Categories
арын-нүүр булангууд мэдээ

​СОНИНЫ АРЫН НҮҮР: Нэр дэвших эрхээ зарсан эрхмүүд DNN.mn


Улс төрийн намууд сонгуульд нэр дэвшүүлэх эрхээ гишүүддээ зардаг. Үүнийгээ сонгуулийн санхүүжилт болгох гэж гоёор нэрлэдэг. Цаашлаад төрийн албан тушаалыг гишүүддээ зарсан тохиолдол ч гарсан удаатай. Үүнийг 60 тэрбумын хэрэг гэдгээр монголчууд андахгүй. Энэ бол “Сонгуульд ялсан тохиолдолд чамайг тийм албан тушаалд томилно” гэж хэлээд гишүүдээсээ сонгуулийн зардлаа босгосон МАН-ын түүх.

Харин сүүлийн үед энэ нам зарим улстөрчийн нэр дэвших эрхийг төрийн албан тушаалаар бартердаж авдаг болж. Намаас нь нэр дэвшигчид саад тотгор болж мэдэх бие даан нэр дэвшигчийн нэр дэвших эрхийг нь “худалдан авч” намдаа элсүүлээд оронд нь төрийн албан тушаал буюу даргын суудал амладаг технологи. Хамгийн сүүлд гэхэд яг энэ зарчмаар НИТХ-ын төлөөлөгч асан С.Мөнхчулууныг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар томилов. Өмнө нь МАН-ын гишүүн байсан тэрээр өнгөрсөн онд болсон Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд бие даан нэр дэвшихээр ажиллаж байв. Гэвч МАН түүнийг намаас нь нэр дэвшигчийн саналыг хуваана гэж үзэн намдаа элсүүлсэн. МАН-ын зорилго ч биелж, Э.Батшугар Сонгинохайрхан дүүрэгт явагдсан УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан.

Нэр дэвших эрхийг нь төрийн албан тушаалаар бартердаж авсан бас нэг жишээ нь УИХ-ын сонгуулиар Хэнтий аймагт бие даан нэр дэвшихээр ажиллаж байсан хуульч Л.Батжавыг намдаа элсүүлсэн явдал. Түүнийг нэр дэвших эрхээсээ татгалзаж, МАН-д элссэнийх нь төлөө өнгөрсөн аравдугаар сард “Монголын төмөр зам” төрийн өмчит компанийн Хууль эрх зүй эрхэлсэн дэд захирлаар томилсон. Ерөнхий сайд бөгөөд МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт “Төрийн өмчит компаниудын удирдлагын бүтэц дэх дэд захирал болон шаардлагагүй албан тушаалтнуудыг хуулиар хязгаарлана” гэж мэдэгдсэн. Төрийн өмчит компаниудын дэд захирлын цомхотголд нэр дэвших эрхээ МАН-д “худалдсан” Л.Батжав багтах эсэхийг харж л сууя. Түүний ажилладаг “Монголын төмөр зам” төрийн өмчит компани гурван дэд захиралтай юм билээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

П.Очирбат: Зах зээлийн үнэ нь өндөр байгаа энэ мөчид алт олборлолтыг бүх талаар дэмжих хэрэгтэй DNN.mn


Ерөнхийлөгч асан П.Очирбаттай ярилцлаа.


-Монгол Улсын хэмжээнд алтны анхны албан ёсны олборлолт 1900 оноос эхтэй гэдэг. Ардчилсан чөлөөт зах зээлд шилжсэнээс хойш алтны салбар огцом өссөн. Таны санаачлан батлуулсан “Алт” хөтөлбөр нь тухайн үед маш чухал үүрэг гүйцэтгэсэн хэмээн салбарын мэргэжилтнүүд дүгнэдэг. Тухайн үеийн “Алт” хөтөлбөрийн хэрэгжилтээс ярилцлагаа эхлэх үү?

-“Алт” хөтөлбөр төрсөн цаг үе нөхцөл байдал их хүнд байсан. Манайд эдийн засгийг тэтгэж байдаг Зөвлөлтийн зээл, тусламж 1990-ээд оны эхээр зогссон. Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөл тарж тусламжийн эх сурвалж тасарсан. Ийм нөхцөлд эдийн засгаа хэрхэн хөгжүүлэх тухай асуудал өдрийн бодол, шөнийн зүүд байлаа. Хамгийн богино хугацаанд эдийн засгийг эргэлтэд оруулж болох ямар эх сурвалж байдгийг эргэцүүлэн бодож, олсон зүйл бол алт байлаа. Уул уурхайн инженер хүний хувьд мэргэжил нэгтэй нөхөдтэйгөө зөвлөлдөж Алт олборлолтыг нэмэгдүүлэх нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн юм. Уг асуудлыг шийдвэрлэхэд Геологийн албаны дарга З.Барс онцгой үүрэгтэй байсан. Ерөнхийлөгч захирамж гаргаж “Алт” хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийг геологи, уул уурхай, төмөрлөгийн эдийн засгийн чиглэлийн мэргэжилтнүүдээс бүрдүүлэн Ерөнхийлөгчийн захирамжаар томилон ажиллуулж “Алт” хөтөлбөр төрсөн. “Алт” хөтөлбөрийг Засгийн газрын төсөл болгон хэрэгжүүлэх тогтоол гаргаж хэрэгжүүлж эхэлсэн. Төр болон хувийн хэвшлийнхэнд санхүүгийн боломж байгаагүй, зээлийн барьцаанд тавих хөрөнгө мөнгөгүй хүндрэлтэй байлаа. Энэ үед Эрчим банкны захирал н.Шүхэртийн санаачилга дэмжлэгтэйгээр аж ахуйн нэгжийн олборлох алтны тодорхой хувиар барьцаалж зээл олгож хувийн хэвшлийнхнийг дэмжсэн нь “Алт” хөтөлбөрийн хэрэгжилтэд чухал түлхэц болсон. “Алт”хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг хошуучлагчдын дотор Газар Холдинг компани, Монголын алт компани (МАК), Монголросцветмет нэгдэл , Шижир алт компани, Бороо гоулд компани зүй ёсоор орно. “Алт” хөтөлбөр бол урт хугацаанд баримтлах номлол, төрийн бодлого, эдийн засгийн замнал байсан учир эдүгээ хүртэл 30 жил үргэлжлэн хэрэгжсээр байна. Цаашдаа ч хэдэн 30 жил үргэлжлэх нөөц, эрэлт хэрэгцээ Монголд бий.

-Таны санаачлан хэрэгжүүлсэн “Алт” хөтөлбөр одоо нэн шаардлагатай байна. Ам.долларын ханш тэнгэрт хадлаа. Бид ам.долларыг олохын тулд алтаа л ухах арга үлдсэн юм биш үү?

-Алт бол эдийн засаг хүндэрсэн үед “аминд” ордог эрдэс гэдгийг бид мэддэг болсон. Дэлхийн зах зээл дээр алтны үнэ нэг унци нь 1900-2000 орчим ам.доллар болж өсч буй эдүгээ цагт Монголын валютын нөөцийг нэмэгдүүлэх гол эх үүсвэр алт мөн. “Алт” хөтөлбөрийг эрчимжүүлэх хэрэгтэй. Байгаль орчноо хамгаалах ажлаа, нөхөн сэргээлтээ хамт хийх хэрэгтэй байна даа.

-“Алт-1” хөтөлбөр 1999 оныг дуустал найман жилийн хугацаанд хэрэгжсэн. Үүний дараа 2000 оноос “Алт-2000” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. “Алт-2000” хөтөлбөрийн хувьд амжилттай эхэлсэн ч татварын орчин өөрчлөгдсөн, урт нэртэй хууль батлагдсан зэргээс болж эрч нь саарсан уу?

-“Алт” хөтөлбөр хэрэгжих явцад олон янзын саад бэрхшээл тулгарч байсан. 68 хувийн татварт өртсөн, олон арван лиценз цуцлагдаж гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид үйл ажиллагаагаа зогсоож нэг хэсэг нь нутаг буцаж, нөгөө хэсэг нь ажилгүй болж “нинжа” болон хувирсан. Алтны хайгуул, ашиглалтын лиценз олгохыг зогсоосон зэргээс “Алт” хөтөлбөрийн хэрэгжилтэд хүндрэлүүд гарч байсан. “Алт” хөтөлбөр эрчээ авч байсан үед жилд 24000 кг алт олборлодог байсан бол 3000 кг хүртэл буурсан түүх бий. Одоо эргээд сэргэх замдаа орж байх шиг байна. Алтны зах зээлийн үнэ өндөр байгаа энэхэн мөчид алт олборлолтыг бүх талаар дэмжих хэрэгтэй. “Алт” хөтөлбөрийг эрчимжүүлэх хэрэгтэй.

-“Алт” хөтөлбөрөөс алдаа, оноо нь юу байв?

-“Алт” хөтөлбөрт алдаа оноо, олз гарзын аль аль нь бий. Олз гэвэл Монгол Улсын аж үйлдвэр Алтны дэд салбартай болсон. Улсын валютын нөөц нэмэгдэж, дэлхийн санхүүгийн зах зээлд төлбөрийн чадварын баталгаатай болсон. Гарз гэвэл олборлолт хийсэн газраа нөхөн сэргээхгүй орхих, гол горхины усыг булингартуулах, ухсан нүх, овоолсон шороогоор газрын хөрсийг сэндийлж орхидог, химийн хортой бодисыг буруу хэрэглэх зэргээр байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байв. Энэ дутагдал алт олборлогч компаниуд болон хувиараа алт олборлогч нарт нийтлэг байсан. Сүүлийн үед хатуу хяналт, шаардлага тавьж хариуцлага тооцдог болсноор байдал засарч байна.

-Тухайн үед алтны үнэ хэдтэй байсан юм бэ?

-“Алт” хөтөлбөр боловсрогдож хэрэгжиж эхлэх үед дэлхийн зах зээл дээр нэг унци алт 258 ам.доллар байсан. Монгол Улс жилд 600 орчим кг алт олборлодог байсан. Одоо алтны зах зээлийн үнэ 1900-2000 ам.долларын орчимд хэлбэлзэж байна. Монгол Улс жилд 20 орчим тонн алт олборлорж байна. “Алт” хөтөлбөрийн хэрэгжилтийн судалгааг би “Дэлхийн алтан хэвлий” номондоо дэлгэрэнгүй бичсэн. Үзвэл сонин байна байх.

-Одоо улсын төсөвт хамгийн гол үүрэг гүйцэтгэж байгаа орд бол Оюу толгой. Оюу толгойтой холбоотой олон үйл явдал өнгөрсөн хугацаанд өрнөлөө. Та энэ тал дээр ямар байр суурьтай байдаг вэ?

