Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол даяар мал сүрэг нь шүлхийд нэрвэгдээд байхад З.Мэндсайхан сайд та ажлаа хийнэ үү!

2021 онд 17 аймгийн 90 гаруй сумын 159 голомтод малын шүлхий өвчин бүртгэгдсэн байна. Одоогоор халдварын 97 голомт буюу 10 аймгийн хорио цээр бүрэн цуцлагдсан талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас өнгөрсөн оны арваннэгдүгээр сард мэдээлсэн. Шүлхий өвчний голомттой байгаа аймгийн малчидтай холбогдож ярилцлаа.


Вакцины нөөцөө хангалттай бүрдүүлж, эртнээс орон нутгууддаа хуваарилсан бол арай ч иймдээ тулчихгүй байлаа

Архангай аймаг улсын хэмжээнд хамгийн олон үхэр тоолуулсан. Гэтэл шүлхий өвчин замаа алдаж, бүх сумдад тархжээ. Үүний гол шалтгааныг вакцинтай шууд холбон тайлбарлаж байна. Орон нутгийн хэмжээнд шүлхий өвчний эсрэг вакцины нөөц хомсодсоноос өвчин ийнхүү даамжирсан гэнэ. Газар дээрээ нөхцөл байдал ямар байгааг зарим сумдын удирдлагуудтай холбогдож тодруулахад “Ер нь хүнд байна шүү. Хөл хорио тогтоогоод байгаа хэрнээ дийлэхгүй байна. Энэ бол Засгийн газар, Хөдөө аж ахуйн яамны бодлогын алдаа. Вакцины нөөцөө хангалттай бүрдүүлж, эртнээс орон нутгууддаа хуваарилсан бол арай ч иймдээ тулчихгүй байлаа. Тэгсэн хэрнээ телевизээр “Вакцины нөөц хангалттай байгаа” гэж худлаа ярьцгаах юм. Гэтэл малчид дарга, сайд нарын ярьсанд итгээд биднээс вакцин шаардаад байна.

“Дээрээс вакцин ирүүлсэн гэсэн. Та нар яагаад хийхгүй байгаа юм. Танил талдаа хийсэн үү” гээд л үл ойлголцол, төөрөгдөл давхар давхар үүсээд байна шүү дээ. Шүлхий өвчин тархаж байгаа өөр нэг шалтгаан бол иргэд өөрсдөөсөө болоод байгаа. Шинэ жилийн баяраа тэмдэглэх гэсэн хүмүүсийн хөл хөдөлгөөн ихэссэнээс үүдэж шинээр голомтууд үүссэн. Шүлхий өвчин хүний гутал, хувцсаар хүртэл дамждаг. 20 сек/метрийн хурдтай салхилахад тархдаг. Ялангуяа зам дагасан байрлалтай айлуудын мал хамгийн түрүүнд өвчилж байна. Манай иргэд, малчид бас ухамсартай байж, хөл хорионы нөхцөлийг чанд сахимаар байгаа юм. Шүлхий туссан үхэрнүүдэд одоогоор шинж тэмдгийг нь дарах эмчилгээ л хийж байна” гэлээ.


Малчин А.Нямжаргал: Малчдаас дор боловсролтой хүмүүс мэргэжлийн яамудирддаггүй л байлтай


Архангай аймгийн Хангай сумын малчин А.Нямжаргалтай холбогдож дараахь тодруулгыг авлаа.

-Танайх хэдэн үхэртэй вэ?

-Манай хот таван айлтай. Тус бүрдээ 30-50 үхэртэй.

-Шүлхий өвчний дэгдэлт ямар байна вэ?

-Малчдын шүдний өвчин боллоо. Үнэхээр коронагаас илүү шүлхийнээс айж байна. Малчдын гол амьжиргаагаа залгуулдаг зүйл бол энэ хэдэн малын маань буян шүү дээ. Гэтэл аймшигт тахлаас илүү шүлхий өвчин Монгол орон даяар нөмөрлөө. Төр засаг нь ямар шийдвэр гаргахаа мэдэхээ байчихсан, сум орон нутаг нь тэднийхээ амыг хараад ангайсан хэдэн улс л сууна. Хөл хорио тогтоогоод ч нэмэр алга. Энэ муу шүлхий чинь салхинд туугдаад л халдварладаг айхавтар өвчин юм. Хэдэн мал, малчдыг үнэхээр туйлдуулж дууслаа.

-Өвчилсөн малыг устгалд оруулж байгаа юу?

-Манай залгаа сумдад битүү шүлхий тархчихлаа. Өмнө манай сумдад гарч байгаагүй. Одоохондоо шүлхий туссан үхэрт эмчилгээ хийгээд л байгаа. Малчдын хувьд гол итгэл найдвар нь вакцин болчихоод байна. Гэхдээ вакцин хийлгэсэн малыг зургаан сарын дараа хүнсэнд нийлүүлнэ гэсэн төр засгийн шийдвэр гарсныг малчид хүчтэй эсэргүүцэж байгаа. Яагаад гэвэл арав, арваннэгдүгээр сард шүлхий тусаад эдгэрсэн малыг хавар хүнсэнд тушаах юм бол юу болох вэ. Хаврын тарчиг цагт мал тураг байх нь ойлгомжтой шүү дээ. Малчдад хамгийн их хохиролтой. Мэргэжлийн яам нь яагаад энэ зэргийг бодож, тооцоолдоггүй юм бэ. Малчдаас долоон дор боловсролтой хүмүүс суудаггүй л байлтай. Ядаж намрын цагт хүнсэнд нийлүүлбэл хэн хэндээ тустай. Мал ч тарган байна. Эдийн засгийн хувьд ч малчдад дэмтэй.

-Шүлхий тусаад эдгэрсэн малыг зургаан сарын дараа хүнсэнд нийлүүлнэ гэсэн шалтгааныг юу гэж тайлбарлаж байх юм?

-Нэгэнт шүлхий өвчин тусаад эдгэрсэн мал вирусийг нь тээгээд явж байдаг юм байна л даа. Зургаан сарын дараа сэдэрдэг гэнэ. Голомт үүсчихдэг болохоор заавал устгалд оруулах шаардлагатай гэсэн тайлбарыг өгч байгаа юм. Тийм л юм бол вакциныхаа хангамжийг сайжруулах хэрэгтэй. Намар эрт өвчлөөд эдгэрсэн малаа одоо вакцинжуулах ёстой. Тэгэх юм бол ядаж намрын налгар цагт тарга тэвээрэг сайн авсан малаа хүнсэнд нийлүүлэхэд гомдох юм алга. Төр засаг өөрсдийнхөө алдаатай бодлогыг малчдад үүрүүлж болохгүй шүү дээ. Дарангуйллын хэлбэрээр бусдын хувийн өмчид дураараа халдаж байна. Малчдын сэтгэл зүй үнэхээр хүнд, бухимдалтай байгаа хэмээсэн юм.


Өмнөговь аймгийн Сэрвэй сумын засаг дарга Б.Батсайхантай ярилцав.

-Танай суманд хэзээ малын гоц халдварт өвчин бүртгэгдсэн бэ?

-Өнгөрсөн оны аравдугаар сарын 12-ны өдөр анхны дуудлага ирсэн байх аа. Бид 2-3 хоног малыг нь үзээд шинж тэмдэг нь адилхан бол, малаас нь дээж авч шинжилгээнд явуулсан. Шинжилгээгээ аймаг руу явуулж, аймгаас хотын төв лаборторид очоод эцсийн хариу гардаг юм байна лээ. Нэг долоо хоногийн дараа хариу нь ирж шүлхий гэдэг нь батлагдсан. Тэгээд хөл хорио тогтоосон.

-Тухайн үедээ өвчлөл илэрсэн малд ямар эмчилгээ хийсэн юм бэ?

-Яг заагаад тогтчихсон эмчилгээ байдаггүй юм байна лээ. Мал өөрийн дархлаагаараа эдгэдэг. Малчид өөрсдөө цагаан, шар тариа авч хийгээд байгаа.

-Мал устгалд оруулсан уу?

-Устгалд оруулаагүй. Мал өвдөж, устгалд оруулж хоргодсон зүйл байхгүй.

-Одоо малын өвчин бүрэн эдгэсэн үү. Ямар нэгэн асуудалгүй байгаа юу?

-Жаргалант, Баянгол, Хайрхан багууд эдгэсэн. Далан, Булаг багуудад шинж тэмдэгтэй малууд байгаа. Ерөнхийдөө хумисан.

-Хэрвээ малыг устгалд оруулсан тохиолдолд малчдад нөхөн төлбөр олгодог уу?

-Бид устгах арга хэмжээ авахаар болж, нөхөн төлбөрийн асуудлыг сөхсөн ч тэр нь олдохгүй юм ярьсан. Одоо ерөөсөө тийм мөнгө улсад байхгүй гэсэн. Өчнөөн мал устгана. Түүний нөхөн төлбөрт Засгийн газраас олгоход хэцүү болчихоод байгаа юм шиг байна лээ.

-Урьд нь нөхөн төлбөр өгдөг байсан уу?

-Урьд нь өөр аймгуудад гоц халдварт өвчин гарахаар устгадаг байсан. Нөхөн төлбөр олгодог байсан л гэсэн. Яг манай суманд урьд нь гарч байгаагүй болохоор сайн мэдэхгүй л байна.

-Танай суманд өвөлжилт хэр байна вэ?

-Манай сумын нутаг бараан байна. Нутгийнхаа хойд хэсгээр л жаахан цастай. Бусад газраар цас байхгүй. Малын ундгүй болсон. Нэг усан дээрээ мал нь бүгд шавчихсан. Малчид нь мөс ачдаг, төвийн худгаас усаа зөөдөг. Зарим нь эндээс ёмкостиор усаа зөөх байдалтай л байна.

-Малын өвс, тэжээл хэр байгаа вэ?

-Өвс тэжээл хангалттай байгаа.


Сэрвэй сумын Засаг даргатай ярилцсаны дараа өвчлөлийн голомт болон бүртгэгдсэн Мандал-Овоо сумын малчин Х.Ууганбаатартай ярилцлаа. Түүний аюулгүй байдлын үүднээс нэрийг өөрчлөв.

-Танай малд хэзээ өвчин илэрсэн бэ?

-Арваннэгдүгээр сарын 19-нд илэрсэн.

-Аймаг, сумаас хүн ирж үзсэн үү?

-Аймгаас нэг удаа ирж үзсэн. Дээж, шинжилгээ аваад явсан. Дахиж ирээгүй.

-Танай мал вакцинд хамрагдсан байсан уу. Өвчин илэрсэн малдаа ямар эмчилгээ хийсэн бэ?

-Вакцин хийлгээгүй байсан. Улсаас вакцины хангалтаа хийж чадахгүй байх шиг байна лээ.

-Хэдэн тоо толгой малаас хэд нь өвчилсөн бэ?

-1000-аад малтай. Түүний 400-гаад нь өвчилсөн.

-Устгалд орсон уу?

-Тэр дор нь цагаан тариа хийгээд нам дарсан. Мал хүндрээгүй хөнгөн дээр нь нам дарсан. Тариа хийгээд хоёр хоноод л гайгүй болоод байсан. Арванхоёрдугаар сарын 10-нд бүх малыг вакцинд хамруулсан. Түүнээс хойш өвчлөл дахин гарсангүй.


УЛСААС ВАКЦИНЫ ХАНГАЛТЫГ ХҮРЭЛЦЭЭТЭЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ БАЙНА

Улсын баруун хязгаарт нөхцөл байдал ямар байгаа талаар Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын дарга Д.Батцэнгэлтэй ярилцлаа.


-Ховд аймагт малын гоц халдварт өвчний нөхцөл байдал хэр байна вэ?

-Өнөөдрийн байдлаар хоёр суманд малын гоц халдварт өвчин голомтлоод байна. Сүүлийн 24 цагийн мэдээллээр бусад сумдад гараагүй байна. Ховд, Дөргөн, Мянгат, Эрдэнэбүрэн, Чандмань сумдад бүртгэгдсэн.

-Малаа 100 хувь вакцинжуулж чадсан уу?

-Ховд аймгийн хэмжээнд 3.6 сая мал вакцинжуулах төлөвлөгөөтэй. Үүнээс 2.3 сая малыг вакцинжуулаад байгаа.

-Жилд хэдэн удаа малыг вакцинжуулдаг вэ. Малчид өөрсдөө вакцинаа худалдаж авч хийлгэдэг үү?

-Вакциныг улсаас үнэгүй өгдөг. Улсаас вакцины хангалтыг тэр болгон хүрэлцээтэй хийж чадахгүй байна. Яагаад гэхээр улсын хэмжээнд бүх аймгуудад халдвар гарчихсан, вакцины хэрэгцээ их байгаагаас хүрэлцээ хангамж муу байна. Манай аймгийн хувьд есдүгээр сараас хойш вакцинжуулалт хийгдээд 2.3 сая малыг вакцинжуулсан. Цаашдаа үлдсэн малаа вакцинжуулахаар төлөвлөгөө гаргаад Мал эмнэлгийн газарт хүргүүлсэн байгаа.

-Өвчилсөн малаа устгаж байгаа юу. Улсаас устгасан малын нөхөн төлбөрийг өгөхгүй байх журам гарсан юм уу?

-Нөхөн төлбөр өгөхөөр өндөр зардал гарна. Улсад нөхөн төлбөр өгөх боломж муу байна гэсэн. Улсаас нөхөн төлбөр өгөхгүй учраас малыг устгалд оруулахгүй байгаа. Тиймээс дархлаажуулж, хорио цээр тогтоох, хоёрдогч халдвараас сэргийлж халдвар илэрсэн малд антибиотик эмчилгээ хийх ажлуудыг хийж байна. Цаашдаа голомтын бүсэд нь халдвар тараахгүй байдлаар хорио цээрийн дэглэм маш хатуу тогтоох үүрэг чиглэл аваад ажиллаж байна гэсэн юм.


Увс аймгийн Зүүнхангай сумын багийн дарга дараах тодруулгыг өгсөн юм.


-Голомт болсон газруудад ямар арга хэмжээ авсан бэ?

-Тодорхой бүс тогтоогоод хөдөлгөөн хязгаарласан байгаа.

-Өвчлөл хэзээ бүртгэгдсэн бэ?

-Удаагүй. Сая нэг сар гараад бүртгэгдсэн.

-Хэдэн малд өвчлөл илэрсэн бэ?

-Цөөхөн, 10-аад малд л илэрсэн.

-Тухайн айлууд малдаа вакцин хийлгүүлсэн байсан уу?

-Хийлгээгүй байсан. Одоо хийгдэж байна.

-Сумынхаа бүх малыг 100 хувь вакцинд хамруулж чаддаг уу?

-Чадахгүй шүү дээ. Вакцин улсын хэмжээнд тасарчихсан, олдохгүй байгаа. Тэр өвчин илэрсэн айлын хэдхэн малыг л вакцинжуулах боломжтой.

-Цаашид малын гоц халдварт өвчний гаралтыг бууруулахын тулд ямар арга хэмжээ авах вэ?

-Тухайн өвчлөл гарсан айлын 25 км радиус доторх бүх айлын малыг вакцинжуулах ажлыг зохион байгуулахаар хүсэлтээ өгчихсөн. Улсын онцгой комисс, аймгийн онцгой комисс тодорхой хэмжээний вакциныг шийдэж өгнө гэсэн. Тэр айлын малыг өчигдрөөс эхлээд вакцинжуулаад дуусч байна.

-Өвчилсөн малыг яасан бэ?

-Устгасан. Цагаан зээрийн нүүдлээс шалтгаалан малд өвчлөл үүсч байна.

-Устгасан малын нөхөн олговрыг малчдад өгөх үү?

-Одоогоор тийм зүйл яригдаж эхлээгүй байна. Энэ 2-3-хан хоногийн өмнө болсон явдал. Бүх зүйл шат дарааллаараа явагдана. Вакцинжуулах, тусгаарлах, хорио цээрийн дэглэм тогтоох ажлууд хийгдэж байна. Түүний дараа нөхөн олговор зэрэг асуудлууд хуулийн дагуу явагдах ёстой.

-Устгасан малын нөхөн олговрыг төрөөс өгөхөө больсон гэх мэдээлэл байна?

-Түүнийг одоогоор мэдээгүй. Ямар ч байсан өвчтэй малынхаа асуудлыг бүрэн гүйцэд шийдээд дараагийн асуудлуудаа авч хэлэлцэнэ.

Эдгээр мэдээллээс харахад Монгол даяар мал сүрэг нь шүлхий өвчинд нэрвэгджээ. Ийм байхад өвчнийг даруйхан дарах, эмчлэх, вакцингүй сууж байгаа З.Мэндсайхан сайд та юу хийж байна вэ? Ажлаа хийнэ үү?


С.ОТГОН, М.МӨНХ

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Батсайхан: Түүх үнэн байх хэрэгтэй

Монгол Улсын төрийн соёрхолт, Түүхийн шинжлэх ухааны доктор О.Батсайхантай ярилцлаа.


-1911 оны Үндэсний хувьсгалыг хийх тэр мөчид юу болж байсан талаар яриагаа эхлэх үү?

-Энэ өдрүүдэд тусгаар тогтнол төр улсаа сэргээн мандуулсны 110 жилийн ой тохиож байна. 1911 оны цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын 9-нд монголчууд манжийн эрхшээлээс гарч тусгаар тогтнолоо сэргээн мандуулж, бурхан шашны тэргүүн VIII Богд Жавзандамба хутагтыг улсын эзэн хаанаар өргөмжлөх төрийн ёслол Хүрээнд болжээ. Энэ үйл явдал бол нэгдүгээрт, туурга тусгаар улс болсноо дэлхий дахинд тунхаглан зарласан төрийн ёслол юм. Хоёрдугаарт, монголчууд бурханы шашинтай байсан учраас бурханы шашны тэргүүнээ хүрээлж, үндэсний үзлээрээ нэгдэж чадсаны үр дүн юм. Богд гэгээнтний нэр хүнд, алдар суу монголчуудын дунд өндөр байсныг хэлэх нь зөв байх.

1911 он бол монголчуудын үндэсний эв нэгдлийн оргил болсон юм. Алтан ургийн хан, ноёд, гүн, хутагт, хувилгаад, томоохон лам нар бүгдээрээ нэг зүйлийг ойлгосон. Тэр юу вэ гэвэл, энэ цаг мөчид тусгаар тогтнол, төр улсаа сэргээх нь бүхнээс чухал гэдгийг нэгэн дуугаар хүлээн зөвшөөрсөн юм. Богд гэгээнтнээс энэ цаг мөчид бүгдээр хөдөлж, туурга тусгаар улсаа сэргээн байгуулж, уул эзэн нутагтаа эзэн суух хэрэгтэй гэсэн зарлиг буулгаж, эл зарлигаа бүх монгол овогтонд хүргэсэн байна. Тэр зарлигийг бүгд дотроо залбирч, дэмжиж Богдыгоо хүрээлж тэмцэж, амжилтад хүрсэн юм.

-Социализмын үед түүхэн үнэнийг гуйвуулж байсан гэх юм билээ?

-Социализмын жилүүдэд Богдыгоо сайн биш саараар хэлж ирсэн. Кино, уран зохиолд ч тэгж бичиж ирсэн. 1911 оны түүхэн үйл явдалд бага ач холбогдол өгч байсан. 1921 оны үйл явдлыг л илүү дөвийлгөж харуулдаг байлаа. 1990 оноос өмнө 1911 оны үйл явдалтай холбоотой эх сурвалжууд байдаг ч ил гаргадаггүй байлаа.1990 оны ардчилсан хувьсгалын дараа монголчууд түүхийн хандлагаа өөрчилж, түүхээ мэдэх ёстой юм байна гэдэг үүднээс Чингис хааныхаа хөшөөг Улаанбаатар хотдоо босгож, монголчууд өөрсдийн ураг, удам, овгоо мэдэх үйл явц эхэлж байна. Монголын түүхийн бахархал болсон ном, эх сурвалж олноор хэвлэгдэн гарч байна. Тухайлбал, 1925-1927 онд 1911 оны үйл явдлыг будаг шунхгүйгээр сайхан бичсэн Магсар хурцын “Монгол Улсын шинэ түүх” номыг гараар хуулж, Зөвлөлт Орост нэг хувь, Монголд хоёр хувь байсан нь 1990 онтой золгосон юм. 1994-1995 онд эрдэмтэн профессор З.Лонжид гуай бид хоёр энэ номыг монгол бичгээс кирилл үсэг рүү буулгаж хэвлэсэн юм. Дээр нь 1934 онд монгол бичгээр хэвлэгдсэн Л.Дэндэвийн “Монголын товч түүх”, мөн Нямжав гүний бичсэн “Монгол Улсын Автономи хэмээх… түүх бичиг”, “1911 оны үндэсний хувьсгалтай холбоотой баримт бичгийн эмхэтгэл” гарсан байна. Эдгээр түүхэн үнэний сурвалж болсон ном сурах бичгүүдийг уншиж байгаарай. Яагаад эдгээр номны нэрийг дурдаад байна гэхээр орчин үед үнэн худал нь мэдэгдэхгүй түүхэн зохиол гэж их гарах боллоо.

-Түүхчид янз бүрийн олон дүгнэлт гаргасан байдаг. Нэг асуудал дээр нэгдэн тогтсон үзүүлэлт байхгүй маргадаг. Орчин үед нэгдсэн судалгаа гаргаад дүгнэлтээ нэгтгээд явах боломж нь хэр байдаг вэ?

-Манай түүхчид цөөхөн. Монгол Улс баялаг түүхтэй. Англи, Америк, Герман, Япон, Солонгос зэрэг дэлхийн улсуудын эрдэмтэд XIII-XIV зууны үеийн Монголын түүхийг илүү сонирхдог. Яагаад гэвэл дэлхийн талыг эзэлж явсан хоёр зууныг монголчуудын зуун гэж үздэг учраас. XX зууны түүхийг судалсан чамлахааргүй хэдэн эрдэмтэн байгаа. Гэхдээ манай эрдэмтэд асуудал асуудлаар нь жишээлбэл, гадаад харилцаа, эдийн засаг, Богд хаан, шашин гээд тус тусад нь судалгаа хийдэг. Мөн үе үеэр нь судалдаг. Юутай ч судалгаа гүнзгийрэхийн хэрээр түүхчдийн ойлголт нэг болж байгаа. Монголын орчин үеийн түүх 1911 оноос эхэлж байгаа гэдэг дээр санал нэгдсэн.

