“Виферон” лааг томуугийн үед хүүхдийн дархлаа дэмжих зорилгоор шулуун гэдсээр хийж хэрэглэдэг.
ЭМИЙН ЗАХ ЗЭЭЛ 441 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРСЭН
ЭМЯ-ны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Цогтбаатар “Монгол Улсад эм ханган нийлүүлэх 384 байгууллага байдаг. Улсад бүртгэлтэй 5880 эм байна. Үүнээс 67 хувь нь 59 улсын 3939 эм импортоор орж ирдэг. Үүний нэг нь Энто компани оруулж ирдэг виферон лаа юм. Зайлшгүй шаардлагатай буюу амь нас аврах эмийг иргэдийнхээ худалдан авах чадварт нийцүүлж, хүртээмжийг нь нэмэгдүүлэхийн тулд ЭМДСангаас хөнгөлөлт үзүүлдэг. Гэтэл зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад байдаггүй эм ЭМДСангаас хөнгөлөлт авсан байна. 2017 оны статистикаар эмийн зах зээл бөөний үнийн дүнгээр 441 тэрбум төгрөгт хүрсэн. Иргэдийн эмийн хэрэглээ нэмэгдсэн. Энэ нь өмнөх оноосоо 200 гаруй тэрбумаар нэмэгдсэн дүн юм. Эмийн ханган нийлүүлэлт 100 хувь хувийн хэвшилд байгаа. Гэвч өсөн нэмэгдэж байгаа эмийн хэрэглээ, түүний чанарт хяналт тавих үүрэг төрийн нуруун дээр байдаг. Энэхүү чиг үүргийнхээ хүрээнд эдгээр асуудлыг хөндөж байна. Тухайн эмэнд процессийн алдаа гарсан. Давуу эрх олгогдсон нь үнэн. Бид ямар нэгэн хувийн хэвшил рүү хандаад, дайраад компанийн нэр хүндэд халдаж байгаа асуудал байхгүй. Эрүүл мэндийн сайд болоод яам эмийн зах зээлд ашиг сонирхлын зөрчилдөөнтэй асуудлуудыг зориглон гаргаж тавьж байгаагаараа буруутах ёсгүй гэж үзэж байгаа. Эрүүл мэндийн яамнаас вифeрон лааны эмчилгээ, чанар, аюулгүй байдлыг судлах ажлын хэсэг ажиллаж байгаа. Уг лааны талаарх дүгнэлт ойрын хугацаанд гарна” гэв.
ЭМДС-ГААС 3.9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ВИФЕРОН ЛААНЫ ХӨНГӨЛӨЛТӨД ОЛГОСОН
ЭМД-ын сангийн дарга Л.Алтанхуяг “ЭМД-ын сангаас хөнгөлөх эмийн жагсаалтад 2016 онд виферон лааг 80 хувь хөнгөлөхөөр болж, 2016 онд 1,9 тэрбум төгрөг, 2017 онд хоёр тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн. Энэ хоёр жилд 91 мянган хүн хөнгөлөлтөд хамрагдсанаар ЭМДС-гаас 3.9 тэрбум төгрөг зарцуулагдсан. Үүний 50-иас дээш хувь нь хүүхдүүд байсан. 2018 оны долдугаар сарын 15-наас хүүхдийн ангиллаас виферон лааг хассан ч насанд хүрэгчдийн 20 хувь хүртэлх хувиар хөнгөлөх нь хэвээр үлдсэн. Өнгөрсөн жилд ЭМД-ын сангаас 12 сая төгрөгийн хөнгөлөлтийг энэхүү лаанд үзүүлсэн тоо бий” гэв.
ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНИЙ ҮЕД ВИФЕРОН ЛААГ ХОРИГЛОСОН
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга М.Баттүвшин “ЭМЯ-наас томуу, томуу төст өвчний үед эмчилгээний зааврыг боловсруулахдаа ХӨСҮТ болон ЭХЭМҮТ-ийн заавар зөвлөмжид үндэслэж ажилладаг. ХӨСҮТ-өөс томуу, томуу төст өвчинд вифероныг хэрэглэх зааварт ороогүй талаар бидэнд бичгээр мэдэгдсэн. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс гаргасан томуугийн эмчилгээний зөвлөмжид энэхүү лааг эмчийн заалтаар хэрэглэж болох ч толгой дараалан замбараагүй хэрэглэхээс зайлсхийх шаардлагатай гэж зөвлөсөн байдаг” гэв.
МХЕГ, ШӨХТГ ЗЭРЭГ БАЙГУУЛЛАГУУДАД АЛБАН БИЧИГ ХҮРГҮҮЛСЭН
Хуулийн хэлтсийн мэргэжилтэн Ш.Мөнгөнцэцэг “Зар сурталчилгааны тухай хуулинд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зөвхөн жоргүй олгох эмийн тухай болон эмийг зохистой хэрэглэх тухай сурталчилгаа явуулж болно. Жороор олгох, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эмийг зөвхөн эрүүл мэндийн салбарын ажилтнуудад зориулсан мэдээлэх хэрэгслээр сурталчилна гэж заасан байдаг. Сүүлийн үед хүүхдийн томуу өвчний эмчилгээний заавар удирдамжид ороогүй Виферон лаа хэлбэрийн эмийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл болж байна. Хууль бус зар сурталчилгааны асуудалд МХЕГ, ШӨХТГ, Эрүүл мэндийн хөгжлийн төв хяналт тавих чиг үүрэгтэй байдаг. Энэ хүрээнд ЭМЯ-ны зүгээс хууль журмын хэрэгжилтэд яаралтай хяналт тавьж, шалгалт хийж хариуг ирүүлэх талаарх албан бичгийг дээрх газруудад хүргүүлсэн. Хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулсан тохиолдолд хууль хяналтын байгууллагад хандана” гэв.
