Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Энхмаа: Түлэнхийн төвийг бүхэл бүтэн эмнэлэг байхад нь акталж нураагаад 10 гаруй жил өнгөрлөө

– ОДОО ТУС ЭМНЭЛГИЙН ГАЗРЫН ТАЛ НЬ АЛГА БОЛСОН –

“Энхрий үрс халуун сэтгэл” НҮТББ-ын тэргүүн ГССҮТ-ийн Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний эмч, Эрх зүйн магистрант О.Энхмаатай ярилцлаа.


-Таныг эх хүүхдийн төлөө үйлсэд сэтгэл гарган эрүүл мэндийн салбарт олон ажил хийснийг хүмүүс мэддэг. Хэзээнээс юуны учир тэмцлээ эхлэх болов?

-Би Нийслэлийн “Хүрээ” амаржих газарт унтуулга, сэхээний эмчээр аижлладаг байлаа. Тэр үед эхчүүдэд ор хүрэлцэхгүйн улмаас эмнэлгийн шалан дээр гудас дэвсээд хэвтдэг, нэг орон дээр 2-3 хүн хөл толгойгоо зөрүүлж хэвтдэг, нэг нэг цагаар ээлжилж ороо хүлээж хэвтэх зэрэг явдал их байсан. Зай талбай хомсоос болоод эмнэлгүүдийн ачаалал маш их байлаа. Би 12 жил улсад ажилласан. Үүнээс дөрвөн жил нь түргэний эмчээр, хоёр жил өрхийн эмч, төрөх сэхээний эмнэлэгт зургаан жил ажиллалаа. Энэ хооронд төрөхөд ямар үйл явдал болдгийг бүгдийг үзсэн. Нийслэлийн “Хүрээ” амаржих газарт ажиллаж байх үед эмнэлгийн захирал н.Оюунцэцэг ариутгалын зургаан тасгийн гурван тасгийг хувийн эмнэлгээр ашигладаг байлаа. Нийслэлийн “Хүрээ” амаржих газрын логотой нөхөн үржихүйн амбулатори хэмээн 16 жил ашигласан. Санхүүгээ эргэлдүүлж, мөнгө угааж ашиглаж байхад нь тухайн үед чимээгүй л явдаг байсан. Гэвч өөрт нь юм барьж орох чадваргүй асрагч, сувилагч нарыг маш их дарамталдаг. Тэднийгээ өмгөөлөх явцаас миний тэмцэл анх эхэлсэн.

-2015 оноос хойш өнөөг хүртэл ямар үр дүнд хүрээд байна вэ?

-Зургаан жил гаруй хугацаанд тэмцэл өрнүүлээд нийгмийнхээ төлөө зүтгээд явж байхад “Энхрий үрс халуун сэтгэл” ТББ-д маань төрийн дээд байгууллага, УИХ,

Засгийн газар, ЭМЯ, Эрчим хүчний яам, ГХЯ, Сангийн яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар гэх мэт томоохон байгууллагуудаас 66 албан бичиг ирсэн. Манайх нийтдээ 1050 албан тоот дээд, дунд шатны бүхий л албан байгууллага, албан тушаалтанд хүргүүлсэн байна. Энэ бүх ажлын хүрээнд гурван томоохон ажлыг хийж гүйцэтгэсэн. Үүнд, Яармагийн 300 ортой төрөх эмнэлгийн барилгыг ашиглалтад оруулахгүй арваад жил болсныг түргэвчлүүлэн ашиглалтад оруулсан. Сонгинохайрхан дүүрэг буюу хотын баруун бүс Тахилтад 100 ортой нэгдсэн эмнэлэг барих ажлыг эхлүүлсэн. Энэхүү ажил 20 хувийн явцтай байна. Одоогийн байдлаар 900 сая төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийгдсэн. Бидний зорилго бол Монголд хийгддэггүй томоохон мэс ажилбаруудыг хийх, сургалтын баазтай болж олон улсын эмч нартай хамтын ажиллагаатай цогц эмнэлгийг барих явдал юм.

Гурав дахь ажил маань Сүхбаатар дүүргийн XI хорооны нутаг дэвсгэрт баригдаад 11 жил болоод царцсан ГССҮТ-ийн харьяа Түлэнхийн төв эмнэлгийн барилгыг ашиглалтад оруулах зорилготой тэмцлийг эхлүүлсэн. Энэ эмнэлгийн газрын 60 хувьд нь хувийн орон сууц, оффиссын барилга барьж хувийн хэвшилд шилжүүлсэн байгааг олж илрүүллээ. Эмнэлгийн зориулалттай зөвшөөрөл авсан газар хувийн хэвшилд очсон байгаа хууль бус ажиллагааг хууль тогтоох байгууллагуудад гомдол гаргаж явсны хүчинд одоо ажил хэрэг болоод явж байна.


-Та хууль хяналтын ямар байгууллагуудад хандав?

-Маш олон байгууллагад хандсан. АТГ-т 600 хуудас, гурван хавтаст хэрэг үүсгээд хэрэгт холбогдогчдыг мөрдөн байцаах ажиллагаа явуулсны үр дүнд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Энэ хэрэгт ЭМЯ, Нийслэлийн газрын алба, Сангийн яам, Улсын иргэний бүртгэл мэдээллийн төв гэх мэт төрийн байгууллагуудад албан бичиг шаардлага тавьж, буцаад хариу авч нотлох баримтууд болох 12 гэрчээс мэдүүлэг авсан байдаг. Энд маш олон хуулийн этгээд, иргэд оролцсон. Өндөр албан тушаалтнууд албан тушаалаа урвуулан ашигласан маш олон баримт бий. Миний гомдлоор энэ хэргийг илрүүлэх үйл ажиллагаа явуулсан ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзээд хэргийг хаахыг оролдсон. Намайг хэргийн материалтай танилцахыг зөвшөөрөөгүй. Би Прокурорын газрын дарга н.Баянжаргалд шаардлага хүргүүлээд маргааш нь Нийслэлийн прокурорын газрын дарга н.Жамбалсүрэн намайг дуудаж уулзан “Та хэргийн хохирогч биш. Тиймээс та хэрэгтэй танилцах ёсгүй” гэж хууль бус заалт харуулан намайг хэргээс хөөн зайлуулахыг оролдсон.

-Та дараагийн шатанд ямар арга хэмжээ авах вэ?

-Хэрэв энэ эмнэлгийн 9500 м.кв газар луйварчин дээрэмчдийн гарт ороогүй байсан бол магадгүй Гэмтлийн түлэнхийн эмнэлэг шиг дахиад бүтэн нэг эмнэлгийн газар байх ёстой байсан. Яагаад гэвэл анх 2004 онд эмнэлгийг барих зориулалтаар 16400 м.кв талбай хуваарилж өгсөн бол өнөөдөр 7339 м.кв болтлоо агшсан байна. Ингээд би 2021 оны наймдугаар сарын 2-ны өдөр хэвлэлийн бага хурал зарлаж олон нийтэд таниулах ажлаа эхэлсэн. 2021 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдөр би Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд газар чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргалаа. 200200446 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргээр нотлох баримтыг хавсаргасан. Хоёрдугаарт, Захиргааны хэргийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 131-т шинээр үүссэн нөхцөл байдлын улмаас шүүхийн буруу шийдвэр тогтоогдсон тохиолдолд тухайн буруу шийдвэрийг цуцлах боломжтой гэсэн хууль байна. Тиймээс энэхүү хуулийг мөрдлөг болгож Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн шүүхэд иргэнийхээ хувиар өргөдөл гаргасан.

-Та Яармагт байрлах 300 ортой төрөх эмнэлгийн барилгыг царцсан байхад ашиглалтад оруулахаар их тэмцсэн гэлээ. Тэр үед ямар үйл явдал болсон юм бэ?

-9.7 тэрбум төгрөгийн луйврын булхайг илчилсэн. Хувийн болгох зорилгоор тэр барилгыг царцаасан байсан. Энэ талаар би “Нийгмийн төлөөх миний зүтгэл” номондоо бичсэн. 2015 оноос хойш тэмцсэн миний тэмцлүүд энэ номонд багтсан байгаа. Манай ТТБ-ыг улсын шүүхэд ард түмний төлөөлөл болж орох боломжтойг АТГ-ын н.Сайнжаргал комиссар зөвлөсөн. ГССҮТ-ийн түлэнхийн тасагт 0-5 насны хүүхэд ихэвчлэн түлэгдэж ирдэг. Бүхэл бүтэн эмнэлэг байхад нь акталж нураагаад нэг эмнэлгийн буланд аваачиж орхиод, эмнэлгийн барилга нь өнөөг хүртэл 10 гаруй жил баригдаагүй царцсан хэвээр байна. Үүнийг хуулийн дагуу арга хэмжээ авч шийдвэрлүүлэх талаар маш их тэмцсэн.

Гэвч эмнэлгийн газраас хэн дуртай нь авч хувьдаа завших, зарж үрэх тухай нэг ч заалт байхгүй. Тиймээс бид өнөөдөр хуулийн төсөл санаачлах хуулийн баг бүрдүүлээд явж байна. Одоогийн байдлаар бидэнтэй дөрвөн хуульч нэгдэж, ард түмнээс 100 мянга гаруй хүний гарын үсэг зуруулаад, УИХ-ын Тамгын газарт албан бичгээ хүргүүлсэн. УИХ-ын намрын чуулганаар ард түмэнд нээлттэй хэлэлцүүлэг хийх зарчмаар энэхүү хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барих ажлын процессыг зохион байгуулж байна.

-Эмнэлгүүдийг хувьчилна гээд байгаа. Та үүн дээр ямар байр суурьтай байна вэ?

-Хоёрдугаар шатлалын эмнэлгүүдийг хувьчилна гээд улайран зүтгэж байна. Ийм эмзэг хүнд цаг үед эмнэлгүүдийг хувьчлах юм бол ард түмний эрүүл мэндэд заналхийлсэн, хор хохирол учруулсан явдал болно. Эмнэлгүүд хувьчлагдах юм бол төлбөр нэмэгдэнэ. Жишээ нь, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийг хар л даа. Менежмэнтийн хувьчлалаар сайжирсан гээд байгаа. Гэтэл тоног төхөөрөмж байхгүй. Дээрээс нь нас баралтаар толгой цохиж байна. Зөөврийн аппарат байхгүй. Үүнээс авахуулаад менежмэнтийн хувьчлалаар өөдөлсөн юм алга. Ядаж л улсын эмнэлэгт очоод дараалал нь дийлдэхгүй ч үнэ төлбөргүй үзүүлдэг шүү дээ. Гэтэл хувьчлагдвал төлбөр төлнө. Энэ хэцүү цагт төлбөр төлөх чадвартай эмнэлгээр үйлчлүүлэх хэдэн хүн байх бол.

-Таныг эмч эрүүл мэндийн салбарынхан хэр дэмждэг вэ?

-Хамт ажиллаж байсан намайг мэддэг хүмүүс их дэмжинэ л дээ. Харамсалтай нь ил гараад шударгаар дуугарах хүн байхгүй. Яагаад гэвэл О.Энхмааг дэмжвэл тэрэнтэйгээ цуг зайлаарай гэж дарамталдаг байсан юм байна лээ.

-Одоо танд ямар нэгэн дарамт шахалт ирдэг үү?

-Маш их ирнэ. Чи яаж амьд сэрүүн яваад байдаг юм гэсэн заналхийллийн шинжтэй мессэж, чатууд их ирдэг. Муухайгаар хараах, ерөөх зүйл их. Энэ бүхнийг үл хайхарч ард түмний эрүүл энхийн төлөө тангараг өргөсөн хүний хувьд зорилгоосоо ухрахгүй явж байна.

-Одоо Түлэнхийн төвийн барилгын ажил хэдэн хувьтай явж байна вэ?

-Түлэнхийн төв өөрөө бие даасан байгууллага, тусдаа санхүүжилттэй. Гэтэл одоо ГССҮТ-ийн хатавчинд амьдраад найман жил болж байна. Түүнээс өмнө “Мөнгөн гүүр” эмнэлгийн байранд сарын 750 сая төгрөгийн түрээс төлж байршиж байлаа. Одоогоор ГССҮТ-ийн нэгхэн тасагт хоног өдрийг өнгөрөөх маягаар л үйл ажиллагаагаа явуулж байна. Нарийн мэргэжлийн хагалгаанууд нь хийгдэж чадахгүй 1960-1970 оных шигээ ухарчихсан явна. Миний нэхэмжлэлийн дагуу 2020 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр хамгийн сүүлд надад хариу ирүүлсэн. 2019 онд 97 хувьтай явж байсан барилгын ажил 2020 онд 97.3 хувьтай явж байна гэсэн хариу ирсэн. Бүтэн нэг жилийн дотор 0.3-хан хувь ажил хийгдсэн тухай хуурамч бичиг гаргаж өгч байна.

-“Хүрээ” амаржих газрыг Яармагийн 300 ортой эмнэлэг рүү нүүлгэсэн гэсэн. Хуучин барилга нь одоо ямар зориулалттай ашиглагдаж байгаа вэ?

-“Хүрээ” амаржих газрыг Яармаг руу шилжүүлээд хуучин газар дээр нь зургаан давхар шинэ эмнэлэг барина гээд 2016 онд нийслэлийн төсвөөс 300 сая төгрөгөөр зураг төслийг нь хийгээд гаргачихсан. Гэтэл хийсэн ажлаа шууд салхинд хийсгээд тухайн газрыг өөр зориулалтаар ашиглах гэж байсныг бид илрүүлж, Засгийн газар, ЭМЯ, Нийслэлийн эрүүл мэндийн газрын н.Цэндмаа даргад өргөдөл бичиг гаргаж байж болиулсан. н.Цэндмаа дарга намайг 2015 онд анх тэмцлээ эхэлж байхад “Дөрөвдүгээр төрөхөө бариулаад дотор нь ажиллаж байвал чи Монголын бахархал шүү” гэж хэлж байсан. Зургаан жилийн дараа намайг Дөрөвдүгээр төрөхөө ашиглалтад оруулаад “Хүрээ” амаржих газрыг нүүлгэсний дараа тухайн үед надад урам өгч байсан тэр хүн эмнэлгийн газрыг өөр зорилгоор ашиглах гэж байсанд үнэхээр бухимдал төрсөн.

Categories
булангууд мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Амгаланбаатар: Чингис хааны дүрд намайг сонгоход баярлах, гайхах, сүрдэх мэдрэмж зэрэг төрсөн

Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, МУСТА Г.Амгаланбаатартай ярилцлаа.


-Эрэгтэй жүжигчний хувьд Чингис хааны дүрд тоглоно гэдэг мөрөөдөл байх. Та “Хаадын хаан-Андгай” жүжгийн Чингис хааны дүрд сонгогдсон байна. Дүрийн судалгаагаа хэрхэн хийж байна вэ?

-Их хааны тухай олон бүтээл урьд нь зөндөө гарчихсан. “Чингис хааны нууц түүх”, “Мөнх тэнгэрийн хүчин дор”, “Үхэж үл болно Чингис хаан”, “Чингис хаан” дуурь бий. Рок дуурь хүртэл бий. Энэ жүжгийн хувьд найруулагч дүрийн сонголтоо хэрхэн хийж надад энэ дүрийг өгснийг би таашгүй. Ямар ч байсан энэ дүрийг бүтээж чадахаар болсон байх, дөч хүрсэн эр дөрөө дарсан ат гэдэг утгаар хуваарилсан болов уу гэж бодож байна. Чингис хааны дүрд тоглоно гэхээр баярлаж, бишрэхийн хажуугаар их сүрдэж хүлээж авсан. Яагаад гэхээр монгол хүн бүрийн сэтгэлд Чингис хаан үргэлж байдаг. Хүн бүр өөр өөрийнхөөрөө төсөөлдөг. Ийм Чингис гэж юу байдаг юм. Амагаа яахаараа Чингис болдог юм гэж бодож байгаа хүмүүс ч бий байх. Энэ дүрийг бүтээхийн тулд би хамгийн түрүүнд миний сэтгэлд буй, дотор байгаа Чингис гэж хүн ямар хүн бэ гэж бодож үзсэн. Тэгээд зохиолчийн зохиол, найруулагчийн тавилт, надаас шаардаж байгаа бүгдийг нь шингээгээд Чингис хаан босох байх. Үүний төлөө хичээгээд зүтгэж байна. Бэлтгэлдээ гараад хоолой ам сөөгөөд жаахан ядардаг болчихжээ.

