Categories
гадаад

Илон Маскийн SpaceX компани 14 настай хүүг ажилд авчээ DNN.mn

Дэлхийн тэргүүн баянд тооцогддог Илон Маскийн SpaceX компанийн шалгуурыг 14 настай хүү хангасан тул ажилд орохоор болжээ.

Кайран Кази тус компанид программ зохиогчоор ажиллах юм байна.

“Манай гарагийн хамгийн гоё компанид орж, Старлинкийн инженерийн багт программ зохиогчоор ажиллахаар боллоо. Миний нас, туршлагад хуучинсаг үзлээр хандаагүй ховор компаниудын нэг энэ юм” гэж тэр Пүрэв гарагт Linkedin хуудсандаа бичжээ.

Кази нь Санта Кларагийн их сургуулийн инженерийн сургуулийг хамгийн залуудаа төгссөн хүн болж байгаа юм байна.

Тэрбээр удахгүй Калифорни мужийн Плизантон хотоос ээжийн хамт Вашингтон мужийн Рэдмондод нүүж, SpaceX компанид ажиллаж эхлэхээр болжээ.

Кази хоёр настайдаа бүтэн өгүүлбэр хэлж чаддаг болсон бөгөөд цэцэрлэгт байхдаа бусад хүүхдүүд, багш нарт радиогоос сонссон зүйлээ ярьж өгдөг байсан гэнэ.

Ердийн сургуулийн хөтөлбөр хүүд хангалтгүй байсан тул эцэг эх нь түүнийг гуравдугаар ангид буюу есөн настай байхад Калифорнийн нэг коллежид шилжүүлж байжээ.

Тухайн жилдээ Кази ерөнхий хүн амын IQ тестийг өгөхөд 99.9 хувийн үр дүн үзүүлсэн байна.

Улмаар 11 настайдаа Санта Клара их сургуулийн компьютерын ухаан, инженерийн ангид суралцаж эхэлжээ.

Өнгөрсөн онд Кази кибер тандалтын Blackbird.AI компанид хиймэл оюуны чиглэлээр дөрвөн сарын хугацаанд дадлагажиж байсан байна.

“Уламжлалт ойлголтоор бол би хүүхэд насаа алдаж байгаа хүн. Гэхдээ би тэгж бодохгүй байна. Хэрвээ тэр ойлголтыг дагасан бол би одоо дунд сургуулиа л төгсөж байх байлаа” гэж Кази хэвлэлд ярьжээ.

 

Эх сурвалж: Business Insid

Categories
гадаад

Африк тив нэгдсэн мөнгөн тэмдэгттэй болно DNN.mn

Африк тивд нэгдсэн мөнгөн тэмдэгт нэвтрүүлэх төлөвлөгөө хэрэгжих шатандаа явж байна гэж Африкийн Холбооны /АХ/ Эдийн засгийн хөгжил, худалдаа, аялал жуулчлал, аж үйлдвэр, уул уурхайн асуудал эрхэлсэн дээд комиссар Альберт Мючанга пүрэв гарагт мэдээлжээ.   Түүний хэлснээр, нэгдсэн мөнгөн тэмдэгттэй болох хүчин чармайлтын хүрээнд макро эдийн засгийн нийлэмжтэй байдлын шалгуурыг гишүүн орнуудын удирдагчид 2021 онд баталсан бөгөөд уг шалгуурыг Африкийн валютын хүрээлэн хэрэгжүүлэх ажээ.

Тус хүрээлэнгийн төв байр Нигерид байрлах юм байна.  АХ-г Африкийн валютын хүрээлэнг байгуулах асуудлаар нөөц бололцоогоо дайчлахад Африкийн хөгжлийн банк /AfDB/ хувь нэмрээ оруулна гэдгийг А.Мючанга нэмж хэлээд, улмаар уг хүрээлэн үйл ажиллагаагаа эхлүүлсний дараа АХ-ны бүх гишүүн орон макро эдийн засгийн нийлэмжтэй байдлын хэрэгжилтийнхээ талаар илтгэнэ гэсэн байна. Кенийн Ерөнхийлөгч Уильям Руто Африкт өөр өөр мөнгөн тэмдэгт ашиглаж байгаа нь тив доторх худалдаанд саад болж байгаад санаа зовниж буйгаа өмнө нь илэрхийлж байжээ. Тэрбээр тус тивд төлбөрийн хэд хэдэн бүс нутгийн дэд бүтэц бий болсныг хүлээн зөвшөөрөхийн сацуу худалдааг хөнгөвчлөх нэгдсэн систем байхгүй, мөн янз бүрийн мөнгөн тэмдэгт хэрэглэж буй зэрэг асуудлыг шийдвэрлэх шаардлагатай хэмээн хэлсэн байна.

