Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Гомбосүрэн: E-Police аппликэйшнийг 2018 онд нээсэн. Одоогоор урамшуулал нэг ч хүн аваагүй DNN.mn

E-Police аппликэйшн татаад зөрчилтэй машины талаар гомдол мэдээлэл өгсөн тохиолдолд урамшуулал авна гэсэн зүйл цахим орчинд тархаад байна. Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар урсгал сөрөх, тэмдэг тэмдэглэгээ зөрчих, зогс гэсэн шугам давж зогсох, уулзвар гарц хаах, уулзварт давхар эргэх, эгнээ хааж зогсох, эгнээ байр буруу эзлэх, гэрлэн дохио зөрчих гэх мэтээр замын хөдөлгөөний дүрмийг ихээр зөрчдөг. Үүний улмаас түгжрэл үүсч, хөдөлгөөний ачааллыг ихээр бий болгож байна. Тиймээс замын хөдөлгөөний соёлыг дээшлүүлэх, зөрчлийг бууруулах, иргэдийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Замын хөдөлгөөний удирдлагын төв, Тээврийн цагдаагийн газар хамтран энэхүү ааппликэйшнийг нэвтрүүлж эхэлжээ.


Энэ талаар ТЦА-ны Замын штабын газрын Замын хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Гомбосүрэнгээс тодрууллаа.


-Энэ аппликэйшнийг хэзээ санаачлан хэрэгжүүлж эхэлсэн бэ?

-E-Police аппликэйшнийг ТЦА болон Замын хөдөлгөөний удирдлагын төв санаачлан 2018 онд нээсэн аппликэйшн. Энэхүү аппликэйшнд одоогоор 40300 хүн бүртгэлтэй байна. Үүнээс өдөр тутмын үйл ажиллагаандаа ашигладаг 7000 орчим хүн байна. Өдөрт 1000-1100 орчим зөрчил мэдээлэл ирдэг. Үүнээс 50 хувь нь буюу 500-600 нь баталгаажаад иргэд рүү гомдол мэдээллийг шийдвэрлэсэн тухай мэдээлэл очдог.

Өчигдөр (уржигдар) сошиал орчинд иргэд урамшуулал олгох гэж байна гэсний дагуу ирж буй мэдээлэл нь дөрөв дахин өссөн. 4200 мэдээлэл өчигдөр ирчихээд байна.

-Тухайн гомдол мэдээллийг өгсөн хүмүүст урамшууллын 20 хувийг олгоно гэсэн нь үнэн үү?

-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээллийг үнэн бодитоор өгсөн хүнийг 20 хүртэлх хувиар урамшуулж болно гэсэн заалттай. Энэ заалтын хүрээнд Зөрчлийн тухай хуульд зааснаар зөрчлийн шинж чанараас хамаараад зөрчил болгонд өөр өөр төрлийн торгууль ногдуулдаг. Тэгэхээр хэрвээ 20 мянган төгрөгийн торгууль ногдуулбал 4000, 50 мянган төгрөгийн торгууль бол өсөөд явна шүү дээ. Хууль зүйн сайдын тушаалаар ажлын хэсэг гарчихсан. Ажлын хэсэг үүн дээр ажиллаж байна. Тогтоол хараахан батлагдаагүй байгаа. Батлагдаад мөрдөгдөөд эхлэх юм бол энэ мөнгийг өгөх бололцоотой гэж үзэж байгаа.

-Тухайн урамшууллын мөнгөө уг аппликэйшнд бүртгүүлсэн дансаараа авна гэсэн үг үү?

-Одоогоор сайн мэдэхгүй байна. Журам нь дөнгөж боловруулагдаж байгаа учраас нарийн мэдээлэл өгч чадахгүй. Ямар ч байсан Хууль зүйн яам журмыг боловсруулахаар ажиллаж байна. Журам Сангийн яаман дээр очоод батлагдаад гараад ирвэл нарийн мэдээллийг өгөх болно. Яг нарийн процедур ажиллагааг нь сайн мэдэхгүй байна.

-Одоогоор сошиал орчинд яригдаад байгаа шиг урамшуулал орсон тохиолдол байхгүй юм байна. Тийм үү?

-Байхгүй. Нэг ч хүн аваагүй гэв.

Энэхүү үйл ажиллагаа хууль зүйн талаасаа боломжтой эсэхийг хуульч О.Бэлгүүнзаяагаас тодруулахад “Хүн бүхэнд гомдол мэдээлэл гаргах эрх нь нээлттэй. Зогсоолын асуудал хэцүү ч хүрэлцээгүй гээд зөрчил гаргаад байх нь буруу л даа. Зогсоолгүй ч гэсэн дүрмээ биелүүлэх ёстой. Нэгэнт батлагдсан хууль, журам байгаа болохоор түүнийг зөрчиж болохгүй. Зогсоол байхгүй гэсэн шалтгаанаар хариуцлагаас чөлөөлнө гэж байхгүй. Үүнийг зохицуулах нарийн эрх зүйн орчин ч манайд байхгүй” гэсэн хариултыг өглөө.

Уг аппликэйшнийг хэрэглэдэг хэрэглэгчээс дараах тодруулгыг авсан юм. Иргэн Т ярихдаа “Би уг аппликэйшнийг 2021 онд татаж авч байсан. Энэ хугацаанд хэд хэдэн гомдол мэдээлэл гаргасан. Гаргасан гомдлын талаар мэдээлэл авсан тухай хариу мэдэгдэл ирдэг. Мэдэгдэл ирсэн зөрчлүүд дараа нь засагдсан, сайжирсан байдаг. Хүн амьдарч байгаа орчиндоо тохитой тухтай байхыг хүсдэг. Өчигдөр (уржигдар) цахим

орчинд шуураад байсан шиг урамшуулал авах гэж би уг аппликэйшнийг татаагүй. Байгаа орчноо зөрчилгүй, асуудалгүй болоосой л гэж хүссэн. Хүмүүсийн яриад бичээд байгаа шиг урамшуулал авч үзээгүй. Энэ аппликэйшнийг зөрчил мэдээллийн талаар статистик мэдээлэл авах боломжтой. Замын хөдөлгөөний дүрмийн талаар мэдээллүүд байдаг. Ашиглаад сурчихвал олон талын ашигтай. Гэхдээ зарим хүмүүс нэгнийгээ матлаа, 4000 төгрөгөөрөө цадаарай гэсэн сэтгэгдлүүд нэг бус удаа бичсэн байна лээ. Тэр 4000 төгрөгөндөө биш л дээ. Өөрийнхөө гэр бүл, ойр тойрны хүмүүсээ тавтай орчинд зорчоосой гэсэндээ л энэхүү аппликэйшнийг ашиглаад зөрчил дутагдлыг мэдээлдэг болсон. Түүнээс нэг жил гаруй хугацаанд ашиглахад нэг төгрөгний урамшуулал авч байгаагүй гэдгээ л хэлье. Хүмүүс зөрчил гаргахгүй бол заавал гомдол санал гаргаад байх шаардлагагүй шүү дээ” гэв.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өмгөөлөгч Г.Балжмаа: Цагдаа хүчилбэл өмгөөлөгч авах эрхтэйгээ хэлээд гараад явчихаж болно DNN.mn

Өмгөөллийн “Сноу Хилл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Балжмаатай ярилцлаа.


-Цагдаагийн байгууллагаас гэрчийн мэдүүлэг өг гэж дуудахад ямар хуулийн заалтын дагуу энэхүү мэдүүлэг өгөхөөс татгалзаж болох вэ?

-Нэгдүгээрт, цагдаа дуудахаар очих ёстой. Очихдоо гэрчээр мэдүүлэг авна гэвэл мэдүүлэг авах цагдаа эхлээд гэрчийн эрх, үүргийг танилцуулна. Эрүүгийн хуулийн дагуу, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэрвээ худал мэдүүлэг өгвөл та хуулийн хариуцлага хүлээнэ гэсэн хуулийн заалтуудыг танилцуулна. Түүнтэй маш нарийн танилцах ёстой. Аль заалтаар худал мэдээлэл өгвөл хуулийн хариуцлага хүлээх үү, аль заалтаар мэдүүлэг өгөхөөс татгалзаж болох вэ гэдгийг заасан байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн гэрчийн эрх, үүрийг 9.6-д заасан. Тэрхүү заалтыг танилцуулахаар түүн дотор таны өөрийн чинь эсрэг мэдүүлэг авах гэж байгаа бол та өмгөөлөгчгүйгээр мэдүүлэг өгөхөөс татгалзаж болох хуулийн заалт бий. Тэр эрх үүргийг танилцуулж байх явцад хүмүүс нарийн танилцалгүй гарын үсэг зурчихаад байдаг. Түүнийг нь цагдаа нар ч нарийн танилцуулалгүй та энд гарын үсгээ зур, тэгээд мэдүүлгээ өг гээд байдаг. Тэгэхгүйгээр тэрхүү цаасыг нь ар өвөргүй бүгдийг нь уншаад, 9.6.6-д сая миний хэлсэн заалтууд бичээтэй байх ёстой. Тэр заалтын дагуу би ямар нэгэн хэрэгт буруутгагдаж, сэрдэгдэж байгаа бол гэрчийн мэдүүлэг өгөхгүй. Өмгөөлөгч аваад гэрчийн мэдүүлэг өгье гэж хэлж болно. Тэгэхэд цагдаа дургүйцэж хүчилсэн ч өөрийнх нь эрхийн асуудал учраас өмгөөлөгч авах эрхтэйгээ хэлээд гараад явчихаж болно. Тэгэхээр цагдаа тайлбарлаад гарын үсгээ зур гэдэг. Хоёрдугаарт, өмгөөлөгчтэйгөө мэдүүлэг өгч болно. Чамайг гэм буруутай гэж үзээд, сэжигтнээр татах гээд байгаа бол миний хийсэн хэргийг бүгдийг нотолчих, тэгээд намайг яллагдагчаар татчих, тэр үед чинь би мэдүүлэг өгье гэдэг тайлбараа өгч болно.

-Гэтэл одоо тэр эрхийг нь тайлбарлахгүй мэдүүлэг хүчээр аваад байх шиг?

-Одооны мөрдөгчдийн арга барил нь эхлээд та үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй, мэдүүлгээ өгчих гээд нэг их аятайхан харилцаад асууна. Тэгэхээр нөгөө хүн нь гэрчээр гэсэн юм чинь гээд санаа нь амраад, гэрчийн мэдүүлэг өгөөд явж байтал хоёр сар, гурван сарын дараа гэрчийн мэдүүлэг дээр нь үндэслээд яллагдагч болгоод, шүүх рүү шилжүүлээд шүүгдэгч болгоод байдаг. Үүн дээр хэд хоногийн өмнө Дээд шүүхээс эрүүгийн хэргийн шүүхийн тогтоол гаргасан байсан. Хэрвээ ийм мэдүүлгээр хүнийг яллаж байгаа бол ялангуяа өмгөөлөгчгүй өгсөн гэрчийн мэдүүлгээр тухайн гэрчийг яллагдагч болгоод шүүх рүү шилжүүлж байгаа бол энэ нь өөрөө нотлох баримтын шаардлага хангахгүй байхаар практикт тусган, хуульчид хармаар байна гэдэг зүйл яригдаад байгаа юм байна лээ. Энэ маш зөв асуудал. Мөрдөгч өрөөн дотроо л сууж байгаад тухайн гэрчээр өөрөөр нь хамаг зүйлийг нь яриулаад, тэр гэрчийн мэдүүлэг дээр үндэслээд бүх ажиллагаагаа хийчихээд байгаа юм. Зүй нь хэрвээ намайг буруутгаж байгаа бол гадуур камерын бичлэг шүүнэ. Өөр бусад гэрчээр, шинэ нотлох баримтуудаар миний гэм буруутайг хангалттай нотолсон хойноо таны эсрэг ийм ийм баримтууд бүрдчихлээ. Та ирээд яллагдагчаар мэдүүлэг өгнө үү гэх ёстой. Гэтэл энэ ажлаа хөнгөвчлөөд хуулийн цоорхойг ашиглаад, ийм байдлаар гэрчээр мэдүүлэг аваад байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль дээр буруутгагдаж байгаа этгээдийг эхлээд гэрчээр мэдүүлэг ав гэсэн ямар ч хуулийн заалт байхгүй. Тэгэхэд энэ заалтыг цагдаагийн байгууллагын дотоод сургалт судалгаагаар заадаггүй юм уу, эсвэл мөрдөгчид нь ийм зальтай болчихсон юм уу хэрэгжүүлэхээ больсон. Мэдээж хүн болгон эрх зүйн туслалцаа аваад байх боломжгүй. Өөрсдөө бас хууль, эрх зүйн мэдлэг дутмаг байдгаас болоод ийм байдал үүсээд байдаг. Тэгэхээр энэ хоёр аргаар гэрчийн мэдүүлэг өгөхөөс татгалзаад явж болно гэсэн үг.

-Би өөрийнхөө болон ойр дотны хэн нэгний эсрэг мэдүүлэг өгөхөөс бас дээрх үндэслэлүүдээр татгалзах уу?

-Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд гэрчийн эрх үүргийг нарийн заасан байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх 9.6 дахь заалтад дээр дурдсан бүх зүйлсийг заасан байгаа. Зүй нь бол гэрчээр мэдүүлэг авах гээд байгаа мөрдөгч, цагдаа нар наад хуулийн заалтуудаа бүгдийг нь цаасан дээр хэвлээд, мэдүүлэг өгөхөөр очсон этгээдэд уншуулаад, танилцуулаад эрх үүргээсээ асуух зүйл байна уу гэж асуух ёстой. Гэтэл ерөөсөө тэгдэггүй. Санд мэнд цаас өгсөн болоод наадхан дээрээ гарын үсгээ зур гэдэг. Нөгөөдүүл нь ч мэдлэггүйн улмаас юун дээр гарын үсэг зурж байгаагаа мэдэхгүй ар өвөргүй хоёр хуудас цаасан дээр гарын үсэг зурчихдаг. Тэгээд л зуруулчихаар ажиллагаа нь эхэлж байгаа юм л даа.

-Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар сэжигтэн гэх агуулгыг аваад хаячихсан. Зөвхөн гэрч л гэх агуулга яваа гэсэн. Үүнийг та тайлбарлаж өгөөч?

