Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

УИХ-ын гишүүн болох агуу хүслийн эхлэл нь арваа онц төгсөх юм

“Дэ Факто” нэвтрүүлгийн хөтлөгч Д.Жаргалсайхан лекц унших эсвэл ярилцлага хийхдээ мэдлэг боловсролыг ихэд чухалчлан үздэг тухайгаа байнга ярих юм билээ. Тухайлбал, дээд боловсролгүй, ядаж нэг гадаад хэлгүй хүн яаж улс орныг удирдах юм гэж шүүмжилдэг. УИХ-ын зарим гишүүд, нэр дэвшигчдийг харж байхад энэ үг туйлын үнэн санагдах юм. Тэдний биеэ авч яваа байдал, ёс суртахууны алдаа, зан харилцаа зэрэг нь зайлшгүй ийм шалгуур үзүүлэлтийг шаардах боллоо. Манай сонин ч энэ сэдвийг байнга хөнддөг. Аравдугаар ангиа онц дүүргэсэн, өдрөөр аль нэг их, дээд сургууль төсгөж байж Их хуралд өрсөлдөх ёстой гэж бид бичиж байлаа.

Өдгөө УИХ болон Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль ид үргэлжилж байна. Энэ сонгуульд нэр дэвших хамгийн анхны шат дамжлага нь конкурс буюу Элсэлтийн шалгалт гэж үзэж болох юм. Арваа онц төгссөн, гадаад дотоодын их, дээд сургууль дүүргэсэн хэлтэй, устай хүмүүс манайд хэдэн зуугаараа байгаа. Ийм хүмүүс тэгтэл ховордсон юм биш. Ийм хүмүүс л УИХ болон Иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшиж, цаашид Монголын төрд ажиллаж, улс орныг авч явах ёстой. Нэр дэвшигчдэд тавих анхны шаардлага бол энэ юм. Дараа нь амьдралын туршлага, ажлын амжилт зэргийг нь харгалзан үзнэ биз.

Яагаад ингэж бичих болов гэхээр арван жилийн боловсролгүй, их дээд сургууль төгсөөгүй, ядаж гадаад хэлгүй, ёсзүйгүй гажгуудаар тоглуулсаар байгаад Монголын төр мөхлийн байдалд орох гэж байна. Сүүлийн 20 жил ийм гажгууд Монголын төрөөр тоглож, хорлож дууслаа. Их бага гэлтгүй төрийн бүх л шатанд ийм хүмүүс тухлан суужээ. Тэд өдий наслахдаа нэг ном бүтэн уншиж үзээгүй, бусдын яриаг тухтай суугаад сонсчих чадвар суугаагүй, алаан хядаан гэмт хэрэгтэй кино үзэж, түүгээрээ амьдардаг. Олны нүдэн дээр гарахдаа уран гоё мөрөөдөл ярин жүжиглэнэ. Ингэж хуураад яваад байж болно гэж боддог нь хамгийн харамсалтай. Цаашид ийм хүмүүсээр Монголын төрийг удирдуулахад хэцүү байна.

Үндсэн хуулиар Монгол Улсын иргэн хэн ч УИХ-д нэр дэвших эрхтэй боловч биднийг удирдахад арай дөнгүүр боловсролтой, ёс зүйтэй хүмүүс хэрэгтэй. Ийм шалгуур үзүүлэлт байхгүйгээс өнөөдөр Монгол төр дампуурч байна. Сайн муугийн жишээ өчнөөнийг хэлж болно. Гэхдээ сонгуулийн халуун өдрүүд үргэлжилж байгаа энэ үед хэн нэгний нэрийг дурдаад яахав.

Гэсэн ч бидний нүдэн дээр өдөр бүр л ичгүүргүй үйл явдал өрнөж байна шүү дээ. Хүний эрх зөрчлөө, эргүү балай санал гаргалаа гэж нялцганах хэрэггүй. Тэгвэл онц сурах чинь яасан юм, дээд боловсрол эзэмшиж хэл сурахгүй юугаа хийж явсан юм гэсэн бэлэн хариулт байж болно. Монгол Улсын Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурорын албан тушаалд хэн ч томилогдож болно. Эрх нь нээлттэй. Гэхдээ энэ мэргэжлээр олон жил ажилласан дадлага туршлагатай, насны хувьд тогтсон хүмүүсийг томилдог журамтай. Хүний эрхийг дээдэлж байна гээд мэргэжил мэдлэггүй захын нэг хүнийг прокурор болгочихвол юу болох билээ. Үүн шиг Монгол төрийн жолоог атгах хүмүүст тавих шалгуур, журамтай болъё!

Байгаль дээр хамгийн шилдэг, шилмэл нь амьд үлддэг хууль үйлчилдэг. Амьд үлдэгсдээс онцгой гойд нь сүргээ удирддаг жамтай. Орчин үед хүний нийгэмд ийм шалгуур байхгүй болсон. Тиймээс төр барилцахаар горилж буй нэр дэвшигчдэд тов тодорхой дээрх шалгууруудыг тавьдаг болъё.

Төрөөс бусад салбарт бол хамаа алга. Бизнес, урлаг, спортынхон бол хар чадлаараа зүтгэж, байгалийнхаа өгөгдөхүүнээр амжилтад хүрдэг хүмүүс. Харин төрийг барилцаж, улс орныг залж явах хүмүүст ийм байдлаар хандаж болохгүй. Системтэй боловсрол эзэмшсэн, ёс суртахуунтай, үзэл бодол нь төлөвшсөн, бусдын төлөө зүтгэх сэтгэлтэй хүмүүсийг л шигшиж шилж сонгомоор байх юм. Өрөөлийг харах байтугай өөрийгөө авч явах чадваргүй мухар сүсэгтэй хүмүүс нэр дэвшиж байна. Зөвхөн өөрөө алдар нэр олж, баяжихын төлөө төрд гарахаар зүтгэж байгаа бүлэг хүмүүс ч бий. Элдэв гэмт хэрэг увайгүй үйлдлээ хаацайлах гэж төрийн нөмөрт хоргодогсод ч байгаа. Их хүссэн хүнд төрийн жолоо бүү атгуул гэдэг үгтэй. Энэ мэт боловсрол мэдлэггүй, хамгийн гол нь хүний мөн чанараа гээсэн хүмүүсийг орогнуулдаг газар Монголын төр бүү байг.

Дахин хэлэхэд УИХ-д нэр дэвших эрх авах хамгийн анхны гишгүүр бол аравдугаар ангиа онц төгсөх гэж журамлая. Эцэг эхчүүд хүүхдээ эрдэм боловсролд шимтүүлж, багаас нь бэлтгэе. Монголын төр цэвэр тунгалаг байх үндэс эндээс эхэлнэ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголчуудын ямаан омог хэрээс хэтэрлээ

Манайхан “Над руу муухай харлаа, чи хэн бэ” гээд гудамжинд явж байгаа гэмгүй нэгнийг зодчихдог. Хэн хэндээ зам тавьж өгөхгүй гүрийснээс машин нь шүргэлцэж, жолооч нар нь дээр дороо орон зодолдож байгаа дүр зургийг бид өдөр болгон хардаг. “Хурдан яваарай” хэмээн сигналдсаны төлөө албаар өмнүүр нь удаан алхаж, зарим нь бүр зам дээр хэвтээд өгөх нь холгүй гэдийдэг. Ямар асуудал гараад яарч яваа билээ гэж бодохоосоо өмнө “намайг хурдан яв гэдэг хэн бэ” гэж уурладаг. Машиныг нь санаандгүй шахаад ойрхон зөрвөл хар хурдаараа давхиж ирээд өмнө нь тооромсолно. Гэртээ бол зурагтаар гарсан болгоныг зүхэж суудаг. “Энэ ч шулаач, тэр ч хулгайч. Улсын мөнгө идэгчид, бид л эднийг баяжуулж байгаа” гээд өөрөө гэртээ ажилгүй хэвтэж, ажилтай нэгнийг муулна. Хэдхэн хоногийн өмнө “Унтаж байхад цохиж сэрээлээ” хэмээн нэгнийгээ хутгалан амийг нь бүрэлгэсэн харамсалтай хэрэг гарчээ.

Энэ бүхэн монголчуудын ямаан омог хэрээс хэтэрч, одоо бүр хутга барьж бостлоо гаарсныг харуулж байна. Ямаан омог гэдэг нь бусдыг хүндэлдэггүй дээрэнгүй зангаас үүдэлтэй, ухамсаргүй, бодлогогүй алхам шиг санагддаг. Мөн үүнийг үл тэвчих үзэл ч гэж хэлж болно. Дандаа өөрийгөө бодож, дандаа хараал зүхэл хэлж, дандаа бусдыг муулж, дандаа…

Энэ олон жижиг дандаанууд нийлж одоо бид нэгнээ сайн сайхан амьдарч, бүр амьд явж буйг үзэж чадахаа больж байх шиг.