Categories
соёл-урлаг энтертаймент-ертөнц

“Опозит” хамтлаг есдүгээр сарын 2-нд тоглолтоо хийнэ DNN.mn

“Vandebo” хамтлагийн удаан хүлээлгэсэн “Зуны зугаа” тоглолт өнгөрсөн бямба гаригт амжилттай зохион байгуулагдсан.

Тэдний тоглолтын араас залуусын дунд “Опозит хамтлаг эргэн нэгдэж тоглолтоо хийгээсэй” гэсэн хүлээлт үүсээд байсан билээ. Тэгвэл нэгэн залуу өөрийн инстаграм хаягийнхаа сторид Опозит хамтлагийн тоглолтын постерыг оруулжээ.

Categories
эдийн-засаг

224 чингэлэг тээврээр зэсийн баяжмал экспортолжээ DNN.mn

Өнгөрсөн сарын 26-наас энэ сарын эхэн хүртэлх хугацаанд экспортод 9 мянга гаруй автомашин нүүрс гарчээ. Мөн хугацаанд экспортод 950 чингэлэг, мөн мянга гаруй жолоочгүй, ухаалаг жолоодлогын AGV тээвэр хийгдсэн байна.

Дээрх тээврүүдээр 1,134.0 мянган тонн нүүрс гаргаад байна. Үүнийг өмнө оны мөн үетэй харьцуулахад нүүрсний экспорт 107 хувь өсжээ. Оны эхнээс 24,049.4 мянган тонн нүүрс гарснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 18,194.5 мянган тонноор буюу 3 дахин өссөн байна.

Зэсийн баяжмал: 384 автомашин, 224 чингэлэг тээврээр экспортолжээ. Оны эхнээс нийт 630.2 мянган тонныг экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 2 хувиар өсжээ.

Төмрийн хүдэр, баяжмал: 27 автомашин, 1,830 чингэлэг тээвэр хил нэвтэрсэн. Оны эхнээс нийт 2,232.6 мянган тонныг экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 56 хувиар өсөв. Тайлант 7 хоногт 130.8 мян.тн төмрийн хүдэр, баяжмал хилээр гарчээ.

Эрдэс бүтээгдэхүүний нийт экспорт: Дунджаар 52 хувийн гүйцэтгэлтэй байна. Тухайлбал, нүүрс 65.9 хувь, зэсийн баяжмал 45.1 хувь, төмөр 26.5 хувь, алт 28.3 хувь, газрын тос 30.6 хувь, цайр 83.6 хувь, хайлуур жонш 84.1 хувь тус тус байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл

“Өдрийн сонин”-ы “Фото агшин” буланд гэрэл зургаа нийтлүүлээрэй DNN.mn

Монголын хамгийн олон уншигч, захиалагчтай Өдрийн сонины арын нүүрний “Фото агшин” буланд уншигч та бүхэн гэр бүл, найз нөхөд, хамт олон, арван жил, аялал, амралт зугаалга, амьдралын дурсамжтай, хөгтэй түүхэн, агшнуудыг буулгасан ховор нандин гэрэл зургуудаа нийтлүүлж ойр дотны хүмүүстээ бэлэг болгон барих боломжийг та бүхэнд олгож байна.

Мөн хайртай хүмүүсийнхээ төрсөн өдрийг тохиолдуулж Өдрийн сонинд зургийг нь нийтлүүлэх нь санаанд оромгүй, мартагдашгүй бэлэг болох нь дамжиггүй.

Та доорх гар утсаар холбоо барьж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
Гэрэл зураг хүлээн авах мэйл: tsetsegjargal1978@gmail.com Утас: 88039559

Өдрийн сонины Арын нүүрний “Фото агшин” буланд уншигч, захиалагчдаас ирүүлж нийтлүүлээд буй гэрэл зургуудыг танилцуулж байна.

 


Categories
мэдээ онцлох-нийтлэл

“Молор хонгор” галын морьд өнгөтэй байна DNN.mn

-Д.ГАНБААТАРЫН ДАРХАН ТҮМЭН ЭХ ХҮРЭН ХАЛЗАН МОРЬ ЭНЭ УЯАНД ТЭНЦЖЭЭ –


Уяан дээрээ дүүхэлзэх наран хонгор соёолонгийн хавирга шинийн хоёрны сар шиг хэрзийжээ. Сэлэм шиг хурц хөлөөрөө газар цавчиж цангинатал янцгаах ажнайг гуч эргэм насны шар залуу эмээллэж эрхийн чинээ жаахан хүүг мордуулаад тавилаа. Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, аймгийн алдарт уяач Энхтайваны Энхбаяраар ахлуулсан “Молор хонгор” галын уяачид наадамд уралдах морьдоо бариад байгаа нь энэ. Эднийх Сэргэлэн сумын урдхан талд гурван гэр бариад буужээ. Морьдоо энэ зургадугаар сарын 2-ны их дүйчин өдрөөр бариад, хараахан ёсолж амжаагүй байхад нь явж очлоо.

