Categories
мэдээ улс-төр

Ч.Хүрэлбаатар: ЗГ-ын үнэт цаасыг бүх ААН-үүд, хүмүүст санал болгох боломж бүрдлээ

Засгийн газрын хуралдааны шийдвэрийн талаар мэдээлэл хийж байна. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Өнөөдөр ЗГ-ын хуралдаанаар Сангийн яам хоёр асуудал орууллаа. 2018 оны гуравдугаар сард Монгол Улсын эдийн засгийн форумыг хийж байхад блокчейн технологи дээр үндэслэгдсэн флатфорумыг ашиглаж ЗГ үнэт цаас гаргах асуудлыг анх судалж ярьсан. Өнөөдрийн хуралдаанаар үүнийг гаргах журмыг баталлаа. Урд нь ЗГ үнэт цаасыг арилжааны банкуудад голдуу санал болгодог. Арилжааны банкууд хүү тогтоож авсны дараа хоёр дахь зах зээл дээр гаргадаг байсан. Мөн хөрөнгийн бирж дээр ашиглаж, ЗГ-ын үнэт цаасыг зардаг. Хэрвээ ЗГ үнэт цаас гаргахаар бол блокчейн технологи дээр үндэслэсэн флатфорумыг ашиглаж бүх хүн, ААН-үүдэд ЗГ-ын үнэт цаасыг санал болгох боломжийг бүрдүүлж өгч байна.

ЗГ-ын зарим тусгай сангуудад хийгдсэн шалгалтын дүнг ЗГ-ын гишүүдэд танилцууллаа. Авах арга хэмжээний төслийг танилцуулсан. Үүнийг ЗГ-ын тогтоол болгож дараа долоо хоногт гаргахаар болсон. Тариалан эрхлэлтийн санг үүссэн цагаас нь эхлэн шалгалаа. Олон тооны зөрчил гарсан байна лээ. үүнийг засаж залруулах, ямар зөрчил гарсныг олон нийтэд ил болгох талаар ярьсан. Шалгалтын дүнтэй ЗГ-ын гишүүд танилцаад гаргасан шийдвэрийг ирэх долоо хоногт хэрэгжүүлнэ.

Categories
мэдээ улс-төр

С.Мөнхчулуун: Би дахин нэрээ дэвшүүлнэ

Нийслэлийн засаг даргад өөрийгөө нэр дэвшүүлэн ялсан ч Ерөнхий сайд батламжаагүй шалтгааныг С.Мөнхчулуунаас тодрууллаа.

-Ерөнхий сайд таныг Хотын даргаар батламжихгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Батламжлаагүй шалгааныг юу гэж харж байна?

-Ерөнхий сайдын мэдэгдлийг хоёрдугаар сарын 15-ны өдөр 17:37 цагт ИТХ-ын дарга Батбямба утсаар мэдэгдсэн. Одоогийн байдлаар мэдэгдлийг гар дээрээ авч хараагүй байна. Татгалзсан шалтгаан үндэслэлийг бичиг дээр тодорхой бичээгүй учир миний хувьд тийм үндэслэл шалтгаанаар татгалзлаа гэсэн зүйл алга.

-Та дахиж нэрээ дэвшүүлэх үү?

-15-ны өдрөөс хойшхи 2-3 өдөр иргэд сонгогчид маань над руу хүсэлтүүд их ирүүлж байна. Мөн НИТХ-ын 24 төлөөлөгч намайг дэмжсэн. Үүнийг би нийслэлийн нийт иргэдийн 57 хувийн төлөөлөл гэж харж байгаа. Тиймээс энэ хүмүүсийн дэмжсэн саналыг хүндэтгэх ёстой. Би дахин нэр дэвшинэ гэж бодож байна.

-Таныг дахин нэр дэвшвэл намаас хөөнө гэсэн асуудал яригдаад байгаа. Үүнийгээ танхимаас өөрийн нэрийг дэвшүүлэн намын бодлогын эсрэг ажиллаж байна гэж тайлбарлаад байгаа. Үүн дээр та ямар байр суурьтай байна?

-Ер нь бол тийм асуудлууд сонсогдож байгаа. Гэхдээ би сайн хэлж мэдэхгүй байна. Хяналтын хорооны дарга өмнө нь хэвлэл мэдээлэл сайтаар тийм ярилцлага өгсөн байсныг харсан. НИТХ-ын гишүүн гэдэг хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд нийслэлд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд байгаа хүмүүс. Нийслэлд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд Засаг даргаа сонгоод, мөрийн хөтөлбөрөө батлаад явдаг. НИТХ-ын төлөөлөгч өөрийгөө буюу бусдыг нэр дэвшүүлэн өрсөлдүүлэх бүрэн эрхтэй. Хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд би нэр дэвшсэн. Одоо ч гэсэн нэр дэвшихээ илэрхийлж байна. Сая надтай өрсөлдсөн НИТХ-ын дарга Амарсайхан маань өөрөө ИТХ-д нэр дэвшихдээ мөн л танхимаас өөрийн нэрийг дэвшүүлсэн. Намын бодлогын эсрэг, намын удирлагын эсрэг өөрөө бие дааж дэвшсэн хүн дараагийн удаагийнхд бодлого болоод юмуу удирдах зөвлөлийн шийдвэрт орж ирсэнд бол бид таатай хандаагүй. Тиймээс нэгийг нь дараагийн удаад дэвшүүлдэг. Нөгөөг нь хасдаг тийм зүйл байхгүй байх гэж харж байна.

-Хэрвээ хасахаар бол та хоёрыг хоёуланг нь хасах ёстой юм байна. Тийм үү?

-Түүнийг шийдвэр гаргах хүмүүснь л мэдэж байгаа байх.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр 1,6-аар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй

Сар шинэ нэгдсэн арга хэмжээ болж байгаа. Үүнтэй холбогдуулан ЦЕГ-аас мэдээлэл өглөө.

