Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

​Монголын улс төрийн намуудын хөдөлгөөн

Өнгөрсөн долоо хоногт улс төрийн намуудын хувьд нэлээд дуулиантай, шуугиантай өнгөрлөө. Төрийн эрхийг бүхэлд нь барьсан МАН Их хурлаа хийлээ. Намын даргаа ч батламжиллаа. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО: Зууныг эхлүүлэх Зургаан сэргэлт гэгчийг танилцуулав. Түүх сөхөхөд, 1932 онд Монгол Улсын Ерөнхий сайд Пэлжидийн Гэндэн, Агданбуугийн Амар нарын хэрэгжүүлсэн Шинэ эргэлтийн бодлого ч төр өөртөө шүүмжлэлтэй хандаж, алдаа дутагдлаа засч, гажуудсан чиг хандлагыг өөрчилж байснаараа түүхэн ач холбогдолтой байсан гэдэг. Ардын намын анхны дарга Солийн Данзан “Иргэн баян бол улс баян” хэмээн тунхаглаж, 1932 оны Шинэ эргэлтийн бодлого ч “Бусдыг мөлжихгүйгээр иргэн бүр хэм тэгш баяжигтун” гэсэн агуулгатай байсан. Ерөнхийдөө шинэ эргэлтийн бодлогыг 1992 он хүртэл үргэлжилсэн гэж улс төр судлаачид үздэг. Түүнчлэн социализмыг байгуулах, олон улстай гэрээ контракт байгуулах зэрэг олон дэвшилтэт ажил хэргийг эхлүүлэхэд 1932 оны Шинэ эргэлтийн бодлого гол нөлөөтэй гэж үздэг. Тэгвэл Ерөнхий сайд энэ цаг үеийн Шинэ сэргэлтийн бодлого өнөөдрийн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж, ирээдүйн зорилтоо зөвөөр тодорхойлж, алдаа дутагдлаа засч Төрийн бүтээмжийг эрс сайжруулахад чиглэнэ гэж хэлж байгаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн шинэ сэргэлтийн бодлого нь боомтын сэргэлт, эрчим хүчний сэргэлт, аж үйлдвэрийн сэргэлт, хот хөдөөгийн сэргэлт, ногоон хөгжлийн сэргэлт, төрийн бүтээмжийн сэргэлтүүд байх аж. Шинэ сэргэлтийн бодлого нь “Алсын хараа -2050” урт хугацааны хөгжлийн бодлогын эхний 10 жилд зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг цаг алдалгүй шийдвэрлэх зорилтот хөтөлбөр хэмээн үзэж байгаа юм. “Алсын хараа -2050” бодлогод тусгасан нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүнийг 10 дахин өсгөж, ядуурлыг тав дахин бууруулж, чинээлэг дундаж давхаргыг 80 хувьд хүргэх зорилт бүрэн хэрэгжих боломж бүрдэнэ гэж үзэж байгаа аж. Хамгийн гол нь Шинэ сэргэлтийн бодлого хаана хүрч зогсох вэ. Хэдий хүртэл үргэлжлэх вэ. Энэ бодлого хэрэгжиж дуусахад бид ямар улс болсон байх уу зэрэг асуултууд хөвөрнө.

МАН Их хурлаа түүхэн хурал гэж үзэж байгаа. Түүхэн эсэхийг нь цаг хугацаа аандаа харуулаад өгөх биз. МАН нь Социал Демократ үзэл баримтлалтай намын хувьд хүний хөгжил, эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухааны салбарыг онцгойлон дэмжиж, төрийн үйлчилгээний хүртээмж, цалин тэтгэвэр, амьдралын чанарын суурь үзүүлэлтүүдийг СКАНДИНАВЫН орнуудын нийтлэг жишигт нийцүүлэн хэрэгжүүлнэ гэж байгаа. Ямартаа ч эдийн засгийн хараат байдал, эрчим хүчний хараат байдлаас гарна гэх зорилтууд дэвшүүлсэн байсан. Түүнчлэн ган, нефтийг дотооддоо өөрсдөө үйлдвэрлэдэг болно гэж байгаа. Ерөнхий сайд маань улс орноо Азийн их хүлэг улс болгон хөгжүүлнэ гэж ярьдаг. Тэрээр 30 жилийн дотор нийгмийн хөгжил, эдийн засгийн өсөлт, иргэдийн амьдралын чанараар бүс нутагтаа тэргүүлсэн, Азийн их хүлэг улс болгон хөгжүүлнэ гэж үзэж байгаа аж.

Нөгөө талд улс төрийн томоохон хоёр хүчний нэг болох Ардчилсан нам Үндэсний анхдугаар чуулганаа арванхоёрдугаар сарын 4-6-ны өдрүүдэд зохион байгуулсан. Орон даяар ардчиллын манаанд зогсож буй гишүүд, дэмжигчид гээд 1300-гаад төлөөлөгчид уг хуралд оролцож ардчиллын үйл хэрэг, намын дотоод асуудал, цаашдын шинэчлэлийн асуудал зэрэг олон асуудлыг хэлэлцэж, ярилцан зөвлөлдсөн аж. Одоогийн нөхцөлд эрх баригчдын алдаа дутагдлыг шүүмжлэн залруулж, нийгмээ сайжруулахын төлөө зүтгэх ёстой нам нь Ардчилсан нам. Гэвч сөрөг хүчин байх учиртай энэ нам сөрөг хүчин байх нь битгий хэл өөр хоорондоо сөргөлдсөөр байсан. Гэвч тэд хурлаараа намын даргаа нэгтгэх талаар ярьж хэлэлцэх шиг болов. АН-ын тэмцэлдэх нь багасаж олонх болох тал руугаа хэвийж байгаа гэнэ лээ. Ардчиллыг хөгжүүлэхгүй л бол дарангуйлал тогтох нь гэж хүн бүр ярьдаг болсон. Тэр дундаа Монголд ардчиллыг Ардчилсан нам тогтоох ёстой ч гэж ард түмэн үздэг. АН ч өөрсдийгөө ардчиллыг тогтоох ёстой хэмээн үздэг. Энэ нам нэгдсэн нэг байр сууриа олоод явбал хаа хаанаа хэрэгтэй л байна.

ХҮН-ын хувьд МАН-ын захиалгаар Цэцэд ханддаг гэж хүмүүс яриад байдаг. Тэгвэл УИХ-ын гишүүн Т.Доржханд, хуульч Д.Үүрцайх нар сонгуулийн тогтолцоог өөрчлөх асуудлаар иргэний журмаар Үндсэн хуулийн Цэцэд хандаад байгаа. Тэд Монгол Улс бол нэг том тойрог байх ёстой гэж үзэж байгаа юм. Угтаа энэхүү гомдлыг Цэц хүлээгээд авчихвал Үндсэн хуульд маш том цоож түгжээг нь тайлах зүйл болох байх. Цэцийн дүгнэлтээс үүдэн Үндсэн хуулийн өөрчлөлт яригдаад эхлэх биз. Түүнд нь сонгуулийн тогтолцоо, давхар дээл, гишүүдийн тоог нэмэх зэрэг асуудлууд багтаад явчих бололтой байна. Түүнчлэн намаасаа ганцаараа УИХ-ын гишүүнээр сонгогдсон Т.Доржханд хүчтэй сөрөг хүчин болмоор байна гэж ярьдаг. Олонхийн эсрэг МАН-аас бусад нам нь нэгдвэл тун зөв. МАН-ын өмнөөс нийлж нэгдэж бурууг нь сөрж зогсмоор байгаа юм. Даанч ХҮН-ын амбиц өндөр. Тэдэнтэй нийлснээс Ардчилсан намыг өөрсдөдөө нэгтгэнэ гэх зүйл ярих байх. Уг нь энэ хэзээ ч бүтэхгүй гэдгийг мэдэхийн цаагуур мэднэ л дээ. Тэгээд зүгээр сөрөг хүчин болохгүй л гэсэн санаагаа нууж тэгж ярьж байгаа хэрэг юм. Улс төрийн намууд ийм алхам хийсэн долоо хоног өнгөрөв. Хүний эрхийн асуудал, эрх баригчидыг шүүмжлээд шүүхээр шийтгэгдэж байгаа асуудал өчнөөн төчнөөн гарч байгаа боловч энэ талаар намууд ганхийж дуугарсангүй. Мөн эдийн засгийн байдал хүнд хэвээрээ. Эрээн боомт хаалттай байгаа боловч энэ талаар мөн анхаарлаа хандуулсан нам байхгүй гэхэд хилсдэхгүй. Намууд хүний эрхийн тал дээр ийм мэдрэмжгүй байгаа нь улс төрийн намын нэр хүнд манайд унахад маш их нөлөөлж байдаг. Одоо амтай болгон нь нам хэрэггүй гэцгээдэг болсон. Үүнийг ч цаагуураа дөгөөж юу ч мэдэхгүй иргэдийг хөөргөдөн шуугиулах хүсэлтэй хүчин их байна. Парламентын засаглалын үндэс бол улс төрийн нам юм. Улс төрийн намгүй парламент хаана ч байдаггүй. Нам байхгүй бол парламентын засаглал байхгүй гэсэн үг.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

УИХ-ын гишүүд Монгол Улсад хоноцын сэтгэлээр хандаж байна

УИХ-ын гишүүд Монгол Улсад хоноцын сэтгэлээр, өөрсдийнхөө ашиг олох объектуудын нэг хэмээн харж, яг ингэж хандаж байгаа нь илт байна. Уул нь тэд ард түмнээ төлөөлөн улсаа удирдаж олсон жоохон татварын мөнгөөр нь улс орноо хөгжүүлэх, сонгосон түмнийхээ амьдралыг сайжруулах үүрэг зорилготой сонгогдсон хүмүүс юм. Гэвч хамгийн сэтгэлгүй, чадамжгүй, ажил хийдэггүй хамгийн гол нь ард түмнээ шулж өөрсдөө болон намынхаа эрх барих элит давхаргыг баяжуулах гэсэн УИХ гэдгийг энэ удаагийн парламентын олон зүйлээс харж болно. Өмнөх УИХ-ын гишүүд ард түмнээ монжиж, мөнгө хийж хоноцын сэтгэлээр хандаж буйгаа ядаж нуудаг байсан юм. Сүүлийн парламентын гишүүд нуухаа ч байж. Бүр улаан цагаандаа гарч мөнгө хүүлэгч шиг ажил хийдэг болсон. Хэн ч харсан ойлгогдохоор ард түмнээ хожиж, ард түмнээрээ мөнгө хийж, ард түмнээ шулж байгаа нь ил цагаан болсон. Ард түмнээсээ авсан мөнгөөр тансаглаж, ямар ч үр дүнгүй зүйлд зарж үрж яавал дахин сонгогдох вэ гэж хумсаа мэрэн тэчьяадаж байна.

Хэдхэн жишээ хэлье. Банкны тухай хуулиар хадгаламжийн хүүг бууруулна, ингэснээр зээлийн хүү буурч ард түмэн жаргана гээд ёстой амтай болгон нь л шогширсон, энэ удаагийн гишүүдийн. Гэтэл одоогийн нөхцөл байдлыг хар. Хадгаламжийн хүү 14 хувиас 7 хувь хүртэл буурсан. Зарим газраа бүр 6 хувь хүртэл буурав. Харин нөгөө талдаа зээлийн хүү яг хэвээрээ. 14 хувиас 17 хувьтай бахь байдгаараа л байна. Гишүүдээс зээлийн хүү яагаад буурахгүй байгаа талаар асуухаар Засгийн газраас Ажлын байрыг дэмжих жилийн гурван хувийн хүүтэй зээлийг урьдаас яриад байдаг. Энэ чинь тэс өөр зүйл шүү дээ. Гурван хувийн хүүтэй зээл чинь бизнес эрхлэгчдийг дэмжиж байгаа зээл. Жирийн ард түмэнд ямар ч падгүй зүйл. Хаа байна өнөө зээлийн хүү буурах, огт буураагүй дээр нь хадгаламжийн хүү талаас илүү шахуу буурсан. Хэн хожсон бэ, үүнийг баталсан гишүүд дээрээс нь эдэнтэй нийлсэн банкныхан л бүтэн жил мөнгө хүүлэн баяжиж байна. Гишүүд хадгаламжийн хүүг бууруулчихаар хадгаламж эзэмшигчдийг банкнаас мөнгөө татна гэж тооцоолсон. Тэр мөнгийг нь угтуулаад койн гэх зүйл гаргаж ирсэн. Монголд өнөөгийн байдлаар 10 гаруй криптовалютын биржүүд үйл ажиллагаа явуулж байна. Нэг бирж дээр гэхэд л сүүлийн яг нэг сарын хугацаанд 2.5 их наяд төгрөгийн арилжаа хийгдсэн байх жишээтэй. Эндээс харахад одоо криптовалютын зах зээлд 4-6 их наяд төгрөг эргэлдэж байна гэж тооцож болохоор байна. Энэ бол ард түмнээ бодлогоор улайм цайм шулж байгаа хэрэг биз дээ. Төлөвлөгөөтэй явуулсан бодлого гэж харахаас өөр аргагүй. Одоогийн УИХ-ын гишүүдийн хэдэн хувь нь банкнаас хамааралтайг мэдэхгүй хүнгүй. Койны 95.5 хувь нь алдагдалтай байдаг тухай математикчдын тооцоолол байдаг.

Гишүүд Монгол Улсад хичнээн хүнийрхүү хүйтэн сэтгэлээр хандаж байгаа дүр зураг 2022 оны төсвийн тухай хуулийг хэлэлцэхэд ч нэвт мэдрэгдэж байв. Яг төсвийн төслөө сөхөж харсан, тоон дүнгүүдтэйгээ танилцсан гишүүн байсан юм уу. Намрын чуулган дөнгөж эхэлж байхад УИХ-ын гишүүд ажилдаа ийнхүү хариуцлагагүй хандаж, хэлэлцэх гэж буй хууль, тогтоолын төслүүдээ ч уншихгүй байгааг юу ч гэж ойлгомоор юм. Уг нь тэд ард түмнээс илүү эрх мэдэлтэй, илүү үүрэг хариуцлагатай улс. УИХ-ын гишүүний үндсэн ажил төсвийг зөв зүйлд батлах, зарцуулалтыг хянах. Үүнээс нь үүдэж улсын хөгжил дэвшил яригдаж байдаг. Гэтэл гишүүд нь төсвөө уншаагүй баталж л байдаг. Арваннэгдүгээр сарын 15-наас л өмнө нь төсвийн хуулийг баталж байгаа болоод шоудаад өнгөрсөн. Зөөлөн суудлаасаа авахуулчих вий гэсэн айдас нь тэднийг түлхэж 15-наас өмнө батлуулах нь дамжиггүй юм. Ирэх оны төсөв ажлын байр бий болгож иргэдийг ажлын байраар хангаж татвар төлөлтийг яаж өсгөх вэ гэдэг тал руу чиглэх ёстой байсан. Гэтэл өмнөх жилүүдийнхээс бүр дордчихлоо. Ковидын хүнд үед хөрөнгө оруулалт 38 хувь, урсгал зардал нь 30 хувиар өссөн төсөв баталсан.

Энэ удаагийн УИХ хамгийн бүрхэг ажиллаж байна. Гишүүд нь зөвхөн өөрсдийн лоббитой, эрх ашигтай хуулиуд дээр л дуугардаг. Гишүүд өөртөө оногдох дөрвөн тэрбум төгрөг нь хаана ямар зүстэй нуугдаж суусан байна вэ л гэж төсөв шагайснаас өөрөөр төсвийг огтхон ч уншаагүй, бас ард түмний төлөө ганц үг ган хийдэггүй. Хэрэв ард түмэн гээд бөөн бөөнөөрөө орилолдоод хэвлэлийн хурал хийгээд эхэлбэл тэрүүгээр далимдуулж өөрсдөдөө орлого олох гэж байгаагийн л дохио. Нөгөө банкны хадгаламжийг байхгүй болгосон шиг. Төрд иргэдийг төлөөлж, Засгийн газрын оруулж ирж буй төсөв мөнгөнд хяналт тавих ёстой УИХ-ын гишүүд төсвийг хэрхэн баталдгийн тод жишээ нь Богд Зонховын хөшөө болсон. Энэ их тахал үхэл хагацал, үгүйрэл хоосрол дотор гучин хоёр тэрбум төгрөгөөр бурханы хөшөө барих төсөв батлаад огтхон ч сэтгэл нь зовохгүй байж чадаж байна гэдэг бол ямаршуухан хүйтэн сэтгэлтэй хүмүүсийг бид төр гаргасан бэ гэдгийг баталгаа юм. Тэдний сэтгэлд ард түмний зовлон зүдгүүр ямаршуухан байр эзэлж, ард түмэндээ ямаршуухан хандаж байгаагийн бодит төрхийг энэ хөшөөнд тавьсан мөнгө илчилсэн.

Ийм л хоноцын сэтгэлтэй гишүүдийг бид гаргаж ирсэн байна. Яагаад ийм гишүүдтэй болчихов оо, яагаад ийм хариуцлагагүй хүмүүс төр засагт гарч ирээд байна вэ. Үүнд гайхаад байх юм байхгүй. Яагаад гэвэл бид өөрсдөө ийм л байна гэсэн үг. Бид өөрсдөө хувиа бодож довоо шарлуулдаг, өөрөөсөө өөрийг боддоггүй болохоор өөрсдөөсөө өөр хүн сонгож чадахгүй шүү дээ. Парламент бол бага ард түмэн, тэд сонгогдож гарч ирсэн их ард түмнийхээ тусгал гэдэг.

Бид хэрхэн хувиа бодож довоо шарлуулдгийн нэг тод жишээг харцагаая. Д хотын замын мөнгийг нэг УИХ-ын гишүүн зараад идчихжээ. Тэр гишүүн Д хот юмуу тэр газрын ойр дахиж нэр дэвшсэн бол гарч ирэх ч үгүй. Иргэдийн уулзалт бүрдээ толгойгоо хагалуулаад таарах байв. Тийм учраас хаа байсан Г хотод очоод УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн. Тэндээ бараг баатрын дүрээр очиж хутагт хувилгаад шиг гарч ирэв. Д хотын замын мөнгөнөөс Г хотод мөнгөөр бороо оруулж байгаа болохоор нөгөө хэд нь бөөн хөөр. Д хотын зам Г хотод ямар ч хамаагүй. Хэрвээ бид хувиа боддоггүй байсан бол Д хотын замыг балласан түүнийг сонгож болохгүй гэж ярих байсан. Зайлуул мөнгө өгөөд л байх юм,хулгайн л мөнгө тараагаад байна, ийм хүнээр төр бариулж болохгүй гэж стандартаар сэтгэдэг ямар ч ард түмэн бодох байв. Хариуцлага тооцож чаддаг байх ёстой байсан юм, бид.

Энэ гишүүд Монголын төлөө огт юм хийхгүй гишүүд байна. Хийвэл ард түмнийг хэрхэн хуурч, тэдний эцсийн сохор зоосыг нь ч үлдээхгүйгээр сэгсрэх ямар арга байна л гэж эрэлхийлэх шинжтэй. Тэр талаар хууль дүрэм бодож боловсруулах талаар л хөөцөлдөх шинжтэй хүмүүс байна. Энэ хэвээрээ удвал бид балрах шинжтэй. Хоёр жил болоход ард түмнээ ингэж баллаж байгаа юм чинь дахиад хоёр жил болоход улсаараа тэсч үлдэх нь үү. Энэ мэт яриад байвал энэхүү жижигхэн бичлэгт багтах зайгүй их олон юм бий. Ийм гишүүд сонгочихоод хэрхэн биднийгээ шулахыг нь хараад, хүлээгээд дахиад хоёр жил болоход мөн хэцүү еэ. Хэн юу ч хэлж байсан дараагийн сонгууль болтол тэд огт тоохгүй, бүх шатандаа эрх барьж байгаа учраас. Сөрөг хүчин гэж бараг эрх баригчдынхаа гар хөл болох нь халаг хүмүүс л гарч ирээд ард түмнээ загнахаас өөр юм хийдэг юм уу.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Х.Тэмүүжин: Засгийн газрыг хүний эрхийн хэмжүүрээр харахад бодлогын маш том ухралтууд хийж байна

Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Х.Тэмүүжинтэй ярилцлаа.


-Ковидын үед Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийн талаар ярилцлагаа эхэлье. Засгийн газрын үйл ажиллагааг та хэр дүгнэж байна вэ?

-Хүний анхан шатны хэрэглээний маш олон бараа бүтээгдэхүүн хомсдож, үнэ нь нэмэгдэж байна. Хоол хүнс, эм тариагаа худалдан авах чадалтай хүмүүс улам бүр багасч байна. Бизнесүүд орлогогүй, өр зээлэндээ баригдаад бизнесээ чирж явахаас илүүтэй өөрийнхөө аяга хоолны мөнгийг яах уу гэдэгтээ тулаад “Яадгаа барна” гэгчээр хүнд байдалд орчихлоо. Дундаж анги нь нимгэрээд, улс орны эдийн засгийг нуруун дээрээ авч яваа хэдийн үүрэх ачаа улам л зузаарлаа. Энэ Засгийн байж байгаа царай. Засгийн газар авлига, төсөв хоёрыг нь бүрдүүлдэг хэдэн том уурхайн асуудлаа л анхаарч суугаагаас олон хүний амь, амьжиргааг залгуулдаг жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагуудыг үл ойшоосон байдалтай хоёр жил явлаа. Статистикаас харахад, хичнээн компани, аж ахуйн нэгж хаалгаа барив, хэд нь орлогогүй, үйл ажиллагаа нь доголдсон, икс тайлан гаргасан байдалтай байна. Үндсэн хуулиар хүлээсэн аж ахуй, нийгэм, соёлын байгуулалтыг удирдах нийтлэг чиг үүргээ нэг иймэрхүү л хэрэгжүүлж байна. Хууль биелүүлэх тухайд бол хэрэгжүүлсэн ганц хууль нь Ковидын хууль байх. Энэ хуулиар халхавчилж УИХ-ын хяналтгүйгээр төсвийн мөнгийг яаж үрэн таран хийдгийг нэг сайн харуулах шив дээ. Бас засгийн их мөнгөөр иргэдийн тархийг өөрсдийн хулгайн мөнгөтэйгөө угаах “пи-ар угаалгын машиныг” хэрхэн угсарч чаддагаа сүртэй үзүүлсээн, үзүүлсэн. Үзүүлж харуулах юмандаа бол энэ Засгийн газар мундаг байгаа. Хийх ёстой ажлууд нь л эзэнгүйдчихээд байгаа болохоос. Засгийн газарт өөрсдийн дураараа аашлах аашиндаа зарах мөнгө бол байна. Харин иргэний бизнес, эрх чөлөө, эрүүл мэндэд чиглэсэн мөнгө, бодлого бол алга. Ийм Засгийн газрыг зөв зохистой ажиллаж байна гэж хэлэх их л зулгуу юм болох болов уу.

Нөгөө талдаа ардчилал, хүний эрхийн нөхцөл байдлыг хар. Засгийг шүүмжилсэн, асуудалд хэрсүү хандаж, бодит байдлыг хэлсэн болгоныг хорьдог шоронжуулдаг, хэрэг тохох гэж зүтгэдэг боллоо. Өнөөх алдарт шударга бусын хонгилоо өргөтгөөд юу ч болгоод байгаа юм бүү мэд. Энэ Засгийн газрыг хүний эрхийн хэмжүүрээр харахад бодлогын маш том ухралтууд хийж байна.

