Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

​Ж.Хунан: Хүүхдийн амь насыг эрсдэлд оруулан байж соёл уламжлалаа хадгалдаг улс манайхаас өөр байхгүй DNN.mn

Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Хунантай ярилцлаа.

-Энэ оны эхний хагас жилийн байдлаар танай байгууллагаас хүний эрхийн чиглэлээр судалгаа хийсэн үү?

-Энэ оны эхний хагаст Комисс хэд хэдэн судалгаа, шинжилгээ, хяналт шалгалтын ажлыг эхлүүлээд байна. Тухайлбал, Хүний эрхийн хэрэгжилтийг тодорхойлох үзүүлэлт, индекс боловсруулах ажлын хүрээнд харьцуулсан судалгаа, шинжилгээний ажил, “Ахмад настны эрх, хамгаалал”, Төрийн тусгай албан хаагчид болон Төрийн үйлчилгээний албан хаагчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийн судалгаа, Их дээд сургуулийн оюутан залуусын бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн хэрэгжилтийн судалгаа, Сургуулийн өмнөх, ерөнхий боловсрол, мэргэжлийн болон техникийн боловсролын салбар дахь хүний эрхийн нөхцөл байдлын хяналт-шинжилгээ, үнэлгээ гэх мэт. Үүнээс гадна Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байр, Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байна.

Эдгээр хяналт шалгалт, судалгааны ажил бүтэн жилийн турш хийгдэх тул үр дүн нь оны эцсээр тодорхой болно. Судалгаа, шинжилгээ, хяналт шалгалтын үр дүнд анхаарал татсан асуудлуудыг 2023 оны ХЭҮК-ын УИХ-д өргөн барьдаг Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын илтгэлд оруулна.
-Улсын баяр наадам дуусч, аймаг сумдын баяр наадмууд үргэлжилж байна. Энэ жилийн морь унаач хүүхдүүдийн мэдээлэл ирсэн үү. Бэртэж гэмтэж, амиа алдсан тохиолдол бий юү?
-Хоёр жил завсарласан наадам энэ жил зарим аймаг, сумын тэгш ойн баяртай давхцан нэлээн өргөн дэлгэр болж байх шиг байна. Унаач хүүхэдтэй холбоотой мэдээ эцэслэн нэгтгэгдээгүй л байна. Улсын баяр наадмын хурдан морины уралдаанд оролцсон хүүхэд амь насаа алдсан тохиолдол гараагүй. Харин сумын наадамд оролцсон нэг хүүхэд мориноосоо унаж амь насаа алдсан мэдээ байна.

-Морь унаач хүүхдийн эрхийг хангах чиглэлээр хэрхэн ажиллаж байна вэ? -ХЭҮК-оос хурдан морь унаач хүүхдийн эрхийн асуудалд онцгой анхаарч хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээн зохион байгуулахдаа хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн зөвлөмжийг эрх бүхий байгууллагуудад тогтмол хүргүүлж хяналт тавьж байна. Тухайлбал, ХЭҮК-оос 2022 оны хоёрдугаар сарын 9-ний өдөр аймгийн Засаг дарга нарт, 2022 оны тавдугаар сарын 4-ний өдөр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргаар дамжуулан орон нутгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга нарт, сүүлд долдугаар сарын 22-ны өдөр “Их хурд”, бүсийн уралдаан зохион байгуулагдахтай холбогдуулан аймгийн Засаг дарга нарт тус тус зөвлөмж хүргүүлсэн. Мэдээж зөвлөмжөөс гадна Улсын наадам, “Их хурд”, бүсийн хурдан морины уралдаануудад хуваарийн дагуу ажиглалт хийж хяналт тавьж ажилласан.

-Цаг үетэйгээ нийлүүлэн уламжлалыг шинэчлэх тал дээр арга хэмжээ авах уу. Морь уралдах замын стандарттай болох, унаач хүүхдийг хамгаалалтын хувцас, хэрэгслээр бүрэн хангах, олон тооны машин уралдаан дагаж давхихгүй байх гэх мэт юу хийж болох вэ?

-Унаач хүүхдийн асуудлаар Комиссын ажлын хэсгийн илтгэх хуудас, цагдаагийн газар, гэр бүл, хүүхэд залуучуудын газар, аймгийн Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн мэдээ, мэдээлэлд дүн шинжилгээ хийж санал зөвлөмж гаргана. Хичнээн үндэсний уламжлал байсан ч хүүхдийн амь нас хохирох, хүүхэд хүндээр бэртэхийг хэзээ ч хүлээн зөвшөөрч болохгүй. XXI зуунд хүүхдийн амь насыг эрсдэлд оруулан байж соёл уламжлалаа хадгалдаг улс манайхаас өөр байхгүй л болов уу. Цаг үе өөр болсныг хаа хаанаа ойлгох хэрэгтэй. Шаардлагатай бол морь уралдуулах стандарттай болъё. Сүүлийн эмгэнэлтэй явдлын шалтгаан нь морь нүхэнд бүдэрснээс болсон гэх мэдээ байна. Тиймээс ядаж морь унаж байгаа хүүхдэд эрсдэл үүсгэх бүхий л нөхцөлийг арилгах хэрэгтэй. Сая ажиглалт хийгээд явж байхад мэргэжлийн хяналт, хүүхдийн байгууллагын хяналт тавьж байгаа байдал бас л хангалтгүй байна лээ. Урт түрийгүй гуталтай уралдуулж байна. Явуулын станцтай оруулж байна. Мэргэжлийн хяналтын улсын байцагчаас “ Хүүхдийн анхаарал сарниулах юм биш үү” гэхэд “стандартад хориглоогүй” гэж байх жишээтэй. Түүнчлэн уралдааны үеэр морь үргээж болзошгүй гялгар уут, урт ташуур зэргийг хүүхэд авч уралдсан гэх зөрчлүүд ажиглагдсан. Ер нь томчууд бид өөрсдөө бас дүгнэлт хиймээр л байгаа юм. Сүүлдээ машины уралдаан шиг болж байна ш дээ. Тэгэхээр эдгээрийг шийдэх санал, зөвлөмжийг гаргаж холбогдох шийдвэрүүдийг гаргуулна.

-Сүүлийн үед цэргүүд байнга бэртэж гэмтэж, амь насаа алдах боллоо. Энэ тал дээр ХЭҮК-ыг тэргүүлж байгаа хүний хувьд байр сууриа илэрхийлээч?

-Үнэхээр харамсалтай. Хүний амь нас бол үнэлшгүй зүйл. Тийм учраас цэрэгт байна уу, шоронд байна уу, хүний амь нас хамгаалагдах ёстой. Манай улсад цэргийн захирах , захирагдах ёс , цэргийг ажил хөдөлмөрт сургах нэрийн дор хугацаат цэргийн албан хаагчидтай дүрмийн бус харьцах, тэдний эрх чөлөөнд халддаг явдлыг байх ёстой үзэгдэл мэтээр ойлгож, уламжлагдан ирсэн зохисгүй хандлага байсаар байна. Ер нь наад зах нь техник, технологи эрчимтэй хөгжиж байгаа орчин үед хууль бус тушаал, дүрмийн бус харилцаа, ер нь аливаа хууль бус үйлдэл баримтжуулагдаж илэрнэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Нөгөө талаас бодлогын түвшинд анхаарал хандуулж дорвитой өөрчлөлт хийх хэрэгтэй. Цахим орчин залууст хүчтэй нөлөөлж байна. Залуусын онцлог, хэрэгцээ шаардлага, сэтгэл зүйн боловсролд анхаарах шаадлагатай байна. ХЭҮК-ын 2021 онд хийсэн судалгаанд оролцсон хугацаат цэргийн албан хаагчдын 18.8 хувь, хугацаат цэргийн алба хаасан иргэдийн 45.1 хувь нь цэргийн алба хааж байх үедээ дүрмийн бус харьцаанд өртсөн гэж хариулсан. ХЭҮК цэргийн дүрмийн бус харилцаатай холбоотой асуудлыг 21 дэх илтгэлдээ хөндөж зөвлөмж гаргасан. Түүнийг үндэслэж 2022 оны долдугаар сарын 6-ны өдөр Улсын Их хурал 49 дүгээр тогтоол гаргасан. Уг тогтоолыг хэрэгжүүлэх хэрэгтэй.

– Цаашид цэргийн ангиудад хүний эрхийг хангах чиглэлээр ямар ажлууд хийх вэ?

-ХЭҮК БХЯ-тай санамж бичиг байгуулсан. Э н э хүрээнд зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний хүний эрхийн мэдлэгийг дээшлүүлэх, хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх сургалт, соён гэгээрүүлэх, батлан хамгаалах салбарын хууль тогтоомж хүний эрхийн зарчимд нийцэж байгаа эсэхэд дүн шинжилгээ хийх, боловсронгуй болгох, батлан хамгаалах салбарт иргэний хяналтыг сайжруулах чиглэлээр төлөвлөгөө гарган ажиллаж байна. Үр дүнгээ өгнө гэдэгт найдаж байна.

– Хамгийн сүүлд амь насаа алдсан тохиолдол 167 дугаар ангид гарсан. Тухайн ангид танай байгууллагаас 2021 онд хүний эрхийн сургалт хийсэн байна лээ. Гэтэл нэгхэн жилийн дараа цэрэг амиа алдлаа. Энэ мэт олон тохиолдол гарч байна. Танай байгууллагаас ямар арга хэмжээ авах талаар төлөвлөгөө болон ажлын хэсэг гарсан уу?

-167 дугаар ангийн цэрэг амь насаа алдсан асуудлаар Эрүүгийн хэрэг нээн шалгаж байгаа юм билээ. Бидний зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад болохгүйгээр мэдээллийг нягтлах, холбогдох байгууллага, албан тушаалтнаас баримт , мэдээлэл гаргуулах зэрэг ажлуудыг хийж байгаа. Хэргийг эцэслэн шийдвэрлэсний дараа илүү нарийн дүн шинжилгээ хийнэ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Комеди Д.Амартүвшин: Гэнэт масктай, юүдэнтэй цамц өмссөн хүн ирээд тас тас хийтэл намайг алгадаад эхэлсэн DNN.mn

Комеди Д.Амартүвшингээс масктай хүн биед нь халдсан тухай тодрууллаа.


-Та өөрийн цахим хаягаараа дамжуулан масктай хүн биед тань халдсан тухай бичсэн байсан. Тухайн үйл явдал хэзээ, хаана болсон юм бэ?

-Play time наадмын эхний өдөр болсон үйл явдал. Хүмүүс дөнгөж цуглаад би тэр өдөр тайзан дээр гарах ёстой байсан юм. Гэтэл гэнэт масктай юүдэнтэй цамц өмссөн хүн хүүе хаая гэхийн завдалгүй ирээд л тас тас хийтэл намайг алгадаад эхэлсэн.

-Яагаад таны биед халдсан юм бол?

-Шалтгааныг нь би одоо хүртэл ойлгохгүй байгаа. Тэр хүн тодорхой юм тайлбарлахгүй байна лээ. Надад хамгийн сонин санагдсан зүйл маскийг нь авах гэтэл авахуулахгүй нүүрээ хамгаалж маш их тэмцсэн. Тэр нь надад хамгийн сэжигтэй санагдсан.

-Та маскийг нь авч чадсан уу. Таны таньдаг хүн үү?

-Ямар ч байсан маскыг нь тайлуулж чадсан 40 эргэм

насны хүн байна лээ. Би огт танихгүй, харж байгаагүй хүн байна лээ.

-Таны биед ямар гэмтэл учирсан бэ. Цагдаад хандсан уу?

-Би тэр хүнийг зугтаалгахгүй гэж нэлээд зууралдсан болохоор гар мушгиад улайлт үүсэж, тухайн үедээ нэлээн янгинаж өвдсөн. Хавирч унагаахад нь шагай бас бэртсэн байх. Тэр үедээ бас янгинаад явахад эвгүй байсан. Нөгөөх чинь учиргүй цохиж зодож байгаад зугтах гээд цагдаа иртэл би барьж торгоосон. Ямар ч байсан цагдаа ирээд бид хоёрыг БЗД-ийн Гуравдугаар хэлтэс рүү аваачин мэдүүлэг авсан. Цагдаагаар асуудал явж байгаа. Тэр оройноо би Шүүх болон Гэмтлийн эмнэлэг орсон. Тэр хүмүүс дүгнэлтээ гаргах байх. Цагдаад өргөдөл гаргаад бүх бүрдүүлэх ёстой бичиг баримтаа бүрдүүлээд өгчихсөн байгаа. Тухайн үед тэр үйл явдлыг харсан олон гэрчүүд ч бий.

-Та цагдаад өгсөн мэдүүлгийг нь уншсан уу?

-Уншаагүй. Тэгээд удаагүй наадам болоод хамаг юм амарчихсан. Би утсаараа тэр хүний бичлэгийг хийх гээд

гаргаад иртэл намайг хавирч унагаад, унахдаа утасныхаа дэлгэцийг хагалчихсан байна лээ.

-Тэр хүн тухайн үед согтууруулах болон мансууруулах төрлийн зүйл хэрэглэсэн байсан уу?

-Ганцаархнаа ямар ч архи дарс хэрэглээгүй байсан. Цагдаа нар оруулаад бүх юмыг нь нэгжиж шалгаад үлээлгэж үзэхэд эв эрүүл гарсан. Мэдүүлэгтээ ч яагаад над руу халдах болсон шалтгаанаа үнэнээр нь хэлэхгүй байх. Яагаад гэвэл өс хонзонгийн сэдэлттэй гэвэл тэр хүнд эрүү үүсчихнэ шүү дээ. Тэгэхээр өөр л юм хэлэх байх. Би уг нь үүнийг олон нийтэд мэдээлье гэж бодоогүй юм. Гэтэл өчигдөр (уржигдар) Со ахын гадаа баахан масктай нөхөд хүрч ирээд жагсаж байна гэхээр нь эгдүү хүрээд ийм зүйл болоод байгаа шүү гэж хэлье гэж бодсон юм.

-Урьд нь бас таны биед хүн халдаж байсан байх аа?

