Categories
мэдээ цаг-үе

Спортын сэтгүүлчдийн “Бааз“

МУБИС-ийн Биеийн тамирын сургууль улсдаа ганц “Спортын сэтгүүл зүй”-н чиглэлээр жилд нэг л анги элсэлтээр авдаг. Энэ мэргэжлийн ангийг анх 1996 онд нээжээ. 23 жилийн хугацаанд тус ангийг төгссөн олон арван шавь нар нь Монголын спортын салбарт хөтлөгч, тайлбарлагч, нэвтрүүлэгч, шүүгч гээд маш олон чиглэлээр ажиллаж амьдарч байна.

Тус сургуулийн спортын сэтгүүлчийн бахархал болсон төгсөгч нь ETV телевизийн бөхийн төрлүүдийн тайлбарлагч С.Шижирбат юм. Тэрээр Монголын бөхийн төрлүүдийн нэрийн хуудас болсон тайлбарлагч. Түүний хэлдэг “дүрмийн дагуу” гэх үг бөхийн спорт сонирхдог залуусын дунд брэнд болоод байгаа. Жүдо бөхийн хөгжилд энэ хүний оруулсан нэмэр асар их гэж харж байна.

Монгол ньюс агентлагийн спортын төв хэвлэл Таван цагираг сонины хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, одоо Монголын даамны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, даамны спортын их мастер Р.Манлай бас л энэ сургуулийн “бүтээгдэхүүн. Тэрбээр Афин-2004 зуны олимпийн наадам, Сочи-2014 өвлийн олимп, Бусан-2002 Азийн XIV наадам, Хонгконг-2009 Зүүн Азийн наадмыг сурвалжилж байсан. Тэрбээр 2000 онд оюутан байхаасаа Таван цагариг сонинд ажиллаж эхэлсэн түүхтэй. Даамны спортоор 2016 оны Ази тивийн аварга, 2010 оны Ази тивийн хүрэл медальтай. 2014 оноос Монголын даамны холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллах болжээ. Түүнтэй хамтран ажиллаж, спортын төв хэвлэл Таван цагирагийн бас нэгэн өнгө төрхийг тодорхойлж байсан спортын сэтгүүлч Б.Өлзийтогтох тус сургуулийг спортын сэтгүүлчээр дүүргэжээ.

Нэгэн хэсэг 25 дугаар суваг телевизийн спортын албаны даргаар ажиллаж байгаад одоо найруулагч бослон Д.Соёлсайхан энэ л ангийг төгсчээ.

“Монгол HD”телевизийн продюсер Ж.Баттөмөр, MNC телевизийн спортын сэтгүүлч Ш.Анхбаяр, спортын сэтгүүлч Б.Түвшинжаргал, МҮОНТ-ийн мэдээний хөтлөгч А.Мөлдир нар энэ л ангийн төгсөгчид. Мөн “Өдрийн сонин”-д хоёр төгсөгч ажиллаж байна. Спортын сэтгүүл зүйн анхны магиструуд болох МҮОНТ-ийн спортын сувгийн сэтгүүлч Д.Баярсайхан, Хөлбөмбөгийн тайлбарлагч, нийтлэлч Б.Батзаяа нар тус сургуулийн бахархал юм.

Мөн олон тамирчин сэтгүүлчид ч энэ ангийг төгссөн байдаг. Буудлагын спортын олон улсын хэмжээний мастер О.Янжинлхам, тэшүүрийн спортын мастер Б.Амарзаяа, Боксын спортын олон улсын мастер М.Нандинцэцэг гээд тоочоод байвал дуусахгүй.

Тэдгээр төгсөгчид дундаас энэ удаад 2015 оны төгсөлтийг онцолж байна. Яагаад энэ ангийг онцлов гэхээр хамгийн олон тайлбарлагч төгсчээ. SPS телезээр NBA-ын бүх оддын тоглолтыг өнгөрсөн хоёрдугаар сард АНУ-ын хойд Каралино мужийн Шарлот хотоос шууд тайлбарлан хүргэсэн. Уг багийн бүрэлдэхүүнд МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн спортын сэтгүүлчийн ангийг 2015 онд төгссөн Л.Тулга орсон байна. Тэрбээр “NBA-ийн тоглолтыг газар дээрээс нь шууд дамжуулж, монголчуудын шүтэж биширдэг даган дуурайдаг, багаасаа тоглолтыг нь харж, мэдэрч өссөн тамирчдаас яриа авч тоглолтыг тайлбарласандаа баяртай байдаг” гэв. Энэ ангиас Монголын волейболын холбооны тайлбарлагч С.Өлзийбадрах, “Ухаантай морь” сэтгүүлийн сэтгүүлч Б.Нанзаддорж, Гандболын спортын тайлбарлагч Б.Өлзийбаяр, SPS-ийн тайлбарлагч Ж.Сугар, С.Батчулуун, Like телевизийн сэтгүүлч Х.Гэрэлээ, орон нутгийн телевизид Ж.Батчимэг, Э.Марал, зэрэг төгсөгчид ажилладаг байна. 2011 онд элсэхдээ 35 оюутантай байсан бол 2015 онд 22 оюутан спортын сэтгүүлчээр төгсссөн. Анх SPS телевизтэй холбогдох гүүрийг хөлбөмбөгийн спортын тайлбарлагч, нийтлэлч Б.Батзаяа багш тавьсан хэмээв. Үнэхээр спортод сонирхолтой хүсэл тэмүүлэлтэй хүүхэд спортын аль ч чиглэлд зорьсондоо хүрэх боломж бийг 2019 оны хоёрдугаар сард NBA –ийн бүх оддын тоглолтын шууд дамжуулалтыг газар дээрээс нь Монголд анх удаа хийсэн үйл явдал харуулсан билээ. Л.Тулга ярихдаа “Би анх NBA тайлбарлахаар SPS телевизэд орсон. Тухайн үедээ SPS телевиз NBA дамжуулах эрхээ аваагүй байсан. Тэгээд хөлбөмбөг, гольф, ширээн теннис, талбайн теннис гээд SPS-ээр гардаг спортуудыг тайлбарлаж эхэлсэн. Хүн өөрийгөө дайчлаад хөгжүүлээд явахаар болохгүй зүйл гэж байхгүй. Гольф гэхэд нэг темпээр сэтгэлийн хөдлөлгүй тайлбарладаг бол хөлбөмбөг, ширээн теннис хүний эмоцыг гаргахыг шаарддаг. Спорт бүр өөрийн гэсэн онцлог тайлбарыг шаарддаг. Тэр бүхнээс их зүйл сурсан. Одоо бол зөвхөн NBA-ийн тайлбараар дагнан ажиллаж байна” гэв. МУБИС-ийн Биеийн тамирын сургууль спортын сэтгүүлчийн курс бүрт ганцхан ангитай болохоор жил бүрийн сэтгүүлчийн анги спортоор нэрээ гаргаж байгаагүй. Гэтэл энэ анги спортын сэтгүүлчийн түүхэндээ сургуулийн сагсны лигийн алтан медалийг хүртсэн. Түүний өмнө энэ шагналыг хүртсэн сэтгүүлчийн анги байдаггүй. Сургуулиас зохион байгуулдаг үйл ажиллагаанаас энэ анги манлайлж байсан нь цөөнгүй. Ангийн онцлог нь эрэгтэй оюутнууд нь ангиа манлайлдаг. Анги бүрийн охид ихэвчлэн онц сурдаг, сурлагаар тэргүүлдэг ангиа манлайлдаг бол эдний ангид эрэгтэй оюутнууд бүх зүйлийг санаачлан хийдэг, сурлагаар тэргүүлдэг байжээ. “Тохиолдлоор ч гэх юм уу, тэр жилийн элсэлтээр манай ангид сагс тоглодог хэд хэдэн залуу элсэн орсон. Ж.Сугар Хан-Уул дүүргийн шигшээд тоглодог. Л.Тулга Чингэлтэй дүүргийн шигшээ, Хөвсгөл аймгийн шигшээд тоглодог байсан Б.Давка гээд энд тэндхийн шигшээгийн хүүхдүүд манай ангид цугласан. МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн түүхэнд спортын сэтгүүлчийн анги хэсгээсээ гарсан түүх байдаггүй. Тэр түүхийг манай анги нэгдүгээр курсдээ шинэчилэн бичсэн. Тэгээд дөрөвдүгээр курсдээ аваргыг нь аваад төгч билээ” хэмээн дурсацгаав. Хамгийн сэтгэлд үлдсэн дурсамж нь хээрийн дадлага юм. Арав хоног бие биенээ танидаг, мэддэг хоолоо хувааж идсэн өдрүүд байлаа. Уулын орой дээр хонож, бие биенээ таних тийм хээрийн дадлага ганцхан манай сургуульд л явдаг байх. Өглөө 06:00 цагт босоод гүйлтээ хийнэ. Өглөөний цайгаа уугаад хуваарийн дагуу үйл ажиллагаандаа орно. Өдрийг маш завгүй үр дүнтэй л өнгөрүүлдэг байсан хэмээн ярьцгаасан юм.

Гуравдугаар курсдээ орохдоо дадлагат явсан бүх хүүхдүүдийн харилцаа маш эерэгээр өөрчлөгддөг. Бүгд бие биенээ таньдаг, мэндтэй устай, дуу шуутай зөрдөг гэж энэ аялалд явсан оюутан бүр хэлнэ. Спортын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг болохоор байнга л спортын тэмцээн уралдаан болж байдаг. Тэр бүхэнд спортын сэтгүүлчийн анги тайлбар, хөтлөлт, дамжуулалт, мэдээ цацах ажлыг хийнэ. Нэгдүгээр курсээсээ эхлээд практик дадлагаар явах боломжтой. Сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажиллаж байгаа ах эгч нар нь үнэхээр идэвх зүтгэл санаачилга сайтай, оюутан дүү нараа ажиллаж байгаа газраа дагалдуулан төгсхөөр нь мэргэжилтэн болгож авцгаадаг гэж төгсөгчид хэлэв. Төгсөх ангид сургуулийн бизнес шиг медаль худалдаж авах асуудал гардаг болжээ. Медаль гэдэг хоцрогдсон нийгмийн шагнал шүү дээ. Тийм шагнад өнөөгийн нийгэмд хэрэг болох уу гэж байлаа.

Спортын түүхийг бичилцэж яваа спортын сэтгүүлчдийн буухиа одоо ч үргэлжилсээр. Нэг хэсэг энэ ангийн элсэлт тасарсан одоо нэг, хоёрдугаар курсийн оюутнууд суралцаж байгаа аж. Тэд сургуулийн бүхий л тэмцээн уралдааныг сурвалжлан, дадлага туршлага хуримтлуулсаар байна.


Categories
мэдээ цаг-үе

Европын “Public basketball” агентад зуучлагдсан сагсчин Т.Их-Уул: Би сард 8000 еврогоор цалинжихаар гэрээ байгуулсан

Европын сагсны клубтэй гэрээ байгуулсан тамирчин Т.Их-Уул, түүний багш ОУХМ О.Баярцогт нартай ярилцлаа.


–Ямар клубтэй гэрээ байгуулсан бэ. Гэрээнийхээ нөхцөлтэй танилцсан уу?

-Танилцсан. “Public bas­ketball” гэдэг Европын агент юм байна лээ. Гурван жилийн гэрээ байгуулсан.

-Клубийн гаргасан амжилт, NBA-д тоглож буй тамирчин бий юу?

-Агентлагаас гарсан тоглогчид Азидаа Солонгосын KBL гээд том лигт тоглодог тамирчид байдаг юм билээ. Ер нь бол Азийн томоохон лигт л тамирчид нь тоглодог.

-Өмнө нь шигшээ багийн тамирчин Т.Санчир Филлиппин улс руу гэрээ байгуулан яваад тоглож чадалгүй ирсэн. Өөрөө Европын клубтэй гэрээ байгуулан тоглоход бэлэн үү, бэлтгэлжилт хэр байгаа вэ?

-Т.Санчир ахын хувьд лиг дуусаад нэлээд удсан байхад явсан. Бэлтгэлгүй явсан байх. Миний хувьд саяхан оюутны лигийн тэмцээн дууссан. Бүтэн жил багштайгаа бэлтгэлээ хийсэн. Бэлтгэл бол хангагдсан. Европын багийн бэлтгэл төсөөлснөөс хэцүү ч байж магад. Монгол шиг амархан зүйл байхгүй нь мэдээж. Бэлтгэлээ сайн хангасан. Багштайгаа хувийн бэлтгэлд гарчихсан. Дээрээс нь фитнесс, биеийн хүчний дасгал хийж байгаа.