-Сэжигтэн гэдэг агуулгыг шинэчилсэн найруулгаар авч хаясан нь үнэн. 2002 оны хуулин дээр бол байсан. Сэжигтэн, яллагдагч, яллагч гээд. Одоо бол сэжиглэхгүйгээр түрүүний миний хэлсэн арга техникээр л боловсронгуй хуулийн заалтаар амархан, өөрсдийнхөө ажлыг хялбарчлаад л хуулинд оруулчихсан. Ер нь бол хүнийг гэм буруутай гэж үзээд шалгаж, буруутгах гэж байгаа бол өөр бусад нотлох баримтаар хангалттай тал бүрээс нь нотолчихоод дараа нь тэр хүнийг сэжигтэн болгоно уу, яллагдагч болгоно уу хамаагүй. Гэтэл одооны хуулин дээрээ ийм үг үсгийг хасчихаар шууд хүнийг сэжигтнээр байцааж болохоо байчихсан. Гэрчээр байцаах ёстой гэсэн муйхар ойлголттой л яваад байна. Уг нь бол сэжигтнийг хасч байна гэдэг нь сайжраад байгаа юм. Сэжигтэн гэдгийг хассан байдлыг би дэвшилтэт тал гэж харж байгаа. Гэхдээ хэрэглэх тал дээр нь үүнийг эсрэгээр нь ашиглаад байгаа.

-Гэрчээр мэдүүлэг авахын тулд прокуророос зөвшөөрөл авах ёстой юу?

-Прокуророос зөвшөөрөл авч мөрдөн шалгах ажиллагаа явуулах хэд хэдэн заалтууд байгаа. Гэрт нь нэгжлэг хийх, бичиг баримт хураан авах, өөр улсаас нотлох баримт авах зэрэг ажиллагаанууд нь прокурорын зөвшөөрөлтэй хийгддэг ажиллагаанууд. Гэрчээр мэдүүлэг авахын тулд зайлшгүй прокуророос зөвшөөрөл авна гэсэн заалт байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд гэрч гэдгийг хоёр өөр төрлөөр заасан. Нэг нь тухайн үйл баримтыг харсан байж болзошгүй, эсвэл түүнийг мэдэж байх боломжтой хүмүүсийг гэрч гэж үзээд байгаа. Нөгөө гэрч нь хэргийн газрын үзлэг, баримт бичиг дээр үзлэг тэмдэглэл хийх зэрэг үйл ажиллагаанд оролцсон хүмүүсийг хөндлөнгийн гэрч гэсэн нэр томьёо байдаг.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

“Суруга Монгол”-ын асуудлаар А.Гансүх, Я.Ичихаши нар юу ярьсан бэ DNN.mn

Японы иргэнд хилс хэрэг тулгаж, Японы хөрөнгө оруулалттай “Суруга Монгол” компанийг дээрэмдсэн гэх дуулиан олон жил үргэлжилсэн. Х.Нямбаатар сайд “Жапан таун”-ы газрыг манай улстөрчид, хууль хяналтынхан нийлж байгаад дээрэмдсэн. Энэ хэрэгт Монгол Улсын ерөнхий прокуророор ажиллаж, Тагнуулын байгууллагын даргаар ажиллаж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүмүүсийн холбогдсон хэргүүдийг шалгаж танилцуулахаар бэлдэж байна” гэж мэдэгдсэн.

“Суруга Монгол” компанитай холбоотой асуудлаар 2012 оны аравдугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод ГХЯ-нд нэгэн уулзалт болжээ. Уулзалтын тэмдэглэлээс хүргэе.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга асан А.Гансүх, Элчин сайд асан Я.Ичихаши нарын нэгэн уулзалтын үеэр ярьсан яриаг хүргэж байна.

“Суруга Монгол” компанийн барилгын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг цуцалсантай холбогдон Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд асан Я.Ичихаши Монголын төрийн өндөр, дээд албан тушаалтантай холбогдох гүтгэлгийн чанартай асуудлыг хөндөж ярьсан учир зүйг тодруулж, хоёр орны харилцаанд үүссэн үл ойлголцлыг арилгах зорилгоор тус уулзалтад яамны санаачилгаар Монгол Улсын Зам, тээврийн сайд асан А.Гансүх, Япон улсаас Монгол Улсад сууж байсан Элчин сайд асан Я.Ичихашиг энэ өдрийн 15:00 цагт Гадаад харилцааны яаманд албан ёсоор уулзав. Уулзалтад Монголын талаас Гадаад харилцааны яамны Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Б.Батбаяр, Гадаад хэргийн яамны Ази, Номхон далай орнуудын газар /АНДОГ/-ын захирал Б.Ганболд, тус газрын I нарийн бичгийн дарга Л.Эрдэнэдаваа, II нарийн бичгийн дарга С.Болорчимэг, Японы талаас тус улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны I нарийн бичгийн дарга С.Оцү нар байлцав. Уулзалтын гол агуулгыг сийрүүлбэл:

А.Гансүх: -Гадаад харилцааны яамны зүгээс зөвлөсний дагуу Элчин сайд асан Тантай Гадаад харилцааны яаманд албан ёсоор уулзаж, холбогдох асуудлаар тайлбар сонсох нь зүйтэй гэж миний бие үзлээ. “Суруга Монгол” компанийн барилгын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг цуцалсан асуудлын цаана Ерөнхий сайд, Зам, тээвэр барилга хот байгуулалтын дэд сайд асан А.Гансүх, “Алтай констракшн” компани байх магадлалтай гэж Таны ярьсан зүйлтэй холбогдуулан надад ГХЯ, Зам, тээвэр барилга хот байгуулалтын яам асуулга тавьж байсан? Энэ асуудлаар Таны тайлбарыг сонсох гэсэн юм?

Я.Ичихаши: -Энэ оны нэгдүгээр сард Монголын тал “Суруга Монгол” компанийн барилгын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийг цуцалсан. Зөвхөн “Суруга Монгол” компанийн ч биш хэд хэдэн гадаадын хөрөнгө оруулалттай компанийн зөвшөөрлийг Монголын тал цуцалсан юм билээ. Тусгай зөвшөөрлийг цуцалсан шалтгаан бодит байдалд нийцэхгүй байна хэмээн манай тал үзэж, зөвшөөрлийг буцаж олгохыг Монголын талаас хүссэн. Гэсэн ч зөвшөөрлийг олгоогүй. Иймд миний бие Монгол Улсад Элчин сайдаар ажиллаж байхдаа ажил төрлийн тогтмол холбоотой байсан, Гадаад харилцааны яамны газрын даргаар ажиллаж байсан, одоо Япон улсад Элчин сайдаар ажиллаж байгаа С.Хүрэлбаатартай дээрх асуудлаар санал солилцож, зөвлөлдөх үедээ дээрх албан яриаг сонссон тухайгаа танилын хувьд хэлсэн юм. Дотночилж ярьсан яриаг төвдөө албан ёсоор мэдэгдэнэ хэмээн бодсонгүй. Миний бие сонссон зүйлээ нягтлаагүй, анд нөхрийн журмаар зөвлөлдөж ярьсан ба ингэхдээ хэн нэгний нэр хүндийг гутаах, гүтгэх гэсэн атгаг санааг огт агуулаагүй. Энэхүү ташаа, албан бус мэдээллийг хөндөж ярьсны улмаас танд хүндрэл учруулсандаа уучлалт хүсье.

А.Гансүх: -Та ташаа мэдээлэл авсан байна. Энэхүү ташаа мэдээллийг бусдад дуулгажээ. Ноён С.Батболд бизнесийн салбарт амжилт олсон хүн гэдгийг та бүхэн мэднэ. Тэрээр “Алтай трейдинг” гэдэг компанитай. Үүнийг хүмүүс “Алтай констракшн” компанитай андуурч, түүнийг “Алтай констракшн” компанийн эзэн гэж таамаглаж төөрөгддөг бололтой. Тэрээр дээрх компанитай бизнесийн ямар нэгэн холбоогүй. Өнөөдөр тантай албан ёсоор уулзаж, Таны авсан мэдээлэл буруу ташаа, үндэслэлгүй гэдгийг хэлэх нь зүйтэй юм.

Я.Ичихаши: -Асуудлыг ойлголоо. Энэ дашрамд Танд итгэмжлэгдсэн байдлаар дуулгахад “Суруга Монгол” компани руу Таны болон С.Батболд сайдын нэрийг барьж ярьж, ихээхэн дарамт үзүүлдэг зарим нэг хүн үнэхээр байдаг юм шүү. Үүнд анхаараасай гэж хүсч байна.

А.Гансүх: -“Суруга Монгол” компанийн асуудалтай холбогдуулан сөрөг ташаа мэдээлэл тараах, үүнийг өөрсдөдөө ашигтайгаар тайлбарлах сонирхолтой бизнесийн төлөөлүүд ч цөөнгүй байх шиг байна. Миний бие өмгөөлөгчөөр ажиллаж байхдаа тус компанийн үйл ажиллагааг дэмжиж, хуулийн зөвлөгөө өгч, хамтарч ажилладаг байсныг Та мэдэх биз ээ. Цаашид дээрхтэй ижил төрлийн ямар нэгэн мэдээлэл авсан тохиолдолд надаас лавлаж, нягталж асууж байхыг хүсье. Дашрамд дурдахад, “Суруга Монгол” компанитай холбоотой сөрөг мэдээллийг монгол хүнд мөнгө төлж, зориуд бичүүлж нийтлүүлж буй япон хүн байгааг олж тодруулсан юм. Тэр хүнийг Ж.Араки гэдэг юм билээ. Тэрбээр шоронд ял эдэлж байгаад суллагдсан гэсэн. “Суруга” компаниас мөнгө нэхэмжилж байсан гэж сонсогдсон. Энэ мэт япон иргэд хоорондын зөрчилдөөн Японоос хальж, Монгол дахь танай салбар компанийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байгаа юм биш биз гэсэн сэтгэгдэл надад төрсөн.

Я.Ичихаши: -Энэ хүний тухай сонссон.

А.Гансүх: -Бид үл ойлголцлоо арилгалаа гэсэн дүгнэлтэд миний бие хүрлээ. Ташаа буруу мэдээлэл хоёр орны харилцаанд нөлөөлөх вий хэмээн Гадаад харилцааны яам санаа зовниж, энэхүү уулзалтыг зохион байгуулсан гэж бодож байна. Та мөн буруу ташаа мэдээллийн “хэлмэгдэгч” болсон байна. Цаашид ийм ташаа мэдээлэл, үл ойлголцсон зүйл битгий гараасай гэж хүсч байна. Миний бие Япон оронд ихэд хүндэтгэлтэй ханддаг, хоёр орны харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж ажиллах эрмэлзэлтэй байдаг гэснээр монгол, япон хэлээр явагдсан уулзалт 20 минут орчим үргэлжилж өндөрлөв. Яриаг С.Болорчимэг, С.Оцү нар хэлмэрчлэв. Ингээд уулзалтыг албан бланк дээр танилцсан: Б.Ганболд /АНДОГ-ын захирал/, тэмдэглэсэн: Л.Эрдэнэдаваа /АНДОГ-ы н.б.д/ нарын гарын үсэг зурж уулзалтын тэмдэглэлийг баталгаажуулжээ.

“СуругаМонгол” компанийнхан өөрсдийгөө хохироогүй гэв

Монгол дахь “Суруга Монгол” компанийн захирлын үүрэг гүйцэтгэж байсан 67 настай Цүнэяки Хара хар тамхи хэрэглэсэн хэрэгт холбогдсон энэ хэрэг анх 2012 оны хоёрдугаар сард үүссэн байдаг. Тэгвэл үүнээс хоёр жилийн дараагаар буюу 2014 онд “Суруга корпораци”-ийн эзэн, “Суруга Монгол” компанийн ерөнхий захирал Ц.Ивата Монголд ирж энэ талаар сэтгүүлч Б.Ганчимэгт ярилцлага өгсөн байдаг. Сэтгүүлч “Эндэх компанийн нэг захирал хар тамихины хэрэгт холбогдлоо гэх мэт мэдээллүүд гарч байсан” гэж асуухад Ц.Ивата“Манай эндэх зарим захиралтай холбоотой тийм мэдээллүүд гарсан байсан. Харамсалтай нь тэр бүгд худлаа байсан. Монголын хууль хяналтын байгууллагуудаар шалгагдаад тэр нь худлаа гэдэг нь батлагдсан” гэж хариулжээ. “Монгол түншүүдтэйгээ муудалцсан, мөнгөө алдсан гэх мэдээлэл бас байдаг. Энэ асуудлаас болоод таны аавын бие муудсан гэсэн. Энэ үнэн үү?” гэж асуухад “Огт худлаа цуурхал байна. Бид Монголд мөнгө алдсан гэсэн тийм зүйл болоогүй. Мөн монгол хамтрагчтайгаа муудалцсан гэдэг ч худлаа” гэжээ. “Газраа алдаагүй биз дээ” гэж асуухад “Үгүй. Барилга барьж байгаа газар манай “Суруга Монгол” компани дээр байгаа. Анх л энэ компани дээр урт хугацааны гэрээ байгуулсан. Тэр л хэвээрээ. Өмнөх хэсэг дээр “Mongol corporation” гээд манай охин компани хариуцаад ажиллаж байгаа. Тэрэн дээр ийм андуурагдсан ойлголт явсан байж болзошгүй” гэж хариулжээ.

Сэтгүүлч “Та манай улстөрчидтэй танил уу. Тухайлбал, Зам тээврийн сайдаар ажиллаж байсан А.Гансүхтэй хэр танил вэ. Түүнийг танай компанитай холбосон сайн, муу олон яриа яригддаг” гэсэн асуултад “Би 2001 онд анх өмгөөлөгч А.Гансүхтэй танилцсан. Тэр үед бол сайд болоогүй байсан шүү дээ. Түүний хуулийн компани манайд зөвлөгөө өгдөг байсан юм. Тэр үеэс бидний хооронд маш сайхан нөхөрлөлийн харилцаа тогтсон. Одоо ч үргэлжилж байна. Бидний хооронд ямар нэгэн таагүй зүйл болж байгаагүй. Би их гайхаж байна. Өмнө нь нэг удаа би бас энэ мэдээллийг сонсож байсан. Яагаад тэгж ярьж байгааг ерөөсөө ойлгоогүй. Би ирэх болгондоо түүнтэй уулздаг. Тэр бас Японд очих бүртээ надтай уулздаг. Бидний нөхөрлөл хэвээрээ гэж” “Суруга”-гийн эзэн Ц.Ивата захирал ярилцлага өгч байсан аж.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Долоон машины ослын хохирогч Я.Дарханцэцэг: Машинаа мөргүүлчихээд Lexus авсан гэдэг нь худлаа DNN.mn

Энэ сарын 10-ны өдөр Олимп хотхоны хойд замд долоон машин мөргөж, 12 настай хоёр хүүхэд гэмтээсэн ноцтой осол гарсан. Уг хэргийн хохирогч болох Приус-41 маркийн машинтай зорчиж явсан иргэн Я.Дарханцэцэгтэй ярилцлаа.


