Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Үг бол хэвлэл мэдээллийн байгууллагын түүхий эд

Мэргэжлийн сэтгүүл зүй ба дижитал эрин үе хэвлэл мэдээллийн байгууллагуудын дундах форум боллоо. Уг ёс зүйн форум нь хоёр дахь жилдээ болж байна.Хэвлэл мэдээллийнхэн, сэтгүүлчид нийтээрээ олон нийтийн эрх ашгийг тэргүүн эгнээнд тавьж, хараат бус, баримт нотолгоотой мэдээллийг хэрэглэгчдэд хүргэдэг, хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмаа чанд мөрддөг байхыг энэхүү форумаар дамжуулан уриалж буй юм.

МУБИС-ийн Нийгэм Хүмүүлэгийн Ухааны Сургуулийн захирал профессор Ж.Батбаатар хэлэхдээ “Дижитал эрин үе бол хэвлэл мэдээллийн байгууллагын хувьд цунами. Цунамид өртөхгүйн тулд мод тарьдаг болохоос агуйд нуугддаггүй. Сэтгүүлчид ээ, сэрцгээ. Ажлаа хийцгээ. Өнөөдөр сошиал медиагаас ялгарахын тулд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагууд юу хийж байна вэ. Ялгаралаа бий болгох модоо тарьцгаа. Залуучуудыг сонин уншиж, радио сонсдоггүй гэж буруутгаж болохгүй. Тэднийг татах, уншуулахын тулд сошиалаас ялгарч юу хийсэн билээ редакциуд” гэв.

Эхний хэлэлцүүлэг “Мэргэжлийн сэтгүүл зүй ба нийгмийн сүлжээ сэдвээр модератор: Ц.Тамир (МЭССЗТ-ийн фактчетэр), Ч.Болортуяа (ХМЗ-ийн ёс зүйн хорооны гишүүн, Ikon.mn сайтын ерөнхий редактор), Д.Түмэн-Өлзий (Араньян, нийтлэлч, нийгмийн сүлжээний төлөөлөл), Д.Дагиймаа (ХИС-ийн мэдээлэл харилцааны менежментийн сургуулийн захирал), С.Болд-Эрдэнэ (Asia mining сэтгүүлийн эрхлэгч) нарын дунд өрнөлөө.

Ц.Тамир: Үзэн ядах үг хэллэгээр үзэн ядах процесс үргэлжилж байна. Үг гэдэг контентоо үйлдвэрлэнэ үү, дижитал нь байна уу, цаас нь байна уу хамаагүй хэвлэл мэдээллийн байгууллагын түүхий эд нь болдог. Эцсийн бүтээгдэхүүн болоход хамгийн тулгуур цэг нь болдог. Тэгэхээр үг бол хэдэн жилийн дараа хувьсана, өөрчлөгдөнө гэсэн зүйл байхгүй. Үүгээр юу хэлэх байна гэвэл Үг-Цаазлах хөдөлгөөн өрнөөд байна. Энэ нь ёс зүй, найруулга зүй, үг зүйтэй холбоотой. Мэргэжлийн сэтгүүл зүйн ангид найруулга зүй дотроо тусдаа орчин цагийн Монгол хэлийг хуваан сонины хэл, сэтгүүлийн хэл, телевизийн хэл, радиогийн хэл гэж хичээд ордог. Одооны сургалтад твиттерийн хэл, фэйсбүүкийн хэл, рекламны хэл ч гэдэг юмуу тусад нь оруулдаг болмоор байна. Хэрэглэж болохгүй үг гэж байхгүй. Хэрэглэж байгаа үгээ ньюансыг нь зөв олоод, зөв байршуулаад учир шалтгааны холбогдолтойгоор гаргаж хэрэглэх нь зүйтэй гэлээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Э.Бөхбат: Хүүхдийн суурь боловсролд суулгаад өгвөл ирээдүйн зөв хандлагатай жолооч төрөх магадлал өндөр

School police, Children police, Kinder police зэрэг арга хэмжээнүүдийг зохион хэрэгжүүлж байгаа Тээврийн цагдаагийн албаны урдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбаттай ярилцлаа.

-Тээврийн хэрэгслийн хүүхэд тээвэрлэлт ямар байх ёстой вэ? Тогтсон стандарт бий юу?

-Арваннэгдүгээр сарын нэгнээс мөрдөгдөж эхлэх замын хөдөлгөөний дүрмээр иргэдэд маш ойлгомжтой болгож өгсөн. Хуучин нь тодорхой бус заалтууд их байсан. Одоо бол маш тодорхой болгож 10 хүртэлх насны хүүхдийг тусгай зориулалтын суудал болон тусгай зориулалтын хамгаалах хэрэгсэлгүйгээр тээвэрлэхэд хариуцлага тооцохоор болсон. Монгол Улсад байгаа 800 мянга гаруй тээврийн хэрэгслийн 51 хувь нь буруу талдаа рультэй. Буруу талдаа рультэй тээврийн хэрэгслийн 70 гаруй хувь нь хүүхэд тээвэрлэхэд оролцдог. Цагдаагийн байгууллагаас хүүхдийг зориулалтын хамгаалалттай арын суудалд суулгаж тээвэрлэх шаардлага тавьж байна. Хүүхдийг дандаа буруу тээвэрлэчихээд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд зориулагдсан зорчих хэсгийн бус газраар хөдөлгөөнд оролцдог. Ер нь замын хөдөлгөөнд оролцож хүүхэд тээвэрлэж байгаа бүх хүмүүсийн 97 хувь нь буруу тээвэрлэдэг. Тэгэхээр гуравхан хувь нь л хүүхдээ ардаа суулгаж бүс бүслүүлдэг байх нь. Тэгээд л жилд нас барж буй хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй болоод байгаа дийлэнх хувь нь буруу тээвэрлэлт, гарц гаргалгаагүй газраар гарах буруу үлгэр дуурайл үзүүлснээс болж үүсч буй эндэгдэл юм. Дээрээс нь энэ чиглэлийн мэдлэг мэдээллийг хүүхдүүдэд олгодог сургалт, сурталчилгаа, системгүй байгаатай холбоотой.

-Хүүхдийн зориулалтын автобусууд бүгд стандарт шаардлагыг хангаж чадаж байгаа юу? Хүрэлцээ бага гээд асуудал их харагддаг.

-Хүүхдийн автобусны MNC гээд стандарт батлагдсан байдаг. Заавал хүүхэд автобусаар тээвэрлэж хичээлд хүргэ гэсэн заавар тушаалтай байж байж л сургуулиуд бүрэн хамрагдах байх. Өнгөрсөн жилүүдэд явж байсан хүүхэд тээвэрлэлтийн зориулалттай автобусуудын тоо буурчихсан. 20 гаруй хувиар. Хүүхэд тээвэрлэх автобусны жолооч нь маш өндөр хариуцлагатай байх шаардлагатай. Ер нь хүүхэд тээвэрлэж байгаа тээврийн хэрэгсэл нь аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан, ашиглалтын журмыг маш сайн баримталсан, үзүүлэлт сайтай тээврийн хэрэгсэл байх ёстой. Энэ асуудлыг бүх шатандаа хэрэгжүүлж хийвэл, ялангуяа 11 нас хүртэлх хүүдийн аюулгүй байдлыг дээд зэргээр хангах нь хүүхдийн автобусыг хариуцаж буй тухайн сургууль жолоочийн үүрэг. Хүүхдийн автобусыг бүх сургуулиудад нэвтрүүлэх, илүү олон болгох шаардлагатай байна. Яагаад гэвэл 300 гаруй мянган хүүхдийг тээвэрлэж байгаагийн 70 гаруй хувь нь авто машинаар тээвэрлэдэг. Үлдсэн нь явганаар тээвэрлэлт байгаа. Автомашинаар тээвэрлэлтийг хүүхдийн автобус руу шилжүүлбэл өдөр хичээл нь ордог 50 мянган хүүдийг хэдэн автобусаар зөөвөрлөбөл зохих. Эргээд 50 мянган хүүхэд зөөх автомашины тоо буурна. Энэ нь мэдээж замын хөдөлгөөний түгжрэл сааталд сайнаар нөлөөлнө шүү дээ. Үүнээс зам тээврийн осолд өртөх хүүхдийн тоо буурах, сэргийлэгдэх олон сайн тал харагдаж байна.

-Эцэг эхчүүд хотын төвийн сургуулиудын сургалт сайн гээд харьяаллын бус сургуулиудад хүүхдээ өгөх сонирхол их байдаг. Тэгэхээр энэ нь хүүхдийн автобус гэж гаргахад хүндрэл чирэгдэл ихтэй байх болов уу?

-Энэ асуудлыг маш их тавьдаг. Жишээ нь: Баянзүрх дүүргээс хоёр гурван дүүрэг дамжиж Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт хүүхдээ сургуульд өгдөг. Хаа байсан Сонгинохайрхан дүүргээс Хан-Уулд дүүрэгт хүүхдээ зөөдөг гэх мэт тоо баримтаараа бидэнд гарсан байгаа. Тэр чиглэл болгонд автобус гаргана гэдэг их эрсдэлтэй, төвөгтэй асуудал. Сонгинохайрхнаас нэг хүүхэд Хан-Уул руу зөөхөөр дүүрэг дамнан автобус явахад ямар хүндрэл гарахыг тооцох хэрэгтэй. Хичээлийн цагийн хуваарь, харьяаллаар нь хүүхдээ сургуульд нь оруулах, түүнийхээ дагуу явах шаардлага гарч ирж байна.

-Хүүхдийн хичээлийн хуваарьт замын хөдөлгөөний аюулгүйн дүрмийн талаар оруулах хэрэгтэй байна гэсэн. Энэ талаар Боловсролын яаманд хандаж үзсэн үү?