-Та ковид тусаад эдгэсэн. Түүнтэй холбоотой юм болов уу. Үлдсэн урхаг бий юү?

-Ер нь уршигтай байна шүү. Би чинь аль зургаан сарын өмнө тусаад эдгэсэн шүү дээ. Тэгсэн хэрнээ цаанаасаа л амархан ядардаг, хоолой сөөгөөд энэ өвчний л урхаг байх даа. Дээрээс нь дүрээ бүтээхийн тулд дэглэм бариад нэг сарын дотор арав гаруй кг жин хаясан. Түүнийгээ дагаад бие физиологийн хувьд жаахан ядруу байна. Одоо дэглэмээ зогсоогоод дүр рүүгээ бүрэн оръё гэж шийдээд явж байна.

-Таны үс их ургажээ. Дүрдээ зориулж үсээ ургуулаа юу?

-Тэглээ. Ноднин арваннэгдүгээр сард хөл хорио эхлээд үсчин хаагдчихсан. Тэр үеэс ургуулж эхэлсэн. Найруулагч ч үсээ ургуулж байгаарай гэсэн юм. Дүр хуваарилахад мэдээж эрэгтэй жүжигчний хувьд Чингис хааны дүрийг хэнд өгөх бол гэж их горьдоно. Чи ярилцлагын эхэнд хэлсэн дээ, эрэгтэй жүжигчдийн хүсч, мөрөөддөг дүр бол Чингис хаан гэж. Жишээ нь, Жамухын дүрийг манай өндөр Түвшинд өгсөн. Бид хоёр чинь бараг 20 гаруй см-ийн зөрүүтэй. Би чинь 174 см. Манай Өндрөө чинь 193 см шүү дээ. Тэгээд Чингис хааны дүрд намайг гэхэд баярлах, айх, гайхах, сүрдэх мэдрэмж нэгэн зэрэг төрсөн. Энэ зохиолыг уншаад хаад ноёд гэдгээсээ илүү анд нөхөр, андлал, найз, нөхөрлөлийн тухай жүжиг юм байна гэж ойлгосон. Тэр өнцгөөс зохиолч бодож бичсэн юм билээ. Найруулагч ч тэр өнцгөөс нь харж жүжгээ тавьж байгаа гэж харсан. Энэхүү утгаараа надад С.Болд-Эрдэнэ бид хоёрыг Жамуха, Чингис хаанд хуваарилсан байх гэж дотроо бодсон. Гэтэл Өндөр Түвшин Амгаа хоёрыг хослуулсан. Ийм котрас үүсэнгүүт нь шоконд орсон л доо. Найруулагч нэг юм харсан байна даа л гэж бодогдсон.

-С.Болд-Эрдэнэ жүжигчнийг ярьсан юм чинь асуухаас аргагүй л дээ. Та хоёрыг “Надаар тоглосон хайр” жүжигт тоглохоос хойш хамтрагч гэж мэднэ. Тэр тусмаа жүжигчин Д.Ганцэцэг та гурвыг салгаж төсөөлдөггүй, ёстой нөгөө алтан партнёрууд биз дээ?

-Тэр жүжиг бол бидний анхны жүжгийн нэг. Анх гарч ирж олонд танигдаж байсан утгаараа их зүйлийг өгсөн. Одоо болтол бид гурав салшгүй хамтрагчид. Хүмүүс ч бид гурвыг салшгүй хамтрагч, найзууд гэдэг утгаар хардаг. Боогийтойгоо 21 жил хамт ажиллалаа. Гэр бүлийн, амьдралын үй зайгүй найзууд. Одоо бол нэгнийхээ нүдийг хараад л ойлголцоод тоглодог уран бүтээлийн үй зайгүй андууд. Тэр утгаараа бид хоёрт энэ дүрийг өгөх байх гэсэн бодол байсан чинь бодлыг минь эвдсэн хуваарилалт болсон. Би маш их хичээж байгаа. Саяхан гадаад хяналтаа өглөө. Түүн дээр маш их санал, шүүмжлэл, зөвлөгөө ирсэн. Дөнгөж сая найруулагчаасаа тэр бүхнийг сонсчихоод чамтай уулзахаар буугаад ирлээ.

Тэдгээр санал зөвлөмжөөс өөртөө авахыг нь аваад, шингээхийг нь шингээгээд мэдээж хаяхыг нь хаяна. Жүжигчин хүн заавал нэг хүний хэлснээр явдаг хүүхэлдэй биш шүү дээ. Хувь хүний үүднээс дүрээ харсан бодол, өөрийгөө шингээж өгөх, өөрийнхөө санал бодлоо тусгах хэрэгтэй. Мэдээжийн хэрэг найруулагчийн хэлсэн заавар, зөвлөгөөг зайлшгүй авах шаардлагатай. Одоо хичээж ажиллах үлдлээ.

-Өндөр Түвшинтэй хоршуулахад шоконд орсон гэж хэллээ. Та хоёрын хоршил хэр байна. Ойлголцож чадаж байна уу?

-Өө хоршилгүй яах вэ. Бид хоёр чинь нэг театрт олон жил хамт ажиллалаа. Олон ч уран бүтээлд хамтран тоглосон. Гэхдээ сонин л доо. Биеийн котрасаас авахуулаад өндөр нам. Гүр хаан Жамуха сэцэн гэдэг бол бүх талаараа их эзэн Чингисээс илүү юм шиг байсан боловч эцсийн мөчид их хаан ухаанаараа, тэр суу залиараа энэ бүгдийг давж, Их Монгол Улсыг байгуулсан агуу их хаан шүү дээ.

-Зохиолын үг хэллэг их өвөрмөц санагдсан…

-Тийм шүү. Түүхэн тууль, туульсын зохиол гэж байгаа. Манай зохиолч Б.Цогнэмэх эртний хэллэгүүдийг сайн мэддэг. Дээр үеийн мартагдсан үг хэллэг зөндөө бий. Эмээлийн дуун хүргэсүй, хуурнин шуугих гэх мэт мэдэхгүй үг ч байна. Түүнийгээ тайлбар толь бичиг харж ойлгоно. Зохиолчоосоо асууна. Эрэл хайгуул их хийнэ шүү. Ер нь нэг жүжигт тоглоно гэдэг маш том судалгааны ажил хийнэ гэсэн үг. “Монголын нууц товчоо” миний хажууд байна. Зөвхөн нууц товчооны үг хэллэгийг тайлбарласан тайлбар толь бичиг ч байдаг шүү дээ. Тэр миний ширээний ном болчихсон, ойлгохгүй үгээ судлаад суудаг. “Монголын нууц товчоо”-г уншаагүй монгол хүн байдаггүй байх. Тэр утгаараа манай жүжиг нууц товчооны түүхийг тоочих гээгүй юм аа. Түүхийг үзэгчдэд сануулах гээгүй. Энд хаадын андлал гэж юу байсан юм, анд нөхөр, андгай тангараг гэдэг ямар том тотем байсан юм бэ. Тотем буюу дээрээ залдаг сүлд гэдэг өнцгөөс хийж байгаа жүжиг юм шүү гэдгийг энэ дашрамд дурдах нь зүйтэй.

-Та 2017 онд театрт орсон 17 дахь жилийнхээ тайлан тоглолтыг тавьсан. Тэгэхээр энэ жил театрт орсны 21 дэх жил, Драмын театрын 90 жилийн ой, Ардын хувьсгалын 100 жил. Их хааны мэндэлсний 860 жилийн ой ирэх жил тохионо. Энэ бүх тэгш баяр тохиосон үед энэ дүрийг авна гэдэг өөрөөрөө бахархаж байгаа байх. Таны сэтгэгдэл ямар байна?

-Мэдээж сэтгэгдэл маш өндөр байгаа. Энэ чинь хүн болгонд тохиолдоод байдаг хувь зохиол биш шүү дээ. Би Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар ахтайгаа адилхан замналыг туулж байгаа юмуу даа. Төмөрөө ах маань Цэдэнбал даргад тоглосон. Дараа нь “Үхэж үл болно Чингис хаан”-ы Чингис хаанд тоглосон. Түүн шиг би Цэдэнбал даргад тоглоод, дахиад Чингис хааны дүрд сонгогдоод тоглох гэж байна. Энэ үед Төмөрөө ахыгаа бодож байлаа. Адилхан давтамж бид хоёрт байна даа гэж. Айхавтар том том ойн жилүүдэд энэ дүрд сонгогдож тоглож байгаадаа үнэхээр үгээр илэрхийлшгүй баяртай байна. Гэхдээ баярлаж, хөөрч хүлээж авахын хажуугаар үүний ард маш том хариуцлага бий. Үнэхээр сүрдмээр шүү. Уран бүтээлдээ анхаарлаа хандуулж, дүрдээ уусан шингэхээр ажиллаж байна даа.

-“Надаар тоглосон хайр” жүжиг тоглогдоход театрын танхим пиг дүүрэн, шатан дээр зогсоогоороо үзсэн хүмүүс байсан шүү дээ. Тэр үед та бүхэн үзэгчдийг байлдан дагуулж чадсан гэж боддог юм…

-Тэгэлгүй яах вэ. Тэр үед 5000 төгрөгөөр зарагддаг байсан билет 15000 төгрөгөөр шаглагддаг байлаа. Үнэхээр театртаа үзэгчдийг, ялангуяа залуучуудыг эргэж татсан сайхан уран бүтээл болсон л доо. “Надаар тоглосон хайр”-ыг Н.Наранбаатар маань найруулж, Боогий, Ганаа бид гурав тоглосон. Биднийг ч бас олонд таниулсан буянтай сайхан жүжиг.

-Нэгэнт тантай уулзаж байгаа юм чинь асуухгүй өнгөрч болохгүй байх. “Драмын 4” тухайн үедээ үнэхээр байлдан дагуулж байсан даа…

-Үгүй ээ яах вэ. Дуулъя гэж бодоогүй явсан. 2003 онд “Жүжигчид дуулж байна”нэртэй уралдаан болоод тэнд дөрвүүлээ нэгдэж орлоо. Түрүүлээд тухайн үедээ 500 мянган төгрөгөөр шагнуулсан юм. Тэгж эхэлсэн түүхтэй хамтлаг юм шүү дээ. 2005 онд бид хамтлагаа албан ёсоор байгуулсан гэж явдаг юм. Яагаад гэхээр анхны “Хайрын дурсамж” цомгоо гаргасан. Одоог хүртэл дөрвүүлээ драмын урлагтаа зүтгээд явж байна. Эби маань театраас гараад бие даагаад кино хийх болсон. Дөрвүүлээ нийлээд одоо нэг сайхан уран бүтээл хийе гэсэн бодол байдаг боловч үнэхээр түүн рүүгээ анхаарал хандуулж чадахгүй, тус тусын уран бүтээлтэй зав гарахгүй юм. Бид дөрөв чинь тус тусдаа уран бүтээлч, хувь хүмүүс. Хамгийн сүүлд бид дөрөв “Чингис хаан” гэж дуу хийсэн юм байна лээ. Германы Чингис хаан дууг монголоор дуулсан. Тэрнээс хойш хамтарсан шинэ дуу хийгээгүй л явж байна. Сайхан цаг ирвэл хийх л байх. Тохироо нь бүрдэх юм бол.

-Нэгэнт хоёулаа драмын урлаг жүжиг, жүжигчин ярьж байгаа юм чинь таны өвөөг асуухгүй байж болохгүй байх?

-Цэвэгжавын Дорж гэж миний нагац өвөө. Ээжийн минь аав намайг өсгөсөн. Голын ганц зээ гээд надад амь байсан. Өвөөгийнхөө үргэлжлэл болж яваадаа сүсэлж, баярлаж, залбирч, бахархаж явдаг даа. Өвөө минь харж байгаа байх гэж боддог юм. Намайг наймдугаар ангид байхад өвөө минь өөд болсон. Тэр үеэс л жүжигчин болно гэж шийдсэн. Өдийг хүртэл театртаа ажиллаад явж байна. Өвөө минь Ховд, Увс, Баянхонгор, Дундговь аймгийн театрт найруулагчаар ажиллаж байсан. Тухайн үед “Үлгэрийн танхим” гэж сайхан зүйл байлаа. Сүүлийн үеийн залуучууд мэдэхгүй байх. Тэнд ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Өндөр насалж чадаагүй л дээ. Манай талийгаач багш Ардын жүжигчин А.Очирбат, найруулагч С.Сугар нар надтай уулзахаараа өвөөгийн минь талаар их ярина. Өвөөгийнхөө үргэлжлэл болж яваадаа өөрөөрөө бахархдаг. Хүн ер нь дөчин нас гарахаар ойлгож ухаарч эхэлдэг юмуу даа. Тэр хүнээс ирсэн өгөгдөл намайг өдий дайны явуулж байгаа гэж бодохоор улам илүү хичээж, зүтгэх ёстойгоо ойлгож мэдэрдэг юм байна.

-Таны хувьд тайз, дэлгэцийг хослуулж яваа уран бүтээлч хүн. Өөрийнхөө тоглосон дүрийг дэлгэцээс хараад энийг буруу, дутуу хийчихэж дээ гэж өөрийгөө чамлах үе байдаг уу?

-Өөрийгөө чамладаггүй уран бүтээлч биеэ тоогоод буруудаж яваа нь тэр гэж багш нар маань сургасан. Би өөрөө ч тэгж боддог. Ялангуяа дэлгэцийн уран бүтээлийг дараа нь засч болохгүй. Тайзны урлаг бол өнөөдөр би энийг алдчихлаа. Маргааш давтаж болохгүй юм шүү гээд засаад сайжруулаад явах боломжтой. Драмын жүжиг чинь тоглох тусам сайжирдаг. Кинон дээр тэгэхгүй шүү дээ. Ер нь өөрийнхөө бүх л дэлгэцийн дүрд шүүмжлэлтэй ханддаг. Энийг ингэж хийх ёсгүй байсан юм. Найруулагч маань анзаараагүй юм байх даа. Ингээд хийчихгүй яав даа гэж бодох үе зөндөө. Өөрийгөө шүүмжлэхгүй, өөртөө ханасан хүн мөхөж яваа нь тэр.

-Цаашид танд энэ дүрийг л бүтээчих юмсан гэж бодсон дүр байдаг уу?

-Залуу байхдаа боддог л байлаа. Гадаадын сайхан сонгодог жүжгүүд хүнийг маш их задалдаг. Жүжигчин хүний хувьд улам их туршлага болдог. Тэр ч утгаараа 22-хон настайдаа театрт орж ирээд 22 дахь жил рүүгээ явж байна. Энэ хооронд ийм дүрд тоглох юмсан, түүхэн дүр бүтээх юмсан, баатарлаг дүрд тоглох юмсан гэж их боддог байсан. Энэ бүх бодол мөрөөдлөө биелүүлээд л явж байна. Цаашид ямар ч дүрд тоглосон сайхнаар л хүлээж авна. Түүнээс би одоо дэлгэцэнд Цэдэнбал даргын дүрийг үлдээчихлээ. Тайзан дээр Чингис хааныг бүтээх гэж байна. Их эзэн Чингис хаан шүү дээ. Үүнээс цааш надад тийм дүр гэж хэлэх зүрх зориг байхгүй. Их хааныхаа дүрийг л зөв, сайхан амьдруулж, тайзнаа тоглох юмсан гэсэн бодол л байна.