Харамсалтай нь, ямаан омгийн хохирогч нь тэр хүн өөрөө байдаг. Машины өмнүүр хурдан явахгүй бол амь нас, эрүүл мэндээрээ хохирч мэднэ. Өрөөлийг гэмтээвэл өөрөө шоронд орно. Тиймээс энэ их үзэн ядалт, уур бухимдал, стресс ядаргаагаа засах цаг болжээ. Ямаан омгийнхоо золиос болохгүйн тулд өөрөө өөрийгөө л засах гарц байна даа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Айлын Ерөнхийлөгч нар 100 боинг зарчихлаа гэж байхад манай дарга нар зургаан ялтан авчирлаа гэх юм

Дэлхий нийт улам л прагматик болж байна. Амьдралд ойр, хүн рүүгээ чиглэсэн бодлого хэрэгжиж, үйл ажиллагаанууд амжилттай өрнөж байна. Үүний тодхон жишээ улс орныг удирдагч дарга нарын айлчлалыг харж байхад мэдэгдэж байна. Хэдхэн хоногийн өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Вьетнам улсад айлчиллаа. Энэ үеэр 15 орчим тэрбум ам.долларын наймаа хийчихээд сэтгэл хангалуун алхаж байгаа харагдсан. Вьетнамын тал Америкаас тийм хэмжээний үнэтэй “Бойнг” онгоцнууд захиалжээ. Энэ наймааны дараа хэтрүүлж хэлбэл Обама гуяа алгадаад гүйгээ биз ээ.

Мөн л хэдхэн хоногийн өмнө Орос-AСЕАН-ы дээд хэмжээний уулзалт боллоо. Зүүн өмнөд Азийн улс орнуудын эвслийн гишүүн орнууд ба Оросын төр, засгийн тэргүүнүүд уг уулзалтад оролцож тэрбум, тэрбумын доллараар үнэлэгдэх төслүүд эхлүүлэхээр гарын үсэг зурсан талаар мэдээлж байна. Ерөнхийлөгч В.Путин энэ үеэр Азийн орнуудад зэвсэг нэмж худалдах гэрээ хийчихээд ширээнийхээ ард ханхалзаж сууна. Ер нь Энэтхэг, Хятад, Вьетнам бол Оросоос зэвсэг авдаг эртний түншүүд юм. Үүн дээр нэмэгдээд Индонези, Малайз, Тайланд улсууд зэвсэг авахаар захиалжээ. Хэдэн зуун тэрбум ам.доллараар тоологдох зэвсгийн наймаа Оросын эдийн засагт эерэг урсгал нэмнэ.

Нэг том уулзалтаар зэвсгээ зарж, дараагийнхаар нефтийн бүтээгдэхүүнээ борлуулж гэх мэтээр олон салбараар эдийн засгийн эерэг урсгалууд орж ирэхээр улс орон өнгөжиж, ард түмний амьдрал ч сайжирна. Энэхүү дээд хэмжээний уулзалтын гол зорилго нь ОХУ АСЕАН-ы орнуудын хоорондын худалдаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэх, түлхэц өгөхөд чиглэгдэж байлаа. Путин санасандаа хүрч “Дээд хэмжээны уулзалт тэр чигээрээ таалагдлаа” хэмээн онцолжээ.

Хятадын дарга Си Жиньпин Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк байгуулснаа зарлаж, дэлхийн эдийн засгийн өнөөгийн тогтолцоонд шинэчлэл хийхэд том хувь нэмэр оруулна гэж мэдэгдэж байна. Энэ банк нь одоогийн олон улсын санхүүгийн гол институциуд, тэр дундаа Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны хувьд томоохон өрсөлдөгч болно гэж шинжээчид үздэг юм. Хятадын удирдагч өдийд эдийн засгийн тооцоо судалгаагаа хийж “хятад сампингаа нүдээд” малилзаж суугаа биз. Хоёр жилийн өмнөх Пакистанд хийсэн айлчлалаараа Си Жиньпин Хятад-Пакистаны эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтын хэлэлцээрт гарын үсэг зурсан юм. Авто зам, төмөр зам, эрчим хүчний хөгжлийн энэхүү сүлжээ нь 3000 км үргэлжлэх бөгөөд Хятадад Энэтхэгийн далай руу нэвтрэх гарцыг нээж өгөх эдийн засгийн чухал ач холбогдолтой аж.

Энэ мэт дэлхийн томчууд улс орон, ард түмнийхээ төлөө бизнес хийж, наймаа ярьж яваад ирэх юм. Тэр болгон нь бүтэмжтэй байна ч гэж юүхэв. Харин манайд яг үүний эсрэг ажиллагаа болох юм. Та мэдээллийн хэрэгслээр юуны тухай мэдээлж байгааг хараарай. “Тэр гадаадын хөрөнгө оруулалттай уурхайг хаалаа. Энэ алтны лицензийг цуцаллаа. Таван толгойн үйл ажиллагааг зогсоолоо … гоё гоё…” гээд л дэвхцэж байна. Манайх олон даргатай. Дарга нарыгаа гадаадад айлчлахаар “Тийм уурхайгаа өгөөд тэр улстай визгүй зорчихоор боллоо. Энэ улсад ийм боломж олгоод Таван толгойгоо хамтарч ажиллуулахаар боллоо. Хиамаа энэ оронд зарж, үхэр хонины махаа тэнд тэдэн тэрбумаар зарахаар тохирлоо” гэх болов уу хэмээн хүлээж суудаг. Гэтэл үгүй юм аа. Хоосон улс төр ярьж яваад ирэх юм. “Тэр бүс нутагт тэгнэ, энэ бүс нутагт ингэнэ” гэж яриад байгаа харагдах юм.

Үнэндээ гуравхан сая хүн амтай буурай орон дэлхийн улс төр ярина ч гэж юу байхав. Маньдаа л тааруулсан үлгэр юм уу даа. Бид бас чиг юу ч үгүй ядуу хоосон орон биш юмсан. Уран, зэс нүүрсээ зараад, мах экспортлох том наймаа хийгээд ирж баймаар санагдах юм. Тэгэхэд

Нутгаа санаад байгаа юм, хөөрхий

Зайдас үнэгүй гаргах боллоо

Нутгаасаа гаргаад хулгай хийгээд байгаа юм, хөөрхий

Ялтан солилцох боллоо гээд л ирж байна даа. Ядаж ялтан солилцохоо болимоор юм. Ял хийсэн хүмүүс тэр орныхоо хоолыг идээд л хэвтэж байна биз. Гадаад зах зээлд хэдэн тэрбум ам.доллараар наймаа арилжаа хийгээд, ард иргэд нь ажил орлоготой болоод ирвэл гадагшаа гарч хулгай хийхийг хэн л хүсэв гэж. Гэрээ санаад байна, идэх зайдсаа үнэгүй оруулна гэдгээ болино биз дээ.

Манайхан нэг л их бүс нутгийн бодлого, улс төр энэ тэр гээд ярихаа больж ядаж Баруун Цанхийн нүүрсээ Малайз, Солонгост зарах наймаа хийвэл зүгээр санагдах юм. “Уранаа Францад зарахаар болов, хятадууд нүүрс авахаар гэрээллээ” гэх зэргээр арилжаа наймааны хэлэлцээр амжилттай хийгээд ирвэл цагаан эсгий дэвсэж угтана аа, дарга нарыгаа. Хэдхээн монголчуудаа Монголдоо тэжээж чадахгүй бол Туркийн Эрдагон шиг визний асуудлаар шахалт хийгээд явмаар санагдах юм, дарга нар минь.

Орчин цагт дэлхий нийт их л прагматик болж байна даа. Дэлхийн улс орнуудын дарга нар том, жижиг гэлтүй энд тэнд айлчлахдаа улс орондоо хэрэгтэй арилжаа наймаа үсэргэж явна. Айлчлалын зорилго, үр дүн ч ийм болсон. Манайхан ч гэсэн үүнийг хэрэгжүүл л дээ. Улс орны өнгө төрхийг нэмж, эдийн засгаа өөд нь татах, ард түмний амьдралд нэмэр болох ашигтай, хэрэгтэй наймааг бага гэлтгүй л хиймээр байна. Ингэж байж л та нараар дарга тавьсны гавьяа гарах гээд байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улайрсан мамаас ягаарсан Будда

Мэргэжлийн сумогийн тавдугаар сарын тэмцээн буюу Нацу башё амжилттай өндөрлөлөө. Их аварга Хакухо М.Даваажаргал цагийг эзэлсэн агуу бөх гэдгээ баталж 37 дахь түрүүгээ авлаа. Япончуудын аварга болно хэмээн найдлага тавин хүлээж буй озэки Кисэносато 13 даваа хоёр унаатайгаар Хакухогийн ард бичигдэж байна. Гэнэт л барилдаан нь эрс өөрчлөгдөж, илэрхий амжилт үзүүлэх болсон түүнд Японы сумогийн холбоо ёкозунагийн болзол тавьж байгаа. Учир нь озэки цолтон башёд хоёр түрүүлж байж ёкозуна цол хүртдэг бол Кисэносатог нэг түрүүлбэл их аварга гэсэн цол өгнө гэж амлаж байна. Энэ барилдаанаар аварга болж чадсангүй. Гэсэн ч дараагийн башё бий. Хэрэв Кисэносато аварга болбол япончуудын нар нь гарчээ.