Нийтийн хэв журмын олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах газрын дарга, Цагдаагийн дэд хурандаа Цэрэнпунцаг: Цагдаагийн байгууллагаас сар шинийн баяртайхолбогдуулан тодорхой төрлийн арга хэмжээг үе шаттайгаар авч байна. Сар шинийн баярын өдрүүдээр олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр тодорхой арга хэмжээг төлөвлөн зохион байгуулж байгаа. Төлөвлөгөө батлагдаад хүн хүчээ төвлөрүүлээд арга хэмжээг сарын өмнө эхлэсэн. Үүнд: бөхийн барилдаан, Гандантэгчилэн хийд болон бусад сүм хийдэд болох ном хурах үйл ажиллагаанууд байгаа. Сүүлийн жилүүдэд иргэд нар харахаар тодорхой цэгүүд дээр гардаг болсон. Энэ арга хэмжээнүүдийн хамгаалалтыг хийхээр зохион байгуулаад байна. Сар шинийн баярын үеэр өндөржүүлсэн бэлэн байдалд алба хаагчдыг нэмж томилон, эргүүлийн чиглэл болон обьектийн хамгаалалтууд дээр тодорхой тооны алба хаагчдыг нэмж томилон, Хууль сахиулахын их сургуулийн сонсогчид болон олон нийтийн оролцоонд түшиглэн, ажиллах арга хэмжээг явуулж байна.

Урдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Бүрэнбаатар: Цагдаагийн байгууллагаас гэмт хэргээс урдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулсны үр дүнд, нэгдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд 3827 хэрэг бүртгэгдсэн. Энэ нь 2018 оны эхний сартай харьцуулахад 127 гэмт хэрэг буюу 4.8 хувиар нийт гэмт хэрэг буурчээ. Мөн баяр наадмын үеэр хулгайн гэмт хэрэг өсөх хандлагатай байдаг. Үүнтэй холбогдуулан “Хулгайн гэмт хэргээс урдчилан сэргийлье” аяныг зохион байгуулсан. Ингэснээр хулгайн гэмт хэрэг сүүлийн таван жилд буурч байгаагүй буюу 29.1 хувиар буурсан. Мөн хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг буурсан. Энэ хэрэг өнгөрсөн оны мөн үеэс 9.4 хувиар буурсан. Энэ хоёр хэрэг хулгай нь нийт гэмт хэргийн 40-өөд хувийг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг нийт гэмт хэргийн 30 гаруй хувийг эзэлдэг.

Нийслэлийн цагдаагийн газрын урдчилан сэргийлэх хэлтсийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Амармөрөн: Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн сард 2613 гэмт хэрэг гарсан. Энэ нь өмнөх оны мөн үеэс 12 хувиар буурсан байна. Тэр дундаа хулгайн гэмт хэрэг өмнөх оноос 31 хувиар буурсан үр дүн гарлаа. Мөн халаасны хулгайн гэмт хэргийн гаралт 44 хувиар буурсан байна. Иргэд хулгайн гэмт хэргээс урдчилан сэргийлэхийн тулд сонор сэрэмжээ дээшлүүлэн, автомашин, гэр орноо эзгүй орхихгүй байхыг анхааруулж байна.

Тээврийн цагдаагийн газрын урдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хошууч Лхагвадорж: Маргааш буюу хоёрдугаар сарын хоёрны өдөр тэгш тоогоор төгссөн тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцоно. Хоёрдугаар сарын гуравны өдөр сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно. Битүүний өдөр буюу хоёрдугаар сарын дөрөвний өдөр 1, 6-гаар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй. Сар шинийн баярын өдрүүдэд тээврийн цагдаагийн алба бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллана. Мөн Хууль сахиулахын их сургуулийн 250 сонсогч нэмэлтээр ажиллана. Мөн олон нийтийн цагдаа гээд нийт 800 гаруй алба хаагч гудамж талбайн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хөдөлгөөн зохицуулалтад хяналт тавьж ажиллана.

БНСУ-ын элчин сайдын яамнаас Монгол Улсын иргэд виз мэдүүлэхдээ төрийн болон төрийн бус байгууллагуудын тодорхойлолт лавлагааг хуурамчаар үйлдэн ирүүлж байна гэсэн гомдол ирсэн. Уг гомдлын дагуу Эрүүгийн цагдаагийн албанаас ажлын хэсэг гарч, асуудлыг шалгаж байгаа. Элчин сайдын яамнаас нийт 805 хүний хүсэлтийг ирүүлсэн. Хуурамч байж болзошгүй гэх магадлалтай. Ажлын хэсгийн зүгээс шалгалт явуулахад баталгаагүй газраар иргэд лавлагаа мэдүүлж, энэ нь элчин сайдын яамнаас буцаагдаж байгаа. Тэгэхээр ард иргэд БНСУ-ын элчин сайдын яамны баталгаатай лавлагаа мэдээлэл гаргадаг зуучлалын газруудын жагсаалтыг өөрсдийн веб сайт дээр байршуулсан байгаа. Түүнээс харж баталгаатай газраас лавлагаа мэдээллээ авна уу. Баталгаагүй хуурамч мэдээ мэдээлэл гаргадаг байгууллагуудаар үйлчлүүлэхгүй байх шаардлагатай. Мөн өөрсдөө хуурамчаар материал бүрдүүлснээр Монгол Улсын эрүүгийн хуулийн зүйл заалтын дагуу эрүүгийн хариуцлага хүлээх нөхцөл байдал бүрдэнэ гэдгийг анхаараарай.

Categories
мэдээ улс-төр

Г.Занданшатар: УИХ-аас хяналт шалгалтын төр хороодыг байгуулах, санаачлагыг дэмжиж хүчээр тэтгэж ажиллана

Г.Занданшатар: УИХ-аас хяналт шалгалтын төр хороодыг байгуулах, санаачлагыг дэмжиж хүчээр тэтгэж ажиллана

УИХ-ын даргаар сонгогдсон Г.Занданшатар үг хэллээ.

