Цагдаагийн Ерөнхий газраас мэдэгдэл хийлээ. Монгол Улсын Засгийн газраас 2018 оныг “Хариуцлагын жил” болгон зарлаж “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” албан даалгаврыг төрийн байгууллагын бүх шатанд бүрэн хэрэгжүүлэхийг үүрэг болгосон. Энэ хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын үйл ажиллагаа, алба хаагчдын мэргэжлийн түвшинг үнэлэх, шинээр батлагдсан хууль тогтоомжуудын хэрэгжилттэй танилцах, сургалт зохиох үүрэг бүхий ажлын хэсгүүд хөдөө орон нутгийн цагдаагийн газар, хэлтсүүдэд ажиллаж байна. Ажиллагааны гол зорилго нь цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагын үйл ажиллагаа, алба хаагч, ажилтнуудын тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлага хангасан байдал, үйл ажиллагааны үр дүн, мэргэжил ажлын ур чадварын түвшинг тогтоох, сургалт хийх, олон нийтийн бодлыг сонсох, үйл ажиллагаандаа тусгах юм. Арга хэмжээ 2018 оны зургаадугаар сарын 15 хүртэл үргэлжилнэ.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү ярихдаа “Цагдаагийн байгууллагаас цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан мэдээлэл хийж байна. Хөдөө орон нутгаар ажлын хэсэг ажиллаж байгаа. Нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагаас ард иргэд рүү зар тавих байх. Иргэд олон нийт цагдаагийн газраас ажиллаж байгаа удирдлагын багийн бүрэлдэхүүнтэй уулзах эрх нээлттэй. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны талаар сайшаалтай, дутагдалтай санал хүсэлтэй чөлөөтэй илэрхийлж болно. Таны өгсөн санал цагдаагийн төв байгууллагын удирдлагад хүрч, тодорхой үе шаттай арга хэмжээг авах юм. Энэ ажилд та бүхэн өргөнөөр оролцоорой.
Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр цагдаагийн алба хаагчтай холбоотой мэдээлэл гарсан. Албаны эх сурвалжаас мэдээлэл өгөхийг зорилоо. Эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөгч дэслэгч М нь өөрийн шалгаж байсан хэргийн холбогдогчоос хээл хахууль авсан байж болзошгүй хэргийг цагдаагийн байгууллага дотоод хяналт шалгалтаар илрүүлэн харьяаллын дагуу Авлигатай тэмцэх газар шилжүүлэн шалгаж байна. Он гарсаар сахилга хариуцлагын жил зарлаж цагдаагийн алба хаагчид дотооддоо дэг журмыг сайжруулах хууль тогтоомж зөрчдөг асуудалтай тэмцэх ажлыг эрчимжүүлсэн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдээс замын цагдаа шан харамж авч асуудлыг өнгөрүүлснийг дотоодын хяналт шалгалтаар илрүүлэн холбогдох хуулийн дагуу Авлигатай тэмцэх газар шилжүүлсэн. Цагдаагийн байгууллага дотоод хууль тогтоомж зөрчдөг, албаны нэр хүнд унагадаг ийм асуудалтай эвлэрэхгүй. Цагдаагийн байгууллагын дотоод хяналт шалгалтын 126 тусгай дугаарын утас 24 цагийн турш нээлттэй ажилладаг. Иргэд цагдаагийн алба хаагчтай холбоотой хүнд суртал, хээл хахуультай холбоотой мэдээллийг 24 цагийн турш өгөх боломжтой. ЦЕГ-ын фэйсбүүк хуудас, твиттер, утсанд мэдээлэл өгч болно. Үүнийг бид хүлээж аваад хуулийн дагуу шийднэ. Эргээд хариу мэдэгдэх ажиллагааг тогтмол явуулдаг.