-Хөл хорионы үе та бүхэнд яаж нөлөөлж байна вэ?

-Маш хүндээр тусч, нөлөөлж байна. Эдийн засаг орлого гэхээсээ илүү бүтэн нэг жил юу ч хийгээгүй гэртээ суучихсан. Тэр аяараа манай театр залхуу эрчимд орчихож. Үүнийг буцаад эрчимд нь оруулах гэж бүгд хичээж байна. Найруулагч нар маань уураа барна гэдэг л болж байх шиг. Амьдралын зөв хэмнэлдээ орох гэж, өмнөх эрчмээ олох гэж бүгд л хичээж байна даа.

-Анх тайзны урлагийг үзүүлэхэд урин дуудсан драмын урлагийн үзэгчид одоо хэвээрээ байгаа болов уу?

-Бий бий. Хэвээрээ байгаа. Драмын жүжгийг үзэх үнэнч үзэгчдид улам бүр нэмэгдсээр байгаа. Орчин цагийн мэргэжлийн урлаг үүсч хөгжсөний 90 жилийн ой тохиож байгаа учраас манай театраас галаа тасалж гарсан бүх театр, чуулга, продакшнууд цирк хүртэл ордог юм шүү дээ. Тэр бүхний үндэс болсон Драмын театрынхаа ойд зориулсан бүтээл Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комиссоос гаргасан цар тахлын үеийн ёс журмын хүрээнд тоглох боломж олдвол та бүхэн ирж үзээрэй. Бидний хийсэн сайхан бүтээлийг ирж үзээсэй гэж үзэгч олноо уримаар байна. Эрүүл явбал ирэх жилийн наадам үзнэ гэж ярьдаг. Сайхан цагийг авч ирэхийн төлөө бүгд хичээж, онцгой үеийн дэглэмээ алдалгүй эрүүл саруул байгаасай гэж уриалъя.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

М.Доржгочоо: Яаж өмсөж байсан юм гэмээр ул нь цоорсон гутал барьчихсан резин наалгахаар ирж байна

Оёдлын газруудын бараа материалын нөөц, захиалгын талаар сурвалжлав. Бидний хэлж заншсанаар “Урт цагааны гудамж”-ны оёдол захиалга, засварын газруудыг зорьсон юм. Энд байрлах оёдол захиалгын газрууд бүгд түрээсээр ажилладаг. Хамгийн их нь арав гаруй оёдлын машин зэрэгцүүлэн нэг том өрөө түрээслэн ажилладаг байна.

Хааш хаашаа 2 метр орчим газар түрээслэн оёдол засвар, захиалга ажиллуулдаг оёдолчин Б.Нямсүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.


-Хөл хорио тавигдсанаас хойш та байнга ажиллаж байна уу?

-Тийм ээ, хавраас хойш байнгын ажиллаж байгаа. Гэвч ажил ховор орж ирж байна.

-Хүмүүс ихэвчлэн ямар төрлийн захиалга өгч байна вэ?

-Бүтэн захиалга маш ховор болсон. Нүдний гэм гэдэг шиг л байна. Бидний хэллэгээр бүтэн захиалга гэдэг нь дээл, биеийн тамирын хослол, костюм пиджак бүтэн оёхыг хэлдэг юм. Хүмүүс ихэвчлэн хуучин хувцсаа оёулах, хасуулах, нэмүүлэхээр ирдэг. Захиалга маш багассан.

-Долоо хоногтоо дунджаар хэдэн захиалга орж ирдэг вэ?

-Тэрийг ёстой тооцож байгаагүй юм байна. Ковидоос өмнө сарынхаа түрээсийг зовохгүй төлөөд амьжиргаагаа хангалттай залгуулдаг байсан бол одоо арайчүү л гэж түрээсээ өгч байна даа.

-Та түрээсэндээ сард хэдийг төлдөг вэ. Урт цагааны энэ барилгыг нураах шийдвэр гараад нэг хэсэг тэмцээд байсан юу болов?

-Сард 150 мянган төгрөгний түрээс төлдөг. Нэг хэсэг нураана, өөрчилнө гээд л шуугиад байсан.

Одоо яасан нь мэдэгдэхгүй таг л болчихлоо. Дээрээс ямар шийдвэр гаргах юм бид мэдэхгүй. Сүүлийн үед таг чиг л байх шив дээ.

-Хил хаагаад даавуу бөс барааны үнэ нэмэгдсэн гэсэн. Та сүүлийн үед материал авсан уу?

-Одоогоор байгаа нөөцөөрөө болж л байна. Бүтэн захиалга орж ирэхгүй болохоор материал нэмж авах шаардлага гарахгүй байгаа гэв.

Урт цагааны гудамжинд байрлах оёдол захиалга засвар болон алт мөнгөний дархны газрууд хөл хөдөлгөөн багатай харин гудамжаар явах хүмүүсийн хөл хөдөлгөөн их байгаа нь анзаарагдаж байлаа.

Гутал засвар ажиллуулдаг М.Доржгочоотой ярилцлаа.

-Та энд түрээсээр гутал засвар ажиллуулаад хэр удаж байна вэ?

-Би бараг найман жил болох гэж байна.

-Энэ хугацаанд олон үйлчлүүлэгчтэй болсон уу?

-Намайг гээд зориод ирдэг нэлээд хүмүүс бий.

-Ковидын халдвар тархсанаас хойш өөрчлөлт оров уу?

-Хөл хорио гээд бараг нэг жил ажилласангүй шүү дээ. Хөл хорионоос хойш захиалга улам л багасаад байна. Захиалгын гутал хийхээ больсон. Одоо зөвхөн засвараа л хийж байна.

-Хүмүүс засвар хэр их хийлгэж байна вэ?

-Ер нь засвар захиалга ч маш бага болсон. Хүмүүсийн худалдан авалт улам л муудаж байх шиг байна. Шинэ гутал захиалга байхгүй болж, засвар ч хийлгэхээ бараг болилоо. Зарим нь бүр яаж өмсөж байсан юм гэмээр ул нь цоорсон гутал барьчихсан резин наалгахаар орж ирж байна. Түрээсээ ч өгөхөд хэцүүхэн л байна даа.

-Хил хаагаад бараа материал үнэд ороод олдохгүй байна гэсэн. Та материал авсан уу?

-Харин үнэд ороод л байгаа сураг дуулдлаа. Би захиалга багатай болохоор материал нэмж аваагүй л байна хэмээв.

Харин ажлын хувцас захиалгаар оёдог нэгэн жижиг үйлдвэрийнхэн “Манайх арав гаруй ажилтантай. Нэг захиалга авахдаа багадаа 10-20 ажлын хувцас оёдог. Захиалгынхаа дагуу бараа материалаа худалдаж авдаг. Гэвч сүүлийн үед материалын үнэ маш их нэмэгдэж байна. Нэг метр тутамдаа 5-10 мянга нэмсэн байх жишээний. Ер нь өнөөдөр очоод материал авлаа гэхэд 1000 төгрөг нэмчихсэн, маргааш дахиад 1000 төгрөг байнгын давтамжтай нэмж байна. Манайх шиг жижиг оёдлын цех мөнгө санхүүгээсээ болоод материалаа нөөцлөх боломж хомс. Ажлын хувцасны материал оруулж ирдэг газар Монголд тав, зургаахан л байдаг. Нэг захиалгыг 120-140 мянган төгрөгөнд оёдог байсан бол одоо материалын үнэ нэмэгдээд ямар ч ашиггүй боллоо. Ажлын байраа түрээсэлж ажилладаг болохоор өвлийн сул зогсолтын түрээсийг хөнгөлөөгүй. Түүний өр, татвар, түрээс, нийгмийн даатгалын шимтгэл гээд олон татаастай. Арай гэж тогтож үлдэх дээрээ л тулаад байна. Ажилчдынхаа цалинг л цаг тухайд нь тавихыг зорьж ажилладаг болохоор цалингаа тавиад л орж ирсэн мөнгө дуусчих жишээний” гэв.

“Өүлэн менч” ХХК-тай холбогдоход “Манай захиалга хэвийн явагдаж байна. Нэг удаагийн захиалга 100-гаас доошгүй авдаг. Одоогоор сурагчийн дүрэмт хувцас оёогүй. Гуравдугаар сараас эхэлж оёно. Ажлын хувцасны захиалга л авч байна. Одоогоор уул уурхайн компанийн ажилчдын хувцасны захиалга авчихсан. Сардаа тухайн захиалагч байгууллагаас хамаараад захиалгаа авна. Материалаа гэрээгээр авдаг болохоор одоогоор тасалдал үүссэн, үнэ нэмэгдсэн зүйл алга. Материалын нөөц бий” гэсэн юм.

Хувцас оёдол засвар, захиалгын тухай сурвалжилсан болохоор 2021-2022 оны намар, өвлийн загварын чиг хандлагыг сонирхуулъя. Загвар зохион бүтээгчид энэ намар, өвөл илүү сонирхолтой сонголтуудыг санал болгож байна.

Үслэг ширмэл богино хүрэм, ширмэл бөмбөгдөгч хүрэм, даашинз, ширмэл хантааз, юүдэнтэй тод өнгийн ширмэл цамц моодонд орох аж. Өнгөний хувьд толин тусгал гялалзах, тод неон өнгө, пастел чихэр, карамель сүүдэртэй ижил төстэй сонголтыг санал болгож байна.

2021-2022 оны намар, өвлийн гудамжны хэв маягийн хамгийн сайн жишээ бол загварын шоунд шилдэг блог хөтлөгч, нөлөө бүхий хүмүүсийн санал болгодог хослолууд юм. Тиймээс загварлаг гудамжны хэв маягт костюм, шаахай, эмэгтэйлэг торгон даашинз, барзгар ултай гутал, тохь тухтай сүлжмэл эдлэл, бүдүүн резин ултай гутал зэргийг хослуулан өмсөж болно. Гадуур хувцасны хувьд том хэмжээтэй хүрэм, ширмэл, бүрээстэй хүрэм, уртасгасан хүрэм өмсөх болжээ. Загварын эмэгтэйчүүд ихэнхдээ тайван өнгөний шийдлийг илүүд үздэг. Цагаан, хар, хүрэн, шаргал зэрэг өнгийг сонгохыг зөвлөж байна.

Эрэгтэй хувцасны чиг хандлагын хувьд:

Дээл – Гэрийн хувцас загварын тайзан дээр гарахад коронавирусийн цар тахал их нөлөөлжээ. Гэсэн ч брэндүүд халат, шаахай, тэр ч байтугай алчуурыг дор хаяж гурван жилийн өмнөөс өдөр тутмын амьдралд тохируулж гаргаж эхэлсэн аж. Эрэгтэйчүүд өнөөдрийг хүртэл гэрийн хувцсыг зөвхөн дөрвөн ханан дотор өмсөхийг илүүд үздэг байв. 2021-2022 оны намар, өвлийн улиралд дизайнерууд гудамжинд халат өмсөөд гарч ирэхэд болохгүй зүйлгүй гэдгийг харуулахыг хичээж байна.

Хүрэм, цамц – Цээжний халаас, товчлуур, хавтастай хэвлэмэл материалаар хийсэн цамц шиг харагддаг ноосон хүрэм нь өнгөрсөн улиралд тренд боллоо.

Дотуур өмд – Загвар зохион бүтээгчид их хэмжээний дүрс бичлэгээс татгалзаж, биеийн архитектурыг онцлохыг хичээх болов. Энэ бизнесийн гол хэрэгслүүдийн нэг бол дулаан дотуур хувцас юм.

Урт цамц – Шинэ цуглуулгуудад өвдөг, шагай хүртэлх урт цамц орсон аж. Олон нийтийг цочирдуулахгүйн тулд сонгодог, спорт эсвэл унтлагын өмд өмсөхийг санал болгох болжээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

О.Амартүвшин: Бид маш их улстөржилтийн дунд эдийн засгаа гээчихээд байна

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшинтэй эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалтын орчны талаар ярилцлаа.


-Монголд хамгийн ашигтай бизнес юу вэ?

-Ашигтай гэхээсээ илүү эдийн засагт хамгийн их нөлөө үзүүлж байгаа бизнесийг тоочвол зөв байх. Өнөөдөр Монголын эдийн засаг 13 тэрбум орчим доллар шүү дээ. Энэ дотор хамгийн өндөр хувийг эзэлж байгаа нь гарцаагүй уул уурхайн салбар болон түүний түүхий эдийг дагасан боловсруулах салбар. Хөдөө аж ахуйн салбар араас нь орох байх.

Банк санхүү, барилга дараа ньхудалдааны салбар гэж явах болов уу. Цөөн оролцогчтой ч мэдээлэл технологийн салбар мөн голлох байр суурийг эзэлдэг.

-Цаашид дотоодын эдийн засгийг яаж тэлэх нөөц, боломж байна вэ?

-Бид дотоодын эдийн засгийг яаж хоёр дахин тэлэх вэ гэдгийг байнга эрэлхийлж байх ёстой. Монголд үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийг л экспортод гаргах ёстой шүү дээ. Өөрөөр бид энэ эдийн засгийг тэлэх боломж байхгүй. Өнөөдөр нийгэмд ковидтой холбоотой маш олон асуудал тулгамдаж байна.

Иргэдийн өрхийн орлого буурсан. Дээрээс нь инфляци, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, эмч багш нарын цалинг нэмэх тухай асуудал нийгэмд хурцаар хөндөгдөж байна. Энэ бүгдийг хэрхэн шийдэх вэ гэвэл орлоготой байж байж л шийдэж чадна. Орлоготой байхын тулд бид экспортыг дэмжих ёстой. Экспортыг дэмжихийн тулд гадны хөрөнгө оруулалтыг дэмжих ёстой. Гадны хөрөнгө оруулалт Монголын ямар давуу талтай салбарыг сонирхох вэ гэдэг нь дараагийн асуудал. Тэгэхээр бид Монгол Улсыг гадаадад идэвхтэй сурталчлах, таниулах, гадны хөрөнгө оруулалтыг дэмжих, хамгаалах гээд олон хийх ажил байгаа. Энэ цаг үед Хөрөнгө оруулалтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн тухай асуудал яригдаж байна. МҮХАҮТ, төр хувийн хэвшлийн түншлэл, мэргэжлийн холбоод гээд олон чухал асуудал хөндөгдөнө. Энэ бүхэн эцсийн дүндээ саяны яриад байгаа орон зайг бий болгохын тулд л яригдаж байгаа зүйл.

-Эрээнээс өөр боомтоор манайх ачаа бараагаа оруулж ирэх боломж байна уу?