Бидний итгэл хүлээлгэж сонгосон Монголын ард иргэд эрхэм хүндэт сонгогчдоо төрийн бүх эрх мэдэл ард түмнээс эх сурвалжтай. Засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна. Ард түмэн энэхүү эрх мэдлээ сонгосон төлөөлөгч гишүүдээрээ дамжуулж, эдлэхээр Монгол Улсын Үндсэн хуулийн суурь зарчимд тусгасан. Ийм учраас УИХ-ын эрхэм гишүүд та бүхэн ард түмнийхээ хүсэл эрмэлзэл, дуу хоолойг илэрхийлэгч, илч төлөөлөгч нь байх Үндсэн хуулийн суурь зарчмыг дагаж мөрдөх учиртай. Ийм ч учраас та бид нийгмийн ард түмний хүсэмжлэлт хариу өгөх учиртай. Хариуцлага гэдэг бол ард түмний хүсэлд хариу өгөх чадвар юм. Ийм учраас бид ард түмний хүсэл, нийгмийн хэрэгцээ шаардлагад үндэслэж, дараах асуудлуудад онцгой анхаарч ажиллах шаардлагатай байна.

Монголын ард түмэн иргэд сонгогчид шударга ёсыг хүсэмжлэн шаардаж байна. Шударга ёс нийгмийн бодит хэрэгцээ шаардлага болсныг бид чихээрээ сонсож, нүдээрээ харж байна. Олон нийтийн анхаарлын төвд байгаа томоохон хэргүүд, нийгмийн шударга бус байдал, төрийн бүх шатанд ажиллаж байгаа албан хаагчдаас сахилга хариуцлага, ёс зүй, хариуцсан ажилдаа сэтгэл зүтгэл хариуцлагатай ажиллахыг нийгэм хүсэмжилж байна. Монголын төрд хууль дээдлэх ёс хариуцлагын тогтолцоо ноёрхож, тэр нь тэгш шударга хэрэгжиж байж, төрд итгэх итгэл, УИХ-д итгэх ард түмний итгэл эргэж сэргэнэ. Улс төрийн энэ эгзэгтэй цаг үед Монголын улс төрд цэгцрэх хөдөлгөөн эхлэж байна гэж үзэж байна. Монголын ард түмний хүсэмжлэл, хүсэл зориг нь хуулийн засаглал дээр тогтсон эв санааны нэгдэл юм. Нийгмийн шударга ёсны хүсэмжлэлийн төвд төр өөрөө цэгцэрч, УИХ, сахилга дэг журмыг эрхэмлэх шаардлага бидний өмнө тавигдаж байна. УИХ-ын даргын хувьд хуулийн засаглал, шударга ёс дээр тогтсон эв санааны нэгдлийг тогтоохын төлөө онцгойлон зүтгэж ажиллах болно. Сахилга хариуцлага дээрээсээ эхлэж, доош үлгэрлэдэг, хууль журам нь эрх мэдэлтнүүдэд хатуу, эгэл жирийн иргэдэд нигүүлсэнгүй байх нь төрт ёсны эрхэм чанар нэгэн зүйл урлаг гэж үздэг уламжлалтай ард түмэн бид. УИХ нь үндсэн хуулиа, Засгийн газар шүүх эрх мэдлийн эрх болон бусад хуулийг гуйвуулахгүйгээр дагаж мөрдөх ёстой. Цаашид УИХ-ыг төлөөлөх, хууль тогтоох чиг үүргээс гадна УИХ-ыг хяналт тавих чиг үүргийг хуулиар тодорхой болгож, илүү санаачлагатай ажиллах шаардлагатай байна гэж үзэж байна. Ийм ч учраас шийдэгдэхгүй байгаа томоохон хэргүүд, нийгмийн шударга бус байдал, хуулийн хэрэгжилтийг хангах талаар УИХ-аас хяналт шалгалтын төр хороодыг байгуулах, санаачлагыг дэмжиж хүчээр тэтгэж ажиллана. Энэ ажлаас улс төрийн цэгцрэх хөдөлгөөн эхэлнэ гэж үзэж байна. Эрх мэдэлтнүүдийн ёс бус үйлдэл, хувийн сонирхол давамгайлдаг, албан тушаалаа урвуулан ашигладаг, ард түмнийг алагчладаг явдалд хууль тогтоох дээд байгууллага хатуу тэмцэх учиртайг УИХ-ын нийт гишүүддээ уриалан сануулж байна. Дээр дооргүй хууль дээдлэх ёс, хуулийн засаглал ёс зүйг чанд баримтлан ажиллахыг уриалж бас сануулж байна. Төрийн бодлого нь тодорхой үйл ажиллагаа ил тод, иргэндээ хүрсэн байх ёстой. Иргэдийн амьдралд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхийн тулд УИХ дээр ажлын хэсэг байгуулж, Засгийн газартайгаа нягт хамтран ажиллах болно. УИХ-ын эрхэм гишүүдээ бид монголын ард түмний нийтлэг эрх ашиг, Монгол Улсын хөгжлийн эрх ашгийг хэсэг бүлгийн эрх ашгаас ямагт дээгүүр тавьж ажиллах ёстой. Тансаглал үрэхийг бус хийж бүтээхийг эрхэмлэх ёстой. Улс төрийн тогтворгүй байдал, талцал хуваагдлыг жигших ёстой. Үүний тулд ард түмний шударга ёсны хүсэмжлэл нийгмийн эрэлт хэрэгцээ шаардлагад тогтсон эв санааны нэгдэл бидэнд юу юунаас чухал байна. Баялгийн шударга бус хуваарьлалтыг цэгцэлж, орлогын ялгаа, орлогын тэгш бус хуваарьлалтыг оновчтой болгож, чинээлэг дундаж давхаргыг дэмжсэн нийгмийг цогцлоон бүтээх нь үндсэн хуульд тунхагласан хүмүүнлэг ардчилсан нийгмийн үндсэн зорилго мөн. Монгол Улсын үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс юм. Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжих шилжилтийн үндэс болсон үндсэн хууль 1992 онд батлагдснаас хойш 27 жил өнгөрчээ. Энэхүү үндсэн хууль үйлчилж байгаа нь өөрөө том ололт юм. Үндсэн хуулийн үзэл санаа амьдралд биелэлээ олсон. Гэхдээ үндсэн хуулийг баталж, мөрдүүлснээс хойшхи хугацаанд эрх мэдлийн хуваарьлалт, шунал тэмцэл, хариуцлагын тогтолцоонд зарим алдаа байгааг эрдэмтэн судлаачид, ард иргэд төдийгүй УИХ-ын гишүүд илэрхийлж байна. Монгол Улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл нь төрийн тогтолцоог илүү тодорхой болгож, төрийн хариуцлага шударга ёсыг бэхжүүлэх, хууль биелүүлэх, хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулахад чиглэгдэнэ. Монгол Улсын ИХ-ын гишүүний ёс зүйн хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх, УИХ-ын хууль тогтоох чанар хариуцлагыг сайжруулах, УИХ төсвийн эрх мэдлээ хязгаарлаж, улсын төсвийг дураараа үрж, төсвийн сахилга батыг алдагдуулдаг буруу чигийг зогсоох, хүний эрх эрх чөлөөг хангах, сахилга хариуцлага шударга ёсыг тогтоохдоо хяналт тавих чиг үүргийг тогтоохоор Үндсэн хуулийн төсөлд тусгаад байгаа. Монгол Улсын Үндсэн хууль, УИХ-ын тухай хууль, Дэгийн тухай хуулиудад заасан УИХ-ын бүрэн эрхийг хэрэгжүүлэхийн төлөө өмнөө байгаа сорилтуудыг давж, боломжийг ашиглан парлиаментад ёс, улс орноо хөгжүүлэн мандуулахын төлөө хамтдаа хичээн зүтгэцгээе. Парлиаментийн засаглал, ардчилсан ёсыг бэхжүүлэхийн төлөө УИХ-ын гишүүдийн санал санаачлагыг дэмжиж, хүчээ нэгтгэхийг уриалж байна. Монгол төрийн өлмий бат оршиг. Төр төвшин, түмэн амгалан байх болтугай.