-Тийм, талбай дээр явж байхад нэг хүн халдсан. Тэр үед тухайн этгээдийг алдалгүй барьж авахгүй бол болохгүй юм байна гэж ойлгосон.

Барьж авч чадахгүй зугтчихвал би л хохироод үлдэнэ шүү дээ. Тэгэхээр тэр хүнийг барьж үлдэх тал дээр бүх л аргаа хэрэглэсэн. Тэлээнээс нь зуураад цагдаа иртэл тэссэн. Тэр хүн намайг дахиж газар унагаж байгаад гар тавиулах гэж нэмж зодоод нэлээд л юм болсон.

-Цагдаа дуудаад хэр хүлээсэн бэ?

-Тав минут орчмын дараа л ирсэн байх. Удаан

хүлээлгээгүй. Хүмүүс ч цуглаад болиулах гэж хичээсэн. Нөгөө хүн чинь олон хүн хараад айчихсан. Ер нь бол тэр хүн урьдаас бэлтгэж санаатайгаар надад халдсан гэж би бодож байгаа. Зүгээр уурласан хүн бол гараа атгаад, зангидаад хүчтэй цохино шүү дээ. Гэтэл тэр хүн дандаа биеийн бүхэл хэсэг рүү цохиж байсан. Хавирч унагачихаад нүүр рүү биш дандаа цээж хэсэг рүү, гарын булчин руу цохисон. Нүүрэнд хүрэхдээ гараа атгаж биш алгадаж байсан. Тас тас хийтэл 5-6 удаа алгадсан байх. Үнэхээр надад өш хонзонтой хүн байсан бол нүүрээ ил гаргаад, цохихдоо хамаг байдаг уураа гаргаж, хаа таарсан газраа цохино биз дээ. Гэтэл ерөөсөө тэгээгүй. Хаана нь яаж цохивол улайлт хөхрөлт үүсгэхгүй вэ гэдгээ мэддэг санагдсан. Хамгийн сэжигтэй нь нүүрээ харуулахгүй гэж маскаа тайлахгүй маш их тэмцэлдсэн. Тэгэхээр ямар нэгэн санаа агуулж л над руу дайрсан гэж бодож байгаа.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Мөнхчулуун: Үүрэн телефоны операторууд хэрэглэгчдийг хохироосон гомдлуудыг шалгаж эхэллээ DNN.mn

– “М.Ундраа: Юнителийн дата шахсан зарлал өдөржин мессежээр ирнэ. Баяраар ядаж ганц гега ч бэлгэнд байхгүй, үнэн нарийндаа хатсан газар-


Үүрэн телефоны үндэсний операторууд хэрэглэгчдийг хохироодог гомдлууд байнга гарч байдаг. Сүүлийн үед Юнител корпорац илтэд хууран мэхлэх шинж чанартай мессежүүдийг хэрэглэгчид рүүгээ илгээх боллоо. Тухайлбал, “Уулзахаар товлосон найз руугаа “Булан тойроод л орлоо гэж залгахаасаа өмнө “Орчны чимээ” үйлчилгээг ашиглан замын түгжрэлд байгаа мэт дуу оруулахыг хүсвэл ON гэж хариу илгээгээрэй. Хэдэн ч удаа солих боломжтой”, “Танд бэлэг ирлээ. U гэж хариу илгээнэ үү” гэх мэтээр цааш уртаас урт хөвөрнө. Хэрэглэгчдийн хамгийн эгдүүцэл хүргэмээр зүйл нь бэлэг авах хүсэлт явуулсан ч “Амжилтгүй боллоо. Дахин хүсэлт явуулна уу” гээд болдоггүй. Мөн тавдугаар сард бүх хэрэглэгч рүүгээ дайныг дэмжсэн суртал ухуулга бүхий мессежийг илгээсэн байх юм. Мөн хэрэглэгчдийн бас нэг таагүй ханддаг зүйл нь Юнител корпорац шөнө хүн амарч байх цагаар мессеж явуулж, залгадаг гэх гомдол юм. Хэрэглэгч Г.Цэнгэл ярихдаа “Би Юнителийн хэрэглэгч. Сүүлийн үед байнгын хууран мэхлэх чанарын мессеж явуулж байна. Орчны чимээгээ өөрчил, өөрийн дуу хоолойгоо өөрчил гэх мэт. Тэгээд байсгээд зөвхөн танд гэсэн бэлэг явуулна. Түүнийг нь тэр болгон авч чаддаггүй. Хугацаа заана. За тэр ч яах вэ гэхэд хүн шөнө амарч байхад гэнэт тух алдуулж мессеж ирнэ. Хэн харанхуй шөнө бичдэг байна аа гээд харахаар юнител. Хэрэглэгчдийнхээ амар тайван байдлыг алдагдуулах бол юу ч биш бололтой. Тэр мессежээ ядаж ажлын цаг дуусахаас өмнө явуулж байвал таатай байна” гэв.

Үүгээр ч зогсохгүй дата хэрэглээгээр нь хэрэглэгчдийг хохироодог тухай баримтууд сошиал орчинд маш их хөвөрдөг. Хувиараа бизнес эрхлэгч М.Ундраа ярихдаа “Юнител ч дээ дата шахсан зарлал өдөржин мессежээр ирнэ. Дата нь хурдан дуусна хааяа сүлжээ унана хотын төвд байхад шүү дээ. Баяраар ядаж ганц гега ч бэлгэнд байхгүй, үнэн нарийндаа хатсан газар. 40 мянган төгрөгний багц нь сүлжээ харгалзахгүй хязгааргүй. 10 гегабайт өгдөг ч тэр нь сарын эхний хэд хоногтоо дуусчихна. Нэмэлтээр өдөр болгон дата авна. Анх 24 цагийн эрхтэй 1 гега дата 1000 төгрөг байсан ч одоо 2500 төгрөгөөр 24 цагийн эрхтэйгээр 2 гега авдаг болчихсон. Тэгээд нөгөөх нь шальтай юм ч хийгээгүй, үзээгүй байхад 24 цаг нь болоогүй дуусчихна. Дээрээс нь төлбөрөө төлөөд нээгээд өг гэхээр мэйл явуул гэдэг. Таны мөн эсэхийг шалгана ч гэх шиг. Уг нь НӨАТ-тайгаа би сард 44000 төгрөгний төлбөр төлөх ёстой ч байнгын нэмэлт хэрэглээ хийсээр дор хаяж 80 мянга гардаг. Багадаа шүү. Ингэж дата хэрэглээгээр нь далимдуулаад шулдаг юм байна лээ” гэлээ. Мөн нэгэн хэрэглэгч цахим хуудсаараа дамжуулаад “Би сумын төвөөсөө юнителийн дугаар авсан. Тэгсэн Багийн дарга @UnitelOfficial-ийн ажилтан болчиж байгаа юм уу Төрийн сонгуульт албан хаагч биз дээ” гэсэн байв. Дахин нэгэн хэрэглэгч “Юнител өдөр шөнөгүй залгаад 8801 шинэ дугаар үнэгүй аваач ээ хүргээд өгнө гэсээр байгаад өгч билээ. Би нөгөөхийг нь аваад л мартчихсан байна лээ. Нэг мэдсэн муу зээлдэгч болчихсон байсан. Миний л мартамхайгаас болсон байх л даа” гэж бичжээ. Энэ мэтээр Юнител корпорац хэрэглэгчээ хохироосон хуурсан сэтгэгдлүүд цахим орчинд дүүрэн.


Харин энэ талаар ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуунаас тодрууллаа.


-Юнител компани сүүлийн үед илт хууран мэхлэхийг уриалсан шинж чанартай мессеж илгээх боллоо. Өрсөлдөөний зарчмаараа ингэж уриалах нь зөв үү?

-Шалгаж байж л тодорхой болно доо. Өрсөлдөөний хууль зөрчсөн гэж хэлэхгүй л дээ. Гэхдээ зар сурталчилгааны тухай хууль юм уу, хэрэглэгчийн эрх ашгийг хөндсөн гэж үзээд ямар хуулинд хамаарахаар байна судалж үзнэ. Одоо бол худалдааны тухай хууль, хэрэглэгчийг хохироох үйлдэл гээд шууд хэлчих боломжгүй. Үүрэн телефоны операторуудтай холбоотой гомдлууд маш их гардаг. Нэг хоёр хүний асуудал гээд шийдээд явуулчихаар дараа нь дахиад тэр гомдол хувь хүн дээр шийдэгдээд нийтээрээ шийдэгдэхгүй асуудал байгаад байна. Би наадмын өмнө сошиал орчинд зарлал тавьсан. Үүрэн телефонтой хамаатай гомдлуудаа нэгтгээд өгөөрэй гээд. Маргаашнаас (өнөөдрөөс) үүрэн телефоны операторуудтай холбоотой дүрэм журам, хэрэгжүүлж байгаа үйлчилгээтэй нь холбоотой нэгдсэн шалгалт хийхээр ажлын хэсэг гаргаж байгаа. Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтарсан ажлын хэсэг гаргаад хэрэглэгчийг хохироосон, хууль дүрэм журам зөрчсөн ямар асуудал, үйлдлүүд байна нэгдсэн шалгалт хийгээд дүрмийг нь өөрчлүүлэх, журмыг нь өөрчлүүлэх, арга хэмжээ авъя гэж бодож байгаа. Тэгэхгүй бол хэрэглэгчээс дата, сүлжээ унадаг, төлбөр их гардаг, дата нь сар болохгүй дуусдаг. Сар болохоор үлдсэн дата нь сунгагдахгүй устдаг, нэгж шилжүүлж болохгүй байна гэх мэтээр маш олон санал гомдлууд ирдэг. Тиймээс хүн хүний асуудлыг тус тусад нь шийдэхгүй нэгдсэн журмаар өөрчлүүлье. Журмыг нь өөрчлүүлье гэсэн үндсэн дээр нэгдсэн ажлын хэсэг гарч байгаа. Тэр үүднээс судалж байгаа.

-Юнител, Мобиком үүрэн телефоны салбартаа монопол тогтоочихсон. Тэр үүднээсээ хэрэглэгчдийг хохироодог, илүү төлбөр авдаг гэсэн гомдлууд их байдаг. Энэ тухай гомдол танайд хэр их ирдэг вэ?

-Давуу байдлаа ашиглан монопол тогтоодог гэсэн асуудлыг үүрэн телефоныхон гаргаж байгаа. Шинээр гарч ирж байгаа Ондо гэж оператор байна. Тэднийхээс жишээ нь, холболт хийхгүй байна. Өрсөлдөөний хууль зөрчиж байна гэдэг гомдол ирсэн. Нөгөөдүүл нь болохоор Ондо өөрсдөө холболт хийгээгүй байж хэрэглэгчдийг төөрөлдүүлж, холбогдсон гэж зарлалаа гэж үзээд байгаа. Тиймэрхүү гомдлууд ирж байна. Бусдаар хэрэглэгчдийн эрхийг зөрчсөн гомдлууд түлхүү ирдэг.

-Та ажлаа аваад удаагүй байгаа. Энэ хооронд үүрэн телефонтой холбоотой гомдлууд хэр их ирэв?

-Би ажлаа аваад гурван сар болж байна. Үүрэн телефонтой холбоотой хэрэглэгчийн гомдол түлхүү ирдэг. Жишээ нь, ажлын хэсэг гаргая гэж хэлсэн шүү дээ. Ер нь энэ төрлийн гомдол их болохоор ажлын хэсэг гаргая гэж байгаа юм. Манай хэрэглэгчийн гомдол мэдээллийг авдаг 115 дугаарт олон давтамжтай ирнэ. Түүнийг манайх газар дээр нь шийдвэрлэж Мобиком, Юнител аль нь ч байсан холбогдоод ярихыг нь яриад хялбаршуулсан журмаар шийддэг. Заримыг нь бичиг хүргүүлж, шийдэх боломжтой асуудлуудыг шийдвэрлэдэг. Тэгэхээр хүн нэг бүр дээр шийдэж ингэж явалгүйгээр цаашаа нэгдсэн журмаар дүрэм журмыг нь өөрчлүүлье гэж үзэж байгаа. Тэгэхгүй бол 3 сая хэрэглэгч энд тэнд хохироод байдаг. Дүрэм журам нь болохгүй байгаа бол түүн дээр нь ажиллая гэдэг байдлаар ажлын хэсэг гаргахаар болсон. Ер нь энэ төрлийн гомдол их давтамжтай гардаг. Дээрээс нь монопол тогтоож шинэ байгууллага орж ирэхэд нь оруулахгүй саад болдог. Ондо нь албан ёсоор зөвшөөрлөө аваагүй болохоор холболт хийгээгүй гэх мэтээр хэрэглэгчдийг төөрөлдүүлж байна. Тиймэрхүү шинэ компани байгуулагдах гэж байгаатай холбоотой санал гомдлууд бас ирж байгаа. Бусдаар бол хэрэглэгчдийн эрх ашгийг хохироосон гомдлууд байнгын өндөр давтамжтай ирдэг. Бид бүх хуулиудаа харж байгаад зөрчилтэй байж магадгүй гэсэн гомдлуудаа шийдүүлж, өөрчлүүлнэ шүү дээ. Түүнээс хүн болгоны хүссэнээр бараг л үнэгүй ярья гэвэл түүнийг өөрчлүүлэх боломж байхгүй.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Хуульч Б.Агар-Эрдэнэ: Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эмийг хууль бусаар ашиглахыг таслан зогсоох, нийгмийн хэрэгцээ, шаардлага гарч байна DNN.mn

Хуульч, өмгөөлөгч Б.Агар-Эрдэнэтэй ярилцлаа.


-Хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх эм, бодисын хэрэглээ гаарлаа. Үүнийг хэрхэн зохицуулах вэ?

-Эхлээд “Хар тамхи” гэх ойлголтыг хэрхэн тодорхойлж байгаагаас шалтгаалж, үр дагавар өөр байдаг тул түүнийг бүрэн тодорхойлолтыг таньж мэдэх шаардлагатай. Монгол Улсын хуулиар хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай ургамал, бэлдмэл, бодисыг “хар тамхи” гэж хэлж нэршсэн.