-Таны хохирол үнэлгээгээр тогтоогдоод хэдэн төгрөг гарсан бэ?

-Үнэлгээ тогтоолгоход 3.2 сая төгрөг гарсан. Албан ёсны үнэлгээний байгууллагаар нь тогтоолгосон.

-Тухайн хохирлоо бүрэн төлүүлж чадсан уу?

-Машинаа засуулаад хохирлын төлбөрөө бүрэн авч чадсан. Машины хохиролд 3.7 сая төгрөг авсан.

-Таны биед эрүүл мэнд талаасаа өөрчлөлт гарсан уу?

-Эмнэлгээр хэсэг явлаа. Хүзүүний 4-5 дугаар үеийн зөөлөн эд гэмтсэн байна гэсэн. Түүнийгээ шүүх эмнэлгээр тогтоолгоод маргааш (өнөөдөр) эмнэлэгт хэвтэх гэж байна.

-Хохироосон этгээдээс хохирлын төлбөрөө гаргуулан авах боломжтой гэж байна уу?

-Боломжтой гэсэн. Эмнэлэгт хэвтсэн баримт, эмнэлгийн төлбөр зэргээ байцаагчдаа өгөөд хохироосон хүнээс гаргуулах юм байна лээ. -Тухайн хүнтэй биеэр уулзсан уу?

-Тэр осол гарсан өдрөө цагдаагийн газар нэг л удаа уулзсан. Түүнээс хойш ерөөсөө уулзаагүй.

-Тухайн үед цагдаагийн газар байхад уучлалт гуйж, хохирол барагдуулах талаар хэлсэн үү?

-Юу ч хэлээгүй. Чив чимээгүй л зогсоод байсан. Дараа нь ээж нь цагдаагийн газраар ирээд байгаа шүү дээ. Тэгэхдээ л та бүхний хохирлыг бүрэн барагдуулна гээд яриад байсан.

-Сошиалаар долоон хохирогчийн талаар янз бүрийн мэдээлэл яваад байх юм. Приус маркийн машинаа солиод lexus маркийн автомашин авсан гэдэг нь үнэн үү?

-Тийм зүйл байхгүй. Машинаа мөргүүлчихээд lexus авсан гэдэг нь худлаа. Долоон машины хамгийн их хохирсон нь приус-20 маркийн машинтай нэг ах байсан. Тэр бүр бүтэн эргээд юу ч үгүй мөргүүлсэн. Түүнд л хамгийн их хохирол буюу 11 сая төгрөг гарсан юм байна лээ. Тэр машин бүр асахаа болиод зам дээр нам зогссон. Гэтэл мөнгө аваад амаа таглууллаа, приусээ lexus болголоо гэж бичээд байгаа нь ор үндэслэлгүй худал мэдээлэл.

-Сошиалд дайралтууд их яваад байх шиг байна?

-Намайг мөнгө аваад амаа таглуулсан, приусээ солиод уначихсан уу гэх мэтээр маш их дайралтууд фэйсбүүк, твиттерээр ирж байна. Тийм зүйл ерөөсөө байхгүй. Бид хоорондоо утсаар ч ярьж үзээгүй, юу ч яриагүй. Яг хуулийн байгууллагаараа л явж байгаа.

-Танаас бусад хохирсон иргэд дуугарахгүй гээд байгаа шүү дээ?

-Би тэр хэргийн талаар анх бичлэг хийж твиттерт тавьсан. Анхнаасаа дуугарсан, дуугарсан хэвээрээ л байгаа. Би тухайн үед хохирсон хүүхдүүдийн өмнөөс юм ярьж болохгүй шүү дээ. Тэр хохироосон эмэгтэйгийн өмнөөс ч ярьж болохгүй. Өөрийнхөө зүгээс бол дуугарах ёстой бүх зүйлээ олон нийтэд хэлээд, мэдээлээд яваа. Тухайн үед ч тэр охинд санаа зовоод ГССҮТ рүү очиж дээшээ хүүхдийн тасаг руу нууцаар орж хохирогч охины биеийг асуугаад л явж байсан.

-Сошиалд иймэрхүү хэргийн талаар анх мэдээлсэн хүн нь шүү дээ. Энэ бүхний дараа юу мэдрэв?

-Манайхан чинь тэр чигтээ аймшигтай болчихжээ. Би сүүлдээ айж байна. Эхэндээ бол ингэж болохгүй яана аа, ямар аймшигтай юм бэ, аймаар хэрэг гарч гээд бүгд гайхаж хүлээж авсан. Дунд үеэс нь өөрсдийн зүгээс дүгнэлт хийж эхэлж байгаа юм. Яг тэгсэн юм байна, ингэсэн юм болов уу, аа ийм юм болчихсон юм байна гээд л. Өөрсдөө тайлбарлаад явчихдаг юм байна. Төгсгөл үедээ бол ямар ч хүнийг шууд буруутгаад эхэлдэг юм байна лээ. Яг тэр мөчид яасныг өөрсдөө хараагүй байж буруутгадаг. Би анх нийгэмд дохио өгснөөрөө өөрөө буруутан болоод л байж байна. Бодит үнэн ийм л байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өмгөөлөгч Д.Түмэнжаргал: Бичлэгнээс үзэхэд насанд хүрэгчид ашиг олох зорилгоор нэгдсэн гэж дүгнэхээр байна DNN.mn

2022оны наймдугаар сарын 5ны өдөр цахим хэрэгсэл буюу фэйсбүүкээр “Бага насны /1013/ хүүхдүүд зуслангийн байшинд мансуурсан, садар самуун үйлдлийг хийсэн байдалтай байсан бөгөөд тэдгээрийг зохион байгуулсан хэсэг насанд хүрэгчдийн талаарх” хэргийн газар дээр нь шууд бичлэг хийгдсэн байдаг. Уг бичлэгт хүүхдүүд мансуурсан, согтуу, садар самуун үйлдэл хийж байгаа нь гарч буй юм. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс тодруулахад хэвлэлийн ажилтан Б.Баярбаясгалан “Тухайн бичлэг нэг жилийн өмнө хийгдсэн хуучин бичлэг байна лээ. Тэр талаар манай хэлтэс тодруулан судалж байна” хэмээх хариултыг өгөв. Харин тухайн бичлэгт гарч байгаа үйл явдалд хууль зүйн үндэслэлийн хувьд ямар байх талаар Өмгөөллийн “Нийслэл адвокэйтс” ХХКийн үүсгэн байгуулагч, өмгөөлөгч Д.Түмэнжаргалтай ярилцлаа.


-Насанд хүрээгүй хүүхдүүд бие биенээ уруу татаж садар самуун, мансууралд өртөж буйг хууль эрх зүйн талаас авч үзвэл ямар уршигтай вэ?

-Эрүүгийн эрх зүйн судлагдахуунд 16 нас хүрсэн байвал хэрэг хариуцах бүрэн чадвартай субьект болно гэж үздэг. Зарим тохиолдолд 14 насанд хүрсэн байхдаа тодорхой тооны гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдвол эрүүгийн хариуцлага оногдуулдаг. 2015 онд батлагдаж, 2017 оноос хүчин төгөлдөр мөрдөж буй Эрүүгийн хуульд заасан 12 төрлийн гэмт хэргийг үйлдсэн байвал эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан. Тодруулбал, хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулах, хүчин, хулгай, эд хөрөнгийг устгах гэмтээх, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар ашиглах, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах, цахим мэдээллийн системд хууль бусаар халдах гэх мэтчилэн хэргүүд багтсан. Эдгээр хуульд заасан нэр бүхий гэмт хэргийг үйлдсэн 14-16 насны этгээдэд хариуцлага хүлээлгэх эрх зүйн зохицуулалт бий. Харин 14-өөс доош настай хүүхэд эрүүгийн болон бусад бүхий л төрлийн гэмт хэргийг үйлдсэн нөхцөлд ял оноодоггүй буюу хариуцлага хүлээлгэх боломжгүй байдаг байна.

-Хэрвээ санаатайгаар бусдыг мансууруулсан, садар самуунд уруу татсан бол хууль эрх зүйн хувьд хариуцлага бий юү?

-Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэх орон байраар хангах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 20.8 дугаар зүйлд зааж өгсөн. Орон байраар хангасан гэж мансуурах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлэх зорилгоор хүн байнга, түр амьдрахад зориулагдсан төрөл бүрйн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргээр хангасан, мөн тодорхой ажил үйлчилгээ, аж ахуйн нэгж, байгууллагын нэрээр халхавчлан тусгай газар бий болгосныг үздэг байна. Тухайн бичлэгнээс үзэхэд хэргийн хэд хэдэн насанд хүрэгчид /бичлэг дээрх хүү мөнгөө төлсөн гэж орилох/ ашиг олох зорилгоор нэгдсэн байна гэж дүгнэхээр байна. Энэ нь Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэх орон байраар хангах гэмт хэргийг зохион байгуулалттай үйлдсэнээр хүндрүүлэх шинжтэй (Эрүүгийн хуулийн 20.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг) болж байгаа юм. Зохион байгуулалттай гэм хэрэг үйлдсэн гэж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт болис хэрэглэх орон байраар хангах гэмт хэргийг гэмт хэрэг үйлдэж байнга ашиг олох зорилгоор урьдчилан нэгдсэн гурав, түүнээс дээш хүний тогтвортой нэгдэл үйлдсэнийг ойлгоно. Мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис болон согтууруулах ундаа, мансууруулах үйлчилгээ бүхий бодис /цавуу, ахуйн газ, бензин/ зэргийг хуульд ялгамжтайгаар зохицуулсан байдаг. Харин тухайн бичлэг дээр гарч буйгаар бол Хүүхдийг байнгын мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэх орон байраар хангаж, донтох байдалд татан оруулсан бол Хүүхдийг согтуурах, мансуурах, донтох байдалд татан оруулах /Эрүүгийн хуулийн 16.2 дугаар зүйл/ гэмт хэрэг болон дээр дурдсан 20.8 дугаар зүйлтэй давхар зүйлчлэх юм.

-Хүүхдээ ийм байдалд оруулахгүйн тулд эцэг эхчүүд хууль зүйн ямар мэдлэгтэй байх ёстой вэ?

-Хүүхдээ ийм байдалд оруулахгүйн тулд хууль зүйн гэхээсээ илүү тухайн асуудлын талаар эцэг, эх өөрсдөө мэдлэгтэй байх шаардлагатай. Учир нь хүүхдээсээ хар тамхи ч юмуу архи эсхүл садар самуунд уруу татагдаад байна уу гэж шууд асуух нь тухайн хүүхэд үнэн байдлаа хэлэх (эсхүл хэрэглэж үзээгүй байсан ч үзэх сэдлийг нь төрүүлдэг) бодлыг үгүйсгэдэг. Иймд садар самуун явдал гэж юу болох мансууруулах бодис, түүний хор нөлөөний талаарх ойлголтыг шат дараатай өгч нээлттэй ярилцан, урьдчилан сэргийлэх байдлаар хүүхдийнхээ хувцас, цүнх, өдөр тутам хэрэглэдэг зүйлсийг нь шалгаж байх хэрэгтэй. Мөн мэргэжлийн байгууллагаас өгч буй мэдээ, мэдээлэл, зөвлөгөө, зөвлөмжтэй танилцаж байх шаардлагатай.

-Өсвөр насныхны мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодист донтох эрсдэлтэйг судалсан судалгаа байдаг болов уу?

-Хүүхдийн 13-14 нас бол шилжилтийн үе буюу хүүхдээс том хүн болох, төлөвших, донтолтод өртөх магадлал хамгийн өндөр эмзэг үе байдаг бөгөөд эцэг, эхийн анхаарал, хайр халамж, зөвлөгөө, хараа хяналт чухал байдаг байна. 2019 оны “Хүүхэд, өсвөр насныхны мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодист автах эрсдэл, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ” криминологи судалгаанд орон нутаг болон нийслэлийн нийт 1067 сурагч оролцсоноос 529 нь эрэгтэй, 538 нь эмэгтэй сурагч байна. Үүнээс долдугаар ангийн 60 хүүхэд, наймдугаар ангийн 157 хүүхэд, есдүгээр ангийн 215 хүүхэд, аравдугаар ангийн 243 хүүхэд, арваннэгдүгээр ангийн 189 хүүхэд, арванхоёрдугаар ангийн 203 хүүхэд буюу шилжилтийн нас нь эхэлж буй 10-18 насны хүүхдүүд оролцжээ. Тус судалгааны үр дүнд судалгаанд оролцогчдын 74 хувь нь мансууруулах бодис огт хэрэглэж байгаагүй, 13 хувь нь ганц удаа хэрэглэж байсан, 2 хувь нь хааяа хэрэглэдэг гэсэн бол 11 хувь нь олон удаа хэрэглэж байсан гэсэн судалгаа гарчээ. Энэ нь мансуурах байдалд донтсон бага насны болон өсвөр насныхан байгааг илтгэсээр байна. Мансууруулах бодисыг ямар шалтгааны улмаас хэрэглэж буйг тогтооход судалгаанд оролцогчдын 21 хувь нь мансууруулах бодисыг бусдын дарамт шахалтаар хэрэглэдэг, 25 хувь нь сонирхоод хэрэглэдэг, 24 хувь нь бусдыг дуурайж хэрэглэдэг гэсэн бол 25 хувь нь тайвшрах гэж хэрэглэдэг хэмээн хариулжээ. Мөн мансууруулах бодисыг сонирхох маягаар хэрэглэж үзэж байсан уу гэсэн асуултад огт хэрэглэж байгаагүй гэсэн хариулт ахлах ангийн хувьд сурагчид 436, дунд ангийн хувьд 315 байна. Ганц удаа хэрэглэж байсан гэсэн хариулт ахлах ангийн хувьд 85, дунд ангийн хувьд 43 байна. Хааяа хэрэглэдэг гэсэн хариулт ахлах ангийнхны хувьд 14, дунд ангийнхны хувьд 11 байна. Олон удаа хэрэглэсэн гэсэн хариулт ахлах ангийн хувьд 16, дунд ангийн хувьд 34 байна. Харин уг асуултад 115 сурагч ямар нэг хариулт өгөөгүй байна. Дунд ангийн сурагчид нь ихэвчлэн 10-15 насны сурагчид байдаг бөгөөд судалгааны үр дүнд мансууруулах бодис хэрэглэж үзсэн, давтамжтай хэрэглэдэг гэх тоо чамгүй их гарсан байна. Хүүхэд, залуучууд бие биесээ сонсох, даган дуурайх, мөн телевиз, интернэтээс ямар ч шалгуур, цензургүй мэдээлэл авах боломж нээлттэй байна. Хэрэглэгч, донтогч болсон тохиолдолд үзүүлэх эмнэлгийн болон сэтгэл зүйн, нийгмийн тусламж үйлчилгээний стандарт байхгүй зэрэг нөхцөл байдал нь энэ төрлийн гэмт хэрэг өсөн нэмэгдэх шалтгаан болж байна.