“Молор хонгор” галын ахлах, аймгийн алдарт уяач Э.Энхбаяр унаач хүүхдүүд болоод туслах уяачдынхаа ойр зуурын хэрэгцээтэй зүйлсийг аймгийн төвөөс авчраад удаагүй байна гэнэ. Түүнтэй мэнд мэдэж таван үг солих зуурт багачууд шаагилдаад орж ирэв. Дээрээс хойш гал дээр пургилсан шөл гүйцэд болов бололтой, жаахнууд гал тойроод л аягаа бариад сууцгаав. Үдийн хоолоо идэж байгаа нь энэ ажээ.

Тэд цайны цагаараа морьдынхоо идэш тэжээлийн талаар хоорондоо зөвлөлдөж, аль мориндоо ямар ажил хийх тухай болоод бас бус зүйлийг зөвлөлдөнө. Аяга шөлөө шоржигнотол сороод, аяга цай залгилсан тэд өдрийн ажилдаа ханцуй шамлаад орлоо.

Өнгөрсөн жилийн аймгийн наадмын өнгөнд давхисан морьдын цөм нь энд цуглажээ. Төв аймгийн 99 жилийн ойд аман хүзүүдсэн хүрэн морио хүлгүүдийнхээ хамгийн дээд талд нь сойсон байв. Энхбаяр уяач хүрэн морь руугаа үе үе анхааралтай харах нь ямар ажил хийх талаараа тархиа гашилгаж байгаа бололтой. Удахгүй тохиох наадмаар хүрэн морио хурдлуулахаар ихэд чармайж байгаа нь илт. Өнгөрсөн жил аймгийн наадамдаа айрагдсан соёолон нь ч эзэндээ итгэл төрүүлж байгаа бололтой.

Э.Энхбаяр уяач сүүлийн хорь гаруй жил энд галд гарч байгаа гэнэ. Энэ жил Сэргэлэн сумын урд дэнжид ногоо эрт цухуйжээ. Бага зэрэг сэрүүн салхитай байгааг эс тооцвол морины ажилд хамгийн таатай цаг агаар тохиож байгаа гэнэ.

Э.Энхбаярын өвөө нь Монгол Улсын анхны манлай уяачдын нэг Д.Даш. Хүүхэд ахуйдаа яг л энэ уяанд өвөөгийнхөө энгэрт зүүгдэж өссөн тэрбээр өвлөсөн эрдмээ залуу уяачдад хуваалцаж адууны сүүл боож явсаар төдийгөөс өдийтэй золгожээ. Тод манлай уяач Ц.Хэнмэдэх, П.Онон гээд 1990-ээд оны үеийн цуутай уяачид бүгд л энэ дэнжид чуулдаг байсан талаар Э.Энхбаяр хуучилж байна. Тэр үеийн домогт хурдан хүлгүүдийн цөм нь яг энэ дэнжид уягдаж төрийн наадамдаа тоосоо өргөдөг байж. Д.Ганбаатарын дархан түмэн эх хүрэн халзан морь л гэхэд энэ уяанд тэнцсэн унага гэнэ. Энэ хөндийд идээшсэн хүрэн халзан унага хожим төрийн наадамд гурав түрүүлж нэг айрагдсан түүхтэй.

Энэ арвин түүхтэй дэнжид сойгдсон хүлгүүд өнөө хэр нь төрийн наадамдаа хурдалж, түмэн олноо цэнгүүлсээр байна.

Өнгөрсөн жил л гэхэд энэ уяанаас мордсон хүрэн морь Төв аймгийнхаа 99 жилийн ойн их баяр наадмаар аман хүзүүдсэн гэнэ. Түүнчлэн соёолон насны ангилалд ч хул нь айрагджээ. Энэ жилийн тухайд уяа эвлэг морь хөнгөн сайхан байгаа талаар уяачид хэлж байна. Сүүлийн арван жилийн хугацаанд ийм дэлгэр зун Сэргэлэнгийн урд дэнжид тохиогоогүй гэнэ. “Молор хонгор” галынхан хэд хоногийн өмнө морьдынхоо өнгийг шинжихээр урагшаа Авдрын уулын тийш овооны наадамд оролцож хоёр ч айраг амсаад ирж. Энэ уралдаанаар морьдоо шинжиж хийх ажлуудаа тодорхойлж, төлөвлөгөө гаргаж аймгийнхаа зуун жилийн ойд тун чамбай бэлтгэж байна. Зургадугаар сарын 20-д гараад эрлийз давхилаа хийж ажлынхаа явцыг шинжих гэнэ. Улмаар бага, дунд сунгаагаараа ажлаа тааруулаад Хүй долоон худгийн дэнжийг зорих гэнэ.