-Яг хэзээ явах вэ?

-Гэрээгээ хийчихсэн учир урилга иртэл визний асуудлаа хөөцөлдөж байгаа. Клубийн төлөөлөгчийн хэлж байгаагаар тавдугаар сараас явна.

-Саяхан дууссан оюутны лигт МУИС-ийн хүчтэй багийг хожиход багаа тэргүүлж тоглосон. Оюутны лигт сайн тоглоход бэлтгэл сайн хийснийх үү?

-МУИС-тай тоглох тоглолтод манай баг багаараа байрлалаа авчихсан байсан. МУИС бол хүчтэй баг. Миний хувьд нэлээд бэлдэж орсон. Түүний үр дүнд сайн тоглосон. Манай багийн О.Дөлгөөн ахтай гар нийлж сайн тоглож чадсан.

-Тоглолтын арга барил техник ямар вэ, Европын клубийн шаардлагыг яаж хангаад гэрээ байгуулах хүсэлт авсан гэж бодож байна?

-Миний бодлоор тоглолтыг минь үзсэн юм шиг байна лээ. Давуу тал маань өндөр, багш намайг бага байхаас бэлдсэн. Урд байрлалд нэг холбогчтой тоглох боломжтой. Олон талт тоглолт маань л Европт дуудагдахад хүргэсэн юм болов уу.

-Нууц биш бол цалин хэдийг авахаар гэрээ байгуулсан бэ?

-Эхний хоёр сар бол бэлтгэл хийх маягаар явна. Тэгээд сардаа 8000 еврогоор цалинжихаар гэрээ байгуулсан.

-Дээд лигт тоглож байхдаа хэдэн төгрөгөөр цалинждаг байв?

-Дээд лигт цалин нэг сая гаргаад л авч байсан. Оюутны лигт бол цалин өгдөггүй. Цаанаасаа заачихсан.

-35 дугаартай тоглодог шүү дээ. Яагаад энэ дугаарыг сонгосон бэ?

-Багаасаа АНУ-ын NBA-ын тоглогч Kevin Durant-ийг шүтдэг байсан. Түүний тоглолтыг даган дуурайдаг байлаа. Тийм ч учраас анх Этүгэнд орохдоо 35 номерыг сонгосон.

-Оюутны лигт хожсоныхоо дараа “Би энэ шидэлтийг хийж сурахын тулд хоёр жилийн турш бэлдсэн” гэж хэлж байсан. Бэлтгэлийн онцлогийн талаараа яриач?

-Өмнө нь хоёр жил дээд лигийн гараанд гарсан. Бага зэргийн бэртэл аваад сэлгээнд суусан. Тэр бол туршлага хуримтлуулсан үе байлаа. Финальд тоглох чухал мөчүүдэд багийн гол тоглогч байж үзээгүй. Бэлтгэл дээр яг л өөрийгөө багийн гол тоглогч шиг сэтгэж, байнга тэр сэтгэхүйгээрээ гурваас шиддэг байсан. Өдөр бүр, бэлтгэл болгон дээрээ тэгж шидсээр цаг хугацаа нь ирж чухал тоглогч болж чадсандаа баяртай байна.

-Сая болсон Монголын бүх оддын тоглолтод нэрлэгдсэн шүү дээ. Бүх оддын багтайгаа гар нийлж тоглож чадсан уу?

-Би Хасын хүлгүүд багтай гэрээ хийчихсэн тоглож байсан. Т.Санчир, Б.Билгүүн, О.Сэргэлэн гээд Монголын шилдэг гэсэн тоглогч нартай нэг багт хамт хүчин зүтгэж үзсэн. Этүгэний өмнө дээд лигийн багт тоглодоггүй байхдаа ч шигшээ багийн бэлтгэл дээр очиж, бөмбөгийг нь зөөдөг байлаа. Д.Мөнхтүвшин ахтайгаа нэг багт хоёр жил тоглосон, гар нийлж тоглодог.

-Сагсчин хүний хувьд NBA гэдэг мэдээж дээд оргил нь, мөрөөдөл байдаг байх. Тэгэхээр өөрийн чинь хувьд NBA-ийн драфт хэр ойр санагдаж байна?

-NBA-д дуртай нь ороод байхгүй. Гэхдээ гэрээ байгуулсан клубийн зуучлагчийн хэлж буйгаар миний нас залуу байна. Эхний хоёр жилдээ бэлдээд нэрээ өгч үзье гэсэн.

-Монголын сагсан бөмбөгийн хөгжлийг яаж харж байна?

-Хурдтай хөгжиж байгаа гэж боддог. Ц.Шаравжамц, Хөлөгөө, Ананд нарын араас хөгжиж байгаа хүүхдүүд зөндөө бий. Ер нь Монголын сагсан бөмбөгийн ирээдүй өөдөө байна л гэж хардаг.

ӨМНӨ Нь хэД хэДэН ГэРээ БАйГУУлАх САНАл ИРж БАйСАН

Энэ үеэр Т.Их-Уул сагсчны багш ОУХМ О.Баярцогттой ярилцлаа.

-Юуны өмнө шавь тань Европын клубтэй гэрээ байгуулан легонер тамирчнаар явах гэж байгаад баяр хүргэе. Т.Их-Уулын бэлтгэлжилт хэр байгаа вэ, формоо бариж чадсан болов уу?

-Баярлалаа. Их-Уул 2013 оноос хойш 14 наснаас нь өнөөдрийг хүртэл бэлтгэл сургуулилт хийлгээд сагсан бөмбөг зааж, хажуугаар нь амьдралд нь чадахаараа туслаад явж байна. Дотроо бол баяртай байна. Гэхдээ мэдээж дасгалжуулагч хүний хувиар хүүхдийнхээ төлөө юунд илүү сэтгэл зовниж байна гэхээр боломжийг битгий алдаасай гэж боддог. Цаашдаа улам ч ахих, Европт тоглоод шат ахих тоглолтуудыг гаргаж яваасай гэж хүсдэг. Хэлний асуудал дээр л багахан бэрхшээл бий. Бэлтгэл сургуулилтын хувьд бол санаа зовохгүй байна.

-Өөр энд тэндхийн багт гэрээ байгуулах хүсэлт ирсэн үү?

-Одоогоор ирсэн зүйл алга. Т.Их-Уулд бол жилийн өмнөөс хүсэлт тавьж эхэлсэн. Бидний хувьд хэд хэдэн газар хүсэлт тавьж үзсэн. Жишээ нь, Америкийн коллежид тоглоё гэхээр хэлний асуудал дээр бэрхшээл тулгардаг. Очоод багш, дасгалжуулагчтайгаа ямар ч асуудалгүй ойлголцож байх ёстой гэсэн шаардлага тавьдаг. Тэгэхээр их асуудалтай. Хэлнээс болоод Солонгосоос ирсэн урилгаас бас татгалзаж байлаа.

-Т.Их-Уулыг анх яаж олж бэлтгэв?

-Би 2013 онд машинаа бариад явж байхдаа анх харсан юм. Нуруулаг хүү нүдэнд шууд туссан. Тэгээд л шавиа болгохоор шийдсэн. Үнэнийг хэлэхэд Уулын маань амьдрал хэцүүхэн. Тиймээс аавын хайраар л хайрлаж, хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн хандаж л сургадаг. Дасгалжуулагч багш ч гэсэн эцгийн сэтгэлээр тамирчдадаа ханддаг даа.

Categories
мэдээ цаг-үе

Ч.Буянхишиг: “Улаан бүч” Монголын хүүхдийн найрал дууны урын санг бүрдүүлж ирсэн

Монголын радиогийн дэргэдэх хүүхдийн найрал дууны “Улаан бүч” чуулга үүсэн байгуулагдсаныхаа 40 жилийн ойтой золгож байна. Өчигдөр тус чуулга хүндэтгэлийн концертоо Монголын хүүхдийн ордонд тоглов. Тоглолтын үеэр Соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжим судлаач Ч.Буянхишигтэй ярилцлаа.


-Та “Улаан бүч” чуулгатай анх яаж холбогдож байв?

-Юуны өмнө баялаг урын сантай, тогтмол хичээл, байнгын үйл ажиллагаатай энэ сайхан чуулгыг үүсгэн байгуулсан эрхэм хүмүүст талархаж явдгаа илэрхийлье. Дөчин жилийн түүхтэй энэ чуулгын бараг 35 жил нь надтай холбоотой гэхээр сэтгэл сайхан байх юм. Монголын радиогийн бичлэгийн их студид хүүхдийн цовоо, цангинасан дуу эгшгийн дунд бямба, ням гаригийн амралтын өдрөө өнгөрүүлсэн 30 гаруй жил ямар нэгэн цалин урамшуулалгүй байсан ч миний амьдралын хамгийн гэгээлэг сайхан үе байлаа.

-Чуулга яаж байгуулагдсан түүхийг дурсвал?

-1970-аад оны дунд үед Нийслэлийн 39 дүгээр сургуулийн дуу хөгжмийн багш Галсандорж, Монголын радиод ажиллаж байсан хүүхдийн нэрт зохиолч М.Чимид, Монголын радиогийн хөгжмийн редакцийн даргаар 19 жил тасралтгүй ажилласан хөгжмийн нэрт зохиолч, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Т. Чимиддорж нар энэ чуулгыг үүсгэн байгуулсан юм.1979 оныг “Олон улсын хүүхдийн жил” болгон зарлаж, Унгар улсын нийслэл Будапешт хотноо болох олон улсын радиогийн дэргэдэх хүүхдийн найрал дууны наадамд оролцох урилга хүлээж аваад чуулгаа чадварлаг 40 хүүхдээр бүрэлдүүлж ” Улаан бүч” хэмээн нэрлэсэн. Энд зайлшгүй нэрийг нь дурдах ёстой хүмүүс бас бий. Унгарын наадамд оролцоход удирдаач багшаар ажиллаж байсан хийлч, хормейстер З.Оюун, концертмейстер О. Сарантуяа /МУГЖ Осорын охин/ мөн радиогийн хүүхдийн редакцид олон жил ажилласан сэтгүүлч Б.Туяа нар манай чуулгын түүхэнд заавал дурдагдах ёстой юм.

-Гаргасан амжилтуудыг дурдвал?

-“Улаан бүч” чуулга Монголын пионерийн байгууллагын 60 жилд зориулсан ” Мөнгөн хонх” уралдаанд тэргүүлж, 1986 онд Ардын хувьсгалын 65 жилийн ойд зориулсан эх орон, энх тайван, найрамдлын сэдэвт дууны уралдаанд ” Тагтаа” дуугаа ардын жүжигчин Ч.Мөнхшүртэй дуулж, уг дуу шилдэг дуугаар шалгарсан. БНХАУ-ын Тянь Жин хотноо олон улсын хүүхдийн урлагийн наадамд, дараа нь Шанхай хотноо олон улсын хүүхдийн найрал дууны уралдаанд амжилттай оролцон цом хүртэж байлаа. Энэ мэт амжилт ололт олныг дурдаж болно. Өнгөрсөн жилүүдэд телекино концерт дөрвийг хийж, бие даасан болон ёслол хундэтгэлийн 200 гаруй тоглолтод оржээ.

-Чуулгаас олон алдартан төрөн гарсан байх даа?

-Манай чуулгаас олны танил алдар цолтой сайхан дуучид олон төрөн гарчээ. Нэрт хегжмийн зохиолч МУУГЗ Т.Чимиддорж гуай чуулгаа чадварлаг хормейстер У.Мөнхжаргалд хулээлгэн өгсөнд баяртай байдаг. Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын гоцлол дуучин МУГЖ Б.Ганчимэг, Харш хамтлагийн гоцлол дуучин С.Баасандорж, сүүлийн үед нийтийн дуунд нэлээд хүч түрэн гарч ирж буй дуучин Ч.Лхамсүрэн, дэлхийд Монголынхоо нэрийг опера урлагаар гаргаж байгаа дуучин Э.Анхбаяр нарын жишээ бий. Дурдаад байвал дуусахгүй байх.


-Тоглолтын үеэр үе үеийнхний уулзалт болох байх даа?

