Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Сайнцогт: Гэнэт хийсэн сүржин мэдээлэлд нь хүмүүс цочирдоод хамаг нүүрс дуусгачихсан байгаа юм DNN.mn

Тэсгим хүйтэн энэ л өдрүүдийг гэр хорооллын айлууд хэрхэн давж буйг сурвалжлахаар Яармагийг зорилоо. Нийтийн тээвэрт суун Яармагийн нэгдүгээр буудалд буулаа. Буунгуут өөдөөс голын ай савын хүйтэн салхи нэвт исгэрэн жиндүүлэв. 34 дүгээр сургуулийн ард Хан-Уул дүүргийн Дөрөвдүгээр хороо байрлана. Шууд хороо руу очиж хэрэг зорилгоо танилцуулаад, хорооны нэгэн аж ахуйч гэр бүлийг заалган, хэсгийн ахлагч Б.Наранцацралтаар газарчлуулан алхлаа. Тэрбээр замдаа ярихдаа “Манай хороо газарт ороод ихэнх таньдаг айлууд гэрээгээ байгуулаад хашаа байшингаа суллаж өгөөд нүүчихсэн. Зарим нь бэлэн баригдсан байранд орсон бол зарим нь эндээ баригдсан байрандаа орно гээд яваагүй хэсэг ч бий. Хашаа байшингаа түрээслээд, өөрсдөө байрандаа орчихсон ч хэсэг байна. Ихэнх нь Буянт-Ухаа-2 хороололд орсон. Одоо ч дахин төлөвлөлтийн ажлууд үргэлжилж л байгаа. Байшин хороололтой болоод хүмүүс тохь тухтай амьдрах сайхан ч энд үлдсэн айлууд барилгын том том машины нөлөөгөөр өдөржин шороо тоосонд даруулна, хүүхдүүд тэр замаар нь хичээл сургууль, цэцэрлэгтээ явна. Тэгэхээр тэр тоосжилттой нөхцөлд явсан хүүхдүүдийн дунд ханиад томуу их байгаа. Үүн дээр дахин төлөвлөлтийн компаниуд анхаарлаа хандуулж, шороо тоос гаргахгүй стандарт зам барьдаг юм уу, усжилт хийдэг юм уу ямар нэгэн байдлаар шийдмээр байна” хэмээн асуудлаа ярив. Тэрбээр хойд талаасаа хоёр дахь гудамжинд байрлах Д.Сайнцогт хэмээх айлыг зааж өгч, бид ирлээ. Хаалгыг нь тогштол хүүхэд нь бололтой өндөр шар хүү хаалгаа тайлав. Хорооны хэсгийн ахлагч аав, ээжийг нь байгаа эсэхийг асуугаад түрүүлээд орлоо. Хашааны баруун талд урт том байшин урд нүүрнээсээ эхлэн байрлажээ. Зүүн урд өнцөгт нь хоёр хаалга бүхий жорлон байна. Жорлонгийнхоо хойно нохойгоо уяжээ. Жаахан хойшоо яваад мод овоолон эмх цэгцтэй гэгч нь өрж тавьсан байна. Чигээрээ хойшоо явахад, жижиг зуны бололтой амбаар түүний араар хашаатайгаа чацуулан битүү мод өрсөн аж. Дахин хойш явахад хоёр гэр зэрэгцүүлэн барьжээ. Зүүн талынх нь гэрт ортол 2-3 дугаар ангийн болов уу гэмээр хоёр хүү хичээлээ хийж сууна. Хэсгийн ахлагч Б.Наранцацралт аав, ээжийг нь асуутал “Ажлын байранд байгаа” хэмээн зэрэг зэрэг хашгиралдав. Гэрээс буцаж гараад урд талын байшин руу орлоо. Байшинд настай эмэгтэй бас нэгэн эмэгтэйтэй хамт сонгино уутлан үүд рүү дөхүү суужээ. Харин цаад хананд байрлуулсан ваннд нэгэн эрэгтэй төмс угаан зогсоно. Түүний наана махлаг бор хүүхэн суугаад тооцоо бодож буй бололтой тооны машин тачигнуулна. Хэсгийн ахлагч эмэгтэй хэрэг зорилгоо танилцуулаад “Та хэд сэтгүүлчтэй сайхан танилцаад аваарай. Би дараагийн ажилдаа яаруу явна” хэмээн урсгаад сандруухан гараад явчихлаа. Цаана төмс угааж байсан залуу “Цай уухгүй дээ” хэмээн хэлэхтэй зэрэгцээд хаалга хаагдав. Ингээд бид танилцлаа. Гэрийн эзнийг Д.Сайнцогт гэх бөгөөд гэртээ бичил бизнес эрхэлдэг аж. Монгол ногоо бөөний үнээр худалдан аваад, угааж ялгаж, цэвэрлээд 0.5, 1, 2 клограммаар савлан зардаг. Төмс, лууван, сонгиноо тус тусад нь бас холимог 2 кг зэргээр савлаж, “Чанар” ХХК-ийн үйл ажиллагаа энэ хашаанд явагддаг байна. Гэрийн эзэгтэйг Б.Пүрэвцэцэг гэдэг. Тэд таван хүүхэдтэй өнөр өтгөн айл юм. Ногоо савлан суугаа настай эмэгтэйг С.Намжилмаа гэх ба гэрийн эзэгтэйн ээж аж. Түүний өөдөөс харан суугаа эмэгтэйг О.Сүрэн гэх бөгөөд энэ айлын том бэр нь гэнэ. Ингээд бид цай уух зуураа танилцаад ажил нь хэрхэн явагддаг талаар хууч хөөрөв. Бөөний үнээр ногоогоо худалдан авдаг гэрээт ногоочидтой гэнэ. Тэр хүнээсээ долоо, долоо хоногоор ногоогоо авдаг. Дан монгол ногоог л зардаг. Бүр монгол ногоо тасраад олдохгүй үе гарвал л Барс зах дээрээс бөөний ногоо авч, угааж савлаад зардаг гэнэ. Энэ талаар гэрийн эзэн Д.Сайнцогт ярихдаа “Бид ногоо авдаг найдвартай хүнтэй. Өвлийн нөөцөө тэр хүмүүс маань нөөцлөөд хураачихдаг. Барагтаа л ногоогоор тасраад байдаггүй. Яалт ч үгүй байгалийн давагдашгүй хүчин зүйл тулгарчихгүй л бол бидний бизнес зогсдоггүй. Одоогоор 37 дэлгүүртэй гэрээтэй байнгын ногоо нийлүүлдэг. Хэрэглэгчид ч манай ногоог мэддэг болчихсон, байнга асууна. Нэг дэлгүүрээ гурав хоногийн дараа эргэнэ. Тэрнээс удчихвал ногоо муудах эрсдэлтэй. Тиймээс ойр ойрхон шинэ ногоогоор хангахыг хичээдэг. Эхлээд ногоогоо авчирч энэхүү ванндаа угаагаад, муудсан хэсгийг ялгаж хаяна. Төмсний зарим хэсгийг зүсэлт хийж аваад нэг уутанд нэг ширхэг зүсвэр хийн ууталдаг. Манайх энэхүү өрхийн бизнесээ 2012 оноос хойш хийж байна. Сүүлийн жилүүдэд энэ хавийнхан маань газарт ороод манайхыг ч гэсэн гэрээгээ байгуул гэж шавдуулах боллоо. Бид ажлаа байранд хийх боломжгүй болохоор яарахгүй л байна” гэв. Харин гэрийн эзэгтэй “Манайх хашаандаа гурав, заримдаа дөрвөн газар гал түлдэг. Хааяа бага ах маань ирж ажилладаг юм. Тэр үед энэ өөдөөс харсан жижигхэн амбаартаа гал түлнэ. Долоо хоногт зургаан шуудай нүүрс өгдөг нь үнэндээ хаанаа ч хүрдэггүй. Энэ хойно байгаа хоёр гэрийн зүүн талынх нь манайх. Баруун талынх нь ээжийнх” гэлээ. Ингээд бид идэр есийн хүйтэнд хэрхэн галлагаагаа хийдэг, дулаанаа яаж хангадаг талаар ярилцав. Эдний ажлын байр ханан пийшинтэй ажээ. Ногоогоо халуунд муутгахгүй, хүйтэнд хөлдөөхгүй хадгалахын тулд галлагаагаа тохируулах нь их чухал. Тиймээс шөнө бүр босч ажлын байрныхаа дулааныг шалган гал нэмэх үү, болих уу хэмээн 2-3 удаа ажлын байраа эргэдэг гэнэ. Өвлийн улиралд гэр хорооллынхны гол ачаалал нэмдэг зүйл нь галлагаа. Эднийх зөвхөн ажлын байрандаа л гэхэд долоо хоногт 5-6 шуудай шахмал түлш хэрэглэдэг. Хоёр гэртээ байнга хүн байдаг учраас хүүхдүүд хөгшнөө дааруулахгүйн тулд бас л өдөржин галлана. Тэгэхээр уг хоёр гэрт долоо хоногтоо 7-8 шуудай шахмал түлш хэрэглэдэг юм байна. Харин тэднийд сайжруулсан түлш авах эрхтэй карт хоёр л байдаг. Долоо хоногтоо 12 шуудай шахмал түлш л авдаг байна, тэрхүү 12 шуудай нь хүрэхгүй ихээхэн асуудал дагуулна. Шахмал түлш борлуулдаг цэгүүдээр ээлжлэн очиж учир байдлаа хэлэхээр ганц хоёр шуудай нүүрс илүүчилнэ. Ид ачаалалтай үед бол олдохгүйг ч учирлав.


Гэрийн эзэнтэй хэсэг ярилцав.

-Цаг уур орчны хүрээлэнгээс энэ долоо хоногийг маш хүйтэн болно хэмээн анхааруулсан. Өнгөрсөн даваа гаригт хичээл ороогүй цахимаар хичээллэсэн. Энэхүү өдрүүдийг яаж давав?

-Манай энд хойноо голтой болохоор голын хүйтэн жавартай, маш сэрүүхэн. Үүндээ ч дасчихсан даа. Энэ хэдэн дарга нар гэнэт өвөл болж байгаа аятай сүржигнэх юм. Манайх долоо хоног болгоны хагассайн өдөр зургаан шуудай нүүрсээ авдаг. Өнгөрсөн хагас сайнд шахмал түлшээ авахаар очтол манайхтай хамгийн ойр байрладаг ганц цэгт нь нүүрс дуусчихаж. Хайж явсаар бүр эцсийн буудлаас авсан шүү. Гэнэт хийсэн сүржин мэдээлэлд нь хүмүүс цоцроод хамаг нүүрс дуусгачихсан байгаа юм. Өвөл үзээгүй аятай юундаа сүржигнэдэг байна аа л гэж бодогдсон. Хүүхдүүдийн хичээлийг манай эхнэр л хийлгэдэг юм. Би хүүхдүүдийнхээ боловсролын асуудал руу тэр бүр ороод байдаггүй. Хэрэгтэй үедээ багштай нь ярьж зөвлөгөө авна. Тусламж хэрэгтэй бол тусална. Тиймэрхүү байдлаар харьцдаг юм. Хичээлийг ихэвчлэн эхнэр хийлгэдэг болохоор би ар ажлаа л сайн зохицуулах гэж хичээнэ. Энэ ажил маань зогсоо зайгүй л ажиллаж байдаг дуусдаггүй. Сардаа ганц удаа өөрсдөдөө чөлөө өгөөд амарчихаар нөгөө хэдэн дэлгүүр чинь ээлжилж дуудаад амраахгүй. Амарсан ганц өдрийнхөө ажлыг нөхөх гэж хэдэн өдөр шаргуу ажиллах хэрэг гарна. Хүүхдүүд эхнээсээ том болоод тусад орж эхэлсэн. Хамгийн том хүү маань одоо наймдугаар анги. Хичээлийнхээ хажуугаар ээжтэйгээ хамт түгээлтэд явна. Тусад орсон том сайхан залуу бий. Өө энэ ороод ирлээ гэсээр хүү рүүгээ заав.

Түрүүн хаалга тайлж өгсөн өндөр шар хүү байв. Түүнтэй жаахан яриа дэлгэлээ. Хүү С.Эрдэнэбаяр ярихдаа “Би хичээлийнхээ хажуугаар аав, ээждээ тусална. Борлуулалтдаа явна. Дүү нараа харна. Хичээлээ хийнэ гээд маш завгүй байдаг. Айлын том болохоор үүрэх хариуцлага их л дээ. Гэхдээ дүү нараа л сайн хүн болгож өсгөх нь маш чухал” хэмээн хэвлүүхэн ярих аж. Гэрийн эзэгтэй “Зочиндоо хоол хийж өгье. Би гал дээр тавьсан хоолоо үзээд ирье” гэсээр хаалга сэнгэнүүлэн гарч одов. Ногоо уутлах нь их сонирхолтой санагдав. Уут бүрт 5-20 гр илүү савлах юм. Яагаад ингэж байгааг нь асуувал ногоо удах тусмаа жин нь багасдаг болохоор илүү савлах нь зүгээр байдаг. Хүмүүс кг нь хүрэхгүй байна гэх мэтээр хэл ам хийхээс сэргийлж ийнхүү илүү савладаг байна. Ногоо савлан суусан бэр эгч О.Сүрэн “Хоёр дүүдээ туслаад, цалинжаад явдаг. Гэр ойр, энэ хэдээсээ холдож чадахгүй Яармагт амьдраад олон жил болжээ. Одоо өөр газар амьдарна гэхээр ер төсөөлөгддөггүй. Насаараа гэр хороололд, тэр тусмаа Яармагийн жихүүн өвөлд дассан бидэнд энэ мэт хүйтэн нэг их нөлөөлөхгүй л байна. Гол нь тэр долоо хоногт нэг карттай хүнд зургаан шуудай нүүрс өгдөг утгагүй шийдвэрээ болиулмаар юм. Эсвэл тоог нь арай олон болгомоор байна. Манайх нам даралтаар халдаг дөрвөн өрөө байшинтай. Долоон хоногт зургаан шуудай нүүрс хүрдэггүй. Гэтэл эднийх хашаандаа 3-4 газар галлана. Хоёрхон карттай яаж 12 шуудай нүүрс хүрхэв дээ” хэмээн толгой хаялан суув. Бэрийнхээ өөдөөс харан суух хадам ээж нь дэмжин “Нүүрсний асуудлаа л шийдчихвэл манайд өөр дутагдаж гачигдаад байх зүйлгүй. Охин, бэр хоёрынхоо ачаар хэрэглээний мөнгө тасрахгүй, ажил хийвэл ам тосодно гэгчээр болгоод л байна” гэв. Ингээд гэрийн эзэгтэй орж ирээд “Хоол болчихлоо, хоолоо идээрэй” гэснээр бид гэр рүү нь орж гараа угаагаад хооллов.