Энэ уяанд найман настай балчраас ная шахсан буурал нийлсэн арав гаруй хүн цуглаад байна. Эдэн дунд хий эргэсэн нь нэг ч алга. Бүгд л дор бүрнээ тус тусын үүрэгтэй. Ная шахсан Цогоо гуай туслахтайгаа чөдөр зангидаж байхад гадаа найман настай Бат-Ирээдүй хүү морьдын нэмнээг уяа руу зөөнө. Өөр нэг балчир хажууд нь эмээл тэврээд дагаж байна. Тэр балчруудын амнаас гарах үг бүр наадамтай л холбоотой. Наадмаар тэр морь тэгнэ, энэ азарга ингэнэ гэхчлэн удахгүй болох наадмыг өөр өөрийн өнгөөрөө дүгнэж бяцхан мэтгээн үүсгэнэ.

Тэдний ажлын завсраар бяцхан хүү н.Бат-Ирээдүйтэй цөөн хором хөөрөлдлөө.


-Энэ жил хэдэн насны морь унах вэ?

-Зургаан насны морь унана.

-Аль насны морийг нь унах илүү дуртай вэ?

-Бүх насны л морь унаж байсан. Их насны морь унах илүү дуртай. Хамгийн хол газар уралддаг болохоор тэр.

-Даага унахад гоё биш үү?

-Зарим даага цуцаад явдаггүй юм аа. Нялх амьтныг чинь гуядаад байж болохгүй, хайрлаад байдаг юм. Хамаагүй явуулбал бахардаад уначихна.

-Наадмаа хүлээж байна уу?

-Наадмаа хүлээгээд нойр ч хүрэхгүй юм. Шөнө уралдаж байна гэж зүүдэлнэ. Наадмын урьд шөнө тохомоо дэрлээд хэвтэж байх хамгийн гоё. Уяа нь таарсан морьдын хөл хөнгөрөөд ямар гоё гээч. Айрагдаад ирвэл хамгийн сайхан.

-Өнгөрсөн жил ямар амжилттай уралдав?

-Говь-Алтайн наадамд уралдаад аман хүзүүдсэн. Үзүүр дээрээ жаахан шахуулаад урдаа алдчихсан. Энэ жил шахуулахгүй уралдана аа. Би хурдны морь гурван жил унаж байна. Аймгийн наадамд арай түрүүлж чадаагүй. Энэ жил түрүүлэх байх аа”. Бид ийн ярилцлаа.

“Молор хонгор” галын ахмад уяачид морины галд ирсэн хүүхэд ажил сураад буцдаг талаар хэлж байна. Морь уях ажлын ард хүүхэд хүмүүжүүлэх, хүн төлөвшүүлэх их ухаан явж байдгийг энэ насаараа адууны сүүл боож буй ахмад Цогоо гуай ярьж байна. Морины ажлын дэргэд өссөн хүүхэд амьтныг хайрлах сэтгэлтэй болж төлөвшихөөс гадна ажил хөдөлмөрт ч гавшгай суралцдаг ажээ.

Э.Энхбаяр уяачийн өвөө Д.Даш гуайн “Молор хонгор” азарга 1982-1987 оны хооронд улсын наадамд зургаан удаа айрагдаж байсан гэнэ. Даш гуай ч гол төлөв хонгор адуу хурдлуулдаг нэгэн байж. Түүний суут хонгор азарганы төл өдгөө ч улс бүсийн наадамд хурдалсаар байгааг ач хүү нь хэлж байлаа. Энэ жилийн тухайд “Молор хонгор” галын хүрэн морь төрийн наадам тоосоо өргөх бололтой. Өнгөрсөн жил аймгийнхаа наадамд аман хүзүүдсэн энэ хүлгийг Ардын хувьсгалын 102 жилийн ойн их баяр наадмын цээжинд уралдах морьдын нэгээр нэрлэж байна. Дархан түмэн эх хүрэн халзан морь тэнцсэн энэ хөндийгөөс энэ цагт хурдалж буй хүрэн морь төрийн наадамд торгон жолоо өргүүлж залуухан уяач Э.Энхбаяр цэнгэлдэх хүрээлэнд манлай уяач өвөөгийнхөө нэрийг дуурсгах цаг тийм ч хол биш биз ээ.