Ингэхэд яагаад энэ тухай бичээд байгаа билээ. Японы сумо бол манай үндэсний бөхийн дараа орох спорт учраас ийн хөндөж байгаа юм. Сумочдын үүх түүх, ололт амжилт, алдаа оноог нь манайхан бүгд мэддэг. Одоо сумог тоохоо больсон, үздэггүй гэдэг ч нэр усыг нь жигтэйхэн сайн мэддэг, барилдаан, мэх бүрийг нь сүрхий яриад сууцгааж байдаг.

Энэ башёд Хакухо аваргын дараа бичигдсэн озэки Кисэносато 1986 онд төржээ. Түүнийг анх 19 настайдаа дээд зиндаанд гарч ирэхэд л япончууд их аварга төрнө хэмээн хүлээж байсан ч тэр хэмжээнд амжилт үзүүлж чадалгүй өдгөө 30 нас хүрч байна. Харин сүүлийн хэд хэдэн башёд Кисэносато тун амжилттай барилдаж байгаа. Гэнэт барилдах арга барил нь өөрчлөгдөн барилдаан нь сайжирсан түүнийг сэтгэлзүйн засал хийлгэсний үр дүнд ийм амжилт үзүүлж эхэллээ хэмээн шуугиж байна.

Ер нь япончууд сумод яагаад монголчууд ийм өндөр амжилт үзүүлээд байгааг судалжээ. Монголчууд байгалиасаа хүч чадалтай төрдөг гэдэг ойлголтыг энэхүү судалгаа үгүйсгэсэн байна. Учир нь бяр чадал, мэх хийх чадвар зэргээрээ япон, монгол сумочид хэн хэнээсээ хэт хол тасарч, сайн муугийн туйлд хүрсэн үзүүлэлт гарсангүй. Аль аль нь унахдаа унадаг, давахдаа давдаг өгөө аваатай байж, яахав бяр чадлын хувьд монголчууд бага зэрэг илүү байж болох ч энэ нь байнга амжилт үзүүлэх үндэслэл болохгүй. Тэгвэл монголчуудын амжилтын нууц нь юундаа байна вэ.

Монгол сумочдын амжилтын нууц нь сэтгэлзүйдээ байдаг гэдэг нь судалгаагаар тогтоогджээ. Тал нутгийн уужуу тайван зан, юмыг өнгөрөөж чаддаг чадвар тэднийг ийм хүчирхэг болоход нөлөөлсөн байна. Монгол аваргын сэтгэлзүйг судлахад “Бид барилдаж олон түмнийг баясгаж байна. Үүний үр дүнд сайхан амьдарна” гэсэн энгийн философитой. Заримд нь энэ философи тун энгийн мэдээжийн сонсогдоно. Зарим нь “Хэзээ байтлаа ингэдэг юм” гэж хачирхана. Яагаад гэхээр орчин үеийн бүх сургаал амжилтын тухай байдаг. “Чи заавал чадна, чи амжилтад хүрнэ” гэх зэргээр зогсоо зайгүй сэтгэл санааг нь нүддэг. Яг амьдрал дээр энэ их өөр. Амжилтад хүрсэн хүмүүс өдөр шөнөгүй ингэж бодоод байдаггүй. Тэд өмнөх ажлаа л хийдэг.

Кисэносатогийн хувьд өмнө нь асар их үзэн ядалт, уур бухимдлаар цэнэглэгдээ юу гэлтэй мэнчийсэн улаан хүн л сумогийн дэвжээнд гардаг байсан. Өөрөөр хэлбэл өстөн дайснаа дарах сэтгэлзүйгээр өвч “зэвсэглэж” гараад унадаг байжээ. “Чи заавал ялна шүү, чи л чадна” гэж зогсоо зайгүй өөртөө шаардаж, өрсөлдөгч бөхөө өстөн дайсан мэтээр санаж гараад өөрөө өөртөө унаж явжээ. Энэ бол ялагдал болгоноо үл зөвшөөрөх арлын жижигхэн сэтгэхүй юм. Орчин цагт үүнийг хотын сэтгэхүй гэдэг. Адгаж яарсан, зөвхөн өөрийгөө бодсон, асуудлын жижигхэн хэсгийг эсвэл нэг талыг нь харж шийдвэр гаргадаг сэтгэхүй.

Харин одоо Кисэносато сэтгэлзүйн засал хийлгээд өөртөө хуримтлуулсан тэр их бухимдал, үзэн ядалтаа сэтгэлээсээ хөөж чаджээ. Тэр уужуу тайвуу бодож, хошин шог ярьж, инээж, нэгнийхээ мөрийг нөхөрсгөөр алгадаж чаддаг болсон байна. Ингээд сумогийн дэвжээн дээр ягаарсан Будда шиг хүн гарч ирдэг болжээ. Түүний нацу башёгийн сүүлийн барилдааныг нь хараарай. Хачин тайван, уужуухан барилдан давж байгаа нь харагдана. Сумогийн тайлбарлагч нар ч Кисэносатог их өөрчлөгдсөн гэж ам уралдан ярьж байна лээ. Ялалт ялагдал, унаж босохын учир, үнэ цэнийг мэддэг болсон болохоор тэр ийм түвшин дөлгөөн болоо биз ээ. Яг үүгээрээ үргэлжлүүлэн барилдвал тун удахгүй хүссэн амжилтдаа хүрч ард олныхоо магнайг тэнийлгэн баярлуулах нь тодорхой. Уужуу тайвуу, юмыг өнгөрөөж чаддаг тал нутгийн зан чанар хүний амьдрал, хувь заяанд хэрхэн сайнаар нөлөөлдгийг үүнээс харж болно.

Ер нь хэн нэгнийг зүхсэн, атаархсан, үзэн ядах сэтгэхүйтэй хүн хол явдаггүй, ажил төрөл нь бүтэмж муутай байдаг. Нэг хүнтэй хэрэлдэж муудчихаад нөгөөхөө бодоод уур нь хүрч дэлбэрчих гээд байвал ядаж эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлнө. Цаашлаад сайн бодол санаанууд нь уурандаа шатчихдаг гэж байгаа.

Тиймээс тал нутгийн үндсэн философи бол юмыг өнгөрүүлж сурах. Уужуу тайван бодож, уучилж өршөөх. Ялих шалихгүй зүйлээс болж хүнтэй ам зөрөхийг манай ахмадууд тэвчдэггүй. “Иймхэн юмнаас болж хүнтэй муудаад яахав, дуугүй өнгөр” гэдэг. Ингэлээ гээд чи юугаар ч хохирдоггүй. Харин ч сэтгэлзүйн хувьд бусдыг хүлээн зөвшөөрч, үзэн ядах сэтгэлгээнээс сална гэдэг амьдралыг тун энгийн хялбар болгодог төдийгүй амжилт, нэр хүндийн даллага болдог.

Categories
мэдээ цаг-үе

Аавын нөмөр

Хавар болж модод гөлөглөхөд хаанаас ч юм ирсэн хөөр баяр үргэлж дагадагсан. Хөнгөн нимгэн хувцастай дуу аялсан шигээ алхана. Орчлонгийн бүх юм ирж байх шиг, мөнх ногоон мэт. Харин өнгөрсөн жилийн өдийд ирэх шувуудын түрүүчээр аав минь бурханы оронд заларсан юм. Модод ногоорон шувууд шулганасан хаврын өдрүүдийг уйтайхан давлаа. Хагацал гэж ийм халгам, итгэхийн аргагүй хурдан, бас зүрх зүсэм юм. Одоо би хүмүүсийг эрүүл байгаасай, ээж аавтайгаа элэг бүтэн урт удаан амьдраасай гэж залбирдаг болсон. Ийм амьдрал бол амгалан тайван, хүний амьдралын хамгийн үнэ цэнтэй, жаргалтай үеүдийн нэг юм шүү.

Миний аав бол БНМАУ-ын хошой аварга, Монгол Улсын гавьяат малчин, алдарт уяач Бандийн Дэмбээ билээ. Өвөрхангай аймгийн Есөнзүйл сум бол аавын маань төрж өссөн нутаг. Хоёр жилийн өмнөх зун аавтайгаа бид нутгаар нь аялсан юм. Төрсөн газрынх нь дээхнэ талд халхын анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарын төрсөн газар байх. Доошоо жаахан уруудахад түүнд зориулсан сүм дугана алтан ганжираа гялалзуулан тосно. Ийм л ариун сайхан эрчим хүч, шүншигтэй газар аав минь төрж өсчээ. Шувуутын гол бол цамцаа дэрвүүлсэн бага балчир насных нь бүхий л дурсамжийг шингээсэн рашаан булаг юм. Сурч байсан бага сургуулийнх нь хэдэн байшингийн үлдэгдэл буйран дээрээ одоо ч байна лээ. Олон жилийн өмнө аав минь тэнд сурч, Шувуутын голыг өгсөн уруудан давхиж, ажаа аавдаа туслан, дүү нараа асран өсгөлцөө биз ээ.

