Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал үндэсний-бөx

Бичигтэй бөхчүүд нь хуулиа уншаад бусдадаа сайн хэлээсэй DNN.mn

УИХ Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталлаа. 2003 онд баталсан хуульдаа жижиг засвар хийж явсаар өнөөдрийг хүрсэн. Харин энэ удаа шинэчлэн найруулж өргөн хүрээнд өөрчлөлт оруулав. Монголчууд Үндэсний их баяр наадмаа эрийн гурван наадам гэж нэрлэдэг ч хамгийн их анхаарал татдаг, маргаан дагуулдаг нь үндэсний бөх, хурдан морь хоёр.

Бөхийн барилдаанд дөрөв, түүнээс дээш давсан бөх, үндэсний сурын харвааны эрэгтэй болон эмэгтэй тус бүр эхний найман байр эзэлсэн харваачдаас допингийн шинжилгээ авахаар хуульчилсан. Хуульд заасны дагуу шинжилгээ өгөх хүмүүс допингийн шинжилгээнд орохоос татгалзсан, зайлсхийсэн тохиолдолд допинг хэрэглэсэнд тооцно. Эрүүл мэндийн зайлшгүй шалтгааны улмаас Олон улсын допингийн эсрэг агентлагаас жил бүр баталсан Хориглосон жагсаалтад багтсан бодис, аргыг хэрэглэсэн буюу хэрэглэхээр болсон тохиолдолд тухайн агентлагт хандаж эмчилгээний зорилгоор чөлөөлүүлэх заалт орууллаа. Мөн бөх, харваачийн дасгалжуулагч, эмч нь дасгалжуулж байгаа үндэсний бөх, сурын харваачид допинг хэрэглэхийг санал болгохгүй байх, допинг хэрэглүүлэхгүй байх үүрэг хүлээх заалт орууллаа. Мөн Үндэсний их баяр наадмын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль батлагдсан. Цаашлаад Монголын Үндэсний бөхийн холбооны Удирдах зөвлөл хуралдаж допингийн асуудалд холбогдож шийтгэл хүлээсэн бөхчүүдийнхээ асуудлыг нэг мөр болгоно гэдгийг тус холбооны тэргүүн Ц.Магалжав мэдэгдсэн. Тэрбээр “Допингийн зөрчил гаргасан бөхчүүдэд Монголын үндэсний бөхийн холбооны Удирдах зөвлөлөөс хариуцлага оногдуулсан. Тэдгээр бөхийн нэг нь улсын арслан Э.Оюунболд. Спортын арбитр төрийн бус байгууллагын гаргасан шийдвэрийг Баянзүрх дүүргийн шүүх хэлэлцээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албадан гүйцэтгэх даалгавар гаргасны дагуу Э.Оюунболд наадмын сорилгод барилдсан. Нөхцөл байдал ийм болсон, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой болж байгаа гэдэг үүднээс Монголын үндэсний бөхийн холбооны Удирдах зөвлөл бусад таван бөхийн асуудлыг хэлэлцэнэ” гэсэн юм.

Хэдэн зуун жилийн түүхтэй, үндэсний спорт болох үндэсний бөхөө мэддэггүй монголчууд үгүй. Эрийн гурван наадмын нэг Үндэсний бөхдөө хайртай ард түмэн сүүлийн үед бөхдөө “хайргүй” болж эхлэх вий.

Бөхчүүд ямар хууль батлагдсан, үүнтэй холбоотойгоор ямар шийдвэр, тушаал гарч юу өөрчлөгдөхийг мэдэхгүй явж байгаа. Допингийн асуудлаар үргэлж маргалддаг тэд Үндэсний их баяр наадмын тухай хуульд оруулсан өөрчлөлт болон түүнтэй холбогдуулан гаргаж буй тушаал шийдвэрүүдийг сайн унших хэрэгтэй. Бичиг үсэгтэй нь ядаж хуулиа уншиж судлаад бусдадаа хэлж өгөөсэй. Ер нь бөхчүүдийн ёс зүй, боловсролын тухай ярихад хэцүү. Сүүлийн үед бөхчүүдийн ааш авир ч дийлдэхээ больж. Үзэгчид бөхийн барилдаан биш, зодоон харах вий гэхээс айдаг болсон.

Бөхчүүд учраа бөхөө уран мэхээр бус уурын мунхгаар бэртээх нь элбэгшээд байна уу гэх яриа хөвөрч л байдаг. Хуулиар цол хасчихлаа гээд л лоозон бариад зогсчихно. Эвсэл наадах гэж ирсэн хүмүүсийн өмнө уурандаа шатаад барилдахгүй зогсож эсэргүүцлээ илэрхийлнэ. Шинэ гарсан хууль, дүрэм журамтайгаа танилцахгүй бол наадмын талбайд эсэргүүцлээ илэрхийлээд наадам дуусахгүй юм болох вий. Үндэсний их баяр наадам, бөхийн барилдаан зохион байгуулагчид хуулийг нь сайн хэлж ойлгуулах хэрэгтэй. Бөхчүүдийн амь амьдрал нь ганц бөх л барилдах. Энэ нь бүр бизнес болчихсон. Түүгээрээ мөнгө олдог. Түүнийхээ төлөө амиа тавьтал тэмцэнэ. Юун нөгөө монгол бөхийн өв тээгч.

Уяачид гэж бас бөхчүүдээс дутахгүй хэл ам, хэрүүл тэмцэлтэй улсууд бий. Амьдрал нь шууд адуутайгаа холбоотой болчихсон. “Хурдан морины уралдааны салбар хорооны морины бүртгэлийн дэд хороо нь улсын баяр наадам эхлэхээс 3-4 хоногийн өмнө монгол үүлдрийн адууны стандартын шаардлагад нийцсэн морийг уралдаанд оролцуулна” гэж заасан. Монгол морийг үүлдэрлэг байдал, сэрвээний өндрөөр нь тодорхойлох бөгөөд даага 127, их нас, соёолон 141 см-ээс илүүгүй байхаар хуульд тусгалаа. Ерөнхийлөгчийн хэлж байсанчлан толгой нь мөрөн дээрээ байгаа цагт эрлийз адуу Монголд орж ирэхээргүй боллоо. Үүн дээр Сүхбаатараас сонгогдсон хэдэн гишүүн ч гялайж, морь зардаг хүмүүс сэтгэл ханагар яваа байх.

Эрлийз морь уралдуулахгүй л юм бол монгол адууны тоо толгойг тогтоож өгөх хэрэгтэй. Гурван сая адууг уралдуулах зорилгоор тэжээж яах юм. Зөвхөн монгол морийг л уралдуулна гэж байгаа бол уралдааны зайг нь ойртуулах нь зүйтэй. Монгол адуу уралдаад ирэхдээ эцэж туйлдаад норсон нохой шиг л шогшоод ирдэг биз дээ. Ядахдаа давхиж яваа адуу хармаар байх юм.

Үндэсний их баяр наадмаараа олон нийт баярлан цэнгэхийг л хүсдэг. Түүнээс бус хууль, дүрэм журамд захирагддаггүй, ёс зүйн талаар бүр яриад ч хэрэггүй хэдэн хүмүүсийн хэрүүл маргааныг хэн ч сонсохыг хүсэхгүй. Тиймээс бөхчүүд, уяачид наадмын өмнөх энэ хэдэн өдрүүдэд шинээр батлагдсан Үндэсний их баяр наадмын тухай хуулийг сайн судал, уншиж танилц.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Адуу малаа хүртэл эрлийз хурлийзаар нь ад үзэх юм DNN.mn

Манай улсад яг одоо тулгамдаад байгаа хамгийн том асуудал бол эдийн засгийн таагүй байдал. Үйлдвэрлэл, бүтээн байгуулалт, экспорт зогсонги байдалтай, удахгүй бондуудын өр төлбөр гадаадаас нэхэгдэх айдастай. Эрх баригчид “Яах гэж сонгуульд ялав даа” гэж харамсахаар. Харамсаж ч байгаагаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн. Тэрээр “Заримдаа надад ийм төсөөлөл төрдөг юм. Мөстэй гөлгөр замд машин бариад, хайртай хүмүүсээ суулгаад, нойрмоглохгүйн тулд залуураа чанга атгаж явсаар гар бадайрдаг тийм мэдрэмж байдаг даа. Надад яг тийм мэдрэмж төрж байна. Маш түвэгтэй цаг үе. Хэн нэгэн хүнийг Ерөнхий сайд болоход цаг хугацаагаа сонго гэдэг бол би хэзээ ч энэ цаг хугацааг сонгохгүй байсан” хэмээн хэлсэн удаатай. Ийм л хэцүү цаг үеийг ажиллаж байж л давна. Гэтэл огт хэцүү байгаа шинжгүй Ардын хувьсгалын ой, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд л анхаарлаа хандуулж сууна. Хэрхэн баярлах, нутгийнхаа бөхөд цол олгох тухай л ярьцгаах. УИХ-ын гишүүдэд эдийн засгийн асуудал пад алга. Баяр наадам л чухал бололтой.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу УИХ-ын ээлжит чуулган ажлын 75-аас доошгүй хоног хуралдаж завсарлах учиртай. УИХ хуулийн энэхүү болзлоо биелүүлж, наадмаас өмнө хаврын чуулганаа завсарлуулна. Наадмаас өмнө Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг батлахаар төлөвлөөд байна. Яг үнэндээ энэ бол хэлэлцэж ч болох, хэлэлцэхгүй ч байсан болох үзэмжийн л асуудал. Бас нутаг нугийнхандаа таалагдах гэсэн гишүүдийн попрох л сэдэв. Уг нь чухал асуудал биш гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар ч хэлсэн. Тэрээр “Баяр наадмыг хуульчилдаг улс байхгүй. Дэг журамтай нааддаг болохын тулд арга ядаад хуульчилж байна. Нэгэнт өргөн баригдсан хуулийг нэг тийш нь гаргаж, шийдэх хэрэгтэй” гэсэн юм.

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төсөл хэлэлцэж, хаанахын хэн гэдэг бөхөд ямар цол олгох, хурдан мориныхоо сэрвээний өндрийг хэрхэн хэмжихийг яриад сууж байгаа нь хайран цаг хугацаа. Хэлэлцэхгүй ч байсан болох энэ асуудлаар хэрэлдээд суухын оронд хаврын чуулган завсарлахаас өмнө заавал хэлэлцэх хуулийн зохицуулалттай Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслөө хэлэлцдэг ч болоосой. Улс орны төсөв санхүүгийн байдал сайнгүй байгаа үед бид ямар алдаа гаргав, цаашид яах вэ гэдгээ хэлэлцэхийн оронд УИХ-ын гишүүд наадам ярьж, нутаг нугын бөхчүүд, уяачдыг дэмжих асуудалд л анхаарлаа хандуулж байгаа нь харамсалтай. Ядаж сөрөг хүчин нь наадмын хууль бус төсвийн гүйцэтгэл чухал гэдгийг яриад эрх баригчдад хяналт тавьж ажиллах ёстой. Гэвч эрх баригчидтайгаа хамтдаа Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулж, нутгийн бөхчүүддээ цол олгож өгөхийг гуйгаад сууж байгаа нь гунигтай. Чухал гэж үзээд хэлэлцэж буй Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд нь Үндэсний допингийн эсрэг байгууллага бөх, сурын харваачид шинжилгээ хийх, улмаар допингийн төрлийн бодис хэрэглэсэн бол баяр наадамд оролцох эрхийг хасах, 2025 оны зургадугаар сарын 1 хүртэл цэвэр цусны азаргыг Монгол Улсад импортлохыг хориглох зэрэг заалтууд багтаж байгаа юм. Төсөлд олон зохицуулалт байгаа боловч яг үнэндээ нутгийнхаа бөхчүүдэд цол олгох, хурдан морьдоо эрлийз, монголоор нь ялгах л маргаан хэлэлцэж байна.

Адуу мал, шашин шүтлэг, бөх, нутаг нуга тойрсон монголчуудын хийрхэл үнэндээ л хэрээс хэтэрч байна. Манай улстөрчид энэ хэдэн сэдвээ яриад байнга попрох юм. Адуу мал гишүүдийн хамгийн том попрох сэдэв болчихоод удаж байна л даа.

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн жил тухайн үед Шадар сайдаар ажиллаж байсан одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Эрлийз морь уралдуулахгүй” гээд сүйд болсон. Сонгуулийн дараа

У.Хүрэлсүх шиг үнэнг ярьсан хүн алга гээд тэнгэрт тултал магтаж байв. Бас болоогүй “Энэ толгой мөрөн дээр байгаа цагт адуугаа хилээр гаргахгүй” гэж хэлж байсан нь түүний Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд нөлөөлсөн ч байж мэдэх.

Манай улс гурван сая адуутай. Адуу бол хамгийн таваарлаг бус мал. Саамыг нь исгэж айраг уухыг эс тооцвол махыг нь иддэг хүн ч ховор. Ер нь бид адуугаа ашиглахаа больсон. Хуучин цагт адуугаар малд явдаг, тэргэнд хөллөдөг байлаа. Бүр эрт цагт адуу нь монголчуудын танк байв. Монголчууд мориор дэлхийг эзэлж явсан нь үүний баталгаа. Гэтэл одоо адуу ямар ч хэрэггүй болсон гэж хэлж болохоор мал болсон. Зарим залуучуудад хөдөө орон нутагт амьдрах хөшүүрэг болж байгаа ганц давуу талтай. Ийм ач холбогдолтой байтал энд хэдэн гишүүд адууг эрлийз хурлийзаар нь яриад сүйд болж байна. Хэл мэдэхгүй адгуусыг ямар байлгах нь бидний л мэдэх хэрэг биш үү. Их хурлаараа хэлэлцэж хэрэлдэх асуудал мөн үү. Өнөөдөр Монголд уяач биш гишүүн ч гэж алга. Ялангуяа улсын баяр наадмын үеэр эрлийз адуугүй л бол монголчуудын бүх зүйл болоод явчих мэтээр сенсацилдаг.

Адуу мал, бөх, овоо тахих, шашин шүтлэг гээд хэдэн хуучны муйхар сүсгээр монголчуудыг сэтгэх чадваргүй болгоод байна. Ард иргэдийг шинжлэх ухаан ч бус мухар сүсэгт гүн итгэгчид болгоод байх нь асар хортой. Бид шинжлэх ухаанаа хөгжүүлж, шинжлэх ухаанч хүмүүсийг бий болгоход анхаармаар, яримаар байна. Монголчууд энэ хийрхлээсээ салмаар байна аа. Үнэхээр л адуу мал яримаар байгаа бол үүлдэр угсааг нь сайжруулж, ашиг шимийг нь нэмэгдүүлж өндөр ашиг олох тухай ярь л даа. Одоо цагт адуу мал, адгуус амьтан ярьж хийрхэх цаг яав ч биш.

Эдийн засагч Д.Ангар “Монгол Улсын эдийн засаг амаргүй болж байна. Ийм үед УИХ-ын гишүүд илүү толгойгоо гашилгаж, ухаанаа уралдуулж явах ёстой. Гэтэл Баяр наадмын хууль гээд хэлэлцээд “Тэр аймгийн тэр бөхөд тийм цол өгчихмөөр байна” гээд жижигхэн, жалга довны асуудал яриад хэрэлдээд суух юм. Парламент нь морины сэрвээний өндөр хэлэлцээд, хэрэлдээд явах нь зөв үү, буруу юу. Парламент асуудлаа эрэмбэлж чадахгүй байна” гэсэн юм. Түүний хэлж байгаа үнэн. УИХ-ын гишүүн гэдэг бол уйдсан хүмүүсийн хийдэг ажил биш, улсаа гэсэн сэтгэлтэй хүмүүсийн хийх ажил. Тэгээд ч гишүүдийн хийрхсэндээ хэлсэн ярьсан, хийсэн зүйл нь үхтэл нь мэдэгдэхгүй гэж боддог цаг аль хэзээний өнгөрсөн. Хэн хаана, хэзээ юу ярьж хэлж байгаа чинь түүх болоод гарч ирж байна. Хэт их хийрхэл түүхэнд өөрсдийг нь хараар үлдээх нь байна шүү.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Ах нь сургаж, дүү нь сонсдог DNN.mn

Монгол ардын олон сайхан зүйр цэцэн үг бий. Тэдний нэг нь “Ах нь сургаж, дүү нь сонсдог” хэмээх үг. Сүүлийн үед хүмүүсийн хэлж байгаа үг, хийж байгаа үйлдэл энэ үгийн эсрэг болсон мэт санагдах боллоо.