-Монгол Улс өөрөө далайд гарцгүй цөөн орнуудын нэг. Хятад, Оростой хиллэдэг. Гуравдагч хөрштэй хуурай газраар холбогдох боомт байхгүй шүү дээ. Хойд талдаа гол боомт нь Алтанбулаг байна. Алтанбулагаар Орос болон Европтой харьцах бүх худалдаа хийгддэг. Эрээнийх бол худалдааны гол боомт. Энд дан ганц Хятадын бараа бүтээгдэхүүн биш Зүүн өмнөд Ази, Америк, Австрали, Европын орнуудын бараа бүтээгдэхүүн орж мөн гардаг. Өнөөдөр Монгол дахь ковидын нөхцөл байдал амаргүй хэвээр байна. БНХАУ дотооддоо халдвар тархсан цагаас маш хатуу арга хэмжээг авчирсэн. Дээрээс нь өвлийн олимп 2022 онд урд хөршид зохион байгуулагдана. Тэгэхээр өчигдөрхөн Хятадын Засгийн газар мэдэгдсэн. Өвлийн олимп дуустал ковидтой холбоотой хязгаарлалтыг маш өндөр түвшинд авч хэрэгжүүлнэ хэмээн ярилаа. Бид Эрээний боомтыг хаагдсан асуудлыг өөрсдөөсөө хайх ёстой. Хятадын тал удаа дараа мэдэгдэж байсан. Ачаа бараа буулгах механизмыг аль болох хүний оролцоог багасгах, нэвтэрч байгаа жолооч нарын аюулгүй байдал, халдваргүй байх зэрэг стандарт шаардлага тавьсаар ирсэн. Харамсалтай нь Монголын талаас ковид илэрсэн. Энэ бол Хятадын өөрсдийнх нь бодлого. Яагаад гэвэл маш олон иргэдийн амь нас, эрүүл мэндтэй холбоотой учраас. Бид Хятадтай зургаан боомтоор харьцаж байгаа. Ихэвчлэн уул уурхайн бүтээгдэхүүн нэвтрүүлдэг боомт. Уул уурхайн бус бүтээгдэхүүнийг Ханги ч юмуу, Гашуунсухайтын боомтоор бид нэвтрүүлж болно. Гэхдээ түүнийг сэлгэн ачих ямар ч дэд бүтэц байхгүй. Авто замын нөхцөл хангалттай сайн биш. Энэ бидэнд том сургамж өгч байна. Хятадын цаана бөөгнөрөөд байгаа ачааг хэрвээ бид шууд Монгол руу ямар нэгэн хүний оролцоогүй нэвтрүүлж болдог байсан бол, Монголд нэвтрүүлж оруулж ирээд буулгах талбай, сав байсан бол бид ийм хүндрэл үзэхгүй.

-Төмөр замын нарийн царигийг тавиад ачаа бараагаа татах боломжтой харагдах юм?

-Эрээнд болон Тьянжинд саатсан чингэлгийн тоо өмнөхөөсөө асар их болсон. Энд төлж байгаа түрээсийн төлбөрийг л бодоход маш их мөнгө болно. Тэрийг таны хэлдгээр шууд Монгол талдаа буулгасан бол ядаж мөнгө дотоодын эдийн засагт үлдэнэ. Дээрээс нь түгжигдээд байхааргүй иргэдэд оччих байсан. Харамсалтай нь бид өнгөрсөн 30 гаруй жилд, ковид гарсан хоёр жил гаруйн хугацаанд үүнийг хийсэнгүй. Тэгэхээр энэ бол цэвэр бидний зохион байгуулалт, төлөвлөлт, хариуцлагагүйн асуудалтай холбоотой. Одоо бид юуг хүсч байна гэхээр ковидын тархалт Эрээнд бүрэн хумигдаад хөдөлгөөн богино хугацаанд эрчимжээсэй. Энэ хугацаанд бид Гашуусухайт, Замын-Үүд, Сэхээ, Шивээхүрэн гээд бүх боомтоо аюулгүй эрүүл бүс болгох тал дээр шуурхай ажиллах, тэнд ажиллаж байгаа бүх хүн яаралтай гуравдугаар тундаа хамрагдаж, аюулгүй байдлаа сахих, эрүүл мэндээ хамгаалах зэрэг ажлуудыг зэрэгцэж хийх ёстой.

-Ачаа тээврийн компаниуд юу хийж байв, энэ хугацаанд. “Туушин” ХХК санал санаачилга гаргаж, ажил хэрэгжүүлж байв уу?

-Олон санал санаачлага гаргаж байгаа. Жишээ нь, Монголоос төмрийн хүдэр, нүүрс зөөсөн вагон урагшаа гарч байна. Энд зөрүүлээд задгай ачааг ачъя гэсэн санал санаачилга удаа дараа гаргасан. Буцаад л таны хэлдгээр дэд бүтэц, ачих буулгах боломж бололцоо, дээрээс нь нөгөө ковидын хязгаарлалт л саад болж байна даа. Энд нэг зүйлийг хэлэхэд, бид Замын Үүд Эрээн боомт л гэж яриад байдаг. Тэнд 6-7 оролцогч талууд бий. Хоорондын уялдаа холбоо мэдээлэл солилцох, үйл ажиллагаагаа харилцан дэмжиж чадахгүй гээд олон сул тал бий гэдгийг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Хятадын тал үүнийг маш тодорхой босоо удирдлагаар шуурхай зохион байгуулж байгаа шүү дээ.Боомтын захиргаа нь бүх юмаа шийддэг. Гэтэл манайд тийм биш. Хил дагуу нэвтрэлтийг сайжруулахын тулд хүссэн хүсээгүй төмөр замын цариг, ачаа таваар буулгах талбай, дэд бүтцийн ч асуудал хөндөгдөнө.

-Уул уурхайн түүхий эдээ боловсруулах, тухайлбал, төмрийн хүдрээ түүхийгээр нь урагшаа зөөж гаргаж байхаар өөрсдөө боловсруулаад арматураа дотооддоо хиймээр байна. Үүнийг УИХ ганцхан алх цохиод л шийдчих асуудал биш гэж үү?

-2019 оны сүүлээс эхлээд МҮХАҮТ эдийн засгийг эрчимжүүлэх нэгж байгуулах шаардлагатай гэж үзсэн. Бид маш их улстөржилтийн дунд эдийн засгаа гээчихээд байна. Тэгэхээр яаралтай тусгай нэгж байгуулах шаардлагатай. Өнөөдөр бид бизнесийг өөрийнхөө мөн чанараар урагшлах орон зайг бий болгох, гадны хөрөнгө оруулалт татах орон зайг эрүүл болгох, төрийн аливаа дарамт, хууль хяналтын байгууллагын буруу үйл ажиллагаа гэх мэт маш олон зүйлийг засч залруулах шаардлагатай байгаа. Экспортыг эрс нэмэгдүүлэхийн тулд гадны хөрөнгө оруулалтыг татах ёстой юм байна. Үүний тулд томоохон төсөл хөтөлбөрүүдийг нэн яаралтай хэрэгжүүлье. Ингэхийн тулд төр илүү хялбаршуулсан горимоор асуудлаа шийдэхгүй бол болохгүй байна. Энэхүү бүх саналыг бид энэ оны тавдугаар сард “Их сэргэлт санаачилга” гэж гаргасан. Яг одоо Засгийн газарт эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлт хуулийн төсөл явж байгаа. Бид уул уурхайн түүхий эдээ нэмүү өртөг шингэсэн боловсруулах үйлдвэр бариад, эрчим хүчээ бүрэн дүүрэн дотооддоо үйлдвэрлэх, ган, зэс боловсруулах үйлдвэр гээд ер нь манайхаас гарч байгаа бүх уул уурхайн түүхий эдийг аль болох эцсийн бүтээгдэхүүн болговол нэмүү өртөг шингэнэ. Хөрөнгө оруулалт татна. Ажлын байр бий болно. Дотоодын татварын орлого эрс нэмэгдэнэ. Мөн хөдөө аж ахуйтай холбоотой боловсруулах үйлдвэрийн асуудал байгаа. Бид үүнийг хийж чадах юм бол эдийн засгийн маш том боломж бололцоо чадавх бий болно.

-Импорт буюу бусдаас хараат байдал их байна, эдийн засгийн хувьд. Энэ байдлаа бид хэрхэн бууруулах вэ?

-Эдийн засагт харьцангуй давуу тал гэж байдаг. Бидэнд ямар давуу тал байна түүн дээрээ л суурилах ёстой. Манайх жилийн дөрвөн улиралтай учраас хүнсний ногоог энгийн нөхцөлд тариад байж чадахгүй. Энэ болгоныг зөв уялдуулах ёстой. Өөрт байгаа давуу талаа зараад, сул талаа бусдаас авах нь арилжаа, солилцоо, худалдааны суурь ойлголт шүү дээ. Бид өөрсдөө бүгдийг хийнэ гээд хэт өртөг өндөртэй эсвэл хэт бүтээмжгүй зүйлд цаг зав зарах нь өөрөө үр дүнгүй. Харин өөрсдийн зарж чадах, хийж чадах зүйлээ улам чанаржуулаад явахад болно. Дэлхийн худалдаа гэдэг харьцангуй давуу талуудын хоорондох солилцоо. Төр ч гэсэн эдгээр салбаруудаа зөв бодлогоор хөгжүүлэх хэрэгтэй.

-Намрын чуулганаар Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэнэ гэсэн. Үүнд бизнесийг дэмжсэн ямар заалт байгаа вэ?

-Эхний ээлжинд асуудлаа хоорондоо ярьж, эвлэлдэн нэгдэж чаддаг болохыг бид зорьж байгаа. Бид асуудлаа ярьж чадахгүй, эвлэлдэн нэгдэж чадахгүй бол мянга сайн хууль байгаад өгөөжөө өгөхгүй. Хуулийн амин сүнс нь эв санааны нэгдлийн санаачилга. Хоорондоо эвлэлдэн нэгдэж, бүлэг болж, систем болж ажиллаж чаддаг байх ёстой. Дуу хоолойгоо нэг сувгаар хүргэдэг. Эрх ашгаа нэг сувгаар хамгаалдаг байх хэрэгтэй.

-Зарим мэргэжлийн холбоо, бизнесийн зөвлөлүүд шинэчилсэн хуулийн заалтыг эсэргүүцэж байх шиг байна л даа?

-Эсэргүүцэхээс илүү ойлгохгүй байгаа байх л даа.Тийм байсан юм бол өнөөдөр 30 жил болоход хөгжчихгүй яасан юм. Бизнесийн эрхлэгчдийн нэрийг барьж байхаар алдааг, дутагдлыг засаад залруулчихгүй яасан юм. Болоогүй учраас бид ийм эмх замбараагүй байна шүү дээ. Одоо бид үүнийг таслан зогсоох цаг болсон. Үнэхээр бизнес эрхэлж байгаа хүн өөрийнхөө үүрэг, хариуцлага, эрхээ ойлгодог байх ёстой. Тэрийг нь мэргэжлийн танхим хамгаалдаг, нөлөөлдөг байх ёстой. Ингэж чадахгүй бол бид 30 жилийн дараа бахь байдгаараа л байна шүү дээ. Бид өнөөдөр дэлхийтэй хөл нийлүүлэх ёстой. Тэгэхийн тулд шинэ стандартаар шинэ хандлагаар асуудалд хандах ёстой.

-Таны хувьд энэ хуульд сайжруулсан заалт нь юу байна вэ?

-Маш олон заалт бий. Бид бүтэн хоёр жил судалгаа хийсэн. Хувийн хэвшилтэй холбоотой ямар алдаа, сул тал байна. Энэ асуудлуудыг яаж засч болох юм. Хэрхэн сайжруулах вэ. Гадны хууль тогтоол ямар байдаг вэ. Бид яаж өөрчлөх вэ гэдэг дээр суурилсан. Тэгэхээр нэг үгээр хариулах боломжгүй. Мэдээж хуулийг олон талаас нь ярьж хэлэлцэж байж оруулж ирнэ. Юу ч эхлээгүй байхад шууд хориглодог эсэргүүцдэг хандлагаасаа салах ёстой. Хэн эсэргүүцээд байна гэдгийг харах хэрэгтэй. Бизнесийн нэрийг барьж хэн нэгэн будлиулах ёсгүй л дээ. Тэдний төлөө ажиллая гэж байгаа бол ажиллаад үгүй бол холдох хэрэгтэй. Гучин жил нэр барьж амьдарсан цүнх тамгатай хүмүүс байна. Гүйх нохойд гүйхгүй нохой саад гэгчээр агуулгыг нь ойлголгүй шууд тэгж эсэргүүцэж болохгүй.

Categories
булангууд мэдээ цаг-үе

Битогтохын Цогнэмэх: Их эзэн Чингис хаан бол сэтгэлийн хаан ширээнд заларсан ховор заяатан

МЗЭ, МСНЭ-ийн болон нэрт найруулагч Г.Доржсамбуугийн нэрэмжит шагналт, зохиолч, сэтгүүлч, яруу найрагч Битогтохын Цогнэмэхтэй ярилцлаа.

-Таны “Хаадын хаан” жүжиг тун удахгүй тайзнаа амилахаар бэлтгэл сургуулилтаа хийгээд эхэлжээ?

-Уран бүтээлч хүний хувьд маш их баяртай байна. УДЭТ түүхт 90 жилийн ойгоо энэ жүжгээр нээх гэж байна. Өмнөх 80 жилийн ойгоо “Тэнгэрийн хүү” жүжгээр минь нээсэн. Ирэх жил их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой тохионо. Энэ санамсаргүй тохиол биш юм. Үүний угтал болж байна. Нөгөөтэйгүүр, түүхэн том ойнуудад зориулан уламжлалт академик театр учраас Монгол Улсын тусгаар тогтнолтой холбоотой, үндэсний бахархал, баялаг түүхт гүрэн улсынхаа өв уламжлалыг хойч үедээ үлдээхийн тулд түүхэн жүжгийг даяар олондоо өргөж байна.Бид үндэстнийхээ цоо шинэ идеалийг бий болгохоор ажиллаж байна. Зохиолч миний бүтээлийг олзуурхан шүүрч авч, найруулан тавьж байгаа найруулагч Н.Наранбаатар бид хоёр “Тэнгэрийн хүү”-гээс хойших олон бүтээл дээр хамтарч байгаа.

“Хаадын хаан” жүжиг маань маш их судалгаатай хийж буй бүтээл. Чингис хааныг мянганы суут хүнээр дэлхийд тодруулаад багагүй хугацаа өнгөрөв. Үүнээс хойш дотоодын түүх судлаач эрдэмтдийн хувьд ч, гадаадын судлаачдын хувьд ч шинэ мэдээ баримт сэлт, шинэ үзэл онол маш их бий боллоо шүү дээ. Тэгэхээр орчин үеийн, XXI зууны Монголын Чингис хаан хэрхэн төрж байна гэдэг дэлхийн хандлагад хариулт өгөх хэрэгтэй. Алтан тайзнаас шимтэн тольдоорой. Чингис хаан төрөө хэрхэн өргөж, түмэн олонтойгоо дээлээ хэрхэн хувааж, нөмөрч ирснийг үзэгчид маань, ялангуяа энэ төрийн түшээд маш сайн ойлгоосой гэж хүснэ.

-Яагаад Чингис хааныг судалж, жүжгийн зохиол бичих болов?

-Дэлхий дахинд өнөөгийн ертөнцийг бий болгосон үндсэн таван гүрэн бий. Түүний нэг нь Их Монгол Улс. Их Монгол Улсыг хэн байгуулав, Чингис хаан өнөөгийн ертөнцийг үндэслэгч гэдгийг энэ бөмбөрцөг ч хүлээн зөвшөөрчихлөө. Хамгийн эртнийх нь Грек, Ром байна. Дараа нь Англи байх. Хожим үүсээд 300 гаруй жил болж буй Америк байна. Тэр дунд хэн товойж байдаг вэ гэхээр Их Монгол Улс байдаг юм. Энэ тав дээр уламжилж өнөөгийн ертөнц тогтож байгаа. Дэлхийн түүх бичлэг жинхэнэ дэлхий нийтийнх болсон үе бол XIII зуун. Үүнийг монголчууд “бичсэн”. Яагаад гэвэл газар дундын тэнгисийнхийг Грек, Ромын үед бичсэн. Тэр нь зөвхөн газар дундын тэнгисийг тойрсон загалмайтан, лалын шашинтны сав газар. Дорнын түүх бичлэг бол Хятад. Ази орчмыг л хамарсан. Гэтэл дэлхий нийтийн түүх гэж байгаагүй. Энэ түүхийг өрнө дорныг сүлсэн Монголын эзэнт гүрэн бий болгосон. Дэлхийг сэрээсэн Чингис хааныгаа бид эргэн харах, цоо шинээр дээдлэн бахархах цаг ирлээ.

-Жүжгийн гол санааг юунд тулгуурлаж бичив?