Энэхүү ойлголтыг Анагаахын болон Нийгмийн шинжлэх ухаанаар ялган тодорхойлсон байдаг. Эцсийн дүндээ эрх зүйн этгээдийн үйлдлийн шинж байдлыг нийтлэг хэмжигдэхүүнээс хэтрүүлэхгүй байхыг эрх зүйн зохицуулалтын чиг үүргийн хувьд нийгмийн шинжлэх ухаанд хар тамхийг тодорхойлохдоо мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл, бодисыг хэрэглэсэн этгээдийг зан үйлийн болон ёс суртахууны зөрчил рүү түлхэн, гэмт хэрэг үйлдэх нөхцөл бололцоог бий болгож, улмаар нийгэмд хор хохирол учруулах чадвар бүхий бодис, түүнийг агуулсан эм бэлдмэлийг хэлнэ гэж тодорхойлсон. Анагаахын шинжлэх ухаанд “мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис” гэдэг нь тухайн бодисыг хэрэглэсэн хүн болон амьд организмын уураг тархи буюу төв мэдрэлийн системд дарангуйлал үүсгэн үйлчилж, мансуурал гэж нэрлэх сэтгэцийн тогтворгүй байдлыг үүсгэх нөлөөтэй эм бэлдмэл бодисуудыг хэлнэ гэж тодорхойлжээ. Иймээс хар тамхины хэрэглээ гэхээс илүүтэйгээр хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан үйлдлийг Эрүүгийн хуулиар зохицуулдаг. Гэвч хуулиар хориглосон байтал зах зээлийн эрэлт, нийлүүлэлт байгаа нь асуудал болж байна.

-Хуулиар зөвшөөрсөн эм тариа, бэлдмэл, бодис нь юу вэ?

-Байгалийн гаралтай, мөн нийлэгжүүлсэн бодисуудын хэрэглээнээс бий болох эрүүл мэндийн болон нийгмийн сөрөг үр дагаврыг нь харгалзан мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис болохыг нь тогтоож, хяналтаас гадуур хэрэглэхийг хориглож, тусгай жагсаалтад оруулсан бодис, эм бэлдмэлийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис гэж ойлгоно. Дээрхээс бусад тусгайлан эрүүл мэндийн салбар, судалгаа шинжилгээний ажилд зориулагдсан, хууль, эрх зүйн хэм хэмжээгээр зөвшөөрсөн, тусгай жагсаалтад оруулаагүй бодис, эм бэлдмэлийг зөвшөөрсөн эм тариа, бодист хамааруулан ойлгоно. Гагцхүү тусгай байгууллагын хяналт, эмчийн тодорхойлолт, ангаахын шинжлэх ухаанд хэрэглэгдэх үйл ажиллагааг зөвшөөрсөн.

-Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглахтай холбоотой харилцаа ямар хуулиар зохицуулагддаг юм вэ. Олны танил хүмүүс хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглээд баригддаг ч удалгүй суллагддаг. Хууль нь тийм сул юм уу?

-Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын хоёрдугаар жагсаалтад багтсан Делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай тогтсон нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис болон бусад бодис, эм бэлдмэл, түүний түүхий эдийг хууль бусаар ашиглах гэмт хэрэг гарч байна.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдийн үйлдлийн шалтгаант холбоо болон гэмт хэргийн бүрэлдэхүүнийг тогтоосон тохиолдолд түүнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар Шүүхээс ял оноодог. Ял оноохдоо эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт тусгай ангид заасан хариуцлагын арга хэмжээг авдаг. Энэ төрлийн буюу Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэлтэй холбоотой асуудлаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд зааснаар зохицуулдаг. Тус зүйлд хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр тодорхойлсон байна. Энэ зүйл ангийн гол ойлголтуудын нэг нь “Худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан” байхыг шаарддаг. Олны танил хүмүүс энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн ч түүний хувийн байдлыг харгалзахгүйгээр ял оноож байгаа. Нийгэмд байдаг буруу ойлголтын нэг бол олны танил хүмүүс ял бага авч байна гэсэн ойлголт байдаг. Хуулиараа энэ төрлийн гэмт хэргийг худалдаалах зорилгогүй үйлдсэн гэж үзвэл зорчих эрх хязгаарлах, хорих ял оноох санкц нь 1-5 жил буюу тухайн хүний үйлдлийн шинж байдлаас шалтгаалж шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд, хуульд заасан сонгох боломжтой 1-5 жилийн хооронд л ял оноож байгаа. Гэмт хэрэгт тооцох, ял оногдуулахад хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, боловсрол, хөгжлийн бэрхшээлтэй байдлаар ялгаварлан гадуурхахгүй. Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байхыг л шаарддаг.

-Эдгээр төрлийн бодисыг дамлах, худалдан борлуулах, тээвэрлэх зэрэг асуудалд холбогдсон хүмүүс ямар ял шийтгэлтэй байдаг вэ?

-Дээр дурдсанаар худалдан борлуулах зорилго агуулаагүй тохиолдолд 1-5 жилийн хариуцлагын асуудал яригдаж байсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7.2-т “Худалдаалах зорилго” агуулсан бол хариуцлагын арга хэмжээ хүндрэх байдлаар тодорхойлсон байна. Тус зүйлд “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан бол 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байна. Харин энэ төрлийн гэмт хэргийг байнга тогтвортой, улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн бол 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол 12-20 жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэхээр заасан байна.

-Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Play time наадмын үеэр хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэх хүмүүсийн тоо олширлоо. Энэ жил ч олон хүн хэрэглээд баригджээ. Ер нь сүүлийн үед урлагийн тоглолтын үеэр ч хэрэглээд баригдлаа гэдэг болжээ. Иймэрхүү төрлийн арга хэмжээг хориглох ёстой юу?

-Мэдээж дахин давтагдаж байгаа газар орон, байр, үйл ажиллагаа, үйлчилгээ, арга хэмжээнд давхар хяналтыг тавих нь зүйтэй. Харин тэрхүү наадмын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлж, зогсоох эрх зүйн үндэслэл тогтоогдох боломжгүй. Нэг үгээр хэлбэл гэмт хэрэг үйлдэгдэх нөхцөл байдлыг бүрдүүлж магадгүй буюу магадлалын үүднээс чөлөөт зах зээлд үйл ажиллагаа явуулж буй байгууллага, иргэдийн бизнес, нэгдлийн шинжтэй арга хэмжээг зогсоох боломжгүй. Гэмт хэрэг үйлдэгдэх нь тогтоогдсон тохиолдолд Цагдаа, Прокурор, Шүүхийн байгууллагын зүгээс хуульд заасан арга хэмжээг авч болно.

-Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэгчдийн нас залуужиж байна. Олдоц их байна гэсэн үг үү?

-Нийлүүлэлттэй холбоотой нарийн мэдээллийг мэдэх, хянах, тогтоох боломжгүй. Энэ төрлийн гэмт хэрэг нь нууц, далд аргаар явагддагаас гадна нарийн зохион байгуулалттай явагддаг байж болзошгүй. Цагдаагийн байгууллагаас “Хар тамхины эсрэг” эрчимтэй ажил зохион байгуулж байгаа. ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг шат дамжлагатай авч байна. Мэдээж санхүүжилтийн асуудлыг илүү өргөсгөх хэрэгтэй. Өсвөр нас, залуучуудын дунд хэрэглээ ихсэж байгаа нь эрх зүйн ухамсар, хариуцлагыг мэдсээр байж гүйцэлдүүлэх шинжтэй, үл хайхарсан шинжтэй шууд хамааралтай. Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах ялын хэмжээг дээр дурдсан шүү дээ. Хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах замаар хариуцлагын хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай гэж бодож байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Эрдэнэбат: Төр нь иргэдийнхээ ажлыг булааж авчихаад хэцүү байдалд оруулаад хүндхэн л байна DNN.mn

ГХЯ-наас хилийн боомтуудын үйл ажиллагаа хэвийн болж буйг мэдээлэв. Монгол Улс, БНХАУ-ын хооронд байнгын ажиллагаатай автозамын есөн боомт ажиллуулах хэлэлцээртэй. Үүнээс долоон боомт нь нээлттэй, ачаа, тээврийн хөдөлгөөн хэвийн явагдаж байгаа гэв. Цар тахлын улмаас БНХАУ-ын талын саналын дагуу хаалттай байсан Бичигт-Зүүнхатавч, Хавирга-Архашаат автозамын боомтуудын ачаа тээврийн хөдөлгөөнийг сэргээх чиглэлээр дипломат шугамаар ажилласны дүнд Бичигт-Зүүнхатавч автозамын боомтын үйл ажиллагааг сэргээж, Хятадын талд гацсан 200 гаруй тээврийн хэрэгслийг татан авах ажлыг энэ сарын 22-ноос эхлүүлжээ. Ингэснээр нүүрс тээврийн автомашиныг улсын хилээр нэвтрүүлж, цаашид газрын тос болон бусад шаардлагатай экспорт-импортын тээвэрлэлтийг нэмэгдүүлэхээр Хятадын талтай тохиролцсон байна. Одоогийн байдлаар цар тахлаас шалтгаалж аль нэг боомтын үйл ажиллагааг хязгаарлах талаар ямар ч мэдээлэл ирээгүй байгааг тодотгон хэлэв.


Замын-Үүдийн жолоочдын нэгдлээс нөхцөл байдал ямар байгааг тодруулав. “Борхойн тал” автотээвэрчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, жолооч Ч.Эрдэнэбаттай ярилцлаа.


-Замын-Үүдийн нөхцөл байдал ямар байна вэ?

-Хуучин хэвэндээ өдөрт 50-60 чингэлэг л орж ирж байгаа.

-Замын-Үүд суманд хуримтлагдсан чингэлгүүдээ буцааж татаж авч байгаа юу?

-Гарч буй машиныхаа тоотой тэнцүү чингэлэг л авч байгаа. 50-60 машин гарвал 50-60 чингэлэг л гарна. Орж ирж байгаатайгаа адил тооны чингэлэг л гаргана гэсэн үг. Илүү хасагдана гэж байхгүй. Хамгийн гол нь Хилийн цэргийн 30 машин явж байгаа шүү дээ. Тэд бол хоосон чингэлэг авч гардаггүй. Хоосон яваад урдаасаа чингэлэг ачаад ирж байна. Урагшаа чингэлэг ерөөсөө зөөдөггүй. Хоосон чингэлэг нь хямдхан байхгүй юу. 50 мянган төгрөг болохоор тэрийг зөөхгүй дандаа ачаатайг нь зөөгөөд байна. Засгийн газрын 30 шар машин гээд байгаа Хилийн цэргийн дугаартай машинууд согтуу явж байгаад осол гаргаж асуудал үүсгэсэн. Овоорсон чингэлгүүд хэвээрээ. Өөрчлөгдсөн юм ер байхгүй.

-Танай холбоо Эрээний консулд хандаад нэлээд хугацаа өнгөрлөө. Хариу нь ирсэн үү?

-Ирээгүй л байна. Дахин дахин хүсэлт өгсөн ч ер хариу өгөхгүй юм.

-ЗТХЯ болон АТҮТ-д хандсан хүсэлтийн хариу бас ирээгүй юу?

-Ирээгүй. Бид 30 шар машинаа аваач ээ гэдэг л шаардлага тавиад байгаа юм. Бусад газар хийж байгаа бүтээн байгуулалтынхаа ажилд оролцуулахгүй бидний ажлыг булаагаад тээвэр хийгээд байгаад л дургүйцэж байна. Дарханы зам өөр хаана бүтээн байгуулалт хийж байгаа юм тэндээ аваачиж ажиллуулахгүй бидний ажлыг булаасан. Тэд бизнес хийж контейнерээ ачуулж байгаа хүмүүсээс бас мөнгө авч байгаа шүү дээ. Жолоочийг нь төрөөс цалинжуулаад, төрөөс байр машиныг нь хангаж ажиллуулдаг. Тэгсэн мөртлөө наймаачдын чингэлгийг зөөгөөд тэд нараас мөнгө авдаг. Ингээд байхаар нь бүтээн байгуулалтдаа оруулж, бидний ажлыг чөлөөлж өгөөч л гээд байгаа юм. Тэгж хэлээд ямар ч хариу өгөхгүй байна.

-Жолооч нарын нөхцөл байдал ямар байна вэ?

-Маш хэцүү байна. Дээрээс нь түлшний үнэ нэмэгдчихсэн. Манай энд 4140 төгрөгийн үнэтэй байна. Бүгд л хэцүү байдалд орцгоочихсон. Төр нь иргэдийнхээ ажлыг булааж авчихаад хэцүү байдалд оруулаад хүндхэн л байна.

-Эрээн дэх хамтрагчидтайгаа харилцаатай байгаа юу. Эрээний нөхцөл байдал ямар байгаа талаар мэдээлэл авсан уу?

-Эрээн чөлөөтэй болчихсон шүү дээ. Бүх юм нь нээлттэй, чөлөөтэй болчихсон. Чингэлэг тээврийн саналыг манай ЗТХЯ-наас тавиад л явуулж эхэлсэн болохоос Эрээнд задгай тээврийг явуулья гээд хүмүүс нь бүгд л хүлээн зөвшөөрч байгаа шүү дээ. Нэг чингэлгийн үнэ чинь 28 мянган юань. Энэ чинь бараг 14-15 сая төгрөг байхгүй юу. Нэг удаагийн явалтын түрээсийн үнэ нь. Тэмцээд, тэмцээд хариу өгч дэмжих газар байхгүй хэцүү байдалд орсон жолооч нар өрөндөө баригдчихаад байна.

-Нүүрс тээвэр явж байгаа юу?