Атаман гэдэг ойлголт хэдэн арван жилийн өмнө байсан тухай ах нар ярьдаг. Нэгнийгээ дээрэлхэж бэлэн мөнгө, гутал хувцаснаас нь эхлээд дээрэмддэг байсан бүдүүлэг түүхээ бахархал мэтээр ярих нь бий. Бас болоогүй “Тухайн үеийн нийгэм нь л тийм байсан юм чинь” гэж өөрсдийгөө зөвтгөнө. Сүүлдээ бүр олны танил хүмүүс бага залуудаа нэгнээ дээрэлхэж, зодож, зодуулсан, автобус, такси, хоолны мөнгөө төлөхгүй зугтдаг байсан бараан түүхээ бахархал мэтээр олон нийтэд маазруулан ярьдаг болов. Тэд ингэж маазарч суухдаа дүү нартаа буруу үлгэр дуурайл болж байгаагаа мэддэггүй бололтой. Саяхан нэгэн коллежийн оюутнууд нэгнээ зодож дээрэлхэж байгаа бичлэг нийгмийн сүлжээнд тавигдаж олны анхаарлыг татлаа. Энэ нь дээд үеийнхнээсээ сурсан ингэж болдог гэдэг гэсэн ойлголтоо хэрэгжүүлж байгаа явдал. Ах нар нь буруу сургаж, дүү нар нь бурууг сурсны илэрхийлэл.

Уг нь одоогийн залууст дээд үеийнхнээс нь өвлөгдөж ирсэн энэ мэт муухай, буруу үлгэр дуурайл бүдгэрч, арилж л байгаа. Өнгөрсөн амралтын өдөр 30-аас дээш насны залуучуудын хүүхэд байхаасаа сонсож өссөн “ICE TOP” хамтлаг Төв цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо хийсэн. Тоглолтын үеэр зарим үзэгч нь хоорондоо зодолдож, согтуурхаж, бүр мансууруулах төрлийн бодис хэрэглэж зүй бус авирласан тухай мэдээлэл гарсан. Мөн тоглолтын дараа Төв цэнгэлдэх хүрээлэн хогондоо дарагдаад үлдсэн нь цахим орчинд тавигдсан зургуудаас харагдав. Үүнээс хэдхэн хоногийн өмнө залуу үеийн уран бүтээлчид хамтран мөн л Төв цэнгэлдэх хүрээлэнд “Зуны зугаа” нэртэй тоглолтоо хийсэн. Тэр тоглолтын дараа элдэв бараан мэдээлэл, үзэгчид нь хогоо орхиод явсныг батлах зургууд харагдаагүй.

Харин энэ хоёр тоглолтын дараа монголчууд насны бүлгээрээ ямар их соёлын ялгаа гаргаж байгааг ярих хүн болон байна. Үүнээс үзвэл дүүдээ сургаж чадахгүй ах нар, зарим талаараа дүү нараасаа суралцах цаг иржээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ордонд Завханы тарган түшээдийг төсвөөр тураах тухай хэлэлцэх зуур гадаа ээжүүд саажилтын мөнгө хүүхдэдээ гуйн жагсана DNN.mn

Монголын улс төрийн нөхцөл байдал ард түмний амьжиргаа иймэрхүү маягтай л байна. Завханы төрийн түшээд нь таргалчихсан юм байх. Сонгогдсон гишүүнийх нь хэлж байгаагаар гэдсээ дааж чадахаа больсон юм байна. УИХ-ын эрхэм гишүүн Б.Баярсайхан өөрийг нь парламентад сонгож өгсөн Завханы төрийн түшээдийн хэт таргалалтад санаагаа чилээж, тураахад зориулж 70-80 сая төгрөг төсөвт суулгуулахаар Эрүүл мэндийн сайд С.Энхболдод хандаж байжээ. Төсвийн мөнгийг ингэж зоргоороо үрж болохгүй учраас Эрүүл мэндийн сайд С.Энхболд Б.Баярсайхан гишүүний хүсэлтээс татгалзаж. Гэвч Б.Баярсайхан гишүүн “Тойргийнх нь төрийн түшээдийг тураахад зориулж 70, 80-хан сая төгрөг төсөвт тавиад өгсөнгүй” гэж “дан дээл”-тэй Эрүүл мэндийн сайдыг толгой түрийгүй загнав. Түүний хэлж, бүр уурлаж байгаагаар бол татвар төлөгч бидний мөнгөөр Завханы тарган түшээдийг тураах юм гэнэ. Үнэхээр л хэцүү байгаа бол тэд өөрсдийнхөө зардлаар турах хэрэгтэй. Ямар үндэслэлээр татвар төлөгчдийн мөнгөөр турах гээд байна вэ. Шаардлагатай байлаа ч энэ өнөөдөр Монголын нийгэмд тулгамдсан шийдэх ёстой хамгийн чухал ажил мөн үү. Бидэнд төрийн түшээдийг тураах асуудлыг шийдвэрлэх нь нэн тэргүүний асуудал болчихсон хэрэг үү. Ард түмний дуу хоолой нүд чих болно гэж сонгогдсон гишүүд өнөөдөр төрийн түшээдээ тураамаар байна гээд хээв нэг хэлээд сууж байх юм.

Завхан аймгийн төрийн түшээдийг төсвийн мөнгөөр тураах тухай Төрийн ордонд ярьж байх зуур ордны гадаа нь аргаа барсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүд хүүхдээ тэврээд хонон өнжин жагслаа. Хүүхдүүдийнх нь тархины саажилтад уудаг эм нь тасраад хоёр жил болж холбогдох газруудад нь хандаж энэ асуудлыг шийдэж өгөөч гэж гуйж, бас шаардаж. Гэвч илжигний чихэнд алт ч хийсэн сэгсэрнэ, ус ч хийсэн сэгсэрнэ гэдгийн адилаар тэдний гомдол шаардлагыг нь тоосонгүй. Тиймээс аргаа барсан ээж, аавууд Төрийн ордны гадаа хүүхдүүдээ тэвэрч жагсан гомдол цөхрөлөө илэрхийлж байж төрийн түшээдийг хөдөлгөлөө. Монголчууд бид ийм л амьдралаас тасарчихсан төрийн түшээдтэй болжээ. Тэд төсвийн мөнгөөр доод түшмэдүүдээ тураах л чухал асуудал гэж боддог болж. Иргэдийнхээ аргыг барж байж асуудлыг нь мэддэг шийддэг болж.

Дээхнэ үед Францад ард түмэн нь талх нэхэн жагсахад Хатан хаан нь “Талхгүй бол торт идэж болдоггүй юм уу” гэж асууж байсан түүхтэй. Хатан хаанд бүх зүйл байсан бөгөөд хүссэн бүхэн нь биелдэг байсан учраас ингэж хэлсэн хэрэг. Ордных нь гадаа юу болж байгаа, хүмүүс хэрхэн амьдарч байгааг мэдэхгүй бодит амьдралаас тасарчихсан байж. Манай эрх баригчид яг үүн шиг бодит амьдралаас хэт хол тасарчихжээ. Угтаа бол 70-80 сая төгрөгөөр ганцхан аймгийн төрийн түшээдийг тураана гэхийн оронд тэр мөнгийг тархины саажилттай бяцхан хүүхдүүддээ зарцуулъя гэх байсан юм. Энэ бол тэр хүүхдүүдэд олдохгүй их мөнгө болов уу.

Улстөрчид амьдралаас тасарсны бас нэг жишээ нь Төрийн ордны гадаа жагссан ээж, аавуудтай уулзаж буй УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэгийн байр суурь. УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо бол нийгэмд болж буй хамгийн тулгамдсан асуудлуудыг мэдэрдэг, олж хардаг, анхаарлаа хандуулдаг, шийдэл гаргадаг бүтэц байх ёстой. Гэвч энэ Байнгын хорооны дарга нь аргаа барахдаа өвчтэй хүүхдүүдээ тэврээд Төрийн ордны гадаа жагссан аав, ээжүүдтэй уулзахдаа “Та нар битгий улстөрж” гээд хэв нэг зогсож байх юм. Хүүхдийнхээ өвчин шаналлаар улс төр хийнэ, хийж байна гэж түүний толгойд яаж багтаж, бүр амаар нь дамжин гарч байна аа. Бодож болох ч аргаа барсан хүмүүсийн өмнөөс амыг нь асууж, тавлаж байгаа мэт “Та нар битгий улстөрж” гэж хэлээд зогсоно гэдэг дэндүү мэдрэмжгүй, дэндүү амьдралаас тасарсны илэрхийлэл. Тэдэнд эм хэрэгтэй болохоос ямар нам эрх барьж байгаа нь падлийгүй.

Манай төрийн түшээд үнэхээр амьдралаас тасарч, Монголын ард түмний амьдралыг төлөөлж мэдэхгүй байна. Энэ бол хэт олон хүнийг төлөөлж хэт цөөхөн байгаагийн гор гэж харахаар байна. Хэдэн сая хүнийг 76-хан гишүүн төлөөлөхөөр ард иргэдийн амьдралыг олж харах нь байтугай байдаг юм биш үү. Иргэдийг төлөөлөх бодит амьдралыг харж чадах олон төлөөлөл Их хуралд хэрэгтэй байна. Угтаа УИХ-ын гишүүд ард түмний амьдрал ямар байгааг толь мэт мэдэж байх ёстой.

Тэд УИХ-ын гишүүн болоод л амьдралаас тасарчихсан юм биш. Тэдний дунд ард түмний амьдрал дундаас сонгогдсон нэг ч хүн байхгүй. Бүгд л дарга хийж байсан, эсвэл бизнес хийж байсан баян хүмүүс. Ийм л хүмүүс УИХ-ын гишүүнээр сонгогддог жишиг тогтоод удаж байна. Хуучин Ардын их хурал, Улсын бага хуралд эгэл жирийн ажилчин ангийн төлөөлөл сонгогддог байлаа. Тогтолцоо нь ч тийм байсан. Харин одоо УИХ-ын гишүүн болох хамгийн эхний шалгуур бол баян байх. Баян хүн амьдралаас тасарчихсан, тасраагүй юм аа гэхэд иргэдийн өдөр тутмын амьдралын нарийн асуудал, бэрхшээлүүдийг мэддэггүй. Ийм л учраас амьдралаас тасарсан улстөрчид ард түмнийг төлөөлж байна гэдэгтээ тун итгэж суугаа юм байх. Ийм төрийн түшээдээс ард иргэд юу хүлээх вэ. Юунд итгэж найдах вэ. Бодит амьдрал руу жаахан ч атугай өнгийж харахгүй гишүүд төр түшилцэж сууна.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Томчуудын дурсамж, багачуудын хүлээлт DNN.mn

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу Хүүхдийн баяр маргааш болно. Энэ өдрийг хэрхэн өнгөрүүлдэг байсан тухай томчуудын дурсамжид Хүүхдийн парк том орон зай эзэлдэг. Хүүхдийн парк ч одоогийнхоосоо том байв. Харин одоо хэдэн талаасаа өндөр барилгуудад шахагдаж талбайн хэмжээ нь жижгэрсээр л… Үлдсэн жаахан талбайг нь тохижуулж, хүүхэд залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлэх тухтай газар болгох тухай яриад олон жил болж байна. Энэ яриа хэзээ биеллээ олохыг жил бүрийн Хүүхдийн баярын өмнөх өдрүүдэд л эргэн сануулдаг болов. Энэ жишиг өнөөдөр ч давтагдаж байна.

Одоогоос гурван сарын өмнө Хүүхдийн паркийн хашааг сүр дуулиантайгаар буулгаж удахгүй бүтээн байгуулалтын ажил өрнүүлж, 6.9 га газарт битүү дээвэртэй тоглоомын төвүүд, кино театр, музей, галерей бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна гэж холбогдох байгууллагын удирдлага, хариуцаж буй компанийнх нь дарга нар мэдэгдсэн. Гэвч түүнээс хойш хашааг нь буулгаснаас өөр ажил хийсэнгүй. Энэ жилийн Хүүхдийн баяраар ч Хүүхдийн парк бахь байдгаараа.

Хүүхдийн паркийг тохижуулах зураг төсөл нь ч бэлэн болоогүй байгаа юм байна. Үүнээс үзвэл ирэх жилийн Хүүхдийн баяраар ч улаанбаатарчууд Хүүхдийн паркаа нэхсээр суух бололтой. Томчуудын дурсамжид үлдсэн Хүүхдийн парк хэзээ сайхан болж, багачуудын хүлээлтийг тайлахыг хэн ч хэлж мэдэхгүй нь.

Өнөөдөр Улаанбаатар хотод хүүхдийн гэх тодотголтой бүтээн байгуулалт, барилга байгууламж гарын 10 хуруу ч олдохоор цөөхөн. Хүүхдийн паркийн газрыг тохижуулж, жинхэнэ утгаар нь хүүхэд, багачуудад зориулах ажил ингэж удааширч байгаагаас харахад цаашдаа ч иймэрхүү дүр зураг хэвээр үргэлжлэх бололтой.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ард түмэн түрүүчээсээ гавандаа орж байна DNN.mn

Эрүүгийн хуульд заасан зорчих эрхийг хязгаарлах ял 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хууль хэрэгжиж эхлэхээс өмнө мэдээлэл өгөхдөө “Эрүүгийн хуулийн 197 заалтад зорчих эрхийг хязгаарлах тухай зохицуулалтыг хуульчилсан. Ялтан мэдээлэл дамжуулах бугуйвч буюу цахим гав зүүснээр оршин суугаа газраасаа гарахгүй байх хязгаарлалтад орно. Хоёрдугаарт, тодорхой маршрутаар зорчих замыг нь зааж болно. Анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн болон болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн хүмүүст энэ ялыг оногдуулна. Хүнд гэмт хэрэг үйлдсэн хүмүүст энэ ялыг оногдуулахгүй. Ийм ял авсан хүмүүсийг хянах мэдээллийн төв зөвхөн Улаанбаатар хотод ажиллана. Жилд ойролцоогоор 1080 орчим хүнд ийм ял оноох магадлалтай гэсэн тооцоо хийсэн.

Энэ гав нь дотуураа ган тросстой, мөн тусгай кодоор нээгддэг учраас гар, хөлнөөсөө салгах боломжгүй. Ямар нэг аргаар тайлсан, зориуд эвдэлсэн тохиолдолд ял нь хорих ялаар солигдоно. Гав камергүй. Байршил тогтоох, цэнэгийнхээ хэмжээг дамжуулах гэсэн хоёр төрлийн мэдээлэл өгнө. Энэхүү гав нь гар утасны сүлжээтэй газарт л ажиллах боломжтой. Уг ялыг хэрэгжүүлснээр хорих зардлыг бууруулах бөгөөд одоогийн тооцооллоор гурван тэрбум орчим төгрөг хэмнэх боломжтой” гэсэн юм.

Хэмнэлттэй гэдэг үгээр халхавчлан иргэдээ гэрт нь хорих шийтгэл газар авч байна. Ингээд шоронд хорих зардлаа хэмнээд байгаа хэрэг үү.Хамгийн анх 1080 цахим гав худалдан авч байгаагаа мэдэгдэж байсан бол одоо 1400 хүн цахим гав зүүж, зорчих эрхээ хязгаарлуулаад байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны дарга, хурандаа Ц.Очгэрэл энэ талаар мэдээлэл өгөхдөө “Цаашид шүүхийн ял, шийтгэлийн бодлогын дагуу зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хүмүүсийн тоо өсөх тооцоо, таамаглал гаргасан” гэжээ.

Цаашид олон монголчууд цахим гав зүүж гэртээ хоригдох нь. Иргэн Д.Монголхүүд үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө цахим гав зүүж, Баянзүрх дүүргээс гарахыг хориглоод байна.Комминуст нийгэмд одоогийн эрх баригч МАН бүх ард түмнээ үзэл суртлын шоронд хорьдог байсан бол одоо үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсэн иргэдээсээ эхлээд цахим шоронд хорьдог боллоо. Өнөөдөр худал хэлж, доромжлох бүгд Эрүүгийн хуулийн заалттай болсон. Энэ мэтээр хуучин цагт ял гэж үздэггүй байсан олон зүйлийг ял болгоод хуульчилсан.