-Та сая хэллээ,ухралтууд гэж. Үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж байгаа чинь гэмт хэрэг шүү гэж харуулах гээд байна уу?

-Магадгүй ээ. Ер нь хөөсөрсөн нэр хүндтэй, хийсэн ажилгүй, хоосон пи-ар хөөсөн хүмүүс л бусдын үгнээс айх айдас ихтэй болчихдог. Айдас ихтэй удаан явбал сүүлдээ өвчин болно. Өвчин гэснээс, ковидын хорио цээрээр далимдуулж сэтгүүлчдийг худалдан авч, мэдээллийн нэг урсгал бий болгох гэж оролдохоос эхлээд иргэдийн санаа бодлыг хянаж, чиглүүлэх, айлгаж ичээх зорилготой гэж янз бүрээр ажил хийгдэж л байна. Жагсаал цуглаан хоёр янз байдаг тухай Засгийн мөнгөөр сурталдаж, “зөв жагсдаг хүмүүс ийм байдаг, буруу жагсдаг хүмүүс ийм болчихсон юм” гээд эрх баригчдын эсрэг дуу хоолой гаргаж байгаа иргэдийг галзуу солиотой, шантаажилдаг, хийх юмгүй, ажилгүй архичин, бараг Монголын дайсан гэх шахуу юм хэлж байх. Ийм байдлаар иргэний байр суурийг хүчгүй болгоно гэдэг эрх баригчдын шунал ардчиллын хэм хэмжээнд баригдахгүй болсны л илрэл. Ийм Засгийн газар аюултай. Дээр нь авлига, ашиг сонирхлын зөрчил гаарч байна даа. Үүний илрэл хаа сайгүй гарч байгаа дабл стандартууд.Дарга нарт үйлчилдэггүй, иргэнд үйлчилдэг хуультай.Чиглүүлсэн зорилтот хүмүүстээ хуулийн нэрээр хатуу чанга хандаж, юугаар ч хамаагүй гогдож, дуулгавартай болтол нь шоглож болдог. Дуугүй болохгүй бол далд хийчихдэг. Харин өөрсдийн хүмүүсээ аюултай гэмт хэрэг хийсэн ч хуулиас гадна байлгаж, хариуцлагаас зувчуулж чадаад байдаг. Энэ их аюултай үзэгдэл. Хууль алагчлаад, хоёр янз үйлчлээд ирэхээр хуулийн нэр хүнд унаж, хуулийн байгууллагуудын үйл ажиллагаа хүлээн зөвшөөрөгдөхөө байдаг. Хууль сахиулагчид шударга иргэдтэйгээ зөрчилдөөд, эрх баригчид жирийн иргэд рүүгээ цагдааг турхираад байхаар цагдаагийн албан хаагч, энгийн хууль сахиулагчид иргэдийн нүдэнд бууны ноход төдий харагдаж эхэлнэ. Иргэд ийм нийгэм, ийм хууль сахиулагч, ийм хуулийн байгууллага, ийм тогтолцоог хүсч сонгууль өгдөггүй, ийм зүйл хүсч татвар төлдөггүй. Иргэдийн итгэж байгаа албан ёсны тогтолцоог үгүй хийгээд double standart үүсгээд авлигыг үнэт зүйлээ болгоод эхэлбэл нөгөө талд нь хууль бол худлаа юм байна, хэн эрх мэдэлтэнд ойр байсан нь, албан тушаалтны аяыг харсан нь, авлигийн сүлжээнд багтсан нь энэ улс оронд хүн шиг амьдрах юм байна гэдэг уралдаан руу орно.

-Хүний эрхийн төлөө дуугардаг хуульч, өмгөөлөгчид манайд байна уу?

-Хүний эрхийн төлөө зоригтой дуугардаг, хууль ёсыг хамгаалдаг хуульчидтай байх их чухал. Эргэн сануулахад, 2008 оны долдугаар сарын 1-нд иргэд үзэл бодлоо илэрхийлээд эрх баригчдад дуу хоолойгоо хүргэх гэж оролдсоны эцэст үймээнд хүрч, таван хүний амь нас үрэгдсэн. Үйлдвэрийн дамжлага шиг бөөн бөөнөөр нь таслаад олон залуусыг шоронд явуулсан. Энэ үйл явдлуудыг өмгөөлөх хуульч тэр үед олдоогүй. Яагаад олддоггүй гэхээр Хууль зүйн сайдтайгаа зөрчилдөх зоригтой өмгөөлөгч тэр үед бараг байсангүй. Хууль зүйн сайд нь өмгөөлөх эрхийнх нь зөвшөөрлийг олгодог. Бас буцаагаад авчихдаг эрх мэдэлтэй байсан. Ингээд Засгийн газраас, Хууль зүйн яамнаас, хувь улстөрчөөс хүний эрхийг хамгаалдаг хуульчдыг бие даалгаж, гаргах ёстой гэж үзээд Хуульчийн холбоог байгуулаад лицензийг нь мэргэжлийн холбоо нь өгдөг болгож хувиргаад, тусад нь гаргасан. Харамсалтай нь, Ц.Нямдорж сайд болоод Хуульчдын холбоог задлаад дахиад Хууль зүйн яамны хамааралтай болгосон. Одоо иргэнийхээ үндсэн эрхийг эдэлснийхээ төлөө шоронд ороод өмгөөлөл үзүүлэх гэж байгаа өмгөөлөгчийг цагдаагийн байгууллага барьж хориод хэрэг үүсгээд дарамталж байхад түүний төлөө дуугарч байгаа мэргэжлийн холбоо, хуульчид байна уу. Буцаад л 2008 оны долдугаар сарын 1-ний өдөр дээрээ оччихсон байна. Эрх мэдлүүдийг задлах гэж оролдсон оролдлого бүрийг буцаагаад эвдээд төвлөрүүлээд байна. Энэ төвлөрөл эцсийн дүндээ мангас босгож ирнэ. Энэ нь эргээд хэнд аюултай юм, иргэдэд л аюултай.

-Эрхээ эдэлсэн залуусыг хорьсон, хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа Засгийн газар хариуцлага хүлээх ёстой биш үү. Бүр цаашилбал огцрох ч шаардлага үүслээ гэж харах хэсэг байна?

-Иргэнээ зовоож буй Засгийн газар тогтвортой байна гэдэг иргэний зовлон тогтвортой үргэлжилнэ л гэсэн үг. Ардчилсан нийгэмд муу удирдагчаас, муу бодлогоос, иргэдийн амьжиргаанд хөнөөлтэй төрийн арга ажиллагаанаас цус урсгахгүй салах боломж нь Засгийн газрыг өөрчлөх, эрх баригчдыг солих. Ардчилсан нийгэмд өөрт нь олгогдсон боломж энэ. Олон ургальч нийгэмд шүүмжлэл байнга л байдаг. Сэтгэлд таагүй, бухимдам үнэлэлт дүгнэлтүүд ч гарч ирнэ. Энэ бол ардчилалд байдаг л үзэгдэл. Үүнийг эрүүл саруулаар хүлээж аваад алдаа байгаа бол бодлогоо засварлаад, буруу ойлгогдсон бол тайлбараа хийгээд, зөв гэж бодож буй бол үндэслэлээ ойлгуулаад явах нь зөв. Харин сөрөг дуугарсан дуу болгоныг нухчин дараад, жоохон хүүхэд нүдээ аньчихаар нуугдчихна гэж боддог шиг гажуу бодоод байх бол буруу байна. Ардчиллыг ингэж гажуудуулж болохгүй. Амьдрал чинь үнэхээр болж байгаа бол засаг тогтвортой байх нь зөв. Амьдрал болохгүй байгаа бол Засаг солигдож байсан нь дээр. Иргэд өргөдөл бичээд, албан тушаалтантай уулзаад ямар нэгэн байдлаар болохгүй байна, энэ бодлого чинь алдаатай байна гэх мэтчилэн үгээ хэлэх эрх чөлөө ардчилсан нийгэмд байгаа. Энэ бүхэн амжилтгүй болвол арай чанга дуугаар олуулаа хэлэхийн тулд жагсаж цуглах эрх ч бас байгаа. Ямар ч нөхцөлд энэ эрхийг үгүйсгэж болохгүй. Энэ нь өөрөө ардчилсан нийгмийн суурь нь. Иргэд нь ийм эрхгүй Оюун-Эрдэнэ шиг мундаг удирдагчтай байна гэдэг бол социализм ш дээ. Эрхээ эдэлсний төлөө иргэнээ барьж хорьж байгаа Засгийн газар ардчилсан гэж хэлэхэд эргэлзээтэй.

-Хуулийн байгууллага иргэндээ хүрч үйлчилж чадаж байгаа гэж та харж байна уу?

-Ардчилсан улс орны хуулийн философи, суурь зарчим, хуулийн байгууллагуудын үндсэн ажил нь иргэний эрхийг хамгаалах, хуулийн дагуу иргэнд үйлчлэх.Энэ философи, зарчим, ажлын арга барил Монголд угаасаа байгаагүй. Бий болгох гээд л урагш нэг арагш хоёр алхаад л явж байна. Шилжилтийн үеийн хамгийн том сорилтуудын нэг.

-Шүүхийн тухай хуулийн өөрчлөлтийг магтан сайшаасаар л байна. Үнэхээр шүүх хараат бусаар ажиллах үндэс суурь нь тавигдчихав уу?

-Өргөс авсан юм шиг ганц хуулиар бүхнийг шийдэхгүй. Зайлшгүй хийх ёстой эхний алхам бол мөн. Эхний алхам хийгдчихлээ гээд цаана нь хийгдэх ёстой олон алхам өөрөө хийгдчихнэ гэж найдаж огт болохгүй. Шүүхийн тухай хуулийг дагаж процессын хуулиуд гарах ёстой. Хууль сахиулах ажиллагааг ч бас нэг мөр болгож бүрэн хуульчлах ёстой. Зарим албадыг шинээр зохион байгуулж, Мөрдөх албаны чадавхыг нэмэгдүүлэх, хуулийг нь боловсронгуй болгох, хууль зүй, дотоод хэргийн чиг үүрэг, эрх мэдлийг задлах шаардлага ч байгаа. Прокурорын босоо удирдлагын тогтолцоог хуульч мэргэжилтнүүдийн бие даасан мэргэжлийн үйл ажиллагаатай нийцүүлж өөрчлөх ёстой. Хачирхалтай нь Монгол Улс бүр Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай гээд хуулийн нэрнээсээ хүртэл хүнийг зөвхөн хорьж мөрдөхөд зориулсан зорилготой тийм хуультай. Хуулийн зорилго, философи нь ийм байхад хүнийг далд хийчихээд араар нь гүтгэж харлуулж, ар гэрийг нь шаналгаж шантаажилж, өөрт нь эрүү шүүлт тулгаж хэрэгт унагадаг арга барил хуулийн байгууллагуудын нэрийн хуудас болох нь арга ч үгүй юм даа.Тэр хуулиа ядаж шүүхээс авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх тухай гэж өөрчлөх, нэрийг нь солих төдий бус зохицуулалтыг нь өргөсгөөд хорьж мөрддөггүй, үр нөлөөтэй хүний эрхийг хөсөрдүүлдэггүй шударга ёсны олон зарчим арга барилтай болох гээд их зүйл байна. Хуулийн салбарт огт байхгүй хууль ч олон. Байгаа хуулиудад нь буруу философитой хуулиуд ч олон бий. Арга механизмын хувьд алдаатай хуулиуд ч олон байгаа. Энэ бүгдийг өөрчлөхөд УИХ-ын гишүүдийн хүч, боломж хангалтгүй. Энэ бүхнийг бодож боловсруулж урт хугацаанд төлөвлөж хийдэг мэргэжлийн газар нь Хууль зүйн яам.

-Ерөнхий сайд асан М.Энхсайхан манай сонинд өгсөн ярилцлагадаа “ҮАБЗ дээр ямар ч хамаагүй асуудлыг хэлэлцдэг болсон. Тэнд хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн удирдлагаас гадна Ерөнхийлөгч бий. Яг үнэн хэрэгтээ зөв томьёоллоор явбал шүүх, хууль тогтоох, гүйцэтгэх гэсэн гурван эрх мэдлийн тэргүүн нь төрийн гурван толгой л доо. Ингээд харахаар төрийн гурван толгойны нэг нь Дээд шүүхийн дарга байх ёстой. Гэтэл тэрийгээ үргэлж “паасалдаг” гэж хэлсэн удаатай. Тэгэхээр ҮАБЗ-д дээд шүүхийн дарга байх ёстой гэсэн үг үү?

-Энэ бол маш буруу. Шүүх бие даасан, хараат бус ажилладаг. Дээд шүүх Захиргааны байгууллага шиг доод шүүхдээ үүрэг даалгавар өгдөг байгууллага огт биш. Түүнтэйгээ адил Дээд шүүхийн Ерөнхий шүүгч гэдэг хүн бүх шүүгчийн дарга гэсэн үг ерөөсөө биш. Харин эсрэгээрээ тэнд яахаараа УИХ-ын дарга байгаад байгаа юм гэж бодох ёстой. Бусад улс оронд ҮАБЗ гэх механизм дотор ихэнхдээ гүйцэтгэх эрх мэдлийн албан тушаалтнууд байдаг. Дотоод хэргийн сайд, Батлан хамгаалах сайд, Цагдаагийн дарга,Тагнуулын дарга гэх зэрэг албан тугаалтнууд багтдаг. ҮАБЗ-д УИХ-ын дарга огт байж болохгүй. УИХ-ын дарга нь ҮАБЗ-д байдаг улс дэлхийд байхгүй. Үндсэн хуулиараа эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гээд хуваасан. Энэ гурван эрх мэдэл нэг газар төвлөрөх юм бол яаж дарангуйлал болох тухай Монтескье онолоо боловсруулж гаргаж ирсэн байдаг. ҮАБЗ-д дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг оруулна гэдэг бол автоматаар дарангуйллыг дэмжиж байгаа хэрэг. Харин яаж ҮАБЗ-өөсөө УИХ-ын даргыг гаргах ёстой вэ гэдгээ ярих ёстой.

-Нэг намын засаглал тогтчихлоо, энэ бол сайн зүйл биш, дарангуйлал тогтох нь ээ гэсэн байр суурийн тухайд та юу хэлэх вэ?

-Сүүлийн найман жил нэг нам хэт олонхоороо бүх эрх мэдлийг гартаа авчихлаа. Бүх эрх мэдлийг гартаа авчихсан хүмүүс бусадтай харилцан ярилцах нь багасч, нийгмээ иргэдээ сонсох нь холддог л доо. Тэд шинжлэх ухааны дүгнэлтүүд, баримт, статистик, судалгааны үр дүнгүүдээр бодлого гаргахаасаа илүү бид олонх болчихсон, эрх мэдлээр дутахгүй юм чинь гэсэн хандлагаар илүү түрэмгий, хүч түрсэн ажлын арга барилд дасгачихдаг. Энэ арга барил аюултай. 100 хүнтэй ярилцаж ойлголцъё гэхийн хооронд хоёул, гурвуулаа яриад нөгөө 100 хүнийг цагдаа шүүхээр нь чимээгүй болгоё гэдэг тийм арга хандлага руу явна ш дээ. Бид олонх, эрх мэдэлтэй тэгээд юу гэх гээд байгаа юм гэдгээр хандаад эхлэхээр их буруу, заримдаа зэрлэг бүдүүлэг арга барилууд амилж эхэлнэ. Энэ дадал болсон буруу зуршил, арга барилаасаа салмааргүй санагдаад эхлэхээр яаж эрх мэдэл дээрээ хадагдах уу, хэрхэн хүч чадлаа хадгалж үлдэх үү гэдгээ бодож эхэлнэ. Ер нь эрх мэдэл хэт төвлөрсөн хүмүүс маш их алдаа хийдэг. Араас нь хууль үйлчилдэг, ардчилсан механизмууд ажилладаг Засгийн газар шинээр гараад ирэхээр энэ хүмүүсийн хийсэн олон үйлдлүүд хуулийн хувьд гэмт хэрэг болчихсон байдаг.Дараагийн хүмүүс гарч ирээд бидний асуудлыг гэмт хэргийн түвшинд тавих юм бол шоронд орно, олсон нэр хүнд хүрээлэл, эд хөрөнгө нь алга болно гэдэг тэр хүмүүсийн хувьд маш том айдас. Энэ айдсаасаа шалтгаалаад аль болох хуульгүй, дахиад өөрсдийн дураар байдаг он цаг хугацааг үргэлжлүүлэх гэж оролдож эхлэхээр дарангуйлал гэдэг зүйл үүсдэг. Яг одоо бол Монголд дарангуйлал тогтлоо гэж хархаахан хэлж болохооргүй байна. Харин бодитойгоор эрх мэдлийн түрэмгийлэл явж байна. Эрх мэдлийн түрэмгийллээр тэд баялгаа олно,үе удмаараа амьдрах сууриудаа хийнэ,тэрнээсээ салахгүй амтанд нь ороод хүч хэрэглээд ч болтугай бүтээснээ хамгаална гэхээрээ дарангуйлал руу очно.

-УИХ-ын нөхөн сонгууль болж өнгөрлөө. АН өвдөг шороодчихлоо. Сонгуулийн тогтолцоог өөрчлөх шаардлагатай юу?

-Мэдээж хэрэг сонгуулийн тогтолцоогоо өөрчилж нийгэмд байгаа төлөөллүүдийн дуу хоолойг нь шийдвэр гаргах, эсвэл хяналт тавих түвшинд нь аваачихгүй бол ардчиллын гажиг улам бүр ихсээд бодит байдлаараа хуурмаг сонгуулийн ардчилал руу орчих гээд байна. Сонгуулийн ардчиллын гажиг үүсч байна гэж харж байгаа болохоос арай ч нэг намын дарангуйлал руу орчихгүй байх гэж горьдож байна. Сонгуулийн тогтолцоог өөрчилж пропорцианаль элементүүдийг оруулж ирэх ёстой. Тэгж байж бодит байдал дээр олон нийтийн санал хаанаа жин дарж, яаж хуваагдаж байгаа нь харагдана. Мажоритар гэж ярьдаг энэ тогтолцоо бол маш олон сонгогчдын саналыг үхүүлдэг тогтолцоо. Нөхөн сонгуулийн бодит байдлыг харахад ирц нь хүрээгүй. Нийт сонгогчдын тал хувь нь ирж саналаа өгөөгүй. Ирж саналаа өгсөн хүмүүсийн хэдэн хувийн саналыг авав. Бодитойгоор хараад нийт сонгогчидоо харьцуулаад үзэхээр 10 хүний гурвынх нь саналаар сонгогдчихоод 100 хувийн эрх мэдэл аваад, үлдсэн 60,70 хувийг нулимаад явна гэдэг бол ардчилал ерөөсөө биш. Мэдээж АН-ын сул байгаа нь бурууг хуваалцах үндэслэл мөн. Цаг үеэ мэдэрдэггүй, сонгогчдынхоо дуу хоолой санал хүслийг ойлгодоггүй, бид л байх ёстой гэдгээр 10,20 жилийн өмнөх алхаж байсан алхмаараа энэ цаг үед нийгэмтэйгээ зэрэгцэж алхах гэж оролдож байгаагийн горыг бид амсаж байна. Хоёрт, МАН-ынхан маш сайн сонгуулийн тактиктай болчихсон байна. Сонгууль эхлэхийн өмнө хүмүүс ярьж л байсан. Тэд ирцийг хамгийн бага хэмжээнд нь барина. Ирц дотроо ялах саналаа худалдаж авна, багцална. Үлдсэн хэсгийг нь бөөгнүүлэхгүйн тулд тарамдуулж задалж хуваана. Тийм учраас мөнгийг нь өгч байгаад ч болтугай захиалгатай нэр дэвшигчдээ нэр дэвшүүлнэ. Ийм л сонгуулийн тактик менежмэнтээр яваад авч байгаа санал. Сүүлийн сонгуульд алдаа гарсан. Сонгуулийн ирц хүрээгүй бол сонгууль хүчингүй байх ёстой. Энэ бол ардчиллын нэг гол шалгуур. Үндсэн хуульд сонгуулийн хэд хэдэн зарчмыг нэрлэн заасан. Тухайлбал сонгуульд нийтээрээ, чөлөөтэй оролцох ёстой. Нийтээрээ гэдэг зарчим хамгийн багадаа сонгогчдын 50+1 оролцож хүчин төгөлдөр болно гэсэн зарчим. Гэтэл энэ нөхөн сонгууль дээр бүх нийтийн гэдэг Үндсэн хуулийн зарчим үйлчлээгүй. Үндсэн хуулийн зөрчилдөөнтэй асуудлыг СЕХ өргөн барьсан. СЕХ Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудал яригдана. Тэд хууль руу бурууг чихэх гэж оролдох байх. Хуульд зохицуулалтгүй, хууль тогтоогч бүрхэгдүүлж орхисон нь хууль тогтоогчийн алдаа гэх зэргээр хуулийг Үндсэн хууль зөрчсөн гэдэг юм руу явуулах байх. УИХ дээр тангараг өргүүлснээрээ УИХ-ын дарга болон УИХ өөрөө Үндсэн хууль зөрчлөө гэдэг маргаан Цэц дээр очиж магад. Цэц нь яаж шийдэх вэ гэдэг бас асуудал л даа.

-Ерөнхийлөгч асан Х.Баттулга Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд зөвлөж байгаа. Энэ хэр зөв юм бэ. Улс төрийн соёлын хувьд нэлээд таагүй үзэгдэл гэж харах ч хэсэг байна?

-Хуулиар бол хязгаарлалт байхгүй. Гэхдээ улс төрийн соёл, ардчиллын хариуцлага гэж юм бий. Ардчилсан нийгэмд өрсөлдөөнт улс төрийг чухалчлан хүлээн зөвшөөрдөг. Сонгогчдыг төөрөгдүүлэх алхам хийж болохгүй. Үзэл бодол, арга ажиллагаа, үнэт зүйлийн ялгаатай намууд гишүүд дэмжигчид, сонгогч олон нийтэд өөр өөр мөрийн хөтөлбөр, бодлого, үзэл баримтлалыг санал болгож сонгуульд өрсөлдөөд тэдний итгэл саналыг авчихаад, эрх мэдэлд очоод дээрээ хүзүү сээрээрээ хэлхэлдээд итгэл үнэмшлийнхээ төлөө явж байсан олон мянган хүмүүсийг хуураад нэг ашиг хонжооны бүлэглэл болж хувирвал залиланд суурилсан гэмт бүлэг маягийн юм болно.Итгэл үнэмшлийн хувьд их таагүй үзэгдэл. Улс төрийн соёлын хувьд маш бүдүүлэг үйл явдал. Тиймээс иргэд ийм явдлыг МАНАН гэж шүүмжилж, жигшиж зэвүүцээд байгаа биз дээ.