-Оюу толгой бол Монголын уул уурхайн аж үйлдвэрийн манлайлах цогцолбор. Нөөц баялаг, хүч чадал, техник технологи, менежмэнт, уурхайн ашиглалтын систем уулын ажлын горим, ажиллах хүчин үр ашгаараа дэлхийд өрсөлдөх хэмжээний кибернетикийн томоохон систем юм аа. Монгол Улс тус үйлдвэрийн хувьцааны 34 хувийг эзэмшдэг учир энэ үйлдвэр хамтарсан хөрөнгө оруулалттай хамтын үйлдвэр мөн. Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ, орд ашиглах гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээ, Урьдчилгаа төлбөрийн гэрээ зэрэг хэд хэдэн гэрээнд хөрөнгө оруулагчид 2009 онд гарын үсэг зуржээ. Өнгөрсөн 13 жилийн хугацаанд техник технологи, эдийн засаг эрх зүйн хувьд олон шинэ нөхцөл байдал үүссэн байна. Ер нь техник эдийн засгийн кибернетикийн ямар ч системд үйл ажиллагааны явцад тохируулга хийдэг. Оюу толгойд ийм л үйл явц өрнөж байгаа. Энэ бол зүй ёсны хэрэг. Оюу толгойн гэрээнүүдэд тодруулах шаардлагатай зүйл бий. Үүнийг хэлэлцэж шийдвэрлээд цаашаа яваад байх хэрэгтэй. Дубайн төлөвлөгөөний тухайд гэвэл маш чухал ач холбогдолтой шийдэл байсан. Тэр төлөвлөгөөний үр дүнд Оюу толгойн хоёрдугаар ствол (уурхайн босоо ам) ашиглалтад орж гүний олборлолт эхэлж гүний уурхайн ашиглалт эхэллээ. Төлбөр тооцооныхоо асуудлыг Оюу толгойнхон өөрсдөө зохицуулж шийдвэрлэх ёстой. Ер нь “Оюу толгой” төслийг хэрэгжүүлэх шийдвэр гаргагчид эх орныхоо эдийн засгийн хөгжилд гавьяатай хүмүүс гэдгийг би мэргэжлийн хүний хувьд баттай хэлэх байна. Би ийм л байр суурьтай хүн. Би “Оюу толгой: эрт, эдүгээ, ирээдүй” номондоо бичсэн санаагаа чамд хэлье. Бичээд авна уу, орхино уу өөрөө мэд. Оюу толгой миний төсөөллөөр уул уурхайн металлургийн цогцолбор болон сүндэрлэнэ. Оюу толгой ирээдүйд говьд үүссэн хангай болно. Элсэн дээр цэцэг ургаж, ээрэм талд тэнгис цэлэлзэнэ. Оюу толгой ирээдүйд түм түжигнэж, бум бужигнасан их хөлийн газар болно. Монголын олон зуун аж ахуйн нэгжийн үйлдвэрлэлийн түшиц газар болно. Оюу толгой аж үйлдвэрийн IV хувьсгалыг манлайлж Монголын эдийн засгийг XXII зуунтай залгуулах шинжлэх ухаан технологийн хөгжлийн эх ундарга байсаар байх юм аа. Америкийн “Цахиурын хөндий” Монголын говьд Оюу толгой, Таван толгойг холбон Өмнийн говийн гайхамшиг болно. Энэ бүхнийг монголчууд өөрсдийн ухаан, хөдөлмөр, хичээл зүтгэлээр бүтээн босгоно оо. Монгол Улсыг Азийн нэгэн бар болгох эдийн засгийн өсөлтийг Оюу толгой, Таван толгой, Эрдэнэт гурав хангана.

-Монгол Улс мөнхийн хоёр хөрштэйгөө харилцах харилцаа ямар байх тухай асуудал байнгын сэдэв байдаг. ОХУ Украинтай дайтаад хоёр сар гаруй боллоо. Ийм цаг үед манай улсын геополитикийн бодлого ямар байх ёстой вэ?

-Хоёр хөрштэйгөө тэнцвэртэй харилцах ёстой. Энэ бол Монгол төрийн бодлогын жанжин шугам. Үүний зэрэгцээгээр гурав дахь хөршийн бодлогыг тууштай баримтлан хөгжүүлэх нь манай улсын геополитикийн үндсэн зарчим байх ёстой.

-Ардчилсан намын тухайд байр сууриа илэрхийлээч. АН сэргэх нь үү?

-АН-д үзэл баримтлалын зөрчил байхгүй ээ. Намын төлөвшил, албан тушаалын төлөвшилд зөрчил бий. Эв нэгдлийн зөрөлдөөн байна, эвлэрэх хэрэгтэй. Монголын улс төрийн бүх хүчин Монголын ардчиллын төлөө эв нэгдэлтэй байх хэрэгтэй.

-МАН төрийн бүх эрхийг барьж байна. Нэг нам дангаараа төрийг барих нь сөрөг гэж үзэх хэсэг чамгүй л харагдах юм. Энэ талаар та ямар бодолтой байна?

-Төрийн эрхийг нэг нам дангаараа эзэгнэх нь сөрөг үр дагавартайг Монгол Улс өмнөх түүхээсээ мэднэ. Тийм учраас 1990 онд Ардчилсан хувьсгал хийж олон намын бүтэцтэй улс төрийн тогтолцоонд шилжсэн шүү дээ. Одоо Монголд албан ёсны бүртгэлтэй 37 нам бий гэдэг атлаа үндсэндээ ганцхан МАН төрийн эрх барьсаар байна. Үүнд МАН-ын буруу гэж юу байхав. Энэ нам өөрөө өөрийгөө олонх болгож сонгоогүй. Ард түмэн сонгосон. Өөрсдийнхөө тэмцэж олсон ардчиллын улс төрийн системээ сонгогчид яагаад хүлээн зөвшөөрөхгүй, нэг л намыг сонгоод байдгийг ойлгоход хэцүү юм аа.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

АН-ын будлиан дарга нартаа биш, гол нь гишүүддээ байгаа юм биш үү DNN.mn

ОХУ, Украины дайн дэлхий дахины анхаарлын төвд байна. “Удаан үргэлжлэхгүй болов уу” гэж таамаглаж байсан энэ дайн эхэлснээс хойш хоёр сар болох гэж байна. Энэ хугацаанд ОХУ-ын ерөнхийлөгч В.Путиныг дэлхийн улс орнууд дарангуйлагч хэмээн ад үзэх болов. Гэвч яг үнэндээ В.Путиндаа биш, ОХУ-ын ард түмэнд асуудал байгаа юм биш үү. Үүнийг баталж байгаа мэт нэгэн судалгааны дүн байна. В.Путин Кремтэй дайн хийхэд түүнийг ард иргэдийнх нь 86 хувь дэмжиж байсан гэдэг. Одоо Украинтай дайтаж буй түүнийг 80 хувь нь дэмжиж байгаа нь сүүлийн судалгаанаас харагдаж байна. Ард түмэн нь дайн хүсч, бусад орныг эзлэн түрэмгийлж шим шүүсээр нь өөрсдөө сайхан амьдрах гэж хүсдэг бололтой. Ийм л учраас ОХУ-ын ард түмэнд асуудлын гол нь байгаа юм биш үү гэж дэлхий нийт харах болжээ. Товчхондоо, ард түмнийхээ хүсэлтийг биелүүлэхийн тулд В.Путин сүүлийн жилүүдэд зэвсэг хангинуулах боллоо. Үүнээс үзвэл ард түмнийх нь сэтгэл санаа өөрчлөгдөхгүйгээр ганц В.Путин солигдоод нэмэргүй юм байна. Яг үүнтэй адилхан нэг процесс манай улсад өрнөж байна. Энэ бол АН дотор өрнөж байгаа үйл явдал. АН-ын дотоод тэмцэл дарга нартаа биш, гишүүддээ гол нь байгаа бололтой. ОХУ, Украины асуудал эхлээд хоёр сар болж байгаа бол АН-ын дотоод зөрчил эхлээд хоёр жил болж байна.

2020 оны УИХ-ын сонгуулийн дараа удирдлагын түвшиндээ хоёр хуваагдсан АН-ын хуваагдлыг гишүүд нь хүлээн зөвшөөрсөөр өнөөдрийг хүрлээ. Уул нь намын удирдлагад байгаа хэдэн хүний л зөрчил гэж ард түмэн үзсээр ирсэн. Гэвч яг үнэндээ гишүүдэд нь хамаг учир байгаа юм биш үү гэж хүмүүс хэлэлцэх боллоо. Намынхаа хуваагдлыг гишүүд нь улам өөгшүүлж гүнзгийрүүлсээр ирсэн гэхэд болно. Яагаад ингэж бодох болов гэвэл ямар үйл явдал болсоор ирснийг эргэж харцгаая. Дарга нар эрх мэдэл тамга тэмдгээ булаалдан намаа миний нам, чиний нам гэж хуваасан. Тэднийг дагаад намын гишүүд нь хоёр хуваагдаж ээлж дараалан өөр өөрсдийн даргаа сонгох хурал хийцгээв. Хурал зарлах бүрд тус намын гишүүд идэвхийлэн түүнд нь оролцож мянга мянгаараа саналаа өгцгөөдөг. Хэрэв гишүүд нь намаа ийм байдлаас гаргахыг хүссэн бол даргын сонгуульд нь оролцохгүй бойкот хийж болох байв. Та нар дээрээ учраа ол, нэгдчихээд ир, хуулийн шаардлага хангачихаад ир, тэрний дараа Их хурал хийе. Бид та нарын тоглоомонд оролцож намаа хагалахгүй. Хэн дуртай хүний тоглоом болдог нам биш гээд сууж байх байв. Гэвч намаа эвлэлдэн нэгтгэх санал санаачилга гаргаж буй гишүүд гээд байгаа хэнд нь ч ийм бодол төрсөнгүй. Дарга нарыхаа энэ хагаралдааныг улам өөгшүүлэн ямар идэвхтэй хурал, цуглаан хийж хэдэн ч Их хурал хэдэн ч дарга сонгочихов, одоо бараг тоогоо алдаж байна. АН-ын гишүүд одоо бүр дарга нарынхаа тэмцлээс ашиг хонжоо хайдаг болчихлоо.

Өнөөдрийнх шиг хоёр хуваагдаж байгаагүй ч АН-ын дарга нар эрх мэдлээ хоорондоо булаацалдсаар ирсэн. Үеийн үед л ийм байсан. Ужгирсан их тэмцэл дундаас гишүүд нь дарга нарынхаа тэмцлийг өөгшүүлээд байдаг юм байна. Хоёр талд хуваагдсан АН хоёулаа сая Их хурлаа хийлээ. Хурлаараа үзэл бодол, ардчиллын төлөө либерал үзэл зэргийг бараг ярьсангүй. Зүгээр л гишүүд нь ирж даргад өрсөлдөж байгаа хүмүүсийн мөнгийг үрж хэдэн өдөр архидаж, буудал саваар байрлаж намын Их хурлын төлөөлөгч гэх эгогоо хангахын төлөө хөдөлж байна. Х.Баттулгыг намын даргаар батламжилсан Их хурлаас харахад Ардчиллын төлөө тэмцэж явсан түүх, намын лидерүүд, либерал үзлийг огт дурссангүй. Хуралдсан дүр үзүүлээд л өнгөрлөө. Даргад өрсөлдөж байгаа хүнээ 100 хувь дэмжээд л болчихлоо. Ард түмнийг хэрхэн сайхан амьдруулах талаар ч ярьсангүй. Ердөө л сонгуулиар хэн ялах магадлалтайг харж байна. Энэ нь ялж магадгүй, баян юм байна гээд дагаж байна гэхэд хилсдэхгүй. Үүнээс харахад, АН-ын гишүүд мэр сэр ялаад төр засгийг удирдалцаж бялуу хуваагаад сурчихсан, бүр түүнийхээ амтанд нь орчихсон юм байна. “Татвар төлөгчдийн мөнгийг хуваарилах эрх мэдэлтэй болно” гэж үүний төлөө нүдээ ухаж өгөхөөс өөрцгүй зүтгэж байна. Аль нэгэн хүчтэй лидерийн нөмөр нөөлөгт хоргодоод бялуу хүртэхийн төлөө л хичээж байна. Тийм ч учраас хэдэн зуун мянгаараа намынхаа хуваагдлыг хүлээн зөвшөөрч сонгуульд нь саналаа өгч, Их хуралд нь ирж байна. Түүнээс бус намын эв нэгдэл тэдэнд түй ч хамаа алга.