Хуулийн өөрчлөлтийн дагуу хэмнэлт хийх, технологийн дэвшлийг ашиглах нэр дор Монголын ард түмэн цахим гавандаа ороод жил гаруйн хугацаа өнгөрлөө. Энэ бол нэг ёсны МАН-ын ард түмэндээ барьж буй “бэлэг” юм. Засгийн газар дижитал шилжилтийг эрчимжүүлж, цахим үндэстэн болно гэж чухамхүү л сүртэй зарласан. Гэтэл үнэн хэрэгтээ цахим үндэстэн болоод сүйд болсон юм ч алга. Бичиг баримт хөөцөлдөөд дүүрэг ороход л “Боржигончуудаар батлуулаад хүрээд ир” гэдэг шиг элдэв цаас, зураг хөрөг, баримт нэхдэг байдал хэвээрээ.

Бүх зүйл бахь байдгаараа. Цахим үндэстэн болж байгаагаас гадна нийслэлийн Засаг дарга нь 74 зөвшөөрлийг цуцалж, иргэн, аж ахуйн нэгжүүдийг дарамтаас гаргаж байгаа гэж мэдэгдсэн ч иргэд гуйж, төрийн албан хаагчид гэдийдэг хэвээрээ. Ингээд үзвэл төрийн бүх үйлчилгээ цахимжаад иргэдэд амар хялбар болоод байгаа юм алга. Харин эсрэгээрээ цахим гавыг л сайн хэрэгжүүлж байна. Цахим шорон цахим яамнаас өмнө аль эрт байгуулагдаад нийгэмд байр сууриа эзэлж, үйл ажиллагаа нь жигдэрчихээд байна. Энэ байдлаараа айл бүрд компьютер гэдэг байсан шиг айл бүрд нэг цахим гав ногдохыг ч үгүйсгэхгүй нь.

МАН 100 жилийн түүхтэй гэж зарлан тунхаглаж байгаа мөртлөө иргэний эрхийг уландаа гишгэсээр байна. Эрх баригчдын эрх ашгийг Эрүүгийн хуулиар хамгаалж байгаа тогтолцоог халах хэрэгтэй.МАН уг нь сонгуулиар ард түмэндээ үгүй ээ мөн их зүйл амласан даа. Гэтэл одоо тун хүйтэн сэтгэлээр л хандаж байна. Үүний нэг жишээ бол татварыг огт нэмэхгүй гэчихээд л өнөөдөр 40 хувиар нэмчихээд сууж байна. Ардчилал гэдгийг гамнаж, хайрлаж байхгүй бол ямар хэврэг байдгийг бүгд харж байгаа. Гэтэл МАН ардчиллыг өдөр бүр хумьсаар л байна. МАН ардчиллыг устгаж Монголыг дээвэргүй шорон болгох нь. Дарангуйллын хар сүүдэр үүгээр түүгээр сүүмэлзэн харагдах нь олонтаа боллоо. Энэ тоолонгоор ардчилал хумигдаж байна.

Хуульч О.Баасанхүү эрх баригчдын энэхүү бодлого үйл ажиллагааны талаар хэлэхдээ “Хуулийн шинэчлэл хийхдээ хүний эрхийг бүдүүлгээр зөрчсөн, хуульд байхгүйгээр хүмүүсийг хавчин гадуурхах, ялгаварлах, мөрдөн мөшгөх үйл ажиллагаа хэрээс хэтэрч байна. Хүнийг цагдан хорьх, баривчилна гэвэл зардлыг нь төсвөөс хариуцдаг. Харин бидэнд ирж байгаа мэдээллээр, цахим гавны зардлыг зүүсэн хувь хүнээр өөрөөр нь төлүүлдэг болчихож. Энэ бол төрт ёсонд байдаггүй зүйл. Дэлхийн аль ч оронд тийм зүйл байхгүй. Гэтэл албадлагын арга хэмжээ авахдаа утгагүй зүйлээр журамлан шийдэж байна. Энэ асуудлаар хүний эрхийн байгууллагуудад хандана” гэлээ.

“Үүнийгээ эргэж харъя” гэж ярьж байгаа гишүүд ч алга. Харин одоо энэ асуудлаа ярих, эргэн харах цаг болжээ. Цаасан дээр баталсан цахим гав ашиглах тухай бодлого цагаа олсон шийдвэр биш бололтой. Ашиглаж болох ч хүрээ хязгаарыг нь эргэн харахаас өөр аргагүй нөхцөлд хүрчихлээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Үзэл баримтлалгүй нам тогтоол устай адил DNN.mn

Улс төрийн намууд уг нь өөр өөрсдийн гэсэн үзэл баримтлалтай байдаг. Тухайлбал, МАН зүүн төвийн буюу социал демократ, АН баруун төвийн буюу либерал үзэл баримтлалтай байв. Энэхүү үзэл баримтлалынхаа хүрээнд үйл ажиллагаа явуулж бусдаасаа ялгардаг байлаа. Өнгөрсөн цаг дээр бичихийн учир нь, манай улс төрийн намууд нэгнээсээ ялгарах ямар ч үзэл баримтлалгүй болсон гэхэд огт буруудахгүй.

Уг нь одоогийн эрх баригчид “Монгол ардын нам эрх чөлөө, шударга ёс, эв санааны нэгдэл, үндэсний язгуур ашиг сонирхлыг дээдэлсэн социал демократ үзэл баримтлалтай улс төрийн байгууллага мөн. МАН нь Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалд тулгуурлан даян дэлхийн энх тайван, улс орнуудын тогтвортой хөгжлийг эрхэмлэсэн социал демократ үзэл санааны түүчээ, төлөвшиж нягтарсан, дэвшилтэт нам мөн” гэсэн үзэл баримтлалтай. Гэвч энэ нь өнөөдөр тунхаг төдий байгаа нь нууц биш. МАН юун социал демократ байх вэ. Ердөө л пост коммунист нам хэвээрээ байгаа. Гэхдээ яг ч коммунист үзэл санаа биш,зүгээр хэдэн дарга гишүүдээ л эрх мэдэл эд баялагт хүргэх гэсэн нам юм. Байгаа үедээ амжиж ард түмнээс яаж хурдан мөнгө хөрөнгө дайчлан гаргуулах вэ л гэсэн үзэл бодлоос өөр юу ч байхгүй. Эрх чөлөө хумигдаж, шударга бус байдал газар авч, байгалийн баялгийн шударга бус хуваарилалт байсаар л байна. Төрийн зохистой оролцоо бүхий эдийн засгийн талаар бүр яриад ч хэрэггүй. Төр ашигтай гэсэн аливаа бизнест оролцож, оролцдоггүй юм аа гэхэд нөлөөлж, боломжийг нь хулгайлж, чөдөр тушаа болж яваа. Хамгийн наад зах нь төрд ажиллаж буй улстөрчид өөрсдийн албан тушаал, эрх мэдлийн давуу байдлаа ашиглаж хувийн бизнесээ тэтгэж сууна. Ийм хүний бизнестэй эгэл жирийн иргэдийн бизнес өрсөлдөхөд хэцүү.

Гэхдээ ганц МАН-ыг ийм увайгүй гэж хэлэх ч бас хэцүү. Бүх нам яг л энэ МАН шиг төр барих зурвас хугацаандаа шууд л ард түмнээ бушуухан шулж өөрсдөө болон гишүүдээ баяжуулахыг эрхэмлэдэг. Ямар ч нам засгийн эрхэд гарсан ард түмний амьдрал өөдөлдөггүй нь үүнтэй холбоотой. Монголын бүх нам өнөөдөр үзэл баримтлалаа чухалчлахаа болилоо. Ер нь үзэл бодол гэж байгаа ч үгүй гэж бодож байна. Байхгүй юмыг юуг нь ч чухалчлах билээ. Үзэл баримтлалгүй, үзэл баримтлалтай ч түүнийгээ ойшоодоггүй нам бол тогтоол устай адил гэж улс төр судлаачид хэлдэг. Тогтоол ус дорхноо өмхийрдөг, ширгэж алга болдог. Яг үүнтэй адил үзэл баримтлалгүй нам цаашаа явах аргагүйд хүрдэг. Ингэхээс ч арга үгүй юм. Тогтсон үзэл бодолгүй зөвхөн хувиа бодсон намыг ард түмэн дэмждэггүй. Ард түмний дэмжлэггүй нам яаж сонгуульд ялна гэж.

Үзэл баримтлал бол эрх ашгийн нэгдэл мөн. Гэхдээ тэр эрх ашиг нь хэсэг бүлэг хүмүүсийн төлөө байх ёсгүй. Намууд үзэл баримтлалынхаа дагуу үйл ажиллагаа явуулж, сонгуульд ялсан тохиолдолд улс орноо хөгжүүлэх, сайн сайхан нийгэм бүтээхийн төлөө ажиллах ёстой. Товчхондоо, ард иргэдийнхээ эрх ашгийн төлөө ажиллах үүрэгтэй. Тийм ч учраас сонгогчид өөрсдөд нь таалагдсан үзэл баримтлал, бодлого, үйл ажиллагааг нь дэмжиж буй улс төрийн намдаа итгэж саналаа өгдөг. Тэд энэ намын үзэл баримтлал миний амьдралыг дээшлүүлэх юм байна гэж л санал өгөхөөр явдаг. Сонгуульд ялсан улс төрийн нам манай үзэл баримтлал мөрийн хөтөлбөрийг дэмжиж санал өглөө гэж огтхон ч боддоггүй бололтой явж ирсэн. Тэд ялж гараад л эргээд олон түмнээ шулах дээрэлхэх, хяхан боогдуулах бодлого явуулж ирсэн нь үүнийг баталдаг. Мөн ямар увайгүйгээр олон нийтийн болон төрийн өмч хөрөнгийг хулгайлан баяжиж байгаагаас ингэж бодохоос өөр замгүйд хүргэдэг.

Хоёр сонгууль дараалан ялалт байгуулсан МАН-ын бодлого, үйл ажиллагаа иргэдэд ашгаа өгсөнгүй. Зөвхөн намынхаа гишүүдэд л ашгаа өгч байна. МАН-ын хэдэн гишүүд нь л ажилтай, орлоготой боллоо. Бусад зүйл, иргэдийн аж амьдрал бахь байдгаараа. Иргэдийн амьдрал тушаал дэвшсэн МАН-ын гишүүд шиг л лав өөрчлөгдсөнгүй. Тэгэхлээр энэ намын үзэл бодол мөрийн хөтөлбөр ард түмэнд ямар ч өгөөжгүй л гэсэн үг юм. Хэрэв байдаг бол тэр шүү дээ.

Манай намууд ямар ч ялгаагүй гэдгийг дээр хэлсэн. Хэрэвзээ АН сонгуульд ялалт байгуулсан бол МАН-ын гишүүдийн оронд АН-ын гишүүд л ажилтай болно. Түүнээс өөр иргэдийн амьдралд бодитой өөрчлөлт гарахгүй. Учир нь, улс төрийн нам гэдэг дунд, дээд шатанд дарга болох, цаашлаад төрийн албанд ажилд орох хүмүүсийн нэгдэл болсон. Намуудад үүнээс өөр эрх ашгийн нэгдэл, үзэл баримтлал баруун зүүн, ардчилал, коммунист гэх ялгаа алга. Тэгэхлээр нэг хэсэг шинэ хүмүүсийг төрд гаргаж идэж цадахыг нь хүлээнэ гэхээс ард түмэн бараг халгадаг болж байна. Улс төрийн намууд ард түмэндээ ямар ч өгөөжгүй болчихлоо. Ямар ч нам байгуулагдсан ард түмэн за хэн хэн нийлж маниусаа шулах байгаа юм шиг байна л гэж сурагладаг болжээ. Энэ байдалдаа дүгнэлт хийж, өөрчлөлт шинэчлэлтийг хийх хүсэл ч тэдэнд алга. Энэ нь өөрсдөд нь ашигтай байгаа учраас тэр бололтой. Улс төрийн намын шинэчлэл, хууль эрх зүйн өөрчлөлтийн тухай яриад удаж байгаа ч одоогоор хийсэн бодитой алхам лав алга. Харин эсрэгээрээ нам нэртэй хэдхэн хүний хүрээлэл үүсгэж түүгээрээ дамжуулан амин хувийн эрх ашгаа гүйцэлдүүлж, илтэд хариуцлага алдсан, хулгай хийсэн нэгнээ хуйгаараа өмөөрч, толгойг нь илэн сууна. Ийм л учраас ард түмэн улс төрийн намуудад итгэхээ больж өнөөдрийн улс төрийн тогтолцоог дэмжихгүй байна. “Монголд өнөөдөр хамгийн олон хүний итгэлийг алдсан байгууллага, институци юу вэ” гэвэл иргэд нэгэн дуугаар улс төрийн намууд гэж хариулахаар байна. Иргэд улс төрийн намууд, цаашлаад төрдөө итгэхээ болилоо. Одоо яах вэ. Үүнийг хүсвэл шийдэх хүмүүс нь улстөрчид өөрсдөө, улс төрийн намууд. Хэрэв бүгд яг адилхан үзэл баримтлалгүй, зөвхөн өөрсдийнхөө өнөө маргаашийн эрх ашгийг л харсаар суувал хэзээ ч өөрчлөгдөхгүй, тогтоол ус шиг оршсоор л байх болно. Гэхдээ тогтоол ус удаан оршдоггүй гэдгийг дээр хэлсэн.

Бид намын тухай олон тодорхойлолтыг мэдэх боловч үзэл бодлоороо нэгдсэн гэсэн үгийг огтхон ч анхаарч байсангүй. Анх үзэл баримтлал дагаж үүссэн намууд аажмаар зохион байгуулалттай, засгийн эрхийн төлөө тэмцэж байгаа хүмүүсийн бөөгнөрөл л болж хувирсан. Барууны орны түүхээс харахад түүхэн явцаар бүрэлдсэн иргэдийн итгэл үнэмшил дээр суурилж аливаа нэг улс төрийн үзэл баримтлал бий болдог, намууд үүсдэг аж. Үзэл баримтлал нь хүмүүсийн итгэл үнэмшлээс л эхтэй юм. Гэвч Монголд иргэний улс төрийн суурь үнэт зүйл бүрэлдээгүй үзэл баримтлал хөгжиж чадсангүй. Улс төрийн хоёр голлох нам үзэл баримтлалаа баримтлахгүй байгаа явдал нь ард иргэдийн намд итгэх итгэлийг сулруулж байна. Угтаа улс төрийн намын үзэл баримтлал нь улс төрийн философи дээр үндэслэх ёстой. Намууд өөрсдийн чиглэл, үзэл баримтлалын дагуу ажиллах шаардлагатай. Ард иргэд харин намуудыг үзэл баримтлалын дагуу ажиллахыг шаардах хэрэгтэй байна. Үзэл бодлын уг үндэс нь ард түмний дундаас үүсч бий болбол, онол номтой байвал, түүнийг нь олон хүн зэрэг дагадаг, зөвшөөрдөг байвал бас энэ үзэл бодлын төлөө тууштай тэмцдэг бол энэ үнэн бодит байх ёстой болов уу. Түүнээс өнөөдөр зүүн төвийн үзэл бодолтой байж байгаад маргааш өглөө бид баруун төвийнх боллоо гээд зарлах нь хэнд ямар итгэл төрүүлэх вэ. Намын дарга нь мэргэн зүүдэллээ хөөрхий, энэ зөв байх гээд ард түмэн дагах ёстой юу. Ингэж нэг өдрийн дотор үзэл бодлоо солих нь ямар ч үзэл бодолгүй, зүгээр төрд очиж алба хаших, зээл тендер хулгайлах гэсэн хүмүүсийн л нэгдэл гэхээс өөр юу гэх юм бэ. Ийм улаан цагаан хулгай хийх хүмүүсийн бөөгнөрөлд хүн итгэх үү.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ерөнхий сайд асан Санжийн Баяр: Өчигдөр, маргааш хоёр халз тулж байна DNN.mn

Ерөнхий сайд асан Санжийн Баяртай ярилцлаа.


-ОХУ, Украины дайны сэдвээр тантай ярилцъя гэсэн юм. Твиттерт данстай хүний тань хувьд би нэг зүйл ажигласан. Та уг нь дотоод гадаад бодлого, амьдралд тань тохиолдсон учрал, явдал гэх мэт сонирхолтой олон сэдвээр жиргэдэг. Гэтэл сүүлийн үед ОХУ, Украины дайны сэдвээр л дагнаад байх шиг. Энэ талаар ярилцлагаа эхэлье?