О.ДАШНЯМ

Categories
мэдээ онцлох-нийтлэл

Б.Бат-Эрдэнэ аваргыг ид байхад “Чиний тухай кино хийе” гэхэд зөвшөөрөөгүй DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС… 


Кино зураглаач З.Сүхбаатартай ярилцлаа. Тэрбээр “Монгол кино үйлдвэр”-т 1960 онд дагалдан оператороор орсон түүхтэй. Монголын түүхийг кино хальсанд буулгах түүний их ажлын жилүүд эндээс эхэлсэн. Тэрбээр улсын наадмыг 15-20 жилийн турш кино хальсанд буулгасан хүн. 150 баримтат кино, 300 гаруй кино мэдээ, сюжет бэлтгэсэн гэнэ шүү. Наадмын үеийн кино зураглаачийн хөдөлмөрийн талаар түүнээс эхлээд сонирхсон юм.


-Кино хальс нарийн. Мэдрэмж шаарддаг. Наадмын үеэр гэртээ байна гэж үгүй. Наадмаар ажиллах их гоё. Лагерьт байлаа гэхэд өглөө тусгай машин очиж авна. Орой ажил тарахад хүргэж өгнө. Сайхан байсан. Одоо хүүхдүүд маань “Наадам үзэх үү” гэхээр нь “Юу ярьж байгаа юм. Насаараа наадам үзлээ, юуг нь үзэх юм” гэдэг. Кино бас нэг их үзэх сонирхолгүй. Киноны сургуульд сурч байхад өглөө зургаан цагаас орой найман цаг хүртэл кино үзнэ. Лаборатори 24 цагаар ажилладаг. Өлсөж цангахаа ч анзаарахгүй ноцолддог байж. Одоо бол наадмаар телевиз хараад сууна. Бөхчүүдийг андахгүй. Б.Бат-Эрдэнэ аваргыг ид мундаг байхад “Чиний тухай кино хийе” гэхэд хийлгээгүй. Б.Бат-Эрдэнэ их шүтлэгтэй. Цэцэглэж байхад нь кино хийсэн бол сайхан залуу нас нь үлдэхгүй юу. Х.Баянмөнх, Ж.Мөнхбат аваргын тухай “Аваргын дэвжээнд” кино хийж байлаа. Наадмын үеэр 3000-аад метр цэвэр плёнк өгнө. Харагдсанаа аваад байж болохгүй. Секундэд 24 кадр явна. Плёнк аваад нарийн тооцоотой зарна шүү. Хэтрүүлж хэрэглэвэл өрөнд орно. Нэг кино мэдээнд 2000-аад метр хальсны зөвшөөрөлтэй. Угаахад тусгай ажилчинтай, Монгол кино үйлдвэр 500 ажилчинтай, мундаг ажиллаж байсан. Жилд таваас зургаан кино хийнэ. Баримтат кино тоймгүй олон хийнэ. Кино камер үүрчихээд, фото аппараттай явахад хэцүү. 27-28 орноор явсан. Зураг үлдээгүй хэмээн хуучиллаа.

-Та олон наадмаас бичлэг хийжээ. Социализмын үеийн наадам, одоогийн наадам өөр үү?

-Ер нь үйл явдал нь адилхан шүү дээ. Их насны морь, наадмын нээлт хаалт бүгд л адилхан. Хамгийн гол нь морины гарааг нисдэг тэргээр авдаг байлаа. Тэгэхэд хурдан морийг нисдэг тэргээр дагах зардал өгдөг байсан даа. Монгол кино үйлдвэрээс нэг оператор, телевизээс нэг оператор, гэрэл зурагчин нэг гээд тоотой хэдэн хүнд үнэмлэх өгдөг. Моринд явдаг байсан. Жил жилийн наадмаар кино зурганд явчихаагүй бол наадмын зурганд ерөнхий оператороор ажиллаж байсан л даа.

-Агшин хором алдвал хэцүү байх даа. Яаж бүхнийг амжуулах вэ тусгай арга техник байв уу?

-Арга техник байхгүй. Тэр үед одоогийнхтой адилгүй, аппарат гацна. Аппаратаа үүрээд, плёнкоо халаасандаа хийчихнэ. Гацсаныгаа дор нь сольж хийнэ шүү дээ. Бүх юм бэлэн явна. Аппарат 7-8 кг. Түүнийгээ бариад гүйчихнэ шүү дээ. Хөлс мөлс урсах хамаагүй ээ. Цуг явсан хамаатны фоточин “Хамар нь сарталзаад дайраад ордог” гээд намайг шоолоод байсан. Үйл явдлаас хоцорч болохгүй учраас дайрч орохоос өөр арга байдаггүй. Бүх юм механик, намдаад байвал гараа өргөж байгаад л таамгаараа авна. 1984 онд Кубад чуулганд Ж.Батмөнх дарга явсан. Ямар ч улсад эхлээд сэтгүүлч, сурвалжлагчид онгоцноос буудаг. Онгоцноос буусан чинь хүнгүй байсан. Нэг харсан Фидель Кастро байж байна. Тэгэнгүүт НАХЯ-ныхан намайг шууд өргөж аваачаад, өөр газар тавьчихаж байгаа юм. Германд сүйдэлнэ. Өшиглөнө. Гуя руу “аваад” хаяна. Өвдөхөд ялархах юм байхгүй, улангассан юм шиг дайрна шүү дээ. Арав хорь, гуч дөчин хүн буцалж байна. Айлчлалын зурагт гар барьж байгаа зураг, эсвэл цэцэг нь байхгүй байж болохгүй. Ю.Цэдэнбал даргатай явахад Хотын намын хороо, Соёлын яаманд зургаа үзүүлнэ. Тийм зураг алга байна. Сайхан болж гэх мэт дүгнэлтийг Филатово гуай л хэлнэ. Дарга юм хэлэхгүй.

