Categories
мэдээ цаг-үе

Samsung S10

Самсунг Электроникс компани Galaxy ухаалаг гар утсаа арван жилийн өмнө гаргаж байсан. Тэгвэл хэдхэн өдрийн өмнө Galaxy S10 шинэ загварын хэд хэдэн хувилбарыг Сан Франциско хотын Bill Graham Civic Audi­torium танхимд танилцууллаа. “Бидний хийж чадах бүх зүйл дууссан гэж хэлдэг хүмүүст энэхүү технологи хариулт өгсөн. Тэдний буруу байсан гэдгийг бид одоо нотолж байна” хэмээн “Samsung” компанийн ерөнхийлөгч Донг Джин Ко Сан үзэсгэлэнгийн үеэр хэлсэн юм.

Сан Франциско хотын Bill Graham Civic Auditori­um танхимд Apple компани олон шинэ бүтээгдэхүүнээ танилцуулж байсан түүхтэй. Самсунгийн S10 загварт энгийн S10, том дэлгэцтэй S10+, хямд үнэтэй S10e, тавдугаар үеийн сүлжээний стандартад нийцсэн S10 5G хувилбарууд багтаж байна. Бүх хувилбар нь Самсунгийн HD Infinity Display дэлгэцтэй. Хэмжээний хувьд S10 нь 6.1 инч, S10e нь 5.8 инч, S10+ нь 6.4 инч дэлгэцтэй. Харин S10 5G нь 6.7 инч буюу таблет шиг аж. S10e хувилбар нь хурууны хээ уншигчийг хажуу ирмэгтээ байрлуулсан бол бусад гурав нь дэлгэцэн дотроо байрлуулжээ. Үнийн хувьд S10 нь 900 ам.доллар, S10+ нь 1.000 ам.доллар, S10e нь 750 ам.доллараас эхлэх юм. Харин S10 5G хувилбарын үнэ одоогоор тодорхойгүй байна. Самсунг компани шинэ гар утас худалдаж авах гол шалтгааныг тэдгээрийн камерын технологи, батарейн багтаамж хоёроор үзүүлэхийг зорьжээ.

SAMSUNG GALAXY FOLD

Дундуураа нугалардаг “Galaxy Fold” загварын ухаалаг утсыг зохион бүтээгчид “ном” хэмээн нэрлэжээ. Учир нь 1536 x 2152 хэмжээтэй таблет дэлгэцийг дундуур нь нугалж эвхэх боломжтой юм. Энэхүү ухаалаг гар утсыг дөрөвдүгээр сарын 26-наас худалдаанд гаргах бөгөөд ойролцоогоор 1600-2000 мянган ам.долларын үнэтэй байх юм.

САЙЖРУУЛСАН ДЭЛГЭЦ

Galaxy S10 ба S10 Plus загварууд нь 6.1 ба 6.4 инчийн QHDR10+ AMOLED дэлгэцтэй болсон бөгөөд ингэснээр дүрс илүү тод, амьд харагдах боломжтой юм.

ДЭЛГЭЦ ДЭЭРХ ХУРУУНЫ ХЭЭ УНШИГЧ

Шинэ загварын бас нэгэн анхаарал татсан зүйл нь дэвшилтэт ультрасоник хурууны хээ уншигч байлаа. Samsung-ийн мэргэжилтнүүд утасны ард байрлах уламжлалт хурууны хээ уншигчийг хассан тул одоо хэрэглэгч шууд дэлгэц дээрээ хурууны хээгээ уншуулдаг болжээ.

НИЙТ 4-5 ТӨРЛИЙН КАМЕР

Galaxy S10 загвар нь нийт дөрвөн төрлийн камертай. Тухайлбал 12MP-тэй энгийн, 123 градусын өргөн өнцгөөр буулгах чадвартай 16MP Ultra Wide, хэт холын объектыг татаж ойртуулах чадвартай 12MP Telephoto гэсэн гурван төрлийн линзтэй арын камеруудтай ба урдаа 10MP камерыг суулгаж өгчээ. Мөн зөвхөн арын төдийгүй урд талын камер 4K видео бичих чадвартай болсноороо давуу талтай. Харин S10 Plus загвар нь дээрх камеруудаас гадна урдаа RGB Depth гэх сайжруулсан нэмэлт селфи камер суулгаж өгчээ.

ЦЭНЭГЭЭ ХУВААЛЦДАГ ҮЙЛДЭЛ

Шинэ Galaxy S10 ба S10 Plus загварууд утасны цэнэгээ бусадтай хуваалцаж болдог Power Share нэртэй шинэ үйлдэл танилцуулсан юм. Өөрөөр хэлбэл, таны ойр дотны хэн нэгний утасны цэнэг дуусч унтарсан тохиолдолд та өөрийн Galaxy S10 утсаа дээр нь тавиад л ямар нэгэн цэнэглэгч, холболтгүйгээр цэнэглээд өгөх боломжтой. Энэхүү үйлдлийг зөвхөн Sam­sung төдийгүй iPhone болон бусад төрлийн утаснууд дээр ч ашиглаж болох юм.

УХААЛАГ УТАС + ТАБЛЕТ

Бас нэгэн гайхалтай бүтээл бол Samsung Fold гэх нугалардаг ухаалаг утас. Энэхүү төхөөрөмж нь энгийн үедээ 4.6 инчийн дэлгэцтэй ухаалаг утас мэт харагдах боловч дэлгэх үед 7.3 инчийн таблет болон хувирна. Ингэснээр нэгэн зэрэг олон апп ашиглаж, видео тоглоом тоглож, ер нь хүссэн бүх үйлдлээ зөвхөн нэг төхөөрөмж ашиглан хийх боломж бүрдэж байгаа юм.

GALAXY S10E БА S10 5G

Samsung компани хямд үнэтэй S10e болон тавдугаар үеийн сүлжээний стандартад нийцсэн S10 5G гэх хоёр төрлийн загварыг танилцуулсан. Galaxy S10 5G загвар нь 6.7 инчийн том дэлгэц ба асар хурдан ажиллагаатай гэдгээрээ онцлог болж байна. Харин S10e загвар нь арай жижиг буюу 5,8 инчийн дэлгэцтэй ба боломжийн үнэтэй юм. S10, S10+ хувилбарууд тус бүр 12-16 мегапикселийн гурав, гурван арын камертай бөгөөд 123 градусын өргөн өнцгөөр панорам зураг буулгах чадвартай юм байна. Харин S10 5G хувилбарын дөрөв дэх арын камер нь алслалтыг (depth) мэдрэх зориулалттай. S10+ болон S10 5G хувилбарууд нүүрэндээ хоёр хоёр камертай. Энгийн S10, S10e хувилбарууд нүүрэн хэсэгтээ нэг, нэг камертай, зөвхөн S10e нь ардаа хоёр камертай ажээ.

Дөрвөн хувилбар нь тус бүр 4.500mAh, 4.100mAh, 3.400mAh, 3.100mAh багтаамжтай батарей агуулсан нь бүхэл өдрийн турш нэмж цэнэглэлгүй хэрэглэх боломж олгож байна. Бүх хувилбар утасгүй цэнэглэгдэх боломжтойгоос гадна нэг нь нөгөөгөө цэнэглэх “Power­Share” горимтой.

ҮНЭ БА ХУДАЛДААНД ГАРАХ ХУГАЦАА

Galaxy S10, S10+, S10e хувилбаруудын захиалга эхэлсэн бөгөөд гуравдугаар сарын 21-нд худалдаанд гарна. Үнийн хувьд S10 загвар нь 900 ам.доллар, S10 Plus загвар нь 1000 ам.долларын үнэтэй худалдаанд гарах юм. Урьд-чилан захиалсан хэрэглэгчдэд шинээр танилцуулсан 130 ам.долларын үнэтэй Gal­axy Buds утасгүй чихэвчийг дагалдуулж өгөх юм байна. “Galaxy S10+” загварын утас өмнөх загваруудаас 25 хувиар илүү удаан цэнэгээ барих аж. Тэгвэл арай хямд үнэтэй S10e загвар 750 ам.доллар бол S10 5G ухаалаг утасны үнэ ба худалдаанд гарах хугацаа одоогоор тодорхойгүй байна. Түүнчлэн хос сим карт хэрэглэж болохоос гадна “Wi-Fi 6” сүлжээнд тохирох хамгийн анхны гар утас юм. Харин Galaxy S10 5G хувилбар энэ оны сүүлийн хагаст зөвхөн АНУ-ын Ve­rizon операторын сүлжээнд ажиллахаар худалдаанд гарч, дараа нь зах зээлийн хүрээгээ тэлэх аж. Цоо шинээр зах зээлд гаргаж байгаа Galaxy Fold загварыг Самсунг “тансаг ангилал”-ын төхөөрөмж хэмээн нэрлэсэн нь учиртай. Нүүр хэсэг нь бүхэлдээ дэлгэц байхаар бүтээгдсэн шинэ загварын ухаалаг утаснуудын дэлгэцийн өнгөний нягтралыг илүү тодруулсан байна. Үүний зэрэгцээ эдгээр утсанд хөх туяа бага ялгаруулах өндөр нягтаршилтай “quad HD+AMOLED” болон өнгийг дээд зэргийн чанараар дамжуулах “Dynamic Amo­led” дэлгэцийг суулгаж өгчээ. Ухаалаг утаснуудын мэдээлэл хадгалах багтаамж 128 гигабайтаас 1024 гигабайт буюу нэг терабайт хүртэл байна. Түүнчлэн дэлгэцийн хэмжээ хамгийн багадаа 5.8-аас 6.4 инч байх бөгөөд өнгөний хувьд хар, цагаан, цэнхэр, ягаан гэх мэт сонголттой байх ажээ. “Galaxy S10+” урдаа 12-13 мегапикселийн хос камертай байх бол ардаа 16 мегапикселийн гурван камертай байна. Мөн урд камер нь өргөн дурантай бөгөөд зураг, дүрс авахад тохиромжтой өнцөг, түвшинг тохируулах боломжтой автомат “HDR 10+” стандартыг агуулжээ. Үүний зэрэгцээ царай таних болон хурууны хээ мэдрэгчтэй байхаас гадна USB болон өөр бусад ямар ч утасгүй цэнэглэгчээр цэнэглэх боломжтой гэнэ. Мөн гар утаснаасаа өөр бусад утас болон чихэвч зэргийг цэнэглэх боломжтой болжээ.


Categories
мэдээ цаг-үе

П.Батсайхан: Бид цөөхүүлээ ч нэгдэж, багцалсан сум шиг байж чадвал эх орноо авч үлдэнэ гэх санааг харуулахыг зорьсон

Улиастайн 2000 цэргийн бослогын бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн “2000” уран сайхны киноны албан ёсны нээлт гуравдугаар сарын 1-нд болло. “Одоо л багцалсан сум шиг нэгдэхгүй юм бол хожим хойно цусаар уйлаад ч оройтсон байх вий” хэмээн сануулах, Манж Чин Улсын эсрэг эх орон, эрх чөлөөний төлөөх тэмцэл, тэр дундаа Улиастайн 2000 цэргийн бослого, тэмцлийн талаар уг кинонд өгүүлэх аж.


Энэ талаар уг киноны ерөнхий продюсер, зохиолч соёлын гавьяат зүтгэлтэн П.Батсайхантай ярилцлаа.

-Улайстайн 2000 цэргийн бослогын талаар өгүүлэх киноны түүхийг эхлээд хөндөе. Түүхэнд энэ бослого бүдэг бадаг тэмдэглэгдсэн байдаг. Эх сурвалжуудаа хаанаас цуглуулав?

-Түүхэн эх сурвалж миний уншсан, судалсан зүйлсээс эхтэй. Монголын сэргэн мандалтын үеийн төр тогтолцооны үеийн түүхэнд хаягдах шахам болсон Улиастайн 2000 цэргийн бослогын талаар бичих сэдэл маань Завхан аймгаас төрсөн хутагт хувилгаадыг 40 жил судалсантай холбоотой. Тэдэнтэй холбоотой түүхийг судлахын тулд Улиастайн 2000 цэргийн бослогыг зайлшгүй судлах шаардлага бий болсон. Бидний өвөг дээдэс буюу энэ зүйлийг тархиндаа баринтаглаж байсан хүмүүстэй уулзаж эх сурвалжаа болгосон. Амьд гэрчүүдээс судалгаа авч түүндээ түшиглэн зохиолоо бичсэн юм. Түүхийнхээ хувьд эхлээд цэрэг Онолт 2000 цэргийн бослогыг санаачилсан. Манжууд Онолтыг хөнөөчихсөн байдаг. Түүхээ судалж байхад тэр үеийн мэргэд төрийн хэрэгт айхтар оролцдог байсан байгаа юм. Тэдний түүхийг судалж байхад Мөхөх төрийн бодлогон дунд мандах төрийн зул бадамлаж байдаг юм байна гэдгийг олж харсан. Цэцдээ сонсдоггүй ноёд төр, цэргээ хамгаалдаггүй төрийн бодлогыг Улиастайн 2000 цэргийн бослого бодитоор нь харуулсан гэдгийг өгүүлэхийг хичээсэн. Тэгэхээр энэ бүтээл зайлшгүй бүтээгдэх ёстой гэдэг үүднээс зохиолоо бичсэн. Улайстайн 2000 цэргийн бослогыг социализмын үед өлссөн цэргүүд бослого хийчихсэн мэтээр тэмдэглэгдсэн байдаг. Гэтэл түүний цаана асар их ач холбогдол, үр нөлөө байсан. Тэр цэргүүд, бослогоор дамжиж монголчуудын эрх чөлөөнд эргэлт, сэрэлт хийсэн байх гэж би хувьдаа боддог. Түүхэн чанараараа ч тэр Улайстайн 2000 цэргийн бослогоос Монголын ард түмний эрх чөлөөний хөдөлгөөн эхэлсэн гэж үздэг. Манайд энэ талаар багахан юм бичсэн байдаг л даа.

-Хойч үеийн залуучуудад түүхийг үнэн зөвөөр нь үлдээх ёстой. Зарим кинонууд түүхийг гажуудуулах зүйл гарч байна гэх шүүмжлэл байдаг л даа. Энэ кинон дээр түүхэн үнэн хэр хувьтай байна?