-ОХУ, Украины дайн одоо бусад бүх сэдвээс чухал болсон. Дэлхийн дэг журам, энэ бүс нутгийн болон Монгол Улсын өнөө, маргаашийг тодорхойлох гол сэдэв болон босч ирсэн. Өрнөсөн өдрөөсөө л энэ дайн дэлхийн анхаарлын төвд орсон. Дайн болж буй Европ тив үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнаж байна. Түрэмгий энэ дайныг манай хойд хөрш ОХУ өдөөсөн. ОХУ-тай хил залгаа том жижиг бүх улс орнууд айдас түгшүүрт автаж, дайны өрнөлийг нүд тавин ажиглаж, аюулгүй байдлаа хангах аргаа дор дороо сүвэгчилж байна. Байдал ийм болсон учраас би Монгол Улсын иргэнийхээ хувьд байр сууриа илэрхийлэх эрхээ эдэлж байгаа. Нэгэн цагт Монголын төрийн өндөр албанд зүтгэж явсныхаа хувьд ингэж илэрхийлэх үүрэгтэй гэж бас үзэж байгаа.

-ОХУ түрэмгий дайн өдөөсөн гэж тая сая хэллээ. Зөвхөн нэг талаас нь хараад ингэж дүгнэж болох уу. ОХУ-ын аюулгүй байдалд НАТО-гийн зүгээс ноцтой аюул учирсан, дээр нь орос гаралтай Украины иргэдийг хавчин гадуурхаж, аймаглан устгаж байна. Тийм учраас аргагүйн эрхэнд “цэргийн тусгай ажиллагаа” эхлүүлсэн гэж ОХУ-ын удирдлага удаа дараа мэдэгдэж байгаа биз дээ.

-ОХУ аюулгүй байдлын асуудалдаа анхаарах, түүнийгээ хангах эрхтэй юү гэвэл эрхтэй. Гэхдээ олон улсын эрх зүйн хүрээнд л хангах эрхтэй. Аюулгүй байдлаа хангаж байна гээд бусад улс руу цэргийн хүчээр орж, газар нутгийг нь булаан эзлэх тийм эрх хэнд ч байхгүй.ОХУ-ын удирдлагын санааг зовоож байгаа ямар асуудал байгаа юм.“НАТО биднийг бүслэх нь байна. Украин улс гар хөл нь боллоо. ОХУ-ын аюулгүй байдлын асуудал ноцтой хэмжээнд хүрлээ” гэж тэд ярьж байгаа. Гэтэл тэд яагаад ийм байдалд оров. Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ. ОХУ-тай хил залгаа, Европ тивийн зарим улс орнууд аюулгүй байдлаа хангах, ялангуяа ОХУ-ын болзошгүй түрэмгийллээс өөрийгөө хамгаалах үүднээс НАТО-д ум хумгүй орцгоосон. Дараагийн хэд нь НАТО-д орохоор дараалал үүсгээд байж байна. Тэд тийм эрхтэй юү. Эрхтэй. Гэхдээ мөн л олон улсын эрх зүйн хүрээнд л хангах эрхтэй. Аюулгүй байдлаа дангаар болон хамтын аргаар хамгаалах эрх тэдэнд бий.ОХУ түрэмгий дайн өдөөсөн гэж зөвхөн нэг талаас нь дүгнэж болох уу гэж чи надаас асуулаа. Зөв. Зөвхөн нэг талаас нь дүгнэж болохгүй. Гэтэл аль ч талаас нь харлаа,Украинд яг одоо юу болж байна. Хэн энэ улс руу довтолж, хэний газар нутагт дайн болж, олон зуун, мянган энгийн номхон ард иргэд, цэргийн албан хаагчид амь нас, эрүүл мэнд, эд хогшлоороо хохирч байгаа юм. Аль улсын хот суурин бөмбөгдөлтөд өртөн, хөрс газартай тэгшлэгдэж байгаа билээ. Үүний хариулт дэндүү тодорхой. Тодорхой ийм асуудал дээр манжлах хэрэггүй. Харыг хар, цагааныг цагаан гэж хэлэх ёстой.

-ОХУ НАТО-д бүслэгдээд аргагүй байдалд орж байгаа юм биш үү?

-Бүслэгдэнэ гэдэг бүс, тойрог гүйцэхийг хэлнэ. Тэрэндээ арай тулаагүй байна. Гэхдээ байдал ийм түгшүүртэй, аюултай байвал ОХУ удахгүй баруун болон баруун урд талаасаа НАТО-гоор бүрэн хүрээлэгдэхийг үгүйсгэх аргагүй. Дэлхийн хандлага, уур амьсгал тэр зүг рүү яваад байна. Эсрэг энэ хандлагыг ОХУ өөрөө бий болгосон. Аль нэгэн улс орон ОХУ руу дайрч довтлоогүй. Тийм явдал Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш гараагүй. Гэтэл ОХУ өөрөө түрэмгий бодлого баримталдаг, элдэв шалтаг тоочин хөрш зэргэлдээ орнуудаа дээрэлхэн гадуурхдаг явдал гаргасаар ирлээ. Үүний жишээ хайж хол явах хэрэггүй.

Молдав, Гүрж, Украин зэрэг ОХУ-тай хиллэдэг хэдэн улс түрэмгий бодлогод нь өртөж газар нутгийнхаа үлэмж хэсгийг алдчихаад байгаа. ОХУ бол хүчирхэг том гүрэн. Түүний арми, зэвсэгт хүчин нь дэлхийд дээгүүр жагсана гэж оросууд өөрсдөө ярьдаг, бусад улс ч үүнийг нь хүлээн зөвшөөрдөг. ОХУ-тай хиллэдэг дунд, жижиг улсууд эрх чөлөө, газар нутгаа хамгаалан ийм гүрэнтэй дангаар тулаад нэмэр бага. Тийм учраас хөрш орнууд нь аюулгүй байдлаа хангах арга хайхдаа НАТО-г бараадах болсон.Ингэх болсноор хүйтэн дайны дараа ач холбогдол нь алдагдаж эхэлсэн НАТОдахин сэргээх гол шалтаг, шалтгаан гарч ирэв.Цэрэг, улс төрийн энэ бүтцийг дахин босгож ирэх, дэлхийн геополитикийн том фактор дахин болгох хүсэлтэй барууны улс гүрэн, цэрэг-аж үйлдвэрийн том том бүлэглэлүүд ийм сайхан шалтаг, шалтгаантай болсондоо бөөн баяртай байгаа биз.

-НАТО-гийн аюул ярихаас гадна, орос гаралтай Украины иргэдийг аймаглан устгаж байгаа учраас “цэргийн тусгай ажиллагаа” эхлүүлсэн гэж ОХУ-ын ерөнхийлөгч Путин хэлсэн…

-Орос, Украин хоёр хоёулаа хаант Орос улс, дараа нь ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж олон зуун жил хамт оршин тогтносон улсууд. Ард түмэн, хүн ам нь хоорондоо үлэмж холилдсон, нэг нэгнийхээ газар нутагт олноороо суурьшиж ирсэн түүхтэй. Өнөөгийн ОХУ-ын хүн амын 30 орчим хувь украин гаралтай, Украины хүн амын 40 хувь орос гаралтай гэдэг. Энэ хоёр ард түмний угсаа нэг.Төрсөн ах дүү биш юм аа гэхэд ойрын хамаатан садангууд. Хөрш зэргэлдээ айл бүү хэл, ах дүү, хамаатан садан хүмүүсийн хооронд юу эс болж, хэрүүл маргаан яаж дэгддэг билээ. Гэвч хичнээн маргаж муудсан ч, түүнийгээ цэрэг, зэвсгийн хүчээр шийддэг байх ёсгүй. Үүнийг хэрхэвч хүлээн зөвшөөрч болохгүй. Чиний асуусан “аймаглан устгана” гэдгийн олон улсын эрх зүйн томьёо нь бол геноцид. Энэ бол онц ноцтой гэмт хэрэг. Украиныг тийм гэмт хэрэг хийсэн гэж ОХУ ярьдаг болж. Гэхдээ пиарын элдэв зураглалаас өөр баримт нотолгоо үгүй бололтой. Байсан бол тэрнийгээ НҮБ-д гаргаж үзүүлэхэд л хангалттай. Тийм байсан бол одоо ОХУ биш, Украин улс элдэв хоригт өртөн хамаг байдгаараа адлуулж байх байлаа. Тэгэхлээр геноцид хийсэн гэдэг нь худлаа. Түрэмгийллээ зөвтгөх гэсэн ядруу оролдлого төдий. Харин юу үнэн гэхээр, ОХУ эхлээд Украины Крымийн хойгийг өөртөө нэгтгэсэн. Дараа нь Донецк, Луганскийн Бүгд найрамдах улс гэж өөрсдийгөө тунхагласан Украины хоёр мужийн салан тусгаарлагчдыг өөгшүүлэн тэтгэсэн. Хэзээ ч зогсдоггүй “партизаны” маягийн дайн тэнд эхлүүлсэн. Ингэсээр байгаад энэ бүс нутгийг Украин улсаас де-факто салгаж авсан. Одоо үнийгээ де-юрэ болгох гэсэндээ “цэргийн тусгай ажиллагаа” явуулж байгаа нь энэ.

-Та Украины талын байр суурийг л баримтлаад байх шиг. Аль нэг талын байр суурийг баримтлах нь бидэнд тустай юу?

-Аль нэг талд, тэгэх тусмаа биднээс хол Украины талд би гараад яах юм. Аль нэг талд биш, олон улсын эрх зүйн талд байх ёстой. Тэгвэл алдахгүй. Чухамдаа ингэснээр л Монголынхоо талд бат тулгууртай зогсож чадна. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлын баталгаа бол аль нэг талын “хайр, халамж” биш. Бидний баталгаа бол олон улсын шударга дэг журам, эрх зүйн тогтолцоо юм. Аль нэг тал гэж яривал, бид Орос, Украин аль алиныг нь бас ч гэж сайн мэднэ, аль алинтай нь ойр дотно, найрсаг харилцаатай явж ирсэн түүхтэй. Тийм ч учраас энэ дайн нь монголчууд бидэнд ч гэлээ эмзэг хүнд тусч байна. Энэ дайны үйл явц, болзошгүй муу үр дүн нь сэтгэл үнэхээр зовоож байна.

-Гэхдээ л өөр чухал сэдэв үгүй юм шиг, тэнд болж байгаа дайнд энд байгаа бид хэт хөөрч, хэт анхаарах хэрэгтэй юү. Тэрүүгээр яваа гайг энүүгээр дуудна гэдэг шиг…

-Харамсалтай нь, гай тэрүүгээр биш, энүүгээр яваад эхэлсэн л дээ. Энэ дайныг тойрсон талцал биднийг ч бас хамрах гээд байна. Бидэнд хатуу, зөөлөн элдэв шахалт дарамт эхнээсээ үзүүлээд эхэлсэн. “Монгол Улс газар нутагтаа биологийн зэвсгийн үйлдвэр Украинаас шилжүүлэн байрлуулах гэж байна” гэсэн ОХУ-ын хардлага сэрдлэгт бид өртөж эхлэв. Үүнийгээ албан ёсны шат дамжлага ахиулан хэд ч давтав даа. Тйим юм байхгүй гэж манай Гадаад яам мэдэгдээд байхад л нөгөөхөө давтаад байх. Энэ юу гэсэн үг вэ. “Украин геноцид хийсэн” гэдэг шигээ элдэв шалтаг, зөвтгөл хайгаад байна уу. Энэ юуны цондон вэ гэсэн айдас хүрэх шиг. Нөгөө талаас биднийг талдаа татах гэсэн, ОХУ-ын эсрэг авч байгаа арга хэмжээндээ нэгтгэн оруулах гэсэн барууны том гүрнүүдийн оролдлого ч бас илрээд эхэлсэн. Бид аль нэг талыг сохроор дагах ёсгүй. Бид эрх чөлөө, тусгаар тогтнол, бие даасан байдлын маань гол баталгаа болсон дэлхийн шударга дэг журам, олон улсын эрх зүйн талд л тууштай байх ёстой. Ижил ийм байр суурьтай улс гүрнүүдтэй бол бид дуу хоолой, хүчин чармайлтаа нэгтгэх ёстой. Тэрнээс дайнаас үүдсэн талцалд татагдан орох нь бидний хувьд хамгийн том гай болно. Чи сая “дайнд хөөрөөд” гэсэн үг хаяж байна. Дайнд хөөрөх нь муу эрийн шинж. Гэхдээ хөлдүүс болсон мэт дайныг огт тоохгүй байж бас болохгүй. Тэр дайн, тэр гай зовлон чам дээр ирвэл яана. Үхтлээ зодуулж, юм хумаа булаалгаж буй өрөөлийн оронд өөрийгөө тавиад үз дээ. ОХУ-ын түрэмгийлэлд өртсөн Молдав, Гүрж, Украины оронд Монгол Улсаа төсөөлөөд үз дээ. Гэтэл маниусаа бодвол эдгээр улс нь Орос улстай, оросын ард түмэнтэй олон зуун жил хамт нэг том айл болсоор ирсэн, сайн муугаа хамт туулсан улс түмнүүд шүү дээ. Биднийг бодвол хамаагүй ойр дотно. Гэтэл тэд өдгөө юу үзэж, юу амсаж байна даа. Том нь жижгээ дээрэлхэж дарамталдаг, түрэмгийлдэг империалист хандлагыг үзэж, амсаж байна. Үгүй гэж үү?

-Орос, Украины дайн эхэлсэн мэдээг та яаж хүлээж авсан бэ?

-Дайн сая эхэлсэн юм биш. “Партизаны” маягийн явган мөлхөө дайн бол Украины зүүн хэсэгт, Крым хойгийг ОХУ-д нэгтгэсний дараахан эхэлсэн гэдгийг би түрүүн хэлсэн. Гэтэл ОХУ одоо бүрэн хэмжээний дайнд бэлдээд эхэллээ гэж өнгөрсөн оны сүүлээс л гадаадын хэвлэл мэдээлэл шуугьж эхэлсэн. Украины хил дээр 180 мянган цэргээ байрлуулав. Номхон далайгаас хүртэл байлдааны усан онгоцоо Хар далай руу татлаа. Тун удахгүй их хүчээр Украин руу дайран орно, нутгийг нь бүхэлд нь эзлэх нь гээд байсан. Шинэ оны эхэнд “Нью-Йорк Таймс” сонин “ОХУ удахгүй Украин руу дайрна” гэх утгатай нийтлэл гарсан. Бүр хаанаас, ямар ямар чиглэлээр, яаж дайрч болзошгүйг харуулсан газрын зураг хүртэл хавсаргасан байсан. Би бол үүнд итгээгүй. Орос, Украин хоёрын дунд нь яс хаяж байна, үймүүлж байна гэж бодсон.Бүрэн хэмжээний дайн хийх нь арай ч юу бол гэж бодож байтал ийм дайнаа гэнэт эхлүүлсэн. ОХУ-ын зэвсэгт хүчин Украин руу дөрвөн талаас нь дайрч орсон. Нийслэл Киев хот болон Харьков, Чернигов, Мариуполь зэрэг том хотуудыг үүрээр бөмбөгдөөд эхэлсэн. Үүнийг сонсоод би цочирдсон. Киев хотыг 1941 оны зургадугаар сарын 22-нд үүрээр бөмбөгдөж байсан тухай үзсэн кино шиг санагдаж байсан. Бод доо. “Оросууд Киевийг бөмбөгдөв”… Юу гэсэн үг вэ. Киев бол Оросын эртний нийслэл нь. “Монголчууд Хархориноо бөмбөгдөв” гэж солиорохтой агаар нэг. Эрүүл ухаанд багтамгүй, хар дарсан зүүд шиг.

-Энэ хоёр улс чухам юунаас болж муудсан юм бол. Дайн яагаад дэгдсэн юм бэ, цаад учир шалтгаан нь юу байв аа. Яг хэнээс нь болов?

-Сайдах, муудах бол байдаг л явдал. Хүмүүс хооронд ч, улс хооронд ч гарч байдаг л зүйл. Хоёр хүн сайдах, муудахад бүх юм зуун хувь нэг талаас болно гэж үгүй. Улс гүрнүүдийн харилцаа ч мөн адил. Дээр нь харилцааны түүх гэж бас нэг ээдрээтэй юм бий. Орос, Украин гэх энэ хоёр улсын түүхийг яривал урт удаан юм болно.Товчилбол, “өндөг, шувууны аль нь анхдагч вэ” гэх маягийн агуулгатай маргаан олон зуун жил хийсээр ирсэн хоёр улс. Тийм ч учраас “цэргийн тусгай ажиллагаа” гэдгээ зарлахдаа Путин түүх яриад байсан. Түүх сөхөж болно л доо. Өөрийнхөө өнцгөөс тайлбарлаж болно. Тэгсээр ч ирсэн. Гэхдээ өнгөрсөн түүх ямар ч байлаа гэсэн өнөөгийн түрэмгийлэл хийх учир шалтгаан, зөвтгөл нь байж хэрхэвч таарахгүй. Түүх түшиглэн түрэмгийлдэг болбол энэ дэлхий эх захаа алдана. Дэлхийн дэг журам аль нэг талын түүхийн тайлбар дээр биш, бүгдээрээ хүлээн зөвшөөрсөн олон улсын эрх зүй дээр суурилах ёстой гэж би дээр хэлсэн. Одоо түүнийгээ дахин давтаж хэлмээр байна.

