох Шүхэр дайчин Зүүн гартай гэрээ хийж, бодлогоор өөрийн албат, ах дүү нараа аваад очсон байна. Зүүн гарт ялагдсан нэг ноён өөрийн харьяатуудаа аваад тийш нүүсэн гэх мэт олон шалтгаан бий. Ингэсээр байгаад Зүүн гарын ойрадуудын нутагт байсан үндэстэн, угсаатны бүрэлдэхүүн их бага ямар нэгэн хэмжээгээр Халимагт очжээ. Одоо Халимагийн хүн амыг бүрэлдэхүүнээр нь аваад үзвэл торгууд, дөрвөд хоёр дийлэнх нь. Хошууд, цорс, хойдууд ч бий.

-Халимагууд буцаж нүүсэн түүх бас бий байх аа…

-Халимагаас буцаад дөрвөн удаагийн нүүдэл наашаа ирсэн байдаг. 1700-гаад оны үед Санжжав тайжийн ахалсан нүүдэл байна. Гурван түм буюу 30 мянган хүнтэй буцан ирж Зүүн гарын нутагт суусан. Түүнээс гадна Ижил мөрний болон Зүүнгарын ойрадууд хоорондоо маш олон талын харилцаатай байсан. Бидний мэдэхээс 1637 онд Хөхнуурыг эзлэх дайнд торгуудууд өөрсдөө цэрэгтэйгээ ирж оролцож байв. 1640 оны Монгол-Ойрадын цаазыг батлахад Торгуудын гол ноёд, Далай тайш хүртэл өөрийн биеэр ирж оролцож байжээ. Худ ургийн холбоо ч их байсан. Ойрадын ноёд тэндээс бэр буулгадаг, хариу өгдөг байж. Энэ харилцаа 150 жил үргэлжилсэн байдаг. Халимагийн түүхэнд хамгийн алдартай үе нь 1670-1730-аад он. Аюк хааны үе л дээ. Монголоор Аюуш хаан. Энэ үед Халимаг хаант улс маш хүчтэй болсон. Халимаг хүн ам 250 мянгад хүрч байсан нь тухайн үедээ маш том тоо. Зүүн гарын хаант улсыг Манж нар нухчин дарах үед нэлээд ойрад, торгууд, хошууд нар бас тийшээ нүүж очсоноор нэлээн хүчтэй болсон. Тийм болохоор Оросын хаант улс болгоомжилж эхэлж л дээ. Хууль зарга хийдэг хүнийг нь хаант Оросоос томилох, татварын хэмжээг ихэсгэх гэх мэтээр язгуурын эрх чөлөөг нь хааж боож эхэлсэн. Тийм болохоор халимагууд эх нутаг руугаа буцаад нүүжээ. Энэ их нүүдэлд 170 мянган хүн оролцсон гэдэг.

-Тийм олон хүн үү?

-Тийм ээ. 1771 оны нэгд үгээр сарын 5-нд халимагууд буцаж нүүжээ. Ижил мөрөн хөлдөөгүй учраас зөвх өн наад талд байсан хүмүүс нүүсэн гэдэг. Зарим сурвалжид мөс нимгэн байсан учраас гарч чадаагүй гэсэн байдаг. Халимагууд нүүх тухай мэдээлэл Хаант Оросын Засгийн газарт очиж байсан ч тэд итгээгүй. Нүүдэлчид холын нүүдэл хийхийн өмнө шийр буюу бог малаа бүгдийг нь сувайруулдаг. Хуц, ухныг нь нийлүүлдэгггүй юм байна л даа. Өмнөх жил нь энэ мэт холын нүүдлийн бэлтгэл хийжээ. Халимагуудыг наашаа нүүгээд 20 хоносны дараа л оросууд итгэсэн гэдэг. Тэгээд даруй шуурхай цэргээр нэхүүлжээ. Дээр нь зам зуурын бүхий л аймгуудад “Халимагуудыг цохь, олзоо өөрсд өө аваарай” гэсэн зарлиг хүргүүлсэн. Тэр бол асар хүнд, хэцүү нүүдэл байсан. Нүүдлийн замын бүс ч үргэлжийн отолт, дайралтад өртөн хэцүү болоод ирсэн. Олон малтай, тэр том нүүдэл нэг замаар явж болдоггүй юм байна л даа. Малын бэлчээрг үй болохоос эхлээд тарж нүүсэн. Нүүдэллэгсдэд казах, киргизүүд нэлээн хүнд цохилт өгсөн. Балхаш нуурыг орчим байдаг том цөлийг тойрох гэж байгаад нэлээн хорогдсон. Энэ мэт дайралт, цохилтоос үүдэн холын аянд 100 мянган хүн үрэгдэж далан мянга нь л дөнгөж ирсэн. -Хаана вэ?