-Манайхан түүхийг бичихдээ нэг талаас доош нь ортол, эсвэл хэтэрхий дээш нь мандтал биччихдэг. Ингэж болохгүй. Түүхийг яг л үнэнээр нь бичих ёстой. Түүхийг түүчээлнэ гэдгийг л энэ кинонд харуулна. Бид хойч үедээ бодит түүх маань энэ байна гэдгийг л харуулахыг зорьсон. Энэ бослого түүхэндээ тод томруун тэмдэглэгдээгүй. Мэдээж эхлэл нь цэргийн хоол унд хомс, тэдний байр байдал хүнд байсантай холбоотой. Хужирбулангийнх ч тийм л байсан шүү дээ. Нэг талаар Манжийн ноёрхолд Монгол байгаагүй бол хэцүү гэж хэлнэ. Энийг бас бид бодох л ёстой. Манжийн төрийн зохион байгуулалт, айхтар бодлого зэргээс манайхан сурах зүйл их байсан.

-Хоёр өөр цаг хугацааны бослогууд шүү дээ. Кинон дээрээ эдгээр бослогыг хамт гаргасан юм байна, тийм үү?

-Тэгэлгүй яахав. Энэ хоёр санаачилсан юм чинь. Манжийн дарлалыг Монголоос гаргахад энэ хоёрын бослого онцгой нөлөө үзүүлсэн. Энэнээс л үүсэлтэй. Онолттой Энхтайван цуг л явсан хэрэг шүү дээ. Онолтыг амиа алдахад үргэлжлүүлээд тэмцээд явчихсан. Тэр үед эрчүүдийн ихэнх нь хийдэд шавилан сууж байсан. Маш бага хувь нь түшмэл, өртөө албанд ажиллаж байсан. Үүн дотроос 2000 цэрэг нэг дор цуглана гэдэг ховор тохиолдол. 2000 цэрэг зөвхөн Завханаас татагдаагүй, газар газраас татагдсан байдаг. Тухайн үед хүний эрх чөлөөг боогдуулж, хүчээр нэг дор цуглуулж байсан юм. Мөн тооныхоо хувьд ч онцлог. Манж төрийн бүх бодлого Улиастайн амбанаар дамжиж гарч байсан. Тийм ч учраас цэргээ тэнд байрлуулсан.

-Энэ киногоор юуг хэлье гэж зорьсон бэ?

-Манжийн төлөөний түшмэлийг Монголоос гаргаж чадсан нь гайхамшиг. Энэнээс улбаалан Улиастайн амбан ч, Ховдын амбан ч яваад л өгсөн шүү дээ. Үндсэндээ Манжаас чөлөөлчихсөн бослого юм. Өнөөдөр монголчууд хоёр том гүрний дунд амьдарч байна. Хойч үедээ эх орныхоо тусгаар тогтнолын үнэ цэнийг мэдрүүлэх зорилготойгоор энэхүү киногоо бүтээсэн. Бид цөөхүүлээ ч гэсэн нэгдэж, багцалсан сум шиг байж чадвал эх орноо авч үлдэнэ шүү гэх санааг тод томруун харуулах юм. Улиастайн 2000 цэрэг өлсгөлөнд нэрвэгдсэнээс болж дур дурандаа өндийж, бослого гаргасан гэх яриа байдаг. Тийм биш. Энэ нь Манжийн дарлалын эсрэг чиглэсэн зохион байгуулалттай үйл ажиллагаа байсан. Энэ үйл явдлыг түүхэнд цэрэг Онолт, Энхтайван нарын бослого гэж бичсэн байдаг. Онолтын үйл хэргийг цэрэг Энхтайван үргэлжлүүлсэн түүхтэй. Тэр үед бослогыг зөвхөн цэргүүдийн дотор зохион байгуулсан уу гэвэл үгүй. Мэдээж эх орныхоо төлөө тэмцдэг түшмэд олон байсан. Засагт ханы, цаг үеийн байдлыг сүрхий мэдэрсэн сайд, түшмэдүүд цэргүүдтэй нэгдсэн.

-Киноныхоо түүхийн зөвлөхөөр хэнийг авч ажиллуулав?

-Кинон дээрээ зөвлөхөөр УИХ-ын гишүүн Я.Санжмятавыг авч ажиллуулсан.

-Түүхэн кинонуудаас юугаараа онцлог вэ?

-Монголын соёл уламжлалын талаар кинондоо түлхүү оруулсан. Нөгөө талаас нэгдэхийг уриалсан юм. Төрийн эсрэг зүйл хийчихээд тэрийгээ дарах маягаар энэ кино хийгдээгүй. Түмнийхээ, эх орныхоо төлөө нэгдэж чадвал бид хүчтэй юм байна шүү гэдгийг харуулснаараа онцлог гэж бодож байна.

-Америк кинонууд өөрийн улсаа сурталчилсан төрийн далбаа, гэр бүлийн бат бэх харьцааг харуулах зэргээр соёл заншлаа сурталчилдаг. Энэ кинонд улсынхаа үүх түүх, соёл урлагаа сурталчилсан хэсгийг хэр гаргаж өгсөн бэ?

-Үндэсний соёл уламжлал тал дээр кинонд маань олон зүйлс бий. Жишээ нь гэхэд л үхрийн махыг үнхэлцэгэнд нь багтаах, өлсгөлөн цэргүүдэд хөөргөнд нүдсэн борцоо хийчихээд халбага халбагаар нь хоол хийж өгч байгаа зэрэг зүйлс харуулж байгаа юм. Энэ чинь бас л манайхны өв уламжлал биз дээ.

-Та өөрийнхөө талаар танилцуулахгүй юу. Энэ кино таны хэд дэх уран бүтээл гэлээ?

-Би 1956 онд Завхан аймгийн Улиастай хотод төрсөн хүн. Олон сайхан нөхдийн бүтээл туурвилтай танилцаж, судалж, сонирхсоор байгаад өөрөө бичдэг болсон. Завханы дуучин Х.Оюунцэцэг, С.Батсүх гавьяат, Ц.Бавуудорж, Д.Цэвээнравдан, Ц.Жамъян нарын уран бүтээлч нөхдийн дэмээр дуунд дуртай болсон юм. Дууны шүлэг бичсээр нийт 200-гаад бүтээлтэй болсон. Тэдгээрээс 50-60-аадыг нь олон түмэн дуулж байх шиг байна. Жүжгийн зохиол тавыг бичсэн. Бүх жүжгээ аймгийнхаа Хөгжимт драмын театрт тавиулсан. 30-аад баримтат киноны зохиол бичсэний дийлэнх нь хутагтуудын тухай байдаг. Завхан аймаг эрдэм чадалт хутагт хувилгаадын нутаг. Би хутагт, хувилгаадыг 40 жилийн турш судалж байж хутагт тус бүрээр хэн нь хэн байсан гэдгийг тодруулсан кино хийсэн. Уран сайхны таван киноны зохиол бичлээ. “Цагаан дуганын гэгээ”, Монголын киноны түүхэнд энэ киноноос өөр таван “Гоо марал” авсан кино байдаггүй гэсэн. “Дуутын хүрээний сүүлчийн хамба” буюу гадны хөгшин гэж ярьдаг зурхайч Дамдинсүрэнгийн талаар киног кино найруулагч ардын жүжигчин Г.Жигжидсүрэнтэй хамтарч бүтээсэн. Мэргэжлийн хяналтын системийн сайн, муу талыг харуулсан “Аймшигт нүүдэл” хэмээх кино хийсэн. Дөрөв дэх нь нутгийнхны, монголчуудын шүтээн Отгонтэнгэр хайрхны тухай бүрэн хэмжээний түүхчилсэн баримтат уран сайхны кино хийсэн. Харин “2000” кино бол миний киноны тав дахь уран бүтээл болж байна.

-Энэ кино бүтээхэд хичнээн цаг хугацаа зарцуулав.

-Кино зохиолоо бичихэд удаагүй. Хутагтуудаа судлаад явж байхдаа л судалгаагаа хийж явсан. Гэгээдийн талаар надаас илүү судалсан хүн байхгүй гэхэд болно. Кинонд тоглосон жүжигчид гэхэд Ц.Цэрэнболд Энхтайваны дүрд яг таарсан бол хийлч Дээгий Нарангоо бүсгүйд айхтар таарч байх жишээтэй. Монголын кино урлагийн сорууд энэ киног амилууллаа.


Categories
мэдээ цаг-үе

Байгаль дэлхийгээ хайрлахыг багаасаа ухаарсан нэг ангийнхан

“Март 8”-наар ангийн хөвгүүдээ төлөөлөн Т.Ууганбат ганцаараа охидуудаа баярлуулсан мөчийн зураг

“Газарчин” дээд сургуулийг 2006 онд “Түүх аялал жуулчлал”-ын мэргэжлээр төгссөн ангийнхан энэ удаагийн “Нэг ангийнхан” буланд уригдан оролцож байна. Тус анги нь 10 хүүхэдтэй. Тэд 2002 онд 21 аймгийн өнцөг булан бүрээс цугларан эл ангид анх 22 хүүхэд элсэж байжээ.

“Газарчин” сургууль маань анх тухайн үед аялал жуулчлалаараа нийслэлд шилдэг сургуульд тооцогддог байлаа. Аялал жуулчлалын боловсон хүчинг “Газарчин”-г төгссөн төгсөгчдөөс ажилд авна гэдэг байлаа шүү дээ. Манай анги сургуульдаа хамгийн даруухан гэдгээрээ нэр хүндтэй байсан. Тэр үеийн ангиудаасаа дарууханаараа л ялгардаг байж. Бид чинь аравуулаа болоод тэр үү хоорондоо их эвтэй. Ангийн охин Г.Даариймаа анх зочид буудлын ангид элссэн юм билээ. Ангийн багш түүхийн ухааны доктор П.Нямгэрэл багш маань ангиа олох гэж ирсэн охиныг өрөөндөө дуудаад баахан дэвтэр ном гаргаж түүхийн тухай бараг хэдэн цагаар лекц уншсаар түүх аялал жуулчлалын ангид бүртгэж байсан гэдэг. Төгссөн сургуульдаа багшаар үлдсэн ганц нь Г.Даариймаа маань байна даа. Манай анги хоёр Лхагвасүрэнтэй. Тухайн үед Солонгосын Ким Ду Хан кино Монголын үзэгчдийг байлдан дагуулж байлаа шүү дээ. Бид эрэгтэй Лхагвасүрэнгээ тэр киноны Тугсатай адил болохоор Тугса гэж дуудсаар бүр нэр нь болчихсон. Хичээлийн шинэ жил дөнгөж эхлээд удаагүй нэг өдөр ангийн хөвгүүн Сүхбаатар Г.Даариймааг араас нь “Дараа, Дараа” гээд л дуудаад байлаа. Г.Даариймаа эргээд хартал “Ю” үсгийг яаж бичдэг билээ гэж асууж тэр хавиар нэг инээдэм болсон доо. Сүхбаатар бүх Ю үсэг орсон үгнүүдийнхээ “Ю” үсгийг гээчихсэн бичиж байсан. Түүхийн хичээлийн тэр олон цагийн лекцийг гараар бичнэ. Сүүлдээ гар чичирнэ. Заримынх нь гарын шөрмөс хүртэл татаж байлаа шүү дээ хэмээн тус ангийнхан хөхрөлдөв.

Сургууль маань аялал жуулчлалаараа тэргүүлдэг болоод ч тэр үү, сургууль дотор зохиогдож байгаа ажлууд өргөн цар хүрээг хамардаг байлаа. Түүхийн АСТ-нд бид бэлдэж байхдаа хувцаснуудаа прокатлана, түүхэн жүжгээ бэлдэнэ гээд л их завгүй. Тухайн үед хааны дүрд тоглох Б.Өрнөх маань арын гэрийн байдлаас завгүй байсаар жүжгээ бэлдэлгүй яг жүжгийн өдөр ирж таардаг юм. Хаан, хатан хоёр бөө гэртээ залаад бөөгөө гаргаж өгөхөд хаан нь үдэж өгөх ёстой байсан юм. Тэгтэл бөө нь явах дөхдөг хаан цайгаа уугаад л байдаг. Хатан болсон ангийн охин Г.Даариймаа аяархан бөөгөө гаргаж өгөөч гэж хэлтэл өнөөх чинь “чи өөрөө гаргаж өг” гэж чанга орилоод тэрүүгээр нэг хүмүүс инээж байсан юмдаг. Бөөд тоглосон Т.Ууганбат ширээн дээрээс үсэрч буухдаа хоёр ахмад настай багшийн өмнө унаад багш нар цочоосон хэрэгт орж загнуулж байсан юм даа. Гэхдээ бид тэр тэмцээнд хоёрдугаар байрт шалгарч, 20000 төгрөгөөр шагнуулж байлаа хэмээн ангийн охин Г.Даариймаа хуучлав.

Тэднийг төгсөх жил эмэгтэйчүүдийн баяраар ангийн хөвгүүн Т.Ууганбат нь ганцаараа хичээлдээ ирж гэнэ. Охидууд нь үүнд нэлээн бухимдалтай байж. Тэгтэл ганц хөвгүүн нь охидуудаа дагуулж гараад талбайн хойно гэрэл зургийн студи дээр зургаа авахуулж хоолонд оруулсан хэмээн охид хуучлав. Ангидаа хамгийн амьдарлын боломжтой нь ангийн хөвгүүн Т.Ууганбат нь байсан гэнэ. Нэг охины шүд өвдлөө гэхэд л Т.Ууганбат л шүдний эмнэлэг аваад явдаг. Хэн нэгнийх нь ар гэрээс мөнгө төгрөг ирэхгүй удвал Ууганбат л мөнгө зээлүүлдэг байж. Сургуулийнх доод давхарт нь нарийн боовны цех ажилладаг байж. Тэдний оюутны үнэмлэх өрөндөө хичнээн сар тэнд хадгалагдсан гэнэ. Ангийнхан хонхны баярын үдэшлэгийн орой зугаалгаар явахдаа амралтын газраа ололгүй төөрч төөрч амралт олоод ортол өндөр настнуудын амралтанд буучихсан аж. Хүргүүлсэн машиндаа хамаг хиамаа явуулчихсан. Хэдэн чихэр, талх ундаа л үлдсэн байсан хэмээн ангийнхан ярьж байв.