-Маш олон удаа хандсан. Дорвитой хариу өгөөгүй л байна. Хүүхдийн суурь боловсролд суулгаад өгвөл ирээдүйн зөв хандлагатай жолооч төрөх магадлал өндөр. Өглөө хичээл ажил орох, тарах цаг ойролцоо болоод байгаа. Түүгээрээ нэг дор шамбааралдаад гүйлдээд байдаг болсон. Үүн дээр шинжлэх ухааны гаргалгаатай аргачлалуудыг зохион байгуулах, бусад орнуудын туршлагыг нэвтрүүлэх хэрэгтэй байна. Өглөө ажлын цагийг эрт болгох, түүнийгээ дагаад эрт тардаг гэртээ гэр бүлдээ зарцуулах цагийг нэмэгдүүлэх ийм арга хэмжээ авах шаардлага байна. Төр засгаас зөв бодлого шийдвэрийг дэмжээд өгвөл иргэд нь ч гэсэн зөв шийдвэр санааг дэмжээд зөв хандлага гаргадаг эерэг үзэгдлүүд зөндөө байдаг. Гэтэл одоо эцэг эхчүүд нь зургаан цагт тараад хүүхдүүдээ долоон цагт аваад найм гэж хариад гэр бүлдээ зориулах цаг зав ер гарахгүй байна шүү дээ. Илүү цагаар харсан багш нарт нь мөнгө илүү цагийн мөнгө цуглуулж өгдөг, багш нарыг 2-3 цагаар илүү ажиллуудаг. Жижүүрийн багш гэдэг шинэ ажлын байр бий болоод байна. Энэ тал дээр манай боловсролын байгууллагууд авч байгаа санал сэтгэгдэл дээр хамтран ажиллаач ээ. Орой есөн цагт хүүхдээ аваад буцаад өглөө долоон цагт ажилдаа гардаг эцэг эхчүүдийн гэр бүлдээ өнгөрүүлж буй цагийг судлаад үзээч ээ гэсэн хүсэлтийг цагдаагийн байгууллагаас боловсролын байгууллагуудад хүргүүлээд байгаа.

School police хөтөлбөр хэрэгжиж эхлээд багагүй хугацааг өнгөрүүллээ. Араас нь Kinder police, children police зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхлэх гэж байна. School police хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хүүхдүүдийн зам тээврийн осолд өртөх тоо хэр буурсан бэ?

-2018 оны эхний есөн сарын статистик тоо баримтаас үзэхэд 2017 оны эхний есөн сард 1298 хүн зам тээврийн осолд ямар нэгэн байдлаар өртсөн байна. Энэ онд 997 болж 23.2 хувиар буурсан. Гэмтсэн хүүхдийн тоо 874 байсан бол 699 болж 21 хувиар буурчээ. Амь нас хохирсон хүмүүсийн тоо харин нэмэгдсэн харагдаж байна. Энэ яагаад гэвэл сургуулийн орчинд ажиллаж байгаа хүмүүсээс шалтгаалахгүй болохоор нэмэгдсэн байх магадлалтай. 2017 онд зам тээврийн ослоор нас барсан хүүхдийн тоо 53 байсан бол 2018 онд 31 болж 40.05 хувиар буурлаа. Гэмтсэн хүүхэд 150-111 болж 26 хувиар буурсан. Энэ бүх үзүүлэлтүүд School police хөтөлбөртэй шууд хамааралтай. Энэ ажлын үр дүн гэж харж байна. Цаашид бид сургууль, эцэг эх, багш нартайгаа хамтраад Kinder police, Children police гэх хөтөлбөрүүдийг эхнээсээ хэрэгжүүлээд эхэлсэн. Бүх талаасаа харилцан хамтарч ажиллаад нэг нэгнийгээ сайн дэмжээд өгвөл энэ бүх харамсалтай тоо баримт илүү буурна гэж харж байна.

-Хөдөө орон нутгийн замд гэр бүлээрээ автомашины ослоор нас барах тохиолдлууд их байдаг. Орон нутгийн замуудад цаашид ямар арга хэмжээ авах вэ?

-2017, 2018 оны нэгдүгээр улирлаар нас барсан гэмт хэргийн тоог авч үзэхэд 60-70 хувь нь орон нутгийн зам дээр гарсан тохиолдлууд байна. Орон нутгийн зам дээр гарч буй зөрчлүүд маш тодорхой. Хурд хэтрүүлэх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барих, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцох, буруу тээвэрлэлт гэсэн хамгийн энгийн зүйл дээр зөрчил гаргадаг. Хөдөө орон нутгийн замд мэдээлэгдсэн байдал замын тэмдэг тэмдэглэгээ байдаггүй. Тийм нөхцөл байдлаас үүссэн зөрчлүүд л байдаг. Орон нутгийн замд хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар саяны энэ хэдэн шалтгааныг засаж залруулж хөдөлгөөнд оролцооч ээ. Дээрээс нь хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл удаан хугацаагаар барих нь бас нэгэн гэмт хэрэг үүсэх нөхцөл болдог. Гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ тэр үйлдлээ зөв гүйцэтгэх, хол ойрын гэрлээ шилжүүлэхдээ онцгой анхаарах, буруу талдаа рультэй машин зогсолтоо буруу хийснээс болж осол гарах шалтгаан болдог. Хамгийн их ажиглагдаж байгаа зөрчил нь хэт ядарсан үедээ жолоо барьж хөдөлгөөнд оролцох. Дандаа онхолдох мөргөлдөх байдлаар амь насандаа аюул учруулдаг. Онхолдоно гэдэг нь хурд хэтрүүлсэн нь туйлын тодорхой. Хэт ядарсан, согтуу хүмүүс урсгал сөрнө. Эгнээгээ өөрчлөнө, гэрлээ шилжүүлэхгүй, хаа хамаагүй зогсоно. Бусдадаа төвөгтэй. Ийм төрлийн зөрчлүүдээс болж орон нутгийн зам дээрх нас баралтын тоо өссөн байгаа. Бид орон нутгийн зам дээр хяналт шалгалтыг өөрсдийн биеэр хийж байгаа юм. Жишээ нь: Хэнтий аймгийн Өндөрхаан суманд 2-3 цагхурд хэмжихэд хурд хэтрүүлдэг жолооч байхгүй болчихдог. Тэгэхээр нь за энд хурд хэтрэх зөрчил гардаггүй юм байна. Жолооч нар ухамсартай сайн болж гээд 2-3 км цаана очоод дахиад хэмжилт үзэхэд хурдыг 50-70 хувиар хэтрүүлж байгаа зөрчил илрэх жишээтэй. Тэгэхээр манай жолооч нар зөрчил илрүүлдэг камерийн өмнө юм уу, хяналт шалгалтын цагдаагийн алба хаагчийн өмнө зөрчиж болохгүй. Бусад үед дүрэм зөрчиж болно гэсэн буруу зуршлаасаа салаач ээ. Цагдаагийн байгууллагаас Орон нутгийн зам хөдөлгөөний соёл аяныг дөрвөн сарын хугацаанд зохион байгуулсан. Энэ хугацаанд харин орон нутгийн замын осол буурсан. Энэ аяны хүрээнд орон нутгийн аюултай 64 байршилд анхааруулах самбаруудыг байршууллаа. Цаашид үргэлжлүүлэн зохион байгуулж ажиллах болно. Үүнээс орон нутгийн замд гарч байгаа осол, зөрчил, гэмт хэргүүд тодорхой хэмжээгээр буурна гэж найдаж байна.

-Зам тээврийн осол нь урдчилан сэргийлж болох, таслан зогсоож болох насбаралтдаа ордог шүү дээ. Үүнд хувь хүний ухамсар л чухал байх?

-Хувь хүний ухамсрын үйл ажиллагаа, тээврийн хэрэгслийн ашиглалтын байдал, цагдаагийн байгууллагын хамтарсан ажиллагаа зэрэг 4-5 хүчин зүйлээс хамаарч урьдчилан сэргийлэгдэж болох нас баралт. Хувь хүний ухамсрын соёлд маш олон хүчин зүйл хамаарна. Дээрээс нь дүрмээ мэдэхгүй, мэдсэн ч биелүүлдэггүй нь хамгийн гол хүчин зүйлүүд.

-Жолооны сургуулиуд хэр чанартай жолооч бэлгэдэг вэ?

-Жолооны сургуулиудад чанартай бэлтгэгдсэн байсан бол зам тээврийн осол хэрэг бага гарах байх. Үйлдэгдэж байгаа зам тээврийн осол хэргийн дийлэнх нь 0-5 жилийн дотор тээврийн хэрэгсэл барьж буй нөхдүүд л байдаг. 12-оос дээш жил тээврийн хэрэгсэл жолоодсон хүмүүсийн дунд осол гаргах нь маш бага байдаг. Нийт осол зөрчлийн 17 хувийг л эзэлдэг. Тэгэхээр 0-5 жил жолоо барьж байгаа хүмүүсийг жолооч гэж хэлэхгүй. Зам дээр жолооч бэлтгэгдээд байна уу, тэнд бэлгэгдээд байна уу гэдэг туйлын тодорхой.

Children police хөтөлбөр хэзээнээс хэрэгжих вэ?

-Зарим дүүрэг сургуулиудад эхнээсээ хэрэгжээд эхэлсэн. Children police нь сургууль руугаа ганцаараа ирж, очдог хүүхдүүдийн гэрээсээ сургууль хүрэх маршрутад хяналт тавьж хүүхдийг хараа хяналттай сургуульд нь очуулах, хариулах хөтөлбөр юм. Энэ хөтөлбөр хэрэгжснээр хүүхдүүдэд хамааралтай осол гэмтэл, гэмт хэргийн гаралт буурна гэсэн төлөвлөгөөтэй байгаа.

Kinder police хөтөлбөр хэзээнээс хэрэгжих вэ?

-Арваннэгдүгээр сарын нэгнээс гэж төлөвлөсөн. Бид хантааз хэрэгслүүдээ захиалчихсан ирэхийг нь хүлээж байна. Ирэнгүүт нь хөтөлбөрөө эхлүүлнэ. Цэцэрлэгийн орчинд хүүхдийг хэрхэн зөв тээвэрлэн хүргэж байна. Зам гарц гаргалгааг хэр зөв гарч байна гээд бүх тал дээр хяналт тавина. Бидний энэ хөтөлбөрийг дэмжин ажиллахаа нэлээд олон цэцэрлэг илэрхийлж, хамтран ажиллахаар болсон. Цаашид нийслэлийн бүх цэцэрлэгүүдтэй хамтран ажиллана.