Хожим өвөө аавынх хот руу шилжин ирж, аав харин Төв аймгийн Баянцогт суманд суурьшжээ. Анх “Оч” нэгдэл гэж байхад нэгдлийн мянган адууг хариулж байсан гэдэг. Эмнэг догшин, занг нь мэдэхгүй тэр олон адууг хэрийн хүн адгуулж хариулж чадахгүй нь мэдээж. Ёстой эрмэг залуу насныхаа ааг хиймориор л нугалж явсан хэрэг. Хожмоо аав маань мянган цагаан хонь авч хариулсан байдаг. Олон жил хонь хариулахдаа зүгээр ч хариулсан болоод байсангүй. “Зуун эхээс зуун хорин хурга авч өсгөснийг нь үнэлэн…” хэмээн шагнал урамшуулал дээр нь зориуд тодотгон бичсэн байдаг юм. Үүгээр нь тооцоод үзэхэд лав улсдаа 16000 толгой хонь бэлдэж өгчээ. Миний аав ийм л ажилсаг хүн. Өөрөө зүгээр сууна гэж байхгүй, байнга юм хийж хөдөлж байна. Залхуу хойрго хүнд ясны дургүй. Ажилгүй анхиагүй хүнд юм өгснөөс хээр аваачаад хаячихсан нь дээр гэж үзнэ. Сумын сургуулийг хоньтой болог хэмээн олон хурга хандивлаж байхад аавыг маань зарим нь магтаж “дотуур байрны хэдэн хүүхэд гэдэс цатгалан байх нь” хэмээж байхад зарим нь зарсан бол овоо мөнгө болох байсан даа хэмээн толгой сэгсэрч байсан гэдэг. Ингэлээ гээд манайх дутаж дундраагүй ээ. Сумынхаа анхны мянгат малчин болж, аав өнөө л өгөөмөр зангаараа мал хуйгүй олон айлыг малжуулсан. Бас өвдөж зовсон танил, найз нөхдөдөө байнга шөлний хонь өгнө. Сумын төв, хот суурин газраас байсгээд л машинтай хүмүүс ирнэ. Гэрт цайлж дуусаад аавыг сэмхэн дуудаж холхон очиж суугаад ярилцах нь надад их сонирхолтой санагддаг байж билээ. Юугаа тэгж тусдаа ярьдаг байна аа гэж сониучирхаж байгаа нь тэр. Удалгүй аав хонио хурааж, өнөө хүн машиндаа нэг “шөлний юм” ачаад арилж өгнө. Зарим хүн мөнгөтэй болохоороо өгье гээд зээлээр хонь мал авна. Өөрийг нь гээд ирсэн хэнийг ч болов аав сэтгэл дундуур буцааж байгаагүй. “Хүнд хонь мал өгөх бол олигтойхон юм өгчихөж бай. Хүнийг сэтгэл дундуур буцаах дэмий байдаг юм” гэнэ.

Миний аав гайхалтай ой сайтай хүн. Хэчнээн ч олон үлгэр мэддэг байсан юм. Биднийг багад орой тойруулж суулгаж байгаад үлгэр ярина. “Эр хар, бар хар” гээд хоёр их хүчтэний тухай, дээхнэ жинчид ямар хачин адал явдал туулж байж газрын холыг туулдаг байсан тухай, алдартай хурдан хүлэг морьдын үүх түүх, эрдэм чадал нь хэтийдсэн мэргэдийн тухай хэдэн орой дамнуулан хүүрнэнэ. Айл саахалтаараа түүнийг нь шимтэн сонсоно. Саахалт айлын эмээ аавын үлгэрийг сонсох нэрээр өдөржин данх хоослон манайд суудаг байлаа. Эгч сахилгагүйтэж эмээгийн нүүр рүү тас ширтэнэ. Эмээ уурлаж хариу тас ширтэлцэж бид элгээ хөштөл инээлддэг байлаа. Энэ мэт хөгжилтэй явдлууд өдөр болгон л өрнөнө.

Найранд гурван дуутай, наадамд гурван даваатай халхын сайхан эрчүүдийн нэг явлаа, миний аав. Аавын залуугийн зургуудыг харахад өөрийн эрхгүй цалгисан их эрч хүч мэдрэгддэг юм. Арга ч үгүй биз, эмнэг дошгин мянган адууг номхруулж явсан аав минь чамгүй сайн барилдаж, сумын начин цолтой болжээ. Найран дээр “Жаахан шарга”-ыг мэлмэртэл сайхан дуулна. Орчин үеийн дуунаас “Алсын анирхан уулс дундаа Агаарын анирхан хөдөө юм аа хө…” гээд ялимгүй халамцуу аав минь инээмсэглээд дуулж суудагсан.

Хурдны морь уях бол аавын маань хамгийн дуртай ажил. Улс, аймаг, сумын түрүү, айргийн тавд хурдан хүлгүүдээ хурдлуулж байсны гэрч нь гэрийн хоймроор дүүрэн байх медалиуд. Тэдний дундаас улсын наадмын хоёр мөнгөн медаль бусдаасаа содон харагдах төдийгүй манай гэр бүлийн бахархал юм. Манайх хонгор голдуу адуутай. 1978, 1979 оны улсын наадмаар аман хүзүүдсэн хурдан ажнай маань мөн л хонгор зүстэй. Энэхүү алдарт хүлгийн улсад үзүүлэх дараа дараагийн амжилтыг нэгэн шилийн сайн эр тасалсан юм. Орон даяар зартай хулгайч шоронгоос оргохдоо хамсаатнуудынхаа тусламжтайгаар хурдан хонгор тэргүүтэй сүргийн сор болсон дөрвөн сайхан морийг маань хулгайлан авч одсон. Олон ч удаагийн отоо, барианаас тэрхүү сайн эрийн амийг аварсан юм гэнэ лээ. Нэлээн хэдэн жилийн дараа өнөөх сайн эрийг баригдсан тухай мэдээ дуулдаж, хурдан хонгорын сураг Булганы Дашинчилэнд дуулдлаа. Аав маань эмээл, хазаараа төхөөрч хонгор морио авчрахаар найз жолоочийнхоо машинтай явлаа. Алдсан малын эрэл, арилжаа наймаа, ажил төрөл гээд ямар ч зүйлийг хийморьтойхон бүтээгээд ирдэг аав маань тэр удаа эвхсэн хазаартайгаа ирсэн юм. Аавын сонинг сонсох гээд манайд ойр хавиас дүүрэн хүн цуглажээ. “Сайн айлд байгаа юм байна. Хадаг барьж гуйгаад болдоггүй, орхичихоод ирлээ”. Аав ийм л тайлбар хийв. “Аваад ирэхгүй яасан юм. Тэр хурдан буян нутаг усандаа, ижил сүрэгтээ байх байсан юм” гэж ирээд бөөн яриа боллоо. Үүнээс үүдээд өдөржин, оройжин, шөнө дунд хүртэл хурдан хүлгийн яриа гэрт өрнөлөө. Хадаг барьж гуйсан хүмүүсийн сэтгэлийг бодсон ч нөгөө талаас аавын амь насанд эрсдэлтэй нөхцөл үүсээд байжээ гэдгийг би ярианаас нь ойлгов. Тэр нутгийн аль л хөдөлгөөнтэй, танхай гэсэн залуус цуглаад аавыг яахыг ажиглаад байж. Ганц морьтой хүн замд гарлаа гэхэд эзгүй хээр яагаа ч билээ. Ингээд найз жолооч нь тас хорьчихсон гэнэ. “Амьд мэнд гэрт нь аваачиж өгье, боль” энэ тэр болоо биз. Энэ тухай ам дамжин нэмэгдэж хачирлагдан хэдэн өдөр л сум даяар яригдсан гэнэ лээ. Тэр үед Сангийн аж ахуй тараагүй, хөдөө хүн ихтэй байжээ. Айлууд зун болохоор тав, арваараа айлсан бууж их ажлын хажуугаарх хөгжил хөөртэй өдрүүд үргэлжилдэг байлаа.

Хөгжилтэй явдал гэснээс хэдэн жилийн өмнө бас нэг ийм явдал боллоо. Зуны үдэд юм даа, аав доголон хонь аргамжина гээд гарсан юм. Ээж бид хоёр гэртээ ааруул тавьж байтал буун дуу гарах шиг болж, зэрэгцээд аавын хашгирах дуу сонстлоо. Гүйгээд гартал аав гуяа дарчихсан “Аавыг нь хүн буудчих шиг боллоо” гэж байна. Би гэж ухаан алдталаа айсан хүн ийш тийш харангаа аавын буудуулсан шархыг үзэхээр гүйн очиж, өмдийг нь дараад үзтэл чийг татаад, цус бололтой шингэн юм урсаж байна аа. Гэтэл аав өмдөө доошлуулж үзээд түс хийтэл инээд алдлаа. Гайхан харвал ямар ч шарх, цус алга. Тэгэх нь ээ, халуунд аавын өмдний халаасанд явсан зажиголк дэлбэрч, багахан шингэн гоожсон байжээ. Айж уйлах шахан гүйж явсан би, дараа нь энэ түүхийг сонссон хүмүүс элгээ хөштөл инээлдэж билээ. Тэрүүхэн зуур аав тарваганд явсан дүүгээ “буу алдчихлаа” гэж хардсан гэж байгаа.