Энэхүү ангийнхны хоёр нь өдгөө мэргэжлээрээ ажиллаж байна. Ангийн охин Г.Даариймаа нь “Газарчин” дээд сургуульд түүх аялал жуулчлалын багшаар ажилладаг бол ангийн хөвгүүн Т.Ууганбат нь Орос гуравдугаар сургуульд түүхийн багшаар ажилладаг гэнэ. Харин ангийн хөвгүүн Сүхбаатар Солонгос улсад, Азжаргал Японд, эмэгтэй О.Лхагвасүрэн нь Швейцарьт ажиллаж амьдардаг байна. Харин Б.Өрнөх, Энхболд, Уянга нар нь хувиараа бизнес эрхэлдэг аж. Ангийн охин Ганзул нь СБД-ийн нийгмийн халамжийн улсын байцаагчаар ажилладаг бол Ариунзул нь Гоёо кашмерт ажилладаг байна. Тэд “Түүх аялал жуулчлал”-ын анги учраас курс бүртээ дадлагаар хөдөө орон нутгууд руу явдаг байж. Тэрэлжид дадлага хийж байхдаа өндөр уулын орой дээр гарч ангийн охиндоо хайраа илчилж байгаад буцаад бууж чадахгүй бүгдийг сандаргасан үйлдэл ч гарч байжээ.

Бидний мэргэжил бусад мэргэжлээс онцлог. Ихэнхдээ л гадаад, дотоодоор явж байдаг. Дөнгөж нэгдүгээр курсээсээ эхлээд л хотын аялал хийдэг байлаа. Тэр үед бид Тэрэлжид хүргэгдэж ирээд цаашаа дандаа алхдаг. Тэр хавийн бүх дурсгалт газрыг үзэхээр өглөө таван цагт босч тоогоо өгчихөөд л алхдаг байлаа. Түүхэн дурсгалт газруудаа судлах гээд л тэр л дээ. Харин хоёдугаар курст тойрон дадлага хийдэг юм. Хоосон тал дээр бид түүхээ босгож ирээд л ярьдаг байлаа. Ихэнхдээ бид төвийн бүсийн аймгуудаар дадлага хийсэн. Гуравдугаар курсдээ харин үйлдвэрлэлийн дадлагаа хүн бүр байгууллагууд дээр хуваарилагдан хийж байлаа.

Бидний хамгийн дурсгал дурдатгалтай үе дадлага хийгээд хөдөө орон нутгуудаараа явж байхдаа юм. Нэг ээлжиндээ 120 гаруй хүүхдүүд аялалд гарна. 30, 53 гэдэг машины бүхээгт ачигдаад л явдаг. Хөвсгөл аймгийн Цагаан үүрийн голын эрэг дээр үерт боогдоод ус татрахыг хүлээж хэд хонож байлаа. Шаварт машин их сууна. Буугаад л шавартай ноцолдоно. Хэн нэгний маань төрсөн өдөр таарвал модон авдар дээр ширээ засаад тэмдэглэнэ. Бид жаргал, зовлон, өлсөх, цангах, ядрах бүх л зүйлд хамт явж байдаг болохоор хоорондоо маш хурдан дотноссон. Хөвсгөл аймагт дадлагаар явж байхад голын эрэг дээр байрлаж байсан юм. Тэгтэл нутгийн хүүхдүүд гүйж ирээд нутгийн атаманууд ирж байна хурдан зугтаарай л гэдэг юм байна. Шөнө харанхуй болчихсон. Бидний хичээл дээр зааж байсан майхныг гурван минутад босгоод нэг минутад буулгах аргыг бид үл тоодог байсан бол тэрийг сонсоод нэг минутаас хурдан майхнаа буулгаад зугтааж байлаа. Шөнө отоглох газар буудаллах болоход машиныхаа гэрлүүдийг тусгаж байгаад л майхнаа барина. Хурдан барихгүй бол машины аккумлятор суучихна хэмээн ангийнхан хөгжөөнтэй нь аргагүй ярьж байлаа.

Тэд 2015 онд сургуулийнхаа 15 жилийн ойгоор ангиараа амжилттай төгссөн хэмээн сургуульдаа уригдаж байжээ. Бид энэ мэргэжлийг эзэмшсэнээрээ аялал жуулчлалын чиглэлээрээ маш олон орноор явж байна. Энэ сургууль, багш нараасаа авсан мэдлэг чадвар, хандлага бүх зүйл амьдралд хамгийн их дэм болсон. Амьдрах ухаан, ажил хөдөлмөрийн амт, амьдралд бие даах чадвар гээд бүхий л зүйлийг сурч авсан. Аав ээжийн маань дараа орох багш нараараа бахархаж явдгаа дахин дахин хэлж байв. Биднийг мэргэжил амьдралын хар, бор ухаанд сургаж, хөдөө гадаа ажиллаж амьдрах чадвар суулгаж өгсөн нь том давуу тал юм даа хэмээн хуучлав. Хэдий өөрийн орондоо мэргэжлээрээ ажиллахгүй байгаа ч энд сурсан зүйлсээ хэрэгжүүлээд л ажиллаж, амьдарч байна. Гадны оронд ажиллаж амьдарч байхдаа бүр илүү мэдэрдэг хэмээн тэд ярьж байлаа. Байгаль дэлхийгээ хайрлах, хаа явсан газраа хог хаяхгүй байхаас эхлүүлээд тэд бусдаас өөр байдаг гэнэ. Байгаль экологи, ногоон хөгжил, эх орноо хайрлах гэдэг том зүйлийг хэлэхгүй. Маш жижиг зүйлсээс нэг ч чихрийн цаас газарт хаяхгүй байхаас эхэлнэ хэмээн ангийнхан ярьж байв. Байгаль дэлхийгээ хайрлан хүндэтгэдэг эл ангийнхан 2020 онд сургуулийнхаа 25 жилээр уулзах гэнэ.


Categories
мэдээ цаг-үе

Д.Дэмбэрэлдорж: Хүн цөөтэй бид мэдлэг рүү тэмүүлж байж хөгжинө

“Гүрэн” дээд сургуулийн захирал Д.Дэмбэрэлтэй ярилцлаа.


-Дэлхийн шилдэг 10 сургуулийн нэг Стэнфорд их сургуулийн коллежийн өмнөх хөтөлбөрийг танай институт оруулж ирж байгаа. Энэ талаар яриагаа эхлүүлье?

-Манай сургуулийн хувьд төр болон хувийн хэвшлийн 200 гаруй дарга, менежерүүдэд сургалт явуулаад байна. Сургалт хийх явцад бид мэдээж боловсрол болон ирээдүйн ажиллах хүчний талаар ихээхэн ярилцдаг. Удирдах албан тушаалтнуудын хувьд дөнгөж сургуулиа төгссөн залуусыг ажилд авахад ур чадвар нь шаардлага хангадаг боловч хувь хүний хандлага нь дутмаг байдаг талаар шүүмжлэл их хэлдэг. Их сургуулийн боловсрол хангалттай биш байна гэж ажил олгогч нар үздэг. Гэтэл Их сургуулийн багш нар ерөнхий боловсролын чанар муу байгаа учраас хандлага болон суралцах ур чадвар муутай хүүхдүүд орж ирдэг гэж тайлбарлах жишээтэй. Ахлах сургуульд сурч байхдаа хүүхэд суурь төлөвшлөө олж авдаг. Харамсалтай нь ид төлөвших насандаа хүүхдүүд эзэмших ёстой суурь ур чадваруудаа сурч чадахгүй байна. Ерөнхий боловсролын сургуулиудын багш нарыг бэлтгэх институт дээр маш том шинэчлэлт хийх ёстой. Багшийг өөрчлөхгүйгээр хөтөлбөр солиод бид үр дүнд хүрч чадахгүй. Үндсэндээ бид ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын ур чадварт чиглэж, анхаарал хандуулах ёстой гэдгийг ойлгоод шилдэг хөтөлбөрүүдийн талаар сүүлийн хоёр жил гаруй судалгаа хийж байна. Стэнфордын их сургуулийн коллежийн өмнөх хөтөлбөрт дэлхийн олон орны хүүхдүүд өрсөлдөж, шалгарсан цөөхөн хүүхдүүд л хамрагдаж чаддаг. Бидний хувьд Харвардын их сургуультай хамтран ажиллаж ирсэн туршлага болон нэр хүнд маань Стэнфордын өрсөлдөөн ихтэй энэ хөтөлбөрийг Монголд төлөөлөх эрх авахад томоохон дэмжлэг болсон. Монгол хүүхдэд дэлхийн хэмжээний боловсрол олж эзэмших явцыг нэг ч гэсэн алхамаар ойртуулж чадсандаа манай хамт олон туйлын баяртай байгаа.

-Хүүхдүүдийг хэрхэн сонгон шалгаруулж авах вэ. Сурагчдад ямар боломжууд нээгдэж байна?

– Энэ жилийн хувьд бид Монголоос 14-17 насны шилдэг 10 хүүхдийг шалгаруулж, сургалтанд хамруулахаар ажиллаж байна. Хүүхдүүд манай сургууль дээр ирж Стэнфордын хөтөлбөрийн дагуу шалгалтууд өгнө. Эхлээд тухайн хүүхдийн түвшинг тогтоож тэнцсэн хүүхдүүдэд хоёр сарын хугацаанд бид Монголдоо нэмэлт хичээл заана. Энэ нь нэг ёсондоо хүүхдүүд маань АНУ-д очоод үзэх хичээлийнхээ тухай мэдлэгээ сайжруулаад бэлтгэлтэй очиход дэмжлэг үзүүлж байгаа юм. Учир нь зуны хөтөлбөр маань хоёр долоо хоног үргэлжлэх боловч маш өндөр ачаалалтай мөн нийгмийн инноваци, олон улсын харилцаа, хиймэл оюун ухаан, био технологи гэх мэт манай сургалтын хөтөлбөрт байхгүй сэдвүүдээр хичээл орох юм. Тиймээс бид сонгон шалгаруулалтанд тэнцсэн хүүхдүүдээ урьдчилан бэлтгэх зайлшгүй шаардлага үүсч байна. Мөн шинэлэг сэдвүүдийг үзэж судалсанаар хүүхдүүд маань дэлхийн чиг хандлагыг ойлгох, ингэснээр мэргэжлээ оновчтой сонгоход дэмжлэг болно гэдэгт итгэлтэй байгаа.Бидний шалгаруулалтанд Буриад болон Өвөр Монгол хүүхдүүд мөн хамрагдах боломжтой. Суралцаад ирсэн хүүхдүүд маань үе тэнгийн бусад хүүхдүүдтэйгээ сурсан мэдсэнээ хуваалцах, сургалт зохион байгуулах ажлыг бид албан ёсоор зохион байгуулна. Ингэснээр ахлах ангийн хүүхдүүд маань нийгмийн идэвхитэй иргэн болж төлөвших цаашлаад энэхүү хийсэн ажил нь дэлхийн шилдэг их дээд сургуульд элсэн орох шаардлагад ойртоно л гэсэн үг. Та бүхэн мэдэж байгаа байх Монгол хүүхдүүд математик суурь сайтай байдаг боловч дээр дурьдсанчлан хувь хүний хандлага, нийгийн идэвхитэй гишүүн гэдгээ харуулах боломж тэр бүр олддоггүй. Гэтэл сурлагаас гадна маш олон зөөлөн ур чадварыг шилдэг сургуулиудууд шаарддаг. Бид хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдээ коллежэд ортол нь дэмжих төлөвлөгөөтэй байна. Энэ нь цаашлаад олон хүүхдэд үлгэр жишээ болоосой гэж хүсч байна.

-Манай боловсролын түвшин ямар хэмжээнд явж байна вэ?

-Өндөр хөгжилтэй орнуудын хүүхдүүдийн матемтикийн шинжлэх ухаан, гадаад хэлний ур чадварыг тогтоодог тест байдаг. Энэ тестэнд Монгол хүүхдүүд хамтрагдах боломж хараахан бүрдээгүй байна. Тестийн зорилго нь хүүхдүүд шинжлэх ухааны хичээл дээр ямар түвшинд байгааг тогтоодог. Жишээ нь Швед улс Нобелийн шагналаар дамжуулан дэлхийн сор болсон эрдэмтдийн бүтээлүүдийг авчихаж байгаа юм. Өөрөөр хэлбэл ямар ч зардал гаргахгүйгээр авч байна гэж ойлгож болно. Манай шинжлэх ухааны академи Швед улсын шинжлэх ухааны академитай хамтран ажиллах гэрээ байгуулж чадвал салбартаа томоохон шинэчлэл хийх боломжууд бүрдэнэ. Энэ нь мэдээж бага дунд боловсролын шинжлэх ухааны хичээлд ч эерэг нөлөө үзүүлнэ. Математик, хиймэл оюун ухаан болон бусад шинжлэх ухааны хичээлүүд дээр бид хүч хаяж, томоохон дэвшил хийх зайлшгүй шаардлага үүсээд байна. Бидний хувьд эхний ээлжинд өрсөлдөх гэхээсээ илүү ижил түвшинд хурдан очих тал дээрээ анхаармаар байгаа юм.

-Боловсролын системд ямар өөрчлөлт хэрэгтэй байна?

-Богино хугацаанд үр дүн гаргая гэвэл цахим технологи дээр суурилсан боловсролын альтернатив систем хөгжүүлэх ёстой. Энэ нь сайн багш байхгүй ч чанартай хичээлийн хөтөлбөрийг хүүхдүүд үзээд байх боломжийг бүрдүүлж өгөх юм. Мэдээж бид цаашдаа багш нарыг анхаарч чадавхижуулах зайлшгүй шаардлагатай. Гэхдээ техник технологи хөгжсөн энэ үед бид хүүхдүүддээ суралцах олон хувилбарыг санал болгох чадамжтай л байх нь чухал юм. Монгол хүүхэд хажуугийн ширээнд суугаа Монгол хүүхэдтэй өрсөлдөх биш харин дэлхийн хөгжилтэй орны хүүхдүүдтэй нүүр бардам өрсөлдөх ёстой. Үүний төлөө л бид өдөр шөнөгүй ажиллаж зүтгэх шаардлагатай байна даа.

-Манай багш нар ямар түвшинд явж байна гэж харж байна вэ?

