Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Х.Тэмүүжин: Малын хулгайтай тэмцэх аргаар хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх боломжгүй || DNN.mn

“Нээлттэй академи” ТББ-аас “Хуулийн засаглал ба авлига интерактив” сургалтыг зохион байгуулсан юм. Энэ үеэр ХЗДХ-ийн сайд асан Х.Тэмүүжинтэй ярилцлаа.


-Үндэсний мөрдөх алба байгуулна гээд байгаа. Энэ ямар ач холбогдолтой байгууллага вэ?

-Их ач холбогдолтой, зөв санаачилга. Шинэ төрлийн гэгддэг гэмт хэргүүдээ ямар арга хэрэгсэл, зохион байгуулалтаар илрүүлж, шийдвэрлэх тухайгаа ярих цаг болсон. Хуучин социализмын нийгэмд гадаад ертөнц иргэний амьдралд их хаалттай байсан. Гадагшаа явна гэдэг хэн дуртай хүний хийдэг ажил ерөөсөө биш. Тусгай зөвшөөрлөөр, өндөр хараа хяналтын дор гарч ордог. Гадагшаа битгий хэл дотроо шилжиж хөдлөхөд ч зовлонтой, социализмын үеийн захиргаадалтын зөвшөөрөл, хяналтын системтэй байв. Жишээ нь, аймаг, хөдөө орон нутгаас Улаанбаатар хотод ирээд айлд хонож өнжихөд ч төвөгтэй, зам явах зөвшөөрөл шалгахаас эхлээд бараг хонуулсан айлын хаалга үүд шөнө балбаад, гадны хүн байна уу гэж шалгах нь холгүй хараа хяналттай байсан. 1990 оноос хойш бид чөлөөт нийгэмд шилжсэн. Хил гааль нээлттэй болж, Монгол Улсын иргэн гадаад паспорт аваад боломжтой бүх улс орон руу явж бизнес эрхэлж, нааш цаашаа хөдөлдөг болсон. Тэгээд ирэнгүүт шинэ нийгэм, шинэ харилцаан дотор шинэ төрлийн гэмт хэргүүд бий болсон. Өөрөөр хэлбэл, үндэстэн дамнасан гэмт хэргүүд гарч эхэлсэн. Мөнгө угаах, хар тамхи тээвэрлэх, хүн худалдаалах, хууль бус зэвсгийн наймаа хийх, цахим гэмт хэрэг, санхүүгийн зохион байгуулалттай луйвар гэх мэтчилэн. Энэ гэмт хэргүүд зөвхөн Монголын нутаг дэвсгэр дээр биш, улс дамнаж хийгдэнэ. Гэмт хэргийн үр ашиг, эдийн засгийн зохион байгуулалт нь хил хязгааргүй. Банк санхүүгийн систем хавсарсан, хил гааль, төрийн албаны оролцоотой болоод хувирчихаж байгаа. Ийм нөхцөлд ийм гэмт хэрэгтэй тэмцэх шинэ арга хэрэгсэл, зохион байгуулалт хэрэгтэй болно. Тэгэхээр бид нийгмийн байгууламжаа өөрчилж, дэлхийтэй нэгдсэн атлаа хөгжлийг даган гарч ирдэг энэ мэт үзэгдлүүдтэй тэмцэх, тулах бэлтгэл зохион байгуулалтаа хийж чадахгүй хуучин социалист цагдаагийн гэмт хэрэгтэй тэмцэх аргаараа яваад байвал үр дүн гарахгүй. Үнэндээ малын хулгайтай тэмцэх аргаар хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх боломжгүй. Эсвэл орон байрны хулгайтай тэмцэх аргаар хар тамхины асуудалтай тэмцэх боломжгүй гэсэн үг. Тэгэхээр бидэнд шинэ ур чадвар, шинэ мэргэжилтэн, шинэ техник хэрэгсэл, хууль зүйн шинэ орчин хэрэгтэй болж эхэлж байна. Дэвшилтэт гэгдэж буй улс орнууд яаж тэмцдэг вэ гэвэл, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагаа тусад нь байгуулж байна. Манайх шиг бүх төрлийн гэмт хэрэгтэй тэмцэж, хэв журам сахиулж, дарга нарын хий гэсэн болгоныг хийж, тэднийг хамгаалж байдаг нэг супер цагдаагийн байгууллагатай улс орон ховор. Улс төрийн цагдаа ийм гэмт хэргүүдтэй тэмцэж чадахгүй л дээ. АТГ, Тагнуулын ерөнхий газар зарим нэг хэргийг харьяалж байгаа л байх. Гэхдээ олон улсын жишгээр хараад энэ төрлийн 16-17 гэмт хэргийг харьяалуулаад мөрдөх албыг аль нэг байгууллагын хавсарга биш, бие даалгаж байгуулах нь зөв. Бас энэ төрлийн гэмт хэргийг мөрдөх мэргэжилтнүүдийг бэлдэх тусдаа сургууль байгуулах ёстой. Хууль сахиулагч буюу цагдаа бэлтгэх сургууль нь тусдаа, мөрдөгч бэлтгэх сургууль нь тусдаа байхаас өөр аргагүй. Жишээ нь, эрүүл мэндийн юмуу эдийн засгийн гэмт хэргийг зүгээр цагдаагийн сургууль төгссөн хүн илрүүлж чадахгүй. Санхүү эдийн засгийн мэргэжилтэй, эмч, эмнэлгийн мэргэжилтэн мөрдөгчийн арга барилд суралцах замаар мэргэжил эзэмшиж ажиллахаас өөр аргагүй. Ийм түвшний мөрдөгч бэлдэх шаардлага бий болоод удаж байна.

Шинэ түвшний мөрдөгчийг бэлдэх боловсон хүчний тогтолцоо, тэдний хуулиар тодорхойлогдсон өндөр шаардлага, шинжлэх ухаанч, хүмүүнлэг ажлын арга барил,бие даан ажиллах зохион байгуулалт нь тэс өөр уламжлалт бус зарчим удирдлага шаардаад эхлэхээр улс орнууд мөрдөх алба, эрүүгийн цагдаа, холбооны мөрдөх товчоо гэх мэтээр нэрлэсэн тусдаа институци байгуулан ажиллуулж байна. Монгол Улс тийм инстуци байгуулах замаар ажиллахгүй бол тухайн төрлийн гэмт хэрэгтэй үр нөлөөтэй тэмцэх чадваргүй байна. Нөгөөтэйгүүр,энэ бол зөвхөн үндэстэн дотор гэмт хэрэгтэй тэмцэх систем биш. Гадаад хамтын ажиллагаа маш сайн байх хэрэгтэй болж байгаа. Иргэд илүү их зорчдог, энэ төрлийн гэмт хэрэг дамжин хийгддэг гол улс орнуудтай эрх зүйн харилцан туслалцааны гэрээ хийж, мөн тэнд хууль зүйн атташе томилон суулгах байдлаар хамтарч ажиллах шаардлагатай болж байна. Бас нэг зүйл нь энэ тогтолцоо хууль сахиулах салбарт эрх мэдлийн төвлөрлийг багасгах, чиг үүргийг оновчтой болгох, мэргэшүүлэх ач холбогдолтой. Төвлөрөл саарна гэдэг хүний эрхийг хамгаалах талаасаа ч их чухал. Бүх гэмт хэргийг төвлөрүүлээд нэг цагдаагийн байгууллагад даатгадаг тэр нь улстөрчдийн гар хөл, ташуур болдог аюултай гэдгийг дэлхийн улс орнууд эрт ойлгоод гэмт хэрэгтэй тэмцдэг байгууллагыг, тэр дундаа мөрдөн шалгах чиг үүрэгтэй байгууллагыг задалж эрх мэдлийг хуваарилж байгаа юм. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэдэг шиг гэмт хэрэгтэй тэмцэх эрх мэдлийг дотор нь задалж төвлөрөл үүсгэхгүйгээр саармагжуулж байна. Үндсэн үйл ажиллагаагаа явуулахад хүч нөөц хангалттай, эрх мэдэл хүрэлцэхүйц, тэгсэн атлаа бүгдээрээ нийлээд хонгил үүсгэх бололцоогүй системийг бий болгохыг оролдож байгаа байхгүй юу. Тэгэхээр мөрдөх алба энэ агуулгаараа маш сайн концепци. Хоёрдугаарт, мөрдөх алба гэх энэ институцийг байгуулахаар бусад улс орнуудад харагдаж байгаа цэрэгжсэн биш иргэний систем бүрдэнэ гэсэн үг. Цагдаа өмсөж буй дүрэмт хувцас, хэрэглэж буй цол зэргээсээ болоод өөрсдийгөө цэрэг, арми гэж андуураад байдаг. Гэтэл мөрдөгчдөд дүрэмт хувцас огт шаардлагагүй. Иргэний байгууллага учраас тэнд цэргийн биш мэргэжлийн мөрдөгчийн зэрэг дэв ашиглана. Тэддүгээр зэргийн мөрдөгч гээд Шерлок Холмс шиг мэргэжилтнүүд болно гэсэн үг. Гэмт хэрэгтэй тэмцэх, хууль сахиулах ажиллагаанд хийж чаддаг ажлаараа үнэлэгдсэн зэрэг дэвүүд байх ёстой болохоос биш цэргийн цол хэргэмийг ашиглах учиргүй л дээ. Энэ агуулгаараа иргэний байх гэдэг маш чухал. Үндсэн хуулиндаа хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм байгуулна гэж заасан шүү дээ. Тэр агуулга руу дөхөж алхаж байгаа нь тэр болох байх.Иргэний байдлаар байгуулсан АТГ-ыг цэргийн цолтой болгосон шиг дампууруулж болохгүй. Мөрдөх алба аль болох иргэний байх ёстой. Энэ талаасаа маш том дэвшил болно. Гуравдугаарт, мөрдөх албыг бие даан байгуулснаар Хууль зүйн яам, Дотоод хэргийн яам хоёр салахад Дотоод хэргийн яаманд цагдаа үлдэж, Хууль зүйн яаманд мөрдөх алба очно. Өөрөөр хэлбэл, энэ хоёр яамны үндсэн чиг үүргийг салгахад хамгийн чухал институци төдийгүй мөрдөн шалгах гэдэг чинь дотоод хэргийн чиг үүрэг огт биш гэдгийг ойлгоход түлхэц болно. Энэ нь өөрөө дараагийн эрх зүйн том шинэтгэлүүдийг хийх эх үүсвэр болох байх.

-Та муу хуулийг засаж сайжруулах ёстой гэсэн?

-Тийм.

-Сайн байсан хуулиа харин муу болгоод байгаа юм биш үү?

-Мэдээж хэрэг хууль тогтоогч нь ашиг сонирхлын зөрчилтэй, авлигын эх үүсвэртэй байхад сайн Х.Тэмүүжин: Малын хулгайтай тэмцэх аргаар хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх боломжгүй

ойлгомжтой. Тэд арга ядаад л өөрсдийн хуулийг явцуу ашиг сонирхлын үүднээс батална. Тиймээс сайн хуультай байх гэж оролдож байгаа улс орон бүр сонирхлын зөрчилгүй хууль тогтоогчтой байх тухай ярина. Яагаад УИХ-ын гишүүн бизнес хийгээд зээл аваад гүйгээд байгаа юм бэ?Яагаад УИХ-ын гишүүн өөрийнхөө тойрог дээр очоод тендер хөтөлбөрүүдийг булаацалдаад байгаа юм бэ?Яагаад уул уурхай руу гүйж ороод компаниудыг дарамтлаад байгаа юм бэ гэдэг бол УИХ-ийн гишүүн хууль тогтоох ажлаа хийхгүй байна. УИХ-ын гишүүн Мэргэжлийн хяналтын ажлыг хийх гэж оролдож байна. УИХ-ын гишүүн тагнуул, цагдаагийн ажлыг хийх гэж оролдож байна. УИХ-ын гишүүн хувийн бизнесээ эрх мэдлийнхээ ард, төрийн нэрээр хийж байна гэсэн үг. Өөрийнхөө хийх ёсгүй ажлыг хийж, ажил хийсэн болж харагдах гэж оролддог, ар халхавчаар нь хувийн амьдралаа дээшлүүлдэг ийм хууль тогтоогчид иргэнийг шударга төлөөлж чадахгүй. Тийм учраас сонирхлын зөрчилгүй хууль тогтоогчтой болох тухай яриа нэгдүгээрт гарч ирнэ. Монголчуудын нэг цээртэй эвгүй үг бий шүү дээ. Хээл хахууль гэж. Бусдын төлөө зүтгэнэ гэж хэлчихээд хээл тээсэн юм шиг гэдсэн дотроо хувийнхаа ашиг сонирхлыг тээж орж ирээд байвал хахаж үхээрэй гэсэн утга бүхий үг. Тэгэхээр хээл тээсэн хахуультай УИХ-ын гишүүн байж болохгүй байхгүй юу. Энэ парламентын гишүүд чинь хуулиа нийт иргэдийн төлөө тэдний нэрийн өмнөөс баталж байгаа болохоос биш өөрийнхөө төлөө, тойргийнхоо төлөө, өөрийнхөө хувийн бизнесийн төлөө батлах ёсгүй гэдэг санааг бид зарчмын хувьд тавьж байж сайн хуулийг хулгайлаад байгаа юм биш үү, дордуулаад байгаа юм биш үү гэдэг хардалтаасаа сална.

-Та Хууль зүй, дотоод хэргийн сайд байсан хүн. С.Зориг агсны хэргийн гүйцэтгэгч гээд гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон хэрэгтнүүдийг Дээд шүүхээс буцаачихлаа. Үүнийг та хэрхэн харж байна вэ?

-Би логикийг нь ерөөсөө ойлгохгүй байгаа. Дээд шүүх дээр шийдвэр гаргасан хүмүүс сонгууль болж, эрх мэдэл аль намд шилжсэнээс,хэн хууль зүйн сайд байгаагаас, эсвэл хэн Ерөнхийлөгч байгаагаас үл шалтгаалан нотлох баримт, хууль хоёрт үндэслэн шийдвэр гарах ёстой шүү дээ. Гэтэл жилийн өмнөхөн өөрсдөө алх цохиж шийдвэр гаргачихаад, жилийн дараа өөрсдөө дахин алх цохиж тэр шийдвэрээ үгүйсгэж буй бол ямар нотлох баримт, ямар хууль зүйн үндэслэлээр шийдвэр гаргаж байгаа нь ил тод, тайлбартай байх ёстой. Тэрийгээ тайлбарлаж чадахгүй байгаа бол зүгээр улс төрийн даалгавар гүйцэтгэж байгаа юм байна. Энэ бол улс төрөөс өөрсдийн арьсаа хамгаалахын тулд, өөрсдийгөө албан тушаал дээр үлдээхийн тулд эрх мэдэлтэнд тал зассан шийдвэр байна л гэж харагдах байх. Хуульчдын хувьд жаахан ойлгомжгүй. Улстөрчдийн хувьд ойлгомжтой шийдвэр байх аа.

-Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Ц.Адъяасүрэн гуайтай уулзах үеэр “Бид 1990 онд хувьсгал хийхдээ маш том алдаа гаргасан. Төр засаг, Ардын их хурал тар гээд байснаас биш Ардын нам тар гэж шаардаагүй. Тэр хамгийн буруу байсан юм байна лээ. Бид Ардын намыг уг үндсээр нь тарааж, тэгээс эхлэх ёстой байсан юм билээ” гэж хэлж байсан. Үүнийг одоо эргээд харахад танд ямар санагдаж байна вэ?

-Коммунист намаа татан буулгаагүйн гороор Монголын түүх 100 жилээр хэмжигддэг болчихсон. Уг нь Монгол Улс, Монголын төр, Монголын хууль, монгол хүн, монгол үндэстэн өөрөө 100 жилээр хэмжигдэхгүй түүхтэй. Сая хойд хөрш Украин руу орохдоо хэлсэн түүхийн эшлэл ямар аймшигтай сонсогдож байна.“Бид байгуулж өгсөн улс” гэдэг энэ үг ямар утгатай вэ. Тэгэхээр өөрийнхөө түүхийг өөр хэн нэгний түүхийн хавсарга болгож шоуддаг энэ тэнэг сэтгэлгээгээ бид халах ёстой. Халаагүйгээсээ болоод бид ямар гай түйтгэр, ямар аюул дуудаж байгаа бол! Угаасаа өмнөх 100 жилийн 70 жилд нь ганцхан нам байсан. Өөр намыг хүлээн зөвшөөрөхгүй. Өөр үзэл бодолтой хүмүүсийг урвагч гээд буудаад алчихна. Амь насаар нь айлгаж, үзэл бодлоор нь айдас хийж байгаад төрийн дээр гараад суучихсан нэг нам тэр түүхээ одооны өрсөлдөөнтэй, олон ургальч үзэлтэй ардчилсан нийгэмд өмчлөөд явж байдаг гэхээр бас л аюултай байгаа биз. Би тэр талаас нь сая ярьсан. Үнэхээр ардчилал бий болсон үед улс төрийг шударга өрсөлдөөнд оруулах байсан бол 0 цэгээс эхлэх ёстой байсан. Коммунист намыг татан буулгаад бүгд нэг цэгээс эхлэх ёстой байсан. Тэрийгээ хийгээгүй. Түүнийгээ хийгээгүйн зовлонг бид гурван үеэрээ одоо амсаад сууж байна. Нэг ийм үг байдаг. Өөрийнхөө өмнө тулгарсан асуудлаа шийдэхгүй бол дараа үе нь тэрийг нь үр дагавартай нь хамт өөрийн үеийн ачаатайгаа нийлүүлээд үүрэх болдог гэж. Манайд үе хоорондын шударга ёс маш зэрлэг байна даа.

-Ардчилсан нам хэд хэд хуваагдлаа л гэх юм. Та Ардчилсан намын гишүүн хүний хувьд юу гэж бодож байна вэ?

-Ардчилсан нам хуваагдаагүй. АН-ын дарга, тамга тэмдэг тойрсон маргаан, удирдлагын үл ойлгогдох байдал л үүсээд байгаа. АН-ын олон мянган гишүүн, гишүүн хэвээрээ л байгаа.

-Та сургалтын үеэр хэлсэн. Би улс төрөөс гарахгүй гэж. 2024 оны сонгууль мөдхөн болно. Та одооноос мөрийн хөтөлбөрөө боловсруулж эхэлсэн үү. Хамгийн чухал заалт нь юу байх бол?

-Улс төрд хувь хүний мөрийн хөтөлбөр гэж байхгүй. Ижил үзэл санаатай хүмүүсийн дундын бодлого гэж байгаа. Тэр бодлогоор л улс төрийн нам мөрийн хөтөлбөр болгож гаргадаг. Тийм учраас улс төрийн хувьд баруун төвийн үзэл бодолтой, хувь хүний эрх чөлөөг дээдэлдэг, бизнесийн эрх чөлөө, хувийн өмч, эдийн засгийн чөлөөт байдлыг чухалчилдаг, төрийн ухаалаг оролцоо, авлигагүй, хүний эрхийн мэдрэмжтэй үйл ажиллагааны төлөө л зогсоно. Хуулийн засаглал орших ёстой гэж боддог олон хүмүүсийн дундын үнэт зүйл дээр босч байгаа цөөнгүй бодлого бий. Олон ч судалгаан дээр суурилсан шийдлүүд бий. Тэр шийдлүүдээ цэгцлээд бид дахиад сонгогчдод санал тавина даа. Бодлогоо олон нийтэд ойлгуулах, тэдний дэмжлэгийг авч чадах гэдэг улс төрийн өөр ухаан. Тэр өөр ухаан дээр бид МАН-аас дутуу байгаа нь үнэн. Магадгүй ухаан гэхээсээ эрх мэдэл, мөнгө хоёр тэнд хэт нөлөөтэй байгаа ч байж болно. Гэхдээ өөрчлөлт хийх өрсөлдөөнөөс хэзээ ч шантрахгүй.

Categories
мэдээ онцлох-нийтлэл спорт туслах-ангилал

А.Дэлгэрмаа: Уран гулгалтад хүний боломжийн хязгаарыг сорьсон маш олон нууц бий

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн япон хэлний багш, уран гулгалтын спортын тайлбарлагч А.Дэлгэрмаатай ярилцлаа.


-Уран гулгалтын спортыг багаасаа сонирхож үзсээр тайлбарлах болсон гэсэн. Уран гулгалтад яагаад татагдах болов?

-Уран гулгалт гэдэг урлаг, спорт хоёрын зааг дээр оршдог. Тиймээс өөрийн эрхгүй сонирхол татдаг. Гоо зүйн мэдрэмжтэй олон охид залуусын сонирхлыг татдаг гэж боддог. Нэг талаасаа цэвэр спорт, нөгөө талаасаа урлаг, спорт зэрэгцэж оршдог. Ийм спортын төрөл маш ховор. Спортын гимнастик, уран сайхны гимнастикийг бас нэрлэж болно. Өвлийн спорт дотроо хамгийн үзэсгэлэнтэй, хамгийн тансаг спортын төрөл болохоор өөрийн эрхгүй татагдсан. Би зургаан настайгаасаа эхэлж үзсэн. Нарийн судалж эхэлсэн нь 2010 оноос хойш. Миний бага нас социализмын үед өнгөрсөн. ЗХУ-ын уран гулгалтын талаарх мэдээлэл мэр сэр орж ирдэг байлаа. Аав минь Засгийн газрын ордонд ажилладаг байсан болохоор тухайн үеийн сэхээтнүүд Спутник, Огонёк сэтгүүлүүдийг байнга захиалан уншина. Тэдгээр сэтгүүлийн спортын нүүрт нь уран гулгалтын талаар дэлгэрэнгүй нийтлэлүүд их гарна. Тухайн үед ЗХУ-ын уран гулгалтын тамирчид дэлхийд ноёлдог байсан шүү дээ. Яаж ялалтад хүрэв, хэрхэн амжилт гаргав гээд. Мөн телевизүүдээр ч цуврал нэвтрүүлгүүд их гарна. Энэ бүхэн сурагч, бага насны хүүхдэд үнэхээр биширмээр гайхалтай санагдсан байх. Тэр бүхэн үнэхээр сонирхолтой, үг үсэг гээхгүй уншина. Үзсэн, сонссон, уншсан болгоноо тогтооно. Өөрөө ч гүйцэтгэл хийж үзэх юмсан, уран гулгалтаар хичээллэх юмсан, өөрөө өөрийнхөө боломжийн хязгаарыг сорьж үзэх юмсан гэж боддог байлаа. Харамсалтай нь манай оронд тухайн спорт хөгжөөгүй учраас тэр бодлоо орхиход хүрсэн л дээ.