Эрүүл мэндийн яамнаас Энто компанийн оруулж ирдэг Вифeрон лааг томуу, томуу төст өвчний үед хэрэглэхгүй байхыг зөвлөсөн юм. Тэгвэл хариу мэдэгдлийг Энто компаниас хийлээ.
ВИФЕРОН ЛАА ХҮҮХДИЙН ДАРХЛААГ УСТГАДАГГҮЙ
“Энто” компанийн өмгөөлөгч Ш.Алтангадас “ЭМЯ-ны зүгээс хийсэн мэдээллийг та бүхэн харсан байх. Виферон лаа Монгол Улсын эмийн бүртгэлд 2010 онд бүртгэгдсэн. Эмийн бүртгэлд бүртгэсний дараа эмийн гаж нөлөөний судалгааг хийдэг. Эрүүл мэндийн яамны судалгаагаар 2010 оноос хойш виферон лаатай холбоотой ямар ч гаж нөлөө илрээгүй гэж мэдээлсэн. Анх улсын бүртгэлд бүртгүүлэхдээ шаардлагатай бүхий л материалыг бүрдүүлсэн байсан гэж маш тодорхой байр суурь илэрхийлсэн. Яамны байр суурь маш олон удаа өөрчлөгдөж байна. Сайдын зөрүүтэй мэдээллээс болоод хохирогч нь хэрэглэгчид болж байна. Сайдын хэлсэнчлэн виферон лаа нэгээс хоёр жилд хүүхдийн дархлааг устгадаг уу гэвэл үгүй. Иргэд биднээс үнэн зөв мэдээлэл шаардаж байна” гэв.
МАНАЙД ВИФЕРОНТОЙ ХОЛБООТОЙ ГАЖ НӨЛӨӨ БҮРТГЭГДЭЭГҮЙ
Тус компанийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Г.Баянмөнх “Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл 2018 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөр 25 дугаар суваг телевизээр мэдэгдэл хийхдээ “Виферон лаа аюулгүй нь нотлогдоогүй гэдэг нь Азийн хөгжлийн банк болон олон улсын байгууллага, эрдэмтдийн судалгаагаар тогтоосон учраас Эрүүл мэндийн даатгалаас хасах төдийгүй, Монгол Улсад хэрэглэж болохгүй” гэсэн. Харин арваннэгдүгээр сарын 7-ны өдөр С1 телевизээр “Би эмчилгээнээс хасах тухай огт яриагүй” гэж байр сууринаасаа буцсан мэдэгдэл хийсэн.
Азийн хөгжлийн банк гэж дурдагдсанаар тухайн үед бид арваннэгдүгээр сарын 5-ны өдөр бичгээр хандсан. Харин энэ талаар Азийн хөгжлийн банкнаас олон нийтийн хэрэгслээр буюу өөрийнхөө пэйж хуудсанд ийм мэдээлэл байршуулсан. Энэ нь Азийн хөгжлийн банк ямар нэг эмийн үр дүн, гаж нөлөө, аюулгүй байдлын талаар судалгаа дүгнэлт хийгээгүй, хийдэггүй болно. Харин эмийн даатгалтай холбоотой эмийн үнийн судалгаа хийхэд санхүүжилт үзүүлсэн” гэж албан ёсоор мэдээлсэн. Энэ бүтээгдэхүүн судалгааны шатанд 50 гаруй жил явсан. ОХУ-д 20 жил эмнэл зүйн практикт хэрэглэгдэхдээ ямар нэг гаж нөлөө байхгүй гэх баримт бий. Манайд виферон лаатай холбоотой ямар нэгэн гаж нөлөө бүртгэгдээгүй” гэв.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлсэн үгнээсээ буцаж “Виферон” лааг хэрэглээнээс хасах тухай огт дурдаагүй хэмээн тайлбарласан ба тус лааны сөрөг үр дүнгийн талаар ямар нэг баримт, нотолгоо байхгүй аж. Ийнхүү Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Виферон” лааны тухай олон талын зөрүүтэй, ташаа мэдээлэл нийгэмд тарааж байгаа нь тус лааг импортлогч “ЭНТО” компанийн нэр хүндэд халдаж байна гэж үзэн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Гэвч мэргэжлийн бус сайд нийгэмд эргэлзээ үүсгэж, ташаа мэдээлэл түгээж байгаа нь энэ төрлийн өөр эм бэлдмэлийг оруулж ирэх гэсэн ямар нэг бизнесийг цэцэглүүлэхээр дэмжиж буй хэрэг биш биз гэсэн хардлага олон нийтийн дунд тархаад байна. Цаашлаад Эрүүл мэндийн даатгалын сан хэн нэгэн эрх мэдэлтнүүдийн дур зоргоор захиран зарцуулдаг дахин нэг “ЖДҮ” болох ч эрсдэл байна гэх хүн олон байгааг анхаарах хэрэгтэй гэдгийг хэлж байлаа.