-1993 оноос Монгол улсын хэмжээнд багшийн үнэлэмж эрс муудсанаас МУБИС-д онц сурдаг хүүхдүүд элсэн суралцахаа больж өөр мэргэжлээр сурч эхэлсэн. Өөрөөр хэлбэл сайн хүүхдүүд багш гэдэг мэргэжлийг сонгохоо больчихоод удаж байна. Энэ бол хүүхдүүдийн буруу биш л дээ. Ерөнхий боловсролын сургуульд багшилж байгаа багш нарт давтан сургалтыг маш чанартай явуулах хэрэгтэй. Хуульд зааснаар бол бүх багш нар магистрын зэрэгтэй байх ёстой. Багш нар маань ажлаа хаяад бүтэн цагаар суралцах боломжгүй байдаг учир бид багш нартаа ч мөн цахим байдлаар сурч, боловсрох боломжийг олгох хэрэгтэй. Дэлхий даяараа л цахим сургалтруу шилжиж байна шүү дээ. Ингэснээр багш нар маань ч дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлж цаашлаад сурагчиддаа ч мөн ийм боломжийг нээж өгнө. Аж үйлдвэр дээр суурилсан улсууд мэдлэгийн эдийн засаг руу шилжчихлээ. Мэдлэгийн эдийн засаг гэхээр үйлчилгээн дээр суурилсан эдийн засаг болчихож байгаа юм. Монгол улсын эдийн засгийн бүтэц маш энгийн буюу уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, ноолуур зэрэг хэдхэн салбараас бүрддэг. Тиймээс бид эдийн засгийг төрөлжүүлэх зайлшгүй шаардлагатай. Эдийн засгийг төрөлжүүлэхийн тулд аль салбарт хөрөнгө оруулалт авч гаднаас валют олдог орлогийн эх үүсвэртэй болох вэ гэдгээ тогтоогоод тухайн чиглэлийн мэргэжилтнүүдийг бэлдэх хэрэгтэй. Үйлчилгээ, технологи, банк санхүүгийн салбарт олон улсын хэмжээний чадварлаг ажиллах хүчнийг бэлдэх бүрэн боломжтой. Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалаас хөгжсөн орнуудаас хөгжиж байгаа орнууд илүү үр дүн хүртэх боломжтой учраас бид маш сайн бэлдэх хэрэгтэй. Бид хаашаа зорьж байна түүндээ зориулж хүнээ бэлдэнэ. 21–р зуунд хувь хүний суралцах ур чадвар эзэмшсэн эсэх нь маш чухал болоод байна. Учир нь бид нэг товчлуур дараад л хүссэн мэдээллээ авч түүнийгээ мэдлэг болгох, цаашлаад боловсрол олж авах боломжтой эрин үед амьдарч байна шүү дээ.Хүн цөөтэй бид мэдлэг рүү тэмүүлэхээс өөр аргагүй.

– “Гүрэн” дээд сургуулийнхаа талаар танилцуулахгүй юу?

– Бид 2015 оноос удирдах албан тушаалтнуудад зориулсан төрийн захиргааны магистрын зэрэг олгох сургалтыг зохион байгуулж байна.Сайн шинжээч, сайн менежер, сайн лидер гэх гурван чухал ур чадварыг төрийн захиргааны магистрын хөтөлбөрөөр дамжуулан эзэмшүүлэх зорилготой. Манайх жилдээ 12-16 оюутан элсүүлж,18 сарын турш Англи, Монгол хэл дээр хичээлүүдээ үзэж судалдаг. Насанд хүрсэн хүн Англи хэлээ сайжруулахын тул хоёр хэл дээр хичээлээ үзээд явах нь үр дүн сайтай байдаг юм байна. Мөн бид Харвардын их сургуулийн цахим хөтөлбөрүүдийг Монголдоо төлөөлөн хэрэгжүүлдэг. Ингэснээр төгсөгчид маань “Гүрэн” дээд сургуулийн төрийн захиргааны магистрын дипломоос гадна Харвардын их сургуулийн сертификаттай төгсөж байна. Бизнес эрхлэгчид маань тэр бүр гадагшаа удаан хугацаагаар явах боломж байдаггүй тул Монголдоо ажлаа хийнгээ дэлхийн шилдэг сургуулийн хөтөлбөрт хамрагдах боломжийг бид бүрдүүлж өгсөн юм. Бид цаашид олон шинэлэг боломжуудыг бий болгохоор ажиллаж байна.

Categories
мэдээ цаг-үе

Ч.Дэлгэрцэцэг: Хүүхдийн хорт хавдрын өвчлөлийг эрт илрүүлэхэд эцэг эхийн ажиглалт маш чухал

ЭХЭМҮТ-ийн Цусны эмгэг судлалын тасгийн эрхлэгч, их эмч Ч.Дэлгэрцэцэгтэй ярилцлаа.


-Өнгөрөгч баасан гаригт ЭХЭМҮТ-өөс “Эрэлхэг баатрууд” өдөрлөгийг зохион байгуулсан. Хорт хавдартай хүүхдүүд эдгэсэн нь гэгээлэг сайхан мэдээлэл байлаа. Жилд дунджаар хичнээн хүүхэд хорт хавдраар өвчилж байна вэ?

-Жилд дунджаар манайд 70-80 хүүхэд хорт хавдраар шинээр оношлогдож байна. Олон улсад хүүхдийн хорт хавдрыг 80 хувьтай эмчилдэг. Манайх 70-75 хувьтай эмчилж байна. Цаашдаа эдгэрэлтийн хувийг 80 хувь болгохоор зорьж байна. Дэлхий нийтээр асар өндөр хөгжилтэй орнууд 80 хувь гэж үзэж байгаа. Манайхаас доош хувьтай эмчилж байгаа улсууд олон бий.

ЭХЭМҮТ-өөс “Эрэлхэг баатрууд” өдөрлөгийг хоёр дахь жилдээ зохион байгууллаа. ЭХЭМҮТ-ийн Цусны эмгэг, хавдар судлалын тасагт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүд өөрсдийн бүтээлээр зургийн үзэсгэлэн гаргасан юм. Мөн энэ өдөр хорт хавдрын протокол эмчилгээгээ дуусгаж, бүрэн эдгэрсэн 20 хүүхэд хонхоо цохиж, “Эрэлхэг баатар” медаль хүртсэн. Хорт хавдар нь 16 бүлгийн 100 төрөлтэй. Хүүхдийн аль ч насанд тохиолдож болдог. Өмнө жил манай төв хүүхдийн Хүүхэлдэйн театртай хамтраад энэхүү өдөрлөгийг зохион байгуулж байсан. Яагаад “Эрэлхэг баатрууд” гэж нэрлэсэн бэ гэхээр эцэг эхчүүд маань ийм нэр санал болгосон л доо. Тэр хүнд эмчилгээг даван гарсан хүүхдүүдээ эрэлхэг баатартай зүйрлэж байгаа юм. Эрүүл болсон хүүхдүүд маань өвчтэй байгаа хүүхдүүддээ дэм өгдөг. Энэ жилийн үйл ажиллагааг JCI Mongolia байгууллагатай хамтран зохион байгуулсан. Энэхүү байгууллага хүүхдийн тоглоомын өрөөг маань нэмж баяжуулан ном, гарын бэлэг хүүхдүүдэд өгсөн юм.

-Хүүхдийн хорт хавдрын эдгэрэлт насанд хүрэгчдийнхээс өндөр байдаг гэсэн үү?

-Хүүхдийн хавдар насанд хүрэгчдийн хавдрыг бодоход эдгэрэлт сайтай. Хүүхдийн бие махбодын онцлог, сэтгэл санааны байдлаас шалтгаалдаг. Бага насны хүүхдүүд сэтгэл санаагаар унаж мэдэхгүй шүү дээ. Эмчилгээний үр дүн илүү гарах боломжтой байдаг.

-Хүүхдийн хорт хавдар гэхээр сэртэсхийлгэм сонсогддог л доо. Ямар шалтгаанаар хүүхдүүд хорт хавдраар өвчилж байна вэ?

-Олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн Хүүхдийн хорт хавдрын нийгэмлэгээс гаргаж байгаа мэдээ мэдээллийг бид хүмүүст түгээдэг. Хүүхдийн хорт хавдар нь том хүнийхээс өөр. Насанд хүрэгчдийн хавдрын шалтгаан тодорхой байдаг бол хүүхдийн хавдрын шалтгаан одоо болтол 95 хувь нь тодорхойгүй. Хүүхдийн хорт хавдрын учир шалтгааныг өдийг хүртэл дэлхий нийт илрүүлэх гээд хайж байгаа. 95 хувь нь ямар шалтгаанаар өвдсөн нь тодорхой бус гэдэг бол таван хувь нь генийн мутацаас шалтгаалж болох юм гэж үздэг. Хүүхдэд тохиолдох нийт хорт хавдрын дотор цусны хорт хавдар 40 хувийг эзэлж байна. Дараа нь тархины хорт хавдар, нүдний хавдар зэрэг энгийн иргэдийн мэддэггүй мэргэжлийн олон нэр томьёотой өвчнүүд байна л даа.

-Хүүхдэд ямар шинж тэмдэг илэрдэг вэ. Эцэг эхчүүд юун дээр анхаарах шаардлагатай бол?

-Хүүхдийг төрөнгүүт нь хавдартай үгүйг мэдэх боломжгүй. Хорт хавдрыг үүсгэх шалтгаан тодорхойгүй гэж дээр дурдсан. Хорт хавдрын шинж тэмдэг янз бүр байдаг. Хүүхдийн хорт хавдрын өвчлөлийг эрт илрүүлэхэд эцэг эхийн ажиглалт маш чухал. Зарим хавдрыг анзаарахгүй явсаар удаадаг. Онош нь олдохгүй тохиолдол ч цөөнгүй бий. Ерөнхий хэд хэдэн шинж тэмдэг байна. Ханиад хүрээгүй, хоолой нь өвдөөгүй байж 14 хоногоос нэг сар хүртэлх хугацаанд халуурдаг. Мөн шалтгаангүй турж болно. Нүдний хавдар туссан үед нүдний цагаан нь муурын нүд шиг гялалзаад байдаг. Бөөрний хавдраар өвдсөн бол хэвлийгээр томордог. Хүүхдээ усанд оруулж байхдаа гэдсэнд нь хатуу юм тэмтрэгдвэл яаралтай эмчид хандах хэрэгтэй. Тархины хорт хавдрын үед удаан хугацаагаар өглөөгүүр толгой нь өвддөг. Харин ясны хорт хавдрын үед ясаар өвдөж янгинана. Одоо үед эцэг эхчүүд сургуульд орчихсон хүүхдүүдээ анзаарахгүй байна. Бага нас л биш бол өсвөр насныхныг орхичихдог. Харин багш нь тухайн хүүхдийг ажиглаж эцэг эхэд нь хэлж байсан жишээ бий. Эцэг эхчүүд хүүхдээ анхаарч бай гэж хэлмээр байна. Хүүхдээ эрдэм мэдлэгтэй болгоно гээд ачаалал их өгдөг болчихсон. Угтаа хүүхэд хамгийн түрүүнд эрүүл байх ёстой шүү дээ. Хүүхэдтэйгээ ярилцдаг бай. Үйл хөдлөлийг нь анхаардаг байх хэрэгтэй. Хүүхдүүдээ маш сайн харж хандаж байхыг зөвлөе. Ямар ч хүн хорт хавдраар хүүхдээ өвдсөн гэж сонсоод шокын байдалд ордог. Итгэж өгөхгүй маш их стресстэй тулгардаг. Сэтгэл зүйн дарамтад ордог. Үүнийг нь даван туулахад эмнэлгийн байгууллага, нийгмийн байгууллагуудын дэмжлэг хэрэгтэй болдог. Хүүхэд ханиад хүрэхээр ямар хэцүү байдаг билээ. Хавдартай хүүхдээ хэдэн сар, жилээр хардаг учраас эцэг эхчүүдээс маш их тэсвэр тэвчээр гардаг. Хүн эмнэлгийн орчинд удаан байна гэдэг сэтгэл зүйн дарамт болдог. Насанд хүрээгүй хүүхдийг заавал гэр бүлийн нэг хүн харна. Нэг нь ажлаа зохицуулаад, нөгөө нь ар гэрийн амьдралаа авч явна шүү дээ.

-Хэдээс хэдэн насны хүүхдүүдэд зонхилон тохиолддог вэ?

-0-18 насны аль ч насны хүүхэд хорт хавдраар өвдөж болно. Гэхдээ хавдрын бүтцээсээ хамаараад янз бүр. Ихэвчлэн өсвөр насанд ясны хавдраар түлхүү оношлогдож байгаа бол гурван нас дотор нүдний хавдар илэрч байна. Энэ насныхан аль нэг хорт хавдраар илүү өвдөөд байна гэж хэлэхэд хэцүү. Аль ч насныхан ямар ч хорт хавдраар өвдөж болно.

-Эмчилгээ нь хэр удаан үргэлжилдэг юм бол?

-Хавдар болгоны стандарт эмчилгээнүүдийг мөрдөж ажилладаг. Хавдар бүрийн эмчилгээ өөр. Хамгийн урт хугацаандаа гурван жил үргэлжилдэг. Цаг хугацаа их шаарддаг эмчилгээ бол цусны хорт хавдар.

-Бүрэн эдгэрсэн хүүхэд ахиад өвчлөх тохиолдол бий юу?

-Эрүүл болсон хүүхдүүд маань насанд хүрээд гэр бүлээ зохиогоод явж байгаа тохиолдлууд бий. Нийт хавдрын арван хувь нь буцаад дахих магадлалтай байдаг.

-Хоол хүнс хавдрын өвчлөлд хэр хэмжээгээр нөлөөлдөг вэ?

-Бид нотолгоотой зүйл л ярина. Яг тийм хоолноос шалтгаалж байна гэж хэлэх үндэслэлгүй. Мэдээж хүүхдээ багаас нь халдварт өвчнөөс сэргийлэх ёстой. Мөн зөв хооллох, өглөөний хоолыг нь тогтмол цагт өгч байх хэрэгтэй. Орой унтах цагт нь унтуулж амрааж байх ёстой. Хүмүүс сошиалаар ямар нэгэн зүйл сайн гэвэл шууд л аваад уулгачих гээд байдаг. Хийсвэр ам дамжсан зүйлд дуртай хэрнээ эмч нарынхаа үгийг тоодоггүй. Нэн тэргүүнд халдвараас сэргийлээд маскаа зүүдэг байх хэрэгтэй. Ариун цэврийн дэглэмээ сайн сахих ёстой. Хүүхдээ харж, хянаж эрт үед нь шинж тэмдгийг илрүүлж эмчлүүлэх ёстой. Ямар ч өвчнийг эрт илрүүлэхэд боломж бий. Зарим хүмүүс хавдар гэхээр шашин мухар сүсгээр яваад байдаг. Эмчлэх боломжтой байсан хүүхдүүдийг эмчилгээгүй, боломжгүй болгох зүйл ч гарч байна.