Categories
их-уншсан мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

​Ялгавартай хандахын эсрэг тэмцсэн тэмцэгчдийг суллая

Монгол Улсын Үндсэн xуульд заасны дагуу иргэд сайн дураар эвлэлдэн нэгдэж, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Гэвч энэ хууль цар тахлын үеэр иргэдэд үйлчлэхгүй, эрх мэдэлтнүүдэд үйлчлээд байгаа тул ялгавартай хандах үзэгдэл бодитоор бий болж байна гэж үзэн эсэргүүцлийн “No double standart” хөдөлгөөн өрнөсөн. Энэхүү хөдөлгөөн бол төр засаг иргэддээ ялгавартай хандаж, алагчилж үзэж байгаагийн эсрэг тэмцэл. Тэгвэл сарын өмнөхөн “No double standart” хөдөлгөөнийг зохион байгуулагчдын нэг Э.Одбаяр, Д.Монголхүү нарыг “Жагсаал цуглаан зохион байгуулж олон хүн цуглууллаа” гэсэн үндэслэлээр урьдчилан хорих 461 дүгээр ангид 2021 оны аравдугаар сарын 5-ны өдрөөс эхлэн 30 хоногийн турш цагдан хорих шийдвэр гарч, хорьсон. Э.Одбаярын хувьд хуулийн байгууллагын цагдан хорьж байгааг хууль бус гэж үзэн өлсгөлөн зарлаад 23 дахь өдрөө хонож байна. Түүний биеийн байдал маш муу байгаа хэдий ч өлсгөлөнгөө зогсоохгүй гэдгээ мэдэгдсэн. Энэ бол яг адилхан олныг хамарсан үйл ажиллагаануудыг зохион байгуулсан эрх баригч нарт хариуцлага тооцож чадаагүй байж энгийн иргэддээ хүчээр хариуцлага тооцон, дарамтлах, цагдан хорих байдлаар илт ялгавартай хандаж байгаа хэрэг мөн. Хууль ямар ч салаа утгагүй, дарга цэрэг хэн ч бай бүгдэд ижил тэгш үйлчилдэг байх шаардлагыг л “No double standart” хөдөлгөөнийхөн тавьсан. Тэд зүгээр л давхар стандартаа боль гэсэн. Юу нь буруу байгаа юм. Харин үзэл бодлоо илэрхийлж, үгээ хэлэх эрхээ эдэлсэн хүнийг барьж хорьж байгаа нь хамгийн энгийн давхар стандартын жишээ.

Цаашид үг хэлж, үзэл бодлоо илэрхийлсэн иргэн бүрийнхээ эсрэг эрүү үүсгэн, цагдан хорьж хүч хэрэглэн няц дардаг төртэй болж байгаа хэрэг үү. Эрх баригчдын юу ярьж, юу хийж байгаа нь хэнд ч нууц биш болчихсон. Тэр бүү хэл юу бодож байгаа нь хүртэл нууц биш болсон үе. Эд нар юу бодож энэ хоёр залууг хорьсон нь хэн ч ойлгохоор тов тодорхой байна. Яагаад эднийг баривчилж байгаа юм гэхээр Э.Одбаяр, Д.Монголхүү нар улс төрийн тэмцэл хийсэн гэж үзсэн. Эрх баригчид залуусын тэмцлийг улс төрийн үйл явцад нь хаалт болно гэж үзэн тэдгээрийг цагдан хорьсон. Харин ингэж улс төрийн тэмцэл хийсэн гэж үзэн нэгийг нь үхүүлчихвий дээ. УИХ-ын гишүүн асан, дуучин С.Жавхлан талбай дээр дуутай хууртай, бөөтэйгөө хамт жагсаж байна. Яагаад баривчлахгүй суулгаад байгаа юм. Гэсэн атал Д.Монголхүү, Э.Одбаяр нарыг яагаад шоронд хорив. Ямар ч жагсаал цуглаан, хөдөлгөөн толгойлогч нь л байхгүй бол дуусдаг. Хэдийгээр хүмүүс энэ хөдөлгөөнийг дэмжээд байгаа боловч яг тулаад хийх гэхээр заавал удирдагч хэрэг болдог. Удирдагчгүй бол тэгсхийгээд хэдэн хүний бөөгнөрөл болоод дуусдаг. Яг энэ жишгээр Д.Монголхүү, Э.Одбаяр нарыг хорьчихоод байгаа хэрэг юм.

Төр засаг иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, тайван жагсаал цуглаан хийх Үндсэн хуулиар олгогдсон эрхэд удаа дараа халдаж байна. Энэ байдал Сүхбаатарын талбай дээр байнга ажиглагддаг. Өнөөгийн Ерөнхий сайд болон хэсэг нөхөд нь талбай дээр гэрүүд ярайтал барьж, тайз засч байгаад жагсаж байсан. Тэгэхэд хэн ч тэднийг баривчлаагүй, бүүр гэр орон хүртэл барьж өгч төрийн цагдаагаар хамгаалуулж байв. Гэтэл одоо нөгөө жагсаж, тэмцэж явсан хүмүүсийн засаг нь хуулийн тэгш эрх ярьсан иргэдийг барьж аваачаад хорьж байна. Эрх баригчид өөрсдийнх нь бурууг шүүмжилсэн хүн бүрийн амыг нь барих санаатай юм байна. Нэг нэгээр нь дуугүй болгох гэсэн ажиллагаа. Гэхдээ залуучууд өөр болсон. Тэд үг хэлэх эрхийнхээ төлөө тэмцдэг болсон. Тэгээд ч бүгдийх нь амыг барьж байсан түүх хүний нийгэмд байхгүй.

Хууль тэгш хэрэгжихгүй, давхар стандарт үүсгээд байгаа хэд хэдэн жишээг дурдъя. Олимпийн аварга Н.Түвшинбаяр багын найз, улсын начин Э.Энхбатыг үхтэл зодож, хүнд гэмтээсэн. Өнөөдөр Э.Энхбат начин эмнэлгийн орон дээр үхэл амьдралын зааг дээр хэвтэж байхад Н.Түвшинбаяр гадуур эрх чөлөөтэй сэлгүүцээд л явж байна. УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн эзэмшлийн “Капитал” банк дампуурч, тус банкинд Нийгмийн даатгалын сангийн 101 тэрбум, Эрүүл мэндийн даатгалын сангийн 134 тэрбум, ЖДҮХС-гийн 47 тэрбум, Хөгжлийн банкны 52 тэрбум, нийтдээ 330 гаруй тэрбум төгрөг байршиж байсан. Энэ хүн өнөөдөр эрх чөлөөтэй алхаж явна. УИХ-ын гишүүн асан, дуучин С.Жавхлан мөн л төв талбай дээр жагсаж байна. Барьж аваачаад хорьчихсонгүй. Улсын онцгой комиссын дарга С.Амарсайханы эзэмшлийн “Зайсан Хилл”- д “Камертон” хамтлаг тоглолтоо хийж, үзэгчид дунд ковидын халдвар тархсан. “Цахим засаглал” цуглаан хичнээн хүнийг цуглуулж яаж өвчин тахал дэгдээх эх сурвалж боллоо. Энэ бүгдэд ямар ч хууль үйлчлээгүй. Хэнбугай нь ч хариуцлага хүлээгээгүй. Хүн зодож, иргэдийн мөнгийг салхинд хийсгэсэн хүмүүст хууль үйлчилдэггүй хэрнээ хуулийн тэгш эрх нэхсэн иргэн шоронд очдог ийм л нийгэм бий болчихож.

Эрх баригчид болохоор өөрсдөө жагсаж, цуглаж болдог. Ард түмэн үгээ хэлэхээр бариад хорьчихдог. Ийм эрх мэдэлтэнд үйлчилдэггүй, энгийн иргэдэд үйлчилдэг хуулийн бурангуй жишгийг халах цаг нь болсон.

Иргэн Д.Монголхүү, Э.Одбаяр нар Үндсэн хуульд заасан өөрсдөдөө заяагдсан эрх, эрх чөлөөгөө төрдөө дээрэмдүүлээд байна.Энэ бол ялгаварлан гадуурхалт гэж үзэхээс өөрөөр тайлбарлах боломжгүй. Энэ хоёр залуу хуулийн тэгш бус хэрэгжилтийг эсэргүүцэж, үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө ингэж удаан хорино гэдэг харгислал. Ингэж дуугарч байгаа хүмүүсийг эхнээс нь амыг барих санаатай, айлгаж ичээх, дахиад ингээд дуугар гэсэн шиг залхаан цээрлүүлэлт л явагдаж байна. Үндсэн хуульд заасны дагуу эрхээ эдэлснийхээ төлөө залуус гэмт хэрэгтэн болдог хуулийн систем ажиллаж байгаа гэж ойлгох уу. Д.Монголхүү, Э.Одбаяр хоёрыг байн байн барьж хорьсоор байгаа нь тэдэнд “Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх чинь гэмт хэрэг шүү. Дарга эрх баригчдыг шүүмжилбэл ямар аймаар байдаг юм бэ” гэж ойлгуулах гээд байгаа хэрэг үү.

Манай улсын хамгийн том эмгэнэл эрх тэгш байдал алдагдсан буюу давхар стандарт гэгч зүйл бий болсонд байгаа юм. Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж заасан ч үйлчлэл нь суларсаар жирийн иргэн “хэн ч биш” болж хувирч байгааг өнөөдөр хуульчид дуу нэгтэй хэлж байна.

Үндсэн хуулийн дагуу үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, тайван замаар жагсах цуглах эрхээ эдэлсэн залуусыг яавч хорьж болохгүй. Хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа Засгийн газар хариуцлага хүлээх ёстой. Ардчилсан улсын гол зарчмыг алдагдуулж, хүний эрхийг зөрчиж байна. Тиймээс энэ хоёр залуугийн амьд явах эрхийг нь хангаж суллах ёстой.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Стив Тибоу: Оюу толгойн үнэ цэнийг бүх талуудад шударгаар бий болгохын төлөө ажиллаж байна

– БИДНИЙ ДЭВШҮҮЛСЭН САНАЛ БОЛ МОНГОЛЫН ЗАСГИЙН ГАЗАРТ ИХ ХЭМЖЭЭНИЙ “ӨР” ХУРИМТЛАГДАХГҮЙ БАЙХ, НОГДОЛ АШГАА ИЛҮҮ ХУРДАН АВАХ НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛЭХЭД ЧИГЛЭГДСЭН-

Туркойз Хилл Ресурс компанийн Гүйцэтгэх захирал Стив Тибоутой ярилцлаа.


-Та Монголд ирээд хэд хонож байна вэ. Оюу толгойд одоо эрхэлж буй ажил болон өмнөх ажлын туршлагаасаа хуваалцаач?

-“Оюу толгой” төслийг урагшлуулна гэсэн том зорилго өвөртлөн Монголд ирээд сар хагас болж байна. “Туркойз Хилл Ресурс” компани нь Оюу толгой төслийн 66 хувийг эзэмшдэг. Үлдсэн 34 хувийг Засгийн газар өөрийн төлөөний компани болох Эрдэнэс Оюу толгой компаниар дамжуулан эзэмшдэг. Би “Туркойз Хилл Ресурс” компанийн Гүйцэтгэх захирлаар өнгөрсөн гуравдугаар сард томилогдсон.

Өмнө нь тус компанийн санхүү эрхэлсэн захирлаар ажилладаг байлаа. 2014 онд тус компанид орсон.

-Оюу толгойн хэлэлцээ ямар түвшинд явж буй нь олны анхаарлын төвд байна. Хэлэлцээний явц одоо ямар түвшинд явж байна вэ?

-Бид Засгийн газартай олон сарын хугацаанд хэлэлцээ хийж байна. Өнгөрсөн хэдэн долоо хоногийн хугацаанд яриа хэлэлцээ эрчимжиж байгаад бид баяртай байгаа. УИХ, Засгийн газар, Засгийн газрын ажлын хэсэг гээд аль аль талаасаа шийдэл олохоор эрчимтэй ажиллаж байна. Миний хувьд хэлэлцээ ахицтай байгаа гэж харж байна.

Монголд байх хугацаандаа санаа бодлоо нэгтгэн Засгийн газартай хэлэлцэх асуудлаар “Туркойз Хилл Ресурс”, Рио Тинто компаниуд нэгдмэл байр суурьтай байхаар шургуу ажилласан. Оюу толгойн үнэ цэнийг бүх талуудад шударгаар бий болгохын төлөө ажиллаж байна.

-Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтийг Рио Тинто хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэж ойлгож байгаа. Яагаад хүлээн зөвшөөрөхгүй байгаа тал дээр та саналаа хэлж болох уу?

-Миний хувьд “Туркойз Хилл Ресурс” компанийг төлөөлж байгаа учраас Рио Тинтогийн яагаад тэгсэн талаар тэдний өмнөөс тайлбар өгөх боломжгүй. Миний мэдэж байгаачлан хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтийг бид өнгөрсөн наймдугаар сард хүлээн авсан. Рио Тинто хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтийн талаарх өөрсдийн байр сууриа илэрхийлсэн хариугаа албан ёсоор илэрхийлсэн гэсэн. Мөн хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлттэй холбоотой Рио Тинто нэмэлт тайлбар өгөхөөр ажиллаж байгаа гэх мэдээлэлтэй байна даа.

-Олон нийт Засгийн газар, Рио Тинтогийн хооронд хэлэлцээ явагдаж байгаа гэсэн ойлголттой байдаг. Тэгвэл Туркойз Хилл Ресурс компани энэ хэлэлцээнд ямар үүрэгтэй, ямар байр суурьтай оролцож байна вэ?

-Энэ хэлэлцээ бол “Туркойз Хилл Ресурс” компанид үнэхээр чухал ач холбогдолтой. Учир нь Оюу толгой бол “Туркойз Хилл Ресурс” компанийн цорын ганц хөрөнгө. Тиймээс Засгийн газартай, РиоТинто гээд бүхий л оролцогч талуудтай хамтран энэ төслөө урагшлуулахаар компанийнхаа ТУЗ, хөрөнгө оруулагчдаа төлөөлөн Монголд ирээд байна. Оюу толгой төслийн ирээдүйд өндөр итгэл үнэмшилтэй байдаг учраас ажил амьдралынхаа олон жилийг Оюу толгойтой холбож, Монгол Улсад олон удаа ирж, очин ажиллаж байна.

-Хэлэлцээ нэлээд ахицтай яваа юм байна гэж ойлгож болох уу. Одоо санал зөрөлдөж байгаа яг ямар асуудлууд байна вэ?

-Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс”, Рио Тинто гээд бүх талуудын хувьд санал нийлэхгүй гэхээсээ нийлж байгаа зүйлс нь илүү олон байгаа гэдгийг энд онцолмоор байна. Хамгийн чухал нь төслийн үр өгөөжийг хүртэгч хүмүүс, хөрөнгө оруулагчид, хувьцаа эзэмшигчид гээд бүх оролцогч талууд төслөө урагшлуулж, гүйцээхийг хүсч байгаа. Минийхээр бол Оюу толгой дэлхийн түвшний уурхайг хэрхэн хөгжүүлж болохыг харуулсан Монголын гэрэлт цамхаг. Оюу толгойн ирээдүйд үнэ цэнэ нь өсөх нөөц боломж, тэнд ажиллаж байгаа хүмүүсийн чадвар, чансаа зэргийг авч үзэх юм бол бүгд л төслийг урагшлуулах ёстой гэдэг дээр санал нэгдэж байгаа.

Гэхдээ яг хаана нь бид санал зөрөлдөөд байна гэхээр хаана нь эрсдэл байна, хаана нь хүндрэл, бэрхшээл үүсэхээр байгаа дээр л санал зөрөлдөөнтэй байна. Нэмэлт зардалтайгаар хэзээ, хэрхэн ногдол ашиг хүртэх вэ гэдэг л Засгийн газарт асуудал болоод байна. Гэхдээ төсөл Монголд үр өгөөжөө хэдийнэ өгч эхэлснийг санах хэрэгтэй. Мэдээж хэрэг ийм том төслийг хөгжүүлж, хэрэгжүүлэх нь тэр хэрээр хүндрэл бэрхшээл дагуулна. Миний хувьд уул уурхайн салбарт олон жил ажилласан туршлага дээрээ үндэслэж хэлэхэд уул уурхайн төсөлд хэзээд хүндрэл бэрхшээл байж л байдаг.

-Оюу толгой байгуулагдсан цагаасаа эхлэн өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд маргаантай сэдэв байсаар ирсэн нь үнэн. Гэхдээ одоо яригдаж буй энэ хэлэлцээний асуудал хэзээ жигдрэх, цэгцрэх төлөвтэй байгаа бол. Тоймтой хугацаа хэлж болох уу?

-Тодорхой хэлж чадахгүй нь. Жилийн турш бүх талууд хэлэлцээнд идэвхтэй оролцон ажиллаж байна. Цаг хугацааны хувьд хоолой дээр тулаад ирчихлээ. Ойрын хугацаанд шийдэх шаардлага үүсээд буй асуудал бол Оюу толгой төслийг хэвийн үргэлжлүүлэх нэмэлт санхүүжилтийг Оюу толгой компанийн ТУЗ-ийн хурлаар батлах эсэх. Оюу толгойн ТУЗ-д “Туркойз Хилл Ресурс” компани, Эрдэнэс Оюу толгой болон Рио Тинтогийн төлөөлөл байдгийг та бүхэн мэдэх байх. Цаг тулсан энэ асуудлаа шийдэх, хэлэлцээг эрчимжүүлэхээр ажиллаж байна.

-Рио Тинтогоос Засгийн газарт хүргүүлсэн захидалдаа 34 хувийн эзэмшлийн асуудлаар хэлэлцэж болно гэх санал хүргүүлсэн байсан. Энэ талаар Туркойз Хилл Ресурс компанийн байр суурь ямар байгаа вэ?

-Гол зүйл нь 34 хувийг хэрхэн эзэмших, түүний хэлбэрийг өөрчлөх тухай асуудал биш. Харин Монгол Улсад үргэлж маргаан дагуулж ирсэн энэ 34 хувийн эзэмшлээсээ ямар үр өгөөж хүртэж байгаа гэдгээ бодох хэрэгтэй болов уу. Төслийн хугацаа хэтэрсэн, зардал нэмэгдсэн зэргээс болоод Засгийн газарт үүсч байгаа асуудал нь 34 хувийг эзэмшсэнээрээ ногдол ашиг хүртэхгүй, өр төлбөрийн асуудлыг багасгах зэрэгт шийдэл олох хэрэгтэй болоод байна. Рио Тинтогоос хүргүүлсэн гээд байгаа саналд ч бид саналаа тусгасан. Үүгээр ч зогсохгүй энэ хоёр асуудал дээр тусгайлан өөрсдийнхөө шийдлийг санал болгосон. Засгийн газар төслийн хугацаа хэтрэх, зардал нэмэгдэхээс өмнө ямар үр өгөөж хүртэхээр байсан, түүнийг нь илүү үр өгөөжтэй байлгах санал дэвшүүлсэн.

-Зардлын хэтрэлт ер нь хэд болохоор байна вэ. Одоо зардал хэр хэтэрчхээд байгаа юм бол?

-Одоогийн байдлаар гүний уурхайн бүтээн байгуулалтын ажилд зарцуулж байгаа зардал, хөрөнгө оруулалт 5.3 тэрбум ам.доллараас 6.7 тэрбум ам.доллар буюу 1.4 тэрбум ам.доллараар нэмэгдэхээр байна. Үүнийг бид 2020 оны нарийвчилсан төлөвлөгөөндөө тусгасан. Бас цар тахлын нөлөөллөөр үүдэн гарч байгаа нэмэлт зардлыг бид хэлэх хэрэгтэй болов уу.

-22 тэрбум ам.долларын өр тэглэхээр шийдэгдэж байгаа гэсэн мэдээлэл байна. Үнэхээр тэглэх боломжтой гэж харж байна уу?

-Бид энэ асуудал Монголын ард түмэн болон Засгийн газарт тун чухал гэдгийг ойлгож байгаа. Хэрвээ би та бүхний оронд байсан бол яг л ингэж хандах байсан байх. Энэ бол Монгол Улсын Засгийн газрын хувь эзэмшлийн хувь ногдох Оюу толгой төсөлд оруулах Монголын талын хөрөнгө оруулалт. Бүх санхүүжилт, хөрөнгө оруулалтыг бид хийж байгаа. Одоогоор бид 12 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийчихээд байна. Энэ дунд Засгийн газрын 34 хувьд ногдох хөрөнгө оруулалт ч багтаж байгаа. Засгийн газар ямар ч мөнгө санхүүжилт гаргаагүй. Энэ хөрөнгө оруулалтыг Засгийн газрын өмнөөс “Туркойз Хилл Ресурс” компани гаргаж, Оюу толгой төслөөс ирээдүйд хүртэх ногдол ашгаас төлөхөөр тооцсон. Ногдол ашгийг хэзээ авдаг вэ гэхээр ашигтай ажилласан тохиолдолд ашгаасаа зардлаа хасаад, ногдол ашиг тараадаг гэдгийг мэдэх байх. Энгийнээр хэлэхэд, ирээдүйд үүсэх “өр” гэж томьёолоод байгаа асуудал маань одоогоор хаана ч бичигдэж тэмдэглэгдээгүй. Зөвхөн ашигтай ажилласан тохиолдолд ногдол ашгаасаа суутгах Засгийн газрын хувь эзэмшилд оруулах ногдох ногдол ашгаас Засгийн газрын хөрөнгө оруулалт гэдгийг ойлгох нь зүйтэй болов уу. Харамсалтай нь төслийн хугацаа хэтэрсэн, зардал нэмэгдсэн зэргээс шалтгаалж Монгол Улсын Засгийн газрын ногдол ашиг хүртэх үе ойрхон биш байгаа нь бид бүхний санааг зовоож байгаа. Тиймээс бидний дэвшүүлсэн санал яг энэ асуудлыг хөндөж, Засгийн газарт их хэмжээний “өр” хуримтлагдахгүй байж, ногдол ашгаа илүү хурдан хугацаанд авах нөхцөлийг бий болгоход чиглэгдсэн.

-“Оюу толгой” төслийг хэлэлцээ нэрээр хэт улстөржүүлж байна та гэж харж байна уу. Энэ төслөөс Монголд өгөх үр өгөөжийн талаар дурдаач?

– “Туркойз Хилл Ресурс” компанийн Гүйцэтгэх захирлын хувиар биш, миний хувийн бодол гэдгийг эхлээд онцолъё. Ромыг нэг өдөр бариагүй гэдэг шиг Улаанбаатар хотод ирэх бүрдээ хөгжил хэрхэн хурдацтай өрнөснийг харах надад таатай байдаг. Хөгжил, дэвшил үргэлж хоёр талтай процесс шүү дээ. “Оюу толгой” төсөл дээр ч мөн олон зүйл өөрчлөгдөж, хөгжиж ирсэн. Оюу толгой шиг том төсөлд тэр хэрээр олон талын байр суурь хэзээд байсаар ирсэн, байх нь ч ойлгомжтой. Гэхдээ 40 жил уул уурхайн салбарт ажилласан хүний хувиар би “Оюу толгой” төслийн ирээдүйд, потенциалд итгэж энэ ажлыг хийж байна.