АН 1990 онд Зөвлөлтийн дарангуйллаас гарахыг хүссэн монголчуудыг ардчиллын замаар хөгжүүлж тусгаар, жаргалтай улс болгохын төлөө тэмцэж гарч ирсэн нам. Гэтэл сүүлийн үед барууныг үзэн ядсан, ОХУ-ыг дэмжсэн либерал үзлийн үртэс ч байхгүй гишүүдтэй болж байгаа нь юун ардчилал бараг сэжиг төрөхөөр харагдаж байна. Намын даргаа батламжлахдаа анхны лидерүүдээ үзэн ядсан үг унагаж байна. Сүхбаатарын талбайд болсон жагсаалын үеэр АН-ын нэг гишүүн Э.Бат-Үүлийн толгойтой үснээс нь зулгаасан. Ингэх нь ч аргагүй юм байна. Яагаад гэвэл, тэрээр намаа нэгтгэсэн нэр зүүж энэ түүхэн намын нэрээр хоолонд хүрэхэд нь саад болох гээд байгаа учраас. Энэ нам түүхэнд нэртэй, түмэнд алдартай нам. Энэ намын лидерүүд Монголын түүхэнд бүү хэл дэлхийн түүхэнд бичигдсэн лидерүүдтэй нам. Энэ намын түүхээс ичдэг,энэ намын үзэл бодлыг үл тоодог, бүр үзэл бодлых нь эсрэг хатуу чанга дарангуйлагч мөрөөддөг ямар гишүүд хаанахын хэн гээч хүмүүс байна даа, ингэхэд. АН-ын гишүүд ингэж л үзэл санаагаа нулимж байна. Тэд ухаалаг байсан бол тал талд хуралдаж, даргад нэр дэвшигчийг дагаж ашиг хонжоо хайх бус “Бүгд хамтраад хуралдъя. Шүүхийн өмнө учраа олж ардчиллаа авч явъя. Өмнөх түүх, бахархлаа хаяж болохгүй” гэж хэлэх байлаа. Угтаа энэ нам ардчилал либерал үзлийг Монголд авч ирсэн нам шүү дээ. Өнөөдөр тэр бүгдийгээ нулимаад эргэж санахыг ч хүсэхгүй байна. АН ухаалаг гишүүдтэй байсан бол асуудалд арай өөрөөр хандаж намын дарга сонгох гэдэг энэ бүх жүжгийг таслан зогсоох байлаа. Гэвч ийм сэтгэл, зүтгэлгүй нь ардчиллыг үл ойшоон хэзээ ч шүүх зөвшөөрөхгүй үйл явдал хийн жүжиг тоглож байгаагаас харагдаж байна. Энэ нам нэгдэж нийлэхгүй л бол шүүхийн тоглоом болоод дуусна. Нэг намынх нь тамга бодит, нөгөө намынх нь дарга бодит ингэж тоглосоор энэ нам сөнөх нь. Сэхэх ч шинж алга. Ийм гишүүдтэй, ийм үзэл бодолтой нам байх юм бол түүнээс ард түмэн юм горьдоод хэрэг байна уу. Тэд олон түмнийг шулах ээлжээ хүлээсэн хүмүүсийн бөөгнөрөл л болчихож байгаа юм биш үү.

Одоо АН эргэж сэргэхийн тулд хоёр талд хуваагдсан байдлаа больж дарга болох гэсэн хүмүүсийн эгог дарж Их хурлаа хамт хий, ард түмний татвараар цугласан мөнгийг захиран зарцуулах эрхтэй болох гэсэн шуналаа тат, улс төрийн намтар цэвэр, шинэ залуу хүнээ гаргаж ир. Хуучин төрийн өндөр алба хашиж байсан хүмүүсээ хүндэл, харин тэднээ дарга болгох хэрэг байхгүй. Тэд зүгээр намын домог болоод цаана нь зогсож байх хэрэгтэй. Тэднийг ямар ч үед төрд гаргах хэрэг байхгүй. Тэд болсон, төдийгөөс өдий хүртэл юу хийсэн нь бэлээхэн ард түмний амьдрал бодит шалгуур нь байна. Ингэхгүй бол АН цаашаа явахгүй. Хэн араа шүдээ билүүдсэн шунал нь нүүрэн дээрээ ил гарсан хүмүүсийг сонгох юм бэ. Сонгогчид хэрсүүжиж, өөрсдийнхөө төлөө зүтгэх хүнийг сонгохоос өрөөлийг хуурах хүнийг сонгохоо больсон байна шүү дээ.

АН-ын гишүүд одоо л нэгдэж намаа аврахгүй бол оройтно. Хоёрхон жилийн хойно дараагийн сонгууль болно. Энэ хүртэл хоёр талд хуваагдсан АН-ын гишүүд дарга нарынхаа хуваагдлыг өөгшүүлэн хоёр талд саналаа өгсөөр, дэмжсээр байвал хэзээ ч эвлэхгүй. Ядаж хэнийг нь ч дэмжихгүйгээ илэрхийлж бойкот хийх хэрэгтэй. Намын гишүүд байхгүй бол дарга нар үнэндээ хэн ч биш. Тиймээс одоо АН-ын гишүүд үнэ цэнээ мэдрүүлж, намаа нэгтгэх цаг ирлээ. Та нарт дарга болж хүний бизнес луйвардах гэж бодохоос илүү ард түмнээ амар жимэр амьдруулах түүхэн үүрэг байгаа юм шүү, уул нь.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Даш-Өлзий: Монголд үйлдвэрлэдэггүй үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ–аас бүрмөсөн чөлөөлөх шаардлагатай DNN.mn

Монгол Улсын Аж үйлдвэрийн гавъяат ажилтан, зөвлөх инженер “Өлзийт төв” ХХК-ийн ерөнхийлөгч Н.Даш-Өлзийтэй ярилцлаа


-Та саяхан аж үйлдвэрийн сэдвээр явагдсан хэлэлцүүлэг дээр үйлдвэрлэл хөгжихгүй байгаа талаар хөндөж байсан. Аж үйлдвэрийн салбарт та хэрхэн хөл тавьж байв?

-Би аж үйлдвэрийн салбарт 50 гаруй жил хөдөлмөрлөж зүтгэж яваа ахмад инженер хүн. Энэ салбарынхаа талаар сэтгэл, санаагаа чилээж явдаг хүний нэг гэх үү дээ. Би Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул. Аймгийнхаа Элдэв-Очирын нэрэмжит 10 жилийн сургуулийг төгсөөд Хөнгөн ба Хүнсний Үйлдвэрийн Яамны нэр дээр ЗХУ-ын Киев хотын Хөнгөн үйлдвэрийн Технологийн дээд сургуулийг Хөнгөн үйлдвэрийн инженер мэргэжлээр төгссөн. Төгсөж ирснээсээ хойш хөнгөн үйлдвэрийн салбарт 50 гаруй жил ажилласан байна.

-Та хаана, хаана ажиллаж байв?

-Би 1972 онд дөнгөж сургууль төгсөж ирээд хоёр сар орчим Оёдлын фабрикт дагалдан инженер хийгээд байтал Оёдлын үйлдвэрийн нэгдэл байгуулагдаад тэр нэгдлийн нэгдүгээр орлогч дарга бөгөөд Ерөнхий инженерээр томилогдож ажилласан. 1981 оноос Гадаад худалдааны “Хоршоолол импекс” нэгдлийн даргын ажилд томилогдон ажилласан. Энэ нэгдэл нь стандартын бус түүхий эд, ноос, арьс ширийг экспортод гаргаад оронд нь үйлдвэрийн хэрэгцээтэй материал, тоног төхөөрөмж авдаг ажиллагаатай нэгдэл байлаа. Энд ажиллаж байхдаа олон жил хуримтлагдсан стандартын бус арьс шир, үйлдвэрийн хэрэгцээ, шаардлага хангахгүй адууны хром, улны шир, доод зэрэглэлийн ноос (даахь, бутархай) зэргийг бүгдийг зах зээл олж борлуулж оронд нь үйлдвэрийн материал, сэлбэг, тоног төхөөрөмж нийлүүлдэг байсан юм. 1987 оноос Хөнгөн үйлдвэрийн эрдэм шинжилгээ зураг төслийн институтэд орлогч захирлаар 1991 он хүртэл ажилласан. Ингээд үйлдвэр худалдааны “Өлзийт төв” гэх хувийн компаниа байгуулаад одоо болтол ажиллаж байна. Эргээд харахад үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл, техник технологи, хангамж худалдаа, эрдэм шинжилгээний салбаруудад ажиллаж хүч хөдөлмөр, мэдлэг чадвараа зориулж ирсэн байна.

-Та үйлдвэрлэлийн олон талт ажиллагааг сайн мэддэг инженер хүний хувьд манай орны аж үйлдвэрийн салбарын талаар ямар бодол санаатай байна?

-Аж үйлдвэр, үйлдвэржилт бол улс орны хөгжлийн мотор гэж хэлэхэд хилсдэхгүй. Үйлдвэр бол олон шийдлийн огтлолцол дээр тогтож үйл ажиллагаа нь явагддаг ярвигтай салбар. Би хөнгөн үйлдвэрийн талаар санал бодлоо хэлье. Мал аж ахуйн гаралтай түүхий эдээ боловсруулж зах зээлд гаргах асуудал Монгол Улсын эдийн засгийн бодлогын анхаарлын төвд байсан. Цаашдаа ч байж таарна. Харамсалтай нь сүүлийн 20 гаруй жил экспортыг дэмжинэ, импортыг орлуулбал дэмжинэ, үндэсний үйлдвэрлэл хөгжүүлэх зэргийг үе үеийн УИХ, Засгийн газар мөрийн хөтөлбөртөө тусгасаар ирсэн боловч үр дүн нь чамлагдахаар байна. Ухаад дундардаггүй жил бүр бий болж байдаг энэ их баялгийг бид бүрэн ашиглаж боловсруулж чадахгүй, зарим тохиолдолд хаяж байгаа нь маш том эмгэнэл. Улс орон үйлдвэржиж байж ажилгүйдэл ядуурлаас гарч баян чинээлэг орон болно. Үйлдвэр бол бусад бүх салбараас илүү их нэмүү өртгийг бүтээж байдгаараа онцлогтой. Хөнгөн үйлдвэрийн салбар бор зүрхээрээ зах зээлийн шуурганд гуядуулан амь дүйсэн байдалтай явж байна гэж хэлж болохоор байна.

-Үйлдвэрлэлийн салбар гойд сайн хөгжихгүй байгаа шалтгааныг юу гэж та харж байна?

-Үйлдвэрлэл дорвитой хөгжихөд хэд хэдэн чухал хүчин зүйл байдаг. Үүний нэг нь зах зээл. Зах зээлгүй бол үйлдвэр барих, хөгжүүлэх талаар санахын ч хэрэггүй. Манай улс жижиг зах зээлтэй учраас зөвхөн Монголын зах зээлд зориулан үйлдвэрлэл явуулж хөгжүүлэх нь дэндүү явцуу байдал бий болгоно. Нэн ялангуяа манай зах зээл хамгаалалт муутай төдийгүй өрсөлдөөн ихтэй. Тэгэхээр үйлдвэрлэлээ хөгжүүлэхийн тулд зах зээлээ тэлж өгөх хэрэгтэй болж байгаа юм. Үүнийг төр л хийхээс өөр зам байхгүй. Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй нөхцөлөөр экспортод гаргах талаар харилцагч орнуудтай яриа хэлэлцээрийг маш идэвхтэй хийх, далайд гарцгүй хоёр их гүрний дунд оршдог байдлаа зөвөөр ойлгуулж олон улсын худалдааны байгууллагын дэмжлэг, гурав дахь орнуудын дэмжлэгийг авах, чөлөөт худалдааны хэлэлцээрийг эх орондоо ашигтай нөхцөлөөр хийх талаар төр засгийн үйл ажиллагааг маш их идэвхжүүлэх шаардлагатай. Хөнгөлөлттэй зах зээл нээх, тэлэх нь хөрөнгө оруулалтыг даллах хамгийн чухал хөшүүрэг болдог. Наад зах нь Евразийн холбооны улсуудтай чөлөөт худалдааны хэлэлцээр хийх асуудал яригдаад их удаж байгаа. Гэтэл Вьетнам улс аль хэдийнэ хэлэлцээр хийсэн төдийгүй Японтой ч хөнгөлөлттэй тарифтай болчихсон байх жишээтэй. Одоо Японы зах зээлийг Вьетнамын бараа эзэлж байна. Энэ хэлэлцээрүүдийн үр дүнд Японы үйлдвэрүүд, захиалга Вьетнамд орон зайгаа эзэлсэн байна. Өөр нэг жишээ, БНХАУ–ыг Олон улсын худалдааны байгууллагад элсэх хэлэлцээрт АНУ–аас зарим төрлийн Хятадын бараанд квот тогтоосон байдаг. Энэ квотоос давсан барааны захиалга, тооны хязгааргүй Монголд орж ирж 2000-2005 оны хооронд манай улсад оёдлын үйлдвэрлэл дорвитой хөгжих үндэслэл болж байлаа. Энэ хугацаанд АНУ–ын захиалагчид үйлдвэрийн тоног төхөөрөмжөө материал түүхий эдээ аваад захиалгаа хийлгэхээр Монголд тэмүүлж 100 гаруй үйлдвэрт олон арван мянган ажилчид элсүүлэн жилд гурван сая хувцас экспортод гаргаж байсан юм. Энэ бол хөнгөлөлттэй нөхцөл, зах зээл тэлэхийн бодит жишээ. Тэгэхээр үйлдвэржүүлэх бодлогын хүрээнд хийгдэх нэг чухал ажил бол зах зээл тэлэх асуудлыг төр засаг анхааралдаа авч энэ асуудлыг хариуцсан салбарын сайдын чухал үүрэг болгож үр дүнг Засгийн газар, УИХ үе үе хэлэлцдэг болох шаардлагатай байна. Энэ чухал ажилд хариуцах эзэнгүй мэт дорвитой ахиц гарахгүй юм. Гэхдээ хэлэлцээгээ маш хариуцлагатай эх орондоо илүү өгөөжтэй байхаар хийх шаардлагатай. Бид Европын холбооны 7000 нэрийн барааны хөнгөлөлт, Японтой хийсэн чөлөөт худалдааны хэлэлцээрийн талаар их ярьдаг боловч үр өгөөж харагдахгүй байгаа нь харамсалтай. Хэлэлцээрийн үр өгөөжийг тухайн орнуудын болон бусад орнуудын захиалагч нар илүү мэдэрдэг. Тэдний зүгээс бараа, бүтээгдэхүүний захиалга нэмэгдэж байж үр өгөөжтэй хэлэлцээр болсныг илтгэдэг.