-Тэгээд та балетаар хичээллэж эхэлсэн юм уу?

-Би өөрийнхөө бүтээлч авьяасыг хөгжүүлэхийг хичээж ирсэн. Би багадаа зурна, гар урлал сонирхон, юм юм сонирхдог хүүхэд байлаа. Аль алийг нь ч мэргэжил болгож чадаагүй ч хобби маягаар хөгжүүлсэн нь одоо надад маш их хэрэг болж байна. Аав минь цэргийн хүн ч гэсэн маш гоё зурна.

Усан будгаар зөвхөн хүний хөрөг зураг зурдаг. Ээж минь их уран. Сурагч байхдаа “Монгол Улсын уран гартан” болж байсан. Оёдол, нэхмэл, хатгамал гээд бүхнийг хийнэ. Зөвхөн эрдэмтэн, судлаач, багш хүн биш бас сайхан дуулдаг, шүлэг бичдэг. Тийм бүтээлч орчинд өссөн болохоор уран сайхны гүйцэтгэлтэй зүйлд их татагддаг байсан болов уу гэж боддог.

-Таны хувьд хамгийн сонирхол татсан тэмцээн юу байв?

-2002 оны Солт-Лэйкийн олимп их дуулиантай болж байсан. Уран гулгалтын үнэлгээний систем хоцрогдсон гэдэг асуудал их хурцаар тавигдаж, хоёр алтан медаль гардуулах шаардлага бий болсон. Уран гулгалтын түүхэнд гарч байгаагүй асуудал үүсч, яаралтай 2-3 хоногийн дотор хос алтан медаль цутгаад Канадын хосод гардуулж байлаа. Энэ бүхэн уран гулгалтын ертөнцөд их хүчтэй нөлөөлж, 2003 оны олимпийн дараахь циклээс эхлээд шинэ үнэлгээний систем нэвтрүүлж эхэлсэн. Би өөрөө ч гэсэн уран гулгалт ойлгох хэмжээнд хүрчихсэн учраас цаг үеэ дагаад тэрхүү системийн өөрчлөлтийг сонирхож судалсан. Гэхдээ бүр гүнзгий судлах сэдэл болоогүй. 2010 оноос эхлээд өөрөө сонирхогчийн балетаар хичээллээд нэлээд хэдэн жил болсон байлаа. Найман жил хичээллэчихээр биеийн гүйцэтгэлийн нарийн ширийнийг ялгадаг боллоо. Хажуугаар нь эрдмийн ажлаа хийж, хамгаалах гээд Япон улсын Цукубагийн их сургуульд сурч байх цаг үед таарсан юм. Одоо эргээд бодоход судлах, анализ хийх чадвар минь хөгжсөн юм болов уу гэж бодогддог. 2010 оноос эхлээд илүү сайн ойлгож эхэлсэн болохоор сонирхогчийнхоо байр сууринаас гүнзгий орж эхэлсэн. Тэгээд тамирчдын гүйцэтгэлд өөрөө илүү анализ хийхийг хичээж, оролдох болсон. Тэмцээн болгоны дараа шүүгчдийн протоколууд хэвлэгдэн гардаг. Түүн дээр анализ хийхийг оролдох болж, дүрмээ судалж эхэлсэн. Өөрийн хэмжээнд сурсан гурван гадаад хэлтэй болохоор хүндрэл бэрхшээл байгаагүй.

-Тайлбар хийхээр зорьж, судалж эхэлсэн хэрэг үү?

-Эхлээд тайлбар хийнэ гэж зориогүй. Гадаад хэлээ мартахгүй давхар дасгал хийх гэж судалсан. Тухайлбал, би япон хэлний багш, япон хэл дээр эрдмийн ажлуудаа хийгээд эхлэхээр орос, англи хэлийг бага хэрэглэнэ. Хэл өөрөө амьд хэрэглээ учраас мартагдах гээд байдаг. Багаасаа сурсан эрдмээ гээх сонирхол байгаагүй. Тиймээс амралт маягаар өдрийн цайны цагаараа орос хэлээр уран гулгалтын мэдээлэл үздэг, японоор мэдээ харна, англи хэлээр өөр мэдээлэл байна уу гэж хайна. Өөртөө таашаал авахын сацуу хэлнийхээ мэдлэгийг тухайн түвшинд нь барих оролдлого юм. Өдөр болгон уран гулгалтын мэдээг 1-2 цаг үзээд, уншаад цаг үетэйгээ хамт яваад байсан болохоор мэдлэг маань их гүнзгийрсэн байх.

-Тэгээд 2018 оны Пёнчаны олимпийг тайлбарлахаар шийдсэн юм уу?

-Тэр олимпийг Монголдоо гаргах эрхийг авчихаад их гоё, чанартай дүрстэй хэрнээ бараг тайлбаргүй шахуу дамжуулж байсан нь харамсалтай санагдсан. Шууд дамжуулна гэдэг амаргүй асуудал. Учир нь маш өндөр үнэ төлж авч байгаа. Ингээд тухайн үед Пёнчаны олимпийг шууд дамжуулж байсан ТВ5 телевиз рүү утасдаад би өөрөө санал тавьсан. Гэхдээ би тайлбарлая гэж хэлээгүй. Танай тайлбарлагчид үндсэн элементийг заагаад өгөх үү гэж хэлсэн. Яагаад гэвэл тайлбарлагч нь зөвхөн зарлах үед л гарч ирээд, үзүүлбэр, гүйцэтгэлийн тухай бараг тайлбарлахгүй байсан. Тиймээс дэм болох зорилготой. Түүнээс шүүмжлэх зорилго хэзээ ч байгаагүй. Одоо ч байхгүй. Гэтэл утас авсан хүн “Та өөрөө ирээд тайлбарлаж чадах уу” гэсэн. Би өөрөө багш хүн болохоор нээлттэй лекцүүд хөтөлдөг. Синхрон орчуулга хийдэг. Миний судалгааны сэдэв “Орчуулгын онол”. Өндөр түвшний синхрон орчуулга төрийн айлчлалаас эхлээд, эрдэм шинжилгээний хурал хүртэл орчуулж байсан болохоор эфирт суугаад ярихад айдас байгаагүй.

-Танд өөрт чинь ямар сэтгэгдэл төрж байв?

-Надад бол үнэхээр гайхалтай итгэмээргүй ч юм шиг санагдсан. Тэр чинь миний хувьд баяр ёслол шүү дээ. Өөрийнхөө мэдлэгийг олон нийтэд хуваалцаж, мэдэхгүй хэрнээ мэдэхийг хүсч байгаа олон хүнд хүргэнэ гэдэг үнэхээр сайхан. Ер нь мэдлэгийг хүн хуваалцаж байж өөрөө хөгжинө гэж үздэг. Тиймээс уран гулгалт гэдэг спортын гайхамшиг нь юундаа байдгийг, зүгээр хараад суух нь миний хувьд чухал биш. Уран гулгалтад хүний боломжийн хязгаарыг сорьсон маш олон нууц бий. Тэр нууцыг мэдээсэй гэж хүссэн.

-Та зургаан наснаасаа эхэлж уран гулгалтын спортыг сонирхон үзжээ. Өдийг хүртэлх хугацаанд таны сэтгэлд үлдсэн хамгийн дурсамжтай тэмцээн юу байв?

-Тамирчин гэвэл эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд цагийг эзэлж байсан Алексей Ягудин. Алексей Ягудины тогтвортой ялалтууд үнэхээр бишрүүлсэн. Евгений Плющенкотой зуузай холбон өрсөлддөг. Хоёулаа нэг багштай. Алексей Мишиний шавь байсан ба багш нь арай залуу тамирчнаа сонгосон. Хоорондоо хоёр насны зөрүүтэй. Уран гулгалт дээр хоёр насны зөрүү том ялгаа. Евгений Плющенко техник сайтай. Алексей Ягудин үзүүлэх, уран сайхан талдаа илүү чадвартай. Хоёр аваргын чансаатай тамирчид нэг багшийн удирдлага дор байхаар мэдээж зөрчил үүснэ. Тэгээд Алексей Ягудин Татьяна Тарасовагийн удирдлага руу шилжсэн. Тэр цагаас хойш үнэхээр “алалцаж” эхэлсэн. Тухайн үед уран гулгалтын ертөнц хоёр хуваагдах болсон. Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд ямар ч тэмцээн болсон Алексей Ягудин, Евгений Плющенко хоёр алт, мөнгө авах нь тодорхой. Бусад орны тамирчид хүрэл медалийн төлөө өрсөлддөг байлаа. Татьяна Тарасова агуу дасгалжуулагч. Алексей Мишинээс Ягудиныг ирэхэд бүх стиль имиджийг өөрчилж чадсан. Алексей Мишин ч агуу дасгалжуулагч. Техник талдаа их сайн. Гэхдээ тэдний багийн тавьж байгаа үзүүлбэрүүд бусад багийнхантай харьцуулахад уран сайхны тавилт нь хуучинсаг гэж хэлж болно. Шинэлэг биш техник дээр илүү суурилсан. Тэших, уран сайхны тал дээр акцент төдийлөн өгдөггүй ч төгс техниктэй. Гэхдээ уран сайхны гүйцэтгэлийг Тарасова илүү хөгжүүлж чадсан. Улирал бүр давтагдашгүй шинэ үзүүлбэр тавина. Бүх үзүүлбэр нь шинэчлэгдсэн. Ягудины уран сайхны талын авьяасыг маш сайн хөгжүүлсэн. Гурван улирал дараалж том тэмцээнд ялсан.

Гэвч олимпийн өмнөх улиралд хожигдож эхэлсэн. Бэртлүүд нөлөөлөх болсон. Дандаа хоёрдугаар байрт явж байгаад хамгийн сүүлийн Сайн санааны тоглолт (тухайн үеийн Good Will Games гэдэг тэмцээн) дээр бүр гуравдугаар байрт орсон. Бид ч Плющенкогийн эрин үе эхлэх нь үү дээ гэж бодож байтал нэг зуны туршид чимээгүйхэн бэлтгэлээ хангаж байгаад олимпийн улирал эхлэхэд тэс өөр болоод орж ирсэн. Эрэгтэй уран гулгалтын түүхэнд үлдэх шинэ хүн болж, шинээр ялж эхэлсэн. Мартагдашгүй ул мөр ой санаанд үлдээж байсан. Гурван улирал давамгайлаад, нэг улирал хожигдож, олимпийн улирал дахин давамгайлсаар байгаад хамгийн сүүлд олимпийн дараахь ДАШТ-д дөрөв дэх удаагаа дэлхийн аварга болоод дуусгаж байсан. Дараагийн улиралд нь үлдэх сонирхолтой байсан боловч бэртэл нь сэдрээд гулгаж болохоо байгаад их спортоосоо зодог тайлж, мэргэжлийн уран гулгалтын шоу, тэмцээн рүү шилжсэн. Хамгийн их ой тойнд үлдсэн зүйл нь бусад уран гулгагчид хэвлэлийн бага хурал дээр хэлээд л зодог тайлаад өнгөрдөг. Гэтэл Алексей Ягудин 2003-2004 оны улирлын эхний гараа болох Скейт Канада гэдэг Гран-при цуврал тэмцээнд богино үзүүлбэр үзүүлсний дараа түнхний бэртэл нь сэдэрч, хөл нь мэдээгүй болсон тул дасгалжуулагчтайгаа ярилцаад шийдсэн юм билээ. Ер нь хязгаар нь тулж байна гээд зодог тайлахаар болсон. Дараа нь уран гулгалтын ертөнц тэр чигтээ хөдөлж үдэх тоглолтыг хийсэн. Мемориал гэдэг нэртэй үзүүлбэр яаралтай бэлдээд үзэгчдийн өмнө баярласнаа илэрхийлээд дараагийн амьдралын шинэ үеэ эхлүүлж байгаагаа зарлаад, стадион дүүрэн хүн нулимстай их спортоос нь үдэж байлаа. Түүний оролцож байсан бүх тэмцээн, үзүүлбэрүүдийн дүрс эвлүүлгийг тухайн үед маш гоё хийгээд стадионд том дэлгэцээр цацсан. Одоо хүртэл түүнийг дурсахаар нүднээс нулимс гардаг. Үнэхээр гоё, нэр төртэй явах үедээ явж чадсан.

-Эрэгтэй, эмэгтэй хүний бие физиологийн онцлог энэ спортод их нөлөөлж байх шиг. Эмэгтэйчүүд нь 15-16 насандаа цойлж байхад эрэгтэйчүүд нь 20 нас гарсан хойноо цойлдог нь биеийн онцлогоос болдог уу?

-Ерөнхийдөө 20-25 нас хүртэл эрэгтэй уран гулгагчийн оргил үе. Хамгийн сайн боловсорсон эрч хүчтэй үе нь. Ганцхан техник биш, уран сайхныхаа гүйцэтгэлийг их сайн ойлгодог болчихдог. 20 нас хүртэл техник сайн байсан ч уран сайхны гүйцэтгэлээ багш нарынхаа яаж зааснаар явах тохиолдол олон. 20 нас хүрээд ирэхээр насанд хүрч амьдралын эрээн барааныг ойлгодог болно. Ялангуяа спортод сэтгэл зүйн нас нь биологийн наснаасаа өндөр байдаг. Багаасаа их хэрсүүжиж байгаа шүү дээ. Тийм болохоор уран сайхны гүйцэтгэлээ илүү ухамсарлаж хийх нь илэрхийлэл гүнзгий болоход шууд нөлөөлдөг. Эмэгтэйчүүдийн хувьд хэзээ нэгэн цагт эх хүн болно. Байгалиас тийм заяатай. Их ачаалал өгөөд эхлэхээр бие нь өөрөө өөрийгөө хамгаалах ажиллагаа явагдаж эхэлдэг. Тухайн хүнд удирдагдахгүй эсэргүүцэж эхэлдэг. Тэгээд магадгүй бэртэл үүсч болно. Тиймээс техникийн хүнд гүйцэтгэл хийе гэвэл бүсгүй биедээ шилжээгүй байгаа 15-16 нас оргил үе нь болчихоод байгаа. Одоо бол Ultra-C төрлийн элементүүдийг эзэмшихийн тулд шилжилтийн нас эхлээгүй байхад хийхэд эвтэйхэн байна гэдэг шийдэлд хүрчихээд байгаа. Гэхдээ миний бодлоор энэ чиг хандлага гарцаагүй өөрчлөгдөнө. Тиймээс Олон улсын тэшүүрийн холбоо дараагийн олимпийн циклээс эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн насанд хүрэгчдийн ангилалд орох насны доод хязгаарыг 17 нас болгох санал оруулсан.

-Уран гулгалтын спорт хөгжлийн туйлдаа хүрчихсэн гээд байгаа. Цаашид нэмэгдэж гарч ирэх техник, гүйцэтгэл үлдсэн болов уу?

-Туйлдаа хүрсэн гэж зарим аналитик экспертүүд ярьж л байгаа. Ер нь хүрэх дөхөж байгаа гэж хэлж болно. Хуучин квад үсрэлт (дөрөв эргэлттэй үсрэлт)-үүд бага байхад чөлөөт үзүүлбэрт хоёр л квад үсэрдэг байсан. Богино үзүүлбэрт нэг квад, нэг каскад үсрэлт, нэг гурав эргэлттэй аксель үсрэлт хийдэг. Тэр нь тухайн үедээ бас л хязгаар нь байсан. Сүүлдээ Канадын уран гулгагч Кевин Рейнольдс гэдэг уран гулгагч залуу 2013 оны Дөрвөн тивийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа богино үзүүлбэрт хоёр квад үсрэлт үсэрч чөлөөт үзүүлбэртээ гурван квад үсрэлт оруулж сайн гүйцэтгэснээр тухайн тэмцээнд гарцаагүй ялна гэгдэж байсан Ханью Юзуруг ялж шуугиан дэгдээсэн. Түүнээс хойш Ханью Юзуру ч гэсэн чөлөөт үзүүлбэрээ хүндрүүлж эхэлсэн.Энэ утгаараа хоёулаа шинэчлэгч. Түүнээс хойш Нейтан Чен насанд хүрэгчдийн ангилалд орж ирэнгүүтээ чөлөөт үзүүлбэртээ 4-5 квад үсрэлт оруулах хүртэл хүндрэлийн түвшинг дээшлүүлж явсан. Зургааг хүртэл оролдож байсан.

-Яагаад хөгжил яриад байна гэхээр аливаа спорт хөгжлийн туйлдаа хүрээд ирэхээр төр, шашин гээд гадны нөлөөлөл ороод байна уу даа гэж харагддаг. Таны хувьд энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Уран гулгалтад шашин хүчтэй нөлөөлж байхыг харж байгаагүй юм байна. Уран гулгалт харьцангуй бүх зүйлийг хүлээн зөвшөөрдөг, ур чадвар дээр тогтдог спорт учраас. Зөндөө хүмүүс байдаг. Өөр бэлгийн чиг хандлагатай. Тэднийг ерөөсөө ад үздэггүй. Тамирчин гэдэг утгаар нь хүлээж авдаг. Тэр хүнд ямар чадвар байна гэдгээр хүлээж авдаг. Түүнээс цаад асуудал, бэлгийн чиг баримжаа ямар ч хамаагүй. Түүгээрээ ардчилсан сайхан спорт гэж үздэг.

-Монголд энэ спорт хөгжих боломж хэр байна вэ?

-Пёнчаны олимпоос хойш Мөсөн өргөөтэй болчихож байгаа юм чинь энэ боломж руугаа хурдацтай ойртож байна гэж харж байгаа.

-Сүүлийн үед ази гаралтай тамирчид хүч түрэн гарч ирэх боллоо. Энэ юутай холбоотой вэ?

-Ази хүний биеийн өгөгдөл уран гулгалтад тохиромжтой гэдгийг уран гулгалтын ертөнц хүлээн зөвшөөрсөн. Харьцангуй хөнгөн ястай. Европ хүн шиг өндөр том биетэй биш. Европ хүмүүс өндөр чацтай. Харагдах байдал нь гоё боловч өндөр хүний яс хүнд. Ultra-C элементийг хийх ачаалал их. Бэртэх магадлал өндөр. Ази хүн уян хатан, хөнгөн ястай, арай шавилхан биетэй. Шавилхан болохоор илүү хурд сайтай. Байгалиас заяасан өгөгдөл нь энэ спортод илүү тохироод байгаа. Хүндрэлийн түвшин нэмэгдэх тусам ази гаралтай тамирчид илүү сайн гүйцэтгэж байна. Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд одоогийн бүх лидерүүд ази гаралтай тамирчид байгаа. Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд ч гэсэн солонгос охид түрж гарч ирж байна. Япон охид угаасаа хүчтэй байдаг. Сүүлийн жилүүдэд Этери Тутберидзегийн баг орос охидыг гаргаж ирж байгаа. Гэхдээ анхааралтай ажихаар лидерүүд нь цэвэр орос биш.

-Хэдэн наснаас уран гулгалтаар хичээллэвэл хамгийн тохиромжтой вэ?

-2-3 наснаас хичээллэвэл хамгийн сайн. 4-5 нас ч байж болно. 6-7 болоод ирэхээр оройтчихдог.

-Уран гулгалт тайлбарлахыг хүссэн, зорьсон хүмүүс юу үзэж судалж, мэргэжлийн мэдлэгтэй болох вэ?

-Сурах бичгүүд байдаг л даа. Гэхдээ монгол хэл дээр олдохгүй байх. Япон, орос, англи дээр бол олдоно. Гэхдээ цахим ертөнц хөгжсөн өнөө үед хаанаас л бол хаанаас мэдээлэл авах бүрэн боломжтой.

-Та монгол хэл дээр гарын авлага, сурах бичиг гаргах уу?

-Болохгүй зүйл байхгүй л дээ. Одоогоор би “Шүүхийн орчуулга” гээд хуулийн үг хэллэгтэй мэргэжлийн сурах бичиг бичээд дуусч байгаа. Ном зүй, оршил гээд механик ажлууд үлдсэн. Цаг зав болж өгөхгүй байна. Ном бичиж болно оо. Цаг хугацааны асуудал гэж бодож байна. Систем, техник, гүйцэтгэл, дүрэм сонирхдог хүн цөөхөн байдаг юм билээ. Ихэнх нь таашаал авах гэж үздэг. Би ч гэсэн тийм байсан. Эхний 10-20 жил. Үнэлгээний систем нь Олимпийн цикль болгонд жаахан, жаахан өөрчлөгддөг. Олон улсын тэшүүрийн холбоо уран гулгалтынхаа төрөл бүрээр мэргэжлийн чиг хандлагаа харж байгаад яавал оновчтой байх вэ гэдэг шийдвэрээ гаргаад онооны үнэлгээнд өөрчлөлтүүд оруулдаг. Тэгэхээр гарын авлага гаргавал тухайн үеийнхээ үнэлгээний журмаар л гаргана гэсэн үг. Тэр гарын авлага гарснаас хойш дөрвөн жилийн дараа дахиад өөрчлөгдөх магадлал маш өндөр.

