Монголын хөлбөмбөгийн холбоо улсдаа анх удаа 23 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах урдчилсан шатны тэмцээний G хэсгийн тоглолтыг зохион байгуулсан. Энэ талаар Монголын хөлбөмбөгийн холбооны хэвлэл мэдээллийн ахлах мэргэжилтэн Ч.Энхбаттай ярилцлаа.
-U23 ангиллын Азийн аварга шалгаруулах урдчилсан шатны тэмцээний G хэсгийн тоглолтыг анх удаа зохион байгууллаа. Зохион байгуулалт хэр түвшинд болж чадсан гэж харж байна?
-Сүүлийн таван жил Монголын хөлбөмбөгийн холбоо олон улсын
тэмцээнийг маш олон удаа зохион байгуулсан. Өнгөрсөн жилийн есдүгээр сард Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний эхний шат, 16 хүртэлх насны Азийн аваргын урдчилсан шатны тэмцээн, арванхоёрдугаар сард Азийн футзалын 20 хүртэлх насны аварга шалгаруулах урдчилсан шат гэх мэт маш олон тэмцээнийг зохион байгууллаа. Хөлбөмбөгийн холбоо сар болгон ямар нэгэн ажил төлөвлөж, энэ хэрээр тэмцээн болгоны зохион байгуулалт сайжирсан гэж харж байгаа. Энэ удаагийн тэмцээний зохион байгуулалт дээр ямар нэгэн асуудал гараагүй. Азийн хөлбөмбөгийн холбооны хэмжээнд хүрсэн гэж бодож байна.
-Шүүгчдийн хувьд хэдэн улсаас ирэв. Монголын шүүгчид ажиллав уу?
-Монголын баг оролцож байгаа хэсгийн тоглолт учраас Монголын шүүгч байхгүй. Ливан улсын шүүгчээр ахлуулсан 10 улсын шүүгчид энэ тэмцээнд ажиллалаа.
-Үзэгчид хэр хөгжөөн дэмжиж байна?
-Монголынхоо багийг ирж дэмжих нь сайн байгаа. Хонконгтой хийсэн сүүлийн тоглолтыг 1072 үзэгч үзсэн тоо гарсан. Гэвч хөгжөөн дэмжигч, үзэгчид маань хараахан гадны үзэгчид шиг хөгжөөн дэмжих ёс зүй суугаагүй гэх юмуу бүдүүлэг загнаж байгаа нь харагдсан. Шүүгч рүү орилох, тоглогчдыг буруутгах, орилж хашгирах үзэгдэл гарсан. Энэ тал дээр дутагдал байгаа ч шигшээ
багтаа итгэл алдалгүй ирж дэмжиж байгаад баяртай байна.
-Твиттер дээр нэг үзэгч Монголын баг зөвхөн хожил л гэсэн контролтой ямар ч эмх цэгцгүй, тоглолтын ур чадвар дутуу байна гэж жиргэсэн байсан. Ер нь манай тоглогчдын ур чадвар хэр нэмэгдэж байгаа вэ?
-Сүүлийн 3-4 жилд тамирчдын тоглолтын ур чадвар эрс нэмэгдсэн. Монголын хөлбөмбөгийн холбооноос тамирчдаа олон улсын тэмцээнд тогтмол оролцуулж, ур чадварыг хөгжүүлэх талд дээр ихээхэн анхаарч ажиллаж байгаа. Энэ хэрээр тамирчдын туршлага нэмэгдэж, ур чадвар өснө. Энд ирээд одоо тоглож байгаа Хонконг, Хойд Солонгосын шигшээ багууд
Азидаа дээгүүрт бичигддэг. Хойд Солонгосын хувьд Дэлхийн аваргад үндэсний шигшээ баг нь оролцдог. Ийм хүчтэй багуудын эсрэг тоглох тусам тамирчдын туршлага, ур чадвар нэмэгдэнэ. Одоо тоглож байгаа 23 нас ч хүрээгүй хүүхдүүдэд дутагдалтай зүйлүүд их байгаа байх. Гэхдээ жилээс жилд сайжирч байна. Манай баг Ардчилсан Солонгос улсын багт 1:0-ийн харьцаатай хожигдсон ч маш сайн тоглолтыг үзүүлсэн. Урд нь 5:0, 6:0 гэх мэтээр маш олон онооны зөрүүтэй хожигддог байсан. Энэ удаад хожлын хэмжээний тоглолт үзүүлж байгаад эцсийн мөчид хожигдсон нь тамирчдын ур чадвар дээшилж байгааг харуулж буй хэрэг.