-Хүүхдийн хорт хавдрын өвчлөл нэмэгдэж байна уу?

-Олон жилийн дунджаас нэмэгдэж байгаа. Огцом нэмэгдсэн зүйл байхгүй мөртлөө тоо нь аажим өсөөд байгаа юм.

– Нийгмийн давхаргаас хамаарч энэ өвчнөөр өвдөж байна уу. Ходоодны хорт хавдраар хүүхдүүд өвдөөд байна гэх мэдээлэл цацагдаж байна л даа?

-Баян, ядуу ямар ч нийгмийн бүлгийн хүүхэд өвдөнө. Хэн ч өвдөж болно. Одоогоор яг ходоодны хавдар гэсэн оноштой хүүхэд байхгүй. Бидний гол зорьж байгаа зүйл бол монгол хүнийг эх оронд нь эдийн засгийн дарамтгүй эмчилье гэсэн зорилттой ажилладаг. Сүүлийн үед оношлогоо сайжраад нарийн онош гарч ирдэг болоод байна. Манай хорт хавдрын эсрэг эмчилгээг хэд хэдэн улсын эмнэлгийн мэргэжилтнүүд үнэлж, сайжирч байгааг дурддаг. Манай төвөөс 2017 онд хөдөө орон нутгийн хүүхдийн эмч нарт хүүхдийн хорт хавдрын эрт үеийн илрүүлгийн талаар хичээл орсон. Ирэх тавдугаар сард дахин бүх орон нутгийн хүүхдийн эмч нарыг хамруулсан сургалт явуулахаар ажиллаж байна.


Categories
мэдээ цаг-үе

Ц.Шаравжамц: Би ямар ч мөнгө төгрөг хувьдаа завшаагүй

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны харьяа биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамцыг албан тушаалаа урвуулан ашиглаж 300 орчим сая төгрөг завшсан хэмээн сагсан бөмбөгийн холбооны төлөөллүүд өнгөрөгч даваа гаригт мэдэгдэл хийсэн юм.


Энэ талаар тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамцаас зарим зүйлийг тодрууллаа.

– Таныг албан тушаалаа урвуулан ашиглаж, Монголын Сагсанбөмбөгийн Холбоонд олгож буй санхүүжилт нэрийн дор Б.Тамир, О.Баярцогт зэрэг хүмүүст санхүүжилт олгон мөнгө завшсан хэмээн хүмүүс мэдэгдэл хийлээ. Энэ талаар тайлбар хийхгүй юу?

-Сагсны дээд лиг эхлэх дөхөхөөр жил болгон хэвлэлийн бага хурал хийж, гүтгэлгийн чанартай ажил явуулдаг. Сагсан бөмбөгийн лигийг зохион байгуулахгүй гэж л тэр шүү дээ. Өнгөрсөн жил гэхэд л Сагсан бөмбөгийн холбоонд хоёр тэрбум төгрөг өгсөн гэж гүтгэж байсан. Карентин зарлачихсан байхад насанд хүрээгүй баахан хүүхэд авчирч жагсаал хийж байсан шүү дээ. Энэ нь угтаа эрүүгийн хариуцлага хүлээх үйлдэл юм. Би тэр бүхнийг нь тоохгүй болохоор тайван байлгахгүй, ажил хийлгэхгүй шинжтэй болж байна. Хоёр холбооны асуудалд төрийн байгууллагын хүн орж болохгүй гэж үзэж байгаа учраас хөндлөнгийн байр суурьтай байгаа.

-Тэгэхээр таныг гүтгээд байна гэж ойлгох уу?

-Тийм. Надад хэл ам хийгээд явах зав алга л даа. Ажил ихтэй байна. Би шалгуул л гэдэг. Би ямар ч мөнгө төгрөг хувьдаа завшаагүй. Угтаа би хөрөнгө мөнгө завшсан зүйлийг үзэн яддаг хүн. Тэрнээс жижиг хэмжээний мөнгө ямар нэгэн ажилчин маань хулгай хийсэн бол хурууг нь огтолно гэж айлгадаг хүн шүү дээ. Намайг тийм зүйл хийгээгүйг эргэн тойрны хүмүүс болоод монголчууд мэдэж байгаа. Лиг дөхөөд ирэхээр хэдэн үлгэрийн баатрууд амилдаг юм л даа. Яахав ээлжит нөгөөх гүтгэлгээ яриад хийгээд л явж байгаа юм. Өөр дайраад байх хүн байхгүй, хоорондоо холбоодууд өчнөөн олон жил хэрэлдчихсэн. Одоо улсын байгууллагууд руу дайрч байна. Над руу дайрч байна. Төрийн албан хаагч хүн учраас илүү дутуу зүйл яриад яваад байх шаардлага алга. Хэрэг хуучирдаггүй гэдэг. Монголын Сагсан бөмбөгийн холбоо энэ бүхнээ шүүхэд өгөх байлгүй. Өөрсдөө энэ бүхнээ тайлбарлах шаардлага гарах байх даа. Монголын Сагсан бөмбөгийн холбооны асуудлыг Сагсан бөмбөгийн холбооныхон бүгдээрээ мэдэж байгаа. Зүв зүгээр байсан холбоог хэн анх хоёр холбоо болгосон гэдгийг бүгд л мэдэж байгаа шүү дээ. Энэ бүхний цаад талд нь С.Эрдэнэ гэж хүн бий. Наад талд нь Тулга, сагсны хоёр гурван ахмадуудыг татаад авчихсан ийм л асуудал юм л даа. Бөх, сагсны холбоодын асуудлууд олны өмнө ил байгаа ч бүгд л дотроо хагаралтай байдаг.

-Та Биеийн тамир спортын дарга болоод гурав дахь жилдээ орж байна. Хийсэн ажлынхаа талаар?

-2018 оны найман сарын сүүлээр энэ ажлыг авсан. Хийх ажил их байна. Энэ онд төлөвлөгөөт бүх тэмцээндээ тамирчид маань орно. Энэ жил Олимпийн оноо цуглуулдаг, олимпийн эрх авдаг хамгийн чухал жил. Жүдо, чөлөөт, бокс, буудлага, хүндийн өргөлт, таэквондо, хөнгөн атлетик зэрэг төрлүүдээс эрхээ авна гэж үзэж байгаа. Одоогоор параолимпийн нэг эрэгтэй, нэг эмэгтэй тамирчин оролцох эрхээ авчихсан. Сая дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртсэн. Энэ жилдээ багтааж олимпийн хороотой хамтран хувцасныхаа загвараа ярих ёстой. Хамгийн ойрын ажил бол 2020 оны олимп. Энэ жил түүхэндээ анх удаа шинжлэх ухааныг спорт руу оруулж байгаа. Тамирчдаа цаг тухайд нь байнга шинжилгээ авч, ачаалал даах чадвар, сэтгэл зүй зэрэг бусад бүх зүйлд нь байнгын хяналт тавьж ажиллах юм. 2020 оны наймдугаар сар гэхэд олимпод орох тамирчид яг оргил форм дээрээ байх ёстой. Засгийн газраас спортын шинжлэх ухааны бие даасан төв байгуулах тэмдэглэл гарчихсан байна. Удахгүй тогтоол нь гарна байх. Өөрөөр хэлбэл спортын анагаах ухаан эрдэм шинжилгээний төвтэй болно гэсэн үг. Манай тамирчид өөрийн авьяас, сайн дасгалжуулагчдынхаа хүчээр л яваад байгаа шүү дээ. Нарийн шинжлэх ухааны зүйл ерөөсөө хийгдээгүй. Олон улсад бүх юм нь спортын шинжлэх ухаантай байхад манайх хэтэрхий хол хоцорчихоод байгаа юм. Энэ тал дээр гүйцэж нөхөж авахын тулд спортод шинжлэх ухааныг оруулж ирэх зайлшгүй шаардлагатай. Анагаах ухаан эрдэм шинжилгээний үйл ажиллагаа явуулах багийг бүрдүүлээд ажлаа эхлүүлээд явж байна. 2020 он хүртэл төлөвлөгөөгөө гаргаад бүх тамирчидтай тулж ажиллана. Тэднээсээ байнгын шинжилгээ, судалгаа авна. 2020 он гэхэд тамирчдаа яавал оргил үе дээр нь аваачих вэ гэдэг тал дээр илүү их анхаарч ажиллах юм. Ганц допин биш, тухайн тамирчныхаа ажиллах чадвар, ачаалал даах чадвар, дээрээс нь хүчилтөрөгчийн хэмжээ гэх мэт бүхий л зүйлийг тодорхойлж болдог болно.

-Спортын газраас олон нийтэд хандсан үйл ажиллагаа явуулж байна уу?

– Ажлаа авснаас хойш гол зорилго маань Спортын ордонг шинэчлэх байсан. Манайх 1958 онд баригдсан учраас хойд талынх нь хананууд цуурч эхлээд хүнд байгаа. Тэр ажил маань овоо нааштайгаар эргэж байгаа. Энэ зорилго маань бүтчихвэл Монголын ард түмэн болон спорт сонирхогчдод маань сайхан бэлэг болох болов уу гэж бодож байна. Би ярихаасаа илүү хийх дуртай. Хийсэн ажлаа олон түмэнд цацаад байх дургүй. Тэртэй тэргүй харагдана гэдэгт итгэдэг. Жинхэнэ спортын хүн энэ ажлын дарга болохоор яг ямар амжилт гардгийг харуулахын тулд зүтгэж байна. Ядахдаа л тамирчдынхаа гар хуруу нь булгарах, орой гэртээ хариад хоолгүй байх зэргийг бүгдийг нь өөрийнхөө биеэр туулаад үзчихсэн шүү дээ. Би дасгалжуулагчид ч ямар зовлон байдгийг мэднэ. Өнгөрсөн жил гэхэд иргэдийн спортын наадмыг спортын таван төрлөөр 300 гаруй сум, 150 орчим хороодод хүрч зохион байгууллаа. Анх удаа Монголд томоохон хэмжээний наадам хийсэн гэхэд болно.

Categories
мэдээ цаг-үе

Ц.Мэнджаргал: Тогооч хүн гурван зүйлийг эрхэмлэх ёстой

“Мико сүши” рестораны захирал, тогооч Ц.Мэнджаргалтай ярилцлаа.


-Танай ресторан үйл ажиллагаа явуулаад нэлээд хугацаа өнгөрлөө. Тогооч болсон түүхээсээ хуваалцахгүй юу?

-Ерөнхийдөө зах зээлийн шуурганаар л тогооч болчихсон юм л даа. 1990 онд цэргээс халагдаад Америк явсан юм. Гадагшаа явахаасаа өмнө хувьдаа оёдлын жижиг цехтэй, байлаа. Харин хоол хийнэ гэж ерөөсөө төсөөлөөгүй. Америкаас ирээд 20 гаруй жил болчихож дээ. Анх тэнд очоод хэлгүй хүн чинь сүшиний газар аяга угаахаас эхэлж байлаа. Аяга угаана гэдэг нэг талаараа эрдэм шүү дээ. Аягаа угааж байхдаа дуулаад л өөртөө их зугаатай ажлаа хийдэг байсан. Ажлыг зугаатай хийхгүй бол тухайн ажлынхаа боол болчихдог. Цаг харж байгаад минутанд хэдэн аяга угааж байгаагаа ч тооцдог байв. Тэрийг маань эзэн харчихсан. Ингээд л гал тогоо руу дэвшсэн. Удалгүй сүши хийж сурах шавь нь болсон доо. Нэг газраа удаан ажилласны хүчинд сүши хийх, хоол амтлах бүх аргыг сурсан. Монголд далайн бүтээгдэхүүн ховор учраас анх далайн хоол хийвэл зүгээр юм уу гэж бодоод үйл ажиллагаа эхлүүлж байлаа. Одоо энэ салбартаа долоон жил болж байна. Тогтмол үйлчлүүлэгчтэй болчихсон байна.

-Сүши хийж сурахад хэцүү биз дээ?

-Сүшиг маш иртэй хутгаар хийдэг. Ганц л буруу хөдлөхөд гараа эсгэнэ. Тэгээд хүмүү-сийн нүдэн дээр ажилладаг учраас хүн харж байхад гараа эсгэвэл бөөн л юм болно. Америкчууд чинь цуснаас их сэжиглэдэг. Цусаар халддаг өвчин их байдаг болоод тэр байх. Тэгэхээр сүшиг хамгийн гярхай, хурдан хөдөлгөөнтэй хүн хийдэг. Бас хүнтэй сайхан харилцах ёстой. Би Америкт байхдаа ганцхан сүши хийж сураад зогсохгүй бүх хоолыг сайн хийж сурсан. Ер нь өөрийнхөө идэвхээр л сурсан гэж боддог юм.

-Таны хамгийн сайн хийж чаддаг хоол юу вэ?

-Мэргэжлийн хоол сүши л байна даа. Тэгэхдээ бусад бүх хоолыг хийчихнэ ээ. Монгол хоолоо бүгдийг нь л хийчихдэг. Гэхдээ манай эхнэр монгол хоолыг илүү гоё хийдэг юм шиг санагддаг.

-Тогооч хүний баримтлах зарчим юу байдаг вэ?

-Миний бодлоор хамгийн нэгдүгээрт хөдөлмөр аюулгүйн байдал, хүнсний аюулгүй байдал, цаг баримтлахыг эрхэмлэх ёстой гэж боддог.

-Тогоочоос өөр ямар чиглэлээр ажиллахыг боддог вэ?

-Нэгэнт хоолтой холбогдсон учраас энэ чиглэлээрээ дагнасан үйлдвэрлэл хийе гэж боддог. Дэлхий нийтийн хоолны чиг хандлага ч өөрчлөгдчихлөө. Хамгийн гол нь тогоочийн орон тоо хүний нөөц гэдэг зүйл байхгүй болчихоод байна л даа. Энэ тал дээр анхаарч ажилламаар санагддаг юм.

-Хүмүүс эрүүл хоол гэж их ярьдаг болжээ. Эрүүл хоол гэхээр яг юуг хэлээд байна?

