Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Б.Мэдрээ: Хөгжлийн банкны хуулийг өөрчилснөөр үнэхээр том луйвар хийж болох заалтуудыг тусгасан || DNN.mn

Монголын банкны холбооны ерөнхийлөгч Б.Мэдрээтэй ярилцлаа.


-Өнөөгийн шуугиан Хөгжлийн банк болж байна. Банкны салбарын хүний хувьд энэ шуугианы талаар байр сууриа илэрхийлээч?

-Хөгжлийн банкийг байгуулах ажлыг 1990-ээд оны дундаас ярьж явсаар 2011 онд анхны хууль нь батлагдсан түүхтэй. Хөгжлийн банк манайх шиг буурай хөгжилтэй оронд зайлшгүй байх ёстой институци юм. Яваандаа хөгжөөд ирэхээрээ өөр болох байх. Анхны буюу 2011 оны хууль нь 2017 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр хүртэл үйлчилсэн. Сайн муу, зөв буруу гээд яривал үнэхээр сайн хууль гэж хэлнэ. Институцийн тогтолцоо, хэрхэн үйл ажиллагаа явуулах зэргийг тун сайн тусгаж өгсөн. Дараа нь 2017 онд Хөгжлийн банкны хуульд өөрчлөлт оруулахаар УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа өргөн барьсан юм билээ. Бас л “биширмээр хууль”. Яаж үг, үсгээр тоглож, луйвар хийж болохыг тун гайхамшигтай харуулсан гэж болно. Мэдээж хуульд өөрчлөлт оруулахад УИХ-ын гишүүд санаа, чиглэл өгдөг байх. Хуулийн эх баригч гэж нэг хүн байж таараа.

Уг нь 2011 онд батлагдсан Хөгжлийн банкны хууль бол үнэхээр зөв ажиллах хууль байсан юм. 2011 оны хуульд Хөгжлийн банкны зорилгыг “Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх зорилго бүхий тусгайлсан чиг үүрэгтэй банк байна” гэж заасан. 2017 онд энэ хуульд өөрчлөлт оруулахдаа “тусгайлсан” гэдэг үгийг нь авч хаясан байна лээ.

Импортыг орлох, экспортын орлогыг нэмэгдүүлэх, үйлдвэр, үйлчилгээг хөгжүүлэх шаардлагатай гэсэн үгсийг нэмсэн байгаа юм. Ерөнхийдөө зорилго нь хазайгаад явчихсан гэсэн үг. 2011 оны хуульд заасан “зээл олгох” гэдэг бүлгийг нь огт байхгүй болгочихсон. Угтаа 2011 оны хуульд Хөгжлийн банк хэрхэн зээл олгохыг нарийвчилж, зааж өгсөн байсан. Үүнд, “Зөвхөн мэргэжлийн дүн шинжилгээнд үндэслэсэн зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр нь үр ашигтай байх, зээлийн эргэн төлөгдөх хуваарь тодорхой байх, зээл нь барьцаа баталгаа болон үүргийн гүйцэтгэлийн бусад арга, хэрэгслээр хангагдсан байна” гэхчлэн нэлээд нарийвчилж заасан зүйлсийг 2017 онд өөрчлөлт оруулахдаа хасчихсан. Зээл олгох шийдвэрийг актив-пассивын удирдлага, эрсдэлийн удирдлагын нэгжийн саналыг үндэслээд зээлийн хороогоор хамтарч хуралдаад зээл олгох нь зүйтэй гэвэл Гүйцэтгэх захирал гэрээ хэлцэл байгуулна гэж байсан юм. Гэтэл одоогийн хуулиар ТУЗ-ийн шийдвэрээр зээл авч болно гэж заагаад ТУЗ-өө бүр зээлдээ хутгаад оруулчихсан. Түүнчлэн 2011 оны Хөгжлийн банкны хууль хоёр том чиг үүрэгтэй байсан. Нэгдүгээрт, УИХ-аас Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл,хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зориулан зээл олгох бөгөөд санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг УИХ жил бүрийн хаврын чуулганаар батална. Хоёрдугаарт, УИХ-ын баталсан төслийг Засгийн газар нарийвчилж батална гэж заасан байсан. Гэтэл 2017 оны хуульд УИХ-ын болон Засгийн газар нарийвчилж батлах тухай хэсгийг нь хасчихсан. Ёстой дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэх эрхийг 2017 оны хуульд оруулж өгсөн байгаа юм.

Хуулийн аргаар хулгай хийж болох зүйлийг зөвхөн дээд зэрэглэлийн түвшинд ажиллаж байгаа УИХ-ын гишүүд л хийж чадна. Гэхдээ бүх гишүүдийг нь хэлж байгаа хэрэг биш шүү.

-Эдгээр чанаргүй зээлүүдийг хэдэн жилийн дотор олгочихов?

-Энэ бүх муу зээлүүдийн ихэнхийг нь 2017-2021 онуудад буюу тавхан жилийн дотор олгосон байна лээ. Ердөө таван жилийн дотор Хөгжлийн банкийг хүнд байдалд оруулчихсан гэсэн үг. Гэхдээ аль ч хуулийг нь харсан компанийн засаглалын хувьд үнэхээр сайн бичигдсэн, хяналт сайтай. Хувь нийлүүлэгчдийн хуралд ТУЗ нь тайлагнана. ТУЗ-дөө Гүйцэтгэх захирал нь тайлагнана. ТУЗ нь дэргэдээ аудитын нэгжтэй байна гэх зэргээр дараалсан, давхар хяналтуудтай. Гэтэл өнгөрсөн хугацаанд энэ бүх хяналт яаж ажиллаад байсан юм бэ. АНУ, Мексик хоёр хоёулаа капитилист, Ерөнхийлөгчийн засаглалтай орон. Гэтэл АНУ нь хөгжөөд, Мексик нь хар тамхиндаа идэгдчихсэн. Ялгаа нь юу вэ гэвэл ерөөсөө хууль хэрэгжүүлдэггүй л байгаа юм. Аливаа улс хөгждөггүй гол шалтгаан нь улс төр л байдаг.

-Хөгжлийн банк өнөөдөр ийм байдалд орсныг та хуультай нь холбож үзэж байна уу?

-Тэгэлгүй яахав. 2011 оны хуулиндаа хяналт тавих газраар Монголбанкийг оруулаагүй. Зөвхөн 2017 онд оруулсан. Банкийг хянаж чаддаг ганц мэргэжлийн байгууллага нь Монголбанк. Засгийн газар Хөгжлийн банкийг хоёр жилд нэг удаа хянана гэж байгаа. Засгийн газарт банкийг мэргэжлийн түвшинд хянаж, шалгах институци байна уу гэвэл, байхгүй.

Мөн 2011 оны хуульд хараат бус гишүүний тоо гурав байсан. Үүнд, Монголбанк, Монголын банкны холбоо, МҮХАҮТ тус тус нэг төлөөллөө оруулахаар заасан байсан. Харин үүнийг 2017 оны хуулиас хасчихсан. Одоо хараат бус гишүүн дөрөв болсон, энэ нь ч сайн. Монголбанк үнэхээр чанга хяналт тавина л даа. Тэр нь ч зөв. 2017 оны Хөгжлийн банкны хуульд үнэхээр том луйвар хийж болох заалтуудыг тусгасан. ТУЗ нь Гүйцэтгэх захирлаасаа тусдаа Тэргүүн дэд, газрын захирлуудтайгаа гэрээ байгуулахаар заачихсан. Ингээд ирэхээр л захирлууд нь фракцлаад эхэлдэг. Гүйцэтгэх захирал нь удирдаж чадахаа больдог. Компанийн сайн засаглалыг 2017 оны өөрчлөлтөөр бүрэн эвдсэн гэж ойлгож болно.

-Хөгжлийн банк зээл олгохдоо эзнээ олж өгөхгүй байх шиг. Арилжааны банк олгочих зээлийг л олгосон байх юм…

-Тийм ээ үнэн. Тиймэрхүү зээл олгож болохгүй. Хөгжлийн гэдэг утга нь алдагдана. 2017 онд хуульд өөрчлөлт оруулахдаа экспорт, импортыг санхүүжүүлэх гэж тусгасан. Өнөөдөр алт олборлох зээлийг аль ч арилжааны банкнаас авч болно шүү дээ. Буруу зүйлд зээл өгөөд байна. Дэлхий нийтэд аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал болж байна. Манайх эхнийх нь ч хувьсгалыг хийж чадаагүй. Хадаасаа, зүүгээ ч өөрсдөө хийж чадахгүй байж аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал яриад байдаг. Ядахдаа бид дээд зэргийн ган, зэс хоолой(турба), зэс бүтээгдэхүүн, шил, шилэн бүтээгдхүүн, бензин хийдэг ийм хэдэн аж үйлдвэрээ барьчих ёстой. Монгол шиг зэстэй газар хаана байна. Шведүүд бүх турбагаа зэсээр хийдэг болгож байна. Зэс нь зэвэрдэггүй, цоордоггүй л гэнэ. Манай эдийн засагчид экспортод зориулсан гэж их ярих юм. Экспортод зориулсан бүх зүйлсээ гадагшаа гаргаж байна. Зэсийн хүдэр төмөр, нүүрс гэх мэт бүгдийг нь экспортолж байгаа. Импортыг орлох тухай огт ярихгүй юм. Шилний үйлдвэр, гангийн үйлдвэр байгуулъя гэж бараг ярихгүй юм даа.

-Хэн хариуцлага хүлээх ёстой вэ?

-Үнэн хэрэгтээ зээлээ төлөхгүй яваад байгаа хүмүүсийн муу зээлийг ажил эрхэлж, татвар төлж байгаа Монгол Улсын 1.5 сая иргэн төлж байгаа юм. Нөгөө хэдэн луйварчид нь монжоод л. Хөгжлийн банкны шат шатны албан тушаалтнууд, өөрөөр хэлбэл ажил хариуцсан доод албан тушаалтнуудаасаа эхлээд дээшээгээ дарга нар нь бүгд хариуцлага хүлээх ёстой. Бүр Засгийн газар, Сангийн яамны ажил хариуцсан албан тушаалтнууд хүртэл хариуцлага хүлээх ёстой. Энэ банкийг 10 гаруй жилийн хугацаанд долоон захирал удирдан ажилласан байна. Дөнгөж ажлаа аваад ойлгож, мэдэх гээд явж байхад нь сольчихдог. Долоон захирлын нэг нь ч банкны хүн биш байх жишээтэй. Банкийг мэддэг хүн удирдах нь зүйд нийцнэ.

-2011 оны хуулиа эргэж харах, сэргээх хэрэгтэй гэж та харж байна уу?

-2011 оны хуулийг эргэж хүчин төгөлдөр болгож болно. 2017 оны хуулиас ганц хоёр авууштай зүйл заалтыг нь ч оруулчихаж болно. Хөгжлийн банк бол манайд заавал байх ёстой. Харин удирдлагад нь мэргэжлийн банкир, ёс суртахуунтай, ёс зүйтэй, жудагтай хүн оччиход л болно доо. Хөгжлийн банкаараа хөгжсөн Солонгос, Сингапур, Хятад зэрэг улсууд байна шүү дээ.

-Монголын банкны салбар ямар түвшинд явж байна вэ. Зээлийн хүү өсөөд, хадгаламжийн хүү буураад байх юм?