Categories
мэдээ нийгэм

Ч.Хүрэлбаатар: НӨАТ-ын буцаан олголтын маргааш өглөөнөөс эхлэнэ

Засгийн газраас мэдээлэл хийлээ.

Сангийн яамны сайд Ч.Хүрэлбаатар: Өнөөдөр хоёр мэдээлэл өгье гэж бодлоо. Эхнийх хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулах, гаалийн шинэчлэлийн асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулж, шийдвэрлэлээ. Хоёрдугаарт НӨАТ-ын буцаан олголттой холбоотой мэдээлэл өгье.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулах, гаалийн шинэчлэл хийхтэй холбоотой Засгийн газрын тогтоол гарлаа. Энэ тогтоолтой холбоотой зарим зүйлийг хэлье. Монголын уул уурхайн баялаг, ашигт малтмал зургаан боомтоор гарч байгаа. Үүнтэй холбоотой хэд хэдэн асуудал байдаг.

1 Гарч байгаа эрдэс баялагийн сорьцын асуудал тодорхойгүй байдаг. Өнөөдрийн хурлаар авто тээврийн хэрэгсэл бүрээс сорьц авдаг түүн дээрээ үндэслэн татвараа авдаг байх тоглоолыг оруулж өгсөн.

2 Хилээр гарч байгаа авто тээврийн хэрэгслийг бүртгэдэг, цахим хэлбэрээр хянадаг байх шийдвэр гарлаа.

3 Ашигт малтмал гаргаж байгаа зургаан боомт дээр рентген тоног төхөөрөмжүүдийг суурилуулах, камержуулах нэгдсэн мэдээллийн нэг системийг бий болгож, хяналт хийх асуудлыг тогтоолд тусгасан.

НӨАТ-ын буцаан олголтоор нийт 800,8 мянган хүнд 120 тэрбум гаруй НӨАТ-ын буцаан олголтын маргааш өглөөнөөс эхлэн олгож эхэлнэ. Энэ жил НӨАТ-ын буцаан олголт 60-аад хувиар нэмэгдсэн. Хамралт мөн 40-өөд хувиар нэмэгдсэн.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Анхбаяр: Миний зорилго биелээгүй байхад шантрах эрх надад байхгүй

Аэрибикийн спорт сүүлийн жилүүдэд Монголд эрчимтэй хөгжиж байгаа. Энэ спорт нь удахгүй олимпийн төрөлд багтаж магадгүй. Дэлхийн таван тивийн 100 гаруй улсад хөгжсөн байвал олимпид багтах магадлалтай. Тиймээс тус спорт хэдэн оронд хэр зэрэг хөгжилтэй байгааг судалж байна. Дээрх шалгуурыг хангасан бол олимпийн төрөлд багтана. Ингээд саяхан аэробикийн спортын дэд мастер цолны болзлыг хангасан тамирчин Б.Анхбаяртай ярилцлаа. Тэрээр Ататуркийн нэрэмжит Тавдугаар сургуулийн 10Д ангид сурдаг юм.

-Аэробикийн спортоор хэзээнээс эхэлж хичээллэсэн бэ?

-Би 2012 оноос энэ спортоор хичээллэж эхэлсэн. Гуравдугаар ангиасаа. Энэ хугацаанд олон улсын болон улс, хот дүүргийн аварга болж, хамгийн сүүлд өнгөрсөн оны 11 дүгээр сард БНСУ-ын Сөүл хотноо болсон олон улсын тэмцээнээс гурвалсан төрлөөр алт, ганцаарчилсан төрлөөр хүрэл медаль хүртсэн. Түүгээрээспортын дэд мастер цолны болзлоо хангаад байгаа.

-Аэробикийн спортын онцлог юу вэ?