-1920 онд Богд хааныг буулгаад Хятадын Ерөнхийлөгчийн хөрөгт мөргүүлсэн гэдэг түүх бий. Бүх цаг үед л урвагчид байсаар ирсэн. 110 жилийн дараа эдгээр урвагчдын нэрийг зарлах цаг болсон байх тийм үү?

-1911 онд Их Хүрээ төвтэй Монгол Улс Богд хааныг ширээнд залаад гал голомтоо бадраасан. Өвөр монголын 49 хошуунаас 38 нь дагаар орж эхэлсэн. 1915 оны Хиагтын гэрээгээр Өвөр монгол хилийн гадна үлдэж байгаа. Тэр хүмүүс аргагүйн эрхэнд нэг хэсэг нь хилийн гадна, нэг хэсэг нь Монголдоо ирсэн юм. Энэ нь тухайн үеийн нөхцөл байдалтай л холбоотой. Өмнөд Монгол Манжид дагаар орсноос 275 жил, Халх Монгол дагаар орсноос 220 жил, зүүн гарын Ойрдууд хүчээр эзлэгдсэнээс 150 жилийн дараа тусгаар тогтнолоо сэргээсэн 1911 оны үйл явдал болов. Энэ үед төрийн уламжлалаа мэддэг хүн хэр их байв. Гэх мэтээр олон асуудал байна. 1912 онд Богд хааны зарлигт урагшаа урвасан гэх Доржпалам гэдэг хүнийг буруушаасан баримт байдаг. Энэ хүн бол Сэцэн хан аймгийн сүжигт ван Доржпалам гэдэг хүн юм. Энэ хүн анх тусгаар тогтнолын хэрэгт санаа нийлж байгаад гэнэт сэтгэл хувьсан урагшаа Бээжин явсан тул Богд хааны зарлигаар ялласан байдаг. Улсаас урвасан хүнийг шийтгэх хууль ёсоор түүнийг алах ялтай хэмээн үзэж байсан боловч “Өөрийн бурууг сэхээрэн мэдэж, нэгэнт дуртай ял хүлээсүгэй” гэсэн тул амийг хэлтрүүлж, улсад туслагч гүнгийн цолыг хурааж, дүү нар болон хүүхдийг нь ялаас хэлтрүүлсэн байдаг.

1919 оны үйл явдлыг нэлээд ярьдаг. 1919 оны намар Хятадын харгис хүчин Сюй Шү Жан Монголын засгийн эрхийг хүчээр булаан авах үед Монгол Улсын Ерөнхий сайдаар Шанзав Бадамдорж байлаа. Богд хаан,Шанзав Бадамдорж нарын ордоныг хятад цэргүүд бүсэлж айлгаж сүрдүүлсэн байдаг. Ингээд Ерөнхий сайд Бадамдорж, сайд болон дэд сайд нарын хамтаар Хятадад дагаар орох бичигт гарын үсэг зурсан гэдэг. Харин Богд хаан тууштай эсэргүүцсэн. Гарын үсэг зураагүй, тамга дараагүй үйл явдал болсон. Тухайн үедээ “Богц богц мөнгөөр Богдыгоо худалдсан сайд нар гуай” гэсэн үгтэй дуу ард түмний дунд гарч байсан. Тийм дуу гарч байсан гэхээр яах аргагүй ийм үйл явдал болсон гэж дүгнэж байгаа. Ингээд 1920 оны нэгдүгээр сард Хятадын Ерөнхийлөгчийн хөрөгт Богд хааныг хүчээр мөргүүлэх ёслол Хүрээнд болсон юм. Энэ бол монголчуудын түүхэнд үнэхээр гутамшигтай зүйл болжээ.

-Орчин үеийн ном зохиолуудаас аль нь бодит үнэнг бичсэн юм бэ. Залуус ямар эх сурвалжаас үнэн бодит мэдээлэл авч болох вэ?

-Түүхэн ном, эх сурвалжууд их зузаан учраас залуус тэр бүр уншихгүй байна. Энэ сарын 29 үндэсний баярын өдөр, бүх насныхан Богд хааны ордон музейг өөрийн биеэр ирээд үзээрэй. Мянга сонссоноос нэг үз гэдэг дээ. Өөрийн биеэр ирээд үзвэл арай өөр мэдрэмж төрнө. Мөн Чойжин ламын сүм музейг үзэх хэрэгтэй. Үндэсний түүхийн музейгээ үзэх нь зөв. Яагаад гэвэл 110 жилийн өмнөөс монголчуудын маань туулж ирсэн замналыг харуулах түүхэн дурсгалын өв баримтууд эдгээр газруудад хадгалагдаж байна.

-Боловсролын системд түүхэн үнэнийг яаж гуйвуулахгүй оруулах ёстой вэ?

-Өндөр гэгээн Занабазар өөрийн хүрдэн дээр “Төр маш бат, Шашин маш тунгалаг, Тэнгэр энх, Түвшин дэлхий” хэмээх хос үгийг бичсэн байна. 1911 онд тусгаар тогтнолоо зарлан тунхаглаад улсын эзэн хаан суусан Богд хаан анхдугаар Богдынхоо зохиосон энэ үгийг тамганыхаа дөрвөн талд шигтгэсэн. Дээр нь Өндөр гэгээн Занабазарын зохиосон соёмбо үсэг, уйгаржин монгол бичиг, дөрвөлжин үсгээр “Шашин төрийг хослон баригч, Наран гэрэлт Богд хааны тамга” хэмээн тамгандаа бичсэн байдаг.

Нэгдүгээрт, түүх үнэн байх хэрэгтэй. Энэ үнэн түүхийг ерөнхий боловсролын сургуулийн сурах бичигт оруулах хэрэгтэй. Богд хааныг хатных нь хамт, төрийн таван сайдтай нь, Ерөнхий сайд Сайн ноён хан Намнансүрэн, Гадаад яамны сайд Чинван Ханддорж, Дотоод яамны сайд Да лам Цэрэнчимэд, Сангийн сайд Түшээт ван Чагдаржав, Цэргийн яамны сайд Далай ван Гомбосүрэн, Шүүх яамны сайд ван Намсрай гээд эдгээр хүмүүсийн нэрийг сурах бичигт бичиж үлдээх хэрэгтэй. Энэ бол онц чухал. Дээрээс нь Богд хааны өөрийнх нь зарлиг бий. “Тэнгэрийн цаг болжээ. Энэ цаг мөчид хөдөлж тусгаар тогтнол эрх чөлөөгөө олж ав. Энэ газар нутагтаа эзэн суу” гэж. Өвөг дээдэс, өрлөг түүхэндээ өсвөр үе, үр хүүхдүүд маань үнэнч болж өсөх болно. Түүхээ мэдэхгүй бол гуйвж дайвж, урваж, няцах бол энүүхэнд. Тиймээс үнэн түүхийг олж судалж, мэдэж, сонсох явдал чухал шүү. Түүх бол сургамж, түүх бол ой санамж.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Даяар: Олон улсад зөөврийн хоолны үйлчилгээ явуулж болж байхад Монголд “Үгүй, болохгүй” хэмээх ганцхан л хариулт өгдөг


Автобусанд хооллох боломжтой зөөврийн хоолны үйлчилгээг Монголд оруулж ирэхээр хувиараа бизнес эрхэлдэг залуус ажиллаж байсан юм. Гэвч хоол үйлдвэрлэл явуулах зөвшөөрөл олгоогүй учраас энэхүү бизнесээ явуулах боломжгүй болсон талаар нэг хэсэг цахим орчинд шуугьсан. Энэ талаар хувиараа бизнес эрхлэгч С.Даяартай ярилцлаа.


-Анх хэзээ автобусанд зөөврийн хоол хийж иргэдэд үйлчилж байв?

-2012-2013 онд автобусаа бүтээсэн байх аа. Оныг нь тодорхой санахгүй байна. Гадаадад сурч ирээд хувиараа түрээсийн үйлчилгээ явуулж, энд тэндхийн шоу арга хэмжээ, наадмын үйл ажиллагаанд очиж үйлчлэхэд тухайн үедээ энэ чиглэлийн соёл хөгжөөгүй байсан.

Тэгээд л хөдөө орон нутагт, эсвэл энд тэндхийн оффисуудын төлбөртэй зогсоолд төлбөрөө төлөөд үйлчилгээгээ явуулъя гэж бодсон. Түүнийг хөгжүүлэхэд нэгдүгээрт, үйлчилгээний соёл хоёрдугаарт, шинэлэг үйлчилгээг иргэдэд мэдрүүлбэл гоё юм болов уу гэж бодоод найздаа санаагаа хэлэхэд дэмжсэн.

Автобус бол бидний өөрсдийн бүтээл л дээ. Бид өөрсдөө зургийг нь гаргаад хийсэн. Хотод буруу талдаа жолооны хүрдтэй автобус явуулахгүй гээд актлагдсан байсан автобусыг авч доторхыг нь бүрэн шинэчилж янзлаад үйлчилгээ явуулахад бэлэн болгосон

-Автобусаа тохижуулж янзлахад хэдэн төгрөгийн төсөв гаргасан бэ?

-Тухайн үеийн зүйлийг яг тодорхой санахгүй байна. Автобусны үнэ өртөг ороод 30 гаруй сая төгрөг болж байсан. Тэр бол зөвхөн автобусаа л тохижуулж янзлахад зориулсан мөнгө. Бусад зардлуудыг нарийн тооцож чадаагүй.

-Тухайн үед юунаас болоод үйл ажиллагаагаа явуулж чадаагүй гацчихсан юм бэ?

-Зөвшөөрөл авах ёстой байсан. Гэхдээ ийм төрлийн үйлчилгээний зөвшөөрөл гэж байгаагүй. Бид өөрсдөө Стандарт хэмжилзүйн газар очиж явуулын үйлчилгээ эрхлэх стандарт батлуулаад болох талаас нь үзсэн. Гол асуудал нь дүүрэг, нийслэл хотод үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авахаар 2-3 шатлалын түвшинд уулзахад ойлголцох боломж олдоогүй. Бидний зорилго бол нийслэлийн хүн ам ихтэй, оффис барилгуудын гадна зогсоол дээр автобусаа байрлуулаад, зогсоолын төлбөрөө төлөөд, тодорхой цагуудад очиж үйлчилгээгээ үзүүлэх байсан. Хүн энэ үйлчилгээг мэдэхгүй байж болно. Гэтэл тухайн уулзсан хүмүүс ийм юм хийх гэж байгаа гээд хэлэхээр хамгийн эхний хариулт нь “Өө, тийм үү. Ямар үйлчилгээ вэ” гэж огт асуухгүйгээр шууд л “Үгүй, болохгүй” л гэдэг. Бид Онцгой байдлын газраас галынхаа дүгнэлтийг авчихсан. Манайх цайны газрын ангилалтай, архи пиво зардаггүй, ресторан биш.Цайны газраар тохижуулж, дүүргийн мэргэжлийн хяналтын байцаагчид тоогоо бүртгүүлээд, бичиг баримтаа бүрдүүлээд дүүргийн үйлдвэрлэл үйлчилгээний хэсэгт очихоор тийм ангилал байхгүй гэсэн шалтгаанаар зөвшөөрөөгүй. Гэтэл манай автобусыг яаж тохижуулсан, ямар стандарт шаардлагыг хангасан, хүмүүст хэрхэн үйлчлэх талаар судалж мэдээлэл авахаар ирсэн нэг ч төрийн албаны хүн байхгүй. Улсын байгууллага, үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэс, нийслэл, дүүргийн хэлтсүүдэд бүгдэд нь хандаад ийм зүйл хийсэн гээд автобусныхаа зураг харуулаад тухайн үед бүрдүүлсэн бичиг баримтаа үзүүлээд явахад нэг ч хүн ирж үзээгүй. Нэг ч удаа ирж үзээгүй байж “Болохгүй” гээд байдаг нь үнэхээр сонин.

-Тухайн үедээ зээл авсан байсан уу. Зөвшөөрөхгүй болохоор ямар бэрхшээл тулгарч байв?

-“Олон улсад ийм үйлчилгээ хүлээн зөвшөөрөгдөөд үйл ажиллагаагаа явуулж болоод байна. Монголд яагаад явуулж болдоггүй юм бэ” гэхээр ямар нэгэн буруу шийдвэр гаргачихвал өөрсдөө эргээд асуудалд унаж магадгүй гэсэн айдастай “Үгүй” гэдэг хариултыг өгдөг. Дунд түвшний төрийн албаны удирдагч нар өөрсдөө шийдвэр гаргах чадваргүй юм шиг байна лээ. Тийм айдас их байдаг болохоор зөвшөөрдөггүй байх гэж би хувьдаа дүгнэсэн. Тухайн үедээ хөрөнгө оруулалт нь хийгдчихсэн. Банк бус санхүүгийн байгууллагаас зээл авчихсан байсан. Тэгээд л одоо нэгэнт эхэлчихсэн юм чинь гээд жижиг цайны газраа нээсэн. Тэр хооронд автобус маань хаягдчихсан мөртлөө байж л байгаа.

-Цайны газар нь хэр орлоготой байв. Иргэд их үйлчлүүлж байв уу?

-Ер нь боломжийн үйлчлүүлэгчтэй, зарим нэгэн шинэ санаа туршиж эхэлсэн. Тэр үед CU-ийн салбар Монголд орж ирээгүй байсан. Тэгээд бид савласан хоол хийгээд дэлгүүрт тавьж борлуулъя гэсэн санаа төрж албан ёсны байх шаардлагатай учраас зөвшөөрлөө хөөцөлдсөн. Дахин улсын байгууллагаар орж зөвшөөрөл хүсэхэд бас л ижилхэн хариу өгсөн. Ийм хоол болохгүй. Тийм стандарт ч байхгүй гээд зөвшөөрөөгүй. Болох талаас нь огт ярьдаггүй. Хамгийн гомдмоор байсан нь юу байсан гэхээр нэг дүүргээс зөвшөөрөл хүсэхээр мэргэжилтэн нь “Миний дүү 7-8 жилийн өмнө гадаадад ажиллаж, амьдарч, сурч байгаад ирсэн хүн над дээр ирээд яг наад зөвшөөрлийг чинь хүсээд дийлээгүй. Бүтэхгүй дээ” гэж хэлсэн. Надаас 7-8 жилийн өмнө бас нэгэн залуу бизнес хийхээр явж байхад зөвшөөрөөгүй учраас больчихсон. Ямар ч шалтгаангүй санагддаг. Одоо ч гэсэн төрийн байгууллагуудаар ороход “Үгүй, болохгүй” л гэдэг. Түүнээс “Алив юу хийх гэж байгаа юм. Тийшээ ороод уулзчих” гэдэг ч юмуу болгох талаас нь ер ярьдаггүй. Тэр бол миний хувьд хамгийн том бүтэлгүйтэл байсан.

-Автобусандаа тэгээд үйлчилгээ үзүүлж чадаагүй юу?

-Бид энд тэндхийн арга хэмжээнд л очдог байсан. Монгол шилтгээн дээр болдог шоунууд, Интро, наадам дээр очиж байсан. Нэг наадмаар зөвшөөрөл аваад оръё гэхээр автобусаар үйлчлэх зөвшөөрөл өгөөгүй. Манай автобусыг нэг ч хүн үзээгүй байсан болохоор тухайн үедээ Хүй долоон худаг руу орох гэтэл автобусыг маань оруулаагүй. Тэгэхээр нь зогсоол дээр нэлээд зайтай тавьж, сүүдрэвч шиг юм бариад автобусныхаа тоног төхөөрөмжийг салгаад сүүдрэвч рүүгээ зөөж, тэндээ хоолоо хийж үйлчилсэн. Дуусахад нь буцаагаад л тоног төхөөрөмжөө зөөж автобусандаа суурилуулаад хөдөлж байснаа мартдаггүй юм. Уг нь бол автобустайгаа очоод гаднаа гоё сүүдрэвч засаад хүмүүсээ суулгаад, автобус дотроо хоолоор үйлчлэх байтал тэгж чадаагүй. Хүрч ирээд үзэж сонирхох ч хүн байгаагүй.

-Танайх халуун, хүйтэн усаа яаж шийдсэн бэ?

-Зөөврийн усаар шийдсэн. Автобус нь аяллынх байсан болохоор доорх ачааны хэсэгт нэг талд нь бохир хийх сав, нөгөө талд нь цэвэр усны сав байршуулаад хоолойгоор татаж, халуун хүйтэн ус гоожих бойлуураар шийдсэн.

-Автобусандаа хэдэн хүнд зэрэг үйлчлэх боломжтой вэ?

-Нэг удаа 21-22 хүнд зэрэг үйлчлэх боломжтой. Ажилчид нь багадаа дөрвөн хүн үйлчилнэ. Ачаалал ихтэй үед үйлчлэх хүн нь нэмэгдэнэ.

-Одоо хотын даргын захирамж гараад ийм, ийм үйлчилгээ хийхийг хориглохгүй. Төрөөс дэмжинэ, тусгай зөвшөөрөл гэж байхгүй. Цахимаар бүх үйлчилгээгээ авна гээд байгаа. Хэрэв энэ ажил хэрэг болбол энэхүү хоолны үйлчилгээгээ үзүүлэх үү?

-Ер нь бол хэзээ ч болино гэж бодоогүй. Хөл хорионы үеэр хэсэг зогссон. Одоо ч манай нэг цайны газар ажиллаж байгаа. Тохиромжтой цаг үе нь гарч ирэхийг хүлээж байсан. Боломж бол бий. Дахиж автобус тохижуулаад хийнэ гэж боддог.

-Цаашдын зорилго төлөвлөгөөгөө гаргасан уу?

-Дэлхийн том хотууд руу жижигхэн цайны газар болж гарах хүсэлтэй байгаа. Түүнээс Монголд бидний бизнес хаалттай байна. Бангкок юмуу, Сөүл хот руу гарвал хөрөнгө оруулалт нь ойролцоо тусч байгаа. Зардлаа хурдан нөхнө гэхээсээ илүү бизнесийн таатай орчинтой. Манайхан бантанг үндэсний хоол гээд байдаг. Мах их иддэг л гэдэг болохоос энэ олон жилийн турш бидний иддэг гульяш, тефтель зэрэг хоол монгол хоол л болчихоод байна. Жишээлбэл, будаатай хуурга гэдэг хоол азийн бараг бүх оронд байгаа. Харин түүний орц найрлага л арай өөр болдог. Манайх арай мах ихтэй, солонгос хятадад далайн хүнсний орц ихтэй. Гэхдээ үндсийг нь харахад адилхан будаатай хуурга. Тиймэрхүү жишээгээр бидэнд гадаадад гарахад боломж байгаа болов уу гэж харж байна. Энд тэнд очихоор монгол хоолны газар гэвэл хүмүүс их сонирхдог. Сүүтэй цай чанаад өгөхөд хүн болгон мэдэхгүй. Сүүн дээр давс хийхээр хүмүүс их гайхдаг. Гэхдээ амт нь гоё. Энэ нь өөрөө брэнд юм болов уу л гэж боддог. Тиймээс Монголд гэхээсээ илүү гадаадад гарах бодолтой байна. Ковид бидэнд нэг давуу тал олгосон нь Сөүл, Банкгогийн хамгийн бизнес гудамжинд хэзээ ч жаахан зай гарах боломж байгаагүй. Гэтэл ковидын улмаас зарим газрууд нь дампуураад үйл ажиллагаагаа зогсоосон. Үүнээс үүдээд бидэнд зай гарч, боломж нээгдэж байгаа гэж хараад хил гааль нээгдэхийг хүлээж байна.

-Ковидын үеэр юу хийж байв. Үйлдвэрлэл үйлчилгээ нэг хэсэгтээ л хаалттай байлаа шүү дээ?

-Сүүлийн гурван жил нийтийн тээвэр, авто замын түгжрэлийг бууруулахаар санал шийдэл олохоор явж байна. Өөрийнхөө очиж байсан хэд хэдэн хотын жишээн дээр тулгуурлаад авто замын түгжрэлд олсон шийдлээ нийслэл хотынхонд танилцуулах гээд л яваад байгаа. Үндсэндээ судалгаануудаа хийгээд явж байна. Цайны газрынхаа ажлыг жаахан хойш нь тавьчихсан. Түгжрэлийн асуудлаар жижиг шторк бэлдээд Youtube суваг дээр байршуулчихсан. Иймэрхүү л ажил хийгээд явж байна даа.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Ж.Золжаргал: 120 ам.доллараар нүүрсээ зарж байгаа компани 400 гаруй ам.долларын АМНАТ төлнө гэдэг утгагүй асуудал


“Монгол нүүрс ассоциаци”-ийн гүйцэтгэх захирал Ж.Золжаргалтай ярилцлаа.


-Бодлогогүй АМНАТ-аас болж том уурхайнууд дампуурвал буцаад сэргэхэд маш их хугацаа хэрэгтэй-


-АМНАТ-ын тухай хуулийг олборлолтын салбарынхан ихэд шүүмжлээд байх юм. Энэ тал дээр таны байр суурь ямар байна вэ?

-АМНАТ-ын талаар 1-2 жилийн өмнө эсэргүүцэх асуудал их гарсан. Нүүрсийг баяжуулаад нэмүү өртөг шингээж байгаа компаниуд илүү их АМНАТ-ын дарамтад ороод байна гэх асуудал үүссэн. Хүчинтэй байх ёстой тогтоол Хууль зүйн яаманд бүртгүүлээгүйгээс болоод асуудал гарсан байдаг. Дараа нь түүнийгээ хуулиндаа тогтоогоод өгчихлөө гэж ойлгосон. Энэхүү асуудал шийдэгдсэн. Дотооддоо нүүрс олборлоод, баяжуулаад, борлуулаад дахин экспортод гаргахад давхар АМНАТ төлөөд байна гэсэн яриа байсан. Гэхдээ дотоодод борлуулахад тэр үнээс нь тооцсон АМНАТ-ыг экспортод гаргах үеийнх нь АМНАТ-аас хасна гэдэг хуулийн тодорхой зохицуулалт бий. Энэ зохицуулалтаар хасагдаад гарах ёстой. Гэтэл бодит байдал дээр яаж хэрэгжиж байгааг мэдэхгүй. Журмын дагуу хасагдаад гарч байгаа учир давхар тооцогдоно гэсэн зүйл байхгүй. Гэнэтийн ашиг гэдэг шиг хэрвээ нүүрсний үнэ олон улсын зах зээл дээр ердийн байдлаасаа огцом өндөр үнэтэй болох юм бол ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг илүү нэмэгдүүлж төлдөг туршлага олон улсад бий. Энэ логик нь бизнес ашигтай ажиллаж байтал зах зээл дээр үнэ огцом өсчихлөө. Тэгэхээр бизнесийнхэн илүү ашиг авна.