Миний аавын намтар бол хийж бүтээх, хөдөлмөрлөхийн намтар билээ. Сангийн аж ахуйн үед мянган хонио авч намаржингаа ганцаараа оторт явна. Хадлангаа бэлтгэнэ. Хөрзөнгөө хуулж, хашаа хороогоо янзална. Хонио төллүүлнэ. Нүүдэл суудал хийнэ. Жилийн дөрвөн улиралд нойр хоолоо хугаслан зүтгэсэн зүтгэл өөрт нь алдар гавьяа болон эргэн ирсэн юм. Төрийн бүхий л том одон медаль, цолыг хүртсээн. 2009 онд гавьяат малчин цол авах үедээ хөлөө гэмтээсэн байсан юм. Аав залуу идэр насандаа аймгийн депутатаар сонгогдож энд тэндхийн хурал хуйд бишгүй нэг явдаг байсан ч Төрийн ордонд төрийн өндөр шагнал авахдаа суга таягтай орж байгаадаа жаахан зэнзийрхэж байгаа нь ажиглагдаж байлаа. Ер нь аливаа юманд барьц алддаггүй хүн л дээ. Үг дуу цөөн ч олны хүндлэл хайрыг хүлээсэн хүн байлаа.

Миний хүүхэд нас ийм л үлгэр домог мэт яриа хөөрөө сонсож, зогсоо чөлөөгүй их ажилд өөрийн хэмжээгээр хувь нэмрээ оруулж, дөрвөн цагийн нүүдэлд баясан хөөрч, намрын налгар цагийн найр хуримын дуунд бүүвэйлэгдэн, холыг зорих мөрөөдөлд умбан өссөн юм. Ах, эгч нар том болж гадаад дотоодод сургуульд явахад аав л тэднийг гаргаж өгнө. Угтаж авна. Уралдаан тэмцээнд аймаг, хот руу явахад аав л хамт явна. Хурал хуйд яваад ирэхдээ хэдэн хүүхдэдээ өнгөтэй өөдтэй харагдсан бүхнийг худалдаж аваад ирдэгсэн. Цоо шинэ улаан планетынх нь ард хэд хэдээрээ сундалдчихаад үсээ хийсгэн давхиж явсан цаг саяхан л мэт санагдана.

Ийм л сайхан аавынхаа нөмөрт хоргодон өдий хүрчээ, бид. Хөгшин залуу бүгд л “ааваас асууя, ааваас асуугаарай, ааваас асуусан уу” гэлцэнэ. Ах нар жаахан базаахгүй хэрэг хийчихээрээ ааваас айгаад хэд хоногоор дөлж явна. Тэд өөрсдийгөө ингэж шийтгэнэ. Аав бол ер нь юм дуугарахгүй, загнаж зэмлэхгүй. Ийм байх тусам л бүгд ааваас айдаг байлаа. Ах, эгч нар өрх тусгаарлаж өчнөөн хүүхэдтэй болсон ч аавын зөвшөөрөлгүй бол шинэ юм эхлүүлэхгүй. Найр наадам, хагацал зовлонгийн өмнө ч бид аавыгаа өмнөө бариад нөмөрт нь явдаг байлаа. Аавын нөмөр гэж хаана ч байхгүй дулаахан түшигтэй, юунаас ч хамгаалах шидтэй. Харанхуйд аавтайгаа явж байхад айдаггүй, гэгээн өдөр сагсуу бардам…ийм л байж.

Аав ер нь уйлхай нялцгай занд дургүй. Хэдэн хүүхэд нь нулимстай, уруу дорой, анхиагүй явах юм бол лав уурлаж дургүйцнэ. Тийм болохоор боломжоороо толгой өндөр явахыг хичээцгээж байна. Гэлээ гээд хааяа хааяахан сэтгэл нэвт сэнгэнэх харуусал, их санагалзлыг яаж ч намдааж болдоггүй юм байна.

Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголчуудын тусгаар тогтнолын нэг баталгаа нь гадаадад байгаа монголчууд

Хаврын хүйтэн хавсарга хавирга нэвт үлээсэн энэ өдрүүдэд улаанбурхан өвчний дэгдэлт газар авч, хөөрхий нялх үрс маань хамгийн ихээр энэ өвчинд өртөж байна. Заримыг нь аль хэдийнэ бид тэнгэрийн оронд алдчихсан. Эдийн засгийн хямрал гэгч айхтар эд хувь хүн, айл өрх, албан газар бүрийг сандраан сандаачиж байна. Нэг үгээр хэлэхэд энэ өдрүүдэд Монгол Улс маань ядруу, зутруухан л байна даа. Ийм үед хамгийн их анзаарагдаж байгаа зүйл бол гадаадад байгаа монголчуудын тусламж дэмжлэг юм. Улаанбурханаар өвдсөн хүүхэд, томчууд эмнэлэгтээ багтахгүй чихэлдэж, эм тариа тоног төхөөрөмжгүйн улмаас амь нас нь дээсэн дөрөөн дээр байгааг дуулаад гадаадад амьдарч байгаа монголчууд маань эм тариа, тоног төхөөрөмж, мөнгө төгрөг гээд бүхий л зүйлээр тусалж байгаа нь сайхан харагдах юм. Вашингтоны монголчуудаас, Колорадагийн монгол иргэдээс, Денверээс, Ютад амьдардаг монголчуудаас гээд мөнгөн тусламж наашаа цувсаар байна. Шведийн монголчууд амьсгалын аппарат, зүү тариур зэргийг мөнгөний хамт илгээжээ. Энэ мэт Солонгос, Япон, Франц, Герман, Австри бүр Африкийн Угандагаас хүртэл мөнгө төгрөг, хэрэгтэй гэсэн аппарат хэрэгслийг Монгол руугаа явуулж байна.

Үүний өмнөхөн нэгэн алдартай зохиолчийн эмчилгээний зардалд хандив цуглуулахад гадаадад амьдарч байгаа монголчуудын тусламж жин дарж байна лээ. Энэ мэт үүрэндээ хоол зөөж байгаа шувуу мэт тэд маань эх орон, элгэн садан руугаа их бага гэлтгүй байнга л илгээмж явуулж байдаг. Хувцас хунар, эм тариа, эдлэл хэрэглэл, мөнгө төгрөг гээд юу эс байхав. Энд тэндээс ирсэн ийм илгээмжүүдийн ачаар эдийн засаг эргэлдэж, хүмүүс байр сууцтай болж, эмчлүүлж, зугаалж, оюутнууд сургалтын төлбөрөө төлдөг гээд дандаа л сайн сайхан үр нөлөө дагуулдаг. Харин эх орондоо амьдран суугаа монголчуудын хувьд тэр болгон юманд сэтгэл гарган хөдөлдөггүй. Томхон компаниуд л нийгмийн хариуцлагаа ухамсарлан хандив тусламж өгдөг нь юу юм гэхээс бусад нь тоодог ч үгүй. Ядарсан зүдэрснээ гайхаж зүгээр мөнгө олох гээд гүйлдэж байгаа.

Гадаадад амьдардаг монголчууд бол биднийг ядарч зүдэрч явахад тулах хүч, тусгаар тогтнолын баталгаа юм гэж манай сонин өмнө нь бичиж байлаа. Ойрхны үйл явдлууд үүнийг баталж, бид ч мэдэрч сууна. Монголын хүн амын 10 гаруй хувь нь гадаадад ажиллаж амьдардаг. Хамгийн олон нь буюу 100 гаруй мянган монгол Өмнөд Солонгост байна. Үүний дараа Америкт амьдардаг монголчууд тоогоороо жин дарна. Европын орнуудад ч цөөнгүй хэсэг нь амьдардаг.

Их гүрний бодлогыг эсэргүүцэж түвд лам өөрийгөө шатаахад АНУ дахь төвдүүд Хятадын Элчин сайдын яамны үүдэнд жагсаж эх орон, элэг нэгтнүүдээ өмөөрч байгааг хэвлэлээс бишгүй их уншдаг. Эрх чөлөөний оронд хууль зөрчөөгүй л бол жагсаал цуглаан хийх эрх нь нээлттэй байдаг. Жагсаж байгаа хүмүүсийг хараар амьдарч байна уу, виз нь хэтэрчихсэн юм биш биз гэж хэн ч шалгаж байцаадаггүй. Араас нь мөрдөж мөшгидөггүй. Энэ утгаараа Монголд ямар нэгэн зүйл боллоо гэхэд Америкт амьдардаг монголчууд маань НҮБ-ын байрны үүдэнд жагсаад байхад дэлхийн сонорт хүргэж, олны анхаарлыг татаж чадна. Дэлхийн бүхий л улсын төлөөлөл болох Элчин сайдын яамд Америкт байдаг. Дэлхийн худалдаа, эдийн засаг, улс төрийн байдал ч Америк гэдэг энэ агуу орноос хамааралтай өрнөдөг. Ийм болохоор Америкийн монголчууд бол монголчууд бидний тусгаар тогтнол, аюулгүй байдлын нэг баталгаа болж чаддаг. Солонгост амьдардаг монголчуудын хувьд жагсаал цуглаан хийж сүржигнээд байвал ачигдаад ирэх магадлал өндөр учраас олноороо цуглаж, бусдын анхаарлыг татах боломж бага. Тэгсэн ч тэдний эх орон руугаа явуулдаг илгээмж нь олон хүний амьжиргааг өөд нь татаж, бага гэлтгүй эдийн засагт хувь нэрмээ оруулж байдгийг чамлаж болохгүй.

