Түрүүч нь №157(6258) дугаарт
Монгол Улсын төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч, бүжиг дэглээч Сэвжидийн Сүхбаатартай ярилцлаа.
-Таны аав “Цамын бүжиг”, “Бөөгийн бүжиг” “Хатдын бүжиг”-ийг дэглэсэн. Таны дэглэсэн бүжгүүд аавынхаасаа ялгагдах онцлог тал нь юу вэ?
– Намайг бүжигчин гэдэг мэргэжил эзэмшээд театрт очиход анх заасан хүн нь Сэвжид багш. Гэтэл тэр хүн миний аав. Надад бүжиг гэдгийг мэдрүүлсэн хүн. “Чиний аав биш, би бүжиг дэглээч Сэвжид” гэж хэлээд намайг хүмүүжүүлсэн. Хөгжим бүжгийн дунд сургууль төгсөөд ирэнгүүт. Түүний хатдын бүжиг, цамын дэгээс хийсэн нэг хэсэг бий. Хаад, бөөгийнхөө тухай, Монголын уламжлалт тэнгэр шүтээнийхээ тухай хийх их хувь тавилан аавд минь байгаагүй. Хатад, цамын бүжгийн тухай хийгээд одооны бидний хэлдгээр матуулсан, зэмлүүлсэн, арга хэмжээ авахуулж байсан. Тэр үеийн уран бүтээлчид бүгд. Улс төр гэдэг нэрийн дор төрийг атгаж байгаа намын зарчмаас түрүүлж явсан учир тухайн үеийн урлаг бүтээгч нар түүнийг зохицуулах гэж яаж зовж байсныг би мэднэ. Тавь тавин хувиар бий болгохын тулд уран бүтээлээ хийж байсан ул мөр өнөөдөр тодорхой үлдсэн. Түүний дараа миний үе бүжигчнээр эхэлсэн. Гэхдээ яг тэдний үед би уран бүтээлийнхээ сэтгэхүйн ажлыг хийж эхэлсэн. Эзэн Чингис хааны тухай олон хаадын дундаас бодож, тунгааж хийсэн. Монголчууд бөөгийн шашинтай шүү дээ гэж өвгөчүүдийн хэлсэн сургаал бодогдож, бөөгийн тухай бүжгийг өөр нэр өгч, уран бүтээлээ хийж, зэмлэл шийтгэлийг амссан боловч тэд баталсан. Миний их хаад, хатдын тухай хийсэн олон бүтээл бий. Дараа нь наргүйгээр эх дэлхий тогтнохгүй юм аа гэдгийг харуулан “Уяхан замба тивийн наран” дууг сонсож, надад нэгэн том бүтээл хийх сэдэв орж ирж бид уран бүтээл хийж чадсан юм.
-Хоёулаа хэсэгхэн гадаа зогсох хугацаанд олон хүн таныг таниад харж, гайхах юм. Зарим нь ирээд мэндчилж байна…
-Намайг хүмүүс их танина. Таних танихдаа согтуучууд их танина. Монголын хаана ч явсан согтуу хүмүүс нь ихэвчлэн намайг таньж, надтай мэндэлдэг. Би тэр хүмүүсээс үнэнийг л олж хардаг. Яагаад гэвэл согтуу хүн үнэнийг хэлдэг байхгүй юу. Гэхдээ би архи уудаггүй. Уухдаа 200 грамм л ууна. Хэмжээ минь болчихвол шууд зугтана. Ямар ч сайхан хүүхэн Сүхээ ууя гэсэн ч би өө за ууя, ууя гэж байгаад гараад зугтчихдаг. Би энэ амьдралдаа ухаанаа алдтал ууж үзээгүй.
-Сүүлийн үед бүжиг дэглэж байгаа хүмүүс таны сэтгэлд хэр нийцэж байгаа вэ?