-Нүүрс өчигдрөөс (долдугаар сарын 25-ны өдрөөс) эхлээд явж эхэлсэн. 20 гаруй машин гараад байгаа юм уу даа. Нүүрс тээврийн компаниуд анх орон нутагтай гэрээ байгуулахдаа орон нутгийн тээвэрчдийг оролцуулна гэсэн. Тэгж компани байгуулж, зөвшөөрлөө авангуутаа эхэндээ орон нутгийн жолоочдыг явуулж байгаад удалгүй хасаж, өөрсдийн жолоочдоо оруулаад орон нутгийн тээвэрчдийг шахаж гаргасан. Нүүрс тээвэр хийгээд оронгуут тухайн компаний ачигдаж байгаа нүүрс багасна гэсэн үг шүү дээ. Өдөрт орж ирж байгаа 50-60 чингэлгийн 20 нь нүүрс гаргаад явчихаар тоо нь багасна гэсэн үг. Иймэрхүү байдалтай байна.

Өчигдөр оройн 19:30 цагийн үед Замын-Үүдийн жолооч нар эсэргүүцэл зарлаж, төрийн 30 машиныг явуулахгүй байх шаардлага тавьжээ. 30 машинаа төр татаж авахгүй бол Замын-Үүдийн боомтыг хаах хүртэл тэмцэл өрнүүлнэ гэв. Жолооч нарын хэлж буйгаар Хилийн цэргийн 30 машин гарснаар жирийн жолооч нарын 10 хүрэхгүй машин өдөрт гардаг. Гарахгүйгээс ялгаагүй ингэж байхаар тэмцэл өрнүүлж, ажлаа эргүүлэн авахыг хүсч байгаа гэнэ. Хуучин задгай тээврээ сэргээж, иргэдийг ажилд нь эргүүлж оруулахгүй бол жолооч нар хүнд байдалд орсныг хэн ч тоохгүй байна хэмээн тэмцэж байна гэв.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

С.Энхболд: Омикроны БА4 ба БА5 хувилбараар үүсгэгдсэн тав дахь давлагаа эхэлж байна DNN.mn

Эрүүл мэндийн сайд С.Энхболдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Манай улсад сүүлийн үед Ковидын тохиолдлын тоо нэмэгдэж байгаа шалтгаан юу вэ?

-Омикроны БА4 ба БА5 хувилбарууд дэлхийн олон улс орнуудад давлагаа үүсгэж байна. Учир нь Омикроны БА4 ба БА5 хувилбарууд анхлан гуравдугаар сард ӨАБНУ-д анхлан бүртгэгдсэн. Улмаар дөрөвдүгээр сард томоохон давлагаа үүсгэж, нэг сар орчим үргэлжилсэн. Их Британи, АНУ ба Европын орнуудад энэ хувилбарын тархалтын давлагаа үргэлжлэн одоо ч намжаагүй байна. ДЭМБ-ын 2022 оны долдугаар сарын 10-ны өдрийн мэдээллээр Дэлхий дахинд сүүлийн таван долоо хоног дараалан тохиолдлын тоо өсөж байгаа. Өнгөрсөн долоо хоногт өмнөх долоон хоногоосоо 6 хувиар өсчээ. Харин нас баралтын хувьд огцом өсөлт гараагүй. Бүсчлэн үзвэл манай улсын багтдаг Ази-Номхон далайн бүсэд хамгийн их өсөлт гарч 28 хувиар өссөн бол Европд 4 хувиар, Америк тивд 1 хувиар буурчээ.Улсаар нь үзвэл Япон ба БНСУ дахь тохиолдлын тоо өнгөрсөн долоо хоногоосоо 2-3 дахин нэмэгдээд байна. БНХАУ-ын хувьд ч тохиолдлын тоо нэмэгдэж, Шанхай ба Бээжин хотуудад масс тестингээ дахин сэргээж эхэлсэн. Олон улсын генийн дараалал тогтоох шинжилгээг бүртгэдэг сайтад сүүлийн долоо хоногт 160,000 орчим ген дараалал тогтоох шинжилгээ бүртгэгдсэнээс 84 хувь нь Омикрон ба үүнээс 14 хувь нь БА4 байсан бол 50 хувь нь БА5 хувилбар байна

Эрдэмтэд Омикроны энэхүү хувилбар нь удаан хугацаанд архагаар Ковидоор өвдсөн дархлаа султай хүний биед үүссэн гэж үзэж байгаа. Харин манай улсад энэ давлагаа одоо эхэлж байна. Одоогоор ХӨСҮТ дээр хийж буй генийн дараалал тогтоох шинжилгээний үр дүнгээс харахад нийт тохиолдлын 10 орчим хувь нь Омикроны БА4 ба БА5 хувилбар эзэлж байгаа ба 14 хоног дотор 80-95 хувийг энэ хувилбар эзлэх болно гэсэн тооцооллыг манай эрдэмтэд гаргаад байна.

-Омикроны БА4 ба БА5 хувилбарын шинж тэмдэг онцлог ба хэнд илүү эрсдэлтэй вэ?

-БА4 ба БА5 хувилбарууд сэртэнгийн уураг дээрээ L452R ба F486V гэж нэрлэгддэг мутаци агуулдаг ба L452R мутаци нь эсэд бэхлэгдэх, дархлаанаас зугтах боломж олгодог бол F486V мутаци нь эс лүү нэвтрэх чадварыг эрс нэмэгдүүлсэн гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, маш хурдан эсэд бэхлэгдэж дотогш нэвтрэх чадвартай болсон гэсэн үг юм. Хэдий тийм боловч вакцинд хамрагдсан хүмүүсийн дархлааны эс вирусыг хурдан таньж, хурдан идэвхжиж халдварлагдсан эсүүдийг устгаж мөн дархлааны уургуудийг нэмэлтээр нийлэгжүүлснээр хөнгөн өвддөг. Харин вакцинд хамрагдаагүй эсвэл дархлаа сул, хавсарсан өвчтэй хүмүүс болон ахмад настнуудад эрсдэл үүсдэг. Учир нь эдгээр хүмүүсийн дархлааны эс вирусээр халдварлагдсан эсийг устгаж чадахгүй удсанаас вирус олон эсэд үржиж улмаар шинж тэмдэг хүндэрч амь насанд эрсдэл үүсдэг. Тухайлбал, энэхүү хувилбар нь дархлаа хэвийн вакцинтай хүмүүст хатгаа үүсгэхгүй бол дархлаа сул, хавсарсан өвчтэй хүмүүст хатгаа үүсгэж хүндрэх эрсдэлтэй. Шинж тэмдгийн хувьд хамраас шингэн нус гоожих, хоолой өвдөх, хоолой хорсох мөн тасралтгүй ханиалгах зовуурь илэрч мөн ядрах, булчин шөрөмсөөр ба үеэр өвдөх, халуурах мөн гурав дахь өдрөөс цээжээр өвдөх их ханиаснаас болж жижиг нарийн судсууд гэмтэж цустай ханиах гэх мэт шинж тэмдгүүд голлож байна. Хүүхдэд бол халуурах мөн хуцуулж ханиах шинж тэмдэг илүү түлхүү байна. Хүүхдүүдэд илүү тод шинж тэмдэгтэй хүнд өвдөх эрсдэл байгаа. Үүн дотроо хавсарсан өвчтэй хүүхдүүдэд эрсдэл бас үүсэж байна. Мөн ходоод гэдэсний замын шинж тэмдэг болох хэвлийгээр өвдөх, бөөлжих гүйлгэх, суулгах шинж тэмдэг илэрнэ. Ер нь л шинж тэмдэг хүнд байна. Дээрх шинж тэмдгүүд 7-14 хонож байж арилж байна. Вакцинтай хүмүүст шинж тэмдэг илүү хурдан арилж, амт үнэр алдах шинж тэмдэг илрэхгүй байгааг Их Британы Ковид шинж тэмдэг бүртгэдэг Zoe Health байгууллага мэдээлсэн.

-Омикроны энэхүү хувилбарын давлагаа хэрхэн явагдана гэж үзэж байгаа вэ?

-Энэхүү хувилбар нь тухайн улсад хэр том давлагаа үүсгэх вэ гэдэгт тухайн улс орны вакцины хамрагдалт, яг ямар төрлийн вакциныг тарьсан, дархлаа сэргээх тунд хэдэн хувь нь хамрагдсан, урьд нь ямар хувилбараар үүсгэгдсэн давлагаанууд хэдийн хугацаанд явагдсан, хүн амын насны бүтэц тухайлбал, хүн амын дийлэнх нь хөгшин эсвэл залуу эсэх зэрэг олон хүчин зүйл нөлөөлнө. Ийм шалтгаанаар зарим улс оронд нийт хүн амын 5 хувь нь халдвар авч өвдөж байхад зарим оронд 15 хувь хүртэлх хувь нь халдвар авч өвдөж байна. Манай улсын хувьд вакцины 1-2 тунгийн хамралт сайн мөн дархлаа сэргээх тунгийн хамралт сайн зэрэг нь давуу талыг олгож байгаа. Гэхдээ судлаачид вакцины үр нөлөө 4-5 сарын дараагаар буурч буйг байнга анхааруулж байгаа. Тиймээс вакцинд хамрагдаад дээрхээс илүү хугацаа өнгөрсөн иргэдийг вакцинд хамрагдахыг бид байнга уриалж байна. Энэхүү давлагаа манайд хүчтэй давлагаалж эхэлсэн нь манай дийлэнх иргэд сүүлийн тунгаа хийлгэснээс хойш зургаан сараас дээш болсон вакцины дархлааны нөлөө буурсан үетэй давхцаж байна.

-Шинэ хувилбартай тэмцэх манай улсын тактик ямар байх вэ?

-ЭМЯ-ны зүгээс 5-11 насны хүүхдүүдийг вакцинд хамруулах шийдвэрийг гаргасан. Ерөнхий сайд ихээхэн чармайлт гаргаж АНУ-ын ЭСЯ-ны холбогдох хүмүүстэй хэд хэдэн удаа уулзаж хүсэлт тавьсны хүрээнд Ковакс хөтөлбөрөөр дамжуулан Пфайзер 5-11 насны хүүхдүүдийн вакцинг хүлээн авах эхний орны тоонд манай улс багтаж, 1 сая тунг энэ оны зургадугаар сард хүлээж аваад байгаа. Ковакс хөтөлбөрийн томоохон санхүүжүүлэгч нь АНУ. Мөн 12-16 насны хүүхдүүдийг дархлаа сэргээх тунг тарих ба 16 дээш насны иргэдийг дархлаа сэргээх тунгуудад хамрагдах тушаалыг бид 2022 оны нэгдүгээр сард гаргасан. Мөн иргэдийг нэмэлт тунд хамруулах шаардлагатай. Үүнд хоёр дахь тун хамрагдсан хүмүүс гурав дахь тундаа, гуравдахь тунд хамрагдсан хүмүүс дөрөв дэх тундаа хамрагдах шаардлагатай. Эмнэлгийн орны зохицуулалтыг бид төвлөрүүлэн хийнэ. Зөвхөн хүндрэх эрсдэлтэй хүүхэд, жирэмсэн эхчүүд, өндөр настан болон хавсарсан өвчтэй хүмүүсийг эрэмбэлэн хэвтүүлнэ. Хөнгөн өвдөж буй иргэд гэрээрээ дархлаагаа дэмжих эмчилгээ хийх ёстой. Мэдээж иргэд бусад өвчнөөр өвдөж байдаг тул бүх эмнэлгийн ор, үйлчилгээ, хүний нөөцийг цар тахлын эсрэг зориулах боломжгүй учир дээрх зохицуулалтуудыг хийж байна. Мөн Засгийн газрын зүгээс өнөөдрийн байдлаар бүх аймгуудын төвд болон Улаанбаатар хотын томоохон эмнэлгүүдэд хүчилтөрөгчийн үйлдвэр байгуулж, ПГУ шинжилгээний лабораториудыг байгуулж, эмийн гурван сарын нөөцийг бүрдүүлсэн байгаа. Эрүүл мэндийн салбар хүний нөөцийн дутагдалд орох эрсдэлтэй тул эрүүл мэндийн салбарыхан болон бусад хариу арга хэмжээний хүний нөөцийг нэмэлт вакцинжуулалтад хамруулна. Энэ намар олон хүчин зүйлээс хамааран Томуу ба Ковид тохиолдлын тоо эрс нэмэгдэх аюул байгаа гэж харж байгаа учир манай салбар бүх л боломжтой бэлтгэл ажлуудыг одооноос ханган ажиллаж байна. Иргэд олон нийт амны хаалтыг заавал зүүх шаардлага үүсэж байна.

-Хүүхдийн вакциныг хийхэд ямар нэгэн эрсдэл байна уу?

-Мэдээж аль ч улс орон өөрийн ирээдүй болсон хүүхэд багачууддаа эм, тариа, вакцинд хамруулахдаа хамгийн их судалгааг хийж болгоомжтой ханддаг. АНУ-ын Эм Хүнсний агентлаг 2021 оны аравдугаар сард 5-11 насны хүүхдүүдийг вакцинд хамруулах шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэр нь энэ насны бүлэг дэх өвчлөл ба хүндрэл нас баралтыг тооцон үзэж мөн энэ насны бүлэгт хийсэн судалгаан дээр үндэслэсэн байдаг. 5-11 насны хүүхдийн вакциныг хөгжингүй олон орон 2021 оны сүүлээр хийж эхэлсэн. АНУ гэхэд 2021 оны сүүл гэхэд 8 сая гаран тунг тарьсан үүнээс 5 сая нь нэгдүгээр тун 3 сая нь хоёрдугаар тунг тарьсан. Тус улсын Өвчний хяналтын төвөөс 2021 оны сүүлээр мөн 5-11 насны вакцин тариулсан хүүхдүүдийн гаж нөлөөний судалгааг нийтэлсэн ба 5-11 насны хүүхдүүдэд вакцин тарих нь халдвараас үр дүнтэй хамгаалахаас гадна эрүүл мэндийн эрсдэлгүй байна гэсэн судалгааг мөн гаргасан. Бид 5-11 насны хүүхдүүдийн вакциныг олон оронд хэрэглэсний дараагаар хийж байгаагаараа онцлогтой. Өөрөөр хэлбэл, бид вакцины судалгаанаас гадна олонд хэрэглэсний дараах судалгааг үндэслэн хийж байна.

-Цаашдаа Коронавирусын идэвхжил хэр үргэлжлэх бол. Эрдэмтэд юу гэж үзэж байгаа вэ?