-Сүши дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдчихсөн хоол. Энэ хоол Европоор их тархаж байна. Тэндээс ирж ажиллах санал ч их ирж байгаа. Гэхдээ миний хувьд өөрийн гэсэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн учраас ресторанаа илүү сайжруулахаар зүтгэж байна даа. Сүши хамгийн эрүүл хоолны тоонд зүй ёсоор ордог. Хамгийн гол нь хоолыг яаж идэх вэ гэдэг л шүү дээ. Цадталаа идэх биш. Зөвхөн хоолноос хэрхэн сайхан мэдрэмж авч идэх вэ гэдэг юм. Аливаа зүйлийг хольж идэж байж төгс болдог. Ямар нэгэн зүйлийг хамгийн ихээр идэхээр хор л болдог биз дээ. Эрүүл хооллолт гэхээр зарим хүмүүс ерөөсөө ойлгодоггүй. Эрүүл хүмүүс эрүүл чигээрээ явъя гэвэл эрүүл хооллох ёстой. Ямар нэгэн өвчнөөр өвдөхөөс өмнө нь эмчлэх нь эрүүл зөв хооллолт гээд байгаа юм. Бид анхнаасаа л эрүүл хооллож сурах хэрэгтэй. Миний хувьд Япон хоолоо их магтана. Эрүүл зөв хоол бол япон хоол.

-Тогооч бүр өөр өөрийн арга барилтай байдаг шүү дээ.

-Мэдээж өөрийнхөө үнэ цэнийг хадгалж үлдэхийн тулд арга барил бий. Гэхдээ би аль болох тэр бүхнээ заагаад өгчихдөг. Нууцаа хадгалаад байх биш, бусдад түгээхийг зорьдог. Би ажилдаа үнэнч ажилладаг. Америкт байхад эзэд маань надад маш сайн байсан. Итгэл хүлээлгэдэг. Тэр рестораныг би өөрийнх шигээ л аваад явчихдаг байлаа. Аливаа зүйлд сэтгэл гаргаж ажиллахаар яалт ч үгүй тэр хүнийг олж хардаг юм билээ. Одоо үеийн залуучууд ажилд маш хойрго хандаж байгаа зүйл ажиглагддаг. Ажилд ороод л хоёр удаа чөлөө авахад л чи болохгүй юм байна аа гэж хэлээд явуулдаг байсан бол одоо чөлөө авангуут нь шууд л дараачийн хүнээ хайж байх жишээтэй.

-Таны үндсэн мэргэжил юу вэ?

-Би олон мэргэжилтэй. Барилгын техникумд сурч байлаа. Намайг төгсөх жил коллеж болж өөрчлөгдсөнөөр Барилгын коллежийг төгсөж байсан. Барилгын бакалавр зэрэгтэй. Хүнсний технологичоос гадна оёдолын дөрөвдүгээр зэрэгтэй хүн шүү дээ. Одоо оёдолоо хийдэггүй л дээ. Гэхдээ хобби учраас хийх юмсан гэж бодож явдаг.

-Манайд олон улс орны хоолны газар байна. Ерөнхийдөө халуун ногоо их зонхилсон санагддаг?

-Нутаг нутгийн онцлогоосоо хамаарч байгаа юм л даа. Мэдээж манайд бол онцлогоосоо хамаараад мах идэх шаардлагатай болдог. Би Хөх хотод “Миний гал тогоо” нэвтрүүлгийн хөтлөгч тогооч хийж байгаа юм. Жилийн өмнө хийгээд саяхнаас гарч эхэлсэн. Тэднийг хараад байхад өөр байна л даа. Бидний идээд байгаа хятад хоол гэдэг дандаа монголжуулсан нь байдаг. Манайхан хурц тостой, хоолонд дуртай учраас тэрэнд нь тааруулаад хийдэг байна. Солонгос хоол японоос сэдэв авсан байдаг. Манайд зарж байгаа хоолнууд нутагт нь иддэг хоолноос ондоо шүү дээ. Нэгдүгээрт усны бүтэц гэж байдаг. Манай ус хатуулаг өндөртэй. Усны бүтэцээс шалтгаалж тэнд байдаг амт гардаггүй. Уснаас шалтгаалж хоолны амт ч өөрчлөгддөг. Сошиалаар янз бүрийн хоолны мэдээлэл явдаг болж. Хүмүүс тэр мэдээллийг аваад яг тэр чигээр нь явах шаардлагагүй л байхгүй юу. Бид хоолоо хэрхэн зөв хэрэглэх нь л чухал. Америкт л гэхэд ажлын таван өдрөө ямар хоол идэх вэ гээд хуваарилчихсан байх жишээтэй. Бүр тэрийгээ зуршил болгочихсон. Эндээс харахад л долоо хоногт хоёр удаа загас идэхэд байгалийн витамин тэр чигээрээ хүний бие организмд орж байгаа юм. Амралтын өдрөө харин хүнд хоол иддэг. Ажлын өдрүүдэд эрч хүчтэй байхын тулд хөнгөн хооллодог байгаа юм. Хоолны ашиг тусыг мэдэхгүй байж хоолыг мэдэмхийрч ярих хүн олон болчихож дээ.

-Хоол урлаг болчихжээ?

-Тэгэлгүй яахав. Хуучин үнэрлээд ам хамраараа хоолны амт, үнэрийг мэдэрдэг байсан бол одоо нүдээрээ идэх болчихоод байна. Энэ нь юу вэ гэхээр нүдээрээ харж кайф авч байна.

-Та өөрийн рестораны үйл ажиллагаа явуулахаас гадна “Гал тогоо” нэвтрүүлгийн шүүгчээр ажиллаж байсан?

-“Гал тогоо” нэвтрүүлэгт анх хоёр хүн хоол хийж байлаа шүү дээ. Тухайн үед 300 гаруй хоол хийсэн байдаг юм билээ. Эдгээр хоолоороо ном гаргаач гэсэн хүсэлт ирдэг. Контент маань өөрчлөгдөөд бид хоёр хоол хийхээ больж, шүүгчийн үүрэг гүйцэтгэсэн. Хүмүүст гал тогооны тавилга бэлэглэж байгаа. Нэг талаараа буянтай ажил гэж боддог юм. 48 айлд гал тогооны тавилга өгснөөс одоо арав гаруй айлд нь гардуулчихаад байна.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Энхтуяа: 35 жилийн хугацаанд гурван тэрбум кВт/ц цахилгаан үйлдвэрлэсэн

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан болсон “ДЦС-4” ТӨХК-ийн Турбин цехийн турбины машинч Ч.Энхтуяатай ярилцлаа.


-Юуны түрүүнд Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол тэмдгээр шагнуулсанд тань баяр хүргэе.

-Баярлалаа. Маш гэнэтийн мэдээ байсан. Би 35 жилийн хугацаанд гурван тэрбум 598 сая 860 мянган кВт/ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэсэн байна лээ. Улсын хэмжээнд “Хамгийн их цахилгаан эрчим хүч үйлдвэрлэсэн” ажилтнаар тодруулж, ажил мэргэжлийг минь үнэлж төр засаг хишгээ хүртээсэнд маш их баяртай байна. Манай ДЦС-4 ТӨХК нь Монгол Улсын төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний 65 гаруй хувь, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний 55 гаруй хувийг дангаараа хангадаг.

-Станцдаа анх орохдоо ямар ажил хийж байв?

-Би 1983 онд хуучнаар Түлш эрчим хүчний яамны томилолтоор “ДЦС-4” ТӨХК-нд томилолтоор ирсэн. Турбин цехийн төв насос станцын машинч, бойлерын машинч, туслах машинч, турбины машинчаар тасралтгүй 35 жил эрчүүдтэй мөр зэрэгцэн ажиллалаа. Турбины машинч нь цахилгаан эрчим хүч, дулааны эрчим хүчийг үйлдвэрлэдэг хамгийн гол тоног төхөөрөмж болох турбины агрегатыг удирддаг, хариуцлага, мэдлэг мэргэжил, ур чадвар шаардсан ажил л даа. Бид чинь социализмын үеийн хүүхдүүд шүү дээ. Тухайн үед Дархан хотын политехникумыг дулааны техникч мэргэжлээр төгсөж байсан юм. Биднийг “ДЦС-4” ТӨХК-д томилогдож ирэхэд Станцын ажилчдын тэн хагас нь Зөвлөлтийн мэргэжилтнүүд байсан. Бид чинь орос дарга, инженертэй байсан шүү дээ. Би гэхэд л нэг орос мэргэжилтэн дагалдаад л ажилладаг байлаа. Цахилгаан эрчим хүч үйлдвэрлэнэ гэдэг маш олон хүний хүч хөдөлмөрөөс бүтдэг. Хамтын хөдөлмөр юм даа. Дан ганц би бүхнийг бүтээж явна гэж байхгүй. Тухайн үед станцад дийлэнх нь эрчүүд байсан. Тэдгээр хүмүүстээ татагдаж чирэгдээд л өдий хүрсэн дээ.

-Турбины цех гэхээр яг ямар ажлыг нь нугалдаг вэ?

-Турбины машинч гэдэг маань дулааны инженер, техникийн ажилтан мэргэжилтэй хүмүүсийн ажил. Манай станцын хувьд Багануурын нүүрсээр ажилладаг. Энгийнээр хэлбэл нүүрсийг шатааж зуухандаа уур болгон, уураараа турбин машиныг олон удаа эргүүлдэг юм. Хэд хэдэн шат дамжлагатай. Уурын потенциал энергийг генетик энерги болгон, дараа нь механик энерги үүсгэж тэндээсээ цахилгаан энерги болгодог юм. Энерги хувирах энэ процессууд ердөө тэр машин дотор л явагддаг. Өндөр даралттай уураар ажилладаг учраас уурын даралт температур нь тохирч байгаа эсэх хэдэн кВт гаргах зэргийг хянадаг гэсэн үг. Манайх долоон машинтай. Зөвхөн цахилгаан үйлдвэрлэх бус дулааны шугам сүлжээнд халуун ус өгдөг.

-Таны ажлыг хүнд нөхцөл гэж сонссон. Шантрах үе гарч байв уу?

-Хүнд нөхцөлд тооцогддог хэдий ч ажлаа хийж байхдаа анхаардаггүй болчихдог юм билээ. Анх ажлаа хийж эхлээд миний ч хийчихдэг зүйл биш байна даа гэж боддог байлаа. Сүүлдээ зах зээлд шилжиж оросууд нутаг буцахад бидний толгой дээр бүх ажил ирж байгаа юм. Сандал дээр ч суух завгүй ажилладаг байлаа. Ажлаа хийхээс аргагүй болсон л доо. Орос ах эгч нарын туршлага заавар зөвлөгөөгөөр л явсан даа.

-Өнгөрсөн жил танай станц тэг зогсолт хийсэн. Өвлийн үед байсан бол бүх шугам сүлжээ хөлдөхөөр байлаа. Ийм ослыг та 35 жил ажиллаж байхдаа үзэж байсан уу?

-Маш олон зүйлээс шалтгаалсан байх л даа. Яахав, энэ олон жилийн хугацаанд олон л жижиг сажиг осол гэмтэл гарч байсан. Хамгийн хүнд осол гэвэл шугам хоолой хуучраад уурын шугам хагарч сайхан залуу маань түлэгдэж амь насаа алдсан явдал. Энэ яалт ч үгүй осол байсан л даа. 140 даралттай, 550 градусын уураар үлээчихээр ямар ч амьтан амьд гарах боломжгүй. Тэрнээс зугтах арга байхгүй. Ямар нэгэн дуу чимээ гарахад л бид тэр дор нь очиж үзээд устгадаг зарчимтай. Тэр журмаараа яг ойртох үед нь цаанаас хүчтэй уур дахиад үлээчихсэн юм билээ.

-Мэргэжлийн тань сайхан нь юу вэ?

-Инженерийн хөдөлмөр бол эрэгтэй л хүний мэргэжил шүү дээ. Одоо үед охид голдуу энэ мэргэжлээр суралцан ажиллаж байна. Би гайхаад байдаг юм. Уул нь эрчим хүч эрэгтэй хүнийг илүү үнэлдэг байхгүй юу. Энэ мэргэжлээрээ насаараа ажиллалаа. Хамт олон хамгаас чухал санагддаг. Ямар нэгэн ажлыг хийж байхад хамт олон сайхан байхаар өөрийн эрхгүй урам зоригтой ажиллана шүү дээ. Хамт олон гэдэг хүнийг нэг талаараа авч явдаг гэж боддог. Бидний ажил маш их тэвчээр шаарддаг. Байнгын сонор сэрэмжтэй ажиллах ёстой. Харин нэгэнтээ хожигдсон бол буцаана гэсэн ойлголт байхгүй. Осол гарчихсан л бол буцаах зүйл огт байдаггүй. Цаг, минут тутам л нүд цавчихгүй ажиллана шүү дээ. Мэргэжлээрээ ажиллаж цалин урамшуулал авч явсан ч улс орныхоо хөгжил цэцэглэлтэд бага ч болов хувь нэмэр оруулаад явж байжээ гэж боддог. Бидний ажил хүний амьдралыг л дагаж байгаа юм л даа. Өглөө хүмүүс босохоос эхлээд л цахилгааны хэрэглээ ихэсдэг. Үдшийн арван цаг хүртэл үргэлжилнэ. Өдөртөө маш бага хэмжээгээр буурч эхэлдэг. Цахилгаан хэрэглээний хамгийн бага цаг нь шөнийн нэг цагаас үүрийн дөрвөн цаг хүртэл байдаг.

-Та аль нутгийн хүн бэ?

-Би Улаанбаатарынх. Аав маань Өвөрхангайн Баян-Өндөрийнх. Ээж мааньТөв аймгийн Баян-Өнжүүлийн хүн л дээ. Би Гандангийн дэнжид төрсөн. 1968 онд манайх гэр бүлээрээ Дархан нүүсэн юм. Аав маань Дарханы Политехникумын коллежэд деканаар ажиллаж байсан юм.

-Таны гэр бүлийн хүний аав Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Найдан агсан юм билээ?

-Манай гэр бүлийн хүн бид хоёр адилхан мэргэжилтэй л дээ. Нөхрийн тал наймуулаа. Манай гэр бүлийн хүнийг төрөхөөс өмнө аав нь гавьяат цол авсан гэдэг. Би чинь хадмуудтайгаа гурван жил хамт амьдарч байлаа. Манай хадмууд хоёр биенээ танихгүй байхдаа гэрлэсэн гэдэг. Ивээл жилтэй гээд авга, нагацууд нь хоорондоо яриад эхнэрийг нь богтлоод аваад ирсэн гэж хуучилдаг байсан. Тэр үед хуримаа хийгээд гурав хоног найрладаг байж л дээ. Хадам ээж гурав хоног толгойныхоо бүтээлгийг авалгүй суухад аав хүмүүсийн нүд хариулж байгаад харж байсан гэдэг. Тэд маань 50 гаруй жил хамт амьдарсан. 2017 онд Драмын театр аавын маань 100 жилийн ойг тэмдэглэсэн. Манай хадам аав “Хүргэн хүү” киноны Жамц баяны дүрийг бүтээсэн хүн шүү дээ.