-Тэгэхлээр ОХУ, Украины дайн түүхэн сэдвээс үүдэлтэй болж таарч байна уу?

-Дан ганц түүхийн сэдвээс биш. Гэхдээ түүхэн сэдвээ нэг гол үндэслэл болгож байгаа юм билээ. “Украин гэх үндэстэн угаасаа байхгүй. Байх ч түүхэн үндэс үгүй. Нэгэнт ийм үндэстэн байхгүй юм бол тийм улс ч байх учиргүй” гэх ор тас үгүйсгэсэн утгатай мэдэгдэл Путин удаа дараа хийв. Урт том нийтлэл хүртэл гаргаж байсан. Тусгаар тогтносон, НҮБ-ын гишүүн орныг арай л дэндүү хэлж байгаа юм шүү. Гэхдээ тэрбээр Украин улсад “цэргийн тусгай ажиллагаа” гэдгээ эхлүүлэх болсноо түүхэн үндэслэлээс гадна гурван зорилт, учир шалтгаан бий гэж хэлж байсан. Энэ талаар сонирхсон бүх хүн уншсан, харсан биз. Мэдээжийн болсон тэр юмыг нь энд давтан ярих хэрэг байхгүй биз дээ.

-Хүмүүс тэр бүр санахгүй, эсвэл мартсан байж магадгүй. “Цэргийн тусгай ажиллагаа” гэдгийнх нь тэр гурван зорилт, учир шалтгааныг нь та дахин сануулахад илүүдэхгүй биз.

-Путины ярьснаар бол “цэргийн тусгай ажиллагааных нь” зорилт бол нэгдүгээрт, Украины “де-милитаризаци” буюу тус улсыг огт зэвсэгт хүчингүй болгох. Хоёрдугаарт, “де-нацификаци” буюу тус улсыг “нацист” гэгдэх удирдлагаас нь салгаж өгөх. Гуравдугаарт, өөрсдийгөө Донецк, Луганскийн Бүгд найрамдах улс гэж тунхагласан Украины хоёр мужийн иргэдийг аймаглан устгах аюулаас хамгаалах явдал гэж ярьсан. Ийм гурван зорилт дэвшүүлсэн. Гэхдээ эдгээрээ чухам ямар аргаар, яаж, ямар хугацаанд хэрэгжүүлэхээ тодорхой хэлээгүй. Явц дунд тавьсан эдгээр зорилтынх нь ээлж дараалал, ач холбогдол ч бас өөрчлөгдөөд байх шиг.

-Яаж өөрчлөгдөж байна гэж?

-Украинд хийх дайнаа 3-4 хоногт дуусгах бодол, төлөвлөгөө байсан бололтой. Тэр нь бүтэлгүйтэж, нөхцөл байдал өөрчлөгдөх хэрээр эдгээр зорилтын эхний хоёр нь яригдахаа бараг больж. Одоогийн байдлаар “цэргийн тусгай ажиллагаа” гэдэг нь дээр дурдсан хоёр муж, тэдгээртэй залгаа зарим нутагт л явагдах юм байна гэж ойлгогдсон. Өөрөөр хэлбэл, Украины нийт газар нутгийн хэмжээнд ажиллагаа явуулах эхний төлөвлөгөө нь бүтэлгүйтсэн учраас, Украины зүүн болон зүүн урд хэсэгт гол анхаарлаа хандуулж байгаа юм шиг.

-“Цэргийн тусгай ажиллагааг” 3-4 хоногт дуусгана гэж ОХУ мэдэгдсэн юм уу?

-Албан ёсоор тэгж мэдэгдээгүй. Гэхдээ тэр“тусгай ажиллагаа” гэдгээ хэдхэн хоногт дуусгана гэж ОХУ тооцож байсан аж. Үүнийг нотлох баримт цөөнгүй. Оросууд гол цохилтоо нийслэл Киев хот руу чиглүүлснээр дайны ажиллагаа эхэлсэн. Тэд давын өмнө Украины улс төрийн болон цэргийн удирдлагыг устгахыг оролдсон. Эхлээдхэдэн цаг зогсолтгүй бөмбөгдсөн. Дараа нь агаарын десантын хэд хэдэн анги буулгаж, төрийн байгууллагууд байрладаг хотын төв рүү довтолсон. Украины Ерөнхийлөгчийн ордон, Батлан хамгаалах яам зэрэг байгууллагын байрыг эзлэх оролдлого хийсэн. Гэвч украинчууд маш хүчтэй эсэргүүцэл үзүүлж. Зөвхөн цэргийн ангиуд биш, иргэдээс бүрдсэн “орон нутгаа хамгаалах” сайн дурын отрядууд олноор тулалдсан гэсэн. Ширүүн тулалдаан арваад хоног үргэлжилсэн. Гэлээ ч “блиц” дайн хийх оросуудын оролдлого бүтээгүй. Гэтэл гудамжны тулаанд алагдсан оросын цэрэг, офицеруудын аяны богц, ар талын албаных нь тээврийн хэрэгслээс парад ёслолын хувцас нь олдсон гэсэн.

-Дайнд орсон цэргүүд аяны богцондоо ёслолын формоо авч явсан хэрэг үү?

-Харин тийм. Сүр хүчиндээ итгэл дүүрэн, бардам байсных нь шинж. Барууны болон Украины телевизээр оросын цэргийн парад ёслолын тэр гоё хувцас, малгайг нь харуулаад байсан. Оросууд Киевийг эзэлж, засаг төрийг нь өөрчлөн, “де-нацификаци” гэдгээ гүйцээсний дараа баярын жагсаал тэндээ хийх бодолтой байж. ОХУ-ын удирдлага, Зэвсэгт хүчний Жанжин штаб нь байлдааны ажиллагааг цөөн хэдэн хоногт дуусгана гэж тооцож байсан нь үүнээс тодорхой. Дан ганц ОХУ ч биш, АНУ-ын Батлан хамгаалах яам ч тэгж үзээд, Ерөнхийлөгч Байденд “Украины зэвсэгт хүчин ОХУ-ын дайралтад 72-96 цагаас илүү тэсэхгүй” гэж илтгэсэн гэх. Энэ тухай CNN мэдээлээд байсан нь сонин санагдсан.

-Яагаад сонин гэж?

-АНУ-ын Зэвсэгт хүчний ерөнхий командлагчид Батлан хамгаалах яам нь танилцуулсан албаны илтгэлийг дэлхийгээр нэг нэвтрүүлгээ цацдаг CNN ил задгай мэдээлж байгаа нь анхаарал татсан. Энэ хорвоод нууц юм алга гэж бодогдохын зэрэгцээ зориуд нууц “алдсан” байдалтай мэдээлж байгаа ч юм шиг санагдсан. Дашрамд хэлэхэд, ОХУ-ын Зэвсэгт хүчин Украин улс руу их хүчээр довтлох гэж буй тухай АНУ-ын удирдлага Украины талд 2021 оны сүүлээс удаа дараа сануулж байсан юм билээ. Оросын агаарын десантын ангиуд Киев рүү нэвтрэн орж, Ерөнхийлөгчийн ордон руу хүчтэй довтолж эхэлсний дараахан Америкийн талаас ерөнхийлөгч Зеленскийд Украинаас яаралтай гарч дүрвэхэд нь тээврийн хэрэгслээр туслахад бэлэн гэж хэлүүлсэн байсан.

-АНУ яагаад тийм санал тавьсан юм бол?

-Украины ерөнхийлөгч Зеленский дайсанд олзлогдох, эсвэл алагдах аюул бодитой болж ирлээ гэж үзсэн учраас л тийм санал тавьсан байх. Украин улс албан ёсны дээд удирдлагагүй, зэвсэгт хүчин нь ерөнхий командлагчгүй болох аюултай нөхцөлд орохыг АНУ хүсээгүй биз. Тэр үед ерөнхийлөгч Зеленский АНУ-д ямар хариу өгснийг мэдэх үү.

-Ямар хариу өгсөн гэж?

-Хөөрхөн чимхсэн хариу өгсөн байсан. “Анхаарал тавьсанд баярлалаа. Гэхдээ эндээс зугтах такси надад хэрэггүй. Эндээ үлдээд байлдах зэвсэг хэрэгтэй” гэсэн гэдэг. Тэгээд зарчмын энэ шугамаа барин зүтгэсээр байгаад дайны галд өртсөн Киевээс улс орноо, зэвсэгт хүчнээ удирдан, орон орны парламентын хуралдаанд онлайнаар оролцон үг хэлсээр, олдсон бүх телевизэд ярилцлага өгсөөр дэлхий нийтээс бүх талын туслалцаа дэмжлэг авах нөхцөлийг тэрбээр бүрдүүлж чадав. Эхэндээ бол “энэ Украин ч дууслаа даа” гэсэн шиг олон улс гүрэн тун ч хойрго, хөшүүн байсан шүү. Одоо бол үе үе бөмбөгдөлтөд өртөж, дарийн утаа үнэртсээр байгаа Киевээс дэлхийн том том орны удирдлага салахаа болив. Улс төрийн оновчтой, шуурхай үйл ажиллагааны гайхамшгийг ерөнхийлөгч Зеленский, түүний баг харуулсаар байна. Түүний өмнөхийн өмнөх ерөнхийлөгч Янукович байдал хэцүүдмэгц эх орноосоо дүрвэн зугтсан байдаг. Ноднин Афганистаны ерөнхийлөгч ч бас ийм маягаар шившгээ тарьсан. Ерөнхийлөгч Зеленскийн идэвхтэй дайчин ийм байр суурь болон эх орныхоо төлөө боссон украинчуудын эр зориг Украин улсад, төрийн тэргүүнд нь хандах олон орны хандлагыг орвонгоор нь өөрчилж чадлаа. “Хошин шогийн жүжигчин” энэ тэр гэж мяалуулаад байсан нөхөр шүү дээ. Ард олноо араасаа дагуулж чадах лидершип буюу манайхаар бол манлайлал гэдэг нь энэ л дээ.

-Украин руу ОХУ довтлох гэж буй тухай АНУ-ын удирдлага Украины талд олон сануулж байсан гэж та түрүүнд хэллээ. Тэгэхлээр Украины тал дайнд бэлтгэлтэй байсан гэсэн үг үү?

-Мэдэхгүй. Цаагуураа бол бэлтгэлээ эрхбиш базааж байсан биз. Наанаа бол бардам туулай шиг л авирлаж байгаа харагдсан. “Амиа хорлох гээгүй л юм бол оросууд манайд бүрэн хэмжээний дайн өдөөхгүй. АНУ хий худлаа түгшүүртэй мэдээ түгээж манай иргэдийг айлгаж, хөрөнгө оруулагч нарыг үргээлээ” гэх уцаартай мэдэгдэл хийгээд байсан. АНУ-ын зүгээс “ОХУ бол арми, зэвсэгт хүчнийхээ хэмжээ, хүч чадлаараа дэлхийд дээгүүр орно. Ийм том хүчээр довтлоход Украин улс удаан сөрж чадахгүй” гэсэн санаагаа илэрхийлээд л байсан. Одоо бодох нь, тэр нь цаанаа нарийн учиртай байсан байж ч мэднэ. Үнэхээр тэгж тооцож байсан юм уу, эсвэл ингэж тооцож байгаа юм шиг царайлж байгаад оросуудын өөртөө итгэх итгэлийг нь улам дэвэргэж, хөөргөж байгаад урхинд гарцаагүй оруулахыг бодсон уу, бүү мэд. Том гүрнүүдийн бодлого явуурга тун эвгүй, тун нарийн шүү дээ.

-Гэхдээ АНУ хичнээн хөөргөлөө ч, ОХУ өөрийн хүч чадавх, Украины талын боломж бололцоог урьдчилж сайн тооцсон баймаар юм. 3-4 хоногт дуусах ёстой байсан дайн яагаад ингэж сунжраад, хэзээ дуусах нь тодорхойгүй болчихов оо. Та ОХУ-ын ерөнхийлөгч Путиныг сайн мэдэх ёстой хүний нэг. Тэр алдаа гаргав уу, яав?

-Путинтэй би хэд хэдэн удаа уулзаж, хоёр орны харилцааны талаар л гол төлөв ярилцаж байсан. Түүнийг би сайн мэднэ гэж юу байх вэ. Путин бол ОХУ гэх том гүрний төрийн жолоог хорь гаруй жил атгаж яваа хашир туршлагатай, дэлхийн хэмжээний улстөрч мөн. Асуудалд, тэгэх тусмаа дайн байлдааны асуудалд нарийн тооцоо судалгаатай хандсан болов уу гэж хэн ч бодно. Гэтэл бүх юм нь эхнээсээ нэг л биш байгаа харагдсан. Холбогдох албадууд нь түүнд бодит бус мэдээлэл өгөөд байсан уу, тэр өөрөө буруу дүгнэлт хийсэн үү, бүү мэд. Жишээ нь, эхлүүлсэн дайнаа хурдан дуусгана гэж итгэхдээ тэрбээр Украины ард иргэд “нацист” удирдлагаа үл тэвчин үзэн ядаж байгаа гэж итгэсэн байсан бололтой. Оросын цэрэг ороод ирэхэд украинчууд тэднийг цэцгийн баглаа барьсаар угтах юм гэж бодож байж. Гэтэл украинчууд цэцгийн баглаа биш, багсайсан буу зэвсэг барин өөдөөс нь босч. ОХУ-ын агаарын десант Киевт ороод ирэхийн өмнөхөн ерөнхийлөгч Зеленскийн шийдвэрээр тус хотын иргэдэд буу сум тавьж өгч. Нийтдээ 40 мянга гаруй автомат буу, сум иргэддээ задгай тараасан гэх. Армийн дөрвөн дивиз зэвсэглэхэд хангалттай эд юм шүү дээ. Хэрэв Украины ард иргэд “нацист” удирдлагаа үнэхээр үзэн ядаж, салахын түүс болсон байсан бол тэд олж авсан зэвсгээ хэн рүү чиглүүлэх нь тодорхой. Оросууд нөхцөл байдлаа нягталж судлаагүйн наад захын жишээ энэ. Ерөөс Украин руу цэргийн хүчээр орж, бүрэн хэмжээний дайн хийх шийдвэр гаргасан нь Путины хувьд хамгийн том алдаа нь боллоо гэж надад санагдсан. Магадгүй өөрийнхөө хувь заяаг болон Орос улсын ирээдүйг сөрөг тийш шийдвэрлэх, эргээд засах аргагүй асар том алдаа болж дээ гэж бодсон.

-Айхавтар үг байна. Өөрийнхөө хувь заяаг болон Орос улсын ирээдүйг сөрөг тийш шийдвэрлэх, эргээд засах аргагүй асар том алдаа болсон гэж та дүгнэж байгаа юм байна. Яагаад тэгж дүгнэж байна вэ?

-Ярих амархан, шийдвэр гаргах хэцүү. Төрийн шийдвэр гаргаж явсан, одоо ийм шийдвэр гаргаж яваа хүмүүс үүнийг мэднэ. Ажил хийж байхад алдаа гарна, оноо орно. Гэхдээ алдаа олон янз. Засч болдог алдаа байхад, засах аргагүй алдаа гэж бас байна. Тэр л хэцүү. Хүний амь нас хохирсон байхад л нөхцөл байдлыг засах, өөрчлөх аргагүй болдог. Би өрөөл бусдын тухай ярьж дүгнээд, ийм тийм гэхээсээ өмнө өөр дээрээ жишээ авъя. Манайд 2008 оны долдугаар сарын нэгэн гэх хар өдөр тохиосон. Би тэр үед Ерөнхий сайд байв. Олныг хамарсан үймээн самууныг зохицуулах, гэхдээ “Ямар ч байлаа галт зэвсэг л хэрэглэж болохгүй шүү” гэж хууль хүчнийхэнд байн байн анхааруулж, сэрэмжилж байсан. Гэвч таван хүний амь хохирсон. Тухайн үед би хуулийн хүрээнд шийдвэр гаргаж, өөрөөс хамаарах бүхнээ хийж байна гэж бодсон ч, хүний амь хохирохоос сэргийлж чадаагүй. Гүйцэтгэх засгийн аль нэг шатанд нь алдаа гарсан гэсэн үг. Эргээд засахын аргагүй алдаа. Тэр үед гүйцэтгэх засгийн тэргүүн нь би байсан учраас тэр алдааг надад хамаагүй гэж би үзээгүй. Одоо ч хэвээр.

