Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ж.Батзандан: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сөрөг хүчний шүүмжлэлд маш эмзэг болсон байна DNN.mn

УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан өчигдөр мэдээлэл хийлээ.


Тэрбээр “2019 оны нэгдүгээр сард Сүхбаатарын талбайд 50 мянган хүн МАНАН дэглэмийг устгаж, Монголоо шинэчилье гэсэн уриатай жагсаж байсан. МАНАН алга болж, устсан уу гэж У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Т.Аюурсайханаас, Л.Болдоос бас Ж.Батзандан нараас асуух цаг болсон. У.Хүрэлсүх Ерөнхийлөгч асан Х.Баттулга нар таван гишүүнтэй нийлж, М.Энхболдын бүлэглэлийг засаг төрөөс зайлуулж, Монголын ард түмний өмч хөрөнгийг хулгайлсан нөхдөд хариуцлага тооцуулж, оффшор хөрөнгийг оруулж ирж, шударга ёсыг тогтоохоор тэмцэж байсан цаг саяхан. Хамт тэмцэж байсан нөхдийн зарим нь том дарга болоод ярьж байсан зүйлээ мартсан байна. Хамт тэмцэж явсан нөхдөө шорон гяндангаар айлгадаг болсон байна. Батзандан чи хамаагүй юм яривал шоронгийн хаалга хүлээж байгаа шүү гэж хэлдэг болсон байна. Бид том булчинтай, том дарга нараас айж байна. Гэхдээ Монголын ард түмэн юу хүсч байгааг том дарга нарт өдөр болгон сануулж, шаардахын тулд “Шинэ хувьсгал” хөдөлгөөнийг өнөөдөр албан ёсоор байгуулж байна. Монгол Улс сөрөг хүчингүй болоод олон жил боллоо. Сөрөг хүчний дуу хоолой дутагдсанаас болж эрх баригч нам атар онгон, зэрлэг болсон байна. Жаахан хатуу үг хэлэхээр “ална шүү” гээд мессэж явуулж байна. Одоо сөрөг хүчний дуу хоолойг “Шинэ хувьсгал” хөдөлгөөнөөр босгож ирнэ. Өчигдөр намайг хэвлэлийн хурал зарласны дараа шөнийн 24 цагт Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зөвлөх дэд сайд, дотны анд, миний ах Авлигатай тэмцэх газар дээр баривчлагдаж байна гэж би сонссон. Та өнөөдөр Ж.Батзандангийн тусыг мартсан байж магадгүй. Мартаж болно. Гэхдээ өнөөдөр танаас нэг л зүйлийг хүсье. Шударга ёсыг тогтоохын төлөө бидэнтэй хамт явах уу. Бидэнтэй хүчээ нэгтгээч гэж бид танаас хүсч байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг 93 хувиар Сүхбаатар аймагт ялуулсан дотны анд нь миний ах Ж.Бат-Эрдэнэ. Тиймээс Ерөнхийлөгчид хандаж нэг юм хэлье. Дүүтэй нь муудчихаад ахыг нь шоронд хорьдогоо одоо боль. Хүүхэдтэйгээ муудчихаад авгайгаа зоддог шиг битгий аашил аа, У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөө. Таныг ядарч явахад би олон удаа тусалж явсан хүн шүү. Ж.Эрдэнэбатын Засгийн газарт байхдаа өөрөө өөрийгөө тагнасан гэдэг хэрэгт холбогдчихоод явж байхад чинь таныг өмөөрч байлаа. Таны Засгийн газрыг огцруулаад Н.Номтойбаяр Ерөнхий сайд болох гээд орж ирэхэд М.Энхболдын бүлэглэл таныг унагах гээд дайрч байхад АН-ын гурван гишүүн таныг дэмжиж авч үлдэж байлаа. Монголоо өөрчлөхийн төлөө та яриад байсан баялгийн хувьсгалаа хийхийн төлөө бидэнтэй хүчээ нэгтгээч гэж хүсч байна. Өөрийнхөө дэд сайд, найзыгаа шоронд хийнэ үү, шонд өлгөнө үү таны асуудал. Миний асуудал биш. Ж.Бат-Эрдэнэ та хоёрын паянг би маш сайн мэднэ. Би УИХ-ын гишүүн байхдаа Ц.Элбэгдорж, Х.Баттулга, тагнуулын дарга Б.Хурцыг ч хатуу шүүмжилдэг байсан. Хэн нь ч над руу мессэж бичиж дарамталдаггүй байсан шүү, У.Хүрэлсүх Ерөнхийлөгч өө. Та тэгэхээр тайван бай. Та гурван сая 500 мянган хүний Ерөнхийлөгч. Улсын эцэг шиг бай” гэв.

-Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй яагаад муудалцах болов?

-У.Хүрэлсүх, Ц.Элбэгдорж нарын суу залийг бид мэддэг болсон. Манай Ерөнхийлөгч сөрөг хүчний шүүмжлэлд маш эмзэг болсон байна лээ. Би тэр хүнийг ядарч явахад нь тусалж байсан хүний хувьд задарч явахад нь шанаа өгье гэж бодоод хатуу үг хэлсэн.

-Таны ах Ж.Бат-Эрдэнийг ЗТХ-ийн сайдаар ажиллаж байхдаа Дарханы замын тендерээс их хэмжээний мөнгө авлига авч, бусдад давуу байдал олгосон, мөн үндэслэлгүй хөрөнгөжсөн гэсэн үндэслэлээр шалгаж байгаа. Үүнд та ямар хариулт өгөх вэ?

-2018 оны тавдугаар сард Дархны замын тендер шалгаруулалт болсон. Тухайн үед Зам, тээвэр хөгжлийн сайд нь Б.Энх-Амгалан гишүүн байсан. Энэ хүмүүс Дарханы замын тендерийг зохион байгуулсан. Миний ах Ж.Бат-Эрдэнэ У.Хүрэлсүхийн орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсан. Улс төрийн ажил хийж байсан хүн. Улс төрийн ажилтан тендер сонгон шалгаруулалтад ордоггүй юм аа. Ж.Батзанданг яаж буруутгах уу гэж худал үнэн хэрэг зохиохоо боль. У.Хүрэлсүх бид хоёрыг муудалцуулахын тулд зохион байгуулж магадгүй. Би У.Хүрэлсүхтэй нүүр тулж уулзаагүй байна. Намайг Монголыг өөрчлөх судалгаа хийгээд ир гэж Австрали руу явуулсан. Би жил судлаад ирлээ. 2019 онд МАНАН-г устгана гэж биднийг жагсаж байхад 21 гэрийн 11 гэрийг нь Д.Амарбаясгалан барьж өгсөн.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Хүнээ байсан нийгэм, хүрэлцээгүй нийтийн тээвэр DNN.mn

Олон нийтийн сүлжээнд өр өвтгөсөн бичлэг тавигдаж олны анхаарлыг татлаа. Энэ бол автобусанд амжиж суух гэж гүйсэн сурагчийг тухайн автобус дайрч унагачихаад зогсохгүй яваад өгч буй дүр зураг. Энэхүү үйл явдал нь өнгөрсөн тавдугаар сарын 5-нд болжээ. Хүүхдийн гар хугарч гэмтсэн ч Эрүүгийн цагдаагийн газар хэргийг шалгаад зорчигчийн буруутай үйлдэл гэж үзэн хэргийг хаасан байна.

Харин “Blue bus” компани жолоочийнхоо цалинг 30 хувиар бууруулж, гурван сарын хугацаанд ажлыг нь хийлгээгүй аж. Мөн тус компани хүүхдийн эмчилгээний зардалд багахан хэмжээний мөнгө олгоод л байж боломгүй энэ асуудал дарагдаж. Дарагдаж ч гэж, өчигдрийг хүртэл дарсан бололтой. Хичээлдээ амжих гээд гүйж буй бяцхан амьтныг дайрч унагачихаад зогсоод тусламж ч үзүүлэхгүй зугтаад явж буй жолооч, ийм ноцтой асуудлыг таван сарын турш дарж юу ч болоогүй мэт өнгөрүүлсэн энэ байдал бол өнөөдрийн нийгмийн үнэн төрх. Энэ бичлэг Улаанбаатар хотод нийтийн тээврийн хүрэлцээ ямар байгааг ч мөн харуулж байна.