-Ахмад хормейстерууд ирээд “Улаан бүч” чуулгын үе үеийн төгсөгчид уулзах том баяр болно гэж харж байгаа. Өнгөрсөн долоо хоногт чуулгынхаа ойг тохиолдуулаад “Хүүхдийн найрал дууны урын сангийн өнөөгийн байдал” сэдвээр телевизийн хэлэлцүүлэг явагдсан. “Улаан бүч” чуулга 40 жил хүүхдийн найрал дууны урын санг бүрдүүлж ирсний хувьд нийгэм, эдийн засгийн албандаа хүсэлт тавьснаар энэ хэлэлцүүлэг маш амжилттай болж өнгөрсөн. Хүүхдийн найрал дууны урын санг энэ мөчид хөндсөн нь цагаа олсон хэрэг болсон. Тиймээс цаашдын ажил нь улам сайн өргөжих байх гэж харж байгаа.

-Анх байгуулагдаад тэр үеийнхээ сор хүүхдүүд л “Улаан бүч” чуулгад ордог байж. Тухайн үеийн хүүхдүүдийн мөрөөдөл болж байжээ?

-Тэгэлгүй яахав. Тухайн үедээ бүх л арга хэмжээнд оролцдог байсан. “Улаан бүч”-ийн гараагүй тайз Монголд байхгүй. Тэр үеийнхээ жинхэнэ сор хүүхдүүд л байдаг байлаа шүү дээ.

-Улс төрийн томоохон арга хэмжээ, гадаадын төлөөлөгчдөд цэцэг барьдаг хүүхдүүд нь бас л “Улаан бүч”-ийнх гэж сонссон юм байна?

-Тийм шүү. Монголд болж байгаа томоохон арга хэмжээнүүдийн урд л манай хүүхдүүд явдаг. Тухайн үеийн улс төр, нийгмийн томоохон зүтгэлтнүүдэд цэцэг өгөх хүндтэй ажлыг зөвхөн “Улаан бүч”-ийн хүүхдүүд хийнэ. Тиймээс л хүүхдүүдийн мөрөөдөл болох нь аргагүй.

-Одоо тус чуулгын бүрэлдэхүүнд хэдэн хүүхэд бий вэ?

-Одоогийн үндсэн бүрэлдэхүүн 53 хүүхэдтэй байна. Урилгаар үе үеийн төгсөгчид ирж өчигдрийн тоглолтод дуулсан. Бүгд л хоолой нь хэвээрээ, хүүхдээрээ сайхан дуулж байна лээ.

-Саяхан “Болор одод” нэртэй хүүхдийн найрал дууны тэмцээн болжээ. Тэмцээнд түрүүлсэн хүүхдүүд ОХУ-ын ялалтын баярын ойн хүндэтгэлийн тоглолтод орно гэж сонслоо?

-Энэ найрал дууны тэмцээн ОХУ-д арван гурван жил зохиогдсон тэмцээн юм. Тэгээд оросууд олон улсын тэмцээн болгох зорилгоор Монголд анх удаа зохиосон. Түрүүлсэн хүүхдүүд Оросын Улаан талбайд ялалтын парадад дуугаа дуулна. СУИС-ийн лецей “Бадмаараг” ахлах сургуулийнхан шалгарч, 40 гаруй хүүхэд Оросод очиж дуулахаар болсон.


Categories
мэдээ цаг-үе

Богд хаан бол язгуурын төрийг байгуулж чадсан Монголын оюун санааны том удирдагч байсан

Энэ жил бурханы шашны тэргүүн, төр шашныг хослон баригч, Монгол Улсын сүүлчийн эзэн хаан VIII Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ой тохиож байна. Анх удаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар түүний тэгш ойг тэмдэглэхээр болжээ. Монголчууд 1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдрийг Тусгаар тогтнол төр улсаа сэргээсэн баярын өдөр болгон Монгол Улсын Их Хурлаас баталсан хуулиар 2011 оноос хойш тэмдэглэж иржээ. Харин энэхүү 1911 оны үндэсний хувьсгалын удирдагч Богд Хааны тухай тэр бүр мэддэггүй аж.

Ойд зориулсан ажлын хүрээнд “VIII Богд Жавзандамба хутагт шашин төрийг хослуулан баригч хаан хэмээхийн учир” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өчигдөр боллоо. Богд Жавзандамба хутагтын шашин төрийг хослуулан баригч гэдэг үүднээс түүхэнд ямар гавьяа байгуулсныг олон нийтэд таниулах зорилгоор уг хурлыг Үндэсний номын сан, Богд хааны ордон музей хамтран зохион байгуулсан юм.

БОГД ХААН ГЭЖ ХЭН БЭ

1869 оны шороон могой жил Түвдэд төрөөд таван настайдаа Монголд бурханы шашны тэргүүн болж өргөмжлөгджээ. 43 настай Монголын үндэсний хувьсгалыг ялалтад хүргэж, тусгаар тогтнол, төр улсыг сэргээн байгуулж, Монгол Улсын эзэн хаан 1911 онд суусан түүхтэй. 1911-1924 онд хамгийн ээдрээтэй хэцүү үед Монголын төрийг тэргүүлж, Монголчуудад тусгаар тогтнол, бие даасан байдал, эрх чөлөө авчирсан үндэсний хувьсгалыг удирдан зохион байгуулсан гавьяатай. Түүнийг социализмын жилүүдэд хамгийн саараар түүхэнд дүрслэн бичиж, уран зохиол, кино урлагт ч болохгүй бүтэхгүй этгээд байсан мэтээр харлуулж ирсэн аж.

Бурханы шашин ХХ зууны эхээр монголчуудыг нэгтгэж, тэргүүн Богд гэгээн үндэсний тэмцлийг удирдаж, ялалтад хүргэсэн нь түүхэн үнэн юм. Тухайлбал, Эзэн Чингисийн алтан ургийн Халхын дөрвөн хан, ноёд, лам хувраг, үндэсний сэхээтнүүд тэр цагт Богд гэгээнтнээ тойрон хүрээлж, тусгаар тогтнолоо аварч болох юм байна хэмээн үзэж, үр дүнд нь үндэсний эрх чөлөөгөө олж авч, туурга тусгаар улсаа сэргээн мандуулсан юм. Монголчууд Манж Чин гүрний эрхшээлээс хоёр зуу гаруй жилийн дараа гарсан нь энэ. Тиймээс Богд гэгээнтэн 1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдрөөс 1924 оны тавдугаар сарын 20 хүртэл Монгол Улсын төр, шашны тэргүүн, эзэн хаан байлаа.

Богд хааны түүх гэдэг бол XIX зууны сүүлчээс ХХ зууны 30-аад он хүртэлх үеийн монголчуудын түүх юм. Монгол Улсын хаан Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ой тэмдэглэх Монгол Улсын Ерөнхийлөгчийн буулгасан зарлиг нь Богд хааны тухайд Монголын төрөөс үзүүлж буй цагаатгал хэмээн үзэж буйгаа эрдэм шинжилгээний хурлын үеэр түүнийг судлаач эрдэмтэд хэлж байв. Түүний тэгш ойн хүрээнд Бурхны шашин хийгээд Богд хааны тухай үзэл суртлын дор хуурмаг бичигдсэн уран зохиол, дуу шүлэг, кино, үзвэрүүд үнэн бодитой болж, зөв голдиролдоо орно байх хэмээн найдаж байгаагаа ч судлаач эрдэмтэд хэлэв.

Хурлын үеэр Богд хааны ордон музейн захирал Ц.Эрдэнэбаатартай ярилцлаа.


-VIII Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ойд зориулан ямар ажлууд төлөвлөөд байгаа вэ?

-Богд Жавзандамба хутагтын түүхэнд гүйцэтгэсэн үүргийг Монголын социалист нийгмийн залуус ер нь хананы цаад талаас харсан. Хананы наад талаас харж буй зүйл нь феодал ноёд, ард түмнийг шашнаар мунхруулагч, Монгол Улсын түүхэнд гай болсон хүн мэтээр ойлгож ирсэн. Энэ цагт Монголын судлаач эрдэмтэд архивын болон бусад судар бичгүүдэд тэмдэглэгдэж ирсэн баримтуудыг дэлгэн Богд хаан Монгол Улсын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг улам тодорч байна. Богд хаан хэн бэ гэвэл “Чингисийн алтан ургийн буюу язгуурын төрийг байгуулж чадсан даяар Монголын оюун санааны том удирдагч байжээ” гэсэн товчхон дүгнэлт гарч байгаа юм. Энэ дүгнэлтийг улам бататгасан олон ажлыг Богд хааны ордон музейн зүгээс хийж байна. Өөрөөр хэлбэл түүний өмнөх долоон дүрийн түүхэн болоод уран бүтээл, сургаал номлолын баримт сэлтийг олон түмэнд дэлгэж байгаа. Богд хаантай холбоотой өөрийнх нь нэлээд баримт бий. Дээрээс нь өнөөдөр Богд хааны ордон музей гэж нэрлэж байгаа тухайн цаг үеийн Богд хааны ордуудын тухай баримтуудыг дэлгэж ном хэвлэмэлийг гаргахаар бэлэн болголоо. Эхний гурван ном гарчихсан. Төлөвлөсөн 16 ном бий. Долдугаар сард хагас нь гарчихна.

-Аргын тооллоор хэдэн сарын хэдний өдөр тохиох вэ?

-Арваннэгдүгээр сарын 4-ний өдөр буюу намрын тэргүүн сарын шинийн арван тавны өдөр Богд хааны мэлмий гийсний 150 жилийн ой тохиож байгаа. Тэр хүртэл төлөвлөгөөт ажлууд хийгдчих байх гэж харж байгаа. Богд хааны өөрийнх нь байгуулсан ордууд, амьдарч байсан ногоон, өвлийн ордон бол 150 жилийн ойн хүрээнд яригдах ёстой асуудал.

-Ерөнхийлөгчийн зарлиг гарч, анх удаа хааны ойг тэмдэглэхээр болсон гэсэн үү?

-Тийм. Ерөнхийлөгч зарлиг, Ерөнхий сайд У.Хүрэлсүх захирамжаа гаргасан. Энэ хүрээнд юу юу хийх ёстой вэ гэхээр нэгдүгээрт, Монгол Улс даяар Богд хааны мэлмий гийсний 150 жилийн ойг тэмдэглэх, хоёрдугаарт, тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотойгоор дөрвөн чиглэлийн ажил хийхийг үүрэгдсэн. Нэгдүгээрт, Богд хааны ордон музейн орчимд дурсгалын цогцолбор байгуулах, хоёрдугаарт Хутагтын түүх, Монголын төлөө шашин болоод төрд хийсэн үйл хэргийн талаар олон улсын эрдэмтдийн эрдэм шинжилгээний хурал хийх, гуравдугаарт, Хутагтын дурсгалд зориулсан кино бүтээх (баримтат болон уран сайхны), дөрөвдүгээрт, Хутагтын түүх, амьдралын талаар судалгаа хийж, баримтуудын нэгтгэл хийх гэсэн үүрэг өгсөн.

-Шашин төрийг хослуулан барина гэдэг нь ямар ач холбогдолтой байсан бэ?

-Богд хаан бол нэг талаас төрийн тэргүүн, нөгөө талаас шашны тэргүүн. Шашин төрийг хослон барьж байсан, монголчуудын хос ёсны онол дор тухайн цаг үеийн даяар Монголыг захирдаг байжээ гэж харагдаж байгаа юм. Хос ёс гэдэг бол төрийг шашнаар бататгах, нөгөө талаар шашныг төрөөр мандуулах ийм л асуудал. Тэгэхээр үүнийг яагаад үзэл баримтлалаа болгон явж байсан бэ гэхээр өнөөдөр ч гэсэн олон улс, улс төрд ч харагдаж л байдаг. Аливаа үндэстний эв нэгдэл гэдэг бол түүний шүтэн бишрэхүй, өөрийнх нь тотемчлогдсон үзэл суртлын олон маргаан бий болж, шашны мөргөлдөөний бий болсон түүхүүд дэлхийн улс орон бүрд л байгаа шүү дээ. Тухайн цаг үед Богд хаан шашны тэргүүн гэдэг утгаараа даяар монголчуудын ганц шүтээн, дээдэлж хүндэлдэг хүн байсан болохоор 1911 оны үндэсний хувьсгал ялсан гэж харагдаж байгаа.

-Түүх сөхвөл хэрхэн тусгаар улсаа байгуулсан юм бол?