-Хуучнаар Зүүнгар хаант улс буюу Манж чин улсын хил дээр ирсэн. Тухайн үед Зүүнгар хаант улс Манжид эзлэгдсэн байсан үе л дээ. Халимагууд наашаа нүүж гарахдаа “Зүүнгар хаант улсыг манжууд мөхөөчихлөө. Манжтай байлдан улсаа сэргээе” гэсэн зорилго өвөртөлсөн байдаг. Найман сар нүүж хил дээр ирэхдээ ямар ч хүч чадалгүй болсон байв. 1771 оны наймдугаар сар л даа. Тэгээд зөвл өлдөөд Манжид дагаар оръё гэсэн шийд гаргасан. Тэгж дагаар орсон улс бол одоогийн Шинжааны ойрадуудын ихэнх хэсгийг бүрдүүлдэг. Нүүлгүй үлдсэн халимагуудын хаант улсын эрхийг хасч олон газар тарааж суулгасан түүхтэй. Энд тэнд тарсан халимагууд Октябрийн хувьсгалын үеэр нэгдэж нэг газар суурьших тухай хоорондоо ярилцсан. Тэгээд Ижил, Дон мөрний орчим буюу одоогийн байгаа газар нэгдэж автомат муж байгуулсан. 1920 хэдэн оноос ингэж автомат муж болсон юм. Гэлээ гээд тэднийг амар тайван амьдрал хүлээж байсанг үй ээ. 1800-гаад оны сүүлч гэхэд 200 мянган халимаг байсан тоо байдаг. Гэтэл Оросын иргэний дайны үеэр гарсан өлсгөлөнгөөр олон халимаг хүн өөд болсон. Шашныг хаах, лам нарын хавчих бодлого ч эхэлсэн. Ер нь дэлхийн I, II дайны үеэр олон халимаг цаашаа дүрвэн гарсан байдаг. Франц, Америк, Чехэд амьдарч байгаа халимагууд тэр үед гарсан хүмүүс. Дэлхийн II дайны үеэр халимагуудаас гурван морьт дивиз гарсан юм. Эх орны дайнд тэд маш баатарлаг тулалдаж байсан гэдэг. Өмнөд фронт дээр Оросын анхны баатар цолыг халимаг хүн авсан түүх бий. 1943 он хүртэл хорь гаруй хүнд л баатар цол өгсний 11 нь халимаг хүн байдаг юм. Гэтэл Сталины алдартай зарлиг гарсан. Халимаг, чечень, татар зэрэг улсыг угсаатных нь хувьд тараах, Сибирь рүү байршуулах бодлого явагдсан. Үүнд хамгийн түрүүнд халимагууд өртсөн. Тэгээд 1943 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр буюу өвлийн тэсгим хүйтэнд 90 мянган халимаг хүнийг хүчээр Сибирь рүү ачсан. Ачааны вагоноор бүгдийг нь зөөсөн гэдэг.

-Цөллөгт явуулж байгаа хэрэг үү?

-Сибирь рүү зургаан хэсэгт тэгж цөлж байгаа хэрэг л дээ.

-Яагаад?

-Сталин тэднийг найдварг үй хүмүүс гэж үзсэн. Энэ бол хэлмэгдүүлэлт байсан. Дайн тулаанд хамгийн эрэлхэг зоригтой тулалдаж байсан хүмүүс бол халимагууд байсан юм. Энэ цөллөг тэдэнд үхлийн цохилт болсон гэж болно. Яагаад гэхээр нэг хүнийг гурван кг ачаа авахыг зөвш өөрсөн. 1957 он хүртэл халимагууд Сибирийн хотуудад коминдатын хатуу хяналт дор тарж амьдарсан. Түүх соёл, сургууль номд явах нь бүү хэл халимагаараа ч ярих эрхгүй, хамгийн хатуу хөтүү ажлыг хийж байв, тэд.

-90 мянган хүн гэдэг бараг халимаг хүн үлдээгүй гэсэн үг үү?