Хойно байх хоёр гэрийн зүүн талынх руу орлоо. Хоёр хүү хичээлээ хийж байсан ширээгээ цэмбийтэл цэвэрлэжээ. Гэрийн эзэн хүүхдүүдээ танилцуулаад бага хоёр нь цэцэрлэгтээ явсан тухай хэлэв. Ковидын хөл хорионы үеэр ямархуу байсныг асуутал “Хүнсний салбарынхан ямар нэгэн хязгаарлалтгүй ажиллаж байсан болохоор ямар ч саад тулгараагүй. Харин ч ашиг орлого арвин байсан” гэв. Эдний хүүхдүүд бүгд л хариуцсан ажилтай. Даалгасан ажил бүрээ ихэд чамбайлан найдвартай хийх ажээ. Энэ талаар аав нь ярихдаа “Би хүүхдүүдээ ажлаас хойш суудаггүй, чаддаг чаддаг юмаа хийлгэдэг болгох гэж сургадаг юм. Манай хүүхдүүд нас насандаа тохирсон ажлаа түвэггүйхэн хийчихдэг. Бид хоёр ажил ихтэй, борви бохисхийлгүй л ажиллана. Тэр ажилч хичээнгүй байдлыг хүүхдүүд маань дуурайгаасай хэмээн биеэрээ үзүүлэхийг хичээдэг юм. Одооны хүүхдүүд гар утсанд донтсон, байнга тоглодог гэх. Манай гэр бүлд тийм зүйл байдаггүй. Бүгд өөр өөрийн хариуцсан ажлаа хийгээд, хичээлээ хийчихсэн бол зурагтаа үзнэ. Уншиж чаддаг болсон хоёр, гуравдугаар ангийн ах нар нь дүү нартаа үлгэр уншиж өгнө. Гэх мэтээр манайд утасны хэрэглээ гарахгүйгээр л завгүй нэг өдөр өнгөрдөг. Заримдаа ч хоногийн 24 цаг багадах юм. Унтаж амарч амжаагүй л байхад дараа дараагийн ажил овоороод гараад ирнэ. Ачаалал маш ихтэй шүү” хэмээн инээмсэглэн суув. Ингээд хажуу гэрийг сонирхон орлоо. Гэрт нэг эрэгтэй хүн уутныхаа шошгыг наан сууна. Гэрийн эзэгтэйн ах Б.Пүрэвжав ажээ. “Манай ажил байнгын л хөдөлж байхгүй бол нэг овоорчихвол дийлдэхгүй. Гэрээт дэлгүүрүүд өдөр шөнөгүй утасдаад зав чөлөө өгөхгүй. Хамгийн хэцүү нь өвлийн нөхцөлд галлагаагаа тохируулах, түгжрэлийн асуудал байна. Түгээлт хийхээр гарахад өдөржин яваад яваад 4-5 дэлгүүр л орж амжвал их юм. Түгжрэл гайгүй болохоор орой түгээлтэд гаръя гэхээр дэлгүүрүүд хаах цаг болчихно. Энэ мэтээр асуудал л гарна уу гэхээс бусад нь давгүй дээ.” гэв. Ийм нэгэн хөдөлмөрч гэр бүл Яармагийн дэнжид байх ажээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Баярмаа: Буруу зүйл хийсэн бол ичдэг, гэмшдэг, айдаг. Одооны нийгэмд энэ мэдрэмжүүд алдагдаж байна DNN.mn

Нийгэм, сэтгэл судлалын дээд сургуулийн сэтгэл судлал нийгмийн ажилтны тэнхимийн эрхлэгч Б.Баярмаатай ярилцлаа.


-Эрт үеэсээ монгол хэв маяг, амьдрах ёс жаяг, ёс суртахуун ямар байсан бэ?

-Ёс суртахуун, ёс зүй гэдэг нь хүний бүхий л үйлд тулгуурлаад, аз жаргал, нийгмийн сайн сайхныг цогцлоон бүтээх гол цөм нь юм. Ёс суртахууныг энгийн ёс суртахуун, дээд ёс суртахуун гэх мэтээр ангилна. Энгийн ёс суртахуун гэдэг нь тухайн хувь хүнтэй холбоотой зөв хүн байх, зөв үйлийг хийх гэсэн би дээр тулгуурласан үзэл. Би-гийн үзлээс дээшээ шударга зарчимч, нигүүлсэнгүй ёс суртахууныг дээд ёс суртахуун гэж монголчууд үздэг байсан. Дээд ёс суртахуун нь маш том зорилгын төлөө өөрийгөө тодорхой хэмжээгээр хойш тавьж ирсэн зүйл байдаг. Ёс суртахуунтай холбоотой зүйл нь өөрөө сайн ба муу, буруу ба зөвийн гол хэмжүүр нь болдог.

-Иргэнээ дээдэлсэн хүн төвтэй нийгэмд ёс суртахуун нь хуулиасаа дээгүүр эрх ашгийг хангадаг гэдэг?

-Зарим улс үндэстнүүдэд хуулийн хүрээнээс илүү чухал зүйл нь ёс суртахуун, ёс зүй гэдэг. Ямар нэгэн байдлаар хувийн шалтгаанаар ичмээр, санаанд оромгүй зүйл хийж, хуулиар хариуцлага хүлээхгүй ч тодорхой хэмжээгээр уучлалт гуйдаг. Зарим тохиолдолд ажлаа өгөөд явдаг. Монголчууд гэхээсээ илүү хүн төрөлхтний хувьд чухал зүйл нь ёс суртахуунтай холбоотой зүйлс юм.

-Монголчуудын ёс зүй ямар болсон бэ?

-Эхлээд монголчуудын ёс зүй ямар байсан бэ гэдэг рүүгээ буцах болох нь.

Монголчуудын хувь аж ахуй, ажил хөдөлмөрийн хувьд аж ахуйг эрхэмлэх, үнэнч шударга байх, хүмүүст тэгш хандах, ямар нэгэн байдлаар алагчлах үзэл байгаагүй. Эр зориг буюу сэтгэлийн хаттай байдлаар нь маш олон дайн тулаанд оролцож, амьдрал ахуйгаа авч явсан. Жилийн дөрвөн улиралд нүүдэг ахуй соёлтой нь холбоотой эр зориг, сэтгэлийн хат, өвөрмөц шийдлүүдийг хийсээр ирсэн.

-Ер нь монгол хүний онцлог шинж чанар нь юу вэ?

-Эр зориг, сэтгэлийн хат, аливаа зүйлийг тууштайгаар даван туулах чадвар зэрэг нь илэрхий харагдаж байдаг. Мөн ичих, эмээх мэдрэмж өндөртэй. Өөрөөр хэлбэл, буруу зүйл хийсэн бол ичдэг, гэмшдэг, айдаг. Одооны нийгмийн хүрээнд энэ мэдрэмжүүд алдагдаж байна. Ичихээ больж, айхаа байж байна. Энэ тодорхой хэмжээгээр байсан зүйл алдагдаж байгаагийн нэг илрэл болж буй хэрэг юм.

-Ичих, айх, гэмших мэдрэмж нь яагаад багасаад байна вэ?

-Яагаад энэ алга болов, багасав гэхээр үнэт зүйлсийн мэдрэмжүүд байхгүй болоод байна. Өөрөөр хэлбэл, нэгэнт хариуцлага хүлээх шаардлагагүй болсон хүн үнэт зүйлсийн мэдрэмжгүй болчихдог. Хүний ухамсар гэдэг зүйл өөрийгөө хэм хэмжүүртэй, ёс суртахуунтай болгож байдаг. Энэ зүйл дотооддоо алдагдаад эхлэхээр гадааддаа илэрч байгаа зүйл нь ичихгүй, айхгүй, гэмшихгүй байх төлөвшлийг олгоод байна.

-Үүрэг хариуцлагаа ухамсарлах чадвар нь бас багасаад байна уу?

-Монголын түүхийг судлаад үзэхээр энэ цаг үед бидний хийж чадахгүй байгаа, өөрчилж болохгүй зүйлүүдийг эргээд харах боломжтой. Монголчууд нэр төрөө маш их эрхэмлэдэг. Нэр төрөө сэвтээхгүй байх эрхэм чанарыг монгол хүн бүр яс махандаа шингээж авч явдаг. Нэр хугарахаар яс хугар гэж ярьдаг. Энэ зүйл бас өнөөдөр алдагдаж эхэлж байна. Жишээ нь, Их хурлын гишүүн боллоо гээд гишүүний бүрэн эрхээр хаацайлан юу дуртайгаа хийдэг болсон. Энэ нь буруу зүйл хийсэн ч би бүрэн эрхтэй гишүүн хүн гэж хаацайлсаар эх орноо тонон дээрэмдэх, хоослох хомхойрох сэтгэлтэн болж буй юм. Тэдэнд буруу зүйл хийсэн ч ухамсарлах чадвар алга л гэсэн үг.

-Хүний итгэл үнэмшил гэж зүйл бас өөрчлөгдөөд байна уу?

-Эх орон үнэтэй юү, итгэл үнэмшил үнэтэй юү гээд асуухаар хүмүүс янз бүрээр хариулах байх. Гэхдээ эх орон бол бидний итгэл үнэмшил, үнэт зүйлс. Эх оронгүй бол бид юугаараа бахархан цээжээ дэлдэх юм бэ. Гэтэл энэ нийгэмд итгэл үнэмшил өөрчлөгдөж байна. Даяаршлын нөлөөгөөр юм уу, улс үндэстнүүдийн хоорондын уламжлалт соёлын нөлөөгөөр гэх үү, би монгол хүн гэдгээс илүү итгэл үнэмшлүүд бий болж байна. Өөрөөр хэлбэл, шашны хүрээний итгэл үнэмшлүүд байж болно. Мэдээж шүтэх, эс шүтэхийг Үндсэн хуулиндаа заагаад өгчихсөн учраас боймилж болохгүй. Гэхдээ улс үндэстний хүрээнд авч үзэх асуудлуудын нэг нь шүтэх ёс. Шийдвэр гаргахдаа эх орноос илүү итгэл үнэмшлийг бий болгох үнэт зүйлс хүнд байж болох уу, болохгүй юу гэдгийг бодох ёстой.

Энэ нь байж болох ч эх орны тухай үнэт зүйлс маш ихээр алдагдаж байгаа болохоор эх орноо тонон дээрэмдэж байна. Эх орондоо сайхан хандахгүй байна гэдэг нь монгол эх орон, монгол үндэстэн, монгол угсаатан, монгол гэсэн үнэт зүйлсүүд тэр чигээрээ алдагдаж байгаа гэсэн үг. Бид өөрсдөө улс үндэстнээ маш буруугаар таниулж байна. Өөрөөр хэлбэл, үр хүүхдээ хүмүүжүүлэхдээ монгол хүн нэг нэгнээ мөлждөг, шулдаг, монгол хүнээс хол яв гэдэг ухагдахуунаар хүмүүжүүлдэг. Гэтэл монгол хүний язгуур чанарыг аваад судлаад үзэх юм бол маш нигүүлсэнгүй. Жудаг мөс чанартай. Гайхамшигтай ноён нуруутай, хүн шиг хүн чанартай байх бүх зүйлүүд бүрэлдэн тогтсон, дэлгэр зан араншинтай хүмүүс байсан юм шүү.

-Энэ эрхэм чанарууд хаачив?

-Өнөөгийн нийгэмд энэ эрхэм зан чанарууд өөрчлөгдөж байгаа нь бидэнтэй маш их холбоотой. Бид өөрсдийнхөө үндэстэнг үр хүүхдэдээ зөвөөр тайлбарлаж хэлэхгүй байна. Би өөрөө монгол хүн. Монгол хүн ийм сайхан дэлгэр зантай, монгол хүн үр хүүхдэдээ хараал хэлдэггүй. Монгол ёс заншил ийм байдаг юм гээд итгэл үнэмшил, үнэт зүйлсийг багаас нь хүүхдүүддээ ойлгуулах ёстой. Бид ингэж чадаагүйгээс болоод өнөөгийн хүний мөс чанар муудаад байна. Энэ нийгэм, улс үндэстэнг хүмүүс бүтээж байгаа. Тэр бүтээж байгаа хүмүүс нь өөрсдөө үндэстнээ дээдлэх, хайрлах чин сэтгэл, хүсэл эрмэлзэлгүй байх юм бол энэ улс үндэстэнд угаасаа ирээдүй байхгүй гэсэн үг.