-Коронавирус гэдэг бүлэгт маш олон төрлийн вирус байдаг. Дэлхий дахинг донсолгоод байгаа энэ вирус бол Sars-CoV-2. Өнөөдөр бусад зарим Коронавирус бидний дунд бидэнтэй хамт оршин амьдарч буй. Олон эрдэмтэд энэхүү Коронавирус (Sars-CoV-2) нь бусад дөрвөн улирлын Коронавирусын адилаар улирлын шинж чанартай болж намар өвөлдөө гурван жил тутамдаа дэгдэлт өгдөг байдал руу шилжих магадлалтай гэж үзэж байгаа. Харин тэрхүү дэгдэлтийн үед шинж тэмдэг нь ямар байх вэ, хөнгөн байх уу, хүнд байх уу, мөн Лонг Ковид буюу Ужиг Ковид байх уу гэдэг дээр нэлээд маргаантай байна. Харин яг одооных шиг ийм байдлаар томоохон дэгдэлтүүд яваад байх юм бол дэлхий даяар цаашид Нийгмийн эрүүл мэндийн томоохон асуудал хэвээр байх болно.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Морь унаач хүүхдийн амь нас хохирсон ч золгүй тохиолдол хэмээн үзэж хариуцлага тооцдоггүй гэв DNN.mn

Улсын наадмын уур амьсгал дарагдаж, аймаг сумдын баяр наадам, тэгш ой шил шилээ даран үргэлжилж байна. Аймаг, сум нь байгуулагдаад 100 жил болж, уугуул иргэд нь наадамдаа унасан хүлэг, өмссөн дээл, барьсан утсаараа баярхан бие биедээ гайхуулдаг. Нэгэн жиргээч өөрийн цахим хуудсандаа “Жуулчдад сум нь байгуулагдаад 100 жил болж байгаа гэж хэлэхэсээ ичсэн орчуулагч, энд хүн амьдарч эхэлсний 100 жилийн ой” гэж тайлбарласан гэдэг. Аймаг, сумдын наадамд уясан хүлгүүдээ сойж, уралдуулах өчнөөн зуун уяач бий. Түүнийг нь унах мөн л тийм тооны унаач хүүхдүүд байгаа. Жил жилийн наадмын дараах уяач хүүхдүүдийн эрхийн талаар энд дахиад л хөндье.


ХҮНИЙ ХҮҮХДЭЭР ХӨЛСӨӨР УНУУЛДАГ УЧРААС ХАЯА БАРААДСАН ГӨЛӨГ ШИГ БАЙЛГАДАГ БАЙЖ Ч МЭДНЭ


Наадмын өмнөхөн долдугаар сарын 8-ны өдөр ЦЕГ-аас мэдээлэл хийж НЦУГ-ын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батзориг “Энэ жилийн хувьд хурдан морь унаж байгаад гэмтэж, гэмтлээ даалгүй нас барсан 23, өндрөөс унасан 10, Туул гол орчимд живж нас барсан 11 тохиолдол бүртгэгдсэн” тухай хэлэв. Сошиал орчинд үүнийг нь өлгөн авч, энэ жилийн наадмаар хүүхэд бэртээгүй, гэмтээгүй, үхээгүй гэх олон сэтгэгдэл хөвөрсөн. Бас энэ наадмаар “Хоёрхон хүүхэд мориноос унаж нас барсан” гэсэн жиргээ ч байх юм. Хоёрхон хүүхэд хүүхэд биш үү, хоёрхон амь амь бус уу. Энгийн иргэд нь хүүхдүүддээ ийм ээлгүй хандвал хэн хүүхдийг хайрлаж, энэрэх вэ. Энэхүү асуудал хөндөгдөж эхэлснээр багадаа морь унадаг байсан иргэд өөрсдийнхөө тухай, хүүхдүүд ч хурдан морь унасан тухайгаа илчилж, ярьж, бичиж эхлэх боллоо. Нэгэн жишээ, Сэтгэл урагдаад байхаар нь морь үзэхээ больсоон. Уралдаанч хүүхдийн ажил аймаар шүү дээ. Эцэг эх, уяачаа баярлуулах гэж хар үүрээр азарганаас эхлээд ам зайлах төдий ус балгаад л дараагийн насны нуруун дээр өргүүлж мордоход хийморь сэргэх биш халшрах сэтгэл төрдөг юм даа. 14-29, 30 км талдаа шогшуулаад эргээд уралдахад ташуураа даах тамиргүй шахуу л болдог. Дөрвөн настай морины нуруун дээр анх гарч тавтайдаа эмээл дээрээ өргүүлж буулгуулж, морь унаснаас хойш 13 нас хүртлээ хурдны морь унасан. Тэр үeдээ их л гоё санагддаг байсан ч одоо бодоход эрүүл мэнд л чухал байна. Дараалан зургаан нас унасны ард алцан майжиг юм явж ч чадахгүй, ам хатаж, уруул омголтоод түлэгдсэн царай, урагдсан гуталтайгаа урагшгүй байлаа гэж ууртай томчуудад зодуулахаас наагуур л наадмаас буцдаг. Бяртай айлын ганц охин гэгдэж байдгаараа “тансагласан” би тийм байсан юм чинь будаа гурилны төлөө уралдуулдаг одооны жаалуудад юу

тулгардгийг мэдэхэд бэрх. Морьд эргэх агшинд юун уралдах мөргөлдөөд дайрагдаад үхчихгүй амьд сугарвал их юм. Шүдээ тасзуугаад, нүдээ таг анихгүй бол морьдын хөлөөр боссон тоос шороо, шавар хөрс, нүх сүв бүхэн чихээд хайрга чулуу хайр найргүй нүүр нүдгүй бөмбөрдөнө. Шороо нь хөлстэйгээ урсаад нүд рүү ороход хорсгож ална шүү дээ. За замд бороо орвол нүүрэн дээр байшингийн шавар хийчихээр бэлдэц бараг үүснэ. Заримдаа түрүүлэхэд энэ дайны байдлаас бушуухан сугарсан мориндоо баярламаар болно. Буугаад бөөр бөгс нуль хөндүүр, гуяны дотор бол зулга. Томчууд уралдаанч хүүхдийг өөрийн үүрэгт ажлаа хийж байгаа юм шиг л боддог.

Хүнд хөдөлмөр хийж байгаагаа тэд ихэнхдээ мэддэггүй. Томчууд хоймроор айраг архиа уугаад уяа сойлгоо хөөрөлдөөд хүүхдүүдийг тоодог гэж бодно уу, үгүй шүү дээ. Одоо бол дан хүний хүүхдээр хөлсөөр унуулдаг учраас хаяа бараадсан гөлөг шиг байлгадаг байж ч мэднэ. Хилсдүүлсэн бол өршөөнө биз. Уртын дууч, уяач аавтай эрх охин байсан ч адуу маланд дуртай ч одооны уяач, уралдаанч нарыг таашаадаггүй ээ. Морийг тэжээлээр бордчихоор зан ааш нь хурц, хүнд ээлгүй нэг тийм догшин машин шиг болчихдог гэж үздэг үeийн уяачийн хүүхэд болохоор өнөөгийн наадам сонин биш. Хүүхдийг адгууснаас дээгүүрт тавьдаг эрэмдэг үзэгдлийг ойлгодоггүй. Уяач нь хүнлэг, адгуус нь номхон тулдаа осол эндэл бага байсан ч өнөөдөр бөөрний эдгэшгүй өвчтэй хүссэн олон хүүхдээ төрүүлэх эрхгүй л хүн болсон шүү. Тиймээс охин хүүхдээр бүү морь унуул. Бүүрэгтэй эмээл бүр ч хэрэггүй. Дөрөөг стандартын болгож, хүүхдийг өндөр даатгалтай болгох хэрэгтэй. Км- ыг богиносговол морьдыг галзууртал нь тариа будаагаар тэжээх хэрэггүй болно. Ааг нь багтаж ядсан адгуус амь насанд халтай. Монгол морьд тойргоор уралдаж чадахгүй шулуун замдаа аюул арай бага. Барианд орохдоо бахардаж үхэх хурдан хүлэг олныг хармааргүй байгаа бол км, тэжээл хоёроо багасгах хэрэгтэй. Олон хүүхдийн амиар тахил өргөмөөргүй байгаа бол стандарт (хамгаалах хэрэгсэл, эмээл, дөрөө, малгай, нүүрний баг, даатгал эрүүл мэндийн үйлчилгээ), хууль хоёроо чангалах хэрэгтэй. Хүүхдийн насыг дээшлүүлж, олмыг нь чангаллаа гээд байдал дээрдэхгүй” хэмээн сэтгүүлч А.Мөнхжин өөрийн сошиал хуудсандаа нийтэлжээ.


СУРЛАГЫН ДҮНГЭЭР МУУД ТООЦОГДОХ БОЛСОН ХҮҮХДҮҮД ХИЧЭЭЛ НОМ СОНИРХОХОО БОЛЬЖ МОРЬ УНАЖ АМЬДРАХ НЬ БОЛОМЖТОЙ ГЭСЭН ХИЙСВЭР ТӨСӨӨЛӨЛТЭЙ БОЛДОГ


Хүүхдийн эрх, тэр дундаа унаач хүүхдийн эрхийг хэрхэн хамгаалах ёстой талаар ХЭҮК-оос тодрууллаа. Уг байгууллагаас хийсэн судалгаагаар хурдан морины уралдаанч хүүхдийн эрхийг хамгаалах үндэсний хууль тогтоомж, дүрэм, журам 2015 оны есдүгээр сарын 9-ний өдрийн байдлаар Монгол Улсад 569 хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаагаас 80 орчимд нь хүүхэд, хүүхдийн эрхтэй холбоотой зохицуулалт тусгагдсан байна. Монгол Улсын хувьд Үндсэн хуульдаа насанд хүрээгүй хүмүүсийн Үндсэн хуулийн эрх зүйн байдлын үндсийг тусгайлан хуульчлаагүй хэдий ч иргэдийн Үндсэн хуулийн эрх зүйн байдлыг бэхжүүлсэн Монгол Улсын Үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийн зүйл заалтад тулгуурлан тогтоодог. Хурдан морины уралдаанч хүүхдийн эрхийг хамгаалах талаарх олон улсын эрх зүйн зохицуулалт Олон улсын болон үндэсний хууль тогтоомжоор хүүхэд бол эрх зүйн бие даасан субьект мөн хэмээн нэгэнт хүлээн зөвшөөрөх болсон. Монгол Улс нь хүүхдийн эрхийг хамгаалах тухай НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай 1989 оны Конвенцид 1990 онд, ОУХБ-ын Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг устгах тухай (1999) 182 дугаар Конвенцид 2001 онд, Насны доод хязгаарын тухай (1973) 138 дугаар Конвенцид 2002 онд тус тус нэгдэн орсон ч түүгээр хүлээсэн үүргээ хангалттай биелүүлж хэрэгжүүлж чадахгүй байгаа нь хурдан морины уралдаан дахь уралдаанч хүүхдийн эрхийг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлээгүй, тэдний эрх зөрчигдсөөр байгаараар нотлогдож байна.


Эрүүл мэндийн эрсдэлийг бий болгож байгаа хүчин үйлүүд


Хурдан морины уралдаанч хүүхдийн бэртэл, гэмтлийн бүртгэл мэдээлэлд дүн шинжилгээ хийж, холбогдох эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй ярилцсаны үндсэн дээр хаврын хурдан морины уралдаанд оролцож буй хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг бий болгож байгаа хүчин зүйлүүдийг дараах байдлаар тодорхойлж болохоор байна. Үүнд: Хурдан морины уралдаанч хүүхдийн нас, цаг агаар, уур амьсгалын нөхцөл байдал, адуу, уралдааны зохион байгуулалт, Уяачдын туршлага, чадварын асуудал зэргийг нэрлэж байна. Хурдан морины уралдаанч хүүхдэд учирч болзошгүй эрүүл мэндийн эрсдэлүүд Эрүүл мэндийн байгууллага дээр хийгдсэн клиник бодит судалгаа болон бэртэл гэмтэлд хийгдсэн дүн шинжилгээгээр хурдан морины уралдаанч хүүхдэд толгой болон мөчдийн гэмтэл, ясны хугаралт, хөлдөлт, осголт, амьсгалын замын өвчин, дотор эрхтний доргилт, өвчлөлт, нүдний эвэрлэг бүрхүүлийн гэмтэл зэрэг бэртэл гэмтэлт өртдөг байна.

Хурдан морины уралдааны уралдаанч хүүхдийн сурч боловсрох эрхийн асуудал: Хурдан морины хаврын уралдааны үеэр уралдаанч хүүхдүүд дор хаяж, 30 хүртэл хоногоор хичээлээс чөлөө авах, таслах байдал, эсхүл хичээлдээ явсан ч гэрийн даалгавраа хийхгүй байх нь их байдаг тул хоцорсон хичээлийг нөхөж заах, хоцрогдлыг арилгах арга хэмжээ авах нь сургууль болон багш нарын үүрэг хэдий ч багш нарын болон анги танхимын хүрэлцээ муу, цаг хугацааны асуудал зэргээс болоод боломжгүй байдаг, мөн давтлага хичээл хийлгэсэн ч үр дүн бага гардаг байна. Хичээлээс хоцрогдож үеийн хүүхдүүдээс сурлагын дүнгээр мууд тооцогдох болсон хүүхдүүд хичээл ном сонирхохоо больж морь унаж амьдрах нь боломжтой, энэ чигээрээ байж болно гэсэн хийсвэр төсөөлөлтэй болдог.

Асуулгын судалгаанд оролцсон хурдан морины уралдаанч хүүхдүүдийн насны үзүүлэлт

Дийлэнх буюу 64 хувь нь 13-аас доош настай байгаа нь хурдан морь унах хүүхдийн нас, бие бялдрын хөгжлөөс шалтгаалан 12, 13 наснаас хурдны морь унахаа больдог. Хурдан морь унаж уралдах шалтгаанаар хичээлээс хоцрогдсоны улмаас сурах сонирхол идэвхгүй болсон хүүхдүүд тухайн уяач, эздийнхээ морь малны бусад ажлыг хийх, мал хариулах зэрэг ажлыг хийж амьдрахаас өөр замгүй болсноор сургуулиас завсардах нөхцөлийг бүрдүүлдэг хэмээн судалгаанд дурджээ.