-Манай банкны салбар харьцангуй өндөр түвшинд хөгжсөн. Төлбөр, тооцоо, цахим хөгжлийн хувьд зарим хөгжингүй, бүр хөгжилтэй улсуудтай харьцуулахад ч хамаагүй илүү үйл ажиллагаа, үйлчилгээ явуулж чадаж байна. Зээлийн хүүний тухайд, товчхондоо зээлийн хүү инфляцитайгаа уялддаг. Инфляциа дагана. Тиймээс зээлийн хүү өнөөдөр өндөр байхаас аргагүй. Инфляци өндөр байвал хадгаламжийн хүү өснө. Бага байвал буурна

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Муу эр дайнд хөөрнө

“Муу эр дайнд хөөрнө” гэж яасан үнэн үг вэ. Цахим орчноор дүүрэн ОХУ, Украины асуудлыг ярьж хөөрцгөөсөн улс. “Цус үзье” гэдэг шиг байлдахыг нь дэмжээд ч байгаа юм шиг. Байлдаасай гэж бодоод эхлэхийг нь хүлээгээд ч байгаа юм шиг. Монголчуудад угаас нэг муухай зан байна. Энэ бол аливаа асуудлын гоё сайхныг харахаас илүү муу, бүтэлгүйг нь олж хардаг зан. Машин, мотоциклийн уралдаан үзэж буй гадныхан “Ямар гоё уралдаан болж байна аа” гэж үздэг бол монголчууд “За одоо аль нь унаж, ямар осол аваар гарах бол” гэж хүлээдэг гэсэн хошигнол хэрнээ үнэнд ойр хөнгөн яриа бий. Үүн шиг ОХУ, Украин хоёр байлдаж л байвал сонирхолтой бололтой. Хэрэв байлдвал бидэнд яаж нөлөөлөх вэ гэдгийг бодож байгаа хүн цөөхөн аж. Одоогийн байдлаар ОХУ, Украины харилцаа хурцадсаны улмаас дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ 2-3 хувиар нэмэгдээд байна. Хэрэв нөхцөл байдал улам муудвал үүнээс ч илүү нэмэгдэнэ л гэсэн үг.

Хэдэн сарын өмнө шатахуун нь дууссан “Приус”-ээ түрж явсан монголчууд үүнийг ойлгохгүй дайнд хөөрч, даган баясаж яваа нь харамсалтай.

Москва найтаахад Монгол ханиад хүрдэг гэдэг шиг шатахууны үнэ нэмэгдэх нь хамгийн эхний асуудал. Цаашлаад ОХУ, Украинаас импортоор авдаг бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт тасалдаж, үнэ нь нэмэгдэх магадлалтай. Тиймээс дайн бол хүсээд байх зүйл биш!

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Монголын улс төрөөр сонин юу байна

Хавар болохоор Монголын улс төр идэвхиждэг, идэвхжүүлдэг бичигдээгүй хуультай. Үүнийг олон нийт хаврын синдром гэж нэрлэдэг. Хаврын эхэн сар дуусч буй цаг үед энэ хаврын улстөржилт эхэллээ. МАН Хөгжлийн банкийг, АН тамганы маргаанаа тойрч хэрэлдсээр. Үүн дээр МоАХ эвсэл шинэ эзэнтэй болсон уу, хоёр хуваагдсан уу гэсэн маргаан зучил нэмлээ.

Албан тушаал эрх мэдлээ урвуулан ашиглаж Хөгжлийн банкнаас зээл авсан, авсан зээлээ эргүүлэн төлөөгүй, зориулалтын бусаар ашигласан улстөрчдийн асуудал өнгөрсөн хугацаанд олны анхаарлын төвд байв. Ялангуяа эрх баригч МАН гишүүддээ ямар хариуцлага тооцох нь анхааралтай ажиглах сэдэв байлаа.

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Албан тушаал эрх мэдлээ ашиглан залилсан, дээрэмдсэн, зээл аваад төлөхгүй, асуудлыг хүндрүүлсэн намын гишүүддээ улс төрийн хариуцлага тооцно. Намаас хөөгөөд болчих юм уу гэдэг асуултыг олон нийтийн зүгээс тавьж байгаа. Гол агуулга нь тэр этгээдийг ямар нэгэн байдлаар улс төрийн үйл ажиллагаанд оролцохгүй болгоно гэдэг нь тэр хүний олон жилийн хөдөлмөр үнэгүйдэх нөхцөл бүрддэг учраас өөрсдийн хэмжээнд улс төрийн хариуцлага тооцох юм. Манай намын саяхан Дээд шүүхэд бүртгүүлсэн дүрмээр илтэд ёс зүйн зөрчил гаргасан улстөрчийн дараа дараагийн сонгуульд оролцох боломж хаагдана. Хоёрдугаарт, аливаа гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд улс төрийн намын гишүүнчлэлээс түдгэлзэнэ. Ингээд шүүхээр таслагдаад гэм буруутайд тооцогдох юм бол намын гишүүнчлэлээс гарна. Ингэснээр насан туршдаа улс төрийн үйл ажиллагаанд оролцох эрх нь хаагдана. Манай намын хувьд сумын ИТХ-д ч нэр дэвшихгүй. Нам дотроо улс төрийн албан тушаал хашихгүй” гэсэн юм. Түүний энэ үгийг сонссон хүмүүс “Ингэж л хариуцлага тооцох ёстой. МАН-ын залуу дарга нар өмнөх дарга нараасаа арай өөрөөр ажиллах нь” хэмээн итгэл найдвар тавьж байлаа. Гэвч МАН-ын гаргасан шийдвэр энэ хүлээлтийн хаана нь ч хүрсэнгүй. Тус намын Хяналтын хороо өнгөрсөн баасан гаригт хуралдаж гишүүддээ хариуцлага тооцох асуудлыг хэлэлцсэн юм. Хурлаар УИХ-ын гишүүн асан Б.Батзориг, Д.Дамба-Очир, Г.Солтан, Д.Хаянхярваа, Б.Ундармаа нарыг МАН-ын гишүүнчлэлээс гарсанд тооцсон шийдвэр гаргав. Тэд бол шүүхээс аль хэдийнэ ял шийтгэлээ сонсчихсон, улс төрийн хариуцлагаа ч хүлээсэн хүмүүс. Олон нийт тэдэнд бус яг одоо яригдаж буй Хөгжлийн банкны асуудалд нэр холбогдсон гишүүддээ хариуцлага тооцох, хамгийн багадаа намын гишүүнчлэлээс түдгэлзүүлэх шийдвэрийг МАН-аас хүлээж байлаа. Гэтэл МАН молиго үмхүүлэв бололтой. Аль хэзээний улс төрөөс гарч буй хүмүүст хариуцлага тооцсон болоод өнгөрөх шив. Эхнээсээ Хөгжлийн банкны асуудлыг жүжиг гэх юмуу, эсрэг фракцаа намнах тоглолт гэж харах хүмүүс нийгэмд олон байв. Энэ ч ортой болж мэдэх юм. Гэвч цаашид үргэлжлүүлэн ажиллахыг нь харах л үлдэв бололтой. Хэрэвзээ үнэхээр албан тушаалаа ашиглаж гэмт хэргийн гэж хэлж болох арга замаар зээл авсан нь нотлогдвол тийм зээл авсан хүмүүстэй хатуу арга хэмжээ авч чадвал энэ намыг өөрчлөгдөж байна гэж үзэж ард түмэн итгэж эхлэх буй за.

АН шинэчлэгдэх хэрэгтэйг бид сануулсаар байгаа. Өнөөдөр сөрөг хүчин гэж хэлэгдэх АН-ын зөрчил хэнээндээ тулсан. Уг нь АН сөрөг хүчний хувьд эрх баригчдын энэ байдал дээр жинхэнэ улс төр хийж байх цаг л даа. Гэвч энэ фактыг эрх баригчдын эсрэг бус дотоод зөрчилдөө ашиглаж нэгнээ намнах оролдлого хийж байгаа нь харамсалтай. “Хөгжлийн банкны асуудалд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг буруутай” гэсэн байр суурийг МАН, АН-ын гишүүд илэрхийлж байна. Нэгэн цул болж үнэмлэхүй олонх эрх баригчдын эсрэг дуугарах ёстой АН-ынхан энэ мэтээр нэгнээ намнаад дуусах нь. Улмаар энэ нам эрх баригчдын бодлого үйл ажиллагаанд хяналт тавьж, сөрөг хүчний үүргээ биелүүлэх бус өөрөө орших уу, эс орших уу дээрээ тулчихсан яваа. 2020 оны сонгуулийн дараа эхэлсэн тамганы хэрүүл нь одоо хүртэл эцэслэгдээгүй. Магад 2024 оны сонгуулийн өмнө энэ хэвээрээ байхыг үгүйсгэхгүй болчихоод байна. Нийтлэлч Баабар “АН ёроолдоо тултал унах ёстой. Тэгж байж сэргэнэ” хэмээн хэлж байсан удаатай. Гэвч АН-ын уналтад ёроол гэж алга. Хамгийн сүүлд Онц их хурлаа хийж УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийг намын даргаар сонгосон ч Улсын дээд шүүх энэхүү шийдвэрийг нь бүртгэж авахаас татгалзсан. Тиймээс гуравдугаар сарын 3-нд АН Үндэсний бодлогын хороогоо хуралдуулж, дахин Их хурлаа товлохоор болоод байна. Гэвч нөгөө талд нь “С.Эрдэнэ намын дарга хэвээрээ байгаа. Энэ асуудалтай холбогдуулан Улсын дээд шүүхийн шүүгч Д.Ганзоригтой холбоотой асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хандана” гэсэн хэсэг бүлэг хүмүүс бий.

АН намынхаа даргын суудал, тамга тэмдгээ булаацалдаж буй тэдний хэрүүл тэмцэл бүр жижгэрч, “доторх МоАХ фракцыг хэн удирдах вэ” гэсэн тэмцэл рүү шилжлээ. Тус холбоог олон жилийн турш удирдаж буй Ерөнхийлөгч асан Х.Баттулгаас холбооны удирдлагыг салгаж авах гэсэн тэмцэл эхэлчихсэн. Үүний эхлэл болгон УИХ-ын гишүүн Д.Ганбат, УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ, Г.Баярсайхан, гавьяат жүжигчин Д.Сосорбарам нар өнгөрсөн долоо хоногт МоАХ-ны зөвлөгөөнийг зохион байгууллаа. Уг зөвлөгөөнд 21 аймгаас хүрэлцэн ирсэн гишүүд, МоАХ-г үүсгэн байгуулагчид оролцсон. Зөвлөгөөнөөр МоАХ-тавдугаар Их хурлыг хийх нь зүйтэй гэж үзсэнээс гадна Д.Монголхүүг тэргүүнээр нь сонгох саналыг зарим гишүүд нь гаргажээ. Удахгүй МоАХ-ны тавдугаар Их хурлын товыг тогтоох юм байна. Гэхдээ энэ бүхэн тэдний санаснаар үргэлжлэхгүй нь бололтой. Учир нь, МоАХ-ны зөвлөгөөнийг зохион байгуулахын өмнө Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс тус холбооны Хэрэг эрхлэх газрын дарга С.Эрдэнэцогтын хүсэлтээр шалгалтын ажиллагаа явуулж “Иргэн Д.Монголхүү, Л.Ганхөлөг нар МоАХ ТББ-ын гишүүнчлэлгүй, төлөөлөх эрхгүй. Мөн МоАХ ТББ-ын нэр, туг, бэлгэдлийг зөвшөөрөлгүй ашигласан болох нь тогтоогдсон” гэж дүгнэсэн байна. Одоо ингээд л улс төрийн тоглолт эхлэх сайхан шалтаг гаргаж өгч байгаа нь энэ юм. Эрхтэй, эрхгүй гэсэн хэрүүл дахин дахин шүүхэд өгөх зэрэг үйл явдлууд үргэлжилсээр дараагийн сонгууль хүргэнэ. Энд танил арга барил байгаа нь илт харагдаж байна.Уул нь МоАХ-д хэн ч хамаагүй элсэж орж болдог, харин тэр элсэн орсон хүн нь бичигтэй баримттай байдаг гэж дуулдаагүй л юм байна. Энэ сайн дурын байгууллага, ямар ч намаас хэн ч гишүүн дэмжигчид нь байдаг биш бил үү. Хэзээнээс “монтажтай” хүн энэ байгууллагад ордог болчихсон юм бүү мэд.