Тухайн сурагч тэр автобусанд сууж чадахгүй л бол хичээлээсээ хоцрох учраас амь өрсөн автобусны урдуур гүйж байгаа нь тэр. Хэрэв автобус нь хүрэлцээтэй, ойр ойрхон ирдэг байсан бол тэгж амь өрсөх шаардлагагүй. Улаанбаатар хотод 1400 гаруй автобус шаардлагатай ч одоогийн байдлаар 970 гаруй автобус үйлчилгээнд явж байгаа аж. Дээрээс нь 970 гаруй автобусных нь 500 гаруйнх нь ашиглалтын хугацаа дуусчихаж. Нөхцөл байдал нэг ийм л байна. Энэ удаад хүүхэд автобусанд дайруулж гараа хугалаад өнгөрч. Дараагийн удаа юу болох вэ. Заавал амиа алдаж байж асуудлыг шийдвэрлүүлэх ёстой юу.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Г.Эрдэнэбат: Эрх баригчдын зүгээс хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан зүйлс их хийх болсон DNN.mn

УИХ дахь АН-ын бүлгийн хуулийн зөвлөх Г.Эрдэнэбаттай ярилцлаа.


– С.Зоригийг хөнөөсөн хэргийн мөрдлөг ямар шатанд явааг хэн ч мэдэх боломжгүй байна –

-2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаас хойш гурван жил болжээ. Дахин нэмэлт, өөрчлөлт оруулахаар яригдаж эхэллээ. Энэ талаар таны байр суурийг сонсмоор байна…

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар олон янзын байр суурийг илэрхийлж байна. Нийгмийн хөгжил өөрөө Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг шаардаж байна л даа. Монгол Улсын нийгмийн нөхцөл байдал 1992 оных шиг биш байна. Тийм учраас тодорхой хэмжээнд өөрчлөлтүүд орох нь зөв байх. Нөгөө талаас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг богино хугацаанд оруулах дүрэм тогтоочихоод түүнийгээ баримтлахгүйгээр нэмэлт, өөрчлөлт хийх нь буруу. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа найман жил дахин нэмэлт, өөрчлөлт оруулахгүй гэж баталсан. Гэтэл дараа жил нь л өөрчилчихсөн. Нэг дүрэм тогтчихоод түүнийгээ дараа жил нь өөрчлөөд байх юм бол үүнийг дүрэм гэж хэлэх боломжгүй болчихож байгаа биз дээ. Би бол үүний эсрэг байна. Зуд нэг жилийнх, журам 1000 жилийнх гэдэг. Хууль журам олон жил оршин тогтнож, тогтвортой үйлчилж явснаар иргэд дагаж мөрддөг болдог. Ийм байдал Монгол Улсын Эрүүгийн хэргийн нөхцөл байдалд хүртэл нөлөөлдөг. Жилээс жилд гэмт хэрэгтнүүд ял шийтгэл аваад явж байтал ойр ойрхон гэнэт Өршөөлийн хууль гаргачихдаг. Гэмт хэрэг үйлдэх дадал зуршилтай болчихсон хүмүүс байна. Жишээ нь, хулгайн гэмт хэрэг үйлдээд ойр ойрхон шоронд орчихдог. Тэр хүмүүс ойрхон нэг Өршөөлийн хууль гарах байх, тэмдэглэлт ой юу билээ гэж боддог болчихлоо. Зарим нь гэмт хэрэгт холбогдох үеэсээ л үүнийгээ бодож эхэлчихсэн байдаг. Ингэхээр Эрүүгийн хариуцлага, ял шийтгэлээс айх нь хүртэл багасчихаж байгаа юм.

-Гишүүдийн тоог улс төрийн намын хөгжил, хүн амын тоо, төлөөлөх эрхийг хангах үүднээс нэмэх шаардлагатай гэдэг. Гишүүдийн тоог нэмэх нь зөв үү?

-Магадгүй парламентын төлөөллийн тоог нэмэх нь ач холбогдолтой байх. Энэ нь шийдвэр гаргах, ард түмнээ төлөөлөхөд хэт олон хүнийг төлөөлөөд байна гэдэг утгаараа биш. Өнөөдөр аль нэг аймгаас сонгогдож байгаа УИХ-ын гишүүн харилцан адилгүй иргэдийг төлөөлж байгаа. Асуудал үүндээ биш л дээ. Гишүүдийн тоог нэмэхийг шаардаж буй нэг гол хүчин зүйл нь УИХ-ын гишүүд иргэдийн нийтлэг эрх ашгийг төлөөлж, хамгаалж чадаж байна уу гэдэг асуудал. Орон нутгаас сонгогдсон, ялгаагүй нэг дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүний нэн тэргүүний асуудал нь сонгогчдынхоо өмнө нүүр бардам очихын тулд маш өчүүхэн сонгогчдын бага хувийн эрх ашгийн төлөө их золиос гаргах хэмжээний богино бодолтой богино зайн улстөр хийх явдал боллоо. Үүнтэй холбоотойгоор сонгуулийн тогтолцоог өөрчилж нийтлэг эрх ашгийг бодох хүн гаргаж ирэх тогтолцоо шаардлагатай. Өөрөөр хэлбэл, хэдэн сум дундаас сонгогдсон УИХ-ын гишүүн тухайн сумандаа мундаг улстөрч болж үнэлэгдэхийн тулд суманд амьдардаг хүүхдийн тооноос тав дахин илүү хүүхэд суралцах хүчин чадалтай сургууль барьдаг. Ийм улс төрөөс салахын тулд энэ улсад ямар асуудал нэгдүгээрт чухал вэ гэдгийг бодож үзэн түүний төлөө шийдвэр гаргахад улс төрийн оноо нь ирдэг хүмүүс УИХ-д байх ёстой болчихоод байна. Өнөөдөр Улаанбаатараас сонгогдсон 20 гаруй гишүүд л Улаанбаатарын асуудалд хариуцлага хүлээх болчихоод байна шүү дээ. Бид 76-гаа өөрчилнө гэвэл их түвэгтэй. 76 гишүүний 38 нь пропорциональ сонголтоор гарч ирж, үлдсэн 38 нь тойргийн сонголтоор гарч ирнэ гэвэл гишүүдийн тоог нэмэхгүй байхад болно. Хамгийн гол нь манайд тэр боломж хэцүү. 76 тойргийг нэгтгэж чадахгүй тохиолдолд нийтийн эрх ашгийн төлөөх улстөрчдийг гаргаж ирэхийн тулд мандатын тоог нэмж 76-гаа олон болгох хэрэгтэй байх. За харин тэр үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолоо баталгаажуулахын тулд олон хүнтэй парламенттай байх шаардлагатай гэх үндэслэлийг бол ёстой хэлж мэдэхгүй байна.

-Нийгэм, эдийн засаг хүндэрсэн үед ямар хууль батлах шаардлагатай юм бэ?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн түвшинд ч тэр, нийгэмд тулгамдсан асуудлыг шийдэх түвшинд ч тэр хамгийн их орхигдож байгаа зүйл бол хүний эрхийн асуудал. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр эрх мэдлийг хэрхэн хуваарилах, төвлөрүүлэх вэ гэдэгт л анхаарч өөрчлөлт оруулсан. УИХхэмжээлшгүй эрх мэдэлтэй байх тухай, цаашилбал УИХ-ыг Засгийн газар яаж гартаа оруулах тухай л голлож Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсан. 1992 оноос өдийг хүртэл Үндсэн хуулийн 2 бүлэг буюу хүний эрхтэй холбоотой хэсэгт ямар ч нэмэлт, өөрчлөлт ороогүй. Монголын нийгэмд хүний эрхийг зөрчсөн олон асуудал гарч байгааг та бүхэн мэдэж байгаа байх. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал байгаа эсэх нь энд л байгаа. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтөд дандаа засаглалтай холбоотой нэмэлт, өөрчлөлтүүд орсоор ирсэн. Гэтэл жишээлбэл, хэрэгт шалгагдаж байгаа хүмүүс хэзээнээс өмгөөлөгчөө авах юм, өмгөөлөгч нь тэр хүнийхээ эрх ашгийг хамгаалах талаар юу хийх нь өнөөдрийг хүртэл ойлгомжгүй. Үндсэн хуульд энэ хамгаалалтыг бэхжүүлсэн ямар ч зүйл заалт ороогүй. Үндсэн хуульд хүний эрхийн суурь зарчмууд бий. Түүнийг найдвартай болгож баталгаажуулах заалтууд орох ёстой юм.