-Шагнал урамшуулал авч байсан уу?

-Д.Бямбасүрэнгийн үед Засгийн газрын жуух авсан юм. Соёлын тэргүүний ажилтанг залуудаа авсан. Кино үйлдвэрийн 60 жилийн ойгоор Алтангадас авсан юм.

-Улаанбаатарт болсон үерийн үеэр та бас зураг авсан уу?

-1966 оны үерийн дараахан төгсч ирсэн. 100 айлд зуун гэр бариад, үерт нэрвэгдэж, гэр оронгүй болсон хүмүүст өгч байсан. Тэр үеийн зургийг бол авч байсан.

-Ингэхэд аав, ээж тань малчин хүмүүс байв уу?

-1939 онд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг Зүүн бүслүүр гэдэг газарт малчны гэрт төрсөн хүн. Аав маань Зандан гэдэг хүн байсан.

-Багадаа юу сонирхдог хүүхэд байв?

-Багадаа малд явдаг. Сургуульд бүжгийн дугуйланд явна. Фото зураг сонирхдог. Ес, аравдугаар ангид байхдаа “Зорький” аппараттай болсон. Фотогийн дугуйланд явдаг. Байшин сав, найзуудынхаа зургийг аваад шөнөжин угаагаад зарим нь ч өөдтэй зарим нь өөдгүй юм гарна.

-Яаж яваад кино зураглаач болчихов?

-Эцэг, эх өөд болооч эгчтэйгээ амьдардаг байлаа. 1959 онд их сургуулийн бэлтгэл ангид орсон. Оюутнууд хөдөө ажилд дайчлагддаг. Эгч маань бие нь муудаад ажил хийх аргагүй болсон. Тэжээх хүн байхгүй. Их сургуулийнхандаа үнэнээ хэлээд сургуулиас гарсан даа. Кино үйлдвэрт гоё зураг авдаг хүн ажилладаг гэж хүнээс дуулсан. Нутгийн хүнээ сураглаж байгаад очсон. “Би фото зураг авах дуртай. Дагалдан оператороор ажилд ороход эхлээд фотогоор шалгалт өгдөг юм байна. Ажилд оруулж өгөөч” гэж гуйлаа. Тэгээд шалгалт өгч намайг дагалдан оператороор авсан юм. Дүйнхэр гэдэг хүний шавь болов. Операторууд зурганд явахаар дагалдан оператор хөлийг нь бариад, аппаратыг нь бариад, плёнкыг нь цэнэглээд, гүйнэ. Овоо юм сурч байгаа юм л даа. Төрийн соёрхолт кино найруулагч Д.Жигжидтэй зурганд явна. Зураг авахыг нь л хараад байдаг. Өөрөө авах эрх байхгүй. Аппаратыг нь цэнэглэнэ, плёнкыг нь бэлтгэнэ, хамаг юмыг нь хийнэ. Тэгээд л зураг авч дуусахаар бүх юмаа хамж аваад явдаг байлаа. Д.Жигжид гуай “Улаанбаатарт байгаа миний аавд” уран сайхны киноны зураг авахад дагалдан туслах оператороор намайг томилсон юм. 1961 оны хавраас эхлээд тэр кинонд явж байхад манай уран сайхны удирдагч Э.Оюун гуай байлаа. Долоо, найман туслах байсан юм. “Та нар операторуудын хөл гарыг нь үүрээд л явах юм. Эд нар та нарт ном заадаг уу. Яаж зураг авахыг зааж өгдөг үү” гэсэн. “Өгдөг” гэсэн. “Та нарыг шалгана” гэнэ. Тэгээд кино, мэдээ сурвалжлага хоёр гурван газар авахуулсан юм. Зургуудаа бүгд Э.Оюун гуайд үзүүлсэн. Би киноны зураг авалтаар Хужиртын Улаан цутгаланд явж байсан юм. Намайг Д.Жигжид гуай дуудлаа. “Чамайг Москва хотын киноны дээд сургуульд явуулах болсон байна. Маргааш Хужиртаас онгоцоор Улаанбаатар явуулна” гээд 40 литр айраг, хонь аваад намайг гаргаж өгсөн. Шалтгалтад гайгүй дүн авсан шиг байгаа юм. Тэгээд л Э.Оюун гуайн хүчинд Москвад Бүх холбоотын кино урлагийн дээд сургуульд явсан. Тэгээд 1966 онд төгсч ирсэн. Намайг хоёрдугаар курст сурч байх жил Ю. Цэдэнбал дарга Москвад албан ёсны айлчлалаар очсон юм. Найруулагч маань Ю.Цэдэнбал даргын Москвад айлчилсан сэдвээр кино мэдээ хийх болсон. Оператороор би явлаа. Горькийн институтаас задгай тэрэг өгөөд, зургийн дарга гаргаад, курсын ажилдаа гарсан. Тэр үеэс л баримтат кинонд сонирхолтой болсон юм. Эндээс Ю.Цэдэнбал даргыг кино оператор Цэнджав гэж хүн дагаж явсан. Би тэндээс курсын ажил гээд Киноны сургуулиас ирэхгүй юу. Даргатай явж байгаа юм гэхээр намайг оруулчихдаг. Тэр үйл явдлын зургийг бүгдийг авсан. Их зоригтой, хамаагүй дайрч довтлоод л, ном дүрмийг нь мэдэхгүй. Үйл явдлыг л алдахгүй авах сонирхолтой. Онгоцны буудлаас буугаад гар барихад нь алдчихвал яаж кино болох вэ.