-Таны хувьд бол хүнд хэцүү үе байсан байх. Сая хэлсэн таны үг содон сонсогдлоо. Бүх бурууг бусдад тохолгүй, өөрөөсөө хайсан хэвээр байгаа тань харин ч эерэг сонсогдож байна. Гэхдээ тэр үед гарч байсан шийдвэрийг ганц Ерөнхий сайд биш, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газар хэлэлцэж байгаад гаргадаг байсан биз дээ…

-Тийм нь тийм. Харин эдгээр байгууллагуудын гаргасан шийдвэрийг биелүүлэх үүрэг бол Засгийн газрын хариуцах ажил мөн. Гэхдээ энэ сэдвийг одоо орхиё. Гэнэт санаанд бууж, хаа хөндлөнгөөс энэ сэдэв ороод ирлээ. Би бичиж байгаа номондоо долдугаар сарын 1-ний тухай илэн далангуй, факт баримттай бичсэн байгаа. Ном гарсны дараа энэ сэдвээр дэлгэрэнгүй, тэнд байгаа баримт түшин ярилцаж болох юм.

-Тэгье. Эргээд үндсэн сэдэвтээ оръё. Украин руу цэргийн хүчээр орж, бүрэн хэмжээний дайн хийх шийдвэр гаргасан нь Путины хамгийн том алдаа болсон гэж та ярьж байсан…

-Долдугаар сарын 1-ний тэр асуудал бол дотоодод үүссэн гэнэтийн үймээнийг зохицуулах явцад санаандгүй гарсан байж болзошгүй алдаа. Харин Украин руу цэргийн хүчээр орж, гадаад улс орны нутаг дэвсгэр дээр дайн эхлүүлэх нь Путины гаргасан албан ёсны шийдвэр нь. Бодож, судалж, тооцож байгаад санаатай гаргасан шийдвэр. Энэ шийдвэрээс үүдсэн үр дүн, гарз хохирол бол аймшигтай. Украинд дайн эхлээд хоёр сар хагас болоход хоёр талаас цэрэг, энгийн нийлээд дор хаяж 40 мянга гаруй хүний амь хохирсон гэж НҮБ мэдээлсэн. Хичнээн хүн эрүүл мэндээрээ хохирч, эрэмдэг зэрэмдэг болсныг одоохондоо хэлж мэдэхгүй гэсэн. Энэ их үхэл хагацал, эрэмдэг зэрэмдэг болсон бие махбод, энэ том хохирол, эдгээрт хүргэсэн алдаатай тэр шийдвэрийг одоо засах аргагүй. Дайнаа даруй зогсоож, дахин нэмж хүний амь, эрүүл мэндээр тоглохгүй байж асар их нүгэл хилэнцээ бага ч атугай нимгэлэх цорын ганц гарц л үлдсэн байх. Гэхдээ асуудал энүүгээр дуусахгүй. Яагаад алдаа гаргав гэсэн асуулт байнга дагалдан босч ирэх болно. Дайн эхлүүлэх Путины шийдвэр нь алдаа байсан бол тэр шийдвэрээ гаргахдаа түүний бодсон бодол, хийсэн тооцоо нь алдаатай байсан байж таарах гээд байна. Нэгэнт л алдааны тухай бодож эргэцүүлж байгаа бол түүнд хүргэсэн зорилт, тооцоо нь ямар байв гэдгийг заавал бодох ёстой болж байгаа юм.

-Яг ямар тооцоо нь алдаатай болсон гэж та үзэж байгаа вэ?

-Үүний бүрэн дүүрэн хариултыг Путин өөрөө одоо л мэдэж эхэлж байгаа байх. Түүний бодсон бодлыг нь өөр хэн ч мэдэхгүй, хийсэн тооцоог нь өөр хэн ч үзээгүй. Тиймээс гаргасан тэр шийдвэрийнх нь ил гарсан үр дүнгээр нь өнгөц дүгнэх гэж оролдох л боломжтой. Украинтай холбогдуулан Путин том жижиг олон зорилт дэвшүүлсэн юм билээ. Тэр зорилт нь юу байв, хүрсэн үр дүн нь юу юм гэдгийг харьцуулж үзэхэд алдаа, онооны багцаа дэнс нь харагдана. 1994 онд Украины цөмийн зэвсгийг хурааж, ОХУ-ын мэдэлд шилжүүлэх болсон. Тэр үед тус улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлын баталгаанд ОХУ, АНУ, Англи, Франц гэх том гүрнүүд бүгд гарын үсгээ зурсан. Үүнээс 20 жилийн дараа хамт гаргасан энэ баталгаагаа ОХУ улайм цайм зөрчиж Крым, Донбасс зэрэг нутгийг өөртөө нэгтэнэ гэж зүтгэсэн. Одоо бүр цаашлаад Украин гэх улс үндэстнийг юу ч биш болгон, ОХУ-ын бүрэн нөлөөнд оруулна, уусгаж нэгтгэнэ гэж Путин бодсон, зүтгэсэн юм шиг харагддаг. Гэтэл түүний энэ бодол, зүтгэлийн үр дүн одоо яг эсрэгээрээ гарч байна. Путин Украиныг хуваан задалсны эцэст захирч чадна гэж тооцсон. Гэтэл дотроо зөрчил маргаантай, баруун зүүн, урд хойд гэдгээрээ хуваагдсан байсан Украин улс ОХУ-ын түрэмгийллийг хамтран сөрснийхөө хүчинд маш эрчимтэй нэгдэн нягтарч байна. Путин Украиныг АНУ, Европын Холбоо, дэлхийн ардчилсан улс гүрнүүдийн нөлөөллөөс холдуулна гэж зүтгэсэн. Гэтэл Украин улс одоо дэлхийн анхаарлын төвд орж, олон улс гүрнүүдтэй маш ойр дотно болж, тэдний бүх талын бүрэн дэмжлэг авч байна. Украин улсыг ОХУ-д уусган нэгтгэх тухай бодоод ч хэрэггүй болсон. Украинчууд өөрсдийг нь ингэж түрэмгийлсэн оросуудыг одоо үзэхгүй. ОХУ-тай сайнаар ч, муугаар ч нэгдэх ямар ч үндэсгүй болсон байна. Энэ дайн дууссаны дараа Украин улс бие даасан, хараат бус хөгжил дэвшлийн замд эргэлт буцалтгүй оров гэх ийм төлөв харагдаж байна.

-Тийм гэж үү. Украин улс дайны хөлд нэрвэгдээд бүр баларч байгаа юм биш үү?

-Энэ дайн хэр удаан үргэлжлэх, өөр ямар сүйрэл Украинд учрахыг өнөөдөр хэлэх аргагүй. Гэхдээ дайн эхэлсэн нь үнэн бол, эрт орой дуусах нь бас үнэн. Хуучин ЗХУ гэж байхад Украин нь шинжлэх ухаан, техникийн чадавх, өндөр мэргэжилтэй боловсон хүчний нөөцөөрөө тэргүүлж байсан. Энэ улсад дутаж байсан нь эв нэгдэл, эд хөрөнгө, сайн засаглал гурав гэж украинчууд өөрсдөө ярьдаг байв. Дайн дууссаны дараа нягтарч чангарсан Украин нь Европын хамтын нийгэмлэг, европын соёл иргэншлийн салшгүй нэг хэсэг нь болохдоо болно. “Украиныг ялалтад хүргэж, хөгжил дэвшлийн замд гаргах нь бидний хамтын зорилт, нэр төрийн хэрэг мөн” гэж Европын Холбоо, АНУ, Их Британи зэрэг улс албан ёсоор сая амлав. Дэлхийн хамгийн хүчирхэг, хөгжил дэвшлээрээ тэргүүлдэг эдийн засгууд шүү дээ. Шинэ мэдээ гэхэд, АНУ-аас Украинд 33 тэрбум ам.долларын цэрэг, эдийн засаг, хүмүүнлэгийн ленд-лийз тусламж үзүүлэх хуулинд АНУ-ын ерөнхийлөгч Байден хэдхэн хоногийн өмнө гарын үсэг зурлаа.

-Та Путины хийсэн алдааны тухай ярьж байснаа Украины гэрэлт сайхан ирээдүйн тухай сэдэв рүү орчихлоо. Путин өөр ямар алдаа гаргасан гэж бодож байна?

-Мэдэхгүй. Миний яриад байгаа юм нь түүний алдаа мөн ч юм уу, биш ч юм уу, хэн мэдлээ. Өөрөө алдааны асар том уурхай болсоор ирсэн өчүүхэн би бээр өөрөө алдаж дүгнээд байгаа ч юм билүү, бас хэн мэдлээ (инээв). Хөрш айлын төрийн тэргүүн, хоёр орны харилцааны сэдэв бол инээж маазраад байх сэдэв биш. Орос улс бол манайхтай хил залгаа, нүүгээд явчихын аргагүй мөнхийн хоёрхон хөршийн маань нэг нь. Энэ улстай бид эрт дээр үеийн ч, шинэ цагийн ч үүх түүхээрээ нягт холбоотой. Монгол Улсын тусгаар тогтнолыг олон улсын хэмжээнд нотлон баталгаажуулах үйлсэд манай хойд хөршийн шийдвэрлэх оролцоо их байсан. Биднийг холбох эдийн засаг, эрүүл мэнд, шинжлэх ухаан боловсрол, хөдөө аж ахуй гээд өөр олон салбар чиглэл ч арвин байлаа. Орос улс сайн сайхан явбал бидэнд ч бас ашиг тустай. Алдаа гаргаад, аж байдал нь муудаад ирвэл бидэнд ч бас муугаар тусна. Тийм ч учраас олоход нь баярлах, алдахад нь сэтгэл зовох нь муугийн ёс биш, Монголын ёс гэж бодож байна. Путинтэй би хэд хэд уулзаж байсан тухай дээр хэлсэн. Эелдэг зөөлөн харилцаатай, энгийн яриатай, ой санамж тун сайтай хүн санагдсан. Үндсэн мэргэжлийнх нь зарим онцлог ч бас ажиглагддаг байсан. Путин бол ховор мэдрэмжтэй улстөрч. Тэрбээр элдэв сиймхийг андахгүй, харилцагч улсынхаа сул тал, дотоод гадаад зөрчлийг нь сайн мэдэрдэг, түүн дээр нь үр дүнтэй хагалж тоглож чаддаг гэдгээ харуулсаар ирсэн. Тактикийн чанартай тоглолтондоо сайн, харин стратегийн том зорилтоо орхигдуулдаг хүн юм болов уу гэж бас санагдсан. Жишээ нь, Трамп засаглаж байх үед тэрбээр АНУ, Европын Холбооны хооронд болон НАТО-гийн дотоод зөрчлийг нь асаан дэвэргэж чадсан. Түүний тооцсоноор бол, Украинд дэгдээсэн дайн нь энэ зөрчлийг улам гүнзгийрүүлнэ. ОХУ-аас авдаг шатдаг хий, газрын тосны хэрэгцээндээ хүлэгдсэн Европын олон орон Оростой муудахыг хүсэхгүй, АНУ-тай бол ам мурийна. Путин ингэж тооцоолон тоглож эхэлсэн байдаг. Нэг хэсэг тактикийн тэр тоглолт нь амжилттай өрнөсөн. Гэвч урт хугацааны стратегийн тооцооны хувьд энэ нь нурж эхэллээ. Дэлхийн томчууп, улс гүрний дарга, тэргүүнүүдийн хоорондын тохироо, “ханцуйн доторх” наймааны хүчин зүйлд Путин хэтэрхий найдаад, тухайн улсын ард иргэд, олон түмний хүсэл зоригийг үл ойшоосон. Түүний авторитар арга барил, зан төлөв нь үүнд их нөлөөлсөн байх. АНУ, Баруун Европын орнууд бол ардчилсан дэглэмтэй улс гүрнүүд. ОХУ өдүүлсэн түрэмгий дайныг эсэргүүцсэн эдгээр улс орны иргэд, сонгогч нарын хүсэл зоригийг эрх баригчид нь дагаж таарна. Путинтэй хичнээн ч хувийн сайн харилцаатай байлаа, олон уулздаг, ойлголцдог болсон байлаа хамаагүй. Ардчилсан орны удирдлага иргэд сонгочдоо л давын өмнө бодно, Тэднийгээ дагаж таарна. Ардчиллын далд хүч гэдэгнь энэ. Ингээд АНУ, Европын Холбооны хооронд болон НАТО-гийн дотоод зөрчил нь гүнзгийрэх биш, харин ч арилж, тэд нэгдэн нягтрах талдаа гарав.Дахиад л Путины хүсэн хүлээснээс огт эсрэг үр дүн гарч ирэв. Гэхдээ энэ бол ихэнхдээ тактикийн чанартай асуудлууд. Түүний хамгийн том, стратегийн чанартай алдаа нь юу гээч.

-Юу гэж?

-ОХУ-ын одоогийн нэн хүнд байдал, эдийн засгийн хоцрогдол доройтол нь. ОХУ бол байгалийн шавхагдашгүй их нөөцтэй, шинжлэх ухаан техникийн асар их потенциалтай улс. Дэлхийд нөлөөтэй том гүрэн. Амжилттай хөгжвөл ДНБ-ний хэмжээ далайц зэргээрээ дэлхийд эхний арав, магадгүй айргийн тавд өлхөн багтах бүрэн боломжтой улс. Гэтэл Путин эдийн засгийн хөгжил гэхээсээ цэргийн хүч, шинэ зэвсэглэл зэргээрээ дэлхийд тэргүүлэх бодлого баримталсан. Түүндээ найдаад түрэмгий бодлого, үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Түүнээсээ болж одоо эдийн засаг, банк санхүү, техник технологийн ар араасаа цуварсан олон улсын хориг арга хэмжээнд орчихоод байж байна. Оросын эдийн засаг дэлхийн том тээрэмд нугаслуулж эхэлж байна. Цаашдаа бүр ч хэцүү болох,ОХУ дэлхийд улам бүр ганцаардан зожигрох шинжтэй болж ирлээ. Энэ нь хөрш зэргэлдээ бидэнд ч гэлээ хүндээр тусч эхэлж байгаа нь өдөр ахих тусам улам мэдрэгдсээр.

-ОХУ, Украины дайн удаан үргэлжилбэл манай улсад ямар сөрөг нөлөөтэй вэ?

-Мууг зөгнөж байгаа юм биш, тэр тухай дэлгэрүүлж яримааргүй байна. Дайн хурдан дуусч, бидний, манай байдал сайжраасай л гэж хүсч байна.

-ОХУ дэлхийд улам бүр ганцаардан зожигрох шинжтэй болж ирэв гэж та хэллээ. Гэтэл түүний ойрын түнш Хятад, Энэтхэг гэх дэлхийн том гүрэн, хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан Дундад Азийн холбоотон хамсаатан гээд олон байгаа юм биш үү?

