Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг 21 аймгийн “Үндэсний лиг”-ийн тэмцээн энэ сарын 18-нд эхлээд буй. Нээлтийн тоглолтууд Үндэсний лигийн гурван удаагийн аварга Т.Ариунболд эзэнтэй Архангай Алтан Дорнодын Дайчид болон лигийн алт, мөнгө, хүрэл медальт Сүхбаатар аймгийн Дарьганга Альянс Тех багуудын хооронд болсон. Хоёр баг Үндэсний лигийн эхний хоёр жил аваргын төлөө тоглож 2015-2016 оны улиралд Сүхбаатар аймгийн баг хожиж түрүүлж байжээ. Харин дараа улиралд нь Архангай Алтан Дорнодын Дайчид даагаа нэхэн 1х1 болгож чадсан түүхтэй. Энэ 2019-2020 оны лигийн шилдэг хоёр багийн хоорондох гал гарсан нээлтийн тоглолт Архангай Алтан Дорнодын Дайчид 111 оноо авч хожсон бол Сүхбаатар Дарьганга Альянс тех баг ганцхан бөмбөгийн зөрүүтэй буюу 109 онооны харьцаатай хожигдсон юм.
Архангай Алтан Дорнодын Дайчид багийн менежер Э.Цолмонбаяртай ярилцлаа.
-Багийн менежментийг хэрхэн хийж багаа бүрдүүлсэн бэ?
-Би олон жил сагсан бөмбөгийн спортыг сонирхон үзсэн. Дээрээс нь 21 аймаг гээд бодоод үзэхээр Архангай аймгаас гаралтай аав ээж талаараа холбогддог мундаг сагсчид олон байлаа л даа. Жишээ нь, Монголын лигт 12 жил тоглохдоо зургаан удаа аваргалж, зургаан мөнгөн медаль хүртсэн ОУХМ, МУГТ Т.Түвшинбаяр гэж хүн Архангайнх. 158 онооны рекордыг эзэмшдэг солгой хэмээн алдаршсан Б.Ариунболд Архангай аймгийнх. Баярхүү, Цэвэлдорж, Баттөр, том Билгүүн гээд бүгд Архангай аймагтай аав ээж, ах дүүсийн талаараа холбоотой хүмүүс байсан учраас сайн баг бүрдсэн. Мөн МУИС-ийн шигшээ багийн дасгалжуулагч Л.Эрдэнэпүрэв багштай ярьж байгаад Гантөмөрийг нэмж аван их сайн баг бүрдсэн. Гуравхан жилийн богино хугацаанд гурван удаа аварга авч, сагсан бөмбөгийн спортын түүхэнд амжилт үзүүлэн гарч ирлээ. Манайх NBA загвараар менежмэнтийг хийж үзсэн. Монголын нэг номерын шигшээ багийн холбогч О.Сэргэлэнг авчирж тоглуулах, өнгөрсөн жил Т.Санчир, Ц.Азбаяр хоёрыг авчирж тоглуулах гэх мэт менежмэнтийг хийсэн. Хүмүүстэй яриад Азбаяр, Билгүүн, Сэргэлэн, Санчир нарыг авлаа. Хаанахын ч спорт тийм л байдаг. Сайн цалин амалсан багтаа очдог. Эсвэл өөрийнх нь тоглож үзье гэж бодсон баг байвал цалин мөнгө чухалчлалгүй солилцоо наймаа хийдэг шүү дээ. Яг түүн шиг л тамирчдаа солилцоо наймаагаар авсан. Ер нь бол чадвартай сайн тамирчдадаа боломжийн цалин амласан. Залуучууд сагсан бөмбөг тоглох дуртай байна. Бололцооны цалинг нь өгч байгаа учраас залуучууд манай багийг сонгож саналыг маань хүлээн авдаг юм болов уу гэж боддог.
-Нууц биш бол тамирчдадаа хэдэн төгрөгийн цалин амлаж авсан юм бол оо?
-Энэ бол ёстой нууцлал өндөр. Үүнийг хамаагүй гадагшаа гаргаж болохгүй. Ер нь бол бололцооны л цалин олгодог.