-Хүний эрх, эрх чөлөө хязгаарлагдаж байна гэж залуус их ярих болжээ?

-Эрх баригчдын зүгээс хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан зүйлс их хийх болсон. Хуулиар тогтоосон үндэслэлээс гадуур, үндэслэлгүйгээр хүний эрх чөлөөг хязгаарлаж байна. Үүнийг нь залуучууд эсэргүүцэж янз бүрээр л байр сууриа илэрхийлж байна. Дабль стандарт байж болохгүй гэх мэтээр эрх чөлөө хязгаарлаад байна шүү гэх дохиог нийгмээс өгсөөр л байгаа.

-Цар тахалд зориулсан хууль нийгэмд тустай хууль байж чадсан уу?

-Харамсалтай нь үгүй. Цар тахлаас урьдчилан сэргийлэх тухай хуульд хүмүүсийн аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр чухал заалтууд орсон боловч хэрэгжилт нь харин төрийн байгууллага албан тушаалтнууд цар тахлын үеэр яаж чөлөөтэй ажиллах вэ л гэдгийг зохицуулсан хууль болоод дууслаа. Төрийн албанд сонгон шалгаруулалтгүй томилогдож, төрийн худалдан авах ажиллагааг тендергүй зохион байгуулах л энэ хуулийн хэрэг гарч байх шиг. Энэ хууль батлагдсанаас хойш төрийн удирдах шийдвэр гаргах албан тушаалд хичнээн хүн сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон байв даа, нэг тоо яваад л байсан. Бид ганц нэг дуулиантай тохиолдлыг мэднэ. Маш олон албан хаагчид өнөөдрийг хүртэл үүрэг гүйцэтгэгчээр албан тушаалаа хашсаар байна. Тэр хүмүүс төрийн албыг хаших мэргэжлийн шаардлагыг хангасан болов уу. Мэдэхгүй ш дээ. Маш олон төрийн худалдан авах үйл ажиллагаа сонгон шалгаруулалт хийх журмаа зөрчөөд журмыг нь баримтлалгүйгээр хийгдээд явсан эсэхийг бид мэдэх ч боломжгүй болчихлоо.

-Монгол бол авторитар орнуудаар хүрээлэгдсэн улс. Иймээс нэг нам хэт давамгайлах нь эрсдэлтэй гэж иргэд ч, хуульчид ч ярих юм…

-Хүн эрх мэдэл засаглалыг хэрэгжүүлээд тодорхой хугацаа өнгөрсний дараа бусдад байгаа эрх чөлөөг илүү үзэж эхэлдэг. Монголд яаж илэрдэг вэ гэхээр монголчуудад эрх чөлөө тохирохгүй юм байна, хатуу гараар барих ёстой юм байна гэх үгээр илэрдэг. Олон дарга хэвлэлд ярихгүй ч ардуур нь монголчуудад ардчилал эрх чөлөө гэдэг зохихгүй юм байна гэлцэх нь сонсогддог. Эрх баригчтай эрх мэдлийг нь булаацалддаг зүйл бол эрх чөлөө.

Хүн хэдий чинээ эрх мэдэл дээр удах тусмаа иргэнийхээ эрх чөлөөг ад үзэж эхэлдэг. Энэ бол нэг төрлийн зүй тогтол маягийн юм уу даа.Ямарваа нэгэн эрх мэдлийг нэг тал, нэг хүч өөртөө удаан барих тусмаа хүний эрх чөлөөг хумиад байдаг. Энэ үзэгдэл найман жил нэг нам засгийн эрх бариад ирэхээр Монголд ажиглагдаж эхэлсэн байж магадгүй шүү. Үзэл бодлоо, илэрхийлэх хэвлэн нийтлэхээс эхлээд л.

-Социализмын нийгмээсээ монголчууд салж чадахгүй байна уу?

-Хамгийн том нэг зовлон энэ асуултад байна. Бид нийгмийн аливаа үйл явдалд хандах хандлага, сэтгэлгээ эрх чөлөөт нийгэмд амьдрах дадал зуршлыг авч чадаагүй байна. Бид эрх чөлөөгөө яаж хамгаалахаа мэдэхгүй. Чөлөөт нийгэмд хүн хэрхэн эрх чөлөөгөө хамгаалах, хэрхэн хууль дүрмийг баримталж амьдрахдаа суралцахгүй байна, энэ л том асуудал болоод байна. Социализмын үед амьдарч байсан хүмүүс өнөөдөр нийгмийн зонхилох масс биш болчихсон ш дээ. Яаж хувийн халдашгүй байдал орон зайгаа хамгаалах юм, яаж хуулийг бусдад түвэггүй, өөрөө чөлөөтэйгөөр хэрэглэж эрх чөлөөгөө эдлэх юм. Хуулийг яаж эрх чөлөөтэйгөөр дагахаа бид мэдэж байна уу. Энд л том асуудал байна. Бид энэ нийгмийнхээ үнэт зүйлийг олж авч, хадгалж, хамгаалж, хэрэглэж чадахгүй байна. Чөлөөт нийгэмд яаж амьдрах ёстой юм, түүнд зориулж хүн өөрчлөгдөх ёстой. Иргэний боловсролыг хүмүүст олгох ёстой. “Адгийн зарга 10 хоног” гэдэг үг социализмын үеийн номлол биш ш дээ. Бүр хуучных. Шүүх гэж юу юм. Шүүхэд яагаад хандах ёстой юм. Чөлөөт нийгэмд хүн эрхээ хамгаалах гэж шүүхдэлцдэг. Хуулийн байгууллагаар явахад цаг хугацаа орох ч хүн шүүхээр явж эрхээ хамгаалдаг юм гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй байна. Үүнийг нь дагалдаад нийгэмд хүний эрхийг хамгаалдаг, төртэй эрх чөлөөгөө хамгаалж заргалдахад нь тусалдаг институци, тогтолцоонууд бий болох ёстой. Бид энэ цаг үедээ зохицон амьдрах сэтгэлгээ хандлагатай болоогүй л байгаа байхгүй юу. Шинэ цаг дотроо шинэ цагийнхаа тархиар амьдрах хэрэгтэй байна.

-С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг задарчихсан. Таны хянасан хэрэгт холбогдсон хүмүүс одоо эрх чөлөөтэй байгаа. Эргээд хууль хяналтынхан эрүү шүүлтийн хэргээр хариуцлага хүлээлээ. Гурван шатны шүүхээр ял сонссон хүмүүс буруугүй болж хувирсан явдал олон нийтийн анхааралд одоо хүртэл байна. Хэргийн захиалагчийг олон нийтэд зарлана гэсэн ч зарласангүй. Дахиад л энэ хэрэг замхарчихав уу. Энэ хэрэг юу болчихов гэж асуух цөөн хүмүүсийн нэг та шүү дээ?

-С.Зоригийн хэргийг нууцаас гаргана, хэсэг нөхөд хууль зөрчиж мөрдлөг явуулсан, хүн хэлмэгдүүлсэн гээд хэргийн хоёр холбогдогчийг суллаж явуулсан. С.Зоригийн хэргээс нуух юм байхгүй, бүгдийг нь ил болгоно гэж ард түмэнд ам мөчиг өгчихөөд бүх зүйлийг зогсоогоод хэргийг шалгаж байсан хүмүүст ял тулгаад шийтгэсэн хүмүүсээс асуу. С.Зоригийн хэргийг ил болгоно гэж бүх монголчуудыг хуурсан ш дээ. Хэрэв бүх зүйл ил болчихвол би ярья гэж бодож л байсан. Хоёр хүнийг нь суллаж явуулсан, мөрдсөн шалгасан хүмүүс шийтгүүлсэн харин хэрэг нууц хэвээрээ, бүр таг болчихсон. Өнөөдөр хэргийн мөрдлөг ямар шатанд явааг хэн ч мэдэх боломжгүй хэвээрээ л байна. Тэгэхлээр хэргийг ил болгоно, захиалагчийг зарлана гэж байгаад бүр нууцалчихсан хүмүүсээс энэ талаар асуух хэрэгтэй байх

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Г.Ганзориг: Банкны IPO бол Монголын нийгэмд хэрэгтэй байсан агаар мөн DNN.mn

Мандал Ассет Менежмент ХХК-ийн Гүйцэтгэх Захирал Г.Ганзоригтой ярилцлаа.