-Бараг бүгдээрээ цөлөгдс өн гэсэн үг. Үүний эсрэг олон улсын байгууллагууд, өмнө нь гадаадад гарсан халимагууд НҮБ-аар дамжуулан маш их зарга хийсэн. Тэгээд ч 1957 онд дахин зарлин гарган Бүгд Найрамдах Халимагийн автономит улсыг байгуулсан. Сталин ч үгүй болж, өөрчлөгдөж байсан үе л дээ. Ингээд Халимагууд түү- хээ дахин шинээр эхэлсэн гэж болно. Цөлөгдсөн хүмүүс бүгд эх нутагтаа буцаж ирсэн. Мэдээж, зарим нь үхэж үрэгдсэн. Зарим нь хүнтэй суух гэх мэт шалтгаанаар тухайн орон нутагтаа шингэж үлджээ. Тэр цөллөгийн гамшгаар 1944, 1945 онд төрсөн халимаг хүү- хэд гэж бараг байдаггүй. Цөлл өгт явж байхад ахмадууд болон нялхас бүгд эндсэн. Нас барагсдаа ачааны вагоны цонхоор шидээд явсан байдаг. Одоо Халимагийн Элстэй хотод тэдэндээ зориулсан дурсгалын газар бий. Тэнд нөгөө ачааны вагоны нэгийг авчраад тавьсан байна. Ачааны вагон нь хүн бүү хэл мал хөлдөж үхмээр тийм аймаар. Дээр нь Сибирийн өвөл ямар хахир хатуу билээ дээ. Энэ цөллөгийн онуудыг Халимагийн түүхэнд хамгийн гашуутай жилүүд гэдэг.

-Одоо Халимаг улс хичнээн хүн амтай вэ?

-Ийм хатуу бэрх түүхийн турш халимагууд ямартаа ч монгол цусаа хамгаалж ирсэн ард түмэн. Одоо Халимаг улс 300-гаад мянган хүн амтай. Хүн амын дийлэнх нь халимагууд. Албан ёсны хэл нь орос хэл боловч, халимаг хэлээ сэргээж хэрэглэхийг оролддог. Өөр зуураа, гэр орондоо халимагаар ярьдаг. Хөдөө бол ихэнхдээ халимагаар. Ялангуяа 1990 оноос шашин соёлоо хөгжүүлэхийг маш их хичээж ирсэн. Өмнө нь ч ингэж тэмцэж байсан. Халимаг хэл бол Монголын ойрад аялгуун дээр тулгуурласан хэл л дээ.

-Та саяхан Халимагт очсон гэж байсан. Халимагууд маань ямаршуухан аж төрж байна вэ?

-Халимагийн нийслэл Элстэй бол яг сайхан монгол хот шүү. Хотын зохион байгуулалт, хөшөө дурсгалын шинж зэрэг нь яг л монгол. Их эмх цэгцтэй. Элстэй хот бол дэлхийн шатрын нийслэл гэдэг. Шатрын ордон байна. Шатрын тоглолтод зориулсан хотхон байна. Халимаг 13 мужтай. Тэр бүгд нь монгол нэртэй. Газар усны нэр нь ч Увс, Ховдод байдаг нэрүүдтэй адилхан. Улиасны үзүүр, Хар усан, Цагаан аман гэх мэт. Ижил мөрний эрэг дээр, Каспийн тэнгисээс Дон мөрний хооронд өдгөө халимагууд маань амьдарч байна даа. Халимаг улс нефть болон байгалийн хийн асар их баялагтай. Загасны болон хөдөө аж ахуйн салбар хүчтэй хөгжс өн газар. Халимагуудыг би их оюунжсан ард түмэн гэж боддог. Тэнд Амарсанаагийн нэрэмжит том номын сан байна. Дандаа л настай хүмүүс ном уншаад дүүрэн сууж байдаг юм билээ.

-Үндэсний баяр нь хэзээ болдог вэ?