Ашигт малтмалын нөөц үндсэн хуулиараа төрийн нийгмийн өмч, ард түмний өмч гэж заасан. Тэр утгаараа ард түмэн тэрхүү ашгаас хүртэх ёстой. Тэр нь нөөц ашигласан төлбөрөөрөө дамжиж очдог гэсэн логиктой. Энэ утгаараа илүү өндөр үнэтэй үед нөөцийн төлбөр нэмэгдэх нь байж болох үзэгдэл. Олон улсад ч энэ үзэгдэл ажиглагддаг. Гэхдээ нэг том ялгаатай. Манай хуульд үнэ өндөр болохоор нийт үнийн дүнгээс нь авч байгаа АМНАТ дагаад өсчихдөг. Уул уурхай хөгжсөн орнуудад хэвийн үнээс хэр хэмжээгээр өснө тэр өссөн үнээс нь илүү их АМНАТ авдаг. Жишээ нь, 100 долларын үнэтэй нүүрсээ борлуулахад 5 хувийн АМНАТ авдаг байлаа гэж бодъё.Түүнийгээ 120 ам.доллараар зараад ирэнгүүт манай хуулиар 5 биш 10 ам.долларын АМНАТ төлдөг. Австралид 100 ам.доллар байлаа гэхэд 120 доллар болж өсвөл нэмэгдсэн үнээс нь 20 хувийн АМНАТ авдаг. Манайд бол нийт дүнгээс нь авчихаар үнэ нэмэгдлээ гээд тэр байгууллагад ашиггүй. Өндөр үнээр зарах сонирхолгүй болчихдог.

-Ашигт малтмалын тухай хуульд эдгээр асуудлаа засаж сайжруулах ямар нөхцөл оруулах ёстой вэ?

-Энэ хуулинд АМНАТ-ын зохицуулалтыг ухаалгаар хийх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, зах зээл дээр түүхий эдийн үнэ нэмэгдэхээр нөөц ашигласны төлбөрийг нэмж төлөх нь хэвийн үзэгдэл. Гэхдээ хэвийн дүнгээсээ хэр их нэмэгдсэнээр нь хэдэн төгрөгийн татвар авч болох вэ гэдэг асуудлыг судалж байж авах хэрэгтэй. Нийт дүнгээс нь өндөр үнэтэй татвар авах юм бол логикгүй, үндэслэлгүй буруу томьёолол. Ийм томьёолол одоогийн ашигт малтмалын тухай хууль дээр байгаа. Үүнийг шинэ хуулиар өөрчилж, уул уурхай хөгжсөн орнуудын жишигт аваачих болов уу гэж найдаж байна.

-Нүүрсийг тэгэхээр хаягдалтай нь цуг үнэлээд байна гэсэн үг үү?

-Тийм. Нүүрсийг цэвэрлэж, ялгаж байж баяжуулах хэрэгтэй. Тэгэхгүй бол сайныг нь олборлоод шууд аччихдаг. Холилдсон шороо чулуутай хэсгийг хаяад байж болохгүй. Монголын хууль, төрийн бодлогын хүрээнд ч гэсэн ашигт малтмалыг хаягдалгүй иж бүрнээр нь ашиглах зорилттой. Тэр нь баяжуулсан коксжих нүүрс гэдэг дээр тавьдаг АМНАТ нь үнэ өндөр болоод, баяжуулах нь ашиггүй болохоор баяжуулах үйлдвэр барихгүй байгаа. Үндсэн зорилгынхоо эсрэг нөлөөлөх бодлого явуулдаг. Үүнийг шинэ хуулиар засах байх.

-Нүүрсийг баяжуулж, коксжуулахад хэр их зардал гарах вэ?

-Олон арван сая ам.доллараар үйлдвэр барина. Тэгж байж баяжуулна. Тонн тутамд хэдэн төгрөгийн зардал гарах вэ гэдгийг нарийн тооцоолсон зүйл байхгүй.

-Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэн найруулахад ямар хүмүүс багтаж ажиллах ёстой вэ?

-Хуулийн төслийг боловсруулж байгаа гэж сонссон. Уул уурхай хүнд үйлдвэр салбар яамнаас аж ахуйн нэгжүүд, төрийн бус байгууллагуудад төслөө танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлнэ гэсэн. Түүнтэй танилцаад мэргэжлийн хүмүүсийн санал сэтгэгдлийг тусгаж ажиллавал үр дүнтэй байх болов уу.

-Энэ жилийн нүүрсний экспорт ямар байв?

-АМНАТ-ын тухайд энэ жил нэг том асуудал гарсан. Хуулийн зохицуулалтад борлуулсан нүүрсний орлогоос тэдэн хувийн АМНАТ авна гэж заасан байгаа. Борлуулалтын үнийг Сангийн яамнаас гаргасан ажлын хэсэг тогтоодог. Тухайн ажлын хэсгийн тогтоосон үнэ бодитой биш. Гэрээнд заасан борлуулалтын үнээс хэд дахин өндөр үнэ зоодог. Үүний дутагдалтай, ноцтой зүйл нь энэ оны 2,3 дугаар улиралд нүүрсний үнэ огцом өсөхөд анзаарагдсан. Эрдэнэс Таван толгой компанийн уурхайн амын үнэ 120 ам.доллараар 1 тн нүүрсийг борлуулж байхад АМНАТ-ыг 430-аад ам.доллараар бодож авсан. 120 ам.доллараар нүүрсээ зарж байхад 430 ам.доллараар борлуулсан гэж үзээд АМНАТ бодож авч байгаа юм. Тэр нь ямар ч үндэслэлгүй. Яагаад гэвэл Хятадын зах зээл дээр нэг хэсэг үнэ хөөсөрсөн. Үнэ өндөр болоход түүнийг дагаад хил дээр 30-аадхан км тээврийн зардал бараг 300 ам.доллараар өссөн. Тээврийн зардал нь 300 ам.доллараар өсчихөөр уурхайн аман дээрх үнэ өсөх боломжгүй болчихож байгаа юм.

-Тээврийн үнэ нь яагаад ийнхүү өссөн юм бэ?

-Таван толгойгоос Цагаан хад хүртэл 200 гаруй км замын зардал хэвийн. Цагаан хадаас Хятадын хил давах 30-хан км газар 1 тн нь 170 юань байсан бол 2100 болж өссөн. Яагаад ингэж өсөх болов гэхээр нэгдүгээрт, нэг машин тэр хооронд сар гаруй болж байж хил давах болсон. Сард нэг л удаа гарах юм чинь орлогоо нөхөхгүй бол болохгүй гээд тээвэрчид үнээ нэмсэн. Хоёрдугаарт, 10 дахин өснө гэдэг өөрөө үндэслэлгүй зүйл. Үүнийг төр засгийн зүгээс хянаж зохион байгуулж чадаагүй. Зохион байгуулж чадаагүйгээс болоод нүүрсний үнэ бараг 300 ам.доллараар өсөхөд Монгол Улсын борлуулалтын орлого огт нэмэгдээгүй. Зөрүү мөнгө нь хил дээр юу болоод яагаад байгаа нь мэдэгдэхгүй хар нүх шиг юм руу ороод явчихсан. Нүүрсний үнэ 300 ам.доллараар өссөн. Тээврийн зардал 300 ам.доллараар өссөн. Уурхайн аман дээрх үнэ хэвээрээ үлдсэн. Уурхайн амын үнийг дарга тогтоодоггүй. Ил тод тендер зарлаад үнэ хаялцуулаад зардаг. Гэхдээ авч байгаа хүмүүс нь тээврийн зардал 300 ам.доллараар нэмэгдсэн учраас бид чадахгүй гэж хэлдэг. Тээврийн зардал 300-гаар нэмэгдлээ гээд тэнд ажиллаж байгаа жолооч нарт сайхан зүйл болсон юм байхгүй. Энэ зохион байгуулалтгүй үл ойлголцсон байдлаас болоод мөнгөний боломжоо алдсан.

-Тэрхүү нэмэгдсэн 300 ам.долларын ашгийг хэн хүртсэн юм бэ?

-Тэр нэмэгдсэн 300 ам.доллар хаашаа яаж шингэсэн бэ гэдэг тайлбар байхгүй. Үүн дээр төрийн байгууллагууд судалгаа хийгээд тодорхой тайлбар гаргаж тавих хэрэгтэй. Цаашдаа иймэрхүү байдлаар дахин нүүрсний үнэ огцом өсөхийг ашиглахын оронд хэлбэлзэл дээр нь алдаад байж болохгүй. Хамгийн гол нь нүүрсний үнээ огт нэмээгүй компаниас авах АМНАТ-аа 400 хэдэн ам.доллараар бодоод, хил дээр тэр нэмэгдсэн 300 хэдэн ам.доллар нь алга болчихоод байхад тээвэр ложистикийн асуудлаа зохион байгуулж шийдээгүй байж компани дээр ачааллыг нь үүрүүлсэн. 120 ам.доллараар нүүрсээ зарж байгаа компанид 400 гаруй ам.долларын АМНАТ төлнө гэдэг утгагүй асуудал. Борлуулалтын орлогын бараг тал нь АМНАТ-ын орлого болчихож байгаа биз дээ. Тиймээс энэ бол үндэслэлгүй юм аа гээд компаниуд шаардлага хүргүүлсэн.

-Тэр ажлын хэсэгт нь мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл байдаггүй юм уу. Яагаад тийм өндөр үнэ тогтоодог юм бэ. Судалгаа хийдэггүй юм уу?

-Ажлын хэсэгт төрийн байгууллагынхан л байгаа. Нүүрс ассоциацийн төлөөлөгч байхгүй. Бид оруулж өгөөч ээ. Зах зээлийн мэдээлэлтэй хүмүүсээ цуг ажиллуулаад, аж ахуйн нэгжүүдээс мэдээлэл цуглуулж, үнэ тогтооход нь хамт оролцъё гэж олон удаа хүсэлт хүргүүлсэн. Гэвч нэг ч удаа оруулаагүй. Тиймээс бид нэгдүгээрт, үнэ бодитой биш байна гэдэг гомдлыг хүргүүлсэн. Хоёрдугаарт, урьд нь зах зээлийн үнээс 30 хувиас илүү зөрүүтэй байвал жишиг үнээр тооцно. Түүнд тээврээс эхлээд худалдааны янз бүрийн зардал багтдаг. Тэрхүү зөрүү нь 30-аас бага 20 хувийн зөрүүтэй байх юм бол гэрээний дүнгээр явна гэсэн заалттай байсан. Гэтэл 2021 оны долдугаар сарын 1-нд 174 дүгээр тогтоол гэж гараад үүнийгээ хүчингүй болгож Сангийн яамны ажлын хэсгийн тогтоосон жишиг үнээр бодож АМНАТ авна гэж заасан. Энэ тогтоол хэрэгжих боломжгүй, бодит биш байна. Тухайн тогтоол өөрөө илт хууль зөрчсөн гэдэг үндэслэлийг хуульчид гаргаж ирсэн. Яагаад гэвэл бодит байдал дээр тээвэр ложистикийн асуудлаас болоод уурхайн аман дээр үнэ 120 ам.доллараар зарагдаж байгаа нүүрсний АМНАТ-ыг 400 ам.доллараар тооцно гэдэг утгагүй асуудал. Ийм үндэслэл байгаа учраас Захиргааны хэргийн шүүхэд Эрдэнэс Таван толгой компани хандсан. Үүний дагуу Засгийн газар хариуцагчаар нь татагдан оролцоод, шүүхийн процедурын ажил эхэлж байгаа.

-Бодит биш АМНАТ тогтоох болсон нь компаниуд нүүрсээ өндөр үнээр зарчихаад татвар төлөхөөс зайлсхийдэг гэсэн хардлагатай холбоотой юм болов уу?

-Компаниуд олон арав, олон зуун сая куб метр хэмжээгээр хөрс хуулж, олборлолт явуулдаг учраас том техник ихтэй. Богино хугацааны үйл ажиллагаа явуулах боломжгүй. Дандаа урт хугацаанд төлөвлөсөн төлөвлөгөөгөөр явдаг. Ийм компаниуд харьцангуй нийгмийн хариуцлагатай. Хариуцлагатай уул уурхайг стандартын дагуу явуулдаг. Тиймээс богино хугацаанд ашиг олоод, татвар мөнгөнөөсөө зугтаах хандлага томоохон нүүрсний компаниудад үнэхээр байхгүй. Хорин жилийн өмнө Монголын нүүрсийг зориуд хямд үнээр тооцож, АМНАТ төлөхийг нь багасгаад, Хятад руу оруулж өндөр үнээр зарж, тэндээсээ мөнгөө хувааж авч байна гэдэг хардлага байсан. Энэ сэтгэхүй одоог хүртэл яваад байгаа. Үүний хороор бодит бус, зарж байгаа үнээс нь хэт өндөр үнэ аваачиж тавиад АМНАТ-аар дарамтлаад, аж ахуйн нэгжүүдийг туйлдуулж байна. Борлуулалтгүй хэрнээ цалингаа тавьсаар ирсэн. Ийм байдал дээр нь үндэслэлгүй АМНАТ-аар дарамтална гэдэг маш буруу. Үүнийг залруулж байж нүүрсний аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хэвийн болгох шаардлагатай байна. Одоо эсрэгээрээ энэ компаниудыг дэмжих хэрэгтэй. Уурхайнуудын зарим нь одоо үйл ажиллагаагаа зогсоочихсон. Зарим нь ажилчдаа цөөлөхөөс өөр аргагүй байдалд орлоо. Том техник хэрэгсэлтэй, олон ажилчинтай компаниуд зогсонги байдалд ороод эхлэх юм бол эргэж сэргэхэд маш хэцүү. Том уурхайнууд дампуурах юм бол буцаад сэргээхэд маш их цаг хугацаа, зардал ордог.

-Ирэх жилийн зураглалыг хэрхэн харж байна. Борлуулалт улам багасах уу?

-Ирэх жил Хятадын нүүрсний худалдан авалтын зах зээлийн хэмжээ тодорхой биш байна. Хятад улс 70 сая гаруй тн нүүрс гадаадаас авдаг. Манайх 42 сая тонныг борлуулна гэж оруулчих шиг болно лээ. Бид 2020 онд 26.8 сая тн экспортолсон. 2021 оны байдлаар 16 сая тн орчмыг л гаргаж байгаа. 2022 онд хэд болохыг хэлж мэдэхгүй. Техник хүчин чадлын хувьд хангалттай хэмжээний боломж байгаа. Дэд бүтэц, хил гаалийн асуудлыг шийдмээр байна. Төмөр замаас болоод их боломжоо алдсан нь үнэн. Гэхдээ ганцхан төмөр зам гээд яриад байж болохгүй. Төмөр замгүй байсан ч 50 сая тн хүртэлх нүүрсийг Монгол Улс гаргах боломжтой. Энэ зохион байгуулалтаа хийж чадахгүй байна.

-Нүүрсний экспорт буурах нь эдийн засагт яаж нөлөөлөх вэ?

-Нарантуул дээр байгаа барааны үнээс л мэдрэгдэх байх. Бидний амьдралд авч байгаа цалин ямар болж байна. Нүүрсний борлуулалт экспортын гол орлого учраас бүх л бараа бүтээгдэхүүний үнэ, автобус унаа, нийтийн тээвэр, хуушуурны гуанз, ТҮЦ гээд бүгдэд нөлөөлж байгаа шүү дээ. Хүмүүсийн авч байгаа цалин, ТҮЦ-ээс авч байгаа барааны үнэ яаж өөрчлөгдөж байгаа нь нүүрсний экспортын орлоготой шууд холбоотой.

-Хятад цар тахал гээд хилээ хаагаад байгаа нь манайд маш их нөлөөлж байна. Үүн дээр ямар нэгэн шийдэл олох боломж, нөхцөл байна уу?

-Нүүрс экспортолдог гол боомтууд дээр төр, хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдийн санаачилгаар контейнер тээврийн терминалуудыг байгуулсан. Үүнийгээ идэвхтэй сайн ашиглаад эхлэх юм бол хүн хоорондын контакт байхгүй болохоор ирэх жил нүүрсний экспорт харьцангуй сайжрах болов уу гэж найдаж байгаа. Ковидын эрсдэл, өвлийн олимп болохтой холбоотойгоор Хятадын тал хилээ олон удаа нээж, хааж байна. Хил хаахад нүүрсний борлуулалт зогсоно. Тэнд байгаа уурхайн ажилчид нь ажилгүй, том том техник хэрэгсэл сул зогсож байхдаа асар их зардал урсаж байдаг. Компаниуд цар тахлын үед хүн хоорондын контакт үүсгэхгүй тээвэр ложистикийг хөгжүүлье, зөвшөөрөл өгөөч гэж их удаан хүссэний эцэст ямар ч байсан зөвшөөрсөн. Гашуунсухайт боомт дээр Энержи ресурс, Эрдэнэс Таван толгой компани, орон нутгийн Таван толгой ХХК нийлж, Энержи ресурс эхний ээлжинд хөрөнгө оруулалтаа гаргаад бусад компани дараа нь нөхөн төлөхөөр тээвэр ложистикоо байгуулчихсан. Эхний контейнер тээвэр эхэлчихсэн явж байна. Хүн хоорондын харилцаа багасч байгаа учраас тээврийн асуудал дээр хөнгөн шуурхай хандаач ээ гэж Хятадын талд гадаад харилцааны шугамаар асуудлыг дахин дахин тавих хэрэгтэй гэж бодож байна. Ерөнхий сайд Хятадад айлчлах сураг дуулдсан. Тэр үеэр энэхүү асуудлыг ярих шаардлагатай. 2022 оны төсөвт нүүрсний экспорт маш их нөлөөлнө. Хятад улс Монголоос хэдэн сая тн нүүрс авах вэ, аль боомтоор хэдийг авах уу, хүн хоорондын контактгүй, ковидын эрсдэлийг байхгүй болгоод нүүрсээ контейнерт аваачаад кранаар өргөөд дараагийн машинд зөөвөрлөх техникийг нь бэлэн болгочихлоо. Тиймээс ямар нэгэн зогсолт байхгүйгээр хил, гаалийн үйл ажиллагаагаа тогтмол явуулж өгөөч ээ гэдэг хүсэлтийг Хятадын талд тавимаар байна. Тавих ч байх гэж найдаж байна. Энэ бол ирэх жилийн эдийн засагт шууд нөлөөлөх асуудал. Үүн дээр Засгийн газар анхаарч ажиллах байх.

Categories
мэдээ нийгэм

Түлэнхийн төв эмнэлгийн барилга ашиглалтад хэзээ орох нь асуултын тэмдэг хэвээр байна

1990 ОНД ТҮЛЭНХИЙН ТӨВ ЭМНЭЛЭГ ГССҮТ-ӨӨС ӨРХ ТУСГААРЛАЖЭЭ

Бидний мэдэх Түлэнхийн төв эмнэлэг нь одоогийн Сүхбаатар дүүргийн XI хорооллын нутаг дэвсгэрт байрладаг. Анх энэ эмнэлэгт хятадууд эмчлүүлдэг байв. 1976 онд хятадуудыг нутаг буцаахын тулд бяцхан заль зохиож улаан буланд хурал зарлан Төмөр замд аваачин вагонд суулгаад явуулж байв. Тэр хооронд тус хоёр давхар эмнэлгийн барилгад ГССҮТ-ийн эмч, ажилчдыг оруулсан аж. Гэмтэл согог судлалын үндэсний төв анх ингэж өөрийн гэсэн байртай болсон түүхтэй. Тухайн үед эмч, ажилчид тус барилгад ороход хятад эмч нарын эдэлж хэрэглэж байсан зүйлс хэвээрээ, нухаж байсан шавар ваартай эм тан нь бүлээнээрээ, идэж байсан гоймон нь халуунаараа уур савсан савхан дээрээ тогтсон байж. Тус эмнэлэг маш гоё гялалзсан плитан шалтай. Хана нь их гоё өнгөлөг байсан хэмээн тухайн үеийн эмнэлгийн дарга асан гавьяат эмч н.Тулга дурсав. 1990 онд ЗХУ-ын дэмжлэгтэйгээр барьсан одоогийн байрандаа ГССҮТ нүүн орсноор Түлэнхийн төв гэдэг айл өрх тусгаарлаж, үүдээ нээсэн ажээ.

Гэвч 2012 онд Түлэнхийн төв эмнэлгийн эрчимт эмчилгээний тасгийн дээвэр нурсан гэдэг шалтгаанаар барилгыг ашиглах боломжгүй хэмээн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хоёр давхар барилгыг акталж нураах шийдвэр гаргасан аж. 2004 оны байдлаар Түлэнхийн төв эмнэлгийн барилга 16400 м.кв талбайтай байсан бол өнөөдөр тус газар 7339 м.кв болтлоо агшаад байна. Нийт 9500 м.кв талбай хувийн орон сууц, оффисын барилга болон хувьд шилжжээ.

Түүх сөхвөл, Түлэнхийн төв эмнэлэг эхний хоёр жил “Мөнгөн гүүр” эмнэлгийн байранд сарын 30 сая, жилд 360 сая төгрөг төлж түрээслэх болж. Хоёр жилийн турш 750 сая төгрөг түрээсэнд төлж, түрээсээ төлж дийлэхгүй болсон шалтгаанаар ГССҮТ-ийн нэг тасаг болж, арваад жил үйл ажиллагаагаа явуулжээ.

Нийт арван жил Түлэнхийн төв эмнэлэг байргүй боловч үйл ажиллагаагаа явуулсаар 21 аймаг, есөн дүүргийн осгосон, хөлдсөн, түлэнхийтэй холбоотой эмчилгээ хийж үйл ажиллагаа явуулсаар байна.

КУВЕЙТИЙН САНГААС ОРЖ ИРСЭН МӨНГӨӨР БАРИЛГЫГ БҮХЭЛД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХ БОЛОМЖТОЙ БАЙСАН


Түлэнхийн төв эмнэлгийн барилга 2012 оноос хойш одоог хүртэл яагаад ашиглалтад орохгүй байгаа болон эмнэлгийн мэдлийн газар яагаад 60 хувь болтлоо багасчихсан талаар сурвалжиллаа.