-IPO гаргах нь хөрөнгө оруулагч, тэр дундаа жижиг хөрөнгө оруулагчдын эрх ашигт хэрэгтэй гэдэг. Банкууд IPO гаргах нь яг ямар ямар ашигтай талаар ярилцлагаа эхэлье?

-Үүнийг бид олон түвшинд харж болно. Эхнийх нь түвшин бол энэхүү банкны реформ нь нийгэмд, Монголын ирээдүйд ямар хэрэгтэй вэ гэдэг асуудал. Бяцхан онолын ойлголт ярья. Компани гэдэг бол баялаг бүтээдэг төгс механизм. Дэлхийн бүхий л улс орныг компаниуд нь авч явдаг, манайх ч мөн адил. Харин манайхаас ялгаатай нь өндөр хөгжилтэй оронд тэдгээр компаниуд нь мянга мянган эзэнтэй, нийт ард иргэдийн өмч байдаг юм л даа. Тэгж иргэд нь тэрхүү баялгаас хүртдэг жамтай. Гэхдээ нэг зүйлийг санах хэрэгтэй. Компани бүр тийм мундаг, ашигтай байгаад нийт хувьцаа эзэмшигчдээ баяжуулаад байдаг юм биш. Тэгэхээр чанартай, ашигтай, улсынхаа түүчээ болсон компаниуд олон нийтэд нээлттэй болж, IPO хийнэ гэдэг бол чухал нийгмийн өөрчлөлт. Цаашлаад энэ нь баян, хоосны ялгааг бууруулах тийм үр нөлөөтэй зүйл. Харин үүнээс илүү микро түвшинд авч үзвэл банкуудын IPO нь хөрөнгө оруулагчдын хувьд ашиг хийх тун ч боломжийн хувилбар болоод байна. Би IPO-г гурав дахь талаас нь тайлбарлая. Банкны хувьд IPO гаргана гэдэг нэмэлт мөнгөтэй болж буй хэрэг. Тус мөнгөөр мэдээж бизнесээ дэмжинэ. Банкны үндсэн бизнес зээл олгох юм чинь харин ч IPO нь банкууд зээлээ нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлнэ. Мэдээж тухайн банкны бодлого, нөхцөл байдлаас шалтгаалан өөр өөр байж болно. Сүүлийн хэдэн сар хөрөнгийн зах зээлд уналт ажиглагдаад байсан бол банкны IPO-той холбоотой хүмүүсийн анхаарал эргээд хөрөнгийн зах зээлийг анхааралтай ажиглах боллоо. Эрэлт ч өндөр байна. Тэдгээр хөрөнгө оруулагчдад зөвлөхөд хий сурталчилгаа биш, суурь судалгаандаа илүү найдаарай. Өдрийн арилжаагаар ашиг хийх гэж биш, харин урт хугацааны хуримтлалаа эдгээр хувьцаан дээр үүсгээрэй. Тэгвэл та хожих болно гэж хэлье.

-Төрийн банкны хувьд олон нийтэд санал болгож байгаа хувь хэмжээ нь таван хувь. Төрийн банкны IPO үнэхээр эрүүл үү. Эсвэл төрийн банкийг хувааж идэх гэсэн санаа байна уу гэх мэтчилэн зүйлс нэлээд хөвөрч харагдлаа л даа.

-Янз бүрийн л хардлага, сэрдлэг байгаа. Тэр болгоныг үнэн гэхэд хэцүү. Харин таван хувиа гаргаж буй нь бага уу гэвэл тийм. Хэрэв Төрийн банк таван хувиа гаргаад зогсох гэж байгаа бол энэ эрүүл биш. Харин миний мэдэж буйгаар цаашдаа бага багаар нэмэлт хувьцаа гаргаж, олон нийтэд гаргасан хувиа нэмэгдүүлнэ гэсэн. Тэгэхээр эцэстээ Төрийн банк биш, олон нийтийн банк болох өдөр ирнэ хэмээн найдаж сууна.

-Анод, Зоос банк хоёр IPO хийсэн. Тухайн үедээ асуудалгүй, маш сайн чанартай, ашигтай банкууд хувьцаа нь үргэлж өснө гэсэн пиар хийсэн. Яг одоогийн тав шиг. Хөрөнгийн зах зээлд гараад 1-2 жил болоогүй хоёулаа дампуурчихсан гашуун туршлага бидэнд бий шүү дээ.

-Үнэн. Одоо болтол Анод банкны асуудал иргэдийн сэтгэлийг эмзэглүүлсээр байгаа. Гэхдээ Анод банкны баланс, тоон үзүүлэлтүүдийг харвал сайнгүй байсан гэж тухайн үед ажиллаж байсан мэргэжилтнүүд дуу нэгтэйгээр хэлдэг. Тэгэхээр миний өмнө нь хэлээд байсан суурь судалгаа чухал шүү, битгий сурталчилгаанд хууртаарай гээд байгаа хэрэг. Цонх онгойлгоход агаар ч орно, шумуул ч орно гэдэг дээ. Банкны IPO бол Монголын нийгэмд хэрэгтэй байсан агаар мөн. Гэхдээ асуудал гарна. Заавал гарна. Тэрийг мэргэжлийн хүмүүстэй л давж туулна даа. Жишээ нь, манай “Мандал Ирээдүйн Өсөлт” хөрөнгө оруулалтын санд анх 7000 хүн хөрөнгө оруулсан ч жилийн дотор 8500 болтлоо өссөн байна. Өдөр ирэх тусам мэргэжлийн хүмүүстэй хамтран Банкны IPO-д оролцох хөрөнгө оруулагчдын тоо нэмэгдэж буй хэрэг юм.

-Банкны хувьцааны үнийг тогтоох маш хэцүү гэдэг. Үүнд хэрхэн анхаарах шаардлагатай вэ?

-Хувьцааны үнэ гэдэг хоёр үндсэн зүйл дээрээс хөдөлдөг. Нэг нь тухайн бизнесийн суурь үзүүлэлтүүд. Тус бизнес маш эрүүл, сайн ашигтай байвал тэр нь урт хугацаандаа хувьцааны үнийг өсгөнө. Харин богино хугацаанд хөрөнгө оруулагчдын сэтгэл зүй чухал. Тэгэхээр энэ хоёр дээр л анхаарна. Өөр юу ч биш. Олон нийтэд хувьцаагаа гаргасан банк бүр үндсэн бизнестээ, ашиг, орлогодоо л санаа зовох нь зөв. Энэ л тэдний хувьцаа эзэмшигчдийнхээ өмнө хүлээж буй хамгийн том үүрэг.

Хөрөнгийн зах зээлийн мэргэжилтнүүд бид ч энэ тал дээр шахалт үзүүлэн ажиллах болно. Харин хоёр дахь асуудал болох богино хугацааны хөрөнгө оруулагчдын сэтгэл зүйд бол зөв мэдээлэл тогтмол хүргэж л нөлөөлнө дөө. Зарим хувьцаат компани IPO хийсний маргааш таг чиг болдог. Тэгж л болохгүй гэсэн үг.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Яриасаг сайдууд амаа мэдэх нь улс төрд үлдэх дархлаа юм даа DNN.mn

Ам алдвал барьж болдоггүй, агт алдвал барьж болдог гэдэг. Сүүлийн үед амаа мэдэхгүй ярьдаг сайдууд олон болсон. Ард түмний гэдэнг хөдөлгөсөн юу хамаагүй ярьж хэлдэг. Үүний нэг нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын албан тушаалаасаа буусан Д.Сарангэрэл. Тэрээр “Манай яамныхан “улны айл” гэж нэрлэдэг юм байна. Өөрөөр хэлбэл, үнэхээр ядуу байгаа айл өрх гэсэн үг. “Ядуу” гэдэг үгийг хэрэглэхээ больчихсон, эмзэг бүлэг, зорилтот бүлэг гээд байгаа юм. Ямар миний найз зорилтот бүлгийн хүн гэлтэй нь биш дээ, “ядуу” гэдгээрээ явах нь зөв байх. Ямар ч байсан эхний ээлжинд манай яамныхны хэлдгээр “улны” буюу ядуурлын түвшингээс доогуур 1500 өрхийг ядуурлаас гаргах энэ хөтөлбөрийг хэрэгжүүлнэ” гэж хэлсэн нь олон нийтийн бухимдлыг төрүүлсэн. Үүнээсээ ч болж огцорлоо. Ам алдвал барьж болдоггүй гэдэг ямар үнэн үг вэ гэдгийг бүгд харлаа. Хамаа намаагүй үг амнаасаа унагах нь тухайн улсууддаа ч ямар халгаатайг харлаа.