-Тухайн цаг үед Манж, Чин гүрэн бууран доройтоод түүний төрийг Дундад иргэд шууд залгамжлан авсан. Тэр шууд залгамжлалын хүрээнд Манж, Чин гүрэнд дагаар байсан улсууд Дундад улсад дагаар орчихсон. Түүнээс урьтаж, Монгол Улс тусгаар тогтнолоо зарлах ёстой гэдгийг түрүүлэн харж алтан ургийн ноёд, лам хуврагуудтай хамтран, туурга тусгаар улсаа байгуулж чадсныг өнөөдрөөс л бид тодруулж байгаа шүү дээ. Өмнө нь тодруулж чадаагүй л байв. Тэгэхээр энэ хийж байгаа ажлууд Богд хааны үйл хэргийг үнэн зөвөөр нь тодруулж, олон түмний өмнө гаргасан бүтээлүүд болох болов уу гэсэн бодолтой байна. Өөрөөр хэлбэл “Яг энэ эгзэгтэй цаг үед ван, ноёд, түшмэд, шар хар феодал, хувраг бүгд хамтдаа нэгэн зүг сэтгэж улс Монголоо тусгаар тогтнуулахгүй бол миний найман дүрийг шүтсний хэрэг үл гарна” гэж VIII Богд Жавзандамба өөрөө хэлсэн байдаг. Өндөр гэгээн Занабазараас авахуулаад зуун зуун жил монголчуудын шашны тэргүүн шүтээн нь болж байсан тэдгээр улсуудыг шүтэх гол шалтгаан нь 1911 оны хувьсгал юм шүү гэдгийг шашнаар ойлгуулж, мэдрүүлж нэгэн дор цуглуулж чадсны хүчинд (өнөөдрийн урд зүгийн орноос) туурга тусгаар оршиж ирсэн юм байна гэсэн ийм л товчхон дүгнэлт гарч буй юм.

-Богд хааны тухай өгүүлсэн номууд олон нийтэд худалдаанд гарах уу?

-Номын худалдаагаар зарагдана. Олон түмэнд түгээх, номын сангуудаар тараана. Ер нь олон нийтэд аль болох их мэдээлэл түгээхээр л ажиллаж байна. Түүнийг дагасан олон бүтээлүүд үргэлжлэн гарах байх. Номоор нь кино, жүжиг, дуурь, бүжгэн жүжиг гээд урлагын ямар салбар байдаг юм тэр бүрээр дамжуулан олон түмэнд хүргэх ажлууд хийгдэнэ. Энэ мэтээр жижиг, том гэлтгүй бүх чиглэлээр зорин ажиллаж байна. Бас нэгэн гол ажил нь Богд хааны ордон музейд цуврал үзэсгэлэнгүүд гарна.

-Хүүхэд залууст зориулсан сургалт сурталчилгаа, лекц семинар зэрэг ажлууд хийгдэх үү?

-Манай музейн хийх ёстой ажлуудын нэг том нь боловсролын ажил. Нэлээн олон ЕБС-ийн захирал, нийгмийн ажилтантай ярилцсан. Зуны ордон байгаль цаг уурынхаа нөхцөлөөр байдаг. Өвлийн улиралд хүйтэн, дулааныг шийдээд тавья гэсэн ч боломжгүй. Тиймээс сэрүүн хүйтэн цагт хүүхдүүд ханиад томуу тусах эрсдэлтэй. Тиймээс хүйтэн сэрүүний улиралд ажиллахад тохиромжгүй. Одоо цаг уярч, урин ирж байгаа болохоор хүүхдүүдэд боловсролын ажлаа үргэлжлүүлэн хийнэ. Манай улсад гайхамшигтай зүйлс олон. Гэхдээ олон улсыг хараад байхад манайд дутагдалтай зүйлүүд их бий. Жишээлбэл, бид гадаад руу очихдоо дэлгүүр хоршоогоор хэсэх гэж явдаг бол харь гүрний улсууд гадааддаа байна уу, дотооддоо байна уу аль ч зүгт явахдаа зайлшгүй музей үздэг. Гадны болон дотоодын өв соёлтойгоо танилцдаг. Түүхийг үзсэн хүмүүсийн тархинаас түүх нь мартагддаггүй юм байна л даа. 3-7 насны хүүхэд харсан зүйлээ үл мартдаг өвөрмөц нас. Тиймээс бага насны хүүхдүүдээ байнга дагуулж музей үзнэ.

-Үнэ төлбөрийн хувьд тогтсон ханшаараа байх уу. Хөнгөлөлт урамшуулал бий юу?

-Бид зарим эвентүүд дээрээ ахмад настан, хүүхэд оюутнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ үнэ төлбөргүй үйлчилдэг. Дээрээс нь энгийн үзэгчдээ тавин хувь хөнгөлдөг.


Categories
мэдээ цаг-үе

Их хотын тренд унаа СКҮҮТЭР

Автомашины тоо ихэсч, замын түгжрэл үүсч, бензиний үнэ өссөн энэ үед цахилгаан скүүтэр хотын амьдралд хамгийн төгс шийдэл гэж хэлж болно. Цахилгаан скүүтэр нь зай бага эзлэх, авч явахад авсаархан, эвхээд явах боломжтой гээд маш олон давуу талтай. Замын түгжрэлээс болж уур бухимдлаа барж байхаар цахилгаан скүүтэр хэрэглэх нь танд олон эерэг зүйлийг мэдрүүлнэ.

Монголд зарагдаж байгаа цахилгаан скүүтэрийн хувьд 450-950 мянган төгрөгийн үнэтэй. Төрөл маш олон байгаа юм. Энэхүү скүүтэрийн батарей нь нэг удаад 2-4 цаг цэнэглээд хүний биеийн жингээс хамааран 15-аас дээш км явдаг тун боломжийн юм. Арваннаймаас дээш насны замын хөдөлгөөнд оролцох эрхтэй бүх хүмүүс тус унааг хэрэглэх боломжтой. Жин нь бага дарах тусмаа скүүтэрийн явах км уртасна. Хүний биеийн жингээс хамаараад 25-аас дээш км явна.

Одоогоор батарей нь Монголд тусдаа зарагдаагүй байгаа юм байна. Аль болох анх авсан тоног төхөөрөмжийнхөө батарейг нь солихгүй хэрэглэхийг худалдаалагч нь зөвлөв. Урин дулаан цаг ирж байгаа болохоор борлуулалт сүүлийн үед тогтмол нэмэгдэж байгааг цахилгаан скүүтэр оруулж ирдэг компаниуд хэлж байгаа юм. Монголд цахилгаан скүүтэр борлуулдаг “Үнэгүй хүргэлт.мн” борлуулалтын компани хоёр төрлөөр оруулж ирдэг юм байна. Сайтаар нь үнэгүй зочлоод хүргүүлэн авах боломжтой. Тэдний оруулж ирдэг цахилгаан скүүтэр өнгө, загварын сонголттой бөгөөд бусад газруудыг бодвол нэг жилийн баталгаатай. Баталгаат хугацаа дуусаагүй тохиолдолд эд ангийг сольж засч өгнө. Хэрэв таны худалдан авсан цахилгаан скүүтэрт эвдрэл гэмтэл үүссэн тохиолдолд ердийн дугуй засварын газар засвар үйлчилгээ хийлгүүлэх боломжтой. Унаж хэрэглэхэд яг л ердийн дугуй унахтай адил хэрэглээтэй. Дугуйг анх унаж сурахад тэнцвэрээ олоход хэцүү байдаг. Гэтэл энэ унаа тийм биш аж. Дугуй унаж чаддаг хүмүүс ганц гарч зогсоод л унаад сурчих боломжтой юм. Харин дугуй унаж чадахгүй хүмүүс тэнцвэрээ хадгалж чаддаг бол тэгээд л асуудалгүй сурчихна. Мөн ердийн дугуй шиг гар удирдлагатай. Тоормос, гэрэл, сигналаа гараараа өгчихнө. Утсан дээрээ MINI­ROBOT аппликэйшнийг татаж суулгаад утсаараа ч удирдаж болно. Утасны аппликэйшн нь ашиглахад их хялбар. Цэнэг, км-ийн заалт, хурд гээд бүх зүйлээ харна. Тогтмол хурдыг тохируулан явж болох нь. Хулгайд алдахаас сэргийлэн апплекэйшнээрээ түгжиж болдог аж. Түгжсэн тохиолдолд апплекэйшнээр түгжээг тайлахаас нааш ашиглах боломжгүй. Мэдээж хүний биеийн жингээс хамаараад өгсүүр замд цэнэг их орох нь тодорхой. Цахилгаан скүүтэр суудалтай болон суудалгүй гэсэн олон загвар байна. Манай орны нөхцөлд суудалгүй нь илүү зохицох аж. Суудалтай нь жин дарах учир хурдан батарей нь дуусдаг байна. Мөн авч явахад арай түвэг ихтэй. Суудалгүй загварын жижиг нь 10-12 кг. Том нь 12-14 кг. Эвхээд бариулаас нь түрээд явчихих боломжтой. Худалдан авагчдын сэтгэгдлийг сонсоход “Унаж сурахад хялбар, бензин шаардахгүй, өртөг хямд ба гэр, ажил, сургуулийн хооронд унахад тохиромжтой” хэмээн ам сайтай байв. Цахилгаанаар цэнэглэдэг учир байгаль, экологид сөрөг нөлөөгүй энэ унааг гадаадын улс орнууд өргөнөөр хэрэглэх болжээ.

Дугуйг бодвол машиндаа эвхээд хийчих, зориулалтын тэвш шаардахгүй ямар ч зам дээр явах боломжтой их хотод зориулагдсан унаа юм.

Тухайлбал, АНУ-д сайн чанарын цахилгаан скүүтэрийн нэг болох BMW C Evolution Scooter-ийн “Long Range” загвар нь нэг цэнэгээрээ 160 км зайг туулж чадах бөгөөд цагт 129 км туулах хэмжээнд хурдална. Харин Европ хувилбар нь 120 км/цагийн хурд үзүүлэх боломжтой ба 100 км зам туулах чадвартай. Энэхүү цахилгаан скүүтэр нь 94 Ah багтаамжтай, BMW i3 зай хураагууртай болсноор илүү хол зайг туулах чадвартай болсон байна. Сануулж хэлэхэд BMW C Evolution Scooter-ийн хуучин загвар нь дөнгөж 60 Ah багтаамжтай байсан юм.

Харин Японы Yamaha Mo­tor компани байгаль орчинд хор нөлөөгүй, цахилгаан хөдөлгүүртэй скүүтэрийг зах зээлд аль 2010 онд гаргасан байдаг.

Sanyo Electric компанийн lithium-ion батарейгаар цэнэглэгдэх Electric Com­muter EC-03 нэртэй цахилгаан скүүтэр нь нэг удаагийн бүтэн цэнэглэлтээр дунджаар зургаа орчим цаг ажиллаж, 43 км замыг туулдаг гэнэ. Скүүтэрийг гэрийн нөхцөлд энгийн цахилгааны залгуурт залгаж, цэнэглэх боломжтой ажээ. Автомашин болон мотоцикл жолоодох эрхийн үнэмлэхтэй жолооч нар уг цахилгаан скүүтэртэй замын хөдөлгөөнд оролцож болох юм. 252 мянган иенээр худалдаалагдах цахилгаан скүүтэр худалдаанд гарсан эхний жилдээ зөвхөн Япон улсын хэмжээнд нэг мянган хувь борлогдсон байна.

Цахилгааны өртөг хямд тооцогддог манай улсад скүүтэр хэрэглэх бүрэн боломжтой. Зуны дулаан өдрүүдэд автомашины зам дээр түгжрэхгүй. Дугуйтай хүмүүст зориулалтын зам талбай байхгүй учир явган хүний зам дээр ч, автомашины зам дээр ч ад үзэгдэх нь элбэг. Дугуйг бодвол машиндаа эвхээд хийчих, зориулалтын тэвш шаардахгүй, ямар ч зам дээр явах боломжтой их хотод зориулагдсан унаа юм.


Categories
мэдээ цаг-үе

Л.Отгонбат: Хүүхдийг хайрлаж асрахад эрэгтэй, эмэгтэй багш гэж ялгах нь өрөөсгөл

Нийслэлийн ХанУул дүүргийн “Монгол билиг оюун” цэцэрлэгийн багш Л.Отгонбаттай ярилцлаа.


-Юуны өмнө та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Отгонбат гэдэг. Би Хан уул дүүргийн тэргүүний “Монгол билиг оюун” цэцэрлэгийн цогцолборт багшаар ажилладаг. Цэцэрлэгийнхээ Ахлах “А” бүлгийг даан авч ажиллаж байгаа. Мөн спорт өрөлтийн холбоотой хамтран спорт өрөлтийн дугуйланг цэцэрлэгийн 4, 5 настай 5 бүлгийн нийт 100 гаруй хүүхдэд давхар явуулдаг.