ГССҮТ-өөс Түлэнхийн төв эмнэлгийг яагаад тусад нь гаргахгүй байгаа асуудал хоёр шалтгаантай. Нэгдүгээрт, Түлэнхийн төв эмнэлгийн газрын дээрэм. Хоёрдугаарт, хоёр тусдаа байгууллага нэгдэн нэг болсон нь төсөв санхүүг захиран зарцуулах ашиг сонирхлын зөрчил байна хэмээн хардах үндэслэлтэй. Яагаад гэвэл 2012 онд тус эмнэлгийн барилгыг нураасан цагаас хойш буюу 2013-2017 оны хооронд шинэ эмнэлэг барина хэмээн улсын төсвөөс 5.3 тэрбум төгрөгийг зураг төсөл барилгын ажилд зарцуулахаар гаргуулан авчээ. Анхны зураг төслөөр Түлэнхийн төв эмнэлгийн барилга “А”, “В”, “С” блок гэсэн үндсэн гурван барилгаас бүрдсэн. “А” блок амбульторийн барилга. “В” блок хэвтэн эмчлүүлэгчдийн зориулалтаар, “С” блок шарил хадгалах газрын зориулалттай хэмээх зураг төсөл анх гарчээ. Түүнээс хойш бүр Түлэнхийн төв эмнэлгийн барилгыг ашиглалтад оруулна гэсэн нэрийдлээр улсын төсвөөс мөнгө гарсаар байдаг. Энэ хооронд нийтдээ 10.3 тэрбум төгрөг улсын төсвөөс гарчээ. Түлэнхийн төв эмнэлгийн барилга Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг байх үед буюу 2017 онд Кувейтийн сангаас олгох буцалтгүй тусламжийн мөнгөөр баригдахаар төлөвлөгдсөн байжээ. Тухайн үед Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хэлэхдээ /2017 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр/ “Кувейтийн сангаас олгож буй 8 сая ам.долларыг Түлэнхийн төвийн барилгын ажилд үр дүнтэй зарцуулахаар болж байна. Бид 6.8 сая ам.долларыг барилгадаа, 1,2 сая ам.долларыг тоног төхөөрөмжид зарцуулахаар гэрээ хийлээ. Ингэснээр гэрээний нийт үнийн дүнгээс 3.8 тэрбум төгрөгийг бууруулж, өөрөөр хэлбэл ийм хэмжээний хэмнэлтийг гаргалаа” хэмээн онцолсон байв. Энэ талаар түүнээс дахин тодруулахад “Анх Кувейтийн сангаас олгож буй тусламжийг дуусгаагүй эмнэлгийн барилгадаа зориулъя, эхлээгүй шинэ барилгуудыг одоохондоо мөнгө төгрөг нь байхгүй учраас азная гэсэн бодлого барьж Засгийн газрын хуралдаанаар оруулж шийдэж байсан. Тухайн үед Кувейтийн сангаас хүмүүс нь ирж бидэнтэй уулзсан. Тэгэхэд ГССҮТ-ийн Ерөнхий захирлаар Т.Мөнхсайхан ажиллаж байсан тул манай яамны ажлын хэсгийнхэнтэй хамтарч маш сайн ажиллаж гэрээнүүдээ гурван тал шинэчилж хийгээд барилгын ажил нь урагштай л явж байсан. Гүйцэтгэгч тал гэрээгээ шинэчлэн тухайн үед 1 м.кв-ыг нь 1 сая 200 мянгаар тохирсон санагдаж байна. Ингэсэн тохиолдолд Кувейтын сангийн мөнгө барилгаа барьж дуусаад “А” блокоо тавилга, тоног төхөөрөмжийн хамт ашиглалтад оруулах боломж бүрдсэн гэж үзэж байсан. Одоо юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Тэгэхэд гарсан ганц асуудал нь мооргийн барилга барих газар өөр хүний захирамжтай байсан учир шүүх дээр маргаан үүсээд бид тэр барилгыг бариулахгүй гэж тэмцэж, харуул хамгаалалт авч байсан. Тэгээд засаг солигдсон. Одоо ямар түвшинд явж байгааг сайн мэдэхгүй юм” хэмээв.

ОДОО ГССҮТ-ИЙН ТҮЛЭНХИЙН ТАСАГ ЯМАР БАЙДАЛТАЙ БАЙНА ВЭ

Энэ тухай ГССҮТ-д хандсан боловч мэдээлэл өгөх хүн олдоогүй учир өөр эх сурвалжаас тодруулахад “Түлэгдэлт нэмэгдсээр байгаа. Ачаалал ихтэй хоёр эмнэлэг нэг дор байна гэдэг хүнд. Өвчтөнүүдээ коридортоо авч байна. Ерөнхийдөө тасгийнхаа хэмжээнд бүрэн чадлаараа ажиллаж байна. Гэвч ирэх хүмүүсийн тоо их учраас ор хүрэлцэхгүй асуудалтай байнга тулгардаг. Манай тасаг жилдээ 4000-4500 орчим хүнд яаралтай тусламж үзүүлдгээс 2500-3500 нь 0-5 насныхан байдаг бөгөөд сард 70-80 мэс засал хийдэг. Нийслэл, 21 аймаг, бүх сумаас ирсэн бүх өвчтөнийг хүлээн авдаг” гэсэн юм.

Энэ талаар эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн г.бат-Эрдэнээс тодруулахад “Барилгын ажил албан ёсоор 2017 онд эхэлсэн. Төвийн “в” блокийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байгаа “Нутгийн зам” компанийн гэрээний хугацаа өнгөрсөн оны аравдугаар сарын 1-ний өдөр дууссан. Гэтэл гэрээний хугацаа дууссаны дараа буюу арваннэгдүгээр сард гүйцэтгэл дүгнэх хүсэлтээ нэг л удаа ирүүлсэн байдаг. Гэрээний хугацаа дууссан учир хугацааг нь сунгаж, гүйцэтгэлийг Сангийн яамнаас батлах ёстой. Хугацаа сунгах явцад “Нутгийн зам” ХХК гэрээний үнийн дүнд өөрчлөлт оруулах, санхүүжилтийг нэмэгдүүлэх санал тавьсан. Харин бидний зүгээс анх хийгдсэн гэрээний үнийн дүнгийн дагуу барилга угсралтын ажлыг хүлээж авах ёстой учир өөрчлөлт оруулах боломжгүй гэдгийг удаа дараа албан бичгээр, уулзалтаар ч сануулсан. Ингээд гүйцэтгэгч тал арванхоёрдугаар сарын 25-нд гарын үсэг зурснаар гэрээ сунгагдаж, нэхэмжилсэн санхүүжилтийг олгоход бэлэн болсон. Энэ компани санхүүжилтээ аваагүй байгаа нь өөрсдийнх нь хариуцлагагүй байдлаас болсон гэсэн үг. Эмяболон Сангийн яамны зүгээс тус төвийн барилгын санхүүжилтийг гацаасан, санхүүжилт олгохгүй ашиг сонирхлын зөрчил гаргасан асуудал байхгүй.

“Мөнгөн гүүр” эмнэлэг дээр үйл ажиллагаа явуулж байх үед 70 орчим ажилтантай байсан. Наашаа ирэхдээ бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд орж гссүт-ийн түлэнхийн нөхөн сэргээх мэс заслын 80 ортой тасаг болсон. Тиймээс хүлээн авах болон мэс заслын тасаг руу эмч сувилагч нар шилжиж одоогоор 45 эмч сувилагчтай ажиллаж байна” хэмээн тус тасгийн эрхлэгч э.галбадрах “Зууны мэдээ” сонинд өгсөн ярилцгадаа дурджээ.

ГАЗРЫН ЛУЙВАР АНХ ЯАЖ ЭХЛЭВ

Тэгвэл алдагдсан 9500 м.кв газар хэн хэний нэр дээр очсон тухай мэдээллийг хүргэе. 2004 онд 1300 м.кв газар нь одоогийн ГССҮТ-ийн зөвлөх эмч Р.Шагдарсүрэн хувийн эмнэлгийн барилга барих зорилгоор өөртөө авсан. Үүний дараа иргэн н.Хандармаа 120м.кв газар авсан нь өдгөө баримтаар тогтоогдоод байна. Дараагийнх нь 2008 онд тухайн үеийн ГССҮТ-ийн дарга асан С.Отгонгэрэл тус эмнэлгийн барилгад засвар хийхээр ирсэн барилгын компанийн хүмүүстэй хуйвалдан барилгын компанийн захирал н.Аньсбаяр гэх этгээдтэй дөрвөн давхар үйлчилгээний төв барьж, дээр нь протезийн үйлдвэр байгуулбал газар нь байна гэх санал тавьсан байна. Тэд үүнтэй холбоотой нууцыг задруулахгүйн тулд дээрх газрыг 15 жилийн хугацаатай түр олгосон хэмээн төрд молиго үмхүүлсэн байдаг. Үүний дараа 2012 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн А/262 тоот захирамжаар Төрийн өмчийн хорооны тамгын газрын дарга асан Л.Ганбат “Саммид медикал” ХХК-д 930 м.кв газрыг зориулалтыг нь өөрчилж, төрсөн дүүдээ барилга барих газар болгон олгожээ. Л.Ганбат одоо Оюу толгой компанид ажилладаг юм байна. Эдгээр хуулийн этгээдүүдийг дээрх хавтаст хэргийн үндэслэлээр 2021 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдөр Сүхбаатар дүүргийн иргэний шүүхэд эмнэлгийн газар чөлөөлүүлэх “Энхрий үрс халуун сэтгэл” НҮТББ нэхэмжлэл гаргасан. Одоо тус хэргийн хэргийн хариуцагчаар дээрх этгээдүүдийг шүүхэд дууджээ. Тэдний хийсэн хэрэг үүгээр дуусахгүй. Төрийн өмчийн хорооны Тамгын газрын дарга байхдаа Л.Ганбат “Хамтын шийдэл” хэмээх ТББ байгуулжээ. Уг ТББ Төрийн өмчийн хорооны 54 ажилчдад хөнгөлөлттэй үнээр орон сууц барьж өгөх зорилготой байжээ. 2011 онд Л.Ганбат дарга Нийслэлийн газрын алба руу “4600 м.кв газрыг Төрийн өмчийн хорооны ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдүүлнэ” хэмээн “Алтайн тулга” ХХК-ийн нэр дээр 2011 онд 4026 м.кв талбайг эзэмшсэн байна. Тэрбээр тухайн үедээ 54 айлын орон сууц барих гэж байгаа болохоор иргэдээс есөн хүн сонгон Төлөөлөн удирдах зөвлөл байгуулсан юм. “Хамтын шийдэл” ТББ-ын ТУЗ-ийн гишүүдээс орон сууцны урьдчилгаа хэмээн 5 сая төгрөг цуглуулж нийт 26 сая төгрөгийг авсан байдаг. 12 давхар орон сууцаа бариулахын тулд “Шуурхай зар”, “Зар мэдээ” сонинуудаар хөрөнгө оруулагчаа хайн зарлуулж байсан нь хавтаст хэрэгт дурдагдсан байна. Тухайн хэргийг 2020 оны наймдугаар сарын 20-ны өдөр “Энхрий үрс халуун сэтгэл” НҮТББ тэргүүн О.Энхмаа АТГ-т гомдол гарган мөрдөн шалгуулж эхэлжээ. Тус НҮТББ-ын гомдлоор АТГ-ын мөрдөн шалгах ажиллагаа явагдаж комиссар н.Чинзориг, н.Жаргалбат нараар ахлуулсан ажлын хэсэг тус эмнэлгийн газартай холбоотой хэрэг нээн ажиллаж, хэрэгт холбогдох 12 хүнээс мэдүүлэг авахад бүгд хэргээ хүлээн зөвшөөрсөн байна. Уг НҮТББ-ыг гомдол гаргаж, хэрэг үүсээд эхлэнгүүт “Хамтын шийдэл” ТББ ТУЗ-өөс хураасан 26 сая төгрөгөө буцаан төлсөн гэдэг нэгдүгээр шалтгаанаар, хоёрдугаарт хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр Нийслэлийн прокуророос хэргийг хаасан тухай мэдэгдсэн. Тиймээс О.Энхмаа эмч 2021 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн эмнэлгийн газрыг чөлөөлүүлэх нэхэмжлэл гарган дээрх хуулийн этгээдүүдийг хариуцагчаар татжээ.

Хэргийн материалтай О.Энхмаа эмчийг танилцахад 2020 оны хоёдугаар сарын 11-ний өдөр Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 28 дугаар тогтоол, 320020016 шийдвэрийн дагуу Түлэнхийн төвийн “С” блок буюу мооргийн барилга барих газар дээр 12 давхар орон сууц барих зөвшөөрлийг хууль бусаар гаргажээ. Анхны зураг төсөл алга болж, анхнаасаа гурав биш, хоёр блок барилга байсан гэх яриаг Барилга хөрөнгө оруулалтын хэлтсийн мэргэжилтэн Мөнхтогтох ярив. Яагаад хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх шалтгаанаар хэргийг хаахаар улайран чичрэх болов? Энэ хэрэгт төрийн дээд албан тушаалтнууд, ГССҮТ-ийн үе үеийн удирдлагууд, зөвлөх эмч нар, шүүх байгууллага, Төрийн өмчийн хороо зэрэг бүгд оролцоотой гэж хардах үндэслэл бий.

ГАЗРЫН ЛУЙВАР НАЙМААНЫ ТАЛААР ГОМДОЛ ҮҮСГЭН ЯМАР АМЖИЛТАД ХҮРЭВ

“Энхрий үрс халуун сэтгэл” НҮТББ-ын гомдлоор шалгагдсан 200200446 дугаар хэрэгтэй тус ТББ-ын тэргүүн О.Энхмаа танилцаж, тухайн хэрэгтэй холбоотой хүмүүст хариуцлага үүрүүлэхийн тулд н.Чинзориг комиссар эмнэлгийн газрыг өөр зориулалтаар ашиглаж болохгүй гэсэн хууль байхгүй гэдгийг сануулсан. Энэхүү хуулийн цоорхойг ашиглан эрх мэдэлтнүүд өөрсдийн эрх мэдлээ урвуулан ашигласан байна. Тиймээс эмнэлгийн газраа чөлөөлүүлэхийн тулд “Энхрий үрс халуун сэтгэл” НҮТББ “Эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн газрыг хамгаалах тухай хууль”-ийг санаачлан УИХ-ын Тамгын газарт санал хүргүүлэн, УИХ-ын нийгмийн бодлогын хэлтсээс 20 гаруй хоногийн өмнө О.Энхмаа эмчийг хүлээн авч уулзан хэлэлцүүлгийг дэмжихээ мэдэгдсэн байна. Мөн АТГ, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Хүний эрхийн комисс, Хот байгуулалт хөгжлийн газар зэрэг байгууллагуудад гомдол гарган тэмцсэний эцэст “С” блокийн барилга баригдах ёстой байсан газар баригдсан 12 давхар барилгын үйл ажиллагаа эрхлэх, ашиглах зөвшөөрлийг гаргуулахгүй байх шийдвэрийг Улсын мэргэжлийн хяналтын газраас уг орон сууцны барилгын зөвшөөрлийг түдгэлзүүлэх болсноо мэдэгдсэн юм. Одоо тус эмнэлгийн барилгын газар дээр улсын болон хувийн хэвшлийн арав гаруй объект баригдсан байгаа. Үүнд 12 давхар орон сууц, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв, оффисын хэд хэдэн барилга бий.

Түлэнхийн төв эмнэлгийн барилгыг барьж дуусгахгүй байгаа бас нэгэн шалтгаан нь ГССҮТ-ийн харьяанд байлгаж, улсын төсвөөс ордог орлогыг захиран зарцуулах эрхийг эдлэх ашиг сонирхлын зөрчил байгаа гэх үндэслэл бийг дээр дурдсан. Жишээ нь, Эрүүл мэндийн яамнаас “Энхрий үрс халуун сэтгэл” НҮТББ-т 2021 оны наймдугаар сард явуулсан албан бичигт 2013-2017 оны хооронд Түлэнхийн төв эмнэлэгт төсвөөс орсон санхүүжилт 5.7 тэрбум төгрөг. 2017-2020 оны хооронд гурван тэрбум төгрөг. 2021 онд 2.3 тэрбум төгрөг олгожээ. Нийт найман жилийн хугацаанд 10.3 тэрбум төгрөг улсаас олгосон байна. Гэтэл давхар Кувейтийн засгийн газраас 22.4 тэрбум төгрөг буюу 8 сая долларыг зарцуулжээ. Харин барилга угсралт хийсэн компанид 1.4 тэрбум 874 сая төгрөгийг шилжүүлсэн гүйлгээ хийгдсэн. Үлдсэн мөнгө нь хаашаа орсон бэ гэх асуулт гарч байна.

ОДОО ЭМНЭЛГИЙН БАРИЛГА ХЭР АХИЦТАЙ ЯВНА ВЭ

Барилгын ажлыг гүйцэтгэсэн “Нутгийн зам” ХХК болон “Цаст констракшн” ХХК-иуд мэдээлэл өгөхгүй өөрсдөөсөө бултуулсаар байна. 2013 онд зураг төслөө батлуулж, төсвөө гаргуулж байсан тус барилгыг 2018 оны есдүгээр сарын 30-нд ашиглалтад оруулна хэмээн тухайн үеийн Эрүүл мэндийн сайд асан Д.Сарангэрэл мэдэгдэж байв. Үүний дараа 2019 онд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадорж барилгын явцтай танилцаад 2019 онд ашиглалтад оруулна хэмээн мөн мэдэгдэж байсан. 2020 оны аравдугаар сард тус барилга 95 хувьтай явж байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдэгдсэн ч 2021 оны наймдугаар сард 97-98 хувьтай явж байгаа талаар мэдээлсэн байдаг. Ор сураггүй алга болсон “С” блокийн барилгыг шинэ зураг төслөөр “В” блок руу шилжүүлж, нэг давхарт нь моорг, хажууд нь эмч, ажилчдын цайны газар байхаар зураглажээ. Энэ нь хэр эрүүл ахуй, аюулгүй байдлын дүрэмд нийцэх вэ.

Categories
мэдээ нийгэм

Ж.Гэндэндарам: Ш.Сүрэнжав надад “Таны буянаар ертөнцөд би танигдлаа” гэж хэлсэн

МУСГЗ, дипломатч, орчуулагч, зохиолч Ж.Гэндэндарамтай ярилцлаа.


-Таны удам судар, нутаг усны талаар яриагаа эхэлье?

-Завхан аймгийн Улаагчин сум гэж байсан, одоо татан буугдаад Нөмрөг сумын харьяа нутагт би 1929 онд төрсөн юм байна лээ. Миний аав хуучин хүрээ хийдэд суудаг лам хүн байлаа. Хуучин монгол бичиг, төвд хэл мэддэг. Хүрээ хийдээсээ гараад хар хүн болж, мал малладаг болж, долоон үеэрээ дархан хийсэн юм билээ. Аав минь орой малаа хотлуулчихаад хотныхоо хүмүүсийг цуглуулаад хуучны үлгэр домог ярьдаг, ном их уншдаг байлаа. Намайг “Миний хүү том болохоороо энэ сайхан ном судруудыг гаднаас монгол хэлэндээ хөрвүүлж орчуулаад олон түмэндээ барьж яваарай” гэж толгойг минь илнэ. Тэр нь миний сэтгэлд хадгалагдаж явсаар аавынхаа гэрээслэлийг өнөөдөр биелүүлж яваа юм байна даа гэж боддог юм.

-Аав тань “Чиний өвлөх ёстой хөрөнгө хэдэн мал биш ээ. Чи эрдэм номыг минь өвлөж авах ёстой” гэж захисан гэсэн…

-Би эцэг эхээс наймуулаа. Долдугаар ангид байсан юм, нэг өдөр хичээлээ тараад гэртээ иртэл аав минь нас барсан байлаа. Ээж минь хоёр нялх хүүхэдтэй, бид ч гараас бүрэн гараагүй хоцорсон. Одоо миний сургуульд сурах ч өнгөрч дээ гэж бодогдлоо. Намар намайг сургуулиас дуудаад ээж минь “Миний хүү аавын чинь чамд өвлүүлсэн өмч хөрөнгө энэ хэдэн мал биш юм шүү. Чи номын мөр хөө. Тэр л аавын чинь чамд өвлүүлсэн өмч хөрөнгө. Ээждээ санаа зовох хэрэггүй дээ, яв. Харин миний хүү богинохон хугацааны их сургуульд явахыг бодоорой” гэж хэллээ. Тэгээд л би ээж, аавынхаа захиасыг дагахаар сургуульд мордсон.

-Тэр үед Багшийн сургуульд тийм богинохон хугацаанд сурдаг байсан юм уу?

-Багшийн сургууль дөрөвдүгээр анги төгссөн хүүхдийг гурван жил сургаад бага ангийн багш, долдугаар анги төгссөн хүүхдийг хоёр жил сургаад дунд ангийн багш болгодог байлаа. Би Багшийн сургуулийн Хэл-Түүхийн ангид ороод хоёр жил сурч төгсөөд ээждээ очно гэж бодохгүй юу. Тэгээд Хэл бичиг-Түүхийн багш болж 19 настайдаа сургуулиа төгсөн юм. Төгсөөд Архангай аймгийн арван жилийн сургуульд багшаар хуваарилагдлаа. Тэр чинь 1948 он юмуу даа. Тэр үед багшаар очиход шавь нар гэж надаас ах, хорь гарсан хүмүүс сууна шүү дээ.

-Таны үгэнд орох юм уу?