“Оюу толгой” төсөл дэлхийн хамгийн шилдэг уурхайн нэгт тооцогдож, мега төсөл амжилттай хэрэгжсэн тод жишээ болж чадна гэдэгт би итгэдэг. Бид хамтдаа ямар гайхамшгийг бүтээв ээ гэдгээ хараад мэдлэг, чадвараараа дэлхийд гайхуулах, бахархах цаг ойрхон байна. Ойрхон гэж хэлсэн шалтгаан нь өнөөдөр гүний уурхайн мэргэжилтнүүдээрээ Өмнөд Африк тэргүүлж байгаа. Тэнд алмазын олон гүний уурхай бий. Одоогоос магадгүй тав, арван жилийн дараа Оюу толгойн гүний уурхайн мэргэжилтнүүд дэлхийн хаа нэгтээ байрлах уурхайд очиж, баг ахлаад тэр нутгийн мэргэжилтнүүдийг сургаж эхэлнэ. Одоо ч олон монголчууд дэлхийн бусад уурхайд ажиллаад эхэлж байгааг хэлэх хэрэгтэй.

-Хэтэрхий улстөржүүлж, асуудлаа дэлхий нийтийн анхаарлын төвд аваачиж байгаа нь алс хэтдээ Монгол Улсад ямар эрсдэл авчирна гэж та харж байна вэ?

-Дахиад өөрийнхөө хувийн байр сууриа илэрхийлье. “Туркойз Хилл Ресурс” компанийн Гүйцэтгэх захирлын хувьд биш. Шударгаар хэлэхэд энэ төсөл ярвигтай гэдгийг бид мэдэж байсан. Хугацаа хэтрэх, хөрөнгө оруулалтын зардал нэмэгдэх, тэгээд одоогийнх шиг түвэгтэй байдал үргэлж гарч л байдаг. Улс төрийн орчинд энэ төслийг шүүмжлэхийнхээ оронд төслөөрөө бахархаад хамтдаа урагшилъя гэж хэзээ хэлэх бол гэдгийг анхааралтай ажиглаж байгаа. Би Монгол Улсын Засгийн газрыг муухай харагдуулах гэж хэлээгүй. Тэд ард түмнийхээ төлөө хийх ёстой зүйлээ л хийж байна. Харин ч сайн ажиллаж байгаа. Төслөөрөө бахархаад энэ төслийг эдийн засагт, улс орондоо илүү их өгөөж авчрахыг л хүлээн зөвшөөрөөсэй л гэж хүсч байна. Бид Монголд Оюу толгойгоос гадна олон арван сайхан төсөл байгаа гэдгийг мэднэ. Хөрөнгө оруулагчдад ч Монголд санал болгох олон зүйл бий.

Эцэст нь, би гурван зүйлийг энд онцолж хэлье. “Туркойз Хилл Ресурс”, Рио Тинто, Оюу толгой компаниуд энэ төслийг урагшлуулах чин хүсэл эрмэлзэлтэй байгаа. Хоёрдугаарт, түрүүнд хэлсэн 1.4 тэрбум ам.долларын нэмэлт санхүүжилтийг ойрын хугацаанд батлах шаардлага тулгарч ирээд байна. Бид асуудалд аль болох Засгийн газрын байр сууринаас хандахыг хичээж ирсэн. Гуравдугаарт, Засгийн газрын санаа зовниж буй 22 тэрбум ам.долларын өрийн асуудалд бид шийдлээ санал болгосон. Удахгүй шийдэлд хүрнэ гэдэгт итгэлтэй байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

“Алтан тариа” компанийн захирал П.Цэнгүүн: ХАА-г дэмжих сан бол нэг Хөдөлмөрийн баатрын охин компани шүү дээ

ЦАНАА (Л.ЦАНДЭЛЭГИЙГ ХЭЛЭВ) ЯМАР ЗАХ ЗЭЭЛ МЭДЭХ БИШ, ПОПОРЧ Л БАЙХГҮЙ ЮУ…

“Алтан тариа” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Цэнгүүнтэй ярилцлаа.


-Энэ жилийн ургацын талаар ярилцлагаа эхэлье. Энэ жил хур бороо ихтэй байсан ч арвин ургац авна гэж ХХААХҮЯ-наас мэдээлж байна. Ургац хураалт дуусч байна уу. Танайх хэр их ургац авч байна вэ?

-Улсын хэмжээнд 550 мянган тонн буудай хураан авна гэсэн тооцоо гарсан байсан. Бодит байдал дээр хэд хүрэх нь одоогоор хараахан гараагүй байна. Урьдчилсан баланс нэг комбайн, бункерын жин өөр өөр гардаг. Хур бороо ихтэй, ялангуяа буудайн болц явагдах үед бороо их орсон, мөн сүүлийн үед цас орж ургац хураалтыг хойшлуулсан нь буудайн чанарт нэлээд нөлөөлж, гуриланд тэнцэх буудайн хэмжээ буурах байх. Чийг ихтэй буудай сүүлийн үед нэлээд ирж байна. Энэ нь элеваторт цэвэрлэж, шигшиж, хатаах шаардлага илүү их гарна гэсэн үг.

-Яам нэг тонн буудайг өрөндөө 800 мянган төгрөг, бусдыг нь 750 мянган төгрөгөөр худалдан авч байна. Гэтэл танай компани 690 мянгаар авна гэж. Ямар учраас ийм үнэ тогтоов. Бүх л юмны үнэ өсч байхад өмнөх жилийн үнээр авч байна гэж тариаланчид нэлээд бухимдалтай байна лээ…

-Буудайн үнэ эрэлт, нийлүүлэлт болон гурилын үнээс хамаардаг. Гурилын үнэ өмнөх жилийн долдугаар сарын түвшинд байгаа. Ковидын үед Засгийн газраас гурилын нийлүүлэлт үнийг зохицуулах үүднээс импортын буудайн бүх татварыг тэглэж, нэмж 100 мянган тонн аюулгүй байдлын нөөц бүрдүүлэх үүднээс 270 мянган тонны импортын квот олгосноор гурилын үнэ тогтвортой бага өссөн ач холбогдолтой. Энэ нь хэрэглэгчид таатай байсан.

Гэвч нөгөө талдаа гурилын үйлдвэрүүдийн гурилын болон буудайн үлдэгдэл нөөц их байснаас гурилын үйлдвэрүүд эргэлтын мөнгөө ургацанд оруулах гэж хоорондоо өрсөлдөн үнийг буулгасаар алдагдалд орж эхэлсэн. Ийм байдалтай байгаа8 дээр нь шинэ ургац өмнөх жилүүдээс арвин их авна гэхээр буудайн үнэ одоогоор өсөх шалтгаан байхгүй.

-Гэтэл улс илүү үнээр авна гээд байдаг?

-Улс гурил үйлдвэрлэдэггүй, зөвхөн буудай худалдан авч борлуулдаг тул асуудалд өрөөсгөл байдлаар хандсан болов уу. Ер нь тариаланчид, гурил үйлдвэрлэгчид, Яам гэсэн гурван оролцогчтой манай зах зээл сүүлийн хэдэн жилүүдэд тэнцвэргүй байдал бий болж гажуудал үүсээд удаж байгаа. Жил бүр өмнө нь Тариалан эрхлэлтийг дэмжих сан гэж байсан, одоо Хөдөө аж ахуйг дэмжих сан энэ зах зээлд оролцож нэг талаас тариаланчдадаа дэмжиж, шаардлагатай техник, үр, хор гербицид зээлээр олгож хүнсний буудайнд шууд татаас урамшуулал олгодог. Нөгөө талдаа улс худалдан авсан энэ их буудайгаа гурилын үйлдвэрт худалдан борлуулах гэж авдаг. Нэг ёсны буудайн ченж хийдэг гэсэн үг. Сан гол гол элеваторуудыг эзэмшдэг тул буудай хүлээн авах, шинжлэх, цэвэрлэх, хатаах, хадгалах, ачих гээд нэлээд өртөг зардал улсаас гаргадаг. Жилдээ 4-5 тэрбум төгрөг зарцуулдаг. Ченж маань энэ зардлаа авсан үнэ дээрээ нэмэлгүй, алдагдалтайгаар нэг л гурилын үйлдвэрт зардаг жишиг тогтсон. Нэг хөдөлмөрийн баатрын гурилын үйлдвэрт ондоо багтааж ямар ч тендергүй, хаалттай, хуйвалдаад зарчихдаг.

Тэгэхээр тэр гурилын үйлдвэр нь улсын буюу татвар төлөгчдийн хөрөнгө мөнгөөр үйлдвэрийнхээ түүхий эдийг бэлтгэн нийлүүлж улсыг хохироодог гэсэн үг. Ийм гаж, шударга бус байдал жил бүр давтагддаг. Тиймээс улсын авч байгаа үнэ хэд байх нь огт хамаагүй, тэртэй тэргүй алдагдалтай нөгөө компанидаа нийлүүлэх учраас.

-Хууль бус биш үү. Та нар зохих байгууллагад нь хандаж байсан уу?

-Энэ шударга бус үйлдлээ зогсоохыг удаа дараа яаманд тавиад, бүр сүүлдээ АТГ-т хүртэл хандаад нэмэр болоогүй. Тиймээс Хөдөө аж ахуйг дэмжих сан гэдэг бол нэг хувийн компанийн охин байгууллага. Хөдөө аж ахуйг дэмжих санд тушааж байгаа буудай бол тэр нэг баатарт тушааж байгаа буудай шүү гэдэг. Ийм гаж тогтолцоог засах төрийн байгууллага огт байхгүй нь манай зах зээлийг тэнцвэргүй, доголдолтой байдалд хүргэдэг юм.

-Тэгэхээр Хөдөө аж ахуйг дэмжих санг яах ёстой гэж та харж байна?

-Зах зээл дээрээс бараа худалдан авч борлуулдаг бизнес хийдэг ч тусгай сангуудын хуулийн дагуу үйл ажиллагаа нь явагддаг тул ямар ч татвар төлдөггүй манай гол өрсөлдөгч. 90-ээд онд хувьчлагдсан гурилын үйлдвэрүүдийн элеваторуудыг буцааж төрд шахаж үүссэн түүхтэй. Шахааны бизнес нь явагдсаар байгаад өнөөдөр 150 гаруй тэрбумын үндсэн хөрөнгөтэй, 250 тэрбумын авлагатай, 200 тэрбумын өглөгтэй, жилдээ 40 гаруй мянган тонн буудай зарж, 25 тэрбумын орлого олж улсаас татаас авч зардлаа нөхдөг. Анх буудайн сан, дараа нь Тариалан эрхлэлтийг дэмжих сан одоо Хөдөө аж ахуйг дэмжих сан гэж нэрийг нь сольсон болохоос биш өөр дорвитой өөрчлөлт хийгээгүй явж ирсэн. Цаашид улсад маш том дарамт, авлигын эх булаг л болох газар. Тиймээс яаралтай хувьчлах хэрэгтэй. 65 гишүүнтэй нам айгаад байгаа бол ядаж хувьцаат компани хэлбэрт оруулж бизнесээ ил тод явуулж, зах зээлд шударга өрсөлдөх хэрэгтэй. Яам хувийн хэвшилтэйгээ өрсөлдөж, бизнес хийж, хамт тоглох бус салбарын бодлого стратеги тодорхойлж шударга өрсөлдөөний шүүгч нь байх ёстой.

-Таныхаар энэ зах зээлд төр оролцсоноор буудайн үнэ бага байна гэж хэлэх гээд байна уу?

-Яг тийм. Аливаа төрийн оролцоо зохицуулалт нь хомсдол эсхүл илүүдэл үүсгэдэг. Манай зах зээлд хэт оролцож илүүдэл үүсгэснээр үнэ бага байхад бензин дээр хомсдол, үүсгэх жишээтэй. Уг нь буудайн дэлхийн зах зээл жилийн дотор 25 хувь өссөн байтал манайд өсөхгүй байгаа нь үүнтэй холбоотой. Мөн нүүрсийг аваад үз. Дэлхийн зах зээлд өндөр үнэтэй байхад манайх зарж чадахгүй, үнэгүй шахуу байж л байна. Чөлөөт зах зээлд итгэдэггүй хүмүүсийн хийдэг зүйл бол төр бүхнийг зохицуулж чадна гэдэг. Харамсалтай нь, олон сая хувь хүмүүсийн сонголт янз бүр, субьектив байдаг тул тэр болгоныг төвлөрүүлж нэгтгэн төлөвлөнө гэдэг бол бүтэхгүй. Тиймээс ч төвлөрсөн төлөвлөлт буюу социализм дампуурсан түүхтэй.

-Л.Цандэлэг гуай дөрвөн гурилын үйлдвэр хуйвалдаж үнэ тогтоож тариаланчдын хүч хөдөлмөрийг үнэгүйдүүлж байна гээд байгаа. Мөн улс 100 мянган тонн буудайг худалдаж ав, эсхүл экспортлох зөвшөөрөл олго гэсэн ч шаардлага тавьж харагдах юм…

-Хэрвээ гурилын үйлдвэрүүд үгсэн хуйвалдсан бол буудайн үнэ дээр бус гурилын үнийг нэмэх дээр хуйвалдана биз дээ. Тэр нь хамаагүй ашигтай. Харин эсрэгээгээ 100 мянган тонн үлдэгдэл нөөц ихтэй тул ширүүн өрсөлдөж үнээ буулгаснаас ийм байдал үүссэн байхгүй юу. Цанаа (Л.Цандэлэгийг хэлэв. сурв) яахав дээ, зах зээлийн мэдээлэл, бодит байдлаа сайн хараагүй л попорч байхгүй юу. Өмнө нь хөгжлийн сангаас 100 мянган тонн буудай улс худалдан авч байсан.

Авсан буудайгаа 20 тэрбумын алдагдалтай зарж улсыг хохироосон. Тэрийгээ давтах гэж үү. Эхлээд ургацаа авчих хэрэгтэй. Түүнээс гурилд хэд тэнцэх нь үү, тэжээл, спиртэнд хэд шилжих нь үү, цаана нь хэр их үлдэгдэл гарах вэ гэдэг бодит тоогоо гаргах нь зүйтэй. Үнэхээр гурилын стандартад тэнцэх буудай илүүдээд байвал экспортолж болно. Гэвч өнөөдрийн манай буудайн чанар стандарт ямар байгаа билээ. Хятадын авдаг буудайн чанарт тэнцэх буудай олдохгүй л болов уу. Чийг өндөр, асар их хольцтой буудай гадаад худалдааны эргэлтэд орохгүй. Экспортлохын тулд өнөөдрийн 14-15 цн бус улсын дундаж 30 цн ургац авч байж экспорт ярих нь дээр байх. Тариаланчид төрөөс дэмжлэг их шаардаж авдаг. Энэ дэмжлэг нь халамж болчихсон. Халамж нь хэтрэхээрээ зах зээлээ хорлож сүйтгэдэг.

-Буудайны үнэ бага учраас тариаланчид ирэх жилээс улаан буудай тарихгүй рапс ихээр тарина гэж байна. Энэ нь цаашдаа хөрсөнд муу биш үү?

-Яалаа гэж. Маш зөв. Рапс тарих нь илүү ашигтай. Борлуулалт нь зах зээлийн жамаараа, төр оролцдоггүй тул үнэ нь дэлхийн зах зээлийн түвшинд хүрдэг. Монгол 700 мянган га-д жилдээ тарьдаг үүний 100 мянга буюу 15 хүрэхгүй хувьд рапс тарьж байгаа. 30 хувь хүргэхэд асуудалгүй. Рапс сэлгээнд хэрэгтэй.

Дараа жил нь буудай тарихад маш сайн өмнөх таримал. Тиймээс рапс их таривал дараа жил буудай бас их сайн ургана гэсэн үг. Энэ жил нэг юм харууллаа. Хур бороо, ус ихтэй жил байсан. Үр тарианд ганц ус чийг хангалтгүй гэдгийг харуулсан. Тиймээс га-ын ургац тийм ч их биш, чанар ч бас тийм сайн биш жил болж байна. Учир нь үр тариа хөрснөөс шаардлагатай хооллолтоо авч чадаагүй. Ургамалд нэн тэргүүнд азот, кали, фосфор гээд 15 төрлийн элемент шаардлагатай байдаг. Хөрсөнд эдгээр элементүүд нь байхгүй бол ургац нэмэгдэхгүй. Яахав уринш хийж 20 цн авч болно. Уринш гэдэг бол нэг жилийн хугацаанд хөрсөндөө 20-30 кг азот хуримтлуулж байна гэсэн үг.

Гэтэл нэг тн буудайнд 25-30 кг азот заавал шаардлагатай байдаг. Хэрэв 50 цн ургац авъя гэвэл зөвхөн 34 хувь азотоос 430 кг/га-д цацаж байж л ийм ургац авна. Үүнд элдэв ид шид огт хэрэггүй. Зөвхөн тоо, шинжлэн ухаан л хэрэгтэй. Жишээ нь, манайх энэ жил рапс тарьсан. Үр нь рапүүл, нийлмэл бордоо хэрэглээд 23-24 цн/га авлаа. Гэтэл муу үр, бордохгүйгээр улсын дундаж 6-7 цн л байх жишээтэй.

-Саяхан танай компани талхны шинэ үйлдвэр нээсэн байна лээ. Энэ талаараа яриач?

-Ковидын хүнд хэцүү үе байгаа ч бид хөрөнгө оруулалтаа хийсээр ирлээ. Одоогоор гурван төрлийн шинэ талх зах зээлд гаргаад байна.

Монголд анх удаа амьд хөрөнгөөр улаан буудай-хөх тариан талх хийдэг технологийг оруулж ирсэн. Чех, Герман гээд хойд зүгийнхэн их иддэг талх.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

А.Цогцэцэг: Өвчний анхны шинж тэмдэг илрэхэд цаг алдахгүй шууд гарааны эмчилгээг хийх тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэй

Монголын Эрүүл мэндийн нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооны тэргүүн, анагаах ухааны доктор Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэгтэй ярилцлаа.


-Ковидын нөхцөл байдлын талаар ярилцлагаа эхэлье. Өнөөдрийн байдлаар нөхцөл байдал хэрхэн өрнөж буйг та өөрөө мэргэжлийн хүний нүдээр, бас өмнө нь салбар удирдаж байсан хүний хувьд юу хэлэх вэ?

-Надаар хэлүүлэлтгүй нөхцөл байдал маш хүндэрсэн гэдгийг хүн бүр ойлгож байгаа. Цар тахлын маш хүнд нөхцөлд иргэдийн эрүүл мэндийг хамгаалахын төлөө төр захиргааны байгууллагын шуурхай байдал, гаргасан тушаал шийдвэрийн хэрэгжилт хэрхэн оновчтой хүндээ хүрч байгаа, хэр тооцоо судалгаанд үндэслэгдэж алсыг харсан шийдвэрүүд байв гэдгээс шалтгаалан олон хүний амь насыг зэрэг аврах, эсвэл эс аврах байдлаар үр дүн нь гарч байна гэдгийг онцлох нь зүйтэй. Гарч буй шийдвэрүүд нь хэрэгжүүлж буй нэгжүүддээ дарамтгүй, тусламж авч байгаа хүндээ хүрсэн, санхүүгийн оновчтой зохион байгуулалттай байх нь чухал. Их мөнгө гаргаснаараа их сайн ажиллаад байдаг зүйл бас биш. Бага мөнгө гаргаснаараа муу болоод ч байдаг зүйл биш. Гол нь оновчтой, үр дүн өгөх зөв зохион байгуулалт. Жишээлбэл, цар тахлын амаргүй хүнд нөхцөлд ажиллаж буй өнөөгийн нөхцөлд сайшаал магтаал, шүүмжлэл гэхээс илүүтэйгээр нөхцөл байдлын үнэлгээ, эрдэмтэн мэргэдийн санал зөвлөмжүүд чухал. Иймд өнөөгийн нөхцөл байдалд үнэлгээ хийж хэд хэдэн зүйлд анхаарлаа хандуулаасай гэж хүсмээр байна.

-Иргэд вакцинжуулалтад хамрагдаад байгаа хэдий ч халдвар буурахгүй байгаа шалтгааныг та юу гэж харж байна. Сүргийн дархлаа тогтчихоогүй юм уу. Хичнээн иргэн вакцинжуулалтад хамрагдаж байж халдвар буурах юм бэ?

-Сүргийн дархлаа гэж тархвар зүйн нэр томьёо л доо. Хүн амын дунд тухайн үүсгэгчийн эсрэг хүн амын хэдэн хувийг вакцинжуулснаас хамаарч тогтоодог. Жишээ нь, улаанбурхан корь хүн амын дунд 90-95 хувь нь вакцинжуулсан тохиолдолд бусдыг хамгаалах чадамжтай гэж үздэг. Саяхны жишээнээс эш татахад, 2015 онд улаанбурхны эсрэг вакцинжуулалт буурахад манайд ямар аюулын харанга үүслээ дээ. Харин өнөөдөр коронавирусийн тархалт тархвар зүй талаасаа маш хурдтай, маш хоруу чанартай иргэдийн амь нас амьдарлын чанарт маш их эрсдэл үүсгэж байна. Ийм тохиолдолд сүргийн дархлаа тогтоохоор барахгүй давхар давхар бүхий л арга хэмжээг зэрэг зэрэг авах ёстой. Одоо манай улсын хувьд иргэдийн 70-80 хувь нь өвдөж том эрсдэлээр биологийн цөөн сарын дархлаатай болж байна. Энэ бол халдварт өвчний тархалтын маш муу үзүүлэлт гэж би харж байгаа. Дахиад хэдэн сарын дараа өөр мутацилагдсан хувилбараар өвдөх магадлалтай, хэдэн ч өөр илүү хоруу чанартай мутаци хувилбар гарч ирэхийг хэн ч таашгүй боллоо. Ер нь олон орны эрдэмтдийн судалгааг үзээд байхад SARS-CoV-2 эсрэг биеийн дархлаа тогтоц маш муу үзүүлэлт гарч нийт судалгаанд хамрагдсан хүмүүсийн тав хүрэхгүй хувь нь эсрэг биет үүссэн судалгаанууд хүртэл байна. Энэ бол маш аюултай харамсалтай нөхцөл байдал үүсэхийн дохио. Ийм байхад яагаад олноороо нэг газар бөөгнөрөх эрсдэлийг бий болгож, хуулиа зөрчөөд байгааг гайхаж байна. Эрүүл мэндийн салбар чинь маш хүнд нөхцөлд ажиллаж байна. Ачаалалаа даахгүйд хүрлээ. Хүний нөөц дутагдаж эм тариа тасалдлаа, иргэд хүндэрч байна. Сэхээн амьдруулахын ор хүрэлцэхгүй байна шүү дээ.

-Анхан шатны өрх сумын эмнэлгийн тусламж үнэхээр хүнд байна. Одоо бидэнд ямар арга хэмжээ үгүйлэгдэж байна вэ?