-Манай жүжиг андлалын дууль юм. Талын эрсийн нөхөрлөлөөс андлал, андлалаас агуу их хувь заяа буй болж байна. Тэр хувь заяа хэний төлөө цохилох вэ гэхээр хөх Монголын л төлөө шүү дээ. Чингис хаан гурван удаа анд бололцсоныг түүхээ мэддэг хүн бүр л мэдэж байгаа. Яах гэж анд бололцоод байгаа юм бэ. Хувийн эрх сүрээ өргөх гэж үү, үгүй шүү дээ. Энэ хоёр хөх Монголын төрийн төлөө хувь заяагаа нэгтгэсэн. Гэхдээ хатуу, аминаасаа үнэтэй андгай тангараг тавьсан. Энэ хугацаанд гурав дахь удаагаа анд бололцсоноос хойш бараг хорин хэдэн жилийн дараа Жамуха анддаа олзлогдож ирдэг шүү дээ. “Дээр нэг нар, доор нэг хаан байна” гэдэг итгэл үнэмшлээсээ энэ хоёр хэзээ ч хагацаагүй. Тэгээд хөх Монголын түүхийг энэ хоёр хамтдаа бүтээсэн юм. Гэхдээ Жамуха байгаагүй бол Чингис хаан байхгүй. Жамуха хурцалж өгч байсан. Арга билиг гэдэг шиг нэгийгээ нөхөж амьдарсан. Жамуха хэдий таагүй төгссөн ч агуу их хаан юм. Андлалдаа үнэнч байна гэдэг эх орондоо үнэнч байгаагийн илэрхийлэл мөн биз. Манай жүжиг үүнийг гол шугамаа болгож байгаа. Чингис хаан зовлон дунд буцлан буй үндэстнийхээ хүсэл эрмэлзлийг мэдэрсэн суутан.Түүнийг нь биелүүлсэн. Ийн сэтгэлийн хаан ширээнд суусан их хаан ертөнцөд ховор. Хүч түрэмгийллийг л түрий барьдаг шүү дээ. Хаантан маань өршөөлт төрийг бий болгосон юм. “Хаадын хаан” гэдгийн цаглашгүй нь үүнд оршино.

-Түүхэн зохиол бичихэд маш их судалгаа хийдэг байх. Та судалгаагаа яаж хийдэг вэ. Хаанаас яаж материалаа цуглуулдаг вэ?

-Би Ховдын хязгаарт түүхч, түүхийн багшийн мэргэжлээр 1990-ээд оны донсолгоонт жилүүдэд суралцсан. Судалгаанд түүртэхгүй гэсэн үг. Түүнээс өмнө аав минь намайг түүхээр хүмүүжүүлсэн. Миний аав жолооч хүн байлаа. Чингис хааны нэрийг нь ч дуудахыг хориглодог социализмын үед аав маань “Монголын нууц товчоо” гэдэг хатуу хүрэн хавтастай номыг геологийн инженер н.Амьтан гэдэг ахаас авч өгөөд “Үүнийг унш, энэ дотор бидний түүх бий” гэж хэлж байсан юм. Тэр үеэс л би Чингис хаантай нөхөрлөсөн.Бурхан гэж байдаг бол Монгол туургатны тэргүүнд шүтэх ёстой бурхан нь Чингис хаан байхгүй юу. XVII зуунд буддын шашин эрчимтэй нэвтрэх үед Далай лам, Банчин богд, Жавзандамба хутагт нарын үйлс номлол нь Чингис хааны тахилга тайлгатай холбоотойгоор Чингис хааны сүр хүчийг дэлгэрүүлэх, өргөх тахин шүтэх замаар монголчуудад ойртож чадсан.Чингис хааны сургаал, үйлс, билэг чинад, амьдрал тэр чигээрээ бидний зам мөр болох ёстой. Яагаад гэвэл Чингис хааны жолоодохуйн ухааныг Өрнөдийн орнууд өдгөө улам идэвхийлэн судлах боллоо.

-Түүх судлахын ач холбогдол нь юу вэ?

-Түүх гэдэг агуу их багш. Түүнээс сурах нь мөнхийн ус уухтай адил гэж эртний мэргэдийн үг бий. Сургамж ав, ирээдүйгээ бүтээ гэсэн үг. Одоо үед Америк, Хятад, Солонгосын соёлын түрэлт, либерал үзлийн түрэмгийлэл зэрэг энэ ай сав дунд монгол соёл, сэтгэлгээ, өв уламжлал, ёс заншил маш ихээр буртаглагдаж байна. Энэ бүхнийг хаах бас нэгэн ноён нуруу болон өндийж байгаа гэж “Хаадын хаан” жүжгээ би ойшоож байгаа. Монгол туургатныг эдүгээ хүртэл бие биенээс нь мартуулж хагацаахгүй холбож байгаа үнэт зүйл бол Чингис хааныг бурханчлах дээдлэх үзэл. Бас монгол бичиг, шашин соёл гээд бий. 1930-аад оны үед Алтан ургаа устгуулж хөнөөлгөсөн монголчуудын зүрхнээс “Хаадын хаан”-ы дүр арилж балраагүй нь даруй Сүхбаатарын хөшөө шүү дээ. 1946 онд уран барималч С.Чоймбол гуай уг хөшөөг босгохдоо монголчуудын их эзэн Чингис хаанаа, Хаадын хаанаа дээдлэх бүх утга оньсыг шингээж өгсөн. Тойруулан хүрээлсэн гинж бүхий 14 арслангаар хүрээлүүлнэ гэдэг Хаадын хаан гэсэн өргөмж юм. Буддын шашныг уугуулчлах үеэсээ л 12, 14, 16 арслангаар түшүүлэн Чингис хааныг хамгаалуулж байж. Ийм л бэлгэдэлтэй. Манай шашин дахь Чингис хааны шүтээн бэлгэдэлд байдаг морины цээжин дэх молцог, зэр зэвсэг, эд хувцас бүгд жанжны хөшөөнд шингэсэн. Г.Ням-Очир тэргүүтэй судлаачид үүнийг тодруулсаар байгаа. Жанжны хөшөөг зүүн хойш хандан, гараа дэлгэн морин дээр нь өндийлгөн бүтээсэн нь Бурхан Халдун хайрханы зүг харуулсан байгаа биз. Би тэгж боддог. Тэгэхээр ухаант өвгөд маань Чингис хаан буюу хаадын хааны бэлгэдлийг коммунист дарангуйллын тэртээд жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд ухаалгаар нуун шүншиглэсэн байгаа юм.

-Чингис хаантай холбоотой кино, жүжиг сүүлийн үед их гарах боллоо. Гадаадууд ч их сонирхох болж. Та кино ертөнцөд зохиол бичиж, Чингис хаанаа таниулах бодол бий юү?

-Чингис хааныг гадаадынхан үй түмэн өнцгөөс бүтээн биширч байна шүү дээ. Мэдээж кино ертөнцөд хүртэл хийдэг болж. Хятад, Орос, төрийн богино түүхтэй Казахстан, холын Скандиновын орнууд хүртэл Чингис хааны тухай кино бүтээл хийх гэж идэвхийлэх боллоо. Энд Чингис хааны агуу их суу билэг, суу залийг хэрхэн тусгах нь вэ гэдэг нь сонирхолтой. Харин бид монгол хүний мөн чанарын үүднээс их хааныхаа суу залийг энэ жүжигтээ шингээж гаргахыг хичээж байна. Гэхдээ ид шид, үлгэрийн хэлбэрээр биш, эгэл хүн талаас нь туульсын хэлбэрээр харуулахыг хичээж байгаа. Хаанаараа овоглосон үндэстэн манайх л байдаг байх. Чингисийн монголчууд гэж. Мэдээж манай уран бүтээлчдийн хүсэл бол дэлхийд их хаанаа, Монголоо таниулах явдал. Дашрамд өгүүлэхэд одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд байх үед Монгол, Хятадын хамтран бүтээх “Чингис хаан” кино төслийн гэрээ байгуулагдсан. Монголын талын зохиолчоор нь сонгогдон ажиллаж байгаагаа хэлэх нь зөв байх.

-Жүжгийнхээ санааг яг хаанаас авдаг юм бэ. Онгод гэж ер нь байдаг юм уу?

-Онгод байхгүй бол онгод гэж үг байхгүй биз дээ. Онгод байж л таарна. Ялангуяа шүлэг, яруу найрагт их илэрнэ.

-Таны хувьд онгод нь орж байгааг яаж мэддэг юм. Яаж оруулдаг юм бэ?

-Тэрийг оруулдаг бөө би биш л дээ (инээв). Зохиолчид зарим үед сонин этгээд зүйлд сэрдэг. Уран бүтээлч хүнд онцгой өгөгдөл байдаг болохоор туурвидаг.Хөдөлмөр 99 хувь энэ тэр гэж шал худлаа. Эхлээд өгөгдөлтэй байх ёстой. Өгөгдлөө, авьяасаа, бурхнаас заяасан хишгээ хэрхэн сэрээх нь тэр хүний хөдөлмөр юм уу даа. Жүжигчид ч гэсэн өөрийн дотоод чичирхийллээ чагнана аа гэдэг нь онгодоо сэрээж байгаа хэрэг шүү дээ. Өөр өөр түвшинд л ойлгоно л доо.

-Өгөгдөлтэйгөө яаж мэдэх вэ?

-Хүн болгон өгөгдөлтэй шүү дээ. Тэр өгөгдлөө сэрээж чадах юм уу, эсвэл мэдрэх юм уу сэрж чадахыг л онгод гэж хэлэх болов уу гэж би хувьдаа бодож байна. Онгод гэдэг бол шүлэг, яруу найрагт байж болно. Манай хүүрнэл зохиол, нэн ялангуяа жүжигт шууд суугаад онгодоор бичнэ гэж байхгүй. Маш их судалгаа, нарийвчилсан төлөвлөгөө хэрэгтэй. Бид хэддүгээр зуунд амьдарч байгаагаа харгалзмаар. Нөгөөтэйгүүр, орчин үеийн зохиолч гэж шашин, шинжлэх ухаан хоёрыг уялдуулан ертөнцийг үзэх үзлээ гол тулгуур болгосон хүнийг л хэлээд байгаа юм.

-Түүхэн жүжгийн зохиол бичдэг Б.Лхагвасүрэн гуайгаас хойш ганцхан та л байгаа гэж харж байна. Түүхэн жүжгийн зохиол бичих нь хэцүү төрөл байх аа…

-Түүхэн жүжгийн хувьд би 2010 оноос хойш арав гаруйг бичлээ. Гэхдээ туульсын төрлөөр дагнан хөгжүүлэх том зорилготой (инээв). Түүхэн туульсын зохиол гэдэг үгийн яруу, хэтрүүлэг, ёжлол, зүйрлэл, адилтгал, ёр бэлгэ, совин сэрэхүйн өнгө увдисаар бичихийг хэлэх болов уу. Манай жүжиг ч гэсэн ийм юм. Драмын театр ч гэсэн эх хэл, соёлынхоо харуул байна гэсэн уриатай. Өнөө үед хэл, сэтгэлгээ маань ямар их эвдэрч байгаа билээ.Сошиал ертөнцийн давлагаа, төр нь данхайсан энэ үед гудамжны болоод албаны модон үг хэллэг бидний ахуй сэтгэлгээнд хүчтэй орж ирж байна. Нэг шинэ үг, утга зохиочих юм байна шүү дээ. Тухайлбал, ковидын үед хавьтал гээд нэг юм зохиочихлоо. Сүүлдээ ч хүмүүс дасах болж. Бид ч үүгээр нь хээв нэг ярих шинжтэй.

-Таны утга зохиолын багшийг Д.Урианхай гуай гэж сонссон юм байна. Багшийнхаа тухай яриач?

-Би Төрийн тахилгат Хан хөхий хайрханы хүүхэд. Манай түүхийн багш О.Түмэндэмбэрэл, 1990 онд Увс аймагт ардчиллыг бадраасан зураач, яруу найрагч Б.Пүрэвсүрэн нар миний анхны багш юм. 1991 онд хотод “Найргийн даага”-д оролцох үеэрээ Пүүгээ ахынхаа заасны дагуу Д.Урианхай багштайгаа золголоо. Тэгээд л багш шавь болсон. Эдүгээ ингээд үзсэн чинь 30 жилийн нүүрийг үзчихсэн юм байна шүү дээ. Нээрээ чамаас сонссон чинь тийм байна. Багш дээрээ нэг очъё байз. Ойрын өдрүүдэд тухтай уулзсангүй.

-30 жилийн ойгоо тэмдэглэх нь ээ?

-Тэрийгээ ер нь лут тэмдэглэнэ ээ (инээв). Багш маань анх надад хэлж байсан л даа. “Багш шавь болно гэдэг эх үр болсонтой ялгаагүй” гэж. Бид хоёр бие биенээ олсон юм. Би Гүрү багшийнхаа үгийг оройн дээд болгож явсаар жүжиг рүү, роман руу шунаглан орлоо доо. Миний бүх уран бүтээлд чин сэтгэлийн урам, зөвлөгөө хайрладаг бурхан даа.

-Та орчин үеийн залууст хамгийн түрүүнд унш гэж сануулах гурван номыг нэрлэвэл…

-Заавал гурав байх ёстой юм уу. Гурвын тоо чинь сайхан санагдлаа. Мэдээж “Хаадын хаан”-аараа амьсгалж буйн хувьд “Монголын нууц товчоо”-г нэрлэе. “Монголын нууц товчоо”-ны анхны эхийг олдоно гэж би найддаг. “Соёмбо принтинг”-ээс хэвлэсэн, Ш.Чоймаа гуайн шинээр тайлбар хийсэн Монголын түүхэн сурвалжийн 33 боть бий. Түүнийг уншчихад гэмгүй. Зохиолчдоос Т.Мандир ахын номуудыг өнгийж харж байгаарай гэж хүсэх байна. Монгол удамт Л.Н.Гумилевийн “Хар домог”, “Каспийн эргэнд мянган жил”, “Эртний Орос ба аугаа уудам тал”, “Евразийн түүх” гээд олон зохиол бий.Түүний Монголын түүхийн гүн рүү, XIII зууны Монголын түүхийг сайтар өнгийсөн түүхэн сэтгэмжийн аялал нь надад нөлөөлсөн. Энэ жүжигт маань баяжин тусгалаа олсон шүү. Эх оронч үзлээ олъё гэвэл Д.Маам гуайн “Газар шороо”, “Гишгэх газаргүй хөл” гээд олон доо.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Л.Оюун: Судалгаагаар иргэдийн санхүүгийн мэдлэг муугүй, харин санхүүгийн чадамж тааруухан гарсан

Эдийн засгийн боловсрол судлалын шинжлэх ухааны доктор Л.Оюунтай ярилцлаа.


-Юуны өмнө Шинжлэх ухааны доктор цол хүртсэнд баяр хүргэе. Эдийн засаг, боловсрол судлалын шинжлэх ухааны зааг, уулзвар дээр шинжлэх ухааны доктор цөөхөн байдаг гэсэн. Та ямар сэдвээр доктор хамгаалав?

-Баярлалаа. Миний хамгаалсан сэдэв “Монгол Улсын иргэдийн санхүүгийн боловсролын тогтолцооны онол, аргазүйн судалгаа” байсан. Боловсролын тогтолцоо, түүн дотор санхүүгийн боловсролын тогтолцоо, түүний онол, арга зүйн судалгаа хийсэн юм.

-Таны сэдвийн үр өгөөж нь юу вэ?