Хэдэн онд ямар сургууль төгсөж цэцэрлэгийн багшийн мэргэжил эзэмшив. Ажил амьдралын гараагаа хаанаас эхэлж байв?

-2008-2012 онд МУБИС-ийн Сургуулийн Өмнөх Боловсролын Сургуулийг 4 жил суралцаж цэцэрлэгийн багш, арга зүйч мэргэжлээр төгссөн.

Сургуулиа төгсөөд Сонгинохайрхан дүүргийн 101 дүгээр цэцэрлэгт гурван эрэгтэй багштай хамт ажиллаж байсан. Анх ажиллахад бас бага зэрэг эргэлзээ, айдастай байсан. Ингэхдээ бас эрэгтэйчүүдээ түшдэг юм билээ. Анх 101 дүгээр цэцэрлэгт биеийн тамирын багшаар ажилласан. Сургуулийн өмнөх боловсролын салбарт долоо дахь жилдээ тасралтгүй ажиллаж байна.

-Эрэгтэй цэцэрлэгийн багш тэр бүр ховор. Цэцэрлэгийн багш гэхээр яагаад ч юм эмэгтэй хүн, ээж хүмүүс санаанд буудаг. Хүний нялх үрийг эмэгтэй хүн л ээж шиг нь хайрлан, асарч хүмүүжүүлнэ гэсэн ойлголт байдаг л даа?

-Мэдээж тэгэлгүй яах вэ? Цэцэрлэгийн багш гэхээр нийгэм, эцэг эхчүүд ерөнхийдөө эмэгтэй хүмүүс байдаг гэдэг нийтлэг ойлголттой. Өнөөдөр улсын хэмжээнд нийт 20 гаруй эрэгтэй цэцэрлэгийн багш, арга зүйч, эрхлэгч зэрэг албан тушаалд ажиллаж байна. Энэ бол нийт ажиллаж байгаа боловсон хүчний маш бага хувийг эзэлнэ. Тухайлбал хамгийн ахмад нь Алтанхуяг гээд 30-аад жил ажиллаж байгаа багш бий. Сүүлийн үед сургуулийн өмнөх боловролын багш бэлтгэдэг их, дээд сургуулиудад энэ мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудын тоо тодорхой хэмжээнд нэмэгдэж байгаа.

Цэцэрлэгт хүүхдийг хүлээж авахад эцэг эхчүүдийн хандлага харилцан адилгүй. Эрэгтэй багштай юм уу, гэх эргэлзсэн асуулттай тулгардаг. Зарим эцэг эх хүүхдээ өгөхгүй гээд шууд өөр ангид өгөх тохиолдол гарна. Гэвч хоёр, гурван сар ажилласны дараа эцэг эхчүүдийн хандлага өөрчлөгддөг. Эргээд эцэг эхчүүд таны ангид хүүхдээ өгье, багш аа уучлаарай гэж байв.

Сургуулийн өмнөх нас гэдэг бол хүний насан туршийн боловсролын суурь үе бөгөөд зарим эцэг эхчүүдийн хувьд үүнд маш соргог хандаж цэцэрлэгт, багшид хүүхдээ даатгаад орхих биш, багштай хамтран хүүхдээ хөгжүүлэх тал дээр илүү анхаарч байгаа нь ажиглагддаг бөгөөд энэ нь залуу багш миний хувьд ажиллах урам зоригийг өгдөг. Мөн өглөө бүр ангидаа баяр хөөртэйгөөр орж ирэх бяцхан шавь нарынхаа итгэл дүүрэн нүдний харц, эцэг эхчүүдийн багшаа гэж хүндлэх хүндлэл намайг ажлаа чин сэтгэлээсээ урам өгөхийн зэрэгцээ ажилдаа хариуцлагатай хандах ёстой гэдгийг үргэлж сануулж байдаг.

Хүүхдийг хайрлаж, асрахад эрэгтэй, эмэгтэй багш гэж ялгах нь өрөөсгөл юм. Хайрлаж, халамжлахад эрх тэгш л байдаг байх. Туслах багш маань эмэгтэй багш нар байдаг учир илүү давуу талтай гэж боддог. Хүүхдүүд гэртээ аав, ээжийн хайранд өсдөг, эрэгтэй, эмэгтэй багштай байхаар ангидаа тэр хайрыг ижил авч байгаа юм.

-Ер нь эрэгтэй цэцэрлэгийн багш байхын хэцүү нь юу вэ. Бас сайхан тал нь юу бол. Цэцэрлэгийн багш хүн ямар байх ёстой гэж боддог вэ?

-Хэцүү санагддаг зүйл бол эцэг эхийн анхны хандлага байдаг. Үүнийг хэрхэн хүлээж авч сэтгэлдээ тусгахаас шалтгаална. Дээр өгүүлсэнчлэн хэсэг хугацаа өнгөрсний дараа байдал хэвийн болдог.

Сайхан зүйл бол их л байна. Хүүхдийн инээд хөөр, баяр баясал дунд өөрөө түүнийг мэдэрч баярлаж хөөрч байдаг. Хүн юу ярина, түүнийг өөрөө амьдралдаа мэдэрдэг гэдэг шүү дээ. Тиймээс цэцэрлэг дээр бид ямар ч муу муухай зүйл ярьдаггүй. Багш нарын амьдрал тэр хэрээрээ сайхан зүйлээр баялаг байдаг. Мөн хүнээр хүн хийх, хүүхдүүдээ аливаа зүйлийг сураад, өсөөд, хөгжиж байгааг харах бахархалтай.

Ер нь хүүхдийн байгаа орчин нь багш нь юм. Анзаарч байхад эцэг эхчүүдийн нэг өрөөсгөл ойлголт цэцэрлэг л хүүхдийг сургаж хүмүүжүүлэх, хөгжүүлэх ёстой гэдэгт оршиж байна. Гэтэл хүүхдийг хөгжүүлэх, амьдралын зөв дадал хэвшил олгох чиглэлээр багш нар маань өдрийн турш тасралтгүй ажиллаж байдаг бөгөөд гэртээ очоод түүнийг цэцэрлэг дээр л хийх ёстой зүйл мэт хандаж байгаа нь тулгамдасан асуудал болж байна.

-Багш хүний арга барил гэж байдаг. Та хүүхдүүдтэйгээ хэрхэн ажилладаг вэ?

-Хүүхдүүдтэйгээ бүтэн өдрийг хамт өнгөрүүлэхэд инээлдэнэ, уйлалдана, гомдоно, энэ болгонд өөр өөрөөр хүүхдүүдийнхээ сэтгэл санаанд тохируулан харилцана. Ихэнхдээ найз нь мэт байдаг даа. Хүүхдүүд сэтгэл хөөрөл ихтэй тоглох, инээлдэх үедээ аав аа гэж дууддаг. Энэ бас их сайхан санагддаг.

Миний ажилдаа баримталдаг зарчим бол цэцэрлэгийн орчинд хүүхэд чөлөөтэй тоглох, ярилцах, сэтгэл зүйн хувьд хамгийн эерэг таатай мэдрэмжийг авч чаддаг байхад оршино гэж боддог.

-Эцэг эхчүүд, багшийн холбоо харилцаа та бүхэнд их чухал байх. Энэ талаар таны бодлыг сонсмоор байна?

-Багшийн ажлын нэг хэсэг бол хүүхэд бүрийг хөгжүүлэхэд эцэг эх бүртэй ганцаарчлан уулзах, ярилцах, тэдний саналыг сонсох шаардлага зайлшгүй чухал. Миний хувьд энэ тал дээр нэг их хүндрэл гараад байдаггүй.

-Сургуулийн өмнөх боловсролын тухай өнөөдөр их ярих болсон. Яг энэ талбарт ажиллаж, жаргал зовлонг нь мэдэх хүний хувьд юу хэлэхийг хүсч байна?

-Сургуулийн өмнөх боловсрол чухал уу, гэж үү? Сургуулийн өмнөх боловсрол бол хамгийн чухал гэдгийг би дээр өгүүлсэн. Манай улсын хувьд сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр үр дүнтэй ажлууд олон хийгдэж байгаагийн зэрэгцээ тулгамдаж буй асуудлууд ч байна.

Тухайлбал цэцэрлэгийн хүртээмж, нэг багшид ногдох хүүхдийн тоо, багш боловсон хүчнийг бэлтгэх асуудал зэрэг нь хараахан сэтгэлд хүрдэггүй.

-Өнөөдөр багш нарын долдугаар их хурал Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор болж байна. Тус хуралд та оролцох уу. Энэ хурлын ач холбогдлыг хэрхэн харж байна вэ?

-Энэ хуралд би сонгогдоогүй. Монголын багш нарын VII их хурал хорь гаруй жилийн дараа зохион байгуулагдаж байгаад баяртай байна.

Аливаа улс орны нийгмийн тэргүүлэх салбар болох боловсролын салбарын багш нар нэгэн дор хуран чуулж байгаа нь өнөөгийн тулгамдаад байгаа олон асуудлыг шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байна. Тухайлбал сургалтын талаар баримтлах бодлого, сургалтын хөтөлбөрүүд, гарын авлага, багш нарын нийгмийн асуудал зэрэг.

Монголын багш нарын VII их хуралд оролцогч, хурлын төлөөлөгч нар болон нийт багш нартаа ажил хөдөлмөрийн өндөр амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Дашдондог: HU хамтлаг Европоор тоглолтоо хийнэ

Монголын урлагийн ертөнцөд шинэ өнгө төрхтэй нэгэн хамтлаг нэмэгджээ. Тэд бол “THE HU” хамтлаг юм. Метал рок чиглэлийн “The HU” хамтлагийн “Wolf totem” дуу АНУын ITUNES-д US TOP 100 дууны 30 дугаарт, TOP 40 рок дууны нэгдүгээр байрт эрэмбэлэгдсэн байна. Тус хамтлагийн дуу Леди Гага /Lady Gaga/-ийн “Always remember us this way”, Күин /Queen/ хамтлагийн “Bohemian Rhapsody” зэрэг хит дуунуудын урд бичигдэж байгаа юм. Тэдний “Yuve Yuve Yu” дуу 12 сая , “Wolf Totem” дуу нь долоон сая тандалт авчээ. Тус хамтлагийн клип дороо хадмал орчуулгаар үгээ бичсэн нь гадны сонсогчдод тун сайн хүрч байгаа гэнэ. Хамтлагийнхан анхны цомгоо гаргахаар ажиллаж эхэлжээ. Энэ талаар тус хамтлагийн продюсер Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Б.Дашдондогтой ярилцлаа.

Image result for the hu

Хамтлагаа анх яаж бүрдүүлэв?

-Хамтлагийн бүрдүүлэлт бол 2-3 жилийн өмнөөс эхэлсэн. Яг энэ хүннү рок урсгал, The Hu хамтлагийн уран бүтээлийг хийх санаа, хөг ая, дууны найруулга, ямар дуу дуулах уу, ямар үг байх уу, ямар аялгуутай яаж тоглох уу гээд тэр бүх бодол бол найман жилийн өмнөөс эхэлсэн. Миний найман жилийн хөдөлмөр.

-Youtube.com-д клипээ хэзээ байршуулсан бэ?

-Хамгийн эхний клипээ 2018 оны арваннэгдүгээр сарын сүүлээр байршуулсан. Маш богино хугацаанд өндөр тандалт авсан шүү. Удалгүй хоёр дах клипээ байршуулсан. Одоо эхнийх нь 13 сая тандалт хүрэх гэж байгаа. Хоёр дахь нь долоон сая хүрэх гэж байна. Хоёрхон клиптэй. Гэтэл нийлээд хориод сая тандалттай болчихоод байгаа.

Image result for the hu

Хамтлагийн дууны ая үгийг та бүгдийг нь зохиодог уу, хамтлагийнхан хамтран ажиллах уу?

-Би өөрөө зохионо. Ая үгний 80-90 хувь нь минийх. Цогтын хадны бичээсээр бичсэн нэг дуу бий. Б.Ринчен гуайн шүлгээр хийсэн нэг дуутай. Тэгээд гурван яруу найрагчтай хамтран ажилласан.

Хамтлагийн Youtube.com-д байршуулсан клипний дор хувцасны хэв загварын талаар болон Монголоос онлайнаар захиалж авах боломжтой юу гээд маш олон сэтгэгдлүүд бичсэн байсан. Хувцаслалтын санааг хэн гаргасан бол?