Монголчууд цөөхөн ч дэлхийн том улс орнуудад нэг хэсэг маань хэдийнэ төвхнөж, эрвийх дэрвийхээрээ эх орондоо туслах зорилгоор хөдөлдөг болжээ. Амьдрал хайн харийг зорьсон тэд маань одоо л нэг байр сууриа олж, аж амьдрал нь тэгширч байна. Харин Монголын төр гадаадад амьдарч байгаа монголчуудаа харж үздэг, тусалж дэмждэг төрийн хар хайрцагны бодлоготой баймаар санагдах юм. Манай Элчин сайдын яамд гэж нэлээн хүнд сурталтай, тэнгэрээс буугаад ирсэн мэт хүмүүс ажилладаг дуулддаг. Монгол төрийн алтан жолоог харьд атгаж суугаа тэдний ааш аяг, ажил үйлс уян хатан болж, төрийн тусламж үйлчилгээг монголчууддаа нэгбүрчлэн хүргэх ажлыг хийдэг байх хэрэгтэй. Гадаадад байгаа монголчуудын ажил, бизнесийг дэмжих бодлого хөтөлбөр гаргаж, дотооддоо хэрэгжүүлдэг жижиг дунд бизнесийн нэгээхэн хэсгийг тэдэнд зориулахад болохгүй юмгүй. Америкт монгол таун бий болоход төр оролцож, туслах гэх мэтээр ажиллах хэрэгтэй байна.

Гадаадад амьдардаг монголчуудыг яагаад төр засгаас дэмжих ёстой гэж, тэд биднээс хамаагүй дээр, сайхан амьдарч байгаа гэж дургүйцэх хүн гарна. Мэдээж, тэд өнөөдөр биднээс хавьгүй илүү цалин авч, сайхан амьдарч байгаа. Унаж босож, өлсөж цангаж, дутуу нойртой зүтгэж байж тэд маань тийм амьдралыг босгосон билээ. Одоо тэд эх орон руугаа илгээмж илгээх чадамжтай болсон. Нөгөө талаар Монголын аль л ухаалаг, толгой сийрэг ажилладаг хэсэг нь гадаадад гарсан нь үнэн юм.

Тэд өнөөдрийн хуушуурын төлөө байдгаа баралгүй, маргаашийн Монголын тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн төлөө санаагаа чилээн тэмцэх хүмүүс. Монголын төр гадаадад байгаа монголчуудаа дэмжинэ гэдэг нь өөрийн оюун санаа, эдийн засгийн төвүүдийг бий болгож байна гэсэн үг. Гадна талдаа ийм хүчирхэг хэдэн төвтэй болохын төлөө зүтгэх хэрэгтэй. Түүнээс биш “Монголдоо ир, Монголд сайхан амьдрал байна” гэх мэтээр худлаа уриалан дуудаж, хуурч авчирч хэрэггүй. Тэдний нэгэнт олсон байр суурийг бэхжүүлж, хөгжүүлж, өргөжүүлэх нь Монголын тусгаар тогтнол болоод ирээдүйд хэрэгтэй.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хямралын сайн талууд

“Ажилгүйдэл, үнийн өсөлт ба авлигаас үүдэн Монгол Улсын иргэд гутранги үзэлд автжээ” хэмээн судлаачид мэдээллээ. Хот, хөдөөгийн 5000 хүний дунд судалгаа хийгээд ийм дүгнэлт гаргасан юм байна. Эдийн засгийн хямрал, сонгуулийн шоу, ажилгүйдэл гээд ярих юм бол байдал хэцүү байгаа нь үнэн. Гэхдээ нэг хаалга хаагдахад нөгөө хаалга нээгддэг гэсэн үг бий. Орлого багасч, өмнөх шигээ тансаглаж чадахаа байсан ч мөнгөнийхөө нэлээд хэсгийг хэрэггүй зүйлд зарцуулж байснаа ойлгодог боллоо хэмээн нэг танил маань хуучиллаа. Тухайлбал, таалагдсан л бол юуг ч хамаагүй худалдан авдаг, түүнийгээ заримдаа огт хэрэглэдэггүй байж. Хувцас, гутал зэрэг бол нэг удаа өмсөөд л сонирхол нь буурч дахин өмсдөггүй. Тийм төрлийн бараануудыг хаях хайран учраас шатаадаг, эсвэл хүнд өгдөг байлаа. Одоо бол зөвхөн хэрэгтэй зүйлээ л авдаг учраас хэрэггүй зүйлд мөнгө зарцуулагддаггүй гэсэн.

Мөн хүнсний дэлгүүрээс хэрэгтэй, хэрэггүй баахан зүйл цуглуулдаг байснаа больж, өдөр тутам хэрэглэдэг зүйлээ бага багаар авдаг болжээ. Ингэснээр зарим хүнс муудаж хаях эрсдэл үүсэхгүй.

Шоу цэнгээний асуудлыг бүр хойш нь тавьжээ. Зайлшгүй үед , бүр тодруулбал сард нэгээс хоёр удаа найз нөхөдтэйгөө уулзаж, баар ресторанд ордог болсон гэнэ. Бусад үед гэр бүлдээ цаг зав гаргадаг болсноор гэр бүлийн халуун дулаан уур амьсгал нэмэгдэж, аз жаргалтай сэтгэл дүүрэн алхах болжээ.

Хамгийн сонирхолтой нь ашиг орлого гайгүй үедээ хэрэгжүүлж байгаагүй хуримтлал үүсгээд эхэлсэн гэв. Учир нь банкны хуримтлалын хөтөлбөрт хамрагдаж, сар бүр тодорхой мөнгийг дансандаа хийж эхэлжээ.

Хямрал биднийг бодит хөрсөн дээр буулгаж, арвич хямгач байхад сургаж байна. Ядаж л мөнгөө зөв зарцуулж чаддаггүй байснаа ойлгож авч байна даа хэмээн танил маань ярилаа.

Categories
мэдээ цаг-үе

Аав, ээжийгээ ингэж баярлуулаарай

Саяхан манай нэг уншигч утасдаж байна аа.

-Хүү минь, ах нь сонингоо аваад бөөн баяр явж байна.

-Аан за. Таны тухай эсвэл таны бичсэн материал өнөөдрийн дугаарт хэвлэгдсэн байна уу?

-Үгүй ээ, хүү минь. Ах нь саяхан тэтгэвэртээ гарсан юм. Гэртээ хийх юмгүй, утас ч дуугарах нь багасаад үнэндээ ах нь жаахан сэтгэл санаа тааруу байлаа. Тэгсэн хүү маань танай сонинг захиалж өгөөд, өнөөдөр шуудан дээрээс очиж аваарай гэсэн юм. Зорьж очоод авлаа. Надад хаягласан, миний нэртэй сониноо уншаад ах нь сэтгэл сэргээд танай сонины утсаар залгасан юм. Ийм сайхан мэдээллийг надад зориулж гаргаж байгаа та нарт баярлалаа. Одоо ах нь өглөө болгон сониноо очиж авах ажилтай боллоо. Уншаад хөгшиндөө бас байрныхаа хөгшчүүлд ярьж өгнө өө.

Уншигч ах хүү ингэж хэлээд утсаа тавилаа. Түүний баярласан чин сэтгэлийн үг намайг ч гэсэн баярлуулав.

Амьдралын өнгө олон янз. Аагтай бяртай залуу сайхан явахад мэдээлэл бол хэрэгцээ байдаг. Хүн хэрэгцээгээ хангах гэж сонин гарчиглаж, улс төр, нийгэм, эдийн засаг, соёл урлаг, зар сурталчилгааны бүхий л мэдээллийг авч цаг үетэйгээ зэрэгцэн алхдаг. Харин нас ахиад, гэртээ суухын үед мэдээлэл гэдэг хэрэгцээнээс илүү хань бараа, өөрийг нь тоох бусдын хандлага чухал санагддаг биз ээ. Чухам энэ орон зайг “Өдрийн сонин” нөхөж чадсанд уншигч маань ийн талархал илэрхийлээ биз ээ.

Үүнийг уншиж суугаа та ч гэсэн аав, ээжийгээ нэг анзаараад хараарай. Тэтгэвэртээ гараад гэртээ амар амгалан суугаа мэт харагддаг ч найз нөхөд, ажил төрлөө санагалзан сэтгэлдээ гундуухан явдаг юм биш биз.