-Цар тахлын үед нэн тэргүүнд анхан шатны өрх, сумын эмнэлгийн үйлчилгээг бүх талаар дэмжих, бэхжүүлэх тэр дундаа хүний нөөцийн дутагдлыг нэн яаралтай нөхөх, эмч сувилагч багадаа 2-3 хүнээр нэмэх хэрэгтэй. Эрүүл мэндийн салбарынхан, өрх, сумын эмнэлгүүд ханасан хүчээрээ давхар давхар чиргүүлтэй зүтгэж байна. ӨЭМ-ийн Төвд одоо олгож байгаа тушаал, тогтоол шийдвэрийн хүрээнд ЭМД-аас олгох санхүүжилтээ цаг хугацаа алдалгүйгээр шуурхай олгох ёстой. Өрхүүд санхүүжилт нь удаан орж байгаа тул өрөнд орж эмээ авч чадахгүйд хүрч байна. Гэхдээ аливаа асуудал хоёр талтай. Анхаарах хэд хэдэн зүйл бий. Анхан шатанд гэрээр эм олгохдоо хүн бүрээс асуумж авч тохирох эмчилгээг нь олгох хэрэгтэй. Зарим хүмүүст нэгдсэн журмаар олгож буй багцын зарим эмнүүд нь өвчтөнд мэдрэг биш байна. Учир нь өөр өвчнүүд туссан үедээ хэрэглээд мэдрэг биш байдал үүссэн байна. Энэ үед хүн болгонд адил эмчилгээ багцалж өгч болохгүй. Асуумж авах, суурь өвчнүүдийг тооцоолох нь зөв. Хүндрэлээс сэргийлэх үндсэн эмчилгээндээ анхаарах хэрэгтэй. Энэ нь онилсон эмчилгээг хэрэгтэй цаг хугацаанд нь хэрэгцээтэй үед нь хийгээгүйгээс амь нас болон амьдралын чанарт нь нөлөөлж эрсдэлд оруулах магадлал өндөр.

-Өрхийн эмнэлгээр олгож буй эмийн багцын тухайд та шүүмжлэлтэй ханддаг?

-Зарим өрхийн эмнэлгүүд сайн багц бэлдэж өгч байна. Зарим өрхийн эмнэлэг ач холбогдол багатай эм өгч байгаа нь тэгш шийдэл биш. Сүүлийн үед эмчилгээг тав хоногоор өгч байгаа ч цааш үргэлжлүүлэн 7-10 хоног эм уулгах шаардлага ч гарч байна. Өрхийн эмнэлгээр олгож буй 160000 төгрөгийн гэх багцын санхүүжилт оновчтой эсэхэд дахин нягтлах шаардлагатай. Гэхдээ энэ багц олон хүний амь насыг аварсан шүү. Үгүйсгэж огт болохгүй. Харин одоо энэ тархвар зүйтэйгээ харьцуулаад ирэхээр арай л өөрчлөх шаардлага бий болчихлоо. Өвчлөл эрс нэмэгдчихлээ. Дельта мутаци давамгайлж хоруу чанар нь ихэслээ. Яг энэ үед нийтийг хамарсан бодлого барих нь зөв.Эмч нь эмээ хайж явахаар энэ их ачаалалтай үед 10 хүн ч болов үзэж зөвлөгөө өгсөн нь дээр. Харин гол чухал нэр төрлийн сонгомол үйлчилгээтэй вирусийн болон бактерийн эсрэг эмийг (Ремидисивир, остельтамивир, арбидол, веферон, Азитромецин, клиндомецин) тодорхой хугацаанд ЭМД-аас 50-70 хувь хүртэл хөнгөлчих нь зүйтэй юм. Бусад дархлаа дэмжих эм, витаминүүдээ иргэд өөрсдөө аваад ууж болно. Гол нь энэ даатгалын мөнгө чинь иргэн хүн бүрийн татварын мөнгө байх тул хүртээмж талдаа анхаарах л ёстой юм. Харин өрхийн эмнэлгүүд эмийг эмчийн жороор, эмийн сангуудаар олгох болсон үед тэдэнд өвдсөн иргэдийн тоогоор үйлчилгээний санхүүжилтийг нь төрөөс нэмэлт олгодог болох нь одоогийн хууль журамд нийцнэ. Хоёрдугаарт, өвчний анхны шинж тэмдэг илэрхэд цаг алдахгүй хүнээ шууд гарааны эмчилгээг хийх тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэй. Ингэхийн тулд ӨДРИЙН СТАЦИОНАР олноор байгуулах хэрэгтэй. Өвдсөн хүн өдрөөр ирээд судсаар явуулдаг вирусийн эсрэг тариагаа цагийн Антибиотек бусад зүйлээ хийлгээд гэр лүү нь буцаагаад хянаад байх боломж бий. Одоо ажиллаж буй тусгаарлах байраа өдрийн стационар болгочихвол нэг ор, нэг хоногт найман хүн аваад тусламж үзүүлээд гаргачих боломтой. Ингэж чадваас хэвтэн эмчлэх орны ачаалал буурна. Иргэд ч айж сандраад байх зүйлгүй. Харин тэднийг эрэмбэлэн ангилдаг биеийн байдалд зөв үнэлдэг эмч хэрэгтэй. Үүнд дахиад л хүний нөөц эмч эмч сувилагчийн хэрэгцээ яаралтай хэрэгтэй. Гуравдугаарт, орны эргэлтээ хурдан болгох хэрэгтэй. Хөнгөн өвчтөнөөр ороо дүүргэж зохиомол орны хомсдолд оруулж байгааг зогсоох шаардлагатай. Ковид эмчилж буй ортой эмнэлгүүдэд зургаа хоног хэвтсэн тохиолдолд ЭМД-аас уг иргэний санхүүжилт олгоно гэсэн өрөөсгөл шийдвэр нь орны эргэлтэд сөрөг нөлөө үзүүлж байна. Энэ нь орны дийлэнхийг хөнгөн өвчтөн эзлэх боломжийг бүрдүүлж байгаад анхаарах ёстой.Хэвтэн эмчлүүлэгчдийг хэвтсэн даруйд нэг цагийн дотор эмчилгээнд оруулдаг яаралтай УЛААН шугам бий болгож хүндрэлээс сэргийлэхэд онцгойлон анхаарах нь зүйтэй. Яг өнөөдөр ийм байдлаараа яваад байвал сэхээн, эрчимт эмчилгээний ороо нэмэхгүй бол үхэл улам ихэснэ. Иймд анхан шатаа л бэхжүүлэх хэрэгтэй байна. Иймд түүн дээр ажиллах эмч нараа яаралтай сургах.Уг шийдвэрийг эргэж хараасай.

-Өнөөдөр манайх эмчийн хомсдолд орох нь. Цар тахлын улмаас 500 гаруй эмч, ажилчид сайн дураараа ажлаас гарсан гэх тоо баримт байна. Эмч, эмнэлгийн ажилчдыг бодлогоор хэрхэн нэмэгдүүлэх вэ?

-ЭМЯ-ны хүний нөөцийн бодлогыг зохиомлоор хомсдолд оруулж буй бодлогын алдааг нэн яаралтай засаж залруулах хэрэгтэй. Цар тахлын үед салбар хоорондын бодлого маш чухал. Эрүүл мэндийн яам БШУЯ, Сангийн яамтайгаа Засгийн газрын түвшиндээ хэлэлцэж тулж ажиллах, харилцан тусалцах хэрэгтэй байна. Цар тахлын үед амиа бодож явцуу эрх ашгийг бодох цаг нь биш. Гурван сая хүн чинь өдөртөө хэдэн зуугаараа хорогдож хойч ирээдүйн насжилт, амьдралын чанарт нь нөлөөлсөн харанга буусан шүү. Өмнө нь энэ асуудлаар би мөн ч олон ярьж байсан.Бүх Анагаахын их, дээд сургуулиуд БШУЯ-ны харьяа байдаг. Иймд ЭМЯ- нь БШУЯ тай тухайн үед Анагаах төгсөх курсийн оюутнуудаа хурдавчлан шахаж төгсгөөд, резидентэд сурах хүсэлтэй олон мянган хүлээгдэж байгаа 3000-3500 эмч нараа сургаад авсан бол одоо бид даруй 6000 эмч, түүнээс дутахгүй сувилагчтай сууж байх байсан. Одоо ажиллаж байгаа хэдэн эмч, эмнэлгийн ажилчдынхаа махыг зулгаахгүй л байлаа. Цар тахал шүү дээ. Тэд бүгд шантарсан. Авдаг цалин байхгүй, авах нийгмийн халамж байхгүй, ард нь хамгаалаад зоригтой дуугарчих хүн ч байхгүй байна. Тэдэнд одоо үлдсэн хэд нь чин сэтгэл нь сэлүүрдэж л зүтгэж байна. Одоо ийм байдлаар цааш удаан явахгүй ээ. Тэд нурж унахад бэлэн байна. Бид чинь хувь, хувьсгалын 11 Анагаах ухааны их, дээд сургуультай эмчийн эх орон. Саяхан резидентэд сургах шалгалт авсан жил бүр 2000 гаруй хүүхэд шалгалт өгч 750 орчим хүүхэд л ордог. Сургалтын бааз байхгүй гэдэг шалтгаанаар хасагддаг. Би сайд байхдаа хоёр дахь шатлал хөдөө орон нутагт резидент бэлтгэх ЖАЙКА олон улсын байгууллагын төсөл авч тэдний санхүүжилтээр дөрвөн аймагт бэлдэж эхэлсэн. Түүнээс хойш таван жил боллоо. Одоо хэд болсныг мэдэхгүй байна. Дижитал Монгол болсон юм чинь нэг хөтөлбөртэй болгож АШУИС-ийн багш нараас лекцүүдээ онлайн байдлаар аваад орон нутаг болон нэгдсэн эмнэлгүүддээ дадлагаа хийх бүрэн боломжтой. Үүнээс гадна төр хувийн түншлэлийн хүрээнд хувийн төрөлжсөн мэргэжлийн төв, төв эмнэлгүүдийн хүсэлтийн дагуу сургалтын баазаа тэлэх бодлого явуулах шаардлагатай. Резидентэд хүндэтгэн үзэх шалтгаантай, шалтгаангүй шалгалтанд тэнцээгүй гэх үндэслэлээр элсэж чадаагүй бүх эмч нарыг яаралтай дуудаж өрх дээр анхан шатанд зургаан сар үр дүнтэй ажилласан тохиолдолд резидентэд шууд элсүүлнэ гэхэд хүний нөөц бүрэн хангагдаж орц болгон гудамж болгон 1-2 эмчтэй болно. Маш амархан шийдэл байгаад дүгнэлт хийж гарах шийдвэрээ тодорхойлох хэрэгтэй.

-Жилээс жилд л эмнэлгийн ажилчдын цалин хөлсний асуудал хөндөгддөг. Дорвитой үр дүнд хүрэхгүй л байх шиг?

-Одоо УИХ төсөв хэлэлцэж байна. Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин урамшууллыг дорвитойхон нэмээд улсын дундаж цалингийн жишигт нь хүргээд өгөөч. Боломж бий. Энэ салбарыг ингэж бүх талаас нь шахаж унагаагаад байгаа зориудын далд бодлого нь юу гээч юм байгаа юм бол. Эрүүл чийрэг иргэнтэй байж эх орон хөгжинө. Энэ салбарынхны нэг жилийн цалинг нэг дахин нэмэхэд улсын өр нэмэгдэж гай барцад тохиолдох юм юу л бол.Тэвчиж болох үрэлгэн зардал манай улсын төсөвт их бий шүү. Тэдний цалинг ганц нугалаад нэмэхэд л ойролцоогоор нэмэлт 650-700 тэрбум л гарах байх гэж баримжаалж байна. Тэд таван саяын цалин нэхээгүй. Бусад орны эмч нарын цалинтай зүйрлэх ч юм биш. Нөгөөтэйгүүр улаан бүсэд ажиллаж буй эмч, ажилчид төдийгүй бусад эмнэлгийн ажилчид ажил үүргээ гүйцэтгэж явахдаа халдвар авсан тохиолдолд олгодог нөхөн олговрыг нь хуулийн хүрээнд нь олгодог байх боломжийг эрх зүйн орчинд нь нийцүүлэн олгох хэрэгтэй. Хууль нь байгаа ч алаг цоог хэрэгжиж байна.

-Коронавирусийн халдвараар эхний гурван өдөрт нь эрчимтэй эмчилж чадвал үхэх шалтгаанд хүрэхгүй гэж та жиргэсэн байсан. Өөрөө ч 1000 гаруй хүнд онлайнаар зөвлөгөө өгч эмчилсэн юм билээ. Энэ талаараа яриач?

-Коронавирусийн халдвараар эхний гурван өдөрт нь эрчимтэй эмчилж чадвал үхлийн шалтгаанд хүрэхгүй. Харин эмчилгээгүй 6-8 цаг байхад шууд хүндэрч байгааг анхаарах хэрэгтэй байна. Эрүүл мэндийн нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооны тэргүүний хувиар цар тахал эхэлсэн өдрөөс эхлээд л зөвлөмжүүдийг төр захиргааны байгууллага, ард иргэдэд ч өгсөөр байгаа. Аливаа өвчний тавиланд онош, гарааны эмчилгээ, цаг хугацаа гурав алтнаас ч илүү үнэтэй. Амьсгалын замын гоц халдварт ковидын тахлын яаралтай тусламжийг хэр богино хугацаанд авах, түүнээс сэргийлэх арга хэмжээг урьдчилан тооцож үнэлж чадна, тэр хэрээр иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар хүртээмж сайжрах нь олон улсын дүрэм. Цахим хэлбэрээр нийтэд зөвлөгөө өгч, хандсан өвчтэй хүн бүрд эмнэлгийн тусламж үзүүлж эдгэрүүлж, эмнэлгийн орны ачааллаас хуваалцаж байгаа. Олон ч эрсдэлтэй хүмүүст эмчилгээ гэрээр нь хийсэн. Тэднээс хүндэрч ийм тийм болсон юм одоогоор алга л байна. Хүнээ зөв үнэлээд өдрийн 4-5 удаагийн онлайн хяналтаа пульсоксиметрийн тусламжаар хянаад явахад бас болж л байна. Харин эмчилгээнийхээ хяналтыг заавал хийж рентген, КТГ-д харуулах их чухал. Эмч хүний хувиар ч, салбар хариуцаж байсан хүний хувиар ч өдрөөс өдөрт хүндэрч буйн нөхцөл байдлыг зүгээр хараад суух боломжгүй байна. Боломж л гарвал 10 хүнийг үхэл хагацлын заагт оруулчихгүй юмсан гэж зүтгэж явна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

​30 хувь нь гуравдугаар тундаа хамрагдвал тахал бараг дуусна

Манай улс коронавирусийн эсрэг вакцины гурав дахь тун буюу дархлаа сэргээх нэмэлт тунгаар 18 болон түүнээс дээш насны иргэдээ дархлаажуулж эхэлсэн. Нэмэлт тунг хийлгэхдээ “Пфайзер” болон “Синофарм”-ын вакцинаас сонгож тариулж байгаа. Сонголт элбэг байна. Энэ тунг хийлгэснээр коронавирусийн халдвараар өвчлөх магадлал буурч, хүндэрч нас барах нь багасна гэж мэргэжлийн хүмүүс хэлж байгаа. Бүүстэр тун дельта хувилбарын эсрэг “хүчирхэг” дархлаа тогтоож байгаа талаар дэлхийн томоохон хэвлэлүүд ч мэдээлж буй. Манай улс дархлаажуулахаар зорьсон нийт хүн амынхаа 65.7 хувийг вакцины бүрэн тунд хамруулж чадсан. Энэ бол чамлахааргүй үзүүлэлт. Харин дархлаа сэргээх нэмэлт тун буюу гуравдугаар тунд 366,127 иргэн хамрагдаад байна. Энэ тоо нийт хүн амын 30 хувьд хүрч байж тохиолдлын тоог хоёр дахин, хүнд өвчлөлийг гурав дахин бууруулах тооцоотой. Гурван тундаа хамрагдсан хүний дархлаа 99 хувь байна. Түүнчлэн гурав дахь тундаа тариулаад 14-өөс дээш хоносон хүмүүст дархлаа тогтоц маш өндөр үзүүлэлттэй гарч буйг ХӨСҮТ-өөс гаргасан байна.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 2.8 сая тун вакцин байгаагаас 800 мянган тун нь 2021 оны арванхоёрдугаар сарын 31-нд хугацаа нь дуусна. Иргэд дархлаа сэргээх нэмэлт тундаа хамрагдахгүй байвал энэ их хэмжээний вакцин хаягдал болох эрсдэл бий. Тиймээс хамрагдалт хангалтгүй байгаа энэ үед дархлаа сэргээх нэмэлт тунд итгэх олон нийтийн итгэлийг дээшлүүлж, вакцин хийлгэх хүний тоог нэмэгдүүлэх нь туйлын чухал болчихлоо. Иргэд ч эрүүл мэндийнхээ төлөө вакциндаа идэвхийлэн хамрагдах цаг үе ирчихээд байна.

Хамгийн аюултайд тооцогдож буй дельта хувилбарыг газар авахуулахгүйн тулд вакцины бүүстэр тун буюу гуравдагч өдөөгч тунг тарих нь зүйтэй гэж дэлхий нийтээр үзэж байна. Халдвар их тарах тусам “Ковид-19” өвчний хүндрэл, нас баралт ихсэх магадлал хурдтай өснө. Энэ нь эргээд эрүүл мэндийн салбартаа даац нэмж, өвчилсөн иргэд хяналтаас гарч, хэрээс хэтэрнэ. Ийм л хүнд нөхцөл байдалтай тулчихгүйн тулд бид дархлаа сэргээх нэмэлт вакциндаа л хамрагдах шаардлагатай байгаа юм.

Дархлаа сэргээх нэмэлт тун хийснээр дархлаагаа илүү урт удаан хугацаанд хамгаалах боломжтой болж байгааг олон улсад болон Монгол Улсад хийсэн судалгааны үр дүнгүүд харуулж байна. Мөн Монгол Улсад вакцины дархлаа сэргээх нэмэлт тунд хамрагдсан хүн амд хийсэн судалгаагаар гурав дахь тунд хамрагдсанаас хойш 14 хоногийн дараа 0.1 хувь нь л халдварт өртсөн байна. Энэ бол вакцины нэмэлт тун өндөр үр дүнтэйг харуулж байгаа хэрэг. Вакцин бол дэлхий нийтэд ХХ зуунд анагаахын шинжлэх ухааны салбарт гарсан 10 том ололтын нэг. Вакциныг халдварт өвчнөөс сэргийлэх шидэт ерөндөг гэж дэлхийд үздэг. Хэрвээ вакцин байхгүй байсан бол дэлхийн хүн амын тал нь байхгүй байх аж. Сүүлийн үед “Халдварт өвчнийг бороо гэж үзвэл вакцин шүхэр нь юм” гэж үзэж байгаа талаар мэргэжилтнүүд дуу нэгтэй хэлж байна. Ер нь бид энэ айхавтар тахлыг вакцинаар л дийлнэ. Тиймээс одоо гуравдугаар тунг идэвхжүүлэхийн тулд явуулын дархлаажуулалтын цэгүүдийг олноор байгуулж, их дээд сургуулиуд, томоохон оффис, кино театр, үзвэр үйлчилгээнүүдийн үүдэнд вакцины цэг байршуулмаар байна. Иргэд хаана их төвлөрч байна, тэнд вакцины цэгүүдийг байршуулах хэрэгтэй. Бүр их дээд сургууль бүрт дотор нь вакцины цэг байгуулах хэрэгтэй. Хичээл сургууль, ажлын байран дээр нь заавал гуравдугаар тунд хамрагдсан байхыг шаардах хэрэгтэй байна. Одоо ер нь гуравдугаар тундаа хамрагдсан иргэдэд үйлчилгээний газрууд үйлчилдэг болох нь зүйтэй. Өөрийгөө болон өрөөлийг эрсдэлд оруулахгүй байх ухамсартай иргэдэд бүх үйлчилгээний газрууд үйлчилгээгээ үзүүлдэг болъё. Дэлхийн алдар цуутай одууд вакцин бол ганц найдвар хэмээн, өөрсдийн шүтэн бишрэгчид, цаашлаад улс орныхоо иргэдийг вакциндаа хамрагдахыг уриалж байна. Манайд ч гялайж гялтайх хэдэн одод маань иргэдээ ингэж уриалах хэрэгтэй. Бид вакцинд хамрагдсанаар өвчлөлийг бууруулж чадна, өвдөхгүй байж чадна, энгийн амьдралын хэв маягтаа шилжих ганц арга зам бол вакцин шүү гэдгийг иргэдэд уриалмаар байна. Ковид туссаны дараах сөрөг үр дагавар болон вакциндаа хамрагдсан хүн өвчлөл, цаашлаад хүндрэлээс хол байх болно гэдгийг сурталчлан таниулмаар байна.

Одоо ковидыг тусахгүй байх нь л чухал болчихлоо. Тусахгүйн тулд л гурав дахь тунгаа тариулах хэрэгтэй гэдгийг ЭМЯ-наас зөвлөж байгаа. Одоо бид илүү хариуцлагатай хандаж, вакцин бол өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалах хэрэгсэл болно гэдгийг ойлгох ухамсартай баймаар байна. Эрүүл мэндийн байгууллагаас үйлчилгээний байгууллагууд нэмэлт тунд хамрагдсан байхыг үйлчлүүлэгчдээс шаарддаг байхыг уриалж байна. Мөн 10-аас дээш хүнтэй албан байгууллагууд ажилтнуудаа гурав дахь тунгаа хийлгэхийг шаардаж, гурав дахь тундаа хамрагдаагүй нэг хүн танай хамт олныг эрсдэлд оруулна шүү гэдгийг анхааруулж байна. Энэ нь ч зөв. Бид аюулт тахал дунд амьдарч байна. Гамшиг ингээд дуусахгүй дахиад ирэх эрсдэл бий. Хэнэггүй зангаар тахлыг даван туулахгүй нь.

Харин ч энэ цар тахал бидэнд вакцины ач тусыг дахин дахин ойлгуулж байна. Бид энгийн амьдралдаа эргэн орох ганц итгэл найдвар бол вакцин. Үүнийг л тархиндаа суулгамаар байгаа юм. Бид одоо вакциндаа л найдах цаг. Тиймээс иргэд дархлаа дэмжих гурав дахь тундаа идэвхийлэн хамрагдсанаар, цар тахлаас ангижрах боломж байна. Хүн бүр хариуцлагатай байж, вакциндаа хамрагдаж аюулыг гэтлэн сайн цагтай золгохын тулд дор бүрнээ хичээх хэрэгтэй байна даа. Энэ Засгийн газрын ганц гайгүй сайн зохион байгуулсан ажил бол дархлаажуулалт гэдгийг хүн бүр мэднэ. Одоо харин үүнийгээ төгс болгомоор байна.

Төгс болгохын тулд гуравдугаар тунд анхаарал хандуулах хэрэгтэй. Сайн дурын гэсэн нэрийн дор бүүстэр тундаа анхаарал сул хандуулж байна. Пиарын Засгийн газар гэж цоллуулсаар удлаа. Тэгвэл гуравдугаар тунд сурталчилгаа ус агаар шиг хэрэгтэй байна. Ерөнхий сайд “Хэрэв гуравдугаар тундаа 30 хувь нь хамрагдвал тахал 70-аас 80 хувь буурна” гэж хэлсэн. Энэ бол тахал бараг байхгүй болно гэсэн үг юм. Бид тэгээд юу хүлээгээд гуравдугаар тундаа хамрагдахгүй байгаад байна вэ. “Зовлонгийн түргэн, жаргалын удаан” гэж монголчууд дэмий ч нэг яриагүй байлтай. Бүгдээрээ гуравдугаар тундаа хамрагдаж өвчин тахлаас салцгаая.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ерөнхий сайд асан Санжийн Баяр: Хийж амжаагүй, хэлж чадаагүй, зүрхлээгүй зүйлдээ харамсдаг

Монгол Улсын Ерөнхий сайд асан Санжийн Баяртай ярилцлаа.