-Бид хоорондоо ярилцаж тодорхойлсон. Тэгээд Ari­una Sure-т захиалгаа өгөөд, ярилцаж байж хэв загвараа тодорхойлж гаргасан.

Image result for the hu

Танай хамтлагийн хувцас загварыг гадаадад гаргах боломж байгаа болов уу?

-Ер нь яваандаа хийгдэх ажил. Одоохондоо арай боломж нь бүрдээгүй. Гутлын загварыг цоо шинэ хэлбэрээр хийсэн. Хувцаснууд бас шинэ загварууд, гэхдээ монгол хэв маягийг хадгалсан, орчин үеийн хэлбэр хийцтэй. Монгол гэхээр л дээл гэдгээс арай өөрөөр илэрхийлэхийг зорьсон. Монгол гутлыг ээтгэр гээд л манайхан яриад байдаг. Уг нь бол монгол гутал ээтгэр биш шүү дээ. Үндсэн санаа нь бол зүгээр л тэгш улаараа байдаг. Урагшаа шөмбөгөрдүү л болохоос ээтгэр биш. Энэ санааг нь алдагдуулахгүй, ээтэн хэлбэрийг нь арай өөрөөр хийсэн. Ээтгэр гутал нь Манж, Төвдөөс гаралтай юмыг л бид монгол гэж яриад байгаа. Үнэндээ бол ээтэн гутал монгол биш. Олон жилийн хувирлаар яваад өөрчлөгдсөн л гэж мэддэг хүмүүс нь ярьдаг юм байна лээ.

Related image

Хас тэмдгээр хийсэн хамтлагийн логог барууны орнууд таашаахгүй байх шиг?

-Свастика гэж нэг хэсэг шуугьсан. Орчуулга нь хас л даа. Гадныхан энэ свастика тавьчихсан байна гээд хэл ам их дагуулсан. Бид свастикагаа аваад хаячихлаа. Оронд нь аянганы зураг оруулаад хийчихсэн юм. Свастика уг нь байж болох зүйл. Тэмдэг гэдэг утгаараа дэлхий дахинд зөв зүйлийг харуулах ёстой. Ер нь бид үүнээсээ татгалзахгүй. Гитлерийн үеийн хас тэмдэг нь дээшээ ромбо хэлбэртэй. Монголынх хэвтээ чиглэлээр байдаг. Свастика нь эрт үеэс үүссэн, маш олон янзын хэлбэр дүрстэй. Улс орон бүр өөрийн гэсэн янз бүрийн свастикатай. Монгол свастика ч гэсэн өөрийн хэв шинжтэй. Яахав бид энэ тэмдгээ яваандаа бага багаар ойлгуулна. Түүнээс шууд муйхарлаад зүтгээд, энэ чинь л монгол гээд дайраад байж болохгүй. Ойлгох хүн байна, ойлгохгүй ч хүн бий.

Related image

Хамтлаг эхний цомгоо гаргах гэж байгаа гэсэн үү?

-Бэлэн болчихсон. Мөдхөн хэвлэгдэж эхэлнэ.

Цомгийн баяр, тоглолт хийх төлөвлөгөө бий юу?

-Тийм төлөвлөгөө байхгүй. The Hu хамтлаг “Eleven seven music” гээд дэлхийн топ-т багтдаг “Music indus­try entertainment”-тай гэрээ хийчихсэн. Тэр компанид пянз, сидигээ бүгдийг нь хэвлүүлнэ. Зарах, борлуулах бүх ажлыг тэд хариуцна.

-ITUNES-д тэргүүлэх болсон шалтгааныг юу гэж харж байна?

-Бид зүгээр л клипээ байршуулсан. Урсгалаараа явж байгаад л тэргүүлчихсэн. Хүмүүст их таалагдаад л Америкийн ITUNES чартын нэгдүгээр байрт явж байна. Английн ITUNES чартын хоёрдугаар байрт явж байгаа. Өөр орнуудад ямар байгааг би сайн мэдэхгүй. Гэхдээ сайн борлуулалттай яваа байх аа.

Image result for the hu

Хамтлагийн гишүүдийг танилцуулбал?

-Ахлагч Ц.Галбадрах, гишүүн Б.Энхсайхан, Г.Нямжанцан, Н.Тэмүүлэн нарын үндэсний хөгжмийн гол дөрвөл гишүүн бий. Арын цахилгаан хөгжмийн гишүүд нь тусдаа. Тэд нар бас хамтлагт их үүрэг гүйцэтгэдэг.

Хөгжмийн хэлбэр загварын хувьд их онцлог санагдсан. Жишээ нь, нум сумны хэлбэртэй товшуур хөгжим гээд?

-Товшуур, морин хуур бол монгол үндэстний гол хөгжим шүү дээ. Хуучир, шанз, ятга гээд бусад хөгжим байгаа. Үүнийг бол Хубилай хааны үед ордонд нь оркестра болгоод тоглодог байсан, Монголоос үүдэлтэй юм. Гэхдээ сүүлд гарч ирсэн ятгыг бол Солонгосынх гэж ярьдаг. Хуучир, шанз, ёочинг Хятад талынх гэж ойлгож болно. Манай үндэсний хөгжмийн салбарынхан энэ хөгжмүүдийг монгол үндэсний хөгжим гэж нэрлэдэг. Үндэслэл нь Хубилай хааны үеэс үүсэлтэй учир үндэслэлээ л барина л даа. Түүнээс хойш яаж хувирч ирсэн нь хамаагүй шүү дээ. Товшуур нь Хүннү үеэс үүдэлтэй. Морин хуур нь Чингис хаанаас арай өмнөхөн үеэс үүссэн. Яг гол үүдэл хөгжмүүдээ бид барьж авсан. Тэгээд хулсан хуур, төмөр хуур, цуур гэх хөгжмүүд байх ёстой. Мөн үндэсний хөгжмүүд дотор хэнгэрэг зайлшгүй байна. Хамгийн гол юмнууд нь л эд нар шүү дээ. Дуулах арга техникүүд нь хархираа, шахаа, хөөмий гэсэн үндсэн хэлбэрүүдээр явж байгаа.

Image result for the hu

Гишүүд бүгд дуулахын зэрэгцээ хөгжмөө тоглох уу. Эсвэл дуучин нь тусдаа юу?

-Дөрвүүлээ дуулна, хөгжмөө тоглоно. Арын дөрвөн гишүүн маань бас нэмэлт хархираа, шахаа зэргийг давхар хийнэ.

Дараагийн уран бүтээл тань ямар бүтээл байх бол?

-Тэр ирээдүйн юм яах вэ. Алсдаа болох байх. Эхнийхээ цомгоо ч гаргаагүй байж дараагийн юмыг яриад яахав.

Image result for the hu

Хамтлагийн нэр ямар утгатай вэ?

-Дээр нэг охин манай хамтлагийн нэрийг HU гэдэг нь “англи үг” гэж бичсэн байсан. Бас нэг нь тэр охины бичсэн юмыг салгаж аваад гаргахдаа “хятад үгнээс гаралтай” гээд биччихсэн харагдана лээ. Уг нь ХҮ гэдэг үг чинь монгол үг шүү дээ. ХҮ гэдэг чинь Хүннү, хүмүүн, хүүхэд, хүү гэсэн монгол үгний гарал. Хүннү үеэс гаралтай хүн гэсэн утгатай үг юм л даа. Нэг ёсондоо англиар бас hu­man гэж байгаа шүү дээ бас. Хүмүүн гэсэн утгаараа. Энэ чинь ерөөсөө л оюун ухаант амьтны эх үг байхгүй юу.

Image result for the hu

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нийгмийн сүлжээнд зохистой хэрэглээг нэвтрүүлнэ

Монгол Улсад Фэйсбүүк идэвхтэй хэрэглэгчдийн тоо 2,2 саяд хүрсэн. Нийт хүн амын 70 хувь нь сошиал орчинд идэвхтэй байж, мэдээ мэдээлэл авч бусдад түгээж байна. Энэ үзүүлэлтээрээ бид Азид тэргүүлж байгаа. Тиймээс нийгмийн сүлжээний зохистой хэрэглээг хэвшүүлэх, цахим орчин дахь аюулгүй байдал болон хүүхэд хамгааллын асуудалд зөв гарц, шийдэл олох зорилгоор “Нийгмийн сүлжээ ба зохистой хэрэглээ-2019” форумыг зохион байгууллаа.

Форумд хэд хэдэн илтгэл тавигдсан. Үүний нэг нь “Нийгмийн сүлжээн дэх аюулгүй байдал ба хүүхэд хамгаалал” сэдвээр Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга А.Энхбаатар илтгэл тавьсан юм. Тэрбээр “Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар нь хүүхдийн эрх хамгаалалтай холбоотой асуудлуудыг ялангуяа хүүхдийн эрх зөрчигдсөн тохиолдолд нийгмийн бүх орчинд хамгааллын үйлчилгээг үзүүлэх чиг үүрэгтэй Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг юм. Энэ байгууллагын харьяанд байдаг 108 утсанд цахим орчинд хүүхдийн эрх зөрчигдөхтэй холбоотой, тодруулбал цахим дарамт гэх дуудлага мэдээллийн тоо сүүлийн гурван жилд харьцангуй өслөө. Үүний цаад учир шалтгаан юунд байгааг судлахаар Монгол Улсын 21 аймаг, есөн дүүрэгт 2200 орчим хүүхэд, 400 орчим эцэг эх, 400 орчим багшаас судалгаа авсан” гэв.

Хүүхдийн тусламж мэдээллийн утас болох 108 утсанд ирсэн мэдээллийг үндсэн таван төрөлд хуваан ангилж болох аж.

Нэгдүгээрт, садар самуун сурталчилсан зураг бичлэг фэйсбүүкт байршуулж байна, хоёрдугаарт, хүүхдийн зургийг зөвшөөрөлгүй авч байршуулах, гуравдугаарт, хуурамч хаяг нээх, дөрөвдүгээрт, хүүхдийн мэдээллийг зөвшөөрөлгүй оруулж, доромжлох үйлдэл хийж байна, тавдугаарт, хүүхдийн нүцгэн зургийг зөвшөөрөлгүй авч үнэ цохин, зарах, худалдаалах, нэр төрд халдах, сүрдүүлэх үйлдэл хийх зэрэг дуудлага мэдээллүүд ирдэг байна.