-Улс үндэстний хамгийн чухал зүйл юу байдаг вэ?

-Үндэстний хамгийн гол зүйл нь гэр бүл. Гэр бүл бидний соёл, үндэс тулгуурыг авч явдаг учраас монгол хэлээ дээдлэх, монгол хэлээрээ зөв ярих, монгол хэлийг зөв хэрэглэх гэх мэтээр маш энгийн юмнаас эхэлнэ. Гадаад хэлтэй хүүхдүүд маш их байна. Англи, герман, франц хэлтэй, монголоороо ярьж чаддаггүй хүүхдүүд байна. Яагаад ингэж байна гээд аваад үзэхээр монгол хэл онцгүй, монгол үндэстэн өөрөө онцгүй, монгол хүн байхыг хүсдэггүй гэдэг зүйлүүд гарч ирж байна. Хүүхэд яагаад ингэж ойлгов гэхээр ээж, аав нь өөрсдөө тэр үндэстнийг их буруугаар ойлгуулсан байна. Хүүхдүүдээ англи хэл хэрэглэ, англиар ярь гэх нь зөв. Гэхдээ нөгөө талдаа өөрийнхөө үндэстэнг гутаасан мэт монгол хэл хэрэглээнээс гарсан, сураад хэрэггүй гэх үзэл суртлаар ханддаг нь маш буруу. Улс төрийн томоохон сэхээтнүүд, улсаа удирдан авч явж байсан томоохон хүмүүсийн түүхийг харахаар багаар бодоход 5-6 хэлийг хэрэглэдэг. Хамгийн дээд тал нь 13 хэлийг гайхамшигтайгаар хэрэглэж чаддаг байсан. Тэгэхээр бид англи хэлтэй болно гээд монгол хэлээ орхигдуулж болохгүй. Хэл гэдэг нь өөрөө язгуур үндэстний соёл, сэтгэхүй, өв уламжлал, ухамсрыг авч явдаг. Тэр хүүхэд монголоор ярьж байхдаа, монгол хэлийг сурч байхдаа, монгол үндэстний сэтгэлгээний зүйлүүд суугаад явж байдаг. Ирээдүйд бид хүүхдүүдээ яаж бэлтгэх тал дээр анхаарах ёстой. Улс үндэстнээ удирдах, лидерүүдийг багаас нь бэлтгэдэг гэр сургалттай байсан.

-Өнөөгийн нийгэмд шунах, хомхойрох сэтгэлтэн их болсон нь хүүхдүүдээ буруу хүмүүжүүлсэнтэй холбоотой гэсэн үг үү?

-1990 онд гэнэт зах зээлийн нийгэмд шилжээд хүмүүс яахаа мэдэхээ больсон. Юу хийхээ мэдэхгүй болсон. Тэр үедээ хөл алдаж, архинд орж эхэлсэн. Энэ процесс эргээд ирж байгаа юм шиг мэдрэмж төрөх боллоо. Тэр үед заагаад, зөвлөөд шийдвэр гаргаад явдаг байсан бол одоо ийм хэцүү, бэрхшээлтэй зүйлүүдтэй тулгарахгүй байсан ч юм билүү. Дээрээс нь тэр үед ээж, аавын нэг нь байхгүй ганзагын наймаанд явсан ч юм уу, аль эсвэл салах тохиолдлууд их байсан. Тиймээс наян хэдэн оныхон дунд салалт өндөр байдаг. Тэр нь эргээд хүүхдүүд ээж, аав хэрхэн болдог вэ, яаж бие биенээ хайрладаг вэ гэдэгт суралцаагүй гэсэн үг. Нийгмийн шилжилт, нийгмийн ёс зүйгүй байдал нь бүхэл бүтэн үндэстний 30 жил, 60 жил, 100 жилийг ч авч явж байдаг. Тэгэхээр нийгэмд чиглэсэн арга хэмжээнүүдийг тодорхой үе шаттайгаар хэрэгжүүлэх ёстой.

-Тэгэхээр үүнээс үүсэх хор уршиг нь юу байна вэ?

-Одоо хүмүүсийг атаач, жөтөөч болсон гэдэг. Дотоодод үүсч байгаа энэ атаа хорсол нь сэтгэл зүйн хувьд эмгэг чиглэл рүүгээ орсон гэсэн үг. Ерөнхийдөө эрүүл биш, сэтгэцийн тулгамдсан асуудал болсон, эмгэг чиглэл рүүгээ орсон байна. Тодорхой хэмжээгээр цэвэр өрсөлдөөн байж болох ч хүний сайн байгаад атаархаж, гэм хор учруулах гэсэн хандлагууд бий болж байна. Энэ нь өөрөө нийгэмд асар хортой. Эргээд нийгэмд баян, ядуугийн ялгарлууд гарч байна. Сэтгэл зүйн хувьд тогтворгүй байдал үүсч байгаа учраас үзэн ядалт нь өөрөө явсаар задрах боломжтой. Тэрхүү үзэн ядалт гэдэг зүйл үндэстнийг нураах ч магадлалтай. Үүнийг сэтгэл судлалын ухаанд хамтын ухамсаргүй байдал буюу нийгэм ухамсаргүйгээр явагдаж байна гэж үздэг. Тийм учраас түүнээс сэрж, сэрээх үндэстний сэхээтнүүд зайлшгүй байх шаардлагатай.

-Би-гийн үзлээс гадна дэлхийн талыг эзэлж байсан ард түмэн гэж цээжээ дэлдэх хүмүүс их болжээ?

-Бид эх түүхээ зөвөөр ойлгож, зөвөөр таниулах хэрэгтэй. Монгол хүмүүс дэлхийн талыг эзэлж байсан гэдгээрээ өөрсдийгөө хардаг. Гэтэл нөгөө талаараа дэлхийн тал нь бидний дайсан байхгүй юу. Яагаад гэхээр тухайн улс үндэстний Монголд хандах хандлага, Монголыг үзэх үзэл нь өөр гэсэн үг. Жишээ нь, бид афган хүнд яаж өөрсдийгөө зөвөөр ойлгуулах вэ. Энэ зүйл чинь одоог хүртэл нарийн явагдаагүй. Түүхийн ойлголтууд нь түүхий байна. Тиймээс шинэ залуу удирдагч нар, лидерүүд өөрсдийнхөө түүхийг зөвөөр ойлгуулж, таниулж, сурталчлах хэрэгтэй. Монгол үндэстэн түүх нь агуу гайхамшигтай. Монголын түүх барагдашгүй. Түүнийгээ л зөв таниулж, ойлгуулах нь чухал.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Отгондаваа: Халаасны хулгайн гэмт хэрэг зохион байгуулалтын шинж чанартай үйлдэгдэж байна DNN.mn

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Отгондаваатай ярилцлаа.


-Халаасны хулгай сүүлийн үед нэмэгдсэн гэх мэдээлэл байна. Энэ төрлийн гэмт хэргийн статистик мэдээллийг өгөөч?

-Нийслэлийн хэмжээнд 2022 оны аравдугаар сарын байдлаар нийт 4304 халаасны хулгайн гэмт хэргийн өргөдөл, гомдол бүртгэгдсэнээс 2712 буюу 63 хувь нь нийтийн тээвэр болон автобусны буудал орчимд, 1592 буюу 37 хувь нь гудамж талбай, худалдааны төв орчимд үйлдэгдсэн байна. Бид бүхэн халаасны хулгайн гэмт хэргийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийхэд энэ төрлийн гэмт хэрэг нь бүлэг зохион байгуулалттайгаар үйлдэгдэж байна. Тухайлбал, халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг хүмүүсээс гадна хулгайн эд зүйлийг нь хямд үнээр худалдан авч зарж борлуулдаг, энэ үйлдэл нь байнга, давтамжтай шинж чанартай болсон гар утасны ченж гэх зарим хүмүүс, хулгайн эд зүйлийг бодит шинж чанарыг нь өөрчилж, эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор сериалыг нь өөрчилдөг, гадна шинж чанарыг нь өөрчилдөг хүмүүс байдаг. Зарим тохиолдолд үнэтэй утас захиалдаг захиалагч хүртэл байна.

-Халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажлууд хийж байгаа вэ?

-Халаасны хулгайн гэмт хэрэг гарч буй цэгүүдийг тодорхойлж, 92 автобусны буудал дээр хяналтын камер байрлуулж хяналт тавих, нийслэлийн иргэдийг халаасны хулгайн гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, нийтийн тээврийн хэрэгслийн нэгдүгээр эгнээгээр зорчих, автобусны буудал орчмын аюулгүй байдал, түгжрэлийг буруулах, нийтийн тээвэр хүлээж буй иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор танилцуулга, санал судалгааг Нийслэлийн засаг даргад хүргүүлснээр Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, 800 сая төгрөгийг шийдвэрлэсэн. Нийслэлийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг хангахаар Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын даргын энэ оны тушаалаар ажлын хэсэг аравдугаар сарын 26-ны өдөр байгуулагдан холбогдох судалгааг хийж дуусган мэргэжлийн байгууллагын удирдлагуудтай хоёр удаагийн уулзалтыг зохион байгуулж богино хугацаанд хийж гүйцэтгэхээр ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны наймдугаар сарын 25-ны өдөр баталсан “Хичээл эхэллээ” ерөнхий арга хэмжээний хүрээнд тус хэлтсээс санаачлан Нийтийн тээврийн автобусны хяналтын камерт үзлэг шалгалт, засвар үйлчилгээ хийх телекамерыг ашиглалтад оруулах чиглэлээр Нийтийн тээврийн газар, “Улаанбаатар Смарт карт” ХХК-тай хамтран ажилласан. Шалгалтаар 19 аж ахуйн нэгж байгууллагын 1288 тээврийн хэрэгсэл хамрагдахаас 1105 тээврийн хэрэгсэл буюу 85.8 хувь хамрагдаж, нийт 729 зөрчил дутагдал илэрсэнд мөрдөгчийн мэдэгдэл бичиж хүргүүлж хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллаж байна. Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагын хүрээнд нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангаж хариуцлагатай байх хэрэгтэй.

-Хүмүүс бэлэн мөнгөгүй явдаг болсон. Орчин үед халааснаас юу хулгайлах вэ?

-Бид бүхэн халаасны хулгайн гэмт хэргийн улмаас алдагдсан эд зүйлд дүн шинжилгээ судалгаа хийж үзэхэд нийт алдагдсан эд зүйлийн 82.5 хувь гар утас, 17.5 хувь нь бусад эд зүйл байна гэсэн судалгаа гарсан.

-Утсаа алдсан тохиолдолд эргүүлж олж авах боломжтой юу?

-Тус хэлтсээс Нийслэлийн дүүргийн Цагдаагийн газар, хэлтсийн алба хаагчидтай хамтран энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх, алдагдсан эд зүйл, гар утсыг олж өгөх, иргэдийг хохиролгүй болгох зорилгоор хэд хэдэн удаагийн хамтарсан эргүүл шалгалт, арга хэмжээ, ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна. Миний дээр ярьсанчлан энэ төрлийн гэмт хэрэг зохион байгуулалтын шинж чанартай үйлдэгдэж байна. Иргэдийн халааснаас гар утсыг нь хулгай хийсэн хүн хямд үнээр хулгайн эд зүйл авч зарж борлуулдаг ченж гэх нэртэй зарим хүмүүст зардаг. Тэдгээр хүмүүс нь тухайн гар утасны сериалыг нь бас нэг хүнд өгч өөрчлүүлж засаж янзлуулаад зардаг. Энэ нь байнгын шинжтэй болчихсон байна. Цагдаагийн байгууллагаас иргэдийн гомдол мэдээллийг хүлээн авч холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулж тухайн алдагдсан гар утсанд өөр дугаар орсон эсэх, хэн нэгэн ашиглаж байгаа эсэхийг прокуророос зөвшөөрөл авч шалгадаг. Үүрэн телефоны газруудын ажлын ачааллаас шалтгаалан тухайн лавлагааны хариу 14 хоногоос нэг сар, зарим тохиолдолд хоёр сарын дараа ирж байх жишээтэй. Энэ нь өөрөө тухайн иргэний гаргасан гомдол мэдээллийг цагдаагийн байгууллагын ажилтан шалгахгүй удаад байгаа юм шиг иргэдэд ойлгогдоод байна. Бодит байдал дээр зарим тохиолдолд цагдаагийн байгууллагын ажилтнаас үл хамаарч мөрдөн шалгах ажиллагаа удааширч байдаг. Цагдаагийн байгууллагын алба хаагч нар лавлагаа явуулахаас гадна эрэн сурвалжлах ажлыг хийдэг. Тухайн иргэний гар утсаа алдсан цаг хугацаа, байршил цэг тодорхой бол ойролцоох хяналтын камерт сэжигтэй этгээдийн дүрс бичлэг бичигдсэн, бичлэгээр хэн болохыг нь тогтоох боломжтой тохиолдолд эрэн сурвалжлах ажлыг яаралттай зохион байгуулж олж тогтоон эрүүгийн хариуцлагад татаж хохирогч иргэнд гар утсыг нь хүлээлгэн өгдөг.

Тус хэлтсээс халаасны хулгайн гэмт хэргийг бүлэглэн зохион байгуулалттайгаар үйлддэг сэжигтэй этгээд, хулгайн эд зүйлийг худалдан авч борлуулдаг, санхүүжилтээр хангадаг гар утасны ченж гэх зарим хүмүүсийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 “Мөнгө угаах гэмт хэрэг” дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагад татах чиглэлээр арга хэмжээ авч ажиллалаа.