Kinder police-ийн сургалт бий юу?

-Цэцэрлэг бүрт хүүхдийн тээвэрлэлтийн дүрэм журам хэрэгтэй материалыг бүгдийг нь тараасан байгаа. Бэлтгэл ажлаа дуусаад шууд хүмүүсээрээ хяналтаа тавиулж эхлүүлнэ. Эцэг эхчүүд биднийг дэмжин, хүүхдийнхээ төлөө хамтран ажиллаасай.

-Зөрчил гаргавал яах вэ? Удаа дараа зөрчвөл ямар арга хэмжээ авах уу?

-Эхний ээлжинд сануулга өгнө. Удаа дараа анхааруулаад зөрчлөө засахгүй бол хүүхдийг нь сургууль цэцэрлэгээс нь хасах хүртэл арга хэмжээ авна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Орон орны тарваганууд олон хэлээр “ярьдаг”

Тарвага бол хэрэмнийхэн овгийн мэрэгч амьтан. Дэлхий даяар 14 зүйлийн тарвага бий. Манай улс Алтайн тарвага буюу хар тарвага, хээрийн тарвага буюу шар тарвага гэсэн хоёр зүйлийн тарвагатай. Энэ амьтны биеийн урт 47-58 см, жин 3-5 кг байдаг. Гуужилт гурваас тавдугаар сард эхэлж, наймаас арваннэгдүгээр сард үс хөрс нь бүрэн гүйцдэг. Эмэгчин тарвага ихдээ 12 хүртэлх мөндөл гаргана. Мөндөлүүд 30-40 грамм жинтэй төрж, эхийгээ сар шахам хөхөж, өвсөн хоолонд ордог аж. Тарвага өдрийн идэвхтэй амьтан. Хавар өглөөнөөс орой болтол өдөржин идээшилдэг бол зуны дунд сар буюу тарга тэвээрэг авсан үедээ нарнаар гарч идээшлээд үдэд нүхэндээ орж, нар баруунаа хэлбийхээс жаргатал дахиад л иддэг. Тарвага бүл дотроо хэн нь ямар үүрэг гүйцэтгэдэг талаар гадаад дотоодын судлаачдын сонирхолтой судалгаа олон бий. Тарваганууд колони үүсгэж амьдарна. Энгийнээр хэлбэл тодорхой хэмжээний нутаг дэвсгэрийг эзэмшин тэр нутагтаа эзэн суудаг. Нутагт нь орж ирсэн бусад тарваганаас зай барьж, нутгаа хамгаалах тэмцэл өрнүүлдэг.

ЭРХ ДАРХТАЙ ЭХ ТАРВАГА

Нэг бүлд үр төлөө гаргадаг эх тарвага хамгийн том үүрэгтэй. Өөрөөр хэлбэл бүлдээ хамгийн эрх дархтай нь. Үр төл нь нас биед хүрч, биеэ даан тусдаа өрх тусгаарлаж, нутаг сонгон амьдардаг. Идээшлэхээс бусад цагт унтаж байдаг учир их мартамхай амьтан гэж яригддаг. Нүхэнд амьдралынхаа ихэнх цагийг өнгөрөөдөг болохоор биологийн цагийг маш сайн мэдэрдэг. Эрт ичээнээс гарна гэдэг нь өвс ногоо эрт ургана, дулаан сайхан зун болно гэсэн үг. Нүхээ гүнзгий таглавал хавар оройтож ирнэ, хүйтэн өвөл болохын дохио. Тэгэхээр тарвага байгалийг сайн мэдэрдэг амьтан. Хөеө цуглуулж хураахдаа идэх гэж цуглуулдаггүй. Зөвхөн олуулаа цуглаж, ичээндээ орох үедээ хэвтрээ дулаан байлгахын тулд хөеө цуглуулдаг. Хатсан хуурай өвсийг дулаалганд зориулж цуглуулна уу гэхээс нүхэндээ ороод иддэггүй. Яагаад гэвэл идэш тэжээлээ сойж, ходоодондоо хоол тэжээл өвс, ногооны үлдэгдэл үлдээдэггүй, тарга тэвээргээ нөөцлөн ичдэг.

МОНГОЛ ТАРВАГАНЫ ДОХИОН ХЭЛ ХАМГИЙН ЭРТНИЙХ

Тарвага аюулд орсон үедээ дуут дохио бусдадаа өгдөг гэнэ. Энэ дохио нь бусдаас өөр өвөрмөц байдаг аж. “Евроазийн тарваганы дуут дохионд нөлөөлдөг экологи генетикийн хүчин зүйлүүд” гэсэн судалгааг ОХУ-ын эрдэмтэн,тарвага судлаач доктор, профессор Н.А. Александрович хийжээ. Тэрээр тарвага аюулд өртсөн үедээ гаргадаг дууг судалжээ. Хойд Америк, хойд Африк, төв болон Азийн улсуудаар тархан суурьшсан тарваганууд хаана амьдардгаасаа шалтгаалан аюулгүйн дохио өгөхдөө олон хэлээр “ярьдаг” аж. Н.А.Александрович “Аюул тулгарч байна болгоомжлоорой гэж сануулах үед бид орос, монгол, англи хэлээр ярьдаг шиг тэд олон хэлээр “ярьдаг”. Тархан суурьшсан нутгийнхаа онцлогоор тарвага бүр өөр өөрийн хэлтэй. Газар газрын тарвага янз бүрийн хэлтэй гэж ойлгож болно. Хэлсэнийг нь зөвхөн генетикийн хувьд төстэй ойрхон төрлүүд л ойлгоно. Бусад төрөл нь ойлгохгүй. Газар зүйн байршлаасаа шалтгаалаад тарвага бас өөр өөр хэлээр ярьж байгаатай адил. Гэхдээ энэ бол хүний хэл биш. Хүн тухайн хэлийг сураад бодол санаагаа хэлж болдог. Тарвага хэлгүй учир генетикийн өөрчлөлтийн хувьд дохио нь үе удам дамжин өвлөгдөн хөгжиж ирсэн байдаг. Монгол тарваганы аюулыг болгоомжлуулах дохион хэл хамгийн эртнийх. Монгол тарваганы дууны дохион дотор бусад бүх төрөл зүйлийн тарваганы дуугарч байгаа дууны элемент, дохионууд байдаг” хэмээн онцолжээ. Тарваганы эх орон нь хойд Америк. Тэндээс анх үүсч бусад газар тархан суурьшжээ. Евроазид тарвага суурьшин хөгжиж ирсэн үеэс дуу дохио нь үүсч гарсан гэж Н.А.Александрович онцолж байна.

ЯПОНД БЭЛЭГЛЭСЭН ТАРВАГА ИЧИХГҮЙГЭЭР АМЬДАРЧ ДАСЖЭЭ

Аливаа улс үндэстэн бүр өөрийн гэсэн онцлогтоо тохирсон амьтан, ургамлын аймагтай. Японд тарвага нутагшуулсан жишээ бий. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди Монгол-Японы найрамдлын бэлэг болгож, Японы хааны зоопаркад тарвага бэлэглэжээ. Тухайн үед манайх буга, чоно, тарвага гэсэн амьтад санал болгосон ч япончууд тарвагыг сонгосон аж. Ингээд тарвагыг гаршуулж, зан үйл, амьдрал ахуйн утга учиртай ойр амьтан болгохоор зоопаркдаа байршуулжээ. Манай улсаас бэлэглэсэн энэ амьтан Японы зоо паркад 16 жил амьдарч, үр төлөө өгсөөр байгаа тухай МУИС-ийн Биологийн тэнхимийн багш, биологийн ухааны доктор, профессор Д.Суран ярьсан юм. Амьтныг байгалийн өөр бүс нутагт байршуулна гэдэг маш олон судалгаа шинжилгээний үр дүнд хийгддэг. Бид тарвагыг жилийн дөрвөн улиралд тэжээлтэй байлгахын тулд хүнсний ногоогоор хооллож суртал нь дасгасан. Ингэхдээ 1986 онд хээрийн их судалгаа туршилт явуулсан хэмээн тайлбарласан юм. Японы амьтны хүрээлэнгийнхэн Монголоос ирсэн тарвагыг жилийн дөрвөн улиралд тэжээлтэй байлгахын тулд хүнсний ногоогоор хооллож сургасан гэнэ. Бүр ичихгүйгээр амьдруулсан байна. Уг нь тарвага бол ичдэг амьтан. Жилийн зургаан сар нь байгал дээр ногоон өвс ургамлаар хооллож, өвс гандахаар ичээндээ ордог. Гэтэл шилжүүлсэн тарваганууд халуун бүс нутагт, олон хүний нүдэн дээр шилэн хоргонд ичихгүйгээр амьдарч байна. Ингэж ичихгүй байгаа тохиолдолд нас нь бага зэрэг богиносдог гэсэн таамаглал гаргажээ. Гэхдээ бас байгал дээр тарвага арав гаруй жил насалдаг гэсэн судалгаа бий. Харин шилжүүлсэн тарвага зоопаркад 16 жил амьдарч байна. Тэгэхээр ичихгүй амьдарвал урт насалдаг ч байж мэдэх юм.

ОРЧНОО ДАГАЖ ЗҮСЭЭ ХУВИРГАДАГ

Тарваганы арьс үс идэж байгаа хоол хүнснийх нь чанартай холбоотой гэсэн таамаг судлаачид дэвшүүлжээ. Монголд 1980-аад оны үед Алтайн хорь гаруй тарвагыг Завхан аймагт нутагшуулжээ. Алтайн тарвага уг нь хар үстэй, сор ихтэй. Гэтэл Завханд нутагшуултал хэдхэн жилийн дотор нутгийн тарвага шиг болсон гэнэ шүү. Энэ нь амьдарч байгаа нутгийнх нь хад чулуу, газрын хөрсний өнгөнөөс хамаарч өнгө зүс хувирах үзэгдэл ажээ. Монголд байгаа хоёр зүйл тарваганы тухайд хошгирч байгаа дууны авиа, үсний өнгө, гадаад төрх өөр учир гадна талаасаа ялгаатай харагддаг. Гэхдээ генетикийн хувьд хоорондоо ижил төстэй. Тарваганы үс, яс, мах эм, эмчилгээний зориулалтаар хэрэглэгдэж ирсэн олон баримт ном сударт бичигдсэн байдаг. Тарваганы идэш тэжээлд эмийн ургамал дийлэнхийг эзэлдэг ажээ.