Categories
мэдээ нийгэм

Хан-Уул Эко дүүрэгт бүтээн байгуулалт эрчимтэй явагдаж байна DNN.mn


Нийслэлд хоггүй, цэвэрхэн, эко орчинг бий болгох ажлыг 2017 оноос хойш анхлан хэрэгжүүлж, жишиг тохижилт, бүтээн байгуулалтаараа манлайлдаг Хан-Уул дүүрэг “Эко дүүргийн нээлттэй бямба гариг”-аар дүүрэгтээ хэрэгжүүлсэн бүтээн байгуулалт, тохижилтын ажлын явц, хэрэгжилтээ танилцуулан, иргэддээ мэдээ, мэдээллийг хүргэн ажиллах болжээ. Энэ хүрээнд өнгөрсөн бямба гаригт Нисэх орчим буюу Хан-Уул дүүргийн 9,10,16,21 дүгээр хороодод дүүргийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжих “Эрүүл-Эко дүүрэг” хөтөлбөрийн хүрээнд өрнүүлсэн бүтээн байгуулалтын ажлыг сурвалжилсан юм. Ингээд Хан-Уул дүүргийн есдүгээр хороог зорилоо.


ГУРВАН ХОРООНД ШИНЭЭР ЦЭЦЭРЛЭГ БАРЬЖ БАЙНА

Энд 200 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилга эхэлчихсэн эд ажил нь өрнөж байлаа. Энэ тухай ХУД-ийн 16 дугаар хорооны ИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын орлогч А.Амартүвшин ярихдаа “Хан-Уул эрүүл-Эко дүүрэг болох зорилгын хүрээнд сургууль, цэцэрлэгийн хүртээмж, түрээслэх үйл ажиллагаанд анхаарал хандуулан ажиллаж байгаа. Цэцэрлэгүүдийг шинээр барихын тулд олгогдсон хэрнээ олон жил ашиглагдаагүй газруудад дахин төлөвлөлт хийж байна. Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан ашиглагдаагүй удсан газруудад албан тоот гаргуулан, Нийслэлийн засаг даргын тамгын газарт хүсэлт явуулснаар тухайн этгээдийн эзэмших эрхийг түдгэлзүүлж, тэр газарт нь цэцэрлэг барьж буй нь энэ. Мөн 15 дугаар хороо болон дөрөвдүгээр хороодод шинэ цэцэрлэг барьж байна. Яармагт баригдаж буй цэцэрлэгийн барилга 95 хувьтай удахгүй дуусах шатандаа орсон. Энэ жилдээ ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Энэхүү газар 1800 м.кв хэмжээтэй. Барилга барихаар суурийг нь ухаад орхичихсон байсан. 2013 онд эзэмшилд очсон байдаг. Иргэд энэ газарт цэцэрлэг барьж өгөөч, цэцэрлэгийн хүрэлцээ муу байна гэснээр дүүргийн засаг дарга асуудлыг шийдэн, ийнхүү цэцэрлэгийн барилга баригдаж байна” гэв.Гүйцэтгэгч компани буюу Гранд марк компанийн гүйцэтгэх захирал Н.Мөнхдөл ярихдаа “Барилгын ажил долдугаар сарын 22-ны өдөр зөвшөөрөл нь гараад эхэлсэн. Түүнээс хойш зогсолтгүй явж байна. Дараа жилийн долдугаар сард цэцэрлэг ашиглалтад орох ёстой. Бид хүйтрэхээс өмнө гадна өрлөгөө дуусаад битүүлээд авах юм бол дотор засалдаа орно. Хавар гэхэд хугацаанаасаа өмнө дуусгаад өгөх зорилготой ажиллаж байна. Одоогоор барилгын ажил 40 хувьтай явагдаж байна” гэлээ.


ШИНЭ ЗОГСООЛ БАЙГУУЛЖЭЭ

Цааш Хан-Уул дүүргийн есдүгээр хороонд баригдаж буй 1.4 км авто замын ажилтай танилцлаа. Дүүргийн хөрөнгөөр барьсан уг зам ашиглалтад ороод удаагүй аж. Уг зам 16 дугаар хороо Сонсголонгийн гудамжнаас тайнь долдугаар гудамж дагуу Наадамчдын зам хүрч буй юм. Мөн 21 дүгээр хорооны Иргэний Нисэхийн ерөнхий газраас Буянт-Ухаа-2 хороолол хүртэлх 0,9 км авто замыг тавиад байгаа аж. Замаа дагасан 900 орчим гэрэлтүүлэг, 100 ширхэг камержуулалтыг дүүргийн төсвийн хөрөнгөөр суурилуулсан ажээ. Цааш бид аравдугаар хороог зорин очлоо. Энд байрнуудын дунд зогсоол байхгүй шороон замтай байсныг зогсоол болгон засч, иргэдэд эрүүл аюулгүй орчинд зорчих бололцоогоор хангаж өгчээ. Энэ тухай ИТХ-ын төлөөлөгч, аравдугаар хорооны Засаг дарга Б.Алтантуяа ярихдаа “Хан-Уул дүүргийн аравдугаар хороо 10500 хүн амтай, 2476 өрхтэй. Байшин, гэр хороолол хосолсон хороо юм. Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийтийн эзэмшлийн гудамж талбай, нийтийн байрнуудын фасад засвар, тохижилтын ажил үе шаттай хэрэгжсэн. Гэр хорооллын шороон замыг засаж, сайжруулах ажлыг дүүргийн Зам засвар арчлалт ОНӨААТҮГ-тай хамтран сайжруулах ажлыг өнгөрсөн долоо хоногт хийлээ. Ирэх жил дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар аравдугаар хороонд жишиг Өрхийн эрүүл мэндийн төв барих төлөвлөгөөтэй байгаа бөгөөд иргэд эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээгээ хороон дээрээсээ авах нөхцөл бүрдэнэ” хэмээсэн юм. Тус хорооны оршиг суугч иргэн Л.Дөлбадрах хороондоо хийж хэрэгжүүлсэн ажлын талаар ярихдаа “Манай хороонд олон бүтээн байгуулалтын ажил өрнөж байна. Өдрөөс өдөрт нүдэн дээр л зам талбай, хороо хот минь өнгөжин өргөссөөр байгаа. Урьд нь энүүгээр явахад шороон зам учир тоос шороо их бужигнадаг, харагдах орчин муу. Эрүүл аюулгүй байдал талаасаа асуудалтай байсан. одоо цэлийсэн сайхан машины зогсоолтой болж энэ хавийн иргэд машинаа тавих зогсоол хайхгүй амар болсон. Энэ мэт хийсэн ажлуудыг хараад амьдрах таатай орчинг бүрдүүлэхээр ажиллаж байгаа хороо, дүүргийнхэндээ талархаж байна” гэлээ.Ингээд бид Аравдугаар хорооноос хуучин нисэх буудал буюу Буянт-Ухаа нисэх буудлыг зорив.

АЛСЫН БҮСИЙН 150 МЯНГА ГАРУЙ ИРГЭДЭД ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛЛАА

Энд хуучин нисэхийг нэг цэгийн үйлчилгээ болгон ашиглалтад оруулжээ. Энэ талаар Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга С.Энхбаяр ярихдаа“Хан-Уул дүүргийн алслагдсан хороодболох Өлзийт, Биокомбинат, Туул тосгон, Нисэх, Яармагийн бүсийн 147.288 иргэд түгжрэлд хотын төв руу явахгүйгээр төрийн үйлчилгээг Буянт-Ухаа Олон улсын нисэх онгоцны буудалд улсын бүртгэлийн нэг цонхны үйлчилгээний цэгийг “Миат”ХК-тай хамтран тохижуулж, иргэд үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлсэн. Тус төвөөр иргэд эд хөрөнгийн бүртгэл, иргэний бүртгэл, гадаад паспорт захиалга, нотариат зэрэг долоон цонхоор 40 орчим төрлийн үйлчилгээ авах боломжтой бөгөөд өдөрт дунджаар 200-250 иргэн үйлчилгээ авч байна.Мөн “Монгол Улсын Засгийн газраас 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Цахим засаглал”-ыг бий болгох зорилт дэвшүүлсэн. Тус зорилтын хүрээнд Хан-Уул дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар дүүргийн дөрвөн байршилд буюу 12 хороонд /2, 4, 8, 9, 11, 13, 14, 15, 16, 17, 19, 21/ нийт 16 КИОСК буюу ГЭРЭГЭ төлбөр тооцооны машиныг байршуулаад байна. Иргэдэд төрийн үйлчилгээг хамгийн ойроос түргэн шуурхай хүргэх КИОСК төлбөр тооцооны машинаас иргэд харьяа хорооныхоо байрнаас банкны картаа ашиглан төлбөр тооцооны бүхий л үйлчилгээг авах бүрэн боломжтой юм.Цаашид дүүргийнхээ 25 хороодод КИОСК машин суурилуулж, иргэд хаана ч төрийн болон бусад үйлчилгээг газар дээрээс нь авах нөхцөлийг бүрдүүлэхээр зорилт тавин ажиллаж байна. Мөн Хан-Уул дүүргийн бүх хороодын байрыг хөгжлийн бэрхшээлтэй иргэд саадгүй үйлчилгээ авах боломжтой болгон тохижуулсан.Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжих “Эко-Эрүүл дүүрэг” зорилтын хүрээнд дүүргийн Иргэдэд үйлчлэх төв байрны нэг давхарын Нэг цонхны үйлчилгээг жишиг болгон тохижуулж, иргэд төрийн үйлчилгээ авахад хүндрэл бэрхшээлгүй түргэн шуурхай авах нөхцөлийг бүрдүүлсэн” гэв. Төрийн үйлчилгээг Нисэхээс авах боломжтой болсон талаар иргэн Ж.Баатархүү ярихдаа “Нэг цэгийн үйлчилгээ авах гэж заавал төв рүү орох хэрэг гардаг байсан. Хамгийн ойр цэг нь Мишээл худалдааны төвд байдаг. Тийшээ явахад түгжрэл ямар байдаг билээ. Яармагийн зам түгжрэл ихтэй асуудалтай шүү дээ. Ойр нэг цэгийн үйлчилгээтэй болсноор цаг мөнгөө хэмнэх сайхан боломж олдлоо” гэсэн юм.

ЕСДҮГЭЭР ХОРОО ЖИШИГ АВТОБУСНЫ БУУДАЛТАЙ БОЛЖЭЭ

Цааш бид Нисэхийн эцсийн буудлыг зорилоо. Бусад автобусны буудлаас ялгарах зүйл нь энд автомашины зогсоолтой. Автобус тойрон эргэх замыг тохижуулан барьжээ. Эндхийн иргэд төв замруу 3 км алхаж байж автобусанд суудаг байсан аж. Энэ талаар ИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын зөвлөх Ч.Бат-Оргил, ИТХ-ын төлөөлөгч С.Батхуяг нар ярихдаа“Есдүгээр хороо Нисэхийн эцсийн автобусны буудлыг дүүргийн төсвийн хөрөнгөөр засаж, тохижуулсан. Хан-Уул дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийтийн тээврийн үйлчилгээний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс дүүргийн Есдүгээр хорооны автобусны зогсоолын талбайг шинээр барьж байгуулсан. Мөн гадна талд автобуснууд чөлөөтэй эргэх талбай, зорчигчид буух, суух хүлээлгийн талбай, зогсоолын саравч, мэдээллийн самбар, нийтийн сандал, орчны гэрэлтүүлэг болон хогийн сав зэрэг байрлуулж иргэдэд ээлтэй орчин нөхцөлийг бий болгосон. Хатуу хучилттай автозам, явган хүний зам, гэрэлтүүлэг болон эко хавтангаар тохижуулсан тул талбайн тохижилтыг дүүргийн Зам засвар арчлалт ОНӨААТҮГ хийж гүйцэтгэж ашиглалтад орууллаа. Цаашид дүүргийн зүгээс автобусны зогсоолыг жишиг болгон тохижуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлэн ажиллах төлөвлөгөөтэй байгаа” гэв. Харин иргэд ямар бодолтой байгааг сонсоход иргэн Н.Наранчимэг “Энд шинэ автобусны буудал байгуулснаар энэ хавийн иргэдэд маш таатай нөхцөл бий болсон. Бид хүүхдээ тэврээд маш хол алхдаг байсан. Шинээр зам тавиад ийм буудал байгуулсанд маш их баяртай байгаа. Төв зам руу дор хаяж 30 минут алхдаг байлаа. Одоо 2-3-хан минут алхаад л автобусны буудал дээр ирдэг болсон. Үнэхээр иргэдэд зориулсан сайхан ажил боллоо” хэмээв.

ШОРООН ЗАМЫГ ХАЙРГААР ТЭГШИЛЖ САЙЖРУУЛЖЭЭ

Нисэхийн хүн амыг эрүүл аюулгүй зам талбайгаар зорчих нөхцөлийг бүрдүүлэн гудамжны шороон замыг хайрга асган тэгшилж, индүүдээд сайжруулсан шороон зам тавьсан байна. Энэ талаар ИТХ-ын төлөөлөгч, Зам засвар арчлалт ОНӨААТҮГ-ын захирал Ц.Ган-Эрдэнэ ярихдаа “Хан-Уул дүүргийн гэр хорооллын 50 байршлын гудамж талбайн шороон замыг хайргаар тэгшилж, сайжрууллаа. Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамжаар өнөөдрийн байдлаар дүүргийн 5,6,7,8,9,10,13,14,16 дугаар хороодын гудамж, зам талбайд авто машин болон явган хүн зорчих боломжгүй нөхцөл үүссэн бартаа ихтэй 50 байршлын шороон замыг хусаж, автозамын зохист найрлага бүхий хайргаар тэгшилж сайжруулах ажил үргэлжилж байна” гэлээ. Есдүгээр хорооны Засаг дарга М.Насанжаргал“Хан-Уулдүүргийн Есдүгээр хороо 8512 хүн амтай, 2241 өрхтэй. Гэр хороолол ихтэй хороо юм. Оршин суугчдад хамгийн их тулгамддаг асуудал гэрэлтүүлэг, камержуулалтын асуудлыг ихээр тавьдаг. Энэ жил дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар Есдүгээр хороонд нийт 835 гэрэлтүүлэг, 46 камержуулалт суурилуулсан. Мөн гэр хорооллын айл өрхүүддээ зориулан шинэ худаг барьж байгаалсан. Ирэх жил манай хороонд 0.8 км авто зам дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэхээр бэлтгэл ажил хангагдаад байна” гэлээ.