-Тэр үеийн хүмүүс багшийг бол маш хүндэлнэ. Тухайн үед чинь дээд боловсролын хүн байхгүй. Бид есөн жилийн боловсролоор арван жилийн хичээл заалаа шүү дээ. Нэг өдөр намайг “9,10 дугаар ангид дундад зууны үеийн шинэ түүх заа” гээд л хууваарилчихдаг юм байна. Би тэрийг нь чадахгүй. Одоо яая даа байз гэж бодогдоод дэмий дээд үеийн багш нарынхаараа, настай хүмүүсийнхээр хэсээд явж байтал Шинэ үеийн түүх гэсэн орос хэлтэй ном олддог байгаа. Түүнийг нь өөрөө орчууллаа даа. Б.Ринчен гуайн “Орос-Монгол толь”-ийг бариад л өдөр бүр нэг сэдэв шөнөжин сууж орчуулж аваад л хичээлдээ орно. Ер нь давгүй шүү. Мэддэг хүн шиг сайхан заана шүү дээ. Тийм л багш анх болж байлаа. Сүүлд би арваад жил багшлаад дээд боловсролтой болох гэж 1957 онд хотод орж ирлээ. Би Их сургуульд удаан сурч чадаагүй л дээ. 1957 оны есдүгээр сард элсэж ороод арванхоёрдугаар сард намайг декан дууддаг юм байна. 1920-оод оны сүүлч 1930-аад оны эхээр гуравдагч оронд оюутан сургахаар явуулж байсан юм билээ. Нэг хэсэг больсон. Одоо дахин гуравдагч оронд оюутан явуулах шаардлага гарсан чамайг явуулна гэлээ. Сайхан санагдаад явчихлаа. Ингээд хоёр жил энэтхэгт сурахаар боллоо.

-Ээждээ энэ тухайгаа хэлсэн үү. Ээж нь яаж хүлээж авсан бэ?

-Ээж минь тухайн үед хотод орж ирээд манайхтай цуг байлаа. Хуучин тавын халуун ус гэж байсан юм даа. Тэнд манайх өвөлжсөн. Ээждээ очоод хэллээ. Чухам баярлаад “Төр засаг тэгж байхад явалгүй яахав хүү минь, ялангуяа тэр Жагарын оронд явна гэдэг чинь бурхны оронд сурах нь байна шүү дээ. Ямар их аз завшаан бэ. Ээж нь хоёрхон жил хүлээлгүй яахав” гэж байна. Манай эхнэр тэр үед гуравдугаар сургуульд багшилдаг байлаа. Эхнэртээ очоод хэлтэл “Бид бололгүй дээ, санаа зовоод хэрэггүй. Яв даа” л гэж байна.

-Та хоёр хүүхэдтэй болчихсон байсан уу?

-Би ч бас зовлон үзсэн хүн дээ. Хөдөө багшилж байхдаа эхнэртэйгээ хамт амьдраад гурван хүүхэдтэй болсон ч гурвуулаа бүтээгүй. Яг тэр сургуульд явах үед эхнэр маань хүүхэдтэй болсон байлаа. Тэр үед Цэгмид гэж манай их сургуулийн захирал байсан юм. Төв намын хорооны боловсон хүчний дарга гүржав гэдэг хүн Цэгмид захиралд “Энэтхэгт суугаа элчин сайд Шагдарсүрэн нөгөөдөр явна. Энэ оюутан цуг явна” гэж хэллээ. Тэр хүн рүү очтол манай ангийн Нямсүрэн “Намайг бас ир гэсэн” гээд үүдэнд нь сууж байна. Бид хоёрыг л авсан юм байна лээ. Тэгээд л “Та хоёрыг нөгөөдөр Элчин сайдтай хамт явуулна. Маргааш гэхэд юмаа бэлдээд ирээрэй” гэж байна. Маргааш нь хаалттай тэтгэврээр орох бичиг хийж өгөөд гадаадад сурах оюутанд 1500 төгрөг өгдөг байсныг авлаа. Юм хумаа бэлдээд л явах болоод байж байтал манай сургуулийн нэг оюутан ирээд “Цэгмид багш таныг ирээд уулз гэж байна” гэв. Яваад очтол “Б.Ринчен доктор Энэтхэгт сурах хүмүүсийн талаар яриа хэлэлцээр хийж яваа. Тэр хоёр оюутныг зөвшөөрүүллээ. Намайг очтол хүлээлгэж бай. Захиж хэлэх юм байна гэж захиа илгээжээ. Та хоёр Б.Ринчен докторыг иртэл хүлээж бай” гэв. Тэгээд арванхоёрдугаар сард хичээлээсээ гарчихлаа. Нэг сар, хоёр сар өнгөрлөө. Гуравдугаар сар гарсан хойно Б.Ринчин доктор иржээ гэж байна.

-Тэгээд Б.Ринчен гуайтай уулзаа юу?

-Намын төв хорооны “Үнэн” сонины байранд “Б.Ринчин доктортой уулзъя” гээд очтол “Одоогоор энд алга. Гэртээ л байгаа юм шиг байна. Гэр рүү нь шууд яваад оч” гэж байна. Гэрт нь очоод тэр хүнийг анх удаа л харж байгаа юм даа. Нэг том ширээн дээр баахан ном дэлгэчихсэн сууж байна. Учраа ярилаа. Танаас зөвлөгөө авахаар ирлээ гээд хэллээ. Харж, харж байснаа “Би өөрийнхөө шавийг явуулна гэснээс биш Оросын монголыг явуулна гэж яриагүй” гэдэг юм байна.

-Тэр үгийг нь сонсоод танд ямар санагдсан бэ?

-Жаахан дургүй хүрээд явчихлаа. Тэгээд Цэгмид багшид очоод хэлтэл “Цаадах чинь дэмий донгосож байгаа юм. Маргааш юмаа бэлдээд яв” л гэж байна. Маргааш нь галт тэргээр Бээжинд очлоо. Элчин сайдын яаман дээр очтол “Та хоёрыг жаахан хүлээж бай гэсэн. Араас чинь нэг хүн ирэх бололтой” гэж байна. Маргааш нь нэг шап шап хийсэн дэрвүүлзүүр хүн орж ирээд “Энэтхэг явах хоёр сэхээтэн та хоёр уу” гэнэ. “Тийм ээ” л гэлээ. “Намайг Жамцын Бадараа гэдэг. Өвгөн буурал намайг явуулсан юм аа” гэж байна. “Буурал гэж хэн билээ” гэсэн “Үгүй ээ, та хоёр чинь буурлыг таньдаггүй юм уу” гэж байна. “Танихгүй ээ” л гэлээ. Б.Ринчен докторыг таних уу” гэнэ. Тэгсэн Б.Ринчен докторын нөгөө шавь нь байсан юм билээ.

-Энэтхэгт очоод юу болсон бэ?

-Бирмээр дайраад Энэтхэгийн Калькуткад очлоо. Бирм нь маш их шуугиантай, халуун гэж жигтэйхэн байсан бол Калькутка нь хүн ихтэй. Гэхдээ сайхан намуухан. Явж байгаа хүмүүсийн хөдөлгөөн нь ч тогтуун, сайра өмссөн хүүхнүүд намбалзаад тогтуун юм. Ийм сайхан оронд айлгүй тайван сурч болох юм байна гэсэн анхны урам орсон доо.

-За тэгээд хэл сурах аялалдаа гараа биз. Хэцүү байв уу?

-Эхлээд очсон ямар ч сургууль байгаагүй. Нэг айлд аваачаад хаячихсан. Тэр нь Энэтхэгийн хувийн академи гэнээ. Тэр айлдаа байрлаад сурна. Аваачсан хүн нь “Та нарт ганц л юм захья. Энэ айлд ганцхан мах л битгий оруулаарай гэв. “За” л гэлээ. Эхэндээ ч тэр айл хоол унд сайтай байлаа. Харин хичээл ном сурах юм юу ч алга аа. Гэтэл Бадараа “За ингэж сурна гэж байхгүй ээ. Хэдүүлээ өөрсдөө суръя” гэнэ. “Яаж” гэтэл “Нэг нэг ном олж аваад өөрсдөө орчуулаад үзье” л гэж байна. Бүгд нэг, нэг ном олж аваад өдөрт хоорондоо уулзахгүй ядаж нэг өгүүлбэр орчуулна. Хоорондоо уулзчих юм бол шал дэмий юм яриад суучихна гээд уулздаггүй байлаа. Тэгээд орчуулга хийх гэж хөгийн юм болно оо. “А” ч үгүй хүмүүс чинь хинди хэлнээс эхлээд англи руу, англиас орос руу, орсоос монгол руу орчуулна. Эхэндээ өдөрт ганц өгүүлбэр орчуулдаг байсан бол долоо хоногийн дараа гурван өгүүлбэр, 14 хоногийн дараа нэг жижиг эх орчуулдаг боллоо. За яахав орчуулаад болоод байдаг юм байна. Гэтэл дүрэм гэж байхгүй. Яаж холбохоо мэддэггүй. Ингээд Элчин сайдын яамнаас сард 250 төгрөгний стипенд өгнө. Тэрүүнийхээ 100, 100 төгрөгийг нийлүүлж 300 болгоод англи хэлтэй хинди хүнийг цагийн багш болголоо. Ингээд дүрмээ заалгаад сарын дараа овоо орчуулдаг болсон шүү.

-Хажуугаар нь англи гэхээр нь орос хэлийг давхар сурч дээ. Тэгээд юу болов?

-Элчин сайдын яаманд бид гурав англи хэл сурмаар байна. Энд чинь бүх юм англи хэл дээр явах юм гэж хүссэн ч зөвшөөрөөгүй. Бадараа маань энд байж чадахгүй нь, хэл сурсан ч юм алга гээд буцаад явчихсан. Тэгээд нэг жил есөн сар болж байтал Ю.Цэдэнбал дарга айлчлалаар иржээ. 1959 онд л доо. Бид хоёрыг Элчин сайдын яаманд дуудаад “Цэдэнбал дарга айлчлалаар ирж байна. Бүх юм нь англи хэл дээр явж байна. Хамгийн сүүлд “Могол” ордны өмнө хоёр улсын тэргүүн ард иргэдэд хандаж үг хэлнэ. Энэ үгийг нь та нар орчуул” гэдэг юм. “Бид хоёр ердөө нэг жил есөн сар сурч байна, яаж энэ том хүний хэлэх үгийг орчуулах юм бэ, чадахгүй” гэтэл “Чадаж л таараа. Намын даалгавар. Ямар ч байсан орчуул” гэж тушаалаа. Тэгээд толь бичиг, ном юу байдаг юм харж байгаад шөнөжин сууж орчууллаа. гурван хуудас үг байсан шүү. Нямсүрэн маань “Чи хэл аялга сайтайгаараа уншина уу даа” л гэж байна. Би ч айж байлаа.

-Тэгээд уншсан уу?

-Уншсаан. Цэдэнбал дарга “Би өгүүлбэр өгүүлбэрээр нь тасалж уншина. Чи тэгж тасалж орчуулаарай” л гэж байна. “За” гээд л уншихаар нь нөгөө орчуулсан ухаантай юмаа дагаад уншаад байлаа. Хүмүүс ч инээх үед нь инээгээд, алга таших үед нь ташаад янз янзын юм л боллоо. Тэгээд л бодлоо. Зөв л орчуулсан бололтой гэж.

-Тэгээд юу болсон юм бэ. Ю.Цэдэнбал дарга таныг сайшааж шагнасан уу?

-Үгээ хэлж дуусаад л индэр дээрээс бууж ирээд дарга “Чи хаана ажилладаг юун хүүхэд вэ” гэхээр нь “Энд хоёр оюутан хинди хэл сурдаг юм” гэтэл “Ямар сонин юм бэ. Энэтхэгт монгол оюутан сурдаг юм уу. Тэгээд ямар сургуульд сурдаг юм бэ”, “Сургууль биш ээ. Бид айлд байдаг юм. Өөрсдөө бие дааж сурдаг”, “Айлд аа, ямар сонин юм бэ. За би та хоёртой явахаасаа өмнө уулзана аа” гэж байна. Би ч айгаад энэ том хүнтэй юу ярина аа. Уулзахгүй яваасай гэж бодлоо. Маргааш нь Элчин сайдын яамны нарийн бичиг залуу бидэн рүү утасдаж байна. “Дарга өнөөдөр ирнэ. Дайллага хийнэ гэнэ.Та хоёр ирж хоол ид” гэж байна. Очлоо. Тэгээд л хоол унд эргүүлээд явж байтал дарга ирчихсэн үүдэнд нь зогсож байснаа “Хоёр оюутан энд сурдаг гэсэн. Ойр байна уу. Би уулзаадахъя” гэж байна. Тэгээд л бид хоёрыг дуудуулаад орлоо. “Та хоёр сайн сурч байгаа юм байна. Миний үгийг сайн орчуулсан. Баярласан. Улам сайн сураарай. гэхдээ та хоёр айлд байдаг гэсэн. Яаж айлд амьдарч байна” гэхээр нь “Яахав айлд болж л байна. энэтхэг айл мах иддэггүй гээд мах идэхгүй. Бие даагаад хэлээ сурна. Эндээс өгдөг 250 төгрөгний стипендээ авахаар долоо хоног өөр хот руу очиж махтай хоол идэж аваад дуусдаг. Тэгээд л тэр айлын хоолыг идээд байж байна” гэсэн чинь “Өглөө та хоёр юу иддэг юм” гэнэ. “Өглөө хоёр зүсэм талх, хар цайтай, өдөр хуурай гамбир, эсвэл хоёр чанасан болон хайрсан төмс л иддэг” гэтэл “Өөр юу иддэг юм бэ” гэхээр нь оройдоо нэг жаахан хайрсан юмуу шарсан төмс, хуурай гамбир идвэл иднэ дээ. Тэгээд л болдог юм” гэтэл дарга их уурлаж, царай нь хувьс гээд л “Дуулж байна уу та нар. Надаас хүсэх зүйл байна уу” гэж байна. “Та өөрөө харсан байх. Энд бүх зүйл англи хэлээр явж байна. Биднийг ганц хинди хэлээр л сур гэж даалгасан. Хэрэв биднийг хинди хэл сур гэж байгаа бол ганц хинди хэл явахгүй. Шагдарсүрэн сайдаас бид англи хэл суръя гэж гуйсан. Зөвшөөрөөгүй. Та нар англи хэл сурч цаг үрэх юм бол хатуу хариуцлага тооцно гэсэн. Бид нууцаар англи хэл сурч байна. Стипендийн 250 төгрөгнийхөө 100 төгрөгөөр цагийн багш хөлсөлдөг. Та бидэнд англи хэл сурахыг л зөвшөөрөөч. Хоёрдугаарт, англи хэлний багшийн цалин өгөөч. Өөр хүсэх юм байхгүй” гэлээ. “За мэдлээ. Хотод очоод ярина аа” л гэж байна.

-Тэгээд ярьсан уу?

-Сарын дараа Элчин сайдын яамнаас дуудаад англи хэлийг заалгахыг зөвшөөрч, бид хоёрын 250 төгрөгийн стипендийг 1000 төгрөг болгож, айлд байлгахыг болиулаад Элчин сайдын яаманд байрлуулж англи, хинди хэлний хоёр багштай болгож өгсөн. Бид хоёр чинь чухам баян оюутан болсон шүү дээ. Нөгөө айлаасаа гарах болоод нэг диплом биш юм аа гэхэд үнэмлэх олж авъя гэтэл байхгүй. “Энэ хүн манайд хоёр жил англи, хинди хэл үзсэн нь үнэн” гэсэн цаасан дээр бичгийн машинаар цохсон тодорхойлолт шиг л юм бичиж өгсөн дөө. Тэгээд хоёр жил сураад ирсэн.

-Монголдоо эргэж ирэхэд хүүхэд нь том болсон байв уу?

-Анх явахад эхнэр маань хөл хүнд үлдээд төрөхөд нь эгч маань бид хоёрт хүүхэд тогтдоггүй гээд өөрийнхөө гурван сартай хүүхдээр сольчихсон байсан. Намайг ирэхэд өнөө охин таван настай хөөрхөн болчихсон байж билээ. Эгч минь өдий зэрэгт хүрсэн одоо алзахгүй ээ гээд инээгээд сууж байсан. Монголдоо эргэж ирээд сэтгүүлчийн ангид дахиад сурсан. Нэгэнт хоёр жил сурсан эрдмээ хаячихаж болдоггүй. Нэг өдөр Их сургуулийн багш Пагваатайгаа уулзлаа. Пагваа багш “Нэг хэл сурна гэдэг нэг Их сургууль төгссөнтэй адил. Тэр түүх, максизм ленинизмийг чинь уншаад сурчихдаг юм аа. Тэгэхээр миний хүүг явуулдаг л юм бол дахиж очоод сур. Төв хороонд дахиад өргөдөл гарга” гэж байна. Ер нь бодож бодож явахаар шийдсэн. Энэ хооронд хувийн амьдрал маань өөрчлөгдсөн. Урд сураад иртэл манай эхнэр гэдсэндээ хүүхэдтэй намайг угтсан.

-Хоёр жил сурахаар Энэтхэгт буцаж очоод юу болсон бэ?

-Дахин хоёр жил сураад Элчин сайдын яаманд намайг орчуулагчаар үлдээсэн. Элчин сайдын яамандаа байрлачихсан. 1000 рүпигийн цалинтай. Хоёр багш ээлжилж ирж өдөрт 2,2 цагийн хичээл заачихна. Тэгэхэд би Энэтхэгийг тойрсон байх. Тэр үед галт тэрэгний билет ч хямд байж. Гараад л галт тэргэнд суугаад олон дунд тэнэж өгдөг байлаа шүү дээ. гол нь тэр чинь хэл сурах гэж явдаг байлаа.

-Таныг бас Аюулаас хамгаалах яаманд ажиллаж байсан дэд хурандаа цолтой гэж сонссон?

-Жил хэртэй би Энэтхэгт ажиллаж амьдарсан.Эвлэлийн төв хороо руу орчуулагчаар явуулсан. Тэнд нэг жил ажиллаад намайг Аюулаас хамгаалах яам руу илгээлтээр өгчихсөн. Яг тэр үед гадаад тагнуулын хэлтэс байгуулж, гадаад хэлтэй гээд намайг авчихсан. Ингээд Аюулаас хамгаалах яамны гадаад тагнуулыг ахин сэргээх албаны хүн болов оо. Нэг талаас би Гадаад яамны ажилтан нөгөө талаас Аюулаас хамгаалах яамны тагнуулч гээд хоёр яаманд зүтгэлээ шүү дээ.

-Орчуулгынхаа ажлыг хэзээ эхэлсэн юм бэ?

-Оюутан байхдаа л орчуулж эхэлсэн. Анх “Аффа” гэж жижигхэн номыг орчуулсан. Түүнийгээ хэвлэлийн газар руу явуултал хэвлэгдчихсэн. Намайг Энэтхэгээс буцаад ирэх үед яг хэвлэлтээс гараад зарагдаж эхэлсэн юм. Хүмүүс хужиршсан ямаа шиг шуурч аваад дуусгачихна. Шинэ жилийн бэлгэнд хүртэл өгдөг байлаа. Тэр цагаас хойш өөртөө урам орж, би чинь орчуулга хийж чадах юм биш байгаа даа гэж бодогдож эхэлсэн. Дараа нь “Таван сургамж”-ийг орчуулаад бараг дуусч байсан юм. Түүнийгээ барьж дуусгаад хоёр дахь орчуулгаа хийсэн. Үүнээс хойш өөрийн орчуулсан 70-аад ном бий. Орчуулгын ажлыг би дарга нараас үнэлгээ авах гэж хийгээгүй. Уншигч олон түмнээсээ үнэлгээгээ авч явсан хүн. Гурав дахь нь “Ядуугийн зовлон” гэж ном орчуулсан юм. Аюулаас хамгаалахад ажиллаж байх үед Баян-Өлгий аймагт ажлаар очоод Ховд руу явах болтол “ганцаараа яваа юм чинь нэг хүн аваад явчих” гэсэн. Ямар учиртай юун хүнийг нь асуутал Ховдын хорих анги руу шилжүүлж байгаа хоригдол гэнэ. Ээ, энэ айхавтар хүнийг чинь алдчихвал яах вэ гэж санаа зовтол “Зовох хэрэггүй, хажууд нь харгалзагч цуг явуулна” гээд л аваад давхилаа. Баян-Өлгийгөөс гараад дэнж дээр гартал намайг түр зогсоод өгөөч гээд гуйж байна. Зогсоод өгтөл нутагтаа залбирч, цагаан даавуу дэлгээд дээр нь баахан идэж уух юм өрөөд мөргөөд байна аа. Тэгснээ эндээс идэж ууцгаа гэнэ. Сайхан хоол идчихлээ. ганц хундага юм тогтоолоо. Тэгээд цаашаа явав аа. Замдаа бас дуугүй явна гэж юу байх вэ “Хүү минь ямар учраас хэрэгт холбогдчихов” гэтэл “Би нягтлан бодох мэргэжилтэй хүн. Мөнгөний хэрэгт холлбогдоод орчихлоо, 8-9 сар шоронд суусных зургаан жилээр таслагдах байсныг гурван жил суух болоод ачигдаж яваа нь энэ” гэж байна. “Шоронд их зүдрэв үү” гэтэл “Шорон гэдэг чинь шорон шүү дээ. Гэхдээ би шоронд есөн сар суухдаа өөрийгөө зовж байна гэж бодоогүй. Жаргалтай байна гэж бодсон” гэхээр нь “Яагаад” гэтэл “Би Энэтхэгийн Бримчанд гэдэг хүний “Ядуугийн зовлон” гэж номыг уншсан. Монгол хэлнээ гэндэндарам гэж хүн орчуулсан юм байна лээ. Тэр номыг уншаад зовлон гэж юу байдгийг би ойлгосон. Хажууд нь миний шоронд байх жаргал юм билээ. Тэр номыг уншиж хатуужсаны хүчинд би шоронгийн зовлонг жаргал гэж бодож яваа. Би одоо гурван жил сууна. гараад би хот орно. гэж хүнийг олж уулзана. Заавал олж уулзана. Та надад сэтгэлийн хат суулгасан шүү, баярлалаа гэж хэлнэ. Заавал хэлнэ” гэж ярьдаг юм байна. Миний орчуулсан ном ингэж хүнд хүрсэн нь надад маш том үнэлгээ өгсөн. Энэтхэг хэлнээс би жижиг том 40-өөд ном орчуулсан. Англи хэлнээс 10-аад ном орчууллаа. Би ажил хийж байхдаа орчуулгаа сайн хийж чадаагүй юм байна лээ. Ажилтай хүн чинь зав багатай. 1989 онд тэтгэвэрт гараад орчуулгаа шаргуу хийх болсон.

-Таны нэрэмжит шагнал байдаг гэсэн. Тэр шагналынхаа талаар ярьж өгөөч?