-Ер нь ганцаарчилсан, хос, гурвал, баг, стептэй аэробик гээд нэг тамирчин хэд хэдэн төрөлд оролцож, нэг тэмцээнээс олон медаль авах боломжтой. Мөн багаар ажиллах чавдар, тэсвэр тэвчээр, хатуужил суулгадаг. Хөдөлгөөний маш сайн эвсэлтэй болдог. Энэ спортоор хичээллэдэг хүмүүс ямар ч бүжгийг маш амархан сурч чаддаг.

-Анхны гараа хаанаас эхэлж байв?

-Би нэг хоёрдугаар ангидаа ХУД-ийн 34 дүгээр сургуульд сурч байсан. Гуравдугаар ангидаа Нийслэлийн ЧД-ийн Ататуркийн нэрэмжит Тавдугаар сургууль руу шилжсэн. Тэр цагаас энэ спортоор хичээллэх үүд хаалга нээгдсэн. Тавдугаар сургуулийн аэробик гимнастикийн багш Ш.Оюунчимэг багшийн шавь болж, тэр цагаас хойш тасралтгүй хичээллэж байна. Тавдугаар сургууль аэробик гимнастикиар улс хот дүүрэг, олон улсын тэмцээнд тасралтгүй оролцдог. Ш.Оюунчимэг багш маань маш сайн багш. Эхлэлийг зөв тавьж өгсөнд үнэхээр их баярладаг. Бид өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Өвөр Монголд очиж, зургаан сар хамтарсан бэлтгэл хийгээд 10 дугаар сард ирсэн.

-Хамтарсан бэлтгэл хийхэд тамирчин хүний хувьд хэр өсөж дэвжих боломж олгодог юм байна?

-Бэлтгэлээс өөр юу ч хийдэггүй. Өдөр шөнөгүй зөвхөн бэлтгэлээ л хийж байгаа болохоор тамирчин хүний хувьд чадвар сайн нэмэгддэг юм байна лээ. Бэлтгэлээс өөр юу ч бодох зав чөлөө ч бараг гардаггүй. Хувь хүний чадвар тэсвэр тэвчээр их нэмэгдэж, юмыг бас нэгэн өөр талаас нь харах нүд нээгддэг юм байна лээ.

-Хоёр улсын тамирчдын хооронд ялгаа байв уу? Хэр найзууд болов?

-Манай тамирчид илүү биеийн хөгжил болон чадвар сайтай санагдсан. Нөхөрсөг тоглолт, бэлтгэл цуг хийх үед Монголын тамирчид илүү тэсвэр хатуужилтай, чадвартай харагдсан. Тэндхийн хүүхдүүд их найрсаг, сайхан зан харилцаатай юм билээ. Тиймээс олон сайн найзтай болсон. Мөн их чармайлт сайтай. Бид нэг юм илүү хийж чаддаг бол тэрийг чинь сурья, заагаад өгөөч гээд өөрсдийн хичээл чармайлт их гаргадаг. Бид ч бас зөрүүлээд тэрийгээ зааж өг гээд хамтарсан бэлтгэлийн шим их байлаа. Чадахгүйгээ сурч, чаддагаа заагаад сайхан байсан.

-Урд нь Монголдоо тамирчид бөөнөөрөө кемпид гарч зөндөө бэлтгэл хийж байсан байх. Ер нь өөр оронд очоод бэлтгэл хийх, хөдөө бэлтгэл хийхийн ялгаа ямар байдаг юм байна?

-Өвөр Монголд ар гэрийнхнээсээ хол болохоор гэрийнхнээ санана. Найз нөхдөө санана. Тэр нь жаахан дарамттай байсан. Монголд бол тамирчдын бэлтгэлийн цаг бага, заримдаа заал олдохгүй. Кемпид гарсан ч бэлтгэлээ өдрийн зургаан цаг хийгээд үлдсэн цагт нь чөлөөтэй байдаг.

-Өвөр Монголд очоод дасан зохицоход хэр хугацаа оров? Хоол тамирчдын байр хангамжийн хувьд хэр байсан бэ?

-Санасныг бодоход их хурдан дасан зохицсон. Нэг хэвийн байдлаар л зургаан сар боллоо. Нэг л маршруттай. Тэр нь нэг бодлын их амар байж. Монголоос 30 гаруй тамирчин очсон. Хангамжийн хувьд тааруухан. Нэг жижигхэн өрөөнд арвуулаа байрладаг. Хоолны тухайд ногоо ихтэй. Бид нар шиг маханд дуртай хүмүүст эхэндээ хэцүү. Сүүлдээ ч дасдаг юм байна лээ.

-Ганцаарчилсан болон баг, гурвал гээд бүх төрөлд ороход ялгаа юу байдаг вэ? Давуу болон сул талууд юу байх уу?

-Ганцаарчилсан төрөл бол өөрөөс шалтгаалах бүхнээ хийдэг. Өөрийн чаддаг мэддэг бүх зүйлээ гаргана. Өөрт тохирсон комбинациудыг зохиож, нэг минут гучин секунтын хугацаанд бүхнээ гаргадаг. Тэр нь надад их таалагддаг. Багаар бол таван гишүүн янз бүрийн чадвартай байна. Хэрэв нэг нь нөгөөдүүлээсээ жаахан сул байвал тэр хүний темп, чадварт бусад нь тааруулж хийнэ. Тийм болохоор оноо буурч, медаль авах боломж буурах магадлалтай болдог. Харин бүгд нэгэн жигд сайн байвал багийн төрлөөр хийх хөдөлгөөнүүд олон сонголттой байдаг учир сайн баг байх нь чухал. Багийн гишүүд бүгд сайн байвал илүү хүчтэй, өрсөлдөөнтэй ширүүн байдаг л даа.

-Анхны багш Ш.Оюунчимэгээс эхлээд хэдэн багшийн гар дамжив? Багш нарын сургах арга барил хэр ялгаатай байдаг юм байна?