-Тайлбар хийхээр сайн муу их л сэтгэгдэл ирдэг байх. Тэдгээр сэтгэгдлийг та яаж хүлээж авч байв?

-Намайг дэмжсэн хүмүүс олон байгаа. Түүнд маш их баярлаж урам зориг орсон. Миний тайлбар олон хүнд хүрсэнд үнэхээр их баярлаж байна. Энэхүү спортыг эх орондоо хөгжүүлэхэд чадлынхаа хэрээр хувь нэмэр оруулахыг хүсдэг. Мөн нөгөө талдаа сөргүүлсэн коммент их ирж байна. Үүнд хандаж би нэг л асуултад хариулт өгмөөр байна. Гадаадын улс орнуудад өөрөө уран гулгалтаар хичээллэж байсан хүн энэ спортыг тайлбарладаг. Бурхангүй газрын бумба галзуурах нь шив дээ гэсэн өнгө аястай сэтгэгдэл ч байсан. Уран гулгалт тайлбарладаг хүн бүр уран гулгагч байдаггүй. Олон улсын жишиг энэ. Уран гулгалтыг шүүж байгаа хүмүүс ч заавал уран гулгагч байдаггүй. Тийм дүрэм журам байхгүй. Харин ч шүүгчдийн панельд сууж байгаа есөн шүүгчээс уран гулгагч биш хүн олон байдаг. Гэхдээ тэд бүгд уран гулгалттай холбоотой хүмүүс. Багадаа гулгадаг байсан, эсвэл бүжиглэдэг. Техникийн гүйцэтгэлийг тодорхой хэмжээгээр биеэрээ мэдэрч чаддаг. Онолын ойлголттой, шүүлтийн системээ нэвтэрхий мэддэг. Бодитой, дунджийг сахисан хандлагатай хүмүүс байдаг. Хэн нэгний талд хэзээ ч ордоггүй. Тайлбарлагч хүн ч мөн ялгаагүй тийм байх ёстой. Дээр нь заавал анализ хийж чаддаг байх ёстой. Уран гулгагчдыг хооронд нь харьцуулж байна гэсэн хүн ч байсан. Гүтгэх, доромжлох шинжтэй сэтгэл зүйн дайралтууд ч ирсэн. Анализ хийхэд харьцуулан жиших гэдэг ойлголт хаа ч байдаг. Энэ зүйлгүйгээр уран гулгалтын тайлбарыг хийх боломжгүй. Ер нь ямар ч спортын тайлбарт харьцуулан жишихгүйгээр тайлбар явахгүй. Манай улсад хараахан уран гулгалтын тухай ерөнхий ойлголтууд түгээгүй байгаа болохоор энэ тухай дурдах хэрэгтэй болов уу гэж бодлоо.

Уран гулгалтыг үзэж сонирхдог хүмүүс болон тэмцээнүүдийн шууд дамжуулалтад хүчин зүтгэж байгаа Монгол Улсын телевизийн холбоо тэргүүтэй телевизүүд, дэмжлэг үзүүлж буй ивээн тэтгэгч байгууллагуудад талархлаа илэрхийлье.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Ч.Хашчулуун: Одоо Орос, манайх, ОХУ-ын харьяанд байсан ганц хоёрхон улс л төмөр замын өргөн царигийг ашигладаг


Эдийн засагч Ч.Хашчулуунтай ярилцлаа.


-Ерөнхий сайдын айлчлалаар Хятад руу төмөр замаар нүүрс тээвэрлэхээр боллоо. Манай талаас өргөн цариг баригдаж байгаа, Хятадын талаас нарийн цариг хилд тулаад ирчихсэн. Манайх төмөр замаа нарийн болгосон нь дээр үү, эсвэл ачиж буулгах терминал барих нь хурдан уу?

-Төмөр замын стандартын асуудал өөрөө маш сонирхолтой асуудлуудын нэг. Дэлхийд байдаг стандарт нь манайхан Хятадын гэж ярьдаг нарийн цариг. Тиймээс олон улсын стандарт гэж ярих нь зүй байх. Монголынх яагаад өөр байдаг гэхээр ЗХУ тухайн үед Германтай байлдах бэлтгэл ажлын хүрээнд Европоос өөр царигтай байна гэдэг шийдвэр гаргасан. Одоо Орос болон манайх дээр нь ОХУ-ын харьяанд байсан ганц хоёрхон улс л энэ царигийг ашигладаг. Тухайн үеийн Монголын шийдвэр ямар ч сонголтгүй байсан. ЗХУ Хятадтай холбоо тогтоохоор төмөр замаа барьж байсан. Тэр төмөр замаа манайх руу татсан. Тэр үед өргөн, нарийн царигийн асуудлыг гүнзгий авч үзээгүй. Тэгээд л Улаанбаатар төмөр зам гэдгээрээ өдий хүртэл ашиглаад л явж байна. Гэхдээ бид бусад зүйл дээр олон улсын стандарт л гэж ярьдаг. Яагаад төмөр зам дээрээ хуучны ЗХУ-ын стандартыг баримтлах ёстой вэ гэдэг зарчмын том асуудал байх нь байгаа.

Улаанбаатар төмөр зам Оростой хамтарсан байгууллага учраас Оростой адилхан царигтай байхад буруу юм байхгүй байх. Гэтэл Монгол Улс өөрийнхөө төмөр замыг байгуулахдаа яагаад стандартын талаар нарийвчлан авч үзээгүй вэ. Тархи угаах төдий танк оруулж ирнэ гэсэн гаргаад дууссан. Түүнээс өргөн, нарийн царигийн давуу сул тал, дутагдал нь юу юм, Монголд аль нь хэрэгтэй вэ гэдэг суурьтай судалгаа хийлгүйгээр өдий хүртэл явчихлаа. Тэр ярианы дунд гол экспортын төмөр замаа бас л хуучин стандартаар барьчихсан. Энэ бол эдийн засаг талаасаа хамгийн буруу шийдвэр.

-Манай улсын экспортын нөхцөл байдал хэр байгаа вэ?

-Хэрвээ манайх өргөн царигтай сүлжээ төмөр замтай байсан бол өргөн царигаа үргэлжлүүлээд барих эсэхийг нь ойлгож болно. Гэтэл тийм биш. Монголын төмөр зам анх баригдсан хэвээрээ ганц л байгаа. Түүнийгээ барихдаа бусад орнуудтай таардаггүй стандартыг сонгочихоод одоо яаж олон улсын зах зээлтэй холбох вэ гээд толгойгоо гашилгаж байгаа нь асар том стратегийн алдаа. Манай улс нүүрсний асар их баялагтай. Ихэнх газар нутаг нүүрсний ордуудтай. Бид өөрсдөө хэдэн мянган жил хэрэглэсэн ч энэ нөөцөө барахгүй. Дэлхийд хэрэглээ нь багасч байгаа энэ үед үүнээсээ эдийн засгийн орлого олох нь өөр салбараа хөгжүүлэх, улс орноо хөгжүүлэх, дэд бүтцээ байгуулахад хэрэгтэй зүйл. Казахстан улс манайхтай адил маш том нүүрсний ордуудтай. ОХУ өөрөө дэлхийн маш том экспортлогч орон. Оросын нүүрсний экспортын хэмжээ 200 сая тоннд хүрдэг. Монголынх арай гэж 20 сая тоннд хүрч байгаа байх. Ингээд бодоод үзэхээр манай нүүрсийг Орос, Казахстаны аль нь ч авахгүй. Солонгос, Японыг бид ярьдаг боловч тэд далайгаар Индонез, Хятад, Энэтхэг, Австрали гээд өчнөөн нийлүүлэгчээс хямд зардлаар авчихдаг. Тэгэхээр энэ тивд гэдэг юм уу даа явж явж Монголын нүүрс борлогдох газар байхгүй шүү дээ. Урд хөрш авах нь авч байгаа. Тийшээ бид замаа тавихдаа экспортын зах зээлтэй таарахгүй царигтай зам барьсан нь өөрөө эдийн засгийн маш буруу шийдвэр болж байгаа юм. Манай гол зорилго боломжтой байгаа дээр нь зах зээлд нүүрс нийлүүлээд ашиг олох. Ашиг олохын тулд зардлаа багасгах хэрэгтэй. Юуны өмнө тээврийн зардлаа багасгах. Монголын нүүрсний хувьд бусад орны нүүрснээс ямар ч ялгаагүй. Яг л адилхан. Тэд гагцхүү хамгийн бага зардалтай далайн тээврээр тээвэрлэж чадаж байхад манайх 200-хан км газрыг ачааны машинаар жаахан жаахнаар тээвэрлэж байгаа. Хамгийн өндөр зардалтай аргаар нь зөөвөрлөдөг. Төмөр замын тээврийг яах гэж барьсан гэхээр зардлаа уг нь бууруулах гэж. Гэтэл стандарт нь таарахгүй учраас түүн дээр дахин зардал үүсч байгаа. Тэр байтугай ачсан бараагаа 100 км шахуу яваад л дахин буулгаж өөр цариг руу шилжүүлэх цаг хугацаа, мөнгөний асар том зардал урсаад л байна. Энэ бүхэн хэнд хэрэгтэй юм бэ гэдэг асуудал л үүсээд байгаа. Монгол Улсад ийм зүйл хэрэгтэй юм уу. Яагаад ийм зүйл болчихов. Хятадын нүүрсний зах зээл дээр өрсөлдөгч улсууд олон байгааг нуугаад хэрэггүй. Манай хойд хөрш ч Хятад руу нүүрсийг маш их хэмжээгээр гаргаж байгаа. Австрали, Индонез, Америк ч байна. Ингэж байхад өөрийнхөө экспортын боломжоо боомилдог, өөр өөртөө саад болж, өөр өөрийгөө дэгээддэг улс Монгол л байна.

-Тэгэхээр заавал терминал барина гэсэн үг үү. Өөр арга байгаа юу?

-Нэгэнт барьчихсан юм чинь 100 км яваад буулгаад эргүүлж ачаад өөр хэлбэр рүү шилжүүлэх тийм л юм барих байх. Түүнд маш их цаг хугацаа, мөнгө шаардана. Тэр зардлаа дараа нь өөрийнхөө бүтээгдэхүүний үнээс л нөхнө. Өөр нөхөх арга байхгүй. Хятад бол танайх өргөн царигтай юм чинь илүү мөнгө төлье, өндөр үнээр авъя гэхгүй нь тодорхой. Зах зээл бол зах зээл. Тийм учраас үүн дээр бас л төмөр замаа барьсан боловч бас л өөрийгөө дэгээдэж амжсан гэж хэлэх байх. Тэгээд үүнийгээ дахин шилжүүлдэг Замын-Үүдийнх шиг юм барих л байх даа. Түүнийг сануулахад, Замын-Үүд дээр бүтэн өдөр галт тэрэг зогсдог, түүнийгээ ачих гэж бөөн ажил болдог. Тэр бол зорчигч тээврийн зориулалттай учир харьцангуй цэвэрхэн, арай хурдан. Харин нүүрс тээвэр хэцүү. Салхинд хийснэ, задгай учир асгарах, хаягдах гээд олон асуудал гарч болзошгүй. Талаар дүүрэн юм болно л доо.

-Гашуунсухайтад терминал барьчихсан, зөвшөөрлөө хүлээж байгаа гэсэн. Энэ өөр зориулалтынх уу?

-Терминал гэхээр контейнерийнх байх. Контейнер бол төмөр замаас тусдаа яриа. Түүнийг аль болох хүний оролцоо байхгүйгээр зөөвөрлөхийн тулд контейнер гээд байгаа. Контейнерийг ачааны машинаар ч тээвэрлэж болно. Төмөр зам бол экспортыг нэмэгдүүлэх цорын ганц бодит боломжуудын нэг. Манай улс 1980 оноос уул уурхайн бүтээгдэхүүн дээр төрөлжсөн улс. Зах зээлд ажилладаг манай гол чиглэл, гол чадвар. Түүнээс манайх машин үйлдвэрлэж, зурагт компьютер хийж, гар утас угсардаг газар биш гэдгээ ойлгох хэрэгтэй. Тийм төрлийн бараа овор ихтэй, харьцангуй хямд байдаг. Бараа нь өөрөө хямд. Нүүрсэн дээр жишээ авах юм бол нэг тонн нүүрс 100 доллар гэж байна шүү дээ. Нэг тонн гэдэг чинь асар их хэмжээ. Гэтэл Өмнөд Солонгос нэг гар утсыг 1000 доллараар экспортолж байна. Өөрөөр хэлбэл, Солонгосын нэг гар утсыг Монгол 10 тонн нүүрс гаргаж байж адилхан үнэ олно гэсэн үг. Тэр жижигхэн гар утсыг онгоцоор зөөсөн ч тээврийн зардал нь өчүүхэн бага ноогдоно. Манайх шиг том оврын хямд бараагаа зардалтай зөөгөөд байвал тэр хэмжээний зардал нэмэгдээд ирнэ. Үнэндээ сөрөг нөлөө үзүүлнэ. Манайх өмнө нь цөөхөн газартай өрсөлддөг байсан бол сүүлийн үед Америк ороод ирлээ. Хятадын зах зээлд Оросын экспорт нэмэгдээд байна. Удахгүй дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч улс Энэтхэг болох нь. Энэтхэгээс орж ирэхийг ч үгүйсгэхгүй. Өрсөлдөгчид улам л нэмэгдээд байна. Тэгэхээр манайх цөөхөн экспортын бараатайгаа сайн ухамсарлаад аль болох бага зардлаар зах зээлийн их хувийг олох ёстой гэдгээ бодох ёстой. Гэтэл наад захын тээврийн бодлого дээрээ тийм том алдаа хийсэн. Тэр хэмжээгээрээ манайх зах зээлээс шахагдана. ОХУ гэхэд зөвхөн экспортдоо зориулж нарийн царигтай төмөр зам хийгээд байгаа. Гэтэл манайх эсрэгээрээ ажиллаад байна.

-Огтлолцлын цэгээ тохирсон гээд байгаа. Манай талд юм болов уу, нөгөө талд уу. Аль талд нь ачиж буулгах цэгээ баривал хэр ашигтай вэ?

-Аль талд нь тохирсныг одоогоор мэдсэнгүй. Манай талд баригдвал арай дээр байх болов уу. Учир нь Хятадын талд баригдвал тээврийн зардал манайд өндөр л гарна гэсэн үг. Тиймээс дотооддоо хийсэн нь дээр байх. Гэхдээ угаасаа байх ёсгүй зардал. Нэг ёсондоо талхны үйлдвэр хэрэглэгчдийн идэж сурсан талхыг биш, өөрийг хийгээд түүнийгээ өөрчлөөд илүү зардал гаргаад байна гэсэн үг. Тэгвэл эхнээсээ яагаад хэрэглэгчдэдээ тааруулаад хийгээгүй юм бэ гэсэн эхний асуултан дээрээ эргээд очно. Манай экспорт тасарч байгаатай холбоотой улсын экспортын хэмжээ багасч байгаа. Экспорт тасрах юм бол нэгдүгээрт, зах зээлийг бусад орнууд эзэлнэ. Хоёрдугаарт, тэр хэмжээгээр манай орлого тасарна. Гуравдугаарт, бусад орнууд хохирохгүй ганцхан манай төсөв алдагдалтай болж, бидний цалин мөнгөний асуудал яригдана.

-Тэгэхээр яаж шийдвэл экспортоо нэмэгдүүлэх вэ?

-Экспортыг цаашид нэмэгдүүлэхэд бид тооны хувьд тодорхой хэмжээнд тулаад байна л даа. Тэр нь юутай холбоотой гэхээр урд хөршийн хэрэглээ өөрөө хэмжээ хязгаартай. Жилд 80 сая тонн нүүрс гаднаас авдаг гэж байгаа. Өөрөө үйлдвэрлэх хүчин чадал бий. Гэхдээ өөрийнх нь нүүрсний орд тодорхой хэмжээгээр ашиглагдаад дууссан. Байгаль орчин, хөдөлмөр хамгааллын янз бүрийн шаардлагуудаа дотооддоо хангадаггүй учраас Засгийн газар нь уурхайнуудаа байнга хааж журамладаг. Хятадын 80 сая тонныг манайх экспорт сайн байсан жилүүддээ 30-40 хувийг нь хангаж чадаж байсан. Энэ бол нүүрсний үнэ өндөр байх үеийнх. Манайд ямар нэгэн асуудалгүй, хил дээр асуудал үүсээгүй байсан үеийнх. Манайх байнга л тийм байх юм шиг бодоод түүнийгээ бэхжүүлэхийн оронд зардлаа бууруулах, хилийн гарцуудаа сайжруулах талаасаа дутуу ажилласан. Хэрвээ бид төмөр замаа нарийн царигтай бариад зардлаа бууруулах юм бол одоогийнхоос 40-50 сая тонн хүртэл экспортоо нэмэгдүүлж чадах байх. Түүнээс илүүг манайх өөрсдөө үйлдвэрлэж чадахгүй.

-Ковидын нөхцөл байдлаас болоод манай улсын экспорт улам л буурч байна. Цаашдаа нэмэгдэх боломж нь хэр байгаа бол?

-Манайх далайд гарцгүй улс учраас экспортын бодит боломж нь Америк, Япон, Солонгос, Европ гээд ярихад маш хэцүү. Ер нь бол тэр худлаа, биелэшгүй талдаа. Хоёр хөрш рүүгээ л гаргах боломжтой. Орос манай бараан дээр 30-40 хувийн татвар ногдуулаад байгаа. Уг нь бол далайд гарцгүй улс орнуудыг бусад улс орон дэмжинэ, тусална гээд олон улсын конвенц баримт бичгүүд байдаг. Түүнд хөгжиж байгаа орнууд далайд гарцгүй учраас бараа таваарыг экспортлоход туслах, бараа таваар дээр нь бага татвар ногдуулах гэсэн НҮБ-ын тунхаглал ч байдаг. Хамгийн сүүлд Алматагийн тунхаглал гарсан. Гэтэл манай хойд хөршид тэр тунхаглал ер хэрэгжихгүй байгаа. Урд хөрш түүхий эд дээр айхавтар татвар байхгүй. Аж үйлдвэрийн бараан дээр татвар бий. Гэхдээ чөлөөт худалдааны хэлэлцээр хий гэж ярьж байсан тохиолдол бий л дээ.

Өөрийнхөө бараан дээр татвар ногдуулахгүй ажиллая гэсэн үг. Тэгэхээр нэгдүгээрт, хоёр хөрштэйгөө экспортын бүтээгдэхүүн дээр татвар ногдуулахгүй байх хэлэлцээрийг тууштай үргэлжлүүлэх ёстой. Ингэхдээ бид дангаараа яривал хэн ч тоохгүй учраас Дэлхийн худалдааны байгууллага, НҮБ гэсэн олон улсын давцанд байнга илэрхийлэх ёстой. Хоёрдугаарт, түүхий эдийг экспортод гаргахад өөрийн гэсэн хэмжээ хязгаар байгаа. Хятадын зах зээл цаанаа лимиттэй байгаа. Экспорт гэдэг нь хэр үнэтэй барааг та гаргаж чадна уу тэр хэмжээгээр экспортын орлого өснө гэсэн үг. Монгол экспортоор гаргадаг тавхан бараа л байдаг. Зэс, нүүрс, төмрийн хүдэр, алт, газрын тос. Бусад нь бол их цөөхөн хувийг эзэлдэг. Ноос, ноолуур манай экспортын нэг хувьд хүрэхгүй шахуу байдаг. Тэгэхээр энэ таван бараагаа л бид боловсруулалт хийгээд дараагийн шатны арай үнэтэй бүтээгдэхүүн гаргаж чадах юм бол тэр хэмжээгээр экспорт өснө. Зэсэн дээр жишээ авахад, хайлуулсан зэсийн нэг тонн нь 10 мянган долларын үнэтэй байхад баяжмал нь түүнээсээ зургаа дахин хямд байна. Хэдэн хувийн баяжмалтай байна түүгээрээ үнээ тогтоодог л доо. Тэгэхээр бид зэсээ хайлуулаад эцсийн бүтээгдэхүүн болговол үнэ нь нэмэгдэнэ л гэсэн үг. Нүүрсээ угаагаад борлуулбал үнэ нь хоёр дахин нэмэгдэнэ. Тэгэхээр бид зэс хайлах, гангийн, нүүрс боловсруулах үйлдвэр л барих хэрэгтэй байгаа юм.

-Эдгээр үйлдвэрийг барих боломж нөхцөл нь байгаа юу?