-Тэтгэвэрт гараад удаагүй ардчилал болж, хувийн Их, дээд сургуулиуд маш олон гарч ирсэн. Тэдгээр сургуульд би англи, хинди хэлний цагийн багш хийдэг болсон. Би гадаадад анх очсон цагаасаа болсон болоогүй орчуулга хийж, орчуулгын эрдэм гэдэг ямар сайхныг насаараа мэдэрч явлаа. Өнөөдөр орчуулгыг тоодог хүн алга. Үүнийг дэмждэг ч хүн байхгүй. Орчуулагч нар өөрсдөө л чадан ядан нэг юм орчуулаад түүнийгээ хэвлүүлэх мөнгөгүй. Би насаараа орчуулга хийсэн хүн эдгээр залуусыг дэмжих юмсан, урам өгөх юмсан гэсэндээ хувиасаа нэг шагнал бий болгосон. “Билигт Гүүш” гэж шагнал бий. Цагийн багш хийж байх үеийнхээ мөнгийг цуглуулаад 2010 онд үзтэл 50-иад сая төгрөг болсон байсан. Хоёр жил тутам шилдэг орчуулагчийг шалгаруулж, нэгдүгээр байрт орсонд нь 3 сая төгрөг, мөнгөн энгэрийн тэмдэг. 2,3 дугаар байрт орсонд нь нэг, нэг сая төгрөг өгье гэж энэ шагналыг анх санаачилсан юм.

-Гадаадаас монгол хэлнээ орчуулах нь амар уу, монголоос гадаад руу хөрвүүлэх нь амар байдаг уу?

-Гадаад хэл рүү хэд хэдэн ном хөрвүүлсэн. гэхдээ жижиг өгүүллэг, туужууд, шүлгүүд голцуу л даа. Том гэвэл Ш.Сүрэнжавын “108 тарни” номыг орчуулсан. Түүгээр би Сүрэнжавыг өөртөө татсан юм даа. Түүнийг англиар хэвлээд Америкт очсон. Дахиад хэд хэдэн удаа хэвлэгдсэн. Сүрэнжав над дээр ирээд “Таны буянаар ертөнцөд би танигдлаа” гээд хөөрхий минь бурхан болтлоо л надад талархаж, баярлаж явдгаа хэлж ирдэг байлаа. Би нэртэй хүний юмыг сайхан гаргах юмсан л гэж боддог доо.

Categories
мэдээ нийгэм

Б.Одбаяр: Түгжрэлийг бууруулахад есөн их наяд төгрөгийн төсөв шаардлагатай, 420 тэрбум төгрөг хаанаа ч хүрэхгүй


Нийслэлийн замын хөдөлгөөний төлөвлөлт зохицуулалт, инженерчлэлийн газрын төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах хэлтсийн мэргэжилтэн Б.Одбаяртай ярилцлаа.


-Төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах үндэсний хороо хэзээ байгуулагдсан юм бэ. Судалгаагаа хэзээнээс эхлэв?

-2021 оны наймдугаар сарын 18-нд ерөнхий сайдаар ахлуулсан таван үндэсний хороо байгуулагдсаны нэг нь Төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах үндэсний хороо юм. Зам тээврийн яамны төсөл хөтөлбөрүүдийг хариуцсан Б.Одсүрэн дарга хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдоод, энэ хэлтсийг байгуулж наймдугаар сараас эхлэн судалгааны ажлаа хийгээд явж байна.

-Судалгаагаа хийж дууссан уу. Үр дүн нь яаж гарав?

-Улаанбаатар хот моноцентр буюу нэг төв дээр суурилсан хот. Ихэнх хотын түгжрэл хаашаа чиглэж байна гэхээр Их тойруу, Их тойруугаасаа нарийвчилж ярих юм бол бизнес дүүрэг Бага тойруу руугаа бүх хөдөлгөөн чиглэж байна. Өглөө, оройд оргил цагийн ачааллаар Бага тойруу руу хотын тал талаас ажил руугаа төвлөрөөд, буцаад ажлаасаа тарахаар гадагшаа чиглэсэн түгжрэл үүсдэг. Түгжрэлийн хоёр оргил цагийн ачаалал байгаа. Өглөө 07:30-10:00 цагт, орой 16:00-20:00 цаг хүртэл. Судалгаагаар нийтийн тээвэр хэрэглэгч 20 хувь, хувийн машинаараа зорчигч 80 хувь гэсэн үнэлгээ гарсан.

-Судалгааны дараа ямар төлөвлөгөө гарав?

-Олон төвт хотын загвар руу шилжье. Үүний тулд нэгдүгээрт нийтийн тээврийн үйлчилгээ сайн байх ёстой. Хоёрдугаарт, дэд төвүүд байгуулж, дэд бүтцийг нь шийдээд хотын төвд их төвлөрсөн томоохон худалдааны төвүүдийг нүүлгэж шинэ суурьшлын бүсүүдийг үүсгэнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа.

-Энэ бүх төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд хэдий хугацаа зарцуулах вэ?

-Яг дуустал нь хэрэгжүүлнэ гэвэл дор хаяж гучин жил шаардлагатай. Зүгээр хөнгөн галт тэрэг маягаар хэрэгжүүлье гэхэд л арван жил шаардлагатай. Тиймээс богино хугацаанд хотын түгжрэлийг бууруулъя гэвэл нийтийн тээврээ сайжруулах, тултал нь хөгжүүлж, үйлчилгээг нь сайжруулаад иргэдийн нийтийн тээврээр үйлчлүүлэх идэвхийг нэмэгдүүлэхээр зорьж байна. Нийтийн тээвэрт иргэдийг татахын тулд гол коридор замаа сайжруулах ёстой. Энэ гол коридор нь одоо бол Энх тайвны өргөн чөлөө л болчихоод байна. Шинэ суурьшлын бүс Яармаг руу ихэсч байна. Гэхдээ ерөнхий гол хөдөлгөөн баруунаас зүүн, урдаас хойшоо бүх хөдөлгөөн Энхтайваны өргөн чөлөөгөөр явдаг. Ганц Энхтайваны өргөн чөлөөгөөр явсаар Баянхошуу, Орбит, Толгойтоос эхлүүлсэн ачаалал Содон хорооллын замаас уруудаж орж ирээд Драгон төвийн ойролцоогоос эхлээд нам гацдаг. Тиймээс гол коридор замуудаа нэмье. Их тойруугаас Толгойт, Шархад хүртэл, 32-ын тойрог, Хороолол, Тасганы овоо гэсэн коридор замтай болъё. Урд талын Нарны зам бас гол коридор болох ёстой байсан ч X хороололд очоод Энх тайвны өргөн чөлөөтэй нийлчихэж байгаа. Нөгөө талаас явсаар байгаад Нарантуул худалдааны төвөөс эхлээд түгжирдэг. Цаашлаад явах юм бол Улиастайгаас түгжирдэг. Энэ бүхнийг салгаад гурван гол коридор замтай болгоод нийтийн тээвэртээ давуу эрхийг өгөөд маршрут, цагийн хуваарийнх нь дагуу явдаг болох юм бол иргэд нийтийн тээврээр зорчих нь ихэснэ. Дээрээс нь зорчилтын тоо ч нэмэгдэнэ.

-Яармагийн эцсээс Дөрөвдүгээр цахилгаан станц руу гүүр тавина гэж байсан. Энэхүү ажил хэзээ эхлэх вэ?

-2022 оны төсөвт суулгана гэж төлөвлөсөн. Эцсийн байдлаар батлагдаагүй. Ер нь бол 2022 оноос эхлэх болов уу л гэж бодож байна.

-Ирэх жилийн төлөвлөгөөнд эдгээр ажлуудын алийг нь хийх вэ?

-Зам барилгын ажилд гүүр хийхэд суурийг нь цутгана, шонгоо суулгана. Түүнийгээ бетоноор цутгана. Бетоны бэхжилтийн хугацаа дор хаяж 14 хоног. Нэг гүүрэнд доод тал нь 6-8 шон суулгана. Ингээд гүүрийн бэхжилтийн хугацаа өөрөө 28 хоногийг авч байдаг. Тэгэхээр гүүрийн барилгын ажил өөрөө асар их цаг авдаг. Тиймээс бид аль болох гүүрэн байгууламжийн ажлуудаа түрүүлж эхлүүлэх шаардлагатай. Гүүрэн байгууламж барихад дор хаяж хоёр жил зарцуулна. Дараа жилүүдээс нь замын ажлуудтайгаа нийлүүлээд шахаж болно. Яагаад гэвэл бетоны бэхжилт гэдэг технологийн шаардлагын дагуу явагдах ёстой. Түүнийгээ 2022 ондоо хийгээд 2023 онд замынхаа ажлуудтайгаа зэрэгцүүлээд дуусгачихаж болохоор байгаа.

-Зам барилгын ажилд хамгийн их тулгардаг асуудал юу вэ?

-Газар чөлөөлөлт. Хотын хувьд нягтаршил асар их байгаа. Хүн амын 50 хувь нь газар нутгийнхаа 0.3-хан хувьд амьдардаг. Нягтаршил ихтэй байх тусам газар чөлөөлөлтийн асуудал хэцүү болдог. Тэгэхээр газар чөлөөлөлтийн асуудлыг нэн тэргүүнд шийдэх хэрэгтэй. Газар чөлөөлөлтөд шаардлагатай хөрөнгийг 2022 оны төсөвт суулгаад явж байгаа.

-Ирэх онд замын түгжрэлийг бууруулахын тулд хэдэн төгрөгийн төсөв шаардлагатай вэ?

-Тавдугаар сард Засгийн газарт танилцуулсан. Түгжрэлийг бууруулахад 9 их наяд төгрөгийн төсөв шаардлагатай гэсэн тооцоо гарсан. Түүнээс 420 тэрбум төгрөг гэдэг хаанаа ч хүрэхгүй. Үндэсний хорооны төлөвлөгөө зөөлөн, хатуу бодлогыг хамтад нь хэрэгжүүлж байж үр дүнд хүрнэ. Үүнд холбогдох хууль, дүрэм, журмыг бүгдийг нь шинэчлэх ажлууд орж байгаа. Энэ бүх ажлууд зэрэгцэж явж байж л үр дүнд хүрнэ үү гэхээс ганц зам бариад бүх зүйлийг шийднэ гэж байхгүй. Ямар учраас зам бариад байна гэхээр гол коридор зам болох ёстой байсан зам нь голоороо тасарчихсан. Тиймээс боломжит ганц зам болох Энхтайваны өргөн чөлөө рүү нийлээд байгаа. Тэнд тасарчихсан замуудаа гол коридортойгоо нийлүүлнэ гэж л зам барилгын ажлыг төсөвт суулгаж байгаа. Түүнтэй давхцаад зөөлөн бодлогын аргаар хэрэгжүүлэх цахим гэрчилгээг нэвтрүүлэх, дүрмийн хэрэгжилтийг хангуулах, зогсоол бий болгох, автомашины төлбөрийн системийг хэрэгжүүлэх зэрэг арга хэмжээг авах шаардлагатай. Жишээ нь, бидний судалгаагаар хөдөө орон нутгаас 4-5-аараа машинтайгаа орж ирээд ээлжилж бүтэн өдөржин таксинд явж халтуур хийгээд буцаад гараад явдаг. Гэтэл орон нутгийн дугаартай машинаас бид татвар авдаггүй. Товчоон дээр л 500 төгрөг авдаг. Тэгээд л боллоо. Гэтэл зам ашигласны төлбөр 20, 30, 40 мянга гээд моторынхоо хэмжээнээс хамаардаг. Зарим машин бүтэн өдөржингөө явдаг. Өдөртөө 30, 40, 50, 60 км явж байна. Гэтэл зарим хэсэг нь бараг машинаа унадаггүй. Ийм байтал бүгд адилхан хэмжээний татвар төлдөг. Ингэж бүгд адилхан татвар төлнө гэдэг өөрөө их шударга бус. Олон улсын жишгээр харах юм бол Америк, Япон, Шейвцарь зэрэг улсууд бензин авсан бутархай мөнгө нь авто замын сан руугаа орж байдаг. Тэр нь эргээд зам засахад зарцуулагддаг. Бид үүнийг засч, их явдаг бол их мөнгө төл, бага явдаг нь бага мөнгөө төл гэдэг зөөлөн бодлогын аргыг нэвтрүүлэхээр зорьж байна.

-Байгаа замуудаа өргөтгөх боломж хэр байна. Нэг их олон эгнээ замтай юм шиг нэгдүгээр эгнээгээр нийтийн тээвэр зорчуулна гэх юм?

-Өргөтгөх гэдэг нь өөрөө ямар зам байгаагаас хамаарна. Үнэхээр гол зам бол гурван эгнээтэй байсан ч болно. Туслах байлаа гэхэд заавал өргөн зам байх шаардлагагүй. Хэр их ачаалал авч байна. Хэдэн машин зорчиж байна гэдгээс хамаараад өргөн байх юм уу, нарийн байх юм уу гэдгийг тооцоолж гаргах хэрэгтэй. Гол замыг артерын зам гэж нэрлэдэг. Замыг үндсэн шинж чанараар нь артерын, хуримтлуулагч, хороолол доторх зам гэж ангилдаг. Артерын зам дээр хурд чухал. Орц, гарц багатай байх ёстой. Коллектор зам бол орц, гарц их, хурд саармаг байдлаар зохицуулж өгөх ёстой. Хороолол доторх замд 20 км цагийн хурдтай орц, гарц маш нээлттэй байх ёстой. Одоо гараж хайс, хашлагыг нураана гээд байгаа чинь хороолол доторх замуудыг хаачихсан байдаг. Түүнээсээ болоод хотхон болгон төв зам руугаа орц, гарцаа нээгээд ирдэг. Ингэхээр авто замын шинж чанар гэдэг юм чинь эсрэгээрээ болчихоод байна. Бид нар Энхтайваны өргөн чөлөө дээр судалгаа хийхэд 12 км зам дээр 120 орц гарц байна. 100 м тутамд нэг орц гарц байна гэдэг нь өөрөө хүссэн хүсээгүй түгжрэл үүсэх нь ойлгомжтой. Мөн зам дагуу зогсоолууд байна. Ялангуяа төв зам дагуу автомашины зогсоолууд. Энэ бол байж болохгүй асуудал. Уулзварын дахин инженерчлэлийн асуудлыг шийдэх хэрэгтэй. Түүнийг хүмүүс ойлгохдоо зам өргөн байх юм бол түгжрэл үүсэхгүй гэж ойлгоод байдаг. Уулзвар дээр нэгхэн жишээ татахад Гадаад хэргийн яамны уулзвар найман эгнээ. Гэтэл цааш чигээрээ гараад Шангрилагийн уулзвар дээр очиход хоёрхон эгнээ болчихдог. Дөрвөн эгнээ чихэж яваад хоёрхон эгнээ болчихоор үл ойлголцох цэг гэж бий. Үл ойлголцлын цэг олон болоод ирэхэд уулзвар дээр машинууд нэг нэгнийхээ араас орох гээд удаад уулзвараа таглаж зогсоод чагтлагдчихдаг. Ийм байдал уулзвар дээр үүсээд байгаа болохоор аль болох компактны байх ёстой. Хоёр эгнээ явж байвал хоёр эгнээ хүлээж авна. Илүү юм байх ёсгүй.

-Явган хүний гарцууд түгжрэлд нөлөөлдөг үү?

-Уулзварууд өргөн байх тусмаа явган хүний туулах цаг уртасна. Хүн секундэд хэд алхах вэ, хүүхэд, хөгшин хүн хэд алхах вэ гэдэг тооцооллыг бодоод үзэх юм бол зам 30, 40 м өргөн байх тусам туулах хугацаа уртасна. Энэ хэрээр хүлээлтийн горим ихэснэ. Тэгээд баруун, зүүн талдаа шилжүүлэх дохиогоо өгөхөөр бас хугацаа нь нэмэгдэнэ. Үндсэн явж байгаа чиглэлийн хугацаа улам нэмэгддэг. Ийм учраас уулзвар аль болох шахуу байршилтай хурдан нэвтэрч гардаг байх юм бол явган хүн ч хурдан гараад явна. Автомашин ч уулзвараар хурдан нэвтэрнэ.

-Явган хүний гүүрэн гацуудыг нэмье гээд байгаа. Энэ нь түгжрэлд нөлөөлөх үү?

-Гүүрэн гарцуудыг нэмж болно. Түүн дээр эрэлт, зорчилтын судалгаа хийгээд хэдий хэмжээний явган хүн зорчиж байна гэдгээсээ хамаарч гүүрэн байгууламж болгох уу, нүхэн гарц болгох уу, явган хүний гарц байх уу гэдгээ шийдэх хэрэгтэй. Үүнд зарим нэгэн нөхцөл байдал үүсээд байгаа. Монголчууд замаа хийхдээ дизайн ихтэй барьдаг. Налайхын зам бол хамгийн тод жишээ. Хурдны зам шиг гурван эгнээтэй. Ямар ч орц, гарц байхгүй. Орц, гарц байхгүй гэрлэн дохиогүй бол тэр хүн мэдээж хурдтай явна. Хичнээн хурдны хязгаараа бариад явсан ч 60-80 км цаг хурдтай явна. Энэ тохиолдолд явган хүний гарцыг нэг түвшинд хийнэ гэдэг нь өөрөө аюулгүй байдал талаасаа маш эрсдэлтэй. Ийм нөхцөлүүдээс хамаараад үнэхээр нэгдүгээр зэрэглэлийн зам бол гүүр юмуу нүхэн гарц хийхээ шийдэх хэрэгтэй.

-Яармагийн зам дээр жишээ аваад үзье л дээ. Тэнд өглөө оройдоо наашаа цаашаа битүү, ачааллаа дийлдэггүй. Уулаа нүхлээд шууд Төв аймаг руу явдаг болох, уулын замаа үргэлжлүүлэх гээд олон л жил ярилаа…

-Яармагийн замын түгжрэл яг хаанаас эхлээд байна гэдгийг урагш нь гүйлгээд харах юм бол хуучин комбинатын цагаан хаалганаас эхэлдэг. Зургаан эгнээ зам байгаа. Талдаа гурав гурав. Яармагийн гүүр ч гурав гурван эгнээ байдаг. Гэтэл Нарны гүүрний уулзвар дээр зөвхөн нэг эгнээ нь зүүн эргэх горимоор явагдана. Түүний яг хажууд нь шахуу автобусны буудал. Автобусны буудал дээр нийтийн тээврүүд нь таглаад зогсчихдог, ингээд машинуудаа оруулдаггүй. Ийм байдал үүсэхээр ялгаа байхгүй тэр гурван эгнээний нэг нь л ажиллаж байгаа юм. Хоёр эгнээ биш, ганцхан эгнээгээр явсаар байгаад бүх түгжрэл тэндээс эхэлж байна. Тэгэхээр үүнийг засахын тулд Нарны гүүрний уулзваруудад дахин инженерчлэл хийх шаардлагатай. Түүн дээр зүүн эргэх халаас нэмж өгөөд, хоёр эгнээ бүтэн урагшаа явдаг байх хэрэгтэй. Бид нэг уулзвар нэмээд болно гэж боддог. Нэг уулзвар нэмэгдлээ, нэвтрүүлэх чадвар сайжирлаа. Дараагийн уулзвар дээр ирээд 100 м явахад л дахиад нөгөө түгжрэл үүснэ. Энэ мэт олон асуудлыг шийдэх хэрэгтэй байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

М.Батбаатар: Орон сууцны үнийг хэт хөөргөддөг гажиг Монголд л байна

– АШИГ ОЛОХ АЛТАН ДУНДАЖ ТҮВШИН БОЛ 15-20 ХУВЬ Л ГЭХ ДЭЛХИЙН ЖИШИГ БАЙНА ШҮҮ ДЭЭ –

Барилгачдын холбооны тэргүүн М.Батбаатартай ярилцлаа.


-Сүүлийн үед байр орон сууцны үнэ хэт их нэмэгдэж байна. Олон улсад, тэр тусмаа Хятадад эсрэгээрээ үнэ нь унаад эрэлт байхгүй болсон гэх. Манайд орон сууцны үнэ юунаас болоод ингэж нэмэгдээд байна вэ?

-Цар тахлын үеийн хямралаас үүдээд үнийн асуудал янз бүрийн хэлбэрээр савлаж байна л даа. Жишээлбэл, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг нэмэх, барилгын материалын үнэ нэмэгдэх, үүнээс улбаалаад орон сууцны үнэ нэмэх асуудал гаарсан. Үнэ нэмэгдээд байгаа асуудлыг холбогдох яам, тамгын газрууд байнга судалгаатай ажиглаж үндэслэлийг сайн тогтоож байх хэрэгтэй. Тэгж тогтоохгүй назгайрсны улмаас 2021 оны барилгын материалын үнийн өсөлтийг коэффициентээр тооцохгүйгээс болж төрийн, төсвийн хөрөнгөөр баригдаж буй барилгуудад үнийн өсөлт гарч барилгачид хохирсон асуудал гарч байна. Үнийн өсөлтөд шинжлэх ухаанч буюу ажил хэрэгч байдлаар хандаж, урьдчилсан таамаг судалгаа хийж байгаагүйн балаг. Үүнээс манай барилгын системийн төрийн захиргааны байгууллагууд сургамж авах шиг боллоо.

-Тэгэхээр Монголд үүсч байгаа үнийн өсөлтийн шалтгаан нөхцөлийг материалын үнэтэй л холбож үзээд байна уу?

-Үнийн өсөлт хэд хэдэн хэлбэрийнх байдаг. Үнэхээр гарцаагүй гадаад, дотоодоос шалтгаалсан эх үүсвэртэй үнийн өсөлт байна уу, тэрүүгээр далимдуулаад хөөргөдөлт байна уу, хэт хөөргөснөөс болоод хөөсрөлттэй үнэ үүссэн үү гэсэн гурван чиглэлээр ангилдаг. Тэгэхээр өнөөдрийн байдлаар барилгын материалын зарим нэгэн түүхий эд, материал үнэд орсноор байр орон сууцны үнэ нэмэгдсэн. Жишээлбэл, арматур төмөр, хөөсөнцөр гээд гадаадаас түүхий эдээ авдаг материалууд өссөн л дөө.