-Ш.Оюунчимэг багштай 2017 оныг хүртэл хичээллэсэн. Дараа нь Лайт клубын Мөнх-Оргил багштай хичээллэж эхэлсэн. Ш.Оюунчимэг багш их шахдаг. Байнга өсөн дэвжихийг шаарддаг. Чадахгүй байгаа хөдөлгөөнийг цаг үргэлж давтуулна. Тэгэсээр байгаад л нэг л мэдэхэд сурчихсан байдаг. Их мундаг багш. Энэ спорт өөрөө байнга өсөн дэвжихийг шаарддаг. Шинэ шинэ хөдөлгөөн комбинацыг өдөр бүр сурах шаардлага гардаг. Тэгэхээр өсөн дэвжих нь хурдацтай байна гэсэн үг.

-Чиний хувьд үлгэр дуурайлал авдаг хүн хэн бэ?

-БНСУ-ын тамирчин Кун Мин Гогоос үлгэр дуурайл авдаг. Бичлэгийг нь үзэж, хөдөлгөөнийг дагаж хийдэг. Чадвартай сайн тамирчдыг бичлэгээс бас их зүйл сурдаг шүү.

-Ирээдүйн зорилго юу вэ?

-Аэробикийн спорт олимпийн төрөлд ороосой гэж боддог. Тэгвэл Монголын тамирчид энэ төрлөөр эх орныхоо далбааг олимпийн тэнгэрт мандуулна гэдэгт итгэлтэй байдаг. Мэдээж тамирчин хүн олимпийн тэнгэрт эх орныхоо далбааг мандуулах нь ганц зорилго нь байдаг. Цаашид улсынхаа нэрийг олон улс тив дэлхийд гаргах зорилготой байгаа. Манай улсын тамирчид энэ төрлөөр Азийн аварга, Дэлхийн хүрэл медаль хүртсэн. Энэ нь цаашид дээшлэх боломжтой.

-Тамирчин хүний хувьд тулгамддаг зүйл нь мэдээж олон улсын тэмцээнд явахад зардал мөнгө хувиасаа гаргадаг болхоор хүнд тусдаг байх?

-Тийм шүү. Ялангуяа манай улс олимпийн төрөлд ордоггүй спортуудаа орхигдуулдаг. Энэ нь буруу хандлага. Спорт бүр хөгжиж олимпийн төрөлд орох магадлал байдаг. Аэробикийн спорт ч гэсэн олимпийн төрөлд багтах магадлал өндөртэй байгаа. Тиймээс бүх спортыг дэмжиж, ивээн тэтгэж, спорт заал, хэрэглэл хэрэгслүүдээр дэмжиж туслах ивээн тэтгэгчүүд олон байгаасай гэж хүсдэг. Хүмүүст нэг буруу ойлголт байдаг. Аэробик эмэгтэй хүүхдийн спорт гэдэг. Хэд хоног хичээллэчихээд охины спорт гээд эрэгтэй хүүхдүүд ч их хаядаг санагддаг. Тийм биш шүү. Харин ч бие бялдрын жигд хөгжил, эрэгтэй хүүхдэд байх бүх чадварыг суулгадаг. Эцэг эхчүүд эрэгтэй хүүхдүүдээ аэробикийн спортоор хичээллүүлж, олон тамирчинтай болох тусмаа өрсөлдөөн ширүүсэж, сайн тамирчин төрөх магадлал өндөр болно шүү дээ.

-Аэробикийн спортоос өөр сонирхдог зүйл бий юу?

-Хөлбөмбөг сонирхдог. К.Роналдог шүтдэг. Хувь хүний хувьд ч тэр, тамирчин хүний хувьд ч тэр мундаг хүн.

-Өдрийг хэр завгүй өнгөрөөх үү? Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?

-Хичээл, бэлтгэл гээд өдөртөө зав хомс байдаг шүү. Сүүлийн үед давхар фитнест явж байгаа. Тиймээс бүр л зав бага болсон. Өглөө 07:00цагт гэрээсээ гараад орой 19-20 цагийн үед л гэртээ ордог. Мөн зургаан сар урд байсан хугацаан дах хичээлээ нөхөх, тэмцээн уралдаантай байх үед чөлөө авсан хичээлүүдээ нөхөх гээд давтлага хийж байгаа. Ихэнх уралдаан тэмцээн амралтын өдрүүдээр болдог болохоор амралтын өдөр ч амрах боломж хомс байдаг шүү. Гэхдээ ингэж завгүй байх нь надад таалагддаг. Залуу хүн завтай байх нь эмгэнэл гэдэг биз дээ. /Инээв/ Чөлөөт цагаараа хөлбөмбөг л тоглодог. Гэхдээ тоглох цаг нь бас ховор л доо.

-Бэлтгэлээ тасалж байв уу? Шантрах үе гардаг уу?

-Тасалж үзээгүй ээ. Зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд чөлөө авна. Тэгэхдээмаш ховор л доо. Нэг удаа хөлөө гэмтээгээд хэд хоног хичээлдээ явж чадахгүй, бэлтгэлээ хийхгүй өнжсөн. Хийх юм олдохгүй ёстой хэцүү юм билээ. Дахиж л бэртэж болохгүй юм шүү л гэж бодсон. Одоохондоо би дөнгөж 10 дугаар ангийн сурагч. Миний зорилго биелээгүй байхад шантрах эрх надад байхгүй.

Categories
мэдээ нийгэм

Б.Амгаланбаатар: Байлдагч багийн эмнэлэгт очих замдаа нас барсан

Цэргийн алба хаагч амиа алдсан хэргийн мөрөөр Дорноговь аймагт ажилласан ажлын хэсэг мэдээлэл хийлээ.