Угтаа Үндсэн хуулиндаа бид “Хүнийг үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэж заасан байдаг. Ер нь ганц сайд, дарга гэлтгүй иргэдийн төлөө ажиллах ёстой төрийн алба хаагчид “улны айл” хэмээн иргэдээ дорд үздэг байх юм.ХНХ-ынхан иргэдийнхээ амьдралыг хамгийн сайн мэдэх ёстой атал ард иргэдийг элдвээр нэрийдэж суудаг байх нь. Ард түмнийг ул шалаар нь дуудаад байгаа Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд шалгалт оруулж, үнэн мөнийг ард түмэнд дэлгэх хэрэгтэй. Өөр хаана, аль яам, аль төрийн газар иргэдийг дуудаж ярьж байна бүгдийг илрүүлэх хэрэгтэй байна.

Иргэдийнхээ ядуу зүдүү байдлыг үл ойшоодог, бараг доог тохуу хийдэг сайд үүгээр дуусахгүй. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ “Самранд явсан иргэдийн 80 гаруй хувь нь газар дээрээ нас бардаг. Хөнгөн бэртвэл бараг аз гэж тооцож болно. Хүнд бэртэл нь өндөр, нас баралт нь бүр өндөр” гээд хээв нэг хэлээд сууж байсан.Түүнчлэн Улаанбаатар хотын түгжрэлийг хариуцахаар томилогдсон Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар “Буяны цуваа түгжрэлд нөлөөлдөг.Ламаас асуусан цагаар ихэвчлэн явдаг. Тэр нь түгжрэлийн оргил цагтай давхацдаг” гэж хэлж байх жишээтэй.Бас болоогүй Сангийн яам НӨАТ-ын сугалааг дахин эхлүүлж буйгаа сурталчилсан контентыг цахим хуудастаа байршуулсан. Энэхүү контент нь НӨАТ-ын баримт уншуулдаг хүн өлөн гэсэн утга илэрхийлж байв.

Энэ мэтээр эрх баригчид ард түмэндээ яаж дээрэнгүй ханддаг болсон нь үг, үйлдлээс нь харагдаж байна. Сав л хийвэл ард түмнээ дорд үздэг, амьдралаас тасарсан, хариуцсан ажлынхаа тооцоо судалгааг мэдэхгүй, мэдрэмжгүй сайд нар олонтой болжээ.Хариуцлага хүлээх сайдууд олон бий. Бас дутуу л байна. Уг нь гүйцэтгэх засаглалд ажиллаж байгаа төрийн сайд хүн УИХ-ын гишүүдээс ч илүү иргэдийнхээ амьдрал ахуйг мэддэг байх учиртай. УИХ-ын гишүүн хүн ёс зүйн шаардлагыг хангасан байх ёстой байдаг. Гэтэл сайдуудад ёс зүйн дүрэм гэж алга. УИХ-ын гишүүн болсон хүн нэмээд сайд болно гэвэл шаардлага нь улам өндөр болох хэрэгтэй байна. МАН-ын эрх баригчид, Засгийн газар өөрсдөө энэ нийгмийг ядууруулж хоосруулах, түүнийхээ дараа кастын систем тогтоох зорилготойгоор үйл ажиллагаа явуулж байна.

Түүнчлэн эрх барьж байгаа МАН ард иргэдээ янз бүрээр доромжилдог жишиг тогтчихлоо ч гэж үзэх хэсэг байна. Арга ч үгүй юм. Сайдаасаа эхлээд ард түмнээ алаг үзэж янз бүрээр нэрийдээд байхаар ард иргэдийн гэдэн хөдлөхгүй гээд ч яахав.

Сүүлд гэхэд л Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэд албан хаагчдаа “даргын зарц” хэмээн дуудав. Тэрбээр, “Чи ямар олон зарцтай байна. Би чамаас олон зарцтай мөртлөө бүгдийг ойлгоод, өөр дээрээ хариуцлагаа аваад эрхээ ч эдэлж байна, үүргээ ч биелүүлээд явж байна. Чи дарга хийвэл хийсэн шиг хий” гэж хэлэв. Аймгийн Засаг дарга нь ажилчдыг зарц гэж дуудаж, сайд дарга нар нь иргэдээ ул, өлөн гэж доромжилж суугаа нь эмгэнэл.

Ер нь улстөрчид цахим хэрэглээнд найр тавихын тулд төрийн нууц гэж байхаа ч больсон.Өөрсдийн гэсэн хэвлэлтэй,телевиз, цахим хэрэглээг бүр эзэгнэчихсэн. Хэн дуртай нь хэвлэл дуудаад ярьдаг. Ярих тусмаа алдаа гаргаад байгаагаа мэддэггүй. Хийж байгаа ажлаа тайлагнах нь зүйн хэрэг. Гэсэн хэдий ч яах гэж хажуудаа хэвлэлтэй байдаг юм. Тэднийхээ зөвлөгөөг ав.Албан ёсны хэвлэлийн албараа дамжуулж мэдээ мэдээллээ нийтэд жигд ойлгомжтой хүргэ л дээ.

Монголчууд ам бөх бол амь бөх ч гэж ярьдаг.Нэгэнт амнаас гарчихсан үгийг мянга зөвтгөх гэж оролдоод нэмэргүй. Яг тэр чигээрээ ард түмэнд буучихсан байдаг. Амаа мэдэж явсан нь л улс төрд үлдэх гол дархлаа чинь болох нь байна шүү, улстөрчид өө.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд болохын төлөөх дайн эхэллээ DNN.mn

Ам алдвал барьж болдоггүй, агт алдвал барьж болдог гэдэг. Үүний дагуу амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур амьдралтай айл өрхүүдийг “Улны айл” гэж хэлсэн Д.Сарангэрэл сайд огцорлоо. Огцрох ч ёстой. Үүнтэй зэрэгцэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дараагийн сайд хэн бэ гэсэн асуулт гарч ирж байна.

Энэ асуултад сайд болохыг хүссэн улстөрчид “Би, би. Одоо миний ээлж. Одоо цаг нь болсон” хэмээн уралдаж хариулаад эхэллээ. Өөрсдөө олон нийтэд шууд ингээд хэлчихгүй байгаа ч сайд болох санаархлаа сошиал орчинд сэвүүлээд эхлэв. Тэдний дунд тоон дотор үсэг цохиж явна гэдэг шиг хүмүүс ч байна. Санаанд оромгүй хүн ч өөрийгөө сануулж байна. УИХ-ын гишүүн Б.Баярсайханыг “Магадлал өндөртэй, тохиромжтой” гэх утгаар сэвж эхэлсэн. Сэвүүлж ч байгаа байх. Мөн Х.Булгантуяа гишүүний хувьд Б.Баярсайхан гишүүнээс дутахааргүй сошиалд бичигдэж байна. Түүний өөрийнх нь бодоогүй нүүдэл байж болох ч, түүнийг сайшаан үнэлдэг хүмүүсийн сэвэлт өндрөө авч байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар ч мөн суудал ахихыг санаархаж байгаа бололтой. Мөн УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Г.Мөнхцэцэг нар ч өрсөлдөж байна. Өмнөх сайд нь эмэгтэй байсан учраас эмэгтэй байх ёстой гэсэн логик автоматаар үйлчилж байгаа бололтой.

Сайдын төлөөх марафонд оролцогчдын ихэнх нь эмэгтэйчүүд аж. Тэд сайд болохоор өөрсдийгөө бялууртал магтуулж эхэлснээс гадна давхар өрсөлдөгчдөө харлуулж эрэллээ. Сошиалд ёстой нэг арьсаа хуулалцаж байна. Нэгнээ газар дор ортол муулаад, эсвэл тэнгэрт тултал нь магтаад л ямар ч туйл гэж алга. Муулсныг нь харвал буг чөтгөр мэт, сайлсныг нь харвал хутагт хувилгаад мэтээр л бичиж байна. Сайдыг халах ч секундын ажил болсон. Одоо албан тушаалд тавих нь ч секундын ажил болох биз. Ерөнхий сайдын л мэдэх асуудал. Гэхдээ нэг асуудал байна. УИХ-ын гишүүдэд ёс зүйн дүрэм гэж байдаг. УИХ-ын гишүүн болсон хүн нэмээд сайд болно гэвэл шаардлага нь улам л өндөрсөх учиртай.