АН-ын алдчихаад буй сөрөг хүчний орон зай дээр тоглох боломжтой нам бол УИХ-д суудалтай ХҮН. Энэ нам Хөгжлийн банкны асуудалд ганц мэдэгдэл гаргаад л орхичихлоо. Өөрсдийгөө боловсрол өндөртэйг гайхаад бардаггүй энэ намын кандидатуудаас эрх баригчдыг дорвитой шүүмжилж байхыг ард түмэн харсангүй. Хэт ухаалаг бодлого бариад байгааг нь хүмүүс ойлгодоггүй юм уу, тийм зөөлхөн эрх баригчдын амыг харсан хүмүүс байдаг юм уу. Хоёр МАН-тай болохдоо тулбал хүмүүс хуучин МАН-ыг л сонгох нь мэдээж тул дараагийн сонгуулиар ХҮН олон суудал авах эсэх нь эргэлзээтэй. Тэгээд ч 2028 онд намууд дор хаяж 30 гаруй мянган гишүүнтэй байж нам байгуулах эрхтэй болно. Энэ жижиг намууд хүссэн, хүсээгүй аль нэг том намд нэгдэж л таарах байх. Ирээдүй нь тодорхой болчихсон учраас аль намтай нь нэгдвэл ашигтай вэ л гэж харж байгаа байх гэсэн таамаглалыг улс төр судлаачид хэлдэг нь ортой. Хаврын их “бужигнааны” өмнө манай улс төр нэг иймэрхүү л өнгө аястай байна. Жижиг намууд бол бүр юу ч хийхээ больсон нь дээрх Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой биз.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ш.Баатар: Өмнөд Монголчуудын хэл харьшаад ирж буй нь харамсалтай юм даа

Allstate компанийн программ хангамжийн ахлах инженер Ш.Баатартай ярилцлаа.


-Та АНУ-д амьдраад хэдэн жил болж байна вэ?

-Би Америкт 1997 онд очсон. ОХУ-д таван жил сураад Монголдоо ажиллаж байгаад Японд долоон жил сурсан юм. Түүний дараа докторын дараахь сургалт гэдэгт АНУ-ын Бостонд очиж байлаа. Харвардын их сургуулийн Анагаах ухааны их сургууль болон Массачусеттсийн технологийн дээд сургуулийн хамтын факультетад судлаач эрдэмтнээр үлдсэн. Одоо Сан-Франциско, Сан-Хозе хоёрын дундах Цахиурын хөндийд IT-гаар ажиллаж байна. Америкийн даатгалын салбарын Allstate Corporation дотроо мэдээлэл технологийн 2500 орчим ажилчинтай. Миний хувьд программ хангамжийн ахлах инженер гэсэн албыг хашдаг.

-Монголдоо мэргэжил эзэмшиж ажиллаж байв уу?

-Би Өвөрхангай аймгийн төвийн Нэгдүгээр 10 жилийг төгсөөд Орос руу суралцахаар явсан. Тооцоолон бодох машины инженер гэдэг мэргэжлээр Новосибирскт сураад 1988 төгсөж Монголдоо ирсэн. Ирээд Эрүүл мэндийн яамны тооцоолон бодох төв, Анагаах ухааны хүрээлэнд удирдлагын секторт программист эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байсан даа.

-Таны шинэхэн мэндэлсэн “Хайрхаан!” номын талаар асуумаар байна. Энэ номыг яагаад бичих болсон талаар ярилцлагаа үргэлжлүүлье?

-“Хайрхаан!” номыг бичих болсон гол шалтгаан бол Лувсанхайдав хэмээх монгол хүнээс улбаатай. Лувсанхайдав гуай 1930 онд төрсөн, морь жилтэй хүн. Лувсанхайдав гуай маань өдгөө АНУ-д суугаа 92 настай буурай юм. Лувсанхайдав Түвдийн орныг зорьж, бурхны шавь болж буурал Түвдийн орноо шавилан сууж, Энэтхэгт гарч,мөн Жавхарлал Нерутай уулзаж, улмаар АНУ-д хүрч ирсэн байдаг. Өмнөд Монголын Шилийн голын Зүүн сөнөд хошууны хүн байгаа юм. Энэ хошуу нь манай Монгол Улсын хилтэй залгадаг. Хуучин Ар Халхаас Манжийн хааны төмөр сүрэг гээд Манжийн хааны албанд Монголын бүх хошуунаас алба барьж тэнд суудаг хүмүүс байж. Зарим суусан хүмүүс нь тэндээ үлддэг түүхтэй байж л дээ. Лувсанхайдав гуайн эх нь Архангай аймгаас гаралтай хүн байж. Харин эцэг нь Дарьганга зүгийн хүн ажээ. Дарьганга бол Манжийн хааны төмөр сүрэгтэйгээ залгаа газар байсан юм билээ. 1965 онд Лувсанхайдав гуай ямар өөрийнхөө багш Цагаан овоо хийдийн Да лам Намжилдорж хувилгааныг дагаж АНУ-д ирсэн гэдэг. Багш нь Далив хутагтын гарын шавь байжээ. Далив хутагт нас барахынхаа өмнө Да лам Намжилдоржийг “Би удахгүй боллоо, миний толгой дээр ирж хонх дамар дуугаргаж, ном унших хэрэгтэй байна. Чи ир ээ” гэж дуудуулжээ. Да лам Намжилдорж эрдэм номтой их хувилгаан хүн байсан учраас тухайн үед Калифорнийн их сургуулийн Бөрклид зочин эрдэмтнээр (visiting professor) ажиллаж байгаад 1969 онд нас барсан гэдэг.

-Та энэ хүнтэй хэрхэн холбогдож байв?

-Би 1999 онд Лувсанхайдав гуайтай танилцсан юм. Тэрээр 20 жилийн өмнө миний түүх монголчуудад сургамжтай, ном болгож бичиж үлдээгээч гэж надаас гуйж билээ. Би эхлээд бүх л яриаг сонсчихоод энэ хүний үзэж туулсан амьдрал монголчуудад сургамжтай, маш чухал зүйл байна гэж үзсэн л дээ. Яагаад тэгж үзсэн гэхээр монголд олон төрлийн шашин ороод ирчихсэн, буддизм буюу үндсэн соёл дээрээ хүндэтгэлгүй ханддаг болсон санагдсан. Монгол хүний ёс зүй зэвэрчихсэн өнөө үед Монгол хүн гэж хэн юм, ёс зүй нь ямар байсан,сэтгэлийнхээ хүч тэнхээнд хэчнээн хол замыг туулж энэ хүрэв гэдэг нь их сонирхолтой санагдсан. Үндсэндээ 20-иод жил энэ эрхэм хүний яриаг бичиж, тэмдэглэж авсан юм. Аман яриаг нь бичиж тэмдэглэж дуусгачихаад түүхийг баримтжуулах хэрэгтэй учраас тухайн үеийн баримт бичиг, номыг нэлээд эргүүлж үзлээ. Энэ хүний ярианаас 1930-1949 оны хооронд 20 жил үргэлжилсэн иргэний дайнаас монгол хүн хэр их зовлон үзсэн талаар сонслоо. Лувсанхайдав гуай тэр бүхнийг биеэр эдэлж, нүдээр үзэж зовлонг нь туулаад гарсан хүн юм билээ. Тэрээр гоминданы талд явсан болохоор БНХАУ-ын түүхэнд хараар бичсэн хүмүүсийн төлөөлөл болно. Хоёрдугаарт, лам хүний ёс зүй, монгол хүний ёс зүй ямар байсан юм, яаж хүний нутагт бие биедээ тусалж явсан юм гэдгийг ч энэ номд тод томруун харуулсан. Данзан-Осорын сургуулиар явдаг. Цэндийн Дамдинсүрэн гуай, Лхамсүрэнгийн Хүрэлбаатар багш, Чой.Лувсанжав багш энэхүү тогтсон дэг сургалтаар явсан байдаг. Хятадууд яагаад ханз үсгээсээ салдаггүй юм гэхээр ханз үсэг чинь сургалтын систем нь болчихсон байдаг. Ханз сурдаг хүнийг юм сурчихаар хүн гэж үздэг бол сураагүйг нь мууд оруулан ангилдаг. Их айхтар нарийн систем. Үүнийгээ хаяхгүй байна гэдэг том гүрэн ямар айхтар байгааг харуулж байна. Өмнөд Монголчуудын хэл 1990 оноос өмнө сайн байсан. Биднээс бараг ялгагдахгүй л байлаа. Гэтэл 1990 оноос эрс муудсан байна. Хэл нь харьшаад ирж буй нь харамсалтай юм даа.

-“Хайрхаан!” номын хэсгээс сонирхуулаач?

-1927 онд Тува нарыг оросууд турхирч, Дархадын хотгор явуулж дархадуудыг Монголоос салгаж тусгаар улс болгоно гэж хатгаад бослого гарсан. 1929 онд тэр бослогыг дарахад манай цэрэг арми чадвар сул байж. Тэгээд Оросын цэрэг оруулж ирж л дээ. Манайх үндсэндээ 1936 онд оросын цэргийг хэлэлцээрийн дагуу оруулж ирсэн гэдэг боловч тэрнээс өмнө оросын цэрэг орж ирсэн байна. Ингээд 1927 оны оросуудын шаардлагаар тайж язгуур гаралтай хүмүүс нөлөө ихтэй байсан учраас бүгдийг нь устгах төлөвлөгөө гаргасан бололтой юм. Бүх газар тайж нарыг устгаж эхэлсэн байгаа юм. Монголын нутгаас чадалтайхан шиг тайж язгууртай хүмүүс нь ах дүү нараа дагуулаад бүх чиглэлд урагшаа хил давсан ажээ. 1929 оноос 1932 он хүртэл их гарсан байна лээ. Тагнуулын архивын мэдээллээс үндсэндээ 50-иад мянган хүн Монголоос гарсан гэж байна. Тухайн үед 30-аад мянган хүнийг өөрсдийнх нь дураар оруулж ирсэн гэж буй боловч үнэн хэрэгтээ хөөж оруулж ирсэн байгаа юм. 20-иад мянган хүнээс 1945 онд 10-аад мянгыг малтай юутай нь хөөж оруулж ирсэн байна. Ихэнх үлдсэн иргэдийн гол цөм нь Говь-Алтай аймагтай залгаа Алшаа аймагт байна. Эзний хошуудад нь торгууд, Алшаа баруун хошуунд халхууд, зүүн хошуунд нь торгууд, халхууд холилдсон хүмүүс одоо байна. Шилийн голд Халх айлд битгий ороорой гээд гуйдаг байж, тогоо шанага нь бузар шүү гэдэг байж. Яагаад гэвэл тэд ядрахын эрхэнд тором байдас унагаж иддэг байж л дээ.

-Таны өвөг дээдсээс Өмнөд Монголд бий юү?

-Байна аа. Манай өвөг дээдэс Засагт хан аймгийн Урианхай дайчин вангийн хошуу гэж одоогийн Говь-Алтай аймгийн Цээл сумын хүмүүс байжээ. Энэ газраас өвөг дээдэс минь оргож, Таянгийн нурууг уруудаад Мазун-шан (Дал) уул руу гарсан байдаг. Манай элэнц өвөө Туваанжавын Чимэд тайж 1932 онд Дал уулын хавиар буцаж хөөгдөж орж ирсэн юм байна. Дал уулын гэдэг нь Говь-Алтайгаас урагшаа хилийн цаана 15 км-т байдаг уул. Элэнц өвөө 1934 онд баригдаж Улиастайд хороогдсон. Миний өвөө 15 настай байсан тул амьд үлдэж,1938 онд 18 нас хүрээд цэрэгт татагдсан. Манай ах дүү нараас Алшаад гараад үлдчихсэн хүмүүс байдаг. Гэхдээ ихэнх нь ороод ирчихсэн. Тухайн үед тэмээн цэрэг гэдэг шуурхай анги гаргаад, хоёр монгол комиссартай 300 орос цэргээр хөөгөөд, гүйцэж очоод, монгол эрчүүдийг хонь шиг холбож байгаад жалганд оруулж байгаад “орос буудалт” гэдгээр алсан ажээ. 1954 онд Дал уулын хавиар боом өвчин дэгдсэн гэдэг. Хятадын чөлөөлөх армийн цэргүүдээр өнөөх буудаж алсан 1000 гаруй иргэдийн цогцсыг цэвэрлүүлсэн гэж нутгийнхан нь ярьдаг байна.

-Та номоо яагаад “Хайрхаан!” гэж нэрлэх болов?

-Лувсанхайдав гуай “Амьдарна гэдэг үхэхээс бусдыг үзэхийг хэлдэг юм аа, Ээ Хайрхаан!” гэж хэлдэг юм. Монголчууд хэцүү зүйл тохиолдвол Хайрхаан гэдэг шүү дээ. Би монгол хэлийг эрхэмлэдэг, дээдэлдэг хүн л дээ. Ном бичихдээ монгол бичгийн хэлийг сайтар ашиглахыг хичээвээс бид цаашид нэг шат ахих боломжтой.