-Баг бүрдүүлэхдээ тамирчдынхаа нийгмийн асуудлыг бас давхар сайн шийдэж өгч байж бэлтгэл сургуулилтыг чанартай сайн хийлгэдэг байх. Тамирчдынхаа нийгмийн асуудлыг хэрхэн шийддэг вэ?
-Түүнийг бол сайнаар шийддэг. Бэлтгэлийн явцад тамирчдадаа бонус өгөх, хэрэгцээт зүйлээр нь хангадаг. Цалингаас гадна урамшууллыг сайн олгодог. Ер нь хүмүүс цалингаараа нийгмийн асуудлаа шийддэг шүү дээ. Тэгээд боломжийн цалин олгодог болохоор ар гэртээ санаа зоволтгүй бэлтгэлээ сайн хангадаг.
-Багийн тамирчид бэлтгэлээ хэрхэн хийдэг вэ?
-Долоо хоногт гурван удаа заалны бэлтгэл, гурван удаа хүчний бэлтгэл гээд долоо хоногийн зургаан өдөр нь бэлтгэлээ хийж байна. Ажил тарах цагаас хойш бэлтгэл хийж байгаа болохоор тамирчид маань давхар ажлаа хийгээд бэлтгэлээ хангаад байж болдог.
-Гурван жил дараалан “Үндэсний лиг”-ийн аварга болсон шүү дээ. Ирэх жил аваргаа хамгаалахдаа хэр итгэлтэй байна вэ?
-Аваргууд чинь аваргаа авна л гэж үзнэ. Бусад багууд аваргуудыг хожиж цомыг нь булаана гэсэн зорилготой л орж ирж байгаа. Аваргаа хамгаалахын тулд менежмэнтээ хийгээд явж байна. Лигонер тамирчдынхаа гэрээ контрактыг хийгээд авчрах тамирчдаа шийдчихсэн байгаа. АНУ-аас хоёр, Ардчилсан Солонгосоос нэг тамирчин ирнэ.
-Гурван жилийн хугацаанд өрсөлдөгч багуудын чанар чансаа, чадвар хэр нэмэгдэж байна. Тэр ахицыг давж аваргаа хамгаалж авч үлдэхийн тулд ямар ажлуудыг хийж байна вэ?
-Эсрэг багийн судалгаа хамгийн чухал. Тоглолтын бичлэг үзэх, анализ хийх. Тоглогчдын чанар чансаа жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Манайхан 3х3-аар дэлхийд үзэлцэж байна. Том том Гран при, олон улсын тэмцээнд эн тэнцүү хүч үзэж байна. Байнгын бэлтгэлтэй байгаа тамирчид тэр хэрээрээ ур чадвар нь өснө. Тийм мундаг байгаа залуусаа хараад дэлхийд гарахыг хүссэн тамирчид бэлтгэлээ нямбай хийж, чанаржиж эхэллээ. Харьцангуй одоо үед залуучуудад итгэл хүлээлгэж спонсорлодог хүмүүс гарч ирж залуучуудыг санаа зовох зүйлгүй бэлтгэлээ хийх, цалин мөнгөтэй байлгах бололцоог нь хангаж өгч байгаа учраас өрсөлдөөн бол жилээс жилд нэмэгдсээр байгаа. Тэр нь энэ нь гэж таашгүй өрсөлдөөнийг бий болгож чадаж байна. Гол нь менежмэнтийн хувьд багтаа ямар тоглогч авах, дасгалжуулагчдын ур ухаан гаргах, лигийн турш аль баг нь нэг хүн шиг болж чадах, хүчтэй мундаг багийг бүрдүүлж чадсан нь л ялалт байгуулж аварга болно шүү дээ.
-Архангай алтан дорнод дайчид багт багтахын тулд тамирчдаас ямар чадвар шаарддаг вэ?