-Тэр үед Ю.Цэдэнбал дарга та нарт хандаж юм хэлсэн үү?

-Тийм юм байгаагүй. Найруулагч хажууд дагаж явна. Энийг нь авна шүү. Тэрийг л авахгүй бол кино байхгүй болно шүү гээд үглээд явуулна. Найруулагчийг дотогш нь оруулахгүй. Зургаа аваад курсийн ажлаа хийсэн. Курсийн ажил ч сайн болсон. Дэлхийн оюутан залуучуудын наадам Берлинд 1973 онд болсон. Төгсч ирээд түүнд явсан. Түүнээс хойш Ю.Цэдэнбал даргын итгэмжлэгдсэн кино оператор болсон юм. Даргыг хаана явна, дагаж явна. Герман, Румын, Болгарт айлчлалаар явахад нь дагаж яваад гурван бүлэг 30 минутын кино хийдэг байсан.

-Сансарт монгол хүн нисэхэд дагаж зураг авсан гэв үү?

-1978 онд намайг дууддаг юм байна. Төв хорооны үзэл суртлын хэлтсийн эрхлэгч биднийг дуудаад, “За Сүхбаатар аа. Монгол хүн сансарт нисэх талаар ярилцаад байгаа юм. Хүнээ сонгох юм байна. Энэ бүх үйл явдлын зургийг авахуулахаар чамайг томилж байна. Маш нууц. Хүн амьтанд хэлж болохгүй. Гэр бүлийнхээ хүнд ч хэлж болохгүй. Энэ зурганд л ажиллана шүү” гэсэн. Сансарт нисэхээр анх хориод хүн сонгосон байлаа. Зургийг нь аваад эхнээс нь эцсийг нь хүртэл дагасан даа. 1978-1981 он хүртэл ажилласан. Найруулагч нь Монголд байна. Гомбо гээд Золжаргалын аав, найруулагч, би оператор нь байсан. Тэгээд л ер нь 1979 он гэхэд Москвад амьдардаг, Оддын хотхонд очсон. Би тэр үед баримтат кинонд нэлээд явдаг. Москвагийн баримтат киноны студид танил ихтэй. Манайхан “Олон хүн явахаар зардал их орох гээд байна. Чи тэндээсээ дууны оператор, гэрэлтүүлэгч, зургийн дарга бэлтгэ” гэсэн. Эндээс цалинжуулаад, тийм хүмүүс тэндээсээ авсан. Өглөө зургийн дарга орос авгай ирээд, биднийг аваад, Оддын хотхонд очно. Оддын хотхонд НАХЯ-ны хөгшин хурандаа хүлээж авна. Бүх зураг дуусахаар хоол идүүлээд, дэлгүүр оруулаад буцаана. Маргааш нь тэдийд ирнэ гээд зургийн дарга ярьчихна. Ингэж бүх киног нь хийсэн. 1980 он гэхэд А вариант, Б вариант гээд Гүррагчаагийн тухай гурван бүлэг, Ганзоригийн тухай гурван бүлэг кино хийсэн байсан. Яг нислэгийн үеэр гаргана гэж бэлтгэсэн. Хэн нь ч нисч болно шүү дээ. Байконуурт очлоо. Сансараас эх дэлхийдээ буухад нь нэмэлт оператор явуулсан. Мандухайг хийсэн Балжиннямыг Байконуурт явуулсан.