ИДДЭГ ӨВСНИЙ ТАЛ НЬ ЭМИЙН УРГАМАЛ

Тарваганы эд эрхтэн хүний биед сайн гэдэг нь идэж байгаа идэш тэжээлтэй нь холбоотой. Жишээ нь Богд уулын тарваганд хийсэнсудалгаагаар 47 төрөл зүйлийн ургамал идэж байгааг тогтоожээ. Үүний 40 орчим хувь нь дандаа эмийн ургамал байж. Тарвага өвсөн идэштэн дундаа дандаа ногоон өвсөн идэштэн. Тэгэхээр хавар шинэ ургамлуудын ногоон соёог түүж иддэг. Зунжин ногоон ургамал идэж, дараагийн зургаан сарын нөөцөө бэлддэг. Тарвага нүх ухаж амьдардаг амьтан. Хөрсийг сийрэгжүүлэх ажил хийдэг гэсэн үг. Энэ нь агаарын чийгшилд эерэг нөлөө үзүүлдэг. Тарвага ичээнээс гарснаас хойш малд халддаг, махан идэшт амьтдын тоо эрс буурдаг. Товчхондоо эко системд маш эерэг нөлөөтэй амьтдын нэг. Судлаачдын 1980-1990-ээд онд хийж байсан судалгаагаар нэг тарваганаас дунджаар 2-3 кг мах, 10 гаруй дм.кв дулаан хадгалах үс сайтай арьс, 1-1.2кг өөх тос, 0.7 орчим гр цэвэр тос гарч байжээ. Тарваганы яс, соёог нь гоёл чимэглэлийн зүйлд хэрэглэдэг.


ДЭЛХИЙН ТАРВАГА СУДЛААЧИД МОНГОЛЫГ СОНИРХДОГ

Т а р в а г а М о н г о л ы н нутаг дэвсгэрийн гуравны нэгт тархсан гэсэн судалгаа бий. Улс орон зах зээлд шилжсэн үеэс тарваганы тоо толгой эрс буурчээ. Сүүлийн жилүүдэд тарвагыг үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар агнахыг хуулиар хориглосон. Үүнээс хойш зарим нутагт тоо толгой нь өсч байгаа гэж эрдэмтэд онцолж байна. Мөн сүүлийн жилүүдэд байгаль, ан амьтан хамгааллын нөхөрлөлүүд и х э э р б а й г у у л а г д а ж тодорхой бүсэд тарвага өсөх хандлагатай болжээ. Тарвага орчин үеийн шинжлэх ухааны маргаантай байгаа олон асуудлыг судалж шийдэхэд их тохиромжтой объект гэж эрдэмтэн судлаачид үзэж байна. Монголчууд тарваганы түүхий эдийг ашигладаг түүхэн уламжлалтай, өөрийн үндэсний технологиудыг бий болгосон өвөрмөц заншилтай орон. Энэ утгаараа дэлхийн тарвага судлаачдын сонирхлыг татдаг. Америкт зургаан зүйл, Евроазид найман зүйлийн тарвага тархан суурьшжээ. Сүүлийн жилүүдэд тарвагыг хүмүүс хаа таарсан газраа намнадаг болсон. Уг нь нас бие гүйцсэн гурваас дээш насны тарвагыг намрын улиралд агнах ёстой аж. Монголын тарвага судлаачид арьсны бүтцийн боловсрох зүй тогтлыг судлаад наймдугаар сарын 20-ноос агнаж эхэлбэл зохистойг тогтоожээ. Энэ тухай “Дэлхийн тарваганы зүйлүүд” сэдэвт олон улсын тарвага судлаачдын хурлын үеэр яригдсан юм. Уг хурал Улаанбаатар хотноо энэ сарын 13-17-ны өдрүүдэд болж буй. Хуралд 13 орны 120 гаруй судлаачид оролцож байна. Шинжлэх ухааны академийн ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн захирал, биологийн шинжлэх ухааны доктор Я.Адъяа ярихдаа “Олон улсын тарвага судлаачдын хурал урьд нь зургаан удаа болсон. Анх 1991 онд Италид болж байв. Өнөөдөр Монголд олон улсын VII хурлыг хийж байна. Хуралд дэлхийн 13 орны 121 судлаач, тарвага судлалын чиглэлээр хийсэн эрдэм шинжилгээний ажлын үр дүнгээ ирүүлсэн. Дэлхийд тархсан 14 зүйл тарваганы экологи биологийн онцлогийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргасан. Дэлхийн арав гаруй орны 14 төрөл зүйл тарваганы 41 судлаач зурагчид 60 гаруй бүтээлээ ирүүллээ. Үүнээс 40 гаруй бүтээлийг сонгон танилцуулж байгаа. Мөн тарваганы тухай богино хэмжээний кино бүтээлээ. Нийт 28 илтгэл хэлэлцэнэ. Орчин үеийн амьтан судлалд хэрэглэгдэж буй арга зүй, биологийн шинжлэх ухаанд нэвтэрсэн дэвшилтэт шинэ арга, онолын өндөр түвшний асуудлуудыг хэлэлцэж байгаа. Жишээлбэл: 1974 онд Монголд анх ирж ажиллаж байсан Москвагийн их сургууль хуучин Ард түмний найрамдалт сургуулийн багш, тарвага судлаач доктор, профессор Н.А. Александрович өөрийнхөө ажлын 30-40 жилийн үр дүнг танилцуулж илтгэл тавилаа” хэмээн тайлбарлав.

Categories
мэдээ нийгэм

В.Байгал: Хэн дуртай ашиг хайсан хүн вакцин оруулж ирээд зардаг юм биш

“Дархлаажуулалтын 10 хоног” эхэллээ. Дархлаажуулалтын хүрээнд өмнө нь вакцин хийлгээгүй хоцорсон 15 хүртэлх насны хүүхдүүдэд нөхөн хийх, эцэг, эх асран хамгаалагчид бодит мэдээлэл өгөх, эрүүл мэндийн ажилтны ур чадварыг сайжруулах зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөжээ. Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу 24 дэх жилдээ уг аяныг зохиож байна. 2018 оны дархлаажуулалт “Вакцинаар хамтдаа сэргийлье” уриан дор болно. Энэ сарын 20-30-ны өдрүүдэд улс орон даяар үргэлжлэх юм. Өнөөдөр Монголын уран зургийн галерейд уулзалт зөвөлгөөн, “Вакцинаар хамтдаа сэргийлье” гэрэл зургийн үзэсгэлэнгийн хамт нээлтээ хийлээ. Нээлтэд Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү, аймаг орон нутаг, дүүрэг хороодын дархлаажуулалтын сувилагч, эмч зэрэг 100 гаруй төлөөлөгч оролцлоо.

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн дархлаажуулалтын албаны тандалт, мониторингийн тасгийн эрхлэгч В.Байгалтай ярилцлаа.

-Вакциныг яагаад хийлгэх ёстой вэ?

-Дэлхий дахинд халдварт өвчнөөс хамгийн найдвартай сэргийлэх арга бол дархлаажуулалт. Тиймээс дархлаажуулалтыг дэлхий дахинаа жилд хоёр удаа зохион байгуулдаг. Манай улсын хувьд одоогийн мөрдөгдөж байгаа дархлаажуулалтын тов 1993 онд батлагдсан. Хамгийн анх 1923 онд вакциныг хийж эхэлсэн. 1939 онд цагаан цэцэг өвчнийг устгаснаар дэлхийд хамгийн анх энэ өвчнийг устгасан улс болсон. Бидний дараа АНУ зэрэг том улсууд тус өвчнийг устгасан түүхтэй. 2000 онд халдварт саа буюу насан туршдаа хөгжлийн бэрхшээлтэй болох магадлалтай аюулт өвчнийг устгасан. Дэлхийд энэ өвчин дөрвөн оронд гарч байна гэсэн мэдээ байгаа. Гүйцэт устах хүртэл халдварт саагийн урдчилан сэргийлэх вакцинжуулалт хийгдсээр байх болно. Сүүлийн арваад жил сахуу, татран, хөхүүл ханиад зэрэг өвчний гаралт эрс буурсан. Нярайн татран сүүлийн 10 гаруй жил бүртгэгдээгүй. Ер нь вакцин хийснээр эдгээр өвчнүүд сүүлийн 10 жилд гарсангүй гэж ойлгож болно. Улаан бурхан өвчнөөр 2015 онд нэлээн том дэгдэлт болсон. Яагаад дэгдсэн бэ гэвэл 1990-ээд оны шилжилтийн үед вакцины хамралт буурсан. Энэ үеэр вакцинд хамрагдаагүй хүмүүсийн бөөгнөрөлөөс дэгдэлт үүссэн. Сүрьеэгийн вакцин нь халдвар авахаас урдчилан сэргийлдэггүй. Хүндрэлээс нь урдчилан сэргийлдэг. Хүүхдүүдийн дундах сүрьеэгийн хүндрэл маш сайн буурсан байгаа. Хепатит В-ийн вакциныг 1991 оноос хийж эхэлсэн. Дэлхий дахинд анхны хавдрын эсрэг вакцин гэж нэрлэгдсэн. Анх хийлгэж байсан хүүхдүүд одоо 27 нас хүрсэн байна. Үүнээс өмнө төрсөн хепатит В-ийн дархлаажуулалтад хамрагдах хүсэлтэй хүмүүс эмчид үзүүлээд, сайн дураар гурван тунгаар вакцин хийлгэж, урдчилан сэргийлэх боломжтой. Энэ нь хавдрын эсрэг вакцин учир үр дүн нь 10, 20 жилийн дараа гарч болно. Хепатит А-ийн вакциныг 2012 оноос хийж эхэлсэн. Өмнө хепатит А-ийн гаралт ямар их байлаа. Одоо 10000 хүн тутамд хоёр л халдвар илэрч байна гэсэн судалгаа гарсан.