-Нэгдүгээрт, нутгийн талтай сайн тоглогч байх. Хоёрдугаарт, өөр аймаг, өөр баг, өөр улсаас лигонер тамирчин авлаа гэхэд манай багийн уур амьсгалд таарах хувь хүний зан төлөвийг харна. Манай багийн дутуу байрлалд нөхөж тоглох дэм болохоор чадвартай тоглогчийг сонгож гэрээ хийж авна. Залуу тоглогчдын хувьд бэлтгэлд хамруулаад туршилтын хугацаанд уур амьсгал, бэлтгэл хийх чадвар, ирсэн хугацаанаас хойш хэр их өөрчлөгдөж байна, хэр их өөрийгөө дайчилж чадаж байна, юманд хүрэхээр хүүхэд мөн байна аа гэдгээ харуулж чадсан тохиолдолд жинхэлдэг байгаа.
-Багийн цаашдын төлөвгөөг хэрхэн харж зураглаж байна вэ?
-Спорт гэдэг тааж хэлэхэд хэцүү. Бүгд л аварга болохын төлөө, бүгд л амжилт үзүүлэхийн төлөө, бүгд л хичээж ажилладаг. Багийн спонсор, дасгалжуулагч, тамирчид гээд бүгд зорилго нэгтэй. Зорилгодоо хүрэхийн тулд урд өмнө авч үзээгүй цолоо авахын төлөө мөрөөдөж, хүсч, зорьж бэлтгэл сургуулилтаа хийнэ.
-Танай баг Үндэсний лигийн тэргүүн хэсгийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн шүү дээ. Сэтгэгдэл ямар байна вэ?
-Гайхалтай шүү дээ. Энэ чинь одоо юу гэж байгаа үг билээ. 21 аймгийн багуудаас шилдэг нь. Тэр дундаа тэргүүн буюу хамгийн дээд хэсгийн нэгдүгээрт эрэмбэлэгдэж, хамгийн нэр хүндтэй орж ирнэ гэдэг маш сайхан мэдрэмж шүү дээ. Өөрсдийнхөө зорьсон зорилгын хамгийн өндөрт очих гэж хүн бүр, баг бүр хичээдэг. Бидний хувьд сэтгэгдэл маш өндөр байгаа. Энэ байраа хадгалахын тулд хичээж бэлтгэл сургуулилтаа хийнэ.
-Үндэсний лигийн аваргын дараа оролцохоор төлөвлөсөн тэмцээн бий юү?
-Клубүүдийн олон улсын тэмцээн болдог. Түүнд оролцохоор яриад байгаа. Явах зардал мөнгө нь хэр болох талаар төлөвлөгөө хийгдээд явж байна. 3х3 төрлөөр Архангай Тайхар багаа илүү сайн хүч зузаатган бэлтгэл сайн хийж байгаад олон улсын тэмцээнд явах бодол төлөвлөгөөнүүд бий.
-Лигийн тэмцээнүүд чанаржих тусам үзэх үзэгчдийн хандлага сэтгэхүй өөрчлөгдөж байна. Баг тамирчдадаа хандаж хэлэх үг бий юү?
-Архангай Алтан Дорнодын дайчдыг хөгжөөн дэмждэг, тоглолт бүрийг нь алгасалгүй үздэг дэмжигч нартаа баярлаж явдгаа энэ дашрамд хэлье. Дуртай зүйлээ хийж, цалин мөнгөтэй сэтгэл хангалуун, ур чадвар нь өсөх юм бол цалин нь улам өсөх, дуртай зүйлээ хийгээд олсон мөнгөөрөө гэр бүлээ авч явах боломжийг нь олгож, бүх зүйлээр хангаж өгдөг багийн эздүүд болох Т.Ганболд, Т.Ариунболд нартаа багийн гишүүдийн өмнөөс, сагсан бөмбөг сонирхогч олон мянган үзэгчдийн өмнөөс баярлаж явдгаа илэрхийлье. Багийн бүх л зүйл дээр жилийн турш санаа зовж бүхий л зүйлээр хангадаг. Бид фэнүүдээ гомдоолгүй илүү уран гоё тоглолтыг үзүүлэхийн төлөө зүтгэх болно оо.