21 дүгээр хороонд өрнөсөн бүтээн байгуулалтын талаар ИТХ-ын Төлөөлөгч, 21 дүгээр хорооны Засаг дарга Б.Байгаль ярихдаа“Хан-Уул дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 21 дүгээр хорооны хоёр байршилд 2 автозам ашиглалтад орлоо. Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 оны “Эко-Эрүүл дүүрэг” хөтөлбөрийн хүрээнд Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо Буянт-Ухаа-2 хороололд дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 220м хатуу хучилттай шинэ автозам ашиглалтад орсон. Явган хүний зам, 50 гаруй автомашины зогсоолтой, ус зайлуулах шугам болон ган туузан хашлагатай, гэрэлтүүлэг зэрэг иж бүрэн тохижилттой тус замыг Хан-Уул зам засвар, арчлалт ОНӨААТҮГ хийж гүйцэтгэсэн. Иргэний нисэхийн Ерөнхий газраас Буянт-Ухаа-2 хороолол хүртэлх 800м урт авто зам ашиглалтад орж иргэнд ээлтэй таатай орчин бүрдүүлсэн байгаа. Мөн дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар оршин суугчдын санал хүсэлтэд үндэслэн тус хорооны Жаргалан, Эко хотхоны дунд сагсны шийдтэй тоглоомын талбайг ашиглалтад оруулсан. Гэрэлтүүлэг, камержуулалтын ажлыг стандартын дагуу суурилуулсан. Цаашид тус хороонд улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар 2160 хүүхдийн суудалтай хоёр сургууль, нэг цэцэрлэг ашиглалтад орохоор төлөвлөгөөнд тусгагдаад явж байгаа” гэсэн юм.Өнгөрсөн бямба гаригт Хан-Уул дүүргийн бүтээн байгуулалтын нэгээхэн хэсэгтэй л танилцаж амжсан юм. Өөр олон олон бүтээн байгуулалтууд тус дүүрэгт өргөж буйг ганцхан өдрийн хугацаанд үзэж амжихгүй юм байна лээ. Эрүүл-Эко дүүрэг болохынхоо хүрээнд цэцэрлэгийн хүүхдүүдэд хогоо ангилах ялгах аргыг заан сургаж, насан туршийн амьдралын хэв маяг болгохоор эхнээсээ энэхүү ажил нь хэрэгжээд эхэлжээ. Энэ мэтээр Хан-Уул Эко дүүрэгт бүтээн байгуулалт эрчимтэй явагдаж байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ОХУ-ын иргэнд алхаар цохиулан нас барсан иргэний дүү: Гэнэт ингээд хэрцгийгээр алуулчихаар аймшигтай байна DNN.mn

Есдүгээр сарын 24-ний өдөр ОХУ-ын иргэн танхайрч, монгол хүнийг алхаар цохиж гэмтээсэн хэрэг гарсан. Улмаар гэмтэл авсан иргэн ГССҮТ-д яаралтайгаар очиж эмчлүүлсэн ч шархаа даалгүй нас барсан байдаг. Тухайн хэргийн хохирогчийн дүүтэй ярилцлаа.


-Хэрэг мөрдөн шалгах үйл ажиллагаа ямар шатандаа яваа бол?

-Тухайн хэргийн талаар хэрэг мөрдөлтийн үйл ажиллагаа үргэлжилж байгаа болохоор олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, хэвлэл мэдээлэлд ярилцлага өгч болохгүй гэж цагдаагаас сануулсан л даа.

-Тухайн хэрэг явдал хохирогчийн гэрт болсон юм шиг байна лээ. Тийм үү?

-Тийм. Амралтын өдөр манай ахыг гэртээ амарч байхад нь хөрш залуу нь өглөөний 06:00 цагийн үед унтаж байхад нь хаалгыг нь тогшоод дуудсан юм байна лээ. Тэгээд тухайн гурван Орос хүнд байраа түрээслүүлэхээр гэрээ байгуулаад оруулах гэсэн боловч хаалга нь гацаад онгойгоогүй. Манай ах онгойлгож өгөх гэж байхан хичээгээд чадаагүй арга буюу гэртээ оруулсан юм билээ. Тэр болгон нь орцных нь камерын бичлэгт бичигдсэн. Гэвч тухайн бичлэгийг ар гэрийнхнээс нь хэн ч үзэж амжаагүй байхад цагдаа нар эд мөрийн баримтаар хурааж авсан. Одоог хүртэл бичлэгийг бидэнд үзүүлээгүй байгаа.

-Цагдаагаас та бүхнийг хохирогчийн байр сууринаас мэдүүлэг өг гэж дуудсан уу?

-Дуудсан. Тэр талаар би нарийн мэдэхгүй л байна. Өмгөөлөгчөөрөө л дамжуулаад байх шиг байна лээ.

-Хэрэг гараад нэлээд удлаа. Шүүх шинжилгээний хариутай та бүхнийг танилцуулсан уу?

-Гарсан байх аа. Би сайн мэдэхгүй байна. Өмгөөлөгч болон ах, эгч нар мэдэж байгаа байх.

-Талийгаачийг хэзээ нутаглуулсан бэ?

-Хоёр долоо хоногийн өмнөх баасан гаригт гаргасан. Ийм хэрэг гарсны дараа дэн дун л явна. Өөрийгөө сатааруулах юу ч хамаагүй хийж байна.

-Талийгаач ямар ажил мэргэжилтэй, юу хийдэг хүн байсан бэ?

-Хувиараа барилгын ажил хийдэг байсан. Өөрөө хувьдаа вакум цонхны үйлдвэртэй байсан л даа.

-Олонтой ямар харилцаатай хүн байсан бэ?

-Хувийн юм ажиллуулаад явахаар мэдээж олныг уриалж манлайлж чаддаг, удирдан зохион байгуулах авьяастай, нэр хүндтэй хүн байсан.

-Гэр бүлтэй юү?

-Нэг охинтой. Эхнэр охин хоёр нь Америкт байгаа.

-Эхнэр, хүүхэд нь Монголд ирсэн үү. Сэтгэл санаа нь ямар байгаа бол?

-Охин нь тэнд сурдаг болохоор ирж амжаагүй. Угаасаа гэнэт ингээд хэрцгийгээр алуулчихаар аймшигтай хэцүү байна. Эхнэр, охин нь болон манай гэр бүлийнхний сэтгэл санаа гэж авах юм алга.

-Хэрэг үйлдсэн этгээдүүдтэй уулзсан уу?

-Үгүй. Ерөөсөө уулзаагүй.

ГССҮТ-д эмчлүүлж байхад нь эмчтэй нь уулзсан байх. Юу гэж байв?

-Нэг их эмч нь “12 жил Гэмтлийн сэхээн амьдруулах тасагт ажиллаж байхдаа есөн жорын хүн үзсэн. Энд сүхдүүлсэн, заазуурдуулсан янз бүрийн л хүмүүс ирдэг. Гэхдээ хүнийг ийм аймшигтай болгосныг анх удаа харж байна” гэсэн.

-Хэрэг мөрдөлтийг хэрхэн шийдээсэй гэж та бүхэн хүсч байгаа вэ?

-Аль болох шударга л шийдээсэй. Монгол Улсын хуулийн дагуу хүнийг онц ноцтой хэрцгийгээр хөнөөхөд ямар ял оноодог юм яг түүгээр нь шийдээсэй л гэж хүсч байна.

-Та эмнэлэгт ахыгаа эмчлүүлж байхад нь харсан уу?

-Харсан харсан.

-Ямар байдалтай байсан бэ?

-Аймшигтай, тэр бол үгээр хэлэхийн аргагүй.

-Харахаас нүд хальтрам уу?

-Түүнээс ч аймшигтай. Тэр бол зүгээр л аймшгийн кино. Хүнийг яаж тийм болгож чаддаг юм бэ.

-Тухайн хэрэг гарсны дараа гэрт нь очиж үзсэн үү. Гэр нь ямар байсан бэ?

-Гэр нь бас аймшигтай болчихсон байсан гэсэн. Би гэхдээ очиж чадаагүй. Биднээс нуугаад битүүмжилчихсэн. Нэг хэсэг оруулаагүй нуугаад байна лээ. Нэгэнт ийм юм болчихсон юм чинь нялх нойтон хүүхэд, хөгшин настай хүмүүсийн сэтгэл санааг үймүүлнэ гээд оруулаагүй байх. Яг ямар болсныг нь хэлэхгүй шүү дээ. Анх дуудлагаар очсон цагдаа нь хэлж байсан. “Харахын эцэсгүй аймаар байсан” гэж хэлсэн. Мэдээж 20, 30 удаа тархийг нь алхаар бяцартал цохичихсон юм чинь орчин тойрон нь ямар л олиг байх вэ дээ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Осолд өртсөн охины ээж: Сайтуудаар худлаа мэдээлэл яваад байх юм DNN.mn

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр “Олимп” хотхоны замд энэ сарын 10-ны өдрийн 18:46 цаг орчимд Тоёото Ланд круйзер-200 маркийн автомашин долоон машин мөргөж, хүүхэд дайрсан осол гарсан.

Энэ талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах зохицуулагч Г.Отгонтамир ярихдаа “Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Олимп” хотхоны ойролцоо “Ланд круйзер-200” маркийн автомашин хашлага давж, эсрэг урсгалын долоон автомашин мөргөсөн осол долоо хоногийн өмнө гарсан. Ослын улмаас нийт найман жолооч эд хөрөнгийн хохирол амссан. Мөн гарцаар гарч байсан 12 настай хоёр охин гэмтсэн. Одоогийн байдлаар охин эрүүл мэндийн байгууллагын хяналтад байна. Хэргийг мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн. Осол гаргасан автомашины жолооч нь 29 настай, эмэгтэй М гэгч байсан. Шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй байгаа учраас ослын шалгалтыг 14 хоногоор сунгасан. Хааз, тоормос андуурч дарсан эсэх нь тогтоогдоогүй. Осол гарах үед жолооч архи, согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Мөн хар тамхитай тэмцэх хэлтсээс тест авсан. Тестийн хариу гарсан бөгөөд тухайн жолооч мансууруулах бодис хэрэглээгүй нь тогтоогдсон. Тухайн эмэгтэй жолооч биш нь тогтоогдож, ослын шалгалтыг 14 хоногоор сунгасан. Шалгалтын ажил дуусаагүй бөгөөд тухайн осол гаргасан машины эзэмшигчид ч Зөрчлийн хуулиар хариуцлага тооцно. Мөрдөн шалгах ажиллагаа дууссаны дараа Прокуророос шүүх рүү шилжүүлж, хуулийн хариуцлага тооцно” гэв.

Уг ослыг гаргасан эмэгтэйн талаар зарим хэвлэл мэдээллийн байгууллагууд 29 настай Маралмаа, шүдний эмч мэргэжилтэй. Хан-Уул дүүргийн 18 дугаар хороонд оршин суудаг. Аав, ээж нь энгийн л хүмүүс. Харин найз залуу болох н.Батсүх нь Хөгжлийн банк, Эрдэнэс Таван толгойд ажиллаж байсан хэмээн мэдээлж буй юм.


Тийм аймшигтай осол хийчихээд ерөөсөө гэмшсэн, айсан шинжгүй байсан

Уг осолд орсон долоон машины хамгийн урд зогсож байсан машин дахь иргэн Я.Дарханцэцэгтэй ярилцлаа. Тус иргэн уг ослын талаарх бичлэгийг хамгийн түрүүнд хийж сошиал орчинд тавьжээ.


-Тухайн үед яг юу болсон юм бэ?

-Баянмонгол хорооллын хажууд, Эмралд хотхоны урд түгжрэлд зогсож байсан.

Машинууд таг түгжирчихсэн хөдлөх боломжгүй байлаа. Нөгөө талын урсгал нь арай сийрэг байсан. Тэгтэл юу болов гэмээр гэнэтхэн нөгөө урсгалаас улаан галзуу маш хурдтай орж ирсэн, тэр Ланд-200. Тэгээд манай машины ард талыг цөм хамаад, пид пад болоод л явчихсан.

-Таны машин ямар маркийнх вэ?

-Приус 41. Тэгээд манай машиныг мөргөчихөөд зогсоогүй цаашаа дахиад л пид пад гээд яваад л байсан.

-Тухайн үед цагдаа, эмнэлэг хэн дуудсан юм бол?

-Ослын ойр орчимд байсан хүмүүс бүгд л залгасан.

-Эмч, цагдаа хэр удаж байж ирсэн бэ?

-103 бол 10 минутын дотор ирсэн. Түүнээс түрүүлээд замын цагдаагийнхан ирсэн.

-Осол гаргасан хүнийг харж чадсан уу. Ямар хүн байсан бэ?

Чадсан. Нэг эмэгтэй байсан. Шоконд орчихсон гэж хэлэхэд ч хэцүү юм даа. Чив чимээгүй байж байснаа нөхөр рүүгээ залгаад “Би аваар хийчихлээ. Осол гаргачихлаа” гээд утасдаад байсан.

-Согтуу байсан зүйл ажиглагдаагүй юу?

-Ажиглагдаагүй. Эрүүл харагдсан.

-Тухайн үед дайруулсан хүүхдийг харсан уу. Биеийн байдал нь ямар байсан бэ?

-Ер нь бол харах нь харсан. Нүд хальтрам харагдсан. Олимпийн урд талд явсан хүмүүс хараад орилолдоод л бөөн юм болсон л доо.

-Тухайн осол гаргасан машины дугаарыг харж чадаагүй юу?

-Тэрийг бол харж чадаагүй. Харах ч сөхөө байгаагүй. Аймшигтай дүр зураг болсон. Тухайн үедээ би бичлэг хийж, олон нийтийн сүлжээнд анх тавьсан.

-Цагдаа ирэнгүүтээ ямар арга хэмжээ авсан бэ?

-Хэмжилт хийгээд байсан. Осолд орсон машинуудын жолооч нарыг бүртгэж авсан.

-Тэр хүүхдээс өөр явган зорчигч осолд өртсөн болов уу?

-Дахиад нэг охин байгаа гэж байсан. Тэрийг нь сайн мэдэхгүй байна.

-Танай машины эвдрэл хэр байна вэ. Хохирлыг хэрхэн барагдуулна гэж байна вэ?