-Манай орон 1990-ээд оноос зах зээлийн эдийн засагт шилжиж эхэлсэн. Энэ тогтолцоо нь өмнөх төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос тэс өөр тогтолцоо. Зах зээлийн эдийн засгийн тогтолцоо нь таваар мөнгөний харилцаан дээр суурилдаг, хувийн өмч дээр суурилдаг бол төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоо нь нийгмийн өмч дээр суурилсан, олон өмчийг хүлээн зөвшөөрдөг, таваар мөнгөний харилцаа бараг хүлээн зөвшөөрдөггүй тогтолцоо. Энэхүү хоёр өөр тогтолцоонд иргэдийн эдийн засгийн болон санхүүгийн сэтгэлгээ өөр өөр байх ёстой. Сэтгэлгээ бол ахуйтайгаа шууд холбоотой байдаг. Тэгэхээр зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд хүмүүсийн санхүүгийн боловсролыг судлах хэрэгцээ гарч ирсэн гэж ойлгож болно. Ер нь Монгол Улсын иргэдийн санхүүгийн боловсрол одоо ямар байна гэдгийг хөндсөн судалгаа юм. Үүнийг судлахын тулд Монгол Улсынхаа боловсролын тогтолцооны түүх, монголчуудын эдийн засгийн сэтгэлгээний уламжлал, шинэчлэлтэй нь холбож судаллаа.

-Хэр хугацаанд судалсан бэ?

-Нэн эртний үеийн буюу Хүннүгээс эхлээд судалсан.

Дашрамд хэлэхэд, Монгол Улсынхаа түүхийг нэлээд судаллаа. Манай улсын түүх бол уудлах тусам ундардаг мэдлэг юм билээ. Унших, судлах тусам түүхээрээ бахархах, омогших сэтгэл төрсөн. Ер нь боловсролын тогтолцооны асуудлыг судлахад нэлээд өргөн хүрээнд авч үзэх шаардлагатай тулгарсан.

-Санхүүгийн боловсролыг төлөвшүүлэх нь хэр амар ажил вэ?

-Боловсрол бол өөрчлөгдөн буй амьдралын нөхцөлтэй холбоотойгоор хүн бүр мэдлэг чадвар, дадлаа тасралтгүй шинэчлэн сайжруулж хөгжих үйл явц юм. Боловсролыг сургалтаар дамжуулж авна. Иймээс ажлынхаа хүрээнд албан ба албан бус боловсролын санхүүгийн мэдлэг олгож байгаа сургалтын явцыг судаллаа. Мөн хүн орчноосоо суралцах замаар мэдлэг олж авдаг тул санхүүгийн байгууллагууд, тэр дотроо банкны бүтээгдэхүүн үйлчилгээний нөхцөлөөр дамжуулан иргэдэд санхүүгийн боловсрол олгож байгааг судалсан.

-Таны судалгаагаар манай улсын иргэдийн санхүүгийн боловсрол ямар түвшинд байна вэ?

-Иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх тухай, арга замын талаар ярихын тулд одоо санхүүгийн боловсрол ямар байна гэдгийг тодорхойлох хэрэгтэй л дээ. Манай улсын иргэдийн санхүүгийн боловсролын түвшинг Дэлхийн банк, АХБ тодорхойлох судалгаа хийсэн байна лээ. Мөн Олон улсын үнэлгээ хийдэг “Standard & Poor`s”–ээс дэлхийн улс орнуудын иргэдийн санхүүгийн индексийг тодорхойлсон судалгаанууд байдаг. Дээрээс нь судалгааныхаа хүрээнд бид бас тодорхойлсон. Судалгаануудын үр дүн бараг зөрөөгүй.

Манай улсын иргэдийн санхүүгийн мэдлэг бол муугүй, харин санхүүгийн чадамж тааруухан гарсан. Өөрөөр хэлбэл, хүмүүс санхүүгийн мэдлэгтэй, харин хэрэгжүүлэх тал дээр хангалтгүй гэсэн үг л дээ.

-Энэ юунаас хамаарч байдаг юм бол оо?

-Нэг хүчин зүйлээс ч хамаарахгүй л дээ. Гол нөлөөлж байгаа хүчин зүйл нь өмнөх нийгмийн сэтгэлгээ одоогийн нийгмийн тогтолцоонд нийцэхгүй байгаатай холбоотой. Өөрөөр хэлбэл, өмнөх нийгмийн эдийн засгийн болон санхүүгийн сэтгэлгээний өөрчлөлттэй холбоотой нь тогтоогдсон. Манайхны санхүү, эдийн засгийн сэтгэлгээ удаан өөрчлөгдөж байна. Ер нь сэтгэлгээний өөрчлөлт тийм хурдан байдаггүй. Хуучин итгэл үнэмшил болсон сэтгэлгээ тийм амар хурдан өөрчлөгддөггүй. Бэлэнчлэх сэтгэлгээг онцлон хэлмээр байна. Хүн өөрөө өөрийгөө хариуцах сэтгэлгээ удаан төлөвшиж байна. Хэн нэгэн хариуцах ёстой мэтээр ойлголт түгээмэл. Жишээ нь, ахуй амьдралыг нь төр, засаг хариуцах ёстой гэдэг ч юмуу ойлгодгоос үүдэн асуудал үүсэхэд өөрөөсөө биш бусдаас бурууг хайх сэтгэлгээ байсаар байгаа нь дээрхийн илрэл юм. Төр бол боловсролын тогтолцоон дээр ярихад сурч боловсрох орчныг нь бүрдүүлэх үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй. Иргэн хүн сурч боловсрох хэрэгцээгээ хангахад нь туслан дэмжихэд чиглэсэн үйлчилгээг төр үзүүлэх үүрэгтэй.

-Одоо манай төр энэ үйлчилгээг үзүүлж чадаж байгаа юу?

-Хичээж байна. Хичээсээр ирсэн. Үр дүн ч чамлалтгүй гэж үзэж болно. Миний дээр хэлсний баталгаа нь боловсролын хуулийн хөгжил, өөрчлөлт юм. Өнгөрсөн хугацаанд нийгмийн хөгжлийн түвшин өөрчлөгдөх бүрийд түүнд нийцүүлж боловсролын хуулийг шинэчилж хөгжүүлж ирсэн. Одоо боловсролын багц хуулийн өөрчлөлт УИХ-аар хэлэлцэгдэх гэж байна. Энэ нь ч гэсэн нийгмийн хөгжлийн өөрчлөлөөс л урган гарч байгаа юм.

-Энэ хуулийг та нарийн судалж байна уу?

-Харалгүй яах вэ. Олон талын оролцоотойгоор л асуудлуудыг олон талаас нь харж сайжруулна. Манай улсын хөгжил өнөөдрийн шатанд боловсролын салбарын өмнө олон асуудлуудыг гаргаж тавьж байна. Тухайлбал, судалгааны сургуулийн асуудал шинээр гарч ирж байна. Шинжлэх ухааны судалгаагүйгээр ахиц дэвшлийн тухай яригдахгүй. Нэг зүйлийг анхаараасай гэж боддог. Зах зээлийн эдийн засгийн хөгжлийн хөшүүрэг бол өрсөлдөөн. Өрсөлдөөн гаргах боломжийг бүрдүүлэх нь төрийн үүрэг. Аль нэг салбарт аль нэг субьект давамгайлах нөхцөл бүрдүүлбэл тэр салбарт монополь бий болж хөгжлийг зогсооно. Зах зээлийн эдийн засагт үлдэж хоцрох, хөгжихийн тулд өрсөлдөөнд оролцож байгаа субьектүүд өрсөлдөнө. Тэгээд ч зах зээлийн эдийн засагт шалгарлын хууль үйлчилж байдаг. Хэн чадахгүй байгаа нь устаж, чадаж байгаа нь цааш явна.

-Та үүнийг жаахан тодруулахгүй юу?

-Сайн сургалттай, сайн хөтөлбөртэй сургууль нь олон оюутантай болно. Тэр хэмжээгээр хүчирхэгжинэ гэсэн үг. Социализмын үеийнх шиг нэгийг нь дэмжиж, нөгөөг нь төрөөс хаана гэсэн үг биш. Одоо хэлэлцэгдэх гэж байгаа боловсролын хуулинд бүх шатны сургуулиудад байвал зохих шалгууруудыг нь тавьж өгөөд төр хараад сууна. Шалгуур хангасан нь цааш үйл ажиллагаагаа өргөжүүлээд явах, чадаагүй нь шалгуур хангаж байгаа түвшиндээ ажиллах л асуудал үлдэх хэрэгтэй. Их, дээд сургуулийн хувьд судалгааны сургууль байх уу, дээд сургууль байх уу гэдгийг шалгуураар л тодорхойлно гэсэн үг шүү дээ.

-Санхүүгийн боловсролын тогтолцоог та судалсан гэсэн. Манайд байна уу?

-Тогтолцооны шалгуурууд байдаг. Элементтэй, үзэл баримтлалтай, зохион байгуулалттай, өөрөөр хэлбэл хөтөлбөртэй, багштай, сурах бичигтэй, номтой гэх мэт. Энэ бүгд санхүүгийн боловсролын тогтолцоо манайд албан ба албан бус хэлбэрээрээ байна. Гэхдээ энэ тогтолцоог хөдөлгөх асуудал чухал байна гэж дүгнэгдсэн. Тогтолцоо нь байхад түлхээд, хөдөлгөөд өгөх бол харьцангуй гайгүй. Багшийн хөгжлийн тогтолцоо, сургалтын арга зүйг идэвхжүүлэхэд л болно. Санхүүгийн боловсролын сургалтын хувьд орчин үед одоо манай оронд нэлээд туршигдаад байгаа судлагдахуун хоорондын интеграци ихээхэн амжилттай шийдэх байх гэж харж байна. Хувь хүний болон өрхийн санхүүгийн хичээлийг тусад нь заах биш, бусад судлагдахууны агуулгад оруулж заана гэсэн үг.

-Энэ боломжтой юу. Хэр их хугацаа шаардагдах бол?

-Маш тодорхой бодлоготойгоор хандвал нэг их хугацаа орохгүй. Хялбархан шийдэж болно. Манай ЕБС-дад хичээл хоорондын интеграци хэрэгжээд эхэлсэн. Энэ жишгээр явахад болно. Нэг анхаарах зүйл нь бүх багш нар санхүүгийн судлагдахууны агуулгыг мэддэг болох, түүний сэдвүүдээс өөрийн заадаг хичээлийн сэдэвтэй холбоход л болно. Жишээ нь, математикийн багш бодлого, дасгал дээрээ хадгаламжийн болон зээлийн хүү тооцох бодлого оруулах гэх мэт. Биологийн багш амьтан ургамал амьдрах орчинтойгоо зохицон амьдардаг Дарвины хуулийг тайлбарлах сэдэв дээрээ хүн бол нэг амьтан, орчин өөрчлөгдөхөөр түүнд дасан зохицож байж амьдрал, ахуйгаа дээшлүүлнэ, зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд санхүүгийн мэдлэггүйгээр, түүнийг хэрэгжүүлэхгүйгээр оршин амьдарч чадахгүй тухай л заана гэсэн үг шүү дээ.

-Цаашид хийх ажлынхаа төлөвлөгөөг гаргасан уу?

-Иргэдийнхээ санхүүгийн боловсролыг дээшлүүлэхийн тулд чадах хэмжээгээрээ ажиллана. Бидний цөөхөн хүн хангалтгүй. Юуны өмнө хүүхэд залуучууддаа санхүүгийн боловсролтой болоход чиглэсэн ажил хийх санаатай. Манай орон хүүхдийн орон. Хүүхдүүд бүгд сургуульд хамрагддаг тулдаа ирээдүйн иргэдийг бэлтгэх нь асуудлыг хурдан шийдэх боломжтой. Иймээс бэлэн байгаа “Бизнес судлал” хичээлийг хөдөлгөмөөр байна. Тэгээд Санхүүгийн боловсролын хүрээнд судлах зүйл их байгаа тул энэ салбарт хамтран ажиллах судлаачидтай болмоор байна.

2015-2021 онд Монголбанк, Сангийн Яам, Санхүүгийн зохицуулах хороо, Боловсролын яамны хамтарсан Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр энэ онд дуусна. Энэ салбарт их олон зүйлийн эхийг тавьсан. Үүнийг цааш үргэлжлүүлэх хэрэгтэй гэж болож байгаа. Хийх юм ч их байна даа.

Categories
мэдээ соёл-урлаг

Д.Дагвадорж: Монголынхоо суут хөгжмийн зохиолчдын бүтээлүүдийг дуулна гэж бодож байгаа

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Эрдэнэт” дуу бүжгийн чуулгын дуучин, ОХУ-ын Улаан-Үд хотын дуурь бүжгийн академик театрын гоцлол дуучин Д.Дагвадоржтой ярилцлаа.


-Таны бага насны дурсамжаар ярилцлагаа эхлэх үү?

-Би Сэлэнгэ аймгийн Мандал сум, Зүүнхараа хотод төрж өссөн. Aйлын бага. Цэцэрлэгт байхаасаа л дуулж, бүжиглэдэг хүүхэд байсан. Арван жилд ороод ёочин тоглодог, бүжиглэдэг, дуулдаг болсон. “Бид Сэлэнгийн үр сад” нэртэй Сэлэнгэ аймгийн бүх ерөнхий боловролын сургууль оролцдог урлагийн үзлэгт жил бүр орно. Тэр уралдаанд ёочин хөгжмөө тоглоно, дуулна, бүжиглэнэ. Арван жилийн жаахан хүүхэд тэр том хөгжмийг чирээд л явна. Уралдаан бүртээ амжилттай оролцдог, гурван төрлийн тэмцээн болно. Бүгдээс нь медаль авдаг тийм л хүүхэд байлаа.

-Танай гэр бүлд урлагийн хүн бий юү. Яагаад дуучин, тэр тусмаа дуурийн дуучин болохоор шийдсэн юм бэ?

-Ээж минь их сайхан дуулдаг. Аав минь гитар, баянхуур тоглодог хүн байсан. Эмээ минь уртын дууг их сайхан дуулна. Ер нь ээж, аавын минь өгөгдөл л юм даа. Арван жилээ төгсөөд нэг жил их сургуульд оролгүй өнжсөн. Аавын минь бие жаахан тааруу. Тэгээд Улаанбаатар хотод оёдлын үйлдвэрт нэг жил оёдолчин хийж үзсэн. Миний хийх ажил биш юм шиг санагдаад СУИС-д бүртгүүлэх гээд очтол элсэлтнээсээ хоцорчихсон. Тэгээд СУИС-д орж чадаагүй. Яах вэ гээд л гэртээ телевиз үзээд хэвтэж байтал Сити дээд сургууль (тухайн үедээ Монголжингоо дээд сургууль гэдэг нэртэй байсан) элсэлт явагдаж байна гээд реклам явахаар нь арван жилдээ авсан бүх медаль, өргөмжлөл, цомоо аваад очлоо. Элсэлтийн комисст нь бүх юмаа үзүүлээд Монголжингоо дээд сургуульд шалгалтгүй орж байсан юм. Байгалмаа захирал намайг анх өлгийдөж авч байлаа. Анх страд урлагийн ангид ороход Г.Гэрэлбаатар, “Соёл-Эрдэнэ” хамтлагийн Ж.Батсайхан нар багшилж дуулах урлагийг заасан.

-Страдын дуучны ангид сурч байсан юм бол яаж дуурийн дуучин болсон юм бэ. Энэ талаар сонирхуулаач?

-Одоо манай сургууль Сити дээд сургууль нэртэй болчихсон. Тухайн үедээ хоёр жил страд урлагийн ангид сураад гуравдугаар курсээс мэргэжлийн дуурийн дуулаачийн анги руу орсон. Тухайн үед н.Оюунчулуун, А.Сайнбаяр багш нар маань дуурийн урлагийг таниулж билээ. Хоёр багш минь хоёулаа ДБЭТ-т дуулдаг, дуурийн дуучид байлаа. Багш нарынхаа анхны шавь нь болж 2010 онд Сити дээд сургуулийг төгссөн. Манай сургууль Монголд анх удаа мюзикл тавьж байлаа. “Парисийн дарь эхийн сүм” мюзиклийн Фэбусийн дүрд би тоглосон. Энэ дүрээрээ Драмын театрт бичвэрээ хамгаалж байлаа. Улсын филармонийн рокесторт дипломоо хамгаалсан. Ингээд сургуулиа төгсөөд Эрдэнэт хотод очлоо. Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Эрдэнэ дуу бүжгийн чуулга гэж бий. Тус чуулгад ороод бүх чиглэлээр дуулдаг болсон. Энэ намайг их хөгжүүлсэн.