-Вакцин хийлгээгүйн хор хөнөөл нь юу вэ?

-Вакцинаар хамгаална гэдэг нь өөрийгөө төдийгүй эргэн тойронд байгаа бүх хүмүүсийг давхар хамгаалдаг. Вакцинаа хийлгээгүй тохиолдолд вакцин хийлгээгүй халдварт өвчинд өртөнө. Гэтэл таны эргэн тойронд вакцин хийлгээгүй хүн байвал давхар халдвар тээж өвдөнө, тараана. Вакцин хийлгээгүйгээр өөрийгөө төдийгүй өрөөл бусдыг ч гэсэн хохироож байгаа хэрэг гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Халдварт өвчнийг вакцины тусламжтай дарсан гэж ойлгож болох уу?

-Тарилгатай халдварт өвчин буюу вакцинаар сэргийлэгддэг халдварт өвчин буурахын хэрээр нийт халдварт өвчин массаараа бас буурдаг.

-Сүүлийн үед вакцин хийлгээд миний хүүхэд өвдчихлөө, буруу вакцин хийлээ, хугацаа нь дууссан байсан гэдэг ч юмуу вакциныг эсэргүүцэх үг яриа гарч байна. Энэ юунаас болоод байна?

-Миний бодлоор нэр нөлөө бүхий хүн вакцины талаар сөрөг нэг мэдээ цацахад тэрийг уншиж судлалгүй, өөрийн болголгүй шууд итгээд, түүн дээр дөрөөлсөн дараа дараагийн нэмэлт хачир оруулан, тарааж явдаг хэсэг хүмүүс байдаг. Үүнийг би буруу үзэл гэж нэрлэнэ. Яагаад гэвэл энэ олон жилийн хугацаанд элдэв өвчнийг устгаад ирсэн урдчилан сэргийлэлтийг үгүйсгэх нь ямар үр дүнд хүрэхийг бодох хэрэгтэй. Хэрэв үүнээс нь болоод дахиад тэр өвчлөл гараад эхэлбэл тэр хүн хариуцлага хүлээх үү, яах билээ гэдгээ дүгнэдэг байгаасай л гэж хүсч байна.

-Вакцингүй өвчин бий юу?

-Маш олон өвчин бий. Одоо бол бид зөвхөн 11 төрлийн халдварт өвчнөөс урдчилан сэргийлэх вакциныг хэрэглэж байна.

-Монголдоо вакциныг үйлдвэрлэх боломж нь хэр байдаг бол?

-Түүхэн замналаас харвал манай орон вакцинаа өөрсдөө үйлдвэрлэж байсан цаг бий. Цагаан цэцэг өвчний вакциныг өөрсдөө үйлдвэрлэж, хэрэглэснээр уг өвчний гаралт байхгүй болсон. Хепатит В вакциныг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэнд үйлдвэрлэдэг байсан. Одоо үед вакцины бараа материалыг худалдаж авч, гаднаас оруулаад үйлдвэрлэх, тээвэрлэж оруулж ирээд шууд хэрэглэх хоёрын хоорондох эдийн засгийн ялгаа асар их болсон. Гадаад улсуудад вакцин массаар нь үйлдвэрлээд, тарааж байгаа учир харьцангуй хямд. Бид бүх бүтээгдэхүүнээ аваад Монголдоо үйлдвэрлэхээр өндөр зардал гарна. Тиймээс бидний барьдаг зарчим бол ДЭМБ-аас баталсан шаардлагыг хангасан, чанартай, хямд вакциныг ДЭМБ-ын хүүхдийн сангийн тусламжтай, тээвэрлэлтийн нарийн горимын дагуу оруулж ирдэг. Түүнээс хэн дуртай ашиг хайсан нэг хүн вакцин оруулж ирээд зардаг асуудал биш.

-Вакцинжуулалтын 10 хоногт сайн дураар хамрагдах хүсэлтэй хүн бүр вакцин хийлгэж болох уу, төлбөр бий юу?

-Хамгийн гол нь олон хүнийг хамруулж, урдчилан сэргийлэх арга хэмжээ авч байгаа учир хүссэн хүн болгон хамрагдаж болно. Дээр дурдсан 11 нэр төрлийн вакциныг хүн бүр хийлгэх боломжтой.

-Хаана хийлгэх вэ, цагийн хязгаар бий юу?

-Харьяа Өрхийн эрүүл мэндийн төвүүдээр ажлын цагийн хуваарийн дагуу хийнэ.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Манай улс хосгүй үнэт дурсгалын 777 өвтэй

Соёлын өвийн анхдугаар зөвлөгөөн “Даяаршлын түрлэг дэх Монгол соёлын өвийн дархлаа” сэдвээр болж байна. Уг зөвлөгөөн нь Монгол соёлын өвийн дархлааны өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлыг илтгэж, цаашдын гарц шийдлийг тодруулах зорилготой. Өнөөдөр Соёлын биет өвийн талаар тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, маргааш биет бус өвийн асуудлуудыг хөндөн үргэлжилнэ. Энэ үеэр “Соёлын өвийн хамгаалалтанд сөргөөр нөлөөлөх хүчин зүйлс ба хадгалалт хамгаалалтын менежмент” сэдвээр илтгэл тавьсан Соёлын өвийн үндэсний төвийн захирал, соёл судлаач доктор Г.Энхбаттай ярилцлаа.

-Соёлын өв гэж юу болох талаар яриагаа эхлэх үү?

-Маш товчоор хэлбэл түүхэн тодорхой орон зай, цаг хугацааг төлөөлж чадах түүх соёл шинжлэх ухаан, урлаг уран сайхны үнэ цэнэ бүхий эд өлгийн зүйлсийг соёлын өв гэнэ. Соёлын өвийг дотор нь биет болон биет бус гэж ангилдаг. Биет өв дотроо түүх соёлын хөдлөх дурсгал буюу музейн үзмэрүүд, үл хөдлөхөд нь хээр хөдөө оршиж буй булш бунхан, хадны сүг зураг гэх мэт зүйлс орно. Биет бус өвд ардын язгуур урлаг, гар урлал, ардын мэдлэг ухаан, хонь мал хариулах арга ухаан зэрэг багтдаг.

-Монгол соёлын биет өвийн үзмэрүүдийн тоолсон тооллого бий юу, хэдэн биет дурсгалын өвтэй вэ?

-2012 оны үзлэг тооллогоор Монголд нийт 99326 дэсийн 228652 үзмэр бий гэж тоологдсон. Үзмэрүүдийг үндсэн долоон төрөлд хуваадаг. Үүний хамгийн их нь түүхэн үзмэрүүд хамгийн бага нь архилеологийн олдворууд байна. Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор батлагдсан хосгүй үнэт дурсгалд 777 өв багтдаг.

-Манай улсад хэдэн музей байдаг вэ?

-Монголд нийт 37 музей үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс долоо нь стандартын шаардлага хангасан, зориулалт бүхий барилгатай. Эдгээрээс миний судалснаар Хархорин сумын музей хамгийн стандарт шаардлагыг хангасан. Бусад нь хэдий зориулалтын гэж байгаа боловч урсгал засвар ороогүй, хадгалалт хамгаалалтын орчинг бүрэн гүйцэт хангаагүй гэж харагдсан.

-Биет өвийг яаж хамгаалах вэ?

-Байгал дээр байгаа өвийг байгаагаар нь хадгалж хамгаалах хэрэгтэй. Хүний нөлөөгөөр эдгээр өв маш их гэмтдэг. Сүү өргөх хадаг уях гэх мэтээр ихээр гэмтээдэг. Мөн зам харгуй, байгалийн үзэгдлээс болж гэмтэх явдал их. Харин музейд байгаа үзмэрүүд эрсдэл багатай ч хулгайд алдах, музейн барилга муудснаас элэгдэл хорогдолд орох, шатах, ус нэвчих гэсэн олон аюул тулгардаг. Энэ бүгдийг маш олон судалгаа хийж, яаж хадгалж хамгаалах талаар ерөнхий зураглал гарсан түүний дагуу л хадгалж хамгаалах хэрэгтэй. Жишээ нь: Зориулалт бүхий музейн стандарт шаардлагыг хангасан барилга байгууламж барихаас авахуулаад авах арга хэмжээ их байна.

-Биет бус өвийг яаж хадгалж хамгаалах ёстой юм бол?

-Бид өнөөдөр биет өвийн талаар илтгэл семинар хийж байна. Маргааш биет бус өвийн талаар асуудлыг хөндөнө. Тэгэхээр дэлгэрэнгүй мэдээлэл авч болно. Миний бодлоор биет бус өвийг дамжуулж, залуу үеэ бэлдэх нь л хамгийн чухал гэж бодож байна.

-Соёлын биет өвийг хамгаалахад төрийн бодлогоос гадна ард түмний мэдлэг нөлөөлөх байх?

-Ард түмний мэдлэг маш чухал. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, цэцэрлэгийн хүүхдүүд, газар тариаланчид, уул уурхайнхан, засаг захиргааны нэгжийнхэн бүгд шат шатны мэдлэг боловсролтой байх ёстой. Соёлын өвийн мэдлэггүйгээс болж хиргисүүр гэж мэдэлгүй зам тавьдаг, барилга барьдаг, уул уурхай эрхлэх явдал их гардаг.

-Соёлын өвийг хамгаалахад эрсдэл бүхий бүс нутгийг аймаг тус бүрээр гаргажээ. Хамгийн ихээр соёлын өв эрсдэлд орох магадлалтай бүс нутаг аль нь байв?