Гэтэл сайд болох хүмүүст ямар ч шаардлага, шалгуур, ёс зүйн дүрэм гэж байдаггүй. Тийм учраас хэн дуртай нь сайд болох гэж зүтгэж байна. Сайд нар ёс зүйн дүрэмтэй, алдаа гаргавал сайдын суудлаа өгөөд ч зогсохгүй асар өндөр хариуцлага хүлээдэг болмоор байна. Тэгвэл сайдын суудал руу хүссэн болгон нь санаархахгүй, харин ч бүр эсрэгээрээ жийрхэж, хийж чадах нь л зүтгэдэг болно.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Эрх баригчид ард түмэндээ яаж дээрэнгүй ханддаг болсныг илтгэх үгс DNN.mn

Эрх баригч МАН төрийн эрхэнд гараад зургаан жил боллоо. Амьдрал сайжирсангүй. Харин тэд л өөрсдөө амьдралаас тасарч байна. Энэ тэдний ойлголт, үзэл бодол, хэлсэн үгээр нь нотлогдсоор байна. Хэдхэн сарын өмнө УИХ-ын гишүүн Н.Учрал “НӨАТ-ын буцаалтыг хүлээдэг, түүгээрээ амьдралаа залгуулдаг маш олон айл бий” хэмээн хэлж байлаа. Гэвч яг үнэндээ НӨАТ-ын буцаалтаараа амьдрах нь байтугай ямар ч худалдан авалт хийж чадахгүй, НӨАТ-ын буцаалт авдаггүй, авсан ч арван мянгаас хэтрэхгүй айл өрхүүд олон бий. Харин гишүүний өөрийнх нь НӨАТ-ын буцаалт нэг айлын сарын амьжиргааг залгуулчих хэмжээний мөнгө байдаг юм болов уу. Тиймээс өөрийнхөөрөө сэтгэж, хэмжээлж ярьсан нь тэр байх. Тэрээр ингэж л амьдралаас тасарч. Одоо бүр ч тасрах байх. Учир нь, тэр одоо сайд болсон. Уг нь гүйцэтгэх засаглалд ажиллаж байгаа сайд хүн УИХ-ын гишүүдээс ч илүү иргэдийнхээ амьдрал ахуйг мэддэг. Зөвхөн тойрог, бус томоор харж асуудал шийддэг, санал дэвшүүлдэг байх учиртай. Харамсалтай нь ийм биш байна. Иргэдийн амьдралыг хамгийн сайн мэдэж, ядарсныг тэтгэх төрийн хайр халамжийн бодлогыг иргэдэд хүргэх үүрэгтэй Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл амьдралын баталгаажих түвшнээс доогуурх айл өрхүүдээ улны айл хэмээн доромжлов. Үүнийхээ ч шанг хүртэж сайдын суудлаасаа огцорлоо. Тэрээр “Мэдээлэл хийхдээ болгоомжгүй үг хэллэг хэлсэндээ уучлалт гуйя. Ядуурлын түвшинөөс доогуур айл өрхийг улны айл гэж орчуулдаг гэсэн. Гэхдээ олон хүнийг гомдоосон бол уучлалт гуйж байна. Бид ядуурлаас гаргах гэж нойргүй зүтгэж байгаа” гэх нь тэр. Иргэдийнхээ ядуу зүдүү байдлыг үл ойшоодог, бараг доог тохуу хийдэг сайд түүгээр дуусахгүй. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ “Самранд явсан иргэдийн 80 гаруй хувь нь газар дээрээ нас бардаг. Хөнгөн бэртвэл бараг аз гэж тооцож болно. Хүнд бэртэл нь өндөр, нас баралт нь бүр өндөр” гэсэн юм. Энэ бол хүн үнэмшихээргүй статистик. Гэхдээ иргэд амьдралаа залгуулахын тулд эрсдэлтэй ч, бүр хуулиар хатуу хориглосон ч самранд явж байгаа. Энэ бол аминаасаа уйдсан, эсвэл хууль зөрчихийн тулд яваад байгаа хэрэг биш шүү дээ, Б.Бат-Эрдэнэ сайд аа. Иргэдийн амьдрал ийм л хэцүү байна.

Энэ мэтээр эрх баригчид ард түмэндээ яаж дээрэнгүй ханддаг болсныг батлах үгс тэдний амнаас урссаар л байна. Тэд ард түмнээ бөөс хуурс шиг харж, шавхруу долоож амьдрах ёстой гэж боддоггүй байлтай. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг “Тэтгэвэр гэдэг бол орлого, цалин биш. Ер нь улс орныхоо төлөө зүтгэсэн гар хөлөө хөдөлгөж ажилласан ахмадуудаа Монгол Улсын төрөөс харж үзэж байгаа дэм гэж ойлгож байгаа” хэмээн УИХ-ын индэр дээрээс хээв нэг хэлж суусан. Угтаа бол тэтгэвэр гэдэг төрөөс өгч буй дэм бус тухайн иргэн насаараа ажиллаж, хөдөлмөрлөх насандаа төлсөн НДШ-ийн хуримтлалаа тэтгэвэр хэлбэрээр буцааж авч байгаа явдал юм. Ийнхүү иргэдээ элдэв янзаар дорд үздэг эрх баригчид сүүлдээ бүр бурхан болоочдыг ад үзэж эхэллээ. Улаанбаатар хотын түгжрэлийг хариуцахаар томилогдсон Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар “Буяны цуваа түгжрэлд нөлөөлдөг. Ламаас асуусан цагаар ихэвчлэн явдаг. Тэр нь түгжрэлийн оргил цагтай давхацдаг” гэв. Сүүлд гэхэд л Увс аймгийн засаг дарга Ч.Чимэд төрийн албан хаагчдыг “даргын зарц” хэмээн дуудав. Тэрбээр, “Чи ямар олон зарцтай байна. Би чамаас олон зарцтай мөртлөө бүгдийг ойлгоод, өөр дээрээ хариуцлагаа аваад эрхээ ч эдэлж байна, үүргээ ч биелүүлээд явж байна. Чи дарга хийвэл хийсэн шиг хий” гэв.

Мөн чанартаа УИХ-ын гишүүд, дарга, сайд ч жирийн л нэг иргэн. Гэтэл манайд дарга, сайд болоод ирэхээрээ өөрсдийгөө тусгай төрөлтөн гэж үздэг болчихоод байх юм. Сав л хийвэл энэ мэтээр ард түмнээ дорд үздэг, амьдралаас тасарсан, хариуцсан ажлынхаа тооцоо судалгааг мэдэхгүй, “мэдлэггүй” гишүүд, сайд нарыг эргүүлэн татвал таарна гэсэн шүүмжлэл олон нийтийн дунд хөвөрч байна. Нийгэм, олон нийтийн дэмжлэггүй, хүний эрхийн мэдрэмжгүй тэднийг ингэхээс өөр яалтай билээ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Д.Сарангэрэл сайдын “улны” иргэд DNN.mn

Шог зураач С.Цогтбаярын зургаас...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдсон УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл энэ удаа гурав дахь яамныхаа нүүр үзэж байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу Засгийн газрыг дахин шинэчлэн бүрдүүлэхэд түүнд гурав дахь боломж олдсон нь энэ. Салбартаа сайнаар үнэлэгдсэн сайд А.Ариунзаяаг мөргөж, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд болсон. Тэрбээр “Чамлалттай санагдаж магадгүй ч эхний ээлжинд 1520 өрх буюу манай яамныхны нэрлэдгээр улны айлууд буюу үнэхээр ядуу байгаа. Бид улны буюу ядуурлын түвшингээс доогуур 1500 өрхийг ядуурлаас гаргах энэ хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Хоёр сарын хугацаанд үргэлжлэх, үсчний мэргэжил эзэмшүүлж, үсчинд суудал түрээслүүлээд, тэр хүнд хэрэгтэй сэнс, сам, хими хийх будаг, материалыг нь авч өгнө. Түүнээс гадна ар гэрийг нь хоёр жилийн хугацаанд харж үзээд, тухайн иргэнийг хөдөлмөр эрхлэх бололцоог нь хангаж өгнө. Энэ ажлыг энэ оны арваннэгдүгээр сараас эхлүүлнэ гэж үзэж байгаа” гэв.