-Энэ ном таны хэд дэх ном бэ?

-“Хайрхаан!” ном миний дөрөв дэх ном болно. Өмнө нь Хөх нуурын хошууд удмын дээд монгол гаралтай Ажаа гэгээнтний намтар болох “Цагийг билэгдэгч наран чөлөө” номын тэргүүн бүлгийг орчуулсан. Түүнээс өмнө “Монгол гэгээн Ажаа ринбүүчи” гэдэг бэсрэг номыг 2000 оны эхээр бичсэн. Түүнчлэн “Миний өссөн монгол ахуй” номоо бичсэн дээ. Мөн “Сайн ноён ханы хүрээний түүх” хэмээх орчуулгын ном гаргасан.

-Та Монголдоо ирдэг үү?

-Очно оо. Очилгүй яах вэ. Хамгийн сүүлд 2019 онд эх орондоо очсон.

-Монголын талаар хаанаас мэдээлэл авч байна?

-Монголд таньдаг хүн олон бий. Тэр бүхнээсээ мэдээлэл авч байна.Телевизийн мэдээ үзнэ. Генералтай ч найз, гяндангийн хоригдолтой ч найз гэдэг шиг төрөл бүрийн л найзуудтайгаа мэдээ мэдээлэл хуваалцаж байна.

-Монголоос л явъя, гадагшаа гарч амьдаръя гэж монголчууд их ярих боллоо. Монголыг яагаад муу муухайгаар хардаг болчихов?

-Нийгмийн стресс бухимдал их байгаа учраас ингэж байгаа байх гэж бодож байна. Монгол ирээдүйтэй. Өөрийгөө хөгжүүлчихсэн хүн Монголд юу ч бүтээж, хийж болно. Бидний үед хэл сурах хэцүү байсан. Одоо залуучууд хаанаас ч гадаад хэлийг сурч болж байна. Монгол хүмүүсээс хэсэг нь гадаадад байвал Монголд ашигтай. Монголын соёлыг тэд дэлгэрүүлж чадаж байна. Хүмүүс юм үзэж, ажлын арга барил сурч байна. Тэдгээр хүмүүсийн оруулж ирж байгаа оюуны болон эд хөрөнгийн зөвөөр ашиглавал Монголын хөгжилд тодорхой хэмжээнд нөлөөлж чадаж байна гэж бодож байна. Гадаадад 20 гаруй жил амьдарч байхад энэ урт хугацаанд Монголд ч бай, гадаадад ч бай монголчууд хувь хүнийхээ хувьд хөгжиж байна. Энэ хөгжлөө улс орондоо зөв зохистой ашиглах хэрэгтэй. Сайнтай, муутай нь аваад үзэхэд Монгол амар тайван орон. Монгол хүмүүст үг хэлэх эрх чөлөөтэй орон. Хэрэглээ нь өндөр болчихсон. Түүнээсээ үүдээд элдэв бухимдал үүсдэг. Бусад орнуудтай харьцуулаад үзвэл гараад явахад буудуулчихдаг, дээрэмдүүлчихдэг тийм бэрх улс зөндөө байна шүү дээ. Дайн болж буй, өлсгөлөн болж буй орнууд ч хүртэл байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

АН-ын үнс нурман дундаас ардчиллын галт шувууг дахин төрүүлье

Ардчилсан нам ардчилсан хувьсгал хийсэн гэж 30 жил гай, гавьяаг нь үүрч байна. Энэ нам одоо гай, гавьяа хоёрын гай нь дийлэнх болчихоод байна. Ягаад гэвэл ардчилал сорилтод орчихлоо. Ардчилал бол маш эмзэг зүйл, түүнийг байнга хамгаалж, тордож байх ёстой. Ер нь ардчиллыг үргэлж додомдож явахгүй бол болдоггүй гэж ярьдаг. Ингэхгүй бол ардчиллын цэцэрлэгт хогийн өвс дорхноо л ургадаг гэцгээдэг. Одоо Монголын ардчилал яг ийм л байдалтай болчихсон. Ерөнхийдөө ардчилал хумигдаж байна. Сүүлийн зургаан жил нэг нам дангаараа төрийн эрхийг барьж байна. Сүүлийн жил гаруйн хугацаанд гэхэд л бүх л түвшинд МАН дангаараа эрх барьж байна. Хүний эрх, эрх чөлөө, ардчилал өдөр хоногоор хумигдаж байна. Эрх баригчдыг бодитоор шүүмжлэх, үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх, жагсаал цуглаан хийх, эдлэх ёстой эрхийнхээ төлөө тэмцсэн бүхэн алгуурхнаар гэмт хэрэг болж хувираад байна. Ардчилал гэнэт үгүй болохгүй ч, сонгуулиас сонгуульд хумигдаж, сөрөг хүчингүй эрх баригчид өөрсдийг нь шүүмжлэн дуугарсан нэгнийг шийтгэх нэг намын системд эргэн ороход ойртоод байна. Ард түмэн ядуурч, төгрөгийн ханш унаж, улсыг удирдаж байгаа цөөхөн хэдэн хүмүүс хагартлаа баяжиж, тэднийг дагаж яваа хэдэн гэр бүл хөлжиж байгаа дүр зураг л өнөөгийн нийгмийг тод томруунаар илэрхийлж байна. Энэ бүгдэд ардчиллын нэр барьж, хувийнхаа эрх ашгийн төлөө өөрсдөө баяжих гэж зүтгэж ард түмнээ умартсан АН-ынхны буруу. Тэд ард түмнээ боддоггүй байсан юм байна гэдэг нь сүүлийн хэдэн жил намаа яаж устгаж, би л биш бол юун ардчилал, юун нам гэж улангасан тэмцэлдэж байхыг хараад ойлгогдож байна.

Хэвлэл мэдээллийн байгууллагууд, нийгэм тэр чигтээ нэг намын дарангуйллын байдалд дасаж, ийм л байсан, ийм л байх ёстой мэт сурталчилж, иргэд ч ийм л байдаг гэж ойлгодог боллоо. Ардчиллын 30 жилд манай улс ийм дүр төрхтэй байгаагүй гэдгийг санаж байгаа, энэ бүгд ардчилал алгуурхнаар мөхөж байгаагийн илрэл гэдгийг мэдэх хүмүүс улам цөөрсөөр. Гэтэл өнөөдөр ардчиллыг түгээн дэлгэрүүлж, сахин хамгаалж, ард түмнийхээ төлөө зогсохоор байгуулагдсан Ардчилсан нам хаана байна вэ. Тэд юу хийж байна вэ. АН-д ардчилал, ард түмэн, тусгаар тогтнол огт хамаагүй юү. Тэдэнд зөвхөн хэн дарга болох, хэний бүлэглэл намын толгойд байж нийгмийн баялгийн өрмийг хамах нь энэ бүгдээс илүү чухал болчихсон байна. Хүний эрх, эрх чөлөө, үг хэлэх эрх зэрэг ардчиллын анхдагч үнэт зүйлээсээ АН ухарсаар, иргэдийн итгэлийг алдсаар байгаа нь үнэн. Үнэт зүйлгүй, чиглүүлэх манлайлагч, чирэх зүтгүүргүй л болчихсон, Ардчилсан нам. АН-ын асуудал бол зөвхөн гишүүд, дэмжигчдийнх нь бус, бүх монголчуудынх юм аа. Хамгийн гол нь өнөөдөр ардчиллын манаач байх үүрэгтэй АН нь өөрөө амьгүй болчихсон.

Саяхан гэхэд л Дээд шүүх энэ намын үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бас л бүртгэсэнгүй. Ардчилсан нам учраа олж байж л уул нь ардчиллын жам ёсны өрсөлдөөнт улс төр эхлэх учиртай. Одоо ч тэгээд улсаараа АН-ыг харж, горьдож, шинэчлэгдэхийг нь хүлээх хэрэггүй болж байх шив дээ. Тэднээс шинэчлэлийг хүлээх хэрэггүй гэдгийг тэнэг хүн ч ойлгохоор болсон биз. Ийм л дүр төрхтэй, эв нэгдэл, ойлголцолд хүрэхэд хол байна даа гэж харагдах Ардчилсан нам арван таван толгойтой атгаалжин мангас болчихоод байгаа нь л зовлонтой. Сонгогч, дэмжигчид нь Ардчилсан намаас арван таван толгойтой атгаалжин мангас биш эв нэгдэл, ойлголцлыг хүлээсээр өдийг хүрсэн. Ардчилсан нам сэргэж, ардчилал бодит болж ард түмний нуруу тэнэгэр, санаа амар бизнесээ эрхэлж, гар амар хөл хөсөр жаргах болов уу гэж хүлээсээр цөхөрлөө. Шүүх эрх баригчдын гар хөл болж, биднийг шахаж хавчиж байна гэсэн тэдний үлгэрт одоо итгэх хүн байхгүй болсон. Сонгуулиас сонгуульд Ардчилсан намд итгэсээр ирсэн сонгогчдын итгэл хөрсөн. АН-ын үйл хэргийг нь зүрх сэтгэлээрээ дэмжиж байсан олон мянган иргэдийг тэд гонсойлгосон. Энэ нам ард түмний урмыг хугалсан.

Нэг нам Засгийн бүх эрхийг авснаар ажил сайжирна гэдэг худал гэдгийг одоо бүгд харж байна. Хаалттай, хяналтгүй төр засаг улам бүр хариуцлагагүй болж, доройтдог гэдэг үнэн аж. Хэрүүлтэй уруултай ч оролцоотой, нээлттэй, өрсөлдөөнтэй ардчилсан төр илүү дээр. Нэг намын хэт эрх мэдлийг хязгаарлах, эрх баригчдыг шахаж шаардаж ажил хийлгэх, хянах үүргийг ард түмний өмнөөс сөрөг хүчин л хийнэ. Гэтэл өнөөдөр Монголд хагас дарангуйлал аль хэдийнэ бий болж улс орноороо уруудах өнгөндөө орчихлоо. Эдийн засаг доройтож, төрийн хулгай гаарч, эдийн засгаараа нэг улсын харьяанд орох зам мөр рүү шуударч байгаа нь зөв бурууг нь хэлээд өгөх сөрөг нам байхгүй болсны л үр дүн. Энэ бүгдийн хариуцлагыг Ардчилсан намын жирийн гишүүд хүлээхгүй ээ. Харин энэ намыг удирдаж ирсэн, удирдах гэж санаархаж байгаа үе үеийн дарга, удирдлагууд хүлээх болно.