Монгол Улсад үйлдвэрлэсэн бараа материалаа борлуулах боломжийг нээх, зах зээл тэлэх, үр ашигтай чөлөөт худалдааны хэлэлцээр хийхэд онцгой анхаарах нь чухал байна. Үйлдвэрлэлийг хөгжүүлэх, өргөтгөн тэлэхэд чухал шаардлагатай өөр нэг чухал хүчин зүйл бол хүрэлцээтэй бага хүүтэй санхүүжилт юм. Манай улсад хөрөнгө оруулалтад шаардлагатай эх үүсвэр маш ховор. Арай гэж олдож байгаа эх үүсвэр нь дэлхийд байхгүй өндөр хүүтэй. Тиймээс уг зээлийг авсан ААН дампуурдаг, эсвэл өдөр хоног өнгөрөөсөн байдалтай л байдаг. Зээл авсан иргэн өрөнд баригдаж, эсвэл ядуурч байна. Засгийн газраас олгож байгаа хөнгөлөлттэй эх үүсвэрүүдийн хүрэлцээ муу учраас арын хаалга танил тал, авлигад өртөж байгааг олон жишээнээс бид мэдэх билээ. Эх үүсвэрийн хомсдол, асар өндөр хүүтэй богино хугацаатай зээл нь үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд маш том чөдөр, тушаа болж байна. Үүнийг төр засаг мэдсээр байгаа боловч зоригтой арга хэмжээ авахгүй өдий хүрлээ. Үүнээс гадна арга замын нэг бол гадаадын бага хүүтэй хүрэлцээтэй эх үүсвэрийг Монголд оруулж ирэхэд оршиж байна. Дэлхийн ихэнх орнууд гадны банк санхүүг оруулж хөгжлийнхөө нэг чухал хөшүүрэг болгоод байхад Монголд яагаад болохгүй гэж. Монголын банкуудын зээлийн хүүг буурахыг, тэднийг хүрэлцээтэй эх үүсвэртэй болохыг хүлээвэл эх орон маань ядуу зүдүү, ажилгүйдэл нүүрлэсэн, үйлдвэрлэлгүй, бизнес нь тогтворгүй төр, засаг, ард иргэд нь гуйлгачин маягтай байсаар байх нь ээ. Энэ хугацаанд ард иргэдийн тэвчээр хүлээхгүй, улсын эдийн засгийн боломж дийлэхгүй болов уу. Бага хүүтэй, хүрэлцээтэй санхүүгийн эх үүсвэр бий болбол төр засгийн олон хөнгөлөлттэй сан, зөрүүг нь төсвөөс олгодог хөнгөлөлттэй зээлүүд, олон урамшууллын шаардлага байхгүй болж төсвийн ачаалал эрс буурах магадлалтай. Үндэсний аюулгүй байдалд гадаадын бага хүүтэй эх үүсвэр оруулах эсвэл үйлдвэрлэлгүй, ажилгүйдэл, ядуурал нүүрлэсэн, хөгжил нь чөдөрлөгдсөн байдалтай хэвээр удаан байхын аль нь аюултай вэ гэдгийг тооцож үзэх цаг болсон санагдана. Дээрх хоёр чухал хүчин зүйлээс гадна үндэсний үйлдвэрлэлийг хэвийн явуулахад ажиллах хүчний хангамж хүрэлцээ чухал үүрэгтэй. Өнөөгийн байдлаар ажиллах хүчний гуравны нэг нь оюутан, гуравны нэг нь гадаадад ажиллахаар одсон, гуравны нэг нь л ажиллах боломжтой байна. Олон үйлдвэр бий болоод ирвэл энэ нь хүрэлцээгүй гэсэн үг. Тэгэхээр энэ талаар явуулах бодлого, гажуудлыг засах төр тал дээр засгаас дэс дараатай урт хугацааны төлөвлөгөөт ажил шаардагдах болж байна. Үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд саад болж байгаа бас нэг хүчин зүйл бол Монголд үйлдвэрлэдэггүй үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмжөөс хил дээр НӨАТ, гаалийн татвар авч байгаа нь үйлдвэрлэлээ хэвийн явуулах боломжийг эрс багасгаж байгаа юм. Иймд Монголд үйлдвэрлэдэггүй үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ–аас бүрмөсөн чөлөөлөх шаардлагатай.

-Таны бодлоор дээрх хүчин зүйлүүдийг хэрхэн хэрэгжүүлэх вэ?

-Би МҮХАҮТ, Монголын ажил олгогч эздийн холбоо, Оёдлын үйлдвэрүүдийн холбоо, Нийгмийн зөвшлийг хангах гурван талт хэлэлцээр зэрэгт тэргүүлэгч, тэргүүний сонгуульт ажлыг хийж явлаа. Энэ чиглэлээр зохиогддог уулзалтууд дээр байнга л үйлдвэрлэлийн талаар ярьдаг боловч амьдралд хэрэгжих нь тааруухан явж ирлээ. Үнэхээр үйлдвэрлэл шаардлагатай, үйлдвэрлэлгүй бол улс орон дорвитой хурдан хөгжиж, ядуурал, ажилгүйдэлгүй болно гэдгийг гүнзгий ойлгож мэдэрч байгаа бол, энэ талаар удирдамжийн чанартай тогтоол шийдвэр гаргаж төр засгийн удирдлагын бүх шатад байнгын анхааралд байлгаж дэс дараатай бодитой ажил болговол үйлдвэртэй болж хөгжил дэвшил ирнэ.

-Манай улс далайд гарцгүй орнуудын хөнгөлөлтийг хэрхэн эдлэх вэ?

-Далайд гарцгүй орнуудын хөнгөлөлт эдлэхээс гадна хоёр агуу том оронтой хил залгаа оршиж байгаа нь манай орны хувьд том хувь заяа юм. Харин энэ хоёр том зах зээлд гарах арга замаа зөв олж, хоёр хөрштэйгөө эдийн засгийн ашигтай харилцааг үүсгэх нь чухал байна. Хоёр том хөрштэйгөө эдийн засаг хадалдааны талаарх харилцаа санасанд хүрэхгүй харагддаг юм аа. Хоёр хөршөөсөө эдийн засаг маань хамааралтай нь тодорхой тул манай талаас олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх төрөл бүрийн хөнгөлөлт эдлэх, бат итгэлтэй харилцааны суурь бий болгох талаар маш шаргуу, уйгагүй ажиллаж үр дүнд хүрэх нэн чухал байна.

-ОХУ дайн хийгээд ядарч туйлдаж байх шиг. Бид хойшоо юу юу эскпортлох шаардлагатай гэж та харж байна?

-ОХУ, Украины асуудалтай холбоотойгоор олон улсын эдийн засгийн хоригт орж хүндхэн байх шиг байна. Энэ нөхцөл байдал нь манай арьс шир, мах махан бүтээгдэхүүн, хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүнийг авах орон зай бий болж магадгүй байна. Сая манай компани үхрийн давсалсан түүхий арьс ОХУ–д гаргаж эхэлж байна. Манай оёдлын үйлдвэрүүдийн бүтээгдэхүүн ялангуяа АНУ–д гаргаж байсан загваруудыг ОХУ–ын хэрэглэгчид маш их сонирхдог юм билээ. Бид хэдэн жилийн өмнө нэг контейнер хувцас гаргаж үзсэн. Харамсалтай нь маш өндөр тарифтай учир үнэ нь өндөр болоод хүндрэл учруулаад байдаг юм.

-ОХУ манай бараа бүтээгдэхүүнд 160 хувийн татвар тавьдаг. Бидэнд татварын хориг тавьчихжээ ч гэж үзэх хэсэг байна…

-ОХУ дангаараа тарифын хөнгөлөлт үзүүлэх боломжгүй юм. Учир нь гаалийн нэгдсэн бодлого явуулдаг Евразийн холбоо энэ асуудлыг шийддэг. Би энэ тухай зах зээлийг тэлэх талаар ярьсан. Одоо шинээр бий болоод байгаа нөхцөл байдалтай уялдуулаад Евразийн холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр хийх асуудлаа хүчтэй тавьж ОХУ–ын дэмжлэгийг авах боломж бүрдэж магадгүй байна.

-Тэгвэл урд хөрш рүүгээ ямар бүтээгдэхүүн гаргавал зохилтой байна?

-БНХАУ-ын зах зээлд хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүнээр өрсөлдөхөд хүндрэлтэй байдаг. Энэ талаар БНХАУ дэлхийн зах зээлд ноёлж байгаа шүү дээ. Харин Хятадын зах зээлийн тансаг хэрэглээний салбарт орох боломжтой санагддаг. Харин хүнсний мах, махан бүтээгдэхүүн, сүү сүүн бүтээгдэхүүн гаргах боломжтой. Миний байнга бодож явдаг нэг сэдэв бол Монгол малын сүүг бүрэн ашиглах тухай юм. Манай оронд ойролцоогоор 30 сая саалийн мал байна. Одоо цагт мал сааж сүү саалийг нь ашиглах ажил улам багассаар байна. Монгол Улс гадаадаас хуурай сүү авч байна. Энэ их нөөц бололцоог ашиглахад хайгуул хийж мөнгө зарах хэрэггүй, ухах, тэслэх, ачих гэх мэт үнэтэй тенхик хэрэггүй, байгаль орчинд хор хөнөөлгүй, ухаад дуусах аюулгүй жил бүр ундарч байдаг их баялаг юм. Зунжин хөхсөн төл мал олигтой таргалдаггүй ногоо иддэггүй гэмтэй. Энэ их нөөцийг ашиглах талаар судлах ажлын хэсэг гаргаж техник технологийг судлах, жил бүрийн зургадугаар сарын 15-наас долдугаар сарын 15 хүртэл нэг сарын сүүний бүтээлч аян өрнүүлэх, оюутан сурагчдыг дайчлах, хөрөнгө, хүч, зах зээл, үр ашгийн тооцоо гаргаж дүгнэлт гаргах саналыг дэвшүүлж байна. Шингэн цагаан алтны том уурхай үр ашгаа өгч Монгол орны хөгжил хүн ардын амьдралд асар их өгөөж өгөх нь дамжиггүй.


Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Доллар олох санаачилга || DNN.mn

Монгол Улс ам.долларын хомсдолд орж, ханш нь 3000 даваад явчихлаа. Гадаад худалдаандаа үргэлж алдагдалтай явж ирсэн манай улс ам.доллар олохоосоо илүү, үрэх нь их. Шатахуун, хүнснээс эхлээд өргөн хэрэглээний бараа бүтэгдэхүүнийхээ ихэнх хувийг гадаадаас валютаар худалдаж авдаг. Өдөр ирэх тусам энэ хэрэглээ нэмэгдэж, валютын гадагшлах урсгал ч нэмэгдсээр… Ийнхүү бид өнгөрсөн хугацаанд ам.доллараа гадагш урсгаж сууснаас олох боломжийг төдийлөн эрэлхийлээгүй. Уул уурхайн түүхий эдээ экспортолж л орлого олж байгаагаас өөрөөр валют олж байгаа салбар бараг алга. Тийм ч учраас манай эдийн засгийг хүрэн эдийн засаг гэж нэрлэдэг. Хэдэн жилийн өмнө УИХ-ын гишүүн асан М.Билэгт эдийн засгаа солонгоруулах мэргэн санаа олсноо хэлсэн ч бүгд шоолоод өнгөрч байлаа. Тэрээр “Бид газрын доорх баялгаа л экспортолж валют олох тухай яриад байдаг. Мал аж ахуйн салбарын бүтээгдэхүүнээ экспортолж, эдийн засгаа солонгоруулмаар байна. Бид жилдээ нэг тэрбум ам.долларын шатахуун хэрэглэдэг. Төр зохицуулаад 20 сая бог малаар шатахууны бартер хийж болно шүү дээ. Энэ талаар Сангийн сайд юу гэж бодож байна вэ” хэмээн асууж байв. Тухайн үеийн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар түүний асуултад “Сангийн яам малаар шатахуун солих наймаа ярьдаггүй. Бид бодлогоо ярина. Бизнес эрхлэгчид тэр бизнесийг хийвэл зүгээр” хэмээн инээмсэглэн хариулж байлаа.

УИХ-ын гишүүн асан М.Билэгтийн хэлсэн шиг хониор шатахуун бартердана гэдэг нь орчин цагт хэний ч толгойд буухгүй. Харин хонио экспортолж ам.доллар олох боломжтой. 25 сая хоньтой Шинэ Зеланд улс жилд хонины махны экспортоосоо 2.5 тэрбум ам.долларын орлого олдог байна. Гэтэл 35 сая хоньтой манай улс яагаад экспортын орлогоо нэмэгдүүлэх боломжгүй гэж. Уг нь манай улсаас БНХАУ-д хандивласан 30 мянган хонины махыг тус улс үнэгүй сайхан рекламдаж өгсөн. Даанч манайх түүнийг нь ашиглаж маркетинг хийсэнгүй.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

“Манай эрх баригчид барьцаалагджээ” гэж хардахаар байна || DNN.mn

ОХУ Украин руу довтолсноос хойш сар гаруйн хугацаа өнгөрлөө. Гэвч энэ дайн одоо хүртэл үргэлжилсээр л байна. ОХУ Украиныг өөрийнхөөрөө байх гэлээ гэж энэ дайныг эхлүүлсэн. Украин уг нь цөмийн зэвсэгтэй, захын нэг улсад дээрэлхүүлэхээргүй л улс байлаа. Гэвч Зөвлөлт холбоот улс задарсны дараа буюу 1994 онд дэлхийн улс орнууд цөмийн зэвсгээсээ татгалзахыг уриалж оронд нь аюулгүй байдлыг нь хамгаалах үүрэг хүлээсэн түүхтэй. Энэхүү үүргээ 1994 онд Будапештын Меморандумд баталгаажуулж гарын үсэг зурсан юм. Уг гэрээ хэлэлцээрт дуусах хугацаа гэж байхгүй. Гэтэл өнөөдөр Украин улсын өмнө ийм үүрэг хариуцлага хүлээсэн гэдгээ санаж байгаа улс орон алга. Дэлхийн улс орнууд 30 жил ч хүрэхгүй хугацааны өмнө өгсөн энэ амлалтаа аль хэдийнэ мартсан бололтой. Украины ерөнхийлөгч Владимир Зеленский “Өнөөдөр бидэнд цөмийн зэвсэг нь ч алга, аюулгүй байдал нь ч алга. Бид Швейцарь, Нидерланд, Бельги улсуудаас ч том газар нутгаа алдаад байна. Хамгийн гол нь бид олон сая иргэнээ алдлаа. Гэвч бүх амлалт хоосон зүйл байлаа” хэмээн гомдоллож байна. Түүний хэлж байгаа үнэн. Хэцүү цаг үед нь дэлхийн зарим улс орон Украинаас нүүр буруулж эхэллээ. Тухайн улс онуудын тоонд манай улс ч орно. Монгол Улс дайныг эсэргүүцсэн НҮБ-ын санал хураалтад хоёронтоо түдгэлзсэн санал өгөөд байна. Өнгөрсөн баасан гаригийн шөнө НҮБ-ын хуралдаан болоход мөн л түдгэлзсэн санал өглөө. Манай улс жижигхэн. Хэзээ нэг цагт Украины зовлонг аль нэг хөршөөсөө амсахыг үгүйсгэхгүй гэдгээ бодсон ч дайныг эсэргүүцэх ёстой баймаар. Гэтэл түдгэлзсэн байр суурийг удаа дараа гаргаж байхыг харахад манай эрх баригчид болон эрх барьж байгаа нам ОХУ-ын эрх баригчдад барьцаалагдсан юм биш биз гэж хардахаар байна. Энэ талаар улс төрийн намууд, УИХ дахь сөрөг хүчний гишүүд судалж үзээд ард түмэндээ үнэнийг хэлэх хэрэгтэй байна.

Нийтлэлч Баабар нэгэн нийтлэлдээ “В.Путины дэглэм гадаадын улс төрийн намуудад асар их мөнгө амаар нь гартал өгч өөрийгөө дэмжүүлдэг” гэж бичсэн байна лээ. Монгол төрийг харахаар энэ нь үнэн бөгөөд тэр их мөнгөнөөс нь авчихсан юм болов уу гэсэн хардлага өөрийн эрхгүй төрж байна. Хамгийн наад зах нь ОХУ-аас авч буй шатахуун, цахилгаанаа таслуулчихвал улс төрөөс арчигдана гэж эрх баригчид айж байгаа. Хэрэв ийм зүйл боллоо гэхэд одоогийн эрх баригчид өмнөх хоёр сонгууль шиг үнэмлэхүй ялалт байгуулах нь үлгэр болж дахин засгийн эрх барих эсэх нь эргэлзээтэй.

Аль нэг зүйлээрээ гадны улсаас хамааралтай бол тусгаар улс гэхэд хэцүү юм гэдгийг ард түмэн ухаарч байна. Барьцаалагдсан эрх баригчид ч үүнийг мэдэж байгаа. ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам Монголын Ардчилсан нам, тусгаар тогносон Монгол Улсын иргэнийхээ хувиар эрх чөлөөгөө эдэлж үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийн эсрэг дур зоргоороо мэдэгдэл гаргаж байна. Мөн ОХУ, Украины асуудлаас улбаатайгаар гадаад валютын нөөц хомсдож эхэллээ. Гэвч үүнийг эсрэг ганц УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Тусгаар улсад хандаж буй бол эрх чөлөөт ард түмэнд маань биш, засгийн эрх барьж буй бидэнд хандана уу. Төрийг нь давж ард түмэн рүү хандахыг ямар ч дипломат ёс зөвтгөхгүй” гэж жиргэснийг эс тооцвол Монгол Улсын төр ямар ч үйлдэл хийсэнгүй “түдгэлзсээр л” л байна. Үүнээс харвал манай улс жинхэнэ утгаараа барьцаанд орсон мэт. Энэ байдлаараа байгаад байвал улсаа тонуулж дуусаад, тусгаар тогтнолоо ганхуулж ч мэдэх нь.

Төр засаг нь нэгэнт ингэж “төмсөгдүүлсэн” юм бол тусгаар тогтносон, ардчилсан Монгол Улсын иргэд өөр өөрсдийн сувгаараа үзэл бодлоо илэрхийлэхээс гадна жагсаал цуглаан хийх хэрэгтэй. Харамсалтай нь үзэл бодлоо илэрхийлсэн иргэд, дайныг эсэргүүцсэн аж ахуйн нэгжүүдийг хууль хяналтын байгууллагаас дарамталж, цугласан хүмүүсийг тарааж, мандуулсан далбааг нь хурааж байх жишээтэй. Энэ бол эрх баригчид ОХУ-аас эмээж, цаашлаад барьцаанд байгаагийн илэрхийлэл. Мөн дайныг эсэргүүцэж, эзлэн түрэмгийлэлд өртөөд буй Украиныг дэмжсэн иргэдийнхээ амыг барьж эхэллээ. Тухайлбал, эрх чөлөөгөө хасуулж шоронд суугаа ч ардчилсан Монгол Улсын иргэн гэдгээ баталж дайныг эсэргүүцсэн Улсын баатар Э.Бат-Үүлийн үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан талаар ар гэрийнхэн нь мэдэгдэж байгаа.

Өнөөдөр жагсаал хийвэл барьж хориод далбаа өлгөхөд цагдаагаар дарамтлуулаад буй эрх баригчдын эсрэг хөдөлж үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, жагсаал цуглаанд уриалан дуудах зоригтон үеийн үед байсаар ирсэн. Үүний нэг жишээ нь бямба гаригт болсон дайныг эсэргүүцэж ОХУ-ын Элчин сайдын өмнө болсон жагсаал юм. Бид нэг л эх оронтой. Энэ эх орныхоо тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэх эр зоригтой байх хэрэгтэй. Ингэж ард түмэн нь хүчтэй эсэргүүцвэл барьцаалагдсан эрх баригчид ядахдаа “Ард түмэн эсэргүүцээд байна” гэсэн хэлэх үгтэй болох юм даа. Эрх баригчид нь үнэхээр барьцаалагдсан юм бол иргэд нь ингэж тэмцэж тэднийг чөлөөлөх боломжтой. Үүнийг тэр цагдаагийн газрын дарга нар нь мэдмээр юм. Ингэхгүй бол өнөөдөр Монгол Улсад ард түмнээ өмөөрч, монгол төгрөгөө харамлах, улс орныхоо тусгаар тогтнолд санаа зовох цөстэй удирдагч алга. Өмөөрмөөр байвч олон жил авч ирсэн хахуулийн мөнгөнд амаа үдүүлсэн эрх баригчид, бензингүй болно гэхээс цөсөө цалгитал айж, хулчганасан ард түмэн л харагдаад байх юм. Хэдэн сар явган алхчих тийм аймаар үндэстэн сөнөхөөр юм гэж үү. Бүх хэрэглээгээрээ гадаадаас хамааралтай, ядуу даржин болохоороо ингэдэг юм болов уу. Уг нь 1990 оноос өмнөх шиг ядуугаас бид тэс өөр түвшинд очиж,хөрөнгөжиж баяжин эр зориг орвол орохоор болсон баймаар юм. Барьцаанд орсон эрх баригчдын ааш аяг, аймхай ноомой ард түмний аясаар бол бидний тусгаар тогтнол мөн хэврэгхэн ээ. Бид дайн хийж байгаа Оросын удирдагчдын эсрэг байгаа болохоос Оросын ард түмний эсрэг байгаа биш. Оросын ард түмэн дайн дажин, үхэл хагацал үзэж ядарч байна. Бас Украины ард түмэн ч бүүр зовж байгаа. Тиймээс иргэд нь дайны эсрэг тэмцэж, энх тайвны төлөө дуу хоолойгоо өргөж байх хэрэгтэй байна. Дайтаж зовж байгаа ард түмнүүдэд нэг улс ч өөрсдийх нь төлөө байх нь ямар их урам зориг өгөх вэ. Бас ингэж тэмцэл хөдөлгөөн өрнүүлэх нь эрх баригчдаа барьцаанаас чөлөөлөхөд их чухал нөлөөтөй. Эрх баригчид ч эх орныхоо төлөө энэ хэдэн монголчуудынхаа төлөө гэсэн цохилох зүрхтэй байхыг уриалж байна. Бид л эрх барихгүй юм бол энэ улс байсан байгаагүй ялгаагүй гэсэн шиг ийм үлбэгэр дорой байхаа боль,та нарт намын эрх ашиг гэхээсээ илүүтэй Монгол Улсын эрх ашиг гэж хамгийн чухал юм байгаа. Түүнийг мартаж болохгүй. Тэмцэж чаддаггүй ард түмэн мөхдөг жамтай.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

П.Галиндэв: Одоо АН ус, тосоороо ялгарч дууслаа гэж харж байна || DNN.mn

АН-ын шинэчлэлийн хөдөлгөөний тэргүүн П.Галиндэвтай ярилцлаа.