-Сайхан намаржиж байна уу. Тантай уулзалгүй нэлээд удсан байна. Та нар салхинд овоо явсан бололтой, борлож борогшсон харагдаж байна. Таныг энэ жил Хөвсгөл нутагтаа бүтэн зусч, намаржлаа гэж дуулсан…

-Харамсалтай нь нутагтаа бүтэн зусах боломж надад байсангүй. Харин наадмын өмнөхөн нөгөө газраас гараад нутгаа зорьсон. Ирэн очин, намаржин шахуу Хөвсгөл нутгийнхаа хангай хөвчөөр зоргоороо тэнэж байгаад саяхан хотын бараа харлаа. Хангай нутагт төрж өссөн юм болохоор уул устай газраа илүү санадаг, илүү татагддаг биз.

-Уул устай газар гэснээс таныг Хөвсгөл нутгийнхаа гол мөрөнд загас үржүүлэх ажлаа хийж явна гэж дуулсан. Тэр ажил тань хэр амжилттай явж байна вэ?

-Загас үржүүлэг бол миний биш, миний ээжийн эрхэлдэг ажил л даа. Би тэр ажилд нь туслах, дэмжих төдий л явдаг санаатай. Хөвсгөл аймагт хэрэгжүүлж байсан загас үржүүлгийн төсөл маань овоо амжилттай хэрэгжиж байсан. Сүүлийн хэдэн жил энэ ажил тасалдсан. Одоо энэ төслөө сэргээх, үргэлжлүүлэх санаа байгаа. Тиймээс энэ намар шинэ газартай танилцах, хуучин газраа эргэх, хүмүүстэй уулзаж зөвлөлдөх ажил байсан учраас тэр хавьд нэлээд удлаа.

-Таныг нөгөө айхавтар ковид туссан гэж сонссон, гайгүй юу?

-Тийм юм болсон шүү. Хөдөө хээр эрүүл агаарт уг нь сайхан явж байсан санаатай. Гэтэл хотод орж ирэх ажил гараад тэр ковидын давлагаанд нь өртсөн.

-Бие тань одоо сайн уу. Хэр тэнхэрч байна даа?

-Вакцин хийлгэсний хүчинд гайгүй давах шиг боллоо.Бие сайн уу гэснээс сая хөдөө явж байгаад нутгийн танил хөгшинтэй таарав. “Бие тань сайн уу” гэж түүнээс асуулаа.Гэтэл тэр өвгөн “Архаг олон өвчнөөсөө амсхийж чадвал алд энэ биеэ сайн гэнэ биз дээ, тийм үү” гэж хошигнож байх юм. Мань мэтийн насныханд яг таарсан үг шиг санагдсан шүү (инээв).

-Та ч инээд наргиантай юм ярьсан хэвээрээ л байх шив дээ. Монголын хамгийн том, нөлөө бүхий улстөрчөөс “Шоронд ямар байв” гэж асуухад хэцүү, асуухгүй байх хэцүү санагдаад л байна…

-“Хамгийн том мом” гэсэн наад манж үгээ орхи доо, Номио минь. Ийм үг надад үйлчилгээ үгүй. Хоёулаа манжаар биш, монголоороо сайхан ярилцъя. Гэхдээ удаан уулзаагүй улс учрангуутаа л шууд шоронгийн сэдвээр яриагаа эхлэх юм уу?

-Асуухгүй өнгөрч боломгүй сэдэв л дээ. Энэ талаар асуухгүй бол уншигчид маань ойлгохгүй, яриа маань үнэмшилгүй болно. Гэхдээ энэ сэдвээр яриагаа эхлэх нь танд таагүй санагдаж байвал явц дундаа энэ талаар асууж болно биз дээ?

-Ярианы эхэндээ байна уу, явц дундаа байна уу ялгаагүй л дээ. Энэ талаар ярихад би бэлэн биш байна. Цаг хугацаа өнгөрөг, санаа бодол маань жаахан цэгцэрч хэвэндээ орог дээ.

-Таны нэг найз “Шоронгийн тухай бүү ярь, бүү бич” гэж танд зөвлөсөн гэсэн. Тэгээд шоронгийн тухай сэдвийг бичиж байгаа дурсамжиндаа оруулах уу, болих уу гэж бодож байгаа тухайгаа та жиргэсэн байсан.Эцэстээ юу гэж шийдсэн бэ?

-Харин тийм. Тэр тухай хөнгөн шуурхай яриад, бичээд байхаар амархан сэдэв биш.Гэхдээ амьдралын маань нэгэн зурвас үе тэнд өнгөрөх шив дээ. Хайран цаг хугацаа. Жар гарсан хүний нэг хоёр жил бүү хэл, нэг хоёр өдрийн үнэ цэнэ өндөр. Ямартаа ч тэнд байхдаа үзсэн харсан, бодсон санаснаа бичиж үлдээх ёстой байх. Нэгэнт л амьдралын маань дурсамж юм бол миний амьдралд тохиосон сайн, саар бүх л юм орж байж үнэн мөнийн бүрдэл болох биз гэж ойлгож байгаа. Гэхдээ яг тэр сэдвээр би бичиж эхлээгүй байгаа.

-Эсвэл та энэ сэдвээс халгаад байгаа юм уу?

-Магадгүй. Ямартаа ч шууд л бичээд унадаг хөгжилтэй, зугаатай сэдэв биш. Тогтож бодох, эргэж санах, эргэцүүлэх хэрэгтэй байна. Одоохондоо би эргэж олдсон энэ эрх чөлөөгөө эдэлсэн шиг, хөдөө хээр туж завгүй явлаа. Тэгж байгаад бичиж эхлэх биз. Нэг их яарахгүй байна.

-Тэнд байхдаа та эргэлтээр дутаагүй байх. Гэхдээ бас хүрээд ирээсэй, энэ улс орны талаар хэдэн үг солилцох юмсан гэж бодож байсан хүн байв уу?

-Санасны зоргоор эргэлт аваад байдаг газар биш л дээ, тэр газар чинь. Ар гэрийн хэд маань эргэлтээр очдог байсан. Ах дүү, анд нөхдөөс маань ч очиж уулзаж байлаа. Гэхдээ олон хүн очоод байх боломжгүй нь ойлгомжтой. Хэн, хэзээ очиж уулзаж болох, болохгүй нь хуулиар заасан байдаг. Тэгээд ч үсээ хуу хусуулсан, шоронгийн дүрэмт хувцастай муухай царайлан сууж байсан надад энд тэндээс эргэлт аваад байх сонирхол байсангүй. Тэгэх тусмаа чиний хэлснээр “улс орны талаар” үг солилцсон шиг чухал амьтан тэнд сууна гэж юу байх вэ.

-Таны ар гэр, аж амьдрал эзгүй хойгуур чинь хэрхэн өнгөрч байсан юм бол оо?

-Би тэнд байхдаа нэг юм яс махандаа тултал мэдэрсэн. Яг үнэндээ бол торны цаана хоригдож байсан мань мэт бол яах вэ. Тэгс ингэсгээд л даваад гарна гэдгээ мэдэж байсан. Мань мэтээсээ илүү ар гэрийн хэд маань хүнд хохирдог юм байна. Тэр хэд маань бие, сэтгэлээрээ зовж шаналж байгааг нь харж, мэдэрч байгаа хэрнээ яаж ч чадахгүй байх нь хамгийн хэцүү даваа. За за, тэр яах вэ. Шоронгийн тухай сэдвээ ингээд орхиё.

-Таныг ойлгож байна. Сэдвээ арай өөрчилье. Шүүхээс оноосон хорих ялын тэн хагасыг нь эдэлсэн тул хуулийн дагуу таныг магадлангаар гаргасан гэсэн. Дээр нь “С.Баяр таван тэрбум төгрөг төлж, улсад учруулсан хохирлоо барагдууллаа” гэсэн мэдээлэл цацагдсан. Хэр ортой мэдээлэл вэ?

-Нэг нь ортой, нөгөө нь оргүй мэдээлэл байна. “Улсад хохирол учруулсан” гэж намайг яллаагүй. Надад ял оноосон шүүхийн шийдвэрт улсад учруулсан мөнгө төгрөг, орлого зарлагатай холбоотой ямар нэгэн хохирол гэж тогтоож тусгасан юм байхгүй. Тэгсэн хэрнээ шоглоомтой гэж байгаа. Таван тэрбум гаруй төгрөгийн төлбөр төлөх “албадлагын арга хэмжээ” надад авсан. Намайг магадлангаар гарах боломжтой болгохын тулд ах дүү, анд нөхөд маань байдгаараа тусалсан, дутсаныг нь банкны зээл авч байж асуудлыг шийдсэн. Тэдний ачаар надад оноосон тэр их төлбөрийг хорих ялаа эдэлж байсан хугацаандаа үндсэндээ барагдуулсан шүү.

-Та улсад хохирол учруулаагүй юм бол ямар учраас танд тийм их хэмжээний төлбөр оногдуулсан юм бэ?

-Наадах чинь харин заавал асуух ёстой, хариултыг нь заавал авах ёстой асуулт мөн. Надад ял төлөвлөсөн улс бах таваа бүрэн хангах гэсэн шиг байгаа юм. Надад хорих ял өгөөд шоронд хийх нь арай л хангалтгүй санагджээ. Тэгээд л тэр их хэмжээний мөнгөн торгууль надад оногдуулав гэж би ойлгосон. Яагаад, ямар учраас, хуулийн ямар заалт үндэслэн намайг ингэж торгон шийтгэж байгаа учрыг нь мэдэх гээд шүүхээс тухайн үед нь би өөрөө, миний өмгөөлөгч олон асуусан. Бүлх залгисан мэт юу ч хариулаагүй. Гөлийгөөд л өнгөрсөн, шүүгч гэж тэр нөхөр. Тодорхой энэ асуултынхаа тодорхой хариуг авах гэж өнөөг хүртэл хөөцөлдөөд бараагүй л явна. Хариуг нь авна даа.

-Таныг шүүсэн шүүх хурал, танд ял өгсөн шүүхийн шийдвэрийн тухай танаас тодруулж асуумаар байна. Таныг Америкт байдаг долоон хаус, Оюу толгойн гэрээ гэх асуудлаар яллав уу, яав?

-Үгүй. “АНУ-д байгаа С.Баярын долоон байр” гэж мөн ч олон жил нохой шуугиулсан. Тэгээд дээр дооргүй хөөцөлдөж байгаад эдгээр байрны талаар АНУ-ын Хууль зүйн яамны холбогдох газраас олон баримт материал гаргуулж авсан юм байна. Америкийн тал эдгээр баримтаа АТГ болон прокурорт хүлээлгэж өгсөн юм байна. Хоёр жил гаруй үргэлжилсэн мөрдөн байцаалт болон шүүх хурлын явцад тэр олон баримт нь зарим нэгний хүлээж байсан үр дүнг өгөөгүй. Бүр эсрэгээрээ юм болсон. Тэр олон баримт нь явж явж намайг яллаж буруутгах биш, харин ч эсрэгээрээ намайг цагаатгаж зөвтгөх нотолгоо баталгаа болж таарсан. Тийм учраас тэр баримт материалуудыг уйгагүй хөөцөлдөж, АНУ-ын албан ёсны байгууллагад нь биечлэн хандаж, олж авчирсан албан тушаалтнуудад би гүн талархах ёстой.

-Яагаад тэр вэ?

-Яахав дээ. Үнэн мөнийг тогтооход хүчин зүтгэсэн учраас тэр. Тэдний хандсан АНУ бол хуулиа ягштал баримталдаг улс. Бүх юм нь бүрэн данс бүртгэлтэй, эрх зүйн зохицуулалттай. Миний найз Давааням болон миний охин Нандин нарын АНУ-д үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхэлж байхдаа байр худалдаж авч байсан мөнгөний гарал, эх үүсвэрийг тэд нэг бүрчлэн нягтлан шалгаж үздэг байсан юм байна. Ямар нэгэн сэжиг, эргэлзээ байсан бол тэдний бизнес нь эхнээсээ бүтэхгүй. Хуулийг нь зөрчсөн бол ял шийтгэл нь зайлшгүй. Хуулиа баримталдаг тийм л газар.

-Таны хувьд чухал баримтууд байж дээ…

-Тийм. Миний хувьд маш чухал баримт байсан. Миний найз, миний охин хоёрын байрны ихэнхийг худалдаж авсан цаг хугацаа нь Оюу толгойн гэрээ байгуулах бүү хэл, намайг Ерөнхий сайд болоогүй байх үед хийсэн бизнес арилжаа байсан нь баримтаар нотлогдсон. Тиймээс тэр хэдэн байрыг надтай шууд холбож миний өмч мэтээр зарлан шуугиулах, тэр тусмаа Оюу толгойн гэрээ байгуулахдаа авсан авлига энэ тэр гэж гүтгэх, яллах үндэсгүй нь батлагдсан.

-Тийм үү. Таныг Оюу толгойн гэрээ байгуулах явцдаа авсан авлигаар Америкт олон байртай болсон гэж олон жил ярьж, бичдэг байсан биз дээ?

-Тийм, тэр бол гаршсан пиар технологи нь мөн. Эхлээд хэвлэлээр нүүр нүдгүй балбаж гэмт этгээд болгож харуулна. Тэр хар пиараа үндэслээд хэрэг үүсгэж сүр дуулиантай зарлана. Ийм технологио зөвхөн над дээр биш, өөр олон хүн дээр хэрэглэсэн, санаж байгаа биз. Намайг, жишээ нь, кинонд гардаг “мафи” шиг гэмт бүлэглэл байгуулсан, авлига авсан, ”АНУ-д олон хаустай байгаа нь үүний нотолгоо” гэж шуугиулж байсан. Тэгээд “зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан” гэх онц ноцтой, 12 жилийн хорих ялтай зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн. 2018 оны хавар хорих 461 дүгээр ангид хорьж, мөрдөн шалгах ажлаа эхлүүлсэн. Хоёр жил шалгасны эцэст надад тулгаж байсан тэр“онц ноцтой” гэгдэх хүнд ял нь замхарч алга болсон.

-Таныг яагаад ийм хүнд зүйл ангиар эхнээсээ ялласан юм бэ. Тэгж яллах үндэслэл, баримт байсан юм уу?

-Тийм үндэслэл, баримт байсан бол би 12 жилийн ялаа үүрээд явах байсан биз. Дотоод гадаадгүй ухаад, ухаад намайг буруутгах баримт байхгүй учраас тэр хүнд ялыг надад тулгахаа больсон. Гэтэл яагаад эхнээсээ ийм хүнд зүйл ангиар яллав гэж чи асууж байна. Хоёр үндсэн шалтгаан байсан болов уу гэж би боддог. Нэгд, Оюу толгойн гэрээ гэдэг бол эхнээсээ л авлига, хээл хахуулийн хар уурхай юм байна, мафийн бугшсан голомт нь юм байна гэж олон түмэнд харуулах, жигшүүлэх хэрэгтэй байсан биз. Хоёрт, Оюу толгойн гэрээ 2009 онд байгуулагдсанаас хойш есөн жилийн дараа надад эрүүгийн хэрэг үүсгэж 461-д хорихоор шийдсэн. Гэтэл намайг хорихын тулд миний хийсэн гэх гэмт хэргийн ял есөн жилээс илүү байх ёстой болсон. Тэгээд л би “онц ноцтой гэмт хэрэгтэн”, “мафийн толгойлогч” болж өргөмжлөгдсөн биз. Гэхдээ сүүлдээ бодит үнэнд яахын аргагүй гүйцэгдээд,тэр хүнд ял надад тулгахаасаа тэд өөрсдөө татгалзсан.

-Таныг тэгээд ямар хэрэг хийсэн гэж шүүхээс ял өгсөн юм бэ?

-Энэ нөхрийг яасан ч зүгээр орхихгүй гэсэн шиг надад өөр гэмт хэрэг бодож олсон. Намайг Ерөнхий сайд байхдаа 2009 онд “Петровис” компанийн түлшийг Оюу толгой ХХК-д хүчээр “шахсан” гэрээ байгуулахад нөлөөлсөн гэх шинэ ял тулгасан. Шинэ ялтай хэргээ шүүхэд шилжүүлнэ гэж тэд яарсан учраас хэт зохиомол юм хийсэн. “Шинжээчийн дүгнэлт” гэх юм гаргуулж, түүн дээрээ үндэслэн шинэ ял надад тулгасан. Тэр “дүгнэлт” дотор нь онигоонд ормоор юм олон байсан.

-Та яагаад онигоо гэж хэлж байгаа юм бэ?

-Яахав дээ. Бидний хувьд дэндүү эмгэнэлтэй тусаагүйсэн бол дэндүү инээдтэй гэмээр учраас тэгж хэлж байгаа юм. Ганц нэг жишээ хэлье. “Петровис” нь Оюу толгой компанид 2002 оноос хойш шатахуун нийлүүлж байж. Би тэр үед ОХУ-д Элчин сайд байсан. Надтай надгүй шатахуунаа нийлүүлээд хэдэн жил болж. Гэтэл энэ хоёр компанийн энэхүү бизнесийг 2007 онд Ерөнхий сайд болсон надтай заавал холбох гэж оролдсон. Эрүүл ухаан, энгийн тооцоо зэргийг умартталаа улайрсан. Жишээ нь, би шатахууны “шахаа” хийж, 2009 онд Петровис ХХК Оюу толгой компанитай гэрээ байгуулахад нь үнэхээр нөлөөлсөн юм бол энэ гэрээ нь Петровис ХХК-д өмнөхөөсөө илүү ашигтай тусах ёстой баймаар. Тийм биз.

-За тийм. Тэгээд яасан гэж?

-Гэтэл бодит байдал дээр 2009 оны гэрээний нөхцөл нь өмнөх хэдэн жилийнхээс арилжих нөхцөл, үнэ өртөг зэрэг хэд хэдэн үзүүлэлтээр Петровис ХХК-ийн хувьд дээрдсэн биш, дордсон байсан.Ийм утгагүй “шахаа” гэж байх уу. Өөр нэг жишээ. “Шинжээчийн дүгнэлт” гэх тэр баримтад буй тооцооллын хүснэгтэд үнийг хуулж бичихдээ мөр, орон алдсан учраас “сая төгрөг” нь “тэрбум төгрөг” болж хувирсан ч байх шиг. Санаатай, санаагүй хийсэн ийм алдааны жишээ цөөнгүй. Миний ярьж байгаа энэ бүх баримт хавтаст хэрэгт бэлхнээ байсан. Алга хийгээгүй бол одоо ч байгаа. Ийм дэндүү болхи алдааны талаар шүүх хурлын өмнө гомдол гаргаад нэмэр олоогүй. Онигоо шиг ийм “Шинжээчийн дүгнэлт” үндэслэж надад болон миний найз Даваанямд ял өгсөн байдаг. Бушуухан яллаад явуулах гэж арай л түүхий, арай л мангар юм хийсэн дээ.

-Таны хэлснээр тийм “мангар юм” хийсэн юм бол та энэ тухай яагаад одоо болтол ярихгүй байгаа юм бэ?

-Зүгээр ярих нь хангалттай биш, баримт гарган заргалдах ёстой асуудал учраас тэр. Ярихын хувьд гэвэл шүүх хурлын танхимаас шууд ачигдаад явсан учраас юм хум ярих боломж надад олдоогүй.Харин шүүх хурлын өмнө “Ийм ийм илэрхий алдаатай баримтаар шүүх гэж байна” гэж би яриагүй биш, ярьсан. Чамтай болон өөр бусад сэтгүүлчидтэй ярилцлага хийхдээ энэ тухай ярьж байсан санагддаг. Зөвхөн ярих ч биш. Шүүх хурлын өмнө Улсын Ерөнхий прокурорт дээрх асуудлаар ил захидал бичин нийтэлж байлаа. Нэмэр болоогүй. Прокурорт хандаад ч, шүүх хурал дээр нь юу ч яриад, яаж ч нотлоод, ямар ч баримт гаргаж дэлгээд нэмэргүй юм билээ. Цаанаасаа даалгавартай юм шиг л алхаа тас тас цохисоор байгаад ачаад явуулсан. Одоо бол зүгээр ярих биш, заргалдана. Хийсэн гэх гэмт хэргээ дахин шалгуулахыг шаардана. Үнэн мөнийг олж байж санаа амарна.

-Энэ хэлмэгдүүлэлт байв уу, дахиж ийм хэлмэгдүүлэлт гаргахгүйн тулд цаашид яах ёстой вэ, та юу гэж бодож байна?

-Баримт нотолгоогүй, онигоо шиг дүгнэлт үндэслэн хүнийг шоронд хийхийг юу гэж үзэх вэ. Ямар ч үндэслэлгүйгээр их хэмжээний торгууль ногдуулахыг юу гэх юм. Энэ бол хэлмэгдүүлэлт мөн. Би хэцүү нэрт тэр газраас гарч ирээд юм юм л сонслоо. Надад ял өгсөн тэр шүүгч нь өөр хэрэг дээр авлига авч байгаад баригдсан гэсэн. Тэгээд барьцаалагдсан, захиалгат ял өгдөг болсон гэлцэх юм. Шүүх хурлын үед тэр шүүгч байн байн завсарлага зарлаад л, утсаа барин гарч гүйгээд л, бидний хэргийг гэнэт тусгаарлаад л, барьцааны гэх их хэмжээний мөнгө авна гэх шийдвэр гаргаад л сонин сонин аашлаад байсан. Хэн нэгнээс тушаал заавар аваад байна уу гэмээр санагдаж, энэ тухай бид хэд хоорондоо ярилцаж байсан. Гэхдээ тухайн үед энэ бол бидний таамаг төдий байлаа. Гэтэл юу болсон гээч.

-Юу болсон гэж?

-Шоронгоос гараад би өөр нэг хачин баримт олж мэдсэн. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажилтан ч гэнэ үү, өмгөөлөгч ч гэнэ үү нэг хүний компьютерт “тэр нөхрийг хэргийг тэгж тусгаарлах, тийм барьцаа хөрөнгө гаргуулах, тэр нөхөрт тийм ял өгөх” гэсэн агуулгатай, бид хэдийн нэр дурдсан файлууд олдсон ч гэх шиг. Энэ үнэн бол үүнийг юу гэж ойлгох вэ. Захиалгаар, хэн нэгний зохиосон схемээр хэрэг шийддэг, ял өгдөг байсан юм уу. Ийм явдлыг юу гэж үзэх юм.Энэ бүхний учрыг заавал олох ёстой. Энэ учрыг олж, буруутан этгээдэд хуулийн дагуу хариуцлага заавал хүлээлгэх ёстой. Тэгж гэмээнэ дахиж ийм хэлмэгдүүлэлт гаргахгүйн баталгаа бий болно.

-Тийм баталгаа бий болно гэж та итгэж байна уу?

-Итгэж байна. Гэхдээ эргэлзээ бас байна. Ийм завхарсан юмыг нууж хаацайлах гэсэн оролдлого хийж байгаа тухай дуулдсан. Хууль хяналтын байгуулагынхан гэж бүгд завхарсан, худалдагдсан этгээдүүд арай биш л дээ. Улс төрийн хүрээ, мөнгө төгрөгтэй холбоотой тодорхой хэдэн этгээд л байдаг биз. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажилтан ч гэнэ үү, өмгөөлөгч ч гэнэ үү тэр хүний тэр файлын асуудал нь яван явсаар “биеэ үнэлэгч зуучилсан” гэх зөрчил болгох гэж байна гэж дуулдсан. Арай ч үгүй биз, арай ч тэгж зүрхлэхгүй биз гэж бодож байна.