Гэхдээ Ардчилсан нам улс төрийн тавцангаас арчигдах нь яавч сайн зүйл биш. Учир нь ардчилсан тогтолцоот улсад нэг нам ноёрхох нь аль ч тохиолдолд хортой. Ардчилсан нам 2016 оноос хойш тувт уруудсан. Эцэст нь, тэд улс төрийн хоёр дахь хүчин гэж нэрлэгдэж байсан орон зайгаа алдахад ч тун ойртсон. Ерөнхийдөө ардчилсан нам ёроолдоо уначихсан. Сүүлийн үед энэ намаас дуулдаж байгаа сураг чимээг сонсоход аль хэзээний үеэ өнгөрөөсөн хуучин лидертэйгээ нэгдэх юм л дуулдах боллоо. Хэрэв тэрэндээ тулбал энэ намыг татан буулгаж, суурин дээр нь шинэ нам байгуулах хэрэгтэй. Энэ намыг дагаж ажил амьдралаа зориулсан, хавчигдаж яваа хүмүүс мөн энэ намыг дэмждэг, ардчиллыг дэмждэг Монголын ард түмэнд энэ нь илүү ашигтай. Одоо энэ намыг дээрээс нь биш, доороос нь өөрчлөх хэрэгтэй байна. Дээрээс нь шинэчлэх гээд хэдэн жил үзээд барсангүй. Тиймээс одоо байгаа АН-ыг татан буулгаж, шинээр нам байгуулах хэрэгтэй. Ардчилал жамаараа ард түмний хүслээр бий болсон нь үнэн л юм бол үүнийг МАХН зохиомлоор бий болгоогүй. Үнэхээр ардчиллын лидерүүд ард түмний дундаас төрсөн нь үнэн л юм бол ингэхэд ямар ч асуудалгүй. АН-ын гишүүд аймаг, сум бүртээ шинээр намаа байгуулж үүрийн дарга нараа сонгож, тэд нь Их хурлаараа даргаа сонгох нь зүйтэй. Монголын ардчилал хяналтгүй, манаачгүй болчихоод байна. Монголчуудын тусгаар тогтнолын гол хүчин зүйл бол ардчилал, олон нам бүхий ардчилсан парламентат төр засаг. Энэ утгаараа АН хэдхэн лидерийнхээ төлөө бус, АН-ын эрх ашгийн төлөө ч бус, тусгаар тогтнол, ардчиллаа амьд байлгахын тулд дахин босож, дахин нэгдэх үүрэгтэй. Одоо АН шинэчлэлээ дорвитой эхлүүлмээр байна. Энэ бол АН-ын нийгэмд үүрэх ёстой үүрэг, хүлээх ёстой хариуцлага мөн. Дэлхий даяар галт шувууг шударга ёс, ардчилал эрх чөлөөний бэлгэдэл гэж үздэг.Тэгвэл галт шувуу үнс нурман дундаас төрдөг гэцгээдэг. Ардчиллын галт шувууг шатаж дуусаад одоо зөвхөн утаа нь уугьж байгаа АН-ын үнс нурман дундаас шинээр бий болгоё оо, ардчилалд дуртай, ардчиллыг эрхэмлэдэг монголчууд аа.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Мэргэжлийн хяналтынхан “боов” хуга өшиглөхөөс арай том юмаар оролдож байвал дээр юмсан

Сүүлийн үед “боов” хуга өшиглөсөн гэх бичлэг шуугиан тарьж байна. Мэргэжлийн хяналтын байцаагч эмэгтэй хүний зарж байсан самнай боовыг хуга өшиглөсөн явдал Дархан уул аймагт болжээ. Уул нь утаа, инфляци, урдаас бараа орж ирэх асуудал, цагаан сараар яажшуухан бужигнахгүйхан шиг өнгөрүүлэх вэ, Хөгжлийн банк тоносон гээд монголчуудад тулгамдсан асуудал их л байх юм. Гэтэл бид “боов хуга өшиглөсөн эмэгтэй байцаагч” гээд л шуурч байна. Тэр Дархан-Уул аймгийн хүнс хөдөө аж ахуйн байцаагч эмэгтэй “Боов” гээд гудиггүй яриад байгаа нь хөгжилтэй ч юм шиг. Яахав шилжсэн утгаар нь шоолцгоож л байна. Наргиан маягаар их явж харагдана.

Мэргэжлийн хяналт уг нь зайлшгүй байх шаардлагатай байгууллага. Монголд хэрэгтэй. Бүх зүйлд стандарт тогтоогоод мэргэжлийн хяналт стандартаа шалгаад тэрийг нь зөрчсөн байвал торгоод, зөрчөөгүй бол тэгээд л орхичохдог бол болмоор. Ямар ч хүн тэр стандартыг нь мөрдөж байвал ажиллаж, ажиллуулж болдог энгийн боломж бүхэнд олгодог болчихвол ч. Ялангуяа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгодог, ААН-үүдийг дарамталж, үндэслэлгүйгээр үйл ажиллагаа нь зогсоодог, хааж боодог, авлига нэхдэг одооны энэ Мэргэжлийн хяналтынхантай эвлэрэмгүй.

Иргэдийн хамгийн их дургүйцээд байгаа зүйл бол мэргэжлийн хяналтын байцаагчдын хандлагад байгаа юм. Хамаг юм ийш тийш нь өшигчинө. За энэ бол наад захын л үйлдэл. Цаашлаад иргэдийн юмыг хураана, хөөнө. Торгоно, авилга нэхнэ, ямарч л байсан зүгээр байлгахгүй тамыг нь цайлгаж жижигрүүлнэ. Энэ бүхнээс юу харагдаж байна гэхээр манай төр засаг ажлаа ойлгоогүйнх л юм даа. Төр ард түмнээ аюулгүй орчинд, элбэг хангалуун амьдруулахын төлөө явах ёстой. Гэтэл манай нөхдүүд ердөө бараа таваарыг нь хураах л ажил хийдэг болоод удаж байна. Энэнээс яаж мөнгө босгох уу л гэж ард түмэндээ ханддаг болсны илрэл. Жишээ нь, “боов”-нд гаргаж байгаа үйлдэл байна. Мэргэжлийн хяналтынхан торгож хөөгөөд, цагдаа нь торгож хөөгөөд, татварынхан нь торгож хөөгөөд явуулсаар л байх уу.

Алийг нь хориглож, алийг нь тавибал ард түмэн илүү зөрчих магадлалтай байна, зөрчил гаргавал торгуулийн хэдэн төгрөг нь хаа юм гэж бодож ажлаа зохион байгуулах юм. Саяын жишээн дээр авч үзэхэд цагаан идээ, мах хоёрыг л зарахыг зөвшөөрсөн бололтой юм. Харин ул боов ч юм уу ямар нэгэн “боов” зарвал, хэн нэг хөлдүү толгой зарж л таарна тэгэхлээр нь торгоод байх удирдамж гаргасан байж таараад байгаа юм. Цагаан идээ, мах зарж болдог ч яагаад боов зарах хориотойн учрыг үүнээс өөрөөр тайлбарлах арга үгүй. Ердөө ийм л маягаар ард түмнээ шулдаг аргыг л манай төр бодож олдог болсон. Үүний нэг илрэл бол саяны аймгийн хүнс хөдөө аж ахуйн газрын гаргадаг авир юм. Уул нь энэ байгууллага “боов”-оор оролдож байхаар арай өөр том юмаар оролдох ёстой л доо.

За тэгээд ард түмнээ холгохын тулд ажилладаг байгууллага ганц энэ мэргэжлийн хяналтаар тогтохгүй л дээ. Наад захын жишээ болсон газар бол замын цагдаа байна. Манай төрийн нэг л салаа мөчир. Бас нэг “боов” хуга өшиглөдөг газрын л нэг. Замын цагдаа жолооч, тээврийн хэрэгслийг аюул осолгүй явуулах ёстой. Аюул ослоос урьдчилан сэргийлдэг байх үүрэгтэй. Гэтэл тэд хаана хууль зөрчиж болохоор байна, тэнд ард түмнээ хууль зөрчихийг нь хүлээгээд нуугдаад зогсож байдаг. Цагдаа тийм байх ёстой юм уу. Харин эргэж болдоггүй газар эргүүлэхгүй байх л үүрэгтэй байх ёстой биз дээ. Тэгвэл эргэдгүй газар эргээд ирэхийг нь сахиад торгуулийн хуудсаа бариад зогсож байдаг. Юү гэлээ, тээврийн цагдаагийнхан энэ жил 80 тэрбумын торгуулийн даалгавартай гэсэн шүү. Бүүр хэдээр торгож шулахаа хүртэл тооцоолоод төсөвтөө суулгачихсан байгаа нь энэ. Манай төр засгийн ажил яг ийм болчихсон. Угтаа бусад улсад жолоочтой холбоотой хууль дүрэм гарахад жолоочдод таньж мэдүүлэх ажил хийдэг гэж байгаа юм. Зогсоож байгаад л тайлбарладаг байх жишээтэй. Гэтэл манайд яаж торгохоо л эхэнд боддог байх юм. Ядахдаа нөгөө эргэхийг хориглосон тэмдэгээ хүн харахааргүй газар бараг буруу харуулаад байрлуулчихна. Тэгээд хорлогчин царайлаад хүлээж байхыг нь харахлаар хайр хүрэх үү, уур хүрэх үү ойлгомжтой.

Сүүлийн бас нэг жишээ гэвэл, эргүүлийн цагдаа гэр хорооллоор нүүрс ухаад явж байна. Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх чиглэлээр Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газраас Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Шөнийн эргүүлийн хэлтэстэй хамтран шөнийн эргүүлд гарч. Улмаар түүхий нүүрс түлсэн байна уу, үгүй юү гэдгийг шалгахаар айл бүрийг нэгжиж эхэлжээ. Үүнийгээ түүхий нүүрс түлж буй иргэд ард түмний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдэж байна гэж тайлбарлах байх л даа. Хар ухаанаар бодсон ч цагдаа нараар айлын гэр нэгжүүлж түүхий нүүрс түлсэн эсэхийг шалгууллаа гээд утаа арилахгүй нь тодорхой. Утаатай тэмцэх урагшгүй ажил сэдэж, иргэдээ буруутгахын оронд, мэргэжлийн хяналтын ажилтнуудын ажлыг нь хийлгэ ээ. Гэхдээ цагдаа биш ядахдаа мэргэжлийн хяналт нөгөө “боов” өшиглөдөгүүд ингэж явах ёстой юм.

Ер нь төр засаг, ард иргэд, Монгол Улс амьдарч ирсэн философио өөрчлөх хэрэгтэй. Хувь хүн бүгд бас энэ хүртэл амьдарч ирсэн философио өөрчлөх хэрэгтэй байна. Манай төр, дарга сайдуудын философи бол ердөө ард түмнээ барих, чангалах, шахах, хавьчих, дуулгавартай байлгах. Үгэнд оруулахын тулд дутуу гуцуу байлгадаг, жоохон олдсон юман дээрээ алалцдаг, эрх баригчидтай найз түнш хошуугаа худалддаг матдаг, тэр нь хождог, бие биендээ хорсож ханддаг эв түнжингүй байлгадаг гадаадын эзлэн түрэмгийлэгчдийн философиор одоо хүртэл ажиллаж ирлээ. Хоорондоо хоолоо булаалдаж л байвал, ямар нэгэн дарамтад л байвал хоорондоо эв түнжингүй, нэг үндэстэн байж бие биенээ үзэн ядаж л байвал дарлахад хичнээн амар вэ. Яг ийм байдалд ард түмнийг барьж байна. Ард түмэн ч бие биенээ нохой мэт хэмлэж байна.

Энэ ч аргагүй, манай улс сүүлийн 300 гаруй жил гадны түрэмгийлэлд байснаас тэр биз. Бас тэдний заавраар улс орноо удирдах соёлд суралцсанаас тэрнийгээ уламжлан авч явсаар байгаагаас болж байна. Тэгвэл одоо бид яах ёстой вэ. Бүх монгол хүн яавал сайхан амьдрах вэ. Ганц монгол хүн ч битгий хохироосой. Мэдэхгүйгээсээ болоод торгуул, ялд битгий унаасай. Монгол Улсын жирийн нэг иргэн мэргэжлийн хяналт, цагдаа, төр засагт мэдэхгүйгээсээ болоод торгуулчихвий, дарамт тулгалтанд орж хохирох вий гэж ажилладаг болъё. Төр засаг нь хүүхдүүдээ энэрэх эцэг мэт ажилладаг байх ёстой. Ард түмэн ч ааваа ачлах хүүхдүүд мэт байх, үндэс угсаа нэгэндээ ах дүү аав ээж нь мэт хандаж байх сэтгэлтэй болъё. Ийм философитой байж бид хөгжиж, төр засаг ч амжилттай засаглах болно.

Монголчууд, би энэ монголын эрхийг хохироочих вий, миний эрх ч энэ монголоос болж хохирчих вий гэх уур амьсгалаар ажиллаж, эрс эргэлт гаргамаар байна. Амьдралын тухай сургаалиудыг ард түмэндээ заадаг болмоор байна. Энэ бүхнийг төр засаг хуульчилмаар байна. Үнэндээ хүнлэг, энэрэнгүй нийгэм байгуулна гэж Үндсэн хуулиндаа заачихаад хамгийн харгис нийгэм рүү явж байна гэж хэлтэй болгон нь шүүмжилдэг. Тэгвэл энэ нийгэм чинь таниас эхлэн тавигддаг юм шүү гэж ухаардаг болъё. Хэн нэгэн нь эхлэх ёстой биз дээ. Тэгвэл та эхэл, бусад нь бас яг ингэж бодож амьдар. Ингэж байж хүнлэг энэрэнгүй нийгэм байгуулна. Тэрнээс “боов” хуга өшиглөөд сайхан амьдрал ирэхгүй л дээ.