УЯАЧИД БЭРТЭЖ ГЭМТСЭН ХҮҮХДҮҮДИЙНХЭЭ ТООГ ДАРДАГ


Харин хүний эрхийн хуульчид энэ асуудлыг хэрхэн хөндөж, эрхзүйн байдлыг дээшлүүлэх эсвэл чиглэлээр дараах ярилцлагыг өглөө. Хуульч, өмгөөлөгч А.Пүрэвдуламтай ярилцлаа.


-Унаач хүүхдийг хүнд хөдөлмөр эрхэлдэг гэдэг. Хүүхдийн эрх талаасаа энэхүү хүнд хөдөлмөр эрхзүйн ямар асуудлуудыг хөнддөг вэ?

-Энэ бол маш олон жилийн турш яригдаад явж байгаа асуудал. Цахим сүлжээ сайжирч, мэдээлэл нээлттэй болж буй өнөө үед хүүхдүүдийн мориноос унаж гэмтэж бэртэх болон амь насаа алдаж байгаа тохиолдлууд олны анхаарал татаж эхлэх боллоо. Олон жил хүүхдийн эрх гэж ярьж байгаа боловч сүүлийн жилүүдэд анхаарал хандуулахаас өөр аргагүй болоод байна. Хүүхдийд эрх талаасаа манай улс 1990 онд ардчилсан тогтолцоонд шилжээд хүний эрх эрх чөлөөг хамгаалаад бүх гэрээ конвецид элсэн орсон. Ялангуяа 1990 онд батлагдсан Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах конвецид манайх бүх талаараа хүүхдийн эрхийг хамгаална гээд олон улсын өмнө хүлээсэн үүрэгтэй. Харамсалтай нь Монгол Улсын нөхцөл байдалд аваад үзэхээр хүүхдийн эрхийг хамгаалдаг нарийвчилсан хууль эрхзүйн зохицуулалтууд маш хангалтгүй байдаг. Хамгийн сүүлд 2014 онд хүүхдийн эрхийг хамгаалах хууль баталсан. Үүн дээр хүүхдийн эрхийг хамгаалах ерөнхий зохицуулалтууд байдаг болохоос нарийвчилсан зохицуулалтууд байдаггүй. Гэхдээ манай монголд өрөөсгөл ойлголт яваад байгаа. Хүүхдийн эрхийн ойлголт гэхээр хүнээс тусдаа ойлголт юм шиг яваад байна. Эцсийн эцэст явж явж олон улсын Женевийн конвенц болон хүүхдийн эрхийн иргэний болон улстөрийн факт болон хүүхдийн эрхийг хамгаалсан хуулиараа хүүхэд бол эрхзүйн бие даасан этгээд гээд заачихсан.

Энэ нь хүүхэд насанд хүрсэн хүнтэй адилхан амьд явах, эрүүл мэндээ хамгаалуулах, сурч боловсрох, бүх талын нийгмийн хамгааллаар хамгаалуулах эрхзүйн харилцаанд орох бие даасан этгээд гэсэн үг. Гэвч монголын нөхцөл байдалд ардчилсан гэх тодотголтой бусад орнуудтай харьцуулж үзэхэд монгол маш бурангуй байдалтай ажиглагддаг.

-Унаач хүүхдийн бэртэх гэмтэх тохиолдол сүүлийн жилүүдэд нэмэгдээд байна уу даа?

-Би саяхан 2018-2022 оны унаач хүүхдүүдийн бэртэж гэмтсэн статистикийг харсан. Жишээлбэл, 2020-2021 оны унаач хүүхдийн нас барсан тоо харьцангуй янз бүрийн мэдээлэлтэй яваад байдаг. Энэ нь цаанаа нууцлагдмал байгаад байна. Мөн хөдөлмөрийн мөлжлөг үүнд нөлөөлдөг. Жишээ нь, уяачид өөрсдийнхөө хүүхдүүдийг уралдуулдаггүй. Янз бүрийн өөрсдийнхөө нэр дээр уралдуулж байгаа субьектүүд нь амьдралын түвшин доогуур, өөрсдийнх нь хаяаг түшиж амьдарч байгаа өрх айлын, ядуу гэж үзэж байгаа айлын хүүхдийг уралдуулдаг юм байна лээ. Тэгээд л бэртэж гэмтсэн хүүхдүүдийнхээ тоог дардаг. Хүчирхийлэл өөрөө нууцлагдмал байдалтай байдаг. Хүүхдийн яг энэ талаарх асуудал хаалганы цаана дарагдмал байна. энэ асуудлыг хөндөөд хүүхдийн эрх ярихаар өв соёл, уламжлал гэж яриад байдаг. Энэ бол өв соёлоос тэс өөр хүний эрхийн асуудал. Хуульчдыг энэ асуудлыг ярихаар уламжлалаа үгүйсгэлээ гэдэг.

-Өв уламжлалыг өөрчилж болох асуудал бий болов уу?

-ЮНЕСКО-д манай наадам өв уламжлал гээд бүртгэгдчихсэн. Үүн дээр нэг зүйл яримаар байна. Жилийн дөрвөн улиралд бараг сар алгасахгүй бүсийн наадам, сумын наадам, улирлын чанартай уралдаанууд болж байна. Тэр болгонд маш олдон хүүхдүүд амь насаа алддаг. Наадам бол ЮНЕСКО-д бүртгэгджээ. Бусад дөрвөн улиралд зохион байгуулагдаж байгаа уралдаануудад хүүхдийн амь нас маш ихээр хохирч байна. 2022 онд наадмын өмнө 23 хүүхэд нас барсан гэж байсан. Бидний албан ёсны мэдээллийн эх сурвалжаар авч байгаа мэдээллээр зөвхөн зургадугаар сараас хойш гурван хүүхдийн амь нас хохирсон байгаа юм. Ихэвчлэн унаач хүүхдийн амь нас ямар байдлаар хохирч байна гэхээр замд нь таарсан үлийн нүхэнд морь бүдэрч унах эсвэл морь бүдэрснээс болж ар арынх нь морьдод даруулж нас барах маш олон тохиолдол гардаг. Гурван хүүхдийн хоёр нь энэ байдлаар нас бардаг. Уралдааныг зохион байгуулж байгаа комисс нь хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, уралдуулж байгаа замынхаа чанар стандартад анхаарлаа хандуулах ёстой. Замын чанар стандарт ямар байх ёстой юм тэр ном журмаар нь сайжруулж, засаж янзлах хэрэгтэй. Манайд тийм зүйл байхгүй зүгээр байгалиар нь уралдуулчихдаг. Түүнээс нь болж хүүхэд амь насаараа хохирч байна. Хүүхэд өөрийгөө хамгаалах чадваргүй. Монгол Улс Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулиараа хүүхдийг хүүхэд бол эрхзүйн бие даасан этгээд гээд заачихсан. Уламжлал өөрөө нийгмийнхээ шинэчлэлтэй хосолж явах ёстой. Морин уралдаанаа үндэсний өв соёл, уламжлал гэж үзэж байгаа бол менежмэнтийг нь сайжруул. Зам, цагийг нь богиносгох, насанд хүрсэн хүнээр ч юм уу унуулдаг болгомоор байна. Наймаас доош насны хүүхэд өөрөө бие дааж шийдвэр гаргаж чадахгүй, иргэний эрхзүйн чадамжгүй гэж үзнэ. Бие дааж шийдвэр гаргаж чадахгүй байдлыг нь далимдуулаад шууд морь унуулж уралдуулж байгаа нь амь насанд эрсдэлт байдал үүсгэж байна. Энэ бол хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм биш. Цаг үетэйгээ нийцэхгүй өв уламжлалыг баримталж яваад байна гэж харж байгаа.

-Танд унаач хүүхдүүд хандаж байв уу. Тэдгээр кейсээс дурдаж болох уу?

-Саяхан Завхан аймгийн Эрдэнэхаан сумын засаг дарга Балчир гэгч хүн хүүхэд зодсон байна лээ. Хүүхэд хамгаалах тухай хууль зааснаар бүх шатны засаг дарга нар энэ хуулийн өмнө хариуцлага хүлээдэг. Гэтэл энэ хуулийг хэрэгжүүлэх ёстой субьект нь хүртэл бага насны хүүхдийг уралдуулсангүй гэж Гэр бүл хүүхэд залуучуудын газрын мэргэжилтнээ зодсон байна лээ.

-Унаач хүүхэд хохирсны дараа хариуцлага хүлээсэн тохиолдол бий юу?

-Үүнийг хүмүүс золгүй тохиолдол гэж их андуурдаг. Энэ бол золгүй тохиолдол биш. Зориудаар зохион байгуулж байгаа уралдаан тэмцээнд адгуус малан дээр насанд хүрээгүй хүүхдийг мордуулж байгаа. Хуулиараа ярих юм бол тухайн морийг уралдуулж байгаа субьектүүд, эзэн этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэх боломжтой. Харамсалтай нь үүнийг золгүй тохиолдол гэж авч үзээд хуулийн хариуцлага хүлээлэгэсэн тохиолдол миний мэдэхийн байхгүй. Ер нь бол морин уралдаанаас болж амь нас хохирох, насаараа хөгжлийн бэрхшээлтэй болох, гэмтэл бэртэл авах, тахир дутуу болсон маш олон тохиолдлууд бий.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Бэлгүүнзаяа: Тэмдэг тэмдэглэгээгүй газраар хариулагагүй мал бэлчээсэн нь малчны буруу DNN.mn

Сүүлийн үед зам дагуу үхсэн мал их байна. Жолооч нар мал дайрдаг гэх зүйл их яригдах боллоо. Энэ тал дээр зам дээр хариулагагүй бэлчиж буй малыг дайрсан тохиолдолд хэн хариуцлага үүрэх ёстойг “Лоо стратеги” хуулийн фирмийн өмгөөлөгч О.Бэлгүүнзаяагаас тодрууллаа.


-Автозам дээр хариулагагүй явж байгаа малыг жолооч дайрсан тохиолдолд ямар хариуцлагатай хүлээдэг вэ?

-Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар малчид малаа хариулахдаа хатуу хучилттай зам руу 50 м-ээс дотогш мал нэвтрүүлэхийг хориглоно. Мал туух мал гаргах замын тэмдэг тэмдэглэгээгүй газраар мал гэнэтийн байдлаар гарч ирж дайруулсан тохиолдолд тухайн малын өртөг үнийг жолооч хариуцах үүрэг хүлээхгүй. Эсрэгээрээ жолооч нь малчин болон замын хөдөлгөөнд оролцогч бусад этгээдээс хүлээх үүргийг биелүүлээгүй, малаа хатуу хучилттай зам руу оруулсны улмаас тээврийн хэрэгсэлд хохирол учирсан бол машинд учирсан хохирлыг нэхэмжилж авах эрхзүйн боломжтой.

-Нэг аймгийн цагдаагийн ажилтны хамаарал бүхий хүний мал хатуу хучилттай зам дээр бэлчиж байхад нь жолооч дайрчээ. Гэтэл тухайн цагдаагийн ажилтан жолоочийг хариуцлага хүлээхийг шаардаж, унаж явсан машиныг нь малын өртөгт тооцон авсан тохиолдол гарчээ. Энэ тохиолдолд яах вэ?

-Энэ шууд цагдаагийн байгууллагаар шийдчих асуудал биш л дээ. Энэ бол гэм хорын асуудал. Тэгэхээр тухайн малчин Иргэний шүүхэд нэхэмжлэл гаргана. Миний малыг дайрсан хохирлыг барагдуул гэсэн утгатай. Гэм хорын асуудлаар Иргэний шүүхэд шүүх хурал болоод тухайн замын тэмдэг тэмдэглэгээ, малын байсан байдал, жолооч Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үү гэдгээс шалтгаалаад хохирлыг хэн хариуцах ёстойг шийдвэрлэнэ. Түүнээс биш таны хэлсэн кейс шиг цагдаа гэхээрээ далимдуулаад хүний хөрөнгө машин, эд зүйлийг авах зэрэг үйл ажиллагаа явуулж байгаа нь хууль бус. Тухайн жолооч машинаа өгөх ямар ч шаардлагагүй. Үнэхээр хоёр талд харилцан ойлголцоод хохирлоо барагдуулж чадахгүй байгаа бол энэ нь Иргэний шүүхээр шийдвэрлэх ёстой асуудал. Тэмдэг тэмдэглэгээгүй газраар хариулагагүй мал бэлчээсэн нь малчны буруу.

-Мөн мал гэнэт зам дээр гарч ирснээс үүдэн осол гарч хүний амь нас хохирох, гэмтэх тохиолдолд хэн хариуцлага хүлээх вэ?

-Энэ тохиолдолд мал болон тэжээвэр амьтнаас үүдэлтэй гэм хорын асуудал гэж байдаг. Тэгэхээр мөн л адилхан тэмдэг тэмдэглэгээгүй газраар гэнэт мал гарч ирж, осол аваар гарган амь нас хохирсон тохиолдолд малын эзэн хариуцлага хүлээнэ. Энэ нь Иргэний хуулиар зохицуулагдаж байгаа асуудал.

-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиндаа малтай холбоотойгоор эдгээр заалтууд байдаг уу. Ямар хуулиар зохицуулагддаг юм бол?

-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулинд бол энэ төрлийн заалт байхгүй. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд байгаа. Тухайн дүрэмд малтай холбоотой хоёр төрлийн зохицуулалт бий. Агуулга нь “… зам дагуу болон зам хөндлөн малыг тууж гарахгүй” эзэн малаа тууж явах зохицуулалт байна. Нөгөө нь “…хатуу хучилттай зам руу 50 м-ээс дотогш мал нэвтрүүлэхийг хориглоно” гэж бий.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Аюурзана: Эх орноо хамгаалахаар явсан хүү минь насаараа хэвтэрт байх магадлалтай болчихлоо DNN.mn


ГовьАлтай аймгийн Алтай сум дахь Хилийн цэргийн 0214 дүгээр ангид 2022 оны зургадугаар сарын 23ны өдөр хугацаат цэргийн алба хаагч А.Алтангэрэл гэмтсэн хэрэг гарчээ. Уг хэрэг юунаас болсон, яагаад гэмтэв гэдэг талаар түүний аав Д.Аюурзанатай ярилцлаа.