-Үйлдвэрлэл, эдийн засаг өндөр хөгжиж байгаа бүс нутагт соёлын өв аюулд орох магадлал их. Уул уурхай ихтэй бүс нутаг соёлын өвд эрсдэл учруулж байна. Аялал жуучлал бас их эрсдэл дагуулдаг л даа. Дэд бүтэц бол тухайн улс орны хөгжилд маш чухал. Тэгэхээр бид ямар дурсгалаа дэд бүтцэд зориулаад авран хамгаалах зорилгоор ашиглуулж болох вэ. Авран хамгаалах гэдэг нь энэ дурсгалыг холдуулж нүүлгэн шилжүүлээд дэд бүтцийнхээ барилга байшинг барьж болно. Ямар дурсгалаа бид дэд бүтэц байлаа ч авч үлдэх ёстой вэ гэсэн бодлогыг баримталж ажиллах асуудал юм.

-Музейн ажилчдыг бэлтгэх тусгай сургалт, сургууль бий юу?

-Соёл урлагийн сургуулийн Соёлын сургуульд музейн соёлын өвийн ажилтны бакалавр, магистрын анги байдаг.

Зөвлөгөөнд оролцогчид “Байгал, Соёлын өвөө хамгаалан дээдлэх Монголчуудын их аян”-ыг зохион байгуулах уриалга гаргасан юм. Уриалгад нэгдэхийг олон нийтээс хүслээ.


Otgoo Oodroo-н зураг.Otgoo Oodroo-н зураг.Otgoo Oodroo-н зураг.Otgoo Oodroo-н зураг.Otgoo Oodroo-н зураг.Otgoo Oodroo-н зураг.Otgoo Oodroo-н зураг.Otgoo Oodroo-н зураг.Otgoo Oodroo-н зураг.Otgoo Oodroo-н зураг.Otgoo Oodroo-н зураг.Otgoo Oodroo-н зураг.Otgoo Oodroo-н зураг.Otgoo Oodroo-н зураг.Otgoo Oodroo-н зураг.Otgoo Oodroo-н зураг.Otgoo Oodroo-н зураг.Otgoo Oodroo-н зураг.Otgoo Oodroo-н зураг.Otgoo Oodroo-н зураг.Otgoo Oodroo-н зураг.Otgoo Oodroo-н зураг.Otgoo Oodroo-н зураг.Otgoo Oodroo-н зураг.Otgoo Oodroo-н зураг.Otgoo Oodroo-н зураг.Otgoo Oodroo-н зураг.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол ёс заншлыг харуулсан амталгаат худалдаа боллоо

Дэлхийн хүнсний өдөр өнөөдөр тохиож байна. Сүхбаатарын талбайд Монголын томоохон хүнс үйлдвэрлэгчид болон жижиг дунд бизнес эрхлэгчид өдөрлөг зохиов. Тухайлбал Мах импекс, Сүү ХК, Тал чихэр ХК бараа бүтээгдэхүүнийхээ дээжийг өржээ. Хамгийн онцлог нь Хөвсгөлийн “Их тайга” ХХК-ийн өвөрмөц сурталчилгаа байсан юм. Тэд гэр хэлбэрээр талбайгаа тохижуулж, лангууны оронд модон сийлбэртэй ширээ сандал өрж, таваг засан, өдөрлөгт ирсэн зочдыг тулганд гал түлэн цай чанаж, дайлж байлаа. Хойморт нь Монгол дээл, хувцсаараа гоёсон эхнэр нөхөр сууж, Монгол ёс заншлыг харуулсан амталгаа болж чадсан юм. Хүний биед хэрэгтэй ашиг тустай, зөгийн бал, өтгөрүүлсөн чацарганы шүүс, хиам, Оргио тахиа гээд үндэсний үйлдвэрлэгчийн олон сонголт нэг цэгт төвлөрчээ. Худалдан авагчид хүнсний өдөрлөгийг ихээр сонирхон ирж үйлчлүүлж, ам сайтай байцгаалаа.


Categories
мэдээ нийгэм

Онлайнаар виз мэдүүлэхийг дэмжихгүй нь хэний эрх ашгийн төлөө вэ?

БНХАУ-д суралцах хүсэлтэй хүүхдүүд, ар гэрийнхэнтэйгээ виз мэдүүлэхээр элчин сайдын яамных нь гадаа урт дараалал үүсгэжээ. Зургаан сараас хойш виз мэдүүлээд авч чадаагүй иргэд нэгдэн, онлайн бүртгэл үүсгэж, дарааллын дагуу виз авч байсан аж. Харин есдүгээр сарын сүүлээр найман хоног амарсан БНХАУ-ын элчин сайдын яам өнгөрсөн даваа гаригаас дахин визээ өгч эхэлсэн байна. Гэвч онлайн бүртгэлээр цэгцтэй дарааллаар нь өгч байсан визийг Ганболд гэх цагдаа хамгаалалтад гарах өдрөө “онлайн хүчингүй болсон. Энд хонож оочирлосон хүмүүсээ оруулна” хэмээн будлиан үүсгэсэн байна. Онлайнаар бүртгүүлсэн хүмүүс үүнийг эсэргүүцэн, тус элчин сайдын яамны гадаа үймээн дэгдэж, цагдаа нар хамгаалалтад гарчээ. Энэ талаар виз авахыг хүссэн иргэн С.Шинэбаяраас тодрууллаа. “Би наймдугаар сараас хойш дүүгээ урагшаа сургуульд нь явуулахаар виз мэдүүлсэн. Бас л оочирлож байсан. Иргэд сүүлд эмх цэгцэнд оръё, онлайнаар өөрсдөө бүртгүүлээд дарааллаараа оръё гэж нэгдээд фэйсбүүк группыг үүсгэсэн. Энэ нь хамаагүй эмх цэгцтэй хурдан шуурхай явж байсан ч нэг цагдаа ирж будлиан үүсгээд ийм байдалд хүргэлээ. Өөрсдийн танил талаа оруулахаар зүтгэж, эмх замбараатай байсан зүйлийг цагдаа сэргийлэх болтол нь дэвэргэлээ. Онлайнаар виз мэдүүлэхийг дэмжихгүй нь хэний эрх ашгийн төлөө вэ?” гэв.

Categories
мэдээ улс-төр

Зам тээврийн яамны сайд Ж.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Зам тээврийн яаманд гарсан олон зөрчлийн дараа тус яамны сайд Ж.Бат-Эрдэнэ ёс зүйн хариуцлага хүлээн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг 2018 оны найдугаар сарын 12-ны өдөр гаргасан. Хүсэлтийг өнөөдрийн чуулганаар хэлэлцэн 63 гишүүн санал өгч 72.6 хувиар дэмжин, үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр боллоо.

УИХ-ын гишүүн АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэлэхдээ “Төрийн албанд бусармаг хэрэг гарч, Зам тээврийн яамны байранд нэгнийгээ алсан хэрэг гарсан. Сайд нь үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөөд энэ асуудал шийдэгдэхгүй.

Энэ засгийн үед ард түмний амьдрал улам доройтож, туйлдаа хүрлээ. У.Хүрэлсүхийн удирдсан засгийг тараах нь зүйтэй гэж үзэж байна” гэв.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Арван жилдээ тохой нийлүүлж явсан, залуучуудын байгуулагад цуг ажиллаж байсан журмын нөхрийг минь ёс бусаар амийг нь хөнөөсөн. Албан тушаалын төлөө бүтэн 7-8 сар дарамталж, тэр өдөр долоон удаа залгаж дуудан, өрөөндөө оруулж ирээд буланд шахаж дарамтлан амь насыг нь бүрэлгэсэн. Хойно нь дөрвөн бүлтгэр үр нь үлдлээ. Би ийм асуудалд дуугүй өнгөрч чадахгүй” гэлээ.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Ерөнхийлөгч төрсөн манай хороо

Манай хорооны олны танил Төв шуудангийн хажууд ном зардаг Н.Баасандорж, Ерөнхийлөгч Х.Баттулга нар