-Тийм биш. НҮБ-д хийсэн санал хураалтыг санаж байгаа биз дээ. “ОХУ-аас Украинд үйлдсэн түрэмгийллийг буруушаах тухай” тогтоол батлах санал хураалтад НҮБ-ын гишүүн 191 орон оролцсоноос 141 нь дэмжсэн, 35 нь түдгэлзсэн, тав нь (ОХУ өөрөө оролцоод) татгалзсан санал өгсөн байсан. Есөн улс ямар нэгэн санал өгөлгүй хурлын танхимаа ил, далд орхин гарсан бололтой. ОХУ-ыг дэмжиж, тогтоолыг эсэргүүцсэн тэр дөрөв нь мөнгө санхүү, аюулгүй байдлын асуудлаараа ОХУ-аас хараат болсон, эсвэл албан тушаалдаа үлдэх сонирхол бүхий удирдлагатай, үгүй бол суурь үзэл нь нэг Беларусь, Сири, Хойд Солонгос, Эритрей гэх дөрвөн улс юм. Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан Дундад Ази, Кавказ, Каспийн далай хавийн улс гүрнүүд ч гэлээ ОХУ-аас бүгд зайгаа барьсан байдалтай болж. Казахстан, Узбекистан, Азербайжан зэрэг улсууд нь ОХУ-ын өдөөсөн дайныг эсэргүүцэж, Украины тусгаар тогтнол, газар нутгийнх нь бүрэн бүтэн байдлыг өмөөрсөн мэдэгдэл гаргасан байдаг. Эдгээр улсаас гадна нөгөө ШОС (Шанхайн хамтын ажиллагааны байгууллага), ОДКБ (Хамтын аюулгүй байдлын байгууллага), ЕВРАЗЭС (Евразийн эдийн засгийн хамтын ажиллагаа) зэрэг нь байгууллагууд бүгд нам гүм. Эдгээр улс, олон улсын дээрх байгууллагууд бүгд ОХУ-ын явуулж байгаа түрэмгий бодлого, үйл ажиллагаанаас аль болох зай барихыг хичээж буй нь илт. Эдгээр улс орон, олон улсын байгууллагууд яагаад ингэж байгаа нь ч ойлгомжтой. Дэлхийд өдгөө ноёрхож байгаа гол үзэл суртал бол прагматизм буюу энгийн үгээр илэрхийлбэл “хувиа бодож, довоо шарлуулах” үзэл юм. Хятад, Энэтхэг зэрэг гүрнүүд бол энэ л чиглэл баримталж байна. ОХУ-тай тэд ойр дотно харилцаатай хэдий ч, холбоотон хамсаатан нь биш гэдгээ байнга илэрхийлсээр. Жишээ нь, АНУ, Европын Холбооны орнуудаас ОХУ-ны эсрэг авсан хориг арга хэмжээ зэргийг тэд буруушааж шүүмжилнэ, хатуу үг заримдаа хэрэглэнэ. Гэхдээ энэ шүүмжлэл нь “уруулын үйлчилгээ үзүүлэх” төдий хэмжээнд л явна. Харин ч өөрсдөө хориг арга хэмжээнд дам, хам байдлаар өртөхгүйн тулд тэд ОХУ-д ажиллаж байсан үндэсний том жижиг компаниудаа татаж, банк санхүүгийн болон бусад үйл ажиллагаагаа зад хумьж буй тухай мэдээ өдөр бүр гарсаар л байна. Өөр нэгэн жишээ. ОХУ-БНХАУ-ын худалдааны эргэлт нь 100 тэрбум ам.доллар гаруйхан. Гэтэл АНУ-БНХАУ, Европын Холбоо-БНХАУ хоорондын худалдааны эргэлт нь бараг хоёр их наяд ам.доллар буюу хорь дахин их. Бүх юмны суурь нь болсон худалдаа, эдийн засгийн харьцаа, харилцаа ийм байхад прагматизмыг баримталсан тэднийг буруутгах аргагүй. Оросын телевизээр “Дэлхий бүхлээрээ бидний эсрэг тэмцэж байна” гэж ярьж, гомдоллодог болсон байна. Тийм бол, түрэмгий дайныг эсэргүүцсэн дэлхий бүхлээрээ буруу, тийм дайн өдөөсөн Орос улс ганцаараа зөв болж байна уу гэж Оросын телевизийн тэр хөтлөгчөөс асуумаар санагдсан. “Хороо цэрэг буруу алхаад, би ганцаараа зөв алхаад” гэдэг онигоо шиг сонсогдсон.

-ОХУ, Украины асуудал дээр манай улсын барьж байгаа бодлого, байр суурь хэр зэрэг зөв явна вэ?

-Ярианыхаа эхэнд би хэлсэн. Ёрын энэ дайны талцал дагасан гай манай улсыг тойрохгүй, дайрах шинжтэй болж ирлээ гэж. Өнөөг хүртэл энэ асуудлаар манай төр засгийн баримталж ирсэн байр суурийг би зөв гэж үзэж байгаа. Өөрөөр бид яах юм. НҮБ-ын санал хураалтаар түдгэлзсэн байр суурьтай 35 орны тоонд бид багтсан. Том, дунд, жижиг эдгээр 35 улсад түдгэлзэх нийтлэг болон өөр өөрийн онцлогтой учир шалтгаан олон бий. Тэрнийг нь тоочимгүй. Бид цаашдаа ч энэ байр сууриндаа хэвээр байх нь зөв биз. Харин дотооддоо бол иргэний нийгмийн байгууллагууд, жирийн иргэд байр сууриа чөлөөтэй илэрхийлэх боломжийг нь чөлөөтэй олгох ёстой. Монгол Улс бол ардчилсан улс. Төр засгийн байр суурь, иргэдийн үзэл бодолтой яв цав тохирч байх албагүй. Тохирохгүй, зөрж байх нь харин ч маневрийн боломжийг маань нэмж байна гэсэн үг. Энэ бол ардчилал. Ардчилал бол манай тусгаар тогтнолын өөр нэг том баталгаа нь мөн. Мэдээжийн юм шиг үнэмлэхүй энэ үнэнийг бид хаа хаанаа дахин ухаарах ёстой болж байх шиг.

-Манай тусгаар тогтнолын баталгаа нь ардчилал мөн гэж та хэллээ. Тэгэхлээр ардчилалыг иргэд нь ч, төр засаг нь ч баталгаажуулах арга хэмжээ үргэлж авч байх ёстой биз дээ. Гэтэл манай цагдаагийн байгууллага иргэдийн зарим жагсаалыг хориод, зарим жагсаалыг дэмжээд байгаа юм шиг байдлыг та юу гэж үзэж байна вэ?

-Тийм хандлага надад ч бас ажиглагдсан. Тэр бол маш буруу хандлага. Иргэдийнхээ аль нэг байр суурийг төр засгийн аль нэг байгууллага, эсвэл төрийн томилгоотой олон нийтийн гэгдэх мэдээллийн хэрэгсэл нь цаагуураа өөгшүүлэн дэмжээд, эсвэл жадлан эсэргүүцээд байгаа юм шиг аашилж хэрхэвч болохгүй. Ийм хандлагыг хазаарлах ёстой. Манай гадаад, дотоод бодлогын уялдаа гэж байх ёстой. Гадагшаа нэг зүйл мэдэгдээд, дотроо огт эсрэг зүйл хийгээд байвал бид хол ахихгүй. Орос, Украины дайны асуудал дээр хоёр нүүр гаргавал энэ нь араасаа том эрсдэл, аюул дагуулж мэднэ. Өдгөө сайн муу мэдээ дотогшоо болон гадагшаа маш амархан, түргэн шуурхай түгдэг болсон. Гадна талд сөргөлдөн дайтаж байгаа аль нэг тал нь бидэнд хатуурхах, эсвэл элдэв хоригт шууд болон дам байдлаар хамааруулах нөхцөлд шахагдан орохоос аль болох зайлсхийх ёстой. Энэ асуудлаар ҮАБЗ, Засгийн газар тусгайлан авч хэлэлцээд зөвлөмж, шийдвэр гаргах шаардлагатай цаг үе ирсэн байж ч мэднэ. Төр засгаас нарийн тохиргоо, зохицуулалт хийх хэрэгтэй болж байна. Иргэдээс бол эх орноо гэсэн язгуурын эв нэгдлээ улам зангидан хүчитгэх хэрэгтэй болж байна.

-Манайд ийм эв нэгдэл үгүй байх шиг надад санагддаг. Бид хамрагддаг намаараа, төрсөн нутгаараа талцаж амьдардаг болсон. Одоо байтлаа “Оросын төлөө, Оросын эсрэг” гэдгээрээ хуваагдаж талцдаг, хэрэлддэг боллоо?

-Эв нэгдэл бидэнд ус агаар шиг хэрэгтэй. Эв нэгдэлгүй улс үндэстэн удаан оршин тогтнохгүй. Гэхдээ хүчээр, албадлагаар эв нэгдэл бий болохгүй. Тэгээд ч ардчилсан улсын иргэд өөр өөр үзэл бодол, байр суурьтай байх нь хэвийн үзэгдэл. Тийм хэдий ч хамгийн эрхэм үнэт зүйл болсон тусгаар тогтнол дээрээ бид эв нэгдлээ хангах үүрэгтэй. Энэ бол төрийн ч үүрэг, иргэний ч үүрэг. Орос, Украины дайны сургаар “Оросын төлөө, Оросын эсрэг” гэж утга учиргүй талцаж байгаа маань шившиг. Эх орноос илүү, өөрийн улсаас илүү ойр улс гэж юу байдаг юм. Монголчууд бид хэн нэгний төлөө биш, Монгол Улсынхаа төлөө, тусгаар тогтнолынхоо төлөө байх ёстой. Зангидсан гар шиг хатуу чанга, бат бөх эв нэгдэлтэй байх ёстой. Энэ эв нэгдэл өөр юун дээр ч биш, монгол хүний сэтгэл, ухамсар хоёр дээр л оршин тогтноно. Гэтэл сэтгэл, ухамсар хоёрыг тэтгэдэг нь хүний тархинд зогсоо зайгүй урсан орж буй мэдээлэл юм. Мэдээллийн эрин сайхан ч, сайныг дагаад саар юм их орж ирж байна. Гаднаас саадгүй орж ирж буй хулхи мэдээ, тэрнийг нь дотооддоо зориудаар түгээж монголчуудынхаа тархийг угаах явдал аюул гамшгийн хэмжээнд хүрэх нь байна шүү. Тэнцвэртэй, үнэн бодит мэдээллээр иргэдээ хангахад төр засаг, иргэний нийгэм онцгой анхаарч, оногдсон үүргээ гүйцэтгэх ёстой. Тэр цаг болсон байна.

-Ярилцлагынхаа төгсгөлд танаас нэг асуулт асууя. Дэлхийн геополитик хаашаа эргэж байна вэ. ОХУ, Украины дайны дараа дэлхийн улс төр, эдийн засгийн асуудал хэрхэн өөрчлөгдөнө гэж та харж байна?

-Украинд болж байгаа дайн ойрын хугацаанд дуусах төлөв шинж алга байна. Цаашаа даамжирч өргөжөөд олон орныг хамарсан, цөмийн зэвсэг хэрэглэсэн Дэлхийн гуравдугаар дайн битгий болчихоосой л гэж залбирч суухаас. Тиймээс ОХУ-аас Украинд хийж буй дайны дараа дэлхийн байдал яаж өөрчлөгдөхийг барим тавим одоо хэн ч хэлж мэдэхгүй. Өргөн утгаар нь авч үзэх юм бол энэ дайн Орос, Украин гэх хоёр улсын хооронд болоод байгаа юм биш. Энэ бол үнэндээ дэлхийн дэг журмын өчигдөр, маргааш хоёр халз тулж байгаа юм. Өнгөрсөн, ирээдүй хоёр дайтаж байгаа юм. Бүхнийг хүчээр шийддэг, том нь жижгээ дээрэлхэж ирсэн өчигдөр. Бүхнийг хуулийн дагуу шийддэг, том жижиг гэлтгүй бүгд ижил тэгш эрхтэй байх гэсэн маргааш. Энэ хоёр эсрэг тэсрэг зарчим, хандлага Украины газар нутаг дээр тулж байна. Аль зарчим, аль хандлага нь ялан дийлээсэй гэж чи бодож байна даа…

-Мэдээж бүхнийг хуулийн дагуу шийддэг, том жижиг гэлтгүй бүгд ижил тэгш эрхтэй байх гэсэн маргааш нь.

Ярилцсан таньд баярлалаа.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Төрийн өндөр албан тушаалтнууд хэвлэлийн эсрэг заргалдахыг хуулиар хориглоё DNN.mn

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр 1993 оноос жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэдэг. Энэ өдрийг угтан олон улсын Хил хязгааргүй сэтгүүлчдийн байгууллага улс орнуудад Хэвлэлийн эрх чөлөө ямар хэмжээнд байгаа талаарх судалгааг гаргадаг. Манай улсын хувьд 2021 онд хэвлэлийн эрх чөлөөгөөр 180 орноос 68 дугаар байрт бичигдэж, 2020 оны үзүүлэлттэй харьцуулахад таван байраар дээшилж байв. Харин энэ жил тус индексээр 22 байр ухарч, 90 дүгээр байрт жагсав. Тэгвэл хөрш хоёр их гүрний хувьд хэвлэлийн эрх чөлөөний индексээр 180 улсын сүүл мушгидаг байна. Тодруулбал, БНХАУ 177, ОХУ 150 дугаар байрт бичигдсэн байна. Монгол Улс 90 дүгээр байрт жагсаж 22 байр ухарсан нь дайн самуун, зэвсэгт мөргөлдөөнтэй улс орнуудтай эн зэрэгцэж ирлээ хэмээн судлаачид хэлж байна.

Монгол Улс яагаад хэвлэлийн эрх чөлөөгөөр 22 байраар ухрав гэдэг олон хүний анхаарлыг татаж байна. Угтаа монголчууд өөрсдийгөө тунчиг хэвлэлийн эрх чөлөөтэй орон гэж бодож явдаг. Чөлөөт зах зээлийн жамаар замнаж, ардчилал, хүний эрхийг дээдэлсэн манай улсын хувьд хэвлэлийн эрх чөлөө гэдэг ус агаар шиг хэрэгтэй. Өнөөдөр манай улсад 500 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэлд 4750 гаруй хүн ажиллаж буй талаар Хэвлэлийн хүрээлэнгийн судалгаанд дурджээ. Үүнээс харахад мэдээллийн хэрэгсэл өсөхийн хэрээр иргэд хяналтгүй мэдээллийн далайд “живж” байна гэсэн үг. Хүн харахад хэвлэлийн эрх чөлөө нь хэтэрсэн үү гэхээс буурах ёсгүй дээ гэж бодохоор. Гэвч бид хэвлэлийн эрх чөлөөгөө улам алдсаар л байна. Төр засаг, эрх мэдэлтнүүд хэвлэл мэдээллийг дураараа залж тэднийг шүүмжилдэг, хэвлэл мэдээлэл бүр цагдаа шүүхийн өмнө очдог болоод удсан нь ийнхүү 22 байр ухрахад хүрсэн голлох шалтгаан болов уу.

Чөлөөт хэвлэл хөгжихийн тулд яах ёстой вэ. Эхлээд эрх чөлөөг нь өгөх ёстой. Үүнд төрийн өндөр албан тушаалтнууд хэвлэлийн эсрэг гомдол гаргаж заргалдахыг нь хуулиар хориглох хэрэгтэй. Тэднийг ард түмний нүдэнд ил тод байж улс орноо удирдах гэж сайн дураараа гарч ирсэн хүмүүс гэж үзэх нь зөв. УИХ ын гишүүд, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, сайд нар, төрийн мэдлийн компаниудын захирлууд хэвлэл мэдээллийн эсрэг шүүхэд гомдол гаргах эрхгүй болгох хэрэгтэй байна.

Тэгвэл манайд ямар байна. Хавтгайдаа л хэвлэл мэдээлэлд гомдсон төрийн албан хаагчид байх боллоо. УИХ-ын гишүүн, яам агентлагийн дарга, прокурорын байгууллага, тэр бүү хэл улсын дээд шүүхийн шүүгч хэвлэл мэдээллийн байгууллагын эсрэг гомдол гаргаж байгаа. Энэ бол ардчилсан улсад байж болохгүй хандлага. 1146 шүүхийн шийдвэрт судалгаа хийхэд 40 гаруй хувь нь хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчийн эсрэг төрийн өндөр албан тушаалтнууд гомдол гаргасан хэмээн судлаачид хэлж байна. Хэвлэл мэдээллийн амыг барих, өөрсдөдөө нийцүүлэх зорилготой байгаа нь эндээс харагдаж байгаа биз.

Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагаас худал мэдээ, мэдээлэл тарааж иргэн, хуулийн этгээдийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсаныг иргэний шүүхээр биш, эрүүгийн хэрэг үүсгүүлэн тогтоолгох сонирхолтой байна. Тэр дундаа улс төрийн өндөр албан тушаалтнуудад сэтгүүлчдийг шоронгоор айлган дуугүй болгох сонирхол бүр илүүтэй давамгайлж байх юм. 2020 онд Иргэний хэргээр нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан үйлдэлд буруутайд тооцож залруулга гаргах, уучлалт гуйлгахыг даалгах нэхэмжлэлтэй хэргийн хариуцагчдын 40 гаруй хувь хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид байна.