-Манайд барих бүрэн боломжтой. Зэс хайлуулах хоёр үйлдвэр ажиллаж байгаа. Тэгэхээр огт шинэ юм биш. Манай засаг л өөрөө түүнийг барих хүсэл эрмэлзэл байвал маргааш гэхэд л байгуулчихна. Түүхий эд нь байна. Үйлдвэр барих бүрэн боломж бий. Жишээ нь, Ачит их гээд компани бий. Ачит их хувийн жижигхэн зэс хайлах үйлдвэр барьчихсан. 2014 онд ашиглалтад орсон. Түүнээс арав дахин том улсын үйлдвэр барихад техникийн хувьд ямар ч асуудал байхгүй. Мөнгөн дээр ч асуудал байхгүй. Гагцхүү ноднин корона гээд Эрдэнэтээс нэлээд их мөнгө аваад түүнийгээ айлуудын тог цахилгаан, ус дулааны мөнгөнд өгсөн. Ерөнхийдөө түүнтэй дүйцэх хэмжээний мөнгөөр зэс хайлах үйлдвэр барьж болохоор л байсан. Хугацаа өнгөрөх тусам зардал нь өснө. Ноднин бариад эхэлсэн бол одооны өртгөөс хоёр дахин хямд зардлаар барих байсан.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

В.Энхтамир: Дахин төлөвлөлт гэхээсээ илүү иргэд өөрсдөө нэгдээд орчноо сайхан болгох боломжтой

Нийслэлийн 37 байршилд газар чөлөөлөлт явагдаж, төр хувийн хэвшлийн компаниуд дахин төлөвлөлтийн ажил хийж байгаа. Иргэд газраа хэрхэн үнэлүүлэх, төр хувийн хэвшлийн компаниудтай хэрхэн гэрээ байгуулж, газраа үнэлүүлэх талаар өмгөөлөгч, судлаач В.Энхтамиртай ярилцлаа.


-Газрын чөлөөлөлт, газраа орон сууцаар солих хэдэн хэлбэр байдаг вэ?

-2002 онд Монгол Улсын иргэнд газар өмчлөх хууль батлагдсанаар бидний мэдэх гэр хорооллыг түр суурьшлын бүс гэж үзэхээ болиод өмч гэдгийг албан ёсоор хүлээн зөвшөөрөх болсон. Ингэж газрыг гэр хорооллын иргэдэд өмчлүүлж эхэлсэн. Гэвч үүнийг дагасан агаар хөрсний бохирдол ихэссэнээр гэр хорооллын газрыг дахин төлөвлөх болсон. Агаар хөрсний бохирдол нь зөвхөн газрын эзний асуудал биш гэр хороолол, айл болгоны нүхэн жорлон, айл бүрийн хашаандаа ухсан гүний худагтай болсонтой холбоотой. Үүнээс гарах шийдэл хайхад олон улсад жишиг болсон гэр хорооллыг шинэчлэн зохион байгуулах, дахин төлөвлөлтийн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх болсон. Ингээд 2015 онд “Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль” батлагдсан. Газар өмчлөх тухай хууль, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн хэрэгжиж байгаа өнөөдрийн загварыг харвал гурван төрлөөр гэр хорооллын газрыг чөлөөлж дахин төлөвлөлт хэрэгжүүлж байгаа нөхцөл байдал ажиглагддаг. Нэгдүгээрт, улс орны төсөв тэдгээртэй адилтгах эх үүсвэрээр хэрэгжиж байгаа томоохон хэмжээний бүтээн байгуулалтын төслүүд байна. Жишээ нь, Улаанбаатар хотод Баянхошуу, Сэлбэ, Дамбадаржаа гэх мэт дэд төвүүдэд зөвхөн орон сууц бариагүй. Зам харгуй, орон сууц, сургууль цэцэрлэг, эмнэлэг гээд иж бүрнээр нь төлөвлөөд барьж эхэлж байгаа. Манай хот Сүхбаатарын талбай гэдэг ганц л дэд төвтэй шүү дээ. Тэр уламжлалт зохион байгуулалтыг эвдээд долоон байршилд дэд төвүүд хөгжүүлж байгаа. Тэгэхээр тэнд худалдаа үйлчилгээ, соёл боловсролын байгууллага, урлаг уран сайхны газрууд гээд бүх зүйлийг цогцоор нь барьж байгаа. Энэхүү газар чөлөөлөлтөд шаардлагатай төсөв Засгийн газраас гарч байгаа. Тухайн иргэний газар ямар үнэтэй гэдгийг хөрөнгийн үнэлгээний компани томилоод иргэний газар байршлаасаа хамаараад ийм үнэтэй юм байна гэдгийг тогтоож өгнө. Хоёрдугаарт, НИТХ, Засаг даргаас баталснаар хамгийн сүүлд 37 байршлыг баталсан байдаг. Үүн дээр дахин төлөвлөлтийн хувийн хэвшлийн компаниуд орж ирээд иргэдтэй тохиролцоод газраа чөлөөлөөд явж байгаа. Энэ тохиолдолд ихэвчлэн хөрөнгийн үнэлгээний компани гэж байхгүй. Иргэд өөрсдөө барилгын компанитай шууд тохироод нэг, хоёр өрөө байр уу гэдгээ тохирно. Компанийн зүгээс улсаас төсөв орж ирэхгүй, цэвэр өөрсдийн ашгийг харж байгаа учраас бэлэн мөнгө гэхээсээ илүү байраар үнэлээд явдаг. Гуравдугаарт, нийслэл, төр захиргааны байгууллагын оролцоотой ямар нэгэн барилгын компанид 2-3 айлын газрыг чөлөөлөөд, дэд бүтцэд ойрхон, эсвэл өөрсдөө дэд бүтцээ татаад барилгажуулж болно. Үүн дээр мөн л компаниуд тухайн иргэнд өгөх нөхөн олговрыг гэрээгээр тохирч явна. Ийм дүр зураг Улаанбаатар хотод түлхүү байна.

-Иргэд эдгээр төрлүүдийн алинтай нь тохирч газраа чөлөөлөөд үнэлүүлбэл илүү ашигтай вэ?

-Аль нь ашигтай гэж ярих нь түвэгтэй л дээ. Түрүүн хэлсэн Баянхошуу, Сэлбэ, Дамбадаржаа орчмын байршилд арай ондоо схем явж байгаа. Дахин төлөвлөлтийг цогцоор нь хөгжүүлээд явж байгаа. Улсаас газрын эзэдтэй хамтраад гүйцэтгэгч компаниудын оролцоотой зам харгуй бариад, дэд станц байгуулаад, магадгүй үндсэн дулааны магистрат шугамыг ч татаж байгаа. Тэгээд тухайн газрын эзэд салбар шугамуудаа өөрсдөө татна ч гэдэг юмуу гэрээн дээрээ зааж өгнө. Яармаг болон бусад байршилд хувийн компаниуд хэрэгжүүлж байгаа дахин төлөвлөлтийн төсөл нийтийн зориулалттай орон сууц барих чиглэлээр явагдаж байна. Тэнд мэдээж агаар хөрсний бохирдол багасч байгаа. Иргэд тохилог орон сууцтай болж байгаа. Гэхдээ хөрөнгийг хувийн компани гаргаж байгаа учраас үнэ тэд байна, эд байна гэх боломжгүй. Тухайн газрын эзэнтэй барилгын компани тохироод явдаг.

-Иргэд газраа компаниар үнэлүүлж байраар солихдоо газрынхаа м.кв-аар ярих ёстой юу. Эсвэл тэдэн өрөө тэдэн байр гэж ярьж тохирох уу?

-Үүн дээр бол хувийн компаниуд бэлэн мөнгө гэхээсээ илүү нэг, хоёр өрөө байр гэдэг хэмжээнд л тохиролцоо нь явж байгаа юм. Яагаад гэхээр өөрсдийн хэмжээнд төслөө хэрэгжүүлэх боломж нь тэр. Гэр хорооллын иргэдийн хувьд “Газар дээрээ ингээд л байж байя” гэдэг хүн маш цөөхөн. Бүгдээрээ тохилог орон сууцанд орохыг боддог. Харин барилгын компани бизнес хийж байгаа учраас иргэдийн хүсэлд тулгуурлан боломжит хэмжээгээр үнэлээд иргэдийг байранд оруулах юм. Ийм учраас иргэн Энхээ “Миний газрыг аваад надаад 500 сая төгрөг өг” гээд нэхээд байж болно. Нэхэх эрх нь байгаа. Гэвч нөгөө барилгын компанийн боломжит хязгаараас давж байгаа учраас авч чадахгүй. Бодит тохиолдол зөндөө бий. Барилгын компани өндөр үнэ нэхсэн газрын эздийг орхиод тойруулаад орон сууцаа бариад явдаг. Баригдсан хойно тэр хавийн орчин нөхцөл сайжраад тохижилтоо хийгээд ирэхээр орхигдсон айл саарал бүс болж, газрын үнэ унах магадлалтай. Дахин төлөвлөлт эхэлж байхад тухайн айл тохиролцож чадаагүй бол төсөл хэрэгжээд айлууд ороод бүх зүйл дууссаны дараа магадгүй 500 саяар зарна гэж байсан газраа иргэн Энхээ гурван жилийн дараа “Миний газрыг 50 саяар авчих” гээд эргээд гуйгаад байхад тэнд хөрөнгө оруулалт хийх боломжгүй нөхцөл байдал үүсдэг. Тэгэхээр энэ тал дээр иргэд газраа үнэлэхдээ бодитой үнэлгээг тогтоож, компанитайгаа тохиролцох хэрэгтэй. Эсвэл тусдаа хөрөнгийн үнэлгээний компани томилоод хөрөнгөө үнэлүүлж болно. Хамгийн аюултай нь дэд бүтцээсээ алслагдмал газруудад компаги өөрсдөө эрсдэл үүрээд бүтээн байгуулалт хэрэгжүүлж байгаа. Компани иргэн Энхээд амлаж байгаа хоёр өрөө байрны зах зээлийн үнэлгээ нь магадгүй өнөөдрийн ханшаар бодвол 120-130 сая байх. Гэтэл иргэн Энхээ хөрөнгийн үнэлгээний компаниар өөрсдийн зардлаар газраа дээрх байшинтай нь хамт үнэлүүлэхэд зах зээлийн үнэлгээ нь 30 сая төгрөг юм байна гээд гараад ирэхээр иргэд ч барилгын компани ч аль аль талаасаа бодох ёстой асуудал болж байгаа юм. Тэгэхээр би газрын эзэн гэдэг байдлаар асуудалд хэт өөрийнхөөрөө хандах нь өрөөсгөл юм шүү.

-Гэр хорооллын нэг хашаанд олон өрх амьдардаг. Нэг хашаанд 4-5 айл тусдаа амьдардаг байхад хэзээ ч тэр хашааг 4-5 байраар үнэлэхгүй. Айл өрх бүрийн асуудалд хэрхэн хандах ёстой вэ?

-Энэ бол үнэхээр хэцүү. Газрын эзэн, компани хоёрын л асуудал. Газрын эзэн мэдээж бүх өрхөө л орон гэртэй болгоно гэх байх. Гэтэл нөгөө талаас барилгын компани тэр асуудлыг шийдэж чадах уу. Хөрөнгө мөнгө нь дийлэх үү л гэдэг асуудал.

-Газрыг янз бүрээр үнэлж тохирч авсан байх юм. Газрын тогтсон 1 м.кв-ын үнэлгээ гэж байна уу?

-Зах зээлийн зарчим нь өөрөө ийм. Жишээ нь, чи Нарантуул зах дээрээс халуун сав худалдаж авчээ. Магадгүй чи 8000 төгрөгөөр тэр халуун савыг авсан байж болно. Гэтэл би яг адилхан халуун савыг тэр хүнээсээ 12000 төгрөгөөр худалдаад авчихсан байж болно. Яг л үүнтэй адилхан зах зээлийн зарчим явж байгаа. Барилгын компани өөрсдөө хөрөнгөө оруулаад 30 айлын газар чөлөөлнө гэж бодъё. 30 айлын газар 150 айлын орон сууц барилаа. 30 айлаа эргүүлээд оруулна. 120 айлын орон сууцыг зах зээлд өөрсдөө борлуулж байгаа. Гэхдээ 30-хан айл оруулаад 120 орон сууц зарж байгаа мэт харагдаад байгаа. Бүх хөрөнгө оруулалтын эрсдэл, шугам сүлжээ, тохижилт гээд бүгдийг хийж байгаа учраас иргэдийн газар, хүний газар, миний газар гэж хэлэх боломжгүй.

-Тэгэхээр иргэд хувиараа эсвэл гудамжаараа, үгүй бол хороогоо цуг ярилцаад нийлээд гэрээгээ хийх ёстой юу?

-Уг нь бол дахин төлөвлөлт барилгын компани гэхээсээ илүү иргэд өөрсдөө нийлж нэгдээд сууц өмчлөгчдийн холбоо гэдэг шиг газар өмчлөгчдийн холбоо байгуулаад өөрсдөө нэгдээд орчноо сайн сайхан болгоё. Өөрсдөө газраа дахин төлөвлөөд энэ хэсэгт нь нийтийн зориулалттай орон сууц барья, энэ хэсэгт нь хувийн орон сууц барья. Үлдсэн тэр хэсгээ зарж борлуулаад хөрөнгө босгоё гэдэг нь нээлттэй. Гэтэл иргэдийн ганц л зүйл байдаг нь аминч үзэл. Миний 300, 500, 700 гээд л аминчирхана. Чи бид хоёр газраа нийлүүлээд талыг нь зарж хөрөнгө босгоод голд нь жижиг цэцэрлэгт хүрээлэн барьж болно. Барууны хэллэгээр энэ сервес ланд буюу үйлчилгээтэй газар болж эхэлнэ. Би 700 м.кв газартай байсан 700-гаа л авна гээд байвал андуурал болчихож байгаа юм. 700 м.кв газрынхаа 350-г нь дахин төлөвлөлтөд өглөө. 350 м.кв газраа авч үлдэнэ. Үүн дээр харин дахин төлөвлөлтийн дэд бүтцийн салбар шугам татаж өг. Гэрэл цахилгааныг нь оруул. Тэгээд би байшин барья гэвэл бас нээлттэй. Түрүүний нэг өрөө байр гэдгээс өөр болоод явчихна. Чи өөрийнхөө газар дээр өөрөө хувийн орон сууцаа бариад үйлчилгээ эрхлээд явахад чинь асуудалгүй. Түүнийг иргэд өөрсдөө олуулаа нийлээд нэгдээд хийвэл магадгүй сургууль, цэцэрлэг, эмнэлэг, гал команд гээд орон сууцны иж бүрэн хороолол босгох ч боломж нь бий шүү дээ. Хэрвээ үүн дээр иргэд зохион байгуулалттайгаар өөрсдөө нэгдэж хийж чадвал дахин төлөвлөлтийн нэг хоёр өрөө байр солино гээд м.кв дээрээ хэрүүл хийдэг асуудал өөр болно шүү дээ. Магадгүй иргэд өөрсдөө барилга угсралтын компанитай гэрээ байгуулаад өөрсдийн газар дээр орон сууц, хувийн байшин, нийтийн эзэмшлийн талбай гээд цогц хороолол байгуулаад илүүдлээ зах зээлд борлуулаад хамтраад ажиллах эрх нь ч бий.

-Газар дээр үйл ажиллагаа эрхэлдэг жижигхэн бизнес явуулдаг айл өрхүүд газраа өөрөөр үнэлүүлдэг үү?

-Бизнесийн алдагдлыг үнэлэх нөхцөл байдаг. Гэхдээ бизнес эрхэлдэг байсан уу, орлого ашиг олдог байсан уу. Газар дээрээ үйл ажиллагаа яг эрхэлдэг байсан уу гэдгээ нотлох хэрэгтэй. Татвараар баталгаажсан орлого нотолсон баримттай л байх ёстой.

-Иргэдийн газрыг 1 м.кв барилгын компани 1 сая төгрөгөөр бодоод үнэлээд авчихлаа гэж бодъё. Буцаад танд 48 м.кв хоёр өрөө байр өгье гээд гэрээгээ байгуулахаар боллоо. Гэтэл компанийн зүгээс тогтсон хэмжээндээ гарахгүй 2 м.кв-аар илүү 50 м.кв байр гарч болно. Хэрэв тэгвэл та зөрүү мөнгийг тухайн байрны зах зээлийн ханшаар бодож төлөх ёстой. Харин дутуу буюу 46 м.кв ч юмуу байр гарчихвал компани тэр зөрүүг төлөхгүй гэсэн байх юм. Үүнийг яаж тохирох ёстой вэ?

-Энэ мөн л барилгын компанитайгаа тохиролцох асуудал байна л даа. Гэхдээ гэрээн дээрээ тухайн заалтаа сайн заагаад өөрчлөх, ярилцах хэсэг дээр нь ярилцаад тохирч болно. Барилгын компани үүн дээр заль хэрэглэх магадлалтай л юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Гантогоо: Юнител дата хэрэглээгээр нь далимдуулаад иргэдийг хохироож байна

Үүрэн телефоны операторуудтай холбоотой гомдол санал ирсээр байна. Хамгийн сүүлд дуучин С.Гантогоо “Юнител” корпорацийн талаар өөрийн цахим хуудсандаа саналаа бичжээ. Энэ талаар түүнтэй ярилцлаа.


-Бүх хэрэглэгчийн өмнөөс дуу хоолойгоо томоохон компаниудын өмнө илэрхийлж байна-


-Та Юнителийн дугаарыг хэдэн жил барьж байна вэ. Энэ хугацаанд таны эрх ашгийг яаж хөндөж байв?

-Би Солонгос улсад ажиллаж амьдарч байгаад Монголдоо ирээд таван жил гаруй хугацаа өнгөрч байна. Надад Мобиком, Юнител, Жи мобайлын дугаар байдаг. Гэхдээ би юнителийн дугаараа түлхүү барьдаг. Энэ хугацаанд юу ажиглагдсан гэхээр гэр, ажил дээрээ байх хугацаандаа wifi-аа ашигладаг. Гадуур явах үедээ утасныхаа датаг ашигладаг. Би сошиал орчинд байнга идэвхтэй байдаг. Миний хэрэглэдэг багцын дата нэг л мэдэхэд дуусчихсан, нэмэлт дата авдаг. Тиймээс би гадуур явахдаа wi fi-гүй үедээ нэмэлт дата худалдаж авна. Урьд нь 1 гВ дата 1500 төгрөгөөр худалдаж аваад 24 цагтаа багтааж хэрэглэдэг байсан. Түүнээс өмнө 1 гВ дата 1000 төгрөгийн үнэтэй байлаа. Гэтэл нэг л өдөр гэнэт 500 төгрөгөөр нэмсэн. Тэр үед нь юмны үнэ нэмэгдэж байгаа юм чинь гээд тоогоогүй. Хүмүүс ч нэг их юм яриагүй. 1500 төгрөгөөр 1 гВ датаа аваад 24 цагтаа фэйсбүүк, инстаграммаа шалгаад, ганц нэг бичлэг үзээд таардаг байлаа. Би сардаа 20 хоногт нь 1500 төгрөгний дата хэрэглэлээ гэж бодоход 30000 төгрөг болно. Гэтэл миний үндсэн хэрэглэдэг багцан дээр энэ үнэ нэмэгдэж төлбөр өндөр гардаг. Гэтэл саяхнаас 1 гВ гэдэг сонголт байхгүй болоод 2 гВ дата 2500 төгрөгөөр авах сонголттой болчихсон. Олон оюутан дүүтэй миний хувьд дүү нар маань гадуур явахдаа дандаа 1 гВ дата хэрэглэдэг. Гэтэл хамгийн хямд датаны сонголтын үнэ нь нэмэгдэхээр гэр бүлийн санхүүг нуруун дээрээ үүрдэг эцэг эх, ах эгч нарт нь санхүүгийн дарамт нэмэгдэж байна. Түүнийг нь Юнител компани руу яриад “Яагаад 1 гВ-ын сонголтыг байхгүй болгочихов” гээд асуухаар “Хэрэглэгчдийн судалгаан дээр үндэслэн ийм сонголттой болгосон” гэсэн хариу өгсөн. Ийм судалгааг хэзээ, хаана хийсэн юм бэ. Ямар хүмүүс нь 1 гВ датаг 2 болгоод илүү өндөр үнээр авъя гэж хариулсан юм бэ. Үнэхээр утгагүй байгаа биз дээ.

-Хэрэглэгчдийн дунд санал асуулга явсан юм уу. Танд жишээ нь, “Та 1 гВ датаг 1500 төгрөгөөр авах уу, 2 гВ дата 2500 төгрөгөөр авах уу” гэдэг ч юмуу санал асуулга ирсэн үү?

-Юу ч ирээгүй. Интернэт, сошиалаар юу ч яваагүй. Бодоод үз л дээ. 1, 5, 10 гб-аа авна уу бидний сонголт, бидний эрх биз дээ. Дүү нар маань оюутан, арван жилд сурдаг. Хичээл цахимаар орох үед дандаа нэмэлт дата авч хичээлээ хийдэг. Гэтэл хямд датаг нь хасаад үнээ нэмчихлээ. Энэ үнэхээр шударга бус шийдвэр гэж харж байгаа.

-Өөр танд үүрэн холбооны талаар шүүмжлэх зүйл байна уу?

-Нэгжийн зээлийн асуудал байна. 1000 төгрөгний нэгж зээлэхэд түүний 10 хувийг эргээд нэмж төлдөг. Энэ чинь цэвэр луйвар. Одоо үед 10 хувийн хүүтэй ломбард ч байхгүй шүү дээ. 10 хувийн хүү төлөх чинь хууль бус биз дээ. Үүнд хохирч байгаа хүмүүс нь хэн байна гэхээр энгийн иргэд юм. Үүний талаар хүмүүс яагаад дуугардаггүй юм бол. Яагаад ингээд шулуулаад өчнөөн жил дуугүй яваад байдаг юм бэ. Үнэхээр удаан бодож яваад тэсэлгүй өөрийн сошиал хуудсандаа сэтгэгдлээ бичсэн.