Зэвсэгт хүчний хуурай цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар: Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа явж байгаа учир би ямар нэгэн хүний нэр ус хэлэх, процессийг тайлбарлах боломжгүйг хэлье. Энэ хэрэг явдал 2019 оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн 14:30-16:00 цагийн хооронд болсон. Энэ хугацаанд ангийн захирагчийн тогтоосон дэг журмын дагуу цагийн хуваарь, өдөр тутмын үйл ажиллагааны 5-6 дугаар цагийн хичээл орж байх үе байсан юм. Хэрэг явдал яагаад гарсан бэ гэвэл тухайн салбар уг өдөр харуулаас буусан байгаа юм. Энэ үед салбарын захирагчийн өгсөн үүргийн дагуу салбарын байранд үзлэг хийсэн. Үзлэгийн явцад эмх замбараагүй хадгалсан эд зүйлс, гар утас зэрэг зүйл салбарын байрнаас олдсон. Салбарын захирагч дотоод журмыг зөрчиж, гар утас ашигласан байна гээд нийт алба хаагчдад арга хэмжээ авах үүргийг ахлагчид өгсөн. Ахлагч цэргүүдийг биеийн тамирын талбай дээр гүйлгэсэн. Гүйж байх явцад талийгаач дотор эвгүйрхээд би гүйж чадахгүй нь гэсэн тайлбарыг өгчээ. Энэ үед салаан захирагч нар өөр салаан захирагчийн хамт очин гүйж байсан явцыг зогсоосон. Ингээд салбарын цэргүүдийг байранд нь оруулсан байгаа. Байранд оруулах явцад талийгаач байлдагчийн бие дахин муудаж, оронд нь оруулж хэвтүүлсэн. Дэргэд нь байсан ахлагч нар гар хөлөнд нь массаж хийж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх гэж оролдсон байгаа юм. Энэ хооронд цэргийн алба хаагчид дараагийн хичээлд орсон тэр хооронд талийгаач таталт өгсөн. Тэгээд эмч дуудсан. Ангийн эмчийг ирэхэд талийгаач ухаан алдсан байдалтай, таталт өгснийг сувилагч эмчдээ хэлээд Зүүнбаянгийн багийн эмнэлэг рүү авч явах шийдвэр гаргаад багийн эмнэлэгт очих замдаа нас барсан. Багийн эмч үзээд энэ хүн нас барсан зүрх нь зогссон гэдгийг тогтоосон. Үүний дагуу Зүүнбаянгийн цагдаагийн хэлтэст мэдэгдсэн. Багийн цагдаагийн хэсэг мөн Дорноговь аймгийн цагдаагийн хэлтсээс ажлын бүрэлдэхүүн дуудсан байгаа. Ажлын бүрэлдэхүүн газар дээр нь очиж ажилласан. Манай зүгээс ар гэртээ нь холбоо барьж ийм хэрэг боллоо гэдгийг дуулгасан. Нэгдүгээр сарын 23-ны өглөө 05:40 минутад ар гэрийнхэн нь Зүүнбаян багт очсон. Ар гэрийнхэн тэнд ажиллаж байсан байгууллага цэргийн удирдлагуудтай уулзсан. Энэ хэргийг шалгах ажлын хэсгийг хуурай замын цэргийн командлагчийн хувьд томилоод өнгөрсөн хоёр өдөр Зүүнбаян баг 336 дугаар анги дээр ажиллаад ирлээ. Ажлын хэсгийн дүгнэлтээр энд хэд хэдэн зөрчил дутагдал байжээ гэж үзэж байгаа.

1 Ангийн удирдлагаас өдөр тутмын ажиллагаанд тавих хяналт сул.

2 Салбарын захирагч шийдвэр гаргахдаа цэргийн сахилгын дүрмийг зөрчсөн.

3 Эмнэлгийн анхны тусламжийг хожимдож үзүүлсэн байна гэсэн ийм үндэслэлүүд тогтоогдсон. Энэ дүгнэлтийг би салбарын сайд болон холбогдох албан тушаалтнуудад танилцуулсан. Одоо Зүүнбаян багт Дорноговь аймгийн цагдаагийн мөрдөн шалгах алба, Дорноговь аймгийн тагнуулын газар хэргийн газар дээр ажиллаж байна. үйл ажиллагаанд тавигдах хяналт сл цэргийн дүрэм зөрчигдөх асуудал байгаа учраас бид холбогдох шат шатны удирдлагад арга хэмжээ тооцох саналаа Батлан хамгаалахын сайдтай ярьсан байгаа.

Дашрамд хэлэхэд харамсалтай хэрэг гарсан явдалд гүнээ эмгэнэж байгаагаа талийгаачийн ар гэр, хамаатан садан, найз нөхөд бүгдэд нь эмгэнэл илэрхийлж байгааг албан ёсоор дамжуулж хэлье.

ЗХЖШ-ын нэрийн өмнөөс хуурамч веб хуудас нээн эмгэнэлийн бичиг тавьж, сошиалаар явсан асуудал гарлаа. Энэ чиглэлээр кибер аюулгүй байдалтай тэмцэх алба, Тагнуулын ерөнхий газартай хамтран ажиллаад веб хаяг нээж эмгэнэл илэрхийлсэн хүнийг олж тогтоосон. Энэ бол Зэвсэгт хүчний албан ёсны байр суурь биш гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

М.Энхболд: Цагаан сарын баяраас өмнө шинэ УИХ-ын дарга томигдох байх

УИХ-ын дарга М.Энхболд мэдээлэл хийлээ.