Бага насаа өнгөрөөсөн газар минь Яармагийн дэнж буюу Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо. Намайг багад манай хороо зарим хүмүүсийн хэлдгээр ёстой л “хотын хөдөө” байлаа. Багадаа Богдхан уулынхаа оройд гараад Яармагаа харахад яг л гар бууны дүрс шиг үзэгддэг сэн. Харин миний төгссөн нийслэлийн 34 дүгээр сургууль тэр бууны гох нь болж харагдана. Тэр үед малыг нэг их ад үздэггүй байж. Хаа сайгүй хонь ямаа, үхэр адуу бэлчиж л байна. Багадаа ээж, ах, эгч, дүү нартайгаа ууланд гарч гишүү түүнэ. Зуны амралт эхлэв үү үгүй юу хагас, бүтэнсайнаас бусад өдөр ууланд гарч “ажлаа” хийнэ. Өдөр бүр ууланд гарахдаа зүгээр ч нэг гишүү түүгээд буухгүй ээ. Уул хадаар багахан судалгаа, бичилхэн танин мэдэхүйн аялал хийчихдэг байлаа. Уулнаас бууж, гишүүгээ тавьчихаад, гол руу явж, сэлж сэрүүцэхийн зугаатайг зүйрлэх юм биш. Загас жараахай барьж аваад ундааны саванд хийж тоглоно, түмпэнд хийгээд тэжээнэ гэж зүггүйтнэ. Идэш тэжээл нь ямар зүйл байдгийг мэдэхгүй байж, уснаас замаг түүгээд ам руу нь чихчихнэ. Айлын хүүхдүүд ходоод гэдсэнд сайн гэхээр нь дуурайж, амьд жараахай залгина. Туул гол одоогийнх шиг урсгал нь тасарсан нарийхан байгаагүй юм. Их өргөн зарим хэсгээр нь гаталж чадахгүй ах эгч нарынхаа ард үлдээд уйлна. Уйлаад үүрүүлдэг эрх нэгэн байжээ. Бас үхрийн баас түүж, өвлийн түлшнээс үлдсэн нүүрсний хогтой хольж “шахмал” түлш бэлтгэнэ. Өглөө нар гийв үү, үгүй юу ээж “Хүүхдүүд ээ босоорой. Үхэр бэлчээрт гарлаа” гэж чанга дуугаар сэрээнэ. Нойрмог байсан ч бүгд год хийтэл үсэрч босоод, цай унд ч гэж сүйд болохгүй шууд л хувингаа аваад гүйцгээнэ. Бэлчээрт явж байгаа үхрийн баасыг тосох нь холгүй хойноос нь хувингаа барин бөгтөгнөнө. Хөл бөмбөгөөр бол үхрийн баасан дээр “Отон тоглолт” гээчийг хийж байгаа юм даа. Манай хороо хүн ихтэй ч бүгд нэг нэгнээ танина. Харин би ах эгч нартаа ойр хавийнхаа нохойг ч андахгүй гэж шоглуулна. Үхэр малтай айлуудыг андахгүй. Заримдаа зайрмаг, иштэй чихэр, мөнгөөр “цагийн ажил” хийж, үхэр тугал эргүүлэхээс авахуулаад ус авч, аргал түүх зэргээр хувиа борлуулж, довоо шарлуулна. Тэр үедээ нэрийг нь сайн мэдэхгүй ч “ажлын хамтрагчаар” танигдсан өвөө байлаа. Байнга л дугуй жийж, үхрийнхээ араас явна. Эсвэл тэрэг түрээд усандаа явж харагддаг байлаа. Сүүлд мэдэх нь ээ одоогийн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын аав Монгол Улсын засуулч Ж.Халтмаа гуай байсан юм билээ. Хааяа тугалаа гүйцэхгүй “Миний хүү гүйгээрэй” гээд л дугуйгаа жийж гарна. Тугал эргүүлж өгсний урамшуулалд нь хааяа чихэр өгнө өө. Ингээд айлын үхэр мал эргүүлж, аргал хоргол гэж яваад би гэдэг хүн сургуульд орох болов. Нийслэлийн 34 дүгээр сургуульд данстай боллоо. Биеийн тамирын хичээлдээ хачин дуртай. Даанч хавар, зуны дулаан өдрүүдэд зааланд хичээл орох нь ховор. Байнга л урагшаа уул руу эсвэл Хүүшийн зоорь руу гүйлгэнэ. Зэлүүд талд адуу шиг л тоос манаруулаад хэдэн анги нийлсэн 100 гаруй хүүхэд гүйнэ.

Яармагт наадам болно. Замын урд аймаг аймгаас цугласан уяач, наадамчид өнгө өнгийн майхан, эрээн алаг гэр барин бууна. Би дээвэр дээрээ гарч, наадамчдыг харж суух дуртай. Богдхан уулын энгэр байгалиас урласан маш том хээ хуартай хивс шиг л харагдана. Морь унасан хүмүүс тоос татуулан давхилдаж, хүүхдүүд гийнгоолсон наадмын өдрүүдэд салхи татуулан хурдлан давхих хүсэлд автаж, хөөрнө гэж жигтэйхэн. Марзан Шарав зураачийн “Монголын нэг өдөр” зургийг хөдөлгөөнтэйгөөр үзэж байгаа юм шиг л сэтгэгдэл төрдөг байж билээ. Наадмын талбайн зүүхэн талд Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг байрлана. Түүний хажууханд найзын маань жижигхэн саарал байшин байна. Наадамчид дунд бие засах газар хайсан хүмүүс олон явна аа. Харин бид хоёр тэрүүхэндээ төлбөртэй жорлон ажиллуулж, бяцхан бизнес эрхэлнэ. Наадмын талбай дундуур алхахад айргийн үнэр сэнгэнэн, хуушуур хайрах чимээ сонсогдон, наадамчдын уухай, хүүхдийн гийнгоо холилдсоор ер бусын найрал хөгжим мэт сонсогдоно. Ийм л чимээг зун болгон хүлээдэг, хүсдэг, догдолдог байж. Харин морины бариа над мэтийн жижиг биетэй жаахан охинд саналтгүй газар. Тийш зүтгэвэл морины хөлд гишгэгдэнэ гэж аав, ээж хориглоно. Тиймээс ч тэр зүг рүү чиглэдэггүй байлаа. Хотын анхны нийтийн тээвэр Төв номын сан-Яармаг чиглэлд наадамчдын талбай руу явж эхэлсэн гэдэг. Эмнэлгийн зүүхэн Яармаг анх байгуулагдахад баригдсан чулуун суурьтай, дээшээ нарийсан өгссөн өндөр хөшөөтэй. Тэр хөшөөний орой дээр цул алтан таван хошуу байсан гэдэг юм. Харин “Тэр алтан таван хошууг нэг шөнө оросууд нисдэг тэргээр ирээд аваад явсан” гэдэг үнэн худал нь мэдэгдэхгүй домог шиг яриа яармагийнхны дунд ам дамжина.

Манай Яармагаас Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Улсын начин дэгээ хэмээн алдаршсан С.Сугар, Соёл-Эрдэнэ хамтлагийн Том Жагаа, Баян монгол чуулгын удирдаач Р.Ганбат, Улсын арслан Ж.Хайдав, УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайгийн гэргий мисс Л.Аззаяа, мисс Б.Билгүүнзаяа, жүжигчдээс “Өндөр ээж” киноны Өндөр ээж, “Тусгай салаа” киноны Түвшин буюу П.Баттөр, Р.Анхням гээд олны танил хүмүүс төрсөн. Намайг жаахан байхад бацаан хочит Бадарч нэртэй ах байсан юм. Би үеийнхэн дундаа жижигхээн биетэй. Хүн болгон л намайг сургуульд ороход “Цүнхээ даах уу, хүзүүнээс нь татаж сунга” гээд л шоглодог байж. Харин тэр ах жижиг биетэй надтай бараг л өндрөөрөө чацуу. Аав маань сайн таньдаг. Эцсийн буудал руу найзтайгаа уулзана гээд гарахад нь би дагаад л явдаг байв. Сонин нь тэр ахтай Д.Хадбаатар аварга сүрхий найзууд байсан гэдэг. “Д.Хадбаатар аварга Яармагт ирж, бацаан Бадарчийг дайлна. Автобусанд суухаар нэгнээсээ хөтлөөд дайвалзан алхах нь яг л аав шиг нь харагддаг. Хадаа аварга найзыгаа тасарчихвал өвөртөө хийгээд алхчихна. Жаал сэргээд ирэхээр нь хүүхдээ угжиж байгаа эх шиг ам руу нь хоол хийдэг байсан” гэж авга, нагац нарын ярьцгаах нь хөгжөөнтэй. Тийм жижигхэн биетэй хэр нь тухайн үеийн Хөдөлмөр нийгэмлэгт хөлбөмбөг тоглодог элдэвтэй эр ээ. Яггүй тамирчин байсан гэж аав минь өдгөө ч хуучлан суудаг юм. Тэр үеийн Хөдөлмөр нийгэмлэгийн залуус бүгд л Яармагийнх байсан гэдэг. Анх Хөдөлмөр нийгэмлэг байгуулагдаад улсынхаа нэрийг тив дэлхийд цуурайтуулдаг байсан юм.

Дээр үед ойн ан амьтад Яармагт чөлөөтэй явж байдаг сан. Заримдаа уулын тарваганууд Яармагт ороод ирнэ. Хөгшчүүл “Ийм эрт орж ирж байгаа юм чинь хүйтэн өвөл болох нь, хавар орой ирэх нь” хэмээн цаг агаараа шинждэг байсан. Яармагийн гуравдугаар буудалд “Нүхтийн жалга” хэмээн нэрлэгдсэн уулнаас чигээрээ уруудан гол хүрсэн урт жалга бий. Түүгээр шөнө болохоор Бугын сүрэг доошилж, Туул голд ундаалдаг байсан түүх бий. Анх Яармагт гүний ганцхан худагтай байлаа. Бусад нь дандаа зөөврийн усаар үйлчилнэ. 90-ээд оны сүүл үеэр гүний худгууд нэмэгдэж бид усанд явахдаа өвөлдөө чарга хөлөглөдөг болов. Нохойгоо чаргандаа хөллөж сургав. Сургасан ч гэж дээ ах урд гараад гүйнэ. Нохой дагана. Гүний худаг онгойхгүй өдөр зөөврийн устай худгаас ус авна. Ус нь дуусвал маш урт оочир үүсч, усны төлөөх бяцхан “дайн” дэгддэг байв.

Төв шуудангийн орчимд 20 гаруй жил ном зарж байгаа Н.Баасандорж ах манай хорооных. Түүний Ерөнхийлөгчийн зангиаг засаж байгаа зураг нэг хэсэг цахимаар “Од” болсон. Аргагүй шүү дээ. Нэг хорооны хоёр юм чинь. Манай хамар хашаанд балгах дуртай ах байсан юм. Нэрийг нь Ганбаа гэнэ. “Би дэлгүүрийн үүдэнд Акатай (найз нь ) сууж байтал “Женко” (Ерөнхийлөгч Х.Баттулгыг Яармагийнхан ингэж дууддаг) ээжийндээ ирж байна. Араас нь дагаад очтол бид хоёрт 10, 10 мянган төгрөг өгсөн” гэж ярина. Манай эмээ Д.Догоосүрэн гэж 90 шахаж яваа буурал бий. Эмээ минь Ерөнхийлөгчийн ээжтэй цуг ажиллаж явсан юм. Жил бүрийн цагаан сараар Ерөнхийлөгчийн ээжтэй золгоно. Манайх төрийн тэргүүний ээжийнхтэй залгаа гудамжинд амьдардаг. Эмээ шинийн гурванд том охин болох манайд ирээд, дараа нь ёс юм шиг л “Ц.Долгорсүрэн эгчтэйгээ золгоно” гээд гарна. Манай эмээгээс хэдэн насаар эгч л дээ. Цагаан сараар гудамж тэр аяараа том хар машинаар дүүрнэ. Ерөнхийлөгч гэртээ ирсэн үедээ андашгүй. Том хар жийп дөрөв таваараа тэдний гадаа эгнээстэй. Үүдэнд нь том том биетэй бадриун 4-5 эр зогсоно. Харин явсан үед нь ганц л хар машин үлдэнэ. Тэр бол ээжийнх нь машин. Жолооч нь дотроо сонин уншаад сууж л байна. Тэднийх хоёр гэрийн үйлчлэгчтэй. Нэг охин нь их царайлаг, гоё биетэй байлаа. Тэр хавийн бидний үеийн хөвгүүд тэр охиныг найрах гэж их л хичээнэ. Даанч цаадах нь тоохгүй.