Гадаадад ч нэлээд өссөн. Дотоодод ч өссөн. Энэ бол бодит өсөлт. Нэг барилга барихад 200-300 төрлийн материал ашигладаг. Харин үүгээр далимдуулаад барилгынхаа үнийг өсгөчихсөн байдал ч харагдаж л байна. Тэгэхэд БНХАУ-ын Эрээн хотод гэхэд барилгын материалын үнээс болоод үнэ нэмсэн асуудал ажиглагдаагүй. Одооноос л үнэ өслөө, бараа материалын үнэ нэмэгдэж байна гэсэн яриа гарч эхэлж байна. Энэ хөөргөдсөн үнэ богино хугацааных юм. Гадаад зах зээл дээр үнэ нэмэгдэхгүй. Орос, БНХАУ-ын зах зээл дээр барилгын материалын үнэ тогтвортой байгаа.

-Үнийг хэрхэн зохицуулах ёстой вэ?

-Үүнийг том зургаар нь хараад барилгын салбарын төрийн захиргааны байгууллагууд, Сангийн яам зэрэг газрууд нь тооцоо судалгаатай хандаж, ялгаж салгаж байх хэрэгтэй. Тухайлбал, саяхан Засгийн газрын мэдэлд байх стратегийн ач холбогдолтой 30 аж ахуйн нэгжийг нэрлэлээ. Түүнд манай Барилгын хөгжлийн төв гээд төрийн захиргааны төв байгууллагын нэр орчихсон байна. Төрийн орон сууц санхүүжилтийн корпорацийг оруулсан. Энэ хоёрыг яагаад төр стратегийн ач холбогдолтой төрийн өмчит байгууллага гэж анхааралдаа авах болов. Миний хэлж байгаа үнийн өсөлт, үүнээс болоод орон сууцны үнэ өсөх, барилгын материалын үнэ өсөх, иргэдэд эцсийн бүтээгдэхүүн болж очиход орон сууцны үнэ хэт үнийн хөөсрөлтөд хүрч байгааг барихын тулд энэ байгууллагуудыг төр өөрийн талдаа авч байна шүү дээ. Тэгэхээр энэ байгууллагуудын хариуцлага өндөрслөө.

-Монголдоо барилгын материалаа үйлдвэрлэх боломж нөхцөл хэр байна вэ?

-Сүүлийн 20-иод жил энэ бодлогыг нэлээд эрчимтэй баримталсны үр дүнд барилгын материалын 70 орчим хувийг Монголдоо үйлдвэрлэх бүрэн боломжтой болсон. Зарим нэгийг нь бүр экспортод гаргадаг болсон. Жишээлбэл, цементийг гаргаж байна. Гэтэл зарим материалынхаа түүхий эдийг Хятадаас авч чадахгүй болсон. Жишээ нь, нефтийн шаар авч чадахгүйгээс болоод хөөсөнцрийн үйлдвэр нь зогсчихдог. Түүхий эдээ нэг бол нөөцлөх хэрэгтэй. Нэг бол өөрсдөө бэлтгэх хэрэгтэй. Арматур гэхэд Монголд үйлдвэрлэе гэвэл эхлэлийг нь тавьчихсан шүү дээ. Бэрэнгийн арматурын үйлдвэр байна. Дарханы төмөрлөгийн үйлдвэр байна. Мөн арваад хувийн хэвшлийн үйлдвэр байгаа. Энэ бүгдийнхээ хүчийг нэгтгээд тодорхой хэмжээний татвар урамшууллын бодлого явуулаад чанарт нь хяналт тавиад явбал ойрын 2-3 жилдээ арматурын 50-60 хувийг Монголдоо ханган нийлүүлэх боломжтой. Бусдыг нь яах вэ өндөр үнээр авдаг л юм байгаа биз. Цемент бол үнэ өртгийн хувьд тогтвортой байх боломжтой. Ханын материалуудыг бүгдийг нь үйлдвэрлэх боломжтой.

-Хятад улс байрныхаа үнийг яаж барьж байна, хэрхэн буулгаж байна гэдэг талаар барилгын салбарынхны хийсэн туршлага ч гэдэг юмуу судалгаа бий юү?

-Албан ёсоор судалгаа хийсэн зүйл байхгүй. Сошиал ертөнц, цахим орчноос мэдээлэл авч байна. Ер нь бол орон сууцны үнийг хөөргөдөх асуудал Монголд л байгаа. Түүнээс өөр газар ингэж хөөргөдөггүй. 1 м.кв-ыг нь 1 сая төгрөгөөр барьчихаад 3 сая төгрөгөөр худалддаг өөр газар байхгүй. Олон улсад бол барилгын материалын тухайн жилийнхээ дундаж үнийг зарлачихдаг. 500 төрлийн материалын дундаж үнийг зарлаад ийм үнээр барилгад хэрэглэнэ. Бүтээн байгуулалт хийнэ гээд зарлачихна. Манайх огт зарлахгүй байж байгаад л үнийн өсөлтөд ороод хөөргөчихдөг.

-Барилгын материалын төвлөрсөн цэг байгуулна гэж байсан, юу болж байгаа юм бол?

-Энэ тогтолцоог шинэ Засгийн олж хараад бодлого төлөвлөлтдөө оруулчихсан байгаа. Барилгын материалын худалдаа хувийн журмаар явагдах нь үнийн хөөргөдөлд их нөлөөлж байна. Үүнийг зах зээлд хөрөнгө оруулагчид, холбогдох байгууллагууд ажиглаад Хонхорт барилгын материалын төвлөрсөн цэг байгуулахаар төлөвлөөд байна. Налайхад байгуулна. Улаанбаатар хотын баруун, зүүн захад тийм цэг байгуулна.

Бодлогын зохицуулалт хийх зүйл аяандаа харагдаж байгаа байхгүй юу. Эрээн дээрээс бага багаар аваад энд ирээд 3-4 нугалж зарах зах зээл Монголд хэрэгтэй юү, эсвэл Тяньжин зэрэг үйлдвэрлэдэг газраас нь үйлдвэрийн үнээр аваад төвлөрсөн барилгын материалын төв байгуулах уу. Нэг жилдээ л ямар ч байсан үнийн хөөргөдөлд автдаггүй барилгын материалын нийлүүлэлт худалдааны том сүлжээ болгосон нь дээр үү. Барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх ойрын ирээдүйн стратегийн баримт бичиг бий. Түүн дээр парк байгуулна, төвлөрүүлнэ. Урд хойд хөршийнхөө үнээр материал оруулж ирж хангана гээд эхний алхмуудыг хийж байна. Энэ чинь нөгөө гурван төрлийн үнийг хазаарлаж, зохицуулах хамгийн эхний алхам. Дээрээс нь дотооддоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ тендерийн сонгон шалгаруулалтаар төсвийн хөрөнгөөр бүтээн байгуулахад ашиглах эрх зүйн орчныг бүрдүүлэн, үнийн хөөргөдөл үүсгэхгүй байх төр засгийн зоримог шийдвэрүүд дэс дарааллаад гарч байх хэрэгтэй. Сая бол тэрийг нь судлахгүй байж байгаад огцом хямралд ороод бажгадлаа шүү дээ. Гэтэл үүнийг чинь Монголын барилгачдын холбоо аль гуравдугаар сард олж хараад Барилга хот байгуулалтын яаманд хандаад хэлсэн. Үнэ өсч байна, үнийн индексийг тогтооё гээд шинжлэх ухаан техникийн хороогоор оруулаад шийдвэр гаргуулаад Сангийн яаманд өгөх хөтөлбөрийг гуравдугаард сард өгсөн. Гэтэл түүнээс хойш 8-9 сар Сангийн яамтай зөвшилцөхгүй байсаар байгаад жирийн барилгачид зовлон жаргалаа хэлээд тэмцээд ирэхээр яах вэ, яах вэ гээд эхэлж байгаа юм. Одоо ирэх жил тийм л зүйл гаргахгүй байх хэрэгтэй. Тэгвэл үнийн хөөргөдлийг бид таслан зогсоож чадна.

-Өнөөдрийн байдлаар барилгын 1 м.кв нь хэдэн төгрөгөөр баригдаж байгаа вэ?

-Барилга барихад хоёр янзын үнийн категори хэрэглэдэг. Нэгдүгээрт, барилгын өөрийн өртөг. Орон сууцан дээр аваад үзэхэд үнэ өслөө, өслөө гэхэд 1 сая төгрөгөнд өөрийн өртгөөр баригдах тооцоо гардаг. Орон сууцыг олноор нь барих тусам өртөг нь багасдаг. Ер нь яагаад орон сууцны үнэ хөөргөдсөн гэхээр хотын төвд өндөр үнээр газар аваад ашигтай байрлалд байна. Тансаг зэрэглэлийн гээд янз бүр. Тансаг зэрэглэлийн орон сууц бол өндөр үнэтэй чанартай материалаар хотын “А” зэрэглэлд баригддаг болохоор мэдээж үнэтэй байна.

-Хоёулаа 2019 онд уулзахад 150 мянган айлын орон сууц хөтөлбөр хэрэгжинэ гэж ярьж байсан. Одоо энэ хөтөлбөр хэрэгжиж байна уу. Аль шатандаа явна вэ?

-150 мянган айлын орон сууцны эхний хэрэгжүүлэх бэлтгэл ажлууд нь явагдаж байна. Улаанбаатар хотод Нийслэлийн Засаг дарга 5-6 газарт батламж өгч байна. Урьд нь бас 5-6 газар явагдаж байсан. Одоогоор арваад газар дахин төлөвлөлтөд ороод явж байна. Нийслэлийн орон сууц санхүүжилтийн корпораци нэлээд эрчимтэй ажиллаж байна. Төрийн орон сууцны санхүүжилтийн корпораци гэдэг байгууллагыг бэхжүүлж, төрийн мэдэлд байлгах нь зүйтэй юм аа гээд сая зарласан 30 аж ахуйн нэгжийн тоонд оруулж, хүчийг нь нэмэгдүүлэх арга хэмжээ авах шинжтэй болж байна. Хуучин төлөвлөсөн ажлууд явагдаж байгаа ч бага хэмжээний л ахицтай байгаа. Жилдээ 2000-3000 айлын орон сууц ашиглалтад орж байх шиг. 2022 оноос нэлээд эрчимтэй явагдана. Монголын барилгачдын нэгдсэн холбоо үүн дээр яагаад баталгаатай зоригтой дуугарч байна гэхээр 150 мянган айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Монголын барилгачдын нэгдсэн холбоо нэг үүрэг авчихсан. Хэрэгжүүлэх төлөвлөгөөнд нь. Орон сууц барих энэ үйл ажиллагаанд гардан гүйцэтгэгч компаниудад гадаад, дотоодын хөнгөлөлттэй зээл олгох, баталгаа олгох модуль загварыг гаргана гэсэн үүргийг Монголын барилгачдын нэгдсэн холбоо хүлээсэн. Үүнийхээ дагуу хоёр жил гаруй ажиллаад түрүүчээсээ харилцан хамтран ажиллах санамж бичгүүд зурагдаад эхэлж байна. Жишээлбэл, түрүү долоо хоногт Хонконгийн хөрөнгө оруулагчтай 200 сая долларын гэрээ хийлээ. Бид Улаанбаатар хот Дэнжийн мянгад хэрэгжүүлэх гэж байгаа гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг Засаг даргаар нь батламж гаргуулаад, үнэ цэнэтэй болгоод, үүнийгээ барьцаалаад хөрөнгө оруулалтыг чинь авъя. Бариад дууссан хойноо барьсан байшингийнхаа үнийг таван жилийн дараа нүүрсээр төлөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулъя гэсэн. Ингэж болж бүтэхгүй талаа эхэлж ярьж хоёр жил гаруй хөөцөлдөөд одоо гадны хөрөнгө оруулагчдын ихэнхэд нь хэлээд ойлгуулчихсан. Одоо гадаадын хөрөнгө оруулагчид юу хүлээж байна гэхээр Монголын хууль эрх зүйн орчин яаж өөрчлөгдөхийг л хүлээж байна. Гадаадын хөрөнгө оруулагчдын тухай хуульд өөрчлөлт орох гэж байгаа гэдэг мэдээллийг авчихсан. Засгийн газар нь хэрхэн тогтвортой ажиллах нь вэ, эрх зүйн орчин нь хэрхэн өөрчлөгдөх вэ гэдгийг хүлээж байгаа.

Categories
мэдээ нийгэм

Н.Батмөнх: Цагийн үнэлгээ бол манайд хямдхан л байгаа

Өдрийн сурвалжлага

“Мөсөн өргөө” спортын ордон өнгөрсөн амралтын өдөр буюу арваннэгдүгээр сарын 14-ний өдөр олон нийтэд үүд хаалгаа дэлгэлээ. Дэлхийн стандартад нийцүүлэн барьсан тус спортын ордон нь нийт 2,600 хүний суудалтай бөгөөд урлаг, уран сайхны тоглолтод зориулсан дуу авиа, гэрэлтүүлгийн орчин цагийн шаардлагад нийцсэн иж бүрэн төхөөрөмжөөр тоноглогдсон ажээ.

Тус ордон цар тахлын энэ үед нээлтээ хийж байгаа тул УОК, НОК-оос гаргасан журмын дагуу 50 хувийн дүүргэлттэй байхаар зохицуулсан байна.

Нээлтийн үеэр олон нийтэд зориулсан үзвэр үйлчилгээ үзүүлж, хүүхэд багачуудын сонирхлыг татах зүйл олон байв. Ингээд “Мөсөн өргөө”-нөөс хийсэн сурвалжлагаа хүргэе.

“Мөсөн өргөө” нээлтээ хийж байгаа сургаар гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олноороо ирж гулгах хүмүүсийн хөл хөдөлгөөн их байлаа. Хүүхэд багачууд чаддаг, чаддаггүй хамаагүй тэшүүр углан мөсөн талбайд гарч гулгаж байх юм. Яагаад гэвэл хүүхдүүдийг тэшүүр аваад талбай руугаа гарахын өмнө аюулгүй байдлын заавар өгөх зөвлөгч үүдэнд нь зогсон хүүхэд багачуудын аюулгүй байдлыг хангуулж, гарахад нь өвдгөвч малгайгаа бүрэн өмссөн эсэхийг шалгаад, зөвлөгөөгөө өгөөд оруулна. Орсон хойно нь тэдэнд түрээд гулгах жижигхэн загас хэлбэртэй, оцон шувууны дүрстэй тулгуурыг өгч багш нар дагалдан явж зааж байлаа. Гулгаж чадахгүй хүүхдүүд тулгуур дээрээ суугаад түрүүлэх боломжтой. Тиймээс айх айдасгүй гулгаж буй хүүхдийн инээд цалгисан сайхан өргөө болжээ хэмээн ярих хүмүүс олон байв.


Үйлчлүүлэгч иргэн С.Наранцацралтай ярилцлаа.

-Та “Мөсөн өргөө” ордон нээлтээ хийж байгааг яаж мэдэв. Хэдүүлээ ирсэн бэ?

-Цахимаас мэдээлэл аваад дүүгийнхээ хоёр хүүхэдтэй, дүүтэйгээ дөрвүүлээ ирсэн.

-Энэ байгууламж ямар болсон байна. Ирээд үйлчлүүлэхэд хэр тав тухтай байна вэ?

-Сайхан байгууламж болжээ. Үнэхээр сэтгэгдэл өндөр байна. Манайх ойрхон байдаг болохоор байн байн үйлчлүүлж баймаар сайхан газар болж. Харин жаахан сэрүүхэн юм. Дулаахан хувцаслаж ирж баймаар юм байна.

-Үнэ ханшийн хувьд хэр санагдаж байна вэ?

-Боломжийн юм аа. Дүн өвлийн хүйтнээр гадаа даарч нэг цаг гулгаж байхаар ая тухтай дулаахан орчинд хүүхдүүдийнхээ тааваар үйлчлүүлж болох энэ үнэ тохирсон гэж бодож байна.

-Урлагийн тоглолтууд үзсэн үү. Хүүхдүүд нь яаж хүлээж авч байна вэ?

-Хөөрхөн тоглолт байна лээ. Хүүхдүүд их дуртай дагаж дуулж бүжиглээд хүүхдүүдийн зугааг гаргасан сайхан зүйл олныг хийж байгаад баяртай байна. Тоглолтын дараа тэдгээр үлгэрийн баатрууд хүүхдүүдтэй зураг даруулж, тоглож наадаад ер нь сэтгэлд их хүрлээ. Гэр бүлээрээ чөлөөт цагаа хамт өнгөрөөх ийм сайхан байгууламжтай болсонд баяртай байна.

“Мөсөн өргөө” спортын ордонд хоккей, уран гулгалт, шорт трейкийн тэмцээн уралдаанаас гадна сагсан бөмбөг, гар бөмбөг, уран сайхны гимнастик, бокс зэрэг багийн болон ганцаарчилсан спортын төрлүүд, соёл, урлагийн тоглолт, экспо, хурал зэрэг олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах боломжтой. Энэхүү ордон нь олимпийн стандартаар буюу 60х30 хэмжээтэй, 12.7 мянган ам метр талбайтай, 15 сая ам.долларын өртгөөр баригджээ.


Мөсөн талбай дээр гулгаж буй Э.Одмаралтай ярилцлаа.


-Өмнө нь ийм газар гулгаж байсан уу. Энд гулгах ямар байна вэ?

-Урьд нь Хүннү моллын мөсөн талбайд гулгаж байсан. Түүнийг бодвол том юмаа. Энд бас хувцас солих өрөө, цүнх хадгалах газартай юм байна лээ. Авч яваа эд зүйлээ хадгалуулаад тавтай гулгаж байна.

-Чи хэдэн настай вэ. Яасан хэвлүүлэн ярьдаг юм бэ?

-/инээв/ Би зургаан настай. Өмнө нь хэд хэд гулгаж байсан болохоор жаахан туршлага суусан юм аа.

-Пөөх туршлагатай тамирчин болох нь ээ. Гулгах гоё байна уу?

-Тиймээ. Би том болоод зураач болно гэж боддог. Хэрвээ сайн гулгаад сурчих юм бол зураачаа болиод тэшүүрийн тамирчин ч болсон яах вэ.

-Чи хэнтэй ирсэн бэ. Энд чамд таалагдаж байна уу?

-Маш их таалагдаж байна. Би ээжтэйгээ ирсэн. Дараа ирэхдээ аавтайгаа дүүтэйгээ ирнэ ээ.

Мөсөн талбайд гулгахаас гадна эцэг эхчүүд нь лоунжид суугаад хүүхдээ харах боломжтой. Бас фитнесс ч байлаа. Мөсөн талбай орох замд тамирчдад зориулсан хувцас солих өрөө, дүш, бие засах өрөөнүүд коридорт байршжээ.

Энэ талаар “Степпа арена” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Батмөнхтэй ярилцлаа.

-Иргэдэд зориулсан ямар үйлчилгээ явуулж байна вэ?

-Өнгөрсөн есдүгээр сарын 29-нд манай “Мөсөн өргөө” ордон ашиглалтад орсон. Өнөөдөр бид УОК-той хариуцлагын гэрээгээ байгуулаад нийтэд үйлчлэх, тогтоосон дэг журам дэгийн дагуу нээлтээ хийж байна. Нийтийн гулгалтын өдөр маань эхэлж байна. Нийтийн гулгалтын өдрүүдээр гэр бүл найз нөхөд, хамт олноороо ирж мөсөн талбайд гулгахаас гадна үлгэрийн баатруудтай уулзаж, тоглож наадах, хоорондоо ярилцах, цэнгэх боломжийг олгож байна.

-Цаашид ямар арга хэмжээнүүд зохион байгуулах вэ?

-Бидэнд мөсөн талбайд тэмцээн зохиох, хурал чуулган хийх, ганц мөс ч биш өөр урлаг спортын арга хэмжээ зохион байгуулах хүсэлтүүд их ирж байгаа. Жишээлбэл, бид ирэх долоо хоногт 2019 оны Хоккейн улсын аварга шалгаруулах тэмцээний шөвгийн дөрвөн тоглолтыг зохион байгуулахаар болсон. Яагаад 2019 он болчихов гэж хүмүүс гайхах байх. 2019 оны төгсгөлөөр хөл хорио тогдоогдоод бүтэн хоёр жил тус тэмцээн хойшлогдоод аваргаа шалгаруулж чадаагүй байсан. Шөвгийн дөрвөн баг тодорхой болчихсон. Бид түүнийг нь үргэлжлүүлээд Монголын хоккейн холбоотой хамтран зохион байгуулах гэж байна. Үүнээс гадна Монголын оюутны сагсанбөмбөгийн лиг гэж байдаг юм байна. Энэ байгууллага бас 2021-2022 оны улирлын нээлтээ манайд хийе гэсэн хүсэлт ирүүлсэн. Үүнээс гадна байгууллагауудын хурал, чуулган болдог. Удахгүй шинэ жил болох гээд олон хүнтэй байгууллагууд манай ордныг их сонирхож байна. Энэ мэтээр манайд хүсэлтүүд их ирж байгаа.

-Төлбөр мөнгөний хувьд хэд гэж байгаа вэ. Албан байгууллагууд бүтнээр түрээслэхэд цагийн 15 сая төгрөг гэж сонссон үнэн үү?

-Төлбөр мөнгийг бол маш их сонирхож байгаа. Нийтийн гулгалтын үед том хүн 25000 төгрөг, хүүхэд 15000 төгрөг. Тэшүүрээ түрээслээд авчихна. Хувцас солих өрөөтэй. Олон улсын стандартад нийцсэн бүх шаардлагыг хангасан. Дуу хөгжим гэрэлтүүлэг гээд зүгээр гадаа мөсөн талбай дээр гулгаж байгаа биш шүү дээ. Хүмүүст гулгах арга техникийг заах мэргэжлийн багш байна. Анхан шатны зөвлөгөө өгөх зөвлөх ажилтан байна. Энэ бүх зүйлсийг оруулаад гарч ирсэн төлбөр. Байгууллагууд цагаар бүтэн түрээслэх бол мөстэй талбай авах уу, мөсгүй авах уу гээд харилцан адилгүй. Дашрамд хэлэхэд зарим нэгэн буруу ташаа мэдээллээс болоод үнэ өртөг өндөр байна гэсэн мэдээлэл яваад байгаа. Нэг цагийн 15 сая гэсэн үнэлгээ байхгүй. Бүтэн өдрөөр нь арга хэмжээ зохион байгуулахаар манайд хүсэлтүүд их ирдэг. Жишээлбэл, олон улсын том уул уурхайн үзэсгэлэн экспо зохион байгуулах хүсэлт ирж байгаа юм. Тэгэхээр манайх мөсөн талбайн үйл ажиллагаагаа тэр чигээр нь зогсоогоод гурван өдрөөр түрээслэхэд тэр үнийг хэлсэн.