Сошиал сүлжээгээр хүүхдийн амь нас, эрүүл мэндэд халдах тоглоом болох “Цэнхэр халим” гэх давлагаа үүссэн. Насанд хүрээгүй бага насны хүүхдүүдэд даалгавар өгөх, өөрийгөө гэмтээх, амь насандаа аюул учруулахыг санал болгох зэрэг үйлдлүүд хийдэг байна. Мөн хүүхдийн хувийн мэдээллийг авч гар утсаар нь залган, мөнгө нэхэх, айлган сүрдүүлж, дарамталдаг гэх дуудлага мэдээлэл ирдэг гэнэ. Монгол Улсын 21 аймаг, 330 суманд бүх үүрэн телефоны дэд бүтэц шийдэгдэн харилцаа холбоо үүссэнээр сүүлийн гурван жилд энэ төрлийн дуудлагууд эрс нэмэгджээ. Өсвөр насны хүүхдүүд, тэр дундаа 11-ээс дээш насны хүүхдийн сошиал хэрэглээ эрс нэмэгдсэн байна. Манай улсын нийт өсвөр насны хүүхдүүдийн 92 хувь нь интернэт хэрэглэдэг. Дэлхийн хүүхдийн аж байдлын тайланг ЮНИСЕФ 2017 онд гаргажээ. Өнөөдрийн судалгаатайгаа харьцуулаад үзэхэд Монголын өсвөр насны хүүхдүүд дэлхийн өндөр хөгжсөн орнуудын хүүхдүүдтэй жишигдэхээр хэмжээнд интернэт хэрэглэдэг болж. Европ тивд 25 өсвөр насны хүүхэд тутмын нэг нь интернэтэд холбогддоггүй, 96 хувь нь хэрэглэдэг байна. Харин манайд 92 хувийн хэрэглээтэй гэх судалгаа гарсан нь үүнийг нотолно. Интернэтийг өсвөр насны хүүхэд хэрэглэхэд нэгэн асуудал гарч ирсэн. Энэ нь хэн, хэрхэн, яаж зааж өсвөр үеийн хүүхдүүд суралцаж байна гэсэн асуудал. Манай улсын өсвөр насны хүүхдийн 36-48 хувь өөрсдөө бие дааж, эсвэл бие биедээ заадаг байна. Өөрөөр хэлбэл өсвөр насны хүүхдийн 86 хувь нь хэн нэгний зааваргүйгээр өөрөө сошиал орчинд оролцдог, суралцдаг. Дэлхийн бусад оронд энэ тоо бага. Хамгийн өндөр нь Гондурас улсад 69 хувь нь өөрсдөө сурсан. Төв Африкийн улсууд 19 хувь нь өөрсдөө сурдаг, бусдаар заалгадаг гэсэн байна. Манай улсад ийм өндөр үзүүлэлттэй байгаа нь өсвөр насны хүүхэд цахим орчинд эцэг эх, хэн нэгний хараа хяналтгүйгээр мэдээ мэдээлэл авч, оруулдаг нь цахим боловсрол маш бага гэсэн дүгнэлтэд хүргэжээ. Хүүхэд хуучин гар утас төхөөрөмжөөрөө цахим орчинд нэвтэрдэг учир эцэг эхэд эдийн засгийн дарамтгүй. Тиймээс нийт судалгаанд оролцсон хүүхдийн 84,4 хувь нь гар утсаараа дамжуулан мэдлэг мэдээлэл олж авдаг. Гурван хүүхэд тутмын хоёр нь өдөр бүр гурваас дээш цагийг интернэт орчинд зарцуулдаг. Гурван хүүхэд тутмын нэг нь өөрийн нэр дээр байдаггүй гар утасны дугаараар интернэтэд холбогддог гэнэ. Харилцаа холбоо технологийн газар, Цагдаагийн байгууллага, хүүхдийн төлөө газрууд нийлж, хүүхдийн гар утасны дугаарыг бүртгэлжүүлэх ажилд нэгдэх хэрэгтэй гэсэн саналд хүрчээ. Гурван хүүхэд тутмын нэг нь аав ээж, ах эгч нарынхаа нэр дээрх гар утасны датаг ашиглан хэрэглээ хийж байгаа. Хэрвээ үүнийг бүртгэлжүүлж чадвал тухайн хүүхдийн нас биед таарсан мэдээ мэдээллийг түгээж байгаа оператор компаниуд түгээх боломжтой. Технологийн боломж байгаа гэдгийг хэлж байв. Хүүхдүүдийн дунд хамгийн түгээмэл ашиглагддаг аппликэйшн 85 хувь нь фэйсбүүк ашигладаг гэжээ. Үүн дээр бас нэг анзаарагдсан зүйл нь гурван хүүхэд тутмын нэг нь хоёроос дээш аккаунттай. Үүнийг ярилцлагын журмаар тодруулахад үзэл бодлоо илэрхийлэх хэрэгцээ шаардлагаа биелүүлэхийн тулд ээж аавдаа үзүүлдэг нэг хаяг, найз нөхөдтэйгөө харилцдаг бас нэг хаягтай. Энэ нь хэн нэгэн өсвөр насны хүүхдүүдэд сошиал орчинд хэрхэн мэдээлэл авах, яаж ашиглах талаар заавар зөвлөмж өгдөггүйтэй холбоотой. Иймээс хүүхэд гурван төрлийн эрсдэлд ордог. Таван хүүхэд тутмын нэг нь танихгүй найзын хүсэлт авдаг. Хүсэлтийг шууд ямар нэгэн шалгуургүйгээр хүлээн авдаг. Ирж байгаа 10 мэдээлэл тутмын 8 нь порнографик шинжтэй мэдээллүүд байна. Мэдээлэл хянах боловсруулах боломжгүй өсвөр насны хүүхдүүд үйлдлээр эрсдэл хүлээдэг тохиолдлууд гарчээ. Зөв зохистой хэрэглээ хаана, хэний үүрэг оролцоотой бий болгох боломжтой вэ гэвэл нэгдүгээрт хүүхэд, хоёрдугаарт гэр бүл, гуравдугаарт хамгийн их цагийг өнгөрүүлж байгаа сургууль, анги, багшийн оролцоотой бий болно. Үүнээс үүдээд эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид өсвөр насны хүүхдэд сошиал орчинд оролцох боловсрол олгоход хэр мэдлэгтэй талаар судалгаа хийжээ. Гэтэл эцэг эхчүүд нь хүүхдүүдээсээ дор цахим хэрэглээний мэдлэгтэй байна. Багш сурган хүмүүжүүлэгчид нь хүүхдүүддээ заахаар түвшнээс доогуур мэдлэгтэй. Үүнийг маш богино хугацаанд асар хурдан цахим орчинд мэдээлэл тархах хурдтай холбоотой хэмээн дүгнэлт гаргажээ. Эцэг эх хүүхдүүдээ ямар сайт, аппликэйшнээс ихэвчлэн мэдээ мэдээлэл авдаг, зочилдог болохыг асуусан судалгаанд 41 хувь нь хүүхдээ ямар сайтаар зочилдог, хэнтэй яаж харилцдаг талаар мэддэггүй гэжээ. Шүүлтүүрийн программ хангамж байдаг эсэх талаар нийт эцэг эхчүүдийн 30 орчим хувь нь сонсож л байсан. Зургаан хувь нь ийм төрлийн программ ашигладаг гэсэн байна. Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох, дарамт сүрдүүлэгт өртвөл хэнд хандах, хаанаас гарц гаргалгаа хайх вэ гэсэн асуултад хэнд хандахаа мэдэхгүй. Гарц гаргалгаа байхгүй гэж хариулжээ. Өөрөөр хэлбэл үүнийг хянаж шийдвэрлэх, ийм төрлийн дуудлага мэдээлэл хүлээн авсан буруутай этгээдэд хариуцлага тооцох хуулийн механизм нь тодорхой бус сул байгаатай холбоотой гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.

“Faro foundation Mongolia” Төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал А.Бямбажаргалаас энэ талаар тодруулан ярилцлаа.

Танай байгуулага ямар зорилгоор байгуулагдсан бэ?

-Манайх цахим сүлжээ, цахим орчинг тойрсон зохистой хэрэглээг таниулах, сургалт сурталчилгаа явуулах зорилготой байгуулагдсан. “Faro” англи хэлний төвийн харьяа Төрийн бус байгууллага юм. Бид Фэйсбүүк компанитай хамтраад цахим орчны бичиг үсгийн сургалтын хөтөлбөрийг боловсруулж, Харвардын их сургуульд боловсруулагдсан хөтөлбөрийг монгол хэл рүү оруучуулаад монгол хүүхдэд зориулсан жишээгээр өөрчлөн, хөтөлбөрийн хуваарийг шинэчлэн гаргасан. Нийт таван бүлгээс бүрдсэн 10 хичээлтэй. Сурагч, багш, эцэг эхийг хамарсан гурван үндсэн бүлэгтэй. Арван хичээл нь сурагчдад, зургаан хичээл нь эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид орох 24 бүлэг хичээлийг олон нийтэд үнэ төлбөргүй орж эхлээд байгаа. Эхний ээлжинд Ерөнхий боловсролын 20 сургуультай хамтран хөтөлбөрөө хэрэгжүүлж байна. Эхлээд сурган хүмүүжүүлэгч бэлтгэх программ байгаа. Бид өөрсдийн нөөц боломжийн хүрээнд сургагч багш нарыг бэлтгээд сургуулиудад хичээлийг нь заана. Долоо хоногт нэг удаа 70 минутаар орно.

Нийгийн сүлжээний зохистой хэрэглээг юу гэж тодорхойлох вэ?

-Цахим сүлжээ үүсэхээс өмнө улс оронд сайн муу бүх л зүйл өрнөж л байсан. Цахим сүлжээ үүссэнээс хойш цахим ертөнц гэх бас нэг өөр ертөнц үүссэн. Бидний хувьд бага насаа цахим орчингүй үед өнгөрөөсөн. Тэгэхээр биднийг “Цахим цагаачид” гэж нэрлэдэг. Гэтэл бидний дүү нар 2000 оноос хойш төрсөн хүүхдүүд бүгд “Цахим иргэд” болчихож. Яагаад гэвэл тэд цахим ертөнцөд төрсөн. Гэтэл эдгээр цахим иргэдэд боловсролыг нь олгохгүй, энэ талын хичээл сургалтыг заахгүй бол бидний хичээлийн хөтөлбөрөөр заагаад байвал энэ талын мэдлэггүй хүүхдүүд эрсдэл үүрэх нөхцөл өндөр байна. Цахим орчны хэрэглээг бид хязгаарлах аргагүй болсон. Яагаад гэвэл технологийн хөгжил явж байгаа. Алсдаа бид цахим орчинг зөв хэрэглэдэг хүмүүсийг бий болгохын тулд боловсролыг олгохоос өөр аргагүй. Тэгэхээр ард иргэд, өсвөр насны хүүхдүүдэд зориулж хөтөлбөрийг нь боловсруулаад тэдэнд чиглүүлэн ажиллаж байна.

Туршилтын хугацаа хэзээ дуусах уу. Боловсролын яамтай хамтарч байгаа юу?

-Энэ улиралдаа багтаан туршилтаа дуусгаад ирэх хичээлийн жилээс нийт Ерөнхий боловсролын хөтөлбөрт оруулахаар төлөвлөсөн. Жил бүр дахин давтан үзээд байх шаардлагагүй. Ганц улирал оруулаад мэдлэг мэдээлэл авчихсан байх учир нэг улиралд хангалттай хэмжээний мэдлэгтэй болно гэж тооцоолсон. Боловсролын яам биднийг хөтөлбөрөө боловсруулаад туршилтаа хийгээд Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт оруулахад бэлэн болгоод ирээрэй гэсэн учир асуудал үүсэхгүй байх.

Цахим орчинд оролцох хувь хүний хандлага зохицуулалт хэрэгтэй гэлээ. Тэр талаар нэмээд тодруулбал?

-Засгийн газраас биднийг дэмжээд хууль дүрэм батлаач цахим ертөнц гэдэг шинэ ертөнц үүсчихээд байна шүү дээ. Зарим нь даруухан болчихдог бол зарим нь өөрийгөө өөрөөр илэрхийлдэг гэх мэт. Энэ нь цахим засаглал үүсгээд байгаа. Монголчууд фэйсбүүк, твиттер, инстеграм гээд бүх цахим хэрэглээг хэрэглэж байна. Энэ нь цахим орчинд тус компаниудтай хамтран яаж бид эерэгээр зөв ашиглаж хэрэгжүүлэх вэ гэдгийг олж харах ёстой. Түүнээс үгүй ээ, бид хэрэглэхгүй хаалттай байлгана гэвэл дэлхийгээс хоцорно гэсэн үг. Тэгэхээр технологи хөгжиж байгаа өнөөгийн нөхцөлд зөв хэрэглээг л бий болгох шаардлагатай.

Манайх фэйсбүүктэй хамтран ажиллах эхлэл аль хэдийнэ тавигдчихсан юм байна. Тэгэхээр танайх шиг хэр олон байгууллага бий вэ?

-Манайх бол хамгийн анхных нь. Бид Төрийн бус байгууллагуудаа нэгтгээд Монгол Улсаа төлөөлөн ажиллаж байгаа. Би өөрөө өнгөрсөн оны есдүгээр сараас хойш Монгол Улсаа төлөөлөн фэйсбүүкийн 2-3 уулзалтад оролцсон.

Сургалтаас гадна өөр ямар чиглэлээр ажиллах вэ?

-Бид маш олон төсөл хэрэгжүүлнэ гэж төлөвлөсөн байгаа. Сургалт нь хамгийн эхний ажил. Эмэгтэйчүүд, хүүхэд хамгааллын чиглэлээр төлөвлөсөн олон ажлууд бий. Хамгийн эхэнд эерэг өөрчлөлтөд сургалт чухал шүү гэдэг ойлголт өгөхийн тулд цахим бичиг үсэг хөтөлбөрийг нэвтрүүлж байгаа.

Цахим бичиг үсэг гэдэг нь юуг хэлээд байна?