Энэ сарын 19-ний өдөр СХД-ийн нутаг дэвсгэрт ноцтой зам тээврийн осол гарсан. Цагдаагийн алба хаагч хурандаа ийм асуудал гаргалаа гэсэн ташаа мэдээлэл гарсан. 2007 онд цагдаагийн албанаас цэргийн байнгын тэтгэвэрт гарсан цагдаагийн дэд хурандаа цолтой хүн байсан. Зам тээврийн осолтой холбоотой хэргийг хуулийн дагуу СХД дэх замын цагдаагийн хэлтэс шалгаж байгаа. Үүн дээр ямар нэгэн байдлаар давуу эрх олгохгүй. Хууль тогтоомжид заасан үүрэг журмын дагуу шуурхай шалгаж шийдвэрлэнэ. Шүүхийн шийдвэр хэрхэн гарсан талаар эргээд мэдээллэх болно.
ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт он гарсаар олон арга хэмжээг явуулсан. Тухай бүрд нь иргэд олон нийтэд мэдээллэж байгаа. Гол нь яагаад энэ талаар мэдээллүүдийг хүргэж байгаа вэ гэвэл хар тамхитай тэмцэх асуудлыг бүх нийтийн анхаарлын төвд оруулах, залуучуудад ийм төрлийн бодисын хор нөлөөг таниулах, хэрэглээг таслах, соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх ажлыг хамтран хийх үүднээс мэдээлдэг. Зөвхөн энэ сарын байдлаар гэхэд хар тамхитай тэмцэх чиглэлээр тодорхой ажлуудыг хийж 21 холбогдогчтой найман хэргийг илрүүлсэн. Одоо хэргүүд шалгагдаж байгаа. Зарим хэргүүдийг дурьдвал 2018 оны тавдугаар сарын 4-5 шилжих шөнө урьд нь хар тамхи, мансууруулах төрлийн бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдон шүүхээс хорих ял шийтгүүлж байсан 38 настай Ч гэгч нь 29 настай Б-тэй хамтран хар тамхи мансууруулах төрлийн бодисыг хууль бусаар олж авч тээвэрлэж байхад нь БГД-ийн нутаг дэвсгэрээс дайчлан баривчилсан. Ч гэгч нь 2018 оны хоёрдугаар сард ялын хугацаа дуусаж, суллагдсан этгээд байгаа. Дахин энэ төрлийн гэмт хэрэгт холбогдлоо.
2018 оны тавдугаар сарын 22-ны хар тамхи мансууруулах төрлийн ургамал болох марихуаныг хууль бусаар гэртээ тарьж, ургуулсан Монгол Улсын иргэн 23 настай Б, 28 настай Т нарыг ХУД-ийн нутаг дэвсгэрт байх гэрээс нь дайчлан баривчилсан. Гэртээ их хэмжээний мансууруулах төрлийн ургамал тарьж ургуулж байсан асуудлыг таслан зогсоож, эд мөрийн баримтыг хураан авч шалгах ажиллагаа үргэлжилж байна.
2018 оны тавдугаар сарын 25-ны өдөр Монгол Улсын иргэн 41 настай О, 36 настай А, 36 настай Т нарыг БЗД-ийн нутаг дэвсгэрээс дайчлан баривчилсан. Т, А нар нь урьд нь хуулийн хяналтын байгууллагад ажиллаж байгаад хар тамхитай холбоотой хэрэгт холбогдсоныг шалгаж байгаа.Энэ хэрэгт хамтран оролцсон О гэгч нь уг гэмт хэргийн өмгөөлөгчөөр ажиллаж байсан хүн. Эдгээр хүмүүс хар тамхины төрлийн бодис тээвэрлэсэн, хэрэглэсэн байж болзошгүй” хэмээн мэдэгдэв. Эдгээр гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн дотор олны танил хоёр эрхэм байгаа аж.
Дашрамд дурьдхад олны танил хоёр эрхэм нь албан бус эх сурвалжаас авсан мэдээллээр Ice Top хамтлагийн дуучин Коби, Эгшиглэн нар аж. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодруулсан ч хэрэг шалгагдаж байгаа учир нэрийг зарлах боломжгүй гэсэн юм.