Энэ оны ес, аравдугаар сард дүүргийн Цагдаагийн газар, хэлтсийн алба хаагч нартай хамтран нэгдсэн шалгалт, баримтжуулалтыг зохион байгуулан энэ төрлийн гэмт хэрэг үйлддэг этгээдүүдээс хулгайн гар утас худалдан авч зарж борлуулдаг гар утасны ченж гэх тодотголтой 11 хүнийг илрүүлж яллагдагчаар татаж мөрдөн шалгах ажиллагааг хамтран явуулж байна. Цаашид энэ ажил үргэлжилж явагдана.

-Энэ төрлийн гэмт хэрэгт ямар арга хэмжээ авдаг вэ. Хариуцлага нь бага болохоор халаасны хулгайн гэмт хэрэгтнүүд засрахгүй дахин дахин үйлдээд байна уу?

-Цагдаагийн байгууллагаас прокурорын байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөлтэй буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт заасан “…байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон…” гэсэн заалтыг мөрдөгч, прокурор бүрэн дүүрэн нотолж, халаасны хулгайн гэмт хэрэг үйлдэж буй этгээдүүдийг хулгайн эд зүйлийг нь хямд үнээр худалдан авч санхүүгээр нь дэмждэг байж болзошгүй ченж гэх зарим хүмүүс болон хулгайн гар утасны сериал өөрчилж буй этгээдүүдийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 18.6 “Мөнгө угаах“, 18.6.2 “Энэ гэмт хэргийг… 2.2” байнга тогтвортой үйлдэж”-д заасан зүйл ангиар эрүүгийн хариуцлага хүлээлгэх тал дээр тодорхой арга хэмжээ авч хамтран ажиллах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, ялыг хүндрүүлэх хэрэгтэй байна.

-Утас, картаа иргэд ямар программ суулгаж байж хамгаалах вэ?

-Иргэд гар утсандаа хулгайд гар утсаа алдахаас хамгаалах дохиоллын аппликэйшнийг олон нийтийн цахим сүлжээнээс татаж утсандаа суулгаж ашиглах бүрэн боломжтой. Энэ талаарх мэдээлэл цахим орчинд хангалттай их байгаа.

-Алдсан гар утсыг ашиглах, дамлаж зарах боломжгүй болгохын тулд яах ёстой вэ?

-Энэ асуудлыг бид судалж байна. Үүрэн телефоны аж ахуйн нэгжүүд бүгд ашгийн төлөө байгууллага гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Бид тухайн алдагдсан гар утсыг иргэн өөрийн бичиг баримт, гэрээтэй очоод ашиглаж буй дугаарын үүрэн телефоны гомдол мэдээлэл хүлээн авдаг хүнд бүртгүүлснээр цаашид холбогдох ажиллагаанууд нь хууль эрх зүйн зохицуулалтаар хэрэглэгчээс бусад үүрэн телефоны сүлжээнд ашиглагдахгүй байж болох чиглэлээр мэргэжлийн хүмүүстэй уулзаж, ярилцаж, судалж байна.

-Иргэд өөрсдөө халаасны хулгайн гэмт хэргээс хэрхэн сэргийлэх вэ?

-Иргэдэд энэ төрлийн гэмт хэрэгт өртөж хохирохгүй байхын хэд хэдэн зүйлийг анхааруулж хэлмээр байна. Та гар дээрээс эх үүсвэр нь тодорхойгүй, хямд үнээр гар утас авч байгаа нь өөрөө энэ халаасны хулгайн гэмт хэрэг, зөрчлийг өөгшүүлж байгаагийн нэг хэлбэр. Тэр утасны цаана хэн нэгэн хүн хохирсон, магадгүй таны ойр дотны хүн ч байхыг үгүйсгэхгүй. Өвлийн улирал эхэлсэнтэй холбогдуулан зузаан хувцасны гадна халаасанд иргэд гар утас, эд зүйлээ хийж явахдаа өөрсдөө сонор сэрэмж, анхаарал болгоомжтой байж, халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг хүмүүст боломж битгий олгоорой. Халаасны хулгайн гэмт хэрэг хийдэг хүмүүс нь сургуулийн насны хүүхдүүдийн анхаарал болгоомжгүй, яарсан сандарсан байдлыг нь далимдуулж гар утас эд зүйлийг ихээр хулгайлж байна. Зарим эцэг, эхчүүд хүүхдэдээ үнэтэй утас авч өгдөг. Энэ байдалдаа ч анхаарах хэрэгтэй.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Мөнхчулуун: “Номин” сүлжээ дэлгүүр үнийн өсөлтийг хөөргөх үндсэн ажлыг хийж байсан нь тогтоогдсон DNN.mn

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга С.Мөнхчулуунтай ярилцлаа.


-Сүлжээ дэлгүүрүүдээр хяналт шалгалтыг хийж, зөрчлүүд илэрсэн гэсэн. Ямар зөрчлүүд илрэв?

-Манай байгууллагаас есдүгээр сард удирдамжтай хяналт шалгалтыг зохион байгуулсан. Энэхүү ажлын хүрээнд сүлжээ дэлгүүрүүдийн үйл ажиллагаа, тэдгээрийн нийлүүлэгчидтэйгээ хийсэн гэрээ Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн тухай хууль болон бусад хууль журмуудыг зөрчиж байгаа эсэх талаар хяналт шалгалт хийлээ. Энэ шалгалтыг нийт сүлжээ дэлгүүр, зах худалдааны төвүүдэд хийсэн. Үүгээр барааны үнэ, кассын үнэ зөрдөг асуудлууд их гарсан. Дэлгүүрүүдэд зарагдаж байгаа бараа бүтээгдэхүүний хаяг шошго нь стандартын шаардлага хангаагүй, дутуу тэмдэглэгээтэй. Монгол, англи, орос хэл дээр тэмдэглэгээтэй байх заалтууд дутуу, зөрчигдсөн. Мөн бараа бүтээгдэхүүн жиндээ хүрэхгүй байх, жин хэмжүүртээ баталгаажилт хийлгээгүй. Хагас жил тутам Стандарт хэмжил зүйн газрын баталгаажилт хийлгэх ёстой атал 2019, 2020 онд баталгаажилт хийлгэсэн. Түүнээс хойш баталгаажуулаагүй жин хэмжүүртэй гэх мэт зөрчлүүд их илэрсэн. Тэдгээр зөрчлүүд дээр бид торгуулийн арга хэмжээ аваад нөхцөл байдалд албан даалгавар хүргүүлсэн. Мөн гэрээнүүдийг татаж аваад, хяналт шалгалт хийсэн. Үүнийг шалгаж байх явцад дөрвөн компанийн гэрээн дээр Худалдааны тухай хуулийн гэрээг зөрчсөн байх магадлалтай асуудал тогтоогдсон. Тухайн дөрвөн компанид Зөрчлийн хэрэг нээн, үргэлжлүүлэн шалгасан.

-Ямар дөрвөн компани вэ?

-“Дижитал концепт ХХК”, “Моннидер ХХК”, “БОСА Холдинг ХХК”, “Номин Холдинг ХХК” зэрэг компаниуд байсан. “Дижитал концепт ХХК” гэдэг нь GS25 юм байна лээ. “Моннидер ХХК” гэдэг нь “Оргил супермаркет” гэсэн үг. Эдгээр компаниуд үгсэж, үнэ тохирсон байх магадлалтай талаар хяналт шалгалт хийсэн боловч тэр байдал тогтоогдоогүй. Тийм учраас гурван компанид нь нээсэн Зөрчлийн хэргээ хэрэгсэхгүй болгож хаасан. Харин “Номин Холдинг ХХК”-ийн нийлүүлэгчидтэйгээ хийсэн гэрээ нь Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн нь тогтоогдсон. Тиймээс Зөрчлийн тухай хуулийн 10.7.8т зааснаар арга хэмжээ авсан.

-Тус заалтад юу гэж заасан байдаг юм бэ?

-Тус заалт болон Өрсөлдөөний тухай хуулийн 11.2т тус тус зааснаар “Аж ахуй эрхлэгчдийн хооронд байгуулсан дараах гэрээ хэлэлцээр нь нийтийн ашиг сонирхолд харшлах, эсхүл өрсөлдөөнийг хязгаарлах нөхцөлийг бүрдүүлэхийг хориглоно” гэж заасан. Энэ заалтыг зөрчсөн тохиолдолд “Тухайн этгээдийн борлуулалтын орлогын өмнөх жилийн 6 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулна” гэж бий. Тиймээс “Номин Холдинг” компанийг өмнөх жилийн борлуулалтын 6 хувь буюу 6.9 тэрбум төгрөгөөр торгож шийтгэсэн.

-Ямар зөрчил илэрсэн юм бэ?

-“Номин Холдинг” компаниас бага үнийн баталгааг хэрэглэгчдэд өгдөг. Манайхаас хямд газар байвал зөрүүг нь нугалж авна гэдэг шүү дээ. Гэтэл өөрсдийнх нь бусадтай байгуулж байгаа гэрээндээ оруулж өгсөн байдаг юм байна. Нийлүүлэгчидтэй байгуулж буй гэрээндээ “Манайд нийлүүлж буй бараа бүтээгдэхүүнээ манайхаас өөр дэлгүүрүүдэд худалдан борлуулахдаа хямд зарж болохгүй” гэсэн утга бүхий гэрээ хийдэг. Номинд бүх бараа хамгийн хямдаар зардаг гэх ойлголтыг иргэдэд өгдөг. Гэтэл хямд биш доод буюу босго үнийг тогтоодог зөрчил илэрсэн. Жишээлбэл, иргэн импортоор бараа оруулж ирээд, эсвэл үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ 10 мянган төгрөгөөр зарж борлуулж байна гэж бодъё. Нэг шоколад байна гэе л дээ. Гэтэл түүнийг оруулж ирсэн зардал, үйлдвэрлэсэн зардлаа тооцоод Номинд 10 мянган төгрөгөөр борлуулахад, Номин нийлүүлэгчтэйгээ хамтран үнэ тогтооно. Танайх 10 мянган төгрөг юм бол дээр нь 30 хувь нэмээд 13 мянган төгрөг боллоо. Энэ 13 мянган төгрөгөөр цааш зарна. Үүнээс доош үнээр зарж болохгүй шүү гэдэг хязгаарлалт тавьчихаж байгаа юм. Ийм хязгаарлалт тавьчихаар нөгөө хүн чинь цааш өөр дэлгүүрт бараагаа заруулахын тулд 13 мянган төгрөгөөс дээш үнээр заруулах шаардлагатай болж байгаа юм. Тэгэхээр дараагийн дэлгүүртээ дор хаяж 13100 төгрөгөөр заруулах ёстой болж байна. Дараагийн дэлгүүр 10 хувь нэмж зардаг бол түүнд нь тааруулаад 12 мянгаар зараад түүн дээр 10 хувь 1200 төгрөг нэмээд 13200 төгрөгөөр борлуудаг ч юм уу, ийм байдлаар л явдаг. Хэрвээ энэ гэрээний заалтаа биелүүлээгүй 13 мянгаас доош үнээр заруулах юм бол Номин тухайн нийлүүлэгчтэйгээ цаашид үйл ажиллагаа явуулахгүй. Хоёрдугаарт, тухайн нийлүүлэгчийн барааг хямд зарсан газрын үнэ, Номингийн үнийн зөрүүг харьцуулан, сүүлийн арав хоногт зарагдсан барааны тоо хэмжээгээр нь хоёр дахин нугалж төлүүлнэ гэж заасан байгаа юм. Нэг бол тухайн нийлүүлэгчийн нөөцөд байгаа бараа бүтээгдэхүүн болон сүүлийн арав хоногт борлуулсан бараа бүтээгдэхүүний аль нь олон тоо хэмжээгээр байгаагаар тооцон хоёр дахин нугалж төлүүлнэ гэсэн байна лээ. Хэрэв Номингийн тухайн заалт байгаагүй бол нийлүүлэгч бараагаа хажуугийн дэлгүүртээ 10 мянган төгрөгөөр өгөөд 20 хувь нэмж зараад 12 мянган төгрөгөөр зарж борлуулах боломжтой. Тэгэхээр Номин үүнийг дагаад үнээ буулгах ёстой. Өрсөлдөөнийг хязгаарласан гэдэг нь энэ байгаа юм. Хоёрдугаарт, нийтийн ашиг сонирхолд харшилсан буюу үнийн өсөлтийг хөөргөх үндсэн ажлыг энэхүү гэрээний заалтаар хийж байсан нь тогтоогдсон. Дээрээс нь дотоодын жижиг дунд бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчид янз бүрийн саван, тос үйлдвэрлэлээ гэдэг зар тавьдаг. Тэрхүү үйлдвэрлэгч рүү холбогдоод “Танайхаас бараа бүтээгдэхүүнийг чинь авъя, манайхаар худалдан борлуулж болох уу” гэж санал тавихаар “Манайх Номинтой гэрээтэй. Номингоос бөөний үнээр худалдан ав” гэдэг гэрээ байгуулчихсан. Тэгэхээр Номин бүх юмны үнийг тогтоож байжээ. Үүний үр дагавар маш том гэдгийг олж харах ёстой. Иргэд захын үнэ Номингоос үнэтэй, бусад дэлгүүр Номингоос үнэтэй гээд байдаг. Гэтэл бүх дэлгүүрийн үнэтэй байх асуудлыг Номин гэрээний заалтаараа шийддэг байсан болж таарсан. Зах зээлийн өрсөлдөөнийг зөрчсөн энэ асуудлыг бид баримтаар нотолсон. Тиймээс энэ асуудалд арга хэмжээ авсан.