-Зохион байгуулалтад хөлбөмбөгийн холбооноос өөр ямар байгууллагууд хамтран ажиллаж байна. Санхүүжилтийг хаанаас шийдэв?
-Санхүүжилтийг 100 хувь хөлбөмбөгийн холбоо өөрсдөө гаргадаг. Тэмцээн болгон дээр туслан гүйцэтгэж маш олон байгууллагууд хамтран ажилладаг. “Мазаалай” дээд лигийн хамтран ажиллагч байгууллагууд энэ тэмцээнд мөн хамтран ажилласан.
-Монголын хөлбөмбөгийн холбооны цаашдын зорилтот ажлууд юу байна?
-2019 он бол Монголын хөлбөмбөгийн холбооны хувьд их онцлох жил. Яагаад гэвэл 1959 онд Хөлбөмбөгийн холбоо бүтэц
зохион байгуулалтад орж байгуулагдсан түүхтэй. Энэ жил холбооны 60 жилийн ой тохиож байна. Ойгоо тэмдэглэхээр томоохон дөрвөн ажлыг төлөвлөсөн. Үүний эхнийх нь өнгөрсөн хоёрдугаар сарын 19-нд “Үндэсний шигшээ багийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ.
Тухайн өдөр бид 1959 оноос хойш Монголын шигшээ багт тоглож байсан үе үеийн бүх тамирчдыг урьсан. Залуу үе нь ахмадууддаа хүндэтгэл үзүүлэх, ахмадууд нь өөрсдийн түүх дурсамжаа хуучлах, туршлага арга барил, ур чадвараа хуваалцаж нэгэн өдрийг өнгөрүүлсэн байгаа. Ахмад тамирчдад тухайн үед нь тоглож байхдаа өмсөж байсан хуучны өмсгөлийг дуурайлгаж хийсэн, өөрсдийнх нь нэртэй өмсгөлийг бэлэглэхэд бүгд маш баяртайгаар хүлээж авсан. Одоо үлдсэн төлөвлөгөөт ажлуудаа энэ жилдээ багтаан үргэлжлүүлэн хийнэ.
Зургадугаар сарын эхний долоо хоногт дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урдчилсан шатны тоглолт биднийг хүлээж байгаа. Дөрөвдүгээр сарын 17-нд сугалаагаа сугалж, таарсан багуудтай эзэн болон зочин форматаар тоглоно. Зургадугаар сарын 7-нд эхний тоглолтоо хийнэ. Хариу тоглолт зургадугаар сарын 9-нд болох төлөвлөгөө гарсан. Хэрвээ урдчилсан шатны тоглолтоос гарч чадвал дараа дараагийн шатуудад өрсөлдөх болно.
-16 хүртэлх насны охидын шигшээ багийн дасгалжуулагчийн гэрээ дуусч солигдсон. Нас насны шигшээ багуудтай, хэдэн орны дасгалжуулагчидтай хамтран ажиллаж байна?
-16-19 насны өсвөрийн охидын шигшээ багийн Япон улсаас ирсэн дасгалжуулагч Ики Ожигийн гэрээний хугацаа дуусч нутаг буцсан. Гэрээ хэдий дууссан ч Японы байгууллагуудтай хийсэн хамтын ажиллагааны гэрээгээр дараагийн
дасгалжуулагч ирсэн. Рио Ноко Мото гэж Мальдивын шигшээ багийг удирдаж байсан туршлагатай бүсгүй бий. Одоогоор тамирчдынхаа судалгаан дээр болон дараа дараагийн тэмцээнд бэлдэх төлөвлөгөөн дээр ажиллаж байгаа. Үндэсний шигшээ багтай бол нийт дөрвөн дасгалжуулагч хамтран ажиллаж байна. Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Германы мэргэжилтэн Майкл Вайсс ажиллаж байгаа. Хаалгачийг Румын улсын мэргэжилтэн Драгуш Паббиону дасгалжуулж байна.
U23 ангиллын Азийн аваргын урдчилсан шатны G хэсгийн тоглолтуудын үр дүн:
БНАСАУ 2:0 Хонконг
Монгол 0:1 Хонконг
БНАСАУ 1:0 Монгол
Хонконг 1-1 Сингапур
Сингапур 1:1 БНАСАУ