-Тэдний хамгийн гол баяр нь өвлийн эхэн сарын 25-ны өдөр. Зулын баярыг албан ёсоор амарч тэмдэглэдэг. Цагаан сарыг бас бидний тооллоор тэмдэглэнэ. Арванхо ёрдугаар сарын 28-ныг бүх нийтийн гашуудлыг өдөр болгосон. Cибирьт туугдсан тэр 14 жил халимагийн түүхэнд хамгийн хорсолтой жил үүд. Яагаад гэхээр тэд эсгий гэртэйгээ, архив, ном судартайгаа байсан. Бүгдийг нь орхиод явсан. Эргээд ирэхэд нь тэдний орон сууринд янз бүрийн хүмүүс ирээд суусан байв. Эсгий гэр нь байхгүй болж, мал сүрэг нь алга болсон байв. Тухайн үед цэрэгт байсан халимагуудыг торгуулийн суман руу эсвэл Сибирь руу явуулж байж. Цөллөгийн 14 жил гэдэг халимаг хэлээ мартах үндэс болсон. 1943 оноос өмнө нутгийн хүмүүс орос хэлийг мэддэггүй байсан юм шүү дээ. Халимагууд их гоё дурсаж ярьдаг шүү, цөллөгийн үед монголчууд биднийг буцаагаад авъя гэж ярьж байсан юм гэнэ лээ гээд. Горны Алтайд цөлөгдөж ирсэн хүмүүс Монгол руу заагаад “Бидний эх нутаг ийм ойрхон харагдаж байна даа” гэж ярьдаг байсан гэдэг.

-Өдгөө Монгол Халимаг хоёрын харилцаа ямархуу байгаа вэ?

-Төрийн бус байгууллага болон судлаачдын хоорондын харилцаа гайгүй байгаа. 2006 оны намар Монгол Улсын Ерөнхийлөгч айлчлахад би тэнд байсан. Халимагийн ард түмэн замын хоёр талаар жагсч зогсоод маш сайхан хүлээж авсан. Манай Ерөнхийлөгч очоод дандаа оросоор ярьсан нь жаахан тийм санагдсан. Энэ бол миний хувийн бодол л доо. Халимагт Оросын бусад субьект үүдээс дандаа л харилцан айлчлал ирж байдаг. Тэднээс ялгаагүй болчихож байгаа юм. Өнгөрсөн жилийн зургадугаар сард Монголын консулын хэлтэс албан ёсоор тэнд нээгдсэн шүү дээ. Өнөөдрийн Халимагийн Ерөнхийл өгчийн айлчлалд манай консулын ажлын нөлөө их бий. Өнгөрсөн намар Халимагийн Ерөнхий сайдын айлчлал болсон. Энэ мэт харилцаа сайжирч байгаа.

-Хоёр улсын төрийн бус байгууллагуудын харилцаа дажгүй сайн байгаа гэж та түрүүн ярьсан. Үүнийгээ тодруулаач?

-Ойрад Монголын түүх соёлыг судлах зорилготой “Тод номын гэрэл” гээд төрийн бус байгууллага байгуулсан юм. Ойрадын соёл бол Монголын соёл юм. Монгол гурав хуваагдавч гүрний дайтай, могой гурав хуваагдагч гүрвэлийн дайтай гэсэн үг бий. Бид том гүрэн улс явсан. Дотроо хэл соёлын жаахан өөр өөр онцлогтой байж. Одоо ойрадууд энд тэнд тараад явсан. Хөхнуур, Шинжаан, Алшаад ийм судалгааны төв байна. Тэдэнтэй Монголоос шууд харилцдаг газар байхгүй учраас манай хэсэг судлаачид ийм төрийн бус байгууллага байгуулаад ажиллаж байгаа юм. Гол нь Халимаг, Шинжаанд байгаа монгол судлалын оюутнуудыг Монголтой танилцуулах зорилготой. 2007 онд Халимагийн 17 судлаачийг оролцуулсан экспедицийг зохион байгуулсан. 12 нь судлаач, тав нь хэвлэлийнхэн. Тэднийг Ховд, Увсын нутгаар 10 хоногийн аялал хийж монгол ахуй амьдралтай танилцуулсан. Өнгөрс өн жил түүх, соёл судлалын чиглэлээр сурч байгаа 19 халимаг оюутныг Монголд авчирч аялал хийсэн. Энэ мэт хамтын ажиллагаа өргөжиж байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Муу талын баатрыг үхэхэд алга ташин баярладгаа больё оо, хэдүүлээ DNN.mn