-Охин тань бас таны мэргэжлийг өвлөсөн юм уу?

-Охин маань гэрэл зурагчин. Хүргэн маань яг манай сургуулийг 1984 онд төгссөн шүү дээ.

-Улаанбаатарын тухай кино хийгээд байраар шагнуулсан гэсэн?

-“Олондоо алдартай” гэж Улаанбаатарын тухай кино хийлээ. Захиалгат кино болохоор Хотын дарга киногоо үзээд “Үнэхээр сайн авсан байна. Операторын ажил ярих юм байхгүй. Чамайг байраар шагнана” гэсэн. Хамаатныхаа нэг өрөө байранд амьдардаг байлаа. Би хөдөө гадаа их явна. Манай гэр бүлийн хүн Найрамдлын районы намын хороонд Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга байсан. Эхнэр рүү маань утасдаж гэнэ. “Сүхбаатарын гэр бүлийн хүн мөн үү. Байр нь хуваарилагдаад сар болж байна. Байраа авахгүй юм байх даа” гэж. Тэгсэн надад дөрвөн өрөө байр өгсөн байхгүй юу. Нэг бол гадаад, нэг бол хөдөө явчихдаг байсан даа.

-Хамгийн зовж авсан зураг юу байна?

-Майн нэгнээр зураг авч байгаад таван метрийн өндөртэй кранаас шидүүлсэн юм.

-Яаж байгаад тэр вэ?

-Кино кран гэж байсан. Намайг туслахтай цуг сэгсэрчихсэн. 5 метрээс. Ухаан алдаад, Гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн. Гурав хоногийн дараа “Одоо дажгүй” гэсэн. Хорь, гучин жилийн дараа хөл муудаж, гэмтэл мэдэгддэг юм билээ.

 

 

Б.ЯНЖМАА

М.УНДРАЛ

Categories
мэдээ цаг-үе

Ойрын хоногуудад ихэнх нутгаар 30 хэм давж халахыг анхааруулж байна DNN.mn

Ойрын хоногуудад ихэнх нутгаар 30 градус давж халах тул наршилтаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

11,12-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 13-нд  баруун аймгуудын ихэнх нутаг,  төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 11,12-нд Алтайн салбар уулсаар, 13,14-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.  Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө +5…+10 градус, өдөртөө +19…+24 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө +20…+25 градус, өдөртөө +32…+37 градус, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр шөнөдөө +14…+19 градус, өдөртөө +28…+33 градус, бусад нутгаар шөнөдөө +10…+15 градус, өдөртөө +24…+29 градус дулаан байна. 13,14-нд нутгийн баруун хойд хэсгээр сэрүүснэ.

Categories
эдийн-засаг

Дизель түлшний үнэ сүүлийн хоёр сард 200-300 төгрөгөөр буурчээ DNN.mn

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар сүүлийн хоёр сард дизель түлшний үнэ литр тутамд 200-300 төгрөгөөр буурсан гэв.

АМГТГ-аас мэдээлснээр дөрөвдүгээр сарын байдлаар 96881 тонн дизель түлшний үлдэгдэлтэй байжээ. Энэ нь 2022 оныхоос 40 орчим мянган тонноор илүү байна.

Гэвч үнэ өмнөх оноос 118 хувиар өсөж, улсын дундаж 4006 төгрөг байна. Өнгөрсөн онд дундаж нэг литр дизель түлшний үнэ 3369 төгрөг байжээ.

Categories
гадаад

Air India компани Сибирийн жижиг хотод хоёр хоног саатуулсан зорчигчдоосоо уучлал гуйжээ DNN.mn

Энэтхэгийн үндэсний агаарын тээвэрлэгч Air India компанийн Дели хотоос АНУ-ын Сан-Франциско хотын чиглэлд ниссэн онгоц техникийн доголдлын улмаас Мягмар гарагт ОХУ-ын Магадан хотод газардсан юм.

Магадан бол Охотскийн тэнгисийн эрэгт оршдог алс дорнодын жижиг хот.

Ослын буулт хийсэн Boeing 777 нисэх онгоцонд 216 зорчигч, бүхээгийн 16 ажилтан явж байжээ.

Зорчигчид Магадан хотын нэгэн сургуулийн спортын зааланд хүнд хэцүү нөхцөлд хоёр хоносон тухай гэрчүүд мэдээлсэн байна. Тэднийг дэвсэх гудас, нөмрөх хөнжлөөр хангаж, цай, талх, будаанаас өөр хоол өгөөгүй гэнэ.