-Хүү тань хэзээ цэрэгт татагдсан юм бэ?

-Миний хүү 2022 оны тавдугаар сарын 2-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдсан. Говь-Алтай аймгийн Алтай сумын Хилийн цэргийн 0214 дүгээр ангид татагдан очоод зургадугаар сарын 12-ны өдөр Тангарагийн баяр нь болсон юм.

-Хүүгийнхээ Тангарагийн баяраар нь эргэж очсон уу?

-Очилгүй яах вэ. Бахархаж зогссон.

-Тангарагийн баярын үеэр бөхийн барилдаан болсон гэсэн үү?

-Тангарагийн баярын үеэр бөхийн барилдаан болдог юм билээ. Тэр барилдаанд 32 бөх барилдаж, манай хүү үзүүрлэсэн юм. Түрүүлсэн бөх нь Дагвадорж гээд Алтай сумын цэрэг.

-Хүү тань бэртэх үед ямар үйл явдал, хэзээ болсон юм бэ?

-2022 оны зургадугаар сарын 23-ны өдрийн үдээс хойш манай хүүг өөр гурван цэргийн хамт үхэр саа гээд явуулсан юм билээ. Хоёр нь түрүүлж дуусаад явчихсан. Манай хүү үхрээ сааж дуусаагүй байтал бөхийн барилдаанд түрүүлдэг Дагвадорж гэж хүү дуудсан гэсэн. Хүү маань цуг байсан цэрэгтэйгээ хамт очтол тамхи нэхээд жаахан хэг ёг хийсэн юм шиг байна лээ. Тэгтэл хоёулаа нэг барилдчихья гээд хоргоогоод эхэлсэн гэсэн. Үгүй гээд нэлээд дургүйцсэн ч хоргоогоод салахгүй болохоор нь “За тэгвэл ганц л барилдана шүү” гээд барилдсан. Тэгээд л хүү маань баруун хөлийг нь авчихсан юм байна лээ. Гэтэл өмднийх нь ард талаас аваад хойш давуулаад шидчихсэн. Түүнээс хойш манай хүү ухаан алдаад хэсэг хугацаанд юу болсныг санахгүй байгаа. Тухайн цэрэг өөр газар склад цэвэрлэж байсан юм шиг байна лээ. Тэндээсээ жорлон орчихоод ирье гэж яваад жорлондоо ч ороогүй үхэр сааж байгаа цэргүүд дээр очоод өдөж хоргоож эхэлсэн байдаг.

-Тухайн үед цэргүүдээс өөр хүн тэр хавьд нь байгаагүй юм уу?

-Байгаагүй. Тэр Дагвадорж нь миний хүүгээс биерхүү. Арагш давуулж шидэхэд нь толгойгоороо эгц доош унахдаа хүзүүгээрээ эвгүй дарсан юм шиг байна лээ.

Түүнээс болоод хүзүүний хоёр үе мултарсан. Хүзүүний эргэн тойронд бэхэлгээ гэж зүйл байдаг гэнэ лээ. Тэр нь бүгд тасарсан гэсэн. -Дагвадорж гэдэг цэрэг нь хуучин оны хал цэрэг үү. Ямар учраас хүүг тань өдөж хоргоосон юм бол?

-Үгүй. Хуучин оны хал цэрэг байгаагүй. Нэг оны цуг цэрэгт татагдсан хүүхдүүд. Бөхийн тэмцээнд манай хүүг үзүүрлэхэд л ямар нэгэн зүйл бодсон байж магадгүй л гэж санаад байгаа.

-Тухайн үйл явдал болсны дараа юу болов. Сумын төвөөсөө цэргийн анги хэдэн км-ын зайтай вэ?

-Хүүг маань хэсэг ухаан алдаад сэрэхэд 2-3 цэрэг дамжлаад цэргийн ангийн үүдээр гаргаж байсан гэсэн. Отрядын төвөөсөө байршиж байсан анги нь 150-иад км-ын зайтай юм шиг байна лээ. Тэгэхээр манай хүүг 50-иад км газар ямар ч хүзүүний бэхэлгээгүй, суугаагаар нь авч явсан.

-Ямар машинаар авч явсан юм бол?

-Хотод ирэхдээ 150 гэж машинтай ирсэн. Бодвол тэр машинаараа л зөөвөрлөсөн байх.

-Отрядын төв дээр очиход хамгийн анх ямар эмч тусламж үзүүлсэн юм бэ. Ямар нэгэн дүгнэлт хэлсэн үү?

-Тухайн үед нь шинэ эмч ирчихсэн байсан. Ирээд 2-3 хоносон юм уу даа. Ажлаа хүлээж авангуут ирлээ гэж тэр эмч нь ярьж байсан л даа. Тэгээд сумынхаа эмчтэй холбогдоод аймаг руу явах шаардлагатай гээд шууд аваад явсан байна лээ.

-Аймаг руу дахиад хэдэн км ямар байдалтай, яаж авч явсан юм бэ?

-Аймаг руу бараг 450 км газар бас тэрхүү машинтайгаа шороон замаар сэгсчүүлээд л аваад явсан. Зам нь бол аймшигтай.

-Цэргийн ангиас хүүгийн тань тухай мэдээлэл хэзээ та бүхэнд өгөв?

-Бид малаа дагаад хөдөө байдаг улс. Манай хадам ахынх аймгийн төв дээр байдаг. Эхлээд Алтангэрэлийн гар нь хугарчихлаа гэж хэлсэн гэсэн. Тухайн үед буруу дуулсан ч байж магадгүй. Тэгээд сумаас манай руу хүн явуулсан. Бид хоёр хэл аваад очих гэсээр байтал нэлээд удсан. Аймаг орох замд Төгрөг суманд Майнтын сайр гэж даваа байдаг. Тэнд уулзья гэж тохирсон. Тэгээд эхнэр бид хоёрыг тэр даваан дээр очиход түрүүлээд явчихсан байсан. Бид хоёр араас нь аймаг дээр очиж уулзсан. Очиж уулзахад тэргэнцэр дээр суучихсан. Хоёр гараа цээжнийхээ эгц хажууд нугалаад өргөчихсөн. Буулгаж болохгүй. Буулгахаар өвдөөд байна. Гар ч хүрч болохгүй хүрэхээр өвдөөд байна гээд хүргэхгүй. Хүзүү нь бэхэлгээтэй угтсан.

-Хотод хэзээ ирэв. Ямар эмнэлэгт хүргэсэн бэ?

-Аймагт очоод Гантөмөр эмчээс зөвлөгөө аваад шууд хот руу ирсэн. Ямар нэгэн онош тавиагүй эхлээд онош тодруулахаар явлаа гэж эхнэр хэлсэн. Хотод ирээд шууд Гэмтэл согог судлалын эмнэлэгт очсон. Энэ бүх хугацаанд би хүү эхнэр хоёртойгоо хамт байж чадаагүй. Эмнэлгийн машинд нь намайг багтахгүй гээд араас нь автобусаар очсон.

-Энэ хугацаанд тухайн цэргийн ангиас тантай холбогдсон уу?

-Хилийн цэргийн эмнэлэг хариуцсан дарга гэсэн байх аа Баярсайхан гэж хүн ярьсан. Гэмтлийн эмнэлэг рүү очиход урдаас нь тосон авсан юм байна лээ. Хотод ирэхэд тав дахь өдрийн орой байсан. Тэгээд хагас, бүтэнсайн, нэгдэх өдөр өнжөөд бүтэн 3-4 хоног хүлээлгээд “Наад хүүхдээ хурдан хагалгаанд оруулаад өгөөч” гэж гуйсаар байгаад гурав хоногийн дараа хагалгаанд орсон. Тэр хугацаанд нугасанд нь ямар үхжилт явагдсан, яасныг бид мэдэхгүй шүү дээ.

-Хүүг тань гэмтээсэн цэрэг, ар гэрээс нь холбогдсон уу?

-Холбогдох битгий хэл хүүг минь гэмтээсний дараа сумын наадамд түрүүлсэн гэж анги цэргийнхээ фэйсбүүк, интернэт хуудсанд тэр хүүхдийн зургийг тавьж бахархан алга ташиж байна. Энэ үнэхээр биднийг дорд үзэж даапаалсан асуудал гэж үзэж байгаа.

-Одоо хүүгийн тань биеийн байдал ямар байна вэ?

-Ямар ч байсан хөл дээрээ босох нь босож байгаа. Зүүн хөл нь жаахан чирэгддэг. Үе үе мэдээ алдаж нурж унаж байна. Хоёр гар нь мэдээ султай. Баруун гарын эрхий, долоовор хоёр хуруу нь халбагаа барих төдий. Арьс нь нүүгээд шуунд нь хүрэх төдийд л часхийж өвддөг гэсэн. Намайг эмнэлэг рүү ерөөсөө оруулахгүй байгаа. Утсаар ярихаар л “Аав миний шуу өвдөөд байна” гэдэг. Эргэлт оруулдаггүй. Нугасны мэдрэлээ дагаад үхжилт явагдаж байдаг юм биш байгаа. Хурууны үзүүрээсээ эхлээд өнгө алдаж, арьс хууларч байгаа гэсэн.

-Одоо хүү тань аль эмнэлэгт байгаа вэ?

-Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг рүү долдугаар сарын 4-ний өдөр шилжүүлсэн. Гэмтлийн эмнэлэгт хагалгаанд орчихоод Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгт очсон.

-Үйл явдал болсноос хойш нэг сарын хугацаа өнгөрч байна. Та энэ хооронд хаана хандав?

-Үндсэндээ сарын хугацаанд би хүлээсэн. Цэргийн анги нэгтгэлээс нь, Хилийн цэргийн удирдах газраас, зэвсэгт хүчний байгууллага өөр ямар цэрэгтэй хамааралтай газар байдаг юм тэр бүгд бидэн рүү ядаж нэг залгаад уучлал гуйгаад, тусалж дэмжье гэх болов уу гэж. Миний хүү эв эрүүл, сав саруул эх орондоо зүтгэнэ гээд, цэргийн үзлэг норм, дэг жаяг бүх юманд нь тэнцээд эх оронд нь би өөрийн гараар хүлээлгэж өгсөн. Тэр байтугай миний хүү Тангарагийн баяраараа 32 бөхийн барилдаанд үзүүрлэсэн. Гэтэл миний хүүг эрүүл саруул авч явчихаад ийм байдалд хүргэсэндээ ганц нь ч гэсэн анхаарал хандуулах болов уу гээд дуугүй байсан. Хүүгээ өвчтэй зовлонтой байхад нь хэл ам хийгээд яах вэ гэж бодож явлаа. Би хүүгээ цэрэгт яаж мордуулсан яг тэр хэвээр нь эргүүлж босгож авмаар байна. Эхэндээ би хүүгээ хөл дээр нь босгоод авъя дараа нь энэ асуудлыг ярьж болох байх гэж бодсон. Цэрэг армиа хүндэлсэн. Зэвсэгт хүчнийг гутаачихгүй юм шүү гээд дуугүй байлаа. Хэн ч бидэнтэй холбогдсонгүй. Уулзсангүй. Дуудсангүй. Уучлал хүссэнгүй. Үнэхээр гомдолтой байна. Би эрүүл саруул голомт залгах ганц хүүгээ цэрэгт явж хат суугаад ир гээд явуулсан. Гэтэл одоо хөл дээрээ босох үгүй нь тодорхойгүй. Захын мэдрэлүүд өнгөө алдаад эхэллээ. Харамсаж байна үнэндээ. Хүнд тэсвэр тэвчээр гэж бий. Би эцсээ хүртэл харсан шүү. Бид хоёрын ганц хүү шүү дээ.

-Та өөрөө ямар нэгэн газар, албан тушаалтанд хандсан уу?

-22-ын товчоон дээр хүлээж байгаад уулзсан Баярсайхан гэж хүнтэй л холбогдсон. Дараа нь нэлээд юм болж байж уулзах хүсэлт тавиад хэн гэлээ байз нэрийг нь мартчихжээ нэг хүн хүлээж авч уулзсан. Миний хүүгийн хэргийн талаар эндээс хүн томилно. Удахгүй та нарт мэдэгдэнэ л гэсэн. Тэгээд л таг. Миний хүү насаараа хэвтэрт байх магадлалтай болчихлоо шүү дээ. Тиймээс арга буюу холбогдох хүмүүсээс тусламж хүсэж нэг талаараа хэвлэл мэдээллийн байгууллагад хандаж байна. Хүүд минь хугацаа алдахгүй туслаач. Би хүүгээ монголын төрд өгсөн. Төрийн хамгаалалтад цэргийн ангид, цэргийн алба хаалгах гэж, эх орноо хамгаал гэж өгсөн болохоос хэн нэгний тоглоом шоглоомын үзүүрт гэмтэл бэртэл аваад насаараа хөгжлийн бэрхшээлтэй үлдчихээсэй гэж өгөөгүй. Тэр байтугай Төрийн тусгай руу шилжүүлээд сахиж байсан эхнэрт маань эхний 2-3 өдөр эргэлт оруулахгүй гээд хоол ч өгөөгүй. Ийм л байдалтай хөдөөний хүн гэж үзээд даапаалж байгаад гомдолтой байна. Миний хүүхэд хот руу ирэх замдаа өвчин намдаах эмээр зогоож ирсэн. Нөгөөхийнх нь үйлчлэл гараад ирэхээр “Ээжээ намайг авраарай” гэж хэлдэг байсан. Хоёр ч удаа пүлс нь унаад зүрх нь зогсохоо алдсан. Миний гол хүсэж байгаа зүйл ажилдаа хариуцлагагүй хандсан, удирдлагууд ядаж уучлал гуйгаач. Тэр хүүг маань гэмтээсэн цэрэг хууль шүүхээрээ явна биз. Ийм байдлыг үүсгэсэн цэргийн анги удирдлага, төрийн өмнөөс ажил гүйцэтгэж, татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж байгаа хүмүүс сэтгэл гаргахгүй байгаад гомдолтой байна. Нэн тэргүүнд хүүг маань хурдан эмчилж өгөөч. Маш их хугацаа алдлаа. Одоо гар нь мэдээгүй болж байна. Аягатай цайгаа барьж чадахаа болилоо.