-Өвлийн спортын төрлүүдийн бэлтгэлийн бааз талбай болгох зориулалт бий шүү дээ. Тэшүүр, хоккейн тамирчид бас үнэ төлж орох уу?

-Бэлтгэлийг бүтэн өдөр хийнэ гэж юм байх уу. Хүн бэлтгэл хийхэд хүч энергиэ зарна. Сайндаа л 2-3 цагаас илүү гарахгүй шүү дээ. Тэр өртөг бол өөр. Шорттрекийн тамирчдын өртөг өөр. Монголын тэшүүрийн холбооны нарийн бичгийн дарга Нарангэрэл гэж эмэгтэйн ярилцлага байна лээ. Тэр хүн өөрөө ярьсан уу, ташаа мэдээлэл сонссон уу түүнийг би сайн мэдэхгүй байна. Тэр хүн “Ийм өндөр үнэтэйгээр бид бэлтгэл хийж чадахгүй” гэсэн байна лээ. Бүтэн өдөр бэлтгэл хийдэг зүйл гэж аль ч спортод байхгүй. Цагаар л байдаг. Цагийн үнэлгээ бол манайд хямдхан л байгаа.

-Тамирчдын хувьд үнэлгээ нь хэд гэж байгаа вэ?

-Нэг цагийн үнэлгээг бол багаараа юу ганцаарчилсан уу, талбайгаа бүтэн авах уу, талаар нь авах уу гээд өөр өөр болно шүү дээ. Шорттрекийн хувь тамирчидтай гэрээ хэлэлцээр хийгээд явж байна. Холбоо нь бидэнтэй одоогоор харьцаагүй байгаа. Харьцах байх. Бүх зүйлийг одоо бид туршиж байна. Туршилтаасаа бид үнэлгээнүүдээ ярьж хөөрч гаргана. Гэхдээ энд нэг зүйлийг бид хаа хаанаа маш сайн ойлгож авах хэрэгтэй. Өртөг гэж нэг юм бий. Үнэ гэж нэг юм бий. Энэ ордны өртөг, үйлчилгээ өөрөө өндөр. Мөсөө хөлдөөнө, гэрэлтүүлгүүд, агаар сэлгэлт хийх асар том тоног төхөөрөмжүүд явж байна. Энэ болгон цахилгаан хэрэглэнэ. Бүх техник тоног төхөөрөмжийг техникийн хүмүүс ажиллуулж байгаа. Түүнээс гадна тамирчдын хувцас солих өрөө, бэлтгэлийн дараах усанд орох өрөө бусад ямар хэрэгцээ шаардлага байна. Тэр бүгдийг хангасан. Энэ бүхэн цаанаа өртөг зардалтай. Эндээсээ үнэ хөлснийхөө тарифийг гаргана. Ашиг олоод байгаа зүйл одоогоор үнэндээ алга аа. Зарим нэг мэдээллийн хэрэгслээр ашиг олоод байгаа юм шиг юм бичсэн байна лээ. Хөрөнгө оруулсан компаниуд өөрсдөө зах зээлийн судалгаагаа хийхдээ оруулсан хөрөнгийнхөө эхний ашгийг 18-22 жилийн дараа авна гэж гарсан. Үүнийг барьсан компанийн эзэд өөрсдөө хүлээн зөвшөөрөөд байгуулсан. Бид бол ашиг гэхээсээ илүү нийгмийн хөгжлийн төлөө, монгол хүний хөгжлийн төлөө ийм үйлчилгээний газар байгууллага бий болгоё гээд л барьсан. Энэ байгууламж 40-өөд хүнийг ажиллуулж байгаа. Эдгээр хүмүүсээ бид цалинжуулна. Нийгмийн даатгалыг нь төлнө. Үүнийг чинь хэн нэгэн төлөхгүй. Байгууллагаа ажиллуулж байж өөрсдөө зардлаа олно.

“Мөсөн өргөө” ордон иргэдэд үүд хаалгаа нээснээр олон нийт гэр бүлээрээ цагийг өнгөрүүлэх нэг сайхан газартай боллоо хэмээн сэтгэгдэл өндөр байлаа. Энд болж буй арга хэмжээнүүдээс хамгийн гоё нь “Кисс камер” буюу мөсөн талбайн дээр байрлуулсан дэлгэцээр гарч хайртай хүмүүсээ тэврэн үнсэх хэсэг байлаа хэмээн нэгэн зэрэг ам уралдан хэлж байв. “Мөсөн өргөө”-гөөр зочилсон нэгэн өдөр ийм байна.

Н.Мөнхжаргал: Үйлчилгээ чанартай юм чинь үнэ болж л байна

“Мөсөн өргөө” ордон үйл ажиллагаагаа нээгээд олон нийтэд үйлчилж эхэлсэн. Энэ хугацаанд спортын тамирчид, багууд бэлтгэл хийхэд тус ордны түрээсийн үнэ өндөр байна гэх яриа их явах боллоо. Энэ талаар хоккейн спортын клубуудээс тодрууллаа.

-“Шарын гол” хоккейн клубын менежэр Н.Мөнхжаргал хэлэхдээ “Хувь хүмүүс өөрсдөөсөө хөрөнгөө гаргаад хийсэн. Тэдгээр хүмүүс хэр хэмжээний зардал гаргаж байгааг бид мэдэхгүй шүү дээ. Бэлтгэл хийж байгаа мэргэжлийн клуб, тамирчдад бол 50 хувийн хөнгөлөлттэйгөөр түрээсэлж байгаа. Нэг цагийн үнэлгээ нь 1.5 сая төгрөг. Түүнийхээ 50 хувиар тооцож манай багаас төлбөр 750 мянган төгрөг авч байгаа. Нэг цагийн хугацаанд заал тэр чигээрээ манай мэдэлд ирж байна гэсэн үг. Аятайхан юм байна лээ. Хувцас солих өрөө, усанд орох өрөө бүгд хангалттай хүрэлцээтэй. Монголд байхгүй цэвэрхэн, аятайхан орчин бүрдсэн газар байна лээ. Бүх фитнесс тоног төхөөрөмжөөр хангагдсан. Манай баг 20-иод гишүүнтэй. Бүгд ороод бэлтгэлээ хийгээд өөрсдөд хэрэгтэй бүх үйлчилгээг авчихна. Манайх удахгүй лигийн аварга шалгаруулах тэмцээнд орох гээд бэлтгэлээ хийгээд эхэлчихсэн. Арваннэгдүгээр сарын 12-ноос эхлээд энд бэлтгэл хийж байгаа. Монголчууд гэнэт олон улсын стандарттай ийм сайхан зүйл ороод ирэхээр үнэ тариф нь үнэтэй байна гээд шоконд ороод эхэлж байгаа л юм. Үзүүлж байгаа үйлчилгээ нь үнэндээ догь шүү. Хүмүүсийн зан харилцаа, үйлчилгээ гэж ямар байдгийг энд ирээд нэг үзээрэй гэж шүүмжлээд байгаа хүмүүст хэлмээр байна” гэв.

-“Отгон од” хоккейн клубээс дараах хариултыг өгсөн юм. “Ер нь үнэтэйгийн хувьд үнэтэй байгаа. Хувийн юм болохоор тэгдэг байх. Нэг багт анх цагийн 500-700 мянган төгрөгний ханш хэлсэн. Манайх улирлаар гэрээ байгуулж, ярьсаар байгаад цагийн 250 мянган төгрөгөөр тохирч, хүүхдийн тоо хамаарахгүйгээр өсвөрийн багаа энд бэлтгэл хийлгэж байгаа. Манайх гэрээ байгуулж хүүхдүүдээ бэлтгэл хийлгээд дөрвөн долоо хонож байна” гэв.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Нийтийн тээвэрт 1500 автобус нэмж байж зай барих боломжтой гэв

Нийтийн тээвэрт халдвар хамгааллын дэлэм хэрхэн мөрдөгдөж байгааг Зорчигч тээврийн нэгтгэлийн Нисэх-Дөрөвдүгээр дэлгүүр чиглэлийн автобуснаас сурвалжлалаа. Өчигдөр өдрийн 12:00 цагт Дөрөвдүгээр дэлгүүрийн автобусны буудлаас Нисэх чиглэлийн автобусанд суулаа. Энэ үеэр бага насны хүүхдүүд хичээлдээ явах цаг таарч хөл хөдөлгөөн их байв. Хүүхдүүдээ дагуулсан эцэг эх, эмээ өвөө, асран хамгаалагч нар сургуулийн зүг явж байгаа нь энэ. Нисэх чиглэлээс ирээд эцсийн зогсоол нь Дөрөвдүгээр дэлгүүр байдаг бөгөөд ирсэн хүмүүс бүгд бууж, суух хүмүүс ойролцоогоор 50-аад хүн харагдав. Автобус ирэхэд бүгд шахцалдан арайхийн сууцгаана. Хүүхдүүд урдуур дайрч хөгшин настай эмээ өвөөдөө суудал авах гэж улайран зүтгэх нь өрөвдмөөр. Тэднийг буруутгах аргагүй. Хол замд хөгшин настай хүмүүс хөл нь өвдөж, удаан зогсож явахад хэцүү. Хажуугаар нь залуус хамгийн ард талын урт суудал дээр хөгшчүүлтэй суудал булаацалдахгүй, тухлан суухаар яаравчилна. Хамгийн арын суудал руу залуус зүтгэдэг нь хөгшчүүл тэр өндөр рүү гарч сууж чадахгүй, булаацалддаггүй учраас тэр.


Автобус буудлаас хөдөлж цааш Нэгдүгээр дэлгүүрийг зорив. Энэ хооронд жолоочтой ярилцлаа.


-Өдрийн энэ цагаар автобус хэр ачаалалтай явдаг вэ?

-Өглөө оройны ид ачааллын цагийг бодвол арай гайгүй. Гэхдээ хүүхдүүдийн сургууль орох цаг учраас хөгшид хүүхдүүд ихэвчлэн зорчдог цаг.

-Танайх өдөрт хэдэн тойрог явах хуваарьтай байдаг вэ?

-Өдөртөө нэг тойрогтоо 1:10 цаг явж 12 тойрог явах ёстой байдаг.

-Энэ түгжрэлийн үеэр нормоороо явж чаддаг уу?

-Чадахгүй, өглөө 07:30 цаг гэж эцсийн буудлаасаа гарахад 10:00-11:00 цагийн хооронд буцаж эцэстээ очдог. Оройны ид ачааллын үеэр 17:00 цагаас хойш гарахад 21:00-22:00 цагийн хооронд буцаж эцэстээ очиж байна.

-Энэ үеэр хэр их хүн зорчдог вэ?

-Эцсээс гараад төв рүүгээ гайгүй. Дөрөвдүгээр дэлгүүрээс буцаад наашаа явахад пиг ирнэ.


-Тэр үеэр хүмүүс халдвар хамгааллын дэглэмээ барих асуудал бол байхгүй л юм байна, тийм үү?

-Юун халдвар хамгаалал, Багтаж суугаад гэртээ очвол дээдийн заяа.

-Автобусанд байрлуулсан гар ариутгагчийг хүмүүс хэрэглэж байна уу?

-Өглөө бүр дүүргээд гарахад орой очоод үзэхээр заримдаа дуусчихсан байна. Заримдаа тал, заримдаа хүн хүрээгүй бололтой л байдаг. Янз янздаа.

-Автобусны цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг хэрхэн хийж байгаа вэ?

-Өглөө гарахдаа цэвэрлээд гардаг. Өдөр цайны цагаар нэг цэвэрлэнэ. Орой цэвэрлээд бууна.

ТҮГЖРЭЛИЙН ҮЕЭР ДОР ХАЯЖ НЭГ ЦАГ АВТОБУС ХҮЛЭЭДЭГ

Энэ хооронд автобус Хүнсний нэгдүгээр дэлгүүрийн буудлаас хөдлөөд Тэнгис кино театр руу эргэх гээд ачаалал ихтэй тул түгжирч зогсоно. Хүнсний нэгдүгээр дэлгүүрийн буудлаас дахин нэлээд хүн нэмэгдэж орж иржээ. Зорчигч Х.Мандахтай ярилцлаа.

-Та хүүхдээ сургуульд нь хүргэж өгөхөөр явж байна уу. Энэ үеэр хүмүүсийн хөл хөдөлгөөн хэр байдаг вэ?

-Тийм. Ер нь энэ чиглэлийн автобус зорчигч ихтэй. Өглөө оройдоо бол битүү. Манай хүүхэд ХУД-ийн 18 дугаар сургуульд сурдаг. Тийшээ явдаг чиглэлийн хүүхдийн автобус байхгүй учир танхимаар хичээлтэй үед нь байнга зөөдөг.

-Энэ чиглэлийн автобус хэр хүртээмжтэй явдаг вэ. Хүлээлт хэр байдаг юм бол?

-Түгжрэлийн үеэр дор хаяж нэг цаг хүлээдэг. Түжрэлгүй үеэр гайгүй. 20-30 минутын хооронд ирээд байдаг. Заримдаа маш удаан хүлээнэ. Өвөл ингэж удаан хүлээвэл хүүхэд даараад яах билээ гэж бодох болсон. Сая л гэхэд 40 минут хүлээж байж суулаа. Тэсгим өвлийн хүйтэнд 40 минут гадаа зогсвол ханиад хатгаа хүрэх нь энүүхэнд биз дээ.

-Та халдвар хамгааллын дэглэмээ яаж баримталж байна. Автобус ковидын голомт болсон гээд байна шүү дээ?

-Автобусан дотор бээлийтэй явна. Давхар маск хүүхдэдээ зүүлгэж байгаа. Өөрөө ч зүүнэ. Нүдний шил бас зүүнэ. Сургууль дээр очоод хүүхдийнхээ гарыг нойтон сальфиткаар арчуулаад ариутгагчаар нь ариутгуулаад оруулдаг.

-Энэ арга хэр найдвартай байна?

-Одоогоор арай халдвар авчихаагүй байгаа учраас гайгүй л юм шиг байна.

-Автобус дотор та хүн хоорондын зай баримталж чадаж байна уу?

-Тэр бол үлгэр шүү дээ. Хөл хорионы үеэр л тэгэж хэсэг сүржигнэсэн. Одоо бол юун хүн хоорондын зай. Зогсоод явах ч зай олдохгүй үе олон байна. Нүүр нүүрээ харж амьсгална. Хүйтний улирал ойртож байгааг ч хэлэх үү, зүүсэн шил цантаад юм харагдахгүй. Ёстой халдвар авах нь цаг хугацааны асуудал болоод байна.

ХҮН ХООРОНДЫН ЗАЙ БАРИХ БОЛОМЖ ҮНЭНДЭЭ БАЙХГҮЙ

Үнэхээр ч энэ хооронд хүмүүс нэмж орж ирсээр бууж байгаа хүн цөөхөн. Ихэнх нь хол чиглэлд явдаг бололтой. Нөгөө пиг дүүрэх нь ойрхон болов. Хүмүүс хоорондоо түлхэлдэж, шахцалдан бие бие рүүгээ цаашаа гэсэн харцаар харах нь их юм. Ханиалгасан нэг рүүгээ хяламхийж ширүүн харах хүн цөөнгүй.

Нийтийн тээврийн газар руу холбогдож зарим зүйлийг тодруулсан юм. Нийтийн тээврийн үйлчилгээний хяналт шалгалтын хэлтсийн дарга Д.Цэвээндоржтой ярилцлаа.

-Хүмүүс автобусыг ковидын гол голомт гэж ярих боллоо. Нийтийн тээвэрт цэвэрлэгээ ариутгалыг хэрхэн хийж байна вэ?

-Өглөө, оройдоо автобус компаниуд өөрсдөө цэвэрлэгээ ариутгалаа хийгээд гарч, буух ёстой. Өдөр нь аж ахуйн нэгжүүд өөрсдөө ариутгал хийснийг бид очиж шалгадаг. Одоогийн байдлаар өдөрт гурван удаа цэвэрлэгээ ариутгал хийдэг горимтой явж байна.

-Нийтийн тээвэр дотор хүн хоорондын зай барих боломж алга. Энэ тал дээр хэрхэн ажиллаж байна вэ?

-Зайг бол барих боломж үнэндээ байхгүй. Өдөртөө нийтийн тээврээр 450 мянга орчим хүн зорчиж байна шүү дээ. Манайд 1000 орчим автобус л явдаг. Бид ковидыг анх гарч байх үед 12-15 хүн сууна гээд зохион байгуулаад явсан. Тэгэхэд зайлшгүй шаардлагатай 13 аж ахуйн нэгжийн хүмүүс зорчиж байлаа. Тэр үед зорчигч багатай зай барих боломж бүрдсэн. Харин одоо бол яг тэр чигээрээ явуулна гэх юм бол доод тал нь 2500 автобустай болж байж хүртээмжтэй болох гээд байгаа. Одоо бол үнэндээ хүн хоорондын зайг барих ямар ч боломжгүй. Иргэдийг буу гэх юм бол юу болох нь тодорхой биз дээ.

-Автобус бүрд гар ариутгах бодис бий юу. Хүмүүс хэр хэрэглэж байна вэ?

-Байгаа. Гол нь иргэд түүнийг ашиглах гэхээсээ илүү заваан бохир гээд хүрдэггүй. Олон хүн дарсан юманд хүрдэггүй юм байна. Гэхдээ бид хүрэхгүй, хэрэглэхгүй байна гээд түүнийгээ авчихаагүй. Байнга цэнэглүүлж байгаа.

-Шалгалтын үеэр зөрчил дутагдал хэр илэрч байна вэ?

-Нийтлэг зөрчил илэрдэг. Гар ариутгагч нь дуусчихсан, эвдэрчихсэн тохиолдол байна. Жолоочийн хаалт хийсэн гялгар нь урагдсан, хаалтгүй байх, жолооч нь маск зүүгээгүй байх зэрэг зөрчлүүд илэрнэ. Бид энэ зөрчлийг яаж байна гэхээр Засгийн газраас нэг чиглэл барьж байгаа шүү дээ. Аж ахуйн нэгжийг торгох шийтгэх гэхээсээ илүүтэй зөвлөх, зааварлах чиглэлээр ажилла гэж. Бид тэр чиглэлийг гол болгоод ажиллаж байна.

-Цаашдаа халдвар хамгааллын дэглэмийг нийтийн тээвэрт сайжруулах чиглэлээр ямар арга хэмжээ авах вэ?

-Парк шинэчлэл хийж тээврийн хэрэгслийн тоогоо нэмж чадвал хүн хоорондын зайгаа бариулж чадна. Түүнээс бусад халдвар хамгааллын дэглэмийг одоо ч гэсэн мөрдүүлээд л явж байна. Энэ эрчээ алдахгүй аль болох бууруулахгүйхэн шиг цаашлахыг л хичээж байгаа.

-Том оврын автобусны хүн багтаах стандарт хэмжээ хэд юм. Үүнээс хэдэн хувийн ачаалал хэтэрдэг вэ?

-Шугамын автобусны суудал 24-26 суудалтай. Голын зайгаараа нийлээд 80-90 хүн суух зориулалттай. 80-90 хүн суусан нь маш их хүн шиг харагддаг байхгүй юу. Ерөнхийдөө энэ нь цаанаасаа гаргасан стандарт багтаамж л даа.

-Хамгийн их ачаалалтай үед нийтийн тээвэрт хэчнээн хүн суудаг юм бол оо?

-Өглөө, оройны ачааллын цаг гэж байгаа. Өглөө 07:00-09:00 цагийн хооронд 200 мянга гаруй зорчигч зорчдог.

-Түүнийгээ 1000-аад автобусандаа хуваахаар нэг автобусанд ногдох хүний тоо гарч ирэх нь ээ?

-Ерөнхийдөө тэгэж ойлгож болно. Гэхдээ зарим чиглэл богино учраас 2-3 удаа тойрчихдог. Хол чиглэлүүд нэг л удаа тойрч амждаг. Тэгэхээр яг 1000-аад гэж тооцож болохгүй л дээ.

АМЬСГАЛАХ ЗАЙГҮЙ БОЛТОЛ ХҮН ИХТЭЙ ҮЕ БАЙДАГ

Автобус Нисэхийн эцэст хүрч зорчигчид бүгд буулаа. Нисэх-Дөрөвдүгээр дэлгүүр чиглэлд нэлээд түгжрэлтэй ачаалал ихтэйд ордог. Хол чиглэл учраас хүмүүс их бууж сууна. Энэ хооронд хүмүүс нийтийн тээвэр дотор янз бүрийн л байдал гаргах аж. Нийтийн тээврээр зорчиж явсан ХУД-ийн 75 дугаар сургуулийн сурагч О.Билгүүнээс зарим зүйлийг тодрууллаа.

-Чи хэдэн настай вэ. Хичээлдээ ганцаараа явдаг юм уу?

-Би 10 настай. Намайг уг нь өвөө сургуульд хүргэж өгч, авдаг. Гэхдээ өнөөдөр өвөөгийн хөл нь өвдөөд явж чадахгүй гэртээ үлдсэн.

-Сургуулийн автобусандаа суудаггүй юм уу?

-Заримдаа таарвал суудаг, таарахгүй бол чиглэлийн автобусанд суучихдаг. Хүүхдийн автобусанд суучихвал уг нь амар. Шууд сургуулийн үүдэнд хүргэж өгдөг. Даанч ихэнхдээ сууж чаддаггүй.

-Яагаад?

-Цаг нь өөр байдаг юм шиг байна лээ. Заримдаа хоцорно, заримдаа хаана явааг нь мэдэхгүй болохоор зүгээр л ирсэн автобусанд суух нь амар санагддаг.

-Хүн хэр их байдаг вэ. Чи тэгээд автобусан дотор халдвар хамгааллын дэглэмээ баримталдаг уу?

-Маскаа зүүгээд л явдаг. Өөр нэг их баримтлаад байх юм автобус дотор байх биш дээ. Заримдаа амьсгалах зайгүй болтол хүн ихтэй үе байдаг. Газар хөл хүрэхгүй явах үе ч гарна шүү дээ гэв.

Нисэх-Дөрөвдүгээр дэлгүүр чиглэлийн автобус Зорчигч тээврийн нэгтгэлийн II баазад хамаардаг ба 90 автобустай юм байна. Ажлын өдөр уг чиглэлд 12 автобус гардаг гэнэ. Автобусаар зорчсон нэг өдрийн сурвалжлагын дүр төрх ийм байна.