-АН ер нь эмх цэгцэндээ орох нь уу. Шинэчлэгдэх боломж байна уу?

-Намын шинэчлэл бол зөвхөн намын даргын төдийгүй, ардчилалтай холбоотой бодлогын асуудал. Мөн хариуцлагын ч тухай асуудал. Миний хуьд АН-ын гал тогоонд 15 жил тасралтгүй чанагдаж, алдаа оноотой нь хамт явна. Сүүлийн таван жил намын шинэчлэлийн төлөө тууштай үзэл бодлоо илэрхийлж, өөрөөс хамаарах зүйлсээ хийж ирлээ. Хамгийн түрүүнд бид өөрсдийн алдаа дутагдалдаа бодитоор дүгнэлт хийж, үнэнтэйгээ нүүр тулах ёстой юм билээ. Хоосон пиар, уриа лоозонгоор улс төр хийдэг цаг дууссан. Мэдээлэл хөгжсөн XXI зуунд бид бүх зүйлийг үнэн бодитоор харж дүгнэх ёстой. Мөн бүх л зүйлийг үнэн бодитоор нь ярьж сонгогчиддоо ойлгуулж байх ёстой. Асуудлын гарц шийдэл ч мөн бодитой үнэн байх ёстой. Манай намын гол асуудал бол улс төр эдийн засгийн бүлэглэлд барьцаалагдсан явдал. Энэ дээрмийн бүлэглэлээс салах нь шинэчлэлийн эхний алхам байх болно. Ганц манай нам ч биш, Монголын төр бүлэглэлийн барьцаанд орсон хэвээр байна. Бидэнд энэ бүхнийг зөв дүгнэж, зоригтой үйлдэл хийх лидер хэрэгтэй байна. Тэгж байж Ардчилсан нам шинэчлэгдэж чадна.

-Ардчилсан намын талцал, дотоод хуваагдал нь үргэлжилсээр л байна. Аль тал нь яг хууль ёсных гэж үзэх вэ?

-Намын эв нэгдлийн тухайд би өөрийн гэсэн бодолтой явдаг. Бид ямар үнэт зүйл дээр нэгдэх вэ, ямар зорилго дээр нэгдэх вэ гэдэг дээрээс асуудал эхэлнэ. Ардчилсан намын эв нэгдэл бол улс үндэстнийхээ язгуур эрх ашиг дээр үндэслэх ёстой. Монголоо хөгжүүлэх чин зорилго дээр тогтох ёстой. Ардчилсан тогтолцоогоо төгөлдөржүүлж, хүний эрхийг хамгаалсан шударга нийгмийг бүтээх үйл хэрэг дээр Ардчилсан нам эвлэлдэн нэгдэж чадна гэж боддог. Нийт сонгогчид, намын гишүүд маань үүнийг л хүсч, захиж байгаа. С.Эрдэнэ, Ц.Элбэгдорж нарын бүлэглэлтэй тохиролцож тамга тэмдэг наймаалахыг Ардчилсан намын эв нэгдэл гэж хэлэхгүй. Монголоо тонож дээрэмддэг, нам дамнасан бүлэглэлийн гар хөлтэй тохиролцоод суухыг эв нэгдэл гэж хэлэхгүй. Одоо АНтос, усаараа ялгарч дууслаа гэж би харж байна. Бидэнд яг одоо нам дамнаж, мафижсан энэ бүлэглэлээс салах боломж байна. Ингэж байж Ардчилсан нам шинэчлэгдэж, Монголоо хөгжүүлэх боломж нээгдэнэ. Ардчилсан нам бол том нам, 10 гаруйхан худалдагдсан улстөрчөөр дутахгүй нам.

-Намын даргын сунгаанд нэр дэвшигчдийн хэн нь АН-ын өмнө тулгамдаад байгаа асуудлыг шийдэж чадна гэж бодож байна?

-Нэр дэвшигч Ж.Батсуурийн хувьд миний дэмжиж хүндэлж явдаг улстөрчдийн нэг. Аймгаа удирдаж хөгжүүлж чадсан нэр хүндтэй хүн. УИХдахь бүлэгтээ ч нөлөө нь өсч яваа улстөрч. Гэхдээ ийм ороо бусгаа үед нам удирдаж, түүнийг босгож ирэхэд амаргүй. Уулзалтууд дээрээ АНхүчтэй сөрөг хүчин байх ёстой гэж яриад байгаа. Өөрөөр хэлбэл, Ж.Батсуурь АН-ыг ялагч улс төрийн хүчин байна гэдэгт өөрөө ч итгэхгүй байх шиг байна. Өнөөдөр Ардчилсан намыг энэ хямралт байдлаас гаргаж чадах хүн бидэнд хэрэгтэй байна. Энэ хүнд байдлаас гаргаж, Ардчилсан намын тамгыг нам дамнасан бүлэглэлээс, МАН-аас салгаж, сөрж зогсож чадах хүнийг Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга гэж хувьдаа харж байгаа.

-Яагаад Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг АН-ыг нэгтгэнэ гэж харж байгаа юм?

-Х.Баттулга нэр дэвшигчийг дэмжих олон шалтгаан байгаагаас нэрлэе л дээ. Нэгдүгээрт, Ц.Элбэгдорж Худалдаа хөгжлийн банкны Д.Эрдэнэбилэг нарын улс төр, бизнесийн бүлэглэл хууль зөрчиж төрийн мөнгөөр Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг гартаа оруулж байсныг Х.Баттулга таслан зогсоож Монгол Улсдаа авч үлдсэн гавьяатай. Ц.Элбэгдорж УИХ-ын индэр дээрээс “Эрдэнэт” үйлдвэрийг сүүгүй болсон хөгшин үнээтэй зүйрлэж хаах цаг нь болсон гэж хэлж байсныг нь та бүхэн тодхон санаж байгаа байх. Гэтэл өнөөдөр Эрдэнэт үйлдвэр цаашид 60 жилийн нөөцтэй төдийгүй сүүлийн хоёр жилд гэхэд улсын төсөвт 1.9 их наяд төгрөгийг оруулж улсын төсвийн ачааны хүндийг үүрч байна. Хоёрдугаарт, Таван толгойн нүүрсний ордыг УИХ-аар хэлэлцүүлэлгүйгээр Хятадын төрийн өмчит Шинхау, Монголын МСS компанийн түншлэлд 100 жилээр өгөх гэж байсныг Х.Баттулга болон тухайн үеийн УИХ-ын дарга З.Энхболд нар эсэргүүцэн зогсож Таван толгойн орд газрыг улсдаа авч үлдсэн гавьяатай.

Өнөөдөр “Эрдэнэс таван толгой” ХК жилдээ 500 орчим тэрбум төгрөгийн татвар улсын төсөвт төлж төмөр замын бүтээн байгуулалт зэрэг стратегийн бүтээн байгуулалтыг санхүүжүүлж улсын хөгжилд томоохон хувь нэмэр оруулж байна. Үр дүнд нь Монгол Улсын иргэн бүр Таван толгойн ордоос хувьцаа эзэмшиж байна. Гуравдугаарт, тэр төмөр зам барьсан гавьяатай. Зүтгэсээр байж, төмөр замаа гадныханд алдаагүй, монголчууд өөрийн хүчээр барьж, төрдөө өмчилж байгаа гавьяа бол гарцаагүй Х.Баттулгын гавьяа.

Дөрөвдүгээрт, Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа Оюу толгойн гэрээний ард явагдсан луйврын схемийг ил болгож, Дубайн гэрээний булхайг илчлэхэд С.Ганбаатар гишүүний хамт байж, хамгаалж чадсан. Үр дүнд нь өнөөдөр Монгол улсын Засгийн газар “Рио Тинто” компанитай хийсэн хэлэлцээр тодорхой хэмжээнд дэвшил гаргаж 2.3 тэрбум долларын өрийг хүчингүй болгож чадлаа. Үүний ард Х.Баттулгын улс төрийн хүчин чармайлт, гавьяа их бий. Зөвхөн энэ дөрвөн жишээн дээр гэхэд Х.Баттулга нарын улстөрчид улсынхаа эрх ашгийг хамгаалан зогсож чадаагүй бол өнөөдөр улсын төсвийг бүрдүүлж байгаа стратегийн гол түшицүүд Ц.Элбэгдорж тэргүүтэй бүлэглэлийн гарт орж, Монгол Улсын эдийн засгийн тусгаар тогтнол алдагдах байсан. Түүний энэ үйлдлүүдийг улс орныхоо эрх ашгийг нэгдүгээрт тавьж хийсэн алхам гэж үздэг. Тэр утгаараа Х.Баттулга нэр дэвшигчийг Ардчилсан намыг манлайлах зайлшгүй шаардлагатай байна гэж харж байгаа хэрэг л дээ.

-Ардчилсан намын өөр залуучууд яагаад намын даргын сунгаанд оролцсонгүй вэ. Таны хувьд яагаад нэрээ дэвшүүлсэнгүй вэ?

-Манай намд мэдлэг, боловсролтой, төрийн ажлын туршлага хуримтлуулсан, намын гол ачааг үүрч яваа олон залуу бий. Яагаад намын даргын сунгаанд нэрээ дэвшүүлээгүйг мэдэхгүй юм. Миний хувьд энэ удаа цаг нь биш гэж үзэж байгаа шалтгаанаа дээр дурдлаа. Намаа шинэчлэх ажилд бусад байдлаар оролцоод явах боломжууд бий. Цаг нь мөн гэж үзсэн үедээ хойшоо суулгүй, хариуцлагаа үүрээд явна гэж боддог доо

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Архи зовлонгийн шалтгаан биш || DNN.mn

Монголын төр бараг анх удаа эрчүүдийнхээ асуудалд санаа зовинож, Ерөнхийлөгчийнхөө ивээл дор үндэсний чуулган зохион байгууллаа. Чуулганаар яригдсан асуудлуудаас хамгийн анхаарал татсан нь “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн өрнүүлэх Ерөнхийлөгчийн санаачилга байв. Эрүүл гэдэг нь хоёр утгыг илэрхийлж байна. Нэгдүгээрт, архи уухгүй эрүүл саруул ухаантай амьдрах, хоёрдугаарт, архи уугаагүй учраас бие нь эрүүл саруул байх ойлголт юм.

Ерөнхийлөгч “Бурханы сургаалд нэг сайхан үг байдаг. “Хэрвээ чи зовлонгоос ангижиръя гэвэл зовлонгийн шалтгааныг ол” гэж. Тэгвэл бидний зовлонгийн нэг том шалтгаан бол архидан согтуурах, архинд донтох явдал юм. Архидалт хэзээ ч сайн сайхан зүйл дагуулдаггүй. Харин гай зовлон, хагацал, харууслыг л дагуулдаг” гэлээ. Ийм санал санаачилга гаргаж, үндэсний хэмжээнд хөдөлгөөн өрнүүлэх гэж байгаа нь сайн. Гэхдээ архитай хэрхэн тэмцэх вэ. Өнгөрсөн хугацаанд архины татварыг нэмж, зарим өдрүүдэд зарахыг хориглож, Ерөнхийлөгч маань архи биш, сүү өргөж тэмцсэн. Өөрөөр хэлбэл, бид архитай өөртэй нь л тэмцсээр, бүх бурууг архи руу чихсээр ирсэн. Харин одоо иргэдийнхээ сэтгэл зүйтэй тэмцэж, архи уухгүй байх орчин нөхцөлийг бүрдүүлэх нь чухал. Зовлонгийн шалтгаан бол архи биш. Харин түүнийг уухад хүргэж буй зүйл нь зовлонгийн шалтгаан юм. Тиймээс зовлонгийн шалтгааныг архинаас биш, архийг ууж буй хүний сэтгэл дотроос хайх хэрэгтэй. Тэр шалтгааныг олсон цагт архины хэрэглээ аяндаа буурна.