-Нууц биш бол та сард хэдэн төгрөгийн багц хэрэглэдэг вэ. Тэр багц нь хэдэн дататай ирээд хэдэн өдөр хэрэглээд дуусдаг юм бэ?

-Би 80000 төгрөгний багц хэрэглэдэг. Түүнд бүх сүлжээнд сардаа хязгааргүй үнэгүй ярьдаг. Зарим нэмэлт үйлчилгээ үнэгүй нэмэгддэг. Тэгээд яг хэдэн дата ирдгийг одоо санахгүй байна. Гэхдээ тэр ирсэн дата нь эхний 10 хоногтоо хүрэлгүй нэг л мэдэхэд дуусчихдаг. Тэгээд л гадуур гарахаар датагаа асаагаад явахаар 128 мВ-аар ороод маш удаан уншдаг. Юу ч үзэж болдоггүй. Гадуур гарах болгондоо 1 гВ дата нэмж авсаар байгаад сардаа миний төлбөр 100 мянга давдаг. Хэрвээ одоо сүүлийн сонголтоор 2 гВ дата нэмж авбал миний төлбөр бүр л өндөр гарна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр Юнител дата хэрэглээгээр нь далимдуулаад иргэдийг хохироож байгаа биз дээ. Үүнийг ямар судалгаан дээр үндэслээд, хэнээс асуугаад ингэж өөрчилсөн юм бэ. Хаанаас гаргасан болохоороо хэрэглэгчдээ шулсан ийм судалгаа хийгээд байдаг юм бэ. Хэзээ ч хүмүүс ийм сонголт хийхгүй. Миний постны дор сэтгэгдэл бичсэн нэг ч хүн 2 гВ дата 2500 төгрөгөөр авмаар байна гэж бичээгүй. Бүгд үүнийг шүүмжилж байна.

-Цар тахлын энэ хэцүү үед ганц ашигтай алдагдалгүй ажиллаж байгаа салбар бол үүрэн телефоныхон. Гэтэл хэрэглэгчдийн дунд зарладаг урамшуулал ч байхгүй болсон гэгдэх боллоо?

-Үнэхээр тийм шүү дээ. Хүүхдүүд хөл хорионд ороод бүгд цахимаар хичээллэж дата худалдаж авдаг болсон. Мөн дээрээс нь хурд гэж нэг юм байна. Маш их гацдаг. Асуудлууд их байгаа. Юнител том компани, том групп. Одоо намайг ямар нэгэн үйл ажиллагаандаа оруулахгүй байх. Гэхдээ тэр нь надад үнэхээр хамаагүй. Би адилхан хэрэглэгч хүн. Бүх хэрэглэгчийн өмнөөс дуу хоолойгоо томоохон компаниудын өмнө илэрхийлж байна. Энгийн иргэд яагаад дуугүй байгаад байдаг юм бэ. Би тийм мөнгө төгрөгтэй баян тансаг хүн биш л дээ. Гэхдээ өөрийнхөө хүчээр хоёр идэхгүй, хоосон хонохгүй явж чадаад байна. Үүний цаана нэгжиндээ санаа зовдоггүй хүмүүсээс илүү өдрийн хоолондоо санаа зовдог хүн асар их байгаа шүү дээ. Жишээ нь, 1 гВ-ын сонголтоо байхгүй болгоод 2 гВ дата 2500 төгрөгөөр авахаар 4 дахин үржигдэж 8 гВ-ыг 24 цагийн дотор хэрэглэх ёстой юм гэнэ. Ямар ч өндөр хэрэглээтэй хүн байсан 8 гВ-ыг 24 цагийн дотор хэрэглэж амждаггүй л байхгүй юу. Ингэж хэрэглэгчдээ хуурч байгаа юм.

-2 гВ-ын сонголт нь адилхан 24 цаг л хэрэглэдэг юм уу?

-Ерөөсөө нэмэлтээр авч байгаа 1, 2, 5, 10 гВ байна уу хамаагүй 24 цагийн дотор л хэрэглэх ёстой юм билээ. Мөн нэг ийм боломж байгаа. 25000 төгрөгөөр 50 гВ дата нэмэлтээр аваад нэг сар хэрэглэх. Уучлаарай. 25000 төгрөгөөр нэг дор 50 гВ дата авах чадалтай хүн хэр олон байна вэ. Гэтэл хамаагүй ээ гээд тэр сар хэрэглэх нэмэлт 50 гВ датаг худалдаж авлаа. Сардаа хүрэхгүй дуусчихвал яах вэ. Дахиж нэмж дата авах уу.

-Тэгвэл 1 гВ датаг 24 цагийн дотор хэрэглэхдээ 1500 төгрөгөөр худалж авдаг байсан бол 2 гВ датаг 2500 төгрөгөөр 48 цагийн турш хэрэглэнэ гэсэн хугацааны хувьд уян хатан нөхцөл нэмэгдээгүй юу?

-Яг үнэн. Дата нэмээд үнэтэй зарж байгаа юм бол хугацаагаа сунга л даа. 2-3 хоног хэрэглэдэг болъё. Тэгвэл хүн чинь надад аль нь ашигтай вэ гэж бодно шүү дээ. Ийм зүйлүүдийг л хэлэхийг хүссэн юм. Эцэст нь хэлэхэд, урд хормойгоороо хойд хормойгоо нөхдөг зорилтот бүлгийн иргэдэд маш хүнд байгаа. 1 гВ-ыг алга болгоно гэдэг нь яаж байгаа юм бэ. Буцаагаад 1 гВ-ын сонголтоо оруулаасай гэж хүсч байна

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

П.Банзрагч: Иргэд барааны үнэ асуугаад толгой сэгсрээд л буцах юм

Нарантуул олон улсын худалдааны төв дээр хөл хөдөлгөөн ихтэй, бараа нь ирж гэсэн сураг сонсогдсон учир тус захаас сурвалжиллаа. Хуучнаар “Мангасын ам” хэмээн нэрлэсэн хойд талын хаалгаар оров. Мэдээж зах л болсон хойно хүмүүсийн хөл хөдөлгөөн их, цуваа тасрахгүй үргэлжилнэ.


Пийшин, зуух, яндан, тавилгын хэсгээр нэлээд явсаар наймаа эрхлэгч Н.Гансүхтэй цөөхөн хором ярилцсан юм.


-Урьд шөнө захынхны бараа ирсэн гэсэн. Та юм дуулав уу?

-Энүүгээр мэдэгдсэн юм алга. Олон төрлийн бараа байгаа. Алийг нь гэхэв дээ.

-Таны бараа материалын тасалдал хэр байна. Та пийшингээ өөрөө хийж зардаг уу?

-Анх өөрөө хийж зардаг байлаа. Одоо амжихаа байсан. Хил гааль хаалттай болохоор зарим материал нь олдохгүй юм. Ер нь бараа материал тасрах шинжтэй гэж байсан шүү.

-Зуух пийшингийн үнэ нь хэдтэй байна вэ. Нэмэгдсэн үү?

-Үнэ 300-гаас дээш л байна. Тодорхой хэмжээгээр үнэ нэмэгдсэн гэв. Цааш явсаар хулдаас зардаг хэсэг рүү очлоо. Зарим газар нь хаалттай байх аж. Бараагүй болсон бололтой.


ОЙРЫН ХЭДЭН ӨДӨР ГАНЦ Ч МЕТР ХУЛДААС ЗАРСАНГҮЙ

Хулдаасны наймаа эрхлэгч П.Банзрагчтай ярилцав.


-Хулдаас хэдэн төгрөгийн үнэтэй байна вэ. Ойрд бараа ирэв үү?

-1 м нь 8000 төгрөгөөс дээш үнэтэй байна. Ойрдоо бараа ирээгүй. Оны өмнө авсан бараатайгаа л байна.

-Урьд шөнө бараа ирсэн сураг дуулдсан, хаагуур ирсэн юм бол?

-Мэдэхгүй. Энэ хавиар мэдэгдсэн юм алга.

-Та хамгийн сүүлд хэзээ бараа татаж авсан бэ?

-Оны өмнө арванхоёрдугаар сарын дундуур нэг авсан. Тээврийн үнэ нь нэмэгдэж ирсэн барааг зараад ямар ч ашиггүй. Хэцүүхэн байдалтай л байна.

-Одоо таны бараа хэзээ ирэх вэ. Сураг ажиг байна уу?

-Ёстой мэдсэн юм алга. Аль намар өгсөн захиалга ирж дуусаагүй л байна. Арванхоёрдугаар сард ирэхдээ багахан юм ирсэн. Тэр нь тэнгэрт тулсан үнэтэй. Түүнийг нь ашгаа олж авахын тулд нэмж зарахаар хүмүүсийн худалдан авах чадвар ямар байгаа билээ. Өчнөөн сарын өмнөх бараа хэвээрээ л байна. Энэ ард түмэн чинь элгээрээ мөлхөж байна. Үүнийг тэр төр засаг нь мэдэж байгаа ч юмуу. Ойрд харин Цагаан сар болох гээд хөл хөдөлгөөн овоо нэмэгдлээ. Гэхдээ л үнийг нь асуугаад толгой сэгсрээд л буцах юм. Ойрын хэдэн өдөр ганц ч метр хулдаас зарсангүй.

-Тэгээд та түрээс төлбөрөө яаж өгч байна вэ?

-Энд тэндээс өр зээл тавиад өгдөг болсон. Зээлээс зээлийн хооронд урд хормойгоороо хойд хормойгоо нөхөөд л аргалж байна. Хүмүүсийн худалдан авах чадвар үнэхээр муудсан. Цаашид яах юм байгаа юм.

Хэцүү л байна шүү гэв.


НЯЛХ ХҮҮХЭДТЭЙ УЧИР ЭНЭ ЖИЛ ЭРТХЭН ЮМАА БЭЛДЭЭД ГЭРЭЭСЭЭ ГАРАХГҮЙГЭЭР ГЭРТЭЭ ШИНЭЛНЭ

Хулдаасны тасгаас гараад бэлэн хувцасны лангуунууд руу явлаа. Хүн ч үгүй, бараа ч үгүй лангуунууд олон байв. Худалдан авалт хийхээр явж байгаа иргэн С.Саранчимэгтэй ярилцлаа.


-Та ямар бараа сонирхож явна вэ?

-Цагаан сар болох гээд хүүхдүүддээ шинэ хувцас авах санаатай л явна.

-Санаанд тань таарах зүйл олдож байна уу. Үнэ нь хэр санагдаж байна вэ?

-Үзэж хараад явахаар хөөрхөн юм зөндөө л байна. Хүүхдийн хувцас том хүнийхээсээ үнэтэй юм аа. Манайх ам бүл зургуулаа. Дөрвөн хүүхэдтэй. Жил бүрийн цагаан сараар хүүхдүүдээ өнгөтэй байлгах гээд шинэ хувцас авч өгдөг уламжлалтай. Энэ жил нялх хүүхэдтэй учир эртхэн юмаа бэлдээд гэрээсээ гарахгүй, гэртээ шинэлэх санаатай. Хүний хөл хөдөлгөөн бага дээр дутуу юмаа бэлдээд авъя гэсэн ч мөнгө хүрэхгүй нь. Би уг нь 600 мянган төгрөгтэй гарч ирсэн. Хаанаа ч хүрэхгүй юм байна. Дөрвөн хүүхдэдээ дөрвөн цамц авлаа. Ханьдаа малгай авлаа. Гутал авъя гэсэн ч хүрэх шинжгүй гайхаад л бараа үзээд явж байна.

-Ханиад томуу гадуур их байгаа гэсэн. Та нялх хүүхэдтэй гэхээр болгоомжтой явахгүй бол болохгүй юм байна даа?

-Тийм ээ. Саяхан дунд хүү маань хэд хоног халуураад нөгөө айхавтар өвчнийг авчихсан юм болов уу гэж бодоод айж байсан чинь харин гайгүй өнгөрчихсөн. Ах, дүү нараас нь тусгаарлаад ядаж бусад нь битгий өвдөөсэй л гэж бодогддог юм байна лээ. Уг нь овоо хэдэн төгрөг Цагаан сардаа зориулъя гэж бодож байсан боловч баахан эм тариа аваад, хүүхдээсээ мөнгө харамлаад суултай биш. Эм тариа ч яасан үнэтэй болчихсон юм. Өрхийн эмнэлэг ч олон хүүхэдтэйг мэддэг болохоор аль болох хямдханыг нь бичиж өглөө шүү гэж байсан. Гэтэл очоод автал бараг 200 мянга болсон шүү.

-Та хүүхдүүдээ хараад гэртээ байгаа гэхээр танайх ганц л хүний орлогоор болгож байна уу?

-Тийм ээ. Нөхөр уул уурхайн компанид ажилладаг. Би хүүхдүүдээ хараад гэртээ байгаа. Урьд нь нөхрийн цалин сардаа хангалттай хүрдэг байсан бол одоо хүрэх нь битгий хэл талдаа ч хүрэхээ байх нь. Юмны үнэ аймшигтай нэмэгдэж байна. Ялангуяа өргөн хэрэглээний хүнс, барааны үнэ тэнгэрт тулсан. Цаашдаа би ч гэсэн ажил хийхгүй бол хүүхдүүдээ удахгүй хоосон хонуулахад хүрэх нь. Олон нялх хүүхэдтэй болохоор гэр хороололд зутруухан байснаас гэж бодоод байр лизингээр авсан. Одоо бөөн өрийн дарамттай л амьдарч байна гэсэн юм.


190 МЯНГААР ИРДЭГ БАЙСАН БАРАА СҮҮЛД 530 МЯНГААР ИРСЭН


Нарантуул захын бэлэн хувцасны тасагт хүмүүс ихээр үйлчлүүлж, цуваа тасрахгүй алив хойшоо, урагшаа, зам тавь, зөрье гэх хүмүүс олон байв. Хүмүүс хоорондын худалдан авалтын яриаг сонсоход “Ямар үнэтэй болчихсон юм бэ буулгах уу, хэдэн төгрөг татна биз дээ. Саяхан л арай хямд байсан. Яагаад нэмэгдэв”. “Доошоо ярих уу, танай бараа нэмж ирээгүй л юм байна шүү дээ. Хуучин үнээрээ зараач. Яагаад нэмээд байгаа юм бэ”, “Бид нэмээгүй ээ. Цаанаас ачиж ирэх тээврийн үнэ хадсан шүү дээ. Сонин уншиж, телевиз үздэггүй юм уу”, “Оны өмнө бараа ирэхдээ нэмэгдээд ирсэн” гэх зэрэг яриа өрнөж байлаа. Гутлын тасаг руу очив. Гутлын наймаа эрхлэгч Х.Чинзориг ярихдаа “Урьд шөнө бараа ирээгүй ээ. Энэ хавиар юм дуулдаагүй. Манайх хамгийн сүүлд арванхоёрдугаар сард бараагаа татсан. Нэг хайрцаг бараа 190 мянгаар ирдэг байсан. Гэтэл сүүлд 530 мянгаар ирсэн. Нэг гутлаас бид 10 мянган төгрөгийн ашиг л гаргаж байна. Ашгаа гаргана гээд үнээ нэмэхээр хүн авахгүй. Хэдэн өдөр хоосон зогсоно. Тэгж байснаас ядаж арван мянган төгрөг ч болтугай гаргаад зарсан нь дээр шүү дээ” гэлээ.

Барааны хэсгээс гараад хүнс, ахуйн бараа зардаг “Баялаг ундраа” төв рүү орлоо. Урд шөнө бараа ирээгүй. Хүмүүс танил талаараа мэр сэр бараа авч байгаа. Гэхдээ тээврийн үнэ нь маш их нэмэгдсэн гэх үгийг л мөн хэлж байв.


ЮМНЫ ҮНЭ НАЙГҮЙ ӨСЧЭЭ. ЭНЭ ЦАГААН САРЫГ ЯАЖ ӨНГӨРӨӨНӨ ДӨӨ

Хүнсний зүйлээ цуглуулж явсан Д.Мягмар гэх эмээтэй ярилцлаа.


-Та ямар худалдан авалт хийв. Үнэ нэмэгдсэн байна уу?

-Цагаан сарынхаа юмыг бэлдэх гээд 15 ширхэг “Өгөөж”-ийн ул боов 56 мянгаар авлаа. Юмны үнэ найгүй өсчээ. Энэ Цагаан сарыг яаж өнгөрөөнө дөө.

-Цагаан сарыг гэр бүлийн хэмжээнд цомхон тэмдэглэ гээд байгаа шүү дээ?

-Хөгшин настай хүн чинь хоосон сууж болохгүй шүү дээ. Хүүхдүүд бүгд гадаадад байгаа ч ах дүү, төрөл төрөгсөд ирвэл яах вэ. Жаал жуул юм бэлтгэхгүй бол болохгүй.

-Та тэгээд юмаа бэлдэж амжих нь уу. Ганцаараа, хөгшин настай хүн хэцүү юм аа даа?

-Харин тийм ээ. 10-хан ширхэг хэвийн боовоо дийлэхгүй бага багаар өдөр болгон ирж авч байна. Алив миний хүү үүнийг мөрөн дээр тохоод өгөөч.

-Та одоо ингээд үүрээд харих юм уу?

-Тэгнэ ээ. Хоёр гартаа барихаар гар өвдөөд хол явж чадахгүй, ойр ойрхон амрах хэцүү байдаг юм.

-Та хаана хүрэх вэ. Би таныг дөхүүлж өгөх үү?

-Эмээ нь Халдвартын автобусны буудал орно.

-Би ч гэсэн тийшээ явна аа. Тантай хамт явъя гэсээр бид хоёр Нарантуул захаас гарч эмээгийн гэр рүү алхав.

Эмээ одоо 78 настай. Дөрвөн хүүхэдтэй. Хүүхдүүд нь бүгд гадаадад амьдардаг. Эмээг хүүхдүүд нь хамт амьдръя гэдэг ч насны эцэст төрсөн нутгаасаа явахгүй. Эх оронгүй хүн биш гэж зөрүүдлэн нутагтаа үлджээ. Гэсэн ч өнөөдрийн нийгмийн байгаа байдал, энэ утаан дунд амьдрах гэж хэрдээ л зүтгэж буй нь илт байв.” “Төрийн минь сүлд өршөөг” хэмээн яриа болгоныхоо төгсгөлд уулга алдах нь залуу хүнд юм бодогдуулахаар. “Төр муу ажиллаж байна уу” гэхэд “Төр муу биш ээ. Дарга нар л муу байна” хэмээн хариулсан нь сэтгэл дотор нэгийг бодогдуулан үлдээв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Гавьяат гал сөнөөгч Д.Эрдэнэбилэг: Ангийнхан маань бүгд хүндэтгэлийн хувцастай жагсчихсан, нижигнэтэл алга ташаад, уухайн дуутай хүлээж авсан

Чингэлтэй дүүргийн онцгой байдлын хэлтэс Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн салаан захирагчийн туслах, тэргүүн ахлагч, гавьяат гал сөнөөгч Д.Эрдэнэбилэгтэй ярилцлаа.


-Бага насны тань дурсамжаар ярилцлагаа эхлэх үү. Ховд аймгийн хүн гэсэн үү?

-Ховд аймгийн Цэцэг суманд төрж, өссөн. Найман нас хүртлээ сумандаа амьдраад аав, ээж минь төвд ажиллахаар болж аймгийнхаа төв рүү шилжсэн. 1995 онд ах эгч нар маань сургуульд орохоор болж хотод орж ирж байлаа. Тэгээд л хотын хүмүүс болцгоосон доо.

-Онцгой байдлын газартай та яаж холбогдсон юм бэ?

-Манай найз онцгой байдалд ажилладаг байлаа. Найзтайгаа цуг ажил руу нь очиж үзтэл үеийн шижигнэсэн сайхан залуусаас бүрдсэн, нэр хүндтэй байгууллага санагдсан. Тэгээд л найздаа танай ажилд оръё гэж хэлээд бичиг баримтаа бүрдүүлж, өгөх ёстой шалгалт, үзүүлэлтүүдийг ном журмын дагуу өгч тэнцээд л орсон доо.

-Тухайн үед онцгой байдлын алба ямар шалгуур тавьдаг байсан бэ. Их шалгуур өндөртэй байгууллага шүү дээ?

-Гурван үеийн түүхээ бичээд, биеийн тамир, хурд хүчний шалгалт авна. Бие бялдар, эрүүл мэнд гээд бүх талаараа л өв тэгш залуусыг манай байгууллага шалгаруулж авдаг. Шат шатны боловсролын байгууллагыг дунджаас дээш үнэлгээтэй төгссөн гэрчилгээ, бичиг баримтаа бүрдүүлнэ. Тэр бүх шалгуурт нь тэнцээд ажилдаа орсон л доо. Завсраар нь мэргэжил дээшлүүлэх курстээ сууна. Гал сөнөөгчийн курс гэж явагдана. Одоо ч явагдаж байгаа. Түүндээ суугаад гал сөнөөгчийн мэргэжилтэй болсон.

-Гал сөнөөгчийн ажлыг хийгээд хэдэн жил болж байна. Энэ хооронд хичнээн хүний амь насыг аврав?

-Гуравдугаар сарын 15-ны өдөр ажилд орсны маань 20 жилийн ой болно. Тэр хооронд ажил мэргэжлийнхээ сайн сайхан, баяр жаргалтай, уйлж гашуудмаар, халширч халагламаар, баярлан бахархмаар олон зүйлийг үзсэн дээ. Яг хэдэн хүний амь нас, эд хөрөнгийг аварснаа тоолж байгаагүй юм байна. Бидний зарчим хурдан шуурхай ажиллах, цаг алдахгүй байх, секунд дольтой уралддаг болохоор тэр бүхнийг тоолж, тооцоолж байх зав зай олддоггүй юм л даа.