Насан багаасаа сонсож өссөн үлгэр домог, уншсан ном, үзсэн кино маань бүгд тод томруун ялагчийн дүртэй байв. Үлгэр бүрд нэг том мангасыг дарж амар сайхан жаргаад төгсдөг. Мангасыг дарахын тулд манай талын баатар түмэн зовлон туулж, хүний хийж барахааргүй их баатарлаг гавьяа байгуулж ялалтанд хүрнэ. Ингэж дуусахад сая нэг санаа амарч, сэтгэл уужирдаг. Залгуулаад бичиг үсэгт тайлагдаж, уншсан номууд маань ч эерэг талын баатар зовж зовж нэг юм санаа муут хүмүүсийг дийлж байгаа үйл явдал өрнөнө. Хүүхэлдэйн кинонууд ч ялгаагүй дээ, “Ухаант туулайн үлгэр”, “Чамайг даа”, “Том ба Жэрри”-гээс эхлээд Цасан гоо, Үнсгэлжин хүртэл муу талынхнаа ялан дийлээд, жаргаж дуусна. Ийм нэг хэт сайн бас хэтэрхий муу дүрүүдийн зөрчил тэмцэлд мууг нь үхэхээр үнэнээсээ баярладаг хүмүүжилтэй болон өсчээ. Мэдээж, сайн талын баатар ялах нь зөв байлгүй яахав. Гэхдээ муу ч гэсэн тэр нэг баатрыг алга болоход ингэж их баярладгаа мэдээгүй л явжээ. Хүн сурсан үзэл хандлагаараа л амьдардаг, шийдвэр гаргадаг, үйл явдлыг өрнүүлдэг юм байна.

Өөрөө ч мэдэж анзаараагүй явсан энэ үзэл хүмүүжил маань орчин цагт арай л бүдүүлэг талдаа ороод явчихлаа, манайхаан. Үзэл хандлагаа өөрчлөхгүй бол таарч тохирохоо больж байна. Дайснууд үхэхэд баярлан алга ташиж суух биш, дайсан болж бие биенээ алж хядахаас нь өмнө учраа олдог ухаалаг хандлагыг өөр өөрсдөдөө төлөвшүүлж авах цаг үе ажээ.

Одоо цагт өрнөж байгаа том дайн, байлдаануудыг харж байхад өөрийн эрхгүй ингэж бодоход хүрэв. Уркаин Оросын дайн өнөөдөр ч үргэлжилсээр байна. Украиныг дэмжигчид сошиал орчинд янз бүрийн бичлэг оруулж, манай украинууд оросуудыг сүйдэлж байна аа гэсэн тайлбартайгаа явуулж байх юм. Өнөө бичлэгийг нь ороод харахаар өр өвдөм. Эвдэрч хэмхэрсэн байшин барилга, дайснууд нь бидний хүү мэт, дүү мэт залуухан орос хөвгүүдийн амьгүй бие. Хайрлам, халгам. Оросуудын дайралт ч ялгаагүй, украинуудыг ингэж л хядаж байгаа. Үүнд манай тал, танай тал гээд алга ташаад байх нь хэтэрхий утгагүй юм. Ингэж алалцахаас нь өмнө учраа олж, эцсийн найдлага алдагдахаас нь урьтаж ярилцаж хэлэлцэж, эв найртай болмоор.

Шинжлэх ухаан технологи өндөр хөгжсөн, хиймэл оюун ухааны энэ зуунд дайн гэдэг бахь байдаг XIII зууныхаараа байгааг бид харж сууна. Адилхан л бие биеэ хядаж, эвдрэл сүйтгэл, нус нулимс, өнчрөл хагацал дунд өрнөж байна. Ийм аймшигт үйл явдлаас татгалзахын тулд улс үндэстэн, ард түмэн, хүн бүр либерал үзэл баримтлалтай болох хэрэгтэй. Ядаж энэ талын ойлголт мэдлэгтэй байж л оршин тогтнох цаг үед бид амьдарч байна. Либерал үзэлтэй бол гээд аймаар том сургалтанд сууж, том онол үзэж, сурч судал гээд байгаа юм биш ээ. Бусдын амьдрал, биеэ авч явах байдал, ялангуяа зан заншил, амьдралын хэв маяг нь таныхтай эсрэг байхад нээлттэй, хүндэтгэлтэй, хүлээцтэй ханддаг хүнийг либерал үзэлтэй гээд ойлгож болно. Та өөрт чинь таалагддаггүй гээд хөршүүддээ дайсагнах биш хүлээн зөвшөөрөх үзэл санаа юм. Орчлон дэлхий дээр бие биенээ хүлээн зөвшөөрөхгүйгээс л хамаг зөрчил, дайн байлдаан эхэлдэг бол либерал үзэл хандлага давамгайлбал өмнө нь учраа олох, бие биенээ сонсох, эв найртай байх үндэс тавигдах учиртай ажээ.