Хэвлэлийн эрх чөлөөгөөр 22 байр ухрахад нөлөөлсөн бас нэг гол зүйл бол хэвлэл мэдээллийн эдийн засгийн хараат байдал юм. Үүнийг Монгол Улсад хэн ч ярихгүй байгаа нь их сонин санагддаг. Бүгд мэдэж байгаа, Монголын хэвлэл мэдээлэл дандаа том компанитай хүмүүсийн эзэмшилд, тэр том компанийнх нь хавсарга маягаар явдаг. Дэлхийн хэвлэл мэдээлэл бол өөрийгөө элбэг авч явахаар үл барам сэтгүүлчид нь маш өндөр цалинтай салбар юм. Яаж ингэж чадаж байгаа вэ гэвэл ердөө л реклам сурталчилгааны төлбөрөөр ийм байж чаддаг. Тэнд энэ төлбөр өндөр үнэтэй байдаг. Тэгвэл манайд ямар байдаг вэ. Нэг жишээ хэлэхэд, төрийн худалдан авах ажиллагааны тедерийн зар сонины нүүрийг найм хуваасны нэг нь 19 мянган төгрөгөөр тавихыг үүрэгддэг. Сонингийн өөрийнх нь тухайн талбайн үнэ 100 мянган төгрөг байдаг. Хэвлэл мэдээллийг ингэж л дарамталдаг. Сонин хэвлэл, телевизийн сурталчилгаанд реклам суталчилгаа өгөхийг бараг гэмт хэрэг мэт үздэг эрх баригчидтай болоод удаж байгаа. 2012-2014 оны парламентын үед УИХ аас сонин хэвлэлд реклам сурталчилгаа өгөхийг Засгийн газарт хориглож байна гээд л дэд дарга нь бил үү мэдэгдэл хийж байлаа. Сая гэхэд л УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин “Бүх тендер цахимаар явж байгаа. Цахимаар ААН байгууллагууд урилгаа үзчихдэг болсон. Одоо бид үргүй зардал их гаргаж байна. Цахимаар зарладаг, дээр нь бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр тендерийн урилгыг хэвлээд үр ашиггүй зардал их гараад байна. Цаашид хэвлэл мэдээллийн хэрэгслээр биш, цахимаар зарлаад явбал яасан юм” гэж хэлсэн. Тэр цахим гэдэг нь гадаад улсын л нэг мэдээллийн компани шүү дээ. Тэгэхлээр Т.Энхтүвшин гишүүн тэр гадаадын компанийг дэмжиж үндэсний хэвлэлийн компаниудыг ад үзсэнээрээ өргөсөн тангаргаа зөрчиж байгаа хэрэг л дээ. Үүнийг Цэцэд өгөөд шалгуулахад унаад л ирэх юм байгаа юм. Гэх мэтээр хэвлэл мэдээллийг ад үзэн улс төр эдийн засгаар боомилсоор чөлөөт хэвлэл үгүй болж байна аа. Чөлөөт хэвлэлийн хамгийн гол зүйл бол эдийн засгийн эрх чөлөө юм. Манайд тэгвэл энэ эдийн засгийн эрх чөлөө нь байхгүй байна. Эдийн засгийн эрх чөлөөгүй хэвлэлүүд хэдэн сэтгүүлчдэд нь цалин болох мөнгө өгсөн хэнд ч үйлчлэхэд бэлэн байдаг. Сэтгүүлчид ч бас хоол идэх хэрэгтэй биз дээ. Ийм учраас хэн дуртай мөнгөтөй гишүүд, бизнесмэнүүд, төрийн том компанийн захирлууд хэвлэл мэдээллийг дуртайгаараа ашиглаж хөнгөрөх үедээ арчих алчуур болгож чадаад байна. Ийм голлох хоёр шалтгаанаар Монголд чөлөөт хэвлэл уналтад орсон. Мөнгөө өгсөн нь дуугаа захиалдаг гэж бид мэднэ. Тэд л мөнгөө өгч Монголын хэвлэлийг өөрсдийнхөө дууг дуулуулсаар ирлээ. Чөлөөт хэвлэл үүсээд 30 жил болоход биеэ даагаад өөрийгөө аваад явчих хэвлэл мэдээлэл цөөхөн байна. Эдийн засгаар биеэ даасан хэвлэл мэдээлэл хүний үгэнд ордоггүй редакцийн бодлого гэдэг юмтай байдаг юм.

Яаж хэвлэл мэдээллийг хөгжүүлж дэлхийн жишигт хүргэх вэ. Давын өмнө төрийн өндөр албан тушаалтнууд хэвлэл мэдээлийн эсрэг гомдохыг хуулиар хориглохын зэрэгцээ төрийн болон үндэсний аж ахуй эрхлэгчид реклам сурталчилгааг өөрийн орны хэвлэл мэдээлэлд байршуулна гэх хуулийг гаргах хэрэгтэй байна. Ингэж байж чөлөөт хэвлэл мэдээлэл бодитойгоор хөгжинө. Хүний эрх, ардчилал, аюулгүй байдлын баталгаа болсон хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулахын тулд дээр дурдсан хоёр зүйл заалтыг хуульд тусгах шаардлагатай байгааг гишүүд сайд нар, улстөрчид, намын зүтгэлтнүүд анхааралдаа авах хэрэгтэй байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Үндсэн хуулиа өөрчилж, парламентын хоёр танхимтай болъё DNN.mn

Монголчууд ардчилсан нийгэмд шилжиж 1992 онд шинэ Үндсэн хуулиа өлгийдөн авснаас хойш 30 жил өнгөрчээ. Энэ хугацаанд Үндсэн хуульдаа хоёр удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан. Хамгийн сүүлд 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан юм. Гэхдээ 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт дутуу дулимаг болсон. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр гавьсан зүйл тун ховор. Ерөнхийлөгчийг зургаан жилээр нэг удаа сонгож, Ерөнхий сайдын эрх мэдлийг л нэмсэн. Одоо харин гишүүдийн тоог болон давхар дээлний тоог нэмэх, Ерөнхийлөгчийг парламентаас сонгох зэргийг тусгаж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг үргэлжлүүлэх бололтой. Тэгж байж төр засаг тогтвортой явна гэж үзэж байгаа аж. Орчин үеийн улс төрийн нөхцөл байдлыг харахад төр засгийн нэр хүнд ард түмний дунд асар их унажээ. Захын хүн өнөөдөр гишүүдийг өндөр эрх мэдэлтэй, хулгай хийх боломжтой, зүгээр баяжих гэж орж ирсэн хүн гэж ярих боллоо. Үүний тод жишээ “Ямар УИХ-ын гишүүн болох биш, Солонгос явъя” гэх мэт яриануудыг харахад л мэдэгдэнэ. Өнөөдөр иргэдийн дунд УИХ-ын гишүүн гэдэг нь маш их эрх мэдэлтэй, ямар ч бизнесээс ч илүү орлоготой, хулгай нь хуулиар хамгаалагдсан, нэг ёсондоо “дархлагдсан хулгайч” гэгчээр ажил болчихсон гэж яригддагийн нэг жишээ бол дээрх юм. Сонгогдсон гишүүдийн нэр хүнд ард түмний дунд тун муу байх болоод удаж байна. Ердөө 76 хулгайч, 76 үхэр мал гэж л яригддаг. Яагаад ийм болчихов. Бид дандаа хулгайч луйварчдыг сонгоод байгаа хэрэг үү. Ерөнхийдөө манай сонгууль мажоритар системээр явагддаг. МАН иргэдийн 40 гаруйхан хувийн саналыг авсан боловч парламентад дийлэнх олонхыг бүрдүүлсэн. Энэ бол сонгуулийн тогтолцооны гажгийг харуулж буй явдал. Төр барьж байгаа гишүүд ард түмний цөөнхийн төлөөлөл шахуу учраас ийм нэр хүнд муутай байдаг гэж ярьцгаадаг. Нэг шалтгаан нь ч мөн байх.

УИХ-ын гишүүн бол бүрэн эрхтэй, төр барьж байгаа хүмүүс бөгөөд ингэх эрхийг нь ард түмэн олгосон. Бүх эрхийг нь нь хуулиар олгож бас хуулиар хамгаалдаг. Тэд хууль санаачлан юу ч хийх эрхтэй. Ийм учраас сонгогдож чадаагүй нь сонгогдсондоо атаархаж элдвээр муу хэлэх нь ч бий. Төр засгийн нэр хүнд нь муу байгаа шалтгийн нэг ч энэ бас мөн. Хэн ч харсан төрийн нэр хүнд ард түмний дунд маш доогуур хэмжээнд байна.

Яаж төр засгийн нэр хүндийг ард түмний дунд сайжруулах вэ гэсэн яриа гараад удлаа. Хэрэв ийм маягаар төр засаг ард түмний доог тохууны бай болсоор байвал маш муу үр дагавартай. Энэ байдал даамжирсаар засаглал солигдох муу үр дагавартай. Хүмүүс хатуу гар мөрөөдөж эхлэх шалтаг нь яг ийм засаглалын хөгийн доог тохуу болсон байдал юм. Хатуу гар гэдэг нь Ерөнхийлөгчийн засаглалтай л болно гэсэн үг. Ерөнхийлөгчийн засаглал гэж ямар дайсантай хэцүү юм байдгийг Оросын ерөнхийлөгч Путин биеэрээ харуулж байна. Ганц тэр хүний сэтгэлд нийцээгүй учраас хүмүүс дайны хөлд зуу зуун мянгаараа хиарч байна. Энэ дайны төлөөсөнд Орос орон маш хүнд байдалд орох нь цаг хугацааны л асуудал боллоо. Ийм мухардлаас яаж гарах вэ гэвэл сүүлийн үед улс төр судлаачид дахиад Үндсэн хуулиа өөрчлөх хэрэгтэй гэцгээдэг болжээ. Түрүүний хийсэн ҮХНӨ дутуу болсон гэдэгт санал нийлэх нь олширов. Парламентын үйл ажиллагааг сайжруулахын тулд гишүүдийн тоог нэмлээ гээд асуудал шийдээд байх нь бага гэнэ. Түүний оронд манай улсад хоёр танхимтай парламент тун тохирно гэж судлаачид үзэж байна. Тухайн үеийн МАХН-ын дарга Н.Энхбаяр 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үеэр “Хоёр танхимтай парламенттай болж шүүхийг ард түмнээс сонгодог байх нь зөв. Байнгын ажиллагаатай парламент нь 55 гишүүнтэй байхад хангалттай” гэж ярьж байсан удаатай. Энэ тун зөв санал байжээ гэдэг дээр судлаачид хэлж ярих боллоо. Парламентын засаглалаа улам бэхжүүлж, дээд, доод хоёр танхимтай парламенттай байх нь Монголд илүү тохиромжтой. Одоо иргэд “Олонхын засаглал биш олигархуудын засаглал болчихлоо” гэж бухимдаад байгаа. Түүнээс гарах арга бол ердөө бүх ард түмний төлөөлөл сонгогдон хуралдаж жинхэнэ ёсоор нь төрөө барих хэрэгтэй. 1990 оны Ардын их хурлын үед нийт гишүүдийн 80, 90 хувь нь сонгогдсон тойрогтоо ажиллаж, амьдардаг байлаа. Орон нутгийнхаа иргэдтэй өдөр тутам уулздаг, асуудлыг нь сонсдог, араас нь хөөцөлддөг байсан хэмээн тухайн үеийн сонгогчид хэлж байдаг. Тухайн үед сум, хороо болгоноос 1500 хүн тутмаас нэг хүнийг Ардын их хурлын депутатаар сонгодог байж. Одоо бид ч энэ зүйл рүү шилжих хэрэгтэй байна. Иргэдийн төлөөллийг парламентад ахиу оруулж ирэх шаардлагатай байна. Сум, дүүрэг бүрээс хүнээ сонгож дээд танхимаа бүрдүүлэх хэрэгтэй. Энэ бол жинхэнэ Их хурал байх юм. Тэнд одоо энэ сошиалаар тодроод байгаа бүх л хүнийг сонгож оруулж ирэх хэрэгтэй. Тэр имфлүүсерүүд попууд, топууд бүгд Их хуралдаа хуран цуглаж, улиралд нэг ч юмуу хуралддаг бага хурлаасаа гарсан хууль журмыг хэлэлцдэг, Ерөнхийлөгч Ерөнхий сайд, дээд шүүхээ томилдог болох хэрэгтэй байна. Шударга ёсыг ерөнхий шүүгч ярьдаг мөрдүүлдэг, Ерөнхий сайд аж ахуйн ажлаа хийдэг, мөнгө олдог.

Ерөнхийлөгч бол ёстой эв нэгдлийн бэлгэдэл байдаг, шагнал гардуулсан шиг, бүү хэрэлд ээ намууд аа гэсэн шиг сууж байдаг болох хэрэгтэй. Их хурал ч юмуу Дээд хурал нь олон хүнтэй бараг зургаан зуу гаруй төлөөлөлтэй, Бага хурал нь байнгын ажиллагаатай ажилладаг зуу гаруй гишүүнтэй, мэргэшсэн, томилгоонд ордоггүй, хууль л баталдаг байх хэрэгтэй. Ийм өөрчлөлтүүдийг одоо бид зоригтой хийе. Ингэхгүй бол төр засгийн нэр хүнд улаар нэг болж монгол төрийн дархлаа суларч, аягүй бол бидний зарим нь гадаадаас цэрэг оруулах гээд бичиг үйлдээд зогсож байж мэдэхээр боллоо. Автономит засгийг яг ингэж муу хэлсээр байгаад л хэсэг ноёд “шавийхан идэж байхаар тэр гамин нь ирж идвэл ядаж бидэнд цалин өгөх юм даа” гээд гамин цэргийг уриад оруулаад ирсэн байдаг түүх бий. Ийм байдлаас зайлсхийхийн тулд зоригтой өөрчлөлт хийж байж л иргэдийн өнөө хүсээд байгаа шударга ёс, тэгш эрх, тусгаар тогтнолыг баталгаажуулна. Хүмүүс ч төр засгаа шүлсээ үсчүүлэн муулаад байх юмгүй болно, яагаад гэвэл тэд өөрсдөө төр барьж байгаа учир хэнийгээ муулах билээ.

Англи, ХБНГУ, Япон зэрэг дэлхийн хөгжингүй орнууд бүгд хоёр танхимтай парламенттай. Ардчиллыг дээдлэгч АНУ хүртэл хоёр танхимтай парламенттай. Дээд танхимд төрийн бүх эрх мэдэл хадгалагдана. Дээд танхимд сум, хороо, дүүрэг бүрээс сонгогдсон ард түмний төлөөлөгчид байна. Төрийн бүх эрх мэдэл ард түмэнд хадгалагдана. ҮХНӨ хийх гэж яриад байгаа хүмүүс тогтолцоогоо яаралтай өөрчлөн ард түмний хяналт хүчтэй орших дээд, доод танхим бүхий хоёр танхимтай парламентын засаглалтай болох хэрэгтэй.

Хоёр танхимтай парламентын тогтолцоонд намын эрх мэдэл хумигдана. Түүнчлэн ганц танхимтай парламентыг бодвол дархлаа сайтай. Парламент хэврэг байх нь гадны орнуудад барьцаалагдах, худалдагдах явдал түгээмэл. Иймээс хоёр танхимтай болох нь зүйтэй гэж үзэж байгаагаа хуульч, судлаачид хэлдэг. Хоёр танхимтай парламентын системийг оруулж ирье гэдэг нь олон намыг улс төрд оруулж ирэх боломжийг нээж өгч байгаа юм. Ямартаа ч өнөөгийн нийгэмд хоёр танхимтай парламент үгүйлэгдэж байгаа нь юм юмнаас ажиглагдах болсон. Ер нь ч тэгээд парламент хоёр танхимтай болсноор шийдэж чадахгүй байгаа асуудал болоод сонгуулийн маргаан цэгцрээд ирнэ. Мөнгөний сонгууль үгүй болж, жинхэнэ сонгогдох магдлалтай хүмүүс төрд гарна. Суман дотроо өрсөлдөхөд ямар юмных нь мөнгө хэрэг болох вэ. Хэрэв хууль зөрчин мөнгө төгрөгөөр санал худалдаж авах гэвэл шууд мэдэгдэнэ гэх зэрэг давуу тал олон. Мөн Их хурал үгэнд орохгүй байгаа, буруу ажиллаад байгаа Ерөнхий сайд, Дээд шүүгч, Ерөнхийлөгчийг шууд огцруулах эрх мэдэлтэй тул тэд хулгай луйвар хийж танил талаа гэж гүйхгүй, гагцхүү ажил хийхийн төлөө л явах хэрэгтэй болно.

1990 онд монголчууд төрийн байгууллаа өөрчлөхдөө олонхын засаглал бүхий ардчилсан тогтолцоог сонгосон. “Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, сонгож байгуулсан төлөөлөгчдийн байгууллагаараа дамжуулан энэхүү эрхээ эдэлнэ” гээд Үндсэн хуульдаа заачихсан улс шүү дээ.