Өнөөдөр нэгдүгээр сарын 25-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэдүүлсэн УИХ-ын даргыг чөлөөлөх талаар УИХ-ын дэгийн тухай хууль, УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал УИХ-аар шийдэгдэж өнөөдрөөс хэрэгжиж эхлэх гэж байна. 20 минутын өмнө УИХ-ын нэр бүхий 39 гишүүн гарын үсэг зурсан УИХ-ын даргыг ажлаас чөлөөлөх хүсэлт гаргасан тогтоолын төслийг надад өргөн барилаа. Энэ асуудлыг яаралтай горимоор хэлэлцэх хуулийн дэгтэй. УИХ-ын даргын зөвлөл хуралдаж байж яаралтай горимоор хуралдах журамд оруулахыг шийддэг. Захирамж гарч байж шийдэгдэх ёстой. Өнөөдөр 13:00 цагт УИХ-ын даргын зөвлөл хуралдаж байж эцсийн шийдвэрээ гаргана. Энэ асуудлаар би Төрийн байгуулалтын байнгын хорооны даргатай санал солилцсон. Өнөөдрөөс хойш хамгийн ойрын хугацаанд УИХ-ын чуулган хийх боломжтой хугацаа нь ирэх долоо хоногийн мягмар гариг. Энэ өдөр 09:00 цагт Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, 10:00 цагт чуулганы нэгдсэн хуралдаан хуралдуулж, УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэх шийдвэрлэх бодолтой байгаа талаар санал бодлоо солилцсон. Ингээд өнөөдөр 13:00 цагт энэ асуудлыг хэлэлцэх шийдвэр гарна. Энэ асуудлыг 29-ний өдөр хэлэлцэх боловч тодорхой учир шалтгаан бий. Хууль өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байгаа ч хуулийн хэрэглэх явдал дэгийн тухай хуульд зааснаар төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдснээр энэ хуулийг хэрэглэнэ гэсэн заалттай. Тиймээс УИХ-ын гаргасан шийдвэрүүдийг хэвлэдэг Төрийн мэдээлэл сэтгүүл пүрэв гаригт эрхийн хэвлэлийн байгууллагад өгсөн 28-ны даваа гаригт Төрийн мэдээлэл сэтгүүл хэвлэгдэнэ. Тэгэхээр энэ хууль хэрэгжих хугацаа 28-ны өдрөөс эхэлнэ. Нөгөө талаас энэ асуудал энэ долоо хоногийн хуваарьт ороогүй, сая орж ирсэн учир энэ долоо хоногт хэлэлцэх нь дэгийн тухай хууль зөрчигдөх асуудал үүснэ. Тиймээс хуулийн дагуу 29-ны өдөр хэлэлцэхээр болсон. Би өмнө нь хэлсэн. Ямар нэгэн албан тушаалтай зууралдаад байгаа асуудал байхгүй. хуулийн дагуу заагдсан үндэслэлээр ажлаасаа чөлөөлөгдөх, огцроход болохгүй зүйл байхгүй гэж хэлсэн. Тиймээс энэ асуудлыг хуулийн дагуу шийдэж, удахгүй болох үндэсний баяр цагаан сарын баяраас өмнө шинэ УИХ-ын дарга томигдож, төрийн шинэ удирдлагууд олон түмэнтэйгээ золгож мэндээ мэдэлцэх нь зөв байх аа. Яг хуваарийн дагуу бол пүрэв гаригт УИХ-ын чуулган хуралдах ёстой. Түүнийг хоёр хоног нааш нь татаж, мягмар гаригт хуралдуулахаар захирамж гаргаж энэ асуудлыг шийдэх бодолтой байна. ингээд 13:00 цагт эцсийн шийдвэр гарах болно оо.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Олон улсад танил болж буй “THE HU”

Монголын урлагийн ертөнцөд шинэ өнгө төрх нэмсэн нэгэн хамтлаг нэмэгджээ. Тэд бол “THE HU” хамтлаг юм. “Тэнгэрийн гадас” нэртэй клип нь Youtube.com-д байршсан цагаасаа эхлэн 6.6 сая удаа үзсэн тандалттай байгаа юм. Энэ хамтлагийн лого, хувцас, ая хөгжим бүгд үндэсний онцлогийг харуулах хэлбэр хийцтэй аж. Тэдний клипийн дор бичсэн олон мянган сэтгэгдэл дунд хувцасны стил имижийг ихээхэн онцолсон асуултууд олон зурайжээ. Ийм загвартай хувцас хаанаас авч болох вэ? Хаанаас захиалах уу? Онлайнаар Монголоос захиалж авах боломж бий юу? хэмээх асуултууд хөвөрчээ. Үүнээс үзэхэд Монголын хувцас загвараар боломжийн мөнгө олоод байх боломж харагдаж байна.

Мөн тэдний клип дороо хадмал орчуулгаар үгээ бичсэн нь гадны сонсогчдод тун сайн хүрч байгаа бололтой.

Мөн хамтлагийн Wolf Totem хэмээх дууны клип Youtube.com-оос 3.4 сая удаа үзсэн байна. Ингээд тус хамтлагийн хоёр клипийг хүргэж байна.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Баасанхүү: М.Энхболд огцрох ёстой. Огцрох ч юм шиг байна

УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдээлэл хийлээ. Тэрээр “Монголд 100 хүрсэн настай 100 гаруй ахмадууд байдаг юм байна. Тэд гэр хороололд нэн ядуу өрхийн тоонд орж амьдардаг. Би тэдгээр иргэдэд орон сууц олгооч гэсэн хүсэлт тавьж байгаа. Мөн Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны сайд Л.Чинзориг, Монголбанкны ерөнхийлөгчид албан бичиг хүргүүлж байгаа. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны санаачилгаар тэтгэвэрийн зээлийг 70 хувиар олгож бай, 30 хувийг үлдээж бай гэсэн чиглэл өгсөн юм байна. Энэ нь цагаан сар болох гэж байхад асар хүнд дарамт болж байна. Санхүүгийн дарамттай нөхцөлд 100 хувь тэтгэвэрийг олгодог байгаач. Дээрээс нь Монголбанкны ерөнхийлөгч болон Ерөнхий сайдад өгсөн ипотекийн зээлийн хүүг буулгах, банкны хүүг буулгах тодорхой саналуудынхаа хариуг нэхэж явна.

ЖДҮ болон М.Энхболдтой холбоотой асуудалд намайг улаам цайм гүтгэж байгаа нөхдөд хариуцлагатай хэлье хэлсэн үгэндээ эзэн байна шүү. Надаар оролдож болохгүй. Би ганцаараа байгаа ч өөрчлөлтийг хийхийн төлөө явна. Би зөвхөн баримттай ярьдаг. М.Энхболд огцрох ёстой. Огцрох ч юм шиг байна. Хуучин МАНАН шинэ МАНАН-тайгаа зодолдож байгаа зодооны алинд нь ч би орохгүй” гэв.