Categories
ардын-цолтон булангууд мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Дашням: Ер нь монгол хүнээс багахаан юм үлдээд байгаа байж ч магадгүй

Ардын багш Л.Дашнямтай ярилцлаа.


-Ардын багш цол хүртсэнд тань баяр хүргэе. Шагнал хүртсэн мөчөөсөө хуваалцаач?

-Ардын багш гэдэг гайхамшигтай сайхан цол. Би багш нэрэндээ их дуртай. Одоогоос 61 жилийн өмнө Эдийн засгийн дээд сургуулийн багш болохоор нөгөө алдарт алтан Москваг нь зорьж байжээ. Төгсөж ирээд багш болсонгүй. Өөр чиглэлээр ажиллаад 15-16 жил явчихаж. Тэгээд 1983 оноос хувь заяаныхаа дуудлагаар багшийн ажилдаа орсон. Одоо эргээд харахад 39 жил болчихсон байна. Энэ хооронд олон сургуульд янз бүрийн хэлбэрээр л багшилж дээ. Диплом дээр нь гарын үсгээ зурсан оюутан, магистр, доктор бараг 6000 -аад хүн болсон байх шүү. Боловсролын салбарт хувийн хэвшлийн сургалтыг үүсгэлцсэн хүний нэг юм даа, би. Тэр бүхнийг л Төрөөс үнэллээ гэж ойлгож байна. Багш хүний ажил ямар дуусах биш дээ. Өөрийгөө дуустал л ажиллана. Монголын ирээдүйг үүрэлцэж яваа болохоор ачаа маань хүнд ч урамтай, сайхан байдаг юм. Шагнал аваад зогсож байхдаа “Төр минь миний хийж бүтээснийг мөн ч өндөр үнэлж байна даа” л гэж бодож зогссон.

-Ер нь шинжлэх ухааныг улс удирдахад яагаад ашиглахгүй байна вэ. Аж ахуйн ажил, утаа, түгжрэл зэргийг эрдэмтдээр шийдүүлбэл зохилтой бус уу?

-Ер нь шинжлэх ухаан нарийндаа амьдралтай тийм ч их ойрхон “эд” биш шүү. Чухамдаа ойрхон хэсгээс нь л ашигладаг, ашигладаг ч биш, тус дэмийг нь л авдаг юм. Ач тусыг нь авах арга ухаанаа бид муу олж байна. Харамсалтай нь, бидний хажууханд зарим нэг нь өөрийгөө шинжлэх ухаанаас том гэж бодоод явж байх шиг байна. Яг үнэндээ нийгмийг, ялангуяа өөрийн нийгмийн үндэс суурь, учир ухааныг нарийн олж, шинжлэх ухаанаа удирдахуйн ухаан болгож чадахгүй л байгаад байна л даа. Ний нуугүй хэлэхэд, бид өнөөдрөөрөө л амьдраад байна. Уг нь маргаашаа жаахан ч гэсэн хардаг болох хэрэгтэй юм. Тэнд л шинжлэх ухаан бүр ч их хэрэгтэй. “Суурь судалгааг ойлгосон Төр буурь суудаг” гэдэг нэг үгийг би хэлдэг. Утаа зэргийг бол ухаанаар биш аргаар, арчаагаараа дийлж болно шүү дээ. Утааны ард байгаа бэлэнчлэлийг л харахгүй байна.

-Монголын сэхээтнүүд өнөөдөр юу хийж байна, төр засаг сэхээтнээ яагаад анхаарахаа больчихсон юм бэ?

-Чанга хэлбэл бидэнд сэхээтэн дутагдаад байна. Сэхээтэн гэдэг чинь сэхээрсэн хүн, нийгмийн хүн байдаг. Улс орныхоо төлөө чин зүтгэлийг гаргаж, холын бодлоо яруу тод харуулж байгаа сэхээтнүүд үгүйлэгддэж байна. Тэгэхээр сэхээтний ажил, сэхээтэн өөрөө харагдахгүй байна. Арчаа муутайхан тийшээ л байна. Төрийн хувьд бол нийгмийнхээ оюуны чадавхыг тоохоо, хэрэглэхээ болиод удаж байгаа шүү дээ. Монголд хамгийн моодны юм улс төр л байгаа. Оюуны чадавхаа сул зогсуулсан нийгэм яаж хөгждөгийг харуулж л байна л даа. Харин сэхээтэн гудамжинд гарч байгаа нь бол тэр нь Төрийн гэхээсээ илүү сэхээтний өөрийнх нь ажил шүү.

-Дарга сайдууд дандаа чадамжгүй хүнээр төрөө дүүргэсэн горыг та юу гэж харж байна. Дандаа өөрийгөө магтуулсан, долдойдсон хүнээр яам агентлагууд нь дүүрчихсэн, ажил хийдэг, шударга хүмүүсийг холдуулсан гэж ярих болж?

-Гор нь бидний өнөөдрийн байж байгаа царай. Та нар сайн ажиглаж, ямар нэг дүгнэлт хийж байгаа бол нийгмийн маань тодорхой нэг хэсэг нь өөрийгөө дөвийлгөх, гадна холынхныг дуурайх, дагаж давхих л ажил хийж байна шүү дээ. Сонгогдоно гэдэг нэг юм гол зорилго,зорилт болсон. Сонгогдоод яах гээд байна гэхээр бараг л мөнгө олох л гэж хариулдаг болсон нь худлаа биш. Таны хэлдгээр чадамжгүй хүмүүс биднийг удирдаад байгаа бол бид сонгож чадахгүй байна, эсвэл сонгуулахгүй байна. Ер нь сүүлчийнх л байх. Тэгээд хаана чадвар султай дарга байна, тэнд авлигын үндэс бий болж байна. Даргын юмуу шийдвэр гаргагчийн царайг “дэвсгэртээр” хардаг болоод хэвшиж байна. Тэгэхээр тийм даргаа дууссан цагт л бид авлигын ард гарна. Сав муу юмаар дүүрсэн бол түүнийг асгаж байж л саваа цэвэрлэж авна. Одоо бид тийм л юмтай ноцолдоод огт нэг дуусгаж чадахгүй байх шиг байна. Уг нь цаашаа явмаар байна л даа. Бид юу болохгүй байгааг олж харж чадаж байгаа хэрнээ засаж залруулж чадахгүй байгаа юм. Ус хол урссан бололтой. Гэвч усыг тээрэмд зүтгүүлдэг ухаан хүмүүнд байдаг даа.

-Ер нь монголчууд ямар хүмүүс юм бэ. Ажлыг яагаад хар ажил гээд байдаг юм. Нөгөө боолууд байшин барьдаг гэдгээс л эхтэй юү?

-Одоо бол монгол хүнийг “түүхэн” монгол хүнтэй жиших юмуу, зүйрлэхийн аргагүй болсон. Ер нь монгол хүнээс багахаан юм үлдээд байгаа байж ч магадгүй. Ажил хийдэг хүнгүй, нэхдэг, бэлэн юм шаарддаг хүн олон болж. Гол нь төр нь хүнээ ийм болгосноо олж харахгүй, ухаарахгүй байгаад учир байгаа юм. Хүн чинь ний нуугүй ярихад чичүүлж байж л юм хийдэг амьтан шүү дээ. Одоо бол ташуур ч алга, жолоо ч алга. Би л лав энэ олон ажил голсон, бэлэнчлэгчдийг хараад “Өө эд чинь монгол хүмүүс байна” гэж хөөршөөж, олигтой үг хэлж чадахгүй.

-Яагаад бид юу ч бүтээж чадахгүй байна вэ, ер нь юм бүтээж чадах улс уу?

-Чадахгүйдээ, мэдэхгүйдээ биш хүсэхгүйдээ байна. Буруу бодол, ухааралтай болсон байна. Хөрсөн дээрээ буухгүй хүнийг, бусдыг дуурайж байна. Бодлого алга. Өөрсдөө юм хийж, бүтээж байж л улс орноо хөгжүүлж,сайхан амьдарна.

-Юмыг өнгөрөөж сур гэж хөгшид их хэлдэг байсан даа?

-Тэр бол тайван цагийн үг. Одоо цагийн хөл маш түргэн болсон. Өнгөрөөх юм, өнгөрөөхгүй юмаа маш түргэн ялгах шаардлагатай цаг ирсэн. Юутай ч юманд бодолтой хандах хэрэгтэй гэдгийг ойлгох нь чухал. Ер нь аливаа зүйлд хүлээцтэй, тайван, ултай хандах сайхан л даа. Юманд түргэдэж болохгүй гэдэг унаган монгол ухаан. Түүнийг л хөгшид, ахмадууд сургаж хэлдэг байсан. Муу юм хэвшдэг. Хэвшихээрээ танигдахаа больдог. Түүнийг бодох, яаж өнгөөрөөхөө ухаарах хэрэгтэй.

-Талын хүний зан авир бидэнд үлдсэн үү, хонзон авах гэж хүмүүс их гүйлдээд байгаагийн учир юунд байна?

-Бид бол дандаа ч талын хүмүүс биш ээ. Яагаад талынхнаар жишээ болгодог гэвэл сэтгэлгээний хэв загвар нь илүү ултай, тайван байдаг гэдэг. Хач авах гэдэг эртний монгол үг хариу авахаас лавшраад бүр өшөө авах тийш утга салаалсан юмсанж. Гэтэл мөн тэр л үг явсаар хариу авах, хариу өгөх санаа нь ач тийшээ явж сайхан үг болж хөгжсөн гэдэг. Хорлонтой, өс боддог биш ач боддог л байхсан. Хорон бодолтой хүн олширно гэдэг хүн болоод нийгэм эвдэрч л байна гэсэн үг. Манайд эвдэрхий юм ер нь их болж байгаа даа. Одоо жаахан хүн рүүгээ хандахгүй бол оройтох гээд л байна шүү.

-Хүний дор орохгүй гэж л тэмцэлддэг болж дээ?

-Хүний дор орохгүй гэдэг бодол өөрөө муу юм биш. Тэр чинь хичээ, өөрийгөө хөгжүүл гэсэн санаа. Хүнд нэрнээс эрхэм зүйл байхгүй. Тийм учраас монголчууд “нэр хугарахаар яс хугар” гэж ярьдаг шүү дээ. Нэр хэзээ бүтэн үлддэг вэ гэвэл юм бүтээж хийж байж л бүтэн үлдээнэ. Хийх юм хүнд түм бум бий. Хийх хийх ажлаа л зөв олох хэрэгтэй. Хийсэн шиг хийх хэрэгтэй. Тэр л дутаад байна.

-Хүмүүс их л уур уцаартай байдаг болж. Юундаа тэр вэ?

-Одоо бол эд юмтай хүнийг баян гэдэг болсон. Юмтай хүн яагаад ч юм харам, юманд голцуу уур уцаартай ханддаг. Манай хөгшчүүл түүнийг “эдийн хорлон” гэдэг дээ. Уг нь монголчууд эдтэй хүнийг адаг баянд оруулдаг: Эрдэм номтой хүн их баян, үр хүүхэдтэй хүн дунд баян. Эддээ эзэн болж чадахгүй хүн ч бишгүй л байна даа. Өөртөө эзэн болж чадсан хүн л эддээ эзэн байдаг даа. Тэр хүн эх орондоо ч эзэн байна. Одоо хүний хүн, тэр тусмаа өөртөө эзэн болоогүй хүн олон байна. Залуу хүн олон байгаадаа тэр биш шүү. Харин ч залуу хүн бол өөртөө эзэн болохыг хичээдэг хүн. Эзэн болох юмныхаа дэсийг л зөв олох хэрэгтэй.

-Улс орон яавал хөгжих юм бэ. Өнөөгийн нийгэм яагаад ийм болчихов оо?