-Таныг шүүсэн тэр шүүгч, тэр өмгөөлөгч гээд байгаа хүмүүсийн дуулиант асуудлууд аль хэдийнэ дэлгэгдсэн шүү дээ. Та мэдээллээс тасарсан байсан юм байна. Ингэхэд та тэнд байхдаа улс төр, нийгмийн амьдралын талаар мэдээлэл авч байв уу?

-Тэр бол мэдээллээс үндсэндээ тасардаг газар. Улс орон, хорвоо ертөнц бүү хэл, торны цаахан талд юу болж байгаа нь бүү мэд. Мэдээллийн байнгын урсгалд байж дадсан мань мэтэд бол хэцүү л юм билээ. Ар гэрийн хэд маань, анд нөхөдтэйгөө цөөн хэдэн минут уулзахдаа дотоод гадаад мэдээ яриад байлтай биш. Тэгээд ч хэнтэй ч уулзсан хажууд заавал нэг харгалзагч гозойлгодог журамтай газар юм билээ. Юу ярих, ярихгүйг журамлана. Хэргийн тухай яриа бол тас хориостой.

-Гарч ирээд нийгмийн амьдралд хөл тавихад эх орон чинь ямархан дүр зурагтай угтав, Монгол Улс танд яаж мэдрэгдэж байна?

-Тэндээс гарч ирээд нийгмийн амьдралд оролцоод, хөл тавиад байсан юмгүй. Ах дүү, анд нөхөд, ар гэрийн хүрээндээ л байж байна. Гэхдээ улс маань бүхэлдээ цар тахлын аюулд нэрвэгдэж байгааг бол мэдэрсэн. Өөрийн биеэр хүртэл мэдэрсэн.

-Ковидтой үеийн Монгол Улсын ирээдүйн дүр зургийг та хэрхэн төсөөлж байна вэ?

-Улс орны хэмжээний юм ярих, дүгнэхийн тулд тийм хэмжээний мэдээлэлтэй байх хэрэгтэй. Надад тэр нь алга. Энэ цар тахал цаашаа яаж өрнөх, зүсээ яаж хувиргаж, шинэ ямар зовлон учруулахыг барим тавим мэдэж байгаа хүн, байгууллага, улс орон энэ дэлхийд алга шиг. Ийм нөхцөлд хувь хүн, улс нийгмээрээ ажил амьдралаа төсөөлж төлөвлөхөд улам л бэрх болж байна.

-Монголын төр засгийн ковидтой тэмцэж байгаа үйл ажиллагааг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Төр засгийн байгууллагууд, ялангуяа эмч сувилагч нар маань чадлаараа л үзэж байх шиг. Ковидтой манайд тэмцэж байгаа байдлыг гадаад бусад орны байдал, статистиктай харьцуулсан баримт нийгмийн сүлжээнд үе үе гарах юм. Тэндээс үзвэл манайханд оноо ч байна, алдаа ч байна. Гэхдээ хөндлөнгөөс шүүмжлэх, муулах амархан. Шууд гардаад хийх, зүтгэх хэцүү. Ийм тодорхой бус, яах нь мэдэгдэхгүй, удаан үргэлжилсэн хүнд нөхцөлд ажиллах хувь тавилантай төр, засгийн байгууллага урьд өмнө байгаагүй. Цар тахал нүүрлээд жил гаруй хугацаа өнгөрлөө. Үүрэг хүлээж байгаа хэд маань туйлдаж байх шиг. Доод, дунд, дээд түвшинд ажиллаж байгаа хэдийнхээ сэтгэлийг нь сэргээх болон мөнгө төгрөг талаас нь дэмжиж урамшуулах ёстой байх. Ажил хийж, ачаа үүрч байгаа хүмүүст урам зориг хамгийн чухал шүү дээ.

-Та нийгмийн сүлжээнд нэлээд идэвхтэй. Энэ нь таны хувьд ямар ач холбогдолтой байдаг вэ?

-Олны дотор бужигнаж, санаа оноогоо солилцож, инээж ханиаж явах нь хүний суурь хэрэгцээ. Энэ хэрэгцээг хангах боломжийг нийгмийн сүлжээ олгодог болж. Тэр сүлжээ фэйсбүүк, инстаграм, тик ток гээд олон салаатай юм байна. Би бол түйтэр хавьд л сүүтгэнэдэг. Тэнд ороод удаагүй учраас ид сонирхолтой дээрээ явж байгаа. Товч тодорхой байх, цаг хэмнэх талаасаа түйтэр нь арай зүгээр юм шиг. Өглөө, орой түйтэрт ороод гарахад нийгмийн хэсэг яг одоо юугаар амьсгалж, юунд баярлаж, бухимдаж байгааг нь мэдэх боломжтой. Эсвэл замын түгжрээнд мөлхөж байхдаа цаг нөгцөөх сайхан хэрэгсэл гэж харж болно. Мэдээллийн эриний нэг давуу тал юм биз дээ. Гэхдээ түйтэрт олон ороод байх нь цаг их авдаг юм байна. Тийм их цаг зав надад алга. Аяга кофе, аглаг хээр зэрэг амьдралын том жижиг юмс үзэгдлийг өөртөө дахин шинээр нээж, таашаал авч яваа энэ үед ялангуяа.

-Таны бичсэн жиргээ хэдэн зуу, мянган хүний хандалт авах нь цөөнгүй. Та твиттерт орсон хоёр жилийн нэг жилийг нь аргагүйн эрхэнд өнжсөн.Жил гаруйхны дотор гуч гаруй мянган дагагчтай болсон харагдсан. Энэ бол ховор амжилт гэж үздэг юм билээ…

-Түйтэрийн орчин өвөрмөц юм байна. Нүүр тулан огт уулзаж байгаагүй, зүс царайг зургаас нь багцаалах төдий хүмүүстэй санал солилцох нь сонин юм. Заримтай нь тэгж яваад аль хэзээний танил шиг болчихсон ч байх шиг. Жиргээний олонтой жилийн дараа эргээд уулзахад таатай байлаа. Дагагч, дэмжигч олон байх тусам харилцах хүрээ тэлнэ. “А” гэж бичээд товч дарахад л энэ нь гуч гаруй мянган хүнд тэр дороо хүрч, хариуд нь “Б” гээд таймлайн руу ороод ирэх нь урамтай.

-Гэхдээ танд муугаар ханддаг хүмүүс илэрхий бас байх юм аа, харахад. Та тийм биеэ тоосон, өөрөөсөө дор гэж боддог хүмүүст тоомжиргүй ханддаг зантай юм уу?

-Надаас дээр, доор хүн юм гэж хандаж харилцдаг зан надад үгүй. Би хэнтэй ч харилцаж чадна. Хүн ёсны хүндэтгэлтэй харилцаа байх нь л чухал. Би ямар мөнгөн тэмдэгт биш, бүх хүнд таалагдах албагүй. Надад муу ханддаг, муулдаг хүмүүс байна. Байх ч ёстой. Тийм хүмүүстэй ч би харилцаж чадна, хэрэгтэй бол маргаж чадна. Тал талаасаа нотолгоо баталгаа гарган гоё маргах гоё ш дээ. Харин хэрүүл хийх би дургүй .Дээр нь тэнэг хүнтэй харилцаж хайран цагаа барах хүсэлгүй. Хүн таван үгнээсээ л танигддаг. Цөөн тэмдэгт дотор эргэлддэг түйтэрт тэгэх тусмаа. Хэрүүл өдөх, хараал зүхэл урсгахаас цаашгүй хүмүүстэй би зууралдаад байдаггүй, шууд л “блок” хийдэг болсон. Нэг сайхан үг байдаг. “Хамгийн том тансаглал бол хүн ёсны харилцааны тансаглал” гэсэн үг. Францын зохиолч Экзюперишийн хэлсэн үг. Залуу байхдаа энэ зохиолчийг шүтдэг байлаа. Одоо ч хэвээр.

-Өөр сэдэв рүү оръё. Оюу толгойн төсөл нийгэм дэх том сэдэв, хэрүүл маргаан дагуулсан энэ асуудал хэвээрээ л байгааг та юу гэж үзэж байна?

-Олон тэрбум ам.долларын том хөрөнгө оруулалт шаардсан, улс орны эдийн засагт том нөлөө үзүүлсэн мега төсөл учраас тэр биз. Зөвхөн Монголд ч биш, дэлхийн хаана ч гэлээ мега төсөл мега анхаарал татдаг, зөв буруу боллоо гэх мега маргаан үүсгэдэг тавилантай юм шиг. Манай орны хувьд ХХ зууны мега төсөл бол Эрдэнэт юм. XXI зуун гараад Оюу толгой гэх шинэ мега төсөл нэмэгдсэн.Таван толгой маань яван явсаар мега төслийн хэмжээнд хүрэх биз. Өөр шинэ мега төсөл алга. Тийм шинэ мега төсөл хэрэгжтэл Эрдэнэт, Оюу толгой, Таван толгой гурав олны анхаарал татсан,

маргаан хэрүүл үүсгэсэн мега сэдэв хэвээрээ л байх биз.

-Оюу толгойн төсөл хэрэгжиж эхлээд хэрүүл маргаантай арван хоёр жил өнгөрч. Одоогийн өндөрлөгөөс харахад та энэ төслийг юу гэж дүгнэдэг вэ?

-Үүнийг би биш, бодит байдал, цаг хугацаа хоёр дүгнэх ёстой биз. Би юу хэлэх вэ гэхлээр, гадна дотноос садаа их байсан ч, миний толгойлсон Засгийн газар Оюу толгойн гэрээг байгуулж чадсан.Түүнийг арав гаруй жил шүүн хэлэлцсээр л байна. Нохой хуцна, тэмээн цуваа урагшилна гэдэг шиг энэ зуур Оюу толгой маань, Таван толгой, Эрдэнэт хоёртой нийлээд улсын төсвийг бүрдүүлэх гол эх сурвалж болсоор ирсэн. Дашрамд хэлэхэд, Таван толгойн нүүрсний орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах эхлэлийг манай л Засгийн газар тавьсан байдаг. Чи тэр үед хэдтэй байсан бэ?

-Арван долоотой байсан. Дунд сургуулиа дүүргэх гэж байсан…

-Чи залуу учраас тэр үеийг сайн мэдэхгүй байх л даа. Гэхдээ юу үнэн тэр үнэн. Оюу толгой, Таван толгой гэх энэ хоёр том төсөл гадаадын хөрөнгө оруулагчдыг Монгол руу татаж чадсан. Эдийн засаг маань тэлсэн. Монгол Улс, Монголын эдийн засаг бизнес, монголчууд боломжийн мөнгөтэй болж эхэлсэн үе. Дараа дараагийн Засгийн газрууд бонд босгож, гаднаас илүү их мөнгө татах боломж нь нэмэгдсэн. Манай улс эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийн рекорд тогтоож байсан гээд нааштай үзүүлэлт байна. Буруу зөрүү юм ч бас гарсан. Олдсон мөнгөө буруу зөв үрсэн гээд яривал зөндөө юм бий. Гэхдээ ингэсгээд зогсъё.

-Оюу толгой гэх энэ том төсөлд өнөөдрийн эрх баригчид “Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушги…” гэдэг байдлаар хандаж байна уу. Оюу толгойн гэрээнд үнэхээр засч залруулах зүйлс бий юү?

-Хоёр тал хэлэлцэж, өөр өрсдийнхөө эрх ашгийг заавал тусгах гэж оролдож, хэрэлдэж, тэмцэлдсэний эцэст байгуулсан гэрээ л юм хойно түүнд засч залруулах юм бий, бий. Төгс төгөлдөр юм гэж энэ хорвоод хаа байх вэ.

-Оюу толгойн гэрээний яг юуг засч залруулах ёстой гэж та үздэг вэ?

-Гол маргаан үүсгэдэг асуудал бол тэр үйлийн үртэй 34 хувь байгаа юм. Орд газрын 34 хувь биш шүү дээ. Хөрөнгө оруулагч гадны компанийн хувьцааны 34 хувь. 2009 оны долдугаар сард намайг Японд айлчилж “стратегийн түншлэлийн” тухай хэлэлцээр хийж байх үед УИХ-ын алдарт 57 дугаар тогтоол батлагдсан байдаг. Энэ тогтоолын дагуу тэр гадны компанийн хувьцааны 34 хувийг Монголын талд авахыг Засгийн газарт УИХ-аас үүрэг болгосон. Оюу толгойн орд газар гэдэг маань 100 хувь манай өөрийн өмч. Тийм байхад өрөөлийн нэг компанийн 34 хувийг яах гэж авах ёстой юм. 57 дугаар тогтоолыг зүтгүүлэн байж батлуулсан хүмүүс тэр үед ч, одоо ч үүнийг тайлбарлаж чаддаггүй юм. УИХ-ын тэр алдарт 57 дугаар тогтоолын дагуу гэрээ байгуулсан манай Засгийн газар, тэр Засгийн газрыг удирдаж байсан намайг л ил, далд буруутгасаар өдий хүрсэн.

-34 хувийг тэгээд яах ёстой юм бэ?

-Ярилцах л ёстой. Одоо ярилцаж, хэлэлцээр хийж байгаа гэж ойлгосон. Гэхдээ гараан дээр хийсэн гэрээний гол тохироог явц дундаа өөрчлөх амаргүй л байх. Цаг үе, нөхцөл байдал ч их өөрчлөгдөж. Бариулгүй чемодан гэж байдаг даа.Хаяхад хайран, аваад явахад хэцүү. 34 хувь бол тиймэрхүү л ачаа юм. Би энэ тухай олон ярьсан, бичсэн. Хоёр жилийн өмнө гарсан “Жар хоног…” гэх номондоо энэ талаар нэлээд дэлгэрэнгүй бичсэн. Өнөөдөр тэр төсөл хавиар яг юу болж байгааг би сайн мэдэхгүй. Оюу толгойн төслийн талаар олон улсын шинжээчдийн нэг дүгнэлт гарсан гэсэн. Оюу толгойн гэрээг биш, энэ гэрээг хэрэгжүүлж ирсэн менежмэнтийн багийн буруугаас олон асуудал үүссэн гэж дүгнэсэн гэсэн. Тийм бол зөв л дүгнэлт гарчээ гэж үзэж байна.

-Дубайн гэрээний талаар та юу гэж боддог вэ?

-Дубайн гэрээ гэж байхгүй, далд уурхайн ажлын төлөвлөгөө байдаг гэж би ойлгосон. Тэр төлөвлөгөөг нь би хараагүй, нягтлан судлаагүй. Таг зогссон байсан далд уурхайн ажлыг хөдөлгөх үүднээс энэ төлөвлөгөөг хийсэн гэж тайлбарладаг. Тэгэхдээ Оюу толгойн төслийн талаар гол шийдвэр гаргасан УИХ-тайгаа ярьж зөвшилцөөгүй, Засгийн газар дангаараа шийдвэр гаргасан юм байна гэж би ойлгосон. Ямартаа ч Дубайн гэх 2015 оны төлөвлөгөөнөөс болж манай талын нөхцөл муудсан гэж үзэж байгаа бол тэр төлөвлөгөөний үндэс нь болсон 2009 оны Оюу толгойн гэрээ угтаа бол муугүй эд байж гэх логик дүгнэлт гарч ирнэ. Тийм биз дээ.

-Монгол Улс том төсөл хөтөлбөрүүдээ ямар нэг байдлаар хөдөлгөж байж хөгжлийн хурдасгуур дээр гарна гэдэгтэй бүгд л дуу нэгтэй байгаа харагдах юм. Гэтэл том төсөл бүр нь бөөн хэл ам, хэрүүлийн шуугианы “бай” болох юм. Юундаа байдаг юм бэ?

-Том төсөл, тэгэх тусмаа мега төсөл гэдэг санасны зоргоор бүтэхгүй. Гадаад, дотоод нөхцөл бүгд бүрэлдэх ёстой. Дэлхийн зах зээлийн үнэ өртөг, конъюнктур, хөрөнгө оруулах хүсэл сонирхол гээд биднээс үл хамаарах гадаад хүчин зүйл олон бий. Харин дотооддоо бол улс төр, эрх зүйн тогтвортой байдал, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдад бий болгосон таатай нөхцөл, Монголын төрд, монголчуудад итгэх итгэл гээд биднээс хамаарах хүчин зүйлс бас олон бий. Төсөл нь том байх тусмаа түүнийг тойрсон хэл ам, хэрүүл маргаан ч том байдаг аж.Дотооддоо үл ойлголцол байхаас гадна түүнийг нь гаднаас тэтгэн дэвэргээд байдаг нь улам л тодорхой болж байх шиг. Гэхдээ том төсөл том эрсдэл, том шуугиан үүсгэдэг хэдий ч, том хожил, том хөгжил авч ирдэг юм шүү дээ. Том төсөлгүйгээр Монгол Улс том хожих, том алхах боломжгүй.

-Та Ерөнхий сайд байхдаа Оюу толгойн төслөөс гадна Таван толгой, ураны төсөл зэрэг асуудал шийдэх гэж нэлээд зүтгүүлсэн гэдэг. Тэр үеийн гадаад, дотоод улс төрийн нөхцөл байдлын онцлог ямар байсан бэ?

-2007-2009 онд дэлхийд хэд хэдэн хямрал дараалан нүүрлэсэн. Банк санхүүгийн хямрал эхлэсний дараахан хүнсний хямралын аюул нэрвэсэн. Улаанбуудайн үнэ гэнэт хоёр гурав дахин нэмэгдэж олон орон, түүний дотор Монгол Улс модоо барих дөхсөн. Бид тэр үед хэрэглэдэг буудайнхаа 75 хувийг импортоор авдаг байсан. Дээр нь газрын тосны үнэ тэнгэрт хадаж нэг баррель нь 145 ам.доллар хүрсэн. Энэ бол шатахуунаа гаднаас зөөдөг манайх шиг улсад бол сүйрэл. Монголын инфляцид нөлөөдөг гол гурван зүйл байдаг. Тэр бол мах, гурил, шатахууны үнэ. Махаа дотооддоо зохицуулаад болгоод байж болно. Харин гурил, шатахууны хувьд гаднаас хараат байх гэдэг том зовлон. Хүнд хэцүү үе байсан шүү. Гэхдээ хямрал мөнх үргэлжилнэ гэж үгүй. Хямралын үе шувтрахаар өөрийн болон хажуу хавийн улс орны эдийн засаг өлсөж цангана. Хэрэгцээ огцом нэмэгдэнэ. Түүний дотор түүхий эдийн хэрэгцээ. Тэр нь бидэндээ шинэ боломж болж хувирсан.

-Тэр үед таны бодож байсан бодол, олсон ололт, гаргасан алдаа юу байв?

-Тэр тухай одоо ярих хэрэг байна уу. Бодож төлөвлөсөн зарим ажлаа хийж чадсан, заримыг нь бол чадаагүй. Чадаагүй ч юу байх вэ. Цаг хугацааны болон нөхцөл байдлын хувьд амжаагүй. Би хоёр жил хүрэхгүй хугацаанд Ерөнхий сайд хийсэн. Энэ зуур УИХ-ын болон Ерөнхийлөгчийн гэх хоёр ч том сонгууль хийх ёстой байсан. Сонгууль бол нэг талаасаа ардчилал, нөгөө талаасаа бол ажлын садаа. Алдсан, оносны хувьд гэвэл аль аль нь байгаа. Дүн, дэнсийг нь цаг хугацаа гаргах биз гэж би түрүүн хэлсэн.

-Сонгуулийн тухай та ярьсан учраас энэ тухай хэдэн юм асууя. Таныг сүүлийн хэд хэдэн сонгуулиар намынхаа штабыг албан бусаар удирдаж ажилласан гэдэг. Харин саяхан болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн ажилд мэдээж оролцож чадаагүй. Оролцоогүй гэлээ ч энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийг хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Хэд хэдэн сонгуульд би намын сонгуулийн ерөнхий менежер хийж, дараа нь намын дарга байхдаа сонгууль удирдаж байсан. Тэрнээс хойш бол сонгууль монгууль удирдаад байсан юм надад үгүй. Намын шинэ залуу дарга нар асууж зөвлөлдье гэхэд хэдэн юм хэлж явснаас цаашгүй. Сонгуулийн технологи ч одоо үед улам нарийссан байна. Судалгаанд илүү суурилсан, нийгмийн сүлжээний онцлогийг бодолцсон, шинжлэх ухааны илүү үндэстэй хийдэг болж. Өнгөрсөн хавар болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн хувьд гэвэл би хөдөөний хорих ангид сууж байлаа. Хөндлөнгөөс харахад энэ сонгуулийн бэлтгэл ажлыг сүрхий базааж, ойрын болон хэтийн төлөвлөлтийг эртнээс нарийн хийж гэж санагдсан. Зөвхөн намын хүрээндээ бус, өргөн хүрээнд ажилласан нь үр дүнгээ өгсөн байна гэж харсан.

-МАН өнөөдөр төрийн бүх удирдах байгууллагад сууж байна. Нэг намын дарангуйлал тогтох нь гэх зүйл яригдах юм. Энэ тухайд та юу хэлэх вэ?

-Би юу хэлэх юм. Сонгуулийн үр дүн л ингэж гарсан байна. 2012, 2013 онд яалаа. Төрийн гурван “өндөрлөг” гурвуулаа АН-ын каадрууд байсан биз дээ. Тэр үед “Нэг намын дарангуйлал тогтох нь” гэж сүржигнэж байлуу. Үгүй шиг санагдах юм. Одоо бол сонгуулийн дүн эсрэгээрээ буусан байна. Цаг цагаараа, цахилдаг хөхөөрөө байдаггүй гэдэг нь дахин дахин нотлогдоод л байна. Үүнийг одоогийн эрх баригчид болон эрх барихыг горилогчид хаа хаанаа санаж явахад илүүдэхгүй биз.

-Улс төрийн намуудын бодлого, ирээдүйн дүр төрхийг та яаж харж байна?

-Яаж ч хараагүй сууж байна. Би наад сэдвээс чинь дэндүү холдсон гэдгээ л мэдэж байна.

-Та нам, улс төрийн сэдвээр цааш нь ярих дургүй байх шиг. Гэхдээ энэ сэдвийн төгсгөлд нь танаас заавал асуух ёстой нэг асуулт асууя. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө МАХН, МАН-тай нэгдсэн. Таны бодлоор хоёр намын энэ нэгдэл зөв үү?

-Нэгдэл ч биш юм аа. Энэ хоёрын нэг жижиг хэсэг нь нэг хэсэг салж явсан. Өөрийн дураар салсан. Голын жижиг салаа нэг хэсэг тусдаа урсдаг шиг.Одоо мөн л өөрийн дураар татан буугдаад төрхөмдөө буцаж. Голын салаа татуурга үндсэн урсгал голдиролдоо буцаад нийлэхийг хоёр гол нэгдлээ гэхгүй биз дээ. Гэхдээ нэр томьёо энд тийм ч чухал биш. Эцсийн дүндээ болох ёстой юм жамаараа болжээ гэж би хүлээж авсан.