Манай сургуулийнхан Ерөнхийлөгчтэй нэг арван жил төгссөн гэдгээрээ бахархдаг. Сургууль минь Хан-Уул дүүрэгтээ байхгүй тохижилттой. Биеийн тамирын заалны хувцас солих өрөө нь хүртэл дүүштэй болсон байна лээ.

Одоо бол Яармаг “Хотын хөдөө” биш болсон. Вива сити, Шинэ яармаг, Хан богд гээд орон сууцны том том хорооллуудтай. Хотын шинэ суурьшлын бүсээр товлогдон Хотын захиргааны шинэ байр манай хороонд баригдаж эхлээд байна. Шинэ хорооллуудад ардын жүжигчин Н.Сувд, МУГЖ Г.Ариунбаатар, Ө.Уянга гээд олны танил эрхмүүд суурьшжээ. “Манай хороо 14000 гаруй хүн амтай. Дийлэнхийг нь залуус эзэлдэг. 220 гаруй аж ахуйн нэгж байгууллагатай. Шинээр барьж байгаа давхар гүүрийн барилга дуусч, ашиглалтад орвол манай хороо улсдаа ганц бүтээн байгуулалттай хороо болно” гэж хорооны дарга О.Ганхуяг бахархав. Сүүлийн 3-4 сонгууль дараалан Л.Болд гишүүн манай тойргоос сонгогдон, УИХ-ын гишүүн болсон. Түүний барьж байгуулсан бүтээн байгуулалт Яармагт олон.

1966 оны их үерт автаж, Дунд голын саваар нутаглаж байсан айлуудыг Яармагийн дэнжид шилжүүлэн суурьшуулснаар үндэс суурь нь тавигдаж, Улаанбаатар хотын Ардын Депутатын Хурлын Гүйцэтгэх захиргааны шийдвэрээр Ажилчны районы долдугаар хороо болон байгуулагдсан.

Дөрөвдүгээр хороо нь баруун талаараа Хан-Уул дүүргийн тавдугаар хороо ба Нүхтийн зам, зүүн талаараа Туул голын Яармагийн гүүрний хэсгээр 3,11 дүгээр хороодтой хиллэдэг. Урд талаараа Дархан цаазат Богдхан уулын Хүүш, Энхтайван, Арцат, Нүхтийн ам, хойд талаараа Туул голын ай сав газар буюу урд хойд талын дэнжийг хамарсан 4624 га газар нутагтай.

Миний хороо уул ус, ургамал бүрдсэн газар нутагтай. Богдхан ууландаа ганцхан газар арцтай. Арцатын ам гэж нэрлэгдсэн. Түүгээрээ манай хороо Арцатын гудамж хэмээгддэг. Одоо хороо маань хотын төвийн хөгжилтэй эн зэрэгцэхүйц болжээ. Хорооноос хот эхэлнэ гэдэг нь л энэ байх даа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Гэр хорооллын сайжруулсан түлшний хэрэглээг бүрэн хангах боломжтой гэв

Засгийн газраас 2019 оны тавдугаар сарын 15-наас эхлэн Улаанбаатар хотод ахуйн хэрэгцээнд түүхий нүүрс оруулахгүй байх шийдвэр гаргасан. Тиймээс Эрдэнэс-Таван толгой ХК “Таван толгой түлш” компани байгуулан, шахмал түлш үйлдвэрлэж байна. Уг түлшийг танилцуулах өдөрлөг өнгөрсөн бямба гаригаас эхэлсэн юм. Өчигдөр Баянгол дүүрэгт танилцуулгаа хийлээ. Шинэ түлшний талаар “Таван толгой түлш” компанийн худалдаа маркетингийн албаны хэлтсийн дарга Б.Энхзолбоогоос тодрууллаа.

-Шинэ түлшний түүхий нүүрснээс давуу чанар нь юу вэ?

-Утаагүй, үнэргүй. Хүний биед ямар ч сөрөг нөлөөгүй. Гүйцэт сайн асах тусмаа утаа нь багасдаг. Таван толгойн коксжуулсан нүүрсийг угааж, хүний биед хортой бодисуудыг устгасан. Бүрэн шаталттай учир үнс 50 хувь буурна. Хүний биед хорт хавдар үүсгэдэг бодисыг арилгасан. Илчлэг сайтай, шаталт удаан түлш юм.

-Үнийн хувьд хэдээр зарагдах уу?

-25 кг нь 3750. Нэг тонн нь 149500 болно.

-Үнийн хувьд бараг зөрүү гарахгүй юм байна. Дунджаар таван ханатай гэртэй айл нэг шуудай нүүрсийг хэдэн өдөр хэрэглэх вэ?

-Нэг удаа 5 кг-ийг хийхэд 7-8 цаг дулаанаа барина. Тэгэхээр 25 кг гэж бодоход хоёр хоног тасралтгүй хэрэглэх боломжтой гэсэн үг.

-Төслийн зуух энгийн зууханд шатах байдалд ялгаа бий юу?

-Бид найман төрлийн зууханд туршилт хийж үзсэн ялгаа гараагүй.

-Яаж асаах вэ?

-Жирийн түүхий нүүрсийг яаж асаадаг яг тэр зарчмаар асаана.

-Танилцуулгыг хаагуур хийх вэ?

-Гэр хорооллын хүн ихээр төвлөрдөг найман цэгт эхний ээлжинд танилцуулгаа хийнэ.

-Цаашид түүхий нүүрсийг хорихоор гэр хорооллын бүх айл өрхийн өвлийн хэрэгцээг хангаж чадах уу?

-Манай эхний үйлдвэр ТЭЦ-2-т ажиллаж байна. Арваннэгдүгээр сараас Толгойтын үйлдвэр ашиглалтад орно. Тэгэхээр гэр хорооллын бүх иргэдийн хэрэглээг хангах бүрэн боломжтой.

-Борлуулалт хаана хаана хийгдэх вэ?

-Борлуулалтын цэгүүдтэйгээ эхнээсээ гэрээгээ байгуулж эхэлж байна. Эхний ээлжинд нэг хороонд нэг цэг байршуулна гэсэн төлөвлөгөө гаргасан. Цаашид хүн ам ихээр төвлөрсөн гэр хороололд иргэдийн саналыг тусган цэг тогтооно.

-Түүхий нүүрсийг шахаж гаргаад, хүмүүс байнга худалдан аваад эхлэхээр үнээ нэмэхгүй гэсэн баталгаа бий юу?

-Засгийн газраас гаргасан шийдвэр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ учир цаанаас тогтоосон үнийг нэмэхгүй гэв.

Сайжруулсан түлшний маркетингийн багийнхан танилцуулах өдөрлөгөөрөө жирийн зууханд гал түлэн, ус буцалгаж харуулсан юм. Уг нүүрс нь асах тусмаа утаа нь багасаж бүрэн ассаны дараа утаагүй болж байлаа. Хүмүүс нүүрсний шаталтыг харан ам сайтай байцгаав.

Таван толгой түлш компаний зөвлөх инженер,техникийн шинжлэх ухааны доктор, профессор Г.Бадамхатан ярихдаа “Шахмал түлшний судалгааг 1970-аад оноос эхэлж хийсэн. 40-өөд жил нүүрсний гүн боловсруулалтын судалгаагаар ажиллаж байна. 2000 онд “Монгол орны чулуун ба хүхрийн усаар шахмал түлш хийх” сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Судалгааны ажил маань хөрөнгө мөнгөгүйгээс их саатсан. Харин Засгийн газраас гаргасан түүхий нүүрсийг хорьж, сайжруулсан түлш хийх шийдвэрийн дагуу энэ жил ТЭЦ-2 ажилд ороогүй үйлдвэрийг шинэчлээд шинэ стандартын дагуу үйлдвэрлэж байна. Би нүүрсийг хийжүүлэх, хагас кокс, шингэн түлш гаргах бүх туршилтыг Монголдоо хийсэн. Сайжруулсан түлш маань төр засгаас дэмжигдэж, Улаанбаатар хотынхоо утааг бууруулахад хувь нэмэр оруулах болсондоо баяртай байна” гэв. Уг түлшийг хэрэглэснээр хотын агаарын бохирдол 40-60 хувь буурна хэмээн тооцоолж байна. Түүхий нүүрсийг бодвол угаарын үнэргүй, үнс нь маш бага гарч, тогоогоо сөхөхөд бужигнасан тоосжилт өгөхгүй гэдгийг маркетингийн албаныхан гал түлж байх явцдаа харуулсан юм.

Уг сайжруулсан түлшийг сонирхож буй гэр хорооллын иргэдийн төлөөлөл Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны иргэн Р.Баяржавхлангийн сэтгэгдлийг сонсоход “Манайх жилдээ гурван портер нүүрс хэрэглэдэг. Нэг портер Багануурын нүүрс 150-160 мянга болдог. Яг үнэндээ бол хашааны банхруудад утаа гарч байна уу гарахгүй байна уу огтын хамаагүй. Гэр нь дулаахан байна уу гэдэг л чухал. Түүнээс хар утаа юу, цагаан утаа юу, их үү, бага уу гэдэг нь ердөө ч сонин биш. Хэрэв энэ түлшийг нь иргэд хэрэглээд, түүхий нүүрсийг шахаж гаргалаа гэхэд үнэ нь нэмэгдэхгүй байх баталгаа байна уу? Монголчууд хэрэглээ болгоод зуршил болоод эхлэхээр нь үнээ нэмдэг муу талтай. Мэдээж хүмүүст үнэ, чанар хоёр л чухал” гэв.