-Бид бүгдээрээ ажилсаг, өөртөө, аав ээж, ах дүү нартаа, хань ижил, хамаатан садан, гол нь хүнд хайртай болсон цагт улс орон маань хөгжинө. Хамгийн гол нь хийж, бүтээх нь чухал.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Цэц Үндсэн хуулийг зөрчсөн байвал хэлэлцдэгээс биш Үндсэн хууль буруу гэж хэлэлцэх ёсгүй

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Н.Ганибал нар Үндсэн хуулийн Цэцэд “давхар дээл”-ийн асуудлаар гомдол гаргасан. Тодруулбал, УИХ-аас 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн Гуравдугаар зүйлийн 10 дахь заалтаар Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг “… Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэж өөрчлөн найруулсан нь Үндсэн хуулийн оршил болон холбогдох заалтыг зөрчсөн хэмээн Цэцэд гомдол гаргаад буй. Тэдний гомдлоор Цэцэд маргаан үүсгэж, оны өмнө Дунд суудлаар хуралдах товоо зарласан ч тодорхойгүй шалтгаанаар хойшлоод байна. Хараад байхад улстөрчид хэн нэгнийг Цэц рүү гүйлгэж, гаргасан шийдвэрээ “засуулдаг” жишиг тогтлоо. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг дахин нэр дэвшүүлэх боломжтой, боломжгүй эсэх дээр ХҮН-аас УИХ-д сонгогдсон Т.Доржханд гишүүн Үндсэн хуулийн Цэцэд хандаж байв. Ингэснээр Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших эрхгүй болж байлаа. УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажиллахыг тоогоор хязгаарласан Үндсэн хуулийн энэхүү өөрчлөлтийг 2020 оны УИХ-ын сонгуулийн дараагаас буюу хэрэгжүүлээд жил гаруйн хугацаа л өнгөрч байна. Гэтэл МАН Үндсэн хуулийн өөрчлөлтөөсөө ухарч эхэллээ.

Цэц гэдэг байгууллага бол Үндсэн хуулийн манаач. Үндсэн хуульд юу гэж бичсэн байна тэрийг зөрчихөөс л сэргийлэх ёстой. Харин Үндсэн хууль зөв, буруу байна гэж хэлэлцэх нь Цэцийн хувьд ахадсан асуудал. Нэгэнт Үндсэн хуульд …Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэж заасан бол үүнийг зөрчихийг л Цэц хамгаалах ёстой. Түүнээс албан тушаалын хэнээрхэлд шатсан хэдэн гишүүдийг саналаар Цэц Үндсэн хууль эхнээсээ буруу байсан байна гэж хэлэлцэх нь Цэцийн хувьд хэтийдсэн асуудал. Цэц ингэж үзсэнээрээ өөрсдийгөө мухардалд орууллаа. Бүр цаашлаад энэ Цэц оршин тогтнох үндэсгүй болж байгаа нь харагдлаа.

Үндсэн хуулийн Цэцийн гурван гишүүнийг нь Ерөнхийлөгч, гурвыг нь УИХ, үлдсэн гурвыг нь Улсын дээд шүүхээс нэр дэвшүүлэн УИХ-аар хэлэлцүүлж, зургаан жилийн хугацаагаар томилдог. Улсын дээд шүүх өнгөрсөн хаврын чуулганаар Ж.Эрдэнэбулган, Д.Гангабаатар нарыг Цэцийн гишүүнээр томилуулсан. Одоогоор Цэц Үндсэн хуулийн Цэцийн дарга Н.Чинбат, Цэцийн гишүүд Д.Одбаяр, Ш.Солонго, Б.Буяндэлгэр, Ц.Нанзаддорж, Г.Туулхүү, Г.Баясгалан, Ж.Эрдэнэбулган, Д.Гангабаатар нараас бүрдэж байна. Одоогийн Т.Туулхүү, Б.Буяндэлгэр, Ц.Нанзаддорж нарыг экс Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 онд томилуулсан. Одоо Х.Баттулга Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр ажиллаж буй. Цэцийн гишүүд дунд “өгзөг” нэртэй улс дамжиж садар самуун үйлдэл гаргасан гэж алдаршсан Д.Одбаяр гишүүн ч бий.

УИХ-ын гишүүн Н.Ганибал “Үндсэн хуульд өөрчлөлтөд оруулахдаа үндсэн чиглэлийн яамыг УИХ-ын гишүүнээр удирдуулж болно ярилцаад уг заалтыг оруулсан гэж ойлгосон. Энэ өөрчлөлтөөс хойш хоёр ч Засгийн газар байгуулагдлаа. Гэхдээ хоёр Засгийн газар хоёул үндсэн чиглэлийн бус өөр сайд нарыг УИХ-ын гишүүнээр томилсон. Ерөнхий сайд болсон хүн бүр өөрийн үзэмжээр асуудалд ханддаг болчихлоо. Ард түмнээсээ сонгогдсон УИХ-ын гишүүн сайд хийх нь зөв үү, буруу юу. Эсвэл мэргэжлийн гэгддэг, тухайн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн хүн сайд хийх зөв үү. Магадгүй энэ хууль цаашид хэрэгжээд явбал авлигачдын Засгийн газар байгуулагдаад байна гэсэн үг” гэж хэлээд байгаа. УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Н.Ганибал нарыг Үндсэн хуулийн мөн чанар луу дайрах могой баригч хийж байгаа нь аюултай хэмээн хуульчид дүгнэж байна лээ.

Энэ мэт УИХ-ын гишүүдийн үгээр орж Үндсэн хууль зөв, буруу, ийм Үндсэн хууль байх ёсгүй гэж үзэх эрх Цэцэд байхгүй. Логикоор нь бодъё. Цэц ийм Үндсэн хууль байхгүй, үүнийг өөрчлөх ёстой гэж үзэж байна гэсэн үг. Энэ бол Цэцийн хувьд аргаа барсан хүүхэд аавынхаа толгойг маажина гэгч болж байх шиг.

Эндээс харахад Үндсэн хууль ямар ч найдлагагүй манаач буюу Цэцийн гарт оччихжээ. Манаач гэснээс Үндсэн хууль зөрчсөн байна гэсэн мэдэгдэл гаргавал Цэц хэлэлцэнэ ч бил үү нэг тэнэг заалт байдаг юм билээ.Дэлгүүрийн манаач хулгай гарч байна гэж мэдэгдвэл хамгаалах юм байна, энэ заалтыг амьдралд аваачиж наавал. Мэдэгдэл ирэхгүй бол нүдэн дээр нь дэлгүүрийг нь ухаж байхад хамгаалахгүй нь л дээ. Яг үүн шиг Үндсэн хуулийн Цэц ном дүрмээрээ ажиллахгүй байна. Энэ юунаас эхтэй вэ. Цэцийн гишүүд бүгд шахуу нэг намаас угшилтай болохлоороо л ийм байх шиг. Нэг намыг дагасан Цэц гэж ч ямар юм байх вэ. Үндсэн хуулийн өөрчлөлт нэг намын асуудал биш. Үндсэн хууль бол монголчуудын тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлын баталгаа. Нэг намын эрх ашгаар Үндсэн хуулийг байн байн оролдох нь Монгол Улсын эрх ашгаар оролдож байна гэсэн үг. Монгол Улсын тусгаар тогтнолоор оролдож байна гэсэн үг. Одоо Цэцийг дариухан өөрчлөх хэрэгтэй байна. Бүх ард түмнээр Цэцийг сонгуулах хэрэгтэй. Цэцийн гишүүдийг намаас сонгодгоо болимоор байна. Үндсэн хууль гэдэг нэг намын асуудлаас хэтийдсэн асуудал. Тэгээд ч нэг нам давамгай байхдаа Үндсэн хуулийг өөрчилдөг нь үнэхээр буруу байгаа нь энэ мэт Цэцэд өгсөн өргөдлөөс анзаарагдаж байна. Улс төрийн хүрээнд энэ асуудал Цэцээр хянагдаж, Үндсэн хууль зөрчсөн гэх маргаан үүсгэж, цаашид эрх баригч намын Үндсэн хуульд гар дүрэх, дахин өөрчлөх боломжийг нээж өгнө. МАН 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Үүндээ энэ нам бүр амташчихаж. Амташсан хэрээ 13 дахина гэдэг л болох нь. Бүр цаашлаад намынхаа эрх ашигт зориулсан Үндсэн хуулийг бичих нь л дээ. Үндсэн хуулиа Цэцээр устгуулж байгаад МАН Монголыг эрх барина гэж бичүүлэх л дутаад байна. Одоо Үндсэн хуульд МАН өөрчлөлт хийх байтугай эгцэлж харах ч эрхгүй. Тэд Үндсэн хуулийг доошоо харж байгаад уншихаас өөр эрх байхгүй. Одоо болсон, хоёр жил болоод л энэ ч манай дарга болох гишүүдэд таарахгүй байна гээд, тэр даргын нэрийг ч бичээгүй байна гээд өөрчлөөд эхлэх нь л дээ. Энэ намын хувьд арай л даварсан асуудал боллоо. Хэн дуртай нь тоглоомын гишүүдээрээ Цэцэд өргөдөл өгүүлж, Үндсэн хуульдаа Г.Занданшатар Их хурлын дарга байна гэж бичүүлэх л үлдээд байна. Энэ мэт асуудлыг хэлэлцэж байгаа тоглоомын Цэцийн буруу. Тиймээс Үндсэн хуулийг манах үндсэн эрхээ мэдэхгүй байгаа энэ Цэцийг тараах хэрэгтэй. Бүх ард түмнээсээ Цэцийн гишүүдийг сонгодог болсноор хэн дуртай нь Үндсэн хууль руу гараа сарвайгаад байх эрхгүй болно.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ардчилал Монголоос алсран холдсоор л байна

Монголд ардчилал хумигдаж байгаа нь сүүлийн үед эрс мэдэгдэж байна. Наад захын жишээ нь, он солигдох мөчид Төрийн гурван өндөрлөгийн хэлсэн мэндчилгээний үгнээс илт харагдлаа. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргын мэндчилгээн дотроос ардчилал гэсэн үг ганцхан УИХ-ын даргын үгэнд л дурдагдах нь тэр. Тэрээр “Улсын Их Хурал хүний эрхийг эн тэргүүнд эрхэмлэнэ гэдгээ зарласан. Монгол хүн Үндсэн хуулиар олгосон эрх, эрх чөлөөгөө бүрэн эдэлж байх ёстой. Монгол хүний эрх хаана ч зөрчигдөх ёсгүй. Тиймээс Хүний эрх хамгаалагчийн тухай хуулийг Ази тивд анх удаа батлан гаргалаа. Иргэдийнхээ эрхийг хангаж чадах эсэх нь ардчилсан ёс, ардчилсан Монгол Улс оршин тогтнох эсэхтэй эн тэнцүү амин чухал асуудал юм” хэмээн хэлсэн юм. Монгол бол ардчилсан орон. Тиймээс дарга нар ардчиллыг байнга хэлж ярьж байх хэрэгтэй. Харин Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын аль нь ч мэндчилгээндээ ардчилсан гэх үгийг ганц ч ган хийсэнгүй. Ерөнхий сайдын хувьд “Эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдал, цар тахлын хүндрэлийг даван туулж, эдийн засгаа сэргээх үйлсэд иргэн, аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчдыг идэвхтэй оролцогтун” хэмээн уриаллаа. Эдийн засгийн либерал бол ардчилалтай хүйн холбоотой. Нэг юмны хоёр тал гэсэн үг. Ардчилалгүй эдийн засгийн либерал гэж бараг байдаггүй. Эдийн засгийн либерал хөгжих шууд үндэслэл нь ардчилал өөрөө байдаг. Эдийн засгийг дэлхийд амжилттай хөгжүүлж байгаа Хятад улс ардчиллыг ярьдаггүй. Одоохондоо эдийн засаг нь амжилттай хөгжиж байгаа ч ирээдүйн зам нь мухардах шинжтэй л болж байна. Яагаад гэхээр, ардчиллыг хөгжүүлээгүйгээс, бэхжүүлээгүйгээс болж тэр.

Олон улсын сүүлийн үеийн хандлага чигийг анзаараад байхаар олон зүйл дээр ардчилал байх хэрэгтэйг дэлхийн улс орнууд шаардаж байна. Ардчилсан байх хэрэгтэйг шаардаж эхэлж байна гэсэн үг. Хятад улс яахав, том гүрэн учраас одоохондоо ардчилал хэрэгтэй эсэх нь мэдэгдэхгүй яваа байх. Алс хэтдээ бол дан ганц эдийн засгаар явах шинжгүй болж байна. Манайх шиг жижиг орны хувьд ардчиллаа хөгжүүлэхээс өөр гарцгүй.