-Хохирлыг нэн даруй яаралтай барагдуулна гэсэн. Одоо бараг барагдуулаад дуусч байгаа юм шиг байна лээ. Хүүхдэд болохоор эрүүгийн хэрэг үүсч байгаа юм билээ. Тухайн үед би аймшигтай хүнд доргилт авсан.

-Та өөрөө биеэ үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгосон уу?

-Тогтоолгоогүй байна. Барианд гурван удаа явсан. Булчин зангирсан байна гэсэн.

-Тухайн төлбөр мөнгийг хохироосон хүнээр гаргуулсан уу?

-Одоогоор гомдол гаргаагүй болохоор боломжгүй гэсэн. Ямар ч байсан машинуудын хохирлуудыг барагдуулна л гэсэн байна лээ.

-Зөвхөн танай машины хохирол хэдэн төгрөг болсон бэ?

Үнэлгээгээр ороход 3.8 сая төгрөг болсон. Бид одоогоор машинаа засварт өгчихсөн, өнөөдөр бараг гарах байх. Тэгэхгүй бол машин тэрэггүй олон хүүхэдтэй хүн хэцүү юм.

-Осол гаргасан эмэгтэйн сэтгэл санааны байдал нь ямар байх шиг байна. Ажиглаж чадсан уу?

-Тийм аймшигтай аваар хийчихээд тэр эмэгтэй ерөөсөө бодож байгаа ч зүйлгүй зогсож байсан. Ямар ч гэмшсэн, айсан шинжгүй. Тэгээд нөхөр нь ирж машинаа авахдаа шал согтуу ирсэн. Улаан галзуу хүнийг дарамталсан, даапаалсан хачин хүн байна лээ. Нөхөр нь цагдаагийн газар ирчихээд янз бүрээр орилж хашгирч загнаад, дарамтлаад байсан. Тэр эмэгтэй үхье л гэж бодсон байх. Эмэгтэй хүнтэй их муухай харьцаж байна лээ. Хамгийн аймшигтай нь тийм осол хийчихээд ерөөсөө айж сандарсан, гэмшсэн шинжгүй, гөлийсөн юм л зогсоод байсан. Зүгээр зам дээр зогсож байсан хүний амьдралыг сүйрүүлж байна шүү дээ. Замын цагдаа нь ч ийм хэргийн талаар хамаагүй ингэж ярьж болохгүй гээд ам таглаад байдаг юм билээ. Гомдлоо өөр газар очиж хэл гээд байсан.

-Хохирогчид нийлээд гомдол гаргах бодол бий юү?

-Цагаа тулахаар монголчууд чинь тэгэхгүй юм байна лээ. Машиныхаа хохирлыг төлүүлчихвэл тэгээд бушуухан салъя л гэж байх шиг байна лээ. Тэр хүүхэд л хэцүү байна. Бид ч яахав машинаа л янзлуулчихвал хөл гартайгаа бүтэн үлдсэн улс арга нь олдоно. Тэр хүүхдэд л санаа зовоод байна.


Хажууд нь цуг явсан найз нь шоконд ороод тэр чигээрээ гэр рүүгээ гүйчихсэн


Тухайн осолд өртсөн охины талаар сошиал сүлжээнд янз бүрийн мэдээлэл явж байна. Энэ талаар охины анги удирдсан багш Мөнхбаяраас дараах тодруулгыг авлаа.


-Та охины биеийн байдлын талаар мэдээлэл байгаа юу. Ар гэр нь холбогдсон уу?

-Холбогдсон. Өчигдөр (уржигдар) очиж эргэсэн. Хүүхдийн биеийн байдал гайгүй байсан. Саяхан нэг хагалгаанд ороод амжилттай болсон. Одоо ГССҮТ-д эмчлүүлж байгаа.

Гадуур Солонгос улс руу явж эмчлүүлнэ гэсэн мэдээлэл яваад байгаа. Охиныг эргэхээр очиход ээж, аав нь тийм зүйл ярьсан уу?

-Үгүй. Надад л лав эцэг эх нь тийм зүйл ер дурдаагүй. Ерөнхийдөө охиноо одоо азтай гэх үү дээ. Яс хугараагүй, судас шөрмөс тасраагүй гэсэн. Ямар ч байсан нэг хагалгаанд орсон. Мах нь ухагдчихсан байсныг нөхсөн гэсэн. Тийм гэмтэл авсан л гэж ээж нь надад хэлсэн.

-Цуг явсан охин нь бас танай анги уу?

-Тийм. Хичээлээ тараад цуг харьдаг юм. Яг тэр мөчид хамт мөргүүлээд эргэхдээ тэр замын хашлага руу унаагүй босоод гүйчихсэн юм билээ. Хажууд нь цуг явсан найз нь гэнэт тийм байдалд орохыг хараад шоконд ороод тэр чигээрээ гэр рүүгээ гүйж очоод гэрийнхэндээ хэлээд, ангийнхантайгаа холбогдсон юм байна лээ.

-Тэр охины биеийн байдал ямар байгаа вэ?

-Жаахан сэтгэл санаа нь тогтворгүй байгаа гэсэн. Түүнээс ил харагдах шарх сорвигүй, эмнэлгээр аав, ээж нь аваад явж байна гээд хичээлдээ ойрд ирээгүй.


МИНИЙ БИЕ ТЭР ӨДРӨӨС ХОЙШ ХАЧИН БАЙНА

Харин охины биеийн байдал ямар байгаа талаар ээжээс нь тодрууллаа.


-Охины тань биеийн байдал хэр байгаа бол?

-Охиныхоо талаар ямар нэгэн мэдээлэл өгмөөргүй байна. Сайтуудаар дандаа худлаа мэдээлэл яваад байх юм. Миний бие тэр өдрөөс хойш их хачин байна. Үг ч эвлэхгүй байна.

-Осол гаргасан хүн тантай ирж уулзсан уу. Уучлалт гуйсан болов уу?

-Хоёр удаа ирж надтай уулзсан. Биеийн байдлыг нь асууж уучлалт гуйсан. Түүнээс айхавтар нарийн ширийн зүйл яриагүй л дээ. Би ч охиныхоо биеийн байдлыг харж байна. Үнэхээр гомдолтой байна гэдгээ хэлсэн. Энэ сайтууд илтэд худлаа мэдээллүүд тавиад байна. Ямар учиртай юм бол оо. Хөлөө тайруулсан гэнэ, Солонгос явах гэж байгаа гэнэ гээд дандаа худлаа мэдээлэл тавиад байх юм.

-Тэгэхээр та өөрөө бодитой үнэн мэдээлэл өгөөч?

-Яг одоогоор мэдээлэл өгмөөргүй байна. Охиныхоо тухай яримааргүй байна.

Categories
мэдээ нийгэм

​Ж.Дэлгэрсайхан: МИК-ийг хэрвээ бие даалгаад орхиё гэж байгаа бол зах зээлийн хүүгээр тоглолтод орох орон зайг нь нээж өг DNN.mn


Эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа.


-2023 оны төсвийг батлахаар УИХ-ын чуулганаар ид яригдаж байна. Ирэх жилийн төсөв ямар байгааг та анзаарч харсан байх. Ямархуу төсөв болох шинжтэй байх шиг байна вэ?

-Жил бүрийн энэ үед төсөв, мөнгөний бодлогыг УИХ-аар хэлэлцэж баталдаг. Эдгээр нь Монгол Улсын эдийн засаг, мөнгөний зах зээлийн томоохон бодлогууд болохын хувьд ач холбогдол өндөр. Төсвийн бодлогыг сар гаруйн хугацаанд хэлэлцээд батлах ёстой. Ингэснээр Монгол Улсын 2023 оны ирээдүйн дүр зураг ямар байх вэ гэдэг нь харьцангуй тодорхой харагддаг. Төсвийн хувьд ерөнхий дүр зургаараа хүмүүс хоёр байр суурьтай байх шиг байна. Нэг хэсэг нь төсөв муу боллоо. Алдагдлыг багасгах байсан гэсэн өндөр хүлээлттэй байсан агуулгаар шүүмжилж, нөгөө хэсэг нь төсөв сайжирсан ч хангалттай бус гэсэн байдлаар бага зэрэг чамлаж байх шиг байна. Би хувьдаа хоёр дахь хэсэгт багтаж байна. Төсөвт мэдээж сайн муу тал бий. Эерэг тал нь 2022 оноос эхлээд төсөвт харьцангуй бодлогын шинэчлэл хийх гэж оролдсон явдал. Энэ оны хувьд ч энэхүү бодлого үргэлжилж байна гэж ойлгож байна.Эдийн засгийн тэлэлтийг дэмжинэ, татварын бааз суурийг тэлнэ,эдийн засгийг тэлэхэд зориулагдсан суурь дэд бүтцийн төслүүдийг буюу эрчим хүч, тээвэр, зам харгуй зэргийг сайжруулна гэх зэрэг нь өнөөгийн бидний хийх ёстой гол зүйл мөн. Гол нь хэрэгжилт дээр маш сайн анхаарах, та бүрээс хяналт тавих хэрэгтэй. Мөн татварын орчныг сайжруулах зарим санхүүгийн зах зээлийг дэмжих, старт төслүүдийг дэмжих, үнэт цаас гаргалт, гадаад санхүүжилт, олон нийтийн компани болох асуудлыг дэмжих олон асуудал байна. Энэ агуулгаараа бодлогын хувьд чиглэл нь харьцангуй зөв байна гэж үзэж байна. Хоёрдугаарт, тоон үзүүлэлт тэлэлт их өндөртэй л гэдэг том сул тал. Орлогыг өндөр төсөөлж, зарлагыг тэлсэн. Зарлага, орлогын өсөлт 20 гаруй хувьтай. Төсвийн алдагдал 1.5 их наяд гаруй төгрөгийн хэмжээнд хүрсэн. Ийм л төсөв болсон. Гэхдээ тоон үзүүлэлт талдаа сөрөг тал нь зардлын үзүүлэлт боловч эерэг тал нь алдагдлыг анх удаа УИХ хууль эрх зүйн орчинд тогтоож өгсөн хязгаар түвшнээс бууруулж орж ирсэн. Дотоодын нийт бүтээгдэхүүний 3.6 хувьтай тэнцэж болох байсан тэр алдагдлыг 2.8 хувь руу татаж орж ирсэн гэдэг эерэг талыг Сангийн яамны зүгээс дурдаж байгаа. Төсөв дээр гол анхаарах зүйл нь орлого зарлага нь хэд байна, юунд юуг зарцуулах вэ, тэр аймагт тэдэн төгрөг хуваарилсан гэхээсээ илүү энэ төсөв нийгэм эдийн засгийн ямар үр ашгийг бий болгох вэ гэдэг л асуудлыг анхаарах шаардлагатай. Бидний нэг гол алдаа нь төсөв өргөн барьсанаас батлах хүртэл олон нийт, мэргэжлийн хүрээнд хүчтэй ярьж,шүүмжлээд түүний дараа мартдаг. Энэ төсөв хэрхэн хэрэгжиж ямар үр дүнд хүрэв гэдгийг шүүдэггүй явдал. Тэгээд дараа жил төсөв хэлэлцэхээр уламжлал маягаар шүүж эхэлнэ дээ.

-Төсөв дундаас онцлоод асуухад ирэх оны төсөвт ипотекийн хөтөлбөрийг дэмжих чиглэлээр хэдэн төгрөгний төсөв суусан бол. Та анзаарч харсан уу?

-Ипотекийн хөтөлбөр гэдэг зүйл дээр төсөвт онцгой зүйл тусгаагүй. Ипотекийн хөтөлбөрийг одоог хүртэл Монголбанк, арилжааны банкууд хэрэгжүүлсээр байна. Монголбанкны зүгээс бид энэ хөтөлбөрийг авч явах ёсгүй, хариуцсан субьект нь Засгийн газар гэсэн байр суурьтай байдаг. Төсвийн хажуугаар мөнгөний бодлогыг оруулж ирэхдээ Монголбанк дараагийн санхүүгийн жилээс Засгийн газарт шилжүүлнэ гэсэн байр суурийг бодлогын баримт бичигтээ дурдсан байдаг. Засгийн газрын зүгээс ипотекийн хөтөлбөрийг хэрхэн яаж явдаг вэ гэдгийг анхаарсан, энэ хөтөлбөрийг сайжруулах талын зүйл төсөвт огт дурдагдаагүй. Харин энэ хөтөлбөрт орон нутагт ажиллаж байгаа, орон нутаг руу шилжих иргэдийг урамшуулах, урьдчилгаа төлбөр хүүгийн хувьд урамшуулах зэргээр төвлөрлийг сааруулах бодлогынхоо хүрээнд дурдсан байсан. Миний ойлгож байгаагаар ипотекийн зээлийн санхүүжилттэй холбоотойгоор Засгийн газар 2023 онд ямар нэгэн хариуцлага хүлээхгүй юм байна. Өмнөх зээлээ татаж авна гэсэн ойлголт нь байхгүй юм байна. Түүнээс гадна ипотекийн зээлийг ашиглаж өөрийнхөө бодлогыг хэрэгжүүлэх гэж байгаа юм байна л гэсэн байр суурьтай харагдсан. Тэгэхээр Засгийн газар энэ үйл явцыг санхүүгийн эх үүсвэрийнх нь хувьд, тогтолцооных нь хувьд хэрхэн дэмжих вэ гэдэг асуудлыг хараахан харгалзаж үзээгүй мөртлөө гол нь энэ хөтөлбөрийг ашиглаад өөрсдийнхөө бодлогыг хэрэгжүүлнэ гэдэг дээр анхаарсан. Энэ нь буруу зүйл биш. Гэхдээ Засгийн газрын өнөөдрийн явж байгаа байдал, энэ хөтөлбөрийн давуу болон сул тал, нийгэм эдийн засгийн байдалд нь ач холбогдол өгч, өнөөгийн байдалд нь үнэлэлт дүгнэлт өгсөн байдлаар хандах нь зүйтэй байсан болов уу л гэж харж байна.

-Таван удаа ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулсан байдаг. Энэ зөв үү?