Ямартаа ч та тэдэндээ сонин захиалаад үз. Өдөр бүр шинэ сониноо авна, уншина, ярина гээд амьдралд нь нэг шинэ соргог зүйл нэмэгдээд ирэхээр амьдрал нь сонирхолтой, хөгжилтэй болоод явчихна даа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Японы империалистуудаар амиа авруулахгүй гэнэ дээ?!

Монголчууд гадаадын хөрөнгө оруулалтыг эсэргүүцэх нь өвчин болж одоо бүр энэ нь галзуурлын шатандаа хүрчээ. Уул уурхайд гадаадын хөрөнгө оруулалт орно л гэвэл амиа тавих гэж байгаа мэт аашилж эсэргүүцэх бүхэл бүтэн арми бий гэхэд хилсдэхгүй. Бид тэднийг дуугүйхэн л харж суудаг. Монголынхоо газар нутгийг өмөөрч байгаа юм даа. Баялгаа үр хойчдоо үлдээх гэж байгаа биз хэмээн бодосгээд өнгөрдөг. Өнөөдрийн манай эдийн засаг унаж, хөрөнгө мөнгөгүйн гачланд ороход гадны хөрөнгө оруулалтыг эсэргүүцэх дээрх хийрхүү популист армийнхан тун чиг их нөлөө үзүүлсэнсэн.

Дараахан нь хүүхдүүдэд гадаад хэл заахгүй гэж хэсэг өвчигнөсөн. Нийгмийн арай юм мэддэг хэсэг нь “За энэ ч арай хэтэрнэ ээ” гэж байхтай зэрэгцээд монгол хүүхдүүд гадаад хэл сурч эхлэх насыг нь хуульчлаад тогтоогоод өгчихөв. Хүүхдүүдээ гадаад хэл сургаж, дэлхийн хэмжээнд үнэлэгдэх боловсролтой болгох гэсэн хүмүүс ийн хоншоороо тас цохиулав.

Ууланд авирч байсан өмнөд монгол ахан дүүсээ өвдөг сөхрүүлэн дээрэлхэж байгаа хэсэг залуус өөрсдийгөө эх оронч хэмээн цээжээ дэлдэн элдвээр авирлаж байгаа зураг хөргөө нийтэд цацаж байсан нь саяхан. Түүнийг нь нийгмийн сүлжээ болоод хэвлэл мэдээллийнхэн “уухай уухай” хэмээн дэмжин улам хөөргөж байсансан. Энэ мэт манайхан гадаадтай холбоотой бүх зүйлийг үгүйсгэн эсэрүүцэж, түүнийгээ эх орончид хэмээн хөөргөн суудаг хийрхүү үзэлд идэгдсэн.

Одоо Японы империалистуудаар монголчуудыг авруулахгүй гэнэ дээ. Бид өвчин зовлондоо баригдаж, оношоо ч тодруулж чадахгүй үхэж үрэгдэж байх тавилантай улс юм уу. Ер нь тодроод байгаа эх орончид маань хэнээс хэнийг өмөөрөөд байна вэ гэж гайхаш тасран бодоход хүрлээ. Монголчууд өвдөж зовоод, үхэж үрэгдээд дуусвал энэ газар шороон дээр маань хэн үлдэх гээд байна аа. Монголчуудыг Японоор авруулахгүй гээд жагсаал цуглаан хийгээд, хэвлэлийн бага хурал зарлаж сүржигнээд л, сүүлдээ бүр тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэж мэдэгдэл хийлээ.

Юун тухай яриад байгааг та ойлгож байгаа байх. Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнг аюулаас аварч хамгаалах гэсэн үйл явдал өдгөө ид өрнөж байна. Ийм акц зохион байгуулагчдыг нийгмийн сүлжээ, хэвлэл мэдээлэл ч өнөөх л дэвэргэж хөөргөдгөөрөө хөөргөсөөр үндэсний баатар мэт өргөмжилж байна. Тэгвэл Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнг хэнээс юунаас хамгаалж ингэж сүржигнэнэ вэ.

Тэнд Японы Засгийн газрын санхүүжилтээр оношлогоо эмчилгээний хамгийн орчин үеийн эмнэлэг барьж өгөх гэж байгаа юм. Орчин үеийн дэвшилтэт түвшний тоног төхөөрөмж, аппарат хэрэгсэл бүхий 150 ортой энэ эмнэлэг 144 тэрбум төгрөгөөр босно. Ажиллах боловсон хүчин нь бэлэн. Анагаахын шинжлэх ухааны бүхий л нэртэй доктор, профессор, багш оюутнууд Японы эрдэмтэн эмч нарын хамт тэр эмнэлэгт ажиллана. Ийм эмнэлэг Монголд хэрэггүй юм уу. Үүнийг л бариулахгүй гэж эсэргүүцээд байгаа юм шүү дээ. Энэ улайран эсэргүүцэгчид, аугаа эх орончдын ард хэн байна вэ?

Япончуудыг бушуухан тусламжаа өгөхийн оронд их удаан судалдаг гэж бид шүүмжилдэг. Та нарыг судалсаар байтал солонгос, хятадууд түрүүлээд хийчихлээ гэдэг. Гэтэл япончууд судалж судалж ёстой нүдийг нь олсон ажил хийх юм. Яаж ингэж сонгож олдог юм гэж баярлаж бахархмаар.

Өвдөж зовлоо гэхэд жирийн дундаж монгол иргэний хувьд Японд очиж оношлуулж, эмчлүүлнэ гэдэг зүгээр л мөрөөдөл шүү дээ. Япончууд оношлогоо эмчилгээний цогц эмнэлэг барьж өгнө гэдэг бидний хувьд Токиогийн их сургуулийн эмнэлэг нүүгээд ирж байгаатай ялгаагүй хэрэг. Тэгэхэд үүнийг эсэргүүцнэ гэдэг арай дэндэж байгаа юм биш үү. Бид амьд явмаар байна. Та ч гэсэн амьд явмаар байгаа биз дээ.

Монголчууд хавдраар үхээд дууслаа гэж шуугьж байна. Энэхүү аймшигт өвчнөөр бидний эргэн тойрны хичнээн сайхан хүмүүс маань цаг бусаар ертөнцөөс одож байна вэ. Хавдрын өвчлөл, нас баралтаараа монголчууд дэлхийд тэргүүлж байна хэмээн гадны судалгааны сэтгүүлүүд мэдээлж байна. Эрүүл мэндийн сайдын баталснаар Монголд эмчлэгдэх боломжгүй 36 өвчин байдаг. Үүнээс гадна онош нь тодордоггүй, эмчилгээ нь таардаггүй өчнөөн өвчин зовлон бий. Тэгвэл оношлогддоггүй, эмчлэгддэггүй бүх л өвчтөнийг энэ шинэ эмнэлэг хүлээн авна гэнэ. Оношилно ч, эмчилнэ ч гэж байна. Монголчуудын цаг бусын үхлийн цувааг зогсоох гэж япончуудын тусламжаар ийм өндөр түвшний эмнэлэг барих гэж байгаа юм.

Бид үхээд дуусвал хэдэн тахир улиастай үлдэх хэнд ашигтай вэ. Үхсэний дараа ирэх хүмүүст хэрэг болох юм болов уу. Ой судлах гээд байгаа юм бол балар ой Улаанбаатарын эргэн тойронд байна. Хойшоо 20 гаруй км давхиад л Хэнтийн нурууны балар хөвчид очно. Тэнд тэр судалгааны ажлаа хийгээч. Цэцэрлэгжүүлэлт, мод, бут сөөг тарих гээд ажил байдаг л байх. Орчин цагт харин мод тарих шиг амархан юмгүй болсон гэсэн. Технологи хөгжөөд ойгоор нь авчраад суулгачихдаг болсон. Услах, бордох гэдгийг ч мартсан. Нэг модонд нэг том ногоон ууттай зүйл авчраад холбочихдог бөгөөд тэндээс ус, бордоо, шим тэжээл гээд бүхий л хэрэгтэй зүйл нь дусал дуслаар модондоо шингэнэ. Нэг улирлын дараа ууттай ус, бордоо дуусангуут шинийг авчраад сольчихно. Бид л хийхгүй байгаа болохоос ийм амар хялбараар дэлхийн хотууд ногоорч байгаа.

Нэгээхэн хэсэгт нь эмнэлэг барьчихаар мэдээж Ботаникийн хүрээлэнд ажилладаг хүмүүсийн ажил, үйл ажиллагаанд нь нөлөөлөх байх. Тэглээ гээд бид арай том эрх ашгаа, илүү ач холбогдолтойг нь харж сурвал яасан юм. Хөдөөний жирийн нэг малчин, төрийн албан хаагч, багш, байр, машинаа лизингээр авсан хүмүүс ямар мөнгөөрөө Токиод очиж оношлогоо, эмчилгээ хийлгэх вэ. Ийм амьдралын дэргэд Ботаникийн хүрээлэнгийн хэдэн мод арай л гангадаад байна. Харин ч эмнэлгээ хурдан барь гэж жагсаж, хэвлэлийн хурал хиймээр юм. Ингэхэд тэр мод тарьдаг хүрээлэнгийн газрыг бүгдийг нь эмнэлэг сувилалд зориулсан ч багадна шүү.