Categories
баннер мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Оюунгэрэл: Намайг доромжлоход өнөөдөр би чимээгүй болоод ширээн доогуур ороод суучихаж болно, харин маргааш таны, миний охинд яг ийм тулгалт ирнэ || DNN.mn

Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэлтэй ярилцлаа.

-Та Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдоод гурван жил өнгөрчээ. Тус холбоо өдгөө хэрхэн ажиллаж байна вэ?

-2021 онд Монголын эмэгтэйчүүдийн холбоо нийт 22 удаагийн сургалт, лекцийг цахимаар хийсэн байна. Жил бүр МЭХ нэг сэдвийг барьж авч ажилласаар ирсэн. 2019 онд “Хүчирхийллийн эсрэг хүн бүрийн оролцоо” буюу бага насны хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа бэлгийн хүчирхийллийн асуудлыг хөндсөн. 2020 онд архины эсрэг “Архитай биш, тархитай тэмцье”, 2021 онд “Хаалга” буюу хаалганы цаана үйлдэгддэг гэр бүлийн хүчирхийллийг хөндөж энэ нь гэмт хэрэг гэдгийг олон нийтэд ойлгуулах зорилготой байсан. Гэр бүлийн хүчирхийллийн цаана хэн нэгний амь нас, аюулгүй байдал яригдаж байдаг. Энэ хүрээнд МЭХ-ноос гэр бүлийн тухай хууль батлуулах, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль болон Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналуудыг гаргаад Хууль зүйн яамтай хэд хэдэн уулзалт зохион байгуулаад явж байна.

-Хуульд ямар ямар өөрчлөлт оруулахаар санал хүргүүлсэн бэ?

-Бэлгийн хүчирхийлэлд өртөж байгаа хүүхдийн тоо сүүлийн гурван жилд гурав дахин өссөн харамсалтай тоо баримт байна. Энэ бүгдээс харахад бид хүчирхийлэлтэй ялын бодлогоор тэмцэж чадахгүй нь ээ. Хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртөнө гэдэг бол насан туршийн бие мах бод, сэтгэл санааны хохирол амсдаг. Түүнчлэн эдийн засгийн хохирол ч амсдаг. Бага насны хүүхэд өөрийгөө өмгөөлөх чадвар байдаггүй. Тэр утгаараа гэр бүлийн хүн нь тухайн хүүхдийг шүүх дээр өмгөөлдөг, түүний өмнөөс шийдвэр гаргаж оролцдог. Гэтэл хамгийн харамсалтай нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн цаана ихэнх тохиолдолд буюу 85 хувь нь гэр бүлийн гишүүд нь байдаг. Хамгийн аюулгүй амьдрах учиртай гэр орон хамгийн эрсдэлтэй орчин болж хувираад байна. Хүүхэд, эмэгтэйчүүдийг гудманд барьж авч зодож хүчирхийлэхээс илүү гэр орны хүрээнд энэ асуудал өрнөөд байна шүү дээ. 2020 онд гэхэд 330 хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон гэх тоо байна. Энэ зөвхөн шүүх дээр ирсэн тоо. Огт ирээгүй, нуун дарагдаж байгаа олон тохиолдол бий. Яагаад гэвэл ихэнх нь гэр бүлийн хүрээнд үйлдэгддэг хэрэг учир нуун дарагдуулж өнгөрөөх нь элбэг байна. Хүүхэд хаана, хэнд гомдол гаргахаа мэддэггүй. Энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон хүүхэд насан туршийн хохирогч, насан туршийн даван туулагч байдаг. 0-13 насны хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон бол гэмт хэргийг үйлдсэн этгээд өнөөгийн мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулиар 1220 жилийн ял авдаг санкцтай.

Гэтэл 20 жилийн ял авсан түүх байдаггүй. Ихэвчлэн ялын доод, бага хэмжээгээр ял авсан байдаг. Үүнийг дэлгэрүүлээд харах юм бол хохирогч хүүхдийг төлөөлж байгаа хүн нь гэр бүлийнх нь насанд хүрсэн этгээд, гэмт хэрэг үйлдсэн этгээд нь мөн л гэр бүлийнх нь насанд хүрсэн этгээд байдаг. Үндсэндээ нэг гэр бүлийн хоёр хүн нэг нь хохирогч, нөгөөх нь яллагдагч болж ирж байгаа юм. Энэхүү тохиолдолд энэ төрлийн гэмт хэрэг ял завших магадлал маш өндөр. Тийм учраас ялын доод хэмжээг дээшлүүлэх саналыг хүргүүлсэн. Түүнчлэн энэ төрлийн гэмт хэрэгт өртсөн хүүхдүүдэд сэтгэл санааны нөхөн төлбөр олгодог байя гэж байгаа юм. 0-13 нас, 14-18 нас хоёр ангиллаар ялын санкц нь өөр өөр байдаг. Тиймээс 0-18 нас хүртэлх хүүхдийг хүчирхийлсэн бол нэг ялын санкцаар шийтгэдэг байх саналыг мөн хүргүүлсэн. Түүнчлэн ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой заалтыг хасчихсан. Энэ заалтыг буцааж оруулъя гэж байгаа юм.

-Цар тахлын үед гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдсэн гэх тоон мэдээлэл бас л эмзэг сэдэв болоод авлаа…

-Цар тахлын улмаас гэр бүлийн хүчирхийлэл 19 хувиар өссөн гэх тоо гарсан. Монголын эмэгтэйчүүдийн холбоо таслан сэргийлдэг биш, урьдчилан сэргийлдэг улс болгох зорилготой. Бид мянга мянган хамгаалах байр, шорон бариад хүчирхийлэлтэй тэмцэж чадахгүй. Харин маш сайн хүн хүмүүжүүлж, хайр түгээж, урьдчилан сэргийлж, соён гэгээрүүлж байж тэмцэнэ. Социализмын үед улсын төсвийн 30 хувийг соён гэгээрүүлэх ажилд зарцуулдаг байсан юм билээ. Нэг жагсаал хийгээд, хэд хэдэн акц хийгээд хүчирхийлэлтэй тэмцэхгүй ээ. Компаничилсан бодит ажил хэрэг болгож удаан хугацаанд хэрэгжүүлэх шаардлагатай. Монголын эмэгтэйчүүдийн холбоог нийгэмд төрийн байгууллага мэтээр үздэг. Төрийн өмнө үүрэг хүлээсэн субьект гэж ойлгодог хандлагууд ажиглагддаг. Монголын эмэгтэйчүүдийн холбоо бол Монголд үйл ажиллагаа явуулж байгаа 27 мянган ТББ-ын л нэг нь. Тэр утгаараа бидний хуулиар хүлээсэн үүрэг юу билээ. Хуулийн хүрээнд зохион байгуулж хийх ажил маань юу билээ. Энэ хүрээндээ л үйл ажиллагаагаа явуулдаг. Шүгэлээ үлээж байна. Төр засаг руу саналуудаа хүргүүлж байна. Эргээд нийгэмдээ соён гэгээрлийн ажлуудаа хийж байна. Мөн салбаруудаараа дамжуулан иргэд олон нийт рүү чиглэсэн сургалт, лекц зохион байгуулахаас гадна төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.

-Төрийн соёрхолт С.Удвалын амьдралаас сэдэвлэсэн “Улаан цэцэг” киног Монголын эмэгтэйчүүдийн холбоо санаачилж, дэлгэцнээ гарахад бэлэн болжээ. Яагаад С.Удвал гуайн амьдрал намтраар кино хийх болов?

-Анх Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдчихоод энэ байгууллагынхаа түүхийг судалж үзээд их сүрдсэн л дээ. Яг үнэндээ социализмын үед Монголын эмэгтэйчүүдийн холбоо яамны дайтай бүтэц байсан юм билээ. МЭХ XX зууны төр, нийгмийн зүтгэлтэн, Төрийн соёрхолт зохиолч С.Удвалын амьдралаас сэдэвлэсэн “Улаан цэцэг” кино төсөл бичиж, Швейцарийн хөгжлийн агентлагаас санхүүжилт авч, хандив босгож киногоо хийж бүтээсэн. Кино маань энэ сарын 7-нд нээлтээ хийх гэж байна. Түүнчлэн эмэгтэйчүүдтэй холбоотой түүх маш бага бичигдэж үлдсэн байдаг. Шийдвэр гаргах түвшинд ажилладаг эмэгтэйчүүдийн цаана ямар жаргал, зовлон байдаг, тэд юу золиосолж нийгмийн төлөө зүтгэдэг гэдгийг энэ киногоор олон нийтэд хүргэхийг хичээсэн. Эмэгтэй хүн шийдвэр гаргах түвшинд дээд албан тушаал хашаад явахад ямар асуудал тохиолддог, ямар дарамт шахалт ирдэг, ямар жаргал зовлог байдаг зэргийг харуулахыг зорилоо. Энэ киноноос олсон орлогоо бид нийгмийн сайн сайхны төлөө зорилтот төсөл рүү зарцуулахаар төлөвлөж байна.

-Өөр ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байна?

-2022 онд “Эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт”-ийг дэмжиж ажиллахаар төлөвлөсөн. МЭХ-ноос “Хавдаргүй монгол эмэгтэй” төсөл эхлүүлж байгаа юм. Төслийн хүрээнд Mobile clinic буюу “Явуулын эмнэлэг”-ийг бид ажиллуулахаар төлөвлөж байна. Үүнтэй холбогдуулан энэ сарын 9-нд хандивын хүлээн авалт зохион байгуулна. Энэхүү төсөлд алслагдсан аймаг сумд буюу хөдөө орон нутагт амьдарч буй эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд, хотын захын дүүрэгт амьдарч буй эмэгтэйчүүдэд “Явуулын эмнэлэг” очиж үйлчлэх юм. Уг үйлчилгээгээр умайн хүзүүний хавдрын эрт илрүүлэг, оношилгоо, хөхний хавдрын эрт илрүүлэг оношилгоог хийхээс гадна эрүүл мэндийн боловсрол олгох, ажлын байрны сургалт явуулах зэрэг хөтөлбөрүүдтэй.

-Эмэгтэйчүүдийн эрх зөрчигдсөн асуудалд Монголын эмэгтэйчүүдийн холбоо дуугарахгүй байна гэдэг. Учир нь МЭХ-ны ерөнхийлөгч нь эрх барьж байгаа намын гишүүн учраас дуугарахгүй байна гэх шүүмжлэл байх юм…

-Монголын эмэгтэйчүүдийн холбооны найман ерөнхийлөгч нь УИХ-д нэр дэвшиж байсан. Үүний долоо нь УИХ-д сонгогдон ажиллаж байсан. Монголын эмэгтэйчүүдийн холбоо гэдэг байгууллагын стратегийн нэг гол зорилго нь шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, шийдвэр гаргах түвшинд ажиллах, эмэгтэйчүүдийг дэмжих байдаг. Тэр утгаараа Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчийг сонгуульд нэр дэвших эрхийг нь энэ холбоо өөрөө дэмждэг байгууллага. Би МАН-ын гишүүн байлаа гээд Монголын эмэгтэйчүүдийн холбоо улс төрийн ямар ч үйл ажиллагаа явуулаагүй. Үүнийг би маш хариуцлагатай хэлнэ. Цаашдаа ч явуулахгүй. МЭХ хүмүүнлэгийн маш олон ажил хийдэг. Бид татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаггүй. Бид төрөөс 2022 онд нэг ч төгрөг аваагүй. МЭХ-ны 21 аймгийн дарга цалингүй ажилладаг. 2021 онд Гэр бүл, хүүхэд залуучуудын газарт төсөл бичиж 20 гаруй сая төгрөгийн санхүүжилт авснаар “Бүүвэй-бүү айг” акц, хүүхдийн бэлгийн хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаа, жендерт суурилсан 16 хоногийн аян зэрэг үйл ажиллагааг нэгтгэж зохион байгуулж тайлангаа өгсөн. Бид байгаа нөөцдөө ажиллаж байна. Гэсэн хэдий ч байгаа нөөцдөө гэлгүй аймаг, сум бүрт олон нийтийн ажил хийгдэнэ. МЭХ өнгөрсөн жил хоёр оюутны төлбөрийг төлсөн байна. Ээжүүдэд мөн гэр авч өгсөн. Дорнод аймгийн МЭХ маань эмнэлгүүдэд аппарат авч өглөө. Сүхбаатар аймгийн холбоо маань ээжүүдэд хандив тусламж өгч байна. ОУЭЭХӨ-ийг угтан “Хаалга” төслийг үндэсний хэмжээнд зохион байгуулсан. Энэ нь хаалганы цаана үйлдэгддэг хүчирхийлэл нь гэмт хэрэг юм гэдгийг олон нийтэд ойлгуулах зорилготой. Арга хэмжээний хүрээнд “Эмэгтэйчүүдэд тулгамдаж байгаа асуудлыг асууя” санал асуулгыг нийслэлийн есөн дүүрэг, 21 аймаг, 330 суманд явуулсан. Хөхний хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх зорилгоор “Эрүүл хөх” аянд 10 мянган охид, эмэгтэйчүүд хамрагдсан. Арга хэмжээ долоо хоног үргэлжилсэн.