Хэт далийхгүй байх энгийн нэг жишээ авъя. Баруунд гудамжаар явж байгаа нохойг хүүхдүүд гүйж очоод илж эрхлүүлдэг. Манай ноход шиг өнөө нохой уурлаж хаздаггүй, харилцан эв найртай эрхлэлдэж байгаад салдаг. Хүүхдүүд ч сэтгэл хангалуун, нохой ч амар амгалан. Өөр нэг жишээ. Хулгануудын явдаг зам дээр том тарган муур голлоод хэвтчихсэн байх. Зам хаалаа гэж уурлаж байгаа бололтой хулганууд зогсоо зайгүй шулганалдан загнаж байгаад хажуугаар нь хөдлөх ч үгүй хэвтэхийг яана. Хичнээн дургүй байсан ч бусдыг хүлээн зөвшөөрөх төлөвшлийг ингэж зүйрлүүлж болмоор санагдлаа.

Либерализмыг хүлээн зөвшөөрдөггүй, зүхдэг хүмүүс бий. Тийм хүмүүс эргээд нэг хардаггүй нь сонин. Ийм том дайн хийж, хамаг хүнээ хядуулж, улс орноо сүйрүүлж байхынхаа өмнө боломжит бүхий л хувилбараар хоёр тал хэлэлцэж сурах нь л илүү амар хялбар бөгөөд ашиг тустай. Нэг үзэл суртал, нэг хүний эрх ашгийн төлөө амиа өгдөг байдал аль эрт үеэ өнгөрөөжээ. Өнөөдөр Путины шийдвэрээр олон мянган орос эрчүүд дайнд явж, амь эрсдэж байна. Хэдийгээр эх орноо хамгаалж байгаа ч гэсэн украинчуудыг ч буруутгах өнцөг гарч ирнэ. Өргөн уудам дэлхийн хаана ч очоод амьдарсан амьд мэнд гараад явах юм. Тарган муур авгай тэднийг шоодож барьж идэхгүй, хазаж шидэхгүй ч аминдаа л хорлож байгаа бололтой зам дээр нь байх шиг жаргал хаана байх билээ.

Цаг үеэ дагаад одоогийн хүүхэлдэйн кинонууд агуулга үндсээрээ өөрчлөгдсөн байна лээ. Жишээ нь, Пороро хүүхэлдэйн киноны үйл явдал үнэн зугаатай. Бүх баатар нь сул талтай бас давтагдашгүй сайн чанартай. Тэнд дан сайн эсвэл тэр чигтээ муу талын баатар байдаггүй. Бүгд л ямар нэгэн буруу зүйл хийдэг, нэгийгээ хөнгөхөөн хорлодог. Тэглээ гээд Поророгийн найзууд муу зан гаргасан нэгнээ уучлаад эвлэрээд явдаг. Өнөөх нь ч дахиж ийм муу зан гаргадаггүй. Бүр хамгийн хэрэггүй гэмээр баатар ч хэцүү үед найзуудынхаа амийг аварч байх жишээтэй. Ийм кино үзэж өссөн одоогийн багачууд либерал үзэл хандлагатай өсөж төлөвших нь тодорхой юм. Харин “аргай аргай түг гээд аавыгаа алаад амар сайхандаа жаргадаг” үлгэр сонсож өссөн үеийнхний хандлага, харилцааг өөрчлөхийн тулд орчуулгын номуудын сонголтод анхаарч, орчин цагийн либерал кинонуудыг ч түлхүү гаргаж байх хэрэгтэй юм шиг. Манай зохиолч, найруулагчид ч энэ тал дээр нэгийг бодож хоёрыг тунгаах хэрэгтэй. Хамгийн их орлоготой нэрд гарч яваа найруулагчид ч үүнийг анзаарч харж байгаа гэж найднам.

Хүчирхийлэлгүй, амар амгалан нийгэмд амьдармаар байна гэж хүн бүр л ярьдаг. Ингэж ярьж байгаа Та өөрийнхөө үзэл хандлагыг анзаарч нэг хараарай. Бид муу талын баатрыг үхэхэд үнэнээсээ алга ташин баярладаг тэр зангаа гээж байж л арай эрүүл нийгмийг бий болгох юм. Зөвхөн өөр өөрөөс шалтгаалах бүхнээ өдөр бүр хийгээд хэрэгжүүлээд явахад амьдрал арай зөөлрөөд ирнэ.

Хахир хатуу сэтгэлтэй байж боломгүй цаг үед амьдарч байна даа, бид.