Эх оронч дүр эсгэж, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнг өмөөрч байгаа хэдэн хүмүүс монголчуудын зовлонгоор битгий тогло. Тэд “хайран мод…” л гээд орилоод байхаас биш ийм өндөр түвшний эмнэлэг барина гэж нэг ч үг ганхийхгүй байгаа. Ийм л явган заль, явцгүй бодлоор түмний сэтгэлийг хуурахаа боль. Харин ч “бид өвдөж зовж, үхэж үрэгдэж дууслаа. Эмнэлгээ хурдан бариач” гээд та нарыг хашгираад эхэлбэл дээр дооргүй л дэмжээд, үйл явдал өрнөөд та нар жинхэнээсээ ардын баатар эх оронч болно.

Categories
их-уншсан туслах-ангилал

Сонгогчдын ирцийг нэмэгдүүлэхэд үндэсний компаниуд санаачилга гаргаасай

Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2016 оны зургадугаар сарын 29 хэмээн Сонгуулийн ерөнхий хорооноос зарласан. Өнөө жил УИХ-ын сонгуулийг орон нутгийн сонгуультай хамтатгаж байгаа нь зардал мөнгө хэмнэсэн сайн арга хэмжээ болно хэмээн зохион байгуулагчид дүгнэжээ. Сонгууль ч яахав товлосон өдрөө тогтсон цагтаа болдгоороо болно. Харин санал өгөх хүмүүс буюу сонгогчид маань хэр идэвхтэй сонгуульдаа оролцох бол. Статистик мэдээллээс харахад сонгуульд санал өгөх сонгогчдын идэвх жил ирэх тусам буурсаар байгаа. Тухайлбал, хамгийн сүүлд болсон 2012 оны УИХ-ын сонгуульд нийт сонгогчдын 67 хувь оролцсон нь Монгол Улс ардчилалд шилжсэнээс хойш 22 жилийн хугацаанд хамгийн бага үзүүлэлт байв. 1992 онд энэ сонгогчид маань сонгуульдаа 95 хувьтай оролцдог байв шүү дээ.

Яагаад сонгогчдын ирц ингэтэл буурах болсон шалтгааныг олон янзаар тайлбарладаг. Судалгаанууд ч бий. Төрийн байгууллагууд, голлох намууд болон нэр дэвшиж байгаа улстөрчдийн нэр хүнд муу байгаа нь сонгогчдын санал өгөх идэвхийг бууруулдаг байна.

Манайхан төр засаг, улстөрчдийг болохгүй бүтэхгүйгээр нь дуудаж баахан шүүмжилдэг. Харин тэднийг сонгуулиар солих, өөрчлөх боломжтой гэдгээ ухамсарладаггүй. Жирийн иргэн бүр энэ боломжоо мэдэрч, сонгуульд идэвхтэй оролцвол өөрийнхөө дэмжсэн хүмүүсээ гаргаж ирэх боломжтой. Сонгуулийн ирц муу байгаа нь сонгогчдын боловсролын түвшин муу байгаагийн нэг илрэл гэж үздэг.

Судалгаанаас харахад сонгуульд оролцох залуусын идэвх мөн л багассаар байгаа аж. Залуус сонголтдоо хариуцлагагүй ханддаг, тухайн үеийн сэтгэл хөдлөлдөө автдаг зэрэг нь сонгуулийн ирцэд нөлөөлдөг. Мөн сонгууль шударга болдоггүй гэсэн бодол, аман яриа зэрэг нь хүмүүсийн идэвхэд сөрөг нөлөө үзүүлдэг байна.

Энэ мэт олон зүйлээс шалтгаалж сонгогчдын ирц багассаар байгаа. 2008 онд 76 хувьтай сонгуульд оролцож байсан сонгогчид 2012 онд 67 хувь болтлоо буурсан нь цаашид үүнийг зайлшгүй анхаарах ёстойг сануулж байна. Хэрэв энэ сонгуулиар сонгогчдын ирцэд анхаарал хандуулахгүй бол тун чамлалттай тоо сонсогдож мэдэх нь. Хуульд зааснаар ирц тавин хувьдаа хүрэхгүй бол дахин сонгууль зарлаж бөөн зардал чирэгдэл болно.

Ингэхээр сонгогчдыг сонгуульд идэвхтэй оролцуулах, ирцийг нэмэгдүүлэхийн тулд тодорхой арга хэмжээнүүдийг зайлшгүй зохион байгуулах хэрэгтэй. Мэдээж, сонгогчдын боловсролыг дээшлүүлэхэд анхаарах ёстой ч энэ тийм богино хугацаанд хийчих зүйл биш. Тиймээс сонгогчдын санал өгөх идэвхийг өдөөх, сонирхол төрүүлэхүйц ажлуудыг хийх ёстой. Америкт л гэхэд сонгуульд санал өгсөн хүмүүстээ том том брэндийн дэлгүүрүүд нь тодорхой хувийн хямдрал үзүүлдэг гэнэ лээ. Санал өгснөө гэрчлэх баримтаа үзүүлээд дэлгүүрээс хувцас хунар худалдан авах, үйлчлүүлэхдээ хөнгөлөлт эдэлдэг гэсэн үг. Энэ нь төр засгаа байгуулахад өөрсдийн хичээл зүтгэлээ оруулсны урамшуулал бөгөөд нөгөө талаасаа хүмүүсийг сонгуульд идэвхтэй оролцуулах хөшүүрэг юм.

2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар манайх бас ийм нэг урамшуулал туршаад үзсэн. Санал өгсөн хүмүүст 1000 төгрөгтэй тэнцэхүйц гар утасны нэгж өгч байсан билээ. Үүнийг Сонгуулийн ерөнхий хороо зохион байгуулж байсан юм. Тэгвэл энэ удаагийн сонгуулиар үндэсний том компаниуд ийм ажлыг санаачлан хэрэгжүүлбэл яасан юм. Улсад хамгийн их татвар төлж, хичнээн хүнийг ажилтай орлоготой байлгаж, нэг ёсондоо улсаа чирч явдаг том компаниуд сонгуульд санал өгсөн хүмүүстээ хямдралтай үйлчлэх урамшуулал зарлавал ирц тодорхой хэмжээгээр өсөөд л ирнэ. Манайхан санал өгсөн хүмүүсийнхээ хуруун дээр нь бэхээр тэмдэглэдэг. Ийм бэхэн тэмдэглэгээтэй хүмүүст том сүлжээ ресторанууд 50 хүртэл хувийн урамшуулал зарлаж, үйлчлэхэд болохгүй юмгүй. Хэзээнээсээ монголчууд сонгуулийг баяр мэт санаж, гоёж гоодон очиж саналаа өгдөг. Саналаа өгчихөөд хүмүүс ресторанд очиж сайхан хооллож, ярьж хөөрөн сууг л дээ. Саяхан манай нэг том сүлжээ ресторан нэрийн пиццагаа 50 хувь хямдруулан, хэдэн өдөр л захиалгад дарагдан хөл хөдөлгөөнтэй бужигнана лээ. Нэг талаар компанийн сурталчилгаа, нөгөө талаасаа компани нийгмийн хариуцлагаа ухамсарлан төр засгаа эмхлэн байгуулахад дэмжлэг үзүүлж байгаа хэрэг юм. Ийм үйл хэрэгт үндэсний том компаниуд бүгд идэвх санаачилга гарган оролцох хэрэгтэй л дээ. Ноолуурын “Говь”, “Гоёо”, “Алтай” брэндээс эхлээд “Номин”, “Оргил”, “Good price”, “Миний дэлгүүр”, “Боса”, “Наран”, “Мөнгөн завьяа” гээд дэлгүүрүүд бараа бүтээгдэхүүн, үйлчилгээндээ 50-70 хувь хүртэл хямдрал зарлавал ёстой бужигнаад явчихна даа. Барилгын компаниуд ч тэр өдөр байр захиалсан хүндээ хөнгөлөлт үзүүлж болно. Үүрэн телефоны компаниуд ч санал өгсөн хүмүүсээ урамшуулах хамгийн оновчтой хувилбарыг гаргаад ирнэ.

Хэрэв үндэсний компаниуд ингэж зохион байгуулж чадвал хүмүүс саналаа эрт очиж өгчихөөд дэлгүүр хэснэ. Ресторанд орно. Үсчин, гоо сайханд орж иллэг массаж хийлгэнэ. Хол ойрын хүмүүстэйгээ утсаар хууч хөөрнө. Байраа ч захиалчихна. Эдийн засаг бага гэлтгүй эргэлдээд, хүмүүсийн сэтгэл санаа ч өөдрөг болно. Хамгийн гол нь сонгогчид саналаа идэвхтэй өгнө. Сонгогчдын ирц сайн бол төр засгаа эмхлэн байгуулах, дараагийн дөрвөн жил хэнээр улсаа удирдуулахаа сайн бодож сонгоно гэсэн үг.