-Таныг том стратегич гэдэг. “Стратегийн бодлого” гэж юу вэ, манайд тэр нь бий юү, гадаад орнуудад ямар байдаг юм бэ?

-Том стратегич. Ай яа. Улсын наадмаар бөх цоллож байгаа юм шиг бас л сүр чимэгтэй дуулдаж байх чинь.Цоллон хөөргөж байгаад цовдлож дэлгэдэг энэ аргыг чи танай сонинд байсан, авьяас нь дэндсэн лут сэтгүүлч Б.Ганчимэг эгчээсээ сураа юу (инээв). Хүн л юм хойно муу ах чинь магтаалд нугасгүй. Гэхдээ сүржин үгэнд сэжигтэй, цаасан малгайд хажигтай ханддаг. Үүнийгээ би Б.Ганчимэгт ч хэлж байсан, чамд ч гэсэн хэлээд л байна, Номио минь. Стратеги судлалын хүрээлэнд би нэг хэсэг ажиллаж байсан нь үнэн. Стратеги судлалын хүрээлэнгээс цалин авч байлаа гээд шууд том стратегич болчихгүй л байх. За за, тэр ч яах вэ.Стратегийн бодлого гэдэг нь зайлшгүй байх ёстой зүйл. Альч улс орон хол ойрын төлөвөө, сайн муу талаа, гадаад дотоод хүчин зүйлээ, орлого зарлага гэх мэт олон зүйлээ цогцоор нь харж, төсөөлж, төлөвлөж чадвал тэр нь стратегийн бодлого болох үндэс нь биз.

-Дэлхийн чиг хандлага, ерөөс улс төр, эдийн засаг, геополитик ямар чиг рүүгээ яваад байна вэ?

-Наадах чинь ч бас дэндүү том асуудал байна. Товчоор хэлэхэд, дэлхийн том улс гүрнүүд дахиад л талцаад, шинэ хүйтэн дайн дэгдээд эхлэх шиг. Бидний хувьд хуучин зууны төгсгөл, шинэ зууны эхэнд биднийг дулаан элчээрээ сайхан ээж байсан үүлэн чөлөөний нар үгүй болж байх шиг. Дэлхийн болон бүс нутгийн энэ том талцалд нь өртчихгүй шиг, хөрш хоёр оронтойгоо болон гурав дахь хөрш гэдэгтэйгээ эвтэй найртай, харилцан ашигтай аятайхан яаж явах вэ гэдгээ нухацтай бодох, хөдлөх ёстой цаг.

-Хоёр хөрш орны манайх руу чиглэсэн ямар бодлого байдаг вэ. Тэдэнтэй бид ямар бодлого барих ёстой юм. Гуравдагч гүрнүүдийн манайд чиглэсэн бодлого нь юу юм бэ. Дэлхийн хоёр том гүрний дунд бид хэрхэн тоглолт хийж гурав дахь хөрш гэдэгтэйгээ харилцаагаа яаж зузаатгах вэ гэсэн олон асуулт цаана нь бас бий…

-Бурхан Гончигсүм минь… Ямар лут лут асуултууд вэ. Мэдээлэлгүй надад дэндүү ахадсан олон сэдэв байна. Дэлгэрүүлж яривал асуулт болгон чинь ярилцлагын биш, судалгааны сэдвүүд байна. Тэр айхавтар шугуй руу оролгүй ганц нэг зүйл л онцолъё. Давын өмнө бид ямар нэгэн “тоглолт” хийх гэж оролдох огт хэрэгггүй. “Тоглолтоор” хэнийг ч барж идэхгүй болсон хорвоо. Зүгээр л тооцоо судалгаагаа няхуур хийж, бодлогоо зөв гаргаж, хэлсэн тохирсондоо эзэн байх ёстой.Тэгээд л тэр. Нөгөөтэйгүүр, манайхан “ах дүү, мах дүү” гэхгээд байдаг. Эсвэл шууд л “атаат дайсан” болгож харах гэнэ. “Мөнхийн ашиг сонирхол гэж байхаас, мөнхийн ах дүү, мөнхийн дайсан гэж үгүй” гэсэншүү үг байдаг. Туйлын үнэн үг. Хоёр хөрш ч бай, гурав дахь хөрш ч бай тэд бүгд Монголыг чиглэсэн нарийн бодлоготой. Тэр нь Монголыг яаж өөд татах, монголчууд биднийг яаж жаргаах вэ гэсэн бодлого огт биш. Өөрийнхөө том ашиг сонирхолд нийцүүлэн жижиг Монголыг яаж ашиглах вэ гэсэн л амиа бодсон бодлого байгаа. Тэрнийг нь нарийн мэдэж мэдэрч, зөв хариу барьж, тэнцвэртэй бодлоготой байх нь бидний хувьд амин чухал асуудал юм даа.Өөр ч юу хэлэх вэ дээ. Том том сэдвээр хамаа намаагүй л ярилаа, гадаад дотоод улс төрийн талаар баахан цуурлаа шив дээ (инээв).

-Та улс төрд цаашид оролцох уу. Улс төрд оролцохгүй бол улс төр чамаар оролдоод эхэлнэ гэдэг үг байдаг даа.

-Би “Улс төрөөс гарлаа. Гарахдаа гэрлээ унтраасан шүү” гэж хэлээд гарсан.Танай сониноор дамжуулж хэлж байсан санагдана. Тэрнээс хойш арав гаруй жил өнгөрч. Гэтэл орхиод гарсан улс төр намайг үе үе оролдсон хэвээр л. Улс төр ч гэж дээ. Улс төр бол бодлого. Намайг оролддог нь нэг муу арчаагүй улстөржилт. Улс нийгэмд огт нэмэргүй, харин хувь хүнд нэн хохиролтой тийм улстөржилт. Заримдаа ч боорцог хөдлөөд ханцуй шумлан эргэж ороод зад авмаар санагддаг. Нуугаад яах вэ. Гэхдээ би улс төрд эргэж орохгүй. Хувийн юмаа шийдэх, өс хонзон авах гэж улс төрд орох ёсгүй. Бүтэх ч үгүй. Тэгээд ч миний, манай үеийн улс төрд байх цаг үе өнгөрсөн, тэгдэг нас маань ч биш болсон гэж боддог.

-Цаг үе гэснээс та 2005 онд ОХУ-аас буцаж ирээд таны сая дурссан Б.Ганчимэг эгчтэй ярилцаж байсан юм билээ. “Таны улс төрийн цаг хэд болж байна” гэх асуултад нь “Өглөөний 7:30 болж байна. Миний ажил удахгүй эхэлнэ” гэж хариулж байж. Одоо тэр асуултад та юу гэж хариулах вэ?

-Миний хувьд ажлын цаг дууссан. Улс төрийн ажлын цаг шүү дээ. Улс төр талаас нь харвал одоо үдэш оройн 19:30 орчим болж байгаа биз. Ажлаа тараад гэртээ харьж яваа цаг.

-Миний нас биш болсон гэж та сая хэллээ. Гадаадад, ялангуяа Азийн улс орны улс төрийн оргилд байх нас 70 гараад л гэдэг юм билээ. Яагаад тийм юм?

-Азийн өндөр хөгжилтэй орнуудын энэ жишиг уг нь зөв санагддаг. Гэхдээ манайх арай өөр.Дундаж насжилт, тогтсон уламжлал энэ тэрээсээ хамаарч өөр байдаг биз. Манайх балчир залуудаа улс төрийн том том албан тушаалд очиж, сайд даргаар томилогддог практиктай. Ийм практик аль дээр социализмын үеэс л явсан. Би ч тэр практикийн нэг төлөөлөгч нь мөн. Одоо ч тэр практик маань үргэлжилсээр. Азийн улс орнуудад тийм юм байхгүй. Тэд уламжлалт иерарх тогтолцоотой, одоо яригддаг мерит гэгддэг зарчмаа эртнээс баримталсан. Урт шатаар удаан мацсаар тавь гарч байж, шигшигдэж байж сайд дарга болвол болно. Үгүй бол үгүй. Яваандаа манай дундаж наслалт нэмэгдээд, улс төр арай тогтворжоод, хүн ам нэмэгдээд Азийн энэ сонгодог жишгээр явдаг болно биз гэж бодогддог. За, одоо болно биз дээ. Хоёулаа нэлээд удаан ярилцлаа. Сонины чинь нүүр хүрэхгүй.

-Ярилцлагынхаа төгсгөлд ганцхан юм асууя. Та маш сонирхолтой, үйл явдлаар дүүрэн амьдралтай хүн шиг санагддаг. Гэхдээ таныг бодохоор “Монголын төр зүтгэсэн хүндээ халтай” гэх үг санаанд орж ирдэг. Та туулж өнгөрүүлсэн амьдралдаа харамсдаг уу?

-Хүнд хүнд асуултаар булсаар л дуусгах юм даа. Юу ч гэж хариулмаар юм бэ дээ. Сайн саар хоёр нийлж сав дүүрдэг гэдэг байх аа. Би хийсэн, хэлсэн зүйлдээ харамсаад байдаггүй. Харин хийж амжаагүй, хэлж чадаагүй, зүрхлээгүй зүйлдээ бол харамсдаг.

-Хэлж зүрхлээгүй зүйл гэж та юуг хэлж байна вэ?

-Бүхнийг нэг дор ярина гэж юу байх вэ. Дараа яръя.

-За тэгъе. Танд эрүүл энх, сайн сайхныг хүсье.

-Ерөөл бат оршиг.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ц.Мөнхцэцэг: Улс төрийн намд таван сая төгрөгөөс илүүгүй хандив өгөхөөр хуульчилж байна

УИХын гишүүн Ц.Мөнхцэцэгтэй ярилцлаа.


Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг та ахалж ажиллаж байгаа. Ямар өөрчлөлтүүд тусгагдаж байна вэ?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж гарах улс төрийн тогтолцооны гол хуулиудын нэг бол улс төрийн намын тухай хууль. Өнөөдөр үйлчилж байгаа улс төрийн намын тухай хууль 2005 онд батлагдсан. Түүнээс хойших хэдэн жилийн хугацаанд Монголын улс төрийн үйл явц, улс төр дэх хөрөнгө мөнгөний нөлөө, авлигын индекс зэрэг олон асуудлаар томоохон өөрчлөлт гарч улс төрийн намын тухай хуулийг шинэчлэх зайлшгүй шаардлага тулгарсан. Улс төрийн намын тухай хуулийн энэ удаагийн шинэчилсэн найруулгын төсөлд хэд хэдэн зарчмын шинжтэй томоохон өөрчлөлтүүд орлоо. Тухайлбал, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн 19 дүгээр зүйлд заасны дагуу улс төрийн намууд дотооддоо ардчилсан, үндэсний хэмжээнд бодлогын үйл ажиллагаа явуулдаг, санхүүжилт нь ил тод, нийгмийн өмнө хариуцлага хүлээдэг намууд болох ёстой.

Улсын төсвөөс тухайн намд олгосон санхүүжилтийг хэрхэн зохицуулахаар хуульд тусгасан бэ?

-Улс төрийн намд олгож байгаа санхүүжилтийг дэлхийн улс орны жишгээр зарцуулалтыг нь тодорхой зааж өгч байгаа. Улс төрийн намд олгож байгаа төрийн санхүүжилтийг ил тод тайлагнаж, санхүүжилтээ зориулалтынх нь дагуу зарцуулж байх ёстой. Төрөөс олгож байгаа санхүүжилт төдийгүй, тухайн улс төрийн намын өөрийн орлого, түрээсийн болон бусад байдлаар олсон орлого, хандив, гишүүдийн татвар зэрэг намын санхүүжилттэй холбоотой бүх тайлан, мэдээлэл ил тод байх ёстой. Улс төрийн намын тухай шинэ хуулийн төсөлд намын санхүүжилтийн бүх процессыг нарийн зааж өгч, тайлагнах хугацаа, тухайн намын санхүүжилтийн иж бүрдэл, тухайн тайлант хугацаанд санхүүжилтээ мэдүүлээгүй бол, сонгуулийн төв байгууллагуудад мэдүүлээгүй бол хариуцлага тооцох санкцуудыг тодорхой зааж өгсөн. Дэлхийн олон улсын жишгээр хэрвээ намд төсөл санхүүжилт өгч байгаа тохиолдолд зарцуулалтыг нь хувь заан нэрлэж өгдөг. Тиймээс манай улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тухайн намд олгосон санхүүжилтийн 30-аас доошгүй хувийг гишүүд болон иргэдийн улс төрийн боловсрол дээшлүүлэх үйл явцын үйл ажиллагаанд, 20-иос доошгүй хувийг эмэгтэйчүүд, ахмад настан, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийгмийн сонирхлын бүлгүүдийн улс төрийн тэгш оролцоог нэмэгдүүлэхэд зарцуулна гэж заасан. Улс төрийн нам нийгмийн өмнө хариуцлага хүлээдэг институци. Одоо байгаа улс төрийн намын тухай хуулиар улс төрийн намд ямар нэгэн хариуцлага болон үүрэг ногдуулдаггүй. Шинэ хуулийн төслөөр улс төрийн намд тодорхой үүргүүдийг ногдуулж байгаа.

Тухайлбал?

-Шинэчилсэн найруулгын төсөлд улс төрийн нам нь Үндсэн хуульд байгууллага, ардчилсан тогтолцооны зайлшгүй бүрэлдэхүүн хэсэг гэсэн томьёолол оруулсан. Нам гэдэг бол ард түмний улс төрийн хүсэл зориг олон нийтийн үзэл бодлыг илэрхийлэх төр ард түмний хооронд байнгын идэвхтэй харилцаа холбоо үүсгэх, иргэдийн улс төрийн боловсролыг дээшлүүлэх, жендерийн тэгш оролцоог хангах, хариуцлагатай иргэнийг бэлтгэх, Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлтөд оролцох, сонгуульд нэр дэвшүүлэн шударгаар өрсөлдөх гэх үүргүүдийг улс төрийн намд хүлээлгэсэн. Европын намуудын жишгээр улс төрийн нам нийгмийн өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд нь төрөөс хэсэгчилсэн санхүүжилт олгоно гэж заасан. Улс төрийн намыг төлөвшүүлэх, намын тогтолцоо бүхэлдээ хариуцлагатай байхад аливаа улс орны ардчиллын үйл явцад чухал дэмжлэг үзүүлдэг. Тиймээс УИХ-ын сонгуулиар иргэдийн тодорхой хувийн дэмжлэг авсан намууд төсвөөс дэмжлэг олгож, тухайн намуудад гарааны тэгш байдлыг бий болгох, цэвэр өрсөлдөөнийг дэмжих, улс төр дахь бохир мөнгө буюу тодорхой цөөн компани олигархиудын мөнгөний нөлөөнөөс ангижруулах үүднээс УИХ-ын сонгуулиар суудал аваагүй ч тухайн сонгуулиар нийт сонгогчдын нэг хувиас доошгүй санал авсан намд улсын төсвөөс хүчинтэй санал тутмыг тооцож мөнгөн дүнгээр дэмжлэг олгохоор заасан. Сонгогчдын нэг хувь гэдэг 2020, 2021 оны сонгуулийн дүнгээс үзэхэд 2.1 сая сонгогч санал өгөх ёстойгоос ойролцоогоор 21-25 мянган сонгогчийн санал авсан намд төсвөөс дэмжлэг олгоно. Гэхдээ тухайн нам төсвөөс олгосон дэмжлэгийн хариуд намын бүх ажиллагаа тайланг ил тод болгох, санхүүжилтийг хагас жил тутам мэдээлж байх, намын үйл ажиллаагааны тайлан болон санхүүжилтийн тайланг олон нийтэд нээлттэй тавих үүрэг хүлээж байгаа. Мөн тухайн нам хуулиар хориглосон ямар нэг эх үүсвэрээс санхүүжилт авах, намын дотоод сонгууль намаас дэвших үйл явцад нэг дэвшигчдээс болон хувь хүнээс хуульд заагаагүй хэмжээний мөнгөн хандив авах, нэр дэвшигчээс дэнчин шаардах зэрэг санхүүгийн хууль бус үйлдэл гаргасан тохиолдолд төсвийг хязгаарлах буюу зогсоох арга хэмжээ авна. Энэ хуулиар намуудын үйл ажиллагааг шилэн байлгах үүрэг ногдуулж байгаа. Улс төрийн намуудад нийгмийн өмнө үүрэг хүлээлгэж тухайн нам сонгуульд оролцож бодлого үйл ажиллагаагаа ард түмэндээ танилцуулах гишүүд дэмжигчид улс төрийн боловсролд дэмжлэг үзүүлэх үүрэг хүлээж байгаа. Тухайн эдгээр үүргээ биелүүлээгүй тохиолдолд намын үйл ажиллагаа нь идэвхгүй болох бөгөөд намд олгох санхүүжилтийг зогсоох санкцуудыг оруулж өгсөн. Тухайн нам хэн нэгэн улстөрчийн нөлөөллөөс ангижрахын тулд гишүүдийнхээ бага дүнтэй татвараас санхүүжих байдлыг хуульчилж өгсөн. Өнөөдрийн байдлаар ихэнх нам гишүүдээсээ татвараа авч чаддаггүй.

Улс төрийн намыгбодлогын намболгох үзэл санаа, зохицуулалтыг хуульд тусгасан гэсэн. Бодлогын нам болгохын тулд хууль эрх зүйн орчинг хэрхэн бүрдүүлэх вэ?

-Улс төрийн хуульд орсон шинэ концепци бол бодлогын нам байх ёстой. Үндсэн хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу нам үндэсний хэмжээний бодлого явуулах ёстой. Тиймээс нам цаг уурын шинжтэй, популист, нэг хүний нөлөөн дэх нам биш урт хугацааны бодлого дэвшүүлж сонгуульд өрсөлддөг, намын мөрийн хөтөлбөр сонгуулийн мөрийн хөтөлбөр нь харилцан уялдсан, Монгол Улсын хөгжлийн бодлого үнэт зүйл нь Үндсэн хуульд нийцсэн байхаар зохицуулагдаж байна. Бодлогын нам байна гэдэг нь намаас гарч буй шийдвэрүүд шинжлэх ухааны үндэстэй, бодлого судалгаанд үндэслэсэн байна. Үүний тулд нам дэргэдээ бодлогын судалгааны хүрээлэнг дэргэдээ ажиллуулах ёстой. Тухайн бодлогын судлалын хүрээлэнд уг намд төсвөөс олгож байгаа санхүүжилтийн тодорхой хувийг хүрээлэн зарцуулж ажиллана. Бодлогын судлалын хүрээлэн нь намын бодлого үйл ажиллагаанд мэргэжлийн судалгаа зөвлөмж өгдөг, гишүүдрүүгээ болон иргэд рүү чиглэсэн хүний эрхийн боловсролыг дэмжсэн үйл ажиллагаа явуулах ёстой. Мөн намын бүх үйл ажиллагаанд нийгмийн сонирхлын бүлгүүдийн тэгш ажиллагааг хангах зорилгоор намын бодлогын судалгааны хүрээлэн үйл ажиллагаа явуулна.

Улс төрийн намын гишүүнчлэлийн талаарх зохицуулалтыг нэн тодорхой болсон уу?

-Намын хатуу гишүүнчлэлийг сул хэлбэр лүү шилжүүлж байгаа. Одоо хүчин төгөлдөр хуулиар намын гишүүн гэдэг ганцхан субьект байдаг. Тэгвэл шинэ хуулийн төслийн дагуу тухайн намын үзэл баримтлалыг дэмжиж, үйл ажиллагааг дэмжиж гишүүнээр элсэж, бодлогын оролцож татвар төлдөг хүнийг гишүүн, харин татвар төлөхгүй намын үйл ажиллагаанд дэмжин оролцдог иргэнийг дэмжигч гишүүн гэдэг ангилалаар ялган өгсөн байгаа. Нэг иргэн хэд хэдэн намыг дэмжигч байж болно. Тухайн намаас намын сонгуульд өрсөлдөх, намаас нэр дэвших хүсэлтэй байвал татвараа төлөөд намын өмнө тодорхой хариуцлага хүлээж, намын гишүүн болох боломжтой. Ингэснээр намын гишүүдийн татвар төлөлтийг урамшуулах, нам нь гишүүдийнхээ бага хэмжээний санхүүжилтээр санхүүжилтээ бүрдүүлэх ийм зарчим руу орж байна.

Намыг ямар үед татан буулгах вэ?

-Намыг татан буулгах нэг эрх зүйн зохицуулалтыг хуульд оруулж өгсөн. Намын эрх бүхий байгууллагын гаргасан шийдвэр Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний эв нэгдлийг задлан бутаргах Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах, терроризм үйлдэх, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, нацист буюу фашист нам болсон тохиолдолд олон улсын хүний эрхийн конвенцууд, олон улсын жишгийн дагуу эрх бүхий байгууллагын шийдвэрээр нам татан буугдана. Үүнээс бусад тохиолдолд нам татан буулгахгүй.

Улс төрийн намыг томоохон хандивлагчдын нөлөөнөөс гаргах уу?

-Улс төрийн нам энэ хуулийн дагуу томоохон хандивлагч, хөрөнгө мөнгөтэй цөөн хүмүүсийн нөлөөллөөс гарах ёстой. Үүний тулд намд олгох хандивын дээд хэмжээ, хандивын зарцуулалтыг хатуу зохицуулж өгч байгаа. Тухайлбал, Монгол Улсын иргэн жилд нэг удаа аль нэг улс төрийн намд хандив өгч болно. Гэхдээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 дахин нэмэгдүүлснээс хэтрэхгүй буюу таван сая төгрөг дотор багтааж хандив өгөхөөр хуульчилж байна. Хуулийн нэгж буюу корпорациудын хандивыг хязгаарласан. европын намуудын чиг хандлагаас үзэхэд жил ирэх тутам томоохон компани, корпорациудын намд олгох хандивын хэмжээ эрс буурч байгаа. Үүний оронд төсвийн санхүүжилт нэмэгдэж, тухайн намд олгох иргэдийн маш бага дүнтэй санхүүжилт буюу иргэдийн хувийн бага дүнтэй хандив нэмэгдэж байгаа нийтлэг чиг хандлага ажиглагдаж байна. Энэ зарчмыг хуульд тусгаж өгсөн. Нам хандив өгсөн хүмүүсийг нэг бүрчлэн ил болгоно. Зарцуулалтаа тайлагнана. Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах үйл ажиллагаа оролцсон иргэн тухайн тендерийн үйл ажиллагаанд оролцсоноос хойш дөрвөн жилийн хугацаанд намд хандив өгөхийг хориглож байгаа. Энэ нь төрөөс зарлагдаж байгаа тендер худалдан авалтад оролцохын тулд эвсэл оролцсоны дараа улс төрийн намд шан харамж болгож хандив өгөх буюу авлигын шинжтэй үйлдэл хийхийг хориглож байгаа. Тухайн намд хандив өгч байгаа иргэн хууль зүйн эрхтэй эсэхийг хуулийн дагуу тодорхойлно. Хандив өгөх эрхгүй этгээдээс хандив авсан тохиолдолд улсын орлого болгоно. Намд олгох хандивыг мөнгөн ба мөнгөн бус хэлбэртэй байж болно. Мөнгөн бус хандив өгч байгаа тохиолдолд зах зээлийн дундаж ханшийг үндэслэн үнэлнэ.