-Нийгмийн сүлжээ бидний амьдралын салшгүй нэг хэсэг болсон. Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ?

-Өнөөдөр бид нийгмийн сүлжээнд хэр ёс суртахуунтай байгаа билээ. Эмэгтэйчүүдийг үсний ширхэгнээс нь хөлний ул хүртэл нь өөлж муулж байна. Бүр үр хүүхэд, үнэт зүйл рүү нь орж байна. Тухайн хүний цаана гэр бүл, үр хүүхэд нь бий. Тэдэнд нь яаж нөлөөлж байгааг ойлгохгүй, хүний эрх нэрийн дор бусдын эрхийг дэвсэлж байна. Өөрөө хүний эрх гэж ярьчихаад бусдын эрхийг зөрчдөг байдал бий болчихсон шүү дээ. Хүний эрх гэж үг хэлж байгаа бол бусдын эрхийг зөрчихгүй байх хэрэгтэй. Хүний эрх гэдэг бол дур зоргоороо авирлахын нэр биш. Тэр утгаараа хэн нэгний нэр төрд халдана гэдэг байж болохгүй зүйл.

-Таны хувцас хунартай холбоотой зүйл нэлээд явдаг, энэ тухай?

-Намайг гоё хүүхэн, ганган хүүхэн гээд нийгмийн сүлжээнд хэсэг бүлэг бичдэг. Нэгдүгээрт, би татвар төлөгчийн мөнгөөр хувцас авч өмсөөгүй. Өөрийнхөө хөдөлмөрлөсөн мөнгөөр хувцас авч өмсөж байна. Миний ямар хувцас өмсөх нь шүүмжлээд байгаа хэсэг нөхдөд хамаатай зүйл биш.

Миний юу ярих, юу хийх хамаатай бол сайн. Мөн намайг нийгмийн сүлжээнд зургаа их оруулдаг гэдэг. Цаашдаа ч би оруулах болно. Яагаад гэхээр нийгмийн сүлжээ гэдэг нэг талаасаа таны, миний орон зай. Нөгөө талаасаа нийгмийн орон зай. Ямар тохиолдолд өөрийн зай гэж ойлгодог вэ гэхээр би бусдын эрхэд халдаагүй тохиолдолд энэ миний орон зай гэж ойлгодог. Би хэн нэгний эрхэд халдчихвал нийгмийн орон зай болно. Намайг доромжлоход өнөөдөр би чимээгүй болоод ширээн доогуур ороод суучихаж болно. Харин маргааш таны, миний охинд яг ийм тулгалт ирнэ. Тэгэхээр бид нэг ч гэсэн хүний хандлагыг өөрчилж, бараан чулууг түлхэж өнгөрүүлээд дараагийн үеийнхээ явах замын бартааг бага ч гэсэн засч өгмөөр байна. Аливаа зүйлд таны эрхэд халдаагүй бол бусдын эрхэд битгий халдаач ээ гэж хэлмээр байдаг.


Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Оюу толгойг хянах цаг одоо л эхэлж байна || DNN.mn

Оюу толгой тойрсон олон жилийн маргаан эцэслэгдээд хоёр сарын хугацаа өнгөрч байна. Гэхдээ эцэглэгдсэн эсэхийг нь хэн ч мэдэхгүй. Энэ бол зөвхөн эрх баригчдын л хэлж байгаа тайлбар. Оюу толгой төслийн Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэж, ногдол ашиг хүртэх хугацааг наашлуулж, Дубайн гэрээг цуцалж, гүний уурхайн бүтээн байгуулалтад шаардлагатай санхүүжилтийг хөрөнгө оруулагчид дангаараа хариуцахаар болсон. Мөн Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулснаас гадна төслийн байгаль орчин, нийгэм, засаглалыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон. Олон жилийн турш гэдийж ирсэн хөрөнгө оруулагчид ийнхүү огцом буулт хийсэн нь өөрийн эрхгүй хардлага төрүүлнэ.

Одоо Оюу толгой Засгийн газартай гэрээ хэлэлцээр хийж, хоорондоо учраа олчихсон гэж үзэн ажилдаа орчихсон яваа. Угтаа Засгийн газартай хамтарч ажиллана гэдэг бол Засгийн газрын хамгаалалтад орсон л гэсэн үг. Улс төрийн хамгаалалттай болсон гэсэн үг. Оюу толгойн гэрээг байгуулсан цагаас нь л хойш бараг Монгол даяараа маш ихээр шүүмжилж ирсэн. Тэр дундаа Оюу толгой шүүмжлэлээр мэргэшсэн Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, С.Ганбаатар, Х.Болорчулуун зэрэг улстөрчид байлаа. Байлаа гэхийн учир нь тэд ч бас гэнэт Оюу толгойн хөрөнгө оруулагчдыг буулгаж авсан баатрууд хэмээн өөрсдийгөө тодруулан , цаашдаа хөрөнгө оруулагчидтай тууштай хамтран ажиллах түншүүд болж хувирснаа зарласан. Уг нь тэд Оюу толгойн хөрөнгө оруулагчдад зориулсан шүүмжлэлээрээ сонгогчдын тархийг угааж УИХ-д хамгийн багадаа хоёр удаа улиран сонгогдсон улстөрчид. Ирэх сонгуулиар тэд юу ярьж, хуйхаа маажих юм бүү мэд. Оюу толгойн хөрөнгө оруулагчдыг үзэж чаддаггүй байсан тэдний одоогийн байр суурь их өөр болсон.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Хөрөнгө оруулагч тал та бүхэн ямар ч хатуу үг хэлсэн бид хүлээж авна гэдгээ илэрхийлсэн. УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч нэг ойлголт, байр суурьтай байж улс орныхоо эрх ашгийн төлөө бат зогссоны үр дүн гарлаа” гэсэн байр суурьтай байгаа бол Х.Болорчулуун гишүүн “Рио Тинто” компанийн ерөнхий захирал Якоб Стаусхолм, “Туркойз хилл” компанийн гүйцэтгэх захирал Стив Тибоутой Ерөнхий сайд болон УИХ-аас байгуулсан ажлын хэсгийн гишүүн бид уулзсан. Бидний хүссэнээр буулт хийлээ. Анх ихэмсэг байсан ч сүүлдээ асуудлыг ойлгож хүндэтгэлтэй хандсан” гэсэн юм. Мөн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Монголын ард түмэн үнэтэй авч байсан байгалийн баялагтаа эзэн болж чадлаа. Хоёр тал харилцан бие биенээ хүндэтгэсэн нөхцөл бүрдсэн. Бид нэг завин дээр сууж чадсан учраас ийм үр дүнд хүрлээ” гэсэн юм. Асуудлыг шийдэж 10 хувийг нь авдаг гэгддэг “10 хувийн” Ц.Даваасүрэн гишүүний хэлж байгаачлан тэд үнэхээр үзэн яддаг байсан хөрөнгө оруулагчидтайгаа нэг завинд суужээ.

Энэ бүхнээс харвал Засгийн газар, хөрөнгө оруулагчид, шүүмжлэгчид бүгд хүзүү сээрээрээ холбогдсон бололтой. Хаана ч явсан шүүмжилж явдаг улстөрчдийн амнаас ерөөлийн сайхан үг л гардаг болсон нь үүний илэрхийлэл. Тэд энэ том төсөл дээр Засгийн газартай хамтарч ажилласан гэдэг нь намын даргынхаа хамгаалалтад орсон гэсэн үг. Магадгүй удахгүй Засгийн газрын зарим

гишүүнийг шинээр томилох явцад тэдний нэг нь сайд болж ч мэднэ. Оюу толгойн хөрөнгө оруулагчдыг буулган авч бүрэн ялалтаа тунхаглаад буй Засгийн газар, тэднийг дэмжиж ажилласан УИХ-ын гишүүд ирээдүйд буруудахыг ч үгүйсгэхгүй. Үнэхээр зөв зүйл болсон эсэхийг цаг хугацаа л харуулна.

Бадарчин баярлах болоогүй гэдэг шиг Оюу толгойн хөрөнгө оруулагчдыг буулгаж авлаа гээд бардамнаад, баярлаад сууж болохгүй. Ялангуяа, олон нийт, иргэний нийгмийн байгууллагууд, улс төрийн намууд үргэлж хяналтаа тавьж байх ёстой. Яагаад гэвэл Оюу толгойн эсрэг дуугарч байсан гишүүд нь хүртэл хүзүү сээрээрээ холбогдож, найз болж, түүнийг дэмжигчид болж хувирснаар яваандаа Дубайн гэрээгээр хэрэгт ордог шиг хэрэгт орох вий. Өнөөдөр зөв гэж байсан зүйл маргааш буруу болж, нөгөөдөр бүүр толгойороох зүйл болоод явчихдаг нь бидний араншин хойно.

Оюу толгойгоос шалтгаалж Монголын хоёр ч Ерөнхий сайд буруутан болж, зүхүүлсээр ирсэн. 2015 онд Дубайн гэрээг байгуулахад “Асуудлыг гацаанаас нь гаргалаа” гээд тухайн үеийн Ерөнхий сайдыг магтах хүн олон байлаа. Харин одоо Ч.Сайханбилэг шиг муу хүн алга. Тэр хүн эх орондоо ч ирж чадахгүй алс холын Америкт бүгэж сууна. Тэр байтугай энэхүү гэрээг байгуулсан Ерөнхий сайд Санжийн Баяр ч хэрэгт татагдаж аавын хаалга татаад гарч ирсэн.

Монголын эдийн засгийг тэтгэх Оюу толгой төсөл үнэхээр зөв голдиролдоо орсон бол сайн хэрэг. Гэхдээ ямар ч сайн үйл хэрэг хяналтгүй бол бурууддаг, буруу тийшээ явдаг жишиг бий. Мөн өнөөдөр маш зөв юм шиг санагдаж байсан зүйл маргааш харахад буруу байх тохиолдол амьдралд зөндөө. Тиймээс анхааруулах үүднээс ингэж бичээд байгаа юм. Олон түмний шүүмжлэлд 20 жил өртсөөр ирсэн Оюу толгойн төслийг одоо л нэг цэнгэлийн манлайд хүрлээ гэж дүгнээд байх шиг. Угтаа тийм биш. Дөнгөж л Оюу толгойн гүний уурхайн нэг л ажил эхэлж байна. Цаашид зөв, буруу, хаашаа явж байгааг нь хянаж байх л хэрэгтэй болчихоод байна. Үүнд улс төрийн намууд, төрийн бус байгууллагууд, иргэд оролцоо хамгаас чухал. “Бүх зүйл сайхан болжээ” гээд хэзээ ч тайван сууж болохгүй. Харин ч энэ үед л хяналт хамгаас чухал байдаг юм. “Зүггүй хүүхэд, зүгээр суудаггүй улстөрч хоёр чимээгүй болохоороо л аюултай” гэж хошигнодог болсон байна лээ. Ортой л үг. Одоо Оюу толгой гэж дуугарч байгаа улстөрч байна уу. Тэд бүгдээрээ дуугаа хураасан нь нэг зүйлийг л хэлээд байна даа.