-Өөрийнхөө дэглэж, найруулсан бүжгүүдийг ярихад маш олон түүх ярина. Энэ жилийн хувьд Монгол төрийн хүндэтгэлийн ёслолын концерт болон наадмын нээлтэд оролцлоо. Гэхдээ нэгэн зүйлийг онцлон хэлэхэд “Монголын хүүхдүүд” гэсэн хүүхдийн уран бүтээлээ хийх санаа 7-8 жилийн өмнөөс бий болж, 5-6 жилийн өмнө нэг удаа тавьсан. Түүнээс хойш тасраад түрүү жил “Найрамдал” зуслангийн захиргаа удирдлагатай ярилцан, тоглолтоо тавьсан. “Найрамдал” зуслангийн орлогч дарга Б.Отгонбат, Гэр бүл, хүүхэд залуучуудын төвийн захирал бид гурав уулзаад энэ тоглолтыг дахин хийж, Монголынхоо наадмыг уг тоглолтоор нээдэг болъё, долдугаар сарын 9-нд тоглоё, 10-нд Төрийн хүндэтгэлийн концертод тоглоод, 11-нд их наадмын нээлтэд оруулъя гэж ярилцсан. Энэ жил Хүүхдийн ордонд хоёр дахь удаагаа тоглосон. Энэ бол Монголын хүүхдүүдээ дэлхийд сурталчлах, Монголын хүүхдүүдийн авьяасыг тив дэлхийд харуулъя гэсэн санаа. Б.Отгонбат бид хоёр Гэр бүл, хүүхэд залуучуудын төвийн захирал О.Алтансүхэд хэлсэн. Санааг маань маш сайхнаар хүлээн авч, дэмжин ажиллахаа илэрхийлж, хамтарсан л даа. Хойтон жил бид гурав дахиа тоглоно. Өдийг хүртэл шулуун замаар шууд бүтээгээд ирсэнгүй. Маш их бэрхшээл тууллаа. Төрийн хүндэтгэлийн концертод ордог “Монголын хүүхдүүд” тоглолтыг Соёлын төв өргөөндөө долдугаар сарын 9-нд тоглоё гэхэд удирдлагууд нь зөвшөөрөөгүй. Хоёр жил дараалан гуйсан. Гэвч зөвшөөрөхгүй байна. Үүнд би 350 монгол хүүхдийн өмнөөс, тэдний эцэг, эхийн өмнөөс, хамтран ажилласан байгууллагын өмнөөс, 21 аймаг бүрээс төлөөлөн ирсэн хүүхдүүд, тэдний ард хүлээж байгаа нутгийнхных нь өмнөөс үнэхээр сэтгэл дундуур байгаа. Энэ талаар зохих удирдлагуудад хэлсэн, Монголын төрийн түшээд, яам нь хүлээн зөвшөөрөөд хийсэн тоглолтыг Соёлын төв өргөөний удирдлагууд дургүйцэж үүнийг болиулсанд олон эцэг, эх ар гэрийнхний шүүмжлэлийг би өөр дээрээ хүлээж авсан. “Сүхбаатар гуай та найруулсан шүү дээ. Яагаад Соёлын төв өргөөндөө тоглуулдаггүй юм бэ, яагаад чаддаггүй юм бэ” гэдэг. Миний хүч хүрэхгүй байна гэдгийг би олон аав, ээж сурган хүмүүжүүлэгч багш нар, хамтран ажилласан хүмүүстээ хэлсэн. Соёлын төв өргөө гэдэг Монгол Улсын өмч, ард түмний өмч. Энэ өмчийг Улаанбаатар хотын захиргаа хариуцдаг. Нэг хувь хүний өмч биш. Гэвч би зүгээр орхихгүй. 350 хүүхдийн эцэг, эх, багш сурган хүмүүжүүлэгч нарын хамтаар ярьж хөөцөлдөх болно. Ирэх жил “Монголын хүүхдүүд” хэмээх төрийн их наадмыг нээдэг тоглолт Соёлын төв өргөөндөө тоглогдоно хэмээн би итгэж байна. Үүнийг бүтээхэд оролцсон 21 аймаг, нийслэл есөн дүүргийн 350 хүүхэд, тэдний аав ээж, багш сурган хүмүүжүүлэгчид, бүх хүүхдүүддээ бахархаж, баярлаж байгаагаа илэрхийлье.
-Аливаа уран бүтээл нэг хийчихсэн хойноо үеэс үед дамжин өвлөгдөн үлддэг. Та аавынхаа дэглэсэн бүжгийг дахин шинээр дэглэж тавилаа гэхэд өөрийгөө чамлах үе гарах уу, би үүнийг дутуу хийчихжээ, тэр хэсэг дээр тэгдэг байж гэх ч юм уу. Эсвэл эсрэгээрээ өөрөөрөө бахархах сэтгэгдэл төрсөн үе бий юу?