-Дуурийн урлаг руу хэзээнээс оров?

-2019 онд “Байкальский международный конкурс – III вокалистов” уралдаанд орооч гэж санал ирсэн. Тэр уралдаанд ороод нэгдүгээр байранд орсон. Түүнээс хойш л дуурийн урлаг руу орохоор шийдсэн. 2020 онд Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театр, Улаан-Үд хотын Дуурь бүжгийн театр, Владивосток хотын “Марийнскийн нэрэмжит театр” зэрэг мэргэжлийн урлагийн байгууллагуудаас гэрээгээр ажиллах санал ирсэн. Ингээд “Марийнскийн нэрэмжит театр”-т ажиллах боллоо. Мөн 2020 онд манай улсын дуучид их оролцдог “XIII международного конкурса вокалистов им.народного артиста СССР Л.Л.Линховаина” уралдаанд ороод гран при болон нэрэмжит шагнал авсан.

-Одоо ямар тэмцээнд оролцохоор бэлтгэл хийж байна вэ?

-Винчеро гээд Италийн дуурийн агентлагуудын нэгдэл байдаг юм. Энэхүү агентлагаас зарласан Италийн алдарт дуучин Энрико Карулогийн 100 жилд зориулсан уралдаанд Дарима багштайгаа тавдугаар сараас бэлдээд, эхний шат нь онлайнаар болж бичлэг явуулсан. Нэгдүгээр шатандаа тэнцээд, долдугаар сарын сүүлчээр хоёрдугаар шат нь болсон. Мөн бичлэгээ явуулаад тэнцсэн. Анх 730 гаруй дуучид бүртгүүлснээс төгсгөлийн шатанд 60-аад хүн үлдсэн юм байна лээ. Финаль нь аравдугаар сарын 28-31-ний өдрүүдэд Италийн Наполи хотод болно. Энэ тэмцээндээ бэлтгээд л явж байна даа.

-Цар тахал гээд урлагийнхан тайзан дээр гаралгүй удлаа. Энэ хугацаанд юу хийж байна. Сүүлийн үед шинэ бүтээл гаргаж байгаа юу?

-2020 онд Эрдэнэтийн дуучин н.Нямсүрэнтэй хамтран сонгодог тоглолт хийх байсан ч ковидын улмаас хойшлогдсон. Соёл урлагийн арга хэмжээ нээгдчихвэл Итали явж ирээд арваннэгдүгээр сард хойшлуулсан тоглолтоо Эрдэнэт хотдоо тавина гэж бодож байна. Ер нь арваннэгдүгээр сардаа багтаагаад хийхийг зорьж байна. Одоогоор хувийн уран бүтээл хийсэн зүйл байхгүй. Уралдаандаа бэлтгээд л байна.

-Та их олон төрлөөр дуулдаг юм байна лээ. Цаашдаа нийтийн дуу ч юмуу өөр төрлөөр дуулах уу?

-Анх “Эрдэнэт чуулга”-д ороод нийтийн дуу, страд дуу их дуулсан. Хүмүүс санал тавиад дуулсан дуунууд олон бий. Хугацааны хувьд 2012-2014 онд хийгдсэн дуунууддаа хожуу дүрсжүүлэлт хийж гаргасан л даа. Түүнийг л хүмүүс хараад нийтийн, страд дуу дуулах гэж байгаа юм уу гэж их асууж байна. 2019 оноос хойш дуурийн дуугаараа явахаар шийдээд байгаа л даа. Хэрвээ тэмцээндээ амжилттай оролцоод ирвэл Монголынхоо том том дуурийн урлагийн бүтээлд оролцон тоглохыг үгүйсгэхгүй. Монголынхоо суут хөгжмийн зохиолчдын бүтээлүүдийг дуулна гэж бодож байгаа. “Аав, ээж хоёр минь”, “Хүний заяа” гээд сэтгэлд хоногшсон сайхан дуунууд, Н.Жанцанноров гуайн бүтээлүүдээс дуулах хүсэл их бий.

-Гаргасан амжилтуудаасаа дурдаач?

-Улаан-Үд хотод болсон ОХУ-ын Ардын жүжигчин Ким Базарсадаевын нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын III уралдаанд оролцож тусгай байр, 2016 онд дөрвөн залуу уран бүтээлчийн хамтарсан “ТОЛЬКО ДЛЯ ВАС” концертоор Орхон аймгийн “Шилдэг уран бүтээл” шагнал, 2019 онд Улаан-Үд хотноо зохиогдсон “Байкальский международный конкурс – III вокалистов” уралдаанд оролцож Тэргүүн байр, 2020 онд “XIII международного конкурса вокалистов им.народного артиста СССР ЛЛ.Линховаина” олон улсын дуурийн дуулаачдын уралдааны Гран при шагнал болон Оросын Холбооны ардын жүжигчин Дарима Лхасарановна Линховоинийн нэрэмжит шагнал зэргийг тус тус хүртсэн.

-Дуурийн дуучид олон улсын чанартай тэмцээн уралдаанд их орох юм. Энэ нь та бүгдэд ямар ашигтай вэ. Шагналын сан өндөр болохоор ордог уу?

-Энэ уралдаан тэмцээнүүд дуурийн дуулаачдад олон талын үр ашигтай. Хэрвээ тэмцээн уралдаанд ороод шагналт болон тусгай байр эзэлбэл дуучдын карьер өсөх, гадаадын урлагийн байгууллагуудтай хамтран ажиллах, мэдээж олон улсын чанартай тэмцээн учраас шагналын сан Монголд болдог тэмцээнээс өндөр. Манай сонгодог урлагийн салбарыг бол төр дэмждэггүй, хөгждөггүй, хөгжүүлдэггүй. Өчнөөн бэлдээд 20-30 сая төгрөгөөр зардлаа арайхийж олж очоод тэмцээн уралдаанд орсон ч бай шагнал эзэлдэггүй тохиолдол зөндөө л бий. Тэр болгон бай шагнал аваад байдаг гэвэл өрөөсгөл ойлголт л доо.

-Урлагийнхан тайзан дээр гаралгүй удлаа. Энэ хугацаанд ганцхан урлаг ч гэлтгүй бүхий л салбарын орлого буурсанбайх?

-Хөл хорио эхэлснээс хойш бүх л гэр бүлийн орлого тодорхой хэмжээнд буурсан байх. Тэр тусмаа эхнэр бид хоёр хоёулаа урлагийн хүмүүс. Хэцүү үе зөндөө л тулгарна. Гэхдээ хамт олон, найз нөхөд, хамаатан садны буянаар болгоод л байна. Урлагийн буян бас их бий.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Мөнхтуул: Вьетнам засварын газруудаас НӨАТ-ын баримтаа заавал авч байгаарай

НӨАТ-ын хэлтсийн дарга Д.Мөнхтуулаас тодрууллаа.


-Вьетнам засварын газруудаас татвар авдаггүй байсан талаар мэдээлэл нэлээд явлаа. Яагаад татвар авдаггүй байсан юм бэ?

-Татварын багц хууль болон бусад хууль, тогтоомжийн дагуу Монгол Улсад үйл ажиллагаа явуулж, орлого олж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүд албан татвар төлөх үүрэгтэй байдаг. Тэгэхээр манай улсад үйл ажиллагаа эрхэлж байгаа гадаадын иргэн ч хуулийн дагуу татвараа төлөх ёстой. Мөн гадны хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид татварын албанд заавал бүртгүүлсний үндсэн дээр үйл ажиллагаа явуулах эрх үүсдэг. Вьетнам засварын газруудын хувьд ч ялгаагүй татварын албандаа бүртгүүлэн татвар төлдөг.

-Хууль журмын дагуу ийм төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудаас ямар татвар авдаг вэ?

-Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлж байгаа ААН-үүд орлогын албан татвар төлдөг. Татварын багц хуулийн шинэчлэлээр 1,5 тэрбум төгрөгөөс доош борлуулалтын орлоготой бол 10 хувиар татвар төлж, 90 хувийг буцаан авдаг, 300 саяас доош борлуулалтын орлоготой бол нэг хувиар татвар төлдөг болсон. Хэрэв НӨАТ суутган төлөгчийн босго хангасан бол НӨАТ-ын тайлан гаргаж, 10 хувийн татвар төлдөг. Мөн ажилтнуудынхаа ХХОАТ-ыг суутгаж, түүнийгээ татварт тайлагнан төлдөг. Мөн Нийслэл хотын албан татвар болон хөрөнгийн татвар, бусад төлбөр хураамжыг төлдөг.

-Манайд хичнээн Вьетнам засварын газар үйл ажилллагаа явуулдаг вэ?

-Манай албанд 52 вьетнам засвар үйлчилгээ эрхлэгч бүртгэлтэй байна. Улсын хэмжээнд машин, мотоциклийн засвар, үйлчилгээ эрхэлдэг 1600 гаруй аж ахуйн нэгж бүртгэлтэй. Улаанбаатар хотод 456 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Авто засвар, үйлчилгээ эрхлэгчид өнгөрсөн оноос энэ оны есдүгээр сар хүртэл нийт 10,7 тэрбум төгрөгийн татвар төлжээ.

-Татвараа төлөөгүй тохиолдолд танайхаас ямар арга хэмжээ авдаг вэ?

-Татвар төлөгч нь татвараа үнэн зөв тодорхойлж, хугацаандаа тайлагнан төлөх хуулиар хүлээсэн үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд татварын албанаас хяналт шалгалт хийж, татварын хуулиуд, Зөрчлийн тухай хуулийн дагуу төлөх ёстой татварыг нөхөн төлүүлж, хариуцлага тооцдог. Хэрвээ шалгалтын явцад эдийн засгийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл байвал холбогдох хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлдэг.

-Дотоодын аж ахуйн нэгж, иргэд татвараа төлж хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг. Гэтэл вьетнам засвар гэх мэт газруудаас татвар авахгүй байгаа гэх мэдээлэл иргэдийн дургүйцлийг их хүргэлээ. Энэ талаар тайлбар өгөөч?

-Монголын татварын алба нь татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхдээ хуулийн өмнө тэгш эрхтэй байх зарчмыг баримтлан ажилладаг. Хэн нэгэнд давуу эрх олгосон, олгодог мэт ойлголт, яриа нь үндэслэлгүй. Хууль зөрчих явдал гардаг ч татварын алба бусад төрийн байгууллагатай хамтран зөрчлийг арилгахад анхаарч ажилласаар ирсэн.

Иргэд худалдаа хийх, үйлчилгээ авах бүртээ төлбөрийн баримтыг шаардаж авах нь татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд хамгийн том хөшүүрэг юм. Тиймээс та бүхэн вьетнам засварын газраас ч төлбөрийн баримтаа заавал авч байгаарай.

Categories
мэдээ нийгэм

​Л.Нямцэцэг: Цахим хичээлийн цагийг уртасгамаар байна


Монгол Улсад Ковид-19-ийн халдвар дотооддоо алдаад нэг жил гаруйн нүүрийг үзлээ. Энэ хугацаанд цар тахалтай дасан зохицох, хичээл сургалтыг танхимаар хичээллүүлэн хүүхэд, залуусын сурч боловсрох эрхийг хангахаар ажиллаж байгаа билээ. Иймээс цахим, танхим хосолсон сургалтын аргыг хэрэглэн 2021 оны есдүгээр сарын 1-нээс ерөнхий боловсролын сургуулиуд хичээллэж эхлээд байна. ЕБС-иуд халдвар хамгааллын дэглэмээ яаж баримталж байна, цар тахалын үеийн сургалт ямаршуухан явж байгаа талаар сурвалжиллаа.


Сүхбаатар дүүргийн ЕБ-ийн 131 дүгээр сургуулийг зорив. Тус сургуулийн хувьд 2015 онд ашиглалтад орсон шинэхэн сургуулийн нэг юм. 1-5 дугаар ангийн арван бүлэгтэй бага сургууль гэдгээрээ онцлог. 361 сурагч, 31 багш ажилчинтай, Хангай хотхоныг даган байгуулагдсан ажээ. Тус сургуулийн эмч Д.Амармэндээс халдвар хамгааллын дэглэмийн талаар ярилцав.

-Сургуульд халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн баримталж байна вэ?

– Улсын онцгой комиссын “Гамшгаас хамгаалах хуулийн түр журам” 2021 оны тавдугаар сарын 6-ны өдөр батлагдсан. Мөн боловрол шинжлэх ухаан, эрүүл мэндийн сайдын 2021 оны наймдугаар сарын 19-нд хамтран гаргасан тушаал, Нийслэлийн онцгой комиссын шуурхай штабын ЕБ-ын өмнөх боловсролын байгууллага коронавируст халдвар илэрсэн тохиолдолд авах арга хэмжээний тухай зааврын дагуу халдвар хамгааллыг сахиулан, зөвлөмж өгч ажиллаж байна. Жишээ нь: Манай сургуулийн хувьд сүүлд баригдсан болохоор анги бүр гаднаасаа хаалгатай. Таван анги хоорондоо холилдохгүй гаднаасаа ороод, буцаад гадагшаа шууд гардаг. Хүүхэд бүрийн халууныг хичээл эхлэхээс өмнө үзнэ. Гаднаас орж байгаа хүмүүсийн халууныг үзээд, халуун үзсэн цаг минут, үзүүлэлтүүдийг байнга тэмдэглэж авна. Тухайн хүний утасны дугаарыг бичиж авч дараа нь үүсэх эрсдэлээс сэргийлж байгаа. Багш ажилчдын хувьд ажлын байран дээр маскаа авахгүй, багш нар хоорондоо бөөгнөрч суухгүй, зайгаа барих эдгээр арга хэмжээг байнгын хэрэгжүүлдэг.

-Есдүгээр сарын 1-нд танхимаар хичээллэж эхэлснээс хойш хүүхдүүд халуурсан болон өөр шинж тэмдэг илэрсэн тохиолдол бий юу?

-Хичээл эхлэхээс өмнө хүүхэд бүрийн халууныг үеээд 37.1 градусаас дээш халуунтай хүүхдийг буцаадаг. Хичээлийн эхний цагт бүх ангиар тойрч үзээд ханиасан, суулгасан, нум гоожих шинж тэмдэг илэрсэн хүүхдүүдийн эцэг эхийг дуудаад хариуцуулан өгдөг. Ар гэрээс шинж тэмдэг илэрсэн, ойрын хавьтал болсон тохиолдлыг мэдээлэл авсан даруйд цахим хэлбэрт шилжүүлэн сургаж байгаа.

-Багш нараас хавьтал болсон, өвчилсөн тохиолдол бий юу?

-Багш нараас халдвар илэрсэн тохиолдол байхгүй. Дөрвөн хүүхэд ар гэр нь хавьтал болсон тохиолдол илрээд цахим хэлбэрт шилжсэн байгаа. Халдвар сургууль дотор бол дамжаагүй. Тэр дор нь тусгаарлаад цахим хэлбэрт шилжүүлсэн.

-Танайх бага сургууль болохоор вакцин хийлгээгүй эрсдэлтэй бүлгийн хүүхдүүд сурч байгаа юм байна. Хүүхдүүдэд болон ар гэрийнхэнд ямар зөвлөгөө өгч байна вэ?

-Эцэг эхчүүдэд цахимаар байнга зөвлөмж өгч байгаа. Ковидын шинж тэмдэг ямар нэгэн байдлаар илэрвэл хүүхдээ сургууль руу явуулахгүй байх, дааруулахгүй байх, халуун бүлээн зүйл байнга уулгах, үдийн хоол цайг тогтмол чанартай хүнсээр хийх гэх мэтээр байнгын цахим зөвлөгөө өгч байгаа. Эцэг эхтэй биечилж уулздаггүй.