-20 жилийн хугацаанд санан дурсмаар сайхан зүйл олон тохиолдсон биз. Уншигчдад маань хуваалцаач?

-Байлгүй яах вэ. Гал унтрааж, хүний баярласан сэтгэл, бахархсан харцыг харсан олон сайхан дурсамжууд бий. Хамт олонтойгоо гар нийлэн ажиллаж, ард иргэдээ авран хамгаалж явсан түвэгтэй, гунигтай, харуусмаар, нүд халтрам үеүд олон.

-Яг өөрөөрөө бахархаад “Би чинь ийм зүйл хийж чаддаг юм байна” гэж бодох үе байв уу?

-Шинэ цэрэг байхдаа дөнгөж ажилд орчихоод ах нартайгаа ажил мэргэжлийн тэмцээнд орлоо. Тэр үед анх тэмцээнд орж байж, 5-6 жил ажилласан ах нарыгаа гүйцэж, түрүүлж байхдаа өөрөөрөө бахархаж байж билээ. Ах нартай бэлтгэл хийгээд гүйгээд байвал, ажил мэргэжлийн тэмцээндээ ороод түрүүлж болдог юм байна гэж бодсон. Тэмцээн секунд, долиор уралддаг. Цагаараа ах нарыг ялсандаа их омогшиж байсан маань санаанаас гаралгүй үлджээ.

-20 жил ажилласан гэхээр шинэ үеийн залуус одоо хүч түрэн гарч ирсэн байна. Таны анх ажилд орж байсан үеэс одоо ямар санагдаж байна. Хэрхэн өөрчлөгдөж байна вэ?

-Намайг анх орж ирсэн уламжлалт аргаараа л яваа. Шинэ орж ирсэн хүнийг багш, сурган хүмүүжүүлэгчид нь даатгаж өгдөг. Тэр хүн нь багш нь болоод өөрийн сурсан мэдсэн бүх зүйлээ заана. Гал унтраах тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг яаж хэрэглэхийг бүгдийг нь зааж өгнө. Утаат орчинд хэрхэн амьсгалах, задгай гал яаж унтраах, подвалийн гал ингэж унтраана гээд халамжлан хүмүүжүүлэгч нь бүгдийг нь эхнээс нь зааж өгдөг. Тэр хүүхдийг хурдан хугацаанд сургаж, өөрсдийнхөө эгнээнд нэгтгэн авах арга хэмжээг маш хурдан авч явдаг даа.

-Гал унтраах 10 дугаар анги хотын бүхий л дуудлагад хүч нэмэн очдог шүү дээ. Дүүрэг бүр гал унтраах ангитай ч, унтрааж дийлэхгүй үедээ танай ангийг нэмж дууддаг нь ачаалал ихтэй ажилладаг шиг санагддаг?

-Дүүрэг бүрт гал унтраах анги бий. Манай ангийн онцлог нь гал түймэр унтраах түүхэнд анхны анги нэгтгэл болон нээгдсэн. Энэ жил Гал түймэртэй тэмцэх байгууллагын үүсч хөгжсөний 100 жилийн ой болж байгаа. Нэгдүгээр сарын 13-нд болох юм. Түүнээс хоёр жилийн дараа Гал түймэртэй тэмцэх анги байгуулагдсан байдаг. Түүхэнд анхны анги гэдэг утгаараа үр нөлөө, ур чадвар бүхий л зүйл нь бий. Үеийн үед манай ангид ажиллаж байсан хамт олон, ахмад ажилчид удам дагадаг гэдэг шиг хойч үедээ сайн муу бүхий л зүйлээ заагаад, туулаад түүнийхээ ач гавьяагаар 10 дугаар ангийн нэр хүнд, хүчин чадал сайтай, бусад ангиудад нэмэлтээр дуудагдах нь өндөр байдаг.

-Та гавьяат болно гэдгээ хэзээ мэдсэн бэ. Ангиас тань таныг тодорхойлсон уу?

-Нийслэлийн онцгой байдлын газраас тодорхойлсон. Гал сөнөөгчөөр хамгийн удаан ажилласан гээд. 2021 оны арванхоёрдугаар сарын 27-нд Ерөнхийлөгчийн Тамгын газраас залгаад “Та гавьяат цолоор шагнагдах боллоо. Маргааш өглөө 11:00 цаг гэхэд хувцсаа бэлдээд бэлэн байж байгаарай” гэж ярьсан.

-Ерөнхийлөгчөөс гавьяатын тэмдгээ аваад зогсож байхад ямар сэтгэгдэл төрж байв. Танд гавьяат цол олгохдоо Ерөнхийлөгч ямар нэгэн зүйл хэлсэн үү?

-Нулимс л урсчихдаг юм байна лээ. Уйлсаар байгаад л гарч ирсэн. Ерөнхийлөгч “Баяр хүргэе. Онцгой байдлын албан хаагчдадаа хайртай шүү. Та бүхнээрээ үргэлж бахархдаг. Энэ цаг үеийн хамгийн нэр хүндтэй алба, сайн эрчүүд энэ албанд бий шүү. Цаашид улам илүү амжилт гаргаарай. Ажилд нь амжилт хүсье” гэж хэлсэн.

-Гавьяат болоод ажил руугаа очиход анги нэгтгэл нь яаж хүлээж авав?

-Бүгд хүндэтгэлтэйгээр угтаж авсан. Бүрэн бүрэлдэхүүнээрээ бүх машинаа гадаа бэлэн байдалд зогсоочихсон. Техник, багаж, хэрэгслээ бэлдчихсэн. Ангийнхан бүгд хүндэтгэлийн хувцастай жагсчихсан, нижигнэтэл алга ташаад, уухайн дуутай хүлээж авсан. Үнэхээр хэлэх үг олддоггүй ээ. Чаддагаараа уйлдаг л юм байна лээ /уйлав/.

-Таныг анх ажилд ороход тань аав, ээж тань юу хэлж байв. Баярлаж, бахархаж байв уу. Аюултай ажил шүү сануулж байсан уу?

-Аав, ээж хоёр маань сайхан нэр хүндтэй албыг улам өндөрт өргөн авч явдаг юм шүү. Аавын олон эрстэй эв нэгдэлтэй, санаа нийлэн сайн ажиллаарай гэж захиж байсан. Их л бахархаж байх шиг санагдсан.

-Аав, ээжийнхээ тухай яриач. Ямар ажил мэргэжилтэй хүмүүс байв?

-Аав, ээж хоёр маань Ховд аймгийн Цэцэг сумын уугуул иргэд. Ажилчин хүмүүс. Аав минь сумынхаа кино механикч, ээж минь сургуульд үйлчлэгч хийдэг байлаа. Намайг ухаан орох үеэр аав маань аймгийнхаа төвийн Магсаржав кино театрт кино механикчаар очсон. Ээж минь тэр үед аймгийнхаа онгоцны нисэх буудалд үйлчлэгчээр ажиллах болсон. Тэгээд 1995 онд хот руу шилжин ирсэн. 20 настай байхад минь аав, ээж хоёр минь бурхан болсон доо.

-Таныг гурван хүүхэдтэй гэж сонссон?

-Эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр маань гурван хүүхдээ өсгөн хүмүүжүүлээд гэртээ байдаг. Том охин маань оюутан. Гуравдугаар курст сурдаг. Дундах охин арваннэгдүгээр анги. Бага хүү гуравдугаар анги. Нэг үеэ бодвол том болцгоосон. Ээждээ тустай болж, намайг ажилтай үед ээжийгээ халамжилна.

-Уучлаарай асуухаас өөр арга байсангүй ээ. Таны эхнэрийг хүнд өвчин туссан гэсэн?

-Эхнэр маань элэгний хорт хавдартай гэсэн оноштой. Гэртээ хүүхдүүдээ хараад байж байдаг. Эмчилгээг аль болох таслахгүй гээд хичээж л байна. 2021 онд улсаас хорт хавдрын бүх эмчилгээг төрөөс үнэгүй хийх аян явагдсан юм байна лээ. Түүний хүрээнд урдчилсан хагалгаанд ороод гарсан.

-Одоо биеийн байдал ямар байгаа вэ?

-Гайгүй. Хоёрдугаар сард дахин үзлэгт ороод, бүрэн нээлттэй хагалгаанд орох эсэх нь шийдэгдэнэ. Хоёрдугаар сарын 13-наас шийдэгдэнэ. Түүнийг хүлээж байна.

-Таныг Хотын захиргаанаас хоёр өрөө байраар шагнах тухай яриа байсан. Одоо хаана амьдарч байгаа вэ?

-Хараахан шийдэгдээгүй байгаа. Нийгмийн асуудлыг шийдэх тал дээр яригдсан. Тоймтой шийдвэр гараагүй байгаа. Одоо Сонгино хайрхан дүүргийн долдугаар хороо буюу Баянхошуунд амьдардаг. Хилчний хоёр давхар нийтийн байр бий. Зургаан айлын гурван тийшээ харсан нийтийн байр байдаг. Тэнд эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг.

-Түрээсийн байр юм уу?

-Хувьчлагдсан байр л даа.

-Төрөөс таныг үнэлж энэхүү сайхан цолыг хүртээхээр юу бодогдож байх юм. Цаашид хийе гэж бодож төлөвлөсөн ажил бий юү?

-Би Гал унтраах олон техникт спортын мастер. Одоо залуу үеэ бэлтгэхээр зорьж, зодгоо тайлсан. Цаашид ангидаа дасгалжуулагч хийж, шинээр гарч ирж байгаа залуу тамирчдаа амжилттай бэлтгэж, өөрийнхөө гаргаснаас илүү амжилтад хүргэхийг хичээн ажиллах болно. Гал унтраах олон техникт спортын дэлхийн аваргад дөрвөн тамирчнаа сойх бодол бий. Манай Гал унтраах 10 дугаар анги Гал унтраах олон техникт спортын долоон удаагийн хотын аварга, улсын аваргаас алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байсан. Улсын аваргаас алт, мөнгө, хүрэл медаль хүртэхэд би баг хамт олонтойгоо оролцон, гар бие нийлэн зүтгэж, авч байлаа. Улсын аваргын саадтай 4х100 метрт 2006 онд улсын рекордыг шинэчлэн тогтоосон. Түүнээс хойш дэлхийн аваргын тамирчдын бэлтгэлийн цаг дээр эвдэгдсэн. Албан ёсны тэмцээн дээр эвдэгдээгүй энэ амжилтаа одоог хүртэл эзэмшиж яваа.

-Гал унтраах алба өөрөө их онцлогтой санагддаг. Бэлтгэл сургуулилт тасралтгүй хийж, байнгын бэлэн байдалд байгаад дасчихсан уу?

-Өдөр бүр бэлтгэлээ хийнэ. Цагийн хуваарийн дагуу 24 цагийн үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид ээлжээ хүлээж аваад, дараагийнхаа үйл ажиллагаанд бэлтгэж дасгал сургуулилт, хошуу хоолой, техник багаж хэрэгсэлтэй танилцаж, хоёр цагийн бэлтгэл хийдэг.

-Ажлаа хийж байхдаа сэтгэлд тань үлдсэн хамгийн дурсамжтай явдлаа яриач?

-Утаатай нөхцөлд гал унтраахаар явж байсан юм. Гурвуулаа ар араасаа нэгнийхээ мөрөн дээр гараа тавиад цуваад, галын голомтоо хайж, унтраахаар явж байтал гэнэт урд явж байсан нөхөр маань алга болчихсон. Хайгаад олддоггүй. Баахан дуудлаа. Тэгсэн урд явж байгаад жижигхээн дөрвөлжин зоорьны нүх байсныг утаатай нөхцөлд харахгүй гишгэгдэл алдаад уначихаж. Түүнийг нь мэдэхгүй баахан хайгаад тэрүүгээр нэг орилоод олддоггүй. Тэр явдал санаанаас гардаггүй юм. Гэхдээ жижигхэн нэг их гүн нүх биш байсан болохоор бэртээгүй байсан л даа. Хайгаад олдохгүй өөрөө гарч ирсэн шүү дээ /инээв/.

-Нэг жилд та салаатайгаа дунджаар хэдэн дуудлагад явдаг вэ?

-Нарийн дунджилсан үзүүлэлт байхгүй. 2021 онд манай анги 365 удаагийн дуудлагад гарсан байдаг. Түүний 40 гаруй хувьд нь салаа, хамт олон тасагтайгаа хамтарч үүрэг гүйцэтгэсэн. 160 орчим дуудлагад нь явсан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

А.Тайванжаргал: Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн хэрэгцээ дутагдсанаас болж өөрийгөө үнэлэх үнэлэмж буурдаг


Хэрэглээний сэтгэл судлалын үндэсний төвийн сэтгэл судлаач А.Тайванжаргалтай ярилцлаа.


No description available.

Хэрэглээний Сэтгэл Судлалын Хүрээлэнгийн сэтгэл судлаач А.Тайванжаргалтай ярилцлаа.

-Ковидын өмнөх ба дараах үеийн хүмүүсийн сэтгэл зүйд судалгаа хийсэн үү?

-Хүмүүсийн сэтгэцийн эрүүл мэнд, сэтгэл зүйн байдлын талаар Монгол Улсад улсын хэмжээний томоохон судалгаа, мэдээллийг гаргадаг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв байдаг. Ковидын үед сэтгэл зүйн байгууллагууд өөо өөрсдийн ажиглалт, судалгааны үр дүнг мөн гаргаж байсан. Ковидын үеийн хөл хорионд хүмүүс нэлээн удаан хугацааг өнгөрүүллээ. Энэ үеэр хүмүүсийн ажил амьдралд маш том өөрчлөлтүүд гарсан. Үүнтэй холбоотой сэтгэл зүйн янз бүрийн өөрчлөлтүүд ч гарах болсон. Давуу талууд ч байна, мөн сөрөг буюу хүмүүсийн сэтгэл зүйд стресс түгшүүр болох зүйлүүд ч ажиглагдаж байсан.

-Ихэнх тохиолдолд гэр бүлүүд ямар шалтгаанаар танайд хандаж байв?

-Өмнө нь хүүхдүүд өдөр бүр найзуудтайгаа уулзаж тоглодог байсан бол ковидын үед тэр харилцаа нь онлайн руу шилжсэн. Хүүхэд найз нөхөдтэйгөө харилцаж, нийгмийн харилцаанд орж байна гэдэг нь сэтгэл зүйн гол хэрэгцээг нь дэмжиж, хангаж өгдөг. Гэтэл энэ хэрэгцээнд нь өөрчлөлт орж эхлэхэд хүүхдүүд өөрсдийгөө илэрхийлэх тал дээр асуудал үүсэх байдал ажиглагдсан. Мөн гэртээ удаан хугацаанд байснаар хүүхдүүдийн телевиз, компьютерийн хэрэглээ нэмэгдэх байдал ажиглагдаж байна. Үүнээсээ болоод цөөн тохиолдолд мэдрэлийн ядаргаанд орох, гэр бүлийнхэнтэйгээ ойлголцохгүй байх зэрэг асуудлууд гарч ирсэн.

-Насанд хүрэгчдийн хувьд ямар өөрчлөлтүүд ажиглагдав?

-Өглөө ажилдаа яваад орой ирэх гэх мэтээр өмнө нь хүмүүсийн өдөр тутмын хэмнэл нь баланстай байсан бол гэртээ удаан хугацаанд байгаад ирэхээр энэ баланс нь алдагдаж эхэлсэн. Нэг бол ажилдаа хэт их төвлөрч компьютерийн ард удаан суух, эсвэл гэрийнхээ ажилд илүү цаг зарцуулах зэрэг тэнцвэр алдагдах нөхцөл байдал үүссэн. Хүмүүс гэртээ удаан байснаар сайн тал нь гэр бүлийнхэнтэйгээ ойр дотно болж, өмнөхөөсөө илүү цаг зарцуулах төлөвтэй болсон. Харин эсрэгээрээ сөрөг тал нь хөл хориотой холбоотой урт удаан хугацаанд үргэлжилсэн стресс, ковид хэзээ дуусах бол гэсэн сандрал, түгшүүр зэрэг нь хүмүүст тодорхойгүй мэдрэмжийг бий болгож байна.

-Энгийн амьдралд шилжих процесс руу ороход бас хүмүүсийн сэтгэл зүйд өөрчлөлт гарах байх. Энэ талаар хүмүүс хэр хандаж байна вэ?

-Сэтгэл зүйн салбарт болон бусад ажил мэргэжлийн салбарт ч маш том өөрчлөлтүүд ажиглагдсан. Үйл ажиллагаа, өдөр тутамд хийдэг байсан зүйлүүд дээр нэлээд өөрчлөлттэй байлаа. Тэгэхээр хүмүүс нэг нөхцөл байдлаас нөгөө рүү шилжихдээ хоорондын ялгаатай байдлаас болоод дасан зохицох чадвар өөр өөр байдаг. Жишээ нь, хүмүүсийн зан төлвийн талаар бид түргэн уурладаг, тайван хүн гэж ярьдагтай адил хүн бүрт өөр өөрийн гэсэн онцлог бий. Үүнтэй адил шинэ нөхцөл байдалд дасан зохицох байдал нь хүмүүсийн хувьд харилцан адилгүй. Энэ нь хүнийг сайн муу гэж хэлж байгаа тодорхойлолт биш бөгөөд илүүтэй тухайн хувийн хүний онцлог. Дээрээс нь техник технологийн хөгжлийг бид маш хурдтай ашиглах хэрэгцээ шаардлага үүсч байна. Гэтэл үүн дээр тухайн хүний өмнө нь ажиллаж байсан ажлын туршлага ямар байсан, тэр хүний нас, мэргэжлийн онцлог гээд шинэ нөхцөл байдалд дасан зохицохтой холбоотой асуудлууд тулгарна. Мөн дээрээс нь ковидын үеийн сэтгэл зүйн байдал нь дан ганц хувь хүний асуудал гэхээсээ илүүтэй нийгмийн сэтгэл зүйн асуудал болж байна. Хүмүүс мэдээлэлд шүүлтүүртэй хандах, ямар мэдээлэлд итгэх, ямар мэдээллийг худал гээд орхих хэрэгтэйг ялгаж сурах гэх мэт. Мөн олны танил хүмүүсийг ямар үзэл хандлагатай байгаагаас хамаараад бусад хүмүүсийн сэтгэл зүй ямар байх, мэдээллийг хэрхэн хүлээж авахад шууд утгаараа нөлөөлөх нэг хэлбэр болоод байна. Хувь хүмүүсийн хандаж байгаа шалтгаан нь нийгмийн сэтгэл зүй ямар байгаагаас хамааралтай байх тал бий. Жишээ нь, анх хөл хориог эхэлнэ гэж зарлахад иргэд хүнсний зүйлийг маш ихээр нь авч нөөцөлснөөс үүдэн хүнсний дэлгүүрүүд бараа бүтээгдэхүүний хомсдолд орох байдалд хүрч байсан. Гэтэл үнэндээ будаа гурилны хомсдолд ороод байсан уу гэвэл үгүй. Үүнээс харахад бусдыг даган дуурайх гэдэг зүйл мөн байдаг.

-Даган дуурайх үзэгдэл сүүлийн үед өсвөр насныханд их ажиглагдах боллоо. Эцэг, эх үр хүүхдийнхээ хажууд ёс бус үйлдэл гаргадаг болохоор хүүхдүүд түүнийг нь даган дуурайгаад байна уу?

-Сүүлийн үед хүмүүсийн санааг зовоох болсон нэг асуудал энэ байгаад байна л даа. Өсвөр насны хүүхэдтэй гэр бүл бүхэнд хүүхдийнхээ хүмүүжил төлөвшил, ирээдүйтэй холбоотой санаа зовинолууд байгаа. Манай хүүхэд ирээдүйд ямар хүн болох бол, ямар мэргэжил эзэмших бол гэх мэт. “Хүүхэд бол эцэг эхийнхээ толь” гэж үг бий. Сэтгэл судлалын салбарт “Бобо хүүхэлдэйн туршилт” гэж алдартай туршилт байдаг. Нэг хүүхэлдэйтэй насанд хүрсэн хүн түрэмгий харилцаа үүсгэн дараа нь тэр хүүхэлдэйгээ нэг өрөөнд байлгаад хүүхэд хэрхэн харьцаж байна, ямар үг хэллэг хэлж байна гэдгийг туршдаг. Гэтэл насанд хүрэгчдийн хэлсэн үг, хийсэн үйлдлийг яг даган дуурайдаг. Эцэг эхийн хараа хяналтгүйгээр маш олон контентыг хүүхэд үзэж байгаа. Дан ганц түрэмгийлэл гэхээс гадна насанд хүрэгчдийн хувьд амьдралын туршлага арвин, юмыг харах өнцөг, тухайн зүйлд хийж байгаа хариу үйлдлийг хүүхэд мөн суралцаж байгаа. Хүмүүс хүүхдээ яаж ном уншиж сургах вэ гэж их асуудаг. Аав ээжүүд өөрсдөө өдөр тутам хүүхдийнхээ хажууд ном уншдаг байвал энэ бий болгох боломжтой дадал.

-Хүүхэд нийгмийн хэрэгцээгээ гэр бүлээсээ авч чадахгүй болохоор өөр аргаар илэрхийлдэг гэсэн. Тэр үед нь эцэг эхчүүд хүүхэдтэйгээ яаж харьцах ёстой вэ?