-Digital letters гэж англи хэлэнд хэлэгддэг. Цахим бичиг үсэг, тоон бичиг үсэг гэж монгол хэл рүү орчуулаад байгаа. Энэ нь хүүхдүүдэд миний хувийн орон зай гэж юу вэ, миний хувийн нууц гэж юу болох, цахим орчинд постлогдсон мэдээлэл хэр үнэн бэ, энэ мэдээлэл яг үнэн юм болов уу гэх мэтийг ялгаж салгах боловсрол олгох хэрэгцээ бий. Үүнийг олж хараад фэйсбүүкийн хэрэглээний үгнүүдийг монгол хэл рүү оруулах хөтөлбөрийг хийгээд байгаа. Хүний шүүн тунгаах процессийг л хангах үүрэгтэй. Үндсэндээ манай сургалт найман чадварыг хөгжүүлнэ. Үүнд шүүмжлэлт сэтгэлгээ, эерэг хандлагыг бий болгох, бие биедээ урам өгөх гэх мэт. Хамгийн гол нь зөв зохистой хэрэглээг л зааж өгөх нь бидний үндсэн зорилго.

С.ОТГОНБАЯР

Categories
мэдээ цаг-үе

Кокс, ган төмөрлөгийн үйлдвэр нүүрсээ Таван толгойгоос, төмрийн хүдрээ Сэлэнгэ, Хэнтийгээс авна

“Эрдэнэс стийл” компанийн Говьсүмбэр аймгийн Баянтээл сумын нутагт барих Кокс, ган төмөрлөгийн цогцолбор үйлдвэрийн ТЭЗҮ-ийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл батлаад байна. Компанийн зүгээс төсөл хэрэгжүүлэх болсон үндэслэлийг “Монгол Улс жилд 7.4 сая.тонн төмрийн хүдэр, 35.7 сая.тонн коксжих нүүрсийг түүхий, хагас боловсруулсан байдлаар гадаадад гаргаж байна. Нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх шаардлага бий” хэмээн тайлбарлалаа.

Төсөл хэрэгжсэнээр уул уурхайн салбарын олборлолтоос гарсан коксжих нүүрс, төмрийн хүдрийн түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэх боломж нээгдэнэ гэж компанийн зүгээс тайлбарлав.

Ирээдүйд өрнөх нь тодорхой бүтээн байгуулалтын хөтөлбөрүүд хэрэгжсэнээр төмөрлөг бүтээгдэхүүний хэрэгцээ жилд нэг сая.тонн-д хүрч, барилгын арматурын хэрэгцээ одоогийнхоос 70 хувиар өсөх тооцоо гарчээ. Өнөөдрийн байдлаар барилгын арматур, бусад цувимал бүтээгдэхүүний 97 хувийг өмнөд хөршөөс импортоор хангаж байгаа. Кокс, ган төмөрлөгийн цогцолбор үйлдвэр үүдээ нээвэл импортын хараат байдлаас гарах, барилгын арматурын импортын хэрэглээг багасгаж хэрэгцээт зах зээлийн тодорхой хувийг дотоодоосоо хангах боломж бүрдэх юм байна.

Үүнээс гадна Монголд үйл ажиллагаа явуулж буй хаягдал төмөрт суурилсан гангийн үйлдвэрүүдийн хүчин чадлыг бүрэн ашиглахын тулд дахин боловсруулах ширэм болон чанарын шаардлага хангасан ган бэлдэцээр хангах шаардлага байгаа аж. Энэ төсөл болон төмөрлөгийн үйлдвэрийн бусад томоохон төслүүд хэрэгжсэнээр коксын дотоодын хэрэглээ нэмэгдэх хандлага ажиглагджээ.

Цогцолбор үйлдвэр жилд 500.000 тонн кокс, 300.000 тн ган үйлдвэрлэх гэнэ. 1500 орчим ажлын байр шинээр бий болох тооцоо гаргажээ. ТЭЗҮ-ийн дагуу үйлдвэрлэлийн түүхий эд болох төмрийн хүдэр, коксжих нүүрс, шатаасан шохой, доломит, жонш зэргийг хүлээн авч боловсруулалт хийж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь. Шинээр байгуулах 179 м3 домен зуух, 25 тонн-ын конвертерын зуух, 25 тонн шанаган зуух нь өндөр бүтээмжтэй, хайлалтын хугацаа богино, автоматжуулагдсан байна гэсэн өгүүлбэр ТЭЗҮ дээр дурайж байна. Мөн тоос, утаа цэвэрлэх орчин үеийн байгууламжтай байх зураг гарчээ. Цутгамал бэлдэцийг дахин халааж цувин D10-D32 мм голчтой цувимал ган туйван буюу арматур, D3-D8 мм голчтой өндөр бат бэхтэй ган утас, хэлбэржүүлсэн цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэж ТЭЗҮ-д онцолжээ. Хэлбэржүүлсэн цувимал бүтээгдэхүүн гэдэг нь булан төмөр, швеллер, двутавр зэрэг юм байна.

Коксын үйлдвэр жилд 500 мянган тонн металлургийн кокс үйлдвэрлэх хүчин чадалтай гэж өмнө дурдсан. Үйлдвэрт 5.5 м өндөртэй, 52 ширхэг уламжлалт буюу дайвар бүтээгдэхүүн үйлдвэрлэх коксын батарей суурилагдах аж. Жилд нэг сая тонн орчим түүхий нүүрсний хольцыг боловсруулж металлургийн кокс үйлдвэрлэхийн зэрэгцээ давирхай, хүхэр, аммиак, сульфат бензол зэрэг химийн үйлдвэрийн суурь бүтээгдэхүүн үйлдвэрлэх төлөвлөгөө гарчээ. Үйлдвэрлэлийн үйл ажиллагааг дэмжин хангах 110кВ цахилгаан дамжуулах агаарын шугам, 2х40 МВА дэд станц, салаа төмөр зам, үйлдвэрийн дотоод зам, үйлдвэрлэлийн явцад ялгарах домены болон коксын хийг ашиглан эрчим хүч үйлдвэрлэх 12.5МВт чадал бүхий цахилгаан станц, усан хангамжийн байгууламж, гадны тоосгүйжүүлэх систем, цэвэрлэх байгууламж, хүчилтөрөгчийн станц зэрэг туслах цех, хэсэг, байгууламжуудын бүтээн байгуулалт өрнөнө гэж төсөлд тусгажээ.

Төслийн түүхий эдийн хувьд коксжих нүүрсийг Таван толгойн орд, төмрийн хүдрийг Хэнтий аймгийн Баргилтын төмрийн хүдрийн орд, Сэлэнгэ аймгийн Баянгол ордуудаас авахаар тооцжээ. Төмрийн хүдрийг цаашид Чойрын бүлэг ордоос нийлүүлэх боломж ч байгаа бололтой.

Төсөл хэрэгжсэнээр хэд хэдэн давуу тал үүснэ гэж төсөл хэрэгжүүлэгчдийн зүгээс онцоллоо. Давуу талуудыг дахин дурдахад эх орны төмөрлөгийн үйлдвэрүүдийн хэрэглээг металлургийн коксоор, боловсруулах үйлдвэрүүдийг ган болон ширмэн бэлдцээр бүрэн хангах боломжтой бүрдэхээс гадна зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн нэмүү өртөг шингэсэн шинэ төрлийн эцсийн бүтээгдэхүүн болох ган цувимал үйлдвэрлэнэ.

Жилд 900 мян.тонн коксжих нүүрсний дотоодын байнгын хэрэглээг үүсгэснээр, Монгол орны коксжих нүүрсний үнэлэмж дээшилнэ гэж төсөл хэрэгжүүлэгчид онцолж байна. Мэдээж Монголд коксжих нүүрс, төмрийн хүдрийг бүрэн боловсруулан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх кокс, металлургийн цогцолбор үйлдвэр бий болох нь хамгийн том давуу тал юм.

Кокс, химийн үйлдвэрийн тухайд коксжих нүүрсийг боловсруулан ашиглах технологи нь дэлхий нийтэд түгээмэл тархсан уламжлалт үйлдвэрлэл юм байна. Үндсэн бүтээгдэхүүн болох металлургийн кокс нь хар ба өнгөт металл хайлах үйлдвэрийн үндсэн чухал түүхий эдүүдийн нэг болдог аж. Коксын үйлдвэрлэл нь металлургийн салбартай салшгүй уялдаатай гэж салбарынхан онцолдог. Дэлхийн бусад оронд эдгээр хоёр үйлдвэрлэл зэрэгцэн хоршиж ажиллах нь кокс, химийн үйлдвэрийн хамгийн түгээмэл хэлбэр аж.

Бүтээн байгуулалт нь 3.6 жил үргэлжилнэ гэж буй уг цогцолбор үйлдвэр жилд дунджаар 87.7 тэрбум төгрөгийн татвар хураамжийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх тооцоо гарчээ.

Төслийнхөн алсын хараагаа “Монгол Улсын кокс, хими, төмөрлөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт манлайлагч байж, энэ салбарын үйлдвэрийн мэргэжлийн загвар үйлдвэр болно” хэмээн тодорхойлжээ. Харин эрхэм зорилгоо “Эрдэс баялгийн нөөцөд тулгуурлан кокс, төмөрлөгийн үйлдвэрийг цогцолбор хэлбэрээр, түүхий эдийн нөөц, ашигт малтмалын ордыг түшиглэн барьж байгуулах, үндэсний стандартад нийцсэн ган төмөрлөгийн бэлдэц, бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг хангах, экспортыг дэмжихэд оршино” гэж тодотгожээ.

Ц.СҮРЭН

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүд: Монголын хууль хяналтын байгууллагад хар толбо болохоор зүйл болжээ

Чуулганы хуралдаанаар Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Анхны хэлэлцүүлгээр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар нарын гаргасан зарчмын зөрүүтэй саналыг дэмжих эсэхээр санал хураасан ч гишүүдийн олонхийн саналаар дэмжигдсэнгүй.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар нар “Эрүүдэн шүүсэн нь нотлогдож, ҮАБЗ-ийн зөвлөмж гарсан бол шүүгч, АТГ, прокурорын дарга нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх цаашлаад эрүүгийн хариуцлага хүртэл арга хэмжээ авах” саналыг гаргасан нь Хууль зүйн байнгын хороогоор дэмжигдсэн ч чуулганы хуралдаанаар дэмжлэг аваагүй нь энэ юм.

Яг одоо Төрийн ордны А танхимд С.Зориг агсны хэрэгт буруутгагдан яллагдсан хүмүүсийг эрүүдэн шүүсэн бичлэгийг УИХ-ын гишүүдэд үзүүлэх гэж байна. УИХ-ын гишүүдийн хэлж буйгаар 26 минутын бичлэгийг үзжээ.

Үүний дараа Хууль зүйн байнгын хороо хуралдаж Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх юм. Өнөөдөртөө багтан уг хуулийн төслийг батална гэж УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдлээ.

УИХ-ын гишүүдэд эрүүдэн шүүсэн бичлэгийг үзүүлэхтэй холбоотойгоор Төрийн ордонд түр хөл, хорио тогтоогоод байна. Мөн сэтгүүлчдийг ордноос гаргасан.

Бичлэгийг үзсэн гишүүдийн сэтгэгдэл:

Шадар сайд Энхтүвшин: Маш муухай юм байна. Өөр хэлэх юм алга. Ер нь айхтар юм болж. Даралт ихтэй хүмүүс үзээд хэрэггүй юм байна.

УИХ-ын гишүүн Гарамгайбаатар: Нэлээн айхтар зүйл харлаа. Монгол Улс хүнлэг энэрэнгүй ардчилсан нийгэм байгуулахаар зорьж байгаа. Хяналт тавьж хууль бищлүүлэх ёстой улсууд ийм байдалд орооцолдсон байгаа нь үнэхээр санаа зовмоор. Монголын хууль хяналтын байгууллагад хар толбо болохоор зүйл болсон байна.

УИХ-ын гишүүн Сумьяабазар: Сэтгэгдэл хэлсэнгүй.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Үнэхээр хууль хяналтын байгууллагаар үнэн мөнийг тогтоогоогүй байхад иймэрхүү эрүүдэн шүүх арга хэмжээг авч болох уу? Хэвлэлийнхэнд үзүүлэх байх гэж би бодож байна. УИХ энэ асуудлыг маш шударгаар үнэн зөв шийдвэр гаргах байх гэж найдаж байна.

Нийгэм хамгаалал хөдөлмөрийн сайд Чинзориг: Нэгэнт Засгийн газар мөрдөн байцаах ажилд саад болохгүй ийм хэсгийг задалсан, ил болгох шийдвэр гаргасан. тэр хүрээнд тагнуулын байгууллага 20 орчим минутын бичлэг үзүүлсэн. Түүнийг үзэхэд Монголд ийм нөхцөл байдал байдаг юм болов уу гэмээр санагдлаа. Сэтгэл шимшрэм, нүд хальтрам бичлэг байлаа.