-Тухайн зөрчлөө засахгүй бол дараагийн удаа арга хэмжээ авах вэ?

-Бид мөнгөн торгууль тавиад энэ гэрээний заалтаа гэрээнээсээ хас гэдэг албан шаардлага, даалгавар хүргүүлсэн. Тэгэхээр энэ хоёр хоёулаа хэрэгжих ёстой. Мөнгөн торгуулиа төлөөд, гэрээнээсээ тус заалтаа хасах ёстой. Хэрвээ үүнийг хэрэгжүүлэхгүй бол бид шүүхээр албадан шийдүүлэх арга хэмжээг авна. Мөн энэ ноёлох үйл ажиллагаагаа дахин явуулах юм бол бид дахин энэ байгууллагыг Өрсөлдөөний тухай хуулийн дагуу тусгаарлах буюу хуваах арга хэмжээ авах талаар шүүхэд хүсэлт тавих эрхтэй.

-Хэрэв “Номин” сүлжээ дэлгүүр тухайн заалтаа хасвал бусад дэлгүүр “Номин”-гоос хямд үнээр зарах боломжтой болох нь байна тийм үү?

-Тэгнэ гэсэн үг. Тэгэхээр “Номин” үйлчлүүлэгчээ татахын тулд өөрсдөө үнээ хямдруулна гэсэн үг. Бодит кейс ярья л даа. Нэг үйлчлүүлэгч Номинд 3900 төгрөгөөр зарагдаж байсан ундааг “Оргил” худалдааны төвөөс 3600 төгрөгөөр авчээ. Тэгэхээр нь нөгөө хямд үнийн баталгаа нугалж өгнө. Өөр газар манайхаас хямд байвал манайд мэдэгдээрэй гэдэг болохоор нь “Номин” руу яриад “Энэ ундаа “Оргил”д 3600 төгрөгөөр зарагдаж байна” гэсэн чинь “Бид шалгаад эргээд хэлье” гэсэн. Шалгаад “Үнэхээр тийм байна. Манайхаас хямд зарагдаж байгаа нь үнэн юм байна. Гэхдээ бид манай үнээр заруулахаар боллоо” гэсэн байгаа юм. Гэтэл нөгөө хэрэглэгч тэндээс хямд авах боломжтой байсан бараагаа “Номин”-гоос бүр хямдаар авах гэж мэдээлсэн боловч “Оргил”ын үнийг нэмчихсэн. Үүнд “Оргил” худалдааны төв оролцоогүй. Нийлүүлэгчтэйгээ яриад үнийг нэмүүлчихэж байна гэсэн үг. Тэгэхээр бүх сүлжээ дэлгүүр, зах худалдааны төв, жижиг дэлгүүрүүдийн үнийг “Номин” хянадаг гэсэн үг. Үүгээрээ иргэдийг төөрөгдүүлээд, “Номин” хамгийн хямд гэсэн ойлголт өгдөг байж. Иргэд “Номин”гоос хямд үнээр зарагдаж байгаа газрыг мэдэгдээд урамшуулах нь гэж ойлгоод, олон мянган хүн “Номин”гийн хянагч шиг ажиллаад байсан боловч бүх юмны үнийг өсгөх, хямд зарж байгаа газруудыг дарамталдаг, хямдаар нийлүүлсэн нийлүүлэгчдийг дарамталж, үнийг өсгөх асуудал явагдаж байжээ. Тэгэхээр олонд танигдаагүй жижиг газар, үйлдвэрлэгчид олон нийтэд танигдахын тулд “Номин”д хямд үнээр бараагаа нийлүүлж, бусад газрууд “Номин”гоос бөөний үнээр авдаг жишиг тогтоосон аж. Энэ зүйл маш олон жил явагдсан. Иргэд үүнд нь төөрөгдөөд, “Номин” хамгийн хямд гэдэг ойлголттой болчихсон. “Шарк танк”-д орсон хүмүүс ч “Номин” энэ мэтээр дарамталдаг тухай ярьж байсан.

-“Номин” зөрчлөө арилгах сүүлийн хугацаа нь хэзээ вэ?

-Бид биелэлтээ хангах хугацааг нь тооцоод 30 хоногийн хугацаатай хүргүүлдэг. Тэгэхээр энэ сарын 10ны өдөр зөрчлөө арилгах албан даалгаврыг өгсөн. Арванхоёрдугаар сарын 10-ны өдрөөр дуусгавар болно гэсэн үг.

-Мөн лангуу болон кассын үнэ зөрдөг тухай гомдол мэдээлэл их явдаг. Үүн дээр ямар арга хэмжээ авсан бэ?

-Удаа дараа бид энэ асуудлаар хяналт шалгалт хийж 5.5 сая төгрөгөөр торгоод явдаг байсан. Сүүлд энэ талаар зөвлөмж гаргаад хэлэлцүүлэг хийгээд Миний сүлжээ дэлгүүр зөв бичилтийн амлалт арга хэмжээ авч эхлүүлсэн. Хэрвээ ямар нэг байдлаар касс болон лангууны үнэ зөрвөл хямд үнээр нь олгоно гэсэн амлалт гаргаж байгаа юм. Миний дэлгүүр өөрсдөө үнээ сольж амжаагүй алдаа гаргасан бол тэр алдаагаа өөрсдөө үүрээд лангуун дээр 3000, кассанд 3500 гэсэн бол хямдаар нь буюу 3000 төгрөгөөр хэрэглэгчид өгье. Өөрсдөө 500 төгрөгнийхөө алдааг үүрье гэдэг санаачилгыг гаргасан байна лээ. Энэ бол маш зөв зүйтэй санаачилга гэж харж байгаа. Тиймээс Миний дэлгүүрийн санаачилгыг бүх дэлгүүрүүд хэрэгжүүлээч гэж санал тавьж байгаа. Дээр дурдсан зөрчил илэрсэн дөрвөн компани бий. Үүнээс нэг компани манай байгууллагын эсрэг шүүхэд хандан гомдол гаргасан байна лээ. Манай байцаагчийн шийдвэрийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргасан. Ямар үндэслэлээр гаргасан бэ гэхээр манай байгууллагыг удирдамжтай хяналт шалгалт хийхдээ удирдамжаа тухайн дэлгүүрт эхэлж явуулаад, түүнээсээ тав хоногийн дараа шалгалтаа явуулах ёстой байсан гэнэ. Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар урьдчилж тав хоногийн өмнө мэдэгдэх ёстой байхад шууд очиж шалгасан гэдэг үндэслэлээр манай шийдвэрийг хүчингүй болгочихсон. Тиймээс бид дахин Давж заалдах шатны шүүхэд хандана. Манай байгууллага Өрсөлдөөний хуулийн дагуу удирдамжтай, төлөвлөгөөтэй, мэдээллийн дагуу хяналт шалгалтыг хийдэг. Хэн танайхыг тав хоногийн дараа очиж шалгана шүү гэж мэдэгдчихээд шалгаад зогсож байх вэ. Тэр хооронд зөрчлөө засаад байж байна шүү дээ. Ийм сонин асуудлыг шүүхээс тавьж байгаад харамсалтай байна. Давж заалдах шатны шүүхэд хандаад эцсийг нь хүртэл явна. Бид Төрийн албаны тухай хуулиар биш, Өрсөлдөөний тухай хуулиар төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийсэн.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Дархлаагаа хэрхэн дэмжих вэ? DNN.mn

Хүйтний ам наашилсан эдгээр өдрүүдэд хүүхэд багачууд төдийгүй насанд хүрсэн иргэд ч ханиад хүрэх асуудал ихээр гарч байна. Эмнэлгийн байгууллагууд ачааллаа дийлэхгүй хүүхдийн тасагт ор олдохгүй байгаа тухай хүмүүс цахим орчинд мэдээлж байна.

Тиймээс хүмүүст дархлаагаа хэрхэн дэмжих талаарх бяцхан зөвлөгөөг хүргэж байна.

  • Стрессээс сэргийлж, сэтгэл зүйн дархлаагаа дэмжих,
  • Шингэн зүйл уух (хоногт 2000мл, цагт 150-200мл буцалсан бүлээн ус, шингэн хярам цай уух)
  • Амин дэмээр баялаг хоол тогтмол цагт идэх (шим тэжээлийн зохистой байдалд анхаарч, хөнгөн амархан шингэх мах, гурил будаа, жимс ногооны харьцааг тэнцүүлэн, өдөрт дор хаяж 2-3 удаа халуун хоол идэх)
  • Тамхи хэрэглэхгүй байх
  • Тогтмол дасгал хийх (долоо хоногт гурван удаа, тасралтгүй 30 минут, дасгал хийх)
  • Сайн унтаж амрах (шөнөдөө багадаа зургаан цаг унтаж амарч байх)

Бидний дархлааны системийг дэмждэг зүйл нь биен дэх ашигтай бактерийн тоо өндөр байх тусам биеийн үйл ажиллагаа өөрөө өөрийгөө эрүүлжүүлэх, дархлааны системээ сайжруулах гэх мэт үйл ажиллагаа эрчимтэй сайн явагддаг байна. Ашигтай бактерийн тоо толгойг олшруулдаг хоол нь эслэг бүтээгдэхүүн. Тухайлбал, тараг, айраг, хоормогоос эслэг авч болно. Та эдгээр аргуудыг тогтмол хэрэгжүүлснээр дархлаагаа дэмжиж, өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ элдэв өвчнөөс сэргийлэх болно.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Бат инженер буюу Ц.Бат: Монгол Улс хүний хувийн орон зайг цагддаг социалист хэм хэмжээгээ орхих цаг болсон DNN.mn

Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, хэвлэл мэдээллээр хүний хувийн эзэмшилд халдаж, нүүр царайг далдлахгүйгээр камертай орж, бичлэг хийн эсвэл шууд дамжуулалтаар хувь хүний эрхийг зөрчин яриа авч гаргах үзэгдэл нэмэгдсээр байна. Хамгийн сүүлд нэгэн сайт лайв хийх үеэрээ зочид буудалд нэвтрэн “25-35 насны эмэгтэйчүүд биеэ үнэлж байна” гэх гарчигтай мэдээллийг бэлтгэн гаргахдаа хувь хүний түрээслэн авсан орон зайд шууд халдсан. Энэ талаар Бат инженер буюу эрхзүйч Ц.Бат эсэргүүцсэн юм. Түүнээс энэ талаар тодруулж ярилцлаа.


-“Зочид буудалд мөнгө төлж орсон хэн дээр ч түүний зөвшөөрөлгүй буудлын эзэн ч орж болохгүй. Мөнгөө төлснөөр эзэмшлийн эрх үүссэн байдаг” гэж та хэлсэн. Хуулийн ямар заалтыг зөрчсөн бэ?

-Эрүүгийн хуулийн 13.6 дугаар зүйлд Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох гэж заасан байдаг. Түүнд оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж, дураараа авирласан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэлх хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ. Энэ хэсэгт 2017 оны тавдугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан байдаг. Дээрх хуульд заасан бусдын орон байр гэдэг нь хуульд тайлбарласнаар хүн байнга болон түр амьдрахаар зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг олйгоно гэжээ. Тэгэхээр тухайн иргэн мөнгөө төлснөөр эзэмшлийн эрх үүссэн байсан гэсэн үг.

-Олон улсад иймэрхүү үйлдлүүд гаргавал ямар арга хэмжээ авдаг вэ?

Олон улсад гэдэг нь барууны эрх зүйт нийгэмтэй улс орнуудад гэж ойлгох нь зөв үү.

-Ардчилсан хүмүүнлэг иргэний нийгэмтэй манайх шиг улс орнуудын хувьд л гэж байгаа юм л даа.

-Миний ойлгосон зөв бол тэнд бусдын орон байранд зөвшөөрөлгүй нэвтрэх, бусдын хувийн орон зайд бүдүүлгээр халдах асар цээртэй. Ёс заншилдаа ч дан тийм биш. Хуулиудаар нь маш нарийвчлан зохицуулж өгсөн байдаг. Тухайлбал, миний хууль сурсан Австрали улсад жишээ нь common law гэж ярьдаг эрх зүйн системтэй. Энэ эрх зүйд Tort law буюу манайхаар бол Гэм хорын эрх зүй гэж маш том салбар байдаг. Tort гэдэг нь хувь этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хувь этгээд хөндөх үед үүсдэг маргааныг шийдэх эрх зүйн салбар юм.

-Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, хэвлэл мэдээллийн байгууллагаар хувь хүний эрх чөлөөнд халдаж, нүүр царайг гарган биеэ үнэлсэн, худалдан авсан гэж зарлаж байгаа нь хүний ямар, ямар эрхийг зөрчиж байна вэ?

-Энэ зочид буудлын тухайд хоёр эрх ашгийг хөндсөн явдал болсон гэж би анзаарсан. Тухайн иргэний хууль ёсоор эзэмшилдээ түр авсан зочид буудлын өрөөнд сэтгүүлч этгээд камер барин дайрч ороод бичлэг хийн тулгаж ярилцлага авсан. Энэ бол нэгд trespass to land буюу эзэмшлийн газар, үл хөдлөх хөрөнгө рүү зөвшөөрөлгүйгээр нэвтэрсэн гэм хор, хоёрдугаарт, хувийн амгалан байдлыг алдагдуулсан гэм хор үүссэн байна. Би яагаад гэмт хэрэг биш гэм хор гэж яриад байна гэхээр Монголын эрүүгийн хуулийн 13.6-д байгаа шиг гэмт хэрэг болгон зүйлчилбэл хохирогч, нэхэмжлэгч маань гэм хорын remedy буюу засал тайтгарал болгон нэхэмжлэх мөнгийг төр дундаас нь торгууль байдлаар шомбодох таагүй үр дагавар үүсдэг. Барууны орнуудад ийм хэрэг иргэний маргааны хүрээнд шийдэгддэг нь ийм учиртай.