-Дэлхий нийтээр цаг агаарын дулаарал гэж яриад хэдэн жил болж байна. “Цахилгааны хэрэглээгээ багасгая” гэж уриалсаар байгаа. Цахилгааны хэрэглээгээ хумих боломж бидэнд бий юу?

-Хумих боломж бий. Бага хэрэглэх тусмаа бага нүүрc түлж, ус бага зарцуулна. Энэ хоёр маань багасна гэсэн үг. Манайх 50 герцийн давтамжаа барьж чаддаггүй. Яг үүнийгээ барьж ажиллах гэж хичээдэг. Манай станц Буриадын Галуут нууртай холбоотой ажилладаг. Нийслэл цахилгааны ачааллаа дийлэхгүй байлаа гэхэд Оросоос авчихдаг. Оросууд ч бас манайхаас авах үе бий шүү дээ. Харин манайхаас худалдаж авдаг үгүйг нь сайн мэдэхгүй байна. Цахилгаан бол нүүрс, ус хоёрын бүтээгдэхүүн. Эх орны хишиг гээд тараадаг үед гайхдаг байлаа. Нүүрс ч, ус ч гэсэн эх орны хишиг биз дээ. Сүүлийн үед манайх тултал ачаалладаг болсон. Хуучин зургаан машин ажиллаж байхад нэгийг нь бэлтгэл маягаар бэлэн байдалд хадгалдаг байсан бол сүүлийн жилүүдэд манай цехийн эргэдэг бүхий л техникүүд ажиллаж байна. Ганц станц гэхгүйгээр нар, салхины эрчим хүчийг ашиглах нөөцийг хармаар санагддаг юм.


Categories
мэдээ цаг-үе

Ц.Батцэнгэл: Томуугийн эсрэг вакциныг нэн тэргүүнд эрсдэлтэй бүлгийн хүмүүс хийлгэх шаардлагатай

Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн Уушги судлалын клиникийн их эмч Ц.Батцэнгэлтэй ярилцлаа.


-Сүүлийн үед томуу, томуу төст өвчний тархалт их гарах болсон. Ямар вирусүүд зонхилон тохиолдож байна вэ?

-Амьсгалын замаар дамжих цочмог вирусийн халдвар нь агаар дуслын замаар дамжин халддаг. Амьсгалын замын цочмог халдварт өвчин буюу томуу, томуу төст өвчин, ханиадны гол үүсгэгч нь вирус байдаг. Вирус бол зөвхөн амьд эсийн дотор өсөж үржих чадвартай өвчин үүсгэгч. Энэ вирус 99 хувийн халдвартай гэж үздэг. Мөн томуу үүсгэгч А, В ,С хүрээний вирус гэж байдгаас гадна амьсгалын замын цочмог халдвар, ханиад үүсгэгч 200 гаруй төрлийн вирус байдаг. Тийм учраас нийтэд нь томуу, томуу төст өвчин гэж нэрлэдэг л дээ. Халдварлах чадвар маш өндөр бөгөөд 10 хүний ес нь халдвар авдаг. Өөрөөр хэлбэл, халдвар нэг хүнээс нөгөөд хурдтай тархаж олон хүн зэрэг өвчилдөг гэсэн үг. Вирус нь амьсгалын зам руу нэвтрэн орж гуурсан хоолойн цочмог хурц үрэвсэл үүсгэн хүндэрсэн үед уушгины хатгаа болдог. Хүйтэн сэрүүний улиралтай холбоотойгоор амьсгалын замаар халдварладаг томуу, томуу төст өвчин түгээмэл тохиолдож байна. Одоогийн байдлаар “А” хүрээний H1N1, H3N2 гэх вирусүүд илүү ихээр тархалттай байгаа. Томуу өвчнийг үүсгэдэг А, В, С гэсэн гурван төрлийн вирус байдаг. А хүрээний вирус нь хоргүй чанар ихтэй. Амьсгалын замаар нэвтрэн орж, цаашлаад цус руу нэвтэрч, өндөр халууруулдаг онцлогтой. Ханиад томууны үеэр хатгаа өвчин тусах, цаашлаад хатгаа өвчний хүндрэлээр нас барах тохиолдол бусад жилүүдээс их байгаа юм.

-H1N3 гэх вирус амь насанд нөлөөлөхөөр хүнд байгаа гэх мэдээллүүд бий. Энэ талаар тодруулахгүй юу?

-А хүрээний H1N1 вирус нь хүний томуугийн вирус болж хувирсан. Олон төрлийн вирус байгаа болохоор бусад төрлийн вируст үйлчлэх эм байхгүй. Энэ төрлийн вирус хоруу чанар ихтэй. “А” хүрээний H1N1, H3N2 вирус лабораторийн шинжилгээнээс илэрч байгаа. Угтаа энэ нь ердийн ханиадны вирус юм. Дээр үед бид вирусийн бүтцийг ялгадаггүй байсан. Өнөөдөр шинжлэх ухаан, анагаах ухаан хөгжөөд вирусүүдийг ялгаж эхэлдэг болсон учраас дотор нь салгаж үзээд байна.

-Ханиад хүрсэн тохиолдолд ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

-Гурав ба түүнээс дээш хоногоор өндөр хэмээр халуурах, амьсгаадах, цээжээр өвдөх, цустай цэр гарах зэрэг шинж тэмдэг илэрдэг.

-Амьсгалын замаар дамжих халдварын тархалт их байгаа үед вирусийн халдвараас хэрхэн хамгаалах вэ?

-Ер нь агаар дуслын замаар дамжих халдварын халдварлах чадвар өндөр учраас вакцин хийлгэх ёстой. Томуугийн эсрэг вакцин хийлгэвэл тухайн жилдээ ханиад хүрэхгүй. Хамгийн түрүүнд эрсдэлтэй бүлгийн хүмүүс хийлгэх нь чухал. Амьсгалын замаар дамжих халдварын идэвхжлийн үед хамартаа тосон түрхлэг түрхэж болно. Мөн хоолойгоо содтой ус, тамединий уусмал, сармистай усаар зайлж, амны хаалт хэрэглэхээс гадна бага насны хүүхдийг олон хүнтэй газраар авч явахгүй байх хэрэгтэй. Нэг вирусийн цикл 7-14 хоног үргэлжилдэг. Өөрөөр хэлбэл, амьсгалын замын гэмтсэн эсүүд нөхөн төлжтөл 14 хоног болдог. Энэ хугацаанд ханиад үргэлжилж, нэг цикл дуусахад эдгэдэг гэсэн үг.

-H1N1 вирус хоруу чанар ихтэй гэсэн. Хүний биед ямар муу нөлөөтэй вэ?

-Хүний амь насанд хүрэх эрсдэлтэй. Одоогоор судалсан тоо баримт байхгүй. Дээр дурдсанчлан хатгаагаар хүндрээд нас барах тохиолдлууд олон байна.

-Урьдчилан сэргийлэхийн тулд яах ёстой вэ?

-Вакцин хийлгэх шаардлагатай. Хоёроос бага настай хүүхэд, 65-аас дээш настай, архаг суурь өвчтэй болон жирэмсэн эмэгтэйчүүд биеийн жин ихтэй хүмүүсийг томуугийн эрсдэлт бүлэг гэж үздэг. Эдгээр хүмүүс вакцин хийлгэх нь зүйтэй. H1N1 вирус дотроо олон төрөл. Жил бүр өөрчлөгдөж байдаг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас энэ ханиаданд вакцин хийх нь зүйтэй гэж үзсэн. Вакцин хийсэн тохиолдолд тухайн вирусаар дахин өвчлөхгүй. Харин тэр вирусийн эсрэг дархлаа тогтдог. Ханиад томуугаар өвчлөхгүй байна гэж хэлэхэд хэцүү л дээ. Учир нь агаар дуслын замаар дамжин халддаг.

-Хүмүүс ханиад хүрэхээр дур мэдээд эмийн сангаас антибиотик аваад уучихдаг. Энэ хэр зөв бэ. Антибиотик уухгүйгээр ханиадаа дарах ямар арга байна?

– Эмчийн зааваргүйгээр өөрөө дур мэдэн эмчилгээ хийх, ялангуяа бактерийн эсрэг антибиотик хэрэглэх нь маш буруу. Антибиотик ханиадны вируст огт үйлчлэхгүй. Вирусийн халдвар хүний дархлааны тогтолцоог дарангуйлсан байхад антибиотик хэрэглэснээр дархлааг улам сулруулдаг. Тиймээс томуу өвчний үед антибиотик эмчилгээний заалт байхгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Вирусийн халдвар уу, бактериийн халдвар уу, хатгаа байна уу гэдгийг өрхийн эмч, нарийн мэргэжлийн эмчид хандаж зөв оношлогоо хийлгэж, оновчтой эмчилгээ хийх нь зүйтэй. Эрүүл, дархлаа сайтай үед эм уухгүй байсан ч томуу, томуу төст өвчин өөрөө аяндаа эдгэрч болно. Дархлааны тогтолцоогоо бэхжүүлж хэвийн байлгахын тулд уургаар баялаг хоол хүнс хэрэглэж эрдэс баялаг, шим тэжээл сайтай хүнсний бүтээгдэхүүнийг хангалттай хэрэглэх нь чухал. Даарснаас болж хэсэг газрын цусны судаснууд агшсанаас цусны эргэлт удааширч тухайн хэсгийн хамгаалалт алдагдан вирус, бактер хүний эс рүү нэвтрэн орох боломж бүрддэг. Тиймээс дулаан хувцаслах, халуун хоол идэх, халуун аарц, чацаргана, аньс хэрэглэх, сонгино сармистай халуун шөл уух нь хүйтэн сэрүүний улиралд ханиад томуугаар өвдөхгүй байхад чухал ач холбогдолтой. Хүн өөрөө дархлааны тогтолцоотой байхын тулд шаардлагатай хэмжээний уураг авах хэрэгтэй. Хүйтэн сэрүүний улиралд махаа сайн хэрэглэж, шингэн зүйл сайн уух зэрэг өөрт хэрэгтэй эрдэс баялагтай хоол хүнс хэрэглэвэл зохимжтой байдаг. Богино хугацаанд халуурч байгаа үед шингэн юм сайн ууж, хөлрөх хэрэгтэй. Мөн витамин С уух, үрэвслийн эсрэг хавсарсан найрлагатай эм сонгон ууж болно. Парацетамол, ибупрофен, витамин С, хлорфенамин зэрэг эмийг хэрэглэснээр вирус гадагшилж эдгэнэ.

Categories
мэдээ цаг-үе

Соёлын гавьяат зүтгэлтэн, цагдаагийн хурандаа Л.Гаваасүрэнгийнх

Сар шинийн босгон дээр Соёлын гавьяат зүтгэлтэн болсон Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд” чуулгын дарга, цагдаагийн хурандаа Л.Гаваасүрэнгийнхийг шинийн дөрөвний өдөр зорилоо. Л.Гаваасүрэн хурандаагийн эхнэр нь “Бодолд өнжсөн хайр”, “Тэнгэрийн бүсгүй”, “Хайрлаарай” зэрэг олон сайхан дууны аялгууг хийсэн хөгжмийн зохиолч Д.Цэцэрлэг гэдгийг уншигчид андахгүй. Эдний том охин нь дуучин Эрдэнэтунгалаг. Урлагийн гэр бүл гэдгээрээ олны хүндэтгэлийг хүлээсэн хурандаагийнх Замын цагдаагийн хажууханд есөн давхар орон сууцанд амьдардаг юм байна. Хаалганых нь хонхыг дарахад зээ охин нь үүдээ нээв. Зээ гэдэг нь дуучин Эрдэнэтунгалагийн охин Есүй. Бүрх малгай, торгон дээлээр гоёсон гэрийн эзэгтэй “Сониныхон хүрээд ирэв үү, хүний хөл тасрахгүй л байна шүү” гэж инээмсэглэсээр ширээнээ урив. Бууз, салат, тавгийн идээ, сархад ундаа өрсөн ширээний хойморт гэрийн эзэн сууж байна. Гэрийн эзэн, эзэгтэй хоёр ухаа шаргал өнгийн дээлээр ижилсжээ. Золгож, хөөрөг зөрүүлсний дараа яриа хөөрөө эхэллээ. Зочны өрөөний ханаар дүүрэн түүх өгүүлсэн зураг дурсгалууд. Гэрийн эзэн хоймортоо залсан Янжинлхам бурханыхаа дэргэд зогсоод “Б.Лхагвасүрэн найрагч бид дотны найзууд байлаа. Гурван удаа Болор цом авсан их найрагчийн нэг Янжинлхам нь энэ байгаа юм. Манай хоёр хөрш зэргэлдээ амьдардаг байлаа, нэгэн үе. Лхагвасүрэн маань нэг өдөр эхнэрээ дагуулчихсан, хуйлаатай зүйл сугавчилчихсан ороод ирлээ. Тэгж л ирсэн эрхэм дурсгал даа. Төрдөө үнэлэгдсэн гавьяат болоорой гээд дурсгаж билээ. Тэр эрхэм ерөөл нь биеллээ” гэж дурсав. Зочны өрөөний хананд Отгонтэнгэр хайрханы зургийг хүндэтгэлтэйгээр голлуулан залсан нь нүднээ содон. Л.Гаваасүрэн хурандаа Отгонтэнгэр хайрханы өвөр бэлд төржээ. Хажууханд нь жаазлан өлгөсөн овооны зураг ч утга учиртай эд аж. Увс нуурын эрэгт байх Цагаан эргийн овооны зураг юм байна. Гэрийн эзэгтэй Увсын Тэсийн бүсгүй учраас нутгийнхаа овооны зургийг зочны өрөөнийхөө хойморт залжээ.