-Тухайн хэрэгт хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн зүйл байхгүй гэсэн үг үү?

-Байхгүй. Би өөрөө хэрэг болгож долдугаар сарын 5-ны өдөр аймаг руугаа явсан. Аймгийн цагдаад өргөдөл гаргачихаад буцаж ирлээ.

-Цагдаагаас эргэж холбогдсон уу?

-Холбогдоогүй. Би өөрөө өчигдөр (долдугаар сарын 18-ны өдөр) цагдаа руу ярьсан. Наадам гээд амарч байгаад нэгдэхээс ажил орлоо. Одоо ажиллаж эхэлнэ л гэж байна лээ.

-Одоо хүүд тань ямар эмчилгээ хийж байгаа вэ?

-Долоон зүүний эмчилгээгэнэ үү. Тийм л юм хийж байгаагаас өөр эмчилгээ байхгүй. Эм тариа ч байхгүй. Монголд эмчилж чадахгүй бол хурдхан гадаад дотоод авч яваад хүүг минь хөл дээр нь босгоод өгөөч. Ийм л зүйлийг хүсэж танай сонинд хандаж байна. Манай аймгаас сонгогдсон гурван гишүүн надад дэм тус болооч. Хаана хандахаа би мэдэхгүй байна. Үнэхээр хүнд байдалтай байна. Дээрээс нь Улсын мөрдөн байцаах газарт өмгөөлөгчөөрөө дамжуулж хандахад Говь-Алтай аймгаас миний хүүд хамаарах хэргийг шилжүүлж, Улаанбаатар хотод шийдвэрлэж өгөөч. Хохирогч Улаанбаатар хотод байна. Бид бүгд хүүгээ сахиад энд байна. Сум орон нутаг нь нэг нэгнээ өмөөрөөд, нэгнийгээ өөгшүүлээд энэ хэрэг шийдэгдэхгүй шинжтэй. Наадмын өмнө бид хэрэг болгож аймаг руугаа очиж өргөдлөө өгсөн ч арваад хоног юу ч хийгээгүй байна.

Байлдагч А.Алтангэрэлийн өмгөөлөгчөөс энэ хэргийн талаар тодрууллаа.

Энэ өөрөө маш хэцүү хэрэг. Цэргийн анги удирдлагууд бол хоёр хүн хоорондоо ноцолдож л байдаг, барилдаж л байдаг, нэгнийгээ гэмтээж л байдаг гээд гэмт хэргийн шинжтэй үйлдэл биш гэж хандаж буй нэг баримт харагдаж байгаа. Нөгөө талаас тухайн байлдагчид гэмтлийн зэргийг тогтоож, санаатай биш ч санамсар болгоомжгүйгээс бусдын биед гэмтэл учруулж байгаа баримттай холбогдуулан гэмтэл учруулсан зэрэгт хариуцлага хүлээх ёстой. Түүнээс илүү миний харж байгаа өнцөг бол энэ хэрэг дээр цэргийн ангийг хариуцагчаар татаж оруулж ирэх ёстой. Цэргийн ангид дүрмийн бус үйлдэл яваад байхад хараа хяналт тавиагүй энэ үйлдэл өөрөө буруу. Цэргүүд бие биедээ гэмтэл учруулах нөхцлийг бүрдүүлсэн цэргийн анги, застав, удирдлагууд өөр юу байдаг юм тэр хүмүүс бүгдээрээ хариуцлага хүлээх ёстой. Хоёрдугаарт, дүгнэлт гаргаад байгаа эмч нарын асуудал. Аймгийн эмч нар зураг хөргийг нь үзээд хугархай байна гэж тогтоосон атлаа автозамын тээврээр явахыг зөвшөөрөөд дүгнэлт гаргаад байгаа нь өөрөө мэргэжлийн хувьд алдаатай. Тэр хүмүүсийг ч энэ хэрэгт хамаатуулах ёстой. Хэн хэн гэдэг эмч үзсэн юм бэ. Дээрээс нь тээвэрлэлтийн горим алдсан. Дүрэм журмаараа авч үзвэл байлдагч гэмтсэн мэдээллийг албан ёсоор төв рүүгээ мэдээлээд алсын зайны дуудлага гэж зүйл өгөөд нисдэг тэргээр авах юм уу, эмнэлгийн зориулалтын машинаар авч явах ёстой. Гэтэл зүгээр нэг машинд суулгаад авч явсан. Сүүлдээ толгой нь тогтохгүй байхаар нь магнайгаар нь хойшоо машины суудлын дэртэй баглаж боосон байдаг. Хүнийг ингэж тамлаж болдог юм уу. Хэвтүүлсэн бол бас өөр хэрэг. Ийм хүндрэл бэрхшээлтэй авч ирсэн байдал нь өөрөө нугас нуруунд гэмтэл үүсгэх нөхцлийг бүрдүүлсэн байна. Энэ бол цэргийн ангийн удирдлагууд ажилдаа асар хариуцлагагүй хандсаны хор уршиг. Энэ байлдагчийн амь нас, эрүүл мэнд маш богино хугацаанд аврагдах боломжтой байсан ч цаг хугацааны алдагдлыг бий болгосон гэж үзэж байгаа. Мөн хугацаат цэргийн алба хаагчийг яагаад шууд Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгт аваачаагүй вэ. Нууцаар тэр 22-ын товчоон дээр хүлээж аваад, Баярсайхан гэх ХЦУГ-ын албаны дарга гэх хүн хувийнхаа машинаар очиж тосоод, Гэмтэл согог судлалын эмнэлэг рүү аваачсан гэж байгаа. Хамгийн аймшигтай нь онош тодорхой гэж үзэн Гэмтэлд бүртгэж аваад хагалгаанд оруулсан. Өөр хэн нэгэн гэмтэж бэртээд очсон тохиолдолд цагдаа нар Гэмтлийн үүдэнд зогсож байдаг шүү дээ. Цагдаа хүлээж аваад юунаас болж бэртсэн юм бэ, гэмт хэргийн чанартай үйлдэл байна гэж бүртгэж аваад хэрэг үүсгэх үү, хэрэг бүртгэлийн хэрэг үүсгэх үү гэж яригдаад мэдүүлэг авдаг. Тэгэхгүйгээр тэнд хэд хоног хав дарж байгаад цэргийн тусгай руу аваачаад 14 хоног аргацааж байлгамар болгож “14-өөс илүү хоног хүн байлгаж болохгүй одоо энэ хүнээ өөр эмнэлэгт түр байлгаж байгаад буцаагаад аваад ирж болно” гэдэг байдлаар хандаж, хөдөөнөөс ирсэн хүмүүсээр доог тохуу хийж байгаа нь өөрөө ноцтой үйлдэл.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Дэлгэрхангай: Барилгын 15 давхраас олдсон хутганы үзүүр цустай байсан. Шүүхийн шинжилгээний хариугаар хохирогчийн цус мөн эсэхийг тодруулна DNN.mn

Өмнөговь аймаг дахь Зэвсэгт хүчний 167 дугаар ангид алба хааж байсан байлдагч Н нас барсан хэрэг гараад буй. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас тодрууллаа. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Дэлгэрхангайгаас тодруулахад Зариг сайтад өгсөн мэдээллээс өөрөөр дэлгэрэнгүй өгөх боломжгүй гэв. Тиймээс тус эх сурвалжийг ашиглалаа.


-Хэрэг гарснаас хойш таван хоног өнгөрлөө (өчигдрийн байдлаар). Энэ хугацаанд хэн хэнийг дуудаж мэдүүлэг авсан талаар мэдээллийг өгөөч?

-Тухайн дуудлага мэдээлэл 2022 оны долоодугаар сарын 13-ны өдрийн 09:10 цагийн үед Өмнөговь аймаг дахь цагдаагийн хэлтэст ирсэн. Дуудлагын дагуу тус аймаг дахь цагдаагийн газраас хэргийн газрын үзлэг явуулахад хугацаат цэргийн алба хаагч Н гэгч нь тогтоогдсон. Тус хэрэгт хэрэг бүртгэлийн хэрэг нээн тухайн Зэвсэгт хүчний дугаар ангийн албан тушаалтнуудыг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Тухайн хэрэгт ач холбогдол бүхий мэдээлэл өгөх гэрч, сэжигтнийг тухайн цагдаагийн газраас дуудан мэдүүлэг тайлбарыг авсан байгаа.

-Долоодугаар сарын 11-ний өдрийн хэдэн цагт хохирогч цэргийн ангиасаа гарсан бэ?

-Тухайн цэргийн ангийн орсон, гарсан бүртгэлийг эд мөрийн баримтаар хураан аваад үзлэг хийж мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Энэ талаар нарийн мэдээлэл өгөх боломжгүй.

-Тухайн цэрэг өөрийнхөө амийг хорлосон байж болзошгүй тухай мэдээлэл ЦЕГ-аас өнгөрсөн амралтын өдрүүдээр явуулж эхэлсэн. Ямар үндэслэлээр энэ мэдээллийг гаргаж байгаа юм бэ?

-Мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн барилгын камерын бичлэгүүдийг авсан. Мөн хэргийн газрын үзлэгээр хутга зэрэг зүйлүүд олдсон. Эдгээр баримтыг одоогоор шалгаж дуусаагүй байна. Ер нь бол тухайн хэргийн газрын үзлэгээр хураан авсан эд мөрийн баримтууд, камерын бичлэг зэргээс үндэслэн цагдаагийн байгууллага тэрхүү мэдээллийг өгсөн байгаа. Тухайн хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй учраас нас барсан шалтгааныг дүгнэн хэлэх эрт байна.

-Хохирогч Өмнөговь аймаг дахь Есөн янгир гэх дэлгүүрээр оройн 23:47 цагт үйлчлүүлээд гарсан байдаг. Тэрхүү дэлгүүрээс ямар бараа худалдаж авсан нь тогтоогдсон уу?

-Тухайн хяналтын камерын бичлэгийг хураан авсан. Тэрхүү бичлэг мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой асуудал учраас одоогоор тэр талаар мэдээлэл өгөх боломжгүй. Прокурорын байгууллагын зөвшөөрөлтэйгөөр тухайн хэргийн талаар мэдээлэл өгөх аа

ёстой байдаг.

-Шүүх шинжилгээний хариу хэзээ гарах вэ. Хэргийн газраас олдсон хутга цусаар бохирлогдсон байсан гэдэг. Тэрхүү цус талийгаачийнх мөн үү?

-Шүүхийн шинжилгээний хариу гараагүй байгаа. Хэрэг гарсан баригдаж буй барилгын 15 давхраас хутга олдсоныг эд мөрийн баримтаар хураан авсан. Тухайн хутганы үзүүр цусаар бохирлогдсон. Шүүхийн шинжилгээний хариугаар цус мөн үү, өөр бодис уу гэдгийг тогтооно. Хохирогчийн биед ямар нэгэн хутга мэсний шарх байсан талаарх мэдээлэл надад одоогоор ирээгүй байна. Шүүхийн шинжилгээний хариугаар хохирогчийн цус мөн эсэхийг тодруулна. Эцсийн дүгнэлт гараагүй байгаа учраас ямар учиртайг хэлэх боломжгүй байна.

-Тэрхүү барилгын хашаа харуул хамгаалалт сайтай баргийн хүн даваад орчихооргүй өндөр юм билээ. Хохирогч яаж тэр барилга руу орсон юм бол?

-Хашааны банзыг хуулан орж буй нь камерт бичигдсэн байдаг. Ганцаараа тухайн газар нэвтэрсэн байна лээ.

-Шөнийн 00:34 цагт барилгын банзыг хуулаад орж байгаа талийгаачийн бичлэг бий гэдэг. Амь хохирсон цаг нь 01:00 цагийн үед гэсэн. Дэлгүүрээр үйлчлүүлсэн болон амь хохирох үе хүртэлх нэг цаг гучин минут гаруйн үйл явдал тухайн камерт бичигдсэн болов уу?

-Дэлгүүрээр үйлчлүүлсэн хяналтын камерын бичлэг байгаа. Тухайн барилгын хашаа руу орох үеийн бичлэг бий. Өөр мэдээлэл одоогоор алга.

-Хохирогчийн найз охиноос мэдүүлэг авсан. Тухайн үед найз охинтойгоо маргалдсан зүйл байгаагүй гэсэн мэдээлэл бий. Тэгэхээр цэргийн ангид нь ямар нэгэн дарамт байсан уу. Эсвэл цэргүүдийг ажиллууж байсан Галтууд компанийн зүгээс ямар нэгэн дарамт байсан уу?

-Мөрдөн шалгах ажиллагаагаар хохирогчийг амиа хорлоход хүргэсэн нөхцөл байдал байна уу, үгүй юу. Хэн нэгний буруутай үйл ажиллагаанаас болж хохирогчийн амь насыг хохироосон уу, үгүй юу. Мөн тухайн цэргийн алба хаагчид цэргийн ангийнхан дарамт шахалт үзүүлсэн үү, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, гэмт хэргийн шинжтэй үйлдэл үзүүлсэн үү гэх зэргээр бүх талын нотлох баримтыг цуглуулж байна. Тухайн этгээдийн амь нас яагаад хохиров, цэргийн ангиас зөвшөөрөлтэй гарсан уу, үгүй юу гээд энэ бүх үйл ажиллагаа мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдоно. Мөн хохирогч хаагуур явсан маршрут гэх зэрэг зүйлүүд мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогддог асуудал. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа дуусаагүй. Тухайн хэрэг гэмт хэргийн шинжтэй учраас хэрэг бүртгэлийн хэрэг нээгээд ажиллаж байна.