-Ингэж эрхээ зөрчүүлсэн, хувь хүн өөрөө нэр төрөө сэргээхийн тулд ямар арга хэмжээ авч болох вэ?

-Газар, үл хөдлөх хөрөнгийг хуулийн дагуу эзэмшиж байгаа этгээдийн хамгийн чухал эрх нь quiet en­joyment буюу орон байрнаасаа бусдын зүгээс оролцоогүйгээр таашаал авах эрх байдаг. Энэ эрх ашиг зөрчигдсөн байна. Нэхэмжлэгч иргэн эзэмшлийн байрлалд нь дур мэдэн нэвтэрсэн болон амгалан байдлыг нь алдагдуулсны төлөө тайтгарал засал болгон мөнгөн дүн нэхэмжлэх эрхтэй. Мөн өөрийг нь хүсээгүй байхад бичлэг хийсэн явдлыг олон нийтэд цацуулахгүй байх шүүхийн захирамж гаргуулах боломж байсан ч амжаагүй бололтой. Ер нь ийм бусдын эрхэнд халддаг явдал эрх зүйд нь хүний эрх муу хамгаалагдсан социалист эрх зүйгээсээ салаагүй байгаа пост социаолист Орос, Монгол гэх мэт оронд элбэг байдаг.

-Монгол Улсад ийм тохиолдолд хуулийн хариуцлага үүрүүлж байсан тохиолдол бий юү?

-Радио телевиз, сониноор хүсээгүй хувийн мэдээлэл цацагдах явдал олон оронд гардаг. Гэхдээ барууны орнуудад ийм мэдээлэл цацагдахаас сэргийлж шүүхийн захирамж (injunc­tion) гаргуулдаг. Жишээ нь, Австралид ажлын бус цагаар шуурхай шийдвэрлэх ийм захирамж, эсвэл гэмт хэргийн нотлох баримтыг хамгаалах зорилгоор хойшлуулалгүй нэгжих, орон байранд нэвтрэх зөвшөөрөл олгох шүүгчид 24 цагаар ээлжлэн ажлын байранд байж байдаг. Жишээ нь, Улаанбаатар хот шиг том метрополитен дэвсгэр дээр ядаж нэг шүүх дээр нь ээлжийн шүүгч байж байдаг. Тэр биеэ үнэлэлт гэх асуудал дээр урьдчилан коммент хэлмээргүй байна. Тэнд хүчингийн хэрэг болоогүй нь л хангалттай. Насанд хүрсэн хүмүүс хоорондоо харилцан зөвшөөрч, хүсэл зоригийнх нь эсрэг зүйл хийхгүйгээр ямар ч харилцаанд орох эрх нь нээлттэй. Иймээс энэ хэвийн асуудлаар олон нийтэд жигшээх сурталчилгаа сурвалжилга хийхээ болих хэрэгтэй санагддаг.

-Нэр төрөө хамгаалахын тулд хувь хүн хуулийн ямар мэдлэгтэй байх ёстой вэ?

-Хэрэв эрэгтэй эмэгтэй, магадгүй ижил хүйсний хүмүүсийн хувийн интим асуудлыг нийгмээрээ социалзмын үе шиг шүүн хэлэцсэн хэвээрээ байвал ийм асуудлаар иргэдийн нэр төр сэвтэх явдал зогсохгүй, сэтгэл зүйн хүчирхийлэл дуусахгүй. Тэр хохирсон хүмүүсийн нэр төрийг хамгаалах хамгийн сайн арга бол хүний биологийн хэрэгцээгээ хангах үйл явдлыг ёс зүйгүй ангилалд оруулан гутаахаа болих нийгмийн соёл хэрэгтэй юм. Үүнд сэтгүүлчид манлайлан ийм сурвалжилга хийхээс нийтээрээ татгалзаж сурмаар байна. Зочид буудлын өрөө бол унтлагын өрөө байдаг. Хэн ч айлд зочлохдоо унтлагын өрөө рүү нь дайрч ордоггүй. Бүүр ах дүүс нь ч бараг ордоггүй шүү дээ. Бусдын унтлагын өрөөнд дайрч орсон нь тухайн сэтгүүлчийн хүмүүжил, ёс зүйг л муухай харагдуулахаас хэтрэхгүй. Хэрэв зочид буудалд гэмт хэрэг болж байж болох, гэмт хэргийн нотлох баримтыг устгаж болох үндэслэлтэй сэжиг байсан бол тэнд зөвхөн цагдаа хуульд заасан нөхцөлийг хангасны үндсэн дээр нэвтрэн орж болдог хууль хаана ч байдаг. Гэтэл залуу хүмүүс харилцан зөвшөөрсөн учралын хувьд гэмт хэрэг гэж үзэж огт болохгүй.

Тэр ч байтугай тэр зөвшөөрөл нь мөнгөн харилцааны үр дүнд гарч ирсэн байсан ч гэмт хэрэгт тооцож болохгүй. Монгол Улс хүний хувийн орон зайг цагддаг социалист хэм хэмжээгээ орхих цаг болсон

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Жолооч Д.Мөнхбат: Задгай тээвэр явж байж л үнэ ханш буурч, ачаа барааны эргэлт нэмэгдэнэ DNN.mn

-ЧИНГЭЛЭГ ГЭДЭГ ЧИНЬ ӨӨРӨӨ АМЬТАЙ ЭД БОЛЧИХСОН. ХААНА Л ОЧНО МӨНГӨ НЭХЭЖ БАЙДАГ –

Хил гаалийн өнөөгийн нөхцөл байдлыг тодрууллаа. Энэ талаар Зам тээвэр хөгжлийн сайдын зөвлөх И.Буянжаргалаас тодруулахад дараахь мэдээллийг өгөв.


-Хил гаалийн үйл ажиллагаа хэвийн байгаа юу?

-Хил гаалийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Бид долоо, долоо хоногоор орж гарсан бараа материалын тоог гаргадаг.

-Сүүлийн долоо хоногт хэдий хэмжээний бараа материал орж гарсан талаарх мэдээллийг өгөөч?

-Танд сүүлийн долоо хоногийн статистик үзүүлэлтийг зурган хэлбэрээр явууллаа гэсэн юм.


Гашуунсухайт боомтоор өдөрт 500 машин нүүрс гарч байгаа талаар эх сурвалжууд хэлж байна. Харин Замын-Үүд боомтоор ачаа барааны оролт гаралт ямар байгаа талаар жолооч Д.Мөнхбатаас тодрууллаа.


-Замын-Үүд боомтын нөхцөл байдал ямар байна вэ?

-Замын-Үүдээр 50-60 машин чингэлэг ачаа орж ирдэг байсан бол ойрын үед жаахан нэмэгдсэн. Өнөөдөр (өчигдөр) гэхэд 90 машин орж ирсэн байна. Өчигдөр 150 машин, уржигдар 160 машин ачаа бараа Замын-Үүд боомтоор орж иржээ. Өнөөдөр жаахан багассан юм байна. Анх чингэлэг тээвэр нээгдэж байснаа бодвол сүүлийн сар гаруйн хугацаанд 2-3 дахин нэмэгдсэн байна. Гэвч чингэлэг нэмэгдсэн ч үнэ ханш буух, урд бөөгнөрсөн ачаа бараа хэвээрээ л байна даа. Хүн өнөөдөр бараагаа захисан бол маргаашдаа орж ирдэг байсан ч чингэлэг тээвэр явж эхлээд сар гаруй хүлээлгэдэг болсон. Тэр байдал хэвээрээ л байна.

-Хилийн цэргийн дугаартай 30 машин чингэлэг тээвэрт оролцож байгаа шүү дээ. Хилийн цэргийн машин нэмэгдсэн юм уу, иргэдийн машин нэмэгдсэн юм уу?

-Хилийн цэргийн 30 машин явдаг байсан. Түүнээс хоёр нь зам тээврийн ослын улмаас ачаа тээвэрт оролцохоо больж 28 хилийн цэргийн машин ачаа тээвэрт явж байна. Энэ машинуудаа гаргана, болиулна гээд байгаа боловч арваннэгдүгээр сар гарчихлаа. Одоо хүртэл болиулаагүй, зогсоогоогүй л байна. Үүнийхээ шалтгааныг Замын-Үүдэд байгаа төрийн бус байгууллагуудыг хоорондоо эвлэлдээд нэг болчихоод ороод ир. Нэг болчихоод ороод ирэх юм бол энэ төрийн машинуудыг хэзээ бол хэзээ гаргахад бэлэн гэдэг тайлбарыг өгдөг. Замын-Үүдэд жолооч нарын төрийн бус байгууллагууд байгаа. Тэд эвлэлдэн нэгдэх процессууд нь явагдаад л байна. Одоогоор таван байгууллага нэгдчихсэн. Гурван байгууллага нь одоогоор нэгдээгүй байна. Гэхдээ нэгдэх нь тодорхой болов уу л гэж харж байгаа.

-Замын-Үүд боомтоор нүүрс тээвэр гарч байгаа юу?

-Нүүрс тээвэр харин ойрдоо сураггүй байгаа шүү. Би сайн мэдэхгүй л байна. Ер нь нүүрс тээвэр гараад эхэлбэл андашгүй л дээ. Том том чингэлгүүд нааш цаашаа явж байдаг юм. Ойрын хугацаанд бол ерөөсөө явахгүй байгаа. Яагаад явахгүй байгаа талаар мэдэх юм алга.

-Задгай тээврээ явуулах сураг байна уу?

-Манайхан чингэлэг олон болчихвол сайхан болчих юм яриад тархи угаагаад байх юм. Энэ худлаа шүү дээ. Задгай тээвэр явж байж л үнэ ханш буурч, ачаа барааны эргэлт нэмэгдэнэ. Чингэлгээр зөөгөөд ачааны эргэлт нэмэгдэнэ, үнэ буурна гэдэг худлаа тархи угаалт яваад байна. Эндээс хэн ашиг олж байна гэхээр олон чингэлэг түрээслүүлдэг хэдэн хятад компанийн дарга нар ашиг олж байна. Манай дарга нарын тархийг угааж, тоглолт хийж байгаа болохоос чингэлэг тээвэр зөв гаргалгаа биш. Чингэлэг тээвэр нь 2022 оны нэгдүгээр сараас явж эхэлсэн. Одоо бүхэл бүтэн 10 сар болж байна. Энэ хугацаанд амлаад байсан үнэ бууна, бүх зүйл сайхан болно гээд байсан нь энэхүү 10 сарын хугацаанд хэрэгжих нь яасан юм бэ. Чингэлгээр явж байгаа тохиолдолд үнэ хэзээ ч буурахгүй. Яагаад гэхээр тэр чингэлэг гэдэг зүйлийг чинь түрээсэлдэг. Чингэлэг гэдэг чинь өөрөө амьтай эд болчихсон. Хаана л очно мөнгө нэхэж байдаг. Тэр мөнгийг нь хэрэглэгчид, жирийн ард иргэд л төлж, горыг нь амсаж байгаа. Манайхан түүнийг ерөөсөө ойлгохгүй байна. Үүний гарц гаргалгааг ерөөсөө хийхгүй байна. Манай Гадаад харилцааны яам, Консулын газрууд захиалгатай байдаг юм уу, албаар тэгээд байдаг юм уу ерөөсөө задгай тээвэр хил гаалийн асуудлыг ярихгүй байна. Бид бол шаардаж байгаа.

Бидний өөдөөс ярьж байгаа, ийм шаардлага өгсөн гээд нэг цаас харуулдаг. Бид бүр арга ядаад чиргүүл солилцоо хийе гэж ярьж байна. Бичгээр саналаа өгчихсөн гээд яриад байгаа болохоос хийж байгаа юм юу ч алга. Хамгийн чухал гол боомтынхоо асуудлыг ярьж, шийдэж чадахгүй Гадаад харилцааны бүхэл бүтэн яамаар яадаг юм бэ. Төр засгийн удирдлагууд, бүх том дарга нар энд ирлээ. Шийдсэн нэг ч асуудал алга. Хил гаалийнхаа асуудлыг л шийдэж байж энэ үнэ ханшийн хөөрөгдөл жаахан цэгцэндээ орно уу гэхээс худлаа тархи угаасан чингэлэг тээвэр яриад хэзээ ч юмны үнэ буухгүй. 2000-3000 чингэлэг түрээслүүлдэг хятад компаниуд монголчуудыг хорлож байна. Бодлогыг нь хүртэл тэд боловсруулж өгч байгаа. Зам тээврийн яаманд ямар ч бодлого байхгүй. Зүгээр хэдхэн дарга нар ажил хийж байгаа нэр зүүгээд л “За за задгайг нь зогсоож байгаад чингэлгээр явуулаад үзчихье” гэдэг. Тэр бол улаан, цагаан лобби шүү дээ. Хэдэн компаниудын лоббид оролцоод ийм болгочихсон. Одоо тэгээд хэзээ задгай нь явж эхлээд хуучин хэвэндээ орохыг үнэндээ хэлж мэдэхгүй байна. Эрээнд бол юмны үнэ нэмэгдээгүй, 2-3 жилийн өмнөхтэйгөө адилхан үнэ ханштай байгаа шүү дээ. Зөвхөн тээврийн зардал нэмэгдчихсэн. Түүнийг нь монголчууд урагшаа орж чадахаа болингуут дундын зуучууд нь даам гараад хүссэн үнээ хэлээд сууж байдаг болсон. Иргэд хязгаарлагдмал байдлаар ч хамаагүй урагшаа гардаг болох асуудлыг хурдан шийдэхгүй бол манайд үнэ хөөрөгдөх асуудал шийдэгдэхгүй дээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Сөүл хотын Итэвонд осолд өртсөн монгол иргэн: Хэт олон хүний бөөгнөрлөөс болоод л осол болсон DNN.mn

БНСУ-ын Сөүл хотын Юнсан дүүргийн Итэвон хороонд Халловины (Hallow­een) баяр тэмдэглэх үеэр хэт их хүний бөөгнөрөл үүсч, амьсгалах боломжгүй болтлоо нэгнийгээ шахаж, дарсан тул 155 хүн харамсалтайгаар амиа алдсан. Энэ талаар тухайн үед баярт оролцож явсан монгол иргэнээс дараах торуулгыг авсан юм.