-Дэлхий нийтээр цар тахалтай холбоотой хямрал болсон. Хямралын үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн нэг нь энэ юм. Зээлийн төлбөр зарим бодлогын арга хэмжээнүүдийг авч Засгийн газар, Монголбанкны зүгээс цар тахлын эсрэг тэмцсэн тэмцлийн нэг гол зорилго нь иргэдийн орлогыг хамгаалах байсан. Иргэдийн орлогод цар тахал, түүнтэй холбоотой эдийн засгийн нөхцөл байдал онцгой, огцом нөлөө үзүүлсэн. Тэр утгаараа ипотекийн зээлийг томоохон нийгмийг хамарсан хөтөлбөрийнх нь хувьд тодорхой хэмжээгээр зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах нь иргэдийн орлогыг хамгаалах нь томоохон дэмжлэг болох юм байна гэдэг агуулгаар эхэлсэн. Эхлээд зургаан сар байсан санагдаж байна. Тэрнээс хойш сунгасаар байгаад гурван /2 жил 8 сар/ жил орчим үргэлжилчих шиг боллоо. Одоогоор энэ зээлийн хойшлуулалтын сүүлийн хугацаа 2022 оны арванхоёрдугаар сарын 31-нээр дуусгавар болж байгаа байх. Тухайн цаг хугацаандаа энэ зөв алхам байсан. Зарим талаар олон арга хэмжээ авсан шүү дээ. Иргэдийн нийгмийн даатгалаас,орлогын албан татвараас тодорхой хугацаанд чөлөөлсөн. Иргэдийн зээл төлөлтийг хойшлуулсан. Банкууд дээр байгаа бодлогын үзүүлэлтүүдээ өөрчилсөн гэх мэт их олон талын ажил хийсэн. Учир нь 2020 оны нэгдүгээр сарын төгсгөлд бид шууд хилээ хаасан. Тодорхой хязгаарлалтад орсон. Хилийн боомтуудаа хаах замаар цар тахалаас сэргийлсэн. Түүний улмаас эдийн засаг 2020 оны эхээр маш хүчтэй буюу 10 хувиар агшсан. Түүнээс хойш унасаар байгаад эдийн засаг 4.6 хувь хүртлээ буурсан. 2020 ондоо энэ арга хэмжээ болж байсан. 2021 ондоо ч тодорхой хэмжээгээр хязгаарлагдмал байсан. Ковид цар тахлыг бид 2021 оны зун гэхэд дуусгана гэсэн чадалгүй 2022 онтой золгосон. Тухайн цаг үедээ буруутгах зүйл байгаагүй. Гэхдээ ингэснээр чухам ямар үр дагавар, сөрөг нөлөөллийг бий болгочихов гэдэг нь нэгдүгээр асуудал. Хоёрдугаарт, цааш үргэлжлүүлээд байх ёстой юу гэдэг асуудал тулгараад байгаа.

Энэ нь эргээд ипотекийн зээлийн тогтолцоондоо ямар сөрөг нөлөө үзүүлж байна, эдийн засагт ямар нөлөө үзүүлж байгаа вэ. Өнөөдөр бүхэлд нь эргээд харахад цар тахлын үеэр маш олон халамж, хөнгөлөлт, урамшуулал, иргэдийн суурь хэрэглээг даах гэх мэт олон ажил санаачилж хэрэгжүүлсэн. Тухайн цаг хугацаандаа зөв байсан боловч одоо үүнийг цааш нь үргэлжлүүлсээр байх юм бол эргээд эдийн засагтаа сөрөг нөлөө үзүүлэх тал нь илүү давамгайлж эхэлнэ. Тиймээс бид одоо зөвхөн ипотекийн зээл гэлтгүй эдийн засгийг өөрийн явах ёстой тэр жам ёсны зүй тогтол руу нь шилжүүлэхийг бүх талаар хичээх хэрэгтэй. Энэ нь эдийн засгийн сэргэлтэд ямар ч бодлогоос илүү эерэг нөлөөлөх болно.

-Ипотекийн зээл эргэн төлөлтөөрөө санхүүждэг. Энэ олон удаагийн зээл хойшлуулалтаас болж дараа дараагийн зээл хүсч байгаа иргэдэд яаж нөлөөлөх вэ?

-Ипотекийн зээлтэй холбоотой тав дахь удаагийн хойшлуулалтаар 3.4 их наяд төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулсан мэдээ байна. Ингэснээр сар бүр төлөгдөх ёстой 30 гаруй тэрбум төгрөгийг хойшлуулж байгаа хэрэг. Энэ нь зээлийн дундаж хэмжээгээр тооцвол 400 гаруй өрх шинээр орон сууц авах боломжит хэмжээ. Тодруулбал, ипотекийн зээлд одоогоор 100 мянга гаруй иргэн хамрагдсан. Бид 6 их наяд гаруй төгрөгийн ипотекийн зээлтэй. Зээлийг 1000 төгрөг гэж үзвэл 100 мянган өрхөөс сар бүр 50 тэрбум төгрөгийн зээл төлөгдөж байх ёстой. Гэтэл үүний ихэнхийг зогсоочихсон гэсэн л үг. Төлбөрийн хувьд нэлээд эргэлзээтэй нөхцөл байдал үүсээд байгаа. Сүүлд 10 их наядын хөтөлбөр гэдгээр Монголбанк тодорхой хэмжээний санхүүжилтээр дэмжсэн гэж байгаа боловч энэ хөтөлбөр анх гарахдаа Монголбанкны дэмжлэгээр явагдсан ч явцын дундаа өөр өөрийгөө санхүүжүүлдэг хэлбэр рүү орчихсон байсан. Жам ёсны эдийн засгийнхаа гольдролд орж байгаа тэр хөтөлбөрийг зогсоочихсон гэсэн үг. Ингэснээрээ эргэн төлөлт доголдоно. Дахин шинээр зээл авах байдал ч доголдоно. Ийм учраас ипотекийн зээлийн эргэн төлөлт гэдэг нь энэ хөтөлбөрийн оршихуйд нөлөөлнө. Цааш магадгүй дахин сунгах юм бол илүү хүчтэй нөлөөлнө. Ипотекийн зээлийн хөтөлбөр нь өнөө маргааш, 5-10 жил хэрэгжээд дуусах хөтөлбөр биш. Энэ бол хэдэн арван жилээр үргэлжлэх, үе үеийн шинэ залуу гэр бүл орон сууцны хэрэгцээ бүхий хэн болгоныг зээлийн хөтөлбөрт хамруулж, монголчуудын амьдралын чанарыг тасралтгүй олон арван жилээр хангаж байх учиртай хөтөлбөр.Иргэдийн амьдралын чанарыг тогтмол дээшлүүлэхийн тулд энэ зээл асар өндөр ач холбогдолтой. Нөгөө талаасаа нийгмийн өндөр ач холбогдолтой зүйл. Ипотекийн зээл гарснаас хойш барилгын салбар ямар болсон. Иргэдийн амьдралын чанар, орон сууцжих үйл явц яаж хурдассан зэргийг бид тодорхой харж байгаа. Тэгэхээр бид зөвхөн өнөөдрөөр хариуцлагыг ярих биш, энэ бол урт хугацааны хөтөлбөр гэдэг агуулгаар нь харах ёстой. Гэхдээ үүн дээр нэг харгалзан үзэх зүйл нь 2023 онд эдийн засаг ямар байх вэ гэдэг асуудал яригдана. Иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, төсөв мөнгөний зөв бодлоготой байх, эдийн засгийн тэлэлтийг, хурдан сэргэлтийг бий болгох учиртай. Энэ тал дээр Засгийн газар онцгой анхаарах ёстой.

-Ипотекийн зээлийг өргөжүүлэхийн тулд юу хийх ёстой вэ?

-Ипотекийн зээл өөрөө зах зээлийнхээ хүүгээр байх ёстой. Өнөөдөр Монголд Улсад 6 хувь, 3 хувь гээд харьцангуй поп шинжийн, зах зээлийн хөрсөнд үл нийцсэн хэт доогуур хүүг амласан. Гэтэл АНУ-ын буюу хамгийн хүчирхэг эдийн засагтай, биднээс харьцангуй өндөр хөгжилтэй урагшаа явчихсан орны ипотекийн зээл хүү нь яг одоогийн байдлаар 7 хувь давчихсан байх жишээтэй. Тэгэхээр ингэж зах зээлээ дагаж өөрчлөгддөг, зах зээлийн хүүний тогтолцоо руу шилжихгүй бол ипотекийн нөхцөл байдал олон жилийн урт хугацааны тасралтгүй хөтөлбөр болоход харьцангуй удаашралттай бөгөөд сул тал үүссээр байх болно. Үүнийг шийдэх хоёр арга байна. Нэгдүгээрт, эдийн засгаа хурдан хугацаанд зөв өсгөх, иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлээд зах зээлийн хүүг жам ёсных нь дагуу буулгаад өнөөдрийн 3, 6 хувийн хүү нь бодит байдал дээр байх боломжтой хэмжээнд авчрах хэрэгтэй. Өнөөгийн улс төр, эдийн засгийн нөхцөл байдлаас бий болсон нийгмийн дүр төрхөөр бол энэ харьцангуй удах бололтой.Хоёрдугаарт, Засгийн газар энэ ажлыг хүлээн авах гэж байгаа юм бол Засгийн газар Монголын ипотекийн корпорацийн энэ ачааллыг даагаад хоёр жил зээл хойшлуулсан энэ хүнд үеийг давж байгаа энэ институци байхад энэ институцийн дэлхийн зах зээлд гарах, дотоод зах зээлд бонд гаргах боломжийг нь хүүгийн бага зэрэг татаасаар дэмжээд өгөхөд хурдтай сэргэх боломжтой. Тодруулбал, иргэн 6 хувийн хүү төлнө. Зах зээл дээр 10 гаруй хувийн хүүтэй бонд гарна. Зөрүү болох 6 хувийг Засгийн газар төсөвтөө суулгаад өгөх юм бол Засгийн газар асар том эх үүсвэр гаргалгүйгээр шийдэж чадна.

-Монголбанк ипотекийн зээлд хариуцлага үүрэхгүй гээд гараад явчихлаа. Тэгэхээр Монголын ипотекийн корпораци өөрийгөө санхүүжүүлээд явах чадамж хэр бол?

-Би ипотекийн санхүү рүү нарийн өнгийсөнгүй. Ямартаа ч МИК арав гаруй жилийн түүхэндээ Монголын 100 мянган иргэний, өрхийн амьдралын чанарыг сайжруулах ажлыг хийлээ. Хоёр жилийн хугацаанд ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулсан энэ үед ипотекийн зээлийн тогтолцоонд гал алдчихгүй бариад явлаа. Энэ агуулгаараа тодорхой хэмжээний эх үүсвэртэй. Санхүүгийн хувьд боломжийн болчихсон институт мөн мэт. Гэхдээ МИК-ийг хэрвээ бие даалгаад орхиё гэж байгаа бол бусад улс шиг төрийн татаасыг нь болиул. Монголбанкны дэмжлэгийг болиулах гэж байгаа бол энэ байгууллагыг зах зээлийн хүүгээр тоглолтод орох орон зайг нь нээж өг. Тэгж чадвал энэ байгууллага өөрөө өөрийгөө аваад явчих болов уу гэж би харж байна.

Categories
мэдээ нийгэм

22-ын товчоон дээр нас барсан иргэний хүү О.Гантулга: Ээж минь эмнэлгийн анхан шатны тусламж авч чадалгүй шөнөжин тарчилсаар өглөө 07:00 цагийн үед амьсгал хураасан DNN.mn

-Анхны задлан шинжлэх дүгнэлтээр “Хэрвээ анхны тусламж цаг алдалгүй авсан бол амь насыг нь аврах боломжтой байсан” гэж гарсан-


Ковидын хөл хорионы үеэр буюу 2020 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдөр Архангай аймгаас Улаанбаатар хотыг зорин ирсэн эмэгтэй 22-ын товчоон дээр шинжилгээний бичиг байхгүйн улмаас нэвтэрч чадалгүй нас барсан харамсмаар хэрэг гарсан. Тухайн иргэний хүү О.Гантулгатай ярилцлаа.


-Тухайн үед яг юу болсон юм бэ?

-Манай ээж Архангай руу ажлаар явчихаад буцаж явсан. Хот руу нэлээд дөхчихсөн үед бие нь гэнэт муудсан юм билээ. Хот руу нэгэнт дөхсөн юм чинь гайгүй байх, очоод эмнэлэг бараадаад эмчлүүлчих байх гэж найдсан. Хэвлий хавиар нь гэнэт өвдөөд эхэлсэн юм билээ. Тэгээд хот руу ирэхэд 22-ын товчооны постоор оруулаагүй. Тухайн үед ковидийн ид синдром эхэлчихсэн байсан шүү дээ. Сүржигнээд байсан л болохоос дотооддоо ковид илрээгүй байсан. Хий сүржигнэж байсан үе. 2020 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдрийн 22:00 цагийн үед 22-ын товчоон дээр ирсэн байдаг. Тэгээд постоор оруулахгүй юм чинь гээд түргэн дуусан чинь ирээгүй. Өчнөөн дуудсан гэсэн. Гэтэл түргэнийхэн юу хэлсэн бэ гэхээр “Наана чинь анхны тусламж үзүүлэх эмч байгаа. Үүргээ гүйцэтгэж байх ёстой эмч бий” гээд ирээгүй. Тэр эмч тэнд яах гэж байгаа юм бэ. Болзошгүй тохиолдолд анхны тусламж үзүүлэх л гэж байгаа биз дээ.

Ээжийн тань биеийн байдал яг тэр үед ямархуу байсан юм бол?

-Манай ээж хөөрхий маш их өвдөж үнэхээр тарчилсан байхгүй юу. Үнэхээр өрөвдмөөр байдалтай байсан. Хамт байсан хүмүүс нь одоог хүртэл гэрчлээд өгье гээд холбогддог. Тэсэхийн аргагүй өвдөөд манай ээж өөрөө санаа зовсон юм шиг байна лээ. Хүний машинд такси маягийн унаатай яваа шүү дээ. Түүнээсээ санаа зовоод хүнд төвөг удчих вий, яачих вий, ийчих вий гээд их л тэссэн байх. Тэгэхэд бараг л тэр машинаас нь буулгахгүй байсаар алчихсан юм биш үү.

-Тэгээд тэнд байсан эмч нь тусламж үзүүлсэн юм уу?

-Түргэн дуудаад ирэхгүй. Наана чинь эмч байгаа гээд. Пост дээр байх ёстой эмч нь нэлээд удаж байж ирсэн юм билээ. Би цагийг нь одоо тодорхой санахгүй байна. Бичиж тэмдэглэсэн, хадгалсан баримтууд байгаа. Ямар ч байсан маш удаж байж ирсэн. Тухайн үед н.Пүрэвбаяр гэдэг эмч үүрэг гүйцэтгэж байсан юм билээ. Одоо тэр эмч инээд алдаад ажлаа хийгээд явж байгаа байх даа. Жолооч нь хэлдэг юм. Ээжийг маань үзэхдээ судсыг нь л барьсан. Тэр эмчийн ганц хийсэн зүйл нь. Судас барьж үзчихээд гараад явчихсан. Жолооч нь араас нь гүйж гараад “Энэ хүний бие маш эвгүй байна шүү дээ. Та нар ядаж өвчин намдаах эм өгөхгүй юм уу” гээд гараад аминчилж уулзсан байна лээ. Жолооч өөрөө гэрчилдэг. Гэтэл жолоочид нь “Наадах чинь үхэл хагацалд хүргэх өвчин биш байна” гэж хэлчихээд яваад өгсөн байдаг.