Хамгийн ядуу өрхийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам “Улны айл” гэж нэрлэдэг болохыг сайд нь хэлэв. Д.Сарангэрэл сайд угтаа “улны” гэж доромжилж байгаа айл өрхийн иргэдийн саналаар гишүүнээр сонгогдсоноо мартсан юм болов уу. Тэрээр 2012 оноос хойш гишүүнээр сонгогдож гурван ч удаа Монгол Улсын сайдын эрх ямбыг эдэлж, тасралтгүй 10 жил Монгол төрийг удирдаж байгаа энэ хүн иргэдээ “улны”, “улны биш” гээд ялгаад сууж байгаа нь эмгэнэл. Сам, үсний будагны мөнгийг төсвөөс өгч үсчин болгоно гэж байснаас хамаа намаагүй тараадаг халамжийн бодлогоо танах хэрэгтэйг эхлээд нэг харчихаасай, эрхэм сайд.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Г.Жавхлантөгс: ОХУ олон улсын тавцанд ганцаардаж буй энэ үед бид ОХУ-тай импортын татварыг бууруулах асуудлыг хөндөж тавих хэрэгтэй DNN.mn

Олон улс судлаач Г.Жавхлантөгстэй ярилцлаа.


-Монголоос гардаг гол 300 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд Орос 40-60 хувийн татвар авдаг. Яагаад манай улсад өндөр татвар тавьдаг юм бэ гэдгээс ярилцлагаа эхэлье?

-Монгол Улс болон ОХУ-ын худалдааны тэнцвэр байнга алдагдалтай явж ирсэн. Монгол Улс 1990 оноос хойш 2020 он хүртэлх 30 жилд ОХУ-тай нийт 25.9 тэрбум ам.долларын худалдаа хийснээс 23 тэрбум буюу 89 хувь нь импорт байна. Тус улсаас импортоор авч байгаа шатахуунд жилд тэрбум гаруй ам.доллар зарцуулж байна. Харин экспорт дунджаар нийт гадаад худалдааны 11 хувийг эзэлж байна. Энэ 30 жилд ОХУ-тай хийсэн гадаад худалдааны алдагдал 20 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна. Энэ нь ЗХУ-ын үеэс Монгол Улс социалист лагерын түүхий эдийн дамжлага бааз болон ашиглагдаж ирсэн үеэс улбаатай Оросын бодлоготой холбоотой болов уу гэж бодож байна. ОХУ дангаараа Монгол Улсад татвар ногдуулдаггүй, өөрөөр хэлбэл, Монгол Улс ОХУ-д бараа бүтээгдэхүүн экспортлоход Евразийн гаалийн бүсэд нэвтэрч байна гэсэн үг. Евразийн эдийн засгийн холбоо нь Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орнуудад үйлчилдэг тарифын хөнгөлөлт буюу GSP хөнгөлөлтийн тарифыг манай улсад олгодог. ОХУ-д буюу Евразийн эдийн засгийн холбооны гаалийн тариф нь Монгол Улсаас экспортлох бүтээгдэхүүн бүрд ялгавартай байна. Үүн дээр НӨАТ нь 20 хувь байдаг ба үүнийг тухайн худалдан авагч төлдөг. ОХУ-ын хойд нутаг, Сибирийн хүйтэн бүс рүү манайх ноос ноолуур, арьс ширээ гаргах боломж эрэлттэй гэдэг. Гэтэл ноос ноолуураа ОХУ руу гаргана гэвэл 65 хувийн татвартай. Энэ нь бизнес эрхлэгчдийг дөнгөнд оруулчихаад байдаг…

-Ер нь бол тийм. Аливаа улс орны хооронд улстөрийн хэлэлцээ яриа, эдийн засгийн хамтын ажиллагаа харилцан ашигтай, худалдааны балансын зөрүүг аль болох бага байлгах, харилцан ашигтай байх тухай ярилцдаг. Манай ХАА-н гаралтай, ялангуяа малын мах, арьс шир, ноос, ноолууран бүтээгдэхүүнтэй холбоотой олон боломж байна. Гэтэл бид энэ дээр бусад орнуудтай тарифаар өрсөлдөж чадахгүй байна. 40 хувийн татвар төлөхөөр бүтээгдэхүүний үнэ өөрөө өрсөлдөхүйц чадваргүй, бүтээгдэхүүн болж чадахгүй байна. Мөн тарифын бус хүндрэлүүд их байна. Тухайлбал, манай худалдааны танхимын гишүүн компани Монголд гар аргаар үйлдвэрлэсэн сайн чанарын бяслагийг ОХУ болон Хятад руу нийлүүлэх гээд тэдний зүгээс тавьж буй эрүүл ахуйн шаардлагаас гадна бичиг баримт, зөвшөөрөл, хүнд суртлын асуудлаас болоод одоог хүртэл гаргаж чадаагүй л байна.

-Бид хэрхэн Оросын энэ татварыг зөөлрүүлэх бодлого хэрэгжүүлэх вэ?

-Украинд явуулж буй дайны улмаас ОХУ олон улсын тавцанд ганцаардаж буй энэ үе бол Монгол Улсын хувьд ОХУ-тай хийж буй худалдаа, эдийн засгийн бодлогыг хөнгөвчлөх, импортын татварыг бууруулах асуудлыг хөндөж тавих түүхэн чухал үе гэж харж байна. Түүнчлэн Евроазийн эдийн засгийн холбоонд орсон таван улстай Эдийн засгийн чөлөөт худалдааны хэлцэл хийвэл бид ялангуяа тарифын болон тарифын бус нөхцөлүүдийг ижил түвшинд хүргэх, илүү бууруулах олон боломжууд бий гэж үзэж байна.

-ОХУ-ын эдийн засгийн нөхцөл байдал ямар байгаа бол?

-ОХУ Украинд дайн хийснийхээ төлөө АНУ, Европын холбоо болон олон улсын эдийн засгийн хамгийн хүнд хоригт орсны улмаас өнгөрсөн 30 жилийн хугацаанд олж авсан эдийн засгийн өсөлт, нэр хүндээ бүрмөсөн нураалаа. Цаашдаа 10, 20 жилийн туршид ОХУ эдийн засгаа сэргээхэд маш хүндрэлтэй байдалд орлоо. Дэлхийн бүхий л үндэстэн дамнасан компаниуд ОХУ-аас гарч явлаа. ОХУ-ын Эдийн засгийн сайд ОХУ-ын ДНБ-ий өсөлт 2022 онд 2,9 хувиар агшина гэж тооцож байгаагаа есдүгээр сарын эхээр мэдэгдсэн. Дайны байдлыг ажиглахад үүнээс ч илүү агших магадлалтай. Түүнчлэн дайн дууссаны дараа олон улсын хууль эрх зүйн хүрээнд Украинд дайны төлбөрт олон сая ам.доллар төлөхөөс эхлээд эдийн засаг, санхүүгийн хувьд ихээхэн хүндрэлтэй нөхцөл байдалд байна. Тиймээс ОХУ-ын удирдлагууд аль болох олон улс тэднийг дэмжиж буй гэсэн имиж бүрдүүлэх зорилготой байна. Энэ хүрээнд ОХУ-ын хувьд яг одоо манай улсын дэмжлэг их чухал байгаа учраас худалдааны нөхцөл, импортод оноож буй өндөр тарифын шаардлагаа бууруулах хэрэгтэй.

-ОХУ-тай худалдааны ийм алдагдалтай байгаа энэ нөхцөлд цаашдаа манай улс эдийн засгийн ямар бодлого явуулбал зүгээр вэ?