-Тухайн үед юу болсон юм бэ?

-Хэт олон хүний бөөгнөрлөөс болоод л тухайн осол болсон. Тэнд зүгээр л баярлахаар ирсэн хүмүүс байсан. Сүнс гэхээсээ илүү цасангоо, хүн аалз, үлэг гүрвэл, авакадо, банана, Харри Поттер, PUBJ гээд гоё ганган багт наадмын хувцастай залуус их байсан даа.

-Та бас осолд өртөж даруулсан гэсэн, яаж гарсан юм бэ?

-Азтай байсандаа л баярлаж байна. Хүмүүс зогсоогоороо байгаа хэрнээ бүгд ухаангүй болчихсон. Миний хөл дээр хоёр, гурван хүн дараад уначихсан намайг татаж сугалаж гаргасан. Тэгээд сандарсандаа нэг зай руу шургаад ортол оочер дайрлаа гэсэн. Гайхаад асуутал хүмүүс клубт орох гээд оочерлож байсан юм билээ. Хажууд хүмүүс юу болсныг ч мэдээгүй баярласаар л байсан.

-Тухайн агшинд юу бодогдож байв?

– Хүн ер нь гудамжаар алхаж яваад ч үхэж болох юм байна, дараа гэж хойшлуулалгүй байгаа цаг хугацаандаа жаргалтай амьдраарай. Хүнд бурууг бүү санаарай, эцсийн мөчид чинь бурхан амьсгалах агаар бэлэглэдэг юм байна гэж л бодсон. Үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй байна. Ослын талаар ямар нэгэн мэдээлэл өгөхгүй байхыг анхааруулсан хэмээв.

Тухайн ослын талаар Солонгост ажиллаж амьдардаг хүмүүс ямар мэдээлэлтэй байгаа талаар Сөүл хотод сурдаг иргэн н.Энхжингээс тодруулахад “Харамсмаар үйл явдал болоод Солонгосын ард түмэн цочролд орцгоосон. Энд шинэ хууль дүрэм гараад тухайн хэргийн талаар хувь хүн дур мэдэн мэдээлэл өгөх, элдэв зураг хийх зэргийг хорьсон. Одоо мэдээлэл өгөх хүн ховор байх даа. Ямартаа ч энд хэрэг болохоос өмнө сануулга маягаар хэд хэдэн хүн хүмүүсийн хөдөлгөөн их байгааг сануулж цагдаагийн 112 утсанд мэдэгдсэн юм билээ л дээ. Цагдаагийн газраас өчигдөр (уржигдар) мэдээлэл хийж ард түмнээс уучлалт хүсэж байсан” гэв.


Тус хэргийн талаар Солонгос улсын Инчеон хотод ажиллаж амьдарч буй иргэн Мандахтай холбогдон дараах мэдээллийг авав.


-Итэвоны ослын талаар танд мэдээлэл бий юү?

-Улсаас нь тэр хэргийн талаарх зураг, дүрс бичлэгийг онлайнд гаргахгүй байх талаар арга хэмжээ авч байгаа.

-Гашуудлын хоногуудыг хэрхэн даван туулж байна вэ?

-Аравнэгдүгээр сарын 5-ны өдрийг хүртэл гашуудал зарласан байгаа. Мэдээж тийм олон хүн нэг дор амь насаа алдахаар маш харамсалтай. Солонгосын ард түмэн их гашуудаж байна.

-Улсаас нь ослын дараа ямар арга хэмжээ авч байгаа бол?

-Улсаас нь эмгэнэл илэрхийлж, ослын нөхөн олговор ар гэрт нь олгоно гэсэн. Мөн бэртэж гэмтсэн хүмүүст олон талт арга хэмжээ авч байж болох бүх хэлбэрээр тусламж үзүүлж байгаа тухай мэдээллүүд их явж байна.

-Осол гарах үеэр хүн хүч дутмаг байгаа талаар мэдээлэл яваад байсан. Одоо ямар байгаа бол?

-Дутмаг гэхээсээ илүү маш олон хүний бөөгнөрөл үүсч, дарагдсан байсан учраас тэр гудамж руу орох асуудал нь хүнд байсан. Тухайн үед яаралтай онц байдал зарлаж, ойрхон хотуудаас эмнэлгийн нэмэлт хүч ирсэн. Та өөрөө төсөөлөөд үз л дээ. Наашаа ч үгүй, цаашаа ч үгүй гацчихсан байсан, тийм их хүн шүү дээ. Эмнэлгийн машин байтугай хүн ч орох боломжгүй байдалтай байсан.

-Гэмтэж бэртсэн хүмүүс ямар байгаа талаар мэдээлэл явж байгаа болов уу?

-Яг ямар байгааг нь сайн мэдэхгүй ч ямартаа ч эмчилгээ хийгдэж байгаа гэсэн.

-Ослын газраас их хэмжээний эд зүйлс олдож ар гэрийнхэнд нь таниулж байгаа гэсэн. Бодит тоон мэдээлэл нь явж байна уу?

-Бодит тоон мэдээллийн зураг нь яваад байсан. Танд явуулъя. Та биччихнэ биз дээ.

-Ослоос болж нас барсан хүний тоо одоо хэд болсон бэ?

-Нийт 155 хүн болсон байна лээ. Гадаадын хэд хэдэн улсын иргэд бас амь нас хохирсон юм билээ гэв.

Түүний өгсөн мэдээллээр ослын газраас нийт 1.5 тн хувцас, хувийн эд зүйлс бүхий 124 цүнх, 258 хувцас, 256 хос гутал, 66 ширхэг өрөөсөн гутал, 156 электрон хэрэгсэл олдсоныг ар гэрийнхэнд нь таниулж, хүлээлгэн өгөхөөр дэлгэн тавьжээ. Тус ослын улмаас 155 хүний амь нас хохирсон. Үүнд хэд хэдэн гадаадын иргэд буй. Нас барсан гадаад иргэдэд Солонгосын иргэдтэй ижил ар гэрт нь сэтгэл санааны хохиролд зориулан 20 сая вон болон оршуулгын зардалд 15 сая вон хүртэлх мөнгөн тусламж үзүүлэхээр болжээ. Мөн Солонгост очих ар гэрийнхнийг нь байрлах буудлын 70 мянган вон олгох бөгөөд онгоцны билетийг нь олгох талаар агаарын тээврийн компаниудтай хэлэлцэж байгаа ажээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Гашуунсухайт боомтод нүүрс тээвэр хийж буй жолооч Д.Болд: Зөвхөн штамп даруулахаас болоод нүүрс тээвэр удааширч байна DNN.mn

Гашуунсухайт боомтод нүүрс тээврийн жолоочоор ажиллаж буй иргэн Д.Болдтой ярилцлаа.


-Гашуунсухайт боомтын нөхцөл байдал ямар байна вэ?

-Ер нь хүн харахад хэвийн л дээ. Үйл ажиллагаа нь хэвийн явдгаараа явж л байна. Гэхдээ нүүрс наалтын талбай гэж жолооч нар ярьдаг. Ачилтын талбай, гаалийн баталгаат бүсээс нэгэн зэрэг гадагш нь гаргаж тавьдаг учраас шөнө болгон л нэг машин талаараа харж унаж байна.

-Талаараа харж унана гэдэг нь юу гэсэн үг вэ?

-Шөнө бүр нэг машин онхолдож унаж байна. Нүүрстэй машин зам руугаа орж чадахгүй нэг талаараа харуулдаж унадаг. Гаалийн баталгаат хяналтын талбайгаас гол зам руугаа орох хэсэг нь их эвгүй. Том тэрэг гарахад олигтой биш. Түүнийг нь хяналтын ажилчид хоорондоо холбоогоор яриад цагийг нь 5-10 минутаар зөрүүлээд тавьчихгүй бүгдийг нь нэгэн зэрэг явуулаад, нөгөөдүүл нь зам дээрээ хахчихдаг байхгүй юу. Наалтын талбайд нүүрс ачихад усжилт ерөөсөө хийдэггүй. Хятадынх болохоор усалгаа хийгээд шороо тоос гаргадаггүй. Тэгээд Монгол талдаа битүү тоосжилттой. Хоёрдугаарт, талбайн гэрэлтүүлэг маш муу. Мэргэжлийн хяналт байтугай миний нүдээр харахад жолоочийн эгц өөдөөс гэрэл нь тулаад үзэгдэх орчин хязгаарлагддаг. Тэр нь маш түвэгтэй. Тэр дотор хөдөлгөөнд оролцоход их хэцүү. Юм харагдахгүй.

Гэрэлтүүлэг маш буруу. Түүнийг нь хэлээд шаардлага тавихаар хүлээж авдаггүй. Хятадынх бол их өндрөөс гэрэлтүүлэгтэй байдаг. Манайх гэтэл гэрэлтүүлгээ дандаа буруу байршуулсан.

Штамп дарахад бас асуудал гардаг гэсэн. Ямар асуудал тулгарч байна вэ?

-Хятадын тал дөрвөн эгнээ урсгалаар машинуудыг татдаг. Дөрвөн хүн дөрвүүлээ зэрэг штамп дараад сууж байна. Манайх болохоор дөрвөн эгнээ штамп дарах пост нь байгаад байдаг. Гэтэл 1-2 хүн л суудаг. Хятадын талын хурдыг гүйцдэггүй. Пост нь хүнгүй газраар орсон жолооч нар бууж гүйгээд хүнтэй пост дээр очиж штампаа даруулна. Үүнд нь шаардлага тавихаар нохой хуцна чинээ тоохгүй. Тэр хилийн ажилчид нь бага албан тушаалтандаа шаардлага тавьж чаддаггүй юм уу, эсвэл арын хаалганыхан байдаг юм уу, дарга нарынх нь авгай хүүхнүүд байдаг юм уу дурын цагтаа хаяад явчихна. Эсвэл нэг постондоо хоёулаа нийлээд хов яриад, сууж байна. Заримдаа байгаа хэрнээ штампаа дарахгүй гар утсаа оролдоод суучихна. Цааш ороход нэг тиймэрхүү л байна. Аравдугаар сарын 29-ний өдөр 13:30 цагт ганцхан штамп дараад сууж байсан. Дөрвөн урсгалд ганцхан хүн сууж байхаар жолооч нар бууж гүйж очоод хүнтэй газраар нь штампаа даруулдаг. Ингээд удаашрал үүсч байгаа юм.

-Халдвар хамгааллын дэглэмийг нарийн чанд бариад байгаа гэсэн. Дэглэмээ барьж чадаж байгаа юу?

-Тэр нь яах вэ, Хятадын талын шаардлагад нийцүүлээд комбинзон өмсөөд, маскаа зүүгээд, хамаг юм нь битүү. Хятадын талд штамп даруулсан хүн нь бууж нүүрээ таниулна. Тэр бол асуудалгүй.

-Нүүрс дутуу ачдаг гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Нэг машинд дандаа 137, 138, 139 тн ачаад байдаг юм. Уг нь өдөрт 500 машин гаргалаа гэхэд нэг тонныг нэмээд ачаад гаргачихмаар байна. Хяналтын пүүн дээрээ жин тохируулдаг экскаватор гэж юм байдаг. Энд хоёр, гуравхан хүнд л байдаг. Бусдад нь байхгүй. Дутуу гаргаад байхаар бөөнөөр нь гаргах зорилтод нь хүрэхгүй л байхгүй юу. 500 машин нэг тн дутуу гаргаад байхад л 500 тн болно. Тэр чинь дор хаяж дөрвөн машин нүүрс болно биз дээ. Тэгэхээр дахиад л бөөн зардал гарна. Харамсалтай байхгүй юу.

-Өөр ямар асуудлууд тулгарч байна вэ?