-Хүүхдийн насны онцлогоос шалтгаалан сэтгэл зүйн хэрэгцээнүүд өөр өөрөөр ажиглагддаг. Бага насны хүүхдийн хувьд “Би, би” гэх нь их. Тэр нь өөрийнхөө би концепци, үнэ цэнэ, би хүмүүст хэрэгтэй юм байна гэдгээ мэдрэх үе байдаг. Энэ үедээ гэр бүлдээ тусалмаар байдаг. Би юу хийж чадах вэ, юу хийвэл сонирхолтой юм бэ, үүнийг хийх нь хэцүү байсан ч дараа нь хийж болохоор юм байна гэдгээ таних гэж байгаа үе. Энэ үед нь аль болох гэр бүлд болж байгаа өдөр тутамд хийдэг хоол хийх, гэрээ цэвэрлэх зэрэгт хүүхдээ хүслээр нь оролцуулахын хэрээр тухайн зүйлийг сонирхож байгаа хэрэгцээ нь хангагдаж байгаа хэлбэр. Хүүхдийн хувьд яагаад гэдгээ мэдэхгүй болохгүй гэдэг шаардлагыг их тавиад байхаар төөрөгдөлд орж эхэлдэг. Яагаад би болохгүй юм бол. Намайг чадахгүй гэж байгаа юм болов уу, эсвэл хүүхдүүд ийм юманд оролцох хэрэггүй зүгээр сууж байх ёстой юм болов уу гэсэн төөрөгдөлд ордог. Тэгээд хүүхэд сургуульд орно. Нас нэмэх тусам хүрээллийн хүмүүс нь нэмэгдээд олон болоод эхлэхээр өөрийгөө бусдад илэрхийлэх, ойлгуулах хэрэгцээгээ харилцаанаасаа авч эхэл

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Мөнхцэцэг: Монголын гаалийн татварыг хятадууд өөрсдөө мэдээд тохироод авчихдаг

Эрээн, ЗамынҮүдэд үүсээд буй нөхцөл байдал, ачаа тээврийн бөөгнөрөл, хил хаалттайн улмаас бараа материалын үнэ өссөн зэрэг шалтгааны талаар сурвалжиллаа.


Эхлээд албаныхны байр суурийг сонсохоор Гадаад хэргийн яаманд хандсан боловч “Бид Хятадын талын байр суурийг хүлээж байна” гэдгээс өөр хариулт өгсөнгүй. Тиймээс хамгийн сүүлд буюу өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр ГХЯ-ны цахим хуудсанд оруулсан мэдээллийг авлаа. Монгол Улс, БНХАУ-ын ГХЯ-д хоорондын Стратегийн яриа хэлэлцээний зургаа дахь удаагийн уулзалтыг цахим хэлбэрээр зохион байгуулсан. Уулзалтыг Монголын талаас Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин, Хятадын талаас Гадаад хэргийн яамны туслах сайд У Жянхао ахлан оролцлоо. Дэд сайд нар хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа өмнөх оноос сэргэж, худалдааны эргэлтийн хэмжээ мэдэгдэхүйц нэмэгдэж буйг тэмдэглэв. Түүнчлэн “Ковид-19” цар тахлын нөхцөлд хоёр орны худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг аль болох хэвийн явуулах боломж, тэр дундаа хилийн боомтуудын үйл ажиллагааг идэвхжүүлж, бараа бүтээгдэхүүн нэвтрүүлэлтийг нэмэгдүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцлоо. Манай талаас Замын-Үүд-Эрээний боомтоор авто тээврийн үйл ажиллагааг шуурхай сэргээх, төмөр замын тээврийг хэвийн байдалд оруулах, уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг сэргээх, Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтын үйл ажиллагааг сэргээх, Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал боомтуудын бараа нэвтрүүлэлтийг нэмэгдүүлэх, Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ, Булган-Такашикен, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал боомтуудаар тусгай зөвшөөрөл, нөхцөл шаардагддаг бараа бүтээгдэхүүн тээвэрлэх нөхцөлийг бүрдүүлэх зэрэг тодорхой санал дэвшүүлэв. Талууд цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан иргэд харилцан зорчих хязгаарлалтыг сулруулах боломжийг судлахаар тогтлоо” гэжээ. Гэтэл оны өмнө яригдаж байсан асуудал өнөөдөр хэрэгжсэн үү?


Энэ талаар ЭрээнЗамынҮүд боомтоор ачаа бараа тээвэрлэн оруулж ирдэг компаниас тодрууллаа. (Тухайн компани нэрээ нууцлахыг хүссэн учир дурдсангүй).


-Замын-Үүдийн нөхцөл байдал хэр байна вэ?

-Хятадын талын шийдвэрийг хүлээсэн байдалтай л байна.

-Хятадын тал хилээ хэзээ нээх нь тодорхойгүй байна уу?

-Өвлийн олимп, цагаан сар нь удахгүй болох гээд мөд нээгдэхгүй бололтой.

-Тэгэхээр тэнд бөөгнөрсөн ачаагаа яаж авах вэ?

-Агаарын тээвэр юмуу өөр зам, гарц гаргалгааг судалж л байна

-Тэгэхээр тээврийн үнэд өөрчлөлт орох уу?

-Мэдээж өөрчлөгдөнө. Та нар Улаанбаатар хотод юмны үнэ хэрхэн өсч байгааг харж байгаа биз дээ. Дэлгүүрийн лангуун дээрээс асаагуураас авахуулаад урд хилээр орж ирдэг бараа материалууд бүгд тасарсан. Арай гэж өдөр хоногийг аргацааж байна гэж худалдаа эрхлэгчид байнга залгаж байна.

-Мэр сэр бараа орж ирээд байх шиг. Ямар хүмүүсийнх нь бараа орж ирээд байгаа юм бол оо?

-Хойд хил хориогүй чөлөөтэй ажиллаж байна. Мөн төмөр замын тээвэр хэвийн явж байгаа. Өөр хилээр л ачаа бараа бага сага орж байгаа байх.

-Танайх ямар төрлийн ачаа бараа зөөвөрлөж оруулж ирдэг юм бэ?

-Бүх төрлийн ачаа бараа зөөвөрлөдөг.

-Дунджаар долоо хоногтоо хэдэн удаа тээвэр хийдэг байв?

-Коронавирус гарахаас өмнөх энгийн үед долоо хоногт 3-4 чингэлэг явдаг байсан. Нэг чингэлэгт нь үнээрээ тооцвол 200-300 мянган долларын бараа явдаг. Одоо Коронавирус гараад машин тээврийн үнэ өсч, ачаа тээвэр багасаад импортоор татаж авдаг компаниудын тоо нь багасаад дампуураад байна шүү дээ. Тэр компаниуд цөөрөөд эхлэхээр ачаа тээвэр багасчихаж байгаа юм. Тэгэнгүүт үнэ нь өснө. Монголд худалдан авах чадвар нь багасаад ирэнгүүт ачаа тээврийн эргэлт нь дагаад багасна. Түүнийг дагаад манай тээврээр ачаагаа тээвэрлүүлэх компаниуд багасаад эхэлж байгаа учраас долоо хоногтоо хоёр чингэлэг зөөдөг болсон байсан даа. Одоо бүр нэг ч чингэлэг авч чадахгүй болсон гэв.

Харин томоохон үндэсний үйлдвэрлэгч компаниуд бараа материалын тасалдлаас болж АПУ ХХК гэхэд шилгүй болж иргэдээс хэрэглэсэн шилийг нь буцаан авч, ариутган хэрэглэх, зарим нэг шат дамжлага ажиллах боломжгүй болтол нөхцөл байдал үүсчээ. Улаанбаатар принт компани цаасгүй болж, А4 хэмжээтэй цаас олдохгүй байгаа тул А3 хэмжээтэй цаасыг цаас зүсдэг газруудаар зүсүүлж байгаа тухай эх сурвалж дурдав. Энгийн үед дэлгүүрийн лангуун дээр дэлгээтэй байдаг зарим нэр төрлийн барааны үнэ тэнгэрт хадаж, ховрын юм болсныг хүн бүр л дор бүрнээ шагшин ярих боллоо.

Мөн нэгдүгээр сарын 5-ны өдөр жолооч нар ЗТХЯ-ны урд цуглан салбарын сайдад санал сэтгэгдлээ хэлэв.

Жолооч нар ярихдаа “Хилээр орох гарахдаа PCR шинжилгээ олон удаа өгсөн. Бүх шинжилгээний бичиг халаасанд минь байна. Нэг ч жолоочоос “Ковид-19” илрээгүй. Тээврийн зардал хэт өндөр болсон нь ард түмний нуруун дээр тусч байна”. “Зам, тээвэр хөгжлийн сайдтай уулзах гэж хэд хэдэн удаа очсон боловч уулзаж чадаагүй. Хилийн асуудлыг шийдэхээр гурван тэрбум төгрөг Засгийн газраас гаргахаар болсон ч юунд хэрэглэх гэж байгаа нь ойлгомжгүй байна. Нэг метр куб ачаа 3,000 юань хүрлээ. Өмнө нь нэг куб ачаа 800 юань орчим байсан. Ачаа барааны тээвэрлэлтийн үнийг жолооч нар, худалдаачид биш Засгийн газар өсгөж байна”. “Тээвэр зохицуулалтыг хийж, үнийн хөөрөгдлийг багасгана гэж ярьж байгаа ч бодитой ажил хэрэг болохгүй юм. Авто тээврийн нэгдсэн холбоо гэж байдаг ч бидний эрх ашгийн эсрэг юм ярьж байгаа”. “Тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо 100 жолоочийг дотоодын цэргээс бүрдүүлээд тэг цэгээс тээвэрт явуулна гэж байна. Дараалалд байгаа 6,000 жолоочийн нэг ч хүнээс “Ковид-19” илэрч байгаагүй. Яагаад гэвэл 24 цагийн хугацаанд гурваас доошгүй удаа PCR шинжилгээ өгдөг. Тийм байтал энэ жолооч нарыг тээвэрт явуулахгүй, тусдаа бэлтгэгдсэн жолоочийг тээвэрт явуулна гэж байгаа нь бидний эрх ашгийг зөрчиж байна”. “Дарааллаар нь тээвэрт явуулж, жолооч нарын амьдрал ахуйд төрөөс анхаараагүй хэрнээ хөндлөнгийн байгууллага оруулж ирж байгаад эгдүүцэж байгаа. Зам, тээврийн хөгжлийн яамны удирдлагуудтай нүүр тулж уулзмаар байна. Үнийн хөөрөгдлийг эсэргүүцэж байгаа” гэж ярьцгаав.


Энэ талаар Зам, тээвэр хөгжлийн яамнаас тодрууллаа.


-Замын-Үүдийн боомт хэзээ нээгдэх вэ?

-Бид бэлтгэлээ хангачихсан. Жолооч нь байна уу байна. Одоо юун дээр гацаад байна гэхээр Хятадын тал хилээ нээх л асуудал үлдсэн. Гадаад харилцаа консулынхаа шугамаар бүх хэлэлцээр хийгдээд явж байгаа. Хил нээх асуудал дипломат шугамаар явна, хоёр улсын хоорондын асуудал учраас. Ганцхан ЗТХЯ шууд очоод хэлэлцээр хийчихдэг асуудал биш.

-Зам, тээвэр хөгжлийн яам ачаа барааг түргэн шуурхай оруулж ирэхийн тулд яг ямар ажил хийж байна вэ?

-Энэ асуудал хэлэлцээрийн шатандаа яваа. Зам тээврийн яам Гадаад харилцааны яамтай хамтраад холбогдох бэлтгэлээ хангачихсан. Одоо зөвхөн Хятадын тал хилээ нээчих юм бол асуудалгүй. Өөр асуултад хариулах боломжгүй байна гэв.


Гэвч газар дээр нөхцөл байдал ямар байгааг Замын-Үүдийн тээвэрчин Ж.Мөнхцэцэгээс тодрууллаа.


-Яг одоо наана чинь нөхцөл байдал ямар байна вэ?

-Өнөөгийн байдлаар бид дээрээс ирэх шийдвэрийг хүлээсэн байдалтай л байна. Хятадын тал ямар нэгэн шийдвэр гаргаагүй, хариу өгөөгүй. Ийм л байдалтай байна.

-Жолооч нарыг тусгаарлалтад байх үедээ харуулуудаа хахуульдаж гараад дотоодод халдвар тараасан гэж бурууг өгдөг. Энэ тал дээр жолооч нарын байр суурь ямар байгаа вэ?

-Наад яриад байгаа чинь тусгаарлалтад байсан жолооч нар. Үүнийг тайлбарлаад, жолооч нарыг буруутгаад байх нь өрөөсгөл байх. Хятадын талын шинжилгээ, манай талын хариунд зөрүү байхыг үгүйсгэхгүй. Үүнийг ганц талаас нь тайлбарлаад байгааг гайхаад л байна. Тусгаарлалтад байгаа хүнээс яагаад ковид илэрсэн бэ гэдгийг хууль хяналтын байгууллагууд нь шалгасан байх.

-Замын-Үүдийн ачаа бараа тээврийн үнийг жолооч нар нэмдэг гэсэн хардалт яваад байна. Энэ тал дээр тайлбар өгөөч?

-Тээвэрчид үнээ нэмээд байна, шантааж хийдэг гэсэн мессэж нийгэмд тархаад байна. Бодит байдал дээрээ үнийн өсөлт яг юунаас үүдэлтэй вэ гээд эхнээс нь яривал маш олон хүний явуулга бий. Хамгийн анх Хятадын тал тээврийн хэрэгслийн тоог багасгасан. Үүнээс болоод энэхүү аймшигт дараалал үүссэн. Өдөрт 100 тэрэг гарч байсан. Тэр үеэс тээврийн үнэ өсч эхэлсэн. Үнийг жолооч нар өсгөөгүй. Эхлээд 25 сая болсон. Дараа нь 50 сая болсон. Тэгээд хил хаасан. Тээврийн үнэ шат дараатай нэмэгдсээр байгаад одоо нэг м.куб нь 2500-3000 юань болчихсон. Энэ Монгол талд явагдаад байгаа ажил биш.

-Хоёр талаас хамаарч байна уу?

-Монгол жолооч хилээр нэвтрэхгүй. Хятадын талд явагдаж буй ачаа тээврийн үйл ажиллагаанд нэг ч гар бие оролцохгүй байгаа. Хятадын талын карго ачигчид манай худалдаа эрхлэгчдийн ачааг барааг 1 м.кубыг нь 2500-3000 юань гэж үнэлж авч байгаа. Энэ бол аль ч газраас тогтоосон үнэ биш. Тухайн карго үйлчилгээ явуулж байгаа хятадууд өөрсдийнхөө ашгийг харж байгаа. Үнэ өсөхөд юу нөлөөлсөн гэхээр хятадын тал хаагдаад зөвхөн чингэлэг тээвэр явуулна гэсэн яриа гарсан. Нэг контенрт 65 м.куб ачаа орно гэж Хятадын тал тооцож байсан. Гэтэл нэг машинд гурван контейнер ачаа ордог. Үүнээс болоод хүмүүс үнээ нэмэх шалтгаан болсон.

-Тэгэхээр нэг хэсэг үлдсэн барааг зөөхөд чингэлэг тээврээр тооцсон юм уу?

-Хил хаахаас өмнө гацсан 150-иад машин байсан. Тэр ачааг нэг хэсэг ачсан. Гэтэл тэр ачааг машинд ачихдаа чингэлгийн үнээр бодож ачсан. Түүнийхээ үнийг дэвтэр дээрээ бичээд явчихдаг. Энэ ачаанаас тэдэн төгрөг, тэр ачаанаас тэд гээд бүгдийг тооцно. Хятадууд нь өөрсдөө бүгдийг бичээд нарийн тэмдэглэсэн зүйлийг жолооч тээвэрлээд Улаанбаатар ордог. Тэгэхээр Улаанбаатарт байгаа төлөөллийн хүмүүс нь тэр дэвтрийг хүлээж аваад ачааг нь гаргахдаа, бараа хүлээж авч байгаа хүнээс зардлаа нэхдэг. Энэ зардал тээврийн зардал биш. Хятадын талд үнэлж авсан каргоноос гаргаж байгаа үнэ. Тэр дотор нь гаалийн татвар орно. Шат дараатай бараа материал гаргахад бичиг бүрдүүлэлт гэж ярьдаг шүү дээ. Тэр бичгийн мөнгө, ачигчийн үнэ гээд бүх зүйлийг тооцсон. Монголын тал өөрсдөө энэ бүхнийг хийх ёстой байтал хятадууд нь хийгээд байна гэсэн үг. Монголын гаалийн татварыг хятадууд өөрсдөө мэдээд тохироод авчихдаг. Үүнийг жолооч нар үнэ өсгөлөө гэж буруу ойлгодог. Гэтэл жолооч өөрөө ачаа барааныхаа элэгдэл гэмтлийг хүлээдэг. Бид Хятадын талаас ачаа бараагаа өөрсдөө тооцож, нягталж аваад үнээ нэмээд байгаа бол буруугаа хүлээнэ.

-Чингэлэг машин хоёр үнийн ялгаатай юу?

-Ачаа тээврийн машинууд чингэлэггүй задгайгаар явдаг. 17.5 тоннтой нүцгэн чиргүүлтэй машинтай явахад гурван чингэлэг ачаа ачдаг. Гэтэл энэ шийдвэрээр гурван чингэлэг ачаа ачсан ч нэг л чингэлгээр тооцож ачааг ачуулаад байгаа. Нэг чингэлэг ачааг одоогийн үнээр нь бодоод үзэхээр 65 м.куб ачааг 2500 юаниар хятадууд үнэлж авч байна шүү дээ. Нэг чингэлэг ачаа 162 мянган юань болж байгаа биз. Машин өөрөө задгай тээвэрлэлтээрээ яваад гурван чингэлэг ачаагаа багтаагаад ороод ирэхэд хэзээ ч 162 мянгаар ачааг тээвэрлэхгүй шүү дээ.

-Цаашид хил нээгдэхгүй бол жолооч нар ямар арга хэмжээ авах вэ?

-Хятадын тал хил гаалийн үйл ажиллагааг хэвийн явуулаад эхэлбэл үнийн хөөрөгдөл гэж зүйл зах зээлийнхээ зарчмаар байхгүй болно. Өдөрт 100-150 машин татаад ирэхэд боломжийн л байсан. Зун Засгийн газраас 10 сая төгрөг гэж үнэ тогтоож өгсөн. Улаанбаатарын 0 цэгээс тээвэрлэх үнийг. Тэрүүгээрээ өдөрт 100 машин татаад ирэхэд барааны үнэ 70-80 мянган юань болж, аяндаа буугаад 30 мянгад хүрсэн. Чингэлгээр хязгаарлах маш буруу болсон. Улам үнийг өсгөсөн.

-Та бүхэнд Хятадын тал хил хэзээ нээх бол гэсэн таамаг байна уу?

-Хил нээнэ гэсэн мэдээлэл ирээгүй. Хятадын Засгийн газраас мэдээлэл ирж байж боомтын захиргааны шийдвэр гарч хил нээдэг. Нэг ч контейнер тээвэр хөдөлгөөн байхгүй. Албан бус мэдээгээр Эрээний талд ачаа ачсан контейнеруудыг бүртгэлд оруулж байна гэсэн. Тэнд байгаа контейнеруудаа бүртгүүлж дууссаны дараа наашаа татах ажиллагаа явагдах юм байна. Түүнийг татаж авсны дараа импортын машинууд байгаа гэсэн. Үүний дараа Хятадын цагаан сар болно. Цагаан сараа залгуулаад олимп болно. Түүний дараа Хятадын коммунист намын их хурал гэж юм болно гэсэн. Үүнээс үзэхэд 3-4 дүгээр сар хүртэл хил гааль жигдрэхгүй, нээхгүй гэж харж байгаа. Хятадууд хийнэ л гэсэн бол хийдэг шүү дээ. Нара гэж нөхөр (Дуучин М.Нарантуяа) 750 юаниар ачаа бараа зөөнө гэж байна лээ. Ачаа барааны үнийг хөөрөгдсөн гэж хариуцлагагүй юм ярьж байсан. Хятадын талд болж байгаа үнийн хөөрөгдлийг бид яаж зогсоох вэ. Гарц гаргалгааг хоёр талын Засгийн газар хооронд ярьж шийднэ. Түүнээс хэдэн наймаачид, тээвэрчид каргогоо тойрсон хэрүүл хийгээд амжилт олохгүй. Бид өөрсдөө очоод ачдаг бол энэ үнэ бууна шүү дээ гэв.