-Эцэг эх, багш, хүүхдийн харилцаа холбоо хэр байна вэ?

-Манай сургууль дунд болон ахлах ангигүй учраас харьцангуй эцэг эхийн хараа хяналт, өгсөн үүрэг даалгавар биелүүлэх, харилцаа холбоо сайтай. Эцэг эхчүүд байнга багш хүүхдүүдтэйгээ хамтран ажиллаж, хүүхэд багшийн үйл ажиллагааг сайн дэмждэг. Сургууль орох, тарах бүрт хүүхдүүдийг эцэг эхийн гарт хүлээлгэн өгөх “Гараас гарт” хөтөлбөрийг сайн хэрэгжүүлдэг гэлээ.

131 дүгээр сургуулийн хувьд цөөн сурагчтай. Тэр хэрээр хөл хөдөлгөөн бага байв. Сургуулиас гарахад хүүхдээ тарахыг хүлээн зогсож байгаа эцэг эхчүүдтэй таарлаа. 131 дүгээр сургуулийн нэгдүгээр ангийн сурагчийн ээж Л.Нямцэцэг хэлэхдээ “Манайх Хангай хотхоны 517 дугаар байранд амьдардаг. Хүү минь энэ сургуулийн нэгдүгээр ангид элсэн сурч байна. Ковидын үеийн сургалтын онцлог нь цахим, танхим хосолсон хэлбэрээр явж байгаа. Цахим сургалтыг цаг тухай бүрт нь эхлүүлдэг. Гэхдээ хичээл орох цаг нь арай богинохон санагддаг. Хүүхдүүдээ бүртгэж, энэ байна уу, тэр байна уу гэсээр байтал хичээлийн цаг заримдаа дуусчихдаг. Цахим хичээлийн цагийг арай уртасгамаар байна” гэв. Мөн сургуулийн гуравдугаар ангийн сурагч Х.Итгэлт ярихдаа “Өмнө жил юу ч сурч амжаагүй байхад хичээл орохоо больчихсон. Зарим үсгээ мартсан уншиж чадахгүй байгаа. Гэхдээ дахин сэргээж үзээд санаад уншдаг болсон. Цахим хичээлтэй өдрөө гэртээ хичээлээ хийдэг. Заримдаа ойлгоно. Заримдаа ойлгохгүй. Ойлгоогүй зүйлээ дараа нь багшаас асууна. Багш асуусан болгоныг сайн хэлж өгнө. Ээж ихэнхдээ миний хичээлийг хийлгэдэг. Аав хааяа л зааж өгнө. Гэхдээ өөрөө хэлээд өгчихдөг гээд ээж ааваар хийлгүүлэх дургүй байдаг юм. Цахим хичээлээ ч яахав дараа нь багшаас асуучихдаг болохоор ойлгочихно. Харин теле хичээлийг ойлгохгүй үед хэнээс асуухаа мэддэггүй” гэсэн юм.

Дараагийн зорьсон газар Сүхбаатар дүүргийн ерөнхий боловролын 16 дугаар сургууль.Энэ сургуулийн хувьд 2021-2022 оны хичээлийн жилд 52 бүлэгт 2234 хүүхэд суралцаж байгаагаас бага ангид 1268, дунд ангид 776, ахлах ангид 188 сурагчтай юм байна. Багшлах боловсон хүчин, удирдах болон арын албаны ажилчид нийлээд 107 хүнтэй.

16 дугаар сургуулийн сургалтын менежэр Ц.Батбаартай тахалын үеийн сургалтын талаар цөөн асуултад хариулт авсан юм.


-Цар тахалын үеийн халдвар хамгааллын дэглэмийг 16 дугаар сургуульд яаж баримталж байна вэ?

-Бид энэ онцгой үед эрүүл мэндийн яам болон боловсрол шинжлэх ухааны яамнаас хамтран гаргасан тушаалын түр журмыг ягштал ёсчлон биелүүлж ажиллаж байна. Өглөө хүүхдүүдээ анги ангиар нь зай бариулж хоёр хаалгаар зэрэг халууныг нь үзэж оруулдаг. Тарахад нь мөн хоёр хаалгаар зэрэг гаргана. Сургууль дотроо зай барих тэмдэг тэмдэглэгээ, ариутгал, халдваргүйтгэлийн журмуудыг бүгдийг байрлуулсан байгаа.

-Есдүгээр сарын 1-нээс хойш хавьтал болсон, илэрсэн тохиолдол бий юу?

-Өнөөдрийн байдлаар манай сургуулиас таван багш, долоон сурагч халдвар авсан. Бусад нь бол анги танхимаас биш гэрээсээ, гадуур явж байгаад хавьтал болсон тохиолдол бий. Бид тахалын үеийн түр журмаа баримтлаад ажиллаж байна.

-Өвчилсөн багш хүүхдүүд эдгэрч хичээл, ажилдаа орсон уу?

-Бид 5:9-ийн зарчмаар ажиллаж байгаа. Таван өдөр танхимаар есөн өдөр цахимаар хичээллэж байна. Хичээлийн явцын дундуур халдвар авсан хүүхдүүд эмчилгээгээ хийлгээд үзлэг шинжилгээндээ хамрагдаад халдваргүй гэсэн магадлал гарсан үед нь танхимын хичээлд суухыг зөвшөөрч байгаа.

-Анги дүүргэлт 20-25 хүүхэдтэй байх ёстой гэсэн журам бий шүү дээ. Тэгэхээр нэг ангийг 2-3 хувааж байгаа. Багш ажилчдын хүрэлцээ хэр байгаа вэ?

-Багш нарын хүрэлцээ боломжийн байгаа. Манай сургууль 56 ангийг нийт 108 дэд бүлэг болгон хичээллэж байна. Багш нар гаргасан цаг, хичээлийн хуваарийн дагуу хичээлээ орж байгаа.

-Эцэг эхчүүддээ халдвар хамгааллын ямар зөвлөмж өгч байна. Хамтран ажиллах уялдаа холбоо хэр байна вэ?

-Бид түр журамтайгаа нийцүүлээд багш ажилчид, сурагч, эцэг эхчүүдийн мөрдөх дэгийг гарган ажиллаж байгаа. Үүнд хүүхдийг хичээлд нь явуулахдаа өдрийн цайг нь тогтмол сайн уулгах, гэр-сургууль-гэр гэсэн маршрутыг баримтлах, чөлөөт цагаараа хүүхдээ гадуур сэлгүүцүүлэхгүй байх, гэрээс сургууль хүртэлх замдаа халдвар хамгааллын дэглэмээ маш сайн баримтлах зэрэг шаардлага зөвлөмжийг анги удирдсан багшаар нь дамжуулан эцэг эхчүүдэд өгч байна. Мөн сургуулийнхаа цахим хаягаар дамжуулан халдвар хамгааллаа баримтлах, зөвлөмж, анхааруулгыг байнга өгч байна.

-Хичээл эхлээд дуусах хүртэл анги дотроо хүүхдүүд халдвар хамгааллын дэглэмээ яаж сахиж байгаа вэ?

-Өглөө хичээл ирэхэд нь бүх хүүхдийн халууныг үзээд хоёр хаалгаар зэрэг оруулна. Орсон чиглэлийн дагуу зүүн хаалгаар орсон хүүхдүүд зүүн тийшээ, баруун хаалгаар орсон хүүхдүүд баруун чиглэлээр явж ангидаа орно. Хичээл тарахаар хоёр өөр хаалгаар гарна. Сургууль дотор урсгал сөрөх болон бие биетэйгээ зөрөхгүйгээр зохион байгуулсан. Жижүүр багш нарыг өдөр бүр гарган тарах, орох үед хүүхдүүдийн зайг бариулж, бөөгнөрөл үүсгэхгүй, урсгал сөрүүлэхгүй байлгах, хараа хяналтыг сайн тавьж байна. Манай сургууль дотроо 55 ширхэг хяналтын камертай. Тиймээс камерын хялналтыг мөн тогтмол хийдэг.

-Анги бүр дотроо ариутгагч болон гараа угаах угаалтуур бий юу?

-Угаалтуур бол нийтийнх. Завсарлагаан болгоноор бүлэг бүлгээр нь ээлжлэн зохион байгуулж, хүүхдүүдийг бие засуулан гарыг угаалгаж байна. Гар ариутгагчийн хувьд анги бүрт бий. Зарим анги дотроо халуунаа үзээд гар ариутгадаг юм тавьчихсан байна. Зарим нь нэг удаагийн ариутгагчтай. Боломжийнхоо хэрээр эцэг эхчүүдийн дэмжлэг туслалцаагаар ариутгалын бодисуудыг шийдчихсэн байгаа гэв.

16 дугаар сургуулийн бага ангийн багш Х.Цэрэнханд ярихдаа “Ангиа хоёр хувааж цахим, танхим хослуулан хичээллэж байна. Ажлын ачаалал их нэмэгдсэн. Өглөө цахим хичээлээ орно. Дараа нь танхимын хичээлээ заана. Хүүхэд бүрт хүрч ажиллахын тулд тараах материал хийнэ. Даалгавруудаа шалгана. Хүүхдүүдийнхээ халууныг хэмжинэ. Үдийн хоолыг нь идүүлнэ гээд ажил их. Багш нарын ачаалал маш их нэмэгдэж байгаа. Харин цар тахалын үеийн нэг давуу тал нь эцэг эхчүүд багш нартай хамтран ажиллах харилцаа холбоо сайжирсан. Эцэг эхчүүдийн хариуцлага бас нэмэгдэж байна. 2-3 дугаар ангийн хүүхдүүд хоцрогдол их байгаа. Урдны хичээлүүдээ сэргээн санах, дараагийн хөтөлбөрөө гүйцэж орох гээд хүүхдүүдийн ч ачаалал ихэссэн. Манай ангийн хувьд 4-5 сурагч бага зэргийн хоцрогдолтой яваа. Тэдэнд хичээлээс гадуур давтлага өгч хоцрогдлыг арилгахаар ажиллаж байна” гэв. 16 дугаар сургуулийн хувьд тусгаарлалтын хоёр ортой өрөө бэлтгэж, түргэвчилсэн тест, нэг удаагийн хувцас, малгай, бээлий, маск зэргийг хангалттай хэмжээгээр нөөцөлсөн байна. Зайлшгүй тохиолдол илрэн тусгаарлагдсан бол тусгаарлалтын өрөөнөөс гаргахгүй био нойлыг ч зориулалтын бодисын хамт бэлтгэн тавьсан байлаа. Цар тахалын үед хичээл сургуулийг танхимаар явуулснаар эцэг эхчүүдийн хариуцлагыг нэмж, багш сурагч эцэг эхчүүдийн харилцааг сайжруулж, багш нар ямар их ачаалал үүрч байгааг бага ч гэсэн мэдэрч байгаа сайн талтайг багш нар хэлж байлаа.

Categories
мэдээ нийгэм

Д.Монголхүү: Ковидын улмаас нас барсан хүмүүсийн тоогоор макет хийж тавьсан

“Nо naadam” хөдөлгөөнийхөн Чингисийн талбай дээр эсэргүүцлийн жагсаал хийв. Энэ талаар “Nо naa­dam” хөдөлгөөний зохион байгуулагч Д.Монголхүүгээс тодрууллаа.


-Ямар учраас энэхүү эсэргүүцлийг зарлав?

-Манай эсэргүүцлийн жагсаал 13 дахь өдрөө үргэлжилж байна. Талбай дээр өдөр бүр гарч эсэргүүцлээ илэрхийлж байгаа. Урьд нь ковидын улмаас нас барсан хүмүүсийн тоогоор зул өргөж, өдөр бүр эсэргүүцлээ илэрхийлдэг байсан. Өнөөдөр хэлбэрээ өөрчлөн Засгийн газарт өгсөн шаардлагын хариуг өгөхгүй байгаа тул бид нар хар уутаар Ковидын улмаас нас барсан хүмүүсийн тоогоор макет хийж тавьсан. Бид “Өвчнөө дараач, анхаарлаа хандуулаач, хяналтдаа аваач” гэж аль зургадугаар сарын 5-наас хойш шаардлага тавиад яваад байгаа.

-Танайхтай өөр ямар байгууллагууд хамтран жагсаж байгаа вэ?

-Эмч, эмнэлгийн ажилчид нэгдсэн. “Yes, No” төрийн бус байгууллага болон жирийн иргэд хувь хүмүүс ихээр дэмжин хамтран оролцож байгаа.

-Зургадугаар сарын 5-наас хойш Засгийн газраас ямар нэгэн хариу ирүүлээгүй юү?

-Ямар ч хариу үйлдэл реакци байхгүй. Гялайх ч үгүй байна. Тиймээс л аргаа өөрчлөн эсэргүүцлээ илэрхийлж байгаа нь энэ.

-Шаардлагыг хүлээж авахгүй бол цаашид яах вэ?

-Одоо иргэдийнхээ дэмжлэгийг л хүлээнэ дээ. Иргэд хэзээ талбай дээр гарч ирэх нь үү, хэзээ бид олуулаа болох нь уу, тэгж байж Засгийн газарт шахалт үзүүлж оруулна. Энэ Засгийн газраас арай чадамжтай кабинет бүрдүүлээд өвчнөө хяналтдаа авч, үр хүүхдүүд минь хэвийн хичээлдээ явдаг, нийгэмших хэрэгцээг нь хангуулмаар байна. Хүүхдүүд нийгэмших хэрэгцээгээ хоёр жил хасууллаа шүү дээ. Өдөр бүр ковидын улмаас 10-20 хүн нас барж байна. Энэ том давлагааг зогсоох зорилготой байгаа. Засгийн газар нь өөрөө иргэдийнхээ амь насыг аюулд оруулж, бөөн бөөнөөр нь цуглуулж зугаа цэнгэл хийдэг. Ийм байдлаа зогсоо. Ковидын үеийн хууль нь иргэдэд нэг өөр үйлчлээд, эрх мэдэлтнүүдэд өөр үйлчлээд байна. Тиймээс иргэдийнхээ амь насанд заналхийлсэн Засгийн газрыг огцруул гэсэн ийм л акц өрнөж байна.

-Засгийн газрын хуралдаанаар олон нийтийн арга хэмжээг дахин нэг сар хориглочихлоо. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Өөрсдөө бөөн бөөнөөр нь хүмүүс цуглуулж, салют буудуулж, баяр наадам болгон тэмдэглээд, өөрсдийнхөө хийх ёстой юмаа хийж дуусаад иргэдээ хорьчихож байна. Аж ахуйн нэгжүүд дахиад л хоолоо хориулаад, хүүхдүүд дахиад л онлайнаар хичээлээ хийгээд, эргээд л нөгөө байдал руугаа орчихож байна. Иргэдэд ямар шаардлага тавьж байгаа юм, өөрсдөдөө яг тэр шаардлагаа тавиад эрх тэгш байдлыг ханга гэсэн байр суурьтай л байгаа. Засгийн газар нь хэдэн зуугаар нь хүн цуглуулж байгаа юм бол аж ахуйн нэгжүүд нь 10-20 хүн суулгаад үйл ажиллагаагаа явуулж яагаад болохгүй байгаа юм бэ. Хэрвээ хорьж байгаа юм бол Засгийн газар нь ч гэсэн өөрсдийгөө хориоч. Яагаад иргэд нь хоригдоод, эрх мэдэлтнүүд нь хоригдохгүй байгаа юм бэ.

-Өнөөдрийн (өчигдөр) жагсаалд хэдэн хүн оролцсон бэ?

-Тоо баримт байхгүй. Бид нарт статистик гаргаад сууж байх боломж бололцоо байсангүй. Цагдаа нь пижигнэтэл бөөнөөрөө ирээд макет, материалуудыг булааж авч хураагаад, хүчирхийлээд эхэлж байгаа юм.