-Миний өмнөх үеийн агуу уран бүтээлчдийн нэгэн төлөөлөл нь миний аав л даа. Өнөөдөр мөн адил бүжиг дэглээч, бүжигчин гайхамшигтай уран бүтээлчид дараагийн үе болон төрж байгаа. Гэхдээ бүжиг дэглээч, найруулагч гэдэг ухагдахууныг бид бодох хэрэгтэй. Өмнө нь хийсэн гайхамшигт уран бүтээлүүдийг сэргээж, тоглож байх ёстой болохоос биш хамгийн сүүлд дэглэсэн хоёрхон бүжгийн дэг дээр тоглолт тавиад байж болохгүй. Тухайн үеийн хөгжим бичлэг нь хоцрогдсон байж болно. Хувцас, хэрэглэл нь хоцрогдсон байж болно. Үүнийг шинэчилж, дутагдлыг засч, амжилтыг баталж дахин тавьж байх шаардлагатай. Гадаадад бол кино, тайзны урлаг дээр ч бүх хуучны өв уламжлалаа сэргээн тавьж чадаж байна. Манайхан бол хаадаг буруу ноёрхлыг тогтоочихсон. Бидний өмнөх Ардын хувьсгал ялснаас хойших гайхамшигтай уран бүтээлүүдийг тоглуулахгүй, дур мэдэн хааж байна. Би бүжгэн дээр яриад байгаа шүү. Төр, засаг, яам нь хаагаагүй байхад байгууллагын явцуу үзэл дотроос хаасан асуудал гарч байна. Үүнийг цаашид бид ярих ёстой. Өнөөдрийн гайхамшигтай гээд байгаа дэглэсэн бүжгүүд хуулбар, уламжлал хоёрын аль вэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Би өнөө үеийн бүжиг дэглээч, найруулагч хүн. Нас хамаагүй. Надтай адилхан найруулагч бүжиг дэглээч нэг хүн бусдыгаа ахалж сууна. Гэтэл өөртэйгөө адилхан уран бүтээлчийн хийсэн хөдөлмөрийг дарж, хааж боож суудаг. Тэдэнд тийм эрх байхгүй. Зөвхөн өөрийнхөө л хийсэн уран бүтээлүүдийг тоглуулдаг зүйл Монголын театрт бий болчихсон. Уран бүтээлчдийн хийсэн бүтээлийг хаах үзэл нь аливаа нэгэн байгууллагын удирдлага биш явцуу үзэлтэй би, би гэсэн уран бүтээлчдэд байгаа. Үүнийг өөрчлөх цаг болсон. Үүнийг би яагаад хэлж байна гэхээр ахмад уран бүтээлчид, нэрд гараагүй залуу уран бүтээлчдийн гомдол маш их байгаа. Ард түмний дунд ч энэ яриа яваад эхэлчихсэн. Би бол яахав, хийдгээ хийгээд бүтээдгээ бүтээгээд, авдгаа авчихсан. Гэтэл тэдгээр хүмүүст миний уран бүтээлийг хааж хавчих эрх байхгүй.
-Цаашид ямар арга хэмжээ авах ёстой юм бол?
-Түрүүн би хэлсэн “Монголын хүүхдүүд” тоглолтыг Соёлын төв өргөөнд тоглох хүсэлт тавьтал зөвшөөрөөгүй. Гэтэл энэ ард түмний өмчийг мэргэжлийн урлагийн байгууллагад хүлээлгэн өгч яагаад болдоггүй юм бэ. Энэ асуудал олон жил яригдаж байна. Би Соёлын төв өргөөтэй нягт холбоотой хамтран ажилладаг. Гэтэл яагаад хүүхдийн тоглолт тоглуулдаггүй юм. Олон хүн гайхдаг. Би өөрөө ч ойлгохгүй байна. Соёлын төв өргөөнд яагаад мэргэжлийн байгууллага байж болдоггүй юм. Би Монгол Улсын филармонийн ерөнхий найруулагч. Монголын урлагийн томоохон төв болсон урлахуйн бүтээл үйлдвэрлэдэг газрыг яагаад энэ байранд байрлуулахгүй байна вэ. Энэ талаар төрийн байгууллагад өгсөн баримт бичгүүд бүгд байгаа. Улсын филармони Монголын гурван урлагийн их төрлийг багтаасан, дэлхийн сонгодог урлагийг таниулсан 60-80 уран бүтээлч, хөгжимчид, Монголын ардын уламжлалт морин хуурыг дэлхий дахинаа танилцуулсан Морин хуурын чуулга, дэлхийн орчин үеийн жазз сонгодог хөгжмийг эзэмшсэн Баянмонгол чуулга, орчин үеийн болон ардын дууг мэргэжлийн өндөр түвшинд эзэмшсэн дуучид гээд 120-иод хүний бүрэлдэхүүнтэй байгууллага. Энэ том байгууллага Соёлын төв өргөөндөө байрлаж яагаад болохгүй гэж. Ардчиллаас хойш Монголд театрын урлагийн нэг ч барилга бариагүй. Өнөөдөр бид Соёлын төв өргөөний зүүн хойд буланд амьдарч байна. Нэг буланд нь шүү. Монголын урлагийн өв болсон байгууллага, дэлхийн соёлыг, ардын урлагийг, орчин үеийн соёлыг түгээж, дэлхий дахинаа харуулсан мэргэшсэн уран бүтээлчдийн бүрэлдэхүүн баг филармони дотор ажиллаж байна. Соёлын төв өргөөг улсын филармонид шилжүүлж өгөхийг төр засгийн удирдлага, хотын захиргаандаа дахин уламжилъя. Хэрэв Соёлын төв өргөөг филармонид шилжүүлэн өгвөл энэ газрыг уран бүтээл үйлдвэрлэл, зохион байгуулалт, эдийн засгаар нь авч явж чадах удирдлага, уран сайхны авьяастан, урлан бүтээгчид нь бидэнд бий. Бидэнд авьяас, ур чадвар, уран бүтээл, хийсэн бүтээсэн их түүх ч бий.