Л.Гаваасүрэн хурандаагийн уг удамд алдартай лам нар олон байж. Гэрийн эзэн сүүтэй цай оочлонгоо “Өвөө минь 11 хүүхэдтэй айлд мэндэлсэн хүн. Тав нь охин, зургаа нь хүү. Зургаан хүүгийн тав нь бурханы ном үзсэн. Зүгээр ч нэг хуварга биш, бүгдээрээ номд нэвтэрсэн лам нар байсан гэдэг. Нэг нь гэхэд л нутагтаа хүндлэгдсэн маарамба байсан юм билээ. Нэр нь Санжжав л даа. Гэхдээ нутгийнхан нь Чүнж маарамба гэж авгайлан дуудаж явж. Манай нутагт Халтарын хүрээ, Голын хүрээ гэж хоёр том хийд байсан. Хоёр авга маань тэр хийдүүдийн том лам нар байж. Таван охинтой гэж ярьсан даа. Таван ах нь мундаг лам нар байсан учраас бүсгүй дүү нар нь тогоог нь барьдаг байжээ” хэмээн удам судраа дурсав. Хэлмэгдүүлэлтийн үед ах дүү таван ламын дөрвийг нь буудан хороожээ. Гэрийн эзний өвөө амьд үлдсэн ганц нь.

Л.Гаваасүрэн хурандаагийн аав Лэгдэнсүрэн эхээс гурвуулаа аж. 1930-аад оны эхээр Гандан хийдэд шавилж суусан аав нь 1945 оны чөлөөлөх дайнд оролцож байж. Л.Гаваасүрэн хурандаагийн ээж үе удмаараа малчин айлд мэндэлжээ. Ээжийнх нь ээж их өнөр айлын охин байж. Гэрийн эзэн “Миний эмээ чинь эхээс 22-уулаа. Элэнц эмээ маань дөрвөн удаа ихэр хүүхэд төрүүлсэн гэдэг.

Тэгээд л 18 төрөхдөө 22 хүүхэд гаргасан хэрэг л дээ” хэмээн хууч дэлгэв. Таван настайдаа ахтайгаа хамт сургуульд орсон, дөрвөө төгсөөд нэгдлийн хоньчин болсон, сүүлд 1969 онд хотод орж ирээд оройгоор бүрэн дунд, дээд боловсрол эзэмшсэн гэж ирээд яривал гэрийн эзний намтар сонин содон түүхээр дүүрэн юм.

Улаанбаатарт шилжиж ирэх гэж бөөн адал явдал болж байж. Л.Гаваасүрэн хурандаа “Тухайн үед эмчлүүлэх, албан тушаал дэвших гэх мэт цөөхөн шалтгаанаар нийслэлд шилждэг байлаа. Ээж эмчлүүлэх болоод манайх нийслэлд шилжиж ирсэн түүхтэй. Паспорт олдохгүй, орой болгон хөөгддөг байсан минь санаанаас гардаггүй дурсамжийн нэг дээ. Сүүлдээ муу аав минь хаалга дуугарахаар цочиж ухасхийдэг болчихсон байж билээ. Паспорттой болж байна гэж зүүдэлнэ шүү дээ” гэж хотын хүн болж байсан олон жилийн өмнөх дурсамжаа сөхөв. Зүүдэлж мөрөөдөж явсан паспорт олгодог газрынхаа дарга байснаа бас ярилаа. Гэрийн эзэн жигнүүрээс дөнгөж гарсан буузнаас өмнөх тавгандаа хийнгээ “Намайг иргэний бүртгэлийн хэлтсийн дарга байх үе шилжилтийн хэцүү цаг байсан. Амьдрал хөөгөөд хөдөөнөөс ирсэн хотын паспортгүй улсад ажил олдохгүйгээс эхлээд саад бэрхшээл их. Зовлонг нь мэдэрсэн учраас ирсэн болгоны асуудлыг шийдээд өгчихдөг байлаа. Нийслэлийн хүн амын өсөлтөд их хувь нэмэр оруулсан байх аа, би” гэж хэлээд хөгжилтэй инээв. Л.Гаваасүрэн хурандаа цагдаад 47 жил ажиллажээ.

Бидний яриа ид дундаа өрнөх үеэр хонх дуугарлаа. “Сүлд” чуулгын уран бүтээлчид даргатайгаа золгохоор иржээ. Дуучин Долгормаа, Содномдаржаа, Хатанбаатар, морин хуурч Батбаяр нар ирснээр яриа хөөрөө бүр хөгжөөд ирэв. Гэрийн эзэгтэй СУИСийг байгуулагдсан үеэс хойш багшилсан учраас золгуутаар ирсэн залуус “Багш аа” гэж хүндлээд жигтэйхэн. Оюутан цагийн хөгжилтэй дурсамж, чуулгын уран бүтээлийн сонин сайхнаар хачирласан яриа сүүлдээ концерт болж хувирав. Д.Цэцэрлэг хөгжмийн зохиолчийн төгөлдөр хуурын аялгуун дор Содномдаржаа “Элгэн нутаг”ийг дууллаа. Гэрийн эзэгтэйн аялгууг нь хийсэн энэ дуу 2006 оны “Морин хуур” наадмын Гран При хүртжээ. Долгормаа мөн л багшийнхаа зохиосон “Цагдаагийн гэргийн дуу”г дуулав. Гэрийн эзэгтэйн хайртай дуу гэнэ. Л.Гаваасүрэн хурандаа маршал Чойбалсангийн тушаалаар анх байгуулагдсан “Сүлд” чуулгынхаа талаар яриа дэлгэх дуртай юм. Гэрийн эзэн “Энэ сайхан залуусынхаа хүч хөдөлмөр, уран бүтээлийн гэрэл гэгээгээр соёлын гавьяат зүтгэлтэн хэмээх хүндтэй шагнал авлаа” хэмээлээ. Хоёр жилийн дараа Монголын цагдаагийн байгууллагын 100 жил, “Сүлд” чуулгын 85 жилийн ой тохиох юм байна.

Эцэг өвгөдөөс уламжилж ирсэн үнэт зүйлсийг нь сонирхоход гэрийн эзэн “Амьдралын өмнө нугарахгүй хатан чанарыг эцэг өвөг минь үлдээжээ гэж сүсэлж явдаг даа. Дээдэс минь гайхалтай малч улс байжээ, одоо эргээд бодох нь ээ. Өвөө маань мориныхоо амгайг ханцуйлж явдаг байлаа. Мориныхоо амыг хайрахгүй гэж тэр шүү дээ. Тийм л мундаг малч улс байсан” гэв.

Сүлд чуулгынхныг гарсаны дараа хүн сийрэх үеэр гэрийн эзэгтэйтэй хууч хөөрлөө. Сар шинээр эднийд 200 гаруй хүн ирдэг юм байна. Энэ жил дунд охин нь Есүйтэй хамт зочдод үйлчилж байгаа аж. Бага охин нь нялх биетэй учраас шинийн нэгэнд хоночихоод явжээ. Д.Цэцэрлэг хөгжмийн зохиолчийн уугуул нутаг нь Увс аймгийн Тэс сум. Баяд ястан. Аав нь Увс аймгийн Тэс сумын нэгдлийн анхны даргаар ажиллаж байж. Нэгдэл байгуулахаар хуралдаж байтал хүү төрлөө гэсэн мэдээ иржээ. Тав дахь хүүгээ Нэгдэл гэж нэрлэсэн нь ийм түүхтэй юм байна. Нэгдэл начины хүү нь өдгөө улсын заан Жаргалбаяр. Гэрийн эзэгтэй бөх, урлагийн удамтай гэж сонирхуулав. Айлын зургаан хүүхдээс хамгийн бага нь аж. Ахыг нь бөх, өөрийг нь урлагийн хүн болоход аавынх нь нөлөө их байжээ. Урлагт хөл тавихад эмээ нь их нөлөөлж. Гэрийн эзэгтэй бидний өмнө салат таваглаж тавингаа “Эмээ минь янз бүрийн хөгжим тоглодог хүн байсан юм. Морин хуур хачин сайхан тоглоно. Ээж маань зочломтгой гэж жигтэйхэн хүн байлаа. Нэг хонины мах гурав хоноод л дуусдаг байж билээ. Аавынхаа нэг үгийг амьдралынхаа дадал болгосон доо. Ядарсан нэгэнд дэмтэй яваарай гэсэн үг нь өнөө ч сэтгэлд тод байдаг. Эрдэнэтунгалаг яг манай аавыг дуурайсан дайчин зантай. Бас их өглөгч. Эрдэнэтунгалаг бид хоёр хүнд юм өгч байж л тайвширдаг улс” гэж хэлээд тас тас хөхөрлөө. Гэрийн эзэгтэйн үе үе тасхийлгэх хөгжүүн инээд энэ гэр бүлийн эерэг дулаан өнгийн нэг том хэсэг нь байх аа, байсхийгээд л инээд цангинуулан сонин сайхан хууч дэлгэнэ.

Гэрийн эзэгтэйг долоон настай байхад Мөрдорж гуай нутагт нь очиж байж. Өөрөөсөө том баян хуур хөгжмийг түүртэлгүй тоглох жаахан охиныг хотод урлагийн сургууль руу авч явах гэтэл ээж нь уйлаад явуулаагүй гэнэ. Хөгжмийн зохиолчийг бага байхад аав нь 1000 төгрөгөөр баян хуур хөгжим авч өгч байжээ. Алтан үеийнхний багш байсан “Солгой” Баяр гэж хүнээр багадаа хөгжим заалгаж байснаа сонирхуулав. Дунд сургуульд байхдаа багшийнхаа дарсан ямар ч аяыг тэр дор нь сурчихаад хөгжимдөж суудаг адтай охин явснаа ярилаа. Бүр сүүлд багшийн сургуулийн хөгжмийн ангид байхдаа л нот сурч эхэлжээ. Ямар ч нотгүйгээр дээд сургуулийн хөгжмийн дөрөвдүгээр курсийнхны тоглодог аяыг түвэггүй эгшиглүүлсэн хөдөөний охин тухайн үедээ их сургуулийн багш нарын гайхширлыг төрүүлж явж.

Багшийн сургуульд Төрийн соёрхолт Чинзоригийн шавь байж. Чинзориг багш нь хөгжмийн зохиолч болоход нь нөлөөлсөн гэнэ. Сургуулиа төгсөөд дөрвөн жил багшилсны дараа Эрхүүгийн багшийн их сургуулийн хөгжмийн багшийн ангид элсэн суралцжээ. 2000 оноос хойш хөгжим зохиох ажилд дурлаж оржээ. 1999 онд ээждээ зориулж “Сэтгэлд мөнхөрсөн ижий” дуугаа хийсэн юм байна. “Номин талст” хамтлагийнхны ардын жүжигчин А.Долгортой хамтран амилуулсан энэ дуу өнөө ч эгшиглэсээр байгаа. Энэ дуугаараа “Алтан микрофон” хөгжмийн наадмын шилдэг хөгжмийн зохиолч шагналыг авч байж. Үүнээс хойш “Ханьсахын жаргал”, “Бодолд өнжсөн хайр”, “Зүрхэнд буйлдаг говь”, “Зүүдэнд уяатай аав” дуунуудаа бүтээжээ. “Ханьсахын жаргал” дууны түүх нь их сайхан. 2003 оны гуравдугаар сарын 8нд төрсөн дуу аж. Мартын наймны өглөө сэртэл Л.Гаваасүрэн хурандаа төгөлдөр хууран дээр шүлэг бичээд үлдээчихсэн байж. Гэрийн эзэгтэй “Ханийнхаа үлдээсэн шүлгийг уншаад баярласан мэдрэмжээ зүйрлэхэд үг дутах байх. Зүсээ гундтал ханилахдаа чамаасаа уйдахгүй гэсэн мөрнөөс л аяа олсон. Үүнээс илүү яаж хайрлах вэ дээ. Аяа хийчихээд өдрийн цайны цагаар нь ханийгаа дуудаж сонсголоо. Манай хүн ч сайхан дуу болж гэж урам өгсөн. Эрдэнэтунгалаг сонсонгуутаа, би дуулъя гээд авчихсан. Тэгж л төрсөн дуу даа” хэмээн дурслаа. Эрдэнэтунгалаг дуучны хоёр эмэгтэй дүүгийн нэг нь хөгжим бүжгийн коллежид төгөлдөр хуурын багшаар ажилладаг, харин нөгөө нь урлагийн чиглэлээр төсөл дээр ажилладаг юм байна.

Гэрийн эзэгтэй яриа хөөрөө дэлгэж цай аягалах зуур Л.Гаваасүрэн хурандаа манай бас нэг шүтээн Наро Банчин гэгээнтний дурсгасан Очирваань бурхан. Наро Банчин гэгээнтэн чинь манай нутгийн хүүхэд шүү дээ. Түүнийг гэгээнтэнд залахад би албан бус ажлын хэсгийн ахлагчаар нь ажиллаж байсан юм. Дүр тодруулна гэдэг овоо ажил болдог юм билээ. Хамгийн гол нь урд насны дүрийн шинж чанарыг сайн мэдэж байх ёстой. Наро Банчин гэгээнтний урд төрөл “Би эргэж нутагтаа төрнө. Буянт голоо өгсөж төрнө” гэж хэлж байсан гэдэг. Бүхэл бүтэн шашин судлаачдын баг бүрдүүлж урд үеийн захиж хэлсэн шинжүүд гэгээнтэнд бий эсэхийг судалсан. Наро Банчин гэгээнтэн манай Гандан дамжиж өссөн гурван гэгээнтний нэг нь. Тэр хутагтуудаас Наро Банчин гэгээнтэн ганц орчин үеийн боловсролтой нь юм хэмээн хуучлав. Наро Банчин гэгээнтэнд урд насных нь шинж тэмдэг олон байдаг аж. Гэгээнтэнд зориулсан дууны хөгжмийг гэргий нь хийж, шүлгийг нь Төрийн соёрхолт, яруу найрагч Ц.Бавуудорж бичжээ. Эл дууг МУГЖ С.Ганзориг дуулж амилуулсан байна. Биднийг ийн хөөрөлдсөөр суутал гадаа аль хэдийнэ бүрэнхий болсон байлаа. Биднийг явах дөхөхөд гэрийн эзэгтэй баянхуураа тоглож, зээ охин Есүй нь “Катюша”, “Миний ээж тэмээчин” дууг дуулсан юм. Тэрээр бага байхад нь гэрт нь хүн орж ирэхэд би “Катюша”-гаа дуулъя гэдэг байж. Урлагт хайртай гэр бүлийн нэг өдөр дуутай хууртай, хүн олны хөдөлгөөн ихтэй ийм өрнүүн байлаа.

Гэрэл зургуудыг Г.БАЗАРРАГЧАА