Харин түүний ярианд дурдсанНарагийн яриаг дор товчлон орууллаа. Дуучин Нара буюу М.Нарантуяа нэгдүгээр сарын 5-ны өдөр “Ардын ачаа” нэгдэл пэйж хуудсаар дамжуулан лайв хийхдээ (нэгдүгээр сарын 3) надад Эрээнээс мэдээ ирсэн. Би өөрийн танил тал, өмнөд монгол хүмүүсээр зуучлуулан байж арай хямд үнээр 2000 ширхэг зөгийн балны шилээ оруулж ирэхээр болсон. Үүнийг тооцоолон бодъё. Эрээн-Замын-Үүд-Улаанбаатарт ирэх ачааны м.куб нь таньдаг хүн учраас хөнгөлөлт үзүүлж 2000 юаниар үнэлсэн. Гэтэл миний зөгийн балны шил нэг хайрцаг дотроо 24 ширхэгтэй, 46х35х24 см харьцаатай. Нийт 100 хайрцагны м.кубыг бодоод үзэхээр 5.9 м.куб ачаа болно. Үүний м.кубын үнийг хямдруулж байгаа нь 2000 юань. Түүнийгээ 5.9-дөө үржүүлэхээр 11800 юань буюу 5.3 сая төгрөгийг 2000 ширхэг шил авахад л зарцуулж байна. Чиндоа хотоос Улаанбаатар руу ирэхдээ мөн 4000 юанийн хөлс татсан. Шилний өөрийнх нь үнэ асар өндөр. Дээр нь тээврийн хөлс нэмэгдэхээр бүр дийлдэхгүй. Тиймээс энд байгаа гурван залуу “Сhina railway” компанитай монголчуудын барааг оруулаад өгье, нэг контейнер дотор нэг төрлийн ачаа биш түүвэр ачааг ч гэсэн оруулж ирье гэж тохиролцоо хийсэн байна. “Ардын ачаа” нэгдлээс гаргаж байгаа м.кубын үнэ нь ачааны машинаар 750 юанийн үнэлгээтэй. Альнаар нь ч татаж авч болно. Вагоноор бол бүр хямд тусна. Үүнийг миний ачаан дээр жишээ авахад 4425 юань буюу 1.9 сая төгрөг болж байгаа. Гэхдээ би “Ардын ачаа” нэгдэлд яаж нэгдэх вэ гэхээр энэ компани минийх болно. Яагаад гэвэл би аж ахуйн нэгжийн хүрээнд “Охь бал бурам” компанийнхаа нэрээр “Ардын ачаа” нэгдэлд сая төгрөг төлөөд орно. Гэхдээ энэ бол төлбөр биш, хөрөнгө оруулалт. Би энэ нэгдэлд 1 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд хувьцаа эзэмшигч болно. Хувьцаа эзэмшигч болсноор танил гэх хүмүүстээ 5.3 сая төгрөг төлж ачаагаа авах байсан бол 2.9 сая төгрөгөөр компанидаа хөрөнгө оруулж хувьцаа эзэмшээд, цаашид энэ компаниас гарах үр ашгуудыг хамт эдлээд, ногдол ашиг хуваарилбал би түүнээс нь ашиг авахаас гадна миний ачаа илүү хурдан цаг хэмнэж орж ирнэ. Түүнчлэн хөрөнгө оруулагчийн хөнгөлөлттэй үнэ авах ийм компани байгуулагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, нээлттэй хувьцаат компани үүсгэж байна. Хүмүүс яагаад 1 сая төгрөг төлж элсэж байна гэхээр энэ компани өөрсдийн гэсэн чингэлэгтэй болоод дараа дараагийн ээлжинд илүү хямдхан үнэ санал болгох учраас өөрийн гэсэн чингэлэгтэй болох хэрэгцээ шаардлага үүсч байгаа” хэмээн ярьжээ

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Халиун: Төрийн албаны хүнд суртлаас салчихвал хөргөгч, лангуу авч чанартай бүтээгдэхүүн нийлүүлэхийг бодно

Энэ хууль тогтоомж, стандарт, шаардлагад нийцүүлэн, зөвхөн татварын албанд бүртгүүлсэн, нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 74 төрлийн худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээнд зөвшөөрөл шаардахгүйгээр үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх нөхцөл, боломжийг бүрдүүлэхээр болсон. Энэ шийдвэр нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлж буй юм. Тэгвэл тухайн шийдвэр хэрхэн хэрэгжиж байгаа талаар сурвалжиллаа. Бидний хэлж заншсанаар жижиглэн худалдаа өргөн явагддаг Урт цагааны гудамжийг зорив. Үдээс хойш 15:00 цагт жирийн үеэс харьцангуй хөл хөдөлгөөн багатай байлаа. Урт цагааны гудамжны зүүн захад хоёр тавиур дүүрэн номтой худалдагч угтав. Түүнтэй хэсэг хором ярилцсан юм.


-Өдөрт хэдэн ном зарагддаг вэ. Он гараад үйлчлүүлэгч хэр байв?

-Одоогоор нэг ч ном зараагүй л байна. Өнөөдөр хүйтэн болохоор тэр юм уу, дөнгөж шинэ гарсан болоод тэр үү хүмүүсийн хөл хөдөлгөөн багатай байна. Энэ маягаараа өнөөдөр юу ч зарж чадахгүй бололтой. Эртхэн бараагаа хураагаад явдаг юм билүү гэж бодож байлаа.

-Та энд түрээс төлдөг үү?

-Тодорхой хэмжээний түрээс төлнө.

-Танаас ямар нэгэн стандарт норм шаарддаг уу?

-Хүнсний худалдаа үйлчилгээ биш болохоор нарийн заасан стандарт гэж байхгүй л дээ.

-Нууц биш бол түрээс хэдэн төгрөг төлдөг вэ. Түрээсээ төлөөд амьжиргаандаа хүрэлцдэг үү?

-Сард 100 мянган төгрөгийн түрээс төлдөг. Дотор үйл ажиллагаа явуулж байгаа газрынхаа 00-д үнэгүй орно. Зарим үед түрээсээ төлөөд таарах ч тохиолдол байдаг. Цар тахал гэж зүйл биднийг элгээр минь хэвтүүллээ. Хэзээ хэвийн байдалдаа орж, худалдаа үйлчилгээгээ явуулах юм бүү мэд. Урьдны хэвийн амьдралын горим маань л маш их үгүйлэгдэж байна.

-Цагдаа, мэргэжлийн хяналтаас ямар нэгэн дарамт шахалт ирж байна уу. Торгууль тавих уу?

-Үе үе ирж хөөнө. Торгоно. Нэг торгохдоо 25-50 мянган төгрөгийн торгууль тавина. Сарын орлогоо хураалгах үе ч байлаа. Бид төрөөс халамж хүсээд зүгээр суугаагүй. Биднийг чөлөөтэй үйл ажиллагаа явуулах боломжийг нь л өгчихөөсэй.

-74 чиглэлийн худалдаа үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг цуцалж, цахимд шилжүүлэх шийдвэр гарсан талаар дуулсан уу?

-Надаас элдэв янзын зөвшөөрөл нэхэх биш. Тийм зүйл одоогоор сонсоогүй л байна гэв. Номын худалдаа эрхлэгчтэй яриа өрнүүлж дуусаад Урт цагааны гудамж дундуур алхав. Урьдны жижиглэн тамхи, кофе, чихэр зардаг хүмүүс нэг ч байсангүй. Цааш “Бөмбөгөр” худалдааны төвийг зорилоо. Даваа гариг учир “Бөмбөгөр” худалдааны төв хаалттай зөвхөн хүнсний тасаг л ажиллаж байв.


Бөмбөгөр худалдааны төвийн хүнсний тасагт худалдаа эрхлэгч Н.Ханджавтай ярилцлаа.


-Та энд хэдэн жил лангуу түрээсэлж байна вэ?

-Энд худалдаа эрхлээд 15 жил болжээ.

-Хүнсний бүтээгдэхүүн зарахад тусгай зөвшөөрөл авдаг уу?

-Авна, авна.

-Тэр тусгай зөвшөөрлийг цуцалж, цахимд шилжүүлж байгаа талаар та ямар нэгэн мэдээлэл авсан уу?

-Түрүү жил нэг хэсэг хотын дарга зөвшөөрөл цуцлах нь гээд шуугьж л байсан. Тэгээд хэсэг чимээгүй болчихсон. Уржигдраас (нэгдүгээр сарын 1-нээс) энэ хууль нь хэрэгжиж эхэлж байгаа гэх шив дээ.

-Танд энэ шийдвэр ямар ашигтай гэж харж байна вэ?

-Элдэв янзын бичиг цаас хөөцөлдөж, төрийн албаныхны дарамтад орохгүй сайхан шийдвэр гэж харж байгаа.

-Урьд нь ямар дарамтад өртдөг байв?

-Жил бүр хувиараа хүнсний худалдаа эрхэлж байгаа бол хугацаа нь дуусч байна, сунгуул гэдэг заавар ирнэ. Түүнийгээ сунгуулах гэж хэдэн өдрөөр төрийн албаны үүд сахина. Гар харна. Хэцүү шүү дээ.


“Бөмбөгөр” худалдааны төвийн гадна талбайд жижиглэн худалдаа эрхэлдэг С.Мөнхбаатартай ярилцлаа.


-Та энд худалдаа эрхлээд хэр удаж байна вэ?

-Би энд зогсоод 10-аад жил болж байна. Энэ хооронд сайн муу их зүйл үзлээ.

-Төрөөс 74 төрлийн худалдаа үйлчилгээний зөвшөөрлийг цуцлах тухай шийдвэр хэрэгжиж эхэлснийг мэдсэн үү?

-Мэдсэн. Тэгээд л өчигдрөөс эндээ худалдаагаа эхлээд байна.

-Таныг цагдаа болон төрийн албанаас торгууль ногдуулж хөөж байсан удаа бий юу?

-Байлгүй яахав. Тэгээд л хэдэн хүүхдүүдээ тэжээхийн тулд дахиад л гарч ирж зогсоно. Явган хүний зам бөглөлөө. Энд жижиглэн худалдаа хийж болохгүй гээд байнга л хөөдөг, торгодог.

-Одоо тэр дарамт байхгүй болох байх аа?

-Тэгэх байх л гэж найдаж байна. Ямартаа ч өчигдөр өнөөдөр хоёр өдөр цагдаа нар хөөж, торгосонгүй. Тэр шийдвэр нь хэрэгжээд эхэлсэн бололтой гэсэн бяцхан горьдлого төрсөн.

-Танаас ямар нэгэн тусгай зөвшөөрөл шаарддаг уу?

-Оймс, улавч, үдээс зарахад ямар юмны тусгай зөвшөөрөл байх вэ дээ. Зүгээр л ирээд дэлгээд зардаг хэмээв.

Түүнтэй хэдэн хором ярилцаад “Алтжин бөмбөгөр” худалдааны төвийн гадаа ширхгээр тамхи зардаг Пагма хэмээх эмээтэй ярилцав.

-Таныг энд ширхгээр тамхи зарахыг зөвшөөрдөг үү?

-Үгүй ээ. Байнга хөөнө. Хөөгдчихөөд л маргааш нь ирээд л зогсдог доо.

-Хэн хөөх үү?

-Цагдаа нар. Бас энэ захын ажилчид бололтой хэдэн залуу байнга хөөнө өө.

-Тэгээд та дахиад л ирэх үү?

-Тэгнэ. Өлсөхгүйн тулд ирэхээс яахав.

-Хотын даргын захирамжаар жижиглэн худалдаа эрхлэх 74 тусгай зөвшөөрлийг цуцлах болсон тухай дуулсан уу?

-Мэдээ үздэггүй болохоор мэдээгүй юм байна.

-Тэр захирамж хэрэгжээд эхэлбэл тамхи зарахад ч асуудалгүй болох юм байна гэж ойлгосон?

-Тэгвэл сайн л байна. Торгуулна, хөөгдөнө гэж санаа зовохгүй хэдэн ширхэг тамхиа зараад өөрийгөө борлуулаад явж баймаар л байна гэв.


Цааш зам гарч эгнэсэн олон ТҮЦ рүү орлоо. Худалдаа эрхлэгч Н.Халиунтай ярилцсан юм.


-Танайх хүнсний бүтээгдэхүүн борлуулах тусгай зөвшөөрөл авдаг уу?

-Авдаг. Хүнсний худалдаа эрхлэх зөвшөөрөл авахад маш хүндрэлтэй. Нэг долоо хоног зарцуулах энүүхэнд. Дээрээс нь төрийн албаны авлига хэрээс хэтэрсэн шүү дээ.

-Гар хүндрүүлэхгүй бол ямар хариу үйлдэл үзүүлэх вэ?

-Зөвшөөрөл гаргахгүй удна. Түүнийг чинь жил болгон сунгадаг болохоор араа бодоод өгөхөөс өөр аргагүй болдог.

-Жижиглэн худалдаа эрхлэхэд тусгай зөвшөөрлийг цуцлах тухай шийдвэр хэрэгжээд эхэлсэн. Энэ нь танд ямар давуу тал болох вэ?

-Жил бүр тохиолддог төрийн албаны хүнд суртлаас салчихвал түүнийхээ оронд нийгмийн хариуцлагаа үүрч, хахуульд өгдөг хэдэн төгрөгөөрөө орчноо сайжруулах, хадгалалт хамгаалалтын горимд нийцсэн хөргөгч, лангуу авч чанартай сайн бүтээгдэхүүн нийлүүлэхийг бодно шүү дээ. Үнэхээр хэрэгжээд биелээд ирвэл маш чухал шийдвэр. Гол нь бодитой хэрэгжээсэй гэж л найдаж байна.


Энэ талаар Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.МөнхЭрдэнэтэй ярилцлаа.


-74 төрлийн худалдаа, үйлчилгээнд зөвшөөрөл шаардахгүйгээр үйл ажиллагаа явуулах захирамж нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэллээ. Энэ шийдвэрийг иргэд их л дэмжиж байна. Хэрхэн хэрэгжих бол?

-Цар тахлын улмаас нийгэм, эдийн засагт үзүүлж байгаа сөрөг нөлөөг бууруулах, эдийн засгийн идэвхжилтийг нэмэгдүүлэх, иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудаа дэмжих зорилгоор энэ шийдвэрийг гаргасан. Хоёрдугаарт, Нийслэлийн Засаг дарга нь Үндсэнхуулиар нийслэлийн нутаг дэвсгэрт хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах үүрэг хүлээдэг. Улаанбаатар хотод бүртгэлтэй 18664 худалдаа, үйлчилгээ эрхлэгч байдаг. Эдгээр иргэд, аж ахуйн нэгжид төрөөс дарамт, шахалт үзүүлэх биш, харин ч дэмжиж, хамтран ажиллах орчин, нөхцөлийг бүрдүүлэх нь зүйтэй гэж Хотын дарга үзэн, дээрх шийдвэрийг гаргасан. Хүчингүй болгож зөвшөөрөл олгож байгаа үйл явц маш хүнд сурталтай, шат дамжлагатай байсан. Ганцхан жишээ хэлэхэд, худалдааны төв ажиллуулахад дунджаар есөн бичиг баримт шаарддаг. Энэ нь цаашаа задраад 30-40 болдог. 8-10 шат дамжлагатай, 5-6 байгууллагад очдог. Зөвшөөрөл олгох хугацаа нь дунджаар таван өдөр байх жишээтэй. Энэ бүрд нааш цааш явах унааны зардал, бичиг баримт бүрдүүлэх зардал гарна. Аж ахуйн нэгжүүд жилд дунджаар 168 мянган бичиг баримт бүрдүүлдэг гэсэн судалгаа байна. Бичиг баримтыг хувилах, хэвлэх, унааны зардал гээд тооцохоор 191 сая төгрөг хэмнэнэ. Үүний цаана тооцох боломжгүй авлига, хээл хахууль, иргэдийн алдагдсан боломжууд гээд олон зүйл бий. Эхний ээлжинд энэ 74 зөвшөөрлийг хүчингүй болгосноор хүнд суртал, авлигатай тэмцэхэд тодорхой ахиц гарна гэж харж байгаа.

-Цаашдаа 74 төрлөөс дээш зөвшөөрөл цуцлах боломж бий болов уу?

-Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай, Авто замын тухай, Барилгын тухай, Газрын тухай гэх мэт хуулиудад заасан согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх, түгээмэл тархацтай ашигт малтмал эрэх, хайх, ашиглах, эрүүл мэндийн байгууллага мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эмчилгээний гоо заслын үйлчилгээ үзүүлэх, сургууль, цэцэрлэг байгуулах, тамхи худалдах, агаарт бохирдуулах бодис гаргадаг, физикийн хортой нөлөөлөл үзүүлдэг үйлдвэрлэл эрхлэх, суурин эх үүсвэр ашиглах, зам сэтлэх, орц, гарц гаргах, барилгын үйл ажиллагаа эхлэх, үргэлжлүүлэхэд, газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх олгох зэрэг хуулиар зохицуулж байгаа тусгай зөвшөөрлүүд бий. Хотын даргын зүгээс цаашид эдгээр тусгай зөвшөөрлийг олгох үйл явцыг хөнгөвчлөх, шаарддаг олон бичиг баримт, тэр тусмаа төрийн байгууллагуудад өөрт нь байгаа бичиг баримтыг шаарддаггүй болох, түргэн шуурхай болгох, цахимжуулах ажлыг зохион байгуулахыг үүрэг болгосон. Бид уг асуудлыг шуурхай шийдвэрлэхээр ажиллаж байна.

-Засаг даргын дэргэд Жижиг, дунд үйлдвэр, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах зөвлөл байгуулагдсан гэсэн. Ямар хүмүүсээс бүрдсэн бэ?

-Төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааны хүрээнд тал талын төлөөлөл байна. Зөвлөлийг Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх ахалж ажиллана. Бүрэлдэхүүнд нь одоогоор НЗДТГ болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны холбогдох албан тушаалтнууд, МҮХАҮТ, Улаанбаатар хотын Худалдааны танхимын төлөөлөл багтсан.

-74 зөвшөөрөл хүчингүй боллоо гэхээр иргэд үүнийг архи, тамхи худалдаалах зөвшөөрөл гэж ойлгож байх шиг. Архи, тамхи борлуулахад зөвшөөрөл авах хэвээрээ юү?

-Дээр хэлсэн 74 төрлийн худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл шаардахгүй гэсэн үг. Харин согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх гэх мэт тусгай зөвшөөрөл олгохтой холбогдсон харилцааг хуулиар зохицуулж байгаа учраас хуулийн дагуу тусгай зөвшөөрлөө авна. Бидний зүгээс эдгээр тусгай зөвшөөрөл олгох үйл явцыг хөнгөвчлөх, цахимжуулах, шаардлагагүй бичиг баримт шаардахыг болиулах ажлыг он гараад, богино хугацаанд шийднэ.

-Иргэдийн дунд гудамжинд хаана ч хамаагүй худалдаа, үйлчилгээ эрхэлж, хоол зарж болох юм байна гэсэн ойлголт байна. Чанар, аюулгүй байдалд хэрхэн хяналт тавьж, анхаарах вэ?

-Хууль хяналтын байгууллагууд бүгд ажлаа хэвийн явуулж байна. Улсын хэмжээнд 800 гаруй хууль, 6602 стандарт, мөн олон тооны техникийн зохицуулалт, дүрэм, журмууд мөрдөгдөж байна. Тэгэхээр бид хууль тогтоомж, стандарт, шаардлагын биелэлтэд хяналт тавьдгаараа л тавина. Харин ажлын арга барилын хувьд илүү зөвлөн туслах, мэргэжил арга зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатай байна.

Түрүүний хэлсэнчлэн хаа хамаагүй биш, стандарт, шаардлагуудад хаана худалдаа, үйлчилгээ, хоол үйлдвэрлэл явуулахыг зөвшөөрсөн, ямар шаардлага тавигдаж байна, иргэд, аж ахуйн нэгжүүд маань тэдгээр стандарт шаардлагуудаа мөрдөж, төрөөс олгож буй боломжийг бүрэн дүүрэн ашиглаад хамтдаа хөгжмөөр байна. Хоёр талдаа гараад өрсөлдөх, тэмцэх биш, харин төр нь аж ахуйн нэгж, иргэдээ дэмжсэн шиг дэмжиж, аж ахуйн нэгж, иргэд нь хууль тогтоомж, стандартаа сайн биелүүлдэг ойлголцол, хамтын ажиллагаа маш чухал байна. Манай аж ахуйн нэгж, иргэд хамтран ажиллаж, үүргээ биелүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

-Хүнсний худалдааны төвөөр жишээ авъя л даа. Өмнө нь ийм төрлийн үйл ажиллагаа эрхлэхийн тулд тухайн иргэн хэдэн төрлийн зөвшөөрөл авдаг байв. Нэгдүгээр сарын 1-нээс энэ бүхэн яаж өөрчлөгдсөн бэ?

-Хүнсний худалдааны төв ажиллуулахын тулд есөн төрлийн бичиг баримт бүрдүүлдэг. Нэг төрлийн бичиг баримтыг нэг байгууллагаас авах гэж очиход тухайн байгууллагын дүрэм журамд нийцүүлэн хөөцөлдөх гэхэд задраад 4-5 бичиг баримт, гарын үсэг болчихдог. Гарын үсэг болгоны цаана цаг хугацаа, хүнд суртал, шат дамжлага байдаг. Явсаар байгаад есөн бичиг баримт нь 30 болдог. Таван байгууллагаар орох болдог. Энэ бүхэн ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс байхгүй болно. Иргэд маань харин хууль тогтоомжоо судалж уншиж, стандартаа мөрдөх хэрэгтэй. Бид ч үүнд анхаарч, зөвлөж, хамтарч, дэмжиж ажиллана.

-Зөвшөөрлийг жил бүр сунгуулах шаардлагагүй болсон. Тэгэхээр үйл ажиллагаа эхэлсэн газруудын хувьд хугацаагүйгээр үргэлжлүүлнэ гэсэн үг үү?

-Зөвшөөрөл байхгүй болчихоор сунгуулах шаардлагагүй гэсэн үг. Өмнө нь зөвшөөрлийг голчлон нэг жилийн хугацаатай олгодог байсан. Жилийн дараа дахиад л нөгөө олон бичиг баримтуудыг бүрдүүлж өгдөг, албан тушаалтны үүд сахидаг, маш хүнд сурталтай байлаа шүү дээ. Үүнийг Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр халж байна.