Судлаачид хэлэхдээ, Монголын ардчилал хэлбэр талаасаа мөн боловч агуулга, чанар талаас нь харвал хэлбэржээгүй төдийгүй институци хоорондын харилцаа тодорхойгүй. Гажуудсан ардчилал гэдэг нь юугаар илэрч байна гэвэл эрх мэдлийн хуваарилалт тодорхой бус байгаагаас эхэлж харагдана. Гүйцэтгэх засаглал нь жижиг парламент болчихсон, хэдхэн сарын настай, олигархиудаас оролцсон сайд нартай, тендер, концесс авчихдаг. Парламент нь хаана ч байхгүй супер эрх мэдэлтэй. Үүнийгээ УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага мөн гээд заачихсан манайхаас өөр улс байхгүй. Шүүх засаглалын хараат бус байдал алдагдсан гэхчлэн олон зүйл манай ардчиллыг хойш татаж байна. Намын үүрэг нөлөөний гажуудал аль хэдийнэ үүсчихсэн. Нам далд бизнесийг төртэй холбож байдаг шинэ үзэгдэл бий болсон хэмээн ярьдаг. Ер нь ардчилал, эрх чөлөөний зам нь тэгш эрх хүрэх зам болохоос хэн нэгэн илүү эрхтэй, хэн нэгэн нь дутуу эрхтэй байх зам биш. Ардчиллыг хөгжүүлж, бэхжүүлж, хамгаалж байхгүй бол алдаа, гажуудал их гардаг гэдэг.

Ер нь ардчиллын ололт амжилтыг дурдвал их. 1990 оноос өмнө Монгол Улс коммунист хуарангийн дэглэмд захирагдаж явсныг яаж ч баллуурдаад үгүйсгэж чадахгүй. Улс төрийн сонголт гэж байхгүйтэй адил өмсөж зүүх, идэж уух ч сонголт хомс байсан үе. Харин ардчилал бол өөр. Ардчилсан нийгэмд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө нь хувь хүний салшгүй эрх болохын хувьд либерал утгаараа ач холбогдолтой байгаад зогсохгүй нийгмийн амьдралын асуудлаар үгээ хэлэх, иргэн хүний хувьд нийгмийн амьдралд оролцох улс төрийн эрх чөлөөг хангаж байдаг ардчилсан утгаараа ч ач холбогдолтой байдаг. Хүн төрөлхтний гуравны хоёр нь мөрөөдөөд ч авч чадахгүй эрх чөлөө бидний гарт байна. Ямар ч гэсэн ардчилал гэдэг ойлголт бол энх тайван, аз жаргалтай, хангалуун амьдрах нийгмийн суурь. Ардчилал чөлөөт зах зээлтэйгээ л хамт явах ёстой. Коммунистуудад бодит байдлыг гуйвуулсныг хүлээн зөвшөөрөх, нийтэд худал амлах, ярих хэрэгцээ маш их байдаг. Тиймээс ардчилал нь илүү үнэн шударга зам болдог.

Өнөөдөр Монголд ардчиллын эцсийн найдвар бол Ерөнхийлөгч байх ёстой. Өөрөө үүнийгээ огт анзаарахгүй байх шиг. Монгол Улсын Ерөнхийлөгч хүн ардчиллыг хайрлаж, хамгаалж, хөгжүүлж байх ёстой. Хичнээн хол хөндий сонсогдож байгаа ч бүх ард түмний санал авч сонгогдсон Ерөнхийлөгч хүн Монгол Улсыг тусгаар байлгахын тулд бие даасан байдлыг нь хадгалахын тулд ардчилалд санаа тавихаас өөр зам байхгүй. Монгол Улсын тусгаар байхын баталгаа бол ардчилсан сонгууль. Ардчилал байхгүй бол энэ сонгууль устана. Тоглоомын сонгууль л болж хувирна. Тусгаар тогтнолын баталгаа бол ард түмний үг хэлэх эрх чөлөө. Энэ бүхэн уствал Монгол Улс тусгаар байх нөхцөлгүй болно.

Иймээс л Ерөнхийлөгч ардчиллыг хямгадаж санаа зовж байх ёстой юм аа. Төрийн гурван өндөрлөгөөс эхлээд ардчиллыг сурталчилж, байнга хэлж ярьж байх ёстой юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ёолкдохгүй бол үхчих биш, ёолкодвол харин үхчихэж магадгүй юм биш үү

Цар тахлын улмаас бүхий л үйл ажиллагаа зогсож,гэр гэртээ хөл хорионд орж суусан цаг саяхан. Цар тахал агаар дуслаар дамждаг учир хүн хүнээсээ зугтах шахам амьдарсаар бид хоёр жилийг өнгөрөөж байна. Хэвийн нөхцөл байдал руугаа хэзээ орох нь тодорхойгүй. Коронавирус мутацилагдаж янз бүрээр илэрч байгаа нь эрүүл мэндийн салбарт тун хүнд даваа болж байгаа. Гэсэн хэдий ч бидэнд вакцин гэх найдвар бас байна аа. Хамгийн аюултайд тооцогдож байсан дельта хувилбарыг газар авахуулахгүйн тулд вакцины бүүстэр тун буюу гуравдагч өдөөгч тунг тарих нь зүйтэй гэж дэлхий нийтээр үзэж байсан бол одоо дельтагаас хурдан тархдаг омикрон гэх хувилбар дэлхийг нөмрөөд эхэллээ. Бид энэ цар тахлаас ч амар салахгүй нь ойлгомжтой болчихлоо.

Одоо бидэнд нэг асуудал байна. Өнгөрсөн жил улс даяараа шинэ жилийн баярыг олноор тэмдэглээгүй. Гэтэл энэ жил ёстой нэг хөөрч дэрвэсэн хүмүүс шинэ жилийг өргөн хүрээнд тэмдэглэж байна. Бие биенээ дөвийлгөж хөөргөөд энд тэндгүй ёолкдож байна. Албан газруудын ёолкыг ярих юм биш. Өнөөх нь даамжирсаар бүр хийрхэх байдалд хүрчихлээ. Хийрхлийн галыг хэн өрдөж байна гэхээр өнөөх мөнгө олох гэсэн үйлчилгээний байгууллагууд,манайхны юм үзээгүй зан нөлөөлж байна.Ер нь дэлхийд Монголоос өөр албан байгууллагын шинэ жил тэмдэглэдэг газар алга. Уул нь Засгийн газраас төрийн байгууллагуудыг шинэ жил тэмдэглэхийг хориглосон. Хувийн хэвшлийнхний шинэ жил тэмдэглэхийг зөвшөөрчихсөн. Гэвч одоо замбараагүй тэмдэглэж байна шүү дээ. Төрийн байгууллагыг хорьсон атлаа хувийнхнийг зөвшөөрсөн нь тун ойлгомжгүй. Төрийн байгууллагууд ёолк тэмдэглэхгүй гэхээр ТББ-ууд чинь өдөр алгасахгүй тэмдэглэж байна. Адилхан л цуглаж бөөгнөрөөд байгаа юм чинь халдвар авмаар юм.

Бид нэг шинэ жил л тэмдэглэхгүй бол үхчих гээд байгаа юм шиг байх юм аа. Харин ч тэмдэглээд горыг нь амсахвий гэхээс айх хүн алга. Ер нь зах замбараагүй тэмдэглэсэн шинэ жилд орсон хүмүүсээс халдвар илэрвэл тухайн зохион байгуулсан байгууллага, ТББ-д нь хариуцлага тооцмоор байна. Бүр өндөр торгууль тавимаар байна. Яагаад гэхлээр коронавирус хэд хэдэн төрлөөр мутацилагдаад хүн төрөлхтөн тахлын өмнө хүндхэн байдалтай байна. Хачирхалтай нь, дохтой хүмүүсийн биед хагас жил мутацилагдаж байж омикрон гэх хувилбар гарч ирж байна ч гэж ярих боллоо. Омикрон хувилбар нь дельта хувилбараас хэд дахин хурдан тархаж байгааг хэн хүнгүй л сонсож сууна. Ер нь халдвар их тарах тусам бидэнд хэцүү.

“Ковид-19” өвчний хүндрэл, нас баралт ихсэх магадлал хурдтай өснө. Энэ нь эргээд эрүүл мэндийн салбарт хүндрэл учруулж, өвчилсөн иргэд хяналтаас гарч, хэрээс хэтэрнэ. Ийм л хүнд нөхцөл байдалтай тулчихгүйн тулд бид ядаж дархлаа сэргээх нэмэлт вакциндаа л хамрагдах шаардлагатай байна. Өөр өөрсдөө хариуцлагатай баймаар байна.

Өнөөдрийн байдлаар дархлаа сэргээх нэмэлт тун буюу гуравдугаар тунд 876,936 иргэн хамрагдаад байна. Хувьчилбал 27 хувьтай явж байна. Энэ тоо нийт хүн амын 30 хувьд хүрч байж тохиолдлын тоог хоёр дахин, хүнд өвчлөлийг гурав дахин бууруулах тооцоотой. Омикрон хувилбар дотоодод бүртгэгдээгүй гээд бид тайвширч болохгүй. Омикрон хувилбараас нэг тун вакцинтай хүн 19 хувь, хоёр тунтай хүн 20 хувь, дархлаа сэргээх нэмэлт тунтай хүн 80-90 хувь хамгаалагдаж байгаа аж.

Баахан шинэ жил тэмдэглээд дараа нь омикрон болохоо байлаа гээд хөл хорио тогтоох энүүхэнд болоод байна шүү. Цар тахлын аюул биднийг отож буй энэ цагт хүн бүрийг сахилгатай, хариуцлагатай байхыг шаардаж байна. Хөл хориотой үед өлслөө цангалаа гэнэ. Дэглэм арай сулрууллаа гэхтэй зэрэг л задгайрч баяр наадам тэмдэглээд бэлччихнэ. Нөгөө халдвар хамгааллын дэглэм сахихыг ч бараг мартаад гүйж яваа хүн олон байна. Хэдүүлээ ёолкдоод л, баярлаж цэнгээд олуулаа цуглараад байвал омикрон хувилбар энд тэндгүй тархаж өнөөх байрныхаа гаднаас түгжүүлээд, хоол хүнсээ хүнээр зөөлгүүлээд ажилгүй орлогогүй, сэтгэл санаа айдас хүйдэстэй өдрүүд дахиад эхлэхийг үгүйсгэхгүй.Энэ бүхэнтэй нүүр тулахгүйн тулд гэр гэртээ л шинэ жилээ тэмдэглэмээр байна.

АНУ, Англи зэрэг улсад омикрон хувилбар нь дельтагаас хэд дахин илүү тархалттай байгаа учраас бэлтгэл ажлыг маш сайн хангах нь чухал гэж мэдээлж байна. Тэр дундаа дэлхийд ардчиллаараа гайхагддаг АНУ вакцин хийлгээгүй тохиолдолд халдварт өртвөл өөрсдөө хариуцлагаа хүлээгээрэй гэж мэдээлэл хийж байна. Тэгвэл бид яагаад хариуцлага ярьж болдоггүй юм. Хариуцлага ярихын тулд түрийвчтэй нь ярих хэрэгтэй болдог. Заавал хариуцлага тооцуулж, торгуулж байж ухаарах аяддаг муу зан бидэнд бий. Ер нь тэр шинэ жил зохион байгуулаад байгаа хувийн байгууллагууд, ТББ-уудыг торгох хэрэгтэй. Тахлын тоо нэмэгдэж байвал тэмдэглэж байгаа газраар нь эмчилгээний төлбөрийг нь төлүүлье л дээ.

Эрүүл мэндийн яамны мэдээлэлд өвчлөл буураад тохиолдлын тоо багасаж байсан ч эргээд эмнэлэгт хэвтэгсдийн тоо нэмэгдсэн. Энэ нь газар сайгүй шинэ жил тэмдэглэж байгаатай холбоотой гэж мэдэгдсэн. Байгууллагын шинэ жил гэж хэт олноор цугласан үйлдлээ нэн даруй зогсоох хэрэгтэй байна. Нэмэлт тундаа ч яаралтай хамрагдах хэрэгтэй байна шүү.