-Хятадын талд буулгах гэж оочерлоно, хүлээнэ. Тэгээд олон талбай руу сална. Эргээд буцаж гардаг боомт дээрээ бөөгнөрнө. Бас нэлээд хэцүү л дээ. Тэгээд наашаа буцаж гарахад Хятадын тал дөрвөн эгнээгээр дөрвөн хүн суугаад татаж байхад манай талд 29-ний орой мөн л нэг хүн суучихсан бусад нь байхгүй. Тэгээд л Монгол талын хоолой дээр машинууд нь хахчихаж байгаа байхгүй юу. Тэгэхээр чинь цаана Хятадын талд хаалга, цонх шилээ бүгдийг нь лацдуулчихсан онгойлгож болохгүй. Биологийн асуудлаа шийдэх боломж ерөөсөө байхгүй. Тэндээс гарахдаа жолооч нар өлсгөлөн явдаг. Яагаад өлсгөлөн явдаг вэ гэхээр хүндээр бие засах боломжгүй учраас түүндээ тааруулаад бие засахгүйн тулд урьд шөнөөс нь эхлээд юу ч идэхгүй. Өдөржин хоосон явдаг. Наашаа гарахад өлссөн ходоод, чинэсэн давсаг гэдэг чинь хэцүү мэдрэмж шүү дээ. Түүнийг хайхарч байгаа хүн ер байхгүй. Тэгээд тэнд чинь эрүүл мэндийн хуудас даруулна гэж нэг бууна. Штампаа даруулахад дахиад бууна. Мөн гаалийн бичгээ хаалгах гэж гурван удаа нааш цаашаа гүйнэ. Тэгэхэд чинь давсаг нь чинэсэн, өмдөндөө дусаачих гээд явах үнэндээ хэцүү. Дор хаяж 6-7 цаг болно. Бүр 8-9 цаг ч болж магадгүй. Тэгж удаан тэвчиж явах хэцүү шүү дээ.

-Хилийн цэргийнхний харилцаа хандлага ямар байдаг вэ?

-Арван жилийн өмнө хилийн цэргийнхний харилцаа хандлага их боломжийн байсан. Гэтэл одоо бол харц нь ч хүйтэн болж. Ааш зан нь ч түрэмгий болж. Ер нь бол жолооч нартай эрүүлжүүлэхэд байгаа согтуутай харьцаж байгаа цагдаагаас бараг дор харьцах гээд байна. Улс эх орон нь нүүрс тээврээ гаргая, улс эх орноо бодъё. Мөнгө төгрөг олох ганц гарц гээд байдаг. За, тэр нарийн ширийн гэрээ хэлэлцээрийн асуудлыг би мэдэхгүй. Хамгийн доод шатандаа ажиллаж байгаа хүмүүс хоёрын хооронд хөгийн юмнаас болж татан авалт нь гүйцэхгүй, Хятадын тал цаг нь болохоор хилээ хаачингуут зогсоол олдохгүй. Дахиад 500 машин хүлээгээд зогсож байдаг. Гэтэл энэ жижигхэн асуудлыг шийдэж чадахгүй байна гэдэг туйлын хариуцлагагүйнх биз дээ. Үүнд л бухимдал төрөөд байх юм. Зөвхөн штампаас болоод удааширч байгаа юм. Тэгээд энэ хилийн цэргийн штамп дардаг нөхдүүд нь солигддог ч үгүй. Яах ч үгүй байгаад байдаг нь сонин. Эсвэл тийм дархлагдсан улсууд байдаг юм уу. Ямар учиртай улсууд байдаг юм. Цалин авч байгаа юм бол ажлын цагаараа постондоо яг суугаад, ачаа бага байсан ч яс сууж байх ёстой шүү дээ. Тэр чинь гэнэт оволзоно, гэнэт багасна. Харьцангуй шүү дээ. Өчигдөр л гэхэд Монголын талд дөрвөөрөө татсан бол эрт гэгч нь гараад дуусчихаар байхад л ганц хүн суугаад 22:00, 23:00 цаг хүргэчихэж байгаа юм. Хятад нь маш хурдан татаад байдаг. Наад талд нь Монголын хил дээрээ овоороод байдаг. Тэгээд л хөдөлгөөн удаашраад хамаг асуудал ундардаг.

-Одоо Гашуунсухайт боомтод хичнээн машины дараалал үүссэн байгаа вэ. Танд баримжаа байна уу?

-Одоо дараалал гэж юм байхаа больсон. Бөмбөлөг гэдэг чинь дарааллаа хуваагаад тэдэн бөмбөлөг орно гээд хуваариар ачдаг болсон. Тиймээс хуучинтай адилхан 50, 60, 100 км оочерлоно гэсэн юм байхгүй болсон. Бусад цагт нь амарч байна.

-Кемпүүд баригдсан гэсэн. Хичнээн кемп байгаа юм бол?

-399 бөмбөлөг байгаа. Шинээр үүсч буй бөмбөлгүүд ч бий. Энд байгаа ачилт буулгалтын янз бүрийн компаниуд гээд зөндөө олон байх аа. Ямар ч байсан машиндаа хонодог жолооч одоо байхгүй.

Бөмбөлөг гэж юу юм бэ?

-Нэг компанийн тээврийн багийг л бөмбөлөг гэж байгаа юм.

-Өөрсдийн хэллэг гэсэн үг үү?

-н.Амарсанааг боомтын онцгой эрхтэй байх үед гарсан хэллэг л дээ. Бөмбөлөг тээврийн баг гэж нэршил гарсан. Нэг баг 5, 10, 20 ч юм уу хүнтэй. Боомтын ажилчид төдөн машин шинжилгээнд орно гэвэл тоогоороо гардаг юм. Тэгээд Хятадын талтайгаа харилцан тохиролцоод гарч байгаа бөмбөлөг нь манай хилийн цэргийнхний арчаагүй байдлаас болоод удаашраад байгаа нь харамсалтай. Наашаа гарахад цаана хонуулахгүй болохоор Хятад тал бол яаж ийгээд гаргаад байдаг. Наад талдаа болохоор хөдөлж ядаад хүнд суртал гаргаад байгаа нь маш хэцүү байна л даа.

-Нэмж мэдээлэх зүйл танд байна уу?

-Бүтээлэг хуулах ажиллагаа хийгддэг. Түүнд хөдөлмөрийн аюулгүй байдал гэж юм юу ч байхгүй. Тэр өндөр машин дээр авирч гарна. Салхитай үед бүтээлгэндээ шүхэрлэж нисчих гээд хэцүү. Түүнийг дүрмийн пост буюу гаалийн бүс рүү орохоор заавал штамп дарах гэж яарч сандарч байгаа үед авахгүйгээр наана аажуухан авч болдог болгомоор санагддаг. Дүрмийн пост гэж ярьдаг, түүнээс гаалийн бүс хүртэлх замаа камержуулчихвал сайн л байна. Бид гаалийн бүсээс гараад бүтээлгээ хуулдаг. Замдаа пост хүлээж зогсохдоо сандарч тэвдэлгүй, яаралгүй бүтээлгээ авах бололцоо олддог бол сайн л байна. Тэгэхгүйгээр бүтээлгээ хуулах явцдаа салхинд шүхэрлэж нисээд, унаж бэртсэн тохиолдол гарч байсан.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Гомбосүрэн: E-Police аппликэйшнийг 2018 онд нээсэн. Одоогоор урамшуулал нэг ч хүн аваагүй DNN.mn

E-Police аппликэйшн татаад зөрчилтэй машины талаар гомдол мэдээлэл өгсөн тохиолдолд урамшуулал авна гэсэн зүйл цахим орчинд тархаад байна. Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар урсгал сөрөх, тэмдэг тэмдэглэгээ зөрчих, зогс гэсэн шугам давж зогсох, уулзвар гарц хаах, уулзварт давхар эргэх, эгнээ хааж зогсох, эгнээ байр буруу эзлэх, гэрлэн дохио зөрчих гэх мэтээр замын хөдөлгөөний дүрмийг ихээр зөрчдөг. Үүний улмаас түгжрэл үүсч, хөдөлгөөний ачааллыг ихээр бий болгож байна. Тиймээс замын хөдөлгөөний соёлыг дээшлүүлэх, зөрчлийг бууруулах, иргэдийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Замын хөдөлгөөний удирдлагын төв, Тээврийн цагдаагийн газар хамтран энэхүү ааппликэйшнийг нэвтрүүлж эхэлжээ.


Энэ талаар ТЦА-ны Замын штабын газрын Замын хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Гомбосүрэнгээс тодрууллаа.


-Энэ аппликэйшнийг хэзээ санаачлан хэрэгжүүлж эхэлсэн бэ?

-E-Police аппликэйшнийг ТЦА болон Замын хөдөлгөөний удирдлагын төв санаачлан 2018 онд нээсэн аппликэйшн. Энэхүү аппликэйшнд одоогоор 40300 хүн бүртгэлтэй байна. Үүнээс өдөр тутмын үйл ажиллагаандаа ашигладаг 7000 орчим хүн байна. Өдөрт 1000-1100 орчим зөрчил мэдээлэл ирдэг. Үүнээс 50 хувь нь буюу 500-600 нь баталгаажаад иргэд рүү гомдол мэдээллийг шийдвэрлэсэн тухай мэдээлэл очдог.

Өчигдөр (уржигдар) сошиал орчинд иргэд урамшуулал олгох гэж байна гэсний дагуу ирж буй мэдээлэл нь дөрөв дахин өссөн. 4200 мэдээлэл өчигдөр ирчихээд байна.

-Тухайн гомдол мэдээллийг өгсөн хүмүүст урамшууллын 20 хувийг олгоно гэсэн нь үнэн үү?

-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээллийг үнэн бодитоор өгсөн хүнийг 20 хүртэлх хувиар урамшуулж болно гэсэн заалттай. Энэ заалтын хүрээнд Зөрчлийн тухай хуульд зааснаар зөрчлийн шинж чанараас хамаараад зөрчил болгонд өөр өөр төрлийн торгууль ногдуулдаг. Тэгэхээр хэрвээ 20 мянган төгрөгийн торгууль ногдуулбал 4000, 50 мянган төгрөгийн торгууль бол өсөөд явна шүү дээ. Хууль зүйн сайдын тушаалаар ажлын хэсэг гарчихсан. Ажлын хэсэг үүн дээр ажиллаж байна. Тогтоол хараахан батлагдаагүй байгаа. Батлагдаад мөрдөгдөөд эхлэх юм бол энэ мөнгийг өгөх бололцоотой гэж үзэж байгаа.

-Тухайн урамшууллын мөнгөө уг аппликэйшнд бүртгүүлсэн дансаараа авна гэсэн үг үү?

-Одоогоор сайн мэдэхгүй байна. Журам нь дөнгөж боловруулагдаж байгаа учраас нарийн мэдээлэл өгч чадахгүй. Ямар ч байсан Хууль зүйн яам журмыг боловсруулахаар ажиллаж байна. Журам Сангийн яаман дээр очоод батлагдаад гараад ирвэл нарийн мэдээллийг өгөх болно. Яг нарийн процедур ажиллагааг нь сайн мэдэхгүй байна.

-Одоогоор сошиал орчинд яригдаад байгаа шиг урамшуулал орсон тохиолдол байхгүй юм байна. Тийм үү?

-Байхгүй. Нэг ч хүн аваагүй гэв.

Энэхүү үйл ажиллагаа хууль зүйн талаасаа боломжтой эсэхийг хуульч О.Бэлгүүнзаяагаас тодруулахад “Хүн бүхэнд гомдол мэдээлэл гаргах эрх нь нээлттэй. Зогсоолын асуудал хэцүү ч хүрэлцээгүй гээд зөрчил гаргаад байх нь буруу л даа. Зогсоолгүй ч гэсэн дүрмээ биелүүлэх ёстой. Нэгэнт батлагдсан хууль, журам байгаа болохоор түүнийг зөрчиж болохгүй. Зогсоол байхгүй гэсэн шалтгаанаар хариуцлагаас чөлөөлнө гэж байхгүй. Үүнийг зохицуулах нарийн эрх зүйн орчин ч манайд байхгүй” гэсэн хариултыг өглөө.

Уг аппликэйшнийг хэрэглэдэг хэрэглэгчээс дараах тодруулгыг авсан юм. Иргэн Т ярихдаа “Би уг аппликэйшнийг 2021 онд татаж авч байсан. Энэ хугацаанд хэд хэдэн гомдол мэдээлэл гаргасан. Гаргасан гомдлын талаар мэдээлэл авсан тухай хариу мэдэгдэл ирдэг. Мэдэгдэл ирсэн зөрчлүүд дараа нь засагдсан, сайжирсан байдаг. Хүн амьдарч байгаа орчиндоо тохитой тухтай байхыг хүсдэг. Өчигдөр (уржигдар) цахим

орчинд шуураад байсан шиг урамшуулал авах гэж би уг аппликэйшнийг татаагүй. Байгаа орчноо зөрчилгүй, асуудалгүй болоосой л гэж хүссэн. Хүмүүсийн яриад бичээд байгаа шиг урамшуулал авч үзээгүй. Энэ аппликэйшнийг зөрчил мэдээллийн талаар статистик мэдээлэл авах боломжтой. Замын хөдөлгөөний дүрмийн талаар мэдээллүүд байдаг. Ашиглаад сурчихвал олон талын ашигтай. Гэхдээ зарим хүмүүс нэгнийгээ матлаа, 4000 төгрөгөөрөө цадаарай гэсэн сэтгэгдлүүд нэг бус удаа бичсэн байна лээ. Тэр 4000 төгрөгөндөө биш л дээ. Өөрийнхөө гэр бүл, ойр тойрны хүмүүсээ тавтай орчинд зорчоосой гэсэндээ л энэхүү аппликэйшнийг ашиглаад зөрчил дутагдлыг мэдээлдэг болсон. Түүнээс нэг жил гаруй хугацаанд ашиглахад нэг төгрөгний урамшуулал авч байгаагүй гэдгээ л хэлье. Хүмүүс зөрчил гаргахгүй бол заавал гомдол санал гаргаад байх шаардлагагүй шүү дээ” гэв.