Нэгэнт ийм худалдааны алдагдалтай байгаа нөхцөлд Монгол Улс эдийн засгаа сэргээж, тэлэхийн тулд гуравдагч хөршийн орнуудаас, тухайлбал АНУ, Европын холбоо, Япон гэх мэт орнуудаас гадаадын шууд хөрөнгө оруулалтыг яаралтай татах шаардлагатай байна. Ингэснээр маш олон төрлийн давуу байдал үүснэ. Валютын нөөц нэмэгдэнэ, шинэ техник, технологи нэвтэрнэ, ажлын байр болон татварын орлого нэмэгдэж, төсвийн ачаалал буурна. Үүний тулд худалдаа, хөрөнгө оруулалтын эко тогтолцоог яаралтай бүрдүүлж, хөрөнгө оруулагчдыг үргээж буй хүчин зүйлүүд болох хуулийн засаглал, гэрээний хэрэгжилт, шүүхээр аливаа маргааныг хурдан шуурхай, шударгаар шийддэг болох шаардлагатай байна. Түүнчлэн аль салбарт хөрөнгө оруулбал хэрхэн урамшуулах бодлогоо тодорхойлж, аль болох хурдан зарлаж, төрийн өмчид суурилсан биш, харин хувийн хэвшилд тулгуурласан эдийн засгийн бодлого явуулах хэрэгтэй. Манай Америкийн худалдааны танхимаас энэ талаар “Монгол улсын худалдаа, хөрөнгө оруулалтын бодлого” нэртэй бодлогын баримт бичиг гаргасан. Үүнд, бид Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн хугацаанд худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар авч хэрэгжүүлсэн бодлогын арга хэмжээнүүд болон худалдаа, хөрөнгө оруулалтад саад болж буй хүчин зүйлүүдийг судлан, анализ хийсэн бөгөөд эдгээрт үндэслэн “Эерэг өөрчлөлтийн гурван тулгуур” гэсэн бодлогын зөвлөмжүүд гаргасан. Нэгдүгээрт, хувийн хэвшлийн бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид манлайлсан чөлөөт зах зээлийн эдийн засгийг тууштай дэмжин хөгжүүлэх, хоёрдугаарт, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг шинэчлэх, гуравдугаарт, АНУ болон гуравдагч хөрш орнуудтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, бүс нутгийн худалдааны интеграцийг нэн тэргүүнд тавих зэрэг зөвлөмжүүд багтсан. Энэхүү зөвлөмжүүдийг УИХ, Засгийн газар аль болох яаралтай хэрэгжүүлэх тусам бизнес, хөрөнгө оруулалтын орчин тэр чинээгээр сайжирна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Бензинээ мал, махаар сольж болохгүй юу? DNN.mn

Монгол Улс ам.долларын хомсдолд орж, ханш нь 3400 даваад явчихлаа. Гадаад худалдаандаа үргэлж алдагдалтай явж ирсэн манай улс ам.доллар олохоосоо илүү, үрэх нь их. Шатахуун, хүнснээс эхлээд өргөн хэрэглээний бараа бүтэгдэхүүнийхээ ихэнх хувийг гадаадаас валютаар худалдаж авдаг. Өдөр ирэх тусам энэ хэрэглээ нэмэгдэж, валютын гадагшлах урсгал ч нэмэгдсээр…Ийнхүү бид өнгөрсөн хугацаанд ам.доллараа гадагш урсгаж сууснаас олох боломжийг төдийлөн эрэлхийлээгүй. Уул уурхайн түүхий эдээ экспортолж л орлого олж байгаагаас өөрөөр валют олж байгаа салбар бараг алга. Тийм ч учраас манай эдийн засгийг хүрэн эдийн засаг гэж нэрлэдэг.

Хэдэн жилийн өмнө УИХ-ын гишүүн асан М.Билэгт эдийн засгаа солонгоруулах мэргэн санаа олсноо хэлсэн ч бүгд шоолоод өнгөрч байлаа. Тэрээр “Бид газрын доорх баялгаа л экспортолж валют олох тухай яриад байдаг. Мал аж ахуйн салбарын бүтээгдэхүүнээ экспортолж, эдийн засгаа солонгоруулмаар байна. Бид жилдээ нэг тэрбум ам.долларын шатахуун хэрэглэдэг. Төр зохицуулаад 20 сая бог малаар шатахууны бартер хийж болно шүү дээ. Энэ талаар Сангийн сайд юу гэж бодож байна вэ” хэмээн асууж байв. Тухайн үеийн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар түүний асуултад “Сангийн яам малаар шатахуун солих наймаа ярьдаггүй. Бид бодлогоо ярина. Бизнес эрхлэгчид тэр бизнесээ хийвэл зүгээр” хэмээн инээмсэглэн хариулж байлаа.

УИХ-ын гишүүн асан М.Билэгтийн хэлсэн шиг хониор шатахуун бартердана гэдэг нь бас л нэг арга юм. хониор шатахуун авах нь бодох арга байжээ. УИХ-ын гишүүн асан М.Билэгт ингэж хэлсэндээ харин олны доог тохуу болж байсан. Амтай болгон л түүнийг шоолж байсан. Эргээд харахад энэ бол үнэн хэрэгтээ ажил хийж үзсэн, бизнес хийж үзсэн хүний үг байж. Ортой үг байж гэдэг нь орой руу орж ирж байна. Харин хонио экспортолж ам.доллар олох боломжтой. 25 сая хоньтой Шинэ Зеланд улс жилд хонины махны экспортоосоо 2.5 тэрбум ам.долларын орлого олдог байна. Гэтэл 35 сая хоньтой манай улс яагаад экспортын орлогоо нэмэгдүүлэх боломжгүй гэж. Уг нь манай улсаас БНХАУ-д хандивласан 30 мянган хонины махыг тус улс үнэгүй сайхан рекламдаж өгсөн. Даанч манайх түүнийг нь ашиглаж маркетинг хийгээгүй л болохоос биш. Түүнчлэн сүүгээрээ дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаад дээр нь БНХАУ-руу экспортод гаргадаг болвол сүүний экспортоос жилдээ хэдэн тэрбум доллар олох боломжтойг ч эдийн засагчид хэлж байгаа.

Бид өнөөдөр хамаг байдаг доллараа бензинд өгч байна. Доллар зарж байгаа гол зүйл ердөө шатахуун болчихлоо. Хойд хөрш шатахууны экспортоо хумих төдийд Монгол Улсад хэр хэмжээний том асуудал үүсэж болохыг монголчууд мэднэ. Гэтэл бид газрын тос боловсруулах үйлдвэр барина гэж яриад зургаан жил боллоо. Цагтаа бид өөрсдийн гэсэн нефтийн үйлдвэртэй байсан улс. Зүүнбаянгийн нефтийг маш сайн байсан гэж хүмүүс ярьдаг. Угтаа өнөөх үйлдвэр маань Сибир лүү том орд нээгдлээ гэдэг нэрийдлээр хаагдсан байдаг. Бид өөрсдөө шатахуунаа үйлдвэрлээд чадаж л байсан. Одоо л нэг их сүр болгоод байгаагаас биш. Бид өнөөдрийг хүртэл мунгинасаар байтал хамаг доллараа бензинд төлөөд дуусах нь. Шатахуунаа доллараар биш рублиар авъя гэхээр тэр их рубль чинь хаана байна аа гээд байдаг. Тэгвэл Оростой шатахууныг нь мал махаараа бартер хийж авъя л даа. Махаа дэлхийн зах зээлийн үнээр заръя. Шатахууныг нь ч дэлхийн зах зээлийн үнээр авъя. Бидэнд ийм нэг арга зам байна. Энэ бол зүгээр л нэг жишээ. Заавал малаар шатахуунаа бартердах гээд байгаа юм биш.

Арваад жилийн өмнө юмдаг, Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байхад эмч Б.Болдсайхан, “Хас”-ын Ч.Ганхуяг тэргүүтэй хүмүүс Төрийн ордон руу салаавч гаргаж байлаа. Төгрөг үнэгүйдэж, доллар галзуурч байгааг салаавчаар эсэргүүцсэн нь тэр л дээ. Тэр үед долларын ханш дөнгөж 1700 төгрөг л давж байв. Тэгвэл өнөөдөр нэг нь 3450 монгол төгрөгтэй дүйж очиж буй ам.доллар олдоц ч үгүй болтлоо ховорджээ. Инфляци өсөх, төгрөгийн ханш сулрах нь Засгийн газарт ашигтай. Учир нь, Засгийн газар төсвийн орлогынхоо багагүй хувийг доллароор зардаг экспортоос бүрдүүлж буй учраас ашигтай байгаа юм. Доллар тэнгэрт тултал өсч байхад Засгийн газар улам бүр долларыг хөөргөж байна. Бүр өөгшүүлж байна. Эрх баригчид баахан л бодлого гаргадаг. Тэр нь иргэдийн амьдралд эерэгээр наалдаж байгаа юм лав алга. Эрх барьж байгаа намынхан хөрсөн дээрээ буумаар байх юм. Доллар олох ямар арга байна, тэр гарц нүх сүвийг бүгдийг нь эрж хайж олмоор байх юм даа. Үүний дотор мал махаараа бартердах нь нэг арга мөн гэж харагдаж байна.