Миний ганц гомдоод байгаа юм тэгж их өвдөлт мэдэрч байгаа хүнд ганц ширхэг өвчин намдаах эм өгчихөж болох байсан шүү дээ.

Тэгээд миний ээж шөнөжин тарчилж байгаад өглөө 07:00 цагийн үед амьсгал хураасан байдаг.

-Тухайн үед Цагдаагийн байгууллагаас мэдэгдэл хийж хэрэг үүсгэсэн байдаг. Хэрэг ямар шатандаа яваа вэ?

-Тусгай мэдлэг бүхий 4-5 шинжээч томилогдоод хэргийн материалтай нэг нэгээрээ танилцаад тэгээд бөөндөө нэгдсэн нэг дүгнэлт гаргадаг юм байна. Тэр дүгнэлт дээр үндэслэн цаашдаа шүүх хурал энэ тэр хийдэг юм байна. Тэр нь бүр инээдтэй.

Анхны дүгнэлт нь бүр нэг жилийн дараа гарч байгаа юм. Анхны задлан шинжлэх дүгнэлтээр “Хэрвээ анхны тусламж цаг алдалгүй авсан бол амь насыг нь аврах боломжтой байсан” гэж гарсан.

Тусгай мэдлэг бүхий шинжээч нар гэдэг нь цаашдаа хэргийн үйл явцыг л үргэлжлүүлдэг юм шиг байна лээ. Би хуулийн хүн биш болохоор сайн мэдэхгүй байна. Нөгөөх дүгнэлт нь нэг жилийн дараа өчнөөн хүлээлгэж гарахдаа илтэд худлаа гарсан. Тэнд өчнөөн гэрч байсан. Ямар нь тэгж худлаа мэдүүлэг өгснийг би сайн мэдэхгүй. Эмч судас барьж үзсэн гээд байгаа. Түүнийгээ анхны тусламж үзүүлсэн болгож яриад байгаа. Хэддүгээр зуунд яаж оношлоод байгаа юм бэ. Үнэхээр тэгж оношилж болдог юм бол яагаад буруу оношилчихдог юм. Би хувьдаа нойр булчирхайн цочмог юм болчихов уу даа л гэж бодоод байгаа. Шүүх шинжилгээний дүгнэлт болохоор дотуур цус алдалт энэ тэр гэсэн юм гарсан байна лээ.

-Тусгай мэдлэг бүхий шинжээч нар нь хаанаас томилогдсон юм бэ. Тухайн дүгнэлттэй санал нийлэхгүй байгаагаа хэлсэн үү?

-Эрүүл мэндийн яам, прокурор, яаралтай түргэн тусламж өөр хаанаас ч гэлээ 4-5 шинжээч нар томилогддог юм байна. Би ганц зүйлийг гайхдаг. Тэр олон шинжээч нар одоог хүртэл яагаад ажлаа хийхгүй байгаа юм бэ. Би Хууль зүйн яаманд өргөдөл гаргаж өгсөн. Энэ хэргийг хурдан шийдвэрлэж өгнө үү. Энд миний ээжийн амь нас яригдаж байна гэсэн утга бүхий. Одоо хүртэл шийдэгдээгүй л байна. Эхний шинжээчийн дүгнэлт, түүний хариутай би санал нийлэхгүй, хүлээн зөвшөөрөхгүй байна гэж гарын үсэг зураад прокурорт өгсөн. Одоо би хоёр дахь шинжээчийн дүгнэлтийн хариуг хүлээж байна. Яг үнэнийг хэлэхэд, би өмгөөлөгч энэ тэр аваагүй. Зүгээр хуулийн зөвлөгөө аваад явж байна.

-Тухайн үед жолоочоос гадна хажууд нь хүн суугаад л явсан байлгүй. Тэдгээр хүмүүсийг дуудаж гэрчийн мэдүүлэг авсан байдаг юм болов уу?

-Хэрэг явдал гарсны дараа цагдаагаас нэг нэгээр нь дуудаж байцаалт авсан юм билээ. Манай дүү бид хоёроос хохирогчийн мэдүүлэг гэж авсан.

-Та хохирогчийн байр сууринаас тухайн хэргийн материалтай танилцсан байх. Гэрчүүдийн өгсөн мэдүүлэг яг үнэн байдаг уу?

-Хэргийн материалыг надад танилцуулаагүй. Тийм гэрч тэгж мэдүүлсэн энэ тэр гэж ер үзэж хараагүй.

-Яагаад хохирогчид хэргийг одоо хүртэл танилцуулахгүй байгаа юм бол. Хоёр жил боллоо шүү дээ?

-Одоо бол прокурор, мөрдөгч хоёр нь хоёулаа надад “Шинжээчийн дүгнэлтийг л хүлээгээд байна” ингэж л хэлдэг. Нэгхэн хүний хэрэг шүү дээ. Монголд өөр өчнөөн гэмт хэрэг гарч байгаа. Нэг хүний хэрэг дээр хоёр жил болоод байдаг. Тэгээд түүнд нь нөлөөлж болохгүй гээд байгаа юм. Надад хугацаа хэлдэггүй. Би маргаашнаас прокурорт өргөдөл гаргаж үзнэ. Хууль зүйн яам бол нэг их авч хэлэлцээгүй.

-Та мөрдөгч, прокурорт хэрэгтэй танилцах тухай хэлж байв уу?

-Үгүй. Энэ маш инээдтэй, өмгөөлөгч авъя гэхээр хохирогчийн талд өмгөөлөх хэцүү гээд өмгөөлөгч нар хулчийгаад байх юм билээ.

-Талийгаач ямар мэргэжилтэй хүн байв. Олонтой ямар харилцаатай хүн байсан бэ?

-Манай ээж Сэлэнгэ аймагт насаараа л бага ангийн багш хийсэн дээ. Сэлэнгэ аймгийн Хөтөлд хамгийн сүүлд багшилж байгаад тэтгэвэртээ гарсан. Олонд нэр хүндтэй. Шавиараа хүрээлэгдсэн хүн байсан. Насны хувьд тэтгэвэрт гараад удаагүй байсан.

-Тухайн үед Архангай руу ажлаар явсан гэсэн. Биеийн байдал нь хэр байсан бэ?

-Бид хоёр нэг хэсэг эмнэлгээр яваад эмнэлэгт хэвтээд гарч ирсэн байсан. Жаахан ядаргаа энэ тэрээс болоод. Тэгж байхдаа шинжилгээ өгөхөд суурь өвчин гарч ирээгүй.

-Архангайгаас гарахад бие нь зүгээр байсан уу?

-Зүв зүгээр гарсан. Гэнэт л тийм зүйл болчихсон. Манай хүүхэд тухайн үед Сэлэнгэ аймагт байсан. Хүүхдийнхээ төрсөн өдрөөр хүүтэйгээ ганц хоночихоод маргааш нь буцаад гаръя гэж байтал гэнэт хөл хорьчихож байгаа юм. Тэгээд би хот руу явж чадахгүй хөл хоригдоод байж байтал өглөө тийм таагүй дуудлага хүлээж авсан. Ээжийн чинь бие муу байна гэж хамт явж байсан эгч уйлаад залгасан. Тухайн үед ухаангүй болоод амь тавихын үед насилкаар дамжилж эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх өрөөнд оруулсан юм байна лээ. Уг нь тэнд бүх зүйл нь бэлэн байсан юм билээ. Бүтэн шөнөжингөө оруулахгүй юу хийж байсан юм бэ.

Үнэхээр гомдмоор, тэгж байж нэг оруулаад эцсийн шатандаа очих мөчид, бараг нас барсных нь дараа нэг дусал залгасан байгаа юм. Тэрийгээ анхны тусламж гэж ярих гээд байгаа. Бүтэн шөнөжингөө юу хийж байсан юм бэ. Бүхэл бүтэн эрдэнэт хүний амь шүү дээ. Би хууль сайн мэдэхгүй ч гэсэн тэнд хүний амьд явах эрх, эрүүл мэндээ хамгаалуулах эрх зөрчигдчихлөө. Үндсэн хуулийн үндсэн заалтууд бүгд зөрчигдсөн байгаа биз дээ.

-Та Хүний эрхийн комисст хандаж үзсэн үү?

-Үзсэн. Хүний эрхийн комисст ч гомдолтой байгаа. Тийм комисс гэж байгаад ч яах юм бэ.

Хүний амьд явах эрх нь зөрчигдчихөөд байхад Хүний эрхийн комисс гэж сүржин нэртэй байгууллага юу ч хийгээгүй. Одоог хүртэл энэ байгууллага холбогдохгүй байгаа нь инээдтэй байна.

Би комисс руу залгаад уулзаач ээ гэхэд ёстой нэг сонин зүйл болсон. Ээжийн минь амь нас настай холбоотой хэрэг болохоор би орхиж чадахгүй. Хамгийн гол нь би шүүх хурал хүлээгээд байна. Шүүх хурал болох ёстой гэж бодож байна. Дээрээс нь нөлөөлөөд байдаг юм уу, ямар учиртай юм. Шүүх хурал хийхгүй байна. Эсвэл тэр шинжээч нар нь ажлаа хийхгүй байгаа юм уу.

-Та тэр үед Сэлэнгэ аймагт хөл хоригдчихсон байсан. Хугацаа алдалгүй ирж чадсан уу?

-Ээж минь нас барчихлаа гэхээр би яаралтай гарах хэрэг болж байна шүү дээ. Тэгэхэд харин Сэлэнгэ аймгийн Онцгой байдлынхан надад маш хурдан нэвтрэх бичиг хийж өгч тусалсан. Ямар ч саадгүй Улаанбаатар хот руу орж ирсэн. Би мэдэнгүүтээ тэр өглөөнөө шууд гараад л үдээс хойш хотод ирсэн.

-Ирээд юу болсон бэ. Таниулах үйл ажиллагаа хийгдсэн үү?

-Ирээд шууд моорг руу очсон. Тэр чинь бас мөнгө төгрөг төлдөг юм байна лээ. Тэр үед ухаан санаа дэн дун байсан. Залуухан ээжийгээ цочир алдана гэдэг хамгийн аймшигтай зүйл байдаг юм байна. Түүнээс өвчтэй байгаад олон сар эмчлүүлээд явсан бол сэтгэл санааны бэлтгэл суучихсан байгаа шүү дээ. Гэнэт ээжийгээ алдсандаа маш их гомдолтой байгаа.

Би юу хүсээд байгаа вэ гэвэл тэр буруу онош тавьсан эмчийн буруу эсэх дээр шүүх хурал болоосой л гэж хүсч байна. Хамтарсан шинжээч нар дүгнэлтээ үнэн зөв гаргаад өгөөч ээ. Түүнийх нь дагуу шүүх хурал болоод тэр эмчид хуулийн дагуу ямар арга хэмжээ авах ёстой юм тэр хариулагыг л тооцуулмаар байна. Хамгийн гол нь шүүх хурал болох ёстой. Миний ойлгож байгаагаар улайм цайм худлаа дүгнэлт гаргаж ирээд, худлаа гэрчийн мэдүүлэг энэ тэр тавингуутаа шүүх хуралгүйгээр дуусгах гээд байна. Замхруулах гээд байна. Миний ээжийн амь нас учраас би шүүх хурал л хүсч байна. Тэр шинжээч нар хэнд ч ойлгомжтой хэрэг байхад яагаад бүтэн жил тойрч дуншдаг юм бэ. Гайхаад байх юм.

-Эхний дүгнэлт нь жилийн дараа гарсан гэсэн. Яг дүгнэлт дээрээ юу гэсэн байдаг юм бэ?

-Тэр илт худлаа дүгнэлт. Тухайн үед хэрэг болсон процессыг бичээд постны эмч ирээд судас барьж үзсэн гээд байгаа шүү дээ. Тийм арга хэмжээ авч болно. Зөв маягийн юм бичсэн байдаг. Хүний бие маш муу. Хамт байгаа улсууд нь гүйж сандарч давхиад байхад яагаад тэр эмч хамгийн наад зах нь ганцхан ширхэг өвчин намдаах эм өгчихсөн бол (уйлав). Тэр өрөөндөө оруулаад тариа хийдэггүй юм аа гэхэд. Үхэх хүртэл тэр өвдөлт ямар аймшгийн өвдөлт байсан бол. Тэр хүйтэн машин дотор. Тэр өвлийн ид хүйтэнд маш их зовж шаналж байж үхсэн байхгүй юу. Одоо би үүнийг ярихад маш хэцүү байна. Тэр эмч надад маш муухай, маш муу хүн санагдаж байна. Эмч хүн, хүн ардынхаа төлөө тангараг өргөдөг биз дээ. Ажилгүй гудамжинд явж байсан ч хүн хэвтэж байвал заавал тусламж үзүүлэх тангарагтай хүн шүү дээ. Гэтэл тэр хүн үүргээ гүйцэтгэж байгаа постон дээрээ анхны тусламж үзүүлэхээс татгалзсан. Тэр хүнийг өмөөрөх ямар ч шалтгаан байхгүй. Судас барьж үзсэн. За яах вэ тэрийг нь авч үзэхээ больё. Сүрхий том аппарат тавиад үзсэн гэж бодъё. Үхэлд хүргэх өвчин биш гэж худлаа онош тавьсан байгаа биз дээ. Тухайн үед тусламж үзүүлэх бүх аппарат техник хэрэгсэл нь тэр постон дээр бэлэн байсан байгаа юм. Хэрвээ миний ээжид тэр л үедээ оруулаад дусал залгаад хэвтүүлчихсэн бол өнөөдөр амьд сэрүүн явж байх ёстой байсан. Тийм байтал тэр эмч ямар ч буруугүй юм шиг биднийг мартлаа шүү дээ.

-Тэр эмч та бүхэнтэй уулзсан уу?

-Юун уулзах, уучлалт гуйх байтугай одоог хүртэл зүв зүгээр ажлаа хийгээд явж байгаа. Биднээс албан ёсоор уучлалт гуйгаагүй. Бүхэл бүтэн хүний амь насаар тоглочихоод үнэхээр гомдолтой байна.